Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлгийн дарга МАН Засагт хамтарсан цагаасаа хойш албан тушаалын асуудалд маш сайн хандаж Засгийн газрын бусад асуудалд гацаах маягтай оролцож байна гэсэн. Удахгүй МАН-ыг Засгаас хөөх тухай яриа ч гарчээ?

-Би энэ тухай хэвлэлийн мэдээ харсан. Өнгөрсөн оны сүүлээр МАН Засгийн газарт орж Шийдлийн хэмээх өнөөдрийн энэ Засгийн газрыг байгуулалцсан. Тэр үед Засагт орох нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байсан гишүүдийн нэг нь би мөн л дөө. Нэг талаас улс орны эдийн засаг хүндэрсэн тул хамтраад явчихвал арай дээрдэх юм болов уу гэж найдсан. Хэрэв манай нам улс төрөө бодсон бол Засгийн газарт хамтрах нь дэндүү утгагүй зүйл байлаа. Тэртэй тэргүй 2012 оны сонгуулийн дараа АН МАН-гүйгээр засаглаж эдийн засгийг ийм хүнд нөхцөлд хүргэсэн. Монгол ардын намынхан бол зөв харж инээн, буруу харж уйлах нь холгүй намынхаа эрх ашгийг хоёрт тавьж, ард түмнийхээ эрх ашгийг бодон хамтарсан. Манай нам Засагт хамтарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. МАН Засагт хамтран орсон ч гэсэн ард түмэнд харагдахуйц өгөөжтэй шийдвэрүүд гаргаж чадахгүй байгаа л даа.

Ер нь бол асуудлын гол нь МАН-д биш Ардчилсан намын засаглах хэлбэр ирээдүйд юу болохыг ойлгож байгаа, хүлээж авч буй нөхцөл байдал нь МАН-ынхаас эрс зөрүүтэй байна. МАН Засгийн газарт зургаан суудал, Их хуралд 26 гишүүнтэй байгаа энэ үед Ардын намын бодлого бүрэн утгаараа хэрэгжихгүй. Тиймээс ард түмний амьдрал сайжирна гэдэг итгэл өдрөөс өдөрт алдарч байгаа юм. Миний хувьд МАН ийм Засгийн газрын бүрэлдэхүүнд удаад байх шаардлага байхгүй. Нэгэнт үр дүн гарахгүй байхад ийм нөхцөлд Засгийн газраас бушуухан гарчих хэрэгтэй.

-Танай намынхан Засгаас гарах гээд АН-ыг иймэрхүү үгээр өдөөд байгаа юм биш үү?

-АН Засагт хамтраач ээ хэмээн МАН-ыг нэлээд удаан гуйж байж зөвшөөрөл авч чадсан. Одоо бидний шаардлага байхгүй гэж байгаа бол албан ёсоор шийдвэрээ гаргаад тавьчих л даа. Харамсалтай нь Шийдлийн Засгийн газраас оруулж ирж байгаа эдийн засгийн шийдлийн бодлогууд нь хэт нэг тал руугаа хэлбийсэн, улс эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрүүд гаргаж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардын нам ардаараа овоглосон учраас ард түмнийхээ эрх ашгийн төлөө явдаг. Харамсалтай нь энэ бодлого маань Шийдлийн Засгийн газарт биелэлээ олж чадахгүй байна.

-Нэгэнт гэрээ байгуулан хамтарч байгаа энэ үед танай намаас Засагт орсон зургаан сайд намынхаа үйл ажиллагаа, чиглэлийг төдийлөн сайн ойлгуулж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Би Засгийн газрын гишүүн биш болохоор Засгийн газрын хуралдаан дээр ямархуу уур амьсгал бүрэлдэж байгааг хэлж чадахгүй нь. Манай намаас Засагт орсон сайд нараас асуусан нь дээр байх. МАН-ын засаглах хэлбэр, эдийн засгийг харж буй байдал нь ард түмнийг өнгөц хэлбэрээр хуурах ёс зүй байхгүй байгааг харж болно. Шилний цаанаас мөхөөлдөс долоолгохоор мөхөөлдөсний амт амтагддаггүй биз дээ. Ард түмнийг түр зуурын шоу хэлбэрээр аргалах ийм засаглал руу яваад байна. Энэ Засгийн газрын нэг шинж нь шоу сайтай болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэнэ, тэгнэ, хийнэ гээд ирээдүй цагт л юм яриад байгаа болохоос ингээд хийчихлээ, ингээд хийж байна гэдэг зүйл харагдахгүй байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс энэ Засгийн газрын чадавхи нь маш сул байна.

-МАН-ын удирдлагууд Засгийн газраас гарах асуудлыг юу гэж байгаа юм. Засагт ороод 200 гаруй хүн танай намаас албан тушаалд хүрсэн. Сайд, дэдсайдууд гээд маш олон хүн томоохон албанд очсон?

-Би манай намаас тийм хүмүүс ийм албан тушаалд очлоо гэсэн статистик гаргаж үзээгүй. Сураг сонсох нь ээ ганц нэг хүн Ардын намын нэрээр албан тушаалд очсон юм шиг байна лээ. Харин намын удирдлагууд Засгаас гарах тал дээр ямар бодолтой байгааг өөрсдөөс нь асуувал илүү хариулт авах байх аа.

Харамсалтай нь энэ Засгийн газар төвлөрсөн судалгаатай, үр дүн гарахуйц нэг ч шийдвэрийг гаргаж чадсангүй. Манай нам Засагт орсноор өрийн таацыг ил болон далд хэлбэрээр гаргаж чадсан юм. Шулуухан хэлэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бараг байхгүй гэж хэлэхэд болно. Бид Засагт хамтрахдаа өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж гэрээ байгуулсан ч гэрээ биелэлээ олж чадахгүй байгаа нь үнэн.

-МАН заавал Ардчилсан намаар хөөлгөж байж энэ Засгаас гарах гээд байгаа юм уу. Эсвэл өөрсдөө гарах гээд байгаа юм уу?

-Үүнийг би ганцаараа шийдчихдэг юм биш. Намын Бага хурлын 300 гаруй гишүүний олонхийн саналаар шийдэгдэнэ. Урьдчилж ийм шийдвэр гарна гэж хэлэх нь утгагүй зүйл. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд Шийдлийн Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна л гэж хараад байгаа. Энд тэнд гарсан өгүүлэл төдий зүйлийг уншин ямар ч судалгаагүй зүйл ярих юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эдийн засгийг сайжруулчих ямар арга хэмжээ авчихсан юм бэ.

-Бид л Засагт хамтрахгүй бол эдийн засаг тартагтаа туллаа гэдэг зүйлийг танай намынхан ярьж байсан. Орсныхоо дараа ингэж ярих байсан юм уу?

-Бид Засагт орно гэдэг нь нэр төдий ямар ч дуу хоолойгүй, Ардын намын мөрийн хөтөлбөр биелэлээ олж чадахгүй. Ингэж Засгийн газрын шийдвэр болгон гаргах боломжгүй цөөнхийн байр сууринаас Засагт байна гэдэг утгагүй асуудал.

-Тэгээд яах ёстой гэж?

-Магадгүй Ардын нам олонхи болоод Засгийн газрын шийдвэрийн зонхилох хэсгийн манай нам гаргаад явбал ард түмэн жаахан хожих байх. Хараад байхад Ардын нам ялагдахаар ард түмэн дагаад ялагдчихдаг юм байна. Ардын нам ялаагүй үед ард түмний амьдрал хүнд байгаа биз дээ.

-Танайхан Засгаас гарлаа гэхэд ард нь 200 гаруй хүний албан тушаалын асуудал яригдана. Энэ бүхэнд чинь ард түмэн чинь хохирч байна шүү дээ?

-Салбар хоорондын уялдаа алдагдсан, ирээдүйг хараагүй, эдийн засгаа тогтоож дийлэхгүй буруу бодлого явуулж байгааг засч чадахгүй байгаа юм чинь Засагт байх нь утгагүй асуудал. Гарлаа гэхэд таны хэлсэн шиг шүүмжлэл гарах байх. Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ардын нам ард түмнээ бодоод улс төрийн савлагаа үүсгэчихгүйн тулд ажиллаж байна. Улс төр нь савлаад эхлэхээр эдийн засаг нь дагаад савлачихдаг. Одоо бол хоёр муугийн арай гайгүй мууг нь сонгох шаардлага бий. Миний хувьд Ардын нам Шийдлийн Засгийн газарт орсноос хойш ийм үр дүн гарсан гээд ард түмэнд тайлагначих юм даанч алга.

-Засгийн газарт хамтарсны гавьяа гэж танай намд юу байна вэ?

-Үнэхээр Засагт хамтраад ийм зүйл хийлээ гээд хэлчих юм даанч алга.

-Тийм болохоор л Засгаас гар гээд байгаа юм уу?

-Би намын удирдлагын түвшинд ажилладаггүй. Бүлгийн гишүүн. Тиймээс хэлж мэдэхгүй байна. Ийм үлбэгэр, сул дорой, ард түмнээ боддоггүй бодлого явуулж байгаа нөхцөлд хэцүү байна л даа.

-Тан шиг байр суурьтай гишүүд танай намд хэр олон байгаа вэ?

-Нэлээд олон байгаа байлгүй дээ. Ардын нам Засагт хамтраад ард түмэнд хэрэгтэй зүйл юу хийчих вэ гэж хоорондоо ярьдаг юм. Удахгүй чуулган завсарлахаар бид тойргоороо явна. Намайг тойрогтоо очихоор таны асуугаад байгаа асуултуудыг иргэд асууна. Тэр үед ийм сайн зүйл бий болсон гээд хэлчих зүйл тун бага байна.

-Та тэгээд иргэдтэйгээ уулзаад юу гэж хэлье гэж бодож байна?

-Үнэхээр хэлэх үгээр маруухан л сууна. Эдийн засаг өдөр ирэх бүр л улам муудаад байгаа биз. Магадгүй эдийн засаг өнөөдрөөс хурдан унах байсныг манай нам Засагт хамтраад сааруулж чадсан. Бид уналтын хурдыг л сааруулсан. Аль аль нам нь ард түмний амьдрал сайжирчих хэмжээний арга хэмжээг авч чадсангүй л дээ. Одоогийн Засгийн газрын яриа нь хэтийдэж, хийх нь багадсан байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна.

-Асуудлын зангилаа нь Ерөнхий сайддаа байна уу, намууддаа байна уу?

-УИХ, Засгийн газрыг тодорхойлж байгаа Ардчилсан намдаа л асуудал нь байна. Бид өнгөрсөн гурван жил бодлогын алдаануудаа зас гэж ад үзэгдтэлээ л хэлсэн. Сөрөхийн тулд сөрөөд байгаа юм шиг хүртлээ бид шүүмжилж байгаа. Харамсалтай нь үүнийг ойлгохгүй байна л даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хэн нэгнийг хорьж айлгах, хардаж сэрдэх байгууллагын тоо цөөдөөгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Сүүлийн үед Оюу толгой, Таван толгойн асуудал их яригдаж байна. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг УИХ хууль санаачлагчдад буцаачихлаа. Эдгээр ордын талаарх асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бүх асуудал Засгийн газрын өөрийнх нь шийдэх нэн тэргүүний зүйл гэдгийг хэлэх нь зөв болов уу. Шийдлийн Засгийн газар шийдэхийн төлөө л байх ёстой. Бүх талынхаа ашиг сонирхлыг тусгаад явбал эдгээр томоохон төслүүдийг хөдөлгөх бүрэн боломжтой. Засгийн газраас энэ үүргээ хэрэгжүүлэхийг хүлээж байгаа. Гэтэл асуудлуудаа Их хурал руу хэрүүлийн алим шиг шидчихээд өөрсдөө гадна талд нь гарчихсан хараад байна. Их хурал буянаараа бол гэсэн шиг асуудалд хандаж болохгүй ээ. Энэ нь өөрөө буруу жишиг. Их хурал нь Засгийн газартаа хяналт тавиад явна гэдэг том зарчим ярьсан. Өнөөдөр энэ зарчим харагдахгүй байна. Маш их харамсч байна. Засгийн газар бүх асуудлуудаа шийдээд явах, зөв хувилбараа гаргах хангалттай боломж бий. Оюу толгойн гэрээний хувьд юу байгуулаад ирсэн нь одоо болтол тодорхойгүй байна. Хоёр гурван талын эсэргүүцсэн мэдэгдэл явж байгаа. Яг цаана нь юу явааг мэдэхгүй юм. Таван толгойн ажлын хэсэг нь дүгнэлтээ оруулж ирээгүй хүлээгдсээр л. Гацууртын орд бол эцсийн бүлэгт ард түмний асуудал байхгүй юу. Соёлын түүх дурсгал гээд маш олон эмзэг асуудал байгааг иргэдийнх нь санаа оноог сонсоод шийдээд явах боломж Засгийн газарт бий. Үүнийгээ Их хуралд харуулчих л даа.

-Эдийн засаг сэргэх нөхцөл хэр байна. Энэтхэгийн Ерөнхий сайдын амласан нэг тэрбум ам.долларын зээлийн шугам, Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөө гээд ам.долларын ханшийг сулруурах нөхцөл их гарсан ч буцаад 1920 төгрөг хүрэх гэж байна…

-Ханшийн хэлбэлзлийн цаана ард түмэн, компаниуд бизнесээ алдах томоохон хор уршиг хүлээж байдаг. Урьдчилан таах боломжгүй нөхцөл гэдэг бол бизнест хамгийн хортой л доо. Манай эдийн засаг сургаар явдаг эмзэг байдалд хүрчихсэн гэдэг нь эндээс харагдаж байна. Оюу толгой шийдэгдлээ гээд сэтгэл хөөрлийн байдлаар хэлчихсэн чинь валютын ханшид шууд нөлөөлсөн. Ажил нь урагшлахгүй болохоор валютын ханш эргээд бодит байдалдаа оччихож байна. Бид суурь асуудлуудаа шийдэж чадаагүй байгааг харуулж байгаа нэг хэлбэр нь энэ.

-Шийдлийн Засгийн газар асуудлуудаа шийдээд явах боломжтой гэдгийг та хэллээ. Засгийн газар ажил хийх гэхээр гишүүд тээг тавиад байгаа юм биш үү?

-Гишүүд Их хурал дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэх эрхтэй. Энэ Засгийн газрыг анх байгуулагдахад бүх нам хамтарч засаг барина гэдэг бол учир дутагдалтай гэдгийг би хэлж байсан. Өөрөөр хэлбэл парламентын нэр хүнд, парламентын үүрэг роль багасч байгаа юм. Одоо нэг талд нь Засгийн газар нөгөө талд нь хувь гишүүд гээд хуваагдчихсан. Тэгэхээр Засгийн газарт тавих хяналт сулардаг. Үүнээс болоод Засгийн газрын ажил урагшлахаа байчихсан. Парламентад суудалтай бүх намууд хамтарч байгаад хачин сайхан Засгийн газар байгуулна гэсэн. Үүнийгээ Засгийн газар харуулаад явах ёстой. Өөр арга алга. Ганц нэг гишүүд асуудал болгон дээр цөөнх болоод явах нь тодорхой шүү дээ. Гэхдээ Засгийн газрын гишүүд хэлэлцэж байгаа асуудлууд дээрээ манлайлаад явахад ямар ч асуудал байхгүй. Одоо нэг зүйл ажигладаж байна.

-Тэр нь юу гэж?

-Засгийн газар хүсвэл бүх асуудлууд нь явж байна. Хүсэхгүй бол таг зогсч байна. Их хурал руу бүх болохгүй зүйлээ чихээд байгаа боловч Засгийн газар өөрөө нэгдмэл байж чадаж байгаа юм уу. Асуудлуудаа шийдээд явах хүсэл зорилго байгаа юм уу гэдгийг асуух хэрэгтэй. Үүнд би эргэлзэж байгаа.

-Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал ихээр хөндөгдөж байна. Ноднин АНУ-д нэг охин буудуулж амиа алдсан бол саяхан Малайзад Номин-Эрдэнэ гэж бүсгүйг дөрвөн удаа буудлаа. Та Малайзад очоод Ш.Алтантуяа агсны талаар мэдээлэл хийсэн гээд үргэлжилж хүний эрхийн асуудал үргэлжилж байна…

-1990 онд гадаадад байгаа монгол иргэдийн тоо 100 гаруй байсан. Тэгвэл өнөөдөр жил бүр зорчиж байгаа иргэдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдож байна. Байнга гадаадад амьдарч байгаа иргэд гэхэд 200 гаруй мянга болсон. Энэ тоог дагаад иргэдэд тохиолдож буй асуудлуудын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Би Гадаад харилцааны сайд байхдаа гадаад яам бол дарга нарын яам биш ээ. Монгол Улсын иргэн бүрийн яам байх ёстой гэсэн зарчим баримталсан. Нэг талаас иргэний оролцоог хангах нөгөө талаас эрх ашгийг нь хамгаалах ёстой гэж үздэг. Тийм ч учраас гадаад дипломатуудын газруудыг хуулийн мэргэжлийн болон хүний эрхийг хамгаалах талаар хөөцөлддөг тийм албан хаагчдаар бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байлаа. Тэр ч утгаараа энэ тал дээр нэлээд ахиц гарсан. Сая Малайзад очиж хурал дээр үг хэлэхдээ мартагдах шахаад байсан Ш.Алтантуяагийн хэргийг сөхөж тавьсан. Энэ нь Малайзынханд хүнд туссан байна лээ. Монгол Улс нэг ч гэсэн иргэнээ ямар ч цаг хугацаа өнгөрсөн мартдаггүй юм байна. Нэхэл хатуу юм байна. Монгол гэдэг чинь айхтар улс юм байна гэдэг дохио очсон байна лээ. Малайзад 600-700 иргэн сурч байна. Тэгвэл тэр улсаар зорчиж байгаа иргэдийн тоо бүр илүү байдаг тул асуудалд холбогдох магадлалын хувь өндөр болчихож байгаа юм. Малайз аюулгүй байдлын талаараа бэхжиж чадаагүй улс. Гэтэл тэнд манай дипломат газар байдаггүй. Дипломатын газартай болох ёстой гэдэг асуудлыг олон жил тавьсан. Монгол Улс зоосны нүхээр харж энд эдийн засгийн боломж байгаа юм чинь төлөөлөгчийн газар байгуулчихъя гэдэг. Энэ нь зөв. Гэхдээ эцсийн бүлэгт иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, төр нь тэдэнтэй ойр байдаг, зөвлөгөө өгч, хамгаалдаг ийм газруудыг нэн тэргүүнд байгуулах ёстой. Малайзад консулын газар байгуулах асуудлыг гадаад яам оруулж ирж Их хурлаар шийдүүлэх байх гэж найдаж байна. Гэх мэтчилэнгээр манай улс БНСУ, БНХАУ-д төлөөлөгчийн газрынхаа тоог нэмж байгаа.

-Гадаадад байгаа иргэдийн эрхийн тал дээр ийм асуудал байгаа юм байна. Тэгвэл манайд байгаа иргэдийн эрх хэр зөрчигдөж байна вэ?

-Янз бүрийн хэлбэрээр иргэдийн эрх зөрчигдөж байна. Хуулиараа гэхэд иргэн бүр газар өмчлөх эрхтэй гээд заачихсан. Биднийг засаг авч байхад нийт иргэдийн долоон хувь нь газраа өмчилсөн байсан бол одоо 12 хувь болчихсон. Цаана нь иргэдийн 80 гаруй хувийнх нь эрх зөрчигдсөн хэвээр байгаа. Энэ мэтчилэнгээр асуудал үргэлжилнэ. Эх орондоо айдасгүй, итгэлтэй, үр хүүхэд нь аюулгүй орчинд амьдардаг, нийгмийн хамгаалал нь найдвартай байхаас эхлээд маш олон эрхүүд зөрчигдсөн хэвээрээ байгаа нь үнэн. Бизнес эрхлэгчдэд бүх талын дарамт шахалт ирдэг. Ажил хийж байгаа хүн бүрт тодорхой дарамтууд ирсээр байна. Энэ бүгдэд эерэг хандлага бий болгох гэж байнгын ажиллагаатай парламент байдаг.

-Өнөөдөр Монгол Улсад ногоон малгайтны арми бий болчихлоо гэдэг зүйлийг Н.Алтанхуяг гишүүн хэлж байна. Энэ нь АТГ л даа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн ч чуулганы хуралдаанаар хэлэлцсэнгүй. ҮАБЗ зөвлөмж гаргах ёстой байтал хуулийн төслийг хойшлуулах шийдвэр гарган Их хуралд өгсөн ч гэдэг юм уу асуудлууд нэлээд байна…

-Анх АТГ-ыг байгуулах санаачилга гарахад дэмжиж байсан хүний нэг нь би. Энэ хэрэгтэй байгууллага. Цаашдаа ч байна. АТГ-ыг татан буулгах гэсэн юм байхгүй. Авлигатай тэмцэх зорилготой намын хувьд ямар асуудлыг дэмжсэн гэхээр АТГ-ыг бүх талаар нь дэмжье.

Эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгье гэсэн юм. Бид авлига гэж нийтийг хамарсан ойлголт болсон хүнд өвчнийг анагаахыг л хүссэн. Гэтэл хуулийн өөрчлөлтүүдийг харахаар одоогийн байгаа цагдаагийн газраас 10 дахин том, нэг арга барилтай цагдаагийн газрыг байгуулах гэж байна. Тэртээ тэргүй төрд олон 10 жил явчихсан, Үндсэн хуулиар тогтоосон олон 10 байгууллага бий. Энэ бүгдээс ялгаатай ажиллаж, нийгэмд байгаа энэ өвчин эмгэгийг таньж оношлох зорилготой оюуны чадамжтай байгууллага бий болгохыг зорьсон. Хэн нэгнийг барьж хорин айлгаж, хардаж сэрдэх хамгийн амархан. Хууль хүчний байгууллага олон жил үүнийг хийж ирсэн. Ийм байгууллагын тоо цөөдөөгүй. Байгууллагын тоогоор болдог бол дахиад 10 ийм байгууллагатай болж болно. Тэглээ гээд асуудал цэгцрэхгүй. Авлига гэдэг чинь өндөр хэмжээний зүйл байсан байхгүй юу. Тиймээс үүний эсрэг өндөр мэдлэг боловсролтой хүмүүсээр эгнээгээ бэхжүүлсэн байгууллага тэмцэхээс өөр замгүй болсон. Одоо бол цагдаа нь тагнуултайгаа өрсөлдөөд, АТГ нь бизнесмэн, албан тушаалтнуудыг хорьж цагддаг хэлбэр рүү орчихлоо. Энэ нь учир дутагдалтай гэдгийг гишүүд ярьдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хууль санаачлах эрх нь гишүүдэд байна. Энэ талаар ярьж зөв шийдлийг олох нь чухал. Авлигатай тэмцэхгүй, авлигыг мөнхжүүлье гэсэн сэтгэлтэй хүн нэг ч байхгүй. Учир зүйгээ олоод зөв шийдэл гаргаад явах боломжтой гэж хардаг. Гэхдээ хувь гишүүн хууль санаачилж, хуулийг нь хэлэлцсэний төлөө, хуулийг дэмжсэний төлөө элдвээр цоллож хариуцлага хүлээлгэн, нэр төрд нь халддаг байж болохгүй. Аль ч улс орны авлигатай тэмцэх зүйл дээр нэг дутагдал ажиглагддаг. Тодорхой улс төрийн болон бизнесийн бүлэглэл тэр байгууллагад нөлөөллөө тогтоож өрсөлдөгчөө дарах хэрэгсэл болчихоод байна. За яахав ингэж болно. Гэсэн ч энэ чинь мөнхийн зүйл биш. Маргааш нөгөө тал нь яг ингэж хариу барина. Энэ тэмцэлд улс хохирч үлддэг. Ингэж тоглож болохгүй. Энэ нь Монголын хувьд дэндүү үнэтэй тоглоом байх болно.

-АТГ таныг шалгаж байгаа гэсэн юу болсон бэ?

-Миний хувьд 1990 онд жагсаал цуглаан байгуулсан гээд анх цагдаад шалгуулж эхэлсэн. Түүнээс хойш төр, хувийн ажил аль алийг нь хийж байхдаа байнга шалгуулдаг байсан. Гэхдээ нэг байгууллага биш нэлээд олон байгууллагаар шалгуулж ирсэн. Ялангуяа сайд болсноосоо хойш бүр ч их шалгуулсан. Над шиг их шалгуулсан хүн бараг байхгүй дээ. Хамгийн хэл ам багатай батлан хамгаалах салбар гэхэд л дуусахгүй хэл амтай байлаа. Мэдээж цаана нь тодорхой улс төрийн зорилго байгаа. Би нэг зүйлийг л гайхдаг юм. Тодорхой хугацаанд хүнийг шалгаад дуусдаг байх ёстой. Буруутай бол буруутай гээд арга хэмжээг нь авдаг байх хэрэгтэй. Асуудал байхгүй бол уучлалт гуйгаад дуусгах хэрэгтэй. Гэтэл үүнийгээ дуусгалгүй үргэлжлүүлээд яваад байдагт эмзэглэдэг.

-АТГ тэгээд таныг шалгаж дууссан юм уу. Хэрэв дууссан бол ямар шийдвэр гарсан юм бол?

-Дууссан байлгүй дээ. Жил гаруйн хугацаанд таг чиг л байна. Миний хувьд нууж хаагаад байх юм байхгүй. Хийсэн буруу зөрүү зүйл ч алга. Би цагдаа, тагнуул, аудит гээд шалгаж болох бүх газарт шалгуулсан. Эд нар чинь шалгалт явуулахдаа зүгээр шалгахгүй бараг л төрснөөс хойших бүх зүйлийг шалгасан.

-АТГ-ын эсрэг байр суурь илэрхийлээд эхлэнгүүт шалгалт явуулаад байдаг юм биш үү. Барьж хорьж байгаад л баахан шалгадаг гэсэн?

-Уг нь буруу л даа. Энэ чинь улс төр болж харагддаг байхгүй юу. УИХ-ын гишүүн үгээ хэлэх эрхтэй. Үг хэлэнгүүт дараа долоо хоногт нь эрүүгийн хэрэг нээгээд асуудлаа хурцатгаад эхэлж байгаа нь маш буруу. Иймэрхүү зүйл олон хүн дээр гардаг бололтой юм билээ. Энэ бол зөв гарц биш. Эргээд авлигатай тэмцэхэд хор болчихоод байгаа юм.

-Зайсангийн иргэдийн газрын асуудал хэд хоногийн өмнө сөхөгдөж байсан. Тойргийнхоо Зайсан орчмын иргэдийн газрыг яахаар болсон бэ?

-Зайсангийн ойр орчимд бүхэл бүтэн хот босчихсон. Тэр хот агаар дээр босоогүй. Төрөөс зөвшөөрөл авсан хүмүүс барилга орон сууц бариулсан. Гэтэл тэнд 20-30 жил амьдарч байгаа 600 гаруй өрх бий. Тэр хүмүүсийг нь хууль бус гэж шахаад байдаг хэрнээ дөнгөж нүүнгүүт нь тэнд байшин босчихдог. Барилга байшин барих болохоор зөвшөөрөл нь олддог хэрнээ иргэд удаан амьдарч ирсэн газраа амьдрах аргагүй болдог. Үүн дээр л шударга ёс тогтоох хэрэгтэй гэсэн юм. Компани зөвшөөрөл аваад байшин барьж болсон юм чинь тэнд байгаа иргэд хууль ёсны дагуу амьдрах шаардлагатай. Дархан цаазтай газар юм чинь өмчлөх асуудал мөддөө шийдэгдэхгүй байх. Харин тэнд амьдарч байгаа айл нь хөөгдөж туугдахгүй амьдрах эрх нь нээгдэх ёстой. Амьдарч байсан газраа зарчихсан ганц нэг айл байдаг л байх. Түүнийгээ тусад нь шийдээд явах нь зөв.

-Болд гишүүн “Богд” гэдэг шинэ банктай боллоо гэсэн яриа гарч байна. “Богд” банкныхаа тухай ярихгүй юу?

-Аав, ээжийн байгуулсан “Бодь” гээд компани бий. Тодорхой хүмүүстэй хамтарч байгаад хамтын ажиллагаа зогссон. Банк санхүүгийн гэх мэт тодорхой хэдэн компаниа манай гэр бүлийнхэн өргөжүүлээд явж байна. Хамгийн гол нь хуулийнхаа хүрээнд явж байгаа бизнес шүү. Би үүнд оролцоод хутгалдаад байгаа юм алга. Гэр бүлийн гишүүний хувьд тодорхой хувиа эзэмшдэг. Монголын томоохон банк болон компанийг байгуулан амьдралынхаа тодорхой хугацааг зориулж ирсэн. Хамтарч ажиллах боломжгүй болоод хоёр талдаа ойлголцоод хоёр тийшээ болсон. Хүн заримдаа хүнлэг бус байдаг юм билээ. “Бодь” нэртэй аав, ээжийн компани анх байсан болохоор “Бодь” даатгал, “Бодь” цамхаг гээд цөөн хэсэг нь манай гэр бүлд ноогдсон. Гэтэл араас “Бодь” гэдэг нэрийг ашиглуулахгүй гээд зарга үүсгэсэн. Үүнийг гайхаж байна. Хөрөнгөө хуваахад “Бодь” цамхгийг манай гэр бүл авсан. Дараа нь өнөө нөхдүүд “Бодь” цамхаг баригдсан газрыг бид авна гээд маргаан үүсгэсэн. Компани өгөөд нэрийг нь өгөхгүй. Байшин өгөөд газрыг нь өгдөггүй ийм наймаа гэж байхгүй л дээ. Угаасаа гэрээгээр ч тийм зүйл байхгүй. Тэд хүний ёсноос гадуур гэж өөрсдийгөө ойлгуулах гээд байгаа юм уу бүү мэд. Энэ мэтчилэн зүйл дээр жаахан маргаан гарсан зүйл бий. Гэхдээ Монголд төр байна, хууль байна, хүний нийгэм байна даа учир зүйгээ олоод явчих байх гэж бодоод байгаа.

-Та бол 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний нэг. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн. Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр өөрийн байр сууриа илэрхийлээч. МАН-ын зарим гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцсэн байна лээ?

-Үндсэн хуулийг баталж байсан долоон гишүүн ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Одоо хоёр вариант байгаа. Нэгдүгээрт, 35 хувиас дээш хувьд нь өөрчлөлт оруулж шинэ Үндсэн хуультай болох. Хоёрдугаарт, аминд тулсан асуудлуудаа шийдээд явах. Энэ хоёр замын аль нэгээр нь шийднэ. Зарчмын хувьд ажлын хэсэгтэйгээ тохирохгүй байгаа зүйлүүд бий. Тухайлбал, Үндсэн хуулийн ажлын хэсэг дээр сумын Засаг дарга нарыг шууд сонгуулиар сонгоно гэж байгаа. Үүнийг би эсэргүүцэж байгаа юм. Учир нь томоохон аж ахуйн нэгж юм уу, цэргийн анги байгаа сум тэр салбарын өмч болчихдог талтай. Нэг том уурхайтай сум байлаа гэхэд сумын иргэд хэн ч биш болдог. Уурхайнхан сумын хэсэг бүлэг хүмүүсийг нь худалдаж аваад уурхайн ажилчидтай нийлэн санал өгөөд сонгодог болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл уурхайн захирал хэнийг сонгоно тэр хүн сумын Засаг дарга болно гэсэн үг. Ухаандаа тэд тусдаа зэвсэгт хүчин байгуулах нь л дээ. Дараа нь Таван толгойг өмчлөөд энэ зөвхөн биднийх шүү гэх нь байна. Өмнө нь Оюу толгой, Таван толгой Өмнөговь аймгийн нутагт байгаа болохоор зөвхөн манай аймгийн иргэдэд хамаарна гэдэг зүйл явсан. Монгол Улсын бусад иргэд тэгэхээр яах юм. Тиймээс иймэрхүү процесс буруу гэж үзэж байгаа. Ард түмнийг хагалах нь удирдах нөхцөл бололцоог ойлгомжгүй болгодог. Тиймээс ард түмэн пропорционалийг сонгож байна. Иргэн бүрийн өгсөн санал парламентад тусдаг байх ёстой. Олонх болсон иргэд нь хүн, цөөнх болсон иргэд хэн ч биш байдаг байж болохгүй. Үүний тулд нам гэж байгаа. Сүүлдээ нам нь хувьчлагдаад компани шиг болчихсон тул иргэд намыг үзэн ядаж байна. Нам хэрэггүй, намгүй байя гээд нэг туйлаас нөгөө туйл руу яваад байгаа юм. Энэ чинь буруу.

-Тэгээд яах ёстой гэж харж байгаа юм?

-Чухамдаа ард түмэн төр хоёрыг холбодог тогтолцоог байхгүй болгох гэж байна. Иймэрхүү процессыг дэмжихгүй. Ер нь ойлгомжтой, зохион байгуулалттай байх ёстой. Засгийн газар нь ойлгомжгүй олон удаа огцордог, хуйвалдааны аргаар асуудлыг шийддэг гажуудал бий. Хууль, шүүх засаглал, Үндсэн хуулийн болон Үндсэн хуулийн бус байгууллагуудыг цэгцлээд явах боломжтой.

-2010 онд Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гэж баталсан. Уг хуульд Үндсэн хуулийн ийм ийм заалтуудыг огт хөндөж болохгүй гэж заасан байна лээ. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эдгээр заалтууд зайлшгүй хөндөгдөх гэж байна гэх юм?

-Үндсэн хуулийг тийм заалтуудыг хөндөж болохгүй гэсэн зүйлийг өөрчлөх гээд байгаа юм байхгүй. Гэхдээ тэр хуулийг чинь Их хурал л баталсан. Хэрэв Их хурал зохих ирцээрээ өөрчлөх асуудал байгаа бол тэр эрх нь бий гэсэн үг. Үндсэн хууль өндөр ирцээр батлагддаг болохоор сайн шүүгдэж гарах байх.

-Үндсэн хуулийн яг ямар ямар тодорхой заалтууд дээр өөрчлөлт орж байгаа вэ. Ажлын хэсгээс мэдээлэл хийгээгүй болохоор таамаг төдий зүйлс яригдаад байна л даа?

-Ийм хардлага яриа хэрэгтэй. Тэгж байж бид ийм заалтуудыг ингэж өөрчлөхийг иргэд хүсч байна. Үүнийг нь өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэдэг ойлгоц авна. Миний итгэл үнэмшил юу гэхээр эхлээд бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн төсөл гаргана. Үүнийг олон нийт, Их хурал дэмжинэ гэж харж байгаа. Ийм төсөл гаргаж чадахгүй бол хэцүү л дээ.

-Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байдаг. Хаврын чуулганаар эдгээрийг хэлэлцэж амжихгүй нь. Намрын чуулганаар хэлэлцэхээр улс төр ороод олигтой хууль гарах уу?

-Сайн хууль гаргахын тулд хичээнэ. Энэ бол ардчилал. Хамтраад ойлголцоод гаргаж чадвал гарна. Гарч чадахгүй бол бол яахав дээ. Энэ ч гэсэн шийдвэр шүү дээ. Заавал өөрчлөхгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүй.

-Улс төрийн намуудын тухай хууль хаврын чуулганаар багтаад шийдвэрлэгдэх бололтой. Уг хуулийг төсөлтэй танилцав уу. Ямархуу чигийн хууль гарах нь вэ?

-Хуулийн төслийн явцтай танилцаад явж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд би маш их найдаж байгаа. Намуудыг хувьчлалаас гаргах хэрэгтэй байна. Компани байдлаар ажилладгийг болиулаад фракцгүй жинхэнэ намын гишүүдийн байгууллага болгож чадвал төр цэвэршинэ. Тэр хэрээр улс төр тогтвортой болно. Өнөөдрийг хүртэл явж ирсэн энэ том асуудлууд чинь алга болох юм. Улс төрийн намуудын тухай хууль бол Сонгуулийн тухай хуулиас ч илүү ач холбогдолтой хууль юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Бямбацогт: Ардчилсан намынхныг гар гэхээр Засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав

УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямбацогтоос уг сэдвээр тодруулга авлаа.

-МАН Засгийн газарт хамтарснаас хойш зөв­хөн албан тушаалын хуваа­рилалт дээр амлалтаа бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр хойрго хандаж байгаа тул МАН Засагт байх ёстой юу үгүй юу гэдэг асуудлыг ярихаар болжээ. Үүнд ямар хариулт өгөх бол?

-Манай бүлэг дээр ч гэсэн хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ард иргэдийн амьдралд нааштай гээд хэлчихээр зүйлс гарахгүй байгаа тул МАН-ын бүлгийн гишүүд яах ёстой вэ гэдгийг ярьж байна. АН-ыг гар гэхээр засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав. Мэдээж холбогдох байгууллагуудаараа ярьж, хэлэлцэж байж энэ асуудлаа шийднэ.

Гэрээндээ тодорхой зүйл­сийг хийж хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Тухайлбал, эдийн засгийн хямралыг давах хөтөлбөр батална. Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа ард иргэдэд өгөөжтэй, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна гэсэндээ хүрч чадаж байгаа билүү. Оюу толгойн гэрээг нууж байгаад Дубайд очоод гарын үсэг зурсан. Тавантолгойд гэхэд Монголын гурван сая иргэн 1072 хувь­цаагаа өмч болгон үнэ цэнтэй болгож чадаагүй. Энэ мэтчилэн гэрээнд тусгагдсан тодорхой асуудлууд ший­дэгдэхгүй байна. Сонгуулийн хуулийг хавар шийдчихье гээд чадаагүй. Түүнчлэн хар машины давхар хяналтыг гараар тоолно гэсэн ч мөн л шийдэгдсэнгүй. Гэх мэтээр ярьж болохгүй зүйл гэж байхгүй. Ярьж болно.

Харин манай намыг албан тушаалын тал дээр амлалтаа биелүүлсэн гээд байгаа. Зөвшилцлийн гэрээнд зааснаар манай нам сайд нараа аль болох туршлагатай хүнээр тавья гэсэн. Санасан хэмжээнд хүртэл зарим нь ажиллахгүй байгаа тал бий ч туршлагатай, мэдлэгтэй хүмүүс намд маш их байдаг. Хариуцлагатай хүнээ тавих ёстой.

-Хамгийн гол нь хамтран Засгийн газар байгуулсан хэрнээ Засгийн газрын оруулж ирсэн хууль, тогтоо­лын төслүүдийг унагаж бай­гаад АН-ын гишүүд бухим­даж байгаа бололтой. Албан тушаалаа авсан бол ажлаа хийх ёстой юм биш үү?

-Бид Засгийн газрын оруулж ирсэн зөв бодлогыг дэмжээд явж байгаа. Харин буруу бодлого дээр нь шүүмжлэлтэй хандаад явж байна. УИХ дээр ч гэсэн асуудлыг аль болох сайжруулаад зөв асуудлыг нь хурдан дэмжээд баталж яваа. Гэтэл нөгөө талдаа МАН-ын бүлгийн гишүүдийн тавьсан асуудлыг шийдэхгүй байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг засагт хамтарсан цагаасаа эхэлж тавьж ирсэн ч өдий болтол хэлэлцсэнгүй. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох гээд маш олон асуудал хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч таг чиг байна. Ийм байдлаар хамтарвал утгагүй л байна.

-Анх гэрээ байгуулах үед оролцсон МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй АН-ынхан уулзах бололтой. Үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар болж. Магадгүй МАН-ыг Засгаас хөөнө гэдэг яриа гарсан байна лээ. Асуудал хөөж, хөөгдөхдөө тулсан юм уу?

-2009 онд Сү.Батболдын Засгийн газар байгуулагдахад Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг “Биднийг засгаас хөөсөн ч засгаас гарахгүй” гэж байгаад гарсан байх аа. Одоогоор нэг нь хөөж, нөгөө нь хөөгдөөд байгаа юм алга.

Э.БОЛД

Categories
мэдээ улс-төр

Түйрэн дунд түмэн олон чинь амьдарч байна, зүгээр үү

Нийслэл хот зундаа улаан шороон дунд байдаг болсоор багагүй
хугацааг үдэж байна. Өнөө жил гэхэд л хойд чиглэлийн зуслангийн замыг шинэчилж
байна гээд нургисан улаан шороо л Улаанбаатарын урд захаас оволзож харагдах юм.
Мөн урт настай удаан жаргалтай Сонсголонгийн замын ажлаас болж хоёр гурван жил
нарийн ширхэгтэй улаан шороо л тэнгэр газрыг холбох мэт баганадан харагдана. Түүнчлэн
Өлзийтийн замын шороо гэж най алга. Замаа сайжруулж байгааг буруу гэж байгаа юм
биш, зөв. Гэхдээ зам засах бүрийд тэр хавийн айлууд ямар байдалтай зуныг үдэж
байгааг эрх биш хараа байлгүй. Цагаан бүрээстэй монгол гэр, нэг хоёр давхар
улаан тоосгон байшингууд лав гэр, байшин гэдэг утгаа алдаж, манарсан саарал юм
л харагдах юм. Улаанбаатарын замын ажлуудаас болж тухайн газрын айлуудын
амьдрах нөхцөл үнэндээ л хэцүү болж байна. Тэд Улаанбаатарт газар олдохгүй тул
эндээ байхаас өөр арга алга хэмээн гүрийхээс өөрийг хийсэнгүй. Замын ажил авсан
компани ядаж шороон замаа өдөрт ганц хоёр удаа услаж баймаар юм. Тэдгээр
компаниуд мөнгөө л бодож байгаагаас биш хүнээ хүний тооноос хасч байна гэхэд
хилсдэхгүй.

Сонсголонгийн замаар явахын эцэсгүй. Тэнд түйрэн болдог гэхэд
дэгсдүүлсэн болохгүй болов уу. Өдрийн цагаар гэрлээ асаан яваа машинууд ар
араасаа орчих гээд түвэгтэй гэж жигтэйхэн. Машинтай сажлаад ч атугай явлаа гэж
бодоход тэнд явган алхах эцэсгүй. Гурван км үргэлжлэх шороон дунд нүдгүй мэт
явсаар байгаа таарна.

Хэрэггүй юман дээр хэл амаа билүүдэх дуртай манайхан хэрэгтэй зүйл
дээр “Пүү паа, балиар шороо” гэж “гаслах”-аас өөрөөр өөрсдийнхөө эрхийн төлөө
явж чадахгүй байна л даа. Ядаж л “Та нар зам барьж мөнгө олж байгаа юм бол,
ядаж ус цац” гэдэг шаардлагаа тавих эрхтэй. Замын компаниуд ус цацаж замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангаж байна уу, иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх хангагдаж
байгаа юу гэдгийг төр хянах ёстой л доо. Тиймээс хотын захиргааныхан ажлаа
хийж, нийслэлийн иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцөл боломжийг хангаж өгөхөд
анхаараачээ. Ер нь бол төрийн байгууллага түмэн олондоо үйлчлэхийн тулд байдаг.
“Манарсан улаан шороогоо ус цацаж дар” гээд хэлчих албан тушаалтан байхгүй бол
иргэд өөрсдөө үүнийгээ хянаж болох юм. Зам засварын ажил явагдаж байгаа
газруудын ойр орчмын 1000 хүн байлаа гэхэд гурван жил замын компаниуд үүргээ
хэр гүйцэтгэж байна гэдгийг хяначих бүрэн бололцоотой.

“Найрсаг Улаанбаатар” гэж чихэнд сонсголонтой сайхан үг. Найрсаг
Улаанбаатартай болъё гэж хотын захирагч байнга хэлж байгаа. Үнэхээр тийм орчин
цагийн нийслэлийг бүтээн бий болгоё гэж байгаа бол шорооноосоо салъя. Гүйцэтгэгч
компаниудаа хариуцлагатай ажлыг нь хийлгэе. Түйрэн дунд түмэн олон чинь амьдарч
байна, зүгээр үү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гомбожав: Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай өнөөгийн нийгэм, улс төрийн талаар ярилцлаа.

-Улс төрийн амьдралд багагүй хугацааг өнгөрүүл­сэн хүний хувьд өнөөдрийн төр засгийн үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Үр дүн хэр байна вэ?

-Сүүлийн 25 жилд Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Гэхдээ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Үүнд нь Мон­голын ард түмэн сэтгэл дун­­дуур байгаа. Улс орон дорвитой хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь удирдлагын түвшинд муу ажил­лаж байгаатай холбоо­той. Тухайлбал, УИХ, Засгийн газрынхаа түвшинд тааруу ажиллаж байна гэсэн үг. Монгол Улсад дэлхийн гэж ярих хэмжээний баялаг бий. 50 гаруй сая толгой мал байна. Өргөн уудам газар нутаг, газрын хэвлийдээ асар их байгалийн баялаг, боловсролтой мэргэжилтнүүд байнаа. Гадаадад 200 гаруй мянган залуус амьдрал ахуй­гаа боломжийн аваад явчихаж байна шүү. Ийм чадамжтай улсыг 25 жилийн хугацаанд өөд нь татаж чадахгүй байгаа нь УИХ, Засгийн газрын удирд­лагад томилогдсон хүмүүсийн ажлын арга барил, чадамжтай шууд холбоотой гэдгийг дахин хэлье. Заримдаа эх оронч сэтгэл нь хааччихсан юм бол доо гэж бодогдоод байх юм.

-Гэхдээ сүүлийн 25 жилийн хугацаанд МАН дийлэнх хугацаанд нь төр засгийг удирдаж ирсэн шүү дээ. Таны ярьснаас улс хөгжихгүй байгаа шалтгаан танай намд ч бас хамаатай гэж ойлгож болох уу?

-1992 он хүртэл бид нэг намын удирдлага дор байсан. Өөрөөр хэлбэл нэг намын дарангуйлалд байсан гэж болно. Одоо харин нэг намын дарангуйлал биш нэлээд хэдэн намын дарангуйлалд орчихлоо. Уг нь төрийн эрх мэдлийг ард түмэн мэднэ. Түүнийг хэрэгжүүлэхэд нам дэмжлэг болно гэсэн Үндсэн хуулийг бид баталсан. Өнөөдөр нам нь төрийнхөө дээр гараад суучихсан, төр нь намынхаа доор орчихоор иргэддээ үйлчлэхгүй, өөрс­дөдөө үйлчилдэг ийм байдал руу шилжсэн.

Ялангуяа сүүлийн 15 жилд дэндүү байна, энэ төр засаг. Энэ нь юугаар мэдэгдэж байна вэ гэхээр Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр толгойн асуудал дээр тэдний илэрхийлж байгаа байр сууринаас тодорхой харагдаж байна. Социализмын үед бол Оюу толгой, Таван толгой чинь ердөө хоёрхон уурхай шүү дээ. Хоёрхон уурхайн асуудлаа зөв шийдэж чадахгүй байгаа юм. Ажил нь сайхан явж байхаар төр оролцоод гацаачихдаг. Ард түмэнд болохоор тэр намаас боллоо л гэдэг. Өнөөдөр Оюу толгой, Таван толгой аль аль нь ажиллаж байгаа. Анхны гэрээнүүд нь Монголын талд ашиггүй муу гэрээ болсон байна гэдэг нь одоо харагдаж байна л даа. Тэр гэрээгээ сайжруулаад цаашаа явах байтал бүлэглэлийн эрх ашгаас болоод гацаанд орчихсон. Үнэндээ цаад хөрөн­гө оруулагчдаас болоод гац­чихсан юм алга. Манайх­ны ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан ингээд зогсчихлоо. Сүүлийн үед зарим хүмүүсийн эд чинь монгол хүн мөн үү гэж эргэлзэхэд хүрч байгааг нуугаад яахав. Ийм удирдлагатай явбал Монгол хөгжихгүй. Улс хөгжихгүй байгаа өөр нэг шалтгаан нь хоёр хөрштэйгээ харилцаж чадахгүй байгаатай холбоотой. Үе, үе уулзалтууд хийж байгаа ч тийм үр дүнтэй болж чадахгүй байгаа нь анзаарагдах юм. Хоёр хөрш манайд таатай хандаж байгаа ч манайх гуравдагч хөршдөө илүү анхаарал хандуулаад байна уу даа гэж бодогддог. Нэлээд хэдэн жилийн өмнө хий дамжуулах хоолойг Монголоор дайруулан тавина гэж байсан ч одоо таг чимээгүй байна. Монголоор дайруулбал хоёр хөршид аль алинд нь ашигтай. Ер нь бол Монголыг дайруулсан, дайруулаагүй тэд боломжтой улс. Хийн хоолойг Монголоор дайруулахааргүй болсон шалтгаан нь манай төр засагт байгаа хүмүүсийн болчимгүй үйлдэл гаргадаг, шийдвэр дээрээ тогтвортой байдаггүй болохоор итгэхээ больсон. Социализмын үед манай орон руу дэлхийн ийм олон орон хандаж байсангүй.

-Ер нь Орос, Хятад гээд хоёр л хөрш байсан байх тийм үү?

-Эхний үед Орос, 1960-аад оны үед БНХАУ харилцаатай байсан. Сүүлдээ ганцхан социалист орноос бүх зүйл хараат байдал руу орсон. Одоо харин дэлхий нийтээр Монголыг сонирхож байна. Дэлхийн орнууд Монголын удирдагчид нь мундаг болохоор сонирхоод байгаа юм биш. Монгол Улсад дэлхий дээр байхгүй ашигт малтмалууд байгаа болохоор л анхаарал хандуулаад байна. Хаана баялаг байна түүн рүү шунахаас яах юм. Түүнээс биш ганцхан Монголын эрх ашгийг бодоод байна гэж байхгүй. Энэ нь тэдний буруу биш. Манай төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийн гол алдаа хууль огт биелүүлдэггүй. Үүнийг Үндсэн хуультай холбогдуулан хэлье. 1999 онд Үндсэн хуульд долоон өөрчлөлт хийснийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон. Үндсэн хуулийн 66.3-т “Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр байна” гээд цагаан дээр хараад биччихсэн. Гэтэл эцсийн шийдвэр нь гарчихаад байхад 2000 онд УИХ өнөө долоон заалтыг буцаагаад хэлэлцсэн. Цэцийн шийдвэр эцсийнх юм бол УИХ түүнийг хэлэлцэх ёсгүй байсан.

-Маргаан хянан шийдвэрлэх хууль гээд 1995 онд гаргаж байсан биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааны тухай гээд 1995 оны тавдугаар сарын нэгэнд гарсан хууль байдаг юм. Тэр хуулийн 15.3-т “Ийм маягаар албан тушаалтан, байгууллага Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн байх юм бол Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хэлэлцээд шийдвэр гаргана” гэсэн байдаг. Цэц нэг л шийдвэр гаргах ёстой. Хэрэв шударгаар ажилладаг юм бол хүчингүй гэдэг шийдвэрээ л гаргана. Тиймээс УИХ-аар хэлэлцэх ёсгүй зүйлийг хэлэлцээд шийдвэр гаргаагүй, албан бичиг гаргасан. Түүнийгээ ингээд хэдэн жил мөрдөөд явж байна. Албан бичиг гэж хэлсний учир нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” гэсэн байгаа. Уг нь томъёолол нь цаасан дээр буухдаа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль” гэж гарах ёстой байсан. Монгол Улсын сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд хамгийн таатай, монгол хүн бие дааж улсаа авч явж шийдвэрээ гаргах, боловсон хүчнээ томилох, үйл ажиллагааг явуулах алтан үеийг 1992 оны Үндсэн хууль нээж өгсөн. Шинэ Үндсэн хуулийг баталж байхад аль нэг улс орны хараа хяналт байхгүй болчихсон таатай цаг үед монголчууд өөрсдөө шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийг батлахад одоогийнх шиг улс төрийн бүлэглэл бий болоогүй байсан юм. Одоо намын болон эдийн засгийн бүлэглэлүүд бий болчихоод хааш нь ч хөдөлгөхгүй байна.

Өнөөдөр батлагдаж буй хууль тогтоомжууд аль нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан байдалтай гардаг болсон. 1992 оны Үндсэн хууль чинь Монголын ард түмний хамгийн том зөвшилцлийн дүнд бий улс төрийн баримт бичиг. Одоо бол өөр болчихож. Хэсэг бүлэг хүмүүс л Үндсэн хуулийг өөрчилнө гээд гүйгээд байх юм.

-Гэхдээ парламентад суудалтай бүх улс төрийн хүчин Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гээд бүлэг тус бүрээс Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан голдуу хүмүүсийг ажлын хэсэгт багтаасан…

-Улстөрчид, улс төрийн намууд Үндсэн хуулиас болоод болохгүй байна гээд Үндсэн хууль руу хуруу гараа шургуулж байна. Харин судлаачид, ард түмэн болохоор Үндсэн хуулиа өөрчилье гэдэг зүйлийг ярихгүй байгаа биз дээ. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа хүмүүсийн цаад санаа нь улстөрчид, улс төрийн намуудад нэр хүнд нь унасан бурууг түлхэх нэг газар хэрэгтэй болсон. Тэр буруугаа Үндсэн хуулиас л боллоо гэж тайлбарладаг. Хачир дээрээ Үндсэн хуулиас болоод ажил явахгүй, хохироод байгаа юм байхгүй. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт бол ардчиллын амин сүнсийг аваад хаячихсан. Өөрөөр хэлбэл намуудын дарангуйлалд төр орох нөхцөлийг бүрдүүлсэн. Өнөөдөр хууль тогтоо гээд 76 хүнийг сонгочихоод байхад 39 нь ирээд 20 нь хууль батлаад явж байна. Манайх шиг цөөхөн гишүүнтэй парламентад өмнөх Засгийн газар шиг 17 гишүүн сайд байж болохгүй. Үүнээс болоод УИХ-ын дээр нь Засгийн газар гарчихсан. Амьдралаас харахад Засгийн газар нэр төрөө хамгаалахын тулд аль болох их мөнгө зарж, сонгогчдоос санал авахын тулд ажилладаг. Тэр их шунал, хүсэл, сонирхлыг нь УИХ хазаарлан барьж байх ёстой. Гэтэл одоогийн УИХ Засгийн газрынхаа хийх ажил руу яваад орчихсон. Өөрсдөдөө ч мөнгө хуваарилдаг болж. Уг нь УИХ-ын гишүүн нэг ч төгрөг зарцуулах эрхгүй шүү дээ. Өнөөдөр харин ч эсрэгээрээ тэрбум тэрбумаар нь хуваарилж авдаг гажиг тогтолцоог бий болгосон. Тойрогтоо ажиллаж байгаа нэрийдлээр Гүйцэтгэх засаглалын ажил руу ордог ийм л байдалтай байна. УИХ, Засгийн газрын ажлын хурд нь Ерөнхийлөгчийн санал санаачилгаар хийх гэж байгаа ажлын хурдад хүрэхгүй байгаа юм. Тийм болохоор Ерөнхийлөгч заримдаа Гүйцэтгэх засаглалын ажил руу аргагүйн эрхэнд орж байна.

-Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх нь энэ цаг үеийн чухал асуудал гэж ажлын хэсэг нь хэлээд байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Үндсэн хууль 70 зүйлтэй. Үүний 35 ба түүнээс дээш хувийг нь өөрчилбөл Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулж байна гэж үздэг.

2010 оны Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулиар 70 зүйлийн 35 хувиас дээш хувьд нь өөрчлөлт хийвэл шинээр Үндсэн хууль хийж байна гэж заасан.

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд Үндсэн хуулийн тодорхой зүйл дээр өөрчлөлт оруулж болохгүй гээд заачихсан. Гэтэл өнөөдөр нэмэлт, өөрчлөлт хийнэ гээд байгаа нь өнөө хориглосон заалтуудыг өөрчлөхөөр ярьж байна. Тэр нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хамааралтай заалтууд байгаа юм. Үндсэн хуулиндаа ямар нэмэлт, өөрчлөлт хийх вэ гэдэг хуулиа 2010 онд гаргачихаад түүнийгээ мэдэхгүй яваа хүмүүс байна гэж харж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх гэж байгаа бол шинээр Үндсэн хууль хийхээс өөр зам байхгүй. Ийм хуулийг нь 2010 онд гаргачихсан. Хэрэв энэ хуулиа зөрчөөд явах юм бол тэр нь гэмт хэрэг байхгүй юу. Хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйдлийг Монгол Улсын Үндсэн хуулинд халдсан хэрэг гэж үзнэ” гээд заачихсан. Тэгэхээр Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсэг Үндсэн хуулинд халдаж байна.

Үндсэн хуулинд халдана гэдэг чинь төрийн эрхийг хуйвалдааны журмаар авна гэсэн үг. Үнэхээр Үндсэн хууль болохгүй байнаа гэж үзвэл энэ хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж 35 хүртэлх хувь гэдгийг өөрчлөх ёстой. Өөр нэг зам нь шинэ Үндсэн хууль бий болгох шаардлагатай.

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар нь ярихгүй юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг хасах юм байна. ҮАБЗ-ийг даргалдгийг болиулж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхаа болих нь. Тэр бүү хэл УИХ-аас Ерөнхийлөгчийг томилно гэх юм. Энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, бэлгэ тэмдгийн төдий болгох гэж байгаа нь төрийн байгуулалтын том өөрчлөлт шүү. Үндсэн хуулийн хөндөж болохгүй заалтанд энэ чинь багтаж байгаа юм. Надад өөр нэг хар төрсөн нь ард түмний хүсэн хүлээж байгаа гол асуудлуудаас ард түмний анхаарлыг сарниулах гэсэн оролдлого байх. Саяхан Дубайд маапантай Оюу толгойн гэрээ ч юм уу, төлөвлөгөө ч юм уу нэг юманд гарын үсэг зурлаа. Таван толгойн гэрээ буцаагдах нь. Үүний цаана 2016 оны сонгууль гэж том юм байгаа. Улс төрийн намуудын хууль гэх мэт эдгээр томоохон асуудлуудаас сонгогчдын анхаарлыг хөндийрүүлэх оролдлого хийж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнөөдрийн парламентын 76 гишүүнд Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Учир нь 76 гишүүний дөрөвний гурав нь ямар нэгэн асуудалд холбогдсон байна. Улс төрийн намуудын нэр хүнд өмнө нь хэзээ ч байгаагүй доод түвшиндээ хүртэл унасан байгаа юм. Нам төрийн эрхийг барьж байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд ард түмнээсээ асуулгүй Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Сонгууль дөхсөн үед Үндсэн хуулинд гар хүрвэл ямар хортой байдгийг 1999 оны Үндсэн хуулинд халдсан халдлага харуулж байна. Тухайн үед 76 гишүүнээс би ганцаараа “Үндсэн хуулинд өөрчлөлт хийж болохгүй” гэж татгалзсан. Тэр үед Р.Гончигдорж, М.Энхсайхан, Н.Энхбаяр гурав хуйвалдаад намын бүлгүүдээ зохион байгуулж долоон өөрчлөлт оруулсан. Тэр нь өнөөдрийг хүртэл 15 жил улсын хөгжлөөс хойш зулгаалаа. Эцэг хуулиа оролдох юм бол эцгээ алдсан өнчин хүүхэд ямар байдалд хүрдэг билээ. Үүнтэй агаар нэг гэдгийг санах ёстой.

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж зарим хүмүүс ярих болсон. Тиймээс Ерөнхийлөгчийг эрх мэдэлгүй болгож байгаад Ерөнхийлөгчийн засаглалтай болохын тулд зориуд ийм зүйлийг хийж байж магадгүй. Цаад санаа нь парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглал руу орох урьдчилсан тоглолт байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд хоёр том хөршийн дунд байрладаг жижиг орны хувьд парламентын засаглалтай байх нь чухал гэж боддог. Энэ нь 25 жилийн амьдрал дээр батлагдсан. Таван толгойн гэрээг УИХ-д оруулахгүйгээр Засгийн газар шийдээд явсан бол бид 98 хувиа алдаад хоёр хувийн ашиг хүртэх гэрээг Засгийн газраар хийлгэх байсан байна. Одоо хоёр уурхай яригдаж байгаа мэт боловч Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал цаана нь яригдаж байдаг. Энэ мэтчилэн Үндсэн хуультай холбоотой асуудлууд хөндөгдөнө.

-Оюу толгой Таван толгойн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой. Хамгийн гол нь Их хурал зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Түүнийг нь Засгийн газар нь өөрчлөөд цаад хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн хууль зөрчөөд оруулж ирдэг. Оюу толгой дээр хувь хэмжээг 34 хувь гээд хэлэлцсэн. Оюу толгой гэдэг чинь Монголын компани. Гэтэл Хөрөнгийн бирж дээр бүртгэл байхгүй. Борлуулсан түүхий эдийн мөнгө нь монголоор дамждаггүй, хичнээн төгрөгийн зардал гарч байгааг манай талд тайлагнадаггүй. Ч.Улааны танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад үүнд итгэсэн. Өөр газар ажиллаж байгааг хүмүүсийн зардлыг Оюу толгойгоос төлдөг байж болохгүй. Бид өмчийн эзэмшигч тул 34 хувиа л эзэмшинэ гээд сууж байхад болно. Өнөөдөр гэтэл яаж байна. Өөрсдөө байгалийн баялгаа өгчихөөд дээр нь өрөнд ороод сууж байгаа биз. Манайхан одоо л нүүрсээ зарахгүй бол хэрэггүй боллоо гэж байна. Нүүрснээс 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг гэж намайг сурагч байхад заадаг байсан.

Өнөөдрийн Таван толгойн гол гацаа төмөр зам болчихоод байна. Төмөр замтай болчихвол бид хаашаа ч наймаагаа хийчихнэ. Чингэс бондын 1.5 тэрбум ам.доллараас төмөр замд зарцуулчихсан бол аштай юу. Гэтэл өдөрт 50-60 машин явдаг аймгуудын зам руу мөнгөө хийчихсэн. Зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хогийн ногоон уутанд 5-6 тэрбум төгрөг зарцуулсан. Тэр 5-6 тэрбум төгрөгөөрөө цэвэрлэх байгууламжаа зассан бол өнөөдөр өмхий самхай ханхлахгүй л байсан. Бондын мөнгөнөөсөө арьс ширний үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргахад зарцуулсан бол одоо Туул гол гэж орилохгүй байлаа. Манайхан маш тэнэг байсан гэхэд болно. Одоо бүр тэнэглэл нь сум, баг руугаа орчихсон. Орон нутагт мөнгө өгч байгаа нь зөв. Гэхдээ сум бүрт жижиг зүйл хийхгүйгээр томоохон зүйл хийх ёстой л доо.

-Таныхаар өнөөдрийн улс төрийн намууд хэр үүргээ гүйцэтгэж байна вэ. Нам гэсэн нэрийн дор ард түмнээ л их талцуулах юм. Танай намынхан ахмад гишүүдийнхээ үгийг сонсч байгаа юу?

-Ирэх жил сонгууль болох гэж байгаа болохоор намынхаа хүмүүсийн үгийг сонсч, “Та нарын үг хэрэгтэй байна. Төр засгийн шийдвэр гаргахад та нарын үг чухал” гэж байгаа ч сонгуулийн шоу шүү дээ. Бид үг хэлээд хүлээж авахгүй. Одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй.

-Тийм боломж байгаа юм уу?

-Сайн дураараа болих хэрэгтэй. Тус тусдаа хийж чаддаг зүйлээ хийгээд яв л даа. Миний хувьд намар ээлжит бус сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ээлжит сонгуулиар эд бүгд гарна. Намын жагсаалтаар орж ирэх гэж зүтгэнэ. Тэд өөрсдийнхөө гарч ирэх замаа л хайж байгаа юм. Энэ төрд байгаа хүмүүсийн чадамж нь шавхагдчихсан. Шавхагдсан гэдэг нь мэдлэгийг нь хэлээд байгаа юм биш. Эдийн засгийн шунал нь болохгүй байна гэж байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хамгаалахын тулд улс төрд шургалах гээд байна, наадуул чинь. Монгол Улсад Си Жиньпин, Путин шиг дарга хэрэгтэй. Авлигачидтайгаа тэмцдэг байх хэрэгтэй. Гэхдээ шоронд явуулаад бай гэсэн үг биш. Хууль бусаар олсон хөрөнгийнхөө нэг хэсгийг ард түмэндээ өгөөд сайхан амьдарч болно. Би гэхэд 2000 онд улс төрөөс хөндийрөөд Богд уулын өвөрт нэг сая шахам мод тариад, мод үржүүлгийн газартай, нэг барилгын компанитай болоод л байна. Би улс төрд насаараа явсан хүн. Их хурлын гишүүдэд хандан “Та нар болиоч ээ” гэж уриалмаар байгаа юм. Нэг сонгогдсон бол дараа нь би чадахгүй юм байнаа гээд явчих хэрэгтэй. Тиймээс ээлжит бус сонгууль хийж ард түмэнд эрхийг нь өгье. Хэнийгээ сонгохоо өөрсдөө мэдэг. Тэр нь төр бариад үзэг. Үүнийг хийгээд явчих залуучууд олон байна. Ардчилсан намын лидер гээд байгаа нөхдүүд 25 жил төр засгийн толгойд явлаа. Ардчилсан намд салхи орохгүй байна. Ардчилсан хувьсгал гэж ярьж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл явсаар л байгаа биз дээ. Төрд юм хийсэн байна, та нарт баярлалаа. Харин одоо больчих. Ардын намд хөдөлгөөн орж байгаа ч тодорхой тооны хөрөнгөлөг хэсгүүд нь барьчихаад байна. Салхи орж байгаа ч тийм ч сайн биш. Тиймээс МАН, АН аль нь хамаагүй удсан хүмүүс нь больчих хэрэгтэй. МАХН яахав дээ, угаасаа Н.Энхбаяр гэдэг хүнийг түшиж гарсан. Энхбаярыг шоронд орохоор нь ард түмэн өрөвдөөд саналаа өгчихсөн юм. Одоо боль Монгол Улс 20 гаруй намтай гээд тарж бутраад тоглох хэрэг алга.

-Таны хэлж байгаа шиг болоход удах байх л даа?

-Чингэс хаан Их Монгол Улсыг байгуулахад намтай байсан юм уу. Шударга түшээдтэй байсандаа Их Монгол Улсыг байгуулсан. Чингэс хаанаас хойших бүх хаадууд намгүй л явж ирсэн. Намгүйгээр хөгжиж, дэлхийн талыг эзэлж болдог гэдгийг харуулаа биз дээ. Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо. Тиймээс намд ач холбогдол өгөхгүйгээр шударга, мэдлэгтэй, туршлагатай залуучуудаар төрөө бариулъя. Сонголтоо буруу хийж байгаа ард түмэнд бас асуудал бий. Тухайн үеийн суртал нэвтрүүлэг, хэдэн төгрөг өгсөн хүнд санал өгчих юм. Өмнөх үе чинь эх орноо үүлэн чөлөөний нар шиг байхад аваад гарчихсан юм шүү дээ. Сонгууль болно гэхээр өчнөөн тэрбум төгрөг гарна гэж ард түмний тархийг угааж байна. Мөнгө зарахгүйгээр сонгуулийг явуулж болно. Тэртэй тэргүй төрийн албан хаагчид цалин авч байгаа юм чинь сонгууль явуулахад оролцож болно биз дээ. Өнгөтөөр хэвлэсэн ном, сонин тарааж, яриа хийж байна гээд жийпээр давхиад байх шаардлагагүй. Сонгуулийн хуудас хэвлүүлэхэд хэдэн төгрөг гаргахад болно. Би 1954 онд бага сургуулийн нэгдүгээр ангид сумынхаа депутатуудынхаа нэрийг гараараа бичээд болгож байсан. Тэгэхэд хувилдаг машин байсан биш. Энэ оны намар сонгуулиа хийгээд, одоо байгаа Их хурал тарах хэрэгтэй.

-Монгол Улсын гавьяат эдийн засагчтай уулзаж байгаагийнх эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын талаар асуулгүй өнгөрч боломгүй нь?

-Хүндрэлээс гарах боломж байна. Гаднаас хэдэн төгрөг орж ирэх сургаар л 2000 төгрөгт хүрч байсан долларын ханш буугаад эхэлчихлээ. Ам.долларын ханш ихэсч, буурч байгаа нь арилжааны хэдэн банкуудтай холбоотой. Тэд тоглолт хийж ихээхэн хэмжээний ашиг олдог. Монгол Улсад хамгийн баян салбар банкныхан байна. Чингэс бондын 1.5 тэрбум ам.долларыг арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй байршуулахад банкууд 15-16 хувийн хүүтэй зээл болгоод баахан мөнгө олсон. Энэ бол алдагдалгүй бизнес байгаа биз. Арилжааны банкуудаас ард түмэн болон компаниуд зээл авч байна. Банкны хүүгээс хувь хүртээд явж байх нь энэ төрийн удирдлагуудад амар байхгүй юу. Үйлдвэрлэл босгох гэж зовохгүй байгаа биз. Манай эдийн засаг жижиг тул 50 гаруй сая мал, газар тариалангийн салбараа дэмжих хэрэгтэй. Хуучин манайхан чинь улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг хангаад илүүг нь экспортолдог байлаа. Ганцхан уул уурхай гэж туйлшрахгүйгээр хөдөө аж ахуйн салбараа дэмжээд явбал сэргээд ирнэ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Хаан: Би дийлэнх олонхийн санал авсан ч санал хураалт дахиж явагдахаар боллоо

Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч Ш.Хаантай ярилцлаа.

-Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг дүүргийн иргэд дэмжсэн. Тэр утгаараа захирагчийн сонгууль ням гаригт боллоо. Сонгуулийг та хэр шударга болсон гэж үзэж байгаа вэ?

-Юуны өмнө миний төлөө саналаа өгсөн налайхчууддаа баярласнаа илэрхийлье. Ер нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн гээд бүх шатны сонгуульд санал хураалтын ирц буурсаар байгаа нь үнэн юм. Хэдийгээр би дийлэнх олонхийн санал авсан ч санал хураалт дахиж явагдахаар боллоо, хуулийн заалт нь ийм байлаа. Нийт санал хураалтад оролцогчдын 30.8 хувь нь надад саналаа өгсөн. Энэ нь удаах нэр дэвшигчээсээ мянга гурван зуу орчим санал илүү авсан хэрэг. Би баяртай байгаа.

-Хот байгуулалтын тухай хуулиараа нэр дэвшигч Ц.Минжинхүү, та хоёрын дунд дахин санал хураалт явуулахаар болсныг та хэрхэн харж байна вэ?

-Сонгуульд өрсөлдөх, дахин санал хураалтад оролцоно гэдэг мэдээж амаргүй. Бид Налайхын ирээдүйн хөгжлийн дүр зургийг мөрийн хөтөлбөртөө суулгаж өрсөлдөж байгаа хоёр. Налайхчуудын маань өгсөн санал надад итгэл, урам зориг өгсөн. Дахиж өрсөлдөөд гараад ирнэ. Налайх бол миний өсч өндийсөн, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа төрсөн нутаг минь. Налайхыг тав тухтай, амар амгалан, ажил орлоготой, амьдрал тэгширсэн хот болгох нь миний мөрөөдөл.

-Ер нь Налайх хотын захирагч болбол ямар зүйлсийг шийдвэрлэнэ гэж бодож байгаа вэ?

-Налайх бол уурхайгаа түшиглэж байгуулагдсан газар. Өнөөдөр ч, цаашид ч бидэнд байгаа боломж бол нүүрсний уурхайгаа ашиглаж эдийн засгийн сууриа бий болгох асуудал байгаа юм. Хөндөгдөөгүй 50-60 сая тоннын нөөц бүхий нүүрс Налайхын хөрсөн доор бий. Уурхайн инженер хүний хувьд сайн хөрөнгө оруулагч сонгож тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, уурхайгаа ашиглаж эхлэх ёстой гэж үзэж байна. Жилдээ сая тонн олборлоод байхад Налайхчууд хангалттай ажил орлоготой, амьдралтай болно. Налайх бол нүүрсээ борлуулах бэлэн зах зээлд маш ойр, автозам, төмөр замын сүлжээнд холбогдсон, хамгийн гол нь айл бүрээс уурхайчид гараад ирэх хүний нөөц хангалттай бүрдсэн газар. Бид хотынхоо эдийн засгийн тулгуурыг олсон байхад бусад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх боломжтой. Хүүхдүүддээ сайн сургуульд сургана, эмч нартаа сайхан эмнэлэг байгуулж өгнө, ахмадуудаа амралт сувиллыг нь байгуулаад өгчихнө. Цалин орлоготой газар шинэ хорооллууд аяндаа босч, банк санхүүгийн зах зээл аандаа бий болдог жамтай.

-Налайх хотын захирагч болсон ч эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл нь дүүргийн Засаг даргад байдаг гэсэн яриа гарч байгаа. Хотын захирагч болсноор яг ямар боломж байгаа вэ?

-Хуулинд засаг дарга, хотын захирагчийн эрх мэдэл, хэм хэмжээг тусгаад өгсөн байгаа. Хуулийн хүрээнд л ажиллах учиртай. Налайхыг хот шиг хот болгохын төлөө хамт ажиллах бүх хүмүүстэй ойлголцож, хамтраад явах ёстой.

-Заавал энэ жил сонгууль явуулж байхаар 2016 оны сонгуультай хамт явуулах боломж байгаагүй юм болов уу. Дахин санал хураалт явуулна гээд бас л улсаас зардал гарах нь?

-Налайхын захирагчийн сонгууль бол НИТХ-ын шийдвэр, 1994 оны хуулиар явагдаж байгаа сонгууль. Багануур, Багахангай гээд дагуул хотуудын захирагчийг сонгох сонгууль Налайхын араас гарч ирнэ. Бодох, шийдэх, сургамж авах зүйлс байна.

Хэн ч хийхгүй, юуг ч оролдохгүй бол дахиж дэвших тухай яриа байдаггүйтэй адил дагуул хотын анхны захирагчийн сонгууль ингээд явагдаж байгаа зөв цаг үе юм. УИХ-ын сонгуультай дагуул хотын захирагчийн сонгуулийг хутгаж болохгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Хэрх”-ийн сургуулийн хэрсүү ангийнхан

Сургуулийн цонхыг таглах шахам ургасан монос, мойл жимсээ даахгүй газар шүргэх шахам бөхийжээ. Улиаснууд нь навчисаараа үерлэх мэт. “Би мойл их идсэн болохоор миний хэл чинийхээс хар болсон байна” гэж хүүхдүүдийг шуугилдах үеэр сургуулийн хонх жингэнэн дуугарлаа. Хэсэг хүүхэд газар тавьсан “Школа” цүнх­нүүдээ шүүрэн авч гүйлдэн одов. Энэ бол 1995 оны ес­дүгээр сарын нэгний хичээ­лийн шинэ жилийн нээлтийн анхны хонх байв. Сургуулийн өмнөх талбайд ах нар чавх барьчихсан, охид нь хормой хотоо нуух маягтай зогсоцгооно. “Г.Халиун багш­тай 1а ангийнхан ороорой, араас нь Ариунаа багштай 1б ангийнхан яваарай” гэлээ. Манай анги аль нь юм бол хэмээн бодон явж байтал Ариунаа багш “Хөөе Боогий ангидаа ор” гэх нь дуулдав. Ямартай ч би арын гудамжныхаа эгчийн шавь болж байгаа юм байна хэмээн дотроо бодон баярлаад ангийнханыхаа араас гүйлээ.

Хичээлийн эхний цаг мэдээж танилцах. “Тэр тэрний хүүхэд үү, тэрэнтэй суу” хэмээн ангийн багш хэлж, би Магсарын Элбэгжаргал гэдэг охинтой тохой нийлүүлэн суух боллоо. Ээжээсээ өөр эмэгтэй хүний дэргэд сууж үзээгүй шахам байсан би нүүр хийх газаргүй мэт санагдаж ичиж билээ. Урд гудамжныхаа А.Отгондорж, Б.Мягмардорж, Б.Ундрах нарыгаа шоолох­тойгоо бас. Нэгдүгээр ангид 30 гаруй хүүхэд манай ангид элсэн орж байсан юм. Ариунаа багш биднийг багаас нь цэвэр бичигтэн болгоно гэж өдөр бүр бусад ангиас илүү их хуулан бичлэгийн даалгавар өгнө. Тоглох завгүй даалгавраа хийдэг байлаа. Хоёрдугаар ангид байхад хүрд тогтооно гэдэг хамгийн хэцүү ажил байсныг өнөөдөр манай ангийнхан ярьцгаадаг юм. Хүрдээ цээжлээгүй хүүхдүүдийг ангид орой 21 цаг хүртэл суулгаж нүдлүүлнэ. Ангийнхан маань багшаас айдагтаа юу, санаа гаргадаг байсан уу зарим нь өмдөндөө “морь” харчихна. Ийм амьтныг ангид суулгана гэж юу байхав.Багш “Яаж байгаа нь энэ вэ. Одоо харь” гээд явуулна. Өнөөх чинь ангиас гарахдаа мань мэт рүүгээ хараад инээх маягтай хаалга саваад гүйж одно. Бидний үеийнхэн “Цэвэр бичигтэн” өргөмжлөл авахын тулд мөн ч их хичээнэ. Бараг ангиараа цэвэр бичигтэн болж байсан цаг 1997 он. 1996 онд сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцон түрүүлж урлагийн авьяастай гэдгээ тэр хэмжээндээ харуулж байв. Би гэхэд л Х.Баянмөнх, П.Сайнжаргал маань Ж.Мөнхбат аварга гээд тухайн цаг үеийнхээ шилдэг хүмүүсийн дүрийг бүтээж байсан цаг саяхан мэт.

Манай ангид А.Баасанпүрэв гэж мундаг сурлагатай хүүхэд байлаа. Уран зохиолын хичээл дээр Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны “Чингэс” шүлгийг цээжлүүлэхэд хоёрхон удаа уншаад л багшийн өмнө дуржигнуулж байсныг манай ангийнхан одоо ч ярьдаг. Бидний үлгэр дуурайл болсон өөр нэг хүүхэд бол Цагаанчулууны Алтанбаатар хэмээх шавилхан бор хүүхэд байсан юм. Хичээлдээ сайнаас гадна шүлэг уншиж бичнэ гэж ярих юмгүй. Энэ хүүг дуурайдаг байснаа мартдаггүй юм.

П.Эрдэнэсүх гэж элдэвтэй, хөдөлгөөнтэй хүүхэд аавынхаа дуулах дуртай “Арслантай авдар” дууг дуулна. Сэлэнгийнхэн хар багаасаа л ногоо тарьж, хураах ажилд нухлагдан өсдөг. Энэ зам манай ангийг яаж тойрохов. Гурав, дөрөвдүгээр ангидаа Чимэдээ ахын том хашаанд лууван хурааснаар манай ангийнхны анхны намрын ажил эхэлж байлаа. Нэг хүүхэд өдрийн 400 төгрөг авч байсан нь тухайн үедээ л их мөнгө. PC тоглоом гээд янз бүрийн мөнгө үрчихээр зүйлс байсан биш. 200 төгрөгөөр гөөхий, улаан ус авч ангиараа ууцгаахаас хэтрэхгүй.

Бага ангид байхад хүүхэд бүрийн туйлын хүсэл ахлах ангид орох. “Өглөө хичээл орох гоё байхдаа” хэмээн өөр хоорондоо бувар хийцгээнэ. Төд удалгүй тавдугаар ангид орцгоож дөнгөж багшийн сургууль төгсөж ирсэн Б.Гэрэлмаа багшийн анхны шавь нар боллоо. Бидний багын мөрөөдөл шахуу болчихсон ахлах ангид орох хүсэл хүсээд байх зүйл биш юм байна хэмээн гэдгийг ойлгоцгоож эхлэв. Хичээл эхлээд төд удалгүй намрын ажилд гарцгаалаа. Хэрх уулынхаа өвөрт төмс хураалтад гарсан юмдаг. Сэргэлэн хөвгүүд нь тогооч охидууд дээрээ гүйж ирээд дал дөрвөн өндрийг нь чануулж иддэг байсныг сүүлд нь мэдэцгээж билээ. Ер нь бол манай ангийнхан хаана ч өлсөөд явахаар хүмүүс биш. Сэргэлэн нь дэндсэн ч гэсэн буруу тийшээ биш нөхдүүд байлаа.

Уран шувууны нислэг мэт гэрэл гэгээт он жилүүдээс Мандалын хөх уулс мэт охидоо бид үгүйлнэм. Уулын хөх чулуу мэт ангийн чинь хэдэн хөвгүүд “Ура” дуулан хашгирахад хавар ирнэм. Уулзах хүсэл гэгээн зовнил минь. Ургах өдрүүдийн тушаанд гэрэлтнэм. Учран золгох итгэлийн өндөр наранд минь. Энэ л ангийн охид минь солонго болон гэрэлтдэг дээ хэмээн шүлгээр өвчилж явахдаа ангийнхаа хөвгүүдэд хэлж байсан минь нэн тодхон.

1б ангийнхан элдэвтэй гэж дээр хэлсэн. Тэгвэл техник хөдөлмөрөөр Г.Нямпүрэв, П.Одгэрэл, Г.Баярхүү мундагчууд байв. Харамсалтай нь үүнийгээ хөгжүүлээгүй юм. Хэрэв сурагч ахуй цаг шигээ явсан бол өдгөө мундаг зохион бүтээгчид болсон байгаа гэдэгт ангийнхан маань эргэлздэггүй билээ.

Г.Банзрагч, А.Ганбаяр, А.Ганзориг, Н.Мөнхтогтох, Дарханболд гээд авьяастнуудаараа манай ангийнхан төдийгүй сургуулийнхан бахархана. Сургуульдаа анхны хип хоп хамтлаг байгуулж уран бүтээлээ хийж байсан юм. Манай ангийнхныг урлагт хөтөлсөн хүн бол Ганбаярын аав Алтанхуяг агсан байв. Мянган мэргэжлийн эзэн гэж байдаг бол үнэхээр л тэр эрхмийг нэрлэхээр байсан юм. Урлаг, спортоос эхлээд амьдралын бүхий л зүйлийг сургана.

Б.Алтанбагана маань Өмнөговиос шилжин ирлээ. Магадгүй анги дотроос хамгийн түрүүлж нөхөрлөсөн хүн нь Өлзий бид хоёр. Дүн өвлөөр ч гэсэн манайхаар орж гарах дуртай гэж жигтэйхэн. Нэг өдөр манайд ирэхэд хоёр дүү Хараа голоос загас барьчихсан ирэхтэй таарсан юм. Мань эр “Энэ юу вэ, Энхболдоо” гэж байна. “Чапак гэдэг загас, май” гээд гар дээр нь тавьтал чөтгөр үзсэн мэт зугтчихав. Яаав ийв гээд араас нь яваад очтол “Шпротоос өөр юм байна ш д” гэж билээ. Өлзий бид хоёр ч саваад унахын наагуур юм боллоо. Багаа маань ингэж анх удаа загас харсан юм. Долдугаар ангийн хичээл амрах дөхөж байсан үе. Хөхөө донгодсон юм чинь голын усны хор гарсан гээд ангиараа гол орж усанд орохоор явлаа. Алтанбагана говийн хүүхэд тул цэлэлзэн урсах Хараа голыг хараад уулга алдав. “Яаж байна” гэхэд “Ийм их ус байдаг юм уу” гээд гайхна. Манай нутагт хөлийн шагайгаар татсан усаа гол гэдэг юм гээд толгой сэгсрэх янзтай. Багааг шилжиж ирэхээс дөрвөн жилийн өмнө Т.Өлзийсайхан шилжиж ирсэн юм. Биеэр шавилхан тул ангийн хөвгүүд үл тоох янзтай. Биеийн тамирын хичээл дээр 3000 метрт гүйлгэв. Гэтэл өнөө үл тоогдогч адуу л гэсэн үг. Биднийг нэг тойргоор түрүүлэн барианд орж билээ. Тэр үеэс л жинхэнэ утгаараа ангийн эгнээнд бат орж, хичээлдээ шаггүй гэдгээ батлаад авсан юм. Ямартаа ч төгсөх жилээ хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртээд ирж байсан санагдана.

Биднийг наймдугаар ангид орсны дараа гар утас гэж өдрийн од шиг зүйл байдаг байлаа. Есдүгээр сарын нэгэнд Одбаяр скайтелийн данхар саарал гар утас гарган ирж нүд бүлтийлгэж билээ. Одоо тэр гар утсыг харсан хүн “тоосго” гэж хэлэх байх л даа. Гэхдээ л сургуульдаа гар утас барьсан анхны хүүхэд болсон юм. Ээж нь хотод ажилладаг байсан тул гар утас авч өгсөн байлаа. Удалгүй Багаа маань мөн л скайтелийн дэлгэдэг цагаан гар утас авч ангийнхан маань гар утсаар өвчилж эхэллээ. Тэр хоёр хичээл дээр бие бие рүүгээ залгаж нэг их чанга ая явж хичээл үймүүлнэ. Зарим хуучны багш нар хөрөнгөтний хүүхдүүд гэж ад үзэх маягтай. Ингэж л манай анги бүү хэл сургуулиараа гар утасны аян эхлүүлж байлаа.

Ангийнхан маань “зөөлөн чихт” Б.Гэрэлчимэгээр хичээлээ хуулуулна. Анги болгонд хичээл хийх дургүй нөхдүүд байдаг даа. Яг тийм хэдэн нөхдийн хичнээн ч хичээлийг хуулж өгснийг бүү мэд. Биднийг наймдугаар анги төгсөх жил багш нар “Улсын шалгалтад орохдоо энийг авч гараарай” хэмээн сурлага гайгүй хүүхдүүддээ хуваарилж өгсөн юм. Яахав дээ багш нар ангиараа төгсөг л гэж бодсон хэрэг. Б.Ундрах, Б.Мөнхзул, Отгонтуяа, Гэрэлчимэг би гэх мэт хэдэн хүүхдүүд ангийнхаа хэдийг хувааж аваад шалгалтаа амжилттай өгч төгсөж байсан юм. Наймдугаар ангийн 100 гаруй хүүхдийг дүнгээр нь жагсаахад Э.Энхболд, Б.Ундрах, Б.Мөнхзул гээд манай ангийнхан эхний гурван байрт жагсаж байв. Эхний 10 хүүхдийн талаас илүү нь ганцхан 8б-ээс байсныг багш хараад баярласан байхдаа гэж одоо боддог юм. Харамсалтай нь Б.Гэрэлмаа багш маань хүндээр өвдөж есдүгээр ангид манай ангийг Э.Буянсайхан багш дааж авлаа. Б.Гэрэлмаа багшийгаа залуу шинэ багш гээд элэг барих янзтай байсан ангийнхан шинэ багштай болж номондоо орлоо.

Хүүхэд байхад бие биедээ хоч өгөхгүй байна гэж үгүй. “Шар муур шартай даа, шарсан мах амттай даа тэр юу вэ” гэвэл “Ундрах”, “Зелёный кошка гэж ямар амьтан бэ” гэхэд “Ганбаяр” гэх жишээгээр ангийнхны хоч хөвөрнө. “Эртний хүн” гэхээр Өлзий, “Тэмээ Лхагваа”, “Трактор Энхболд” гээд хочгүй хүн гэж энэ ангид байхгүй.

Сурагч ахуйд анхны дурлалын захидал ширээнээс ширээ дамжин нисдэг цаг. Бичгийн хэв гайгүй, шүлэг оролддог гээд манай ангийнхан сэтгэлийн гүн дэх нууцаа надад дэлгэн захиа бичүүлнэ. Бараг л нэг утгатай захидлыг хэдэн ч охинд ангийнхаа хөвгүүдийн өмнөөс бичиж өгсөн юм бүү мэд. Би ч юунаас нь дутахав гээд нөгөө ангийнхаа охинд захидал бичлээ. Ичингүйрэн байж гарт нь атгуулаад гүйчихлээ. Хоёрдугаар цагийн хичээлийн завсарлагаанаар хариу нь ирж байна. Догдлон догдлон унштал “Мангараа танай ангийн Ганзоригоос яг ийм захиа ирсэн. Битгий хүний янз үзээд байгаарай” гэсэн байна шүү. Юун өнөө догдлох вэ. “Тэр захиаг чинь би бичиж өгч байсан юм аа” гэж хэлэхийг хичнээн их хүссэнийг ярих юм биш.

Баасан гариг бүр сургуулийн их цэвэрлэгээ болно. Нэг өдөр манай ангийн хэсэг хөвгүүд цэвэрлэгээний ажлаас зугтан сургуулийн хоёр давхраас үсэрчихсэн байгаа юм. Үүнийг хэн нь ч юм харчихаад сургуулийн захиргаанд мэдэгдчихэж. Асуудал бослоо. Ангийн маань хөвгүүд айхдаа “Пунцагбалжир багшийн ангийн хойд хаалгаар гарсан” гээд худлаа хэлчихэв. Пунцагаа багш намайг гүтгэж байна гээд ангийнхныг донгодохгүй яахав дээ. Нэлээд ширүүхэн хурал хуй болж байж гайгүй өнгөрсөн удаатай.

Есдүгээр ангидаа манай анги Хэрх уулынхаа өвөрт Төрөө ахын компанийн төмсийг хураахаар намрын ажилд гарлаа. Тэр жил яагаад ч юм цас эрт унасан юм. Шал ч үгүй давхарга ч байхгүй гэрт ангиараа байрлаж байсан тул даарцгаасан гэж жигтэйхэн. Зузаан хувцсаа охиддоо өмссөн дэрчийсэн хэдэн хөвгүүн даараагүй юм шиг зогсоцгоож байсан нь одоо бодоход сайхан л санагддаг юм. 17 нас хүрсэн болохоор санаа сууж байсан юм байлгүй төв рүү хураасан төмсөө машинаар зөөх боллоо. Орой ажил тарсан байхад ангийн таван хөвгүүний хамтаар төмс буулгахаар төв явлаа. “Хоёр шуудай төмс замдаа унагая” гэж тохиролцоо ёсоор хоёр шуудай төмс замын жалга руу өнхрүүлчихлээ. Ачаагаа буулгаж дуусаад өнөө хоёр шуудай төмсөө дэлгүүрт аваачиж өгөөд оронд нь чихэр, жигнэмэг, ундаа авч ангийнхнаа дайлж байлаа. Үргэр дуурайл болгож болохгүй мэт боловч тэгж л ангийнхаа охидыг баярлуулж байсан нь нэн тодхон.

Төмс хураалтын ажил заримдаа эрт бууна. Эрчүүд нь хоорондоо хөзөр тоглож хожигдсон нэгнээрээ барааны саван идүүлж, хоёр гурван литр ус уулгаж шийтгэнэ. Саван идсэн нөхдүүдээсээ ямар байна гэхэд “Тос уучихсан юм шиг байна” гээд инээдэгсэн. Эр хүний тоглоом хатуу хойно хэн хэн нь шийтгэлээ өөрийн биеэр давцгаана. Сүүлд нэг дор тэгж их ус уувал ходоод хагардаг гэж дуулаад жигтэйхэн айж билээ. Бас болоогүй ээ намрын ажил дээр ариун цэврийн цаасыг хадаг шиг дэлгэн бариад сэтгэлтэй охин дээр нь очоод “Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж…” гэж байгаад л бэр гуйнаа. Нөгөө охид чинь хадагны оронд байсан цаасыг ураад хаячихвал нөгөөх нь гомдоод сүйд болно. Харин инээмсэглэх маягтай эвхээд авчихвал их л маадгар алхдагсан.

Манай ангийнхан урлаг спортод хувиа тавихгүй. Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байраа алдаж үзээгүй анги байлаа.

Дэгж дэрвэсэн он жилүүд өнгөрч, аль хэдийнэ 10 жилийг ардаа үлдээжээ. Зургадугаар сарын 28-ны өдөр сургууль байгуулагдсаны 80 жил, 10б анги төгссөний 10 жилийн ой тохиож байгаа юм. 2005 онд 20 гаруй хүүхэд Э.Буянсайхан багшийнхаа гараас, сургуулийнхаа эрдэмтэн багш нараас “амьдрал” хэмээх томилолт авч галт тэргэнд суусан өдөр л дөө. Өдгөө Өлзий маань Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Отгонтуяа АНУ-д, Учрал Японд суралцаж байна. А.Ганзориг Спирт бал бурам, П.Сайнжаргал маань МАК, Отгонцэцэг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт, Алтанбаатар, Булгантамир, Хишигдэлгэр нар хувиараа бизнес эрхэлж байгаа бол Оюун, Одгэрэл гээд нэлээд хэд нь багш болсон байна. Манай ангийнхан дотроос төрсөн ганц хос нь Отгондорж, Отгон хоёр. Тэд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна.

Жаргал зовлон, баяр гунигийн алинд нь нэг л зангаараа байдаг ангийнхнаа хараад баярлах, бахархах сэтгэл төрдөг юм аа. Тэр хуримаа хийнэ тэдэн төгрөг хурааж байна, тэдний тэр өнгөрчээ яах тухайгаа ярилцъя гээд цуглах жишээтэй. Амьдрал үргэлжлэхийн хирээр сурагч ахуй цаг өөрийн эрхгүй бодогдож, хоёр давхар цагаан сургууль, захидал атгуулсан охидын дүр, багшдаа загнуулаад самбарын өмнө зогссон хором гээд тэр бүхэн улам гэрэлтдэг ажээ.

Бид ардын боловсролын тэргүүний ажилтан, нэрт багш Доржсүрэнгийн Энхбаатар, Шаравын Цэцгээ, Ганбэх, Пүрэв, Намжилмаа, Алтанчимэг, Наранчимэг, Болд гээд олон мундаг багш нараас эрдмийн охийг хүртэж байсан. Эргээд бодоход азтай хүмүүс юм даа гэсэн бодол төрдөг. Аливаад сийрэг ухаантай, Гэрэлмаагийн хэрсүү ангийнхан гэж ганц биш хэд хэдэн багшаас сонсож байсан болохоор би одоо хүртэл ангийнхнаа хэрсүү л гэдэг юм.

Аравдугаар анги төгсөөд ангийнхныгаа үгүйлэхдээ ийм хэдэн мөрт шүлэг зохиож байсан ажээ.

“Та нар минь тэнгэрт нумрах солонго юм

Харин би солонго шүтэгч нэгэн юм

Та нар минь тэнгисийн давалгаа, газрын хаад, эрхэсийн гүнж юм

Харин би та нарыгаа харж тайтгарах нэгэн шүлэгч юм.

Арван жил дуулсан

Ангийн охидоо үгүйлнэм

Арван жил зүггүйтсэн

Ангийн хөвгүүдээ санагалзнам” гэж бичиж байснаа тэмдэглэлийн дэвтрээсээ оллоо. Тийм ээ, үеийн үед биесээ үгүйлэх тийм л гэгээн хором бүр сурагч ахуй насных.

Дахин нэг сургуулийнхаа босгыг алхаж, хонхны дуугаа сонсохсон гэж яарнам. Тэр цаг удахгүй, зургадугаар сарын 28-нд.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Энхболд: Улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан, одоо сонсож сурах цаг нь болсон

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-МАН-ын зүгээс “Бид хамтдаа” аяныг эхлүүлээд байна. Уг аяны гол зорилго нь ард түмнийхээ санал хүсэлтийг сонсож 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах гэж ойлголоо. Уг аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Ардын Намын хувьд 2015 он сонгуулийн өмнөх жил гэдгээрээ хором бүхэн үнэ цэнтэй. Ийм ч учраас зун, намрын зургаан сарыг бид ард иргэдтэйгээ уулзах, орон нутагт ажиллах ид ажлын цаг болголоо. Хэдхэн хоногийн өмнө болсон “Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ий үеэр “Бид хамтдаа” аяны нээлтийг хийлээ. Аяны хүрээнд иргэд сонгогчдодоо хүрч очиж, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсөдтэй нь зөвлөлдөж, судлан 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах юм. Ардын нам улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ачааны хүндийг үүрч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ирсэн туршлагатай, тулхтай ууган улс төрийн хүчний хувьд өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамгийн богино хугацаанд, хамгийн хохирол багатай даван туулж, хөгжлийн замд хөтөлж чадах улс төрийн хүчин. Тийм ч учраас бид иргэд, сонгогчдод тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг өөрсдөөс нь асууж, хамтран шийдвэрлэхийн төлөө энэ аяныг эхлүүлж, айл бүрт хаяглан, иргэн бүрийнхээ гарт хүргэхээр захидал бичиж, иргэдээсээ хариу захидал авч мөрийн хөтөлбөрөө хамтдаа боловсруулах гэж байна. Энэхүү аян бүхэлдээ 2016 оны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн, чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Монголчууд эрт дээр үеэс “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн аливаа асуудлыг олонхиороо хэлэлцэн шийдвэрлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн шүү дээ.

-“Бид хамтдаа” аяныг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ. Саналууд эхнээсээ ирж байгаа юу?

-Иргэдэд хаягласан захидалтай, хариу хүлээсэн хүсэлттэй, “Тулгарах бэрхшээл, туулах замын алинд ч ард олонтойгоо хамтдаа байна” гэж эхлүүлсэн аяны үйл ажиллагаанд иргэд ихэд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож, сайн хүлээж авч байгаа нь аяны эхний өдрүүдээс л харагдаж байна. “Бид хамтдаа” аян зун, намрын зургаан сарын хугацаанд 21 аймаг, 330 сум, суурин газрууд, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороог хамарч, хөдөө орон нутагт малчны хот, тариан талбайд хүрч иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцаж үргэлжилнэ. Энэ сард бид нийслэлийн есөн дүүрэг, гурван аймагт ажиллах бөгөөд манай намын УИХ, Засгийн газрын гишүүд, удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд Чингэлтэй, Налайх дүүргүүдэд ажиллаж иргэдтэйгээ гар барьж, нүүр тулан уулзаж, санал бодлыг нь сонсож, тэднийг биеэрээ ойлгож, мэдэрч, бодит амьдралыг нүдээрээ харж явна. Иргэд “Монгол Ардын Намын “Бид хамтдаа” аян цагаа олж биднийг зорьж ирлээ” гэж байна. Тэд “Энэ нийгмийн учрыг олохоо байлаа. Үнэн яриад байгаа үгүйг ялгаж салгахад бэрх болж. Орооцолдсон утас шиг яасан учир нь олдохоо байчихсан төр, засаг вэ” гэж халаглаж байна.

-Өөр юунд санаа зовж байна вэ. Улс төрөөс гадна шийдвэрлэх асуудлууд их байгаа шүү дээ?

-Мөн “Энэ их газрын баялаг, мал сүрэгтэй ийм сайхан байгальтай орон яагаад хямралд орчихов. Хямралд оруулсан улстай яагаад хариуцлага тооцохгүй ард иргэд нь хямраачихсан мэт иргэд рүүгээ дайраад байна вэ?” гэж байна.

Үнэхээр бодох ёстой, анхаарч харах шаардлагатай саналуудыг ч их хэлж байна. Боловсролын салбарт зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байгааг эргэж харахгүй бол Монголын хөрсөнд буухааргүй, өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг шууд хуулчихсан, хэрэгжихэд хүндрэл үүсгэж байгаа тухай хэлж, ярьж байна. Эрүүл мэндийн тухайд энэ салбарын төсөв нь хүрэлцэхгүй, өр ширэнд баригдсан гэж сонссон иргэд эмзэглэж, санаа нь зовцгоож байна. Иргэд дор бүрдээ өвдөхгүй байж, хувийн эрүүл мэнддээ санаа тавибал энэ салбарын ачаа багасна гэдгийг ч ойлгож, өөрсдөө энэ тухай санаачилгатайгаар ярилаа. Цаг үеийн асуудлууд ч иргэдийн анхаарлын төвд байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, Тавантолгой, Оюутолгой, Гацууртын ордын асуудал, Сонгуулийн тухай хууль гээд бүгд тэдний анхаарлын төвд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, газраа барьцаанд тавибал газрыг нь шүүхийн шийдвэргүйгээр нотариатын баталсныг үндэслэн үл маргах журмаар хураах зэрэг хуулийн төслүүд хэлэлцэж байгаа дээр гол төлөв санал бодлоо илэрхийлцгээж байна. Аяны эхний өдрөөс л бид иргэддээ, ард олондоо хүрч, үгийг нь сонсож, өөрсдийг нь анхаараад эхэлбэл ард иргэд маань ч бас улс орондоо санаа нь зовж, өөрсдийн чадах зүйлийн талаар яриад эхэлж байгааг харж, мэдэрлээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан. Одоо сонсож сурах цаг нь болсон. Энэ тал дээр Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн өмнө бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болно. Бид ярихаасаа илүү сонсож, хэлэхээсээ илүү ажиллана.

Саяхан Чингэсийн талбайд та болон танай намын гишүүд цагаан тагтаа нисгэсэн зураг цахимаар нэлээд явсан. Яагаад цагаан тагтаа нисгэх болсон юм бэ. Цаанаа ямар нэгэн учир шалтгаан байгаа болов уу?

-Энэ өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн маргааш байж таарсан. Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж, “Бид хамтдаа” аяныг нээж, Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа айл өрх, иргэд, хүүхэд, ирээдүй үе рүүгээ эв нэгдлийн бэлгэдэл тагтаа шиг цагаан, ариун сэтгэл тээсэн, тайван амгалан, хамтдаа сайн сайхан амьдрах хүслийг шингээсэн захидал илгээлээ гэж бэлгэдсэн.

-Сүүлийн үед Оюу толгой, Таван толгойн асуудал нэлээд яригдаж байна.Таван толгой, Оюу толгой хөдлөх нь зөв үү?

-Монгол Ардын Нам улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ манай улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан ил тод нээлттэй хэлэлцэж, хууль тогтоомжийн хүрээнд зөвшилцөн шийдвэрлэж эдгээр төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө байна. Гэвч УИХ дахь Ардчилсан намын гишүүд, Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол, үзэл бодлын зөрчлөөс үүдэн эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлууд хуримтлагдан, цаг алдаж байна.

-Танай нам засагт хамтраад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Манай нам Засгийн газарт орсноор эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэлтэй болж, Засгийн газрын өрийн хязгаар, бондын хөрөнгийн зарцуулалт зэрэг сөрөг хүчин байхад хаалттай байсан зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Хөгжлийн банкны зээл, “Чингэс”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж дууссан. Төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж инфляци, валютын ханшийн өсөлтийг бууруулах алхам хийж байна.

Төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, урсгал зардлыг багасгаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хязгаарлан, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгах зэрэг арга хэмжээг авлаа. Улсын төсвийн орлогыг аль болох бодитой төлөвлөж, төсвийн гадуурх хөрөнгийг төсөвт нэгтгэж тооцох болсноор төсвийн алдагдал, өрийн хязгаарыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд илүү ойртуулж улсын төсвийг баталлаа. Монгол Ардын Нам улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. УИХ дахь манай намын бүлэг Засгийн газрын өрийн хүрсэн түвшин 58,3 хувь болсон байна гэдгийг баталгаажуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийг батлуулсан. Үүнийг буруугаар ойлгож МАН засагт хамтарснаар өр нэмсэн мэт ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд байх ёстой өрийн түвшин хууль зөрчин 58,3 хувь болсныг бодит байдлаар тогтоож, ил болгосон гэдгийг олон нийт зөвөөр ойлгож байгаа болов уу.

-Парламентад суудалтай бүх намууд эдийн засгаа өөд нь татахын тулд уг нь хамтарсан. Харамсалтай нь үр дүн гарахгүй байна гэх юм?

-Монгол Ардын Нам Засгийн газарт хамтрахдаа юуны өмнө улс төрийн нам, хүчнүүд үндэсний аюулгүй байдал, улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг хамтдаа даван туулах ёстой гэж үзсэн. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард иргэдийн амьдрал доройтсон үедЗасгийн газарт хамтарснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал зорилт гэж тодорхойлсон. Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогын алдаа гажуудлыг засч залруулах, эдийн засаг гүнзгий хямарч, өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан. Монгол Ардын Нам, УИХ дахь бүлэгтэйгээ хамтран макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр 50 гаруй санал боловсруулж Засгийн газарт хүргүүлснээс 40 орчим саналыг дэмжиж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд тусган баталсныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-НАМЗХ бол танай намын дээшээ өгсөн гарч ирэх залуусын том шат. Гэтэл сүүлийн үед залуучууд нь хоорондоо учраа олохоо байлаа гэсэн зүйл яригдаж байна. Та намынхаа залуучуудтай уулзав уу. Уг нь танай намыг хамгийн эв нэгдэлтэй нэг цул болж чаддаг гэж нийгэм хардаг шүү дээ?

-Би НАМЗХ-г үүсгэн байгуулалцсан хүний нэг. Энэ байгууллага олон жил Монгол Ардын Намыг дэмжиж үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, өөрийн дотоод дүрэм журамтай. НАМЗХ бол намын үйл ажиллагааг дэмжих эв нэгдэлтэй, эрч хүчтэй залуусын нэгдэл, залгамж халаа.

Энэ сард их хурлаа хийнэ, асуудал байгаа бол их хурлаараа хэлэлцээд олонхиороо, ардчилсан зарчмаар шийдэх хэрэгтэй. Намын даргын хувьд залуучууддаа хэлж ярьсан. Сонгууль дөхсөн энэ үед харилцан ойлголцож, зөв зүйтэй шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байгаа.

Э.Энхболд

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Цолмон: НҮБ манай энхийг сахиулагчдыг өндөр үнэлж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу манай оронд айлчиллаа. Айлчлалын гол зорилго юу байсан бэ. Манай батлан хамгаалах салбарынхныг хэрхэн үнэлж байх юм?

-Монгол Улс 2002 оноос хойш олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 11 мянган цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын зохицуулалт, шийдвэрээр оролцдог. Манай орны хувьд 1961 онд НҮБ-ын гишүүн орон болж байсан. Монгол Улсын батлан хамгаалах салбарынхан олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь НҮБ-ын гишүүний хувиар хийж байгаа чухал ажил гэж ойлгож болно. Манай оронд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж, цаашид хийх ажлаа ярилцах гол зорилготой ирсэн.

Эрве Ладсу даргын хэлж байгаагаар “Монголын энхийг сахиулагчид чадварлаг, цэргийн албан хаагчдын чанарын үзүүлэлт өндөр байна. Энхийг сахиулах ажиллагааны тогтолцоонд Монголын цэргүүд нэр хүндтэй байдаг” гэдгийг хэлж байна лээ.

Түүний хувьд газар дээр нь ажилтай танилцаад явж байгаа бөгөөд өнгөрөгч баасан гаригт гэхэд Таван толгой сургалтын төв дээр очиж танилцсан. Эрве Ладсу дарга зөвхөн батлан хамгаалах салбараас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Улс орнуудыг цаашид энхийг сахиулах ажиллагаанд шуурхай оролцоход бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэдэг хүсэлтээ илэрхийллээ.

-Яаралтай тэгээд орох боломж байдаг юм уу. Хүсэлтийг мэдээж хүлээн авсан байх?

-Манай орны хувьд зөв зүйтэй зүйл гэж хүлээн авлаа. Нэг сарын дараа энхийг сахиулах ажиллагаанд оролцуулъя гээд хүсэлт ирэхэд бэлэн байдалд байх ёстой гэдэг байр суурьтай байна. НҮБ-аас шинэ төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Манай орны зүгээс уг төслийг нь дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн.

-Монгол Улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог орнуудын нэг. Тэглээ гэж НҮБ-ын зүгээс дэмжлэг тусламж үзүүлэх зүйл байдаг уу. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дарга манай батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулна ч гэдэг юм уу, ямар нэгэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж байна уу?

-НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааныхаа хүн болохоор хоёр талын хамтын ажиллагааны талаар л ярилцсан. НҮБ-ын зүгээс энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг сайжруулах зүйлүүдээ ярьж байгаа.

Монгол Улсын батлан хамгаалах салбарт бүхэлд нь тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг яриагүй.

-Өмнө нь манай оронд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дарга айлчилж байсан юм уу. Бан Ги Мун даргын орлогч гэхээр манайхан ихээхэн ач холбогдол өгч байна л даа?

-Яг ийм өндөр албан тушаалын хүн ойрын хэдэн жил ирж байсныг санахгүй байна.

-Манай орны цэргүүд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүндрэлтэй зүйлс байдаг юм уу?

-Манайхан бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой. Өдөр тутам тохиолдох хүндрэл байлгүй л яахав. Гэхдээ гайгүй шүү.

Одоо бол энхийг сахиулах ажиллагаанд зориулан авсан манай цэргүүдийн хангалтын зүйлс жаахан хуучирч байна. Үүнийг шинэчлэх шаардлагатай.

-Та “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо батлан хамгаалах салбар мөнгөгүйн улмаас зэвсэг, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байна гэдгийг хэлсэн?

-Эдийн засгийн асуудал батлан хамгаалах салбарын тулгамдсан зүйлийн нэг яах аргагүй мөн. Түүнчлэн эдийн засгийн батлан хамгаалах гэдэг ойлголт бий. Манайхан гаднаас буу зэвсэг агссан хүмүүс ирээд эзэлнэ гэдэг зүйл бараг үгүй болсон. Харин эдийн засгийн аргаар нөлөөгөө нэмэгдүүлэх болсон гэж ярьдаг болж. Үүнтэй уялдан эдийн засгийн батлан хамгаалах гэдэг ойлгоц гарсан. Улс орнууд эдийн засгаараа хямарлаа гэхэд тухайн оронд хүндрэл учруулахгүй байх нь эдийн засгийн батлан хамгаалах юм.

Өмнө нь манайх эдийн засгийн боломждоо тулгуурлан зэвсэг техникээ шинэчилнэ гэдэг байсан. Улс орноо батлан хамгаалахад ямар эдийн засгийн хэрэгцээ байна түүнийгээ өөрсдөө бий болгоод хамгаална гэдэг томъёолол бий. Батлан хамгаалах салбар бол зөвхөн буутай хүн ирэхээр хамгаалах бус эдийн засаг доройтвол доройтохоос нь өмнө хамгаалах ёстой. Хэрэв доройтчихсон бол эдийн засгийг сэргээхэд идэвхтэй оролцон хамгаалах шаардлагатай. Зэвсэг технологио шинэчлэхэд төсвийн мөнгө хараад байх бус өөрсдийн боломжоор хөрөнгө босгож, бүтээж түүгээрээ зэвсэгт хүчнээ бэхжүүлэх ёстой.

Өмнөх үе шиг тусламж гуйж байгаад эх орноо хамгаална гэдэг зүйл одоо байхгүй. Бид энэ шинэ хандлагыг Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичигтээ суулгаж өгье гэж байгаа юм.

-Батлан хамгаалах салбарын нийгмийн асуудал орхигддог гэж ярьдаг. Эх орноо хамгаалж явсаар байгаад нэг л мэдэхэд тэтгэвэрт гарахад чемодантай хувцаснаас өөр зүйлгүй болсон байдаг гэдэг дээ…

-Цэргийн албан хаагч хүн бол албан тушаалын байр гээд цэргийн анги дээрээ байранд байдаг. Тэтгэвэрт гарах болохоор өөрийн байргүй үлдчихдэг. Үүнийг бид засах ёстой гээд ажиллаж байхдаа хувийн орон сууцтай болох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. ХААН банкин дээр цэргийн албан хаагчийн хуримтлалын дансыг нээж цалингийнхаа тодорхой хувийг хуримтлуулж байгаад ипотекийн зээлд хамрагддаг болгох юм.

Цэргийн албан хаагч хувийн орон сууцтай болох шинэ бодлого хэрэгжиж эхэлж байгаа. Мөн оюутан цэрэг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бол энэ жил 1000 гаруй залуус хамрагдаад байна. Түүнчлэн “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг шоуг зохион байгуулахад хүмүүстсайн хүрсэн байна лээ. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн.

-Монгол Улс ДНБ-ийхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг юм уу?

-Улс орон бүр янз бүрийн хэмжээний мөнгө зарцуулдаг. Манай орны хувьд ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний хөрөнгө зарцуулна гэдэг бага тоо л доо. Үүнээс илүү ихийг зардаг улс орнууд гэж бий. 10-20 хувь хүртэл зарцуулдаг улс орнууд байдаг. Манай цэргийнхний тооцсоноор дөрвөн ДНБ-ий дөрвөн хувиас багагүй хөрөнгө зарцуулах ёстой гэдэг юм билээ.

Цаашид батлан хамгаалах салбартаа тэр дундаа зэвсэг тоног төхөөрөмжөө сайжруулахад анхаарал хандуулах ёстой. Сүүлийн үед уламжлалт болон уламжлалт бус олон аюул занал гарах болсон. Дэлхий даяар тогтворгүй байдал нэмэгдэх хандлагатай болоод байгаа.

Тэр нөхцөлд ч гэсэн бид зэвсэг техникээ шинэчилж байх ёстой юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Манайханд гэлтгүй гадныханд хүлээлт үүсгээд байсан “хоёр толгой”-н нэг болох Оюу толгой хөдөлчихлөө. Монголын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг нь та хэрхэн харж байгаа вэ?

-Оюу толгой төслөөс хэдэн төгрөг орж ирэх вэ гэдгийг л манайхан харж, ярьж байна. Хөрөнгө оруулалт, мөнгө орж ирнэ гэдэг нь нэг л урсгал. Харин Оюу толгой төслийг дагаж хэдэн төгрөг олж болох вэ, Монголдоо хэдэн төгрөг бүтээж болох вэ гэдэг хамгийн чухал. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь шударга хөдөлмөрөөрөө олсон их мөнгөө тоолохтой адил эерэг урам зоригийг дотооддоо ч, гадаад ертөнцөд ч өгнө.

-Тухайлбал, таныхаар ямар нөлөөлөл үзүүлнэ гэж?

-Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх, Монголдоо хөгжил дуудах, Монгол Улс, монголчууд гэж хэн бэ гэдгээ олон улсад харуулах ач холбогдлыг тооцох хэрэгтэй. Монгол бол нээлттэй засаглал, нээлттэй зах зээлийн эдийн засагтай орон. Тэгсэн атлаа Куба, Хойд Солонгос шиг хаалттай төрийн бодлоготой, Венесуэл шиг бүхнийг нийгэмчилж, бүгдийг төрийнхөө мэдэлд хураагаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн явах бололцоогүй. Бид л эндээ Оюу толгой, Таван толгой гэж яриад байгаа болохоос дэлхийд бол Монгол Улс, монголчууд л гэж ярьж байгаа. Өнөөдөр Монголд маань бүх юм байна. Чадварлаг залуус, чадалтай компани ч олон болж. Гэхдээ Монгол Улс хөгжихөд гаднынхны мөнгө, технологи, ноу хау зайлшгүй хэрэгтэй. Энэ утгаар нь харвал Оюу толгой төслийг хөдөлгөх нь дэлхийн дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо дуудах, хүлээн зөвшөөрөх эерэг дуудлага болно. Энгийнээр, замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэж хэлбэл Оюу толгой төсөл хөдлөх болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ямар ч гэсэн анивчсан ногоон гэрэл аслаа.

-Анивчсан гэрэл хэзээ хүлээн зөвшөөрсөн ногоон болох вэ?

-Одоо залгаад Таван толгойг, гацаатай түгжээтэй бусад төслөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.

-Таван толгой одоо ч ажиллаж л байгаа шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ орд дэлхийн дүрмээр эдийн засгийн эргэлтэд орж, дэлхийн зах зээл дээр гарч байж улсын хөгжилд, ард түмний халаасанд мэдрэгдэхүйцээр хувь нэмрээ оруулна. Одоо бол нүүрсээ хилийн үнээр зарж, 1072 хувьцаатай иргэд ноогдол ашиг хүртэх нь битгий хэл, саналын эрх ч үгүй явна. Тэгсэн атлаа сонгуульд ялсан улстөрчдийн шахааны газар болсон, үе үеийн удирдлагууд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулсан компани ажиллаж байна шүү дээ.

-Оюу толгойн төслийн өгөөжийн тухай дэлгэрүүлэн ярихгүй юу?

-Оюу толгой төслийг анх хөдөлгөснөөр манай улсын ДНБ үндсэндээ гурав дахин томорсон. Энэ төсөл манай улсын валютын нөөцөд, төгрөгийн чангаралтад хамгийн их хувь нэмрээ оруулдаг байлаа. Зөвхөн Оюу толгойгоос ашигт малтмал ашигласны татвар гэж улсын төсөвт жил бүр 500-600 сая ам.доллар авч байгаа. Энэ нь манайулсын нийт төсвийн орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Оюу толгойн хөрөнгө оруулалтын оргил үе болох 2012 онд уг төслийг болон түүнийг дагасан хөрөнгө оруулалт нийлээд 7.5 тэрбум ам.долларт хүрч байлаа. Оюу толгой төслийн шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар байсан. Энэ хэрээр валютын нөөц нэмэгдэж, дотоодын компаниудын бүтээн байгуулалтын ажлууд идэвхтэй явж байсан юм. Гадаадын ноу хау, менежментээс Монголын олон компаниуд маш их зүйлийг сурсан. Одоо Оюу толгойн далд уурхайн ажил эхэлснээр нийт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шууд утгаараа орох юм. Жил бүр Монголд орж ирэх мөнгөн урсгал нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Жишээ нь, энэ төсөл ид идэвхтэй ажиллаж байх үед Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн мөнгө гэдгийг улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид хэлдэг байсан. Гэтэл төсөл гацсанаар энэ мөнгө байхгүй болсон. Харин далд уурхайн ажил эхэлснээр хамгийн багадаа л энэ тоон харьцаа эргэж сэргэнэ, хадгалагдана. Одоо таны халаасанд байгаа гурван төгрөг тутам дээр “Оюу толгой төслийн өгөөжийн мөнгө” гэж нэг төгрөг нэмэгдэх бололцоотой боллоо. Жишээ нь, та өдөрт хэтэвчиндээ 30 мянган төгрөгтэй байдаг бол Оюу толгойн далд уурхайн ажил эхэлсний дараа 40 мянган төгрөгтэй явах эдийн засгийн орчин, идэвхтэй урсгал бий болж байна.

-Оюу толгой дээр гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Таны хувьд цаг алдалгүй явуулах ёстой гэж байна. Яагаад яаравчлах ёстой гэж?

-Оюу толгойг яагаад цаг алдалгүй явуулах ёстой вэ гэхээр гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газар Оюу толгойгоо хэрхэх бол гэдгийг анхааралтай ажиглаж байна. Оюу толгой бол манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны гол индикатор болсон. Бас дотоодын эдийн засгийг хямраах, эсвэл өсгөх “дархлааны ганц вакцин” нь Оюу толгой болчихсон юм. Манай орны эдийн засгийн хүндрэл гадны шууд хөрөнгө оруулалт багассанаас болсон шүү дээ. Ер нь аливаад, бизнест ч “томын жишиг” гэж ойлголт байдаг юм. Банк санхүүгийн салбарт л гэхэдбодлогын банкууд гэж байдаг. Жишээ нь, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци манай Оюу толгойд зээл өглөө гэхэд тэднээс жижиг, актив багатай банк, хөрөнгө оруулалтын сангууд дагаад зээл өгөх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Оюу толгой төслийг биднээс том Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци эрсдэлгүй гэж үзээд өгч байхад бидэнд ч эрсдэлгүй гэж жишиг байдлаар ханддаг. Үүнтэй нэгэн адилаар Оюу толгой том, дэлхийн хэмжээний төсөл учраас нэг талаар манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, орчин мэт гаднынханд харагддаг болсон.

Тийм учраас Дубайд болсон үйл явдал бол Оюу толгой төслөөр дамжуулж гадаад ертөнцөд эерэг мессэжүүдийг өгч чадсан. Зочин уриагүй байж гэртээ хүн ирсэнгүй гэж уурлаад байж болохгүй биз дээ. Сая бол Ерөнхий сайдыг зочдоо урьж Дубайгаас урилгаа илгээчихээд ирлээ гэж бодож байгаа.

-“Дубайн гэрээ”-гээр 30 жилээр Монгол Улс үр ашгаа авч чадахгүй нь гээд байгаа биз дээ?

-Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байсан “Эрдэнэт”, Багануур, “Монголросцветмет” зэрэг томоохон төслүүд 20-30 жилийн дараа өгөөжөө өгч байсан юм. Улс орнууд уул уурхайгаас нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөж, хоёрдугаарт, тодорхой татваруудын өгөөжийг хүртдэг. Гуравдугаарт, төсөл нь амжилттай хэрэгжвэл хувьцааны ногдол ашиг хэлбэрээр тодорхой өгөөжүүдийг хүртэнэ. Энэ бол ямар ч бизнест байдаг олон улсын дүрэм. Тэгвэл манай зарим улстөрчид энэ гурван дүрмийн урвуу дарааллаар буюу нэгд ноогдол ашиг байх ёстой гэж тайлбарлаад байна.

Дэлхийн стандарт болсон хооллох соёлоор бол хүн эхлээд нэг, дараа нь хоёр, гуравдугаарт дисертээ иддэг биз дээ. Тэгвэл манай зарим улстөрчид Оюу толгой дээр нэг, хоёрдугаар хоол хамаагүй, хамгийн түрүүнд бид дисертээ л идэх ёстой гэж зүтгээд байх юм. Төслийг улсын төсөвт шууд болон шууд бусаар өгч буй өгөөжүүдийг бодитоор харах, мэдрэх хэрэгтэй л дээ. “Эрдэнэт”, Багануур, “Монголросцветмет” нэгдэл өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт ямар өгөөж өгсөн талаар саяхан судалгаа хийсэн байна. Тэгэхэд эдгээр том үйлдвэрүүдийн Монгол Улсын эдийн засагт өгсөн нийт мөнгөний 90 гаруй хувь нь татвар, 10 хувь нь л ноогдол ашиг байж. Хэрвээ андуураагүй бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс 34 хувьдаа ногдох ашгаа 2021 оноос авч эхлэх шиг санаж байна. Одоо бидний өмнө Оюу толгой төслийг хөдөлгөөд жил бүр татвар болон бусад өгөөжийг нь хүртээд явах уу, өнөөдрөөс хойш зургаан жилийн дараа авах ноогдол ашгаа хүлээгээд суух уу гэдэг хоёр сонголт байна. Нэгдэхийг нь сонговол ноогдол ашгийг хуваах 2021 он хүртлээ жил бүр 90 хувийн өгөөжийг татвараар хүртэнэ. Хоёр дахийг нь сонговол зургаан жилийн дараа Оюу толгойн нийт өгөөжийн 10 хувьтай тэнцэх ашиг авна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 90 хувийн татварын өгөөж, зургаан жилийн дараахь нэг удаагийн 10 хувийн ноогдол ашиг гэсэн хоёр сонголт бидний өмнө байна. Үүнээс гадна төслийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлтийн шууд бус өгөөжийг энд тоочиж барахгүй. Тэгэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж одоо авах зээл нь компани дээр ирж байгаа учраас энэ нь ноогдол ашиг хуваах гэрээнд заасан хугацаанд яаж нөлөөлж байгааг ярилцаж ойлголцох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

-УИХ-ын зарим гишүүд төслийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зурлаа хэмээн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байна…

-Санаачилгыг бүрэн эрхийнхээ хүрээд бусад гишүүд гаргаж байгаа ч, Ерөнхий сайдаа огцруулах, үгүй нь хамгийн олон суудалтай АН-ын л асуудал. Ер нь бид ойлголтоо нэгтгэж, хэн нь хаана байх ёстой, хэзээд нь дуугарахаа мэддэг баймаар байна. Зэс, нүүрс ганц Монголд байдаг юм биш. Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгож байгаа бол одоо дотооддоо ойлголцоод урагшаа явдаг цаг. Түүнээс бус, хэрэлдэж, талцаж маргаж байран дээрээ хий эргэдэг цаг үе ерөөсөө биш. Биднийг тойрсон өрсөлдөгчид маань биднээс хамаагүй хол явчихлаа. Аягүй бол бид баялгаа дэлхийн зах зээлийн үнээр нь худалдах зах зээлгүй, тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд хамгийн ойрхон байрлалтай л улс болж хоцрох нь. УИХ бол бодлого тодорхойлдог болохоос тодорхойлсон бодлогоо өөрсдөө зуурдаг бүтэц ерөөсөө биш. Энийгээ мэдэж байгаа бол улстөрчид аж ахуйн ажилд оролцдогоо л болих хэрэгтэй. Монгол Улс парламентын засаглалтай. Засгийн газар нь Засгийн газрынхаа ажлыг хийгээд явах ёстой. Аж ахуйн шинжтэй бүх ажлыг УИХ нь хийгээд, хийх гэж өөр дээрээ татаж авчраад байж болохгүй. Бид нэг үе “давхар дээл”-ээс болоод УИХ нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг боллоо гэж баахан шүүмжилсэн. Тэгвэл өнөөдөр УИХ нь Засгийн газраа УИХ-ын Тамгын газар шигээ ажиллуулах гээд байна. УИХ, Засгийн газрын харилцан хяналт, тэнцвэрт байдал, баланс алдагдаж УИХ тал руугаа хэт хэлбийчихлээ. Засгийн газар бол АН-ын, зарим улстөрчдийн сонгуулийн PR-ын баг биш шүү дээ. Сонгууль дөхсөн нэрийдлээр хувийн ашиг хонжоо хайж улс орныхоо ирээдүйг барьцаанд тавьсан богино зайн улстөр хийж болохгүй.

-Ерөнхий сайдыг огцруулна гээд байгааг юу гэж харж байгаа юм бэ?

-Уг нь Оюу толгой дээр болж байгаа үйл явдал бол УИХ битгий хэл, Засгийн газар оролцох шаардлагагүй асуудал. Яах вэ, шийдэл гаргах гэсэн байх л даа. Гэхдээкомпани хоорондоо шийдээд явчих асуудлыг Ерөнхий сайд Засгийн газар дээрээ авчирсан, гарын үсэг зурах үйл явдалд Ерөнхий сайд өөрөө оролцсон нь асуудлыг улстөр болгочих шиг боллоо. Түүнээс бус, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль ном, баримт бичгээ харвал эрдэс баялгийн салбарт төр өөрийн оролцох оролцоогоо маш тодорхой болгочихсон. УИХ-аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Төр цаашид эрдэс баялгийн салбарт ямар хэлбэрээр орж, ямар хэлбэрээр зохицуулалт хийх вэ гэдгийг тэнд зохицуулж өгсөн. Төр тодорхой хяналтуудаа тавьж, байгаль орчны стандартуудаа шахна. Хяналт, стандарт, лиценз-лиценз, стандарт, хяналт гэсэн хүрээнд л төр оролцоно. Харин уурхайн үйл ажиллагаанд шууд оролцож операторын үйл ажиллагаа явуулах эрх төрд болохгүй. Гэтэл Оюу толгой, Таван толгойн өмнө нь хийж байсан, одоо явж байгаа хэлэлцээрээр бол эдгээр төслийн менежментийг хэн хийх вэ гэдэг маргаан яваад байгаа. Тэр маргаанд төр оролцох эрхгүй байхад л зарим УИХ-ын гишүүд маань өөрсдийнхөө тодрох талбар болгочихоод байгаа юм. Гэтэл цөөхөн хүн тэгж тодорсны, уул уурхайн салбарыг хэт улс төржүүлснийхээ горыг улсаарааамсч байгаа.

-Таван толгой төсөл Оюу толгойгоосоо бараг түрүүлээд хөдөлчих юм яриад байсан одоо болтол шийдэж чадсангүй. Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг л хүлээж байх шиг?

-Асуудлыг УИХ-аархэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь өөрөө хууль зөрчсөн, өмнө нь байгаагүй жишиг болсон. Одоогоор ажлын хэсгийн нэгдсэнбайр суурь, дүгнэлт гараагүй байна. Тийм байхад гишүүд нь тус тусдаа өөр, өөрийн байр суурийг илэрхийлэх, ажлын хэсгийн ахлагч нь аль нэгэн бүлэглэлийн сонирхлыг ажлын хэсгийн дүгнэлт мэт илэрхийлэх нь буруу гэж бодож байгаа. Энд Таван толгойн төслөөс гадна монгол төрийн институциудын хил хязгаар, ажил яаж явдаг процедурын дэг жаяг давхар байгааг бодох хэрэгтэй. Ерөнхийдөө л УИХ нь Засгийн газрын эрх мэдлийг булаацалдсан, Таван толгой төслийг хойшлуулах, бүдэгрүүлэх бүлэглэлийн улстөр л энд яваад байгаа.

-Ер нь Таван толгой төслийн өгөөжийг та яаж харж байгаа вэ?

-Уул уурхайн төслүүдэд улс төрийн гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн, бизнесийн төслүүд байгаасай л хүсч байна. Хэрвээ эдийн засгийн, бизнесийн төслүүд байж чадвал Монгол Улсад, монголчуудад өгөөжөө өгнө. Жишээлбэл, Оюутолгой төсөл хөдөлснөөр тус төсөлд хийсэн нэг ам.долларын хөрөнгө оруулалт нь бусад салбарын хоёр ам.долларын хөрөнгө оруулалт болдог. Уул уурхайн салбарын үр өгөөжийг зөв тооцож, бусад орны тоглодог, хүлээн зөвшөөрдөг тоглоомын дүрмээр тоглох учиртай. Таван толгойн төсөл яг тийм юм. Яагаад гэвэл би Таван толгойн гэрээний заалтуудыг бүгдийг нь уншсан. “Эрдэнэс Таван толгой” дангаараа явбал манайд ямар ашигтай, Энержи ресурс, Шинхуа, Сумитомо консерциумын төсөл нь ямар ашигтайг харьцуулж үзсэн. “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийг хүртэл алдагдалтай явсаар ирлээ. 1072 ширхэг хувьцаа амь орох ямар ч боломжгүй болчихлоо. 1072 ширхэг хувьцааг энэ компанийн алдагдалд хуваахаар бид ашиг олох бус харин ч эсрэгээрээ нэг хувьцаанд 400-500 мянган төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл байдалд хүрчихээд байна. Бид нүүрсний салбарт экспортлогч орон байх юм бол нэг цонхны бодлого явуулж, яавал Монгол Улсын нүүрс бусад орны нүүрстэй өрсөлдөх чадвартай болох вэ гэдгийг ярих ёстой. Түүнээс биш, хэн төмөр зам тавих, хэн уурхайг олборлож эзэмших нь тийм ч сонин биш. Эргээд гурван сая монголчууд нүүрсний экспортоос ямар өгөөж хүртэх вэ гэдэг л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгой дээр шийдэл, сонголтын аль аль нь хамгийн зөв байх ёстой. Хэрвээ зөв сонголт, шийдлээ олж чадвал улсаараа, монгол хүн бүр хожно.

-Таван толгойн төсөл яваад эхэлбэл хичнээн ажлын байр шинээр бий болох юм. Эдийн засгийн өгөөж нь ямар байх юм. Туслан гүйцэтгэгч хичнээн компани бий болох бол?

-Хэрэв энэ консерциумтай хамтран ажиллах юм бол нүүрснээс экспортын 4.5 тэрбум ам.долларын орлого олно. Харин Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ явбал нүүрсний экспортоос таван жилд 990 сая ам.доллар олох юм. Тав дахин их орлого олох асуудал яригдаж байгаа биз. “Эрдэнэс Таван толгой” дангаараа ажиллах юм бол таван жилд 500 сая ам.долларын алдагдалд орно, харин консерциумтай ажиллавал зөвхөн нүүрсний хамтын ажиллагааны төлбөрөөс 108 сая ам.доллар олно. Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ үргэлжилбэл ирэх таван жилд улсын төсөвт 167 сая ам.долларын орлого орно. Консерциумаар явбал таван жилдээ 1.2 тэрбум ам.долларын орлого олохоор байна. Эрдэнэс Таван толгой уурхайг олборловол таван жилд 36 сая тонн нүүрс олборлоно, консерциум бол 117 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Консерциум ажлаа явуулбал жилд татвар хэлбэрээр нүүрсний үнээс шалтгаалан 200-500 сая ам.долларын орлого олж, найман мянган монгол хүн ажлын байртай болно. Энэ бүтээн байгуулалтын үед дотоодын 2000 аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллана. Ийм ийм бодит өгөөжүүдийг нь ярих ёстой. Хараад ашигтай гэснээ сонгоод стандартаа мөрдүүлж, шаардлагаа тавьж, гэрээнд заасан татвар хураамжаа аваад суух нь төрийн гол ажил.

-Чалкогийн өр юу болж байнаа?

-Одоо 130 орчим сая долларын үлдэгдэлтэй байгаа. Уурхай хөдлөхгүй ингээд зогсвол бидний өр нэмэгдээд байна, хүүтэй зээл учраас. Өдөр бүр хүү нь яваад байна гэсэн үг. Оюу толгойн 34 хувь чинь бас хүүтэй зээлд явсан хувь. Манайхан гурван жил хэрэлдэхэд зөвхөн хүүгийн зардалд 300 сая ам.долларыг ард түмэн төлөхөөр болчихож байгаа юм. Тэгэхээр энэ маш үнэтэй хэрүүл болж байгаа биз. Таван толгойн цахилгаан станцаа бариад Оюу толгой компанид эрчим хүчээ өгсөн бол жил бүр 100 сая ам.долларын орлого олох байлаа. Монгол Улс энэ мэт бүх боломжуудаа алдсаар байна. Хэрүүлийг нь хэдэн улстөрчид хийгээд, хүүгийн төлбөрийг нь ард түмэн төлж байгаа нь шударга бус л даа.

-Оюу толгой ч ингээд явчих байх. Таван толгойгоо шийдээд энэ хоёр төсөлзэрэг хөдөлбөл эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлнэ гэж харж байгаа вэ, та?

-Ер нь хүн бүрийн хүсэл “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөх шүү дээ. Өнөөдөр Монголын эдийн засагт төлбөрийн баланс алдагдсан. Төлбөрийн баланс алдагдсан гэдэг нь валютын эх үүсвэргүй болчихсон гэсэн үг. Валютыг дөрвөн эх үүсвэрээс олдог. Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалт. Хамгийн ихдээ 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт ордог байсан эх үүсвэр байхгүй болчихлоо. Энэ оны эхний улирлын байдлаас харахад гаднын хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй болчихоод байна. Хоёрдугаарт, экспорт байдаг. Бидний гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ буураагүй ч үнэ нь хоёр дахин багасчихсан. Манай экспортын голлох бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурч байгаа нь бидний өрсөлдөх чадвар буурч байна гэсэн үг. Өнгөрөгч дөрвөн жилд тээвэр ложистикоо шийдэж чадаагүйн улмаас Чингэс бондын хэмжээтэй 1.5 тэрбум ам.долларыг бид алдсан.

Гуравдугаарт, тодорхой хэмжээний алт олборлож валютын нөөцөө хангадаг бол дөрөвдүгээрт, зээл авах зам үлддэг. Манай улс энэ дөрвөөс л валютын нөөцөө бүрдүүлдэг. Гэтэл одоо валютын ганц эх үүсвэр нь зээл тусламж гээд ярьж байна. Бид бүх валютын хэрэгцээгээ дандаа зээлээр хангаад байж болохгүй. Тэр бол дампуурал руугаа явж байгаатай адил. Харин “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөх нь хөгжил рүүгээ явж байгаа хэрэг юм. Ганцаараа бол хурдан, олуулаа бол илүү хол явна гэдэг биз дээ. Монгол Улсын эдийн засгийг тэтгэх төслүүд олон байх тусмаа л бид хурдан хөгжинө. 17.5 хувийн өсөлттэй үед эдийн засаг зөв явж, иргэдийн санаа сэтгэл ч өөдрөг байсан. Ард түмний нүд илт сэргэж ингээд л удахгүй Араб болох нь гэж байтал сонгуулийн дараа Африк болгоод хаячихсан. Өнөөдөр бид байгаа байгалийн баялаг, нөөц, ойрхон зах зээлээ тэдгээрийг ашиглаж чадаагүй алдсан цаг хугацаатайгаа харьцуул бал аль хэдийнэ Африк болж эхэлсэн. Африкийн орнууд шиг болно гэдэг нь тэдэн шиг туйлдаа хүртэл ядуурснаар шинж тэмдэг нь илэрдэг юм биш. Тэдний ядуурсан, баялгаа буруу ашиглах зам, схемд орж эхэлснээр илэрдэг юм. Өнөөдөр шийдэл нь гарсан ч Оюу толгойн далд уурхайн ажил хараахан эхлээгүй, санхүүжилтээ хайж байна. Тавантолгойн төсөл УИХ-д орж ирсэн ч юм шиг, орж ирээгүй ч юм шиг таг зогслоо. Эндээс, энэ хоёр толгойг хөдөлгөх үгүйгээс хамаараад бид өнөөдөр нэг бол Араб шиг хөгжих, эсвэл Африкийн орнуудын замаар орох гэсэн хоёр сонголтын өмнө зогсч байна.

-Манай эдийн засагчид болон улс төрчид “Стэнд бай” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх ёстой гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Хэрвээ ойрын хугацаанд Оюу толгой, Таван толгой хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол энэ хөтөлбөрөөс өөр сонголт байхгүй.

-Хоёр толгой явчихвал…

-Валютын эх үүсвэрүүд ороод ирнэ. Хоёр төслөө даруйхан хөдөлгөчихвөл энэ ондоо гэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, нэг тэрбум ам.долларын татварын орлогууд орж ирнэ. Энэ байдлаар өгөөжүүдээ шууд хүртээд эхэлбэл Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах шаардлагагүй болно. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг хоёр том төсөл л шийдэх юм. Хоёр толгойн төсөл хөдлөхгүй нь нэгэнт тодорхой болчихвол цаг алдалгүй энэ хөтөлбөрийг авах ёстой. Өөр зам байхгүй.

Э.ЭНХБОЛД