Categories
мэдээ цаг-үе

М.Энхболд: Хариуцлагын тухайд намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой

УИХ-ын дэд
дарга, МАН-ын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит
бус чуулган нэг зун хоёр удаа хуралдлаа.
УИХ-ын даргын захирамж хууль бус гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд хэлж
байсан. Та харин ээлжит бус чуулганы талаар ямар бодолтой яваа бол?

-2013 оны
наймдугаар сард улс орны эдийн засагт амаргүй нөхцөл байдал бий болсон. Чуулган
эхлэхийг хүлээх аргагүй болсон тул “Төсвийн тодотгол хийе. 2012 оны сүүлээр их
хэмжээний өр зээл тавьсан нь эдийн засгийг хүндрүүлэх шинжтэй боллоо” гээд бид
УИХ-ын даргад “Ээлжит бус чуулган зарлаж өгөөч” гэхэд “шаардлагагүй” гээд
хүлээж аваагүй. Гэтэл энэ жил их ойрхон, хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн
ээлжит бус чуулганыг зарлалаа. Ээлжит бус чуулганаар МАН-ын сайд нарыг засгаас
гаргах болон Өршөөлийн хуулийг хэлэлцсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай
хууль хамт явлаа. Энэ хуулийн төсөл дээр хоёр үндсэн асуудал байв. Эдийн
засгийн ил тод байдал гэдэгт хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчдыг
хамруулахаар заасан байсан. Түүнчлэн бизнес
эрхлэгчдийн хөрөнгийн дахин хуваарилалтыг бий болгохоор тусгасан.
Эхнийхийг нь бид эсэргүүцсэн. Зөвхөн бизнес эрхлэгчдийн хүрээнд хэрэгжүүлэхээр
болсон. Хуулийг зөв хэрэгжүүлбэл эдийн засагт нааштай үр дүн өгнө. Засгийн
газрын гишүүдийг гаргах тухай асуудлыг зургадугаар сарын сүүлчээс л ярьж
эхэлсэн. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт хамтарч ажиллахыг
урьж залж, Ерөнхий сайд манай бүлгийн хуралдаанд сууж “Та нарын мэдлэг,
туршлага бидэнд хэрэгтэй байна” гэж тав, зургаан цаг ярьсан. МАН-ыг засгийн эрх
мэдлээс гаргаад парламентад суудалтай бусад намуудтай нийлж улс орныг бодсон
гэхээсээ илүүтэй ирэх сонгуулийг бодсон сонголт хийсэн нь илт харагдаж байна. Ээлжит бус чуулган зарласан нь хууль бус гэдгийг
бид эхнээс нь хэлж байсан. Зургаан сайдаа томилох гэж эрх баригчид ямар их ажил
болов. Төр засгийн ажлыг ингэж унтаад сэрж байгаа аятай хайнга хийж болохгүй.
Төрийн ажил явдаг ёс жаяг гэж байдаг. Түүнээс биш хэн нэгэн хүн төрийн эрхэнд
гарч ирээд улс орныг бужигнуулж болохгүй. Өршөөлийн хуулийг ард түмэн сайн
мэдэж байгаа. МАН Өршөөлийн хуулийг батлагдсаны дараа хамгийн түрүүнд
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн. Өршөөлийн хуулийн албан
тушаал, авлигатай холбоотой заалтыг хүлээж авч болохгүй, харин төрөөс иргэндээ
өршөөл үзүүлэх зарчмыг дэмжиж байна гэсэн. 2006 онд Их Монгол Улс
байгуулагдсаны 800 жилийн ойгоор Өршөөлийн хуулийг гаргахад би Ерөнхий сайд
байсан. Тэр хууль зарчмын хувьд өөр байв. Харин энэ удаагийн Өршөөлийн хууль
албан тушаал, авлигатай холбоотой асуудлыг хамруулсан. Манай намын бүлэг аргаа
бараад Өршөөлийн тухай хуулийн төслийн хамгийн сүүлийн хэлэлцүүлэгт оролцоогүй.
Одоо ч гэсэн бид зарчмын байр сууриндаа баттай зогсож байгаа.

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг танай нам хүлээж
авсан. Хэдийгээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан ч
өнөөдрийг хүртэл энэ асуудлаар нэг талд гарч чадахгүй байгаагийн шалтгаан юу
вэ?

-Хориг тавих, хоригийг хүлээж авах нь бүгд хуульд заасан хугацаатай.
Хориг хүлээж авах санал хураалт болсноос хойш нэг процесс тасарч байгаа юм.
Одоогоор Өршөөлийн хуулийн тодорхой заалттай холбоотой хоригийг УИХ хүлээгээд
авчихсан. МАН хүлээж авсан нь шуугиан тарилаа гэж байна. Манай нам шуугиан
дэгдээе гэж хоригийг хүлээж аваагүй. Би энэ талаар өмнө нь “Гурван жил
дураараа дургичихаад дөрөв дэх жил дээр нь Өршөөлийн хуульд албан тушаал,
авлигын хэргийг хамруулаад өөрсдийгөө засаг барьж байна гэж болохгүй ээ, ард
түмэн харж байгаа шүү” гэж хэлсэн.

-УИХ-ын дарга З.Энхболд нэгэн ярилцлагадаа “МАН-ыг эрх барьж байхад
эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан нь худлаа” гэсэн байна лээ?

-Тэгж хэлснийг би өөрөө сонсоогүй. Үнэхээр тэгсэн бол маш хариуцлагагүй
үг хэлжээ. Ер нь өнөөгийн эрх баригчдад статистик тоо баримтыг сэмхэн засчихдаг
арга барил бий. Ядуурлын түвшинтэй холбоотой тоо баримтыг хөдөлгөчихөөд
“Тооцдог аргачлал өөрчлөгдсөн” гэж тайлбарладаг. Эдийн засаг 17.6 хувьд хүрсэн
нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өсөлт. Олон улсын хэмжээний аль ч
судалгаанаас харахад тэр 17.6 хувийг хэлээд өгнө. Өнөөдөр эдийн засгийн өсөлт
гурван хувь болчихоод байгаа нь ч үнэн. Энэ байдлыг засч залруулахгүй бол
цаашид ч үргэлжилж мэднэ. Өнөөдрийн хүндрэлтэй байдалд дэлхийн эдийн засгийн
хямрал онцгой нөлөөлөөгүй. Харин улс төрийн буруу бодлогоос үүдэлтэй. Энэ уналт
2012 оноос эхэлсэн. Хэмжээ хязгааргүй асар их өр зээл тавьсан. Зах зээл дээр
эргэлдэж байгаа мөнгөнийхөө бараг 30 хувьтай тэнцэх мөнгийг үнэ тогтворжуулж
байна гээд цөөн хэдэн компанид өгчихсөн. Эдийн засгийн тэнцвэрт байдлыг
алдагдуулсан. Энэ савлагаагаа зогсоож чадахгүй байна. Тэгэхээр АН,
“Шударга ёс” эвсэл, Эдийн засгийн болоод Сангийн сайд байсан хүмүүс
хариуцлага хүлээх ёстой. Засч залруулах алхам хийх учиртай.

-МАН-ын зүгээс Үндэсний зөвшилцлийг санаачлан уулзалтууд хийсэн. Үр дүн
гарч байх юм уу. Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа бол зөвшилцөх амаргүй
байгаа байх…

-Манай орон 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл олон намын тогтолцоотой явж
ирлээ. Бидний талцал хэрээс хэтэрч орон нутагт ажил албатай явахад хүнд боллоо
гэж байгаа нь үнэн. Өнөөдрийнх шиг хэмжээ хязгаар хэтэрсэн ийм байдалд хүрч
байсангүй. Энэ талцал хуваагдлыг зөвхөн олон нам байгаатай холбон тайлбарлах нь
учир дутагдалтай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэлцдэг.
Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас л иргэдийн дундах талцал хуваагдал
тасрахгүй байна. Үүнийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж засна гэж ярьж байгаа
нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өөр асуудлууд бий. Үндэсний
зөвшилцлийг 2013 онд Монголын улс төрийн ууган хүчний даргын хувьд санаачилсан.
Бид өнгөрсөн есдүгээр сард “Үндэсний зөвшилцөл”-ийн 12 дахь удаагийн
уулзалтаа хийлээ. 22 намын удирдлагуудад урилга хүргүүлсэн. Энэ удаа бид
Сонгуулийн хуулийн талаар ярилцсан. МАН өнгөрсөн онд Засгийн газарт орохдоо
Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай ярьж байсан. Гэвч биднийг засгаас гарсны дараа
энэ асуудал тун бүдэг бадаг боллоо. Тиймээс бүх намуудаас хуульчид оролцсон
ажлын хэсэг байгуулж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлэн
болгоод байна.

-Хэдийгээр намууд өөр үзэл баримтлалтай ч гэсэн монголчууд нэг л эрх
ашигтай. Үндэсний зөвшилцлийн хүрээнд яриад ямар нэг асуудалд үнэхээр нэгдсэн
ойлголтод хүрч чаддаг уу?

-Ажлын хэсэг гол гол зарчмын асуудалд санал нэгдсэн. Сонгуулийн
тогтолцоонд санал нэгдээгүй. МАН-ын хувьд ард түмэн төрийн эрх барьдаг гэдэг нь
үнэн юм бол иргэд төрөө хэрхэн эмхэлж цэгцлэх вэ гэдгээ санал асуулгаар шийдэг
гэсэн санал гаргасан. Өнөөдөр болтол энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй чимээгүй
байгаа. Намууд нэгдсэн ойлголтод хүрээгүй учраас одоогийн холимог системээрээ
явах нь зүйтэй гэж ярилцсан. Харин сонгуулийн хар машины хяналт дээр улс орон
даяар, уулзалт болгон дээр иргэд хөндөн ярьж байна. Эдийн засаг, нийгмийн байдал
ийм хүнд болсон үед 2012 оны сонгууль шиг хар машин ашиглах юм бол сонгуулийн
дараа ямар үр дүн гарснаас шалтгаалахгүйгээр амаргүй байдал үүсч мэднэ. Тиймээс
иргэн хүний өгсөн санал баталгаатай гэдгийг нотлохын тулд хар машины тооллогыг
100 хувь гараар тоолох ёстой.

-МАН холимог тогтолцоог дэмжээд байгаа юм биш үү. Сүүлийн үед МАН нэр
дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн
үү?

-Бид ийм тогтолцоо зөв гэдэг хатуу байр сууринд хүрээгүй байгаа. Өмнө нь
жижиг 76-гаар олон удаа сонгууль явж байсан учраас МАН үүнийг дэмжиж байгаа гэж
таамаглах нэгэн бий байх. Бид ард нийтээсээ санал асуух байр суурьтай хэвээрээ
байгаа. 14 хоногийн дотор зохион байгуулаад асуучихаж болно. Сонгуульд бүх нам
бэлдэж байгаа. МАН ч ирэх сонгуульд хариуцлагатай бэлдэх ёстой. Монголын
тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хэн хангаж чадах вэ, бий болсон
нөхцөлийг хэн засч залруулж чадах вэ гэдэгт ард түмэн хариуцлагатай сонголт
хийх учиртай. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ, яаж бэлдэх вэ зэрэг тодорхой
асуудлуудыг намынхаа хүрээнд шийднэ.

-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж
байгаа. Танай намын гишүүд ч гарын үсэг зурсан байна лээ. Ер нь энэ сард
Ерөнхий сайдыг огцруулах юм байна гэсэн мессеж яваад байна?

-Г.Уянга гишүүн Дубайд байгуулсан гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг
огцруулах асуудлыг хөндсөн. Манай намын бүлгээс хоёр ч гишүүн гарын үсэг
зурсан. Тэд УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийн үзэл бодлоор Оюу толгойтой
холбоотой шийдвэр санаанд нь нийцэхгүй байна гээд гарын үсэг зурсан гэдэг. Оюу
толгойн гэрээнд өөрчлөлт орсон асуудлаар Ерөнхий сайдаас асуух, тодруулах зүйл
байгаа. Дубайд гарын үсэг зурсан талаар гишүүд асуух гээд зунжин намаржин
хөөцөлдөөд Ерөнхий сайд УИХ-д олдсонгүй шүү дээ.

-Монгол Улсын эдийн засаг улам л хүндрэх төлөвтэй байна гэдгийг олон
улсын шинжээчид хэлээд байгаа. Цаашилбал 2017 онд дампуурлаа зарлаж магадгүй
улсын тоонд орчихсон байсан. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Саяхан Дэлхийн банк “Монголын өр сэрэмжлүүлэх хэмжээнд хүрчихлээ” гэсэн
дүгнэлт гаргасан. Английн Жубилей Дэпт Кампайний саяхан гаргасан судалгаанд
эдийн засаг нь хүндэрсэн улс орнуудын долдугаарт Монгол бичигдсэн байна. Энэ
бүгд дэлхий нийт, биднийг харж, сонирхож байгаа хүмүүс нэг зүйлийг хэлээд байна
гэсэн үг. Үнэхээр өрийн асуудлаас болж Монгол Улс маш хүнд байдал руу явахаар
болчихлоо. Сүүлийн жил гаруйн хугацаанд бид ганцхан зүйлийг хийчихээч гэж үе
үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд нарт хэлээд л байгаа. 2017 оноос өр төлж эхлэх
нь үнэн л юм бол Өр барагдуулах санг эдийн засаг хүнд байгаа ч гэсэн өнөөдрөөс
бага багаар хуримтлуулж эхлэх ёстой. Тэгэхгүй бол 2017 онд гэнэтхэн хаанаас ч
юм бөөн мөнгө орж ирээд энэ асуудлыг шийдчихнэ гэж байхгүй. Үүнд Засгийн газар
анхаарал тавихгүй байна. Валютын ханшийн хүндрэл бэрхшээл, үндэсний мөнгөн
тэмдэгтийн үнэ цэнийн асуудал, үндэсний компаниудын үйл ажиллагаа явуулах
нөхцөл бололцоог сайжруулах зүйл дээр огт юм хийхгүй байна. Оюутолгой,
Тавантолгой хоёрыг хөдөлгөчихвөл Монгол сэхнэ, хөдөлгөж чадахгүй бол энэ
байдлаасаа гарч чадахгүй гэсэн нэг л зүйл дээр тулгуурлачихаад байгаа нь буруу.
Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломж бололцоог
нээж өгч болно. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс наймдугаар сарын 31 хүртэл
төрийн болон орон нутгийн өмчит компани, төсөвт аж ахуйн тооцоотой 119
байгууллага шинээр байгуулагдсан байна. Энэ 119 компани хувийн секторын хийж
байсан ажлыг булааж авч хийгээд байна. Баруун бүс нутгаас 128 мянган тонн мах
гаргах боллоо гээд байгаа. Өнөөдөр л баруун бүс нутгаас гаргана гээд шийдчихсэн
юм биш. 2010 онд Олон улсын хүнсний байгууллагатай Монгол Улсыг гурван бүс
нутаг болгож хуваагаад шүлхийгүй эрүүл бүсээс нь мах нийлүүлж байя гэж ярьж
тохирсны үр дүн л одоо гарч байгаа юм. Мах гаргахаар зургаан компани сонгон
шалгаруулж байгаа мөртлөө дээр нь төрийн өмчит компани менежментийг нь хийх
гээд сууж байна. Тэр компани байгуулсан хүмүүсээс нь би “Хөргөлттэй вагоноор
хүргэж очсон махны чанарт асуудал үүсвэл энэ байгуулагдсан төрийн өмчит компани
хариуцах уу?” гэж асуусан. Тэгсэн “Үгүй. Мах нийлүүлсэн зургаан компани
хариуцна” гэж байгаа юм. “Тийм л юм бол төрийн өмчит компани байгуулж яах юм
бэ. Хариуцлагыг нь үүрэхгүй бол” гэхэд “Зөвшөөрлийг нь өгнө” гэдэг. Зөвшөөрөл
өгөхөд заавал төрийн өмчит компани байгуулах шаардлага байхгүй. Ингэж бизнес
эрхлэгчдийн хийж байгаа ажил, олж байгаа орлогын хажуунаас хумслахаа болих
хэрэгтэй.

-Эдийн засагчдын урьдчилсан таамгаар 2016 оны эхэнд ам.долларын ханш
2500 төгрөгт хүрнэ гэж байна. Долларын ханш өссөнөөр ард түмний нуруун дээрх
ачаа улам л нэмэгдэнэ. Үүнээс гарах гарц байгаа л байх?

-Валютын ханшид улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг жишээг би хэлье. МАН
засагт хамтарсан үе буюу тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхээр 1900
төгрөг байсан валют 1860 төгрөг болж буурсан. Хөрөнгө оруулагчид хууль зүйн
таатай орчин, улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг л хүлээж байна. Өмнө нь
хөрөнгөө оруулчихаад эргээд татаад авчихсан хүмүүс биднийг ажиглаад сууж байна.
Харамсалтай нь, улс төрийн нөхцөл байдал амаргүй тал руугаа явчихсан болохоор
одоо өнгөрөх шиг боллоо. Нөгөө талаас валютын ханшийг өсгөөд байгаа гол асуудал
бол орон сууцны зээл юм. Бид өмнө нь зургаан хувийн хүүтэй зээлийг улсын төсөвт
20 тэрбумыг суулгаад байр авч байгаагүй 5-8 мянган айл өрхийг нэг жилд байртай
болгоё гэж ажилласан. Дөрвөн мянган төрийн албан хаагчийг эхний ээлжинд оруулж
байртай болгоод “Болж байна, энэ ажлаа цаашаа үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна”
гэдэг шийдвэрт хүрсэн. Сая манай намаас томилогдсон сайд 30 хувийн урьдчилгааг
10 болгох гэж ажиллаад эцсийн байдлаар амжсангүй. Хэрэв Д.Цогтбаатар өнөөдрийг
хүртэл ажиллаж байсан бол энэ ажлынхаа цаана гарчих байв. Гэхдээ эрх зүйн
орчныг нь бүрдүүлээд, суурийг нь тавиад өгчихлөө. Инфляцийг тодорхой түвшинд
барьж байхын тулд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа дэмжсэн бодлого
явуулах ёстой. Хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд зайлшгүй
зүйлүүдийг хийх л ёстой. Харамсалтай нь, өнөөдөр хөдөө аж ахуй, мал аж ахуйд
үзүүлж байсан төр засгийн дэмжлэг бүрэн зогссон. Ноос, ноолуурт 20 тэрбум
төгрөг тавиад, улаан буудайнд урамшуулал өгдөг байсан бол өнөөдөр тийм зүйл
байхгүй болжээ.

-Оюу толгой, Таван толгойн төслөө хөдөлгөөд эдийн засгаа аврах боломж
бий юу. Ялангуяа Таван толгой төсөл дээр улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хоёр
хуваагдчихсан юм шиг харагдаж байна?

-Таван толгойн хувьд Засгийн газар төсөл өргөн барьсан. УИХ-д танилцуул
гэдэг дээр би, УИХ-ын дарга, нөгөө хоёр дэд дарга гарын үсэг зурсан л даа.
Засгийн газар УИХ-д танилцуулах шаардлагагүй, шууд явах ёстой гээд байсан.
Таван толгой шиг стратегийн ач холбогдолтой том ордын гэрээ хэлцэлтэй УИХ
танилцах ёстой гэдэг байр сууринаас “Өнөөдрийн мөрдөж байгаа хууль эрх зүйн
орчинд нийцэж үү, үгүй юу гэдгийг нь үзээд нийцээгүй зүйлийг нь засаад УИХ-д
оруулаад цааш нь явуул” гэдэг чиглэл өгөхийн тулд л зурсан. Гэтэл нөгөө талд
засаж залруулаад явъя гэдэг бодол байгаагүй. Шуудхан хэлэхэд зарим нэг хүмүүс
зогсооё л гэдэг бодолтой байсан юм билээ. Ажлын хэсэг байгуулсан ч дарга нь
хурал ерөөсөө хийдэггүй. Өргөн барьсан төсөл дотор зарчмын хоёр засвар хийх
ёстой гэж би бодож байсан. Төмөр зам олборлолт, тээвэрлэлт хийж байгаа
компаниасаа тусдаа байх ёстой. Энэ нь өнөөдрийн барьж ажиллаж байгаа Төмөр
замын бодлого, Төмөр замын хуульд орчихсон байгаа. Хоёрдугаарт, Монголын ард
түмний 1072 хувьцааг хариуцсан Эрдэнэс тавантолгой гэж компани бий. Монголын
тал 51 хувь гэж байгаа бол тэр 51 хувьд нь Эрдэнэс Таван толгой компани ороод
цаашаа явах ёстой. Хамгийн гол нь 1072 ширхэг хувьцаа, Монгол Улсын 51 хувь
баталгаатай байх ёстой. Ингэж засаж цаашаа явуулах ёстой гэж бодож байлаа. Харамсалтай
нь цаашаа явсангүй.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд маш ихээр унах
болсон. Тэдний нүүрээ буруулах болсон шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэж
ойлгож болох уу?

-2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум америк доллар
байсан. 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг гадаадын хөрөнгө оруулалт
үндсэндээ зогсож, эргэж татах үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгох үзүүлэлт.
Үүнд улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө
оруулагчид гэлтгүй, ер нь бизнес эрхлэгчдийг яаж дарамталж болдгийг өнгөрсөн
гурван жилийн хугацаанд эрх баригчид маш тод томруунаар үзүүллээ. 11 мянган аж
ахуйн нэгжийн захирлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байцааж, хянаж байлаа. Нэг
өрхийн тэргүүн компанийн захиралд хэрэг үүсгээд шалгагдлаа гэхэд тухайн өрхийн
эзэгтэй эсвэл хүү нь компанийнхаа ажлыг үргэлжлүүлээд явж чадахгүй. Иймэрхүү
нөхцөл байдлаас болж тэр компанийн үйл ажиллагаа шууд зогсож байх жишээтэй. Энэ
мэтчилэн улс төрийн өнгө аястай шалгасан, хянасан байдал эцэстээ эдийн засгаа
татаад унагачихсан. Одоо үүнээсээ гарахын тулд бизнес эрхлэх орчноо сайжруулж
өгөх ёстой. Ер нь Азийн бар болсон улс орнуудыг хараад байхад аж үйлдвэр нь
өндөр хөгжихөөсөө 5-10 жилийн өмнө захын бүс нутгуудаа хөгжүүлсэн байдаг.
1950-иад оны сүүлч 1960-аад оны эхэн үе гэхэд Өмнөд Солонгос шинэ эдийн засгийн
бодлого хэрэгжүүлээд орон нутаг, хөдөө аж ахуй, тариа будааны үйлдвэрлэлээ
хөгжүүлсэн. Ингэж өсөлтөө таван хувь болгож байгаад аж үйлдвэр рүүгээ орсон
байдаг юм. Гэтэл өнөөдөр эрх баригчид сэхэж ядаж байсан хөдөө аж ахуйгаа
зогсоочихлоо. Хурааж авах ургацынхаа 50 хувийг алдчихаад байгальдаа буруугаа
чихээд сууж байна. Хаврын тариалалтын үеэр хөдөө аж ахуйг дэмжсэн ямар ч
бодлого яваагүй. Үр тарианы дэмжлэг, эргэлтийн хөрөнгийн зээл, шатах тослох
материалын зээлээр дэмжиж байж хаврын тариалалт явагддаг. Гэтэл ийм дэмжлэг
үзүүлээгүй.

-Энэ болохгүй бүхнээс гарах гарц нь юу вэ. Тийм гарцыг л эрх баригчид
гэлтгүй та бүхнээс хүлээж байна?

-Өнөөдрийн эрх баригчид энэ хүнд нөхцөл байдлаас гарч чадахгүй нь
ойлгомжтой боллоо. Тэдний ярьж байгаа, хийж байгаа байдлаас нь эрүүлжих нөхцөл
ердөө ч харагдахгүй байна. Наад захын жишээ гэхэд л 1.5 тэрбум төгрөгөөс доош
орлоготой аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг
бид санаачлаад гурав, дөрвөн сар болж байна. Уг нь энэ хуулийг баталчих л
ёстой. Энэ нь эдийн засагт сөрөг гэхээсээ эерэг талууд бий болгоно. Жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд жаахан өөрчлөлт оруулж мал аж ахуйн салбарт
ажиллаж буй хүмүүсийг хамруулаад хуулийн төсөл санаачилсан. Мөн ялгаагүй МАН-ын
гишүүд дангаараа санаачилсан байна гээд л унагаачихсан. МСҮТ-ийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулъя, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, нэмэгдүүлэх аятайхан
арга байна гээд л санаачилсан. Ялгаагүй, МАН дангаараа санаачилсан байна гээд л
унагаасан шүү дээ.

-МАН-ыг улс төрийн ууган хүчин учраас гишүүд, дэмжигчид нь бахархаж
явдаг. Гэтэл энэ намын бүтээсэн түүхийг үгүйсгэх хандлага гарах боллоо хэмээн
танай намын гишүүд ярьцгаах болсон байна?

-МАН бол XX зууны түүхийг бүтээсэн улс төрийн хүчин. 1921-1990 оны
хооронд болсон үйл явдлуудыг аль болох бүдгэрүүлэхээр оролдож байна. Энэ цаг
хугацаа нь Монголын түүх, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан
хөгжиж, хот суурин бий болж монголчууд суурин соёл иргэншилтэй болсон үетэй
давхацдаг. Олон хот байгуулан үйлдвэрлэл хөгжиж, хүн ам нь эрүүлжин, бичиг
үсэгтэй болсон гээд л бүгд XX зууны Монголын бодит түүх. Үүнийг ганц намын түүх
мэтээр ойлгож, бүдгэрүүлэхээр оролдож байгаа нь маш буруу. Ийм өнцгөөр
тайлбарлах гэж хичээх тусам өөрөөр харагдах болно. Монголчууд дэлхийн
хоёрдугаар дайнд оролцсоны үр дүнд “Бид тусгаар тогтносон орон мөн” гэсэн
санал асуулга явуулах боломжийг нээсэн. Дараа нь 1961 онд НҮБ-д гишүүнээр элсч
олон улс гүрэнтэй дипломат харилцаа тогтоосон. Энэ бүгд өнөөгийн Монгол орны
хөгжлийн үндэс суурь болсон. Гэтэл үүнийг дурдахгүйгээр бараг л сүүлийн 25 жилд
Монгол Улс бий болчихсон юм шиг ярьж болохгүй. Ингэж бүдгэрүүлж, дарсан ганц
жишээ хэлэхэд, 2013, 2014 оны Үндэсний их баяр наадмаар “Ардын хувьсгал” гэдэг
үгийг бүх арга хэмжээнээс хасч байв. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын бүлгийн зарим
гишүүд баяр наадмын зарим арга хэмжээнд оролцохгүй гэдгээ хэлж, энэ шалтгаанаа
Ерөнхийлөгчид танилцуулж байсан. Ардын хувьсгал, Их Монгол Улс байгуулагдсан
түүхт ойг тэмдэглэх явдал нь Үндэсний их баяр наадам байна гээд хуульчилсан
байтал хасч л байдаг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их
буугаар буудна гэсэн үгийг санахад илүүдэхгүй. Болсон үйл явдлыг баталгаажуулж,
дараа үеийнхэндээ үнэн зөвөөр үлдээх нь бидний үүрэг.

-МАН-ын намын удирдах түвшинд ажиллаж байсан хүмүүсээс МАХН-д элсэх
хандлага илт ажиглагдах боллоо. Энэ нь сонгууль дөхөх тусах эрчимжиж байна.
Хэдхэн хоногийн өмнө Ж.Сүхбаатар МАН-аас гарч байгаагаа зарлалаа. МАН-ын даргын
хувьд намын дотоод эв нэгдлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН 200 мянган гишүүнтэй Монголын ууган улс төрийн хүчин. Яахав нэг,
хоёр гишүүн гарах, өөр намд орох нь хувь хүний өөрийнх нь хүсэл, сонирхлын
асуудал. Ж.Сүхбаатарын хувьд манай намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн
гээд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд ийм шийдвэр гаргасныг
нь би зөвтгөж чадахгүй. Нам дотроо байж болохгүй, хавчигдсан, шахагдсан зүйл
огт байхгүй. МАН-ын удирдлага дотроо зөрчилтэй гэсэн зүйл хэвлэлээр багагүй явж
байгаа. Манай нам бүтэц зохион байгуулалт, эв нэгдэл дээрээ 94 жил явж ирсэн
түүхтэй. Хэн нь ч байсан эрх ашгийг эрэмбэлж чаддаг. Намын удирдлагад байсан,
байгаа, ирээдүйд бас байж болох хүрээлэлдээ эв эеийг эрхэмлэж, улс орны эрх
ашиг, намын эрх ашиг хаана байх вэ гэдгийг эрэмбэлж чадна.

-Гаднаас нь ажиглахад МАН-ын дунд шатны байгууллагууд, тэр дундаа орон
нутгийн намын хороодын дунд хагарал их санагддаг. Олонхи болсон аймагт
удирдлагаа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Та намын даргын хувьд нэг талаараа
зөөлдөөд гэсэн шүүмжлэл байна?

-Дархан-Уул аймагт болж байгаа зүйлийг асуугаад байна уу. 2012 оны
сонгуулиар Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл
хүлээлгэсэн. Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга нь АН-ын хүн, Засаг дарга нь
нам бус хүн болчихсон байгаа. Манай намын дотоод асуудал. Хоорондоо таарахгүй
тохиролцохгүй, санал зөрөлдөх хүмүүс байна. Ийм үр дүнг АН-ын хэсэг нөхөд манай
намын хэсэг нөхөдтэй нийлээд л бий болгочихож байгаа юм. Ард иргэдийнхээ өгсөн
итгэл, сонголтыг хүчингүй болгочихлоо. Намын удирдлага үүн дээр хариуцлага
тооцно. Намайг хэт зөөлөн талаасаа хандаад байна уу гэж байна. Би сүүлийн хоёр
жил Намын даргын ажил хийж байна. Аймгийн намын хорооны даргыг, ИТХ-ын даргыг
намаас хассан дарга надаас өөр байхгүй байх. Алдаатай үйлдэл хийсэн бол
хариуцлага тооцох ёстой. Хаашаа явах бол, яах бол гэж айж ичих зүйл байхгүй.
Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой. Би Ерөнхий
сайдаар ажиллаж байхдаа хариуцлагагүй ажиллалаа гээд кабинетийнхаа дөрвөн
сайдыг огцруулах санал өргөн барьж байлаа. Та бүхэн санаж байгаа байх. Аливаа
зүйлд итгэл үзүүлэх ёстой, ажил дээр нь туслах ёстой. Үнэхээр болохгүй байвал
хариуцлага тооцох ёстой. Болохгүй байгаа бол өөрөө ч бас хариуцлагаа хүлээж
болно.

-Ю.Цэдэнбал агсны 99 жилийн ой энэ жил тохиож МАН, МАХН хоёр өрх
тусгаарласнаас хойш анх удаа хамтарч цэцэг өргөсөн. Мөн таныг Н.Энхбаяр
даргатай уулзсан гэсэн яриа гарсан…

-Н.Энхбаяр дарга Төрийн ордонд намаржих шиг боллоо. Би Н.Энхбаяр
даргатай нэг удаа уулзсан. Мэнд мэдсэн тийм уулзалт болсон л доо. МАХН бол яах
аргагүй манай намтай нэг байсан. Манай намд байсан нөхдүүд л олонхийг нь
бүрдүүлж байгаа улс төрийн хүчин. Гэхдээ өнөөдөр энэ нам засгийн эрхийг барьж
байна. Бид сөрөг хүчний байр сууринаас сонгуульд орох гэж байгаа улс төрийн
хүчин. Сөрөг хүчнийхээ байр сууринаас сонгуульд хариуцлагатай орох ёстой л гэж
бодож байгаа. Үйл явц хаашаа яаж эргэхийг хэн ч тааж хэлж чадахгүй.

-Улс төрийн намуудын рейтинг унасан. Харин сүүлийн үед танай намын
рейтинг бага зэрэг өсч байгаа ч бие даагчдын энд хүрэхгүй байгаа судалгаа
гарсан байна лээ?

-Эрх баригчдын ажиллаж байгаа байдал, энэ зун, намар болсон бүх үйл
явдалд ард иргэд дургүй байна. Хөдөө орон нутагт явж байгаад захын хүнтэй
уулзаж ярилцахад “Арай ч дээ, даанч дээ” л гэж байна. Эрх баригчдын хоорондоо
учраа олохгүй байгаа байдалд Монголын ард түмний өгч байгаа үнэлэлт, дүгнэлт
гэж ойлгож байгаа. Бие даагчид, популист зүйл их ярьдаг хүмүүсийн рейтинг өндөр
байгаа нь зарим судалгаагаар харагдаж байна. Эцсийн дүндээ улс орны өмнө, ард
түмний өмнө, парламентын засаглалтай улс орны хувьд хариуцлагыг нам хүлээдэг.
Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай гэдэг шиг улс төрийн намууд хариуцлагаа
хүлээж, хийх зүйлээ ярьж, засаж залруулж чадаж байгаа нь цаашаа яваг, чадахгүй
байгаад нь ард түмэн хариуцлага тооцож үнэлэлт дүгнэлтээ өгөх байдлаар л
асуудалд хандаасай. Хувь хүн бол яах вэ, их сайхан сайхан зүйл бодогдож л
байдаг юм. Улс гүрэнг авч явна гэдэг бол тийм амар ажил биш. Наад захын жишээ
гэхэд Улаанбаатар хот, 21 аймагт нэг бие даагчийн бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ.
Монголын улс төрийн амьдралд 25 жил явсан Ардчилсан нам төр засгийн ажлыг бүрэн
аваад явчих хэмжээнд боловсроогүй, төлөвшөөгүй байна гэдгийг ард түмэн
анзаараад л судалгаанд оролцсон хүмүүс саналаа өгсөн байх гэж бодож байна.

-Та Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. 2012 оноос хойшхи
Засгийн газар, Ерөнхий сайдад ямар дүгнэлт өгөх вэ?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын хувьд Монголын улстөрчид ч,
Монголын ард түмэн ч үнэлэлт, дүгнэлтээ өгчихсөн. Сайн ажиллаж чадаагүй, эдийн
засгийн хүнд нөхцөл байдалд оруулах үндэс суурийг нь тавьсан. Ч.Сайханбилэг
Ерөнхий сайдыг гарч ирээд засаж, залруулах талд нь дорвитой ажиллачих болов уу
гэж бодсон. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Тэгж чадуулах ч үгүй байх шиг
байна, зарим нэг хүн. Эдийн засаг, орон нутаг, ард иргэдийн хувьд үүсээд байгаа
асуудлыг Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээр зохицуулах, цэгцлэх боломж байгаа.
Түүнийгээ гаргаад, дайчлаад ажиллаж чадахгүй байна. Төсвийн орлого өнөөдөр 660
орчим тэрбум төгрөгөөр тасарчихлаа. Төсвийн зарлага 1.2 их наяд төгрөгөөр дутуу
хийгдлээ. Эндээс харахад төр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг.
Хөрөнгө оруулалт 800 тэрбум төгрөгөөр тасарч байна. Засгийн газар
Монголбанктайгаа уялдаж ажиллахгүй байна. Мөнгө санхүүгийн бодлого, Засгийн
газрын бодлого хоёр хоорондоо уялдаа холбоотой явах учиртай. Зөвхөн нэг жилийн
дотор банкны хугацаа хэтэрсэн зээл 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдчихлээ.
Чанаргүй зээл 245 орчим тэрбум болчихлоо шүү дээ. Энэ бол санхүү, банкны салбар
улам муудаж байгааг илтгэж байгаа хэрэг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа
тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг нэг ч төгрөгийн өр тавиагүй шийдэж
байсан. Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд нэлээд анхаарал хандуулж хоёр жилийн
дотор цалин, тэтгэврийг гурав дахин нэмсэн. Үүнийг Монголын ард түмэн мэднэ.
“Үдийн цай” гэж нэлээд зардалтай хөтөлбөр байсан, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хүүхдийн мөнгөний “автор” нь АН боловч яг өгсөн хүн нь бол би. Энэ бүгд их
зардал шаардсан ажлууд байсан. Гэсэн мөртлөө бид тэр хөрөнгийг зээл тавилгүй
олж болоод л байсан. Тиймээс Засгийн газар өөрийнхөө нөхцөл бололцоог дайчилж
ажиллах ёстой юм. Өнгөрсөн гурван жил цалин тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдсэн бэ.
Цалин таван хувь хүрэхтэй үгүйтэй. Тэтгэвэр 7-8 хувиар л нэмэгдсэн. Тэгвэл
Сү.Батболд гэдэг хүн Н.Алтанхуяг гэдэг хүнд 658 төгрөгийн “Атар” талх хүлээлгэж
өгч байсан. Өнөөдөр энэ талх 1130 төгрөг болчихсон байна. Талхны үнэ нь хоёр
дахин нэмэгдчихээд байхад цалин тавхан хувиар нэмэгдэхээр ард түмний амьдрал
дордох нь аргагүй. Тэгээд статистик нь болохоор ядуурал 27 хувиас 21 хувь болж
амжилттай сайхан буурч байна шүү гэж яриад байдаг. Хэн ийм юманд үнэмших юм бэ.
Муу юм нь дээшээ өсчихсөн, болмоор царайтай юм нь нэг бол байрандаа, үгүй бол
доошоо уначихсан ийм л цаг үе болчихоод байна.

-Нэгэнт үүсчихсэн хямрал, нүүрлэчихсэн аюулаас Монгол Улс, ард түмнийг
туйлдуулчихгүй шиг аваад гарчих гарц байж л таарна. Энэ гарц нь оюунтай толгой
юу, Оюу толгой юу гэдэг дээр эрдэмтэд маргаж байна. Таныхаар бид ямар замаар
замнавал зөв зам руугаа орох бол?

-Монгол Улс үндсэндээ 10-15 жил хоёр толгой тойрч маргасаар байгаад өдий
хүрлээ. Оюу толгой, Таван толгой Монголыг хөгжүүлнэ гэж маш их ярилаа. Үнэн
хэрэгтээ оюунтай толгой л Монголыг авч явна. Оюу толгой ганцаараа авч явж
чадахгүй шүү дээ. 2007 оны дөрөвдүгээр сард Оюу толгойн гэрээ хийгээд УИХ-д
өргөн барьж байсан. Өнөөдрийн байгуулсан гэрээнээс, Дубайн тодотголоос хамаагүй
дээр гэрээ байсан л даа. Монголд ногдох хувь нь 56 хувь, 2014 он гэхэд
хайлуулах үйлдвэр бариад дуусах гэрээ байлаа. Хоёр толгой тойрч маргаад улс
орон хөгжихгүй. Одоо үүнээсээ жаахан салах хэрэгтэй. Хийж чаддаг байсан
зүйлүүдээ сэргээх, чадахгүй байгаагаа чаддаг болохын төлөө зүтгэх юм бол Монгол
Улсад хөгжих боломж, гарц бий.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрийгөө ялан дийл

“Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн нэгэн хараагүй залуу Төрийн ордонд болсон хурал дээр хэлсэн санагдана. Тэр үед хурлын танхим дүүрэн суусан залуус ганцхан түүн дээр анхаарлаа төвлөрүүлж байсан. Эвэртэй туулай үзсэн мэт залуус зангиагаа засч байсан бол зарим нэг нь өрөвдөж хайрласан харцаар ширтэцгээж байсан. Түүний хоолой эрэмгий хийгээд зоримог сонстоно.

Гэхдээ тэр залуу хэн нэгнээр өрөвдүүлэх гэж зориуд олны анхаарлыг татаагүй юм. Би хараагүй ч гэсэн та нартай адилхан сэтгэж чадаж байна. Хийж байна. Бүр ихийг хийхийн төлөө тэмүүлж байна. Ертөнцийг бүхэлд нь харж, гэрэл гэгээг мэдэрч суугаа эрхэм та яагаад боломжийн төлөө зүтгэхгүй байна аа, залхуугаа ял л даа гэж итгэл төгс хэлсэн.

Өнөө цагт юм бүхэн хөгжлийнхөө дээд шатанд хүртлээ шахам хөгжиж байгаа. Гэхдээ залхууг дарах эм тан гаргаж амжаагүй л яваа. Олоон жилийн өмнө ангийн маань хүүхэд “Хичээл хийх гэхээр залхуу хүрээд байх юм. Ер нь лам нарт залхуугаас салгах тарни гэж байдаг болов уу” хэмээн асууж байсан нь тодхон санагдана. Залхуугаас салах тухай хүн бүр ярьдаг ч залхуугийн ганц ерөндөг бол хичээнгүй байх юм. Аливаа тарнийн жинхэнэ үр дүнг үзье гэвэл уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай болдог.

Залхуу бол ололт амжилт бүхний хаалт тээг болдог. Тиймээс энэ хаалтыг нураагаад гарах ганц арга нь хөдөлмөрлөх. Танд ямар ч тарни, ямар ч бурхан хэрэггүй. Хичээл зүтгэл бол амжилтын түлхүүр. Энэ түлхүүрээ бат атгахын тулд хичээх л хэрэгтэй. “Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн хэлсэн тэр үг одоо ч зүрх сэтгэлд минь цуурайлсаар байна.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Ухсан нүхэндээ өөрсдөө уначихаад бурууг Ардын намаас хайх хэрэггүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хүлээгээд авчихлаа. Харин уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжсангүй. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар өөрийн бодол, дүгнэлтийг хэлэхгүй юу?

-Сүүлийн үед улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явцыг харахад эрх баригчид үнэндээ эрх барьж чадахгүй байна. Засагт хамтарч ажиллаж байхдаа бид хэлсэн үгэндээ эзэн болж, хийх ёстой ажлаа хийж ирсэн. Сүүлийн хоёр жил Засгийн эрх барьж буй АН эдийн засгийг яаж унагаж, ард түмний амьдралыг хэрхэн доройтуулснаа өөрсдөө харж, дүгнэлт хийж байгаа биз ээ. Хэн нь эрх барьж чаддаг, хэн нь эрх барьж чаддаггүйг одоо захын хүнээс асуухад л тодорхой хэлнэ дээ.

МАН эрх барьж байхдаа эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэснээр өрхийн орлого бодитоор нэмэгдсэн. 2012 онд өрхийн бодит орлого 47 хувиар нэмэгдсэн статистик үзүүлэлт бий. Хэчнээн айл орох оронтой, унах унаатай болж, ирээдүйдээ ямар их итгэлтэй болж байлаа. Харин өнөөдөр бүх юм эсрэгээр, хоногийн хоолноосоо хэтрэхгүй болтлоо иргэд маань туйлдаж байна.

Үнэгүй хувцас тараана гэхэд иргэд маань яаж шөнө нойроо хугаслан оочерлож байгаа, “Номин”-гийн сугалаа явагдахад хэдэн мянгаараа азанд найдан гудамж дүүртэл зогсож байгааг улс даяараа харлаа. Ийм байхад “Амьдрал сайхан байна” хэмээн дарга нар худлаа ярих хэрэггүй. Нөгөө улс шиг хөгжиж хүн шиг амьдарна гэдэг нь энэ гэж үү хэмээн хүмүүс шогширч байна. Эрх барьж чадахгүй байгаагийн наад захын жишээ л энэ шүү дээ.

-Өнгөрсөн хаврын чуулган улс төрийн намууд хамтарсан үед болсноороо онцлог. Бас зунжингаа УИХ завсаргүй хуралдлаа. Үр дүнг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Хамтарсны үр дүнд гарсан ахиц дэвшил байлгүй л яахав. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд эдийн засаг тодорхой хэмжээнд тогтворжиж эхэлсэн. МАН-ын бүлэг зөв зүйлд нь дэм болж, буруу зүйлд хазаар болж ажилласан.

2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Их хурал зургаан удаа чуулганаа хуралдуулсан. Энэ хугацаанд өнгөрөгч хаврын чуулган л хамгийн үр дүнтэй нь байсан. Хаврын чуулганаар 22 бие даасан хууль, 130 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь бид эх орон, ард түмнийхээ төлөө нэгдэж ажиллавал үр дүн гардгийг дахин нотолсон. Харамсалтай нь МАН-ыг зөвхөн Засгаас гаргахын тулд л ээлжит бус чуулган зарлаж, хямарсан эдийн засгаа аврах биш хэдэн хүнийг сайд болгох асуудал ярьсаар зун намрыг барлаа. Дахин дахин ээлжит бус чуулган зарласан ч товлосон асуудлуудаа ч хэлэлцэж дуусгалгүй завсарлалаа. Хоёр удаагийн ээлжит бус чуулган эрх баригчид Засгийн эрх барьж чадаж байгаа эсэхдээ дүн тавиулсан чуулган болсон. Эдний болчимгүй үйлдлээс болж төр засаг, УИХ-ын нэр хүнд шалдаа унаж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйг АН-ынхан мэдэж байгаа байлгүй дээ. Тэд өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө л уначихлаа. Үүний бурууг Ардын нам юм уу, ард түмнээс, гадна дотны хүчин зүйлээс хайх хэрэггүй. Буруугаа бусдад тохож, элдэв нэр хаяг зүүж, уснаас хуурай гарах гэж оролдох бүр ч утгагүй.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тиймээс өнөөдрийн улс төрийн өрнөлийг эдийн засагтай холбоотой гэж харахаас өөр замгүй байна. Танай намыг Засгийн эрх барьж байхад уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Нүүрсний экспорт гэхэд жилд 30 сая тоннд хүрч байлаа. Харин есөн сая гаруй тонн нүүрс одоогоор экспортлоод байна. Эдийн засгийн хүндрэлийг АН-аас хайгаад утгагүй юм биш үү. Дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ тэртэй тэргүй унаж байна шүү дээ?

-Эдийн засгийн өсөлтөд гадаад экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь үнэн л дээ. Өнөөдөр яагаад экспортын хэмжээ буурав гээд аваад үзэхээр гадаад нөхцөл байдлаас илүүтэй сүүлийн хоёр жил төр барьсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа буруу байсантай холбоотой. Хэрвээ өмнөх Засгийн газрын үед явуулж байсан бодлогыг үргэлжлүүлэн “Чалко”-той байгуулсан гэрээг мөрдсөн бол, Оюу толгой, Таван толгойгоо АН доторх фракц хоорондын өчүүхэн явцуу эрх ашгийн зөрчлөөс болж гацаагаагүй бол, төмөр замаа яриад л суух биш аль хэдийнэ тавьчихсан бол уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ ингэж шалдаа буурах байсан гэж үү. Оюу толгой ингээд таг зогсчих байсан уу. Таван толгойн төмөр замыг тавьсан бол өнөөдөр экспорт буурах биш харин ч нэмэгдэх л байлаа. Яах аргагүй бодлогын алдаа, болчимгүй үйлдэл, төрийн залгамж чанар алдагдсанаас л болсон.

Монгол бол нэг л улс. Нэг улс бол нэг айл гэсэн үг. Энэ айлын эхнэр, нөхөр, хүүхдүүд нь хоорондоо хэрэлдэж уралцаад, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал энэ айлын амьдрал яаж дээрдэх юм. Өрхийн тэргүүн буюу олонхи болж Засгийн эрх авсан АН-ынхан анхнаасаа тооцоо судалгаатай зөв бодлого хэрэгжүүлсэн бол эдийн засгийн нөхцөл байдал боломжийн хэмжээнд байхаар байлаа. Гэтэл тэд бодлого ярих биш өөр хоорондоо хэрүүл хийж, улстөржиж, талцан хуваагдсан. Зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд өмнө нь эрх барьж байсан Засгийнхаа бодлогыг үгүйсгэсэн. Үнэндээ ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө ч олигтой хэрэгжүүлж чадахгүй оромдож байна. Нэг үгээр хэлбэл тэдний бодлогогүй, харалган явсны горыг улсаараа амсаж байна.

-Гэхдээ эдийн засгийн өсөлт өндөр байгаа үед нь хуримтлал бий болголгүй МАН-ынхан халамж хэлбэрээр бүх мөнгөө цацаад дуусгасан гэдэг. Хэрэв тэр үед хуримтлал бий болгосон бол өнөөдрийн хүндрэлийг даван туулах хангалттай боломж байсан гэж ярьдаг шүү дээ?

-Эдийн засагт өнөөдөр бий болсон хүндрэлийн автор нь эрх баригчид өөрсдөө. Бид тогтсон хөгжлийн бодлоготой, товхийсон сан хөрөнгөтэй, өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн эдийн засгийг одоогийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Ханыг нь дугуйлж тооныг нь өргөчихсөн гэрийг эд нар ганцхан жилийн дотор л нурааж орхиод өнөөдөр тархиа гашилгаж сууна.

Эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаан дээр л үнэ тогтдог. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт үгүй. Эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд хувь хүмүүсийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс тодорхой хэмжээнд эрэлтийг бий болгох бодлогыг МАН явуулсан. Нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжсэн бодлого ч явуулсан. Тэр утгаараа эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зохистой явж ирсэн тул эдийн засгийн өндөр өсөлт бий болж байсан юм. Иргэдийн худалдан авах чадвар сэргэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байлаа. Үүн дээр эрэлт, нийлүүлэлтийг зохистой байлгахын тулд хөрөнгө оруулалт, хэрэглээг дэмжсэн бодлогыг хослуулан явуулж ирсэн. Тэгж л 17 хувийн өндөр өсөлт бий болсон. Харамсалтай нь энэ бүхэн одоо дурсамж болон үлдэж. Өнөөдрийн нөхцөлд Монголын эдийн засаг ердөө гурван хувь болтлоо агшлаа. Энэ маань иргэдийн идэх хоол, өмсөх хувцас тэр хэмжээгээр хорогдсон гэсэн үг шүү дээ. Орлогогүй, олдог хэд нь хомсодсон айл юугаараа бараа бүтээгдэхүүн худалдаж авах билээ. Иргэдийн худалдан авах чадвар илт буурчихаар дөнгөж хөл дээрээ босч байсан үндэсний үйлдвэрүүдийн ихэнх нь дампуурч байна. Эрх баригчид өнөөдөр хоёрхон жилийн дотор долоон аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон гээд л сүржин үлгэр яриад байна. Гэтэл энэ долоон аймгийн авто замын 50 хувь нь өмнөх засгийн үед хэдийнэ баригдчихсан байсан юм шүү. Эрх баригчид ард иргэдийн амьдралыг ийм болтол нь доройтуулснаа ядаж хүлээн зөвшөөрөх хэмжээний ёс зүйтэй байх ёстой.

-МАН Засгийн газарт хамтарч байх хугацаандаа бүхий л томоохон яамдуудад хүмүүсээ сайдаар тавьсан. Тэр үедээ энэ яриад байгаа бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн бол өнөөдрийн нөхцөлд бага ч атугай дэм болох байсан юм биш үү. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болоод байх шиг санагдах юм?

-2012 оноос хойш тасралтгүй өсөж байсан ам.долларын ханш МАН-ыг Засгийн газарт ажиллаж байх хугацаанд 1820 төгрөг хүртлээ буурсан. Энэ бол манайхны явуулж байсан бодлогын тодорхой үр дүн гэж хэлж болно. Уг нь эдийн засагт гарсан үр дүнгийн нааштай эхлэл байсан. Харамсалтай нь биднийг цаашид ажиллах боломж бололцоог өгсөнгүй. Хоёр жилийн хугацаанд унагасан бодлогын алдааг зургаахан сарын дотор засна гэдэг амаргүй хэдий ч МАН-аас томилогдсон зургаан сайд сайн ажилласан. Ерөнхий сайд нь “Өнгөрсөн хоёр жил бидний гаргасан алдааг засахад туслаач ээ. Та нар хамтарч ажиллаач ээ. Бид үнэхээр эрх барьж чадахгүй юм байна аа” гэж уйлж дуулсан урилга ирүүлсэн. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд нь өөрөө зургаан сайдаа огцруулах бичгийг өргөн барьж, “Энэ зургаан сайдыг бид муу ажилласан гэж сольж байгаа юм биш. Үнэхээр сайн ажилласан. Гэхдээ улс төрийн шийдвэр гараад огцруулахаас аргагүй нөхцөл байдалд орууллаа” гэж мэдэгдсэн. Энэ бол Ерөнхий сайдын зүгээс зургаан сайдад өгсөн үнэлэлт дүгнэлт юм. Танхимын тэргүүн нь ингэж дүгнэж байхад АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлт энэ тэр бол зүгээр л шалтаг төдий хөөрхийлөлтэй зүйл юм даа.

-Та яриандаа АН засаглаж чадахгүй байна гэдгийг хэдэнтээ дурдлаа. Ирэх жил сонгууль болно. Тиймээс битүүхэндээ биднийг дэмжээрэй гэдгээ хэлээд байгаа юм уу даа?

-МАН-ын рейтинг тасралтгүй өсч байгаа. Харин АН-ын рейтинг тасралтгүй унасаар л байна. Энэ нь АН эрх барьж чадахгүй байгаагийн бодит жишээ. Иргэд тулхтай улс төрийн хүчин өөр байдаг юм байна гэдгийг яс махандаа тултал мэдэрч байна. МАН-ын рейтинг парламентад суудалтай болон суудалгүй намуудаас хамгийн өндөр явж байна. Энэ бол хараат бус олон байгууллагын судалгаанаас харагдаж байна л даа. Ард иргэдийн итгэл дэмжлэг сэргэж, нэмэгдэж байгаа учраас бид илүү хичээж хариуцлагатай ажиллах ёстой гэж ухамсарлаж байгаа.

-Ж.Энхбаяр гишүүн та хоёр Уул уурхайн сайдад бензин, шатахууны үнийг бууруулах тухай шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ онцгой албан татварыг тэглэх ёстой гэж зарим гишүүн ярьсан. Онцгой албан татварын мөнгөөр өнөөдөр хүүхдийн мөнгө зэрэг халамжийн мөнгийг олгож байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд онцгой албан татвар байх ёстой юм биш үү?

-Онцгой албан татварыг тэглэхээс өөр зохицуулалтын арга хэмжээг авах ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн үнийг тогтвортой байлгана гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр нефть импортлогч компаниудад олгосон. Хоёрдугаарт, жирийн иргэд ам.долларыг 2000 төгрөгөөр авч байхад нефть импортлогч компаниуд ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож авдаг байсан. Мөн Онцгой албан татварыг чөлөөлж байлаа шүү дээ.

2012 онд дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллар байсан бол одоо 40 ам.доллар болж огцом буурлаа. Татварын хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлээд байхад бензин, шатахууныхаа үнийг яагаад хямдруулж болдоггүй юм бэ?

Онцгой албан татвар байх ёстой. Ханшийн зөрүүн дээрх төрийн дэмжлэг хаачив аа. Маш бага хүүтэй өгсөн зээл хаашаа орчихов. Дэлхийн зах зээл дээр гурав дахин хямдарчихаад байгаа нефтийн бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй байсан тэр үеийн ханшаар нь зарсаар л байна. Үүн дээр зохицуулалт хийх ёстой гэсэн шаардлагыг бид тавьсан. Р.Жигжид сайдыг Уул уурхайн сайдаар анх томилоход ч ярьж байсан. Сайд болонгуутаа энэ асуудлыг шийднэ гэсэн ч шийдэж өгсөнгүй.

Гуравдугаарт, улсын хэмжээнд бензин шатахууны үнэ яагаад ижил үнэтэй байж болдоггүй юм. Стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ болох эрчим хүч, бензин шатахууны үнийг нэг дүнд бариулмаар байна. Суурь үнэ болсон эдгээр бүтээгдэхүүний үнэ нэг болчихвол Улаанбаатар, Ховд, Дорнодод амьдарч буй хүмүүс ижил үнэтэй бүтээгдэхүүн авах боломж бүрдэнэ. Яагаад алслагдсан газар амьдарч байгаа хүмүүс нь шийтгүүлж байгаа юм шиг өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авах ёстой гэж. Бид ард иргэдийнхээ амьдралын чанарт анхаарах шаардлагатай. Гарц гаргалгаа нь байсаар атал хийх хүсэл эрх баригчдад ердөө ч алга.

-Бензин, шатахууны бизнесийн ард томоохон ашиг сонирхол дагаж явдаг. Улстөрчид нефть импортлогчдын ард байдаг гэж ярьцгаадаг. Ийм нөхцөлд үнэ бууруулах боломж байгаа гэж үү?

-Нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих уу. Нийтийн эрх ашгаа эн тэргүүнд тавих уу гэдэг хоёр сонголтын өмнө бид байна. Дэлхийн зах зээл дээрх ханштай үнээ тэнцвэржүүллээ гээд тэр хүмүүс дампуурчихгүй л байлгүй. Тиймээс яагаад нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж болохгүй гэж. Тэр хүмүүсийг дампуур гэж байгаа юм огт байхгүй. Олж байгаа 10 төгрөгийнхөө дөрвийг нь ард түмэндээ зориулчих л гэж хүсч байгаа хэрэг л дээ.

-Манай улс Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барина гээд байсан нь юу болов. Дотооддоо үүнийгээ шийдээд явчихвал заавал нефть импортлогч нараас хараат байх албагүй юм биш үү. Нефть боловсруулах үйлдвэрийг олон жил ярилаа. Одоо ажил хэрэг болгож болохгүй юм уу?

-Төрийн залгамж чанар алдагдсан, Монгол Улс хөгжлийн тодорхой бодлоготой болж чадахгүй байгаагийн илрэл энэ юм. Сү.Батболдын Засгийн газрын үед Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарч, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай трейд” зэрэг компани хөрөнгө оруулаад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд энэ ажил бүрмөсөн зогссон. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дорнод, Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гээд явж байх жишээтэй. Найман сарын дараа сонгууль болно. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар нь хаана нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэх юм, бүү мэд. Төрийн зөв бодлогыг цаашид үргэлжлүүлэх ёстой. Гэвч үргэлж улстөрждөг, бие биеэсээ ялгарах гэсэн үзлээс болж төрийн бодлого савладаг. Төрийн бодлого тогтворгүйн хар гайгаар өнөөдөр өндөр үнэтэй импортын шатахуун хэрэглэж байна. Нөгөө талд Тамсаг булагт сая сая баррель нефтиэ түүхийгээр нь экспортолж байна. Тиймээс аль ч засгийн үед чиг шугамаасаа хазайдаггүй урт хугацааны хөгжлийн тогтвортой, тууштай бодлогыг УИХ дээр боловсруулж байгаа. Энэ асуудал шийдэгдвэл нефтьтэй холбоотой олон асуудал шийдлээ олно.

-Хөгжлийн бодлогын асуудлаар парламент дахь намын бүлгүүдийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил яагаад сураггүй болчихов?

-МАН 2011 онд “Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2031” гээд 20 жилийн хугацаанд Монгол Улсыг ингэж хөгжүүлнэ гэсэн тооцоо судалгаатай хөтөлбөр баталсан. 2013 онд нийгэм, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул МАН-ын XXVII Их хурлаар ард түмний хөгжлийн хөтөлбөртөө тодотгол хийсэн. Үүнийг өөрчилсний дүнд “2021-Ард түмний хөгжлийн зорилт”-ыг баталсан. Улс төрийн намуудыг үүн дээр хамтарч ажиллаач ээ хэмээн Үндэсний зөвшилцлийн уриалга гаргасан. Үүн дээр тулгуурлан 2014 оны нэгдүгээр сард УИХ-д урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. 2014 оны дөрөвдүгээр сард УИХ дээр МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нарын ахалсан Ажлын хэсэг байгуулсан. Ажил явагдаж байгаа. Намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ. Урт хугацааны хөгжлийн бодлогоо баталж чадвал БИД НЭГ МОНГОЛ болно. Бидний зовлон, жаргал, үндэс угсаа гээд бүх зүйл нэг байтал яагаад дэмий хоорондоо зөрчилдөж цаг алдаж, хөгжлөө хөшөөх ёстой гэж.

-Намрын чуулганаар урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр оруулж ирсэн байна лээ. Хүлээлттэй байсан Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль багтсангүй…

-Төрийн тогтолцоогоо улам боловсронгуй болгох шаардлага бий. Тэр ч утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг. Сонгуулийн хуультай холбоотой гэхээр хар машины асуудал байна. Төрийн эрхийг ард түмэн барьж байна уу, хар машин барьж байна уу? Энэ эргэлзээг арилгах ёстой. Ард түмэн тэр чигтээ хар машинаар сонгууль явуулахыг дэмжихгүй байгаа. Хэрхэн ард түмний гарт төрийн эрх мэдлийг байлгах вэ гэдгийг шийдэхийн тулд Сонгуулийн хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл өнөөдөр үүнээс том асуудлууд бидний өмнө тулгарчихлаа. Цалин тэтгэврээ яаж тавьж, эхэлсэн хөрөнгө оруулалтуудаа яаж дуусгах вэ гэдэг толгойны өвчин боллоо. Монголчууд 60 сая толгой малтай болсон гэж цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ малын түүхий эдийн ханш унаж байна. Үүнийг дагаад хөдөөгийн ард иргэдийн амьдрал хүндэрч байгаа. Энэ жил ургацынхаа 50-60 хувийг алдана, импортоор гурил авна гэж байна. Бид мах, гурилаа өөрсдөө бэлдэж, үйлдвэрлэж чаддаг байсан. Гэтэл бид хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа болилоо. Тиймээс МАН-ын гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа юм. Мал махыг экспортод гаргаж, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах тал дээр шаардлага тавьсан. Өнөөдөр уг нь бид нэгэнт хүрсэн түвшнээ яаж хөгжүүлэх вэ гэж ярих ёстой байтал хүрсэн түвшнээсээ уруудаж байгаа энэ уналтыг хэрхэн зогсоох вэ гээд ярьдаг болж. Эрх барьж буй нам бодлогогүй явж ирсний горыг ард түмэн амсаж байна даа.

-Мах экспортолно гэж манайхан яриад байгаа ч гадны импортлогч орнуудын хувьд стандарт шаардлага өндөр. Энэ бүхнийг даван туулж махаа гаргана гэдэг амаргүй л байх?

-Энэ асуудал сүүлийн хоёр жилд учирч байгаа асуудал биш. Өмнөх жилүүдэд ч гарч байсан. Социализмын үед хэдэн сая малыг хөлөөр нь туугаад гаргадаг байсныг мэдэх байх. БНХАУ малыг хөлөөр нь, махаар нь ч авъя гээд ярьж байна. Манай улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь яваад байгаа хэрнээ энэ бүхэн яагаад бодит ажил хэрэг болохгүй байна вэ. Энэ асуудлыг бодит ажил болгоно, зөвхөн төрийн өмчит компани мах худалдаж авна, экспортолно гээд “Монгол мах” корпорацийг байгуулсан. 20 жилийн турш энэ чиглэлээр явж ирсэн компаниудыг туслах үүрэгтэйгээр оролцохоор болгосон. Өрсөлдөөнийг хязгаарлах тусам монополь байдал бий болдог. Төрийн өмчит “Монгол мах” корпораци байгуулсныг буруу гэж үзэж байгаа. Махны салбарт 20 жил туршлага хуримтлуулсан компаниудаа дэмжих ёстой. Тэдэнд 20 жил харьцсан түнш гэж бий. Нэг худалдан авагчтай байвал нийлүүлэлт түүнээсээ л хамааралтай байдаг. Тиймээс аль болох олон худалдан авагч бий болгох замаар эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр хэмжээгээр махны үнийг өсгөх боломжтой. Тиймээс махны экспортыг ганцхан монополь компаниар биш, олон компаниар явуулах нь зөв.

-Сүүлийн үед УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүд илэрхийллээ. Мөн Засгийн газрыг огцруулах асуудал ч хөндөгдөж байна. Та үүний талаар юу гэж бодож байна?

-МАН бол хариуцлагатай, тулхтай улс төрийн хүчин. Бүхэл бүтэн төрийн эрх барих дээд байгууллагыг тараах асуудлыг зүгээр нэг босож суухын зуурт ярьж болохгүй. Монголын төр эзэнтэй хариуцлагатай байх ёстой. Эрх барьж байгаа нэг намын алдаатай бодлого, нэр хүндээс болж төрийн тогтолцоо тэр чигээрээ эмх замбараагүй болж, хууль тогтоох байгууллагын хүчин чадал шавхагдаж, ард түмний төрд итгэх итгэл унаж байна шүү дээ. Үнэхээр энэ УИХ үлдэж байгаа хугацаандаа үр дүнтэй ажиллаж чадах уу гэдэг асуудал санаа зовоож байна. Зөвшилцөл, ойлголцлын замаар явбал томоохон асуудлуудаа шийдэх боломж бий. МАН тулхтай, тууштай байр сууриа баримталсаар байх болно. Харин эрх баригчдын ойлгомжгүй байдал цаашид үргэлжилсээр байвал УИХ-ын хүчин чадал хугацаанаасаа өмнө бүрэн шавхагдаж дуусахыг үгүйсгэхгүй. Тийм болохоор эрх баригчид илүү хариуцлагатай, бодлоготой ажиллах шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Би гаргаагүй шийдвэрийнхээ төлөө хэрэгтэн болохгүй

УИХ-ын
гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Өршөөл
үзүүлэх тухай хуулийн хоригийг Их хурал хүлээж авсан ч уг хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжилгүй
хаалтаа хийлээ. Нийгэмд маш их хүлээлт үүсгээд буй уг хуулийг хэзээ хэлэлцэх
вэ?

-Уг хуулийг
хамгийн ихээр хүлээж байгаа хүн бол ард түмэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд
Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг Их хурал хэлэлцээд хүлээж авсан. Гэсэн
ч ажлын хэсэг байгуулан ажиллаад ч нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцэн шийдвэрлэж
чадсангүй. Долоо хоногийн дараа намрын чуулган эхэлнэ. Тэр хүртэл Өршөөлийн
хууль хойшилж байна.

-АТГ хоёр
гишүүн шалгагдаж байгаа гэж байсан ч Ё.Отгонбаяр гишүүнд хэрэг үүсгэх
үндэслэлгүй гэлээ. Хоёр гишүүний нэг гэгдэж байсан таны талаар юм хэлэлгүй
өнгөрсөн. Тэгэхээр таныг шалгаж байгаа гэж ойлгох уу?

-Би нэг зүйлд л
харамсаад байгаа юм. Хувь хүнийхээ үүднээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж
байгаа. Үнэхээр авлигач, албан тушаалтнуудтай холбоотой хэрэг байгаа бол өршөөж
болохгүй. Авлига авлаа гээд ямар гавьяа байгуулсан биш дээ. Энэ талаар АТГ 120
гаруй авлигачтай холбоотой 350 гаруй тэрбум төгрөгийн асуудал байна гэсэн.
Үнэхээр тийм их хохирол учруулсан бол өршөөж болохгүй. Ямар ч эрүүл ухаанаар
бодсон тийм авлигачдыг өршөөж байдаг Их хурал байж болохгүй. Тийм ёс суртахууны
эрх байх уу.

Би Байнгын
хорооноос албан ёсны бичиг аваад судалгааг нь авсан. Тэр жагсаалтыг гишүүд ч
хэлж байна. АТГ-ын мэдэгдэл байнга өөрчлөгдөж байна. Анх хоёр гишүүний асуудал
байгаа гэчихээд дараа нь нэг гишүүн байгаа гэж мэдэгдсэн. Хурлын явц дунд
ингээд өөрчлөөд байж болдог юм уу. Өөрсдөө 350 тэрбум төгрөгийн хохирол
учруулсан гэж ярьчихаад одоо болохоор бид тийм зүйл яриагүй. 32 тэрбум
төгрөгийн асуудал байгаа гэж байна. Гурван Засгийн газрын өмнө Боловсролын
сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой улиг болсон зүйлээ
ярьсаар ирсэн. Энэ их хугацаа өнгөрчихөөд байхад шийдчихгүй өнөөдрийг хүртэл
шалгаад л байдаг юм уу. Гурван Засгийн газрын өмнө Батлан хамгаалах яаман дээр
байсан хоёр төслийг шалгасаар л байдаг юм уу. Өчнөөн жил мөрдлөг, мөшгилт хийж
олон хүнийг ажил, амьдралгүй болтол нь шалгасан. Гэтэл олон зуун тэрбумаар
яригддаг өнөө том хэргүүд юу ч байхгүй байна. Бидний яриад байгаа авлигатай
тэмцэх тэмцэл чинь Өршөөлийн хуультай ямар ч хамаагүй юм байна. Бид ямар ч
авлигачийг өршөөгөөгүй юм байна.

-Өршөөлийн
хуулиар өөрсдийгөө аваад гарах нь гэсэн хардлага байгаа шүү дээ?

-Ё.Отгонбаяр
бидний хувьд Өршөөлийн хууль ямар ч хамаа байхгүй ээ. Энэ бүхний цаана тодорхой
захиалгат ажиллагаа яваад байна гэдэг нь ажиглагдаад эхэлчихлээ. Хурлын үеэр
хамгийн сонин нь анх надад Эрүүгийн хэрэг нээгээд, түүнийгээ прокурорт
шилжүүлээд прокурор нь түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг ирж байгаа байхгүй юу. Бид
ардчилалд шилжээд 25 жил болж байгаа. Гэтэл өөрт нь мэдэгдэлгүйгээр янз бүрийн
гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөөд, прокурорт шилжүүлдэг явдал больчихсон
шүү дээ.

-Тухайн хүн нь
өөрөө мэдээгүй байхад хэрэг нээсэн тохиолдолд ямар хуулийн хариуцлага байдаг юм
бол. Цаашид та яах бодолтой байна?

-Чуулган дээр
тодорхой мэдээлэл өгсөн. Хууль бусаар хэрэг нээгээд хүний эрх зөрчигдсөн үед
яадаг юм бэ гээд асуусан чинь Прокурорт ханддаг гэж байсан. Тийм болохоор би
иргэн хүний хувьд гомдол гаргахаас өөр зам байхгүй.

Н.Алтанхуягийн
Засгийн газрыг огцруулах үед л яригдаж байсан. 2014 оны аравдугаар сарын 28-нд
“Батлан хамгаалах яаман дээр өөр хүмүүсийн нэр дээр хууль зөрчсөн үйлдэл
гарсныг шалгаж байгаа. Та ирж тайлбар өг” гэсэн. Би очиж тайлбараа өгсөн. Гэтэл
өөр хүний хэрэг дээр “Та нэг сэжигтэн шүү” гэж хэлж байсан юм. Тэр үед би
үнэхээр гайхсан.

-Яагаад
сэжигтэн гэж үзсэн юм бол?

-Би өөрөө ч
гайхаад өнгөрсөн. Сайд байсан үед гарсан зөрчил дутагдал бүхэн тухайн үед
сайдаар ажиллаж байсан хүмүүст хамаатай болж, сэжигтэн болох нь л дээ. Ийм зүйл
байж болохгүй гээд бүх мэдээлэл, материалуудыг нь гаргаад, тэнд гарсан
асуудлуудыг тодорхой болгосон. Гэтэл өнөө л Өмнөд Суданд цэрэг илгээсэн, Энхийг
сахиулах цогцолбор, нэг байрны асуудал байсан. Эдгээрийн талаар холбогдох
газруудаас нь мэдээлэл авч дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Арваннэгдүгээр сарын 5-нд
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал хураалт явагдсан. Яг энэ өдөр
АТГ-ын удирдлагаас “Энэ Засгийн газрыг байлгах шаардлагагүй. Унагаах ёстой”
гэсэн дарамтууд ирсэн. Энэ бүхэн бүгд гэрч, баримттай болохоор би яриад байгаа
юм.

-Яг яагаад
хэрэг нээх болсон юм бол. Гэхдээ таныг дмпломат дархан эрхтэй гэсэн байсан
гэлүү?

-Би тэр Засгийн
газарт ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр гарсан ч гэсэн заавал эсрэг санал
өгөх албагүй. Тэр утгаараа Их хурлын гишүүнийхээ эрхийг эдлээд би Засгийн
газрыг унагаахгүй гэдэг санал өгсөн. Тухайн үед унагаах кноп дарсан нь олонхи
болоод явсан. Намайг сэжигтэн болгож, надад дарамт үзүүлэх хөшүүрэг байсан юм
билээ. Арваннэгдүгээр сарын 12 буюу түүнээс долоо хоногийн дараа надад хэлэлгүйгээр
нууцаар над дээр хэрэг нээгээд прокурор нь нэгдүгээр сарын 27-нд “Их хурлын
гишүүн дипломат дархан эрхтэй” гэдэг хачин тайлбар өгөөд түдгэлзүүлсэн байгаа
юм. Надаас нэмж авах тайлбар үндсэндээ байхгүй.

Үнэхээр зөв үү,
буруу юу гэдгийг нь мөрдөн байцаагч үзээд шүүх дээр очоод тэр үнэн нь гарч ирэх
ёстой. Гэтэл энэ хэргийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүнд
зохиомол хэрэг нээж түүгээрээ дарамтлах, шийдвэрт нь нөлөөлөх гэж байгааг
тухайн үед би ойлгоогүй явсан юм билээ. Албан бичгийг нь аваад үзтэл ийм
аймшигтай юм болгосон байгаа юм даа. Монголын хуулийн байгууллага болохгүй
байна. Энэ бол авлигатай тэмцэх тэмцэл биш байна аа.

Авлигатай тэмцэх
гэсэн ариун зорилтын цаана тодорхой хэсэг бүлэг хүний, хэсэг бүлэглэлийн ашиг
сонирхол яваад байна. Өөр ашиг сонирхлын төлөө хүмүүст иймэрхүү зүйлийг пайз
мэт зүүдэг байж болохгүй. Хэсэг хүмүүсийг шалгаж, тэд барьцаанд нь ордог. Гэтэл
зарим хүмүүс нь дархлагдсан эрхтэй цаана нь байх юм. Авлигатай тэмцэх тэмцэл
чинь хамгийн зөв тэмцэл байхгүй юу. Өнөөдөр хамгийн буруу тэмцэл болгоод
хаячихлаа. Тодорхой хэлмэгдлийн эх үүсвэр болгож болохгүй. Жинхэнэ утгаараа
авлигын хэрэг нь шалгагдаж, үнэн мөн нь тогтоогдох ёстой хүмүүс нь цаана нь
гарчихаад байна. Өөрөөр хэлбэл авлигагүй төр нь авлигачтай тэмцдэг биш. Жинхэнэ
авлигачид нь авлигагүй төрөө дарамталдаг боллоо. Юм орвонгоороо эргэчихээд
байна. Энэ бүхнийг ээлжит бус чуулганы хугацаанд ойлгож авлаа.

-Бодвол
шинжээчийн дүгнэлт гарсан байдаг байх. Түүн дээр л нарийн утга учрыг нь
гаргасан байдаг байлгүй дээ?

-Хүнийг түмэн
янзаар гүтгэж болохоор байна. Шинжээчийн дүгнэлт гээд юм байгаа. Түүнийгээ
даанч надад танилцуулахгүй байгаа юм. Үнэхээр хэрэг нээсэн бол би дүгнэлттэй нь
танилцах ёстой. Одоо мөрдөгдөж байгаа хүмүүсээс асуухаар шинжээчийн дүгнэлт гэж
хаа хамаагүй худлаа дүгнэлт гаргуулдаг. Эсвэл хэн нэгнийг дарамталж байгаад хэн
нэгний эсрэг худлаа мэдүүлэг авдаг. Монголын эрх зүйн шинэчлэл хамгийн
хоцрогдсон зам руугаа орж байгаа юм байна. Хууль зүйн эрх зүйн шинэчлэлийг
Хууль зүйн байнгын хороон дээрээ сайтар ярьж, нэг мөр цэгцэлж авахгүй бол бид
үр хүүхдүүддээ ямар улс үлдээх гээд байна аа. Энэ бол дэндүү аймшиг болсон
байна гэдэг нь харагдаад байгаа л даа.

-Хоёр
гишүүнийг шалгаж байгаа гэчихээд нэгийг нь хэрэг үүсгэх шалтгаангүй гэж
тайлбарлах юм. Хоёулаа биш яагаад нэг хүнийг нь онцлоод үлдээчихэж байгаа юм
бол. Энэ тал дээр ямар бодолтой яваа вэ?

-Харин тиймээ,
гайхаж л сууна. Л.Гансүх зөвлөхийн шүүх хурлыг шоронд хаалттай хийх дөхлөө.
Харин тэр шүүх хурал нээлттэй явагдсанаар хаана, юу байгаа нь хүмүүст илүү
ойлгомжтой болж байгаа биз. Гэтэл надад холбоотой гээд байгаа хэргийг хэн, ямар
шалтгаанаар нуугаад байгаа нь ойлгомжгүй. Өмнөд Суданд цэрэг явуулсан, энхийг
сахиулах байрны асуудал байгаа гээд тэд өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр
хангалттай зарласан. Үүнд нууц юм гэж байхгүй, үндэсний аюулгүй байдалд харшлах
юм байхгүй. Түүнийгээ болохоор Батлан хамгаалах яамтай холбоотой гэж байгаад
далд шүүгээд хүнийг хэлмэгдүүлж, тэр хэцүү газраасаа мөлхөөд гарч байвал болоо
гэсэн зорилго тээж, эрүү шүүлтийн зам руугаа орох гээд байна. Авлигатай тэмцэх
тэмцэл нь хүнээс өшөө авах, хүнийг залхаан цээрлүүлж, тодорхой хэсэг бүлэг
хүмүүсийн өш хонзонгийн хэрэгсэл болгочихоор үүний цаана хүний амь үрэгдээд
эхэлчихэж байгаа л даа. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан гэдэг хүн
амиа алдсан. Бие нь тааруу байсан болохоор л амиа алдаж байгаа шүү дээ. Гэтэл
зүв зүгээр байсан хүн гэнэт нас барчихлаа гэж яриад байгаа. Тийм зүйл гэж
байдаггүй юм. Батлан хамгаалах яамны гэм зэмгүй тодорхой албан тушаалтны бие
тааруу байж байгаад амиа алдсан явдал ч бий. Авлигатай тэмцэнэ гэдэг хамгийн
ариун тэмцлийг цустай хутгаад байгаа юм. Ийм байж болохгүй. Хүний амь настай
холбоотой ийм зүйлийг үндэсний хэмжээнд авч үзэхгүй бол болохгүй болчихлоо.
Хэлмэгдэл чинь хэзээ ч алаад өг гэдэггүй. Эхлээд ард түмний дайснаар зарлаад
жигшил зэвүүцлийг төрүүлж байгаад устгадаг.

-Өнөө цагт
хэлмэгдүүлэлт байгаа гэж харж байгаа юм уу?

-Хуучин бол Японы
тагнуул гэж хэлүүлэхээс айдаг байлаа. Энэ Японы тагнуул гээд хэлэнгүүт тэр
хүнийг өчиггүй бууддаг байсан. 20 жилийн дараа эргэн харахад хөдөө хээр малаа
маллаж явсан хүнийг л буудчихсан байдаг байсан юм. Эхнэр хүүхэд, мал хуйг нь
авах гэсэн зорилгоор буу барьсан алуурчин хийдэг байж. Социализм ярьж байгаа
үед үндэсний соёл урлагаа хөгжүүлсэн гээд манай аав хэлмэгдэж явсан. Ажлаас нь
халж, гэрийн хорионд байлган зохиол бүтээлийг нь шатааж, гадагшаа явах
томилолтыг нь болиулж байлаа. Ар гэрийнх нь байдлыг үнэхээр хэцүү байдалд
оруулдаг байсан. Зургаан хүүхдийн минь ирээдүй хэцүү боллоо гээд аав минь тухайн
үед айж л явсан. Манайд ЕАБХАБ-ын хурал болсон доо. Хельсинкийн процесс гэдэг
чинь ядаж үх хүүхдийг нь устгадаггүй байх, зохиол бүтээлийг нь шатаалаа гэхэд
өөрийг нь битгий шатаа гэдэг ч юм уу ийм зөөлөн уур амьсгал руу 1970-аад оны
дундуур орж эхэлсэн. Монгол Улс энэ их зовлон дундуур явсных монголоо шинэ
Хельсинк болгоод явах хэрэгтэй. Шоронгийн түлхүүр шажигнуулсан бүлэг хүмүүс
бүхнийг айлгаад хүн л байвал хэрэг нь олдоно гэсэн байдлаар 1930-1940 оны
хэлмэгдүүлэлтийн нөхцөлдөө эргээд очвол эмгэнэлтэй л байна. Хэлмэгдүүлээд
байгаа хүмүүс нь ч яг үнэндээ жаргаад байгаа юм байхгүй. 1930 оны
хэлмэгдүүлэлтийг явуулсан хүмүүс дараа нь өөрсдөө хэлмэгдсэн. Тэр бүү хэл
тэдний үр хүүхэд хэлмэгдсэн байдаг. Тийм хүмүүс өөдөлдөггүй л байхгүй юу. Энэ
нь аль аль талдаа хэрэггүй л дээ.

Нийгэмд хуулийн
засаглал тогтоогоод авлига, албан тушаалын буруу зүйлийг жигшсэн нийгмийн
соёлыг бий болгоод эрүүл саруул ирээдүй рүү явах ёстой.

-АТГ гэдэг
байгууллагаас айдаггүй хүн гэж алга. Энэ бүхнийг засаад явах боломж байгаа юм
уу. Таныг ингэж ярих тусам өөрөө но-той болоод ингээд байна гэж нэг хэсэг нь
хараад байх жишээтэй. Тэр утгаараа Өршөөлийн хуулийг дэмжсэн гэх юм…

-Би Өршөөлийн
хуулийг нэг гарц гэж харсан. Энэ хууль чинь авлигачдыг өршөөж байгаа юм биш.
Харин ч авлигачдыг илчлэх хууль байхгүй юу. Мөрдөж, шалгаад байхаар нөгөө хүн
чинь “Би хэрэг хийсэн ч гэсэн намайг өршөөе гэж байна” гээд бүх зүйлээ илчлээд,
хохирлоо нөхөн төлөөд нийгмийн өмнө ил болох асуудал л даа. Нэгэнт ингээд ил
болчихсон хүн дахин Их хуралд сонгогдоод явна гэж байхгүй. Ухаандаа энэ нийгэм
цэвэршиж эхлэх процесс байхгүй юу. Хохирлоо төлүүлээд, хүмүүсийн өмнө тэр хүн
хэн бэ гэдгийг гаргаад өгчихөж байгаа юм. Тэр утгаараа бүх зүйл байр байрандаа
очно л гэж ойлгосон. Гэтэл энэ хуулийг авлигачдыг өршөөсөн хууль гээд байх юм.

Ер нь бол гадаад
харилцааны салбараас хоёр дахин их буюу 100 тэрбумын төсөвтэй АТГ гурван
Засгийн газрын өмнөх Батлан хамгаалах яаман дээр хэрэгжсэн хоёр жижиг төсөл,
Боловсролын сайдын эхнэртэй холбоотой нэг хардлага гэх мэт зүйлийг өнөөдөр Их
хуралд өргөн барьж байна. Авлигатай тэмцэх тэмцлээ нийгмийн үзэл санааны тэмцэл
болгох, үл тэвчих уур амьсгалыг хүн бүрт хэвшүүлэх том шинэчлэлээ хийх цаг нь
өнөөдөр мөн юм байна гэдгийг харлаа.

-Өршөөлийн
хууль тэгэхээр танд ямар ч хамаагүй юм байна гэж ойлголоо…

-Ямар ч хамаагүй
ээ. Надад холбоотой гээд байгаа гурван зүйл дээр би шийдвэр гаргаагүй. Би
гаргаагүй шийдвэрийнхээ төлөө хэрэгтэн болно гэж байхгүй. Яаман дээр шийдвэр
гаргасан тодорхой албан тушаалтныг буруутгалаа гэхэд тэр нь яавч Эрүүгийн хэрэг
биш. Магадгүй тодорхой хэмжээнд Сангийн яамны дүрэм, журам зөрчсөн зүйл байдаг
юм боловуу, сайн мэдэхгүй байна. Ямартай ч дээрээсээ авахуулаад бүхий л
шатандаа зөвшөөрлөө аваад явсан. Ямар нэгэн байдлаар үүнийг гуйвуулан зөвшөөрөл
авсан ч байсан буруу гэж буруутгах гээгүй юм бол хууль, журмынхаа дагуу болсон.
Хууль дүрэм тэр тусмаа Эрүүгийн хууль зөрчсөн зүйл орж ирсэн бол би юу гэж
анхнаасаа зөвшөөрөх юм.

Дахин хэлэхэд
Өршөөлийн хууль надад хамаагүй. Зүгээр л нийгмээ цэвэршүүлэх томоохон реформ
шинэчлэлийг хийхэд зохих үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаа. Авлигалын
асуудлыг тусад нь авч үзэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Гар бөмбөгийн спортын алтан медалийн цуглуулгатай ангийнхан

Намрын налгар өдрүүд хэдийнэ эхэлж, хүн бүрийн сэтгэл налайн байна. Энэ л өдрүүдэд Улаанбаатар хотноо Хүүхдийн спортын тавдугаар их наадам үргэлжилж байгаа билээ. Уг наадмын гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багийн төрөлд алтан медаль хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар 12 жилийн дунд сургуулийн 12А ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Эл ангийн хувьд гар бөмбөгийн спортоор долоон жил хичээллэж байгаа юм. Ангийн багш нь гар бөмбөгийн спортын мастер Ж.Мөнхбаяр. Ж.Мөнхбаяр мастерын хувьд хар багаасаа гар бөмбөгийн спортоор хичээллэж амжилт гаргасан гэдгийг тус спортын хүрээнийхэн андахгүй болжээ. Одоо харин тэдний шавь нарыг спортын хүрээнийхэн хэдийнэ “олзолчихож”. Мөнхбаяр багш өөрийн залгамж халаагаа бэлтгэхийн тулд Мандал сумын гуравдугаар сургууль дээр гар бөмбөгийн сургалттай тусгай анги нээх хүсэлтээ илэрхийлэхэд сургуулийн удирдлагууд нь хүлээн авснаар өнөөдрийн “спортлог” ангийнхан бүрэлдэх эх суурь тавигдсан байна.

Аймгийнхаа нэрийн өмнөөс томоохон тэмцээн уралдаанд ангиараа оролцоно гэдэг тийм ч олон тохиолдоод байдаг зүйл биш ээ. Хүүхдийн спортын Их наадмын алтан медальт ангийнхан 28-уулаа ажээ. Бүгд л гар бөмбөгийн спортод “нугасгүй” дуртай. Тэднийг хүүхдийн спортын их наадмын дараа Зүүнхараа хот руу вагоноор буцахынх нь өмнө уулзсан юм. 2015 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус ангийнхан өрсөлдөгч бүх багуудаа илүүрхэн хожсоноор аваргын алтан медалийн төлөө тоглосон.

Өнгөрөгч хавар улсын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн багт 3:1-ийн харьцаатайгаар хожигдон мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа алтан медаль хүртсэн юм. Тэр тусмаа дөрвөн жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын Их наадам буюу хүүхдийн олимпд түрүүлсэн байна. Алтан медалийн төлөө улсын аварга шалгаруулах тэмцээнд хожигдож байсан Өмнөговь аймгийн багтай дахин учраа таарч хожил байгуулснаар алтан медалийн тавцанд зогсож чадлаа.

Хүүхдийн спортын их наадмаас алтан
медаль хүртсэний дараа.

Тус ангийнхан охидын шигшээ баг мөн Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэнтээ түрүүлж улсын аваргад мөн оролцон өнгөрөгч хавар Баянхонгорын охидын багт хожигдон мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн Хүүхдийн спортын их наадмаас хараахан медаль хүртэж чадсангүй. Алтан медаль хүртсэн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Мөнхбаяр, туслах дасгажуулагчаар Сэлэнгэ аймгийн Спорт сургуулийн захирал, Аймгийн Волейболын холбооны нарийн бичгийн дарга, спортын мастер О.Наранбаатар нар ажиллажээ.

Сэлэнгийн шигшээ багийн холбон тоглогч Ганбаатарын Өсөхбаярыг ухаалаг холбогч хэмээн үнэлдэг юм билээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг холбон тоглогч хэмээх шагнал хүртэж байсан санагдана. Г.Өсөхбаярын хувьд багийн ахлагч хэмээх хариуцлагатай албыг давхар хашдаг юм байна. Багийн ахлагч Өсөхөө “Дөрвөн жилийн өмнө ах нар маань Их наадмаар алтан медаль хүртэж байсан. Багш нар маань болон Ж.Эрдэнэбат гишүүн, Н.Оюундарь эгч хоёр заавал алтан медаль аваарай. Ах эгч нар чинь түрүүлж байсан юм шүү” гэж захиж байсан гэлээ. Ямартай ч биднийг дэмжиж байсан бүх хүмүүсийнхээ итгэлийг алдсангүй. Итгэл гэдэг хамгийн чухал байдаг юм хэмээн хэзээний амьдрал үзсэн хүн шиг хэрсүүхэн өгүүлэх юм. 12А ангийнхан Хүүхдийн спортын их наадмынхаа бэлтгэлийг зуны турш базаажээ. Өмнө нь Өмнөговь аймагт хожигдсон болохоор энэ удаа заавал хожих ёстой хэмээн бие биедээ амлалт өгч байсан гэнэ. Тэр ч утгаараа зорьсондоо хүрч Ж.Мөнхбаяр багшийгаа баярлуулсан шүү хэмээн багийнхан нь бүгдээрээ хэлж байсан юм.

Томоохон тэмцээн уралдаанд аймгаа төлөөлөн оролцож буй багийнхан сум бүрээс шигшигдсэн хүүхдүүд байдаг. Гэтэл сэлэнгийнхний хувьд нэг сургууль тэр дундаа нэг ангийнхан болохоор бие биенээ ойлгоход тун амар байдаг аж. Тэмцээн уралдаанд сэлгээний тамир­чид­тайгаа нийлээд 12 хүүхэд оролцдог бол тэднээс ес нь нэг ангийнхан байдаг гээд бодохоор бас л бахархах сэтгэл төрж байв.

Энэ удаагийн Их наадмын үеэр өрсөлдөгч багийнхаа хаалт, довтолгоон бүрт идэвх­тэй байж чадсан тамирчин бол Эрдэнэдоржийн Төгөлдөр юм. Тэрбээр гар бөмбөгийн спортоор чамгүй хугацаанд хичээллэж байгаа бөгөөд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Их наадмын алтан медаль хүртсэн гэдгээ хэллээ. Э.Төгөлдөрийн хувьд спортын бусад төрлүүдээс хамгийн цэвэрхэн спорт гэж үзсэн тул сонгон хичээллэх болжээ. “Удахгүй сургуулиа төгсөн амьдралын их далайд хөл тавих гэж байгаа ч гэсэн гар бөмбөгийн спортоо орхихгүй ээ” хэмээн итгэл төгс хэлж байсан юм. Бусад нь ч гэсэн түүний хэлсэн үгийг дэмжиж гар өргөж байгаа харагдсан. Мэдээж спортын талбар гэдэг ялалт, ялагдлын хэмжүүр байдаг. Тэр ч утгаараа зарим тэмцээнд түрүүлэн инээд сацруулан гүйлдэх үе байхад зарим тэмцээнээс медальгүй хоцрон нулимс дуслуулах мөчүүд байсан хэмээн багийнхан хэлж байсан юм. Э.Төгөлдөрийн хувьд Хүүхдийн спортын их наадмаас шилдэг довтчлогчийн шагналыг хүртсэн билээ.

Гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн
сургалттай 10 а ангийнхан. 2013 он

Нэгэн зүйлийг өгүүлэхэд Мандал сумын гуравдугаар сургуульд спортын заал байхгүй. Гэсэн хэдий ч Ж.Мөнхбаяр багш нь “Спирт бал бурам” компанийн спорт заалыг түрээслэн шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэдэг аж. Тамирчин сурагчдын хувьд сургуульдаа өөрсдийн гэсэн спорт заалтай болохыг мөрөөддөг гэнэ. 12А ангийн сурагч М.Болдбаярын хувьд “Гар бөмбөгийн спорт нэг хүн шиг сэтгэж, зангидсан гар шиг болгож чаддаг” хэмээн онцолсон юм. Ер нь багаар ажиллах чадварыг багаас нь хүүхдүүдэд суулгая гэвэл багийн спортоор хичээллэх нь зөв шүү хэмээн үеийнхэндээ уриалж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

“Бөмбөг хөөсөн хүмүүс сурлагадаа мууддаг” хэмээн намайг л бага байхад багш нар зэмлэнгүй байдаг байсан. Гэсэн ч гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай тус ангийнхны хувьд хичээл, бэлтгэлээ аль алийг нь зохицуулж чаддаг гэдгээ ам бардам хэлж байлаа. Тэднийг томоохон тэмцээн уралдаанд оролцож байхад нь С.Тулга захирал нь ирж тэмцээнийг нь үзэн тамирчдаа дэмждэг бол зарим багш нь ч гэсэн тамирчдынхаа тоглолтыг алгасахгүй үздэг юм байна.

Багаасаа л гар бөмбөгийн тамирчин болох юмсан хэмээн мөрөөдөл тээн явдаг байсан хүүг Э.Энхмөрөн гэдэг. Мөн л 12А ангийн сурагч. Түүнийг гар бөмбөгийн спортод дурлуулсан хүн нь Ж.Мөнхбаяр багш нь аж. Э.Энхмөрөн багадаа “Энэ ах шиг мундаг волейбол тоглодог болчих юмсан” гэсэн битүүхэн мөрөөдөл тээн явдаг байснаа ярьсан. “Өнөөдөр харин улсын аварга, Их наадмын аварга болчихлоо. Анх хараад энэ ах шиг болохсон гэж мөрөөддөг байсан хүн бүр ангийн маань багш болчихсон” хэмээн бахархангуй өгүүлэх.

Энэ удаагийн Хүүхдийн спортын их наадмын гар бөмбөгийн тэмцээнд 12 тамирчин оролцсоноос 10 нь Мандал сумын хүүхдүүд байжээ. Тэдний нэг нь Содхүүгийн Оргил юм. Түүний хувьд дээд ангийн ах нартайгаа хамт нэг баг болон энэ удаагийн тэмцээнд оролцсон юм байна. 11В ангийн сурагч хэдий ч хамт бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гэж явсаар байгаад нэг ангийнхнаас ч дутахааргүй дотно болжээ. С.Оргилын хувьд гар бөмбөгийн спортыг сонирхдоггүй байсан ч Ж.Мөнбаяр багш нь “Бэлтгэл хий” хэмээн урьсан ч багаасаа хичээллээгүй болохоор “Би чадахгүй байх” гээд тээршаах маягтай байжээ. Гэсэн хэдий ч бэлтгэл сургуулилт хийгээд эхэлсэн цагаасаа хойш харин тэс өөр бодол тээн явах болжээ.

Б.Ган-Эрдэнийн хувьд багшаараа болон сургуулийнх­наараа бахархаж яваагаа илэрхийлээд “Бид чинь чөлөөт цагаараа ч гэсэн зааланд бөмбөгөө тоглоод л байж байдаг юм. Шантармаар цаг мөчүүд маш олон тохиолдож байсан ч тэр бүгдийг даван туулж чадсанаараа бид Их наадмын аваргууд гэдэг том амжилт гаргасан юм” гэлээ. Хүнээс гарсан хүч, хөдөлмөр бүр ямар их үнэ цэнээр олддог гэдгийг тамирчин хүн л илүүтэй мэддэг хэмээн хэлж байсан юм. П.Нямдаваагийн хувьд гар бөмбөгийн спортоор хичээллээд долоон жил болж буйгаа хэлээд тавдугаар ангиасаа хойш нэг баг болон тоглосон. Үүн шиг сайхан зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Түүний хувьд ангийн охин Хулангаараа бахархаж явдгаа энэ үеэр хэлж байлаа. Монгол Улсын шигшээ багт багтан олон улсын тэмцээнд явсан хэмээн хэллээ. Ер нь манай ангид муу тамирчин байхгүй гэв.

Сэлэнгийн шигшээ багийн лидер нь 12А ангийн сурагч Бөхцоожийн Хонгор юм. 2009 онд гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн анги нээгдэхэд л орсон юм байна. Энэ ангийнхны хувьд хоёр жил бэлтгэл сургуулилт хийгээд 2011 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртжээ. Үүнд ихээхэн урамшсан тамирчдад дараа дараагийн тэмцээн уралдаанд оролцох итгэлийн гал болжээ. Түүний хувьд 2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс өсөх ирээдүйтэй тамирчин болсон бол 2013 оны улсын аваргын шилдэг довтлогч, 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тэгш тоглогч болсон байна. Мөн 2014 оны идэрчүүдийн супер найман багийн тоглолтын шилдэг довтлогч, 2015 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж байсан юм. Тэмцээний үед дасгал­жуулагчийн зүгээс юу хэлдэг вэ гэхэд “Манай Ж.Мөнхбаяр багш бидэнд дэндүү итгэдэг. Биднийг аварга болно гэж үргэлж боддог. Манай багийн зорилго бол алтан медаль л авах” хэмээн тэд ярьж байсан билээ. Манай багш биднийг аварга болгох гэж л долоон жилийн хөдөлмөрөө зориулсан. Багшийнхаа мөрөөдлөөс бага багаар биелүүлж байгаадаа баяртай байдаг хэмээн багийн ахлагч Өсөхбаяр хэлж байлаа. Ж.Мөнхбаяр багш нь “Илүү юм бол илүүгээ харуул. Та нараас илүү баг гэж байхгүй” хэмээн урам өгдөг юм байна. Тэдний хувьд ноднингоос хойш дээшээ дэвшин Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юмсан хэмээн мөрөөдөж иржээ. Тухайн үед төсөв санхүү тааруу байсан тул боломж гараагүй байна. Харин хүүхдийн спортын их наадамд түрүүлчихвэл Залуучуудын улсын аваргад орох зардлыг нь шийдэж өгнө хэмээн нутгийн ах, эгч нар нь амлажээ. Энэ жил тэд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлд шууд орно гэж байсан юм. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нь энэ сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд болох аж.

“Blue mon” компани Nike брэндийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Тэднийг Их наадмын алтан медаль авсны дараа Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь багийн тамирчид болон дасгалжуулагч нарыг Nike брэндийн оригинал пүүзээр шагнасан юм. “Тамирчин хүний хувьд хөлд эвтэйхэн пүүзтэй болно гэдэг гоё. Дэд сайд эгчдээ баярлалаа” хэмээн уламжилсан.

12А ангийн тамирчдаас довтлогч Хонгор болон чөлөөт хамгаалагч Идэрбатын Батбаяр нар нэгдүгээр зэргийн тамирчид болцгоосон байна. Чөлөөт хамгаалагч Батбаярын хувьд мэдрэмжтэй тамирчин хэмээн гар бөмбөгийн спор­тынх­ны хараанд хэдийнэ өртөөд байгаа билээ. Нуруу нам болохоор зарим бөмбөгөнд хүрэхгүй алдах тал бий ч бусад багуудын чөлөөт хамгаалагч нараас хэдэн хувь илүү гэдгийг багийнхан нь ч баталж байв.

12А ангийнхны амжилтын түүхийг сөхвөл 2012 оны Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны багт хожиг­дон мөнгөн медаль хүртэж байсан юм. Нэгэн үе Хэрх тосгоны гар бөм­бөгийнхөн Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд бусдаас илүү байж 20 жил түрүүлсэн тухай баримт байдаг. Харин түүнээс хойш гуравдугаар сургуулийн энэ шавилхан хүүхдүүд буухиаг нь үргэлжлүүлж байгаа билээ. 2011, 2012 онуудад мини волейболын аварга шалгаруулах тэмцээний алт, 2013 онд аймгийн аваргаасаа алтан медаль хүртэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Тэдний амжилт үүгээр ингээд зогсохгүй. 2014 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2014 оны Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, 2014 оны идэрчүүдийн Супер найман багийн тэмцээний хүрэл, 2015 оны идэрчүүдийн Төвийн бүсийн аваргаас мөнгө, 2015 онд идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртээд байна. Хамгийн сүүлд гаргаад байгаа амжилт нь мэдээж Хүүхдийн спортын тавдугаар их наадмын алтан медаль болоод байна.

Хонгор болон чөлөөт хамгаалагч Батбаяр нар өнгөрөгч зургадугаар сард Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Алтайн барс” клубынхэнтэй хамт оролцон хүрэл медаль хүртээд байгааг багийн тамирчид нь хэлж байсан юм. Амжилт бүхний өмнө багаараа зогсож байх болтугай гэхэд “Ерөөл бат оршиг” хэмээн галт тэргэндээ суун нутгийнхаа зүг хөдөлцгөөсөн юм. Энэ багийнхан нуруугаар тийм ч өндөр биш. Хасумегастарс, Өмнөговь гээд шилдэг багуудын дэргэд бүр ч нуруу намтай харагддаг. Гэхдээ тэднийг нэг ангийнхан гэсэн халуун сэтгэл холбож байдаг болохоор нурууны намаа сэтгэлээрээ нөхцгөөдөг ажээ.

Эвлэгхэн яриатай спортлог ангийнхныг танилцуулахад ийм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Такэнори Шимизү: Танайх хууль тогтоомжоо тодорхой болговол хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Такэнори Шимизүтэй ярилцлаа.

-Японы Засгийн газар Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг
хүртэл 238 тэрбум иений тусламж үзүүлээд байна. Өнөөдрийн хувьд Хөшигтийн
хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Хоёр орны эдийн
засгийн нөхцөл байдлын тал дээр ямар бодолтой яваа вэ?

-Монголын эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд Япон улсын
зүгээс хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд байна. Түүний нэг нь Хөшигтийн хөндийн
нисэх онгоцны буудал юм. Монгол Улсын хамгийн том нисэх онгоцны буудал
“Чингис хаан” буудал гэхэд тогтмол нислэг хийхэд 75 хувийн гүйцэтгэлтэй
байгаа. Үлдсэн 25 хувийнх нь нислэг хоцрох юм уу, ямар нэгэн шалтгаанаар
саатдаг. Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барьснаар нислэгийн нөхцөл
байдал нэлээд сайжрах тооцоо бий.

Монгол Улсын эдийн засгийн томоохон түлхүүр нь уул уурхайн салбар. Гэтэл
Монголын өнөөдрийн нөхцөлд янз бүрийн шалтгаанаар уул уурхайн салбараа
хөдөлгөхгүй байна л даа. Ийм тохиолдолд Монголын эдийн засгийн салбарыг
сайжруулах нэг том салбар бол нисэхийн салбар гэж харж байгаа. Тиймээс аялал
жуулчлалыг хөгжүүлэхийн тулд шинэ нисэх онгоцны буудал томоохон дэмжлэг болно.

-Монголын эдийн засгийг авч явсан уул уурхайн салбар өнөөдөр зогсолтын
байдалтай байна. Олон улсын зах зээлд манай экспортын бараа
бүтээгдэхүүний үнэ уначихлаа. Бид эдийн засагтаа ямар арга хэмжээ авбал зүйтэй
бол?

-Таны хэлж байгаа үнэн. Монголын эдийн засагт тодорхой хэмжээнд нэмэр
болох зүйл бол мал аж ахуйн салбар юм шүү. Одоо харин мал аж ахуйн салбарын
бүтээгдэхүүнийг хэрхэн олон улсын зах зээлд экспортлох вэ гэдэгт тусгайлан
анхаарал хандуулах ёстой. Энэ талын бодлого хэрэгтэй байна. Мал аж ахуйн
салбарын шинэ технологиуд гэж бий. Тиймээс бүхий л нөөц боломжоо бүрэн ашиглаад
явбал манай хоёр орны эдийн засгийн харилцаа улам хөгжих учиртай. Монголын
эдийн засагт асар их гэрэл авч ирнэ дээ.

-Монгол Япон хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
байгуулагдсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр орны
эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Эдийн засгийн түншлэлийн гэрээг баталсан. Гэсэн хэдий ч Монгол Улс
дотоодын хууль тогтоомжоо шинэчилж чадаагүй байна. Энэ гэрээ одоохондоо хүчин
төгөлдөр болж чадаагүй байгаа. Монгол Улсын Их хурал намрын чуулганаараа үүнийг
хэрэгжүүлэх хуулийн төслөө батлах байх гэж найдаж байна. Хууль тогтоомж нь
батлагдсаны дараа Японы зүгээс төрөл бүрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтын
ажиллагаа явуулах маш сайхан нөхцөл бүрдэнэ. Энэ нь цаашдаа хоёр орны эдийн
засгийн тал дээр худалдаа, хөрөнгө оруулалтын талын асар их боломжуудыг нээж
өгнө. Эхлээд мал аж ахуйн салбартаа анхаараач ээ гэдгийг дахин хэлмээр байна.

Монголын бүтээгдэхүүн 11 хувийн гаалийн татвартай байгаа. Үүнийгээ
зохицуулж чадвал Монголын бүтээгдэхүүн Японы зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой
болно. Монголын хувьд Японд өрсөлдөх зах зээл нь бий. Монголоос Японд ихээхэн
хэмжээний ноолууран цамц гаргах боломжтой.

-Манай ноолууран бүтээгдэхүүн ихэвчлэн Европын орнууд руу гардаг. Тэр
бүр хүйтэрдэггүй Япон улсад ноолууран бүтээгдэхүүн гаргаад амжилт олох уу?

-Учир нь Япон улс 130 сая хүн амтай. Тэр утгаараа энэ чинь том зах зээл
байхгүй юу. Монголын мал аж ахуйн салбарт томоохон дэмжлэг болно. Эдийн засгийн
түншлэлийн гэрээ хэрэгжиж эхэлснээр Монголын төрөл бүрийн бүтээгдэхүүн гарах
боломжтой. Тэр дундаа эко гэж нэрлэгддэг байгалийн цэвэр бүтээгдэхүүн жимс,
ундаагаа Японы зах зээлд гаргах хангалттай өргөн боломж байна. Одоо харин танай
тал хуулиудаа цэгцлэх хэрэгтэй.

-Та Япон улс Монголд буцалтгүй тусламж үзүүлнэ гэхээсээ илүүтэйгээр
хөнгөлөлттэй зээлүүдийг цаашид олгоно гэж мэдэгдсэн. Энэ талаараа тайлбар
өгөхгүй юу?

-Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 4000 ам.доллар хүрч байна.
ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ 2000 ам.доллараас давбал буцалтгүй тусламжийг
өгөх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл Монгол Улс шинэ тутамд хөгжиж байгаа гэдэг
утгаараа гадны орнуудын болон олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй
зээлүүдийг ашиглаж улс орноо хөгжүүлэх ёстой. Тэр дундаа төрөл бүрийн аж
ахуйнуудыг хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс энэ бүгдээ хөнгөлөлттэй зээлээр
шийдэх нь Монгол Улсад ч хэрэгтэй. Байнга гараа дэлгэн тусламж хүсээд сууж
болохгүй.

Хамгийн сүүлд Япон улсын зүгээс Монгол Улсад үзүүлсэн хөнгөлөлттэй
зээлийн хүү 0.1 хувь байна. Түүнийгээ 40 жилийн хугацаанд төлж болно гэсэн.
Гэхдээ эхний 10 жилд үндсэн зээлээ төлөлгүйгээр хүү төлөөд явах юм. Энэ бол
дэлхийд хамгийн хямдхан, ашигтай хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Үүнийгээ Монгол
Улс бүрэн дүүрэн ашиглаад явбал өөрсдийнх нь эдийн засагт л хэрэгтэй байгаа юм.
Танай орны хувьд эдийн засгийн өгөөжтэй салбараа хөгжүүлэн, ашиглах ёстой гэж
бодож байна. Монголд ашигтай өөр зээл одоохондоо байхгүй.

-Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн нөхцөлд маш хүнд байгаа гэдгийг та
анзаарч л байгаа байх. Манай орны хувьд эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар
арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байгаа вэ. Япон орны хувьд эдийн засаг нь
харьцангуй тогтвортой байдаг. Эдийн засгаа тогтворжуулах ямар боломж байгаа
бол?

-Би нэг л зүйлийг хэлмээр байна. Монгол Улс өөрт байгаа зүйлээ бүрэн
дүүрэн ашиглах хэрэгтэй. Үргэлж гаднаас зээл тусламж авдаг энэ байдлаасаа
татгалзах ёстой. Монголд хангалттай нөөц бий.

-Тухайлбал, ямар нөөц боломжууд гэж?

-Хэн хүнгүй мэдэж байгаа байгалийн асар их нөөц танай улсад байдаг. Мөн
мал аж ахуйн салбар бий. Нэгэнт Монголын тал нутагт бэлэн байгаа энэ бүхнээ
ашиглаад гадагшаа экспортлохгүйгээр Монгол Улсын хөгжил гэж байхгүй.

-Уул уурхайн салбараа хөдөлгөнө гэхээр ямар нэгэн байдлаар гацаанд
орчихоод байдаг…

-Монголын одоогийн нөхцөлд зарим хүмүүс хэтэрхий эх оронч болоод
байгалийн нөөцийг ашиглах асуудал таг зогсчихлоо. Улстөржилт нь их болчихлоо.
Ер нь бол сонгууль дөхөх тусам ийм эх орончид улам их болдог. Гэхдээ Монголд
байгаа нөөцийг монголчуудын төлөө бүрэн сайн ашиглах ёстой.

-Бүрэн сайн ашиглана гэдэг нь…

-Гадаадад экспортлох ёстой. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах
шаардлагатай. Тэгж гэмээнэ Монгол Улс хөгжлийн анхан шатны хөгжилд зарцуулах
мөнгөө бүрдүүлнэ.

-Япон улсын хувьд ноолуур, жимс гэх зэрэг бүтээгдэхүүнээс гадна ямар
зүйлсийг илүүтэйгээр сонирхож байгаа бол. Мах махан бүтээгдэхүүн экспортолно
гэвэл стандарт шаардлага гээд олон зүйл хаалт болчихдог л доо?

-Япон улсын хувьд зэс, нүүрс авах боломжтой. Учир нь Япон улсад зэс,
нүүрсний орд, нөөц гэж байдаггүй.

Тиймээс эдгээр байгалийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож байгаа. Монгол
Улсын хувьд БНХАУ, ОХУ гэсэн хоёр орны дунд оршдог тул тээврийн асуудал хүнд
байдаг. Ложистикийнхоо асуудлыг шийдэхгүй бол энэ бүхэн хүнд хэвээр байсаар
байх болно. Гэхдээ ноднин БНХАУ-ын Си Жиньпин дарга Монгол Улсад ирээд
“Нүүрснийхээ 30 хувийг гуравдагч орнууд руу экспортолж болно” гэдгийг хэлсэн
гэж ойлгож байгаа. Энэ нөхцөлийг Монголын тал сайн ашиглах ёстой.

Японы зах зээлд мах махан бүтээгдэхүүн гаргахад шаардлага өндөр байдаг.
Тиймээс Монголын малын бүтээгдэхүүнийг авах боломжгүй байгаа гэдгийг ойлгоорой.
Монголд малын шүлхий өвчнөөс эхлээд зарим өвчнүүд бий. Эхлээд малын
өвчлөлийнхөө асуудлыг шийдэхгүй бол ямар ч боломжгүй. Эдийн засгийн түншлэлийн
гэрээ хэрэгжвэл Монголын хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гээд экспортын бүхий л
салбарыг дэмжих янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжих боломжтой болно. Япон улсын
зүгээс хамгийн түрүүнд хоёр орны Эдийн засгийн түншлэлийн гэрээгээ хэрэгжүүлж
эхлэх ёстой гэж үзэж байгаа. Бидэнд технологи, туршлага, хөрөнгө байна. Эдийн
засгийн түншлэлийн гэрээ хэрэгжсэнээр хамтын ажиллагаа улам хурдан хөгжих
боломжтой.

-Монголын төр засаг өнөөдөр тийм ч тогтвортой биш байна. Японы
парламентын гишүүн болон Засгийн газрын гишүүн ямар нэгэн алдаа гаргасан бол
шууд ажлаа өгч байгаа харагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би л хувьдаа албан хаагчид иргэдийн төлөө хариуцлагатай ажиллах ёстой
гэдэг зарчим барьдаг. Төрийн албан хаагч бол өндөр хариуцлагатай албан хаагч
гэж боддог. Нэг зүйлд л их харамсч байна.

-Тэр нь юу юм бол?

-Монголд эрх баригч нам, сайдууд өөрчлөгдөх тутамд төрийн албан хаагч
солигддог ийм нэг жишиг байх юм. Эцсийн эцэст энэ холио солионы үр дүнд яаманд
ажлаа мэддэг мэргэжлийн хүн үлдсэнгүй. Мэдээж энэ нь Монголын эрх ашигт
нийцэхгүй. Мэргэжлийн албан хаагчид байхгүй болсноор гадаад орнуудтай хамтран
ажиллахад ихээхэн саад тотгор болж байна гэдгийг хэлмээр байна.

-Түрүүн та уул уурхайн салбар, томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй
гэсэн. Таван толгойн асуудал нам жим боллоо. Уг нь Таван толгойн ордыг ашиглах
консерциумд Японы “Сумитомо” компани багтсан байдаг. Энэ гацаанаас
гарах боломжийг та юу гэж харж байгаа вэ?

-Таван толгойн нүүрсний уурхайн асуудал хэтэрхий улстөржилт дунд явж
байна гэж үзэж байгаа. Тиймээс энэ байдлаас яг ямар байдлаар гарах вэ гэдгийг
би ч үнэндээ сайн мэдэхгүй байна. Улс орноо яаж хөгжүүлэх вэ, тэр дундаа Таван
толгойн нүүрсээ яаж ашиглах вэ гэдэг дээр монголчууд янз бүрийн санаа оноотой
байгаа нь харагддаг. Үүнийг зохицуулж чадах, гацаанаас нь гаргаж чадах хүн
хэрэгтэй байх. Би тэдний дунд биш гаднаас харж байгаа болохоор хэн, юу гэдэг нь
тодорхой харагдахгүй байна. Таван толгойн асуудал тийм ч амар биш байгаа
болохоор үнэндээ би санаа зовж л явна.

-Өнөөдрийн Монголын парламент, Засгийн газрын талаар ямар бодолтой яваа
бол. Төр тогтворгүй байна гээд байгаа?

-Олон хүн харамсал илэрхийлж байна. Миний хувьд гадаадын иргэн болохоор
Монголын дотоодын улс төрийн талаар яриад хэрэггүй байх.

-Япон улсын зүгээс манай орны 1000 залуу инженерийг бэлтгэхээр болсон.
Эхнээсээ зарим нь сурахаар явсан уу?

-Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд ямар салбарт тусгай анхаарал тавих ёстой
вэ гэвэл тэр нь технологийн салбар юм. Уурхайд төдийгүй шинэ тутамд хөгжиж буй
салбаруудыг хөгжүүлэхэд мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Хөшигтийн хөндийд очиж
ажилтай танилцсан уу.

-Танилцсан…

-Тэнд олон монголчууд ажиллаж байгаа боловч мэргэжлийн хүмүүсийн орон
зайд нь солонгос хүмүүс ажиллаж байгаа биз. Учир нь тэр мэргэжлийн хүмүүс
Монголд дутмаг байгаа болоод тэр. Тиймээс Монгол Улсын хөгжлийн төлөө зайлшгүй
технологийн салбарын мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Тэр утгаараа 1000 инженерийг
бэлтгэхээр болсон юм.

-Мэдээж Япон Монголын харилцаанд хамгийн их хувь нэмэр оруулж яваа
хүмүүс бол сумо бөхийн тамирчид гэдэгтэй маргахгүй байх. Японы уламжлалт
түүхийг тээж яваа спортын төрлөөр хичээллэж байгаа манай тамирчдын тал дээр та
ямар бодолтой байдаг вэ?

-Японд сумо барилдаж байгаа залуус үнэхээр чадвартай гэдэгтэй маргахгүй.
Сумогийн дөрвөн аварга нь монгол хүн болсон болохоор япончууд дургүйцэж байгаа
гэсэн бодол монгол хүнд байна. Үнэн хэрэгтээ тийм биш. Сумогийн ертөнцөд
гаднаас ирээд янз бүрийн бэрхшээлийг даваад ёкозуна цол хүртсэн монголчуудыг
харин ч бид хүндэтгэж байдаг юм шүү. Сумогийн ертөнцөд хүчтэй байх ёстой гэсэн
зарчим үйлчилдэг. Монголын залуус үүнийг харуулж чадаж байгаа. Хакухо, Какүрюү,
Харумафүжи гээд залуус хүчтэй сайхан барилдаж байгаа болохоор япончууд харин ч
дуртай байдаг.

Бид хэзээ ч гадаадын бөх ирээд түрүүлчихлээ гэж ялгаварлаж байсангүй.
Цаашид ч тийм байдал гарахгүй.

-Улаанбаатар хотын бүтцийг цаашид хэрхэн хөгжүүлбэл энэ утаа, хот руу
төвлөрсөн их нүүдлээс салах бол. Япон орны хувьд газар нутаг тийм ч их биш
болохоор шийдлээ зөв гаргасан байдаг юм билээ?

-Улаанбаатар хотын ачаалал хэтэрч байна. Байгалийн давагдашгүй хүчин
зүйл болох ган, зудаас эхлээд нийслэл рүүгээ нүүх хүмүүсийн тоо багасахгүй
байгаа. Нэг хот руу нүүсэн энэ их нүүдлийг зогсоохын тулд орон нутагтаа амьдрах
нөхцөл боломжийг нээж, тусгайлан анхаарал хандуулахгүй бол Улаанбаатар хот улам
л хэцүү болно. Хөдөөнөөс хот руу нүүж байгаа энэ нүүдлийг хүчээр зогсоох
аргагүй. Монгол Улсын Засгийн газар орон нутагтаа амьдрах тэр боломжийг нь
бүрдүүлэхийн тулд сайн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хүчтэй бай”-хын урлаг дэлхийг шуугиулсны учир

“Бодол санаа бол
хамгийн хүчтэй зүйл, юу ч байсан хийж чадна гэсэн итгэлтэй бай” хэмээн
Австралийн Мельбурн хотын иргэн Ник Вуйчич хэлжээ. Түүний хувьд төрөхдөө л гар,
хөлгүй төрсөн хэдий ч өнөөдөр дэлхийн мянга мянган хүнд амьдрах итгэл, гэрэл
өгч байгаа юм. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд эрхтэн бүтэн
хүмүүсийн чадаагүйг бүтээж, өдгөө олон зуун хүнд амьдрах итгэл, эрч хүч
бэлэглэж байгаа талаар нь шуугиж байна.

Энэ удаа Ник
Вуйчичийн “Хүчтэй бай” буюу “Хязгаар үгүй амьдрал” гэсэн номын талаар өгүүлэх
болно. Номыг гартаа барин суух ахуйд хөл гаргүй хэрнээ өөдөөс харан эелдэг
инээмсэглэх залууг хараад “Юун тухай өгүүлэх бол” гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй
төрөх ажээ.

Номын эхний хэсэг
Ник Вуйчичийн амьдралын гэгээн гэхээсээ гунигт түүхийг өгүүлнэ. Амьдралдаа
гуньж гутарч, архи дарсанд орсон хүмүүсийн тухай бид бишгүйдээ л дуулж байсан.
Тэгвэл уг номыг уншаад эхэлмэгц “Миний гуньж гутрах ч дээ. Өчүүхэн зүйл юм”
гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Яг энэ хором мөчөөс амьдралд тэмүүлэх итгэл
сэргэх юм. Ямартай ч хар бараан үүл мэт сэтгэл дотор хуралдсан бүхэн нэгээхэн
хоромд салхинд туугдсан хамхуул мэт арилах нь үнэхээр л дэлхийг байлдан
дагуулахаас яахав хэмээн сэтгэхэд хүргэх ажээ.

Ник Вуйчич
багадаа “Би хэзээ ч эхнэртэй болохгүй. Би хэзээ ч үр хүүхэдтэй болохгүй. Болсон
байлаа ч хайртай хүмүүсээ хоёр гараараа тэврэн хайрыг мэдрүүлж чадахгүй. Зөвхөн
үлдсэн энэ амьдралдаа хүн бүхэнд дараа болж хүнд ачаа үүрүүлэх юм байна” хэмээн
боддог байжээ. Өсвөр насныхны дунд бие биеэ шоглох асуудал бишгүйдээ л
тулгардаг. Ник Вуйчичийг энэ явдал тойрсонгүй. Түүний өсвөр насанд үе тэнгийн
найзууд нь охидтой болзоонд явж, цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлж, спортоор
хичээллэж байхад бяцхан Вуйчич спортоор хичээллэх нь бүү хэл хэн нэгний
тусламжгүйгээр бие засч ч чаддаггүй тийм л хүүхэд байжээ. Сургууль дээрээ
ирэхэд хүүхдүүд түүн рүү харан элдвээр хэлж “эрэмдэг, тахир дутуу” хэмээн
шоолно. Үеийнх нь хүүхдүүд гадаа инээлдэн тоглоход тэр гэртээ ганцаараа гунигт
бодолд дарагдан “Бурхан яагаад намайг ийм болгож төрүүлсэн юм бэ” хэмээн нулимс
дуслуулан сууна. “Намайг ийм байдалтай төрүүлсэн нь бурханы буруу. Бурханы
алдаа” хэмээн буруутгадаг байжээ.

Юм бүхэн зөвхөн
түүний өөдөөс эрслэн босож байгаа мэт санагдан дааж давшгүй хүнд ачаанаас үхэж
л салах юм байна гэсэн харуусалт бодолд хөтлөгдөнө. Тэрээр амиа хорлохоор
шийдэн ваннтай усанд орж тэр чигтээ живж л үхье хэмээн сэтгэнэ. Ваннтай усанд
ааваараа өргүүлэн ороод ганцаараа баймаар байгаагаа аавдаа хэлнэ. Хөл, гаргүй
тэрбээр амьсгаагаа түгжин усанд хэвтсэнээр уг номын өрнөл үргэлжлэх агаад
багагүй хугацаанд амьсгал түгжин усанд хэвтэхдээ сэтгэлийн угтаа хайрладаг
эцэг, эх, дүү нар нь түүний шарил дээр ямар их уй гашуутай зогсож байгааг
төсөөлжээ. Ник Вуйчич “Тэд намайг өдий зэрэгтэй болгохын тулд ямар их хүч
хайраар өлгийдсөн билээ. Гэтэл би ийм алхам хийх эрхгүй хүн” хэмээн бодсоноор
түүний амьдралд эргэлт болно. Ник Вуйчичийн энэ агуу түүх түүн шиг шаналж яваа
мянга мянган цохилох зүрхэнд гэрэл гэгээ өгчээ.

Цаг хором бүрт надад,
танд, бид бүгдэд азгүй явдал бишгүйдээ л тохиолддог. Тэр бүртээ өөрийгөө болон
бусдыг буруутган явах шиг том алдаа байхгүй тухай уг номонд өгүүлдэг. Болж
бүтэхгүй, амьдрах итгэл сулрах үед бид “Намайг хайрладаг хүн байгаа шүү” гэсэн
бодлоо гээж болохгүй. Тэр утгаараа бид дэргэдэх бүхий л хүмүүсээ хайраар дутаах
учиргүй. “Хүчтэй бай” номын гол утга нь

“Хээр талаар
морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!

Тэр бараанд би
хачин их хайртай!

Хэдэн унага
голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!

Тэр амьтдад би
хачин их хайртай,

Хайраар би
амьдардаг аа

Бие цуг
орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа

Би яагаад ч
үхэхгүй ээ”
гэсэн
нэрт сэтгэгч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай абугайн “Мөнхийн шалтгаан”
шүлэгтэй нэгэн сэжмээр холбоотой мэт санагдсаныг нуух юун. Бидний өмнө мөрөн
мэт шуугиж буй энэ амьдралын 10 хувь нь Ник Вуйчичийн анх бодож байсан шиг
бурханы зураг байдаг бол үлдсэн 90 хувийг нь өөрийн хүч, гэнэтийн үйл явдлууд
эзэлдэг байна. Харин үүнд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь хүмүүн биднээс шалтгаалдаг
юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Ардчилсан оронд барьцаа, шантаажийн аргаар төрийн эрхийг барьдаггүй юм

Араасаа
хүчтэй маргаан, шүүмжлэл дагуулж байгаа Өршөөлийн хуулийн талаар УИХ-ын гишүүн
Л.Болдтой ярилцлаа.

-Эрх баригчид
өөрсдөдөө зориулан Өршөөлийн хууль гаргаснаар авлига, албан тушаалын гэмт
хэргүүдээ хэрэгсэхгүй болгож байна гэсэн яриа газар авч байна. Тэдгээрийн нэг
нь таныг гэх мэдээлэл байна?

-Тиймэрхүү
мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь үнэн. Хариуц­лага­тайгаар
хэлэхэд би хууль гаргаж өршөөлгөх гэмт хэрэг хийгээгүй. Харин УИХ-ын гишүүний
хувьд батлагдсан хуулийн үзэл санаа, ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн дээр
маань дөрөөлж бидний хэдэн гишүүдийг үл бүтэх авлигачин учраас энэ хуулийг
дэмжлээ гэх мэтээр харлуулах кампанит ажил явж байгааг харж байна.

Эцсийн эцэст
асуудал нэг хоёр их хурлын гишүүнийг гоочлохоосоо хальж УИХ гэдэг институци
цаашлаад парламентат ёсыг үгүйсгэх чиглэлд явж байгаа нь харам­салтай. Уг нь
энэ хууль хэн нэг улстөрчид гэхээсээ Монголын нийгэмд өгөх ашиг тус нь илүү юм.
Саяхан баталсан эдийн засгийн ил тод байдлын хууль болон нэмүү өртгийн албан
татварын хууль хэрэгжиж далд эдийн засаг ил болох, эдийн засаг, бизнесийн
орчинд шинэ хэмнэл бий бол­гох баталгаа нь энэхүү өршөө­лийн хууль гэж хэлж
болно. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч лав
байхгүй.

Нөгөө талаас
бүлэглэж талцдаг, бие биеэ шантаажилж татаж унагах замаар төрөө тогтворгүй
болгодог өнөөгийн улс төрийг өөрчилж цэвэр агаар оруулахад энэ хууль хэрэгтэй.
Гэтэл өнөөдөр юу болж байна вэ гэвэл улс төрд байгаа өөрийн гэсэн байр суурьтай
хүн бүрийг эсвэл тэдний төрөл садан, найз нөхдийг нь баримттай баримтгүй
асуудалд холбогдуулан хэрэг үүсгэж барьцаалах замаар төрийн бодлого, шийдвэрт
нөлөөлдөг, нөлөөнд нь автахгүй бол нэр төр байтугай эрх чөлөө, амь насанд нь
аюул учруулахад бэлэн систем бүрэлдэн бий болсныг сүүлийн үеийн улс төрийн үйл
явц харуулж байна. Сайнтай ч муутай ч Монгол Улс бол парламентын засаглалтай
ардчилсан орон гэдгээ мартаж болохгүй. Түүнээс биш барьцаа, шантаажийн аргаар
төрийн эрхийг барьдаггүй юм.

-Хууль
батлагдсаны мар­гааш­наас хэд хэдэн сайтаар зэрэг гарсан нэг мэдээлэлд таныг
албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний
хохирол учруулж, үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3,
263.2-т зааснаар буруутган шалгаж байгаад түдгэлзүүлсэн одоо тэр нь өршөөгдөх
гээд байна гэж бичсэн байх юм?

-Жил гаруйн өмнө
АТГ-ын нэг байцаагч намайг дуудаж уулзаад Батлан хамгаалах яам, Гадаад
харилцааны яамны үйл ажиллагаатай холбоотой хоёр асуудлаар тайлбар тодруулга
авч байна гэсэн, би бүх асуудалд нь баримт, тайлбар бичгээр гаргаж өгснөөс хойш
чимээ сураггүй алга болсон.

Тэгэхдээ энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал учраас
задруулж болохгүй гэж үүрэгдсэн тул би юу ч ярих боломж байсангүй. Таны уншсан
тэр мэдээлэлд нөгөө сүрхий нууц асуудлыг зүйл заалт бүрээр нь тодорхой бичсэн
байхыг бодоход албаны эх сурвалжаас гарсан байх, тиймээс надад ийм хэрэг
нээгээд тэрийгээ түдгэлзүүлчихсэн байгаа юм байна гэж ойлгогдохоор байна.Ер нь
бол намайг барьцаанд оруулах гэсэн ийм оролдлого нэлээд эрт эхэлсэн юм. Би очиж
ажилласан газар бүртээ хууль, хяналтын байгууллагуудын байнгын хяналт, шалгалт
дор төрийн ажлыг явуулж ирсэн. Гэтэл сүүлийн хоёр гурван жилд энэ нь хэмжээ
дамжаа, утга учраа нэг мөсөн алдсан л даа. Жишээлэхэд миний Гадаад харилцааны
сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагуудын нийт
долоон удаагийн ээлжит болон ээлжит бус шалгалт 14 хоногоос хоёр сар хүртэлх
хугацаанд тус яаман дээр хийгдсэн байдаг. Дээр нь Батлан хамгаалахын сайдаар
ажилласан үеийн бүх үйл ажиллагааг шалгаж яамны 2008-2012 оны санхүүгийн баримт
материалыг бүгдийг нь хураагаад авчихсан гэнэ лээ. Эхэндээ бол иймэрхүү шалгалт
нь яамныхаа бүх шатанд цэвэр тунгалаг байдлыг хангах, хууль бус аливаа явдал
гарахгүй байх сайн талтай гэдэг талаас нь дэмжиж ирсэн. Гэсэн хэдий ч энэ
бүхний цаана Л.Болд гэдэг улстөрчийн нэр хүндэд муугаар нөлөөлж болох баримт
цуглуулах гэсэн явцуу зорилго л байсан юм билээ. Тиймээс ч олон хүнийг
хамруулсан эрүүгийн хэрэг нээж надтай хамт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг сүр
дуулиантайгаар баривчилж байсныг та санаж байгаа байх. Түүнээс хойш бараг хоёр
жил өнгөрөхөд асуудлыг мухарлаж шүүхэд шилжүүлсэн ч юмгүй ердөө л шантаажийн
хавтаст хэрэг байдлаар хадгалж гэм зэмгүй төрийн алба хаагчдыг эрүүл мэнд, ажил
амьдралаар нь хохироож сэтгэл санааны дарамтад удаан хугацаагаар байлгаж ирсэн
нь үнэн. Тэдний заримаас Л.Болд гэдэг хүний эсрэг ямар ч хамаагүй мэдүүлэг
өгөөд суллагдахыг ил цагаан шаардсан байдаг. Гэтэл өршөөлийн хууль гармагц нь
тэдгээр хүмүүсийн асуудлыг прокурорт гэнэт шилжүүлэх болж тэр өдрөө “Л.Болд
нарын хэрэг өршөөгдөх гээд байна” гэсэн хар пиар хийж эхэлж байгаа юм. Үнэндээ
тэдгээр хүмүүсийн нэг нь ч өршөөлд хамрагдахгүй харин шүүхээр шударга үнэнээ
тогтоолгоно гэж байгаа юм билээ.

-Танд холбогдох хэргийн улсад
учруулсан хохирол 800 гаруй сая төгрөгөөр хэмжигдэнэ гэж бас бичсэн байсан?

-Сая хэлсэнчлэн эрх ашиг нь зөрчигдөж байгаа мань
мэтийгээ нууц асуудлын талаар ам нээж болохгүй шүү гэчихээд өөрсдөө нийтэд
буруу ташаа мэдээлэл өгч үнэн мөнийг хэлэх боломж олголгүй гүжирдчихдэг арга
барил манай зарим хуулийн ажилтнуудад байна. Нэгэнт та тодорхой тоо дурдаж
асууж байгаа болохоор би нууцынх нь хүрээнд тодорхой хариулъя. Надад хамаатай 800
сая төгрөгийн асуудал гээд байгаагийн цаана хоёр төсөл байдаг юм. Нэгдүгээрт
Өмнөд Суданд цэргийн баг илгээхийн тулд, хоёрдугаарт энхийг сахиулагчдын нөхөн
сэргээх төвийн барилгын ажлыг санхүүжүүлэхэд Батлан хамгаалах яамны харьяа
Барилга захиалагчийн алба Худалдаа хөгжлийн банкнаас нийт 6.9 тэрбум төгрөгийн
зээл авч зээлийн хүүд 800 гаруй сая төгрөг төлснөөрөө улсыг хохироожээ гэдэг юм
билээ.

Үнэндээ энэ хоёр зээлийн үр дүнд улсад олон зуун тэрбум
төгрөгийн нэмэлт орлого орж, орлогын эх үүсвэр бүхий томоохон бүтээн байгуулалт
хийгдсэн болохоос улсын төсвөөс нэг ч төгрөг үрэгдүүлж шамшигдуулаагүйг
баримтаар нотлох маш амархан.

2011 оны намар Өмнөд Судан улс дахь НҮБ–ын энхийг
сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай ҮАБЗ–ийн зөвлөмж, Засгийн газрын
тогтоол гарч хэрэгжүүлэх үүргийг Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосон.
Ажиллагаанд оролцоход шаардлагатай техник, материал хэрэгслийг худалдан авах
зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргах эрхийг ч Засгийн газрын
тогтоолоор олгосон. Гэтэл уг ажиллагаанд бэлтгэх зардал нь тухайн жилийн улсын
төсөвт тусгагдаагүй, хөгжлийн санд ч тийм мөнгө байгаагүй юм. Асуудлыг Сайдын
зөвлөлөөр хэлэлцэхэд тухайн үеийн зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч
генерал Ц.Бямбажав санал гаргаж Энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь нэг
талаас нэр төрийн хэрэг, нөгөө талаас өндөр ашигтай төсөл байдаг, бусад орны
жишгээр яамны харьяа аж ахуйн нэгжид эрх олгосноор зээлийн журмаар санхүүжүүлж
төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлснийг дэмжсэн.
Ингээд холбогдох төрийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр нэгэнт
эргэн төлөгдөх эх үүсвэр нь НҮБ-аас баталгаатай орж ирэх тул ажиллагаанд
бэлтгэх зардлыг банкны зээлээр санхүүжүүлж тухайн орлого ормогц хугацаанд нь
зээлээ төлсөн. Уг зээлийг авсны үр дүнд Өмнөд Суданы ажиллагаа амжилттай
хэрэгжиж улмаар Зэвсэгт хүчний хөгжлийн санд жилийн өмнө Батлан хамгаалах
яамнаас авсан мэдээллээр 120 шахам тэрбум төгрөгийн орлого ороод байсан, одоо
дор хаяж 200 тэрбум болсон байх учиртай.

Хэдэн зуун тэрбум төгрөгийн орлого олчихоод байхад 800
саяын хүү төлсөн буруутай эрүүгийн хэрэгтэн гэх
нь эрүүл явдал уу? Мөнгөн талаас нь хардаггүй юм аа гэхэд дэлхийн 10
гаруй оронтой өрсөлдөж байж олж авсан тэрхүү ажиллагааг “бэлтгэх зардал байхгүй
ээ” гээд хаясан бол манай Зэвсэгт хүчин НҮБ–ын өмнө итгэл алдаж дахин энхийг
сахиулах ажиллагаанд оролцох боломж бүр мөсөн хязгаарлагдах төдийгүй улсын
маань олон улсын нэр хүндэд үнэлж боломгүй ноцтой хор хохирол учруулах байсан
даа.

-Нөгөө нэг зээл нь ямар учиртай гэж?

-Нөгөө зээлийн тухайд Монгол Улсын олон мянган цэргийн
алба хаагч олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож хүнд нөхцөлд үүрэг
гүйцэтгэх болсонтой холбоотойгоор Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийг
байгуулах шаардлага үүссэн. Энэ бүтээн байгуулалтыг хийх төсвийн боломж хомс
байсан тул тухайн үед миний бие санаачлан төсөл боловсруулж БНХАУ–ын Батлан
хамгаалах яаманд санал тавьснаар хятадын
талын зуун хувийн буцалтгүй тусламжаар
найман сая ам.доллар буюу одоогийн ханшаар 16 тэрбум төгрөгийн
төсөвтэйгөөр байгуулахаар болсон юм. Буцалтгүй тусламж нь бэлэн мөнгөөр бус
бараа, материалаар олгогдсон тул барилгын санхүүжилтийг цаг тухайд нь хийхийн
тулд эхний ээлжийн санхүүжилтийн хөрөнгийг мөн банкнаас зээлсэн. Улмаар
тусламжийн бараа материалыг борлуулж зээлийн үндсэн төлбөр, хүүг төлсөн бөгөөд
улсын төсвөөс нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй тул улсад хохирол учруулсан,
төрийн өмчийг үрэгдүүлсэн гэх ямар ч асуудал байхгүй. Харин ч шинээр иж бүрэн
том цогцолбор бий болгон төрийн өмчийг арвижуулсан юм шүү дээ. Ингэж гоочлуулж
байж, төсвийн нэг ч төгрөгийн зардалгүйгээр байгуулсан нөхөн сэргээх цогцолбор
маань энхийг сахиулагч цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн
сэргээх болон нийгмийн бусад олон асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр
оруулж байгаа. Дээр нь тухайн үеийн ханшаар жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн орлого олж ашигтай ажилладаг
цогцолбор объект болсон доо. Багабаянд очиж үзсэн хүн бүр энэ бүтээн
байгуулалтыг сайшаан магтдаг, та бүхэн ч очоод үзсэн болно.

-Өмнөд хөршөөс авсан энэ тусламжтай
холбоотойгоор таныг тусламжийн бараа материалыг үнэгүйдүүлж хувьдаа завшсан
гэдэг мэдээлэл бас явдаг. Энэ асуудлаар таныг хуулийн байгууллага шалгасан уу?

-Зээл тусламж олж авах яриа хэлэлцээ, улс төрийн
шийдлийг нь би гаргасан болохоос ороод ирсэн бараа материалыг захиран зарцуулдаг
албан тушаалтан бол сайд биш. Тиймээс надтай холбоотой ийм асуудал огт байхгүй,
хуулийн байгууллага ч шалгасан зүйлгүй.

Харин тухайн үед яамны ажил хариуцаж байсан зарим албан
тушаалтанг тусламжаар авсан цемент, төмрийг хямдхан борлуулж улсыг хохироосон
хэмээн буруутгах гэж оролдож байгааг бол сонссон. Миний хувьд тэдгээр хамтран
ажиллагсдадаа хууль журмынх нь дагуу ажилласан гэж итгэж байгаа.Цемент, төмөр
гэж жилийн хэдхэн сард эрэлт нь нэмэгдэж үнэ өсдөг, бусад үед хямдарч удаан
хадгалбал үнэ цэн нь унадаг материалыг яг төдөөр зарах байсан, гэтэл тэдээр
зарснаараа улсыг хохироожээ гэж хэлэх бол утгагүй л явдал даа.

Ер нь тэгээд ганц манай батлан хамгаалах гэлтгүй олон
салбарт өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд гадаадын зээл тусламж чамгүй их
орсон ч үр дүнд нь юу үлдэв гээд үзэх гэхээр гарт баригдаж нүдэнд үзэгдэх юмгүй
л үрэн таран болсон байдгийг та бид мэднэ. Гэтэл анх удаа хөрш орны буцалтгүй
тусламжаар ийм том бүтээн байгуулалт хийгээд үлдээчихсэн хүмүүсээ урмаар
тэтгэдэггүй юм гэхэд ууцыг нь хугалмааргүй л байгаа юм даа. Явж явж бидний
хийсэн, харин ч бахархах ёстой ажлуудыг маань гэмт хэрэг болгож гутаах гээд
байгаа нь энэ хэрэг анхнаасаа улс төрийн захиалгатай болохын нэг илрэл.

-Бодит үнэн ийм бол таныг хөрөнгө
шамшигдуулсан гэж хэрэг үүсгэх биш үржүүлсэн гэж шагнах ёстой юм биш үү?

-Намайг сэжиглэж байна гэх хэрэгтээ ийм л юмаар
буруутгасан байна билээ. Би ч бас сая ярьсан бүхнээ баримттайгаар тайлбарлаж
өгсөн. Шагнах тухайд бол Монгол Улсын Ерөнхийлөгч надад “Батлан хамгаалах
салбар, Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд оруулсан хувь нэмрийг үнэлж”
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан нь миний ажил үйлст төрөөс
өгсөн үнэлэлт гэж би үздэг.

-Авлигатай тэмцэх газар таныг
дуудаж шалгасан асуудлууд тэгээд ердөө л ийм хоёр зээлийн тухай байсан хэрэг
үү?

-Хоёр зээлийн асуудал, тэгээд нэг ажилтандаа орон сууц
олгосон гээд ийм л гурван асуудлыг надад холбогдуулах гэж байгаагаа ил болгож
мэдээлцгээсэн. Яам, төрийн байгууллага бүхэнд л онцгой амжилт гаргасан эсвэл
төрд олон жил сайн ажилласан ажилтнууддаа боломж бололцоогоороо орон сууцны
дэмжлэг тусламж өгдөг, шагнадаг асуудал байдаг биз дээ. Би ч гэсэн сайдаар
ажиллахдаа “Алдар” спортын хорооныхоо тамирчин Олимпийн мөнгөн медаль авсан
О.Гүндэгмаа, Улсын харцага цол хүртсэн Ө.Бат-Орших нар болон Зэвсэгт хүчний
жанжин штабын дарга, яамны зарим ажилтан зэрэг төрийн болон цэргийн алба
хаагчдыг орон сууцаар шагнаж байсан. Бас намайг Батлан хамгаалахын сайд байх
үед улсаас ахмад дайчдадаа орон сууц олгох шийдвэр гарч бид хэрэгжүүлсэн. Эдгээрээс
яамны нэг ажилтандаа олгосон 35 метр квадрат ганц өрөө байрыг сугалж авч
эрүүгийн хэрэг болгох гээд байгаа л хүмүүс юм билээ.

Хэрэв энэ гэмт хэрэг юм бол улсаас төрийн алба
хаагчдадаа байр өгөхөө бүр болиод өмнө өгсөн бүх байраа буцааж авах хэрэгтэй
болох байх.

-Би ойлгохдоо таныг сөнөөгч онгоц
зарсан, 300 айлын орон сууц барих нэрээр 10 тэрбум төгрөг завшсан гэх
асуудлуудад холбоотой гэж ойлгож байсан. Тийм зүйл байхгүй юу?

-Байхгүй. Онгоцны моторын гэх залилангийн хэрэг аль эрт
шүүхээр шийдэгдээд буруутай этгээдүүд нь ялаа авсан. Үнэн хэрэгтээ ийм луйврын
асуудал явсан байж болзошгүй байна гэдгийг гаргаж тавьж хуулийн болон тагнуулын
байгууллагаар шалгуулсан хүн нь би өөрөө. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдохдоо генерал Д.Даваа “ийм асуудал
огт байхгүйг баталж байна” гэснээр олон сар жил үргэлжилсэн хар пиарт цэг
тавьсан байх гэж бодож байна.

Зэвсэгт хүчний 300 айлын барилгын хувьд гүйцэтгэлийн
хоног хугацаа, төлбөрийн хуваарьтай холбоотой асуудал байгаа юм шиг байна лээ.
Ямартай ч метр квадрат нь ердөө 600 мянган төгрөгөөр офицер, ахлагч нараа
байртай болгох төслийг би санаачилж эхлүүлсэн. Цэргийн музейн хажууд байшингууд
нь босчихсон байгааг очоод үзэж болно. Манай багийн хийснийг харлуулах гэсэн тодорхой
албан тушаалтнууд харин тэдгээр 300 айл өрхийн байрандаа орох хугацааг хойш
татаад байгаа юм билээ.

Ер нь үүнтэй холбогдуулж хэлэхэд улсын төсвийн шударга,
зүй зохистой хуваарилалтыг бий болгомоор байгаа юм. Намайг Батлан хамгаалахын
сайдаар очиход батлан хамгаалах салбарын төсөв тавин тэрбум, үүнээс хөрөнгө
оруулалтын зардал ердөө хоёр тэрбум төгрөг байсан гээд бод доо. Ийм мөнгөөр
цэрэг дайчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх, зэвсэг техникийн шинэчлэл
хийх байтугай цэргийн ангиудынхаа дусаал дуссан дээврийг засаж хүрдэггүй
байсан. Энэ үед би Засгийн газар, УИХ дээр албан тушаалаараа дэнчин тавьж
болохоос болохгүй хүртэл зүтгэж байж батлуулсан төсөв бол энэ 300 айлын орон
сууцны арван тэрбум төгрөг юм. Тухайн үед хэрэв яамны асуудал хариуцсан албан
тушаалтнууд барилга бариулах гэрээгээ яаралтай байгуулж санхүүжилтээ татаж
авахгүй бол арай гэж олж авсан өнөө жаахан төсөв нь он гармагц хураагдах гээд
байсан юм билээ. Тиймээс тэд төсвөө Барилга захиалагчийн албан дээрээ авч
үлдээд тэндээсээ гүйцэтгэгч компанидаа шилжүүлэх аргаар байраа
бариулсныг буруутгаж чадахгүй. Харганын ноос түүж эсгий хийнэ гэдэг шиг арай
гэж нэг жаахан төсөв олж аваад офицер ахлагчдаа хямд байртай болгохын төлөө
зүтгэсэн тэр үеийн манай удирдлагын багийнхныг тэрбум тэрбумаар нь мөнгө
зувчуулаад шороо ч овоолоогүй мэтээр ярьж бичээд байгаа хүмүүсийг гайхдаг юм.
Гэхдээ манай зэвсэгт хүчнийхэн хэн нь юу хийснийг мэддэг байхаа. Ер нь тэгээд
олон зуун тэрбум, их наядын төсөв, тендертэй яамд, салбаруудаа шалгахгүй байж
төсөв, тендер гээд байх юмгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлын хоёр яамаа хянаж
шалгахад хэдэн жилийн турш асар их хүч, хөрөнгө зарцуулаад байгаа нь эрүүл
ухаанаар ойлгогдохгүй л байгаа юм.

-Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болох гээд байгаа Л.Болд
нарын хэрэг гэдгийн цаана гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэл байхгүй нь гэж
таны ярианаас ойлгогдлоо. Гэтэл та яагаад үнэн зөвөө ярихгүй нэг л их хэрэг
хийчихсэн мэт чимээгүй яваад байдаг юм бэ?

-Яривал
мөрдөн байцаалтын нууц задруулсан гээд жинхнээсээ хууль зөрчсөн хэрэгт унах тул
таны хэлснээр гэмт хэрэгтэн мэт гөвүүлээд дуугүй суух нөхцөлийг л тулгадаг юм
байна. Үнэндээ надад хийсэн хэрэг байхгүй учраас Өршөөлийн хууль надад бол ямар
ч нөлөөгүй. Хэрэв хийсэн ажлын минь төлөө надад хэрэг үүсгэж байгаа бол би
тэртэй тэргүй Өршөөлийн хуулиас үл хамааран шүүхээр үнэн зөвөө тогтоолгох
болно. Тиймээс ч намайг болон Их хурлын бусад гишүүдийг хэнийг нь ямар асуудалд
шалгаж байгаа, баримт нотолгоо юу байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор
нээлттэй сонсъё гэсэн санал гаргаж байгаа. Тэгж байж хэн нь хэн болох талаар
үнэн бодит мэдээллийг олон нийт төдийгүй гишүүд өөрсдөө авах боломж бүрдэнэ.

-Ер нь яагаад таныг ингэж бичээд үндэсгүй асуудлаар хэрэг
үүсгэж сөргөөр сурталчлаад байна гэж та бодож байна?

-Манай
зарим төрийн байгууллагын хууль хяналтын үйл ажиллагаа ихээхэн буруу явагдаад
байна. Хуучин цагийн НАХЯ шиг арга барилаар зарим нь ажиллаж байна, хүний эрх
зөрчиж хэлмэгдүүлж байна, тэр байтугай шалгагдаж байсан сэжигтэн нь шоронд нас
барлаа гэх мэт асуудлыг би нэлээд дээрээс ярьж тэмцэж ирснийг уншигчид мэдэх
байх. Би авлига, хээл хахуультай тэмцэх талаар төрөөс явуулж буй бодлого,
зорилтыг эсэргүүцсэндээ биш харин хэрэгжүүлэх шатанд нь гарч байгаа нугалаа
завхралыг хүлээн зөвшөөрч чадахгүйдээ ингэж тэмцсэн. Ардчиллын төлөө эхний
өдрүүдээс нь явсан хүний хувьд цаашид ч тэмцэх болно. Харин үүнийг ойлгоогүй
зарим хүн яаж ийгээд Л.Болдыг захиалгат хэрэгт холбогдуулж харлуулж гутаагаад
байвал дуугүй болно, аялдан дагана гэж бодсон юм шиг байна лээ. Намайг иймэрхүү
асуудлаар ам нээх бүрт маргааш нь миний эргэн тойронд ажиллаж байсан хэн нэг
хүнийг дуудаж барьдаг, байцаадаг болоод удаж байгаа.

Нөгөөтэйгүүр
ярилцлагын эхэнд хэлсэнчлэн барьцаа, шантаажийн аргаар төрд нөлөөлөх гэсэн
сонирхолтой хэсэг бүлэг этгээд мань мэтийгээ улс төрөөс шахан зайлуулах
хүсэлтэй байгаа бололтой. Үндэслэлтэй нотлох баримттай хэрэг байсан бол шалгаад
шүүгээд нэг тийш болгох хугацаа хангалттай өнгөрчихлөө. Гэтэл “хэрэг нээв,
нууц, түдгэлзүүлэв” гэж тэмдэглээд л хоёр жил хадгалчихаж байгаагийн цаад
зорилго нь үнэн зөвийг олохдоо биш сонгууль болох үеэр “энэ бол хэрэгт
шалгагдаж байгаа хүн” гэж зарлах л явдал юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Нэг цонхны бодлогоор үрийн буудайгаа хямд байхад нь оруулж ирэх ёстой

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Тэрээр албан томилолтынхоо эхний өдөр зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон тариалалтын байдал, ургац хураалтын явцтай танилцсан юм. Тэрбээр “Зуны эхэн сарууд гандуу, хурц нартай байсан. Сүүлд хур бороо орсон ч орох ёстой цаг үедээ ороогүйгээс ургац ерөнхийдөө хүндэрсэн. Үүнээс шалтгаалж ургацын байдал газар бүр харилцан адилгүй, янз бүр байна. Эхний удаад ургац алдсан, бага ургац авахаар байгаа талбайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Харин маргааш үүнээс илүү сайн ургац авахаар байгаа талбайгаар явна гэж байна. Гэхдээ бизнес алагтай, цоогтой байдаг. Бид үүссэн асуудлаа өнөөдөр хоорондоо ярьж, нэг зүйл дээр ойлголцох хэрэгтэй. Асуудлыг нэг өнцгөөс, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэх боломжгүй. Одоо үүсээд байгаа асуудал нь нэг талдаа 1000 орчим ажилтантай гурилын үйлдвэр, мөн 4000 гаруй тариалан эрхлэгчийн эрх ашиг, нөгөө талд нь гурван сая хэрэглэгчдийн эрх ашиг яваа. Үүнийг бодолцож, газар тариалангийн бодлогын өнөөгийн дүр зургаа бид гаргах шаардлагатай болж байна” гэв. Ингээд Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гадаад хүчин зүйлсийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал, нөөц боломж төдийлөн сайн биш байгаа. Төсвийн хүндрэл улам мэдрэгдэж эхэлсэн. Энэ оны эхний долоон сарын байдлаар төсөв 630 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Оны эцэс гэхэд зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад байвал бид бараг нэг их наяд төгрөгийн төсвийн алдагдал нөхөх шаардлага гарч байгаа. Гадаад нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Эрдэс, түүхий эдийн үнэ уналттай. Үүнийг дагаад бензин шатахуун, газар тариалангийн салбарт ч үнийн уналт явагдаж байна. Тухайлбал, манай хөрш, импортлогч орны нэг болох ОХУ, Казахстаны өөрсдийнх нь мөнгөн тэмдэгт болох рубль ам.долларын эсрэг ханш нь эрс суларч байна. Олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад импортын хөнгөлөлттэй нөхцөл зарим бараа, бүтээгдэхүүн дээр бий болж байгаа. Тиймээс гадаад дотоод хүчин зүйлээ бид зохицуулж энэ жилийнхээ салбарын бодлогыг гаргана.

Сүүлийн жилүүдэд нэг зүйл хандлага болж хэвшсэн. Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар намрын ургац хураалтын үеэр газар дээр нь танилцаад, жишиг үнэ зарладаг болсон. Ийм байдлаар асуудалд хандахгүй гэдгээ миний бие өнгөрсөн хавар мэдэгдэж байсан. Хүмүүсийг зах зээлийн зарчим руу шилжсэн, бодлого ч энэ зүгт чиглүүлэх нь оновчтойг дурдсан. Түүнээс төр зах зээлийн харилцаа руу гүйж орж, үнэ тогтоогоод байх нь зохистой биш юм. Тиймээс үнэ зах зээлийнхээ зарчимд нийцэх нь зөв. Цаашдаа бол асуудалд ингэж хандах нь илүү үр дүнтэй. Манай гурил үйлдвэрлэгч, тариаланчид хоорондоо тохиролцож, нөхцөл байдлаа бодитой үнэлэх нь чухал. Бидний хэн ч саран дээрээс бууж ирээгүй учраас нөхцөл байдлаа зөв үнэлж, хоорондоо зах зээлийн зарчим тохирох болов уу.

-Энэ жил ургац хураалтын байдлаас шалтгаалж импортын буудай худалдаж авах шаардлага тулгарч байна. Үүн дээр Засгийн газраас ямар зохицуулалт хийх вэ?

-Засгийн газрын зүгээс ургацынхаа урьдчилсан балансыг гаргасан. Нийтдээ 250-260 орчим мянган тонн буудай хураахаар байгаа. Энэ нь өөрийн хэрэглээний 58.7 хувийг дотооддоо хангана гэсэн үг. Үлдэж буй 106 орчим мянган тонн буудайг импортлохоос аргагүй болж байна. Дотоодын худалдан авалт, импорт зэрэгцэж явахаар бие биеийнхээ үнэд нөлөөлж, хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ жилийн нэг ялгаа нь импортынхоо буудайг нэг цонхоор оруулж ирнэ. Цаг хугацааны тухайд хэзээ, хэдийд оруулж ирэхээ Засгийн газар шийднэ.

Мэдээж үр тариа, буудайн үнэ харьцангуй хямд байхад оруулж ирнэ. Гэхдээ импортын буудай дотоодын тариаланчдын үнэ өртөг, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна. Үүнийг салбарын яам нэг цонхны бодлогоор зохицуулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдийг бий болгоно.

Нэг цонхны бодлогоор импортын буудайн асуудлыг шийдэх учраас урьд жилүүдийнх шиг, ялангуяа өнгөрсөн жил гарсан шиг тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцол, маргаан гарахгүйгээр зохицуулах боломжтой гэж харж байгаа.

-Хадлан тэжээлийн байдал, махны экспортын талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хадлан тэжээлийн хувьд одоо байгаа үр дүн маань хангалтгүй, дөнгөж 10 хувь гаргаад явж байна. Энэ ажилд хүн болгон дор бүрнээ хүчин зүтгэж байж ирэх өвлийн ард гарах ёстой. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газар махны чиглэлийн асуудлаа зохицуулж байна. Хойд болон өмнөд хөрштэй яриа хэлцэл хийж байна. Ялалтын баярын үеэр Ерөнхийлөгч болон Бурмаа сайд өөрсдийн чиглэлийн хүмүүстэй уулзсан. Махны экспортын асуудал дээр хоёр хөрштэй тохиролцоонд хүрч, ахиц дэвшил гарч, ажил урагшлах хандлага байна. Бидний зүгээс дотооддоо дахин зохион байгуулалтыг хийнэ. Би ирэх долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлийн даргатай уулзана. Энэ үеэр дээрх асуудлыг зохицуулах чиглэлийн ажлуудыг ярилцах болно. Газар тариалан, буудай, гурилын үнэ, хадлан тэжээл, махны үнийн асуудлаа шийдээд ард нь гарчих болов уу гэсэн дүр зурагтай байна.

-Улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчимд нийцүүлэх цаг болсныг тариалан эрхлэгчид шаардах болсон. Мөн буудайн урамшууллын асуудал жил бүрийн намар багагүй маргаан дагуулдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Яамны зүгээс гурилын үнэ тогтвортой байна гэж мэдэгдсэн. Үнэхээр ийм боломж байгаа юу?

-Хөдөлмөрийн баатар Мардай гуай “Би 38 жил газар тариалан гэж явсан.

Өнөө жилийнх шиг ийм ган үзээгүй” гэж ярьж байна. Нөхцөл байдал ийм байгааг дор бүрнээ ойлгож, гурван тал асуудлаа нэгтгэж, нэг ширээний ард сууж харилцан буулт хийж шийдэх ёстой. Нэг нь гарч ирээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалсан байдлаар яриад байж болохгүй. Ингэж яриад хэзээ ч шийдэлд хүрэхгүй нь гэдгийг харлаа. Чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх нь чухал. Гэхдээ бидний өнөөдрийн хувьд чөлөөт зах зээлийн үнэ рүү шилжих бэлтгэл багатай байна. Буудайн үнийг зарлахгүй, зах зээлийнхээ зарчим руу чиглэх нь зөв. Хэн хэн нь хоорондоо зохицох үлдээд байна. Газар тариалангийн салбарынхаа бизнесийг унагачихгүй, хэтэрхий нэг талыг ярьж үнэ хөөхгүйгээр хоорондоо зохицоод хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс импортын буудай оруулж ирэхдээ нэг цонхны бодлогын зарчим баримтална гэдгээ эхэнд тэмдэглэсэн. Тухайн компани дотоодоос хэдий хэмжээний буудай авсан байна, үүнтэй нь дүйцүүлж тэр хэмжээгээр импортлох эрх, хуваарилалт, квотын асуудлыг ярих болно. Тиймээс гурвалжны нэг талыг ярих хэрэггүй байгаа юм. Засгийн газар иргэддээ үнийн дарамт үүрүүлэхгүй, гурил үйлдвэрлэгчдээ дэмжих, тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалах гурван талын хүслийг нэгтгэж, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандаж байгаа. Гурван сая иргэнийхээ төлөө 3-4 мянган хүний төлөөлөл нийлж байгаад дундын шийдвэр олоод явна гэж харж байгаа. 100 хувь сэтгэл ханамжтай нэг хэсэг гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс хаана хаанаа анхаарч, урагшаа харж ажиллах ийм л цаг үе бидэнд байна. Харилцан зохицол, харилцан буулт, ойлголцол дээрээ ажиллах хэрэгтэй. Засгийн газрын хувьд төсөв нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байна. Ийм үед нөхцөл байдлаа зөв үнэлж, тариалан эрхлэгчдээ дэмжих, өр зээлтэй байгаа компанийн зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх, хугацааг нь сунгах гээд цөөнгүй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Аль аль нь хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай үед дарамт болж байгаа. Одоо бол талбай дээр гараад буудайгаа асгаж, буцааж ачдаг ийм зүйл бол явахгүй, бодит байдал дээрээ ойлголцох нь чухал.

-Яам болон тариаланчид өнгөрсөн жил буудайн урамшууллын асуудлыг тойрч багагүй маргасан. Энэ жилийн хувьд буудайн урамшууллыг хэрхэн шийдэх вэ?

-Буудайн урамшууллын асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө тавихаас аргагүй, урьд жилүүдийнхийг шууд хуваарилаад явахгүй нь ойлгомжтой болчихлоо. Юуны өмнө тариалангийн хуулиа баталж гаргана. Мөн тариаланчдад ямар асуудал тулгарч байгаа, төрийн зүгээс яаж туслах, дэмжих боломжтой талаар санал авч шийдэлд хүрэхийн төлөө ажиллах болно.

Асуудал байгаа учраас шийдэх арга замыг тал талаас нь эрэлхийлэх шаардлага гарч байна. Асуудал гурван талт өнцөгтэйг хэлсэн. Гурвуулаа эрх ашгаа ярьж, нөгөө талд нь боломжийн үнээр гурил үйлдвэрлэх, хямд үнэтэй гурил хэрэглэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Засаг гурван институцыг төлөөлж байна. Засгийн газраа өрсөлдөгч, асуудал гэж битгий хар. Нийлж хамтдаа байж асуудлынхаа ард гарцгаая.

-Импортын буудайнаас гадна үрийн асуудлыг ярих ёстой. Үүнийг шийдвэрлэхэд мэргэжлийн холбоодоос төлөөллийг оролцуулах хэрэгтэй биз дээ?

-ХХААЯ энэ жил 29.7 мянган тонн үрийн буудай оруулж ирнэ. Бид нар сайн чанарын үр оруулж ирэхгүй бол болохгүй. Үүнийгээ аль сортын, ямар буудайг хэзээ оруулж ирж, яаж зохион байгуулах гэдгээ тариаланчид яаман дээр гурван талын төлөөлөл оролцоод шийдэх ёстой. Нэг цонхны бодлогыг баримтлаад үнийн хувьд хямд байхад нь үрийн буудайгаа эрт оруулж ирэх ёстой.

-Чингис бондоос санхүүжилт авсан “Эрдэнэт хивс” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих саналуудыг тавьсан. Шийдвэрлэх боломж бий юу?

-Үнэхээр сэтгэл ханамжтай байна. Тодорхой технологийн шинэчлэл хийгээд, хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа нь сэтгэл татахуйц амжилт. Эрдэнэтийг бид ГОК гэдгээр нь ойлгож, төсөөлж ирсэн. Тэгэхэд “Эрдэнэт хивс” гэхэд дотоодын хивсний зах зээлийн 75 хувийг дангаар хангаж, энэ салбарынхаа ГОК нь болчихсон байна. Хивсний загвар, хийц нь хувь хүнийхээ хувьд надад таалагддаг. Хүн болгоны хэрэгцээг хангасан, хэдэн зуун мянган цэгийн хатгалттай, технологи хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн зүгээс гурван асуудал хөндсөн. Эхний ээлжинд, түүхий эд бэлтгэх дээр ялангуяа салбар болгонд гарч байгаа зүйлийг хөндсөн. Дотоодын үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах бодлогоор дэмжих, Хоёрдугаарт, Чингис бондоос хийсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацааг уртасгах. Гуравдугаарт, цэвэрлэх байгууламж. Засгийн газрын хуралдаанаар Дарханы цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэн байгаа. Гэхдээ үйлдвэрийн цэвэрлэх байгууламж өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс асуудлыг гадны хөрөнгө оруулалт, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрээ харж шийдэх шаардлагатай болсон байна. Зөвхөн Монгол Улсынхаа хэрэгцээг хангахаас гадна дэлхийн арваад улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тиймээс олон улсын худалдаагаа улам өргөжүүлж, брэнд бүтээгдэхүүний чиглэлд илүү санал санаачилгатай ажиллах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс бодлогын хувьд бүрэн дэмжиж ажиллана.

-Гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Дотоодод үйлдвэрлэж буй гурил импортын гурилаас хямд, чанартай байснаар зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байдаг. Гэвч манайд үнэ хямд байх ийм боломж нь хараахан бүрдэж чадаагүй байгаа. Үүнийг хэрхэн шийдэж болох вэ?

-Миний дээр дурдсан гурвалжны нэг өнцөг нь гурил үйлдвэрлэгчид байдаг. Тэдний нэгтэй, тэр тусмаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Турк улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ газар цоо шинэ гурилын үйлдвэр бариад зүтгэж байгаа нь сайхан санагдаж байна. Тодорхой бодлогоо гаргаж, яамтайгаа санамж бичиг байгуулж, эцсийн бүтээгдэхүүний үнэ дээрээ тохирч, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нягт ажиллах хэрэгтэй. Хүндрэлтэй жил ч гэсэн өөрсдийн боломжоор том алхам хийх нь чухал.

Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно

УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ны өдөр хуралдах юм уу. Гишүүдийн зүгээс тов зарлагдсан тухай ярьж байна?

-Одоогоор ээлжит бус чуулган хуралдах тов зарлагдаагүй байна. УИХ-ын дарга Засгийн газрын гишүүний нөхөн томилгоог 30 хоногийн дотор хийх хуулийн дагуу энэ сарын 6-ны дотор огцорсон зургаан сайдын нэрийг өргөн барихыг Ерөнхий сайдаас албан тоотоор хүссэн. Ээлжит бус чуулганы тов хэлэлцэх асуудал, үргэлжлэх хугацааг тодорхой зааж зарладаг. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд сайдуудын нэрсээ өргөн бариагүй байна.

-УИХ-ын дарга З.Энхболд дэлхийн парламентын спикерүүдийн уулзалтад оролцохоор АНУ явсан. Есдүгээр сарын 7-ны орой эх орондоо ирэх юм биш үү. Тэгэхээр Их хурлын даргыг орлож үлдсэн хүн байгаа юм уу?

-Тийм. Одоо УИХ-ын даргыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж орлож байгаа. Хэрэв сайдын нэрс өргөн барьсан тохиолдолд Р.Гончигдорж дарга ээлжит бус чуулганы товыг зарлаж 7-нд нээнэ. Нээлтийн дараа холбогдох Байнгын хороод хуралдаж сайдуудын асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдээ гаргах учиртай. Есдүгээр сарын найманд УИХ-ын дарга хурлаа удирдаж эцсийн шийдвэрийг чуулганы хуралдаан гаргана гэж төлөвлөж байгаа. Ер нь цаг алдмааргүй л байна шүү дээ.

-Ерөнхий сайд яагаад сайдуудын нэрсээ өргөн барихгүй намрын чуулган хүртэл хойшлуулаад байгаа юм бол, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санал зөрөлдөөд байгаа гэсэн мэдээлэл яваад байх юм?

-АН-ын бүлэг хуралдаж нэр дэвшигчдийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал тул өөрөө сонголтоо хийгээд оруулж ирэх чиглэл өгсөн. УИХ-ын дарга ч Ерөнхий сайдын мэдэх асуудал гэж байсан. Мэдээж сонголтоо хийхэд Ерөнхий сайдад түвэгтэй байгаа юм болов уу даа.

-Ерөнхий сайд хэ­рэв зур­гааны дотор сайдуудынхаа нэрсийг өргөн барилгүй хууль зөрчвөл яах юм. 1998 онд мөн сайд нараа оруулж ирэлгүй үүрэг гүйцэтгэгчид долоон сар явсан байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Есдүгээр сарын зургаанд хугацаа дуусах гээд байгаа тул Ерөнхий сайдын зүгээс зургааны дотор өргөн барихаас өөр аргагүй. Ерөнхий сайдыг энэ сарын дөрөвний өдөр сайд нарынхаа нэрсийг өргөн барина гэсэн чиг яригдсан юм билээ. Гэхдээ өргөн барих уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Есдүгээр сарын зургаанд сайд нарын нэрс өргөн баригдахгүй, долоонд ээлжит бус чуулган хуралдахгүй бол хууль зөрчсөн үйлдэл болно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг тухайн үед нь шийдэх байх.

1998 онд үүрэг гүйцэтгэгчид долоон сар болж байсан, өнөөдрийн нөхцөл байдал хоёр ялгаатай. Учир нь сая огцорсон зургаан сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй тул заавал нөхөн томилгоо хийх болчихоод байгаа юм. Гэтэл хуулиар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд орон гарсан тохиолдолд 30 хоногийн дотор нөхөн томилох ёстой гэдэг заалтын дагуу асуудал явж байна. 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед огцорсных нь дараа дараагийн Засгийн газар орж иртэл үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тухайн сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байлаа. Энэ удаа МАН-ын зургаан сайдыг огцруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр томилсон бол яваад байж болно. Ийм тохиолдолд 30 хоногийн хугацаа хамаагүй байдгаараа ялгаатай.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс намрын чуулганаар сайд нарынхаа асуудлыг шийдье гэж зөвлөхөөрөө дамжуулан мэдэгдсэн. Их хурлын дарга зургааны дотор оруулж ир гэсэн. Хэрэв энэ хугацаандаа амжихгүй бол ямар хариуцлага хүлээдэг юм?

-Хэрэв хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно. Тиймээс Ерөнхий сайдыг зургааны дотор өргөн барьчих байх гэж бодож байна. Мэдээж Ерөнхий сайдад хүндрэлтэй асуудлууд байгаа л байх. Бүлгээс гарсан шийдвэр, УИХ-ын даргын байр суурь Ерөнхий сайдыг нэрсээ оруулаад ир гэсэн байгаа. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ийм мохоо байгааг гайхаж л сууна. Түүний хувьд “Би ийм хүмүүсийг томилно” гээд нэрсээ шууд оруулаад ирвэл маргах юм байхгүй. Одоо бол энэ хүн миний фракци, тэр хүн түүний фракци гэсэн юм л яваад байгаа болов уу. Тэр ч утгаараа шийдэж чадахгүй байна гэж бодож байгаа. Улс төрийн нөхцөл байдал хүндрэх байх гэж бодоод байгаа юм болов уу.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Манайхан чинь аливаа асуудал дээр өөрийнх нь үгэнд ороогүй бол төр засгийг самардаг, дураараа тонгочдог үзэгдэл хэвийн болчихлоо. Хаа сайгүй л тийм болчихсон байна. Ер нь бол хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ажлаа хийж сурмаар байх юм. АН фракцигүй нам боллоо гэдгээ зарласан. Фракцигүй нам болсон ч юм уу, үгүй ч юм уу. Эсхүл фракциуд нь дарамтлаад байдаг юм уу, бүү мэд. Цаашид шударгаар явахгүй бол Монголын төр төр биш болчих гээд байна шүү.

-Үнэхээр фракциудын оролцоо бий юу?

-Фракциуд оролцсон болоод л өнөөдрийн ийм байдалд хүрч байгаа шүү дээ.

-Есдүгээр сарын зургаанд багтан сайд нарынхаа нэрсийг өргөн барихгүй бол сөрөг хүчин болсон МАН-ын улс төрийн тоглолт болох уу?

-Ингэж удаашрах нь МАН-ын улс төрийн тоглолт л болж хувирна. МАН-ынхны хийх ажил нь тэр болсон. Сөрөг хүчний байр сууринаас хандаад л явчихна. Алдаа оноон дээр нь тоглоод явна. АН-аас томилогдсон хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. 1996-2000 оны хоорондох гашуун сургамжаа давтаж огт болохгүй.

-Тэр замаараа яваад байгаа юм биш үү?

-Арай ч тийм замдаа орчихоогүй байна. Хэрэв бид энэ Засгийн газраа солих юм бол 1996-2000 оны зам руу тэр чигээрээ орно гэсэн үг. Дараагийн Засгийн газар нь тогтвортой байх эсэх асуудлыг хэн ч таашгүй. Маш хүчтэй сөрөг хүчинтэй болчихсон. Улс төрийн тоглолтууд хаа сайгүй явж байна. 1996-2000 оны хооронд тийм ч олон нам өрсөлдөөгүй үед бид тоглуулж явсан шүү дээ. Тэр тоглоомонд орж яаж зовж, зүдэрч байлаа. Тэр түүх л өнөөдөр 25 жилийн түүх болон яригдаж байна. Бид түүхийг давтаад байж болохгүй. Харин ч түүхээ засч сайжруулан, алдаа оноогоо дэнслээд явбал болно. 1996-2000 оны хооронд тийм том алдаа гаргаж сургамж авчихаад ийм байдалтай цаг хугацаа өнгөрөөгөөд байх нь намын болоод ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүй. Би тэр талаас нь шүүмжлэлтэй хандаж байгаа. 1996-2000 оны түүхийг давтах үгүйг АН, АН-ын бүлэг л шийднэ.

-Тодорхой хүмүүс дотроос кабинетаа бүрдүүлээд явах боломжийг Ерөнхий сайдад олгочихсон гээ биз дээ. Мөн дэд сайдаар томилогдох хүмүүсийн нэрс гээд гарчихсан байна лээ. Хүмүүсийн хандлагыг ч та анзаарч харсан байх…

-АН-ын бүлэг болон АН-ын дарга ийм хүмүүсийн нэр яригдаж байна гээд тодорхой гишүүдийн нэрийг Ерөнхий сайдад санал болгосон. Тэдгээр нэрс дундаасаа Ерөнхий сайд зориг гаргаад оруулаад ирэх хэрэгтэй. Харин дэд сайдуудын асуудал намын Гүйцэтгэх зөвлөлд хамааралтай болчихдог. Гүйцэтгэх зөвлөл нь шийдвэрээ гаргаад өгчихсөн байна лээ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг томилгоон дээр анхаарч үзэх ёстой юу гэвэл, тийм.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх үү?

-Хэлэлцэх байх. Ер нь УИХ-ын чуулган завсарласан үед хориг тавигдсан тохиолдолд дараагийн чуулганы эхний асуудал болж хэлэлцэгддэг хуультай. Гэхдээ Өршөөлийн хууль бол олон хүнд хүлээлт үүсгэсэн онцгой хууль учраас хоригийг яаралтай хэлэлцэж эцэслэх ёстой гэж үзэж байгаа.

-Саяхан УИХ-ын дарга байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан хийх тухай захирамж гаргасан байна. Ямар зорилгоор ийм захирамж гаргав?

-Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсан. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам дөрөв, Монголын Үндэсний Дэвшлийн Нам гурван суудал тус тус авч байсан. Энэ бол түүх. Тийм учраас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх үед хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно гэж заасны дагуу захирамж гарсан.