Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Гончигдорж: Өршөөгдөх гэж байгаа хүмүүс, тэднийг хүлээсэн ар гэрийнхнийх нь гаслангийн “хашгираан” зарим улстөрчдөд сонсогдохгүй байна уу

Өнгөрөгч
пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.

Өршөөл
үзүүлэх тухай хууль нэлээд хугацаанд хүлээлт үүсгэж байж хэрэгжиж эхэллээ. Гэхдээ уг хуулийг эртхэн батлаад явах боломж байсан ч улстөржилт арай л их явчихав уу гэж санагдах юм. Энэ хуулийн талаар байр сууриа илэрхийлээч?

-Өршөөлийн
хууль наймдугаар сарын 11-нд батлагдаж, хүчин
төгөлдөр болсон. Уг хууль
зургаа хоногийн хугацаанд үйлчилж, наймдугаар сарын 17-нд Монгол Улсын
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд
хориг тавьсан. Хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авсантай холбогдуулан
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай саналыг Хууль зүйн
байнгын хорооноос боловсруулан оруулж ирсэн. Түүнийг
нь УИХ хэлэлцээд өнгөрөгч
пүрэв гаригт уг хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.

Ингэснээрээ
Өршөөлийн хуулийн гол заалт
болох 4.1, 7.1 дүгээр заалтууд нь
миний гаргасан саналын томъёоллоор ороод
өршөөл зохион байгуулах ажил
явах бүрэн боломжтой болсон.
Өршөөлийн хуулийн тал дээр
миний барьсан байр суурь
эхнээсээ тодорхой байсан. Хууль анх
батлагдахад нь нэн даруй
суллаад явах боломж байлаа.
Тиймээс хуулийг энэ мөчлөгөөс
нь авч үзэх ёстой.
Би Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт
орж ажилласан. Тэгэхдээ нэгэнт өршөөл үзүүлж
байгаа юм бол нэн
даруй өршөөлийг зохион байгуулах ёстой.
Тэгэхгүйгээр саад болж буй
аливаа зүйл нь хүний
эрхийг зөрчсөн үйлдэл болно
гэж байр сууриа хэлж
байсан.

Манайхан “Тэдийн тэд дүгээр
зүйл өршөөгдөхгүй боллоо” гэж ярьж
байгаа. Энэ томъёоллуудыг бид
болгоомжтой хэрэглэх ёстой. Эцсийн бүлэгт
өршөөх үү, үгүй юу
гэдгийг шүүх шийддэг. Түүнээс
биш “Түүнийг өршөөхгүй боллоо”
гэж хэн нэгэн, ямар
нэгэн зүйл заалтыг ярих
эрх байхгүй.

Яагаад?

-Нэгдүгээрт,
Өршөөл үзүүлэх тухай хууль
наймдугаар сарын 17-нд хориг тавигдах
хүртэл бүрэн хүчин төгөлдөр
байсан. Дахин хэлэхэд энэ
хууль бүтэн зургаан хоног
хүчин төгөлдөр байсан юм шүү.
Энэ зургаа хоногийн хугацаанд
гэмт хэрэг үйлдсэн байж
болзошгүй, гэмт хэрэг үйлдсэн
ч хэрэг нь
шалгагдаж байсан хүмүүс, гэмт
хэрэг үйлдсэн нь тогтоогдоод
ял эдэлж байсан хүмүүс
эрх чөлөөт иргэн болцгоосон.
Үүнийг бид онцолж бодох
ёстой. Жишээлбэл, хаачихлаа гээд байгаа залилангийн
хэргээр хоригдож байсан хүн тэр
зургаа хоногийн хугацаанд чөлөөт иргэн болчихсон
юм. Байгаа газар нь
л шорон болохоос.

Хоёрдугаарт,
Ерөнхийлөгч хориг тавьсан тул
наймдугаар сарын 18-наас 4.1, 7.1 дүгээр заалтуудыг түдгэлзсэн.
Харин бусад бүх заалт
нь хүчин төгөлдөр хэвээрээ
үлдсэн. Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулаад энэ хуулийн түдгэлзэгдсэн
заалтууд нь орлогдох заалтуудаараа
орлогдоод явна.

УИХ Өршөөлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулан тийм тийм
заалтуудыг өршөөлд хамааруулахгүй гээд
хуулийг гаргалаа. Одоо хууль хэрэглэгчид
үүнийг яаж хэрэглэх вэ
гэдэг нь тэдний бүрэн
эрхийн асуудал. Тиймээс “Өршөөхгүй боллоо” гэдэг үг
бол бидний хэлэх үг
биш гэдгийг дахин тодотгоё.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
явцад би татгалзсан санал
өгсөн. Миний хувьд анхнаасаа
Ерөнхийлөгчийн хориг тавигдахад хүртэл
хэлж байсан.

Ерөнхийлөгчийн
хориг тавигдаж, нэмэлт, өөрчлөлт оруулж
хууль хичнээн өөрчлөгдлөө ч
гэсэн бидний наймдугаар сарын
11-нд баталсан хууль өөрчлөгдөхгүй. Тэнд
өршөөнө гэсэн л бол
өршөөгдөнө. Харин өршөөхгүй гэдэг
заалтуудаас зарим нэгийг нь
өршөөлд хамруулъя гэж Ерөнхийлөгч хоёр
жилээр хасах санал гаргасан.
Харин тэдгээр заалтууд нь
Өршөөлийн хуульд нэмэгдэж орж
ирж болно. Тиймээс ямар
нэг өөрчлөлт хийх тухай ярихад
Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1, 7.1 дээр
л бид ярина
уу гэхээс өөр зүйл
дээр боломжгүй.

Тухайн
үед яг ямар процесс өрнөсөн юм бэ?

-Яг нарийндаа яривал наймдугаар сарын
11-ний өдөр хууль батлагдахад
МАН-ынхан бүгд зөвшөөрсөн
байхгүй юу. Нэг хэсэг
нь чуулганд ирээгүй. Орж ирсэн нэг
хэсэг нь хуулийг дэмжиж
санал өгсөн бол нөгөө
хэсэг нь дэмжээгүй санал
өгсөн. Анхнаасаа л тийм саналтай
байсан юм бол 25-уулаа
орж ирээд эсрэг санал
өгөөд явчих байсан. Манай
намаас ч гэсэн тухайн
үед эсрэг санал өгч
байсан гишүүд бий. МАН-ынхан бүгд ирээд
эсрэг санал өгсөн бол
хууль батлагдахгүй байсан. Хуульд өөрчлөлт
оруулъя гэсэн бол саналаа
оруулаад явах боломж байсан
юм шүү. Тэд өөрсдийнхөө
эс үйлдлээр оролцоогүйгээрээ уг хуулийг гаргалцсан.
Хүний гараар могой бариулчихаад
дараа нь “Эд яасан
муухай юм бэ” гэх
шаардлагагүй. Би анхнаасаа л
ийм заалтууд оруулаад хэрэггүй гэсэн. “Оруулаад ч
хэрэглэгдэхгүй заалтуудыг би дэмжихгүй” гэсэн
юм. Түүнээс биш ямар
нэг хүнийг авлига авсан
байхад нь өршөөж уучлах
гээд байсан юм байхгүй.

Таныг
нууц санал хураалт явуулах санал гаргасан болохоор иймэрхүү хардлага руу хөтөлсөн байж магадгүй юм?

-Намайг нууц санал хураалт
явуулах санал гаргахад “Нууцаар
хийдэг юмаа хийх гэж
байна” гэсэн. Өнөөдөр гишүүдийг
авлигатай тэмцэгч, авлигатай тэмцэгч биш гэж
хоёр хувааж байна. Монголчуудын
хэлдгээр “Шонд дүүжилж, шоронд
хатаана” гэдэг заналхийлэл явж
байгаа. Миний хувьд Халдашгүй
байдлын дэд хорооны даргын
хувиар УИХ-ын гишүүн
бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд халдашгүй
байдалд нь халдах ёсгүй
гэж үзсэн тул УИХ-ын гишүүн аль
талд нь санал өгснөөрөө
“яллагдаж” болохгүй л гэсэн юм.
Өмнө нь ийм асуудлууд
гарч байсан болохоор урьдчилан
сэргийлэх үүднээс гаргасан.

Өршөөлийн хууль ямар ч
байсан хөдөллөө. Даруйхан хэрэгжүүлээд явах нь зөв.
Би Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн талаар
хэлсэн. Энэ хууль гарахаас
өмнө зөөлөн байсан заалтыг
хатууруулсан заалт орж ирвэл
хэрэглэхгүй.

Хуулийн аль болох зөөлрүүлсэн
заалтыг хэрэглэдэг. Эрүүгийн хуулийг шинэчлэхэд бид
ийм хөдөлгөөнөөс үүдээд Өршөөлийн хуультай
төстэй зүйлүүд хэрэглэгдэнэ. Дээд
хязгаар нь таван жил
гээд хуульд байсныг Эрүүгийн
шинэ хуулиар гурван жил
гээд ороод ирвэл бид
гурван жилийг нь хэрэглээд
явна. Түүнээс биш таван
жилийн хорих ялтай заалт
шинэ хуулиар долоон жил
гээд ороод ирвэл бид
долоо биш таван жилийг
хэвээр нь авч хэрэглэнэ.
Ийм журамтай юм.

Өршөөлийн
хууль авлига, албан тушаалын хэргийг өөгшүүлэх нь гээд байсан даа…

-Яагаад наймдугаар сарын 11-нд ийм хуулийг
баталчихсан юм гэдэг асуудал
гарч байна. Авлига, албан
тушаалын хэрэгтэй тэмцэхгүй юм уу гэхчилэн
нарийн зүйлс бий. Хашир
хүн гэж хаширсан хүнийг
хэлдэг гэдэгчлэн манай нийгэмд хашралт
байна шүү дээ. Өршөөлийн
хууль “Анхны ардчилсан чөлөөт
сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж”
гээд маш гоё өмнөтгөлтэй.
Энэрэнгүй үзлийн үүднээс эднийгээ
өршөөчихье. Өршөөл үзүүлснээс хойш
төр өөрсдийн үйл ажиллагааг зөв
болгоё. Авлигатай тэмцдэг ажлаа зөв
болгоё. Шүүдэг, хянадаг, тасалдаг
ажиллагаагаа зөв болгочихъё. Нэг
талаас төр тунгалаг, хүнд
сурталгүй болж, хуулийг нь
зөв цэгцтэй болгоё гэсэн
юм. Авлига, албан тушаалын
хэрэгт нэн тэргүүнд холбогдож
магадгүй зарим овлигогүй нөхөд
эрх мэдлээ далайлгасан, хүмүүсийг
айлгаж сүрдүүлсэн, тэндээсээ тодорхой ашиг олдог гэх
зэргээр цаашаа явчихсан байж
болзошгүй ийм нөхцөл байдал
манайд байна. Авлигатай тэмцэх
гол зүйл чинь энэ
биз дээ. Яг энэ
утгаараа зогсоох хэрэгтэй. Бүх
зүйлээ цэгцэлье гэсэн юм. Түүнээс
авлига, албан тушаалын хэргийг
өөгшүүлээд байгаа юм байхгүй.
Энэ зарчмаар л Өршөөлийн хуулийг
баталсан байхгүй юу.

Өршөөлийн
хуулийг сунжруулсан, бантан хутгаж байна гэсэн шүүмжлэлийг танд хаяглан хэлж байсан. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Намайг хууль сунжруулж, энэ
олон хүнийг хорих газарт
байлгаад байна гээд байгаа.
Гэтэл явцын түүх юу
өгүүлэх вэ гэдэг нь
сонин. Хориг хэлэлцсэн чуулганы
хуралдаанд УИХ-ын дарга
байгаагүй тул би хурлыг
даргалсан. Ээлжит бус чуулганыг
дуусгаад алх тогшсон. Алх
тогшихдоо юу гэсэн гэхээр
“Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа” гэсэн. Хориг хүлээж
авсны дараа Байнгын хороо
хууль боловсруулаад чуулган руу оруулаад
дуусдаг. Би ажлын хэсэгт
орж 4.1, 4.7 гэсэн хоёрхон заалтыг
тавьж өгсөн. Тэгэхэд шууд
хэлэлцээд явсан бол суллах
ажлаа явуулах боломжтой байсан.
МАН-ынхан танхимаас “Та
чуулган буруу удирдлаа. Энэ
дуусаагүй” гээд хашгирсан. Байнгын
хороон дээр дууссан гэсэн
статусаар нь явах гэтэл
заавал санал хураалгана гэсэн.
Уг нь Ерөнхийлөгч 9, 5 дээр
хориг тавиагүй. Гэтэл 9, 5 дээр хориг тавьсан
гээд санал хураалгахаар болсон.
Биднийг цөөнх болсон гэж
чуулган руу оруул хэмээн
Ардын намынхан шаардсан. Үүнээс болж МАН-ынхан завсарлага авсан.
Нэг их сүрхий авлигатай
тэмцэгчид болж хашгирахын тулд
бүх заалтуудыг оруулна гэж сунжруулсан.
Нөгөө талд нь “Шударга
ёс” эвслийн бүлэг тэр
заалтууд буцаж орохгүй гэсэн
юм. Би тэдэнд “Эд
буцаж орлоо ч гэсэн
хуульд хэрэглэгдэхгүй” гэж хэлсэн. Гэтэл
тэд завсарлага авсан. Энэ мэтчилэнгээр
сунжирсан юм.

Анх
Өршөөлийн хууль хэрэгжсэн зургаа хоног болон өнгөрөгч долоо хоногт нэмэлт, өөрчлөлт оруулсан ч гэсэн зургаа хоногт ямар заалт хэрэглэсэн тэр заалтаараа явах юм байна, тийм үү?

-Хууль бүрэн хүчин төгөлдөр
зургаа хоносон. Сая нэмж оруулсан
заалтыг хэрэглэхгүй. Тухайн үед чөлөөт
иргэн болчихсон байсан хуулийнхаа дагуу
өршөөж чөлөөлөгдөх зүйл яригдана. Энэ
бол хүний эрхийн асуудал.
Монголчуудын хамгийн их дээдэлдэг
зүйл нь хүний эрх.
Монгол Улс НҮБ-ын
Хүний эрхийн зөвлөлийн гишүүн
орон боллоо гээд өнгөрөгч
долоо хоногт баяртай мэдээ
дуулгаа биз дээ. Хүний
эрхийн байдлыг дордуулахгүй байна
гэдэг чинь манай Үндсэн
хуулийн суурь үзэл санаа.
Үүнийг л хэлж байгаа
юм. Гэтэл үүнийг ойлгоогүй
нөхдөд эсэргүүцэгч харагдана биз. Ойлгосон хүмүүст
бол энэ хүмүүсийг аль
хэдийнэ суллаад, өршөөл үзүүлчихгүй юугаа
хийгээд хоёр сар сунжирч
хорьсон юм бэ гэж
гайхширна. Тиймээс наймдугаар сарын
11-нд батлагдсан Өршөөлийн хуульдаа захирагдана. Тухайн үед Өршөөл
үзүүлэх комисс шуурхай ажилласан
бол хаалаа гээд байгаа
заалтад хамрагдсан зарим хүнийг аль
хэдийнэ суллачихсан байх боломжтой байсан.
Дахин хэлье. Наймдугаар сарын
11-нд шоронд байгаа хүмүүжигчид
чөлөөт иргэн болчихсон юм.
Нэмэлт, өөрчлөлт орсон хуулиар явна
гэвэл чөлөөт иргэн болсон
хүнийг эргүүлээд шоронд хорино гэсэн
үг. Нэг хэрэг дээр
хоёр ял оноодоггүй. Өмнөх
хэргээрээ ял эдэлж байгаад
өршөөлөөр бүрэн чөлөөлөгдсөн чөлөөт
иргэнийг өмнөх хэргээр нь
дахин шоронд оруулж байгаа
гэсэн үг. Ингэж болдоггүй
юм. Тэр утгаараа Ерөнхийлөгч
энэрэнгүй ёсны үүднээс өршөөлд
хамааруулахгүй гэсэн байсан гурван
заалтыг хоригийн хүрээнд өршөөлд хамруулж
хоёр жил хассан. Ерөнхийлөгчид
бид талархах ёстой. “Би өршөөлөөр
гарах нь” гэж хүлээсэн.
“Үр хүүхэд, хань минь
одоо гараад ирнэ” гэж
хүлээсэн хүмүүст энэ хоёр
сар хэцүү байсан нь
гарцаагүй. Хуулийг янз бүрээр
тайлбарлаж тэднийг хямруулаад байдгаа
болих хэрэгтэй. “Ашгүй өршөөгдөх нь”
гэж байсан хүмүүсийг “Өршөөлийн
хууль чинь бүхэлдээ хүчингүй
боллоо” гэж нэг хэсэг
ярьсан. Энэ нь тэр
хүмүүсийн сэтгэл зүйд ямар их тарчлаан үүсгэснийг бүү мэд. Ингэж хүмүүсийн дунд “хашгираан” үүсгэсэн. Нэг талаас нь улс төрийн хашгираан. Нөгөө талдаа хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд зовлонгийн “хашгираан”
үүсгэсэн байхгүй юу.

Наймдугаар
сарын 11-нд батлагдсан Өршөөлийн хууль өнөөдөр хэрэгжих байсан юм бол хоригийг хүлээж аваад, нэмэлт, өөрчлөлт оруулаад явах ямар шаардлага байсан юм бэ?

-Нэмэлт, өөрчлөлт оруулаад нэмэргүй гэдэг нь эхнээсээ
ойлгомжтой байсан. Би танай
сонинд өгсөн ярилцлагадаа ч
энэ бүхнийг хэлж байсан
биз. Гэтэл тэр ярилцлагуудаасаа
болоод би шүүмжлэгдээд байгаа.
Өнөөдөр бид Үндсэн хууль,
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг,
хэрэглэдэггүй тохиолдлуудад хууль хэрэглэх шүүхийн
шийдвэрээ хараад сууж байна.
Шүүх хууль хэрэглэх дүрэм,
журмаа хэрэгжүүлээд явна гэдэгт эргэлзэхгүй
байгаа. Хууль нь ч
тийм юм. Үндсэн хуульд
заасан хүний эрхийн зарчим
нь ийм юм. Хүний
эрхээр хүнийг ялгаварлахгүй шүү
дээ. Хориг тавигдсанаар гурван
зүйл ангийн хүмүүс хоёр
жилээр ялаа хасуулах байдлаар
хүний эрхийн тал дээр
дэвшил гарлаа. Орон нутаг
болон Тахарын алба чин
сэтгэлээсээ шуурхай ажиллах шаардлагатай.
Үүнд саад болсон улс
төрийн “хашгираан”-аа болих хэрэгтэй.

Улс төрийн “хашгираан” хийж
байгаа хүмүүсийн чихэнд өршөөгдөх гэж
байгаа, тэднийг хүлээсэн ар
гэрийнхнийх нь гаслангийн “хашгираан”
сонсогдохгүй байна уу гэж
асуух ёстой. Улс төрийн
хашгирааны үед бусдын үгийг
сонсдоггүй, өөрийн “хашгираан” нь
цуурай болоод сонсогдонгуут ард
түмэн надтай адил хашгирч
байна гэж эндүүрдэг. Энэ
өвчин нь л хөдөлчихгүй
байгаасай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баярсайхан: Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал биш

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Монголд 110 мянган ажилгүй залуус байна. Тэднийг цэрэгт явуулж, мэргэжилтэй болгон бүтээн байгуулалтын ажилд оролцуулна гэж байна. Та болохоор 110 мянга гэдэг чинь худлаа тоо гэж байх юм…

-Өнгөрөгч онд манай улсын хүн хүн ам гурван саяд хүрч, гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. Ерөнхийдөө улс ардын аж ахуйн салбарт ажиллаж байгаа 1.1 сая орчим хүн бий. Дээр нь нэг сая орчим хүүхэд байгаа. Сургуульд сурч байгаа болон бусад хүмүүсийн хүний нөөцийн балансаа гаргаад үзэхээр олон жилийн дунджаар 200 гаруй мянган хүн хөдөлмөр эрхлээгүй байдаг. Үүн дотор хүүхэд гаргасан, ажлаасаа чөлөөлөгдсөн гээд олон хүн бий. Тэдэн дунд ажил хийх сонирхолгүй ч хүмүүс байдаг юм. Харин идэвхтэй ажил хайж байгаа 30-35 мянган иргэн байдаг. Тиймээс энэ тоог зөв гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэний журамт үүргээ биелүүлэхийн тулд залуус цэргийн алба хаах хэрэгтэй л дээ. Биднийг оюутан болоод Орост очиход Венгерээс ирсэн оюутнууд биднээс ахимаг насныхан байдаг байлаа. Яагаад гэхээр тэд эх орондоо цэргийн алба хаагаад ирдэг байсан. Энэ тогтолцоог би зөв гэж боддог. Залуусыг ажил хөдөлмөрт татан оролцуулж бүтээн байгуулалт хэрэгтэй цэгт нь ажиллуулах санал санаачилга өмнө нь гарч байсан юм. Залуус бүтээн байгуулалтад оролцохоосоо өмнө мэргэжилтэй болох хэрэгтэй. Дараа нь ажилд орж тодорхой хугацааны дараа цалин авч хуримтлал үүсгээд их дээд сургуульд орох, орон сууцны зээлд хамрагдах гэх мэтээр зөв зам руу орох юм бол энэ зүйл хэрэгтэй. Дээд сургуульд сурсан нэртэй ажилгүй явдаг залуус манайд бий. Төр бодлогын хувьд бүхий л тал дээр нь анхаарч явах ёстой. Ямар насны залуус ажилгүй байна. Ямар насны залуус сургуульд сурч байна, гараад ажлын байр байна уу, эдийн засгийн бүтэц ямар байгаа гэхчилэн дараагийн алхмаа харсан төлөвлөлт хийх шаардлагатай. Тэр утгаар нь энэ бодлогыг дэмжиж байгаа.

-Байнгын хорооны хурал дээр эдгээр залуусын хөдөлмөр эрхлэх асуудлыг албадлагын байж болохгүй гэж байсан. Тодруулахгүй юу?

-Олон улс талаасаа энэ нь албадлагын хөдөлмөр эрхлэлт байж болохгүй. Учир нь Монгол Улс хөдөлмөрийн суурь найман конвенцийн хоёрт нь 2004-2005 онд элсэн орсон. Элсэж орохдоо албадлагын хөдөлмөрийг устгасан хэмээн албан ёсоор орж байлаа. Үүний дүнд Европын холбооны улс руу импортын татваргүй 7600 гаруй төрлийн бүтээгдэхүүн оруулдаг болсон. Тэр утгаараа томъёоллоо зөв хийж өгөх шаардлагатай.

-Гэхдээ залуусыг цэрэгт явуулж мэргэжилтэй болгохоос эхлээд төсөв хөрөнгө шаардлагатай байх. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гарах зардлаа хэрхэн тооцох юм бол. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

-Статистикаас харж байхад 2012 онд барилгын салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж байсан. Харин 2014 онд 72 мянга болж өссөн. Бүтээн байгуулалтын энэ явцад Монголын залуучуудын оролцоо нэмэгдсэн гэж үздэг. Уул уурхай гайгүй явж байхад энэ салбарт ажилладаг залуус их байлаа. Тэр утгаараа орон нутгийнх нь иргэд, тэнд ажиллаж буй хүмүүсийн амьдрал ахуй сайжирсан. Хүн орлоготой байх ёстой. Орлоготой байхын тулд ажилтай байх ёстой. Харин ажлын байр нь мэргэжил, ур чадвар шаардсан, хүнээ хөгжүүлэх бололцоотой байх ёстой юм болов уу. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад гаднаас ажиллах хүч авдаг байдал барилгын салбарт гэхэд 40 хувиар багассан. Нэгэнт улсын төсвөөс мөнгө гаргаад, Чингис бонд гэх мэт гадны хөнгөлөлттэй зээл авч бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бол монгол хүнээ цалинжуулаад ажиллах ёстой. Тэгэхгүйгээр гадны хүмүүс авч ирээд ажиллуулаад байвал тэр мөнгө гадагшаа урсч байна гэсэн үг. Аль болох дотоодоосоо ажиллах хүчээ хангаад явбал энэ мөнгө Монголдоо үлдэнэ. Гаднаас огт хүн авахгүй гэж байгаа юм биш шүү. Үнэхээр ажлын дадлага, туршлагатай инженер техникийн хүнийг авч ирээд ажлын байран дээр нь сургалт явуулбал үр дүнтэй болно.

-Гэхдээ манайхан чинь цалингаа аваад ажлаа хаяад явчихдаг гээд монголчууддаа ер нь дургүй талдаа үг унагаж байгаа харагддаг?

-Улаанбаатарт тавигдсан Нарны замыг хар л даа. Япон инженерүүд зогсч байгаад бариулсан. Мөн Налайхаас цаашаа Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл авто зам тавихад инженер нь япончууд, ажилчид нь монгол хүмүүс байсан. Тэр зам гэхэд дахин мөнгө зараагүй гайхалтай зам болсон. Манайхан богино хугацаанд ур чадвартай ажлыг гүйцэтгэдэг болсон байна. Гагцхүү цалин хөлсний найдвартай систем хэрэгтэй байгаа. Компаниуд ганц жил ажил хийгээд дуусах биш хэд хэдэн жилдээ хийх ажил нь байх юм бол манай хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах боломжтой. Тэгэхгүйгээр нэг жилд ганц тендер аваад дараа жил нь ажил олддоггүй ийм компанид яаж хүмүүс тогтвортой ажиллах юм. Компани нь ч гэсэн яаж өндөр цалин өгч ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах юм бэ. Ажлын байр буюу хөрөнгө оруулалт ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудыг үндэсний компаниуддаа олгодог тийм тогтолцоо руу орчихмоор байгаа юм.

Барилгын салбар гэхэд улирлын чанартай байдаг. Тэр утгаараа ажиллах хүчин болон барилгын бүхий л зүйлээ дотоодоосоо авах шаардлагатай. Барилгын салбарын ажиллах хугацааг уртасгахын тулд барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжсэн. Мөн барилгын компаниудаа ч дэмжсэн юм. Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бүхий л салбартаа ийм бодлого явуулах хэрэгтэй.

-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Эдийн засаг амаргүй байгаа болохоор төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалтан 2900 гаруй хүний цалинг 30 хувиар хасна гэж байна. Энэ тал дээр та ямар бодолтой яваа бол?

-2015 оны төсвийн орлого тодорхой хэмжээнд тасрах нь ойлгомжтой байсан. Төсвийн орлогын төлөвлөлтийг буруу хийгээд байна. Миний хувьд статистик, төлөвлөгөөний байгууллагад нэлээд олон жил ажилласан. Бид төлөвлөлт гэдэг зүйлээсээ холдож, төсөөрсөн байна л даа. Төлөвлөгөө ярьсан хүнийг бараг социализмын үлдэгдэл маягтай ойлгож, нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийг төсөвтэй хамт хэлэлцдэгийг болиулаад дөрвөн сард нэг юм ярьдаг болгосон. Түүнийхээ гүйцэтгэлийг ярьж байгаа ч юм алга. Тийм учраас төсвийг төлөвлөхдөө анхан шатны нэгж байгууллагуудаасаа эхлээд баг, хороо, сум, аймаг, дүүрэг, нийслэл гээд төлөвлөлтөө оновчтой болгох ёстой.

Мөн бид ямар зүйлсээсээ орлого олж амьдардаг вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Энэ төлөвлөлт байхгүй учраас Их хурал дээр хэлэлцэхэд орон нутагт ийм обьект хэрэгтэй байна гэдэг. Ер нь манай гишүүд төсөв ярихад л сэрдэг. “Хөөе энэ чинь сургууль, цэцэрлэггүй тэдэн жил болчихож” гээд унадаг. Тэрнийхээ зардлыг шийдэхийн тулд орлого дээр нь тэдэн төгрөг нэмчихье, тэндээс тийм мөнгө авчихъя. Төсвийн алдагдлыг бусад эх үүсвэрээс хаана гэдэг зарчмаар явсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүргэсэн. Нэг төгрөг орсон бол эргүүлээд нэг төгрөг гаргахаас өөр аргагүй.

-Тэгэхээр юу ч хийхгүй байна гэсэн үг үү?

-Төсвийг оновчтой болгохын тулд Их хурал, Засгийн газарт хийсэн зүйл бий. Төсвийн тогтвортой байдлын хуулиа батлахдаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих гээд байна гэж үзээд түрүүчийн парламент экспортын гол төлөв зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой тооцдог байсан. Үүнээс өсөх юм бол өссөнөөс орж ирсэн орлогоо Төсвийн тогтворжуулалтын сандаа авч багаар төлөвлөсөн зүйлсээ төсвийн тооцоондоо аваад явъя гэдэг нь зөв байх. Харамсалтай нь бид тэгж явж чадалгүй олсон орлогоороо байшин барилга бариад эдийн засаг дээр жаахан хүндрэл гарангуут үүнийгээ дааж чадахгүй ийм байдалд хүрч байна. Цааш цаашдаа энэ байдлаас салах хэрэгтэй. 1998 оны улсын төсвийг хэлэлцэж байхад улсын нийт төсөв 380 тэрбум байсан. Хөрөнгө оруулалт 20 тэрбум байсныг санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр ямар хэмжээтэй өссөн байна вэ. Салбар салбараар нь авч үзэхэд 2005 оноос хойш төсөв нь 95-25 дахин нэмэгдсэн тухай байнгын хороон дээр ярьж байна. Энэ өсөлт юун дээр гарч вэ гэдгийг бодитой дүгнэх ёстой.

Азийн бүтээмжийн байгууллага гэж байдаг. Тус байгууллага гишүүн орнууддаа хандаж “Бизнесийг аль болох хүндрэл багатай явуулах, орлого нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилган зардлаа бууруулах хэрэгтэй” гэсэн юм. Манай улсын хувьд дээрх хоёр зүйлийг зөв хэрэгжүүлэх шаардлагатай. Яамдын тоог цөөлнө энэ тэр гээд л байна. Үнэхээр тийм юм бол бодлогоо боловсруулдаг хэдэн яам байх юм. Тэр ажлыг хийхэд хичнээн албан хаагч хэрэгтэй вэ. Хэрэгжүүлэлтийг нь зохицуулдаг агентлаг хэд байх ёстой юм гэдгээ тогтчих. Ингэж чадвал төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшлийн ямар компаниар гүйцэтгүүлэх боломж байна гэдэг тодорхой болно. Харамсалтай нь бид ингэж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаа. Барилгын салбарт нэг компани тендерт яллаа гэхэд ялагдсан компани нь шүүхэд өгч сунжирдаг. Үүнээс болж тухайн компани цаг хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй болдог.

Зарим барилгыг төсөвт өртгийг нь тухайн жилийн төсөвт маш багаар суулгаж өгдөг. Ингээд шилжих барилга болчихоор өмнө нь тавьсан мөнгө эхлүүлсэн ажлынхаа харуул, хамгаалалтад бараг таардаг юм. Энэ маягаар төсөв нь хэтэрдэг. Үүнийгээ цэгцэлж өөрсдийнхөө хөрс суурин дээр харах шаардлага Засгийн газар, УИХ-ын өмнө тулгарч байна.

-Дэд сайд нарын орон тооны цомхотгол хаашаа эргэх гээд байна вэ. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гэж нэг хэсэг нь яриад нөгөө хэсэг нь ирэх оноос хэрэгжинэ гээд байх юм?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт зарим төрийн байгууллагыг нэгтгэх, чиг үүргийг нь өөрчлөх зарим нэг орон тоог хасна гэж байна. Гэхдээ үүнийг хийгээд байх ч зүйл биш юм. Хамгийн гол нь төсвийнхөө бүтэц, төлөвлөлтийг сайжруул. Шаардлагатай ажил хийдэг газруудаа оновчтой болгох хэрэгтэй. Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал яг ч биш юм. Засгийн газар яагаад ийм асуудал оруулж ирсэн юм бол хэмээн гайхаж л сууна. Ийм маягийн хэмнэлтийг хийчих бүрэн боломж байгаа. Хувийн хэвшлийнхний хийчих ажлыг төсвийн мөнгөөр хийнэ гээд оруулаад ирчихсэн байна. Шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ч их байна. Энэ бүгдээ зөв харахгүйгээр зарим зүйлийг хэтэрхий улстөржүүлээд байгаа нь төсвийг бодитой төлөвлөж, батлахад хүндрэл учруулах байх.

-Томоохон ордууд эргэлтэд орчихвол эдийн засгийн хүндрэл гэдэг тийм ч хүнд зүйл биш гээд байгаа. Та харин ямар бодолтой байна вэ?

-Томоохон төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэдэг бол ганцхан манай улсад ч учраад байгаа зүйл биш. Бусад орнууд ч гэсэн томоохон төслийг явуулахдаа нэлээд хүндрэл бэрхшээлийг туулдаг юм билээ. Хамгийн гол нь ойлголтын зөрүү байдаг. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ гэхэд цаашдаа улс орны болон ард түмний амьдралд хэрхэн нөлөөлөх юм. Хүрээлэн буй орчиндоо яаж нөлөөлөх вэ гэдгийг Засгийн газар маш сайн тооцож байж Их хуралд хуулийн дагуу оруулдаг байх хэрэгтэй. Их хурлаар тодорхой төслийг хэлэлцэж батлах шаардлагагүй гэж боддог. Засгийн газар өөрийн эрх үүргийнхээ хүрээнд асуудлаа шийдээд буруу зөвийг нь Их хурал дээр яриад явдаг болох хэрэгтэй. Бид томоохон төслүүд дээр нэгдсэн нэг ойлголттой байх ёстой. Тэгэхгүйгээр өөр хоорондоо зөрчилтэй байгаа нь чухам бидний ойлголтын зөрүү юм уу, гадны захиалга юм уу гэдгийг би ялгаж чадахгүй байна. Бид нэг үгээр ярьдаг байвал хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцоно. Манайхан дотроо зөрчилтэй зүйл яриад байхаар гадны байгууллагууд тоглоод байна уу даа гэж харах юм. Аль ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нутаг усандаа амьдарч байгаа малчнаасаа эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд нь нэг л ойлголттой болох ёстой. Хамгийн гол нь нутагтаа амьдарч байгаа хүмүүс гол асуудлыг нь хэлнэ шүү дээ. Олон зуун жил бидний амьдарч ирсэн амьдрал ахуйд ингэж нөлөөлөх юм байна гээд ярина. Үүнийг шинжлэх ухааны байгууллагууд нь судлаад энэ төслийг явуулъя, энэ төслийг явуулж болохгүй юм байна гэдэг дүгнэлтээ гаргадаг болох хэрэгтэй. Ингэхгүйгээр бүхнийг дээрээсээ шийдээд явж боломгүй байгаа юм. Эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний төслүүд явах ёстой.

-Өнөөдрийн нөхцөлд барилгын салбар хүнд байгаа. Хэдхэн жилийн өмнө хамгийн урагштай яваа салбар хэмээн нэрлэгдэж байсан хэдий ч өнөөдөр зогсчихлоо. Зах зээлд 30 орчим мянган орон сууц эзнээ хүлээж байна гэх юм. Барилгын компаниуд ажилчдаа цомхотгоод эхэлсэн байгаа. Энэ бүхнийг өмнө нь тооцоолох боломж байгаагүй юм уу?

-Барилгын салбарын ажиллах хугацааг уртасгаж, барилгын талбай дахь нойтон ажлыг багасгах үүднээс дотоодын барилгын материалын үйлдвэрийг дэмжсэн. Барилгын материалын үйлдвэрүүд өвөлдөө ажиллахгүй зогсчихдог байсан тул аль болох гаднаас материал оруулж ирдэг байсан. Өнөөдрийн нөхцөлд бид гаднаас 70 гаруй нэр төрлийн барилгын материалыг авах шаардлагагүй болчихлоо. Ирэх оноос манай улс зургаан сая тонн цемент үйлдвэрлэдэг болно. Шохойтой хавтан, төмөр хийц, сантехникийн хоолой гээд бүхий л зүйлсээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон.

Иргэдийг орон сууцаар хангах гэдэг бол төрийн том бодлого л доо. Найман хувийн хүүтэй гээд хязгаарлагдмал эх үүсвэр явж байсан. 2003 оноос моргейжийн зээлийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгоод явсан. Сүүлд нь зургаан хувь гээд Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд ажил эхэлсэн ч мөнгө нь дууссан. Тиймээс орон сууцаар хангах бодлогын хүрээнд нэгдүгээрт, найман хувийн хүүтэй моргейжийн зээлийн тогтолцоо гаргасан. Эрэлт талдаа асуудлыг нь шийдэхээр нийлүүлэлт талд нь материалын үйлдвэрийг дэмжсэн. Ингэснээр орон сууцны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж өгсөн. Барилгын явц нь дуусах дөхсөн барилгуудыг арилжааны банкуудтай хамтран судлаад нийлүүлэлтийг нь дэмжээд явсан. Одоогийн байдлаар манай улсад 73 мянган өрх моргейжийн зээлтэй байна. Үүний 52 мянга нь найман хувийн зээлд хамрагдсан. Гэхдээ моргейжийн зээлээр орон сууцны бүх асуудлыг шийдэхгүй. Дараагийн үе шат нь түрээсийн орон сууц хөтөлбөр. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Засгийн газар баталсан байна лээ. Моргейжийн зээлээр орон сууц авч чадахгүй байгаа хэсэг түрээсийн орон сууцанд амьдарч байгаад дараа нь орон сууц авч моргейжийн зээлд орох боломж байгаа. Мөн манай улс иргэддээ газар өмчилсөн. Тиймээс иргэд өөрсдийн газар дээрээ амины орон сууц бариад амьдрах бүрэн боломжтой. Тэр утгаараа амины орон сууцыг моргейжийн зээлд хамруулсан. Нэг үе орон сууц дутагдалтай байдаг байсан бол одоо илүүдэлтэй болсон байна. Илүүдэл орон сууцыг шийдэх гарц бий. Байшин байхгүй байхад асуудал нэг өөр. Байгаа нөхцөлд түүнийг эзэмших, ашиглах гээд өөр асуудал.

Categories
мэдээ улс-төр

С.Төмөр-Очир: Буруу ард түмэн гэж байхгүй

УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир­той ярилцлаа.

-Өнөөдрийн нийгэмд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ бүхнийг та юу гэж харж байгаа вэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна гэдгийг надаар хэлүүлэлтгүй амьдрал харуулж байна. Зах, дэлгүүрээр орж хүмүүс юу худалдаж авч байна. Нөхцөл байдал ямархуу байна гээд хараад явж байхад орлого олж байсан цаг үе өнгөрсөн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлдэг юм. Барилгын мате­риал, хүнс, барааны худалдаа эрхэлж байгаа бүх хүмүүст эдийн засгийн нөхцөл байдал хүнд тусч байна гэдгийг хэлж байгаа. Үнэхээр ч тийм л бай­­на. Нэг зүйл хэлье. Хуучин бол гуяыг дагуулж хүзүү өгдөг байсан. Энэ тухай хэдэн жилийн өмнө ярьдаг байсан. Одоо ч ярьж байна л даа. Өнөөдрийн нөхцөлд гуя хүзүү авах нь бүү хэл нэг хөл мах авч чаддаг хүн байхаа больжээ. Та нар дэлгүүрт ороод хараарай. 300-400 грам­маар мах худалдан авч бай­гаа. Ургамлын тос бүтнээр нь авч байгаа хүн тэр бүр байхаа больсныг хотын захын дэлгүүрүүдээс харж болно. Өнөөдөр монголчууд граммаар л амьдарч байгаа шүү.

Би 1995 онд БСШУ-ны сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад амьдрал хүнд байсан. Одооны хүүхдүүдэд тэр үед картын бараатай байсан гээд ярихаар ойлгохгүй байна. Оюутнууд үүнийг мэдэхгүй байна. Тухайн үед дэлгүүрийн лангуун дээр давс, хатсан гоймон хоёроос өөр юу ч байхгүй байлаа. Тэр үеийг бодоход харьцангуй гай­гүй байгаа ч ард түмний сэт­гэл зүй тэр үе рүү орчихсон байна.

Их хурал өнөөдөр 2016 оны төсвийг хэлэлцэж байгааг телевизээр харлаа. Гэтэл ирэх оны төсвийнхөө бараг 50 хувийг өрөндөө өгнө гээд сууж байна. Үнэхээр эдийн засаг хүнд байна гэдгийг үүнээс харж болно.

-Эдийн засгийн хүндрэл юунаас болсон гэж харж байгаа вэ. Одоогийн улстөр­чид бол АН-аас болсон гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө хэсэг нь гадны хөрөн­гө оруулалт буурсан, дэл­хийн эдийн засаг хямарч байгаа гэхчилэн янз бүрээр ярьж байна?

-Дэлхийн эдийн засгийн хямрал дайрсан, алт, зэс, нүүрсний үнэ унасан гээд янз бүрээр л ярьж байгаа. Дээр нэрлэсэн бүхэн байж болно.

Гэхдээ бидний удирдлагын буруугаас болж эдийн засаг хүндэрч байна. Буруу ард түмэн гэж байхгүй. Манай орон чинь эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрчихсэн өнөөдрийг бодоход хамаагүй догь байлаа. Үүнийг л буруу удирдсанаас, удирдлагын алдаанаас болж ийм нөхцөлд хүрсэн гэж хэлнэ. Би Чингис, Самурай бонд босгосныг үгүйсгээд байдаг хүн биш. Зах зээлийн нийгэмд хүн зээлээр амьдарч болно. Зах зээлд шилжсэн орнуудыг хараад байхад зээлгүй хүн гэж бараг байдаггүй. Нэг сайхан орд харштай, том үйлдвэртэй айлд очиход “Миний өвөг эцгийн өмнөх үед зээл авч энэ үйлдвэрийг барьсан юм. Миний үед зээлээ төлж дуусч байгаа юм” гээд зээл төлж дууссаны баяр хийдэг. Зээл авна гэдэг чинь муу юм биш. Зээлийг авч болно. Гэхдээ бодолтой авах ёстой. Энэ зээлийг аваад ийм зүйл хийнэ гэдгээ тооцсон байх шаардлагатай. Зээлийг эргэн төлдөг тул эргэж хөрөнгө оруулалт болох зүйлд зээлийнхээ нэг хэсгийг оруулах хэрэгтэй. Гэтэл манайхан мөнгө олоод ирэхээр гараа угааж байгаатай адилхан үрээд дуусгадаг. Мэдээлэл харж байхад цементийн үйлдвэр гэх мэт томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ сайн зүйл. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Хөгжлийн банк 90 сая төгрөгөөр шинэ жил хийж байгааг юу гэх вэ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Тэнд ажиллаж байгаа хүн сарын 3-6 сая төгрөгийн цалин авч байна гэж дуулсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гурван сая төгрөгийн цалин авахгүй байгаа шүү дээ. Өдөр шөнөгүй Монгол Улсаа хөгжүүлье гэж тархи толгойгоо зовоож байгаа хүн нь ийм цалингүй байна. Тиймээс бид зээлээ юунд зарцуулах вэ, яаж эргүүлэн төлөх вэ гэдгээ бодож байж ажиллах ёстой.

Намайг Боловсролын яаманд байхад Японы хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулиудыг засч, шинэ сургууль барьсан даа. Тэр үед сургууль барьж байсан компанийн захирал ирээд надад нэг зүйл ярьж байсан юм. Тэрийг хэлэх үү.

-Бололгүй яахав…

-Танайд компанийн засаглал буруу байна. Японд ямар ч компани байсан хамгийн доод талын ажилтандаа цалин өгдөг. Дараа нь хариуцсан даргадаа өгдөг гэх мэтээр цалингаа тараасаар компанийн захирал цалин авдаг. Мөнгө үлдэхгүй бол компанийн захирал цалин авдаггүй. Хэдэн сар цалин аваагүй компанийн захирал бодно биз дээ. Би буруу явж байгаа юм байна. Доод хүмүүстээ цалин өгсөөр байгаад надад цалин ирдэг менежментийг хийх ёстой гэдэг юм. Ингэж байж бодлого нь зөв болдог. Харин Монголд болохоор эхлээд компанийн захирал цалингаа аваад мөнгө үлдвэл хамгийн доод талын ажилчиддаа өгдөг. Мөнгө үлдэхгүй бол цалин өгдөггүй юм байна гэдгийг харлаа. Манай нөхцөлд компанийн захирал өөрөө цалин авч байгаа учраас доор нь ажиллаж байгаа хүмүүс хэдэн төгрөгийн цалин авч байна гэдэг талаар боддоггүй. Түүнтэй адилхан манай төрийн томчууд өөрсдөө болж байгаа болохоор доороо юу болж байгааг мэдэхгүй байна. Доороо ард түмнийхээ амьдралыг сайжруулж байж дээд талын хүмүүсийн цалин, албан тушаал өсдөг байх ёстой. Японы компанийн засаглал Монголын компанийн засаглал хоёрын зөрүү ийм байгаа. Үүнтэй агаар нэг манай төрийн засаглал ийм болчихсон байхгүй юу. Нам, улс төрийн бодлогыг ард түмний амьдрал дээшилж байна уу гэдгээр нь хэмждэг. Төрийн бодлого буруу байгаа бол хаанаа алдаж байна вэ гэдгээ ярих хэрэгтэй. Өнөөдөр манайхан эдийн засаг хямарчихлаа гээд яриад байна. Үнэндээ ганц эдийн засаг биш бүх юм хямарчихлаа. Үүнээс гарах арга замыг хайхад ганц намынхан биш эрдэмтэд гэх мэт салбар бүрийн хүмүүсийн үгийг сонсох цаг иржээ.

-Энэ бүхний бурууг хаанаас хайх ёстой вэ?

-Бурууг бодлогогүй үйл ажиллагаанаас хайх ёстой. Төрийн мөнгө төгрөг мэддэг хүмүүсээс хайх шаардлагатай. Би дээр хэлсэн дээ, зээл авах нь зөв гэж. Одоо ч гэсэн хүү багатай урт хугацааны зээл байх юм бол авах хэрэгтэй. Тэгж байж энэ бэрхшээлтэй байдлаас гарна. Зээлж ирсэн мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ сайн бодож үр ашгийг нь гаргах зайлшгүй шаардлага бий.

Бодлогогүй зээл аваад сүүлд нь түүнийгээ төлж авч чадахгүй газар нутгаасаа өгсөн талаар Тажикстан дээр жишээ авч хүмүүс ярих болсон. Манайд ийм буруу бодлого үргэлжлээд явах юм бол энэ байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

-Манайхан эдийн засгаа солонгоруулах ёстой гэдгийг ярьж байгаа. Таныг Их хурлын дарга байх үед эдийн засгаа солонгоруулах арга хэмжээ авч болоогүй юм уу. Хэрэв тэр үед эхэлсэн бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан болов уу?

-Тухайн үед бодлогоор ярьж байсан. Гэхдээ улсын төсөв одоогийнх шиг их наядаар яригддаггүй байлаа. Төсвийн мөнгө бага байсан тул эдийн засгийн бэрхшээлээс гарахын тулд эдийн засгийг солонгоруулах асуудлыг ярихаасаа өмнө өнөөгийнхөө асуудлаа яаж даван туулах вэ гэдэг чинь өөрөө том асуудал болчихсон байсан цаг. Тэр үед орой болгон тог тасардаг байсан гээд бод доо. Явж явж ирчихээд орой хоол хийх гэхээр тог тасарчихаар нь яасан гээд асуухаар цахилгаан станц дээр доголдол гарсан гэдэг байсан. Тэр үед Эрчим хүчний сайд байсан Б.Жигжидийн гэр рүү утасдаад “Жигжид хаана байна. Гэрлээ асаа” гэж ярьдаг байлаа. Энэ бүхнээс харахад бид маш бэрхшээлтэй үед ажилласан. Төрийн бодлого, ард түмний эрх ашиг гэдэг бол нэг намын эрх ашгаас дээгүүрт байх ёстой зүйл. Би П.Жасрай гуайн Засгийн газарт сайд байлаа шүү дээ. Сонгууль болох дөхчихсөн бид цалин нэмж ард түмний саналыг өөртөө татъя гэхэд П.Жасрай гуай “Энэ сонгуулийн чинь дараа Монгол Улс байх юм байгаа биз дээ. Монгол Улс гэж байх юм бол дараагийн Засгийн газрыг чинь яаж огт мөнгөгүй хүлээлгэж өгөх юм. Юун цалин нэмэх. Дараагийн Засгийн газар юм хийг л дээ” гэж байсан байхгүй юу. П.Жасрай гуайн дотор нам ялах ёстой гэдэг зүйл байсан хэдий ч Монгол Улс гэдэг эрх ашгаа нэгдүгээрт тавьж байсан. Тэгж л бид цалин нэмье, нэмье гэж байгаад нэмж чадалгүй сонгуульд орж байлаа. Төрийн бодлого гэдэг тийм л байх ёстой.

-Тэр үед улс гэдэг эрх ашиг хамгийн дээр байж. Харин өнөөдөр төрийн дээр нам сандайлсан хэмээн шүүмжилдэг. Үүнээс гарах гарц байгаа юм уу. Аль аль нам гэлтгүй хоорондоо холбоо сүлбээ маш их болчихлоо…

-Дэлхий дахины системийг хараад байхаар бүгд л намын системээр явж байна. АНУ-г хар л даа. Бас л нам байгаа биз дээ. Ардчилал гэдэг бол хамгийн сайн нь биш. Одоохондоо бид үүнээс сайныг нь олоогүй байна гэдэг чинь энэ байхгүй юу. Зарим хүмүүс ямар ч намгүй байя гэдэг юм. Тэгж болохгүй. Хамгийн чухал нь намыг төлөвшүүлэх. Өнөөдөр нам төлөвшиж чадаагүй болохоор ийм зүйл болоод байна. Миний бодлоор намын гишүүн хүн сонгуульд өрсөлдөхдөө намын хөтөлбөрийг ярьж болно. Төрийн түшээгийн хэмжээнд хүрсэн бол нам бодохынхоо зэрэгцээ Монгол орноо бодох ёстой.

Одоо бид Монгол Улсаа хөгжүүлэх урт хугацааны бодлоготой болохгүй бол цаашаа явахгүй ээ. Өөрөөр хэлбэл энэ уулын орой дээр гарна. Гэхдээ АН урдаас нь гарах уу, МАН зүүнээс нь гарах уу, бусад нам хаагуур гарах вэ гэдэг арга зам нь өөр болохоос очих цэг нь нэг. Ийм л төрийн бодлого байх хэрэгтэй.

-МАН 2012 оноос хойш сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаад найман сарын хугацаанд хамтарсан Засгийн газарт орсон. Одоо бол буцаад л сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж байгаа. МАН сөрөг хүчин шиг байж чадаж байна уу. Зарим хүмүүс сөрөг хүчин биш шүүмжлэх хүчин болчихсон байна гэдэг…

-Ямар ч алдаагүй, бэрхшээлгүй зам мөр гэж байдаггүй юм. 2012 оны сонгуулийн үр дүнгээр МАН сөрөг хүчин болж АН олонхи болсон. Гэхдээ АН дангаараа Засаг байгуулж чадаагүй. Тэр үед МАН-тай хамтаръя гээд түүн дээрээ тохироогүй. Тэр бүү хэл УИХ дахь бүлэг байгуулахад нь хүртэл саад хийж байсан. Сөрөг хүчин гэдэг бол бүх зүйл сөрөөд суух биш юм. Бүх зүйлийг буруутгаж, сөрөх биш энэ бүхэн дээрээ бид уян хатан ажиллах ёстой. Монгол гэсэн ганц эрх ашиг дээрээ АН, МАН, МАХН байх нь хамаагүй бүгд эвлэлдэн нэгдэх шаардлага бий.

АН-ын зүгээс МАН-ыг засагт хамтаръя гэхэд олон асуудал яригдсан. Тэр үед бид намаа болон дараагийн сонгуулиа бодсон бол засагт орох шаардлагагүй байсан. Зарим нь “Дараагийн сонгуульд ялах ялахгүй нь хамаагүй. Монголын ард түмний өмнө ийм бэрхшээл тулгарчихаад хамтдаа давъя гэж байхад нь бид үгүй гэж болохгүй. Иймээс бид хамтрах ёстой” гэхчилэн зөндөө ярьж байж шийдсэн зүйл. Гуйж оруулчихаад дараа нь та нартай ажиллаж болохгүй юм байна гэсэн. Хүн ажиллаж болохгүй юм байна гэж байхад бид ямар зууралдаад байлтай биш дээ. Хамтарч ажиллах зүг чигээ олсон бол энэ уг нь зөв байсан юм. Хамтарсан Засгийн газарт орсноор сайн, муу хоёр талтай.

-Тэр нь юу юм бэ?

-Сайн нь бол Засгийн газарт хамтраад явсан бол өнөөгийн эдийн засгийн ийм хүндрэлд хүрэх байсан уу гэдэг эргэлзээтэй. Анхнаасаа үнэхээр хамтраад явсан бол Чингис, Самурай бонд аваад ирэхээр нь ийм зүйл дээр зарцуулъя гээд хамтдаа шийдээд явсан бол их боломж байсан. Тэр үед юунд мөнгөө зарцуулах вэ гэдэг төсөл нь бэлэн биш байхад мөнгө олоод ирчихсэн. Бондын мөнгөний тодорхой хэсэг нь өнөөдөр болтол зарагдаагүй байна.

-Гэхдээ ашигтай ажилласан гээд байгаа шүү дээ?

-Үйлдвэр хөдөө аж ахуйн газар байгуулаад ашигтай ажиллачихсан юм биш. Банкинд хадгалуулаад жаахан хүү олсон. Тэрийгээ ашигтай ажилласан гээд байгаа юм аа. Аль аль талдаа бодох зүйл бий. Бүх намууд хамтраад Монгол гэдэг ганц эрх ашгийн төлөө нэгдэх ёстой. Хүнд зүйлс гарч ирэх ч даван туулах нь чухал. Тэгэхгүйгээр одоо байгаа шигээ хэрэлдээд байвал хямралаас гарахгүй. Харин ч гүнзгийрнэ.

-Засгийн газрын зүгээс эдийн засгаа аврахын тулд томоохон ордуудаа ашиглах ёстой гэж байна. Энэ хүрээндээ ч ажиллаж байгаа нь анзаарагддаг. Гэтэл үүнийг дэмжихгүй гишүүд байх юм?

-Зовлонтой л доо. Томоохон ордуудаа ашиглаад үр дүнд хүрэх үү гэдэг нь эргэлзээ дагуулаад байна. Таван толгой, Оюу толгойг ашиглаад эхэлбэл жигтэйхэн сайхан болно гэсэн. Сайхан болсон юм хаана байна вэ. Үүнийг бид сайн судлахгүйгээр сэтгэлийн хөөрлөөр хөдөлж болохгүй. Өглөө сэрэхдээ ийм юм хийх ёстой гээд баталгаагүй зүйл яримааргүй байгаа юм. Манайхан Монголын ирээдүй бол хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хичнээн эрдэм боловсролтой байгаад хүмүүжил муутай, үзэл бодол нь өөр байгаа бол түвэгтэй байдаг. Өнгөрөгч хавар Японы олон улсын хуралд сууж байхад гадны нэг эрдэмтэн илтгэл тавихдаа хэлж байсан. Тэр хүн Япон улсын үсрэнгүй хөгжлийн нууц нь япон ээжид байна гэсэн. Япон эмэгтэй хүн хүүхэд гаргасан бол ажил хийлгүй зөвхөн хүүхдээ хүмүүжүүлж, боловсролтой болгоход анхаардаг юм байна. Японы шинжлэх ухаан, технологи гэдэг чинь хүний хөгжлийнх нь дараагийн асуудал. Шинэ бүхнийг хүмүүжилтэй, боловсролтой хүн хийнэ үү гэхээс робот нь хийдэггүй. Үнэндээ манайхан хүүхдүүдээрээ тоглож байна. Нэг Засгийн газар гарч ирээд ийм шугамаар явах ёстой гэдэг. Намайг БСШУ-ны сайд байхад бид АНУ-ыг нэг хэсэг шүтсэн. Түүнд зориулж хуулиа гаргатал Ё.Отгонбаяр гарч ирээд Кембрижийн боловсрол гээд унасан. Гэтэл Л.Гантөмөр гарч ирээд Японы боловсрол гээд уналаа. Сүүлд Их дээд сургуулиуд дээр албан тушаал дэвшсэн хүмүүсийг харахаар бүгд Японд боловсрол эзэмшсэн хүмүүс байна. Монгол хүн гэдэг чинь америк, англи, япон хүнээс өөр байхгүй юу. Эхлээд монгол хүүхдээ судлахгүйгээр хүнээр хүн хийхгүй ээ.

-Өнөөдрийн нөхцөлд Засгийн газрын зүгээс оруулж ирсэн хуулийн төслүүд ихэвчлэн Их хурал дээр унаж байгаа харагддаг. Засгийн газар Их хурал уялдаа муутай ажиллаж байна гэж үзэх үү. Таныг Их хурлын дарга байхад асуудалд хэрхэн ханддаг байсан бэ?

-Энэ удаагийн Засгийн газрын тэргүүн, Их хурал, Ерөнхийлөгч гээд Ардчилсан намаас сонгогдсон байгаа. Тэр утгаараа АН-ын бодлого явах бүрэн боломжтой, хамгийн тохиромжтой нөхцөл байхгүй юу. Гэтэл одоо хамгийн тохиромжгүй нөхцөл болчих гээд байна. Сүүлийн хэдэн жил ийм сайхан тохироо бүрдээгүй. Намайг Их хурлын дарга байхад Н.Багабанди дарга Ерөнхийлөгч, Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Энэ үед бидний дунд санал зөрөх зүйл байсан ч асуудлыг шийдэх ямар зөв зам байна гэдэг үүднээс асуудалд хандаж байсан болохоос тэрний хэлсэн үгийг дэмжихгүй гэдэг зүйл байгаагүй.

Намайг УИХ-ын дарга байхад Орост өр төлөх асуудал Их хурлаар орж ирсэн. Хэдэн талаас нь ярилцаж байгаад энэ боломжийг алдалгүй энэ өрийг бага өртгөөр төлөөд авах нь зүйтэй гээд явсан. Н.Энхбаяр дарга өөрөө удирдаад комисс гараад асуудлыг шийдсэн. Одоо бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь нэг намаас гарч ирчихээд эвлэлдэж чадахгүй байна. Ерөнхийлөгч нь давхар дээлтэй хүнээр сайд тавихгүй гэнгүүт тэрнээс нь зөрж байгаа юм шиг явсан. Тэр бүү хэл давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүнээ хүртэл давхар дээлтэй болгоод оруулж ирсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын харилцаа ямар байгаа билээ. Энэ мэтчилэн фракцын зөрчлөөс болж ард түмний амьдралыг нааштай шийдчих зүйлсээ шийдэж чадахгүй байна. Нэг намын төрийн гурван өндөрлөг нийлээд ажиллавал их зүйл хийнэ дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус олон болж бурзай, бурзай

Сүүлийн үед цахим орчинд залуус “бурзай, бурзай, бурзай” хэмээн бичиж мөнгө төгрөг, алт эрдэнийн зураг ихээр тавих болсон байна. Өнөөдөр ид хийж бүтээх насандаа яваа залуу хүн “Бурзай” хэмээн биччихээд “Үүнийг шэйр хийвэл үнэхээр мөнгө дууддаг юм байна. Энэ зургийг шэйр хийхгүй бол хэдэн жилдээ хэтэвч чинь мөнгөгүй байх болно. Бурзай, бурзай, бурзай” хэмээн бичицгээж байх юм. Манай улсад 100 гаруй мянган ажилгүй залуу байна гэсэн судалгаа байгаа тухай улс төрчид ярьцгааж байгаа. Бидний сэтгэхүй ийм болтлоо доройтчихсон юм уу. Тэдгээр залуус өөрсдийн боломжид таарсан ажлаа гололгүй хийх ёстой байтал фэйсбүүк, твиттерийн орчинд мөнгөний зураг оруулан бурзайх тухай яриад сууж байгаа нь эмгэнэл гэлтэй.

“Гар хөдөлбөл ам тосдоно” гэж ярьдаг. Залуу насандаа тархиа зулгааж амьдрахгүй бол өтөл насандаа махаа зулгааж амьдарна гэдэг үгтэй. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Ажилгүйчүүд их байгаа нь үнэн. Гэхдээ “ажилд авна” гэсэн зар зөндөө байгаа нь ч бас үнэн. Ээж, ааваараа тэжээлгэж яваа 20-30 настнууд “Эдийн засгийг хүндрүүлсэн энэ 76-г буудах ёстой” хэмээн чухам л үнэнийг хэлсэн баатар мэт цахим орчинд шуурч байна. Үзэн ядалтын шинэ үе төрж байгаа юм уу хэмээн бодогдохоор. “Эмээгээ даган Сарандаваа эгчийн мөнгө дуудах цуглаанд очлоо. Цүнхээ онгойлгоод сэгсэрч байгаад ирлээ. Хоёр хоногийн дараа эмээгийн тэтгэвэр бууж би бурзайсан” хэмээн бахдан бичиж суугаа 30 настнуудыг яалтай вэ. Төмсийг газарт булж, арчилж тордож байж намар ургац авдаг. Энэ чинь хөдөлмөр. Мөнгө гэдэг чинь үүнтэй агаар нэгэн билээ. Ямар ч мундаг бурханыг шүтээд, ямар ч мундаг алт, мөнгөний зураг шэйрлээд алган дээр чинь мөнгө унаад ирэхгүй. Цүнх саваа мянга эргүүлээд хэтэвчинд чинь мөнгө орохгүй ээ. Монголын ирээдүйг авч явах залуу үеийнхэн бурзайх тухай мөрөөддөг хэдий ч тэдний хийж байгаа зүйлс нь мөнгөний зураг шэйрлэх төдий байж болох уу. Манайхан компанийн захирлуудыг хараад “Аая үүн шиг баян болохсон” хэмээн дуу алдацгаадаг. Тэд “Бурзай, бурзай, бурзай” хэмээн зураг түгээж баян болоогүй. Олон жил хөдөлмөрлөж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн байдаг. Тиймээс бид өөрсдөдөө оногдсон өмнөх ажлаа л сайн хийж бурзайх хэрэгтэй шүү. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус олон болж бурзай, бурзай.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Бидний хүсэл таазанд, хийх боломж ширээн дээр байна

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Та Төсвийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа хүний хувьд ирэх оны төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Ирэх жил сонгууль болно. Зарим гишүүдийн зүгээс сонгуулийн төсөв болчихож гээд байгаа?

-Төсвийн тодотголын тухайд анзаарагдсан хэдэн зүйлээ эхлээд хэлчихье. 2015 оны төсвийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 24-25-ны хооронд төсөв дээрээ тодотгол хийсэн. Тэр үед санаа зовоосон нэг зүйл байсан нь нэгдсэн төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөгөөр баталсан. Нэгэнт бүтэшгүй зүйлийг тухайн үед хүчиндсээр байгаад эрх баригчид баталсан юм.

-Эрх баригчид гэхээсээ илүүтэйгээр танай нам Засгийн газарт орчихсон, Сангийн сайд нь МАН-ын хүн байсан шүү дээ. Огцорсныхоо дараа ингэж ярих нь хэр зохистой вэ?

-Манай намаас Сангийн сайд томилогдсон байсан нь үнэн. Гэхдээ биелэх боломжгүй зүйлийг оруулж ирсэн. Тэгээд ч манай нам Засгийн газарт 30 хувийг бүрдүүлж, зургаан сайдтай байсан цаг үе. Гэтэл Засгийн газар кабинетаараа шийдвэр гаргадаг. Тухайн үед бид ярьж байгаад орлогыг нь 5.7 их наядаар батлаад өгье, төсвийн алдагдлыг чинь хоёр хувьд багтаая гэсэн юм. Тэгэхэд дотоодын бондын үлдэгдэл 3.1 их наяд төгрөг болчихсон байсан. Хөгжлийн банкны санхүүжилтийг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоё гээд 700 гаруй тэрбум төгрөгөөр төсвийнхөө цоорхойг нөхье гэсэн.

Их хурал дээр ярьж байгаад төсвийн тодотголоор төсвийн орлогыг 6.6 их наядаар баталсан. Харин бидний хэлэлцэж буй төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогыг 6.1 их наядаар оруулж ирсэн. Оны эхний есөн сарын байдлаар нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг харахаар ойролцоогоор дөрвөн их наяд орчим төгрөг байна. Үлдэгдэл 2.1 их наяд төгрөгийг дөрөвдүгээр улиралдаа багтаан цуглуулж чадахгүй гэдэг нь тодорхой болчихоод байгаа. Оны төгсгөлд улсын төсвийн орлого 5.7 их наядаас хэтрэхгүй болов уу. Дахин 400 гаруй тэрбум төгрөг 70 хоногийн дараа сох дутна гэдэг зүйлийг төсвийн ажлын хэсэг дээр сануулж байгаа. Сангийн яам, Засгийн газар болохоор бид орлогын төлөвлөгөөгөө биелүүлчихнэ гээд байх юм. Харин биелүүлж чадахгүй бол яах вэ гэдэг асуултад хариу өгөхгүй байна.

-Одоо яана гэж?

-Орлого зарлагаа тохируулахын тулд төсвийн тодотгол, 2016 оны төсвийг Их хурлын ажлын хэсэг дахин шинээр хийхийг ч үгүйсгэхгүй. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр ирэх оны төсвийг 6.9 их наяд төгрөг гээд оруулаад ирсэн. Энэ жилийн бодит гүйцэтгэл 5.7 их наяд хүрэхтэй үгүйтэй байхад ирэх оны төсөв үүнээс илүү байна гэдэг эргэлзээтэй. Тиймээс ирэх оны төсвийн орлогыг 5.4 их наядаар баталъя гэж байгаа юм. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль дээр 6.4 хувьтай байх ёстой. Ингээд 900 тэрбум төгрөгийг нэмэх юм бол нэгдсэн төсвийн зарлагыг 2016 онд 6.4 их наяд төгрөг байх ёстой атал бараг 7.9 их наяд гээд тавьчихсан. Ойролцоогоор 1.5 их наяд төгрөг дутахаар байгаа. Ингэхээр төсвийн зарлагаа санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Ийм бүтэшгүй, биелэшгүй төсвийг дөрвөн жил дараалан батлаад явж байгаа. Үүнээс болж бизнесийнхний дунд төрийн нэр хүнд унасан. Санаагаар болдог бол макро тоонуудыг зөв тавих хэрэгтэй байна. Өрийн сүлжээнд ямархуу болтлоо орсныг Монголбанк бараг өдөр бүр л зарлаж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар болсон. Түүний дотор Засгийн газрын дотоод, гадаад өр ДНБ-ний 58 хувьд хүрч 14 орчим их наяд төгрөгийн өртэй болчихлоо. 2015 оны төгсгөлд Засгийн газрын дотоод бондын үлдэгдэл дөрвөн их наяд орчим төгрөгтэй тэнцэнэ. Хувийн хэвшлийнхний цусны эргэлт болж байх ёстой дөрвөн их наяд төгрөгийг Засгийн газар авахаар эдийн засаг уруудахаас яах юм. Бид энэ болохгүй байгаа зүйлсийг дөрвөн жил шүүмжиллээ. Сүүлдээ МАН гацаадаг, шүүмжилдэг, зогсоодог, харлуулдаг гэсэн яриа гарч байна. Тиймээс сүүлийн үед аль болох хэвлэлд ярилцлага өгөхгүй, нийгэмд хар мэдээлэл цацахгүй гэж шийдсэн. Бид шүүмжилсэн, шүүмжлээгүй бидний яриад байдаг нөхцөл байдал үүсч байгаа. 2015 онд гэхэд зээлийн хүүний төлбөрт улсын төсвөөс 700 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа л даа. 2016 онд 900 орчим тэрбум төгрөг зээлийн хүүнд төлнө. Энэ нь улсын нийт төсвийн орлогын 18 хувьд хүрнэ. 2011 онд зээлийн хүүнд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Одоо 963 тэрбум төгрөг болно. Хэд дахин өсч вэ гэдгийг бодох ёстой. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийг ингэж нурааж болдог л юм байна гэдгийг харлаа.

-МАН-ынхан сөрөг хүчин гэдэг утгаараа шүүмжлэх нь зөв ч гарц ярьж байгаа гишүүн аль аль намд алга байгаа юм биш үү?

-Гарц тодорхой. Эхлээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурах хэрэгтэй. Эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг чинь биднээс өмнө үүсээд манайхтай ижил төстэй зах зээлийн нийгэмд туршигдчихсан байхгүй юу. Шинжлэх ухаанаар нотлогдчих тэр замаар нь яваад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ цэгцлэх ёстой. Эхний ээлжинд эдийн засгийн суурь тоонуудаа зөв болгоно гэдэг чинь гарц. Эдийн засгийн суурь зөв болчихоор Монгол Улс руу орж ирэх мөнгөний үнэ цэн бий болно. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар гаргасан Худалдаа хөгжлийн банкны бондын жилийн хүү 9.00375 хувьтай гарсан. Үүний дараа Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд гаргах гэхэд авах хүн олдоогүй. Одоо гаргавал мөнгөний үнэ цэн жилийн 11-12 хувийн хүүтэй болчих гээд байгаа юм. Ийм өндөр хүүтэй мөнгөөр бүтээн байгуулалт хийж ашиг гарган хүү төлнө гэдэг боломж багатай зүйл. Нэг үгээр хэлбэл Грекийн араас явчих гээд байна. Одоо бол Засгийн газраас оруулж ирсэн 7.9 их наядын зарлагаас 1.7 их наядын зарлагаа хасахаас өөр аргагүй. Зарлага хасна гэдэг хэцүү. Гэхдээ хасахаас өөр аргагүй. Байхгүй юмыг яаж гаргаж ирэх гээд байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сард манай нам Засагт байхад би төсвийн тодотголын ажлын хэсгийг ахалж байхдаа “Одоо бодит амьдралдаа хүргэе” гэж УИХ, Засгийн газрын удирдлагуудтай хоёр цаг гаруй ярьсан. Харамсалтай нь манайх 26 кноптой учраас бидний санал биелэх боломжгүй болсон. Одоо бол тухайн үед ярьж байсан тэр тоо руугаа очиж байна. Бид ухаантайдаа үүнийг яриад байгаа юм биш. Дөрөвдүгээр курс төгсч байгаа чамбай оюутнууд ч үүнийг гаргаад ирнэ. Түүнээс би мундагтаа шинээр пуужин зохиогоод байгаа юм байхгүй. Тэгж ч цэцэрхээд баймааргүй байна.

Хэрэглээ гэдэг чинь донтолт дагуулдаг юм. Анх бид лада унадаг байсан. Дараа нь эксел, элентра гэж байгаад пажеро жийп унадаг болсон. Төд удалгүй ланд круйзер 100, 105, лексус 470, 570 унаж байна. Улаанбаатарын гудамжаар явж байгаа зөвхөн машинаар жишээ авахад дараа үеийн сайн машин унасан хүмүүс хэзээ ч лада унадаггүй л байхгүй юу. Энэ чинь донтолт юм шүү дээ. Хэрэглээний донтолтыг “үгүй” гэж хэлээд зогсоох цаг ирэх ёстой. Энэ цагийг ирүүлэх гэж сүүлийн үед ярьсан, тэмцсэн. Харамсалтай нь дийлээгүй.

-Гарц гэдэг дээрээ эргээд жаахан төвлөрөх үү?

-Дээр хэлсэн дээ, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж. Төсвийг алдагдалгүй байгаа хэмжээнд нь батлах ёстой. Иймэрхүү байдлаар нэг жил орчим явна. Дараа нь төсвийн суурь макро тоонууд тогтворжоод ирэхээр манай орны бизнесийн эрсдэл багасч, мөнгөний үнэ цэн бууна. Мөнгөний үнэ цэн буухаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаад бууна. Тэгж байж тогтворжино. Энэ дахин 1-2 жил үргэлжилнэ. 2016 онд байгуулагдах шинэ Засаг энэ байдлаар 2019 он хүртэл уналтыг зогсоохоор ажиллавал жаахан сэргэлт ирэхийг үгүйсгэхгүй. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ сайнгүй байгааг бүгд мэдэж байна. Манай эрх баригчдын нэг зовлонтой юм нь бүх зүйлээ гадаад нөхцөл байдал руу чихчихээд тэндээс л боллоо гээд байдаг. Эдийн засгийн уналтын шалтгааныг 100 хувь гээд аваад үзэхээр гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл 30 хувь, бидний дотоодын арчаагүй байдал 70 хувь болчихоод байгаа юм. Таны ойр орчны хүмүүсийн амьдрал сайжирч байна уу.

-Хэцүү байгааг мэдсээр байж асууж байгаа юм уу?

-Улстөрчид амьдрал сайхан болж байна. Та нар албаар “Амьдрал хүнд байна” гэж зохиож яриад байна гээд байгаа юм. Би сонгогчидтойгоо уулзахаар “Амьдрал хүнд байна” гэдэг. Сайхан амьдарч байгаа хүмүүс нь хаана яваад байна аа. Тэрийг үнэхээр олж сонсохгүй байна л даа.

2016 онд сонгууль болоод манай нам яллаа гэхэд бид бурхан биш ийм үр дүн гарна гэж амлаж чадахгүй. Өнөөдрийн нийгэмд гоё ярьдаг хүмүүс нь ихэдчихээд хэцүү байна. Гоё ярихын уралдаан явж байгааг хараарай. 2016 онд МАН олонхи болчихвол зарим хүнд уйтгартай болно.

-Тэр нь юу гэсэн үг юм…

-МАН гарчихаад Засгийн газар тогтвортой байх тул огцрохгүй. Тэр нь зарим хүнд уйтгартай. Тэр нь харин ард түмэнд жаахан тустай байж магадгүй. Одоо 600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүнийг дөрвөн жилийн мөчлөгт чадвал 850-900 мянган төгрөгийн цалинтай болгох тийм л зүйл ярина. 2012 онд өсч байсан трэндийг бид хадгалаад явж байсан бол одоо 900 мянган төгрөгийн цалин авч болох байсныг үгүйсгэхгүй. Бид алдагдсан боломжийн талаар ярихаа больчихсон. Намайг ингээд ярихаар “Энэ Чойжоо нам нь ялагдчихаад ийм юм ярьж байна” хэмээн шүүмжлэх байх. Миний хувьд шүүмжилж ч чадахаа байчихаад сууж байна.

-Төрийн зарим албан хаагчид, улс төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасна гэж байна. Өөр ямар ямар урсгал зардлуудыг танахаар төсөвт оруулж ирээд байгаа вэ?

-Би мэдэж төсөв зохиодог байсан бол төсвийн зарлагын мөр болгон дээр ажиллана. Төрийн өөрийнх нь зардал замбараагүй нэмэгдсэн.

-Та төсвийн ажлын хэсэгт байгаа юм чинь нэлээн нягт ажиллах боломж байгаа биз дээ?

-Байгаа. Би ажлын хэсэг дээр эхний ээлжинд нэг санал тавьж байгаа. Орлогоо л зөв тооцъё гэж байгаа юм. Төсвийн орлого 5.7 их наядаас хэтрэхгүй тул төсвийн алдагдлаа хамаагүй дөрвөн хувиар тавьж байгаад зарлагаа түүнтэй тохируулъя. Эхлээд макро хязгаараа тогтоочихоод түүн дээрээ нарийн ажиллах ёстой. Нэгэнт орлогодоо захирагдаж таарах тул цалинг бууруулахаас ч өөр замгүй. Гарцаагүй амьдрал зогсоочихгүй, гал алдчихгүй хэмжээний зардлуудаа гаргаад, тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь хасахаас өөр аргагүй. Харин улстөржиж, энийг тэрийг хасах ёстой гэж онцолж яримааргүй байна.

-ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлаа явуулахгүй байж ирэх оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж байна. Тэр төсөвт нь сургууль, цэцэрлэгийн барилгаас эхлээд нэлээдгүй урт жагсаалт байна лээ. Магадгүй сургууль, цэцэрлэгийн төсвөөс сонгуулийн мөнгөө гаргах гээд байна уу гэж хардаж болохоор байгаа юм?

-Мөнгө нь байхгүй зүйлийг төсөвт суулгахаар дахиад л нэг үлгэр болоод байна. Сургууль, эмнэлэг дээрээ ч тэвчихээс өөр аргагүй болж магадгүй. Өнөөдрийн нөхцөлд сургууль, цэцэрлэг, эмнэлгээ ч барьж чадахааргүй болчихоод байгаа. Төрийн албан хаагчдын цалинг буулгамааргүй байна. Чаддагсан бол сургууль, эмнэлгийг нь бариад, амьдрал сайжруулмаар байна.

Сургууль, цэцэрлэгийн мөнгөнөөс сонгуулийн мөнгө босгох гэж байна гэсэн хардлага гадуур байгаа. Гэхдээ эрх баригчдыг би харлуулж, будмааргүй байгаа юм. Ажил хийж байгаа хүнийг хажуугаас нь шүүмжлээд байхад хэцүү байдаг. Шүүмжлэх зүйл заавал олддог. Би бие хүн болж төлөвшихдөө бизнес хийгээд сурчихсан. Төрийн албанд шилжихээсээ өмнө 10 гаруй жил бизнесийн замаар явчихсан хүн. Юм бүтээе гэхэд нурах магадлал их өндөр байдаг л даа. Би бизнес сэтгэхүйтэйгээс гадна инженер хүн. Тиймээс ийм юм хийх гэж байна гэж зарлах дургүй. Хийчихлээ гэж хэлэх дуртай. Нурах, зогсох тэр олон эрсдэлийг чимээгүй байж байгаад давсныхаа дараа хийчихлээ гээд дуугарах чинь кайф байхгүй юу. Амьдралыг үр дүнгээр хэмжих ёстой. Одоо бол тэгнэ, ингэнэ гэсэн ирээдүй цаг дээр бид амьдарч байна. Жаахан бодитоор сэтгэж харвал яасан юм. Бидний хүсэл таазанд, хийх боломж ширээн дээр байна. Энэ хооронд асар их орон зай бий. Байнга том зүйл хүсээд боломж нь түүнийгээ гүйцэхгүй болохоор бухимдал үүсдэг.

-Уул уурхайгаас орж ирдэг хөрөнгө оруулалт буурснаас хойш бид эдийн засгаа солонгоруулах ёстой гэж ярьж байгаа. Гэвч нэг хөл дээрээ дэгэнцэн буй эдийн засаг өнөө хэр нь явсаар байна. Боломж байна уу. Байвал ямар?

-Бид хэтэрхий яараад байна. 2000 онд МАН ялаад Засгийн газар байгуулж байсныг эргээд сана даа. 320 тэрбум төгрөгийн төсвийн зарлагатай байсан. Одоо бол 5.4, 7.5 их наяд гээд 10 дахин өссөн тоонууд яриад байгаа биз дээ. Тэгэхээр амьдрал жаахан ч гэсэн урагшилж байгаа. Харин хэт яараад байна. Эдийн засаг солонгоруулах талаар та ярьж байна. 2000 оноос хойших цаг хугацааг аваад үзэхээр шулуухан хэлэхэд солонгоруулах цаг хугацаа байгаагүй. 2006 оны төгсгөлөөс зэс дээр нүүрс гэдэг нэг сэдэв гарч ирсэн. 2008-2009 оныг дамжсан дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж 2010 оноос дөнгөж бодлогын зөв сонголт хийгээд гуравхан жил бид засагламаар аядан солонгоруулах чиглэлд бодлого явж эхэлж байтал бид сонгуульд ялагдсан.

2012 онд гадна ертөнц Монголыг сонирхож эхэлж байсан тэр боломжийг эрх баригчид алдсан. Одоо нэг хаширч, энэ нялхсын өвчнөөсөө салах байлгүй дээ. 2016 онд бид яллаа гэхэд нэг давуу тал ирнэ.

-Ямар давуу талын тухай ярьж байна вэ?

-Зовлон үзсэн чавганц гэдэг шиг эрх барихын зовлонг үзсэн бид цөөнх байхын зовлонг үзчихсэн байх юм. Тэгснээр үүнээс цааш алхаж болохгүй хязгаар бий юм байна гэдгийг бага зэрэг ойлгосон байх байлгүй гэж найдаж байна.

-Ирэх оноос гадны хөрөнгө оруулалтууд сэргэх болов уу гэж гишүүн бүрээс шахам асууж байна. Танаас ч бас асууя?

-Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт хасах тоотой гарах юм шиг байна.

-Оюу толгой, Таван толгой гэсэн томоохон ордуудаа их харж байна?

-Бид их том зүйл хүсдэг. 2016 оноос Оюу толгой хөдөлж эхэллээ гэхэд 300 орчим сая ам.доллар орж ирэх юм байна лээ. Үүнийг зарим нөхдүүд бага байна гэх юм. Бага ч гэсэн нэмэх тал руугаа явах ёстой. Оюу толгой гэлтгүй бусад төслүүд ч гэсэн яг адилхан. Бага багаар солонгоруулаад явах шаардлагагүй. 1000 гэдэг тоо ч гэсэн нэгээс бүтдэг гэдгийг санаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Уянга: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг чинь шаггүй наймаа бололтой

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх оны төсөв амаргүй байна гэдгийг улстөрч, эдийн засагчид бүгд хэлж байгаа. Эдийн засгаа тэлэх арга байна уу?

-Тэлэхийн тухайд бол ойрын үед худлаа. Би өмнө нь танай сонинд өгсөн ярилцлагадаа бас хэлж байсан даа, эдийн засгийг тэлэх эсвэл агшаах тухай асуудал байхгүй. Хэт хөөсөрч хөөсөн эдийн засаг бодит байдалтайгаа нүүр тулах л асуудал манайд бий гэж. Бодитойгоор эдийн засгаа тэлье гэвэл урт хугацааны системтэй бодлого, ялангуяа үйлдвэржүүлэх бодлого хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн асуудлууд хоолойд хутга тулгачихаад л биднийг боомилоод байна шүү дээ.

-Тухайлбал?

-Наанадаж цалин тэтгэврээ тавьж чадах уу үгүй юу, яаж хэдэн төгрөг олох вэ, яажшуухан улс төрийн тэнцвэрээ хангаж байгаад төсвөө батлуулчих вэ, яавал засгаа авч үлдэх вэ гээд л. Манай улс төрийн систем, парламент, түүнийг бүрдүүлж байгаа намууд, нийгэм тэр чигээрээ л бужигнаанд байна. Эхлээд үүнийг нь цогцоор нь шийдэхгүйгээр тулхтай, ул суурьтай урт хугацааны бодлого ийм парламент, ийм төрөөс гарахгүй шүү дээ.

Тодорхой хэлбэл өмнөх тогтолцоо бүх чадлаа бараад амь дүйж, өдөр хоног өнгөрөөж аргацааж байна. Ингээд л үхлүүт аргацаасаар байх уу, энэ тогтолцоог өөрчлөх үү гэдэг асуулт бидний өмнө байна.

-Тэр “хоолойд тулгасан хутга”-ны нэг нь тэгвэл таны цуглуулж байгаа гарын үсэг болж таарах нь?

-Өнгөц харвал тэгж харагдаж болно. Би Ч.Сайханбилэг гэж бие хүнийг биш биднийг сүйрүүлж байгаа системийн “хоолойд хутга тулгаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Засаг огцорсноор бүх юм өөрчлөгдөөд сайхан болчихгүй ч том өөрчлөлтөд тустай гэж би үзэж байна. Тэгээд ч Ерөнхий сайд огцрох ажлаа хангалттай сайн хийсэн, хийж байгаа. Би Дубайн гэрээг хэлж байна.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед “Оюу толгой”, “Таван толгой”, “Гацуурт”-ын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой биз дээ. Томоохон төслүүдээс хамгийн нааштай байгаа нь “Оюу толгой” гэх юм. Гэтэл танаас эхлээд зарим гишүүд Оюу толгойг эсэргүүцсээр байна?

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед л өөрсдийгөө байгаагаар нь харж, мөн чанараа таньж зөв зам руугаа орох алхмаа хийх ёстой гэж би бодож байна. Эдийн засаг хүнд байгаа нь алдсан дээрээ нэмж алдах шалтаг болох ёсгүй. Том төслүүдээс хамгийн алдагдалтай нь “Оюу толгой”. Бод доо, “Оюу толгой”-г чамд байгаа чиний өмч гэж бод. “Рио Тинто” та хоёр хамтарч бизнес хийе гэж бодъё. “Рио” туршлагатайн хувьд эдийн засгийн тооцоо хийгээд “Дөрвөн тэрбум ам.доллараар энэ уурхайг босгоод ашигтай ажиллуулна” гэж тооцжээ. Чи түүнийг нь нягталсан ч үгүй, итгээд “за, тэгье” гээд гэрээ хийчихэж. Гэхдээ хөрөнгө оруулалтаа хувааж гарга, чамд мөнгө байхгүй бол надаас зээл гэвэл чи юу гэх вэ? Захын наймаачин ч, “Надад мөнгө байхгүй ч “Оюу толгой” байна. Хэрэв Оюу толгой байхгүй бол энэ гэрээ байхгүй. Тиймээс энэ “өмчөө” өөрийнхөө оролцох хувьдаа тооцно. Ингэхгүй бол чи бид хоёр наймаа тохирохгүй нь дээ, дараагийн хамтрагчаа олно оо” л гэнэ биз дээ.

Гэтэл харин чи тэгсэнгүй, “За тэгье тэгье, чамаас л зээлчихье” гээд бүүр өндөр хүүтэй зээлийн 34 хувийг хүүтэй нь өгөхөөр мөнгө зээлээд баларчихжээ. Гэтэл “Рио Тинто” өөрөө хамаг менежментээ хариуцаж байгаа. Чи түүнийг нь хянаж чадахгүй олхиогүй хэдэн найзаа тэнд суулгачихсан учраас тэр. Гэтэл нөгөө тал хөрөнгө оруулалт өсөөд байна гээд чиний өрийг нэмээд л, хааяа чамайг “Хөгшин нь хоосон хонох нь, баларлаа” гээд очихоор аяга хоол өгнө, чи түүнд нь баярлаад л өрөнд ороод л яваад байж. Гэтэл чамд “За хөгшөөн, хөрөнгө оруулалт өсөөд байгаа учраас ашиг ойрын үед хувааж чадахгүй нь ээ. Би баахан найз нартаа менежментээ хариуцуулсан тэд зардал өсгөөд байна. Тиймээс ашиг бол 2037 оноос л магадгүй шүү хө. Тэр болтол хоёулаа мөнгө зээлээд л яваад байя. Зээлийн 34 хувийг харин чи хүүтэй нь төлнө шүү. Чамд зээл олж өгсний төлөө найз нь эндээс чинь хувиа авна, дээр нь энэ ордыг чинь зээлийн барьцаанд тавихгүй бол зээл авч чадахгүй нь” гэвэл чи яах вэ. Жинхэнэ эр хүн бол салаавч үзүүлэх нь ойлгомжтой.

Яагаад гэвэл чиний ганц “хөзөр”, ганц өмч “Оюу толгой” чинийх биш зээл олгогчийнх болно. Тэгвэл чи өөрөө “яг хэн юм бэ? Үнэндээ юу юм бэ?” Асуудал эвгүйцвэл зээл авахад зуучилсан “Рио” биш чи шүүхийн өмнө очно. Харин “Рио” найз чинь чамайг зээлийн барьцаанд тавьчихаад яваад өгнө.

Ч.Сайханбилэг С.Баярцогт хоёр ийм л юм хийлээ. Энэ хоёрын ард чи, би, монголчууд бүгдээрээ байгаа юм. Энд нэг ордын тухай биш монголчууд хэдэн үеэрээ идэх олон зуун их наяд төгрөгийн тухай ярьж байна шүү дээ

-Ер нь бол уул уурхайгаа үзэж чадахаа байсан хүмүүсийн үгнээс болоод гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан гэдэг. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох боломж байна уу?

-Гадны хөрөнгө оруулагч, гадны хөрөнгө оруулагч л гэх юм. Тэр чинь бурхан юм уу. Хөрөнгө оруулалт гэж минийхээр нэгдүгээрт, бодитой мөнгөн урсгал-хөрөнгө оруулалт. “Оюу толгой”-н мөнгө Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамждаггүй учраас валютын ханшийг тогтворжуулахад ямар ч нөлөө үзүүлдэггүй. Хоёрдугаарт, биет бодитой бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлт-хөрөнгө оруулалтыг хэлнэ, яг Эрдэнэт шиг. Зэс алтын хүдрийг баяжуулж байгаа “Оюу толгой”-н тэр хэсгийг үүнд тооцож болох ч “Эрдэнэт”-ээс илүү гарч баяжмалын дараагийн шатны боловсруулалт хийхгүй байна. Гуравдугаарт, мэргэшсэн өндөр түвшний мэргэжилтнүүд бэлтгэж байвал энэ гарцаагүй том хөрөнгө оруулалт. Дараагийнхаа том уурхайг аль болох гадны туслалцаагүй ашиглахыг эрмэлзэх ёстой. Өмнөговийн залуусаар төмс цэвэрлүүлж, шал угаалгаж, машин жолоодуулж байгаагаа ажлын байр нэмэгдүүлчихлээ гэж хөлсөө арчих хэрэггүй юм. Одоо өөрөөсөө асуу, жинхэнэ хөрөнгө оруулагч манайд хэд байна вэ гэж. Одоогоор манайд хөрөнгө оруулагчид бус хөрөнгө гулгуулагчид л байна даа. Тэр нь тэдний муугийнх биш, бидний муугийнх. Тэд чинь эндээс аль болох их ашиг хийх гэж байгаа л хүмүүс шүү дээ. Тэдэнд манайх шиг ийм өгөөмөр, авлигадаа идэгдсэн орон төдий л олон олдохгүй дээ. Бид баялгаа гаргаад эзний татвар буюу “роялти” гэж тавхан хувийг авдаг. 200 мянгаас буулгахгүй дээ гэж бодож байсан сайхан эр хонийг чинь “Рио” зараад ирье гэж авч явчихаад, “100 мянгад л өгчихлөө хө. Май таван мянган төгрөг, 95 мянгыг нь зарж өгсний хөлс, замын зардал энэ тэрдээ суутгалаа шүү” гэвэл яахав. Энэ чамд доромжлол биш үү.

-Таны огцруулах бичигт хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ? Хэрвээ 19 гишүүн гарын үсэг зураад УИХ хэлэлцэн Засгийн газар огцорлоо гэхэд илүү сайн Засгийн газар бүрдэх үү. Цаг хугацаа алдсан асуудал юм биш үү?

-Гарын үсэг нэлээд дөхсөн. Ерөнхий сайд огцруулах гарын үсэг гэдэг чинь шаггүй наймаа байж магадгүй шинжтэй байна. Дөхөх тусмаа үнэтэй болдог ч байж мэднэ. Зарим нэгийг нь дуудаж наймаалцаж байгаа ч сураг байна.

Харин манай зурсан гишүүд зарчимтай, шударга хүмүүс юм. Тийм наймаанд ороогүй байна билээ. Одоо зурах хүмүүс ч бас л шаггүй, тулхтай улстөрчид бий. Үүнээс илүү Засгийн газар байгуулж чадахгүйдээ тулсан юм бол тэр нь АН-ын л байж байгаа царай. Наадах чинь явуургүй пиар. Хэрээ хэрээнийхээ зүгт ниснэ гэдэгчлэн наад эвслийн Засгийн газрынхаа бүтцийг хар даа. Жишээ нь чамд таалагдаж байна уу?

-Одоо хэн, хэн зурах юм бэ. Яагаад зурахгүй хүлээгээд байгаа юм бол?

-Ч.Улаан сайд Д.Тэрбишдагва сайд нар Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар тов тодорхой, маш хатуу байр суурьтай байгаа. Тэд анхнаасаа энэ асуудалд сайд байхдаа гардан санаа тавьж, хамаг луйвар булхайг нь илчилсэн хүмүүс учраас эргэлзээгүй зурна.

-Та зурна гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ. “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг хамтран бүрдүүлж байна. МАХН-ын дарга Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Манай ширээний хоёр зангарагтай улстөрч. Тэдний санаачилж хийсэн ажил Монголыг маш том алдагдлаас сэргийлж байгаа юм, уг нь. Ч.Улаан сайд Д.Тэрбишдагва сайд, Д.Ганхуяг сайдын хамтарсан ажлын хэсгийн шалгалтын дүн “Оюу толгой”-н алдагдалтай гэрээг илчилж, өөрчилж, монголчууддаа хүртээх ашгийг наашлуулах маш чухал, томоохон алхам болсон. Гэтэл түүнийг нь Дубайн гэрээгээр юу ч биш болгочихсон. Оюутолгойн гэрээний алдааг засах замыг тавихад энэ хүмүүсийн олгосон түүхэн боломжийг Ерөнхий сайд арчаад хаясан. Энэ шалтгаанаар засгийг унагавал тэдний маань ажлын үр дүн эргэж сэргэх боломжтой. Тийм учраас ширээний “ах нар” энэ зарчимдаа тууштай байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. “Том” улстөрч бол эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд тууштай явдаг хүнийг хэлдэг гэж ойлгодог, жижгүүд бол наймаалцахаа урьтал болгодог юм. Ер нь бид Ч.Сайханбилэгийг огцруулах гээд улайраад байгаа юм байхгүй. Асуудал нь үнэхээр байж боломгүй ноцтой учраас л үүнийг үйлдсэн Ерөнхий сайд зохих шийтгэлээ хүлээж огцрох ёстой. Түүнээс өршөөгдөж болохгүй. Ерөнхийлөгч ч гэсэн ийм байр суурьтай байгаа байлгүй дээ, ямарваа хоёрдмол стандартгүйгээр.

-Сүүлийн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задарч магадгүй гэдэг зүйл яригдаад байгаа. Хоёр намын дарга нар бие биенээ ойлгож чадахгүй байгаа гэдэг юм уу. Магадгүй ирэх сонгуульд тус тусдаа орно гэх юм?

-Одоогоор лав л бүлэг дотор тийм юм болоогүй л байна. Тэр дарга нар бол бүлгээс гадуур байдаг хүмүүс. Зарчмын хувьд АН шиг парламентын асуудлыг нам нь шийддэг байж болохгүй байх. Хэрэв тэр дарга нар ойлголцохгүй байгаа бол ордноос гадна хаа нэгтээ ямар нэг хэлбэрээр асуудлаа шийднэ биз. Би энд намыг биш төрийг төлөөлж ажил ярьж байна.

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас “сална, хагацна” гэдэг иймэрхүү өнгө аяс харагдах болж. Үнэхээр бие биенийгээ татаж унагах гэдэг тамын тогооны үлгэрээсээ салахгүй бол энэ улс хөгжихгүй юм биш үү?

-Энэ бол үлгэр биш, бодит байдал. Энэ тамын тогоонд чинь 25 жил бүгдээрээ чанагдлаа шүү дээ. Үндсэн хууль бидэнд ийм тогоо л бэлдэж өгсөн юм. Асуудал нь тогоондоо байгаа юм аа. Түүнээс дотор нь буцалж байгаа шөлөнд биш. Хамгийн гол нь бид өөрсдийгөө тогооч биш, шөл гэж харж байгаад л эмгэнэл байгаа юм шүү дээ. Тогооч нь хэн юм? Хэрэв бид тогооч юм бол тогоогоо л сольчихно биз дээ. Асуудлыг яаж харахаас шийдэл нь тэгж гарна. Одоо улаан луувангаа ахиухан хийгээд шөлөө амттай болгоё гэж бодох цаг биш. Тэртэй тэргүй 25 жил буцалсан зутангийн найрлагыг яаж ч өөрчлөөд өөр амт гарахгүй.

-Та Халх голын газрын өвсийг хятадууд хадаж байна хэмээн шүүмжлэх юм. Одоо намар болохоор хагдарчих л өвс. Манайхан Эрээнд очиж наймаа хийхэд бас л тэгж хардаг гэж үү. Бизнест иймэрхүү зүйлс байдаг биз дээ?

-Ямар, юун, хэний бизнес? Малчдын өвөлжөөний өвсийг хадаад нэг хүн бизнес хийж болдог юм уу? 25 жилийн ийм бизнес чинь л монголчуудыг үй олноор нь тамын тогоонд чанаж байна. Хэний зөвшөөрлөөр хэн хийж байгаа, мөнгө нь хаашаа орж байгааг би мэдэхгүй байна, энэ талаар асууж тодруулна. Хүмүүсийн ярих нь Дорнодын гаалийн дарга байсан гэнэ үү нэг нөхөр л хятадуудыг сумлаад ийм бизнес хийж байгаа сурагтай. Тэр нөхөр гаалийн даргаа өгчихөөд, “Би Дорноддоо л үлдэнэ. Намайг 19, 21 дүгээр талбайн байцаагч болгочих” гэж байна гэнэ лээ. Ичгүүр сонжуураа алдсан ийм амьтад төрд үүрлэсэн болохоор л улс орон өөдлөхгүй байгаа юм. Ер нь асуудал дунд доод шатанд байгааг бид харж л байна. Төр шиг төртэй болсон цагт энэ мэтийн “бизнес”-үүдийг цэвэрлэх цаг ирнэ.

Ер нь бизнесийн гол зарчим нь хүнд хэрэгтэй зүйл хийж ашиг олохыг хэлдэг болохоос хүмүүсийг хорлож ашиг олохыг хэлдэггүй юм. Ямар ч бизнесмэн үүнийг хэлнэ.

Та хөдөө өссөн бол мэдэх байх, малчид өвөлжөөгөө хаддаггүй юм. Хатуу хөтүү цагт тэр өвөлжөөгөө идэж онд ордог. Би монголоор хэлж байна, ойлгохгүй хүнд нэмж хэлэхэд хүн нь биш мал нь идэж онд ордог, харин тэр мал сүрэг бол малчны амьжиргааны эх сурвалж. Зүй нь, өвөлжөөний өвсийг нэг дарга хятадуудтай нийлж идэж болохгүй, Матад, Халх гол сумын мал идэх учиртай юм л даа. Үүнийг монголоо алдаагүй хүн бүр мэднэ. Хэрэв Эрээнтэй зүйрлэх гэж байгаа бол очоод тэр тариачдынх нь тарьсан ногоог хурааж авах бизнес хийх гээд үзэхгүй юу.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хосбаяр: Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенци зөрчсөн

Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай ярьсан билээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай хэлж байсан. Та уг шүүх хуралд илтгэгчээр орсон. Чухам ямар гэрээ, конвенциудыг зөрчихөөр байгаа юм бол?

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг өнгөрөгч лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Өршөөлийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны 2015 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолын талаар мэдээлэл хийсэн. 28 дугаар тогтоол бүрэн эхээрээ шүүхийн цахим хуудсанд тавигдсан байгаа боловч Өршөөл үзүүлэх тухай хууль олон улсын ямар гэрээ, конвенци зөрчсөн талаар олон нийт тодорхой ойлголтгүй байх шиг байна. Би энэ талаар тайлбар хийе л дээ.

Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж буй онц ноцтой хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгтэй ганц улс үндэстэн биш дэлхийн хэмжээнд улс үндэстнээрээ тэмцье, аль аль тал нь дээрх төрлийн гэмт хэргийг өршөөж уучилдаггүй, хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй байх олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцид манай улс нэгдэн орсон.

Нэгдүгээрт, 1958 онд Женевийн 1,3,4 дүгээр конвенци, 1966 онд “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай” конвенци, 2002 оны дөрөвдүгээр сард Ромын дүрэм гэдэг олон улсын конвенцид тус тус нэгдэн орсон. Ромын дүрэм нь олон улсын Эрүүгийн шүүхийн дүрэм л дээ. Уг дүрэмд мөн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд орсон байдаг. Ромын дүрмийн удиртгал хэсэгт ”Тэдгээр хүнд ноцтой гэмт хэрэг нь дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал, сайн сайханд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч, олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явцыг хангах арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж ийм хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэлгүй байх явдлыг эцэс болгосон. Ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урдьчилан сэргийлэх талаар тус тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүхийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж” гэж заасан байдаг.

Гэтэл Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 297, 298, 299, 300, 301, 302 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд, Цэргийн албаны эсрэг Эрүүгийн хуулийн 293, 296 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн хүнийг энэ Өршөөлийн хуулиар бүрэн өршөөн хэлтрүүлэхээр болчихоод байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол Улс нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенци, 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын нэгдсэн конвенци, 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” нэгдсэн конвенцид тус тус нэгдэн орсон бөгөөд гишүүн улсууд нь 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцийн гуравдугаар зүйлд заасан тодорхой үйлдлүүдийг үндэсний хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үүрэг хүлээсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2 дахь хэсэгт заасан хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөлд бүрэн хамрагдахаар байна.

Гуравдугаарт, Монгол Улс 2003 онд Терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай олон улсын конвенцид нэгдэн орсон ба 2004 онд Ази Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэгт /APG/ элсэн орсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байгаа юм.

-Хүн төрөлхтний аюулгүй байдал болон цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдээр манайд шийтгүүлсэн хүмүүс байдаг юм уу?

-Яг энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн хүн байхгүй. Тэр утгаараа манайхан энэ тал дээр тайван хандаад байгаа юм. Дээр дурдсан гэмт хэргүүд нь universal jurisdic­tion буюу гэмт хэрэг гарсан газар, холбогдсон этгээдийн харьяаллаас үл хамаарч аль ч улсын үндэсний шүүх шууд харьяалан шийдвэрлэх “түгээмэл харьяалалтай бөгөөд Монгол Улсын шүүх энэ харьяаллын үүргийг хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг үйлдсэн хүн манай улсад баригдсан тохиолдолд Монголын шүүх тухайн хүнийг өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлэх нөхцөл бүрдчихээд байгаа юм.

-Хэрэв Өршөөлийн хууль энэ чигтээ батлагдаад явчих юм бол цаашдаа ямар, ямар хориг тавигдах юм бэ?

-Нэгэнт гэрээгээ зөрчсөн бол гэрээнд заасан хариуцлагаа хүлээнэ. Үүнийгээ кодолсон байдаг тул ямар ч хариуцлага хүлээж болно. Олон улсын хориг арга хэмжээнд янз бүрийн хариуцлага байдаг. Эхний ээлжинд гэрээ, конвенцийн дагуу өршөөлд хамруулахгүй байх талаар хуулиа шинэчилж тогтоох шаардлагыг ирүүлж болох юм. Биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авч болно. Хатуу дипломат бодлого ч хэрэгжүүлж болох юм. Үүгээр зээл тусламж үзүүлэхээ больж, хориг тавьж ч болно. Авлигатай тэмцэх үүргээ хангалтгүй биелүүлбэл магадгүй хар жагсаалтад бүртгэж болно. Авлигын индексжүүлэлтээс эхлээд олон арга хэмжээ байгаа.

-Өршөөлийн хуульд ноцтой заалтууд орсон гэдгийг Улсын дээд шүүх хэзээ мэдсэн юм бэ. Хууль хэрэглэж эхлэх үед мэдсэн үү. Одоо бол Улсын дээд шүүх эртхэн үүнийгээ мэдээлэх байсан юм гэдэг зүйл яригдаад байгаа?

-Хууль албан ёсоор нийтлэгдсэний дараа шүүх хэрэглэж эхэлдэг. Шүүх хууль санаачилж, хуулийн төсөл өргөн барих эрхгүй. Тодорхой хэргийг шийдвэрлэх үед Өршөөлийн хуулийн зарим заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байсан. Анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдлээд явж байхад, удаа дараа ял шийтгүүлж байсан, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөгдөхөөр нөхцөл бий болсон. Хүн бүр шүүх хуулийн өмнө эрх тэгш байх, шударга ёсонд нийцсэн эсэх талаар асуудал сөхөгдсөн. Өршөөлийн хуулийг олон цаг сууж нэгд нэгэнгүй үзтэл олон улсын хэд хэдэн гэрээ, конвенц зөрчсөн байсан.

-Өршөөлийн хууль батлагдвал мөн ялтан солилцох гэрээг хэрэглэх боломжгүй болно гэсэн…

– Одоогоор манай улс БНСУ, БНХАУ, Канад, ОХУ, Польш, Турк, Куба зэрэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Гэрээ мэдээж удаан хугацаанд түвэгтэй байдалд үргэлжилдэг.

Дээрх улсуудтай хийсэн гэрээний хоёр, гурав дахь заалтад тухайн улс оронд үйлдсэн гэмт хэргээр Өршөөлийн хууль гарсан эсхүл Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа бол ялтныг буцаан улс оронд нь өгөхгүй гээд заачихсан. Жишээлбэл БНХАУ-тай 1997 оноос хойш ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар хоёр тал хэлэлцээр хийсээр байгаад 2015 онд байгуулсан. Энэ гэрээний гуравдугаар зүйлийн шилжүүлэх өгөхөөс татгалзах үндэслэлд хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжийн дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөгдсөн зэрэг эрх зүйн үндэслэлээр шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг хариуцлага, эсхүл ял шийтгэлээс чөлөөлсөн бол өгөхгүй гээд заачихсан. Тиймээс гадаадад ял эдлэж байгаа монгол иргэнээ ялтан шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авах боломжгүй болчихоод байна. Өмнөх Өршөөлийн хуулиуд гарахад ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байсан. Одоо бол харин нөхцөл байдал өөр болсон. Хэрэв ялтнаа өгчихвөл тэр хүн нутагтаа очоод ял эдлэхгүй шууд гарчих байхгүй юу. Тиймээс тухайн улсдаа ялаа эдэлнэ гэсэн үг.

-Европын зөвлөлд элсэхэд хүндрэл учирч болзошгүй талаар ярьсан. Энэ талаар тодруулна уу?

Монгол Улсын Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэж Улсын Их Хуралд танилцуулснаар 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурал Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох нь ач холбогдолтой гэж үзэн, саналыг дэмжиж хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Монгол Улс энэ конвенцид нэгдсэнээр Европын зөвлөлийн 47 улс, гишүүн бус 19 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй болж эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдээ шилжүүлэх эрх зүйн үндэс бий болох юм. Конвенцийн хоёрдугаар заалтад ялтныг хүлээн авахыг хүссэн улсад тухайн гэмт хэрэгт өршөөл үзүүлсэн бол ялтныг шилжүүлэхгүй гээд заасан тул Өршөөл үзүүлэх тухай хууль нь энэ чигээрээ батлагдвал Монгол Улс энэхүү конвенцид нэгдэн орох эсэх асуудал дээр хүндрэл гарахыг үгүйсгэхгүй л дээ.

-Өршөөлийн хуулийг санаачлан Их хуралд өргөн барьсан Ц.Оюунбаатар гишүүний хувьд Улсын дээд шүүх Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байна гэсэн өнгө аяс бүхий зүйл ярьсан. Мөн хар тамхины хэргийг өршөөлд хамруулаагүй байхад хамруулчихлаа гээд байна гэдэг зүйл ярьсан?

– Өршөөлийн хууль хүний эрхийг хамгаалах хүрээнд гарч байгаа болохоор шүүх хүний эрхийг хамгаалагч гэдгээрээ үргэлж дэмжинэ. Ганцхан Үндсэн хууль зөрчсөн болохоор хүндрэл гарч байна. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 192 дугаар зүйлийн 192.3-т заасан гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай бүлэг хар тамхийг зөөвөрлөсөн, хэрэглэсэн, улсын хил нэвтрүүлсэн хэргүүдийг Өршөөлийн хуулиар хаасан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2-т заасан хар тамхи болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэгт ял шийтгүүлсэн этгээд өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж байгаа юм.

-О.Баасанхүү гишүүн Улсын дээд шүүх хууль хэрэглэх үүрэгтэй болохоос ҮХЦ-д гомдол гаргах эрхгүй гэдэг зүйлийг ярьсан. Үүн дээр тайлбар хийгээч?

-Шүүх хууль хэрэглэх үүрэгтэй нь үнэн. Гэхдээ шүүх Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргана гэж хуулиар зохицуулсан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Өрсөлдөгчтэйгөө нийлж өөрийнхнөө намнадаг улс төр л явж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2000 гаруй иргэн Өршөөлийн хуулийг хүлээсээр байна. Гэвч УИХ асуудлаа шийдэлгүй хүлээлт үүсгээд байгаа. Хуулийн төсөл тойрсон хэтэрхий их улстөржилт нь иргэддээ шийтгэл болж очоод байгаа юм биш үү. Зарим гишүүд он гартал энэ чигээрээ явна гэсэн зүйл ярих юм?

-Өршөөлийн хуулийн гацаа арилна гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Хууль зүйн байнгын хороо хуралдаад талуудын маргаантай байсан асуудлууд шийдэгдчихлээ. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан. Хоригийг хүлээж авсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг оруулах ёстой байсан ч нэмэлт, өөрчлөлтийг ямар хэмжээнд оруулах, саналаа ямар хэлбэрээр хураах вэ гэдэг дээр маргаан гарсан. Энэ маргаан хэт сунжирчихлаа. Гэхдээ шийдэгдсэн. Өршөөлийн хууль Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хураагдсан саналын хэлбэрээрээ бүхэлдээ чуулганы нэгдсэн хуралдаан руу орж байгаа. Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан тодорхой зүйл заалтуудаар тус тусад нь санал хураалт явуулах байх. Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг 98 хувьтай дэмжиж байгаа.

-Яагаад 98 хувь гэж?

-Нэг гэмт хэргийг хаалтын хэсэг рүү оруулах шаардлагагүй. Тэр нь 150.3 дугаар зүйл. Энэ бол хуулийн байгууллагууд бизнес эрхлэгчдийг өлгөх гол гох дэгээгээ болгодог, хэрэг үүсгэж шантааж хийх маягаар бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг, хувийн өсөө тайлчих гээд байдаг зүйл байгаа юм. Түүнийг хаалтын хэсэг рүү оруулах шаардлагагүй гэж би үзэж байгаа. Ерөнхийлөгчийн хоригт заагдсан бусад гэмт хэрэг болох албан тушаалаа хэтрүүлэх, авлига авах, үндэслэлгүй хөрөнгөжих, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт гэмт хэргүүдийг өршөөхгүй, Өршөөлийн хуулийн хаалтын хэсэгт оруулах ёстой. Түрүүч нь I нүүрт

-Гэвч өмнөх удаа Байнгын хороон дээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг зүйл заалтуудыг өршөөнө, бусдыг нь өршөөлд хамруулахгүй гэсэн. Байнгын хороон дээр олонхи болсон МАН-ын бүлгийн гишүүд кноп андуурч дарсан гээд байгаад итгэх хүн алга…

-Байнгын хороон дээр кноп яаж дарагдсанаас үл хамаарч чуулган дээр кнопоо яаж дарах нь хоригийн хувь заяанд чухал. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэрхэн саналаа өгч байгаагаар нь хэн нь хэвлэлээр хэлсэн үг, олон нийтэд харуулсан нүүрээрээ байж, байр суурь, зарчим дээрээ хатуу зогсож байна гэдгийг харчих боломжтой.

-Үнэндээ авлига, албан тушаалын гээд байгаа хэрэгт нягтлан бодогч голдуу 100 гаруй хүн шалгагдаж байгаа юм билээ. Авлигачдыг өршөөхгүй гэж байгаа бол цаад эздийг нь олох ёстой юм биш үү. Энэ 100 гаруй хүнээс болж өршөөлд хамрагдах ёстой 2000 гаруй хүний асуудал хүлээгдээд байна?

-Үүн дээр бол Өршөөлийн хууль уу, Эрүүгийн хууль уу гэдгээс илүүтэй мөрдөн шалгах үйл ажиллагааны ур чадварын асуудал яригдах байх. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой маргааны хил хязгаар хоёр тийшээ саваад байгаа нь ч үүнтэй холбоотой. Нэг талаасаа төрийн үйлчилгээний чанар, шийдвэрийг хар зах дээр зарж байгаа юм шиг үнэ хаялцуулж, нийтийн ашиг сонирхлыг худалдан борлуулах замаар хувийн ашиг сонирхлоо ханган баяжиж байгаа хүмүүс бий. Үүнээс болоод төрийн болон хуулийн нэр хүнд унаж байгаа. Үнэндээ тогтолцоо бүхэлдээ сууриараа ганхахад хүрч байгаа. Энэ сорилтыг бид сөрж зогсох ёстой. Нөгөө талд нь процессын шударга ёс хангагдаагүй, мөрдөн шалгах үйл ажиллагаа хүний эрхэд суурилаагүй, шүүх тогтолцоо шударга ёсны хэмжүүртээ орж ирээгүй үед “авлига” гэдэг энэ үг хий хоосон популизм, нөгөө талаасаа хүн хэлмэгдүүлэх хэрэгсэл болчих гээд байгаа. Үүнийгээ дэнсэлж үзэх хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэх нэрийн доор хүн хэлмэгдүүлээд, өш хонзон аваад, өрсөлдөгчдөө намнаад байна гэсэн шүүмжлэл байгааг би үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд Өршөөлийн хууль гарч хууль ёсыг үнэгүйдүүлж, шударга ёсны тогтолцоог бүхэлд нь нулимахыг бас дэмжмээргүй байна. Асуудлыг шийдэхийн тулд хууль тогтоомжоо сайжруул, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн хуулиа өөрчил л дөө. Хуульч, хууль сахиулагчдын гарт хутга болж очоод байгаа тэр зохисгүй эрх мэдлүүдийг нь хуулиараа засаач ээ, процессын шударга ёс гээд байгаа шаардлагуудаа тавиач ээ гэж байгаа юм. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэгчээр улс төрийн өшөө авалтыг зогсоохын тулд авлигачдыг өршөөх нь төрд итгэх иргэдийн итгэл, хуульд захирагдах нийтийн ёс суртахууныг үгүй хийнэ гэсэн үг болно. Дээр байгаа хүмүүс нь өөрөө өөрсдийнхөө гэмт хэргийг өршөөчих юм чинь дор байгаа иргэдэд хууль байгаад ч яах юм, төр засагт захирагдаад ч юу хийх юм гэдэг болчих гээд байна. Ингэж хоёр туйл руу ээлжлэн савж болохгүй. Харин шийдлээ зөв гаргаж том дүр зургаар нь хараад хүн хэлмэгдүүлээд, өрсөлдөгчөө намнаад, тийм боломж олгоод байгаа хуулийн тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй. Хуулиа л сайжруул.

-Өршөөлийн хуулиас өмнө Эрүү болон Зөрчлийн хуулиа батлах ёстой гэдгийг ээлжит бус чуулганы үеэр ч ярьж байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй. Энэ нь Өршөөлийн хуульдаа нөлөөлөөд байна аа даа, тийм үү?

-Эрүү болон Зөрчлийн тухай хуулиа баталъя гэж нэлээд эрчимтэй түлхсэн боловч зөрчил үүссэн. Эдгээр хуулиуд суурь шинжтэй л дээ. Хүн бүрийн амьдралд нөлөө үзүүлж, нийгмийг бүхэлд нь хамардаг хууль. Ийм хуулийг түргэн шуурхай хэлэлцэхгүй, сайн ярилцаж дундын ойлголцолд хүрч батлах ёстой гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа учраас хүлээзнэх байдалд орсон. Энэ хүлээлт нөгөө талдаа иргэдээ хэт дорд үзсэн, шоронжсон, хууль хяналтынханд хууль бус зүйл хийх боломжийг нь олгодог өнөөгийн алдаатай тогтолцоог хүчин төгөлдөр үргэлжлэх боломж олгоод байна. Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиуд нь цогц маягийн хамтдаа үйлчлэх бодлого юм ш дээ. Таны асуусанчлан Зөрчил, Эрүүгийн хуулийг батлагдахыг хүлээхээр нөгөө талд нь баялаг бүтээгч, бизнесийнхэн, жирийн иргэд хохирогч болсоор. Хуулийн болхи тогтолцооны дүнд өдөржин, шөнөжин хардуулж, мөрдүүлж, бизнесээ хийж чадахгүй, хөрөнгөө ч гаргаж чаддаггүй тийм байдалд хүрсээр. Гэтэл гадна, дотно хөрөнгө оруулалт “0” зааж, эдийн засаг унасаар, хүмүүсийн халаасан дахь мөнгө багассаар л байна. Үүнийг хараад л суугаад байх уу. Миний итгэл үнэмшил бол Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хуулиа ядаж жил хагасын өмнө гаргачихсан бол эдийн засгийн хүндрэл харьцангуй гайгүй байх байсан болов уу гэж боддог.

-Жил хагасын өмнө гаргах боломж байсан юм уу?

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хоёр ч удаа өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцээгүй л дээ. Хэлэлцээгүй шалтгаанууд нь тодорхой. Мэдээж улс төр байсан. Н.Алтанхуягийг унагаахын тулд эдийн засгийн шинэ боломжуудыг нээхгүй байх нь тэдэнд ашигтай байсан байх. Түүнээс болж хэлэлцээгүй. Хэлэлцээгүйгээс болж маш олон боломжуудыг алдсан. Алдсан боломжуудын үнэ цэнийг бид тооцож сураагүй тул ийм байдалд хүрсэн. Мөн том төслүүдээ явуулаагүйгээс болж эдийн засаг, төсөв улам л хэцүү болсон. Энэ нь иргэдийн амьдралд их л хүнд тусна байх даа.

-Иргэдийн дунд “Тэмүүжин сайдын хуулийн шинэчлэлт” гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон байв. Гэтэл таны өргөн барьсан хуулиудыг дараагийн сайд нь эргүүлэн татаад, заримыг нь дахиж өргөн бариад явж байгаа. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хууль… Ямар ахиц гарсан юм бэ?

-Хуулийн салбарын шинэчлэл олон хүчин зүйлээс хамааралтай ч суурь хүчин зүйл нь улс төрийн тогтвортой байдал. Улс төрд тогтвортой байдал хангагдаагүй газар хуулийн шинэтгэл явагдахгүй. Улс төр тогтворгүй, шинэчлэлийн талаарх тууштай байр суурь байхгүй байгаа газар шинэчлэлийг эсэргүүцэгчид, хуулийн гажиг тогтолцооноос шимж амьдрагсад хүч орж, шинэчлэлийг санаачлагчдыг эргээд буруутгаж, хэрчдэг тийм л дүр зураг байдаг. Энэ дүр зураг манайд ч харагдаж байна. Шинэтгэлийн зорилтууд бол 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдан, сонгогчдодоо амласан зүйл. Шинэчлэл болон түүний эргэн тойрон болж байгаа үйл явцыг хэд хэдэн талаас харах ёстой. Нэгдүгээрт, хуулийн салбарын шинэчлэл бол Тэмүүжингийн асуудал биш. Ардчилсан нам амласнаа хийж чаддаг уу гэдэг л асуудал. Хоёрдугаарт, энэ олон хуулийн үзэл санаа чинь 2000 оноос яригдаж байсан зүйл. Тэмүүжин мундагтаа олоод сэдчихсэн ч юм биш. Өмнө нь зүрхэлж барьж авдаг хүн нь цөөн байсан байж магадгүй. Тиймээс энэ шинэчлэл тодорхой цаг хугацааны дараа дахиад л яригдана, хийгдэнэ. Үүнд би санаа зовохгүй байна. Харин хойшлогдож байгаа хугацаа нь таван жил үү, найман жил үү гэдэг л байна.

Цагдаагийн байгууллагыг иргэнд үйлчилдэг, үйл ажиллагаагаа олон нийтэд түшиглэсэн, хаалттай биш нээлттэй, даргад биш хуульд захирагддаг байгууллага болгох уу гэвэл болгоно. Олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааны хүрээнд оюутан цагдаа, school police, олон нийтийн цагдаа гэх мэтчилэн иргэдтэйгээ хамтран хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг шинэ арга хэлбэрүүд бий болсон. Цагдаагийн байгууллагын аюулгүй байдлыг хүртээмжтэй болгоё гээд Улаанбаатар хотод зургаахан байсан цагдаагийн хэлтсийг 14 болголоо. Хүртээмж нь хамаагүй сайжирч байгаа биз дээ. Цагдааг даргынхаа үгээр ажиллах биш, хуулийн дагуу иргэнд үйлчилдэг болгоё, иргэнээ хүндэтгэсэн харьцааны соёлтой болгоё гэсэн зорилго тавьсан. Алдаг оног зарим нь ажиллаж эхэлсэн. Нэгэнт иргэнд үйлчилдэг хууль сахиулагч байхын тулд иргэний хяналтад цагдаагийн үйл ажиллагааг оруулж, тайлагнах тогтолцоотой болгох ёстой. Үүнийг хийхэд цэрэгжсэн, хаалттай зохион байгуулалт садаа болоод байгаа тул түүнийг өөрчилж иргэншүүлэх шаардлагатай. Энэ бүхэн чинь бүгд л хүнд, тэр дундаа жирийн иргэнд зориулсан шинэчлэл. Үүнийг би цагдаад, тэр дундаа дарга нарт нь зориулж хийгээгүй. Нөгөө талд нь цагдаагийн жирийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилтууд байсан. Суманд ажиллаж байгаа цагдаагийн нийгмийн асуудал бүрэн шийдэгдсэн. Тэгээд энэ зүйлс яагаад буруу байсан юм гэхээр хэн ч дуугардаггүй. Зүгээр л гомдсон гээд байгаа цагдаагийн хэдэн дарга, цолоо хураалгасан хэдэн нөхдүүд л байгаа шүү дээ. Иргэнд зориулсан энэ шинэтгэл өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй нь тодорхой. Түүнийг нь дөвийлгөн гаргаж ирээд шинэтгэлийг баллуурдаж байна л даа.

-Гэлээ ч гэсэн хуулийг нь хүртэл буцаах байдлаар ингэж баллуурдахын эцсийн зорилго нь юу гэж?

-Эцсийн зорилго нь зүгээр л сандал ширээний хэрүүл. Эргээд харахаар тэр зорилт, шинэтгэлүүдийг ухрааж байгаа алхмууд нь хэн нэгэнд өр төлсөн, сандал ширээний төлөөх хэрүүл байсан гэж харагдаж байгаа учраас миний дургүй хүрч байна. Гэхдээ энэ чинь ирж яваа цаг. Хэн нэгний өр төлөөд дуусах бол дөрвөн жилийн л асуудал. Ирж яваа цаг гэдэг 40 жилийн асуудал юм. Хүссэн хүсээгүй хүмүүс юу нь зөв, буруу байсан гэдгийг ялгадаг болчихсон.

-Гэвч тэр ирж яваа цаг хэр удаан хүлээлгэх юм бол. Лав ирэх дөрвөн жилээр хэмжигдэхгүй нь бололтой. АН доторх фракциудын зөрчил, хэрүүл, хагарлыг хараад байхад тэгж харагдаж байна?

-Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй юм аа. Усны түрлэгийг юугаар ч хаасан зад тавьдаг…

-Хараад байхад Д.Дорлигжав сайд та хоёрын дунд ямар нэг хувийн өс хонзон гэхээр зүйл байдаг уу?

-Хувь хүн гэхээсээ илүүтэйгээр хамгийн гол нь бодлогын зөрчил байдаг. Явж байгаа бодлогыг нурааж байгаа хүнийг хувь хүний талаасаа зөрчилгүй байлаа ч яаж таатай хүлээж авах юм. Хэцүү ш дээ. Тэр хүн Ерөнхий прокурор байхдаа хамгаалж, хоохойлсон цагдаагийн гүйцэтгэх ажлууд байна. Эхлээд хар тамхины хэрэгт холбох гэж, дараа нь албан тушаалын хэрэгт оруулах гэж оролдсон. Эцэст нь нэг эмэгтэйтэй унтуулсан. Хэвлэлээр захиалж бичүүлсэн зүйлээ УИХ-д “маш нууц” гэсэн тамгатай бичгээр явуулаад, чуулганы хуралдаан дээр орж ирж өөрсдөө тэрийгээ хаалттай ярьсан болоод, олон нийтэд аймшгийн гэмт хэрэгтэн болгож харагдуулах гээд яаж л явлаа. Сайдын суудлын төлөө эхийгээ ч зарахад бэлэн ийм хүмүүсийг харах таатай биш л дээ. Түүнээс болоод тэвчихгүй хэлэх үг бас байна.

-Энгийн хүмүүс шиг уулзаад ярилцаж болоогүй юм уу?

-Өмнө нь уулзаад энгийн сайхан ярьдаг л байсан. Одоо бол хэт өндөр дээрээс шүлсээ хаяж байгаа хүний өөдөөс ам ангайх дэмий биз дээ.

-Хуулийн салбарын шинэчлэлд цаашид юу тулгарах бол? Үргэлжлэх үү, эсвэл үгүй юу?

-Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Тэр галт тэрэг эхлээд хурдаа авч хүрэх ёстой газраа дөхөх боломж байсан бол одоо замынхаа дунд очоод зогсчих магадлалтай болчихлоо. Одоохондоо галт тэрэг зогсоогүй. Хүмүүс амьдарч буй нийгмээ, тогтолцоогоо байнга сайжруулахын төлөө явдаг. Байнгын сайжруулалтын үр дүнд л тайван сайхан амьдрал бий болдог. Түүнээс ганц төгс зүйл хийчихээд болчихлоо гээд сууж болохгүй. Хүн л болсон хойно алдана, ононо. Тиймээс энэ шинэтгэлийг байнга сайжруулах ухаалаг хүмүүс цаг цагтаа гарч ирээд, хийгээд л явна. Сайжирсан тогтолцооны үр шимийг олон мянган хүн хүртсээр байх болно. Энэ бол хэн нэг хүнд хаяглагддаг зүйл биш. Амьд үргэлжилдэг процесс.

-Сүүлийн үед Ардчилсан намынхан хоорондоо таарамжгүй байгаа дүр зураг ажиглагдах боллоо. Энэ нь бүлэг дээр ялангуяа илүү тодорч байна. АН-ын залуу гишүүний хувьд өрнөж буй эдгээр процессуудыг хэрхэн харж байгаа вэ?

-Ардчилсан нам дотор таагүй, дэмжиж боломгүй нэг зүйл байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр Ардчилсан нам нэг нэгэндээ маш гүнзгий шарх сорви үлдээдэг. Гэхдээ энэ нь намтай холбоогүй л дээ. Намын удирдлагын түвшний хүмүүс болон лидерүүдтэй холбоотой асуудал. Эсвэл намаар дамжиж өндөр албан тушаалд очсон хүмүүсийн хийдэг ажил. 1996-2000 онд ийм л байсан. Үүний дүнд С.Зориг нас барсан. Маш олон хүн хэлмэгдэж, зарим нэг нь амьдралаараа хохирсон. Зарим нь шоронгоос гарч ирээд амь насаа алдаж байсан тохиолдол хүртэл бий. Нэг нэгэндээ хэтэрхий гүн сорви үлдээдэг муу зуршил өнөөдөр ч арилахгүй байна. Ний нуугүй хэлэхэд өрсөлдөгч намынхаа бодлого зөрүүтэй улстөрчдөөс хавьгүй илүүгээр өөрөө өөрсдийгөө үзэн ядах юм. Өш хонзон санах юм. Хүнд үзэл бодлын зөрүү байж болно. Үзэл бодол өөр байлаа гээд ардчилсан зарчмаар олонхийнхоо саналыг дагахын оронд хууль хүчний байгууллагыг оруулж ирээд нэг нь нэгийгээ шоронд хийчих юм. Нэгнийхээ амьдралаар тоглох гэж оролдох юм. Энэ нь эцсийн дүндээ эдгэшгүй шарх сорви үлдээж байна. Мэсний сорви арилдаг, үгийн сорви арилдаггүй гэдэг. Ярилцаж байгаад хэрэлдэж шүүмжлээд, ширээ шаагаад босч явах бол улс төрд байдаг л зүйл. Харин эсрэгээрээ өөрийнхөө удирдлага доор байгаа хууль хүчний байгууллагыг хөдөлгөөд гэр бүл, амьдралаар нь тоглох гэж оролдоно гэдэг дэндүү л дээ. Тэр шарх чинь аньдаггүй байхгүй юу. Ардчилсан намын энэ үзэгдэл 1996-2000 онд ч байсан. 2012-2016 онд ч энэ үзэгдэл давтагдаж байна. Энэ нь АН-ыг муухай харагдуулж байгаа. Уг нь нэг намд байгаа болохоор үзэл баримтлал, үнэт зүйл нэг гэж харж болохоор хүмүүс атал авсан шарх, өгсөн сорвиосоо болоод нэг намд зэрэгцэн оршиж чадахгүй хэмжээнд хүртлээ үзэн ядалцаж байна. Үүнээсээ болоод эв түнжингүй болчихоод байна. Хамгийн аймшигтай нь гудамжинд байхдаа зүв зүгээр байсан хүмүүс эрх мэдэлд очихоороо эвдэрчих юм. Энэ хамгийн том аюул. Үүнд намын жирийн гишүүд огт хамаагүй. Тэр тусмаа АН-ыг дэмждэг ардчиллын төлөө яваа хүмүүс бүр ч хамаагүй. Тэнгэрийн суудалтай юм шиг дээр гарчихаад байгаа цөөхөн хүмүүсийн л асуудал.

25 жилийн өмнө ардчиллыг эхлүүлсэн хүмүүс дотор лидер шиг лидер яваа хүмүүс бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Үнэт зүйлээ гээгээгүй, итгэл үнэмшилтэй, тулхтай, асуудлыг ноён нуруутай шийддэг, залуусаа дэмждэг хүмүүс ч байдаг. Гэхдээ тэр дунд анхны үзэл баримтлалаасаа ухарч, үнэт зүйлээ гээчихээд, шүүмжилж байсан хүмүүсийнхээ дараагийн дүр төрх болоод хувирчихсан хүмүүс их болчих гээд байгаад жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлээ шууд хэлчих зориг, тэвчээр ч байх хэрэгтэй. Бүгдийг нь зулгуйдаад явна гэж байхгүй.

-Намын лидерүүд гэхээр 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж явж байсан нөгөө л хэдэн хүн. Одоо ч гэсэн эрх мэдлийн оройд хэвээрээ. Залуучууд хаана байна?

-Манай намын хуучин лидерүүдийн цөөнгүй хэсэгт нэг хатуу итгэл үнэмшил байдаг юм. “Залуучууд чадалтай бол хаалгаа өшиглөөд ороод ир” гэдэг. Тийм учраас залуус өөрийнхөөрөө байвал хүнд сорилт, таагүй нөхцөл дундаас олон шарх авч шовойж гарч ирнэ. Тэгэхгүй гэвэл хэн нэг лидерийн цүнхийг барьж, араас нь гүйж, зарим газар түрийвч, зарим газар улаан хамгаалагч нь болж байж эдэлбэр газарт нь хурган дарга хийнэ. Тэгэхээр эрүүл саруул бодол алга болчихдог. Энэ бол ганц Ардчилсан намд биш, бусад намуудад ч байгаа түгээмэл үзэгдэл. Улс төрийн намуудад дотоод ардчилал байхгүйтэй холбоотой. Намуудын санхүүжилт ил тод биш байгаатай холбоотой. Бодлогын эрүүл саруул өрсөлдөөн биш албан тушаал, эд хөрөнгөө яаж хуваалцах вэ гэдэг өөр уралдаан руу орсноос улбаатай. Үүнийг өөрчлөхийн тулд улс төрийн намуудаа өөрчлөх ёстой. Ерөнхийлөгч ч энэ цэгийг олж харсан учраас улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр шийдсэн хэрэг.

-Ирэх жил сонгууль болно. Гэвч Улс төрийн намуудын болон Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх асуудлын дараалалт багтсангүй. Энэ бүгдийгээ өөрчлөх юм уу, үгүй юу?

-Өргөн баригдаагүй хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд бичдэггүй. Өргөн баригдаад явчихвал яаралтай хэлэлцэх ёстой хуулиуд л даа. Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих гээд дуншиж байна. Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч хангалттай хийлээ. Албан ёсоор хууль тогтоох байгууллагад оруулаад хэлэлцүүлэх цаг нь болсон.

-Яг ямар хуулиуд гараасай гэж бодож байгаа вэ?

-Өмнөх хуулиудаасаа сургамж аваад урагшаа алхсан хууль л гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр юун дээр итгэл үнэмшилтэй байна вэ гэхээр хүчтэй Ерөнхий сайдтай болох ёстой. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн өөртөө авч чаддаг парламентын засаглал бүхий улс болох шаардлага байна. УИХ нь УИХ шиг ажиллаж, Засгийн газартаа хяналтаа тавьсан шиг тавьдаг, гэхдээ гүйцэтгэх эрх мэдэл рүү ороод эрх мэдэл булаацалдаад байдаггүй. Ерөнхий сайд нь кабинетаа бүрэн мэдэж ажилладаг, хариуцлагаа бүрэн хүлээдэг, ажил хийдэг, мэргэшсэн захиргаатай байх ёстой. Түүнээс биш фракциудын төлөөлөл гээд УИХ-ын жижигрүүлсэн хувилбар болчихоод улстөржөөд суугаад байж болохгүй. Улс төр хийх нь УИХ дээрээ л байдаг юм байгаа биз. Эрх мэдлийн хуваарилалтын энэ гажгаа засах хэрэгтэй. Улстөржих газраа улстөржихгүй болохоор Засгийн газрын кабинет дотроо хүртэл талцаад улстөрждөг боллоо. Яам, агентлагуудыг фракц бүү хэл хувь хүн эзэмшээд эхэлчихлээ. Энэ чинь Засгийн газрын кабинетын зарчим, гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдал гэх ойлголтууд байхгүй гэдгийг харуулаад байна. Монгол Улсыг нэгдмэл улс гэчихээд аймгуудаараа хуваагдаж, салбараараа өмчлөгддөг энэ байдлыг таслан зогсоох шаардлагатай. Тэгэхгүй бол энэ үзэгдэл Монгол Улсын суурь аюулгүй байдалд заналхийлээд эхэллээ. Монгол Улс нэгдсэн улс боловч “нэгдмэл бус улс”-ын шинж рүү явчихлаа. Холбооны улсад ч ийм систем байхгүй. Фракц, хувь хүн, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсыг салбараар нь эзэмшинэ гэдэг нь бүрэн бүтэн тусгаар, бүгд найрамдах улсын суурь эвдэгдэж байна гэсэн үг. Энэ бол аюул. Энэ аюулаас бид салахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.

Манайх шиг парламентын засаглалтай улсад байж боломгүй нэг алхам хийсэн нь намын дарга, Ерөнхий сайд хоёр тусдаа байгаа явдал. УИХ-ын дарга намын дарга байна гэдэг ч бас том зөрчил. Бусад орнуудад намаас түдгэлздэг албан тушаал дээр бид бүүр нөгөө тийш нь саваад намын дарга тавьчихаад байгаа. Үнэн чанартаа УИХ-ын дарга нь хоёр дахь Ерөнхий сайдыг бий болгочихож байгаа юм. Ингээд эрх мэдлийн давхар хуваарилалт үүсч, нам доторх зөрчил, тэмцэл бий болж байна. Нэг нь нэгийгээ хэмлэдэг, хэлмэгдүүлдэг, заримдаа төмөр шиг хатуу өширхсөн энэ зөрчлийн үртэс нь энгийн хүний амьдралд овоолсон хог болж, үр хүүхдийнхээ ирээдүйг олж харах нүдийг сохолж байна шүү дээ. Уг нь эрх мэдлийн хуваарилалт эрэг шураг нь зөв таарсан машин шиг Монгол Улсыг хөгжил рүү хөтлөх ёстой.

-Засгийн газрыг огцруулна, Засгийн газрын гишүүнийг огцруулна л гэх юм. Гэтэл ҮХЦ “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй” гэж шийдвэр гаргасан. Харин УИХ хүлээж аваагүй. Үүний үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог, өөрчилдөг тэр тогтолцоо руу очих ёстой гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль тийм боломж олгохгүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болно. Үндсэн хуулиар боломжтой зүйлийг Цэц боломжгүй мэт тайлбарлан “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй” гэдэг дүгнэлт гаргасан нь алдаа л гэж би харж байна. Үндсэн хуульд цагаан дээр хараар биччихсэн зүйл, заалтуудыг нүдээ аниад байхгүй мэт явж болохгүй байх. Түүнээс биш Цэц Засгийн газраас авлига авч, шийдвэр гаргасан энэ тэрийг бол би мэдэхгүй. Энэ байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг төр хариуцдаг. Үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай санхүү болон техник, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар хуулийн хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж байгаа бол буруутгах шаардлагагүй.

-Сүүлийн үед таныг хамаатан садандаа орон сууц өгсөн талаар мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Хэвлэлээр хар тамхины хэрэгт гүтгэж, хүүхэнтэй унтуулж, ямар ч үнээр хамаагүй нэрийг нь бохирдуулаад үлдээе гэсэн өмнөх технологитой л адилхан байхгүй юу. Баахан хамаатан садандаа байр өгсөн гэж хэвлэлээр цуураад, дараа нь сэтгүүлчдийг дуудаад, Хууль зүйн яамны тамгын газрын дарга нь “Сэтгүүлчид асуусан болохоор хэлж байгаа юм. Тэмүүжин ер нь хууль зөрчсөн байж болзошгүй” гэх ухааны юм хэлээд сууж байдаг. Яахав дээ, хүн бусдыг өөрөөрөө л хэмждэг юм. Өөр шигээ л бодсон биз. Захын хуульч хэдий шуналтай байлаа ч ийм гэнэн, тэнэг зүйл хийхгүй. Малын эмч хүн хуулийн ажил хийвэл харин магадгүй л юм. Би энэ асуудлыг шалгуулахаар АТГ-д хүсэлтээ хүргүүлчихсэн. Тэд шалгаад тодруулаад гаргаад ирэг. Тэр дунд ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч гэсэн хамаатан гараад ирээсэй билээ. Шинэ хамаатантайгаа танилцчихмаар л байна шүү.

-Гэхдээ энэ бүх мэдээллүүд бүгд таны ойр орчин, нэг намынхнаас гараад байна. Гомдолтой биш үү?

-Урагшаа гараад тулааны талбарт өрсөлдөгчидтэйгөө ширүүхэн үзэж чаддаггүй хэрнээ окопон дотроо дэргэдэх хүмүүсээ “Түгжилдээд” суудаг хүмүүс манай намд олон бий. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалд намын нэрээр байнга очдог нь ч нэг бус бий. Тэр хүмүүстэй хэл ам хийгээд явна гэхээр намын нэр хүнд уначих гээд. “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” гээд хүлцэнгүй яваад байтал энэ бүхэн хэрээс хэтэрлээ. Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо гэдэг шиг намынхаа “Түгжилүүд”-ийн хийдэг ажлыг дэлхийгээр нэг зарлаад яахав гээд чимээгүй тэвчээд байтал тэр нь энэ хэмжээнд ирж байгаа юм бол хагарвал ч хагараг л дээ. Өрсөлдөгчидтэйгөө ханилж, өөрсдийнхнөө намнадаг энэ байдал чинь бүр 1996-2000 оноос эхтэй. Тэр үеийн улс төрийн туршлагаараа өнөөдөр амьдрах гэж оролдож байгаа энэ хүмүүс бол АН доторх томоохон хорт хавдар л даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: “Бондын мөнгө хаачив” гэж худлаа эрэл сурал болох хэрэггүй. Ганцхан алхмын цаана харагдаж байгаа

УИХ-ын
гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн дарга Б.Гарамгай­баатартай цаг үеийн
асуудлуудаар ярилцлаа.

-Сүүлийн үед
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоорон­­доо толхилцоод эхэл­сэн талаарх мэдээлэл
гарч байна. Бүлгийн хурал дээрээ ч нэлээд ширүү­хэн үгс унагаж байгаа сураг­­тай.
Д.Ганбат гишүүн гэхэд Хуульзүйн байнгын хороо­ны даргад бүлэг дээрээ дэмжлэг
авсан ч байнгын хорооны хурал дээр Ш.Түвдэн­дорж гишүүн нэрээ дэвшүүлэн
бүлгийнхээ саналын эсрэг явсан гээд янз бүрийн л зүйл яригдаж байна. Үнэхээр
бүлэг дот­роо таарамжгүй зүйлс байгаа юм уу?

-Манайхан бүлэг
дотроо таарамжгүй, хоорондоо толхилцоод байгаа зүйл байхгүй. Бүлгийн хуралдааны
үеэр ёс зүй, сахилга, хариуцлагын талаарх асуудал сөхөгдсөн үү гэвэл тийм.
Ардчилсан нам бол бүлгийн зохион байгуулалттай. Ухаан­даа багийн тоглолт хийж
бай­гаа гэж ойлгох хэрэгтэй. Олонхийг бүрдүүлж байгаа хариуцлагатай нам гэдэг
утгаараа бүлэг доторх ёс зүйгүй асуудлуудыг цэгцлэх талаар бид ярилцаж шийд­вэр
гаргасан. Тэр утгаараа тодорхой гишүүдэд хариуцлага тооцсон. Зарим гишүүдэд нь
сануулга өгөх зэрэг ажил хийгдсэн.

-Ш.Түвдэндорж
гишүүнд бүлгийн зүгээс хариуцлага тооцож бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн
байна лээ. Тэгэхээр Ш.Түвдэндорж гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга болоод
явна гэсэн үг үү?

-Ардчилсан намын
бүлгийн дүрмийн хүрээнд асуудал шийдэгдэнэ. Тэр утгаараа бүлэг хуралдаад
Д.Ганбат гишүүнийг Хуульзүйн байнгын хорооны даргаар улираан сонгох нь зөв
гэдэг шийдвэр гаргасан. Нэгэнт бүлгээс гарсан шийдвэрийг бүлгийн гишүүд дэмжиж
ажиллах үүрэгтэй. Гишүүд бүлгийн шийдвэрээ биелүүлэх ухамсраас болоод АН-ын
бүлгээс гаргасан шийдвэр Хуульзүйн байнгын хороон дээр унасан. Тиймээс АН-ын
бүлэг дахин хуралдаж энэ асуудлыг бүлгийн хурлын шийдвэрийн дагуу явуулахаар
шийдвэрлэсэн. Нэг ёсондоо бүлгийн шийдвэрийг зөрчиж, бүлгээс гарсан шийдвэрээс
өөр байр суурь хадгалсан гишүүн Байнгын хороон дээр дэмжигдсэн ч гэсэн саналаа
татаж авах ёстой. Тэр утгаараа Ш.Түвдэндорж гишүүн саналаа татаж авах
шаардлагатай.

-Ш.Түвдэндорж гишүүн бүлгийнхээ хурал дээр саналаа татаж авахгүй гэдгээ
мэдэгдчихсэн юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Даваа гаригт Ш.Түвдэндорж гишүүн эцсийн шийдвэрээ
гаргана.

-УИХ 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байна.
Танаж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танасан гэдгийг Сангийн сайд
мэдэгдсэн. Эдийн засагч гишүүний хувьд төсвийн төслийг хэрхэн харж байгаа вэ?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Чуулганы уур амьсгалыг ажиглаад байхад гишүүд олон жил алдсан алдаагаа
залруулах хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн өнгө аяс харагдаж байна л даа. Зарим
нэг гишүүн өөр өнцөг, байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Бид
өнөөдрийг хүртэл хөөсөрсөн төсөв баталж ирсэн. Дахин УИХ-ын гишүүн болохын тулд
сонгогчдодоо тал зассан байдлаар улс орноо бодолгүй хувийн болон намын эрх
ашгийн үүднээс хөөсөрсөн төсөв баталдаг. Шийдлийн Засгийн газрын зүгээс оруулж
ирсэн төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөл тэр бүхнээс зайлсхийсэн,
салах оролдлого хийж байна. Өмнө нь УИХ дээр ийм оролдлого хийж байсан боловч
харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдийн дураар авирладаг байдлаас болж төсөв
буруу явж ирсэн. Одоо харин гишүүд хичнээн
дураараа авирлах гэж оролдсон ч нөхцөл байдал нь тийм байж болохгүй
хэмжээнд хүрчихсэн байна. Гишүүд үнэнд гүйцэгдсэн гэсэн үг. Тэр утгаараа гишүүд
төсөв хэлэлцэх үед аль болох аядуу тайван байдалтай хэлэлцэж байна гэж хувьдаа
харж байгаа. Төсвийн тодотгол, улсын төсөв тооцоо судалгааны үндсэн дээрээс
хийгдэж байна. Түүнээс биш 2012 оноос шууд өөр төсөв хийж эхэлсэн юм биш. Үе
үеийн Засгийн газрын бодлого, тэр бодлогын хүрээнд хийж байсан ажлын үргэлжлэл
явагдаж байгаагаас биш шинэ зүйл гарч ирээд байгаа юм байхгүй. Үүн дээр зарим
нэг шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийг гайхах хэрэгтэй.

-Юуг нь гайхна гэж?

-Тэр хүмүүс хуучнаараа сэтгэж байна. Мөн намуудын үзэл бодол өөр байдаг.
Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлал хоорондоо тэс өөр. Энэ утгаар нь авч үзвэл
тухайн намуудын үзэл баримтлалын хүрээнд тооцоолдог аргачлалууд нь өөр байхгүй
юу. Тиймээс энэ намууд эсрэг тэсрэг байр суурьтай, янз бүрийн өнцгөөс
тайлбарладаг. Мэдээж энэ нь эрүүл үзэгдэл. Энэ мэтгэлцээний дүнд 2015 оны
төсвийн тодотгол, 2016 оны төсөв хамгийн бодитойгоор гарах байх гэж бодож
байна. Гишүүдийн байр суурийг хараад байхад тэр чиглэл рүү явж байгаа нь
анзаарагдаж байна шүү. Хаа очиж 2016 оны сонгуулийг харж улсын төсвөө ярихгүй
байгааг анзаарч байгаа байх.

-Ирэх онд Монгол Улс 4.4 их наядын өр төлнө гэдгийг чуулган дээр
Ч.Хүрэлбаатар гишүүн хэлж байна лээ. Ирэх онд улам л их бүсээ чангалах нь дээ.
Ирэх оны улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Гадна, дотнын эдийн зас­гийн судалгаа хийдэг байгууллагуудын дүн гарч
байна. Тэндээс харахад 2016 оны эдийн засгийн өсөлт гурав орчим хувьтай байх
болов уу гэдэг ерөнхий төлөв гарчихлаа. Гишүүдийн ярианаас харахад тийм зүйлийг
хэлж байна. Миний хувьд ч гэсэн мөн адил тийм бодолтой яваа.

Нэг зүйлийг тодруулан хэлэхэд өнгөрөгч гурван жилийн хугацаанд бид маш
олон тооны дэд бүтэц, үйлдвэрийн асуудлыг шийдсэн. Үүн дээр маргах аргагүй үнэн
шүү. Хичнээн ч булах гээд нэмэр байхгүй. Өнөөдөр тэдгээр үйлдвэрүүд нь
ашиглалтад ороод үйл ажиллагаа нь эхэлчихлээ. Үүнийгээ дагаад дотоод эдийн засгийн
нөхцөл байдал сайжрах байх. Ганцхан гадна талд л асуудал үүснэ гэсэн үг.
Дотоодын эдийн засгийн нөхцөл сайжрахын хэрээр сахилга батын асуудал яригдах
ёстой. Гишүүдийн ярианы өнгийг харж байхад яамдыг цөөлье, хэрэгжүүлэгч,
тохируулагч агентлагуудыг тодорхой түвшинд зохион байгуулъя гэсэн асуудлууд
яригдаж байна.

-Зарим яамдыг нэгтгэх, зарим агентлагуудыг татан буулгахыг та дэмжиж
байгаа юм уу…

-Бүлгийн даргын хувьд хэлэхэд Засгийн газрын зүгээс оруулж ирсэн төсвийн
тодотгол, 2016 оны төсвийн төслийг дэмжих ёстой. Үүнийг гишүүд болон бүлгийн
саналаар өнөөдөртөө өөрчлөх шаардлагагүй. Манайхан бүгд нөхцөл байдлыг мэдэрч
байгаа тул улстөржүүлж, ард түмний дунд тайван бус байдал үүсгэх шаардлага огт
байхгүй. Тиймээс бид төсвөө шуурхай батлаад хариуцлагыг нь Засгийн газарт нь
өгөх ёстой. УИХ-ын гишүүд төсөв мэддэг, нэмдэг, танадаг, хасдаг байдлаас болж
энэ хүндрэлүүд үүсдэг. Энэ хүрээнд ч гэдэг юм уу Үндсэн хуулийг өөрчлөх асуудал
яригдаж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуультай
холбоотой асуудлуудыг иргэдээс сайн асууж байж түүнтэйгээ уялдсан бүтцийн
өөрчлөлт хийх нь зайлшгүй асуудал. Ямартай ч Шийдлийн Засгийн газар эхний
алхмуудаа оруулж ирж байна. Үүн дээр 2016 оны УИХ, Засгийн газар бүтэц
бүрэлдэхүүнээ шийднэ гэдэг нь нэг талаараа зөв боловч, нөгөө талдаа энэ
алхмуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг. Одоо бол оруулж ирсэн
төсвийг дэмжээд явах нь аль аль талдаа ашигтай.

-Чингис, Самурай бондын мөнгө хаачив гэдэг эрэл сурал болж байх шиг
байна. Бондоос санхүүжсэн компаниуд нээлтээ хийгээд эхэлчихсэн мэдээлэл гарч
байгаа. Бондын эргэн төлөлт ямархуу байгаа бол. Эдийн засагт нөлөөлөл үзүүлэх
цаг хугацааны хувьд хэзээ вэ?

-Ганцхан жишээ хэлье. Оюу толгой, Таван толгойгоос 600 орчим сая
ам.долларыг урьдчилж аваад иргэдэд тараасан. Одоо үлдсэн байна. Үүн дээр
хариулт байгаа юм уу. Энэ бол энгийн жишээ.

Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад
үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой
харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын
мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л
чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа
эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхамын цаана харагдаж байгаа
шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.

-Таныг ам.долларын ханшийн талаар ярих дургүйг мэднэ. Гэхдээ ирэх оны
төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан байна. Энэ тал дээр
саналаа хуваалцаач?

-Үүнийг бид мэдэж ярьдаг зүйл биш. Монгол бол тусгаар тогтносон улс. Тэр
утгаараа Сангийн яам, Монголбанктай. Валютын ханшийг санхүүгийн байгууллагууд
олон жилийн дунджаар тооцож байж гаргадаг. Тэр дагуу л гарч ирж байгаа дүн.
Үүнийг хэн нэгэн гишүүн өөрчлөхгүй. Хэн нэгэн хүн таамаглах нь утгагүй асуудал.
Энэ нь хэн нэгнийхээ амыг баалсан асуудал болохоос өөр зүйл биш. Зах зээл
өөрийнхөө дэг жамаар явж байгаа нь үнэн л юм бол зах зээл нь өөрөө зохицуулж
таарна.

Төсөв хаанаас бүрддэг вэ гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй. Төсвийг
бүрдүүлдэг гол хүч нь хувийн хэвшил. Хувийн хэвшлийнхний нуруун дээр өнөөдрийг
хүртэл үүнээс өмнөх үе үеийн Засгийн газар ачааг нь үүрүүлж явсан. Энэ ачааг
хөнгөлөх гэж төсвийн тодотгол, төсвийн хэмнэлтүүдийг хийх гээд оролдоод байгаа
юм. Тэдгээр бизнесийнхнийхээ нурууг амраачихвал дараа нь тэр хүмүүс чинь хариу
үйлдэл хийхдээ дутагдаад, хүрэлцэхгүй байгаа төсвийн бүрдүүлэлт улам сайжирна
гэсэн үг. Энэ утгаар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон
бусад олон гарцыг бид хайж байгаа юм. Нэг талаараа эсэргүүцэлтэй тулж байгаа
боловч зайлшгүй хийх ёстой зүйлсээ хийгээд явж байна. Ийм зүйлийг бид ойлгох
цаг болсон.

-Зарим гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулна гээд гарын үсэг зурж
байна. ҮХЦ-ээс Засгийн газрын гишүүдийг шүд сугалах маягаар огцруулах нь буруу
гэдэг шийдвэр гаргасан. Гэвч Их хурал хүлээж авсангүй. Цэцийн их суудлын
хуралдаанаар асуудал орох байх. Цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр
гэдгийг хуульчид хэлж байна. Эцсийн шийдвэр гартал Цэцийн гаргасан шийдвэр
түдгэлзсэн хэлбэртэй байдаг. Энэ утгаараа ямар нэгэн Засгийн газрын гишүүнийг
огцруулах асуудал яригдах ёсгүй. Үүнийг гишүүд өөр өөрсдийнхөө сонирхлоор
тайлбарлаад байна.

Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулахаар Г.Уянга гишүүн
гарын үсэг зуруулаад яваад байгаа л даа. Г.Уянга гишүүний хийж байгаа энэ
үйлдлийг харахаар нэг бол их шударга ажил хийгээд байгаа юм шиг боловч улс
орноороо өөрсдөө тоглоод байгаа юм шүү дээ. УИХ-ын 76 гишүүн дотор Засгийн
газраараа тоглодог нэг хэсэг гишүүн бий болчихлоо. Нөгөө нэг хэсэг нь улс
орныхоо төлөө ажил явуулах хүсэлтэй байна. Өөр нэг хэсэг нь аль аль талыг нь
харж байгаад ялах магадлалтайд нь ордог бүлэг бий болчихсон. Өнөөдрийн УИХ-аас
ийм л дүр төрхийг харж болно. УИХ, Засгийн газраар нь тоглож хэн нэгэн хүнийг
нь унагааж бах таваа хангах юмсан гэсэн хэсэг бүлэг хүмүүс аль аль намд бий.

-Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа тогтвортой байх ёстой гэдэг
дээр санал нэгдсэн гэдгийг дээр хэлж байсан. Энэ зарчмаасаа ухраагүй биз дээ?

-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраа унагаахгүйн төлөө ажиллана. Тухайн
Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын нэрээр сонгуульд орсон, Ардчилсан намын
бүлэгт харьяалагддаг гишүүд олонхийн буюу бүлгийн шийдвэрийг дагах үүрэгтэй.
Энэ үүргээ умартаж байгаагаасаа болж арга хэмжээ авахуулж байгаа учраас дараа
дараагийн арга хэмжээг бүлэг цаг алдахгүйгээр авна. Үүн дээр гишүүд нэг
ойлголттой болж байгаа гэж бодож байна. Мэдээж хувь хүмүүст таалагдахгүй
асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч улс төр гэдэг бол багийн тоглолт. Олонхийн
шийдвэрээ дагаж явах ёстой. Хэрвээ дагах хүсэлгүй бол сонголтоо хийх эрх нь
бий.

-Сүүлийн үед ҮХЦ-ийг “Лексус 570” машинаар авлигадсан гэдэг
зүйлийг ярих боллоо. Төсвийн мөнгөөр аваагүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн…

-УИХ хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа оноог нь
засч залруулдаг газар. Түүнээс хэн нэгнийг шүүдэг, ялгадаг газар биш. Өнөөдрийн
дүр төрх Ц.Нямдорж, Г.Уянга, О.Баасанхүү гишүүний ч бай өөрсдийнх нь хүсэл
сонирхлын үүднээс хийж байгаа ажил болохоос тэдний хийж байгаа үйлдэл улс эх
оронд хэрэгтэй зүйл гэж байхгүй. Нэг талаасаа УИХ-ын гишүүнийхээ эрх үүргээс
давсан ажил хийж байгаа юм.

-Хоёр толгойн асуудал ёстой л улс төрийн мөнхийн сэдэв болчихлоо. Оюу
толгой нь оны төгсгөлөөр шийдэгдэх сурагтай. Таван толгойн асуудал харин
гацаанд орчихлоо. Хэтэрхий их улстөржилтөөсөө яаж салах вэ?

-Тухайн салбараа мэддэг, тухайн салбартаа үйл ажиллагаа явуулдаг
хүмүүсийн шийдвэр голлох учиртай. Гэтэл энэ шийдвэрийг нь улстөрчид татаж авч ирээд
нэг танхимд өөд өөдөөсөө харж суугаад мэддэг юм шиг яриад суучихдаг. Үүнээс
болоод дээшилсэн зүйл ч байхгүй, иргэдийн ухамсарт өөрчлөлт хийгээд байна. Энэ
асуудлыг засах цаг болсон. Одоогийн Их хуралд уул уурхайгаар мэргэшсэн хүн
цөөхөн байгаа.

УИХ-ын гишүүн болчихсон юм чинь би бүхнийг мэддэг гэж ойлгодог хүмүүс
дэндүү олон болчихсон. Харин УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө мэргэшсэн салбараа л
мэддэг байх ёстой. Түүнээс бусад салбарууд дээр мэргэжлийн хүмүүсийн үгийг
сонсоод явах хэрэгтэй. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд бүхнийг мэддэг гэж
эндүүрдэг. Их хурлын гишүүн болчихоороо тэнгэрийн дээгүүр нисдэг гэж өөрсдийгөө
төсөөлдөг байдал бодитоор харагдаж байна.

-АН олонхи болсон үед Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн нь нэлээд
баалуулах шалтгаан болж байх шиг байна. Шилэн дансны хуулийн тал дээр ямар
бодолтой явна вэ?

-Шилэн дансны тухай хууль нь л
АН олонхи болсон үед гарсан.
Шилэн дансны хууль гарсан нь ихээхэн ач холбогдолтой. Энэ хууль гарахаас өмнө
байсан булхайтай болгон өнөөдөр илэрч байгаа юм. Тэр булхай болгоноо Ардчилсан
нам руу чихнэ гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Энэ булхай чинь 2012 оноос
хойш АН Засаг барьж байгаа үед гарч байгаа юм биш. Шилэн дансны хуультай
болсноор өнөөдөр хүмүүсийг шүүмжилж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь булхайг ил
болгож байгаа.

Бид өнөөдөр загасны л ой санамжтай байна. Мөнгөний төлөө явдаг хэдэн
залууг ашиглан янз бүрийн юм хийлгээд, түүнийгээ жигтэйхэн том юм хийж байна
гэж хүмүүсийн тархи толгойг угаадаг тийм л зам руу явж байгаа л даа. Өөр юу
хэлэх вэ дээ. Мөнгөтэй холбоотой бүхэн өмнө нь байсан. Өнөөдөр харин засарч
байгаа юм. Шилэн дансны хууль гарснаар тэр нь тод болсныг нь гаргаж ирчихээд
“Бид хийлээ” гэж ярих хэрэггүй. Толгой дээрх бухлаа харахгүй байж хүний толгой
дээрх өвсийг хараад байх шаардлага ч байхгүй.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйл асуухад сүүлийн хэд хоног цахим орчинд
“Б.Гарамгайбаатар даргын Монроуд компани Хөгжлийн банкнаас зээлсэн 4.4 тэрбум
төгрөгөө өгөхгүй байна” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар
хийхгүй юу?

-Өмнө нь би хангалттай тайлбар хийсэн дээ. Одоо би УИХ-ын гишүүн.
“Монроуд” компани тусдаа удирдлагатай тул тэндээс очиж асуусан нь
дээр. Өнөөдрийн нөхцөлд шударга, зарчмаар нь ажиллаж байгаа. Түүнээс биш хэн
нэгний үгийн олз болж явмааргүй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Айлгах аавтай арслангийн зулзага

Хорвоо дэлхий
уудам ч хүний амьдрал шүдэнз зурахын төдий гэдэг. “Зөв л явах юмсан” хэмээн хүмүүс
сэтгэх авч үүндээ хүрэх гэж тэмүүлдэг нь хэд бол. Таван настай хүү маань саяхан
“Би айлгах аавтай арслангийн зулзага мөн тийм ээ” гэлээ. Би ч “Айлгах аавтай арслангийн
зулзага мөн өө” хэмээн тоомжиргүйхэн хариулчихаад телевизийн суваг сольсон юм. Төд
удалгүй нэг цаасан дээр аав, ээж, өөрийгөө болон дүүгээ томоо гэгчийн бурханыг гараасаа
хөтлүүлэн зурсан зураг аваад ирлээ. “Арслангийн зулзага нь гэр бүлээ зурчихаад ирлээ”
гэж байна.

“Бурхан манай
гэр бүлийн гишүүн. Манайхан гоё амьдарч чадвал энэ бурхан шиг мундаг болно. Зөв
л амьдрах юмсан” хэмээн хэзээний том хүн шиг ярих аж. “Тийм ээ, бид зөв амьдарч
байна” хэмээн дотроо бодож явдаг ч үнэндээ зөв яваагаа мэддэгсэн билүү. Бидний гишгэсэн
мөрөн дээр гишгэж, бидний гараас зүүгдэн эрийн цээнд хүрэх үрсдээ л ядаж зөв байхсан.
Үнэнийг худал гэж хэлэлгүй, үйлдлээ ядаж цэнэж чаддаг билүү.

Магадгүй
бурхан биднээс баян явсан уу, хэдэн байртай байсан бэ гэж лав л асуухгүй. Зүдэрсэн
нэгэнд тусалж чадсан уу гэж асууна. Өнгөтнөөр цалгиж, хэдэн орноор зугаалав гэж
асуухгүй. Өрөөлийн өмнө хүлцэнгүй явсан уу гэж асууна. Бусдын нүдэн дээр уйлж явсан
уу, дуулж явсан уу гэж асуухгүй. Харин эсрэгээрээ хичнээн хүний нулимсыг арчиж өгсөн
бэ гэж асуухад хүрвэл юу гэж хариулах бол. Гишгэсэн мөрнөөс нь цэцэг дэлгэрдэггүй
юмаа гэхэд гишгэсэн мөрийг нь үр хүүхдүүд минь хараад баярладаг л байгаасай. Үр
минь үлдэх хорвоо гэдгийг санаж зөв амьдрах юмсан.

Цаана чинь
“Айлгах аавтай арслангийн зулзага”-нууд биднийг л харан хүмүүжиж байгаа шүү дээ.