Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи буюу Даваанямын Бямбадоржтой 2012 онд хийж байсан ярилцлагыг сар шинийн баярын энэ өдөр уншигчдадаа архиваа нээн хүргэж байна.
ЦАГААН САРААР ХАМГИЙН ИХ АЙЛ ХЭСДЭГ ХҮҮХЭД НЬ БИ БАЙЛАА
-2013 оны анхны башё болох Хацу
башёд нэг ч уналгүй түрүүллээ. Энэ удаа таныг тааруухан барилдвал цолыг
тань хураана хэмээн сумо бөхийн аваргуудын зөвлөл мэдэгдсэн. Энэ
барилдаанд нөлөөлсөн болов уу?
-Хацу башёд уналгүй түрүүлсэндээ баяртай
байна. Их аварга болчихсон хүний цолыг хурааж авна гэсэн дүрэм байхгүй.
Сумогийн аваргуудын зөвлөл гэж байдаг юм. Тэр зөвлөл нь Японы жирийн
иргэдээс бүрдсэн. Аваргуудын зөвлөлөөс их аварга цолтой бөх арваас дээш
даваа авч үзүүр, түрүүнд үлдэх ёстой гэдэг юм.
-Мэдээж зодог тайлуулна гэж байсан болохоор сэтгэл санааны хувьд хүндхэн башё болж өнгөрөв үү?
-Хүн чадлынхаа хэрээр байдаг гэж боддог.
Надад их аварга хэмээх цолыг хүртээсэн болохоор боломжийнхоо хэрээр
сайн барилдах юмсан гэж бодож байлаа. Намайг дэмждэг хүмүүсийнхээ итгэл
найдвар, хүсэл зоригийг алдалгүй түрүүллээ. Тэдний минь сүлд хийморь,
ивээл намайг ирлэж ямартай ч 15 давлаа.
-Башё өндөрлөчихсөн болохоор амралтын байдалтай байна уу?
-Японы үндэсний баярууд эхэлсэн болохоор
амарч амжихгүй л байна. Баярын хүлээн авалтуудад оролцоод амрах цаг зав
багатай л байна даа.
-Хацу башёгийн хамгийн хэцүү барилдаан гэвэл ямар барилдааныг хэлэх вэ?
-Энэ барилдаан, тэр барилдаан гэж
хэлэхэд хэцүү. Башёгийн бүх барилдаануудад анхаарлаа төвлөрүүлж, хүч
тэнхээгээ гаргаж барилдахгүй бол бүгд л хүчтэй өрсөлдөгчид байдаг. Миний
хувьд өндөр цолтой бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр доод бөхчүүддээ
уначихаад байдаг гэмтэй болохоор эхний 10 өдрийн барилдаанд маш хянуур
барилдсан.
-Башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд биеэ бариад байна уу даа гэж харагдсан шүү?
-Барилдаан бүр дээрээ анхаарлаа
төвлөрүүлж барилддаг болохоор биеэ барина гэж байдаггүй. Хэрэв биеэ
барих юм бол барилдаан гарахгүй шүү дээ.
-Сумочид барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж байгаа харагддаг. Таны хувьд хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ?
-Манай аавын Шилийн Богд дээр бидэнд
бичиж өгсөн шүлэг байдаг юм. Тангаргийн шүлэг гэсэн үг. Миний хувьд
тэрхүү тангаргийн шүлгийг тарни мэт уншиж барилдааныхаа өмнө анхаарлаа
төвлөрүүлдэг.
-Тангаргийн шүлгээ уншиж болох уу?
-Бололгүй яахав.
“Эрийн хийморь сэргээсэн
Шилийн Богд дуулж бай
Ид хаваа гайхуулсан
Халхын сайн эрс сонсож бай
Сайн бөх болохоор сэтгэл шулуудан зүтгэе
Саар муу бүхнээс суралцах завгүй зүтгэе
Хатан зориг тэвчээрийг амжилтын үндэс болгоё
Халирч, бэргэж, айхыг алдааны дээд болгоё
Төр төвшин байхыг шүтье
Өр нимгэн ухааныг дээдэлье
Өтгөс нялхаст халамжтай явъя
Өнөр бүлээ эвлэн дагуулъя” гэсэн тангараг байдаг аа.
-Удахгүй усан могой жил гарах гэж байна. Эх орондоо ирж шинэлнэ биз дээ?
-Эх орондоо очиж шинэлэх хүсэл байвч
амждаггүй юм аа. Учир нь бидний бэлтгэл эхэлчихсэн байдаг. Тийм болохоор
бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Бэлтгэлийн дундуур бидэнд чөлөө өгөөд
байдаггүй. Их аварга цол хүртээд удаагүй байгаа болохоор бие сэтгэлээ
өмнөхөөсөө илүү бэлдэхгүй бол болохгүй. Учир нь бидний шилийг даран олон
хүчтэй бөхчүүд сумогийн дээд зиндаанд гарч ирж байна.
-Их аварга цолыг олон жил хүссэн болохоор аргагүй ч юм аа даа?
-Их аварга болно гэдэг цолондоо ханахын
нэр биш юм шиг байгаа юм. Өмнө нь би нэг өдрийн бэлтгэл дээрээ 50
барилддаг байсан бол бэлтгэлийнхээ чанарыг сайжруулахын тулд өдөрт 100
барилдах, хүчний бэлтгэлийг бүр олон цагаар хийх хэрэгтэй болж байна.
Бэлтгэлээ сайн хийж аварга цолыг хамгаалах ёстой юм байна гэдгийг
сүүлийн хоёр башёд мэдэрлээ. Сумод нэг өдрийн бэлтгэл таслахад л гурван
өдрийн бэлтгэл алдсантай адилхан гэж үздэг. Миний хувьд биеэ болон
сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна даа.
-Одоо тэгвэл хүлээн авалтын хажуугаар бэлтгэлээ хийх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол зүйл бэлтгэл шүү дээ.
-Шинэ оны өмнө Монголд ирээд буцсан сураг байсан?
-Би Кюүшюү башёг өндөрлүүлээд
арваннэгдүгээр сарын сүүлээр Монголдоо очсон. Эх орондоо ирчихээд
аавынхаа газар дээр очоод буцсан даа.
-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо цагаан сар тэмдэглэсэн бэ?
-Би Монголд бараг цагаан сар тэмдэглэж
үзээгүй. Хамгийн сүүлд хэзээ ах, дүүсийнхээрээ орсон юм бол доо. Аавыг
сэрүүн тунгалаг байхад л ээж, ах дүүсээрээ тэмдэглэсэн.
-Японд Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг үү. Хэрэв тийм бол хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Тэгэлгүй яахав. Японд ч гэсэн
Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг. Ээж маань надтай хамт энд байдаг
учраас манайхан цолныхоо эрэмбээр ирж золгоцгоодог.
-Цагаан сарын бууз, ууцаа бэлддэг үү?
-Монголоос ирчихдэг юм. Японы Элчин
сайдын яаман дээрээ очиж золгодог. Японд цагаан сараар монголчууд
хоорондоо уулзан золгоцгоодог. Миний хувьд энэ жил мөн л Японд шинэлнэ.
-Монголдоо сар шинийг угтахыг хүсдэг биз дээ?
-Мэдээж шүү дээ. Гадаадад байгаа монголчууд бүгд л тэгж хүсдэг байх.
-Багадаа хэрхэн сар шинийг өнгөрүүлдэг байсан бэ. Айл их хэсдэг байв уу?
-Би айлын бага хүүхэд болохоор аав,
ээжийгээ дагаад айлаар их орно. Гэрийнхээсээ хамгийн их айл хэсдэг
хүүхэд нь би байсан юм. Би аавын хүүхэд байсан болохоор аав хөдөө гадаа
явсан ч хамт л явдаг байлаа. Тэр үед би жаахан байсан ч гэсэн байнга
аавынхаа өвөр дээр эрхэлж, энгэрт нь асаж явсан сайхан цагаа мартдаггүй.
-Талын Монголынхоо жавартай өвлийг санадаг уу?
-Би өвөл Монголд их очдог. Харин цагаан сараар л амждаггүй юм. Эх орондоо өвөл очих дуртай.
-Их аварга цолны болзол хангах
үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Хэцүү бэрх олон даваа нугачааг
давж уг цолонд хүрч байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан
бэ?
-Үнэхээр их баярласан. Ийм их хувь
тавилангаар, тийм сайхан өвгөдийнхөө удам болж төрснөөрөө бахархаж
байсан. Өндөр их хувь тохиолдлоор энэ сайхан дэлгэр Монголын хүү болон
мэндэлнэ гэдэг сайхан. Олон сайхан монгол түмний минь буян хишиг над
дээр иржээ гэж бодогдсон.
ААВ ЭЭЖИЙНХЭЭ ИТГЭЛ, ӨӨРИЙН МӨРӨӨДЛӨӨ ТЭЭЖ АНХ ЯПОНД ОЧСОН
-Таны өндөр хэд вэ?
-Одоогоор 185 см байна.
-Жижиг биетэй, жин багатай бөхийн тоонд орсоор байгаа юу?
-Мэргэжлийн сумод барилдаж байгаа
хүмүүсийн дундаж жин 155 кг байдаг. Миний хувьд 133 кг болохоор хамгийн
бага жинтэй бөхийн нэг хэвээрээ л байна.
-Бага жингээ хурдаараа нөхөж байна уу?
-Миний барилдааны онцлог хурд гаргаж
барилддагт байдаг. Гэхдээ ганцхан хурд байхад барилдаан болчихно гэж
ойлгож болохгүй. Миний барилдаан гэвэл мөргөж, цуппаридаад залгуулж
мавашины барьц аваад түрж гаргадаг шүү дээ.
-Энэ барилдааныг сонгомол сумо гээд байгаа биз дээ?
-Яг ч сонгомол гэхгүй л дээ. Япончууд
жижиг биетэй, жин багатай бөхчүүд зайлсан, татсан барилдаан хийлгүй
урагшаа явж барилдсан барилдаанд ам сайтай байдаг. Үнэн хүчийг үзэж
барилдлаа гэсэн утгаар тэгдэг байх.
-Анх сумод ороход таны өндөр, жин хэд байсан бэ?
-Монголоос анх явахад жин 73 кг, өндөр 177 см байсан.
-Анх сумогийн ертөнцөд хөл тавьсан үеийнхээ талаар ярихгүй юу. Хэцүү л байсан байх?
-Мэдээж тийм амар байгаагүй. Япон хэл ч
мэдэхгүй талын Монголоос нэг нөхөр далай гатлаад оччихсон юм. Тийм
болохоор ёс журмаас нь эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйлс байсан шүү.
Намайг Япон явахад “Амжилт гаргаарай” гэсэн аав, ээжийн итгэл, өөрийн
мөрөөдлөө тээж ирж байлаа. Тэгэхэд би 16 настай байсан юм.
-Эх орондоо ирээд хамгийн түрүүн юу хиймээр санагддаг вэ?
-Миний хамгийн ихээр эмзэглэж байгаа
зүйл бол утаа юм даа. Хүн сайхан амьдрахын тулд эрүүл биетэй байх
хэрэгтэй. Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийнхээ эрүүл мэндэд л санаа
зовж байна. Хүн эрүүл байж л ихийг бүтээж, аз жаргалтай байж, зорьсон
зорилгодоо хүрдэг. Утаа эрүүл мэндэд нь муу гэдгийг манайхан мэддэг
хэрнээ аргагүйн эрхэнд амьдарч байгаа.
-Таныг Улаанбаатарт амьдардаг байхад ийм утаа байдаггүй байсан биз?
-Ёстой байгаагүй. Намайг 12 жилийн өмнө
сумод явахад манай гэр нэгдүгээр хороололд байдаг байлаа. Хорооллын
маань хойд талын уулан дээр ч гэсэн айлууд байсангүй. Уулан дээр гараад
жаахан хүүхдүүд яахав дээ хоорондоо чулуугаар байлдана. Мөн тэндээ
барилдана шүү дээ.
-Их аварга болчихоод зогсож байхдаа аавыгаа их санасан байх. Таны барилдааны дотнын зөвлөгч нарын нэг байсан шүү дээ?
-Ямар ч эрэгтэй хүүхэд аавынхаа нурууг
харж өсдөг. Ганцхан би ч гэлтгүй монгол хүүхэд бүр л аавынхаа юунд
тэмүүлж, юу хүсч байсныг нь зорилго болгож, түүнийг нь биелүүлэхийн
төлөө амьдардаг болов уу. Аав минь цагийн жамыг дагаж, хорвоогийн
хуулиар бурхан болсон. Миний барилдааны хамгийн дотнын зөвлөгч нь яах
аргагүй аав минь байсан. Хүн аав, ээжийнхээ буянаар зөв амьдарч явдаг.
Тэд үр хүүхэд биднийхээ замыг дардан шулуун болгодог байх. Харин
аавынхаа газар дээр очихдоо нүүр бардам, нуруу цэх, харц өндөр очихсон
гэж хүсдэг. Энэ бол тэр хүний хүү нь болж төрсний үүрэг юм.
-Аавыгаа тэнгэр болсныг сонссон тэрхүү башёд зодоглох амаргүй байсан байх даа?
-Хүний хамгийн том уй гашуу бол гэр
бүлийн хүнээ алдах байдаг. Үүнийг хүн өөрийн бие дээрээ л илүү мэдэрдэг
юм билээ. Тэр үед аавыгаа ч хөдөөлүүлж чадалгүй Япон руу буцаж байсан.
“Аавыгаа хөдөөлүүлэхэд нь оролцож чадахгүй бол би сумо бөхөөр барилдаж
яадаг юм. Сумо миний амьдрал юм уу” гэж хэлж байсан юм. Тэр үед залуу
омголон ч байж дээ. Энэ талаар ээж, хоёр ах бид дөрөв тойрч суугаад ярьж
байхад хоёр ах “Аав чамайг ингээд сумогоо орхиход баярлах уу. Эсвэл
цолоо ахиулаад сайн барилдвал баярлах уу” гэж асууж байлаа. Тэгэхээр нь
би “Намайг цолоо ахиулаад сайн барилдвал баярлах байх аа” гэхэд “Миний
дүү аавыг баярлуулж чадах хамгийн гол зүйлээ л хийх хэрэгтэй. Тийм
болохоор барилдсан нь дээр” гэсэн. Тэгэхэд сэтгэл арай дээр болж
“Аавынхаа төлөө би барилдах ёстой” гэж өөртөө хэлсэн. Тэгээд ганцаараа
онгоцонд суугаад Япон руу буцаж байсан даа.
-Аавыгаа алдсан хүнд ч чөлөө өгдөггүй сумогийн дүрэм үнэхээр тийм хатуу байдаг уу?
-Дүрэм бол дүрэм шүү дээ. Амьдрал хэцүү
гэдгийг тэр үед л ойлгодог юм билээ. “Аавынхаа төлөө би барилдах ёстой”
гэж өөртөө хэлээд Япон руу явахад аав минь тэнгэрээс хараад баярлаж
байсан байх гэж боддог. Түүнээс хойш арслан, аварга цолонд хүрлээ. Эх
орныхоо нэрийг ч гэсэн өндөрт өргөж явааг хараад бахархаж байгаа болов
уу гэж боддог шүү. Миний хувьд өөрийн барилдаанаараа олон хүнд урам,
зориг, сэтгэлийн тэвчээр бэлэглэж байгаа гэдэгтээ итгэдэг. Тэр үед
аавыгаа хөдөөлүүлж чадаагүй ч сайн барилдах хүсэл тээн Япон руу буцсан
минь зөв байжээ гэж бодогддог.
-Анх яагаад сумод явах болсон юм
бэ. Үндэсний бөхөөрөө барилдах бодол байгаагүй хэрэг үү. Хэрэв үндэсний
бөхөөр барилдаж байсан бол ямар цолонд хүрсэн байгаа бол?
-Би анх Япон руу сумод барилдана гэж
яваагүй. Уг нь би чинь жүдогийн сургуульд суралцахаар очсон. Тэгэхэд би
жүдо бөхөөр хичээллэдэг байсан юм. Кёкүшюзан сангаас гэр рүү яриад
“Жүдогийн сургуульд хүүхдүүд авах гэж байх шиг байна. Очоод шалгуулаач”
гэхээр нь аав бид хоёр яваад очтол тэр нь жүдо биш сумо бөх байж
таарсан. Дараа нь аав “Нэгэнт л миний хүү ирчихсэн юм чинь шалгуулаад
үзчих” гэсэн юм. Тэнцэх үгүйгээ ч мэдэхгүй 70 гаруй хүүхдийн хамт
шалгаруулалтад орж тэнцээд Японд үлдсэн. Ингээд бодохоор хүний хувьд
тавилан, заяа төөрөг анхнаасаа зурагдчихсан байдаг юм болов уу гэж
боддог.
Хэрэв би үндэсний бөхөөр барилдсан бол
яах байсан бол гэж бодогддоггүй. Хувь төөргөөрөө л энэ сайхан оронд ирж
үндэснийх нь бөхөөр барилдаж эх орныхоо нэрийг гаргаж, ард түмнээ
баярлуулаад явна гэдэг сайхан үйл юм.
Өөрийн чадлынхаа хэрээр эх орондоо сайн
сайхан зүйл хийж бүтээхсэн гэж хүсдэг. Энэ сайхан Монгол орныг үр хүүхэд
бидэндээ өвлөн үлдээсэн өвөг дээдэстээ баярладаг. Тэдний суу алдар
үеийн үед дуурсагдах байх.
-Сумод та “Ама” нэрээр барилддаг байсан. Яагаад нэрээ солих болсон бэ. Монголчууд одоо хүртэл “Манай Ама” л гэж ярьцгаадаг шүү?
-Манай анх сумогийн дэвжээнд ирсэн өдөр
манай багш ояката буюу багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж
өгч байлаа. Тэгэхэд багш гартаа гадил жимс буюу банана барьчихсан энэ юу
вэ гэж орчуулагчаар дамжуулан асуулгаж байсан. Би банана гээд хэлэхгүй
юу. Тэгсэн багш хүн үүнийг алим гэж хэлсэн бол би алим гэж хэлэх ёстой
гэсэн. Багш намайг Ама гэдэг нэрээ соль гэхэд нь би эхэндээ дургүй
байлаа. Багшийн өрөөнд орж болохгүй багшаа болохгүй гээд гардаг байсан
юм. Нэг өдөр намайг гурав дахь удаагаа өрөөндөө намайг дуудлаа даа.
Яваад ортол нэрээ соль оо л гэж байна. Би ч үгүй гэдгээ хэлсэн. Гэтэл
багш “Чамайг анх ирж байхад би чамд юу гэж хэлж байлаа. Санаж байна уу”
гэдэг юм. Санаж байна багш аа гэтэл өнөө бананын тухай яриад “Би чиний
төлөө чамайг нэрээ соль гэж байхад. Чи солих хэрэгтэй” гэсэн. Тэгж л би
Ама нэрийг Харумафүжи болгож байсан юм. Нэрээ сольсноос хойш сайхан
барилдаж сумогийн аварга цолонд хүрлээ.
-Нэрээ солиод л таны амжилт дээшилсэн гэж үү?
-Нэрээ сольсныхоо дараа жаахан тааруу
барилдах гэх мэт зүйлс байсан. Яахав унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг
л тэр байсан биз. Хүн жаахан тааруу барилдаад ирвэл олон зүйлд бурууг
тохож, хүмүүст бурууг нялзааж эхэлнэ шүү дээ. Одоо аварга болсны дараа
эргээд санахад багш минь зөв хэлж байж дээ гэж бодогддог юм.
-Таныг цаг цуглуулах хоббитой гэж дуулсан. Цуглуулга тань хэд хүрээд байна вэ?
-Миний хувьд цаг, машин хоёрт сонирхолтой.
-Хичнээн цаг, машинтай болсон бэ?
-Хүний сонирхол болохоор заавал тэд гэж
хэлэх нь илүүц болов уу. Яахав өөрийнхөө дуртай цагийг зүүж, дуртай
машинаа унаж л байгаа бол болж байгаа нь тэр гэж санадаг.
ХӨЛСӨӨ УРСГААД ГАРААД ИРСЭН ХҮНИЙГ ХҮЧЭЭР ДАРЖ ЧАДАХГҮЙ
-Хацу башёгийн макүүчи, жүрюү,
макүүшита гээд дээд гурван зиндаанд монгол бөхчүүд түрүүллээ. Үнэхээр
бахархам амжилт гэж санагдаж байна. Үүн дээр өөрийн бодлоо хэлэхгүй юу?
-Өөрийн барилдаж буй зиндаанд
түрүүлчихлээ гэхэд тэр ямар хүн байх нь хамаагүй. Тухайн хүний од, хувь
төөрөг, хийморь нь бүрдчихсэн байдаг болов уу. Монгол, япон ямар ч хүн
түрүүлсэн нэг их чухал биш юм. Хувь төөрөг, хийморь дээр нэмээд бэлтгэл
сайн байх хэрэгтэй. Авьяас, ур чадвараараа түрүүлээд гараад ирсэн ямар ч
бөхөд би “Аварга болоорой” гэж ерөөгөөд баяр хүргэдэг. Надтай
тааралдвал би тодорхой хэмжээгээр шагнадаг. Башё өндөрлөсний дараа
шагнал гардуулахад баяраа хуваалцах ч гэдэг юм уу түрүүлсэн бөхчүүд
уулздаг. Өөрсдийн зорилгодоо нэг алхмаар ойртож байгаа болохоор “Илүү
сайн барилдаарай” гэсэн урмыг үгийг нөгөө хоёртоо хэлсэн. Хүн эрэлхэг
байхаас гадна өөрийн зүтгэл хэрэгтэй. Зүтгэл хүнийг амжилтад хүрдэг.
-Дээд гурван зиндаанд нь гадны бөхчүүд түрүүлчихсэн болохоор япончууд хэр хүлээж авч байна вэ?
-Япончууд монголчууд түрүүлчихлээ гээд
гадуурхаад байдаггүй. Гэхдээ үндэсний спорт болохоор аар саархан зүйл
байдаг л юм. Хүн хөдөлмөрлөөд хөлсөө урсгаад гараад ирэхэд тэр хүнийг
хүчээр дарж чадахгүй шүү дээ. Спортод хэн хүчтэй нь амжилт үзүүлдэг.
Тийм болохоор хүн юу гэх нь хамаагүй. Тэгж хэлүүлсэн ч гэсэн зовлого
зовохоос зориг мохохгүй гээд бүр илүү эрч хүчтэйгээр урагшаа давшиж,
бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бяртай, хүчтэй, ухаантай нь ялж гарч ирдэг
спорт учраас дотроо зорилготой, өөрийн бодолтой байх нь чухал.
-Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголчууд ярьцгаадаг. Сумод анх очоод ёс жаягийг нь сурах гэж, дагах гэж хэцүү байсан уу?
-Монголчууд олон оронд сайхан амьдарч
байна. Монгол хүн гэдэг нүүдэлчин удамтай болохоор хаана ч очсон тухайн
соёл, дэг жаягт нь амархан дасан суралцаж тэр бүү хэл дээшээ гарч ирдэг
болохоор тэнгэр заяатай хүмүүс юм уу даа гэж боддог.
-Та хэд хүртлээ сумо барилдъя гэж бодож байна вэ?
-Бяр хүч гэдэг тэнгэр бурхан хүнд тодорхой хугацаанд өгдөг буян бөгөөд хэсэг хугацааны дараа эргүүлээд авдаг буян байх.
-Бяр гэдэг тэгвэл буян байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тийм болохоор тэнгэр
бурхнаас илгээсэн энэ буянг зөв ашиглахын тулд бэлтгэлээ сайн хийж
барилдах хэрэгтэй. Өөрийн бяр хүчийг бүрэн дүүрэн ашиглаж барилдах юмсан
гэж хичээдэг. Цаг нь болохоор тэнгэр бурхандаа “баярлалаа” гээд бяр
хүчээ өгөх тэр мөч хүртэл барилдана. Хүч чадал минь харьсан цагт зодгоо
тайлна.
-Зодог тайлсныхаа дараа юу хийе гэсэн бодолтой байдаг вэ?
-Анх би сайхан барилдъя гэж л сэтгэл
шулуудаж ирсэн. Өөрийнхөө үнэн хүчийг үзэж аав, ээжийнхээ буян хишгийг
хариулъя, эх орныхоо нэрийг гаргая, өөрөө сайхан амьдаръя гэж боддог
байлаа. Зодог тайлсан цагтаа л юу хийхээ төлөвлөнө. Миний хувьд ид
барилдаж гарч ирж байгаа болохоор энэ тухай хараахан бодож амжаагүй
байна. Би чинь шинэ аварга болохоор цаашид бэлтгэлээ сайн хийж
барилдана. Тийм болохоор үүний тухай бодох эрт байна л даа. Сайхан
барилдаад явж байтал ирээдүйн зам дардан шулуунаар угтаад авах байлгүй.
-Таны бодлоор дараагийн их
аварга цолтон ямар бөх байх бол. Манайхан Какүрюү Анандыгаа болчих болов
уу гэж харж байгаа. Япончууд ч мөн тэгж ярьдаг гэж дуулсан?
-Миний бодлоор арслан цолыг хүн хүч
хөдөлмөр, хөлс, нусаа гоожуулж, бусад бөхчүүдээсээ хэд дахин илүү
бэлтгэл хийж байж авдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Харин аварга цолыг
дээрх дээр нэмээд хүнд зөв санаж, буян хишгээ зөв хайрлаж, тэнгэр,
газар, лусдаа сайн шүтсэний дүнд хувь тавилангаар ирдэг гэж ойлгодог.
Одоо сумод олон сайхан арслан цолтонгууд барилдаж байна. Тийм болохоор
одооны бэлтгэлээсээ хэд дахин илүү бэлтгэл хийж, өвөг дээдсээ хүндэлсний
үр дүнд буян хишиг, хийморь, цог заль нь нэг цэгт хүрч байж аварга
цолыг хүртэнэ байх.
“happy” КИНО ҮЗЭХ ДУРТАЙ
-Одоо барилдааныхаа тухай хэнтэй зөвлөдөг вэ. Д.Дагвадорж аваргатай таныг ойр байдаг гэж дуулсан?
-Спортод надтай хамгийн ойр хүн аав минь
байсан. Харин одоо ээж, хоёр ах, их аварга Д.Дагвадорж ах, хамаатан
садан, байнга миний дэргэд байж намайг хайрлаж, халамжилдаг хань минь
байна даа. Хань минь миний харцнаас л намайг яах гэж буйг, юу хийх гэж
байгааг хараад л мэддэг. Спортын хүнд гэр бүлийнхэн гэж ямар байх ёстойг
ээжээсээ болон ханиасаа илүүтэйгээр ойлгож байна.
-Ээж тань таны дэргэд хамт
байгаа болохоор сэтгэл өег байдаг уу. Ядаж л бэлтгэл болон барилдааныхаа
өглөө гарахдаа үнсүүлээд л…
-Үнэхээр сайхан байдаг. Өндөр хувь
тохиол, буян хишгээр ээжийнхээ хүү нь болон мэндэлсэндээ баярладаг. Ээж
минь надад бүх л зүйл дээр тусална шүү дээ. Ханийг минь сонгоход хүртэл
хэлж л байлаа. Сайхан гэр бүлтэйгээ хамт байна гэдэг чинь бидэнд маш том
бэлэг юм. Ямар ч хүний хамгийн том түшиг, бахархал нь ээж гэдэг хүн
байдаг биз ээ.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Мөнхжаргалын Баттуул
гэдэг. Миний хань чинь айлын том охин дороо хоёр дүүтэй. Японд дээд
сургууль төгссөн бүсгүй байдаг.
-Аваргынх ам бүл хэдүүлээ болоод байгаа вэ?
-Ам бүл дөрвүүлээ болсон. Бидний дундаас хоёр сайхан гүнж төрсөн.
-Бөх хүний хувьд хүүтэй болохсон гэж мөрөөдөж байна уу?
-Бурхан багшаас заяасан энэ сайхан
хишгийг бид голж шилж, сонгох эрх байхгүй. Хоёр сайхан охинтой болсондоо
баярладаг юм. Аав, ээж бидний үүрэг үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэх
байдаг. Тэр дагуу л явна байна.
-Анх аав болж байсан тухайгаа ярихгүй юу. Яг юу бодогдож байсан бол?
-Эхнэр төрөх гээд эмнэлэгт байхад би
маани л их уншиж байлаа. Эхнэр хүүхдийг минь эсэн мэнд амаржуулж өгнө үү
гэж бодож байгаад л уншина шүү дээ. Дэргэд ээж байсан болохоор сэтгэл
харьцангуй тайван байсан. Бурхан багш минь таныг бие сэтгэл, үйл
хөдлөлөөрөө гомдоож явсан бол уучлаарай. Үр хүүхдийг минь л хүндрэлгүй
төрүүлж өгөөч гэж бурхан тэнгэрээсээ гуйсан.
-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарвал гэртээ кино үзэх
дуртай. Төгсгөл нь “happy” кино үзэх сайхан шүү дээ. Аз жаргалаар төгсөж
байгаа кино гоё шүү дээ. Харин солонгос кино үздэггүй.
-Яагаад. Монголчууд солонгос кинонд дуртай шүү дээ?
-Биед муу юм шиг байна лээ.
-Монголын залуу сумочидтойгоо хэр уулзаж зөвлөгөө өгдөг вэ?
-Бид цагаан сар, шинэ жил гээд баяраар л
ихэвчлэн уулздаг. Уулзах үедээ зөвлөгөө өгч өөрийнхөө тусалж чадах зүйл
дээрээ туслахыг хичээдэг. Энэ уламжлал болсон зүйл байгаа юм. Их аварга
Д.Дагвадорж ах байхдаа залуучууддаа тусалдаг байлаа. Дагваа аваргын
дараа Даваа аварга маань (Их аварга Хакухо М.Даваажаргал) их аваргын
Монголчуудаа гэсэн тэр сайхан сэтгэлийг авч үлдсэн. Тийм болохоор
монголчуудтайгаа уулзаж, зөвлөлдөж, эвтэй байхыг хичээж явдаг.
-Японд байгаа жирийн иргэдтэйгээ уулзах боломж байдаг уу?
-Японд монгол хоолны газрууд байдаг.
Хааяа тэнд очиж хоол идэхдээ монголчуудтайгаа уулздаг. Мэдээж монгол
хүмүүс байна даа хоорондоо мэнд устай байж зураг хөргөө татуулж, юм
ярилгүй яахав.
-Та монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?
-Би багадаа лавшаа буюу гурилтай шөлөнд үнэн дургүй байлаа. Харин одоо миний хамгийн дуртай хоол лавшаа болчихоод байна.
-Сумочдыг хараад хэр их иддэг бол гэсэн сэтгэгдэл төрдөг. Таны хувьд хоолонд хэр вэ?
-Их иддэг байсан бол сумочид дундаа
хамгийн бага жинтэйд орохгүй л байсан байх. Миний биеийг хараад л энэ
нөхөр хэр их иддэг вэ гэдэг нь харагддаг байлгүй.
-Таныг ном бичсэн гэсэн. Ямар учиртай ном бэ?
-Японы түүх судлаач хүн “Монголын мандал
буурал” гэсэн сэдэвтэй ном бичсэн юм. Тэр номыг нь би түүхчээс нь
зөвшөөрөл аваад монгол хэл дээр хэвлүүлэн “Шинэ монгол” сургуульд
тараалгасан. Дэлхийн олон улс орнууд Монголын түүхийг судалж олон
өнцгөөс нь бичдэг юм билээ. Японы судлаач, эрдэмтний харсан өнцөг нь
монголчуудад ямар санагдах бол гэдэг үүднээс л хөрвүүлсэн. Агуу түүхтэй
хүмүүс түүгээрээ бахархдаг. Түүнээс өвөг дээдсийнхээ алдаж, оносон тэр
бүхнийг харж болдог. Түүхийг хараад байхад ямар ч улс гүрнүүдийн алдаа,
ялгуусан ялалт нь хүртэл нэг юм шиг санагддаг. Тийм болохоор тэр алдааг
ахин давтахгүй байгаасай гэдэг үүднээс орчуулж хэвлүүлсэн.
ТӨР МИНЬ ТӨВШИН АМГАЛАН, АРД ОЛОН МИНЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙГ
-Та өөрийнхөө нэрэмжит “Абаазан” сангийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?
-Аав минь сэрүүн тунгалаг байхдаа
“Абаазан” санг үүсгэн байгуулсан. “Абаазан” сан гэдэг нь “Авьяас билгийг
дэмжих ама заан, арслан, начин” сан гэсэн утгатай. Аав маань сангийн
үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байхдаа өөд болсон болохоор би тэр
шугамаар өөрийн чадах чинээгээрээ буяны ажил хийж байна. Нийгмийн сайн
сайхны төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулж
байна. Зүрхний согогтой хүүхдүүдэд туслах зорилготой Японы “MBO” төвийн
гишүүн нь болоод тэрхүү үйл ажиллагаанд жаахан ч гэсэн нэмэр болох
үүднээс арга хэмжээнд нь оролцдог. Ноднин Монголд сангийнхаа шугамаар
Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машин оруулж ирэн
нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тусламжийн төвд өгсөн. Энэ жил
хоёр түргэний, нэг гал командын машин өгөхөөр бичиг баримтыг нь
хөөцөлдөж байна. Гэх мэтчилэн өөрийн чадах хэмжээгээрээ бага багаар
буяны ажил хийж байгаа юм.
-Д.Дагвадорж аварга Холливудын
кино жүжигчид, алдартай дуучидтай найзууд байсан. Таны хувьд тийм
найзууд бий юу. Тэднийгээ нэрлэхгүй юу?
-Дагваа ах дэлхийд танигдсан их аварга
шүү дээ. Би аварга болоод удаагүй байна. Тийм болохоор Япондоо танигдсан
сайхан сайхан хүмүүстэй дотно холбоотой. Би Дагваа ахын туслах хийж
явдаг байсан болохоор олон газраар явсан. Брэд Питт, Селин Дион, Жет Ли,
Жеки Чан гээд олон одуудтай ахын буянаар уулзаж байсан. Надад Дагваа ах
шиг Холливудад найз нөхөд байдаггүй юм.
-Их аварга болсон юм чинь удахгүй олон найзтай болно доо?
-Сайхан барилдаад явж байхад болох байх.
-Та барилдааныхаа өмнө үндэсний бөхийн дэвээ шавааг хийдэг. Барилдаанд өөрийгөө хурцалж байна гэж ойлгож болох уу?
-Хүн болгон гарахдаа өөрийн стилийг
харуулсан төвлөрөх аргууд байдаг. Миний хувьд гуяа гурав алгадаад
гарахад бодол санаа төвлөрөөд “Болно, чадна, дийлнэ” гээд гардаг. Би
өөрийгөө бэлтгэлээр ирлэдэг. Хүнээс илүү бэлтгэл хийх үед өөртөө итгэх
итгэл хүртэл дээшилдэг. Бяр сууж, зориг орж байгаа нь мэдэгддэг юм.
-Сумогоор хичээллэж эхлэхдээ шантарч байв уу?
-Хүн өөрийн мэргэжлийг сонгоод түүндээ
хүрэхийн тулд явж байхад шантрах, бэргэх, гутрах, баярлах зүйл
тохиолддог байх. Би бусдын л адил зорилгодоо хүрэхийн тулд явдаг
болохоор анхандаа тийм үе байсан. Гэхдээ дараа нь баярлах мөч ч олон шүү
дээ. Хүн тэр үедээ л юм бодно уу гэхээс байнга бодогдоно гэж байдаггүй.
-Дагваа аварга Японд очоод
хамгийн түрүүн уншсан ном нь Тайхо аваргын тухай ном байсан гэдэг. Таны
анхны уншсан ном ямар ном байсан бэ?
-Би япон ном гэхээсээ илүүтэйгээр крилл
бичигт хөрвүүлэгдсэн номыг их уншдаг. Хамгийн сүүлд “Карма”-г уншлаа.
Үйлийн үр гэж юу вэ. Хүн хэрхэн амжилтад хүрэх вэ гээд уншихад сайхан
санагдсан. “Карма” гурван боть ном л доо. Нэгдүгээр сарын башёгийн дараа
уншиж дууссан юм.
-Удахгүй сар шинэ болох гэж байна. Монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Сумогийнхны бэлтгэл өглөө эрт эхэлдэг.
Би бэлтгэлдээ явахдаа алтан нар, хөх мөнх тэнгэр рүүгээ харж байгаад
“Төр минь төвшин амгалан байг. Ард олон минь элэг бүтэн, инээд хөөр
дүүрэн байх болтугай” хэмээн хүсдэг. Энэ ерөөлөө Монголын ард түмэндээ
илгээе дээ. Удахгүй гарах усан могой жил монголчуудын хувьд ивээлээ
хайрласан сайхан жил болох байх аа.