Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвийн болдог хэвлэлийн хурал гэж байхаа болилоо

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа. Өдөр бүр биднийг тойрон мянга мянгаар тоологдох мэдээллийн урсгал хуйлран өнгөрч байна. Тэр дундаас сэтгүүлчид ард түмэнд хэрэгтэй гэснийг шүүрдэн авч түгээдэг. Сүүлийн үед хэвлэлийн хурал хүртэл сэтгүүлчдэд халтай төдийгүй аюултай хэмжээнд хүрчихлээ. С.Эрдэнэ гэж нөхөр хэвлэлийн хурал хийж байхдаа өөрийгөө галдан шатаасан бол Монголын эдийн засгийн форумын үеэр Л.Наранбаатар УИХ-ын дарга руу оймсоо шидэн үймээн дэгдээх дөхсөн. Гэтэл өнгөрөгч даваа гаригт хэсэг хүмүүс МАХН-аас гарч буйгаа мэдэгдэн хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр МАХН-ын ахмадууд хэвлэлийн хурал хийж байсан хүмүүс рүү живх шидэн үймээн дэгдээлээ. Үйл явдлуудын процессыг хараад байхад цаашид ер нь юу ч шидэхэд бэлэн болжээ гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна. Одоо хэвлэлийн хурал зарлаж байгаа хүмүүс болон хурал зохион байгуулж буй албан байгууллага нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангасны дараа хурлаа хиймээр болчихож. Хэвлэлийн хурлын үеэр гэнэтийн ийм зүйлс гарлаа гэхэд сэтгүүлчдийг хамгаалах наад захын хамгаалалт юу байна вэ гээд асуухад л хариулт өгчих хүн олдохгүй байна. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр ямар нэгэн асуудал гарч сэтгүүлч гэмтлээ гэхэд “Энэ муусайнууд өөрсдөө л гүйж очиж байж гэмтээ биз” гэсэн яриа гарна.

Зарим хүмүүс ач холбогдолгүй хэвлэлийн хурал хийж элийрч, балайрч байдгаа болимоор юм. Хэвлэлээр л гарч байвал яасан ч яахав гээд дэмий донгосдог хүмүүс нь ч олширчихож. Хэвлэлийн хурал зарлаж байгаа нөхөд нь урьд шөнийнхөө хар дарсан зүүдийг ч хамаагүй ярих гэдэг болж. Өөрийгөө нийгэмд таниулах гэж эсэн бусын тэнэг зүйл ярьсныг нь ч гэсэн хэвлэлийнхэн шүүрээд авчих юм. Хамгийн сүүлийн жишээн дээр гэхэд л хэдэн хүн нэг намаас нөгөө намд орж байгаагаа зарлах нь тийм чухал байв уу. Үүнийгээ гайхуулж хэвлэлийн хурал зарладаг нь илүү зан л даа. Нам сонгоно гэдэг чинь таны, чиний, миний өөрийн эрхийн асуудал. Иймэрхүү тогоон доторх хэрүүл, дов тойрсон асуудлаар хэвлэлийн хурал хийх гэж байгаа бол төлбөрийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр живх шидэж, сэтгүүлчид рүү орилж, хашгичаад байгаа харагдсан. Үнэндээ сэтгүүлчид хэлмэгдэхээр нөхцөл байдалд тулж очсон нь ч үнэн. Түмэн олонд мэдээллээ хүргэе гэж байгаа бол хэвлэлийн хурлаа хэвийн зохион байгуулахад нь анхаарах хэрэгтэй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед живх байтугайг “нүүлгэхээр” шийдсэн нөхөд хэвлэлийн хурал руу дайрч орж ирэхэд бэлэн байгаа.

НҮБ-аас гаргасан сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчинд тухайн улс орны Засгийн газар анхаарал тавих хэрэгтэй талаар өмнө нь яригдаж байсан. Хэрэв ингэж чадвал Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтаа баталгаажуулж байгаа нэг хэлбэр мөн. Монгол Улсын хувьд байг гэхэд сэтгүүлчдийг тусгайлан хамгаалсан дүрэмтэй болчихмоор байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргасанд нь дургүй хүрээд байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг Их хурал баталсан. Таны хувьд Увс аймгийн мандатыг хуваарилахдаа түүвэрчилсэн хэмээн буруутгаж байсан. Үнэндээ халх, дөрвөд, баяд сумдыг тэнцүү байлгах үүднээс хуваасан гээд байгаа. Таны хэлснээр хуваачихвал тухайн ястан бүр нэг тойрог болчих гээд байсан юм биш үү?

-Увсын ард түмэн сонгууль өгөөд сурчихсан. Урьд өмнө нь тойрог яаж хуваагддаг байсан бөгөөд тухайн тойрогт газарзүйн байршлаараа ойрхон сумд багтдаг байлаа. Сонгууль болдгоороо болж, гишүүд сонгогдож таараа. Гэтэл тухайн тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо очиж ажиллана. Харамсалтай нь зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргаж авсанд нь дургүй хүрээд байгаа юм. Тойрог хувааж байна гээд Увсын ард түмнээр үнэхээр тоглочихлоо. Тоглох тоглохдоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүн Увсын тойрог хуваах санал гаргаж, өөрөө тайлбарлаж, шахсаар байгаад АН түрэмгийлж байгаад баталчихлаа. Өөрсдийнхөө ялж магадгүй гэсэн сумдыг түүж тойрог болгодог нь сонгуулийн бохир технологийн нэг. Аливаа гишүүн сонгогдсоны дараа тойрогтоо ажиллахаас эхлээд хүндрэл гарах тул яав ч шударга хуваарилалт биш байсан. Тойрогт сумдыг өм цөм хуваарилсан нь шударга зүйл биш. Увсын ястнуудыг өм цөм хуваагаад хаячихлаа. Дөрвөд сумдыг гурав, халх, баяд сумдыг хоёр хуваасан. Мөн аймгийн төвөө гурав хуваагаад хаячихсан. Та нар боддоо гурав хуваачихсан аймгийн төв дээр хөгжлийн нэгдсэн бодлого явах уу? Нэгдсэн бодлого хэзээ ч явж чадахгүй. Учир нь энэ сонгуулиар зөвхөн нэг нам ташраар нь ялна гэсэн баталгаа байхгүй.

-Н.Алтанхуяг гишүүн “Увс аймаг хоёр мандаттай байсныг гурав болгож оруулж ирж байхад Хүрэлбаатар гишүүн яагаад эсэргүүцээд байгаа юм. Увсын төлөөллийг илүү оруулахыг дэмжих ёстой хүний нэг” гэж байсан л даа…

-Миний амнаас “Хоёр мандатыг яагаад гурав болгочихсон юм бэ” гэдэг асуулт ганц ч удаа гараагүй. Н.Алтанхуяг гишүүн намайг гүтгээд л яриад байна лээ. “Энэ тойргуудыг ингэж өм цөм хуваасан зургийг хэн зурсан юм бэ” гэдэг ганцхан асуулт л асуусан. Үүнээс өөр зүйл асуугаагүй. Н.Алтанхуяг ч хариулж чадаагүйг бүгдээрээ үзсэн байх. Тэгж ярих юм бол 2012 онд АН-ын санаачилгаар, АН-ын шахалтаар энэ жагсаалтын гишүүдийг оруулж ирсэн. Тэгэхэд Увсаас нэг тойрог хассан юм. Тэр үед Н.Алтанхуяг АН-ы дарга нь байсан юм. Энэ нь ардчилсан намын шахалт байсан. Хэн хассан гээд асуух юм бол тухайн үед ийм зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Таны хувьд байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 33 дугаар тойрог дээр халз өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдэг утгаараа рейтинг өндөр байгаа шүү дээ?

-Увсын 33 дугаар тойрогт Өндөрхангай, Зүүнхангай, Өмнөговь, Өлгий, Бөхмөрөн, Түргэн сум болон аймгийн төвийн дөрвөн баг хамаарагддаг юм. Увс аймгийн зүүн хязгаар болох Зүүнхангай сумаас баруун хязгаарын Бөхмөрөн сум хоёрыг нэг тойрог болгосон. Нэг сумаас нөгөөд нь хүрэхийн тулд 600 км явна. Увсын тойргийг өм цөм хувааж зургийг нь зурсан хүнийг 33 дугаар тойрогт өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүнийг ирнэ гэж бодож байгаа.

-Сүүлийн үед цахимаар тан руу янз бүрийн зүй бус үгээр дайралт хийж байсан хүнийг илрүүлсэн. Тэр нь “Тесо” компанийн серверийг ашиглаж байсныг цагдаагаас илрүүлсэн гэсэн мэдээллүүд гараад байгаа л даа. Яг юу болсон юм бэ?

-Жил орчмын өмнөөс Gan­bat Boldkhuu, Увс бахархал, Баасандорж хэн ч билээ эдгээр хаягнаас над руу хийж байсан доромжлол, гүтгэлэг бол хэрээс хэтэрсэн. Яагаад тагнуул, цагдаад хандах болсон бэ гэхээр намайг эрүүгийн онц ноцтой гэмт хэргүүдэд гүтгэж, гүжирдэн, доромжилсон. Үүнээс гадна Увс аймгийн ястнуудын хооронд яс хаясан үйл ажиллагааг эдгээр хаягнаас маш идэвхтэй хийж байсан л даа. Ястнуудын эв нэгдэлтэй холбоотой асуудлыг Тагнуулийн ерөнхий газар шалгах ёстой. Хоёр, гурван удаа над руу дайралт хийсэн бол тоохгүй өнгөрөх байсан. Тэр цаашлаад зохион байгуулалтын хэлбэрт орж бүр бүлэглэлийн шинжтэй болсон. Үүнийгээ дагаад над руу дайрах гүтгэлгүүдийн давтамж нэмэгдсэн юм. Тиймээс тагнуул, цагдаа аль алинд нь хандсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн хариуг л би дэлгэж тавьсан. Үүнийг Увс аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх О.Цогтгэрэл гэдэг хүний компанийн Централ товер гэдэг барилгын оффисоос бичсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Цагдаа очихоос өмнө түрүүлж мэдээлэл аваад компьютеруудаа форматлуулсан байсан. Н.Алтанхуяг гишүүн байнгын хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ “Чи яахаараа манай намын байрыг шалгуулдаг юм” гээд хэлж байх жишээтэй. Энэ бол бодит болсон зүйл. О.Цогтгэрэл гэдэг залуугийн “Би мэдэхгүй” гэж хэлж байгаад итгэхгүй байгаа. Шалгадаг байгууллагууд нь шалгаад хариугаа өгнө биз. Хууль хяналтынхан АН-ын эрх мэдэлд орчихгүй байлгүй дээ.

-“Тесо” компанийн сервер дээрээс бичсэн ч гэсэн О.Цогтгэрэл захиалж ийм зүйл хийлгэж байсан гэдгийг яаж нотлох юм. Магадгүй нэг ажилтан нь даргаа өмөөрөөд бичиж байсан ч юм бил үү. Түүнийг дэвэргээд байгаа юм биш үү?

-Хэр баргийн хүн фотошопын программыг эзэмшиж, хэр баргийн хүн эвлүүлэг хийгээд суухгүй. Энгийн хүн захиалгатай, зохион байгуулалттай ийм зүйл хийхгүй. Энэ бол урт хугацаанд үргэлжилсэн. Өөр ч мэдээллүүд бий. Би байдлыг нь хараад байж байна.

-Нэг хүн өргөдөл өгчингүүт их хурдан хугацаанд шалгаад хариу ирүүлсэнд хүмүүс гайхаж байна. Танай эхнэрийн хамаатны хүн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажилладаг болохоор тэр дор нь хариуг нь өгсөн гэдэг хардлага байна л даа?

-Таны асууж байгаа зүйл бол ор үндэсгүй гүтгэлэг. Ямар ч УИХ-ын гишүүн төрийн байгууллагад хандахад хуулийн хугацаанд хариуг нь өгдөг. Би тавдугаар сарын 2-ны өдөр өргөдөл өгч тавдугаар сарын 14-ний өдөр хариуг нь авсан. Хуулийнхаа хүрээнд 14 хоногт багтаан хариу өгөх ёстой. Надад 12 хоногийн дараа ирсэн. Үүнийг нэг талд нь гарган мушгиж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

-Өөртэй нь утсаар ярьж үзэв үү. Хэрэв ярьсан бол юу гэж байх юм. Адилхан л Увсаас нэр дэвших гэж яваа хүмүүс шүү дээ?

-Би О.Цогтгэрэл гэдэг тэр хүнтэй утсаар ярьж яасан ийсэн гэж асуусангүй. Бүтэн жилийн турш ийм заваан зүйл явуулсан нөхөртэй нэг өдөр уулзах л байлгүй. Тэр өдөр тэр хүн миний нүүрийг яаж харах юм бол доо. Би гайхаад л сууж байна. Хүнд чинь ичиж зовох зүйл гэж байх ёстой. Би Увсынх. Тэр бодвол Увсынх байх. Нэг нутгийн хоёр хүн хувь заяа нь ирэхээр тааралдах байлгүй. Яаж Увсын ард түмний нүүрийг харах юм бол. Би чинь найз нөхөд, ах дүү, хамаатан садантай хүн. Тэр хүмүүсийн нүүрийг яаж харах гэж байгаа юм бол. Эр хүн юм бол уучлалт гуйх байлгүй дээ. Би энэ хэргийг дуустал явуулна гэж бодож байгаа. Уучлал гуйтал нь шалгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Захиалгат нэвтрүүлгээр залхаачих юм байна л даа

Өнгөрөгч амралтын өдрүүдээр гэртээ амарсан шиг амарчихъя хэмээн зориг шулуудсан ч хэдэн ТВ-ээр нь үзээд байхаар ч юм гарсангүй. Нэг нөхрийн сонгууль угтаж оролцсон “Захиалгат” гэсэн тодотголтой нэвтрүүлэг бараг л бүх сувгаар явж харагдав.

За мань эрд мэдэхгүй ч сэдэв гэж алга. Бурж л байх юм. Хайрлахгүй ч юм алга. Бүгдийг нь л хайрлаж байх юм. “Бүлт” үсэрсэн нөхдийн үгийг сонсохоор гээд суваг сольтол “Харцага” баг “Хасын хүлэгүүд”-ийг 121:114-өөр хожиж сагсан бөмбөгийн супер лигийн аваргын цомоо хамгаалж байхыг үзэж сэтгэл баясан суулаа. “Харцага” баг зургаа дахь удаагаа лигийн аварга болсон бол багийн лидер Б.Одбаяр нь гурван удаа аваргын цомыг нь хамт өргөлцөж, хоёр удаа улирлын MVP, нэг удаа Финалын MVP болж байна.

Гэсэн ч олон хүний хүндэтгэлийг хүлээдэг “Харцага” болон Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч Б.Одбаяр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав. Жаахан гунигтай юм. Гэхдээ зүгээр ээ. Нэгэнт тоглолт өндөрлөсөн тул дахин суваг солив. Арай хэтэрхий байна аа. Өнөө нөхөр чинь дахиад өөр нэвтрүүлэгт орчихсон ярьж л суух юм.

Үүнийг үзэж суусан найз маань өөрийн цахим хуудаснаа “Зарим хүнийг “Танил хүн”-ээр нэг харлаа, “Танайд хоноё”-гоор хоёр дахиа харлаа. “Амжилт” гэдэг нэвтрүүлгээр гурав дахиа харлаа. Харин одоо сонгох байтугай дахин харах ч хүсэл алга” хэмээн бичсэн байв.

Ингэж хүний дотор муухай оргитол ТВ-ийн нүүр дүүргэх хэрэг байдаг ч юм уу. Сонгууль нь хурдан болоод дуусаасай. Үзэх ч нэвтрүүлэг алга. Ядаж байхад супер лиг өндөрлөчихлөө.

Categories
мэдээ цаг-үе

У Сун: Бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай ярилцлаа.

-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээс хойш нэг жил гаруй болж байна. Анх Монголын талаар ямар сэтгэгдэлтэй ирж байсан бэ. Анхны сэтгэгдэл одоо хэр өөрчлөгдсөн бол. Монголыг их хүйтэн орон гэж гадныхан ярьдаг л даа?

-Өнөөдөр ийнхүү “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Монголчууд бороо, цаснаар ирсэн гийчнээ “Хувьтай хүн хурнаар” гэж бэлгэшээн ярьдаг гэж дуулсан. Та харин бороотой, хаврын бараг сүүлчийн цастай энэ сайхан өдөр манай Элчин сайдын яаман дээр ирж ярилцлага авч байгаа нь бэлгэшээлтэй зүйл болж байна.

Миний хувьд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд нэг жил, нэг сар болж байна. Анх Монголд ирэхэд ямар сэтгэгдэлтэй байсан, яг тэр хэвээрээ байгаа. Монголыг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай гэж өмнө нь зөндөө сонсож байсан ч, анхны өвлөө үдчихлээ. Монгол, Солонгос хоёр үндэстний хувьд түүх соёл, гарал үүслийн хувьд ч гэсэн адил төстэй зүйл ихтэй учраас монгол хүмүүсийн харилцаа ч халуун дулаан, дотно санагддаг.

-Монгол Улс, БНСУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил өнгөрч байгаа ч хоёр орны найрамдалт харилцаа чамлахааргүй ойртсон. Ялангуяа хоёр орны иргэд хоорондын харилцаа маш ойртлоо. Өмнө нь монголчууд орос хэлийг маш сайн мэддэг байсан бол өнөөдөр Солонгос хэлийг гадарлахгүй хүнгүй л болж. Харин Засгийн газар хоорондын харилцаа иргэдийн харилцаанаас сул байна уу гэж харагдах юм?

-Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой тохиож байна. Мэдээж хоёр орны хоорондын тэр дундаа иргэдийн харилцаа маш их ойртож байгаа. Ялангуяа Монголд Солонгос хэлний чиглэлээр суралцаж буй 2000 гаруй оюутан бий гэсэн судалгаа байдаг. Мөн нэгэн сонирхолтой тоон баримт дурдъя. Монгол Улсын нийт хүн ам гурван сая. БНСУ-д амьдарч байсан Монгол иргэдийн тоо 300 мянга. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан гэсэн үг. Харин өдгөө 30 мянган монгол иргэн буюу нийт хүн амын нэг хувь нь Солонгос улсад оршин сууж байгаа гэсэн сонирхолтой статистик байдаг юм билээ.

Сүүлийн үед мөн хоёр улсын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа идэвхжиж байна. Өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газрын хэмжээний яриа хэлэлцээрийн механизм болох “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо” байгуулагдсан. Энэ хүрээнд тус хорооны хоёр дахь хуралдаан өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд 2001 онд айлчилж байснаас хойш 14 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Улс төрийн хүрээнд энэ мэтчилэн хоёр орны хооронд харилцаа өргөжиж байгаа гэж ойлгож болно.

Мөн ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Долдугаар сард АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж БНСУ-ын Ерөнхийлөгч тус уулзалтанд оролцох талаар олон талаас хэлэлцэж байна. Энэ мэт иргэд хоорондын харилцаанаас гадна хоёр орны улс төрийн хүрээн дэх харилцаа улам сайжирч байна гэж бодож байна.

Мөн нэгэн таатай мэдээ дуулгахад ирэх зургадугаар сараас Улаанбаатар-Пүсан хотын чиглэлд тогтмол шууд нислэгтэй болно. Энэ нь ч мөн хоёр орны харилцаа цаашид хөгжихөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна гэлээ. Энэ үеэр ямар асуудлууд хөндөгдөх бол. Айлчлалын үр дүн юу байна гэж урьдчилан харж байгаа вэ?

-Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа нь Төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа манай оронд айлчилж байгаа юм. Тэр утгаараа бид энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлье. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын талаас эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд голлон ярилцах юм. БНСУ-ын Ерөнхий сайд өнгөрөгч оны сүүлээр Монгол Улсад айлчлахдаа Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (EDCF)-гийн хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Үүнтэй холбогдуулан хоёр улсын эдийн засгийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр ярилцана.

Солонгосын талаас голлон ярих сэдэв нь Умард Солонгосын цөмийн асуудал юм. Энэ оны нэгдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард пуужин хөөргөсөн. Үүнтэй холбоотой гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хориг тогтоол гарсан хэдий ч Умард Солонгосын зүгээс цөмийн туршилтаа зогсооно гэсэн байр суурь илэрхийлээгүй, туршилтуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Бид Умард Солонгосын цөмийн туршилтыг зогсоохтой холбоотой янз бүрийн хэлбэрээр арга хэмжээ судалж, хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлаар хатуу байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна.

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Умард Солонгост айлчлахдаа Ким Ил Соний сургуульд лекц тавьж “Дарангуйлал мөнх оршдоггүй” хэмээн дурдсан нь Умард Солонгосын төр засагт өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлсэн жишээ юм. Бидний зүгээс энэ удаагийн айлчлалаар ч мөн адил Умард Солонгосын цөмийн асуудал хийгээд Умард Солонгосын ард иргэдийн эрхийн тал дээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байр сууринд хүлээлттэй хандаж байна.

-БНСУ-ын Элчин сайдын яам шинэ Элчингийн байртай болж байгаа гэсэн. Хэзээнээс шинэ байрандаа нүүж очих вэ. Монголчууд хэзээнээс шинэ байраар үйлчлүүлэх боломжтой бол. Барилгын шийдлийн хувьд өвөрмөц санагдсан шүү?

-Манай Элчин сайдын яам энэ сарын сүүл, ирэх сарын эхэн гэхэд шинэ байрандаа нүүх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ Элчин сайдын яамны байрны дизайн нь маш өвөрмөц гэдгийг анзаарсан байх. Солонгосын уламжлалт цайны аяганы дизайныг авч хийсэн. Цаашид Монголд баригдах барилгуудад загвар болж чадахуйц барилга болох болов уу гэж бодож байгаа. Яамны шинэ байр ашиглалтад орсноор соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Шинэ байрандаа орсны дараа долоо, наймдугаар сард үзэсгэлэн зохион байгуулаад, есдүгээр сард загварын шоу зохион байгуулах юм. Яамны доторх задгай талбай, цэцэрлэгт хүрээлэн бий. Үүнийгээ ашиглаад арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монгол Улсын иргэд визний асуудлаар ч юм уу ямар нэгэн байдлаар Элчин сайдын яамаар үйлчлүүлэхэд илүү тав тухтай орчин бүрдэж байгаа. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд ч гэсэн монголчуудыг олноор оролцохыг урьж байна.

-Долдугаар сард Монгол Улсад АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтад БНСУ-ын төрийн тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ үеэр хоёр орны өмнө тулгамдсан ямар асуудлуудыг шийдэх бол. Яг одоо хоёр орны хооронд тулгамдаад буй ямар гол асуудлууд байгаа вэ?

-АСЕМ-ийн Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох эсэх хариугаа эцсийн байдлаар өгөөгүй байгаа. Гэхдээ өмнө болж байсан АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтуудад Солонгосын Ерөнхийлөгч байнга оролцож ирсэн тул оролцох байх гэсэн хүлээлттэй байна. Хэрэв Пак Гын Хэ Ерөнхийлөгч АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцохоор болбол хоёр орны хоорондын хэтийн төлөвийг ярилцах боломж гарна.

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хүнд байгааг анзаарсан байх. БНСУ-аас хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт гэхэд л өндөр зэрэглэлийн эмнэлэгтэй болохоос эхлээд тулгамдсан асуудлууд багагүй байна. Боловсрол, соёл, нийгэм, улс төрийн хүрээнд хийж болохоор ямар ажлууд байгаа вэ?

-Монголын иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу маш ихээр зорчдог. Эрүүл мэндийн салбарт гэхэд Улаанбаатар хотноо БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр эмнэлэг барих асуудал шийдэгдсэн. Удахгүй эмнэлгийн барилгын ажил эхлэх гэж байна. Эмнэлэг ашиглалтад орсноор өндөр чанарын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох байх.

Монгол Улс газрын баялаг ихтэй. Газрын баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Энэ утгаараа бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхол нэлээд бий. Монголын газрын баялгийг Солонгосын техник технологитой хослуулбал уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх тал дээр дэвшил гарах боломжтой.

Мөн дэд бүтцийн чиглэл ирээдүйтэй гэж харагдаж байна. Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан станцийн барилгын ажил дээр хамтарч ажиллаж байна. Өнгөрөгч онд гэхэд хоёр орны хооронд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж дуусаад байгаа. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах нөхцөлүүд нэлээд гарч ирнэ.

Нийгэм, соёлын хүрээнд 2015 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол, Солонгосын хамтарсан дуурийн тоглолт, Солонгос хоолны фестивал, Солонгосын киноны өдөрлөг мөн К-поп урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаануудад Монголын иргэд ч өргөнөөр оролцож дэмжсэн.

Боловсролын салбарын хувьд монгол багш нар Солонгост очиж сургалтад хамрагдах багш солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Түүнчлэн манай Засгийн газрын зүгээс оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Үүнээс гадна хувийн хэвшлийн байгууллагууд тэтгэлэг зарладаг л даа. Өчигдөр гэхэд (мягмар гаригт) Солонгосын Поско сангаас МУИС, ШУТИС-ийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолд оролцоод ирсэн. Монгол оюутнууд цаашид Солонгост очиж суралцах боломж нээлттэй байна. Мөн Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл байдаг бөгөөд Солонгос улсаас үлгэр дуурайл авч болохуйц тогтолцоо систем Монголд орж ирж байгаа. Энэ чиглэлээрээ монголчууд Солонгост очиж туршлага судлах, сургалтад хамрагдах боломжтой болж байна.

-БНСУ Монгол Улсаас ямар бараа бүтээгдэхүүн түлхүү импортолж авдаг вэ. Цаашид импорт нэмэгдэх боломжтой юу. Мөн Монголд ямар бүтээгдэхүүн экспортлох боломж бий бол?

-Миний харамсч явдаг нэг зүйл гэвэл хоёр орны худалдаа, эдийн засгийн чиглэлийн харилцаа харьцангуй доогуур үзүүлэлттэй байдаг. Монголоос бөс бараа, ноолуур зэрэг цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортоор авч байгаа. Монгол Улсад үйлдвэрлэл цаашдаа сайн хөгжвөл хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжих боломж гарах болно. Монгол Улсын хувьд хүн амын тоо бага учраас Солонгосын том хэмжээний компани байгууллагаас илүүтэй жижиг дунд үйлдвэрүүд Монголын зах зээлд орж ирвэл тохиромжтой байх болов уу. Иймэрхүү худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс БНСУ-ын компаниуд жил бүр Улаанбаатар хотод экспо үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ хавар мөн МҮХАҮТ-аас төлөөлөгчид БНСУ-д очиж үзэсгэлэн зохион байгуулсан. Иймэрхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгост таниулах тал дээр анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй.

-Хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарыг өргөжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Түрүүн хэлсэнчлэн энэ жил хоёр орны харилцааны хувьд онцгой жил болж байна. Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалаар дамжуулан энэ чиглэлээр дээд түвшинд анхаарал хандуулж ярилцах байх. Тиймээс эдийн засаг, худалдааны салбарт нэлээд ахиц гарах байх гэсэн хүлээлт бий. Монголын эдийн засаг одоо байгаагаасаа илүү сайжрах цаг хугацааг бид хүлээж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид анхааралтай ажиглаж байгаа. Энэ нь Монголын эдийн засгийн томоохон шалгуур болж байгаа юм. Эдийн засаг сайжирвал Солонгосын байгууллагууд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

-Япон улс гэхэд манай улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх зэрэг эерэг үр дүн их гарсан. Энэ мэт Монгол, Солонгос хоёр улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж юу байгаа бол?

-Япон, Монгол хоёр орон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж ирэх зургадугаар сарын эхнээс хэрэгжээд явна гэж сонссон. Монгол, Солонгос хоёр орны хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал худалдааны чиглэлд хамтын ажиллагаа илүү өргөжих болов уу гэсэн төсөөлөл харагдаж байна. Дээр хэлсэн дээ, Монгол Улс газрын баялагтай гэж. Тиймээс Солонгосын дэвшилтэт техник технологитой хамтраад харилцан ашигтай ажиллах боломж бий. Төр засгийн хэмжээнд энэ тал дээр суурь нь бэлэн болох хэрэгтэй. Монгол, Солонгос хоёр орон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах цаг болсон. Мөн Монгол, Солонгосын Засгийн газрын Хамтарсан хороо салбар бүр дээр нарийвчлан ажиллавал илүү их үр дүнтэй ажиллах болно.

-БНСУ-д Монголын 30 мянган иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол иргэдийн ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Цаашид хийх ажлын төлөвлөгөө юу байгаа бол?

-Монголын олон иргэн Солонгост ажиллаж, хөдөлмөрлөхөөр зорчдог. Өнгөрөгч онд хөдөлмөрийн гэрээгээр 1700 хүн ажиллах квоттой байсан бол энэ жил 2800 болж нэмэгдсэн. Энэ тоо өсч байна гэдэг нь олон монгол иргэн Солонгос руу явахдаа хуулийн дагуу, мөн урт хугацаагаар ажиллах боломж гарч ирж байна гэсэн үг. Тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тал дээр тухайн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатай.

Би солонгос хүмүүстэй уулзахдаа “Та нар дипломатчийн үүрэг гүйцэтгэдэг шүү” гэдэг юм. Яагаад ингэж хэлдэг вэ гэхээр Монголын 30 мянган иргэн Солонгост амьдарч байна. Тэр хүмүүсийн амьдрах орчин тааруу, монгол хүмүүстэй харилцах харилцаа муу байвал маргааш нь л мэдээгээр гардаг. Монгол хүнд сайн ханддаг, тэр хүн сайхан амьдарч байгаа бол тэр нь ч гэсэн маргааш нь дэлхий нийтээр мэдэх хэмжээнд хүрчихсэн байна. Тиймээс та нар дипломат албыг давхар хашдаг шүү гэж хэлдэг юм. Монголчуудад хэдий чинээ эелдэг сайн хандана, төдий чинээ Монголд байгаа солонгосчууд сайн сайхан амьдарна шүү гэж захидаг.

-Монгол Улс БНХАУ, ОХУ-д визгүй зорчиж байгаа. Хоёр орон хэзээнээс харилцан визгүй зорчих бол гэдэг хүлээлт иргэдийн дунд байдаг. Визгүйгээ байг гэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломж байна уу. Хоёр орны төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзах боломжтой байна л даа. Тиймээс энэ асуудлыг хөндөх болов уу гээд хүлээгээд байгаа?

-Монгол иргэдийн зүгээс визний асуудлыг маш их сонирхдог. Энэ тал дээр бид анхаарал тавин ажилладаг. Хоёр улсын хооронд иргэн хоорондын харилцаа чухал байдаг. Хоорондоо харилцахын тулд визний асуудал яах аргагүй чухал байдаг юм. Манай Элчин сайдын яамны зүгээс байнга визний тал дээр хөнгөлөлт үзүүлж ирсэн. Ноднин бид визний журмаа хөнгөвчилснөөр нэг жилийн хугацаанд нийт 49 мянган иргэнд виз олгосон. Энэ нь 2014 он буюу өмнө жилээсээ 60 хувиар өссөн тоо юм. Цаашид ч бид нөхцөл бүрдвэл визний журмаа хөнгөвчлөх болно.

Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн олон удаагийн визний олголтоо нэмэгдүүлсэн. Ингэхээр олон хүн БНСУ руу зорчиход хялбар болж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн виз хүлээн авдаг байсан гурван газар байсныг долоо болж нэмэгдүүлсэн. Өмнө нь гурван байгууллагатай байхад хүмүүс маш ихээр дугаарлаж хүлээдэг байсан бол одоо ая тухтай үйлчлүүлэх боломжтой болсон. Хэрэв шаардлагатай гэвэл цаашид виз авдаг байгууллагынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Визгүй зорчих асуудал дээр консулын салбарын хувьд нэн тэргүүний асуудал байлгүй яахав. Гэхдээ БНСУ-д монгол иргэд хууль бусаар амьдарч байгаа асуудал хөндөгддөг. Өнгөрсөн онд визний нөхцөлөө хөнгөвчилснөөс хойш олон Монгол иргэн Солонгос руу зорчсон. Тэр хэрээр хууль бусаар оршин суугаа иргэдийн тоо ч нэмэгдсэн нь томоохон асуудал болчихоод байгаа. Тиймээс визгүй зорчих асуудлыг ярих нь арай эртдэх болов уу гэж бодож байна. Монголоос очсон иргэд хууль бусаар амьдрах нь багасах юм бол тэр үед визгүй зорчих асуудлыг ярилцах боломжтой болох юм.

-Монголын иргэд БНСУ руу зорчиход санхүүгийн батлах бичиг баримт байхгүй тохиолдолд барьцаа таван сая төгрөг дансанд байршуулдаг байсан. Энэ 13 сая төгрөг болтлоо нэмэгдсэн гэж дууллаа. Үнэн үү. Хэрэв тийм бол ямар шалтгаанаар нэмсэн юм бэ?

-Манайх визний журмуудаа байнга хөнгөвчилж ирсэн гэдгийг сая хэлсэн. Аль болох виз авахад ая тухтай байх орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоо санхүүгийн баталгаа болгож таван сая төгрөгийн хадгаламжийг шаардаж байгаа. Манай Элчин сайдын яамны зүгээс тийм нөхцөл тавиагүй. 13 сая болсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Асуухыг хүссэн асуултууд маань дууссан гэхэд болно. Таны хувьд нэмж хэлэхээр зүйл байвал хэлж болно шүү…

-Манай Элчин сайдын яам Монголын иргэдэд ая тухтай үйлчлэх тал дээрээ илүү анхаарч ажиллаж байна. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнд монгол хүмүүс өргөнөөр оролцож байвал бид талархах болно. Элчин сайдын яаманд гаргаж буй хүсэлт саналыг бид үргэлж нээлттэй хүлээж авна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дугаржав: Долоох нөхцөл байдал үүсгэж байгаа нь өөрөө ёс зүйгүй зүйл

МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Дугаржавтай ярилцлаа.

-МАХН, МАН эвсэж сонгуульд орох ёстой гэдэг байр суурийг хоёр намынхан илэрхийлж байсан. Гэвч эцсийн дүндээ эвсэх боломжгүйгээр өндөрлөсөн. Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж МАХН-ын хувьд 25 мандат өвөртлөх боломжийг гаргаж өгсөн ч танай нам тоосонгүй. Таны байр суурь ямар байна вэ?

-МАХН, МАН эвсэх нь хоёр намын гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил дээр тулгуурлан бий болсон зүйл гэдгийг анзаарсан байх. Хоёр намын хувьд 2011 онд өрх тусгаарласан. Ингэж хоёр нам тус тусдаа бие даан үйл ажиллагаа явуулах болсон нь аль ч намдаа ашигтай байсангүй. Үүнийг өнгөрсөн цаг хугацаа хангалттай харуулаад өглөө. Ялангуяа 2012 оны сонгуульд яаж санал хуваагдсаныг бүгд мэдэж байгаа. Тэр ч утгаараа намын гишүүд, дэмжигчид, удирдлагууд аль аль нь биеэрээ мэдэрсэн.

-Танай хоёр намын гишүүд л хохирсон гэж яриад байсан…

-Мэдээж хоёр намын гишүүд, дэмжигчид л хохирсон. Монгол Улсыг зөв чигт удирдаж ирсэн улс төрийн хүчин хуваагдмал байдалд орчихоор ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг хангалттай харсан тул нэгдэж, эвсэх нь хамгийн чухал юм байна гэдгийг хаа хаанаа ойлгосон. Гишүүдийн зүгээс гаргасан санал дээр үндэслэн өнгөрөгч өвлөөс эхлэн хоёр нам ярилцаж эхэлсэн. Ингээд гуравдугаар сарын 1-нд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэснээр хамтрах эхний шанг татсан. Дараа нь хоёр намын Их хурлын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг гарч эвсэх асуудал дээр санамж бичиг байгуулан хоёр намын удирдах шатанд оруулж ирсэн юм. МАХН, МАН-уудын Бага чуулган, Бага хурлаараа асуудлыг авч хэлэлцсэн ч харамсалтай нь хоёр нам хамтарч сонгуульд орно гэдэг хүлээлт нуран унасан. Хувь хүнийхээ хувьд үүнд харамсч байгаагаа нуугаад яахав. Нэгдээсэй, эвсээсэй гэсэн хоёр намын ахмадууд, гишүүд, дэмжигчдийн хүсэл манай намын удирдлагын буруу шийдвэрээс болж талаар боллоо. Эвсэх гэрээний төсөл МАХН-д хамгийн ашигтай хувилбар байсан. Улс төрийн намын хамгийн гол зорилго бол сонгуульд оролцон амжилт гаргах байдаг. Хоёр намын ажлын хэсэг хамтраад 25 суудлыг нь МАХН-д өгнө. Цаашлаад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг сөөлжүүлээд хийнэ гэсэн яриа хэлцэл хийсэн байсан. МАН хамгийн том улс төрийн ууган хүчин. Тэд эвсэх санамж бичигт хамгийн сайн нөхцөлийг МАХН-д өгсөн. Харамсалтай нь ажлын хэсгээс гарсан санамж бичиг цаас төдий мөрөөдөл болоод л үлдлээ.

-МАХН-даа л нэр нөлөө бүхий Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүд МАХН-аас өрх тусгаарлан МАН-д орсон. Л.Цог гишүүн гэхэд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орчихлоо. Танай намын туг болж явсан гишүүд өөрсдөө улс төрийн сонголтоо хийн өөр намд орсныг та юу гэж харж байна вэ?

-Энэ гурван гишүүн л намаас гарчихсан юм биш. Өмнөх түүхийг сөхөхөд МАХН байгуулагдсан цагаас хойш намын удирдлагын түвшинд ажиллаж байсан, энэ намыг парламентад төлөөлөлтэй болгож байсан Ц.Шинэбаяр гишүүн яагаад явсан юм. Намдаа идэвхтэй ажиллаж байсан Молор-Эрдэнэ, Хангал, Атар, Барсболд, Нанжид гээд нарийн бичгийн дарга нарын цуваа үргэлжилнэ. Энэ хүмүүс яагаад намаас гарсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Тэр утгаараа олонхоороо ярилцаж байж шийдвэрээ гаргах ёстой. Харамсалтай нь одоо бол ганц хүний шийдвэрээр л намын шийдвэр гарч байна. Тиймээс намын шударга гишүүд үгээ хэлэх, өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэхэд асуудал гарч эхэлсэн. Үнэндээ 2012 онд МАХН хаашаа эргэх нь мэдэгдэхгүй байхад О.Чулуунбат агсан, Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй гишүүд нүүр царай болон орж ирсэн юм шүү дээ. Энэ хүмүүсийн нүүр царай сонгуульд амжилттай ороход нөлөөлсөн гэдэг нь үнэн бодит зүйл. Гэтэл яагаад боловсролтой, шударга, намын нүүр царай болсон хүмүүс нь гарчихав. Энэ намд байхад, энэ намын төлөө цааш хамтран ажиллах аргагүй болохоор л ийм шийдвэрт хүрэх гол алхам болсон байх. Шинийг санаачилж, зөв зарчим барьдаг, хууль ёсыг дээдэлдэг, хариуцлагатай эдгээр хүмүүс өөрсдийн улс төрийн шийдвэрийг гаргаад явчихлаа. Н.Энхбаяр даргын эзгүйд бидний хэдэн нөхөд чадлаараа л авч явсан. Харамсалтай нь шударга бус зүйлийг тэвчдэггүй тул үгээ хэлснийхээ төлөө нам дотроо цөөнх болсон. Ер нь энэ хүмүүс яагаад МАХН-аас явчихав гэдэг дээр нам харин өөртөө дүгнэлт хийх ёстой.

-Танай нам дотор албан тушаал ахихын тулд намын даргаа “долоодог” нэг хэсэг байна. Уйлж унждаг өөр нэг бүлэг байна. Намын даргаа “долоож” чаддаггүй нь намаас нь явдаг жишиг тогтчихов уу гэж харагдах юм?

-Нэг хэсэг “Бататган хэлье” гэдэг үг моодонд орсон доо. Түүн шиг давтан хэлэхэд нам гэдэг олон нийтийн байгууллага. Бүгдээрээ сууж байгаад ардчиллын зарчмаар асуудлаа шийдэхийн оронд даргыг “долоодог”, даргын хэлсэн үг орчлонгийн туйлын үнэн гэж итгэдэг цаг үе өнгөрсөн. Олон толгойноос гарсан. Олон ургальч үзлийг дундаасаа боловсруулан гаргаж ирвэл бодлого болох ёстой. Харамсалтай нь тийм зүйл алга. Хамгийн сайн долоодог хэсэг нь албан тушаалд хүрч, эвсэх талаас нь асуудлыг тавьдаг арай өөр бодолтой хүмүүс нь буруутан мэт цөөнх болдог нь харамсалтай. Долоох, долоохгүйн асуудал ярих юм бол долоож чаддаггүй хэсэг нь яв зайл, дахиж битгий ирээрэй гэж хөөгддөг. Миний хувьд хэзээ ч долоож чадахгүй. Л.Цог, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар яасан гэж хүн долоогоод явж байх юм. Хүн долоож явахааргүй улс төрийн капиталтай хүмүүс байхгүй юу. Тэр утгаараа хэлэх үг, хийх ажлаа хүнээр заалгахгүй гэж хэлчихээд яваад өгч байна. Үнэн байхгүй юу. Долоох, долоохгүйн асуудал ярих юм бол долоох нөхцөл байдалд үүсгэж байгаа нь өөрөө ёс суртахуунгүй асуудал юм. Долоож байгаа хэсгийг нь ойлгож байна.

Албан тушаалд хүрэх гэж, амьдрахын тулд аргагүй байдалд орсон хүмүүс. Ийм нөхцөл байдалд хүргэж байгаа нь харамсалтай.

-Таны яриаг сонсоод байхад МАХН-д дотоод ардчилал гэдэг зүйл байхгүй юм байна гэдэг ойлголтыг авлаа. Ганц хүн дангаараа шийдвэр гаргаж байгаа нь ардчилалгүй байгааг илтгээд байх шиг. Намын тулгуур болж явсан хүмүүс намаас гарч байна гэдэг нь үүнийг нотлоод байгаа юм л даа. МАХН яг яачихаад байгаа юм?

-Намын гишүүдийнхээ үгийг сонсохгүй нэг хүн шийдвэр гаргаад байхаар үйл ажиллагаа нь буруу яваад байгаа юм.

Ингэснээрээ намын гишүүдийн хүсэл зорилгод нийцэхгүй шийдвэр гараад байна л даа. Зарим хүмүүс “МАХН бол нэг хүний хамгаалалтын алба боллоо”, “Ганц гишүүнтэй ХХК болчихлоо” гээд хэлээд байна. Нэг хүн өөрийн санаснаар бүх зүйлээ хийж түүнийг нь аялдан дагалддаг, энэ хүний үг туйлын үнэн гэж “долоодог” нөхдүүд нь дарга цэрэг болоод явчихдаг. Олонхын шийдвэрээ дагаад явах ёстой хэмээн байр сууриа хэлсэн хүмүүс нь нам дотроо цөөнх болоод байдаг юм. Ер нь аль ч цаг үед нэг хүнийг тойрон хүрээлэгчид байдаг. Тэр хүмүүс нь даргыгаа мэдээллээс хол тасдаад авчихдаг гэмтэй. Ингэх гэж байна, тэгэх гэж байна хэмээн буруу мэдээлэл өгч удирдлагыг намын гишүүдээс нь холдуулж өмчилдөг технологи улс төрд байдаг л даа. МАХН бол яг одоо энэ зарчмаар л яваад байна. Дарга л хэлсэн бол туйлын зөв гэдэг ойлголтоо халах ёстой. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдгээ мартаж болохгүй. Ардчиллын амин сүнс нь олонхоороо асуудлаа шийддэг зарчим. Тэгэхгүйгээр нэг хүн асуудал тавингуут түүнийг буруутан болгодог. Тухайлбал тойрон хүрээлэгчид нь Л.Цог, Д.Тэрбишдагва намын дарга болох гээд арга чарга хайж байна гэхчилэн зохиож яриад, түүндээ давс хужир нэмж, гүтгэж, хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо олж амьдардаг. Ингээд тэр хүний эсрэг кампанит ажил хийж, байж суухын аргагүй болгодог. Ийм буруу зүйлд нам хөтлөгдөөд явж ирснийг бүгд харж байсан. Энэ нь даамжирсаар салж бутрах нөхцөлд хүргэсэн. Хамгийн гол нь нам буруу шийдвэр гаргалаа гэхэд түүнийгээ засах чадамжтай байх ёстой. Гэвч алдаагаа засч чадсангүй.

-Одоо алдаагаа засах боломжгүй гэсэн үг үү?

-Тийм цаг хугацаа үлдсэнгүй. Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээ нам дотроо буруутгадаг. Ийм ч хүнийг томилсонгүй, тийм ч хөрөнгө мөнгө босгохгүй байна гээд байж суухын аргагүй болгодог. Гэсэн ч аливаа үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой гэдгийг мэддэггүй. Долоогчид өөрсдийн сонирхлыг хангах гэж хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох асуудлыг гаргаж ирсэн нь намын бүү хэл, төрийн тогтворгүй байдлыг бий болгосон юм.

2016 оны сонгуульд энэ багаараа оролцоно гэдэг байлаа. Тэр баг нь одоо хаана байна. Бугласан асуудлыг ил тод ярьдаг, чадалтай, боловсролтой, шинэ санаа хэлдэг хүмүүсээ бүгдийг нь явуулчихсан. Хөөгдөх нь хөөгдөөд, шоронд орох нь шоронд ороод дууссан. Эцэстээ УИХ-д бүлэг ч үгүй боллоо. Энэ чинь алдаатай бодлого мөн биз дээ. Сонгууль болох гэж байхад аймаг, дүүргийн намын дарга нараа ихэнхийг нь сольчихлоо. Сонгуулийн өмнө намын анхан, дунд шатны байгууллагын дарга нарыг солино гэдэг бол маш том бодлогын алдаа мөн байхгүй юу. Энэ нь заавал хуваагдал авч ирдэг. Ямар ч хуучин дарга дэвшиж яваагүй л бол шинэ даргыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тиймээс намын байгууллагаа хоёр хуваачихдаг. Ийм алдаатай шийдвэр гаргаснаа намын дарга заавал эргэж харах хэрэгтэй. МАХН-ын жирийн гишүүдийн хувь заяа цаашид яаж эргэх юм бол гэдгийг төсөөлж ч чадахгүй байна.

-Г.Шийлэгдамба дарга мөнгөний асуудалд холбогдоход та “Залуу хүмүүсээр ийм юм хийлгэж болохгүй” гэж өөрийн байр суурийг илэрхийлснийхээ төлөө намынхандаа адлагдсан гээд хэвлэлээр гарч байсан. Үнэхээр мөнгө олж ир гээд дарамталдаг юм уу?

-Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хөрөнгө босгох ёстой гэдэг. Аливаа хүн улс төрийн байгууллагад ажиллаж байхдаа хуулийн дагуу хэм хэмжээнд л оролцох ёстой. Г.Шийлэгдамбын хувьд яг ямар процесс болсон гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Аль ч нам залуучуудад албан тушаал өгч араас нь мөнгө олж ир гэсэн даалгавар өгдөг нь ерөөсөө буруу. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Төсвөөс санхүүждэг болох шаардлагатай болсон гэдгийг би өмнө ч олон удаа хэлж байсан. Үүний хар сүүдэр дайрсан эмгэнэлтэй зүйл боллоо л гэж бодох юм.

-Удахгүй сонгууль болно. МАХН ямархуу өнгөтэй оролцох бол гэж харж байгаа вэ. Хэдэн лидерүүд нь яваад өгчихлөө?

-Судлаачийн хувьд харахад энэ сонгууль хүнд болно. Ер нь аль ч нам 76 мандаттай мажоритар тогтолцоогоор сонгууль явж байгаа тохиолдолд суудал авна гэдэг хэцүү. Угаасаа манай намаас Л.Цог, Д.Тэрбишдагва гэсэн хоёрхон хүн тойргоос сонгогдсон. Энэ хоёр хүн нь орхиод явсан. Нарийн яривал дээрх хоёр гишүүн чинь жагсаалтын хуваалцах хэмжээнд саналыг авч ирсэн юм. Д.Тэрбишдагва, Л.Цог нарын гишүүдийн буянаар энэ хүмүүс УИХ-д жагсаалтаар орж ирсэн, албан тушаалд хүрсэн гэдгийг бодох л ёстой. МАХН, МАН-ын гишүүд доогуураа эвсэж нэгдээд эхэлсэн. Хүмүүс хүслээ дагаж амьдардаг болохоос нэг хүний шийдвэрээр бүх хүний хүсэл, зорилго таслан зогсоогдоно гэж байхгүй. Угаасаа дороос гарсан хүсэл зорилгыг дээрээс нухчин дарж болдоггүй юм л даа.

-Та МАХН-аас гараад аль намд орох юм. Эсвэл жирийн амьдралыг сонгох юм уу?

-Ямар ч хүн улс төрийн амьдралд оролцох эрхтэй. Бид зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй. Эдийн засаг, иргэдийн амьдрал ахуй муу байна. Улсын төсөв бүрдэхгүй байна гээд шүүмжлээд суух шиг амархан юм үнэндээ алга. Үнэхээр улс орны нөхцөл байдал болж бүтэхгүй байгаа бол өөрийн чадах чинээгээрээ оролцоод явах нь чухал. Би болж байвал бусад нь хамаагүй гээд явах нь миний мөн чанар биш. Тиймээс улс төрийн сонголт хийж таарна. Улс төрийн намаар дамжуулж төрийн бодлогод нөлөөлөх тул улс төрөөс холдоод явчихгүй л байх. Зүгээр гараа хумхиад, амаа үдүүлээд сууна гэж байхгүй.

-Та МАХН-д албан тушаал аваагүй ч бодлогын түвшинд голлох үүрэгтэй оролцдог байсан. Энэ намын төлөө багагүй зүтгэсэн хүн хэдий ч МАХН-аас гарах гэж байна хэмээн хэвлэлээр нэлээд бичигдсэн. Таны МАХН-аас гарах болсон шалтгаан яг юу байв?

-Нэг зүйл хэлье. МАХН дотор хамтын удирдлагын систем гэдэг зүйл алдагдсан. Ямар ч том асуудал дээр ганцхан хүн л шийдвэр гаргаж байна. Түүнчлэн намд ашигтай эвслийн боломжийн сайн хувилбарыг тоолгүй бүх боломжийг үгүйсгэж алдсан. Нэг хүн дангаараа шийдвэр гаргаад байгаа нь намын жирийн гишүүдийн хүсэл зорилгод нийцэхгүй байна шүү дээ. Бид намын төлөө шинийг санаачилж, дорвитой бодлогын зүйл хэлээд ч хаданд орилж байгаатай яг адилхан байдаг болсон. Тэртэй тэргүй шийдвэрийг нэг хүн дангаараа гаргаж байна. Энэ бүхэн нь даамжирсаар өөрийг нь хүлээн зөвөөрөхгүй байх нөхцөл рүү түлхэж эхэлсэн. Үүнийг ганц би ч яриад байгаа юм биш. Намын гишүүд хэлж байна. Өөрийгөө биш намаа бодсон бол эвсэх байсан юм. Энэ буруу шийдвэр байсан гэдгийг хөдөө орон нутаг, сум, дүүргийн жирийн гишүүд мэдэж байгаа хэрнээ хэлж чадахгүй ийм нөхцөл үүсээд байна л даа. Миний хувьд намаас гарах өргөдлөө дүрмийн дагуу анхан шатны байгууллагадаа өгнө. Түүний дараа улс төрийн сонголтоо хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байна

“ӨДРИЙН СОНИН”-Ы ТАВДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН № 107 /5372/ ДУГААРААС АВЧ НИЙТЛЭВ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та оны өмнө “Улс төрөөс түр завсарлаж, номоо бичнэ” гэж мэдэгдэж байсан. Харин өнөөдөр (өчигдөр) та нэр дэвшинэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа зарлалаа л даа. Энэ нь ҮХЦ-ийн тавдугаар дүгнэлтээс болчихов уу?

-Бид шинэ оны өмнө Сонгуулийн тухай хуулиа баталж байсан. Уг хууль батлагдсаны дараа би “Нэр дэвшихгүй” гэдгээ зарласан. Учир нь Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг анх удаа оруулж өгсөн. Эмэгтэйчүүд олноороо парламентад орох боломжтой боллоо гэж бодож байсан юм. Пропорциональ системээр сонгууль явуулчихвал намын нэрсийн жагсаалтаар олон эмэгтэй хүн парламентад суух таатай орчин бүрдсэн тул шинэ залуу эмэгтэйчүүдэд орон зайгаа тавьж өгье гэдэг үүднээс нэр дэвшихгүй гэдэг мэдэгдлийг хийж байсан. Хувийн талаас гэвэл номоо бичихэд илүүтэй цаг зав гаргая гэж үзсэн л дээ. Харин өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулганаар ҮХЦ-ээс сонгуулийн хугацааг тулгаж гаргасан дүгнэлтийг эцсийн мөчид дэмжихээр боллоо. Энэ нь улс төрд орох эмэгтэйчүүдэд томоохон цохилт болсон. Намын жагсаалт байхгүй болсноор улс төрд шинээр танигдъя гэж бодож байсан эмэгтэйчүүдийн хувьд маш том хаалга хаагдлаа. Намын нэрсийн жагсаалтад бичигдье, танигдъя гэж бодож байсан олон эмэгтэй бий. Тэр утгаараа тойрогт өөрсдийгөө бэлдээгүй. Бэлтгэл хангах бололцоогүй, тойрог дээр ямар ч байдлаар сойх боломжгүйгээр сонгууль болохоос нэг сарын өмнө хамгийн гол сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байгаа учраас бэлтгэлгүй байгаа олон эмэгтэй улс төрөөс шахагдахад хүрч байна. Тиймээс би эмэгтэйчүүдийнхээ оролцоог улам бууруулахгүйн тулд тойрогт очиж “гардан тулалдаан”-д орно. Намайг аль ч тойрогт хуваарилсан нэр дэвшихэд бэлэн байя. Тэнд очиж эмэгтэйчүүдийн тоог бөглөөд байж байх ёстой гэдэг шийдвэрийг гаргалаа. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бууруулахгүй гэдэг үүднээс ном бичих цаг заваа түр хойш тавихаар болсон.

-Цэцийн дүгнэлтээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог яг яаж бууруулчихаад байгаа юм?

-Жагсаалтаар сонгогдохыг зөвшөөрөхгүй байна гэдэг чинь л шууд хааж байна гэсэн үг. Жагсаалтаар нэр дэвшинэ гэдэг бол та аль нэг тойрогт очилгүйгээр нам дотроо идэвхтэй ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр жагсаалтад орох нэг боломж байдаг байлаа. Тухайлбал, ТББ-ын идэвхтэй эмэгтэйчүүд нийтлэг хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг маш их ажилладаг хэрнээ тодорхой тойрогт очоод гурил, будаа тарааж чаддаггүй. Нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаад аль нэг тойргийг бөөцийлөлгүй, улс орныхоо төлөө карьераа зориулсан хүмүүст энэ бол цохилт болж байгаа юм. Харин тухайн тойрогт байшин барьж, сүлжээ байгуулан тухайн тойргийг манайхны хэлдгээр “маллаад” явж байсан илүү хөрөнгөтэй хүмүүст хожил болж байгаа хэрэг. Улс төрд яваа ихэнх эмэгтэйчүүд аль нэг тойргийг маллаж улс төрд ордоггүй. Ажиглаад байхад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн төлөө, байгаль орчин экологийн төлөө гээд үргэлж нийтлэг эрх ашгийг дагаж эмэгтэйчүүд улс төрд орж ирдэг. Тиймээс эмэгтэйчүүдэд лист маш чухал байдаг. Одоо бол хөрөнгө, мөнгөтэй, амлаад авсан тойрогтой тийм газар эрчүүдтэй нүүр тулахаар байна.

-Ямар ч нөхцөлд улс төрд орж байгаа бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өрсөлдөх ёстой юм биш үү?

-Бөхөөр жишээ аваад ярья. Өөрийн гэсэн бөхийн галтай, дасгалжуулагчтай, тэрийг чи тэгж амлаарай гээд урьчилан тохироо хийчихсэн бөх начин цолонд зүтгэж байна гэж бодъё. Гэтэл зүгээр цэрэгт албаа хааж байгаад ямар ч бэлтгэл сургуулилтгүй, бөхийн гал болон дасгалжуулагчгүй “Эх орныхоо төлөө” гээд хил манаж байсан залуу өнөөхтэй чинь барилдана. Хэн нь давах вэ. Энэ л байхгүй юу. Эмэгтэйчүүд чинь жагсаалтгүй бол яг л тийм зүйлд очно гэсэн үг. Эмэгтэйчүүд тойрогт очоод дэвших л байх. Гэхдээ ялах магадлалыг нь төдий чинээ бууруулж байгаа байхгүй юу. Лист байхгүй байна гэдэг чинь эмэгтэй улстөрч улс төрд орох хаалгыг нь төдий чинээ нарийн болгож байна. Өргөн хаалгаар орох, нарийн хаалгаар орох хоёр ялгаатай байдаг биз дээ. Тийм л байхгүй юу.

Дэлхийн олон оронд пропорциональ тогтолцоо бий. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бид Үндсэн хууль зөрчсөн гээд ганц удаа хэрэглэчихээд байхгүй болголоо. Цаашид харин энэ тогтолцоо байх ёстой юм шүү. Дахин оруулж ирэхдээ Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байж оруулж ирэхээр болсон. Энэ нь дараагийн парламентын хийх ёстой ажил. Гэхдээ дэлхийн ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрөгддөг ардчилсан тогтолцоог 1992 онд Үндсэн хууль хийж байсан манай хүмүүс мэдэхгүйгээсээ болоод л оруулалгүй үлдээсэн байх. Тухайн үед манайд сонгуулийн аль ч тогтолцоо байгаагүй. 1992 онд дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг тогтоох тийм ч амар байгаагүй ч одоо бол харин маш тодорхой болсон. Тэр нь пропорциональ тогтолцоо. Ийм нөхцөлд зөвхөн ганц нэр дугуйлна гэдэг явцуу үгнээс илүү хэд хэдэн хувилбараар сонгууль явуулж болохуйц үг, үсэг Үндсэн хуульд үгүйлдэгдэж байна. Өнөөдрийнх шиг байдлыг сонгууль бүрээр бий болгоод байхгүй тогтвортой төрөө байгуулж чаддаг, ҮХЦ нь дуртай үедээ хутгалдаад байдаггүй болох тал дээр дараагийн парламент шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та бусад эмэгтэйчүүдийг бодоход Хан-Уул гээд нэр дэвшин гарч ирж байсан өөрийн гэсэн тойрогтой. Энэ удаа харин хаана нэр дэвшихээр болж байгаа вэ?

-Нэр дэвшүүлэх асуудал яригдаад эхлэнгүүт намын хороодынхоо саналыг харна. Аль намын хорооноос ирж өрсөлдөөч гэх нь үү тэрийг харна. Тиймээс намын удирдлагууд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Хүмүүс нь багтаж ядаад олон хүн нэр дэвших сонирхолтой байгаа тойрогт бусдыг нь хойш нь татаж байгаад заавал Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх албагүй. Харин хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байгаа. Эцсийн шийдвэрийг аймаг, дүүргийн намын хороод гаргана. Аймаг, дүүргийн намын хороод хэнийг нэр дэвшүүлмээр байна гэдэг захиалгаа өгч байгаа гэдгийг дуулсан. Миний нэрийг одоогоор Хөвсгөл аймгаас ирүүлээд байгаа гэж сонссон.

-Таныг тойрогт нэр дэвшинэ гэдгийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юу?

-Намын эмэгтэй гишүүд намайг сонгуульд өрсөлд гээд үүрэг өгч байгаа. “Би нэр дэвшихгүй” гээд мэдэгдэл гаргасны дараа намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх хорооны хурлаар тогтоол гаргаагүй ч УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд 100 хувь нэр дэвших ёстой гэдэг шаардлагууд гарч байсан. АН-аас Их хуралд сууж байгаа зургаан эмэгтэй гишүүн заавал нэр дэвших ёстой шүү. Энэ бол та нарын хувийн сонголт биш шүү гэдэг зүйлийг хэлж байлаа. Тэр утгаараа дэмжих байх гэж бодож байна.

-Өмнөх сонгуулиудыг харж байхад эмэгтэй нэр дэвшигчдийг рейтинг өндөртэй эрэгтэй улстөрчтэй халз өрсөлдүүлэх гээд байдаг хандлага ажиглагддаг. Өөрсдөө гарахгүй болохоор эмэгтэй хүнийг тэр тойрогт явуулчих гээд байдаг…

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол намын хороо хороон дээрээ очиж өрсөлдөнө. Жишээлбэл, би аймгийнхаа намын хороон дээр очиж өрсөлдлөө гэхэд МАН Бага хурлаар хэнийгээ дэвшүүлж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хурал ихэвчлэн зэрэг болдог учраас урьдчилан газрын зураг зурах хэцүү. Зарим нэг хүн эрээвэр хураавар маягаар тиймэрхүү тохиролцоо хийдэг л дээ. Тэр нь гэхдээ бидэнд ил мэдэгддэггүй.

Categories
мэдээ цаг-үе

Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай ангийнхан

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Манайд нэг сүрхий том пянз тоглуулагч байдаг байлаа. Аав, ээж хоёр маань дал, наяад оны Монголын эстрадын болон улс төрийн дуунуудын пянзыг авчирна. Мөн “Кругозор” сэтгүүл захиалж, тэрхүү сэтгүүлийг даган ирдэг байсан тухайн үеийн Оросын алдарт дуучдын пянзыг ч бас цуглуулна. Тэдгээр пянзнуудаас би хоёр дуунд “нугасгүй” дуртай байлаа. Нэг нь Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг”. Нөгөө нь Түвдэнгийн Борын тухай дуу юм. Зургадугаар ангид байхдаа өглөө хичээлдээ явахын өмнө энэ хоёр дууг амжвал хоёуланг нь, амжихгүй бол аль нэгийг нь заавал сонсдог байж билээ. Эдгээр дууг сонсмогц учиргүй их эрч хүч, урам зориг орж, эх орноороо бахархах сэтгэл минь улам дэврэх шиг санагддаг байсан байгаа юм. “Бор эгчийн хамгаалж бидэнд үлдээсэн эх нутгаа Р.Рейганд алдахгүй юм шүү” гэх ухааны юм хүртэл бодогдоно гээч. Энэ тухай одооны хүүхдүүдэд яривал итгэхгүй, итгэсэн ч шоолох биз ээ” хэмээн Эрдэнэбалын Ирэхбаяр инээмсэглэн өгүүлэв. Харин түүний хажууд сууж байсан Ж.Гантулга “Тэр яахав, цаад Зандан чинь чуулган дээр үг хэлж байна” хэмээн ангийн нөхдөө телевизийн зүг уриалаатхав. Зандан гэдэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хэлж байгаа юм. Харин тэдний үгийг жаал сонсож суусан Ш.Оюунчимэг “Зандан багадаа нэг их морь унадаг хүүхэд байж билээ. Одоо төрийн түшээ болчихсон, Төрийн ордонд суугаад ингээд ярьж суудаг” хэмээн ярианд эрч өглөө. Ангийн онц сурлагатнуудын нэг М.Энхзаяа “Цаадах чинь одоо ороод ирэх байх аа” хэмээн өгүүлнэ. Энэ үйл явдал Төрийн ордны гурван давхарт Ж.Батзандан гишүүний өрөөнд болсон юм. Бид энэ удаагийнхаа “Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэг, хоёрдугаар сургуулийг 1992 онд төгссөн ангийнхныг урилаа. Сүүлийн үед нэг ангид сурч төгссөнөөсөө илүү нэг төгсөлтийнхнөөрөө уулздаг болсон гэдэг нь анзаарагдах болсон юм.

1982 онд Баруун-Урт сумын сургуулийн босгыг алхан орсон энэ эрхмүүд өдгөө ч амьдрал дээрээ “Нэг ангийнхан”. Тэдний яриаг ажиж байхад ангийн уулзалт, баяр ёслолын гол зохион байгуулагчид нь бололтой. Өнөөдөр ч гэсэн төгсөлтийнхнөөрөө тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа талаар ярьцгааж байлаа. Эл “том” ангийнхан том гэх болсон шалтгаан нь ганц биш нэг үеийн төгсөлтөөрөө нийлсэн болохоор ийн тодотгож байгаа хэрэг. Том ангийн сургууль төгссөний 20 жилийн ойн уулзалт 2012 онд болжээ. Ингэж нийт төгсөлтөөрөө уулздаг болсноос хойш Сүхбаатар аймгийнханд ийн шинэ жишиг тогтоож өгчээ. Уг төгсөлтийнхөн 250-иулаа бөгөөд санал бодлоо солилцож, ойр байх үүднээс фэйсбүүк хуудаснаа том ангийн групп нээж 180 гаруй гишүүнтэй ёстой л “өнөр бүл” болсон байна. Баруун-Урт хот (тухайн үед хот гэдэг байж)-д ерөнхий боловсролын гурван сургууль байдгаас нэг нь найман жилийнх. Найман жилийн сурагчид нөгөө хоёр 10 жилийн сургуульдаа дэвшин суралцдаг байж.

Сурагч нас ийм сайхан

Нэгдүгээр арван жилийн сургууль нь багшийн болон математикийн гэсэн сонгоны ангитай байсан талаар тэд ярьсан юм. Мэдээж, сонгоны ангийнхан шилэгдэж ирсэн сурагчид байж таарна. Тэднийг аравдугаар анги төгсч байхад нэг хуваарь дээр 10 хүүхэд өрсөлдөхөд, нэг нь сургууль авч, үлдсэн ес нь сургуульгүй хоцордог, нэг талаасаа харгис байсан ганц жил нь бидний төгсөлт байсан хэмээн ярьцгаав. Ийм хүнд нөхцөлд сонгоны ангийн 26 хүүхэд бүгд их, дээд сургууль авч чадсан байна. Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга Н.Ганибал мөн л энэ ангийн хүүхэд байж.

Эдний анги Монгол Улсын гавьяат багш М.Адилбиш, С.Ядамжав, Ш.Жавзмаа зэрэг багш нарын гараар дамжин өдий зэрэгтэй яваа гэдгээ хуучлав. Тэднийг бага ангид байхад хүүхдүүдийн эцэг эхчүүд нь н.Тэрбиш багшид хүүхдээ өгнө гээд анги дүүргэлт нь хэрээс хэтэрч, нэг ширээнд гуравлаж суудаг байсан тухай М.Энхзаяа ярьсан юм. Ангийнхаа жижиг биетэй хүүхдүүдийг урд суулгаад, биерхүү хүүхдүүд нь хойгуур суудаг байсан гэнэ. Урдуур суудаг хүүхдүүд нь онц сурдаг, хойгуур суудаг хүүхдүүд үймүүлчих гээд байдаг байжээ. 10д ангиас гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Болдын Жавхлан, Сүхбаатар аймгийн Ардын намын дарга З.Энхтөр, Орхон аймгийн ХҮН-ын дарга У.Амарзаяа гээд олон улстөрч ард түмний хэзээний танил болж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болжээ. “Хүмүүс Монголбанкны Жавхлан л гээд байдаг болохоос манай Жавхаа чинь мундаг бүжиглэдэг хүүхэд байсан. “Майкл Жексоныг дуурайж хэн хамгийн сайн бүжиглэх вэ” тэмцээнд Жавхаа маань түрүүлж байлаа шүү дээ. Б.Жавхлан, Г.Эрдэнэцогт хоёр маань хамт Дарханд яваа болохоор энэ удаа ирсэнгүй, байсан бол хамгийн түрүүнд ирэх л ёстой улс. Бүх л юманд биднийгээ удирдан манлайлж байдаг” хэмээн магтацгааж байв.

Ардчиллын партизанууд “Хонхны дуу”-гаар монгол түмнээ сэрээж байх тэр үед тэдний үеийнхэн, тэр дундаа У.Амарзаяа, Э.Ирэхбаяр, М.Урантуяа, Т.Улаан нар хэрэндээ л ардчиллыг дэмжиж, тухайн үед МХЗЭ-ийн үйл ажиллагааг шүүмжлэн, “Идэрчүүдийн холбоо”-ны салбарыг аймагтаа үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж. Тэднийг бага байхад зусланд 1-8 дугаар ангийн сурагчид л амардаг байсан бөгөөд ес, аравдугаар ангийнхан амрах эрхгүй байж л дээ. Мэдээж, том хүний амралтанд амарч бүр ч болохгүй тул тэр үеийн гажиг тогтолцоо байгааг анзаарчээ. 1991 оны хавар есдүгээр анги төгсөх дөхөж, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх тухай ярилцацгааж “Дарьганга” зусландаа яаж ийж байгаад амарна даа хэмээн ярьсны дүнд “Идэрчүүдийн холбоо”-ныхоо нөхдөд хэлж, “Ахлах ангийн сурагчид бид хүүхдийн зусланд амрах эрхгүй, том хүний амралтанд ч очих эрхгүй, бид тэгээд хэн юм бэ. Хэрэв бид хүүхэд мөн бол зусланд амрах ёстой” гэсэн шаардлагыг тухайн үеийн аймгийн удирдлага болон хүүхдийн байгууллагынхаа удирдлагуудад тавьсны үр дүнд ахлах ангийнхныгаа зусланд амраах “виз” авч байсан гэнэ. Хүүхдүүдийн хувьд энэ бол ардчиллын төлөөх томоохон тэмцэл байсан аж. Уг нь тэдний шаардсанаар аравдугаар анги төгссөн сурагчид зусланд амрах ёстой байсан ч дараа жил нь зусландаа амарч чадаагүй. Учир нь “виз” авсан тэр зун зусланд амарч байсан зарим “хөдөлгөөнтэй” хөвгүүд багш нарынхаа үгэнд орохгүй “том толгой” гаргаж, элдэв хэрэг тарьснаар хугацаанаасаа өмнө гэртээ харихаар болсон байна. Тэд тракторын чиргүүл дээр ачигдан, аймгийн төв рүү хүргэгдэж байх замдаа чиргүүл дээрээс үсрэн бууцгааж буцаж ирээд, зуслангийн хаяанд байх элсэн манхан дунд байрлаж байсан аж. Нэгэнт л нөхцөл байдал ингэж эргэсэн тул охид нь хоолноосоо илүүчилж хөвгүүддээ аваачиж өгдөг байсан юм байна. Чухам энэ л дуулиант хэргээс үүдэж, дараа дараагийн ахлах ангийнхан зусланд амрах эрхээ эргэн алдсан аж. Эдний ангийнхныг Дарьганга зуслангүйгээр төсөөлөх аргагүй гэдэгтэй бүгд санал нэг байлаа.

Ангийн найз Х.Мөнхзул нь өдгөө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байгаа аж. Тэрээр “Бидний үеийнхэнд “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриатай социализмын үеийн суурь хүмүүжил, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, юманд хариуцлагатай, хүний төлөө гэсэн тусч нинжин сэтгэл зэрэг олон сайхан чанар шингэсэн байдаг. Тэр үед бүх зүйл картын бараанд шилжиж, өмсөх, идэх зүйлээр одооны хүүхдүүдээс маруухан байсан. Нийгмийн шилжилтийн завсрын үед амьдралынхаа гараагаа эхлүүлсэн байсан болохоор зарим зүйл дээр нийгмээс улбаатай олон хүчин зүйл нөлөөлж хүнд хэцүү байсан ч манай үеийн ихэнх залуус үүнийг даван гарч бүгд мэргэжил боловсролтой болж, Монгол Улсынхаа төр, нийгмийн салбарт тэргүүлж амжилттай яваа олон залуус бидний дундаас төрөн гарсан. Манай аймагт ялангуяа тэр үеийн эвлэл, пионерийн байгууллагаас хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарч, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Тэр бүхэнд манай ангийнхан маш идэвхтэй манлайлан оролцдог байлаа. Бүрээн дуунаар сэрж, бөмбөрийн дуунаар алхаж, нэг уриатай, нэгэн зорилготой, нэгнээ гэсэн сэтгэлтэй болгож олон сайхан хүүхдийг үерхэж нөхөрлүүлж, олон сайхан арга хэмжээг зохион явуулдаг байсан Дарьганга зуслан бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой” хэмээн дахин зуслангаа магтаад авлаа.

“Том” ангийнхнаас өдгөө 10 гаруй хос төрөн гарсан бол Ж.Батзандан гишүүний төгссөн 10д ангиас хараахан хос төрөөгүй хэмээн гишүүн өгүүлэв. Ангийнх нь охид түүнийг “Хичээлдээ ёстой гавал хүүхэд байсан ч одоогийнх шиг тийм мундаг дуу чангатай хүүхэд байгаагүй, их л даруухан хүүхэд байсан. Харин Унгар руу сургуульд явж ирээд тэс өөр Батзандан болоод ирсэн” хэмээн тодотгосон юм. Чимээгүй инээж суусан Ж.Батзандан гишүүн “Наадуул чинь мань мэтийгээ тоохгүй ээ. Сагс тоглодог, өөр сургуулийн хөвгүүдийг тоодог байсан юм. Би чинь морь их унадаг хүүхэд байсан. Зуны амралтаараа гэртээ харьж амарчихаад бов бор царайтай, үс зүс нь жигтэйхэн ургачихсан ирдэг байлаа. Ер нь тийм амьтныг хэн ч тоохов дээ” гээд ангийн охид руугаа харахад нөгөөдүүл нь “үгүй шүү” гэсэн байртай түүн рүү харна.

Ж.Гантулга, Ш.Оюунчимэг нар хоёрдугаар найман жилийн хамгийн онц сурлагатнууд байсан бөгөөд хоорондоо үерхдэг байж. Ж.Гантулгын хувьд “Үерхдэг байсаан” гээд инээхээс хэтрээгүй бол Оюунчимэг нь “Тэгэхэд нээрээ хүүхдүүд их гайхдаг байсан байх” хэмээн үг нэмнэ. Харин Э.Ирэхбаярын хувьд ангийнхаа хамгийн үймүүлдэг, хичээл номд шамдах дургүй хүүхдүүдийг онцолж найзалдаг байж л дээ. Тухайн үедээ ангийнхан нь ихэд гайхдаг байсан ч хичээлдээ тааруу хүүхдүүдэд хичээлийг нь зааж өгөх, сахилга баттай болгох асуудал дээр нь анхаарч байсныг нь сүүлд мэдсэн гээд инээлдэнэ. М.Энхзаяа харин “Загийн алим” гээд кино байдаг даа. Тэр кинон дээр Агиймаа Хүдэрийг яаж хүмүүжүүлдэг байлаа даа. Манай Ила (Ирэхбаярыг найзууд нь ийн дууддаг аж) чинь яг л тийм хүүхэд байсан байхгүй юу” хэмээн өгүүлэв. Тэдэнд гадны хүчин зүйлс гэхээсээ илүүтэй кино урлаг хүмүүжилд нь нөлөөлдөг байсан гэнэ. Сонгоны ангид тэднийг ороход Эрдэнээ багш нь Ш.Оюунчимэгийг “Чи дандаа онц сурдаг байсан юм уу. Чиний онц ч дээ” гээд хэлэх тэр үед нь “Ямар зэвүүн багш вэ” хэмээн дотроо бодоод хичээлдээ улам их шамддаг байсан гэнэ. Магадгүй тухайн үеийн багш нар сургахын тулд ийм арга хэрэглэдэг байсан байж болох.

Төгсөлтийн 20 жилийн ойн уулзалт. 2012 он

Маргааш (өнөөдөр) Сүхбаатар аймгийн 1995-1988 оны төгсөгчдийн спорт өдөрлөгтэй аж. 1996 оны төгсөгчид энэ жилийн спорт өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд оролцох тамирчдадаа охид нь хоол, цай бэлдэх тухай ярив. Энэ үед Э.Ирэхбаяр “Өнгөрсөн жилийн спорт өдөрлөгөөр манай доод талын буюу 93 оны төгсөлтийн “охид” гэртээ хоол, цай бэлдээд ирчихсэн байсан, манай тамирчин хөвгүүдийг бас дайлж. Тэгсэн манай хөвгүүд “Манай охид бидэнд эрхэлнэ үү л гэхээс халамжилж мэддэггүй юм ш дээ” гэж хуучилсан гэсэн. Энэ тухай бид сүүлд нь сонсоод алдаагаа сүрхий ойлгож, маргаашийн өдөрлөгт хэд хэдээрээ нийлээд хоол, цай бэлдэхээр тохиролцсон юм. Энэ үед ангийнхаа нэг охиныг их л үгүйлж дурсацгаалаа. Д.Ариунсанаа маань саяхан бурхан болсон юм л даа. Маш нийтэч, цайлган, юм бүхэнд уриалж, манлайлаад л явж байдаг нэг сайхан найз маань биднээсээ түрүүлээд явчихсан, түүний маань орон зай бидэнд их л үгүйлэгдэж байна даа” хэмээн ангийнхан нь өгүүлэв.

1992 онд тэднийг аравдугаар анги төгссөний дараа тухайн жилд нь их, дээд сургуульд элсэн орсон оюутны төлбөрийг сүүлчийн удаа дааж, 1993 оноос эхлэн аав, ээж нь төлбөрийг нь төлдөг болж эхэлсэн аж. Ямартай ч тэднийг төрийн сангийн зээлээр сургасан ч “Одоо болтол тэрийгээ өгөөгүй шүү дээ” хэмээв. Тухайн үед одоогийнх шиг гар утас байгаагүй, хичээл тарах үеийг тааруулаад дотуур байр руу очно. Цонх руу нь чулуу шидэж дохио өгдөг байсан тухай Ж.Гантулга өгүүлэв. Азгүйтээд өрөөндөө байхгүй бол дараагийнхаа ангийн хүүхэд рүү явдаг байлаа гэсэн юм. Тэд оюутан болж ирээд дөрөвдүгээр дэлгүүр, 64 дүгээр дэлгүүрээс загасан талх, архи авдаг байсан тухай ярив. Охид нь архи уудаггүй болохоор шаглаад зарчихдаг байж л дээ. Харин загасан талхаа дотуур байр руугаа алхаж явах замдаа идчихдэг байсан аж. Дотуур байрныхаа өрөөнд дөрвүүлээ байдаг болохоор нэгийгээ талханд дугаарлуулж үлдээгээд нөгөө гурав нь хичээлдээ явах маягаар ээлжилж талхтайгаа залгадаг байсан гэнэ.

Холоос хичээлдээ явдаг оюутнууд нь автобуснаасаа зүүгдээд явна. Автобус хүртэл тийм цөөхөн явдаг байж. Автобус буудал дээрээ зогсохгүй заавал хэтэрч зогсоно. Тэнд нь уралдаж суух гэж ёстой л алаан болдог байсан юм байх. Тэдний ангийн Н.Уламбаяр “Like HD” телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэрээр “Биднийг сурагч байхад аймгийн кино театрт “Хонгилдон”, “Эхийн ач” гээд Солонгосын уран сайхны кино гарч хүүхэд залуусыг байлдан дагуулж байлаа. “Харш”, “Дурсамж”, “Шигтгээ” хамтлагийн дуунууд ид хит болж байсан. “Аялгуу” хэмээх диско клуб үүд хаалгаа нээж бидний үеийн охид, хөвгүүдийн цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг болж байлаа” гэхэд Ж.Батзандан гишүүн “Манай ангийнхан чинь “Болор” хамтлагийн “Оломгүй хөх далай” дууг дуулдаг байсан. Одоо нэг сонсгочих уу” хэмээн гар утсан дээрээ өнөөх дууг хангинуулав. Тэд оюутан байхдаа 30 төгрөгөөр фургонд суугаад Дэнжийн мянга орж захаас хувцсаа бэлддэг байж. Ш.Оюунчимэг нэг удаа зах орж жинсэн өмд авчихаад уутанд хийлгэн элгэндээ тас тэвэрчихээд автобусанд сууж. Чихэлдэн явсаар арай гэж ууттай зүйлээ тэврэн буугаад иртэл хулгайч нар аль хэдийнэ уутыг нь зүсээд өмдийг нь аваад хоосон уут тэврүүлээд явуулчихсан байж. Тэрнээс болж зөндөө уйлж билээ хэмээн инээж байсан юм.

Н.Уламбаяр “Миний хувьд Баруун-Уртын зүүн дэнжийн “Норовын мухлаг” хэмээн алдаршсан жижигхээн мухлагийн гадаа сүүн дээр ёстой үзэж тардаг байлаа. Манай тэр мухлагаас л “сүхбаатарынхан сүртэй, сүүн дээрээ зодоонтой” гэсэн үг улбаатай байх гэж боддог юм. Гэхдээ л би тэр жижигхэн мухлагаас хорвоогийн хамгийн амттай бүхнийг хүртсэн шүү. Одоо болтол би тэр мухлагаас авч иддэг байсан орос алим шиг тийм сайхан амттай, тийм анхилам үнэртэй алимыг олж амтлаагүй л байна. Ийм л хүнд хэцүү, ховор живэр, бэрх цагт бидний сурагч насны минь сүүлчийн өдрүүд өнгөрсөн ч гэлээ ёстой гуниггүй гудиггүй нас байсан болохоор хүндийг хүнд, хэцүүг хэцүү гэж бодолгүйгээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүртэй юм шиг л байж дээ” гэв. Тэдний ийн ярихыг сонсоод Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай сурагчид байжээ хэмээн дүгнэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коби Брайнт ба монголчууд

Сагсан бөмбөгийн түүх бол “Майкл Жордан” гэдэг ойлголт байсныг үгүйсгэх нэгэн үйл явдал манайхаар бол өнгөрөгч пүрэв гаригт боллоо. “Хар Мамба зодог тайллаа” гэсэн ганц өгүүлбэр дэлхийн спортын түүхэнд трэнд болж байна. Энэ өдөр “Лос Анжелес Лэйкэрс” багийн “түлхүүр” Коби Брайнт сагсөн бөмбөгийн ертөнцөд 20 жил зүтгэсний эцэст зодог тайлсан. Түүний Лэйкэрсийн нэр дээр тоглосон сүүлчийн тоглолт “Юта Жазз”-ын эсрэг байв. Алдарт “Стэплэс цэнтр”-т багтахгүй шахам цугласан үзэгчдийнхээ өмнө 101:96-гийн харьцаатай Коби “Юта”-г буулган авлаа. Коби гэхийн учир нь багийнхаа 101 онооны 60-ыг нь ганцаараа “түүсэн” юм. Голден Стэйт Уорриос улирлын 73 дахь хожлоо байгуулж NBA-ийн шинэ түүхийг бичсэн ч домогт “Хар мамба”-гийн сүрэнд дарагдсан гэдэгтэй хүн бүхэн санал нэг байна. Үнэндээ бол Голден Стэйтийн 73 дахь хожлыг “Or­acle Arena” байсан хүмүүсээс бусад нь анзаараагүй. Анзаараагүй гэхийн учир нь Коби анхаарлын төвд байсан юм.

1996 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Нью-Иорк Никсийн эсрэг тоглолтод чөлөөт шидэлтээс карьерийнхаа анхны оноогоо авч байсан тэрээр жинхэнэ нэр хүндтэй зодог тайллаа. Америкчуудын бахархал байжээ гэдэг нь хэдхэн хоногийн өмнө харагдсан. Алдарт Майкл Жордан зодог тайлах сүүлчийн тоглолтдоо 15 оноо авч байсан бол Коби 60 оноо авлаа гээд шуугьж байх юм. Тэр бүү хэл Америк даяар дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг #MambaDay буюу Мамбагийн өдөр болгон тунхаглалаа. Америкчууд өөрсдийн бахархлыг ингэж бий болгож чаджээ. АНУ-ын спортын энэ жишиг манайд хэрэгтэй байна. Хэдэн сая ам.доллар эргэлддэг сагсан бөмбөгийн түүхэнд хэдэн сая ам.доллараар хэмжигдэхээргүй үйл явдал болсон нь 37 настай сагсан бөмбөгч Коби Брайнтыг үдэх байв. Мамбаг зодог тайлах сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган ам.долларт хүрсэн хэдий ч хэдэн сарын өмнө тасалбар нь дууссан талаар шуугьж байсныг санаж байгаа байх. 10 мянган ам.доллар гэдэг бол манай ханшаар 20 сая төгрөг болно. Гэтэл манайхан хамгийн их хүндлэл хүлээдэг хөлстэй хэдэн бөхчүүдээ ноцолдохыг харах гэж 10 мянган төгрөгөөр тасалбар худалдан авч байна гээд бод. Өөрсдийн бахархлыг бий болгоно гэдэг бол монгол Кобиг бий болгоно гэсэн үг. Зодог тайлах сүүлчийн тоглолтын ганц тасалбарыг 10 мянган ам.доллараар борлуулна гэсэн үг.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд эхлэнгүүт л 50 муж нь “Өрнө”, “Дорно” гэсэн хоёр хэсэгт хуваагдан хоорондоо үзэлцдэг. Улирлын тоглолтууд үргэлжилсээр эцсийн мөчид хоёр баг аваргын төлөө шалгарч үлдэн “Аваргын бөгж”-ний эзэд тодордог. Зүгээр л хоёр баг аварга авах гэж тэмцэлдэж байгаа мэт боловч ард түмэндээ ямар их баяр баясгалан, бахархлыг төрүүлдэг гээч. Дайн холдох тусам тэдэн дундаас л үндэсний баатар төрдөг. Үүний нэг нь Коби Брайнт. NBA гэдэг бол асар их мөнгө эргэлддэг орон зай. Түүнийг дагаад бизнесийн боломжууд үргэлж дагаж байдаг. Тоглолтын дундуур реклам явахад л “бут” авдаг гэлцэх юм билээ. Америкийн дунд сургууль, коллежоосоо эхлээд сагсан бөмбөгийн аваргуудаа шалгаруулдаг. Тэдэн дунд Америкийн ирээдүйн бахархлууд бий болж байна, цаана чинь. NBA-ээс дутараахгүй NCAA буюу их дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээнээс дараагийн одууд нь төрөөд эхэлчихэж.

NBA өндөрлөж, аварга баг тодорсон өдөр америкчуудын тэн хагас нь унтдаггүй. Аварга болсон багтаа хүндэтгэл үзүүлж хот даяараа баяраа тэмдэглэдэг. Маргааш нь тэр хотынхон тэдэн ширхэг хот дог, гамбургер, пицца иджээ. Тэдэн мянган литр кола ундаа уужээ гээд л тоо баримт гаргаж ирж байгаад л шуугьдаг. Үндсэн утга нь баярлахдаа хүртэл хүнсний салбараа дэмжиж байх жишээтэй. Бидэнд ийм л жишиг дутаад байна. Хаа байгаа Америкт Коби Брайнт зодог тайлж байхад монголчууд нойргүй хонож байх жишээтэй. Бид ингэж хүндэлж чадаж байна шүү дээ. Харин одоо бидэнд Мамба шиг үндэсний бахархал болох хүн хэрэгтэй байгааг хаа хаанаа бодолцох л ёстой. Монголчуудын бахархал, омогшил, сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж чаддаг хүнтэй, багтай болж ганцхан түүний тухай л яримаар байнаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гэсэн бага нэгжээс нь эхлээд Америкийн арга барилаар спортын аль нэг төрлийг гаргаж ирэх цаг хэдийнэ болжээ. Бүр болохгүй бол шинэ спортын төрлийг ч нээсэн болно. Харин энэ тэмцээн нь үндэсний бахархал байх ёстой. Монголын эдийн засгийн форумын үеэр “Монгол мөрөөдөл” гэдэг өөрсдийн бахархлыг бий болгохоор залуучууд бүтэн өдрийн турш хуралдсан. Цаашид ч гарцаа хайна гэж байна лээ. Хайгаад байгаа “Монгол мөрөөдөл” чинь энэ юм биш үү. Хэрэв бид үүнийг бий болгож чадвал үндэсний баатартай, Монголоороо бахархдаг болох нь төдий чинээ нэмэгдэх юм. Харин тэр үндэсний баатар, монгол бахархлаас хайр энэрлийн халуун гэгээ цацарч байх ёстой юм шүү. Энэ л бидэнд дутагдаад байна. Жалга довны хэрүүл, улстөрчдийн хийрхлийг мөн ч олон жил харлаа. Харамсалтай нь нам гэдэг намирсан “туг”-ийг өндөрт өргөснөөс үндэсний баатартай болсонгүй.

Монголын бүх ард түмний спартакиад 1961 оноос хойш арвандөрөв дэх удаагаа болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Монголын бүх ард түмний их наадам 20 спортын төрлөөр эхлэн үргэлжилж байгаа ч ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаггүй шүү. Өнөөдрийн байдлаар өвлийн спортуудаас эхлээд жүдо, чөлөөт гэхчилэн олны анхаарлын төвд байдаг төрлүүд аваргуудаа тодруулсан ч ямар шинэ аваргатай болсон бэ гэдгийг мэдэж байгаа хүн үнэндээ алга. Ийм байж болох уу. Уг нь энэ спартакиадаас чинь л баатрууд нь төрж байх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын тэмцээнүүдийг нь шууд дамжуулж, дундуур нь үндэсний компанийнхаа рекламуудыг явуулаад, аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Бүх ард түмний спартакиадыг олны анхаарлын төвд оруулж бахархлаа тэндээс нээмээр байх юм. Америкчууд сагсан бөмбөгийн үндэсний аваргаа тодруулчихаад шөнө нь нойргүй хонон баярлаж байхад монголчууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдахад зурагт үзэж нойргүй хонож байсан. Саяхан “Баянгол” зочид буудалд хүчний байгууллагынхан хоёр компанийн бичиг баримтыг шалгахаар очих үед “Женко” Х.Баттулгыг баривчлах нь гэж сүржигнэн өдрийн ажлаа барсан. Үнэндээ Х.Баттулга, Н.Энхбаяр хоёрыг телевизээр үзлээ гээд бидэнд яг юу үлдэж байна вэ. Хийрхэл, атаархал, үзэн ядалт, хагарал бутрал, хар хор, жигшил зэвүүцэл л үлдэж байна. Монголоо монголчууд нь үзэн яддаг адын зүйлд хөтлөгддөг болж. “Миний даргыг барьдаг, хорьдог, шалгадаг чи хэн бэ” гэж ирээд л “Хаа таарсан газар нь нам бууд” хэмээн хийрхэх боллоо.

Хэдэн тэнэг даргынхаа аль бүлэглэл фракц нь ялах вэ гэдгийг харж байхаар үндэсний бахархалтай болцгооё. Үндэсний бахархлаа бид багийн спортоос сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол спортын ганцаарчилсан төрлөөс сонгочихоор жалга довны бахархал болдог. Үндэсний бөхийнхнийг хар. Аймаг, хошуу, жалга довоороо талцдаг. Тэр бөх түрүүллээ гэхэд фэйсбүүкт хөөргөдөж, хэдэн лайк авахаас ер хэтрэхгүй. Гэтэл цаад америкчууд чинь Коби Брайнтаа зодог тайлсан өдрийг хүртэл баярын өдөр болгон тэмдэглэж байна. Төр засгаас нь албан ёсоор баярын өдөр болгоогүй байтал иргэдийнх нь өөрсдийн хүсэл санаачилгаар баярын өдөр болгож байх юм. Бахархлаа бүтээнэ гэдэг нь энэ. Гэтэл манай зарим нэг үндэсний бөхийн тамирчин “Зодог тайлна” хэмээн сүр дуулиантай мэдээлэл тараачихаад маргааш нь “Би зодог тайлахаа болилоо” хэмээн ичих ч үгүй яриад сууж байдаг. Огтхон ч санаа зовсон зүйлгүй ярина гээч. Тиймээс багийн спортыг гаргаж ирэх ёстой гээд байна л даа. Тэр бахархал болсон спортын багаас баатар болох тамирчин төрөн гардаг учиртай. Цаад тамирчин нь ч гэсэн үнэхээр үлгэр дуурайл болж чаддаг. “Бүх талаас нь оролд. Тоглолт бүр дээр өөрсдийгөө дайчил. Чамайг дуусгах өдөр ирмэгц чамд ямар ч харамсах шалтгаан байхгүй болно. Зүрх сэтгэлээсээ тогло. Маргааш гэж байхгүй мэт бэлтгэл хий. Харамсах шалтгаан үлдээхгүйгээр тоглолтыг орхиж гар…” хэмээн Коби Брайнт хэлдэг тухай багийнхан нь ярилцлагадаа өгүүлсэн байна. Энэ үгийг сонсож буй тамирчид дундаас дараагийн Коби төрдөг юм. Монголчууд бид тийм л “Коби”-той болмоор байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулах хэрэгтэй

УИХын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Таны хувьд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм уу?

-Манай улсад сонгуулийн өмнө эсвэл баяр ёслол, амралтын өдрүүдийг далимдуулж, лоббины хууль , тогтоол баталдаг буруу жишиг тогтчихлоо. Энэ байдал нь энэ парламентын үед улам л газар аваад байгаа. Үнэхээр л Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан бол эртхэн оруулж ирж, хэлэлцүүлэг хийж, аль болохооор хийдүүлэлгүйхэн шиг, шүүсийг нь дориухан шахаж байж гаргамаар байсан юм. Гэтэл “давчуу хугацаанд хүч түрэн батлах” гэсэн хандлага ажиглагдаж байгаа учраас эсрэг байр суурьтай байгаагаа чуулганы хуралдаан дээр илэрхийлсэн л дээ.

Давхар дээлтэй байх асуудлыг зохицуулах харин ч цаг үеэ олсон асуудал юм биш үү?

-Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн яамны гурван сайд нь Их хурлын гишүүн байж болно. Бусад сайдууд нь Их хурлын гишүүн байж болохгүй гэж төсөлд тусгажээ. 2016 оны сонгууль болоход бага хугацаа үлдэж байна. Ийм үед Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж яаравчилж байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна. Тохироонууд хийгдсэн байхыг байг гэхгүй. Сайдын суудал горилогчид нам ялбал сайд болно шүү гээд намдаа мөнгө хандивлаад, удирдлагуудаа тойглоод, хүлээлтийн байдалд шилжихээр ярилцсан байж ч мэднэ. Уг нь ард түмнээрээ эрэмбэлүүлээд, дүн тавиулаад парламентын босгыг алхсан хүн гэдэг басчиг тодорхой шалгуурыг давсан гэсэн үг. Гэтэл мөнгө, танилын холбоогоороо төрийн өндөр албан тушаалд очихыг би хувьдаа таашаадаггүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд сонгогч түмэн “Чи биш шүү. Дэмжихгүй” гээд байхад “Их сунгаанд хүчээ сорьж бүдэрснийхээ төлөө шагнал” болгож албан тушаал авдаг явдал бий шүү дээ. “Давхар дээлтэй” гэж ад үзэгддэг хэдий ч яамныхаа ажлыг сайн хийж, Их хурлынхаа ажилд ч чухал үүрэгтэй оролцдог, туршлага, мэдлэгтэй ажил хэрэгч хүмүүс бас байна. Гэтэл ард түмнээсээ санал авч чадалгүй уначихсан атлаа “шагналын сайд” болсон зарим нэгэн нь “давхар дээлтэй”-гээсээ долоон дор ажиллаж байх жишээтэй. Тэгэхээр хүнээсээ, мэдлэг чадвараасаа, туршлагаасаа, сэтгэл, хичээл зүтгэлээсээ хамаардаг. Мянган сэтэр зүүлгэсэн ч сэтгэлгүй хүний ажил явдаггүй. Ачаалал ихтэй ч зүтгэлтэй хүний удирдсан ажил урагштай байдаг. Ингээд үзэхээр дан, давхар дээлэндээ асуудал байгаа юм биш.Ер нь миний хувьд пропорциональ хувилбараар буюу намын жагсаалтаар сонгогдохыг эсэргүүцэж, тулгуур хуулийн зарчмыг зөрчиж байна гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс 76 гишүүнийг тойргоос сонгогддог байя гэсэн санаачилга гаргаад, санал тавиад байсан боловч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг авч чадаагүй. Одоо нэгэнт хууль батлагдсан учраас “жагсаалтдаа мөнгөтэйг нь биш мэдлэг оюунтайг нь оруулаач” гэсэн урилга дэвшүүлээд байгаа. Миний хувьд 2012 оны сонгуулиар биеийн амрыг харвал МАХН-ын дэд даргын хувьд жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх боломжтой л байлаа. Гэвч бусад намуудын удирдлагуудад хандан уриалга гарган, ард түмнээсээ сонгогдохыг санал болгосон боловч МАН, АН, ИЗНН гээд намуудын дарга нар дэмжээгүй. Бүгд жагсаалтад орж нуугдацгаасан. Энэ удаа ч гэсэн дахин тийм уриалга гаргах гэж байна.

Хүлээж авах болов уу даа?

-МАН, АН-ынхан өөрсдийгөө улс төрийн голлох хүчин гэж зарлаад байдаг. Тэр намуудын дарга, удирдлагууд эрхбиш жагсаалтын ард нуугдахгүй байлгүй. Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулж, рейтингээ тогтоолгох хэрэгтэй шүү дээ. Хэрвээ олонхын дэмжлэг авч чадахгүй бол улс төрд зайгаа тавьж өгөх цаг болсны шинж. Ийм шударга, ил тод өрсөлдөөн нь улс төрийг илүү соёлтой, эрүүл харагдуулна. Хоосон ярих биш биеэрээ үлгэрлэх нь чухал байна.

Ерөнхий сайдаас гадна гурван сайд нь Их хурлын гишүүн байж болно гэж хуулийн төсөлд тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн зүйл гэж та тайлбарлаад байсан. Яагаад?

-Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр заавал тоо зааж өгөлгүй, тухайн гүйцэтгэх засаглалын тэргүүн хэдэн сайдыг УИХ-ын гишүүдээс томилох уу гэдгээ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд, нэр дэвшүүлээд чуулганаар хэлэлцүүлээд батлуулаад явах боломжтой юм.

Одоо болохоор фракцуудын сонирхол, эрх ашгийг тусгах гээд хатуухан хэлэхэд “шахааны” нөхдүүдээрээ танхимаа дүүргэж байгаа. Үндсэн чиг үүргийн Сангийн, Гадаад харилцааны, Байгаль орчны сайдыг парламентын гишүүдээсээ сонгоно гэж байна. Гэвч үнэндээ батлан хамгаалахын салбар хамгийн чухал учраас яагаад үндсэн чиг үүрэгт оруулж болохгүй гэж. Ингэж бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яаравчилж, бялуу хэрхэн хуваарилахыг хуульчлан, сонгуулийн өмнө улс төрийн шоу хийхийнхээ оронд томоохон, цогц шинэчлэл хийх цаг нь болсон.

Энэ парламентын отгон чуулган нээлтээ хийлээ. Эдийн засгийн байдал амаргүй байна. Зайлшгүй, шуурхай хэлэлцэх өөр ямар хуулиуд байгаа бол. Хугацаа бол маш бага үлдлээ?

-Миний хувьд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, саяхан нийтдээ 108 удаа уулзалт хийлээ. Иргэдийн санал, хүсэлт, шаардлагыг нэгтгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд, Байнгын хорооны дарга нарт санал хүргүүлсэн. Шударга ёс эвслийн бүлэгтээ ч өглөө. Иргэдтэй уулзаж байхад амьдрал нь амаргүй байгааг дуулгаж, тулгарч байгаа бэрхшээлүүдийг нэг бүрчлэн танилцуулсан. Тиймээс энэ хаврын чуулганаар татварын хуулиуд болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиудыг яаравчлан шуурхай хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Эдийн засаг ийм хүнд байхад заавал НӨАТ-ын баримт хэвлэх машин ав гэж хувиараа бизнес эрхлэгчдийг дарамтлах шаардлагагүй. Энэ мэт асуудлыг эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй.

Иргэдийн зүгээс ямар санал түлхүү хэлж байсан бэ. Та Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй хөдөө орон нутагт очиж ажилласан гэсэн?

-Хаврын чуулганы завсарлагаанаар зөвхөн Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй, Архангай аймагт очиж ажилласан. Өвөрхангай гээд хэд хэдэн аймгуудаар явахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн дэлгүүр эрхлэгч нар зээлээр бараагаа өгдөг системд шилжсэн байна. Иргэд тэтгэврийн болон хүүхдийн мөнгөний дэвтрээ барьцаалж хүнсээ авч байна. Зээл аваад найдвартай төлж байгаа хүмүүстээ тусгай дэвтэр гаргаад бүртгээд явж байхтай таарсан. Ийм нөхцөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого буураад байгаа. Маш олон бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болох эрсдэлтэй байна. Үхэх нь үнэн. Татвар төлөх нь үнэн гэдэг зах зээлийн зарчим бий. Иргэдтэй уулзалт хийхэд НӨАТ-ын баримт хэвлэгч машины тухай л ярьцгааж байна. Эдийн засаг хүнд байгаатай холбогдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг газар бүрт ярьж байлаа. Цалин авдаг ч аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр дуусч, юунд ч хүрэлцэхгүй байна. Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй. Хэдийгээр иргэд маань амьдрал ахуй нь хүнд байгаа хэдий ч Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын асуудал дээр сэтгэл зовниж байгаа илэрхийлж байна. Тэд хэтийг харсан, монгол хүндээ ээлтэй, хөгжлийн бодлого тодорхойлж хэрэлдэж талцалгүй хамтарч ажиллаач ээ гэдгийг онцолж байлаа.

МАН, МАХН нэгдэж сонгуульд орох асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Дүгнэлт, шийдвэр нь гарсан уу. Нэгдэх асуудал байхгүй гэдгийг Н.Энхбаяр дарга хэлсэн. АН, МАХН хоёр цаашид хамтарч сонгуульд орох уу, яах уу гээд асуулт байна л даа?

-МАН, МАХН хамтарч ажиллах талаар би хамгийн их ярьж, санаачилга гаргадаг хүн л дээ. Өмнө нь ч танай сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлж л байсан. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаад баяртай байгаа. Ажлын хэсэг даруйхан шийдвэрээ гаргах ёстой. Таныг орж ирэхийн өмнөхөн “Юу болж байна” гээд асуугаад сууж байлаа. Ямартай ч санамж бичгийн төсөл гарчихсан байна. Зарим нэг зүйл дээр санал нэгдэж чадахгүй байгаа юм билээ. Энэ талаараа цаашид ярилцаж, зөвшилцөж, шийдэх боломж уг нь бий л дээ.

Зөвхөн МАН-тай биш Ардчилсан нам, Монголын ногоон намтай хамтран ажиллах хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шийдвэрээр л ойрын өдрүүдэд хамтрах уу, эс хамтрах уу гэдгээ шийднэ. Энэ долоо хоногт бараг шийдвэр гарчих болов уу даа. Тэгэхгүй бол нийгэмд хүлээлт үүсгээд өөх ч биш, булчирхай ч биш болоод байна л даа. Миний хувьд жил болгон чуулган бүрийн завсарлагаанаар тойрог болон хөдөө орон нутагт ажилладаг. Тэдний санаа бодлыг аль болохоор хууль тогтоол боловсруулахад тусгах, холбогдох албан тушаалтнуудад хүргэх, байр суурийг нь шийдвэр гаргах түвшинд хүргэхийг хичээдэг. Нийгэмд талцал хэтэрхий гаарч байна. Шашнаараа, намаараа, аймаг сумаараа, талцдагаа больж “Монгол Улсаа гэсэн нэг эрх ашиг”-ийн төлөө нэгдэх, хүчээ зузаатгах, хамтран ажиллах нь зөв гэж боддог.

Саяхан болсон Монголын эдийн засгийн форумыг ажиглаж байхад нэг намын ҮАБЗ-ийн гурван гишүүн, төрийн гурван өндөрлөг маань гурван тийшээ харсан гурван өөр үг хэллээ. Нэг нь “Таван толгойг гацаачихлаа. Том төслүүдээ хөдөлгөх ёстой” гэж байхад нөгөөх нь “Бид Таван толгойг авч үлдлээ ч гэж байх шиг. Хоёр хөршийнхөө талаар бодууштай олон зүйлийг хэлж байна лээ. Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гишүүд хоорондоо эв нэгдэлтэй, нэг дуу хоолойтой байхгүй болохоор ард түмэн итгэл алдарч байна.

Сүүлийн үед улстөрчид өш санасан мэт шүд зуусан мэдэгдэл ч хийх болов. Улс төр, эдийн засгийн цус холилдсон бүлэглэлүүдийн тулаан ил цагаандаа гарч байна. Энэ нөхцөл байдлыг гадаад, дотоодын санаа буруу нөхдүүд дэвэргэж, үймээн самуун руу хөтлөх вий гэж болгоомжлох юм. Тиймээс монголчууд бид ухаантай байж, аливаа турхиралтад үл автаж, хүчирхийллийн бус замаар эв нэгдэлтэй байж давна гэдгээ байнга бодож байх хэрэгтэй. Бид эвдэрвэл, бие биенээ хэт үзэн ядвал бутаргах, сульдаах шиг амархан зүйл үгүй.

Ардчилсан нам дотор лидерүүдийн тулаан өрнөөд байна уу гэж харагдаад байгаа. Харин МАХН дотор ихээхэн хэмжээний мөнгө тойрсон асуудлууд л их байх шиг байна. Үүнээсээ болоод хоригдож ч үзлээ шүү дээ?

-Ихээхэн хэмжээний мөнгө гэдэг нь юуг хэлээд байгаа талаар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Сая, сая ам.долларын асуудал манай нам дээр яригдахгүй байгаа. Яахав ганц нэг зөрчил аль ч намд гардаг л байх. Зарим хүмүүсийн санаатай болон санамсаргүй алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Уул уурхайн лиценз, тендер авч намаа санхүүжүүлсэн зүйл манайд алга. Хэдэн тэрбум, тэрбумаар намаа санхүүжүүлсэн жишээ манай улсад бий шүү дээ. Намын санхүүжилтийн асуудал бүх намын хувьд толгойны өвчин болсон. Зөвхөн МАХН-д ийм асуудал тулгараад байгаа юм биш. Том намуудад ил болоогүй болохоос шалгах, нягтлах зүйл харин ч их байгаа байх шүү.

МАХН-ын хувьд олигарх, нам дамжсан эдийн засгийн бүлэглэлтэй хутгалдаагүй, гадаадынхантай нийлээд баялгаа хуулийн хүрээнд хулгай хийхээр сүлбэлдээгүйгээрээ ялгарна гэж бардам хэлэх байна. Магадгүй Шийлэгдамбын асуудал харин ч олон нийтэд намуудын тухай хуулийг өөрчлөх, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох цаг болсон гэдгийг тод томруунаар харуулсан ч байж мэднэ. Гэхдээ энэ дунд нугалаа явж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Намын санхүүжилт гэсэн өнгөлөн далдлалт нэрээр хэлмэгдүүлэлт хурцдаж эхэллээ.

Маргааш Н.Энхбаяр даргыг хоёр жилийн өмнө баривчилсан өдөр болно. Миний бие монгол төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүнийг цагдаа, хууль хүчний байгууллагынхан сүрийг үзүүлэн барьсныг буруу гэж үздэг. Монголын төрд зүтгэсэн хүмүүсийн түүх эмгэнэлтэйгээр төгсөөд байдгийг түүх хангалттай гэрчилнэ.

Танай бүлгийн Л.Цог, Г.Уянга нарын гишүүд бүлгээс гарчихлаа. Цаашид бүлэг яах бол. Д.Батцогт гишүүн АНд орсон. Хоёр гишүүн гарсан. Одоо тойргоос сонгогдсон ганц гишүүн нь та юм биш үү?

-“Шударга ёс” эвслийн бүлэг задрахгүй гэж бодож байгаа. Харин дахиж нэмэгдээд нэг гишүүн гарах юм бол нөхцөл байдал хэцүүднэ. Анх манай бүлэг 11 гишүүнтэй байсан. Эднээс дөрөв нь тойргоос сонгогдож, долоо нь квот буюу жагсаалтаар орж ирсэн. Д.Батцогт гишүүн АН-д орж, сая Л.Цог, Г.Уянга хоёр бүлгээс гарчихлаа. Тойргоос сонгогдсон ганц гишүүн бүлэгтээ үлдээд байгаа нь би.

Та бүлгээсээ гарах юм уу?

-Бүлгээс гарна гэсэн бодол алга. МАХН-ын дэд даргын хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд ч сонгууль болох хугацаа ойртсон учир энэ засгийг бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоо бужигнууллаа гээд цөөн улстөрч л хожихоос биш олон түмэн л хохирно.

Н.Энхбаяр дарга хэзээ Монголд ирэх вэ. Долоо хоногийн хугацаатай БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан ч ирээгүй байна. Н.Энхбаяр даргыг явсных нь дараа түүний хамгаалагч М.Мөнхөө гээд залууг АТГаас баривчилсан байна лээ

-Учир начир нь олдохгүй ар араасаа баривчилгаа л үргэлжлээд байх юм. Миний хувьд хууль хяналтынхны өмнөөс ярих боломжгүй л дээ. Гэхдээ бие хамгаалагчаар ажиллаж байсан хүнийг яахаараа ч хорихоор болчихдог юм. Ерөөсөө ойлгохгүй байгаа. Гэхдээ эхнээсээ учир нь тайлагдах байх л гэж найдаж байна. МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар суллагдлаа. Н.Энхбаяр дарга БНСУ руу явахынхаа өмнөх өдөр л явах гэж байгаа гэдгээ хэлсэн. Ачаалал ихтэй ажиллаж байгаа болохоор ирж эмчилгээгээ хийлгэ, шинжилгээнүүд өгөх шаардлагатай гэж БНСУ-аас мэдэгдсэн юм билээ. Тэр хүрээндээ явсан. Саяхан Н.Энхбаяр даргатай ярихад шинжилгээгээ өгөөд, эмчилгээгээ хийлгэж байна гэсэн. Шинжилгээний хариу нь гарвал эх орондоо хүрээд ирэх байлгүй дээ.

Та намынхаа дэд даргын албан тушаалаа өгнө гээд өргөдлөө өгсөн. Та болохоор Н.Энхбаяр дарга байгаа үед хоёр дэд дарга байх шаардлагагүй гэсэн. Гэсэн ч таны ярьж байсны бүр эсрэгээрээ гурван дэд даргатай болж өөрчлөлт орчихлоо л доо

-Миний хувьд Н.Энхбаярыг эх орондоо ирж, намынхаа ажилд ороход “Ямар ч байсан бүрэн бүтнээр нь намаа хүлээлгэж өгье, халуун чихийг нь атгуулъя” гэж хэлээд өргөдлөө өгсөн хэрэг. Гэвч нөхцөл байдал ч өөрөөр эргэж байна. Манай намын Бага чуулган хуралдаад дэд даргаас чөлөөлөөгүй, харин ч нэмж одоо гурван дэд даргатай болгох шийдвэр гаргасан. Олонхын шийдвэрийг дагах ёстой л гэж боддог. Энэ чинь ардчиллын нэг үнэт зарчим шүү дээ.

Он гарсаар Монгол Улс 750 сая ам.долларын зээл авчихлаа. Ерөнхий сайд Хонгконгт Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцохдооМонголд бизнес эрхлэх орчин бүрдлээгэдэг зүйлийг хэлсэн байна. Зээлийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр бизнес эрхлэх орчин сайжирч байгаа бол сайн л байна. Гэхдээ базаахгүй мэдээ мөн ч олон байна. Өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөндөө ажил хийсэн хувийн компаниуд одоо болтол мөнгөө авч чадаагүй байна. Бизнес эрхлэгчид маш хүнд байдалд оржээ. Төрийн ажил хийгээд хугацаандаа мөнгөө авчихна гээд бүгд зээл авчихсан. Гэтэл төр мөнгөө өгөхгүй болохоор тэд өрөнд орж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болжээ. Ажлыг нь хийлгэчихээд “Улс мөнгөгүй байна. Чиний ажлын хөлсний 30 хувийг нь хасаад 70 хувийг нь өгнө шүү” гэсэн гэж бизнес эрхлэгчид ярьцгааж байна. Аймшигтай дарамтад оруулж байгаа биз дээ.

Дотоодынхоо компаниудын мөнгийг өгөхгүй байж гадаадын компаниудын мөнгийг 250 сая ам.долларын зээл авч төлөх юм гэнэ. Хан Ресурсын гэрээг цуцалж, хариуцлагагүй ажилласан төрийн түшээдтэй хариуцлага тооцохгүй байж, шууд 70 сая ам.долларыг нь барагдуулна гээд сууж байх юм. Жастин Каплагаас 35 тэрбум төгрөг авахгүй ч гэж байх шиг. Үндэсний бизнес эрхлэгчдэд яаж ингэж хатуурхаж чадаж байна аа. Аль болохоор асуудлыг түрүүлж шийдэхийг хичээх ёстой биз дээ.

Өмнө нь тантай ярилцаж байхад намын жагсаалтад “28 ланжгар орох ёстойгэж байсан. Сонгууль дөхсөн энэ үед таны бодол санаа хувираагүй байгаа биз дээ?

-Хамелеон биш дээ. Юу гэж өнөөдөр ярьснаа маргааш мартах вэ дээ. Байр суурь нь байнга холбирч байдаг тууштай биш занд дургүй. Өнөөдөр Монголын төрийн дүр төрхийг “тогоон” дотор нь байгаа хүний хувьд дэндүү сайн мэдэж байна. Тийм болохоор Монгол төрийн босгыг өндөрсгөе, салбар бүрийн мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, хий нь гарсан, улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх “ланжгаруудыг” оруулъя гэж уриалаад байгаа юм шүү дээ. Намууд жагсаалтын 28 гишүүний нэрс гаргахдаа ёстой л Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэх, “толгойг” нь хөгжлийн төлөө ашиглах эрхэм хүмүүсээ шигшиж байгаад оруулчихвал дараагийн парламентын өнгө тэс өөр болно доо. Тэгээд цаашлаад Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулж хууль тогтоох дээд байгууллага нь бодлогоо боловсруулж, хууль, тогтоолоо баталдаг болж, төсөв, томилгооны эрх мэдлээ гүйцэтгэх засаглалдаа хариуцуулж, болж өгвөл олигарх, бизнесийн бүлэглэлүүдийн сүүдрийг тусгамааргүй байна. Энэ бүлэглэлүүд үнэндээ өөрсдийнхөө эрх ашигтай л уях гэж Монголын хөгжлийг хойш татаж байна шүү дээ. Сэтгэл нь цэвэр, бодол нь цэгц, ухаан нь цэлмэг, хуримтлуулсан туршлага нь арвин, баргийн зүйлд барьц алдахгүй ланжгарууд л мөнгөний үнэрт автахгүй гэдэгт итгэж байгаа. Иргэд сонгуульд саналаа өгөхдөө нам бүрийн жагсаасан 28 хүнийг нь сайн харах хэрэгтэй. Тэр жагсаалтад нэр цэвэр улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах ямар ямар хүмүүсийг оруулсан байна гэдгийг харж сонголтоо хийх нь чухал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дэмбэрэл: Аль нэг нам нь улс төрийн оноо авах гэлгүйгээр өрийн асуудлаар ярилцах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Ээлжит бус чуулган хуралдсангүй. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэж байна гэсэн мессэж нэлээд явлаа. Таны хувьд ээлжит бусаар хэлэлцэх байсан конвенцийг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган хийх нь зөв гээд ээлжит бус чуулганыг зарласан байлгүй дээ. Цөмийн хог хаягдалтай холбоотой конвенцийн хэд хэдэн хуудас материал байсан. Би уншаагүй. Унших ч шаардлагагүй. Харин энэ чиглэлийн эрдэмтэд, ТББ-ууд юу гэж боддог вэ гээд харахаар ихэнхдээ үл мэддэг болон хэт их мэддэг хоёрын хоорондын зөрчил байна. Нийгэм энэ асуудлыг заавал мэдэх албагүй. Мэдээлэл ч байхгүй байгаа. Гэтэл энэ чиглэлийн эрдэмтэд, ТББ-ууд их мэдээд байх шиг байгаа юм. Би дотоодын хууль тогтоомждоо тухайн конвенцид нэгдэхийн тулд хууль тогтоомж нь бүрэн болсон байх ёстой гэдэг утгаар нь үүнийг асууя гэж бодож байлаа. Гэтэл тэр нь ороод ирлээ. Монгол Улсын хууль тогтоомжид салаа утгагүй ямар заалт оруулсан бэ гэдэг нь ил тод болох гэж байх шиг байна. Хоёрдугаарт, үндэсний хууль тогтоомжоос дээгүүр үйлчилдэг хууль тогтоомж байх ёсгүй гээд ярьж байна л даа. Монгол Улсын нийт хуулийн бараг 99 хувьд нь “…олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөнө” гээд заасан байдаг. Энэ хуулиараа явах юм болов уу, яах юм бол. Өөрөөр хэлбэл бид тусгаарлагдмал арлын үндэстэн биш. Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм, хүний бүх харилцаанд орчихсон. Бид глобал ертөнцийн нэг хэсэг болохоор тодорхой жигнэж үзэж байж хамгийн түрүүнд ард түмнийхээ мэдлэг мэдээллийг сайжруулчихаад цаашаа хэлэлцээд явахад болохгүй зүйлгүй. Нэг хэсэг нь Монголд цөмийн хаягдал булшлах гээд байна. Нөгөө хэсэг нь аврагч гэсэн дүрүүдэд хуваагдаж болохгүй. Тодорхой асуудал байвал ярилцаж байгаад хамгийн зохистой шийдвэрийг гаргах ёстой.

-Улс төрийн намууд сонгуулиас өмнө эвсэж сонгуульд орох нь ажиглагдаад байна. ИЗНН-д гэхэд нэлээд хэдэн нам эвсэх санал хүргүүлсэн гэх юм. Анх санал тавьсан АН-ынхаа хариуг өгсөн юм уу?

-Одоогоор процессууд явагдаж байна. Манай намын хувьд аливаа шийдвэрийг гаргадаг Улс төрийн зөвлөл, Үндэсний хороо гэсэн удирдлагын бүтэцтэй. АН-тай нэгдэх, эвсэх асуудал дээр хоёр намын олонх нь илэрхийлсэн бол намынхаа дүрмүүдэд холбогдох өөрчлөлтийг хийгээд явах байсан. Явцын дунд цаг хугацаа, хууль эрх зүй, дефакто талаасаа ч гэсэн нэгдэх боломжгүй болж байх шиг байна. Нөгөө талаас манай нам болон АН дотор ч гэсэн энэ процесс жинхэнэ утгаараа явж чадсангүй. Миний хувийн байр суурь бол нэгдэх нь зүйтэй гэж байсныг санаж байгаа байх. Хөлтэй намтай нэгдээд сайн ажилладаг толгойтой болоод явах нь зөв гэж байсан. Энэ байр суурь маань хэвээрээ. Гэсэн ч одоохондоо гацаанд ороод зогсчихлоо. Дараагийн асуудал нь юу байх вэ гэхээр АН-тай нэгдэх асуудлыг өнөө маргаашгүй ярилцана. Манай Үндэсний хорооноос ажлын хэсэгт дангаараа орох, эвсэх, нэгдэх нь ямар байна гэдгийг тодорхой болгох чиглэл өгсөн. Энэ сарын 16-нд хуралдаад энэ талаараа ярилцана. АН-тай нэгдэх үү гэдэг дээр ярилцах байх. Эвсэхэд процедур их болохоор хуулиараа хэцүү байдаг. Үзэл баримтлал талаасаа хоёр нам лебирал болохоор ойролцоо гэсэн үг. АН-тай нэгдэх процедур үргэлжилнэ. Гэхдээ цаг хугацааны нэлээд шахуу хүрээнд явах юм.

Нөгөө талдаа манай нам ХҮН-тай эвсэх ажлын хэсэг байгуулсан. ХҮН дотоод асуудлаа шийдэх ёстой байсан учраас хамтрах асуудлаасаа илүү дотоод асуудал руугаа анхаарал хандуулсан. Үүнээс болоод эвсэх асуудал ерөнхийдөө зогсонги болчихлоо. Онолын хувьд цаашид процесс үргэлжлэх боломжтой.

-МҮАН мөн танай намд захиа хүргүүлсэн гээд байгаа бил үү?

-МҮАН, Эх орон намаас эвсэх захиа ирүүлсэн байгаа. Үндэсний хороо хуралдаад энэ захианд албан ёсны хариу өгөх ёстой гэсэн. Тэр утгаараа ажлын хэсэг байгуулах нь зөв гэж үзсэн. Ингээд харахад ИЗНН бусад улс төрийн намуудтай эвсэж орох асуудал дээр шийдвэр гаргах байх. Энэ бүхэн бүтэлгүй болбол дангаараа сонгуульд орох уу гэдгээ шийднэ. Дангаараа орвол хэн яаж дэвших юм. Бидэнд ямар боломж байгаа вэ, одоогийн рейтинг ямар байна гэхчилэн эргэж харах зүйлс бас байна.

-Танай намын рейтинг ямар байна?

-Рейтинг бага байгаа. АН-тай нэгдэнэ гэдэг асуудлаас болсон уу яасан сүүлийн үед манай намыг судалгаандаа ч оруулахаа байсан байна лээ. Энэ талаас нь бодоод үзэхээр нэгдсэн, эвссэн ч мөрийн хөтөлбөр дээрээ ажиллах ёстой юм байна гээд хоёр долоо хоногийн өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн.

-Монголын эдийн засгийн форум боллоо. Жил бүр болдог энэ хурал өнөө жил “Сургамж, сорилт, шийдэл” нэрийн дор болсон. Жил болгон болдог ч үр дүн хэр байна вэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал яг ямар байгаа бол?

-Давост болдог дэлхийн эдийн засгийн форумд дэлхийн томоохон бизнес эрхлэгч, лидерүүд оролцдог. Энэ нь өөрөө маш том институци болчихлоо. Үүнээс ямар нэгэн шийдвэр гардаггүй. Зөвхөн өөрсдийн байр сууриа солилцдог. Манай эдийн засгийн форум ч гэсэн яг тийм хэлбэртэй. Тиймээс хүмүүс болон сэтгүүлчид “Жил бүр хуралдаж, ярих юм. Үр дүн хаана байна. Ноднин ийм зүйл яригдаж байсан, хэрэгжсэн үү” гэж асуудаг. Үүнийг бодох ёстой.

Өнөөдрийн бидний өмнө тулгарч буй сорилт, шийдэл нь юу байна гээд манайхан шийдэл хайж байна. Тэр бүү хэл энэ жилийн хувьд “Монгол мөрөөдөл гэж юу вэ” гээд танхим дүүрэн цуглачихсан ярьж байгаа харагдсан. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр монголчууд бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг мөрөөдөл хэрэгтэй болсон юм байна гэдэг нь тодорхой байна лээ. Үүнийгээ тодорхойлох гэж оролдож байгаа юм байна. Албан ёсны монгол мөрөөдөл бол батлагдчихсан. Тэр нь “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-аа баталчихсан. “Монгол мөрөөдөл”-ийн талаар ярьж байгаа залуусыг харахаар инноваци, бизнесийн хууль тогтоомж гээд хэрэгтэй л зүйл яриад байгаа нь анзаарагдсан.

Гэхдээ эдийн засгийн форум болохоос өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрт “Энэ жил хамгийн их ярих асуудал чинь өрхийн эдийн засаг биш юм уу. Өрхийн орлого, зарлага, ядуурал, Монголын нийт өрхийн орлогын тэгш бус байдал, өрийн дарамт гээд өрхөд инфляци хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг асуудлыг тойрч яривал яадаг юм. Анх удаа өрхийн эдийн засгаа ярьдаг болбол яасан юм” гэдэг санал дэвшүүлсэн. Нэгэнт хэлэлцэх асуудал батлагдсан гэж байна лээ. Хөтөлбөрт орсон ороогүй нэг салбар хурал нь энэ хүрээнд явах ёстой байсан.

-“2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” чинь амьдралд нэг л бууж өгөхгүй байгаа санагддаг юм?

-Энэ зорилт чинь сайхан ирээдүй, мөрөөдлийн тухай байгаа юм. Сайхан ирээдүйн тухай бид саарал, гундуу фонон дээр ярихад хүний чихэнд үнэмшилтэй очиж чаддаггүй. Харин миний цалин, тэтгэвэр нэмэгдэх болов уу гэсэн өнөөдрийн асуудлыг энэ форум яаж шийдэх гэж байна вэ гэдгийг л хардаг. Энэ бүхний талаар яриасай гэж боддог. Бид инноваци, хориннэгдүгээр зууны шинжлэх ухааны хөгжил ярихаас гадна яг өнөөдөр тулгараад байгаа асуудлыг ярих ёстой. Сүүлийн нэг жил өрхийн эдийн засгийн талаар судалж байна. Макро эдийн засгийг ерөнхийд нь мэдэж байгаа. Мөн мөнгөний бодлогын хүрээнд Н.Золжаргал шинэ тэнцвэр гээд яриад байна л даа. Энэ нь юу юм, яагаад хэрэгжихгүй байгаа юм, яагаад төсвөө -3.2 гэж алдагдалтай баталсан юм. Энэ чинь хувийн хэвшилд очих мөнгийг багасгаад байна гээд байгаа биз дээ. Цаад процесс, механизм нь юу вэ гэдгийг би хэлж чадна. Би Их хуралд сууснаас хойш төсөв хэрхэн яаж баталдгийг харлаа. Тойрог гэдэг юм чинь одоо л гарч ирдэг юм. Би жагсаалтын гишүүн. Нийгэм намайг жагсаалтаар орж ирсэн гээд үзэн яддаг. Гэтэл миний авах ганц юм нь хэзээ ч “А” гэдэг тойрог ярьдаггүй. Би “М” буюу ганц Монгол гэдэг тойрог л ярьдаг. Тухайлбал, АН, МАН огт ялгаагүй төсөв дээр ингэнэ, тэгнэ гээд гээд хөрөнгө оруулалтыг нь нэмдэг. Ингэхээр чинь зарлага нь орлогоосоо хэтэрчихдэг. Үүнийгээ ямар нэгэн зүйлээр нөхөх шаардлагагүй. Эцэст нь Засгийн газар үнэт цаас гаргаад Монголбанк, арилжааны банкуудад санал болгодог. Баталгаатай, өндөр хүүтэй болохоор гоё л байдаг. Манай эдийн засаг өнөөдөр яг ямар байгааг хэлэх үү.

-Тэг л дээ. Тэгж л уг нь танаас асуугаад байгаа шүү дээ?

-Манай эдийн засаг ерөнхийдөө “зомби” байдалтай болчихсон. Зомби яаж явдаг билээ. Үлгэн салган салганаад явж байгаа нь хүртэл цаанаа нэг тийм байдаг биз. Аль байгууллага нь байлаа даа энэ оны манай эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь байна гэсэн байна лээ. “0”-рүү ойртох тусам хасах руу орчих гээд байна. Энэ тохиолдолд Монголбанкны хэлсэн үнэн л дээ. Инфляцийг нам дор түвшинд барих ёстой юу гэвэл тийм. Ам.долларын нэрлэсэн ханш 2050 төгрөг хүрчихээд бодит утгаар өсч байна. Гэхдээ инфляцид нөлөөлөх нөлөөллийг нь багасгаж хэт их хэлбэлзлийг нь багасгах зорилготой. Тийм учраас гурван тэнцвэр гэдэг нь нэгдүгээрт, төсвөө алдагдалгүй батлах, хоёрдугаарт нь, төсвийн тэнцэл алдагдалгүй байх, гуравдугаарт, өрийн зохистой удирдлага гэж хуваана. Манай төсвөө алдагдалтай батлаад эхний тэнцвэр нь байхгүй болчихлоо. Энэ нь хоёрдугаартаа нөлөөлнө. Монголбанкныхны хэлж байгаагаар урсгал тэнцэл ашигтай гарсан ч гэсэн бидний экспорт нь багасаад импорт нь хумигдсан ийм үед экспорт бага ч гэсэн тоо хэмжээгээрээ өсчихөөр нэмэх тэмдэг гараад эхэлж байгаа юм. Нэмж хэлэхэд Монголбанк, Сангийн яам, энэ чиглэлийн их дээд сургуулийн төлөөллийг урьж байгаад Өрийн удирдлагын тухай хурлыг ойрын хугацаанд хийгээд яг юу болоод байгааг ярих ёстой. Тэгэхгүй бол 44 их наяд гэдэг тоо гаргаж ирээд бүх хүндээ хуваагаад 15 сая төгрөгийн өртэй гээд байгаа юм.

-Манай улс өрийн дарамтад орсон уу?

-Олон улсын валютын сан ноднин дөрөвдүгээр сард ирээд “Танайх өрийн дарамтад орох гэж байна шүү” гэсэн. Өрийн дарамтад орчихсон. Одоо харин энэ өрийг хэрхэн хөнгөвчлөх вэ гэдэг асуудлаараа аль нэг нам нь улс төрийн оноо авах гэлгүйгээр ярилцах хэрэгтэй. Ингээд хэлэх гээд байсан гурван тэнцвэр дууслаа.

Өнөөдөр Монголд 820 гаруй мянган өрх бий. Үүнээс 74 мянга нь моргейжтэй. Өрхийн байдлыг нь аваад үзэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан 2012 оны хоёрдугаар улирлын сүүлч, 2013 он гэхэд нэлээд мөнгө эдийн засаг руу орсон. Үүнээс улбаалан өрхийн бодит орлого буюу инфляциар засварлагдсан орлого нь буураад байсан. Ингэж явсаар 2014 оны эхний улиралд доод цэгтээ хүрсэн. 2015 онд хасах руу орсон. Өөрөөр хэлбэл сүүлийн найман улирал дараалан, Монгол Улсын өрхийн бодит орлого буурч байна. Энэ том дохио мөн үү. Үүн дээр анхаарах ёстой, энэ чинь л эдийн засаг байхгүй юу. Яагаад гэхээр өрхийн эцсийн хэрэглээ, Засгийн газрын хэрэглээ, экспорт, хөрөнгө оруулалт маань ДНБ-ий ашиглалтын бүрдэл хэсгүүд юм. Бид эдийн засгийн нийт эрэлтийг идэвхжүүлж зомби хэлбэрээс нь гаргая гэвэл аж ахуйн нэгжүүдээ орлогожуулах улс төрийн болон эрх зүйн боломжуудыг нээж өгөх ёстой. Үүнтэй улбаалан хаврын чуулганаар татварын асуудал яригдана. Эдийн засгийн форум дээр ингээд мөнгөний бодлого ярьсан бол болох байлаа. Орчин үеийн эдийн засгийн хүмүүс өөр болсон байж магадгүй. Өөрөөр хэлбэл нээх сайхан инноваци яриад өрх өөрөө мэдэг гэж болохгүй. Нийгмийн дундаж ангийг 15 жилийн дотор шууд байгуулчихдаггүй юм. Манай эдийн засагт нэмэгдэл тэжээл хэрэгтэй байна. Тиймээс олон витамин агуулсан ундаагаар тордохгүй бол крант нь хаагдчихсан. Ингэж нэмэлт тэжээл өгч байж дундаж анги руу оруулна. Ингэж байж орлогын тэгш бус байдал арилна. Манайх ядууралгүй нийгэм байгуулъя гэчихсэн. Энэ удаагийнх нь амжихгүй юм шиг. Тиймээс дараагийн Засгийн газар нь миний ярьсан өрхийн эдийн засагт онцгой анхаарах хэрэгтэй.

-Сүүлийн үед бизнесийн салбарынхан улс төр, бизнес хоёрыг хольж хутгахаа боль гэдэг зүйлийг ярьж байна. Улс төр, бизнес нь өөр өөрсдийн замаараа явж болохгүй байгаа юм уу?

-Ерөнхийдөө хандлагыг нь ярья. “Тунгалаг Тамир” дээр Цахиур Төмөр гэж гардаг. Мөн Робин гүүд гээд кино байдаг даа. Энэ хоёр баячуудаас дээрэмдсэн зүйлээ ядуучуудад тараадаг байх аа. Дэлхийн аль ч өнцөгт иймэрхүү хандлага их бага хэмжээгээр гардаг. Баячуудаас нь авч ядууст тараая гэсэн Цахиур Төмөрийн бодлого цухалзаад байгаа. Хоёрдугаарт, үндэсний аваргуудыг төрүүлэх ёстой. Үндэсний манлай компаниудыг төрүүлэх шаардлагатай. Учир нь тэднийг яаж ч муулсан Монгол Улсын татварыг тэд бүрдүүлдэг. Нэгдүгээрт, үндэсний манлай компаниудаа дэмжих хөтөлбөрийг боловсруул гэж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ хандсан тусгай хөтөлбөр бий. Төрийн банкыг хувьчлахгүй байж байгаад үйлдвэржилтийн банк болгочих. Янз бүрийн сангуудаа нэгтгээд Төрийн банк 12 хувийн хүүтэй зээл олгож бусад банкуудаа шударгаар уриалан дуудах бодлогыг дэмжье. Мөн Хөгжлийн банкийг энэ тал руу дэмжигчээр оруулъя. Түүнчлэн бичил бизнесийн тусгай шугам нээх хэрэгтэй. Дэлхий даяар бичил бизнесийг дэмжих инноваци явж байна. АНУ-д гэхэд л барьцаагүйгээр зээл олгож байгаа. Манай албан бус сектор буюу өрхийн бизнес эрхлэгчид маш том орон зайг эзэлдэг. Ингээд явангуут томчууд нь орхигддог. Өөр яадаг гээч.

-Яадаг юм бол?

-Архи үйлдвэрлэлээ гэж загнана. Дээрээс нь онцгой татвар гээд авна. Шатахуун импортлогчдыг бензин оруулж ирлээ гэж загнана. Онцгой татвараар дарчихна. Ингээд байгаа хэрнээ нөгөөдүүл чинь төсвийн орлогыг бүрдүүлээд л байдаг байхгүй юу. Монголын эдийн засагт мөнгө байхгүй л гээд байгаа. Үнэндээ гудсан доор маш их мөнгө байна. Ийм хэцүү нөхцөлд хүмүүс мөнгөө зарцуулахаа больчихдог байхгүй юу. Айл өрхүүдэд хуримтлал үүсээгүй байдаг тул хэрэглээд дуусчихдаг.

-Сүүлийн үед Засгийн газрыг зээл их авч байна гэдэг шүүмжлэл яваад байна. Та энэ тал дээр ямар бодолтой яваа бол?

-Бид тусгаарлагдсан ертөнц биш. Олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаад санхүүгийн харилцаанд орж байгаа. Манай улс өрийг өрөөр дардаг завсрын үедээ байна. Учир нь 2012, 2013 онд хийсэн зам гэх мэтчилэн дээр хөрөнгө оруулалтын үр өгөөж нь шууд мэдрэгдэхгүй. Энэ талаас нь бодоод өрийн зохистой удирдлага талаасаа хэрэгжүүлэх ёстой.

-Та оюутны зээлийн талаар ярьж байсан. Хэрэгжүүлэх боломж хэр байгаа вэ?

-Монгол Улс өнөөдөр оюутны зээлийн тогтолцоотой болох ёстой. Одоо бол төрийн сангийн зээлийн тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр ихэнх оюутнууд аав, ээжээрээ цалингийн зээл, малчны зээл авахуулаад төлбөрөө төлүүлж байна. Дунджаар 19 хувийн хүүтэй зээл авч байгаа. Банкнаас зээл авах гэж бөөн юм болдог. Зээлээ авч чадвад ёстой л бөөн аз. Дэлхийн улс орнууд оюутнаа боддог юм билээ. Монголын хувьд зургаан хувийн хүүтэй оюутны зээл бий болгочихвол аав, ээж нь 19 хувийн хүүтэй зээл авах шаардлагагүй болно. Нэг талаасаа хүүгийн дарамтад орох нь бага гэсэн үг. Ингээд хөнгөрүүлээд өгчихвөл мянга мянган оюутнуудын аав, ээжид маш их дэм болно. Олон ч оюутны сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлнэ. 19-өөс зургаан хувь болоод буучихвал 13 хувийн хүүгийн зөрүү гарч ирнэ. Энэ нь тухайн өрх айлдаа нэмэртэй бөгөөд аав, ээж нь хүүхдүүдээ халаасны мөнгө өгдөг болчих юм. Энэ бол маш энгийн байгаа биз. Олон улсад байдаг. Л.Гантөмөр сайдад би энэ санаагаа хэлсэн. Үүнийг зарлаасай гэж бодож байна. Хамгийн цагаа олсон оновчтой шийдэл энэ байх юм.