Categories
мэдээ цаг-үе

Б.Ундармаа: Бид явж байгаа ажлыг аль болох үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Ундармаатай ярилцлаа.

-Сонгинорхайрхан дүүргээс Их хурлын гишүүний мандатыг өвөртөлж ирсэн. Өмнө нь тус дүүргээс Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан хүний хувьд иргэдийнхээ өмнө тулгамдсан хүндрэлтэй асуудлыг илүүтэй мэдэх байх гэж хараад байгаа?

-Сонгинохайрханчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөртлөн Их хуралд орж ирлээ. Үүн дундаа Монголын ард түмэн эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэн 13 эмэгтэй хүнийг төрд илгээсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо төрд ямар хэрэгтэйг харуулсан сонголт болж чадлаа. 13 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирснээр нийт гишүүдийнхээ 17.1 хувийг бүрдүүлж байгаа юм. Дахин нэг эмэгтэй гишүүн орж ирсэн бол хуульд заасан 20 хувьдаа хүрэх байлаа.

Би чинь Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойргоос гишүүн болсон. Дан ганц Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй орон даяар иргэдийн амьдрал ахуй тийм ч сайн биш байгаа. Ялангуяа иргэдийн ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь эдийн засаг, нийгмийн амьдралд таатай биш нь тодорхой. Манай тойрогт гэхэд сургууль, цэцэрлэг, худгаас эхлээд тулгамдсан, заавал шийдэх асуудлууд бий. Өмнө нь гэхэд худаг барьчихаад үйл ажиллагааг нь эхлүүлж, тэнд ажиллах хүний ажлын байрыг нь бий болгоогүйн улмаас усны асуудал одоо ч тулгамдсан хэвээр байна. Төсөв мөнгө байхгүй гэх зэргээр олон шалтгаан тоочиж улаан тоосгон худгийн байшингаас өөр зүйл байхгүй байгаа. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч аливаа ажлыг бага гэлгүйгээр хийж эхлэх нь зөв л дөө. Саяхан УИХ дахь эмэгтэй гишүүдтэй НҮБ-ын суурин төлөөлөгч уулзаж, санал солилцлоо. Бидний ярьж буй нийгмийн асуудал, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, айх аюулгүй амар тайван орчинд амьдрах боломжийг бий болгох, хөрс, ус, агаарын бохирдол гэх мэт аюулын харанга дэлдсэн энэ бүхэн дээр бид хамтран ажиллана. НҮБ-ын цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан байгаа юм билээ.

-Дүүргүүдэд яг ямар асуудл.ууд хамгийн ихээр тулгамдаж байна вэ?

-Хүүхэд гэдэг бол бидний үргэлжлэл, Монголын ирээдүй шүү дээ. Өмнө нь тойргоороо явж байхад сурагчид гурван ээлжээр хичээллэж байна гэдэг байсан бол одоо дөрвөн ээлжээр хичээллэдэг болсон байна. Цэцэрлэг огт хүрэлцээгүйн дээр эмнэлгийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлэх нэг шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн эмч нарын ачаалал асар их байгаа нь үүнд нөлөөлөх бас нэг шалтгаан болж байна л даа. Өнгөрөгч хавар гэхэд янз бүрийн халдварт өвчнүүд их гарлаа. Цаашид эмнэлгийн салбартаа цогц арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ. Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож ажиллана.

МАН-ын мөрийн хөтөлбөр бол Монгол Улсын хэмжээнд амьдарч буй нийт иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл. Манай нам анх мөрийн хөтөлбөрөө ард түмнээ сонсох замаар гаргасан юм. МАН-ын мөрийн хөтөлбөр чинь Монголын ард түмний амьдрал байхгүй юу.

-МАН энэ сонгуульд нийгмийн халамжийн чиглэлийн зүйлсийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг амар биш. Эдийн засагч хүний хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Шинээр томилогдсон зарим сайдуудтай уулзаж байхад эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор судалж, тодорхойлоод бүлгийн хуралдаанд танилцуулахаар болсон. Үнэнийг хэлэхэд өглөөний долоон цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байгаа. Бид ямар эдийн засаг хүлээж авсан бэ гэдгээ тодорхойлоод зөв мэдээллийн дагуу ажиллах ёстой. Одоогоор бидэнд хийж, бүтээе гэсэн хүсэл байвч бодит байдал ямар байгааг хамгийн түрүүнд ард түмэндээ хэлэх учиртай.

Ямарваа нэгэн зүйлийг босгоход хэцүү байдаг хэрнээ нураах нь маш амархан. Бид эдийн засгаа хөл дээр нь бат зогсоохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах болно. Бизнес эрхлэгчдээс эхлээд иргэдийн нуруунд дарамт болоод буй дарамт, хүү, торгуулийг багасгах тал дээр анхаарна. Эдийн засгийн талаарх бодит мэдээллийг авчихаад энэ тал дээр дэлгэрэнгүй ярих нь зөв байх аа.

-МАН анх ипотекийн зээлийн хүүг санаачлан эхлүүлсэн гээд байсан даа. АН-ын үед хэрэгжсэн энэ ажил МАН-ын Засгийн газрын үед зогсох нь гэдэг яриа гарч. Ипотекийн зээлд хамрагдсан хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар түгшүүртэй байгаа нь анзаарагдаж байна. МАН үнэхээр зогсоох юм уу?

-2012 онд зургаан хувийн хүүтэйгээр ипотекийн зээлийг эхлүүлж байсан. Манай намын зүгээс ипотекийн зээлийг зогсооно гэж яг хэлээгүй шүү дээ. Цаашид энэ зээл үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах юм. Монголбанкны удирдлага саяхан шинээр томилогдсон. Удахгүй Төв банкны захирлын бодит мэдээлэл тодорхой болох байх.

Ер нь бол бид аль болох явж байгаа зүйлийг зогсоох биш дэмжиж, үргэлжлүүлнэ. Айл өрх бүрт нэмэр тус болохуйц ажлуудыг дэмжих л хэрэгтэй.

-Монгол Улсын Ерөнхий сайд 11 сайддаа тамгыг нь атгууллаа. Дөрвөн сайдын асуудал цаана нь үлдэж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг амлалтаасаа МАН ухарлаа гэсэн нийгмийн шүүмжлэл нэлээд байх юм. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Сайдууд ажлаа аваад удаагүй байна. Энэ удаагийн Засгийн газарт дадлага туршлагатай, бүтээлч хүмүүс сайд болсон гэж харж байгаа. Одоо томилогдоод буй 11 сайдаа бид бүлэг дээрээ 100 хувь дэмжээд гаргасан. Энэ хүмүүс дотор мэргэжлийн бус гээд хэлчих хүн байхгүй.

МАН УИХ-д 65 суудалтай болно гэдэг нь өөрөө маш том тоо. Тиймээс ард иргэд биднээс их зүйл хүлээж байгааг нь мэдэж байгаа. Үнэмлэхүй олонхи болох тусам иргэдийн зүгээс биднээс хүлээх хүлээлт маш өндөр болдог. Шинэ санаа, шинэ технологийг бүтээгч хүмүүс л Монголын нийгэмд хэрэгтэй. Өнөөдөр бидэнд хар ухаанаар хэлэхэд мөнгө босгож чадах тийм л хүмүүс хэрэгтэй гэдгийг мэдэж авцгаалаа.

-Өмнөх парламентын үед УИХ дахь эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулан ажиллаж байлаа. Энэ удаа та нар бүлэг байгуулах уу?

-Шинээр бүрэлдсэн Их хурлын эмэгтэй гишүүдийн 12 нь нэг намаас сонгогдсон. Завханаас сонгогдсон З.Нарантуяа маань АН-ынх хэдий ч бид хамтарч байгаа. Заавал албан, албан бус бүлэг байгуулах шаардлагагүй. Эмэгтэйчүүд нэг л санаа зорилготой байж, нийгмийн асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН-ынхан буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Их хурал шинэ Засгийн газраа байгуулж байна. Эхний ээлжинд 11 сайдыг томиллоо. Дөрвөн сайд нь харин орж ирээгүй байна. Таны хувьд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн, хэлсэндээ хүрсэнгүй хэмээн хэлж байгаа харагдсан. Шинэ Засгийн газрын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр АН-ынхан ялагдал хүлээлээ. Ний нуугүй хэлэхэд 2012 онд судалгаагаар АН 35 хувийн санал авсан юм билээ. Харин өнгөрөгч сонгуулиар АН-ынхан 33 хувийн санал авлаа. Тэгэхээр АН-ын рейтинг хоёр хувиар л унасан гэсэн үг. МАХН 2012 онд 23 хувийн санал авч байсан бол энэ удаагийн сонгуулиар 13 хувийн санал авлаа. Тэгэхээр манай 10 хувь байхгүй байгаа биз. Гэтэл МАН 2012 онд 33 хувийн санал авч байсан бол энэ удаа 43 хувь болж өссөн байна. Энэ юу вэ гэхээр манай намын 10 хувийг өөрсдөдөө наасан гэж ойлгож болно. Хоёрны нэг гэдэг дүрмээр сонгуульд орж байгаа тул 50-иас дээш хувийн санал авсан нь ялдаг. Тэр утгаараа МАН үнэмлэхүй олонхи болж АН, МАХН арчигдлаа гэдэг ч юм уу тийм зүйл биш.

МАХН-ын дарга Н.Энхбаяр маш буруу бодлого явуулсан. Учир нь МАХН-д УИХ-ын дөрвөн гишүүн орж ирж байлаа. Тэгэхэд Ц.Шинэбаяр гишүүнийг тойргийн гадна байлгаж байсан тул гомдоод гэдэг ч юм уу, ямар нэг шалтгаанаар тусдаа нам байгуулан явсан. Мөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва гэдэг хоёр хүнийг орж ирэхэд нь нэгд нь намд байдаг бүх албан тушаалыг өгч, хэлсэн албан тушаал бүрт нь хүргэж ирсэн. Нэгэнд нь төрд байдаг бүх албан тушаалыг өгдөг байлаа. Гэтэл өнөө хоёр нь намаасаа гарахад мэдээж намын гол удирдлагад байсан гэдэг утгаараа савлаад манай намын 10 хувь МАН руу шилжчихэж байгаа юм. Хэрэв цаашид зөв бодлого бариад явбал МАХН алдсан 10 хувиа байтугай МАН-ын 43 хувийг ч авах боломжтой. Учир нь бид нэг угшилтай намууд. Тиймээс би МАН-ынхныг засаг байгуулахад нь “Хуулиа барина шүү” гэсэн. Хэнийг оруулж ирэх нь хамаагүй. Мэргэжлийн байна уу, мэргэжлийн бус байна уу гэдэг дээр шүүмж хэлээгүй. Нэгэнт ажиллаж чадна гээд ард түмэн хаан сонголтоо хийсэн бол цаашаа явах ёстой. Тэр утгаараа би “Эхлээд бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж байгаа бол бүтцээ эхэнд нь батал. Бүтцээ баталж байгаа юм бол бүтэц хугацаагүй байдаг. Хугацаагүй учраас АН завсарлага хүсч байгаа бол өгөх хуультай. Харин бүрэлдэхүүн нь хуулийн хугацаатай” гэсэн юм. Бүтцээс хамаараад хуулийн хугацаа нь явдаг учраас эд нар 30 минутын завсарлага өгсөн. Энэ чинь хууль бус боллоо шүү гэдгийг өөрсдөд нь хэлсэн. Дараа нь дөрвөн сайдаа оруулж ирэхгүй байгаа нь асуудалтай. 11 сайд нь хуулиа дагасан. Бусад нь хуулиа дагаагүй гэдэг хууль байхгүй. Нэг хүн оруулж ирээгүй л бол тэр нь хууль зөрчсөн болдог. Тиймээс би эмэгтэй хүмүүсийг элэг барьж байгаа юм шиг байхаа боль. Оруулж ирсэн дөрвөн сайдын эмэгтэйчүүд нь энэ хүмүүсээс юугаараа дутуу юм гэж хэлсэн.

-Одоо тэгээд яах юм?

-Би эд нарыг 100 хоног харъя гэж байгаа юм. 100 хоног сайн ажиллавал би дэмжээд явна. МАН-ынхан буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ. Эсэргүүцээд явна. Би ганцаараа биш шүү. Миний ард 100 мянган хүн байна. Миний ард бүхэл бүтэн эрдэнэтчүүд байна. Миний ард 30 мянган хүн байна. Миний ард МАХН байна. Миний ард бодитой улс төрийн гурав дахь хүчин байгаа шүү. Манайхан өөрсдийгөө хоёр дахь, гурав дахь хүчин гээд яриад байдаг юм билээ. 21 аймагт өгсөн саналуудыг хараарай. Нэгд, Монгол ардын намынханд санал өгсөн байсан. Хоёр дахь нь Ардчилсан нам, гуравдугаарт МАХН л байлаа шүү дээ. Манай улсад 20 гаруй нам байгаа хэрнээ ямар ч байсан гуравдугаарт МАХН-д саналаа өгсөн нь үнэн л байгаа биз дээ. Тэр утгаараа бид гурав дахь хүчин. Харин одоо бол жижиг намууд гурав дахь улс төрийн хүчин дээрээ ирж нягтраасай гэж хүсч байна.

Монгол Улсад 20 нам хэрэггүй. Гурван нам байхад л хангалттай. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан даа. Түүнээс хойш долоон удаагийн парламентын сонгууль болоход нэг ч удаа хоёрхон нам ялж байсан түүх байхгүй. Гурав буюу түүнээс дээш нам парламентад суудал авч байсан байхгүй юу. Тиймээс ард түмэн зөвхөн хоёр намыг л дэмждэг гэж хэлж болохгүй. Ямар ч байсан гуравдагч хүчин байх ёстой гэж үзэж байгаа. Тэр утгаараа би өөрийгөө гуравдагч хүчний орон зай дээр байна гэж харж байгаа шүү.

-Жижигсгэсэн тойргоор сонгууль явуулах нь ямар байна вэ. Сонгуулийн тогтолцооны тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол. МАХН 13 хувийн санал авсан ч та л ганцаараа гишүүн боллоо?

-Би дангаараа 13 хувийн санал аваагүй. МАХН 13 хувийн санал авсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг хүн 28.9 хувийн санал авч гишүүн болсон. Улаанбаатар хотыг хасаад 21 аймаг дотор хамгийн олон өрсөлдөгчтэй нь манай 47 дугаар тойрог байсан. Манай тойрогт есөн хүн нэр дэвшин өрсөлдсөн. Бусад аймгуудын тойргууд гэхэд хоёр, гуравхан хүнтэй өрсөлдөж байлаа. Дунджаар зургаа байсан юм. Харин есөн хүн нэр дэвшсэн гэдэг нь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Энэ есөн хүн маш өндөр хэмжээний өрсөлдөгчид байсан тул багадаа 300 санал авсан. Шударга хэлэхэд миний саналыг хулгайлсан.

-Яаж тэр вэ?

-Би 8000 хүнд нэрийн хуудсаа тараасан. “Хэрэв та нар намайг дэмжвэл миний дугаар руу мессэж бичээрэй” гэсэн юм. Сонгуулийн өдөр надад 625 мессэж ирсэн. 625 мессэж дээр “Таныг гэр бүлээрээ дэмжлээ”, “Таныг гурван хүн дэмжлээ”, “Таныг 120 хүн дэмжлээ” гэсэн тоо байсан. Тэр мессэжээр би 5800 хүний санал авчихсан байлаа. Гэтэл 4222 л болсон байна лээ. Яахав, даравч далдайна. Булавч бултайна гэдэг шиг зүйл болсон. Би маргаан үүсгэе гэж бодоод бүх утасны дугаарууд руугаа утасдаад “Та саналаа өгсөн үү” гэж асуугаад тэр хүмүүсийг дуудахад бэлэн байсан. Яагаад гэхээр би хар машин, хар технологитой байлдаж байгаа. Намайг сонгуулийн үеэр аймшигтай гүтгэсэн.

-Юу гэж гүтгэв?

-Намайг хүн амины хэрэг хийсэн мэт гүтгэсэн. Ний нуугүй хэлэхэд энэ дээр юу хэлэх вэ дээ. Тэр бүгдийг нь тогтоогоод “Энэ хүмүүсийг би дуусгана” гэдгээ хэлсэн.

-“Дуусгана аа”, эвгүй сонгогдож байх чинь?

-Дуусгана гэдэг нь шударга ёсыг тогтоохын төлөө зүтгэнэ гэсэн үг. Би сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд маргаан үүсгээд, заргалдаад яах юм. Нэг энгийн жишээ хэлье. “Нар туссан цаг” гээд сониныхон намайг хоёр удаа гүтгэсэн. Сонгуулийн штабынхан маань тэднийг цагдаад өгчихгүй юу. Тэгсэн чинь Эрдэнэтэд байгаа бүх хэвлэлийнхэн намайг гүтгэсэн. Дараа нь би тэр сониныхонд “Ахын дүү нар намайг ингэж гүтгэсэн байгаа биз” гэхэд “Уучлаарай” гээд уучлалт хүссэн бичиг өгсөн. Үүнийг залруулах гээд хэвлэлийн хурал хийхэд нэг ч хэвлэл ирээгүй.

Монгол Улс дэндүү ялзарчихлаа. Тиймээс монголчууд өөр юм хүсч байна. Монголын ард түмэн гуравдагч хүчнийг хүсч байгаа.

-Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас зургаа дахь удаа дуулсан албан бичиг хүргүүллээ гэдэг зүйл яваад байна. Энэ талаар мэдээлэл авсан байлгүй дээ. Тайлбар хэлэхгүй юу?

-МАН үнэмлэхүй олонхи болсон юм чинь намынх нь даргаар ажиллаж байсан хүнд гайгүй хандах байлгүй дээ. Тэртэй тэргүй бүх намын дарга нар санхүү босгох ёстой байдаг. Намын санхүүжилт босгохын тулд намынхаа гишүүдтэй янз бүрийн сэдвээр ярих ёстой. МАН, АН ялгаагүй тэгж ярьдаг. Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа өөрчлөхгүй бол шударга ёс тогтооно гээд нэгнийгээ хэлмэгдүүлэх хэрэггүй.

Н.Энхбаяр дарга Монголын төрд хийсэн ажил, хэлэх үгтэй л хүн. Монголчууд нэг хүнийг хоёр удаа зодохыг тэвчдэггүй. Монголын ард түмэн харж байгаа. Ардын нам Монголын ард түмэнд өртэй. Ардын нам хэдийгээр ард түмэнд өртэй боловч тэднийг уучлаад явуулсан. “Та нар бидэнд 25 жил гай тарьсан ч гэсэн уучилъя. Төрөө барь” гээд эрхийг нь олгосон. Тэд үнэмлэхүй олонхи болсон юм чинь өөр хүнийг ч гэсэн уучлаад явах ёстой. Түүнээс биш нам нам руугаа заналхийлээд байгаа ч юм шиг, хэлмэгдүүлээд байгаа ч юм шиг байж болохгүй. Хууль хүчний байгууллагууд нь өөрсдөө ажлаа хий л дээ. Хамгийн ноцтой нь юу гэхээр сонгуульд оруулдаггүй.

МАХН сонгуульд орохдоо хоёр үүрэгтэй оролцсон. Эхнийх нь сонгуульдаа оръё, хоёр дахь нь ялъя гэж. Бусад намынхан зөвхөн ялъя гэсэн ганцхан үүрэгтэй орсон. Үнэндээ хууль нь мань мэтэд үйлчилчих гээд байдаг хэрнээ нөгөө хэдэд үйлчилдэггүй. Ийм нөхцөлд л бид сонгуульд орсон юм шүү дээ. Тиймээс Н.Энхбаяр даргын талаар яриад байгаа энэ зүйлийг болих хэрэгтэй. Яагаад энэ хүнийг тайван байлгахгүй байгаа юм бэ. Н.Энхбаяр дарга 60 насны босго давчихлаа. Яасан ч дуусдаггүй өш хонзон яваад байдаг юм. Яасан ч дуусдаггүй хэрэг юм.

-Өнгөрөгч дөрвөн жилд та эрх баригчдын нэг байсан ч сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж ирсэн. Энэ Их хурлын эхнээс мөн л сөрөг хүчний гишүүн шиг ярьж байгаа харагдах юм. Та угаасаа ийм сөргүүлэх дуртай хүн үү. Нэг сайн зүйл ярьж байгаа нь таныг маш их төлөвшсөн байна гэх юм?

-Би сөрөг байгаагүй байхгүй юу даа. Анх Их хурлын гишүүн болж орж ирээд асар их юм хийе, бүтээе гэсэн мөрөөдөл дүүрэн орж ирдэг. Энэ бол алтан боломж. Тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр орж ирсэн хүмүүс их шатдаг байсан байх.

-Шатна гэдэг нь яадаг юм. Та шатсан юм уу?

-Хийе, бүтээе гэсэн бүхэн нь тэр бүр биелээд байхгүй болохоор дотроо шатдаг байхгүй юу. Наад зах нь Тамхины хяналтын тухай хууль дээр жишээ авахад тамхи татдаг хүн тамхины хууль санаачлаад, түүнийгээ нэг их ариун явдалтай хүн шиг яриад явахаар яаж дэмжих юм.

Одоо МАН олонх болсон. Би хуулийн хүрээнд явна. Гэхдээ эдний ажил эхлээгүй байхад буруутгаж, шүүмжлээд байх хэрэггүй. МАН-ынхан аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар эхний дүнгээ тавиулна. Мөн 2017 онд дүнгээ тавиулна. 2020 онд дүнгээ тавиулж таарна. Багаар бодоход наад зах нь үймээн самуун дэгдлээ гэхэд наана нь ч дүнгээ тавиулж мэднэ.

Эрдэнэтийн 49 хувь дээр ямар юм явчихав. Ард түмэн үнэхээр айдастай байна. Эрдэнэтийнхэн санаа нь зовсон байгаа. Намайг Эрдэнэтэд очно гэдэг сургаар долдугаар сарын 7-ны өдөр Горнек зааланд 250 гаруй хүн цугласан байсан. Наадмын өмнө хэн ч улстөржихийг хүсэхгүй. Тэр хүмүүс надаас 49 хувь яачихав гэж асуусан. Би “М.Энхболд даргад бичиг явуулна. Судалгаа хийнэ. Яг юу болсныг та нартай адилхан мэдэхгүй байна. Мэдэхгүй зүйлээ би тааж ярихгүй” гэсэн юм. Даваа гаригт л шийдчих юм шиг ярьсан, байдаггүй. Би тэвчээртэй харж байгаа. Би ард түмэндээ амласан тэр бүх зүйлээ биелүүлэхийн тулд энэ дөрвөн жилд ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Банкны хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Та Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаас УИХ-ын гишүүн боллоо. Ямартай ч иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг хүн төрд орж ирлээ гэж байна. Ирэх дөрвөн жил ямар бодлого барьж ажиллах вэ?

-Юуны өмнө надад итгэл хүлээлгэсэн Сонгинохайрхан дүүргийн гурав, дөрөв, тав, зургаа, 26 дугаар хорооны иргэд сонгогчдодоо талархлаа илэрхийлье. Та бүхний сонголтыг итгэл, зүтгэлээр хариулна гэж хэлмээр байна. Ирэх дөрвөн жилд хамгийн эхэнд эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, үүдээ барьсан 65 мянга гаруй аж ахуйн нэгжийн хаалгыг нээх, эдийн засгийг эрүүлжүүлж лебиралчлах чиглэлд Засгийн газраас оруулж ирж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болно. Мөн салбарын эрдэмтдийн үгийг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллах бодолтой байгаа.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Шинэ Ерөнхий сайд удахгүй Монгол Улсын өр авлагын талаарх чухал тоо баримтуудыг нийтэд дэлгэнэ. Тиймээс энэ тал дээр дэлгэрэнгүй ярих нь илүүц байх. Энэ удаагийн парламентын бүх гишүүн гар гараасаа бариад нэг зорилгын төлөө явах хэрэгтэй. Монгол Улсын санхүү, эдийн засаг нь буруу бүтэцтэй болчихсон гэдгийг салбарын эрдэмтэд нь хэлдэг. Монгол Улсын санхүүгийн системийн бүтцийг 95 хувь нь бэлэн мөнгө, таван хувь нь үнэт цаас бүрдүүлж байна. Хүн бүр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярьдаг.

-Танай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн тийшээ чиглэсэн юм биш үү?

-Энэ гажиг тогтолцоогоо засахаас нааш банкны хүүг захиргааны аргаар бууруулна гэдэг бол боломжгүй зүйл л дээ. Аль болох салбарын эрдэмтдийн үгийг сонсч, мэдээ мэдээлэл дээр тулгуурладаг болох ёстой.

Би гэр хорооллоос сонгогдсон гишүүний хувьд хамгийн ихээр тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. 2017, 2018 оны санхүүгийн төсөөлөл маш хүнд байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийнэ гэдэг хэцүү. Ирэх оноос эхлэн өрийн эргэн төлөлтүүд эхэлнэ. Гэхдээ бид “Болно, бүтнэ, чадна” гэж сонгогдчихоод элдэв шалтаг тоочих нь утгагүй л дээ. Аль болох олон гарцыг хайна. Олон улсын байгууллагын дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, боловсролын чиглэлд хандуулахын тулд гүйх болно. Үүний тулд орон нутагтайгаа хамтарч ажиллана.

Сургууль, цэцэрлэг барихын урьтаж нөхцөл нь газраа бэлдэх ёстой. Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд сургууль, цэцэрлэг барих газар үлдээгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс орон нутаг, нийслэлтэй маш сайн хамтарч газар чөлөөлөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлагатай. Анхдугаар чуулган завсарлаад миний хийх ажил үүнийг судлахаас эхэлнэ. Улаанбаатар хотод эрчим хүчинд холбогдоогүй 8000 өрх байгаагаас Сонгинохайрхан дүүрэгт 6200 нь амьдарч байна.

-Гэрэл цахилгаантай болгоход багагүй хөрөнгө шаардлагатай байх даа?

-6200 өрхийг цахилгаантай болгоход таван тэрбум төгрөг шаардлагатай. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон бусад гишүүдтэйгээ хамтарч үүнийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ. Гэх мэтчилэн яриад байвал их зүйл бий.

-Өнгөрөгч сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болж, Засгийн газраа байгуулж байна. Засгийн газрын бүтцээсээ эхлээд зарим хүнд таалагдахгүй зүйл олон байна л даа. Засгийн газрын бүтэц дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийг оновчтой болсон гэж харж байгаа. Бид цаашид сонгууль болгоны үр дүнгээр ингэж өөрчлөгддөг бүтцийг халах ёстой. Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн, хөгжлийнхөө үзэл баримтлалд тохирсон Засгийн газрын бүтцийг Үндсэн хууль болон органик хуулиудад суулгаж өгөх ёстой. Ингэж гэмээнэ монгол төр чадварлаг, тогтвортой болно.

Өнгөрсөн жилүүдэд хэн нэгэн улстөрч, эвсэж байгаа хүмүүст таалагдах гэж Засгийн газрын бүтцийг үнэхээр инээдэмтэй зурж байсан. Протельгүй сайд бий болгож, бүх салбарын чиг үүргийг салган Засгийн газрын 19 гишүүнтэй ажилласан биз дээ.

-Гэхдээ л дэд сайдыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан нам буцаагаад 13 дэд сайдтай ажиллахаар оруулж ирэх юм. Үнэндээ ард түмэн дургүйцлээ илэрхийлж байна?

-Яамдын орон тоон дээр улс төрийн албан тушаалын 13 орон тоо нэмэгдэх юм байна лээ. Өмнөх эрх баригчид 100 гаруй улсын үйлдвэрийн газар, Үндэсний төв, сангуудыг төрийн захиргааны байгууллагын бүдүүвчид оруулалгүйгээр Засгийн газрын зарим чиг үүргүүдийг хэрэгжүүлсэн. Үүнийхээ төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төлбөр авч ирсэн. Түүнийгээ аж ахуйн тооцоон дээрээ үрэлгэн зарцуулж ирсэн юм. Хэдэн мянган үрэлгэн бүтэц 13 хүн хоёрын хооронд асар их зөрүү бий. Сүүлийн үед “дан дээл”, “давхар дээл” гэдэг нэр томьёо Монголын нийгэм, улс төрийн хэллэгт ороод ирчихсэн юм. Үүн дээр засаглал хуваах онолоосоо эхэлж ярих байх. Монтоскей гэж эрдэмтэн анх засаглал хуваах онолыг гаргаж ирсэн.

Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал харилцан бие биенээ хянах, эрх мэдлийг тэнцвэржүүлэх гэдэг агуулга руугаа явсан. Өмнөх дөрвөн жилд 19 сайд бүгд давхар дээлтэй байсан.

Дэд сайдтай байснаар яамны ажил цалгардахгүй байх, яам салбартаа илүү далайцтай ажилладаг гэдгийг ахмадууд ярьж байна. Тиймээс бид аливаа асуудалд авах гээхийн ухаанаар хандах ёстой.

Төрийн захиргааны зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр биелүүлдэг ТББ-д хариуцуулдаг болох хэрэгтэй. Зарим салбарыг лебиральчилах, хуульчлах шаардлага бий.

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцээр 1238 хүн ажилгүй болно гэж байна. Гэсэн ч үүнээс олон хүн ажилгүй болох магадлалтай гэж байгаа. Ипотекийн зээл, лизинг, цалингийн зээлтэй хүмүүст энэ нь мэдээж том ачаа болж ирнэ. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын хувьд хатуудсан зүйл юм биш үү?

-Төрд гадаад, дотоод гэсэн хоёр чиг үүрэг байдаг. Онолын хувьд гадаад чиг үүрэг нь мэдээж гадны гэмт халдлагаас хамгаалах юм. Дотоод чиг үүргийн хувьд тодорхой хил хязгаарын дотор амьдарч буй иргэдээ элбэг дэлбэг, ажилтай байлгах л даа. Төр иргэдээ ажилтай байлгаж байгаа нь энэ гээд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн бүтцийг данхайлгаж болохгүй. Төрийн дотоод чиг үүрэг ингэж хангагддагүй. Дотоод чиг үүрэг гэдэг бол үүдээ барьсан 65 мянган аж ахуйн нэгжийн хаалгыг нээж өгснөөр ажлын байр бий болно. Өнгөрсөн дөрвөн жил төрийн бүтцийг данхайлгаж хүмүүсээ ажилтай байлгаж алдаатай бодлого явуулсан. Аль болох бага хүн цомхтголд өртөөсэй. Нэг хүний ард ядаж 3-4 хүн байдаг. Хэн нэг нь ажилгүй бол өрх гэрийн амьдралд ямар хэцүү байдаг билээ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Юуны өмнө Ховд аймгаас УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе. АН сөрөг хүчний байр сууринаас дөрвөн жил ажиллахаар болсон хариуцлагатай үед та гишүүн боллоо. Ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?

-Өнгөрөгч дөрвөн жилд АН олон зүйл дээр бодит хөрөнгө оруулж, эдийн засгийн бодит өсөлт гарах суурийг тавьж өгсөн. Одоо үүн дээр сайн барилга барих ажлыг МАН хийх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг бий болгох тал дээр анхаарал хандуулан хийсэн ажлын дүн энэ дөрвөн жилд гарна гэж бодож байна. Чингис, Самурай бондын мөнгөнөөс дөрвөн жилийн хугацаанд АН маш их ажил хийж болдгийг харуулсан. Ийм үр дүнтэй хөрөнгө оруулалт эдийн засгийг хурдацтай хөгжих түлхцийг болгоно.

Энэ удаа сөрөг хүчний хувиар ажиллах хэдий ч өнгөрсөн хугацаанд тэр дундаа АН-ын засаг барьж байх үед хийсэн ажлуудыг МАН үргэлжлүүлэн хийх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Одоо бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Нийтдээ 82 мянган өрх ипотекийн зээлийн ачаар орон сууцтай болсон. Мөн 100 мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд зах зээл дээр байж байна. Ипотекийн зах зээлийн хүрээнд 200 гаруй мянган иргэн ажилтай орлоготой байх тэр боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Үүний дүнд 600 мянган малчин өрх тодорхой хэмжээний орлого өөртөө авч үлдэх тэр боломжийг бүрдүүлж байна. 500 мянгаас нэг сая төгрөгийн хүү төлдөг байсан бол одоо бүр багаар төлөх боломж бүрдсэн. Малчин өрх орлоготой болсноор өөрийн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах боломжтой болсон. Засгийн газар үүнийг үргэлжлүүлэн хийх ёстой.

Өөр нэг зүйл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Өөрөөр хэлбэл хөдөөгийн иргэдийн хамгийн том ачаа оюутны сургалтын төлбөр байдаг. Оюутан хүүхдээ сургахын тулд жилд 6-7 сая төгрөг аав, ээжийнх нь нуруун дээр ирдэг. Үүнийг нь банкны зээл авч төлдөг бол оюутан хүүхэд нь өөрөө гол зардал болох сургалтын төлбөрөө зээл авч төлөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр айл гэрийн нуруун дээр ирж буй ачаалал багасна. Хэвийн амьдраад явж байсан малчин өрх хүүхдээ оюутан болох тэр үед санхүүгийн хүндрэлд ордог байсан. Үүнийг нь Засгийн газар олж хараад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ дөрвөн жилд МАН-ын Засгийн газраас шаардаж ажиллах болно.

-Та өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын даргаар ажиллаж байсан. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах уу?

-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар 2012 онд томилогдсон. Манай байгууллага 199 албан хаагчтай байсан. Гэсэн хэдий ч хоёр хуультай, 168 журамтай байгууллага байлаа. Улаанбаатар хотод асуудлаа шийддэг, зөвхөн дарга нар гарын үсэг зурдаг ийм байгууллага байв. Үүний дүрэм журмыг нь өөрчилснөөр 168 журмаас 85-ыг нь хүчингүй болгосноор өнөөдөр энэ байгууллага иргэдэд ойлгомжтой, үйлчилгээ нь тодорхой болсон. Мөн өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрыг хууль эрхзүйн хүрээнд шинэчилснээр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Дэлхий нийтийн жишгээр энэ байгууллага нь хилээр орох, гарахыг хянадаг энэ тогтолцоог АН-ын Засгийн газар хэрэгжүүлж чадсан. Тиймээс дэлхий нийтийн энэ тогтолцоог хэвийн үргэлжлэх боломжоор хангах тал дээр анхаарна.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй гэдгийг ярьж байна. Намын шинэчлэл хаанаас эхэлсэн нь зөв бэ?

-Намын дарга гэдэг бол сонгуульд орсон дүнгээс хамаарч хариуцлагаа хүлээн огцордог. Тиймээс нам дараагийн даргаа томилох ёстой. Энэ үйл явц манай намд явагдаж байна. З.Энхболд дарга намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс шийдэгдэх байх. Мэдээж бидэнд уламжлал хэрэгтэй. Цагаан морин жилийн хувьсгалыг хийсэн ах нарын зөвлөгөө маш их хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд намын удирдлагад гарсан хүмүүсийн толхилцооноос болж намын үйл ажиллагаа явцуу хүрээнд явж ирсэн гэдэг шүүмжлэл бий. Энэ утгаараа бид сонгуульд ялагдсан. Иргэд АН-аас залуу үеийг хүсч байна. АН одоо бол ард түмний өмнө намын нүүр царай болохуйц залуу үеийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг ҮЗХ, АН-ын Их хурлаар шийдэх ёстой. Нэн даруй намын даргаа сонгож, тэр дарга маань намын гишүүнчлэл, дотоод ардчилал ротацийг хийдэг, намын дүрмийнхээ дагуу ажилладаг даргатай болоосой хэмээн хүсэн хүлээж байгаа.

-Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат гишүүнийг томилдог чуулган дээр УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан нэлээдгүй ширүүн үгсийг хэлж байгаа харагдсан. Та бол намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг л яриад байсан даа?

-Сонгуульд ялалт байгуулсан намын дарга тухайн намынхаа сонгуульд оруулсан мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилд хэрэгжүүлж бодит хөгжил болгох ёстой байдаг. Мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж байж ард түмэн сайхан амьдрах, улс орноо хөгжлийн зөв гарц дээр аваачих ажлыг хийх ёстой. Харамсалтай нь намын дарга УИХ-ын дарга болдог. Их хурлын дарга болж хэл амгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гишгүүр байж болохгүй. Үүнд би шүүмжлэлтэй хандсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн ард түмний хүсээд байгаа зүйлийг би дамжуулсан юм. Хэн нэгэн хэлэх ёстой зүйлийг нь заавал хэлэхгүй бол өнгөрсөн дөрвөн жил АН-д тохиолдсон тэр толхилцоон МАН-ыг засаглаж байх үед бий болох вий гэдэг утгаар нь хэлсэн. Үүнээс болж ард түмний амьдрал дахин дөрвөн жилээр хойшилж болохгүй. Ялсан намын дарга нь хариуцлагаа үүрээд явдаг энэ зарчим З.Энхболд, М.Энхболд нарын үед алдагдаж байна. Цаашид ийм байдалд битгий хүрээсэй.

-Төрийн их баяр наадам болж таны төрсөн Ховд аймгийн Зэрэг сумаас Бат-Өлзий улсын харцага, Чандманиас Б.Пүрэвсайхан улсын заан цол хүртлээ. Тэгш ой тохиосон наадмаар та сайхан наадсан байлгүй дээ?

-Наадам үнэхээр сайхан боллоо. Монголчууд жилдээ хоёр удаа энерги авдаг гэж боддог. Тэр энергиэрээ амьдардаг гэж ойлгодог. Цагаан сараар хамаатан садан найз нөхөд, ахмадуудтайгаа учран золгож тэр энергиэрээ хаврын хатуу тарчиг цагийг даван туулдаг. Зуны дэлгэр цагт наадмаасаа энерги авч намрын урт өдөр, өвлийн хахир хүйтнийг давдаг тийм л ард түмэн. Би чинь өөрөө “Ховд” бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладаг. Энэ албыг би гурван жил залгуулж явна. Нэг жилд нь Б.Пүрэвсайхан харцага болсон. Дараа жил нь Батзаяа маань харцага цол хүртсэн. Энэ жилийн хувьд Ховд нутгаас маань ард түмний цаг ямагт цолоо ахиулахыг хүсэн хүлээдэг Б.Пүрэвсайхан харцага маань улсын заан цолонд хүрлээ. Миний төрсөн нутаг Зэрэг сумаас Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойгоор анх удаа улсын цолтонтой болж Бат-Өлзий маань улсын харцага цолтон боллоо. Захчин түмнийг маань баярлуулж ийм өндөр цолонд хүрсэнд нутгийн дүүдээ баяртай байгаа.

-Энэ жил Ховд аймаг Сүхбаатарын одон хүртсэн. Зэрэг сум Улсын тэргүүний сум боллоо гээд танай нутгийнханд олон баяр давхацлаа?

-Манай нутгийнхан үнэхээр ажилсаг ард түмэн. Ховд аймаг 1973 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Төр засаг маань Ховдынхны хийж бүтээснийг өндрөөр үнэлж шагнасан гэж ойлгож байгаа. Ийм ажилсаг ард түмний итгэлийг дааж, тэднийхээ сайн сайхны төлөө зүтгэх хүсэл эрмэлзэл байнга сэтгэлд минь байдаг.

Зэрэг сум маань Улсын тэргүүний сум болсон. Манай сум баруун таван аймгийнхаа сумд дотроос сүүлийн таван жилд үнэхээр хөгжлөөрөө илүү байсан. Сумын маань иргэд үнэхээр сэтгэл өндөр байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвсүрэн: АСЕМ-ыг амжилттай зохион байгуулснаар олон улс дахь итгэлийг сэргээж өглөө

Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв.


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалт Монгол Улсад болж өндөрлөлөө. Гадаад хэргийн яам ачааны хүндийг үүрч оролцсон. Тиймээс АСЕМ-ын талаарх сэтгэгдлийг танаас сонсохыг хүслээ. Гаднын хэвлэлүүд энэ тал дээр анхаарал хандуулж амжилттай зохион байгууллаа гэдгийг онцолж байна. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг дүгнэвэл?

-Юуны өмнө бид АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг яах гэж эх орондоо хүлээж авсан бэ гэдгээс яриагаа эхэлсэн нь зөв болов уу. Өмнө нь эдийн засаг хүнд байхад үүнийг зохион байгуулах хэрэг байгаа юм уу, Монгол Улсад ямар ашигтай юм гэхчилэн шүүмжлэл их явсан. Ямар ч байсан АСЕМ болоод өндөрлөлөө. Монголд хэрэгтэй зүйл болжээ гэдгийг монголчууд бүгд л харлаа. Олон улсын дээд түвшний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа гэдгийг биднээс гадна олон улсын төлөөлөгчид хэлж байгаа юм.

Монгол Улс энэ хэмжээний олон улсын хурлыг хүлээн авч зохион байгуулах хүчин чадал, нөөц боломжтой гэдгээ харууллаа. Өөр нэг онцлох зүйл нь нэг дор 10 гаруй орны Төрийн тэргүүн, 20 гаруй Ерөнхий сайд, 20 гаруй орны Гадаад хэргийн сайдаас эхлээд бүгдэд нь Монголынхоо түүхийг харуулж чадна гэдэг нь бидний хувьд том боломж байсан. Орчин үед зөөлөн хүчний бодлого гэдэг юм маш чухал болоод байгаа. Сүүлийн хэд хоногт Монгол Улс өөр түвшинд гарлаа гэж хэлмээр байна. Бид наадмаа зохион байгуулж, монгол гэртээ хурлаа хийлээ шүү дээ. Энэ нь өөрөө үлдэх юм байхгүй юу. Олон жилийн хугацаанд үлдэж буй зүйл нь энэ.

-АСЕМ-ын үеэр Монгол Улсад ашигтай яг ямар асуудлууд шийдэгдэв гэдгийг олон хүн анхаарч байна. Мөн Монгол Улсад яг юу үлдэв, үр дүн юу байсан бэ гэдэг дээр хариулт нэхэх хүн олон байна л даа?

-Барим тавим үр дүн гэвэл АСЕМ-ын уулзалтын үеэр таван айлчлал авсан. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар нэлээд олон зүйл цаашид хийхээр яригдсан. Ялангуяа хөрөнгө оруулалт, орон сууцны салбарт хамтран ажиллахаар тохирлоо. Дараа нь 90 сая хүн амтай, Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээрт орчихсон, ЕвроАзийн эдийн засгийн холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээртэй болчихсон Вьетнам улсын Ерөнхий сайд айлчилсан. Энэ үеэр ямаа, хонины мах экспортлохоос эхлээд импортоор авах зүйл гэх мэтчилэн улс төрийн хүрээнд яригдсан зүйлс бий. Үүний дараа БНХАУ-ын Ерөнхий сайд айлчилсан. Хэдийгээр манай оронд сонгууль болж төр засаг солигдсон хэдий ч бид олон чухал асуудал дээр ойлголцон зарим зүйл дээр гарын үсэг зурлаа. Орон нутагт хатуу хучилттай авто зам тавих, нисэхийн хурдны замаас эхлэн цаашид эдийн засгийн салбарт хамтарч ажиллахаас эхлээд яригдсан олон ажил бий.

Дөнгөж өнөөдөр (өчигдөр) БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Монгол Улсын Төрийн тэргүүн хоёрхон сарын өмнө айлчлаад ирсэн байсан. Энэ удаагийн айлчлалаар мэдээллийн технологийн чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Монголын ирээдүй бол уул уурхайгаас гадна орчин үеийн эдийн засаг болох мэдээллийн технологи байх юм. Бид маш том ордтой гээд ашиглаж чадахгүй байхад фэйсбүүк, гүүгл гээд цаасан дээр л хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх бизнес болчихлоо. Угтаа энэ чинь л мэдлэгт суурилсан эдийн засаг байхгүй юу. Хүндээ хөрөнгө оруулна гэдэг бол тухайн улсын ирээдүйтэй хамааралтай. Энэ утгаараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг үр дүнтэй болсон гэж харж байна. Манайд Мэдээллийн технологийн коллеж байгуулах тал дээр ярьж тохирлоо. Бид хөрөнгө мөнгөний дутагдалтайгаас болоод музейнүүддээ төдийлөн анхаарал тавьж чадахгүй явж ирсэн. Музейн үзмэрүүдээ дэлгэн жуулчдыг татах тал дээр БНСУ-ын тал анхаарч орчин үеийн Байгалийн түүхийн музейг тусламжаар байгуулж өгөхөөр боллоо. Мөн 10 аймагт дулааны цахилгаан станц зээлээр барьж өгнө, дунд сургуулиудад “Ухаалаг боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж мэдээллийн технологийг хөгжүүлэн хичээлээ заадаг болохоос эхлээд дурдаад байвал олон зүйл дээр тохиролцоонд хүрч чадлаа.

Үүний цаана удаан хугацаандаа үр дүн нь гарах зүйлс маш их үлдэж байна. АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэхэд “Энэ том хурлыг зохион байгуулж чадах уу” гэж маш их асууж байсан.

-Ямар ч байсан нүүр улайхааргүй ард нь гарч чадлаа…

-Өчигдөр би (уржигдар) Улаанбаатарт суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзахад баяр хүргээд “Бид эргэлзэж байсан шүү” гэдгээ хэлж байна лээ. Элчин сайд нар “Монголын эдийн засаг хүнд байна. Сонгууль, наадам нь давхацсан болохоор эд яаж хийх бол оо” гээд бодож байтал “Та нар маш сайн зохион байгууллаа” гэж хэлсэн. Монголчууд бид ямагт өөдрөг байдаг хүмүүс. Тэр утгаараа бид “Хийж чадна” гээд зүтгэсэн. Ард нь гарч чадлаа. Гэтэл нөгөө талд нь бидэнд итгэхгүй хүмүүс байсан байгаа юм. АСЕМ-ыг зохион байгуулж чадсанаараа гаднынхны нүдэн дээр бид итгэлийг нь олж авч чадсан. Энэ том хурлыг сонгууль, наадамтайгаа давхцуулсан ч төрийн машин нь ажилладаг юм гэдгийг харууллаа. Ингэснээр олон улсын ажил хэргийн жуулчлалын үүдийг нээж өгсөн. 2016 оны эхэнд Засгийн газраас ирэх гурван жилд хүлээж авах олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, спортын наадмуудын жагсаалтыг гаргасан байгаа. Одоо бид эх орондоо ийм зүйл хийе гэхэд тэд “Монголчууд хийж чадна” гэсэн итгэлтэй болсон. Манайд аялал жуулчлалын оргил үе нь зургаа, долоо, наймдугаар сар. Гэтэл бусад үед нь зочид буудлууд нь хүнгүй, хүмүүс нь ажилгүй байдаг л даа. Ажил хэргийн аялал жуулчлал гэдэг бол жил тойрон үргэлжилдэг ач холбогдолтой хурал, зөвлөгөөн юм. Үүнийг дагаад эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Хамгийн гол нь энэ том хурлыг зохион байгуулна гэдэг чинь улс төрийн хувьд үнэлж барамгүй ач холбогдолтой. Олон улсын түвшинд улс орныхоо нэр хүндээ бататгаж, тусгаар тогтнолоо бэхжүүлнэ гэдэг ямар ч мөнгөөр үнэлэхээргүй зүйл.

-АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг дээр алгаа таших хүн байна. Нөгөө хэсэг нь ийм их ажлыг энэ мөнгөнд багтаан хийсэн бол сайн байна ч гэж байна л даа?

-Би 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Гадаад хэргийн сайдын ажлыг хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш яг 14 хоногийн дараа ҮАБЗ-ийн шийдвэр гарч зохион байгуулалтын ажил руугаа орж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл ажилласан. Үндэсний хороо болон түүний доор зургаан ажлын хэсэг гарч ажилласан юм шүү дээ. Түүн дээр бүх мөнгө төгрөгийн асуудлаа ярьж явсаар 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Хүмүүс энэ мөнгөн дүнд эргэлзэж тэр замыг юугаар тавив гэхчилэн гайхаж байсан. Улсын төсөвт хийгдэхээр тусгагдсан төсөвт ажлууд хийгдээд явсан. АСЕМ гэдэг нэрийн доор бид хурдан хий гэдэг шахалт үзүүлснээс биш хийгдэх ёстой ажлууд л хийгдсэн. Нийслэл хийх ёстой ажлуудаа сайн хийснээс биш тусгайлан АСЕМ-д зориулан мөнгө гаргасан зүйл байхгүй.

“Чингисийн хүрээ” гээд жуулчны бааз гэхэд өөрсдөө эрсдэлээ дааж зээлээ аваад ажлаа хийсэн. Энэ мэтчилэн хувь, хувьсгал гэлтгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн юм. Долдугаар сарын 31-ний өдөр Гадаад хэргийн яаман дээр байгаа АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг татан буугдана. Үүнээс өмнө бүх зүйлээ архивлаад, санхүүгийн тооцоогоо эцэслэн Засгийн газраар оруулж, ҮАБЗ-д танилцуулна. Эдийн засаг хүнд байгаа болохоор бид аль болох бага зардлаар хийхийг зорьсон. Гадаад хэргийн сайдын хувьд, арын албыг залгуулсан хүний хувьд зохион байгуулалтад оролцсон бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье. Хэдэн өдөр гэртээ харилгүй зам дээр зогссон цагдаа, хамгаалалтын ажилтан, 1200 ямар ч цалингүй ажилласан сайн дурынхан, бизнесийнхэн гээд бүх хүнд талархал илэрхийлье. Манай Чингис хаан нисэх онгоцны буудалд өмнө нь байгаагүй 40 гаруй орны онгоц буулаа. Шинэ нисэх онгоцны буудал нэгэнт ашиглалтад орж амжихгүй бол “Чингис хаан” нисэх буудалдаа хүлээж авахаас өөр аргагүй болсон. Хуучин нисэх буудлаа бид яаж л тордож болохоор байна тэр бүх ажлыг хийсэн. Тэр бүү хэл гаднын энэ олон онгоцыг хүлээж авах боломжгүй гэж байлаа шүү дээ. Гэтэл тэр бүгдийг багтааж, өдөр шөнөгүй манайхан ажилласан. Бид нэг зүгт харж ажиллаж чадсаны үр дүн гэж бодож байгаа.

-Та УИХ-д нэр дэвшинэ гэж байсан ч АСЕМ-аас болоод нэр дэвшсэнгүй юу?

-Би уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бодолтой байсан ч АСЕМ-аа аятайхан зохион байгуулчихъя, эхэлсэн ажлынхаа ард гаръя гээд нэр дэвших эрхээсээ татгалзсан. Уг нь Говь-Алтай аймаг руу хандсан багагүй зүйл хийж байсан хүн шүү дээ. Би нэр дэвшээд явсан бол АСЕМ-ын зохион байгуулалтын ажил цалгардах гээд байлаа. Хувиа бодсоноос улсаа бодъё гээд нэрээ татсан. АСЕМ-ын зохион байгуулалтын тал дээр хүн бүр өмнөх ажлаа маш сайн хийснээр бид ард нь гарсан. Олон яамныхан, сэтгүүлчид, сайн дурынхан гээд бүх хүн оролцсон. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй олон компани хандив өргөсөн. Бизнесийнхэн өөрсдийн бүтээгдэхүүнээсээ эхлээд өөрсдийн боломжит хандивуудаа өгсөн. Ёстой л юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг явлаа.

АСЕМ-д зориулж үнэтэй бенз захиаллаа гээд баахан шуугисан даа. Үнэндээ тийм бенз байгаагүй юм. Бид уриалга гаргасны дагуу 20 гаруй хүн өөрийнхөө машиныг жолоочтой нь гаргаж өгснөөр гаднын төлөөлөгчдийн цувааг тэргүүлэн явж байх жишээтэй. Зэвсэгт хүчний дайчдыг дайчлан харуул хамгаалалт, жолоочоор ажиллууллаа. Моннис компани гэхэд 250 авто машин оруулж ирэхэд төр Гаалийн татвараас чөлөөлж өгсний дүнд 10 хоног үнэгүй хэрэглүүлсэн гээд яриад байвал их зүйл бий. Шатахууны компаниуд гэхэд 400 гаруй машины шатахууныг дааж байна. Интернэтийн үйлчилгээний компаниуд гэхэд интернэтээ үнэгүй ашиглуулсан. Хэвлэл мэдээллийнхэндээ зориулж хэвлэл мэдээллийн төв ажиллуулсан. Үүнийг дотоодын сэтгүүлчдээс гадна гаднын сэтгүүлчид өндрөөр үнэлсэн. Зургадугаар сарын 10-ны өдөр зочид буудлын доод талын агуулахыг бидэнд өгөхөд нэг сарын дотор олон компанийн тусламжтайгаар нэгэн зэрэг 500 гаруй сэтгүүлчид үйлчлэх төв болгон тохижуулсан.

-Ардчилсан засаг тэр дундаа Шийдлийн Засгийн газрын үед хийгдсэн ажлууд АСЕМ-ын үеэр илүүтэй тод харагдаж байна. Мөнгөгүй хэрнээ олон ажил хийж, энэ том хурлыг зохион байгуулж чадсан байна гэсэн хүмүүсийн хандлага их байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Шийдлийн Засгийн газрын бүхий л ажил үүн рүү чиглэсэн. Э.Бат-Үүл даргын албаныхан гэхэд зүлэгжүүлэлт, тохижилт, Чингисийн хүрээнд болсон наадмын арга хэмжээ гээд маш их ажлыг Улаанбаатар хот хийсэн юм. Үнэхээр Шийдлийн Засгийн газар аливаа ажлуудыг зоригтой шийдээд явъя гэсэндээ хүрсэн. Хүнд сэтгэл байвал мөнгөгүй байсан ч хийдэг юм. Мөнгөгүй гэсэн шалтаг заагаад суусан бол юу ч бүтэхгүй байсан. Энэ хоёр хүн маш сайн ажилласан.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ирээд Монгол Улсын гадаад өрийг тэглэлээ гэдэг мэдээ яваад байх юм. Өөр ямар асуудлуудыг шийдсэн юм бэ?

-Олон жилийн өмнө авч байсан манай зээлүүд ханшийн зөрүүний улмаас тодорхой хэмжээний төлбөр үлдсэн байдаг юм. 1990 оны эхээр авсан бага хэмжээний зээлийн үлдэгдэл бий. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс “БНХАУ буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын хугацаа хэтэрсэн зээлийг чөлөөлнө” гээд зарласан юм. Тэр дагуу бид “Манай оронд ийм зээлийн үлдэгдэл байгаа” гээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлахад хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг амласныхаа дагуу шийдэж өгөөч гэсэн. Энэ хүрээнд данс тооцоо нийлээд чөлөөлж байна. Түүнээс биш дөнгөж сонгууль болоод дууссаны дараа шийдсэн юм биш. Гадаад бодлого дээр нэг чухал зүйл байдаг нь залгамж чанарын асуудал. Үүнд ямар нам байх нь хамаагүй. Гадаад оронд Монгол Улсын Засгийн газар гэсэн байр суурь харагддаг юм. Үүнийг сонгуультай холбон тайлбарлаад байх зүйл байхгүй. Олон сарын турш Сангийн яамныхан болон дипломатуудын хөөцөлдлөгөөний үр дүн гэж ойлгож болно.

-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй ямар тохироонд хүрсэн бол?

-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев өмнө нь 2009 онд Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад ирж байсан. Энэ хүн “2009 оноос хойш Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан байна” гээд сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөгтэй уулзсан. Үндсэндээ айлчлалын түвшинд ирсэн гэхэд болно. Саяхан манай Ерөнхийлөгч ОХУ-ын удирдлагатай Ташкентад уулзахад транзит тээврийн асуудлыг шийдье, Төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлье, Эгийн голын усан цахилгаан станцын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлье гэж байгаа. Оросын тал Эгийн голын усан цахилгаан станцын ажил дээр хөндлөн хэвтчихээд байгаа юм байхгүй. Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хоёр тал судалж үзье, мэдээлэл солилцъё гэж байгаа юм. Аль болох шийдэл, гарц олъё гэдэг дээр хоёр тал ярьж байна.

-АСЕМ-ын уулзалтын үеэр Францад халдлага, Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогууд боллоо. Монголчууд ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн үү. Энэ бүхэн АСЕМ-д нөлөөлсөн болов уу?

-Бид тэр дор нь мэдээлэл авсан. Ницца хотод болсон халдлагад азаар монгол хүн өртөөгүй. Туркт цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр монгол иргэн өртөөгүй гэдэг мэдээлэл ирсэн. Элчин сайдын яаман дээр бүртгэлтэй иргэдийнхээ гар утас руу сэрэмжлүүлэг мессэж явуулсан.

Эдгээр үйл явдлууд АСЕМ-ын үйл ажиллагаанд янз янзаар л нөлөөллөө. Францын Гадаад хэргийн сайд дөнгөж Монголд буугаад байж байтал халдлага болсон тул удалгүй буцсан. АСЕМ-ын хурлын эхний өдөр бүх хүн санаа зовсон байдалтай байсан. Хэдэн цагийн турш их л хүнд байсан шүү. Гаднын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар манайхтай л адил манай хүн өртсөн байх вий гээд санаа зовж байлаа. Уур амьсгалыг зөөллөхийн тулд нэг минут дуугүй зогсоод хурлаа эхэлсэн.

Хоёр дахь өдрийн хурлын өмнө Туркийн асуудал мөн л сэтгэл зовоосон. Өглөө хурал эхлэхийн өмнө гаднын төлөөлөгчид уулзахдаа “Яах вэ” гээд л яриа эхэлж байх жишээтэй. Хурлын үйл ажиллагаан дээр санаа зовоосон асуудлууд гарч байсан ч гэсэн нөгөө талдаа дэлхийн олон нийтийн анхаарал Улаанбаатар руу хандсан. Учир нь тухайн орон бүрийн төрийн удирдлагууд манай оронд байсан болохоор тэд юу гэж хэлэх нь вэ гэдгийг анхааралтай харж байсан. Үүнтэй холбогдуулан дэлхийн лидерүүд маш олон мэдэгдэл хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэсэн гавьяат барилгачин, хурандаа М.Мөнхбатынх

ЗУРААЧ Ц.БАЙДЫГИЙН БАГЫН НАЙЗЧАПАЕВ МӨНХБАТ НЭРТЭЙ БОЛСОН НЬ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Монгол Улсын гавьяат барилгачин, бэлтгэл хурандаа М.Мөнхбат нарын үерхэл тэртээ 1950-иад оноос эхтэй. 1961 оны зургадугаар сарын 14-нд нэрт зураач Ц.Байды, хурандаа М.Мөнхбат нарын сурагч ахуйдаа авахуулсан гэрэл зураг өөрийн эрхгүй хараа булаана. Эл гэрэл зургийнхаа ар дээр “Алтан дэлхийд нэр чинь цуурайтаж

“Алдарт эрдэмтэн” гэдэг цол чинь мандаж

Хожим хойноо сайн хүн болохыг

Хорвоо ертөнцөд ихийг бүтээхийг

Нандин зүрхнээсээ ерөөн бичье

Найз чамайгаа мартахгүй явъя” Ц.Байды, 1961 он. Баруунтуруун гэсэн үг байх юм. Тэртээ 55 жилийн өмнө ийн бичиж үлдээсэн үгтэй энэ гэрэл зураг Барилгын цэргийн бэлтгэл хурандаа, гавьяат барилгачин М.Мөнхбатын хайртай зурагнуудын нэг.

Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнө Төрийн тэргүүнээсээ “Монгол Улсын гавьяат барилгачин” хэмээх Төрийн дээд одон хүртсэн, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбатынхаас бэлтгэлээ.

Монгол Улсын барилгын салбарт хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан энэ эрхэм 1942 онд Увс аймгийн Өндөрхангай сумын “Тахилт” гэдэг газар малчин Ц.Манкадай, Ч.Чулуунхүү нарын 10 хүүхдийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хурандаагийн гэргийг Баавгайн Цэрэндулам гэдэг. Хоёр буурай нас 70 хэвийсэн ч даанч ануухан, хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Дархан хотынхоо иргэдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ гэр бүл гэдгийг Улаанбаатараас Дархан руу явах замд таксинд хамт суугчид хэлж байсан юм. Дарханыхан М.Мөнхбат хурандааг “017-гийн Мөөеө хурандаа” гэхээр андахгүй юм билээ. Харин армийнхан “эрэмгий дарга” гэж хүндэтгэнэ. Зарчимч, шударга түүнтэй уулзаад загнуулаад ч болов гарах нь үнэ цэнтэй байдаг талаар идэр үеийнхэн нь ярьцгаах. Харин хурандаа М.Мөнхбат гэртээ бол үр хүүхэд, ач, зээ нараа хараад ёстой л нурж унана. Ажил дээрээ хатуу, зарчимч ч гэлээ амьдрал дээрээ тун зөөлөн хүн ажээ. “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр Дарханы хуучин авто вокзал дээр ирэхэд хүргэн Н.Пүрэвбат нь тосон авлаа. Тэрээр гэргий М.Оюунгэрэл болон хүүхдүүдтэйгээ Өвөрхангай, Архангай, Булганаар амарч яваад дөнгөж аяны дөрөө суллаад байсан гэнэ. М.Мөнхбат гуайн гэрт яваад ортол гэргий Б.Цэрэндулам нь ач, зээ нарынхаа хамт угтан авлаа. Харин гавьяат маань ойрхон гарсан гээд эзгүй байв. Гэрийн эзэгтэй цай цүй болж байх зуур “Айхтар халуун байх чинь вэ” гэсээр М.Мөнхбат хурандаа саарал малгайгаараа сэвсээр орж ирлээ.

Ийнхүү бидний яриа цайны ширээний ард үргэлжилсэн билээ. М.Мөнхбат хурандаагийн эхэлсэн ажлаа заавал дуусгаж санаа нь амардаг зан чанар ааваас нь өвлөгджээ. Энэ эрхэм АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан түүхтэй. Тэрээр Дархан-Уул аймагт АН-аас Д.Нинжийг нэр дэвшихэд нь ялалт байгуулснаар депутатаар сонгогдож байсан аж. Санал хураалт болдог өдрийн шөнө хоёр цаг өнгөрч байхад гэрийн утас нь хангинаж “Мөнхбат хурандаа та АИХ-ын депутатаар сонгогдлоо” гэдэг мэдээг дуулгаж байжээ. Тухайн үед санал хураалт болж байхад гэр бүлээрээ гэртээ хоол унд хийж идсэн шигээ өнгөрүүлсэн байх юм. Энэ тухайгаа М.Мөнхбат хурандаа “Тухайн үед сонгууль гэдэг чинь одоогийнх шиг сүр дуулиантай явдаггүй байлаа. Нэр дэвшиж байгаа гэдгээ л мэдэж байгаагаас өөр зүйл байсангүй” гэхэд гэргий Б.Цэрэндулам нь “Амралтын өдөр бид хоёр чинь аль болох гэр бүлдээ цаг гаргах гээд сонгууль энэ тэрд нэг их ач холбогдол өгч байгаагүй шүү” хэмээн хэлээд тавагтай ааруул ширээн дээрээ тавилаа. 1990 онд Дарханаас АИХ-ын депутатаар М.Мөнхбат хурандаа, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Амарсанаа нарын найман хүн сонгогджээ. АИХ-аар Дархан, Эрдэнэт, Чойрын асуудал хөндөгдөхөд М.Мөнхбат хурандаа цээжээрээ хамгаалсаар байгаад Дархан хотынхоо статусыг аймгийн зэрэглэлтэйгээр авч үлдсэн нь түүний том гавьяа гэлтэй. Дарханчууд одоо ч түүнд талархаж явдаг юм билээ.

М.Мөнхбат хурандааг уг нь Манкадайн Чапаев гэдэг байж. Баруунтурууны 10 жилээ онц дүнтэй төгссөн тэрээр ЗСБНХУ руу сургуульд явах гэтэл орос нэртэй хүн явуулахгүй гээд нэрээ солих хэрэгтэй болжээ. Түүний 10 жилийн ангийнх нь найз Шура мөн Орос руу сургуульд явахаар хамтдаа бүртгүүлсэн ч бас л орос нэртэй гээд нэрээ өөрчлөх шаардлагатай гэж. Нэг ангийн найзууд хэсэг гайхшран зогсож байтал Шура нь “Би чамд нэр өгье. Одоо чи Мөнхбат шүү” гээд л нэр оноочихож. Тэгэхээр нь зөрүүлээд Шурадаа Очгэрэл гэдэг нэр өгч тэр цагаас хойш энэ нэрээрээ явах болсон тухай ярьсан юм. Нэрээ сольсон ч тэрээр Зөвлөлт холбоот улс руу геодезийн мэргэжлээр сураагүй байна. Учир нь аавынх нь дүү “Монголдоо сур” гэснээр МУИС-ийн математикийн ангид бүртгүүлсэн ч барилга инженерийн ангид орохоор зориг шулуудан 1962-1967 онд суралцан барилгын инженер болжээ. Оюутан ахуйдаа гэргий Б.Цэрэндуламтайгаа танилцан гэр бүл болж анхны охин нь төрсөн байна. Уг нь гэр бүлийн хоёр Баруунтурууны 10 жилд хамт суралцаж байсан ч Б.Цэрэндулам нь долдугаар ангидаа Улаанбаатар руу шилжиж М.Мөнхбат аравдугаар ангиа нутагтаа төгссөн байна. Нэг сургуулийн хоёр хэдий ч бие биенээ таньдаггүй байсан. Харин хотод хамаатныхаараа орж гарч яваад гэргийтэйгээ танилцсан хэмээн хурандаа өгүүлэв. “Бид гурав айлын хажуу өрөө хөлслөн мөн ч олон нүүсэн дээ” хэмээн гэрийн эзэгтэй өгүүлээд залуу цагийн зурагнуудаа үзүүллээ.

ХАТУУ ДАРГА

М.Мөнхбат хурандаа дөнгөж сургуулиа төгсөөд 1967 онд хөдөлмөрийн гараагаа Дархан хотын бүтээн байгуулалтад ажиллахаар шинээр байгуулагдсан Барилгын цэргийн 111 дүгээр ангид хуваарилагдаж байжээ. Үүний дараа Барилгын цэргийн 017, 030, 110 дугаар ангиуд болон Барилгын цэргийн 155 дугаар нэгтгэл, Барилгын цэргийн Ерөнхий газарт ажиллаж байсан юм. Тухайн үед барилгын цэргийн боловсон хүчин хангалттай биш байхад Монгол Улсын төр засгийн бодлогын хүрээнд Д.Бавуу генералын хүчин чармайлтаар 1967 онд Төв хорооны тогтоол гарч МУИС-ийн Барилгын инженерийн ангийг төгссөн 22 залууг бүрэн бүрэлдэхүүнээр нь барилгын цэрэгт ажиллуулахаар болсон тухай хурандаа өгүүлэв.

Дэд хурандаа М.Мөнхбат гэргий Б.Цэрэндулам болон хүүхдүүдийн хамт

Барилгын цэрэг гэдэг бол нэг талаасаа Батлан хамгаалах яаманд харьяалагдан үүрэг гүйцэтгэдэг байсан ч нөгөө талдаа МАХН-ын Төв хорооны Их барилгын хэлтэст харьяалагддаг байсан тул хоёр удирдлагатай явж иржээ. Барилгын цэргийн офицеруудын цол албан тушаалын зэрэглэл хоёр том байгууллагын дунд завсарддаг байсан тухай барилгын цэргийнхэн ярьдаг. Энэ зам М.Мөнхбат хурандааг мөн тойрсонгүй. 1967 онд залуухан дэслэгч болж байсан бол 1983 онд хурандаа цол хүртлээ явсан түүний зам дардан байгаагүй. Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэхдээ Дархан, Эрдэнэт хотуудын бүтээн байгуулалт, Дархан-Сэлэнгийн бүс нутаг, Төв, Дорнод аймгуудын хөдөөгийн барилга байгууламж, улс орны батлан хамгаалах зориулалттай тусгай обьектуудыг М.Мөнхбат хурандаа ангиа удирдан ард нь гарсан байдаг. Хот хоорондын хатуу хучилттай авто замыг хүртэл түүний удирдсан анги, нэгтгэл барьж байсан түүхтэй. Хурандаа М.Мөнхбат Дарханы Мах комбинатын томоохон цогцолбор барилгуудыг бүтээн босгосноор эхэлсэн Дорнод аймагт Мах комбинат, Дорнод, Сүхбаатар аймгийн хил хязгаарын хилийн тусгай хорооны иж бүрэн тосгон, хилийн застав, Дарханы цементийн завод, нэхий эдлэлийн үйлдвэр, силикат тоосго шохойн үйлдвэр, Орхон жимс ногооны САА-н 20 км усжуулалтын систем, жимс, ногоо консервлох комбинат, усны аж ахуйн иж бүрэн байгууламж, “Монгол алт”-ны барилга гээд дурдаад байвал маш их ажлыг зөв чигт нь удирдаж явсан нь энэ хүний бас нэг бахархал. Хүмүүс он солигдох мөчид гэртээ баярлаж байхад М.Мөнхбат хурандаа барьсан барилгаа улсад хүлээлгэн өгөхөөр явж байсан талаар гэргий Б.Цэрэндулам нь өгүүлсэн юм. “Миний хань чинь ид хийж бүтээх насандаа 20 гаруй жил ээлжийн амралт авч үзэлгүй бүтээн байгуулалтын ажилд оролцсон.

АИХ-ын депутатууд. Зүүн гар талаас М.Мөнхбат, С.Амарсанаа, Д.Баттулга

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр

Томоохон бүтээн байгуулалтын ажил нь урагштай байвал бид болоод л байна гэж боддог байлаа. Манай хүн чинь ямар ч завгүй байсан шөлний хониноос эхлээд бидний хүнсийг бэлдэж өгөөд явдаг байсан. Би чинь зургаан хүүхдээ өсгөхийг хажуугаар ажлаа хийнэ. Эмэгтэйчүүдийн хорооныхоо ажлыг амжуулдаг байлаа” хэмээн М.Мөнхбат хурандааг хөхиүлэн дэмжих нь 50 гаруй жил нэг хүн мэт амьдарч, бүтээж ирсэн гэргийн амнаас л гарах үг мэт. Тэдний гэрт үр хүүхдүүдээс нь аав, ээждээ бэлэглэсэн хатгамалыг ханандаа өлгөжээ. Бидний ийн ярилцах орон сууц бол хоёр дахь гэр нь гэсэн үг. Учир нь тэд өөр байранд амьдардаг ч М.Мөнхбат хурандаагийн ажлын байр хэмээн тодорхойлсон энэ байрандаа байх дуртай гэнэ билээ. Нэг давхарт болохоор хөгшин бид хоёрт орж гарахад амар байдаг юм гэх.

Тухайн үед залуус гурван жил эр цэргийн алба хаадаг байсан цаг. Нэг л мэдэхнээ гурван жил өнгөрч гэр бүлээс нь өөрцгүй ижилдэн дассан залуус нь халагдах тэр мөчид нулимсаа сул асгачихдаг байсан нь хурандаагийн хатуу хэрнээ зөөлөн чанарыг илтгэх мэт. Тэрээр барилгын цэрэгт 50 жил зүтгэхдээ Дорнод, Эрдэнэтэд, Ерөөгийн Бугант гэх мэт газруудад хэдэн жил амьдарсныг эс тооцвол түүний үндсэн харьяалал Дархан-Уул аймаг, Барилгын цэргийн 017 дугаар анги юм. Барилгын цэргийн 017 дугаар анги Дандар баатрын зургадугаар морьт дивизээс салбарлан байгуулагдаж байжээ. Дандар баатрын цустай туг одоо ч 017 дугаар ангид хадгалагддаг хэмээн хурандаа өгүүлэв.

Түүнийг ажил нь уруудсан газар бүрт ажил сайжруулахаар томилдог байсан нь төр засаг ямар их итгэл үзүүлж байсныг илтгэнэ. Хурандааг Барилгын хорооны захирагч, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллахаар явсны дараа 017 дугаар ангийн ажил унасан тул ангидаа очиж ажил сайжруул хэмээн буцааж байсан гэдэг. Хурандаа “Би Дархандаа л байя. Өөр газарт идээшихгүй байна” хэмээн хэлээд Барилгын цэргийн 017 дугаар ангидаа он удаан жил ажиллахдаа 10 гаруй жил нь ангийн захирагчаар ажилласан байх юм.

Зүүн гар талаас М.Мөнхбат, Ц.Байды нар 1961 он Баруунтуруун сум.

Түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс нь “хатуу дарга” хэмээн түүнийг тодорхойлжээ. Зарим нь бүр ажлаас халагдах өргөдлөө бариад ирдэг байсан тухай ахмадууд хуучилдаг юм билээ. Гэсэн ч М.Мөнхбат хурандаа нэг ч хүнийг ажлаас халж үзээгүй бөгөөд “Ажлаа хийж сурсан цагт чинь ажлаас чөлөөлнө” гээд тас гүрийчихдэг байж. Ажлаасаа гарна гэж явсан олон хүн ажлаа хийж сураад чөлөөлөгдөнө гэж бодсоор яваад амжилтад хүрсэн цөөнгүй түүх М.Мөнхбат хурандаад хамааралтай. Армийнхан түүнийг Барилгын цэргийн 1960, 1970-аад оны ажил хэрэгч тэнгэрлэг хурандаа нарын залгамж, нэрийг нь өндөрт өргөж яваа цэргийн хүн хэмээн хүндэтгэдэг тухай өмнө нь дуулж байсан минь нэн тодхон байна.

М.Мөнхбат хурандаа ширээнийхээ арын тавиур дээрээс 1962 онд онц дүнтэй төгссөн гэрчилгээгээ гарган ирж үзүүлэв. Хурандаа Их сургууль төгссөнөөс хойш гээд бүхий л зүйлсээ нандигнан хадгалдаг юм билээ. М.Мөнхбат хурандаагийн шагналуудыг үзэж байхад Хөдөлмөрийн баатраас бусдыг нь энгэртээ зүүжээ. Дархан хотын “Хүндэт иргэн”-ээс эхлээд ойн медалиуд бүгд байх юм. Дарханы хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Найрамдлын Дархан” медалийг бүр гурван удаа хүртсэн байх жишээтэй.

ӨНӨР БҮЛИЙНХЭН

М.Мөнхбат хурандаа аав, ээжээс 10-уулаа юм байна. Бүгд мэнд тунгалаг, элэг бүтэн амьдарч байгаа хэмээн хурандаа өгүүлсэн юм. Намайг 1993 онд тэтгэвэрт гарсны дараа ар араасаа манайхан тэтгэвэрт сууцгаасан даа хэмээн инээмсэглэн өгүүлнэ. Харин гэрийн эзэгтэй Б.Цэрэндулам аав, ээжээс 11-үүлээ гэлээ. Харин одоо ах дүү 10-уулаа байгаа гэдгийг тодотгож байлаа. Ингээд үзэхээр аль ч талаасаа өнөр бүлийнхэн аж. М.Мөнхбат хурандаа, Б.Цэрэндулам нар 52 жил ханилахдаа зургаан хүүхэд төрүүлжээ. Том охин Оюун нь Дархан-Уул аймгийн Соёмбо даатгалыг хариуцахын зэрэгцээ Даланбулаг трейд компанийн захирлаар ажилладаг байна. Удаахь хүү Батбаатар нь хувиараа бизнес эрхэлдэг аж. Манай гурав дахь хүү чинь хойно сургууль соёл төгссөн мундаг боловсролтой байсан юм. Харамсалтай нь хүүгээ бурхны оронд илгээсэн дээ хэмээн гэрийн эзэгтэй гунигтай өгүүлсэн юм. Биднийг очиход нөхөр Н.Пүрэвбатынхаа хамт угтан авсан Оюунгэрэл дээрээсээ дөрөв дэх нь юм билээ. Уг нь Дархандаа Скайтел, Юнителийн салбарыг хариуцаж байсан ч өдгөө Улаанбаатар хотноо мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг гэлээ. Оюунгэрэлийн дүүг Батболд гэдэг бөгөөд Даланбулаг трейд компанийнхаа үйлдвэрлэл эрхэлсэн менежерээр ажиллаж байгаа бол бага хүү Батзориг нь Дарханы Юнителийн салбарыг хариуцан ажилладаг аж. Батзоригийг уг нь Турк руу сургуульд явуулсан ч нэг жил болоод ирэхэд нь аав, ээж хоёр нь “Турчихсан байна. Ядарчихсан байна” гээд буцаад сургуульд нь явуулалгүй Монголд нь авч үлджээ.

Биднийг ийн ярилцаж байтал Батболд орж ирэн мэнд мэдээд охиноо аван гэр рүүгээ явлаа. Баяр ёслолын үеэр ач, зээ нараас эхлээд М.Мөнхбат хурандаа, Б.Цэрэндулам нарын дүү нар нь гэрт нь ирж ёстой л хөлд дарагддаг гэнэ билээ. Харин хүү Батзориг нь эхнэр хүүхдүүдийнхээ хамт ирж том өрөөнд хүүхдүүдээ тоглуулахаар орсон юм. М.Мөнхбатынх гэдэг гэр бүл 10 гаруй ач зээтэй болсон юм байна. Долдугаар сарын долооны орой 21 цаг өнгөрч байхад М.Мөнхбат хурандаа руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасджээ. Гэргий, хүүхдүүд нь Улаанбаатар явчихсан ганцаараа байсан гэнэ. “Та Монгол Улсын гавьяат барилгачин боллоо. Маргааш өглөө 11 цагт Төрийн ордонд бэлэн байна шүү” гэжээ. М.Мөнхбат гуай хамгийн түрүүнд эхнэр рүүгээ утас цохин “Гавьяат болж байгаа гэнэ. Маргааш өглөө 11 цагт бэлэн бай гэнэ. Одоо яах вэ” гэхэд нь Б.Цэрэндулам “Цэргийнхээ хувцсыг аваад вагонд суугаад ир” гэхээр нь цэргийн хувцсаа цүнхэлж аваад вагонд арай гэж амжин суугаад нийслэл рүү явжээ.

Б.Цэрэндулам гуай Улаанбаатарт эгчийндээ байхдаа энэ мэдээг дуулаад “Эгч ээ, цонхоо онгойлгоорой. Амьсгал давчдаад байна” хэмээн баярын сэтгэлээ уудалсан талаар ярьсан юм. “Би чинь ханийгаа гавьяат болно гэж аль эрт боддог байсан юм. Заримдаа нөхрийнхөө хийж бүтээсэн ажлыг санахаар яагаад энэ шагнал ирдэггүй юм болоо гээд ганцаараа сууж байхдаа бодон хааяа нулимс дуслуулдаг байсан. Энэ бол шагналд дуртайдаа тэгсэн юм биш. Яалт ч үгүй хийсэн ажлыг нь би мэддэг болохоор тэр ажлаа үнэлүүлээсэй л гэж боддог байлаа” гэхэд хурандаа “Энэ жил манайх шагналын хуртай байгаа. Хөгшин маань энэ жил Алтангадас одон хүртсэн” гээд ханиараа бахархан суусан юм.

Гэрийн эзэгтэйг “Та зургаан хүүхэд өсгөхөд хэцүү байв уу” гэхэд “Ёстой амархан ш дээ. Ажил, гэр гэсэн маршрутаар 10 гаруй жил явсан. Том охин сургуульд ороод тусад орсон байсан. Сэтгэл гаргаад явахад хэцүү зүйл байдаггүй юм аа. Ямар сайндаа манай байрныхан “Энэ орцонд зургаан хүүхэдтэй нэг нөхөргүй хүүхэн байна. Шөнө гэртээ ирээд үүрээр ажилдаа явдаг нэг цэргийн дарга бас байна” хэмээн ярьдаг байсан тухай сүүлд нь манайхан хэлж байсан. Цэргийн хүн цаг яс барихгүй бол болохгүй. Энд тэнд очиж ажил хийгээд орой машинаар гэртээ ирсээр байтал манай хүн шөнө дөл болгодог байсан. Өглөө эрт ажилдаа явдаг болохоор байрныхан маань тэгж хардаг байж л дээ” хэмээн инээмсэглэсэн юм.

Охин Оюунгэрэл нь “Ээжийг эмнэлэгт хэвтлээ гэхэд аав шөл хийж, бин хайраад зогсож байдаг юм. Манай хоёр чинь 70 гарсан ч гэсэн хөдөө байдаг хэдэн мал дээрээ очиж сүү, цагаан идээгээ өөрсдөө бэлдээд ирчихдэг. Хөнгөн шингэн хүмүүс байгаа юм. Заримдаа ч энэ хоёрыгоо хараад ичих шиг болдог шүү” гэхэд нөхөр Н.Пүрэвбат нь “Би ч бин хайраад, шөл хийчихнэ ээ бас” гээд инээмсэглэн суулаа.

Бурхантын хөндийн бүтээн байгуулалтаас эхлээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр буурайн гэрээс бэлтгэсэн сурвалжлагаа ийн өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг гаднаас шидээд байна

“Өдрийн сонин”-ы
№160(5425) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Юуны өмнө УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Иргэд маань их итгэл хүлээлгэж Их хуралд дахин илгээсэнд баяртай байна.

-Өмнөх дөрвөн жилд эрх баригчаар ажиллаж байсан бол энэ удаа сөрөг хүчний байр сууринаас ажиллахаар болж байна. Таны хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ардчилсан нам олонхи болохын тулд сонгуульд орсон ч нийт суудлынхаа 30 хувийг ч авч чадахгүй хэмжээнд хүрсэн нь бидний хувьд том сануулга боллоо. Сонгууль хэр шударга болсон гэдгээс эхлээд яривал их зүйл бий. Үүнийг ярихгүй бол цаашид Монгол Улсад ардчилсан, шударга сонгууль болох уу гэдэг асуулт гарч ирэх болно. Тиймээс нэг талд нь гаргаж шийдэхгүй бол болохгүй. Техник талаасаа хар машин асуудалгүй гэдгийг ойлгосон байх. Хүмүүс АТМ-аас мөнгө авахдаа итгэдэг шиг хар машинд итгэдэг болсон. Гэсэн хэдий ч сонгууль нь цаанаа булхай луйваргүй болох тал дээр ажиллахгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байгаа.

Манай нам энэ удаагийн сонгуульд ялагдсан нь үнэн. Гэхдээ есөн гишүүнтэй болтлоо уруудсан дүн гарахгүй байсан байх. Тэгэхээр цаашид энэ бүхнийг зөв зохистой болгохын тулд энэ парламентад бодитой цөөнх хэрэгтэй гэдэг нь үнэн.

-Нам ялагдах болсон гол шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, хоорондоо зөрчилдөж, намын удирдлагуудынх нь явуургүй байдалд ард түмэн дүн тавьсан. Аливаа эрх баригчид өөрсдөдөө таарсан хууль баталдаг нь хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг харууллаа. Үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй. Хуулийн аргаар ард түмний эрх ашгийг хөнддөг зүйл байж болохгүй. Энэ мэтчилэн олон шалтгаанаас болж манай нам ялагдал хүлээсэн. Тиймээс энэ дөрвөн жилд намаа сайжруулахаас эхлээд улс орны эрх ашгийн тал дээр хатуу байр суурь барьж ажиллана. Намаа, нийгмээ өөрчилж, сонгуулийн зөрчил гарахгүй байх тал дээр сөрөг хүчин сайтар ажиллах ёстой.

Одоогийн эрх баригчдад хоосон, худал амлалтаар ард түмний саналыг авах нөхцөл үүсгэхгүй байхад анхаарч амлалтыг нь хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Цөөнх ямар ажил хийх ёстой, тэр бүгдийг хийнэ.

-Сөрөг хүчний байр сууринаас ажиллах хэдий ч есөн гишүүн гэдэг бол хэтэрхий бага тоо гэж байна. Таны хувьд давхар дээлтэй гишүүдийнхээ тал дээр анхаарч сайд нараа томилоорой гэдгийг хэлж байсан. Ялангуяа эдийн засгийн хувьд маш хүнд байдалд Засгийн газар ажиллахаар байна…

-Дэлхийн эдийн засаг тийм ч сайнгүй байгаа. МАН-ынхан маш том амлалтууд өгч өнгөрөгч сонгуульд орсон. Аудитын байгууллага хянаад болно гэсэн болохоор л тэгж явсан байх. МАН-ынхан мэргэжлийн Засгийн газар ажиллуулна гэж амлалт авсан. Энэ хүрээндээ шинэ Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмж, бүх оюутны 70 мянган төгрөгийг өгнө, хүүхдийн мөнгө тэргүүтэй нийгмийн халамжтай холбоотой маш том амлалтыг өгсөн. Одоо харин тэр амлалтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг нь бид үргэлж сануулж байх үүрэгтэй.

-Ардчилсан намын хувьд томоохон шинэчлэл хийхгүй бол болохгүй гэдэг нь өнгөрөгч сонгуулиар улам тодорхой болсон. ҮЗХ-ны хурал энэ сарын 18-нд товлогдсон байна. Уг хурлаар намын Их хурлаа хуралдуулах, намын дүрмийн өөрчлөлтийн асуудлыг Их хурлаараа хэлэлцэхээр болоод байгаа юм билээ…

-Бид алдаж болох бүх зүйлээ алдсан. Одоо бодит хөрсөн дээрээ буучихсан байна. Фракцилдаг нөхдүүд фракцлан байхгүй болсон зүйлийг булаацалдаад байх юм. Энэ нь маш эмгэнэлтэй харагдаж байгаа. Уг жүжгийг зогсооход энэ удаагийн ҮЗХ-ны хурал маш чухал үүрэгтэй байж цэг тавих болов уу. Энэ намд хариуцлага байдаг, энэ намд ардчилал байдаг, энэ нам нээлттэй болох эхлэлийг тавих цаг болсон. Үнэнийг хэлэхэд Ардчилсан намыг ямар ч ардчилалгүй болгосон. Хамтын удирдлага гэдэг зүйл байхаа больсон. Хувьчлагдаад нэг үгээр хэлбэл мафийн шинжтэй болсон шүү.

Бид энэ бүгдийг задлаад Их хурлаараа хэлэлцэх ёстой. Намын анхан шатны байгууллагын төлөөлөл нь ардчилсан зарчмаа барьж, ард түмний дуу хоолой болж намын дээд удирдлагуудад хүргэх шаардлагатай. Ийм хувь заяаг шийдвэрлэх их үүрэг ирж байна. Сайн сайхан болно гэдэгт итгэж байгаа.

-Таны хувьд байхгүй зүйлийг булаацалдаж байна гэлээ. Яг юуны тухай ярьчихав аа?

-Ардчилсан нам гэдэг чинь ард түмний л нам. Ард түмнийхээ 26 жилийн итгэлийг газарт дэвслээд нэг фракцийн тоглоом, албан тушаалын наймаа, тендерийн наймаа болгож болохгүй. Үүнийх нь дүнг ард түмэн тавьчихсан байхгүй юу. Намын хамт олон нэгдмэл зорилго, нэгдмэл хүчээр ажиллах цаг ирчихээд байхад юу ч болоогүй юм шиг өмнө нь 200 албан тушаалыг тойрч эргэлдэж байсан бол одоо 2-3 албан тушаалыг тойрон эргэж байгаа нь буруу. Яг үнэнийг хэлэхэд сэгэн дээр шавсан махчин шувуу шиг болчихлоо. Ингээд байх юм бол энэ нам руу хэн ч ирэхгүй. Ардчилсан нам оршин тогтнохгүй.

Сүүлийн найман жилд анх удаагаа намынхан цуглаж Их хурлаа хийх гэж байна. Хариуцлагаа тооцох хүмүүстээ тооцон намаа зөв голдрилд нь оруулах тийм цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаар өмнөх Засгийн газрын ямар ажлуудыг үргэлжлүүлээсэй гэж хүсч байгаа вэ. Өнгөрөгч дөрвөн жилд АН-ын Засгийн газрын үед маш их ажил хийгдсэн гэж үздэг шүү дээ?

-Гадаад орнуудад улс орныхоо нэр хүндийг өсгөх, аж үйлдвэржилтийн бодлого, эдийн засгийн олон тулгуурыг бий болгосон. Мөн Ардчилсан нам дэд бүтцийг хөгжүүлж, хот суурин газрыг хөгжүүлэх, ард иргэддээ хандсан цогц бодлоготой болгож чадсан. Энэ бүгдийг эрх баригчид үргэлжлүүлэх ёстой. Арай ч бидний эхлүүлсэн ажлыг хаячихгүй байлгүй. Тэгж хийсэн ажлаа устгуулахгүйн төлөө бид ажиллана. Бид тэмцэнэ.

-Ардчилсан намын бүлгийн есөн гишүүд бас л тодорхой бүлэг фракцийн төлөөллүүд орж ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд зайлшгүй гар нийлэхээс өөр замгүй боллоо?

-Анхнаасаа бид тэгж ажиллахгүй бол болохгүй. Тэгж ажиллана гэдэгт итгэж байгаа. Өөр ямар ч зам байхгүй. Энэ есөн гишүүн бол намынхаа өмнө маш том ачаа, хариуцлага үүрч байгаа хүмүүс. Анхнаас нь зөрчилдүүлж үймүүлэх гээд албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг зориуд гаднаас шидээд байна. Тэр хүмүүс нь өөрсдийн савраа татан авч бүлгийг бүлэг шиг ажиллуулах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Ийм хүнд жилүүдэд бид иргэд рүү хандсан чухал хуулиудыг баталж чадлаа

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-УИХ-ын зургаа дахь удаагийн парламент завсарлачихлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлсэн гэж харж байгаа вэ?

-Энэ парламент өмнөх парламентуудыг бодоход өвөрмөц байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Үүний улбаа нь манайд ч бас мэдрэгдсэн. Ер нь бол эдийн засгийн нөхцөл нь хямралын байдалтай ийм нөхцөлд манай парламент дөрвөн жилийг өнгөрүүллээ. Өмнөх УИХ, Засгийн газрын үед хөрөнгө мөнгийг хангалттай хуваарилж чадаж байсан бол энэ удаагийн парламент санхүү эдийн засгийн тал дээрээ маш хүнд байлаа. Аль болох төсвөө хэмнэж, үүнийхээ үрээр улсынхаа төсвийг аль болох бодит түвшинд нь хүргэх гэсэн эрмэлзэл дүүрэн байсан. Нэг үгээр хэлбэл хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурцгаасан тийм цаг хугацааг бид тууллаа.

Зарим хүмүүсийн хувьд эдийн засгийн тал дээр авч буй арга хэмжээнүүд дээр эвлэрэхгүй, өмнөх үе шигээ төсөв нь их мөнгөтэй байгаа мэт авирлаж ирснийг анзаарсан байх. Харин энэ парламент байгаа хөрөнгө мөнгөндөө тааруулж чамлахааргүй ажлуудыг нугалсан. Ийм хүнд жилүүдэд ч гэсэн бид иргэд рүүгээ хандсан чухал хуулиудыг баталж чадсан нь хамгийн том давуу тал болсон. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд нийгэмд чиглэсэн хуулиудаа баталж чадлаа. Чингис бондын хөрөнгөөр гэхэд иргэдэд хэрэгтэй маш олон ажлын ард гарсан.

-Засгийн газрын тэргүүнээс нь эхлээд Засгийн газрын гишүүдийг огцруулах гээд сандал ширээний асуудал дээр багагүй цаг хугацааг үдсэн. Иймэрхүү улс төр явсан нь үнэхээр Засгийн газар муу ажиллаж байсан уу гэж асуухад хүргээд байна л даа?

-Энэ парламентын хувьд хэцүү зүйл бий. 2012 оны сонгуулийн дүнгээр 100 хувь олонх болсон нам байхгүй байсан тул хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан.

Олонхыг бүрдүүлж Засгийн газар байгуулсан намууд зөвшилцлийн шугамаар ажлаа явуулахгүй бол яаж гацаанд хүрдгийг бид харлаа. Тиймээс хамгийн олон суудал авсан Ардчилсан намын хувьд маш их зөвшилцлийг хийсэн. Тээг саад тотгор маш их байсан ч аль болох болж бүтэхээр нь зүтгүүлсэн. Сөрөг хүчнийхэн завсарлага авч гацаасан, Засгийн газрыг сайд нарыг огцруулахаас эхлээд зүйл дээр зөвшилцөл явагдсан. МАН-ынхан ажил хийлгэлгүй хэчнээн удаа түгжлээ дээ. Засгийн газрыг огцруулна, сайд нарыг нь явуулна гээд байсан болохоор хамтдаа ажиллаад үзье гээд МАН-ыг засагт урьж оруулсан ч эерэг үр дүн гараагүй. Сөрөг хүчнийхэнтэй олонхтойгоо хамтарч ажиллаж чадаагүй. Олонх бол ялаагүй нөхцөлд Засгийн газраа байгуулахаас эхлээд маш их асуудал гардаг юм байна гэдгийг бид харлаа.

-Энэ хугацаанд эдийн засаг амаргүй байсан ч ардчилсан засаг гарснаар “Гудамж” төсөл хэрэгжин зам харгуй сайхан болсон. Орон нутгийн авто замууд ашиглалтад орж, ипотекийн зээл хэрэгжсэн гээд яриад байвал олон сайн зүйлийг нэрлэж болохоор байна?

-Яах аргагүй үүнтэй санал нэг явдаг хүн. Надаас гадна олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдсэн. Хэзээ байхдаа бид гэр хорооллын асуудал руу орж халуун устай, паартай байшинд амьдарч байсан юм. Энэ боломжийг нээж өгсөн. Сургууль, цэцэрлэг гээд хэдэн зуугаар тоологдох Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлэх орчинг бүрдүүллээ. Манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бүх ажлыг зээлгүйгээр хийх хэцүү. Чингис бондын хөрөнгөөр дан ганц авто зам гэлтгүй хэдэн зуун үйлдвэрийг дэмжлээ. Ядаж л монголчууд хадаас, консервныхоо лаазыг монголдоо үйлдвэрлэдэг болсон. Энэ чинь энэ төрлийн импортын барааг орлож гадагшаа урсах байсан ам.доллар монголдоо үлдэх боломжийг бий болгосон. Аж үйлдвэрийн яамтай болсны гавьяа. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд мөнгө зээлж хийхгүй бол хийж бүтээх ямар ч боломж байдаггүй. Дэлхийн бусад орнууд ч гэсэн ийм жишгээр явж ирсэн. Бид мөнгөгүй хэрнээ хоёр жил гаруйн хугацаанд Амгалан дулааны станцыг ашиглалтад орууллаа. Амгалан дулааны станц 50 хувиар ажиллаж байгаа гэхэд гэр хорооллын өрхүүд рүү шугам татах боломжтой боллоо. Түүнчлэн “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, малчдын зээлийн хүүг 10 болгон бууруулсан, таван хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл гээд иргэд рүү чиглэсэн олон томоохон ажлын ард гарлаа. Ардчилсан засаг гараад зоригтой хөдөлсний үр дүн байхгүй юу.

-Амгалан гуравдугаар төрөх нээлтээ хийсэн бил үү?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын хүн ам гурван сая болчихлоо гээд баярлаж байсан ч үнэндээ төрөх эмнэлгүүдийн ачаалал хүнд байсан юм шүү дээ. Өмнө нь улс мөнгөтэй хэдий ч нэг ч төрөх эмнэлэг барьж ашиглалтад оруулаагүй. Харин Амгалан төрөх эмнэлэг бол Монголдоо байхгүй тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг. Энэ эмнэлгийг 2015 онд ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн. Сүүлийн 20 гаруй жилд улс мөнгөтэй байхдаа ганц эмнэлэг барьчихалгүй юу хийж ирсэн байна аа. Энэ мэтчилэн зүйлсийг харахаар үнэхээрийн ажил хэрэгч он жилүүд байжээ гэж харахаар байгаа юм.

Амгалан төрөхөөс гадна Налайх, Багануур дүүргийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарч ирсэн. Сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л зүйлээ дайчилж ажиллаж ирлээ. Түүнчлэн Цагаан давааны хогийн цэг дээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар Израйл улсын компанитай яриа хэлцэл хийж, Засгийн газартай хэлэлцээнд хүрч ажлаа эхлүүлэхээр боллоо. Монгол Улс анх удаа хог боловсруулах үйлдвэртэй болох боломж нээгдсэн. Хогны менежментийн хуулиа батлуулсан.

-Цэргийн хотхоны байр бил үү, хуучны байруудыг буулган шинээр орон сууц бариулахаар болсон гэж байсан юу болсон бол?

-Баянзүрх дүүргийн Сансар хотхонд хуучны байранд хүмүүс маш хүнд нөхцөлд амьдарч ирсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай хамтарч ажлаа эхлүүлсэн боловч хөрөнгө оруулагчид нутаг буцсан. Энэ ажил жаахан хүндрэлтэй байгаа. Э.Бат-Үүл даргатай ярилцан дотоодын компаниудын зээлээр босгох ажил яригдаж байна. Цаашид хуучин орон сууцыг шинэ орон сууц болгох хөтөлбөр хэрэгжинэ. Мөн 740 гаруй өрхийг гэрэл, цахилгаанаар хангагдлаа.

-Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж, нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байхаар тусгасан. Таны хувьд үүнийг дэмжиж байгаа байх?

-Квот гэхээсээ илүүтэйгээр УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох, бодлого боловсруулагч энэ байгууллагад эмэгтэйчүүд адилхан байр суурьтай оролцож байж Монгол Улсын хөгжлийг тодорхойлох учиртай. Хүйсийн харьцааг тэнцүүлдэггүй юмаа гэхэд ойртуулах тал дээр анхаарах ёстой. Иргэд эмэгтэйчүүдээ сонгож УИХ-д оруулахгүй бол болохгүй. Эмэгтэйчүүдийн санаа оноог заавал тусгах шаардлагатай. Ядаж 15 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирэх шаардлагатай. Зарим тойрогт АН, МАН-аас эмэгтэйчүүдээ тулгаж оруулсан байна лээ.

Энэ утгаараа эмэгтэйчүүдийн тойрог бий болгосон ч болохоор байгаа юм. Хүчтэй эрчүүдтэй эмэгтэй хүн өрсөлдөх хэцүү. Тиймээс эмэгтэй хүн гарахгүй байх вий гэдэг эмзэглэл байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайныг харах нүд сохор

Энэ үг хэн бүхэнд дэндүү хамааралтай болчихсон. Сайн сайханд тэмүүлж, түүнээсээ урам авч, сэтгэлийн цэнгэл эдэлдэг цар хүрээ улам л хумигдах янзтай. Хэн нэгнийг газар дор ортол нь муулж бөөнөөрөө нийлэн хараан, зүхэж өнөө хүн нь ямар нэгэн тайлбар хэлэхгүй хүлээцтэй хандахаар нь “Энэ муу хэлэх үггүй болсон юм чинь аргагүй” гээд бах тав нь ханадаг ийм нэг “хов”-ын нийгэм бүрэлдэх нь. Манайхан “Бурууд нүд хурц” гэж жигтэйхэн ярих дуртай. Тэгсэн хэрнээ сайн сайхан зүйлийг харах нүд нь бүр таг сохор. Зөв зүйлийн өмнөөс дуугарчихаж чадахгүй бүлтгэнэдэг ийм л цагийн буулган дор тэнтэр тунтар алхаж л явна. Энэ хөгжиж буй бүх орны зовлон уу гээд үзэхээр бас тийм биш. Зүгээр л өөрөөс нь илүү нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрөөс нь алхмын өмнө яваа нэгнээ бөөнөөрөө бөөрөлхөж, улдан чангаах ажилдаа дэндүү гарамгай болчихсон. Үүнээсээ цалин авахгүй хэрнээ цалинтай ажлаасаа илүү үүнийгээ хийх дуртай. Ядаж л улс төр хийж буй хүмүүс нь эх орончийн дүрээр заларчихаад хэн нэгнийг дэвсэлж өөрөө дээшээ гарах гэсэн явуургүй үйлдэл хийнэ. Түмнийхээ нүдэн дээр янз бүрээр балбуулж яваа хүнээ өмөөрсөн хүн нөгөө хүнтэйгээ адилхан балбуулдаг болохоор хэн ч тэр нь зөв гээд хэлчихэж чадахаа байсан. Худал зүйлийг мянга давтахад үнэн болдог. Мянган худлыг үнэн гэж итгэгсэд Монголоор дүүрэх нь.

Ингэж нийгмийг талцуулж болдог гэдгийг дэндүү сайн мэддэг хүмүүс ард түмнээ сохолж байна. Хэн нэгнийг заавал муу муухай болгон харагдуулж кайф авдаг энэ байдлаасаа салах цаг одоо биш юм бол хэзээ гэж. Муу байлаа ч тэр хүнд заавал нэг сайн чанар бий гэдгийг нь ядаж харах билгийн нүднүүд сохорчих гээд байна. “Ямар ч хүнд заавал нэг сайн чанар байдаг юм, дүү минь. Түүнийг нь л олж харахыг сурах хэрэгтэй” гэж яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир тээр жил хэлж билээ. Удахгүй сонгууль болно. Сонгууль угтан бие биенээ үзэн ядах хар давалгаа эхэлчихлээ. Сонгууль нэг өдөр л болоод дуусна.

Түүний цаана бид бүхэн уулзаж учрах 1000 өдөр бий гэдгийг санах л хэрэгтэй. Үзэн ядах нүдээ хурцлахаасаа өмнө энэ хүнийг би хэр мэдэх билээ гэдгээ заавал бодох хэрэгтэй юм шүү

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Азтанаар тодорлоо гэсэн чинь эрүүгийн хэрэгт татагдчихав уу

Иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг цахимд бүртгүүлэн азтан болчих юмсан гэх “ёндоо”-той хүсэлдээ хөтлөгдөөд хэдэн сар болж байна. 2016 оны гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор нэгдүгээр сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалан салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй иргэн 400 сая төгрөгийн азтан болсон. Тэр үед хүн бүр л “Яасан аз нь атгандаа багтсан хүн бэ” гээд эрэл хайгуул хийсэн боловч уг азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас тэгсхийгээд замхарсан.

Сүүлд харин Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн азтан болсон гэж мэдэгдсэн. Гэсэн ч хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр дээрх хоёр эрхмийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Ц-ийн бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлэн хуурамч баримт бүрдүүлсэн болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. QR код гэдэг нь тухайн баримт Гааль, татварын ерөнхий газрын төхөөрөмж, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог юм билээ. Энэ дагуу шалгалт хийгээд хуурамч болохыг хэдийнэ тогтоочихсон ч иргэн Ц одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэр бүү хэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон.

Иргэн А-ын баримтын QR код арилсан тул үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар мэдээлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө л манай энэ ч найз, тэр ч хамаатан 400 саяын азтан боллоо гээд л шуугиж байсан нөхөд өнөөдөр харин ялтан боллоо гээд жигших маягтай болчихсон явах юм. Өнөө хоёр чинь юун азтан болохтой манатай хуулийн байгууллагад шалгуулаад баларч л явна.

Бид ер нь хийж бүтээе гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн азанд илүүтэй найддаг гэдэг нь сүүлийн үед улам ч тодорхой харагдах боллоо. НӨАТ-ын 400 саяын азтан болсон гэх энэ хоёр хүнийг хэлж байгаа юм биш. Бид өөрсдийгөө харахад л нэгдүгээрт аз, ёндоо гэдэг зарчим үйлчилж байгаа нь нэн тодорхой болоод байгаа. Монголчууд брэндийн дэлгүүрийг “дэлбэлдэг” гэдгээрээ дэлхийд алдаршиж байна. Нэг их сайхан гэмгүй нөхөр бараа авах гэж байгаа юм шиг ороод л хулгай хийгээд гардаг. Ялангуяа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа нөхдийн хулгай хийж буй бичлэг Солонгосын телевизүүдээр үе үе цацагдаж мөрөөрөө хөдөлмөрлөж яваа зарим нөхдөө хүнд байдалд оруулна. Өөрсдийгөө “Энэ хулгайч монгол” гэдэг нүдээр хялалзан харахад хүргэдэг. Дан ганц БНСУ гэлтгүй бусад оронд байгаа Монголын консулудын хийдэг ганц ажил нь хулгай хийсэн иргэдээ ямар нэгэн байдлаар эх оронд нь буцаах байдаг талаар консулууд ярьдаг. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг ч ширэн нүүрлэсэн хэдийнхээ өмнөөс бас л нүүрээ улалзуулдаг байлгүй.

Дэлхийтэйгээ зэрэгцэж хөгжих ёстой гэж ярьцгаадаг монголчууд ийм хүмүүжилгүй ард түмэн болчихож. Муу, муухай зүйлд увайгүй ард түмэн болчихоод байна. Бидний нэн тэргүүнд хийж чаддаг ганц зүйл бол худал хэлж, хулгай хийх. Үүнийгээ бүр гарамгай сайн хийнэ гээч. “Тэр ажлыг хийчих дээ” гэсэн бол хэдэн өдрөөр ч хамаагүй улдаж чаддаг “чөдөр” ард түмэн. “Хийгээд бүтээчих” гэхээр түмэн шалтаг тоочоод Н.Энхбаяр эмнэлэгт байхдаа “Би юу ч сонсохгүй байна” гээд чихээ бөглөдөг шиг “Юу ч сонсоогүй ш дээ” гээд хөдөлнө өө л гонж. Хулгай хий гэсэн бол ямар ч асуудалгүй арга эвийг нь олоод есөн шидээр нь хулгайлаад ирдэг. Сүүлийн үед “Чингисийн гэж цээжээ дэлддэг монголчууд…” гэдэг үг моодонд орсон. Чингисийн гэж цээжээ дэлддэг монголчууд ингэж амьдарч болохгүй.

Монголчуудын өөр нэг гарамгай чадаж байгаа нэг зүйл нь амжилтад хүрсэн нэгнээ үзэн ядах. Ам уралдан байж зүхдэг. Бид ийм нэг тогоотой. Үүнийгээ “Тамын тогооны үлгэр” гээд нэрлэчихсэн. Энэ үлгэрийг бүгд мэддэг, тийм байж болохгүй гэдэг хэрнээ ярьснаасаа дандаа эсрэг явдаг. Өнгөтэй өөдтэй, мөнгөтэй яваа нэгнээ зүгээр сууж байгаад хулгай хийгээд баяжсан гэж боддог. Энэ бодлоо туйлын үнэн гээд итгэчихийг нь яана. Бүгд хулгай хийж байхад би юугаараа дутдаг юм гэсэн атгаг бодолдоо хөтлөгдөн хулгай хийнэ гээч. Ингээд л дээр, дооргүй хулгайч болдог. Гэхдээ амжилтад хүрсэн бүх хүн ийм замыг сонгосон уу гэвэл үгүй. Бодит амьдрал дээр тэдгээр хүмүүсийн дийлэнх нь цаг наргүй зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимээр хөрөнгө чинээтэй болсон байдаг. Цөөн хэдэн хүн хулгай хийж хөрөнгөжсөн байж болно. Түүнээс олон нь ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж явна. Баячуудад атаархагчдыг унтаж байхад нь, зугаа цэнгэл хөөцөлдөн наргиж доргиж явахад нь тэр хүмүүс уйгагүй хөдөлмөрлөж байсныг харамсалтай нь ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй. Баячуудыг үзэн яддаг хэрнээ үнэндээ бол бүгдээрээ баян цатгалан амьдрах хүслийнхээ боол нь болчихсон явдаг. Нэг үгээр хэлбэл баян болох донтой болсон байдаг л даа. Гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулахгүйгээр сайхан амьдрах хүсэл нь хийж бүтээх оргилуун мөрөөдлийг нь дарчихсан байдаг тул сайн сайхан яваа нэгнийхээ хөлнөөс чаргууцалддаг. Зарим нь зангуу шиг наалдчихна. Өөрт байгаа бүхий л эрчим хүчээ баян болох мөрөөдөл, өөрөөсөө толгой илүү яваа нэгнийг зүхэхэд бус ажил хөдөлмөр хийхэд шингээцгээе. Бид ингээд сурчихвал юун НӨАТ-ын азтан болж 400 сая төгрөгтэй болох. Хэдэн 400 саяар нь олох боломжоо бид алдаад байна. Нэг үгээр хэлбэл хөдөлмөрийг шүт, бүтээж амьдар гэх гээд байгаа юм.

Хэдий болтол “Номин”-гийн сугалаанд оролцох гэж үйлээ үзэж, хэзээ 400 саяын азтан болно гэж тэнгэр харж хэвтэх юм бэ. Алтан нар гэрлээ хүн бүхэнд тэгш хайрладаг. Баяжих боломжийг бүх хүний өмнө тэгш орхичихсон байгаа. Тэр боломжийг хэрхэн ашиглах нь харин та бидний асуудал. Монголчууд юу ч бүтээх хүсэлгүй зүгээр л “дарга” болж албан тушаалд хүрч, хэмжээлшгүй их мөнгийг олох гажиг сэтгэхүйтэй болчихлоо. Монгол хүн юу ч бүтээдэггүй хэрнээ өөнтөглөх тогтолцооноос салах цаг ирснийг бүгд ярьдаг. Одоо харин хийж хэрэгжүүлэх цаг нь болчихоод байна. Амьдралыг хаа сайгүй байдаг хямдхан хөнгөн зууш гэж боддог сэтгэхүйгээсээ салж чадвал мөр зэрэгцэн бүгдээрээ хөгжих, сайхан амьдрах боломж бий. Монголын гурван сая иргэнийг бүгдийг нь 400 саяар тэтгэдэг аз гэж хаа ч байхгүй. Хийж бүтээгээд явбал бүх хүний атганд аз, ёндоо зэрэгцэн буйг мартаж болохгүй. Үүнийг ойлгож, хэрэгжүүлэхгүй бол азтанаар тодрох гэж аргаа барсан үйлдэл хийж байгаад эрүүгийн хэрэгт татагдаж болзошгүй байна шүү, монголчууд аа.