Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго Монголын эдийн засгийг аварна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийхээ албанаас бууж бидний хэлдгээр “Ноосоо тушаачихлаа”. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ тал дээр анхаарал хандуулж л байгаа байлгүй дээ. Яг одоо юу хийж байна вэ?

-Ноосоо тушаачихаад “Лааз өшиглөе” гэсэн чинь Улаанбаатарт лааз олдохгүй шахам болчихож. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг ингэж хөгжүүлсэн байна. Хот хөгжинө гэдэг нь хүмүүсийн амьдрал дээшлэхийг хэлдэг. Гэсэн ч хүний амьдралыг хөгжүүлэх дэд бүтцийг нь өнгөрсөн дөрвөн жилд хийчихээд амьжиргааг нь дээшлүүлэх тал дээр анхаарал суларсан нь Ардчилсан намын гол алдаа байлаа.

Монголын улс төр, эдийн засгийг сүүлийн 26 жилд нь дүгнэсэн политэконом талын суурь бүтээл үгүйлэгдэж байсан. Монгол Улсын эдийн засгийг дөрвөн жилийн циклээр боддог биш 26 жилийн эдийн засгийн бодлогын түүхийг судлаад цаашдын хандлагаа тодорхойлон явдаг болох шаардлагатай. Тэр утгаараа судалгааны ном бэлтгээд сууж байна. Манайд дажгүй эдийн засагчид бий. Тэдгээр хүмүүстэйгээ эдийн засгийн “think thank” клуб байгуулдаг юм уу гээд ярилцаж байна. Өөр ч юмгүй шив дээ.

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?

-Гэнэтхэн нэг өдөр тэнгэр дуугарч, аянга бууж, аадар орчихсон юм биш. Ерөнхийдөө эдийн засгийн цаг агаар тааруу байсан нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарч байсан. Монголын эдийн засгийг 2005-2015 он гээд 10 жилээр нь аваад үзэхээр дотоод нийт эрэлт, гадаад эрэлт хоёр ээлжлэн муудсан.

Ялангуяа 2008-2009 оны эдийн засгийн хямралтай жилийн дүр зургийг том утгаар нь харахаар дотоод эрэлтийг нэмж байж бизнесийн амьдралд нөлөөлөн тэр хямралыг даван туулсан. Бид хямралтай байна гээд байгаа. Хямрал гэдэг чинь ДНБ хасах тэмдэгтэй гараад гурваас дээш улирал болсон байх ёстой. Тийм зүйл болоогүй. Гэхдээ төсвийн алдагдал, төлбөрийн балансын ихэр дфицит гурван жилийн өмнөөс төлбөрийн баланс дээр суучихсан байсан. Бид 20 гаруй жил төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадахгүй байна гэж яриа биз дээ. Уялдуулах гол зүйл нь төсвийг алдагдалгүй батлах байлаа. 2005-2015 оны хоорондох 10 жилийн долоод нь төсвийг алдагдалтай баталж ирсэн. Төсөв алдагдалтай баталж байсан жилүүдийг нь аваад үзэхээр дандаа сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилүүд таарч байна. Сонгуулийн бизнесийн циклд ингэж ордог. Үүнийг цааш нь гүнзгийрүүлээд үзэхээр мажоритар байсан уу, жижиг мажоритар байсан уу, холимог байсан уу гээд үзэхээр жижиг мажоритарын үед төсвийн алдагдал улам нэмэгддэг. Учир нь өнөө 76 чинь хөеөгөө зөөдөг хулгана шиг бүгд өөрсдийн тойрог руугаа хөрөнгө оруулалт чирдэг. Төсвийн ажлын хэсгийнхэн Б.Чойжилсүрэн эсвэл Д.Ганхуягийн өрөөнд ч юм уу сууж байгаад лоббигоо хийдэг л байсан шүү дээ. Энэ бол нуугаад байх зүйл биш. Ингээд л төсвийг алдагдалтай баталдаг байхгүй юу. Ноднин төсвөө ядаж хасах нэгтэй, “0” хувийн алдагдалтай баталчихаач гэж их ч хашгирсан даа. Даанч чадаагүй. Үнэнийг хэлэхэд Ардын намаас хашгирсан ганц хүн нь Ч.Хүрэлбаатар. Би тэгэхэд ИЗНН-ын гишүүн байсан. Би эсрэг талд нь сууж байгаад хашгирдаг байлаа. АН-аас хашгирдаг нь А.Бакей. Олонх цөөнхөөс үл хамаараад энэ 76 хулгана чинь хөеөгөө зөөх гэж лоббидсон байхгүй юу. Энэ нь улс төр, эдийн засагт хортой нөлөөлдөг. Тэр дундаа жижиг мажоритараар явуулсан сонгуулийн жилүүдийн төсөв үргэлж муудсан байдаг.

-Сангийн сайдын хэлж байгаагаар маш муу эдийн засаг өвлүүлсэн гээд байгаа юм биш үү?

-Б.Чойжилсүрэн аймаар эдийн засаг өвлүүлчихлээ гээд яриад байна. Эдийн засаг муудаад байхад бүгдээрээ л хамт байсан. 2012 оны супер цикл буураад эхлэхэд бондономикс граффик ид хүчээ авч дээшээ явж байхад өрхийн бодит орлого найман улирал дараалан унасан. АН-ынхан 2014 онд үүнийг хараагүй байж болох ч 2015 онд үүнийг харж, анзаарч болох байлаа. Өрхийн орлого багасч байсан үед хүртээмжтэй санхүүжилтын орчныг бий болгохын тулд 2015 оны эхнээс “Сайн” хөтөлбөрүүдийг явуулсан бол өнөөдөр ард түмэн үр дүнг нь мэдэрчихсэн АН ялагчийн байр сууринд суух байв. Эдийн засгийн гол шалтгаан нь энэ.

Төсвийн алдагдал руугаа эргээд оръё. 2012-2016 оны төсвүүд яаж батлагдаж ирсэн юм. Сангийн яам эхлээд төсвөө оруулж ирдэг. Орж ирсэн төсвийг нь УИХ-ын гишүүд эвдэж, манай суманд тийм ч цэцэрлэг, сургууль алга гээд эхэлдэг. Өнгөрсөн дөрвөн жилийг харж байхад сургууль, цэцэрлэг, батлан хамгаалахын төсвийг хөнддөггүй байсан. Эдийн засаг өөрөө өрхийн, бизнесийн эдийн засаг гэсэн хоёр баганатай. 2014 оны эхний улирлаас хоёр баганын бодит орлого муудаж, компаниуд зомби хэлбэрт орсон. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж буй талаарх тоон мэдээлэл статистикаар гарч байсан ч тоолгүй явж ирсэн. Өрхийн орлогыг нэрлэсэн орлогоор нь бүлэглэхэд 2016 онд Их хурал дээр анх удаа сонсож байгаа юм шиг сүржигнэж, “Монгол Улс нэлэнхүйдээ ядуурсан байна” гэж эдийн засгийн маш муу ойлголттой хүмүүс ярьж эхэлсэн. Сөрөг хүчин үүнийг маш сайн ашигласан. 2012-2016 оны хооронд бид Өрийн удирдлагын тухай хуулиа баталсан. Уг хуулийнхаа дагуу улсын өрийг улиралдаа нэг нийтэд мэдээлж байх ёстой байсан ч тэгээгүй. Монгол Улс гурван жил мөнгөний бодлогоо дэлхийн жишгийн дагуу явуулсан. “Одоо ямар алдаа гарсан юм бэ” гэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан” гэдэг. Үнэ тогтворжуулчихаар алдаа гардаг юм уу. Нийт бизнест боломж олгоогүй тодорхой компаниудыг сонгож авсан, тэр нь ил тод биш байсан ч гэдэг юм уу алдаа бий. Улс төр талаас нь тоглох зүйл байсан ч нийлүүлэлтийн гаралтай инфляцийг нэг хувь болгож өгсөн. Монгол Улсын инфляци нийлүүлэлтийн шокоос хамаардаг. Одоо нийлүүлэлтийн шок болохгүй байгаа биз дээ. Манайд одоо дизинфляци гэдэг процесс явж байна. Энэ нь эдийн засаг өсөлт, инфляцийн өсөлт хоёр зэрэг уруудахыг хэлж байгаа юм. Үүнийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол дифляци руу орох аюултай.

Улс орны Төв банк болгон нөөцийг удирддаг. Валютын нөөц багатай Монгол Улс болон нэлээд олон орнууд “гросс” нөөцөө зарладаг ч “нет” нөөцөө зарладаггүй. Гросс, нет хоёрын болон нийт болон цэвэр нөөц хоёрын хоорондох зөрүү нь үндсэндээ своп юм. Своп гэдэг нь хоёр Төв банкны хооронд хийгдэж буй хэлцэл. Монгол Улс валютын нөөц багатай орон. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх, нөөцтэй байхын зорилго нь валютын ханшийн хэт их хэлбэлзэл гарахаас болгоомжлох болон өрийн төлбөр хийх юм. Эдийн засгийн энгийн зүйлсийг манайхан ярихгүй хамаагүй зүйл ярьцгаадаг. Жижиг эдийн засагтай, зах зээл дээрх оролцогчдод нь сөрөг хүлээлт давамгайлж байдаг оронд валютын ханш, төсвийн алдагдал зэргээ хамаагүй зарлаад байвал хүлээлтийг өдөөчихдөг. Үүнээс улбаалан дамаар буюу чихнээс чихэнд сургаар өдөөгдсөн эрэлт огцом нэмэгддэг. Манайд ийм зүйл болж л байсан. Ерөнхий сайд байсан нэгэн нөхөр ам.доллар 1400 төгрөгт хүрнэ гээд хэлчихсэн чинь л хүлээлт үүсээд ханш нэмэгдээд явсан. Ханш хөөргөдөх ийм зүйлийг хийж болдоггүй юм. УИХ-ын гишүүдийн амнаас гарсан хий бүхэн нийтэд хүрэхдээ хүчтэй хийгээд эмзэг тусдаг. Тухайлбал, би гэхэд чуулганд хожигдож очоод “Угаасаа хожигддог” гээд хэлчихсэн чинь хүмүүст хүчтэй туссан. Жирийн иргэн “Би угаасаа хожигддог” гээд хэлчихсэн бол өөр хэрэг. “Дэмбэрэл стайл” гэж хүртэл бий болоо биз дээ.

-Монгол төгрөг улам хүчгүй болж байна. Яах ёстой юм бэ?

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг унагалаа гэж байна. Монголбанкны тухай хуулинд “Монголбанкны үндсэн зорилго нь үндсэн мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гээд заагаад өгчихсөн. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь төгрөгийн гадаад, дотоод үнэ цэнээр илэрхийлэгддэг. Инфляцийг нам дор түвшинд байлгаж байж дотоод үнэ цэнэ бий болдог. Төгрөгийнхөө худалдан авах чадварыг хадгалж, иргэдэд инфляцийн дарамт бий болгохгүй байх ёстой. Нөгөө талдаа гадаад мөнгөн тэмдэгт дотоодын мөнгөн тэмдэгттэй солигдох харьцаа буюу валютын ханш маш чухал. 1990 оны үед валютын дэглэмтэй улс орнууд зөндөө байсан. Монгол Улс валютын чөлөөтэй хөвөх дэглэмтэй гээд олон улсын валютын сан, манай хуулинд бий. Хүмүүс валютын ханш ямар түвшинд байвал зохилтой вэ гээд асуугаад байна. Заавал нэг тоо хэлэх шаардлагагүй. Харин ганцхан түвшинд л хар. Валютын ханш инфляцийг хөөрөгдөхгүй байх түвшинд байх ёстой. Онолын хувьд боломжгүй гурвалжин гээд нэг зүйл байдаг юм. Ялангуяа валютын ханш, мөнгөний бодлого ярьдаг хүмүүс ганц удаа уншчихад гэмгүй. Ардын намын мөрийн хөтөлбөрт өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн байсан. Үүнийгээ хийх ёстой.

-Мөрийн хөтөлбөр биелэхэд хүнд боллоо шүү гэдгээ л цочир мэдэгдэл хийхдээ хавчуулаад хэлчихсэн юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Мөрийн хөтөлбөр бол мөрийн хөтөлбөр. Ялангуяа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн дарамтыг хөнгөвчилөх тал дээрээ анхаарах ёстой. Өмнөх Их хурлаар Зөвшөөрлийн хууль гэж орж ирээд хэд хэд буцсан даа. Одоо тэр хуулиа бушуухан батлах хэрэгтэй. Мөнгийг нь өгч чаддаггүй юмаа гэхэд хүнд сурталаа багасгачих. Жижиг гуанз нээх гэж байгаа хүмүүс зөвшөөрөл авах гэж маш их явж байна. Явж явж нээчихээр нь бөөн хяналт шалгалтаар дарамталдаг. Уг нь Хяналтын тухай хуулийг батлах гэж байсан ч улс төржсөөр байгаад буцаагаа биз дээ. Одоо энэ мэтчилэн бэлэн хуулиуд байхад батлаад явах хэрэгтэй. Өмнөх парламентын хамгийн сүүлийн чуулган дээр би “Бид татварын орчноо сайжруулж чадсангүй шүү” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хуулийн төслөө Их хурлын даргад өгдөг бол би Ч.Сайханбилэгт Татварын ерөнхий хуулийг бүгдийг нь бэлэн болгочихоод өргөн барьсан. Тэр хууль бэлэн бий. Хуулиа баталчихвал татварын орчин сайжрах боломжтой. Эдийн засгийн өсөлт уруудаж, төсвийн орлого муудаж байгаа үед сууриа нэмэгдүүлье гэвэл бүх татваруудаа жигд буулгах хэрэгтэй. Ардчилсан нам дөрөв арвын бодлого хэрэгжүүлж байсан бол Ардын нам дөрөв наймын бодлого хэрэгжүүл л дээ.

-Одоо 76 гишүүн байгаа юм чинь төсөв бас л эргэлзээтэй, тасрах нь тодорхой болох нь ээ?

-Бид 10 гаруй жил төсвийн тогтвортой байдлаа хадгалж чадсангүй. Одоо дахиад л үргэлжилнэ. Их хуралд 76 гишүүн байна. Нутаг нутаг руугаа юм зөөхийг бодно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруул. Бид Чилийн туршлагаас нэг зүйлийг орхисон юм билээ. Чилийн төсөв орж ирэхдээ хөндлөнгийн экспертүүдийн гараар ордог. Тэдний гараар орсон зүйлийг гишүүд нь хөнддөггүй. Энэ бүхнийг хуульчилж өгөөд шинээр батал. Үүний дараа харин төсөв томоотой болж болно. Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго чинь дараагийн дөрвөн жилд Монголын эдийн засгийг аварна шүү.

Нөгөө талаас төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа үзүүлэлт нь юу байгаа юм. Ингээд тооцоод үзэхээр маш бага байдаг байхгүй юу. Муу сайн ч гэсэн өндөр хүүтэй зээлээрээ л эдийн засгийн өсөлт чинь явж байна. Дараагийн дөрвөн жилд хүртээмжтэй санхүүжилтыг үргэлжлүүлэх шаардлагатай шүү. Ардын намынхан АН-ынхны ажлыг үргэлжлүүлэхгүй гэж байгаа бол нэрийг нь өөрчлөөд явуул. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” гээд явуулж болохгүй байгаа бол “МАНай малчин”, “МАНай оюутан”, “МАНай хашаа” гээд МАН гэдэг үгээ оруулаад яв л даа. Иргэдэд дэм болж байсан юм шүү. Энэ нь төсөвтэй хамааралгүй явж байсан зүйл. АН-ын хэрэгжүүлж байсан сайн зүйлийг нь аваад муу зүйлийг нь зас л даа. Ардын намын мөрийн хөтөлбөр дээр тэтгэврийн зээлийн хүүг багасгана гэсэн байгаа. Өнөөдөр 210 мянган хүн тэтгэврийн, 265 мянган хүн цалингийн зээлтэй гэдгийг сонгуульд өрсөлдсөн бүх хүн мэдэж байгаа. Иргэд чинь тэтгэврийн, цалингийн, бизнесийн, хадгаламж барьцаалсан, хэрэглээний зээлийн өрөнд баригдчихсан. Өрийн дарамт 40-60 хувь.

Бид 2030 он гэхэд ядуурлыг “0” болгоно гээд Тогтвортой хөгжлийн зорилтдоо суулгаад, баталчихсан. 2016-2020 оны хооронд эхний шавыг нь тавих хэрэгтэй. Энэ дөрвөн жилд хэрэлдэлгүй, давуу талаа ашиглах боломж МАН-д бий. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро хийгээд өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг дээр С.Дэмбэрэл гэдэг хүнийг ашиглана гэвэл надаас ирж зөвлөгөө аваарай. Би тоог нь гаргаж ирээд цаашид хийх зүйлийг нь хэлээд өгнө. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гараад ирэнгүүт нь би шүүмжлэхгүй, санаанууд хэлж өгнө.

-Улсын гадаад өрийн хувьд хязгаартаа тулсан гэж нэг хэсэг ярьсан. Шинэ Засгийн газар зээл авах ч юм уу, бонд босгох ямар нэгэн арга хайгаад байх шиг санагдах юм?

-Улсын гадаад өрийн хувьд өрийг өрөөр дарна. Өөр арга байхгүй. Бонд босгож болно. Гэхдээ өмнөх шигээ таатай нөхцөл олдохгүй. Манайхан Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголоор дамжуулсангүй гэж загнадаг. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчтэйгээ хамт сууж байгаад Оюу толгойн удирдлагуудтай уулзаад “Танай борлуулалтын тодорхой хэмжээний орлогыг манай Төв банкинд тусдаа данс нээж байршуулъя. Эхний шаардлагаар чинь гаргаж өгнө” гээд ярих шаардлагатай. Валютын нөөц бага байгаа үед түүнийг нь хэрэглээд явах нь зөв. Таван толгой, Оюу толгой гээд өнгөрсөн дөрвөн жилд гацсан томоохон төслүүд одоо явах байлгүй дээ. Темасек энэ тэр гээд янз бүрийн юм яриад байх шаардлага ч байхгүй. Таван толгойгоо Алунгоо эхийн таван сум гэдэг шиг багцалж байгаад таван консерциумд өгч төр бизнес хийхээ боль. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дотор төр бизнес хийхгүй гэдэг заалтыг нь би гараараа бичиж оруулсан.

Өмнө нь би танай сонинд ярилцлага өгөхдөө алтан хувьцаа гэдэг зүйл ярьж байсан даа. 1980-аад оны үед Теттчер Ерөнхий сайд байхдаа Англид хувьчлалыг амжилттай зохион байгуулсан нь үүнтэй холбоотой. Алтан хувьцаа гэдэг бол хориг тавих хэрэгтэй нэг ширхэг хувьцаа юм. Манайх шиг 34 хувь энэ тэр гэх шаардлагагүй. МАН ирэх дөрвөн жилдээ бидний хийж чадаагүй зүйлсийг хийх хэрэгтэй.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг өнөөдөр мөн үү. Сангийн сайдын мэдээлэл үүнээс өөр зам байхгүй байгааг хэлээд өгсөн л дөө?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг чинь мөнгөний бодлогоо эрс хумьж, хатуу мөнгөний бодлоготой болно. Манай орны хувьд төсвийн сахилга баттай болох нь зөв. Харин хатуу мөнгөний бодлого гэдэг дээр нь би эргэлзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жил дараалан мөнгөний нийлүүлэлт хасах гарлаа. 2009 оны хямралаас мөнгөний нийлүүлэлтийг нэмж гарсан. Эдийн засгийг хэтэрхий их хумьж болохгүй, мөнгө хэрэгтэй байна, цусны эргэлт буурсан байна гэж ярьдаг байсан даа. Тэр хэвээрээ байгаа. Одоо бизнес рүүгээ хандсан зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудыг ашиглах шаардлагатай. Бизнесийн, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул. Мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруул. Гэхдээ хатуу биш. “Стэнд бай” хөтөлбөрөөс гадна хөгжиж байгаа орон болон өндөр зээлтэй орнуудад зориулсан олон хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ бүх хөтөлбөрүүдийн нийтлэг үндэслэл нь “Танай орны мөнгөний бодлогыг чангална” л гэсэн байдаг юм. Бид уламжлалт бус мөнгөний бодлогыг Их хурлаар баталсан. Нэг гараараа кноп дарж баталчихаад нөгөө гараараа үнэ тогтворжуулах хөтөлбөр, моргейжийг нухчих гээд байдаг. Манайхан ярьж байгаа зүйлээ зөв ярих нь чухал.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихаар моргейжээс эхлээд ард түмэнд хэрэгтэй олон төсөл хөтөлбөр зогсох нь гэсэн айдас нийгэмд бий болчихсон байна. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Чи байранд амьдардаг уу. Танай найзууд дотор ипотекийн зээлтэй хэчнээн хүн байна.

-Гэрт амьдарч байгаа. Би урьдчилгаагаа бүрдүүлэх гээд л явж байна. Харин 20 гаруй найз маань ипотект хамрагдсан…

-Та яаж ийж байгаад урьдчилгаагаа бүрдүүлнэ дээ. Залуу хүн тийм байх ёстой. LTV буюу зээлийг байрныхаа үнэ цэнд харьцуулсан харьцаа манайд 30 хувь байгаа. Монгол хүний дундаж наслалт 65. Ипотекийн зээлийг хэн авч байна гээд нас, орлого талаас нь авч үзэхээр 25-44 насны идэр үеийнхэн олонх нь байна. Орлогын хувьд нэг сая төгрөгөөс дээш байх шаардлагатай. Намайг залуу байхад ипотек гэж байсангүй. Аав, ээжээрээ яаж ийж байгаад байр авахуулдаг байсан. Орон сууц гэдэг бол залуучуудын амьдралын хэрэгцээ байхгүй юу. Ийм байхад ипотек яахаараа буруу байдаг юм. Тиймээс ипотекийг үргэлжлүүлэх нь зөв. 5-8 хувь гэхээсээ илүү залуучуудын орлоготой нь уялдуулан янз бүрийн хөшүүргүүдийг нэвтрүүлж болно. Үүнийг МАН-ын Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн хоёр тоон дээр эргэлддэгээ боль. Сонгуулиар явж байхдаа цэргийнхэнтэй уулзсан. Офицеруудын дийлэнх нь байргүй байна. Тэдний орлого бол тогтвортой байдаг. Цол дагаад цалин нэмэгддэг. Тэнд байнгын орлоготой хүмүүс байгаа юм чинь “Армийн ипотек” гэдэг зүйлийг бий болго гэж хэлмээр байна. Үүнийг цэргийнхэн маш сайхан хүлээж авсан. Б.Бат-Эрдэнэ сайд гуай нь өөрөө байртай, бага тушаалын офицерууд нь байргүй байж болохгүй л дээ. Цэргүүдээр хямд үнэтэй барилга бариулж тэндээ ипотек хэрэгжүүлээд яв. Армийн офицеруудын орлого бол хамгийн найдвартай. Ингэж чадвал тэдэнд ямар том дэм болох бол. Үүнийгээ салбарын сайд нь Монголбанк, МИК-тай ярь. Энэ мэтчилэн янз бүрийн ипотек хэрэгжүүл. Моргейж цаашаа үргэлжилэх ёстой. Ард түмэн орон сууцаар цангаж байна.

-Зээлийн хүү буурах ганц боломж нь гадны банк орж ирэх гэж ярих болж. Ялангуяа Bank of China орж ирэх сураг байна?

-Хоёр жилийн өмнө Эдийн засгийн хүндрэлээс гарах УИХ-ын тогтоолын төсөл гаргахад ажлын хэсэгт нь би, Д.Зоригт гэх мэт гишүүд байсан. Яг энэ асуудлыг яриад Монголбанкнаас лавлагаа аваад явсан. Шаардлага дээр нь дэлхийн топ 100 банкны нэг байх ёстой гээд байж л байлаа. Япон, Хятадын гэхчилэн хэд хэдэн банк орж ирэх хүсэлтэй байсны нэг нь Bank of China. Хэрэгтэй зүйл байна гээд ажил хэрэг болгох гэтэл гэнэтхэн л “Bank of China-ийн лоббид орсон байна. Эх орноо худалдах гэж байна” гээд хэвлэлээр эсэргүүцээд унаа биз дээ. Арилжааны банкныхан чинь Их хурлын гишүүдийн өрөө бүхнээр яваа биз дээ. Гэтэл сүүлийн хэд хоног сонин уншаад байсан чинь банкууд өөрсдөө “Bank of China”-тай гэрээ хэлэлцээ хийгээд эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө гадаадын ямар ч банк жижиглэнгийн зээл олгохгүй. Зөвхөн бөөний хэлбэрийн зээлийг хязгаарлагдмал хүрээнд банкны зах зээлд оролцоно. Монголын банкуудад бага хүүтэй зээл өгөөд явна гээд хямд эх үүсвэртэй зээл л гэж бид харж байсан. Одоо л үүнийг ярьж байгаа юм байна. Сингапурт маш олон банк байдаг. Манай орны банкуудын өмчлөлийн бүтцийг аваад үзэхээр ХААН банкийг нэг япон хүн эрхийг нь эзэмшлээ гээд ямар муу юм болсон юм. Манай банкуудын зээлийн хүү буурахгүй байна гэхээр эх үүсвэрийн зээлийн хүү буурахгүй байна гэдэг. Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хүрэхгүй хувь нь 58 хувийг эзэлдэг. Энэ бол манай хуримтлалгүй эдийн засгийн л бүтэц. Төвбанк нь хадгаламжийн хүүг бууруулах замыг захиргааны бус эдийн засгийн аргаар хийх санаачилгыг гаргах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай

УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 25-нд хуралдахаар товлогдоод байна. Энэ удаагийн хурлаар намын даргынхаа асуудлыг шийдэх ёстой гэж байгаа юм билээ. Та ҮЗХ-ны хурлаас ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Ямартай ч сонгуулийн үр дүн гарсны дараа ҮЗХ-ны хурал болох гэж байгаагаараа онцлогтой. Тэр утгаараа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн хувьд хүлээлт үүссэн гэхэд болно. Ямар ч байсан энэ их хүлээлтийг үүсгэсэн гэдэг утгаараа үр дүнтэй болох учиртай юм. Хурлаа сайн хийхээс олон зүйл шалтгаалдаг. Тэр утгаараа энэ удаагийн хурал санасан зорьсондоо хүрсэн тийм хурал болоосой гэж хүсч байгаа.

ҮЗХ-ны хурлаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан. Үүнээс нэг асуудлыг нь шийдсэн.

-Ардчилсан намын Их хурлын товоо тогтож чадсаныг хэлж байна уу?

-Тийм. Арванхоёрдугаар сарын зургааны өдөр гэж хугацааг товлосон. Мөн хурлаар хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн. Их хурлаар улс орны нийгэм эдийн засагтай уялдуулж улс төрийн илтгэл сонсоно. Түүнчлэн 2016 оны Их хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнгийн талаарх санал дүгнэлтийг сонсохоор болсон. Энэ асуудал дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах ёстой. Ардчилсан намын даргыг Их хурлаараа баталгаажуулна. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь мэдээж намын дарга хэн болох вэ гэдэг асуудал байх нь гарцаагүй. Өмнөх намын дарга нь өргөдлөө өгчихсөн байгаа тул шинэ даргыг сонгох асуудал анхаарлын төвд байна. Ганц Ардчилсан нам гэлтгүй улс төрийн аль ч хүчин АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

-Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

-Тодорхой нэг хүний нэрийг хэлэхэд арай эрт байна. Сөрөг хүчний байр сууринд шилжсэн энэ үед намын даргад тавигдах шаардлага хамгийн түрүүнд тодорхой болох ёстой. Шинээр сонгогдох намын даргын эхний шалгуур нь нэр цэвэр, нэр хүндтэй, бусдад болон нийгэмд нөлөөтэй, ажил хэрэгч, намынхаа хүмүүсийг эвдэн бусниулагч биш эвлүүлэн нэгдүүлдэг сайн менежер байх учиртай. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байгаа нөхцөлд сөрөг хүчний дуу хоолой болж тэр тусмаа Ардчилсан нам гэдэг том улс төрийн хүчний үзэл баримтлал, ур ухааныг нийгэмд гаргаж чадах хүн байх шаардлагагүй. Хэрэв тийм хүн гарч ирж чадахгүй бол Ардчилсан нам цаашаа алхана гэдэг хүндрэлтэй. Ардчилсан намын ҮЗХ-ны энэ удаагийн хурал хийгээд намын Их хурал дээр үзэл баримтлалаа яалт ч үгүй шинэчлэх ёстой. Үүнийгээ бид хамгаалж, хөгжүүлж явах зайлшгүй шаардлага бий. Ардчилсан нам бусад намаас илүү ачаа үүрэх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд зарим тал дээр энэ зүйлс бүдгэрсэн. Тиймээс тал бүрээс нь дүгнэлт хийгээд айж эмээлгүй, намаа шинэчлэхийн тулд шүүмжлэх зүйл дээрээ шүүмжлэх хэрэгтэй. Өөрсдийн дутагдлыг нуух биш ил ярих цаг болсон. Бодлогоо бид шинэ түвшинд гаргаж ирэх цаг бол энэ мөч юм шүү.

-Өмнө нь юу саад болж байсан юм бэ?

-Ардчилсан нам эрх барьж байхдаа үндсэндээ албан тушаалын зорилго тавьсан мэт явцуу эрх ашиг нь хэтэрсэн. Ардын нам дээр ч гэсэн одоо тэр байдал ажиглагдаж байна. Манай нам доторх фракциудын өөр хоорондын толхилцоон, утга учиргүй тэмцэл нь өнөөдрийн ялагдал хүлээх болсон гол хүчин зүйлсийн нэг мөн. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, ардчиллын үнэ цэнийг хамгаалж хөгжүүлэхээс илүү дотоодын тэмцэл нь их байсан. Одоо энэ байдалд цэг тавих цаг болсон. Шинээр намын дарга болох хүн нэн тэргүүнд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох, ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалж, түүний төлөө тэмцдэг байх ёстой. Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай.

-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон бүтээн байгуулалтыг хийсэн ч Их хурлын сонгуульд ялагдал хүлээлээ. Ард түмэнд ажил хийх нь чухал биш байсан юм биш үү. Нэг үгээр хэлбэл улсын хөгжил хамаагүй байсан мэт санагдлаа гэж танай намын зарим гишүүд хэлэх юм билээ?

-Өнгөрсөн дөрвөн жил тийм амар байгаагүй. Маш хүндрэлтэй цаг хугацааг бид туулсан. Гадаад талдаа улс төр, эдийн засгийн таагүй орчинтой, дотооддоо эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь гүнзгийрсэн байв. Мөн хүчтэй сөрөг хүчний эсэргүүцлийн өөдөөс Ардчилсан нам сөрж ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам дангаараа засаг барьсан гэхэд хэцүү шүү дээ. Найман сарыг нь одоогийн эрх баригчид болох МАН-тай хамтран барьсан. Түүнчлэн МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг гуйх, аргалах гэх мэтээр янз бүрийн байдлаар арай гэж тогтоож ирлээ. Улс төрийн маш хүнд нөхцөлд ажилласан гэж ойлгоорой. Гэсэн хэдий ч Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд хоёр том зарчим баримталсан. Нэгдүгээрт, улс орны эдийн засаг хүнд байгаа ч Монгол Улсынхаа хөгжлийн бүтээн байгуулалтыг урагшлуулъя гэсэн юм. Үйлдвэржүүлэх, орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэх мэтээр олон зүйлд сэтгэл гарган ажилласан. Энэ бүхэнд ахиц дэвшил гарсан юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд наад зах нь Улаанбаатар хотын нүүр царай хэрхэн өөрчлөгдсөн билээ. Хоёрдугаарт, эдийн засаг хүндрэлтэй байсан ч ард түмний амжиргааг дордуулахгүй байх тал дээр хэрэндээ л хичээсэн юм шүү. Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд алслагдсан аймгуудын шатахууны үнийг Улаанбаатар хотын түвшинд ижил үнэтэй байлгах, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох тал дээр хичээл зүтгэл гаргасан ч сонгуулийн үр дүн санаанд оромгүй байдлаар эргэсэн.

Бүтээн байгуулалт хэдийгээр нүдний өмнө харагдаж байгаа ч ард түмэн ходоод хэр зэрэг цатгалан байна, мөр бүтэн байна уу гэх мэтчилэн өрхийн амьжиргаандаа тулгуурлан саналаа өгдөг нь харагдлаа. Ардчилсан намын зүгээс санаачилсан сайн хөтөлбөрүүд байсан ч ард түмэн үр дүнг нь сайтар хүртэж амжаагүй байхад сонгууль явагдлаа. Тухайлбал, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа, “Сайн хувьцаа” гэх мэтчилэн хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эрт эхлүүлсэн бол үр дүн өөр гарах байсан болов уу.

-Гэхдээ л Ардчилсан намын алдаа сонгуулийн дүнд нөлөөлсөн юм биш үү?

-Мэдээж манай намд алдаа бий. Алдаагаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Фракц хоорондын сөргөлдөөн утга учиргүй тэмцэл сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэгтэй ч санал нэгдэх учиртай. Мөн орон нутгийн сонгуулийг Их хурлын сонгуультай хамт явуулсан нь зарим талаараа учир дутагдалтай гэдэг нь анзаарагдсан.

-Та хоёр Их хуралд суусан туршлагатай улстөрч. Ялангуяа сүүлийн дөрвөн жил хамгийн чухал байнгын хороодын нэг болох Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Шинэ байгуулагдсан Засгийн газар дэд сайдтай, үндсэн чиг үүргийн яамны тоо нэмэгдлээ гэх мэтчилэн сөрөг хүчин байхдаа хэлж байсан бүхнээсээ МАН буцлаа. Та юу бодож байна?

-МАН өнгөрсөн дөрвөн жилд тодорхой хугацаанд засаг хамтран барилцаж, дийлэнх хугацаанд сөрөг хүчин байсан. Тэр үедээ хийж хэрэгжүүлбэл зохистой олон зүйлийг шахаж, шаардаж, ярьж байлаа. Тухайлбал, давхар дээлийг тайлъя, дэд сайдгүй ажиллая, цомхон бүтцээр явъя, үр ашиггүй зардлыг таная, зээлийн хүүг бууруулъя гэх мэтээр маш их сайхан зүйлийг ярьсан. Гэсэн хэдий ч тэр бүгдийг нь өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломж хомс байсан. Давхар дээл тайлъя гэхэд л улс төр нь эмзэг байсан тул Засгийн газар нь уначих гээд байлаа шүү дээ. Үндсэндээ боломж олдолгүй, аргалсаар байгаад дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Харин одоо бол МАН-д хэн ч саад болохооргүй байна. Тэд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайн үед ярьж байсан тэр сайхан бүхнээ хэрэгжүүлээд явах боломж нь тэдний гарт байгаа. Одоо эхнээс нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зарим зүйлсийг нь харж байхад арай ч дээ гэмээр хөдөлж байх юм.

Миний хувьд 2016 оны төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад бүсээ чангалах зарчмыг баримталсан төсөв болсон гэж үздэг. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийхээр болж байгаа юм билээ. Энэ завшааныг ашиглаад тэр үед ярьж байсан бүсээ чангалах зарчмыг л барих хэрэгтэй. Бүсээ чангал гэсний зоргоор ард түмний гар дээр очих таван төгрөгийг тана, өрхийн орлогыг бууруул гэсэн үг биш. Хамгийн чухал нь нүсэр бүтцээ цөөлж зардлаа хэмнэх ёстой.

Нэгэнт л Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж дэд сайдгүй ажиллах бүтэц батлагдчихаад байхад хуульд өөрчлөлт оруулан бялуу хуваах зарчмаар явж болохгүй. Аливаа зүйл эхнээсээ хатуу зарчмаа бариад явах юм бол зөв замаар явдаг. Эхнээсээ буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо л тээнэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Ирэх жилдээ багтааж Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.

-Гурван сая Монголын эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Өмнө нь эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байна гэдэг шүүмжлэл явдаг байлаа. Таныг харин салбарын мэргэжлийн хүн хэмээн олзуурхаж байх шиг байна. Ажлаа юунаас эхэлье гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбар гэдэг бол маш том айл. Эмнэлгээр үйлчлүүлдэггүй нэг ч хүн байдаггүй. Хүн энэ хорвоод дөнгөж төрсөн цагаасаа буцах цагаа хүртэл эрүүл мэндийн салбараар үйлчлүүлдэг тул ард түмний анхаарлын төвд байхаас өөр аргагүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарт бусад нөхдийнхөө нэгэн адил галын фронт дээр мөр зэрэгцэн ажиллаж байсан тул салбарынхаа жаргал зовлонг сайн мэднэ. Эмчээс нь эхлээд эмнэлгийн дарга хүртэл албуудыг хашиж явлаа. “Хийе гэвэл арга нь олддог. Хийхгүй гэвэл шалтаг нь олддог” гэдэг үг бий. Энэ үг үнэхээр ач холбогдолтой, ойрхон үнэн үг санагддаг юм.

Эрүүл мэндийн салбарын хууль эрхзүй, санхүүжилтийн тогтолцоо, салбарын ажилтнуудын цалин хангамж, хүний нөөцийн асуудал харьцаа хандлага, ёс зүй гээд цогцоор нь шийдвэрлэх олон асуудал байгаа. Эдийн засаг ийм хүнд байгаа үед санхүүгийн бага зардлаар асуудлуудыг шийдвэрлэх боломж юу байна гэдгийг судалж шийдвэрлэнэ. Бид заавал хөрөнгө мөнгө гэж байхгүй зүйлийн араас санаа зовж суухаар өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан цөөхөн ард түмэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж чанартай үзүүлэх вэ, иргэдийн сэтгэл ханамжийг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудлыг салбар дундын бодлогын түвшинд шийдвэрлэж чадна гэж төсөөлж байгаа. Миний зарчим бол аливаа зүйлийг хуулийн хүрээнд хурдан шуурхай хийхийг боддог. Тэр утгаараа эрүүл мэндийн салбарт ч гэсэн хурдыг бий болгоно. Өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй ажлыг амжуулсан. Алслагдсан дүүргийн тусламж үйлчилгээ тэр тусмаа хүүхдийн тусламж үйлчилгээ ямар байдаг вэ гэдгийг судлахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан. Тэнд дөрвөн хүндрэлтэй асуудал байсныг газар дээр нь шийдэж өглөө.

-Нэг дүүргийн эмнэлгийн асуудал биш нийт эмнэлгүүдийн асуудал тийм л байгаа байх. Тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Цаг үеийн байдалтай холбоотой агаарын температурын зөрүүнээс болж олон тоног төхөөрөмж ажиллахаа больсон байсан. Хэт халалтаас шалтгаалан нийслэлийн есөн дүүрэг, тусгай мэргэжлийн 13 төвийн хүрээнд аэркондейшн хамгийн чухал байлаа. Гадаа агаарын температур +38 хэм хүрэхэд дотор температур дагаж өсдөг. Хасах нэг градус +10 градуст ажилладаг тоног төхөөрөмжүүд байдаг юм. Хэд хоногийн хэт халалтаас болоод зарим тоног төхөөрөмж түр зогсолт хийсэн бол зарим нь эвдэрсэн. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг танилцуулан АСЕМ-ын уулзалтаас үлдсэн 60 кондейшнийг бүх эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг, лабораторийн тасаг, эмийн сангуудад нь байрлуулж өгсөн. Сэхээн амьдруулах тасгийн агаарын сэлгэлт өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байна. Эмнэлгийг эмнэлэг гэдэг утгаар нь зураг, төсвийг нь хийдэг компани өнөөдөр алга. Одоогийн манай эмнэлгүүд 1970-1980 оны барилгатайгаа өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Эмнэлгээс эмнэлгийн хооронд өвчтөнүүдийг явуулдаг байдлыг хамгийн түрүүнд засах хэрэгтэй гэдгийг иргэд ярьдаг юм билээ. Зарим нь тэгж хариуцах эмнэлэггүй явж байгаад амь насаа алдах тохиолдол бий гэдэг. Энэ мэтчилэн шийдэгдэж байгаа ямар асуудал байгаа бол?

-Яах аргагүй эмнэлэг хооронд шилжүүлэх асуудал тулгамдсан асуудлуудын нэг мөн. Ялангуяа өвчтөн хоорондыг тээвэрлэх тал дээр сайдын тушаал, албан даалгаврууд шинэчилэгдэн гарна. Мөн өчигдөрхөн Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн захирлын сонсголыг удирдлагын багын хурлаар хэлэлцэн эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах үүрэг даалгавруудыг өгсөн. Эмнэлгээс эмнэлгийн хооронд явдаг чирэгдэлийг таслан зогсооно гэсэн үг.

Анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн хүлээн авахын эмч нь өвчтөнийг хүнд, хүндэвтэр, өөрөө явах боломжтой гэж эрэмбэлэн ялгадаг. Одоо бол хүнд өвчтэй хүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн газар нь бусад бүх үйлчилгээгээ зөөврийн, дуудлагын байдлаар авч ирж үзүүлдэг болох юм. Яаралттай түргэн тусламжийн сүлжээг иргэдэд аль болохоор ойртуулж шаардлагагүй дуудлагын тоог цөөлнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн байдлаар дуудлага авч байгаа хүн нь эмч хүн биш зүгээр оператор ажилладаг учраас дуудсан дуудлага бүрт эмч очих шаардлага гардаг. Гэтэл утсаар зөвлөгөө өгөх боломж бас байдаг. Тэгвэл нөгөө утгаараа үнэхээр хүнд хүн дээрээ хугацаа алдахгүй очих боломж гарч ирнэ.

Улаанбаатарын “А” цэгээс 22-ын товчоо хүрч түргэн тусламж үзүүлэх, Сонгинохайрхан дүүргээс тэнд очиж тусламж үзүүлэх хоёрт асар их зөрүү бий. Хэдий богино хугацаанд яаралтай тусламж үзүүлж чадна тэр хэмжээнд тухайн хүний амь насыг аврах боломжтой. Тиймээс яаралтай тусламжийн төвүүдийг өөрсдийнх нь дотоод нөөц боломжид тулгуурлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулна. Сонгинохайрхан дүүрэгт харин ийм цэг байдаг. Эмнэлгүүдийн хувьд ачаалал ихтэй байдаг тул зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийхийг зорьж байгаа.

Яаралтай тусламж үзүүлдэг бүх эмч, өрхийн эмч нарыг Яаралтай тусламжийн төв дээр давтан сургалтад хамруулна. Шинэ эмийн талаарх мэдээлэл, тоног төхөөрөмж гээд бүх шинэ зүйлийг сургалтаар нь зохицуулна шүү дээ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзсан байсан. Дэлхийн эрүүл мэндийн чиг хандлага хаашаа явж байна гэх юм. Манай эрүүл мэндийн салбар хаана нь яваа юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч ноён Су Юнт У-г хүлээн авч уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Өнөөдөр ДЭМБ-ын чиг хандлага нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өвчилөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд оршдог. Ер нь бол аливаа өвчтөнийг өвчлөхөөс нь өмнө сэргийлэх нь хамгийн бага зардалтай байдаг. Алсын зайн оношилгоог хөгжүүлэх чиглэл дээр төсөл хөтөлбөрийг боловсруулж хамтарч ажиллахаар болсон өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт байгаа үйлчлүүлэгч онош тодруулах шаардлагатай үед төвөөсөө зөвлөгөө авах боломжтой болно.

Мөн Сингапурын Темасек сангийнхантай уулзсан. Тэд нийгмийн эрүүл мэндийн асуудал тийм ч сайн биш байна гэдгийг хэлж байна лээ. Тиймээс Темасек сангийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн 160 сургагч багшийг тэнд бэлдэхээр боллоо.

Эрүүл мэндийн яамны харьяаны 16 төв, нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл, эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж ажлын хариуцлага, чанар, хүртээмж, эмнэлгийн ажилтны ёс зүй, үйлчлүүлэгчдээ дээдэлсэн тусламж үйлчилгээн дээр зохион байгуулалтын болон менежментийн ямар өөрчлөлт хийх талаар үүрэг даалгавар өгсөн.

-Манай эмч нар өвчтөнүүдийнхээ гарыг хардаг гэдэг шүүмжлэл их байдаг. Энэ бүгдийг цэгцэлнэ гэсэн үг үү?

-Эмч нар гар хардаг гэдэг дээр нэг зүйл хэлье. Манай монголчууд хартай хүмүүс. Тэр хүний нөхцөл байдал, эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг бид бодох л ёстой. Ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөл үүсэв үү, харилцааны доголдол гараад байна уу эсвэл эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотойгоор энэ асуудал гарав уу гэдгийг судлан шийдвэрлэж болно. Монголчууд бид бие биедээ л хүндэтгэлтэй хандах ёстой. Тэр эмч ч, үйлчлүүлж байгаа хүн ч гэсэн Монголын нэг иргэн шүү дээ. Бид эрт цагаасаа л эмч нарыг хайрлаж, хүндэлж ирсэн. Үүний хариуд иргэд үнэхээр сэтгэл ханамжтай тусламж, үйлчилгээ авч байсан. Миний амийг аварсан хүн гээд бурхан биш эмчийг залаад суудаг байлаа. Гэтэл өнөөдөр эмчдээ алуурчин, авлигач гэдэг нэр өгчихөөд тэр хүнээр үйлчлүүлнэ гэдэг бас хэцүү шүү дээ. Энэ хаа хаанаа ярих асуудал. Эрүүл саруул ухаантай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна.

-Эрүүгийн хуулийн 15.1-д хариуцлага алдсан эмчийг 20 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр тусгасан байсан. Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулахаар болж байна. Энэ заалт дээр нэмэлт өөрчлөлт орох уу?

-Эрүүгийн хуулинд мэдээж хариуцлага байж таарна. Гэхдээ хариуцлагын доторх заалтуудыг санаатай, санамсаргүй гэж ялгалгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан заалт оруулсан юм билээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өмнөх Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан хийсэн. Ажлын хэсэг байгуулж ч ажилласан. Үүнийхээ дүнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь өмнөх парламент тарсан тул бид хуулийн төслөө эргүүлэн татаж байгаад дахин өргөн барина. Бодит амьдралдаа нийцсэн заалтыг оруулах нь зөв. Хаа хаанаа хариуцлага бий гэдгийг ойлгох ёстой. Хуулиндаа ч гэсэн эмч нарын хариуцлага байх ёстой, цаашид ч байна. Гэсэн ч санаатайгаар хүн алчихсан хүнтэй дүйцүүлсэн нь буруу.

-Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн хүрэлцээ хангамж муу байдаг. Нэг халдварт өвчин дэгдэхэд л эмнэлгийн коридорт хүмүүсээ хэвтүүлсэн харагддаг. Төрийн ордны баруун талын бидний хэлж заншсанаар Төрийн албан хаагчдын эмнэлэг ашиглалтад орж байна гэж дуулсан…

-Би Гэмтэл согог судлалын үндэсний төв, Яармагийн дэнж дээр баригдаж байгаад зогссон 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн барилга, Төрийн албан хаагчдын эмнэлгээр (хуучин нэрээр) ороод ирлээ. ТАХЭ-ийг одоо бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэг болгон өөрчилсөн. Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа маш олон гарцыг олж харлаа. Энэ бүхнээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Бидэнд олдсон маш том боломж гэж харах ёстой. Эдийн засаг ийм хүнд байгаа үед бид эмнэлгийн барилга барьж чадахгүй. Нөхцөл байдал дээрээ тулгуурлан ямар арга хэмжээ авах вэ гэдэг гарцыг нь харсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэг нь маш сайн ажиллаж байна. Тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэхийн төлөө төвлөрлийг сааруулах зорилгоор 30 минут тутам үйлчлүүлэгчдээ төв эмнэлгээсээ автобусаар зөөж байна шүү дээ. Ийм сайхан үйлчилгээ явуулж байгааг нь дэмжих хэрэгтэй. Маш том амжилт шүү. Үүн дээрээ бид өөрчлөлт, шинэчлэлтээ зөв хийх ёстой. Манайхан нийтлэг том эрх ашгаа хардаггүй. Жалга довны эрх ашгаа харснаас болоод буруу яваад буй зүйл бий. Ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмжийг ашигладаг газар нь өгөөд танайд хэрэгтэй тоног төхөөрөмжийг аваад ирье гэхээр “үгүй” гээд дайрчихдаг. Үүнийхээ оронд бид нийтлэг эрх ашгаа томоор харж сурах хэрэгтэй. Тэгж чадвал бид нэмж барилга барих, тоног төхөөрөмж авах шаардлагагүй. Олон улсын байгууллагын шугамаар ирсэн эмнэлгийн тоноглолтой микро автобус эрүүл мэндийн хөгжлийн төвд ашиглагдахгүй байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгөхөөр болсон. Нэг нь хэрэглэхгүй байгаа зүйлээ нөгөөдөө өгч яагаад болохгүй гэж. Дотроо зохицоод энэ мэтчилэн зүйлсийг шийдэж болно. Би сайдын ажлаа аваад найм хонож байна. Ямар ч байсан энэ хугацаанд нэлээдгүй зүйлийг амжууллаа. Цаашид богино хугацаанд их зүйлийг хийнэ. Ирэх жилдээ багтааж Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Төрөх эмнэлгийн асуудлууд яах бол. Яармагийн төрөх эмнэлэг гэж дуншсан барилга нэг байна?

-Өнөөдөр (өчигдөр) өглөө долоон цагт Яармагийн дэнж дээр баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг яамныхаа бодлого төлөвлөлт, зохицуулалт, хөрөнгө оруулалтын газрынхантайгаа хамт очиж үзлээ. Энэ барилга дээр нэлээд асуудал бий. Наад зах нь зургаан тэрбум төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг нь шийдэх юм байна. Барилгын үлдсэн санхүүжилт гэхэд 20 гаруй тэрбум юм билээ. Тийм их мөнгө байхгүй тул концессын гэрээгээр үргэлжлүүлэх үү, яах вэ гэх зэрэг шийдвэрлэх ёстой олон асуулт байна. Олон асуудлуудын цаана салбар дундын бодлогыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газар ажиллаж байгаа тул энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй Эмнэлгийн ажилтны өдөр болох гэж байгаа тул салбарынхаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн, хамтдаа ихийг хийж бүтээхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярхүү: Намаа бодож чимээгүй явсаар ийм болчихлоо. Одоо ярилцаад нэг талд нь гарах цаг болсон

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Баярхүүтэй ярилцлаа.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээлээ. ҮЗХ-ны гишүүний хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Сонгуулийн дүнд нөлөөлдөг дөрвөөс таван фактор байдаг. Хамгийн том нь мэдээж намын фон байдаг л даа. Ялангуяа засаг барьж байгаа намыг хүмүүс маш анхааралтай ажигладаг. Намын фон гэдэгт нь намын удирдлагуудын үйл ажиллагаа орчихдог. Үүний дараа тухайн дүүрэг, орон нутгийн намын хороодын үйл ажиллагаа хэр байна вэ гэдэг асуудал. Мөн тухайн тойрогт нэр дэвшигч, мөрийн хөтөлбөр, тактик байдаг юм. Ойрын жишээ хэлье. Сэлэнгийн Ардчилсан намын хувьд бид намын фон, тактик хоёр дээрээ алдсан. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэд, намын гишүүдтэйгээ уулзаж, тэднийг сургалтад хамруулахаас эхлээд хангалттай сайн ажилласан. Аймгийн хувьд хүндээ анхаарч, дөрвөн жилийн хугацаанд 47 залууг Удирлагын академи төгсгөлөө. Ингэж хүнээ боловсруулснаар намд маш том сэлгээ болж өгдөг. Сэлэнгийн хувьд аймгийн намын фон, мөрийн хөтөлбөр дээрээ алдаагүй.

Өнгөрсөн дөрвөн жилд АН маш их зүйлийг хийж, бүтээсэн. Нийслэлийг хар л даа. Сэлэнгэ аймагт сүүлийн хэдэн жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил хийсэн ч ард түмэн хийсэн ажилд дүн тавиагүй байхгүй юу. Манай намын дарга нарын дээгүүрх зодоон доошоо очиж туссан. Ардын намын буруу гэж юу байхав. Угаасаа л дөрөөлдгөөрөө түүн дээр нь дөрөөлсөн. Энэ удаагийн сонгууль АН-ынхан гарахаараа нийслэлийг ийм болгодог юм байна гэдэг шинэ жишгийг гаргаж ирлээ. Су.Батболд Э.Бат-Үүл шиг ажиллаж чадах эсэх нь иргэдийн нүдэн дээр байнга байх юм. Үүл шиг ажиллаж чадахгүй бол уучлаарай 2020 онд МАН дахин ялахгүй. Ард түмэн нэгэнт ийм жишиг тогтоочихлоо. АН-ын доторх будилаан яах вэ засагдана. Том зургаараа АН юм хийж чаддаг юм байна. Харин одоо МАН яах нь вэ гэдгийг л харна. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс мундаг хөгжсөн. Одоо бол дөрвөн жилийн дараах Улаанбаатар шал өөр болсон байх ёстой байхгүй юу.

-Ардчилсан намын ялагдал нь яг юунаас болчихсон юм бол?

-Намын удирдлагуудаас л болсон. АН сахилга бат, дэг журамгүй болсон. Үнэнийг хэлэхэд АН-ынхан дөрвөн жил намаа бодоод юу ч дуугараагүй. ҮЗХ нь хуралдахгүй, хуралдлаа гэхэд гарсан шийдвэр нь будилаантай байх жишээтэй. Бид мангар хүмүүс биш. Үүнийг мэдэлгүй яадаг юм. Тэр утгаараа намаа бодож байна гэсээр байгаад ийм болгочихлоо. Одоо бол үүнийг нь хэлж нэг талд нь гарах цаг болсон.

-Наймдугаар сарын 25-нд ҮЗХ хуралдаж намын даргаа сонгоно гэж байна. Маш олон хүн намын дарга болох хүсэлтэй байгаа бололтой байна лээ. Одоо орон нутгийн сонгууль, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль гээд сайн хүнийг л олж тавихгүй бол хэд хэдэн сонгууль хүлээж байна даа?

-Удирдлага хэн болж өөрчлөгдөх нь нэг өөр зүйл. Хамгийн гол нь нам хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь л чухал. 1990 оноос хойших сайн шинэчлэл бүрийг Ардчилсан нам хийсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

Өнгөрөгч сонгуулийн ялагдлын нэг шалтгаан нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан явдал гэж иргэд хамгийн их ярьж байсан. Бид яах гэж 2012 оны УИХ-ын сонгуульд орсон юм. Засгийн эрхийг авах гэж л орсон. Тэр засгаа өөрсдөө унагаачихсан нь эхний бүдрэлт байв. Хэд хоногийн өмнө хуралдсан ҮЗХ-ны хурал дээр “Эвтэй байх ёстой. Нам нэгдэх ёстой” гээд ярьж байна лээ. Үнэндээ бол эвтэй байхаас түрүүнд зарчимтай байх ёстой. Бид эвийг эрхэмлээд зарчмаа алдаж болохгүй. Тиймээс намын дарга гэсэн ганц хүний асуудал биш, намын шинэчлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй, чадахгүйдээ биш, хэсэг нөхөд л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Өөрсдийнх нь санаснаар болохгүй байгаа болохоор хөдлөхгүй байна. Эртээдийн ҮЗХ-ны хурал дээр өмнөх Засгийн газрыг огцруулсан асуудал дээр хариуцлага тооцох, үл тооцох тухай яригдсан. Чухамдаа хариуцлага тооцох ёстой. Үүнээс эхлэх ёстой. Тэгж байж дараа нь эв нэгдлийн тухай яримаар байна. Одоо бол ёс суртахуунтай, цэгцтэй нам болох хэрэгтэй.

-Төрийн эрх мэдэл гэдэг чинь хамгийн хүчтэй зэвсэг болоод байна…

-Үнэн хэрэгтээ улс төр гэдэг чинь хүн болгоны хийгээд байдаг ажил ч биш. Төр удирдана гэдэг бол хүн бүрт олдоод байдаг чадвар, завшаан бүр биш. Энэ томилгооноос эхлээд завхарсан зүйл их болж байна. Аль ч намд төрийн бодлого боловсруулаад явчих хэмжээний тулхтай, голч нуруутай хэзээ ч хуучирдаггүй цөөн хүн бий. Гэсэн ч харамсалтай нь тэднийг дагасан будилаантай хүмүүс ч олширох нь бололтой. Нам доторх будилаанаа бид цэвэрлэх ёстой. Үүний дараа намын даргын асуудлыг ярих хэрэгтэй. ҮЗХ-ны хурал дээр намын үзэл баримтлал, үзэл бодлыг өөрчилье гээд ярьж байсан. Би л гэхэд 26 жил АН-д үзэл бодолгүй явж ирсэн байх нь уу. Хамгийн чухал нь бид үзэл баримтлалынхаа дагуу ажиллаж чадахгүй байна. АН барууны үзэл баримтлалтай нам. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд хамгийн их үзэл бодлоосоо ухарлаа. Ард түмнээ хөрөнгө чинээтэй болгохыг уриалдаг намын дарга нь хамгийн том компаниа унагаадаг, бизнесүүдээ шалгаж, хорьдог. Энэ нь өөрөө барууны намын үзэл баримтлал биш. Боломжийг нь бүрдүүлж өгөөд “Чи ажилла” гэх ёстой байхгүй юу. Бизнес хөгжсөнөөр улс хөгжинө. Гэтэл санал авахын тулд зүүний нам ч юм шиг болоод л, гарч ирсэн үндэсний хөрөнгөтнүүдээ ч олигтой ажиллуулахгүй явж ирлээ. МАН маш тодорхой зүйлийг хийж эхэллээ. Аж үйлдвэрийн яамыг байхгүй болгосон. Барууны чиглэлийн нам чинь аж үйлдвэрийг хөгжүүлдэг. Аж үйлдвэр хөгжсөнөөр улс хөгждөг. Үзэл бодлын ялгаа ердөө л энэндээ байгаа юм. Бид 2016 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт Сэлэнгэ аймагт дэд бүтэц, аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж сонгуульд орсон. Энэ бүхэн хөгжиж байж улс хөгждөг учиртай.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Яваандаа ардчиллын үнэ цэнийг байхгүй болгох гэж үзэх байх. Хатуухан хэлэхэд МАН-д байгаа нөхдүүд хэзээ ч ардчиллыг дэмжиж байгаагүй. Тиймээс л АН, МАН гэж хуваагдсан. Хэдэн жилийн дараа тэд “Та нар АН энэ тэр гээд яваад байсан. Үнэндээ Ж.Батмөнх гуай наад ардчиллыг чинь хийчихсэн шүү дээ” гээд яриад явах вий гэхээс айдаг. Намын гишүүд “Өчнөөн жил л АН-ыг дэмжлээ. Олон сонгуульд дэмжиж орлоо. Энэ нам бидэнд юу өгсөн юм” гэж асуудаг. “Манай намынхан Монголын ард түмэн хэдэн зуугаар тоологдох боломж, эрх чөлөөг олгосон шүү. Тендер авсан, сургуульд соёлд хамрагдсанаар нь хэмжихгүй. Бид ард түмний өмнө ийм том гавьяат байгуулсан” гэж би хэлдэг юм. Малыг малчдад өгсөн гээд л байдаг. Үнэн хэрэгтээ АН-ын гишүүд, АН-ын бодлогоор хийгдсэн ажил. Тэр утгаараа АН-ын гишүүд тийм мундаг гэдгээрээ бахархах хэрэгтэй.

Хуучин компанийн захирлууд дандаа л Ардын намынхан байсан. Бүгдээрээ газраа аваад явсан уу явсан. Дараа нь ардчиллын буянаар бүгд газраа авсан уу авсан. Мөн өөрсдийгөө тариаланч гээд байгаа юм. Үнэндээ тариаланчид чинь цаана хоцорчихсон шүү дээ. Ахмадууд нь ажилгүй болоод залуучууд нь цалингаа аваад явж байна. Хатуухан хэлэхэд газрын эзэн тариаланч хоёр гэдэг чинь “Галсан мээрэнгийн авгай” гэдэг шиг шал өөр зүйл байхгүй юу. Газар, талбай авах болоод ирэхээрээ би тариаланч гээд унадаг. Чухамдаа хөлсөө гоожуулан үрэлгээ хийж, комбайн барьдаг жинхэнэ тариаланчид цаана нь байдаг юм. Энэ тухай Сэлэнгэ аймгийн АН-ы мөрийн хөтөлбөрт тодорхой зааж өгсөн л дөө. Яахав ард түмэн боломж олгосонгүй.

-Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид юу бодож явдаг юм бол?

-Аль ч аймаг, дүүрэгт 40-60 насны АН-д анхнаасаа зүтгэсэн хүмүүс байдаг. Тэд 1990 онд бусдаас илүү харж өнөөдрийн нийгмийг мэдэрч чадсанаараа хохирч болохгүй. 20 гаруй жилийн дараагийнхыг харна гэдэг чинь тухайн үед өндөр боловсрол, эр зориг шаардсан зүйл байлаа. Үүнийхээ төлөө тэд ад шоо үзэгдэх ёстой юм уу. Дарга нар гэдэг бол өрмийг нь аваад явчихдаг хүмүүс. Харин сүүг нь хөөрүүлсэн хүмүүс чинь жирийн гишүүд, дэмжигчид байдаг. Тэр сүүг хөөрүүлээгүй бол хэзээ ч өрөм тогтохгүй. Эрх чөлөөний одонгоо зүүчихээд баярлаж яваа хүмүүстэйгээ хамт байж байгаад хотод ирээд хуралд суухаар үнэнийг хэлэхэд ой гутдаг. Ардчилсан намыг авч яваа цөм нь жирийн гишүүд. Түүнээс биш Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ биш. Сэтгэлээрээ яваа тэр хүмүүс л өнөөдрийн ардчилсан намыг авч яваа.

-Орон нутгийн ихэнх АН-ын дарга нар ажлаа өгөх сураг байна. Та ч бас өгөх үү?

-Нэгдүгээрт, нам энэ чигээрээ байх юм бол би аймгийн намын дарга байтугай намын гишүүн ч баймааргүй байна. Би анхнаасаа ийм намд элсээгүй. Нам гэдэг янз бүрийн хүмүүсийн нэгдэл хэдий ч хэтэрхий сонин хүмүүстэй нэг вагонд сууна гэдэг амаргүй.

Хоёрдугаарт, бид намаа шинэчилье гэж байгаа бол маш хурдан хийх ёстой. Би сумын намын даргыг 10 гаруй жил, Сэлэнгэ аймгийн АН-ын даргыг дөрвөн жил хийлээ. Энэ хугацаанд би цаг зав зориулж, өөрийнхөө хөрөнгөөр хангалттай санхүүжүүлсэн. Үүний дүнд ардчилал Монголд төгс ялаасай л гэж хүссэн. Тийм бодолтой явдаг олон хүмүүсийн нэг нь байхгүй юу. Би Ардчилсан намд хайртай. Гэхдээ хайртай байлаа гээд шударга биш, ёс зүйгүй зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Энэ миний хатуу байр суурь. Саяын сонгуулиар Сэлэнгийн нийт сонгогчдын 44.6 хувь нь АН-д саналаа өгсөн гэдгийг МАН-ынхан мартаж болохгүй. Гэтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгч есөн хүний суудлаас ердөө нэгийг нь л АН-д өгсөн. АН-ынхан гурван тэргүүлэгчтэй байлаа гээд тэдэнд нөлөөлөх нөлөөлөл нь бага. Тэд дараагийнхаа сонгуульд бэлдэж байна уу гэхээс Сэлэнгэ аймгийн хөгжил энэ тэрийг харсангүй. Даргаа дагаж далдганасан хэдэн хүний дөрвөн жилийн ажил болох гэж байгааг шүүмжилж байгаа юм. Ардчилсан үзэл бодолтойнхоо төлөө иргэд хохирч болохгүй. Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын дарга Бямбаа хоёр АН-д 44.6 хувийн санал өгсөн ард түмэн байгаа шүү гэдгийг мартах ёсгүй. Ж.Эрдэнэбат, С.Бүрэнбат, Ш.Оргил нар 12 жил Засаг дарга хийхдээ Сэлэнгэ аймагт ямар хөгжил бий болов гэдгийг бид харна. Бусад аймгууд ч гэсэн тийм байгаа. Дөрвөн жилийн дараа “Бид дампуурсан улсыг авсан” гэж хэлээд зогсож байх вий дээ. АН-ынхан тийм байхад нь ч гэсэн юм хийж байсан. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс айдастай байна. Төрийн залгамж халааг үргэлжлүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн албан хаагчдыг халж, сольж болохгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэггүй үлдсэн нь цоожтой гэртээ Маша Мишагаа үзсээр байх уу

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд сахиж хонон өнжин дуугарладаг цаг айсуй. Аль ч нам засгийн эрхэнд гараад цэгцэлж чадахгүй байгаа ганц зүйл гэвэл цэцэрлэгийн хүрэлцээний асуудал. Хүүхдийн төлөө “За” гэж хэлье хэмээн уриалан дуулдаг томчууд үнэн хэрэгтээ цэцэрлэгийн тал дээр зоригтойхон дуугарчихаж чадахгүй байна. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 1288 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан талаар БСШУСЯ-ны албаны хүмүүс тайлбар өгөв. Үүнээс 826 нь төрийн мэдлийн, хувийн хэвшлийн 462 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан байх юм. Зургадугаар сарын 1-нд цэцэрлэгүүд амарсны дараагаас бид сонгуульдаж, наадамлаж, АСЕМ-даж, Засгийн газраа бүрдүүлж байна хэмээн даанч их хөөрцөглөлөө. Одоо олимп гээд наймдугаар сар бараг бүхэлдээ шувтарна. Үр хүүхэд нь дахин цэцэрлэгт явахгүй мэт давилуун загнацгаав. БСШУС-ын сайд нь олимп гээд Бразил руу одсон. “Би олимпоос ирж байгаад цэцэрлэгийн асуудлыг чинь шийдээд өгнө” гэх ухааны юм ярьсан. Шинэ сайдын хувьд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, сургалтын төлбөр гэх мэтчилэн олон зүйлсийг огоорон сайдаар томилогдоод долоо хоноод л олимп үзэхээр явсан “азтай” сайд.

Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээж ажил хийх үү, тав арван төгрөгийг нь ч болтугай өгөөд цэцэрлэгийн бараа харуулах уу гэдэг асуултын өмнө тулдаг. Ер нь бол хагас сая төгрөгөөр гарыг нь хүндрүүлчихсэн байхад цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг тийм ч хэцүү биш. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг нь өгөөд цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эх хэд билээ. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө дүн өвлөөр нээлтээ хийсэн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж идэр ёсийн хүйтэнд эр нөхөртэйгээ хоёр хоёр цагаар ээлжлэн дугаарлан ээжүүд хонож байсныг мэдэх юм. Ер нь бол оюутан болох нь цэцэрлэгт орохоос хялбар болсон гэдэг нь үнэний ортой. Бид хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулахын тулд халаасан дахь сүүлчийн мөнгөө ч хамаагүй өргөл барьц болгон өгдөг нь нууц биш. Үр хүүхдээ зөв шударга яваарай гэж үргэлж захидаг хэрнээ авлига өгч, зам мөрийг нь эхлүүлчих гээд байдаг тийм л хүмүүс. Хүүхэд рүүгээ харж гоё зүйл ярьж хойшоо харж цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт нь таван төгрөг атгуулж байгаа нь нэг талаасаа ёс зүйгүй мэт харагдах хэдий ч бодит байдал ийм л байна. Төр нь иргэдээ ийм байлгаж байна.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2-5 насны 288960 хүүхэд байснаас 225388 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдаг. Энэ нь цэцэрлэгт шууд бүрэн хамрагдсан гэсэн үг биш. Явуулын бүлэг, ээлжийн багш нарын 14 хоногийн сургалт шахуу зүйлд хамрагдсан гэсэн үг. Тэгвэл өнгөрөгч онд 63572 хүүхэд цоожтой хаалганы цаана бүтэн жилийг өнгөрүүлсэн байх юм. Энэ хичээлийн жилд 38 цэцэрлэг шинээр ашиглалтад орох ёстой юм байна. Үүнээс 21-ийг нь есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад оруулахаар “мачийж” яваа гэсэн. Хэрэв эдгээр цэцэрлэг ашиглалтад орчихвол 235412 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Чамлахаар чанга атга гэдэг шиг үүнд баярлаж байгаа эцэг эхчүүд маш олон байгаа.

Цэцэрлэгийн хүрэлцээ муу тул эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд аргагүйн эрхэнд хүүхдүүдийг бүртгэхдээ сугалаа явуулдаг. Ингээд л нөгөө хоёр настангууд чинь хар багаасаа л ёндоогоо үзэцгээнэ. Өөрийнх нь хүүхэд сугалаанд багтаж чадаагүй бол хүүхдийнхээ азгүйг хавиар нэг дуудаж учраа мэдэхгүй тэр жаахан хүүхдэд буруу тохдог эцэг, эх байдаг юм. Ингэж л бид гэнэн, цагаан, гэм хоргүй хүүхдийнхээ ирээдүйг таван төгрөг, хар хорын үгээр утаж эхлүүлдэг. Уг нь хүүхэд гэдэг чинь азын сугалааны хонжвор биш. Ухаандаа хонжвор таарсан хүүхэд цэцэрлэгтэй болж азгүй нь гэрийн мухарт цоожлуулж Маша, Мишагаа үзэхээс өөр ямар ч сонголт алга. Хурдан морийг хагас тэрбумаар, шавар баримал 800 саяар худалдан авч, хөлстэй бөхөө хэдэн зуун саяар үнэлэгдэх орон сууц, авто машинаар байлдаг өгөөмөр монголчууд сугалааны аз төдийхнөөр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байгаа нь даанч харамсалтай. Сугалаагаар шударга ёс тогтоож, хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулдаг ёс бус зүйлс хэзээ цэгцрэх вэ. “Азтай сугалаа сугалж чаддаггүй хог” хэмээн хоёр настай хүүгээ зодсон эхийн тухай сошиалаар баахан шуугиж байсан даа. Бидний үргэлжлэл энэ улсыг илүү хөгжүүлээд явах сэхээтнүүд ийм л байдалтай торниж байна.

Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд санаачлан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг Их хурлаар батлуулж чадсан. Харамсалтай нь өнөө хууль нь хөрөнгө мөнгөнөөс болоод хэрэгжих боломжгүй хэмжээнд хүрчихээд байгаа. Хэрэв уг хууль хэрэгжсэн бол гэртээ байгаа хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдаж 8798 иргэн ажлын байртай болно гэхчилэн их л сайхан мэдээллүүд дуулдаж байсан ч чимээ алдарлаа. “Олуулаа болцгооё” гэж манайхан уриалдаг ч, гурван саяулаа боллоо гэж хөөрцөглөсөн ч үнэндээ дээр дооргүй цэцэрлэгийн асуудлаа шийдэж чадаагүй байсан юм. Гурван сая дахь иргэн төрлөө гэж, түүний чацуутнуудыг нь мөн алдаршуулаад хэсэгтээ л манайхан шуугисан даа. Гурван сая дахь иргэд чинь цэцэрлэггүй, аав, ээж нь танил талаа бараадаж, тав гурван төгрөг атгуулах гэж “махаа зулгааж” байна. Эцэг, эхчүүд тав тухтай ажлаа хийх, хүүхдээ бусдын хүүхдийн ард хоцроочихгүйн тулд л цэцэрлэгт хамруулах гэж байгаа болохоос наргиж цэнгэж, зугаалах гэж байгаа юм биш. Сүүлийн жилүүдэд хандивын анги гээч зүйл бий болсон. Энэ нь дан ганц цэцэрлэг ч гэлтгүй, ерөнхий боловсролын сургуульд ч хамаарна. “Нэр чинь хэн билээ” гэж асуухын оронд “Хандивын ангийн хүүхэд үү” гэнэ. Учраа мэдэхгүй хүүхдүүд бол “Тиймээ” гэчихээд гүйж яваа харагддаг. Үнэндээ сайд нь “Хандивын анги байж болохгүй” гээд журам гаргачихаад байхад цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд үл тоодог болчихсон.

Ноднин 60 мянган хүүхэд азгүйд тооцогдон цэцэрлэггүй үлдэж байсан бол энэ жил хэдэн хүүхэд азгүйтэхийг бүү мэд. Азтай нь цэцэрлэгтээ азгүй нь гэртээ эсвэл эмээ, өвөөгийн “цэцэрлэг”-т очихоос өөрөөр асуудлаа шийдэх бодлого дутмаг байна. “Энэ жил яахав эмээ, өвөө нь харчихна ирэх жил л сугалаагаар хүүхдээ оруулахаас” гэдэг азанд найдсан эцэг, эхчүүд хотоор дүүрэн байгаа нь хөндүүрлэх сэдвийн нэг болсоор байна. Гэхдээ ингэхээсээ өмнө хонож өнжин дугаарлаж, танил талаа сураглаж гүйх гээд том ажил наана нь бий. Улаанбаатарын утаа, цэцэрлэгийн асуудал яах аргагүй мөн өнөөдөртөө мөнхийн сэдэв хэвээрээ. Сар гаруйхны өмнө Их хурлын сонгууль болж нэр дэвшигч бүр хүн цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг хангалттай болгоно гэж амалсан. Төр түшилцэх хариуцлагатай албанд таныг төлөөлж суугаа хүмүүсээс “Хүүхдийн цэцэрлэг барьж өг” гээд амлалтыг нь шаардахаас яахав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм” хэмээн энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр “Алдарт эхийн одонтой эхчүүдийн уулзалт” дээр хэлж байлаа. Өнөөдөр цэцэрлэгийн хүрэлцээ хангамж эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал болчихлоо. Тиймээс улсын асуудал гэдэг нь баараггүй мөн болж байгаа биз. Төрийн тэргүүний хэлсэн үгийг үргэлж санаж үйлсийн сайхан Улаанбаатарт үй олон цэцэрлэг сүндэрлэх болтугай.

Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Валютын ханшийг тогтворжуулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авах ёстой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын анхдугаар чуулган завсарлачихлаа. Ямар ч байсан Засгийн газраа бүрдүүлээд авлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ямар бодолтой байна вэ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа хүрсэнгүй гэдэг зүйл яригдаад байна. Наймдугаар сарын 20-ны үеэр ээлжит бус чуулган зарлах сураг байна?

-УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал нь хуулиар заагдчихсан байдаг. Тэр хүрээндээ хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж дуусаад анхдугаар чуулган өндөрлөсөн. Засгийн газраа харьцангуй богино хугацаанд байгуулсан нь энэ чуулганы нэг онцлог байлаа. УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчин нэгдмэл байж чадсанаараа асуудлыг шуурхай шийдэж, улс төрийг тогтвортой байлгах тал дээр чухал ач холбогдолтой байдаг гэдэг нь харагдлаа.

Одоо харин Засгийн газрын мөрийн хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголыг нэн даруй ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Манай орны төсвийн алдагдал нэлээд өндөр гарч байна. Валютын нөөц шавхагдаж, нааш цаашаа хийгдэх төлбөрүүдтэйгээ харьцуулахаар валютын нөөц байхгүйтэй адил болсон гэдэг мэдээлэл авсан. Засгийн газрын эхний ажил нь санхүү, эдийн засгийн нөхцөл ямар байна гэдгээ маш тодорхой гаргаж ирээд иргэдэд хэлэх ёстой.

УИХ-ын дарга анхдугаар чуулганы хаалт дээр Их хурлын зүгээс Засгийн газарт эдийн засгийн талаар үнэн бодитой баримтуудыг гаргаж ирэхийг даалгасан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой болж өнгөрсөн асуудлуудыг богино хугацаанд судалж, нягтлаад УИХ болон ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх чиглэл өгсөн. Ингэхгүйгээр цаашаа явах хэцүү. МАН иргэдийн саналаар үнэмлэхүй олонх болсон. Ард түмэн манай намд асар их итгэл хүлээлгэсэн. Засгийн газар эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллээ ард түмэн тайлагнаж, “Бид ийм гараанаас эхэлж байна шүү” гэдгээ хэлэхгүй бол энэ том итгэл найдварын цаана маш өндөр хариуцлага байгаа шүү дээ.

-Төсвийн тодотгол зайлшгүй хийхгүй бол болохгүй болчихоод байгаа…

-Угаасаа төсвийн тодотгол хийхгүй бол эдийн засаг маш хүнд байгаа. Албан ёсоор тоон баримт гар дээр ирээгүй байна. Харин эдийн засаг сэхээнд байна гэдгийг мэдэж байгаа л даа. Ээлжит бус чуулганаар тоон баримтууд ирэх байх.

-Засгийн газрын тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд томилогдсон сайдуудын хувьд магадгүй өмнө нь олон нийтэд танигдаагүй хүмүүс орж ирснээс болж “Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн яасан” гэх эргэлзээ төрсөн. Үүнийг нь хөөргөдөж, буруу замаар энэ бүхэн эхэлж байгаа юм шиг кампанит ажил зохион байгуулсан зүйл бий. Одоо томилогдсон Засгийн газрын гишүүдийг харж байхад ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс явцын дүндээ томилогдлоо гэж харж байгаа. Үр дүнг нь л харах хэрэгтэй.

Шинэ хүн гарч ирээд хэчнээн сайн ажиллахыг хэн мэдэх юм. Олонд танигдсан хуучин хүн гарч ирээд бүтээмж муутай ажиллахыг ч бид мэдэхгүй. Тэгэхээр энэ Засгийн газраа нэг гараан дээрээс нэг ойлголттой эхлээд үр дүнг нь харах асуудал л үлдлээ.

Аливаа Засгийн газрын ажлыг эхний 100 хоногоор нь дүгнэдэг олон улсын жишиг бий. Эхний хагас жилдээ юу хийв гээд тэдэнд ажиллах хугацааг нь олгох хэрэгтэй. Бүгд нэг ойлголттой болох хэрэгтэй гээд байгаагийн цаана нийгэмд асар их хүлээлт байдаг. Гэтэл нөхцөл байдал бидний бодож байснаас ч дор байгаа тул энэ Их хурал, Засгийн газраас сонгуулийн үеэр ярьж байснаасаа ч их хүчин чармайлт, сахилга хариуцлага, тогтвортой байдлыг шаардахаар байна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа вэ. Хугацааны хувьд хүлээгдэж буй ямар хуулиуд байгаа бол?

-Шинээр Их хурал эмхлэн байгуулагдсаны дараа байнгын хороод дээр ямар хуулиуд явж байсныг судалдаг. Тухайн хуулийн төслийг боловсруулаад өргөн барьсан гишүүд нь сонгогдож чадаагүй бол тэр хуулиуд нь тэртэй тэргүй орхигдоод явдаг. Учир нь санаачилсан хүн нь байхгүй болохоор хэлэлцэх боломжгүй.

Өргөн бариад байнгын хорооны хурлаар хэлэлцээд эхэлсэн хуулиудаа бид ээлжит бус чуулганы үеэр алийг нь үргэлжлүүлээд явах вэ, алийг нь санаачлагчид нь буцаах вэ гэдгээ шийднэ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд тодорхой байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь тодорхой зарлагдаад түүнийгээ хэлэлцэж дуусаад тардаг. Харин өмнөх дөрвөн жилд энэ зарчим алдагдсан. Ээлжит бусаар зарлагдсан асуудлуудаа хэлэлцдэггүй, хэлэлцэх асуудалд ороогүй зүйлийг хүчээр тулгаж оруулж ирээд баталдаг гээд асуудал бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс хамгийн эхэнд бүх хууль тогтоомжоо ягштал мөрддөг уур амьсгалыг УИХ дээр бий болгох талаар анхаарч ажиллана.

Сонгуулийн өмнө УИХ-ын чуулганыг хэтэрхий эрт завсарлуулснаас болоод хугацаа заасан зарим зүйлийг хэлэлцэлгүй орхисон тал бий.

-Тэнд нь юу байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг УИХ тавдугаар сард баталсан байх ёстой байлаа. Харамсалтай нь өмнөх Их хурал хариуцлагагүй хаяад явсан. Эдгээр зүйлсийг хамгийн эхэнд хэлэлцэнэ. Мөн төсвийн тодотгол хийхгүй бол болохгүй. 2016 оны төсвийг анх батлах үед “Наад төсөв чинь биелэхгүй. Зөвхөн сонгуульд зориулсан худлаа төсөв болж байна” гэдгийг манай намынхан сөрөг хүчин байхдаа хэлж байсан. Яг тэгж хэлж байснаар ч боллоо. Одоо юун 2016 оны төсвийг хэрэгжүүлэх байтугай өнөөгийн байгаа орлоготоо тааруулж танах уу, хасах уу гэдэг юм яригдахаар байна. МАН-ынхан сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тиймээс уг мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгох ажлаа энэ удаагийн ээлжит бус чуулганаар хийнэ гэж бодож байна.

Эдгээр асуудлуудыг ээлжит бус чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулган хүртэл Засгийн газар ажиллаад өнөөгийн нөхцөл байдалд эдгээр асуудлыг заавал хэлэлцэж батлахгүй бол болохгүй гэсэн зүйл гарч ирвэл хэлэлцэж таарна. МАН мөрийн хөтөлбөртөө маш их зүйл амласан. Үүнээсээ хөрөнгө мөнгөтэй холбоогүй зохион байгуулалтын бусад замаар шийдэж болох зүйлсээ эхнээс нь ээлжит бус чуулганаар шийдээд явах нь зүйтэй гэж хувь гишүүний үүднээс харж байгаа. Одоо бид амласан зүйлсээ эхнээс нь цаг алдалгүй суурийг нь тавьж эхлэхгүй бол нэг, хоёр сарын дараа эхэлнэ гэсэн байдлаар хандаж болохгүй.

-МАН эдийн засаг ийм хүнд үед дэд сайдын орон тоо байх шаардлагагүй гэдэг зүйлийг ярьж байсан. Гэсэн хэдий ч 13 сайдынхаа доор ажиллах 13 дэд сайдын орон тоог оруулж ирснээрээ амлалтуудаасаа буцаад эхэлчихлээ. Ард түмэн ам муутай байгаа юм биш үү?

-Яамдын тоог цөөлсөн. Давхар дээлтэй сайд нарын тоог хязгаарлана гэснээрээ бууруулж чадсан. Сонгуулийн дараа ажлаад эхлэхэд нөхцөл байдал өөр байсан. Түрүүчийн эрх баригчдын алдаатай бодлогоос улбаалаад цаашид түргэн шуурхай ажиллах, уялдаа холбоог нь сайжруулах зүйлс асар их байгаа нь харагдсан тул энэ дагуу бид ярьж байгаад дэд сайдын орон тоог оруулж ирсэн. Хамгийн гол нь ажлын ачаалал, өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулсан гэдгийг хэлмээр байна.

Өмнөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй харьцуулах юм бол энэ Засгийн газрын зардал нэлээд хэмжээгээр буурч байгаа. Төсвийн тодотголын үеэр илүү тодорхой болно.

-Ам.долларын ханш 2100 төгрөгт хүрч өмнө нь хэзээ ч өсч байгаагүй хэмжээнд хүрлээ. Ирэх жилээс бондын эргэн төлөлтийг валютаар төлж эхэлнэ. Эдийн засаг амаргүй байгаа үед валютын ханшийн савалгаа эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Анхнаасаа тодорхой байсан. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээл их хэмжээгээр авсан ч тэр нь түргэн эргэлтэд ороогүй. Сонгуулиар юм хийсэн болж харагдах гэж эдийн засаг талаасаа богино хугацаанд үр ашгаа өгдөггүй олон зүйлд мөнгөө зарцуулснаас болоод ийм хүнд нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Одоогийн байдлаар 2017, 2018, 2022 онуудад их хэмжээгээр авсан бондын эргэн төлөлт хийгдэх дүр зураг харагдаж байгаа. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө онцгой байдлын үед яаж ажиллах вэ гэсэн хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар оруулж ирэх ёстой. Дахиад өөр газраас бага хүүтэй зээл авч чадвал өмнөх зээлээ төлөөд явах уу, олон улсын валютын сан гэх мэтчилэн санхүү, эдийн засгийн байгууллагуудтай тодорхой хатуу нөхцөлийн хүрээнд хамтрах уу гэдгээ шийдэх ёстой.

-Олон улсын валютын сан гээд “Стэнд бай” хөтөлбөрийг хэлээд байна уу?

-Тийм. Аль нэг шийдлээ Засгийн газар оруулж ирэх ёстой. Дараа нь энэ талаар ярьсан нь зөв байх. Валютын ханшийн хувьд өмнө нь бидний ярьж байсан зүйлсийг сөхөж үзэж ч болно. Энэ байдлаараа валютын ханш өснө гэдгийг манайхан ярьж байсан. Тэр үед зарим сайдууд “Валютын ханш тийм болно. Тийм хэмжээнд хүрэхгүй бол би өөрөө огцорно” гээд ярьж л байсныг санаж байгаа биз дээ. Хэдийгээр манай байнгын хороо эдийн засгийг хариуцдаггүй хэдий ч энэ байдлаараа ханш цаашид ч өсөх хандлагатай байна. Сонгуулийн дараа Ардын нам засгийн эрхэнд гарлаа гэдэгтэй уялдаад хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дунд итгэл бий болж эхэллээ. Засгийн газар нь тогтвортой ажиллаж чадах юм байна гэсэн итгэл дээр суурилж байна. Энэ итгэл байгаа ч шууд хатуу валют орж ирээд эдийн засагт нөлөөлөхөд хугацаа хэрэгтэй. Монгол төгрөгийн ханш хурдан хугацаанд сайжрахгүй байх гэж харж байгаа.

Одоо бид эхний ээлжинд гадна, дотнын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн сэргээх хэрэгтэй. Гэрээ хэлцэл, зээлийн асуудлыг Засгийн газар өнөө маргаашгүй эхлэх шаардлагатай.

-Импортоос хараат манай орны хувьд валютын ханш өсөх нь сөрөг нөлөөтэй гэж байна. Манай уул уурхайн бүтээгдэхүүний ханш олон улсын зах зээлд үнэ багатай гээд валют орж ирэх боломж улам л хумигдаж байна?

-Сүүлийн үеийн мэдээгээр эрдэс баялаг түүхий эдийн үнэ жаахан тогтворжих хандлага ажиглагдаж байна. Мэдээллүүдийг харж байхад Хятадын эдийн засгийн уналт тогтворжиж байгаа л даа. Том утгаар нь харвал энэ нь манай улсад хэрэгтэй. Мэдээж эдэлж хэрэглэж, өмсч зүүж байгаагийнхаа дийлэнхийг гадаадаас авч буй манай орны хувьд монгол төгрөгийн ханш доогуур байгаад байвал валютын нөөц нь улам барагдаж, тэр хэмжээгээрээ үнэ ханш улам өснө гэсэн үг. Тиймээс юуны өмнө ханшийг тогтворжуулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Эхний ээлжинд бид ашиг сонирхлоо хойш нь тавих ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-МАН УИХ-д үнэмлэхүй олонхи боллоо. Засгийн газар ч бүрдээд авлаа. Эдийн засгийн хүнд хэцүү үед Засгийн газраа байгуулсан. Шинэ засаг юунаас ажлаа эхлэх нь зөв бол?

-Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж үнэмлэхүй олон буюу 65 гишүүнийг төрд илгээлээ. Энэ ялалт араасаа маш их хариуцлага, хүлээлт дагуулж байна гэж харж байгаа. Одоо бид энэ хүмүүсийн итгэл, хүлээлтийг алдалгүй ажиллахын тулд амаргүй ч гэсэн хатуу ширүүн бүхнийг даван туулж ажиллахаас өөр замгүй. Энэ Засгийн газрын хувьд өмнөх Засгийн газруудыг бодоход харьцангуй богино хугацаанд байгуулагдлаа.

Манайхны хувьд харьцангуй мэргэжлийн Засгийн газар байгуулах оролдлогыг хийлээ. Тэр хүмүүс нь тухайн салбарт ажиллаж байсан болон мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүсийг тавьсан. Энэ хүмүүс албандаа очлоо гэхэд суралцах бус шууд ажил руугаа ороод явчих тийм мэргэжлийн хүмүүсийг тавих оролдлогыг хийсэн. Мэдээж энэ үйл явцын дунд алдаа оноо гарсан. Үүнийгээ ч засч залруулсан гээд олон үйл явц болж өнгөрлөө.

Энэ удаагийн Засгийн газар нийгэм, эдийн засгийн оношоо хамгийн түрүүнд зөв тавих ёстой. Монголын нийгэм, эдийн засаг өнөөдөр яг ямар байдалтай байна вэ, бид хаана нь яваа юм, төсвийн алдагдал хэд хүрчихэв, валютын нөөц хэд байна гэхчилэн бид оношоо зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямрал болоогүй гэж зүтгэн оношоо буруу тодорхойлоод байсан тул сэхэл авалгүй өдий хүрсэн. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэхээнд дусал залгуулсан байдалтай байна. Одоо бол яаралтай сэхээнээс гаргах ажлууд хийгдэх ёстой.

-МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ард түмэн шаардаж эхэлнэ. Цалин, тэтгэвэр нэмэхээс эхлээд нийгмийн талын асуудлуудыг шийднэ гэсэн мөрийн хөтөлбөр биелэхэд хэцүү юм биш үү. Уул уурхайгаас хараат ганц тулгуурт эдийн засаг энэ ачааллыг даах уу. Эдийн засгаа солонгоруулна гэсэн ч тийм боломж бүрдэхгүй байгаа?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудын эхний гарцыг энэ намартаа нээж өгөх ёстой. Тухайлбал, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн томоохон төслүүд байна. Энэ намар ажлыг нь эхлүүлж гэрээ хэлцлийг нь хийлгэхгүй бол ирэх хавраас ажил нь жигдэрч амжихгүй. Ингэж чадвал ирэх оны төгсгөл рүү манай эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлнэ. Нөгөө талдаа улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг сайжруулахад хөрөнгө, мөнгө шаардагдахгүй хийгдэх ажлууд бий. Ялангуяа засаглалын шинэчлэлтэй холбоотойгоор сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Монгол Улс өнгөрсөн дөрвөн жил мөнгөөр тэр бүр дутаагүй. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын ахалсан Засгийн газар хамгийн их мөнгөтэй байсан Засгийн газрууд байлаа. Бодит үр дүн нь ард иргэдийн ахуй амьдралд нөлөөлсөн нөлөөллийг нь аваад үзэхээр зарцуулсан мөнгөнийхөө дэргэд бага л даа.

Тиймээс бид эхний ээлжинд сахилга, хариуцлага, засаглалаа сайжруулах ёстой. Нөгөө талдаа санхүүгийн сахилга батыг дээшлүүлж байгаа зүйлсээ хумиж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол гарын салаагаараа урсгах бүрт байгаа мөнгө нь барагддаг.

Мөн эдийн засаг болон улс төрийн бүлэглэл хоорондын үл ойлголцлоос болсон гацалт, зогсолт эсхүл тэдэн рүү чиглэсэн мөнгөн урсгал явсан зүйл харагдаж байгаа. Эхний ээлжинд бид ашиг сонирхлоо хойш нь тавиад эдгээр асуудлуудаа цэгцлэх ёстой.

-Эхлээд томоохон ордын асуудлуудаа шийдэх ёстой байх даа?

-Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүд хөдлөх ёстой. Мөн Шивээ энержи эрчим хүчний төсөл, Таван толгойн цахилгаан станцын төсөл гэх мэтчилэн томоохон, эдийн засгийн эргэлтэд зайлшгүй орох ёстой төслүүдээ явуулах цаг нь болсон. Түүнчлэн хөдөө аж ахуйн тал дээр томоохон аян зарлах цаг боллоо. Тэгэхгүй бол малын гаралтай түүхий эдийн ханш ямар ч үнэгүй малчны хотонд хэвтэж байна. Малын гаралтай түүхийг эдийг малчны хотноос нь эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх тэр загварчлалыг явуулахын тулд хөрөнгө мөнгө татах шаардлагатай. Ингэснээр бид хөдөө аж ахуй, эрчим хүч гэсэн эдийн засгийн хоёр бат хөлийг бий болгох юм. Үүнийг дагасан бүтээн байгуулалт өрнөж таарна.

Тэгэхгүй бол ганц хөлтэй эдийн засаг аль нэг нам, улстөрчийн амбицаас шалтгаалаад унах аюултай байдгийг бид хангалттай харсан. Дөнгөж урагшаагаа ганц алхчихаад хойшоогоо хоёр, гурав алхаж болохгүй. Ийм зүйл сүүлийн 20 жил ажиглагдаж байгаа. Тиймээс тогтвортой тасралтгүй урагшлах хөгжлийн загварчлалаа гаргаж явах ёстой. Тэр хөгжлийн загварын гол үндэслэл нь олонд хүртээмжтэй эдийн засгийн бодлого байх юм. Тухайн эдийн засгийн үр өгөөж хэдэн хүнийг баяжуулах бус нийт иргэдэд, айл өрхөд нөлөөллөө үзүүлдэг байх хэрэгтэй.

-Өмнө нь Засгийн газар тогтворгүйн улмаас гадны хөрөнгө оруулагчид зайгаа барьсан. Одоо МАН үнэмлэхүй олонхи болсон юм чинь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх үү. Ам.долларын ханш түүхэндээ байгаагүйгээр 2090 төгрөгт хүрчихлээ. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ?

-Ардчилал, зах зээлийн үндэс нь ардчилал юм. Иргэд бидэнд итгэл өгч сонгож байгаа. Харин тэр хүмүүсийн төлөөлөл болж бид төрийн эрхийг барилцаж байгаа. Зах зээл чинь мөн итгэл дээр тогтдог. Хоёр хүн бизнес хийхдээ гэрээ байгууллаа гэхэд итгэлцэл дээрээс л байгуулдаг. Тиймээс итгэлийг сэргээх алхмыг хамгийн түрүүнд хийх ёстой. МАН түмэн олныхоо итгэлийг авч засгийн эрх барих болсноос хойш хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл сэргэж байна гэж харж байгаа. Ялангуяа хоёр хөршийн талаас итгэл сэргэж байна гэж бодож байгаа шүү. Одоо нэгэнт ингэж бий болж буй нааштай хандлагыг бид бодит ажил болгож хэрэгжүүлэх цаг иржээ. Бидний зүг итгэлийн харцаар харж буй тэр харцыг зүтгэлээр хариулах ёстой. Хэдэн сайд нар л томилогдсоноос биш Засгийн газар бүрэн гүйцэд бүрдээгүй байна. Тиймээс ирэх намраас энэ Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажил итгэлийг нь улам төрүүлэх байх.

Ялангуяа төсвийн тодотгол хийх үед төсвийг алдагдалгүй батлах чиглэл рүү үнэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлага байна. Тэгэхгүйгээр болсон болоогүй баахан хөрөнгө оруулалт зарлаад, орж ирэхгүй орлого тооцоод төсвөө баталчихдаг. Аж ахуйн нэгжүүд баахан бүтэхгүй тендер рүү орчихдог. Нөгөө аж ахуйн нэгжүүд нь мөнгөө авч чаддаггүй тул гацаанд ордог тал бий. Концесс нэрээр баахан ажил зарлаад гадныхан ажлаа хийгээд дууссаныхаа дараа мөнгөө авч чаддаггүй ийм тохиолдол их байгаа. Тиймээс бодит нөхцөл байдал дээрээ зөв оношлогоо хийж алхаж чадвал сайн. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад үнэнээ л хэлэх ёстой. Тэгж байж тэд бидэнд итгэж ажиллана.

-Одоогоос жилийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Дэд сайдын орон тоо хэрэггүй. Үрэлгэн зардлыг нэмэгдүүлж байна хэмээн хамгийн их шүүмжилж байсан ч дэд сайдын орон тоог нэмчихлээ. Эдийн засаг хүнд байхад хэлсэн амнаасаа буцах ямар шаардлага байсан юм бэ?

-Энэ удаагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлахдаа илүү цомхон, чадварлаг байх тал дээр анхаарч ажилласан. Яам, агентлагийн түвшинд бид орон тоог 1000 гаруй хүнээр цомхотгож байна. Мөн яамд болон сайд нарын тоог цөөлсөн. Цаашид бид тухайн бүтэц тэр ажлыг хийж чадах уу гэдэгт анхаарал хандуулах ёстой. Нэг хоёр сайдыг нэмж, хасахаас илүүтэй бодит үр дүн, нийгэмд үзүүлэх нөлөөллийг бодолцох хэрэгтэй.

Миний хувьд өөрөө дэд сайдаар ажиллаж байсан болохоор Монгол Улс дэд сайдтай байх ёстой гэдэг зарчим барьж ирсэн. Тэр дээрээ ч хэвээрээ байна. Дан ганц Монгол Улс ч гэлтгүй бүхий л улс орнуудад орлогч сайдын орон тоо бий. Дэд сайд байснаар яамдын уялдааг хангах, ялангуяа хоёр гурван чиглэлийн асуудал нэг яаман дээр төвлөрч байгаа үед салбар хариуцсан дэд сайдыг томилох нь ажил явахад хэрэгтэй. Дэд сайд нар ачаалал өндөртэй ажилладаг хэрнээ нэг дэд сайдад гардаг зардал жилдээ таван сая орчим төгрөг байдаг. Туслах, жолооч, дэд сайд гэсэн гурван орон тоо л байдаг юм. Тиймээс урсгал зардал энэ тэр бага л даа. Тиймээс улс төр талаасаа дэд сайдыг ажиллуулна гэдэг нь буруу болоогүй байх гэж харж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө иргэний халааснаас гардаг зардлыг бууруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Та Өвөрхангай аймгаас сонгогдон Их хурлын гишүүн боллоо. Ирэх дөрвөн жилд ямар бодлого барьж ажиллая гэж бодож байгаа вэ. Таныг өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбарт олон жил ажилласан гэдэг утгаараа тухайн салбартаа түлхүү анхаарах болов уу гэж бодож байна?

-Энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-нд илүүтэй итгэл хүлээлгэн 65 суудал өглөө. Тиймээс ирэх дөрвөн жил хариуцлагатай ажиллах үүрэг бас ирлээ. Иргэдийн ийм өндөр итгэлд бид хариуцлагатай ажиллаж л хариу барих ёстой. Бид сонгуулийн үед сонгогчдод амлаж байсан болоод өмнөх парламентын үед сөрөг хүчин байхдаа ярьж, хийж байсан үг үйлдэл хоёр зөрж болохгүй гэдэг зарчим барьж ажиллана. Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Нийгэм, эдийн засгийн байдал ямархуу байгааг үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй. Үүнийгээ тодорхой болгочихоод бид цаашид ямар хөрсөн дээр ажлын гараагаа эхэлж байна вэ гэдгээ зөв оношилж иргэдэд тайлагнах ёстой. Тэгж байж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох юм.

Миний хувьд нийгмийн хамгааллын салбарт сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Би нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажилд анхаарал тавин ажиллах болно. МАН-ын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэр утгаараа мөрийн хөтөлбөрт багтсан нийгмийн хамгааллын чиглэлийн заалтуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Ялангуяа малчид болон хувиараа аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалтай болгохтой холбоотой асуудал, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, оюутны сургалтын төлбөрийг эцэг, эхэд нь санхүүгийн дарамт учруулахгүйгээр шийдэх, малчдыг тогтмол орлоготой болгох гээд олон зорилтууд бий. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарал хандуулна.

Мөн УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад зарим асуудлыг хууль эрхзүйн орчин тал дээр нь боловсронгуй болгоод явах ажлуудыг эхлүүлсэн. Хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх, ээжүүд төрүүлж өсгөсөн хүүхдүүдийнхээ тоогоор нийгмийн даатгал төлсөн жилийг нэмэгдүүлэх, байгалийн хатуу ширүүн нөхцөлд улаан гараараа тэмцдэг малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй байна. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс нийт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 50 орчим хувийг эзэлдэг. Тэгсэн хэрнээ тэдний 15 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тиймээс малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн нийгмийн даатгалыг нэг удаа төлөх гээд хууль эрхзүйн тал дээр хоёр хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар эдгээр хуулийн төслүүд дээр саналаа өгчихвөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр судалж танилцуулахыг үүрэг болгосон байна лээ. Өмнөх Засгийн газрын үед бол хэрэв тэтгэврийн зээлийн хүү буурчихвал аав, ээжийнхээ тэтгэврийн зээлийг авах хүүхдүүдийнх нь тоо улам нэмэгдэнэ гэдэг утгаар нь бууруулах нь тийм ч зохистой биш гэж байсан. Тэтгэврийн зээлийн хүү буурах боломж бий юу?

-Ер нь ахмадууд тэтгэврийн зээл авахгүй амьдрах нөхцөл боломжийг нь бий болгох нь чухал. Өнөөдөр манай ахмадууд өөрсдөө гоёж гоодож, өдөрт хэд хэдэн удаа хоол идэхийн тулд тэтгэврийн зээл авдаггүй. Төрөөс үйлчилгээ авсныхаа дүнд иргэдээс гардаг зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр байна. Манай ахмадууд үхтэл үр харам гэгчээр үр хүүхдээ өсгөж бойжуулахын зэрэгцээ хүүхдийнхээ хүүхдийн төлөө санаа зовж суудаг. Энэ бол нүүдэлчин монголчуудад л байдаг чанар. Ахмадууд маань ач, зээ нарынхаа сургалтын төлбөрийг төлөхийн тулд, амьдрал ахуйг нь аятайхан байлгахын тулд ихэнх нь зээл авч байгаа. Өнөөдөр нийт ахмадуудын 80 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Шулуухан хэлэхэд тэтгэврийн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй. Эдийн засгийн маш оновчтой бодлого явуулж байж бууруулах ёстой. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас өмнө тэтгэврээрээ амьдралаа хэвийн аваад явдаг хэмжээнд хүргэх нь чухал. Тэгэхээр тэр хэмжээнд хүргэхийн тулд тэтгэврийг нэмэх шаардлагатай. Тэтгэвэр нэмэгдүүлчихвэл манай ахмадуудын зээл авах хэрэгцээ багасна. Нөгөө талаасаа төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө иргэний халааснаас гардаг зардлыг дорвитой бууруулах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлдөг тэр хураамж нь маш өндөр байна. Иргэдийн халааснаас гардаг зардлыг бууруулах арга хэмжээ авч чадвал тэтгэврийн зээл авах хандлага буурна.

-Яг ямар замаар бууруулах боломж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж Нийгмийн даатгалын санг Засгийн газар арвижуулж байдаг. Харамсалтай нь Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулахдаа цөөн хэдэн арилжааны банкуудад давуу эрх олгоод нөгөө банкууд нь улсын хэмжээгээр тэтгэврийн зээл тавьдаггүй арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг өмнөх Засгийн газар байршуулчихсан юм билээ. Үүнийг Засгийн газар богино хугацаанд авч үзээд улсын хэмжээгээр Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг тавьдаг сүлжээтэй арилжааны банкинд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулдаг болгох асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Ингэж чадвал арилжааны банкинд байршуулдаг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах тохиролцоог тус банктайгаа хийж тэр хэмжээгээр арилжааны банк нь Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Өмнөх Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа 12-13 хувийн хүүтэй байршуулчихаад арилжааны банкууд нь ахмадуудад тэтгэврийн зээл олгохдоо 16-18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгоод байгаа юм.

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хүүг бууруулах юм бол Нийгмийн даатгалын сангийн арвижиж байх ёстой мөнгөний хэмжээ буурах байх даа?

-Нийгмийн даатгалын сангийн арвижиж өсөн нэмэгдэж байх ёстой мөнгө буурах сөрөг талтай. Гэхдээ ахмадуудынхаа төлөө үүнийг хийж хэрэгжүүлэх л ёстой.

-Өнөөдрийн нөхцөлд эдийн засаг амаргүй байгаа хэдий ч МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гээд тусгачихсан. Ирэх жилээс бондын эргэн төлөлт эхэлнэ. Цалин, тэтгэвэр нэмэх боломж бий юу?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна гэдэгтэй санал нэг байгаа. Бидний гарааны нөхцөл ямар байгаа вэ гэдэг нэг зүйлийг л Засгийн газрын гишүүддээ хэлж байгаа. Миний хувьд зарим статистик үзүүлэлтүүдэд эргэлздэг. Ялангуяа сүүлийн хагас жилд Үндэсний статистикийн газрын хараат бус байдлыг алдагдуулаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон. Тиймээс зарим статистик тоо эргэлзээтэй. Өмнөх эрх баригчид инфляцийн түвшинг бууруулсан гээд байсан. Эрх баригчид үнэхээр эдийн засгийн оновчтой бодлого явуулсны дүнд инфляци буурсан уу эсвэл иргэд орлогогүй болоод худалдан авах чадвар нь буурч, бүсээ чангалж байж захиргааны аргаар инфляци буурсан уу гэдэг бодит дүгнэлтийг бид гаргах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого маш ихээр буурч ажилгүйдэл газар авч байна. Өмнөх Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ганцхан удаа найман хувиар цалин нэмсэн байдаг. Ийм хэмжээнд цалин нэмсэн үед орлого нэмэгдэж чадаагүй. Өмнөх эрх баригчдын хэлээд байсан ядуурал буурсан гээд байгаа нь эргэлзээтэй. Үнэхээр ядуурал буурсан уу, түвшинг тооцдог аргачлалыг нь өөрчилж ядуурлын түвшинг бууруулчихсан уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмдэг болгох ёстой. Ямар нам засаг барьж байгаа болон ямар хүн сайд хийж байгаагаас үл хамаараад цалин, тэтгэвэр нэмэгддэг хууль эрхзүйн орчныг бий болгох цаг болсон.

Нөгөө талаасаа цалин нэмнэ гэдэг бол нийт ажиллагсдын 15 хувийн асуудлыг л яриад байгаа юм. Манайд хөдөлмөрлөж буй нийт хүмүүсийн хувиараа аж ахуй эрхэлж буй хүмүүс нь орхигддог. Төрийн албанд ажиллаж байгаа 15 хувийн асуудлыг яриад цаана нь үлдэж буй 1.1 сая хүн буюу 85 хувийн асуудлыг мөн давхар шийддэг байх юм уу гэдгийг авч үзэх ёстой. 85 хувийнх нь ажлын байрыг яаж хадгалж үлдэх вэ, орлогыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол Засгийн газрын толгойны өвчин байх ёстой юм л даа.

-Энэ бүгдийг шийдээд явах ямар гарц байгаа бол?

-Асуудал байгаа гэдэг нь маргаангүй үнэн. Гэхдээ асуудлаас гарах хувилбарыг бид олох ёстой. Зөвхөн цалин нэмнэ гэхэд л төрийн албан хаагчдын цалинг ярьж болохгүй. Иргэдийг зөвхөн орлоготой болгоно гэдэг нь цалин нэмнэ гэсэн үг биш. Магадгүй бид татварын бодлогодоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж гэмээнэ орлого өндөртэй байгаа нь ахиу татвар төлдөг, орлого багатай нь бага татвар төлдөг татварын шатлалтай бодлого чухал. Тэгж байж л хүн амын олонх нь ядуу, ядуувтар биш дундаж болон чинээлэг давхарга руу орох бодлого явуулах шаардлагатай. Цалин, тэтгэвэр нэмснээр асуудал шийдэгдэхгүй. Өөр ямар асуудал байна тэр бүхнийг бодох нь чухал.

-Цалин, тэтгэвэр нэмэх гэхээр л өнөө хэцүүдсэн эдийн засагт дарамт учирна. Манай орны хувьд уул уурхайгаас хараат ганц тулгуурт эдийн засагтай. Эдийн засгаа солонгоруулна гээд байгаа ч үнэндээ үр дүн алга. Үүнд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ. Үнэгүйдээд л хаягдаж байгаа арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд ажлууд байх шиг байна?

-Хөдөө явж байхад хөдөөгийн иргэд орлогогүй болсон байна лээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард хонины нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг байсан бол сонгуулийн үеэр 200 төгрөг болсон байсан. Зардал гаргаж сумын төв рүү хүргэж өгч байхаар зардал багатайгаар нь аргалаа бүтээхээс өөр аргагүй байна гэсэн малчид их таарсан.

Эдийн засаг дээр бид хоёр зүйлийг анхаарах ёстой. Уул уурхай яахав өвөг дээдсээс бидэнд үлдээсэн байгалийн баялаг юм. Бүх байгалийн баялгаа бидний үед ашиглана гэж дайрах нь буруу. Тодорхой хэдэн ордыг нь бидний үед ашиглаад үлдсэнийг нь хойч үедээ үлдээх нь зөв. Байгалийн баялаг гэдэг бол нөхөн сэргээгддэггүй. Нөгөө талдаа ажиллах хүч шингээх боломжгүй байдаг. Бид тодорхой ордыг ашиглахдаа нөөц нь шавхагдсан үед түүнээс дутахааргүй орлоготой болох бодлого явуулах ёстой юм билээ. Тэгж гэмээнэ бид бусад орнуудын жишгээр зөв голдрилоор нь явуулна.

Бидний хувьд байнга нөхөн сэргээгдэж байдаг уул уурхайгаас дутахааргүй баялаг бүтээдэг хөдөө аж ахуйн салбараа дэмжих цаг иржээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо өндөр өртөг шингэсэн хөнгөн үйлдвэрийг бид бүсчлэн ойрын хугацаанд олноор нь барьж байгуулах хэрэгтэй. Ингэж гэмээнэ малчид тогтмол орлоготой болно. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас сэргийлдэг тусгай сан байгуулах шаардлагатай. Түүхий эдийн үнэ унаад малчид орлогогүй болж байгаа бол тэр тусгай сангаас нөхөн олговор олгодог зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Ардын нам дарга нарын нам биш

“Өдрийн сонин”-ы №174 (5439) дугаараас авч нийтлэв.

CEO клубийн ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн дүнд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмний итгэлийг хүлээсэн нам хэрхэн ажиллах ёстой вэ. Таны хувьд Их хуралд нэр дэвшихгүй гэдгээ сонгуулийн өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Улс төрөө мэдээж орхихгүй биз дээ?

-Манай намын энэ том ялалт нь намын удирдлага, энгийн гишүүдэд ч гэсэн гэнэтийн, тооцоолоогүй сюрприз болсон нь нууц биш байх. Бараг хамтарч таарах байх. Ойрхон гарах байх гэсэн хүлээлт дээр дооргүй байсан. Судалгаа ч тэгж гарч байлаа. МАН-ын ялалтын гол хүчин зүйл нь АН байсан гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Эрдэнэтийн 49 хувиасаа нууцаар татгалзсан, сонгуулийн хуулийг эцсийн мөчид өөрчлөн тойргийн хуваарилалтыг ойлгомжгүй хүч түрэн хийсэн гэх зэрэг эрх баригчдын сүүлчийн үйлдлүүд өмнөх дөрвөн жилийн буруу тооцоо, увайгүй үйлдэл, гарсан үр дүнд нь аргаа бараад байсан ард иргэдэд нэг мөр дүн тавих боломж олгосон. Тиймээс л МАН баруун солгоогүй ялах боломжийг олгосон.

МАН ирэх дөрвөн жилд эрх барих намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заасан бүх зүйл заалтыг биелүүлж, түүнийгээ бүр давуулах амаргүй ачааг үүрч байна. Технократ засагтай болно гэж ярьж гарч ирчихээд кабинетын зарим нэр дэвшигчдийг харахад “мэргэжлийн засаг” болсонгүй гэж нийгэм нэлээд сөрөг байдлаар хүлээж авсныг бид харсан.

-Технорат гэдгээ жаахан дэлгэрүүлээд яриач?

-Технократ буюу мэргэжлийн гэдгээр бид улстөрчид бус мэргэжлийн хүмүүсээс энэ кабинетыг бүрдүүлнэ гэж харж байсан гэдгийг л харсан байх. Энэ бол гараанаасаа гарахдаа л алдаж байгаагийн нэг жишээ. Үүнээс сургамж аваад ажиллах хэрэгтэй. Бид бүхнийг хэрхэн ажиллахыг нийгэм, иргэд ямагт ажиглаж, шууд дүн тавиад явчихдаг болсон цаг үе, нийгэм. Удахгүй орон нутгийн сонгуультай, дараа нь залгуулаад Ерөнхийлөгчийн сонгуульд орно. Бид сонгуулийн ялалтаа “чулуу” болгохын тулд нэг хүний бус хамтын ялалт байсан гэдгийг ямагт санаж, нам доторх бүх бүлэг, фракцын эрүүл саруул үгийг авч ажиллах ёстой. Намын эв нэгдэл дараа дараачийн сонгуульд хамгийн том хүчин зүйл болно. Гагцхүү бид сул сөрөг хүчинтэй болсон тул нам доторх ардчиллыг улам гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлага ч бий болж байна.

Үнэмлэхүй ялалт байгуулахад бидэнд маш том, олон жил ярьсан өөрчлөлтүүдийг ч хийх боломж гарч ирж байна.

Улс төрийн намын тогтолцоонд өөрчлөлт оруулах, намын санхүүжилтийн асуудлыг нэг мөр ил тод болгож, шилэн хуультай болгох, намыг гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдэх цаг болсон. Мөн парламентын засаглалаа улам төгөлдөршүүлж, барууны жишигт аваачих гэх мэт олон жил шийдлээ хүлээж байгаа асуудлуудаар нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдөө манлайлж, хийх боломжийг энэ удаагийн ялалт бидэнд олгосон.

Би 2009 оны сонгуульд бие дааж оролцсон. 2012 онд УИХ-д Ардын намаас дэвшээд ялагдсан. Дөрвөн жил намынхаа арын ажилд чадлынхаа хирээр оролцож ирсэн. Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр нийгэмд болж байгаа үйл явдлын талаар дуу хоолойгоо ч гаргаж ирсэн. Нам маань яллаа. Энэ бол хамтын ялалт байсан. Энэ ялалтыг ард түмний ялалт болгох учиртай. Би анх улс төрд орж ирэхдээ болохгүй, бүтэхгүй байгаа идээ бээрийг нь шахна гэж хэлж орж ирсэн. Байдал нэг хэвэндээ байж, мань мэтийн нөхөд зүгээр хараад сууж чадахаа больтол улстөр бохир явж эхэлбэл хойшоо суухгүй, өөрөө ороод явчихдагийг харсан байх.

-Шинэ Засгийн газар элэг бүтэн боллоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газар юунаас ажлаа эхлэх нь зөв гэж харж байгаа вэ. 60 гаруй мянган аж ахуйн нэгж өнгөрсөн жилүүдэд хаалгаа барьсан гэх тоо баримт бий. Ирэх жилүүдэд бизнесийн орчин хэр байх бол. Та энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах байх, тийм үү?

-Эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, энэ улсын өрсөлдөх чадвар аливаа засгийн үед хамгийн өндөр ач холбогдолтой байдаг байх. Яагаад гэвэл эдийн засаг өсч байж ард иргэдийн аж амьдрал дагаад дээшилдэг. Иргэн нь ажилтай орлоготой, авдаг хэд нь нэмэгддэг, хувийн хэвшил шинээр хөрөнгө оруулалт хийдэг, төсвөөс хийх хөрөнгө оруулалт өсөж, амьдрах орчин таатай болж ирдэг. Ийм л тойрог. Эхний ээлжинд савлагаа, тодорхойгүй байдлыг намжаах, зах зээлийг тайтгаруулж, итгэлийг нь олж авах алхмууд нэн даруй хийгдэх ёстой болов уу. Ам.доллар одоо 2100 руу дөхлөө. Монголбанкны нөөц хэдийнэ шавхагдсан. Улсын сан хөмрөг хоосон байна. Их өр шийдлээ хүлээж байгаа. Шийдэл гаргахын тулд өрөө нэг тоолоод, тоймтой болгож ирмээр байгаа юм.

Бид том төслүүдээ хөдөлгөж, жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь бизнесээ явуулах боломжийг олгож, санхүүгийн зах зээл дээр шинэчлэлийг явуулж, банкны санхүүжилтийн монополийг халж, санхүүгийн зах зээлийг тэнцвэртэй хөгжүүлэх ёстой болно. Тэтгэврийн шинэчлэл, даатгалын реформ, хөрөнгийн зах зээлийн идэвхжүүлэлт, иргэдийн санхүүгийн боловсрол тэдний оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зэрэг олон асуудал шил шилээ даран хүлээж байна. Эдгээрийг шийдэх цаг. Би Монголын эдийн засгийн форумыг санаачилж, эхлүүлсэн багийн гишүүний хувьд тэр ажлаа үргэлжлүүлэн идэвхтэй оролцож ажиллана гэж бодож байгаа. Засаг, хувийн хэвшлийн хамгийн том хэлцлийн гүүр болох зорилгод нь хүргэнэ гэж харж байна.

Мөн эхлүүлээд байгаа Хөрөнгө оруулагч үндэстэн хөдөлгөөнөө ч нилээд өргөжүүлэн ажиллах бодолтой байна.

-Монголчуудын хувьд уул уурхайгаас хараат эдийн засагтай. Та өмнө нь томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгийг хэлж байсан санагдаж байна. Ирэх жилүүдэд Оюу толгой, Таван толгойгоос хүлээж болох бидний хүлээлт хэр байх вэ. Эдийн засгаа солонгоруулна гэж манайхан ярьдаг ч тэгж чадахгүй байгаа. Эдийн засгаа солонгоруулах боломж хэр байна вэ. Тэр юу байх бол?

-Энэ засгийн хамгийн том бөгөөд эхлээд шийдэх ёстой асуудал бол өмнөх нөхдийн тавьсан өрийг удирдах асуудал мөн. Бондын эргэн төлөлт дараа жилээс хийгдэж эхлэх ёстой. Дахин санхүүжүүлэхээс гадна бид хувьчлал явуулж байж, бүрдүүлсэн эх үүсвэрээр өрөө дарах боломж бүрэлдэх байх. Ер нь өрийн удирдлагын асуудлыг нухацтай ярьж, Монгол Улс, түүн дотроо засаг яг хэдэн төгрөгийн өртэй юм, хэд нь гадаад зах зээлээс орж ирсэн юм. Хэдэн төгрөгийг бид дотоод зах дээрээс босгосон юм. Иргэдэд өмнөх сонгуулиар хэдийг амлаад, хэдийг нь өгчихсөн юм. Одоо хэд дутуу байгаа юм гэдгийг нэг мөр ил болгож, улсынхаа өрийн тооцоонд оруулах ёстой гэж би боддог. Зарим иргэд нь мөнгөө авчихсан, бусад нь хүлээгээд л сууж байгаа шүү дээ.

Бизнесийн орчинг тогтворжуулж, банк санхүүгийн салбарын реформыг хийж байж бид эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг ярьж эхлэх болов уу. Ямар ч бизнес хийхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулахад мөнгө, суваг, санаа, хүн, хуулийн орчин гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэг бүрчлэн гаргаж ирээд бүрдүүлээд ажиллах л хэрэгтэй.

-МАН 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо нийгмийн халамжийн чиглэлийн мөрийн хөтөлбөрийг түлхүү тусгасан байсан. Эдийн засаг хүндрэлтэй, ирэх онд бондын мөнгө төлж эхэлнэ гэх мэтчилэн төсөв санхүүгийн хувьд асуудалтай үед энэ мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж бий юу?

-Зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд маш боломжийн зөв мөрийн хөтөлбөртэй бид сонгуульд орсон гэж бодож байна. Сэтгэл байгаад зориг хүрвэл хийдэг л газар. Мэргэжлийн, технократуудын үгийг сонсож ажиллах хэрэгтэй. Улстөржилт бага явагдах ёстой. Манай дарга нар хувийн болон бүлгийн явцуу ашиг сонирхолд автвал дараа дараачийн сонгуулиар иргэд өгсөн эрх мэдлээ аваад л яваад өгнө гэдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй.

-Ухаандаа бол МАН-ын мөрийн хөтөлбөрийг популист амлалтаар дүүрэн байсан гэж үнэлэх нэгэн байна. Зүүний баримжаатай нам гэдэг бол бидний хэлж заншсанаар популист болчих гээд байгаа юм. Үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй.

-“Та бизнесийг улс төрөөс ангид байлгах ёстой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна лээ. Тийм боломж бий юу. Аль ч засгийн үед бизнес рүү улс төр орчихоод байдаг шүү дээ?

-Энгийнээр л ойлгож хэрэгжүүлье. Төрийн өмчид байгаа компаниудын удирдлагыг улс төрөөс ангид байлгая. Хуулиа хэрэгжүүлж эхэлье. Тухайлбал, саяхан бидний хувьчилж, тодорхой хувийг нь авсан Монгол “Шуудан” компани дээр бид ямар нэгэн улстөрчийн шийдвэрээр захирал тавиулахгүй ээ. ТУЗ-д нь аль болох хараат бус мэргэжлийн хүмүүсийг төрөө төлөөлүүлж оруулаач ээ гэх мэтийн санаачилгыг гаргаад ажиллаж байна. Төрийн өмчит компаниудыг яг л хувийн компанийн удирдлагын жишгээр авч явахыг л хэлээд байгаа юм. Өрсөлдөөнтэй салбар бол татаас, давуу тал үүсгэхгүй байхыг хэлдэг.

-Та “МАН-ын Бага хуралд өөрийнхөө нэр дэвшүүлж, намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөнө” гэсэн байна лээ. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсек болгоно гээд тохирсон гэх юм. Танд орон зай гарах болов уу?

-Ардын нам бол дарга нарын нам биш. Тэр тусмаа нэг хүний үгээр явдаг, нэг бүлэглэлийн нам биш гэдэгт би итгэдэг. Бид ардчилсан нээлттэй зарчмаар намаа авч явах ёстой. Намын шинэчлэлийн ажлыг ч зогсоож болохгүй. Ялалтдаа санаа амарч болохгүй. Улс төрийн процесс үргэлжилнэ. Тийм учраас эрүүл саруул тогтолцоотой, дотроо нээлттэй хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаад хамгийн боломжийн тохиромжтой нэгнээ тодорхой албан тушаалд гишүүд нь сонгоод, итгэл хүлээлгээд ажилладаг намтай байхын төлөө би тууштай ажиллана. Дарга нар уулзалдаад, тохироо хийгээд, бодлого тулгадаг цаг өнөөдөр биш. Манай Бага хурлын гишүүд хэн нэгний хайрцганд орчихдог ухна ишиг бас биш. Дор бүрнээ өөрсдийн анхан шатны төлөөллийг хэрэгжүүлж, итгэл хүлээн сонгогож ирсэн намаа, Монголоо гэсэн сэтгэлтэй шилдэгүүдийн цуглаан.

-Шинээр бүрэлдсэн Засгийн газарт хэр сэтгэл хангалуун байгаа вэ. МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Намынхаа нэр хүндийг баран байж томиллоо” хэмээн хатуухан хэлсэн байна лээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа МАН хүрсэнгүй гэдэг шүүмжлэл байна л даа. Таны харж байгаагаар мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан уу?

-Энэ багт ажиллах цаг хугацааг олгох ёстой. Ажлын эхний үр дүн гарах болоогүй байна. Харзная л даа. Нийгэмд явсан шуугиан бол мэргэжлийн гэдгийг хүн бүр өөр өөрөөр харж байснаас болсон болов уу. Би хувьдаа технократ засаг гэдгийг бас нэг өөрөөр л харж байгаа. Мэргэжлийн улстөрчид биш тухайн салбартаа мэргэшсэн улс төрөөс ангид мэргэжилтнүүдээс бүрдсэн Засгийн газрыг тэгж олон улсад нэрлэдэг. Голцуу эдийн засгийн хямралтай байгаа үед хэрэглэдэг түгээмэл улс төрийн сонголт. Харин Монголд нийгмийн сэтгэлзүй, хуульзүйн орчин тийм Засгийн газрыг хүлээн авахад бэлэн биш байгааг л олж харлаа. Энд эр зориг, их манлайлал мөн хэрэгтэй.

-Ардчилсан намын засгийн үед ам.долларын ханш 2050 төгрөгт хүрч байсан. Одоо харин 2070 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханшийн савлагаанд аль ч улс төрийн хүчин хаалт тавьж чаддаггүй юм биш үү. Энэ байдлаараа 2150 төгрөгт хүрнэ гэх юм. Та ямар бодолтой байна вэ?

-Яг одоо бол ханшийг, ер нь юуг ч энэ засагтай холбож ярих боломжгүй. Дөнгөж бүрэлдлээ. Одоо л ажлаа хийж эхлэх гэж байна. Элдэв дам яриа, шуугиан бол явсан. Гэхдээ тэр бол бүтээлч бус. Одоо бид дор бүрнээ урмыг нь бодоод чадахаараа дэмжээд, уухайлаад нэг хэсэг явах хэрэгтэй. Эргээд гарах үр дүнтэй нь бүгд ярья. Дараа нь дүгнэлтээ хийе. 9-10 сараас бол арай өөр байх.

-Засгийн газрын томилгооноос харж байхад МАН дотоод ардчилалгүй зөвхөн намын дарга гэдэг ганц хүний үгээр явдаг гэдэг нь илүү тодорхой болсон гэж байна. Намаа шинэчлэхэд залуусын үүрэг оролцоо их байгаа. Намын шинэчлэл хаанаас эхлэх ёстой вэ?

-Намын шинэчлэл бол зогсолтгүй үргэлжлэх ёстой процесс л гэж би хардаг. Эндээс эхэлнэ, тэнд дуусна гэж байхгүй болов уу. МАН-д ярьж, сайжруулах зүйлс зөндөө л байгаа. Гэхдээ энэ нам чинь бас манай өнөөгийн нийгмийн л толь юм. Нам бол гишүүн гэх хэсэг бүлэг хүний л нэгдэл. Тэр бүлэг хүмүүсийн хамтын итгэл үнэмшил дээр тулгуурлаж, засгийн эрхэнд хүрэх зорилготой байгууллага. Гишүүдийн үзэл бодол дээр л тогтоно. Тэдний хамтын шийдвэрээр чиг, үйлдлээ тогтооно.

Энэ удаа залуусаа хамгийн ихээр дэмжин гаргаж ирсэн нам гэж харагдаж байгаа болов уу. Бид Бага хурлаараа ярилцаж байгаа нэр дэвшигчдээ тодруулчихсан. Би ч саналаа өгсөн. Тэр нэрсийг хэн яаж гаргаж ирсэн, хайрцагласан, тохирсон, үгссэн гэдэг бол зүгээр дам яриа. Энэ сайд нарыг нэг хүн л нэрлээд гаргаад ирлээ гэдэгтэй адил. Намын удирдах зөвлөл гэдэг байгууллага бий. Хяналтын зөвлөл байна. Тэнд асуудалд шийдэл олох эрхийг дүрмээрээ олгосон байгаа. Асуудал байвал дүрэм, журмаасаа эхэлье. Тэгэхийн тулд би намын генсект нэрээ дэвшүүлж байгаа гээд ойлгочихож болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тамирчдынхаа дээлийн захыг мушгих л үлдлээ

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Дэлхийн долоон тэрбум хүний зүрх, сэтгэлийг соронзон мэт татаж, хөөрч, догдлуулж чаддаг олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо эхлэх хором, мөч бүр ойртсоор. Сонгууль, наадам, АСЕМ гэж бужигнасаар нэг л мэдэхнээ олимпийн наадам эхлэхэд долоон хоног үлджээ. Бөмбөрцөгийн хүчтэнүүд Рио-гийн зүг хүлгийн жолоо залж, аль орны тамирчид Бразилийн тэнгэрт төрийнхөө далбааг хамгийн олон мандуулах вэ, ямар тамирчин дэлхийн рекордыг шинэчлэх бол, хэн гэдэг аавын хүү, охин цойлон гарч ирэх вэ гээд дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадмын талаарх үй түмэн хариулт нэхсэн асуултууд тивээс тив алгасан яригдсаар. Монголчуудын хувьд анх 1964 оны Токиогийн олимпод 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол энэ удаагийн Риогийн олимпод тамирчдынхаа түрүүчийг дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдүүлэхээр илгээгээд байгаа билээ. Мөн есдүгээр сарын 7-18-нд паралимпийн 15 дугаар наадамд спортын таван төрлөөр найман тамирчин оролцохоор эрхээ аваад байгаа. 1968 оны Мехикогийн зуны олимпийн тоглолтоос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав хүрэл медалийг чөлөөт бөхийн төрөлд хүртсэнээр олимпийн наадмын хуудаснаа Монгол гэх нэрийг анхлан бичүүлсэн түүхтэй. Монголчууд тамирчдаа ялахад нь хамт ялж, ялагдахад нь ялагдаж сэтгэл зүрхээрээ нэг байж чаддаг ард түмэн. Бидний баярлаж, хөөрч, догдолж, нойроо хугаслан үздэг олимпийн тоглолтод эхлэх мөч өдөр хоногоос бус цаг, минут, сенкунтээр хэмжигдэж байна.

Риогийн зуны XXXI дэх олимпийн наадам наймдугаар сарын 5-21-ны хооронд Бразилийн Деодоро, Барра, Копакабана, Маракана гэсэн дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд болно. Монголчууд спортын тамирчдаа хамгийн их дэмжиж, үнэлдэг ард түмэн. Тэр утгаараа 42 тамирчнаа бүгдийг нь медаль хүртээсэй гэж хүсч байгаа нь нууц биш. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпоос Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртсэнээрээ энэ хүлээлт улам нэмэгдсэн. Наймдугаар сарын тавны өдөр хөшгөө нээх Риогийн олимпод Монгол Улс 13 дахь удаагаа оролцох учиртай. Энэ сарын 20-ны өдөр жүдо бөхийн төрөлд 13, чөлөөт бөхийн төрөлд 10, боксын төрөлд зургаа, хөнгөн атлетикийн төрөлд тав, буудлагын спортын төрөлд гурав, байт харвааны төрөлд нэг, хүндийн өргөлтийн төрөлд нэг, таэквандогийн төрөлд нэг тамирчин эрх авч, усан спортын төрөлд оролцох хоёр нийт 42 тамирчнаа Чингисийн талбайгаас монголчууд үдсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай дэлхий, олимпиос медаль авсан тамирчдад төрийн хайр халамж, магтаал, ард түмний хүндлэл багадаагүй. Одоо та бүхнээс Монголын ард түмэн, Монголын төр их зүйл хүлээж байгаа. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Халаасандаа байгаа эцсийн мөнгийг та бүхэнд л зориулж гаргаж өгч байгаа. Та бүхнийг Монголынхоо нэрийг гаргаад ир гэж өгч байгаа юм. Монгол гэдгээрээ та бүхэн эхлээд ялгарах ёстой. Хоёрдугаарт хувийн зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Хувийн сахилга батаараа ялгарах ёстой. Ингэж байж та бүхэн илүү амжилтад хүрнэ. Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Өмнөх олимпиудаас бараг хоёр дахин олон тамирчин явж байгаа. Монголын ард түмэн, Монголын төр хоёр дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй. Үүнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхнийг харж энд хүрэлцэн ирсэн Монголын ард түмнээ төлөөлж хэлж байна” хэмээн захиж байсан нь одоо ч тодхон байна. Ховд аймгийн Зэрэг суманд ишиг хариулж явсан хүү өөрийгөө дайчилж чадсанаар Төрийн тэргүүн болтлоо дэвшиж, АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хамгийн сайн зохион байгуулж чадсанаараа дэлхийд данстай улстөрч гэдгээ батлан харуулсан. Одоо харин үүний залгамж болж тамирчид маань дэлхийд данстай гэдгээ мэдрүүлэх өдрийг бүгд хүлээж байна. Ази, Европийн орнуудын төрийн тэргүүнүүд АСЕМ-аар Монгол Улсыг, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дүгнэсэн бол тэр хүмүүс тамирчдаар нь дахин дүгнэх тэр мөч улам ойртож байна.

Олимп бол хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, дэлхийн улс гүрнүүдийн шинэ түүхийг бичдэг билээ. Бид тамирчдаасаа өндөр амжилт хүсч байгаа ч эсрэгээр нь бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломж, дэмжлэг хэр байв гэдгийг эргэн нэг санахад буруутах юмгүй. Олимпийн эрхээ авсан буудлагын тамирчид мөнгөгүйн улмаас сумаа ч авч чадахгүй байна гэдэг мэдээлэл хэдэн сарын өмнө цацагдаж л байлаа. Ингэж ил болсон нь буудлагын спортын төрөл болохоос бусад спортуудад ч мөн санхүүгийн бэрхшээл багагүй байсан талаар тамирчид нь ярьцгаадаг. Тамирчдын сэтгэл зүй гэдэг бол амжилтынх нь 50 хувь байдаг. Төрийн тэргүүн өмнөх олимпод манай тамирчид эхний өдөр ялагдаж эхлэнгүүт бусад тамирчид сэтгэл зүйгээр унаж байсан талаар цохон тэмдэглэж байв. Риогийн олимпийн наадамд энэ хэдэн тамирчнаа татлаа түлхээгүй оруулчих юмсан гэдэг хүлээлт нөгөө талд бий болжээ. Цохон тэмдэглэхэд жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлж магадгүй талаар спортын сэтгэлзүйчид үзэж байгаа юм билээ. Олимп гэдэг бол жалгын нэг наадам биш. Жалгын хэрүүлээ хэзээ ч хийж болно гэдгийг л хэлэх гэсэн юм. Бид халаасан дахь сүүлчийн мөнгөө тамирчдадаа зориулж чадсан шигээ сэтгэлзүйг нь хамгийн тайван байлгах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Саяхан Сүхбаатар аймгийн Асгат суманд тоос манартал дугуй жийж явсан Б.Тэгшбаяр гэж залуу Дугуйн тойрог замын Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн нь монголчуудад асар их нөөц байгааг хэлээд өгчихлөө.

Монголын тамирчдыг дэлхийн спортын судлаач, шинжээчид хэдийнэ дүгнээд эхэлсэн. 2008 оны Бээжингийн олимпоос боксын төрөлд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэнэ гээд урьдчилсан таамаг гаргасан нь яв цав таарсан. Одоо харин дэлхийн спортын шинжээчид дэлхийн хошой аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос гавьяат тамирчин С.Батцэцэгийн тухай “Батцэцэг-Монгол хатан” хэмээн кино бүтээснээ олны хүртээл болгоод байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн олимпод эмэгтэйчүүдийн 63 кг-ын жиндээ хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Латвийн бөх дэлхийн аваргын хүрэл, европийн дөрвөн удаагийн аварга Анастасия Григорьевна байх нь гарцаагүй. Лондонгийн олимпийн наадамд хүрэл медалийн төлөө энэ хоёр тамирчин барилдаж С.Батцэцэг хүрэл медалийн тавцанд зогсож байсан билээ. Мөн энэ жинд жин бууж барилдахгүй бол Японы домогт бөх Каори Ичо түүний гол өрсөлдөгч байх юм. Өдгөө 30 настай Каори Ичо сүүлчийн олимпдоо орохгүй бол түүний оронд 2015 оны Лас Вегасын дэлхийн аваргын мөнгө, залуучуудын дэлхийн хошой аварга 21 настай Рисоко Кавай ирэх магадлалтай. С.Батцэцэгээс монголчууд гэлтгүй чөлөөт бөхийн спорт сонирхогчид алтан медаль хүртэнэ гэж хүлээж буй нь нууц биш. Чөлөөтийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэх Э.Бэхбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-ын жинд П.Өнөрбат, 86 кг-ын жинд О.Үйтүмэн, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 120 кг-ын жинд Ж.Чулуунбат нар хүч үзнэ.

Чөлөөтийн эрэгтэй тамирчид дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлээд амжсан. Ялж, ялагдаж үзсэн. Тэдний хүчтэй өрсөлдөгч байна уу гэхээс дутах зүйл огт байхгүй.

Эмэгтэйчүүдийн хувьд 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа хүч үзнэ. П.Орхоны хувьд бага дэлхийн аваргаар өрсөлдөгч бөхчүүдээ 172 удаа дараалан байсан дэлхий, олимпийн 15 алтан медалийн эзэн Японы алдарт бөх Каори Ичог буулган авч чөлөөтийнхний анхаарлын төвд бат орсон. 53 кг-ын жингийн Э.Сумъяагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж Афин, Бээжин, Лондонгийн олимпийн аварга, дэлхийн аваргын 13 алтан медальт, дэлхийн домогт бөх Саори Ёшида. Ёшида олимпийн алтан медалийнхаа тоог дөрөв болгох хүсэл их байгаа. Мөн Хятадын Сун Янан Э.Сумъяагийн гол өрсөлдөгч байна гэдгийг судлаачид үзэж байгаа аж. Дэлхийн аваргын гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-ын жиндээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байна.

Буудлага спортын хувьд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөнө. О.Гүндэгмаа олимпийн медалийн өнгөө хувиргах боломж байгаа бол Ц.Мөнхзулын хувьд өмнөх олимпоос атгаад алдсан медалиа хүртэх боломж хангалттай бий. Г.Нандинзаяагийн дасгалжуулагч нь түүний аав тул сэтгэлзүйн тал дээр давуу байх боломжтой гэж үзэж байгаа юм билээ.

Лондонгоос мөнгө, хүрэл медальтай ирж байсан боксынхны гол найдвар 60 кг-ын жинд өрсөлдөх Д.Отгондалай, 69 кг-д тоглох Б.Түвшинбат нар юм. Д.Отгондалайгийн хувьд тивдээ аваргалсан бол Б.Түвшинбат Лондонгийн олимпийн шагналт тавдугаар байраа медаль болгох боломжтой. Бусад тамирчдын хувьд бэлтгэл сайн байгаа бөгөөд “ёндоо” нь байвал ганзага дүүрэн ирэх боломжтой юм байна. Монгол Улсын гавьяат багш Д.Банди “Медаль авахгүй шүү гэх хүн алга. Хэн нь ч авах чадвартай. Ганцхан асуудал байдаг. Олон цагийн зөрүүтэй Бразил улсад дасгалжуулагч тухайн тамирчныг хэрхэн таарч тохируулах, манай шүүгчид хэр зэрэг тамирчдаа хамгаалах вэ, олон улсын шүүгчид хэр үнэнч шударга хандаж байна вэ гэдгээс шалтгаална. Мөн тэмцээнд оноо өгөх асуудал байна. Энэ бүгдээс хамаарна. Тэрнээс биш тамирчид бүгд бэлтгэлээ 100 хувь хангалттай хийсэн гэж үзэж байгаа” хэмээн манай сонинд саяхан ярилцлага өгөхдөө онцолж байв шүү дээ.

Жүдо, мэдээж Монголчуудын хувьд хамгийн их найдлага тавьдаг спортын төрөл. Олимпийн наадмын эхний өдөр 60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Ази тивийн аварга Ц.Цогтбаатар барилдана. Дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Г.Хэрлэн нараас сонгогдон олимпод явсан түүнээс маш өндөр хариуцлагыг шаардаж байна. Төрийн тэргүүний хэлсэнчлэн ялагдах эрх огт үгүй юм. Энэ жинд БНСУ-ын Ким Вон-Жин, ДАШТ-ий мөнгө, Европын наадмын аварга Беслан Мудранов, Японы алдарт бөх дэлхийн аварга Наохиса Такато, Гүржийн алдарт бөх Амиран Папинашвили, Азербайжаны Орхан Сафаров, Фелипе Китадай, дэлхийн шинэ аварга Казахстаны Елдос Сметов, Узбекистаны Диёорбек Урозбоев гээд дэлхийн шилдэг 35 жүдоч Рио-гийн татамид гарахаар боллоо. Харин Г.Болдбаатар, Д.Амартүшвин нар дэлхийн шилдгүүдийг бүгдийг нь ялж байсан. Ах нарынхаа итгэлийг алдахгүй медаль хүртэх нь Ц.Цогтбаатарын үүрэг болоод байна. Наймдугаар сарын 7-нд манай гол найдваруудын нэг 66 кг-д Д.Төмөрхүлэг зодоглоно. Хамгийн сонирхолтой барилдаан гардаг гэх уг жинд Азербайжаны Нижат Шихализада, ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОХУ-ын Михайл Пудьяев, ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Голан Поллак, дэлхийн шинэ аварга БНСУ-ын Ан Баул, Европын аварга Гүржийн залуу од Ваза Маргвелашвили, дэлхийн аварга Украины Георгий Зантария, Японы алдарт бөх дэлхийн гурван удаагийн аварга Масааши Эбинүма нартай эн тэнцүү барилдах туршлага, ур чадвар түүнд бий. Д.Төмөрхүлэгийн хувьд олимп, дэлхийн аваргаас л медаль хүртээгүй яваа. Тэгвэл 73 кг-ын жинд өмнөх олимпоос хүрэл авсан С.Ням-Очир гавьяатыг орхин Г.Одбаяр явсан. Энэ жинд Европын аварга Израйлын Саги Муки, “World Masters”-ийн аварга Денис Ярцев, дэлхийн чансааг тэргүүлж буй Ан Чангрим, Узбекистаны Мирали Шарипов, Лондонгийн олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили, дэлхийн хошой аварга Японы Шохей Оно гээд дэлхийн шилдгүүд түүнийг хүлээж байна. 90 кг-ын жинд Л.Отгонбаатар хэмээх залуу сүүлийн хоёр жилд өөрийгөө таниулаад буй бөгөөд түүнд итгэл хүлээлгэж болно хэмээж байгаа бол -100 кг-ын жинд “найдлага алдаггүй” Найдангийн Түвшинбаяр аварга хүч үзнэ. Хоёр олимп дараалан медаль хүртсэн түүнд монголчууд найдлага тавьж байгаа нь гарцаагүй.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлж, оюутны “Универсиад” наадмын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюүнь, олимпийн аварга, эзэн орны бөх Сара Менезес, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг, 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондо тэргүүтэй шилдгүүдтэй тулна. Түүний хувьд олимпийн наадмаас алтан медаль хүртэх тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм.

52 кг-ын жинд А.Цолмон барилдана. Түүний жинд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Румыний Андреа Читу, эзэн орны бөх дэлхийн аваргын мөнгөн медальт Эрика Миранда, дэлхийн хошой аварга Косовогийн Маялинда Келменди, дэлхийн гурван удаагийн аварга Японы Мисато Накамүра тэргүүтэй шилдгүүд багтаад байна. Сүүлийн таван жилд дэлхийн хүчтэнүүдийн зүрхэнд шар ус хуруулж яваа тамирчин бол ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа. Тэрбээр 57 кг-ын жингийнхээ чансааг тэргүүлж олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото, олимп, дэлхийн хүрэлтэй Францын Аутомне Павиа, Д.Сумъяагийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Ди, Бразилийн Рафаэла Сильва зэрэг шилдгүүд мөн л медалийн тавцанд зогсохоор зүтгэх нь гарцаагүй. Дэлхийн аваргын хүрэлтэй, ази тивийн аварга Ц.Мөнхзаяа 63 кг-ын жинд барилдах юм. Лондонгоос шагналт тавдугаар байртай нүд дүүрэн нулимстай ирж байсан түүний хувьд одоо л медальд зүтгэх цаг нь юмсан. Жүдогийн тамирчдыг эх орноосоо мордохын өмнө “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар алтан медаль хүртсэн тамирчинд 111 сая өгнө. Гурван алтан медаль хүртэх боломжтой хэмээн хэлсэн билээ. Ямартай ч олимпийн наадмын цаг, мөч бүрийг догдлон хүлээж буй монголчууд тамирчдынхаа дээлийн захыг нь мушгих л үлдлээ. 2008 онд Сонгуулийн маргаантай холбоотойгоор дэгдсэн үймээний үеэр таван иргэн амиа алдсан өдрүүдийн нулимс, харууслыг олимпоос медаль хүртэж энэ тамирчид л зөөллөж байсан юм шүү дээ.