Categories
мэдээ цаг-үе

Т.Бат-Эрдэнэ: АН-д намын дүрмийг ажиллагаанд оруулдаг ташуур хэрэгтэй байна

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд хуралдахаар товтой байгаа. Энэ удаагийн хурлаар зургаан асуудал хэлэлцэнэ гэж байгаа ч үндсэндээ намын шинэчлэлийг хаанаас эхлүүлэх вэ, намын дарга хэн байх вэ гэдэг асуулт олны дунд таавар болон явж байна. Та харин ҮЗХ-ны хурлын талаар ямар бодолтой яваа бол?

-Долдугаар сарын 18-нд анх Ардчилсан намын ҮЗХ-ны хурал зарлагдаж тэндээс зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Ямартай ч эхний асуудлаа хэлэлцээд хурал завсарласан. Энэ удаагийн хурал харин ирэх баасан гаригт хуралдахаар товтой байгаа. Уг хурлаар хамгийн түрүүнд өнгөрөгч сонгуульд юунаас болж, яагаад ялагдав гэдэгтээ дүгнэлт хийх ёстой. Тэр утгаараа онцгой комисс байгуулсан. Онцгой комиссынхон АН сонгуульд ялагдах болсон шалтгаануудыг судлан гаргаж ирэх ёстой. Тиймээс эхний ээлжинд ялагдлын шалтгаан юу байв гэдэг дүгнэлтийг сонсоно.

Ардчилсан намын өнгөрөгч сонгуульд ялагдах болсон шалтгаан нь зөвхөн зургадугаар сарын 29-ний өдөр сонгууль болоход гарчихсан дүн биш. АН-ыг ялагдал хүлээх болсон олон шалтгаан бий гэж ойлгож байгаа. Бид яагаад Засгийн газраа огцруулах болов. Хоёрдугаарт, ямар шалтгааны улмаас сонгууль дөхсөн үед бид өөрсдийн тоглоомын дүрэм буюу өмнө нь ялалт байгуулсан Сонгуулийн хуулиа өөчлөв гээд асуудлууд бий. Үүнд ямар нэгэн шалтгаан байж л байгаа. Энэ талаараа ярих ёстой. Мөн Ардчилсан намын өнгөтэй өөдтэй гэсэн лидерүүд нь өөр хоорондоо хөлөө жийлцэн толхилцоод байсан шалтгаан юу байв гээд энэ бүгдийгээ нээлттэй, ил тод ярих цаг болсон. Тэгж байж бид алдаа оноогоо цэгнэнэ. Ингэж чадвал бид цаашид алхах боломжоо нээж байгаа хэрэг л дээ.

Мөн Ардчилсан намын дотоод харилцааг зохицуулж байдаг хамгийн том эрхзүйн акт нь намын дүрэм байдаг. Намын дүрмийг өөрчлөх гэхээсээ илүү дүрмийн дагуу ажилладаг болох хэрэгтэй. Түүнээс манай намын дүрэм тийм ч муу дүрэмтэй юм биш. Яахав ээ, манай намын дарга, цэрэг гэлтгүй бүгд л намын дүрмээ баримтлахаа больчихсон. Дураараа өөрсдийнхөөрөө өөрчилдгөөс болж намын доторх гишүүний хариуцлага гэдэг зүйл үгүй болсон. Хариуцлагагүйгээр дуугарч, хариуцлагагүйгээр үйлдэл хийж байгаагаа намын дотоод ардчилал гэж эндүүрдэг гэх зэрэг олон шалтгааны улмаас өнгөрөгч сонгуулиар АН ялагдал хүлээсэн. Энэ мэтчилэн алдаа оноогоо сайтар тунгааж ярилцах ёстой. Хүн нэг бүрчлэн яагаад тийм шийдвэр гаргах болов гээд асуух цаг нь болсон. Ингэлээ гээд хэн нэгнээс хариуцлага нэхэж, хөөж туух гээд байгаа юм биш. Бид чимээгүй цаашаа алхах юм бол өмнөх алдаануудаа давтсаар байх болно.

-Гэхдээ өнөөдрийн гол сэдэв АН-ыг хэн удирдах вэ гэдэг зүйл болчихоод байгаа юм биш үү?

-Хүн бүр л зөвхөн намын даргын тухай ярьж байна. Намын дарга хэн байх нь, хэдэн настай хүн байх нь үнэндээ чухал биш. Намын гишүүдийнхээ оролцоог хангасан дүрэмтэй болж, үйлчлэлийг нь зөв явуулаад эхлэх юм бол болох нь тэр. Тиймээс намын дарга хөгшин, залуу байх нь хамаагүй. Зөв хүн л чухал. Бид намын дүрмээ зөв зохион байгуулалттай явуулахгүй бол залуу хүн намын дарга болоод ч нэмэргүй. Яг адилхан. Хэн нэгэнд хариуцлага тооцож, хэн нэгнийг муу хүн болгож харуулах шаардлага байхгүй. Дүрмийн механизмаа сайн ажиллуулах ёстой.

-Фракцын асуудал танай намын толгойны өвчин байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохион байгуулах ёстой вэ?

-Өнгөрөгч хэдэн жилд фракц үнэндээ замбараагаа алдаж, дэндүү том толгойтой болсон. Энэ нь дүрмээ барьж ажиллаагүй, Ардчилсан нам гэдэг үнэ цэнээ умартан мартсанаас болсон. Миний хувьд фракц байх ёстой гэж боддог. Олон ургальч үзлийг дэмждэг, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө явдаг АН-ын хувьд фракц гэдэг байх ёстой зүйлийн нэг. Фракц нь нэгдүгээрт, хэмжээ хязгаартай байх ёстой юм. Тухайлбал, улс төрийн шийдэл гаргаж асуудал шийдвэрлэх гэж байгаа бол тухайн хурлын бүтцийн байгууллагын доторх гишүүд маань үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, тухайн гарах шийдвэрт фракцалж болох байхгүй юу. Энэ чинь эрүүл фракц.

Гэтэл энэ нь цаашлаад шийдвэр гаргахаасаа халиад намын дотоод амьдрал руу гүнзгий хутгалдаж, жирийн гишүүдээ фракцаар хувааж, талцуулаад фракц нь намынхаа дээр гарч үйл ажиллагаа явуулдаг нь буруу. Тиймээс фракцуудын харилцааг тодорхойлсон хайрцаг гаргаж өгөх ёстой. Аливаа асуудал дээр та фракцалж болно. Гэхдээ намаас том толгойлж, эрх мэдэлд хүрэхийн тулд бусдыг өөртөө татаж болохгүй. Ардчилсан нам гэдэг нэг том айлын нэг нэг өрөөнд фракцууд байрлаж байна гэж бодоход АН чинь нэг өрөөнд амьдраад байгаа юм шиг харагдаж болохгүй л дээ. Ингээд явчихаар л үнэ цэн, ардчилал, шударга ёс чинь алдагдаад байгаа юм.

-ҮЗХ-ноос та их зүйлийг хүлээж байгаа юм байна. Гэхдээ ҮЗХ-ны хурал фракцын л хурал болно шүү дээ. Фракц болгоноос нэгнийгээ намын дарга болгох гэж зүтгүүлнэ, хатгана гээд асуудлууд гарах л байх?

-Би таны асуулттай санал нэг байна. Бид асуудлынхаа гол руу орж чадахгүй байна л даа. Ялангуяа сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа зүйлийг харахад намын дарга хэн байх вэ, намын дарга тэр байвал зүгээр байна гэдэг ч юм уу, иймэрхүү мессэж яваад байгаа. Үнэндээ бол хүндээ байгаа юм биш. Олон хүнийг зохицуулж байгаа тэр хэм хэмжээ чинь намын дүрэм байхгүй юу. Одоо бол АН-д намын дүрмийг ажиллагаанд оруулдаг ташуур хэрэгтэй байна. Хэн ч байсан намынхаа дүрмээр л явах ёстой. Тэр утгаараа миний хувьд намын дарга хэн байх нь вэ гэдэг тийм чухал биш. Намын дарга удирдах бүрэлдэхүүнийг гаргаж ирэх намын механизмыг л ажиллуулчихад болчих гээд байгаа юм. Арванхоёрдугаар сарын зургаанд намынхаа Их хурлыг хийхдээ л намын даргаа сонгоно гэдэг ойлголттой явж байна. Намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүс байж болно. Тэд намын Их хурал хуралдах хүртэл намын дарга болоод юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж, цаашид энэ хүмүүс намын энэ албан тушаал дээр явна гэдэг ч юм уу, 2020 оны сонгууль хүртэл манай баг ингэж ажиллана гээд танилцуулах ёстой. Тэгэхгүйгээр энэ болно, тэр болно гээд гүйх нь утгагүй. Нөгөө талд нь миний үеийн залуус дургүйцлээ илэрхийлэн манай үе хийх ёстой. Ах нар зайгаа тавьж өг гэдэг ч юм уу хувь хүн, хүн хоорондын зөрчил үүсгээд байгаад харамсаж байна. Нэг хүн намын дарга боллоо гэхэд нөгөө фракц нь одоо манай хүнийг ерөнхий нарийн бичгийн дарга болго гээд байх нь ямар ч утгагүй. Ийм шинэчлэл хэрэггүй. Хүн сонгохдоо асуудлын гол нь байгаа юм биш. Ардчилсан намыг хүчтэй байлгах нь бидний үүрэг.

-ҮЗХ-ны ротацийн тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ротаци буюу эргэлтийн сонгууль жил бүр гуравны нэгт нь явагдаж байх ёстой. Ингэснээрээ АН эрүүл байх зарчмыг хадгалж байсан юм. Олон жил харамсалтай нь үүнийг гацаасан. Бид реформ хийх цаг болсон. ҮЗХ тараад дахин шинээр сонгогдох ёстой болов уу.

Үнэндээ ойлгомжгүй байдал бий болсон. Манай нам дээр квот авсан бусад намуудын гишүүд автоматаар ҮЗХ-ны гишүүн болж ирээд учраа олохоо байсан. Намын дүрмээр 228 гишүүн байх ёстой бол одоо 250-260 болчихлоо. Олон хүн намынхаа ҮЗХ-д орж үгээ хэлэх хүсэлтэй байдаг. Энэ боломжийг хангасан, нээж өгсөн дүрмийн шинэчлэлтэй болох хэрэгтэй.

-Нийслэлийн АН өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээлээ. Өмнөх дөрвөн жилд нийслэлийг нүүрээ угаасан хүүхэд шиг боллоо гэдэг зүйл ярьж байсан ч ард түмэнд хангалтгүй санагдсан бололтой. АН улс орны хэмжээнд бүтээн байгуулалт хийсэн ч ялагдлаа…

-Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн АН-ыг төлөөлж НИТХ-д 26 гишүүн төлөөлж суусан. Энэ хугацаанд бид борви бохисхийх завгүй ажилласан. Тиймээс хийсэн ажлаараа үнэхээр бардам байгаа. Хотоо өөрчилж чадсан. Өнгөрөгч сонгуулиар нийслэлийн АН ялагдсанд маш их харамсдаг. Гэхдээ бидэнд цаашид бодох ёстой зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгууллаа. Хийж бүтээсэн зүйлсээс гадна намын дотоод эв нэгдэл, УИХ дахь гишүүдийн байдал гэхчилэн намын дүр төрх, зан харилцаанаас эхлээд нийгэмд сүүдэр нь тусдаг. Энэ бүхэн намд нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэрлээ. Бид саяын сонгуульд ялагдсан ч удахгүй орон нутгийн сонгуульд орно. Бууж өгч болохгүй. Өмнөх алдаагаа бид засах ёстой. Нийслэл гэдэг бол бидний гэр орон. Тиймээс энэ тал дээр бид улстөржих шаардлагагүй. Хэн хийж чадсан, хэн хийж чадаж байгаагаа дэмжээд явах ёстой. Сонгуульд ялагдал хүлээсний дараа нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын даргын ажлаа өгнө гэсэн. Магадгүй намын Их хурлын өмнө нийслэлийн АН-ын хороо хуралдаж зохион байгуулалтын асуудлаа ярих байх.

-Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам юу хийх ёстой вэ. Алдаан дээрээсээ юуг суралцах ёстой бол?

-Үүнийгээ бид ярих ёстой. АН ялагдлаа гэхээр бүгд гудамжинд гарч лааз өшиглөөд явах уу, үгүй. Нам ялагдсаны дараа нэг хэсэг нь Америк руугаа явах уу. Манай намд Америкийн хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгж бодож байгаа бол үгүй шүү. Ардчилсан нам монгол төрийн нэг том тулах багана мөн. Цаашид Монголын төр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад юу хэрэгтэй байна гэдгийг дүгнээд түүнийг засч залруулахын төлөө явах учиртай. Монголд ардчилал ялснаас хойш УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиа хийлээ. Энэ бүхнийг ажиглаад байхад аль нэг нам төрийн эргэлт хийж байгаа мэт бүх зүйлийг өөрчилдөг. Чадавхитай боловсон хүчний нөөцөөр ажлаа үргэлжлүүлэх боломжийг хаагаад намын харьяалалтайгаар төрийн албан хаагчдыг халж, сольж эхэлдэг. Энэ нь цааш үргэлжлэх ёстой маш олон ажилд тээг болдог. Шинэ хүмүүс нь ажилдаа шинээр суралцахаас өөр замгүй байдаг. Монгол төрийн тасралтгүй үргэлжилж байх ёстой зарчим нэг нам төрийн эрхэнд гарснаар алдагдаад байгаа юм. Ардчилсан нам үүн дээр өөрчлөлт хийх ёстой. Манай намын шинэчлэл бүр улс орны хөгжлийг урагш нь алхуулж байдаг. Одоо бид монгол төрийн институцийг сонгох хууль эрхзүйн орчинг сайжруулахаас өөр аргагүй. Үндсэн хуулиа тодорхой зохицуулалт дээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан гэж хувь хүнийхээ үүднээс хардаг. Миний харж байгаараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын статусын асуудлыг тодорхой болгох цаг болжээ. Монгол Улс сонгодог парламентын зарчмаар хөгжих үү, Ерөнхийлөгчийн засаглалтай болж хөгжих үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Гарцыг нь олж өгөхгүй бол гурван биенээ чөдөрлөсөн байдалтайгаар төрийн институци явахгүй.

Улстөрч хүн маш олон хүнээс сонгогдох юм бол хамгийн том улстөрч гэж боддог. Тэгээд үзэхээр Ерөнхийлөгч болчихож байгаа юм. Ерөнхийлөгч аливаа зүйлийг хийе гэхээр эрх мэдэл байдаггүй. УИХ гэдэг бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа мундаг том байгаа биз. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьчихдаг. Ерөнхий сайд нь мундаг юм уу гэхээр Их хурал руу асуудал оруулахаар Их хурал нь чагталчихдаг. Ингэснээрээ гурван биенээ буруу ч юм хийлгэхгүй, зөв ч юм хийлгэдэггүй. Төрийн ажлыг явуулъя гэхээр хувь хүний субьектив байдлаас хамааралтай болчихоод байгаа юм. Хоёр нь нийлж нэгийгээ шахах маягаар улс хөгжихгүй. Хувь хүнийхээ үүднээс сонгодог парламентын зарчмыг дэмждэг.

-Энэ нь дан ганц АН-ын асуудал биш улс төрийн бүх намын асуудал байх л даа?

-Яг үнэн. Таныг хэлэхэд нэг санаа орж ирлээ. Тэр утгаараа Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх цаг болсон. Яагаад бид хатуу гишүүнчлэлтэй байх зам руу яваад байгаа юм. Өнөөдөр 1.2 сая хүн сонгууль өглөө гэхэд намын гишүүнчлэлийг хараарай. АН 160 мянга, МАН 160 мянган гишүүнтэй гэж бодъё. Үсрээд нэг нам ард түмний 10 гаруй хувийн дэмжлэгийг авахаар байгаа биз дээ. 10 гаруй хувь аваад ялж байгаа юм биш. Ард түмэн тэр чигтээ санал өгч байж ялж байгаа шүү дээ. Гэтэл ялсан намын нөхөр нь манай намын гишүүн гээд яриад явдаг. Намын харьяалалгүй бусад хүмүүсээ яах юм. Ингээд бодохоор өрөөсгөл байгаа юм.

Нам дотроо фракцална, гэр бүл дотроо намаараа талцана. Ингэж дотроо талцах нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй. Харин ч гадныхны өгөөш болоход хялбар болж байгаа хэрэг. Бид олон бутарч болохгүй. Манай нам ялах юм бол ийм бодлого явуулна гэдгээ зарладаг байх хэрэгтэй.Ард түмнээ талцуулах нь зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Намын бодлого гэхээсээ илүү манай намын гишүүн юм чинь чөтгөр байсан ч яахав гээд дугуйлдаг. Ардчилсан нам ялагдсанаар ардчилал алга болчихож байгаа юм биш. Одоо бид хоёр дахь ардчиллын давалгааг эхлүүлэх цаг болжээ. Бодлогын уралдаан зарлах ёстой. Ард түмэн бодлогыг нь хараад сонгодог болох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Эрх нь урдаа байгаад үүргээ мартаж болдоггүй юм

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Ардчилсан намынхан эрх барьж байхдаа баталсан голлох хуулиуд нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль байсан. Гэсэн ч эдгээр хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны долдугаар сарын 1 болгон хойшлууллаа. Хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах шалтгаан байгаа юм уу?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Эрүүгийн хуулийг хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан. Энэ удаагийнх нь гурав дахь нэмэлт, өөрчлөлт болж байгаа юм. Ардчиллын үнэт зүйлс бэхжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тусам ялын бодлогод ахиц гарч байх ёстой. Тэр утгаараа зарим хуульчид одоогийн мөрдөгдөж буй хууль хэтэрхий шоронжсон, ялын бодлого нь хатуудсан гэдэг. Жилд шоронд хоригдож буй хүмүүсийн тооноос эхлээд бусад зүйлсийг харьцуулахад тодорхой байдаг. Эрүүгийн хуулийн ялын бодлого нь хатуудсан ч ойр ойрхон Өршөөлийн хууль гарснаар хоригдож буй хүмүүсийн тоо буурсан. Ардчилсан нам 2012 онд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилнэ гэж амласан тул энэ хүрээнд Эрүүгийн хууль батлагдсан. Ялангуяа эрүүгийн эрх зүйчид шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуулийг сайн хууль болсон гэдэг. Ардчилсан нийгэмд хүний эрх талаасаа ялын бодлого нь зөв болсон гэж тайлбарладаг. Заавал шоронд ял эдлүүлэхгүйгээр бусад хэлбэрээр ял эдлүүлнэ гэдэг нь зөв. Тухайн хохирогч этгээдийн хохирлыг барагдуулах боломжийг нэмэгдүүлэх, ялтны зорчих эрхийг хязгаарлах гэх мэтчилэн ялын шинэ төрлүүдийг оруулж ирсэн. Энэ нь томоохон шинэтгэл болж чадлаа гэдэг үнэлэлтийг хуульчдын зүгээс өгч байсан. Эрх баригчид Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болгоод хойшлуулчихлаа. Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Тиймээс хэрэгжих хугацааг нь 2016 оны есдүгээр сарын 1 гэсэн юм шүү дээ. Хууль хэрэглэдэг, хууль сахиулдаг бүх байгууллагын хуулийг бүхэлд нь шинэчлээд есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн үүднээс эрүү, зөрчил гэдэг хоёр ойлголтыг ялгаж өгсөн юм, уг нь.

Тэр утгаараа гэмт хэрэг гэж тооцогдож байсан зарим зүйлс зөрчил рүү орсон. Эрүүгийн хэрэг л биш бол дараахь шийтгэлийг ноогдуулна гээд нэг бүлэг болгосон. Энэ бүхнийг нэгтгэн Зөрчлийн хууль болгож зөрчлийн хэв хэмжээнүүд дээр зөрчлийн гэмийн нэг бодлого явуулж байгаа юм. Ингэснээр хууль сахиулагчид болон иргэдэд тодорхой байдлаар цэгцэлсэн. Үүнийг дагалдуулан олон хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой гэсэн ч хойшлуулчихлаа.

-Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг яагаад хойшлуулж болохгүй гээд байгаа юм бэ?

-Ер нь бол хуулийн хэрэгжих хугацаа хойшилж болдог. Гэхдээ Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр ноцтой зүйл бий. Учир нь зөрчил гэж үздэг зарим зүйлийг зөрчил биш гээд байгууллагын дотоод дүрэм, журам, сахилгын байдлаар зөөлрүүлсэн. Ингэснээрээ хүний эрхийг дээрдүүлж байгаа юм. Хэрэв эдгээр хуулиуд хэрэгжээд эхэлсэн бол хүний эрхийг дээрдүүлсэн олон заалтын хүрээнд ач холбогдолтой байсан. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ гээд тодорхой хэмжээнд хүлээлттэй байлаа. Ял эдэлж буй хүмүүсийн ялын хэмжээ Эрүүгийн хууль дахь дээд хэмжээ нь доошилсон тохиолдолд багасдаг. Гэмт хэрэг гэж үзэж байсан зүйл нь гэмт хэрэг биш болохоор хорих ялаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуультай адил зүйлүүд явагддаг байхгүй юу. Ингээд зарим хүмүүс ялаас чөлөөлөгдөж, нэг хэсэг нь шоронгоос гарах байсан бол бүхэл бүтэн арван сараар үүнийг нь хойшлуулчихлаа. Энэ нь хүний эрхийг зөрчин дордуулсан нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүгээрээ Үндсэн хуулийн зөрчлийн шинж чанартай болчихож байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу. Иргэнийхээ эрхийг хамгаалсан хууль, эрхзүйн орчинг бүрдүүлж баталсан хуулийн хэрэгжих хугацаа хойшилно гэхээр яах аргагүй Үндсэн хуулийн эсрэг зүйл болно.

Ер нь манай хууль тогтоогчид, парламентынхан аливаа хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар иргэний, байгууллагын, өмчийн, бизнесийн, эдийн засгийн, суурь хүний эрхийг дордуулахаар байх юм бол хугацаа хойшлуулж байгаа асуудлыг ноцтой анхаарч үзэх ёстой. Өмнө нь парламентын гишүүн байхдаа хүний, өөрийн намынханд бүгдэд нь ингэж хэлдэг байсан. Хэрэв тухайн хууль хүний эрхийг дордуулсан байх юм бол тухайн дордуулсан байдлыг буцаан хэрэглэдэггүй. Хүний эрхийн байдлыг дээрдүүлсэн байх юм бол дээрдүүлсэн байдлаар хэрэглэдэг. Энэ чинь өөрөө хугацааны хүчин зүйлтэй байхгүй юу. Хугацаа гэдэг маш чухал хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс л Эрүүгийн хуульд ингэж хандаад байгаа юм.

-Гэхдээ хууль хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, эдийн засаг хүнд байна гээд байгаа л даа…

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд зардал, чирэгдэл гэсэн шалихгүй шалтаг яриад байх хэрэггүй.

-Баталсан хуулиудыг буцаалаа гэдэг шүүмжлэлийг энэ парламент руу маш олон хүн хаяглан илгээж байгаа. Үнэхээр тэгж болдог юм уу?

-Хууль ямар нэгэн байдлаар зөрчигдөхөд хууль дээдлэх зарчим алдагдлаа гэдэг. Хууль дээдлэх зарчмын суурь агуулга нь ерөөсөө хуульд захирагдах ёс байдаг. Хууль дээгүүр нь байна гэсэн үг. Хууль дээгүүр байх тул хуулиас доогуур аливаа зүйлийг явуулж болохгүй. Хуулиас доогуур хуулийг зөрчиж, үгүйсгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагалдан гарах таван хуулийн эцсийн редакци дээр холбогдох хүмүүс бүгд гарын үсгээ зурсан. Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 23-нд гарын үсэг зурагдсанаар эдгээр хуулийн редакци бэлэн болсон. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа батлагдсан хуулийг УИХ-ын Тамгын газар эрхлэн эцсийн редакцид бэлтгэнэ. Тамгын газрын бэлтгэсэн редакцийг УИХ-ын дарга хянадаг. Дараа нь УИХ-ын дарга тухайн редакцийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсгоод гурав хоногийн дотор ёсчилдог. Ингэснээр процедур нь явагддаг юм. Өөрөөр хэлбэл, хууль бий болчихсон. Гэтэл хууль бий болоогүй гээд байгаа.

-Хуулиудаа ёсчилж, Төрийн мэдээлэл сэтгүүлд гаргаагүй нь Ардчилсан намынхан та нарын буруу юм биш үү?

-Гэм буруугийн тухай асуудал энэ хуулийн хувьд хоёр, гуравдугаар зүйл байхгүй юу. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль хуулиараа явах ёстой. АН, МАН, та нар гэж байхгүй. Учир нь Монголын парламент нэг. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрх мэдлийг өөртөө хадгалдаг. Сонгуулиар УИХ-ын бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг. Энэ ардчилсан зарчим. Гэхдээ бүрэлдэхүүн өөрчлөгдөх тухай асуудал парламент гэдэг Үндсэн хуулийн институцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар ч холбоо нөлөөлөл үзүүлдэггүй. Үүнд гол учир нь бий. Бүрэн эрх гэдэг нь эрх, үүрэг хоёр. Тэд үүнийг хийсэнгүй. Тиймээс бид хийхгүй гэдэг зүйл байдаггүй. Монголын парламент шинээр байгуулагдахдаа хувьсгалаар, Үндсэн хууль өөрчлөөд гарчихсан юм биш. УИХ-ын Дэгийн тухай хууль, Үндсэн хуулиа бариад явах ёстой. Дараагийн парламент гарч ирээд хамгийн түрүүнд редакци нь бэлэн болчихсон хуулиа ёсчилдог. УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнө зургадугаар сарын 23-нд чуулганы хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй. Энэ хуралдаанд бэлдээд бүх редакциуд бэлэн болчихсон байсан. Чуулганы ирц бүрдэн хуралдаагүй тул уг хуулиудын редакцийг сонсгож чадаагүй. Тэр утгаараа шинэ парламент бүрэлдэнгүүт УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын газар, спикерүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Үүргийн эсрэг эрхийг тавьж болдоггүй юм. Аль ч институцид үүрэг нь, харин иргэдэд эрх нь оногддог байхгүй юу. Төр оногдсон үүргээ хэрэгжүүлэхдээ зайлшгүй холбоотой эрхүүдийг эдэлдэг.

Парламентад шинэ хүмүүс их орж байна. Төрийн алба ч их доргиж байх шиг байна. Төрийн албанд шинээр ажилд орж байгаа хүмүүст хаяглаж хэлэхэд “Та нарт үүрэг зайлшгүй оногддог юм шүү. Тэр үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхийг түүний үр дагавар нь болгож өгдөг юм шүү. Түүнээс биш эрх нь урдаа байж байгаад үүргээ мартаж болдоггүй юм” гэж захья. Энэ утгаараа УИХ-ын дарга хуулиудын редакцийг Их хурал дээр сонсгоод ёсчлох ёстой. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль дээгүүр байж хуулийг дагах үүрэг нь парламентад бий. Шинэ УИХ-ын гишүүд урьд парламентаас бидэнд ямар үүрэг шилжиж ирсэн бэ гэдгийг байнга бодож явах хэрэгтэй.

Гэтэл үүргийг нь дээгүүр тавиад тогтоолоор хуулийг буцааж байна. Өмнө нь Монголын түүхэнд байгаагүй практик тул бид ингэж шийдлээ гээд байгаа юм. Уучлаарай. Хуулиар нь заагаад өгчихсөн юм. Хуулийн цоорхой гэдэг ойлголт байдаг даа. Төрд хуулийн цоорхой гэж байдаггүй юм. Төр цоорхойгоор нь явдаггүй. Хуульд заагдсан заавал нэг нөхцөл байдлаар нь явдаг ёстой. Иргэн хүний хувьд хуулиар хязгаарлаагүй бүх зүйлд эрхтэй байдаг. Харин төр хуулийн дагуу явж байх ёстой юм аа. Хуульд заагаагүй зүйлийг бид дураараа хийлээ гэдэггүй биз дээ. Яг л энэ чинь байхгүй юу. Харин би хуульд заагдсан зүйлийн талаар ярьж байгаа шүү. Энэ утгаараа Ерөнхийлөгч хориг тавьсан.

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж гарсан хуулиуд яах вэ?

-Энэ хууль батлагдсантай холбоотойгоор дагасан маш олон хууль батлагдсан. Тэр утгаараа эдгээр хуулиуд нь буцсан байх л даа. Хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуультай. Тиймээс уг хуулиуд амьгүй болчихлоо гэж хэлж болдоггүй юм. Хэрэв буцаана гэсэн бол эдгээр хуулиудыг бүгдийг нь буцаах ёстой. Гэхдээ би буцааж болохгүй гэдэг утгаар нь хэлж байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 92 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан. Хууль хэрэгжиж эхлэхэд мөнгөн дүн тийм чухал байдаг уу?

-Эрх баригчид заримдаа шалтаг тайлбар хэлж тэр нь агуулгаасаа хөндийрөөд байгаа. Хүний эрхийг хангаж баталгаажуулсан хуулиудыг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр дагуу сургалтууд нь хийгдээд явж байсан. Зургадугаар сарын 29-нд сонгууль болж МАН-аас 65 гишүүн сонгогдонгуут энэ хуулиуд яах бол гэдэг эргэлзээ гарч эхэлсэн. Энэ хуулиад яах бол гэдэг ямар ч эргэлзээ байх ёсгүй. Хуулиар тогтоогдсон зүйл чинь хуулиар тогтоогдсон хугацаандаа хэрэгжээд явах учиртай. Ийм байдлаар асуудалд салан задгай хандсан байх юм бол тэр төрийн байгууллага, албан тушаалтан үүргээ биелүүлээгүй гээд хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлага алдсаны нөгөө талд мөнгөөр хэмжсэн хэмжүүрээр цагаатгаж болдоггүй. Ингэж үнэ цэн бий болдоггүй юм.

Мөнгө төгрөг шаардлагатай гэдэг тэр тооцоонд би эргэлзэж байна. Уг хуулийг хэрэгжүүлээд явахад өмнө нь ийм үйл хөдлөл хийгддэг байсан уу, хийгддэг байсан. Бүх зүйл явдгаараа явдаг л байсан юм шүү дээ. Манай шүүгчид хэзээд бэлэн байгаа. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах албаныханд бэрхшээл үүсээгүй. Процессын хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд нь байгаа. Эдгээр хуулиуд нь процессын хуулиудтайгаа зөрчилдөөд байх юм байхгүй. Бүх хууль бэлэн. Бэлэн биш болгох зүйлсийг нь өөрсдөө хийж байна. Анхдугаар чуулган хуралдахад л ёсчлох байсан. Энэ чинь хууль хэрэглэдэг хүмүүсийн хууль. Хэдэн мянгаар тоологдох хүний, хэдэн мянгаар тоологдох цагийн ажлыг ингэж болохгүй. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тавих хэрэггүй.

Ардын намынхан үзэл баримтлалаараа эрүүгийн шинэ хуулийн ялын бодлоготой санаа нийлэхгүй байж болно. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь харах юм бол илүү нийцэхээр байгаа юм. Тэгвэл орлох хуулиудыг нь өөрсдөө боловсруулаад өргөн барьж батлаад, хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь үзэл баримтлал өөр байсан зүйлсээ засаад явж болно шүү дээ. Энэ хууль нь тодорхой хугацаанд хэрэгжээд явж байна л биз. Ийм хуулиудыг буцаан хойшлуулна гэдэг маш буруу зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг маш олон хүн алга ташин хүлээж авсан. Жишээлбэл, энэ хуулийг дахин өргөн бариад одоохон батална гээд ярьж байна. Юу нь болохгүй байгаа юм гэхээр “Заримыг нь бид гэмт хэрэг болгож байгаа” гэсэн хариулт өгч байна л даа. Гэмт хэрэг болж байгаа асуудал Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд орохгүй. Энэ хуулийг дагалдаж гарах байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж гарна. Тэр нь дутуу гэж байгаа юм бол үүнийгээ хүчин төгөлдөр хэрэгжүүлээд “Энэ хууль үйлчилж эхэлж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явъя” гээд хийчихэж болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хангалттай сайн болсон. Тиймээс Эрүүгийн хууль хэрэгжиж байг. Хэрэгжиж байхад нь нэмэлт өөрчлөлт оруул гэж байгаа юм.

-Сөрөг хүчнээс Эрүү, Зөрчлийн хуулийг Монголын мянга мянган иргэн хүлээж байгаа гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Тэгж хэдэн мянгаар хүлээгээд байгаа юм байхгүй. Цөөн хэдэн хүнд хамаарна. Битгий ингэж улстөржүүл” гэдэг зүйл хэлж байсан…

-Төр нэг хүний ч эрхийг зөрчиж болохгүй. 400 байна уу, 500 байна уу, хэдэн мянга байна уу хамаагүй. Тэр хүмүүс есдүгээр сарын нэгнээс эрхзүйн байдал нь дээрдэнэ гээд хүлээж байсан. Хуулиар тогтоогдчихсон юм. Нөгөө талаас есдүгээр сарын нэгэнд хууль хэрэгжсэн бол гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэрэг нь шалгагдаад явж байсан, прокурор ялыг нь төлөвлөж байсан гэхчилэн олон хүнд хамаарах байсан.

Энэ хууль Монголын бүх хүнд хамаатай. Заавал гэмт хэрэгтэн байх үгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн би Эрүүгийн хуулийн ямар орчинд миний эрх зөрчигдвөл яах ёстой вэ, хүний эрхийг зөрччихвөл би яах юм гэдэг орчинд нь байдаг зүйл. Манайхан хамаарал гэдгийг холбогдогч болохоор нь л ярих юм. Үгүй шүү дээ. Барилгын тухай хууль надад чухал ач холбогдолтой. Би заавал барилга барьдаг байх албагүй. Тэр барилгын хуулиар зохицуулагдаж буй бүх харилцаа миний өдөр тутмын амьдралд нөлөөтэй байж л байдаг. Үүн шиг бүх хууль бүх хүнд хамаатай.

Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад дарга нар их мэдэж ярих биш их мэдэхийн төлөө бусдыг сонсч сурах ёстой. Өөрийн бодол санааг үргэлж чагнаж үүний болохгүй тал нь юу билээ гэдгийг ухаж засч байхгүй бол болохгүй зүйлийг болгоно гэж баллуурдаж болдоггүй юм. Энэ буруу төлөвшил рүү хөтөлдөг. Ухаантай хүмүүс ойлгодог байх.

-Яагаад ухаантай гэж хэлэв?

-Ард түмэн сонгосон болохоор ухаантай, мэдлэгтэй, сэтгэлтэй, боловсролтой хүмүүс л гэж харж байгаа. Түүнээс биш муулж, муухайлаад байх зүйл байхгүй.

-Эрүү, Зөрчлийн хууль чинь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг зүйл болчихсон юм биш үү?

-Хуулийг хүнтэй зүйрлүүлээд төрөөгүй хүүхэд ямар юм ч гэнэв, Ардын намынхан ярьж байна лээ. Монголчууд хэзээ ч хүнтэй зүйрлүүлж ярьдаггүй. Хамгийн эмзэг байдаг зүйл нь тэр. Болохгүй бол будаагүй авдар хийчихсэн байна гэхгүй юу. Будаагүй авдартаа юмаа хийж л байна биз. Дараа нь будчихаж болно. Хүний эмзэглэдэг зүйлээр хэзээ ч ярьж болдоггүй. Аав, ээж хоёр нь дутуу хүүхэд хийчихсэн юм уу, яачихсан юм гээд л наад зах нь эвгүйцнэ биз дээ.

-Танай намынхан эрх барьж байхдаа баталсан гол хуулиудын нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэтэл хуулийг бүр хүчингүй болгочихлоо?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн түүх чинь урт настай байхгүй юу. 2008 оны сонгуулиас хойш ярьсан. Тэр үед хамтарсан засаг барьж байсан. Тэр зөв байсан. Чухал эгзэгтэй үед хамтарч засаг барих нь зөв байдаг.

2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө манай нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг оруулж, 2016 онд баталж, 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм. Хамаарлын хувьд өнөөдөр тэтгэвэр аваад явж байгаа хөгшчүүдийн асуудал биш. Хүн болгон тэтгэвэрт гардаг. Хүн бүр амьдралаа төлөвлөдөг. Ялангуяа нас ахих тусам цаашид яах билээ гэдгээ илүү төлөвлөж эхэлдэг байхгүй юу. Тэр утгаараа хамтын тэтгэвэр гэдэг чинь хамгийн хүмүүнлэг зүйл. Нэг талаасаа ханиа алдан ганцаарддаг ч үр хүүхэд нь эцэг, эхийнхээ төлөө гэсэн ёс заншил манайханд байдаг. Нөгөө талаас нэг нь тэнгэрт халихад тухайн гэрээс гардаг зардлууд хэвээрээ байх нь бий. Хамтаараа хоёр хүнийхээ тэтгэврээс аргалаад явж байсан орон сууцны төлбөр ч байдаг юм уу ганцаараа төлж дийлэхгүй төлбөр гарч ирдэг. 1+1=2, 2-1=1 гэдэг арифметик биш. 2-1=1.5 гардаг арифметик байхгүй юу. Ийм хариу гараад байна гэдгийг нь л бид хэлж байгаа юм. Бурхны оронд одсон хөгшний тэтгэврийн тодорхой хэсэг нь нөгөө хөгшнийхөө тэтгэвэр дээр нэмэлт болоод олгогдож байх ёстой. 1.5 гэсэн зардлаа төлөөд явж байх ёстой. Ганц манайд ч биш нэлээд олон улсад түгээмэл байдаг зарчим, харилцаа шүү дээ. Тэр утгаараа бид төсөвтөө суулгаж амжаагүй тул 2017 оны төсөвт суулгаад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм.

-Гэхдээ Сангийн сайдын тайлбарласнаар нас барсан нэгнийхээ тэтгэмжийг авч нүгэл үйлдэхгүй, муу ёс гээд ахмадууд захидал ирүүлсэн гэж байсан…

-Монголын ёс заншил хэзээ ч тийм биш байдаг. Би гэхэд өөд болсон эцгийнхээ дээлийг хадгалаад, хааяа санахаараа нөмрөөд сууж байдаг хүн шүү дээ. Монголчуудын сэтгэл тийм байхгүй юу. Насаараа ханилсан хүнээ өөд болоход тэрнээс нь хэзээ ч сэжиглэдэггүй. Харин ч хөгшний минь үлдээсэн буян гээд баярлаж суудаг монголчууд юм шүү дээ. Хаанахын үзэл, шашин номлолд тийм зүйл байдаг юм бол, мэдэхгүй. Ийм зүйл яриад сууж байдаг монгол жудагтай хүн байхгүй л гэж боддог. Хөгшин минь тэнгэрт хальсан ч гэсэн буянаа үлдээлээ гэдэг ард түмэн. Мэнд байхдаа үүнийг надад авч өгч байсан шүү дээ. Энэ байраа тэгж зүтгэж байгаад авсан юм гээд залбирч суудаг. Хөгшин нь өнгөрлөө гээд тэр байрнаасаа гарах нь уу, яах нь уу харж л байхгүй юу.

Аавынхаа үлдээсэн хөөргийг хаях уу, яах уу. Харин ч улам үнэ цэнтэй болдог юм. Надаас холдох тусам улам үнэ цэнтэй, ариун нандин болдог юм шүү дээ. Тэр утгаараа үлдсэн хөгшин нь улам нандигнана, улам гамнана. Миний мэддэг, надад байдаг монгол сэтгэл энэ.

-Ардчилсан намынхан улсын мөнгөөр тансаглаж тансаглаж байгаад явцгаасан. Үүнээс болоод эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид ялбал бүх зүйлийг ийм сайхан болгоод аваад явна гэж амлалт өгөөд 65 суудал авсан нам ийм болсон байж гээд хойшоо ухраад байж болохгүй. Тийм эрхгүй байдаг юм. Сонгуулиар ингээд хийчихнэ гээд үүрэг авчихсан юм, тэд. МАН-ын мөрийн хөтөлбөрт мөнгө бага байгаа учраас ингэж танана гэдэг зүйл байгаагүй. Тиймээс сонгогчид биднийг ийм зүйлийг хийнэ гэж итгээд саналаа өгсөн. Бид хийхээс өөр аргагүй гээд явах ёстой. Ардын намынхан маань эргэж буцаж янз бүрийн зүйл ярих биш, бэрхшээлээ сонгогчдод өгсөн өмнөх нөхцөл байдлаас дордуулахгүйгээр авч явна. Тэр аргыг бид олсон гээд явах ёстой.

Үнэндээ Ардчилсан намынхан тансагласан зүйл байхгүй л гэж боддог. Тансаглалын тухай ярих юм бол Монгол Улсын дэд бүтэц, хөгжлийн тал дээр ярих юм бол “тансаглал” байсан байж магадгүй. Нийслэлийг одоогийнх шиг гоё болгох хэрэггүй байсан байж магадгүй. Замыг нь ийм сайхан болгох хэрэггүй байсан байж магадгүй. Үүнийг тансаглал гэж харж байж магадгүй. Хөдөө тийш тавьсан хатуу хучилттай авто замууд хэрэггүй, хуучны донсолгоотой, автомашин нь эвдэрдэг, хэд хоногоор явдаг замыг гоё болгосон “тансаглал” байсан байж магадгүй. Хөрөнгө оруулалтад анхаарч босгосон мөнгөөрөө эдийн засгийн орчинг бүрдүүлсэн нь тансаглал байсан байж магадгүй. Бий болгосон энэ зүйл чинь эдийн засгаа, иргэнээ дэмжээд ирсэн юм. Миний хувьд төсөв гэдэг нарийн зүйлээр битгий шагайгаасай гэж хүсдэг. Хамгийн анхдагч санаа зовох зүйл өрхийн төсөв байдаг. Үүн дээр ярих ёстой. Дараа нь бизнесийн төсөв алдагдалтай болчихвий гэдэгт санаа зовдог байх ёстой. Хамгийн сүүлд улсын төсвийн талаар ярих хэрэгтэй. Би ингэж боддог. Хамтын тэтгэвэр авна гээд нэг хөгшин өрхийнхөө төсвийг 2017 онд төлөвлөөд явж байсан юм. Ийм татварын орчинд би ийм бизнесээ явуулна гэж төлөвлөсөн байсан чинь хууль эрхзүйн орчин нь өөрчлөгдөөд бодож байсан зүйл нь тасалдахвий дээ. Үүнд л санаа зовох хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилд ганцхан Ардчилсан намынхан хийж бүтээсэн гэж хэлэхгүй. Ардын намын 26 гишүүн сууж байсан. Хамтаараа л хийцгээсэн. Төсвөөс юу зараад төсөвт юу орж байна гэдгээр биш нийтийн үнэ, нийтийн үнэ цэн гэж ярих ёстой. Авто зам бий болсноор хотын түгжрэл багасч, хотоос, орон нутгаас тээвэрлэлт хийж байсан бизнес эрхлэгчид энгийн иргэдийн хувьд эдийн засаг талаасаа өгөөжтэй болсон. Энэ үнэ цэнийг зарцуулсан зардалтайгаа харьцуулаад үзэхээр хэмнэсэн мөнгө нь төсөв дээр шууд мэдэгдэхгүй ч өрхийн, бизнесийн гээд жижиг төсвүүд дээр шууд гарч ирдэг. Энэ чинь л үнэ цэн. Тиймээс төр төсвийн эдийн засгаа боддог биш Монголынхоо том эдийн засгийг бодож явдаг. Түүн дотор чинь төсөв гэдэг жижиг зүйл байдаг юм. Ингэж бодож явдаг байгаасай. “Тансаглал” гээд яриад байгаа зүйлс чинь нийгэм, эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтууд шүү дээ.

-Гэхдээ эрх баригчид арай өөрөөр бодоод байх шиг байна лээ?

-Гоё ганган хөшөө босгож барьсан нь юу л бол. Нэг их тансаглаад өөрсдийнхөө цалин хөлсийг нэмээд, орд харш барьж, өрөө тасалгаагаа сайжруулаад явсан нь юу л бол. Сайхан машин унах гэж төсвийн мөнгөөр тансагласан нь юу л бол. Ардын намынхан одоо хүлээсэн үүргээ ухамсарлаж, хөрөнгө мөнгөө босгоод явах цаг болсон. Тиймээс бүх нийтийн оролцоо бүхий эдийн засгийг бий болгохын тулд ажиллах шаардлагатай. Өмнөхөө буруутгаад хэзээ ч зөв зүйлийг олдоггүй. Өмнөх маань алджээ гэсэн бол тэр алдааг давтахгүй явах учиртай. Аливаа зүйлийг цэвэр буруутгачихаар зөв зүйлсийг нь ч бас давхар буруутгачихдаг юм.

-Ардчилсан нам сонгуульд ялагдсанаас хойш шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл яригдаж байна. Таны харж байгаагаар тэр шинэчлэл хаанаас эхлэх ёстой юм бэ. ҮЗХ-ны хурал 16-нд хуралдахаар болсон, бас?

-Шинэчлэл гэдэг үгийг их түгээмэл хэрэглэх болж. Гэхдээ Ардчилсан намыг шинэчлэхээс илүүтэй юун дээр алдав гэдгийг нь тодорхойлж, тэр алдааг залруулах нь гол үзэл санаа гэж харж байгаа. Шинэчлэл гэдэг үгээ эхлээд тавьчихаар өмнө нь ямар учраас алдав, юун дээр зөв, юун дээр буруу явчихав, ҮЗХ-ны гишүүдээ хэрхэн сонгодог байв гээд асуудлууд гарч ирнэ л дээ. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид гэлтгүй ард түмэндээ хандаж хэлэхэд сонголт гэдэг зүйл ямар нэг үнэ цэнээр хоорондоо солилцдог наймааны хэрэгсэл биш. Сонгогдоно гэдэг нь сонгосон хүмүүсийнхээ өмнө хүлээх үүрэг болохоос сонгосны дараахь өөр дээрээ бий болгох үнэ цэнийн тухай ойлголт биш. Ийм зарчмыг гол сууриа болгоод энэ хэдийд гажиж, энэ хэдийд болохоо болив гэдгээ ухамсарлан засаад явбал намуудын цаашдын төлөвшилд чухал түлхэц болно. Зөв төлөвшил байх ёстой. Зөв төлөвшлийн хурдатгал сайн болно. Тэр байдлаараа төрийнх, тэр байдлаараа сонгогчдынх болдог. Зарим нэг нь даапаалаад та нар ингэж сонгосон. Та нарын хохь гэдэг. Тийм биш. Тэгж болдоггүй юм. Сонгогчид маань өөрсдийн сонголтоо ямар эрх ашгийн үүднээс хийхэв гэдэг сууриа ардчилсан нийгэмдээ зөв төлөвшүүлэх ёстой байхгүй юу. Яагаад зөв төлөвшлийн тухай яриад байна гэхээр 1989 онд ардчилсан хувьсгал хийж байхад төрж байсан хүүхдүүд өнөөдөр 30 нас руу дөхөж байна. Тэр үед 10 настай байсан хүүхдүүд өнөөдөр 40 нас гараад явж байна. Энэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Бид биеэрээ мэдэрсэн хүмүүс. Үүнийг мэдрүүлэх хэрэгтэй юм. Тиймээс энэ тал дээр анализ хийгээд явах цаг болсон.

-Намын удирдлагуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намд алдаж оноод үүнийх нь үр дагавар болоод явж байгаа зүйл бий. Тийм учраас ҮЗХ-гоо хэрхэн сонгож байгуулах, намын дарга түүнийгээ хэрхэн сонгох тухай асуудал гэх мэтчилэн нам, олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн багаа зөв бүрдүүлэх тухай асуудал чухал байна. Үүнд нам, олон нийтийн оролцоог хангах тухай асуудал бий. Дараа нь тэдний өмнө үүргээ хүлээх тухай асуудлыг зохицуулах шаардлагатай. Нөгөө талаас бодлогын тухай асуудал байна. Үзэл баримтлалын тухай асуудал байна. Үзэл баримтлалаас гарах зарчим, үзэл баримтлал дээр тулгуурласан хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Дараагийн асуудал нь нам, парламент хоёрын хоорондын асуудал байгаа юм. Намын төв байгууллага хийгээд орон нутгийн намынхан хоорондын харилцаа гээд олон олон харилцааг дэлгээд тавьж болохоор. Энэ бүгдийг харах юм бол уран нарийн хээ хуар тавьсан даавуу шиг нэхээстэй зүйл байгаад байна.

-Намын дарга хэн байх вэ?

-Тэрийг би яаж мэдэх вэ.

-Та огт сонирхохгүй байгаа юм уу?

-ҮЗХ-ны гишүүн сонирхохгүй байна гэж худлаа хэлж болохгүй. Ямар ч байсан нам, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй. Зүтгэлтэй байх хэрэгтэй. Зүтгэлтэй байна гээд, намын дарга болно гээд өөрөө зүтгээд байх биш өрөөл бусдынхаа дэмжлэгээр гарч ирэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Ардчилсан намыг хохироох гээд ард түмнийг хохироож болохгүй

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Та Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр нэлээд чармайлт гарган ажилласан. Гэсэн ч олонхи болсон МАН-ынхан уг хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахаар болж байна. Уг хуулиудын хэрэгжих хугацаа хойшлох шалтгаан байсан юм уу?

-Эдгээр хуулиуд олон хүний олон жилийн хөдөлмөр байсан гэдгийг эхлээд онцолъё. Монгол Улс ардчилсан хувьсгал хийснээс хойш 26 дахь намартайгаа золгож байна. Монголчуудын амьдрал ахуйд тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудыг эл хуулиудаар зохицуулсан байсан юм. Гэвч олонхи болсон Ардын намынхан эдгээр хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахаар оруулж ирсэн нь хууль зүйн салбарын хувьдтомоохон ухралт боллоо. Засгийн газар хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Нэгэнт баталчихсан хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. МАН-ынхан өөр гаригаас ирсэн хүмүүс биш. Уг хуулийн талаар мэдэж л байсан. Өмнөх парламентын хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь төрийн залгамж чанарыг хадгалсан чухал зүйл юм.

Батлаад өгчихсөн хуулийг хэрэгжүүлэхгүй ээ гээд ярьж байгаа энэ хүмүүсийг хараад гомдох ч шиг, уур ч хүрэх шиг болж байгааг нуугаад яахав. Энэ парламентад цоо шинэ хүмүүс ороод ирчихсэн юм биш. Урьдын парламентын гишүүдийн тэн хагас нь орж ирсэн. Хамгийн гол нь Монголын нийгмийн хүсэн хүлээж байсан эрх зүйн шинэчлэлийг гацааж, хойшлуулж байгаа нь цаашид буруу жишиг тогтоож байна. Товчхондоо хэн нь хэн бэ гэдгээ л харуулж байгаа хэрэг.

-Гэхдээ та нар процессын хуулиудаа эцэслэж, хуулиудыг соёрхон батлаагүй. Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь сургалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулж байгаа юм билээ?

-Харин тэгж байна лээ. Энэ бол хууль хойшлуулах шалтгаан биш. Ердөө л шалтаг яриад байгаа байхгүй юу. Аль ч нам засгийн эрхэнд гарсан, хийх л ёстой ажлуудын нэг. Үүнийг улстөржүүлээд тэр тэгээгүй гээд байх шаардлага огт байхгүй. Батлаад өгчихсөн хуулийг үргэлжлүүлээд дараагийн ажил нь хийгдэж байх ёстой юм. Өмнө нь Засгийн газар байсан. Одоо ч Засгийн газар нь байж л байна. Тэр үед гишүүн байсан хүмүүс Засгийн газрын гишүүн гээд явж байгаа биз дээ. Ард түмэнд, Монголын нийгэмд зориулагдсан, монгол гэдэг үндэстнийг хууль эрх зүйн хүрээнд нэг алхам урагш хөтөлсөн ийм зүйлээс ухралт хийж байгаа нь ямар хүмүүс энэ төрд гарчихсан юм бэ гэж эргэлзэхэд хүргэж байгаа юм. Монголын шоронд ял эдэлж буй олон хүний эрх зүйн байдал уг хуулиудаар дээрдэх байсан. Дэлхийн жишигт нийцсэн хуультай болж, хууль зүйн салбараа урагш нь алхуулж чаддаггүй яачихсан хүмүүс юм бэ. Эрүүжсэн, шоронжсон хуульдаа ямар хайртай юм бэ. Хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн бол засч залруулаад явж болдог. Манай хөрш орнууд гэхэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа гаргачихаад 100 удаа өөрчилсөн байдаг. МАН-ынхны яриад байгаа зүйл ердөө л шалтаг. Хүн тоож авч хэлэлцээд байхаар ч шалтаг биш байсан, үнэндээ.

Энэ хүмүүс Монголын ард түмний төлөө ажиллах гээд байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Монголчууд үүнийг ялгаж, салгаад ойлгочих хэмжээний ухамсартай гэдгийг мэдэх л ёстой баймаар юм. Үнэхээр засч залруулахаар зүйл байгаа бол бага дээр нь засч залруулаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. Монголын ард түмэн, Монгол Улсад хэрэгтэй хууль тогтоомж нэг өдрийн ч өмнө байсан хэрэгжих л ёстой байдаг. Гэтэл эд юун хойшлуулах юм яриад явна аа. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар нь салбарын сайд нь байна. Нэг сонин зүйл ярьсан нь олон хүн энэ хуулиудыг хүлээгээгүй гэж байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд чуулганы хуралдаан дээр тэгж мэдэгдэж байсан. Тэрийг хэлээд байна уу, та?

-Яг тийм. Олон хүн хүлээгээгүй. Цөөхөн 500 гаруй хүн гэдэг юм ярьж байна лээ. Үнэндээ хууль гэдэг чинь нэг хүнд ч гэсэн илүү сайн үйлчилж байх ёстой юм. Байнгын хорооны дарга нь 500 хүний эрхийг зөрчиж болдог ч юм шиг зүйл яриад сууж болохгүй. Би Ц.Нямдорж гишүүнтэй таараад “Яагаад хууль буцаагаад байгаа юм. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх ёстой юм биш үү” гэсэн. Мань хүн “Энэ хуулийг чинь ёсчлоогүй. Тэр З.Энхболддоо хэл” энэ тэр гээд өнгөрсөн. Хуулийг ёсчилно гэдэг бол хэлбэр төдий зүйл. УИХ-ын чуулган нээгдсэн бол таван минутад л хийчихдэг ажил. Хэний төлөө, юуны төлөө зүтгээд байна вэ гэдгээ МАН-ынхан харуулж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө төгрөг шаардлагатай гэж байна лээ. Шаардлагатай хуулиуд дээр зохих ёсны төсвийг нь батлаад явах ёстой. Монголчуудын амьдрал ахуйд хэрэгтэй хуулийг батлахад шаардлагатай гээд байгаа мөнгө нь тийм ч их биш. Ямар ч мөнгөнөөс үнэтэй ард түмэн гэж байдаг юм.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг бүр хүчингүй болгуулахаар Их хурал хэлэлцэж байна. Уг нь ахмадуудад хэрэгтэй л байсан гэж ярих юм…

-Олонхийн бүлэг олон алхмаас ухарч байгаагийн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Сайн сайхан зүйл хийдэггүй юм аа гэхэд хүний хийгээд өгчихсөн зүйлийг ядаж сайжруулаад явдаг байх ёстой биз дээ. Өмнөх парламентынхаа хийсэн ажлуудыг улддаг, өдөр хоногийг аргацаасан тийм зүйл л хийж байна. Энэ бол маш буруу. Энэ Их хурлын өмнө шийдэх ёстой олон асуудал бий. Аргыг нь олж ажлыг хийдэг. Түүнээс ухралт хийх шаардлагагүй. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа бол ард түмнээсээ асуу л даа. МАН-ынхан өөрсдөө мөрийн хөтөлбөртөө юу тусгасан юм. Яаж шийднэ гэсэн байснаа эргэн санах нь зөв. Ард түмнийхээ амьдралыг улам дордуулна гэж мөрийн хөтөлбөр хийгээгүй л байх. Би тэгж бодохгүй байна. Эрх баригчдын мөрийн хөтөлбөр бол ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээгээ мөрдөхгүй бол ёс суртахууны хувьд ямар байх нь ойлгомжтой. МАН-ынхан таван хүний амиар тоглож байсан. Тэдний мөрийн хөтөлбөрийг сайн байсан гэж ард түмэн саналаа өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө биш харин ч эсрэгээр нь 180 градус эргэсэн алхам хийж хэрхэвч болохгүй.

-“Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн” гэдэг ганц өгүүлбэрийн хүрээнд бүх асуудлыг шийдэж байна. Танай намынхан чинь үнэтэй ресторанд орж тансаглачихаад төлбөрөө Ардын намынханд үлдээгээд явчихсан юм биш үү?

-Ардчилсан засгийн үед Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргыг нь хийж байсан хүмүүс чинь МАН-ынхан. 20 гаруй жил Төрийн ордонд буг шахам болчихсон хүмүүс ийм зүйл ярьж болохгүй. Төсвөө хамтраад баталж байсан хүмүүс чинь гэнэтхэн ийм байсангүй, тийм байсангүй гээд яриад сууж байгаа нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ. МАН-ынхан бүгд харь гаригаас зургадугаар сарын 30-нд буугаад ирчихсэн юм уу, хаашаа юм. Өөрсдийнх нь бодлогогүй мэдэгдлээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Аль ч засгийн үед асуудлууд байж л байдаг. Харин үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын гишүүн болсон гэдгээ мартаж болохгүй. Ямар нэгэн байдлаар заавал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан намынхан үнэхээр идээд уучихсан тийм зүйл байгаа юм бол, албан тушаалаа урвуулан ашиглаад хортой зүйл хийчихсэн юм бол хуулийн хүрээнд шийдэх боломж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнхээ нэрсийг зарлаад хариуцлага тооцооч. Идсэн уусан гэж ярьж байхынхаа оронд шалгуулаач. Буруу бодлого явуулсандаа тулах юм бол 20 гаруй жил төр барьсан аль аль намынх нь буруу. Хий хоосон зүйл яриад явдаг байдлыг ард түмэн хүлээж авахаа больчихсон. Ажлаа хийгээд явж байгаа хүнд ард түмэн дуртай байдаг юм аа.

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг 60 хувьд нь олгож, оюутны 70200 төгрөгийг бүр өгөхөө больж байна. Төрийн албанд насаараа ажилласан хүмүүс нэг удаадаа 36 сарын тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болголоо гээд асуудлууд бий. Нийгмийн халамжийн чиглэлийн зүйлс дээр хатуу бодлого бариад эхэллээ л дээ?

-Монгол Улс гурван сая хүнтэй, 1.5 сая км квадрат газар нутагтай, хоёр том зах зээлтэй, байгалийн маш их баялагтай. Ийм оронд амьдарч байгаа мөртөө иргэдээ яагаад ингэж амьдруулах гээд улайраад байгаа юм бэ. Насаараа төрд ажилласан хүмүүс чинь тэтгэвэрт гараад тэтгэмжээ авчихаад тэгнэ, ингэнэ гээд төлөвлөчихсөн байдаг юм. Хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр тийм юм авна гээд тооцчихсон байгаа. Оюутны 70200 төгрөгөөр сургалтын төлбөрөө хийнэ гээд бодчихсон яваа хүмүүсээ яах юм. Утга учиргүй дэд сайдуудаа буулгаач. Дэд сайдынхаа асуудлыг болиулчихаад дараа нь энэ тухай яривал хүн сонсож магадгүй. Гэтэл төсвийн тодотголоор өөрсдөө зардлаа нэмэгдүүлэн, өөрсдийнх нь саналаар байхгүй болсон дэд сайдын албан тушаалыг бий болгосон. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа юм бол хүүхдийн мөнгө, цалин тэтгэврээр наадаж байхаар наад сайдуудаасаа хэмнэлтээ эхлээч дээ. Өөрсдөө зардлаа нэмэгдүүлчихээд ард түмэн дээрээ ирэхээрээ эсрэгээрээ ажиллаад байж болохгүй ээ.

-Татваруудыг нэмнэ гэж байсан ч Засгийн газар саналаа эгүүлэн татлаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Татвар нэмж эдийн засгийг сэргээсэн түүх байдаггүй. Тэгээд ч эдний яриад байгаа татварыг нэмлээ ч олигтой мөнгө босохгүй юм билээ. Дарга нарынхаа зардлыг хасаагүй байж ард түмний халаас руу гараа шургуулж болохгүй. Эдийн засаг ингээд хүндэрсэнд ард түмэн буруутай юм уу. Та нар биднийг сонгосон гэж ард түмнийг ингэж шийтгэж болохгүй. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж биш эдийн засгаа тэлж давдаг. МАН-ынхан мордохын хазгай болчихлоо. Ардын намынхан авлига авахын тулд аль болох ард түмнийг өөрсдийн хараат байлгах гэж зүтгэж байна. Ингэх гэж л энэ олон хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, хуулийг дээдэлсэн засаг биш нам тойрсон, авлига тойрсон зүйлийг энэ намынхан явуулах гээд байна уу гэсэн хардлага ард түмэнд бий болсон. Би ард түмний нэг нь. Ийм байлгаж байгаад Африк, Латин Америк шиг болгох гээд байгаа юм уу хаашаа юм. Таван хүний амь насыг аваад одсон шиг дахиад ийм зүйл битгий хийгээсэй. Аз болоход татвар нэмэх төслөө Засгийн газар нь эгүүлэн татаж байх шиг байна. Тэгмээрсэн дээ.

Шүүгчдийн цалинг хасч байгаа нь шүүхийг хараат болгох гэсэн оролдлого. Шүүгчид ч гэсэн үүнийг ойлгох хэрэгтэй. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд нийцүүлэх, шүүхийг хараат бус байлгах гэж миний бие тэр заалтыг нэлээд зүтгүүлж байж батлуулсан. Хэн нэгэн хүний дохио зангаагаар хөдөлдөг тийм шүүхтэй болох гээд байгаа юм уу. Өмнө нь тийм байсныг залруулсан.

Бусад орны шүүхийн хараат бус байдлыг судлаарай. Тэд хараат бус шүүхтэй байдаг юм шүү. Тэд ямар ч байсан тэнэг мангар хүмүүс биш болохоор зөв шийдлийг олсон байж таараа. Шүүгчдийн авч буй 2-3 сая төгрөг гэдэг бол тийм ч өндөр цалин бас биш. Гэхдээ Монголын төрийн өнөөдөр өгч чадах боломж нь тэр юм. Нэг нам шүүх, УИХ, засгаа барих гэсэн оролдлого. Тэд дарангуйллын бодлого явуулах далд санаатай байгаа. Үүний хариуцлагыг бид өндөр үнээр төлөх болно. Ард түмэн үүнтэй чинь эвлэрэхгүй л байх.

-Ерөнхий сайд томилогдсоноос хойш яг 60 дахь хоног нь өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд харж байхад сайн сайхан амьдрах боломж хэр байна гэж харагдаж байна вэ. Засгийн газар 100 хоногоо дүгнээгүй байгаа ч одоо ямар нэгэн байдлаар төрх нь гарчихсан байх?

-Аливаа зүйлийг засч залруулахад оройтно гэж байдаггүй. Болохгүй байгаа зүйлсээ засаад авчихвал энэ хэдэн даргын амьдрал биш, гурван сая монголчуудтай холбоотой гэдгийг ухаарч алдаагаа засаасай гэж хүсч байна. Өнөөдрийн яриад байгаа хөрөнгө мөнгө олдоно оо. Ард түмний чинь итгэл дахин олдохдоо хэцүү шүү.

МАН-ынхан өөрсдөө шинэ зүйл сэдэж чаддаггүй юм бол өмнөх Засгийн газар, Их хурлын хийсэн ажлыг үргэлжлүүлж, хуулиудыг нь хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ Засгийн газрыг Ардын намын Засгийн газар биш ард түмний Засгийн газар гэж ойлгож байгаа. Цаг хугацаа, эрүүл мэнд, амьдрал гэдэг чинь хүнд эргэж олддоггүй юм. Энэ хүмүүсийн авдаг таван төгрөгийг нь хасаад байвал нэг унасан эдийн засаг дахин сэргэхэд хэцүү шүү. Ардчилсан намыг хохироох гэж байгаад ард түмнийг хохироож болохгүй.

-АН-ынхан өнгөрөгч сонгуулиар ялагдал хүлээсэн. Үүнээс улбаалан нам дотроо шинэчлэл хийх цаг нь болсон гэдгийг ярьцгаасан. ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-нд хуралдуулахаар боллоо. Намын шинэчлэлээ хаанаас эхлэх ёстой вэ. Намын дарга хэн байх вэ гээд л асуултууд гарч ирээд байгаа?

-Ардчилсан намд сайн, муу аль аль нь бий. Гэхдээ Ардчилсан нам ард түмний бүтээл. Манай нам наанаа эв зүйгээ ололцохгүй мэт харагдаж байна уу. Бүх зүйл нь ил нам ийм байдаг юм. Ардчилалтай нам ийм байдаг юм. Ардчилсан намынхны чухал чанар нь ярилцаж байгаад хамгийн зөв шийдвэртээ хүрдэг. Ард түмэн алдаагаа засах сануулга өгсөн.

-Намын дарга нь хэн байх ёстой вэ. Олон хүний нэр дуулдаж байна?

-Ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, зөв хүнээ манай нам гаргаад ирнэ ээ, тун удахгүй.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн асан, “Босоо” хэмээх С.Ганбаатар: Би дараагийн намаа өөрөө байгуулж, удирдана

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ярилцлаа.

-Сонгуулиас хойш С.Ганбаатар нам гүмхэн байна, хаачив гэж сураглах нэгэн байна. Саяхан таныг АНУ-д сургуульд сурч жинхэнэ дипломтой болох гэж байна гээд мэдээлэл гарлаа. Сонгуулиас хойш юу хийж байна вэ?

-Сонгуулиас хойш үндсэндээ нам гүмхэн аж төрж байна. Ингээд сууж байх чинь нэг талаасаа амралт юм. Нөгөө талаасаа зүгээр сууж чаддаггүй, ямар нэгэн зүйл хийхийн төлөө зүтгэдэг хүний хувьд хэцүү юм даа. Яахав ээ, надад гадаадын хэд хэдэн байгууллага, сургууль дэмжээд өгье, сураач гэдэг санал ирсэн. Үүний дараа С.Ганбаатар жинхэнэ диплом авахаар АНУ руу сурахаар явах боллоо гэх мэдээлэл сошиалаар нэлээд шуугиулах шиг боллоо. Үнэнийг хэлэх үү Энхболд оо, улс төр хийгээд тэмцлийн хувьд гадаадын их, дээд сургуулиас сурах зүйл надад байхгүй ээ. Харин Монгол Улсад хийх ёстой ажил их бий. Дипломны хувьд сэтгүүлч Т.Алтаншагайг би шүүхэд өгөх ёстой хүн. Тэр цэвэр гүтгэлэг байсан. Би дөрвөн жил түмнийхээ төлөө явснаараа гүйцэтгэх ажиллагааны шугамаар маш их гүтгүүлсэн. Надаас үнэндээ юу ч олоогүй. Албан тушаалаа ашигласан, тендер, лиценз зарсан, газрын наймааны асуудал байхгүй тул тэдний арга мухардсан. 1988-1993 онуудад зах зээлийн шилжилт явагдаж сурах хүсэлтэй оюутнууд өөрсдөө мөнгөө төл гэдэг тогтолцоо руу орсон юм. Энэ үед зовж зүдэрч, бор зүрхээрээ болгоё, бүтээе гэж зүтгэдэг олон залуу байсны нэг нь би байхгүй юу. Энэ бэрхшээлээр маань довтолгоо хийснийг бодоход би тэднийг ямар их зовоож байсан юм бэ гэдэг нь илүү тодрох байх.

Товчхондоо хэлэхэд, Монголыг минь худалдаж байгаа хүмүүстэй тэмцэх хангалттэй боловсрол надад бий. Нийгэм солигдоод хэцүү байсан үед гадаадын зарим нэг сургуулиа төгсч чадаагүй минь үнэн. Дараа нь би Хөдөлмөрийн дээд сургуулийн эрдмийн цол авсан. Энэ хугацаанд төгсч чадаагүй сургуулиудаа эчнээгээр төгсч болно оо доо. Гэхдээ би ард түмнээ хуурч чадахгүй. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг хүний алдаа бол өөрийнхөө төлөө тэмцэнэ гэдгээс ичих байдаг. Надад тэгж явах шаардлага байгаагүй. Харин төр засгийн дээр сандайлсан хүмүүс яагаад миний асуултад хариулж чаддаггүй юм.

10 ам.доллар гэдэг нь хамгийн бага үнэ шүү. Дээшээ зарвал сайн л байна.

-Та ингээд шууд үнийг нь тогтоочих юм уу?

-Би үнэ тогтоогч биш. Зөвхөн аргачлалыг нь хэллээ. 7.4 тэрбум тоннын нөөцийг нэг тонн тутмыг нь 10 ам.доллараар зарахад 74 тэрбум ам.доллар болно. Монгол Улсыг бүхэлд нь үйлдвэржүүлээд, бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад хоёр тэрбум ам.доллар л хэрэгтэй. Нефтийн үйлдвэр барихад 600 сая ам.доллар л шаардлагатай. Монголын хүнд үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь хөл дээр нь босгоход таван тэрбум ам.доллар байхад болно. Үлдсэн мөнгөөр нь Норвегийн сан гэдэг шиг баялгийн сан бий болго. Би 2014 онд танай сонинд ингэж бичиж байсан юм. Харамсалтай нь “Нэг тонныг нь 25 ам.доллараар заръя” гээд дундаас нь идэж ууж байгаа гэр бүлүүд улсад нэг ч долларын ашиггүй болгочихсон. Асуудлын гол нь үүнд л байна.

Б.Бямбасайхан гээд залуу хоёр жилийн өмнө “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Оюу толгойгоос бид 44-45 тэрбум ам.долларын ашиг хийнэ” гэж байсан. Ашиг гэж хэлсэн юм шүү. Үнэхээр тийм байсан юм бол Оюу толгойгоо шууд 45 тэрбум ам.доллараар арилжчих л даа. Тэгж чадвал энэ улс хөл дээрээ босно. Юун “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, гаднын барьцаанд орох вэ. Яагаад миний энэ санал дээр хариулт өгдөггүй юм бэ. Боломжтой бол яагаад хийдэггүй юм бэ. Би шинэ зүйл яриад байгаа юм биш. Австрали хүрэн нүүрснийхээ ордын нэг тонныг нь 11 ам.доллараар зарсан. Ингээд явчих боломжтой юу гэхэд “2038 он хүртэл ногдол ашиг авахгүй” гэсэн. Ногдол ашиг гэдэг чинь бидэнд ногдож буй цэвэр ашгийг хэлж байгаа юм. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй гэхээр гэрээ нь 2039 оны аравдугаар сарын 6-нд дуусна. Тэгэхээр энэ хэзээ ч ашиггүй гэрээ болж таарч байгаа биз. Монголын хамгийн тэргүүний шийдэх асуудал Оюу толгойгоос мөнгө салгаж авах. Гэтэл яагаад хэн ч анхаарал хандуулахгүй байна вэ. Бүгд худалдагдчихсан юм уу.

Дубайн гэрээг анх ил болгож байхад УИХ-ын дарга нь “Наад гэрээгээ надад танилцуулаарай” гэж байсан. Би өөрөө тэр гэрээг орчуулаад танилцуулж байхад хэн ч түүнийг анхаараагүй. Тэгж ажиллалаа гээд надад ямар ч ашиг байхгүй. Харин ч Ганбаатарыг босуулна, хэвтүүлнэ гээд янз бүрээр доромжилсон. Жирийн хүн заавал ингэж ажиллах албагүй. Харин улстөрчид бол ингэж ажиллах албатай. Тэд төрөөс цалин авдаг. Тэгж ажиллана гэж амлалт авч гарч ирдэг. Дубайн гэрээ хэрэгжээд эхэлсэн. Тухайн үед Ч.Сайханбилэг “Энэ гэрээг байгуулснаар доллар 50 төгрөгөөр буучихлаа. Үүнээс хойш доллар бууна” гэж хэлж байсан. С.Баярцогтын 2010 онд хэлж байсан үгийг эргээд санавал “Оюу толгойн гэрээг байгуулаад доллар 80 төгрөгөөр буучихлаа. Одоо долларын ханш дандаа буурна” гэж байв. Монголын ард түмнийг загасны ой санамжтай гэж бодоод байх юм. Дубайн гэрээгээр 4.4 тэрбум ам.доллар орж ирж монголчууд цэнгэлийн манлайд хүрнэ гэж байсан. Тэр үед Монголын газар нутгийг банкны барьцаанд тавьчихлаа гэж би хэлж байсан даа. Өнгөрөгч наймдугаар сарын 6-ны өдөр олон улсын 20 банкнаас 4.4 тэрбум ам.доллар Рио Тинто руу шилжчихлээ. Яагаад энэ талаар Монголын улстөрчид ярихгүй байгаа юм. Эсвэл мэдэхгүй байгаа юм уу. Үнэндээ бид барьцаанд байгаа хүмүүс шүү. Энэ мөнгөний шилжилтийн зардалд 100 сая ам.доллар зарцуулсан байна лээ.

-Тэр нь ямар учиртай мөнгө юм бэ?

-Манайханд өгсөн авлигын мөнгө байх л даа, чааваас. Монголын төлөө зүтгэнэ гэдэг сайхан ажил. Нөгөө талдаа Монголыг минь зарж, худалдаж, идэж байгаа хүмүүст асар их адлуулдаг ажил.

-Ард түмэндээ таалагдах гэж л ажилладаг гэсэн үг үү?

-Би сайлуулах гэж зүтгээгүй. Магтуулах гэж тэмцэл хийгээгүй. Өөрөө өөртөө үнэнч байя. Үр хойчдоо үнэнч байя л гэсэн юм. Намайг өдий дайтай явуулж буй ард түмнээсээ нүүр буруулах эрх байхгүй.

-Сайнхүүгийн Ганбаатар гэдэг бие хүн цаашид ганцаараа тэмцлээ үргэлжлүүлэх үү. Аль эсвэл ямар нэгэн улс төрийн хүчин бараадах уу?

-Сайнхүүгийн Ганбаатар гэдэг хувь хүн өнөөгийн улстөрчдийн нүдэнд мөн ч тэнэг хүн мэт харагдаж байгаа.

-Яагаад?

-Олон хүн надаас “Ийм өндөр рейтингтэй улстөрч байж яагаад энэ хоёр намын аль нэг рүү нь ордоггүй юм бэ” гэдэг. Тэгэхээр би тэнэг болж таарч байнаа даа. Би тогтолцоог өөрчлөхийн төлөө явж байгаа. Түүнээс биш амин хувиа бодоод улстөрчийн нэр хүнд, ашгаа бодоод явсан бол өөр нүүдэл хийх байсан. Ер нь хүчтэй, сайн улстөрч байна гэдэг нь албан тушаал, нэр хүндээ алдчихвий гэдэг айдасгүй байх ёстой юм. Надад тийм айдас байдаггүй. Үүнийг минь Монголын ард түмэн мэддэг. Цаашид би нийгмийн зүтгэлтнээрээ явна. Улстөрч гэдэг үг чинь цаанаа олон давхар утга илэрхийлдэг. Одоогийн нөхцөлд хагас луйварчин гэдэг утгатай болчихлоо. Би нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтнээрээ насан туршдаа явна. Үүнийг надаас салгаж чадахгүй. АН, МАН-ын эвгүй тогтолцоог халахын төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Улс төрийн академиа ажиллуулж дараагийн үеийн шинэ улстөрчдийг бэлдэж байна. Энэ ажилдаа нэлээд хүч өгнө. Хоёр намын толгой дээр үеэ өнгөрөөсөн луйварчид бий. Тэд залуу үедээ зайгаа тавьж өгөх ёстой.

Харин одоо бол монгол эрдэмтэдтэйгээ хамтарч бэлчээрийг хамгаалах үүднээс “Мандал” гээд шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байна. Цөлжүүлдэггүй ургамлын сортыг яаж гаргаж авах вэ гээд завгүй л явна.

-АН, МАН гэлтгүй улс төрийн бүх хүчин таныг намдаа элсүүлье гэж санал тавьж байсан. Хэрэв орчихсон бол өнөөдөр парламентад сууж байх ч байсан юм бил үү?

-Хүмүүс санал тавьсан. Гэхдээ тэр тэгж ярьсан гээд яриад явах нь ёс зүйгүй зүйл. Гэхдээ нэг ёс зүйгүй зүйл хэлчихье. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр 2013 оны арваннэгдүгээр сард С.Баярцогтын өрөөнд Х.Болорчулуун бид хоёрт “Оюу толгойн гэрээ монголчуудыг луйвардах гэрээ хийх гэж байна. Хэдүүлээ хамтарч тэмцье” гэж байсан. Тэр нь одоогийн Дубайн гэрээ л дээ. Энэ хоёр итгэл үнэмшлийнхээ эсрэг явсан. Би хувь хүнийх нь тухай биш хийсэн үйлдлийнх нь талаар ярьж байгаа юм шүү. МАНАН-гийнхны саналд би “МАНАН-д орсонд орвол үхсэн нь дээр” гэж мэдэгдэл хийж байсан. Хүмүүс үхэх хатах тухай сүртэй юм ярилаа гэж бодсон байна лээ. Зөөлрүүлээд хэлэх юм бол МАНАН-д орох нь сүнсээ худалдлаа гэсэн үг. Ингэж итгэл үнэмшил, мөрөөдлөө худалдах ёс зүй надад байхгүй.

-Та дөрвөн жил парламентад суухдаа бие даагчийн байр сууринаас ажилласан. Бие даагч байх хэцүү байв уу?

-Намайг УИХ-ын гишүүн болгосон дарханчууд, МҮЭХ-ны хамт олондоо одоо ч баярлаж явдаг. Тэгж гишүүн болсныхоо хүчээр Монголын ард түмэндээ нууц байсан мэдээллүүдийг ил болгож өгсөн. Буруу бодлого явуулж байгаа Монголбанкны ерөнхийлөгчийг огцруул гэж УИХ-ын дарга З.Энхболд руу дөрвөн жил бичиг цаас шидлээ. Одоо л тэр нь ил болж байна. Уул уурхайн баялгаас монголчууд юу ч олж чадахгүй гэж байна гэж дөрвөн жил хүчтэй ярьсан. Гор нь одоо л гарч эхэллээ. Одоо яах вэ гэж сандарч байна. Өөрийн нэр хүндээрээ доромжлуулж, гутаалгахаас айлгүй ярьж хэлнэ гэдэг бол өмөөрүүлэх ард түмэнтэй хүний үйлдэл. Би ард түмэнтэй хүн. Тэдэнд итгэдэг. Бие даагч байх үнэхээр хүнд. Гэхдээ хэн нэгэн энэ хүндийг үүрэх л ёстой.

-Тэр хүндийг нь мэдэрсэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр МАН-д орчихсон юм уу?

-Би хамт тэмцэж явсан хоёр нөхрийнхөө талаар үргэлж сайн сайхныг хэлж явах ёстой. Тэр хоёр маань өөрсдийнхөө сонголтоор, би өөрийнхөө сонголтоор яваа.

-Та ХҮН-ын даргаар очсон. Төд удалгүй ХҮН хуваагдаж эхлэхэд таныг ирснээс болсон гэдэг яриа гарсан. Та үнэхээр ХҮН-ыг самарчихсан юм уу. С.Ганбаатар гэж хүн ХҮН-ын гишүүн хэвээрээ юу?

-ХҮН-ыг сайхан залуучууд байгуулж явсан. Хөдөлмөрийн үндэсний намын Их хурлын 100 хувийн дэмжлэгтэйгээр би даргаар нь сонгогдсон. Тухайн үед ард түмний итгэл надад маш өндөр байсан. Тэр итгэлийг л би ХҮН-ынханд өгсөн. Би өөрөө дарга болъё гэхээсээ илүүтэйгээр надад итгэдэг хүмүүсийг дэмжин төрд гаргаж Монголоо аврахыг хүссэн. Гэтэл АН, МАН хоёр үүнээс ухаан алдталаа айсан. Маш их эмээсэн. Тэгээд л хоёр том нам туршуулуудаа манай нам руу оруулж эхэлсэн. Би албан ёсны дарга нь байна гэхээр л хуурамч Дамбийжаа гарч ирээд “Би намын дарга нь” гэдэг. Дээд шүүх нь ч дээд шүүх. Хоёр намын нөлөөгөөр бүртгэхгүй гээд гэдийчихнэ. Сүүлдээ аргаа бараад хүнд ч үгүй, өөрт ч үгүй олон хүний итгэлийг хөсөрдүүлчихвий гээд “Би дарга болъё гэж зүтгээгүй. Тэр дарга болох хүсэлтэй хүнд нь намын даргаа өг” гэсэн юм. Тэгж би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ХҮН-аас гарсан. Би ХҮН-ыг самраад надад ямар ч ашиг байхгүй. Харин С.Ганбаатар энэ олон хүнийг төрд оруулж ирнэ гэж айсан хоёр том намын айдас хэдэн биеэ үнэлэгч залуугийн аймшигтай үйлдлээр эцэс болсон. Сүүлд нь яахав, барьцтайгаар нь над руу л дайрсан. Би хэнд нь юу ч хэлээгүй. Надад бууны нохойнуудтай харьцах зав алга. Харин би дараагийн намаа өөрөө байгуулж, өөрөө удирдаж, шинэ үеийн залуусыг Монголын төрд орох замыг нь нээж өгнө.

-Та тэгэхээр нам байгуулах гэж байгаа гэсэн үг үү?

-Монголд тэгээд энэ хоёр нам л яваад байх ёстой юм уу. Гуравдагч хүчний олон намууд надтай уулзаж байгаа. Тэдэнтэй нийлж, ярьж Монголоо аврах дараагийн хүчийг бий болгоход өөрийнхөө хувь нэмрийг оруулна. Шинэ нам байгуулах уу гэдэг нь дараагийн техникийн ажил. Харин би өөрөө намаа удирдсан шиг удирдана. Хоёр том намын бууны нохойнууд орж ирэх орон зайгүй болох гаргалгаануудыг хийнэ. Энэ бол Монголыг аврах арга зам. АН, МАН хоёр Монголыг тарааж суухыг хараад байх юм уу.

-Таны ярианд нийгмийн зүтгэлтэн чигээрээ явна гэдгийг дуулаад бүр улс төрөөс холдож байгаа юм болов уу ч гэж бодлоо. Ямар ч байсан нам байгуулах гэж байна гэхээр улс төрөөс холдохгүй юм байна гэж ойлголоо…

-Би өөрийгөө улстөрч гэж хэлэх тийм ч дуртай биш. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтэн гэдэг бол миний ажил. Одоогийн улстөрч гээд хэлээд байгаа хүмүүс хэдхэн гэр бүлийн төлөө, нам гэдэг хэдэн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг болчихоод байгаа байхгүй юу.

Би “Тэмцэгчийн гарын авлага” гэдэг ном бичиж байгаа. Монголчууд тэмцэх чадваргүй болчихож. Ард түмэндээ тэмцэх чадварыг нь суулгаж өгөхийг хүссэн тийм ном юм. Жил тойрон найр хийсээр байгаад тэдний шарталтаас болж Монгол орон даяараа цалин, тэтгэврээ хасуулж байна. Удаахь номоо “Сэрээч” гэж нэрлэсэн. Хатуу нэртэй байж магадгүй. Монгол орны эдийн засгийн боломж бололцооны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Муу улстөрчдийн муу муухайг ард түмэн олон жил үүрч явах учиргүй. Муу бөгсийг сайн цээж чирнэ гэж үг бий. Яг энэ процесс Монголд нүүрлэчихээд байна. Сайн цээжинд дарамт бага учруулмаар байна. Муу бөгсийг сайн бөгс болгох хэрэгтэй.

АН, МАН-ын талаар үнэндээ яриад байх зүйл ч алга. Могой арьсаа гээвч хатгадгаа гээдэггүй гэж үгтэй. Энэ намууд арьсаа өөрчилдөг хэдий ч Оюу толгойд бараа бүтээгдэхүүн шахаж амьдардаг бүлэглэлүүд хэвээрээ л байна. Үүний золиосонд ард түмэн хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруулдаг боллоо. Өнөөдөр бид хориннэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү. Байгалийн баялгаа үй олноор нь гадагш нь зардаг улс. Африкийн ямар ч баялаггүй шороо бужигнасан эрэг дээрх хүмүүсийн цуглуулга Монгол биш. Намайг баялгаа ухуулахын эсрэг тэмцдэг гэж адалдаг. Үр дүнтэй, ард түмэндээ ашигтайгаар ухаж болно гэдгийг дэмждэг хүн юм, уг нь. 2016 оны төсвийн дарамт гэвэл нийт төсвийнхөө 13 хувийг зээлийн хүүнд өгч байгаа. Ирэх жилүүдээс 50 хувийг нь өгнө. Бүтэн дөрвөн жил энэ талаар ярьсан. Намайг ингэж ярьж байхад АН, МАН-ынхан сонсож байсан шүү дээ. Эд яагаад ийм болчихов доо гэж харамсах юм. Миний тэмцэл, миний үг эрх баригчдад хэрэггүй байж магадгүй. Бүр сонсохыг ч хүсэхгүй байж мэдэх юм. Ламд сам, сохорт толь хэрэггүй. Миний үг тэндэнд хэрэггүй ч ард түмний амьдралд хэрэгтэй шүү. Товчоор хэлбэл, өнөөдрийн Засгийн газар мөнгө хүүлэгчдийн Засгийн газар болчихлоо. Уул уурхайн баялгийг цөлмөгчдийн барьцааны Засгийн газар болчихоод байна шүү дээ.

-Өнөөдөр та УИХ-ын гишүүн байсан бол хамгийн түрүүнд ямар ажил хийх байсан бэ?

-Гишүүн байсан бол уу. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш том асуулга явуулах байлаа. Гишүүн биш юм чинь энэ надад хамаагүй гэж хэлэхгүй. Бэлчээрээ, Ноён уулаа яаж аврах вэ, Монголын залуу улстөрчдийг яаж хүчтэй тэмцэгч болгох вэ гэдэг ажлууддаа анхаарал хандуулан ажиллах болно.

-Монголчууд тэмцэх чадваргүй болчихлоо гэж та хэлсэн. Тэмцэх чадварт хэрхэн суралцдаг юм. Та өөрөө хэрхэн тэмцэх чадвартай болж байсан юм бол?

-Маш гоё асуулт байна. Би боловсролтой болохын тулд сургалтын төлбөрөө төлж чадахгүй зургаан жил сургуулиас сургууль дамжин явсан. Хөдөлмөрлөөд олсон хэдэн төгрөгөө сургуульд аваачиж тушаадаг байсан. Сургуулиас сургууль дамжин явж байсан оюутан цагийн тэр хүнд үе намайг тэмцэгч болгосон. Над шиг сургуульд сурах хүсэлтэй ч төлбөрөө төлж чадахгүй, тэр олон дүү нараа хүний дайтай болгох гэж зүдэрч яваа олон залуусын төлөө би тэмцэж яваа юм. Өнөөдөр би өөрийгөө бодоод явах юм бол хаана ч амьдраад явах байх. Зөвхөн амин хувиа хичээгээд явж байсан бол өмнө нь төгсч чадаагүй сургуулиар минь далайлган над руу хэн ч дайрахгүй байв. Зөвхөн өөрийнхөө төлөө явдаг амьдрал гунигтай. Та тэмцэх чадварыг хэрхэн суулгах вэ гэж асуулаа. Өнөөдөр бид тэмцэлгүй амь, амиа бодсоноосоо болж гул Аранжин шиг болсноо нийтээрээ харж байгаа.

Достоевскийн “Хүний төлөө гэсэн сэтгэлтэй л бол гар нь боолттой байсан ч ихийг хийх боломжтой” гэдэг үг бий. Би заавал аль нэг намын хаяанд гэрээ барьж тэмцдэг хүн биш. Надад сэтгэл, туршлага, хоёр гарт минь тэмцэл байгаа. Би заргачийн гарын авлагаа бичихэд Монголын мянга мянган залуусыг тэмцэлд уриалан дуудна гэж боддог. “Нурах байшин дотроосоо” гэдэг Ард Аюушийн үгийг санаарай. Одоо л Монгол босно. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг энэ бүлэглэлүүд өнөөдөр гаарч л байг. Монголын ирээдүй өөдрөг байгаа шүү. Монгол босно.

Categories
мэдээ цаг-үе

Х.Болорчулуун: Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийнхээ халаасыг тэмтэрч болохгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-УИХ-аар төсөвт тодотгол хийх асуудал яригдаж байна. Төсвийн тодотголын хүрээнд найман татварыг нэмэхээр Засгийн газар санал оруулж ирсэн. Татварын нэмэгдэл дээр ямар байр суурьтай байгаа вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэж байна?

-МАН сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө ямар нэгэн татварыг нэмэхгүй гэж тусган тэр хүрээндээ татвар нэмэхгүй хэмээн ард түмэндээ амласан. Татвар нэмнэ гэдэг чинь ачааны хүндийг ард түмэн үүрнэ гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Монголын нийт хүн амын 80 орчим хувь нь өр, зээлтэй өндийх завгүй хөдөлмөрлөж байна. Аж ахуйн нэгжүүд нь шат дараалан хаалгаа барьж, орлогогүй боллоо. Гэтэл үүн дээр нэмээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэдэг бол байж болшгүй зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлээс авч буй 10 хувь хангалттай байхгүй юу. Хэрэв Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмчихвэл аж ахуйн нэгжүүд үүдээ барих нөхцөл улам нэмэгдэж, цалингаа бууруулахаас эхлээд эдийн засгийн далд байдал нэмэгдэнэ. Өмнө нь яг л ийм байсан. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож байсан юм. Ер нь 10 хувь гэдэг бол дан ганц Монгол Улсад мөрдөөд байгаа зүйл биш. Олон улсын жишиг ч ийм л байна. Тийм болохоор нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэдэг чинь маш буруу.

-Мөн тэтгэмжийн асуудал дээр иргэд маш их анхаарал хандуулж байна…

-Үнэхээр тэтгэмжийн тал дээр иргэд анхаарал хандуулж байгаа нь үнэн. Эдийн засаг хүнд байгаа үед анхаарахаас өөр арга байхгүй. Оюутны 70200 төгрөгийг гэхэд хавтгайруулан олгож ирсэн. Миний хувьд бүх оюутан гэж хавтгайруулалгүйгээр сурлагын голч дүн нь 70200 төгрөгийг авах шаардлагад тэнцсэн оюутнуудад олгох нь зөв гэж бодож байгаа. Төрийн албанд насаараа зүтгэсэн багш, эмч тэргүүтэй албан хаагчдад нэг удаадаа олгодог 36 сарын тэтгэмжийг 1-12 сарын цалингийн дунджаар олгоно гэж байна. Үүнийг дэмжих боломжгүй. Мөн цалин бууруулна гэх юм. Эдийн засаг хүнд үед цалин бууруулдаг ямар ухаан байна аа. Өнөөдөр зөвхөн цалингаараа амьдарч байгаа маш олон өрх бий. Тэр хүмүүсийн цалин буурчихвал өр зээлээ яаж төлөх вэ гэдэг байдал үүснэ. Засгийн газар хэмнэнэ, бууруулна, танана гэсэн өнгө төрх бүхий төсвийн тодотгол орж ирсэн.

Эдийн засгийн хямралтай үед бүсээ чангалах нь зөв. Гэхдээ яаж ч бүсээ чангалсан ард түмнийхээ халаас руу гараа шургуулна гэдэг байж болшгүй зүйл. Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийн халаасыг тэмтэрч болохгүй. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг бууруулна, хасна гэж байгаа чинь төдийлөн их хэмнэлт дагуулахгүй. Таван тэрбум орчим төгрөгт л хэлбэлзэж байна.

Харин цаашид олж болох орлого байгалийн баялгийн татваруудыг нэмэгдүүлэх ёстой. Энэ тал дээр бид алдаатай бодлого явуулж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэртэй байгаа бүхнээ туугаад явуулсан. Алт, зэс зэрэг цөөхөн түүхий эдээс л хувь хүртдэг. Хуучин алтны татвар чинь өсөн нэмэгдэхтэйгээ нийлээд 10 хувь байлаа. Үүнийг лоббидож байгаад 2.5 хувь болгосон. Үүнийг эргээд нэмэгдүүлж байгаа нь зөв гэж үзэж байна. Богд хаант Монгол Улсын үед алтнаас 17 хувийн татвар авч байсан. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд алтны ордоо нэг хүн нөгөөдөө ашиглуулахдаа 20-30 хувийг нь авдаг. Монголын төр хувь хүнээс дор байж болохгүй л байхгүй юу.

-Олон улсын зах зээл дээр байгалийн баялгийн үнэ уначихсан байхад хэчнээн татвар нэмээд ч төсөвт нэмэр байгаа юм уу?

-Байгалийн баялгийн тал дээрээ манай улс нүүрс, зэснээс нэлээд хамааралтай. Одоо нүүрсний үнэ эргээд өсөх байх. Австралид үер болсон гэхчилэн асуудлуудаас болж нүүрсний үнэ олон улсын зах зээлд нэмэгдэх боломжтой болчихлоо. Манай орны хувьд Оюу толгойгоос маш бага татвар авдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс ч бага татвар авдаг л даа. Оюу толгойн хувьд “Эрдэнэт”-ээс их борлуулалт хийж байж түүнээс бага татвар авч байна. Харин олон улсын зах зээлд алтны үнэ буураагүй. Бусад түүхий эдийг бодоход харьцангуй тогтвортой байгаа.

-Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулахаар төсвийн тодотголд оруулж ирсэн. Тиймээс дундаж орлоготой иргэдэд хүндрэл учруулахгүй гээд байна. Татвар нэмнэ гэдэг сургаар дэлгүүрүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэдийнэ нэмчихсэн байна?

-Бусад улс орнуудад тансаг хэрэглээний татвар гэж байдаг. Моторын багтаамж томтой, жийп машин унадаг хүмүүсээс татвар нэмж авах нь зөв. Мөн 150 метр квадратаас дээш орон сууцнаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирлээ. Өнөөдрийн нөхцөлд үүнийг хэрэгжүүлээд явах нь тийм ч тохиромжтой биш. Монгол Улсын хэмжээнд эзнээ олоогүй маш олон барилга байна. Тэр байрнууд чинь нэг компанийн нэр дээр явж байгаа болохоор татварыг нэмэх нь буруу.

-Монголбанк бодлогынхоо хүүг 15 хувь болгон нэмэгдүүллээ. Энэ нөхцөлд Сангийн яам зөөлөн бодлого явуулах хэрэгтэй гэж байгаа ч эсрэгээрээ хатуу бодлого явуулж байна гэх юм. Таны байр суурь ямар байна вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ нэмдэг нь туйлын буруу зүйл болсон. Манай орон шиг ингэж өсгөдөг улс гэж бараг байдаггүй байх. Манайхан бодлогын хүүг өсгөснөөрөө ам.долларыг хазаарлана гэж ярьж байгаа юм. Бодлогын хүү нь 15 хувьд хүрчихээр арилжааны банкуудын зээлийн хүү 4-5 функтээр нэмэгдэнэ.

Ийм өндөр хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүд авах уу. Авлаа гэхэд тэндээсээ яаж ашиг гаргах вэ. Үйл ажиллагаа явуулна гэдэг итгэл тэнд бараг байхгүй. Ачаа нь дахиад л ард түмний нуруун дээр ирнэ.

Зээлийн хүү өндөр байх тусам инфляци тогтдоггүй. Өндөр хүүтэй зээл аваад үйл ажиллагаа явуулахаар яаж инфляци тогтох юм бэ. Энэ нь өөрөө аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд маш хортой. Монголбанк ингэж бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь буруу зүйл болсон.

-Онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гээд байгаа. Үүнд архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн гээд орж байна л даа?

-Онцгой албан татвар гэдэгт архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн ороод явж байна. Хуучин зах зээлийн үнээр татвар авдаг байсан зүйлийг автоматаар лоббидож байгаад ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцуулан авахаар хууль баталсан байхгүй юу. Энэ бол байж болохгүй л дээ. Адилхан л зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тухайн өдөр ам.долларын ханш хэд байна, түүгээр нь л бодох шаардлагатай.

-Засгийн газар татвар нэмэх асуудлыг оруулж ирснээрээ иргэд болон аж ахуйн нэгжүүдийг шоконд оруулсан гэхэд болно. Таны хэлсэнчлэн гарын дор амарчилж татвар нэмэхээс өөр эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх зүйл алга уу?

-Гарын дор амраар нь ард иргэдийнхээ халаас руу төр гараа шургуулж болохгүй гэдгийг дахин хэлье. Тухайлбал, нефтиэс гэхэд Монгол Улс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 20 гаруй хувь хүртдэг. Гэтэл дэлхийн бүхий л орнууд 40-70 хувийг нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүртэж байгаа. Монгол Улс яахаараа дэлхийд байхгүй ийм багаар тооцдог юм бэ. Үүнийг өөрчлөх ёстой. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлдөггүй талбай байдаг. Тэндээсээ татвар авах ёстой шүү дээ.

Бидэнд нөөц боломж бий. Манайхан гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж байгаа нэртэй муу гэрээ хийж, тэднийг хамгаалдаг хүмүүс Их хуралд байдаг. Ихэнх нь саяын сонгуулиар цэвэрлэгдсэн ч одоогийн парламентад болон МАН-д тийм хүмүүс байгаа. Наанаа шударга зүйл ярьчихаад цаагуураа буруу зүйл хийгээд явдаг, муу гэрээг хамгаалдаг хүмүүс бий. Эд нар чинь цаагуураа юманд өртчихсөн хүмүүс байхгүй юу. Монголчууд зөвхөн хусмыг нь аваад байлгүй байгалиа зөв ашиглаад явахад эдийн засагт өөрчлөлт гарна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Төсвийн тодотголыг харж байхад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэд хэдэн төрлийн татварыг нэмэхээр оруулж ирж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа нэг удаадаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болгож байгаа гэхчилэн олон зүйл л яваа харагдах юм. Та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн тодотголыг Их хурал хэлэлцэж байна. Инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу тийм л төсвийн тодотгол орж ирлээ. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж эхэлснээр бодлогын хүү 15 хувь боллоо. Ингэснээр банкнаас гарах зээл хязгаарлагдана. Хоёрдугаарт, арилжааны банкны Монголбанкин дээр байлгах нөөц нэмэгдэнэ. Энэ хэрээр зах зээл рүү орох мөнгөн урсгал хумигдана гэсэн үг. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж байгаа үед Сангийн яам эсрэгээрээ зөөлөн бодлого явуулах хэрэгтэй байдаг л даа. Сангийн яам зөөлөн бодлого явуулах ёстой байтал татвар нэмж ард түмний халаасанд буй жаахан мөнгийг татвар болгон эргүүлж, дээрээс нь гаргаж буй зардлаа татаж эхэллээ.

Тухайлбал, хүүхдийн 20 мянга, оюутны 70200, тэтгэвэр, тэтгэмжээр зах зээл рүү гарах ёстой мөнгийг хязгаарлаж байна гэдэг бол хоёр иституци хоёулаа бэлэн мөнгийг татах бодлого явуулж эхэллээ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад хүрнэ. Эдийн засаг бие барьсан хувцас өмсөхөд ямар байдаг билээ, яг тэр зарчим руу орно. Ийм тохиолдолд гаднаас бараа бүтээгдэхүүн импортлох нь багасна. Ам.долларын урсгалыг ингэж зогсоох гэж байна л даа.

-Яагаад заавал энэ арга замыг сонгох болсон юм бол. Та юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нам эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн юм аа. Үүний үргэлжлэл явж байна гэдэг пиарыг хийх зорилгоор ийм алхам хийж байгаа. Гурван сарын дараа зах зээл дээр ам.долларыг худалдан авах чадваргүй болоод ирэхээр валютын ханш бууна. Мөн он гарангуут мөнгөний бодлогоо суллах арга хэмжээ аваад эхлэхээр зах зээл рүү орох мөнгөн урсгал нэмэгдэнэ. Тэр үедээ “Бид эдийн засгийг сайжруулчихлаа шүү” гэдэг мессэжийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан гаргаж ирж оноо авна. Ердөө л энэ. Үүнд л зориулсан төсвийн тодотгол орж ирж байна.

-Ийм төсвийн тодотголыг АН-ын бүлэг дэмжихгүй байх тийм үү?

-Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох ёстой гэж хамгийн их хашгирсан хүмүүс бол Ардын намынхан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоё гэхэд тэд л хамгийн их эсэргүүцсэн. Энэ МАН-ынханд ой санамж гэж юм байна уу. Одоо болохоор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гээд оруулж ирэх юм.

Мөн оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө МАН-ынхан тусгаа биз дээ. Одоо тэгээд юу яриад байгаа юм. Энэ мөнгийг нь олгоно гэж оюутнуудаас санал авчихаад маргааш нь “Та нар бидэнд хэрэггүй байсан шүү” гээд салаавч үзүүлж болохгүй. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийг багасгаж байна. Тухайлбал, бүх насаараа төрийн албанд зүтгэсэн хүмүүсийн тэтгэвэрт гарахдаа ганц удаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон багасгаж байна. Нэгээс 12 сар гэдэг нь нэг сарын тэтгэмж ч олгож болно гэж байгаа юм. Ингэж ард түмний аж амьдралд хэрэгтэй байсан зүйлсийг устгаж буйгаараа энэ удаагийн төсвийн тодотгол онцлог болохын дээр мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмыг хийлээ. Ингэж ард түмний амьдрал ахуйд таатай бус төсвийн тодотгол өргөн барьж байхад бид яаж дэмжих юм бэ.

-Ерөнхий сайд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоогийн Сангийн сайд нь жил бүрийн төсвийг өөрийнхөө өрөөнд шахам боодог байсан талаар ярьж байна. МАН-ынхан үнэхээр төсвийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм уу. Сөрөг хүчнийхээ хэлж ярьж буйг эрх баригчид хэр сонсож байна?

-МАН-ынхан ганцхан бодлого барьж байгаа нь Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн гэж ярих явдал. Үүнийг нь бид засах гээд явж байна гэж ярьдаг. Үнэндээ ямар аргаар, яаж засах гэж байгаа талаараа огт ярихгүй байна. Зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, татварын бодлогоороо эдийн засгийг сайжруулах уу гээд алийг нь сонгож байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн гарцаа тодорхойлохгүй хэрнээ УИХ дээр цэвэр улс төрийн шинжтэй зүйлс ярьж байгаа юм. Эдийн засгийн болж бүтэхгүй байгаа бүх л зүйлсээ АН-д нялзаах гэж зүтгэж байгаад үнэнийг хэлэхэд эмзэглэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН Их хуралд хүчтэй сөрөг хүчин байсан. Мөн МАН өөрсдөө АН-ын хаяанд ирж гэрээ барьж, Засгийн газарт орж байлаа. Эдийн засгийн хүндрэлийн үед хамтдаа төр засгийг удирдаж байсан гэдгээ мэдэхгүй ингэж ярьж буй нь ядаж хүн чанар талаасаа бодох л ёстой зүйлсийн нэг.

-Өнгөрөгч дөрвөн жилд иргэдэд хэрэгтэй хуулиуд баталсны нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байлаа. Ахмад настнууд маш өндөр хүлээлттэй хэрэгжих хугацаа нь хурдан болоосой гэж байсан бол хэрэгжилтийг нь хойшлуулахгүйгээр бүр хүчингүй болгуулахаар оруулж ирж байгаа нь тэдэнд таалагдахгүй байна…

-Энэ бүхнийг үе шаттай ярих нь зөв байх.

Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэг гээд тал хувьд нь олгохгүй байхаар орж ирж байна. Оюутнуудын 70200 төгрөгийг нь өгөхгүй гэлээ. Залуу идэр үеийнхний бизнес эрхэлж буй хүмүүст татвар нэмэх аргаар дарамт учруулж эхэллээ. Ахмадуудын хамтын тэтгэврийг байхгүй болголоо. Ардын намын явуулж буй энэ бодлого нь бүх шатандаа Монголын ард түмэн рүү нуруугаа харуулж буй тод хэлбэр. Ардчилсан намын бүлгээс энэ бүхнийг хэвийн явуулаач ээ л гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэл “Эдийн засаг муудсан” гэдэг гуравхан үгээр хаалт хийж, ард түмний амьдрал ахуйд муугаар нөлөөлсөн шийдвэрүүдийг гаргаад байна.

-Энэ мэтчилэн зүйлс дээр Ардчилсан нам ямар байр сууринаас хандах вэ. Хэдий цөөхүүлээ ч гэсэн сөрөг хүчин хангалттай сайн ажиллах хатуу шаардлага тулгараад байна л даа. Ардын намын зарим гишүүд төсвийн тодотголыг дэмжихгүй байна гэж байгаа ч ярилцлага өгөхөөрөө намаа муулж болохгүй байна гээд байна л даа?

-Ардын намынхан хувь улстөрчийг улс төр хэрхэн хийх нь вэ гэдгийг хатуу хянадаг юм шиг байгаа юм. Тиймээс гишүүд нь дотроо хэчнээн эсэргүүцэж байсан ч ил гаргаж чаддаггүй. Ард түмэнд ярьж хэлж санал авч байсан зүйлсээ бодоод ярих гэхээр намаа эсэргүүцэх болчихдог. Дотроо эмзэглэж байгаа ч намын удирдлагаасаа айгаад өөрийнхөө бодож байгаагийн эсрэг улс төр хийж байна. Тэр хийж байгаа улс төр нь маш хиймэл харагдаж байгаа. Өөрийнхөө бодож байгаагийнхаа эсрэг явахаар яаж үнэн байх юм. Намаа эрүүл байлгая гэвэл өөр өөрийнхөө үзэл бодолд үнэнч явах л хэрэгтэй.

-МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ард түмэнд хамгийн их таалагдсан нь цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн өгүүлбэр. Бараг л оюутнуудыг үнэгүй сургачих юм яриад байсан. Одоо бол мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмуудыг хийж байна. Ирэх жилүүдэд тус намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж хэр байгаа бол?

-МАН-ынхан эдийн засгийг сайжруулах тодорхой бодлогогүй явж байгаа. Хэрэв эдийн засгийг тэгж сайжруулна гэж бодлоготойгоор ажлаа эхлүүлбэл ядаж хийх зүйлс нь тодорхой байна. Эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ гэсэн бодлого нь тодорхойгүй тул мөрийн хөтөлбөрөө юугаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихсон. Үнэхээр харамсалтай.

-Сангийн сайд 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэдэг зүйл ярьж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж Сангийн сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн. Үнэндээ энэ хүмүүсийг халах үндэслэл байхгүй. Төрийн албан хаагчдын тоо яагаад ихэссэн бэ гэхээр өнгөрсөн дөрвөн жил маш их сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан. Энэ газруудад чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьчихаад байхад хүссэн хүсээгүй тэнд ажиллах хүнийг авах ёстой. Эдийн засаг тэлсний хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн тул ажлын байр нэмэгдсэн байхгүй юу. Хороодын нийгмийн ажилтнаас эхлээд бүгдийг нь төрийн албан хаагч болгосон. Үүнтэй холбоотойгоор автоматаар нэмэгдсэн юм. Мөн сургууль, цэцэрлэгийн галчаас эхлээд хүмүүсийг төрийн албан хаагч болгосон. Ингэхээр төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхгүй яах юм бэ. Түүнээс биш АН засгийн эрхэнд байхдаа төрийн албан хаагчдын орон тоог нэмчихсэн зүйл огт байхгүй. Хөрөнгө оруулалтаас шалтгаалан төрийн албан хаагчид нэмэгдсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 20 мянган төрийн албан хаагчийг хална гэдэг бол төрийн үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг л хална гэсэн үг. Энэ бол байж болшгүй асуудал. Бидний хүүхэд эрүүл саруул байх ёстой, бидний хүүхдүүд боловсролтой байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчдыг хална гэдэг бол Монголын ирээдүйг байхгүй болгож байгаатай яг адилхан зүйл.

-Жилийн 30 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж байна. Сард хуваагаад үзэхээр хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг хүн түүнд хамаарч байгаа юм. Энэ нь сарын мянган ам.долларын цалин авч байна гэсэн үг. Монголд мянган ам.долларын цалин тийм өндөрт орох уу?

-Ардын намынхан аль ч төрлөөр татвар нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж байна. Баялаг бүтээж, цалингаа аваад явж буй хэвийн амьдралтай хүнд дарамт болон очиж байгаа. Хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай хүн 200 метр квадрат байртай байгаа шүү дээ. 200 метр квадрат байртай байсан тэр хүний цалингаас нь өндөр татвар авчихаар ипотекийн зээлээ яаж төлөх вэ. Цалин нь хүрэхээ больж эхэлнэ биз дээ. Хоёрдугаарт, 200 метр квадрат байртай тэр хүний Үл хөдлөх хөрөнгийн татвар нь нэмэгдэнэ. Хэвийн амьдарч байсан хүнийг ингэж дарамтад оруулж болохгүй ээ. Ингээд ирэхээр цалингаа хоёр хувааж өөр дансаар авч эхэлнэ. Уршиг нь далд эдийн засгийг бий болгоно. Энэ бол дэмжээд байхаар зүйл биш.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг буулгахтай холбоотойгоор иргэдээс эсэргүүцлээ илэрхийлж утсаар ярьж, мессэж бичиж байна. Иргэдийнхээ төлөө бид ажиллана.

-Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэх байсан ч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр МАН-ынхан оруулж ирлээ. Заавал ингэж хойшлуулах шалтгаан юу байсан юм бол?

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах болсон нь хоёр шалтгаантай. МАН-ын зүгээс уг хуулиудтай холбогдсон дүрэм, журмыг боловсруулаагүй, бэлтгэл ажил хангаагүй, сургалт явуулаагүй гэдэг шалтгаан хэлж байгаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурьтай байна. Уг асуудалтай холбогдуулан завсарлага авсан.

Уг хуулийг буцаах болсон нэгдүгээр шалтгаан нь 2017 оны тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших тул уг хуулиудыг хэрэгжүүлээд эхэлбэл тэр хүний ялтайд тооцогдох хугацаа ирэх есдүгээр сарын 1-нээр дуусах юм. Уг хуулиудын хэрэгжилт долдугаар сарын 1 болж хойшилсноороо Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Ардын намынхан өөрсдийн саналыг хуваачихна хэмээн айж байгаа тул улс төр хийж уг хуулиудыг хойшлуулж байна.

Хоёрдугаарт, Ардын нам хүний эрх, эрх чөлөө, баталгааны тухай ам ангайдаггүй нам. Тиймээс уг хуулийг хойшлуулж, дахин өөрчилж хуучны хуультайгаа адилхан хүн нь байвал гэмт хэрэг нь олдоно гэдэг зарчмаар ажиллах гэж байна гэж харж байгаа. Энэ хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Өөрсдийнхөө хүний эрхийн баталгааг дээд түвшин рүү аваачих байх гэж харж байгаа ч харамсалтай нь Ардын нам үүний эсрэг яваад байгаа л даа. Ингэснээрээ тэд хүний эрхийн төлөө байдаггүй, хүний эрх, эрх чөлөөг ярих дургүй, хуулийн салбарын шинэчлэлийн талд байдаггүй нам гэдгээ улам бататгаж байгаа хэрэг.

-МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа зүйлс нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэгдэж байна гэж та хараад байгаа бололтой. Таны хэлсэн хэд хэдэн зүйл дээр тэгж санагдлаа?

-Өргөн барьсан төсвийн тодотгол хийгээд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг харж байхад яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа нь илт харагдаад байна. Угаасаа тэгж ч байгаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал есдүгээр сарын 16-ны өдөр болохоор хойшиллоо. Хойшлох болсон гол шалтгаан нь юу байсан юм бол. Уг нь хэлэлцэх асуудал нь тодорхой байгаа шүү дээ?

-Ардчилсан нам шинэ өнгө төрхтэй болох ёстой. Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий дарга нарын нам явж ирлээ. Их хурал дахь нам болж хувирсан. Тиймээс өнөөдөр Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй байна. ҮЗХ-ны хуралдаан хойшилсон нь шинэ дүр төрхийг манай хууччуул гаргахгүйн төлөө тэмцэж буй тэмцэл гэж харж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Э.Гэрэлт-Од: Улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э . Гэрэлт-Одтой ярилцлаа.

Мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголт гарч ирлээ. Судлаачийн нүдээр харахад мэргэжлийн Засгийн газар гэж ямар Засгийн газрыг хэлэх ёстой юм бол. Яамны хүмүүс нь мэргэжлийн байх ёстой юм уу, сайд нар нь мэргэжлийн байх ёстой юм уу?

-Мэргэжлийн Засгийн газрын талаар хүмүүс маш их ярьж байна. Ойлгомжгүй тайлбарууд ч их явж байгаа харагдсан. Шууд утгаараа бол мэргэжлийн Засгийн газар гэдэг нь моодны нэр томъёо л доо. Ямар ч Засгийн газар өөрийн чиг үүргийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Манай оронд улс төрийн томилгоо хэт хүчтэй байдаг учраас Засгийн газар болон түүний бүтэц бүрэлдэхүүний тухай асуудал дээр ямар хүн ирэх бол, ирээд яах бол гэсэн айдсын үүднээс яригдаж байна л даа. Би хувьдаа мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголтыг тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжлийн баг бүтцийг хэлэх ёстой гэж ойлгодог. Түүнээс сайд нь мэргэжлийнх байх уу, мэргэжлийн бус байх уу гэдэг асуудал огтхон ч биш. Асуудлаа ойлгодог, тухайн салбартаа туршлагатай сайд томилогдох юм бол сайн л даа. Гэхдээ сөрөг тал их байдаг.

-Тухайлбал, ямар сөрөг зүйлс бий гэж?

-Монгол Улс шиг цөөн хүн амтай орон танил талын хүрээ гарч ирдэг. Мөн өөрийнх нь асуудал шийдэх гэхээр өөрийнх нь өнгөрсөн улс төр болон хувийн амьдралд нь сонирхлын зөрчлүүд гардаг. Тэгэхээр мэргэжлийн Засгийн газар гэж мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн байх ёстой гэж боддог.

– Одоогийн Засгийн газрыг та мэргэжлийн Засгийн газар гэж харж байна уу. Гадуур үгүйсгэсэн, дэмжсэн янз бүрийн байр сууриуд явж байна л даа?

– Өнөөдрийн байгаа тогтолцоо зөв биш гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Ирээдүйд буюу 2020 оноос улс төрийн намууд илүү хариуцлагатай байя гэвэл Засгийн газраа урьчилан зарладаг системтэй болох ёстой. Өөрөөр хэлбэл манай нам ялчихбал Хууль зүйн сайд нь тэр, Эрүүл мэндийн сайд нь тэр хүн болно гээд Засгийн газрын бүтцээ урьдчилан зарлачихвал иргэд бодлогыг хэрэгжүүлэх багийг харж сонгодог болно. Түүнээс биш харанхуй сонголт хийчихээд хэн сайд болоод ирэх бол гэдэг айдастай цаг үе ирээдүйд орхигдоно. Ийм өөрчлөлт хийсэн улс төрийн нам ирээдүйд сонгогчдоос дэмжлэг авна.

-Монголчууд гурван саяулаа. Өнөөдөр манай улсад 24 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Таны яриад байгаа шалгуурт тэнцэх улс төрийн нам байна уу?

-Энэ бол бодлогын нь л асуудал. Ямар ч улс төрийн хүчин, лидер гарч ирээд мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд урьдчилан зарладаг болох нь улс төрийн нам том, жижиг байхаас үл хамаарна. Ердөө л бодлогын зүйл байгаа юм. Энэ бодлогыг Монгол Улс үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой.

-Манай улсад шагналын буюу сонгуулийн үеэр намдаа ихээхэн хэмжээний хандив өргөсөн хүмүүс сайд болж байгаа талаар шүүмжилж байна. Ард түмний сонголт хаан сонголт гэдэг хэдий ч энэ бүхэн начир дээрээ эсрэгээрээ яваад байх юм?

-Улс төрийн намын дотоод асуудал. Хэнийгээ сайд болгохоо тухайн улс төрийн нам шийддэг. Хамгийн гол нь урьдчилаад сайд нарынхаа нэрсийг зарлачихдаг болох хэрэгтэй гэдэг чинь энэ асуулт дээр мөн гарч ирж байгаа юм. Өнөөдөр улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн. Бид ч бас харанхуй байна. Өөрт таалагдсан болон танил талын хүрээгээрээ томилогдчихвол сайн байна, биш бол муу байна гэдэг ийм л дүр зураг манайд харагдаж байна даа.

– Миний таниас асуугаад байгаа асуултууд ерөнхийдөө ард түмний дунд яригдаж, оновчтой хариулт олж чадахгүй байгаа зүйлс гэхэд болно. Дэд сайд нарын орон тоо байх ёстой юу. Дэд сайдын орон тоо байснаараа ямар ашигтай юм. Байхгүй бол ямар ашигтай юм бол?

-Ямар хэрэгцээ, ямар улс төрийн шаардлага байгаа вэ гэдгээ бодох ёстой. Үнэхээр хэмнэлтийн Засгийн газар байгуулах гээд байгаа юм бол улс орны эдийн засгийг аврах гээд байгаа юм бол жилдээ хоёр тэрбум төгрөгийн зарлагатай дэд сайдаар яах юм. Харин тухайн нам боловсон хүчнээ бэлдье гэж байгаа бол тэр нам дэд сайдтай байх үгүй нь өөрсдийнх нь асуудал. Зүгээр л улс төрийн шийдэл байхгүй юу.

-Олонх болсон улс төрийн намын дарга Ерөнхий сайд байх нь оновчтой юу, УИХ-ын дарга байх нь оновчтой юу?

-Олон улсын практикийг харж байхад ялсан намын дарга Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг. Монгол Улс парламентын засаглалтай. Эрх мэдэл нь парламентдаа байнаа гэж үзэх юм бол ялсан намын дарга яагаад Их хурлын даргаа хийж болохгүй гэж. УИХ-ын дарга нь гол бодлогоо зангидаад Гүйцэтгэх засаглалыг дуудаж ирээд асуух зүйлээ асуугаад, ажил даалгавраа өгч болно. Яагаад өөрөө тэнд очиж хуваарилалт хийх ёстой юм. Тийм биз дээ. Энэнд мөн л улс төрийн шийдэл хэрэгтэй. Түгээмэл практик нь Ерөнхий сайд болдог л доо.

-Улс төрийн намууд шинэчлэгдэх эхний алхам юу байх ёстой бол. Манайхан улс төрийн намууд шинэчлэл хийх ёстой гэж байнга л ярих юм?

-Улс төрийн намууд хамгийн түрүүнд эв санааны нэгдэлтэй байх ёстой. Шинэчлэл залуучуудаасаа эхэлдэг л дээ. Нам хүч тарамдан сарнихгүй, үйл ажиллагаа нь тогтвортой, төлөвлөлттэй байх шаардлагатай. Тэгж байж шинэчлэл явна. Тэгж чадахгүй бол шинэчлэл яриад ч хэрэггүй.

-Монгол Улсад 24 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн хүн амтай оронд ахадсан тоо гэх юм. Онолын хувьд ямар байдаг вэ?

-Энэ бол тийм их биш. Байдаг л тоо шүү дээ. Монголчууд 24 намыг бүгдээрэнг нь Их хуралд гаргах гээд байгаа юм биш. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр бүү хэл хоёулаа нэгдээд нам байгуулахыг хүлээн зөвшөөрчихвөл та бид хоёр яагаад нам байгуулж болохгүй гэж. Өнөөдрийн хуулиар 801 хүн нам байгуулах эрхтэй. 801 хүн эвлэлдэн нэгдээд нам байгуулах эрх нь нээлттэй байхад яагаад тоо хэмжээний хувьд их байна гээд хязгаарлах гээд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ.

-Зургадугаар сарын 29- нд УИХ, аймаг, нийслэлийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн систем хэр оновчтой байсан бэ?

-Шууд утгаараа 2000 оны сонгуулийн үйл явц харагдаж байна. Саяын сонгууль явуулсан мажоритар систем бол хамгийн муу хувилбар. Би хувьдаа холимог тогтолцоо буюу пропорциональ тогтолцоог дэмжиж байж намын төлөвшлийг бий болгоно гэж боддог. Тэгж чадаагүйгээс болоод сонгогчдоос хүчтэй хамааралтай парламентыг байгуулж байна. Энэ нь бодлогын хувьд ухралт болсон. Улс төрийн намын төлөвшлийг дэмжиж чадахгүй тийм систем.

– Манайх сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулдаг. Энэ удаагийн сонгуулийн систем муу байсан юм бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм байна, тийм үү?

-Ер нь бол өөрчлөх ёстой. Гэхдээ улс төрийн энэ өнцгөөс харах юм бол өөрчлөгдөхгүй. МАН өөрсдийн үнэмлэхүй ялсан тоглоомын дүрмийг өөрчлөхгүй болов уу. Тиймээс өөрсдийн давуу байдлыг хадгалж үлдэхийн тулд энэ парламентын хугацаанд өөрчлөлт орохгүй байх. Судлаачийн хувьд хэлэхэд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Амгалан: Ази-Европыг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдгийг улам баталгаажуулж Ерөнхий сайд, Сангийн сайд нар нь мэдэгдэл хийлээ. МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг мэдэгдлийнхээ хүрээнд үг дайгаад байна гэж харлаа. МАН үе шаттайгаар цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн. Гэсэн ч нэмэх боломжгүй юм биш үү?

-Бид ажил хийх ёстой. Гэхдээ эхний ээлжинд макро эдийн засгийн түвшнээ яах вэ. Нэг зүйлийг онцолж хэлье. Монгол Улс нэг төсөвтэй болох ёстой. Хоёрдугаарт, төсвийн хяналтыг маш сайн болгох хэрэгтэй. Гуравдугаарт, төсвийг хэмнэлттэй заръя, дөрөвдүгээрт, тасраад буй төсвийн алдагдлыг бууруулах, төлөгдөх ёстой өр ширийг зайлшгүй төлөх эдийн засгийн боломж, бололцоог хайх шаардлагатай.

МАН ажлын байртай болгоно, цалин хөлсийг нэмнэ. Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмнэ, эрүүл мэндийн асуудал дээр онцгой анхаарна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ хийнэ. Хийх ч ёстой. Ялангуяа Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг онцгой анхаарах шаардлагатай болжээ. Элэгний өвчнөөр өдөрт долоо, жилдээ 2600 хүн амь насаа алдаж байна. Элэгний өвчлөлийн халдвар авсан хүний тоо 450 мянгад хүрчихлээ. Үүнийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой. Элэгний өвчлөлийн вирусыг устгах эмийг анх 700 ам.доллараар оруулж ирж байсан бол одоо 400 ам.доллар болгон буулгаж цаашдаа 100 ам.доллар болгох арга замыг эрэлхийлж байна. Хэрэв тэгж чадвал 150 мянган монгол хүн эмчлэгдэх боломжтой болох юм.

-Зөндөө л бичиг цаастай зууралдсан сууж байх юм. Нууц биш бол ямар гэрээ хэлцлийн бичиг баримтууд байгаа юм бэ?

-Монгол Улс дата төвтэй болох ёстой гэж үзээд гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлэх хэрэгтэй болж. Ази-Европийг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй юм болов уу гээд л ажлыг нь эхлүүлчих санаатай байна. Мөн манай улсад аж үйлдвэрийн технологийн парк зайлшгүй шаардлагатай. Бид 2008 оноос хойш энэ талаар ярьж байгаа. Энэ хүрээнд Технологийн паркийн тухай хууль, Концессийн тухай хууль гарсан. Аж үйлдвэрийн парктай холбоотой ТЭЗҮ нь гарч, зураг төсөл нь бэлэн болсон. Одоо харин үүнийг ажил хэрэг болгох ёстой.

-Хаанаас гарч ирсэн ТЭЗҮвэ. Ерөнхий сайд Монгол Улсад хийж, хэрэгжүүлээд явчих боломжтой ганц ч бэлэн ТЭЗҮалга гэж мэдэгдсэн дээ?

-Өмнө нь хотын даргаар Г.Мөнхбаяр сайдыг ажиллаж байхад хотын төсвөөр хийсэн юм. Одоо нарийвчлан боловсруулж байгаа. Байгальд ээлтэй хром, сульфитыг шүүчихдэг, малын гаралтай түүхий эдийг иж бүрнээр нь боловсруулчихдаг, ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.

-Байршил нь хаана гэж. Одоогийн арьс, ширний үйлдвэрүүд бүгд л Туул гол руу бохироо цутгаад загас, жараахай нь үхэж байна шүү дээ?

-Эмээлтийн арьс ширний түүхий эдийн баазыг түшиглээд Хөшигийн хөндийн хойд талд байгуулах юм. Химийн бодисоор угаасан арьс, ширний бохироо шууд Туул гол руу цутгадаг гэсэн ойлголт бий. Анхан шатны цэвэрлэх байгууламжаар яваад төв цэвэрлэх байгууламж руугаа явчихдаг юм. Тэндээс гарсан ус Туул гол руу нийлж байгаа. Хэрэв энэ үйлдвэрийг бий болгочихвол зах зээлд нийлүүлэгдэж буй 10 сая ширхэг арьсыг иж бүрэн боловсруулах боломжтой болно.

-Одоо бол арьс, шир шиг хэрэггүй зүйл хөдөөнийхөнд алга. Жалгаараа дүүртэл нь овоолсон харагдана билээ. Одоо бол үнэ өсөх, экспортод гарах боломжтой болох юм байна. Энэ мөч хэзээ байх бол?

-Бид хийж үзээгүй биш үзсэн болохоор Аж үйлдвэрийн парк байгуулах ёстой. Монгол Улс гадагш нь экспортлоод байх арьс, шир, ноос, ноолуур, мах байхгүй. Харин боловсруулаад эхэлбэл баялаг болох юм. Үүнийгээ дагаад ажлын байр ч бий болно.

-Та бол аж үйлдвэрийн салбар Монгол Улсад хэрэгтэй гэж байгаа юм байна. Гэхдээ МАН Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж үндсэн чиг үүргийг нь өөр яамдад харьяалуулсан нь Монголын баялаг бүтээгчдийг цаазалчихаж байгаа хэрэг биш гэж үү?

-Аж үйлдвэрийн яамыг яагаад татан буулгах болсонтой холбогдуулан яриа явсан. Үүнд Ерөнхий сайд тодорхой тайлбар өгсөн. Яам яамны ажлыг аваад явсан нь бодлогын хувьд буруу. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аж үйлдвэрийн салбар яаж хөгжив. ДНБ хэрхэн өсөв гэдэг үзүүлэлтийг харахаар бодитой дүн гарч ирэхгүй байна.

-Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил гаруйн хугацаанд ажилласан. Үр дүн гарахын өмнө цаазалчихлаа л даа. Ямар ч ажлыг хийсэн тодорхой цаг хугацаа шаардагддаг?

-Цаазалж байгаа юм биш. Аж үйлдвэрийн бодлого гэдэг зүйл салбар салбарт байдаг. Салбарт нь эрхийг нь өгөхгүйгээр нэг яаманд бүгдийг нь өгч болохгүй. Тэгэхгүй бол бусад яамдынхаа чиг үүрэгтэй зөрчилдөх юм байна гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн юм.

Шинэчлэл зөв болж уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулаад өгнө. Өмнө нь ХХААХҮ-ын яам гэж байхад технологийн паркийн ажил хэвийн явж байсан. Монгол Улс үр тариагаа дотооддоо хангаад тэр бүү хэл экспортод гаргаж байлаа. Энэ бүгдийг жингийн туухай дээр тавиад харах ёстой. Аж үйлдвэрийн яамтай байсан гээд Оюу толгой, Таван толгой, төмөрлөгийн чиглэлийн зүйлс юу болов. Өргөн утгаар нь хараарай. Цаг хугацаа харуулах биз дээ.

-Эдийн засаг муу байна гээд анх удаа сонсож байгаа юм шиг МАН-ынхан хашгирцгааж байна л даа. Үнэндээ МАН-ын гишүүн Ч.Улаан хоёр жил Сангийн сайд, Ерөнхий сайд нэг жил Сангийн сайдаар ажилласан. Яагаад мэдээгүй юм шиг ийм зүйл яриад байгаа юм бэ?

-Зарим нэг мэдээлэл нь Сангийн яамаар явж байсан. Улсын нэг төсөв нь Сангийн яамаар явсан ч Монголбанк, Хөгжлийн банкны төсөвт Сангийн сайд нь тэр бүр оролцоод байх боломжгүй. Их хурал дээр нээлттэй мэдээлэл хийгээгүй тул тэр бүр мэдээлэл олж авч чадаагүй.

Нийгэмд үр ашгаа өгөхгүй төсөл хөтөлбөрүүдийг дахиж хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Ажлын байр, хуримтлал бий болгосон, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхүйц томоохон төслүүдээ хэрэгжүүлэх цаг болсон.

-Тухайлбал…

-Ерөнхий сайд нефть боловсруулах үйлдвэрийг барих ёстой гэж байсан. Томоохон уурхайнуудыг үр ашигтай хөдөлгөж, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих ёстой. Үр тариагаараа эх орноо бүрэн хангах хэрэгтэй. Хашаа, зам тавихыг эсэргүүцэж байгаа юм биш. Хэзээ гэдэг нь чухал. Ямар хөрөнгөөр тавих вэ гэдгээ бид тооцох шаардлагатай. Үр ашгаа өгөх, мөнгө болох төслүүдэд мөнгөө зарах ёстой. Энэ чиглэл рүүгээ явах байх гэж бодож байна.

-“Сайн” хөтөлбөрүүд бол төсвөөс мөнгө гараагүй, арилжааны банк олгож байсан. Заавал энэ хөтөлбөрүүдийг зогсоож байхаар “МАНай хашаа”, “МАНай оюутан” гэдэг ч юм уу үргэлжүүлж болно гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл хэлж байсан даа?

-Бид нийгэмд өгч байсан мессэжүүдээ эргэн санах ёстой. Улаанбаатар хот дэд бүтцийг бий болгон хувийн сайхан байшинтай болгоно гэж байсан. Дэд бүтцийг нь татаад өгнө гэсэн. Наад газар чинь маш их үнэ хүрнэ. Маргааш нь ирээд дэд бүтцийг нь тавиад өгнө гэсэн яасан гэж Яармагийнхан асууж байна. Энэ мэтчилэн үг, ажлын зөрүүнээс болсон. Үүнийгээ гоёж, чимэглэсэн шоу болгох хэрэггүй. Хашааг чинь сайхан болгож өгнө гэсэн яаав. Өнөөдөр хамгийн түрүүнд иргэд эрүүл баймаар байна шүү дээ. Хоёрдугаарт, ажилтай, орлоготой баймаар байна. Гуравдугаарт, цалингаараа авто машин, орон сууцтай болдог болмоор байна.

-Хэзээ тийм цалинтай болох нь тодорхойгүй. Гэхдээ тийм болтол Яармагтаа “заваараад” амьдар гэсэн үг үү?

-Бид энэ том ажлыг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Хамгийн бололцоотой газраас нь эхлэх ёстой.

-Тэндээсээ эхлээд явж байсан юм биш үү?

-Тэгсэн л юм бол энэ гэр хороолол чинь орон сууцны хороолол болохгүй яасан юм.

-Нийслэл хот нүүрээ угаасан хүн шиг боллоо гэдгийг хүн бүр яриад байгаа юм биш үү?

-Хийсэн ажлууд бий. Алдаатай хийсэн зүйлс ч бий.

-Бондын эргэн төлөлтүүд хийгдэнэ. Ирэх жилүүдэд амаргүй л байна байх даа?

-Монголчууд хувь заяа өндөртэй хүмүүс. Гурван сая ард түмэн буянт малынхаа ачаар өлсөж, цангаж үзээгүй. Юу юугүй модоо барьчихгүй байх. Төрийн зөв бодлого явуулчихад Монгол Улс босоод ирнэ. Баялаг бүтээгчдээ дэмжин, гадны хөрөнгө оруулагчдыг татаад, тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд, өмнө нь эхэлсэн томоохон төслүүдээ цаг алдалгүй явуулчихад босоод ирнэ. Бодлогын том алдааны улмаас л ийм болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих цаг ирсэн. Тэгэхгүйгээр төрийн дэргэд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад бизнесийг нь булааж болохгүй. Татварын хөнгөлөлт үзүүл, шударга өрсөлдөх орчныг нь нээж өг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Засгийн газар юу хийх ухаанаа олохгүй байна

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-2016 оны УИХ-ын сонгуулиар АН ялагдал хүлээлээ. Өнгөрөгч дөрвөн жилд танай нам маш их бүтээн байгуулалт хийсэн ч үр дүн гарсангүй. Иргэдийн сонголт МАН руу эргэсэн шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Ардчилсан намын ялагдал хүлээх болсон хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан нь маш том алдаа болсон. Өнгөрөгч сонгуулиар нийт сонгогчдын 37 хувь нь Ардчилсан намд саналаа өгсөн. Үүнээс үзэхэд бид Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд үндэслэгдсэн Ардын намын тоглолтод орж, жижиг мажоритар системээр сонгууль явуулсан нь бидний ялагдах хамгийн том алдаа болсон. Хоёрдугаарт, Ардчилсан намын удирдлагууд дээд түвшиндээ хэл амаа ололцохгүй тэмцэлдэж байна гэдэг шуугиан дөрвөн жил цацагдсан. Сөрөг хүчин болох МАН-ынхан Ардчилсан нам ард түмнийг удирдаж чадахгүй юм байна. Төрийг авч явж чадахгүй юм байна. Сандал ширээ булаацалдаж дөрвөн жилийг өнгөрүүлдэг юм байна гэдэг ойлголтыг төрүүлж чадсан. Үнэндээ Монгол ардын намынхны хийсэн “гавьяа” энэ л байсан. Уг хоёр хүчин зүйл Ардчилсан намыг ялагдал хүлээх гол шалтгаан болсон гэж хувьдаа бодож байгаа.

-Гэхдээ иргэдийн ая тухтай орчинд амьдрахаас эхлээд бүтээн байгуулалтын тэр том ажлууд үр дүнгүй байсан хэрэг үү. Замтай бол замтай, байшинтай бол байшинтай гээд их зүйл дөрвөн жилд өөрчлөгдсөн дөө?

-Аливаа зүйл хоёр талтай. Ард түмнийг буруутгахаасаа өмнө өөрсдөөсөө буруутныг хайх хэрэгтэй. Ардчилсан нам бүтээн байгуулалтын ажил хийсэн үү гэвэл хийсэн. Үүнийг яаж ч нуух гээд нэмэргүй. Хамгийн гол нь Ардчилсан нам өөрийн үнэт зүйлсээ ард түмэнд ойлгуулж чадсангүй. Учир нь манай нам барууны үзэл баримтлалтай. Манай нам барууны гэж байгаа ч үнэндээ консерватив нам юм уу, либериал нам юм уу эсвэл либериал консерватив юм уу гэдэг гол ялгаагаа бид ард түмэнд бүрэн утгаар нь ойлгуулж чадаагүй. Иргэддээ ойлгуулаад өгчихсөн бол бидний хийж бүтээсэн хийгээд хийхээр зорьж, тэмүүлж байсан ажлуудыг ард түмэн ойлгож, мэдрэх байлаа.

МАН өөрсдийгөө зүүний үзэл баримтлалтай нам хэмээн зарлан тунхагладаг. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл, Ерөнхий сайд, Сангийн сайдын хоёр удаагийн хэвлэлийн хурлыг аваад үзэхээр Монгол Ардын нам социал демократ үзэл баримтлалаасаа татгалзаж байна гэж харагдлаа. Либериал юм уу, консерватив намын үзэл баримтлал социал демократ намаас эрс өөр байх ёстой. Тухайлбал, консерватив нам уламжлалаа хадгалсан, аажмаар хөдөлгөөн хийх хатуу чиг шугам барьсан тийм нам байх ёстой. Бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийгээ тууштай хамгаалаад, иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Харин зорилтот бүлэгт олгох халамж тусдаа асуудал. Бид либериал гэдэг үзлээ илүү барьж байсан бол иргэдийн өөрөө өөрийгөө авч явах эрхзүйн орчныг нь яаралтай өөрчилж өгөх байсан юм. Гэвч харамсалтай нь энэ бүгдийгээ бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Ардчилсан нам яг ямар үзэл бодолтой, ямар онолоор зэвсэглэсэн, юуны төлөө явдаг вэ гэдгээ тодорхой болгож чадаагүй нь бидний алдаа мөнөөсөө мөн.

-Ардчилсан нам олон намын нэгдэл гэдэг утгаараа нэг цэгт хүрнэ гэдэг тийм ч амар биш байх л даа?

-Ардчилсан нам олон намын нэгдэл. Манай намд социал демократ, либериал, консерватив тэр бүү хэл пролетарийн үзэл ч агуулагдаж байсан. Ийм олон үзэл баримтлалтай намууд нэгдэн 26 жил болохдоо үзэл баримтлал маань яг энэ шүү гээд 100 хувь санал нэгдэж чадалгүй явсаар 26 намрыг угтаж байна. Энэ алдаа байсан гэж би хувьдаа хардаг. Бид тодорхой үзэл баримтлалыг тухайлбал, либериал консервативыг тугаа болгосон нам гэх юм бол АНУ-ын Бүгд найрамдах нам гэдэг юм уу бусад орнуудын сонгодог загварыг авч Монголын хөрсөнд буулгах ёстой байсан байхгүй юу. Түүнийгээ Ардчилсан нам хийж чадсангүй. Нэг харахад либериал ч юм шиг, нэг харахаар социал демократ ч юм шиг явсны гай өнөөдрийн байдалд хүргэсэн. Тиймээс ард түмэнд буруу өгөх боломжгүй. Тэгэх ч хэрэггүй.

Монгол ардын нам өнгөрөгч сонгуулиар үнэмлэхүй олонх болсон. Үнэмлэхүй олонх болонгуутаа бид зүүний үзэл баримтлалтай нам гэдгээ зарласан. Ардын намын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь зүүний үзэл баримтлалын хүрээнд гарсан байхгүй юу. Гэсэн ч Ерөнхий сайд, Сангийн сайдынх нь хэлж буйгаар зүүний чиг баримжаанаасаа ухарч байгаа зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэндээ Ардын нам ч гэсэн өнөөдөр 100 хувь зүүний үзэл баримтлалтай нам гэхэд эргэлзээтэй байна. Аль ч нам өөрсдийн үзэл баримтлалаа тодорхой болгоод үүгээрээ уралдаж байгаа гэдгээ ойлгуулахгүй бол ард түмэн тэр чигтээ үлдэнэ.

Яагаад өнөөдөр гэнэт цалин хасч, ажлын байрыг хорогдуулах болов. Үнэндээ энэ бүхэнд өмнөх Засгийн газраа буруутгаж байгаа боловч чинхүү өөрсдийн үзэл баримтлалаас ухарч байгаа гэдгээ ойлгохгүй байна.

-Ардчилсан намынхан улсын дансыг улайлгаад хаячихсан. Үүнээс өөр сонголт алга гэж байна. Та Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн даргаар ажиллаж байсны хувьд энэ тал дээр тайлбар өгөх ёстой хүний нэг л дээ?

-Намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга болсны дараа УИХ-ын дарга “Монгол орны эдийн засаг яг ямар түвшинд байна. Цаашид ямар асуудал тулгарахаар байна. Энэ бүгдээс гарах ямар гарц байна” гэдгийг тодорхойлох том ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг нь би ахалж байсан. Тэр дүгнэлтийг УИХ-ын гишүүд гаргаагүй. Эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм. Тийм ч сайхан эдийн засаг үлдээгээд явчихсан хүмүүс нь МАН-ынхан биш шүү дээ.

Ардчилсан намынханд муу муухай бүхнээ нялзаах гээд хэрэггүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Оюу толгой, Таван толгойгоос сонгуульд зориулж халамж өгөх гэж эх үүсвэргүй мөнгө тараасан гэдэг нь тодорхой байсан. Хэрэв эдийн засгийн асуудал ярих гэж байгаа бол эндээс эхэлж ярих ёстой. Яагаад бонд босгох болов, яагаад УИХ бонд гаргахыг зөвшөөрөв гээд асуултууд урган гарч ирнэ. 2012 онд үнэхээр 17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй, тийм хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй Засгийн газрыг хүлээлгэж өгсөн бол бондын асуудал яригдахгүй. Тэнэг хүн ч үүнийг ойлгоно. Тийм биш байсан тул бондын асуудал босч ирсэн. УИХ-д бонд босгох асуудал оруулахад таван тэрбум ам.долларын бонд босго гэдэг шийдвэр гарсан. Үүнээсээ эхлээд 1.5 тэрбумаа босго гэж шийдсэн. Одоо хэн нь хэнийгээ буруутгах гээд байгаа юм бэ. Ардын намынхан тэр үед хүчтэй цөөнх байсан.

-Гарцаа тодорхойлохгүй байж эргэж харж яриад байгаа нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй боллоо гэдгээ битүүхэн сануулаад байгаа юм биш үү. Нийгэмд ийм хардлага байна?

-Манайхан “нүхээ малтана” гэж ярьдаг даа. Ардын нам тийм зүйл л хийж байхгүй юу. Яахав дээ ийм явуургүй оролдлого хийгээд эдийн засагтаа ус болно уу гэхээс тус болохгүй. Монгол ардын намынхан сонгуульд санал авахын тулд боловсруулсан өөрсдийн мөрийн хөтөлбөр нь худлаа байсан юм. Ард түмний саналыг худалдаж авсан байна гэдгийг илүү тодорхой болгож байгаа хэрэг. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам олонхийг бүрдүүлсэн, Ардчилсан намын Засгийн газар байсан хэдий ч одоогийн МАН-ын гишүүн Ч.Улаан хоёр жил Сангийн сайдаар ажилласан. Мөн одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэг жил Сангийн сайдаар ажилласан бол Ардчилсан намын Б.Болор Сангийн сайдаар найман сар ажилласан байхгүй юу. Бүхэл бүтэн гурван жил Сангийн яамны төлөв байдал, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, орлого, зарлагыг хянаж байсан хүмүүс нь эд нар. Төсвийн байнгын хорооны дарга нь МАН-ын гишүүн Ц.Даваасүрэн, дараагийн дарга нь Ч.Хүрэлбаатар гээд явсан биз дээ. Бүх зүйл Ардчилсан намаас болсон гэх юм бол өрөөсгөл шүү. Одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн тухайн үед Төсвийн ажлын хэсгийн гишүүн, МАН-ын бүлгээс төсвийн ажлын хэсгийг ахалж ажилладаг байсан. Ингэж явж ирсэн байж огт мэдээгүй юм шиг, гэнэтхэн ийм зүйл дээр уначихсан юм шиг ярьж байгаа нь үнэнийг хэлэхэд инээдэмтэй байна.

Ардын нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байх арга замыг хайж буруутанг тогтооход бүх анхаарлаа чиглүүлж байна гэдгийг гадны экспертүүд тодорхой биччихсэн байна лээ. Бодит үнэн ердөө л энэ. Би МАН-ын Засгийн газрыг 100 хоноогүй байхад нь тийм, ийм гэж ярихаасаа илүүтэй мэдэгдэл хийж байгаа хүмүүс нь туйлын хариуцлагагүй байна л гэж хэлэх гээд байгаа юм.

Ийм нөхцөлд бид юу хийж байсан бэ гэхээр УИХ-ын чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Байнгын хороон дээр эхэлж хэлэлцээд, нийтэд цацах шаардлага байна уу үгүй юу гэдгээ ярилцан хариуцлагатай мэдэгдэл гаргадаг байлаа. Мэдэгдэл гаргахдаа ийм байгаа зүйлийг ийм болгох гэж байна гэсэн тодорхой чиглэл гаргадаг байсныг санаж байгаа байх. Одоо УИХ-ын чуулган нь завсарлачихсан, Засгийн газартаа чиглэл өгсөн боловч Засгийн газар нь юу хийх ухаанаа олохгүй байна. Тиймээс ойр ойрхон буруутан хайсан мэдэгдэл хийлээ.

-Одоо асуудлаа шийдэх гарц байгаа болов уу. МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих үү?

-Б.Чойжилсүрэн “Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй боллоо гэдгээ зарлая” гээд зарлачихсан шүү дээ. Үүнийг Ерөнхий сайд нь баталгаажуулаад өгчихсөн. Энэ бол тодорхой асуудал. Буруутан нь Ардчилсан нам гэж байгаа юм бол энэ нам чинь эзэнтэй. Тухайн үеийн удирдлагууд, Сангийн яам, Засгийн газрын гишүүд нь байна. Үнэхээр ил тод байлгах гээд байгаа юм бол асуудлыг тодорхой ярих ёстой. Ерөнхий сайдын ярьж буйг сонсоход аль аймаг нь мэдэхгүй, нэг аймагт таван км авто замыг найман тэрбум төгрөгөөр тавьсан байна гэсэн. Үнэхээр мэдэж байгаа бол нэр устай нь зарла л даа. Тийм зүйлээ ярихгүй, яагаад бөөрөнхийлөөд байгаа юм. Гаргалгаа нь алга. 12-18 сарын дотор эдийн засгийн эхний үе шатаа дуусгана гэж байсан. Дараа нь хоёрдугаар үе гээд явахад Засгийн газрыг хангалттай шүүмжлэх боломжийг бий болгоно.

Хоёрдугаарт, өнгөрсөн дөрвөн жилийн турш Монгол Улсын эдийн засгийг муу байлгах гэж, Ардчилсан намын Засгийн газрыг муухай харагдуулах гэж, ард түмнийг Ардчилсан намын Засгийн газар руу турхирах шат дараатай арга хэмжээ авсан. Үүний үр дүнд хөрөнгө оруулалтууд байхгүй болсон. Хөрөнгө оруулалт зогссон шалтгаан нь 2012 оноос өмнө гаргасан хууль эрхзүйн орчин байсан. Ц.Нямдорж ч гэсэн үүнийг тодорхой хэлж байсан. Бид хууль эрхзүйн орчныг нь засч залруулсан боловч хөрөнгө оруулагчид итгээгүй. Итгэхгүй байх бүх арга чаргыг Ардын намынхан өөрсдөө бүрдүүлсэн. Тэдэнд дахиад итгэдэг гадна дотнын хөрөнгө оруулагчид байхгүй. Монголын ард түмэн ойрын хэдэн жилдээ хүнд зам туулна. Нэгэнт л бид чадна, энэ Засгийн газрыг авч ингэж өөрчилнө, ийм болгоно гэж амлаж орж ирсэн хүмүүст одоо ажлаа хийх цаг чинь болчихлоо гэж хэлмээр байна. Бид ажил хийхэд нь саад болохгүй байна. Хөндлөнгөөс хийх ажлыг нь харж байна шүү дээ. Харамсалтай нь ярьж байгаа зүйлс нь өөрсдийгөө унагаад байх юм.

-Ардчилсан намын Засгийн газрын үед нэг ч бүтэн ТЭЗҮ гаргасан төсөл алга байна гэж байсан. Дөрвөн жил яг юу хийсэн болж таарч байна вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хариуцлагагүй мэдэгдлийн нэг нь энэ. ТЭЗҮ гарсан нэг ч төсөл Монгол Улсад алга байна гэхэд надад сонин л санагдсан. Тусгаар тогтносон Монгол Улсад ганц ч ТЭЗҮ бэлэн болоогүй байна гэдгийг сонсоод гайхаж байгаа юм. Нэг ч ТЭЗҮ гараагүй байгаа бол буруутан нь Ардын нам шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө яагаад ганц ТЭЗҮ бэлэн болгож чадаагүй юм. Өнгөрсөн дөрвөн жил тэр хүмүүс бэлэн болгох нөхцөлийг нь хаасаар байгаад дууссан. Төмөр замыг жишээ авч ярьж байгаа бол 2008 оноос эхлэн ярь. Ийм асуудлууд байсаар байтал АН-ынхан зөвхөн буруутай, бид цэвэр цагаан цаас гэж ярьж болохгүй л дээ. Ингэж ярьж байгаа нь үнэндээ хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байна. Бид гоншгоноод байх юм байхгүй. Энэ бол улс төр. Үнэхээр шилэн байя, үнэхээр хуулийн хүрээнд ярья гэж байгаа бол өөр асуудал.

-Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан байна лээ. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх. Эдийн засагт нөлөө үзүүлнэ гэж байгаа юм билээ?

-Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр маш том алдаатай зүйл ярьсан нь наад асуудал чинь. Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл байгуулж болохгүй. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалсан хуультай. Бид хуульд захирагдах болохоос нэг зөвлөлөөр хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулаад явж таарахгүй. Хууль цаазтай, парламентын засаглалтай энэ оронд томилогдсон Ерөнхий сайд нь хуулиас гадуур зөвлөлөөр асуудал шийднэ гээд яриад явж байгаа нь энэ хүн хэн бэ гэдгийг харуулж өгч буй том жишээ. Шинэ хүн алдаа гаргалаа гэхэд дэргэд нь байгаа туршлагатай улстөрчид нь яагаад зөвлөхгүй байгааг гайхаж байна.

Ерөнхий сайдыг толгойгүй, эрх мэдэлгүй байна гэж шүүмжилсний хариу болгон толгойтой хүн болох гэж яаран сандран мэдэгдэл хийлээ гэж харж байгаа. Энэ миний харж байгаа өнцөг л дөө.

-ҮЗХ-ны хурал наймдугаар сарын 25-ндаа хуралдах уу. Зургаан асуудал хэлэлцэнэ гээд байгаа ч олны анхаарлын төвд байгаа нь намын даргын асуудал. ҮЗХ-ны хурлын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ярьж байна. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ ямар шинэчлэл вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Ардчилсан нам намын дүрмээ маш сайн хийсэн. Дүрэмд өөрчлөлт хийж алдаа гаргасан зүйл бий. Үүнийг засч залруулъя гэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл хөгшин, залуу гэж насаар нь хуваагаад тэдээс дээш насныхан хэрэггүй гэж байгаа бол асуудал өөр тийшээ эргэнэ. Залуус нь шинэчлэл хийе гэж байгаа юм бол АН-д ямар шинэчлэл хийх гэж байгаа юм бэ гэдгээ тодорхой болго. Энэ чинь тодорхойгүй байна. Манай намын залуус сэтгэлийн хөөрлөөр ажиллаж байгаа гэдэг нь харагдаад байна. Залуус л АН-ыг шинэчилнэ, хөгшчүүл зайгаа тавьж өг гэж байгаа нь учир дутагдалтай. Нам гэдэг бол тасралтгүй эргэлдэж байдаг институци. Тэнд залуу, идэр, ахмад гээд бүх үеийн төлөөлөл эргэж байдаг юм.

Бид дүрмийн алдаанууд засч урагш алхахаас биш цоо шинэ дүрэм батлан гаргана гэх юм бол тэрнээсээ илүү юм болно. Тиймээс энэ талаар ярьж байгаа хүмүүс бодож, тунгааж ярих ёстой.

Наймдугаар сарын 25-нд АН-ын ҮЗХ-ны хурал хуралдана. Хэлэлцэх асуудал нэгэнт тодорхой болсон тул тэр асуудлаа л ярих шаардлагатай. Намын даргын асуудал тодорхой болсон. Арванхоёрдугаар сарын зургаанд намын даргын сонгууль болно. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар Их хурал хүртэл намын даргыг сонгож болох юм. Ер нь намын даргыг анхан шатны бүх нэгжийг хамруулан сонгуулах нь зөв гэдэг дээр бүгд шахам санал нэгдэж байх шиг байна. Миний уулзсан хүмүүс үүнийг дэмжиж байгаа юм билээ. Би ч өөрөө дэмжигчдийн нэг нь. Марафоноор даргаа сонгох нь зөв. Ингэж намын дарга болсон хүн цаашид хүртээмжтэй байдлаар ажиллаж чадна, хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар сонгогдсон намын дарга энэ шаардлагыг хангахад хэцүү. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Үр дүн яаж гарахаас шалтгаалан одоо болсон намын даргыг янз бүрийн байдлаар дайрах хандлага гарч магадгүй. Одоо хуралдах ҮЗХ-ны хурлаараа ямар хүнийг намын даргаар сонгох вэ гэдгээ сайн ярих хэрэгтэй. Энэ дарга маань арванхоёрдугаар сарын зургааны өдөр Их хурлаар томилогдох намын даргын марафонд орох эрхтэй юу, эрхгүй юу гэдэг дээр асуудал боссон. Одоогийн дүрмээр намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажлын хэсгийг удирдуулаад бэлтгэл хангуулж болох ч нам удирдлагагүй боллоо гэдэг яриа байна. Үүнийг ҮЗХ-ны гишүүд шийдэх байх.

-Фракцгүй Ардчилсан нам санаачилга гарч байсан. Одоо намын даргаа бас нэг фракциас сонгочих вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Фракциуд намын дарга сонгох гэж байна гэх мэтчилэн янз бүрийн яриа байгаа ч үнэндээ улс төрийн орон зай хайсан тоглолтууд. Үнэхээр Ардчилсан намын төлөө, намын шинэчлэлийн төлөө явж байна уу гээд бодохоор бас өөр дүр зураг харагдана. Ардчилсан намыг шинэчлэхийн тулд миний дээр хэлсэнчлэн либериал нам юм уу, консерватив юм уу, либериал консерватив нам уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Үүндээ зохицсон дүрэм гарах байх. Би иймэрхүү л итгэл үнэмшилтэйгээр ҮЗХ-ны хурлыг хүлээж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Монголыг монголчууд хөгжүүлнэ” уриатай Дарханы төмөрлөгийнхөн

Дархан аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих бүрэн боломжтой, дэд бүтэцтэй нутаг хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь хэзээнээсээ аж үйлдвэрийн бус нутаг хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Бүтээн байгуулалтын дээд “Төрийн гэрэгэ”шагналыг мичин жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүртсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг “Танайд өнжье” буландаа онцоллоо. Сурвалжлагаа бэлтгэхээр Дархан хотноо очиход намрын хонгор салхи сэрчигнэн байснаа төд удалгүй намирсан зөөлөн бороо болон үргэлжилэв.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ДАРХАНЧУУДЫН ИТГЭЛИЙН ГАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА

1990 оны цагаан морин жил Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн тэр жил Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Бурхантын хөндийд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” өрхөө татсан түүхтэй. Харин тус үйлдвэр ашиглалтад орсон цаг хугацаа нь 1994 он. Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөл болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн“Дэлхийн жишигт хүрсэн “Уул уурхай-Металлургийн цогцолбор” үйлдвэр болохын тулд цаг нартай уралдан, дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийн хүчээр “зүтгэж” байгаа юм байна. Бурхантын хөндийгөөс зүүн урагшаа 10 орчим км яваад бидний сайн мэдэх Дарханы төмөр хүнийг өнгөрөөд үйлдвэр рүү яваад орчихдог юм билээ. Үйлдвэрийн оффисын хаалгаар оронгуут “Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын үндэсний тэргүүлэгч компани болох” хэмээх эрхэм зорилго нь харааны түвшинд байрлуулсан тул хамгийн түрүүнд нүднээ тусна. Хаалганы баруун талд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хамт олны ажил үйлсээрээ манлайлан хөдөлмөрөө үнэлүүлсэн цомуудыг хоргонд ярайтал өрсөн харагдана. Орох айл үүднээсээ гэж монголчууд хэзээнээс хэлэлцэж ирсэн улс. Ямартай ч тус үйлдвэрийнхэн маш хөдөлмөрч хүмүүс гэдэг нь авсан шагналуудаас нь харж болохын дээр том үйлдвэр гэлтгүй тунчиг цэвэрхэн байгууллага гэсэн анхны үнэлэмжээ хэнбугай нь ч шууд өгчихмөөр.

Тус хамт олны уриа “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэсэн ердөө гуравхан үг. Үгийн цаадах утгыг ухаж чадаж гэмээнэ тэдний өмнө ямар том зорилт байгааг түвэггүй ойлгочихно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц ердөө л аж үйлдвэрлэлийг өндөр зэрэглэлд хөгжүүлсэн байдаг. Дэлхийн жишигт нийцэх гэж, даяарчлагдсан бөмбөрцөгийнхнөөс хоцрохгүйн тулд Монголоо өөрсдөө хөгжүүлэх алтан зарчимдаа энэ үйлдвэрийнхэн үнэнч явна. Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай орны хувьд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж дэлхийд өрсөлдөнө гэдгээ мэддэг болсон. Монгол Улсын металлургийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн ажиллаж байна. Улсдаа л металлургийн салбарын анхдагч тус үйлдвэрийнхэн хүнтэй зүйрлүүлбэл эр бие жагссан эх орны “хүү” болжээ.

Тус үйлдвэр рүү ирэхийн өмнө Дархан-Уул аймагт амьдардаг Л.Отгонбаатартай ярилцаж байхад “Манай төмөрлөг чинь одоо ч гэсэн Дарханы гол үйлдвэр хэвээрээ. Найзууд маань тэнд л ажиллаж ар гэрээ авч явж байна. Нэг үгээр хэлбэл итгэлийн гал одоо ч асаалттай байна” хэмээн ярьж байсан нь санаанд илхэн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хаягдал төмөр хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Тэгвэл удахгүй төмрийн хүдрээ түүхий эд болгон ашиглаж ган үйлдвэрлэдэг болох том зорилтын төлөө бүгд л нэгэн дуугаар хичээн ажиллаж байгаа юм билээ. Төмрийн хүдрээ өөрсдөө боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж чадах Монголын хамгийн том үйлдвэр мэдээж Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Тус үйлдвэрийн хамт олон Хонгор сумын нутагт жилд 700 мянган тн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон соронзон баяжуулах үйлдвэрийг хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтанд оруулаад авчээ.

Үйлдвэрийн хашааны баруун хэсэгт “Нойтон баяжуулах үйлдвэр” гэсэн том байшин харагдана. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийнхээ уурхай тус бүр дээр “Хуурай соронзон баяжуулах үйлдвэр” барьжээ. Хуурай соронзон баяжуулах үйлдвэр нь төмрийн хүдрийг хуурай орчинд буталж тээрэмдээд соронзон ангилагчаар төмөртэй хэсгийг ялгаж аваад нойтон баяжуулах үйлдвэр рүүгээ тээвэрлэдэг аж. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж явахад Нойтон баяжуулах үйлдвэр нь сул зогсолттой байлаа. Олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ унасантай холбоотой юм байна. Нэг үгээр хэлбэл талх үйлдвэрлэгчид 1000 төгрөгийн өртөгөөр бүтсэн талхаа хэзээ ч 900 төгрөгөөр зардаггүй. Үүнтэй л агаар нэгэн зүйл болжээ. Өмнөх жилүүдэд хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоо дэлхийн зах зээл дээр 36 ам.доллар болтлоо огцом буурсан нь сул зогсох шалтгаан болсон юм. Төмрийн хүдрийн зах зээл яг ийм нөхцөл байдалтай байгаа. Бүтээгдэхүүний өөрийнх нь өртөгт ч хүрэхгүй байгаа тул зах зээл сэргэхийг хүлээж байгаа аж. Нойтон баяжуулах үйлдвэр нь жилдээ нэг сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа нэг номер гэсэн үг. Нойтон баяжуулах үйлдвэрээс гараад ирснийх нь дараа барихаар төлөвлөсөн шууд ангижруулсан төмрийн үйлдвэр рүүгээ оруулаад 90-ээс дээш хувийн төмрийн агууламжтай төмөр гаргаж авдаг байна. Ангижруулсан төмрөө гаргаж аваад дангаар нь эвсэл хаягдал төмөртэйгээ хамт хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг процессийг төслийн хоёр шатанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хэллээ. Нойтон баяжуулах үйлдвэр дэргэдээ хаягдлын байгууламжтай баригджээ. Хаягдлын байгууламж нь орчин үеийн геомембран доторлогоотой тул төмрийн хүдрээс гарах шороотой зутан газрын хөрсөнд шингэх боломжгүй ажээ. Хаягдлын далан нь 465 мянган метр куб-ын багтаамжтай. Нүдээр үзсэн хүнд уулга алдмаар том юм билээ. Нойтон баяжуулах үйлдвэрийн усны талаар сонирхоход хаягдлын далан руу зутантай орсон усаа эргүүлэн ашиглах гэнэ. Түүнийхээ шугам хоолойг ч тавьчихаж. Нэг хэрэглэсэн усаа дахин хэрэглэнэ гэсэн үг.

Дарханы төмөрлөгийн баяжуулах үйлдвэрүүд нь АНУ-ын “TRIO”, Герман-Хятадын хамтарсан “SANME”, БНХАУ-ын “ZENITH”, АНУ-БНХАУ-ын хамтарсан “ERIEZ MAGNETICS” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон талаар үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьж байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг тул ажилчдын эрүүл ахуй улам баталгаатай болжээ. Дарханы иргэдийн эрүүл мэндэд хортой болон бүс нутгийн байгаль орчинд сөрөг нөлөөтэй ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нь тус үйлдвэрийн хариуцлагыг илтгээд өгнө. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрээ барихаар газраа хэдийнэ бэлтгэжээ. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр гэдэг нь бидний хэлж заншсанаар өнөө гангийн үйлдвэр юм. Гангийн үйлдвэр барих гэрээ хэлцэлдээ гарын үсэг зурж, төсөл хэрэгжиж эхлэх эхний алхмуудаа хийгээд байгаа юм билээ. Тус үйлдвэрийг барих төсөл дээр хамтран ажиллах гадны компанийн мэргэжилтнүүд ирээд явсан байна. Одоо зураг төслөө хийх ажилдаа ороход бэлэн болжээ. 400 мянган тонны хүчин чадалтай гангийн үйлдвэр барина гэдэг бол хашаанд байшин барихаас ангид учраас зураг төслөө гаргахад багагүй хугацааг зарцуулах нь. Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ хоёр сая тонн бүтээгдэхүүн ачих хүчин чадалтай, 54 вагон нэг удаадаа орох хоёр салаа замтай терминалийг хаягдлын далангийнхаа баруун талд барьжээ.

Тус үйлдвэртэй холбоотой өөр нэг чухал ажил нь Ган бөмбөлгийн үйлдвэр барих. Тоног төхөөрөмжөө Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон тул үйлдвэрийн сууриа цутгах ажлаа эхлүүлэх гэж байлаа. Монгол Улсдаа ган бөмбөлөг үйлдвэрлээд эхэлбэл Эрдэнэт, Оюу толгойгоос эхлээд дотоодын баяжуулах үйлдвэр, станцууд гаднаас өндөр үнээр ган бөмбөлөг авах шаардлагагүй болно. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бэлдэц, арматур, булан төмөр гэсэн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол дахин нэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэр төрлөө олшруулах юм. Ингэснээр мэдээж өрсөлдөх чадвар нь улам л нэмэгдэнэ. Манай орны хувьд төмрийн үйлдвэрүүд хаягдал төмрөөс хараат байдаг. Үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжсэнээр энэ хараат байдлаас гарчих боломж нээгдэнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт уурхай, үйлдвэр нийлээд 1400 орчим хүн ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь Дарханы харьяалалтай иргэд гэнэ. Ямар ч байгууллага ажилтнуудаа сэтгэл хангалуун ажиллах нөхцөл бололцоог хангаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байдаг билээ. Тэд энэ бүгдийг хийсэн байна.

“ТӨРИЙН ГЭРЭГЭ” ХҮРТСЭН ХАНДГАЙТ-ТӨМӨРТЭЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ХИЙГЭЭД ЕРӨӨ, ХҮДЭР СУМДЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМ

Сэлэнгийн Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сум чиглэлийн 104.5 км хатуу хучилттай авто замын ажил ахицтай байна. Төмөртэй орд руу явах гол авто зам нь энэ л дээ. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнийн уналтаас шалтгаалж түр зогсолт хийгээд буй уурхайн ажилчдаа ажлаар хангахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн тус замын үндсэн гүйцэтгэгч “Пик Девелопмент” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр авто замын газар шороо, далангийн ажлыг хийж байгаа юм. Эл зам ашиглалтад орсноор Ерөө, Жавхлант, Хүдэр сумдын иргэдийн амьдралд томоохон дэмжлэг болох учиртай. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн 104.5 км авто замыг бараг л нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгаа гэхэд болно. Нэгэнт нийгмийн хариуцлага гэж дуугарсных өөр хэдэн зүйл дурсахыг хүслээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа олны ам сайтай байх юм билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд мөн Дархан-Уул аймгийн Хонгор суманд сайжруулсан шороон зам тавих, ахмадын хорооны байрных нь шугам сүлжээг сайжруулжээ. Налайхад байгуулагдсан Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд Дарханы 10 оюутны сургалтын төлбөрийг даан суралцуулж, ахмадууд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын чиглэлийн олон ажлыг нь дурдаж болохоор.

104.5 км хатуу хучилттай энэ авто замаар төмрийн хүдэр тээвэрлэхгүй тул замын эвдрэл гарахгүй гэсэн үг. Ямар ч байсан нутгийн иргэд авто замтай болж буйдаа тунчиг сэтгэл хангалуун байгаа юм билээ. Жил жилийн сонгуулийн амлалт болж, хэдэн парламент солигдсон ч ганц хүрз шороо ч асгаагүй байсан зүйлийг ажил хэрэг болгосон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд талархсан нутгийн зон олны үг амнаас ам дамжин яригдсаар байна. Дарханы “Бирж” гэж хөлийн газар бий. Тэндээс Ерөө, Хүдэр, Бугантын чиглэлд микро автобусууд явдаг юм билээ. Тус чиглэлийн зорчигч, жолооч нараас “Зам хэр байна гэхэд” “Ерөө өнгөртөл сайхан замтай болсон. Хүдэр хүртэл явах юм гэсэн. Бушуухан дуусчихвал иргэд бидний амьдралд тун хэрэгтэй байна. Өмнө нь машинаа тачигнатал давхидаг байсан бол одоо ч огт өөр болсон” хэмээн ам уралдан ярих. Тус авто замаар явж байхад “Монголчууд зам тавиад сурчихжээ” гэж бодогдохоор. Зарим зам шинээр баригдсан ч энхэр донхол, донсолгоотой байдаг бол энэ замын хувьд ярих юмгүй “шил толь”. Өмнө нь ямартай ч цаг гаруй “санжигнуулдаг” байсан замыг жижиг суудлын авто машинаар 20 минутын дотор л туулж байсан нь цаг хугацаа, авто машины эвдрэл гэмтэл, бензин, шатахуунаас эхлээд олон зүйлд эерэг алхам болсон байлаа. Харин Хүдэр сумын иргэд “Өвлөөс өмнө манай сум холбогдчихвол их хэрэг байна” гэсэн юм. Тус замаар ногоо ачсан портер машинууд салхи татуулан давхицгааж байгаа нь иргэдийн амьдралд ямар нэмэртэй байгааг хэлээд өгнө.

Өнгөрөгч хавар Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөр замын нээлт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болж байлаа. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрээ авто замаар тээвэрлэхэд зардал ихээр шаардагдаж байсан тул өөрсдийн хүчээр, онцолбол монголчууд Хандгайт-Төмөртэй чиглэлийн 33.4 км төмөр замыг бүтээн байгуулж чадсан нь тэр байв. Тус төмөр зам нь “Болд төмөр Ерөө гол” компанийн Хандгайт өртөөнөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэй уурхайн чиглэлд хамаарна. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн“Уул уурхай-Металлургийн цогцолбор” барих төслийн үе шаттай хийгдэж буй ажлын нэг нь төмөр зам барих, өртөө байгуулах ажил байсан талаар тус үйлдвэрийн Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн Энхбаяр хэллээ. Энэ дагнасан хэрэглээний төмөр зам нь Төмөртэйн орд газраас олборлосон төмрийн хүдрийн баяжмалыг экспортонд болон бусад хэрэглэгчдэд зориулан ачих буулгах, тээвэрлэх зориулалттай байгуулагдсан байна. Төмөртэйн төмөр замын ажлыг “MRC” ХХК хяналт тавин “Пик Девелопмент” ХХК 2014 эхлүүлэн жил гаруйн хугацаанд барьж ашиглалтад оруулснаар улсын комисс хүлээн авчээ. Төмөртэй уурхайн дэргэдэх 13.8 км дэлгэмэл урттай зам бүхий өртөө байгуулсан байлаа. Өртөөнд нийт 3.7 км зам бүхий ачилт буулгалтын терминалтай болжээ. 720 м2 талбай бүхий өртөөний хоёр давхар барилга сүндэрлэжээ. Түүнчлэн төмөр замтай болсноор Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эд болох төмрийн хүдрийн баяжмалыг хамгийн бага зардлаар тээвэрлэн үндсэн гангийн үйлдвэрт нийлүүлэх нөхцөл бүрдээд байгаа нь энэ.

Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр-Ерөө гол” компанийн Хандгайт өртөө хоорондох 33.4 км төмөр зам ашиглалтад орсноор Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд ачдаг байдалд цэг тавьж чаджээ. Үүнээс харахад манай улсад мэргэжилтэй хүмүүс дутмаг, ажил хийж чаддаггүй гэдэг үг ул болсон мэт. Хүнээр чанартай ажил хийлгэж чаддаг сайн менежер дутмаг байгаа юм байна гэсэн бодол төмөр замтай танилцаж байхад төрсөн юм. Ямартай ч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Д.Батжавхлан өөрийнхөө удирдах чадварыг энэ хоёр зам дээр тод томруун харуулаад өгөв шүү.

ТӨМӨРТЭЙ, ТӨМӨРТОЛГОЙ, ХУСТ-УУЛЫНОРД, ДЭДСТАНЦ ХИЙГЭЭД АЯ ТУХТАЙ АЖИЛЛАХ ОРЧИН

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн төмрийн хүдрийн үндсэн гурван ордыг эзэмшиж байна. Эдгээр ордуудыг нэгдсэн бодлоготойгоор зөв ашиглаж чадвал Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлээд эдийн засгийн үр шимээ өгөх боломжтой гэдгийг уул уурхайн салбарынхан онцолдог. Төмөртэйн орд руу Дархан хотоос зүүн хойш 130 км давхиад хүрчихэв. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий энэхүү ордыг ашиглаж эхэлснээр ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эдийг эндээс хангаж эхэлжээ. Мэдээж уурхайд ажиллаж буй хүмүүсийн ая тух хамгийн чухал. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулсныхаа дараа нөхөн сэргээлт хийдэг бол Дарханы төмөрлөгийнхөн хөрс хуулалтынхаа ажилтай зэрэгцүүлэн байгалийн нөхөн сэргээлтээ хийгээд явдаг нь байгаль орчинд анхаарал хандуулдгийн тод жишээ гэдгийг илтгээд өгчихнө. Сайхан байгальтай газар юмаа гэтэл “Наадах чинь нөхөн сэргээлт хийсэн газар шүү дээ” гэлээ. Нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хийж чадвал унаган байгаль шиг харагддаг юм билээ шүү. Ил уурхайг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт, уурхайн ажилчдын амьдрал орчин үеийн жишигт нийцсэн кэмп, машин механизмын засварын газар, уурхайн оффис гээд ёстой л уулын мухарт бүтээн байгуулалт босгожээ.Үнэхээр юм хийж бүтээе гэсэн хүнд бол уулын мухар байна уу, Улаанбаатарын төвд байна уу газрын байршил огт хамаагүй юм билээ. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн уурхай ашиглана гэж хөөрцөглөхөөсөө өмнө боловсон хүчиндээ анхаарч ажилладаг юм болов уу гэж бодогдсон. Урам зоригтой ажиллана гэдэг сайхаан. Хүмүүс нь зөвхөн цалин авах гэж биш компаниа улсын тэргүүлэгч гангийн үйлдвэрлэгч болгохын тулд чин сэтгэлээсээ ажилладаг юм билээ. Мэдээж сэтгэл хангалуун ажилтнуудаас сэтгэл хангалуун ажлын бүтээмж, үр дүн гарна. Үүнийгээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн харин ч сайн хийжээ.

Төмөртэй уурхайг ашиглахын тулд 2014 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110/10 кВт-ын Ерөө дэд станцын өргөтгөл, Төмөртэйн ордыг цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВт-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВт-ын 16МВт чадалтай Төмөртэй дэд станцыг ашиглалтанд оруулсан нь орон нутгийн иргэдийн амьдралд маш хэрэгтэй зүйлийн нэг болоод байгаа талаар Ерөө сумын иргэн Т.Тэмүүжин хэлж байв. Төмөртэй уурхайг эрчим хүчээр хангахаас гадна орон нутгийн иргэд найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сум, Бугант тосгон болон Сүхбаатар хотод үйлдвэрлэл, газар тариалан хөгжихөд шаардлагатай цахилгаан эрчим хүчний найдвартай нөөц эх үүсвэрийг бий болгож чаджээ. Харин Төмөртолгойн орд нь 25 сая тоннын нөөцтэй бол Хуст-Уулын орд нь 12 сая тоннын нөөцтэй хэмээн тодорхойлоод байгаа аж. Уурхайн хувьд багадаа 50-60 жил ажиллах боломжтой байна. Мэдээж нөөцөөс хамаараад цаашид ашиглах хугацаа нь нэмэгдэх бүрэн боломж бий.

Тус үйлдвэрийн хамт олон 2012 онд үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой лабораторын тоног төхөөрөмж худалдан авч лабораторыг өргөтгөн Судалгаа шинжилгээний төв байгуулсан нь мөн л уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотроо томд тооцогдоно.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт “Уул уурхай металлургийн цогцолбор” үйлдвэр байгуулах ажлууд хийгдсээр байна. Ган бөмбөлөгний шугам шинээр суурилуулах ажил эхэлсэн бөгөөд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн техник технологийн судалгаа ч давхар явагдаж байгаа юм. “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл 2018 онд хэрэгжиж дуусах ба 2020 оноос цогцолбор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх талаар компанийн удирдлагууд хэллээ. Цогцолбор үйлдвэр ажиллаж эхэлснээр одоогийн үйлдвэрлэлтэй харьцуулахад өртөг зардал багасах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, дэлхийн жишигт хүрсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр Монголын гангийн бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнтэй бүх талаар өрсөлдөх том боломжтой болох билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хийж бүтээсэн ажлуудтай танилцах явцаас нэгээхэн хэсгийг нь хүргэхэд ийм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гангийн үйлдвэр ашиглалтад орлоо гэсэн ганган мэдээг удахгүй бид дуулцгаах цаг ойрхон байна.

МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД ХӨГЖҮҮЛНЭ.