Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлогыг дахин эргэж харах шаардлага гарч байна

Д.Хаянхярваа зурган илэрцүүдУИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн эдийн засгийн онцгой хөтөлбөрийг танай бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу. Онцгой хөтөлбөрт өнөөх том төслөөс эхлээд олон зүйлийг тусгасан ч анзааралгүй үлдчихсэн зүйл байхвий…

-Эдийн засгийн хямралаас гарах тухай асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байна. Ялангуяа өнгөрсөн аравдугаар сарын байдлаар манай эдийн засаг -1.6 хувь боллоо. Өөрөөр хэлбэл, эдийн засагчид болон олон улсын байгууллагуудын таамаглаж байснаас илүү хямрал манай эдийн засагт явагдаж байна л даа. Сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын томоохон төслүүдээ хөдөлгөе гэж ярилаа. Өнөөдөр бид төсөв мөнгөний бодлогоо засан, эдийн засгийн нөхцөл байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна.

Нийгмийн сэтгэл зүй хүнд байна гэж би хувьдаа харж байгаа. Тухайлбал, төсвийн тодотголын үеэр 3-4 төрлийн татвар нэмэх асуудал яригдсан. Харамсалтай нь нийгмийн сэтгэл зүйн хана хэрмийг бид давж чадалгүй эгүүлэн татсан шүү дээ. Тэр утгаараа хүссэн ч, эс хүссэн ч бид хэрэглээгээ танахаас өөр замгүй болж байна. Хэрэглээ танах асуудалд хүн бүр сэтгэлээсээ хандмаар байгаа юм. Эдийн засаг амаргүй болчихлоо. Бидний орлого, гаднаас ирдэг валют багасаж байна. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдын тоо эрс буурчихлаа. Ийм нөхцөлд бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг тэр хэмжээндээ зарлагыг буцааж татах асуудлыг ярих ёстой. Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлого талыг дахин эргэж харах шаардлага гарч байх шиг байна.

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлал олны анхаарлын төвд байна. “Улаанбаатар” хэвлэхийн балгасыг 24 тэрбумаар зарж чадсан байхад Хөрөнгийн бирж, Төв шууданг 20 тэрбумаар борлуулж болохгүй юу гэсэн асуулт байгаад байна?

-Ямар нэг ажил хийхэд хэл ам дагуулахгүй байна гэж байдаггүй. Мэдээж хийх ажил нь хуулийн хүрээнд, ил тод, олон нийтийн эрх ашгийг хангасан байх ёстой. 10.3 их наяд төгрөгийн алдагдалтай улсын үйлдвэрийн газар байна гэж эдийн засгийн тоонд дурдагдсан байсныг та санаж байгаа биз дээ. Бидэнд өнөөдөр ийм их алдагдалтай улсын өмчит газрууд байх хэрэг байна уу. Энэ бүгдийг дотор нь ялгаж, салгаж, зааглаж харах хэрэгтэй. Зарим нэг улсын үйлдвэрүүдийг хувьчлах нь зөв. Менежмэнтийг нь сайжруулаад төр дэргэдээ байлгах ёстой зүйлсээ байлгах шаардлага ч бий. Харин хувьчлагдаж буй байгууллагуудын хувьчлал нээлттэй, ил тод байх ёстой юм. Түүнээс биш 1990-ээд оны эхэн үеийн хууль дүрэм бүрхэг байсан шиг замаар явуулж хэрхэвч болохгүй. Өнөөдөр иргэдийн хараа хяналт ил тод байдаг болсон тул өмч хувьчлалыг одоо нийгэмд цацагдаад байгаа шиг хэсэг хүн чимээгүй аваад явчихна гэж бодохгүй байгаа. Гэхдээ бид нэг зүйлээс татгалзах ёстой.

-Тэр нь юу гэж…

-Бид менежмэнтийн хувьчлал гэдэг зүйлээс татгалзах ёстой. Үүн дээр л ил, далд хуйвалдаан явагдаж магадгүй. Өнөөдөр хэд хэдэн менежмэнтийн хувьчлалын асуудал юу болов. Бүгд л харлаа шүү дээ. Гал дагуулсан зүйлсээс хол байх хэрэгтэй. Өнгөрсөн алдаанаасаа сургамж авч байж ийм алдаа гаргахгүй явах ёстой. Бид эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гэдэг зүйлийг ярьж байна. Зарим нэг хүн эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө батлагдсанаар эдийн засаг бүхэлдээ хямралаас гарчих юм шиг, тэр төлөвлөгөөн дээр маш их ач холбогдол өгч, түүнтэй уялдуулан нийгэм, эдийн засгийн талаар ярьж байна. Энэ төлөвлөгөө гэдэг чинь Монгол Улсад ирэх дөрвөн жилд хийх зарим ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаа зүйл юм. Түүнээс биш цоо шинээр хийх гэж байгаа ажлууд биш. Ажлын арга барил дээрээ ямар өөрчлөлт гаргах вэ, яаж сайжруулах вэ, хэрхэн богино хугацаанд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авах вэ гэдэг дээр л анхаарал хандуулж байгаа юм.

-Цаашид ямар оновчтой арга хэмжээ авах ёстой вэ. Таныг Сангийн сайдаар ажиллаж байсан болохоор эдийн засагт нэмэр болчих зүйл хэлчих болов уу л гэж асуугаад байгаа ухаантай юм. Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байхад хөдөө аж ахуйн салбарт л өсөлт гарсан гээд байгаа. Төсвөө хэмнэнэ, том төслүүд гээд л… цааш дуугарахгүй юм?

-Хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарсаан. Өнгөрсөн зун бороо хуртай, тэнгэр хангай сайхан байсан. Мал өсч байгаль дэлхий ээлээ өгсөн. Төсвөө хэмнэнэ, том төслүүдээ хөдөлгөнө гээд бидний ярьж байгаа зүйл сонсоход тулга тойрсон юм шиг байж магадгүй. Хамгийн гол нь энэ яриад байгаа зүйлсийг хэрэгжүүлж чадалгүй, хийж чадалгүй нэлээд олон жилийг өнгөрүүлсэн шүү дээ. Тиймээс л энэ яриа чинь чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна. Үүнийг шийдэх чадамж энэ төр засагт байна уу гэдгийг л иргэд харж байгаа. Ард түмний хүсэн хүлээж буй тэр зүйлд л хариу өгч ажиллах ёстой. Ингэж чадвал тодорхой үр дүн гарна. Японы Элчин сайдаар олон жил ажиллаад буцаж буй Т.Шимизү гуай “Монгол Улсын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна лээ. Гадны хүмүүс хүртэл ингэж харж байна гэдэг бол ямар ч байсан итгэл найдвар алдраагүй гэсэн үг. Нэгэнт бидэнд тулгарсан хүндрэл бэрхшээлийг ажил хийж, ухаан зарж давах ёстой. Магадгүй ард түмэнд таалагдахгүй олон шийдвэр гарч мэднэ. Тийм шийдвэрийг зоригтой гаргаж байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш хэл ам, элдэв долоон тулга тойрсон ярианаас айгаад шийдвэрүүдээсээ буцаад байх юм бол үнэн хэрэгтээ бид энэ тойрогтоо удна шүү.

-Даваа гаригийн бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад Засгийн газрын зарим гишүүд хангалтгүй ажиллаж байгаа учир Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь гэсэн сайд нарыг огцруулах хэрэгтэй гэж ярьсан гэх юм. Бүлгийн гишүүдийн байр суурь ямар байна вэ?

-“Сайд нар хариуцлага алдлаа, сайд нарыг огцруулъя” гэдэг нэг ч үг, үсэг бүлгийн хурлаар яригдаагүй. Мэдээж Засгийн газрын гишүүдийг ажлаа шуурхайлж, шийдвэрээ хурдан гаргах ёстой, улс төрийн шийдэл гаргах юм бол хурдан гаргаад яв гэдэг зарчмын шаардлагын талаар бол ярьсан. Нэр зааж, тухайлан ярьсан зүйл байхгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үеийг далимдуулаад ард түмний дунд цуурхал тараадаг зүйл бий болчихлоо. “Засгийн газрын сайд нарыг татах гэнэ”, “Ерөнхий сайдыг огцруулахаар болжээ” гэдэг ч юм уу хоосон яриагаар ард түмний тархийг угааж байгаа, нийгэмд тодорхой хэмжээний бухимдал үүсгэх гэсэн асуудал. Эдийн засаг ийм хүнд байгаа үед төр засгаараа оролдоод, сайд нараа сугалж, Засгийн газраа татаж унагах юм бол өнгөрсөн дөрвөн жилийн түүхийг давтана гэсэн үг.

Өнгөрсөн дөрвөн жил гэж ярихаар Ардчилсан нам руу орлоо гэж магадгүй. Гэхдээ тийм биш. Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн толь бол өнөөдөр манай нийгэмд байгаа дүр зураг байсан. Тиймээс өгөө, аваатай зүйл нь юу байв, сургамж авах нь юу байв гээд цаашид дүгнэлт хийх ёстой.

Түүнээс биш өнгөрсөн байдлаараа явбал бидний өмнөх зам гэрэлтэхгүй шүү. Сайд нарыг огцруулах гэж байна гэдэг бол цуурхал гэдгийг дахин онцолъё.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн даргын марафон эрчимтэй явлаа. Танай намынхан даргаар тавьчих хүн олдохгүй байна гээд байгаа юм биш үү. Бүлгийн хурал дээр энэ талаар ярилцсан уу?

-Бүлгийн ярих асуудал биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж бий. Тэндээ яригдаад ном журмаараа явагдана. Мэдээж намын дарга, удирдах түвшний хэмжээнд ярина. “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй Монголын том үйлдвэр тул боловсон хүчний асуудал дээр нь санаа оноогоо хэлэлгүй яахав. Үүнд санаа зовоод хэрэггүй. Хэвлэлээр гараад байгаа шиг архангайнхан Ч.Ганзоригийг, увсынхан Г.Алтанг захирал болгоно гэсэн шиг юм огт болоогүй. Тэртэй тэргүй “Эрдэнэт” үйлдвэрийн дарга тун удахгүй томилогдоно.

-Танай намын бүлэг олон шинэ гишүүнтэй. Гэтэл шинэ гишүүд нь хэдэн тийшээ хараад суучихлаа гэж байна. Бүдүүн бүлгийг авч явахад таны хувьд хүнд байна уу?

-Ямар юмных нь бэрхшээл байдаг юм. Нийгэмд яригдаад байгаа шиг манай шинэ гишүүд том толгойтой, 40 тийшээ харчихсан байна гэх гээд байна уу. Хариуцлагатайгаар хэлэхэд МАН хариуцлагатай улс төрийн хүчин. Ёс зүйтэй улс төрийн хүчин. Тиймээс бид бүлэг дотроо болон хаана ч байсан олон ургальч үзлийг уралдуулан ярьж хэлэлцэн, санаа оноо нэгдэж, нийлэх, санал зөрөлдөх, хатуу хөтүү үг чулуудах, маргалдах, мэтгэлцэх зүйл бий. Гэхдээ бид эцсийн шийдлээ олонхиороо гаргадаг. Олонхийн шийдвэрээ дагадаг. Манай бүлгийн гишүүд хэсэг бүлэг болж салж сарниад бүлэг, Засгийн газар, нам доторх үзэл бодлынхоо эсрэг яваад байгаа зүйл огт байхгүй. Ийм байлгах гэж бодож байгаа хүмүүс байгаа бол энэ бодлоо орхисон нь дээр болов уу. Бид Монголын ард түмний итгэсэн итгэлийг дааж ажиллах ноён нуруутай улс төрийн хүчин байж ирсэн. Байх ч болно гэж хэлье.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Үүний гол шалтгаан юу байна вэ. Үүн дээр анхаарч байна уу. Сангийн яамныхан зээлжих зэрэглэлээ бууруулахгүй гэж нэлээд ярьж хөөрсөн гэдэг яриа байна л даа?

-Зээлжих зэрэглэлийг бууруулах, өсгөх асуудлыг Сангийн яам, Монгол Улс шийдчихдэг юм биш. Олон улсын хэмжээнд зохих түвшинд үнэлэгдсэн зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд бий. Монгол Улсын эдийн засаг амаргүй болж байна шүү гэж бид эртнээс ярьж хэлж байсан шүү дээ. Эдийн засаг уначихаад байгаа энэ цаг үе эцсийн цэг биш, үүнээс доош унана, агшилт явагдана, амаргүй байна гэдгийг хэлж байсан. Үүний дагуу процесс явагдаж байна.

-Дахиад уналт үргэлжилнэ гэсэн үг үү?

-Эдийн засгийн уналтыг үргэлжлүүлье гэж хүсч байгаа хүн мэдээж байхгүй. Уналтыг зогсоох, гадны хөрөнгө оруулалтаа татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, банк санхүүгийн бодлогоо эрүүлжүүлэхээс эхлээд олон арга хэмжээг Засгийн газраас авах ёстой. Шууд хэлэхэд дэндүү доод түвшиндээ хүртэл эдийн засаг самрагдсан байсан тул үүнийг зогсоож, эдийн засгийн уналтыг хязгаарлахад цаг хугацаа шаардлагатай болоод байгаа.

-УИХ-ын дарга БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ урт хугацаатай, хоёроос доош хувийн хүүтэй дөрвөн тэрбум ам.долларын асуудал ярьсан гэж байсан. Энэ юу болж байгаа бол. Үүнтэй зэрэгцээд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж байна л даа?

-Зөвхөн Хятадаас зээл авах гээд байгаа юм биш. Нэлээд хэдэн газраас хөнгөлөлттэй, урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг хайж байна. “Стэнд бай” хөтөлбөр ч яригдаж байгаа. Эдийн засаг хүндэрсэн үед бид аль болох хөнгөлөлттэй нөхцөлтэй, хүү багатай хөгжлийн зээл хайж олох ёстой. Ганц манай орон ч биш ийм нөхцөлтэй нүүр тулсан бүх улс орон ийм замыг сонгодог. Бид ийм замаар л яваа. Хятад, ОХУ, Япон, олон улсын банк санхүүгийн байгууллагууд руу ч хандаж байна. Сангийн яамны түвшинд өөр эх үүсвэр хайж байгааг нуугаад яахав. Бид боломжтой бүх нөхцөлийг хайна.

-Өөр нэг чухал сэдэв нь олон жил яригдаж буй төмөр замын асуудал. Хятадын тал уг нь Гашуун сухайт хүртэл төмөр замаа тавьсан юм билээ. Манай тал бахь байдгаараа. Төмөр замаа барья гэхэд зургаан км гүүрний асуудал байгаа. Аль тал нь хөрөнгөө гаргах вэ гээд асуудал болоод байгаа юм уу?

-Таван толгой, Оюу толгой, Гацуурт гэх мэт том төслүүдийн талаар бид тоймгүй их ярьцгаасан. Таван толгойн төсөл өнгөрсөн дөрвөн жилийн Их хурлаар орж ирэхэд гацаах нь ашигтай, ашиггүй гэж ярьсаар байгаад дууссан. Төмөр замын талаар хэдэн жил ярив. Олон жил ярьснаараа ажил сайн байдаг бол, төслийн үр ашиг нэмэгддэг бол бид тамтаггүй их ашигтай төслүүдийг бэлэн болголоо. Харамсалтай нь биднийг ярьж цаг хугацаа алдах тусам энэ төслийн үнэ цэнэ унаж, олон үр ашиг багассан. Түүнчлэн олон талын ашиг сонирхол бий болж асуудлаа эрүүлээр шийдэх боломжгүй болгосон. Тэр олон ашиг сонирхлыг нэгтгэж байгаад шийдвэр гаргана гэх юм бол хэдэн зуун жил ч шаардагдана. Бид ийм л арчаагүй замаар явж байна. Одоо больё. Үнэхээр төр засаг гэж байдаг бол шийдвэрээ зоригтой гарга гэдгийг бүлгийн зүгээс Засгийн газартаа хатуу шаардаж байгаа. Тодорхой улс төрийн шийдвэр гарах ёстой бол бүлэг дэмжлэг туслалцаагаа үзүүлнэ. Зоригтой алхам хийж төмөр зам, ордуудаа хөдөлгөх хэрэгтэй. Оростойгоо байна уу, Хятадтайгаа байна уу хэлцэл хийж байгаа бол цааш нь үргэлжлүүлээд явах ёстой. Эхний ээлжинд Хятадаас ирсэн саналуудыг судлаад ашигтай байвал явуулах л хэрэгтэй. -Манай улс чинь Азийн цээжинд стратегийн бүс, эндээсээ мөнгө олно гээд байсан чинь Хятад, Орос хоёр Монголыг тойруулаад төмөр зам барихаар гэрээнд гарын үсэг зурсан байна лээ…

-Хятадын Ерөнхий сайд Ли Көцянь Орост очиж хойд хөршийн Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзахдаа гарын үсэг зурсан байсныг хэвлэлээс харсан. Монголын төр нэг зүйлийг анхааралтай харах цаг болж. Бид хоёр л хөрштэй. Дэлхийн хоёр том супер гүрний дунд оршдог орон. Энэ хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа анхааралтай хандах ёстой. Үнэндээ бид сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа бодлогын алдаа гаргасан юм биш биз дээ гэж бодоход хүрээд байна. Аливаад ул суурьтай ухаантай хандах нь чухал.

Ер нь бол төрийн институциуд өөр өөрсдийн хийх ёстой ажлаа хийдэг, төрт ёсны уламжлалаа эргэж санахад хүргэж байна. Төрт ёсны уламжлал, төрийн залгамж чанар, төрийн ажил явуулдаг зарчим гээд олон зүйл манайд алдагдсан. Нуугаад хэрэггүй.

-Монгол Улс эмзэг эдийн засагтай гэдгийг ам.долларын ханш гэнэт 200 төгрөгөөр өссөнөөс харж болохоор байлаа. Валютын ханшийн огцом өсөлт нь эдийн засагт мэдээж тийм ч таатай байхгүй. Монголбанкны ерөнхийлөгчийн чуулганы хуралдаан дээр хэлсэн хариуцлагагүй үгнээс болж байна гэх юм. Нөгөө талдаа арилжааны банкууд зориудын хомсдол бий болгож шок үүсгэлээ гэж байна. Одоо Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах ёстой гээд байна л даа…

-Аль аль нь нөлөөлсөн. Эдийн засаг эмзэг байна. Монгол валютын нөөцгүй боллоо, улс дампуурах юм байна, бүх төгрөгөө валют болгоё, валютаа гадагшлуулъя гэдэг ч юм уу энэ мэтчилэн таагүй цуурхлыг гаргахгүй байх нь чухал. Эдийн засаг өнөөдрийнх шиг үргэлж ийм байхгүй. Өснө, уруудна. Тэр болгонд бид эх оронч л байх хэрэгтэй. Валютын нөөцгүй боллоо гээд бүх төгрөгөө аваад гадаад явахгүй эх орондоо л амьдарна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгож, ард түмэндээ зөв мэдээлэл өгч, улсынхаа эдийн засгийг эрүүлжүүлэх талаар бүх түвшинд хамтран ажиллах хэрэгтэй.

Валютын ханшийн жаахан өсөлт гарангуут янз бүрийн мэдээлэл гаргаж 200 төгрөгөөр өсөх хэмжээнд шок бий болгож байгаа нь манай эдийн засагт яав ч сайн зүйл биш. Богино хугацаанд ч гэсэн багагүй хүн хохирч байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хэсэг нь ашиг олдог.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид, олон нийт маань туйлын хариуцлагатай байж худал ташаа мэдээллийг баримтгүйгээр цацан иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: “Толгойгүй нам” болсон гэж байгаа бол манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-д дүнгээ тавьсан гэж хүмүүс ярьж байна. Сая орон нутгийн сонгууль болж АН 100 гаруй сум, дүүрэгт ялалт байгуулсан. Улстөрч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Судалгаанаас харахад 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмэн МАН-д 51, Ардчилсан намд 43, бусад нам, бие даагчдад зургаан хувийн санал өгсөн гэж байна. Ойрын хэдэн сонгуульд АН, МАН хоёр иймэрхүү харьцаатай л явж ирсэн, түүнээс нэг их өөрчлөгдөөгүй гэсэн үг. Энэ судалгаагаар хувь талаас нь харвал МАН хэдхэн хүнээр ялахаар байгаа юм. Гэтэл МАН-аас 65, АН-аас есөн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

-Сонгуулийн ялагдлын гол шалтгаан гэвэл та юуг нэрлэх вэ?

-МАН 2012 оны сонгуульд дөрвөн хүнээр ялагдчихаад хар машинаас боллоо гэж АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдэд 37 онд хэлмэгдүүлсэн хүмүүс шигээ хувцас өмсүүлчихсэн талбай дээр жагсаал цуглаан хийж байсан санагдана. Одоо тэд 65 суудал авчихаад хар машины талаар таг чиг болж. Бодвол хар машинд хайртай болсон биз. Миний хувьд ард түмний сонголт иймэрхүү дүнтэй гарсан нь мажоритар тогтолцооны гажиг гэж үздэг. 2000 онд яалаа, АН 49 хувийн санал аваад МҮАН ганцхан суудалтай үлдсэн. Үүнээс болж 2012 оны сонгуульд мажоритар тогтолцооноос татгалзаж, холимог тогтолцоог хуульчилж, том тойргоор сонгууль явуулснаар манай нам УИХ-д хамгийн олон суудал авч, нийслэлд дийлэнх олонхийн суудал авч ялалт байгуулсан. Гэтэл 2016 оны сонгуульд 2012 онд ялалт авчирсан сонгуулийнхаа тогтолцооноос ухарч, өмнө нь ялагдал хүлээж байсан мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж ялагдал хүлээлээ. Энэ нь цэвэр манайхны улс төрийн бодлогын алдаа байсан. АН дөрвөн жилийн хугацаанд бидний амьдарч ирсэн зарчмыг өөрчилж, ирээдүйгээ харсан асар том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Харамсалтай нь мажоритар тогтолцооны мөн чанар нь бүтээн байгуулалт яриад үр дүнд хүрдэггүй.

-Холимог тогтолцоог үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон биз дээ?

-Цэцийн шийдвэрээр намын нэр дээр жагсаалтаар сонгож байсан тогтолцоог хүчингүй болгосон ч том тойргоор сонгууль явуулж болох байсан. Аймаг, дүүрэг нэг тойрог гээд хуучнаараа үзсэн бол арай ч ийм үр дүн гарахгүй байсан.

-Одоо АН-ыг шинэчлэх тухай асуудлыг танай намын залуучууд хөндөж, янз бүрийн хөдөлгөөн өрнүүлж байна. Үнэхээр агаар салхи энэ намд хэрэгтэй байгаа гэх юм…?

-Залуучууд гэлтгүй нийгмээрээ л АН-ын шинэчлэлийг хүсч, хүлээх болж. Намын шинэчлэлийн тухайд гэвэл АН 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэний дараа ардчилсан хүчний таван нам нэгдэж, эх эзэн Чингисийн төр улсаа төвхнүүлсэн цаг дор Их хурлаа хуралдуулж, шинэчлэлийн хөтөлбөрөө баталж урагшаа алхсан. Бидний хэдэн хүн цоо шинээр байгуулагдсан АН-ын удирдлагаар томилогдож таван намын нэгдлийг хангаж, намаа цоо шинээр сэргээхийн тулд гурван жил Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч жирийн гишүүдтэйгээ уулзаж, нөр их хүчин чармайлтаар намаа босгож чадсан. Түүний үр шимийг АН-ынхан өнөөдрийг хүртэл хүртэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2004-2013 онд болсон бүх шатны сонгуульд АН амжилттай оролцож, УИХ-д хоёр удаа эвсэх түвшинд, нэг удаа эрх барих түвшинд суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа ялсан. Орон нутгийн сонгуульд ч амжилттай оролцож ирсэн. Энэ бол манай нам хүчтэй байсныг илэрхийлэх чухал үзүүлэлт. Би хэлье гээд онцолж хэлж байгаа юм шүү. Хамгийн харамсалтай нь манай намын лидерүүдийн намын дүрэм журмаа зөрчиж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрч, үүнээс улбаалсан албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл АН-ыг муухай харагдуулж, нам дотроо хагарсан бутарсан юм шиг сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Энэ нь бусад улс төрийн хүчнүүдэд өгөөш болж ирсэн. Тэр ч бүү хэл манай зарим залуучууд цэцэн цэлмэг юм ярьж, залуу занднаараа гайхуулж, ахмад үеэ дайрч доромжилж, өнгөрсөн түүх уламжлалаа нулимах болж. Би үүнийг манай намын ахмад үеийн зарим төлөөлөл, лидерүүдийн чи, би дээ тулсан олхиогүй хэрүүл маргаан, шинэ үе рүүгээ дайрч давшилсан ёс зүйгүй авирлалаас үүдэлтэй гэж боддог. Ингэж болохгүй л дээ. Бид хамтын оюун ухаанаар үүссэн нөхцөл байдлын “учрыг нь олж, хужрыг тунгааж” асуудлаа зөв шийдвэрлэх ёстой. Манай нам бол 26 жилийн урт хугацааны дотор асар хүнд замыг туулж ирсэн хүчирхэг улс төрийн хүчин. Өнөөдрийг хүртэл тулгуур багана нь болж ирсэн ардчиллын, АН-ын хэнийг ч гэсэн ялгаварлан гадуурхаж хөөж туух, гомдоох эрх дархтан, өөрсдийгөө дөвийлгөсөн хэн нэгэнд байх ёсгүй. Тэгэх аваас энэ нам юу ч биш болж, зөрчил тэмцэл үргэлжилж, гарч ирсэн дараачийн “лидер”-үүд ч хэн ч биш болж хувирна.

-Тийм болохоор яах ёстой гэж?

-УИХ-д сонгогдсон цөөн ч гэсэн хэдэн гишүүд маань төрийн бодлогод оролцсон шиг оролцож, бусад нь нам дээрээ улс төрийн бодлогоо төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Яг 2000 онд байгуулагдсан АН шиг. Одоо болох гэж байгаа намынхаа зургадугаар Их хуралд мянга мянган гишүүдээ төлөөлж ирэх төлөөлөгчид бол шинэ нам байгуулах гэж ирж байгаа юм биш шүү. Намынхаа удирдлага зохион байгуулалтын алдаа оноог засч залруулах зорилгоор хамтын оюун ухаанаа уралдуулан намын үзэл баримтлалын

үндсэн зарчим, дүрэм журмаа шинэчлэн батлахад оролцох гэж байгаа юм. Энэ бол маш хариуцлагатай, түүхэн үүрэг хүлээж байгаа хэрэг. Дараа нь намын хэрэг эрхлэх газар шинэ дүрмийнхээ дагуу хийх ажлыг ажлын хэсэг, хороодыг байгуулж эрэмбэ дараатай, ямар нэг фракц, бүлэглэлээс ангид, хатуу дэг журамтай зохион байгуулж, намын даргаа гишүүдийнхээ оролцоотойгоор сонгон шалгаруулж намын VII Их хурлаараа баталгаажуулаад арагшаа биш урагшаа хараад явах хэрэгтэй. Ингэж байж л манай нам зөв голдрилд орно.

-Сонгуульд ялагдал хүлээсэн нэг гол шалтгаан нь танайхан төрийн эрх мэдлийг булаацалдаж хоорондоо хэрэлдэж толхилцож ирсний үр дүн юм биш үү?

-Олон шалтгаан бий байх. Би хувьдаа Засгийн газраа өөрсдөө санаачлан огцруулсан нь манай намын “буруу замаар будаа тээх” нөхцөл бүрдсэн гэж үздэг. Энэ зовлонг бид 1996-2000 онд амсахаараа нэг болсон шүү дээ. Тэр үед гурван удаа Засгийн газраа огцруулж, улмаар ардчилсан хүчний эвсэл задарснаар бид 2000 оны УИХ-ын сонгуульд сонгогчдоосоо ямар шан хүртлээ. МҮАН л ганц суудалтай хоцорсон шүү дээ. Миний бодлоор өмнөх сургамжаа тооцож, манай нам Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын ҮЗХ-оор оруулж, улс төрийн шийдвэр гаргах ёстой байсан. Ийм шийдвэр гаргаагүй нөхцөлд өнөөдөр хэн нэгнийг буруутгаж, Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн, хуралдаа ирээгүй УИХ-ын гишүүдэд намаас арга хэмжээ авах тухай яриад ч хэрэггүй. Нөгөө талаар сөрөг хүчний зүгээс АН-ын засаг төрийн үйл ажиллагааг цаг мөч бүрт муулж, хийсэн ажлыг нь үгүйсгэсэн үзэл суртлын ажил сонгогчдын сонголтод нөлөөлсөн гэдгийг үгүйсгэхгүй байна. Таны хэлсэнчлэн өнгөрсөн дөрвөн жилд улс, аймаг, дүүрэгт төрийн эрх мэдэл авсан манай зарим нөхдийн “сагсуурал”, намынхаа хамт олноос салж “тэнгэрийн хүн” болсон арчаагүй авирлал, зөрчил тэмцэл, эрх баригч хүчний хувьд хийсэн зарим бодлогогүй, болчимгүй алхмууд ялагдлын үндэс болсон. Энэ бол хатуу ч гэсэн үнэн. Үүнд АН, түүний жирийн гишүүд, дэмжигчид ямар ч буруугүй. Тийм учраас би дарга нарт алдаагаа бусдаас биш өөрсдөөсөө эрж хайх нь зөв шүү гэж хэлдэг.

-Та АН-ыг засгийн эрх барьж байхад УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, сүүлд АН-ын Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга болсон. Бодлогын зөвлөлийн ажил хэр зэрэг явагдсан бэ?

-АН-ын дарга З.Энхболд АН-ыг фракцгүй нам болсныг зарлаад дараа нь бодлогын зөвлөл байгуулах тухай шийдвэр гарч намайг зөвлөлийн ажлын албыг хариуцаж ажилла гэсэн. Бид зөвлөлийн дүрмийг хийж батлуулаад маш богино хугацааны дотор ҮЗХ-ны гишүүдийн саналыг авч тэднийг 12 зөвлөлд хуваан байршуулаад гишүүд дэмжигчдээс оролцох хүмүүсийн саналыг хүлээн авч зөвлөлүүдийн хурлыг хийж эхлүүлсэн. Гэтэл намайг Эрүүл мэнд,спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилж, би УИХ-ын даргын ахлах зөвлөх, хоёр ч ажлын албаны даргаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш намаас бодлогын зөвлөлүүдийг хуралдуулж, дарга нарыг нь сонгон салбар хурлуудаа хийж эхэлсэн. Бид эрүүл мэндийн асуудлыг нийгмийн бодлогын зөвлөлд оруулж хэлэлцүүлж байсан. Зөвлөл байгуулснаар ҮЗХ-ны болон намын идэвхтэй гишүүдээ намын бодлого боловсруулах ажилд татан оролцуулах боломж бүрдэж, намд хамгийн зөв тогтолцоо бүрдэж эхэлсэн. Харамсалтай нь сонгууль тулчихсан болохоор тийм хүчтэй үйл ажиллагаа явуулах түвшинд хүрч чадалгүй зогсонги байдалд орсон.

-АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд АН фракцгүй боллоо гэж зарлахад танай намын фракцын дарга нар бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө тодорхой үр дүнд хүрээгүй. Цаашид яах ёстой вэ?

-Фракцгүй нам болохыг бүгд л уухайлан дэмжсэн. Гэвч хэрэг дээрээ тодорхой үр дүнд хүрч чадаагүй. З.Энхболд даргын өрөөнд Шонхорынхон цуглаад байна, Ардчилсан хүчний холбооныхон орон нутагт бүсийн зөвлөгөөн хийгээд байна, алтангадасынхан Н.Алтанхуягтай уулзаад байна, МҮДН-ийхэн Хэнтийн Биндэрт цугласан гэнэ гээд л бие биенээ хардаж сэрдэж, үйл ажиллагаа нь үргэлжлээд байхаар яаж фракцгүй нам болж чадах юм бэ. АН-ын тулгын чулуу гэвэл 1990 оны ардчилсан хувьсгалын галыг асааж, дөлийг бадраасан Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо гурав. Энэ суурин дээр анхны ардчилсан хүчний намууд болох Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам байгуулагдаж байсан. Түүнээс хойш манайхан дотроос хичнээн хүн “охин компани” гэдэг шиг намаас тасарч шинэ “нам” байгуулав. Хэд нь дахиад хөрсөн дээрээ бууж АН-даа нэгдэв. Түүхийн шар хуудсанд бүгд бичээстэй л байгаа шүү дээ. АН өөрөө ардчилсан гэх маш олон улс төрийн хүчнүүдийн нэгдэл, үзэл санааг тээгч болж байдгийн хувьд өнөөдрийн АН-ын суурь хөдөлгөгч хүч нь бидний мэддэг Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбооны гишүүд дэмжигчид хэвээрээ хадгалагдаж байна. АН өнөөдрийг хүртэл муу, сайнаараа дуудуулаад бат бөх байгаа нь зөвхөн үүнтэй холбоотой гэж би үздэг. Үнэндээ АН-ыг сульдуулаад байгаа хүчин зүйл нь тэд биш, тэдний оролцоогүй үүсдэг фракцууд. Би АН дахь энэ фракцуудыг тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлыг харж өөрсдөө Их хуралд нэр дэвших квот олж авах, сайд даргын албан тушаал дээрээ үлдэх, эсвэл сайд дарга болох гэсэн амбицтай манай намын “лидер” гэгддэг хүмүүсийн санаачлан байгуулсан бүлэглэлүүд гэж хардаг. Тэд ҮЗХ-ны гишүүдийг тасдан бөөгнөрүүлж улмаар намын дотоод зөрчлийг бий болгосноос нам дүрэм журмынхаа дагуу хурлаа хийж чадахаа больсон. Намын нэр хүндийг олон түмний дунд унагаж, дүрэм журамгүй, үзэл баримтлалгүй мэт харагдуулж байгаа үндсэн суурь хүчин зүйл нь энд л байгаа. Мэдэж байгаа мөртлөө энэ бүлэглэлийг манай намын үе үеийн дарга нар, “лидер” хэмээн өргөмжлөгдсөн хүмүүс өөрсдөө тайван амгалан байхын тулд хүлээн зөвшөөрч, их хурлын квот өгч, сайд, даргын суудал хувааж өөгшүүлсээр ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо бүр залуучууд маань ч энэ замыг сонгож амар хялбар замаар албан тушаал, эрх мэдэл олж авах сонирхлоор элдэв хөдөлгөөн, фракц байгуулж байна.

-Танай нам чинь хамгийн мундаг дүрэм, журамтай гэдэг биз дээ?

-Байлгүй яахав, байх байхдаа манай намын дүрэм, журам тийм ч муу биш. Гол нь дүрмээ зөрчдөг, намын удирдлагууд дур зоргоороо авирладаг зүй бус тогтолцоо бүрдээд удлаа. Үүнийг л засах хэрэгтэй. Засахын тулд эхний ээлжинд одоо мөрдөж байгаа дүрэм, журмаа шинэчилж намын бүх шатанд дүрмээ хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, улмаар дүрэм зөрчсөн тохиолдолд бүх шатны намын удирдах байгууллага, намын дарга нарын хүлээх хариуцлагын тогтолцоог чангатгах гэж байгаа нь зөв. Манай нам гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог нэмэгдүүлж нээлттэй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, АН гишүүд, дэмжигчдийнхээ дунд орж ажилладаг, бүх шатны хурлаа дүрмийн дагуу зохион байгуулдаг, даргаа дүрмийн дагуу сонгодог, ҮЗХ-ныхоо ротацыг хугацаанд нь явуулж цусаа сэлбэдэг байх ёстой. Энэ удаагийн намын Их хурлын үндсэн зорилго, чиг үүрэг нь ийм дүрэм журам батлахад л чиглэгдэж байна. Үүний дараа нэгэнт хүлээн зөвшөөрөхөд хэцүү болчихсон одоогийн ҮЗХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороодын бүтэц бүрэлдэхүүн намын шинэ дүрмийн дагуу татан буугдаж дараагийн алхам руугаа орох хэрэгтэй.

-Дараагийн алхам гэдэг нь юу вэ?

-Намын даргаа сунгаагаар гаргаж, цагаан сарын өмнөхөн намын VII Их хурлаараа батламжлах. За тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гээд ажил ундарна шүү дээ. Энэ бүхэн ямар үр дүнд хүрэх нь одоо болох Их хурлаас батлах дүрмийн шинэчлэлтээс ихээхэн хамаарах учраас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг журмын дагуу хариуцлагатай сонгож, хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангахад ажлын хэсгүүд сэтгэл гаргаж ажиллах ёстой. Хугацааны хувьд ч маш шахуу байна.

-Танай залуучууд намынхаа ахмадуудыг зайл гэдэг болж. Ингэхэд та ямар замаар энэ намын лидер улстөрч болсон бэ. Зүгээр л залууст сургамжтай юм уу гэж асууж байгаа юм шүү?

-Их сайхан асуулт байна. Нэг зүйлийг хэлэхэд би өөрийгөө нэг их лидер, мидер гэж өргөмжилдөг хүн биш шүү. Миний хувьд 1990 оноос “Шинэ дэвшилт холбоо”-нд Д.Батсүх, Да.Ганболд, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ш.Алтангэрэл Б.Мэдрээ, Д.Сүхэрдэнэ, О.Энхтуяа, Ү.Наранцэцэг, Д.Нэргүй гээд журмын нөхдийнхөө хамтаар туг далбаа барьж, бичиг цаасан дээр сууж байсан ч 1996 он хүртэл аль нэг шатны сонгуульд нэр дэвшиж байгаагүй. 1996 онд намайг сонгуульд орох тухай зүүдлээ ч үгүй Төв аймгийн Баянцогтод явж байхад Да.Ганболд маргааш өглөө бэлэн бай гэж дуудуулж, шөнө яаран сандран ирсэн. Өглөө нь Төрийн ордонд Ц.Элбэгдорж даргатай уулзахад олон таван үггүй “За Ламбаа гуай та УИХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшинээ” л гэсэн. Ингээд Хүүхдийн ордонд тангараг өргөж, УИХ-д нэр дэвших гэрээнд гарын үсэг зурж улс төрд орсон. Шалтгаан нь дарга нар тухайн үед намайг Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд орон нутагтаа танигдсан хүн гэж, хоёрдугаарт, 1995 онд нийслэлийн багш нарын онц их хурлыг зохион байгуулж, улс орон даяар өрнөсөн багш нарын ажил хаялтыг дэмжиж, идэвхтэй оролцсон миний улс төрийн тэмцлийг үнэлж Их хуралд дэвшүүлсэн юм болов уу даа. Үнэндээ багш нарын 1995 оны ажил хаялт ардчилсан хүчний 1996 оны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл АН-ын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж, архангайчуудынхаа итгэлийг хүлээж УИХ-д гурвантаа сонгогдож, намынхаа шийдвэрээр хоёр удаа Байнгын хорооны дарга, хоёр удаа төрийн сайдын алба хашсан. Үүнийг би өөрийнхөө сайнаар бус АН-ын нэр хүнд, гишүүд, дэмжигчдийн дэмжлэг, үе үеийн намын удирдах байгууллагаас хүлээлгэсэн итгэл, үүрэг даалгавар гэж үзэж ирсэн. Дарга, сайд болъё гэж хэзээ ч хэн нэгнийг ад үзэж, албан тушаалын төлөө арсалдаж явсангүй. Хий гэсэн ажлыг нь хийсэн шиг хийж, монгол түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө зүтгэсэн.

-Бас нэрээ татаж байсан чинь хэдэн он билээ. Бусдадаа боломж олгоё гээд байсан санагдана…

-2012 онд АН-ын нэр дэвшигчид тойрог булаацалдаад хүндхэн байсан үед намын удирдлагад “Одоо би боллоо. УИХ-д залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж нэрээ татлаа” гэж хэлээд ҮЗХ-ны хуралд орж гишүүддээ амжилт хүсч, сэтгэлийн үгээ хэлээд УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. Миний энэ алхам тойрог булаацалдаж ширүүхэн болох гэж байсан хурлын уур амьсгалыг зөөллөж, эв зүйгээ олсон хурал болж дууссан. Гэхдээ би улстөрч хүний хувьд УИХ-аас нэрээ татаад санаа амраад явахыг хүсээгүй. Намайг байнга дэмжиж байсан архангайчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулъя гэж бодоод 2012 оны орон нутгийн сонгуульд Архангай аймгийн Ардчилсан намыг орон нутагт ялуулахын тулд аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрийг бие даан боловсруулж, сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг бэлтгэн 25 мянган хувь хэвлүүлж, “АН ялбал аймгийн Засаг дарга болно” гэж зарлаад сонгуульд орсон. Үүний үр дүнд Архангай аймгийн АН 12 жилийн дараа орон нутагт ялалт байгуулсан. Ялалтын дараа залуучууд маань “Бид орон нутгаа удирдана” гэсэн, би “Тэгээ” л гэсэн. Өнөөдөр бид ялагдчихаад л сууж байна. Тэгэхээр манай залуучууд эрх мэдлийг үг хэлээр дайрч давшилж “булааж авах” бус ажиллаж, зүтгэж намын үе үеийн лидерүүдийнхээ итгэлийг хүлээж, ард түмнийхээ дунд танигдаж, нэр хүндтэй нэгэн болох замаар улс төрийн “тавцанд” гарах хэрэгтэй. Тийм боломжийг олгоход нам залуучууддаа тусалж, тэднийг тууштай дэмжих хэрэгтэй. Бид чинь мөнх биш шүү дээ. Ирээдүйн залгамж холбоо болох залуучуудаа бэлтгэж, намынхаа хүч чадлыг бэхжүүлэх нь бидний үүрэг, хийх ёстой ажил.

-АН-ыг улстөрчид үнэт зүйл, үзэл бодлоо гээсэн, “толгойгүй нам” болсон гэх болж. Та үүнтэй санал нийлэх үү ?

-АН бол хэн нэг дарга биш. АН бол Монголын ардчиллын бамбарыг асааж, түүний гэрэл гэгээнд бий болсон асар их үнэт зүйлийг тээгч болж түүний төлөө сэтгэл зүрхээрээ шатаж яваа мянга мянган гишүүд, дэмжигчид. “Толгойгүй нам” болсон гэж байгаа бол толгойны тухай, манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг. Үүнд АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид огт хамаагүй. УИХ-ын сонгуульд АН ялагдсаныг жүжигчин Амраагийн “би юу хийчих вэ”-гээс боллоо гэж шуугьсан, түүнийг янз бүрээр “гоочилсон”. Гэтэл жүжигчин Амраа “Би ардчиллыг биш АН-ын удирдлагыг л шүүмжилсэн” гэж товч бөгөөд тов тодорхой хариулт өгсөн байна лээ. Бид иймдээ тултал сэтгэлгээний ядууралд орж болохгүй л дээ.

-Танай намын лидерүүд намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаад эхэллээ. Та хэнийг намын дарга болоосой гэж хүсч байгаа вэ?

-Одоо хэн нэгнийг нэрлэх боломжгүй. Нэр дэвшилт албан ёсоор зарлагдаж эхлээгүй байна. Ямар ч байсан АН-ын гишүүд, дэмжигчид, тэр ч бүү хэл Монголын ард түмэнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, АН-ын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн, ажил албандаа чин сэтгэлээсээ ханддаг, улс төрийн бодлогын алсын хараатай бай ёстой. Үнэнч шударга, авлигаас ангид, хүнээ дээдэлсэн харилцааны соёлтой, нийтэч, эх орон, ард түмэндээ хайртай, жудагтай улстөрч хүн байгаасай л гэж хүсч байна. Бас нэг зүйлийг нэмээд хэлчихэд манай намын эрхэм лидерүүд намын даргад өрсөлдөхдөө АН-аа л битгий муулаарай гэж хичээнгүйлэн гуйя. Яагаад гэвэл энэ намын ард түүнийг хүлээн зөвшөөрдөг монгол түмэн, АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид минь байгаа шүү.

-АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд чимээ анир багатай хуралдсан. Хүмүүсийн хүлээлтэд хариу өгсөн хурал болж чадсангүй гэсэн шүүмжлэл сонсогдож байна?

-ҮЗХ хуралдаад намын дүрэмд өөрчлөлт оруулах, ирэх сарын 06-нд товлосон АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулаад завсарласан. Миний хувьд хуучин дүрмээр энэ ҮЗХ-оор ямар нэг асуудал хэлэлцээд улс төрийн шийдвэр гаргахад намын хамт олонд хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон гэж үздэг. Ийм уур амьсгал манай намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийгэмд тэр аяараа давалгаалж байна. Тийм болохоор ирэх сарын зургаанд VI Их хурлаа хийж АН-ын дүрмээ шинэчилье гэж шийдсэн. Дараа нь шинэ дүрмийнхээ дагуу бүх шатны намын удирдах байгууллагыг шинээр бүрдүүлж, намын даргыг бүх гишүүдийнхээ саналаар гаргаж цагаан сарын өмнө намын VII Их хурлаараа баталгаажуулах нь зөв гэж үзэж байгаа. Энэ талаас нь авч үзвэл энэ удаагийн ҮЗХ үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. ҮЗХ-ны хурлаас батлагдсан хоёр ажлын хэсэг шуурхай ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат даргатай АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн 60 гаруй хүн Бичиг баримт боловсруулах, Санхүүгийн асуудлыг зохицуулах, Хурал зохион байгуулах гэсэн гурван ажлын дэд хэсэгт хуваагдан ажилдаа орсон. Миний ахалсан бичиг баримт боловсруулах ажлын дэд хэсэг “Намын Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын төслийг боловсруулж “Намын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг”-т оруулж батлуулаад манайхан зохион байгуулах ажилдаа орсон.

-Их хуралд төлөөлөгч сонгох журам ямар байх бол. Амралтын өдрүүдээр төлөөлөгчдөө сонгоно гэсэн. Төлөөлөгчдийнхөө зардал мөнгийг хэрхэн зохицуулж байгаа юм бол?

-Ардчилсан намын Үндсэн дүрэм батлах VI Их хуралд аймгийн төвөөс тус бүр гурав, нийт 57, Дорноговь аймгийн Замын-Үүд, Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас тус бүр гурав, нийт 18, Дархан-Уул аймгийн Дархан сумын баг тус бүрээс нэг, бусад гурван сумаас тус бүр нэг, нийт 21, Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг тус бүрээс нэг, Жаргалан сумаас нэг нийт 23, үлдсэн 299 сумаас тус бүр нэг, нийт 299, Нийслэлийн хороо тус бүрээс нэг, нийт 152, Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон 211, НИТХ-д АН-аас сонгогдсон дөрөв, Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон 92, ҮЗХ-ны 255, Хяналтын ерөнхий хорооны ес, Ардчилсан ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын холбооноос тус бүр 23 төлөөлөгч нийт 1210 төлөөлөгч оролцоно.

Их хурлыг арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулна. Орон нутгаас ирэх төлөөлөгчдийн аймгийн төвөөс Улаанбаатарт ирж, буцах унааны зардал болон байр, хоолны зардлыг нам хариуцах юм.


Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Танай намын бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг хэлэлцлээ. Онцгой хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр болж байна вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр дээр намын бүлгээс ажлын хэсэг гарч ажилласан. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн алдагдал багатай даван туулах хийгээд Монгол Улсын зээлжих зэрэглэл “-B”-гээс “С” зэрэглэл руу унаад байгааг буцаан сэргээх асуудлыг оруулж ирсэн байна. Зээлжих зэрэглэл буурч байгаа нь манай орны хувьд эдийн засагт маш том дохио өгч байгаа юм.

-Манай зээлжих зэрэглэл буурах болсон гол шалтгаанууд юу байсан юм бол?

-Ер нь бол гурван шалтгаан байгаа гэж үзсэн юм билээ. Эхний ээлжинд төсвийн алдагдал, түүний дараа хувийн хэвшил болон бодит секторыг дэмжихэд бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг харсан. Мөн төсвийн салхилга бат, гадны донор орнуудаас авсан зээлийн бүтцээ хэрхэн өөрчилж байна вэ гэдгийг сайтар шалгасны дүнд зээлжих зэрэглэл буурсан. Манай орны хувьд эхний ээлжинд зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид өсөлт гаргана гэдэг маш хүнд. Манай орны хувьд зээлжих зэрэглэлээ бууруулахгүй байя гээд байгаа ч эдийн засгийн томоохон байгууллагуудын хүсэн хүлээсэн хэмжээнд байж чадсангүй. Бүлгээс гарсан ажлын хэсэг ямар ч байсан зээлжих зэрэглэлийг +В зэрэглэл рүү оруулахаар ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг хэрхэн зогсоох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Онцгой хөтөлбөрийн хүрээнд том төслүүдээ урагшлуулна гэдэг дээр бүлэг санал нэгдсэн. Том төслүүдийг урагшлуулахдаа төсөл тус бүр дээр тусгайлан арга хэмжээ авахгүй бол үр дүн багатай байж магадгүй гэж харж байгаа юм. Оюу толгой гэхэд төслөө хөдөлгөхийн тулд дөрвөн тэрбум гаруй ам.долларыг босгож чадсан. Харамсалтай нь энэ мөнгөө манай оронд биш гадаад бүсэд байршуулсан. Дөрвөн тэрбум ам.долларыг босгохтой холбоотойгоор үйл ажиллагааны зардал нь 300 гаруй сая ам.доллар гарсан юм билээ. Гэсэн ч энэ мөнгө нь манайхаас гарах хасах зардалд шингэчихсэн. Энэ мөнгийг ямар нэгэн байдлаар манай орны банкинд байршуулсан бол валютын нөөцөд ч эерэг хандлага гарч болох байсан. Энэ мэтчилэн нарийвчилсан зүйл тэр бүр тусгагдаагүй. Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын дарааллаа гаргасан. Бодит эдийн засгийг нэмэгдүүлэх хүрээнд баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, төрийн дарамтгүй бизнес эрхлэх орчинг бий болгох, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд бодлогоор дэмжихээр болж байна.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх юм. Засгийн газар бүр л бизнесийн эрх зүйн орчинг сайжруулна гэдэг ч нааштай үр дүн гардаггүй?

-Гааль, татвар, мэргэжлийн хяналтаас үзүүлж буй дарамт шахалтыг багасгахаар болсон. Манай намын мөрийн хөтөлбөрт өгч буй лицензүүдийн тоог гурав дахин бууруулахаар тусгасан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр мэдээж анхаарч ажиллана. Хямралын эдийн засаг үргэлжилж байгаа энэ үед ажлын байрыг хадгалж үлдсэн байгууллагуудыг ямар нэгэн байдлаар дэмжих ёстой. Төр засаг л мөнгөгүй хэцүү байгаа юм биш. Хувийн хэвшлийнхэнд бүгдэд нь хүнд байгаа. Тиймээс тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх ч байдаг юм уу урамшуулах нь илүү зөв зүйтэй алхам болох байх. Бодлогын томоохон арга хэмжээ авч чадвал хувийн хэвшлийнхэнд маш том дэм болно. Мөн шинээр бий болж буй бизнесүүдийг нэлээд сайн дэмжих шаардлагатай.

-Шинээр бий болж байгаа гэхээр ямар бизнесүүдийг хэлж байгаа юм бэ?

-Үүнд заавал том бизнес багтах шаардлагагүй. Хөл дээрээ тогтох гэж эдийн засгийн шуургыг сөрж зогсоо IT чиглэлийн ч байдаг юм уу бизнесийнхнийг бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна. Аливаа том бизнесийг дагаж шинэ жижиг бизнесүүд гарч ирж байдаг. Эдийн засгийн хямралтай, даван туулах гэж зүтгэж буй улс орнуудын жишээг харж байхад илүү тодорхой байдаг юм. Ямар ч улс орон эдийн засгийн хямралаас гарсан том алхам нь бизнесийн орчноо сайжруулж, тэднийг дэмжиж байж гарсан байдаг л даа.

-Банк санхүүгийн салбарт нэлээд хөдөлгөөн орж магадгүй байх шиг байна?

-Засгийн газраас оруулж ирсэн мөнгөний бодлогын хүрээнд Төв банкны засаглалын бүтцийг сайжруулах ёстой. Банк санхүүгийн систем ил тод нээлттэй байх шаардлагатай. Банкны систем гэдэг мөнгө олдог ганцхан эх үүсвэр биш. Тиймээс бид санхүүгийн зах зээлээ илүү хөгжүүлэх хэрэгтэй юм. Санхүүгийн зохицуулах хороо лиценз өгдөг ч үйл ажиллагаа хийхээсээ гадна мэргэжлийн чигэллээрээ IPO гаргадаг байгууллагуудтайгаа хамтран ажиллах цаг болсон. Бид санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна.

Энэ хүрээнд гадны банкны салбарыг Монголд байгуулах хэрэгтэй. Үүнийг би үргэлж дэмжиж ирсэн. Засгийн газрын зүгээс эдийн засгийн онцгой хөтөлбөртөө гадны банк оруулж ирэх асуудлыг судлахаар болсон байна лээ. Түүнчлэн төсөв болон өр зээлийн менежмэнтийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Урт хугацаатай бага хүүтэй зээл авах тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Мал эрүүлжүүлэх хөтөлбөр дээр онцгой анхаарч байгаа. Манай орны хувьд мах болон малаас гарч буй түүхий эдийг экспортлох гол углуурга нь эрүүл мал. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбарт илүү өсөлт гаргахын тулд малаа эрүүлжүүлэх нь бидний том зорилтын нэг болоод байгаа.

-Эдийн засгийн онцгой хөтөлбөрийн хүрээнд бооцоот морин уралдааны төв байгуулах, казино байгуулах асуудлууд тусгагдсан байгаа юм билээ. Эдгээрээс үнэхээр мөнгө босгох боломж нь хэр байгаа юм бол?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчинг бий болгох, бараа бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна далд хэлбэрийн экспортыг дэмжих гэдэг утгаараа эдгээр заалтууд орж ирсэн. Хурдан морины тал дээр мэргэжлийн хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Монголчуудын хувьд баяр наадмаа зохион байгуулаад сурчихсан хүмүүс бооцоот морин уралдаанаа түүнээс дутахгүй зохион байгуулах байлгүй дээ л гэж боддог. Бооцоот морин уралдааныг гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй манай орны хувьд хууль эрх зүйн орчингүйгээр хөдөө орон нутаг сумдад байнга л бооцоот морин уралдаан зохион байгуулж байдаг. Тиймээс үүнийг хуульчилж өгөх нь зөв байх.

Казиногийн хувьд хойд Америкийн бүст илүүтэй хөгжсөн. Лас Вегас, Невада гэх мэтчилэн баруун эрэг тэр чигээрээ казиног хөгжүүлж чадсан. Тэдний барьдаг бодлого нь нэг ирсэн тоглоомчинг дараа дахин ирүүлэх байдаг. Харин Ази руу болоод ирэхээр Сингапур, Малайз, БНСУ, Хонгконгод казиногийн үйл ажиллагаа явуулдаг. Казиногийн хувьд монгол хүн тэр казинод орж тоглож болох уу, үгүй юу гэдэг дээрээ маргаан дагуулдаг л даа. Тиймээс сайтар судалж байгаад байгуулах нь зөв болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Ардчилсан намын агаар үнэхээр бохирдсон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.


-Та өмнө нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд энэ удаагийн Засгийн газрын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нь мэдээж анхаарч байгаа байх?

-Яах бол ийх бол гээд бүгд л Засгийн газрыг харж байна. Харин МАН-ын Засгийн газар яах ч үгүй, ийх ч үгүй байгаа. Өмнө нь Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газрууд ямар чухал шийдвэрүүд гаргаж, ямар ажлуудыг эхлүүлж байсныг би заавал яриад байх шаардлага алга. Ард түмэн бүгд мэдэж байна. Товчхондоо гэвэл, энэ Засгийн газар шинээр санаачлан хийж байгаа ажил гэж нэг ч алга. Бидний хийж байсан ажлын нэрийг нь солиод л гүйцээ. Үнэн бодит төрх ийм л байна. Ядаж гол зарчмыг нь алдуулалгүй аваад явах хэрэгтэй.

Ардчилсан намынхан эдийн засаг маш хүнд байхад валютын ханшаа барьж чаддаг байсан. Цалин, тэтгэврийг хугацаанд нь өгдөг байсан юм шүү дээ. Саяхан ам.долларын ханш 2700 төгрөгт хүрч хамаг амьтныг цус харвуулах дөхлөө. Эдийн засгийн хяналт алга. Ямар ч байсан бидний хийж байсан ажил зөв байжээ гэдэг нь өдөр ирэх бүр улам тодорч байх шив дээ.

-АН-ын ҮЗХ-ны хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ардчилсан намын хувь заяаг шийдэх хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгарч ирээд байна. Ганц ҮЗХ-г хэлж байгаа юм биш шүү. Энэ цаг үе яалт ч үгүй манай намын өмнө хариуцлагатай мөч. Ардчилсан намынхан ийм үнэтэй цаг хугацаанд хариуцлагатай хандах ёстой. Ардчилсан намын гишүүд дэмжигчид ҮЗХ-ны хуралд маш өндөр ач холбогдол өгөн харж байгаа. Намын дотоод зохион байгуулалт энэ тэр яахав. Эхний ээлжинд намынхаа дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Бид дүрмээ шинэчлэхийн тулд ҮЗХ-ноос ажлын хэсэг байгуулна.

-Намын даргын асуудлаа яах гэж байгаа юм бэ. Намын дүрмийн шинэчлэл гэж угтаа хүн бүр ярьж байгаа ч ачир дээрээ намын даргын сунгаа л яваад байх шиг?

-Одоо наад намын даргын асуудал чинь хоёрдугаарх нь шүү дээ. Эхлээд намын дүрмээ шинэчлээд бүгд дагаж мөрддөг, дүрмээ зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцож чаддаг байх, ҮЗХ, намын Их хурлыг тухайн цаг үед нь хуралдуулдаг болох хэрэгтэй. Өнөөдөр үнэндээ намын дүрэм маань уриа лоозонгийн шинжтэй болчихлоо.

-Намын даргаа хэрхэн сонгох нь зөв бэ?

-Эхний ээлжинд дүрмээ баталчихъя. Дараа нь намын даргаа сунгаагаар сонгочих нь зөв. Зарим хүмүүсийн зүгээс цагаан сар хүртэл намын даргын сунгааг үргэлжлүүлье гэдэг зүйл ярьж байна. Харин би эсрэг бодолтой яваа. Намын даргын сунгааг аль болох богино хугацаанд цаг алдалгүй явуулж, энэ намыг эзэнтэй болгох нь чухал байгаа юм.

-Н.Алтанхуяг дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ хувь улстөрчийн байр сууринаас илэрхийллээ. Та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах ёстой Ардчилсан нам маань өнөөдөр удирдлагагүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний талаар асууж байгаа бол намын дүрэм, намын даргын дараа гуравдугаар асуудал болж таарна. Энэ миний л бодол шүү. Алтанхуяг гэж хувь улстөрч өөрийн үзэл бодлоороо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байна лээ. Нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү дээ.

-Ардчилсан намын дарга солигдсоноор, дүрмээ шинэчилснээр танай нам бүрэн шинэчлэгдэж чадах юм уу. АН-ынхны байр суурь янз бүр л байна. Ардчилсан намд яг ямар агаар хэрэгтэй байна вэ?

-Ардчилсан намын агаар үнэхээр бохирдсон. Янз бүрийн томоохон хэрэг түвэгт холбогдоод байгаа хулгайч нараасаа салах ёстой. Нам доторх фракцуудынхаа эсрэг “үгүй” гэж хэлж чадах намын Их хурлаас сонгогдсон эрх дарх бүхий хүн л намын дарга болох шаардлагатай. Өнөөдрийн энэ процесс ганцхан Ардчилсан намын шинэчлэлийн асуудал биш юм шүү. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш баялгийн хуваарилалтууд явагдлаа.

Эрдэнэтийн асуудлаас эхлээд зөрчил тэмцэл их байгаа үед ганц Ардчилсан намын шинэчлэлээс гадна Үндсэн хуулийн шинэчлэл хэрэгтэй байгаа нь анзаарагдаж байгаа биз дээ. Намууд олонхи болоод Засгийн газраа бүрдүүлсний дараа Ерөнхий сайдаа огцруулдаг ийм байдлаас гарахын тулд Үндсэн хуулиа шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж намын дарга нь Ерөнхий сайд болж эрх дархтай бодлогын үйл ажиллагаагаа явуулдаг болох хэрэгтэй. Их хурлаа тарааж чаддаг, сонгодог парламент руу шилжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг үлдээж болохгүй. Ардын намынхан ч гэсэн үүн дээр ач холбогдол өгөх байлгүй дээ.

-Та фракцуудын өөдөөс “үгүй” гээд хэлчих намын дарга хэрэгтэй гэж байна. Үнэндээ З.Энхболд дарга фракцгүй Ардчилсан намыг бий болгох гэж үзээд бараагүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл фракц алга болохгүй юм биш үү?

-Ардчилсан намын фракцийг алга болгоно гэсэн ийм ойлголт байж болохгүй ээ. Ардчилсан намыг газрын хөрснөөс арчаад хаячихдаггүй л юм бол фракц байсаар л байх болно. Хамгийн чухал нь фракцууд эрүүлээр бодлогын өрсөлдөөнд орох учиртай. Ямар нэгэн фракцийн шахалтад ордоггүй, Их хурлаараа намын даргаа сонгох ёстой гэдгийг дахиад хэлье. Тэгэхгүй бол ҮЗХ-ны хурлаар сонгогдсон намын даргыг фракцууд ярьж байгаад унагадаг. Цаашлаад намын Их хурлынхаа гишүүдийн тоог 1000, 5000 ч юм уу болгох ёстой. ҮЗХ-ны гишүүдийнхээ тоог нэмэхэд буруудаад байх зүйл байхгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа…

Манай дунд, ахмад үеийнхний дунд “од” болсон дуучин М.Янжиндуламын олны хүртээл болгосон “Аавдаа” хэмээх уран бүтээлд

“Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа

Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэсэн хачин сайхан мөр бий. М.Янжиндулам агсан өөрөө дуулна гэж чухам “алтан гургалдай байлаа” хэмээн ярьдагсан. Энэ мундаг дуучин, эл дууг мэдэхгүй хүн тун ховор. Дуунд хүртэл ингэж мөнхөрсөн Хантайширын нуруу Говь-Алтай аймгийн нутагт бий. Мөн бөхийн дэвжээ ч байдаг юм. Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээ байгуулагдсанаас хойш хэдийнэ 15 жил өнгөрчээ. Анх Монгол Улсын заан Р.Давааням агсан, улсын начин Б.Пүрэв тэргүүтэй үндэсний бөхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн санаачилгаар байгуулагдаж байв. Говь-Алтай аймагт байдаг хамгийн сүрлэг, өндөр уул бол “Тайширын нуруу” юм. Үүнээс үүдэн бөхийн дэвжээгээ “Хантайшир” гэж нэрлэсэн гэдэг. “Хантайшир” бөхийн дэвжээ 15 жилийнхээ ойн хүрээнд хийж буй ажлуудын нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт шаардлагатай байсан таван сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авч өгсөн нь олны хүндэтгэлийг хүлээгээд байгаа. Үндэсний бөхийн дэвжээд дундаасаа хамгийн анхлан сайн үйлсийн аянд ийнхүү уриалсан нь Хантайширын хөх харчууд юм. Маш зөв эхлэлийг Хантайширын хүчтэнүүд эхлүүллээ. Өнөөдөр аймаг бүр өөрийн бөхийн дэвжээтэй болсон. Тэгвэл аймгуудын дэвжээд өөрсдийн ойгоороо ийнхүү сайн үйлсийн аянг үргэлжлүүлбэл хэзээнээс бөхөө дээдэлж ирсэн ард түмэн улам л хүндэтгэж хайрлана. Бөхчүүд авч сурснаас алга тэнийж сураагүй хэмээн байнга шүүмжлэлд өртдөг. Харин энэ мэтчилэн сайн үйлсийг эхлүүлж байгааг нь дэмжих учиртай. Бүр нутаг усаар нь зарлаж байгаад магтсан ч яадаг юм. Төрийн наадамд тав давж улсын цолонд хүрсэн л бол насаараа байрны зээлэнд хамрагдаж яваа хүмүүсийн дэргэд ядаж л орон сууц, унах унаатай болж бөхчүүд санаа нь амардаг. Түүнийг бүх насаар нь дагах улсын цол, ард түмний хүндлэл бий болдог. Сайн санааны үзүүрт шар тос гэдэгчлэн Хантайшир дэвжээний бөхчүүдээс улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын начин, дэвжээний дасгалжуулагч Д.Бадрах, С.Багахүү нар дэвжээгээ төлөөлөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж бүрэн хэмжээний амьсгалын аппарат, тэргэнцэр, баллон гэх мэт тоног төхөөрөмж гардуулж өгсөн зураг хэдэн мянган лайк, талархлын үгэнд булагдаж байна. Нэг үгээр хэлбэл, Говь-Алтайн бөхчүүд бөхийн ертөнцөд шинэ жишиг тогтоож өглөө. Магадгүй Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “хашир” хүн зөвлөсөн ч байж мэднэ. Гэхдээ хэн зөвлөсөн гэдэг нь чухал биш. Ой тэмдэглэх нэрээр ойр зуураа найрлаад өнгөрсөнгүй. Энэ ням гаригт 15 жилийнхээ ойн хүрээнд Монгол бөхийн өргөөнд хүчит 224 бөхийн барилдаан зохион байгуулах юм гэсэн.

Тэдний хувьд хэн нэгэн гэж онцгойрохоос илүүтэй бөхийн дэвжээгээрээ Монголын хүүхдүүдийн эрүүл мэндэд эртнээс санаа зовниж туслахыг зорьж байсан талаараа ярьцгааж байна лээ. “Өгч байгаа хүнд өгөөд бай” гэдэг хэлц үг бий. “Хантайшир” дэвжээнийхэн шиг өгөөд байвал аймгуудынхаа дэвжээг алдаршуулж, ард түмэн минь тэр сайн сайхныг нь дуурсан ярихад хэрэгтэй юм. Нэг үеэ бодоход нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн олон таатай мэдээг бид дуулдаг болсон. Тэгвэл бөхчүүдээс анхлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр 2013 онд Монгол Улсын аварга цол хүртсэнийхээ дараахан нутгийн зон олондоо хүндэтгэл үзүүлж, Мандал сумынхаа төрөх эмнэлэгт таван сая төгрөг хандивлаж байсан нь үзэгдэл болж байлаа. Түүний эхлүүлсэн буянтай ажлыг Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үргэлжлүүлж Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд түрүүлчихээд “Буурал аваргынхаа буян хишиг шингэсэн барилдааны бай шагналыг хорт хавдрын эсрэг аянд хандивлаж байна” гээд Хавдар судлалын үндэсний төвд таван сая төгрөг хандивлаж байсныг бөхөд хайртай ард түмэн мартаагүй л байна. Сүүлд гэхэд л Г.Эрхэмбаяр аварга, Г.Элбэг тэргүүтэй “Их шавь”-ийн дээд сургуулийн бөхчүүд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд түймэрт өртсөн иргэдэд мөнгөн хандив, хагас тонн цагаан будаа гэхчилэн олон зүйлийг өгч байсан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, залуу арслан Энхтөгсийн Оюунболд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг, залуу аварга Ч.Санжаадамба Архангай аймгийн иргэд байгалийн гамшигт нэрвэгдэхэд 10 гэр хандивлаж байлаа. Энэ мэтчилэн нийгмийн салбарт спортын алдартнууд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь том давалгаа үүсгэсэн. Дэвжээгээрээ гар, сэтгэл нийлэн сайн үйлсийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж тулгах нь ч хаашаа юм. Ямартай ч “Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэгчлэн түмэн олныхоо хүндэтгэлд том хариу барих, зөв алхамд уриалах боломж бөхчүүдэд бий.

Бөхийн орон гэж өөрсдийнхөө цээжийг дэлдэх дуртай монголчуудын хувьд нийгмээрээ бухимдалд автан амаргүй байгаа нь нууц биш. Ер нь тэдэн төгрөгийн зүйл хандивлалаа гэх нь нэг их чухал биш. Зөв сэтгэлтэй, хүнлэг, энэрэнгүй байгаа нь энэ нийгмийг өөрөө зөөллөх учиртай юм. Бөхчүүд ингэж бөх гэдэг мэргэжлийнхээ үнэ цэнийг гаргаж ирэх хэрэгтэй. Монголчууд энэ нийгэмд болж байгаа нь юу байна, болохгүй байгаа нь юунаас болов гэдгээ ойлгох цаг болсон. Хэн нэгнийг гүтгэж, доромжилж, элдэвлэж байхаар учир шалтгааныг нь олохын тулд бүүдгэрхэн өдөр хоногуудад ганц ч гэсэн лаа асаах хэрэгтэй. Хүүхэд Монголын ирээдүй. Хантайширын хүчтэнүүд үүнийг харж чаджээ. Эдийн засаг хүнд байгаа учир улсын төсөв мөнгө хаа хаанаа хүрэхгүй байна. Тэглээ гээд өөрсдийн боломжоо дайчлан багыг нь бага, ихийг нь их гэлгүйгээр хийж болохыг нь хийгээд явбал гарц шийдэл байх юм. Алтайн хүчтэнүүд үүнийг харж чадсанаараа сүүлийн хэд хоногт ямар ч эргэлзээгүй тренд болж байна. Ингэж л бид дэм дэмэндээ хөгжих учиртай. Бусдад тусалж чаддаг хүн өөрөө бусдын тус, хүндлэлийг хүртдэг. Сэтгэл бүтэн, гар тэнэгэр явлаа гээд бөхчүүдээс унах зүйл байхгүй. Өгөө, аваа тэнцэж байж чухамдаа сэтгэл хангалуун байдаг талаар багш минь дурсдаг байв. Өгөөмөр зан өөрийгөө шагнадаг гэж үг бий.

Хан эцгийн буурьтай гэгддэг “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн энэ санаачилгыг бусад бөхийн дэвжээд дэмжин үргэлжлүүлнэ гэдэгт олон хүн итгэлтэй харж байна. Тэдэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Бөхчүүд гэж хэлхгэр дээлтэй, хээ шаагүй, хөлс үнэртүүлсэн хөдөөний хэдэн нөхөд байдаг гэж шүүмжилдэг асан цаг ард үлдэх цаг иржээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Ардын намынхан бүх зүйлийг шүүмжилсэн шигээ хийх хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан , эдийн засагч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-УИХ 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өмнө нь ярьж л байсан АН -ын буруутай үйл ажиллагааны лайг нь үүрч байна гэдэг зүйлийг ярих юм. Төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг хүрсний буруу нь танай намынхан бололтой.Таны хувьд Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ тал дээр тайлбар өгөөч?

– МАН-ынхан хийгээд Засгийн газрын гишүүд нь бүх бурууг Ардчилсан нам руу чихэж байна. Үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг нь тодорхой цаг хугацааны дараа тодорно. Эдийн засаг хүнд байсан уу гэвэл тийм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Эдийн засаг тартагчаа тулчихаагүй байна. Ардын намынхан ард түмнийг тодорхой зүйлсээс салгах гэж янз бүрийн суртал ухуулга явуулж байна. УИХ-аар 2017 оны төсөв, Монголбанкны мөнгөний бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газар эдийн засгийн онцгой хөтөлбөрөө оруулж иржээ. Эдгээрийг нь харахад бидний үед авч хэрэгжүүлж байсан зүйлс л явж байна лээ. Нэг үгээр хэлбэл, тухайн үед биднийг хийх гэж оролдож байхад МАН-ынхан эсэ ргүүцэж байсан асуудлууд буцаад орж ирсэн гэсэн үг. Үүнээс үзвэл биднийг буруутгаж байх үедээ МАН-ынхан улс орноо бодож байсан юм уу, намынхаа эрх ашгийг бодож байсан уу гэдэг нь тодорхой боллоо. Манай нам эрх барьж байхад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл, зовлон тэр бүхэн одоо Ардын намынхны толгой дээр буучихлаа. Хөрөнгө оруулалт зогсож, валютын эх үүсвэр хомс болсон гэдгийг бүгд мэдэж байгаа ч аль ч Засгийн газар энэ бүхнийг даван туулах ёстой юм. МАН-ынхан сонгуульд орохдоо энэ хөтөлбөрөөр дамжуулаад хүндрэлүүдийг арилгана гэж амласан. Эрх баригчид намынхаа мөрийн хөтөлбөрт амласан болгоноо биелүүлэх мөн үүнийхээ төлөө ажиллах ёстой. Тэд гомдож, урдахаа муулж хийсэн ажлуудыг нь үгүйсгэдгээ болих хэрэгтэй. Цаг үеэ харж урагшаа тэмүүлж ажиллах ёстой. Шийдвэрээ гаргаад асуудлаа шийдээд яв. Бид зөв юмыг нь дэмжихээс биш МАН-ын өмнөх дөрвөн жилд байдаг шиг бүх юмыг эсэргүүцэж, янз бүрийн байдлаар зогсоох оролдлогыг АН хийхгүй. Бид зөв юмыг нь дэмжинэ, буруу юмыг нь засаж залруулахын төлөө ажиллана. Хэдийгээр цөөнх болсон ч гэсэн бидэнд тийм боломж байгаа.

-Сангийн сайд болон Монголбанкны тайлбарлаж байгаагаар өмнөх Монголбанкны ерөнхийлөгч ихээхэн хэмжээний мөнгө хэвлэсэн. Үүнээс болж эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн гэж яриад байгаа. Таны хувьд бол зайлшгүй мөнгө хэвлэх шаардлага байсан юм гэж хэлж байсан?

-Монголбанкныхантай санал солилцож байхад тодорхой ярьсан. Стандарт бус шийдвэр гэж байна. Тухайн онцлог нөхцөл байдалдаа уялдуулаад тийм шийдвэрийг гаргаж болно. С.Баяр Ерөнхий сайд байхдаа Ардын нам стандарт бус шийдвэр гаргаж АН-ыг хамтарсан Засгийн газарт оруулж байсан. Түүнтэй утга ижил яг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад стандарт бус шийдвэрүүдийг гаргадаг олон жишээ байдгийг Монголбанкныхан ч дурдаж байна лээ. АНУ, Японы Төв банкууд гаргаж байсан гэдгийг хэлж байна. Тэгэхээр ийм шийдвэрийг Н.Золжаргал ерөнхийлөгчийн үед гаргаж байсан байхгүй юу. Монголбанкны бодлого тийм шийдвэрээр хэрэгжиж байсан юм. Энэ нь зөв талтай байсан байж магадгүй. Зарим нэг зүйл дээр тохирохгүй байсныг ч үгүйсгэхгүй. Нөхцөл байдлыг урьдчилж харан ямар нөхцөл байдал үүсгэх гэж байна вэ, бид үүнийг зөөллөхийн тулд ямар арга хэмжээ авч болохоор байна гэдгээ ойлгоод тухайн үед нь шийдвэрүүдээ гаргаад явж байсан нь буруу биш.

Нэг үгээл хэлбэл бодлого дандаа уламжлагддаг. Сайн муу бодлого байж болно. Гэхдээ тодорхой бодлогуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэтэл тийм биш гэж тайлбарлаж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Жишээ нь Монголбанкны мөнгөний бодлого 180 градусаар өөрчлөгдсөн гэсэн тайлбарыг сая өгч байна. Гаргасан материалууд УИХ-д оруулсан бодлогын баримт бичгийг үзэхээр нөгөө л оруулдгаа оруулсан байна. Тэгэхээр стандартын дагуу бичигдчихсэн, тэр формат дээр хэвлэгдчихсэн материал байнга л ордог. Гэхдээ цаг үе өнөөдөр ямар байгаа вэ гэдгийг тооцоолж үзэхээр арай өөр хөтөлбөрүүд орж ирэх ёстой. Гэхдээ маш богино хугацаанд шүү. Жишээлбэл, Монголбанк хоёр дахь зах зээл буюу Хөрөнгийн биржийн хөгжлийг хэрхэн харж байгаа юм. Зөвхөн Монголбанк арилжааны банкуудын бодлогуудаа илүү дэмжээд байгаа юм уу. Эсвэл хоёр дахь зах зээлийг хөгжүүлэхийн тулд 97 хувийн орон зай үүсгээд байгаа арилжааны банкуудын зах зээлийг тодорхой түвшинд нөгөө тийш нь тэнцвэржүүлэх ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэхээр харагдах зүйл алга. Ер нь макро түвшин гэдэг юм уу хөрөнгө оруулалтын чиглэлээр бол үндсэндээ энэ Засгийн газар, УИХ-ын хийх ажил таван том хөтөлбөр болж байна. Оюу толгой, Гацуурт, Таван толгой, хоёр цахилгаан станц байх шив. Засгийн газар Оюу толгой, Гацууртын ордыг хэрхэн ашиглахаас шалтгаалж хөрөнгө оруулалт орох үгүй нь тодорхой болно. Гадна талд маш том хүлээлт үүссэн. Үүнийг Засгийн газар тооцоолж үзэж байгаа байх.

-Гадны хөрөнгө оруулалт л гэх юм. Манай орны дотоодын боломж гэж бүр байхаа больчихсон юм уу?

-Эдийн засгийг сэргээж, тогтвортой хэмжээнд авч ирэх дотоод эх үүсвэрүүдийн боломж бий гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэр боломжууд нь юу вэ гэдгийг Монголбанк болон Засгийн газар хоёр олж харж байна уу гэдэг чинь чухал байхгүй юу. Үндсэндээ ОУВС, гадны хөрөнгө оруулагч хийгээд гаднаас мөнгө олох тал дээр АН-ын хэрэгжүүлэх гэж оролдож байсан бодлогыг энэ Засгийн газар дахин оруулж ирсэн. Тухайн үед МАН маш их шүүмжилсэн. Одоо бол хүссэн хүсээгүй дахин оруулахаас өөр замгүй болчихож. АН-ын бодлого МАН-ын бодлого нэг чиглэл рүү орж ирж байна гэдгийг хэлдэг байсан. АН-ын бодлого бодлогын түвшинд, МАН-д харин бодлого гэж байхгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Жишээ нь, “Сайн оюутан” хөтөлбөрийг “Оюутны хөгжлийн зээл” нэртэй болгочихож байгаа юм. Адилхан л хөтөлбөрүүд. Ганцхан нэрийг өөрчилснөө төсвийг нэг болгосон гэж яриад байна. Монгол Улс Төсвийн тухай хуультай төсөв нэг байх ёстой. Гэхдээ стандарт шийдвэр үү, стандарт бус шийдвэр үү гэдэг юмыг харах ёстой гэж боддог.

Төсвийн хуульд захирагдахгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Үүний хажуугаар нөхцөл байдалд нь зохицуулсан хөтөлбөр давхар боловсруулаад явахыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Яг ийм л хөтөлбөрүүд явж байсан. Өнгөрсөн Их хурал хоёр удаа эдийн засгийг сэргээж, идэвхжүүлэх тодорхой зүйл заалтууд бүхий тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ асуудлууд харин одоо хаана байна вэ. Засгийн газрын сайн бодлого үргэлжилдэг юм бол байх л ёстой. Гэтэл түүнийг оруулж ирсэн аль ч баримт бичигтээ тусгаагүй байна. Үүнээс үзэхэд МАН-ынхан илүү сайн ажиллах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Хөндлөнгийн зогсолт хийсэн юм уу, үнэхээр буруу болоод зогссон юм уу гэдгээ үзэж, судалж байж өөрсдийн бодлого руугаа оруулах ёстой. Ийм зүйл эрх баригчдаас харагдсангүй. Ардчилсан намынхан зөв зүйлийг дэмжиж, буруу зүйлийг шүүмжилнэ гэдгээ зарлачихсан. Бид нэгэнт цөөнх болчихсон юм чинь өөрсдийн байр суурийг хадгалах нь ойлгомжтой. Улс төр хийх боломж олдвол бид хийх ёстой. Тиймээс Ардчилсан намынх гэдэг юм уу цөөнхийн бүлгийн гишүүд эсэргүүцээд гэж байгаа нь үнэндээ инээдэмтэй зүйл. Одоо ам асуух цаг биш гэдгийг ойлголгүй ийм зүйл ярих юм. Ардын намынхан бүх зүйлийг шүүмжилсэн шигээ хийх хэрэгтэй. Гэтэл ямар ч ажил урагшлахгүй байна.

-Он гарсны дараа төсвийн тодотгол хийгдэх байх даа?

-Гарцаагүй хийгдэж таарна. Учир нь ОУВС-тай хэлэлцээрт орсон бол ямар нэгэн шийд гарч л таараа. Тэр шийдвэрт зориулж хүссэн хүсээгүй төсвийн тодотгол хийгдэнэ. Цаг хугацааны хайчинд баригдаад энэ төсвийг олонхи батална. Гэхдээ он гарсны дараа энэ төсвөө дахин задална. Өөр арга байхгүй. Учир нь тэд хэрэгжүүлэх бодлого, ирээдүйг харсан төлөвлөгөө байхгүй учраас эргэж буцаад байгаа юм. Засгийн газар нь УИХ-д нэг асуудал орж ирэхээр л унагаачихдаг. Засгийн газар нь буцааж татаад дахин өөрчлөөд оруулж ирэхэд нь дахиад шүүмжлэлд өртөн өөрчилнө гээд давхидаг чинь бодлого биш байхгүй юу. Зүгээр л бөмбөг хоёр тийш нь өшиглөж байгаа тоглоом төдий зүйл. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн чинь жинхэнэ гамшиг энэ дотор тууж явна.

-Төсөвт үү?

-Жижиг 76 буюу мажоритараар сонгогдсон 76 гишүүн чинь өөрсдийнхөө тойрогт юм хийлгүй өөр зүйлийг дэмжинэ гэж байхгүй. Тойрогтоо юм хийхгүй бол тэд 2020 онд дахин сонгогдож чадахгүй. Тиймээс улсын төсвийнхөө хэдэн төгрөгийн 76 тийш нь татаж чангаахаас өөр арга алга. Холимог тогтолцоогоо дэмжээд сонгуульд оролцсон бол улс гэдэг нэг эрх ашгийн төлөө олонхийг барих боломж байдаг. Харамсалтай нь энэ тогтолцоо өнөөдөр алга болсон. Ардын намынхан бүлэг дээрээ зангидаж байна гэх боловч чуулган дээр ороод л задарна. Одоо ч задарсаар байна. Ц.Нямдорж аргаа бараад “Бүлгийн шийдвэр шийдвэр биш юм бол бүлэг хуралдахын хэрэг юу байна” гэж чуулган дээр шууд хэлж байгаа биз дээ. Өмнө нь биднийг УИХ-ын гишүүдийн онцгой эрхэд халдлаа гэж шүүмжилдэг байсан. Бүлэг дээрээ гишүүдээ дарамталлаа гэж шүүмжилдэг байсан хүмүүс өнөөдөр тэр бүгдийгээ ил цагаан хийж байна л даа. Ам, ажлын зөрүү гэдэг энэ. Эдийн засгийн хямралыг бид хамтдаа л даван туулна. Ардчилсан намд ч гэсэн зөв зүйл бий. Ардын намд ч гэсэн байдаг л байх. Гэхдээ Ардчилсан намынх нь арай илүү зөв гэж харж байгаа. Бүх зүйлээ хийх боломж эрх баригчдад байгаа. Харин бид зөв үед нь хатгаж өгөх хэрэгтэй.

-МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д ажлын айлчлал хийх хүрээндээ хоёр хувиас бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авахаар саналаа тавьсан байна лээ. “Стэнд бай” хөтөлбөрт ч хамрагдаж магадгүй сураг байна л даа. Таны хувьд аль саналыг нь дэмжих вэ?

-Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс ямар нэгэн эх үүсвэр хайж байгаа байх. Гэхдээ тухайн үед өрийн таазыг тодорхой түвшинд өөрчилж олдож буй эх үүсвэрт зориулж мөнгө оруулж ирье гэдэг зүйл ярихад Ардын намынхан эсэргүүцсээр байгаад зогсоож байсан. Түүнийгээ одоо хийж байх шиг байна. Эрх баригчид тухайн үед эсэргүүцэх гэж эсэргүүцэж байв уу гэдэг нь харагдаж байгаа биз. Хоёрдугаарт, Монгол Улс нэлээд хэдэн жилийн өмнө хөгжиж буй орны тоонд багтсан. Хөгжиж буй оронд багтчихаар тухайн улсад ямар зээл олгох вэ гэдэг зээлийн ангиллууд байдаг. Бид хөгжиж буй орон гэдэг утгаараа олон улсын зах зээлээс босгосон мөнгө нь бонд байхгүй юу. Бидэнд ийм л боломж байсан. Монгол Улс буурай хөгжилтэй орны тоонд эргээд багтсан байгаа бол албажуулах ёстой. Хэрэв үнэхээр тийм бол санхүүгийн донор орнуудаас маш бага хүүтэй, урт хугацааны зээл авдаг тохиолдол бий. Өмнө нь Хятад, Япон, Азийн хөгжлийн банкнаас авч л байсан юм. Улс орон маань аль ангилалд багтсаныг тодорхой болголгүйгээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл авна гээд яриад байгаа нь боломжгүй хувилбар. Улс төрийн шийдвэр өөрөөр гарснаар Хятадаас зээл авч магадгүй. Энэ нь хамгийн хялбар хувилбар. Сайтар бодох л хэрэгтэй. Чалкогийн өрийг дийлэхгүйн дээр төмөр зам, Таван толгойн асуудлыг харьцуулаад үзэх ёстой. Хятадууд ашиг муутай үйлдвэрүүдээ хааж байгаа тул ойрхноос чанартай бүтээгдэхүүнийг авах сонирхол тэр Засгийн газарт байж л байгаа. Түүн дээрээ тулгуурлан, манай хомсдол дээр үндэслээд янз бүрийн зүйлд оруулахыг үгүйсгэхгүй. Үүн дээр л болгоомжтой хандах учиртай. Ганц орноос хараат байх уу олон газраас тодорхой хэмжээний зээл авах уу гэдэг нь ОУВС-гийн шийдвэрт нөлөөлнө. ОУВС ямар шийдвэр гарснаас шалтгаалан бусад орнууд ямар нөхцөлтэй зээл өгөх вэ гэдгийг шийднэ. ОУВС-аас хамааралгүй зээл өгөх боломжтой ганц орон Хятад улс. Тэр утгаараа бидний нэг гаргалгаа энэ юм байна гэдэг утгаараа эрх баригчид яваад байх шиг байна л даа. Энэ гаргалгаа нь эрсдэлтэй юу гэдгээ л хамгийн сайн бодох учиртай. Үүн дээр хүн бүр л янз бүрийн байр сууринаас эмзэг хандаж байгаа юм билээ. Бидэнд гашуун туршлага бий. Оюу толгойг, Чалког одоо болтол ярьж байна. Энэ алдаанаас сэргийлэхийн тулд БНХАУ-тай зөвхөн улс төрийн яриа хэлцлээр зээл авах нь ашигтай юу гэдгийг дахин бодох л хэрэгтэй дээ.

-Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж байна. 100-хан хоногт ямар ажил хийдэг юм гэж өмөөрч болох ч бүтэн жилийн хугацааны бараг гуравны нэг нь өнгөрчихлөө. Та ямар дүгнэлт өгч байгаа бол?

-Энэ 100 хоногт яг хийчихсэн зүйл байхгүй. Дандаа л цуцалсан, зогсоосон, гацаасан зүйл л ярилаа. Мөн мөрдөж байна, шалгаж байна, шүүхэд шилжүүлж байна гэдэг зүйл л ярьсан. Өөр дорвитой зүйл хийсэнгүй. Ганц жишээ өгүүлэхэд тэр нь валютын ханшаар илэрч байгаа юм. Ардын намынхны ганц ярьж байгаа зүйл нь арьс ширний үнийг өсгөж байна гэдэг зүйл ярьж байгаа. Нэг талдаа малчдад дэм болж байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлүүдээ татан унагаж байгаа хэрэг. Учир нь дотоодын үйлдвэрүүд эдийн засгийн чадавхигүй болж худалдан авалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Тиймээс хятадууд юм уу доншуур наймаачдад хил гаргаад өгчихдөг болсон. Энэ нь хялбар байх шиг байна. Хялбараас илүү оновчтой шийдвэр гаргах цаг болчихсон баймаар юм. Хүүхдээ харж буй эхчүүдийг цалинжуулахаар боллоо гэж байсан. Энэ чинь нийгмийн халамж. Угаасаа байхгүй мөнгийг хэзээ өгөх гэж байгаа юм бол. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоод бусдыг нь дансанд байршуулж байгаа гэдэг зүйл мөн ярьсан. Дансанд байршуулах чинь бас учиртай. Дорж ч юм уу Батад данс нээсэн гэж байгаа боловч нээсэн үгүйг нь хэн ч мэдэхгүй байгаа. Нээсэн гэдэг бичилт байж болох ч тэр нээсэн дансны мөнгө эргэлтэд орохгүй тэндээ байгаад байна гэдэг чинь Засгийн газар тэр хүний мөнгийг эргэлдүүлж байна гэсэн үг мөн биз. Тэгвэл эргэлдүүлж ашигласныхаа хүүг төлөх ёстой гэх мэтчилэн наад захын асуудал яригдахгүй байна. Нэг үгээр хэлбэл, Ардын намынхан төсвийн том тогоо руу бүх зүйлийг хийчихээд дуртай үедээ тэд шанагаараа хутгаж авах гэж байгаа юм. Түүнчлэн эрх баригчид маш олон сангуудыг бий болгож эхэллээ. Яам бүр өөрийн сантай болж байгаа нь төсвийг хэмнэлттэй зарцуулах биш харин нууц байдалд оруулж байгаад өөрсдөдөө зарцуулах зам руугаа шуударчихлаа гэж харагдаж байна. Үндсэндээ Шилэн дансны тухай хууль хэрэгжихээ больж байгаа нь харагдаж байгаа. Энэ мэтчилэн шүүмжилж болно. Ардын намынхан өнгөрсөн хугацаанд маш сайн шүүмжлэгч байсан. Харин бид харьцангуй тайван байлгаж байгаа шүү. Боломжийг нь нээлттэй орхиод ажиглаж байгаа болохоос Ардын намын муухай болгоныг муухай харагдуулъя гэж зориогүй. Бидний хооронд үзэл бодлын хийгээд зарчмын ялгаа бий. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг яаж баалж байсныг бид мартаагүй. Харин бид одоохондоо баалахгүй байна. Гэхдээ цаг нь ирэхээр баалж таарна л даа. Яам болгон 100 хоногийн ажлаа тайлагнаж байгааг харахад АН-ын үеийн хийж байсан ажлуудыг үргэлжлүүлж, дуусгаж байгаа болохоос шинэ зүйл алга. Гэсэн хэдий ч бид 180 градусаар өөрчилсөн шинэ бодлого хэрэгжүүлж байна гээд ярих нь утгагүй. Манайхныг янз бүрээр л ярьдаг. Сая хөрөнгө орлогын шинэ мэдүүлэг гарсан байна лээ. Ядаж л өнөөдөр Их хурлыг бүрдүүлж байгаа гишүүд өмнөх УИХ-ын гишүүдээс өндөр орлоготой байна. Тэд л юм хийж байсан байгаа биз дээ. Тэр бүү хэл төрийн байгууллагад насаараа ажилласан хүмүүсийн орлогын хэмжээ асар өндөр байгаа нь харагддаг. Заримдаа эрх баригчид ярьж байгаа зүйлийнхээ учрыг нь олдоггүй юм уу гэж бодогдох юм. УИХ дээр болж буй хэлэлцүүлгүүдийг харж байхад шинэ гишүүд дохиураар ажиллаж байгаа нь харагддаг байхгүй юу. Заавал муу хэлэх ёстой юм шиг зүйл ярьдаг. Тухайлбал, Г.Занданшатар байна. Туршлагатай гэвэл хэн ч маргахгүй. Гэтэл 2012 оны Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордын асуудлын гол автор нь тэр хүн. Хөрөнгө оруулалтыг тэр хүн л зогсоосон. Өнөөдөр хөрөнгө оруулалтыг хэн зогсоочихов гээд гайхаад байх хэрэггүй. Уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарын хөрөнгө оруулалтыг хориглосон хууль гаргасан байсныг бид гарч ирээд 2013 онд зассан. Хамгийн наад захын жишээ хэлэхэд ийм байна. Иймэрхүү байдалтай л явж байна даа. Ардчилсан нам тодорхой хэмжээнд зөв бодлого хэрэгжүүлж байжээ гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна.

-Ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Сангийн яам Монголбанкинд төсвийн алдагдал багатай батлах, орлого бүрдүүлэхийн тулд валютын ханшийг зориудаар өсгөж байж магадгүй талаар ярьж байна. Ийм өнцөг байж болох талаар яриад эхэллээ?

-Ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Ардчилсан намын үед валютын ханш өсөх бүрт бидэн рүү дайрч, ард иргэдийг турхирч байсан. Манай намынхан Ардын намынхан шиг үйл ажиллагааг хийхгүй байгаа биз дээ. Хүмүүс ч гэсэн чимээгүй байгаа биз. Их сонирхолтой. Үүнийг бодож үзэх л ёстой. Биднийг эрх барьж байхад валютын ханшийг хэдээр тогтоох юм, цаашид хэд болох вэ гэдгээ урьдчилан тооц гэж төсөв, мөнгөний бодлого орж ирэх бүрт шаарддаг байсан. Өнөөдөр Ардын намынхны оруулж ирсэн мөнгөний бодлого, төсөв хоёр дээр харилцан адилгүй өөр байгаа. Н.Батбаярыг тухайн үед мөн ч их шүүмжилсэн. Тухайн үеийн тэр тоог нь өнөөдөр эрх баригчид хэлж чадахгүй байна. Энэ бүгдийг зах зээл өөрөө зохицуулдаг юм гэдгийг хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Зах зээлийн зохицуулалт юунаас шалтгаалдаг вэ гэхээр хөрөнгө оруулалт, ажлын байр, шинэ үйлдвэр босч байгаа, шинэ бараа бүтээгдэхүүн гарч мөнгөний эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа үед ханшийн өөрчлөлт өөрчлөгдөж таарна.

-Зээлийн хүүг бууруулах тал дээр эрх баригчид арга хэмжээ авах болов уу. Сөрөг хүчин байхдаа бууруулах ёстой гэдгийг хамгийн их ярьж байсан даа?

-Ц.Нямдорж өнгөрсөн дөрвөн жил “Банкны зээлийн хүү өндөр байгаа нь иргэдийн нуруун дээр маш их дарамт болон очиж байна. Банкны зээлийн хүүг тэдээр буулга” гэж шууд шахаад түүнийг баталж байсан. Өнөөдрийн УИХ, Засгийн газар, Монголбанк мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ тэр гаргасан шийдвэрийг биелүүлсэн үү гэж асуусан. Монголбанкны зүгээс тийм зүйл байхгүй гэдэг хариу өгсөн. Тэгж болдоггүй юм. Бидэнд тайлбарлахаас илүүтэй тэгж ярьдаг хүмүүстээ тайлбарлах ёстой. Ямар үед нь буулга гэж тулгаж болдог, ямар үед нь болдоггүй юм бэ. Асуудлын гол нь энэ. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйл бий.

-Сүүлийн үед Эрдэнэтийг тойрсон асуудлууд өндрөө авч АН-ын Засгийн газрын гишүүдийг “шүүгээд” эхэллээ. Процессыг та юу гэж харах юм?

-Хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийж байгаа байх. УИХ-д танилцуулах нь цаг хугацааны л асуудал байсан. Танилцуул гэдэг чиглэл гарсан уу, гарсан. АСЕМ-ын хуралтай холбогдуулан энэ Их хурал маш хурдан хугацаанд байгуулагдсан шүү дээ. Их хурлаар орж амжаагүй асуудлуудыг тухайн үед ярих боломж байсан. Дув дуугүй явж байгаад сонгуулийн өмнө нэг нөхөр гарч ирээд орилоод унаа биз дээ. Дараагийн асуудал нь Эрдэнэтийн 51 хувь нь ер нь байгаа юм уу. Үүнийг хэн ч тоохгүй байна. Сонгуулийн өмнө 51 хувийг нь хувьчилсан байна гээд шуугиа биз дээ. Сүүлд нь 51 биш 49 хувь нь юм байна гэсэн. Гадна талд байсан 49 хувийг Монголд оруулж ирсэн юм. Одоо авсан эзэнтэй асуудал ярьж байгаа нь дараагийн асуудал. Гэтэл төрийн өмчийн мэдлийн 51 хувь нь байна уу. Миний ойлгож байгаагаар байхгүй болсон байж мэднэ шүү.

-Ямар шалтгаанаар байхгүй болсон гэж?

-Төрийн мэдлийн 51 хувийг барьцаалаад Стандарт банкнаас зээл авсан. Тэр 51 хувийг барьцаалсан зээл чинь арбитрын шүүх дээр очоод Монголын Засгийн газар төлөх шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр тэр 51 хувь байхгүй болчихсон юм биш биз. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм. Төрийн 51 хувийн барьцаалж зээл авах болсон шийдвэр хэний үед гарсан юм гээд ухаад байвал ухаж болно. Энэ бүхэн учир зүйгээ олох биз дээ. Бүх сонгууль болоод дууссан болохоор гурван жил хагасын хугацаанд урагшаа харж ажиллах хэрэгтэй байна. Үлдсэн хугацаанд эдийн засгаа сэвхийтэл босгоод ирэхийг нь харъя. Хэт олонхи болчихоод цөөнх эсэргүүцлээ гэдэг зүйл яриад суудгаа одоо боль. Мөн батлагдаж, нотлогдоогүй асуудлаар хүмүүсийг их шүүдэг болж.

-Хөгжлийн банкийг яриад байна уу?

-Үнэхээр тийм зөрчил байгаа юм бол ил болгоод гаргаад ир. Цаг алдаж ингээд суух ямар шаардлага байгаа юм. Хэрэв тийм зүйл байхгүй юм бол үүнийгээ зогсоох хэрэгтэй. Шалгаж байна гэсэн нэг хэсэг нөхөд хэдэн жил явах гэсэн юм бэ. Нөгөөдүүл нь тэр тийм, энэ ийм гээд яриад л байдаг. Хэдэн жил ярих юм бэ. Сүүлийн үед Их хурал шүүх байгууллага болж хувирсан. Цагдаагийн ч юм уу, шүүх хурлын ч юм уу танхим болчихсон. Хэн нэг буруутан хайгаад түүнийг нь УИХ-ын гишүүд олж тогтоогоод байдаг болчихсон юм уу. Дүрэм, журмынхаа дагуу шалгадаг байгууллагууд нь шалгаж байгаа юм бол цаг хугацааны хувьд хурдан баймаар байна. Зайлшгүй Их хурлаар орох асуудал байгаа бол оруулаад яв. Хэн ч цагдаж хорьж, эсэргүүцээгүй. УИХ шийдвэр гаргаад Засгийн газарт үүрэг өгдөг. Өгсөн үүрэг чиглэлийнх нь дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулж ажилладаг. Ажлын хэсэг нь ажиллачихаад Засгийн газарт танилцуулдаг үүрэгтэй. Засгийн газарт танилцуулсан мэдээллийг нь УИХ-д Засгийн газар танилцуулдаг үүрэгтэй. Байнгын хороо, чуулган дээр ярьж хэлэлцээд нийтэд мэдээлдэг. Одоо хэн нэгэн дэд сайд, газрын дарга “даам” гарч байна. УИХ-ын чуулган дээр мөнгөний бодлого ярьж байхад Монголбанкны хэлтсийн дарга “Миний бодлоор ингэж шийдэх ёстой” гээд Их хурлын гишүүдэд заагаад сууж байх юм. Ийм сонирхолтой дүр зураг бий болчихсон. Удирдах удирдуулах дэг жаяг, соёлтой, боловсон хүчний чадавхитай гэгддэг нам өөрсдөө тийм соёлгүй, ёс зүйгүй, эх захгүй зүйлээ ил гаргаад цацаад явж байгаа нь тулхтай намын шинж мөн үү. Үүнийг бодох л ёстой. Эсвэл үүрэг даалгавар өгдөг юм уу. Их хурлаар оруулаагүй асуудлыг нийгэмд цац гэж Ерөнхий сайд эсвэл салбарын сайд нь үүрэг өгч байгаа юм болов уу. Буруутанг хайх амархан. Гэхдээ төрийн зарчим гэж бий. Аудит яах гэж байдаг юм. Их хурлын гишүүд тухайн обьектод очоод шууд шалгадаг хүмүүс биш. Мэргэжлийн байгууллагуудаар шалгуулаад түүнээс гарсан үндэслэл дээр ажлаа ярьдаг болохоос тэнд очиж шүүхийн ажилтан шиг хамаг юмыг нь онгичдог хүн биш. Энэ мэтчилэн зүйлс замбараагаа алдлаа. Тэд өөрсдийгөө мундаг, хүчтэй байна л гэж бодоод байх шиг байгаа юм.

-Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудал яригдах юм билээ. Ноднингийн төсөвт мөн орж ирсэн ч энэ жил ямар ч процесс явсангүй?

-Таны хэлсэнчлэн өмнөх Их хурлын үед яригдаж байсан. Хувьчлалд “Оргил” рашаан сувилал, “Хөрөнгийн бирж” гэх мэтчилэн хэд хэдэн томоохон обьектыг худалдахаар оруулсан байна лээ. Ардын нам шиг зүүний үзэл баримтлалтай намын хийдэг ажил биш. Тухайн үед бид алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг оруулж ирэхэд “Өөрсдөө авах гэж байна” гэх мэтчилэн янз бүрээр дайрч давшилсан. Харин “Өөрсдөө авахын тулд тэр бүгдийг үлдээжээ. Одоо харин авах гэж байгаа юм байна” гэсэн хардлага төрж байгааг нуугаад яахав. Төрийн банкийг яагаад байгуулсан нь тодорхой. Одоо яагаад Төрийн банкийг хувьчлах гээд байгаа нь ч тодорхой байна. Энэ бүгдийг харж байхад хэрэгтэй зүйлээ ямар нэгэн аргаар хэрэгжүүлэхгүй байж байгаад дараа нь өөрсдөө хэрэгжүүлдэг тогтолцоо руу Ардын намынхан орчихож. Эдийн засаг муу байж болно. Түүнээс гарах арга замууд олон бий. Үүний өчүүхэн хэсэг нь ОУВС, гадны зээл тусламж байхгүй юу. Дотооддоо байгаа асуудлууд дээрээ Ардын намынхан жаахан санаачилга гаргаж ажиллаасай. Тэд өмнө нь ажил хийлгэхгүй байхын тулд хуралдаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байхаас эхлээд маш олон саад тотгор бий болгож байсан. Ер нь ч тэгээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлдэг үнэн шүү дээ.

-Юу гэж хэлсэн юм…

-Бид цөөнх байхдаа өглөө босонгуутаа өнөөдөр юу гэж ярих вэ гэдгээ бодоод хэлчихдэг байсан. Одоо олонхи болсон тул өөр зарчмаар явах ёстой гээд хэлчихсэн нь үнэн. Тэр хүн санамсаргүй ам алдчихсан болохоос бодит үнэн байхгүй юу. Тэгж ажиллаж байсан гэдгээ нотолчихсон. 60 тэрбум төгрөгийн асуудал чинь ч гэсэн адилхан байхгүй юу. Манай нам цөөнх юм чинь бидэнд ашиггүй бол ингээд ярьчихъя гэж боддог байсан нь үнэн. Одоо харин тэгж чадахаа байсан. Харин тэгж ярих гэсэн хүсэлтэй гишүүн Ардын намын 65 дотор олон бий.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: МАН олонхийнхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамтарч заавал зогсоох ёстой

Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа

-УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам цөөнхийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Эрх баригчдын гаргаж буй шийдэл, шийдвэрт хяналт тавихаас эхлүүлээд танай бүлэг ажил ихтэй байгаа байх?

-Их хурлын сонгуулиар Ардчилсан нам цөөн суудал авсан. Гэхдээ бид ялагдчихлаа, цөөнх болчихлоо, бид юу ч хийж чадaхаа байлаа, бид хариуцахгүй гэдэг үгийг хэлэх эрх байхгүй, тийм бодол ч бидэнд байхгүй. Гоншигонохгүй, урагшаа харж ажлаа хийнэ. Үүнийг үүрэг гэж би ойлгож байгаа.

Хэдийгээр сонгуулийн үр дүнгээр 76 гишүүний 65-ыг Ардын намынхан авсан боловч сонгогчдын 45 хувь нь МАН-д, Ардчилсан намд 34 хувь нь санал өгсөн байдаг. Үлдсэн нь бусад нам болон бие даагчдад өгсөн. Нийтэд авч үзвэл ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчин бие даагчдын хамт 55 хувьд хүрнэ. Эрх баригчид 65 суудалдаа ташуураад 65:11 гэж хараад, бялуурч шийдвэр гаргаад байвал ард түмний 55 хувь та нарын суудалтай чинь ярихад бэлэн байгаа гэдгийг ойлгох ёстой. -Орон нутгийн сонгууль, МАН-ын Засгийн газар байгуулагдсаны 100 хоног давхцаж таарч байна. Энэ хооронд гаргасан шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?

-Орон нутгийн сонгууль болоход хоёр хоног үлдээд байна. Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа. Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээний. Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо.

-МАН-ынхныг ухарлаа, буцлаа л гээд байна. Тодорхой жишээ, баримттай хэлэхгүй юу?

-Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын хийсэн ажил, зүтгэсэн зүтгэл, гэрэлтэй гэгээтэй байсан бүхнийг 100-хан хоногийн дотор харанхуй болгож чаддаг юм байна гэдгээ харуулсан. МАН төр байгуулах тухай амлалтаасаа ухарч, худлаа амлаж болдог юм байна гэдгийг түмэнд харуулсан. Мөн эдийн засгийг шоконд оруулж, мөнгөгүй гэдэг нэрийдлээр ард түмний халаас руу увайгүйгээр маш хурдан орох чадвартай юм байна гэдгийг илтгэсэн.

Ардын намынхан амлалтаасаа буцсан. Буцсанаасаа ахиад буцсан гэдэг дээр олон жишээ хэлж болно.

Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг багш, эмч нарын насаараа ажилласныг нь төр нэг удаа харж үзээд 36 сарын цалинтай дүйцэхүйц тэтгэмж өгдөг байсан. Гэтэл үүнийг нь хасчихсан. МАН засаг авсан даруй хууль болгож төрийн албан хаагчдын тэтгэмж 1-12 сар байна гэж оруулж ирсэн. Адаглаад багш, эмч нарын 36 сарын тэтгэмжийг үлдээ гээд байхад үлдээгээгүй. Олонхийн 65 гишүүнээс үүнийг мэдсэн нь цөөн байсан. Юу батлах гэж байгаагаа мэдэхгүй даалгавраар кноп дарагчид олон. Харин Лүндээжанцан гишүүн буруу л кноп дарчихлаа даа гэж байсан. 2017 оны төсвийн төслийг өргөн барихад нэг удаагийн тэтгэмж 36 сараас хэтрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол 36 сарын тэтгэмжийг олгох нь Засгийн газар үзэмжээрээ л өгч байгаагаас огт ялгаагүй. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй. Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй.

Гэтэл өнөөдөр эмч, багш нарыг санал гомдол байна уу гээд хэлэхээр дуугарах хүн байдаггүй. Бүгд айдастай. Бүгд дарамттай. Ардын намыг санаатай ийм дарангуйлал руу шилжиж байна гэж бодохгүй байна. Олонхийнхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамт заавал зогсоох ёстой. Орон нутгийн сонгууль дууссаны дараа төрийн албаны халаа сэлгээнд сум, баг, хорооныхон өртөх нь дамжиггүй.

Түмний нүдэн дээр ил явж байгаа үйлдлүүдийг “гүтгэлээ” гэдэг үлгэрээр өөрсдийгөө цагаатгах хэрэггүй.

-Ардчилсан нам засаглаж байхдаа “давхар дээл” гэдэг асуудлаас болж багагүй шүүмжлэлд өртсөн, зарим тохиолдолд хариуцлага хүлээсэн..?

-Намайг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд байхад Ардын намынхан өдөр бүр “Эрдэнэбат аа, чи болиочээ” гэж шүүмжилдэг байсан. МАН сонгуулийн амлалтдаа давхар дээлээ тайлаад Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж ард түмэнд итгүүлсэн. Гэтэл тэд засаг авсныхаа маргаашаас давхар дээлтэй, зарим нь бүр гурван давхар дээлтэй болсон. Энэ бол энэ төрийн хийж буй хамгийн ил байгаа амлалтаасаа ухарсан үйлдэл болохоос биш Ардчилсан нам гүтгээд байгаа юм биш. Албан тушаалын томилгооноос эхлээд иргэд эргэлзэж эхэлсэн шүү.

-Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг мөн л МАН-ын Засгийн газар гаргалаа. Энэ шийдлийг та хэрхэн харж байна?

-Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хүнд байсан ч хүүхдийн мөнгийг бид ялгаварлахгүйгээр өгөөд ирсэн. Гэтэл МАН гарч ирээд л 60/40 болгочихсон. Одоо гайгүй амьдралтай 40 хувь нь 2019 он хүртэл хүлээж бай, хэцүү амьдралтайд нь өгчихье гэсэн. Үүнийг С.Одонтуяа гишүүн Үндсэн хуулийн Цэцэд өгснийг зөв гэж харж байна. Өнөөдөр 18 настай хүүхэд гурван жилийн дараа нас нь хэтэрчихээр яах вэ. Үүнд тайлбар байхгүй.

-Одооноос нөхөн олгож байгаа гэсэн сураг дуулдсан?

-Одоо сонгууль дөхсөн чинь хүүхдийн мөнгийг нөхөн олгож эхэллээ гэсэн мэдээг хэвлэл мэдээллээр цацаж байна. Доромжлоод байгаа юм уу, сонгуулийн шоу хийгээд байгаа юм уу. Өгөх ёстой зүйлийг нь өгөх ёстой цагт нь өгөөгүй байж сонгуулийн үеэр өгөхдөө хүүхдийн мөнгийг нөхөж өглөө гэж шоу хийх ямар хэрэг байна. С.Бямбацогт “Ардчиллынхан л ийм босго тогтоосон” гэж хэлж байна. Ардчиллынхан амьжиргааны түвшинг тогтоох судалгаа хийсэн болохоос ингэж ялгаварлах гэж судалгаа хийж, шийдвэр гаргаагүй. Ингэж ард түмнээр тоглож болохгүй.

-Сонгуулийн дараа төрийн албаны халаа сэлгээ хийгдэх ёстой юм шиг ханддаг болсноор барахгүй одоо бүр ах дүү, хамаатан саднаа албан тушаалд томилдог жишгийг тогтоож эхэллээ?

-Засаг солигдсоны дараа төрийн албанд баахан халаа сэлгээ эхэллээ. Өөрийнхөө хамаатан саднаа төрийн өндөр албан тушаалд тавьсан. Дарга нар нь яахав ажлаа өгчихье гэж. Гэтэл жирийн албан хаагчдыг хоморголон халж эхэлсэн. Тэднийг Ардчилсан намын үед ажиллаж байсан гэдгээр нь гадуурхаж байгаа юм. Дундговьд болсон нэг жишээ байна. Нэг охиныг төрд найман жил ажиллачихаад байхад аав нь Ардчилсан намын хүн байсан гээд ажлаас нь халсан. Охины аав нь 10 жилийн өмнө бурхан болсон байсан. Ингэж болох юм уу, бид чинь цөөхөн монголчууд. Энэ бусармаг зүйлийг манай танай нам гэлтгүй тэвчиж болохгүй.

-МАН-ын дарга М.Энхболд хүүгээ Монголбанкинд хэлтсийн дарга хийж байгаа гэсэн мэдээллийг няцаасан байсан?

-Саяхан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийсэн байна лээ, “Миний зүгээс өөрийн ах, дүү, төрөл садны нэг ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилоогүй болно” гэж. Түүний хүү УИХ-ын сонгуулийн дараа Монголбанкинд хэлтсийн даргаар очсон нь үнэн болох нь олон нийтэд ил болсон. Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Ашиг сонирхлын зөрчил гэж байдаг юм.

-Ардчилсан намын гишүүд ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуулийг авч үлдэх гээд чадаагүй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хууль бол төрийн бодлогын мөн чанар. МАН төрийн эрх аваад гаргасан, өөрчилсөн, гаргах гэж байгаа хуулиуд бүгд Монголын ардчилсан төрийн бодлогыг өөр нийгэм рүү чиглүүлэх гэсэн оролдлого гэж харж байна. Тэд ардаа гэсэн сэтгэлийг гээж зөвхөн эрх мэдлийг авахын тулд хоосон амлалт, өнгө, мөнгөөр иргэдийг хуурч байгаа нь дэндүү басамжилсан гутамшигт үйлдэл юм.

Ард түмний амьдралд хэрэгцээтэй, хэрэгтэй цөөнгүй хуулийг хүчингүй болгож, зарим хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль. Ардчилсан намын гэсэн нэр хаягтай зөв шийдвэр байсан болохоор хүчингүй болгосон нь бас үнэн. Оронд нь бид юмаа хийнэ. Ардчилсан намын хаягтай нэг ч юм байж болохгүй гээд насны хишиг гэдэг юм оруулж ирсэн. Насны хишиг гэдэг нь 70-аас дээш настай хүнд жилд хоёр удаа буюу наадмаар, цагаан сараар хишиг олгоно гэж байгаа юм. Бас улстөржсөн. 70-80 насанд, 80-90 насанд нэг өөр мөнгө өгнө гэж байгаа. Тэгээд бусад нь яах юм. Монгол хүн 60 нас хүрээд тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэвэрт гарсан л бол 60 байна уу, 90 байна уу хамаагүй ижилхэн л авах ёстой. Гэтэл монгол хүний дундаж нас хэд юм бэ гэсэн 69 нас. 69 хүрээд 70 нас давсны босго болгож, насны хишиг гэдэг юм өгөөд байгаа юм уу. Ямар төр гэхээр тэтгэврийн насны хөгшчүүлээ насаар нь ялгаварлах тухай бодлого гаргадаг юм бэ.

-Ардчилсан намын хаягтай зөв бодлогууд гэснээс өнгөрсөн дөрвөн жилд иргэд рүү чиглэсэн хамгийн ойрын зөв бодлого болох Ипотекийн зээлийг бас зогсоочихсон..?

-Бидний үед олон “сайн хөтөлбөрүүд”-ийг Монголбанк мөнгөний бодлоготой холбож хийж байсан юм. Ипотек яг “сайн хөтөлбөр”-ийн журмаар хэрэгжиж байсан. Монголбанкнаас дөрвөн хувийн хүүтэй мөнгө гаргаад арилжааны банкуудад дөрвөн хувийн маржи өгөөд энэ зээлийг анх бий болгож байсан юм. Энэ хөтөлбөрөөр 80 мянган айл өрх байртай болсон. Олон зуун компани ажилтай, олон мянган хүн ажлын байртай байсан юм. Гэтэл энэ өнөөдөр зогсохоор яах уу. Олон мянган залуучуудын амьдралыг бүрхэг болгож байна. Үүнийг үргэлжлүүлж болох л байсан. Үүнийг зогсоосны уршгаар мөнгөгүй данс үлдсэн. Одоо үнийг дахиад Хятадын зээлээр хийх тухай ярьж байна. Ингээд л бид буруу тийшээ давхиад байна даа. Бас “Сайн оюутан”, “Сайн хашаа”, “Сайн малчин хөтөлбөр” байна. Сайн оюутан энэ зээлийг авснаараа сайн сургуульд орж, сайн мэргэжил эзэмших ёстой гэсэн хөтөлбөр. Үүний үр дүнд олон чанаргүй дээд сургуулиуд оюутнуудын үнэлэмжээр чанаржиж, муу нь зах зээлээс шахагдах байсан юм. Харамсалтай нь энэ зогссон. Ингээд яривал олон сэдэв бий.

-Эдийн засгийн хүндрэлийг гэтлэхийн тулд зарим арга хэмжээг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэрэг биш гэж үү?

-Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгож байгаа. Бид эрх баригчдад цалин нэм, өнөөдөр ажлын байр олоод өг гэдэг шаардлага тавиагүй. Байгаа түвшнээс нь битгий дордуул гэсэн. Ардчилсан нам хэдий муулуулаад зүхүүлээд байсан ч өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалтыг хаанаас босгох уу, эдийн засгийн хүнд үед, яаж иргэдээ амьдралтай, ажилтай байлгах уу, яаж цалин тэтгэвэр буулгахгүй байх уу, ажлын байрыг хэрхэн хадгалах уу, энэ эдийн засгийн хүнд нөхцөлд яаж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх үү, яаж бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл рүү гаргах уу, ямар ямар том бүтээн байгуулалтыг хийх вэ гэдэг дээр ажиллаж ирсэн. Магадгүй, үүнийг ойлгоогүй хэсэг байхыг үгүйсгэхгүй. Ирэх дөрвөн жилд ард түмэн олон зүйлийг ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ хугацаанд бид ард түмэнтэйгээ зөв ухаарлыг олж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

МАН “Чингис” бондыгхарлуулахихаянзарласан

-УИХ-д ирэх оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Төсөв хүнд байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Өнөөдөр Монгол Улс мөнгөгүй болсон зүйл байхгүй. Үнэ багатай ч гэсэн Монголын гадагшаа гардаг бүх бүтээгдэхүүн гарч байгаа. Дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд татвараа төлж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн судас тасраагүй, төсөв мөнгөтэй эргэж байгаа. Мөнгө байгаа болоод Сундуйн Батболд 200 гаруй сая төгрөгөөр талбай дээр шоу хийж байгаа биз дээ, тэд нохойнд таван тэрбумаар спираль тавина гэж ярьсан биз дээ. Огт мөнгөгүй улс гэж хаа ч байдаггүй. Харин энэ төсвийн чинь “шуудай цоорсон”, данс улайсан, төр мөнгөгүй болсон байна гэж МАН-ынхан баахан “юм” ярьж, эдийн засгийн шоконд оруулсан. Энэ бүгдийг хараад байхад энэ улс дампуурсан юм байна. Энэ улс сүйрсэн юм байна. Дансандаа ширхэг ч зоос байхгүй юм байна. Тиймээс Монголд мөнгө хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг МАН-ынхан нийгэмд төрүүлсэн. Сохор зоосны хэрүүл хийсээр байгаад энэ улс орон мөхөх юм уу.

Монгол хүн амны билгээр гэдэг. Гэтэл хамгийн муу амны билэгтэй 100 хоног өнгөрч байна. 2016 оны төсвийн тодотголтой хамт татвар нэмэх, тэтгэмжийг хасах тухай олон хууль оруулж ирсэн. Ардчилсан намын зүгээс “Татвар нэмэх үзэгдэл эдийн засгийн хүндрэлтэй үед байж болохгүй. Ийм үед иргэдийн халаас руу гараа дүрээд, битгий мөнгийг нь суйлах гээд бай” гэсэн. Тэтгэвэр тэтгэмжийг хасах бүү хэл, ялгавартай олгох тухай ойлголт байж болохгүй. Хэдийгээр бид элдэв янзаар хэлүүлсэн ч ахмадын тэтгэврийг хасаагүй юм шүү. Бага багаар ч гэсэн нэмж ирсэн. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоогүй. Хүүхэд бүрт өгөөд л ирсэн. Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг өгөөд болоод л байсан. Одоо юу нь болохоо байсан гэж. Ажил хийе гэсэн хүсэл байвал шийдэл үргэлж олддог л юм.

-Сүүлийн үед “Чингис” бондын санхүүжилтийн талаар их яригдах болсон. Татвар нэмэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж эрх баригчид тайлбарлаад байгаа?

-МАН “Чингис” бондыг харлуулах их аянг зарлаж, бондын санхүүжилтээр бүтээн байгуулалтад оролцогчдыг мөрдөн шалгаж, улс төрийн зорилгодоо эрээ цээргүй ашиглаж эхэллээ. Үүнд олон сайхан боловсролтой залуучууд, бизнес эрхлэгчид хэлмэгдэж, олон компани бизнесийн эрсдэлд орж байна. Үүнтэй Ардчилсан нам эрс тэмцэнэ. Гадна, дотнын болон Хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн төслүүдийн дийлэнхийг МАН-ын эрх дархтнуудын мэдлийн компаниуд авсан. Баримт нь ил болсон байна. Ноцтой нь сая эдгээр төслүүдээ төсөв рүү нэгтгээд төрөөр баталгаатай төлүүлэх лобби хийчихсэн. Тийм учраас төсвийн мөнгийг нэг төсөв нэрийн доор нэмсэн. Төсвийн алдагдал нэг тэрум байсныг таван тэрбум болгож, ард түмнийг төөрөгдүүлсэн. Дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Монголын валютын нөөц хасах 400 сая ам.доллар байна гэсэн маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ам.доллар байхгүй сургаар хүмүүс төгрөгийн хадгаламжаа долларынх болгосон. Доллар гуравхан сарын дотор 300 төгрөгөөр нэмэгдсэн. Дараа нь мөнгөний хатуу бодлого хэрэгтэй гээд төв банк бодлогын хүүгээ нэмээд, бүх арилжааны банк Монголбанкны бондыг худалдан авч, төгрөг зах зээл дээр байхгүй болсон. Түрийвчиндээ мөнгөтэй хүн ховордсон. Одоо эргээд нэг харъя. Өнгөрсөн бужигнаантай амьдралыг өнөөдрийнхтэй эргээд харьцуулахад 100-хан хоногт ямар өөрчлөлт болов. -Гаднаас авсан, босгосон зээлийн эргэн төлөлт улсын төсөвт хэр хүндрэл үзүүлнэ гэж харж байна вэ?

-Ардчилсан хувьсгалаас хойших 26 жилд бид өөрийн эрхээр жаргаж, өөрийн эрхээр зовж ирсэн ард түмэн. Хэнээс ч хараат бус өөрсдөө төрөө сонгодог, шат шатандаа өөрсдийн төлөөллөө тавьдаг. 26 жил бидний хайгаад байгаа ардчиллын үнэт зүйл энэ гэдгийг иргэд ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг.

26 жилийн өмнө Монгол Улс тухайн үеийн ЗХУ-д улс төр, эдийн засгийн хувьд хараат орон байсан. Тэр үед бид ЗХУ-аас хоёр хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авч, энэ олон САА, хорооллыг босгосон байдаг. Дараа нь Н.Энхбаяр өр тэглэлээ гэж байсныг ард түмэн мартаагүй. Энэ бол улс төрийн зээл байсан юм. Энэ үед манай дарга нарыг томилох, шагнах, тэр байтугай асуудлыг тэнд шийддэг байлаа. Энэ бүхнийг Ардчилсан хувьсгалаар өөрчилж чадсан. Энэ бол бидний явж ирсэн түүх. Харин бид Чингис бондыг нэг улсаас аваагүй, олон улсын зах зээлээс босгосон. Юунд зарцуулагдсан бэ гэхээр гуравны нэг нь том бүтээн байгуулалтад, гуравны нэг нь зам, дэд бүтэц, дулааны цахилгаан станц, үлдсэн нь бизнес эрхлэгчдэд очсон. Энэ зээлийг бид өөрсдийн хэрэгцээндээ тулгуурлан зарцуулж чадсан. Өөрсдийн эрхээр тоног төхөөрөмжөө авч, өөрийнхөө эрхээр үйлдвэрлэлээ эрхэлж, өөрийнхөө эрхээр борлуулалтаа хийж байгаа иргэдэд хэрхэн дэмжлэг болсон талаар хийж бүтээж байгаа иргэдээс нь ч бас асуух хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн улс төрийн зорилгоор ашиглаж, Монгол Улсаас өр нэхэхгүй зээл. Ардчилсан намын 1.5 тэрбум долларыг зүхээд байсан, өр зээлийг үзэн ядаад байсан хүмүүс “Ардчилсан нам идчихсэн, мөнгөний уутыг гөвчихсөн” гэдэг ойлголтыг нийгэмд хүчтэй төрүүлж, нийгмийн сэтгэлзүйг бэлтгэж байгаад дахин дөрвөн тэрбум ам.долларын зээл нэмж авах хуулийг саяхан УИХ-аар батлуулсан юм шүү дээ.

Хэрэв төгрөгбайхгүй болбол Монгол Улс, монгол хүнгэжбайхгүй болно

-Нэг улсаас их хэмжээний зээл авахын сөрөг, давуу талын талаар тайлбар өгөөч?

-26 жилийн өмнө оросууд өгч байсан шиг. Тийм зээлийг өнөөдөр эрх баригчид авах гэж улайрч байна. Үүнийг Монголын ард түмэн зөвтгөж болох юм уу. Энэ зээл ямар зээлийг мэдэж байгаа юм уу. 2.2 хувийн хүүтэй 20-30 жилийн хугацаатай. Гоё сонсогдож байна. Ямар сайхан хямд хүүтэй юм. Ямар урт хугацаатай юм бэ гээд. Энэ зээлийн зорилгыг мэдэж байна уу. Энэ бол улс төрийн зорилготой зээл. Хэрэв энэ зээлийг авах юм бол манай төслийг хэрэгжүүлэхдээ өөрсдөө үнэлэхээс эхлээд өртөг нь өсч, зээл авсан улсын техник, тоног төхөөрөмжийг авахыг шаардана. Цаашлаад үйлдвэр бүтээн байгуулалт эхлэхэд ажиллах хүчээ манайхаас аваарай гэдэг асуудлыг ярьдаг юм. Бүтээгдэхүүнээ гаргахад зөвхөн энэ зах зээлд нийлүүлнэ шүү гэж тулгадаг. Энэ бол бидний хүсэх зам биш.

Энэ адлаад байгаа Чингис бондын санхүүжилтийг баялаг бүтээгчид маань харин өөрсдийнхөө эрхээр зарцуулж байгаа юм шүү. Одоо авах гээд байгаа зээл хямдхан харагдаад байгаа боловч өртөг нь манай улсын тусгаар тогтнолын үнэтэй зээл. Үүнийг бид ойлгож байгаа юм уу. Ард түмэн газар нутагтаа эзэн болж үлдэх нь хамгийн чухал. Үүнд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн нэг ач холбогдол оршино.

-Их хэмжээний зээл авахтай холбогдуулаад гадны банк оруулж ирэх хэрэгтэй, хэрэггүй талаар их яригдах болоод байгаа..?

-Сүүлийн үед бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын арилжааны банкууд хэрэггүй, өндөр хүүтэй, ард түмнийг шулдаг, үүнийг давсан сайн гадны банк хэрэгтэй. Хятадын банк сайн гэдэг сурталчилгаа их явж байна. Гуравхан сая хүнтэй, үйлдвэрлэл хөгжөөгүй, бараа бүтээгдэхүүний экспорт хөгжөөгүй, зах зээл нь жижиг ийм улс оронд дээрх зээл дээр нэмээд “Bank of China” орж ирэхэд хэдхэн жилийн дараа монгол төгрөг гэдэг мөнгөн дэвсгэрт байхгүй болохгүй гэдэг баталгаа байна уу. Хэрэв төгрөг байхгүй болбол Монгол Улс, монгол хүн гэж байхгүй болно. Муу ч гэсэн өөрийн хэдэн банктайгаа хэрэлдээд, муу ч гэсэн тусгаар улсаараа байгаад, үндэсний банкны эрх зүйн орчинг сайжруулах тухай хуулийг яагаад бид боловсруулж шинэчилж чадахгүй гэж. Яагаад бидэнд гадны мөнгө сайхан харагдаад эхлэв.

Монголынард түмэнардчилалд итгэдэг, Ардчилсаннамыгхайрладаг

-Орон нутгийн сонгуулийн үр дүн ямар байна гэж та төсөөлж байна вэ?

-Бид өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эрүүлээр харах цаг нь болсон. Манай Үндсэн хуульд төрийн анхан шатны байгууллагыг “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь иргэдийн хурал байна” гэж заасан. Энэ бол нутагтаа эзэн нь бай гэсэн үг шүү.

Хуульч Б.Чимид агсны хэлсэн нэг үг байдаг. “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх нь ардчилалд суурилсан төвлөрлийг сааруулж, төв засгийн дангаар ноёрхох эрх хэмжээг задлахад оршино” гэж. Энэ туйлын үнэн үг гэж боддог.

Энэ 100 хоногт гарсан хүч түрсэн бусармаг явдлуудыг таслан зогсоох, хяналт тавих, тэнцвэржүүлэх, эв эеийг хичээх цорын ганц боломж нь орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намтай хамтрах, ардчилалд итгэх итгэл юм шүү дээ.

Монголын ард түмэн ардчилалд итгэдэг, Ардчилсан намыг хайрладаг гэдэгт би эргэлздэггүй. Энэ сонгууль итгэлцлийн сонгууль болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсанаа: Ерөнхийлөгчийн сонгуулиа алдахгүйн тулд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай

Ардчилсан хувьсгалын анхдагч, МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг С.Амарсанаатай ярилцлаа.

-Ардчилсан намынхан дотроо толхилцоонтой байна. Энэ нь наанаа ил болчихсон зүйл. Өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх барьж байхдаа эвийг сахиж чадсангүй дээ?

-Өнгөрсөн сонгуулиар ард түмэн Ардчилсан намын үйл ажиллагаанд дүн тавьчихсан. Манай нам дангаараа дийлэнх олонхи болж чадаагүй ч хамгийн олон суудалтай байсан. Энэ хугацаанд чамлахааргүй ажил хийсэн ч ард түмний дунд нэр хүндээ алдсан нь харамсалтай. Үүний тод жишээ нь өнгөрсөн сонгууль байв. Сонгуулийн дүнг харж байхад нэг талаас харамсалтай байсан ч нөгөө талдаа эрэгцүүлж бодох, нам доторх алдаа завхралаа засах сургамж өглөө. Ардчилсан нам ингэж ялагдсан нь ард түмэнд хохиролтой. Нэг улс төрийн хүчин хэт дийлэнх олонхи болчихоор сөрөг хүчин түүнд нөлөөлөх ямар ч боломжгүй болдог. Тийм хэмжээнд хүртлээ Ардчилсан нам цөөхөн суудалтай болно гэдэг нь эцсийн дүндээ ард түмэнд ямар ч ашиггүй юм. Үүнийг бид 2000 онд харсан. Гэвч энэ байдал дахин давтагдлаа. Харамсалтай байна.

-Нам ялагдах болсон шалтгаан нь нам доторх лидерүүдийн хоорондын тулаан байсан гэдэгтэй санал нийлэх үү. Дарга нарын толхилцоон нь сүүлдээ хувийн ашиг сонирхол болж бие биенээ хорьж, цагдах хэмжээнд хүртлээ гаарах шив?

-Би мөн тэгж л харж байгаа. Нам доторх бүлэглэлүүд хоорондын зөрчилдөөн, дайсагналцал намын нэр хүндийг ард түмний дунд маш муухайгаар унагасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ нь өнгөрсөн дөрвөн жилд гарсан шинэ зүйл биш. Түүнээс өмнө 1998-1999 онуудад манай намынхан хэд хэдэн Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад огцруулсан. Үүний уршгаар 2000 оны сонгуулиар нэр хүндгүй болж Ардчилсан нам ганц суудалтай болтлоо ялагдаж байсан.

Энэ удаа нам доторх фракц нэртэй мөнгөний төлөөх бүлэглэлүүдийн толхилцоон нам ялагдах эхний хүчин зүйлс болсон. Түүнчлэн намын дүрмээ үл тоомсорлон, хэрэгжүүлдэггүй байдал нь гаарсан. Намын Их хурлаа ч хуралдуулж чадахгүй, ҮЗХ-гоо шинэчилж чадалгүй бугшиж явсаар намын нэр хүндийг шороотой нь хутгасан. Яагаад энэ хоёр хүчин зүйл гараад ирэв гэхээр Ардчилсан нам үнэт зүйлсээ дагаж мөрдөхөө байчихсан юм. Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлс нь намын анхан шатны байгууллага дээрээсээ алдагдчихсан. Өнөө фракц гэдэг гайтай зүйл чинь намын анхан шатны байгууллагадаа хүртэл орчихсон. ҮЗХ-ноосоо эхлээд намын дүрмээ хэрэгжүүлэхээ байчихаар нам яаж өнгөтэй, өөдтэй байх юм бэ. Манайхан өөрсдөө л дүрмээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

Ардчилсан нам 2000 оны сонгуульд ямар болтлоо ялагдаж байлаа гэдгээ бүр мартсан. Үнэт зүйлээ умартаж, өмнөх зорилгоо баллуурдсаны нэг жишээг хэлье. 1990 оны гуравдугаар сарын 23-нд нам төрийн удирдлагыг салгаж байсан юм. Тэр үед МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байлаа. Одоогийнхоор намын дарга нь УИХ-ын дарга гэсэн үг. Тиймээс МоАН, МоАХ-ноос шаардлага тавиад 1990 оны гуравдугаар сард болсон АИХ-ын ээлжит бус чуулганаар үүнийг тусгаарласан. Харамсалтай нь УИХ-ын дарга намын дарга байдаг хуучны тэр жишиг рүү манайхан халтирчихсан. Ийм ухралт байж болохгүй. Намын гишүүд нь сөрөг хүчнийхээ шаардлагыг дагаад өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулсан гэхчилэн алдаанууд Ардчилсан намыг өнөөдрийн энэ бэрхшээлийг туулах эхлэл болсон.

-1990 онд Монгол Улсад ардчиллыг хөгжүүлье гэж зүтгэж, тэмцэж явсан таны итгэл үнэмшил, мөрөөдөл хэр биелсэн байна вэ. Нэг талдаа ардчилал хөгжиж маш сайхан болсон гээд байгаа ч нөгөө талд нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд очоогүй гэх юм л даа?

-Хүссэн хэмжээнд төгс төгөлдөр болсон зүйл алга. Саад тотгор ихтэй байгаа ч урагшаа явж л байна. Ухралт ч их байна. Өмнө нь хийсэн зүйлээ үгүйсгэж байгаад харамсдаг. Ардчилсан нам ялагдаагүй бол үүнийгээ засахгүй цаашаа үргэлжлэх байсан. Өнгөрсөн сонгууль манай намын хувьд нэг талдаа харамсалтай ялагдал хэдий ч нөгөө талдаа боломж өгч, намаа шинэчил, шинэчилж чадахгүй бол та нарын хийж бүтээсэн бүхэн үгүй болно гэдэг том сэрэмжлүүлгийг өгсөн.

Ардчилсан нам Монголын багана болсон том намын хувьд үүрэх хариуцлага нь өндөр байдаг. Улс орны хөгжлөөс эхлээд, ардчиллын ололтыг батлан хамгаалах тал дээр том хариуцлага хүлээсэн нам. Тэр утгаараа Ардчилсан нам яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй. Туулсан замаа эргэн хараад алдаагаа засч, дүрмээ шинэчлэх цаг болсон. Ардчилсан намын шинэчлэл хэр байхаас шалтгаалан улс орны хөгжил, эрх чөлөөний байдал хангагдах уу гэдэг нь тодорхой болно. Харин шинэчлэгдэж чадахгүй бол үр дүн харамсалтай гарна. Ард түмний ардчилалд итгэл алдах байдал улам нэмэгдэнэ. Хуучинсаг үзэл бодолтой МАН-ынхан дийлэнх олонхи болчихлоо. УИХ-д Ардчилсан нам ямар ч нөлөөгүй болтлоо унасан. Ардчилсан намын есөн гишүүн байсан байгаагүй МАН-ын 65 гишүүн ямар ч хуулийг батлаад явна. Энэ чинь өөрөө эмгэнэл байхгүй юу. Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараагийн Ерөнхийлөгч зайлшгүй Ардчилсан намаас байх ёстой. Цаг үеийн шаардлага нь тэр. МАН-аас нэр дэвших хүн Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол 1990 оны байдал тэр чигтээ давтагдана. Тэр үед нэг нам үнэмлэхүй байсан. Дээр нь тэр намын хүн Төрийн тэргүүн болчихоор улс орны нийгэм, эдийн засгийн байдалд ноёрхлоо тогтоочихоор ямар ч хяналтгүй болдог. Ардчилалд тулгарсан ийм том аюул, эрсдэл байна. Ерөнхийлөгчийн сонгуулиа алдахгүйн тулд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай.

-Нам шинэчлэгдэнэ гэхээр яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ. Зарим хүмүүс бол Ардчилсан нам тараад дахин шинээр зохион байгуулалтад орох ёстой гэж байна. Гэхдээ тийм боломж бий юу. Болдог юм аа гэхэд нөгөө л хүмүүс чинь эргээд ирнэ биз дээ?

-Хамтран тэмцэж явсан журмын нөхөд маань таны асуусныг хэлж байна. Манайхан сэтгэл хөдлөлөөрөө яриад байгаа юм. Ардчилсан нам шинэчлэгдэхгүй байгаа болохоор бухимдсан сэтгэлээ илэрхийлэн нам тарах ёстой гэж байгаа болов уу. Миний хувьд Ардчилсан нам татах ёсгүй, тарах эрхгүй гэж үздэг. Учир нь улс төрийн хоёрхон том хүчний нэг нь манай нам. Тэр утгаараа Ардчилсан нам зайлшгүй байх ёстой. Нам тарах нь хуулиар зохицуулагддаг. Улс төрийн намуудын тухай хуульд хоёр заалт бий. Нэгдүгээрт, намын эрх барих дээд байгууллага буюу Их хурал таръя гэсэн шийдвэр гаргавал тарж болдог. Гэхдээ намын Их хурлаас тийм шийдвэр гарах боломж нь бага. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах, улс орны аюулгүй байдалд заналхийлэх, ялгаварлан гадуурхах, цэрэгжсэн нам бүлэглэл болох гэсэн заалт байдаг. Улсын дээд шүүхэд нам тарах өргөдлөө өгчихөд тав хоногийн дотор шийдэх хуулийн заалттай. Ардчилсан намыг тараана гэхээсээ илүүтэйгээр шинэчлэлийг дорвитой хийх цаг болсон. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болох тул түүнээс өмнө нам доторх хатигаа шахаж идээ бээрийг нь цэвэрлэх хэрэгтэй.

-Дахин асуухад тийм боломж байгаа юм уу?

-Тийм боломж байгаа. Намын хуучин удирдлагууд нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээн нам биш ҮЗХ тарах учиртай юм. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат “Их хурлаа хийж дүрмээ баталчихаад ҮЗХ татан буугдана” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ хуучин ҮЗХ шинэ дүрмээ баталж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Миний бодлоор эхний ээлжинд ҮЗХ тарах ёстой. Их хурлыг заавал арванхоёрдугаар сарын зургаанд хуралдуулна гэж тулгах шаардлага байхгүй. ҮЗХ тарж, дүрмээ батлаад дахин ҮЗХ бүрэлдэн намын анхан шатны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулан Их хурлын төлөөлөгчдөө сонгох нь зөв. Тэр Их хурал чинь намын дүрмээ батлах ёстой. Намын дүрмийн хамгийн эхэнд фракцийг хориглох ёстой гэж боддог. Монгол шиг оронд нэг нам дотор фракц байх шаардлагагүй. Нам гэдэг нь улс төрийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаар нэгддэг хүмүүсийн нэгдэл байхгүй юу. Үзэл бодол нийлэхгүй бол намаас гараад өөрөө нам байгуулаад явах боломж бий. Заавал Ардчилсан нам гэдэг нэрийн доор албан тушаал, эд хөрөнгөтэй болох гэсэн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх бүлэглэлүүдэд нам ямар ч зай тавьж өгөх ёсгүй. Фракц нэрийн дор албан тушаал, эд хөрөнгөний төлөө л энэ хүмүүс тэмцэлдэж байна.

Үнэхээр намын үзэл баримтлалтай нэгдэхгүй, дүрмийг нь мөрдөхгүй юм бол намд байх ямар шаардлагатай юм. Хуучин шиг ганц намтай байгаад шинэ нам байгуулах боломжгүй байсан бол үзэл бодолдоо тулгуурлан нам дотор фракц байж болно. Түүнээс биш бизнесийн ашиг сонирхол, насны хязгаарлал, өмнө нь байсан нам, найз нөхдийн хүрээнд нэгдсэн фракцууд намыг сөнөөж байгаа. Энэ бол манай намын 20 гаруй жил явж ирсэн ужиг өвчин. Анх МҮАН, МҮДН, МоАН гээд намууд байсан. Сүүлд нэгдээд явахад Ардчилсан нам гэдэг нэг том малгайн доор угшил угшлаараа бүлэглэл болоод явсан. Энэ нь явсаар 1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барихад намын угшлаараа талцан байлдсаар 2000 онд яалаа даа. Бүгд гудамжинд гарсан. Хоорондоо ингэж дайсагналцах нь намын нэр хүндийг муухайгаар унагадаг юм байна. Улс орны хөгжилд хор хөнөөлтэй, тогтворгүй байдал үүсгэчихдэг юм байна. Улс төрийн тогтворгүй байдал үүсчихээр гадаадын хөрөнгө оруулалтаас эхлээд монгол руу гэсэн бүхэн цаашаа тэмүүлдэг болчихдог юм байна. Төр засгийн ажил, уламжлал алдагдаад эцсийн дүндээ намын жирийн гишүүд хамгийн ихээр хохирдог.

-Яг яаж хохирдог гэж?

-Ингэж муухай ялагдчихаар намын харьяалалтай бүх хүнийг ажлаас халдаг. 2000 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн МАХН үнэмлэхүй олонхи болоод Ардчилсан намын угшилтай 15 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Өнгөрсөн сонгуулиар илт ялагдсан болохоор Ардчилсан намын угшилтай хүмүүсийг ажлаас халж байна. Судалгаа авч байгаад 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг халж байгаа. Энэ нь залуучууд улс төрд орж идэвхтэй байя гэдэг хүсэл эрмэлзлийг устгаж байгаа хэрэг. Залуусын хувьд ямар ч ирээдүй харагдахаа байчихсан. Ардчилсан нам шинэчлэгдээд 2020 онд яллаа гэхэд Ардын намын хүмүүсийг дахин бүгдийг нь халах уу, яах уу гээд цаашаа явах бүртээ өш хонзон, хорсол болон хувирдаг.

Одоо Ардчилсан нам дотор шинэчлэл явуулахаас гадна Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр хүрээнд хатуу гишүүнчлэлийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр намууд хороо бүр дээр үүртэй, дүүрэг бүр дээр хороотой гээд сум, аймаг гээд бүгдийг нь өөрчлөх цаг болсон. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялагдсан нь улс төрийн системд томоохон шинэчлэл хийх ёстой гэдгийг батлан харууллаа. Ардчилсан намаас гадна парламентын тухай ярих хэрэгтэй. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гээд заачихсан байхад өөрчилсөн.

хориглох шаардлагатай.

-З.Энхболд Ардчилсан намын дарга байхдаа фракцгүй Ардчилсан нам санаачилга гаргаж байсан. Өнөөдөр харин байдал хэвээрээ л байна…

-Фракцгүй болох ёстой. Ардчилсан намд хүчтэй байгаа фракцууд өөрсдийн хүчийг алдахгүйг хичээнэ. Тиймээс фракцийг хүчээр дүрмэнд суулгаж хориглох хэрэгтэй. ҮЗХ-г сонгодог журмыг өөрчилж тухайн орон нутгаасаа намын гишүүд сонгох шаардлагатай. Тэнд амьдардаг, намдаа олон жил зүтгэсэн, мэдлэг боловсролтой, манлайлагчдыг сонгохгүй бол Улаанбаатарт насаараа амьдарсан нөхөр аймагт давхиж очоод мөнгө тараагаад ҮЗХ-ны гишүүн болчихдог юм. Өөрөө мөнгөгүй байлаа гэхэд ивээн тэтгэгч бүлэглэлүүд өмнөөс нь мөнгийг нь өгчихдөг. ҮЗХ-д орохын тулд мөнгө тараадаг, бизнесийн бүлэглэлүүд мөнгийг нь өгдөг болчихсон. Нуух юм байхгүй. ҮЗХ дотор шударга зүйл гэж байхаа больсон. Удирдлагаа шүүмжлэх ч эрхгүй. Намын үүр, хороонд аль бүлэглэлийн дарга байна тэр өөрийн фракцийн хүмүүсийг л оруулдаг. Бусад хүмүүсийг хуйвалдаан гэхчилэн янз бүрийн зүйлээр дардаг. Одоо Ардчилсан нам дүрмийн зөв шийдэл олох ёстой. Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм чинь гишүүнчлэл нь нэрийн төдий фракцуудыг хамгаалсан байдалтай болчихсон. Аль ч үүрт ерөнхийдөө 200 орчим гишүүн бүртгэлтэй байдаг. Тэднээс дөрөвний нэг нь л татвараа төлдөг. Бусад нь өгдөггүй. Тэгэнгүүт үүрийн дарга нар өөрсдөө мөнгийг нь төлчихдөг. Татвараа төлсөн хүмүүс үүр доторх сонгуульд оролцоно гэдэг. Үүрийн дарга өөрийнхөө фракцийн хүмүүсийн мөнгийг төлчихсөн болохоор фракцийнхаа хүнийг дэмжүүлдэг. Энэ мэтчилэн анхан шатнаасаа ялзарчихсан байхгүй юу. Би намын анхан шатанд харьяалагддаг болохоор энэ бүгдийг сайн мэднэ. Үүрийн даргад ойр байсан нь ажилд орох боломж арай их олддог. Хоёрын хооронд фракцийг бий болгодог, ивээн тэтгэдэг гишүүнчлэл байснаас ардчилсан орнуудын жишгээр гишүүнчлэлгүй болгочихвол жирийн гишүүдэд амар. Дараа нь тэр намынх, энэ намынх гээд цол гуншин дуудуулж ажлаасаа халагдан гудамжинд хөөгдөхгүй. Дүрэмдээ л өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Гэхдээ Ардчилсан намын дүрэм маш сайн болсон гэж танай намынхан ярьдаг шүү дээ?

-Магтаж яриад байдаг ч дүрмээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх механизм нь байхгүй болчихсон. Одоо дүрмийг хэрэгжүүлэх механизмыг нь бий болгох хэрэгтэй. Хэрэгжүүлэх механизм нь байхгүй учраас муу дүрэм байхгүй юу. Нэг үгээр хэлбэл, хүнд үзүүлдэг цаас. Тухайлбал, өөрсдийнхөө Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ нийлж унагасан хүмүүсийг намаас хасна гээд заачихсан байдаг юм. Түүнийг нь хэн ч хэрэгжүүлсэнгүй. Зүгээр бөгс арчих цаас болчихсон. Би намын дүрмийг сайн гэдэгтэй санал нийлдэггүй. Хэрэв тийм байсан бол яагаад дүрмээ биелүүлдэггүй юм. Яагаад анхан шатнаасаа энэ нам ялзралд орчихсон юм. Яагаад энэ дүрмийг хэн ч хэрэгжүүлье гэж боддоггүй юм. Яагаад хэн ч тоодоггүй юм. Хариуцлага хүлээлгэдэг байж л тэр хууль юм уу дүрэм болно биз дээ. Дүрмийг хэрэгжүүлдэггүй, зарим нь мэдэх ч үгүй яваа. Энэ байдал завхралыг бий болгоод байна. Ядаж дүрмээ биелүүлье гээд айдаг, ичдэг байх ёстой. Намын дүрмийг хүлээн зөвшөөрч орчихоод “Наадах чинь юу юм. Хуц” гэж болохгүй. Э.Бат-Үүлийн хэлдгээр хэдэн бүлэг дээрэмчдийн бөөгнөрөл болчихлоо.

-Ардчилсан нам лидергүй болчихлоо гэдэг зүйл яригдах болсон. Фракцийн дарга нараас нэг нь лидер болох гэдэг ч бусад нь хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага их юм билээ?

-Хуучин нийгмээс өвлөж авсан, марксизм, ленинизмээс үлдсэн сэтгэлгээний хоцрогдол одоог хүртэл явсаар байна. Заавал нэг лидер хайх хэрэггүй. Ленин, Сталин, Д.Сүхбаатар гээд заавал нэг лидер хайдаг чинь хуучин нийгмийн сэтгэлгээний үлдэгдэл юм. Ардчилсан улсад нэг хүнийг лидер гээд бурханчлан шүтэж ангал руу хүртэл яваад ордог зарчим байхгүй. Ардчилал хөгжсөн орнуудыг хараад байгаарай. Лидер дагасан нам улс төрийн хүчин гэж бараг байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд мундаг чадалтай, бусдыгаа манлайлдаг хүн гарч ирж удирдаад дөрвөн жил болоод дараагийн сонгуульд ялбал дахиж нэг удаа сонгогдоод больдог. Тэр хүн больсон ч лидер байхгүй болчихлоо гээд уйлж, дуулаад байгаа юм байдаггүй. Бид үнэхээр ардчилсан улс босон юм бол тэр зарчмаараа явах нь зөв. Сэтгэлгээний хоцрогдол манайд арилах болоогүй. Миний үеийн хүмүүс амьдралынхаа талыг социализмд өнгөрүүлсэн болохоор заавал лидертэй байх хуучин сэтгэлгээнээсээ салж чаддаггүй. Хутагт хувилгаан тодруулж байгаа юм шиг лидер тодруулах хэрэггүй. Үнэхээр лидер болохоор хүн өөрөө үзэл санаагаараа манлайлаад товойгоод гараад ирчих ёстой. Ленин, Сталин, Чойбалсан байхгүй бол бүгд өнчирчихдөг юм шиг санаж байгаа бол сэтгэлгээний хоцрогдол шүү. Тиймээс Ардчилсан намд шинэ манлайлагч гарч ирэх цаг болсон. Тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгээд л яваад өгөх хэрэгтэй.

-Ардчилсан намынхан бие биедээ хэр хайртай хүмүүс вэ. Нэг намд мөр зэрэгцэж явсан хүнээ өмгөөлж, хамгаалах талдаа маруухан байна уу гэж хааяа харагддаг. Тухайлбал, Л.Гансүхийг Нүүрс хөтөлбөрийн мөнгө шамшигдууллаа гэхэд зүхэх хүн олон байснаас хамгаалах хүн бараг гараагүй. Залуу цагаасаа хойш улс төрд хамт зүтгэсэн хүмүүс нь хүртэл нүүр буруулж байх жишээтэй. Өнөөдөр Э.Бат-Үүл даргыг С.Зоригийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан үед ядаж өмөөрөөд ярилцлага өгөх хүн цөөхөн байх юм?

-Одоо болтол дотроо эв нэгдэлгүй байна. Үүнд би санаа зовж явдаг. Улс төрд олон жилийнхээ амьдралыг зориулсан, туршлагатай, нам дотроо нэр хүндтэй болчихсон хүмүүс хоорондоо ямар ч эв нэгдэлгүй байна л даа. Бие биенийгээ хардаж сэрддэг. Манай хуулийн байгууллага огт шинэчлэгдээгүй нь үүнд нөлөөлөөд байх юм. Өнгөрсөн дөрвөн жил хууль эрхзүйн шинэчлэлээ хийх гээд чадсангүй. Энэ маш харамсалтай зүйл болчихлоо. Хүний эрхийг хамгаалдаг эрх зүйн орчноо баталгаатай болгож чадаагүйд харамсдаг. Хуучнаараа ажиллаж байгаа хуулийн байгууллагынхныг улс төрийн хүчнүүд өөрсдийн хүслээр ажиллуулдаг болсон. Хуулийнханд зах зээлийн эдийн засгийг ойлгох ойлголт алга. Тухайлбал, Л.Гансүхтэй холбоотой нүүрсний хэрэг чинь хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээ. Ард түмэнд нүүрсийг хямд өгсөн. Ард түмэн хожсон. Нүүрс гэдэг чинь түүхий эд. Зах зээлийнхээ хэрэгцээг дагаад түүхий эдийн үнэ өсч, буурдаг. Үүн дээр дөрөөлөөд хоёр аж ахуйн нэгж хоорондоо гэрээ байгуулсан байсан ч улс төр ороод тэр хүнийг шоронд явуулчихсан. Би хувьдаа хэлмэгдүүлэлт л гэж үздэг. Нүүрс нэг өдөр ямар ч үнэгүй болж болно. Эсхүл эсрэгээрээ асар өндөр үнэтэй болж ч болно. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 200 ам.доллар давчихлаа. Гэтэл Чалко 27 ам.доллараар зараад байна гэдэг чинь зах зээлийн л юм яваад байна гэсэн үг. Зах зээлийн үнийн дээшээ, доошоо савлах савлагааг ашиглаж аль нэг улс төрийн бүлэглэлийг дарж авах үзэгдэл дахин гарах ёсгүй. Хоёр аж ахуйн нэгж гэрээ хийгээд хохирогчгүй гээд байхад АТГ нь идсэн байна гэж тулгасаар байгаад ял өгчихсөн. Зах зээлийн нийгэмд байдаг өсч, унадаг харьцаа. Тиймээс улс төрийг эдийн засгаас салгах ёстой.

МАН-ынхан дийлэнх олонхи болоод Э.Бат-Үүлийг 18 жилийн өмнө болсон хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан. 18 жилийн хугацаанд шалгаж байхгүй яасан юм. Э.Бат-Үүлийг илт гүтгэн гүжирдэж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө ийм зүйл рүү орчихсон. Энэ бүхнээс харахад хууль эрхзүйн шинэчлэлээ даруйхан хийх цаг иржээ гэдэг нь харагддаг. МАН Их хуралд 65 суудал авсан болохоор сөрөг хүчний есөн гишүүн юу ч хэлээд 2020 он хүртэл “Хуцав аа, та нар. Бүх зүйл хуулийн дагуу явж байна” гэнэ. Сөрөг хүчин ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс шинэ үзэл санаагаар ард түмнийг гэгээрүүлэх хэрэгтэй. “Өдрийн сонин” шиг хүчтэй хэвлэлийн байгууллага маш сайн ажиллах ёстой. Ардчиллыг хамгаалах ганц хүч чөлөөт хэвлэл болж байна. Үнэндээ хэвлэлээс өөр хамгаалах хүч Их хурал дотор алга. Ядаж байхад цөөнхийн хэдэн гишүүн нь хуучинсаг хүмүүс байх юм. Зөвлөхүүдийг томилсон гэхээр нь сонирхоод уншсан чинь Л.Эрдэнэчимэг, З.Энхболд, Р.Бурмаа гэх мэт намаа сөнөөсөн хүмүүсээ орон тооны бус зөвлөхөөр тавьсан байсан. Тэднээс ямар ч шинэчлэл хүлээх найдлага миний хувьд алга.

Улс төрийн шинэчлэл зогсч байгаад харамсч байна. Шинэ Засгийн газар нураана, зогсооно, болиулна гэдэг зүйл ярих боллоо. Шинэ сэтгэлгээ, шинэ арга зам энэ хүмүүст алга. Залуусынхаа өмнөөс л харамсах юм. Өсч өндийж байгаа залуу үе минь яана даа. Залуу хүний ирээдүй гэрэлтэж байх ёстой. Гэтэл хуучинсаг сэтгэлгээ, хуучин арга барил. Харамсалтай. Эдийн засаг хоёр гурван жилдээ хүндрэлтэй байх болов уу. Энэ цаг үеийг ашиглаад АН шинэчлэгдэх ёстой. Гэхдээ заавал шинэ дугуй зохиох албагүй. Хөгжсөн орнуудын жишгийг дагах ёстой.

-Сүүлийн үед Их хурлын 76 гишүүн хангалтгүй байна. Дээд, доод танхимтай болж мэргэжлийн хүмүүсийг нь төрд ажиллуулах ёстой гэдэг саналууд гарч байгаа?

-Нэлээд олон жилийн өмнөөс гарч байсан санал. Саналаас гадна яг ийм тогтолцоо манайд байсан. 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулийн дараа УБХ, АИХ гээд парламент нь хоёр хэлбэрийн тогтолцоотой байсан. Тэр үед сайн ажилласан гэж боддог. Улсын Бага хурал нь 50 гишүүнтэй байсан. Ардын Их хурал нь шинэ Үндсэн хууль батлахад л хуралдсан. Байнгын ажиллагаатай УБХ нь 50 хүнтэй, тэр нь пропорционалиар сонгогддог. АИХ нь жилдээ нэг удаа ч юм уу хуралдаад явдаг байж болно. Ийм санал гаргаж буй хүмүүсийн саналыг судалж үзэх хэрэгтэй. Э.Бат-Үүл энэ саналыг эрт гаргасан. Сайд нарын зөвлөлийн дарга байсан Д.Содном гуай зөв гэж ярьсан байхыг уншлаа. Төрийн соёрхолт Д.Сосорбарам энэ талаар ярьж эхэллээ. Манай улсад зөв гэж бодож байгаа. Миний мэдэхийн Америкийн парламент нь хоёр шатлалтай. Конгресс гээд төлөөлөгчдийн танхим мөн сенатын танхимтай. Америк хоёр намтай. Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орны туршлага байна. Манай улсад амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Гэхдээ энэ дөрвөн жилд ийм шатлалтай болох ямар ч боломжгүй. УИХ-д нэг нам дийлэнх олонхи байгаа нөхцөлд яагаад ч хүлээж авахгүй. Үүнийг УИХ дотор хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөлөл болоод хоорондоо ярьж зөвшилцөлд хүрж байж өөрчлөгдөнө. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.

-АН олонхи байхдаа Үндсэн хуулиа өөрчлөх гээд чадаагүй…

-Би үндсэн хуулиа өөрчлөх асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг. Б.Чимэд гуайг би хүндэтгэдэг юм. Бичсэн ярилцлага, өгүүллийг нь уншиж судалж байсан. Б.Чимэд гуай Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагагүй гэдэг байсан юм. Би ч гэсэн ийм бодолтой. Цаг үеийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулж болно. Америкийн үндсэн хуулийн сонгодог жишээ байна. Үндсэн хууль нь өөрөө цөөн хэдэн зүйл ангитай, хэзээ ч өөрчлөгддөггүй байж л байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын дөрөвний гурав нь нэгдэж санал өгч байж өөрчлөлт оруулах эсэх нь шийдэгддэг. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь санал нэгдэнэ гэдэг амаргүй. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон нөхцөлд л хийж болох ч бусад улс төрийн хүчнийг оролцуулаагүй учир хүчтэй эсэргүүцэлтэй тулна. Манай нам бас тийм өөрчлөлт хийнэ гэж үзэж байснаа мухар сүсгийн чанартай марзан юм яриад хэдэн мянган жилийн өмнөх бөөгийн юм оруулаад бүтэлгүйтсэн. Хөгжлөөрөө дэлхийд манлайлаад хүн ам нь баян чинээлэг, урт удаан наслаад бүх зүйлээрээ гайхагдаж буй тэр улсуудын туулсан зам туршлагаар л явах хэрэгтэй. Хэсэг хүмүүс баяжиж, цатгалдаад нийт ард түмнээ харанхуй бүдүүлгээр нь үлдээж болохгүй. Дэлхий даяаршаад хавтгай болчихсон. Манай улс өрх тусгаарлая гээд ч чадахгүй. Тийм болохоор дэвшилтэт орнуудын туршлагыг дагах цаг ирсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт тогтолцоон дээр ер нь энэ санааг хэлэлцэж байх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд бусдын саналыг чөлөөтэй сонсдог, хэлэлцдэг, баяжуулдаг байх учиртай.

-Та бид хоёр есдүгээр сарын 28-ны өдөр уулзаж байна. Дөрөв хоногийн дараа С.Зориг агсны амиа алдсан харуусалтай өдөр болно. Энэ хэрэг илэрчихээсэй гэж битүүхэндээ хүлээдэг байсан биз?

-Сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллээс үзэхэд мөрдөн байцаалтын ажил дуусаж байгаа юм билээ. Хэрэгт холбогдогсдыг илрүүлсэн талаар прокурор мэдээлэл хийсэн. Би ийм урт хугацаа алдсанд маш их харамсдаг. Хэргийг илрүүлэх улс төрийн сонирхол байгаагүй юм болов уу гэж боддог. Энэ хэргийг улс төрийн хэрэгсэл болгох сонирхол улс төрийн тодорхой хүчинд байсан юм болов уу. Маш олон жил өнгөрлөө. Одоо прокурор мэдэгдэл хийчихсэн юм чинь мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа олон нийтэд мэдэгдэх байлгүй.

-С.Зориг агсны хэрэг илэрлээ гэхэд итгэх хүн хэр байх бол. Ард түмэн итгэл алдартлаа янз бүрээр тархиа угаалгалаа шүү дээ?

-Өнөөдөр шинжлэх ухаан хөгжчихсөн. 11 жилийн өмнөхөөс сайн хөгжчихөөд байна. Тэгэхээр энэ тал дээр дэвшилт гарахад нөлөөлсөн байх. Ажлын хэсэг нь тасралтгүй ажилласан. Би бусад хүмүүсийн л адил сонин хэвлэлээс мэдээлэл авдаг. Гэмт хэрэгтнийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ялыг оноох ёстой. Ингэж л нэг дуусгахгүй бол улс төрийн бохир заваан хэрэгсэл болчихлоо. Үүнд харамсаж байна.

-Удахгүй орон нутгийн сонгууль ирэх оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Алдсан боломжоо эргүүлж авах цаг хугацаа байна уу?

-Ардчилсан намын шинэчлэлийг эрчимтэй, жинтэй хийх ёстой. Тэгэж л олон түмний итгэлийг олно. “За одоо сонгууль болох гэж байгаа юм чинь хэрэлдээд яахав” гээд идээ бээрээ буглуулаад байх юм бол найдлага бага. Уг нь ард түмэн тэнцвэржүүлдэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар навс ялагдангуут орон нутгийн сонгуулиар манай нам их ялж байсан. 1996 онд ардчилсан холбоо эвсэл Их хуралд ялахад дараа нь орон нутгаар МАХН ялж байсан. Өнгөрсөн сонгуулиар аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийсэн нь буруу болсон. Ийм зүйлийг манайхан харж чадаагүй. Тийм хэмжээнд очтолоо харалган болчихсон байхгүй юу. Ард түмэн, жирийн иргэдээсээ тасарчихсан. Мөн намынхаа дүрэм журмыг уландаа гишгэж, цэвэр бизнесийн ашиг сонирхолд автчихсан, улс орныхоо хөгжлийг нураагаад гацаачихсан ийм л бүлэглэл байсан. Ийм нөхдийг сонгож гаргаж ирсэн ҮЗХ зайлах хэрэгтэй. Одооноос эрчимтэй өөрчлөлт шинэчлэлүүдээ хийж өөр Ардчилсан намтай болох цаг хэдийнэ болсон гэдгийг ухаарсан байх. Зоригтой шинэчлээд, алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээгээд шинэ үзэл санаа гаргаад шинэчлэх хэрэгтэй.

-Асуулгүй үлдсэн зүйл байвал та хэлээч…

-2000 оны Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч байсан асуудал дахиад давтагдаж эхэлсэн. “Ардын эрх” сонинг тагнуулаар шалгуулна гэсэн үү. Хуучинсаг үзэлтэй ийм хүмүүс юм л бол хэвлэл мэдээлэл рүү дайрахыг оролдоно. 2000 онд “Өдрийн сонин” ардчилал, эрх чөлөөний ганц хамгаалагч, дуу хоолой болж байсан тэр хариулагатай үүргээ дахин биелүүлэх цаг мөч танай хамт олонд ирлээ. “Өдрийн сонин”-ынхон энэ түүхэн үүргээ баатарлагаар нэр төртэй гүйцэтгээрэй гэж хэлье. Өөр нэмж яриад байх зүйл алга.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Улс төрийн тогтолцоонд реформ хийх шаардлагатай

УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Сонгуулиас хойш ямар ажил амжуулж байна вэ. Ихэнх хүмүүс амарч байна гэдэг хариулт өгч байгаа. Ямар ч байсан Риогийн олимпод очсон байна лээ?

-Ажил ихтэй байна. Өнгөрсөн өвөл хаврын цас зуд, улаанбурхантай зэрэгцэн Риогийн олимпод түүхэндээ

хамгийн олон буюу арван төрлөөр 50 тамирчинг оролцуулсан, тэднийгээ дэмжиж, риогийн олимпийн хаалтанд оролцоод ирлээ. Хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх энэ сэдвээр телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулах, цэцэг өргөх, гэрэлт зул өргөх ажил зохион байгуулав. МАХН Цэдэнбал даргын 100 насны ойд зориулсан цогц ажлын хүрээнд “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Ю.Цэдэнбал” гэсэн номын (зохиогч Ц.Шаравдорж) нээлт хийх эрдэм шинжилгээний хуралд бэлтгэх гээд олон ажил байна. Монгол дахь сонгуулийн коррупци түүний нийгмийн хор аюул сэдвээр эрдмийн ажил хийж сонгуулийн булхай луйвар, авлигын талаар судалж байна.

-Та УИХ-ын сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бохир ч гэсэн сонгууль болоод өнгөрсөн. Сонгогчдын саналыг худалдан авч, хууль зөрчсөн үйл ажиллагаа их явсан ч УИХ байгуулагдлаа. Энэ бүх процессыг хөндлөнгөөс нь хараад л сууж байх шив дээ. Монгол төр түвшин амгалан байгаасай гэсэн жирийн монгол хүний хүсэл л надад байна. Эцсийн дүндээ Монгол Улс хөгжиж, ард түмэн хангалуун амьдрах ёстой. Өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай, 60 сая малтай монгол хүний амьдрал яагаад дээшлэхгүй байна вэ. 200 орчим гэр бүл Монголын нийт баялгийн 99 хувь дээр эзэн суучихсан. Ард түмнээ улс төрийн намын хатуу гишүүнчлэлд хуваарилчихсан, хоорондын зөрчил дээр нь тоглодог энэ тогтолцоо Монголын ирээдүй биш. Улс төрийн өнөөдрийг хүртэл явж ирсэн зам үүнийг тодорхой харуулж байна.

МАН парламентад дийлэх олонхи болчихвол ард түмний амьдрал сайжирдаг бол сайхан байна л даа. Тэгж чадахгүй. Нөхцөл байдал тийм байгаа. Ардын нам парламентын 85 хувийг авсан. Ингэснээрээ амьдрал сайжирдаг бол мань мэт нь санаа зоволгүй, судалгаа, уран бүтээлийн ажлаа хиймээр байх юм. Ардын намын удирдлагууд үүн дээр дүгнэлт хийж байгаа байлгүй. Нийгмээ эрүүлжүүлэх том бодлого руу яваасай гэж хүсч байна. Эрх барьж буй намын удирдлагуудад хандаж байгаа. Шаардлагатай бол биечлэн уулзана. Төр засаг нь хурдан төлөвшиж эрүүл тогтолцоонд ороосой гэж хүсэх юм. Иргэд, судлаачдынхаа үгийг сонсож, төрийн бодлогоо боловсруулаасай гэж хүсэж байна.

-Төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм уу?

-Монголд сайхан ирээдүй, хөгжлийн боломж бий. Ингэхийн тулд бид улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлэх, жинхэнэ бодит реформ хийх хэрэгтэй. Тэр утгаараа хоёр шатны парламенттай болох шаардлага тулгарлаа. УИХ, Улсын Бага Хурал гэдэг тогтолцоо руугаа орох нь хамгийн зөв шийдэл. Хоёрдугаарт, намуудын хатуу гишүүнчлэлээс ард түмнээ салгах цаг ирсэн.

Улсын Бага Хурал нь Засгийн газраа байгуулах нь зөв. Засгийн газар нь хууль тогтоох байгууллагаасаа ангид бие даасан байх, хатуу хяналт дор ажиллах шаардлагатай. Улсын Бага Хуралд мэргэжлийн хүмүүсийг оруулдаг байх нь чухал. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хууль ярьж байна. Тэгэхдээ шууд улс төрийн нөлөөнд байгаа тул Цэц нэг асуудлаар хэдэн янзын шийдвэрийг сийхгүй гаргаж байгаа. Сонгуулийн пропорциональ систем зөв байна гэж шийдвэр гаргачихаад нэг, хоёр жилийн дараа пропорциональ нь буруу байна гэдэг. Одоо бид тойрч суугаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих цаг болсон. Ардын намынхан дангаараа хийх боломжгүй. Ингэж өөрчлөлт хийхгүй бол бид ямар ч хөгжлийн талаар ярих шаардлагагүй.

Ардын намынхан АН шиг хоёр тэрбум ам.долларын бонд гаргана, гаднаас зээл авна ч гэдэг юм уу тийм байдлаар ажиллаж болохгүй. Өмнөх Засгийн газрууд шиг нам тойрсон хэдэн компаниа л дэмжээд дуусна. Өнөөдөр ганц нэгийгээ шоронд явуулаад ч яах вэ дээ, тараасан мөнгөө олж авч өрөө төлсөн нь л зөв ш дээ. Бүгд л адилхан.Зээлийн ихэнх нь улстөрчдийн халаасыг түнтийлгэж, оффшор дансанд шилжиж, сонгуулийн тоглоом болоод дууссан. Саяын сонгууль мөнгөний бохир хуйвалдаан болоод өнгөрлөө.

-Сонгуулийн тогтолцоо буруу байна гэсэн үг үү. Хэрэв тийм бол өөрсдийнхөө ялсан тогтолцоог өөрчилсөн нь АН-ынхны алдаа байв уу?

-Сонгуулийн хуулийг өнгөрсөн хавар улс төрийн хуйвалдааны байдлаар өөрчилсөн. Пропорциональ систем нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн тогтолцоо. Энэ нь авлига, хүнд сурталд өртдөггүй. Мажоритар, пропорционалийн холимог тогтолцоог дэлхийн ихэнх орон ашиглаж байна. 2012 онд туршлага муугийн улмаас намын даргын хүрээлэлд байгаа хүмүүс, хэн ч биш нөхөд орж ирэх хандлага байсныг бид сайжруулаад туршлагатай улстөрч, эдийн засагч, хуульчдыг пропорционалиар орж ирэх тогтолцоо руу явах ёстой байсан. Гэсэн ч үүнийгээ буруу гээд байхгүй болгочихсон чинь жижиг тойргуудад мөнгө тараагаад явдаг болсон. 2014 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санаачлан Азийн хөгжлийн банк, АТГ-тай хамтран сонгуулийн коррупцийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан юм. Тэгэхэд 100 тэрбум төгрөг зөвхөн сонгуулийн хүрээнд эргэлдэж байна гэдэг судалгааны дүн гарсан. Төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор өнгөрөгч сонгуульд бүр их мөнгө зарцуулцгаалаа. Одоогоор судалгааны дүн бүрэн гараагүй байна. Сонгогчдын саналыг худалдаж авах бохир технологиуд шинээр их орж ирсэн. Сонгууль болохоос нэгээс хоёр жилийн өмнө ам бүл, ах дүү нараар нь худалдан авсан. Засгийн эрх барьсан нам дээр энэ байдал илүү тод гарсан.

-Таны тойрог дээр гарсан гэсэн үг үү. Илүү тодорхой хэлээд өгөөч?

-Хэдэн зуугаараа гарсан видео бичлэг, хөдөлшгүй баримтууд байдаг. Судлаачдын зүгээс бохир технологийн явц хандлага онцлог хор аюулыг судлах нь гол болохоос бус аль нэг тойрог дээр хэрүүл хийх нь ямар ч ач холбогдолгүй.

-Тэгээд ямар зарчмаар явж байх юм?

-Гэр хорооллын иргэдийн өрийг чөлөөлөх замаар тэдний саналыг худалдаж авлаа.

Хөдөөгүүр болохоор малчны хотноос хонь худалдаж авч байгаа нэрээр мөнгө тараасан. Ингэж л авлигын сонгууль болж өнгөрсөн. Энэ хүмүүс нэг удаадаа ингээд гарлаа ч гэсэн Монголын хөгжилд юу ч авч ирэхгүй. Харин ч зөрчилдөөнийг бий болгоно.

АН, МАН гэлтгүй МАХН-д ч гэсэн зарчмын томоохон үзэл бодлын зөрүү гэж байхаа больсон. Зүүний, барууны гэж ярихаа байчихсан. Ер нь утга учраа ч олохоо байсан нь үнэн. Аль нэг намын бодлогыг нь томоохон олигархиуд л барьж байна. Тэдэнд барууны, зүүний гэсэн зөрчил байдаггүй тул уул уурхайн орд газрууд дээр хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ олсон мөнгөө хувьдаа завших л үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн шүү дээ. Оффшор данс гээд байгаа чинь цэвэр үүгээр орж ирсэн мөнгө. Барилга, бүтээн байгуулалт, тендер нэрээр зээл тусламж аваад оффшорт байршуулдаг. Түүнээс ямар ч үйлдвэрлэл явуулаад байгаа юм байхгүй. Буянгийн Жаргалсайхан ноолуураас олсон хэдэн төгрөгөө оффшорт байршуулахгүй нь ойлгомжтой. Улстөрч бизнесмэнүүд төрөөс хулгайлсан завшсан мөнгөө татвараас нууж байгаа л хэлбэр. Чингис, Самурай бонд нийлээд 2.1 тэрбум ам.доллар. Үүний хагас нь оффшорт очсон нь үнэн. АТГ, цагдаа 60 жил болсон барилгыг хоёр компани өөр хоорондоо хийсэн гэрээ хэлэлцээрийг залилангийн хэрэг болгон долоон жил мөрдөж байхаар үүнийгээ шалгаач. Хаа хамаагүй, эрүүгийн хэргийн субьект биш хүнийг улсын нууц задалсан энэ тэр гээд улс төрийнхөө өрсөлдөгчийг хоргоож байгаа нь дэлхий нийтийн шившиг байхгүй юу. Монголын эрхзүйн байдал ийм дорд орчихсон. Оффшорт байгаа олон сая доллар, тэрбум төгрөгтэй асуудлуудаа шалгахгүй байж, тэр бүү хэл шалгахгүй дарчихдаг. Мөнгөний их урсгалын хэргүүдийг АТГ, цагдаа дээр дарчихсан үйлдлүүд хэдэн арваараа байгааг би мэднэ. Энэ бүхэн чинь судалгааны обьект болохоос хэвлэл мэдээллийн асуудал биш. Миний шавь нар, урьд хамт ажиллаж байсан хүмүүс толгой сэгсрээд сууж байна. Дээрээс дарамтлаад байна гэдэг. Засгийн эрх барьж буй нөхөд хууль, шүүхийнхнийг дарамтлан, дур зоргоороо хууль завхруулаад явж байгаа. Үүнийг өөрчлөх нь чухал болохоос хэн яасан ийсэн нь чухал биш. Тиймээс бодлогын тогтолцооны том өөрчлөлт хийх хэрэгтэй. Сү.Батболдыг намын дарга, Ерөнхий сайд болоход нь хоёр шатны парламенттай болох төслийг хийгээд оруулж өгч байсан.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлууллаа. Хүний эрхийн хуульчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүгийн хууль нь Америкийн хуулийг хуулсан зөрчилтэй, бизнесийнхэн, баялаг бүтээгчдийг хохироосон зүйл заалттай л даа. Гэхдээ энэрэнгүй, хүний эрхийг хангасан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бүтэн жилээр хойшлуулж байгаа нь буруу.

Монгол Улсын хүний эрхийн асуудал дээр маш том цохилт болсон. Улс төрийн хүрээндээ тохиролцоо хийгээд маргаантай асуудлуудаа өөр журмаар шийдээд явах нь илүү зохистой гэж үзэж байгаа.

-Хоёр, гурван сар болоод л МАХН-ын дарга Н.Энхбаярыг барилаа, хорилоо гэдэг мэдээлэл гарах юм. МАХН-ын байрыг залилангийн шинж чанартай авсан гэдэг зүйл яригдаж байна. Цаад хүндээ ч хэцүү байдаг байх. Энэ бүхэн хэзээ эцэс болох бол?

-Төрийн эрх баригчид нь улс төрийнхөө өрсөлдөгчийг цагдаа, АТГ-аар дарамталдаг ийм тогтолцооруу бид орчихлоо. Үүнээсээ гарахгүй бол хэдэн жилийн дараа захиалагч нөхөд нь өөрсдөө асуудалд орж ч магадгүй. Энэ зам биш юм байна гэдгээ хэзээ ойлгох хүмүүс вэ. Хууль хяналтын байгууллагынхан долоон жил Н.Энхбаяр гэдэг хүнээр туг тахилаа. Ганц хүний асуудлыг ингэж олон жил шалгачихаад яасан ч дуусдаггүй юм.

Өөр бусад гэмт хэргүүд нь дараатай байсаар байтал түүн рүүгээ ордоггүй. Монгол гэдэг чинь эртний төрт ёс, түүхтэй улс шүү дээ. Шударга зүйл гэж байхаа болилоо. Хараат бус хэсэг хуулчид хамтарч Хүний эрх, шударга ёсны төлөө төвийг байгууллаа. Манай төв Кредит банкны дөрвөн давхарт байрлаж байна. Ийм байдлаар ард иргэдийнхээ эрх зүйн байдлыг сайжруулах, хүний эрхийг хангах чиглэлээр томоохон алхам хийхээр зорьж байна.

Цаашид бид Монгол Улсынхаа эрх ашгийн үүднээс намын хатуу гишүүнчлэлээсээ татгалзах ёстой гэдгийг дахин хэлье. Яахав дээ, өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод иргэдээс авсан санал дээрээ дулдуйдан дур зоргоороо авирлаж болох ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой хо хир о л учр уул ж ба йга а байхгүй юу. Н.Энхбаяр гэдэг хүнээр туг тахих асуудал эцэс төгсгөл болох байлгүй дээ. Хоёр компани хоорондоо гэрээний хүрээнд мөнгөө өгч авалцаад өмчөө шилжүүлээд хоёр жил болсны дараа нөгөө компанийн гомдлоор ингэж болохгүй. Иймдээ хүрвэл иргэний бүх гэрээ хэлэлцээрийг АТГ хянаж шалгах болно. Төрийн албан т уша а л а а аши г л а н о л о н улсын алдагдалтай гэрээ хэлэлцээрүүдээ яагаад шалгахгүй байгаа юм. Хэн нэгэн хүн авлига авч байгаад баригдахаараа тэр хүнд өгөх гэж байсан гэхээр бусдыг хэрэгт татдаг байж болохгүй. . Баримт дээр тулгуурлан асуудлыг шийддэг. Хэлбэрийн төдий ч хэрэг биш зүйлүүдээр олон сар жил захиалгаар мөрдөн шалгаж, эрүүдэн шүүдэг ажлаа зогсоох цаг болсон. Мэдээж үүнд өртөж байгаа улс төрийн зөрчил, өс хонзонгийн золиос болж байгаа хувь хүнд ч гэсэн хэцүү л байгаа.

АХНорон нутгийн сонгуульд хэр бэлдэж байна вэ. Та МАХН-ын дэд даргаар ажиллаж байгаа хүн, төлөвлөгөө гаргаа байлгүй?

-Биеэ даасан Монголын гурав дахь том улс төрийн хүчин орон нутгийн сонгуульд оролцоно. Харин орон нутгийн сонгуульд оролцуулахгүй, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх асуудлууд ихээхэн газар авч байна. Энд мэдээж сайн гарц бий. Улс төрийн том зөвшилцөл, шийдэл, гарцыг хайх чиглэлд МАХН ажиллана. Улс төрийн хувьд намууд, улстөрчид Монголын нийгмийн хөгжлийн гарцыг зөв олох тогтолцоо руу оролгүй амиа бодоод явах юм бол том шийдэлд хүрэхгүй.

МАХН-ын дэд даргын хүрээнд нийгмийн амьдралыг шударга болгох хүний эрхийг дээдлэх чиглэлд идэвхтэй ажиллана. Аймаг, орон нутагт идэвхтэй ажиллаж байгаа. Иргэд өөрсдийнхөө эрхийг хамгаалан тэмцдэг байх хэрэгтэй. Хуучин шиг төр засгаар хэрэгтэй зүйлээ хангуулаад явна гэдэг энэ цаг үед нийцэхгүй. Үгээ хэлдэг, эвлэлдэн нэгддэг, тэмцдэг, жагсдаг байх ёстой. Судлаачийн хувьд хэвлэлийн эрх чөлөөг хангах, бусдын нэр төрд халдах, гүтгэх асуудлыг улс төрийн хүрээнд судлахаар хуульчидтай хамтарч байгаа.

Монголын нийгэмд нэг нам дангаараа ноёлоод нийгмийг хурцатган, ард иргэд нь гудамжинд гарч тэмцдэг хэлбэрээс илүү тойрч суугаад хөгжлийн бодлогоо ярьдаг байх хэрэгтэй, үүний төлөө ажиллана. Монголыхоо иргэдийг тайван амьдрах боломжийг нээж өгөх төрийн бодлогыг бий болгоход манлайлагч болж орно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай УИХ-ын ээлжит бус чуулган хаасан болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын Ээлжит бус чуулган өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотголын тухай хэлэлцсэн нь эерэг, сөрөг олон асуудлыг бий болголоо. Сөрөг хүчний болон хувь гишүүнийхээ хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-“МАН ямар зүйл хийчихэв” гэдэг нь олон нийтэд хангалттай хүрчихлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Төсвийн тодотголоор далимдуулж эрх баригчид юуг хүссэн гэхээр бүх зардлыг нэг тал руу нь хумиад, үндсэндээ санхүү, эдийн засгийн “эргэлт” хийхийг л хүссэн. Өөрөөр хэлбэл, хуучин явж ирсэн төсөвтэй холбоотой бүх эрхзүйн орчинг тэр чигээр нь өөрчлөх процесс явагдсан. Үүнийхээ шалтгааныг тэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед төсвийн сахилга баттай байх ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Харамсалтай нь өөрчилж оруулж байгаа тэр зүйл нь нийгмийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ бид сүйрсэн хэмжээнд очоогүй.

-Монгол Улсын төсөв нэг байх ёстой. Ардчилсан намын үед таван төсөвтэй замбараагүй явж ирсэн тухай эрх баригчид шүүмжилж байсан?

-Монгол Улс хэзээ ч таван төсөвтэй байгаагүй. Монгол Улс нэг төсөвтэй байсан. Энэ төсвийг хянадаг, зарцуулдаг, орлого олдог, баримталдаг хуультай. Ардчилсан намын үед бодлого өөр байсан. Монгол Улс нэг төсөвтэй гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед хүн амын өрхийн орлогыг тогтвортой байлгах, үнийг тогтворжуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх зэрэг олон талын арга хэмжээ авсан нь төсвөөс гадуурх хийсэн зохицуулалтууд. Энэ бүхэн буруу байгаагүй гэдгийг тодорхой харж байна.

Төсвийн орлогын гадуур явж байгаа өрхийн орлогын зээл, хөрөнгө оруулалтын банкны зээл энэ бүх зүйлийг төсөв рүү оруулчихаад хэд дахин нэмэгдсэн тоо хэлж нийгмийг цочролд оруулж, эдийн засгийн “шок” руу хүчээр түлхэж байгааг буруу гэж үзэж байна. Үүнээс болж Монголын эдийн засагт учирч байгаа хохирол, эрсдэл өндөр байна. Хэдэн тоог дураараа хасч, нэмдэг. Түүнийгээ нийгэмд мэдээлдэг, олон улсын зах зээл дээр ойлгомжгүй байдал үүсгэдэг ийм зах замбараагүй байдал руу бид их хурдан яваад орчихлоо. Төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ гэхээсээ илүү зарлагыг яаж танах тухайд анхаарсан хуучны социалист арга барил руу эрх баригчид шууд орсон. Төсвийн тодотголын тухайд бол ярих ч юм алга. Олон ч зүйлс нь уналаа.

-Ардчилсан намын үед Чингис бондын мөнгө, түүнтэй холбоотойгоор өнөөдрийн улсын төсөв хүндэрсэн гэх дүгнэлтийг Сангийн сайд мэдэгдэж байсан. Та харин өөр байр суурьтай байгаа харагдсан?

-Ардчилсан намын үед 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Эрх баригчид янз бүрээр л ярьж байна. Идсэн, уусан гээд л. 1.5 тэрбум ам.долларыг идэж, уудаг Ардчилсан нам ч гэж хаа байхав. Харин энэ бондын мөнгө зээл хэлбэрээр үйлдвэрлэгчдэд очсон юм. Энэ хэдэн замыг холбохоос эхлээд дулааны шугам, сүлжээг засч, сайжруулах, дулааны станцыг барих, эрчим хүчийг нэмэгдүүлэх үйлдвэр үйл ажиллагааны өргөтгөл гээд бүх тооцоолол нь ойлгомжтой, хүний нүдэнд харагдах хийсэн ажилтай. Хүн бүрийн амьдралд бодитой мэдрэгдсэн зүйлийг зүгээр улстөржүүлээд үгүйсгэж чадах ч үгүй. Ардчилсан нам юу хийснийг тэртэй тэргүй ард түмэн мэднэ.

-Бондын зарцуулалт дээр АН буруу бодлого явуулсан талаар эрх баригчид ярьж байгаатай санал нийлэх үү?

-Энэ бүхнийг Ардчилсан нам идэж, уугаад өрөнд оруулсан гэдэг зарын шинжтэй зүйл явуулаад түүнийхээ халхавчин дор ийм явуургүй зүйл хийж байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийг олон улсын захаас тухайн үед 4.5 хувийн хүүтэй авч байлаа. Гэтэл өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлийн дараа энэ хүү найман хувь болж өсч, валютын ханш хүртэл саваад гадаад зах зээл дээр сөрөг савлагаа үүсгэж байна. Өнгөрсөн сонгуулиар МАН тултал нь шоудсан. Ардчилсан нам баахан зээл аваад өөрсдөө идэж, уугаад дууссан. Өр нь ард түмний нуруун дээр бууна. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй. Манай нам энэ өрийг байхгүй болгоно гэдэг амлалт өгөөд сонгогдсон. Орсон айл, очсон сум бүхэндээ үүнийгээ л ярьж явсан. Өнөөдөр бодит байдлыг эргээд харъя. Энэ зээлийг ихэнх нь жижиг, дунд үйлдвэрийнхэн, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, уул уурхайнхан өөрсдийнхөө бизснесийг өөд нь татахын тулд авсан. Тухайн үед 4.5 хувийн хүүтэй авсан зээл тэдэнд найман хувийн хүүтэй олгогдож байсан бол өнөөдрийн эдийн засгийн энэ олон хариуцлагагүй үйл явцаас болоод 10 гараад “давхичихлаа”. Найман хувьтай байсан зээлийн эрсдэл үйлдвэр эрхлэгчдэд өнөөдөр 15-16 хувьтай. Дээрээс нь Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр бизнес эрхлэгчдээ асар том эрсдэл рүү чирээд оруулчихлаа. Энэ улс орны амьдралыг зөвхөн татвар төлөгч эсхүл нэг татвараар оруулсан мөнгийг зарлагадагчдын хэмжээнд ойлгож болохгүй. Улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь ажил олгогчид болон ажил эрхэлж байгаа хүмүүс. Энэ чинь зөвхөн төсвийн тухай ойлголт биш. Тиймээс ч Ардчилсан намын бодлого хатуу байсан юм.

-Яагаад энэ бүхнээ нэг төсвийн хүрээнд хийчихэж болоогүй юм бэ. Үүнээс гадна Ардчилсан намын “Сайн” хөтөлбөрүүд ч гэсэн өнөөдрийн төсөвт дарамт болоод байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, төсвийн бодлого байх ёстой. Төсөв бол төсвийнхөө хүрээнд л явна. Төрийн байгууллагууд төрийн хөрөнгө оруулалттай холбоотой илүү юм руу битгий ороорой, байж болохгүй. Төсвийн эрх мэдлийг, Монголын бүх мөнгийг төрийн уутанд цуглуулаад буцаан тараах хэлбэр нь авлигыг л өөгшүүлдэг, тиймээс буруу гэж. Монголбанк анх удаа мөнгөний бодлогыг өрхийн орлоготой зохицуулах хэлбэр рүү орсон. Энэ нь “Сайн малчны зээл”. Монголын 60 мянган малчин өрх энэ зээлд хамрагдсан шүү. Өрхийн орлого, хэрэглээгээ зөв, зохистой зохицуулдаг, зээл аваад хариуцлага хүлээдэг хэлбэрт шилжсэн юм. Түүнээс биш зээл төсөвтэй уялдах ёсгүй. Төсвөөс зээл олгох ойлголт байж болно. Гэтэл төсөв рүү төвлөрүүлээд буцаагаад зээл олгоно гэдгийг огт ойлгохгүй байна. Яавч тэгж болохгүй. Ипотекийн зээл ч ялгаагүй. Монголбанкны мөнгөний бодлогоор дөрвөн хувийн зээлийг арилжааны банкуудад өгч, арилжааны банкууд найман хувийн зээлийг бий болгосон. “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” яг тэр хэлбэрээр явах байсан. Энэ чинь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Иргэн хүн өөрийнхөө орлого, хөрөнгөөрөө баталгаажуулж зээл авч байна. Энэ төсөвт ямар хамаатай юм. Буруутгахын тулд хэдэн тоо нэмж, хасч зарлахын тулд төсөв рүү хийж байгаа бол туйлын хариуцлагагүй үйлдэл.

-Хөгжлийн банкны зээл ч гэсэн улсын төсөвт дарамт болоод байна гэх юм?

-Хөгжлийн банкны зээлийн тухай бас л ярьж байна.

Энэ зээлийг олон арван үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайнхан авсан. Энд танай, манай намын ялгаа байсан гэж би огт харахгүй байгаа. Хэн хэдийг авсан тоо нь тодорхой. Тухайлбал, экспортын үйлдвэрлэл эрхлэхээр 131 аж ахуйн нэгж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл 210, 714 жижиг, дунд үйлдвэрлэгч энэ зээлд хамрагдсан байна. Ямар олон аж ахуйн нэгж зээлд хамрагдаа вэ. Эдийн засгийн энэ бүх хариуцлагагүй үйлдлээс болоод энэ зээлийн үнэ цэнэ өндөр болсон. Энэ бүхэн хэнд ашигтай юм. Хэнд ч ашиггүй. Тиймээс ч зээлтэй холбоотой асуудлыг төсөв рүү оруулж, улстөржиж, нийгэмд зарлаад л. Бүх мөнгөн дүнг төсөвтэй нийлүүлж, нийгмийг шоконд оруулаад л. Энэ бүхний цаана Ардчилсан нам ийм их мөнгийг идэж байсан юм байна шүү гэж ойлгуулах гэсэн далд санаа л агуулагдсан.

-Татвар нэмнэ, тэтгэвэр тэтгэмж хасна, хасахгүй гээд эргэж буцсан олон шийдэл ард түмнийг нэлээд цочирдуулаад авлаа?

-Татваруудыг нэмнэ, хөрөнгө оруулалтаа танана, орон тооны зардлаа цомхотгоно. Өнөөдрийн эдийн засгийн орчин үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь Монголын эдийн засаг маш өргөн цар хүрээнд тэлчихсэн. Энэ тэлэлт зөвхөн төсвийн хүрээнд биш. Хөрөнгө оруулалт, хувийн бизнес, худалдаа үйлчилгээ, хүний хэрэглээ гэх мэт. Харин үүнийг нийгмийг цочролд оруулж хүчээр “агшааж” болдоггүй. Эрх баригчдыг их буруу хөл дээрээ босч дээ л гэж харж байна. Чуулган дээр ийм л зүйлийг хэлсэн. Өнөөдрийнхөө хэрэгцээнд чадан, ядан амьдарч байгаа иргэдийнхээ халаас руу төр хуулиар далайлган дайрч болохгүй гэж.

-Та нар хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг туулна шүү гээд чуулганы танхимд хэлээд байсан чинь ийм учиртай юм уу?

-Тийм. Өнөөдрийн эрх баригчид хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг адилхан туулна. Хамгийн гол нь дахин хэлэхэд, эдийн засгийг улстөржүүлж болдоггүй зүйл. Эдийн засгийн энэ хүндрэлийн үед Засгийн газрын гишүүн, төрийн сайд болчихоод асуудалд улс төрийн хандлагаар хандаж байгаа нь буруу. Чи хэрэв төрийн сайд болсон бол асуудлыг эдийн засгийн үр өгөөж, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг талаас нь урагш харах ёстой. Түүнээс биш хэн нэгэн дайсантай тэмцэх талаас нь харж болохгүй. Асуудалд ингэж хандсан нь эрх баригчдын том алдаа болсон. Харин яаж энэ орлогыг нь тогтвортой байлгах уу, орлогоо нэмэгдүүлэх үү, зөв зохистой хэрэглээ рүү орох уу гэдэгт ухаанаа уралдуулах цаг үед эсрэгээрээ хийсэн.

-Татвартай холбоотой асуудлуудаа эрх баригчид буцаагаад татчихлаа. Эрх баригчид гаргах гэж байсан алдаагаа засчихлаа гэж ойлгож болох уу?

-Хэдийгээр татвартай холбоотой асуудлаа сөрөг хүчний шахалтаар больсон ч намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа. Энэ нь дахиад л татвараа нэмэх гэж оролдоно гэсэн үг. Тэтгэмж, тэтгэлэг хасах асуудлуудыг хэвээр нь үлдээчихсэн байгаа гээд олон асуудал намрын чуулганаар яригдах байх.

-Төрийн албаны тухай хуультай холбоотой өөрчлөлтүүдийг та их эсэргүүцэж байсан даа…

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсанд эмзэглэж байна. Төрийн албанд ажиллахыг хуулиар баталгаагүй болгочихсон. Анхнаас нь шүүмжилсэн боловч энэ хуулийг баталчихлаа. Төрийн албаны тухай хуульд гурван чухал зүйлийг өөрчилж хөндсөн нь бүгдээрээ буруу. Нэгдүгээрт, эрх барьж байгаа байгууллага хэрэв бүтцийн өөрчлөлт хийх юм бол төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон нь төрийн тогтвортой үйл ажиллагаа, төрийн залгамж халааг үгүй болголоо. Энэ бол ноцтой заалт. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг цагаар цалинжуулж болно гээд заачихлаа. Төрийн албаны ажлыг цагаар хэмждэг ажил биш. Тэдний ажлыг яаж цагаар үнэлэх гээд байгаа юм бэ. Чиний авдаг 800 мянган төгрөгийн цалин чинь баталгаагүй боллоо гэсэн үг. Гуравдугаарт, төрийн албан хаагчийн авах шагнал, урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиас ихгүй байх заалтыг оруулчихлаа. Нөгөө асуудал нь 36 сарын тэтгэлэг нь 12 сар болчихлоо. Багш, эмч нарын 36 сарын тэтгэлэг байхгүй болсон. Бид аливаа нэгэн зүйлийг өөрчилж, хасч, танаж болно. Гэхдээ өнөөгийн амьдралын дундаж түвшин ямар хэмжээнд байгааг үргэлж анхаарч, харж байх ёстой. Миний хувьд өнөөдөр төрийн албан хаагчийн 800 мянган төгрөгийн цалинг амьдралын баталгаа гэж харахгүй байна. Хэдэн төгрөгийг нь нэг эрх мэдэлтэй дарга нь өөрийн дураар хасч, шагнал, урамшууллыг нь 40 хувиас илүү нэмэх эрхгүй болгочихлоо. Ингэхээр чинь төрд ажиллахын утга нь хаанаа байгаа юм. Авлигад өртөхгүй байх нөхцөл хаана байна гээд олон асуудлыг энд хөндөж болно.

-Тэгвэл таныхаар яана гэж?

-Энэ бүхнийг эсрэгээр нь хийсэн бол бид дэмжиж болох байсан. Тухайлбал, төрийн албан хаагчдын авдаг цалинг нэмээд хоёр сая болгочихъё гэсэн бол өөр хэрэг. Харин ажилдаа хариуцлагатай байх гэх мэт дараагийн асуудал яригдана. Харамсалтай нь төрийн албан хаагч явж, явж төсвийн тодотголоор хохирчихлоо. Төсвийн тодотголыг бүхэлд нь авч үзвэл хүн бүрт хамааралтай болчихлоо. Яагаад гэвэл оюутны 70 мянга нь байхгүй, сумын амьдралыг тэтгэдэг орон нутгийн хөгжлийн санг нь хасчихлаа, мөнгөний хатуу бодлого гэдэг нэрийн дор Монголбанк даарин дээр давс гэгчээр бодлогын хүүгээ нэмчихсэн. Энэ нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулчихлаа. Энд ер нь бүтэж байгаа зүйл гэж байна уу. Бид нэг л зүйлийг сануулж байсан. Төсвийн тодотголоор битгий оролдоо гэж. Одоо байгаа хүрээнд нь төсвийн алдагдал нь нэг их наяд төгрөг байгаа юм бол түүний зөрүүн дээр нь зарлага, орлогоо бодитой тооцоод баталчих л даа. 2017 оноос тэр хийх гээд байгаа шинэчлэлээ бодлоготой хий. Одоо ингэж нийгмийг бужигнуулж болохгүй гэж.

-Ардчилсан намынхан л идэж уугаад тооцооны хуудсаа Ардын намд үлдээчихлээ гээд байгаа шүү дээ?

-Ардчилсан намд нуух юм байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачилж, батлуулаад бүх зүйл шилэн болсон. Үүнийг ойлгох нэг нь ойлгоод, шүүмжлэх нэг нь шүүмжлээд явж л байсан. Энэ ганц сарын хугацаанд Монгол Улсад ямар их зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхнээс өнөөдөр ойлгомжтой нь юу байгаа юм. Ирэх онд амьдрах төсөөлөл энэ хэвээрээ үргэлжлэх юм уу. Энэ улс орныг чинь бизнес эрхлэгчид, үйлдвэрүүд авч явахаас биш төр авч явахгүй. Дөрвөн жилийн дараа байдал ямар байхыг хэн ч таашгүй. Мөрийн хөтөлбөрөө эрх баригчид эхнээсээ л байхгүй болгочихсон. Засгийн газрын бүтцийг хийхдээ л мөрийн хөтөлбөрөө зөрчсөн. Өнгөрсөн дөрвөн жилд “давхар дээлтэй” байна гэж хангалттай л шоолсон. Манай С.Бямбацогтоос авахуулаад МАН-ын бүлгийн дарга байхдаа давхар дээл гэж мөн ч их хашгирсан даа. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл өмсчихөөд хээв нэг сууж л байна. Хүн тэгж хувирч болохгүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн нь талаар болсон. Төрд дандаа ах дүү, танил тал, мөнгөтэй хүмүүс нь дүүрчихлээ. Төрийн алба “нянгар”-уудаар дүүрчихлээ шүү дээ гэсэн шүүмжлэл их байна. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулах биз. Амлалтууд бүр байхгүй болсон шүү дээ. Цалин, тэтгэврийг чинь нэмэгдүүлнэ, Монголыг өргүй болгоно гэх мэт зөвхөн ард түмний саналыг авах гэсэн хөөсөрсөн сүржин амлалтууд өгч болохгүй. Ард түмнийг улстөржсөн хий, хоосон амлалтаар хуураад амьдраад байна гэдэг бол нэг удаагийн арга л даа. Яахав, тэд эцсийн аргаа л хэрэглэсэн нь тэр байх. Төсвийн тодотгол хэлэлцэхэд л тэдний үнэн нүүр царай гараад ирсэн шүү дээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийг би өдөр бүхэн сануулна аа гэж хэлсэн, сануулна. Угаасаа биелэгдэх боломжгүй, худлаа зүйл, ойлгомжтой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь мөрийн хөтөлбөрийн хүрээнд гэсэн боловч хэт ерөнхий заалттай орж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд 381 заалттай хэрнээ дэндүү ерөнхий.

-Яагаад ерөнхий гэж?

-Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дотоодод болон гадаад ертөнцөд мэдээлэл өгдөг анхны эх үүсвэр байх нөхцөлийг хангаж чадаагүй. Ганц тодорхой жишээ хэлэхэд эрчим хүчний асуудалд дэндүү хөнгөн хуумгай хандсан. Тэвшийн говь, Шивээ овоо, III цахилгаан станц дээр түшиглэж дулааны цахилгаан станц барина ч гэх шиг. Цаасан дээр ширхэг зураас ч зурагдаагүй зүйлийг Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулж болохгүй. Дэргэд нь Эгийн голын усан цахилгаан станц гэж бэлэн болсон төсөл хэрэгжээд явж байна. Багануурын дулааны цахилгаан станцын төслийн ажил нь эхлээд явж байгаа. Манай улс эрчим хүчний 20 хувийн дутагдалтай. Эрчим хүчийг төлөвлөхдөө дөрөв биш 10 жилээр төлөвлөнө. Өнөөдөр манай хэрэглээ 20 хувь дутуу байгаа боловч ирээдүйн дөрвөн жилийн хэрэглээ дахиад өсөх магадлал асар өндөр байгаа. Хэрэв 10 жилийн дараахь Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа бол олон асуудал яригдана. Гурван улсын хоорон дахь эдийн засгийн коридор, “Талын зам” төслийн хүрээнд хийгдэх асар олон ажил байна. Мөн хүнд үйлдвэрээ хөгжүүлэх, баяжуулах үйлдвэрээ барих, зэс болон нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал бидэнд асар их эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Үүнийгээ харж төлөвлөхгүй юм уу, өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлыг таслан, зогсоох нь зөв юм уу. Энэ төрийн залгамж чанар гэж байх юм уу гэх мэт олон асуудал бий. Эдгээр нь зөвхөн Ардчилсан намын тухай асуудал биш. Улс орны нийтлэг эрх ашгийн талаар ярьж байгаа юм. Маш төлөвлөгөөгүй, зах замбараагүй, бодлогогүй асуудлууд орж ирж байгаа нь энэ 60-хан хоногийн хугацаанд тодорхой харагдчихлаа. Энэ алдаагаа засч, залруулахгүй Ардчилсан нам ийм болгочихсон юм аа, бид буруугүй шүү гээд суух юм уу. Одоо Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон. Ард түмэн та нарыг ажил хий гэж сонгосноос биш Ардчилсан намынхныг муулаад, сөрөг хүчний байр сууринаас ажилла гэж сонгоогүй юм. Одоохондоо тэд ам авч хадуурч давхидаг омголон адуу шиг л байна.