УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.
-Хямралтай байгаа эдийн засгийг даван туулах гарц юу байх бол. Одоо бол Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн талаар манайхан ярьж байна. Валютын сангийн төлөөлөгчид ирчихсэн ажиллаж байгаа юм билээ. 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийнэ. Боломж юу байна вэ?
-Улс оршин тогтнохын гол үндэс нь хил хязгаарын тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол. Үүний гол хөдөлгөгч нь хүн. Иргэд ажилтай, орлоготой байх хэрэгтэй. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал яагаад ингэж доройтов гэдгийг би ганц зүйлээр л тодорхойлж байгаа. Тэр нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Ажлыг төлөвлөдөггүй, нэгдсэн системгүй, улс орны эдийн засгийн бодлого алдагдсантай л холбоотой юм. Түүнээс жирийн ажлаа хийгээд явж байгаа хүнд цалин өгснөөр эдийн засаг муудчихаад байгаа юм биш. Үүнд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг заавал ярих ёстой. 2011-2013 оны хооронд дэлхийн эдийн засаг сэргэлтийн үедээ ирчихсэн байсан. Харамсалтай нь бид боломжоо ашиглаж чадаагүй. Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн 2-3 жил тасралтгүй уналаа. Энэ байдал эдийн засагт нөлөөлсөн нь бий. Гэхдээ уудам нутагтай, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа 61.5 сая малтай, гурван сая хүн амтай улсын хувьд тартагтаа тултал хямарчихлаа гэдгийг би л хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засаг хямарч, сэргэх нь аль ч нийгмийн үед байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд эдийн засаг сэргэлээ гэхээсээ илүүтэй хямарлаа гэдэг зүйлийг манайхан их ярих болсон.
Энэ нь иргэд ажлын байргүйтэй холбоотой. Ажилгүй хүн бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжгүй болж, бэлэн мөнгөний хомсдол үүссэн гээд олон шалтгаан бий. Тиймээс улс орны эдийн засгийг сэргээхийн тулд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй. Өнөөдөр банкнаас зээл авч ажил хийнэ гэдэг жирийн үзэгдэл болсон л доо. Харин авсан зээлээ үр ашигтай зарцуулж баялаг бүтээх ёстой гэдгийг хэлдэг. Гэхдээ авсан зүйлээ эргүүлж төлдөг жамтайгаас хойш хариуцлагатай ажиллах ёстой.
-Хариуцлагын асуудал бүгд ярьдаг л даа. Хэрэгжиж байгаа нь тийм ч үр дүнтэй биш…
-Ялсан, ялагдсан, ховордсон гээд “Чингис”, “Самурай”, “Мазаалай” бонд гээд хаан, ховордсон амьтнаараа нэрлэсэн бонд босгосон. Бондын зарцуулалтын хүрээнд Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Хөгжлийн банкны шалгалтын дүнгээс харахад эдийн засгийн тооцоололгүй зарцуулагдсан хөрөнгө нэлээд байна лээ. Гэм буруутайг нь тогтоож, хариуцлага тооцдог субьект нь УИХ-ын гишүүн биш. Хууль хяналтын байгууллага зарцуулалтыг нь тооцож хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь бол төрийн албанд ажиллаж буй албан тушаалтнууд иргэдийн сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө чин шударгаар ажиллаж өөд нь татах ёстой. Энэ үүргээ умартсан хэн боловч хуулиас гадуур явна гэж байж болохгүй. Удирдлагын, хариуцлагын тогтолцоо нь алдагдсан байна л гэж байгаа юм.
-“Стэнд бай” хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх бол. Яахав, зээл, тусламж гээд авч болох ч манайхны эдийн засгийн дотоод нөөц боломж хэр байгаа вэ?
-Би нэг зүйл дээр хатуу байр суурьтай байдаг. Зээлийг зээлээр төлдөггүй юм. Зээл авна гэдэг бол баялаг бүтээгээд эргүүлж төлж байх ёстой. “Стэнд бай” хөтөлбөрийн мөнгөнөөс 580 сая ам.долларыг төлнө гэвэл өрөөсгөл. Засгийн газрын түвшинд сайд нарын ярьж байгааг сонсоход Таван толгойн нүүрс гардгаараа гарч уул уурхайн гол түүхий эдийн ханш өсч байна. Мэдээж улс гэдэг том айл гэр байгаа юм чинь санхүүгийн гол бодлогоо алдаагүй гэж бодож байгаа. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар удаа дараа мэдээлэл хийлээ. Тэд өрөө төлнө гэж байсан. Харин “Стэнд бай” хөтөлбөрийг аваад төлнө гэдэг ойлголт байхгүй байх.
-Аливаа улс орон эдийн засаг, хил хязгаарын тусгаар тогтнолоо алдаж болохгүй гэдэг. Та Хилийн тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан. Хууль хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн л дээ…
-Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс гэж баримт бичиг байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Үндсэн хуульдаа “Монгол Улсыг тусгаар тогтносон улс байна” гээд заачихсан. Тусгаар тогтнолын баталгааны хувьд эрх зүйн орчин нь хангагдсан, гадаад улс орнууд хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалах салбарын баримт бичиг болох Хилийн тухай хууль хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжиж байна. Миний хувьд уг хуулийн төсөл дээр нэлээдгүй удаан ажилласан. Хил гэдэг Монгол Улсын халдашгүй дархан байдлыг хангадаг гол үзүүлэлт. Хилийн зурвас, бүсийн асуудал орсон. Хилийн тухай хуулийг нэлээд чамбай хууль болсон гэж бодож байгаа.
Би хилтэй ойрхон өссөн хүний хувьд хуулийн төсөл дээр ажиллаж, үе үеийн хилчдийн санаа оноог сонсож, мэргэжлийн хүмүүсийн үзэл бодол, хөрш орнуудын туршлага ямар байна гэдгийг тусган уг хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар хилийн дархан байдал, хилчдийн нийгмийн баталгаа нэлээд хангагдсан хууль болсон.
-Өмнөх хуулиасаа юугаараа онцлог болсон юм бэ?
-Өмнөх хуульд байсан үзэл санааг гажуудуулаагүй. Хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Тэр үеийн нийгэм, эдийн засгийн байдал өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал тэнгэр газар шиг болсон. Тэр утгаараа хилчдийн нийгмийн баталгааг сайжруулахаар суулгаж өгсөн. Мөн хилчдийн эрх зүйн орчныг сайжруулсан. Уул уурхайн баялгийн үнэ өссөнтэй холбогдуулан хил дээр дараалал үүсч, маргаан гардаг байсан. Ямар үед галт зэвсэг хэрэглэж болох вэ, ямар үед нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх вэ гэдгийг нь зааж өгсөн.
-Хилийн цагдаатай болох нь гээд хэсэг шуугиад авсан даа. Үнэхээр хилийн цагдаа гэж байсан юм уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их шуугиан тарьсан асуудал нь хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж байна гэсэн яриа байлаа. Мөн хилийн бүсгүй болгох нь гээд баахан шуугьсан даа. УИХ-ын гишүүн өөрийн санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэр утгаараа гишүүд байр сууриа илэрхийлсэн. Хилийн цагдаа гэдэг бол байдаг ойлголт. Тэнгис далайгаар хүрээлэгдсэн орнуудад хилийн цагдаа байдаг. Манай орны хувьд Хятад, Оростой 8253.5 км зурвасаар хиллэдэг орны хувьд хөрш орнуудынхаа жишгийг харах хэрэгтэй. Манай хоёр хөршид ч гэсэн хилийн цагдаа гэдэг ойлголт байдаггүй. Хөрш орнуудынхаа практикийг харж хуульдаа суулгаж өгсөн нь зөв болсон гэж бодож байгаа. Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албыг өмнөх Засгийн газрын үед Гадаадын иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлсэн байсан. Хөрш орнуудтай хилийн уулзалт хийхэд тэд Гадаадын иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний газартай уулзалт хийдэггүй, хил хамгаалах байгууллагынхантай уулздаг. Галт тэргийг хянах хяналтын механизм байхгүй болчихсон байсан. Цэргийн албан хаагчийн эрх зүйгээр нийгмийн баталгаа нь хангагдаж байсан хүмүүс энгийн албан хаагчаар ажиллаж байсныг хуульд тусгаж өгсөн.
-Хилийн зурвасын асуудал нэлээд маргаан дагуулж байсан. Ямар байдлаар шийдэгдсэн бэ?
-Хилийн шугам, хилийн зурвас, хилийн бүс гэж тусдаа ойлголт бий. Хилийн шугам бол Монгол Улсын сүлдэт хилийн баганыг хооронд нь холбосон тэр зураасыг хэлнэ. Хилийн зурвас гэдэг бол хилийн шугамнаас дотогшоо буюу Монгол Улсын газар нутаг руу 15 км газрыг хэлдэг. Энэ бол тусгай бүс. Хилийн зурвас харин янз бүр байдаг. Монголын баруун зүүн хязгаарт хилээс дотогш 15 км-т хүн амьдардаггүй хамгаалагдсан зурвас бий. Замын-Үүд, Алтанбулаг боомт гэтэл 300 метр л хүн амьдарч байдаг л даа. Хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулах процесс Замын-Үүд, Алтанбулагт явдгаараа явж байгаа. Үүнийг Хил хамгаалах байгууллагын шууд хяналтад байдаг. Хил хамгаалах байгууллагын шууд хяналтад байдаг бас нэг зүйл нь хилийн бүс. Маргаан дагуулсан сэдвийн нэг нь энэ. Хилийн бүс 1993 оны хуульд байснаараа 100 км-ээс илүүгүй байхаар туссан. 100 км дотор хилтэй холбоотой будилаан, хил зөрчигч нэвтэрсэн ч байдаг юм уу, тэр үед хяналт тавих үүрэг нь хил хамгаалах байгууллагадаа үлдсэн. 10 км дотор гадаадын жуулчид очих зэрэг асуудлыг хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй хийнэ. Харин ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, орд газрыг ашиглах, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар, харьяа агентлагууд олгодог.
-Дотоодын цэргийн тухай хуулийн ажлын хэсэгт бас ажилласан бил үү. Өмнөх Засгийн газрын үед татан буулгасан байсныг эргүүлэн сэргээхээр болж байна л даа. Дотоодын цэрэг байх нь зөв гэдэг яриа их байна?
-Дотоодын цэрэг чинь 90 гаруй жилийн түүхтэй байгууллага. Өмнөх хуулиараа дотоодын цэрэг ЦЕГ-ын удирдлагад хамаарч байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудыг татан буулган ЦЕГ-т чиг үүргийг нь хамаатуулсан. Одоо дотоодын цэргийг байгуулснаараа үндсэн чиг үүргээ хангах боломжтой болсон. Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн чиг үүрэг хоёр тусдаа асуудал гэж би л хувьдаа ойлгодог. Дотоодын цэрэг улсын онц чухал обьектуудыг хамгаалах, нийтийн үймээн самууныг зохицуулах, гамшиг аюулт үзэгдлийн үед ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэх мэт олон чиг үүрэгтэй. Үймээн самуун гарсан үед цагдаагийн байгууллагатайгаа хамтраад ажилладаг.
-Та хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүн. Танай Засгийн газар шинэ оны өмнө 34 хуулийн төслийг бөөндөж өргөн барьсан асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Ямар ашиг сонирхол ард нь байгаад ийм тулгуу өргөн барьсан юм бол. Засгаас өргөн барьсан хуулиуд түүхий байна гээд байгаа?
-Би эрхзүйч мэргэжилтэй. Багагүй хугацаанд багшилсан. Түүхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг. Хууль санаачлах эрх өнөөдөр УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гуравт байгаа. Засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэлээд олон хуулийн төслийг оны өмнө өргөн барьсан, шаардлага байсан гэж л ойлгож байгаа. Монгол Улсын Засгийн газрын бодлого гэдэг бол иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байдаг тул хууль эрх зүйн орчинд шийдвэрлэвэл зохих асуудлууд нэлээн хуримтлагдсан байсан байна гэж харж байгаа.
Хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэг дээр санал нэг байдаг. Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжээд явж байна. Уг хуулиар хуулийн төсөлд зургаан шалгуур тавьсан. Зарим хуулиудыг хараад байхад эдийн засгийн, хэм хэмжээний шалгуур тавигдаагүй байгаа нь анзаарагддаг. Хуулийг сайжруулах тал дээр хүч чармайлт гаргах нь Их хурлын гишүүн бидний үүрэг.
-Та Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа гэсэн. Засгийн газар яг энэ хуулийг өргөн барьсан байна лээ. Концепцийн хувьд хэр зөрүүтэй байна вэ?
-Энэ хуулийг ярихаасаа өмнө Монгол Улсын мал аж ахуйн хөгжлийн хөндөх нь зүйтэй. Манай орон өргөн уудам нутагт хүн амын нягтаршил бага, мал аж ахуй дээр суурилсан. “Малын буян байхад монголчууд алзахгүй” гэдэг чинь учиртай үг шүү. Гадаад орнуудын туршлагыг харахад уул уурхай, мал аж ахуй хосолсон орнуудын туршлагаас судлах хэрэгтэй. Манай улс уул уурхайг шүтээд хөгжилд хүрнэ гэдэг хэцүү. Жинхэнэ баялаг бүтээгчид болсон мал, малчин хоёрыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Миний хувьд мал аж ахуйн салбарын бодлого нэлээд алдагдсан гэж боддог. Салбарын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлбол зах зээлийн үнэтэй капиталыг бий болгоно. Бид 61.5 сая малтай боллоо гэж хөөрцөглөхөөсөө илүү мал аж ахуйн салбарын хөгжил хаана явна гэдгийг бодох ёстой. Энэ салбар манайд уналтад орсон. Энэ салбарыг уналтаас гаргахын тулд эхлээд малаа эрүүлжүүлж, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ярих хэрэгтэй. Дараа нь үүнтэйгээ уялдуулаад малын үржлийн асуудлыг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд энэ салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн санаа оноо, гадаад орнуудын туршлага зэргийг судлаад Малын эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж, төслөө бэлэн болгосон байсан боловч Засгийн газар өргөн барьчихсан. Чиг хандлага, зорилго нь нэг л дээ. Тиймээс ажлын хэсэгт нь ороод ажиллаж байна.
Засгийн газраас өмнө нь байсан хуулийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын үржил генетикийн тухай хууль гээд хоёр хууль болгон өргөн барьсан байгаа.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хувьд бид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шалгуурыг хангуулах тал дээр нэлээн ажиллах ёстой. Манай улсын хувьд мал, махаа экспортолно гэвэл хоёр хөрш рүүгээ л гаргана. Хоёр хөршийн хувьд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шалгуурыг л харгалзах ба тэдний шалгуурт нийцээгүй нэг кг ч мах, нэг ч ширхэг арьс, шир гаргаж чадахгүй. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хувьд “мал эмнэлгийн тогтолцоогоо сайжруул” гэдэг л зөвлөмжийг удаа дараа ирүүлж байгаа ба 61.5 сая малтай хэрнээ махаа экспортолж чадахгүй байгаагийн гол шалтгаан энэ байгаа юм.
Тэгэхээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсанаар “мал эмнэлгийн сайн тогтолцоо”-г бий болгох, улмаар малаа эрүүлжүүлэх бодлого хэрэгжих эрх зүйн орчин бүрдэх боломжтой. Мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшил үзүүлдгээрээ үзүүлээд явна, харин түүний үйлчилгээний стандартыг тогтооно, түүнд хяналт тавьдаг, бодлого удирдлагаар хангадаг төрийн босоо тогтолцоо ажиллана.
-Манайд малын вакцины мафийн сүлжээ ажилладаг хэмээн байнгын хороон дээр гишүүд ярьж байсан. Тиймээс малын өвчнийг зориудаар тараадаг гэх юм?
-Зориудаар өвчин түгээж байгаа асуудлыг мэдэхгүй байна. Харин малын өвчин түгээмэл байна уу гэвэл тийм гэж хэлнэ. Малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах төрийн бодлого алдагдчихсан. Хариуцлагын асуудал байх ёстой. Энэ хууль батлагдаад улсын мал эмнэлгийн сайн тогтолцоотой болох юм бол яам, агентлаг, аймаг, суманд байгаа мэргэжилтнүүдийн хариуцлагын асуудал яригдаж эхэлнэ. Хоёрдугаарт, малчдын хариуцлагын асуудлыг ярина. Үнэхээр мянган малтай малчин малаа зах зээлийн эргэлтэд оруулах гэж байгаа бол төрийн бодлогоор малаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах наад захын хариуцлагыг ухамсарладаг байх хэрэгтэй. Хуулийн төслийг харж байхад хариуцлагын тогтолцооны асуудал сулхан байгааг гишүүд шүүмжилж байна. Иргэн Дорж мянган малтай байлаа гэхэд жилийн өмнөөс судалгаа шинжилгээний ажлыг хийх ёстой. Хүний эрүүл мэндийн дэвтэр гэдэг шиг иргэн Доржийн 1000 мал ядаж нэг эрүүл мэндийн дэвтэртэй байх шаардлагатай. Өмнө нь ямар халдварт өвчин гарч байсан. Цаашид ямар өвчин гарах магадлалтай байна вэ гэдгийг дэвтрийн хөтлөлт судалгааны ажил дээр тулгуурлан гаргах юм. Доржийн малд өмнө нь шүлхий өвчин гарч байсан бол дахин гарах магадлалтай гээд жилийн өмнөөс Биокомбинатад вакцинаа захиалах ёстой. Тийм тогцолцоо байхгүйн улмаас Биокомбинат гэдэг газар өнөөдөр ямар вакцин хийх вэ гэдэг ажлаа мэдэхгүй байгаа юм уу гэж ойлгодог. Энэ нь Биокомбинатын ажилчдын буруу биш.