Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: ОУВС хүнд шаардлага тавина гэдэг чинь манай эдийн засаг хүнд байгаагийн л шинж

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулганы эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийг тодотгоно. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж байгаатай холбогдуулан ийм шийдэлд хүрсэн л дээ. Төсвийн тодотголоор татвар нэмэх асуудлыг оруулж ирлээ гэдэг шүүмжлэл их байна л даа. Та төсвийн тодотголтой танилцсан уу?

-УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш төсөв, мөнгөний бодлогыг зөв болгох, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, өр зээлийн дарамтаас улс орноо авч гарах тал дээр МАН шат дараатай арга хэмжээ авч байгаа. Ээлжит бус чуулган хийгээд ээлжит чуулганаар хэлэлцсэн асуудлын дийлэнх нь төсөв, мөнгөтэй холбоотой асуудлууд байсан. Нэг хэсэг Монгол Улс хэд хэдэн төсөвтэй явж ирсэн. Монголбанкин дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкин дээр бонд, концессын мөнгө, улсын төсөв гээд замбараагүй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй болгосон. Ингэснээр төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжүүлэх тал дээр анхаарсан. Их хуралд оруулж ирсэн төсвийг батлахдаа бараг анх удаа төсвийн алдагдлыг багасгаж баталсан л даа. Өмнө нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэг байсныг больсон. Амьдралд нийцсэн гэж харж байгаа.

Сүүлийн дөрвөн жилд гэхэд анх удаа 2016 оны улсын төсөв 500 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ байдлаараа явбал оны эцэс гэхэд төсвийн орлого давж биелэх байх гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар сая төсвийн тодотголыг өргөн барихдаа төсвийн алдагдал 10.3 хувьтай байхаар тооцсон байна лээ. Төсвийн тодотголыг харахад хоёр гурван зүйл ажиглагдаж байгаа юм.

-Тухайлбал, юу гэж?

-ОУВС-тай тохирч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд татвар нэмэгдүүлж төсвийн тодотголыг өргөн барих нь нэгдүгээр асуудал байсан. Хоёрдугаарт, төсвийн тодотгол хийж зарим гарсан хууль тогтоомжуудтай нийцүүлэх шаардлага гарч байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны тухай хуулийг баталсантай холбоотойгоор тус банк улс төрөөс хараат бус олон улсын банк санхүүгийн стандартад нийцэхээр тусгасан. Энэ хүрээнд төсөв батлахад гуравдугаар жагсаалтаар батлагдсан Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх нэлээд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг нь Сангийн яаман дээр ирж байна. Сангийн яаман дээр ирнэ гэдэг чинь төсөв дээр ирж байна гэсэн үг. Төсвийн тодотгол хаврын чуулганы эхэнд батлагдах болов уу.

-Харин төсвийн тодотголын хүрээнд татвар нэмнэ гээд байна л даа?

-Төсвийн тодотголын хүрээнд татвар нэмэх асуудал яригдаж байгаа. Татвар нэмэхэд хоёр зарчим барьж байна. Эхнийх нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн сүүдэр ард түмний амьжиргаа, бизнес эрхлэгчдийн халаас руу орохгүй байхаар шийдье гэж байгаа юм. Аль болох хүндрэл, хохирол багатайгаар даван туулах ёстой. Тиймээс иргэдийн амьжиргаатай холбоотой ямар нэгэн татварт өөрчлөлт оруулахгүй. Зөвхөн тансаг хэрэглээний буюу архи, тамхины онцгой албан татварыг нэмэх чиглэлд явж байна. Хоёрдугаарт, татварын шинэчлэлийг хийх суурь бааз нээгдэх юм. МАН засгийн эрх барьж байхдаа 2005 онд 4:10-ын бодлого барьж татваруудыг дөрвөн хувь болгосон. Цаашид өндөр орлого олдог хэсэг нь өндөр татвар төлж, бага орлоготой иргэд багийг төлдөг зарчим руу шилжихийн тулд Хувь хүний орлогын албан татвараас эхлээд зарим татварын шатлалтай болгоё гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл амьжиргааны түвшин арай өндөр хэсэг нь эдийн засгийн хүндрэлийн ачааллыг арай илүү авъя гэж тооцож байна. Энэ нь татварын бодлогын үндсэн зарчим байх болов уу.

Өнөөдөр иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэж буй асуудал чинь баян хоосны ялгаа. Амьжиргааны эрс тэс өртөгтэй болчихлоо, баян хоосны ялгаа хэтэрсэн тул иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа алга болж байна. Тиймээс цаашид чинээлэг дундаж давхаргыг дэмжиж бий болгох хүрээнд татварын бодлогоо уялдуулах ёстой. Энэ хүрээнд татварын бодлогын шинэчлэл явагдана. Төсвийн тодотголын хүрээнд яригдаж байгаа нэг томоохон зүйл нь тэтгэврийн шинэчлэлийн бодлого юм. Энэ тухай үе үеийн Засгийн газар ярьдаг. Нийгмийн даатгалын сан тэтгэврээ тавьж чадахаа болилоо, энэ алдагдал нь төсөв дээр ирж байна. 2021 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн алдагдал төсөв дээр нэлээд хувийг эзэлнэ.

Улсын төсөвтэйгөө хамтраад ч гэсэн тэтгэврээ тавьж чадахаа болих хэмжээнд хүрэх тул асуудлыг цагийг нь тулгаж биш эртхэн шийдвэрлэе. Тиймээс 2036 он хүртэл буюу 20 жилийн хугацаанд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэе гээд бүх хүмүүсийн тэтгэврийн насыг 65 болгочихгүй юм. Тухайн ажил, амьжиргааны нөхцөлөөс нь шалтгаалж тэтгэврийн насыг уян хатан байхаар шийдвэрлэнэ. Уг асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдэх Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Манайхан эдийн засгаа өөрсдөө оношилж байна. Мөн гадны байгууллагууд ч өөрсдийнхөө оношийг тогтоож байгаа. Гадны байгууллагуудын хэлж буйгаар бодлогын алдаатай дотоодын хямралд өртсөн байна. Тиймээс бодлогын алдаагаа зас гэж байгаа юм.

-Энэ тэгээд юунаас эхлэх вэ?

-Ойлгомжтойгоор хэлэхэд сан хөмрөгийнхөө хүүдийг нөхөх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө мөнгө орж ирнэ. Ингэж гэмээнэ хөрөнгө оруулалтууд тогтоно. Тиймээс бид эхний ээлжинд төсөв, мөнгөний бодлогоо зөв болгоё, төр бүсээ чангалъя, зарим тохиолдолд татвар нэмэхээр бол тансаг хэрэглээ, амьжиргааны түвшин өндөр хүмүүст хамаатуулъя гэж байгаа юм шүү. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй, амьдрах гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хүмүүстээ хүндрэл учруулахгүй гэдгийг дахин хэлье. Жирийн иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ачаалал ирж байгаа. Сүүлийн 25 жилд хүмүүсийн дундаж наслалт нэмэгдлээ. Ирэх 20 жилд хүмүүсийн дундаж наслалт 70 гарчихна. Мөн амьжиргааны түвшин, нөхцөл ч нэмэгдчих юм. Тэр утгаараа аажмаар тэтгэврийн насыг нэмэхээс бус маргааш тэтгэврийн насыг нэмэх гээд байгаа зүйл байхгүй.

-Төсвийн зарлагаа хасаагүй байж татвар нэмлээ гээд л шүүмжлээд байна шүү дээ. Зарлагаасаа хасчихаж болдоггүй юм уу?

-2004 оноос хойш төсвийн зарлагыг маш олон удаа танасан. Сүүлийн гурван жилийн хугацаанд 5-30 хувь хүртэл зарлагаа жилд хоёроос гурван удаа танаад байгаа. Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний зардлыг үүнээс илүү танах боломж байхгүй. Хэрэв таначихъя гэвэл тухайн байгууллагууд төсвийн өртэй л болно. Гадаад дотоод томилолт, бичиг хэргээс эхлээд байж болох бүх зардлаа танасан. Одоо харин танж болох зардлууд гэвэл халамж, зээлийн үйлчилгээний хэлбэрүүд буюу өр зээлийн менежмэнтээ сайжруулах байдлаар төсвийн зарлагыг танааж болно. Өөр нэг эх үүсвэл нь цалин, тэтгэвэр болчихоод байна. Танаж болох гурван багцийг нэрлэхэд ийм байна даа. Зээлийн үйлчилгээний чиглэлд нэлээд ажлууд хийгдэж байгаа. Төр эхлээд бүсээ чангалж, зөв менежмэнтээр ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа хэлье. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотголыг шат дараатай тодруулах ёстой. Харамсалтай нь энэ талаар бага ярьж байгаа болохоор төр өөрсдийгөө танахгүй, татвар нэмчихлээ гээд байна л даа.

-Намрын чуулган өндөрлөснөөс хойш Их хурлын гишүүд бөөн бөөнөөрөө гадаадад томилолтоор явж байна шүү дээ. Энэ зугаалгын гэмээр зардлуудаасаа танахгүй юм уу. Өмнөх парламентуудын үед ингэж их бөөнөөрөө гадагшаа явж байгаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлээд байна л даа?

-Улсын төсвийн хөрөнгөөр УИХ-ын гишүүд гадаад томилолт аваагүй байх аа. Ганц хоёр төрийн айлчлалын хүрээнд зарим нэг нь төсвийн хөрөнгөөр явж байгаа. Гишүүдийн гадаад томилолтыг аваад үзэх юм бол 90 хувь нь олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдсэн. Учир нь шинэ парламент байгуулагдсаны дараа иймэрхүү хандлага гардаг. Манай оронтой хамтын ажиллагаатай байдаг олон улсын байгууллагууд, улс орнууд хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ асуудлууд шийдэгддэг. Улсын төсөв, яамны төсвөөс санхүүжигдээд гадагшаа явж байгаа зүйл байхгүй.

УИХ л гэхэд энэ онд зөвхөн өөрийнхөө төсвийг 20 хувиар таначихсан. УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын зардлыг харах юм бол 90 хувь өөр эх үүсвэрээр санхүүжиж томилолтоор явж байгаа. Түүнээс биш гадаад томилолт хумигдсан.

-Бараг танаас бусад гишүүд бүгд гадаадад явж байна. Та аль аль орноор явсан бэ?

-Би гадагшаа томилолтоор яваагүй. Зарим төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд гадагшаа явж байгааг интернэт, сошиал хөгжсөн болохоор хүмүүс хараад байгаа байх л даа. Тиймээс өмнө парламентуудыг давсан гадаад томилолт гэж ёстой байхгүй. Төсөвт ч гэсэн тийм боломж байхгүй.

-ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагуудыг та хэрхэн харж байгаа вэ. Өмнө нь тийм хүнд шаардлагууд тавьж байгаагүй юм биш үү?

-ОУВС хүнд шаардлага тавинаа гэдэг чинь манай эдийн засаг хүнд байгаагийн л шинж. ОУВС бидэнтэй хамтарч хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтарч ажиллахаар дэмжлэг үзүүлж байгаа болохоос өөр зүйл байхгүй. Тиймээс бид энэ байгууллагатай хамтарч тэдний саналыг тусган, өөрсдийнхөө онцлогийг зөв ойлгуулах ёстой. ОУВС манайд шаардлага өндөр тавьж байгаа бол бодлогын алдаа маань хүндэрчээ л гэсэн үг. Тэгж л ойлгох хэрэгтэй.

-2017 оны төсвийг батлахдаа том төслүүдийг хөдөлгөнө гээд төсвөө гурван хувьтай баталсан. Энэ ондоо хөдөлчих томоохон төсөл байна уу. Сангийн сайд Гацууртаас бусад нь дараа онуудад хөдөлнө гэдэг утгатай ярилцлага өгсөн л дөө?

-2017 оны төсвийг батлахдаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн гэрээ хэлцлүүдийг цэгцэлж, хөдөлгөж эхэлнэ гэдгээр нь мөнгөний бодлого болон төсөвт аль алинд суулгасан. Түүнээс биш орлого талдаа том төслүүдээс орж ирэх мөнгө харьцангуй бага шүү дээ. Энэ жил Таван толгойг цогцоор нь хөдөлгөх асуудлыг шийдвэрлэх, Гацууртын ордын гэрээ хэлцлийг эцэслэх, төмөр замын томоохон бүтээн байгууллатын ажлыг эхлүүлэх, томоохон цахилгаан станцуудын тендерийг зарлана гэх мэтээр ажил нь эхэлнэ.

Таван толгой дээр ажлын хэсэг байгуулагдаад тэр хүрээндээ асуудал нь шийдэгдээд явж байгаа.

-Тэгээд Таван толгой хэр урагштай байгаа юм бэ?

-Таван толгойн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээрээ шийдлээ олохоос бус өнөөдрийн нөхцөлд Таван толгойн ажил сайн явж байгаа. Нүүрсний ханш өсчихлөө. Яаран шийдвэрлэ гээд шахаад байгаа юм алга. Таван толгойнхоо санхүүгийн боломж, үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Эхний ээлжинд Чалкогийнхоо өрийг дараад дуусгах хэрэгтэй. Баланс дээр байгаа янз бүрийн зүйлээ цэгцлэх шаардлагатай. Үндэсний эрх ашигт нийцсэн шийдлээ гаргалгүйгээр ойр ойрхон янз бүрийн шийдвэр гаргаад байх нь буруу. Өнөөдөр ч гэсэн төсөвт төвлөрүүлдэг мөнгөө төвлөрүүлээд л явж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Төрийн алба оффшортнуудын орогнох газар биш

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Оффшорын тухай хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Тэдэнд хариуцлага тооцох ёстой гэсэн хандлага ч хүчтэй болж эхэллээ. Уг хууль маань батлагдах болоогүй юу?

-Оффшорын асуудал бүр 2013 оноос л яригдаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Харамсалтай нь өмнөх парламент шийдэх гээд чадаагүй. Үнэндээ бол тухайн үеийн эрх баригчид шийдэхийг ч хүсээгүй. Харин манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа хулгайн мөнгөө, хууль бус орлогоо оффшор бүсэд нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох зорилгоор “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн цагаас л олны анхаарлын төвд орж, янз бүрийн хэл ам, хардлага сэрдлэг гарч байгаа нь ч үнэн. Бас хоосон шүүмжлэлээр халхавч хийж байгаад энэ хуулийг яаж ийгээд гаргахгүй байх, хуулийн нударга, төрийн илднээс амиа хоохойлж үлдэх атгаг санаархал ч ил далд цухалзаж байгаа. Гэхдээ ямар ч байсан энэ хууль батлагдах ёстой, батлагдахдаа хэрэгжих амьтай, хийрхэлээс ангид голтой чамбай хууль байх ёстой гэсэн нэгдсэн шийдэлд бид нэгэнт хүрсэн.

Нэгэнт төрд алба хашъя, түмнийхээ төлөө зүтгэе гэж байгаа бол өөрөө ч тэр, гэр бүлийн гишүүд нь ч тэр оффшор данснаас татгалзах ёстой л болж таарч байна. Хэрэв үүнтэй санал нийлэхгүй байгаа бол төрийн албанаас татгалзах нь хэнбугайд ч нээлттэй байгаа шүү дээ.

-Хууль батлагдлаа л гэдэг. Тэгээд үр дүн гарах юм уу даа? Цаасан дээр үлддэг хуулийн нэг болох вий гэсэн болгоомжлол байна?

-Үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гарах ч ёстой. Жил бүр дэлхийн нийт бүтээгдэхүүний 6-8 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө оффшор бүсэд эргэлддэгийн хамт нэг их наяд ам долларын татвар төлөлтөөс зайлсхийдэг тухай тоо баримтууд бий. Монгол Улс хэдий хэмжээний татвар төлөгдөхгүй оффшор бүсээр дамжаад байгааг, хэдий хэмжээний хууль бус мөнгө тэдгээр бүс нутагт байршиж байгааг тогтоох болно.

Олон улсын валютын сангаас 52 улс, бүс нутгийг оффшор бүс гэж зарласан байдаг юм. Үүн дээр үндэслэж Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд ийм улс орнууд, энэ бүс нутаг хамаарна гэдгийг тодорхойлж гаргана. Хууль батлагдсаны дараа Монголын төр оффшор бүсэд хувьцаа, данс эзэмшиж байгаа болон хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг тодорхой хугацааны дотор ийм мөнгөө улсдаа яаралтай оруулж ир гэдэг шаардлага тавина. Тодруулбал, гурван сарын дотор оффшор бүсэд хадгалсан, байршуулсан хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, эсхүл тухайн албан тушаалаас татгалзах зэрэг арга хэмжээг авч энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Ингээд байхад мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнд төрийн хуулийн төмөр буулга ямар байдгийг үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэдний энд тэндхийн оффшор бүсэд нуусан хөрөнгө мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хүчээр хураан авах болно гэдгийг хэлчихье.

Би удахгүй Интерполын олон улсын форумд оролцоно. Энэ үеэр уг форумын оролцогч 50 орчим улсын Дотоод хэргийн сайд, мэргэжил зорилго нэгт нөхөдтэйгөө оффшорын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөж байна. Мөн Интерполын удирдлагатай ч энэ талаар санал солилцоно. УИХ-д удахгүй өргөн барих Прокурорын тухай хуулийн төсөлд прокурорын байгууллага гадаад улсын гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагатай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлыг тодорхой тусгаж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааныхаа хүрээг тэлж байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц болох юм. Дахин хэлэхэд Монголын төрд зүтгэх гэж байгаа юм бол зарим эрхээсээ татгалзах нь зарчим байх ёстой. Төрд хоёргүй сэтгэлээр холбиролгүй зүтгэдэг, ёс зүйтэй, шударга тийм л хүмүүс хэрэгтэй. Түүнээс биш илүү харж билүү долоодог, төрийг түрийвчээ түнтийлгэх боломж, эдийн шунал, адын хүслээ гүйцэлдүүлэх талбар гэж харж байгаа бол том эндүүрэл. Төр, ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ, цалингаараа амьдарна гэсэн бол тийм л ёсоор амьдрах ёстой. Хэрвээ бизнес эрхлэх, гадаадад данс эзэмших эрхээ эдлэхийг хүсч байгаа бол тэр сонголтоо дагах боломж нь чөлөөтэй байгаа. Төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол тодорхой хэмжээнд эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарлан ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэн ч мартаж болохгүй. Түүнээс биш төр оффшортнуудын орогнох газар биш.

-Өнөөдөр манай орны залуучуудын дунд аюулын харанга дэлдэж байгаа зүйл нь яалт ч үгүй хар тамхины асуудал болоод байна. Хар тамхи хэрэглэсэн үедээ амиа алдах, хэрэглэж байгаад баригдлаа гэх мэдээлэл их гарах боллоо. Монгол Улсын хилээр хар тамхи тээвэрлэх явдал их байна гэх юм. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Энэ асуудалд би ХЗДХ-ийн сайдын хувьд ч, жирийн эцэг хүний тухайд ч үнэхээр их санаа зовниж явдаг. Цагаан тахал гэгддэг хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлтэй цаг хугацаа алгуурлалгүй тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асуудал нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзвэл Монгол Улс руу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн орноос амфетамин, метамфетамины төрлийн бодисыг оруулж ирж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 20 гаруй хувиар, холбогдогч шалгагдаж буй этгээдийн тоо 37 орчим хувиар өссөн байна. Энэ бол үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал.

Уг гэмт хэргийн гаралтад газар зүй, геополиткийн нөхцөл байдал, мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил хангалтгүй, хүүхэд, залуучууд бие биеэсээ сонсох, даган дуурайх, цахим сүлжээнд энэ төрлийн мэдээлэл хяналтгүй цацагдаж байгаа гээд сөрөг хүчин зүйлс их байна. Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчин үеийн техник, технологи шаардлага хангахгүй, хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд үзүүлэх эмнэлгийн болон сэтгэл зүйн, нийгмийн тусламж үйлчилгээ стандарт байхгүй зэрэг нь нөлөөлж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, холбогдох судалгааг хийсний үндсэн дээр би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон даруйдаа хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлж 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа. Ийм хөтөлбөртэй болж байна гэдэг маань ямар аргаар яаж тэмцэх вэ гэдэг арга хандлага, зөв зүг чигтэй боллоо гэсэн үг. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх явдал. Хөтөлбөрийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Түүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулна. Тэрчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн

үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах болно. Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэшсэн боловсон хүчин нэн чухал. Үүний тулд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүл эхээр төл өвл өж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017-2019, 2019-2021 оны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм. Үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг ирэх долоо хоногт батална.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олны хүлээсэн үр дүнд хүрэх болов уу?

-Хөтөлбөрийн үр дүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд ахиц гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна. Түүгээр ч зогсохгүй хүүхэд, залуучуудын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дээшилж, нөхөн үржихүй, хүн амын удмын санг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болсноор дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмд үзүүлэх хор уршиг буурах нөхцөл бүрдэнэ.

-Энэ төрлийн гэмт хэргийн гарал төсөх болсон үндсэн шалтгааны нэг нь хууль эрхзүйн орчин боловсронгуй биш байгаатай холбоотой гэж үзэж болох уу?

-2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль нь тухайн үеийнхээ нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэсэн. Харин өнөөдрийн түвшинд уг хуулиар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрх зүйн харилцааг зохицуулахад эргэж харах шаардлагатай асуудлууд тулгарч байгаа. Тиймээс Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад дуусч байна. Дээрх хуулийн төслийг боловсруулахдаа хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэр томьёо, найрлага, үзүүлэх үйлчилгээ хор уршиг, тунгийн их, бага болон онц их хэмжээг нарийвчлан тодорхойлж оногдуулах ялыг тогтоох, хэрэглэгч, донтогч болон ашиг олох зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, дамжуулсан, бэлтгэсэн, тарьж ургуулсан этгээдэд ногдуулах хариуцлагын асуудлыг чангатгах, уг гэмт хэргийн хор хөнөөлөөс насанд хүрээгүй хүнийг хамгаалах, хэрэглэгчдийн хүрээг хязгаарлах, шинээр хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, бусдыг өдөөн хатгах, уриалан дуудах, турхирах болон хууран мэхлэх замаар дээрх бодисыг хэрэглүүлсэн бол хүндрүүлэн авч үзэхээр тусгаж байна.

-Танай яам өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нэлээн идэвхтэй ажиллалаа. УИХ-ын Хаврын чуулганаар танай салбараас ямар гол хуулиуд хэлэлцэгдэх гэж байна?

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой олон чухал хууль батлагдлаа. Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай гээд сүүлийн хорь гаруй жил цогцоороо шинэчлэгдээгүй байсан хуульд батлагдан гарав. Энэ Хаврын чуулганаар Эрүүгийн, Зөрчлийн, тэдгээрийг хянан шийдвэрлэх процессын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Прокурорын гээд цар хүрээ, ач холбогдолоороо Үндсэн хуулийн дараа орохуйц томоохон хуулиуд багцаараа хэлэлцэгдэн батлагдана. Дээрх хуулиудыг батлан гаргаснаар гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах, хүний эрх хууль бусаар, үндэслэлгүйгээр хөндөгдөх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, шүүх прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагчийн эрх үүргийг нарийвчлан зохицуулах асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх болно. Хийдэлгүй тодорхой, хүний эрхийг дээдэлсэн байх гол зарчмыг эдгээр хуулиудын төслийг боловсруулахдаа баримталлаа. Чуулганы завсарлагааны үеэр УИХ- ын Хууль зүйн байнгын хороо, манай яамныхан өдөр алгасалгүй эдгээр багц хуулиудын төсөл дээр ажилласан. Хүний эрхэнд хуулиас гадуур халдах аливаа оролдлогыг тэвчихгүй. Нэг талд нь хүний эрх, нөгөө талд нь хуулийн хүчийг тэнцүүлж байж гэмт хэрэгтэй тэмцэнэ. Хүний эрхээр бамбайлж хуулийн цээрлэлээс зугтаах боломж олгох ёсгүй. Хууль сахиулагчид ч хуулийн хүчээр айлгаж хүний эрхэд дур зоргоор халдаж дарамтлахыг өөгшүүлэх ёсгүй. Дээрх багц хуулийн гол амин сүнс нь ийм байгаа. Түүнчлэн бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлнэ. “Нэг иргэн-Нэг бүртгэл” зарчмыг баримталж улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг үнэн зөв мэдээллийн үндсэн дээр залан чиглүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байна.

-Сөрөг хүчний хувьд МАН-ын Засгийн газар маш муу ажиллаж байна гэсэн дүн тавиад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Бодоод үз дээ. 2012 онд бид тэдэнд ямар улс орон хүлээлгэж өглөө. Эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж, монгол төгрөг олон улсад хамгийн их ханш нь чангарсан валютаар тодорч, улс орноороороо урагшлан дэвжиж, унаа тэрэгтэй, орон байртай иргэдийн тоо огцом нэмэгдэж, иргэдийн итгэл сэтгэл ямар их урам зоригтой байлаа даа. Тэр бүхнийг өчигдрийн эрх баригчид, өнөөдрийн сөрөг хүчин болох АН-ынхан зүгээр л үрэн таран хийж, үнс нурам болгож орхисон. Эдийн засгаа” эмээлээ гэдсэндээ хийсэн эмнэг адуу шиг” булгиулж хаячихаад өнөөдөр эрээ цээргүй ингэж гулгиулж суух эрх тэдэнд бий гэж үү? Тийм ёс суртахууны эрх байхгүй. Хүн ухаантай юм бол гадны хөрөнгө оруулалт яагаад дайжив, Монгол Улс яагаад ийм их өртэй болов, ард түмний амьдрал яагаад ингэтлээ ядууран доройтов гэдгийг эрх биш ойлгож л баймаарсан. Улсынхаа эдийн засгийг, хүн зоныхоо амьдрал ахуйг ийм байдалд оруулчихаад гаргасан алдааг нь засах гээд мачийж байгаа Засгийн газрыг шүүмжлээд байх шаардлага үнэндээ тэдэнд байхгүй. Ууж идэхдээ уургын морь шиг болсон тэдэнд ингээд шүүмжлээд суух нь амархан байж магадгүй л юм.

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Эрүүл мэндийн салбарын төсөв буурсан ч эмийн санхүүжилт нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Та Эрүүл мэндийн сайдаар томилогдоод багагүй хугацааг үдлээ. Энэ салбарт ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Эрүүл мэндийн салбар бодлогын хувьд шинэ түвшинд гарсан уу?

-Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт, шинэчлэлийг нийт таван чиглэлээр хийж байна. Юуны өмнө эрүүл мэндийн салбарын бодлогыг 10 жилээр төлөвлөж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийх ёстой төлөвлөгөөт ажлынхаа нилээд хувийг өнгөрсөн зургаан сард хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Монгол Улсын эрүүл мэндийн салбар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-оо (2017-2026) Засгийн Газраар батлууллаа. Энэ бол салбар өөрийн гэсэн замыг заах “Алтан гадас”-тай боллоо гэсэн үг. Хэдийгээр богино хугацаанд боловсруулж хийсэн ч олон эрдэмтэн мэргэд, мэргэжлийн боловсон хүчин, салбар зөвлөлийн гишүүдийн маш идэвхтэй шаргуу ажилласны үр дүн байсан гэж ойлгож болно.

Нөгөөтэйгүүр, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, согтуу иргэдийг эрүүл мэндийн байгууллага хариуцан эрүүлжүүлж, ард иргэдийн дунд маш их бухимдал үүсгэж байсан нөхцлийг өөрчилж цагдаагийн байгууллагад нь буцааж өгч өмнө нь оршиж байсан том гажуудлыг заслаа. Эрүүгийн хуулийн 15.1-т өөрчлөлт оруулсан юм.

Мөн нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж эхний хэлэлцүүлгээ амжилттай хийсэн. Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль гарснаар хөхөөр хооллолтыг дэмжих, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүүхдийн эрхийг хамгаалах, дархлааны системийг нь хадгалах, бага насны хүүхдийн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Донорын хуулийн хувьд амьд донороо хайрлаж, тархины үхжилтэй донороос эрхтэн шилжүүлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлж байна.

Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих сантай боллоо. “Халдварт өвчний хяналт, сэргийлэлт”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тавдугаар хөтөлбөрийг тус тус батлууллаа. Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тавдугаар хөтөлбөр нь 2017-2021 онд хэрэгжих бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тогтвортой бууруулах, өсвөр үеийн охид, бүсгүйчүүдийн бэлгийн эрүүл мэнд, эрүүл ахуй, БЗДХ-аас сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилчдын эрсдлийн даатгалын хуулийн үзэл баримтлалыг Засгийн газраар хэлэлцүүлсэн зэрэг олон ажлыг амжууллаа. Эдгээр хууль, хөтөлбөрүүд нь батлагдаж албажаад ирэхээр тодорхой үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө гарах юм л даа.

-Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ. Ер нь бол ачаалал их байна л гэсэн сураг дуулдах юм?

-Сүүлийн үед эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн чирэгдлийг багасгах чиглэлээр хэд хэдэн өөрчлөлтийг хийлээ. Тухайлбал, ачаалал ихтэй, иргэдэд чирэгдэл үүсгээд байгаа таван том эмнэлгийг хоёр ээлжээр ажиллуулж байна. Улсын нэгдүгээр, гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэсэн таван эмнэлэг өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна.

Энэ өвлийн ханиад томууны үед шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд сар хагасын дотор эрсдэл багатай даван туулсан. Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд хоёр удаа танилцуулж, томуугийн улиралд 0-5 насны хүүхдийн нэн шаардлагатай 11 нэрийн эмийг 100 хувь хөнгөлсөн. Мөн хүүхдээ асарсан эцэг эх, асран хамгаалагчдад эмнэлгийн хуудас олгодог болсон. Цэргийн төв эмнэлэгт 50 ортой, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасгийг шинээр нээж, резидент эмч, анагаахын чиглэлийн их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дайчлан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулсан юм. Түүнчлэн агаарын бохирдлын индекс өндөртэй цэгүүдэд байрладаг 86 цэцэрлэгийн 21389 хүүхэд, 19 мянга гаруй эрүүл мэндийн ажилтнуудыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж, өндөр тунт “А” амин дэмийг 315 мянган хүүхэд, 52 мянган төрөх насны эмэгтэйчүүдэд өгч цогц арга хэмжээнүүдийг авч ажилласан гээд олон зүйлийг хэлж болно.

-Өөр ямар арга хэмжээ авсан бэ?

-Ер нь тулгамдсан асуудлуудыг шийдэх тал дээр түлхүү анхаарч ажилласан гэж ойлгож болно. Бөөрний дутагдалтай иргэдийг гемодиализын аппаратад оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэн эрүүл мэндийн салбарт анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлээр ажил үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэж, төлбөрийг нь Засгийн газраас санхүүжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл иргэн гемодиализд орвол өмчийн ямар ч хэлбэр харгалзалгүй төлбөргүйгээр үйлчлүүлнэ гэсэн үг. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ хийж, үйл ажиллагаа нь тогтмолжоод явж байгаад иргэд талархалтай хандаж байгаа. Өөр нэг зүйл нь гадаад руу илгээх оношилгоо эмчилгээний урсгалыг багасгах чиглэлээр энэ жил долоон төрлийн өвчний хагалгааг өөрийн эх орондоо хийхээр боллоо. Түүнчлэн цусны хорт хавдартай иргэдийн урт хугацаанд үнэтэй хийлгэдэг эмчилгээ нь санхүүгийн дарамтанд оруулж, ядууралд хүргэдэг асуудлыг шийдвэрлэн цусны хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр хариуцахаар төсөвт нэмэлт оруулж шийдвэрлүүлж чадсан.

-Эрүүл мэндийн салбар өр ихтэй байдаг гэж дуулсан. Өрөө барагдуулж чадаж байна уу. Бас л эдийн засгийн хямрал гээд амаргүй л явж ирсэн байх?

-Эрүүл мэндийн салбарт олон жил дамжсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа. Салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж эрүүл мэндийн салбарын ажилчдын сахилга хариуцлага, ёс зүйн байдлыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний, санхүүгийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зөвлөлдөн хуралдсан. 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгож аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд салбар анхаарлаа хандуулж байна. Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр онцгой анхаарч мэргэжил арга зүйгээр удирдан, орон нутгийн засаг захиргааны байгууллагыг татан оролцуулж байна. Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаалаар хүнд өвчтөний тээврийн зардлыг 98 хувь хөнгөлсөн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Ганцхан жишээ хэлье, өнгөрсөн цагаан сарын үеэр Завханы онгоцыг Баянхонгорт буулгаж ЭХЭМҮТ-ийн эмч нар найман ээжийн амийг аварсан. Энэ дашрамд, Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарт талархал илэрхийлмээр байна.

-Энэ оны хувьд эдийн засаг амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын хийгдэх ажлууд юу байх бол. Удтал хүлээгдээд байгаа эмнэлгүүдээ нээх үү?

-Эрүүл мэндийн салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байна. Тухайлбал, 2015 онд 93.5 тэрбум байсан бол энэ онд 35.9 тэрбум төгрөг болж буурсан. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа хэдий ч бид мөнгөгүй гээд гараа эвхээд суухгүй бүх боломж гарцыг хайж ажиллаж байна. Яармагийн дэнжид байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барьж дуусган ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр концессийн гэрээгээр гүйцэтгүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендерийг шалгаруулах зэрэг ажлыг хийж байна. Цаашид Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт загвар нэгдсэн эмнэлгийн барилга, нийслэл хотын дөрвөн өрхийн, зургаан сумын эмнэлгийн барилгыг барих ажлыг Азийн Хөгжлийн Банкны төслийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Ер нь эрүүл мэндийн салбарын төсөв хэр хасагдсан бэ. Сураг дуулах нь ээ, эм тарианы мөнгө тааруу л байгаа гэх юм?

-Эрүүл мэндийн салбарын төсөв 2016 онд 691.1 тэрбум төгрөг байсан бол энэ онд 659.4 тэрбум төгрөг болж буурсан. Харин эмийн санхүүжилтийн хувьд буураагүй, харин ч нэмэгдсэн. Өмнөх онд 82.7 тэрбум байсан бол энэ онд 91.4 тэрбум төгрөг болсон байгаа. Мөн урсгал зардал 2016 онд 65 тэрбум төгрөг байснаас 2017 онд 85 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.

-Ханиад томууны улирал өнгөрч байна. Гэхдээ жил ирэх бүр ханиад томуу нэмэгдэж, өвчлөл газар авч байгаа нь ямар шалтгаантай юм бол. Утаа л гэж манайхан өөрсдөө онош тавиад байна л даа?

-Томуу, томуу төст өвчин нь улирлын чанартай, амьсгалын замын хурц халдварт өвчин. Манай орны хувьд жил бүр 10 дугаар сараас дөрөвдүгээр сар дуустал дэгдэлт хэлбэрээр гардаг. Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог нэвтрүүлж, долоо хоног бүр амбулаторийн үзлэгийн мэдээг авч дүн шинжилгээ хийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгаа өвчнөөр хүндэрч, эмнэлгийн орны ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа нь олон шалтгаантай. Нэг гол шалтгаан нь таны дурдсан агаарын бохирдол юм. Уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 83 хувь нь агаарын чанарын индексээр маш их бохирдолтой бүсэд амьдардаг, 62 хувь нь гэрт, 38 хувь нь цэцэрлэгт хүмүүждэг байсан байна. Мөн эхийн сүүгээр дагнан хооллолт жилээс жилд буурч байгаа бөгөөд 47 хувьтай байгаа нь бага насны хүүхдийн дархлаа суларч, өвчин эмгэгт өртөх бас нэг шалтгаан болоод байна.

-Улаанбаатарын иргэдийн хувьд эрүүл мэндэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь агаарын болон хөрсний бохирдол болчихоод байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулахад яам хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хууль эрх зүйн орчны хувьд Эрүүл ахуйн тухай хуулийг 2016 онд батлуулж, улс даяар мөрдөж эхлээд байна. Түүнчлэн гэр хорооллын нүхэн жорлон, угаадасны нүх болон агаарын чанарын техникийн ерөнхий шаардлага стандартуудыг батлуулсан. Манай яамнаас “Орчны эрүүл мэнд үндэсний хоёр дахь хөтөлбөр”, БОАЖЯ-тай хамтран “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлуудыг эхлүүлээд байна. Орчны бохирдлын асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, олон улсын туршлага, судалгааны үр дүнг танилцуулах, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн жил “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх зам” сэдэвт олон улсын зөвлөлгөөн, энэ сарын 13-15-ны өдрүүдэд “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” олон улсын зөвлөлдөх уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.

-Танай яамны вэб сайт дээр “Эмийн үнийг төрөөс зохицуулах шаардлагатай юу” гэсэн судалгаанд 78 хувь нь тийм гэж хариулсан байна лээ. Төр эмийн үнийн хөнгөлөлтийг зохицуулах боломж байгаа юм уу. Засгийн газар мөнгө байхгүй л гээд байгаа шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгох эмийн үнийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоож байгаа. Харин бусад эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг эм үйлдвэрлэгч, импортлогч, эмийн сангийнхан зах зээлийн механизмаар тогтоож байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь олон жил яригдаж буй асуудал. Миний бие саяхан хоёрдугаар сард УИХ-ын зарим гишүүдтэй хамт Шинэ Зеланд улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, эмийн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, эмийн худалдан авалтын удирдлага зохион байгуулалтын талаар газар дээр нь туршлага судалж, мэдээлэл солилцоод ирсэн. Эдгээр болон бусад орны тэргүүн туршлага дээр үндэслэн бид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж, эмийн зохицуулалтын бүх үйл ажиллагааг бие даасан эмийн зохицуулалтын байгууллагад нэгтгэх, ингэснээр эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвх зэрэгт хяналт тавих, эмийг худалдан авах боломж, хангамж хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна.

-Манай орны иргэд техникийн спирт ууж хордох боллоо. Дорнод аймагт харамсалтай зүйл болсон бол Өмнөговь аймагт тээврийн жолооч нар мөн зориулалтын бус спирт ууж хордсон гэх мэдээлэл байгаа. Эдгээр асуудлууд дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сүүлийн үед нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа нь нэн харамсалтай асуудал юм. Бид хордсон иргэдийн талаарх мэдээллийг авмагц нэн даруй орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай цахимаар холбогдож, тандалт, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээний талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан. Харамсалтай нь гүн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авалгүйгээр газар дээрээ амь нас эрсдэх явдал байна. Хэдий тийм ч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бүх өвчтнүүдийн амь насыг аварч байгаа нь манай эмч нарын мэдлэг, чадвар, туршлага сайтайг харуулж байгаа юм. Метилийн спиртийн хордлогын асуудал удаа дараалан гарч байгаа учраас бидний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

-Цаашид хийж хэрэгжүүлэх ямар ажлууд байна вэ, танай салбарт?

-Цаашид бид төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөлт хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэхдээ хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх, эрүүл мэндийн салбарын мянга мянган ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудал зайлшгүй байна. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах, улс орон даяар элэгний В, С вирүсийн халдварыг илрүүлэх аяныг зохион байгуулах, эхийн эндэгдэл, сүрьеэ, бэлгийн замын халдварыг бууруулах чиглэлээр дорвитой томоохон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт анхаарах, мобайл технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн шилэн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаад оронд эмчлүүлж буй эмчилгээний урсгалыг багасгах зэрэгт онцгой анхаарал хандуулахаар болсон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дэмбэрэл: Монголд “Цахиур Төмөр”-ийн татварын бодлогыг л хэрэгжүүлэх гэж байгаа юм байна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


– Өмнө нь таниас ярилцлага авахаар ирэхэд та бичиг цаасан дунд л сууж байсан. Энэ удаа ч мөн адил тийм байх юм. Эдийн засгийн талаар судалгаа шинжилгээ хийгээд байгаа юм уу?

-Их хуралд байхад ингэж тухтай сууж судалгаа хийх боломж гардаггүй байлаа. Байнга л чуулган, байнгын хорооны хурал гээд юун судалгаа хийх манатай байсан юм. Одоо бол сул чөлөөтэй хүн чинь бодож явсан зүйлээ хэрэгжүүлэх боломж гарч байна. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн 27 жилийг полиэтономик талаас нь дүгнэсэн судалгаа байдаггүй байхгүй юу. Полиэтономик гэдэг нь эдийн засаг цэвэр онол бус эдийн засаг, улс

төрийн орчинд эдийн засгийн бодлого нь ямар байсан юм, өсөлт хэрхэн явагдаж ирэв. Өрхийн аж амьдрал ямар болов. Дэлхий нийтээр ярьж буй нийгмийн тэгш бус байдал ямар болсон бэ гэхчилэн эдгээр зүйлсийг хэдэн сарын өмнөөс ёстой тухтай сууж байгаад судалж эхэллээ. Монголын хүн ам өнгөрсөн 60-70 жилд төдийгүй сүүлийн 27 жилд хөгширөв үү, залуужив уу, бүтэц нь ямар болов гээд судаллаа. Түүнчлэн Монголд

байдаг үндэстэн угсаатнаас эхлээд хэдэн сар толгой өндийх завгүй суулаа гэхэд хилсдэхгүй. Манай Монгол

Улсад хоёр гуравхан судалгаа байдаг. Малчид гээд ярихаар манайхан бүгд хайртай. Ганц “хайргүй” нь би юм шиг байгаа юм.

-Ямар утгаараа “хайргүй” гэж?

-Би малчдаас орлогын татвар ав гэж байгаа юм. Үнэлгээг нь би хийчихсэн. Хэнээс нь яаж татвар авах вэ гэдгийг нь гаргачихлаа. Манайхан бэлчээр муудлаа гээд дээр дооргүй л ярьдаг. Тэр бэлчээрийг хэн муутгаад байгаа юм гэдгийг нь гаргаж ирлээ. Бохирдуулан төлөх зарчим гээд нийтийн өмч болсон бэлчээр нутагт бид цаашдаа 100, 100 жилээр амьдарна. Бэлчээр нутаг маань муудаад Африкийн кинон дээр гардаг шиг хэдэн ямаа үлдэх үү, цаас маасхан хийссэн элсэн цөл болгохгүйн тулд бэлчээрээ яаж татваржуулах вэ. Орчин үеийн хэлээр экосистемийн төлбөрийг яаж авах вэ гэсэн үг. Тэрийг хэн төлөх юм гэвэл нийтийн өмч болох бэлчээрт мал маллаж байгаа бүх хүн төлнө гээд ямар учраас гэдэг үндэслэлийг нь гаргалаа. Малчдын хөрөнгийг үнэлэхээс гадна, өр, авлага нь ямар байна, амьдралын хэв маяг нь ямархуу байгаа вэ, өрхийн бүлгүүд нь ядуу, ядуувтар, дунд, дундаас доош, дундаас дээш, чинээлэг, баян хэсэг нь яаж амьдарч байна вэ. Хэчнээн хонь, ямаа, үхэр, адуу, тэмээтэй вэ гэдгийг судлаад гаргачихлаа.

-Малчдад “хайргүй” нь та юм байж. Малчдын хувьд татвартай болох боломж байгаа юм уу?

-Ёжилсон утгаараа би малчдад “хайргүй” гэж хэлж байгаа юм. Монгол Улсыг авч явах, Монголыг монгол гэж харагдуулах сектор нь мал аж ахуй. Тэр тусмаа нүүдлийн мал аж ахуй. Бүгд фермерийн аж ахуй эрхлээд ХХII зуунд амьдарна гэж байхгүй. Өнөөдөр 100 га-д ноогдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо ачааллаасаа хамаагүй хэтэрчихсэн байна. Энэ бүгдэд хэн оролцож байгаа юм. Малчид. Малчид гэдэг чинь хэн юм гээд ерөнхий утгаараа биш. 10 хүртэлх, 11-30, 31-50, 51-100, 100-200, 200-500, 500-1000 гэдэг ч юм уу малчдыг малын тоогоор нь бүлэглэн хөрөнгийг нь үнэлээд малчдын төрлөөр нь, малын борлуулалтаар нь, малын хонин толгойд шилжүүлсэн байдлаар үнэлээд үзэхээр дээр хэлсэн хоёр төрлийн татвар гарч ирж байгаа юм. Орлогын албан татварыг магадгүй 500-гаас дээш толгой малтай хүмүүс өгөх байх. Хоёрдугаарт, бэлчээр гэсэн нийтийн өмчийг ашиглаж байгаа үед татвар төлөх ёстой. Бэлчээрийн үр шим муудаж байгаад та ямар нэгэн байдлаар оролцож байгаа тул хэдэн малтай ч байсан татвараа төлөх шаардлагатай. Сангийн яам, Татварын ерөнхий газрын өмнөөс би татвар хураах гээд байгаа юм биш. Эдийн засгийн шударга ёс талаасаа бүгд татвар төлөх ёстой гэвэл малчид ч мөн татвар төлөх ёстой. Өнөөдөр малчид банкинд 400 орчим тэрбум төгрөгийн зээлтэй, барьцаа нь нэг их наяд орчим төгрөгийн мал байх жишээтэй. Банкууд хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөөр зээл олгож байна. Тэгэхээр малчдын баялгийг нь үнэлээд, өр авлагыг мөн үнэлсэн зөрүүгээс аж байдал нь гарч ирэх ёстой.

Улаанбаатар хотын орон сууцны иргэдийн ихэнх нь 2-3 өрөө байранд амьдарч байгаа. Таван ханатай гэрт амьдардаг гэж үзвэл тавыг таваар үржүүлээд 25 метр кв-т амьдарч байгаа юм байна гээд олчихно. 25 метр кв-т амьдарч байгаа 50 метр кв байранд амьдарч байгаа хүн хоёрын аль нь баян юм бэ. Байшингаар бодвол тэнд байгаа хүн баян. Нэг удаа банкинд байраа барьцаалаад зээл авна. Монгол Улсад нэг сая хүн зээлтэй. Татварын хамгийн гол нь суурь. Мөнгөтэй хүмүүсээсээ л татвар авдаг. Энэ нөхцөлд Монголын нийгмийг эдийн засаг талаас нь гүнзгий судалж, түүний дотор өрхүүд, аж ахуйн нэгжүүдээ сайтар судалж байж татварын бодлогыг хэрэгжүүлнэ үү гэхээс биш шууд долоон төрлийн татвар нэмнэ гээд явж болохгүй. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Монголд “Цахиур Төмөр”-ийн татварын бодлогыг л хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ?

-Баруунд нэг хэсэг “Робин Гүүд”-ийн татвар гэж баячуудаас татвар авч ядуучуудад өг гэдэг байсан юм. Энэ гэхдээ нэг их явдаггүй л дээ. Цахиур Төмөр чинь баячуудаас малыг нь дээрэмдээд ядуучуудад өгдөг буянтай хүн. Ард түмэнд ёстой гоё таалагддаг. Гэхдээ эдийн засгийн утгаараа дундаж ангийн төлөвшил талаасаа ялангуяа эдийн засгийн өсөлт бага байгаа үед татвар нэмэх нь зөв үү гэдгийг ОУВС ойлгож байгаа юу. Монгол Улсын Засгийн газар, УИХ ойлгож байгаа юу. Үүний хүчтэй аргументууд нь захын статистикийн мэдээллээс харахад эсрэг байна. Энэ талаас нь харж байгаа юм. Харамсалтай нь ОУВС-гийн хүмүүс нь надтай ирж уулзахгүй юм даа. Уулзвал дуржигнатал нь англи хэл дээр тайлбарлаад өгөх сөн. Хөдөөгийн амьдрал нь ийм байна, хотын амьдрал нь ийм байна, аж байдал нь, бизнес нь ийм байна гэж тайлбарлаад татвар нэмбэл ингэх ёстой, ийм бодлого хэрэгтэй гэх сэн. Монгол Улс 184 орноос зээлийн хүүгийн түвшнээрээ эхний 20-д орж байна гээд твиттерт бичихэд маш хурдан цаашаа түгж байх жишээтэй.

-Үүнийг та яаж мэдэж байгаа юм…

-Амархан. Дэлхийн баримтын номон дээрээс харахад 2015 оны байдлаар Монгол Улс эхний 20-д байж байгаа юм. 19 хувийн хүүгээрээ ингэж эхний 20-д орж байгаа байхгүй юу. ОУВС үүнийг яагаад ярьдаггүй юм.

-Засгийн газар өөрсдөө үүнийгээ хэлэх ёстой байлгүй дээ?

-Хэлдэг байлгүй дээ. Хэрэв би Ерөнхий сайд байсан бол ОУВС-гийн хүмүүсээс “Монгол Улсад яаж зээлийн хүүг бууруулах вэ” гэсэн ганцхан асуулт л асууна. Өнөөдүүл нь зах зээлийн жамаараа буурна гэх байх л даа. “Уучлаарай 27 жил буурсангүй. Яагаад тэгж байгаа юм бол” гээд асууна. Эх үүсвэр нь өндөр байгаа юм гэж хэлэх байх. Эх үүсвэр нь хэнд зориулах гэж өндөр байдаг юм. Та нар манай хадгаламжийн бүтцийг мэдэх үү, хадгаламж эзэмшигчдийн цөөн хувь нь нийт хадгаламжийнхаа ихэнхийг нь барьчихаж байна гэдгээ тайлбарлах ёстой. Банкнуудын яриад байдаг эх үүсвэр өндөр гэдэг нь 10 мянган төгрөгийн төлөө л юм байна шүү дээ. Гэтэл цаана чинь нэг сая хүн цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлтэй байна. Гурван сая хүнээс нэг сая хүүхдээ хаслаа гэхэд хоёр хүн тутмын нэг нь зээлтэй байгаа биз. Манай орны хувьд зээлийн хүү орлоготой нь дүйцэхгүй дарамт болж байна л даа. Тиймээс миний амьдрал, тэр хүмүүсийн амьдрал өсдөггүй. Монголд дундаж анги нь гацчихсан. Дунджаас доош анги нь томорчихсон. Үүний гацааг гаргах ганц зүйл чинь зээлийн хүүг бууруулах. Дэлхийн бүх орон тэр дундаа Америкт мөнгө хүүлэлтийн эсрэг тусгай зохицуулалтууд байж байна. Европын холбоонд хамгийн ойрын жишээ манай хоёр хөршид ч байдаг. Гэтэл манайд мөнгө хүүлэлтийн шинжтэй хүү явж байна. Энэ ганцхан банкин дээр гардаг зүйл биш. Банк бус санхүүгийн байгууллагууд, ломбардууд үүнд хамаарна. Мөнгөний бодлого гээд ярихад 2006 оноос хойш инфляцийг онилох гэлээ. Өнгөрсөн дөрвөн жилд аз нь таарсан юм уу, Н.Золжаргал мундаг байсан юм уу бүү мэд. Өнөөдөр бүгдээрээ Н.Золжаргалыг шоронд хий гэж байгаа биз дээ. Ямар гэмт хэрэг хийснийг нь би мэдэхгүй. Одоо муулаад байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд чинь инфляцийг хязгаарлах байсан. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн гаралтай инфляци нь байхгүй болчихсон. Эрэлтийн гаралтай нь гэхээр мөнгөний нийлүүлэлт ихсээд байхад инфляци нь буураад байдаг сонин болчихсон. Дифляци руу орсон. Гэх мэтчилэнгээр мөнгөний бодлого маань байндаа онож байна уу гэдгийг ярих ёстой юу гээд ОУВС-тай ярих зүйл их байна. Тэднээс асуух, өөрсдийнхөө бодит байдлыг танилцуулах хэрэгтэй. Бид татаасыг зогсоох ёстой гэж байна. Ок, болж байна. Ноосны урамшуулал 2000 төгрөгийг зогсоо л доо. Энэ чинь татаас шүү дээ. Урамшуулалт олгосон 140 тэрбум төгрөгөөрөө сан байгуулчихгүй яасан юм. Хэчнээн олон малчин бага хүүтэй зээл авах байсан юм. Улаанбаатарынхаа санхүүгийн орчныг хар. Энэ талын зүйлсээ л ОУВС-гийнхантай ярих ёстой. Тэдэн онд мөнгөний нийлүүлэлт тэд байсан гэсэн яриа моодноос гарсан.

Эдийн засгийн өсөлтийн бүрэлдэхүүн хэсгийн хамгийн гол хэсэг нь та бидний өдөр тутам хэрэглэдэг хэрэглээний зардал байхгүй юу. Сүүлийн хоёр улирлыг харахад багассан байна лээ. Хүн амын орлого чинь хэцүүдэж байна шүү гэдэг дохио өгсөөр байтал ОУВС цалин битгий нэм гэчихсэн. Эмч, багш гээд төрийн албан хаагчдын цалинг 10-15 хувь нэмчихэд юу болох бол. Монгол Улсад аянга цахилгаан буугаад аюул болох уу. ОУВС-гийнхан зардлаар өдөөгдсөн инфляцийг нэмэгдүүлнэ гэж хэлнэ. Нэмэгдүүл. Бид инфляциа найман хувь гээд хэлчихсэн. Найман хувь дотроо барьж байвал болоо. Хүний хэрэглээг урамшуулах хэрэгтэй. Хүмүүсийн цалин жаахан нэмэгдээд ирэнгүүт бизнесийн үйлдвэрлэлүүд чинь жаахан ч гэсэн сэргээд ирнэ ээ дээ. Би Ардын намын гишүүн, Ерөнхий сайд байсан бол цалинг нэмнэ. Яагаад гэвэл Ардын нам учраас. Ардчилсан нам байсан ч нэмнэ. Яагаад гэвэл хэн нэгэн миний өмнөөс “Болохгүй ээ, Дэмбэрэл ээ” гээд ямар нэгэн аргумент хэлээдэх л дээ. Худалдан авагч байж гэмээнэ зах зээл сэргэнэ. Тэгэхээр худалдан авагч чинь мөнгөтэй байх ёстой биз дээ. Энэ талын зүйлсийг ярилгүй цалин нэмэхгүй гээд яагаад хэлчихэж байгаа юм бэ. Өмнөх Засгийн газрын үед нуугаад ч гэсэн үе шаттай нэмэгдүүлж байсан. Хэдхэн жилийн өмнө бензинээс хамааралтай, тэр нь Оросын нэг компанийн хүний мэдлийнх гэдэг ч юм уу ийм хөгийн эдийн засагтай байсан. Муу хэлүүлэн мөнгө хэвлүүлж байгаад нийлүүлэлтийн гаралтай инфляци багассан. Ханшийг маш их хөөрөгдсөн гэдэг. Уучлаарай. Ийм эдийн засагтай улсад ханш байнга хөөрөгдөнө.

-Уул уурхайн салбарын өсөлт эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Энэ салбарын тухайд ямар бодолтой байна вэ. Хямралыг хэрхэн даван туулах ёстой вэ?

-Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай үед уул уурхай нь өөрөө бүүм болоод ирэх үед импорт нэмэгдэж ханш чангарч эхэлдэг. Өнгөрсөн 20 гаруй жилийн валютын ханшийг сар бүрээр нь харж байхад тийм л байсан. Энэ нь тэр болгон биднээс шалтгаалдаг юм биш. Бид ханшийг хийж, үнийг тогтоодог улс биш. Хүлээн авдаг улс. Тэгэхээр бид худалдаагаа сайн хий гэсэн үг. Би хүмүүсийг Солонгос руу явж байгааг зөв гэж үзэж байгаа. “Г” гэдэг хүн миний цалинг нэмэхгүй, орлого нэмэгдэхгүй байхад надад Солонгосын виз олдож байхад яагаад хоёр гурван сар ажиллаад ирж болохгүй гэж. Яагаад олж ирсэн мөнгөөрөө гэр бүлээ тэжээж болохгүй юм бэ. Монголд мөнгө авч ирж байгаа биз дээ. Манайд хөдөлмөрийн соёл байдаггүй. Нэг компанид ажиллаж байгаагаа боолчлуулж байна гэдэг. Гэтэл Солонгос, Японд “Би компанийнхаа төлөө” гэж ажилладаг. Энэ соёлын дутуугаас ийм яриа үүсдэг. Өнгөрсөн социалист үеэсээ авсан соёлын тухай ойлголт бидний гениэр дамжиж залуучуудад үлдсэн байж магадгүй. Ингэж өөрсдөө хямралыг даван туулах ёстой. ОУВС “Та нар битгий ажиллах хүчээ гаргаарай” гэх юм болов уу, яах юм бол доо. Тэрийг би мэдэхгүй.

-Та ОУВС-гийнхантай ярих зүйл бий гэж байна. Гэхдээ Сангийн сайдын хэлснээр бүх зүйл дээрээ тохирсон гэдгээ хэлээд байгаа шүү дээ…

-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” маань өөрийн концепцитой. Тэр нь мэдээж төсвийн тогтвортой байдал, өрийн удирдлага, мөнгөний бодлого, нийгмийн халамжийн зорилтот бүлэгтээ очих ч байдаг юм уу энэ бүхэн дээр тэдэнд мэдээллээ бүрэн хэмжээгээр өгөх энэ чадавхийг үндэсний хэлэлцээ хийх чадвар гэж нэрлэдэг. ОУВС-тай аливаа хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орнуудын үндэсний чадвар өндөр байх ёстой. Монгол Улсын хувьд энэ нь сайжирсан. Гэхдээ энэ хөтөлбөрийн ард байгаа сууриа сайн ойлгуулаач ээ гэж байгаа юм. Малчны талаар, орлогын хуваарилалт, бизнесийн байдал ямар байгаа юм, барилгын салбарт нь яагаад ийм гацаа үүссэн юм гээд ярих ёстой. ОУВС барилгын салбарын гацааг тайлах ямар нэгэн зөвлөгөө өгсөн болов уу. Арилжааны банкууд дээр дахин капиталчилах гэдэг өгүүлбэр уншсан. Арилжааны банкуудын гүйлгээний чадварыг нэмэгдүүлэх, мөнгөжүүлэх энэ талаас нь ярилцах хэрэгтэй. Монголын арилжааны банкуудын дунд өрсөлдөөн байна уу, хүртээмжтэй санхүүжилт болж чадаж байна уу, хүмүүсийн амьдралыг дээшлүүлж чадаж байна уу гээд ОУВС-гийнханд үүнийг ойлгуулах хэрэгтэй. Энэ бүгд чинь макро тоонуудын чинь ард байгаа сууринууд юм. Манайхан хэдхэн тоон дотроо эргэлдээд байдаг. Үнэндээ энэ тоонуудын чинь ард юу байгаа юм гэдэг нь чухал.

-Санхүүгийн хүртээмж манайд хэр байна вэ. Банкнуудын өрсөлдөөн ямар түвшинд байгаа вэ?

-Монголын банкны салбарт өрсөлдөөн байхгүй. Харин эх үүсвэрийн төлөө л өрсөлдөж байна. Үүнийгээ бараг хуваагаад авсан. Хадгаламжийн янз бүрийн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь сайн. Энэ өрсөлдөөний нэг хэлбэр ч гэсэн зээлийн багцаа бууруулах, жижиг дунд бизнес, иргэдийг дэмжих хэрэгтэй. Төвбанк нь энэ чиглэлд явуулах бодлого алга. Н.Золжаргалын үед ч гэсэн үүнд дургүй байсан. Гэхдээ ямар ч байсан “Сайн” хөтөлбөрүүд чинь үүнд чиглэсэн оролдлогууд байсан. Одоо юу ч гэж ярьж болно. Гол санаачлагчийн хувьд одоо ч гэсэн үүнийг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. МАН-ын мөрийн хөтөлбөрт бүх төрлийн зээлийн хүүг бууруулна гэсэн. Яаж бууруулах юм. Тэднээс асуусан уу. Үүнийг асуух ёстой. Манайхан маш том хөгжил л ярьдаг. Том төслүүд гэсэн нэг сэтгэлгээ яваад байгаа юм. Том төслүүд л хөдөлчихвөл Монголын ард түмний амьдрал сэвхийтэл сайжирчихна гэдэг. Тодорхой салбарууд дээр капиталын багтаамж ихтэй буюу хөдөлмөрийн багтаамж багатай уул уурхайн салбарууд сэргэвэл үүний хаялга нь хөдөлмөрийн багтаамж ихтэй салбартаа нөлөөлнө. Тэр ойлгомжтой. Тэглээ гээд тэр үед эдийн засгийн өсөлт маань айл гэр, аж ахуйн нэгжийн үүдээр орох нь бага байсан. Энэ талаас нь бодож бодлого боловсруулагчид ОУВС-д ярих шаардлага бий.

-Зээлийн хүү бууруулах ямар боломж байгаа юм бэ. Боломжтой гэж яриад байгаа юм чинь ямар нэгэн судалгаа хийсэн л байх…

-Мөнгө хүүлэлтийн эсрэг Монгол Улсын хууль гэж гарга хэмээн МАН, АН-д аль алинд нь хэлсэн. Христос, Мусульман шашинд гэхэд хүнийг битгий мөлж гээд мөнгө хүүлж болохгүй гээд бүр эртнээс заачихсан байдаг. Орчин үед Европын холбооны улсууд моргейжийн зээл тэдэн хувиас илүү байж болохгүй гээд шаардлага тавьчихсан байдаг юм. Санхүүгийн хэрэглэгчид буюу ард түмнээ бодож байгаа асуудал. АНУ-д гэхэд шат болгонд тодорхой заалтууд байдаг л даа. ОХУ-д энэ талын тодорхой заалтууд бий. Гэтэл Монгол Улс зээлийн хүүгээрээ дэлхийд эхний 20-д багтаж байна. Яагаад энэ талын хууль гаргахгүй байгаа юм. Үүний дараа эх нь эцэж, тугал нь турдаггүй механизм руу орох ёстой. Банкууд дээр эх үүсвэр бусад татварууд байж магадгүй. Үүнийг нь багасгаад өг. Банк бус санхүүгийн байгууллагуудад бараг банкны чиг үүрэг өгчих. Яг банк биш шүү. Тодорхой хэмжээгээр хадгаламж авдаг ч юм уу ингэж дотроос нь өрсөлдөөн бий болго. Тэгэхгүй бол гадны банк орж ирнэ гээд хэрэлдээд унадаг. Үүнийг таван жил ярилаа. Гадны банк орж ирэхгүй гэдгийг би баттай хэлнэ.

-Яагаад?

-Түүхий эдийн зах зээл бүүм болсон үед орж ирнэ. Гэтэл манай орон чинь хоёр хөрштэйгээ бүх түвшинд стратегийн түншлэлтэй гээд хэлчихсэн. Бид тэдэнд итгэдэггүй. Хятадын банкийг оруулж ирэхгүй гэдэг. Тэгвэл Оросын нэг төрийн банк орж ирнэ гэвэл оруулах уу, яах вэ?

-Орос гэхээр хандлага өөр болчихдог шүү, манайхны…

-Асуудлын гол нь төрийн банкиндаа биш. Монголыг тоож бодлого явуулаад байна гэж байхгүй. Гэхдээ арилжааны банкуудын зөв. Юу нь зөв гэхээр орж ирэхгүй, орж ирсэн ч хязгаарлагдмал хүрээнд орж ирнэ. Орж ирэнгүүтээ Монголын ард түмнийг харж үзээд хямдхан зээл өгөхгүй. Арилжааны банк, ББСБ, ломбардуудаа 20 гаруй жил мөнгө хүүлэлтийн байдлаар явлаа, одоо боллоо. Одоо хэвийн бизнес рүүгээ ор. Энэ нь илүү их ашиг өгнө. Яагаад гэвэл зээл авчихаад хурдан төлөөд яваад байхаар чанаргүй зээл чинь багасна. Эргэлзээ арилж, хүмүүс улам их зээл авдаг болно. Хоёрдугаарт, одоо 230 мянган иргэн цалингийн зээлтэй байна гэхэд тэр нь 500 мянга болж нэмэгдэнэ. Яагаад гэхээр зээлийн хүү нь буучихсан юм чинь. Хүн зээлээр амьдарч сурна. Өндөр хүүтэй зээлээр биш бага хүүтэй зээлээ үр ашигтай зарцуулаад бизнес нь шатахгүй. Энэ талаас нь бодож арилжааны банкууд санаачилга хүртэл гаргах хэрэгтэй шүү дээ. Үүн рүү түлхэгч Төв банк, УИХ. УИХ зээлийн хүүг тогтоохгүй, эрх зүйн орчныг нь л бүрдүүлж өгнө. Эхний алхам нь мөнгө хүүлэлтийн эсрэг Монгол Улсын хуулийг гаргах ёстой.

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтөө “Хуралдай” бонд гаргаж солихоор болсноо зарласан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Надад энэ тал дээр ямар ч бодол алга. Гоё нэртэй юм байна. “Чингис” гээд бонд гарсан. “Жамуха” гэж бонд гарсан бил үү.

-Одоогоор гараагүй байгаа…

-Тэгвэл одоо “Жамуха” гэж гарна.

-Бага хүүтэй бондыг өндөр хүүтэй бондоор солилоо гээд байгаа шүү дээ?

-Манай улсын рейтинг ямар байгаа билээ. Түүгээр л явна. Зээл авахгүй явна гэж худлаа. Зээл авахаас өөр аргагүй. Зээлийн хямралд орох гэж байхад ОУВС аварлаа. Цаашдаа ийм болтлоо явах шаардлагагүй. Ингэхийн тулд миний хэлсэн зүйлүүдийг хэрэгжүүлчихвэл бид учиргүй гаднаас мөнгө хайх шаардлагагүй. Одоо бид нэг хүн тэдэн сая төгрөгийн өртэй гэдэг тийм тэнэг зүйл яримааргүй байна. Өрийн удирдлагын тухай хууль бий. Өрийг удирдах үндэсний чадавхи манайд хангалттай бий болсон уу. Энэ нь цаашид өр төлбөрийн эрсдэлээс хамгаалаад явах үндэсний боловсон хүчин байна уу гэдэг дээрээ анхаарах ёстой. Түүнээс биш хагас жил болоод ОУВС-гийнхан ирээд “Танай өрийн тогтвортой байдлын шинжилгээг хийнэ ээ” гээд явах уу. Эсвэл өөрсдөө хийгээд явах уу. Бод доо.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь гэтэл долоон төрлийн татвар нэмэх шаардлагыг Засгийн газарт тулгасан гэж байгаа. Сүүлийн үед эдгээр татварууд нь ядуу болон дундаж орлоготой иргэдэд төдийлөн хамаатай биш өндөр цалинтай ч юм уу, мөнгөтэй хүмүүст илүүтэй хамаарал бүхий болж байх шиг байна…

-Эдийн засгийн онолоор татварын ялгавартай тогтолцоо улам их гажуудалд хүргэдэг. Гэхдээ орлогын тэгш бус байдал талаас нь авч үзэхээр янз бүрийн маргаантай зүйлс бий. Манай орны хувьд жигд татварын системтэй. Өөрөөр хэлбэл 10 хувийн татвар нь баян, ядуу хамаагүй ижилхэн авдаг. Баян хүн яахав их орлого олдог тул илүү ихийг төлдөг. Манай улс аль алийг нь үзсэн. Уг нь бид нийтээрээ баяжих ёстой байхгүй юу. Мал сүрэг дотор цөм сүрэг гэж байдаг даа. Түүн шиг цөм сүрэг нь ядуугаас эмзэг рүү, эмзэгээс дундаас доош руу, дундаас доош нь дунд руу, дунд нь чинээлэг рүү гээд явах ёстой. Энэ процесс хойшоо биш урагшаа явах шаардлагатай.

-Та цалингийн судалгаа хийсэн байна. Саяхан ҮСХ-ны судалгааг харсан хүмүүс дундаж цалин 942 мянгад хүрээгүй гээд шуугилаа шүү дээ. Таны судалгаагаар яаж гарч байна вэ?

-Миний судалгаа гэж байхгүй. Статистикийн судалгаа сайхан судалгаа. 2013 оноос хойш Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нь шууд гаргадаг болсон. Тиймээс худлаа гарна гэж байхгүй. Хажуугаар нь бүтээмжийг нь гаргасан байна. Манайхны ихэнх нь статистик үздэггүй. Тэр хүмүүс “Наадах чинь худлаа. Миний цалин 942 мянга хүрэхгүй” гэдэг. Үнэн. Таны цалин бас статистикийн номон дотор байж байгаа. Түүнийгээ л хар. Дундаж гэдэг чинь статистикаар дундажийн тухай шинжлэх ухаан. Тийм болохоор ерөнхий ханыг нь гаргадаг юм.

-Таны ширээн дээр моргейжийн талаарх судалгаа харагдах юм. Өнөөдөр 90 мянган иргэн моргейжийн зээлээ төлж байна. Нөгөө хэсэг нь моргейжийн зээлд хамрагдах гээд чадахгүй явна л даа…

-Моргейжийн зах зээл, орон сууц худалдан авах боломжийн индекс гэдгийг тооцлоо. Би УИХ-ын гишүүн байхдаа Барилга хот байгуулалтын сайдуудад бүгдэд нь ингэж тооцооч ээ гэж хэлж л байсан. Даанч хийсэнгүй. Гадны орнуудыг хараад байхад орон сууц худалдан авах боломжийн индекс гэж гаргадаг. Танай орны хүмүүс орон сууц худалдан авах боломж хэр байна вэ гэдгийг нь л тооцож гаргадаг юм байна. Моргейжийг хоёр хэлбэрээр олгож байна л даа. Арилжааны банкууд зээлийн хэлбэр болгоод олгож байгаа бол нөгөө талд нь төрийн дэмжлэгтэйгээр буюу зорилтот хөтөлбөр болгоод хэрэгжүүлж байгаа юм. Төр гэж байгаа тул иргэдийнхээ үндсэн хэрэгцээний нэг болсон орон сууцаар хангах нь чухал. Бид нийлүүлэлтийн тал дээр ярьдаг. Үүний хажуугаар эрэлтийг нь дэмжих ёстой. Худалдан авах чадвартай эрэлтийг бий болгох нь хамгийн чухал юм. Тиймээс хүн төрөлхтөн моргейж гэдэг зүйлийг бодож олоод олон зуун жил хэрэгжиж байна. Моргейжийн өндөр туршлагатай Европын холбоо, АНУ-д гэхэд моргейжийнх нь хүү 4-5 хувь байх жишээтэй. Улс орнуудад орон сууцны ядуурал гэж байдаг. Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн орон сууцны төлбөр нь нэмэгдээд амьдралд нь сөргөөр нөлөөлөөд эхэлдэг. Тиймээс моргейжийг төр нь анхаардаг. Төр гэдэг Төв банк, Сангийн яам, УИХ, Засгийн газар. Өнгөрсөн дөрвөн жил моргейжийн тал дээр юм хийгдсэн үү гэвэл хийгдсэн. Гэхдээ мөнгө хэвлэж хийсэн гэдэг. Тэглээ гээд яасан юм. 90 мянган хүн орон сууцтай болсон. Ингэсний дүнд Монгол Улс сүйрчихсэн үү. Мөнгө хэвлэснээс болоод валютын ханш ингэж өслөө, тэглээ, ингэлээ гэсэн судалгаа нь хаана байна. Тоог нь гаргаад ир. Тийм судалгаа байхгүй. Ямар ч байсан тодорхой хэмжээнд мөнгө хэвлээд орон сууцыг арилжааны банкуудад дөрвөн хувиар өгөөд арилжааны банкууд нь найман хувиар өгөх нь дэвшил. Цаашид хэрэгжих хэрэгтэй гэж бодож явсан юм. Гэтэл Төв банкны шинэ удирдлага “Үгүй. Бид шинэ арга олно” гэсэн. Шинэ аргаа олоогүй байна. Моргейжийн зээл хамгийн сахилга баттай зээл. Хүн бүр төлж байгаа. Тэр мөнгийг нь эргүүлээд моргейжийн зээл болгож гаргаад явах юм бол энэ байдлаараа дахиад 27 жил болно. Төр гэж байгаа л юм бол санхүүжилтээ шийд. Моргейжийн зээл Монгол Улсыг ингээд хорлочихсон гэсэн ОУВС-гийн судалгаа нь хаана байна. Байхгүй. Миний бодлоор моргейжийн зээлээ үргэлжлүүл. Засгийн газар оролц, Төв банк мөнгө хэвлэ. Арилжааны банкуудад боломжийг нь олго. Эх үүсвэрээ гарга. Найман хувь гэдэг чинь болж байна уу гэдгээ эргэж хар. Залуу гэр бүлүүдэд хүнд байгаа. Моргейжийн зээлээ 20 жил төлсөн хүн зээлийн хүүд хэдийг нь өгч байна гэдгээ эргэж хар. 50 хувиас дээш төлж байгаа бол сайн биш. Энэ утгаараа моргейжийн болзол хатуу. Дундаж цалинтай хүмүүс байргүй байна. Нийлүүлэлт талаасаа орон сууцаа хямдхан барь, эрэлт талаасаа моргейжийн нөхцлүүдээ сайжруул. Ингэхийн тулд Төв банк, УИХ санаачилга гарга.

Монголбанкны өмнөх захирлын үед хийгдэж байсан ажлыг газар доор ортол муулах шаардлагагүй. Алдаатай зүйл байгаа бол засаад яв. Энэ чинь хамгийн том буянтай ажил. Гацсан зүйлийнхээ гацааг нь тайлах арга зам байж л таараа. Түүнийг нь олохгүй бол ОУВС-гаас асуу. ОУВС-д энэ тал дээр түй ч гэсэн хариулт байхгүй. Яагаад гэвэл мэдэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн боловч үүнийгээ яриад байх шаардлагагүй. Хямралаас гарах арга замаа бид бодох хэрэгтэй. Эдийн засаг ийм хүнд байгаа үед олон улсын дэмжлэг, тусламж бидэнд тодорхой хэмжээнд шаардлагатай. Гэхдээ бид үргэлж гаднаас зээл тусламж, дэмжлэг аваад байх ёстой юу.

-Та юу гэж бодож байна?

-Тийм биш. Гадны дэмжлэг, тусламж шаардлагатай байгаа хэдий ч өөрсдөө бид энэ хүндрэлээс яаж гарах вэ гэдгээ бодох ёстой. Тиймээс ажилсаг монгол, хөдөлмөрч монгол, ажил хэрэгч Монголыг бий болгох шаардлагатай юм. Өнөөдөр бид зээл тусламж авна л гэж ярьж байна. Авсан зээл тусламжаа бид үр ашигтай зарцуулж чаддаг бил үү гэдэг дээрээ анхаарах ёстой. Зээл тусламж авлаа гэхэд үр ашигтай зарцуулж чаддаг тийм хүмүүсээ бэлдэж шаардлагатай. Сүүлийн хэдэн жил манай улс нийгмийн халамжийн чиглэлд түлхүү анхаарч, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж чадсангүй. Сая ХБНГУ-д айлчлахдаа нэг жижиг хотоор очлоо. Тэр хотын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний салбарын 80 хувийг 10-аас доош ажилтантай үйлдвэрлэлүүд бий болгодог гэж байсан. Жижиг дунд үйлдвэрлэл ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа биз. 5-10 хүнтэй аж ахуйн нэгжүүд орчин үеийн инновацийг ашиглан үйл ажиллагаа явуулж чадвал ямар үр дүнд хүрч болохыг харлаа.

Манайхан болохоор томоохон уул уурхайн төслүүдийг л ярьдаг. Жижиг дунд үйлдвэрлэлүүд ч гэсэн маш чухал байхгүй юу. Манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэнд ажилладаг хүмүүсийн тоо 3-4 хувийг эзэлдэг. Тэгэхээр олон хүнийг ажлын байртай болгох уу эсвэл цөөн хүн ажиллуулж тэр үйлдвэрлэлээсээ хишиг хүртэх юм уу гэдгийг бодох ёстой.

-Таныхаар яах ёстой гэж. Ер нь бол нийтээрээ ажилтай байж л өрхийн орлого нэмэгдэх байх л даа?

-Миний хувьд инновацид тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоон төрлийн татварын нэмэгдүүлнэ гэж байсан. Хэрэв татвар нэмэгдчихвэл таны яриад байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд дарамт болох уу?

-Татварыг нэмэх үү, үгүй юу гэдгийг бид эргээд ярьж болно. Зах зээлийн нийгэмд татвар төлөх нь хүн бүрийн үүрэг байхгүй юу. Тиймээс татвараас бүх зүйлийг чөлөөлж, нийгмийн халамжийг өргөн хүрээнд хамруулдгаас болж бид орлого олдоггүй улс болж хувираад байна. Тэр утгаараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж олон хүнийг ажлын байртай болгож байгаа аж ахуйн нэгж бүрийг дэмжих ёстой. Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв юм. Тэгэхгүйгээр заавал гадныхны шахалтаар татвар нэмж болохгүй л дээ. Нэмэхийг бид нэмье, хасахыгаа ч бас хасъя гэдэг шийдвэрээ Засгийн газар өөрөө гаргах ёстой байхгүй юу. Үнэхээр татвар нэмэх гээд байгаа бол ард түмэн ойлгоно шүү дээ. Тухайлбал, алтны татвар, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй. Заавал гадны хүмүүсээр шаардуулж байж нэмэх ямар шаардлагатай юм бэ. Хүний гараар могой бариулна гэдэг шиг гадаадынхан тэгж байна гэх юм бол энэ нь учир дутагдалтай. Гадны дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа хүмүүс нь шахаад байгаа мэт ойлгуулж болохгүй.

-2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед татвар нэмнэ гээд Засгийн газар оруулж иртэл танай намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад дэмжээгүй биз дээ. Ийм нөхцөлд Засгийн газар яаж ажиллах ёстой гэж?

-Бүлгийн гишүүдийн байр суурь янз бүр л байсан байх. Бүлэг болон УИХ дээр би архи, тамхины татварыг тодорхой хэмжээгээр нэмэх ёстой гэж хэлж байсан. Засгийн газар Их хуралд асуудал оруулж ирсэн бол түүнийгээ хамгаалах ёстой. Түүнээс асуудал оруулчихаад та нар шийд гээд хаячихаж болохгүй. Хэрэв ингэх юм бол асуудал оруулах ч шаардлагагүй. Асуудал оруулна гэдэг чинь бодож боловсруулж, төлөвлөж, судалгаа тооцоон дээр суурилж оруулж ирснээ хамгаалах явдал юм.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байсан ч чуулган зарлагдсангүй. Уг нь төсвийн тодотголоо батлаад ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулах ёстой юм билээ?

-Өчигдөр Германаас ирсэн болохоор мэдээлэл авч амжаагүй байнаа. Миний хувьд ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ л гэж ойлгож байсан. Гайхаад л сууж байна даа. Уг нь ээлжит бус чуулган зарлана шүү, бэлэн байгаарай гэж хэлсэн л дээ. Судалж үзсэнийхээ дараа ярьсан нь дээр байх.

-Эдийн засгийг тэтгэчих ямар салбарууд харагдаж байна вэ?

-Эдийн засгийн эерэг нөлөөлөл харагдаж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсч байна. Малын гаралтай түүхий эд тэр тундаа ноос, ноолуурын үнэ өсөх хандлагатай байгаа гээд яривал болж байна л даа. Бид түүхий эдээс хамааралтай улс болж болмооргүй байгаа юм. Түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг нь өсөөд уруудахаар дагаад урууддаг байж болохгүй. Олон орны туршлагыг судалж үзэхэд эдийн засгийн хөдөлгүүр нь алт, ноолуур, нүүрс, мал аж ахуй биш юм билээ. Харин гол цөм нь хүн. Хүнээ хөгжүүлсэн газар баялаггүй байсан ч хөгждөг. Түүхий эдийн үнэ өсөөд эдийн засагт өөрчлөлт гарч болох ч хүнээ хөгжүүлээгүй бол буцаад л урууддаг. Хүн бүр ажилтай байх энэ чиглэл рүүгээ л хандах ёстой. Ингэж улс хөгжинө.

-2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг гурван хувь гэж гаргасан ч ОУВС -0.2 хувь гэсэн байх юм. Яагаад ийм зөрүү гарчихав аа?

-Эдийн засгийн өсөлтийг өндөр гаргах боломж бий. Үүний өмнө хийх ажлууд ч их байна. Бид гадны зээл, тусламжаар хөгжинө гээд бадар бариад явах юм бол улс орон хөгжихгүй. Авсан зээлээ үр дүнтэй ашиглах л чухал. Монгол хүн л өөрийгөө хөгжүүлэхгүй бол өөр хэн ч хөгжүүлэхгүй. Өнөөдөр түр зуур амь аргацааж хэдэн төгрөг авч байвал болоо гэдгээр асуудалд хандаж болохгүй. Хэдэн жилийн дараа Монгол Улс ямар үр дүнд хүрэх вэ гэхэд ажлын байр, үйлдвэрийн эзэд олноороо бий болчихсон, өндөр мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон байх ёстой.

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор сольж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ. Өнөөдрийн нөхцөлд үүнээс өөр хувилбар байхгүй гэх юм билээ?

-Бондын эргэн төлөлтийг хийхгүй бол Монгол Улсын нэр хүнд олон улсад улам л унах эрсдэлтэй. Тиймээс ямар ч байсан эхний удаа төлж байгаа нь зөв. Бидэнд хүүгийн дарамт үнэхээр дарамт болж байгаа. Бага хүүтэй бонд авах ёстой л доо. Бага хүүтэй бондоо өндөр хүүтэй бондоор сольж байгаа нь харамсалтай. Өмнөх бондын мөнгөнүүдийг үр ашигтай зүйлд зарцуулсан бол өөрөө өөрийгөө эргэн төлөөд явах учиртай юм. Гэсэн ч тэгж чадаагүй, бид.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон юм чинь гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх гэсэн найдлага бий. Та ямар бодолтой яваа бол?

-Гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Ингэхийн тулд төр засаг нь тогтвортой, хоорондоо зөрчил багатай, хэлсэндээ хүрдэг байвал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчдыг бэлдэх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид ороод ирлээ гэхэд мэргэжилтэй ажилтан манайд хэд байгаа билээ. Хөрөнгө оруулагчдын хэмжээнд сэтгэдэг, хамтран ажиллагч хэд байгаа юм. Тиймээс бид хүнээ л бэлдэх шаардлагатай. Гадны хөрөнгө оруулагчид чухал, дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих нь түүнээс ч илүү чухал.

-Таныг зарим гишүүдийн хамт ХБНГУ-д айлчлал хийгээд ирсэн гэж дууллаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн асуудал хөндөгдсөн байх гэж бодсон юм л даа…

-ХБНГУ-ын Бундестагийн урилгаар бид айлчлаад ирлээ. Хоёр жил тутам хоёр орны парламентын бүлэг бие биенээ харилцан урьдаг юм. Тэр хүрээнд яваад ирлээ. Ноднин Германы талаас манайд айлчилсан бол энэ удаа бид айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, Д.Цогтбаатар, Д.Гантулга гэсэн бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Германы тал маш өндөр хэмжээнд хүлээж авсан. Монголын парламент, Германы Бундестагийн хоорондын харилцааны талаар болон хийсэн ажил, хийгдэх зүйлсийн тухай ярилцлаа. Хоёр орны парламентын бүлгийн ажлууд идэвхтэй явж ирсэн юм. Тэднээс туршлага судлахаар зүйлс ч бий. Германы парламентын бүлгийн дэд даргатай уулзаж санал солилцсон. Мөн Бундестаг дээр биднийг урьж танилцуулан, Ангела Меркель баяр хүргэсэн гээд уулзалт өргөн хүрээнд өрнөсөн.

Германы талаас Афганистанд алба хааж байгаа цэргүүдэд сэтгэл хангалуун байгааг уулзсан хүн бүр хэлж байсан. Манай батлан хамгаалахынхан өндөр хэмжээнд бэлтгэгдсэн гэдгийг онцолж байлаа. Миний хувьд гадаад бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцсан. Эдийн засгийн хямралтай үед Монгол Улс гадаад дотоодын зээл тусламж авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн эдийн засгийн хямралыг даван туулахад хэрхэн хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн. Мөн Германд боловсон хүчин бэлдэх талаар яриа өрнөсөн юм. Ялангуяа Германд мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх тал дээр жижиг дунд үйлдвэрийн эздийг бэлдэх, их, дээд сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Миний яриад байдаг ажилсаг монгол хүнийг бий болгоё гэвэл үйлдвэрийн эздийг бэлдэх ёстой юм. Германд бол нэгдүгээрт мэргэжилтэй ажилтан бэлдэх, хоёрдугаарт гар урчууд, мастерууд буюу жинхэнэ үйлдвэрийн эздийг бэлддэг, гуравдугаарт ажил дээр сургаж авч онолын мэдлэг олгодог системтэй юм билээ. Энэ тал дээрээ манай улстай хамтран ажиллаач гэдэг хүсэлт тавихад нааштай хүлээж авсан. Миний айлчлалаас яаран ирэх болсон шалтгаан нь ирэх пүрэв гаригт Төрийн ордонд Германд сургууль төгсөгч 1000 хүний чуулга уулзалтыг хийх ёстой юм.

-Германд ер нь хэчнээн хүн сургууль төгссөн байдаг вэ?

-30 гаруй мянган хүн сургууль төгссөн байдаг. Тэднээс 1000 хүний төлөөлөл оролцсон чуулга уулзалт болох юм л даа. Чуулга уулзалтын үеэр Германы парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йохан Фухтел 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айлчилна. Айлчлалынхаа үеэр чуулга уулзалтад оролцож үг хэлэхээр болсон. Айлчлалын 30 гаруй хүний бүрэлдэхүүнд улстөрч, бизнесийн салбарынхан ирнэ.

-Германд боловсрол эзэмшсэн 30 гаруй мянган хүн байдаг юм бол хэр үр бүтээлтэй ажилладаг юм бэ?

-Тэнд сургууль төгссөн хүмүүс өөр өөрийнхөө хэмжээнд маш сайн ажиллаж байгаа нь судалгаанаас харагддаг. Ялангуяа эрдэм шинжилгээний тал дээр хэнийг ч дагуулахааргүй болж. Өөрөө өөрийгөө аваад явж байгаа нь сайн хэдий ч баг болж улс орныхоо төлөө ажиллах боломжийг энэ чуулга уулзалтаар олгох юм. Улс орныхоо хөгжлийг Герман маягийн сахилга бат хариуцлагатай болгохын тулд “Ажилсаг Монгол-Хөгжлийн тулгуур” нэрийн дор энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

-Германчууд Монгол Улсын аль салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орсны дараа хамгийн их тусламж үзүүлсэн орон Япон. Харин Герман түүний араас хоёрдугаарт бичигддэг юм. Германчууд манай улсад үнэнийг хэлэхэд болгоомжтой ханддаг. Учир нь төр засаг нь өөрчлөгдөж тохирсон ажил буцах эрсдэлтэй гэж болгоомжилдог. Германы ноу хау дэлхийд номер нэг. Манай улсад байгалийн гаралтай түүхий эд, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нь байна уу, байна. Хоёр том зах зээл байна уу, байна.

Тиймээс манай оронд хөрөнгө оруулаад Герман стандартын бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллаач ээ гээд хөрөнгө оруулалт татах тал дээр нэлээд ярилцаж байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцөл гайгүй болчихвол тэд найдвартай хөрөнгө оруулагч мөн үү гэвэл мөн.


Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: “Хуралдай” бондын нөхцөл санхүүгийн үр ашгийн хувьд өмнөхөөсөө ашиггүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй болж. Хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Евро бондын эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн хэмээн тайвширчихав уу гэж ойлголоо. Та харин ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан ч одоогоор өргөн бариагүй байна. Төсвийн тодотголоо өргөн бариагүй тул ээлжит бус чуулган зарлагдсангүй. Гишүүд ээлжит бус чуулган зарлагдана гэсэн хүлээлттэй байсан ч МаН-ын бүлгийн даргын хэлснээр төсвийн тодотголыг энэ сард хэлэлцэхгүй нь ойлгомжтой боллоо. Тиймээс хаврын чуулганд шилжиж байх шиг байна.

-Эдийн засаг ийм хүнд байхад хугацаа хожих нь эдийн засагтаа л нэмэртэй баймаарсан. Бондын эргэн төлөлтийн асуудлыг өөр бонд босгох замаар шийдсэн нь алгуурлах шалтгаан болох уу?

-Ямар шалтгаанаар төсвийн тодотголоо өргөн бариагүйг мэдэхгүй. Цаана нь өөр учир шалтгаан байх шиг байна. Евро бондын эргэн төлөлтийн нөхцлийг өөр бондоор сольсон нь бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдал байсаар байгаа тул алдагдлыг нөхөх хувилбарыг шийдэлгүйгээр цаашид эдийн засгаа сэргээх талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хаврын чуулганы эхний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх байх гэж найдаж байгаа. -Өнгөрөгч долоо хоногт та болон танай бүлгийн зарим гишүүд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакертай уулзсан. ОУВС-гийн төлөөлөгч уулзалтын үед ямар байр суурь илэрхийлсэн бэ. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдана гэдгээ тохирсон ч төсвийн тодотголоо заавал хийх ёстой гэдгийг хэлж байсан л даа?

-ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлыг дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хурлаас тав хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотгол, дагалдах хуулиудаа баталсан байх, хоёрдугаарт, банкуудын үйл үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт гаргах аудитын байгууллагаа сонгосон байх, гуравдугаарт, Монголбанк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгаагаа гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлт захиагаа Засгийн газарт хүргүүлсэн байх тохиролцоотой гэдгийг хэлсэн. Тиймээс цаг хугацааны хувьд нилээд шахуу болсон байна.

-ОУВС-гийн төлөөлөгчөөс танай бүлгийн гишүүд ямар зүйлсийг илүүтэй сонирхов. ОУВС-гийн суурин төлөөлөгч юу гэж байх юм?

-Хөтөлбөрийн нөхцлийн хувьд Сангийн сайд мэдээлсэн. 440 сая ам.долларыг шууд Монголбанкинд байршуулж төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа нь зөв гэж бодож байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ, Япон улсын засгийн газрын өгөх гурван тэрбум ам.долларын заримаар нь төсвийн алдагдлыг нөхөж, дотоодын өртөг өндөртэй Засгийн газрын бондын хүүгийн төлбөрийг бууруулж байгаа нь яах аргагүй хийх ёстой зүйл.

Харин Солонгос, Японы эх үүсвэрээр тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэж тохиролцож байгаа хэдий ч ямар төсөл гэдгээ тодруулаагүй, Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ гэж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эдийн засгийн хувьд үр ашигтай, экспортын орлогыг нэмэгдүүлэх зөв төслийг сонгох нөхцлийг хөтөлбөртөө тодорхой тусгаж өгөхийг хүссэн.

Мөн ОУВС төсвийн хэмнэлтийн тал дээр бага анхаарсаныг асууж тодруулсан. Тухайлбал, төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах, бүтцийн өөрчлөлт хийх талаар хөтөлбөрт огт тусгагдаагүй. Эсрэгээрээ нийгмийн халамжийн зардлыг хэвээр хадгалж, татваруудыг нэмж байгаагийн учир шалтгааны талаар харилцан ярилцсан.

Ерөнхийдөө валютын сангийн хөтөлбөрийн үр дүнг дүгнэж харвал Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд эрүүлжүүлэх суурь өөрчлөлтүүдэд бага анхаарч, ойрын хугацааны гал унтраах тал руу илүү анхаарсан харагдаж байгааг хэлсэн.

АН-ын бүлэг ОУВС-ийн хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч хэд хэдэн зүйл дээр илүү үр дүнд хүргэх хувилбаруудыг анхаарч үзэхийг санал болгосон. Жишээлбэл, урсгал зардлыг танаж, хэмнэхгүйгээр хөрөнгө оруулалтын зардлыг царцааж байгаа нь дунд, урт хугацаанд эдийн засгийг боомилох муу талтай. Тиймээс дэд сайдууд, Засаг дарга нарын орлогчид, бүтцийн хувьд нийлүүлж болох агентлагуудын зарим удирдлагууд, сангууд гээд урсгал зардал их гаргаж байгаа үйл ажиллагаа, хөрөнгийн зардлуудыг танах нь оновчтой бодлого болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн сонгуулиар амласан амлалтуудыг хэрэгжүүлэхээр хийгдэж байгаа нийгмийн халамжийн санхүүжилтүүдийг түр зогсоож, нөхцөл байдал сайжрахын хирээр хэрэгжүүлэх боломж байгаа. Хамгийн гол нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, амьжиргааны өнөөдрийн хүрсэн түвшинг аль болох бууруулж, муутгахгүйгээр бусад боломж нөөцөө ашиглахыг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас шаардах нь зөв юм.

-Евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор солих нь хэр зөв шийдэл вэ?

-Тулсан төлбөрөөс гарч, нэг удаадаа амьсгаа авч байгаа нь сайн ч яг эдийн засаг, санхүүгийн үр ашигтай байдал талаасаа ашиггүй хувилбар. Учир нь 100, 200 сая ам.долларыг нь ч гэсэн дотоод боломжоосоо төлөөд үлдсэн дүн дээр нь шинэ бонд гаргасан бол ашигтай байх байсан. Хүүгийн зардлын хувьд өмнөхөөсөө дордсон. Өмнө нь бондын жилийн хүү 5.5 хувь байсан бол энэ бондын хүү 7.7хувь болсон. Энэ бондын эргэн төлөлт 2024 онд хийгдэнэ. Нэг үгээр хэлбэл, энэ Засгийн газрын үед амсхийх боломж ч дараагийн Засийн газрын хувьд өрийн хэмжээ тэр хэвээрээ л үлдэж байна.

-Эдийн засаг хямралтай байгаа энэ үед татваруудыг нэмэх нь хэр оновчтой шийдэл вэ. Хувийн хэвшлийнхэн ихээр хаалга барьж байгаа үед дарамт болно гэж харах хүмүүс нэлээд байна?

-Татвар тус бүр дээр ярих нь илүү оновчтой байх. Төсвийн нийт орлогын хувьд татварын болон татварын бус аль аль бааз сууриа нэмэх шаардлагатай байгаа. Зарим төрлүүдийн татварыг нэмэх боломжтой. Гэхдээ тухайн төрлийн татварыг нэмсэнээр хэдэн хүнийг хамрах вэ, татвар төлөх боломжтой хүмүүст татвар тавьж байна уу, боломжгүй хүмүүс дээр нэмэлт дарамт болох гэж байна уу гэдгийг сайн тооцоолж үзэх хэрэгтэй. Жижиг хадгаламж эзэмшигчдийн хувьд татвар төлөх хүнд байх. Бензин, шатахууны импортын татварыг нэмлээ гэхэд шууд утгаараа тээврийн зардал дээр нэмэгдэнэ. Тиймээс шатахууны импортын татвар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг тул өнөөдрийн нөхцөлд нэмэр болохоосоо илүү дарамт болж очно. Хөдөлгүүрийн багтаамж өндөр авто машинуудын татварыг нэмэхэд болно гэх мэт Засгийн газраас төсвийн тодотгол, дагалдаж батлагдах татварын хуулиудын төсөл өргөн баригдаагүй байна. Өргөн баригдсаны дараа нь сайтар судалж байж АН байр сууриа илэрхийлэх болно.

-Төсвийн хэмнэлтийн талаар?

-Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулна гэж ярьж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа. Гэсэн ч ярьж байгаа шигээ бодит байдалд хэмнэлтийг дорвитой хийгдэж байна уу гэвэл үгүй. Шилэн дансаа ч хөтлөхөө байсан. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавиад гурван сар болж байна. Таг чиг л байх юм. Хаврын чуулган эхлээд сайдуудын төсвийн зарцуулалтын явц байдлын тайланг Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Эдийн засаг хүнд байгаа ч нүүрсний үнэ нэмэгдсэн гээд сайн мэдээ дуулдах л юм. Эдийн засагт эерэг үр дүнгүүд хэр ажиглагдаж байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед тэдгээрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх бодит боломжоо ашиглаж чадвал их хэрэгтэй байна. Энэ чиглэлийн төслүүдийг хөдөлгөх хувилбар дээрээ бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж чадвал цаг хожино. 2017 оны төсвийг батлахдаа таван том төслийг хөдөлгөн эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж тооцсон. Гэвч Сангийн сайдын хэлснээр Гацууртын орд хөдөлж, бусад нь хөдлөхөөргүй болж байх шиг байна. Энэ Засгийн газрын хамгийн чухал ажил боловч ахихгүй байгаа нь харамсалтай.

-Сангийн сайдын хэлснээр төрийн албаны данхар бүтцийг багасгах шийдэл нь боловсрол, эрүүл мэнд, онцгой, цагдаагийн алба хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарахад оронд нь нэг хүн ажилд авах, бусад салбаруудаас тэтгэвэрт гарахад хүн ажилд авахгүй байхаар болсон байна лээ…

-Энэ хувилбарыг дэмжиж байгаа. Гэхдээ хэлбэрийн төдий биш чанарын хувьд төрийн албанд бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байгааг илүү анхаарвал сайн. Жилд хэдэн хүн тэтгэвэрт гардаг, тухайлбал 2017-2020 онд тэтгэвэрт гарах хүн хэд вэ, хоёр хүний оронд нэг хүн эргүүлж авахад хэдэн жилийн дараа төрийн алба байх ёстой хэмжээндээ хүрч очих вэ гэдэг тооцоонд суурилж бодох хэрэгтэй. Эрх баригч намынхан маань төрийн албанд сүүлийн дөрвөн жил 40-өөд мянган илүүдэл хүн шургалсан гэж улс төр хийх дуртай. Тэгвэл хөтөлбөрийн үр дүнд 40 мянган илүү орон тоо хэмнэгдсэн байх ёстой болноо доо.

-Төсвийн тодотголыг харж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг угтчихав уу гэж хардаж болохоор байна. Учир нь халамжийн чиглэлийн мөнгөнүүдээ танаагүй байж нэмээд халамж өгч эхэлсэн байна л даа?

-Хардлага биш. Улс төр ойлгодог хүн бүр үүнийг тэгж харж байгаа. Тиймээс төсвийн тодотголоо хурдан хийж, эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого руугаа шууд орчихож чадахгүй байна. Сонгуулийн үр дүнг бодолгүй Сангийн сайдын хэлсэнчлэн улсаа нэгдүгээрт тавьж чадах байхаа гэж найдаж байна.

-Засгийн газар байгуулагдаад хагас жилээс хавьгүй их хугацааг үдсэн байна. Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Би Засгийн газрыг удаан ажиллаж байна гэж их шүүмжилдэг. Харин сүүлийн үед энэ бодол өөрчлөгдөж байгаа. Засаг нь ажиллах гээд зүтгэж байхад бүлэг нь дэмжихгүй унагаж буй олон асуудал гарлаа. Сая л гэхэд Сангийн сайд төсвийн тодотгол бэлэн, Засгийн газар дэмжсэн, одоо УИХ-ын асуудал гэсэн боловч чуулган зарлагдсангүй. Тиймээс асуудал Засгийн газартаа биш бүлэгтээ байгаа юм уу гэсэн бодол төрөх болсон.

-Гэхдээ процесс өмнөх Засгийн газар, парламентиудын үед байсан л асуудал. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Үндсэн хуулиар л шийднэ. Хоёр гурван асуудлын хүрээнд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл, Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж чадах чадамжийн хувьд үндсэн хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох нь чухал байна.

-Ардчилсан намын шинэчлэл явагдаж байна. Намынхаа тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Ардчилсан намынхны хувьд нэгдэж чадаж байна уу?

-Намын гишүүд намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тойрч ярилцдаг, олон ургальч үзэлтэй байх нь зөв. Гэхдээ нам бүхэлдээ нэг л байгууллага тул эцсийн бодлого, шийдвэр дээрээ нэгдмэл байр суурьтай байж, зангидагдаж байх учиртай. Намыг дэмжигчид намаас гаргасан эцсийн шийдвэрийг л дэмжиж, сонгуульд саналаа өгдөг. Гэтэл манай намынханы хувьд зангидагдаж чаддаггүй нэг том дутагдал байна. Энэ дутагдал одоо ч ажиглагдаж байна. Өөр өөрийнхөөрөө зүтгэж, бие биедээ тулган шаардлага хүргүүлсэнээр хэн ч хожихгүй, эв нэгдэлгүй, удирдлага зохион байгуулалт муутай нам болгож харагдуулж байна. Ялангуяа дотоод асуудлаа нийгмийн дунд шууд л гаргаж, маргалдсаар нэрээ барж ялагдсан. Зөрчлөө намынхаа тогоон дотроо шийддэг соёл, журамд шилжиж, цаг үедээ тохирсон байдлаар шинэчлэлээ эрчимжүүлэхэд ялангуяа намын нэрийн өмнөөс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, энэ намын нүүр царай болж байсан хүмүүс маань илүүтэй анхаарч, манлайлж, намын удирдлагаа тойрч ажиллаасай гэж уриалмаар байна. Улс төрийн том намын хувьд их ялагдлын дараа намын удирдлагуудаа тойрч ажиллах цаг гэдгийг л ойлговол шинэчлэл шуурхай, үр дүнтэй явагдана. Жирийн гишүүд бидний хувьд намынхаа шинэчлэлд итгэл дүүрэн байгаа.

-Ардчилсан намынхан дотоод сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авч эхэллээ хэмээн шуугиж эхэллээ. МАН-ын 60 тэрбум шиг 10 тэрбумыг босгох ажилдаа орлоо гэж шүүмжилж байгаа дээр ямар бодолтой байгаа вэ?

-Намын дотоод сонгуулийн явуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Ямар нэгэн байдлаар сонгуульт албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүс тодорхой хэмжээний дэнчин тавьж сонгуулийг санхүүжүүлэхгүйгээр ялагдсан намыг дэмжих хандивлагч нар олдохгүй.

Харин дэнчингийн хэмжээ тохирсон хэмжээ мөн үү гэдгийг тооцоон дээр суурилж, дотоод сонгуулийн хороо эргэж харах байх. Намын бүх гишүүдийн татвар гэхэд 268-хан сая л болох учраас сонгууль явуулахад хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Бие биенээ буруутгах өнцгөөс нь биш харилцан ойлголцох талаас нь асуудалд хандвал шийдлийн гарц байгааг дэнчинг эсэргүүцдэг талынхан маань ойлгоосой гэж хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат эдийн засагч Ш.Батбаяр: Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Соёл-Эрдэм дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Шийлэгийн Батбаяртай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан танд баяр хүргэе. Шинийн дөрөвний өдөр л ажлаа хийгээд сууж байх юм аа, та?

-Баярлалаа. Энэ сайхан жилийн босгон дээр төр хийсэн ажлыг минь үнэлсэнд талархаж байна. Нэг зүйл хэлэх үү.

-Тэг л дээ…

-“Залуучуудад гавьяат өгдөг. Тэр гавьяатын цол тэмдэгтэй хамт сар бүр тодорхой хэмжээний мөнгө улсаас авдаг байхгүй юу. Тиймээс алсдаа үүнийгээ хорьж, одоохондоо татгалзах хэрэгтэй” гэж ярьсан хүн нь би л дээ. Чамд өгчихвөл яах нь вэ харъя гэсэн шиг гавьяат цол өгчихлөө.

Би 70 гарлаа эдийн засаг, нийгмийн салбарт өөрт байгаа бүхнээ зориулж яваа хүн. Анх Эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхлээд Хөдөлмөр, нийгмийн хангамжийн улсын хороо буюу бидний хэлдгээр цалин хөлсний хороонд ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн салбарт өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Сүүлийн 40 гаруй жилийн ажил амьдрал маань хөдөлмөрийн салбартай салшгүй холбоотой явж ирлээ. Нэг хэсэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Социализмын үед үйлдвэрчний зөвлөл чинь Аж байдлын яамархуу байсан гээд бод доо. Үүний даргаар ажиллана гэдэг чинь өнөө л хөдөлмөрийн салбартайгаа “зууралдаж” байна гэсэн үг. Дараа нь Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч даргаар очихдоо хүртэл нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараа л хариуцаж байсан. УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж байв. 2000-2004 оны хооронд гэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажилласан. Сайдаар ажилласан он жилүүд маань төрд зүтгэх сүүлийн жилүүд байсан юм. Түүнээс хойш “Соёл-Эрдэм” дээд сургууль, янз бүрийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахдаа нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр л явж иржээ. Ухаандаа бол, Монгол Улсын гавьяат эдийн засагч биш Нийгмийн хамгааллын гавьяат ажилтан гэдэг цол байсан бол түүнийг л хүртэх ёстой байсан байх.

-Гэхдээ та чинь эдийн засагч мэргэжилтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдийн засгийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн эдийн засагч, төлөвлөгч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Социализмын үеийн миний хөдөлмөрийн намтар, зах зээлийн нийгэмд ажилласан хөдөлмөрийн намтар хоёр яг тэнцүү.

-Тэнцүү гэдэг нь…

-24, 24 жил хоёр нийгмийн үед ажилласан байна. Тэр утгаараа би өөрийгөө өнгөрсөн нийгмийн хүн гэж үздэггүй. Шинэ нийгмийн хүн гэхээр бас биш болчих гээд байдаг нэг тийм хүн дээ. Хоёр нийгмийн дунд 24 24 жил ажилласан энэ цаг үед Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдлаа. Би шагнал энэ тэр гээд яваад байдаг хүн биш. Гэхдээ авах цаг нь болсон юм байна гэж бодож суулаа.

-Та хоёр шинэ, хуучин хоёр нийгэмд аль альд нь тэнцүү цаг хугацаанд төрийн алба хашжээ. Хоёр өөр нийгмийн эдийн засаг, нийгмийн талбарт ямар өөрчлөлтүүд гарсан бол?

-Өөрчлөлтийн хувьд маш олон зүйл өөрчлөгдсөн. Эдийн засгийн хүч социализмын үеэс хэдэн арав дахин нэмэгдсэн. Капитализм сайндаа ч биш. Нийгмийн хөгжлийн чиг хандлага нь ийм болчихсон юм. Төлөвлөгөөний эдийн засаг, санхүүгийн эдийн засаг гэхчилэн эдийн засгийн олон хүчин зүйлс социализмаас капитализмд очихдоо бараг хүчингүй болох явдагт их байдаг. Социализм, капитализмын үед аль алинд нь хүчин төгөлдөр хоёр мэргэжил байдаг нь нягтлан бодох, хөдөлмөрийн эдийн засаг. Хөдөлмөрийн эдийн засаг гэдэг нь хэн, юуг, хэдий хугацаагаар хийх вэ. Түүнд хэдэн төгрөг өгөх вэ, улсын хэмжээнд хэчнээн хүн ажиллаж, хэдэн төгрөг болох вэ гэдгийг тооцдог тул аль ч нийгэмд энэ аргаар явдаг. Хөдөлмөрийн эдийн засаг бол хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн бүтээмж юм. Энэ аль ч цаг үед хүчингүй болдоггүй. Одоо ч тэр зарчмаараа явж байна. Тиймээс надад мэргэжлээ солих шаардлага гараагүй. Энэ сургуульдаа хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн зохион байгуулалтын хичээл зааж байна. Хөдөлмөрийн чиглэлээр би 40 гаруй жил ажилласан тийм л хүн.

Таны асуусанчлан өөрчлөлтүүдийн тухайтад эрс ялгаа бий. Өмчийн харилцаа өөрчлөгдсөн, хувь хүмүүсийн идэвх дээр тулгуурладгаас эхлээд олон зүйлийг хэлж болох. Гэхдээ хөдөлмөрийн эдийн засаг дээр тулгуурладаг зарчим өөрчлөгдөөгүй. Социализмын үед нэг хүн өдөрт 40 ширхэг талх хийдэг байсан бол өнөөдөр ч гэсэн 40 ширхэг талх хийж байгаа. Технологи нь л өөрчлөгдөөгүй бол социализмын үеийн хөдөлмөр, капитализмын үеийн хөдөлмөр яг адилхан. Гагцхүү хийсний дараа тэр талх борлогдох уу, үгүй юү, хүний хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь л өөр. Өөрийн мэргэжлийн хүрээнд л ярьж байна шүү. Улс төрөөс эхлээд бусад зүйлс танигдахын аргагүй өөрчлөгдсөн.

-Та Эдийн засгийн хүрээлэнд эрдэмтнээр ажиллаж байгаад төрийн албанд шилжиж сүүлд нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртлээ явсан байдаг. Энэ бүх замналыг эргэн харахад ямар мэдрэмж төрдөг бол. Бэрх зүйлс их байв уу?

-Сургуулиа төгсөөд л Эдийн засгийн хүрээлэн гэж шинэ тутам байгуулагдсан хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар залуухан хүү анх очиж байлаа. Тэнд дөрвөн жил ажиллаж байтал Эрдэмтэн нарийн бичгийн дарга болгочихдог юм. Надтай хамт мундаг хүмүүс зэрэгцээд ажиллаж байтал эрдмийн зэрэггүй намайг ингээд дэвшүүлчихсэн. Албан тушаалынхаа рольд итгээд туршлага багатай хүн захиргааны ажил, эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байлаа. Гэтэл Хөдөрмөр, нийгэм хамгамжийн улсын хорооноос Хөдөлмөрийн институт шинээр байгуулагдсан гээд намайг захирлаар явъя гэлээ. Би ч үг дуугүй л явсан. Тэнд ажиллаж байгаад Улаанбаатар хотын захиргаанд хоёр жил ажиллаж байтал зах зээлийн нийгэм гарч ирсэн. Тухайн үед намыг шинэчлэх бүлгийн гишүүн болчихсон явлаа. Тэгсэн МҮЭ өөрчлөгдөхөөр болж намайг Төв зөвлөлийн даргаар одоогийнхоор ерөнхийлөгчөөрөө авсан. Тэнд хоёр жил ажиллахдаа үйлдвэрчнийг тогтоон барих үүргээ биелүүлсэн. Одоо хэр нь хэвээрээ байгаа ганц байгууллага шүү дээ. Гэхдээ нэлээд ардчилагдсан, түүнийг нь би хийсэн.

1992 оны УИХ-ын сонгуульд намайг намаас нэр дэвшүүлсэн. Миний сонирхол уг нь МҮЭ-дээ л байх гээд байсан юм. 1996-2000 оны хооронд хоёр удаа Их хурлын гишүүнээр сонгогдож, 2000 онд нам ялаад намайг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилсон.

-Таныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед нийгмийн халамж, даатгал жинхэнэ утгаараа хөлөө олж эхэлж байсан үе. Тэр цаг үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар бодол төрж байна вэ?

-Намайг УИХ-ын гишүүн байхад Хөдөлмөрийн яам байсан. Одоогийн системийн үндэс болсон зүйлсийг Хөдөлмөрийн яам боловсруулж, би Их хуралд оруулдаг байлаа. Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үндэс 2000 он гэхэд тавигдаж, хэрэгжилт нь намайг сайд байх үед таарч байх жишээтэй. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Гадаадад ажиллах хүч оруулах, гаргах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль гээд одоо ч мөрдөгдөж буй хуулиудын үндсийг тавьсан. Өнөөдрийг хүртэл хуулиуд хэрэгжиж байгаа нь дэлхийн зах зээлийн хөгжилд нийцсэн зүйлсийг л Монголын хөрсөн дээр буулгаж авч ирсэн юм. Түүнээс цоо шинэ нээлт хийчихсэн юм биш. Цаг үеэ олсон байж дээ гэж харж байгаа. Нийгмийн даатгал гэхэд ард иргэд болон байгууллагаас Нийгмийн даатгалын санд тушаадаг хувь хэмжээг нэмэгдүүлсэн байх жишээтэй. Зүй тогтлынхоо хүрээнд хүний ачаанд үүрэгдэх зүйл ч нэмэгдсэн. Гэхдээ хаа очиж ард түмэн сайнаар хүлээж авсан юм. Үүний хажуугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай гэж нэлээд социалист шинжтэй хууль батлагдсан. Улсын төсвийн гурван хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу шууд оруулдаг. Гадаадад гурван жил дамнасан хэрүүл болдог зүйлийг гурван долоо хоногийн дотор шийдэж байлаа. Тухайн үед Сангийн сайд төсвийн гадуур төсөв боллоо гээд эсэргүүцэж л байсан. Өөрийн нэр хүнд Засгийн газрын дэмжлэгээр бүтсэн юм. Одоо болтол хэрэг болж байна.

-Эдийн засгийн хямрал бодит утгаараа манайд нүүрлэчихлээ. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан хүний хувьд хямралыг даван туулах боломжийг юу гэж харж байна вэ?

-2016 оны дунд хүртэл эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас эхлээд гадны байгууллагууд үүнээс цааш унаж болохгүй гэдгийг хэлчихсэн. Сүүлийн зургаан сард Засгийн газар солигдсон ч эрс өөрчлөлт хийх боломж байсангүй. Ямар ч байсан аяндаа өөдлөх төлөв рүүгээ орчихлоо. Гэхдээ энэ ондоо эдийн засгийн өсөлт гарна гэдэг юу л бол. “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Онгоцны хушуу өндийлөө” гэж ярьдаг байлаа. Одоо бол онгоцны хушуу өндийж байна гэж ойлгож болно. Нэг зүйл хэлье. Би улстөржих дургүй ч заавал хэлэхгүй бол болохгүй зүйл байна. МАН-ыг засгийн эрх барьж байхад ард түмэн хүлээцтэй байдаг юм. МАН-ынхан буруу хийлээ гэхэд хэтрүүлэхгүй, идлээ гэхэд хэтрүүлэхгүй гэж боддог итгэл өнөө хүртэл байсаар байгаа. Нэгдүгээрт, ард түмний итгэл байгаа учраас онгоцны хушуу өндийхөд нөлөөлж байна л даа. Хоёрдугаарт, олон улсын байгууллагууд манайхыг эрх барихад бас нааштай ханддаг юм. Туйлширч дөвчигнөхгүй, фракцалж нааш цааш болохгүй тул тогтвортой хөгжил байна гээд нааштай ханддаг. Гуравдугаарт, азных ч байдаг юм уу юуных ч байдаг юм экспортын түүхий эдийн ханш өсөөд ирдэг. Ийм нөхцөлд би өөдрөгөөр харж байгаа. 2018-2019 оноос эдийн засгийн өсөлт нэлээд сайн гарах болов уу гэж боддог. Үүнийг сая авсан Олон улсын валютын сангийн хөтөлбөр харуулж байна. ОУВС манай намтай ажиллаад сурчихсан. Манай намынхан ч гэсэн цаад нөхдүүдийн болзол тулгалтыг зоригтойгоор хүлээгээд авчихдаг. Учир нь ард түмний дэмжлэгт найддаг. Тахиа жилийг бэлгэ дэмбэрэл энэ тэр гэхээсээ илүү хөгжлийн бодит хандлагаараа наашлах жил л гэж харж байгаа. Хөдөлмөр тэртээ тэргүй хүн ажиллаж, ажлын байраар хангагдах ёстой. Юм наашилна гэдэг чинь хөрөнгө оруулалт орж ирж ажлын байр бий болно гэсэн үг.

-Та МАН, ОУВС хамтран ажиллаад сурчихсан гэлээ. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт олон удаа хамрагдах нь эрсдэлтэй гэж байгаа. Грек, Украины хувь заяа хүлээж байна гэх юм. Манайхны алдаа юу вэ?

-Бид дотоодын хүчин зүйлсээрээ хөгжиж чадахгүй улсын нэг.

-Мал аж ахуйн салбар энэ тэр нь яачихсан юм бэ. Тийм нэмэргүй салбар уу?

-Нэмэртэйгээр барах уу. Маш их нэмэртэй. Гэхдээ хөгжлийн хурдасгуур биш байхгүй юу. Хөгжилд хурдасгуур хэрэгтэй байдаг бөгөөд тэр нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон үед дотоодынхоо нөөц боломжоор маш аажуухан хөгжлийн замаар явна. Тэр нь ч бас тогтвортой хөгждөггүй. Тиймээс өнгөрсөн үеийн алдаа фракц, зөрчил байсан тул гадаадын хөрөнгө оруулалт нүүрээ буруулсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг яльгүй зардал, яльгүй мөлжлөгөөр хүлээж авахгүй бол орж ирэхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт одоо наашлах байх. ОУВС-тай гэрээ байгуулна гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдад нааштай урилга болж харагддаг. Хятад, Орос хоёр хөрш хүртэл монголчууд ОУВС-тай тохирч чадах нь уу үгүй юү гэдгийг л харж байгаа. Хятад одоо хөнгөлөлттэй зээлээ өгч, оросууд амласнаа өгөөд эхэлбэл дэлхийн орнууд энэ мэтээр хандах учиртай юм. Монголынхоо эдийн засаг, хөгжлийг би бараанаар харахгүй байна. Энэ Засгийн газар бодлогын ноцтой алдаа хийхгүй. Харин хэтэрхий хаширлаж, болгоомжилж байгаад хугацаа алдаж мэднэ.

-Манайх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх гэж байна. Халамжийн чигийн бүх зүйлсээ л бараг зогсоо гэсэн байна лээ. Яах ёстой юм бол?

-Намайг сайдаар ажиллаж байхад арай ч өнөөдрийнх шиг хавтгайрсан халамж олгож байгаагүй. Жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглэсэн зүйлсийг эхлүүлсэн боловч үе үеийн Засгийн газрууд дөрвөн жилийн хугацаатай тул үргэлж популист амлалт өгдгийн гайгаар ийм болсон. АН, МАН аль нь ч ялгаагүй тийм болж. Үүнийг нь ОУВС үргэлж өөнтөгчөөр хардаг. Залуухан дуучид гавьяат болж сар бүр нийгмийн халамжийн сангаас мөнгө авч байна. Энэ нийгмийн халамж мөн үү. Хэт ингээд ирэхээр халамж, даатгал хоёр нь ялгагдахаа байдаг. Яг ийм төрх манайд бий болчихлоо. Үүнийгээ өөрчил гэж валютын сан шаардаж байгаа юм билээ. Энэ нь зөв шүү. Хүүхэд л бол хүүхэд гэсэн популист үгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх нь ч бас зөв зүйл биш. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нь энэ гээд 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг эрс бууруулсан юм. Тэр парламентад бизнесийнхэн маш их орж ирсэн байсан үе. 19 хувь байсан татварыг 14 болгож, компаниуд татвараа нуухаа болино энэ тэр гэсэн гоё юм ярьсан. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Уг нь шимтгэлээрээ өөрийгөө санхүүжүүлэх ёстой нийгмийн даатгал 30 хувиа улсын төсвөөс авна гээд завхарсан юм болсон. ОУВС нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ өсгө гээд зөв хэлсэн байна лээ. Дэлхий дээр НДТ нь 14 хувьтай улс гэж бараг байдаггүй. Скандинавын орнууд гэхэд цалингийнх нь 30-40 хувь байдаг. Бодоход хүртэл хэцүү байгаа биз. Гэтэл манайх 14 хувь. Ядаж үүнийг шат дараатайгаар 19 хувь болго гэсэн ОУВС-гийн чиглэлийг дэмжиж байгаа.

-Манайхны авдаг цалин нь хэд билээ. Ингээд нэмээд явчихаар ард түмэндээ л хямралын ачаагаа үүрүүлэх гээд байгаа юм биш үү?

-Ингээд л яриад байвал ярьж болно. Цалин хангалттай юу үгүй юү гэдэг чинь тухайн үеийн худалдан авах чадварын асуудал. Манай тэтгэврийнхний 90 хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байна. Монгол Улсын дундаж цалин 800-900 мянга. Тэгэхээр бага биш. Тэтгэвэр нь харин түүний 30 хувь. Үнэхээр бага. Өөрийнхөө ирээдүйн цалин болох тэтгэврийн өндөр байлгахын тулд өнөөдөр зарим золиос гарах ёстой. Манайхан тэтгэврийн бөөн бөөнөөр нь ч өгч болдог эсвэл хасч болдог зүйл мэт ойлгох юм. Тэтгэвэр гэдэг бол хойшлуулсан цалин. Хойш тавьсан хоол. Өнөөгийн нэмэгдүүлэх гээд байгаа шимтгэл чинь өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг л нэмэгдүүлэх юм шүү дээ. Тэр бүү хэл үе үеийн Хөдөлмөрийн сайд нар нь ч ойлгож байгаагүй юм. Н.Номтойбаяр эрх биш ойлгосон байна лээ.

-Манайхны авч буй цалингийн хэмжээ ер нь ямархуу байгаа бол?

-Хамаагүй бага. Цалин нэмнэ гэдэг чинь хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой. Цалин бага байна гээд хамаагүй нэмчихвэл инфляцийг хөөргөднө. Монгол Улсын ерөнхий бүтээмж муу байгаа үед энэ асуудлыг хөндөж болохгүй. 2012 онд эдийн засаг 17 хувиар өсөхөд дундаж цалинг өсгөх боломж гарч байсан.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр салбар яам ямар бодлого барьж байна гэж харж байгаа вэ?

-Аль ч засгийн үед сайд нар онолоо барьж ирээгүй. Тэр тусмаа манайд онол барьж ажиллана гэдэг хэцүү. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөрийн асуудлаа орхигдуулан халамжийн асуудлаа барьчихдаг. Энэ Засгийн газар гарснаас хойш юу хийлээ дээ. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдэд цалин олгоно гээд. Малчдыг маш хүнд нөхцөлд ажилладаг гээд тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлууллаа. Малчдыг хүнд нөхцөлд ажилладаг гэж би хувьдаа боддоггүй. Гэтэл хүнд нөхцөл гэж байх жишээтэй. Энэ нь гэхдээ яамны дур зоргын асуудал биш. Намыг нь сонгуульд ялуулж энэ Засгийн газрыг байгуулахад ард түмнээс санал авсан мөрийн хөтөлбөрт нь бичигдсэн эд л дээ. Сонгогчид магадгүй үүнийг нь хараад санал өгчихсөн байж болно. Трамп гэхэд ард түмэндээ амласан амлалтаа хамгийн эхэнд биелүүлж эхэлж байгаа биз. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн болохоор үүнийгээ биелүүлэх нь зүйл ёсны асуудал. Гэхдээ нийгмийн хувьд сайхан боловч зөрчилтэй тулгарна.

-Таныг УИХ-д, Засгийн газарт байхад эдийн засаг, улс төр хоёр хутгалдсан байв уу. Өнөөдөр бол хүзүү сээрээрээ холбогдчихоод үгүй мөн хэцүү байх шиг байна?

-Угшил нь хуучин нийгмийн үеийнхэн байсан болохоор эдийн засгийн асуудлыг нэгдүгээрт тавьдаг байсан. Тэр үед цалин, тэтгэвэр нэмэх боломж гарч ирсэн ч П.Жасрай гуай “Дараагийн Засгийн газар гарч ирэхэд мөнгө хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ” гэж байгаад цалин нэмэлгүй унасан. Өнөөдрийнх шиг биш эдийн засгаа урдаа тавьж ирсэн нь харагдаж байгаа биз. Одоо бол улс төр гээд популист амлалтуудаа нэгдүгээрт тавьдаг болсон. Аливаа Засгийн газар амиа л бодно биз дээ. Түүнээс биш ирээдүйн тухай 10 жилийн дараахыг харна гэж байхгүй. Улс төрийн цикль эдийн засгийн цикль хоёр нийцэхгүй байна. Манайд гурван аюултай зүйл байгаа нь уул уурхайн цикль, эдийн засгийн хямралын цикль, улс төрийн цикль. Үүнийг даван туулахын тулд алсын хараатай эдийн засагч, Засгийн газар хэрэгтэй. Уная гэсэн Засгийн газар алсын хараатай бодлого барих болдог. Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг. Аль ч засгийн үед байдаг зүйл.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлд байсан байх аа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон эх захгүй зүйлс яригдаж байна. Та ямар байр суурьтай яваа бол?

-“Эрдэнэт” үйлдвэрийн анх байгуулагдахад нь одоогийнхоор болж ТУЗ-ийн гишүүн байсан юм. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр чинь Монголын талд тийм ч ашигтай байгаагүй нь сүүлд мэдэгдсэн. Одоогийн энэ асуудлынх нь хувьд хоёр талаар хэлбэр хөөцөлдөөд байна л гэж харж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын тал авсан нь зөв. Гэхдээ хуулийн дагуу хийгдээгүй юм байна л гэж харагдаад байна. 49 хувь нь улсад байх ёстой, хувийн хэвшилд байх нь зөв гэж ярихгүй. Хуулийн дагуу л явах ёстой байсан. Хууль зөрчин УИХ-ын эрх мэдлийг эдлүүлэхгүйгээр Засгийн газар шийдсэн бол болохгүй.

-Та хэд хэдэн чухал бүтээлийг монгол хэлнээ буулгасан мундаг орчуулагч хүн шүү дээ. Орчуулгын ажлаа хийж байгаа юу?

-Миний хувьд муу ном бичсэнээс сайн ном орчуулах ёстой гэж боддог. Тэр утгаараа Кэйнсийн “Хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө мөнгө, хүү зээл” номыг орчуулсан. Насандаа хийсэн ганц сайн бүтээл минь гэж боддог шүү. Мэргэжлийн хүмүүс хэл найруулгаасаа эхлээд дажгүй болжээ гэж үнэлсэн. Дараа нь “Кэйнс ба Хаек” номыг орчуулсан. Удахгүй хэвлэгдэх байх.


Categories
мэдээ улс-төр

Ж.Энхбаяр: Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.


УИХ-д МАН 65 суудалтай болж анхны намрын чуулганаа үдэж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ. Танай намыг засаг авахад эдийн засаг хүнд байсан. Долоон сарын хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн уналт тогтворжиж чадсангүй?

-Юуны өмнө өөрийн хариуцсан байнгын хорооныхоо хийсэн ажлаас цухас танилцуулъя. Монгол Улс батлан хамгаалах салбарынхаа бичиг баримтыг УИХ-аар баталсан. Үүнтэй холбоотойгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын эрх зүйн орчинг иж бүрнээр нь шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон юм. Бид 20 гаруй жилийн өмнө батлагдсан хуулийн хүрээнд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байлаа. Тиймээс шинэчлэх зайлшгүй шаардлага нь энэ парламентад үүрэг болж ирсэн гэхэд болно. Ямартай ч манай байнгын хорооны хувьд үр дүнтэй намрын чуулганыг өндөрлүүллээ. Зэвсэгт хүчний тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Хилийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Мөн бодлоготой холбоотойгоор Дотоодын цэргийн тухай хууль, Цагдаагийн тухай хууль, тагнуулын байгууллагатай холбоотой хуулиудыг баталж чадлаа.

Гадаад харилцаатай холбоотойгоор Дипломат албан, тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулийг баталсан бол Олон улсын харилцааны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдэж чадсан юм. Миний бие эдгээр хуулиудын дийлэнхийнх нь ажлын хэсгийг ахалж ажилласан. Завгүй л байлаа даа.

-Та завгүй байсан байж болно. гэхдээ энэ улс орны эдийн засаг мөлхөж байсан бол элгээрээ хэвтчихлээ шүү дээ. Үнэмлэхүй олонхийн хувьд хангалтгүй биш үү?

-Эдийн засаг туйлын хямралтай, хүнд байгаа нь үнэн. Гадаад талд геополитик, эдийн засгийн огцом хувирал, өөрчлөлтүүд явагдаж байна. Тиймээс Монгол Улсад нэлээд зүйлсийг бид эргээд харах цаг нь болсон гэдгийг сануулж байгаа. Дотоод эдийн засаг нь хүнд, гадаад нөхцөл байдал нь хүнд байдалд орчихсон. Энэ үнэн. Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт орохоос өөр ямар ч сонголт үлдсэнгүй. Валютын нөөц шавхагдсан, гадаад өр зээл хэтэрсэн, зээлийн эргэн төлөлтийн хугацаа тулчихсан, үүнийгээ төлөх боломж нь хязгаарлагдмал байна л даа.

Ийм л амаргүй цаг үед намрын чуулган хуралдсан. 65-ын бүлгийн гол зорилго богино хугацаанд хямралаас гарах, эдийн засгийн уналтыг тогтворжуулах. Нөгөө талдаа хариуцлагын асуудлыг заавал хөндөх учиртай. Улс орныг ийм байдалд оруулсан улстөрч болон албан тушаалтнуудын хариуцлагыг, өнгөрсөн хугацаанд авсан өр зээлийн асуудлыг шалгаж ард түмэнд хүргэх том ажил дуусч байна. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсэг ажилласан. Хэдэн төсөл хөтөлбөрийг хичнээн аж ахуйн нэгжид яаж хэрэгжүүлсэн тухай дэлгэрэнгүй танилцуулсан. АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч шалгалт явагдаж байна. Зөрчилтэй гэж үзсэн материалуудыг албан ёсоор шилжүүлж хуулийн байгууллагууд ажлаа хийгээд эхэлсэн.

-Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ажил ямархуу байна вэ. Олон хүн шүүмжилж байна. Та ч бас шүүмжлэгчдийнх нь нэг нь шүү дээ. Наймдугаар сард л ОУВС-д хамрагдана гэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэл эцсийн шийдлээ олж чадаагүй байна шүү дээ?

-Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Энэ хугацаанд маш олон мэдээлэл ил тод болсон. Санхүүгийн сахилга батгүй, бодлогогүй, үр ашиггүй, үрэлгэн явж ирсэн нь ил болчихлоо. Өнөөдөр хоолойд тулаад буй хямрал, ханшийн уналт, өр зээлийн асуудал дээр илүү тод харагдаж байна. Ард түмэн үүнийг мэдэрч МАН-ыг олонхи болгосон. Нэг талдаа их итгэл мэт боловч нөгөө талдаа маш том хариуцлагыг үүрүүлчихсэн юм. Нэхэл хатуу даалгавар гэж ойлгож болно.

Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох эхний алхмаа хийж байна. Бүх боломжоо дайчилж байна. УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хороод гээд бүхий л түвшинд бид дэмжлэг үзүүлж байгаа. Аль болох хурдан шуурхай ажиллаж, шийдэмгий, хурдтай байхыг хүсч, шаардаж, шахаж зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Ингэж байж үр дүн гарах ёстой. Бид Засгийн газартаа бүхнээ даатгаад орхиж болохгүй. Бүх талаараа нэгдэж, дэмжиж, буруу зүйл дээр нь хазаар болж явна. Эцсийн эцэст хэн нэгний Засгийн газар гэж яригдахгүй шүү дээ. МАН-ын Засгийн газар гэж яригдана. Тиймээс бүгдээрээ хариуцлагаа үүрч, хуваалцах ёстой.

-ОУВС-гийн талаар хариулт өгсөнгүй. Одоо болтол Хятадаас авах зээлдээ найдаад байгаа юм уу?

-Цаг хугацаа алдсан нь бодитой үнэн л дээ. Ялангуяа бид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОУВС-тай хэлэлцээрт орсон бол өнөөдрийнхөөс илүү боломжтой хувилбарыг сонгох байсан. ОУВС АНУ-тай санхүүгийн хувьд нэлээд уялдаатай ажилладаг. Тэр утгаараа бодлогын нөлөөлөл нь их. Шинэ Ерөнхийлөгч, шинэ Засгийн газрын бодлого нь бидэнд эерэг тусах уу, сөрөг тусах уу гэдэг нь тодорхойгүй байна. Цаг хугацааны хувьд алдаа гарсан гэдэгтэй санал нэг байна.

-АНУ шинээр төрийн тэргүүнээ сонгочихлоо. Трампын бодлого манай оронд хэр тусах бол. АБГББХ-ны даргын тань хувьд сонирхож байгаа юм шүү?

-АНУ-ын Засгийн газрын бодлого эцэслэгдэн тодорхой болоогүй байна. Учир нь АНУ их гүрэн. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна, бодлогоо гаргана. Тухайн бүс нутгийн ашиг сонирхол өөр өөр байдаг. Цаашид гарах бодлого, шийдвэрийг нь судалж, хүлээж байна. Бүх түвшинд мэдээлэл солилцож, боловсруулалт хийж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр Гадаад харилцааны яаманд үүрэг даалгавар өгсөн. Юм тодорхой болох болоогүй байна.

-Эдийн засгийн хямралын цаг үеийг туулж байгаа нь үнэн ч манай эдийн засагт эерэг дохио өгчих мэдээлэл огт дуулдахгүй юм. Хүн бүрээс энэ талаар асуух ч дорвитой хариулт өгчих хүн гарахгүй юм л даа. Дахиад танаас асуучихъя?

-Дөрөвхөн жилийн өмнө эдийн засгийн өсөлт, жилдээ 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татдаг, ирээдүйн Кувейт, Катар болно гэж яригдаж байсан улс яагаад дөрвөн жилийн дотор эдийн засгийн уналттай, үндэсний валют нь мөн л унасан, өр зээлэнд баригдсан, авлигын үзүүлэлт нь өсчихсөн, олон улсад зээлжих зэрэглэл нь дөрвөн шатаар уначихсан улс болов оо гэдгээ бид эргэн бодох учиртай. Бид юун дээр алдав гэдгээ бодох хэрэгтэй.

-Бид юун дээр алдсан юм бэ. Өнгөрсөн дөрвөн жил танай нам сөрөг хүчнээр ажилласан. Алдааг нь бол хамгийн их анзаарсан байх ёстой доо?

-Нэгдүгээрт, уул уурхай гэдэг бол бидний бүтээсэн, бий болгосон баялаг биш. Байгалийн баялаг. Нэмүү өртөг шингээгүй зүйлсээ бид байнгын юм шиг бодож, орж ирсэн орлогоороо дараагийн орлого олох салбараа босголгүйгээр хэт үрэлгэн зарцуулсан. Уул уурхайгаас ангид эдийн засгийн бүтцийг босгож чадаагүй нь хамгийн том алдаа. 60 сая гаруй малтай хөдөө аж ахуйн орон гэдэг хэдий ч өнөөдөр сүүнийхээ 80 хувийг импортоор авч байна. Жилдээ 10 сая толгой мал экспортолдог хөдөө аж ахуйн салбар маань 10 мянган мал ч гаргаж чадахаа больсон. Үүндээ бид дүгнэлт хийж, хөдөө аж ахуйн салбараа босгох ёстой. Хөдөө аж ахуйн салбар босно гэдэг чинь хөнгөн үйлдвэрийн салбараа босгох суурь нь юм. Бодлогын алдаа гаргаж, эрэмбэ алдсан. Хэт үрэлгэн зарцуулалтуудыг хийсэн. Шинэ эдийн засгийн тулгууруудаа бий болгож чадсан бол байдал өөр байх байлаа. Дэлхийн хэмжээний ганц том цогцолбор босгоод аялал жуулчлалын төвийг бий болгосон бол байдал өөр байх байлаа. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн бол хөнгөн үйлдвэрийн салбар хөдөлж ажлын байр нэмэгдэх байлаа. Гэх мэтчилэн олон зүйлийг ярьж болно. Бид уул уурхайгаас олсон мөнгөөрөө байшин бариад дууссан. Өндөр үнэтэй бараа гаднаас авч хэт тансаглаж сурсан. Хэрэглээний зээлэнд ард түмнээрээ автсан. Иргэн, аж ахуйн нэгж, улс, засаг, Монголбанк гээд бүгд зээлээр амьсгалж байна. Нэмүү өртөг бүтээлгүйгээр бүгдийг зээлээр хангаж эхэлсэн. Тэр нь манайханд хялбар санагддаг болсон. Тэртэй тэргүй ухаад өгчихнө. Түүнийгээ зарчихна гэж боддог болсон. Нийтээрээ буруу хэвшилтэй болсон. Олсон мөнгөө улс төрийн зорилгоор баруун, солгойгүй тарааж эхэлсэн. Хавтгайруулан хуваарилж эхэлсэн. Ингэж явж ирснийхээ горыг амсаж байна. Юу ойлгож байна гэхээр бид хөдөлмөрлөх ёстой, нэмүү өртөг бүтээх ёстой. Тэгж байж хүн нь хөгжинө, үйлдвэр нь ч хөгжинө, улс орон бэхжинэ гэдгийг ойлгож байна. Түүнээс биш ухаад, зараад хол явахгүй. Дахиад хэлье. Энэ бүхэн бидний бүтээсэн баялаг биш. Байгалиас заяагдмал гэнэтийн орлогыг эдийн засагт бодлогогүй, хамаагүй цутгах нь суурь эдийн засгаа тэр чигт нь татаж унагадгийн хамгийн том жишээ. Баялгийн хараал гэдэг зүйл ил тод болсон. Дэлхийд “Голланд өвчин” гэдэг байсан бол “Монгол өвчин” гэдэг шинэ нэр томьёотой болж орж ирж байна. Эдийн засгийн супер өсөлт, эдийн засгийн супер уналтад яаж богино хугацаанд орж болдгийг бид харлаа.

Бид үндэсний ганц том “Эрдэнэт” үйлдвэрээ хувьдаа авна, улсдаа авна гээд хэрэлдээд сууж байна.

-Уг нь хувийн хэвшил нь авчихвал улстөрчдийн шахаагүй болно гээд байсан. Гэсэн ч УИХ шийдвэрээ гаргачихлаа…

-Төр 100 хувь авлаа гээд сайн үр дүн гарахгүй.

-Та ч шүүмжлэгчийн байр сууринд байгаа л даа…

-“Эрдэнэт” үйлдвэр 20 жил төрд байсан шүү дээ. “Эрдэнэт”-ийг тойрсон улс төрийн шахаа их явдаг. Ямар сайндаа л “Саалийн үнээ” гэхэв дээ. Ийм л байсан. Төрийн мэдэлд нэртэй олон түмэнд хүртээлгүй явж ирсэн. Нөгөө талдаа “Худалдаа хөгжлийн банк” тэргүүтэй эдийн засаглалын бүлэглэл авлаа гээд мөн л ард түмэнд хүртээлгүй. Хэтэрхий цөөнхөд очих юм. Миний хувилбар харин дундынх.

-Дундынх гэдэг нь юу юм бэ?

-“Худалдаа хөгжлийн банк” 49 хувийнхаа 20-иос доошгүй хувийг, төр өөрийн мэдлийн 51 хувийн 20-иос доошгүй хувийг арилж гэж байгаа юм. 40 хувийг нь Монголын ард түмэнд нээлттэй хувьцаа хэлбэрээр арилжих хэрэгтэй. Баталгаатай 20 гаруй жил ажиллах өнгөт металын ордын хувьцааг авахыг иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд хүсч байгаа. Яахаараа төр нэртэй улс төрийн намуудын шахааны бизнес болох ёстой юм бэ. Яахаараа хэт цөөнхөд “Эрдэнэт” үйлдвэр очих ёстой гэж. Яагаад Монголын ард түмэн хүртэж болохгүй юм. Цөөнхөд очдог саалийн үнээг ард түмэн саадаг саалийн үнээ болгоё гэж байгаа хэрэг л дээ. Өнөөдрийн нийгэмд үүсээд буй бухимдал, ард түмний хүсэмжлэлд нийцэх юм болов уу л гэж бодож байна. Энгийн албан хаагч хэн ч бай “Эрдэнэт”-ийн хувьцааг авах боломжийг нээх ёстой. Одоо улс төрийн томилгоо явагдаж, улс төрийн шахаа хийгдэнэ. Тиймээс энэ бодитой зүйл биш. Олон түмэнд нээлттэй хувьцаат компани болгох ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Тэгэхийн тулд хоёр талаас алхам гаргах ёстой. Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь өгөх нь зөв гээд, Ж.Эрдэнэбатын Засгийн газар хурааж авах нь зөв гээд нөгөө талд нь шийдвэр гаргадаг байж болох юм уу. Үүний дүнд Монгол Улсын эрх ашиг хохирно. Их хурал шийдвэрээ гаргасан ч урт хугацааны шүүх, маргаан болно. Үүний дүнд Монголд итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэл бүр суларна. Монгол үнэхээр бодлогын тогтворгүй юм аа гэдэг нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын алинд нь ч хамаагүй. Монгол төрийн бодлого л гэж гадныханд харагдана. Хөрөнгө оруулалтын орчин асар муудна гэдгийг л хамгийн сайн мэдэж байна. “Эрдэнэт”-ийн энэ асуудалтай холбоотойгоор монгол төгрөгийн ханш дахин суларна. Хохирол нь ард түмэн дээр л бууна. Олон түмэнд нээлттэй болгох цаг нь болсон. Хэрэв тэгвэл Монголын ард түмэн цаашид тайвшрах болов уу. Учир нь тэд нийгмийн баялгаасаа хүртээд эхэлж байгаа юм. Бидний онцлог гурван саяулаа. Зах зээл маань дэндүү жижиг. Монголын зах зээлд хийж болох гол ажлууд үндсэндээ хийгдээд дуусчихсан. Гурван сая хүнтэй зах зээл ханаад, хэт хөөсрөөд буцаад хагарч байна.

Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ өсвөл иргэдийн эдийн засгийн мэдлэг дээшилнэ. Хувьцааны үнэ өсч, ноогдол ашгаа ч авна. Энэ нь өөрөө улс төрийн баталгаатай суурь болж өгнө. “Эрдэнэт”-ийн хувьцааг нээлттэй арилжаалаад эхэлбэл эдийн засаг, улс төрийн хамаарлыг иргэд ойлгодог болно. Өнөөдөр гэтэл зэсийн үнэ өсөөд ч тухайн иргэнд үнэндээ хамаа алга. Энэ хувьчлал олон түмэнд хүртээлгүй яваад байгаад асуудлын гол нь байгаа юм. Тэгш хуваах асуудал байж болохгүй. Харин тэгш боломжийг нээх асуудал байх ёстой. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр 98 хувь нь арилжааны банкинд хамаарч, үлдсэн хоёр хувь нь хөрөнгийн бирж, даатгалд хамаардаг. Ийм болохоор даатгал хөгжихгүй байна. Одоо “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд хэрэгжүүлж эхэлмээр байгаа юм. Төр 51 хувиасаа 20 хувийг нь нээлттэй арилжаалчихаар одоо төлөх гээд ухнатаад байгаа 580 сая ам.долларыг дотоодын зах зээлээс босгох боломж бүрдэнэ. Иргэдийн хадгаламжинд долоон их наяд төгрөг сул байна шүү дээ. Ядаж тэр мөнгөний 2-3 их наяд төгрөг буюу 1-2 тэрбум ам.доллар хөрөнгийн зах зээлд очих боломж бүрдэнэ. Баялгийн хуваарилалтыг шинээр хийж байж эдийн засгийн хямралыг давна.

-Үүнийг хийчих зүрх сэтгэл олигархи бүлэглэлүүдэд байх уу. Таны ярьж байгаа зүйлс сайхан сонсогдож байгаа ч бүтэхгүй мэт санагдах юм?

-Нийгэмд хүртээмжтэй буюу хөрөнгөтний хувьсгалыг хийх ёстой. Аж ахуйн нэгжийн том эздэд “Нийгмийн баялгийн хуваарилалт дээр хөрөнгөтний хувьсгалаа хий” гэж уриалмаар байгаа юм. Тэгэхгүй бол алдах зүйлгүй болсон ард түмэн пролетарийн хувьсгалыг хийнэ. Энэ чинь нийгмийн зүй тогтол. Гэхдээ монголчууд ингэж эвдэрч болмооргүй дэндүү цөөхүүлээ. Дэндүү эмзэг улс орон шүү дээ. Намайг ингээд ярихад мөрөөдөл мэт сонгогдож байж магадгүй. Үүнийг хийж байж л Монголд шударга ёс, зах зээлийн нийгэм бий болж төр нь төр шиг, хувийн хэвшил нь хувийн хэвшил шиг явна. Тэгэхгүй бол олигаполи, олигархи гэгдэх монополь зах зээлийг бий болгож байгаа аж ахуйн нэгжүүд өөрийн эрхгүй бизнесээ хамгаалахын тулд улс төрд хутгалдаж байна. Улстөрчдөд бүх талын захиалга дэмжлэг үзүүлэн бодлогод оролцож байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Украинд гэхэд хөрөнгөтнүүд нь улс орныхоо хувь заяагаар тоглосон. Тэр улс иргэний дайны байдалтай байна. Бид ийм зүйл рүү орж болохгүй. Энэ бол хөрөнгө хураах асуудал биш. Их олон зүйл эрүүлжих үндэс нь эдийн засагтай холбоотой. Хууль шүүхийн байгууллагад ч гэсэн энэ нөлөөлнө. Улс төрийн нам тойрсон хандив, мөнгөний асуудал, захиалга чинь үүнтэй холбоотой. Хэт цөөнхийн тэмцэл өрнөсөөр л байгаа. Үүнээс зайлсхийх ганц боломж нь энэ. Түүнээс барилга, худалдаа, үйлчилгээ гээд бусад салбарууд нь цэвэр өрсөлдөөний журмаараа явах ёстой.

-Гэхдээ таны жиргэсэн БОАЖ-ын яамны газрын дарга 150 сая төгрөг авч байгаад баригдсан асуудлаас эхлээд хэцүү л харагдах юм даа. Түмнийхээ төлөө байсан бол тэр хүнээс ийм сэтгэл гарах байсан гэж үү?

-Авлигын асуудал өнөөдрийн нийгмийн хорт хавдар болсон зүйл. Энэ хавдрыг л яаралтай эмчлэх хэрэгтэй. Авлигыг бүх нийтээрээ үзэн ядах сэтгэлзүйг бий болгох ёстой л доо. Ингэхийн тулд нөр их хүч, улс төрийн зориг шаардагдана. Багаар бодоход дахин 20 жил тэмцэхээс өөр аргагүй.

Газрын даргын авлига авсан асуудал Ардын намын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан. Үүнтэй бид яагаад ч эвлэрч болохгүй. Үүнийг ил болгож, хатуу шүүмжилж бага дээр нь дарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд манай нам сонгуульд ялагдсан шалтгаан нь авлигын асуудал байсан. Бид алдаанаасаа сургамж авсан болохоор тэр алдаагаа давтахгүйн тулд таслан зогсоох ёстой. Энэ намын асуудал биш. Монгол Улсын асуудал. Идээ бээрийг бага дээр нь хагалж шахахгүй бол хөл гараа тайруулах болно.

-Гуравдугаар сард бондын өрөө төлж чадах уу. Та “Манайх бондоо тараасан. Дараа нь Өршөөлийн хууль баталсан. Одоо хямрал өр зээлээ төлөх боломжгүй болсон” хэмээн цахим хуудастаа бичсэн байсан?

-Яг өнөөдрийн нөхцөлд боломжгүй л байна. Гэхдээ арга замыг нь олох ёстой. Арилжааны банкинд иргэдийн хөдөлгөөнгүй болсон долоон их наяд төгрөг бий. Дотоод нөөц боломжоо ашигла.

-МАН-ын бүлэг дотор “Элсний 13” гэдэг шиг Ө.Энхтүвшин дарга, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, та гээд сөрөг хүчин бий болсон гэх боллоо. Өрнөж байгаа процессыг харахаар үнэн ч юм шиг?

-Тийм зүйл байхгүй. Бид асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс. Бид засгаа хайрласандаа шүүмжилж байгаа. Алдаа битгий хийгээсэй гэж шүүмжилж байгаа. Энэ алдаа Ардын намын алдаа болж хувирна. Ард түмэн биднийг эдийн засгийн хямралыг зогсоогоосой гэж сонгосон. Тайван байж болохгүй. Хямралын үед хямралын менежмэнт, илүү хурд, шийдмэг ажиллагаа, улс төрийн манлайлал хэрэгтэй. Дургүй биш. Засгийн газрыг унагаах гээд байгаадаа ч ингээд байгаа юм биш.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газраа огцруулах юм уу. Тийм яриа гараад байна л даа?

-Тийм зүйл болохгүй. Засгийн газар дор хаяж нэг жил ажиллана. Үр дүнг нь үзнэ. Нэг жилийн дотор ажлаа хийж чадаагүй бол хариуцлага тооцох л болно. Цэвэрлэх байгууламжийн асуудлаар Улаанбаатар хотын дарга, БОАЖ-ын сайд, Барилга хот байгуулалтын сайдыг нэг жилийн дотор ажлаа эхлүүлж чадахгүй бол хариуцлага тооцно гэсэн шиг хариуцлагын асуудлыг хөндөх болно. Ажлаа хийж чадвал бид тойрогтоо очоод хангалттай сурталчлаад өгнө. Энэ сайд нараа тэнгэрт тултал нь магтаад өгнө. Намын эрх ашиг гэхээсээ илүү Монгол Улсын хувь заяаны асуудал яригдаж байна. Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй. Муу муухайг далдалж, хаацайлж болохгүй. Шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй. Дахиад хэлье. Монгол Улс маш том сорилтыг туулж байна гэдгийг ойлго. Унах уу, босох уу, үхэх үү, сэхэх үү гэдэг асуудал яригдаж байна. Ийм үед хурдтай, хүчтэй ажиллах нь чухал. Илүү шударга, ил тод байх ёстой. Ямар нэгэн авлига, албан тушаалын асуудал байж болохгүй. Ямар нэгэн ашиг сонирхлыг үүн дотор хавчуулж болохгүй. Учир нь ард түмэн үүнийг тэсвэрлэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Хүний эрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Их хурал дэмжлээ. Уг хуулийн төсөлд зарчмын шинжтэй ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн чухал хуулиудын нэг нь яах аргагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийг тухайн ажиллагаанд оролцож байгаа оролцогчдын эрх зүйн байдлыг хэрхэн сайжруулав гэдгээр тайлбарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас оролцогчийн эрхийг нэлээн дэлгэрэнгүй тодорхой болгох боломж нөхцөлийг тусгаж өгсөн. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч хохирогчийг хамгаалах талаар зохицуулалт байхгүй. Харин шинэ төсөлд гэрч хохирогчийг хамгаалах талаар тусгай бүлэг оруулсан байх жишээтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэрч хохирогчид ямар хамгаалалтын арга хэмжээ авч болох вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн.

-Тахарын алба татан буугдсан. Түүнээс хойш гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагагүй болсон. Гэрч хохирогчийг хамгаалах ямар зохицуулалт орсон бэ?

-Тухайн хүний нийтэд танигдаж болох мэдээллээс гэрч хохирогчийн мэдээллийг түр хугацаагаар арилгах, улсын бүртгэлээс гэрч хохирогчид холбоотой мэдээллийг түр нууцлах арга хэмжээ авахаар тусгасан. Гэрч, хохирогч өөрийн биеэр мэдүүлэг өгөх боломжгүй, амь нас, аюулгүй байдалд нь тодорхой заналхийлэл учирсан тохиолдолд өмгөөлөгчийг нь байлцуулан гэрч, хохирогчоос дуу, дүрсний бичлэг ашиглан авах боломжийг суулгаж өгсөн л дөө.

Тахарын албаны чиг үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн. Тиймээс энэ асуудлыг орхигд-сон гэж ойлгож болохгүй.

-Таслан сэргийлэх арга хэмжээг уг хуульд хэрхэн суулгаж өгсөн бэ. Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 болгосон гээд байгаа?

-Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, хугацааг нь богиносгосон. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 72 цаг баривчлаад үргэлжлүүлэн сэжигтнээр 14 хоног цагдан хорьж болохоор заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд сэжигтнийг цагдан хорих тухай асуудал байхгүй. Сэжигтнийг баривчлах хугацааг 24 цаг болгосон. Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийн хувьд хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах төрлүүд нэмэгдсэн л дээ. Энэ нь аль болох цагдан хорихгүй байх үүднээс тухайн хүний зорчих эрхийг хязгаарлаад өөрийн орон гэр, ажил үүргээ биелүүлээд явах боломж бүрдүүлж байгаа юм.

-Тухайн хүнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байж хорьчихоод дараа нь нотлох баримтаа цуглуулдаг гэдэг шүүмжлэл бий…

-Сэжиг таамгаар хүнийг баривчилж, үргэлжлүүлээд 14 хоног цагдан хорьж байгааг дээр ярьсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд таслан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн хугацаа хоёр сар хүртэл байдаг. Шинээр боловсруулж буй хуулийн төсөлд нэг сар болгосон. Цагдан хорих дээд талын хугацаа 24 сар байсныг 18 болгохоор тусгаад байгаа. Сэжиг таамгаар хорьдог, яах нь мэдэгдэхгүй олон хоногоор саатуулж байна гэсэн иргэдийн гомдол их байдаг. ШШГЕГ-ын судалгаанаас үзэхэд 2014 онд 1863 хүн баривчилснаас 72 цагийн хугацааг дуусгаад баривчлах байрнаас 650 хүнийг суллаж, 913 хүнийг 14 хоногийн хугацаатай сэжигтнээр цагдан хорьсны дараа сулласан байдаг. 2016 онд гэхэд эндээс 300 хүн нь яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон. Өөрөөр хэлбэл, нийт баривчилсан иргэдийн дөрөвний гурав нь буюу 75 хувь нь хэрэгт ямар нэгэн холбогдолгүй байсан гэсэн үг.

-Хүний эрхэд л халдаад байгаа юм биш үү, тэгвэл?

-Энэ нь өөрөө шалтгаан, баримт нотолгоогүйгээр хүнийг барьж саатуулдаг байж болзошгүй гэх үндэслэл гарч ирж байна. Хууль шүүхийн байгууллага гарцаагүй нотлох баримтад үндэслэж байж хүний үндсэн эрхэд халддаг байх ёстой гэсэн шаардлагаар уг өөрчлөлтийг хийж байгаа юм.

-Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед дуу, дүрсний бичлэг хийх юм гэсэн. Ямар тохиолдолд үүнийг ашиглах юм бол?

-Хуульд туссан учраас заавал хэрэгжүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх, давхар дуу дүрсний бичлэг хийх, шүүх хуралдааны тэмдэглэлийг гараар бичихийн хажуугаар дуу, дүрсэнд буулгахаар заасан байгаа. Хэрвээ дуу, дүрсний бичлэг, гараар бичсэн тэмдэглэл хоорондоо зөрвөл дуу, дүрсний бичлэгийг барихаар хуульд заасан. Нарийвчилсан зохицуулалт багтсан учраас практикт хэрэглэхэд дөхөмтэй гэж үзсэн юм.

-Хялбаршуулсан журам гээд байгаа. Энэ хялбаршуулсан журмынх нь давуу тал нь юу вэ?

-Хялбаршуулсан журам аль болох процессыг хялбаршуулж, оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чиглэж байгаа. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх гэсэн бүлэгт Эрүүгийн хуулийн хөнгөн ангиллын гэмт хэргийн зүйлээр нь заасан. Үүнийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно гээд заачихсан. Дээр нь нэмээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч өөрөө хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал энэ дагуу явахаар заасан байгаа. Гэхдээ яллагдагч прокурор яллах дүгнэлт үйлдэхээс өмнө гаргах ба мэдээж яллагдагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадаж болохгүй. Яллагдагчаас өөрөөс нь хүсэлт бичих, шүүх хурлын үеэр өөрөөс нь “Та гэм буруугаа өөрөө, сайн дураараа хүлээсэн үү” гэдгийг тодруулж асуух гээд бүх зохицуулалт орсон.

-Яллагдагч гэм буруугаа хүлээлээ, хохирлоо яаралтай барагдуулсан тохиолдолд яах юм бол. Хохирлыг нь барагдуулчихаад байхад л явдал суудал нь суудаггүй тал бий?

-Эрүүгийн хуульд заасны дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад энэ чухал. Байцаан шийтгэх ажиллагааны зардал багасна. Яллагдагч цаг хугацаа алдахгүй, үүнийг дагаад зардал чирэгдэл багасна шүү дээ.

-Тухайн хүний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэдэг ч зарим хууль хяналтын байгууллага “Тухайн хүнийг ийм хэрэг үйлдсэн” гэдгийг урьдчилан зарладаг байдал түгээмэл. Түүнийг шалгаад эхэллээ ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар мэдээлэл түгээчихдэг. Ийм байж болох уу?

-Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүнийг шүүхийн өмнөх шатанд гэм буруутан шиг харьцахыг хориглосон байдаг л даа. Үндсэн хуульд шүүх л гэм бурууг нотолж тогтооно гээд заачихсан юм. Яллагдагчийг гэм буруутай гэж шүүхийн шийдвэр гарахаас өмнө прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэн ч бай, урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй. Шүүх эцэслэн шийдвэрлэнэ гэсэн агуулгаар орсон. Хуулийн байгууллагын албан хаагчдын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас учирсан хохирлын нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд оруулсан. Үүнд, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд зарлаад шүүхийн цагаатгах тогтоол гарсан, эсвэл гэм буруугүй нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хэрэг үүсгэж шалгах болохоороо олон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх үүргийг тусгасан. Манайхан нийтэд зарлаад хаячихдаг, хэрэг нь хаагдаад хэрэгсэхгүй болохоор зарладаггүй. Нөгөө хүн нь олон нийтэд гэмтэн болоод л нэр төр, амьдралаараа хохироод дуусдаг. Ийм байж таарахгүй. Мэдээллийн хэрэгслийн ямар төрлөөр тухайн хүний талаар мэдээлэл цацсан, түүгээрээ залруулга хийдэг байхыг үүрэг болгосон.

-Мэдээллийг хэвлэлийн хурал зарлаад сүржин тараадаг мөртлөө сүүлд нь хэвлэлийнхнийг буруутгах зүйл анзаарагддаг. Залруулга гаргаж шахдаг тал бий. Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгсөн бол тэгж залруулга хийнэ гэсэн үг үү?

-Тэгэх шаардлагатай.

-Тухайн мэдээлэл хийсэн байгууллага залруулга гаргах ёстой байх, тийм үү?

-Тэгнэ.

-“Сэжигтэн гээд орхичихдог. Буруу ч юм уу, буруугүй ч юм уу бүү мэд. Нэг түдгэлзүүлснээ эргээд сэргээлээ” гэдэг. Хуулийн байгууллага дур зоргоороо түдгэлзүүлдэг, шалгахгүй орхидог асуудалд хариуцлага тооцох уу?

-Хууль зөрчсөн ажиллагаанаас үүдсэн хохирлыг нөхөн барагдуулах гэсэн хэсэгт тодорхой заасан. Тухайн хүнийг хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар тооцож, яллагдагчаар татсан, хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хорьсон нөхцөлд тухайн хүнд учирсан хохирлыг нөхөн төлөх тохиолдлуудыг тодорхой заасан. Нөгөө талдаа энэ хуулийн төсөлд сэжигтнээр татаад шууд цагдан хориод явах зохицуулалт байхгүй. Сэжигтэн гэж гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан, 24 цагийн дотор баривчлагдаж байгаа хүнийг хэлэхээр байгаа юм. Сэжигтэнг цагдан хорихгүй. Сэжигтний талаар хэрэг бүртгэлийн арга хэмжээ явуулж, ийм хэрэг гарсан байна уу, энэ гэмт хэргийг үйлдсэн байна уу гэдэгтэй холбоотой баримт материал цуглуулсны эцэст яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа тухайн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгасан. Энэ нь хүний эрхийг хамгаалах талд чухал ахиц гарч байгаа гэж үзэж байгаа.

-Олны анхаарлыг татсан хэргийн шүүх хурал хаалттай болж байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага болоод иргэдийн шүүмжлэлд өртөхөд хүргээд байна. Ер нь нээлттэй байж болдоггүй юм уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд төрийн нууцтай холбоотой насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалахдаа холбоотой шүүх хуралдааныг хаалттай бусад нөхцөлд нээлттэй хийхээр зохицуулсан.

-Төрийн нууцтай холбоотой хэсгийг нь нууцлаад бусдыг нь нээлттэй явуулж болох уу?

-Шүүх хурлыг тэр чигээр нь, эсвэл тодорхой хэсгийг хаалттай явуулах зохицуулалт төсөлд байгаа. Төрийн нууцтай холбоотой хэсгийг нууцлаад бусад хэсгийг нээлттэй явуулах ёстой. Аль болохоор нээлттэй байх зарчимтай. Хаах тохиолдол нь гагцхүү энэ хуульд заасан цөөхөн байх шаардлагатай гэсэн үг.

-Шүүх олон хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?

-Одоогийн хуулийн төсөлд шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар заасан. Гол зорилго нь шүүхийн бэлтгэл хангах, шүүх хуралдаанаас хэрэг буцах явдлыг хаах зорилгоор урьчилсан хэлэлцүүлэг бий болгосон. Энэ нь оролцогч эрхээ хамгаалах бас нэг боломж. Хохирогч, яллагдагчийн өмгөөлөх эрхийг хассантай холбогдох хязгаарлалт, хуульд заасан тохиолдолд өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан ч байдаг юм уу, энэ бүх ажиллагаанд гомдол гаргаж, хэргийг үнэн зөв шийдэх нөхцөлийг хангаж, бэлтгэл ажлыг цэгцлэх боломж бүрдүүлж байна гэсэн үг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх байсан ажлыг мөрдөгч хийгээгүй байх тохиолдол байдаг. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргаад байхад хүсэлтийг нь хангах эсэх нь мөрдөгчийн үзэмжийн асуудал болсон байдаг. Хэчнээн их хүсэлт гаргасан ч мөрдөгч шаардлагагүй гэж үзвэл орхичихдог. Ингэж эрх нь зөрчигдсөн хүмүүс урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүхэд танилцуулаад хэргийг буцааж, мөрдөн байцаалтыг зохих хэлбэрээр нь явуулах боломжтой болсон. Нөгөө талдаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүх хуралдааны товыг талуудын саналыг харгалзаж, шүүх тогтоохоор байгаа. Энэ нь өмгөөлөгч ирээгүй, прокурор ажилтай гэх мэтчилэн шүүх хуралдаан хойшлох боломжгүй гэсэн үг. Мэдээж оролцогч талууд боломжит цагаа хэлж хоорондоо тохирно гэсэн үг. Урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буруу бүрдүүлж ирсэн хэргийг буцаах боломж шүүхэд нээлттэй байгаа. Харин үндсэн хуралдаанаас прокурорт хэргийг буцаах явдлыг хуулийн төслөөр халсан байгаа. Хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх мөрдөн шалгах ажиллагааны аргууд нэмэгдсэн. Хэргийн материал цуглуулах боломжтой арга хэрэгслүүд илүү нэмэгдсэн. Дээр нь нууц мөрдөн шалгах ямар ажиллагаа хийж болох вэ гэдэг төрлүүд орж ирсэн.

-Мөрдөн байцаагчийн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн зохицуулж байна вэ?

-Мөрдөгч бие дааж хийх таван мөрдөн шалгах ажиллагаа, дээр нь прокурорын зөвшөөрөлтэй хийх 21 ажиллагаа байгаа. Үндсэн хуульд заасан хүний суурь эрхэнд буюу хүний бие болоод эд зүйл рүү халдаж нэгжлэг хийх, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээлэл авах гэх мэтчилэн ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийнэ.

-Шүүгчийн захирамжийн хугацааг хэрхэн уялдуулах вэ?

-Тухайн хүнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр саатуулах хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй. Энэ 24 цагт багтаагаад мөрдөгч, прокурор, шүүх ажиллах ёстой. Энэ 24 цагт шүүгч захирамж гаргасан бол шууд суллах ёстой. Энэ нь тухайн үйл явдал, цаг хугацаанд хуулийн байгууллага, албан хаагчдыг хамгийн хурдан, шуурхай ажиллах явдлыг хангах агуулгатай.

-Мэдүүлэг авах нэрийдлээр иргэдийг хүлээлгэж, дахин дахин дуудаж залхаадаг явдал бий. Энэ тал дээр анхаарсан болов уу?

-Мөрдөгч тухайн хүний байгаа газар нь очиж мэдүүлэг авч болно. Өөрөө дуудаад мэдүүлэг авч болно. Гэхдээ мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй байлаа гээд хууль зүйн үр дагавар үүсэхгүй. Одоо бол мөрдөгч “Дуудсан цагт ирэхгүй бол шууд цагдан хорино шүү” гэдэг зүй бус байдал үүсгэдэг тал бий. Хэрэв хүнийг зайлшгүй дуудаж байцаах шаардлагатай бол мөрдөгч прокурорт танилцуулаад прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, прокурор тухайн хүнийг дуудах үндэслэл байна уу гэдгийг нягталсны үндсэнд өөрийнхөө мэдэгдэх хуудсыг өгнө гэсэн үг. Тэгээд ирэхгүй бол албадан ирүүлнэ. Тэгэхээр мөрдөгч хохирогчийг өдөр болгон дууддаг, үүдэндээ хүлээлгэж залхаадаг байдал хаагдана гэж үзэж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтуудыг багцлаад нэрлээч гэвэл та юуг тодотгох вэ?

-Хохирогчийн эрх, эрх зүйн байдал сайжирсан. Буцаагдсан хуулийн төсөлд хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахгүй байхаар заасан байсан. Хохирогчийн эрх ашгийг прокурор төлөөлж оролцоно гэсэн утгаар орсон. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрхүүдийг зөрчиж байгаа юм. Одоо хохирогч оролцогч болж шүүх хуралд оролцоно. Гэм буруутай нь нотлогдохгүй байхад л нотлоод ир гээд шүүх нь яллагч тал болчихсон буцаадаг ойлголтыг халсан. Гэм буруутай нь нотлогдохгүй бол цагаатгах суурь зарчмыг шүүхэд хэрэгжүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, шүүхээс хэрэг буцдаг байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээс ч шүүхээс ч хэрэг буцахаар зохицуулалттай байсан. Одоо шүүхээс хэрэг буцахааргүй зохицуулалт орсон. Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны мөрдөгчийн бие дааж явуулах тав, нийт явуулах 21 мөрдөн шалгах ажиллагааны 11-ийг шүүх, 10-ыг прокурор олгохоор заасан байсныг прокурор олгохоор болсон. Үндсэн хуульд прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хяналт тавина гэж заасантай нийцүүлсэн гэсэн үг. Бүхэлд нь дүгнэвэл Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой гэдэг гол зарчмыг энэ хуулийн төслийг боловсруулахдаа баримталж ажиллалаа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Дэлгэрсайхан: Төрж, өссөн нутагтаа сэтгэлийн их өртэй гэж боддог

“Өдрийн сонин”-ы №027, 028 (5594, 5595) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг тун амаргүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалж байна. Та уриалгыг дэмжиж 100 сая төгрөг өгөхөөр боллоо. Таны хувьд гэнэт ийм шийдвэр гаргасан уу?

-Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. Улсын эдийн засаг үнэхээр хэцүү байна. Үүнээс хэрхэн яаж гарах вэ гэж дор бүрнээ санаа оноогоо уралдуулж байгаа цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Манай бизнесийн салбарынхан өнөөдөр хангалуун сайхан явж байгаа юм алга. Ашиг орлого гэхээсээ илүүтэй хэдэн ажилчдынхаа цалинг өгөх, татвар төлөх гэж зүтгэж байгаа нь үнэн. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар 580 сая ам.долларын өрийг барагдуулах тал дээр өөр өөрийнхөө боломжоор зүтгэх ёстой гэж ойлгож байна. Ядаж бондын энэ төлөлтийг хийхэд дэм болж чадвал гадны улсуудад “Монголчууд зээл авсан ч гэсэн нэгдээд өр ширээ дарж чаддаг юм байна” гэсэн итгэл найдвар төрнө. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь төлөх юм бол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Монголчууд итгэлтэй хүмүүс гэдэг итгэл үнэмшил төрүүлэхэд тус дэм болох болов уу гэдэг утгаар энэ аянг дэмжиж хандив өргөж байгаа юм.

-Уриалгыг дэмжсэн танд маш олон хүн талархалтай хандаж байх шиг байна. Өмнөд солонгосчууд бас иймэрхүү байдлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулж байсан гэдэг?

-Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдэг болох нь БНСУ-ын жишээнээс харагдаж байна. Бид солонгос хүнээс юугаараа дутдаг юм бэ. Адилхан л улсаа гэсэн сэтгэл зүрхтэй. Ядаж эдийн засгийн энэ хүнд үед гар нийлээд хамтарч чаддаг байх хэрэгтэй. Тийм эр зориг бий гэдэгт ч итгэж байна. Энэ уриалгыг олон компани дэмжиж нэгдэх болов уу. “Далайд дусал нэмэр” гэгчээр өөрийн чадал чинээгээрээ л хандив өргөх байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Энэ бүхнийг даван туулж ард нь гарах боломжийг та хэрхэн харж байгаа вэ. Эдийн засагт хүнд ачааг нь үүрч яваа бизнесийнхэн хандив өгөх л байх. Гэхдээ төр бизнесийнхэнд эргүүлээд хэр хандах бол?

-Эдийн засгийн хямрал нэлээд олон жил үргэлжилчихлээ. Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ харьцангуй өсөх хандлага ажиглагдаж байна. Нүүрс, зэсийн үнэ өсч байгаа.

Энэ нь мэдээж эдийн засагт эерэг дохио. Түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүмүүс нэмэгддэг, түүнийг дагасан бизнесүүд босоод ирнэ. Тийм ч мөчлөгтэй. Тэр утгаараа жилийн дараа гэхэд Монголын эдийн засаг эрүүлжинэ гэж харж байна. Би хувьдаа сайн сайхан болох цаг удахгүй л гэж боддог. Манайхан өргөс авсан юм шиг шууд л бүх зүйл сайхан болохыг хүлээдэг. Богино хугацаанд энэ бүхэн арилна гэж байхгүй.

-Хүний хэтэвч рүү өнгийлөө гэж битгий ойлгоорой. Та хэр баян хүн бэ. Дорноговь аймагт таны бүтээн байгуулсан сургууль, цэцэрлэг, нутгийн удирдлагын ордон гээд маш их барилга байгууламж байдаг юм билээ. Тэгээд 100 сая төгрөг хандивлалаа шүү дээ?

-Баян нь ч юу байхав. Хүн олсныхоо хэмжээгээр саваа дундлах ёстой. Бурхнаас өгсөн хишгийг дундалж байж амьдрал тэгширнэ гэж бодож явдаг. Хэд насална гэж хурааж, хуримтлуулах билээ дээ. Хүний амьдрал богино. Энэ дэлхийд нүцгэн ирсэн бол нүцгэн л буцна.

Тэгээд ч энэ аймаг, орон нутагтаа төрж өссөний хувьд эргээд сэтгэлийн их өртэй. Үүнийгээ хариулах ёстой гэж боддог. Энэ утгаараа хийх ёстой зүйлээ л хийж байна. Тиймдээ орон нутагтаа барьсан эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги танхимтай хоёр цэцэрлэг болон сум бүрт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эргээд аймаг, сум орон нутгийн өмчид шилжүүлсэн.

Одоогийн байдлаар Дорноговь аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш зэрэг зорилтот бүлгийг хамруулж хамгийн хямд өртөгтэй,чанартай орон сууцаар хангахад чиглэгдэж байгаа юм аа.

-Хямддаа хэд юм бэ?

-Энэ орон сууцыг ашиг харж бариагүй. Ингэж хямд барихын тулд төр Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа шиг дэд бүтцээ аймгуудад ч гэсэн татаж өгөх ёстой. Дэд бүтэц шийдэж өгч байж үнэ хямдардаг. Мөн Дорноговь аймагт “Монполимет” компанийн хэрэгжүүлсэн Цементийн үйлдвэр ашиглалтад орсонтой холбогдуулан цементийг дэргэдээсээ үнэ хямд авч байна. Барилгын материалаа зах зээлдээ хамгийн ойр Эрээн хотоос татах боломжтой.

-Бага хүүтэй, богино хугацааны зээл авах, “Ñтэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд манайхны хувьд шийдлээ олж чадахгүй асуудлууд байна. Та “Ñтэнд бай” хөтөлбөр, зээлийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийг авах нь зөв гэж боддог. Монголчууд санхүүгийн сахилга сул ард түмэн. Тэр утгаараа эдийн засгийн хямрал бидэнд их зүйлийг ойлгуулж байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байх үед бялхаж байлаа шүү дээ. Байгаагаа үрээд дуусгадаг болохоос хадгалж сураагүй. Тиймээс эдийн засаг хүндрээд ирэхээр гаргаад ирье гэсэн ч мөнгөгүй таг суудаг. АН-ын Засгийн газрын үед авсан энэ их зээлийг эргүүлэн төлж таарна. Хар, шар гэлтгүй монголчууд авсан болохоор төлөхөөс зайлшгүй. АН авсан зээлийг МАН төлөхгүй гэж болохгүй. Бид нэг л монголчууд. Зээлээ төлж л таарна. Ухрах зам байхгүй.

-Эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын хэтийн төлөвийг та юу гэж харж байна вэ?

-Таван толгойгоо нэн даруй хөдөлгөх хэрэгтэй. 2022 онд Хятад улсад өвлийн олимп болно. Тиймээс хятадууд 2020 оноос эхлэн нүүрс түлэхгүй гэсэн хандлага руу орж байгаа. Төмрийн үйлдвэрлэлийн нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдээ хааж байна. Зах зээл ийм байгаа үед том төслүүдээ даруйхан хөдөлгөх хэрэгтэй. Төмөр замаа бушуухан барих хэрэгцээтэй. Ажлаа хийхгүй улстөржиж улсаа хорлоод байж болохгүй.

-Төмөр зам гэж түүх нь зузаарсаар байгаа эхэлдэг ч үгүй нэг ажил байна. Танай компани чинь 100 км төмөр зам барьсан гэдэг бил үү. Хувийн хэвшил нь хурдан барьж мэдэх юм даа. Төмөр замаар танк орж ирнэ гэж айлгах юм, нэг хэсэг нь?

-Энэ тухай ярих юм бол маш урт түүх болно. Төмөр замаар “танк” орж ирдэг үе өнгөрсөн. Муугаар бодож дайн байлдаан боллоо гэхэд танк хэрэглэхгүй байлгүй дээ. Ийм утгагүй зүйл ярихаа болих хэрэгтэй. Нарийн, өргөн цариг ярьж цаг хугацаагаа нэлээд барлаа. Өөрсдөө төмөр замаа барина гэснээс болж баахан хүн хэрэгт ороод байж байна. Хувийнхан өөрсдөө барьж чадах байсан. 2011 онд “Эм Си Эс” компанид эрхийг нь өгсөн бол хэдийнэ төмөр замтай болох байлаа. Жилд 30 сая биш 60 сая тонн түүхий эд экспортолж байх байсан юм.

-Хувийн хэвшил гээд явахаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сөхөгдөж таарна. “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар авсан гэж байхад нөгөө талд нь хоёр орны Засгийн газар хоорондоо тохирч хувийн хэвшил мөнгөө төлөөд авсан гэдэг зүйл ярьж байна. Үнэн чухамдаа аль талд нь байгааг ойлгож байгаа хүн цөөн байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал хууль бусаар явсан уу, үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага нотлох баримтаар тогтоогоод явах нь зөв. Хуулийн байгууллага нь эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байхад хүний өмчийг шууд төр нь аваад явах үзэгдэл байж болохгүй. Ажлын хэсэгт олон гишүүн орж ажилласан болохоор ямар дүгнэлт гаргахыг би одоогоор хэлж мэдэхгүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн байр суурьтай л байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг Оросоос авсан учраас асуудал даамжирвал буцаад “эзэн” рүүгээ л явна.

-Эзэн гэж Оросыг хэлээд байна уу?

-Орос руу буцна. Аливаа зүйлийг бодит байдлаар харах нь тун чухал. Оросууд “Уучлаарай, монголчууд дотроо эвээ олдоггүй юм байна. Бид та нарт зарахаа болилоо. Өөр гуравдагч оронд өндөр үнээр зарлаа” гэвэл бид 49 хувь ч үгүй болно. Би ингэж л харж байна.

-Ажлын хэсгийн гишүүдийн байр суурь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд байлгах биш төр мэдэлдээ байлгах чухал гэж байна. Эдийн засгийн тийм боломж байгаа юу?

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийн 580 сая ам.долларыг төлөхөд ердөө 60 хоног л дутуу байна. 60 хоногийн дараа ийм их мөнгө төлөх байж араас нь “Эрдэнэт”-ийг авна гэвэл бид хаанаасаа 500 сая ам.доллар гаргах юм. Ийм худлаа юм ярьж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг нь төлөөд авчихна гэдэгт би л хувьдаа итгэхгүй байгаа.

-Байгаа болоод авъя гээд байгаа юм биш үү?

-Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Цаад үр дагаврыг нь бид заавал бодолцох учиртай. Төр шийдвэр гаргаад хувийн хэвшлийг “дээрэмдээд” байх юм бол таны, миний өмчийг булааж авдаг жишиг тогтоно. Ингэж болохгүй. Монгол гэдэг чинь хуультай орон. Тэр утгаараа би ингэж ярьж байна.

-Ямар нэгэн ашиг сонирхол байна гэж танай гишүүд хардаад байгаа юм биш үү?

-Надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Худалдаа хөгжлийн банкинд таньдаг хүн ч байхгүй. Хувьчилж авсан хүмүүсийг нь ч танихгүй. “Эрдэнэт”-д ямар нэгэн ашиг сонирхол бий гэж хардаг хүмүүс байгаа бол одоо болих хэрэгтэй. Надад ямар нэг ашиг сонирхол байхгүй.

-Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Гэтэл манайхан дэвэргэсээр байгаад ажиглагчдын хүрээ томорсон юм шиг байна. Хойд хөршийнхөн харж л байгаа байх даа?

-Тогоон дотроо хагарчихсан. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд манай оронд үйл ажиллагаа явуулдгийн хувьд харж ажиглаж л байгаа.

-“Эрдэнэт”-ийн хувь заяаг цаашид хэрхэх нь зөв юм бол. Хувьчилж авсан хүмүүс нь болохгүй бол Засгийн газар нь мөнгөө төлөөд ав гэж байна шүү дээ?

-Ер нь бол асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй. Хэл амаа ололцохгүй ингээд байгаа бол ард түмэнд нээлттэй хувьцаа хэлбэрээр борлуулах боломжтой. Худалдаж авах хүсэлтэй нэг нь авдаг л юм байгаа биз. УИХ-аар асуудлаа оруулаад хэдэн хувийг нь яаж арилжих юм гээд ярь л даа.

-Энэ бүхнийг ажиглаж байхад өнгөрсөн дөрвөн жилд бизнес, хувийн хэвшлийнхнийг хавчиж байсан цаг үе давтагдах нь гэж харагдах юм. Та хоёр сар гаруй хоригдож байсан байх аа?

-Үнэндээ энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, эмх замбараагүй байдлыг эмхэлж цэгцлэн зөв голдрилд оруулах, улс орныг хүчирхэгжүүлэх гэж л би гишүүн болсон. Хууль бусаар хууль хяналтын байгууллага нь дээрэм хийдэг, төр нь бизнес рүү халдаж булааж авдаг энэ явдлыг зогсоох нь зүйтэй. Бид хувийн хэвшлийнхнээ дэмжиж байж улс хөгжинө үү гэхээс бүгдийг нь нийгэмчилбэл хэн ажил хийх юм. Бид энэ байдлыг өөрчлөх л ёстой. Миний байр суурь энэ.

-Тантай холбоотой хоёр ч оффшор дансны асуудал яригдаж байсан даа. Одоо оффшорын хууль гээд ороод ирлээ. Тэр дансны асуудал юу болсон бэ?

-Би оффшор бүсэд данс эзэмшиж байсан. Бизнес эрхэлж байхад хүссэн хүсээгүй оффшор бүсэд данс нээдэг. Яагаад гэхээр гадны банк томоохон зээл өгөхийн тулд танай улсын банкинд байршуулахгүй гэдэг. Учир нь тэд өөрсдийн мөнгөө хянахын тулд ийм шаардлага тавьдаг. Тэр зээлийн мөнгөний энэ хэмжээнд нь төмөр замын рейс авна, үүгээр нь вагон авна, үлдсэнээр нь тоног төхөөрөмж авна гээд явах гэтэл данс нээ гэсэн. Тэр утгаараа данс нээсэн нь үнэн. Зарим зээлүүд нь төлөгдчихсөн. Би хоёр газар оффшор нэртэй данстай байсан. Одоо бол хоёуланг нь хаалгачихсан. Албан ёсны бичиг нь ирсэн байгаа.

-Хэзээ хаалгасан юм?

-Оффшор данс идэвхгүй байхаар хаагддаг юм билээ. Тиймдээ ч нэг нь 2007 онд, нөгөө нь өнгөрсөн жил хаагдсан. Уг нь дансаа хаалгах хүсэлтийг эрт өгсөн боловч тухайн банк тодорхой хугацаанд шалгаж байгаад хаадаг юм билээ. Шаардлагатай гэвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргана. Оффшор дансны тал дээр ямар ч асуудал байхгүй.

-Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа шиг ойлгодог. Бизнес хийхэд заавал оффшор данс нээх шаардлага тулгардаг юм байна тийм үү?

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн 14 тэрбум ам.долларын 10 гаруй тэрбум нь оффшор бүсээс орж ирсэн байдаг. Нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь гэсэн үг.

-Танай намын бүлэг оффшорын хуулийн төслийг нь дэмжсэн. Хуулийн зохицуулалтууд дээр нь та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт төрийн албанд ажиллана гээд сонголт хийсэн бол оффшор дансаа хаалгах хэрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Зарим зүйлээс татгалзаж байж төрийн албыг хашна шүү дээ. Тиймээс үүнд санаа зовж, эмзэглээд байх юм байхгүй.