УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах асуудлыг хэлэлцэхээс хойшлууллаа. Энэ нь манай эдийн засагт ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх үү?
-Бид өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тухайлбал, ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо гэсэн мэдээлэл гарангуут эдийн засагт хэд хэдэн зүйл анзаарагдсан. Валютын ханш тогтворжсон. 2016 оны сонгуулиас хойш Засгийн газар олон улсын зах зээлд үнэт цаас бонд босгох гэж хоёр удаа оролдлого хийсэн ч чадахгүй байсан. Харин ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг тохиролцоогоо зарлаж 140 сая ам.долларын үнэт цаас гаргая гэтэл гурван тэрбум ам.долларын захиалга орж ирж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, ОУВС-тай хамтраад өмнө нь гарсан бодлогын алдаа цэгцлэгдэх юм байна, эдийн засагт хатуу ч гэсэн зарим арга хэмжээ авсны дүнд Монголын эдийн засаг сайжирна гэж үзсэн тул гадны хөрөнгө оруулагчид манай үнэт цаасыг сонирхсон гэж бодож байна. Хамгийн гол нь хэн нэгний үг биш тодорхой үйлдлүүд дээрээс үнэлгээгээ өгч байх ёстой. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо гэдэг мэдээлэл гарснаас хойш эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөллийн дүнд валютын ханш тогтворжиж, манай бондыг сонирхож байгаагаас гадна манай оронд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнийг Канадад болон бусад орнуудад болсон хөрөнгө оруулагчдын уулзалтуудаас харж болно. Гэтэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр хойшлогдлоо гэсэн мэдээлэл гарсан даруйд валютын ханшид өөрчлөлт орж, хөрөнгө оруулагчид гайхширсан байдалтай болж эхэлсэн. Шинээр хөрөнгө оруулъя гэж байсан хүмүүс “Та нарын энэ асуудал яаж шийдэгдэх гэж байна вэ” гэсэн асуулт тавьж байна. Тиймээс энэ бүгдийг үндэслээд манай намын бүлэг цаашид хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдэг шийдвэр гаргаад байгаа.
-Одоо тэгээд яах юм бэ. Нөхцөл байдал санасан хэмжээнээс эргэчихлээ шүү дээ?
-Нөхцөл байдал урвуу тийшээ эргэж эхэлсэн тул асуудал үүсгээд байгаа УИХ-ын тэр тогтоолыг хүчингүй болгох санал гарсан.
-ОУВС-гийн хөтөлбөр хойшилсноор гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрсөн юм байна. Харин дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд ажлаа эхлүүлэх гэсэн ч мөн л гацаанд орчихлоо. Энэ зангилааг яаж тайлах вэ?
-Үндэсний аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ хөтөлбөр яагаад хойшлов гэдэг асуудлыг тавьж байна. Тэдний зүгээс “Бид валютын ханш тогтворжино гэж үзсэн. Хөрөнгө оруулагчидтайгаа яриа хэлцэл хийж эхэлсэн. Та нар энэ асуудлаа шийдэх юм байгаа биз дээ” гэдэг зүйл ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ОУВС-тай хамтрах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг чинь ОУВС-гийн зүйл биш. Монголчууд өөрсдөө хүсэлтээ гаргасан. Эдийн засгийн хямралаас гарах үндсэн хөтөлбөр гэж харж байгаа. Олон аж ахуйн нэгж хөрөнгө оруулагчид яг ингэж харж байгаа.
-УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалт гээд асуудал дагуулсан заалтыг ер нь яагаад оруулах болсон юм бэ. Ийм сөрөг нөлөөлөл ирнэ гэж тооцоолоогүй юм уу?
-Манай намын бүлэг ярилцаж байгаад тэр заал-тыг оруулчихсан юм биш. Тохиолдлын шинж чанартай буюу зарчмын зөрүүтэй саналаар орж ирээд шийдэгдсэн гэж би хувьдаа харж байгаа. Үүнээс болж гарах сөрөг үр дагаврыг гишүүд маань хараагүй болов уу гэж бодож байна. Тохиолдлын журмаар орж ирсэн заалт асуудал үүсгэсэн учраас үүнийгээ авъя гэсэн юм.
-“Рио Тинто”-гийн зүгээс ОУВС-д шахалт үзүүлж байна гэж зарим эдийн засагч ярьж байна. Үнэхээр тийм үү?
-Манайхан “Рио Тинто” л гээд байгаа юм. Хэд хэдэн байгууллага үүн дээр асуудал үүсгэж байгаа. Тухайлбал, “IFC” гээд дэлхийн банкны группт ордог олон улсын санхүүгийн байгууллага, “МИКА” бас байна. “IFC” гэхэд Оюу толгойд 1.2 тэрбум ам.долларын зээлд баталгаа гаргаад өгчихсөн байгууллага байдаг. Мөн Оюу толгойгоос гадна Монголд хөрөнгө оруулсан олон аж ахуйн нэгжид зээл олгосон. Нийлбэр дүнгээр нь аваад үзэхээр 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээл олгосон байх жишээтэй. Тэгэхээр дэлхийн банкны группт байдаг “IFC” үүн дээр асуудал тавьж байгаа. Учир нь хөрөнгө оруулалтууд хийгдчихээд байхад Монголын төр засаг гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй дотоодын банк гээд гадаад, дотоодоор нь ялгаварлах бодлого гараад эхэлчихэж байгаа тул үүн дээр асуудал үүсгэсэн. Дараагийн зүйл нь хөрөнгө оруулагчид асуудал тавьж байгаа. Хөрөнгө оруулагчид ч ялгаагүй гадны банкаас хөрөнгө оруулалт татсан компаниуд ч гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн. ОУВС үүнийг юу гэж харж байна вэ гэхээр “капитал контрол” буюу валютын нөөц хомсодсон, валютын нөөцгүй болсон үед хэрэглэдэг арга буюу гадагшилж байгаа валют дээр хяналт тавих гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм билээ. Нэгэнт ийм оролдлого хийж байгаа бол макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг нь авч үзнэ гэдэг л байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр нэг компани, нэг хэсэг бүлэг хүмүүсийн байр суурь биш том асуудал үүсгэсэн заалт болчихож байгаа юм.
-Гэхдээ энэ заалт хэрэгжвэл валютын ханшийг тог-тоох, нөөцтэй болох боломжтой гээд байгаа шүү дээ?
-Үгүй. Маш том андуу-рал. Гадны банкийг хүлээн зөвшөөрөхгүй, дотоодын банкийг хүлээн зөвшөөрнө гэчихээр ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүд Монголын арилжааны банкуудаас зээл авъя гэхээр зээл өгөх банк олдохгүй. Нэг үгээр хэлбэл, бид үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн үг. Тэгэхээр валютын нөөцийг нэмэгдүүлэхгүй. Харин ч Монголоос хөрөнгө оруулалт зугтах сөрөг зүйл гэж үзэж байна.
-Өмнө нь Монгол Улс зургаан удаа ОУВС-тай хамтарсан. Энэ удаа ч мөн хэлэлцээрийн ширээний ард суусан байна. Эдгээрийн ялгааг хэлэх боломж байна уу?
-Өмнөх хөтөлбөрүүд хэрэгжсэн. Одоо хэрэгжих гэж буй хөтөлбөр 2017 онд болох гэж байгаа бол үүний өмнөх хөтөлбөрийг 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралын үед манайх авч хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үр дүн маш өндөр байсан. Санаж байгаа бол валютын ханш 1200 төгрөг байсан бол 1600 төгрөгт хүрч нөхцөл байдал хүндэрч байхад би Төсвийн байнгын хорооны дарга байсан юм. Төсвийн зардлыг шууд 25 хувиар танаж байсан. Монголбанк мөн бодлогын хүүгээ дөрвөн функтээр өсгөж, ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрийг өнөөдрийнх шиг сүр дуулиан болголгүй шууд хэрэгжүүлж байлаа. Үр дүн гурван сарын дараа гарч валютын ханш буцаж буусан. 2-3 жилийн дараа Монгол Улсын эдийн засаг 17 хувь хүртэл өсөөд эерэг үр дүн гарсан. Бид үр дүн гаргаж чаддаг. Гаргах ч ёстой. Энэ удаагийн хөтөлбөрийг бид нэлээд сахилга баттай, хатуу байж хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж үр дүн гарна.
-ОУВС-гийн зүгээс өгсөн чиглэлийг бид нэг бүрчлэн биелүүлэх ёстой юу. Зарим оронд үр дүн гараагүй гэдэг зүйл яригдах юм?
-ОУВС-гийн хөтөлбөрийг ягштал баримталбал үр дүн гардаггүй, хаячихаар үр дүн гардаг гэдэг чинь маш буруу ойлголт. Тэдний чиглэлийг баримтлахгүйгээр эдийн засаг сэргэчихдэг бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагагүй болно биз дээ. Бид өөрсдийн бодлогоо зөв болгочихвол ОУВС-тай хамтрах шаардлагагүй. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жил бид эдийн засгийг ёроолд нь тултал унагасан байхгүй юу. Бодлогын алдааг ёроолд нь тултал хийсэн. Санаатай юм шиг бодлогын алдаа гаргаж мөнгө хэвлэн тарааж, үнэ тогтворжуулна гээд дэлхийн хаана ч байхгүй хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө хэвлээд, хөрөнгө оруулагчдыг хөөгөөд, зээл авч цэцэг тариад, зээл авч зайрмагны үйлдвэр байгуулаад явсан. Үр дүнд нь эдийн засаг хямарсан. ОУВС хямралаас гарах арга хэмжээ. Олон жил зууралдаад байх зүйл биш. Өнгөрсөн жилүүдэд бид бодлогын их сургамж авсан. Цаашид эдийн засгийн бодлогыг зөв явуулаад зээлийг шүтэж хөрөнгө оруулалтыг дэмжиж, хувийн хэвшлийг 100 хувь дэмжиж байж үр дүнд хүрнэ. Тэгж чадахгүй бол Монгол Улс хамгийн муу жишээ байсаар байх болно.
-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэл ам дагуулсан УИХ-ын тогтоолын төслийг хүчингүй болгохыг дэмжлээ. Ингэснээр ОУВС-гийн хэлэлцээрт нэг шат ахисан байх. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл дахин хэзээ хуралдах вэ?
-Энэ сарын хоёрдугаар хагаст хуралдах Захирлуудын зөвлөлийн хурлаар орно гэж итгэж байна. Уг заалтаас өөр асуудал байхгүй байгаа. Бидний хувьд үүсээд байсан асуудлыг богино хугацаанд шийдлээ. ОУВС-гийнхныг ээлжит бус хурлаа болж өгвөл нааш нь татаж хийгээд асуудлыг шийдээд өгөөсэй гэж “горьдож” байна.