Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэжамъян: Нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдана

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


-Та МАН-ын 60 тэрбумын бичлэгийг олонд дэлгэж шуугиан тарьж байсан. хууль хяналтын байгууллагад хандсан ч зөрүүлээд таныг шүүхэд өгсөн. Шүүх харин таныг “уучлалт гуй” гэсэн шийдвэр гаргаж. Үүнтэй санал нийлэх үү?

-60 тэрбум төгрөгтэй холбоотой ярьсан бичлэг байна гэдгийг би олон нийтэд зориглож гаргасан хүн л дээ. Тухайн үед хууль хяналтын байгууллага шалгаад Прокуророос хэрэгсэхгүй болгож, миний гомдлыг буцаасан. Хоёр сарын өмнө МАН-ын зөвлөх гээд байгаа А.Ганбаатар нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр намайг Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн. Тус дүүргийн шүүхээс “Үндэслэлгүй мэдээлэл тараасан байна” гээд уучлалт гуйхыг шаардсан шийдвэр гаргасан. Миний хувьд үнэн бодит мэдээлэл цацсан, худлаа зүйл нийтэд мэдээлээгүй гэдгээ шүүхэд нотлох гэсэн боловч миний хоёр чухал хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Нэгдүгээрт, “Г.Доржзодов гэдэг хүн тухайн яриа өрнөх үед протоколыг нь хөтөлж байсан, МАН-ын стратеги тактикийг нь боловсруулсан хүн юм билээ. Өөрөө тэр ярианд оролцсон хүн байна, 90 минутын бичлэгийг интернэтэд тавьсан байна. Тиймээс Г.Доржзодовыг гэрчээр оруулж өгөөч, тэгэх юм бол би үүнийг зохиогоогүй гэдэг нь батлагдана” гэсэн ч шүүх хүлээж аваагүй. Хоёрдугаарт, Г.Доржзодовыг нэгэнт гэрчээр оролцуулах боломжгүй юм бол 90 минутын бичлэг надад байна. Шүүх хуралдааны үеэр бүтнээр нь сонсъё, шаардлагатай бол шинжээч томилуулъя. Энэ хүмүүсийн ярьж байгаа зүйлс үнэн байна уу, эвлүүлэг байна уу гэдгийг шалгуулъя гэсэн ч мөн л хүлээж аваагүй. Үнэн зөвөө тогтоолгох гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй мөртлөө бодит бус мэдээлэл тараасан гэдгээр шүүх шийдвэр гаргасан.

-Та шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм уу?

-Дэндүү нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдана.

-Тэгээд “Уучлалт гуй” гэсэн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн үг үү?

-Би яасан гэж уучлалт гуйдаг юм. Уучлалт гуйх ёстой хүмүүс нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар юм биш үү. Мөн Г.Доржзодов ч гэсэн уучлалт гуйх ёстой байх. Энэ дөрөв сууж байгаад МАН-ын стратеги тагтикийг ярьсан биз дээ. Нэг нь боловсруулж, нөгөө хоёр нь танилцуулж, нэг нь сонссон. 90 минутын туршид ийм яриа өрнөсөн нь тогтоогдвол дөрвүүлээ уучлалт гуйх ёстой.

-Гэхдээ бичлэгийн эхний хэсэг ноднин ил болоход хууль хяналтын байгууллагаас шалгаад эвлүүлэг гэдгийг нь тогтоосон гэдэг л дээ…

-Гурван удаа шинжээч томилсон байдаг. Нэг нь “Энэ эвлүүлэг биш. Эдгээр хүмүүсийн дуу хоолой мөн байна” гээд харьцуулсан шинжилгээгээр А.Ганбаатар, Ц.Сандуйгийн дуу хоолойг тогтоосон байдаг. Нөгөөх нь “Энэ яриаг тасалсан байна” гэдэг дүгнэлт гаргасан. Сүүлд 90 минутын бичлэгийг бүхэлд нь үзэхэд яах аргагүй дундаас нь тасалсан байна лээ. Ярианы чухал хэсгүүдийг нь нийлүүлэх маягаар эвлүүлсэн юм билээ. Үүнийгээ эвлүүлэг гээд байгаа л даа. Гэхдээ МАН-ынхан “Өөр өөр газар болсон ярианы эвлүүлэг” гээд байгаа юм. Үүнийг нь тогтоосон зүйл байхгүй.

Прокурорын зүгээс “Энэ эвлүүлэг байна. Сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгоод албан тушаал зарсан үйлдэл тогтоогдохгүй байна” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хүмүүс сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгож аваагүй байна. Авсан хүмүүсээсээ албан тушаалд тавиагүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэдгээ сүүлд албан бичгээр товч мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн шүүх үүнийг үндэслэн шийдвэр гаргасан байна лээ. Юу гэхээр та прокурорын шийдвэрт өөрөө гомдол гаргаж давж заалдаагүй юм байна шүү дээ. Тиймээс та уучлалт гуйх ёстой гэх маягийн шийдвэр гаргасан.

-90 минутын бичлэг нь бүхэлдээ үнэн байхад “Уучлалт гуй” гэсэн шийдвэр гаргасан нь буруу гэсэн хүмүүс байна. Мөн 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг тогтоолоо гэсэн мэдээлэл харагдаж байсан. Энэ талаар дуулав уу. Сонгууль дөхсөн болохоор үнэн зөвийг тунгаахад үнэхээр бэрх байх шиг байна л даа?

-Эвлүүлэг биш байна гэдгийг тогтоолоо гэдэг зүйл одоогоор дуулаагүй байна. Шүүх шинжилгээний хүрээлэн ямар дүгнэлт гаргасан юм бүү мэд. Шүүхээр орсон зүйл байхгүй байх. Ноднин сонгуулийн өмнө энэ бичлэг олдсон болохоор би задалсан юм. Уг нь сонгуулийн өмнө гаргаж ирээд байх зүйл биш л дээ. Сонгууль дөхөх бүрт шүүхийн шийдвэр нь худлаа гарах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар яваа зүйлсийг харахад хэтэрхий улс төржүүлээд байна. Үнэн зүйлс нь худлаа болж, худлаа нь үнэн болж хүмүүст хүрээд байгаа. Би энэ асуудлыг сөхөөд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэхдээ яагаад чимээгүй байв гэдэг асуудал байгаа юм. АН-ынхан ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ерөнхийлөгчийн сонгууль болохоор л сэвж байдаг. Бусад үед нь яагаад шалгая, гомдол гаргая гээд явж болдоггүй юм бэ. Сонгууль дөхсөн учир хэтэрхий улс төржүүлээд утга учрыг нь алдагдуулаад байна гэж хувь хүний зүгээс үзэж байна.

Ардын намынхан ч гэсэн сонгууль дөхүүлж байж намайг шүүхэд өгөөд байгаа л даа. Ямар учиртай юм бүү мэд. Э.Эрдэнэжамъян гэдэг хүн худлаа мэдээлэл тараасан гэж харуулах гээд байгаа юм уу, АН, МАН-ыг алийг нь ч ойлгохгүй байна. Зөвхөн сонгуулийн сурталчилгаагаар бүх асуудлыг шийдэх гэдэг болж. Женког төмөр замын мөнгө идсэн л гэж байна. МАН өнгөрсөн бүтэн жил шалгаж байхгүй юугаа хийсэн юм бэ. Шүүх хурал хийхээр хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгчид нэр дэвшихээр нь гаргаж ирээд сэвж байдаг. Энэ пиарын асуудал биш. Нөгөө талаасаа төрийн гурван өндөрлөгийн нэгээр ажиллаж байгаа хүнээ нэр дэвшингүүт нь яс үндэсийг нь яриад унадаг. Гадны улс орнууд хараад гайхаж, шоолж, эгдүүцэж байгаа шүү дээ. Монгол Улсад юун үндэстэн ястны дайн, мөргөлдөөн үүсчихээд, хэн нь хэнтэйгээ байлдаж ялах гээд байгаа юм бол гэж гайхахаар зүйл хэвлэлээр явуулж байна. Ингэж болдог юм уу.

Энэ бүгдээс харахад АН, МАН-аас явуулж буй арга хэмжээ нь үнэн зөвийг тогтоож, ард түмэнд мэдээлье гэхээсээ илүү худал үнэн сурталчилгаагаар хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгээд хаячихаж байна. Тийм ч зөв зүйл биш шүү дээ. Манай нам энэ сонгуулийн өрсөлдөөнийг хууль журмынхаа дагуу яваасай гэж хүсч байгаа юм. Сошиалыг харж байхад Ардын намынхан манай намын нэрээр хуудас нээгээд Х.Баттулгыгаа муулаад, Х.Баттулгын багийнхан нь манай намын нэрээр өөр нэг цахим хуудас нээж М.Энхболдыгоо хужаагаар нь дуудаад явж байгаа л даа. Бохир технологийн улмаас ард түмэн аль нь зөв аль нь буруу гэдгийг ялгахаа больчихлоо. Сонгууль дуустал аль аль нь иймэрхүү зүйл ярихаа болих хэрэгтэй. Шүүхээр шийдүүлж чадаагүй, шүүхээр шийдүүлэхэд нь зөвөөр нөлөөлж чадаагүй байж одоо ийм юм ярьж шоудаад хэрэггүй. Төмөр зам, 60 тэрбумынхаа асуудлыг шүүхээр л шийдүүл. Одоо өндрөө аваад байгаа зүйлс сонгуулийн дараа нам дарагддаг, мартагддаг л биз дээ. Тиймээс одоо ингэж шуугиулах хэрэг байгаа юм уу.

-60 тэрбумын үнэнийг яаж тогтоох юм. Та бол сонгуулийн шоу битгий хий л гээд байгаа юм байна…

-Үнэхээр 60 тэрбумын асуудлыг үнэнээр нь шийдүүлье гэж байгаа бол холбогдох талууд миний шүүх хуралдаан дээр очиж гэрчийн мэдүүлэг өгөөд явах ёстой байхгүй юу. Ардын намынхан өөрсдийнхөө байр сууринд бат итгэлтэй байгаа бол М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нь миний яриа мөн биш гэдгээ шүүх дээр очоод хэл л дээ. Харамсалтай нь мэдээлэл цацсан Эрдэнэжамъянг шүүгээд байдаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө шүүх хуралд оролцдоггүй. Би Г.Доржзодовыг шүүх хуралд гэрчээр оролцоод өгөөч гэхэд очиж оролцоогүй. Шүүгчид нь хүсэлт тавихад оролцуулаагүй. Ийм байхад яаж үнэн мөнийг тогтоох юм. Аль аль талдаа бодох зүйл бий. Зэрэгцэж суугаад ярьсан дөрвөн хүн нь шүүхээр орохгүй байхад би яагаад шүүхээр ороод байгааг ойлгохгүй юм. Прокурор хэрэгсэхгүй болгоод намайг хөдөө явж байхад давж заалдах гомдол гаргах боломжгүй хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг өгсөн. Одоо би гомдол гаргалаа гэхэд дахиад хэрэгсэхгүй болгочихно. Хуулийн процесс нь ийм юм. Одоо байгаа ганц гарц нь Иргэний хэргийн шүүхээр асуудлаа шийдүүлэх.

-Монголчууд төрийн тэргүүнээ сонгох чухал сонголтын өмнө ирээд байна. Энэ үед 60 тэрбумын асуудал сөхөгдлөө. Тиймээс МАН-ынхан ямар арга хэмжээ авах ёстой вэ. Нэр дэвшигчийнхээ нэрийг татна гэж байхгүй л байх?

-Би энэ асуудлыг анх дэлгэхдээ ёс зүйтэй улс төрийн хүчин юм бол намын дарга нь, Нийслэлийн МАН-ын дарга нь огцорох ёстой гэж байр сууриа илэрхийлж байсан. Нам нь тэр, ард түмэн ч тухайн үед тоогоогүй. Шүүх хяналтын байгууллага нь үгүйсгээд гэрч нар нь гарч ирээгүй. Хууль зүйн сайд нь Д.Дорлигжав, Их хурлын дарга нь ч гэсэн АН-аас байсан. Энэ хүмүүс байхдаа шийдэж чадаагүй байхгүй юу. Ардын намынхан болохоор “худлаа” гэдэг ганц л зүйлийг хэлээд байгаа. Ардын намын нэр нь гараад буй хүмүүс шүүх хуралд оролцох ёстой. АН-ынхан 90 минутын бичлэгийг хуулийн байгууллагад өгсөн гээд байгаа ч хууль хяналтын байгууллагыг хэн атгаж байгаа билээ дээ. Хэрэгсэхгүй болгоод л өнгөрнө. Дахиад мэдээлэл гаргасан хүн нь буруудна. Мөрдөн байцаах, прокурорын шатанд хүн худлаа хэлэх бололцоотой. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн хуулийн заалттай учраас прокурорын түвшинд энэ нөхөд худлаа ярьчихаж болж байгаа юм. Шүүхэд худал мэдүүлэг өгөх, гэмт хэргийг нуун дарагдуулах гэдэг гэмт хэрэг бий. Энэ бүхэн Иргэний шүүх хурал дээр илүү хүчтэй сонсогддог. Иргэний шүүх дээр худлаа хэлэх эрх ямар ч хүнд байхгүй. Тиймээс Иргэний хэргийн шүүхэд энэ 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс бүгд оролцоод асуудлаа шийдэх нь чухал.

-Таньтай утсаар холбогдоход Г.Доржзодовын гэрийн гадаа байна гэж байсан. Юу болсон бэ?

-Г.Доржзодов бол ОХУ-д улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан залуу юм билээ. Өмнө нь нэг удаа уулзаж байсан. Цагдаагийнхан дарамтлаад янз бүрийн хэрэг нэг үүсгээд, нэг болиод яваад байгаа юм. Хамгийн сүүлд өөрийг нь дарамтлаад байхаар нь хүнтэй ярьсан яриагаа бичсэнийх нь төлөө тагнуул хийсэн гээд Эрүүгийн хэрэг үүсгэчихээд байгаа юм билээ. Г.Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байгаа. Нөхөр нь Жефф гээд АНУ-ын иргэн тул цагдаагийнхан орж чадаагүй. Гэрт байгаа хүмүүс АНУ-ын Элчин сайдын яамнаас хүн ирэхийг хүлээж байгаа гэж байна билээ. Би Г.Доржзодовтой утсаар ярьсан. Зоригтой байна лээ. Цагдаагийнхан шөнийн нэг цагаас хойш гэрийг нь бүсэлж “Аав чинь хамгаалалт авахыг хүссэн” гэдэг худлаа зүйл танилцуулсан юм билээ. Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийнхан худлаа ярьж гэрээс нь гаргаж ирэхийг оролдсон. Цагдаагийн байгууллагын зүгээс “Өөрсдөө хамгаалалт хүссэн” гэдэг юм ярьж байсан. Хэнээс ямар үндэслэлээр яагаад хамгаалалт хүссэн гэдгийг нь тайлбарлах хэрэгтэй. Хэрэв цагдаа нарын үнэн бол тодорхой үндэслэл бүхий мэдээлэл нь ирсэн болоод цагдаа нар очсон байгаа. Цагдаагийнхан нэгэнт ийм мэдээлэл хийсэн юм чинь үүнийгээ заавал зарлах хэрэгтэй. Зарлахгүй нуугаад өнгөрнө гэвэл гэмт хэргийг нуун дарагдуулж байна гэсэн үг. Хар машин худалдаж авах гэсэн хүнийг оллоо гээд баахан сүр болсон доо. Яг тэрэн шиг хэн яах гэж заналхийлээд хамгаалалт хүсэх болов гэдгийг нь нэр устай нь зарла. Эрх баригчдын муу муухай бүхнийг илчилсний төлөө тэр хүнийг баривчлах гэж оролдсон юм бол цагдаагийн дарга нь огцрох ёстой. Улс төрийн үйл ажиллагаанд цагдаа хутгалдаад байдаг явдлыг таслан зогсоох цаг хэдийнээ болжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бургас хядаж, Туулыг сэглэж буй үйлдэл Төрийн гурван өндөрлөгийн зорчдог улаан зам дээр болдог

“Байгаль дэлхийгээ хайрлах ёстой” гэж гүрээнийхээ судсыг”тасартал” орилдог хүмүүс ихэвчлэн улстөрчид. Тэглээ гээд байгалиа хайрлаад байгаа нь амлалт шигээ нүдэнд харагдахгүй нь тиймхэн л дээ. Улаанбаатар хот хүрээгээ тэлж хөгжих ёстой. Гэхдээ голын бургасыг үй түмээр нь хядаж, Туул голоо сэглэж, төнхөж лав биш. Сар гаруйн өмнөөс “Зүүнбаян рэйфанери” компани маршалын гүүрний зүүн талд буюу Их тэнгэрийн амны зүүн хойно томоохон хэмжээний газар хашаалан бургас, зүлэг ногоог хүчит техникээр булга татан барилга барихаар ажлаа эхлүүлээд байна. Ёстой “Орвонгоор нь эргүүлнэ” гээч л маршалын гүүрний зүүн талд Туулын хөвөөнд болж байна. Усны ундарга Туул голын эргээс 10 хүрэхгүй шахам метрийн зайд, Төрийн гурван өндөрлөгийн өглөө, оройдоо ажилдаа зорчдог улаан зам дээр байгаа “хядлага” явагдаж байгаа юм. Тэдний зорчдог замын зүүн талд ердөө тавхан алхамын зайд болж байгаа дүр зураг юм л даа. Туулын эргийг хашаалж хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг үйлдэл гагц ганц энэ биш. Өдөр бүр нүднийх нь өмнө болж байгаа хууль бус эрээ цээргүй иймэрхүү үйлдлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав харж л байгаа. Төрийн гурван өндөрлөг хуулийг хэлбэрэлтгүй сахидаг, бусдыг сахиулдаг, бурууд нүд хурц хүмүүс байх ёстой. Үүрэг нь тийм юм. Ард түмэн тэднийг хуулиа сахидаг, хуулийг сахиулдаг, бурууд хазаар болж, зөвд дэм болж яваасай гэж хүсдэгийн шалтгаан энэ. Тэгж ч итгэж ирсэн. “Зүүнбаян рэйфанери” компанийн эрээ цээргүй энэ үйлдлийг харсаар байж яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ.

Төрийн гурван өндөрлөг ямар учиртай бургас хядан, голын ай савыг ухаж байгааг салбарын сайд, туслахуудаа дуудаад асуу л даа. Бүр болдоггүй юм бол ажилдаа явах замдаа л түр зосгоод асуулгачих. Монголчуудын амьдрал, жаргал, зовлон тэдэнд ямар ч хамаагүй болчихсон юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, хуулийг уландаа гишгэж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй болохоор Богд Хан уулын дархан цаазат газрын “хөөрхий” хамгаалагчдад хэн тусалж, хуулийг хэн хэрэгжүүлэх юм бэ. Төрийн гурван өндөрлөгт заларсан хүмүүс ард түмний итгэлийг хүлээсэн манлайлагчид байх ёстой. Зөв зүйлд төр түмнээ уриал. Энэ хууль зөрчсөн үйлдэл Их тэнгэрт байх гэрийн чинь цонхоор бараг харагдаж байгаа. Улаан нүүрэн дээр чинь, улаан зам дээр чинь, улаан шороо манарган нялх бургасыг газрын хөрснөөс арчиж хаяж байгаа нь хамаагүй юу. Салбарын сайд, Нийслэлийн холбогдох хүмүүсийг нь дуудаад ажил, гэрийнхээ хооронд явж байхдаа тавхан минут саатан үйл ажиллагааг нь зогсоох үүрэг өгчих. Ингэж хуулийг сахиулж сурга. “Будаа” болгосон газарт нь нөхөн сэргээлт хийлгэ. Тусгай зөвшөөрлийг нь цуцалж, газрыг нь хураа. Төрийн гурван өндөрлөг сэтгэл гаргавал бүтчих л ажил шүү дээ.

Ингэж “өндөрөө” харуулж, үлгэрлэх цаг болсон. Наад бургасыг чинь хядаж дуусгаад оронд нь орон сууц сүндэрлүүлэх юм билээ. Техникүүд нь өдөр, шөнөгүй ажиллаж байна. Хэн нэг нь шийдвэр гаргаж зогсоочихвий гэхдээ шар нар бор хоногтой уралдаж буй нь тэр. Туул голын эргээс 10 хүрэхгүй метрийн зайд баригдах орон сууц тансаг зэрэглэлийнх байх юм гэнэ. Тансаг нь яахав, Туул гол үерлэдэг юм гэдгийг хэн хүнгүй мэднэ. 1966 оных шиг үер болдоггүй юм аа гэхэд түүнээс арай наахнуур юм болоход тансаг нь ч байсан урсаад л явна. Ядаж хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж буй үйлдэл гэж ойлгоод хууль зөрчин баригдаж буй барилгын ажлыг зогсоомоор байна. Энэ монгол чинь төртэй, төр нь хуультай, хуулийг нь ард түмэн нь дагадаг гэдгийг харуулмаар юм. Төрийн гурван өндөрлөгөөс хэрээс хэтэрсэн зүйл нэхсэнгүй, бурууд нүд хурц байцгаая гэсэн юм шүү.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Монголбанкны шалгалт улстөржсөн хардалт байсан

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Сүүлийн үед Монголбанкийг тойрсон асуудал анхаарлын төвд байна. уиХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Төв банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт явуулахад 14 их наядын алдагдалтай ажилласан нь ил болсон гээд байна л даа. Өнгөрсөн дөрвөн жил засагласан Ан-ынхны л буруу гээд байгаа юм билээ. Үүнтэй санал нэгдэхгүй байгаа гэдгээ та бүлгийн мэдээллээрээ хэлж байсан л даа?

-Төв банк бол хуулиар олгогдсон тусгай статустай, хараат бус, Монгол Улсын мөнгөний бодлогыг барьдаг байгууллага. Үндэстэн ямар үед тусгаар оршдог вэ гэвэл өөрийн газар нутагтай, өөрийн ард түмэнтэй, өөрийн мөнгөн тэмдэгттэй үед. Харамсалтай нь өнөөдөр төгрөгийн бодлого валютын хараат болчихоод байгаа нь асуудлын гол юм. Нэг үгээр хэлбэл гадаадын мөнгөн тэмдэгтийн хараат шахуу болчихсон. 2012 онд Голланд өвчний эхний шинж тэмдэг илэрч байхад АН засгийн эрх барьсан. Энэ нь ганц тулгууртай байсан эдийн засаг 2008-2012 оны үед Оюу толгойн хөрөнгө оруулалтаар огцом тэлэлтийг бий болгосон. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай орны жижиг эдийн засагт тэлэлт үүсгэж, үүнийг дагасан валютын урсгал нэмэгдсэн. Үүний дүнд дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө мөнгө нэмэгдсэн юм. 2008-2012 оны хооронд бид ямар нөхцөлд амьдарч байсан бэ гэдгийг хүн бүр мэднэ. 2008 оны сонгуульд МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Энэ популист амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтөөс бий болсон бэлэн мөнгийг ямар ч хуримтлал үүсгэлгүй иргэн бүрт 20 мянган төгрөг болгон тараасан. Тэд мөнхийн мөнгөтэй байх юм шиг аашилсан. Үүнийг л би Голланд өвчний шинж гээд байгаа юм.

2012 онд АН засаг авсны дараа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом унасан. Үүнээс шалтгаалсан үр дагавар нь валютын урсгал огцом багасахад нөлөөлсөн юм. Гадаад худалдааны төлбөрийн тэнцэл сөрөг болж, хямралын шинжтэй болж эхэлсэнээр манай оронд валют дутагдаж эхэлсэн. Уул уурхайн уналтын мөчлөгийг сөрсөн энэ хүндрэл бий болсон. Тиймээс мөнгөний бодлогоороо зохицуулахаас өөр аргагүй болсон нь үнэн. 2008-2012 онд 4.5 тэрбум ам.доллар валютын урсгал болж орж ирэхэд баярласан ч, тэр урсгал тасрахаар эдийн засгийн огцом агшилт дагуулсан. Үүнээс гарах арга зам нь ажлын байрыг хадгалах, валютын ханшийн савалгааны эрсдлээс хамгаалах гэх мэтчилэн олон асуудалтай тулгарсан юм. Тэр цаг үед УИХ-аас Засгийн газар, Монголбанктай хамтарч мөнгөний бодлогоо хадгалж үлдэх арга хэмжээ авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Монголбанк, Засгийн газартай хамтарсан санамж бичгийн хүрээнд хэрхэн зөөлөн газардах вэ гэдэг арга хэмжээ авсан.

-Янз бүрийн хөтөлбөрүүд, тэр дундаа “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр ингэж эхэлсэн биз дээ?

-Тэгсэн. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс гадна ипотек, “Сайн” хөтөлбөрүүд хэрэгжиж, 2016 он хүртэл үргэлжилсэн. Ёроолдоо хүртэл унах магадлалтай байсан эдийн засгийг байж болох тэр түвшинд нь хадгалсан. Үүнээс өөр гарц, арга зам байгаагүй. Засгийн газар УИХ-д таван тэрбум ам.долларын хэрэгцээ байна гээд 2012 онд асуудлаа оруулсан. Учир нь жил бүр 4.5 тэрбум ам.долларын хэрэгцээ эдийн засагт бий болчихсон байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өнөөдрийн үүссэн эдийн засгийн эрсдлийн хэмжээг зохицуулахаар заалттай байсан ч харамсалтай нь сөрөг хүчин өнөөдрийн эрх баригчид унагаасан. Засгийн газар эрхийнхээ хүрээнд 1.5 тэрбум ам.долларыг Чингис бондоор босгосон. Чингис бондын хүрээнд Чингис бондын эсрэг төгрөг гаргаж төгрөгөө үнэ тогтворжуулах хөтөлбөр рүү хийсэн. Энэ нь Монгол Улсын мөнгөний бодлогын хүрээнд хийгдсэн ажил байлаа. Тиймээс л 2013-2015 онд эдийн засаг харьцангуй тогтвортой явж ирсэн. Харин 2015 онд хөтөлбөр хэрэгжээд дуусах үед эдийн засгийн бууралт эхэлсэн.

-Өөр боломж байгаагүй юу. Сүүлд нь ингэж баалуулахгүйгээр шийдэх ч гэдэг юм уу. Ер нь бол бодлогын алдаа гээд байгаа л даа?

-Үүнээс өөрөөр шийдэх боломж тухайн үеийн Засгийн газарт байгаагүй. Хэрэв бид энэ эрсдлийг давах бодлогыг хэрэгжүүлээгүй бол өөрөөр үүнийг давах боломж байгаагүй юм шүү. Энэ бодлогыг хэрэгжүүлээгүй бол ам.долларын ханш хэдэн мянгад хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Валютаас хараат болж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, мянга мянгаар тоологдох ажлын байр байхгүй болох эрсдэл байсан.

-Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхтэй ч манайд тийм орчин байхгүй байгаа юм биш үү. Сав л хийвэл улс төр орчихоод байх юм?

-Монголбанк гэдэг бол өөрийн эрхзүйн тусгай орчинтой, ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхтэй, тиймээс үүнд улс төрийн арга замаар хэрхэвч хандаж болохгүй. Яагаад улс төрийн гэж онцлов гэхээр Байнгын хорооны ажлын хэсэгт хэдэн улстөрчийг оруулан зорилтот шалгалт хийсэн. Бүр улс төржсөн хардалтын шалгалт гэж хэлье. Монголбанкин дээр яагаад ийм их төсөл хөтөлбөр хэрэгжчихэв, хэн идээд уучихав, хэнд хариуцлага тооцох вэ, хаашаа мөнгө орж гарсан байна вэ гэдэг ийм л шалгалт хийсэн шүү дээ. Түүнээс яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон юм бэ гэсэн бодлогын шалгалт хийгдээгүй. Шалтгаан нь юу вэ гэдэг дүгнэлт гаргаагүй. Хөтөлбөрүүдийн үр дүнд тэлсэн эдийн засгийн агшилт юунд хүргэх байсан бэ гэдэг дүгнэлт ч алга. Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар эерэг үр дүнд хүрсэн бэ гэдгийг тодорхойлохыг хүсээгүй. Тийм болохоор улс төржсөн шалгалт гээд байна л даа.

-АН-ын бүлгийн гишүүдээс ажлын хэсэгт ороод шалгах боломжгүй байсан юм уу?

-Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэгт орох уу гэдэг саналыг хэн ч тавиагүй. Ажлын хэсэгт байгаа бүрэлдэхүүнд ямар хүмүүс орсныг хараарай. Ажлын хэсгийн дүгнэлт нь буруутныг хайсан, нэг үгээр хэлбэл ичсэн хүн, хүн алах гэж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон компани хамрагдсан. Хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн дөрвөн жил үнэ хамгийн тогтвортой байсан. Инфляци эсрэгээрээ буурсан. 2008-2012 оныг бид эргээд санах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлттэй байсан энэ жилүүдэд инфляци ч хурдтай өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ 200 төгрөгөөр савж байсныг бид мартаж болохгүй. Эдийн засаг өсч байна гэсэн хэрнээ махны нэг кг-ын үнэ нь 12 мянгад хүрч байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн дөрвөн жил хамгийн тогтвортой явж ирсэн.

Валютын ханш 1300-1900 төгрөгт хүрсэн нь үнэн. Эдийн засаг ийм хүнд байсан өнгөрөгч дөрвөн жилд валютын ханшийг 600 төгрөгөөр бид алдсан. Хэрэв бид бодлогын арга хэмжээг аваагүй бол хэд хүрэх байсныг таах аргагүй. Барилгын материалын үнэ, импорт хоёр дахин буурсан. Илүү хэрэглээ багасч, цемент, арматураа бид дотооддоо үйлдвэрлэж үнийг тогтвортой барьж чадсан. Хэрэв бид валютын ханшийг тогтвортой барина гэсэн бол өнөөдрийн эрх баригчид шиг гаднаас зээл авч болох байв. Монгол Улс үргэлж валютын дутагдалд явж ирсэн. Төлбөрийн тэнцэл яагаад хямраад байдаг юм бэ гэхээр бид биет бүтээгдэхүүнээрээ экспортлочихдог. Гаргасан бүтээгдэхүүнээс орж ирж буй мөнгөний хэмжээ зөрүүтэй байдаг. Энэ зөрүү Оюу толгой дээр гарч ирдэг. Оюу толгойгоос жил бүр 1.5 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд байхад борлуулалтын мөнгөний дутагдал нь валютын дутагдал үүсгэж байгаа. Би наад гэрээнийхээ нөхцлийг яриач ээ гэж байнга хэлдэг байсан. Бид мөнхийн валютын дутагдалд орно. Оюу толгойн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэн ч тэр мөнгө нь Монголоор орж ирэхгүй бол монгол валютын хомсдолд байсаар байна гэдгийг тооцох хэрэгтэй.

-Уг нь 2017 оны төсвийг тодотгохдоо наад асуудлыг чинь шийдсэн ч УИХ 29 дүгээр тогтоолоо хүчингүй болгочихсон. Валютын хомсдлоос гарах боломж байжээ, уг нь?

-УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаар гадагшаа гарч буй бүх түүхий эдийн борлуулалтын мөнгийг Монголбанкаараа дамжуулж байя гэдэг заалт хасагдсан. Үүнийг би буруу гэж харж байгаа. Ямар ч сайн Засгийн газрын өмнө тулгардаг толгойны өвчин энэ. Үүнээс бид гарахгүй бол валютын ханшийн тогтвортой байдлыг ярихад хол сонсогдоно. Одоо яах вэ, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. Энэ гурван жилийн л асуудал. Түүнээс хойш бид яах вэ гэдэг нь бүрхэг хэвээрээ үлдсэн. Тиймээс бид зайлшгүй үүнийг шийдэх ёстой.

-Монголбанкны салхинд хийсгэсэн гээд байгаа 14 их наяд төгрөг яг юу юунаас үүсчихэв. Хүүгийн алдагдал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болсон гэх юм. Өөр тодорхой зүйл бий юу. Энэ хүрээнд тухайн үеийн зарим сайд нарт хариуцлага тооц, зээл авсан нэр бүхий компаниудын зээлийг арилжааны банкны хүүгээр тооцож эргүүлэн төлүүл гээд байна л даа?

-Ажлын хэсгийн гишүүдийн ярьж байгааг сонссон. Нэгдүгээрт, хэтэрхий бага хувийн хүүтэй зээл өгсөн байна гэж шүүмжилж байсан. Хоёрдугаарт, Монголбанк зээл өгөөгүй юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон. Арилжааны банкууд аливаа компанид зээл өгөхдөө зорилтот зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгодог байсан. Ямар ч банк өөрсдийн эрсдлийг тооцоод зээл өгнө биз дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан компаниудын ихэнх нь авсан зээлээ эргүүлэн төлсөн байна. Юугаар хохирчихсон юм. Хүү өөрөө бодит хохирол мөн юм уу. Хүүгийн алдагдлыг бодит хохирол гэж тооцож болох уу. Ялангуяа Төвбанкны мөнгөний бодлогын хүрээнд үүнийг алдагдал гэж тооцож болдог юм уу. Хэрэв тухайн компани гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, эргэн төлөлтөө хийгээгүй бол үүсэх хариуцлага нь банк, компани хоёрын хоорондын асуудал. Түүнээс биш Төв банкны удирдлагууд нь УИХ, Засгийн газрын шийдвэрээр үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс.

-Ажлын хэсгийн дүгнэлт дээр хүмүүсийн нэр цохон хариуцлага тооцох талаар дурдсан байна лээ. Сонгуулийн өмнөх шоу ч гэж харах нэгэн байна л даа?

-Н.Золжаргал, мөн гурван сайдын нэр дурдагдсан. Энэ зүгээр л улс төржсөн, нийгэмд сенсаци тарих гэж зориудаар нэр цохон дурдаж байна. Эдгээр хүмүүс ямар буруутай юм. УИХ-ын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө буруутах ёстой юм уу. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хэрэв гурван сайд дээд байгууллагын шийдвэргүйгээр дураараа авирласан бол асуудал өөр. Тийм зүйл байхгүй. Хэрэв өмнөх дөрвөн жилд гаргасан Их хурлын шийдвэрийг дараагийн Их хурал нь үгүйсгээд байвал энэ төрд залгамж бодлого үлдэх үү. Тухайн жилүүдэд гишүүн болсон хүмүүс үг хэлж, шийдвэр гаргах нь хэнд хэрэгтэй юм. Одоо тийм хэлбэр рүү хүчтэй орж байна. Өмнөх Засгийн газар, Их хурлын шийдвэрийг бүгд үгүйсгэдэг. Өөрийнх нь сэтгэлд нийцээгүй бол “Та нар буруу юм хийсэн байна” гэдэг. Тухайн үедээ Монголбанкны авч хэрэгжүүлсэн бодлого зөв байсан. Тэр үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хоёр өдөр, шөнө шиг зөрүүтэй. Өнөөдрийн хэмжүүрийг өчигдрийн хүнд нөхцлийн хэмжүүртэй дүйцүүлж, буруутгаж болохгүй. Үүнийг алдаатай бодлого гээд зарлаад байх юм. Юун дээр нь алдаа байсан юм. Тэр нөхцөлд бид биш тэд байсан бол юу хийх байсан юм бэ. Ялгаагүй л валютын дарамтаас гарахын тулд өр тавих л байсан. Өөр яах байсан юм. Тиймээс асуудалд бодитой хандах ёстой. Тэгэхгүйгээр хэн нэгэнд хариуцлага тооцох гэж, эдийн засгийн хүндрэлээр гарч буй бодлогыг яллах гэж, бодлогын шийдвэр гаргасан хүмүүст ял тохоох гэж байгаа юм бол бид ямар нийгэм рүү алхаад байгаа юм бэ. 2008-2012 оны Засгийн газар Голланд өвчний суурийг тавьсан юм байна, хүн бүрт 1.5 сая төгрөгийг амлаж, 20 мянган төгрөгийг бэлнээр тараасан бодлого нь буруу байсан гээд бид явж болох байсан. Гэхдээ бид тухайн үеийн Засгийн газар, Их хурлын шийдвэрийг хүндэтгээд явсан. Хэн нэгнийг яллах гээд байгаагаараа улс төржөөд байна гээд байгаа юм, би. Ийм явдал сонгууль бүрийн өмнө болдог. Ингэж сөхөж гаргах ирэхдээ хэн нэгний нэртэй заавал наадаг. Үүний дүнд Монгол Улс, иргэд эдийн засгаараа юу хожив. Хожил байхгүй.

-Эрх баригчдын ярьж байгааг сонсоход танай намынхан л улс орныг бүр самраад хаячихжээ. Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанк гээд л сонсоход л хэцүү санагдах юм байна шүү дээ?

-Би нэг л зүйл хэлье. 2012-2016 оны эдийн засгийн амаргүй үед Ардчилсан нам сайн ажилласан. Ардын намтай ч, “Шударга ёс” эвсэлтэй нь ч хамтарсан. Олонх болж чадаагүй олон суудал авсан болохоор бидэнд хүндрэл байсан. Асуудлын шийдэл дээр байнга эсэргүүцэлтэй тулгардаг байлаа. Гэхдээ бид ард нь гарсан. Хэрэв Ардчилсан нам бодлого хэрэгжүүлээгүй бол энэ улс орны хувь заяа 2016 онд үүнээс хүнд болох байсан гэдэгт би итгэл үнэмшилтэй байдаг. Бэлэнчлэх сэтгэлгээ өдөөгдчихсөн, эдийн засаг Оюу толгой гэдэг ганц удаагийн хөрөнгө оруулалтад ханачихсан байв шүү дээ. Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт зогсонгуут эдийн засаг буцаад хуучин байрандаа очсон. Бид гадаадын хөрөнгө оруулалтын тухай маш их ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт манайд ямар сонирхлоор орж ирдэг вэ гэхээр уул уурхай, газрын баялгийн үнэ өссөн үед л орж ирдэг. Өөрөөр манай эдийн засгийг сэргээх гадаадын хөрөнгө оруулалт ганц ч байхгүй. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт шалихгүй. Эдийн засагт нөлөөлөх хэмжээнд очиж чадахгүй байхгүй юу. Одоо бид хөрөнгө оруулалт оруулж ирэх юм бол суурь аж үйлдвэрийн хөгжилд түлхэц болох хөрөнгө оруулалт оруулж ир. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг оруулж ир. Суурь аж үйлдвэрээ дэд бүтэцтэйгээ хамт оруулж ирсний дараа Монгол харин жинхэнэ хөрөнгө оруулалтын талбар болж хувирна.

-Ер нь Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнд хамгийн түрүүнд хариуцлага тооц гээд байгаа. МАН-ын УИХ-ын гишүүн Б.Жавхлан тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байх аа?

-Монголбанкны удирдлагуудын гаргаж буй шийдвэр хамтын шийдвэр байдаг. Түүнээс биш түүвэрлэж ялгах асуудал байхгүй. Дахин хэлэхэд Засгийн газрын шийдвэр ч тийм. Хэн нэгнийг татаж аваад яллаад байх асуудал байхгүй. Төрийн бодлого заавал уламжлагдаж байх ёстой. Тухайн дөрвөн жилд төр барьж буй эрх баригчид өөрсдийн шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Түүгээрээ дөрвөн жилийн дараа хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх хэрэгтэй. Түүнээс биш өмнөх дөрвөн жилээ шүүж ялладаг, үүн дээрээ дөрөөлж улс төр хийж өөрсдийн хийж байгаа зүйлээ сайн болгож харагдуулдаг хүмүүс Монголд хүлээгдэж буй улс төр биш. Гурван сая хүнийг талцуулсан, үл ойлголцол руу явуулсан зүйлсийг бид хөхиүлэн дэмжиж болохгүй. Гурван саяулхнаа байж эвтэй сайхан амьдаръя гэж ярьдаг. Эвтэй сайхан амьдаръя гэхээр нэг юм яриад эрх барьж байгаагаа умартан хэн нэгнээс алдаа хайгаад явчихдаг. Ийм алдаа байна гэчихээд өөрсдөө ямар ч ажил хийдэггүй. Хэн нэгэнд хариуцлага тооцуулахаар зүтгэж болно. Гэхдээ өөрсдөө юм хийсэн байх ёстой шүү дээ. Засгийн газар байгуулагдсанаас хойш Монголд юу өөрчлөгдөв. Таны амьдрал сайжирсан уу. Энэ улс оронд ямар зүйлс хийв. Тиймээс хоосон улс төрөөр битгий хоолло гэж байгаа юм. Ажил хийж, үр дүн гаргах хэрэгтэй. Ардчилсан намыг эрх баригчид сөрөг хүчин байхдаа өчнөөн л балбасан. 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор ард түмнийг өртэй болгосон гээд баахан улс төр хийсэн. Гэтэл өнөөдөр ОУВС-д орох нь зөв. Өр тавих нь зөв гээд өмнөх Засгийн газрын буруу бүхэн өнөөдөр зөвдөж эхэлсэн. Энэ чинь өөрөө зөв юм уу. 1.5 тэрбум ам.доллар дээр улс орныг өрөнд бариуллаа гэсэн хүмүүс 5.5 тэрбум ам.долларыг авахаар ярьж байгаа. Өчигдрийн буруу зүйл яахаараа өнөөдөр зөв болдог юм. Өнөөдрийн тэдний зөвтгөөд байгаа зүйл өчигдрийнхөөр яагаад буруутгагддаг юм бэ. Энэ тогтолцоо, улстөржилт нэг л буруу яваад байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх ёстой. Үл ойлгогдох байдал руу явж байгаа нь бидэнд ямар ч сайн зүйл авч ирсэнгүй. Нэг сэдэв дээр дөрөөлж гардаг баахан популист улстөрчидтэй болчихсон.

-Гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх л даа…

-Гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж таны хэлдэг зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Олон толгойтой, олон удирдлагатай үл ойлгогдох улс төрийн хүчнүүд талцдаг. Болохгүй байгаа энэ бүхнээ бид нэг удаа цэгцлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт ах дүүсээрээ улс төрждөг. Багийн Засаг дарга тавихаас эхлээд хоорондоо хэрэлддэг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран батлахгүйгээр улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх баригчид үнэмлэхүй олонх байгаа дээрээ Үндсэн хууль зөв болох ёстой.

-Монголбанкинд улс төр орохгүй байх боломж бий юу. Алдагдлыг эргэн төлүүлнэ гэвэл ипотекийн зээлд хамрагдсан бүх хүн төлөх үү. “Сайн” хөтөлбөрт хамрагдсан бүх хүн мөн төлж таарах уу?

-Монголбанкны дүгнэлтэд бага хүүтэй зээл өгсөн байна, буруу. Бусад нь яагаад өндөр хүүтэй зээл авдаг юм бэ гээд байгаа. Энэ зээлийг ямар хүмүүс авсан юм бэ гэхээр ипотекийн найман хувийн зээл авсан 80 мянган өрхийн асуудал хөндөгдөнө. Найман хувийн зээлийг бага гэж байгаа юм байна. Хэрэв тийм бол үүнийг нэмэх гээд байгаа юм байна. Алдагдлыг гэрээлэгч этгээд төлдөг болохоос хэн нэгэн дарга төлдөггүй. Бид ийм хуультай. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин зээл авсан. Тэдэнд бага хүүтэй зээл өгсөн гэж байгаа бол тэднээр алдагдлыг буцаан төлүүлнэ гэсэн үг. Шатахууны үнийг нэмэхгүйн тулд төр мөнгөний бодлогоороо эрсдлээ хийгээд явсан. Үүнээс ард түмэн хожсон. Монгол Улсын иргэнээ хамгаалсан мөнгөний бодлогыг өнөөдөр арилжааны банкны тооцоо хийж байгаа юм шиг ингэж хийдэг нь ямар учиртай юм бэ. Хэрэв бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн бол хичнээн хүн үүнийг төлөх байсан бэ гэдгийг тооцсон юм уу. Малчны зээлийг тэр өндөр хүүтэй өгсөн бол хэдэн малчин хохирох байсан юм. Хэчнээн иргэн ипотекийн зээлээс хохирол амсах байсан юм бэ. Үүнийгээ тооцсон юм уу. Асуудалд ингэж хөнгөн гоомой хандаж болохгүй. Монгол төрийн бодлогод сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүй юм аа. Энэ монгол төрийн бодлого байсан.

Төрийн шийдвэрийг хэн нэгэн улс төрөөр дамжиж гарч ирчихээд яллаж болдоггүй юм. Үүнийгээ болих хэрэгтэй. 2020 онд өөр улс төрийн хүчин гарч ирээд өмнөх шийдвэрүүд буруу байна гэж алх цохиод бүгдийг нь шоронд хийгээд байх юм бол төр хаана нь орших юм бэ. Хэн ялтан болохын тулд төрийн өмнөөс шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг болох юм бэ. Үүн дээр нь хууль хяналтынхан тоглодог. Улстөрчид нь матдаг. Хэрэв чи төрийн хүн болсон бол төрийн залгамж чанарыг байнга хадгалж явах ёстой. Хардах эрх байж болно. Үндэслэлгүй зүйл дээр улс төрийн аргаар хардаж, улс төрийн аргаар шийтгэл ноогдуулж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөр албан ёсоор хэрэгжихээр болж байна. Эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад хамгийн их хувь нэмэр болно гэж байна л даа. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирэхээр боллоо. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хэр байх бол?

-Миний хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг авралын гарц гэж хардаггүй. Гэхдээ аргагүй нөхцөл байдал үүсчихсэн учраас энэ хатуу хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байгаа бололтой. Засгийн газрын өрийн хэмжээ 22 их наяд болчихсон, төлбөр тооцоо нь тулчихсан, эдийн засаг, бизнесийн орчин муудсан ийм л хямралтай цаг үе таарчихлаа. Нөгөө талаар, нэг улс орноос зээл авч өрөнд орсноос олон их үүсвэртэй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийн аюулгүй байдал талаасаа зөв юм. Мөн урт хугацаанд төлөх, хямд хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл учраас өрийн дарамт үүсгэх нь гайгүй байдаг. Мөнгөн дүнгийн хувьд өндөр хэмжээ учраас эхнээс нь тооцоо судалгаа сайн хийж, оновчтой зүйлд зарцуулахад анхаарах ёстой. Зээл учраас эргэн төлөгдөнө гэдгийг мартаж болохгүй. Хөтөлбөр хэрэгжсэнээр Валютын нөөц, ханш тогтвортой байхад эерэг нөлөөлөл үзүүлнэ.

ОУВС-гийн хөтөлбөрийн мөнгө гурван жилийн хугацаанд үе шаттай орж ирнэ. Эдийн засгийн таатай орчин хэзээ бүрдэнэ гэж итгэж болох вэ. Ер нь зээл 5.5 тэрбум ам.долларын зээл авснаа баяр ёслолын байдалтай яриад байна л даа?

-Хөтөлбөр хэрэгжсэнээр хямрал алга болчих юм шиг төсөөлж болохгүй. Энэ бол хүндрэлийг даван туулахад, гал унтраах хэмжээнд л үйлчилнэ. Харин эдийн засгийн гадаад орчин сайжирч, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсч, валютын орлого нэмэгдэх боломж гарч ирж байгаагаа зөв ашиглаад хөтөлбөртэй хослуулбал хөгжлийн боломж гарч ирнэ. Эцсийн дүндээ энэ улс орны хувь заяа, иргэдээ сайхан амьдруулах асуудал бол монголчууд бидний л үндсэн зорилт, үүрэг шүү. Түүнээс биш манайхны зарим нэг гадны гар хөл болсон нөхдийн ухуулж яриад 20 гаруй жил хүлээлт бий болгосон “Гадны хөрөнгө оруулагч” гэж сайн хүн хүрч ирээд бидний өмнөөс энэ үүрэг, зорилтыг биелүүлчихгүй. Тэр бол дэлхий дахинд явагддаг нэг тархи угаалт. Тиймээс монголчууд бид үүрэг, зорилтоо зөв ухаарч, гадны гар хөл болохгүй, байгаа боломж, баялгаа зөв ашигладаг болсон тэр цагт л эдийн засгийн хөгжил бий болж ашиг хөөсөн гадныхан хөрөнгөө оруулж эхэлнэ.

-Хөтөлбөрийн хүрээнд татварууд нэмэгдэхээр болсон. Иргэдийн нуруун дээр төдий л дарамт үүсэхгүй гээд байгаа. Шатахууны онцгой албан татвараас эхлээд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэх баталгаа бий юу?

-Цалин, тэтгэврийн зээл, малчны зээл гээд өрөндөө баригдсан хүмүүст татвар нэмэгдэхээр дарамт үүсэхгүй байна гэж юу байх юм. Хөтөлбөрт орж, тулгамдсан өр зээлээ төлөх гэсэн аргагүй нөхцөл байдлын улмаас л зарим татварыг нэмэх шийдвэр гаргасан. ОУВС хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой нөхцлийг тавьж, тухайн орон хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ийм л зүйл болсон.

-Хөтөлбөр хэрэгжих хүрээнд таны оруулсан хажуугийн саналаар гадны хөрөнгө оруулагчид мөнгөө Монгол банкаар дамжуулах ёстой байлаа. Харамсалтай нь Их хурал буцаагаад цуцалчихсан. Гэсэн ч та өөрийн байр сууриа хамгаалж байгаа харагдсан. Нэг үгээр хэлбэл та ОУВС-гийн хөтөлбөрийг ч нураах дөхсөн шүү?

-Улс орон маань гүнзгий хямралд орж, өрөнд баригдлаа гээд байгаа атал манай гадагшаа ачуулж байгаа баялгийн хэмжээ, экспортын орлого тэр сайхан байсан 2010-2011 оноос чинь буураагүй байгаа. Тодруулбал, гадагш баялгаа зарж олсон орлого чинь буураагүй байна гэсэн үг л дээ. Гэтэл “Яагаад бид өрөнд орчихов оо” гэдэг асуулт гарнаа даа. Хариулт нь тодорхой. Тэр их олон тэрбумаар олсон орлогын чинь дийлэнх хувь нь Монголд орж ирдэггүйтэй холбоотой юм. Оюу толгой дээр олсон орлогын 90 гаруй хувь, Тамсагийн орд дээр 76 хувь нь орж ирдэггүй юм. Тийм учраас валютын нөөцгүй болж, ханш өссөн. Хямралын гол үндсэн шалтгаан бол валютын ханш өсч, мөнгөний худалдан авах чадвар унаж, иргэдийн орлого буурч, ядуурал нэмэгдсэн явдал юм. Үүнийг л засах гэж мөнгөө Монголоороо оруулъя, валютын нөөцөө нэмэгдүүлье гэсэн хэрэг л дээ. Би хувьдаа ОУВС яагаад хөтөлбөртөө энэ нөхцлийг оруулахгүй хямралын хүндрэлийг монголчуудын татварыг нэмж өөрсдөөр нь үүрүүлэх гээд байгаад гайхаж байгаа. ОУВС яагаад гадны хөрөнгө оруулалтын үр ашиггүй гэрээ, авлига, оффшорын асуудал дээр нүдээ аньчихав гэх мэт олон асуудал гарч ирж байна. Нөгөө улс орныг чинь өөд нь татаад, хөгжүүлээд өгнө гэсэн Рио тинто компани ийм хүнд үед ямар муухай зан гаргаж байна. Монголчууд бидний “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг энэ шүү дээ. Ийм л компанитай нөхөрлөсөн байна. Хөрөнгө оруулалт гээд баахан зээл өгчихөөд, дээрээс нь өөрийнхөө компанид дөрвөн тэрбум ам.долларын зээл “Дубайдаж” аваад биднээр төлүүлээд сууж байна.

-Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт явуулж дууссан. Дүгнэлтийг сонсож байхад үнэхээр хэцүү тоо сонсогдсон юм. Монгол банкны алдагдал яг хэзээнээс үүссэн юм бэ?

-Монгол банк 2012 оноос 181 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхлээд 2016 он дуустал нийтдээ 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

-Алдагдалд нөлөөлсөн голлох зүйлс нь юу байсан юм бол. Маш нууц гэсэн зэрэглэлтэй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл гарахгүй байх шиг байна. Гэхдээ боломжийнхоо хэрээр яриад өгөх боломж байна уу?

-Алдагдалд хүргэхэд гол нь санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал буюу банк хоорондын своп, форвард хэлцлээс 1.7 их наяд, валют арилжаа, ханшны тэгшитгэл буюу шатахууны импортын хөнгөлөлтөөс 462 тэрбум төгрөгийн, элдэв уламжлалт бус зээллэгээ хүүгээс 524 тэрбум төгрөгийн алдагдал нөлөөлсөн юм билээ. Арилжааны банк шиг компаниудад зээл хүртэл олгосон байгаа юм. Энэ мэт хууль бус үйлдэл их хийгдсэн юм билээ.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үр дүн муутай болсон гээд байгаа. Гэхдээ иргэдийн нуруун дээр ирэх ачаалал буураагүй юм уу. Одоо тэгээд хариуцлагын асуудлыг хөндөж байна. Ганцхан Н.Золжаргал гэдэг хүнд хариуцлага тооцох нь хэр зүйд нийцэх вэ?

-Төв банкны ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийг эдэлж, шийдвэрээ гаргаж гарын үсэг зурсан хүн хариуцлагаа хүлээхгүй гээд яах юм. Гарын үсэг зурахгүй бол шийдвэр баталгаажихгүй. Тийм биз. Гадны нөлөөлөл, хүний шахалтанд орсон бол тайлбараа хийгээд л зурдаг журамтай. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол Төв банкны хуулинд байхгүй хууль бус үйлдэл. Уламжлалт бус арга хэрэгсэл гэдэг чинь буруу гаж нөлөөлөл үзүүлдэг учраас л хориотой байдаг зүйл. Гэтэл ийм арга хэмжээ аваад, тэр тусмаа бодлогогүйгээр импортыг илт дэмжсэн салбар луу мөнгө оруулаад л нөгөө валютын нөөцөд байсан дөрвөн тэрбум ам.долларын нөөцөө гүвчихсөн. Энэ чинь өнөөдрийн энэ хямралыг авчирсан гол шалтгаан шүү дээ. 2012 онд нэг ам.долларын бараа 1350 төгрөг байсан бол одоо 2400 төгрөг болсон. Бүх зүйлийн үнэ өсч, амьдрал ядуурсан. Өр зээл хавтгайрсан. Үүнийгээ бас зөөлөн газардуулсан гэх ухааны тайлбар хийж суугаа юм. Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм байна. Зарим оронд хэрэглээг дэмжих, хямралыг саармагжуулах зорилгоор иймэрхүү уламжлалт бус арга хэмжээ авахдаа адаглаад экспорт дэмжсэн үйлдвэрлэл рүү чиглүүлдэг. Харин манайд эсрэгээрээ импорт дэмжээд, валютаа гөвчихсөн.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг харж байхад Монголбанкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооц гэх юм. Үнэндээ бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь танай намын Б.Жавхлан гишүүн ажиллаж байсан шүү дээ. Энэ хүнд мөн хариуцлага тооцох ёстой юу?

-Эцсийн дүндээ эрхээ эдэлж, шийдвэрээ гаргаж гарын үсэг зурсан хүн л хариуцлагаа үүрдэг хуультай юм. Б.Жавхлангийн хувьд өөрөө тайлбар хийх байлгүй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Данзанноров: Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт хэрэглэнэ

Монгол өмгөөлөл” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч Л.Данзанноровтой шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Долдугаар сарын1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн хуулийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Шоронжсон хууль хэвээрээ гарлаа, хүний эрхийг дордууллаа гээд янз бүрийн л тайлбар гарч байна. Таны байр суурь ямар байгаа бол?

-Эрүүгийн хууль бол хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхол, нийгмийг гэмт халдлагаас хамгаалахад хамгийн гол нөлөө үзүүлэх суурь хууль. Энэ ч утгаараа нийтийн анхаарлыг ихээхэн татаж хүмүүс янз бүрийн байдлаар байр суурь илэрхийлж байна. Удахгүй мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулсан, одоогийн мөрдөж байгаа хуулиас илүү хатуу хууль болсон гэдэгтэй би огт санал нийлэхгүй. Хуульд хүний эрхийн талаасаа ахиц дэвшил авчирсан зарчмын шинжтэй зохицуулалтууд олон тусгагдсан.

-Дэвшилттэй зохицуулалтууд орсон гэдгээ илүү тодруулаач. Үзэл баримтлалын хувьд хамгийн чухал зохицуулалт нь юу вэ?

-Хамгийн гол нь шинэ Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого уян хатан болж чадсан. Өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэргүүдэд оногдуулах ял сонголттой болсон. Ингэснээр шүүхээс хүний гэм бурууд яг тохирсон ялыг сонгон хэрэглэх, гэм буруу ял шийтгэлийн тэнцвэртэй байх, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой боллоо. Одоо дагаж мөрдөж байгаа, 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх боломж хязгаарлагдмал, зарим түгээмэл үйлдэгддэг хэрэгт ямар ч сонголтгүйгээр хорих ял оногдуулах зохицуулалттай байсан нь “шоронжуулсан” гэж хэлэгдэх шалтгааныг нөхцөлдүүлсэн байх талтай. Тухайлбал, бусдын биед хүнд гэмтэл учруулах, мөн зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг зэрэг харьцангуй түгээмэл үйлдэгддэг хэргүүдэд өөр төрлийн ялын сонголтгүй, зөвхөн хорих ялтай л байсан. Ялын сонголтгүй ийм л байдлаас хорих ял биечлэн эдэлж байгаа хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Сүүлийн жилүүдийн дунджаар жилд 7000 гаруй хүн хорих ялаар шийтгэгддэг гэсэн судалгаа байдаг. Мөн хорих ялаар шийтгэгдээд суллагдсан хүмүүсийн бараг тал хувь нь эргээд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Эндээс үзэхэд хорих ялын үр нөлөө тийм ч сайнгүй байгаа нь харагдана л даа. Хоригдол ихэсч байгаа нь шүүгч нар хатуу шийтгээд байгаадаа биш, гарч байгаа хэргийн байдал онц ноцтой байдагтаа ч биш. Харин тусгай ангид заасан тодорхой хэргүүдэд оногдуулах ялын сонголтгүйгээс ихээхэн хамааралтай юм.

Иймд заавал хорьж шийтгэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжийг хуульчилж, шинэ төрлийн ялыг хуульд тусгаж өгсөн нь яах аргагүй томоохон дэвшил. Дараагийн гол зүйл нь ялын дээд болон доод хэмжээний хоорондын зай ихэссэн. Өмнө нь 5-8 жилийн ял оногдуулах ялтай зүйл анги байлаа гэхэд 2-8 жилийн ял оногдуулахаар болсон байх жишээтэй. Ингэхээр гэм бурууд нь тохирсон шийтгэлийг, шударгаар оногдуулах боломж илүү бүрдэнэ л гэсэн үг. Хуульд тусгагдсан чухал зохицуулалтын нэг нь өсвөр насны буюу 14-18 настай хүнд оногдуулах ялын бодлогыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн одоогийнхоос өөрөөр авч үзсэн явдал. Шинэ хуулиар өсвөр насны хүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд оногдуулах ялаас хоёр дахин багасгахаар тусгасан.

-Гэм буруутан нь ялаа аваад явдаг, хохирогч нь хоосон хоцордог байдал түгээмэл байдаг. Шинэ Эрүүгийн хуулиар хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэхэд ямар нэгэн дэвшил гарах болов уу?

-Энэ асуудал дээр ахиц гарна гэж би үзэж байгаа. Учир нь гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хохирол нөхөн төлсөн эсэхийг харгалзан, ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэх нөхцлийг заасан. Хэрэгт холбогдсон хүмүүст учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснөөр ялаа багасгуулах, зарим хөнгөн хэрэгт холбогдсон тохиолдолд ял хариуцлагаас чөлөөлөгдөх боломж ч байгаа. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оно гдуулах, ялаас чөлөөлөх, мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хуульд шинээр тусгаж өгсөн. Гэм буруугийн асуудлаараа маргаагүй тохиолдолд тухайн хүн хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол зарим хөнгөн хэрэгт хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх, тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжийг хуульд нээсэн. Мөн хорих ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээнээс багасгаж ял оногдуулах боломжийг хуульчилсан. Одоо мөрдөгдөж байгаа хуульд хүнд болон онц хүнд хэрэгт холбогдсон хүн хохирлоо нөхөн төлсөн эсэхээс үл хамааран хорих ялаа биечлэн эдэлдэг байсан учир хэрэгт холбогдсон хүмүүс төлсөн ч, төлөөгүй ч ялгаагүй гэсэн байдлаар хандах түгээмэл байсан. Нэгэнт хэргийн газар дээр нь илрүүлэн баривчилсан тохиолдолд гэм буруугаа хүлээгээд, хохирлоо нөхөн төлөөд, ял шийтгэлээ багасгуулах боломжийг ашиглахыг хэн ч бодох байх л даа. Ийм тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь ч илүү хялбаршуулж, цаг хугацаанд хэмнэлттэйгээр шийдвэрлэж, шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ачааллыг бууруулах талаар өнөөдөр (өчигдөр) батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хуулинд тусгайлсан зохицуулалт орсон. Хохирол нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болохоос гадна ялыг тэнсэн харгалзахад харгалзан үзэх нөхцөл болно. Энэ зохицуулалтууд одоо мөрдөж байгаа хуульд ч байгаа.

-Шинэ хуулиар ямар төрлийн ялыг шинээр тусгаж өгсөн бэ. Зорчих эрхийг хязгаарлах ял өмнө нь манай хуульд байсан уу. Хилийн хориг тавьж, гадаад улсад зорчихыг хориглох тухай зохицуулалт уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ял цоо шинээр нэмж тусгагдсан. Агуулга нь эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин байгаа газраасаа явахыг, мөн тодорхой нэрлэн заасан газруудад очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг үүргийг хүлээлгэнэ гэсэн үг л дээ. Энэ ялын хэрэгжилтэд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хяналт тавина. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдлыг харгалзаж, ял шийтгэгдсэн этгээд бусдад аюул эрсдэл учруулж болзошгүй гэж үзвэл тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох талаар ч шийдвэртээ тусгаж болохоор зохицуулсан. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг хохирогч эхнэртэй нь уулзуулахгүй байх гэх мэтээр тухайлан заах боломжтой. Энэ ялыг биелүүлээгүй бол ялыг нь хорих ялаар сольж, чангаруулан өөрчлөхөөр зохицуулагдаж байгаа. Ялын хэрэгжилтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, технологийн дэвшлийг ашиглан электрон гав зэргийн тусламжтайгаар хяналтаа тогтоох байх. Харин таны асуултад дурдагдсан гадаад улсад зорчихыг тодорхой хугацаагаар тодорхой шалтгаанаар хориглох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгддэг ажиллагаа учир шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулдаг ялаас ялгаатай л даа. Ялын төрлүүдийг нэмсэн талаар ярилаа. Төрөл нэмэгдсэнээс гадна зарим ялын төрөл Эрүүгийн хуулиас бүрмөсөн хасагдсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль мөрдөгдөж эхлэх долдугаар сарын 1-ний өдрөөс баривчлах, цаазаар авах ялуудыг шүүх оногдуулахгүй.

-Эдгээр ялуудыг хассан шалтгаан юу юм бол?

-Баривчлах ял бол тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах агуулгатай. Хэмжээ нь богино, мөн ганцааранг нь байлгаж байгаагаас бус хорих ялтай үндсэндээ ижил. Тэгэхээр яг энэ байдлаар хэрэгжүүлэх нь үр нөлөө багатай байна гэж үзсэн болов уу. Тэгээд ч энэ төрлийн ялыг шүүхээс оногдуулаад байх нь практикт тийм ч түгээмэл биш. Харин цаазаар авах ялыг халсан тухайд наад зах нь л Үндсэн хуульдаа бид хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг эрхэм зорилго болгосон, бас хүний амьд явах эрхийг баталгаажуулсан улс. Монгол Улс олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргийнхээ хүрээнд ч Эрүүгийн хуулиас хасах шаардлага бий болсон гээд олон шалтгаан байдаг. Тэгээд ч шүүгчийн алдаатай шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Алдаатай шийдвэрийн уршгаар цаазын ялыг оноогоод, гүйцэтгэсэн тохиолдолд хэзээ ч засаж залруулах боломж байдаггүй.

-Хуулийн этгээдэд оногдуулах ялын асуудлаар нийгэмд маш зөрүүтэй ойлголт, байр суурь байна. Олон аж ахуйн нэгжийг татан буулгах, дарамт учруулах хууль болж байна гэх хүмүүс ч байна л даа?

-Хуулийн этгээдэд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудал яах аргагүй шинэ хуульд орсон, үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд хэрэглэгдэхээр зохицуулагдсан. Өмнө батлагдсан шинэчилсэн найруулгад ашигт малтмал хууль бусаар хайх олборлох, монополь тогтоох, байгалийн тэнцэл алдагдуулах, үнэт цаасны хууль бус арилжаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, терроризмыг санхүүжүүлэх гээд 60 орчим зүйл хэсэгт оногдуулахаар заасан байсан нь саяын нэмэлт өөрчлөлтөөр 10 гаруйг нь хассан. Гэхдээ аж ахуйн нэгж болгоныг л гэмт хэрэгт татаад, татан буулгаад, тусгай зөвшөөрлийг цуцлаад байна гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт л хэрэглэхээр зохицуулсан байгаа. Харин энд нэг зүйл нэмж хэлэхэд хуулийн этгээдийг шийтгээд шийдвэр гаргасан албан тушаалтан ял завших зүйл гарах вий гэсэн болгоомжлол байдаг юм шиг байна лээ. Хувь хүнд хариуцлага хүлээлгэсэн нь, хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

-Торгуулийн нэгж гэх шинэ ойлголт бий болсон байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар зохицуулсан байсан. Торгуулийн хэмжээг хүмүүсийн орлоготой уялдуулан зохицуулдаг байсан өмнөх хувилбар нь зөв байсан юм биш үү?

-Энд зарчмын чухал асуудал хөндөгддөг юм. Аливаа гэм буруутай хүнд ялыг зөвхөн эрүүгийн хуулиар оногдуулдаг. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван байгууллагын төлөөллөөс бүрддэг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоолоор баталдаг. Дээрх Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөгдөх бүрт Эрүүгийн хууль “дам байдлаар” өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад гэмт хэргийн ангилал, торгуулийн хэмжээ зэрэг нь өөрчлөгдөхөд хүрдэг. Иймд торгуулийн нэгж гэх ойлголтыг Эрүүгийн хуульд шинээр оруулсан. Инфляци, мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсвэл торгуулийн нэгжийг төгрөгтэй дүйцүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгтээ тухай бүр өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой болсон. Торгуулийн нэг нэгж нь 2015 оны хуулиар 2000 төгрөгтэй тэнцүү байхаар зохицуулсан байсныг улс орны нийгэм эдийн засгийн байдал, өрхийн амжиргааны түвшин зэргийг харгалзан 1000 төгрөгтэй тэнцүү байхаар хоёр дахин бууруулж тогтоосон. Ингэснээр Эрүүгийн хууль дахь торгуулийн хэмжээ нь торгох ял оногдуулж болохоор заасан зүйл анги болгон дээр сая батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр хоёр дахин буурсан гэсэн үг.

-Одоо шинэ хуулиар торгуулийн ялын доод, дээд хэмжээ хэд болсон бэ. Хувь хүн, хуулийн этгээдэд хэмжээний хувьд ялгаатай байх нь ойлгомжтой байх?

-Хүнд ногдуулах торгуулийн хэмжээ нь 100 мянгаас 40 сая хүртэл төгрөг байгаа. Бусдын биед хүнд хохирол санаатай учруулах, мөн сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн хоёр хэрэгт л дөчин сая хүртэл төгрөгөөр торгох ял тусгагдсан. Хуулийн этгээдийн хувьд ганцхан хэрэгт буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэсэн, ашигласан гэмт хэрэгт 400 сая хүртэл төгрөгөөр торгох зохицуулалт орсон. Энэ нь хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ.

-Шинэ Эрүүгийн хуулиар давтан, ялтай байдал онц аюултай гэмт хэрэгтэн гээд нэршлүүд байхгүй болсон гэл үү?

-Тийм ээ. Энэ ойлголтууд шинэ хуулиас хасагдсан нь дараах шалтгаантай. Хүн үйлдсэн нэг гэмт хэрэгтээ нэг удаа л ял шийтгэгдэх ёстой. Гэтэл үйлдсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдлээд дууссан хойно нь, дараагийн, өөр үйлдлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ өмнө шийдвэрлэгдсэн хэргийг дахин сөхөж, өмнөх үйлдлээр нь ялыг хүндрүүлдэг, хүний эрх зүйн байдлыг илтэд дордуулдаг хандлагаа энэ удаад өөрчилсөн нь зөв гэж би хуульчийн хувьд үзэж байгаа. Манай хуульд л давтан гэмт хэрэг, ялтай байдал зэрэг ойлголтууд амь бөхтэй оршсоор ирсэн. Бусад оронд энэ ойлголт үндсэндээ байхгүй болсон. Энд хэд хэдэн гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг ойлголтыг салгаж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд үйлдсэн бүх хэрэгтээ тус бүрт нь ял шийтгэгдэнэ. Шинэ батлагдсан хуулиас хасагдаад байгаа давтан үйлдэх гэсэн ойлголт бол ял шийтгэлээ эдэлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өмнөх үйлдлийг нь харгалзан ялыг хүндрүүлэхгүй л гэсэн үг. Жишээ хэлье. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар өмнө нь булаах хэрэгт шийтгүүлсэн хүн хүний 250 мянган төгрөг хулгайлаад баригдсан тохиолдолд өмнө нь шийтгэлтэй байсан гэдгээрээ доод тал нь 10 жилээр хорих ял шийтгүүлэхээр байгаа. 250 мянган төгрөгийн хохирлыг хүний 10 жилийн эрх чөлөөтэй дүйцүүлэх аргагүй биз дээ. Энэ бол өмнөх хуулийн гажуудлын нэг жишээ. Ялтай байдал гэх ойлголт 2002 оны хуульд хэргийн ангиллаас хамааран ял эдэлж дууссанаас хойш тодорхой хугацааны туршид тооцогддог байсан. Үүнийг шинэ хуулиас хассан.

-Эрүүгийн хуулиас эх орноосоо урвах заалтыг авсан байна гэдэг шүүмжлэл нэлээд гарлаа. Үнэхээр тэр заалтыг авчихсан юм уу?

-Эх орноосоо урвах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг маш ноцтой хэрэг. Энэ заалт шинээр мөрдөгдөх Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа. Хасагдсан зүйл байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой

УИХ 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татвар “0” байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ нь машин импортлогчдын хувьд маш том дарамт болж байгаа талаар тэд мэдэгдэж байсан юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгах шийдвэр гаргаад байна. Уг асуудал болон, өчигдөр УИХ-аар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Энэ сарын эхний өдрөөс автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Тэр дундаа ард түмний хэрэглээ болсон приус автомашины татварыг нэмсэн. УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хүсэлтийг хүргүүлээд байсан. Та бүхний хүсэлт биеллээ олоод эхлэв үү?

-Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр төсвийн тодотгол батлагдсан. Бизнес тогтвортой хугацаанд явдаг. Ялангуяа автомашины бизнес төлбөр төлөх, ачих, буулгах гээд хугацаа шаардагддаг тул захиалгаа эрт өгдөг. Аж ахуйн нэгжүүд болон хувь иргэд приус болон бусад автомашиныг ачуулахаар захиалга өгчихөөд байсан. Тэд бирж дээрээс худалдан аваад Монгол руу илгээхэд 45 хоног шаардагддаг. Автомашин импортлогчид хэдэн мянган машины захиалга өгч худалдан аваад ачуулах гэсээр байтал энэ хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн нь олон хүний эрх ашгийг хөндөж, бухимдлыг төрүүлсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ялангуяа приус автомашины онцгой албан татварыг хуучин шиг нь тэглэх, приус машины татвараас олох орлогыг ямар аргаар олж болох гарцыг нь зааж өгсөн хүсэлтийг Засгийн газарт өргөн барьсан боловч хүлээж аваагүй. Приус автомашин яах аргагүй манай ард түмний унаа болсон. Монголчууд шинийг нь худалдаад авчих боломжгүй тул насжилт өндөртэй машин авч байгаа нь үнэн. Насжилт өндөр болохоор онцгой албан татвар нь улам өндөр болж байна. 10-аас дээш жилийн насжилттай бол зөвхөн онцгой татвар нь 5.8 сая төгрөгөөр нэмэгдсэн. Дээрээс нь онцгой татвараас нөөц авдаг. Тэр нь 580 мянган төгрөг байдаг. Ингээд 6.3 сая төгрөгөөр приусын татвар нэмэгдчихээр яах аргагүй хүндрэл үүснэ. Нэгдүгээрт ард түмэн эсэргүүцээд хоёрдугаарт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодорхой саналууд гаргасан. Тиймээс Засгийн газар өөрсдийн буруу шийдвэрээ засахын тулд приус болон хос тэжээлт автомашины татварыг тэглэхээр бүлгийнхээ гишүүнээр санал гаргуулаад үүнийгээ УИХ-д өргөн барихаар шийдэж байх шиг байна.

-Гэхдээ ОУВС-гийн хэлэлцээрт багтсан энэ асуудлыг шууд шийдчих амаргүй байх?

-Үүнээс нэг зүйлийг харж болно. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх шийдвэр гаргасан нь ОУВС-гийн шийдвэр биш юм байна. Яагаад гэвэл приус автомашины татварыг хөнгөлөх асуудлыг Засгийн газар оруулж ирж чадаж байна гэдэг нь ОУВС-гийн шийдвэр бус Засгийн газрын шийдвэр байж. Тэд ОУВС-гийн нэрээр ард түмний халааснаас татвар нэрээр дээрэм хийх гэж байсан юм байна.

ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. Валютын сан түүн дээр нь дүгнэлт хийгээд заримыг нь зөвшөөрөөд явж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг хасах асуудлыг ч гэсэн Засгийн газар оруулж ирсэн. Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой.

-Тийм боломж байгаа юу?

-78 мянган хүүхдэд олгох мөнгийг зогсоогоод түүнээс хэмнэсэн мөнгөөрөө бага орлоготой өрхүүдэд хоолны талон олгоно гэдэг санаа ОУВС-гаас өгсөн чиглэл огт биш. Энэ санаа Засгийн газраас л гарсан. Учир нь МАН орон нутагт дийлэнхэд нь засаг барьж байгаа. Тиймээс дарга нараараа дамжуулаад МАН-ыг дэмждэг болон дэмжих магадлалтай хүмүүст уг талоныг хуваарилж байгаа юм. Хүүхдийн мөнгө ямар нэгэн арын хаалгагүйгээр хүүхдэдээ очдог. Гэтэл түүнээс хэмнэсэн мөнгийг хэн нэгэн даргын шийдвэрээр хэн нэгэн Ардын намыг дэмждэг тэр айл өрхөд очихоор болж байгаад харамсч байна. ОУВС хэзээ ч ийм бүдүүлэг санаачилга гаргахгүй. Приус машины татварыг эргэн харсан шигээ бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг эргэж харах ёстой. Бензин шатахууны татварыг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Бензиний татвар нэмэгдсэн л бол бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тиймээс хугацааг нааш цааш тавих нь Засгийн газрын мэдлийн асуудал. Ялангуяа алслагдсан бүс нутагт очдог бараа бүтээгдэхүүн илүү өндөр үнэтэй болно. Энэ нь сонгуульд шууд нөлөөлнө гэж байгаа тул Ардын нам сонгуулийн маргааш бензин шатахууны татварыг нэмэхээр болж байна. Ардын нам мартдаг байж болох ч ард түмэн санах ойтой гэдгийг мартаж болохгүй.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр үдээс өмнө Их хурал баталсан. Таны хувьд хүний эрхийг хангах тал дээр анхаарах ёстой гэдгийг анхааруулж байсан. Таны гаргасан саналууд хуульд биеллээ олов уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрх зөрчсөн 10 гаруй заалт байна. Тиймээс ажлын хэсэг дээр ярилц гэдэг үүргийг бүлгээс өгсөн. 10 гаруй заалтаас дөрвийг нь гол болгож ярьсан. Дөрвөн асуудлаас хоёр дээр нь бид хүний эрх, эрх чөлөөг хангах дээр амжилт гаргасан. Нэгдүгээрт, Шүүхээс хэргийг буцаах асуудал байсан. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр шүүхээс хэргийг буцаадаггүй нэг удаа очиж асуудлаа шийдвэрлээд явдаг, хэрэв гэм буруутай нь нотлогдвол ял авах, нотлох баримтгүй бол цагаатгаад явдаг тогтолцоог бүрдүүлэхийг хүссэн. Гэтэл ажлын хэсэг дээр Дээд шүүхээс ирсэн албан бичгийн дагуу Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зарим заалтыг дордуулсан гэж үзсэн. УИХ-ын эцсийн хэлэлцүүлгээр харин энэ санал унасан. Энэ нь хүний эрхийг хангахтай холбоотой хамгийн том ялалт гэж үзэж байгаа. 1920 оноос хойш хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэдэн жил дамнан хэрэг шалгах маягаар хүнийг залхааж хэрэг хүлээлгэдэг зүйлээс бид салж чадлаа. Энэ нь хүний эрхийг хангах тал дээр хамгийн том давуу тал.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол эрүүгийн хэрэг үүсгэснээс дуусах хүрэлх бүх процесстой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа хувь хүн дээр явуулах, үүнийгээ нотлох баримтад тооцох асуудлыг хуулийн төсөлд суулгасан байсан. Байнгын хорооны гишүүд үүнийг эсэргүүцсэн тул уг хуулиас хасагдсан.

-Та чуулган дээр малын хулгайн гэмт хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж байсан даа. Яг ямар учиртай байсан юм бэ?

-Цагдан хорих байранд хүнсний аюулгүй байдал болон мансууруулах бодис хэрэглэх, худалдаалахын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай заалтыг Засгийн газраас оруулж ирсэн. Гэтэл дээрээс нь нэмээд хүн худалдаалах, хүн алах, малын хулгай зэрэг гэмт хэргийг нэмж оруулсан. Энэ нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Гэсэн ч олонх шийдвэрээ гаргаад явсан. Уг заалт нь хүний эрхийг дордуулсан гэж үзэж байгаа.

-72 цаг баривчилдаг байсныг 24 цаг болгосон ч 48 цаг байхаар баталчих шиг болсон. Ямар шалтгаанаар тийм өөрчлөлт орсон юм бол?

-72 цагийн баривчилгааг “хар баасан гариг” гэдэг л дээ. Сүүлийн гурван жилийн статистикаас харахад 5800 хүнийг хар баасан гаригт баривчилж даваа гаригт нь тэдний 80 хувийг гэм зэмгүй юм байна гээд сулласан байдаг. Баасан гаригт тухайн хүнийг баривчилчихаад бямба, ням гаригт хоёр өдөр мэдээллийн хэрэгсэл, сошиалаар тэр хүн баривчлагдлаа гээд нэр хүндийг нь зориудаар унагааж, гутаах зүйл гардаг. 72 цаг байсныг Засгийн газрын төслөөр 24 цаг болгосон байсан. Ажлын хэсэг 48 цаг болгосон шалтгаан нь холын аймгийн алслагдсан сум ч байдаг юм уу тэр газарт гэмт хэрэг үйлдсэн хүнийг төв суурин газар авч ирж, прокурорын зөвшөөрөл авч хэрэг үүсгэхэд хугацаа шаарддаг гээд зарим хуулийн байгууллагын зүгээс хүсэлт тавьсан. Тиймээс ярилцаж байгаад дундын хувилбар болох 48 цаг байхаар сонгосон. Өнгөрөгч долоо хоногт батлагдсан Эрүүгийн хууль, өнөөдөр (өчигдөр) батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүний эрхийг дээдэлсэн, 2002 оны шоронжсон хуулиас хамаагүй илүү хүний эрхийг хангасан хууль болсон гэж үзэж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Монголын газар нутгийг аж ахуйн нэгжүүд барьцаанд тавина гэж юу байх вэ дээ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Манай орны хувьд эдийн засаг хүнд байгаа. Гадны хөрөнгө оруулалтууд бараг байхгүйтэй ижил боллоо. Тиймээс Хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Үүнийг нээх боломж нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гээд байгаа. Таны байр суурийг сонирхъё?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэд хэдэн үндэслэлээр дэмжиж байгаа. Юуны өмнө манайд банк, санхүүгийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахад энэ хууль үнэхээр чухал. Бонд, хувьцаа гэх мэт ч хөдөлгөөнд орж эхлэх тул үнэт цаасны зах зээлд ч амь тариа болно гэж бодож байна. Хоёрдугаарт, манай аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийх зээлийн олдоц муу, олдсон ч өндөр хүүтэй. Ялангуяа өнөөгийнх шиг Засгийн газар нь арилжааны банкуудаасаа төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор маш их зээл авчихсан тохиолдолд зээл олно гэдэг бол овоолчихсон өвсөнд гээгдсэн зүүг олохтой л ижил гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалт нэмж хийх битгий хэл компанийхаа хэвийн үйл ажиллагааг явуулах зээл ч олдохгүй байгаа талаар олон олон компаниуд гомдоллож байна. Гуравдугаарт, манай олон аж ахуйн нэгжүүд зөвхөн Монголоос биш гадаадаас хөрөнгө босгож байна, зээл авч чадаж байна. Өөрөөр хэлбэл гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкуудын шаардлагыг хангадаг манай үндэсний компаниуд их байгаа, цаашид ч улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. Иймд манай аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулалтын банкууд нь гадаадад биш Монголд хамтарч ажиллах боломжийг нь төр бүрдүүлж өгөх ёстой гэж бодож байна.

-Уг хууль хэрэгжиж эхэлсэнээр манай орны арилжааны банкуудад ямар нэгэн сөрөг нөлөөлөл бий юу. Манай банкны салбарыг татаад унагачих юм биш биз дээ. Гадны хөрөнгө оруулалтын банк яг ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Банкны хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн 26 жилийн түүхэнд ХОТШ, Ард, Даатгал, Баянбогд, Сэргээн босголт, Анод, Зоос, Хадгаламж зэрэг арваад арилжааны банк дампуурчээ. Одоо системийн шинжтэй хоёр ч томоохон хямралыг даваад гарчихсан 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа.

Өнгөрсөн 26 жилд эдгээр арилжааны банкууд засаглалаа сайжруулж, эрсдэлээ хянаж, зохицуулж, удирдаж чаддаг болсон гэж бодож байгаа. Боловсон хүчин ч сайтай. Хиймэл, хаалттай орчинд биш өрсөлдөөний орчинд ажиллах чадвар олон банкинд байгаа гэж бодож байна. Харьцангуй хямд зээл, банк, санхүүгийн найдвартай үйл ажиллагаа хүсч байгаа аж ахуйн нэгж, иргэд бүр ч их байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж байгаа дэлхийн олон оронтой хөлөө нийлүүлээд урагшаа алхах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан. Хуулиа бусад орны дэвшилттэй, амжилттай туршлагуудыг сайтар судалж байгаад нухацтай хэлэлцээд гаргах байх аа гэж бодож сууна.

-Хууль хэрэгжиж эхэлсэнээр ямар ямар орны банкууд орж ирэх бол. Санал тавьсан зүйлс байгаа болов уу. Манайхан бол Хятадын банк орж ирэх нь гээд байгаа л даа?

-Ямар хууль гарахаас л шалтгаална. Үнэхээр сайн хууль батлагдвал хөрөнгө оруулалтын банкууд ороод л ирнэ. Хэрэгжүүлэхэд түвэгтэй, саад бэрхшээл ихтэй, хүнд суртал ихтэй хууль гарвал хөрөнгө оруулагчдыг гуйгаад ч орж ирэхгүй. Хуулиа баталчихаад нилээд сайн сурталчилж байж л хөрөнгө оруулагч нар орж ирнэ, олон оронтой өрсөлдөж байж хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Бид ч их хичээх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин муу бол хөрөнгө оруулагч нар зугтаад гараад явдгийг 2012-2016 оны хоорондоо хангалттай харлаа шүү дээ. Гаргасан алдаагаа давтаад байх шаардлагагүй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг дэмжих хүмүүс олон байна. Гэхдээ банкны барьцааны асуудал анхаарал татаж байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүд зээл авлаа гэхэд уурхайн орд газраас эхлээд Монголын газар нутгийг барьцаанд тавина гэх юм. Үнэхээр тийм заалт байгаа юм уу?

-Монголын газар нутгийг аж ахуйн нэгжүүд барьцаанд тавина ч гэж юу байх вэ дээ. Үндсэн хуулинд газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын тухай асуудлыг маш тодорхой заагаад өгчихсөн шүү дээ. Ажлын хэсэг сайн судлаад хуулиа хэлэлцүүлэгт бэлтгэх байх аа.

-Тантай уулзсаных ОУВС-гийн хөтөлбөрийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. УИХ-ын тогтоолын төслөөс эхлээд өөрчлөлт оруулж ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжийг аль болох нээж өгч байна. Таны хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг байнга хэлдэг. Хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Одоогоос гурав, дөрвөн сарын өмнө ямар байдалтай байснаа эргээд санацгаая. Гуравдугаар сард 580 сая ам.доллар төлнө гээд улс орон даяараа хандив цуглуулахдаа хүрч зарим иргэд хандиваа ч өгч байсан шүү дээ. Төгрөгийн ханш ч гэрлийн хурдаар унаж нэг ам.доллар 2500 төгрөгт хүрч улстөрчид, бизнес эрхлэгчид, иргэд бүгдээрээ л сандарч байсан. Засгийн газрын гадаадаас мөнгө босгох хоёр ч оролдлого амжилтгүй болсон. Яг тэр үед мөнгө зээлдүүлэх банк, улс олдоогүй юм. Харин их мөнгөний тоо хэлж, худал ярьж гүйсэн шуналтнууд, луйварчид бол байсан. Ийм л цаг үед ОУВС нааштай хандсан гэдгийг хэлэх ёстой. ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо гэдэг мэдээ 580 сая ам.долларын өрийн асуудлыг хэрхэн яаж хурдан шийдэв, хөрөнгө оруулагч нар яагаад Монголыг сонирхоод эхлэв гэдгийг олон хүн ойлгож байгаа байх. Эргэж буцаад байх шаардлагагүй. Монгол Улс өмнө нь ОУВС-тай хамтарч таван хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг амжилттай давж гаран улмаар хоёр жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 17.5 хувьд хүргэж байсан юм. Энд би нэг зүйл онцолж хэлмээр байна. Монголыг монголчууд бид өөрсдөө л хөгжүүлэх учиртай. ОУВС бол манай улсыг энэ хямралаас гаргахад зөвхөн бодлого, мөнгөөр дэмжих юм. 2012-2016 онд эрх барьсан нөхдүүд Монголыг хямралд оруулсан авторууд юм шүү. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-нд хуралдана гэсэн.

-Энэ сарын 24-ний өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг дуулсан. Ямар нэгэн байдлаар дахин хугацаа алдаж хойшлохгүй гэх баталгаа бий юу. Уг нь бол даруйхан эхлүүлчих хэрэгтэй санагдах юм?

-Хөтөлбөрийг батална гэж би итгэж байгаа. Засгийн газар ОУВС-тай холбогдож байгаа байлгүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбаяр: Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах нь Эрүүгийн шинэ хуулийн чухал ололт

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийг баталсан билээ. Уг хуулийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-аар Эрүүгийн хуулийг баталлаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл хэлж байлаа. Эрүүгийн хууль хүний эрхийг зөрчсөн ч гэж байна. Таныхаар Эрүүгийн шинэ хууль ямархуу онцлогтой бол?

-Эрүүгийн хууль материаллаг хууль. Ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ, тэрэнд ямар шийтгэл ногдуулах вэ гэдгийг л зохицуулдаг. Монголын төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо Эрүүгийн хуулиар дамжуулан тодорхойлж байгаа. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хоёр гол онцлогтой. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг эрс чангалсан. Үндсэндээ энэ төрлийн гэмт хэрэгтэй хайр найргүй тэмцэнэ гэдгийг шинэ Засгийн газар, УИХ хэлж өглөө.

-Яаж?

-Одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж улсад хохирол учруулсан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс дээш хохирол шаарддаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга гээд тооцохоор 12 сая төгрөгөөс дээш хохиролтой гэмт үйлдлийг л гэмт хэрэгт тооцдог, тэр хэмжээнд хохирол учруулаагүй бол гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Харин шинэ Эрүүгийн хуулиар татвар төлөгчдийн, улсын мөнгөнөөс нэг төгрөг ч байсан хулгай хийсэн бол хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр болж байна. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлт дээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэж мэдэгдсэн. Энэ үг Эрүүгийн хуулиар дамжин биеллээ олж байна. Өөрөөр хэлбэл, шинэ УИХ-аас албан тушаалаа ямар нэгэн байдлаар өчүүхэн төдий ч гэсэн урвуулан ашигласан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болголоо. Ингэснээр МаН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг чангатгах бодлого бодит биелэл болж байна. Шинэ УИХ, Засгийн газар авлигачидтай тэмцэнэ гэдгээ зарлаж байгааг онцгойлон хэлмээр байна.

Хоёрдугаарт, уг Эрүүгийн хуулийн онцлог бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тал дээр дэвшил гарсан. Хаашдаа би хорих ял шийтгэгдэх юм чинь эрх нь хөндөгдсөн иргэний хохирлыг барагдуулахгүй байсан ч яадаг юм гэдэг байдлаар асуудалд хандаж гэмт хэргийн хохирол их хэмжээгээр барагддаггүй байсан. Тухайн иргэн хохироод үлддэг. Хөнгөн гэмт хэрэг дээр шүүхээс гэм буруутай нь нотлогдох юм бол тодорхой хугацаа олгох хүсэлт тавьж хохирлоо барагдуулах юм бол хорих ялыг нь багасгах, тэнсэх уян хатан зохицуулалтыг оруулж ирсэн. Хэрэв тухайн иргэн хохирлоо барагдуулахгүй бол илүү чанга ял авах юм байна, хохирлыг барагдуулбал хөнгөн ял шийтгэл авах юм шүү гэдгийг шинэ Эрүүгийн хуульд бичиж өгсөн учраас зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр илүү ахиц гарах байх. Шүүхийн шийдвэртэй хэргүүдийн хохирол барагдуулсан байдал нь 20 хувь л байдаг. Энэ байдлыг залруулах нь Эрүүгийн хуулийн бас нэг чухал ололт.

-М.Билэгт гишүүн чуулган дээр иргэн хүний учруулсан хохирол 300 мянган төгрөгөөс дээш байвал эрүү үүсгэнэ гэчихээд төрийн албан хаагчид 10 сая төгрөгөөс дээш ямар нэгэн асуудал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байна гэж шүүмжилсэн. Үүнээс харахад иргэдэд халтай, төрийн албан хаагчдыг дэмжсэн хууль болчихсон юм биш үү?

-Түрүүн би хэллээ. Одоогийн хуулийг урвуугаар нь ойлгоод ярьсан байх. Таны хэлсэнчлэн иргэдийн хувьд бусдын зүйлсийг хулгайлах, эд хөрөнгийг үрэгдүүлэх, устгах энэ төрлийн гэмт хэрэгт 300 мянган төгрөгийн босго тавьж өгсөн. 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө устгасан бол Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Харин албан тушаалтан эрх мэдлээ урвуулан нэг төгрөгийн хохирол учруулсан л бол бүгд Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. 10 саяын босго улсын төсвийн хулгай дээр байхгүй. Эсрэгээрээ албан тушаалтнуудад илүү чанга, хатуу шаардлага тавьсан.

-Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөлд албан тушаалаа урвуулан ашиглавал тийм хариуцлага хүлээлгэнэ гээд заагаад өгсөн байсан ч ажлын хэсэг дээр үлэмж хэмжээ гээд оруулаад өгчихсөн. Үнэмлэхүй хэмжээ гэдэг нь яг хэд юм бэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхдээ таны асуусанчлан албан тушаалын гэмт хэрэгт хохирлын хэмжээг оруулж ирээгүй. УИХ ч гэсэн Засгийн газраас оруулж ирсэнчлэн хохирлын хэмжээг тавилгүй баталсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж, чуулганы хуралдаан дээр мөн Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой аюул учирлаа гэдгийг хэлж байсан. Эх орноосоо урвах заалтыг авчихсан гээд байсан?

-О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан байна гэдэг зүйл ярьсан байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах зүйл ангид дайны байдлын үед дайсны талд элссэн, хамтарч ажилласан, Монгол Улсад тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн гадаадын тусгай албанд элссэн, хамтарч ажилласан, улсын нууц задруулсан үйлдлийг бүгдийг нь нэг гэмт хэрэгт багтаан бичсэн байдаг. Өнгөрсөн парламент 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа үүнийг дөрвөн гэмт хэрэг болгон салгаж баталсан. Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт, тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгон тус тусад нь ял шийтгэлийн бодлогыг нь сулруулалгүй улам чангалсан. Тухайлбал, гадаадын тусгай албадтай хамтарч ажилласан иргэнийг бүх насаар нь хорих, тагнуул хийсэн хэрэгт 20 жилийн ял ногдуулах байдлаар 2015 онд баталсан байсан. Шинэ Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үндэсний аюулгүй байдлын эсрэг энэ бүлэг гэмт хэргийг огт хөндөөгүй. О.Баасанхүү гишүүн 2015 онд батлагдсан хууль дээр хоёр жил зургаан сарын дараа энэ асуудлыг гэнэт харчихсан юм шиг яриад байгаа юм. Уг нь харсан бол өмнөх парламентын үед ярих ёстой байсан байхгүй юу. Энэ Засгийн газар, Их хуралтай ямар ч хамаагүй. Хоёрдугаарт, эх орноосоо урвах үйлдэлд О.Баасанхүү гишүүн зөвхөн дайны байдлын үед хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэдэг зүйлийг мөн ярьсан байна лээ. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Албан ёсоор аль нэг улс бусад улсад дайн зарладаг. Энэ тохиолдолд нөгөө тал нь дайсан гэдэг ойлголтод багтдаг. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болдоггүй.

-О.Баасанхүү гишүүнийхээр бол энхийн цагт дайсан гээд аль нэг орны нэр оруул гэсэн ойлголтыг өг гээд байгаа юм уу?

-Энхийн цагт дайсан гэдэг ойлголтыг оруулж ирье гэхэд та яг аль улсыг оруулж ирэх юм. Та яг аль улсыг дайсан улс гэж хэл гэж хэлээд байгаа юм бэ гээд О.Баасанхүү гишүүнээс асуусан. Хэлэхгүй байна лээ. Энхийн цагт аль нэг улс нь өөр нэг улсыг дайсан гээд шууд зарлаад явах нь ямар үр дагавар авч ирэх вэ. Хоёр орны дипломат харилцаа, олон улсын жишиг талдаа ч ийм ойлголт байдаггүй. Тэгэхээр энэ асуудлыг энхийн цагт тухайн этгээд гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан юм уу, улсын нууц задалсан уу гэдэг чинь дээр хэлсэнчлэн тус тусын зүйл заалтаар явна. Гадаадын тагнуулын байгууллагад ажилласан бол 25 жилийн ялаа авна. Тагнуул хийвэл 20 жилийн ял шийтгэгдэнэ. Хариуцлага нь энэ Эрүүгийн хуульд байгаа. Эх орноосоо урвасан гэдэг гэмт хэргийн заалтыг аваад хаячихсан зүйл байхгүй. Өрөөсгөл ойлголт. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больчихлоо гэдэг зүйл ярьж байгаа нь хариуцлагатай хууль тогтоогчийн амнаас гарч байгаа үг. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух вэ. Улсын нүд, чих болсон тагнуулын байгууллага юу хийгээд сууж байх вэ. Үүн дээр эрх бүхий байгууллагууд дуугараасай гэж бодож байна. Нийтийн дунд ийм ташаа мэдээлэл түгээж байгаад үнэнийг хэлэхэд хэлэх үг алга. Хэлэх гэхээр хууль тогтоогчийн өмнөөс чанга дуугарсан болчих гээд, дуугүй байгаад байхаар ард түмэн нээрээ тэгчихсэн юм болов уу гээд эргэлзээд болдоггүй.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Ард түмний бухимдаж байгааг буруутгах аргагүй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг амаргүй цаг үеэ туулж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд Монгол Улсад хөрөнгө оруулалт, валют зайлшгүй шаардлагатай тийм л эмзэг цаг үедээ явна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих байсан ч УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаас болоод хойшилсон ч Их хурал даруйхан арга хэмжээ авлаа. Хөрөнгө оруулагчдын мөнгө Монголоор дамжихгүй боллоо. Одоо ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихэд асуудалгүй болсон гэж ойлгож болох уу?

-Бидний өмнө ядуугийн зовлон гэдэг шиг хүндрэл тулгарчихаад байна. Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Валютын нөөцөө сайжруулах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж байж Монгол Улс цаашаа явна. Нэн тэргүүнд УИХ, Засгийн газрын түвшиндээ ОУВС-тай гэрээгээ хийгээд явахаас өөр ямар ч сонголт үлдсэнгүй. ОУВС-гийн зүгээс төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн сахилга баттай болох хэрэгтэй гэж байгаа юм. Ингэж чадвал 2018-2019 онд манай эдийн засаг сэргэнэ. Хэл ам дагуулсан УИХ-ын тогтоол чинь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлье, гадагшаа гарч буй валютыг Монгол Улсын банкаар дамждаг нөхцөлийг бий болгоё л гэсэн хэрэг. Харамсалтай нь гадны байгууллагууд үргэлж бидний эсрэг зогсч ирсэн. Сая болж өнгөрсөн процессыг харж байхад ч гэсэн тодорхой хэмжээнд лобби орж бидэнд ийм шаардлага тавьсан.

Байнгын хороо болон бүлгийн хурал дээр энэ талаар бид нэлээд нухацтай ярьсан. Угаасаа хүнд байсэн эдийн засгийг улам хүнд болгох нөхцөл бий болж байна. Ерөнхий сайд “Олон улсын гэрээнд энэ хамаарахгүй” гэдэг хариуг ОУВС-д өгсөн ч “Баталгаатай хариу биш байна” гэсэн. Эцэст нь УИХ-ын тогтоолын төслийг цуцлаад цаашаа явъя гэсэн шийдэлд хүрсэн л дээ. Өнөө маргаашдаа эдийн засгаа босгохгүй бол эрэлхэг хүн болж сөрж зогссоноор бид цаашаа алхаж чадахгүй. Яахав ээ, өнөөдрийн нөхцөл байдлаа бодоод буулт хийлээ. Хамгийн гол нь нэг алхъя, ОУВС-гийн дэмжлэгийг авъя гэж байгаа юм. Эдийн засаг сэргэх нь Монгол Улсад хэрэгтэй.

-УИХ-ын уг тогтоолоор өөр ямар нэгэн саад байхгүй гэж ойлгож болно биз дээ?

-Хэрэв дахин иймэрхүү зүйл гарч ирвэл “Энэ ОУВС чинь дарамталдаг валютын сан байна” гэдгийг нь хэлээд өөрийн замаар явахаас өөр гарц байхгүй. Үүнээс цааш шаардлага тавих юм бол улаан зурааснаас хэтэрсэн явдал болно. Дахин ийм зүйл гарвал Их хурал хатуу байр суурь барина.

-Татваруудын нэмэгдэл иргэдийн дунд өндрөө авч байна. ОУВС-гийн хөтөлбөр Монголд гурван жил хэрэгжинэ. Монголын газар нутаг дээр бид хэдэн зуун жил амьдарна гэж байна л даа?

-Сонгуулийн өмнө улс орны байдал хүнд байна. Бид улс орноо босгоно гэдэг амлалт өгч сонгуульд оролцсон. Засгийн газраас оруулж ирсэн анхны мөрийн хөтөлбөр дээр татвар нэмэх асуудлыг оруулж ирэхдээ нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын зүгээс бодлогын арга хэмжээ авч байж иргэддээ ойлгуулаад явъя гэдэг үүднээс хүндхэн мөрийн хөтөлбөр оруулж ирсэн л дээ. Манай бүлгийн гишүүд дөнгөж Их хуралд орж ирээд байсан тул хөөрсөн сэтгэлээр бүлэг дээр унагачихсан. Харин миний хувьд эсрэгээрээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байсан. Би өмнө нь яаманд ажиллаж байсан хүний хувьд нөхцөл байдал хүндрэхэд гарах арга замыг нь бодитоор харах ёстой гэдэг байр суурьтай байлаа. Ямар ч байсан ард түмэн маань ойлгох болов уу гэж бодож байна. Ингэж байж улсаараа бид цаашаа алхах юм. Ингэхгүй гэвэл нэг зогссон байрнаасаа урагшаа ганц ч алхахгүй. Эдийн засаг улам хүндэрнэ, мөнгөний эргэлт зогсоно. Эргэлт байхгүй болчихоор валютын ханш дээшээ л явна. Ам.долларын ханшийг тогтвортой барих нь валютын нөөцөөс шууд хамааралтай. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 5.5 тэрбум ам.долларын ихэнх нь валютын нөөцийн санг бий болгоход чиглэгдэнэ. Тэгж байж валютын ханшийг барьж, эдийн засаг хөдөлгөөнд орно.

Орон нутагт явж байхад иргэдийн зүгээс улстөрчид л үүнийг шийдэх ёстой гээд бухимдаж байна. Аргагүй юм. Ард түмэн бидэнд бүх итгэлээ өгсөн. Тиймээс ард түмний бухимдаж байгааг буруутгах аргагүй. Бүх зүйлээ тайлбарлаад явж угаасаа амжихгүй. Тиймээс богино хугацаанд урагшаа хараад сэлээд гарахаас өөр замгүй. Тэгэхгүй бол бид живэх гээд байна.

-УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Уг хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх юм биш үү. Үүнийгээ дагаад Хятадын банк орж ирнэ гэж байна?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн гол шалтгаан нь төсвийн зүйлс төсвөөсөө санхүүжиж, Хөрөнгө оруулалтын банкин дээр байгаа мөнгийг зөвхөн тэр банк захиран зарцуул. Харин тухайн мөнгийг ямар бизнес рүү оруулах чиглэлийг засаг нь гаргаж байхаар хуульд нь суулгаж өгсөн. Импортын барааг цөөлж, экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжих, дотоодын бизнесийг өргөжүүлэх чиглэл рүү явуулахаар хуульчилсан.

Намайг Зам тээвэр, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад Хөгжлийн банкны захирал нь Солонгос хүн байсан. Бид зам, барилга, шугам сүлжээний хэд хэдэн төсөл солонгос захиралд аваачиж өгөхөд хэл амаа ололцож чадаагүй. Яасан гэхээр Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх, үйлдвэр, үйлчилгээний зээлийг олгоно гэсэн байр сууриндаа солонгос захирал хатуу зогссон. “Энэ Засгийн газрын бодлогын хүрээнд хийгдэж байгаа” гэж хэлээд байхад “Засгийн газрын бодлого байж болно. Гэхдээ энэ мөнгө чинь эргэлддэг байх ёстой” гээд 2012 он хүртэл халгаагаагүй. Харин АН засгийн эрхэнд гараад өнөө захирал солигдож шинэ захирал томилогдсон. Одоо нөгөө захирал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Тухайн үед АН-ын Засгийн газар нь зээл өг гээд лүндэн буулгаад явсан. Гэтэл тэр зээлийнх нь талаас илүү нь эргэн төлөгдөх боломжгүй болсон. Тиймээс бид хуулийг нь баталж өгөөд, эдийн засгийн эргэлтэд ордог төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр хуульд тусгасан.

Та мөн гадны банкуудын асуудлыг хөндлөө. Бидний зүгээс гадны банкийг хөрөнгө оруулалт дэмжсэн чиглэлээр оруулж ирээчээ гэж байгаа юм. Монгол Улсын банкуудын актив хадгаламжийн мөнгөн дээр л эргэж байдаг. Хадгаламжийн хүү өндөр байгаа тул үүн дээрээ зээлийн хүү нэмчихээр иргэдэд өндөр хүүтэй зээл очиж таараад байгаа юм. Хадгаламжийн хүүг буулгачихаар бас л хэдэн хүн гомдол гаргаад явах байх. Тиймээс гаднаас банк орж ирэх юм бол тодорхой хэмжээний хөрөнгийг өөрсдөдөө суулга. Тэрийгээ зээлээр өг. Бага хүүтэй зээл нь эргэлдээд ирэх юм бол хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү дагаад бууна.

-Газар барьцаалж зээл олгоод гадны банк зээлээ төлж чадахгүй бол тэр газар банкны өмч болно энэ тэр гэх юм. Тэгж айгаад байх зүйлгүй юм уу?

-Айгаад байх зүйл байхгүй. Өнөөдөр гадны банкууд манайд орж ирье гээд дугаарлаад байгаа юм уу, үгүй шүү дээ. “Bank of China” орж ирэх хүсэлтээ аль эрт тавьсан юм билээ. Одоо орж ирье гээд байгаа нь хаана байна. Банкныхан гадны ямар ч банк орж ирэхэд нээлттэй гээд байгаа. Бид гадны банк оруулж ирж байж олон улсын хэмжээнд хөдөлдөг зах зээлийг бий болно. Тэгэхгүй бол бид хоёр орны дунд ямар улс байгаа нь мэдэгдэхгүй өдийг хүртэл явлаа. Банкны салбар бизнесийн ертөнцөд маш том орон зайг эзэлдэг. Тиймээс үүн рүү зайлшгүй орох ёстой.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ. ОУВС, гадны банк гэхээсээ илүү үүнийгээ түшиглэх боломж хэр байгаа бол. Өвөл танаас ярилцлага авч байхад ноос, ноолуурын салбарыг 500 тэрбум төгрөгөөр дэмжээд өгвөл эдийн засагт ихээхэн нэмэр болно гэж ярьж байсан даа. Тэр юу болов?

-Нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж байгаа болохоор эдийн засагт эерэг хандлага гарах нь гарцаагүй. Гэхдээ Монгол Улс өргүй байсан бол нааштай байх байлаа. Ирэх онд гэхэд бид нэг их наяд гаруй төгрөгийг бондын эргэн төлөлтөд зарцуулна. Бид өртэй байгаа болохоор түүхий эдийн үнэ өссөн ч хуримтлал үүсгэж чадахгүй. Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад эдийн засгийн бааз сууриа бэхжүүлээд явах юм бол ирэх хоёр жилдээ эдийн засаг хэвийн байдалдаа орно гэж харж байгаа.

Ноолуурын салбарт гэхэд 100 мянган төгрөгөөр нэг кг ноолуур авч байсан бол буурсаар байгаад 70 мянган төгрөгт хүрлээ. Бас л хятадуудын тоглоом явж байна. Дэлхий хэмжээнд ноолуурын зах зээлийн 50 хувийг Хятад, 40 хувийг Монгол хангадаг. Том тоглогчийн хувьд ноолуураа өөрсдөө авч, өөрсдөө боловсруулж, том зах зээл рүүгээ өөрсдөө гаргадаг болох гарцаа олох нь чухал. Хамгийн том зах зээл болох Зүүн өмнөд Ази, европынхонтой уулзах хэрэгтэй. Ерөнхий сайд удахгүй Хятадад айлчилна. Энэ хүрээнд ярих зүйлийнх нь нэг сэдэв энэ байх ёстой. “Буга намнадаг нь манайд байна Булга зүүдэг нь танайд байна” гэдэг шиг тохиролцоогоо хийгээд явдаг болох шаардлагатай. Хийсвэр тоогоор 2.5 их наяд төгрөг ноолуурын салбараас орж ирнэ гэдгийг салбарынхан нь хэлээд байгаа. Ийм том зах зээлээ л бид бариад авах хэрэгтэй. Гурван сая монгол хүний зах зээл гэхээсээ илүүтэй хилээ давж алхсан бодлого барих шаардлагатай.

-Хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй байгаа нь Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой юм шиг. Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулсных нь дараа ноолуурын үнэ навс уналаа гэж ярьж байна. Хөдөө аж ахуйн биржийн хувьцааг гадны хэдэн компани худалдан авсан гэдэг яриа байх юм. Үүнтэй холбоотой юм болов уу?

-Суурь тогтолцоо нь бий болж чадаагүйн улмаас Хөдөө аж ахуйн бирж хөгжиж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн бирж зайлшгүй байх ёстой. Манайхан ерөнхий тогтолцоогоо засч чадахгүй байж байгаад шинэ зүйл байгуулдаг. Ноос, ноолуур, мах, арьс, ширийг нь хүлээж авдаг тогтолцоо нь юу билээ. Үнэндээ бид ченжээс цааш гарч чадахгүй байгаа. Үүнийгээ хийж чадаагүй байж бирж гээд данхайсан том толгой авч ирээд тавьчихдаг. Бирж рүү нөгөө бүтээгдэхүүн нь очилгүй наана нь эргэлддэг. Гэтэл хуульдаа бид биржээр дамжаагүй бол гадагшаа худалдаалахгүй гэдэг том заалт хийчихсэн. Түүхий эд нь гараас гар дамжин явдаг. Гадагш нь гаргая гэхээр хуулиар хаалт тавьчихсан. Түүхий эдээ гаргахын тулд тэдэн тонн ноос, тэдэн тонн арьс, шир танайхаар дамжсан гэсэн бичиг хийгээд өгөөч гэхээр “Тэгвэл мөнгө өг” гэдэг. Тэгээд гарын үсэг зуруулсан цаас барьж очоод хилээр гаргадаг. Гаалийнхан хүртэл мэдэж байгаа. Манайхан хөгжсөн орны системийг хуульдаа шууд суулгачихдаг. Амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй байдаг л даа. Энэ утгаараа бирж яригдаад байдаг. Нэг хэсэгтээ энэ биржийг бүр татан буулгачихмаар байгаа юм. Тэнд зүгээр л цаасан дээр юм бичээд мөнгө идээд сууж байна.

-Одоо татан буулгана гэхээр эсэргүүцэлтэй л тулгарах байх даа?

-Тэгэх л байх. Татан буулга эсвэл яаралтай доод системийг нь бий болгох хэрэгтэй. Мал аж ахуйн салбар хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь малын өвчлөлтэй холбоотой. УИХ-аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль орж ирж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсгийг нь би ахалсан. Австрали, Шинэ Зеландын төрийн байгууллагуудтай уулзлаа. Олон улсын мал эмнэлгээс тавьж буй зарчим нь нэг газар малын өвчин гарлаа гээд улаан гэрэл асангуут тухайн газрыг хязгаарлан арга хэмжээ авдаг бүтэц нь өөрөө зөв байх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл төрийн бүтэц нь зөв байх ёстой юм. Манай малчдын зүгээс мал эмнэлгийг төрийн босоо удирдлагатай болгох шаардлагатай гэдэг. Өнөөдөр аймагт байгаа хувийн мал эмнэлгийг сумын Засаг дарга шууд тушаал өгөөд ажиллуулах боломжгүй. Зүгээр л гэрээний үндсэн дээр ажилладаг. Суманд өвчин гарлаа гэхэд арга хэмжээ аваад хариуцлага тооцох боломжгүй байдаг, учир нь хувийн эмнэлэг болохоор тэр. Уг нь хэн нэгний толгой руу “тоншиж” байх ёстой байдаг. Хүн эмнэлэг дээр эмч нар эрүүл мэндийн манаанд зогсож байдаг бол малын эрүүл мэндийн манаанд зогсдог хүн байх ёстой байхгүй юу. Гаднаас өвчтэй мал оруулахгүй манаж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, вакцинд нь хяналт хийж байх ёстой. Болохоо байсан үед дээшээ мэдээлэл өгөхөд бэлэн байх ёстой. Засаг даргын өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Одоогоор бол хувийн мал эмнэлэг дээр хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Монгол Улсад 1000 гаруй хувийн мал эмнэлэг байдаг судалгаа бий. Бид хариуцлага үүрүүлдэг системийг бий болгох юм. ХХААХҮЯ-наасаа эхлээд эрүүл мэндийн асуудал нь явсаар сум, баг хүртлээ хариуцлагатай болох хэрэгтэй.

Гадныхан “Танай мал шүлхийтэй байгаа цагт олон улсын зах зээлд борлогдохгүй” гээд шууд хэлж байна. Гэтэл бид энд малаа хэдэн саяар нь зарна гэж сэтгэлийн хөөрлөөр яриад сууж байдаг. Үндсэн хуульдаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн ганц мундаг заалтаас өөр үндсэндээ малд эзэн алга.

-Энэ хууль батлагдчихвал нөхцөл байдал дээрдэнэ л гэж үзээд байгаа юмаа даа?

-Наанадаж суманд чихийг нь мушгиж байдаг нэг хүнтэй болно. Одоо бол хэний ч чихийг мушгиж чадахгүй байгаа. Энэ мэтчилэн хийх зүйлс их байна.

-Автозамын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бил үү. Уг хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ?

-Хамгийн гол нь чанарын асуудал. Монгол Улс 5000 гаруй км хатуу хучилттай автозамтай болчихоод байна. Энэ хүрээнд чанар, ашиглалтын зардлыг бий болгож зам арчлалтын асуудалдаа анхаарахгүй бол болохгүй болчихсон. Нэг маргаантай асуудал байгаа нь автомашины онцгой албан татвараас орж буй мөнгөний 20 хувиас доошгүйг зам арчлалт дээр нэмье гэдэг заалт л даа. Намайг яаманд ажиллаж байхад зам арчлалтад хамгийн сүүлд 19 тэрбум төгрөгийг зам дээр тавьж байсан. Уг нь нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг юм. 2012 оноос хойш зам шинээр баригдаж км нь нэмэгдсэн ч зам арчлалтын мөнгө нь 10 тэрбум төгрөг болж буурсан. Автомашины онцгой албан татвараас жилд 80 тэрбум төгрөг олдог гэсэн. Үүний 20 хувь гэвэл 18 тэрбум төгрөг болно. 2012 оны 19 тэрбумдаа хүртэл хүрэхгүй байгаа л даа. Гэхдээ баталгаатай хувийг нь заагаад өгчихье гээд оруулж ирсэн. Хоёрдугаарт, замын чанартай холбоотойгоор зам барьсан компани нэг жил хариуцах байсан бол хоёр жил болгож байна. Мөн автозам тавьж буй компанийг хөндлөнгөөс хянадаг хяналтын компанийг хоёр жилийн баталгаат засвар дээр хариуцлага хүлээхээр заасан. Зам барьсан компани хоёр жилийн дотор эвдрэл гарвал өөрийн хөрөнгөөр засах асуудлаа чанд барих ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Л.Лантуу: Улс төрийн товчооны гишүүнээс огцрохдоо 300 төгрөгтэй үлдэж байлаа

Хар азаргын нурууны “Хаан” хайрхан буюу Бурхан буудай уулын өвөр, Намилзахын голын хөвөөнөө нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв, Нийслэлийн МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Лхамсүрэнгийн Лантуу, гавьяат жүжигчин Борын Ирина, Төрийн соёрхолт Баасанцогтын Дүгэрсүрэн тэргүүтэй алдартнууд манцуйдаа тарвалзан өндийсөн байдаг. Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан Хар азаргын нурууг нүдэнд харагдтал дүрслэн шүлэглэсэн нь бий. Тэр шүлгийн мөртүүдийг бодохын зуурт Алтайн сүрлэг уулсын дунд өссөн хүмүүс эрэмгий байхаас яахав. Уулын оргил руугаа тэмцэх мэт амьдралд үргэлж тэмүүлэлгүй яахав гэх бодол хаврын сүүл сарын хонгор салхитай хамт хацар илбэх мэт. Ийн бодож явсаар хүүхдийн 100-д ирлээ. Хөнгөн санаашрал тээн явсаар очиж буй айл маань төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Лхамсүрэнгийн Лантуугийнх юм. Байрных нь гадаа ирлээ. Хүү, охин хоёр машин угааж зогсонгоо “Борогчуу наад хувцас хунар чинь бөөн шороо болчихлоо. Гэртээ ор л доо” хэмээн хүү өгүүлэв. Өнөө Борогчуу нэрт хүү бидний өмнүүр хар гүйхээрээ явсаар байрны орцоор ороод явчихлаа. Араас нь орлоо, яг л бидний зорьж яваа айлын үүдэнд ирээд хаалга хөнгөн цохив. Ард нь ирж зогссон биднийг харснаа “Өвөөгийн зургийг авах хүмүүс мөн үү” гээд хаалгаар гүйх шахам ороод “Эмээ нөгөө зураг авах хүмүүс ирлээ” хэмээн шаазгай шагшрах мэт хэлээд цаад өрөө рүү чавхдаад орчихлоо. “За, сайн явцгааж байна уу” хэмээн угтаж авсан эрхэм бол Л.Лантуу гуайн 60 жил ханилсан гэргий Бэгзийн Мягмар байлаа. Нэгэн жарныг хамтдаа туулсан Л.Лантуу, Б.Мягмар нарынд саатсанаа хүргэе.

Лантуу гуай бичгийн өрөөнөө суух бөгөөд “Өдрийн сонин”, “Монголын Үнэн” сонин хоёрыг дэлгэжээ. Том хүү Дамдинсүрэнтэйгээ их л чухал яриа өрнүүлж буй бололтой. Долоо хоног бүрийн бямба гаригт тэдний хүүхдүүд аав, ээж дээрээ ирж хоол цай идэж, гадаа сайхан байвал салхинд гарах мэтээр нэг өдрийг “бужигнаж” өнгөрүүлдэг гэнэ. Өнөө Борогчуу бол ганцаараа л бараг хоёр хөгшний гурван өрөө байрыг “эргүүлэх” дөхөх аж. Л.Лантуу гуай Говь-Алтай аймгийн Халиун сум Бурхан буудай уулын хормой Хүрэн толгойн Дэрсний хаяа хэмээх газар 1938 онд Халтарын Лхамсүрэнгийнд төржээ. Тэрбээр багадаа Бурхан буудай уулынхаа өвөрт хургаа хариулж, аавынхаа тариан талбайд очиж зэрлэг зулгаахаас эхлээд аавдаа тусална. Түүнийг багад дэлхийн хоёрдугаар дайн болж байсан тул юм бүхэн хомс байсан цаг. Бидний багын амьдрал үнэхээр хүнд байсан. Одоогийнхтой зүйрлэх юм биш гэв. Ээж талаасаа Лантуу гуай тайж угсаатай. Өвөө нь Аюурзана гэж тайж байсан бөгөөд өвөөгийнх нь аав Дамдин гэж тодорхой хэмжээний албадтай тайж байсан гэнэ. Лантуу гуай 1946 онд бага сургуулийн босго алхаж эрдэм номын мөр хөөсөн байдаг. Тухайн үед унших ном байдаггүй байсан тул уншихын их хүслэнтэй ч түүндээ чөдөрлөгдөн явдаг асан цаг. Хийсч яваад чулуунд тогтсон сонины тасархай олж аваад тунчиг баярладаг байж.

Хүү Дамдинсүрэн, гэргий Б.Мягмар нарт “Бурхан буудай” уулынхаа талаар ярьж буй нь

Лантуу гуайг зургадугаар ангид байхад анх удаа сурах бичгүүд сургуульд нь ирж түүнийг нь зөөж явах замдаа уншиж явдаг байсан гэх. Будгийн харандаа олдохгүй тул агент ирэхэд гурван хонины арьсаар ганц ширхэг харандаа авна. Бэх байхгүй тул тогооны хөөг ёотонгийн хэлтэрхийтэй усанд хольж бэх хийгээд нарийн саваа модоо түүндээ дүрж хичээл хийдэг байсан талаараа өгүүлэв. Цагаан цуу ямбуугаар цамц маягийн зүйл хийж өмсөхийн дээр хонины нэхий дээлээ нүцгэн биен дээрээ шууд өмсчихдөг байсан тийм л цаг аж. Эгч нь Ховдын Сувилагчийн сургуульд оччихоод дүүдээ хуучин шар дурдан тэрлэг авч ирэхэд нь түүнийг өмсөөд жигтэйхэн баярлаж байсан гэнэ. Дотуур байранд байхад өглөөдөө тал зүсэм талх, хоёр ёотон, өдөр нь шар будаатай шөл, оройдоо тал зүсэм талх хоёр ёотонгоо идээд л болдог байж. Өсч дэвжиж байгаа хүүхдүүд цадахгүй ээ, энэ ач зээгээ харж байхад хэд хэдэн аягаар нь иддэг насан дээрээ ийм л явлаа гэв. Айлууд баруун хаяагаар харахад зүүн хаяаны цаад тал нь нэвт харагддаг, зүүнээсээ баруун тал нь нэвт харагддаг тийм л гэрт жилийн дөрвөн улирлыг өнгөрүүлдэг нэг үгээр хэлбэл “чанга” цагийн хүүхдүүд ингэж л өсчээ.

Бидний яриа ийн өрнөж байх үед гэргий Б.Мягмар бичгийн өрөөнд хэдэнтээ орж ирэн “Лантуу, наад хүүхдүүдийг цай уулгаатах аа, дараа нь ярь” хэмээв. Цайны өрөө рүү явах зуур том хүү Дамдинсүрэн нь “Аав маань Жамбын Батмөнх гуайтай хамт ажиллаж байсан хүн. Одоогийн ярьдгаар бол Батмөнх гуайн хүн юм даа” гэлээ. Цайны ширээний ард эхэлсэн бидний яриа бичгийн өрөөнд үргэлжлэв. Лантуу гуай өрөөнийхөө нэг ханыг бүхэлд нь номын сан болгожээ. Монгол, орос хэл дээрх улс төрийн номоос эхлээд ховор сонин номууд ч харагдах аж. Тэрбээр хүрэн бичгийн ширээнийхээ ард өдрийг өнгөрүүлдэг бололтой юм. Ширээний дээд талд нь харин төрсөн нутгаас нь болон нам, хамт олноос нь түүнд хадгалуулсан өргөмжлөлүүд байх. Лантуу гуайн аав Лхамсүрэн нэг метр 80 см өндөр биерхүү хүн байж. Аавынхаа 42 настайд нь төрсөн тул амь шигээ хайрлах нь гарцаагүй. Аав, ээжээс наймуулаа байсан ч нэг нь уушгины хатгалгааны улмаас тэнгэр болсон тул долуулаа олон оныг хамт туулсан байна. Манай Бурхан буудай уулын таван амнаас ус урсана. Ус бүр нь рашаан шүү дээ. Нутагтаа очиж чадалгүй хоёр жил болчихлоо хэмээн хананд өлгөөтэй нутгийнхаа уулсын зургийг хараад хэсэг чимээгүй болчихлоо.

Ким Ир Сенийг Монголд айлчлахад Л.Лантуу гуай Мөнхжаргал даргын хамт хүлээн авч байсан бол Паул Кастротай хамт олон улсын хуралд тохой нийлүүлэн сууж байсан гээд дэлхийн алдартнуудтай яриа хөөрөө дэлгэж суусан нь олонтаа. Хуучин хотын намын хорооны I дарга гэдэг чинь Төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчоооны гишүүн тул социалист орнуудад маш том албан тушаал байжээ. Гэсэн ч өнөөдөр Л.Лантуу гуай гэргийн хамт тэтгэврээрээ л амьдардаг юм байна. Зарим үед тэтгэврээ зээлж аваад зарцуулдаг аж. Бүхий л насаараа дарга хийсэн хүн гэхэд тэтгэвэр нь хамгийн багаар шахам тогтоогдож, 2011 онд зүрхний хүнд хагалгаанд орохдоо байраа барьцаанд тавьж байсан талаар Дамдинсүрэн өгүүлэв. Аав, ээж хоёр намайг ингэж ярьж байхыг мэдэх юм бол уурлах байх шүү. Сая ээж “Хажуугийн дэлгүүрээс мах зээлчихье” гээд сууж байсан. Хуучин улс төрийн товчоонд ажиллаж байсан хүмүүс бүгд ингэж амьдарч байна. Бодит үнэн энэ юм чинь яахав дээ гээд цайгаа оочив. Аав, ээж минь ард түмэнтэйгээ адилхан ингээд л амьдарч байна. Залуу цагтаа хэчнээн зүйл хийж, бүтээв. Гэхдээ миний аав, ээж хэнээс ч юм гуйж яваагүй юм гэлээ. Б.Мягмар гуай “Дамдинсүрэн минь юу л яриад байна даа, наад цайгаа ууцгаа миний хүүхдүүд” хэмээн уур савссан халуун мах, халуун савтай цай дөхүүлэв.

Лантуу гуайн ажил гэж цаг наргүй байж. Хүүхдүүдээ унтаж байхад нь шөнөөр ирж, өглөө эртээ гэгч нь ажилдаа явдаг байсан тул хүүхдүүд нь “Аав байгаа юм уу” хэмээн асуух нь жирийн үзэгдэл шахуу байсан гэнэ. Энэ яриа хөөрөөтэй Дамдинсүрэн бол МСДН-ыг Ардчилсан намтай нэгдсэний дараа “Шинэ социал-демократ нам”-ыг байгуулан даргаар нь ажиллаж явсан гэдгийг зарим уншигчид мэдэх байх. Түүний хувьд одоо Монголын үлгэр, туульс, уламжлалт ёс заншил судалдаг юм билээ. Тэрбээр “Аавыг болон аавын үеийнхнийг харж байхад техникч, монтёр гээд бүх шат дамжлагаар явсны эцэст төрийн хүн болдог байлаа. Одоогийнх шиг гудамжнаас гишүүн, сайд болдоггүй байсан юм” гэлээ.

“Таны нэрэнд ямар нэгэн учир байна уу” гэхэд “Ээж төрөх гээд гэрээ тойрч байгаад унагачихсан байхгүй юу. Хүйг маань дараад бооход цус алдаад хоёр алга дүүрэн цус гарчихсан байсан гэдэг. Тэгээд аав минь надад “Лантуу шиг мундаг бөх болох нь” гээд Лантуу гээд нэр өгсөн юм билээ” гэв. 2011 онд Лантуу гуай Бээжинд 19 цаг зүрхний хагалгаанд ороход Бээжинд түр амьдарч байсан зээ дүүгээрээ орчуулагч хийлгээд хамт байж байхад сувилагч нь нэг юм яриад байхаар нь юу гэж байна вэ гэж асуутал “Лантуу гэдэг чинь хятад үг. Лантуу гэдгийг орчуулаад үзвэл “Хөх чоно” гэдэг утгатай” гэдгийг нь тайлбарлажээ. Түүний нэрнээс эхлээд туулсан амьдрал нь “Хөх чоно”-ын амьдрал мэт юм билээ л дээ. Нэг үгээр хэлбэл Улс төрийн товчооны “Хөх чоно” болж таарч байгаа юм.

Лантуу гуай ийн ярьсан юм. “Монгол Улс Солонгос шиг биеэ даагаад хөгжинө гэж байхгүй. Заавал нэг оронтой нарийн түншиж байж хөгжинө. Орос, Хятад гэж дэлхийн улс төр, эдийн засгийг тодорхойлдог хоёр том гүрэн байна. Үнэндээ Хятадаас дэлхий нийт айж байна. Удахгүй Оросын ард түмэн тун сайхан болно. Асар их баялагтай, 140 сая хүнтэй орон байхгүй юу. Хоёр улс ярьж байгаад хилээ хаачихвал яах вэ. Энэ хоёр гүрэн яриад хоорондоо тохирч байсан үе бий. 1915 оны гэрээгээр цагаан хааны Орос, Чанкайши хоёр яриад Монголын автономитыг устгая. Автономит эдэнд дэмий. Хятадын харьяа гээд тохирсон байхгүй юу. Тэгээд 1915-1921 оны хооронд автономи устсан. Санаж байгаа бол Каспаров “Монголыг Хятадад худалдчихъя” гэж байсан. Манай улс чинь 11 миллиард ам.долларын өртэй байлаа шүү дээ. Бид жаахан онгироод ирвэл хаая, бооё гэх юм бол тэгээд л гүйцээ. Энэ хоёр гүрний хилийг давж Монголыг аварч байдаг орон гэж энэ дэлхийд байхгүй. Америк өчүүхэн Монголоос болоод хоёр том гүрэнтэй байлдана гэж байхгүй л дээ. Яахав, жаахан хориг арга хэмжээ авна биз. Гэхдээ Хятад, Орос ямар ч хоригт хориглогдохгүй. Тиймээс хоёр гүрэнтэй ямар ч нөхцөлд хамгийн сайн сайхан харьцаатай байх ёстой. Гэтэл манайхан энэ хоёр гүрнийг л давж гүйчих гээд байх юм” гээд санаа алдан суулаа.

Л.Лантуу хүү Дамдинсүрэн, зээ Борогчуу нарын хамт

Мөн тэрбээр “Хуучин Улс төрийн товчоо зөвхөн бодлого боловсруулах үүрэгтэй байсан. Намын төв хорооны Улс төрийн товчооны нэг ч тогтоол тэр яаманд тэдэн төгрөг хуваарил гэж байгаагүй. Харин бодлогын шинж чанартай тогтоол гардаг байсан бөгөөд хэрэв тийм тогтоол гарвал заавал Сайд нарын зөвлөлтэй хамтарсан тогтоол гардаг. Өнөөдөр өндөр сайхан байшин олон л баригдаж байна. Нүдээр харах тал дээр гоё болсон. Гэхдээ иргэдийн амьдрал сайжирсан уу. Үгүй шүү дээ. Бүх банк гадны хөрөнгөтнүүдийн гарч орчихсон. Хуучин бодлогоо барьж явдаг байлаа. Боловсон хүчний бодлогыг Улс төрийн товчоо хариуцна. Түүнээс биш сайд нарын зөвлөл мэддэггүй” гэв.

Бидний яриа 1990 оны улс төрийн байдал руу хэвийлээ. Нар ч хэвийж эхлэв. 1990 оны өлсгөлөн зарлах үеэр Улс төрийн товчоо хуралдаж Ж.Батмөнх гуай “Ардчилсан холбооныхны тулган шаардах бичигт хэн хариу өгөх вэ гэснээ Намсрай өг” гэтэл Н.Намсрай “Яагаад нохойд барьдаг мод шиг муу юм болохоор намаа барьж өгдөг хүмүүс вэ. Энэ хүмүүс юуны тухай өлсгөлөн зарлаад байгаа юм. Улс төрийн товчооны гишүүдийн тоо цөөн байна гээд байгаа юм уу. Товчоо бага хуралдлаа гээд байгаа юм уу. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын тоо олон байна гээд байгаа юм уу. Эсвэл иргэдийн амьдрал дорой байна гээд байгаа юм уу. Хэрэв тэгээд байгаа юм бол улс орныг санаанд нь хүртэл хөгжүүлэх талаар хэн ямар асуудал оруулж ирсэн бэ. Яагаад тэр хүмүүс улс орны хөгжилтэй холбоотой ямар ч санал оруулж ирэхгүй мөртлөө тэр хүмүүс яахаараа дангаараа үлддэг юм” гээд Сайд нарын зөвлөлийг буруутгах маягтай хэлсэн. Тэгсэн Ж.Батмөнх дарга Намын төв хорооны нарийн бичгийн дарга Балхаажав хариу өг гэтэл “Би Улс төрийн товчооны гишүүн биш” гээд өөрийгөө аваад гарчихдаг юм. “Тэгвэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр гарч байгаа зүйлд нөхөр Лантуу хариу өг” гээд над дээр бүх зүйл буучихав. Ж.Батмөнх даргын хамгийн ойрын хоёр хүн татгалзчихсан юм. Нэг талаасаа би Батмөнх гуайг өрөвдсөн. Тэгээд бид С.Зориг, Ц.Элбэгдорж, “малыш” Энхтүвшин, Д.Нинж нартай уулзсан. Тэд 1990 оны гуравдугаар сард “Банкийг Засгийн газрын харьяанаас гаргаж, Их хуралд өг. Парламентын хоёр танхимтай бай. Улс төрийн товчоо огцор. Ард түмний Их хурал байгуул” гэсэн шаардлагын хариуг өгсөн” гэлээ.

АИХ-ын тэргүүлэгчдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Готов гуай, аюулаас хамгаалахын А.Жамсранжав, хотын дарга С.Мөнхжаргал, Лантуу даргын хамт С.Зориг, Ц.Элбэгдорж нарт “Улс төрийн товчоог огцруулах асуудлыг намын төв хорооны бүгд хурлаар хэлэлцэж байж шийднэ. АИХ-ын түр хороог АИХ-аар шийднэ. Удахгүй хуралдана. Хэдий хэмжээний мөнгө хэвлэх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйл биш” гэх маягийн хариу өгчээ. “Надад үүнээс өөр хариу өгөх бололцоо байгаагүй юм” хэмээн Л.Лантуу гуай хэлсэн юм. Улс төрийн товчоо огцрохыг нэг хүн шийдэхгүй нь тодорхой л доо. С.Зориг Лантуу даргатай уулзахад “Та бүхний өмнө Хотын намын хорооны хаалга нээлттэй. Дуртай цагтаа асуудлаа ярьцгааж байя. Бидний цөөхөн монголчууд хөдөлгөөн энэ тэр үүсгэж юу гэхэв. Хэл амаа ололцъё” гэжээ. Яриа дууссаны дараа өрөөндөө яваад ортол ширээн дээрх утас нь зогсоо зайгүй дуугараад байхаар нь автал ахмадууд “Улаанбаатар хотын намын хорооны хаалгыг чи мэддэг юм уу” гээд л загнажээ.

Ийнхүү бид яриагаа үргэлжлүүлэхийн сацуу ховор сонин зургууд эргүүлж суулаа. Б.Мягмар гуай “Лантуугийн олон сайхан зургийг нэг сэтгүүлч хүүхэн авч яваад эргүүлж өгөөгүй юм” гэхэд Лантуу гуай “Одоо яахав дээ, ингэж ярилаа гээд аваад ирэх биш” хэмээн инээмсэглэв. Лантуу гуайн гэр гайхуулж яриад байхаар гял цал үнэт эдлэл энэ тэр гэх зүйлгүй аж. Жирийн л нэг айл юм. Нэг өрөөндөө зурагттай, нэг өрөөндөө ортой, хувцасны шкаф, бурхан тахил, ханаа чимэглэсэн зураг, ач зээ нарынх нь фото, хатгамал тэргүүтэн байх. Б.Мягмар гуай “Чех маягийн салат хийлээ” гэсээр таваг дүүрэн салат барин ирлээ. “Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нараас эхлээд Улс төрийн товчооныхон ер нь ямархуу хүмүүс байсан бэ” гэхэд Лантуу гуай “Аймхай хүмүүс байсан юм. Зоримог шийдвэр гаргах тал дээрээ тиймхэн. Үүнийг нь би ардчилсан холбооныхны шахалтад өгсөн хариултаас ингэж дүгнэдэг л дээ. Түүнээс биш хийж бүтээсэн ажлаараа, удирдлагын түвшинд мундаг хүмүүс байсан. Ер нь бол амархан дүгнэж болмооргүй юм шүү” гэлээ. П.Очирбат намаасаа урваж Ерөнхийлөгч, Д.Бямбасүрэн Ерөнхий сайд болж байсан гэв.

Улс төрийн товчоо огцроход бүгд Хурлын тэргүүлэгчдээр хэнийг сонгох вэ гэсэн яриа өрнөхөд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан О.Сүрэн, Улс төрийн товчооны орлогч, нарийн бичгийн дарга байсан Б.Лхамсүрэн нар бие биенээсээ түрүүлж суудлаасаа шоволзож байжээ. Тэр үед ч мөн “амбиц” их байж. Улс төрийн товчоо огцрох үед тэрбээр Н.Намсрай даргад “Бид яахав, огцорлоо. Энэ төрийн жолоог хэнд өгөх вэ” гэтэл “Наад үгээ Батмөнх даргад хэл” гэж. Мань эр ч шууд л “Улс төрийн товчоог хуралдуулж нам төрийг хэнд өгөхөө ярих юм биш үү” гээд ширүүхэн ярьтал Ж.Батмөнх дарга “Над руу битгий давшлаад бай. Тийм л юм бол чи тэр товчоогоо цуглуулахгүй юу” гээд утсаа салгаж байсан гэнэ.

Л.Лантуу гуайн хамгийн үнэт өв энэ улсын тусгаар тогтнол юм байна. Улс минь тусгаар байдлаа хамгаалж л байвал миний бүх зүйл үнэ цэнэтэй байх юм. Өвөг дээдсээс үлдээсэн энэ тусгаар тогтнолыг л бүрэн бүтэн авч үлдэх ёстой юм шүү гэдгийг өөрийн ач, зээ болон бидэнд захиж байлаа.

1990 оны ардчилсан хувьсгал болоход үнэндээ Улс төрийн товчоо ямар ч бэлтгэлгүй байсан гэнэ. Гэхдээ хөрс суурь нь бэлтгэгдэж эхэлсэн байж. “Үнэн” сонин дээр гэхэд л Улс төрийн товчооны таван гишүүнийг солих хэрэгтэй гээд л. Намын төв хорооноос зохион байгуулсан Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр гэхэд маш олон шүүмжлэл гарч байсан гэдгийг хэллээ. 1990 онд социалист нийгэм орвонгоороо эргэж Берлиний хана нурж, Орост перестройка болж оросууд манайхныг харах нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байсан үе. Энэ үеэр ардчилсан хөдөлгөөнийхөн тэр зайг нь ашиглаж чадсан байна. Улс төрийн товчоо огцорсны дараа Говь-Алтай аймагт социологийн судалгаа явуулахад Л.Лантууг аймгийн дарга болгох ёстой гэсэн санал хураалтыг хоёр удаа тэргүүлжээ. Лантуу гуай Чех улсад худалдааны төлөөлөгчөөр явахаар болчихсон байсан ч “Би ямар залуулаад байдаг зайран биш. Уриулаад байдаг унзад биш” гээд шууд л нутгийнхаа зүг хүлгийн жолоо залжээ. Та Улс төрийн товчооны гишүүнээс огцрохдоо юутай үлдсэн бэ гэхэд “Насаараа дарга даамал хийсэн минь үнэн. Улс төрийн товчооноос огцрохдоо 300 төгрөгтэй л үлдэж байлаа” гэв. Өөр хурааж хуримтлуулсан зүйлгүй өөр нийгмийн босго алхсан байх юм. Да.Ганболд тэр үед Говь-Алтай аймагт очиж өмч хувьчлалын талаар долоон цаг иргэдтэй уулзалт хийжээ. Аймгийн иргэд ярьсан зүйлийг нь сайн ойлгоогүй ч цаана нь нарийн учир байх шиг байна гээд Лантуу даргаас асууцгааж байж. Тэрбээр “Үнэндээ Да.Ганболд өөрөө ч ваучерийнхаа тухай мэдэхгүй л явсан юм билээ. Бидний үед авто засварын нэгдэлд одоогийн ханшаар нэг сая ам.доллараар ч олж авч чадахгүй суурь машин байсан. Түүнийг нь хаягдал төмөр нэрээр хятад руу өгчихсөн. Тэр үед өнөө хятадууд нь “Энэ монгол чинь ийм баян орон юм уу” гээд гайхаж байсан. Авто засварын нэгдэл, төмөр замын төв засварын газар нийлчих юм бол механик хэрэгслийн бүх эд ангийг хийчихээр тийм сайхан тоног төхөөрөмж шинээрээ хаягдал төмөр болон гарчихсан” гэв. 1930-аад онд сүм хийд, 1990 онд үйлдвэрүүдээ нурааж бүгдийг нь шинээр эхлэх гэж зүтгэж байна гээд тэр үйлдвэрүүд байсан бол өнөөдөр монгол ингэж явахгүй байлаа гэсэн юм. Барилгын материал, түүхий эд боловсруулдаг бүх үйлдвэр байлаа шүү дээ гээд санаа алдав.

Лантуу гуайн улс төрийн амьдрал 1976 оны зургадугаар сард Сүхбаатар районы намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсноор эхэлжээ. Дараа нь Намын төв хороон дээр дуудахаар нь яваад очтол Улаанбаатар хотын намын төв хорооны үйлдвэр эрхэлсэн Нарийн бичгийн дарга болгож тэндээсээ Төмөр замын намын хорооны даргаар шилжжээ. Ажилчидтайгаа чуулгын байранд хурал хийж байтал Ж.Батмөнх дарга яаралтай ир гэж байна гээд унаа хүлээж байж. Өрөөнд нь яваад ортол “Чи төмөр замд хэр удав” гэхээр нь “Жил хагас боллоо” гэсэн чинь “За одоо болно. Чамайг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавих шийдвэрийг Улс төрийн товчоо гаргасан” гээд өөрөөс нь санал асуугаад томилжээ. Лантуу дарга нийслэлийн хөгжлийн төлөө хамгийн эрч хүчтэй залуу насныхаа 14 жилийг зарцуулсан гэв. Тэрбээр 49 настайдаа Нийслэлийн намын хорооны дарга болсон байна.

Лантуу гуайнх Дамдинсүрэн, Эрдэнэчимэг, Сэржмядаг, Чинзориг гэдэг дөрвөн хүүхэдтэй. Харамсалтай нь өнгөрөгч жил Чинзориг нь бурхан болсон юм билээ. Ач, зээ нийлсэн бид 22-уулаа болсон хэмээн сэтгэл ханагар суух буурлыг хараад ач, зээ нарынх нь хөгжүүн дуу хүч нэмэх мэт. Охин Эрдэнэчимэг нь хотын гаальд ажилладаг бол охин Сэржмядаг нь одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа юм байна. Б.Мягмар гуай “Би гайгүй хүнтэй суучихсан юм шиг байгаа юм” гэхэд Лантуу гуай “Би ч бас гайгүй талдаа залуу байсан шүү” хэмээн бие бие рүүгээ харан инээмсэглэн суух нь залуу насаа эргэн дурсах мэт санагдав. Хоёр хөгшин манайх чинь хүргэн, бэр сайтай айл байгаа юм гэв. Дамдинсүрэнгийнх нь гэргий Монгол Улсын баатар, анхны армийн генерал, Батлан хамгаалахын сайд асан Батын Доржийн охин. Нэг сургууль, нэг байрны хоёр явсаар гэр бүл болсон байна. Бага охин Сэржмядаг нь Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Лувсангомбын хүүтэй гэр бүл болон өдгөө таван хүүхдийн аав, ээж болжээ. Харин Эрдэнэчимэгийнх нь хадам аав Ардын хянан шалгах хороонд томоохон албан тушаал хашиж байсан хүн байж. Харин талийгч Чинзоригийнх нь эхнэрийн аав Чойжилжав гэж олон жил дарга хийж байсан хүн байсан талаар ярьцгаасан юм. Биднийг ярилцаж байхад Дамдинсүрэнгээс бусад нь гэр рүүгээ харихгүй бол орой болчихлоо гэсээр гэр гэрийн зүг явцгаалаа.

Лантуу гуай залуу байхдаа маш их ажилладаг байсан тул ядаргаанд орж толгойных нь урд, хойд талаас үс туг тугаараа унаж. Сүүлд нь ургахдаа урд талынх нь үс цагаан сор маягтай ургажээ. Л.Лантуу даргыг Сэлэнгэд явж байтал нэг машинтай хүн зогсоод “Сайн байна уу, Ухнаа гуай” гэж. “Чи яагаад намайг Ухнаа гэж байгаа юм” гэхэд “Урд талдаа цагаан сортой, яг л байна ш дээ” гээд мэнд мэдээд давхиад өгчээ. Лантуу даргын амьдрал холбооны салбар, төмөр зам, нам, төрийн ажил гэж үндсэндээ гурав хуваагдах юм билээ. Холбооны салбарт шинийг санаачилсан хэмээн Ж.Батмөнх даргадаа магтуулж, төмөр замын намын хорооны даргаар ажиллаж байхдаа төмөр замын 1000 айлыг орон сууцтай болгуулж чадсан гээд түүнд хаяглагдах ажлууд маш их. Төмөр замын ажилчдынхаа амьдрал ахуйг шалгаад шөнө дүл хүртэл явдаг тэрбээр нэг орой орос даргатайгаа хамт одоогийн төмөр замын арын гурван давхар шар байрны нэгэн рүү яваад ортол гурван өрөө байранд гурван айлын 22 хүн амьдарч байж. Угаалгын өрөө рүү нь яваад ортол ванн байхгүй байхаар нь “Ваннаа яачихдаг улсууд вэ” гэтэл “Наана чинь бид унтдаг юм аа” гэж л дээ. Энэ бүх учир явдлыг хамт явсан орос даргадаа хэлж, Орост очиж нэг сар Нийгмийн ухааны академид сурахдаа Зам, харилцааны сайдтай нь уулзаж орон сууц бариулах ажил байгаагаа хэлэхэд цаад тал нь ч хүлээн авч. Ингэж л 1000 айлын орон сууц баригдсан түүхтэй юм билээ. Төмөр замынхан “Манайд Лантуу, Магдей гэж хоёр л мундаг дарга байсан” хэмээн одоо ч магтан ярих нь бий. Ерөнхийлөгч асан П.Очирбатыг Эдийн засаг, гадаад харилцааны сайд байхад яамных нь барилгын ханын шавар нураад уначихсан нэлээд хэдэн сар болж. Зурагчин явуулж өнөөх байр байдлынх нь зургийг авахуулаад Л.Лантуугаас П.Очирбатад гээд дугтуйнд хийгээд явуулчихсан чинь маргааш, нөгөөдөр нь л засчихсан байсан гэнэ. Нийслэлийн намын хорооны дарга байхдаа Улаанбаатарыг хур хоггүй болгосон гавь-яа түүнийх. Овоорсон хогтой жалгуудыг яамдад хуваарилан өгчээ. Батлан хамгаалахын сайд байсан Ш.Жадамба генерал өөрөө хүрз барьчихсан хүмүүстэйгээ цэвэрлэж байсан гэнэ. Эх оронч үзэлтэй, нийслэлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэдний нэг нь Ш.Жадамба генерал байж. Ингэж Улаанбаатар хогноос салсан нэгэн түүх ийм. Улс төрийн товчооны гишүүн, Хотын намын хорооны дарга гэдэг Сайд нарын зөвлөлийн гишүүдийг дуудаж авч ирээд донгодчихдог, үүрэг даалгавар өгчихдөг өнөөдрийн хотын даргаас хавь илүү эрх мэдэлтэй байж.

Ийн ярилцаж байх зуур Борогчуу гүйн ирж өвөөгийнхөө баруун, зүүн талаар баахан бултганаж өвөөдөө үнсүүлээд цааш тоглохоор гүйлээ. Лантуу гуайгаас “Та намынхаа ажилд хэр оролцож байна вэ” гэхэд “Сайн оролцож байна. Загнах үедээ загнах юм. Гэхдээ хөгшин хүний үг чинь хүчгүй болчихдог юм байна шүү дээ” гэлээ. Л.Лантуу гуай Москвагийн Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцаж ирээд гэргийн Б.Мягмартайгаа 1962 онд гэр бүл болжээ. Тэд баруун Сэлбийн хөвөөнд дөрвөн ханатай гэр барьж, ганц цэрэг ортой гэр бүл болж байсан юм. 1966 онд холбооны ерөнхий инженер байхад нь Хотын захиргаанаас Сансарт гурван өрөө байр өгчээ. Тэр байрандаа амьдарч байгаад хүү Чинзоригийгоо Чехээс ирэхээр нь байраа өгөөд Герман явсан бага охиныхоо байранд хоёр жил амьдарсан байна. Том хүү Дамдинсүрэн нь 1990 оны үед мундаг бизнесмэн явжээ. Тэр барьсан байранд нь хэдэн жил амьдраад түрээсийн байранд ч амьдарч үзсэн байна. Гэргий Б.Мягмар нь өчнөөн жил дарга даамал хийж, бүтээсэн хийсэн ажил ихтэй байж түрээсийн байранд насыг барах нь уу гээд байхаар нь УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Р.Раштай уулзан учир байдлаа хэлэхэд 2002 онд Р.Раш дарга 21 сая төгрөгөөр одоо амьдарч байгаа байрыг нь авч өгсөн юм билээ. Гэргий Б.Мягмар нь бага эмч, Багшийн дээдийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, худалдааны эдийн засагчаар насаараа ажилласан байх юм. Гэргий ийн яриагаа үргэлжлүүлэв. “Цаг ороо бусгаа байх үед дарга явсан хүн жирийн иргэн болох ер нь хэцүү шүү дээ. Лантууг чинь ямар тэнгэрт аваачаад зүүчихсэн биш бууж л таарч байгаа юм. Манай гэр чинь улс төрийн үзэл баримтлалаасаа болоод гурав хуваагдаж ч байлаа” гээд инээмсэглэнэ. Хүү Дамдинсүрэн нь Шинэ социал-демократ нам байгуулж, хашир өвгөн “Ху” намдаа үнэнч үлдэж, Мягмар гуай энэ хоёрынхоо дунд “Хоролмаа” шиг л юм явлаа гээд хүү, хань хоёр руугаа хараад инээхэд Лантуу гауй “Манай хүү хадгаламж зээлийн хоршооноос 200 сая төгрөг зээлээд түүнийгээ дарах гээд Солонгос явчихдаг юм. Тэнд очоод юун ажил хийх, нэг сая хүнд гурав тохиолддог хүнд өвчин тусч зөндөө эмчилгээ хийлгэж байж ирсэн. Бизнес хийдэг байсан хүү маань аавдаа мөнгийг тоолж өгөхгүй, боодлоор нь өгчихдөг байсан юм. Би чинь том дарга байсан тул намайг яллаж байгаа юм уу хаашаа юм. Мягмарыг маань 33 булган шубатай энэ тэр гээд баахан юм болсон. Хүү маань харин 200 сая төгрөг зээлснээ хүүтэй нь хамт 750 сая төгрөг болгоод бүгдийг нь төлж дуусгасан” гэсэн юм.

Б.Мягмар гуай “Манай Дамдинсүрэн чинь Орост тагнуулын сургууль төгссөн. Мэргэжлээрээ бас ажиллаж байсан. Одоо өвгөн бид хоёрыг л тагнах ажилтай суудаг болсон” гээд хөхиүн инээдээр хүү рүүгээ харлаа. Б.Мягмар гуай “Урьд нийгэмд намын гишүүнийхээ үнэмлэхийг алга болгочихоод Сүхбаатар дүүргийн намын товчооны хурлаар орлоо. Лантуу мундаг амьтан сууж байна. Намайг эхнэр нь гэж хүмүүс сайн мэдэхгүй. Цаана нь суусан хүмүүс намайг намаас хөөх юм ярилаа. Гэтэл Лантуу “За, чи дутагдлаа ойлгож байна уу” гэдэг юм даа” гээд инээмсэглэнгээ “Би золтой л хуц гээд хэлчихээгүй гарч ирсэн” гээд бөөн инээдэм болов. Л.Лантуу гуай Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 1500 төгрөгийн цалин авч байсан бол эхнэр нь цайны газар ажиллуулаад 5000 төгрөгийн орлого олдог байжээ. Дээр нь нарийн боов, зайрмагны цех ажиллуулаад “Арьс импекс” компанийн төлөөлөгч болон ажиллаж эхэлсэн гэнэ. Арьс нэхий авдаг ажилтай. Бүх зүйл картын бараанд орж гурил ч үгүй хэцүүдэж байх үед Лантуу гуай Өмнөд Монголын Хами аймагтай тохироод Говь-Алтайгаас ачуулсан 100 мянган нэхийгээрээ савхи хийлгээд хятадууддаа хөлсөнд нь 20 мянган ширхгийг нь өгч байжээ. Эхнэрийнхээ бизнесийг төр рүү булаасан хэрэг. Тэр үед Говь-Алтай аймгийн төсөв 1.5 сая төгрөг байсан бол 80 мянган нэхийгээр хийсэн савхиа борлуулаад 180 сая төгрөгийг аймагт төвлөрүүлээд улмаар Улаанбаатарт шилжин суурьших болжээ. Б.Мягмар гуай “Наад Лантуу чинь миний бизнесийг ингэж цохиж хаясан хүн дээ” гэв. Б.Мягмар гуай амьхандаа нөхрөө унах унаатай болгочих гээд зүтгэж байсан чинь ийм балай юм болгоод үнэндээ “үхмээр” санагдсан шүү гээд Лантуу гуай руу харна.

“Улс төрийн товчоо, Намын төв хороо Оросын заавраар ажилладаг байсан гэх юм. Үнэн үү” гэхэд Лантуу гуай “Одоо л тэгж яриад байдаг болсноос биш би хэзээ ч тийм зүйл сонсож байгаагүй. Наадах чинь ёстой худлаа. Тийм зүйл байгаагүй. Зөвлөлтийн Элчин Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нартай уулзаад иймэрхүү зүйл байна даа гэхээс биш “Энэ зүйл чинь буруу байна” гээд ингэ тэг гэж байгаагүй юм” гэлээ. Харин бүх яамны дэргэд Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар байсан. Төлөөлөгчийн газартай байснаар ажил бүтэхэд амар байснаас өөр зүйл байгаагүй гэсэн юм. Салдан, Ням-Осор нар Хавдар судлалын больниц, Гэмтэл согог судлалын төв, гуравдугаар нэгдсэн эмнэлэг, Эх нялхас, XII хорооллыг бариулахаар төлөвлөгөө оруулж иржээ. Тэгэхэд нь Улс төрийн товчооны гишүүдийн зүгээс “Та нар их сайхан зүйл хийсэн байна. Эргүүлж яаж төлөх юм. Зөндөө өр шүү дээ” гэхэд Ю.Цэдэнбал дарга урдуур нь орж “Хөөе Салдаан, чи зөв юм оруулж ирсэн байна. Тэртэй тэргүй бид наадахыг чинь төлж чадахгүй” гэсэн гэдэг. Ю.Цэдэнбал дарга асар их ажилтай, өглөөний дөрвөн цагт л гэртээ харьдаг хүн байсан. Тиймээс жилд хоёр сар амарна. Амралтаараа Брежнев даргатай уулзаад “Бид энэ их өрийг яаж төлөх вэ” гэдэг ганц асуудлыг маш их ярьдаг байж. Брежнев дарга “Та нар энэ өрийг төлж чадахгүй ээ. Харин өгч байгаа дээр нь бушуухан авч бай” гэж хэлсэн гэдэг. Энэ мэтчилэн том бүтээн байгуулалтын ажлыг шууд хий гэдэг даалгавар өгч байсан нь тэр юм байна.

“Улс төрийн товчоо огцроход Н.Намсрай, П.Дамдин нарыг авч үлдэн ашигласан бол улс гэр минь өнөөдөр арай ч ийм болчихгүй байх байлаа” хэмээн өвгөн халаглан суух аж. Ийнхүү бидний яриа үргэлжилсээр үдэш болохын өмнөхөн өндөрлөв. Улс төрийн товчооны гишүүн, Нийслэлийн намын хорооны дарга Лхамсүрэнгийн Лантуу буюу Бурхан буудай уулын “Хөх чоно”-ын амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН