“Өдрийн сонин”-ы 2017.08.07 Даваа гаригийн №167 (5734) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-оуВс-гийн ажлын хэсгийнхэн манай оронд хэрэгжиж эхэлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийнхөө эхний үнэлгээг хийгээд явлаа. Хүүхдийн мөнгийг эргэж хар гэж байна. Та ОУВС-гийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа бол. Тэднийхээр хөрөнгө оруулалт сэргэж, нүүрсний үнэ өсч байна гэж үнэлгээндээ дурдсан байна лээ?
-Гадны хөрөнгө оруулалт сэргэсэн эсэхийг мэдэхгүй. Төлбөрийн балансын хамгийн сүүлчийн тоонуудыг харахад ямар ч байсан хасахтай байсан. Энэ хугацаанд гадаад талдаа манай эдийн засгийг эерэгээр харах боломж үүссэн үү гэвэл, үүссэн. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар босгосны дийлэнхийг нь Азийн хөгжлийн банк гаргана. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Матай гээд хүний хэлснээр Монголын эдийн засаг гайгүй болно. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд ярьсан байна лээ. Төлбөрийн тэнцэл нэлээд гайгүй болсон. Төлбөрийн тэнцэл дотроо урсгал тэнцлийн алдагдал гэдэг зүйл ганцхан абсолют тоогоор бус ДНБтэй харьцуулдаг. Жишээлбэл, ДНБ-ий төлбөрийн тэнцэл 12 байснаа 8, 2 боллоо гэж бодъё. Ингээд багасаад байгаа нь сайн юм уу гэх мэтээр энэ тал дээр иж бүрэн дүн шинжилгээ хийж ярьдаг. Өөрөө хэлбэл төлбөрийн урсгал тэнцэл гэдэг маань Монгол Улсын хуримтлал, хөрөнгө оруулалтын зөрүү болон Монгол Улсаас гадагшаа гаргасан төлбөр, гаднаас ирсэн хөрөнгө оруулалтын зөрүү гэх мэтээс хамаардаг зүйл. Энэ талаас нь бодоод эдийн засаг хоёр хувь өснө гээд бодохоор энэ сайн мэдээ. Гэхдээ энэ тогтвортой юу, төсвийн алдагдал хэд байгаа билээ. Гадаад худалдааны тэнцэл нэмэх тэмдэгтэй гарсан. УИХын дарга гадаад худалдааны тэнцэл анх удаа нэмэх тэмдэгтэй гарлаа гэж байсан даа. Эдийн засгийг хэмждэг үзүүлэлт энэ биш. Эдийн засгийн гол хэмжүүр маань өрхийн орлогын худалдан авах чадвар яаж өсч байна вэ. Хоёрдугаарт, компаниудын үйл ажиллагаа яаж идэвхжиж байна вэ, хөрөнгө оруулагчдын итгэл хэрхэн нэмэгдэж байна вэ гэх мэтчилэн үзүүлэлтийг харах ёстой.
Одоо ОУВСгийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоно гэж байгаа нь зарчмын хувьд зөв. Манай төрөөс олгож буй мөнгөн шилжүүлгүүдийг иж бүрэн авч үзэх шаардлагатай. Зорилтот бүлгүүддээ хүрч чадаж байна уу. Төр мөнгөн шилжүүлэг хийлээ гэхэд иргэд хариу үйлдэл үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл ядуу иргэдэд хүнсний талон өглөө гэхэд хүүхдээ вакцинд хамруулах үүргээ умартаж болохгүй, ядах нь ээ хашаандаа мод тарьдаг ч юм уу байх хэрэгтэй л дээ. Мөнгөн шилжүүлэг гэдэгт нь жишээлбэл ноосны урамшуулал дээр ярья. Малтай өрхийн 54 хувь нь 200-гаас доош толгой малтай. Тэд нийт малын 15 орчим хувийг эзэмшдэг. Гэтэл нөгөө тал буюу 46 хувь нь 200гаас дээш толгой малтай. Энэ нь нийт малын 75 хувь. Тэгэхээр төрөөс тэр 75 хувийг дэмжих гээд байгаа юм уу. Энэ нь тухайлбал зорилтот бүлэг мөн үү. Ингээд бодохоор үүнийг ОУВСгийнхан мэдэх үү. Хүүхдийн мөнгө гээд л оролдоод байх юм. Жил бүр ноосны урамшуулалд зориулж тарааж буй 20 гаруй тэрбум төгрөг хэнд очиж байгааг судалж үзсэн үү. Тэр тал дээр нь Засгийн газар зөвлөгөө өгсөн үү. Энэ талын зүйлсийг нь ОУВС-гийнхан мэдэхгүй л дээ, хөөрхий. Үүнийг мэдүүлдэг байх хэрэгтэй. Ядах нь ээ, надтай ирээд уулзчихаж болно шүү дээ. Би сайхан тайлбарлаад өгнө. Хүүхдийн мөнгийг би эсэргүүцдэг байсан.
-Одоо эсэргүүцэхээ больчихсон юм уу?
-нэг логик гарч ирсэн л дээ. тэрийг Ц.элбэгдорж надад хэлж байсан юм. “тэртээ тэргүй цацаад идээд байна шүү дээ. тиймээс хүүхдүүддээ өгчихье” гэж байсан. энэ зөв. Хүүхдүүддээ ялгаварлалгүй өгчихье гээд энэ тал дээр би зөөлрөөд байгаа юм. ам бол ам. Ийм амлалт авсан бол хулхидах гээд байх шаардлагагүй. Үүний оронд оувс-тай бүтээлчээр ярилцаад бид ноосны урамшуулал гэх мэт татаасуудаа яаж оновчтой болгох вэ, нийгмийн халамжийг зорилтот бүлгүүддээ яаж хүргэх вэ, бусад улсууд шиг нөхцөлт мөнгөн шилжүүлгийн хэлбэрт оруулах уу гэх мэтчилэн зүйлсийг ярих ёстой л доо. Энэ талаас нь харахаар оувс-тай тохирсон хэдэн макро үзүүлэлт, гүйцэтгэлийн шалгуурын хүрээнээс давж ярих шаардлагатай юм.
Монгол улсын иргэд, аж ахуйн нэгж, засгийн газарт байгаа хуримтлалын нийлбэр нь ДнБ-д харьцуулсан эсхүл үндэсний эзэмшлийн нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа хэд юм гэдгийг ОУВС-гийнхан мэдэх үү. Үүнийг гаргаж тооцдог уу. Энэ мэтчилэн бүгдийг нь гаргаад Монгол улс өөрийгөө санхүүжүүлэх харьцаа нь хэд юм гэдгийг нь тооцохоос эхлээд асуудалд иж бүрэн хандах шаардлагатай.
-Оны эцэст эдийн засгийн өсөлт хоёр хувь байна гэж ОУВС үнэлгээндээ дурдсан. Манай Засгийн газар эхний хагас жилийн байдлаар эдийн засаг маань 4.2 хувийн өсөлттэй гарсан гээд байгаа. Тэгэхээр оны сүүлийн хагаст эдийн засагт өсөлт гарахгүй гэсэн үг үү?
-Хоёр хувийн өсөлттэй гарна гэсэн байна лээ. Хоёр хувь гэдэг маань бага өсөлт. Хоёр хувийн хэдэн хувийг нь өрхийн эцсийн хэрэглээ хангаж, хэдэн хувийг нь цэвэр экспорт буюу гадаад худалдааны тэнцлийн зөрүү хангах юм, хөрөнгө оруулалт хэдэн хувь байж хоёр хувь болох юм. саяхан Монголбанк төлбөрийн тэнцлийн статистикийг ОУВС-гийн зургадугаар аргачлал гэдгийн дагуу шинэчилсэн чинь 2011 оноос хойшхи урсгал тэнцэл, гадаад худалдаанд том өөрчлөлтүүд гарчихсан байгаа. Үүн дээр үндэслээд өмнө нь бидний тооцож гаргасан эдийн засгийн өсөлтүүд, ДнБ-ий тооцоонууд өөрчлөгдөнө. Магадгүй улстөрчид, улс төрийн намууд хоорондоо хамгийн их маргалддаг 17.3 хувийн өсөлт гэдэг маань өөрчлөгдөж магадгүй. эдийн засгийг хардаг макро үзүүлэлтүүдээс гадна судасны лугшилт болох өрхүүд татвар бүх юмаа төлөөд үлдсэн орлогыг инфляциар засварлахад худалдан авах чадвар нь гараад ирнэ. Худалдан авах чадвар нь энэ жилүүдэд болон дараагийн онуудад яаж өөрчлөгдөх юм. Өрхийн эзэмшлийн орлогын худалдан авах чадварын талаар ОУВС, Засгийн газар, УИХ ярьж байна уу. Үүнийг бодоод л хэлээд байгаа юм. одоо оувс-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. энэ бол стандарт багц. тиймээс уг багцаас гарч сэтгээсэй л гэж бодох юм. тоо, дүн шинжилгээ нь байна. Саяхан би Монголын эдийн засгийг нэгхэн хуудсанд багтаалаа гээд гаргаж тавьсан. Энэ чухам юу юм.
-Твиттер хуудаснаа нээрээ тавьсан байна шүү. Монголын эдийн засгийг нэг хуудсанд багтаана гэдэг амаргүй байх…
-Миний энэ яриад байгаа бүх үзүүлэлтүүд юм шүү дээ. Би залхуу учраас ганц хуудсанд багтаасан хэрэг. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд үүнийг хараад тэр тоонуудыг ойлгодог болчихвол хэцүү зүйл биш. Үүнийг харж байгаад оувс-тай ярьдаг байх хэрэгтэй. Үндэсний хуримтлалыг хэрхэн өсгөх вэ, бид хэчнээн жил гаднаас зээл авч явах вэ, тэр дундаа өрхийн хуримтлалыг яаж өсгөх вэ, яаж юм хийдэг үндэстэн болох вэ гэдэг ч юм уу бодлогын том том асуудлыг энэ дөрвөн жил оувс-гаас асуу. Бүх судалгаа нь бий. Ингэж задгайрч ярьж, гарч сэтгэх ёстой. түүнээс бид ДнБ тэдэн хувиас хэтрэхгүй гэсэн. тэр болчихлоо гээд явж болохгүй.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт хөдөлгөөнүүд хийгдэх гэж байх шиг байна. Тухайлбал, банкуудын активын үнэлгээний шалгалт хийнэ гэсэн байна лээ?
-2015 оны уИХ дээр Монголбанкны жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр банкны хөрөнгийн активыг сайжруулах тухай, активын удирдлагын институци байгуулна гэж орж ирсэн. Банкнуудын актив хүндрэл гарсан үед чанартай байж чадах уу гэдгийг нь үзэх нь ээ дээ. санхүүгийн тогтвортой байдалд л хамаатай буюу макро зохистой бодлогыг Монголын банкууд дээр хэрэгжүүлэхийн тулд оувс үүн дээр туслах гэж байгаа юм. саяхан Монголбанкны ерөнхийлөгч н.Баяртсайхан “Малыг хөрөнгө гэж үзэхгүй” гээд хэлчихсэн талаар ярьсан. нэг их наядын малаа барьцаалаад 400 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнийг яагаад барьцаа хөрөнгө гэж үзэхгүй байна вэ гэдэг эдийн засгийн эрхзүйн ойлголт шаардагдана. Үндэсний тооцоо гэдэг системд малыг юу гэж ангилдаг вэ гэдэг нь байгаа. Тэр талаас нь бодож оувс бодож төлбөрийн тэнцлийн статистик гаргах тал дээрээ хэлсэн байж магадгүй. гэхдээ бодит амьдрал дээр дэлхийн бусад оронд байдаггүй цалингийн, тэтгэврийн зээл гээд байна шүү дээ. Үүнтэй адил малчдын гол хөрөнгө болох малыг банк үнэлээд зээл өгч байгаа. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй. тухайлбал, малчдаас малын хөлийн нэг хувийн татвар авъя гэж байгаа. Үүнийг оувс-гийнханд тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Мөн лицензийг барьцаа хөрөнгө гэж үзэхгүй гэсэн. Лиценз гэдэг чинь үйлдвэрлэгддэггүй санхүүгийн бус актив гэж явдаг. Үүнийг үндэсний тооцоонд тооцох бас нэг онцлог бий. Үүн дээр маргалдаж, тодруулах эрхзүйн талын асуудлаа оувс-гаас тодруулах ёстой. оувс яагаад тэгээд байгаа юм.
-Харин яагаад тэгээд байгаа юм бол?
-Олон улсын стандартынхаа дагуу л тэгээд байх шиг байна. Үндэсний стандарт, олон улсын стандарттай зохицуулсан зүйлсээ гаргаад тайлбарлах ёстой шүү дээ. учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч, төвбанкны ерөнхийлөгч нар нь энэ хоёр зүйлийг тайлбарласан. Тэр үед би бодож л суулаа.
оувс-гийнхан улирал бүр ирж үнэлгээ өгөөд явна. Банкны хөрөнгийн тал дээр иж бүрэн шинжилгээ хийх гэж байгаа юм билээ. төлбөр түргэн гүйцэтгэх чадвараас эхлээд банкуудын зохистой харьцаа гээд явчихна. Монгол улс хамгийн өндөр хүүтэй дэлхийн орнуудын эхний 20-д явж байна. Бодлогын хүүгийн өндөр шинж нь 11 дүгээрт байгаа бол хадагаламжийн хүү нь дөрөвт байх жишээтэй. энэ эрүүл хэвийн үзэгдэл мөн үү. Үүнийг яаж засах вэ гэдэг дээр яагаад ярихгүй байна вэ. тиймээс Ерөнхийлөгчид ардчилсан намынхан дөрвөн төрлийн зээлийг чөлөөлөх асуудлыг тавьсан байх аа.
-Иргэд авсан зээлээ төлөх учиртай. Гэсэн ч болоод бүтчих юм шиг зүйл ярингуут нь түүнд итгэгчид маш их байсан…
-Энэ хариуцлагын асуудал. зээл авсан бол төлөх ёстой. Иргэдийн зээлийг шууд өршөөчихсөн түүх байдаггүй юм. гэхдээ 1990 оны эхээр норвеги улсад иргэдийнхээ моргейжийн зээлийн 90 хувийг хөнгөлж өгч байсан. Өмнөд африкийн бүгд найрамдах улс, а ну ч гэдэг юм уу орнуудад зээлийн өрийг өршөөх хууль гарч байсан. Манайх өршөөлийн хууль баталсан. Гэхдээ үүнд нь иргэдийн зээл багтаагүй. тэр талаас нь бодож зээлийн түүхийг нь өршөөдөг байж болно. зарим хүмүүс зээл авчихаад дараа нь дахин зээл авах гэхээр зээлийн түүх чинь муу байгаа тул өгөхгүй гэдэг. тиймээс зээлийн түүхийг нь өршөөчих боломжтой юм. Бүх насаараа ажилласан хүмүүс тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй болохоор тэтгэврийн зээл авдаг. тэр нь 18-22 хувийн хүүтэй байдаг л даа. тухайлбал, үүн дээр бодогддог хүүгийн бодолтыг бодит амьдралд нь нийцүүлэн бодож болно. ану гэхэд ан-ынхны тавьсан санал шиг зүйлийг юу гэж байна гэхээр ихэвчлэн моргейж, оюутны зээл хоёрыг л ярьдаг. Манайд моргейж яригдах ёстой. Би моргейжийн зээлийн судалгааг хийж байна. Үүнээс анзаарахад бид оромжийн ядууралд орох гээд байгаа юм.
-Оромжийн ядуурал гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Анх моргейж авахдаа орлогынхоо тэдэн хувиар төлж байна гээд банкинд тооцоо гаргаж өгсөн байж таарна. Гэтэл бодит амьдрал дээр эдийн засаг унаж, орлого багасаад ирэхээр таны моргейж авахдаа амласан орлого, зарлагын харьцаа бодит амьдрал дээр зээл, орлогын харьцаа бодит 50 хувиас илүү гараад ирэхээр та дутуу гачуу амьдарч эхэлнэ. Үүнийг оромжийн ядуурал гэдэг. энэ оромжийн ядуурал манайд хэр зэрэг байна вэ. Моргейжийн хүүг найман хувь болгохгүйгээр яаж шийдэж болох вэ гэдэг судалгаа маань есдүгээр сарын сүүлээр дуусна. Үүнийг төвбанкинд хүлээлгэж өгнө. орон сууц худалдан авах боломжийн индекс буюу бодит орлого, моргейжийн төлбөр, хүү төлөх нөхцөл нь яаж тохирч байна, үүнийг яаж сайжруулах вэ. энэ мэтчилэн зүйлсээс улбаалан иргэд их хэмжээгээр байр түрээслэн амьдарч байна. түрээсийн төлбөр ба орлогын харьцаа ямар байна вэ. түрээсийн төлбөр нь хүмүүст сонголт өгч чадаж байна уу гэдгийг ярьж болно.
-Судалгаагаа та дуусаагүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар ямар харьцаатай байна гэж харагдах юм бэ?
-Орон сууц худалдан авах боломжийн индекс 100 хувь байх ёстой гэж бодъё. 100 хувь нь нэг гэсэн кэофициент. нэг гарч байвал боломжийн нэгээс дээш гарвал бүр сайн. энэ хэмжээнд хүрэхгүй бол боломжийн биш гэсэн үг. Манай орны хувьд нэгд хүрээгүй байгаа. гэхдээ Н.Золжаргалыг мөнгө хэвлэсэн гээд яриад байгаа л даа. Мөнгө хэвлэж банкуудад өгч зорилтот хөтөлбөр болгож 90 мянган хүн хамруулсан төрийн оролцоотой зорилтот энэ хөтөлбөрийн хүчээр 90 хувь болсон. Үүнийг 100 хувь болгох нь чухал. Дараагийн ээлжинд орлого нь хүчтэй өсөхгүй байгаа энэ тохиолдолд 1.1 саяас доош сарын орлоготой өрхүүд яах юм. энэ хүмүүс моргейжийг найман хувиар аваад явж чадах уу. Цаашид моргейжээс орж ирсэн мөнгөөрөө дараагийнхаа моргейжийг санхүүжүүлээд явах юм уу, төр нэг удаа 300 тэрбум төгрөгийг мөнгө хэвлэх байдлаар моргейжээ сайжруулаад явах уу. Үүнийг демограф талаас нь бодоод хэн авч байна вэ гэвэл залуус ихэвчлэн авч байна. Манайхан тэтгэврийн нас энэ тэр гэж яриад байгаа биз. Тэгвэл тэтгэврийн насаа моргейжтэйгээ л холбо. Х.Баттулгад хэлсэн ан-ынхны зүйлсийг би олон талаас нь яриад байгаа юм шүү. Өмнө нь танд ярьж байсан даа, Монгол улсад Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль тогтоомж хэрэгтэй байна гэж. төвбанкны сайн судалгаанууд байна. Жишээлбэл, Ган-Очир гээд судлаачийн Монголын өндөр зээлийн хүүг тайлах оньсого гээд. түүн дээр мөнгөний бодлогоор зээлийн хүү буурахад юу хийж болох вэ гээд байгаа юм. Дан ганц Монголбанк хийчихдэг ажил биш. санхүү талаас нь сангийн яам оролцоод татвар талын зүйлсээ яаж холбох вэ гэдэг ч юм уу хамтраад явж болно. Хууль эрх зүйн талдаа мөнгө хүүлэлт гэж юу юм гэдгийг тусгайлан заачихсан зүйл байдаггүй. зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын харилцаа Иргэний хуулиар явдаг. гэтэл мөнгө хүүлэлт гэдэг нь Иргэний хуулинд байдаггүй л дээ. гэтэл европын бүх орон, ану-ын штат бүрт бий. тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг орчноо бий болгоё. Энэ мэтчилэн зүйлсийг хийгээд байвал иргэдээ өрийн хямралд орохоос сэргийлнэ. Өрхийн хэмжээний өрийн тогтвортой байдлын удирдлагыг хангах талаасаа анхаарах ёстой. тэгэхээр төвбанкны мөнгөний бодлогоор гадна макро ерөнхий бодлого, зээлийн хүүгийн хязгаарлалтыг бий болгох ёстой. гэхдээ захиргааны аргаар зээлийн хүүгийн хязгаарлалтыг хийх нь оновчтой биш. сайн ёс суртахуун дээр суурилсан зохицуулалт европын улсуудад байна. Моргейж дээр хүртэл үүнээс илүү гарвал мөнгө хүүлэлт болно шүү гээд заагаад өгчихсөн байдаг. Үүнийг иж бүрнээр нь харсан зүйлийг Ерөнхийлөгч санаачилж болно. Үнэндээ энэ нь Ерөнхийлөгчийн хийх ажил биш л дээ. Их хурал хийх ёстой. Есөн хүнтэй ан-ын бүлэг санаачилж болно, эсхүл 65 хүнтэй ардын намын бүлэг санаачилж болно. ардын намын бүлэг санаачилбал бүр сайн. М.энхболд дарга 65 хүнтэй манай бүлэгт их хүч байна гэсэн. тэгвэл тэр хүчээ өрхийн зээл нь хүнд, бизнес нь өсдөггүй давжаа байдлаар олон жил болсон ийм орчныг өөрчлөх тал дээр 65 хүнийхээ хүчийг ашигла гэсэн үг. 65 хүн чинь ардаа бүгд сонгогчидтой. тэр сонгогчид чинь бүгд зээлтэй. эдний төлөө яв л даа. ард түмний төлөө явна гэдэг чинь энэ шүү дээ. Энэ утгаараа Их хуралд бүрэн эрх мэдэл нь бий. Ерөнхийлөгч дэмжиж болно, Ерөнхий сайд хэрэгжүүлж болно, төвбанкиндаа Их хурал нь үүрэг өгч болно. Хэсэг гишүүд нийлээд Монгол улсын мөнгө хүүлэлтийн эсрэг хууль санаачилж болно шүү дээ.
-Гэхдээ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргаж чадах уу. Ард нь дандаа эрх ашиг явдаг шүү дээ?
-төвбанкны зүгээс өөрөө санаачлах хэцүү. судлаачид, арилжааны банкныхан эх үүсвэр нь өндөр өртөгтэй байна гэдэг. Хадгаламж эзэмшигчдэд төрөл бүрийн нөхцөл амлаад татан төвлөрүүлсэн хөрөнгө түүнээсээ илүү хүү нэмээд зээл олгож байгаа. Энэ хоёр зөрүүнд юу нөлөөлж байгааг дээр хэлсэн ган-очир гээд эдийн засагчийн судалгаанд байна лээ. Монголбанкны зүгээс хийж болох зүйлүүдийг судлаачид нь гаргасан байна. Илүү идэвхтэй мөнгөний бодлогыг хийх ёстой. төвбанк санаачилж болохоос гадна УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, УИХ тогтоолдоо эсхүл протокольдоо ингэж ингэж ажилла гээд заачих хэрэгтэй. Үүнийг төвбанк хийчихэж болно. Хадгаламжийн хүүг найман хувь гээд тогтоох боломжтой гээд байгаа. Инфляци багасчихлаа, инфляци учир зүггүй үсэрчих нийлүүлэлтийн талын шалтгаан байхгүй байна л даа. Эрэлтийн шалтгаан бий. Үүнийг нь УИХ-аас өгсөн даалгаврын дагуу инфляцийг онилох бодлогоор зохицуулаад байна. Ханшийн савлагаа учиргүй гарч ирэхгүй. эдийн засаг ингээд харьцангуй тогтворжих шатандаа орж байгаа энэ үед дээр хэлсэн зүйлсийг хийж болно. Бид санхүүгийн тогтвортой байдал гэхээр төвбанк, санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны ажил гэж ойлгодог. санхүүгийн тогтвортой байдлын нөгөө талд нь зээл авагчид байдаг. тэдний санхүү, зээлийн орчин тогтвортой байж санхүүгийн тогтвортой байдал сайн хангагдана.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байна. Эдийн засагч, улстөрч хүний хувьд үүнд анхаарал хандуулж байгаа байх. Гэхдээ улс төр гэхээсээ илүү эдийн засагтай холбоотой зүйлсийг нь харж байгаа болов уу, та. УИХ-ын гишүүд төсөв баталсны дараа зардал нэмэгдүүлдэг гэдэг шалтгаанаар төсвийн тодотгол хийгдэхгүй байх зүйл оруулж байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Таны байр суурь ямар байна вэ?
-олон нийтийн хэлэлцүүлэг хийе гэж байгаа бол яагаад твиттер дээр тавихгүй байгаа юм. УИХ-ын Тамгын газар, МАН, АН-ын хаяг твиттерт байж л байдаг. Тэгэхгүйгээр хаа нэг вэб сайт ухаад саналаа өгнө гэдэг утгагүй. Энэ талаас нь бодмоор юм. Хэлэлцүүлэг явагдаж байна гээд байгаа л даа. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа өөрчлөлтийг дэмжиж байгаа, эсэргүүцэж байгаа хэсэг саналаа хэлнэ. Гэтэл одоо сургалт явуулж байна гэсэн мэдээлэл гарч байна. Сургалт явуулаад шийдчихдэг зүйл Үндсэн хууль биш. Энэ мэргэжлийн ажил. Түүнээс биш орон даяар хэлэлцүүлж байна, иргэд дэмжиж байна гэсэн мэдээлэл гаргаад өнгөрөх зүйл биш.
Төсвийн зардлыг Засгийн газартай зөвшилцөнө гэж оруулж байгааг сонссон. Зөвшилцөнө гэж яадаг юм. Хуулиараа зөвшилцөнө гэдэг нь зүгээр л мэдээлэх үүрэгтэй гэсэн үг. Дээд шүүхийн тайлбарт бий шүү дээ. Үндсэн хуулинд төсвийн асуудлаар заалт оруулдаг хэд хэдэн улс бий. Үүнийг тэнцвэртэй төсвийн нэмэлт гэж оруулдаг юм. Зарим нэг хөгжсөн болон хөгжиж буй орнууд Үндсэн хуулиндаа “Улсын төсөв алдагдалгүй байна” гээд ганцхан өгүүлбэр оруулчихдаг. Энэ харин зүгээр юм биш үү гээд тухайн үед бодож байсан. Эдийн засагч хүний хувьд төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёрын аль нь шууд нөлөө үзүүлдэг гэж боддог вэ бодсон.
-Төсвийн бодлогоор шийднэ л дээ…
-Үнэн. 21 аймгийн төсөв, хөрөнгө оруулалтыг нь хуваарилдаг. Ингээд шууд хийх нь зөв үү. Миний бодлоор арай эрт санагдаад байгаа юм. Үүний оронд бид ямар ч хязгааргүйгээр ДНБ-ий тэдээс хэтрэхгүй байх ёстой гээд одоогийн хуулиар дураараа өөрчлөөд байна. Төсвийн зардлыг Засгийн газартай зөвшилцөнө гэсэн хөгийн заалт явж байна л даа. Үүний оронд хуулиудаа хөдөлгөхгүй маш сайн болгох ёстой. Өөрөөр хэлбэл ҮХЦ дээр очоод гуравны хоёроор унадаггүй байх хэрэгтэй. Үүний тулд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдүүл. ОУВС-гийнхан яг үүн дээр нэг зүйл хэлсэн. Гэтэл ОУВС-гаас өмнө Дэмбэрэл гээд нөхөр хоёр жилийн өмнө Засгийн газар Эдийн засгийг хямралыг даван туулах төлөвлөгөө батлахад тэр хуулийн тэддүгээрт ингээд оруулчих гээд бүр өгүүлбэр бүрээр нь гаргаж өгсөн. Түүний дотор “төсвийн зөвлөлийг байгуул” гээд хэлсэн. ОУВС гэтэл яг үүнийг одоо хэлж байна лээ. Энэ судалгаан дээр суурилсан юм. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа батлахдаа энэ зөвлөлийг орхигдуулчихсан байхгүй юу. Төсвийн зөвлөл гэдэг маань төсвийн бие даасан хараат бус байдлыг эвдэхгүй гэсэн үг. Түүнээс биш Төсвийн зардлыг Засгийн газартай зөвшилцөнө гэдэг заалт явахгүй. Энэ их гэнэн зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хүмүүс нь эдийн засагчид биш учраас ойлгохгүй байх шиг байна.
Мөн төрийн албаны тухай заалт орж байгаа юм билээ. Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн дарга байсан Б.Цогоо гишүүдэд загнуулаад Төрийн албаны тухай хуулийг батлуулах гээд их явсан. Төрийн дээр нам гарчихсан улсад намын захиалгаар төрийн алба хөдлөхгүй яах юм. Төрийн албаны тухай хууль маань Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиараа намууд нь төрийн дээр гарахгүй байх заалтуудтай байж энэ амьд болдог. Гэтэл “Төрийн алба бие даасан, хараат бус байна” гээд Үндсэн хуулинд оруулах гэж байгаа юм билээ. Ингэлээ гээд энэ заалт мөрдөгдөх үү. Үгүй байхгүй юу. Уг нь бие даасан, хараат бус гэдэг чинь хоёр утгатай үг байхгүй юу. Манай хуулинд “Төрийн алба бие даасан, хараат бус байна” гээд ганц өгүүлбэр тавьчихдаг. Үүнийгээ болсон гэж боддог. Наад хуулиуд нь сул байхад мянга оруулаад нэмэргүй л дээ. Үндсэн хуульд оруулангуут илбэ шидийн юм шиг маргаашнаас нь захиалгагүй ажиллаад явчихна гэдэг зүйл хэзээ ч байхгүй. Энэ мөн л гэнэн зүйл.
-Та жилийн өмнө уулзахад өрхийн эдийн засгийн судалгаа хийж байна гэсэн. Өрхийн эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ?
-ДНБ-ий хамгийн гол бүрдэл хэсгийн нэг нь өрхийн эдийн засаг өмнөх жилд хасах тэмдэгтэй гарч байсан. Өөрөөр хэлбэл хүмүүс зардал бага гаргадаг болсон гэсэн үг. Энэ байдал удаан үргэлжилж болохгүй гэж би бичиж байсан шүү дээ. Хөрөнгө оруулалтын идэвхжил буюу үндсэн хөрөнгийн бүрдэл буюу хуримтлал 10 гаруй улирал дараалан хасах гарсан. Манай гадаад худалдааны тэнцэл нэмэх тэмдэгтэй болчихлоо. Энэ нь ДНБ-д эерэгээр нөлөөлнө. Гэхдээ хасах байсан ч гэсэн эерэгээр нөлөөлж болдог байхгүй юу. Сая гарсан статистикийн дүнг харж байхад өрхийн бодит орлого инфляци багассан учраас нэмэгдсэн байна лээ. Энэ сайн. 2016 оны статистикаар ДНБ гараад, 2017 оны эхний хоёр улирлынх гараад эхэлбэл миний хандлагууд зогссон уу, сайн нь үргэлжилж байна уу гэдэг нь харагдана. Хэрэглэгчийн итгэлийн индекст миний сонссоноор зарим нэг эерэг өөрчлөлтүүд гарч байгаа юм билээ.
Хөдөө аж ахуйн салбарт гэхэд зуншлага гандуу байгаа нь үүнд нөлөөлнө. Мал их зарагдах ч малчны орлого нэмэгдэхгүй. Малын үнэ цаашид буурах байх. Энэ нь ДНБ-д нөлөөлнө л дөө. Үйлчилгээний секторт худалдаа наймаа хэр сэргэж байна гэдгийг харах ёстой. Энэ оны эхний улирлаар ДНБ дөрвөн хувь гарсан гээд байгаа л даа. Үүнийг жаахан нарийн уншсан бол тэрний цаана нэг өгүүлбэр бий. Улирлын нөлөөллийг хасч тооцвол 0.6 байна гэсэн байгаа.
Би монгол хүний сэтгэхүйд тааруулах гэж инфляцийг тайлбарлаж байгаа юм. Алхаа инфляци, шогшоо инфляци, цогоо инфляци, давхиа инфляци, жолоодлогогүй инфляци гэж. Манай инфляци одоо шогшоо руу орж эхэлж байна. Их хурал найман хувиас хэтрүүлэхгүй гэчихсэн, одоо дөрвөн хувь байгаа байх. 1990 оны эхээр манайх чинь жолоодлогогүй инфляцитай явж ирсэн. П.Жасрай гуайн Засгийн газрын үед давхиа инфляци болоод 2015 оноос шогшоо, алхаа болоод одоо буцаад шогшоо руу орж эхэлж байна л даа.
-Та хэд хэдэн судалгаанууд хийгээд байсан. Үр дүн нь гарч байна уу. Таны судалгааг хүлээх хүмүүс их байх шиг байна л даа…
-Би 10 гаруй судалгаа хийлээ. Моргейж, малчдын аж амьдрал, хөрөнгийн гээд үргэлжилнэ. Бид 60 сая малтай гэдэг. Үнэндээ хэдэн төгрөг юм гэдгийг хэн ч хэлж чаддаггүй. Гэтэл Үндсэн хуулинд “Мал үндэсний баялаг мөн” гэчихсэн. Гэтэл Адам Смитийн Үндэсний баялаг ном бий. Дэлхийн бүх орны мал үнэлгээтэй. Бид харин зах зээлийн ханшаар үнэлдэг. Малаа үнэлээд ирэхээр хөрөнгөөр нь үнэлсэн малчдын ялгарал хэр их байна вэ гэдэг нь харагдана. Энэ мэтээр бид эдийн засгаа харах ёстой. Засгийн газарт би захиалгаар зарах санаатай байгаа. Би өрөөндөө судлаад л, хааяа нэг ярилцлага өгөөд сууж болохгүй. Миний судалгаан дотор хэрэгжүүлээд явчихаар зүйлс бий.