Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Та Монгол Улсын Сангийн сайдаар томилогдоод дөрвөн сар болсон байна. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулсан бэ. Эдийн засаг амаргүй байсан ч нааштай эерэг мэдээллүүд дуулдах боллоо?
-Миний хувьд Сангийн сайдаар томилогдоод өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байна. Эдийн засаг 5.1 хувиар өссөн, валютын нөөц 3 тэрбум америк долларт хүрсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан, гадаадын хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн алдагдал буурсан, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурсан, манай экспорт 6 тэрбум доллар давсан зэрэг олон эерэг үзүүлэлт гарлаа. Эерэг үзүүлэлтүүд ч цаашид улам нэмэгдэхээр байна. Ийм учраас Монголын эдийн засагт үүр цайж байна гэж хэлсэн. 2012-2016 онд эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн бодлогын олон арга хэмжээг шүүмжилж байсныг минь та бүгд санаж байгаа байх аа. Миний хувьд тэр үед сөрөг хүчний хувьд шүүмжлэхийн тулд шүүмжлээгүй, харин эдийн засгийн бодлого алдаатай бол гарах хохирлыг ард түмэн нуруундаа үүрнэ гэдгийг мэдэж байсан тул анхааруулж, сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл бодлогын алдаагаа засчихаасай гэсэндээ хэлж байсан юм. Харамсалтай нь засах нь битгий хэл, миний хэлж ярьж байснаас огт өөр бодлого хэрэгжүүлсэн.
Үр дүнд нь Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн алдагдал нэмэгдэж, ард иргэдийн амьдрал уруудсан. Товчхондоо эдийн засаг хямарсан гэж хэлж болно. Сангийн сайдаар томилогдсоноос хойш өмнө ярьж, хэлж байсан бодлогоо бодитоор хэрэгжүүлэх боломж олдож, цаг хором бүрийг алдахгүйгээр бодлогын алдаа, завхарлыг засах, шинэчлэл хийхэд анхаарч ажиллаж байна.
-Тэгэхээр та тэр үед ярьж хэлж байсан зүйлээ бодитой ажил хэрэг болгож байна гэж хэлж болох уу?
Тийм ээ. Алдаагаа засаад, бодлогоо зөв болговол үр дүн нь хурдан гардагийг бид харж байна. Цаашид татварын бодлогын шинэчлэл, санхүүгийн салбар, түүний дотор хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын шинэчлэл зэрэг бодлогын арга хэмжээг авч байж эдийн засаг өсөн дэвжих зөв хөрс суурь бий болно. Үүнийг хийхийн тулд хичээж чармайж ажиллаж байна. Хийх ч болно.
-Төрийн мөнгөнд хоноцын сэтгэлээр бус эзний, өөрийн сэтгэлээр хандах учиртай гэж хэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан, ямар учраас ингэж хэлсэн бэ?
-Би Сангийн яаманд 10 жилийн дараа буцаж ирж байна. Өмнө нь ТНБД-аар ажиллаж байсныг зарим нь санаж байгаа байх аа. Өмнөхтэй харьцуулахад зээлийг ч ёстой би биш бидний хүүхэд төлнө гэсэн шиг тоо хэмжээг нь харвал зүрх өвдмөөр авдаг дуршил бий болж ужгирчээ. Төрийн санд нь мөнгө байхад дотоодод үнэт цаас гаргаж зээл авдаг болчихсон. Яагаад мөнгө байхад зээл аваад байгаа юм бэ гэхээр над руу нэлээд гайхсан царай гаргаад үнэт цаас гаргах хуваарьтай тул гаргах учиртай, банкууд хүлээж байгаа гэх. Зээл авах хуваарь гаргаад, хуваарийн дагуу улсаа өрөнд оруулж байгааг хараад арай ч дээ гэх, харамсах, эмзэглэх сэтгэл өөрийн эрхгүй төрж “Төрийн мөнгөнд хоноцийн сэтгэлээр хандаж байна” энэ хандлагыг өөрчлөх ёстой гээд л ажиллаж эхэлсэн. 2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш дотооддоо үнэт цаас гаргаагүй, зээл аваагүй болж л байна. Харин ч 1.2 их наяд төгрөгийн дотоодын үнэт цаасын өрийг буцааж төлчихөөд сууж байна.
-Таныг банкуудаас мөнгөө татаж байна, банкуудад хатуурхаж байна гэж зарим хүн ярьж байсан. Нэлээдгүй дайсантай болсон байх аа?
-Төр нь өртэй зээлтэй, банкууд нь мөнгөтэй, ашигтай байдаг эрүүл бус харилцаа төр банк хоёрын хооронд тогтож болохгүй шүү дээ. Энэ бол бодлогын алдаа. Төрийн мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэй байршуулаад буцаагаад өндөр хүүтэй зээлж авдаг буруу практик амь бөхтэй байсан. Үүнийг л болиулж, төрийн мөнгийг татаж Төрийн сан дээрээ байршуулсан. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн мөнгө арилжааны банкууд дээр байршдаг байсан. Засгийн газар нь зээл авч хүү төлнө, бас арилжааны банкууд дээр байршиж байгаа тэр мөнгийг дахиж өндөр хүү төлж зээлж авдаг. Өөрөөр хэлбэл нэг мөнгөн дээр давхар давхар хүү төлдөг буруу жишиг тогтсон байжээ. Төрийн мөнгөнд ингэж хандаж болохгүй ш дээ. Үүнийг л зогсоосон юм. Бас өндөр хүүтэй үнэт цаасуудын гэрээ хэлцлийг дахин хийж, хүүг бууруулах, өндөр хүүтэй үнэт цаасуудыг буцааж төлөх ажлыг хийсэн. Дээрх арга хэмжээг авахад л 120 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарч ирэх жишээтэй.
-Энэ ажил цаашаа үргэлжлэх үү. Эсвэл ингээд дуусчихаж байна уу?
-Үргэлжлээд явж байгаа. Хувийн хэвшил, ард иргэдийг дэмжихийн тулд Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахгүй байх бодлого барин хэрэгжүүлээд явж байна. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ёстой. Гэтэл Засгийн газар арилжааны банкуудаас их хэмжээгээр зээл авчихаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олддоггүй. Олдлоо гэхэд өндөр хүүтэй зээл олддог. Тиймээс Засгийн газар зээлдэхээ болимогц суларсан эх үүсвэриргэд, хувийн хэвшилд зээл болон очих учиртай. Иймээс Засгийн газар арилжааны банкуудаас мөнгө зээлэхгүй байгаа. Энэ бодлого цаашид ч үргэлжилнэ.
Дараагийн нэг зүйл нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласан. Сангийн яам төрийн санд байгаа мөнгөө зөвхөн Монголбанкинд байршуулах, гадаад валютаа зөвхөн Монголбанкинд зарах шийдвэр гаргасан. Засгийн газар гадаад валютаа арилжааны банкуудад зарж болох ч тэр нь төгрөгийг эргэлтээс гаргаж, эдийн засгийн эргэлтийг боомилох эрсдэлийг дагуулдаг. Тиймээс гадаад валютаа Монголбанкинд зардаг болсон.Ингэснээр Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханш чангарч, валютын ханш суларч байна. Ам.доллар гэхэд 2400 төгрөгөөс доошилж эхэллээ, энэ бол сэтгэл зүйн хувьд том алхам юм.
-Энэ жил төлөх ямар өр байгаа вэ?
-Чингис бондын 500 сая ам.долларыг эдийн засагт хүндрэлгүй, валютын нөөцдөө нөлөөлөхгүйгээр төлчихлөө. Дим Сам бондын 146 сая ам.долларыг төлчихвөл үндсэндээ болчихож байгаа юм. Мэдээж өмнө нь авсан зээлийн төлбөрүүд гардгаараа гараад явж байна. Одоо хоёр жилдээ Засгийн газрын хувьд төлөх томоохон гадаад өр байхгүй.
-Таныг Төрийн банкинд баахан халаа сэлгээ хийсэн гэх юм. Үндсэндээ бол маш олон дарга нарыг цөөлсөн юм шиг байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Гурван жижиг байшинд 76 захирал ажиллаж байсан. Данхайсан тэр бүтцийг цомхотгосон. Уг нь банк бол өндөр ёс зүй, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг салбар. Энэ зарчмын үүднээс л асуудалд хандсан.
-Та ОУВс-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг мэдээлэл хийхдээ хэлж байсан. ОУВс ч гэсэн Засгийн газар зөв бодлого барьж ажиллаж байна гэдгий хамтарсан хэвлэлийн хурлын үеэрээ онцолсон. Та “Эдийн засагт үүр цайлаа” хэмээн тодотгосон. Үүр цайж байгааг харин хүмүүс янз бүрийн утгаар хүлээгээд авчих шиг болсон. Энэ жил эдийн засгийн төлөв байдал ямар байх бол. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой тэр бүү хэл нэмэгдэх магадлалтай гэдгийг судлаачид онцлоод байна…
-“Үүр цайсан” гэдгийг би зүгээр нэг хэлчихээгүй юм. Дээр хэлсэн нааштай, эерэг үр дүн эдийн засагт гарч, иргэд аж ахуйн нэгжүүдийн итгэл бий болж, бэхжиж, эдийн засаг өсөх, дэвжих суурь бий болсон гэдгийг онцолж хэлмээр байна. Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилбэл хоёр жилийн дотор бодитой олон өөрчлөлт гарна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхаас гадна эдийн засгийн бодлого зөв байж гэмээнэ үр дүн гардаг. Түүхий эдийн үнэ өндөр байлаа ч буруу бодлого хэрэгжүүлбэл нааштай үр дүн гарахгүй. Зөв л бодлого хэрэгжүүлэх учиртай.
-Татварын хуулиудын шинэчилсэн найруулгуудын төслийн хэлэлцүүлэг цааш явах нь тодорхой боллоо. Яг ямар өөрчлөлтүүд гарах вэ. Эдийн засаг амаргүй байна гээд татварын хуулиудын шинэчилсэн найруулгыг хийж байна уу, цаашид урт хугацаандаа мөрдөхөөр оруулж ирж байгаа юм уу?
-Энэ асуултанд хариулахаас өмнө нэг зүйлийг онцлон хэлье. Түрүүн цухас дурдагдсан “Эдийн засагт үүр цайлаа” гэсэн нь санамсаргүй хэрэг биш гэдэг нь яг энэ асуудалтай шууд холбогдож байгаа. Энэ бол Монгол Улсын эдийн засагт шинэ хуудас эргэж буйг томьёолсон юм. Тэгвэл энэхүү хүлээгдэж буй шинэ нөхцөл байдалд татварын суурь хуулиуд нийцсэн байх хэрэгтэй гэсэн зүй ёсны шаардлага урган гарч байна.
Тиймдээ ч татварын хууль нэг, гурав, таван жил хэрэгжих настай биш цаашид тогтвортой үргэлжилдэг, үргэлжлэх ёстой хууль гэдэг агуулгаар нь харж боловсруулсан. Татварын хуулийн багц шинэчлэлийг хийхдээ эдийн засгаа, аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ дэмжье гэдэг утгаар нь оруулж ирсэн. Түүнчлэн тодорхой бус маргаантай байсан заалтуудыг цэгцэлье гэдэг зарчмаар хийгдэж байна. Улсын төсөвт татвар төлж буй аж ахуйн нэгжүүдийн татварын орлогыг судалж үзсэн. Татварын гол ачаа цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд оногдож, хамрах хүрээ бага байгаа юм. Тиймээс аль болох өргөн хүрээтэйгээр татварын бааз суурийг нэмэгдүүлье, эдийн засгаа тэлэх чиглэлд татварын бодлогоо барих хэрэгтэй.
Энэ удаагийн татварын хуулиудын шинэчлэлээр татварыг хялбаршуулж, энгийн болгож байгаа. Татварын хуулийн зорилго, үзэл санааны хүрээнд чамгүй олон татварыг бууруулна. Аж ахуйн нэгжүүдийн татварын тайлантай холбоотойгоор томоохон өөрчлөлтүүд орно. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол нэг хувь, 50 сая төгрөгөөс доош бол нэг хувийн татвар төлөх зэрэг өөрчлөлтүүд бий. Үндсэн хөрөнгийн элэгдлийг 40 жилээр байгуулдагийг 25 жилээр байгуулна. Мөн аж ахуйн нэгжийн орлогоос хасагдах зардлыг татварын хуулинд нэр төрлөөр нь зааж өгсөн байдаг. Гэтэл амьдрал баян, эдийн засгийн харилцаа өргөжиж байна. Тиймээс тэр олон заалтуудыг 20 гаруй төрлөөр зардал тооцдог байж болохгүй гээд өргөн хүрээнд авч үзэж байгаа. Татварын хуулийн өөрчлөлтийн үр дүнд эдийн засаг дөнгөж сэргэж байгаа буюу “эдийн засагт үүр цайж” байхад эдийн засгийн харилцааг зохицуулж буй хамгийн чухал хууль болох татварын хуулиуд нь “унтаа” байж болохгүй харин ч хамгийн чухал энэ үед өсөлтийг хурдан хангахаар уг хуулийг батлах гэж байгаа юм.
Түүнчлэн иргэдийн хамгийн их асуудаг санаа тавьдаг эдийн засгийн энэ өсөлт хөгжилт “надад” “бидэнд” яаж тусах юм бэ гэж асуултын шууд хариулт нь бол ажил эрхлэлт юм. Тэгвэл татварын шинэчилсэн хуулиуд хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх боломжтой. Бас эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чухал хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
Татварын байгууллага зарчмын хувьд үйлчилгээгээ үзүүлэх үйлчилгээгээ давхар хийгээд явах учиртай. Алдаа гарвал алдаа гарлаа гэдгийг нь хэлдэг, зөвлөдөг байх юм. Мөн цахимжуулах ажил нэлээд явагдана, цаашид улам цахимжуулж төрийн хүнд суртлыг багасгах тал дээр технологийн дэвшлийг ашиглах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах болно.
Нэг үгээр хэлбэл “Үүр цайж, нар мандахад” төр, хувийн хэвшил нэг шугаман дээр зогсож хамтарч ажиллахад У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгаа гэж хэлж болно.
-Манайхан том төслийн талаар маш их ярьдаг. Энэ жил Таван толгой, төмөр зам, цахилгаан станцууд, Гацууртаас эхлээд хөдлөх төслүүд юу байгаа бол. Нэр заагаад хэлээч?
-Том төслүүд явна. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар эдийн засаг – хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Дэлхийн банк, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулна. Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт дээр эдийн засгийн бодлого, тухайлбал, татварын хуулийн цогц шинэчлэл, өмч хувьчлал, томоохон төслүүд, экспортыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах асуудал яригдана.
-Он гарсаар иргэдийн нэлээд эсэргүүцэлтэй тулсны дүнд ХХОАТ-ыг нэмсэн байсныг буцааж 10 хувь болгосон. нефтийн бүтээгдэхүүнээс А80, АИ93 зэрэг шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Гэтэл А80, АИ92 зэрэг шатахууны үнэ нэмэгдчихлээ. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол, Засгийн газар хувийн хэвшилтэйгээ ойлголцох ёстой юу?
-Иргэдийн гол хэрэглээ болсон А80, АИ92 зэрэг шатахууны онцгой албан татварыг тэглэсэн, ингэснээрээ төр өөрийн хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Миний хувьд нефть импортолж буй компаниудад өрсөлдөөн оруулах шаардлагатай гэж үздэг. Нефть импортлогчдын тоог нэмэх, зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийг нь олгоод, дагалдах стандартыг нь мөрдүүлээд явбал дээр гэж харагдаж байна.Өрсөлдөөнийг дэмжих учиртай. Өмнөх шиг ам.доллар 1800 төгрөг байхад 1400 төгрөгөөр тооцож цөөн тооны компанид өгдөг луйврын арга хэмжээг авах ёсгүй юм. Зөрүү 400 төгрөгийг монголчууд нийтээрээ хүссэн эс хүссэн ч халааснаасаа төлсөнийг бид харж мэдэрсэн шүү дээ. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох, худалдааг хөнгөвчлөх ажлуудыг богино хугацаанд хийх нь зөв. Бас бензин, түлш бага хэрэглэдэг тээврийн хэрэгслийг татварын бодлогоор дэмжих учиртай.
-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал олны анхаарлыг татаж байгаа. Та ч гэсэн анхаарч байгаа байх. 49 талынхан шүүхээр явж, Засгийн газар ялагдаад л. Иймэрхүү дүр зурагтай л байна. Гэвч нөгөө талд нь Өмнөд Африкийн Стандарт банкинд Жастын гэх Ш.Батхүү 51 хувийг нь тавиад туучих гээд байж байх жишээтэй. Зээлийн эргэн төлөлтийг хэн хийх вэ гэдэг дээр маргаан явж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоног Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарахдаа УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 49 хувийг авахдаа “Монголын зэс” ХХК хууль тогтоомж зөрчсөн байна гэдэг шийдвэр гарлаа. Миний ахалсан Засгийн газрын ажлын хэсэг 49 хувийг төрд буцааж авах, төлбөрийг харилцан суутгах Засгийн газрын тогтоолыг боловсруулж, батлуулаад байна.
Стандарт банктай холбоотой асуудал бол 51 хувь, 49 хувь гэж ялгахгүйгээр л Эрдэнэт үйлдвэр дээр гарсан асуудал. Яагаад 51 хувь, 49 хувь гээд ялгаад байгааг сайн ойлгохгүй л байгаа. Гэхдээ энэ асуудлаар миний байр суурь маш тодорхой. Эрдэнэт үйлдвэрт учирсан хохирлыг буруутай этгээд нь төлөх ёстой. Холбогдох хууль хяналтын байгууллага нь ажиллаж байгаа байлгүй. Буруутай этгээдэд хариуцлага тооцох нь зөв. -Ардчилсан намынхан болон танай намын зарим гишүүд Оюу толгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах ёстой гэж байна. Их хурлаар асуудал ороход та заавал Монголын банкаар дамжуулах шаардлагагүй гэж байсан. Үүнээс болж таныг буруутгах хүн олон байна. Энэ мөнгө Монголын банкаар дамжсанаар валютын нөөцөөс эхлээд үр дүн нь их юм биш үү?
-Ардчилсан намынхан Оюу толгойн мөнгө Монголын арилжааны банкуудаар дамжих ёстой гэдэг байр суурь илэрхийлдэг.
Ардчилсан намынхан Дубайд гэрээ хийж байхдаа үүнийгээ яагаад мартчихсан юм бол гэж гайхаад л байгаа. Рио Тинтотой холбоотой асуудлаар олон удаа тайлбар хэлсэн дээ, би. Уг асуудлаар Рио Тинто ОУВС-д хандсанаар ОУВС монголд хэрэгжүүлэх хөтөлбөрөө тодорхой бус хугацаагаар хойшуулчихсан байсан. Тухайн үедээ Засгийн газар дээрээ нэлээд яригдсан юм шиг байна лээ. Намайг УИХ-ын даргын өрөөнд дуудахаар нь яваад ортол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бүлгийн дарга, Сангийн сайд нар байсан. Рио Тинтогийн энэ заалттай холбоотойгоор ОУВС-гийн хурал хойшилчихлоо. Яах вэ гэж байсан юм.
“Засгийн газар ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж байгаа бол энэ заалтыг хүчингүй болгоё гээд саналаа оруулаад ир. Их хурал хэлэлцээд явъя” гэж би хэлсэн. Харин тэр үед хэлэлцэж, ярьж байгаад Төсвийн байнгын хороо санаачлаад оруулж ирээч гэдэг улс төрийн шийдвэрийг гаргасан. Түүний дагуу л хийсэн. Ер нь бол би өөртөө “гал” дуудаж байгаагаа мэдэж байсан. Эдийн засгаа хямралаас гаргахад намайг элдвээр хэлж дуудах бол сонин биш, үр дүн чухал гэдгийг би гүнээ ухамсарлаж ойлгож байсан. Үүн дээр тоглох арчаагүй улстөрчид ч гарна гэдгийг бас мэдэж байсан. Гэхдээ энэ бол эдийн засгаа хямралаас гаргахад шийдвэрлэх үүрэгтэй. Нийтийн төлөө гаргасан хамтын шийдвэр байсан юм аа гэдгийг дахин хэлмээр байна.
-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газартайгаа хэр ойлголцож ажиллаж байна вэ. Нэг хэсэг бүлэг нь хоёр хуваагдаад бас л хэцүү үеийг даван туулсан шүү дээ?
-Тойргоороо явж ажиллалаа. Тойргоороо явсан бусад гишүүдтэйгээ уулзаж ярилаа. Ард иргэдийн дунд итгэл сэргэж байгаа дүр зураг харагдаж байна. Цаашлаад бид өнөөдөр бий болсон олон нийтийн дэмжлэгийг алдахгүй улам ихийг хийж бүтээж харуулахын тулд богино хугацаанд эрчимтэй ажиллах шаардлага байна. МАН Их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, Ерөнхий сайд намын дарга болсон. Намын дарга нь гүйцэтгэх эрх мэдэл дээр очсон байгаа энэ үед улс төрийн шийдвэр хурдтай гараад явна гэдэгт итгэж байгаа. Цаана нь Монгол Улсын эрх ашиг байна. Монгол Улсын эрх ашигт бүх асуудал зангидагдаж, багцлагдаж, шийдэгдэх ёстой. Улсын эрх ашгаас дээр гардаг хувь хүний амбиц, гомдол, хорсол, цөөн хүмүүсийн эрх ашиг байх ёсгүй. Манай гишүүдийн олонх нь үүнийг ойлгож, дэмжиж байгаа нь мэдрэгддэг.
-Та эдийн засагт гарсан томоохон давуу талуудыг нэрлэлээ. Үүнийгээ бид хадгалаад явах боломж хэр байгаа вэ. Эдийн засаг өөрөө тун эмзэг байгаа тул ганц буруу шийдвэр энэ бүгдийг орвонгоор нь эргүүлж мэдэх юм. ОУВС-гийн хөтөлбөр хэдэн хувь биелэж байгаа бол. Засгийн газар ОУВС-д тавьсан саналуудаа хамгаалж чадаж байна уу. Өмнө нь ОУВС тэг гэсэн. Тэр дагуу явж байна гэдэг байсан…
-ОУВС-тай ямар нэгэн асуудалгүй ойлголцоод явж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа. Зарим нэг хүн ОУВС-гаар толгойгоо мэдүүлчихсэн юм шиг зүйл ярьдаг. ОУВС тэглээ, ингэж шахлаа гэдэг үг миний амнаас гарахгүй байгаа биз дээ. Эдийн засгийн бодлогыг зөв болгохын тулд бид ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад Япон, БНХАУ, БНСУ, АНУ хамтарч ажиллаж байна. Ийм том дөрвөн улс Монгол Улсыг дэмжээд явж байгаа шүү дээ. Цаашид аажмаар энэ орнууд дээр бусад орнууд нэмэгдээд явна гэдэгт итгэлтэй байгаа.
Бид ололт амжилтаа цаашид хадгалах ёстой. Эдийн засаг эмзэг байгаа. Нэг буруу бодлого буруу тийш нь залаад явчихдаг. Яг л “шимэгч” шиг хэнд ч анзаарагдахгүй системд сууж тухлаж аваад улсын төсөв мөнгөнөөс шимэгчилж өөрсдөө таргалаад төсөв, төр нь сульдаад ирдэг. Үүнийг л бид зогсоосон.
-Манайхан нефть боловсруулах үйлдвэрийн талаар ярьж байна. Зарим эдийн засагчид нефть боловсруулах байгуулах нь өнөөдрийн нөхцөлд ашиггүй. 600 гаруй км хоолой татахаас эхлээд зардал их гэж байна л даа. Яахав үндэсний аюулгүй байдал талаасаа зөв гээд байгаа. Энэ тал дээр танай яам тооцоо судалгаа хийв үү?
-Би эдийн засагч учраас асуудлыг цэвэр эдийн засгийн өнцгөөс хардаг. Эхлээд ТЭЗҮ-гээ маш сайн гаргах ёстой. Ямар ч гоё сайхан нэртэй, бурхан ч атаархмаар зорилго тэмүүлэлтэй төсөлТЭЗҮ-гээрээ ашигтай байх шаардлагатай. Тэгж байж энэ төсөл цаашаа хэрэгжинэ. Бидэнд танилцуулсан хэлбэрээр ТЭЗҮ нь ашигтай гэж гарч ирсэн. Яаж ч бодсон ашигтай байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Тиймээс миний хувьд энэ төсөл хэрэгжээд явна гэдэгт итгэж байгаа.
-Банкны зээлийн хүүгийн асуудлыг ярих боллоо. Зээлийн хүүг бууруулах боломж байна гээд байгаа. Эдийн засагч хүний хувьд, Сангийн сайдын хувьд зээлийн хүү буурах боломж байна гэж харж байна уу, цаашид зээлийн хүү буурах уу?
-Зээлийн хүү бууна. Зээлийг хүүг тогтооход нэлээд хэдэн зүйл нөлөөлж байгаа. Валютын ханшийн хөдөлгөөн, инфляци, зээлийн эрэлт, мөнгөний нийлүүлэлт, зээл олголтын хэмжээнээс эхлээд олон зүйл бий. Эдийн засагт эрсдэл их байгаад байвал зээлийн хүү өснө. Эхлээд эдийн засагт үүсээд буй эрсдлүүдийг алга болгох чиглэлд ялангуяа валютын нөөцийг нэмнэ гэдэг чинь төгрөг тогтворжино. Валютын ханш унана. Тэр хэмжээгээр зээлийн хүү бууна гэсэн үг. Инфляцийг бага байлгаж чадвал зээлийн хүү бууна. Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахаа больчихлоо гэдэг чинь арилжааны банкуудаас эх үүсвэрээ байршуулахын тулд зээл олгох боломж нэмэгдээд эхэлчихэж байгаа юм. Зээл олголт нэмэгдэхээр өрсөлдөөн үүсэж, хүү буух боломж бүрдэнэ. Засгийн газар энэ бүх нөхцөлийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэдэг чинь сайн зүйл. Одоо татварын хуулиудаараа гаднаас санхүүгийн эх үүсвэр татахад үүсдэг зардлуудыг бууруулах чиглэлд ажиллана. Зээлийн хүү аажим аажмаар буурч байна. Нэг өдөр бүр зүйл шийдэгдэхгүй. Засгийн газрын бодлого шийдвэр зөв байж, цаашид алдаа гаргахгүй байвал зээлийн хүү бууна. Монгол өөрөө жижигхэн эдийн засаг. Бодлогоо зөв явуулж чадвал дорхноо босоод ирнэ. Би “Эдийн засагт үүр цайж байна” гэж хэлсэн. “Эдийн засагт нар мандана” гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа.