Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ганболд: Үнэндээ үндэсний тээврийн тогтолцоогоо төр нь устгах гээд байна DNN.mn

Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболдтой ярилцлаа.


-Манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэдэг нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Та бүхний сайн мэдэж байгаачлан одоогоос 2-3 жилийн өмнө нүүрс тээвэртэй холбоотой асуудал нэлээд хүндэрчихсэн байсан. Тухайлбал, саяхныг хүртэл Цагаан хад боомтод 100 гаруй километр дараалал үүсчихсэн, жолооч нар амрах газаргүй, идэх хоолгүй, хэрүүл маргаантай, автомашинуудын жолооч нар осол аваар гаргадаг гэх мэт үл ойлголцох асуудал нэлээд их, нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Ковидын үед ч нүүрс тээвэр бага хэмжээгээр боловч гарч байсан. Өдөрт 40-60 автомашин гарч байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 400 орчим автомашин хилээр гарч байна. Ингэхдээ өмнөх үе шигээ хэдэн зуун км дараалал үүсгэх байдал арилсан. Учир нь кемп, бөмбөлгийн зохион байгуулалтад орсон. Үүний үр дүнд тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд кемпийн зохион байгуулалтад орж 50-60 жолооч эмнэлгийн тусламж авдаг, халуун устай, амрах байртай, хоол ундтай тав тухтай орчинд байрлаж, тээвэр хийхээс долоо хоногийн өмнө өөрсдийн хил нэвтрэх хуваариа хараад бэлтгэл байдлаа хангаж, гардаг болсон. Үүний үр дүнд олон сараар автомашиндаа хоолтой, хоолгүй дугаарладаг нөхцөл байлал арилсан.Нэг талаас харахад ковид гарснаар олон хүндрэл гарсан ч нөгөө талаас тээвэр эрхлэгчид зохион байгуулалтад бүрэн орсон нь бас нэгэн сайн тал. Нэгэнт ингээд тээврийн систем ажиллаж байгаа учраас энэ системээ цаашид үргэлжлүүлээсэй гэж бид бүхэн хүсч байгаа юм. Энэ сайхан зохион байгуулалтын дэг журмыг бүү алдагдуулаасай хэмээн хүсч байгаа юм. Хоёрдугаарт, нэг хоногийн өмнөөс уртын тээвэр болоод задгай тээврийг эхлүүллээ. Үүний үр дүнд Монгол Улсын хилээр дор хаяж 500-1000 автомашин гарах боломж бүрдчихлээ. Энэ нөхцөл байдлыг дагаад манай улсад ихээхэн хэмжээний мөнгө орж ирнэ. Тиймээс бид дээр дурдсан системээ богино болоод уртын тээвэртээ үргэлжлүүлэн ашиглавал соёлтой, баталгаатай, тээврийн системийн бүтэц бий болно.

-Тээврийн үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалт дээр дэвшил гарсан гэж ойлголоо. Гэтэл тээвэр хийх С зөвшөөрлийг дагасан авлигын асуудал байнга яригддаг шүү дээ. Аль мөнгөтэй, их хэмжээний хахууль өгсөн компани, ААН-үүд л тээвэр хийх боломжтой болчихоод байгаа юм биш үү?

-Таны хэлж байгаа С зөвшөөрөлтэй холбоотой хээл хахуулийн асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа. Зарим нэг хүмүүс уг асуудалтай холбогдож хууль хяналтын байгууллагаар шалгуулж, баригдаж, хоригдсон ч асуудал бий. Юуны өмнө биржийн бичиг буюу зөвшөөрлийн С бичиг ямар учир утгатай талаар багахан ойлголт өгье.

Богинын тээвэр буюу хил гарах эрхтэй тээврийн үйлчилгээ үзүүлдэг 399 ААН бий. Нийт 6000 орчим автомашин бий. Тэд биржийн бичиг буюу С зөвшөөрөл авсан тохиолдолд хил гарах эрх нь нээгддэг. Уг зөвшөөрлийг авахын тулд тээврийн ААН-үүд бий болж, дээр дурдсан кемпийг бий болгохын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсны үндсэн дээр биржийн бичиг авах эрх нь үүсдэг.Зөвшөөрлийн бичиг авахын тулд тухайн тээврийн компаниуд бүх төрлийн татвар хураамж, НДШ-ийг бүрэн төлсөн байж системд ордог. Үүний дараа УУЯ-ны Эрдэнэс Таван толгойд бүх бичиг баримтаа өгнө. Өөрөөр хэлбэл, Сангийн яам, УУЯ-ны хяналт бүрэн тавигдаж дууссаны дараа ЗТХЯ-нд очдог. Ингээд ЗТХЯ-наас тухайн ААН-ийн жолооч нар хүнд даацын тээвэр хийх бололцоотой эсэхийг хянадаг. Эдгээр гурван төрлийн хяналтыг бүрэн хангасан ААН-үүд биржийн бичиг буюу С зөвшөөрлийг авдаг. Уг зөвшөөрлийг Монгол Улс БНХАУ-ын хоорондын хэлэлцээрээр ЗТХЯ-ны харьяа буюу АТҮТтээврийн комипаниудад олгодог. Одоо ч ийм системээр явж байгаа. Яагаад авлигын асуудал хөндөгддөг вэ гэхээр 4-5 жил гаруйн өмнө нэвтрүүлсэн хяналтын систем тухайн үед хараахан бий болоогүй байсан.

-Та өмнө нь С зөвшөөрөл дагасан авлигын асуудал байсан, одоо байхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Одоо бол авлигын систем бараг байхгүй болсон. Яагаад бараг гэж хэлж байна гэхээр бидэнд бага сага сайжруулах зүйл бий. Дээр дурдсан дараалалтай холбоотой асуудал бүр байхгүй. Нэг ёсондоо зөв. Голдиролдоо ороод явж байгаа. Одоо л нэг учраа олоод сайхан болох нь уу гэж байтал хэдхэн хоногийн өмнө Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл яригдаж эхэлсэн нь бидний санааг зовоож байна.

-Яг ямар учиртай хууийн төсөл вэ?

– Биржийн бичиг буюу С зөвшөөрлийг ЗТХЯ биш, уул уурхайн яам худалдан авагч хийхээр Авто тээврийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Нүүрс худалдан авагч тал гэхээр БНХАУ-ыг хэлж байна. Үүнийг яагаад Монголын тээврийн компаниуд эсэргүүцэж байна гэхээр Монголын нүүрс тээврийн 10 хүрэхгүй хувийг үндэсний компаниуд эзэлдэг. Тэр дундаа энэхүү 10 хүрэхгүй хувийн 5-6 хувийг манай “Монгол тээвэр нэгтгэл” ХХК эзэлдэг. Бид нийт 26 гишүүн компанитай. Өөрөөр хэлбэл, Монголын тээврийн компанийн 80 гаруй хувийг БНХАУ-ын тээврийн компани эзэлж байна. Өмнө нь монгол залуус нүүрс тээврийг 100 хувь хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд хятад компаниуд өөрсдийн тээврийн компани байгуулснаар манай улсын тээврийн салбарт хүч түрэмгийлж эхэлсэн. Дээр нь БНХАУ-ын Засгийн газраас дотоодын тээврийн компаниудаа дэмжих бодлого баримталж, хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай улсын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авдаг.

-Ер нь нүүрс тээвэрт явдаг нэг автомашины зах зээлийн үнэ хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Нэг автомашин 400-500 сая төгрөгийн үнэтэй. Тиймээс хэн дуртай аавын охин, ээжийн хүү ийм хэмжээний зээл аваад автомашин авч чадахгүй. “Монгол тээвэр нэгтгэл” ХХК-д өмнө нь тээвэр хийж байсан туршлагатай олон компани нэгдсэн учраас өмнөх туршлага, алдаа оноон дээрээ үндэслээд одоогийн байдлаар 2000 гаруй тээврийн хэрэгсэлтэй болж чадсан. Олон улсад тээвэр хийх зөвшөөрлийг АТҮТолгодгоос үүдэн түүнийг тойрсон маргаан, авлига, хээл хахуулийн асуудал үүсдэг. Төрийн бус байгууллагууд болон тээврийн аж ахуйн нэгжүүд олон удаа Засгийн газарт энэ авлига хээл хахуулийн асуудлыг болиулах, тээврийн ААН-үүдэд ижил тэгш эрх олгох саналыг тавьж ирсэн.Гэвч харамсалтай нь Засгийн газар уг асуудлыг хялбархан аргаар буюу хуульд нэг, хоёрхон заалт оруулж, өөрчлөх хууль өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд тээврийн салбар бус Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, уурхайнууд С бичгийг худалдан авагч буюу Хятадын талын ААН-ийн саналыг үндэслэж олгоно гэсэн байна. Энэ заалт бол үндсэндээ худалдан авагч талд зөвшөөрлийг өгнө гэсэн үг. Бид уул уурхайн яам нь уул уурхайн ажлаа хий. Сангийн яам нь өөрт хамаарах ажлаа хийж татвараа ав. Харин авлигын эсрэг нэрийн дор С зөвшөөрлийг ЗТХЯ-наас салгаж худалдан авагч талд өгөхийг эсэргүүцэж байгаа юм. Ер нь бол барилгын салбарт хахууль их байна гээд тээврийн жолоочийг барилгын талбайд гаргаж болгохгүй биз дээ. Үүнтэй агаар нэг шүү дээ. Авлигын систем байсан уу гэвэл байсан. Хэрэв авлигын асуудал одоо ч байна гэж үзэж байгаа бол ХЗДХяам хяналтаа сайжруул. Нэг системийг нөгөөгөөр сольсноор авлига арилахгүй. Уул уурхайн яамныхан ч авлига аваад эхлэх юм бол яах юм бэ. Тийм учраас Тээврийн тухай хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлт бол аргаа ядсан, аргацаасан үйлдэл. Энэ үйлдлийг цааш нь ургуулаад бодвол бас л их сонин хардлага төрөхөөр байгаа юм.

-Тухайлбал, та бүхэнд ямар хардлага төрөөд байгаа юм бэ?

-Нийт нүүрс тээвэр хийж байгаа компанийн 10 гаруйхан хувийг Монголын компани ААН-үүд эзэлж байна. Тэгвэл дээр дурдсан хуулийн төсөл яг энэ хэвээрээ батлагдчихвал 10 гаруйхан хувийг эзэлж байгаа үндэсний тээврийн компаниудаа тээврийн салбараас бүрмөсөн арчих бодлого баримталж байна шүү дээ. Худалдан авагч тал хэнээр тээвэр хийлгэхээ сонгох эрхтэй болчихвол мэдээж БНХАУ-ын тээврийн компаниуд ноёлох нь тодорхой. Тун удахгүй ийм системд шилжинэ.Магадгүй энэ онд Монгол ААН-үүдийн тоог 5-8 ширхэгээр цөөллөө. Дараа жил мөн тооны компаниудыг тээврийн салбараас арчина. Ингээд хэдхэн жилийн дараа Үндэсний тээврийн компани үгүй болно. Энэ бол маш ойлгомжтой зураглал. Учир нь БНХАУ-ын тал нүүрс авч байгаа учраас өөрийн компанийнхаа тээврийг явуулснаар монголчууд тэдний хувьд гадны хүн болж хувирна. Тэдэнд гадны хүмүүсийг орон зайдаа оруулах сонирхол огтхон ч байхгүй. Үүнд нь манай улсын төр засаг оролцчихсон л явж байна. Энэ бол хамгийн буруу, хамгийн болчимгүй үйлдэл гэдгийг тээвэрчид олон нийтэд хүргэж байгаа юм. Бид тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулахгүй байхын төлөө бүхий л аргаараа тэмцэх болно.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс ямар нэгэн байдлаар та бүхний саналыг сонссон, уулзаж, ярилцсан зүйл бий юү?

-Та маш зөв өнцөг хөндлөө. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа тухайн салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцдог. Гэтэл уг хууийн төсөл дээр ийм төрлийн ямар ч уулзалт болоогүй. Маш богино хугацаанд шийдвэрлэхээр явж байгаа юм билээ. Дэгсдүүлсэн хүнд нууц горимоор хэлэлцэж байна. Нэгэнт тээврийн салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа бол манай салбарт 4-5 ТББ-ын төлөөлөл, Монголын тээврийн компаниудын төлөөллүүдтэй уулзаж, нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа зүйл заалтаа танилцуулаад бидний санал, санаачилгыг асуух ёстой. Гэтэл ийм зүйл огт алга. Бид “Энэ хуулиа эргүүлэн татчихаа. Хэн ч уншсан ойлгомжтой БНХАУ-ын талд давуу байдал олгосон хууль байна” гэдгийг л хэлж байгаа. Яагаад энэ хуулийг оруулж ирж байгаа нь олон хардлага төрүүлж байна.

-Нэг ч гэсэн монгол хүн ажилтай орлоготой байна гэдэг улсдаа оруулах хувь нэмэр олон бий. Тухайлбал, танай нэгтгэлд хамаарч байгаа ААн-үүдэд хичнээн иргэдийн ажил орлого, амьжиргаа хөндөгдөж байгаа вэ?

-Наадах чинь их сонин. Өнөөдөр тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хятад ч бай, монгол ч бай компанид дандаа монголчууд ажиллаж байгаа. Тийм учраас хятад компанид ажиллаж байгаа ажилчид ямар нөхцөл байдал үүсээд байгааг сайн ойлгохгүй байгаа юм. Ажил эрхэлж байгаа хүмүүс цалингаа аваад, ар гэрээ тэжээгээд байдгаараа байж л байна. Хэсэг хугацааны дараа хятадууд энэ салбарыг эзэгнэчихээр цалин хөлсөө нэмэхгүй, Хөдөлмөрийн харилцаа хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, аливаа тээврийн байгууллага мөрддөг стандарт нормтой. Энэ байдал ч удахгүй алдагдана. Үүнийг хятадууд тоохгүй. Одоо ч тээврийн салбарынхантай холбоотой хуралд БНХАУ-ын компаниудын төлөөлөл ирдэггүй. Менежер нь гэх Өвөрмонголчууд оролцоод явдаг.Гуравдугаарт, Монголын тээврийн компаниуд цаашлаад олон улсын транзит тээвэр хийхийг зорьж байна. Манай “Монгол тээвэр нэгтгэл” ХХК 2005 онд гурван улсын туршилтын транзит тээврийг хийж байсан. Мөн уул уурхайн тээврийг 10 гаруй жил хийчихлээ. Бид туршлагажчихлаа, бэхэжчихлээ. Тодорхой хэмжээнд хөрөнгө санхүүтэй болчихлоо. Тиймээс одоо олон улсын тээвэр рүү орохоор эхнээсээ бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Ний нуугүй хэлэхэд, олон улсын тээврийг ч гадныхан эзэлчихсэн байна.

яагаад энэ асуудал хөндөгддөггүй вэ гэхээр бор зүрхээрээ зүтгэж байгаа хэдхэн залуус байдаг болохоос компани болчихсон зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл, Монголд олон улсын транзит тээвэр хийдэг компани байхгүй. Харин манай компани уг ажлын суурийг амжилттай тавиад байна. Монголчууд бид дэлхийд тээвэр хийх боломж сая бүрдэж байхад, эргээд тээврийн компаниудаа үл дэмжих юм бол таван жилийн дараа тээврийн компани байхгүй болох юм. Үүний уг суурийг дээр дурдсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулах гэж байна. Манайх 70 сая малтай хэрнээ махаа гадагшаа худалдан борлуулж чадахгүй байгаа нь махны салбараа гадныханд алдчихсантай л холбоотой. Тухайн үед нийгэм, эдийн засаг хүнд, иргэдийн боловсрол нимгэн байсан учраас махны зах зээлээ алдчихсан. Энэ мал махыг хэн тээвэрлэх вэ. Үнэндээ үндэсний тээврийн тогтолцоогоо төр нь устгах гээд байна.

-Өнгөрсөн хугацаанд төрөөс дотоодынхоо тээврийн компаниудаа дэмжсэн ямар бодлого явуулсан бэ?

– Шуудхан хэлэхэд, төрөөс биднийг дэмжсэн зүйл байхгүй. Бид төрөөс мөнгө гуйхгүй. Элдэв дэмжлэг ч хүсэхгүй. Харин гадны нөлөөнд автаж, Монголын тээврийн компаниудаа битгий дараач ээ гэж л хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Таны хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганы ардчиллын салбар хуралдаанд оролцсон. Нээлттэй болон хаалттай нийгмийн ялгаа, зөрчлийн талаар алдарт хөрөнгө оруулагч Жорж Сорос ярьсан. Украин дахь дайнаас болж цар тахал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд саад учирч байгааг хэлсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Украины дайн ирээдүйд түүхийн сурах бичгүүдэд Дэлхийн хоёрдугаар дайн, Хүйтэн дайны дараа тогтсон дэлхийн дэг журмыг эвдсэн үйл явдал гэж тэмдэглэгдэх учраас энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг “Түүхэн эргэлтийн цэг” гэж нэрлэхээр тогтсон тухай энэ чуулга уулзалтыг үндэслэн байгуулагч Клаус Шваб гуай тайлбарлаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үргэлж онцгой анхаарал хандуулдаг, энэ удаа ч гэсэн 300 орчим салбар хуралдааны 100 нь энэ асуудлыг тойрсон хэлэлцүүлэг байлаа. Украины дайнаас болж ОХУ-ын шатах түлшний нийлүүлэлтийг зогсоосон тул улс орнууд цаашид эрчим хүчний хангалтаа хэрхэн шийдэх, энэ үйл явц сэргээгдэх эрчим хүч рүү богино хугацаанд шилжих боломжийг нэмэгдүүлж чадах эсэх нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Түүнчлэн дайны улмаас хүнс, түлшний үнэ өсч, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удааширч, сүүлийн хоёр жил доголдсон нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл үүсээд байгаа аж. Харин “Эрчим хүчний хэтийн төлөв, хямралыг даван туулах боломж” сэдэвт хуралдаанд оролцсон улс орнууд төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж чадвал одоогийн нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй, ямар ч эрсдэлийг богино хугацаанд даван туулах боломж байна гэсэн ихээхэн өөдрөг байр суурь илэрхийлсэн нь сонирхолтой байлаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо ихтэй учраас шатмал түлш, түүнээс гаралтай бүтээгдэхүүний хамаарлаас богино хугацаанд гарах өргөн боломжтой улс орнуудын тоонд орж байна.

-Чуулганаар даяарчлалын ирээдүйг хөндөн хэлэлцсэн, эдийн засгууд нэг нэгнээсээ ямар их харилцан хамааралтай болсныг тээвэр логистик, худалдаанд учирч буй хүндрэл тод харуулж байна. Яг энэ үед Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд гарч байгаа ахиц, бэрхшээл юу байна вэ?

-Чуулганы үеэр “Евразийн стратегийн хэтийн төлөв” сэдэв маш сонирхолтой хуралдаан боллоо. Хуралдаанд оролцсон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч цар тахал, дайн зэрэг дэлхий нийтийг хамарсан хямралаас үүдэн Евразийн бүс нутагт хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдэж инфляцийн өсөлт 12 хувь болсныг тэмдэглэсэн.

Энэ нь 2011 оноос хойш гараагүй өндөр үзүүлэлт юм байна. Мөн геополитикийн тодорхой бус байдлын улмаас санхүүжилтийн өртөг нэмэгдэж, үүнийг дагаад ирэх онд бодлогын хүү 3.3 хувиар өсөхөөр тооцоо гарчээ. Энэ бүхэн Монгол зэрэг эмзэг эдийн засагтай орнуудад ихээхэн сөрөг үр дагавар авчрах нь тодорхой.Үүссэн нөхцөл байдал бидэнд эдийн засгийн хувьд дан ганц улс, ганц салбар, ганц эх үүсвэрээс хамааралтай байж болохгүй гэдгийг дахин сануулж, эдийн засгийг төрөлжүүлэх нь улс орны цаашдын хөгжилд амин чухал ач холбогдолтой болохыг нотлон харууллаа гэдгийг оролцогчид санал нэгтэй тэмдэглэж байна.Манай улсын хувьд энэ бүхэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдал, урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг чухалчилдаг тул Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Цар тахал, дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдож хүнсний хангамж тасалдах эрсдэл тулгарч байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлаад байгаа билээ.

-Монгол Улс, БНХАУ хооронд нислэг 26 сарын дараа эргэн сэргэх гэж байна. Зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар Гуанжоу, Хөх Хотын нислэг эхэлнэ. Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд Аялал жуулчлалын салбар хуралдаанаас харахад бид бүс нутгаас бусад бүсээс жуулчин татах ямар боломжууд харагдаж байна вэ?

-Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар. 2020 онд л гэхэд энэ салбарт ажиллаж байсан 63 сая хүн ажилгүй болж, улс орнууд олон их наяд ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Би хувьдаа жуулчид татахын тулд хийх нэн тэргүүний ажил бол энэ салбарт ажиллах хүчийг бэлтгэх явдал гэж боддог. Саудын Арабын Аялал жуулчлалын дэд сайдтай энэ үеэр уулзсан.Цар тахлын улмаас аялал жуулчлал хаагдсан үед тус улс энэ салбарт ажиллах хүмүүсийг бэлтгэхэд анхаарч 2021 онд 100 мянган хүнийг сургалтад хамруулсан гэж ярьсан.Үүний зэрэгцээ аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэх нь хэрэглээний даацыг хэтрүүлэхгүй байх, ялангуяа байгалийн үзэсгэлэнт, соёлын дурсгалт газруудыг одоо байгаа хэвээр нь хадгалж үлдэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзаж, 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон. Уг форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумд гадаад, дотоодын бизнесийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно. Энэ үеэр сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох боломж олгож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөлөлд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ форум Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичигт тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлэх, жендерийн тэгш эрхийг хангах, чанартай боловсрол олгох, ногоон эдийн засагт шилжих явцдаа хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлж байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болно гэж тооцоолж байна. Уг форумыг зохион байгуулсны үр дүнд манай органик хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, аялал жуулчлалын төрөл олширч, ногоон эдийн засаг, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, залууст бизнесийн өргөн боломж нээгдэж, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжинэ гэсэн маш өөдрөг хүлээлт байгаа.

-Тэгвэл уул уурхайн бус экспортыг бодитой нэмэгдүүлэх чиглэлд ямар гол ажлууд хийгдэж байна вэ. Ялангуяа гуравдагч хөршүүд рүү хийх экспортын тухайд дипломат яриа хэлэлцээ хийгдэж байгаа юу?

-Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бид гуравдагч хөршүүд болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Бүс нутгийн интеграцид нэгдэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг татах, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдхүүн гаргах зорилготой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Японтой 2016 онд байгуулсан. Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос эхлэн хамрагдаж, манай улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос ноолуур зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нийлүүлж байна. Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын худалдааг дэмжих” төсөл хэрэгжүүлсний үр дүнд одоо манай 20 гаруй аж ахуйн нэгж гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос, сарлагийн хөөвөр, арьс ширэн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд борлуулж байна. ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2017 онд нэгдсэний үр дүнд далайд гарцгүй, алслагдмал байршилтай манай улс гадаад худалдаагаа дэмжих томоохон боломжийг бүрдүүлсэн. Женевт төвтэй Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр 2019 онд “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” баримт бичгийг боловсруулсан нь цаашдаа малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлчилгээ худалдааны салбар болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх, худалдааг хөнгөвчлөх замаар урт хугацаанд өрсөлдөх чадвар бүхий цөөхөн салбарт эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, экспортын боломж, зах зээлээ тэлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар худалдааг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Гадаад харилцааны яам олон ажлыг төлөвлөж дипломат шугамаар яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байна.

-Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд нэлээд анхаарал хандуулж байна. Тухайлбал, манай улс энэ чиглэлээр ямар ямар үүрэг, амлалт авсан бол?

-Нийгэм, эдийн засгийн бүх салбарт сөрөг үр дагавар үзүүлж буй цаг уурын өөрчлөлтийг бид хамтын хүчин чармайлтаар даван туулахаас өөр аргагүй гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын хувьд энэ хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ ахиулан тодорхойлох замаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа бататгасан.Хамтын хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ ахиулан тодорхойлохдоо уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болдог хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид технологи, инновацийн дэвшлийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг босгож чадвал цаашид энэ зорилтыг 27.2 хувь хүргэж ахиулах боломжтой гэж үзэж байна. Манай Засгийн газар ногоон хөрөнгийн зах зээл, тогтвортой хөгжлийн бонд, ногоон хөрөнгө оруулалт, ногоон таксаноми зэрэг санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих санаачилга дэвшүүлж, энэ санаачилгыг дэмжсэн үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай өрнөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга болох мод тарих зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийн хэмжээ дорж хаяж 33 хувиар буурна гэж тооцоолсон. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад зориулж ДНБ-ий нэгээс доошгүй хувийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Олон улсын тавцан дээр манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүч чармайлтаа нэгтгэн ажиллахыг бусад улсад уриалж, тодорхой санаачилга дэвшүүлдэг. Зааны ясан эрэг Улсын Абижан хотноо энэ тавдугаар сард болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 15 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид тодорхой саналтай оролцож 2026 онд энэхүү конвенцийн 17 дугаар бага хурлыг өөрийн оронд зохион байгуулахаар болж холбогдох шийдвэрийг гаргууллаа. Түүнчлэн Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг санаачилж Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар батлуулсан.

Эцэст тэмдэглэхэд, энэ чуулга уулзалтад оролцож хүн төрөлхтний нийтлэг хувь заяатай холбоотой дэлхий дахины асуудлуудыг шийдвэрлэх оролдлогууд, түүний дотор цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтад Монгол Улс идэвхтэй байр суурь баримталж, бүс нутагтаа болон дэлхий нийтэд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон талт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах сонирхолтой хэвээр гэдгээ Давосын энэ индрээс дахин нотолсон явдал нь манай гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгахаа бүү мартаарай DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртай бяцхан үрсээ өөр өөрсдийнхөөрөө баярлуулахыг томчууд бид хичээдэг.

Аль тааралдсан дэлгүүр, худалдааны төвөөр орж ямар ч хамаагүй бэлэг сонгодог хэнэггүй нэгэн байхад, чамин боолттой багцанд багтсан бэлэг бүрийн дуусах хугацаа, бүрэн бүтэн байдал, чихрийн агууламж зэргийг нарийн шалгадаг хариуцлагатай нэгэн ч бий. Харин та аль бүлэгт нь багтаж байгаагаа бодоод нэг үзээрэй.

Ингээд хүүхдэд зориулсан бэлэг сонгохдоо юуг анхаарвал зохих талаар бяцхан зөвлөгөө хүргэе. Бэлэгний орц найрлагад түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн орсон эсэх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг заавал нягталж үзээрэй.

Мөн бүтээгдэхүүний хугацааг шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Ямар нэгэн байдлаар урамшуулалт худалдаа явагдаж байгаа бол сэтгэл хөдлөлд автаж сонголт хийхээсээ өмнө сэрэмжтэй хандах нь зүйтэй гэдгийг бүү мартаарай. Учир нь 1+1 урамшуулалт худалдаа ихэвчлэн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн дээр явагддагийг санахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Гарын үсэг дагасан тусгай зөвшөөрлийн тоо 1600-д хүрсэн нь авлигын хорт үндэс цэцэглэх хөрс, бүр үржүүлэх хүлэмж нь болоод удаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Та Зөвшөөрлийн тухай хуульд УИХ зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн. Зөвшөөрлийн хуулийг УИХ-аар хэлэлцэхгүй дөрвөн жилийн нүүр үзэж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх төсөл шүү. Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь “Тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё ” гэж сольдог юм уу яадаг юм. Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж” яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм.

МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигыг гарын үсэг, тусгай зөвшөөрөл өөгшүүлдэг шүү дээ. Монгол Улсын нэг эмгэнэл бол өөрсдөө хийхгүй мөртлөө хүнээр хийлгэдэггүй. Өөрсдөө чадахгүй мөртлөө чаддагтаа боломж олгодоггүй. Бие биедээ тээг тавиад суучихдаг энэ хандлагыг бид өөрчлөх ёстой. Анх нийтийн ашиг сонирхол, хүнийэрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүйбайдалд хохирол учруулж болзошгүй, тодорхойнөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгайзөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүйболгохтойхолбоотойхарилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгайзөвшөөрлийн тухайхуулийг 2001 оны хоёрдугаар сарын 1-нийөдөр баталсан байдаг. Сумын засаг даргаас Засгийн газар хүртлээ 200 гаруй тусгай зөвшөөрөл олгохыг хуульчилсан.Үндсэндээ 2001 оноос өнөөдрийг хүртэл 20 гаруй жил өнгөрлөө. Биднийг 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийг санаачилж байх үед тусгай зөвшөөрлийн тоо 1400-д хүрчихсэн байсан. МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар энэ жил тусгай зөвшөөрлийн тоо 1600 болчихож. Хоёр зуу байсан зөвшөөрөл 20 жилийн дотор 1600-д хүрчихлээ. Энэ хэмжээгээр сумын засаг даргаас авахуулаад шат шатандаа Засгийн газар хүртлээ зөвшөөрөл олгодог болчихлоо.

-Зөвшөөрлийн тоо найм дахин өссөн байна. Үүний цаана төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийн асуудал яригддаг шүү дээ?

-Зөвшөөрлийн хуулийг богино хугацаанд батлуулах тал дээр санаа зовоод байгаа чинь ерөөсөө л үүнтэй холбоотой. Зөвшөөрөл аваагүй бүхнийг хааж, хорьдог, шалгадаг, торгодог. Тиймээс иргэд ямар нэгэн байдлаар тэр зөвшөөрлийг нь олж авахыг хичээдэг болсон. Зөвшөөрөл авах гээд очихоор зөвшөөрлийг нь гаргаж өгдөггүй. Иргэд аргаа бараад зөвшөөрлөө гаргуулж авахын тулд шан харамж, авлига өгдөг. Үүний үр дүнд л зөвшөөрөл нь гардаг. Ийм болгочихоод байна. Энэ байдлыг өөрчилье л гэж байгаа юм. Зөвшөөрлийн хуулийн талаар олон жил ярилаа. Сонгууль болохоор толгойтой бүхэн тусгай зөвшөөрлийг цөөлөх талаар ярьдаг. Гэтэл бодит байдал дээр хууль нь явдаггүй.

-Зөвшөөрлийн хууль УИХ дээр очоод гацчихсан шалтгаан юу вэ. Гишүүд уг хуулийн ач холбогдлыг төдийлөн мэдэхгүй, ойлгохгүй байгаа юм уу?

-Уг нь дээрх хуулиар тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болохоор заасан. Хүний амь нас, эрүүл мэнд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой, байгалийн баялаг ашиглах, байгаль орчинтой холбоотой гэх мэт хэдхэн асуудалд төр зөвшөөрөл олгоё. Ийм болгочихвол иргэд, ААН-үүд өөрсдөө хөдөлмөрлөөд, бизнесээ өргөжүүлээд явна шүү дээ. Бусад бизнесийн үйл ажиллагаанд төр оролцож, зөвшөөрөл олгохоо больё л гэж байгаа хэрэг. Өнөөдрийн байдлаар олгож байгаа лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрчилгээ зөвшөөрлийн тоо 1600-д хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүйзөвшөөрлийн чиглэл, төрлөөр шинээр дур мэдэн зөвшөөрөл олгож байна аа гэсэн үг. Энэ бүхэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад бэрхшээл, хүнд суртал үзүүлж байгаагаас гадна авлигын хорт үндэс цэцэглэх хөрс, бүр үржүүлэх хүлэмж нь болчихоод удаж байна. Иргэд зөвшөөрөл авах гэж махаа зулгаадаг. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байгаа нь иргэдээ гэртээ гэдсээ илээд халамж аваад хэвт гэж байгаагаас ялгаагүй. Халамжаас хөдөлмөрт гэж уриалчихаад хөдөлмөрлөх, бизнес эрхлэх боломжийг нь бүрдүүлэх Зөвшөөрлийн хуулийг яагаад хааж боогоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. МАН-ынхан ч, АН-ынхан ч 2016 оны сонгуулиар тусгай зөвшөөрөл, лицензийн тоог 3-4 дахин бууруулна хэмээн амласан. Энэ бүхний цаана байгаа авлига, хүнд суртлыг арилгана гэсэн. Ингээд 2016 онд МАН олонх болсон учраас амлалтаа биелүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс миний бие болоод бусад гишүүд Зөвшөөрлийн хуулийг өргөн барьсан. Уг хуулийг батлуулж чадаагүй байтал 2020 оны сонгууль болсон. Энэ үеэр ч бид УИХ дээр явж байгаа Зөвшөөрлийн хуулийг богино хугацаанд батална гэсэн. Гэтэл дахиад хоёр жил өнгөрчихлөө. Үндсэндээ хууль өргөн бариад дөрвөн жилийн нүүр үзэж байна. Удахгүй хэлэлцэх гэж байна гэсээр ам тагладаг. Хэзээ хэлэлцэхийг нь хүлээгээд сууж байна. Ямар шалтгаанаар, яагаад хэлэлцэхгүй байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Эсвэл аймаг нийслэл, яам тамгын газрынхан зөвшөөрөл нэрээр гарын үсгээ худалддаг байдал нь арилах учраас УИХ-д нөлөөлж, хэлэлцүүлэхийг хойшлуулдаг юм уу. Гэтэл уг хуулийг батлагдаж, мөрдөгдөхийг иргэд, ААН-үүд маш их хүлээж байна. Бид угтаа амлачихсан. Амласан амлалтдаа хүрэх ёстой. Амаараа сайхан юм ярьчихаад амьдрал дээрээ биелүүлэхгүй байж болохгүй. Тусгай зөвшөөрлүүдийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт, шахалтгүй үйл ажиллагааа явуулах нөхцөлөөр хангах зорилгоор хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ярихдаа нэг зүйл ярьж, хийхдээ өөр зүйл хийдэг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд анхаарах ёстой.

-Зөвшөөрлийн хууль батлагдсанаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө юу байх вэ?

-Хамгийн наад зах нь татвар төлдөг хүний тоо нэгээр нэмэгдэж байвал, төсөвт орлого оруулдаг ААН нэгээр нэмэгдэж байвал Монгол Улсын төсвийн орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтаар барих сургууль, цэцэрлэг, эмнэлгээ барих бололцоо төрд бий болно. Төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх юм бэ гэхээр татвар төлж байгаа, баялаг бүтээж байгаа төр, хувийн хэвшлийнхнийгээ дэмжих л ёстой. Тэгвэл тусгай зөвшөөрөл нэрээр хянадаг, торгодог, шийтгэдэг байдлыг арилгачихвал бизнесээ чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ. Хүмүүс яагаад төрд орох гэж зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Тусгай зөвшөөрлийн тоо яагаад нэмэгдээд байгаа вэ гэвэл, олгох ёстой гэж хуульд оруулчихаад, том босго тавьж, түүгээрээ далимдуулж шан харамж авч байгаа юм. Төсвийн тодотгол нэрээр хамаг юмаа танаж хасаад байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдрал улам бүр дордож байна. Тийм учраас аль болох баялаг бүтээж байгаа, татвар төлж байгаа иргэн, ААН-үүдээ чөлөөтэй бизнес эрхлэх боломжийг олгох ёстой. Гэтэл 1600 ширхэг тусгай зөвшөөрлийн цаана байгаа гарын үсэг зуруулах хүнд суртал, авлигыг арилгаж чадвал улсын эдийн засаг тэлэх юм.

-Иргэн, ААН-үүд зөвшөөрөл авахын тулд хэр хугацаа зарцуулдаг талаар судалгаа бий юү?

-Хэдэн сар ч биш, бүр хэдэн жил зарцуулдаг талаар судалгаа гарсан. Тусгай зөвшөөрөл олгоогүй бол яагаад олгоогүй гэдэг талаар хариулт өгдөггүй. Зөвшөөрөл нь гарах гэж байна гээд хэдэн жил болдог. Хэрэв Зөвшөөрлийн хууль батлагдчихвал тусгай зөвшөөрлийг хамгийн уртдаа нэг сарын хугацаанд олгох юм. Олгоогүй бол хариуцлага хүлээлгэх талаар зааж өгсөн. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох процессыг ил тод, цахим болгох юм. Хэн гэж албан тушаалтан дээр хянагдаад дараа нь хэн дээр очсоныг нь иргэд мэдэх боломжтой. Шаардлага хангаж байгаа эсэхийг ч өөрөө давхар хянах боломжтой. Шаардлага нь ил тод байгаа учраас ямар шалтгаанаар татгалзсан, эсвэл зөвшөөрсөн гэдгийг харах боломжтой. Хэрэв үнэхээр шаардлага хангаагүй иргэн, ААН-д зөвшөөрөл олгосон бол авлига авсан байх магадлалтай гэдэг ч юмуу асуудлыг ил тод, шилэн болгоно. Ингэснээр тусгай зөвшөөрөл авахын тулд олон жил хүлээдэг, хурдан шийдүүлэхийн тулд авлига өгдөг, шаарлага хангаагүй байхад хангасан болгодог, хангасан иргэн, ААН-ийг хангаагүй мэтээр зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлаас ангижрах боломжтой.

-Манай улс энэ жил авлигын индексээрээ нэг байр урагшилж 110-т жагссан. Зөвшөөрлийн хууль батлагдчихвал авлигын индексийн үзүүлэлтээ сайжруулах боломж бүрдэх нь ээ?

-Таны хэлж байгаа үнэн. Авлигын индексийн үзүүлэлтээрээ байр ахих боломж бүрдэнэ. Ерөөсөө гарын үсэг бүрийн цаана хүнд суртал, хүнд суртлын цаана авлига байна. Хэрэв 1600 ширхэг тусгай зөвшөөрлийн тоог дөрөв дахин бууруулаад 400 болгочихвол гарын үсгээ арилждаг төрийн албанд авлига дөрөв дахин буурна.Манай улс бүх шатандаа авлигатай тэмцэх талаар ярьж байна. Авлигатай тэмцэхийг уриалдаг, ярьдаг хүн бүхэн уг хуулийн төслийг дэмжих учиртай. Манай улс өнгөрсөн жил авлигын индексээр 111-т жагсаж байсан бол энэ жил 110-т жагссан. Хэрэв уг хууль батлагдчихвал багадаа 10 байраар урагшлах боломжтой.

-Тусгай зөвшөөрөл авахаас бусад төрлийн үйлчилгээг хорихгүй гэдгээр далимлуулж хараа хяналтгүй, эмх замбараагүй байдал үүсэх вий дээ. Манайхан эрхээ мэддэг, үүргээ ухамсарлахдаа тааруухан шүү дээ?

-Иймэрхүү болгоомжлолууд бий. Үүнийг тодорхой хуулийн зохицуулалтаар зохицуулаад явах боломжууд бий. Ер нь төр иргэдээ зөрчил гаргахыг хүлээгээд, анаад, отоод, бараг гаргаасай гэж далим хайх байдлаар ажиллах юм бол бүх юм утгаа алдана. Тэгэхээр аль аль талдаа зөрчил гаргахаас сэргийлдэг байх ёстой.

Хамгийн чухал нь зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг шууд торгодог, дарамталдаг, хаадаг боодог биш, зөрчил гаргахгүй байх талаас нь урьдчилан хэлж сануулдаг, мэдээллээр хангадаг, зөвлөн тусалдаг байх нь ухаалаг төрийн зөв хандлага. Хэрэвзээ ингэж хэлж сануулсаар байтал тэрхүү зөрчлөө дахин давтан гаргаад хууль дүрмийн дээгүүр дэвсэлж гүйгээд байвал хэнбугайг ч ялгалгүй торгодог шийтгэдэг, хариуцлагыг нь үүрүүлдэг байх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулахаар ажиллаж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өдөрт хамгийн багадаа 1000 алхам алхахыг зөвлөе DNN.mn

Хөдөлгөөний дутагдал нь дэлхий дахины өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвдүгээрт бичигдээд эхэллээ. Нэлээд нарийвчилбал дэлхийн хүн амын нийт нас баралтын зургаа, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрын гол шалтгааны 20-25, чихрийн шижингийн 30, зүрх судасны өвчлөлийн 30 хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ажээ.

Түүнчлэн артерийн даралт ихсэх, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж буй юм. Иймд тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд ажлын байрны онцлогоос шалтгаалсан хөдөлгөөний дутагдлын шинжүүд иргэдийн дунд ихээр илрэх болсон байна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний биед эерэг нөлөө үзүүлж зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг аж.

Нөгөө талаас идэвхтэй хөдөлгөөн нь тризлицерид, холестерины хэмжээг бууруулдаг байна. Түүнчлэн сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл гутралд өртөх эрсдэл багасдаг. Угтаа хөдөлгөөн бага хийнэ гэдэг бол цусны эргэлт багасна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цусны эргэлт багассанаар таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйнэ гэсэн үг юм.

Тиймээс өдөрт багадаа ядаж 1000 алхам алхах, долоо хоногт нэг удаа заал авах, фитнесс, йогоор хичээллэх, бүжгийн клубт явах зэргээр идэвхитэй хөдөлгөөнт амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлцгээе.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Доржраа: Монгол оронд 870 гаруй тахь эрх дураараа бэлчээрлэж, уугуул нутагтаа унаган төрх, зэрлэг удам нь сэргэж байна DNN.mn

Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан,Олон улсын”Тахь групп”-ийн зөвлөх О.Доржраатай ярилцлаа.


-Ярилцлагаа тахийн үүсэл гарлын талаар эхлүүлье хэмээн бодож байна. Анх тахийг хэн судалж шинжилж дэлхий нийтэд таниулсан байдаг юм бол?

-Монгол орны унаган амьтдын нэг тахь манай эриний өмнөх үеийн зэрлэг амьтдын нэг бөгөөд эрт үед Төв Ази, Европын нутагт элбэг тархан амьдарч байсан түүхтэй. Монголчууд тахийг тэнгэр бурхны хүлэг хэмээн тахин шүтэж байсны улмаас “тахь” гэж нэрлэсэн гэдэг. Судлаачдын дүгнэлтээр ХV,XVI дугаар зууны үеэс өмнө Монгол орны ойт хээр говь талын нутгаар тахь түгээмэл тархалттай байсныг түүх, архелогийн олдвор материалууд болон одоог хүртэл уламжлагдан үлдсэн тахийн холбогдолтой газар нутаг, уул усны нэр тодорхой нотолгоо болон үлджээ. Харин тахийн судалгааны ажил хожуу эхэлсэн бөгөөд 1878 онд Оросын жуулчин, армийн генерал Николай Михайлович Пржевальский Зүүнгарын говиор аялаад буцахдаа нэгэн зэрлэг адууны арьс, толгойн ясыг Орос-Монголын хилийн харуулын захирал А.Х.Тихоновоос бэлгэнд авч, түүнийгээ Петербургт амьтан судлаач И.С.Поляковт өгснийг тэр эрдэмтэн битүү туурайтан 22 зүйлийн амьтантай харьцуулан судлаад биеийн бүтэц, биологи, экологийн хувьд бие даасан зүйл, зэрлэг амьтан болохыг нотолж, үнэтэй материал аваачиж өгсөн Пржевалькийн зүтгэл, дурсгалд зориулан 1881 онд “Пржевальскийн адуу” хэмээн нэрлэж, анх дэлхий нийтэд мэдээлсэн түүхтэй. Ийнхүү Зүүнгарын говийн районд тахийн судалгааг нарийвчлан хийж, судалгааны материал болгон 15 тахь агнажээ. Улмаар 1890-ээд оны дундаас амьтан үржүүлдэг, судлаачид Монголын тахийн сургийг сонсоод Төв Азийн судлаач Д.А.Клеменц, Аскания-Новагийн амьтны хүрээлэнгийн эзэн Ф.Э.Фальц-Фейний санхүүгийн дэмжлэгтэйгээр тэр үед Ховдод байсан оросын худалдаачин Н.И.Ассановтой тохиролцон Зүүнгарын говийн районд тахийн унага барих ажил эхэлжээ. Унага баригчид нутгийн иргэдийн хүчээр 1899-1901 оны хооронд 18 унага барьж Аскания-Новад хүргэжээ. Энэхүү тахийн сургаар Германы Ганбург хотын зэрлэг амьтны худалдаачин Карл Гагенбек өөрийн элчийг Ховдод Ассанов руу явуулж, тэд 1901-1902 онд нийтдээ 63 унага барьсан байдаг. Ингэж хэдэн жил үргэлжилсэн унага барих түрэмгий үйл ажиллагаанд тахийн олон тооны төлөөс гадна сүргээ харамласан азарганууд, үрээ харссан гүүнүүдийг шууд хороож байсан сэтгэл эмтэлсэн үйлдэл байсан нь тодорхой.

-Тэгвэл энэ үеэс тахийн тоо толгой цөөрч, цаашид устаж үгүй болох эрсдэл бодитойгоор нүүрлэсэн байх нь ээ?

-Түүхээс аваад үзэхэд, Монгол орны өмнөд хэсгээр өргөн дэлгэр тархаж байсан тахийн сүргийг Манжийн хааны эзэрхийллийн үед жил бүр олон зуугаар агнаж, цэргийн хүнсэнд хэрэглэн цөөрүүлсний улмаас ХХ зууны эхэн үед нутгийн баруун хэсэг Зүүнгарын районд шахагдан байршсан цөөн тооны тахь үлдсэн байдаг. Манай улс 1930 оноос тахь агнахыг хуулиар хориглож, улмаар Амьтны аймгийн тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Монгол Улсын улаан ном, Олон улсын улаан номд оруулсан юм. Харин 1960-аад оны сүүлчээр Монголд тахь үзэгдэхгүй бүрмөсөн устсан бөгөөд түүний гол шалгаан нь унага барихаар хэт олон тахийг хороож, сүргийн толгойлогч азарганууд, төлөрхөг шилмэл гүүнүүдийг устгаж, сүргийн бүтцийг алдагдуулсантай ихээхэн хамааралтай. Мөн 1940-1950 оны үед Монголын баруун хилээр орогнож байсан хасгийн дээрэмчид тахийг агнаж хүнсэндээ хэрэглэж байсан нь тахь устахад нөлөөлсөн нь тодорхой.

-Тухайн үед Монголд бүрэн устаж үгүй болсон тахь дэлхийн хичнээн оронд тархсан байсан нь сонирхолтой санагдаж байна?

-Одоогоор дэлхийн 27 улсын 100 гаруй амьтны хүрээлэнд 1200 гаруй тахь байгаа боловч тэжээвэр амьтны адилаар амьдарч, жил ирэх тутам цус ойртолтын коэффициент нь ихэсч, өсөлт нь буурч, хорогдол нэмэгдсээр байна. Тэр дундаа 1980-аад онд нийт амьтны хүрээлэнгийн унаганы хорогдол 15-26 хувьд хүрч, хоёр нас хүртэлх тахийн хорогдол 42 хувь болж байгаа нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж, сэтгэлийг нь зовоосон нэгэн хүнд асуудал болж байв. Ийм учраас зэрлэг тахийн удмыг таслахгүйн төлөө нэн яаралтай шийдвэрлэх цорын ганц арга нь уугуул нутаг Монгол оронд нь сэргээн нутагшуулж, зэрлэг байдалд нь эргүүлэн дасгаж болох магадлалтай гэдэгт эрдэмтэд санал нийлж, 1976 онд Будапешт хотод хуралдсан эрдэмтдийн бага хурлаар тахийг Монголд нутагшуулах асуудлыг хэлэлцэж газар нутгийг зөв сонгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Улмаар 1985 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн салбараас Москва хотод 11 улсын 37 эрдэмтэн оролцсон зөвлөлгөөн зохион байгуулсан. Уг зөвөлгөөнд Монголын төлөөлөгчид оролцсон бөгөөд тахийг Монгол нутагт нь авч ирэх асуудлыг санал нэгтэй баталж, энэ чухал үйл хэрэг зөвхөн “Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд устахад ойртсон бусад нэн ховор амьтдыг нутагшуулан аврахад үлгэрчилсэн загвар болно” гэж үзсэн байдаг.

-Монголд тахийг анх нутагшуулахдаа газарзүйн хувьд хаана байршуулах нь хамгийн зөв байх талаар судалгааг хэрхэн хийсэн байдаг вэ?

-Монголд тахийг анх хаана нутагшуулахыг тодорхой шийдэх шаардлагатай гэж үзээд 1988-1990 онуудад Олон улсын эрдэмтдийн баг манай орны Дорнодоос Зүүнгарын говийн район хүртэл олон газрыг үзэж судлаад, цаашид зэрлэгшүүлэн тавьж нутагшуулахад сүүлчийн бодьгал нь амьдарч байсан Зүүнгарын говийн район тохиромжтой гэж шийдсэн түүхтэй. Мөн ойт хээрийн бүсэд Хустайн нурууг тахь нутагуулах хоёр дахь газраар сонгож, холбогдох бэлтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Хустайн нуруу хотоос 100 гаруй км зайтай, ус бэлчээр сайтай, өвс тэжээлээр хангах боломжтой, төв суурин газар зам харгуйд ойрхон, хүн хүч төвлөрүүлэн ажиллаж, гадаад дотоодын аялагч, жуулчдыг татаж өргөн хүрээтэй ажиллах боломжтой гэж үзсэн. Харин тахийн эцсийн бодьгал амь тээж байсан Зүүнгарын говийн район нь Улаанбаатар хотоос 1400 гаруй км алслагдсан, ямарч төв суурин газар, дэд бүтэц, холбоо харилцаа байхгүй, боловсон хүчин тогтвортой ажиллах боломжгүй байсан боловч гагцхүү тахийн сүргийг өргөн уудам чөлөөтэй бэлчээрт нутагшуулж, анхны зэрлэг удмыг сэргээж зан төрхийг аль болох богино хугацаанд буй болгох зорилготой байсан юм. Энэ шийдвэрийг Монгол Улс дэмжиж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар захирамжаар “Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулах үндэсний комисс”-ыг дарга, орлогч дарга, орон тооны нарийн бичгийн дарга гэсэн долоон гишүүнтэйгээр анх байгуулж, Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном баталсан түүхтэй. Уг үйл явдлаас жилийн дараа Засгийн газар өөрчлөгдсөн тул Засгийн газрын 1991 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 24 тоот захирамжаар “Монголд тахь нутагшуулах ажлыг зохион байгуулах үндэсний комисс”-ыг шинэчлэн баталж, даргаар нь Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга З.Батжаргалыг, орлогч даргаар нь Монголын АНТЗ-ийн дарга У.Буяндэлгэр, Монголын БОХХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Цэрэндэлэг нарыг, орон тооны нарийн бичгийн даргаар О.Доржрааг томилж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн баталсан байдаг.

-Тахийг нутагт нь авч ирэх бэлтгэл байдлыг хэдийд бүрэн хангаж дууссан бэ. Би андуураагүй бол анхны нутагшуулах тахийг онгоцоор тээвэрлэж авч ирж байсан гэдэг билүү?

-Тийм л дээ. Тахь хүлээж авахаар төлөвлөсөн хоёр газар бэлтгэл ажил 1992 оны эхний хагас хүртэл бүрэн хангагдсан тул Дэлхийн Байгаль хамгаалах тэмдэглэлт өдөр буюу 1992 оны зургадугаар сарын 5-нд Нидерландын тахь хамгаалах сангийн тэргүүн Ян Воуман, түүний гэргий Инге Воуман нар Хустайн нуруунд нутагшуулах 16 тахийг; ХБНГУ-ын иргэн Христиан Освальд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг Зүүнгарын говийн район Тахийн талд нутагшуулах таван тахийг өөрсдийн зардлаар онгоцоор тээвэрлэж Буянт-Ухаа нисэх онгоцны талбайд бууснаар анхны тахиуд Монголд ирсэн түүхтэй.Европ тивээс олон цаг онгоцоор тээвэрлэгдэж ирсэн тахиудыг Хустайн нуруунд 114 км зайд машинаар, Тахийн талд Ан-26 онгоцоор 1380 км тээвэрлэж, нисэх багийнхан батлагдаагүй хээрийн талбайд зориг гарган агаарын хөлгөө амжилттай газардуулж, тахиудыг уугуул нутгийн нь алтан хөрсөнд гишгүүлж, анхны мөрийг гаргуулснаар Монгол тахийн шинэ амьдрал эхэлсэн билээ. Ийнхүү Тахийн тал ба Хустайн нуруунд тахь нутагшуулж эхэлснээс хойш 10 гаруй жилийн дараа Щвейцарь улсын иргэн доктор Клаудия Фе санаачлан, Франц улсын тахь хамгаалах сан, Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Завхан аймгийн нутаг ”Хомын тал” хэмээх хамгийн тохиромжтой нутгийг тахь нутагшуулах гурав дахь газраар сонгон 2004 онд анхны 12 тахийг Францаас Ховдод, Ховдоос Хомын талд онгоцоор тээвэрлэн авчирснаас хойш нийтдээ гурван удаа 26 тахь хүлээн авч одоо 110-аад тооны тахь амжилттай нутагшиж байна. Ингэж Монгол эх орны гурван гэзарт тахь нутагшуулж байгаа нь харилцан туршлагаа солилцож,бүх төрлийн судалгаа шинжилгээний ажлаа харьцуулан дүгнэж,хамтран ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байна.

-Одоо манай оронд хичнээн тооны тахь амьдарч байна вэ?

-Өнөөгийн байдлаар дотоод гадаадын олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн буянтай үйлсийн үр дүнд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг Зүүнгарын говийн район, Хустайн байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газарт нийтдээ гурван популяцийн 870 гаруй тахь эрх дураараа чөлөөтэй бэлчээрлэж, уугуул нутагтаа унаган төрх, зэрлэг удам нь сэргэж байгаа бөгөөд мөдхөн оны сүүлчээр 1000 толгой тахьтай болох сайхан боломж бүрдэж “МОНГОЛ ТАХИЙН ТАВИЛАН ЗӨВ ЭРГЭСЭН”-ийг та бүхэнд дуулгахад таатай байна.

-Тахийг нутагшуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байсан байх. Тухайн үед нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байсан болохоор улсын хөрөнгө санхүүгийн асуудал амаргүй байсан болов уу?

-Тахийг сэргээн нутагшуулах ажил ихээхэн хөрөнгө зардал, хүч хөдөлмөр зарцуулах, амар хялбар ажил биш гэдэг нь тодорхой байсан. Манай улсын хувьд нийгэм эдийн засгийн шилжилтийн эхэн үе байсан тул санхүүгийн бололцоогүйн улмаас гадаадын байгальд элэгтэй буянт хувь хүмүүс, хамт олон байгууллагыг олж түших нь чухал болсон юм.Ийнхүү Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Нидерландын тахь хамгаалах сантай, Зүүнгарын говийн район Тахийн талд тахь нутагшуулах ажлыг ХБНГУ-ын иргэн Христиан Освальдын сантай тус тус хамтран ажиллахаар гэрээ байгуулж, тэдний санхүүгийн дэмжлэгтэйгээр гадаадын амьтны хүрээлэнгүүдээс тахь авах ажлыг хамтран гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 1990 оны тавдугаар сард АНУ, Канад, Англи, Франц, Швейцарь, ХБНГУ, Нидерланд, ОХУ-ын амьтны хүрээлэнгийн төлөөлөгчид Монголд ирж тахь нутагшуулах хоёр газартай танилцсан. Ингээд тухайн оны сүүлчээр “Үндэсний комисс”-ын нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг дээрх улсуудын амьтны хүрээлэнгүүдэд урьж, тахийн амьдарч буй орчин, түүнийг Монгол оронд нутагшуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар туршлага судалж, зөвлөлгөө авсан явдал нь чухал үр дүнтэй ажил болсон юм.

-Гадаад дотоодын олон хүний дэмжлэгээр гэснээс тахийг нутагшуулах ажилд гадаад, дотоодынхон хэр идэвхтэй оролцож байна. Дэлхийд ганцхан эх нутагтаа онгон дагшнаараа амьдарч байгаа тахийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулахад хэр анхаарч байна?

-Монгол Улсад тахь сэргээн нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байгааг олон улсын эрдэмтэд, тахь сонирхогчид байнга ажиглан, судалж Европын олон эрдэмтэн, буяны эзэд баяртайгаар дэмжиж, Швейцарь, Австри, Герман, Чех, Монгол зэрэг тахьд элэгтэй сайн санаат хүмүүс нэгдэн 1999 онд “Олон улсын тахь групп” нэртэй байгууллагыг Швейцарь улсын Цюрих хотод байгуулсан. Буянт үйлсийг дэмжигч олны дэмжлэгээр санхүүгийн боломж бүрдүүлэн, Монголын байгаль орчны яамтай гэрээ байгуулан тодорхой ажлыг санхүүжүүлж, Монгол Улсад салбар товчоогоо 2002 онд байгуулан амжилттай ажилласаар байна. Ер нь Монгол оронд тахь нутагшуулах дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газар, орон нутгаас ямар ч зардал гаргаагүй, өнөөг хүртэл гадаадын төсөл, санхүүгийн дэмжлэгээр ажиллаж байгаа бөгөөд харин ч нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, тэдний соёл ахуйг дэмжин туслах олон жижиг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй байх. Манай улсад яаралтай шийдвэрлэх, тулгамдсан олон асуудал байгааг бид бүхэн гүнээ ойлгож, эдийн засагтаа бага боловч нэмж ачаалал үзүүлэхгүй байхыг хичээж, зөвхөн төр засгийн бодлого, шийдвэрээр дэмжүүлэн ажилласаар байна.

-Тахийг угуул нутагт нь нутагшуулахын гол ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Тахийг уугуул нутагт нь амжилттай сэргээн нутагшуулснаар зөвхөн Монгол Улсад төдийгүй, дэлхий дахинд битүү туурайтан амьтныг анх удаа сэргээн нутагшуулж, зэрлэг шинж байдалд нь эргүүлэн оруулсан чухал ач холбогдолтой, анхны бодит “загвар”ажил боллоо. Амьтны аймгаас устах аюулд орсон нэгэн төрөл зүйлийг авран хамгаалж буй үйл хэрэг бол байгаль орчныг хамгаалах үндэсний төдийгүй олон улсын ач холбогдолтой үлгэр жишээч үйл хэрэг бөгөөд энэ ажилд оролцсон дотоод гадаадын олон хүний оюуны болон биеийн хүчний нөр их хөдөлмөр, нэр хүнд, менежмэнтийн ур чадвар, төр засаг, олон нийт иргэдийн харилцан хамтын ажиллагаа нь алсын зорилгодоо амжилттай хүрч чаддагийн сайхан үлгэр дуурайл болсон. Монгол түмний шүтээн, тахилага сүлдэндээ мөнхөлсөн адууны өвөг “тахь” хэмээх нэгэн зүйл амьтан эх нутгаасаа алсран одож, улмаар дэлхийн амьтны аймгийн нэгэн судсан хэлхээ үр удам нь тасрахын өмнөхөн уугуул нутаг оронд нь сэргээн нутагшуулах буянтай ариун үйлсэд оролцож хүчин зүтгэсэн нийт хүмүүсийг гүнээ хүндэтгэн, талархаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Цар тахал, дайнаас болж дэлхий нийтээр IPO гаргахыг хойшлуулж байгаа DNN.mn

УИХын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


– Банкны IPO-д оруулах 500-600 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр зарцуулвал эдийн засагт 1.5-1.8 их наядын өгөөж өгөх бүрэн бололцоотой –


-Манай улсын нөлөө бүхий таван банкны IPO гаргах хугацааг хойшлуулах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө би IPO болон хөрөнгийн биржийг маш их дэмждэг гэдгээ хэлмээр байна. Ерөнхийдөө манайх капитал маркет болон хөрөнгийн биржээ хөгжүүлж, хөгжих нь зүйтэй. Банкууд IPO гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Банкууд IPO гаргах асуудлыг хойшлуулсан гэж үзэхээс илүүтэй хугацааг нь сунгасан гэж ойлгох нь зүйтэй. IPO гаргахад бэлэн байгаа банкуудыг зах зээлд IPO гаргахыг хориглоогүй. Гол асуудал нь юу байсан гэхээр хоёр банк IPO гаргах зөвшөөрлөө авчихсан байсан. Үлдсэн гурван банк нь үүнд бэлэн бус байна. Өнгөрсөн онд баталсан Банкны тухай хуульд банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, үлдсэн гурван банк хуулийн хугацаанд буюу сар хагасын хугацаанд IPO гаргах бэлтгэл байдлаа бүрэн хангана гэдэг маш хэцүү асуудал.Миний хувьд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хэд хэдэн IPO гаргаж байсан учраас асуудлыг нь мэднэ. IPO гаргах процесс ерөнхийдөө 3-5 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Тиймээс яг одоо банкны IPO гаргахад бэлэн байдлаа бүрэн хангаагүй, яаруу сандруу бэлдсэн IPO-г банкууд гаргах эрсдэл бодитой байна. Өөрөөр хэлбэл, яарч сандраад бүрэн сайн болгоогүй хоолоо хүнд өгч байгаагаас ялгаагүй зүйл шүү дээ. IPO гаргахад бэлэн болоогүй байж хуулийн хугацаандаа багтахын тулд банкны IPO-г хүчээр гаргачихвал түүнийг нь худалдаж авсан хөрөнгө оруулагчид дараа нь эрсдэл хүлээнэ.

Цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Бид хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Учир нь хөрөнгө оруулагчдынхаа итгэл үнэмшлийг төрүүлж байж хөрөнгийн биржээ улам хөгжүүлж, илүү динамик болгох асуудал яригдана.

-Тэгэхээр та банкууд IPO гаргах нь зөв боловч одоо цаг нь биш гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Цар тахлын нөхцөл байдал болоод геополитикийн асуудал хүнд байгаа учраас дэлхий нийтээрээ IPO гаргах асуудлыг хойшлуулж байна. Энэ оны эхний улирлын байдлаар дэлхий даяар шинээр IPO гаргах нь 10 дахин багассан. Хоёр л компани 500 сая ам.доллараас дээш IPO гаргасан байна. Мөн он гарснаас хойш манай хөрөнгийн биржийн үнэлгээ 20 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, одоогоор дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн төсөөллөөрөө IPO гаргалаа гэхэд ирээдүйгээ хэрхэн таамаглах нь тодорхой бус байна. Тийм учраас хөрөнгийн бирж дээр ирээдүйн эдийн засагтай холбоотой томоохон савлагаа үүсч магадгүй гэж харж байна. Яг үүнтэй ижил нөхцөл байдал Монгол Улсад үүсчихээд байна. Наад зах нь хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй л байна шүү дээ. Хил богино хугацаанд нээгдчихвэл бидэнд бүх талаараа ашигтай. Түүнийг дагаад Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа ч идэвхжинэ. Харин байдал энэ хэвээрээ байвал хөрөнгийн зах зээл болоод эдийн засгийн нөхцөл байдал улам дордоно.

-Тэгвэл хуулийн хугацаанд банкууд IPO гаргахаар бол үнэлгээ нь хэр бодитой байгаа бол?

-Дараагийн асуудал бол яах аргагүй үнэлгээтэй холбоотой. Учир нь Ковидын хууль батлагдсантай холбоотойгоор банкууд иргэдийн хугацаагүй хадгаламж болоод харилцах дансанд хүү тооцож олгохоо больсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь хугацаагүй хадгаламж болоод харилцах данстай нийт иргэдэд хүү тооцож олгодог байх нь банкуудын зардлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Гэтэл одоо хүү тооцож олгохоо больчихоор банкуудын цэвэр ашгийн хэмжээ хамаагүй өндөр дүнтэй харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хүүгийн зардал багасчихсан. Тэгэхээр Ковидын хууль хэрэгжих хугацаа дуусгавар болмогц банкуудын хүүгийн зардал эргээд нэмэгдэж, цэвэр ашиг нь багасна. Үүнээс дүгнэхэд, ямар эрсдэл бий болох вэ гэхээр банкууд өнөөдөр IPO гаргахад хувьцааг нь өндөр үнээр хувьцаа эзэмшигчид авч, ирэх жилийн цэвэр ашиг нь өнөөдрийнхөөс болон өнгөрсөн жилийнхээс хамаагүй багассан байх болно. Өөрөөр хэлбэл, банкуудын хувьцааны үнэ унах асуудал яригдана. Энэ мэтчилэн олон нөхцөл байдлаас үүдэн миний хувьд банкны IPO гаргах асуудлыг цаг хугацааны хувьд хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Үнэхээр өөрийн банкны IPO гаргах асуудлын бэлтгэл байдлыг бүрэн хангасан гэж үзэж байгаа банкууд гаргах бололцоотой шүү дээ. Түүнийг нь хойшлуулаагүй.

-Хэрэв банкууд IPO гаргавал хичнээн төгрөгийн хувьцаа арилжаалагдах талаар гарсан тооцоо байдаг юм болов уу?

-Банкууд IPO гаргавал ойролцоогоор 500-600 тэрбум төгрөгийн IPO арилжаалагдах тооцоо гаргасан байсан. Энэхүү мөнгө хаанаас гарах вэ гэвэл банкуудын хадгаламжаас л гаргана.Иргэдийн гудсан доор ийм их хэмжээний мөнгө байхгүй. Хэрэв дээрх мөнгө банкууддаа байршаад эдийн засгийн эргэлтэд орж байвал ажлын байр нэмэгдэх, иргэд, ААН-үүдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ажлын байрыг нэмэгдүүлж, ЖДҮ-ийг хөгжүүлээд банкиндаа байх уу, эсвэл IPO авахад зарцуулж тэндээ 500-600 тэрбум төгрөгийг гацаах уу гэсэн хоёр сонголт л байна. Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд эдийн засгийн эргэлтэд орж, макро эдийн засгаа дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлсэн нь илүү ашигтай байж магадгүй. Эдийн засагт мөнгөний хурдны коэффициент хэмээх ойлголт бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эдийн засагт үр өгөөжтэй нэг төгрөг гаргавал тэр нь эргээд гурван төгрөг болж өсдөг. Энэ ойлголтоор дээр дурдсан банкны IPO-д оруулах 500-600 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр зарцуулбал эдийн засагт 1.5-1.8 их наядын өгөөж өгөх бүрэн бололцоотой.

-Дэлхийд банкууд IPO гаргахдаа ямар ямар шалгуур нөхцөлийг хангасны үндсэн дээр гаргадаг юм бол?

-Дэлхийд ганцхан банкны IPO гэж тусдаа авч үзэхгүйгээр бүхэл төрлийн IPO гаргахдаа ижилхэн шалгуур хангасан байх ёстой гэж би үздэг. Тэртэй тэргүй банкууд дээр Монголбанкнаас хатуу хяналт тавьдаг. Үүн дээр нэмээд олон нийтийн оролцоо сайжирвал улам л сайн. Ер нь банк байна уу, уул уурхайн компани байх уу гэдэг нь сонин биш. Хамгийн гол нь хувьцаа худалдан авч байгаа хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Капитал маркет болох хөрөнгийн биржээ дэмжих ёстой.

-Та Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Манай улсын банкны тогтолцоо хэр ил тод вэ. Банкаар дамжуулж мөнгө угаах, ямар нэгэн хууль бус үйлдэл хийх магадлал бий юү?

-Банкаар дамжуулж мөнгө угаана гэдэг өнөөдрийн тухайд маш хэцүү асуудал. Учир нь манайх ФАТФ-ын зөвлөмжийг дагаж, мөрдөж байгаа. Хоёрдугаарт, банкууд сүүлийн 10 гаруй жил Базел-II стандартыг мөрдөж байгаа. Уг стандартыг дэлхийн арилжааны банкууд 2008, 2009 оноос нэвтрүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед үүссэн санхүүгийн эрсдэлээс сэргийлсэн стандарт.

-Тэгвэл Хөгжлийн банк уг стандартыг мөрдөж байсан юм болов уу?

-Харамсалтай нь Хөгжлийн банк уг стандартыг баримталж байгаагүй гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Арилжааны банкууд харьцангуй ил тод болсон. Ямар ч банкны цахим хуудас руу ороод жилийн тайлан, улирлын тайлан, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл зэрэг бүх мэдээлэл ил тод бий. Монголбанкнаас хяналт маш сайн тавьж банкуудаа шахдаг. Би ч Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч арилжааны банкуудад хяналт шалгалтуудыг эрчимтэй хийж улирлын, жилийн тайлангаа цаг тухайд нь ил тод байршуулж, ТУЗ-дөө хөндлөнгийн ТУЗ-ийн гишүүн томил гэх мэтчилэн байнга л шахдаг байсан.

-Гэхдээ л Монголбанкны удирдлагууд өнөөдрийг хүртэл иргэдийн итгэлийг хүлээх хэмжээнд ажиллахгүй л байна шүү дээ. Тэгэхээр Монголбанк банкуудад тавих ёстой хяналтаа хангалттай тавьдаг гэж та үзэж байна уу. Тэгвэл яагаад шил шилээ дараад банкууд гэнэт дампуурлаа зарлаад байдаг юм бол?

-Монголбанкны дүрэм журамд хангалттай олон зүйлийг зааж, тусгасан байдаг. Харин юу дутагдаад байна гэвэл хэрэгжилт дутагдаад байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа та бидний мэдэж байгаачлан өнөөдөр яригдаж байгаа Хөгжлийн банк өмнө нь яригдаж байсан Хадгаламж, Капитал банкууд дампуурлаа зарлаад байна гэхээр эрх зүйн асуудалтай холбоотой. Банкнаас зээл аваад түүнийгээ зориулалтын бусаар иргэд, ААН-үүд ашигладаг үйлдлийг би нэг ёсны санхүүгийн луйвар гэж үздэг. Та банкнаас зээл авах хүсэлтээ өгөхдөө зээлээ юунд зарцуулахаа нарийн тайлбарладаг. Банк таны хэлж ярьсан дээр дүгнэлт гаргаад зээл олгож байхад зээлээ зориулалтын дагуу ашиглачихдаг.

-Тэгвэл эргээд зээлийн зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах ёстой юм биш үү?

-Ингэж хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авчихаад дараа нь авсан мөнгөө өөр зүйлд зарцуулна гэдэг байж боломгүй асуудал. Энэ үзэгдлийг АНУ-д эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Банкууд хяналт тавих ёстой. Тавьж ч байгаа байх. Гэхдээ зарим нэг нь эхний нэг, хоёр удаадаа тэднийг аргалах аргаа мэдээд байна. Монголбанкны тухайд А банкнаас Б банк руу орсон зээлээс цааш хяналт тавих боломжгүй. Ганцхан прокурорын зөвшөөрөлтэйгөөр мөрдөн байцаагч хяналт тавих бололцоо бий.

-Сүүлийн үед нэр бүхий банкуудын балансыг харахад хэдийнэ дампуурлаа зарлах хэмжээнд хүрчихээд байхад Монголбанк дампуурсныг нь зарлахгүй байгаа гэх мэдээлэл бий. Ийм боломж бий юү?

-Ийм боломж тодорхой хугацаанд бий. Зохистой харьцаа нь алдагдсан байхад хэсэг хугацаанд доголдлыг арилгаж, сайжруулахын тулд юмуу, эсвэл хөлдөөсөн орчинд байлгах бололцоо нь байгаа. Гэхдээ урт хугацаанд явахгүй л дээ.

-Хэдхэн жилийн өмнө хөрөнгийн зах зээлийн талаар иргэдийн ойлголт муу хэзээ ашиглагдаж, үр өгөөжөө өгөх нь тодорхойгүй цэнхэр, ягаан тасалбараар хязгаарлагддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд хөрөнгийн биржийн талаарх ойлголт, хэрэглээ нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Тэгвэл манайд хөрөнгө оруулагчдийг хамгаалах хууль эрх зүйн орчин хэр бүрэлдсэн байна вэ?

-Хууль эрх зүйн орчин ерөнхийдөө гайгүй сайн боловч дүрэм,журмууд нь бүрэн гүйцэд биш байна уу даа гэж харж байгаа. Тухайлбал, дэлхийн бүхий л биржүүд ямар тогтолцоотой байдаг вэ гэхээр компаниуд өөрийнхөө нийт хувьцааны 20 хувийг хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалдаг. Гэтэл манайд 20 хувь нь бүү хэл хоёр хувийн хувьцаагаа ч арилжаалдаггүй хувьцаат компаниуд байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр олон нийтийн хяналт байхгүй байгааг илтгэж байна. Хоёрдугаарт, юу хэрэгжихгүй байна гэхээр сайн засаглал. Гуравдугаарт, бага хэмжээгээр хувьцаа эзэмшигчдийг их хэмжээний хувьцаа эзэмшигчидтэй тэгш эрхтэйгээр дэмжих ёстой. Гэтэл манайд бүх хувьцаа эзэмшигчдээ жигд дэмжих асуудал хууль эрх зүйн хувьд асуудалтай байна. Гэхдээ манай улсад хөрөнгийн бирж үүсээд 30 гаруй жил болох энэ хугацаанд тодорхой хэмжээний амжилт олсон уу гэвэл олсон.Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн бирж үүсээд 100 гаруй жил болж байгаа учраас шууд тэдэнтэй хөгжлийг нь харьцуулах боломжгүй. Сүүлийн үед манай улсын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхтэй байгаа нь сонирхолтой асуудал. Иргэд сүүлийн үед мөнгөө банкинд байршуулахгүй хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалт хийх нь илүү өгөөжтэй гэдгийг олоод харчихсан байна. Учир нь сүүлийн хоёр жил манай улсын мөнгөний бодлогын хүү маш доогуур байсан. Түүнийг дагаад хадгаламжийн хүү буурсан. Тиймээс бага хүүний ашиг хүртсэнээс хөрөнгийн бирж дээр мөнгөө эргэлдүүлж өндөр ашиг хүртэх сонирхолтой байна. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд, компани өөртөө хөрөнгө татмаар байгаа. Тэгвэл хөрөнгө татахын тулд банкнаас, бонд гаргах, хувьцаа зараад хөрөнгө оруулалт босгож болно, аль эсвэл хөрөнгийн бирж дээр очоод өөрийн компаниа үнэлүүлээд нийт хувьцааныхаа 20 орчим хувийг хувьцаа эзэмшигчдэд зарж хөрөнгө оруулалт татах боломжтой. Босгосон хөрөнгөөрөө дахин компанидаа хөрөнгө оруулж хувьцааныхаа нэгж үнийг өсгөдөг. Гэтэл манай хөрөнгийн бирж дээр юу дутагдаж байна гэхээр дөнгөж бойжиж буй старт ап компаниудад хөрөнгө оруулалт татах зах зээлийн маркет байдаг. Энэ тогтолцоо хэрхэн ажилладаг вэ гэхээр иргэн Э.Батшугарт бизнесийн маш гоё санаа байгаад түүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Банкинд хандахаар түүнд барьцаа хөрөнгө байхгүй, хөрөнгийн бирж дээр гарах зардал байхгүй учраас бизнес санаагаа хөрөнгө оруулагчдад үнэлүүлээд санаагаа бодит болгох боломж бүрдэх юм. Ингээд бага багаар ашиг орлогоо нэмэгдүүлсээр дэлхийд алдартай компани болох ч боломжтой. Үүний тод жишээ бол Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг юм. Нэг талаараа хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй мэт боловч маш их өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх бололцоог нь нээж өгдөг. Ийм тогтолцоо манай хөрөнгийн биржид яах аргагүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Яагаад энэ тогтолцоог бий болгох цаг нь ирсэн гэж үзэж байна гэхээр өнгөрсөн жил ямар олон хүн койнд хөрөнгө оруулсан билээ дээ.

-Иргэд койнд их хэмжээний хөрөнгө оруулсан үзэгдэл нь өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр богино хугацаанд үр ашиг хүртэх сонирхолтой холбоотой гэж үү?

-Иргэд хөрөнгийн бирж рүү биш, койнд яагаад их хэмжээгээр хөрөнгө оруулсан гэхээр ямар ч хүн гар утасны аппликэйшн ашиглаад оролцох боломжтой байсантай холбоотой. Гэтэл хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа худалдаж авахын тулд заавал албан ёсны брокер деллерийн компанид хандахаас авахуулаад бөөн бичиг цаас бүрдүүлэх шаардлага үүсдэг. Харин саяхнаас Тоон гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор явдал чирэгдэл нь харьцангуй багассан байх. Тухайн үед бол заавал нотариатаар батлуулсан байхыг шаарддаг гэх мэт олон хүндрэл байсан. Тэгвэл дээр дурдсан бизнес санаанд хөрөнгө оруулж, түүнээсээ ашиг хүртдэг хөрөнгийн биржийн бас нэг тогтолцоог нэвтрүүлснээр илүү олон иргэд оролцох боломж бүрдэх байх.

-Койн ч бай, хувьцаа ч бай сэтгэл хөдлөлөөр хандсанаас олон мянган иргэд эдийн засгаараа хохирч үлдэх эрсдэл байна. Тухайлбал, койнд хөрөнгө оруулаад хохирсон иргэд олон байна. Тэгвэл юунд хөрөнгө оруулах талаараа ул суурьтай судлах, үүсч болох эрсдэлийг бүрэн тооцоолох мэдлэг, боловсрол дутмаг байна уу?

-Таны хэлж байгаа үнэн. Аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ өөртөө тодорхой хэмжээний цензур тавих ёстой. Өөрийнхөө мэдлэгийн түвшинг тодорхойлж мэргэжлийн хөрөнгө оруулагч уу, сонирхогч уу гэдгээ бодох ёстой. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний санхүүгийн мэдлэг хөрөнгө оруулагч бүрт байх ёстой. Мөн хувьцаагаа худалдан борлуулж байгаа компанийн бүх тайлангаа цаг хугацаандаа ил тод байлгах ёстой. Энгийн үгээр хүн өөрийн хүүхдээ нэвт шувт мэддэг шиг тухайн хөрөнгөө оруулж, хувьцааг нь худалдаж авах гэж байгаа компаниа нэвт шувт судалсан байх ёстой. Үүний үр дүнд итгэл үнэмшилтэйгээр хөрөнгөө оруулна. Түүнээс биш сэтгэл хөдлөлөөрөө харанхуйгаар хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол сугалаа худалдаж авч байгаагаас ялгаагүй үйлдэл болно.

Categories
мэдээ нийгэм

Т.Гантөмөр: Оюу толгойгоор овоглодог залуучуудад оюун ухаан, эрдэм мэдлэгээ олон улсад зарж, доллар олох боломж бүрдсэн DNN.mn


Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах инженер Т.Гантөмөртэй ярилцлаа.


-Оюу толгой компанид анх ямар ажлын байран дээр хэзээ ажилд орж байснаас тань ярилцлагаа эхлүүлье. Оюу толгой компанид ажилд орохыг олон залуус мөрөөддөг шүү дээ?

-Миний хувьд Чех улсад хэлний бэлтгэлээ төгсөөд мэргэжлээ сонгохоор болсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн гэрээг үзэглэж байсан. Тэр үед уул уурхайн салбарын өндөр идэвхжил бий болсон. Тиймээс манай улсад уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төсөл хэрэгжих нь тодорхой байсан учраас уул уурхайн инженер, гүний инженер болохоор шийдсэн. Ингээд 2013 онд сургуулиа төгсөөд Оюу толгойд ажиллах хүсэлтээ өгч байсан. Харамсалтай нь тухайн үед Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт түр зогссон учраас надад хүлээхээс өөр сонголт байгаагүй. Ингээд барилгын салбарт ажиллаж эхэлсэн. Ингээд 2019 оноос Оюу толгой компанид үндсэн мэргэжлийнхээ дагуу буюу гүний уурхайн инженерээр ажилд орсон. Миний хувьд гадаргын болон гүний барилгын ажлыг гүний уурхайн инженерийн ажлаа хийхээсээ өмнө хийж байснаараа онцлог давуу тал, тулгардаг хүндрэл бэрхшээл байдаг болон тэр нь уурхайн ажилтай хэрхэн уялддаг талаарх зовлон, жаргалыг биеэрээ туулсан учраас одоо эрхэлж байгаа ажилд маш том хувь нэмэр болдог. Манай багийн хувьд хөндлөн нэвтрэлт явагдаад дараагийн барилгын ажил явагдах гэж байгаа газарт ямар нэгэн асуудал үүсэхгүй, эрсдэл учрахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа эсэх, бэхэлгээгээ стандартын дагуу хийсэн эсэх гэх мэт бүгдийг хянахаас гадна энэ бүхнийг товлосон хугацаандаа хийж чадаж байгаа эсэхийг давхар хянадаг. Бид өдөр тутам хийж байгаа ажлынхаа дэс дарааллыг зөв хийж, хүн хүч, тоног төхөөрөмжийн хуваарилалтаа цаг хугацаа алдахгүй хийж чадаж байгаа эсэхийг манай баг хянаж ажилладаг. Оюу толгой компанийн үнэт зүйл болсон аюулгүй ажиллагаа, цаг хугацаандаа чанартай ажил гүйцэтгэхийг зорьдог.

-Та гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн гишүүн. Багийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай баг гүний уурхайн 220 км хөндлөн нэвтрэлтийг хариуцан ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч компанийн 1100 орчим ажилчдын өдөр тутамдаа ном журмын дагуу стандарт, дизайныхаа дагуу аюулгүй бөгөөд амжилттай ажиллахад бусад багуудын харилцаа холбоо хамаарлыг бий болгож, хамтарч ажилладаг.

-Хөндлөн нэвтрэлтийн уул уурхайн багийн инженер бусад мэргэжилтнүүдээсээ ялгаатай тал нь юу байх вэ?

-Гүний уурхайн нэвтрэлт дотроо хэд хэдэн төрөл байдаг. Оюу толгой компанид нийт таван босоо нэвтрэлт бий. Тэгвэл хөндлөн нэвтрэлтийн багийн онцлог нь уурхайн гүнд байрлах хонгилуудыг уурхайгаас гаргасан төлөвлөлт, зураг төслийн дагуу хооронд нь холбоход чигээрээ болон, уруу өгсүүр чиглэлийн малталтуудыг хийдэг.Манай баг 20 хүний бүрэлдэхүүнтэй. Багийн нийт гишүүдийн 18 нь монгол, хоёр нь гадаад улсын иргэн байна. Сүүлийн жилүүдэд Оюу толгой компани монгол мэргэжилтнүүдэд ур чадвараа ахиулж, дэвших боломжийг түлхүү нээж өгсөн. Уул уурхайн томоохон төслүүд эхлэх үедээ мэргэжилтнүүдээ гадаадын боловсон хүчнээр сайтар бэлдүүлж, бүрэн бэлтгэгдэж дууссаны дараа, дараагийн түвшинд гадаад мэргэжилтнээ орлож ажиллах боломж нөхцөлөөр хангадаг. Өмнө нь Оюу толгой төсөл дээр түлхүү гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан бол 2019 оноос монгол мэргэжилтнүүд давамгайлан ажиллаж байна.

-Гүний уурхайн олборлолт явагдаж эхлэх хугацаа ойртож байна. Одоогоор хөндлөн нэвтрэлтийн ажил ямар гүйцэтгэлтэй явж байна?

-Бид одоогоор 70 орчим километрт хөндлөн нэвтрэлт хийгээд байна. Энэ үед гүний уурхайн олборлолт эхлэх гэж байгаад баяртай байна. Гүний уурхай ашиглалтад ороход өдөрт 95 мянган тонн олборлолт хийхээр төлөвлөсөн. Тэгвэл энэ тоо оргил ачааллын үедээ хүрэх хүртэл олон төрлийн дэд бүтцийн ажил хийх ёстой. Тэр ажлууд одоо ч тасралтгүй хийгдэж байна. Одоогоор бид хүдрийн биетийг гаргах эхний шатыг улсад хүлээлгэж өгөх ажиллагаа амжилттай явагдаж дууссан. Түүнчлэн хүдрийн биет гаргах дараагийн шатны туузан дамжуургын бүтээн байгуулалтын хоёр дахь шат нь явагдаж байна. Энэ бүх бүтээн байгуулалт буюу агааржуулалт, ус, дагалдах цахилгаан гэх мэт дэд бүтцүүд бий. Эдгээр дэд бүтцүүдийг хооронд нь холбож, дагалдах барилгын ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа учраас 220 км үргэлжилсэн хөндлөн нэвтрэлтийн ажил явагдана.

-Оюу толгойн гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил бол дэлхийд томоохон бүтээн байгуулалтын ажилд тооцогддог. Эдгээр бүтээн байгуулалтад оролцсон мэргэжилтнүүд хөндлөн нэвтрэлтээр мэргэшсэн боловсон хүчнүүд болж бэлтгэгдэж байна. Эргээд хүнээ боловсон хүчнээ экспортлох боломж бүрдэж байна уу?

-Монгол мэргэжилтнүүд Оюу толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсны дараа олон улсын уул уурхайн компаниудад ажиллах боломж нээгдэх биш одоо ч нээгдчихсэн байгаа. Оюу толгойгоор овоглож байсан олон залуус Рио Тинтогийн буюу глобал ажилчид болсон. Хамгийн гол нь тухайн залуусын хичээл зүтгэл, өсөх дэвших эрмэлзэл, хариуцлагатай амжилттай байдал тэдэнд ийм боломжийг олгосон. Монгол залууст ямар нэгэн байдлаар хэлний бэрхшээл үүсэхгүй л бол олон улсын уул уурхайн компанид ажиллах боломж бүрэн байна. Рио Тинтогийн салбар уурхайнуудад ажиллаж байгаа нь тэдний хувьд олон улсын түвшинд ажиллах байна.Нэг ёсондоо Оюу толгойгоор овоглодог залуучуудад оюун ухаан, эрдэм мэдлэгээ олон улсад зарж, доллар олох боломж бүрдсэн. Хамгийн сүүлд манай төсөл дээр ажиллаж байсан хоёр залуу Африк руу явсан. Монгол залуучууд өндөр ур чадвартай болчихсон учраас Австралийн хөдөлмөрийн зах зээл дээр зарлагдсан нээлттэй ажлын байрны зарыг хараад анкетаа илгээх боломжтой болсон. Яг одоо 2009 онтой адил уул уурхайн салбарын идэвхжил өндөр байна. Өнгөрсөн оноос эхлээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа учраас уул уурхайн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, ажиллах хүчний хомсдолд ороод эхэлчихлээ. Тийм учраас чадварлаг ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна. Магадгүй Оюу толгойд таван жил ажиллачихсан залуучууд дэлхийн томоохон уул уурхайн компаниудад ажиллах бүрэн боломжтой болсон. Энэ мэтчилэн олон боломж уул уурхайн чиглэл болон техникийн чиглэлээр мэргэшсэн олон мянган залууст нээгдсэн.

-Гадны мэргэжилтнүүд монголчуудын давуу талын талаар юу хэлдэг вэ?

-Монгол залуучуудыг хөдөлмөрч, дайчин гэдэг нь ажлын байран дээр харагддаг учраас энэ зан чанар нь түлхүү үнэлэгддэг. Гадаадын мэргэжилтнүүд олон улсын залуустай хамтарч ажиллаж байсан туршлагатай учраас орон орны залуусын онцлог, давуу талыг тодорхой хэмжээнд харсан байдаг. Монголчууд бидний нүүдэлчин уламжлалын онцлог ямар ч салбарт ямар ч чиглэлээр амархан хөрвөж, дасан зохицож ажиллах боломжтой нь харагддаг. Оюу толгой компанийн аюулгүй ажиллагааны соёл болоод ажилд хандаж байгаа соёл, системийг Монголд нэвтрүүлснээс хойш 10 гаруй жил болсон. Одоо бол энэ соёл нэгэнт Монголд нутагшчихсан. Энэ хугацаанд монгол залуус тухайн соёлыг өөртөө шингээн авч, гадаадын мэргэжилтнүүдээс дутахааргүй болоод хөгжсөн. Үүнийгээ дагаад монгол залууст гадагшаа явах боломж нь ч өндөр байгаа.

-Оюу толгой компанид шинээр ажилд орсон хүмүүс ур чадвараа хэрхэн дээшлүүлж, амжилттай ажиллахын тулд юу хийх ёстой вэ?

-Ер нь бол ямар ч ажлын байран дээр хандлага чухлаар тавигдах болсон. Тухайн хүний хандлага бусдаас суралцах харилцах, ажилдаа хандах хандлагаар нь үргэлж нөлөөлж байдаг. Ур чадварын хувьд бусдыгаа манлайлдаг боловч зан харилцааны доголдолтой бол олон хүнд сорилтыг давах хэрэгтэй болно. Оюу толгой компани хүний нөөцийн бодлогын хувьд техник, ур чадварыг харахаас гадна хандлага дээр нэлээд анхаардаг. Оюу толгой компани олон улсын түвшинд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн технологиуд дээр ажилладаг. Энэ өнцгөөс нь харвал заавал уул уурхайн инженер болж уурхайд ажиллах шаардлагагүй болчихсон. IT, холбоо инженерийн чиглэлээр төгссөн залуус ч уурхайд олон улсын стандартын түвшинд ажиллах боломжтой болсон.

-Монгол Улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Оюу толгой компанид ажиллахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Миний хувьд мэргэжлээрээ сурч байхаас сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Оюу толгойн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөг бодож үзэж байсан. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад чухал нөлөө үзүүлж байгаа томоохон хэмжээний төсөлд иргэн хүнийхээ хувьд оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр гэж бодсон. Шинэ технологи, шинэ чадваруудыг үеийн залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж, харилцан суралцаж байгаа нь үнэхээр бахархам санагддаг. Гүний уурхайд эзэмшиж гэдэг хөдөлмөрийн хуулийн дагуу хортой хүнд нөхцөлд тооцогддог. Олон цагаар өдөр, шөнийн ээлжээр тасралтгүй ажилладаг. Нарны гэрэл шууд тусдаггүй газар ажилладаг учраас олон хүндрэл бэрхшээл бий. Энэ бүхнийг даван туулах амаргүй. Ажлын байрандаа дасан зохицоход багагүй хугацаа шаардагддаг. Гүний уурхайд нэвтрэлттэй холбоотой бүх ажлуудыг хариуцан ажиллаж байгаа уурхайн ахмадууд, ах нарын каск малгайг нь аваад дуулга өмсгөчихвөл яг л эртний монгол баатрууд, жанжин шиг харагддаг. Яг тийм энерги мэдрэгддэг. Тэр хүмүүсийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс эртний цэргүүд шиг л байдаг. Тэдний санаа зорилго нэг. Түүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Ийм сайхан хамт олноороо бахархахгүй байхын аргагүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: Нэг хүнд битгий хэл нэг ад зэтгэрт ахдахаар гүтгэлэг, доромжлолыг би амссан DNN.mn

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй –


-Та ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн хүний хувьд Орос Украины дайны асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө Путин Украин руу яагаад түрэмгийлэх болсон юм бэ гэдэг асуултын хариултыг тунгааж бодох нь зүйтэй байх. Путин Украиныг Беларус шиг дарангуйллын дэглэмтэй, өөрийнх нь гар хөл болсон ийм улс байлгахыг л хүссэн. Украинд тийм л шаардлага тавьсан. Мэдээж энэ шаардлагыг Украины ард түмэн хүлээж аваагүй учраас тэднийг номхон, дуулгавартай байсангүй хэмээн Путин халдан түрэмгийлсэн. Энэ түрэмгийлэл угтаа 2014 оноос эхэлсэн. Тэр цаг үеэс Путин Украиныг өдөөн хатгасаар сүүлдээ түрэмгийллээ. Бид өрнөөд байгаа үйл явцын учир шалтгааныг маш сайн ойлгох хэрэгтэй. Манай улсын зарим иргэд Украин ОХУ руу түрэмгийлсэн мэт буруу ташаа ойлголт авч ОХУ-ыг өмөөрөх, өмгөөлөх хандлага гаргаж байна. Орос, Украин руу түрэмгийлсэн болохоос Украин Орос руу түрэмгийлээгүй шүү дээ. ОХУ анхнаасаа Крымыг Украинаас салгаж авч дараа нь Донбасс, Луганскийг салган авч сүүлдээ Украиныг бүтэн эзэлж авахаар дайрсан. Энэ дайралт нь бүтэлгүйтлээ. Украиныг эрх чөлөөтэй, ардчилсан улс байх гэснийх нь төлөө тэднийг буруутгаж, заналхийлж, дайрч, өөрсдийн дагуул улс болгохыг оролдож болохгүй.

Ер нь Путин хил залгаа хөрш улс орнууддаа өөрийн дэглэмийг тогтоож, өөрийн гар хөл болгохыг зорьдог нь Беларусийг өөрийн эзэмшилд авсан цаг үеэс тодорхой болсон. Беларусь Путины тоглоомын улс болсон. Харин Украин энэ түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүй. Украин руу дайрснаас үүдэн бусад хөрш орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ.

-Та Монгол Улс дараагийн -Та Монгол Улс дараагийн Украин болохыг үгүйсгэхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Биднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал. Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путины үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ. Украин руу Путин түрэмгийлсэн дайн бол ерөөсөө “Жижиг орнуудад үгэнд орохгүй бол хохь чинь шүү” гэсэн дайн болж байна. Тийм учраас энэ дайн Монгол Улсад маш их хамаатай.

-Манайх хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай учраас Орос, Украины дайнтай холбоотой асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаа. Том гүрэн жижиг орныг түрэмгийлж байгаа асуудлыг шууд буруутгаж чадахгүй байгаа нь хөршийн найрсаг харилцаа юу, эсвэл ОХУ-ын дараагийн бай болохоос урьдчилан сэргийлж байгаа явдал уу?

-Төрийн нэрийн өмнөөс, тэр дундаа Гадаад харилцааны сайдын нэрийн өмнөөс хариулж чадахгүй. Монгол Улсын байр суурийг илэрхийлэхдээ ямар нэгэн зүйл бодсон болоод илэрхийлсэн байх. Төрийн ажил хийж байгаа хүмүүс иргэдийнхээ өмнөөс асуудалд болгоомжтой, сэрэмжтэй байх нь зүйн хэрэг учраас юу юугүй буруутгаж чадахгүй. Миний хамгийн их цочирдож хүлээж авсан зүйл бол жирийн иргэд дунд Украин ОХУ руу дайрсан мэт буруу ташаа ойлголт их явж, Путины түрэмгийллийг дэмжиж байгаа явдал их байгааг гайхсан. Дэлхийн бусад улс орнууд манай улсын төр засгийн удирдлагуудын болгоомжлолыг зүй ёсоор хүлээж авч, ойлгож болно. Гэхдээ эрх чөлөөт, ардчилсан улсын жирийн иргэд нь Путины түрэмгийллийг дэмжиж байгаа явдлыг яагаад ч ойлгохгүй. Энэ бол Монгол Улсын нэр төрийг шившигтэй байдалд оруулж байгаа хэрэг.

-Иргэдийн дунд ОХУ-ыг дэмжих, зөвтгөх кампанит ажил санаатайгаар өрнүүлсэн байж болох уу. Хэн нэгэнд ийм ашиг сонирхол байх магадлалтай юу?

-Санаатайгаар кампанит үйл ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, монголчууд Путины түрэмгийллийг дэмжиж байгаа мэтээр харагдуулах оролдлогыг санаатайгаар зохион байгуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд МҮОНРТ иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой. Гэтэл ганцхан Путины үзэл суртлыг дамжуулаад эхэллээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ. Тусгаар тогтносон Монгол Улсын цагдаагийн байгууллага Оросын цагдаа болчихоогүй биз дээ. Тэгээд яахаараа адилхан жижиг улсын зовлонг ойлгоод өөрсдийн үзэл бодол, ёс суртахууныг илэрхийлж, эрх, эрх чөлөөг илэрхийлсний төлөө цагдаа очиж дарамталдаг юм бэ. Энэ бол санаатайгаар зохион байгуулж, иргэдийн тархи толгойг угаах ажлыг хийж байна. Өрнөж байгаа үйл явцыг анзаараад байхад эртнээс бэлдчихсэн байсан нь тодорхой байгаа. Путин Украин руу түрэмгийлж эхэлмэгц түүнийг зөвтгөсөн суртал ухуулга Монголд давлагаалаад эхэлсэн шүү дээ. Тэр ч бүү хэл Оросын соёлын төв дээр зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путины түрэмгийллийг зөвтгөх, түүнийг эерэг талаас нь сурталчлахад зориулсан ажиллагааг зохион байгуулах төв ажиллаж байгаа талаар жиг жуг хийцгээж байна. Нэг ёсондоо Путиныг дэмжиж, түүний төлөө ажиллахад бэлэн тавдугаар цуваа манайд ажиллаад байна гэсэн үг. Үүнийг зохион байгуулах мэргэжилтнүүд манайд ирж ажилласан гэж хардаж болохоор байдалтай байна.

-Манай улс дайныг дэмжсэн суртал ухуулга явуулбал дэлхийн улс орнуудын элдэв төрлийн хоригт орж болзошгүй байна шүү дээ?

-Хэрэв Путины түрэмгийллийг дэмжих явдал хэрээс хэтэрвэл манайх бүх төрлийн хоригт орно. Үүнийгээ ч дайныг эсэргүүцэж байгаа дэлхийн улс орнууд илэрхийлсэн. Ингэх нь аргагүй шүү дээ. Тусгаар тогтносон эрх чөлөөт орон руу ямар ч учир шалтгаангүй халдан түрэмгийлж байна шүү дээ. Энэ үйл явцыг зөвхөн Европын холбоо ч биш, НҮБ-д нэгдсэн 140 гаруй улс орон эсэргүүцэж байна. Тэр дундаа НҮБ-ын гишүүн жижиг улс орнууд хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь жижиг улс руу их гүрэн түрэмгийлдэг байдал газар авбал ямар ч жижиг улсын аюулгүй байдал баталгаагүй болно шүү дээ. ОХУ, БНХАУ, АНУ, Европын холбоо дуртай үедээ жижиг улс орнууд руу довтлоод байвал жижиг улсын зовлон барагдахгүй биз дээ. Гэтэл бид дараагийн бай нь болох магадлалтай байж Путиныг дэмжинэ гэдэг бол дэндүү том тэнэглэл. Манай улс жижиг улс орнуудын дунд угтаа нэлээд нэр хүндтэй орон байсан. Одоо энэ нэр хүнд шалаар нэг болж байна. Монгол Улсыг жижиг орнууд харахдаа хоёр том гүрний дунд бүслэгдчихсэн эрх чөлөөний арал гэж хардаг. Гэтэл их гүрэн жижиг улс руу түрэмгийлж байгааг зөвтгөөд сууж байхад дараа нь хэн нэгэн бидэн рүү халдвал НҮБ дээр ямар нүүрээ очих юм бэ. Тийм учраас дайнтай холбоотой асуудалд хандах бидний байр суурь монголчуудын нэр төрийн асуудал болж хувирна. Украин ОХУ-ын хооронд үүссэн дайнаас хойш нэгдүгээрт, Украин Орос руу дайрсан мэт суртал ухуулга хүчтэй явлаа. Хоёрдугаарт, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын түвшинд хүртэл Монголд биологийн зэвсэг байж магадгүй гэсэн цуу яриа тараалаа. Биологийн зэвсэг манайд байж болзошгүй гэдэг яриа бол асар хор хөнөөлтэй. Учир нь Оросын цэргийн номлолоор хөрш орнуудад нь ОХУ-ын аюулгүй байдалд хөнөөл учруулахуйц биологийн зэвсэг гэх мэт үйл ажиллагаа явагдаж байвал, Орос цэргийн ажиллагаа явуулна гэсэн зарчим бий. Хэрэв манайд биологийн зэвсэг байж магадгүй гэвэл Орос шууд дайраад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Путин Украин руу дайрах бас нэг шалтгаан нь биологийн зэвсэг байх магадлалтай хэмээн гүжирдээд дайрсан шүү дээ. Энэ үйл явдлын дараа Монголд биологийн зэвсэг байгаа мэт яриа гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Гуравдугаарт, Элчин сайд Азизов эрээ цээрээ алдаж эхэлсэн. “Та нар ардчилал энэ тэр гээд олон юм яриад байвал хохь чинь шүү” гэсэн юм ярьсан. Бидний сонгосон хөгжлийн замыг шүүдэг тэр хэн юм бэ. Тэр тэнэгтээ ингэж яриад байгаа ч юм биш өдөөн хатгаж байгаа хэрэг.

Бид жижигхэн улс гэдэг нь үнэн боловч тэнэг гэсэн үг биш. Манай намын хэсэг нөхөд болоод ОХУ-ын элчин сайдын үйлдэлд дургүйцсэн иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Бид монголчуудынхаа нэр төрийг авармаар байна. Оросуудад бид аймхай улс биш гэдгээ харуулахын төлөө тэмцэж байгаа. Оросын гар хөл болж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Энэ хүмүүс Монголыг Оросын дагуул улс болгохын төлөө тэмцэж болохгүй биз дээ. Би удаа дараа хэлж байгаа. Монгол Улс Оросын, Хятадын, Америкийн, европын дагуул баймааргүй байна. Монгол Монголоороо л баймаар байна.Бид эрх чөлөөтэй л баймаар байна. Бид хэнтэй ч дайсагнадаггүй. Бид хэр хэмжээгээ мэднэ. Монгол Улс ардчилсан улс байх нь манай хоёр хөршид ч ашигтай. Яг үнэнийг хэлэхэд, би Украины ард түмнээр бахархаж байна. Тэднийг олон жил Путин дарамталсан. Путины дарамтаас европ, америк, НАТО ч айсан. Барууны ертөнц Путинээс айгаад олон жил болсон. Путин даварсаар сүүлдээ Украин руу халдлаа. Украинчууд өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалахаас гадна барууны ардчилсан улс орнуудыг хамгаалж, нэр төрийг нь аварч гарлаа. Дэлхийн соёлт хүн төрөлхтний эр зоригийг украинчууд бадрааж өглөө.

-Баттулга гэснээс АН-ын хөл толгойг жирийн иргэд болоод намын гишүүд нь ч ойлгохоо болилоо. Ардчилсан намд үүссэн асуудал Монголын ардчилалд ч том хохирол учруулж, ухралт авч ирж байна. Ардчилсан намын цаашдын хувь заяаг юу гэж харж байна?

-Монголын ардчилал Ардчилсан намын хагарлаас үүдэн эрсдэлтэй байдалд орсон нь үнэн. Ардчилсан намыг нэгтгэж нийлүүлэхийн тулд би хувьдаа ихээхэн хичээл зүтгэл гаргасан. Намынхаа залуу шинэ үеийг цуглуулаад баатрынхаа тэмдгийг намынхаа туганд зүүгээд нэгдэхийг уриалсан. Үнэндээ намынхаа залуу шинэ үед маш их харамссан. Угтаа шинэ залуу үеийнхэн гарч ирж байж л Ардчилсан нам нэгдэх учиртай. Намаа хагалсан нөхдүүдийг зайлуулах цаг болсон. Хүрэх юмандаа хүрсэн бидний үеийнхэн залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг болсон. Х.Баттулга О.Цогтгэрэлд, С.Эрдэнэ М.Тулгатад зайгаа тавьж өгөх ёстой байтал эсрэгээрээ О.Цогтгэрэл Х.Баттулгад, М.Тулгат С.Эрдэнэд зайгаа тавиад өгчихсөн. Залуучууд маань ямар мохоо, хулчгар юм бэ. Залуучууд зайгаа тавьж өгснөөс болоод бүр эвлэрэхийн аргагүй гүн хямрал руу яваад орчихлоо. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрнэ гэж байхгүй. Одоо бүр намынхаа үнэт зүйлийг хагаралдуулж эхэллээ. Би Украины түрэмгийллээс хойш Х.Баттулгыг эргэлт буцалтгүй Путин дарангуйлагчийг дэмжих болжээ хэмээн харж байгаа. Хүний эрх, ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг Ардчилсан намын гишүүн дарангуйллыг дэмжигч байх боломжгүй. Путин сөрөг хүчнийхнийгээ 10 жилээр шоронд хорьж байна. Өөрийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг 15 жилээр хорьж Оросыг дараагийн Хойд Солонгос болгож байна. Гэтэл үүнийг Х.Баттулга дэмжиж байна. Би лав Х.Баттулгын энэ үзэл санаатай эвлэрч чадахгүй. Одоо манай намын асуудал дүрэм журам, шүүхийн бүртгэлийн асуудал биш болсон. Харин Х.Баттулгаас Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах уу, үгүй юү гэдэг асуудал болсон. Путины Монголыг Беларусь шиг болгох гэж оролдож байгаа явдлын гар хөл болж байгаа Х.Баттулгаас эрх чөлөөгөө бид хамгаалж чадах уу, үгүй юү гэдэг үзэл санааны зөрчил болсон. Өмнө нь би Х.Баттулгыг Ардчилсан намаа нэгтгэхийн төлөө хамтраад залуучууддаа байр сууриа тавьж өгөхийг уриалж байсан. Одоо бол Х.Баттулгыг би уриалж чадахгүй. Яагаад гэвэл Х.Баттулга гурван гутамшигтай урвалт хийсэн.

-Та ямар ямар урвалт хийснийг тодорхой хэлж болох уу?

-Болно, болохгүй гээд бөөрөнхийлөөд ч байх шаардлага байхгүй. Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдлаас урвасан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Орос улсад Монголыг дагаар оруулах санал гаргасан нь сая илэрсэн. Путины санаачилсан Хамтын аюулгүй ажиллагааны байгууллагад элсэх санал 2020 онд гаргасан байна. Энэ санал бол товчхондоо Оросын дагуул улс болъё гэсэн санаа. Оростой эдийн засгийн интеграцид орох санал гаргаж байсан байна. Угтаа манайх олон тулгуурт эдийн засагтай улс шүү дээ. Дээрээс нь Оростой стратегийн түншлэлийн гэрээ байгуулах үедээ гадаад харилцааныхаа асуудлаар Оростой зөвлөлддөг байх тухай, дээр нь Монголд ямар төмөр зам барихыг оросууд мэдэх маягийн зүйл хийж явсан байна. Тэгэхээр энэ хүн чинь Монгол Улсын Бүрэн эрхт тусгаар тогтнол руу халдаж, эрх чөлөөг үгүйсгэж Путинд урвасан хэрэг мөн биз дээ.Хоёрдугаарт, ардчиллаас уравсан. ОХУ-ыг дараагийн Хойд Солонгос болгох гэж байгаа дарангуйлагчийг дэмжсэн. Гуравдугаарт, монгол хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг дээдэлсэн намынхаа үзэл санаас урваж Путинтэй хамт дарах мохоох оролдлого хийж байна. Тиймээс би ийм урвагчтай цаашид хамт явж чадахгүй. Би Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй.

-Та Х.Баттулгыг эх орон, нам эвсэл, үзэл санаанаасаа урвасан л гэж байна. Гэтэл Ардчилсан намын гишүүд түүнийг Ардчилсан намын дарга болгох гээд хэдэн мянгаараа гарын үсэг зурцгааж, түүнийг дэмжигчдийн тоо нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ?

-Ардчиллынхаа үзэл санаанд үнэнч, түүнийгээ ямар ч үнэ мөнгөнд худалдаагүй гишүүд бидний талд байгаа. Би дүүргүүдээр явж намынхаа гишүүд дэмжигчтэй уулзсан. Үзэл санаандаа үнэнч хүмүүс заал дүүрэн цуглаж байна. Гэтэл нөгөө талаар юу болоод байгаа учрыг нь ч олоогүй, Х.Баттулгыг урвасныг мэдээгүй хүмүүс ч байна. Сүүлийн үед Х.Баттулгын баримтуудыг дэлгээд эхлэхээр манай намын гишүүд дэмжигчид, жирийн иргэд “Нээрээ юу болоод байна вэ” хэмээн зогтусч байна. Би нэг зүйлд эргэлзэхгүй байна. Тун удахгүй дээр дурдсан Х.Баттулгын гурван урвалтын талаар бүгд мэднэ. Тэр үед Ардчилсан намын гишүүд хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж сонголтоо хийнэ. Дээр нь ардчиллын төлөө биш, намын даргын сунгааны үеэр сонгуульт ажил хийж цалин мөнгө авдаг иргэн олон байна. Түүнээс биш Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдээд байсан зүйл үнэндээ байхгүй. Энэ дашрамд хэлэхэд, цаашид үзэл санаандаа үнэнч гишүүдээр намаа бүрдүүлье. Ардчиллын үнэ цэнийг ойлгодоггүй, намыг өнгө мөнгө, эрх мэдэл гэж боддог гишүүдээсээ салах цаг болсон.

-Х.Баттулга, С.Эрдэнэ намаа аврах нь өнгөрсөн юм шиг байна. Ардчилсан намын ирээдүйд ёлтойх гэрэл байна уу. Эсвэл та дахин нэг оролдлого хийх юм уу?

-Илэн далангүй хэлэхэд, одоо би намынхаа асуудлаас халиад Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл рүү яваад орчихсон. Яагаад гэвэл Орост дагаар орох үзэл санаанд автах, энэ үзэл санаагаар иргэдийн тархийг угаах явдал маш хүчтэй байгааг харсан. Путиныг тавдугаар цувааг Монголд бэлэн байлгаж, цаашлаад цэргийн ажиллагаа явуулахад ч бэлэн болчихсон байгааг харсан. Тиймээс миний тэмцэл намын асуудлаас хальж, Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Монголчууд бид ардчилал байхгүй бол манайд дарангуйлал тогтоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Дарангуйлал тогтвол Оросыг дагасан, Путиныг дагасан дарангуйлагч л гарна. Сүүлийн үед иргэдийн дунд “Хятадын гарт орж байхаар Оросын гарт орсон нь дээ” гэсэн үзэл санаа хот, хөдөөгүй их тархсан. Үнэндээ Хятад улсаас манай тусгаар тогтнол руу дайсагнасан асуудал байхгүй шүү дээ. Энэ яриаг хэн, хаанаас тараагаад байгаа юм. Энэ яриаг тараасан эзэн нь Х.Баттулга гэдгийг би маш сайн мэднэ. “Хятадад дагаар орж байхаар Орост дагаар оръё” гэдэг Х.Баттулгын хэлдэг үг, итгэл үнэмшил. Энэ үзэл санааг нийгэмд асар их хэмжээний мөнгөөр л тарааж байгаа. Х.Баттулга, Азизов хоёр арай дэндэж байна. Хоёрдугаарт, би намыхаа залуучуудад зориг зүрхээ чангалахыг эцэж цуцахгүй хэлж байна. Энэ намыг ялзруулсан бид зайгаа тавьж өгье гэдгээ улиг болтол хэлж байна. Гэтэл өөрсдөө зайгаа тавьж өгөөд байх юм.

-Залуучуудыгаа байр сууриа тавьж өгтөл нь танай үеийнхэн дарамтлаад байсан юм биш үү?

-Улс төрд орсон хүн ямар нэгэн дарамт үзэхгүй амьдарна гэж бодоод байгаа юм уу. Улс төр гэдэг бол дарамт дор амьдар л гэсэн үг. Яаж ч мэднэ гэсэн бодолтой амьдар гэсэн үг. Аягүйдвэл чи цовдлуулж ч мэднэ гэж бодож амьдар гэсэн үг. Улстөрч болж улс төрийг сонгож байгаа бол анхнаасаа үүнийг мэдэж байж сонгох хэрэгтэй л дээ. Түүнээс биш улс төр гэдэг нялх хүүхдийн өлгий биш шүү дээ. Эрхлүүлдэг аав ээж, ах дүү чинь ч биш. Сүүлийн үед улс төрд орж байгаа залуус ямар нялцанхай болчихсон юм бэ. Үг даахгүй, ачаа даахгүй, өл даахгүй. Харин G generation үеийн залуусыг хараад Монголд аврал ирж байгаа юм байна гэсэн итгэл төрж байгаа. Нэг сонирхолтой түүх хэлэхэд, 1945 онд Гитлер ялагдсаны дараа 1965 он хүртэлх 20 жилийн турш германуудын Гитлерт талтай байсан хандлага арилаагүй гэж байгаа. Манайд ч ялгаагүй Зөвлөлтийн дарангуйлалд байж сурсан зөвлөлтөжсөн монголчууд тэр сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна. Харин энэ G generation үеийн залуус гарч ирж байж сая энэ сэтгэлгээнээсээ салах нь.

-Цаашид дайны байдал хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Манай улс гуравдагч хөршийн асуудлаар олон жил ярьсан. Бодит үр дүн өнгөрсөн хугацаанд төдий л байгаагүй нь өнөөдөр тод харагдаж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тантай санал нийлнэ. Учир нь Путины түрэмгийллийн үеэр юу анзаарагдав гэхээр манайд оросын талын үзэлтэй, гуравдагч хөршийн эсрэг үзэлтэй хүмүүс багагүй байсан нь харагдлаа. Бүр тийм хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байж. Тийм учраас гуравдагч оронтой харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудалд хойрго хандаж ирж. Цаашлаад Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор гадаад бодлогын жолоог өөр тийш нь залж, Оросын дагуул улс болгох асуудал ч яригдаж. Гуравдагч оронтой харилцаагаа өндөр түвшинд гаргаж чадаагүй нь манайхаас болсон. Түүнээс биш манай улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа хамгийн үнэ цэнэтэй зүйл. Бид зоригтой байвал дэлхийд үнэ цэнэтэй улс. Бид өнөөдөр зоригтой байж ирээдүйгээ, эх орноо, тусгаар тогтнолоо хамгаална. Швейцарь, Сингапур хоёр их гүрнүүдийн дунд оршдог жижиг улс хэдий боловч тэд их гүрнүүдэд “Та нар бид нар руу халдвал эзэлсэн ч өөрсдөө сөнөнө” гэдгийг ойлгуулж чадсан. Тийм эрэлхэг зоригтой байсан. Гитлер ямар сайндаа Швейцарь руу дайраад нам даруулах вэ дээ. Сингапур гэхэд маш хүчирхэг зэвсэгт хүчинтэй болоод бүх улс орнуудад “Бид жижиг хот гэдэг нь үнэн. Та нар бидэн рүү халдвал сүйрнэ” гэдгийг сануулсан. Монголчууд бид ч тэдний зарчмыг баримтлах ёстой. Бид цөөхөн нь үнэн боловч Чингисийн Монгол гэдгээ мартаж болохгүй.

-Чингисийн Монгол гэж бид цээжээ дэлдэх, огших, омогших дуртай. Бодит байдал дээр дайн тулааны байдал даамжирвал бид тусгаар тогтнолоо хамгаалах нөөц бололцоо, зэр зэвсэг, зэвсэгт хүчний чадамж хэр байна вэ. Гар хоосон мориндоо мордоод дайралтай биш дээ?

-Ер нь өнгөрсөн 30 жил бид зэвсэгт хүчнийхээ талаар үнэхээр хариуцлагагүй хандаж ирсэн. Үнэндээ энэ салбараа орхисон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Би хотын дарга байхдаа зэвсэгт хүчнийхээ давуу тал, ач холбогдлыг дөвийлгөхийн тулд “Монгол цэргийн жавхаа” хэмээх үйл ажиллагаа явуулж байсан. Улс орны зэвсэгт хүчин сул дорой байх нь ямар аюулд хүргэдгийг Украин Кримыг алдах үед харуулсан. Манайхаас хүсвэл цэргийн хүчээр Баян-Өлгийг булаагаад авчихвал бид яах юм. Яаж ч чадахгүй. Энэ бол зэвсэгт хүчнээ умартсаны гай. Ер нь бид цаашид зэвсэгт хүчнээ маш хүчирхэг болгох хэрэгтэй. Бие бүрэлдэхүүний дэлхийн шилдэг зэвсэгт хүчинтэй улс оронд олноор нь бэлдэх шаардлагатай. Ер нь эцсийн эцэст эх орноо хамгаалах зэвсэгт хүчин хүчирхэг байж бид амар амгалан байна. Муугаар бодоход Орост улаан цагаанаараа хуваагдаад иргэний дайн болоход Барон Унгер шиг манайх руу зугтаад ороод ирвэл манай зэвсэгт хүчин иргэдээ хамгаалж чадах уу гэдгийг бодох л асуудал. Одоогийн байдлаар хамгаалж чадахгүй л болов уу.

-Манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ур чадвараараа дэлхийд тийм ч доогуур ордоггүй л гэдэг.Хүнээ бэлдчихлээ гэхэд сүүлийн үеийн зэр зэвсэг, техник хэрэгслийг авах хөрөнгө санхүү байхгүй л байна шүү дээ?

-Өөр зүйлд өчнөөнөөр нь зарцуулж байгаа мөнгөө аюулгүй байдлын төлөө гаргах л хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчиндээ зориулаагүй. Манай зэвсэгт хүчин гуйлгын болоод тусламжийн хэдэн зэвсэгтэй байгаа л байх. Зэвсэгт хүчиндээ анхаарал хандуулах цаг болсныг Украин, Гүржийн гашуун түүх харуулж байна. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин бол Монгол Улсын жинхэнэ иргэдийг бэлтгэдэг газар. Гэтэл залуус сургуулиа төгсөөд паб, баартай л золгож байна. Үнэнийг хэлэхэд, манай улс хамгийн сүүлд армийнхаа асуудалд анхаарч байна. Армийн ачаар аюулгүй, энх тайван, тусгаар тогтносон улс байна биз дээ. Би УИХ-ын гишүүн байхдаа энэ асуудлыг байнга ярьдаг байсан. Өнөөдөр армид хэрэгжиж, үр нөлөөгөө өгч байгаа олон хуулийг санаачилсан. Монгол цэргийн баярын өдрөөс авахуулаад Төрийн албанд цэргийн алба хаасан хүнийг авах талаар хуулийг ч санаачилж байсан. Зарим орнуудад цэргийн насны эрчүүдийг жилд 45 хоног цэргийн хээрийн сургуулилтад хамруулахад байг гэхэд ямар их эрх чөлөөтэй байснаа, гэр бүл хайртай хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрдэг гэх яриа ч бий.

-Та хэд хэдэн удаа хувь хүний эрх чөлөөгөө хасуулсан хүн. Эрх чөлөөний үнэ цэнийг эрх чөлөөгөө хасуулж байсан хүн түлхүү мэдэрдэг ойлгодог байх. Та эрх чөлөөг юу гэж тодорхойлох вэ?

-Та сайхан асуулт асуулаа. Эрх чөлөө өөрөө их тохуурхалтай эд л дээ. Хүнээр их тохуурхдаг. Тэр тохуурхлаас их болгоомжлох ёстой. Би 2000 оны үед сар орчим хоригдож байсан. Сая дөрвөн сар суулаа. Шоронд сууж байгаа хүмүүст ямар хэрэг хийснээсээ, нийгмийн гарал үүсэл нь ямар байхаас, хэн байхаас үл хамааран тэдэнд ер бусын ганцхан үнэтэй зүйл байдаг нь эрх чөлөө. Тэнд байгаа хүмүүс өдөр бүр цаг минут тутам эрх чөлөөний талаар боддог. Заримдаа эрх чөлөөндөө бялуурчихсан хүмүүсийг хэсэг хугацаанд тэнд байж үзээсэй гэж бодогддог шүү. Тэнд эд баялаг, эрх мэдэл, тэр ч бүү хэл эрүүл мэнд юу ч биш. Эрүүл мэнд нь доройтчихсон хоригдол хүртэл надад хэсэгхэн боловч эрх чөлөө эдлүүлээч. Эрх чөлөөг хэсэгхэн мэдэрчихээд үхье гэдэг. Эрх чөлөө тийм л чухал зүйл. Харин тэр дөрвөн хананаас, өргөст торны цаанаас гараад явахад эрх чөлөө ямар үнэ цэнэтэйг ойлгодог.

-Хоригдож байсан хүнээс тэнд ямар байв гэж асуух нь зохимжгүй байх. Таныг 2000 оны үед хоригдож байхаас 22 жилийн дараахь хорих байрны нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн эсэх талаар асуувал та эмзэглэх үү. Тухайлбал, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт?

-Энэ зэргийн асуултад эмзэглээд байдаг хүн би биш л дээ. Намайг 2000 оны үед Ганц худагт хорьж байхад зүгээр л нэг харанхуй нүхэнд аваачаад хорьчихож байсан. Тэр үеийн хорих байрны нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Үгээр хэлэх юм биш. Жижигхээн нүхээр гэрэл орно. Нэг өрөөнд багтах хэмжээгээрээ нааран дээр зулаад хэвтэнэ. Бүгдээрээ бөөс хуурсандаа баригдаад л суудаг байсан. Хоол ундны тухайд баас шээстэйгээ холилдсон дотор мах, шар будаатай л өгч байсан. Одоо тэр үетэй харьцуулахад хорих байр олон улсын стандартад дөхөж очсон байна. Хоолны тухайд дотор мах өгч байгаа боловч амт чанар өөрчлөгдсөн байна. Эрүүл мэндийн шалтгаантай бол эмчилгээний хоол өгч байна. Нийгмийн ажилтан өглөө бүр бүх өрөөгөөр явж хоригдож байгаа иргэдээс санал гомдол асууж, үзлэг шалгалт хийж байна.

-Зарим иргэд улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, мөнгөтэй иргэдийн хорих байрны орчин нөхцөл өөр байдаг гэж боддог. Энэ үнэн үү?

-Тийм зүйл хаана ч байхгүй. Яг л бусадтай адилхан орчин нөхцөлд байна. Хүний эрхэнд байх үнэхээр хэцүү шүү дээ. Хотын даргын алба хашиж байсан би ч ялгаагүй харгалзагчийн командаар бос гэвэл босоод суу гэвэл суугаад, гүй гэвэл гүйхээс өөр аргагүй. Заримдаа би тэсэхгүй “Би ч бас 60 гарчихсан хүн шүү дээ” гэж хэлж үзнэ. Тэглээ гээд яахав дээ. Тэндхийн дэг журам нь тийм юм чинь. “Буруу хараад зогс гэхэд зогсохоос өөр аргагүй. Хүний бүрэн эрхэд байнгын байна. Хүн өргөст торны цаана орсны дараа амьсгал авах бүртээ л эрх чөлөө гэж шивнэдэг. Тэнд байгаа дөрвөн хана хүртэл “Чи хэзээ эрх чөлөөтэй болох вэ. Эрх чөлөөтэй болохгүй юм уу” гэж даапаалж байгаа мэт санагдана. Чи өөрөө өөрийгөө мэдэх ямар ч боломжгүй.

-Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө харин дөмөгхөн эдэлчихсэн үү?

-Ганц худагт хоригдож байхдаа ч хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж байсан. Анхныхаа нийтлэлийг танай сонинд гаргасны дараа мөрдөн байцаагч шууд хориод зогсоочихож байсан. Гэтэл Олон улсын конвенцын дагуу хүнийг үзэл санааны хоригдол болгож болохгүй шүү дээ. Нөгөө талаар би хоригдол биш. Давж заалдах гээд байж байгаа хоригдогч. Шүүхээс миний гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй учраас иргэнийхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлнэ. Сая хэвлэн нийтлэх эрхээ овоо дориун эдэлж байтал прокурорыг шүүмжлээд орхитол хэвлэн нийтлэх эрхийг минь хаачихсан. Өлсгөлөн зарлах дээрээ тулаад эргүүлж авсан. Гэтэл их хачин, Путин Украин руу дайрах үеэр Путины түрэмгийллийг шүүмжилсэн нийтлэл бичтэл дахиад хэвлэн нийтлэх эрхийг минь хаачихсан. Би Оросын ерөнхийлөгчийг шүүмжилсэн болохоос Монголын Ерөнхийлөгчийг муулаа юу. Би Монголын талаар бичээгүй шүү дээ. Би Оросын шоронд хоригдоогүй биз дээ. Дахин өлсгөлөн зарлах дээрээ тулж байж бичих эрхээ олж авсан. Ийм л юм болсон доо.

-Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн бодит жишээ та болж байна. Улсын баатар, хотын дарга, УИХ-ын гишүүн гээд хэн хүний хүртдэггүй алдар нэрийг та хүртсэн. Эргээд худалч, хулгайч, луйварчин гэж “цоллуулж” байна. Хүний эрээнийг энэ хугацаанд хэр мэдэрсэн бэ?

-Намайг 2000 онд Ганц худагт хорьж байхад, сая дахин хоригдоход ч манай намын нөхөд эсэргүүцлээ илэрхийлж, сэтгэл зүрхээрээ нэг гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ хугацаанд намайг гэсэн хүмүүсийн сэтгэл нь хэзээ ч унтраагүй, надаас нүүр буруулаагүй. Эргэлтийн цагаар гэр бүл, найз нөхдөөс авахуулаад хагарсан бутарсан хамаг л хүн ирсэн. Манай намынхан их жудагтай хүмүүс байдаг юм ш дээ. Сонирхуулж хэлэхэд, 2000 оны үед намайг хоригдож байхад Х.Баттулга “Яахав ийхэв хэмээн ард минь үлдсэн ар гэрийнхэнд минь хүртэл их л сэтгэл дэвсэж явсан юм шүү дээ. Хүний сайн нь сайн. Муу нь муу. Уг нь хувь хүнийхээ хувьд их түшигтэй, уян, сэтгэл хөдлөл өндөртэй, тусч хүн юм байгаа ш дээ. Анзаараад байхад Баянхонгорынхон хүн сайтай, хүнд их түшигтэй мөртлөө хоорондоо муудалцах нь их сонин. Манай Х.Баттулгыг улс төр ингэж их өөрчилчихлөө. Путинд урваснаас хойш Х.Баттулга Путины жудаггүй занг өөртөө халдаачихлаа. Үүнд маш их харамсдаг.

-Та Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нүүр тулж уулзсан юм уу?

-Намаа нэгтгэхээр уриалж байхдаа уулзах санал тавьсан. Уулзахгүй л юм билээ. Одоо би Х.Баттулгатай намынхаа гишүүд, иргэдийнхээ өмнө халз мэтгэлцье гэж байгаа юм.

-Та бусдын хувьд хэн ч байж болох ч гэр бүлийнхээ хувьд хүний хань, үрийн аав, жирийн нэг өвөө л байх. Улстөрчийн гэр бүл байна гэдэг амаргүй. Одоо таныг энэ бүх шуугианаас холдоод амар жимэр амьдрах талаар санал хэлдэг үү?

-Өнгөрсөн 30 жилийн турш би сайн нэр дуулаагүй. Нэг хүнд битгий хэл нэг ад зэтгэрт ахдахаар гүтгэлэг, доромжлолыг амссан. Хэрийн хүн тэсэхээргүй л зүйл.Айл ухдаг хулгайч, анд нөхдөө алсан алуурчин, идсэн уусан гээд л ярих ч юм биш. Өнгөрсөн хугацаанд аав минь хүүгээ зүхүүлэхийг харж шаналсаар бурхны оронд одсон. Ээж минь, гэр бүлийнхэн минь энэ бүхнийг тэвчээд тэсээд л явж ирсэн. Аз болоход би супер эхнэртэй. Миний эхнэр байгаагүй бол надаас ийм эр зориг, сэтгэлийн хат гарахааргүй байсан. Би аль хэдийнэ шантарчихсан байх байсан. Миний эхнэр намайг хайраар тэтгэж, нөхрийнхөө үйл хэргээр бахархдаг учраас хоригдож байх хугацаандаа бодож суухад эхнэрийнхээ баатар байж, түүндээ тоогдохын төлөө тэмцсэн мэт санагдаж байсан шүү. (Инээв) Манай гэр бүл хайраар бялхсан гэр бүл учраас энэ бидний хүч юм байна. Ямар ч хүнд үед хайр хүнийг хүчтэй болгодог юм билээ. Хань ижил, үр хүүхэд, ач, зээ минь надаар бахархаж байхад би юунаас ч айдаггүй, бүхнийг даван туулах эрч хүчтэй болдог. Хоригдож байхад ач зээ нар минь эргэлтээр ирэхэд миний амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн болж байсан даа. Би улстөрчийн амьдралыг анхнаасаа сонгохдоо цовдлуулна гэдгээ ойлгож байсан. Тэгээд ч шоронд орооогүй хувьсгалч гэж хаана байдаг юм. Өөрийгөө их үйл хэрэгт уясан хүн ад үзэгдэх зоригтой болдог. Зөвхөн амиа бодсон, албан тушаалын төлөө цүнх барьсан амьдрал уйтгартай шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд ганцхан зүйл асууя. Та хүүгийнхээ компанид өөрийн эрх мэдлээ ашиглаж ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэдгээ нүүр бардам хэлэх үү?

-Хаана ч нүүр бардам хэлнэ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Монголд Украиныг үзэн ядах бодитой шалтгаан байхгүй DNN.mn

Олон улсын харилцааны түүхч-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Орос Украины дайн манай улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Мэдээж таатай бус нөлөө үзүүлнэ. Энэ дайн даян дэлхийд сөргөөр нөлөөлнө, нөлөөлж ч байна. Орос оронд бүр ч халтай тусч байна. Орос орон бүрэн ганцаардсан нөхцөлд дайнаа үргэлжлүүлж байна. ОХУ-ын эсрэг тавьсан санкцууд нөлөөлж эхэлсэн. Энэ зургадугаар сар гэхэд Орос орон хямралтай тулгарна. Сайндаа нэг жил тэсэхээр байна хэмээн Путины дотно нөхөр, ОХУ-ын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан А.Кудрин хүлээн зөвшөөрсөн байна билээ. Орос орон лав хоёр жилд маш их хүндэрнэ. Хоёр жил хичээвэл хямралыг даван туулна гээд Кудрин анхааруулжээ. А.Кудрины тооцоогоор Орост мөнгөний ханш энэ жил 22 хувиар унана гэсэн байна, ганц энэ тоо л манай гадаад эдийн засгийн харилцаанд ямар том бэрхшээл учруулах нь тодорхой.

-Манай улс геополитикийн хувьд хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай. Дэлхийн улс орнууд ОХУ-ын түрэмгийллийг эрс эсэргүүцэж байна. Манай улс харин төвийг сахисан байр суурьтай байгааг та хэрхэн дүгнэж байна?

-Төвийг сахихаас өөр гарцгүй болчихсон гэж үзэж байна. Найрсаг харилцаат улс орнууд өөр хоорондоо байлдсан тохиолдолд бид аль нэг талд нь орж болохгүй болчихсон, тийм цаг үе шүү дээ.

-Манай улс төвийг сахисан байр суурьтай байгаа нь Европын холбооны хоригт ямар нэгэн байдлаар орох эрсдэл дагуулах уу?

-Монгол Улсын гадаад бодлогын тулгуур баримт бичгүүдээ эргээд нэг сөхөж үзээрэй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гээд заачихсан байгаа. Энэ бодлогоосоо хальж буруу замаар яваа гэж үзэхгүй байна. Монгол–Европын харилцааг бусниулах ямар ч алхам бид хийгээгүй байна.

-Нийгэмд энэ асуудал яагаад хурц байгаад байна вэ?

-Төвийг сахина гэдгийг манайхан хэт туйлшруулж ойлгоод байх нь харагддаг. Санаачилсан хүн нь яалт ч үгүй найман жил төр тэргүүлсэн нэг нөхөр байдаг. Тэр хүнийг хэт үзэн ядсан, эсвэл улс төрийн хувьд атаархдаг, хонзонтой, төвийг сахих бодлого боловсруулахад оролцож чадаагүйдээ өсөрхсөн гээд хэсэг сэхээтэн л уулгалан дайраад байх шиг. Төвийг сахих тухай хууль боловсруулаад УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхэд би ГХЯ-ны ажлын хэсэгт оролцож байсан. Тэр байр сууринаасаа би ярьж байна. Төвийг сахих бодлого Ц.Элбэгдорж гэдэг хүндээ биш юм. Дайн байлдааны үед Төвийг сахина, энх тайван цагт цэргийн эвсэл холбоонд орохгүйгээс өөрөөр хоёр талын ба олон талын харилцаанд огт нөлөөлүүлэхгүй гэсэн заалт тэр хуульд байсан.

-Хэд хоногийн өмнө ОХУ сайдын яам болоод Монгол Улсын зарим иргэд Ялалтын баярын парад зохион байгуулсан. Энэ үйл явцыг олон улс хэрхэн дүгнэж байна вэ?

-Ялалтын баярын парад зохион байгуулаагүй л дээ. Жагсаал цуглааныг хэлж байх шиг. Энэ талаар гадаад орнууд тэгж ингэж дүгнэлээ гэсэн мэдээлэл би олж үзээгүй байна.

-Зарим иргэд олон мянган хүний амь нас эрсэдсэн дайны үйл явцыг манайхан дэмжлээ хэмээн буруутгаж байна шүү дээ?

-Монгол иргэд тэгж дүгнэж байгаа бол та бүхэн түүгээрээ ярилцлага, мэдээлэл, тодруулга өөрсдөөс нь авах хэрэгтэй. Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаагийн илрэл гэж л би үзэж байна.

-Цаашид манайх гуравдагч хөршийн харилцаагаа бэхжүүлэхэд хэрхэн анхаарах ёстой вэ?

-Гуравдагч хөрш хэн бэ, манай гадаад бодлого, гадаад орчинд ямар чухал вэ гэдэгт манай үе үеийн Төрийн тэргүүн, үе үеийн УИХ, Засгийн газрууд тархи оюунаа чилээж ирснийг зориуд тэмдэглэмээр байна. Гол чухал гуравдагч хөршүүдтэйгөө түншлэлийн харилцаа тогтоож чадсан манайх шиг бага буурай орон дэлхийд бараг үгүй дээ. Иж бүрэн cтратегийн түншлэл хоёр хөрштэйгээ, стратегийн түншлэл Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-тай тогтоосон, би дарааллаар нь нэрлэж байна. Иж бүрэн түншлэл энэ дөрвөн улстай тогтоож байсан, одоо Турк, Германтай тийм харилцаатай байна. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа АНУ-тай тогтоож байсан, Өргөн хүрээтэй түншлэл Казахстан, Канад, Австралитай тогтоосон. Дашрамд сонирхуулахад, Украинтай 2011 онд Олон талтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон, Монгол Улсын Ерөнхийлөгч тэр үед Украинд айлчилсан байдаг юм. “Гуравдагч хөршийн бодлого” бол “гуравдагч хөрш” гэгдэх тэдгээр улс орнуудаас манай улстай тогтоосон харилцааны өвөрмөц хэлбэр юм. Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд олон салбарт бид гуравдагч хөршийн бодлогоо явуулсаар байна.

-Тэгвэл ОХУ-ыг хөрш орон гэдгээр нь иргэд түлхүү мэддэг. Украинтай ялгаагүй түншлэлийн харилцаатай байх. Бид Украинтай нийгэм, эдийн засгийн ямар түвшинд харилцаж байна вэ?

-Монгол-Украины харилцаа гэж биетэй бодитой, нийт хүн ардад мэдрэгдэм зүйл ил байхгүй болов уу. Гэвч түншлэлийн харилцаатай, энэ дайнаас өмнө бага сага худалдаа хийдэг байсан байх. Монголд украины худалдаа-бизнесийн төлөөлөл гэж бас бий. Миний олж сонссоноор Украины 20 орчим компани ажилладаг. Хоёр талд Өргөмжит консулууд ажиллаж байна. Оюутан солилцоогоор монгол оюутнууд Украинд суралцдаг. Украинд их дээд сургууль төгсөгчид гэж олон бий. Бүр холбоо ч ажилладаг юм билээ. Олон улсын тавцанд Монгол, Украин нь эрх чөлөөт, ардчилсан улсууд гэдгээр хамтран ажиллаж ирсэн. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурал гэх мэт. Юу гэж дүгнэж байна гэхлээр Монголд Украиныг үзэн ядах бодитой шалтгаан байхгүй. Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганд Орос-Украины хямралын асуудлаар санал хураалт удаа дараа явуулахад манай улс түдгэлзсэн. Энэ чинь манай байр суурь шүү дээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн Үзэл баримтлалыг нөгөө чухал заалтаа энд дахин давтан тэмдэглэе.

-Та дээр Орост мөнгөний ханш 22 хувиар унах талаар хэлсэн. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх талаар жаахан дэлгэрүүлэх боломжтой юу. Манай улс ОХУ-аас шатахууны хараат. Цаашид шатахууны үнэ буурах төлөв ажиглагдаж байгаа болов уу?

-Хоёр орны хоорондын худалдаан дээр төсөөлөөд үз дээ. Хатуу валютаар талбөр тооцоо хийх эрхээ Орос хасуулсан, Оросын банкууд хоригт орсон, заавал рублиэр хийнэ гэсэн улс төрийн шийдвэр гаргасан, тэгээд ханш нь унана гээд олон талаас нь харах хэрэгтэй. Энэ асуултад Оростой худалдаа хийдэг монгол компаниуд л бодитой хариулт өгнө дөө. Шатахууны үнэ нэг их буухгүй байх аа. Орост орлого хэрэгтэй, манайд хэрэглээ өндөр байна, хэрэгцээт шатахуунаа оросын талын хэлсэн үнээр л нэг хэсэгтээ авах болов уу хэмээн тааж байна.

-Орос-Украины дайн Хятадын гадаад бодлогод нь нөлөөлөх болов уу?

-Орос-Украины дайн Орос-Хятадын түншлэлийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт байх шиг байна. Би судлаачийн хувийн байр суурь гэхгүйгээр олон улсын хэвлэл, гадаад судлаачдын үзэж байгаагаас эшилье. Орос-Хятадын стратегийн түншлэл ноцтой сорилттой тулгарлаа хэмээн үзэж болохоор байна. Анхлан хоёр удирдагч Бээжингийн өвлийн олимпийн үед ярилцаж тогтоод, Оросын удирдагч байр сууриа сайтар ойлгуулсан болов уу. Орос нь Украинд цэргийн тусгай ажиллагаа амжилттай явуулснаараа Хятадын гол өрсөлдөгч болох Өрнөд ба АНУ-ыг үлэмж сулруулна, НАТО суларна, ийм нөхцөлд олон улсын харилцаанд Хятадад шинэ шинэ боломж гарч ирнэ, тэр дундаа Энэтхэг-Номхон далайн чиглэлд өрсөлдөгчид нь суларчихсан нөхцөлд Хятад хүч нөөцөө бэхжүүлнэ, Хятадын байр суурийг өрсөлдөгчид нь хүндэтгэх болно гэсэн тооцоотой байсан, тэр тооцоо нь хэрэгжсэнгүй, үүнд Хятад сэтгэл дундуур үлдлээ гэх дүгнэлт гадаадын олон улсын судлаачид хийж байх шиг байна. Ер нь тэгээд Оросыг харах өнцөг, өгөх үнэлгээ дүгнэлтээ ч Хятад эргэж харж магадгүй гэсэн таамаг их явж байна. Үүнийг би ор тас үгүйсгэж чадахгүй. Украины эсрэг байлдааны ажиллагаанд Хятад биетэй бодитой тусламж үзүүлэхгүй, харин ч мэдэн будлиад олон улсын санкцыг зарим талаар дэмжээд байгаа байдал харагдаж байна. Орос хичнээн их зүйл Хятадаас хүсч хүлээж байгаа ч тэр хүслийг нь Хятад хангахгүй бултаж зайлсхийж байгаа нь ч илэрхий байх шиг.

Эцэст нь би нэг зүйл тэмдэглэн хэлье. Миний дээр ярьсан бол Монгол-Оросын ба Монгол-Хятадын харилцаанд өгч буй албан ёсны үнэлэлт дүгнэлт биш шүү. Судлаачийн хувийн байр хэмээн хүлээн авбал баярлана.