Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Батнайрамдал: “Роснефьт”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 110 тэрбум төгрөг бодитоор хэмнэсэн. Уг хэмнэлт цаашид ч үргэлжилнэ DNN.mn

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.


-Он дуустал өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх мэдээллийг танай яамнаас өгсөн. Энэ мэдээлэлэл хэр үнэний ортой вэ?

-Орос Украйны хооронд үүссэн дайны асуудлаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнийг тодорхойлж байгаа яамны хувьд бидэнд байгаа бүх боломжит арга хэрэгслийг ширээн дээрээ дэлгэж тавьсан. Засгийн газраас авах арга хэмжээний хувьд цөөхөн алхам байдаг. Учир нь шатахуун бол бусад салбарууд шиг төрийн хамаарал их биш. Шатахуун импортолж байгаа компаниудын дотор төрийн өмчит компани байхгүй шүү дээ. Нэгэнт хувийн сектор уг салбарыг авч явдаг учраас зах зээлийнх нь горим руу аажмаар шилжүүлэх түүхэн шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Гэтэл Орос, Украйны байдлаас үүдэн газрын тосны үнэ дэлхийн зах зээлд ихээхэн өссөн. Зарим тохиолдолд сүүлийн 10 жил ажиглагдаагүй өндөр үнэд хүрсэн. ОХУ дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний 10-12 хувийг нийлүүлдэг. Гэтэл дайнаас үүдэлтэйгээр дэлхий нийтэд нийлүүлэлтийн шок үүссэн. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн. Тиймээс манай улс хүнд нөхцөлд, хүнд шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй болсон. Тиймээс бид өөрсдийнхөө хайрцагнаас гарч сэтгэхээс өөр аргагүйд хүрч байна. Засгийн газраас авч болох боломжит хувилбаруудын тухайд Онцгой албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх л байдаг. Тиймээс Засгийн газрын худалдаанаар асуудлыг оруулж дизель түлшний Онцгой албан татварын тэглэсэн. Харин АИ-92 шатахууны тухайд 2018 оноос Онцгой албан татварын тэглэсэн байсан учраас Гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. -Төрөөс шатахууны үнийг хямдруулахын тулд авч болох бүх арга хэмжээг авсан гэж ойлгож болох уу?

-Бид хоёр төрлийн албан татвараас чөлөөлчихсөн учраас дахин авч болох арга хэмжээ юу байсан гэхээр Роснефтьтэй очиж хэлэлцээр хийх л байсан. Өмнө нь хэлэлцээр хийгдэж байсан ч одоогийнх шиг үр дүнтэй хэлэлцээр хийгдэж байгаагүй. Онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас хэн хэнд нь үр нөлөө үзүүлэхүйц ямар гарц гаргалгаа байгаа талаар ярьж эхэлсэн. Түүхэндээ анх удаагаа хийсэн хэлэлцээрийн үр дүнд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг он дуустал тогтвортой байлгах шийдвэр гаргасан явдал юм. Харин дизель түлшний 60-70 хувь нь бөөний худалдаагаар дамжих томоохон аж ахуйн нэгжүүд болох уул уурхай, дэд бүтэц, ХАА-н салбарууд хэрэглэдэг. Бид цөөн хэдэн томоохон аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөөс илүүтэйгээр иргэдийн түрүүвчнээс гарах зардлыг хөнгөлөх нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжинд

ОХУ-ын “Роснефть”-тэй сүүлийн таван сарын хугацаанд хэлэлцээр хийсний үр дүн гарч байна. Энэ хугацаанд Г.Ёндон сайд бид хоёр хэлэлцээрийг амжилттай болгохын тулд таван ч удаа ОХУ-д айлчилсан. Энэ хүрээнд өнгөрсөн 4-6 дугаар сард 120 мянган тонн АИ-92 автобензинийг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгээр тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 орчим хувийн хямдралтай авсан. Эргээд харахад “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд өнгөрсөн гурван сард 110 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэсэн. Энэ нь цаашид он дуустал үргэлжилнэ. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сард энэ хэлэлцээр дуусч байсан тул үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээр өрнөсөн. Тухайн үед буюу долдугаар сард нийлүүлэх шатахууны үнэ 1285 ам.доллар болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, бидний хямдралтай авч байсан үнээс дарай 30 гаруй хувиар өсчихсөн байсан. Бидний хэлэлцээрийн дундуур ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг Монголд айлчилж таарсан завшаантай хэрэг болсон.

-ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг Монголд айлчлаад буцахдаа дизель түлшний үнийг нэмчихлээ гэх хардлага цахим орчинд хөвөрсөн. Энэ тэгвэл ташаа мэдээлэл гэсэн үг үү?

– Яг тийм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой Монгол Улсын Ерөнхий сайд Л.оюун-Эрдэнэ уулзах үеэр шатахууны хэлэлцээрийн асуудлыг хөндөж тавьсан. Энэ нь улс төр болон эдийн засгийн талаасаа томоохон дэмжлэг болсон. Уулзалтын үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хэлэлцээрийн талаар ярилцсан. Үүний ч үр дүнд энэ он дуустал АИ92 бензинийг нэг литр нь 2390 төгрөг дээр тогтворжуулах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрийн үр дүнд нэг тонныг нь 830 ам.доллараар энэ оныг дуустал авна гэсэн үг.

-Тэгвэл дизель түлшний үнийг АИ-92 той адил нөхцөлөөр хямд үнээр авах боломж байхгүй юу?

-Дизель түлшний хувьд АИ-92 той адил урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломж хэцүү. Мөн хэрэглээний хувьд АИ 92-оос хоёр дахин илүү хэрэглээтэй. Яг ижил хэмжээний хөнгөлөлт эдлэхийн тулд их хэмжээний мөнгө Монголбанкнаас гаргах шаардлага үүснэ. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнд дизель түлшний хувьд тухайн сарын гэрээний үнээс таван хувийн хөнгөлөлт эдлэх гэрээг амжилттай үзэглэсэн.

Тэгээд ч ОХУ-ын хувьд ч дизель түлшний эрэлт их байгаа учраас үнийг хямдруулах сонирхол бага байгаа. Шатахууны үнэ өсөхөд гадаад зах зээлээс хамааралтай олон зүйл нөлөөлж байгаа. Нөлөөлөл бүрийг ямар ч Засгийн газар арилгах боломжгүй. Гэхдээ бидний хувьд иргэдийн нуруун дээр ирэх ачааг аль болох хөнгөлөх талаас нь байж болох бүх арга хэмжээг авч байгаа.

-ОХУ Европын хоригт орчихсон байгаа шүү дээ. Нэгэнт Европын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнээ борлуулах боломж хомс байгаа энэ үед манайд хямд үнээр нийлүүлэх боломжтой юм биш үү?

-ОХУ Европын улс орнуудад газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хомс байгаа ч БНХАУ, Энэтхэгт экспортлохоос гадна Саудын араб руу хүртэл газрын тосны бүтээгдэхүүнээ импортолж байгаа.

-Он гартал АИ-92 шатахуун 2390 төгрөгийн үнэтэй байх нь ойлгомжтой боллоо. Тэгвэл он гарснаар дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа үнээр авах нь. Ойролцоогоор хэдэн хувийн өсөлт үзүүлэх бол?

-Он гарснаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэд хүрэхийг яг одоо хэлэхэд хэцүү. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн асуудлуудаас шууд хамаарна. Дэлхийн банк болон олон улсын мэргэжлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар дунд, урт хугацаандаа түүхий газрын тосны үнэ буурах тооцоолол гарсан.

-Ер нь газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд өөрсдөө үйлдвэрлэхээс өөр гарцгүй. Өнөөх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай явж байна?

-Урт хугацаандаа шатахууны хараат бус байдалд хүрэхийн тулд газрын тосны үйлдвэрийг дотооддоо барих л асуудал бий. Уг асуудал манай улсын үе үеийн Засгийн газруудын тэргүүн зорилтуудын нэг байсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж байгаа газрын тосны үйлдвэр байгуулах ажил ид өрнөж байна. Ковидын үеийн хүндрэл тус бүтээн байгуулалтын ажлыг тойроогүй, дайрсан. Гэсэн хэдий ч ажил нь урагштай байгаа. Ямар ч байсан 2025 ондоо багтаж ашиглалтад оруулна гэсэн зорилттой ажиллаж байна.Тус төсөл таван томоохон хэсгээс бүрдэж байгаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны нийт хэрэглээний 55-60 хувийг дотоосоо хангах боломж бүрдэх юм. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний хувьд гаднаас хараат байдал энэ хэмжээгээр буурна. Цар тахал, дайны нөхцөл байдалд бидэнд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон байхын чухлыг маш сайн ойлгуулсан. Тийм учраас дотоодынхоо мега төслүүдийг зайлшгүй хөдөлгөх, урагшлуулах шаардлага тулгарч байна. Бид үйлдвэрлэгч орон болохгүй л бол гадаад дотоодын хүчин зүйлд эмзэг хэвээр байх нь тодорхой байна.Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгох,томоохон төслүүддээ ихээхэн ач холбогдол өгч байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс эдийн засгаа хэд дахин тэлж, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, аж үйлдвэржсэн Монгол Улс болох суурь бүрдэнэ.

-Ярилцлагын төгсгөлд асуухад энэ жил экспортод гаргахаар төлөвлөсөн уул уурхайн бүтээгдэхүүнүүдээсээ хичнээнийг нь гаргачихаад байна вэ. Төлөвлөгөөндөө хүрэх нь үү?

-Манай улсын экспортын 80-90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бол төсвийн орлогын 25-30 хувийг бүрдүүлж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 8.7 сая тонн нүүрс, 770 мянган тонн зэсийн баяжмал, 1.8 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 8.5 тонн алт Монголбанкинд тушаасан үзүүлэлттэй байна. Гүйцэтгэлийн хувьд тодотгосон төсвөөр нүүрс 48.4 хувь, зэсийн баяжмал 63.5 хувь, төмөр 35.6 хувь, алт 42.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Эрдэс баялгийн салбарын орлогын ихээхэн хувийг нүүрс болон зэсийн баяжмал бүрдүүлдэг. Нүүрсний тухайд БНХАУ-аас дэвшүүлсэн “Тэг ковид” бодлогын хүрээнд хил гаалийн нэвтрүүлэлт саармагжсан. Харин Засгийн газраас БНХАУ-ын талтай удаа дараа зөвшилцсөний үндсэн дээр хилээр нэвтрүүлэх авто машины тоо нэмэгдсэн.Сүүлийн үед өдөрт дунджаар 900 гаруй автомашинаар нүүрс экспортод гарч байна. Энэ бол харьцангуй сайн үзүүлэлт. Тухайлбал, ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед өдөрт 200 хүрэхгүй автомашин гарах тохиолдол ч байсан.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ буурсан шалтгаан юу байв?

-Зэсийн баяжмалын үнэ тодорхой хэмжээгээр буурч өнөөдрийн байдлаар 7190 ам. долларт хүрсэн байна. Сүүлийн хоёр жил нэлээд өсөлттэй байсан эрдэс баялгийн үнэ манай урд хөрш БНХАУ-ын ковидын дараах эдийн засгийн сэргэлттэй шууд холбоотой. Ер нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ковидын өмнөх болон дараах гэж ангилж харж болно. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь ковидын дараа ч өмнөх үзүүлэлтээсээ давж гарсан.

Энэхүү эдийн засгийн үзүүлэлт цаашид хэвээр хадгалагдах уу эсвэл удаашрах уу гэдгээс эрдэс баялгийн салбарын үнийн өсөлт ихээхэн хамаарах болов уу. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч рүү оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж байгаа энэ үед зэсийн хэрэглээ цаашид өсөж нэмэгдэх нь тодорхой. Тиймээс цаашид дунд, урт хугацаандаа зэсийн үнэ тогтвортой өснө хэмээн бодож байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зуун жилийн ой ба 100 жилийн хоцрогдол DNN.mn

Аймаг, сум, сургууль, цэцэрлэгийн тэгш ой шил шилээ даран тохиож байна. Тухайн аймаг сумдын удирдлагууд тэгш ойн баяраа дэнж хотойтол дэлгэр сайхан зохион байгуулахаар хэрэндээ л хичээж байгаа бололтой. Зарим нэг нь сумынхаа брэнд хонин сүргийг харуулахын тулд хүүхдүүдийг хонь болгоод талаар нэг бэлчээсэн бол зарим нь хүчит бөхийн барилдааны эхний даваанд 10 гаруйхан настай бяцхан хүүхдүүдийг ч барилдуулж олон түмнээ цэнгүүлж байна. Энэ мэт ойрд харагдаж үзэгдээгүй сонин содон нээлтүүд цаашид их л үзэгдэх бололтой. Бэлтгэлтэй л байгаарай та нар минь. Үнэндээ Монголчууд бидний тэгш тоо шүтсэн баяр наадмын хэнээрхэл хаана очиж дуусах юм бол. Бүхэл бүтэн нэгэн зууны түүхтэй суманд нь дэлхийд байтугай монголдоо танигдсан ганц ч үйлдвэр, брэнд бүтээгдэхүүн байхгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэчихсэн байхад юугаар огшиж, юугаараа ондооших гэж…

Тэгш ойн жилд зориулж тэрбум төгрөгөөр бурхан багшийн хөшөө босгосон түүх Сүхбаатар аймгаар л дуусаасай билээ. Өвлийн хүйтэнд бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадна дагжин чичирч модон жорлондоо дугаарласаар байхад 100 жилийн ойгоо тэмдэглэхээс ичих хэрэгтэй. Байнгын ажиллагаатай ганц ч халуун ус, шүдний эмнэлэг, бүтэн биеийн оношилгооны аппарат ч байхгүй эмнэлгийн байгууллага 100 байтугай 1000 жилийнхээ ойг тэмдэглээд яах юм бэ. Хот хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанар алд дэлэм байтугай хол зөрүүтэй байхад тэгш ойд зориулсан төгсөгчдийн хандиваар ширээ, сандал, ширдэг, буйдан авч байгааг ойлгох ухаан хайрла. Бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч үзүүлэнгээр биш үр дүнгээрээ бахархдаг, уралддаг цаг болсон л баймаар сан. Техник технологи, шинжлэх ухааны эрин үед зуун жилийн ойгоо 100 жилийн хоцрогдолтой баярлаж, хөөрч өнгөрүүлмээргүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Цог: Тариалангийн салбарынхан ашиг олох нь бүү хэл тариа тарьсан өртөг зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн DNN.mn

Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Цогтой ярилцлаа.


-Цар тахал болон дайны нөхцөл байдал бидэнд дотоодынхоо хүнсний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах нэн шаардлагатай гэдгийг ойлгууллаа. Үүний тулд тариалан эрхлэгчдээ дэмжих төрийн бодлого чухал байх л даа. Энэ жил хэчнээн мянган га талбайд тариалалт хийв?

-Атрын IV аян 2019 онд зарлагдсанаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл хоёр жилийн дотор 20 хувиар өссөн. 2019 онд жилд 520 мянган га-д үр тариа, ногоо, тэжээлийн таримал тарьдаг байсан бол 2021 оны байдлаар 620 гаруй мянган га талбайд тариалдаг болж нэмэгдсэн. Харин энэ жилийн тухайд цар тахал, геополитикийн асуудал, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг орц найрлагын өсөлт зэргээс болоод газар тариалан эрхлэгчдийн тоо буурсан. ХХААХҮЯ-наас өгч байгаа мэдээллээр 570 мянган га-д тариалалт хийсэн гэх мэдээлэл бий. Газар тариалангийн салбарт ажиллах нь өнөөдөр тарихаар шийдээд маргааш нь тарьчихдаг, нөгөөдөр нь хураагаад авчихдаг тийм амар зүйл биш. Тариаланчдын нэг жилийн нийт зардлын 33 хувь нь дараа жилийн уринш тарих зардал байдаг. Хэрэв энэ жил тогтсон хугацаандаа уриншаа бэлдэж чадахгүй бол дараа жил ургац авч, уринш бэлдэх боломжгүй болно. Энэ жил тулгамдсан санхүүгийн бэрхшээл, хор хөнөөл нь ирэх жилийн ургацанд нөлөөлж болзошгүй.Манай салбар эрүүл, аюулгүй хүнсээр улс орноо хангах үүрэг хүлээж байгаа. Тиймээс бидэнд тулгамдаж байгаа асуудал гэдэг бол улс орны хэмжээнд тулгамдаж байгаа асуудал юм л даа. Газар тариалангийн үйлдвэрлэлийн үнийн өсөлт, бүтээгдэхүүний орцын нийлүүлэлт тасалдсанаас үүдэн энэ өвлөөс эхлээд хүнсний хангамж тасалдах магадлалтай. Зөвхөн 2021 оны зунтай харьцуулахад хүнсний ногоо тасалдсанаас үүдэн үнийн өсөлт 3.5-4 дахин нэмэгдсэн.Гэтэл энэ өсөлт нийлүүлэлт хэвийн болсон ч эргэж буурахгүй байна.

-Шатахууны үнийн өсөлт газар тариалан эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тариалангийн компаниудын ашиглаж байгаа техник, технологиос шалтгаалж тарихаас хураах хүртэл нэг га тутам 20-35 литр түлш зарцуулдаг. Тухайлбал, 2000 га-д тариалан тарьдаг компани жилдээ 100 гаруй сая төгрөг түлшинд зарцуулдаг байсан бол энэ жил 200 гаруй сая төгрөг зарцуулахаар болж байна. Өнгөрсөн жил литр түлш 1900 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 4050 төгрөг болоод өсчихлөө.Энэ нь тариаланчдад маш хүндээр тусаж байна. Энэ бол ганцхан түлшний зардлын өсөлт. Түлшний зардал нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг. Үүн дээр бусад зардлууд болох ургамал хамгааллын бодис, бордоо гэх мэт тариалалтад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн өссөн. Тухайлбал, нэг тонн бордоо 1.300.000 төгрөгөөс 3.800.000 төгрөг, ургамал хамгааллын бодис 40.000-аас 120.000 төгрөг болоод өсчихсөн. Тариалахаас хураах хүртэлх зардал тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөгийг бий болгож байгаа. Үйлдвэрлэлийн өртөг хамгийн багадаа 80-200 хувь нэмэгдсэн нь тариаланчдад хүндээр тусч байна.

-Үйлдвэрлэлийн өртөг өснө гэдэг борлуулалтын ханш өсөхийн шинж биз дээ?

-Тийм л дээ. Одоогоор газар тариалангийн үйлдвэрлэл 80-200 хувийн үнийн өсөлттэй байна. Яг өдийд бид ирэх жил тариа тарих талбайгаа бэлдэх ёстой. Хоёрдугаарт, энэ жил хур бороо элбэгтэй байсантай холбоотой зэрлэг ургамлын гарц нэмэгдсэн. Энэ бүхнээс шалтгаалаад бидний түлшний хэрэглээ өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдэж байна. Түүнчлэн хэдхэн хоногийн дараа тарьсан ургацаа хураах цаг болж байна. Яг ийм чухал үед түлшний үнэ өсч байгаа нь газар тариалан эрхлэгчдэд хүнд тусч байна. Хэдийгээр түлшний үнэ өссөн нь зөвхөн газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусч байгаа мэт боловч үүний цаана Монгол Улсын нийт хүн амын хүнсний хэрэглээг хангах асуудалд бэрхшээл тулгарч байгаа хэрэг л дээ.

-Үнийн өсөлтөд нөлөөлж байгаа түлшний үнийг бууруулахад төрийн оролцоо дэмжлэг юу байна вэ?

-Түлшний үнийг төрөөс хүчээр буулгаж, тариаланчдад олгох нь ямар ч үр дүнгүй арга болчихоод байгаа. Энэ бол шийдэл биш. Манай улсын хэмжээнд төрийн оролцоотойгоор үнийг нь барьж байгаа хоёр салбар байгаа нь газар тариалан, эрчим хүч. Улс түлшний зардлыг хямдрууллаа гэж бодоход энэ зардал нь тариаланчдын нийт өртөгийн ердөө л 20-30 хувийг эзэлж байна. Тэгэхээр үлдсэн 80 хувийн зардлыг бүгдийг нь төрөөс бууруулах юм уу. Тийм боломж байхгүй. 2021 оны байдлаар нэг га-д зарцуулж байгаа өртөг 480-590 мянган төгрөг байсан. Энэ жил одоогийн байдлаар будааны өртөг 650-780 мянган төгрөгийн өртөгтэй байна. Бидний нэг га-д зарцуулах зардал ийм өндөр байхад өнгөрсөн жил төрөөс нэг тонн будааг 650 мянган төгрөгөөр авсан. БНХАУ-д дотоодын тариаланчдаасаа нэг тонн будааг 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байна. Гэтэл манай улс БНХАУ болон ОХУ-аас ургамал хамгааллын бодис, бордоо, түлш, техникүүдээ импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн 90 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Гэтэл БНХАУ-д тонн будаа 1.600.000, ОХУ-д 1.000.000 төгрөгийн ханштай байхад манайд 650.000 төгрөгийн ханштай байгаа нь салбарт эрүүл бус харилцаа бий болсны дохио. Төрөөс түлшний үнэд хөнгөлөлт үзүүлсэн учраас тариалангийн салбар үнээ нэмэхгүй байх үүрэг өгдөг. Энэ нь тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Цаашид тариа тарих, энэ салбарт ажиллагсдын тоо хэмжээнд хүртэл нөлөөлнө. Тариалангийн салбарынхан ашиг олох нь бүү хэл тариа тарьсан өртөг зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Тэгвэл дараа жил хэн тариа тарих вэ. Тиймээс эрүүл харилцаа талаасаа төрийн зохицуулалт буруу байна.Үнэндээ, дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ, хөгжүүлнэ хэмээн уриалж байгаа боловч улаан буудай, рапсын тариалалтыг хязгаарлаад байгаа нь дэмжлэг мөн үү. Энэ байдлаараа улаан буудайн үнийг төрөөс удаан барих юм бол ирэх жил улаан буудайгаа тариалж чадахгүй. Өмнө нь 620 мянган га-д тариалалт хийж байсан бол энэ жил 570 мянган га болж буурсан. Бид ойролцоогоор 50 мянган га-д тариалалт хийж чадаагүй буюу нийт тарих талбайнхаа 10 хувьд тариалалт хийж чадаагүй байна. Ирэх жилүүдэд энэ тоо 20-30 хувьд хүрвэл юун дотооддын хүнсний хэрэглээгээ хангах байтугай, хүнсний хомсдолд орох магадлалтай. Угтаа зах зээлийнхээ зарчмаар газар тариаланг хөгжүүлбэл бид дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрэн бий.

-Уг нь, шатахууны хөнгөлөлт, зээл, урамшуулал олгох гэх мэтээр газар тариалан эрхлэгчдийг төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Эдгээр дэмжлэг нь бодит дэмжлэг болдоггүй гэж үү?

-Түлшний дэмжлэгийн тухайд жижиглэнгийн үнэ нь 4050 төгрөг байхад бөөний үнээр буюу 3900 орчим төгрөгөөр бодож 100-150 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж гэрээ хийдэг. Хавар,намарт авсан түлшний зээлээ намар эргүүлээд будаагаараа төлдөг. Монгол Улсын хэмжээнд 570 мянган га талбайд тариалалт хийж, 340 мянган га-д үр тариа тариалсан гэж тооцоход ХААДС-аас нийт үр тарианы 20 хувьд л зарцуулах түлшний дэмжлэг олгодог. Одоо тариаланчид улс дахиад улаан буудайн үнийг барьчихвал дампуурна гэсэн айдастай байна.

-Манайх чинь чөлөөт зах зээлд ардчилал гарснаас хойш шилжсэн шүү дээ. Төр газар тариалангийн салбар тэр дундаа улаан буудайн үнийг хүчээр үргэлжлүүлэн барих боломжтой гэж үү?

-Үнэндээ манайх чөлөөт зах зээлтэй гэж хэлэхэд үр тариа, эрчим хүчний үнийг хязгаарлачихаад байгааг юу гэж ойлгох вэ. Үүнээс чинь болоод газар тариалан эрхлэгчид үр тарианы салбараас татгалзахад хүрч байна. Хэрэв импортоор ОХУ-аас улаанбуудай авах юм бол тонныг нь 1.300.000 төгрөгөөр авахаар байгаа. Дотооддын үйлдвэрлэлээ дэмжинэ гэх хоосон уриа лоозон эсрэгээрээ дотооддын үйлдвэрлэлээ боймилж байна. Энэ бүх шалтгааныг том зургаар нь аваад үзвэл Худалдааны яам байдаггүйтэй холбоотой. Хэрэв Худалдааны яамтай байсан бол манай улс бодлого, стандарт, төлөвлөлт, зохицуулалттайгаар дотоодын бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжтой байсан. Дээр нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд ямар ч хяналт алга. Дотооддоо үйлдвэрлэх зардлаас гадаадаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалах нь илүү ашигтай байна. Ингээд бодохоор хэн үйлдвэрлэгч байхыг бодох вэ. Энэ мэтээр бодлого зохицуулалт байхгүйгээс дотоодын үйлдвэрлэлүүд хаалгаа барихад хүрч байна. Хэрэв зөв бодлого хэрэгждэг бол улаанбуудай дээр ярихад бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна улсын нөөцөд 50-100 мянган тонныг хуримтлуулаад илүү гарсан бүтээгдэхүүнээ зараад нэг их наяд төгрөг олох боломж бий.

-Энэ жилийн тухайд тариалалтын ургац ямар байна вэ?

-Байгаль цаг уурын тухайд таатай сайхан байгаа. Гэхдээ Монгол Улсын баруун бүс гантай байгаагаас газар тариалангийн үйлдвэрлэл хүндхэн байдалд орсон. Энэ хавар тариалалт эхлэх цагаар мөнгө санхүүгийн хямралд нэлээд орсон. Манай улсын хэмжээнд үр тарианд жилд 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг. Бид 2021 онд бордоо шаардлагатай газрынхаа 30 хувьд нь бордоо ашигласан. Харин энэ жилийн тухайд 2000 тонн л бордоо ашигласан. Бордоо ашигласнаар таримал бүтээгдэхүүний гарцыг 40-60 хувь хүртэл нэмэгдүүлдэг. Энэ жил ийм бага хэмжээгээр бордоо авсан нь үнийн өсөлт, хил гаалийн гацаа, дайны нөхцөл байдлаас шалтгаалсан.БНХАУ энэ жил фосфорын бордооныхоо экспортыг зогсоосон. Фосфорын бордоо үрийн чанарт нөлөөлдөг. Харин ОХУ азотын бордоогоо экспортлохоо зогсоосон. Азотын бордоо тухайн таримал бүтээгдэхүүний жинг өсгөдөг. Гэтэл энэ жил бордооны хэрэглээ эрс багассан учраас байгаль цаг уурын таатай нөхцөлд найдаж суухаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Мишээл”-ийн Б.Энх-Амгаланг Дарханы зам дээр ажиллуулъя DNN.mn

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны зургадугаар сарын 18-нд эхлүүлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, улсдаа төдийгүй бүс нутагтаа томоохон хэмжээнд тооцогдох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх үйл ажиллагааг албан ёсоор нээснээс хойш гурван жилийн нүүр үзжээ. Хамгийн ичмээр нь тухайн үед дээрх чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтэд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын алба хашиж байхдаа оролцож, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд тус ондоо багтааж ашиглалтад оруулахыг үүрэг болгосон байдаг. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ч тухайн үед 2019 ондоо багтааж дуусгана гэх ам өчиг өгсөн нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдийн амь насыг үйж, эд хөрөнгийг сүйтгэсэн “там” болсон Дарханы зам ашиглалтад орох нь бүү хэл бүтээн байгуулалт нь ч эрчимтэй өрнөөгүй хэвээр байна. Гэтэл тухайн ондоо багтааж дуусгах үүрэг, амлалт өгсөн хүмүүс өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий суусаар л байна. Үнэндээ 200 гаруйхан километр дөрөвхөн эгнээ замыг бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж чаддаггүй ийм дорой төр засгийн удирдлагуудтайгаасаа ичиж байна. Чадалтай, сэтгэлтэй, зүтгэлтэй төр засгийн удирдлагатай улс орнуудад гурван жил байтугай гурван сарын дотор 200 км зам барьж байна шүү дээ. Уг авто замын бүтээн байгуулалтын ажлын тендерт БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгарч, ажлаа эхлүүлсэн гэдгийг тухайн үеийн зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдэж байсан. Гэтэл өнөөх туршлагатай гэх компаниуд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өмнө нь зам барьсан ямар ч туршлагагүй гэдэг нь нэгэнт ил болсон. Туршлагагүй компани тендерт оролцуулж, шалгаруулсан хэргээр холбогдох албан тушаалтнуудыг АТГ-аас шалгахаа мэдэгдсэн. Байдал бишдсэнийг мэдсэн зарим нэг албан тушаалтнууд уснаас хуурай гарахын тулд “Дарханы замын тендерт миний оролцоо огтхон ч байгаагүй” хэмээн мэдэгдээд эхэлсэн. УИХ-ын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилсон байдаг. Сайдын ажлаа хүлээж авснаас дөрвөн сарын дараа Дарханы замын өргөтгөлийн ажлыг Б.Энх-Амгалан эхлүүлсэн. Тэгэхээр өнөөдрийн Дарханы зам түүнтэй салшгүй холбоотой.Монголчууд бид “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ. Мишээл экспогийн эзэн, Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Дарханы зам дээр ажиллуулъя. Түүнд гурван жилийн өмнө олны өмнө амласан амлалтдаа хүрэх боломж олгоё. Хариуцсан ажилдаа эзэн болдоггүй, гавьяа байвал хүртэж, гай байвал зугтдаг тогтолцоог халж, буух эзэн буцах хаягтай, хариуцлага хүлээдэг эзэнтэй байцгаая л даа. Аль болгон алдаа гаргаж, авлига авахаар нь ажлаас нь чөлөөлөх нэрийдлээр толгойг нь илэх вэ. Угтаа өнөөдрийг хүртэл Дарханы зам дээр амь насаа алдсан, эд хөрөнгөө эвдсэн бүх хохирлыг Б.Энх-Амгалангаас нэхэх ёстой. Тэр анхнаасаа завхруулсан ажлынхаа зангилааг олж, иргэдийг аюулгүй, ая тухтай замаар зорчих боломжийг олгох ёстой. Тэр угаас иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ хүн. Дарханы замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд газар дээр нь очиж ажиллаагүй төрийн түшээд үлдсэнгүй. Харамсалтай нь урагшлах биш урагшгүй байх нь их. Одоогийн Зам тээврийн сайд толгойноосоо салахгүйн тулд бараг л тэнд амьдрах нь холгүй байгаа. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж сүрийг үзүүлсэн. Харин уг замын эхлэлийг тавьсан Б.Энх-Амгалан Дарханы замыг эргэж тойрох нь бүү хэл, бараагаа ч харуулахгүй зугтаж байна.Дарханы замыг там болгож, хөрстэй юутай нь хуулж орхичихоод өөрийн сонгогдсон Говь-Алтайдаа зам тавьж оноо цуглуулах оролдлого хийж явахаасаа ичих хэрэгтэй.Түүний хариуцсан улсын ажил урагшилдаггүй хувийн бизнес нь харин улам цэцэглэн хөгждөг нь гайхмаар.Улсын ажил, хувийн бизнестээ хоёргүй сэтгэлээр хандмаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Цогтгэрэл: АИХ байгуулснаар төрийн тогооны цоорхойг бөглөж, хуулийн завхралыг цэгцлэх ёстой DNN.mn

Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-ҮХНӨ оруулах эсэх асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж байна. Та уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-ҮХНӨ оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь 2019 онд оруулсан ҮХНӨ нэлээд дутуу дулимаг хийгдсэн нь нийгэмд дахин цогц шинэчлэл хийх шаардлага байгааг харуулж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэдийн 85-90 орчим хувь нь дэмжиж байна. Энэ бол нийгмийн захиалга. Үүнд эрх баригчид соргогоор хандаж, уг өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар ямар асуудлыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байна вэ?

-Гурван чухал асуудал бий. Нэгдүгээрт, эдийн засгийн бүлгийг нэмж оруулах, хоёрдугаарт, орон нутагт намчирхалыг саармагжуулах чиглэлд бас нэгэн заалт хэрэгтэй. Гуравдугаарт, УИХ-д ялж, олонх болсон намаас томилогддог байгууллагуудын хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд хэрэгтэй. Дээр дурдсан асуудлууд ганц нэгхэн заалтуудаар хязгаарлагдахгүй нь мэдээж Тэр дундаа эдийн засгийн асуудал нэлээд өргөн хүрээнд яригдана. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ оруулах асуудлаар танилцуулсан сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, мөн Ерөнхийлөгчийн томилгооны асуудлууд бий. Миний тухайд сонгуулийн пропорционал тогтолцоог Сонгуулийн хуулийн хүрээнд ашиглах боломжтой хэмээн нээлттэй орхих бус хуульчлах шаардлагатай гэж үздэг. Бид ийнхүү сонгуулийн тогтолцоогоо пропорционал байхаар хуульчилж, бөхөлж өгвөл олон шинэчлэлийн эхлэл тавигдана. Мөн Ерөнхийлөгч УИХ ба өргөтгөсөн байдлаар буюу бүх шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөн оролцоог хангах ёстой. Үүний тулд анхан шатны иргэдийн хурал нь улс төрийн намын оролцоогүй зөвхөн иргэдээсээ байгуулагдсан байх ёстой.

-Одоо ч анхан шатны ИТХ иргэдээсээ бүрддэг шүү дээ?

-Хэлбэрийн хувьд тийм боловч агуулгын хувьд иргэдийн хурал гэж байгаа ч намуудын хурал болоод хувирчихсан шүү дээ. Энэ байдлыг халж “жинхэнэ” иргэдээсээ сонгогддог анхан, дунд шатны ИТХ-тай байж, түүний төлөөллөөр дамжуулж Ерөнхийлөгчөө сонгоход Үндэсний эрх ашгийг хангалттай төлөөлөх бололцоо бий болно. Магадгүй анхан шатны ИХТ-ийн дарга нараас бүрдсэн, мөн сонгогддог, томилогддог дарга нараас бүрдсэн Үндэсний эрх ашгийг хамгаалах төлөөлөгчдийн танхим буюу Ардын их хурлыг байгуулж болно. Уг асуудлыг ярихын тулд хоёр танхимын асуудал яригдана. Гэхдээ уг төлөөлөгчдийн танхим бүх хуулийг хэлэлцэж баталдаг биш, зөвхөн ёсчилдог эсвэл хориг тавьж буцаадаг байж болно. Мөн УИХ, Засгийн газраас байгуулагддаг зайлшгүй хараат бусаар ажиллах шаардлагатай Монголбанк, АТГ, Ерөнхий Прокурор, Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, СЕХ, Аудитын Ерөнхий газар зэрэг байгууллагуудын удирдлагыг томилох эрх нь Ардын их хуралд байх ёстой хэмээн үзэж байна. Үүний үр дүнд манай улсад парламентат ёс жинхэнэ утгаараа бэхжих юм. Хамгийн гол нь өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга бус байдал, авлига, хээл хахуулиас ангижрах бололцоо бүрдэнэ. УИХ-аас одоо яригдаад байгаа ҮХНӨ-ийн хүрээнд асуудлыг авч үзвэл Монголд шударга ёс тогтож, авлигаас салахгүй, төгрөгийн ханш тогтворжихгүй, гадаадын өр багасахгүй. Одоогийн яригдаж байгаа өөрчлөлтүүдийг хийснээр нийгмийн хүсэн хүлээсэн өөрчлөлт бий болох уу, үгүй юу. Эерэг хариу гарахгүй л байгаа. Үүнийг эрх баригчид ойлгож байгаа байх. Зөвхөн намын эрх ашгийг бодох биш Үндэсний эрх ашгийг бодох түүхэн цаг үе тулгараад байна.

-Иргэд төрийн данхар байдлыг халж, цомхон чадварлаг байхыг шаардаж байна. Энэ үед хоёр танхим байгуулж, Ардын их хурал байгуулах зэрэг асуудал хөндөгдөхөөр эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гэсэн хардлагатай байх шиг байна?

-Шууд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярихаар нийгэмд гарцаагүй иддэг, уудаг, эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гэсэн ойлголт бий болж байгаа юм. Манай Монгол Үндэсний Ардчилсан намын болон бусад төр, нийгмийн зүтгэлтнүүдийн дэвшүүлж байгаа хоёр танхимтай болох, АИХ байгуулах тухай асуудалд ямар ч идэж, уух, эрх мэдэлд хүрэх тухай асуудал хөндөгдөхгүй. Учир нь тус АИХ жилдээ хоёр удаа ч юм уу, шаардлагатай үед зарлаад хуралдуулах хурлын тухай яриад байгаа юм. Хоёрдугаарт, уг АИХ-ыг байнгын үйл ажиллагаатай болговол хяналтын чиг үүрэгт нэлээд шилжүүлэх учиртай. УИХ-ын бүрэн эрхт “хуулийн хэрэгжилтийг хянах” хэмээн заасан. Уг асуудал бүрэн орхигдсон. Одоо амьдралд нийцэж, хэрэгжих, хэрэгжихгүйгээс үл хамаараад 800 гаруй хууль баталчихаад байна. Тиймээс бодит байдал дээр хуулийн хэрэгжилт ямар байгаа, төрийн өмч, төсөв санхүү ямар байгааг хянадаг шалгадаг газар алга. Тиймээс АИХ-аас хяналтын хороо байгуулагдвал төрийн өмчөөс, улсын мөнгөнөөс өөрийн мэт идэж, уудаг урт гартнуудын тоо багасаж, цаашлаад манай улс хөгжлийнхөө зөв гольдролд орох юм. Харин одоогийн үрэлгэн зардал, хяналтгүй идэж уудаг байдлыг хоёр танхим ажиллахтай харьцуулахад тэмээ, ямаа, тэнгэр газар шиг зүйл л дээ.Тиймээс “Бог өгч байгаад бод иднэ” гэдэг шиг АИХ байгуулж, төрийн тогооны цоорхойг бөглөж, хуулийг завхралыг цэгцлэх ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчилснөөр олон намын төлөөлөл төрд гарах боломжтой хэмээн үзэж байгаа. Үнэхээр пропорционал тогтолцоонд шилжснээр олон намын төлөөлөл төрд суух боломж бүрдэх үү?

-Ер нь бол гудамжинд хэрэлддэг биш, ордонд ороод хэлэлцдэг, мэтгэлцдэг, мэдлэг оюун, бодлогоороо уралддаг байх нь зүйтэй. Энэ үүднээсээ олон намын төлөөлөл парламентад суух эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, гадаад дотоодын олон хүчин зүйлийг харахад парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлага нэгэнт бий болчихсон байна. Парламентын засаглалыг бэхжүүлдэг үндсэн хоёр элемент нь улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо. Дан пропорционал биш шүү. Манай нам холимог тогтолцоог дэмжиж байгаа. Мөн пропорционал тогтолцоо улс төрийн намуудыг хөгжүүлдэг. Парламентын засаглалыг бэхжүүлдэг дараагийн бас нэг зүйл нь улс төрийн намууд. Манайд улс төрийн намууд огтхон ч бэхжээгүй байна. МАН-ын үндэс сайн тавигдаж, 100-н жилийн нүүр үзсэн учраас оршин тогтноод байгаа болохоос биш яг бодлогын нам болж чадаагүй л байгаа. Боловсон хүчин, судалгаа шинжилгээний хувьд болоогүй л байна. Сонгуулийн тогтолцоогоо пропорционал тогтолцоогоор өөрчиллөө гээд шууд л 5-6 намын төлөөлөл төрд ороод суучихна гэж бодохгүй байна. Эрх баригчдын хүсэл зоригоос ихээхэн хамаатай. Хэрэв намуудын босгыг нэг хувь болговол 4-5 намын төлөөлөл орж ирнэ. Үгүй бол бахь байдгаараа л байна.

-Том намуудтай харьцуулахад жижиг намууд мөрийн хөтөлбөр, үнэт зүйл, үзэл баримтлалаа иргэдэд танилцуулах боломж хомс шүү дээ. Жижиг, том нам байхаас үл хамаарч, ижил тэгш байдлаар олон нийтэд өөрсдийгөө танилцуулах боломж бий юү?

-Сонгуулийн тогтолцоо, санхүүжилтээс шууд хамаарна. Сонгуулийн тогтолцоо пропорционал болсон тохиолдолд намууд төлөвших суурь бий болно. Хоёрдугаарт,намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулахад төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгодог, шуудангийн зардлыг нь даадаг гэх мэт санхүүгийн хөшүүрэг бий болсон цагт л бодитойгоор олон намын тогтолцоо руу явна. Жижиг гэлтгүй намууд төлөвшинө. Бид асуудлыг биеийн хэмжээгээр сэтгээд байна. Динозавр байгаад жижиг толгойтой байх уу, эсвэл шонхор шувуу шиг хурдтай байх уу гэдэг өөр асуудал.Том багаасаа илүүтэй ухаан бодлоо уралдуулж, тооцоо судалгааны үндсэн дээр боловсруулсан мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байгаасай л гэж бодож байна.

-Гишүүд давхар дээлтэй байхыг дэмжих үү?

-Ямартай ч үндэсний эрх ашиг засаглах Ардын их хуралтай болсон тохиолдолд давхар дээлтэй Бага хурал байж болох юм. Тэр тохиолдолд хяналт тавих боломж бүрдэнэ. Үгүй бол хянах механизм байхгүй тохиолдолд давхар дээлтэй байна гэдэг бол төсвөө өөрөө батлаад, өөрөө зарцуулаад, өөрөө түүнийгээ хянана гэсэн үг. Энэ бол аль ч оронд байдаггүй, хэрэгждэггүй, шударга ёсыг тогтоодоггүй систем. Зарим нэг хүмүүс бусад оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хэмээн тайлбарладаг. Энэ бол парламент нь 600-700, 400-500 гишүүнтэй орнуудад л байдаг. Гэтэл манайх шиг нийт парламентын гишүүдийнх нь 20-25 хувь нь парламентын гишүүн болчихоор УИХ-аа базчихаад байдаг талтай. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

​Н.Баярсайхан: Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтууд зөвхөн цаасан дээр үлдэх учиргүй DNN.mn

Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах талаар байнга ярьдаг ч бодит байдал дээр үр дүн гаргахуйц түншлэл болж чадахгүй л байна-


Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон “Говийн бүсийн чуулга уулзалт”-ын талаар “Хил хязгааргүй алхам”ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.


-Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган зохион байгуулагдсан. Та тус чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Чуулганы зорилго бол тодорхой байсан л даа. Говийн бүсэд уул уурхай эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, иргэд, малчид гээд уул уурхайн нөлөөнд өртөж байгаа бүхий л талууд нэг танхимд цугларан харилцан ярилцсан.Тэдний дунд үл ойлголцол бий болгоод байгаа асуудлын талаар уг чуулганы үеэр ний нуугүй ярилцаж, хамгийн гол нь талуудыг ойлголцуулах зорилготой байсан. Уг зорилгоо хангасан гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, иргэдэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг харьцуулах боломж олголоо. Тус чуулганы үеэр говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа томооохон ААН, компаниуд танилцуулга хийсэн. Жижиг, дунд, бичил уул уурхай эрхлэгчид оролцсонгүй. Тус чуулганы үйл явцыг шууд дамжуулсан нь говийн бүсийн иргэд мэдээллийг цаг тухайд нь авч хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийг ялгаж салгаж хооронд нь харьцуулсан байх.Уул уурхай эрхэлдэг л бол бүх ААН, компаниуд муу муухай биш. Тэд зохион байгуулалт, менежментээ сайн хийх юм бол хөгжилд хөтлөх боломж байгаа гэдгийг харсан байх. Компаниудад үүрэг хариуцлага хүлээлгэвэл тэд хариуцлагатай байж, хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг оролцогчид харсан байх. Түүнчлэн жирийн иргэд, малчид уул уурхай эрхлэлттэй холбоотой чуулга уулзалтад сайн дураараа ирж оролцоод, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдогийн тод жишээ уг чуулганы үеэр илэрсэн. Зарим нэг малчид нь үгээ, үзэл бодлоо эмх цэгцтэй хуулийн дагуу товч, тодорхой илэрхийлж байгаа нэгнийгээ хараад “Бид ч бас ингэж ярьж сурах хэрэгтэй” юм байна гэж биенээсээ үлгэр дуурайлал авч байна. Малчид байр сууриа нэгтгэж, эрх ашгаа хамгаална гэдэг бол манай улсад ардчилал амьд оршиж байгаагийн бас нэг илэрхийлэл боллоо. Ялангуяа Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний зүйл заалт орохоор яригдаж, шүүмжлэл дагуулаад байгаа энэ үед иргэд, малчид өөрсдийнхөө дуу хоолой, үзэл бодлыг хэнээс ч хараат бусаар илэрхийлж байгаа нь бусаддаа урам зориг өглөө гэж харж байна.

-Талууд ямар ямар асуудал дээр нэгдсэн ойлголцолд хүрч, хамтарч ажиллахаар хэлэлцэв?

– Оролцогч талууд ойр ойрхон уулзаж, харилцан мэдээллээ солилцож байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нөлөөллийн бүсийнхээ иргэлдтэй, зөрчил маргаан үүсгээд байгаа талуудтайгаа уулзалт хийж, мэдээллээ солилцох нь маш чухал байна. Нөгөө талаас компани юуг нууцлах, юуг нууцлахгүй байх ёстой юм бэ гэдэг нь тус чуулганы үеэр тод харагдаж байсан. Тухайлбал уул уурхай эрхэлдэг нэг аж ахуйн нэгжийн төлөөлөл “Манай байгууллагын ус ашиглалтын талаарх мэдээлэл нууцын зэрэглэлтэй” гэж хэлж байхад өөр нэг компанийн төлөөлөл ус ашиглалтын мэдээллээ бүгдийг нь ил тод тавьж, усны индексийн үзүүлэлтээ олон нийтэд нээлттэй хүргэж байна.Үүнээс оролцогч талууд хэн хэн нь ямар мэдээлэл нээлттэй, ямар мэдээлэл хаалттай байх ёстой талаар дүгнэлт хийсэн байх. Түүнчлэн ил байгаа мэдээллийг хэрхэн яаж ашиглаж болохуйц, шаардлага хангасан, хүртээмжтэй, бодитой, үнэн, ойлгомжтой байх зэрэг мэдээллийн чанарын асуудлыг давхар хөндсөн. Дараагийн бас нэг чухал үр дүнгийн талаар хэлэхэд ганцхан уул уурхайн лизенцийн асуудлыг хөндсөнгүй. Хил, боомт, гааль, тээвэр, хүний эрх, нийгэм, тээвэр ложистик гэх мэт цогц асуудлын талаар ярьсан нь эрдэс баялагийн салбараа бүтнээр нь харж ярилцлаа. Энэ бол бас нэгэн чухал үр дүн байлаа.

-Тус чуулганд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нэлээд идэвхтэй оролцсон шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал, санаачилга гаргав?

-Иргэний нийгмийн байгууллагууд иргэдээсээ ялгарах голонцлог нь асуудлыг арай тусгайлан авч үзэж,асуудалд мэргэжлийн үүднээс хандаж байлаа. Асуудлыг хууль эрх зүйн хүрээнд авч үзэж, шинэчлэлт өөрчлөлтүүдийг шат дараатай хийхэд иргэд, малчид, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, иргэний нийгмийнхэн хамтрач ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн тус чуулганы үеэр орон нутгийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн гарснаар ажлын байранд иргэдийг зуучилж, компанийн нийгмийн үр өгөөжийг зэрэгцүүлж мэдээллэх боломжийг олгосон нь зохион байгуулалтын хувьд үр дүнтэй байлаа.

– Тэгвэл чуулганы үеэр цаашид анхаарах шаардлагатай учир дутагдалта зүйлүүд юу байв?

-Хамгийн гол нь говийн бүсийн уул уурхай эрхлэгчид, талуудын төлөөлөл яуулаад маш чухал асуудлуудыг хэлэлцэж байхад салбар дундын нэгдсэн бодлого, ажлын уялдаа, институт хоорондын бодлого, төр захиргааны бодлого, орон нутгийн засаг захиргааныэрх мэдэл хэрхэн зөрөлдөж, ямар хэмжээнд уялдаа холбоотой ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Салбар дундын байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, тээвэр ложистик, хил гаалийн бодлого нь ямар уялдаа холбоогүй байгааг харууллаа. Бид бүгдээрээ тогтвортой хөгжлийн зорилтын талаар ярьдаг. Байгаль орчинд түшиглэсэн эдийн засаг, засаглалын бодлогын талаар ярьж байгаа. Гол нь олон улсын өмнө амласан энэ зорилгынхоо төлөө явахгүй, зорилгоо хангаж чадахгүй байна. Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтууд зөвхөн цаасан дээр үлдэх учиргүй. Эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж байгаад үр дүнгээс нь аваад тогтвортой хөгжлийн тайландаа шигтгээд оруулчих юм байна л даа. Түүнээс биш бодлого нь уялдаатай явахгүй байна. Мөн чуулганыг зохион байгуулах талаараа иргэд, олон нийтэд мэдээлэл хүргээгүй юм байна. Тиймээс уул уурхайгаас үүдэн эрсдэлд орж байгаа иргэд ирж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа учраас хөгжлийн асуудал яригдахгүй, тулгамдсан асуудлуудаа түлхүү ярьж байна.

-Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайн салбарын үзүүлж байгаа нөлөөллийн талаар талууд ямар байр суурь илэрхийлэв?

-Тус чуулганы үеэр ерөөсөө хөндөгдөөгүй сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт байлаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайн салбар ямар нөлөө үзүүлж байгаа талаар хариуцсан яамд огт ярьсангүй. Хүмүүс ч мэдэхгүй байна. Биологийн төрөл зүйл маш чухал. Биологийнтөрөл зүйлийн амьдрах орчин байхгүй. Говийн бүсийн тээвэр, ложистикийн газрын зургаас харахад Таван толгойгоос нарны цацараг мэт зам салаалчихсан байна. Гэтэл үүнийг нэгтгэсэн төрийн бодлого алга. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах талаар байнга ярьдаг ч бодит байдал дээр үр дүн гаргахуйц түншлэл болж чадахгүй л байна.

-Уул уурхай ил тод байх нь орон нутагт ямар үр нөлөө үзүүлэх вэ. Уул уурхайн компаниуд үнэхээр ил тод байж чадаж байна уу эсвэл зөвхөн нэр төдий байна уу?

-Бүгд чада чадах хэмжээгээрээ ил тод байна. Гэхдээ хэзээний мэдээлэл, түүнийг нь яаж ашиглах нь тусдаа асуудал. Компани ийм ийм шаардлага хангасан мэдээлэл гаргаж тавьсан бол ил тод, нээлттэй байдлын шаардлагыг хангасанд тооцно гэсэн стандарттай болмоор байна. Өөрөөр хэлбэл нээлттэй ил тод байдлын стандарт гаргах хэрэгтэй. Ил тод байдал нь иргэнд хэрэгтэй байна уу, хүний эрхийг хангуулахад хэрэгтэй байна уу. Бид хүний эрхэд ээлтэй дата мэдээллийн талаар ярьдаг хэлэлцдэг болж хөгжчихөөд байхад өнөөх ил тод байх асуудлаа ярьсаар л байх юм уу. Тиймээс комдани бүрт нээлттэй, ил тод байх асуудлыг хариуцлага болгон үүрэгжүүлж, жил бүр ил тод байдлын талаар тайлан гаргаад иргэдэд хүргэхэд анхаарч ажилламаар байна. Түүнээс биш ил тод байдлын маягтбөглөх төдийхнөөр тайлагнадаг баймааргүй байна. Иргэдэд зориулсан төсөв гэдэг шиг иргэдэд зориулсан ил тод байдлын тайлан гаргадаг байх нь чухал юм. Хэрэв уул уурхайн компаниуд өөрсдийн эрхэлж байгаа бизнесээ хариуцлагатай, тогтвортой авч явахын тулд өөрсдөө санаачилга гаргаж, иргэддээ хүргэхээс өөр аргагүй. Ил тод байх нь компанид ямар ач холбогдолтой гэхээр бизнес нь тогтвортой, хөрөнгө оорууулалтыг татна, бизнесийн сайн түүх бүтээхээс гадна ямар нэгэн байдлаар албан бус хандив,авлигад шахагдахгүй. Учир нь манай компани татвараа төлчихсөн, хуулиа хэрэгжүүлж байгаа гээд нүүр бардам хэлэх боломжтой. Угтаа энэ салбарт ямар нэгэн байдлаар хандив байх ёсгүй шүү дээ. Яагаад байгаль орчинг нөхөн сэргээх, хүний эрхийг хангах, нүүлгэн шилжүүлэлтэд мөнгө зарцуулахгүй хэрнээ яагаад уул уурхайн компаниуд хандив өгөөд байна вэ. Уг хандив нь татварын дараах цэвэр ашгаасааөгч байна уу, эсвэл татварын өмнөх ашгаасаа өгөөд байна уу. Энэ мэт олон эргэлзээтэй асуудал бий. Монголчууд чихэр өгөхөөр хууртдаг жаахан хүзхэд шиг бамааргүй байна.

– Говийн бүс тэр дундаа Өмнөговь аймаг уул уурхайн хөгжлийн жишиг болж байгаа. Гэтэл эдийн засгийн үнэлгээ нь нэгдүгээрт тавиалд бусад асуудлуудыг хойш тавих үзэгдэл ажиглагдажбайна л даа?

-Их чухал асуудал хөндлөө. Өмнөговь аймгийн малчдаас нэг нь ч мөнгө нэхэхгүй байгаа. Магадгүй Дороноговь аймгийн малчид худаг гаргаж өг, манай хүүхдийн сургалтын төлбөрийг төлж өг гэнэ. Гэтэл Өмнөговийн малчид 250 сая төгрөг юу ч биш гэж хэлж чадаж байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр уул уурхайн бүс нутгийн иргэд малчид мөнгө чухал биш бидний амьдрах орчин чухал байна. Тиймээс биднийг зүгээр л тайван байлгаад өг гэж байна.Тэд нүүдэлчин ахуй өв соёлоо уламжлалт байдлаар нь хадгалахыг хүсч байна. Уул уурхайг дагаад эдийн засаг нь өсч байгаа аймгууд мөнгийг яаж үрэх тухай л бодож байна. Их мөнгөнд толгой нь эргэчихсэн байна. Харин бусад аймгууд бид яаж мөнгө олох вэ, байшаа мөнгөө яаж зохисто, үр дүнтэй зарцуулах вэ гэж харж байна. Их мөнгөтэй гэнэт нүүр тулчихлаа. Зарим талаараа улсын төсөвтэй дүйцхүйц хэмжээниймөнгийг зарим нь захиран зарцуулж байна. Тиймээс ийм хэмжээний мөнгийг зөв захиран зарцуулах менежмент,чадавхи, удирдлагуудад нь байна уу. Хууль эрхзүйн орчин байна уу, иргэд нь хяналттавьж чадаж байна уу гээд харахаар их мөнгийг захиранизарцуулах эрх мэдлийн шоконд орчихсон байна. Ийм үед төр засгийн бодлого зөв гарч байж жишиг уул уурхай хөгжсөн, хүний эрх дээдлэгдсэн, сайн засаглалын асуудал яригдна. Тэд барьц алдаж байгаа. Үүнийгээ мэдэхгүй байна.

-Энэ байдлаасаа яаж гарах вэ. Уул уурхай хөгжсөн аймгийн иргэд нь засаглал, иргэний оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх ёстой гэж харж байна?

-Уул уурхай эрхэлдэг аймгууд орлогоосоо 30 хүртлэх хувийг иргэдийг мэдлэгжүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлж уул уурхайн сайн засаглалыг бий болгоход зарцуулах ёстой хэмээн индексжүүлэх учиртай. Тэр ч бүү хэл уул уурхайн мэдээллийн нэгдсэн төв ажиллаж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын мэдээллийгхүргэдэг, иргэдийнгомдол саналыг сонсдог, цааш нь дамжуулдаг, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулдаг баймаар байна.Ийм цогц төв ажиллавал уул уурхайн компаниудын үнэлгээний тайлангууд нь компани компаниараа байж байх учиртай. Ингэж байж засаглал сайжирна. Түнчлэн судалгааны төв ч ажилуулах боломжтой.Ийм тогтолцоо үгүйлэгдэж байна.

П.Батзаяа

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: УДШ зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна DNN.mn

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Ардчилсан намын XIV Их хурал болж өнгөрлөө. Хурлаар ямар ямар асуудал хэлэлцэв. Үр дүн юу байв?

-Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа гуравдугаар сарын 31-нд УДШ-д бүртгэгдсэн Үндсэн дүрмийн дагуу өнгөрөгч тавдугаар сард Үндсэний бодлогын хороогоо шинэчлэн бүрдүүлсэн. Уг хорооны гишүүдийг намын Их хурлаар батламжилдаг. Үүний дагуу нэгдүгээрт, ҮБХ-ны гишүүдийг Их хурлаараа батламжиллаа. Хоёрдугаарт, намын шинэ дүрэм батлагдсантай холбоотойгоор уг дүрмийг хэрэгжүүлж, сахиулдаг Үндсэн дүрмийн хорооныхоо бүрэлдэхүүнийг Их хурлаараа батламжиллаа. Гуравдугаарт, намын бүтэц, бүрэлдэхүүний дараа дараагийн өөрчлөлттэй холбоотой бүхий л сонгуулийг зохион байгуулдаг Дотоод сонгуулийн хорооныхоо дүрмийг намын Их хурлаар баталдаг учраас Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Энэхүү бүрэн эрхт гурван байгууллагыг Их хурлаараа албан ёсны болгож баталснаар намын доторх дараа дараагийн шинэчлэл дүрмийн дагуу хууль ёсных болж байна.

-УДШ дээр үүсээд байгаа цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг Их хурлаараа хэлэлцсэн үү?

-УДШ-ийн Тамгын газрын дарга нь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх төлөөлөл байхгүй гэдэг тодорхойлолтыг ямар санаатай нь мэдэгдэхгүй өгсөөр байгаа. Энэ тайлбарыг хэсэг бүлэг хүмүүс барьж намын гишүүдийн толгойг эргүүлэх ажлыг хийгээд байгаа. Одоо байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2017 онд сонгогдоод Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэрээ бичүүлсэн. Гэтэл Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа нэр цахим бүртгэл дээр яг ижил бичигдэх ёстой. Өөрөөр хэлбэл, цаасан бүртгэл дээр үндэслэж, цахим бүртгэл дээр нэр нь бичигддэг процессыг УДШ-ийн Иргэний хэргийн шүүгч Сонинбаяр гэж хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж, цахим бүртгэл дээрх С.Эрдэнэ даргын нэрийг авч хаясан.

Сонинбаяр буруутай үйл ажиллагаа явуулсан гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдож, Шүүхийн мэргэжлийн зөвлөлөөс түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлсөн. Тухайн хүний гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэсэн үг. Гэтэл түүний хийсэн буруутай үйл ажиллагааг УДШ засч, залруулж цахим бүртгэл дээр С.Эрдэнэ даргын нэрийг өнөөдрийг хүртэл нөхөж бичихгүй байгаа. Энэ нь Ардчилсан намыг хагалган бутаргах зорилготой хүмүүст олзлогдоод, буруугаар ойлгуулах ажиллагааг зориудаар хийж байна. Тиймээс энэхүү асуудлыг XIV Их хурлаараа хэлэлцээд засч залруулах нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь энэ асуудлаас үүдэн дараагийн намын даргыг бүртгэх УДШ-ийн журамд заасан бүрдүүлбэр материалын жагсаалт гэж бий. Уг журмын нэгдүгээрт, тухайн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гаргасан хүсэлт байх учиртай. Гэтэл цахимд байх ёстой намын даргын нэр хоосон байснаар одоо Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй мэт ойлголт үүсээд байна. Үүнээс үүдэн дараа дараагийн намын даргыг бүртгэх асуудалд маш том саад болж байна. Тиймээс Сонинбаярын хийсэн үйлдлийг энэ удаагийн их хурлаараа засч залруулах үүргийг намын удирдлагуудад өгсөн.Үүний үр дүнд бүх зүйл эргэлзээ маргаангүй болох учраас энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг асуудлыг өмнө нь ҮБХ-ны хурал дээр ярилцаж байсан бол энэ удаа их хурлаараа албан ёсоор ярилцаж, шийдвэр тогтоол гаргаад УДШ-д өгөх нь зүйтэй гэж үзсэн. ҮБХ-ны шийдвэрийг их хурлаараа батламжилсан гэсэн үг. Энэ мэтчилэн Их хурлаараа үндсэн дөрвөн том асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

-Тэгвэл одоо Ардчилсан намынхан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Сүүлийн үед өрнүүлж байгаа хурал, акцууд дээрээ Ардчилсан нам үнэт зүйл үзэл, баримтлалынхаа талаар байнга сурталчилж байгаа. Нийслэлийн Ардчилсан намаас “Таван эрх чөлөө” хэмээх цуврал арга хэмэээг бүх дүүргүүдэд зохион байгууллаа. Бид өмнө нь сонгуулиас сонгуулийн хооронд сонгуульд ялалт байгуулахын төлөө нэгдээд байснаас бус үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгддэггүй, үүнийхээ талаар ярьдаггүй байсан юм байна. Тийм учраас бид юуны төлөө яваад, эх орондоо юу санал болгоод байна гэдгээ гишүүд маань ярихаа больсноос болж, хүн дагаж хуваагддах байдал удаан үргэлжилж байгаа юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одооноос намынхаа үзэл баримтлалаа сурталчилдаг болж байгаа. Тийм ч учраас намынхаа их хурлаар “Эрх чөлөө”-ний үзэл санааг илэрхийлсэн илтгэлүүд тавьсан.

-Хурлын уур амьсгал ямар байв. Цахим орчинд түгсэн зарим нэг видео бичлэгээс харахад С.Эрдэнэ даргын биед халдсан хэрэг гарсан. Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Намын их хурлын дараа хүндэтгэлийн хүлээн авалт болсон. Уг хүлээн авалтын нээлтэд С.Эрдэнэ дарга ирж үг хэлсэн. Биеийн байдал нь гайгүй байгаа. Холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдүүлгүүдийг өгөөд ирсэн байна лээ. Хурлын уур амьсгалын тухайд удаан хугацаанд нам хуваагдалтай мэт байсан учраас нэлээд бухимдалтай хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Тэр бухимдлаа ардчилсан бус замаар буюу хүчирхийллийн аргаар илэрхийлсэнд харамсалтай байна. Хурал зохион байгуулагчдын зүгээс ийм зүйл болно гэж бодоогүй учраас хэн ч урьдчилсан хамгаалалт гаргаагүй нь манай намын хурал зөрчил маргаан ихтэй байсан мэтээр ойлгогдсон. Ер нь бол намын даргаа солих хүлээлт ихтэй байсан хүмүүс ирсэн учраас санал шүүмжлэл хэлж, үгээ хэлэхдээ энэ талаар дурдаж байсан. Хамгийн гол нь УДШ зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна. Тийм учраас бид цаашид хийх үйлдэл бүрээ дараагийн даргаа томилох гэж яарахаас илүү энэ бүх эргэлзээтэй асуудлаа урьдчилж засч залруулахыг хичээж байна. Ингээд хууль эрх зүйн хувьд ямар ч алдаагүй болох үүднээс дэс дараатай үйлдлүүд хийж байна. Бүх асуудал цэгцэрсний дараа дараа дараагийн асуудалдаа анхаарахгүй бол яарч шийдвэр гаргаснаар юу ч өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл УДШ дээр үүсээд байгаа цахим бүртгэлтэй холбоотой нэрний асуудал шийдэгдчих юм бол намын даргыг шинэчлэх асуудал хүссэн хүсээгүй яригдах юм байна тийм үү?

-Тэгнэ. Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмээр сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээсэн тохиолдолд намын удирдлагын багийг шууд огцорсонд тооцно хэмээн заасан байсан. Хамгийн гол нь намын удирдлага огцорсны дараа яах талаар ямар ч тодорхой зүйл байгаагүйгээс удаан хугацаанд үл ойлголцох байдалд хүрлээ. Харин саяхан батлагдсан манай намын шинэчлэгдсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо тухайн сонгуулийн үр дүнг хэлэлцээд удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр заасан. Ингээд тухайн багт итгэл үзүүлэхгүй гэж шийдсэн тохиолдолд дараагийн шинэ даргыг сонгох үйл явц явагдана. Тиймээс Ардчилсан намын их хурлаар баталгаажсан ҮБХ-д бүх эрх шилжсэн. Тун удахгүй ҮБХ 2020 оны сонгуульд намаа удирдаж оролцсон удирдлагын багийн асуудлыг хэлэлцэнэ. Ингээд дараа дараагийн үйл явц өрнөнө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгост сонгино зулгааж, сангёбсал идсэн наадам DNN.mn

Эрх чөлөөгөө хасуулж үзсэн хүн эрх чөлөөний үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэг гэдэг шиг харийн газар, холын нутагт үзсэн тэр жилийн наадмын өдрүүд санаанаас ердөө гардаггүй юм. Монголчуудын хамгийн их очихыг хүсдэг улс БНСУ гэдэгтэй маргах хүн цөөнгүй. Аяллын гэх тодотголтой гурван сарын визээр халхавчилж, аялахаасаа илүү ажиллаж, амьдрал ахуйгаа өөд татах хүсэлтэй нь олон. Тэдний нэг нь би. Хэрэв визнийхээ дуусах хугацааг тулгаж эх орондоо ирвэл, дараа дахин визэнд ороход “ажил хийсэн байх магадлалтай” гэх шалтгаанаар БНСУ-ын ЭСЯ-наас татгалзсан хариу сонсох магадлал өндөр. Тиймээс хамгийн ихдээ сар 15 хоног Солонгост аялах нэрээр ажиллах нь миний гол зорилго байлаа. Зургадугаар сарын дундуур БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд газардсан юм. Ирсэн зорилго тодорхой учраас өндөр цалинтай л бол ямар ч ажлыг уйлуулна, хашраана гээд л өөрийгөө төрсөн эгчдээ рекламдаж гарсан. Эгч минь намайг бодоход тус улсад найман жил сурч, ажилласан болохоор хаанаас, ямар ажил олохоо сайн мэднэ. “Үнэхээр ямар ч ажил байсан яг хийж чадах уу. Солонгост ногооны улирал эхэлж байгаа болохоор тэнд хамгийн өндөр цалинтай сонгино хураах ажил байна. Эсвэл арай бага цалинтай буудал цэвэрлэх ч ажил байна гэв. Сонгино хураах ажил өдрийн цалин 120 мянган вон” гэв. Үнэндээ тэр үед надад ямар ажил гэдэг нь огтхон ч сонин биш байлаа. Харин өдрийн цалинг нь сонсоод шууд хоёроор үржээд монгол мөнгөөр 240 мянган төгрөгтэй болох нь гэдэг л сонин байв. Шууд л “Би чадна”-чуудын эгнээнд бат шилжив. Эгч минь солонгосоор яриад л утасны наана толгой дохин тонголзож байх юм. Ямартаа ч ажилд орох нь нэгэнт тодорхой болж.Тухайн газраа байрлаж ажиллах учраас бэлтгэлээ базаахаар болов. Томоос том саравчтай, эрээн алаг эмээ малгай (ихэвчлэн ногооны талбай, гадаа ажилладаг хүмүүс өмсдөг нарнаас хамгаалах малгай)-г хамгийн түрүүнд сонгов. Моод монголоор дуусдаг л гэдэг яс ярих юм бол манай Улаанбаатарт ийм загварын мэдрэмжгүй нарны малгайг хаанаас ч хайгаад олохгүй байх даа хэмээн бодогдов. Загвар хийцийг нь голсон ч эгчийн тушаалаар үг дуугүй л авлаа. Түүнээс цааш үргэлжилсэн худалдан авалт ч өөдтэй өнгөтэй байсангүй. Хүзүүвч, ханцуйвчнуудыг өнгө өнгөөр нь авч, “ажлын” гэх тодотголтой нимгэн өмднөөс ч нэжгээдийг авав. Тэр дунд юунд, яаж ашиглах нь тодорхойгүй нэг хачирхалтай зүйл худалдан авсан нь “чагоб ижа” буюу ажлын сандал. Дүрслээд хэлбэл, өгзөгний хэмжээнд таарахуйц зөөлөн порлон бүхий, улаан өнгийн бөөрөнхий зүйл байх бөгөөд хоёр талдаа резинэн уяатай байх юм. Ингээд бүх зүйл жин тан.

Өглөө боллоо. Хүний нутагт ирснээ мэдэхгүй ногооны талбайд “Таньдаг хүнтэйгээ тааралдвал яана аа” гэх ичимхий монгол зан хөдлөөд болдоггүй. Дэмий бодолд дарагдах зуураа оройжин явж цуглуулсан ажлын хувцсаа бүрэн өмслөө. Ээ бүү үзэгд. Энд намайг хүн таних нь бүү хэл би ч өөрийгөө танихааргүй боллоо. Хормын дотор эгээтээ л насаараа ногооны талбайд ажилласан эмгэний дүрд хувирах нь тэр. “Эмзэг айлын хүүхэд эгчийнхээ цамцыг өмсчихсөн юм” гэдэг шиг ахынхаа юм уу, аавынхаа өмдийг өмсчихсөн мэт өнөөх ажлын өмднийх нь навсгарыг яана. Дээрээс нь “Халуунд бие барьсан хувцас өмсөх хэцүү. Аль болох нэлмэгэр юм зүгээр” гэсээр S размер өмсдөг надад XXL хэмжээтэй подволк сонгосон эгчид уур ч хүрэх шиг.

Ерөөсөө л S&I хамтлагийн шүтэн бишрэгч хип хоп малгайгаа андуураад нарны малгай өмсчихсөн мэт хөгийн л өнгө юм харагдаж байлаа. Ийм л зүс царайтай амьтан хүсэн хүлээсэн ажлын байртайгаа танилцлаа.

Угтаа эх орондоо, ижий аавынхаа дэргэд байхдаа ногооны талбайд ажиллах нь бүү хэл 20 л ус ч өргөж үзээгүй “нусан буу” шүү дээ би чинь. Гэтэл өмнөх өдөр нь бүгдийг чадна гээд томорчихсон учраас эргэж буцах, эрхэлж нялхрах ямар ч сонголт алга. Азаар БНСУ-ын оюутнуудын амралт эхэлчихсэн учраас тэнд сурдаг нэлээд хэдэн монгол оюутнууд надтай хамт ажиллахаар ногооны талбайд бүрэн жагсчээ. Бидний хийх ажил ногооны талбайд байгаа сонгиныг суга татаад хоёр талаар нь жирийлэн өрнө. Дараа нь сонгинынхоо урд болон хойд саглагарыг хайчлаад хэсэг хэсгээр нь уутлахад бэлэн болгож бөөгнүүлэх байлаа. Үүрийн зургаан цагаас үдшийн 17 цаг хүртэл ийм л ажил хийнэ. Эхний хэдэн өдөр гарын алга хайчинд холгогдож, цэврүү үсрэх ч газаргүй боллоо. Өдөржин ажилласан 10 хуруу шөнөдөө хавагнаж хөөгөөд өглөө нь хөдлөх ч тэнхэлгүй болсон байна. Гэхдээ ажлын талбай дээрээ очих үед тэр бүрэн мартагдана. Мартсанаас өнөөх улаан өнгийн зөөлөвчийг манайхан “бөгсөвч” гэж нэрлэдэг юм билээ. Угтаа хоёр гуяндаа резинийг нь углаад доош суухад зөөлөн сандалны үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн их гайхаш төрүүлсэн зүйл нь хамгийн хэрэгтэй зүйл болж хувирах нь тэр. Ингээд ногооны талбайд ажилласнаас долоо хоногийн дараа жинхэнээсээ ажлыг умалзуулдаг боллоо.

“Монголын үнэртэй салхи” дууны үгийг хоёрхон хоногийн өмнө Төрийн соёрхолт хүртсэн Ш.Гүрбазар гуай яасан гайхалтай бичиж, МУГЖ С.Жавхлан яаж тэгж амьдруулсан юм бол. Аагим бүгчим л гэнэ. Монголын салхи амьсгалахад л цээж дүүрдэг сэн. Гэтэл Солонгосын агаар амьсгалахад ч бачимдмаар аж. Үүлний цаагуур нар түр боловч амс хийж, үүлэн сүүдэрт нь бид сэрүүцэх талаар ч бодоод нэмэргүй. Ямар сайхан эх оронтой гэдгээ, яасан сайхан ижий аавтай гэдгээ хүний газар очсон хүн илүү ихээр мэдэрдэг байх. Өмнө нь яагаад мянга мянган одод миний Монголын тэнгэрт түгдгийг, үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх нь гайхамшиг гэдгийг, уртын дуу яасан уянгатай гэдгийг, эх орны минь хээр тал тийм уужим гэдгийг мэдрээгүй юм бол…хэмээн хааяа хааяа үдийн цайны цаг, үдэш орой нойроо хулжаан бодно. Өмнө хэзээ ч утга уянгыг нь бодож сонсож байгаагүй дуу бүрийн үг яасан үнэнийг өгүүлдэг байгаа вэ. Сүүлдээ ч бүр дуу сонсоод л уйлах нь энгийн үзэгдэл болов. Нутагтаа очихоороо гэх хүслийн жагсаалт хөвөрнө. Ямар сайхан эх оронтой гэдгээ улам их мэдэрч, үгүйлэн санасан өдрүүд нэг нэгээрээ хөвөрч маргааш эх оронд минь наадмын өглөө болох нь…

…Өмнө нь наадмын өглөө гийнгоон дуу хадаж, уртын дуу уянгалж, бөхчүүдийн цолыг дуудах, нум сум эвшээлгэж, ээж хуушуур хийж, аав бөх үзэх нь байдаг л зүйл шиг санагддаг байж. Гэтэл энэ бүхэн Монголын төлөө цохилох зүрхтэй, монгол хүн бүхний бахархал, омогшил, ондоошил нь байдаг аж.

Өглөөг “Ээж, аав юу хийж байгаа бол, төв талбайгаас төрийн сүлдийг Төв цэнгэлдэхэд залах байх даа. Энэ жил хэний айраг исч хэний охин өсөө бол… ээжийн хуушуур ч амттай даа” гэх гэгэлгэн бодлоор эхлүүлэв. “Ажума” төрхөндөө нэгэнт ижил дасал болсон би ажлын багажаараа өөрийгөө тоноглоод сонгины талбай руу явлаа. Бие энд ч, бодол хэдий нь эх орондоо оджээ. Энэ жил “Увсын бөхчүүд өнгөтэй байгаа даа.Наадмын түрүү манай аймгаас тодорвол манайхан ч жинхэнэ утгаараа баярлана даа” гэх бодолд дарагдав. Үдийн хоолны цаг болж түр амсхийв. Монголоороо омогшиж, хуушуураа санагалзаж, ядаж байхад тэр өдрийн хоол хүйтэн гоймон байв. Угтаа Солонгосын үдийн халуунд хүйтэн гоймон идэх нь хамгийн зохимжит сонголт. Гэтэл жил жилийн өдийд хул хул айраг, хуушуур буузаар гулгидаг надад энэ өдрийн хоолыг хараад хоёр нүдний нулимс шууд л урсчихсан. Ажлын хүндээс, хоолны амтгүйгээс биш эх орноо, ижий ааваа тэгж их санасан болохоор тэсэхгүй мэлмэрүүлчихсэн. Гуравхан хоног тэсчихвэл угаасаа буцах цаг минь дөхчихсөн байсан юм. Шууд л эгч рүүгээ залгаад “Орой намайг аваарай. Одоо тэсэхгүй нь” гэх нь тэр. Ажил тарах үеэр Солонгост ажиллаж амьдардаг ахан дүүсийн төлөөлөл, төрсөн ганц эгч минь торойгоод зогсож байлаа. Ажилласан хоногоо өдрийн цалингаараа үржүүлээд тоолоод авах мөч бас л сайхан даа.

Эмээ стилиэсээ салаад жинхэнэ S&I олчихоод наадмын хоёр дахь өдрийг жинхэнэ утгаараа тэмдэглэв. Солонгост байгаа монголчууд Ардын хувьсгалын түүхт 93 жилийн ойгоо БНСУ-д ёслол төгөлдөр тэмдэглэж, бөх барилдаж, нум сумаа харваж, шагай наадгайгаараа ч нааддаг юм байна. Яг л эх орондоо ижий аавдаа очсон мэт хүн бүхний сэтгэл баясаж, элэг дэвтэж, тэр л өдөр Монголоороо, монгол хүн болж төрснөөрөө бахархан бахдаж байсан юм. Өнөөдөр аль аймгийн ямар бөх хүчтэй байхыг үзэхээр хэсэг Монгол таунд байрлах “Залуус” рестораныг зорилоо. Тус рестораныг БНСУ-д очсон хэн бүхэн андахгүй. Яг л эх орондоо очсон мэт хаашаа ч харсан монголчууд, монгол хаяг, монол хоол. Ээжийн чанасан цай мэт ядаргаа тайлах банштай цай, сэтгэл сэргэтэл сэгсэрсэн цуйван, хуушуур бууз гээд л үндэсний гэх тодотголтой хоолууд ёоз ёозоороо тус рестораны гал тогооноос л гарна. Тус ресторан нэгэнт монголчуудын хөлд дарагджээ. Рестораны гол байрлуулсан зурагтаар бөхийн барилдаан гарч байна. Ямартаа ч хамгийн сайн таньдаг нь Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь үзүүр түрүү булаалдахаар үлдэж, хурд хүч, уран мэхээрээ олноос онцгойрч түрүүлсэн юм. Тэнд байсан бид уухай хадаан огшиж, эх оронд минь наадмын талбайд Увс нуур халгин мэлтэлзэж байсан юм.Өчигдөрхөн л сонгины талбай дээр нус нулимстайгаа хутгалдаж суусан би өнөөдөр сангёбсал шарсан шигээ сууна…Наадмын түрүү бөх нутгаас минь тодорч, олон жил уулзаагүй ахан дүүстэйгээ учирч, хүний нутагт ч “Увс нуур”, “Цэнхэр тэнгэрийн орон”-оо дуулж, элэг дэвтэж, эх орноо үгүйлж, дэлхийг баясгаж, дэнж хотойтойл нааддаг монгол наадмаараа хэзээ ч бахархаж бахдаж байгаагүйгээр омогшиж, огшиж өнгөрүүлсэн юм.

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадахын учрыг, Домгийн шувуу үргээж монгол наадам эхлэхийн учгийг, огших, бахархах, үгүйлэх, эмтрэх, санах санагалзах эх оронтой, ижий аавтай, хэл соёлтой, өв уламжлалтай байхын сайхныг тэр жилийн наадам надад дэндүү тод ухааруулсан юм. Наадам айсуй… БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 50 гаруй мянган монголчууд яг л миний л адил, наадам дөхөхөөр уяан дээрээ гэгэлздэг адуу мэт эх орондоо, ижий аавдаа, үр хүүхдэдээ, хань ижилдээ тэмүүлж, тэмтэрч, эмтэрч суугаа. Монголын үнэртэй салхиныхаа илбээнд, морин дэл дээрээ исгэрч, нутгийнхаа уудам, хээр талаар дураараа давхих цаг ойрхон байх болтугай. Айраг исч, найраг дундрах цагаар адуу шиг эх орондоо гүйгээд ирэх цаг мөдхөн биз ээ.

Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд

Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ

Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй

Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

(МУГЖ Ц.Бавуудорж Гүрэн монгол чинь хүлээнэ шүлгийн хэсэг)

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Т.Аубакир: ҮХНӨ оруулбал Монгол Улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой DNN.mn


УИХ-ын гишүүн Т.Аубакиртай ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулган завсарлаж байна. Чуулганы онцлог юу байв?

-Хаврын чуулганаар бид олон хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг баталлаа. Эдгээрээс онцлоод хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой гаргасан уриалга цаг үеийн шинжтэй чухал байсан учраас миний хувьд олзуурхан хүлээж авсан. Уг уриалгатай холбоотой байнгын хороод болон УИХ хүнсний хангамжтай холбоотой аливаа хууль тогтоомжийг дараалал дугаар харгалзахгүй шуурхай шийдвэрлэх чиглэл авсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ хүнсний хангамж ямар чухал болохыг санууллаа. Мөн өнгөрсөн хоёр жил манай улсад импортоор орж ирж байгаа хүнсний хангамжууд доголдсон. Хил хаахад л ямар доголдолд орж, үнийн өсөлтөд өртдөгийг харлаа. Мөн Хүнсний хангамжийг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын түр хороо байгуулагдлаа. Дараагийн нэг онцлох асуудал бол МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиудад хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнийг хүний эрхийн чиглэлд маш том дэвшил гарсан хэмээн харж байна. Тийм учраас ч саяхан цахим орчинд тархсан үндэсний цөөнхийн хэлний асуудал хөндөгдлөө. Миний бие Үндэсний цөөнхийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлсэн. Цахим орчинд бодитой бус мэдээллүүд ихээр тавигддаг болсон нь иргэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авдаг байх шаардлагатай нь тод харагдлаа.

-Үндэсний цөөнхийн хүүхдүүдэд яг ямар асуудал тулгараад байна вэ?

-Үндэсний цөөнх буюу казах хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь монгол цагаан толгойн хичээл орж эхлэх эсэх асуудал хөндөгдсөн. Улс орон даяар нэгдүгээр ангид орж байгаа 6-7 насны нийт хүүхдүүдэд монгол хэлний цагаан толгойн 35 үсгээ үзэхэд ямар хэмжээний ачаалал авдаг билээ. Гэтэл үндэсний цөөнхийн хүүхдүүд 35 үсэгтэй монгол цагаан толгой, 45 үсэгтэй казах цагаан толгойг зэрэг сурахаар бол тухайн хүүхдэд ирэх ачааллыг даах уу. Энэ тал дээр “Бид ийм шийдвэр гаргаагүй” гэдгээ Боловсролын сайд мэдэгдсэн. Үүний үр дүнд хос хэлний асуудал нэг талдаа шийдэгдэж байна.Үндэсний цөөнх хүүхдүүдийн тухайд хоёрдугаар ангиасаа монгол хэлний цагаан толгойг үзэх ёстой. Монгол төрийн хэлийг сурах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Хэдий тийм боловч үндэсний цөөнх иргэд эх хэлээ хамгаалах, түүгээрээ харилцах, соёл түгээх, сурч боловсрох эрх нь байгаа учраас энэ асуудлыг ярилцаж шийдлээ.

-ЭЕШ-ын онооны үзүүлэлтээр танай аймаг сүүл мушгисан. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-ЭЕШ-ын оноогоор манай аймаг сүүл мушгиж байгаа нь үнэн. Учир нь ЭЕШ-д монгол хэлний оноо чухал байр суурь эзлэх болсноор ганцхан Баян-Өлгий аймаг биш улсын хэмжээнд бүдэрч байгаа олон тохиолдол бий. Гол нь монгол хүүхдүүд монголоороо аав, ээж гээд хэлд ордог бол казах хүүхдүүд казах хэлээрээ аав ээж хэмээн хэлд ордог. Ингээд цаг хугацааны эрхээр монгол хэлээ эх хэл шигээ сурахын төлөө хичээдэг. ЭЕШ-ын оноогоор сүүл мушгисан ч улсын хэмжээнд 800 оноо авсан хүүхдийн тоогоороо улсдаа гуравдугаар байранд явж байна. Энэ бол бас нэг сайн үзүүлэлт. Математик, физик, химийн хичээл дээрээ яагаад Баян-Өлгийн хүүхдүүд өндөр оноо авч байна гэдгийг бодох л асуудал. Би түрүүн хэлсэн, Монгол төрийн хэлийг сурах нь иргэний журамт үүрэг мөн. Гэхдээ бид Монгол Улс дотроо өөр хэлээр ярьдаг, өөр амьдралын хэв маяг, шашин шүтлэгтэй үндэстэн. Ийм үндэстэн манай улсад байх нь Монгол Улсыг дэлхийд улам гоё харагдуулдаг. Дэлхийн улс орнуудад өөр хэл бүхий үндэстнийхээ цөөнхийг ЭЕШ-ын үндсэн онооноос арай доогуур үнэлгээгээр тооцох тохиолдол ч байдаг юм билээ. Энэ бол хүн ёсны маш том хүндлэл. Энэ бүхнийг харгалзаж үзсэн, ардчилсан, соёлтой, бие биенээ хүлээн зөвшөөрсөн хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлэх ёстой. Тэр хүрээнд Монголын төр, БШУЯ-наас хос хэлний хөтөлбөрийг боловсруулж байна. Ер нь үндэстэн хоорондын ялгаатай байдлыг сайн сайхан талаас нь таниулж, мэдүүлэхэд хэвлэл мэдээллийг байгууллагынхан та бүхний оролцоо их шүү дээ.

-ҮХНӨ оруулах эсэх асуудлаар та тойрогтоо ажилласан байх. Иргэд ямар байр суурьтай байна вэ?

-ҮХНӨ оруулах асуудлаар миний бие тойрогтоо хараахан ажиллаж амжаагүй. Учир нь АНУ-д томилолттой байсан. Гэхдээ манай тойргоос сонгогдсон Б.Бейсэн, Х.Баделхан нарын гишүүд ажиллаад ирсэн. Бид уулзаж санал солилцсон. Цаг хугацааны хувьд ҮХНӨ-ийг иргэд,олон нийтэд танилцуулах нь одоо хараахан биш байна. Учир нь иргэд үний өсөлтөд дарлуулж, амьдрал ахуй нь хүнд байгаа үед ҮХНӨ асуудлаар санал асуулга явуулах нь тэдэнд ямар ч ач холбогдолгүй санагдаж байна. ҮХНӨ яах вэ. Өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, дотооддын үйлдвэрлэлдээ анхаарч ажиллах шаардлага тавьсан. Манай улсын тухайд үйлдвэрлэгч орон биш учраас өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг импортоор авдаг. Тэр дундаа манай тойргийн тухайд Улаанбаатар хотоос алслагдсан аймаг учраас тээврийн зардал, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэлээс 2-3 дахин өндөр байгаа нь иргэдийг нэлээд бухимдуулж байна. Тиймээс манай улс өргөн хэрэглээнийхээ гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай болсон нь харагдаж байна. Түүнчлэн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх асуудлыг ч орхигдуулж болохгүй. Эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Баян-Өлгий, Ховд аймгийн нутгийг дамнан хэрэгжих Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл байна. Үүгээр ч зогсохгүй манай улс газрын тосны чамлахааргүй арвин нөөцтэй улсын тоонд ордог. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ҮХНӨ оруулах эсэх асуудлыг дэмжиж байгаа юу?

-Би хувь гишүүнийхээ хувьд ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Учир нь Шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааг эргээд харахад ямар нэг зүйлийг айхтар хожчихсон зүйл харагдахгүй байна. Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, тэр дундаа Засгийн газрын гадаад өр тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Үйлдвэржсэн, хөгжил дэвшилд эрчимтэй зүтгэсэн он жилүүд байсангүй. Энэ бүхний эхлэл улс төрийн хямралаас үүдэлтэй. Сумаасаа авахуулаад аймаг, улсын хэмээнд улс төржилт утгаа алдлаа. Үүнийг углуулгаар нь аваад үзвэл манай улсын улс төрийн тогтолцоо сууриараа гажуудсан байна. Тиймээс Ерөнхий сайдын гаргасан санал, санаачилга болоод Т.Доржханд тэргүүтэй хэд хэдэн гишүүний хэлж байгаачлан энэ удаа эргэлт хийх цаг нь болсон. Бид 30 жил гажуудсан тогтолцоогоор явлаа. Дараагийн 30 жил энэ байрандаа байхгүйн тулд өмнөө байгаа 30 жилээ өөрчлөөд үзэж яагаад болохгүй гэж. Тиймээс ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь юунд ямар өөрчлөлт оруулахыг зүйл заалт бүрээр нь УИХ-ын мэтгэлцээний талбар дээр гаргаж тавьж байгаад шийднэ. Үнэхээр гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байх нь зөв үү, хот тосгоны асуудлыг өөрчлөх үү, төрийн сүлдийг өөрчлөх нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юу зэрэг бүх асуудлыг мэтгэлцээний талбар дээр тавих учраас зөв шийдвэр гарах байх. ҮХНӨ-д санал болгож, өөрчлөгдөөсэй хэмээн бодож байгаа зүйл бол Аймгийн засаг дарга нарыг 100 хувь ард иргэдээс нь сонгодог байх асуудал. Ний нуугүй хэлэхэд, аймаг, сумдын ИТХ гэж УИХ-аас ч илүү улстөрждөг газар бий болчихлоо. Бид үүнийг харсан ч хараагүй мэт явсаар ирлээ. Аймгийн Засаг дарга нь ИТХ-ын төлөөлгчдийнхөө хүслийг биелүүлэх, давуу байдал олгож, ах дүү нарыг нь ажилд авдаг, тендер авч өгдөг хүн болж хувирсан. Засаг дарга нийт иргэдийнхээ төлөө үйлчилдэг биш, ИТХ-ын төлөөлөгчиддөө үйлчилдэг хүн болчихоод байна. Тиймээс ҮХНӨ оруулбал Монгол Улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой.

-Баян-Өлгий аймаг олон онцлогийг өөртөө шингээж алс баруун хязгаарт оршдог. Зарим иргэд танай аймгийг Монгол Улсын 21 аймгийн нэг гэж харахаас илүү тусгаар тогтносон нэг аймаг байдаг мэтээр ташаа ойлголттой байгаа нь сүүлийн үед нэлээд анзаарагдах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Монгол, казах, урианхай, баяд, дөрвөд ахан дүүс олон зуун жил зэрэгцэн амьдарч ирсэн. Сүүлийн үед цахим орчинд, нэр нүүрээ нуусан, эзэн биегүй хаягнаас үндэстнийг дотроос нь хагалган бутаргах далд явуулга явуулж байгааг үгүйсгэхгүй. Бид бол Монгол Улсын нэг эд эс. Эртнээс казах, монгол ахан дүүс мөр зэрэгцэн өнөөдрийн Монгол Улсаа бий болгосон гэж боддог. Эртнээс манай казах түмний өвөг дээдэс хөдөлмөр бүтээлээрээ улсдаа үнэлэгдэж байсан. Бидний дундаас төрсөн олон баатар, гавьяатууд бий. Сүүлийн үед зарим нэг буруу бодолтой, хутган үймүүлэх зорилготой хүмүүсийн явуулгад автаад өнгөрсөн түүхээ үгүйсгэх боломжгүй. Тийм учраас цахим орчинд нийтлэгдсэн баталгаагүй мэдээ, мэдээлэлд итгэж, аливаа үндэстнийг хагарган бутаргах санаа зорилгод автахгүй байх нь чухал. Бид нэг л ахан дүүс. Тиймээс энэ завшааныг ашиглаад хэлэхэд, нэгнийгээ битгий ондоошуулаарай хэмээн уриалж байна. Баян-Өлгий аймагт минь зочлоод үзээрэй. Зочломтгой ард түмэн бий. Манай аймгаар аялсан, зочилсон хүмүүс ам сайтай байдаг. Харин очиж үзээгүй, айлчилж үээгүй хүмүүс андуу ташаа мэдээлэлд автах нь их байгаа харагддаг.

-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого танилцуулсан. Энэ хүрээнд танай тойрогт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд юу байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 60 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй Баян-Өлгий аймагт ажилласан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үндсэн гурван асуудлыг шийдвэрлэсэн.Нэгдүгээрт, Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Стратегийн орд газар учраас эрх зүйн орчинд шийдвэрлэх олон асуудал бий. Шууд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад, тухайн хувь хөрөнгө оруулсан ААН-ийн хувь хэмжээг нэмж болдоггүй. Төр 34 хувийг нь эзэмшье эхээр Оюу толгой төсөл үүний хамгийн муу жишээгээр нэрлэгддэг. Хэрэв төр 34 хувийг нь эзэмшвэл бид оролцох боломжгүй гэсэн байр суурийг гадны хөрөнгө оруулагчид илэрхийлдэг. Энэ мэтчилэн олон асуудал бий. Хоёрдугаарт, Асгатын ордод дөрвөн лиценз бүхий талбай байдаг.Түүний зөвхөн нэг дээр нь 1991 он хүртэл хайгуул хийгээд зогсчихсон байгаа. Үлдсэн гурав дээр нь огт хайгуул хийгдээгүй. Тиймээс нөөц нэмэгдүүлэх хайгуул хийх ёстой. Технологийн хувьд ч, хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой асуудлууд байгаа учраас ажил жаахан удаашралтай байна. Гэхдээ Ерөнхий сайд Асгатын мөнгөний ордыг нэн яаралтай ашиглалтад оруулах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болоод, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиралд үүрэг болгосон. Хоёрдугаарт, Баян-Өлгий аймаг ОХУ-тай хил залгахаас гадна БНХАУ-тай Даянгийн боомтоор хил залгадаг. Даянгийн боомт улирлын чанартай ажилладаг. Тиймээс тус боомтышг байнгын ажиллагаатай болгож, боомтыг нь хөгжүүлж, засмал замаар холбох асуудлыг шийдсэн. Ерөнхий сайд долдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Даянгийн боомтод очихоор болсон. Тус боомт байнгын ажиллагаатай болж, засмал замаар холбогдох юм бол БНХАУ-ыг ОХУ-ын Сибирийн үйлдвэржсэн бүс районтой холбох хамгийн ойрын транзит зам болж байгаа юм. Оросын Сибирийн үйлдвэржсэн бүс район буюу Новосибирск, Барнаул, Минск зэрэг хотууд Казахстаны нутгаар 1000 гаруй километр явж байж БНХАУ-тай холбогддог. Тэгвэл манайхаар дамжаад 300 гаруй километр замаар яваад БНХАУ-ын Шинжаан Уйгартай холбодох учраас ОХУ-аас ч санал тавьдаг. Тиймээс боомтын хөгжлийн хөрөнгө оруулалтын асуудал буюу засмал замын хөрөнгө оруулалтыг шийдсэн нь манай аймгийн төдийгүй баруун аймгуудын эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлнэ.Наад зах нь Асгатын мөнгөний орд ашиглалтад ороход тэнд байгаа хүдрийн нөөцийг шууд БНХАУ руу гаргах боломж нээгдэж байна. Гуравдугаарт, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүсээр зарласан. Энэ үеэр Ерөнхий сайд нэг зүйлийг маш гярхай ажиглаж, онцолж хэлсэн. “Энэ уул ус, нүүдэлчин соёл бусад 20 аймагт бий. Танай аймагт бусад аймагт байхгүй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр өөр хэл бүхий үндэсний цөөнх амьдарч, одоо болтол бүргэдээрээ ан хийдэг юм байна. Өөрсдийн дуу хуур, соёлыг авч явж байгаа нь та бүхний онцлог.Үүнийгээ зүлгэж өнгө оруулах юм бол танайх бусад аймгаас ялгарах аялал жуулчлалтай болно” гэж хэлсэн. Бид энэхүү хүрээнд ажиллаж байгаа. Энэ оны улсын төсөвт Алтай Таван богд буюу Хурган нуур, Хотон нуурыг өндөр хүчдэлтэй холбох асуудлыг шийдэж суулгасан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн хуулиар үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон зорилтыг бид хийж чадсан DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.


-Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд цар тахал болоод дайны нөхцөл байдлаас үүдэн давхар, давхар нөлөөнд өртсөн. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Дэлхий нийтээрээ цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас арай гэж гарахын даваан дээр дараагийн томоохон, тодорхойгүй нөхцөл байдал болох Орос, Украины зөрчил мөргөлдөөний асуудал гарч ирсэн. Энэ зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой бусад улс орнууд, Европын холбооноос Оросын Холбооны Улсын эсрэг тавьсан олон төрлийн хориг Монгол Улс байтугай дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Бид 2022 онд цар тахлын хугацаан дахь эдийн засгийн алдагдлаа бүрэн нөхөж эдийн засгийн багагүй өсөлттэй байна хэмээн төсөөлж байсан. Зөвхөн манай улс ч биш, дэлхий нийтээрээ ийм төсөөлөлтэй байсан.

Гэтэл нөхцөл байдал тооцоолсноос өөрчлөгдөж дараагийн шинэ сорилтын өмнө биднийг авчирлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд эдийн засгийн өсөлтөө хангах нөөц боломж байгаа хэдий ч БНХАУ-ын дэвшүүлсэн “Тэг ковид” бодлого болон ОХУ-ын эсрэг бусад улс орнуудын тавьсан хоригтой холбоотой байгаа боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Цар тахал болон дайны нөхцөл байдал бидэнд олон сургамж үлдээж байна. Бид цаашдаа Монгол Улсын төлбөрийн тэнцэл, экспортлох хүчин чадал, импортыг нөхөх дотоодын үйлдвэрлэлийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Дэлхийн улс орнуудын өмнө эдийн засгийн өсөлт нь саарсан, инфляци нэмэгдсэн нь тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа манайх шиг дотоодын үйлдвэрлэл багатай, нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг улс орны хувьд инфляцийг импортолж байна. Инфляци шингэсэн барааг өндөр үнээр тээвэрлэн авч байна. Тиймээс бид цаашид уламжлалт мөнгө санхүүгийн бодлого буюу эдийн засгийн өсөлтийн үед ажиглагддаг, өндөр инфляцитай тэмцдэг аргаар энэ удаа тэмцэх ямар ч боломж байхгүй. Ийм үед төсөв, мөнгөний тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжүүлэх, валютын орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд төвлөрөхөөс өөр арга байхгүй.

-Хил, гаалийн асуудал энэ хэвээр үргэлжилбэл энэ жилийн төлөвлөсөн орлогоо бүрдүүлж, зарлагаа санхүүжүүлж чадах уу?

-Эдийн засгийн өсөлтөө анхаарах уу, инфляциа дарах уу гэсэн сонголтын өмнө бид ирж байна. Энэ хоёрыг зэрэг хийх ямар ч боломж байхгүй. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш ажиглагдаагүй эдийн засгийн стагфляцид дэлхий нийтээрээ орчихлоо. Бид цар тахлын үеийн хатуу хөл хориогоо үе шаттай цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн. Үүний үр дүнд төсвийн тэнцэл харьцангуй тогтвортой байна. Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл 90 хувиас дээш гарч байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Гэхдээ үүнд инфляци шингэсэн байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, инфляци шингэсэн барааны үнээс татвар төлж байна гэсэн үг. Тиймээс орлого бүрдүүлэлт өндөр, эдийн засаг хэвийн байна хэмээн шууд дүгнэж болохгүй. Инфляци одоогийн байдлаар зорилтот түвшнээсээ хоёр дахин өндөр буюу 15-16 хувьтай байгаа энэ үед Засгийн газар, Сангийн яам төрийн үйлчилгээг санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр нь саадгүй санхүүжүүлж байна.

– Ер нь энэ оны эхний хагас жилийн байдлаар орлого, зарлага, төсвийн алдагдал ямар байна вэ. Дахин дахин асуугаад байгаагийн учир нь хилийн боомтуудын гацаа түгжээ их байгаа учраас бид төсөөлсөн орлогоо олж чадахгүй байгаа болов уу хэмээн таамаг дэвшүүлээд байгаа хэрэг л дээ?

-Жилийн дунд ажиглагдаж буй төсвийн алдагдал бол тийм ч чухал үзүүлэлт биш. Ер нь эхний хагас жилд гарах ёстой зардлууд гардгаараа гардаг. Харин улирлын нөлөөллөөс шалтгаалж орлого харьцангуй бага хэмжээгээр төвлөрдөг. Харин оны сүүлийн хагаст орлого нэмэгддэг учраас эхний хагас жилийн алдагдлаа нөхөж, жилийн эцэст төсвийн тэнцлээ хадгалдаг. Манай эдийн засгийн мөчлөг ийм. Тиймээс эхний хагас жилийн орлогын төлөв байдал маш чухал. Яг өмнөх асуултын хариултад дурдсанчлан төсвийн орлогын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төсөв талдаа төрийн үйлчилгээний санхүүжилт ямар ч саадгүй явж байгаа.

Боомтуудын хилийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар буураагүй боловч хөрш орнуудын нөхцөл байдлаас шалтгаалж экспорт төлөвлөсөн хэмжээнд гарч чадахгүй байна. Гэхдээ сүүлийн 2-3 сарын хугацаанд экспортод гаргаж байгаа түүхийн эдийн хэмжээ нэмэгдсэн.

Одоо бидний хамгийн том эрсдэл төсөв биш, төлбөрийн тэнцэл байна. Төлбөрийн тэнцлээс улбаатай Төв банкны валютын нөөц багассан. Манай улсын худалдааны тэнцэл алдагдаж, гаргаж чадах хэмжээний экспортоо гаргаж чадахгүй байгаа энэ үед эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах гол зорилт бол экспорт, экспорт бас дахин экспорт. Түүнээс биш богино хугацаанд үйлдвэрлэгч орон болж чадахгүй шүү дээ. Иймд уламжлалт түүхий эдээ дэлхийн зах зээл дээрх үнэ өндөр байгаа энэ үед потенциал хэмжээндээ тултал экспортлох л чухал асуудал.

-Хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон гарц гарам нээж байх шиг байна. Эдгээр гарцууд бүрэн ашиглалтад орж үр ашгийг нь хүртэхээс өмнө одоо ашиглаж байгаа боомтуудынхаа нэвтрэлтийг нэмэгдүүлэхэд яаж анхаарч байна?

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад экспорт 20 орчим хувиар нэмэгдсэн. Сүүлийн гурван долоо хоногт дунджаар 950 ширхэг тээврийн хэрэгслээр нүүрс экспортолсон байна. Цаашид ч БНХАУ-ын талаас энэ тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, өмнөхөөсөө илүү идэвхтэй ажиллаж байгаа нь бидэнд эерэг хүлээлт бий болгож байна. Хамгийн их экспорт хийсэн 2019 онд өдөрт дунджаар 1200 орчим автомашин гарч байсан. Одоо яг ийм үзүүлэлт рүү экспорт дөхөж байна. Энэ бол бид богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авч цар тахлын өмнөх үед хүргэж байгааг харуулж байна. Энэ тоог улам бүр нэмэгдүүлэх, тогтвортой хадгалахын төлөө Засгийн газар боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно. Манайх ч, урд хөршид ч ковидын нөхцөл байдал битгий хүндрээсэй гэж бодож байна. Бидний зүгээс хилийн бүсийн хэсэгт халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах нь л чухал байна. Хэрэв манай талын жолооч нараас авсан ковидын шинжилгээний хариу 14 хоног тасралтгүй сөрөг гарах юм бол 40-50 машинаар нэмэгдүүлэх, харин эерэг гарвал ийм хэмжээгээр бууруулах тоглоомын дүрэм үйлчилж байгаа.

-Энэ жилийн төсвийг халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон хэмээн онцолж байсан. Гэтэл хамгийн эхний төсвийн тодотгол дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдэл дараа жилийн төсөв дээр дахин дарамт учруулна. Ойрын жилүүдэд энэ мэт төсөв дээр ирэх дарамтуудыг дийлэх үү?

-Ахмадуудын тэтгэврийн тухайд үнийн өсөлттэй холбоотой нэмэхээс өөр арга байгаагүй. Төсвийн шинэчлэлийн томоохон бодлогын хүрээнд халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, нийгмийн хөдөлмөрлөх хүчийг илүү чанаржуулах бодлогыг Засгийн газраас баримталж байгаа. Манай улс 2.2 сая хөдөлмөрийн насны иргэдтэй. Үүнээс 1.1 сая иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа бол, үлдсэн нэг сая хөдөлмөрийн насны иргэд эдийн засгийн эргэлтэд орж, ашиглагдахгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд ашиглагдах энэхүү асар их нөөц бололцоогоо цаашид бүрэн ашиглахын тулд ажлын байрыг нэмэгдүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт тавьсан. Өнгөрсөн хугацаанд ковидын нөхцөл байдал халамжийг тэлэх үндсэн шалтгаан болсон. Монгол Улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд хүн амын вакцинжуулалтыг хангалттай хийж чадсаны үр дүнд бид өнөөдөр дахин хөл хорио тогтоох шаардлагагүй, иргэд өмнө байсан шиг чөлөөтэй ажил хөдөлмөр боломжтой болж байгаа энэ үед бид халамжаа бид зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатай болж байна.

-Ажлын байрыг бодитой нэмэгдүүлсэн цагт халамжаас хөдөлмөрт шилжих талаар яригдах байх л даа. Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр үнэхээр үр дүнгээ өгч чадсан юм уу?

-Та нар бодоод үз дээ. Хоёр их наяд төгрөгийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн зээл 6000 гаруй аж ахуйн нэгж, 20 гаруй мянган иргэнд хүрээгүй байсан бол өнөөдөр ямар дүр зураг үүсчихсэн байх байсан бол. Цар тахал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн олон давхар цохилттой энэ үед асар хүнд нөхцөл байдалд бид орох байсан. Тиймээс 10 их наядын хөтөлбөр байгаа оносон, цаг үеэ олсон, түүхэн үүрэг гүйцэтгэсэн хөтөлбөр болсон гэж үзэж байна. Нийт 100 гаруй мянган ажлын байр хадгалсан гэх тооцоолол зүгээр нэг судалгааны дүн биш. Тиймээс цар тахлын үед үүнээс ч илүү хүндрэл, цөмрөлт гарахыг амжилттай хаасан.

-Улсын орлого тасалдах эрсдэлтэй, эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд олсон орлогоо зөв захиран зарцуулахад бид хэрхэн анхаарч байна вэ. Хөшөө, дурсгал барихаас авахуулаад алслагдсан аймаг сумдад цемент зуурдаг, гишүүд тойргоо услахын төлөө уралддаг байдал хэзээнээс алга болох вэ?

-Төрийн хэмнэлтийн тухай хууль цаашид маш онцгой үүрэг гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар төрийн албан хаагчдад уг хууль хүнд тусч байгаа боловч цаашид төсөв эрүүлжих, төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн нэг төгрөг бүр үр өгөөжтэй зүйлд зарцуулагдах, эдийн засгийн өсөлтөд илүү их хувь нэмэр оруулдаг байх үүргээ илүү үр ашигтай гүйцэтгэх боломжтой болж байна.

-Богино хугацаанд ямар арга хэмжээ авах нь эдийн засгаа сэргээх үр дүнтэй гэж харж байна вэ?

-Манай улсын эдийн засаг бүтцийн хувьд ямар эмзэг юм бэ гэдэг нь цар тахлын үед, урд хөршийн хилийн нөхцөл байдал болон ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөн тод харуулж байна. Тиймээс дунд, урт хугацаандаа эдийн засгийнхаа бүтцийг төрөлжүүлэх, эрүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнийг хийхэд дор хаяж 5-10 жил, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдана. Тиймээс бид богино хугацаанд төлбөрийн тэнцлийн хүндрэлээс яаж гарах, энэ дайны утаан дотроос яаж хохирол багатай үлдэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Тиймээс ойрын хугацааны бодлого ийшээ чиглэнэ. Нэгдүгээрт, түүхий эдийн экспорт хэвийн нөхцөлд очтол хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй. Энэ үед төсөв мөнгөний бодлогын уялдаа маш чухал. Экспортын орлого тасалдсанаас үүдэн Төв банкны валютын нөөцөн дээр олон сөрөг дарамт ирж байна. Энэ нь цаашид валютын ханш, инфляцид нөлөөлнө. Олон сувгаар эдийн засагт сөрөг нөлөөллүүд ирнэ.

-Энэ жил хоёр удаа төсөвт тодотгол хийлээ. Эдгээр тодотголууд төсөвт бодитой хэмнэлт авч ирж чадсан уу?

-Энэ жил манай улс төсөвтөө хоёр удаа тодотгол хийсэн. Эхний тодотголын тухайд бүсээ чангалж ахмадын тэтгэврийг нэмэх нийгмийн шинжтэй бодлогын шийдвэр байсан.

Харин хоёр дахь удаагийн тодотголоор төр бүх шатанд хэмнэлтийн горим руу шилжүүлэх алхмыг хийсэн. Төсвийн хувьд урсгал зардал дээр хэмнэлт хийх боломж маш хязгаарлагдмал. Учир нь төрийн албан хаагчдын цалин хөлс, төрийн үйлчилгээний санхүүжилтийг тэр бүр хасах боломжгүй шүү дээ. Гэсэн хэдий ч бид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамжаас бусад урсгал зардлыг 15 хувиар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Мөн 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт танаж, хэмнэсэн. Энэ бол томоохон хэмнэлт. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй төсвийн шинэчлэл болсон. Энэ нь цаашид төсөвт хандах хандлагыг эрс өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

-Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ оны төгсгөлд манай улсын эдийн засаг нэлээн хүндэрч гурав дахь удаагаа тодотгол хийнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ таамаглалыг хэр бодитой гэж бодож байна вэ?

-Эдийн засаг хүндэрлээ гэж бодоход гарах гарц нь төсөвт тодотгол хийх биш шүү дээ. Хэрвээ үнэхээр төсвийн тодотгол хийснээр эдийн засгийн хүндрэлээс гарчихдаг юм бол өдөр болгон тодотгол хийе л дээ. Тэгэхээр асуудлын гол нь тодотголдоо биш, зөв төлөвлөхдөө байгаа юм. Аль ч үед төсвийн сахилга бат маш чухал. Төрийн хэмнэлтийн хуулиар үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон зорилтыг бид хийж чадсан. Энэ удаагийн УИХ, Засгийн газрын гишүүд төсвийн шинэчлэлийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, энэ жилийн төсвийг батлахад УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөрүүд дотроос зураг төсөл нь батлагдаагүй нэг ч төсөл байгаагүй. Энэ бол шинэлэг хандлага. Нэмж хэлэхэд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар дуу нэгтэйгээр баталсан. Энэ бол цаашдаа төсөв улам эрүүлжих, сахилга бат сайжрахын дохио.

-Тэгвэл төсвийн шинэчлэл, сахилга батын хүрээнд цаашид хэн төсвийг захиран зарцуулах эрх мэдлийн түлхүүр атгаж байгаагаас хамаарч сонгогдсон тойргоо усалдаг, УИХ-ын гишүүд тойрогтоо илүү төсөв тавиулахаар улайрдаг тогтолцооноос салах алхмын эхлэл тавигдаж чадсан уу?

– Энэ бүхний эхлэл Төрийн хэмнэлтийн хуулиар тодорхой хэмжээнд тавигдаж чадсан. Гэхдээ энэ хуулиар асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Асуудал хаана байна гэхээр сонгуулийн тогтолцоонд бий. Жижиг мажоратор системийн үзэл баримтлал бол тойргоо услах шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, пропорционал систем рүү шилжсэн тохиолдолд сая бүрэн утгаараа шинэчлэл явагдах нөхцөл бүрдэнэ. Тиймээс шууд УИХ-ын гишүүд, хэн нэгнийг буруутгахаас илүүтэй сонгуулийн мажоратор системийн онцлогийг бодолцож үзэх нь зүйтэй байх.

-Монгол Улсын нийт гадаад өр нийт 33.8 тэрбум ам.долларт хүрснийг та өмнөх долоо хоногт мэдэгдсэн. Манайх улс үнэхээр дампуурлаа зарлах хэмжээний өртэй улсын тоонд орчихсон байгаа юм уу?

-Таны дурдсан тоо манай улсын нийт гадаад өр гэдгийг ойлгох нь зүйтэй. Бид засгийн газраас гадна хувийн сектор гаднаас санхүүжилт, зээл авахыг хориглож болохгүй. Харин дэмжих ёстой. Үүний тулд эдийн засгийн макро үзүүлэлтүүд, зээлжих зэрэглэл, инфляцийг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулагчдыг татах орчныг сайжруулна. Гагцхүү дээр дурдсан нийт өрөөс хамгийн их анхаарал хандуулах өр нь Засгийн газрын өр болох 8.5 тэрбум ам.доллар бий. Манай улс гадна талдаа өрийн стратегиа маш сайн барьж байгаа. Бид гурав гурван жилээр өрийн стратегиа баталдаг. Өмнөх гурван жилийн стратеги энэ жилийн таван сард дууссан. Тухайн улсын өрийн стратеги ямар байсныг зээлжих зэрэглэлээр дүгнэдэг. 2020 онд л гэхэд манай улсын зээлжих зэрэглэл сөрөг ангилалд багтаж байсан бол тогтвортой ангилалд шилжиж бага боловч өссөн. Эдийн засаг хүнд байгаа энэ жилийн тухайд зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагууд манай улсын ангиллыг хэвээр нь үлдээсэн нь маш том амжилт.

Дараагийн нэг үзүүлэлт юу байдаг вэ гэхээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр манай улсын бондуудын дундаж өгөөж хамгийн бага үнэлгээтэй байна. Хамгийн бага гэдэг нь бидэнд хамгийн их итгэж байна гэсэн үг. Энэ нь зах зээлд манай гадаад өрийн менежмэнтийг үнэлж байгаа маш том үнэлэмж. Тиймээс гадаад өрийн менежмэнттэй холбоотой Засгийн газар дээр ямар ч асуудал байхгүй. Зээлийн хэмжээнээс илүү ашиглалтын үр өгөөж, чанар чухал. Засгийн газар зээл аваад эргээд өгөөжөө өгдөггүй, экспорт, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэггүй, төлбөрийн тэнцлийг эмчилдэггүй, импортыг орлодоггүй төслүүд рүү оруулаад, төсөв дээрээ дарамт аваад байх юм бол энэ нь хамгийн үр өгөөж муутай зээл байх нь тодорхой. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбарууддаа тодорхой хэмжээний зээл авахаас өөр аргагүй болдог. Гэхдээ харьцаа нь зөв байх ёстой.

-Засгийн газрын өр яг хэзээнээс муу зээлийн ангилалд багтаад өрийг өрөөр төлдөг систем рүү шилжчихсэн юм бэ?

-Ерөөсөө Чингис бонд гаргасан цагаас л эхэлсэн. Үүнээс өмнө манайх дандаа урт хугацааны, нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүд авдаг байсан. Харин 2012 оноос олон улсад төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зориулалттай 5-10 жилийн хугацаатай бондыг босгож анх удаа арилжааны нөхцөлтэй зээллэг хийж эхэлсэн. Энэ зээлээр нийгмийн шинж чанартай төслийг санхүүжүүлэх ёсгүй байсан. Харин томоохон бүтээн байгуулалтын, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ бондын 63 орчим хувиар төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг санхүүжүүлчихсэн. Энэ цагаас хойш өрийг өрөөр төлөх шаардлага гарч ирсэн. Чингис бонд 5-10 жилийн хугацаатай, дунджаар 4.8 хувийн хүүтэй зээл байсан. Гэтэл энэ хугацаанд уг зээлээр санхүүжүүлсэн төслүүд хангалттай үр өгөөжөө өгөөгүй, гаднаас доллар олж ирээгүй. Засгийн газар 2012 оноос хойш долоон удаа бонд гаргасан байдаг. Ганц анхны бонд дээр л төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой зээл авсан. Дараагийн хоёр бондын зээлийг шууд төсвийн алдагдлыг нөхөхөд зориулсан. Дараагийн “Гэрэгэ”, “Номад”, “Хуралдай”, “Century” зэрэг бондууд дахин санхүүжилт буюу өмнөх өрүүдээ төлөөд хугацааг нь хойшлуулж, хүүг нь багасгасан ийм бондууд болсон. Засгийн газрын 8.5 тэрбум долларын 5.8 тэрбум нь энэ хөнгөлөлттэй урт хугацааны, бага хүүтэй хөгжлийн зээлүүд, 2.8 тэрбум нь энэ бондын үлдэгдэл байна. Манай улсын өрийн удирдлагын цаашдын стратеги бол бид дахиж төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор өр тавьж, бонд босгохгүй. Нэмэлт гаргах боломжтой өрийн орон зайгаа зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөхөд нэмэртэй төслүүдийг санхүүжүүлэхэд баталгаа гаргана гэж байгаа -Засгийн газар баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт Засгийн газрын өр дээр нэмэгдэж тооцогдоно гэсэн үг үү?

-Нэмэгдэлгүй яах вэ. Засгийн газраас гаргаж байгаа баталгаа Засгийн газрын өр дээр нэмэгдэнэ. Гэхдээ гарч байгаа орон зай дотроо. Өрийн удирдлагын тухай хууль дээр байдаг төсвийн тусгай шаардлагын дагуу өрийн тааз энэ онд 70 байх ёстой. Дараа жил 65, түүний дараа жил 60 болох ёстой. Тиймээс энэ үзүүлэлтдээ багтааж өрийн удирдлагаа чанартай барина гэсэн үг. Дараа жил байх ёстой 65 хувийн өрийн хязгаарынхаа хүрээнд бий болох орон зайг бас нэмэхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөх учиртай. Ингээд явахад шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжих зарим нэг төслүүдээ эрэмбэлж байгаад баталгаа гаргах боломжууд бий. Манайд нэн шаардлагатай байгаа төслүүд дээр Засгийн газраас баталгаа гаргахад бэлэн гэдгээ олон улсын хөрөнгө оруулагчдад дуулгасан. Тухайлбал, Оюу толгойн гэрээнд тусгагдсан Оюу толгойг эрчим хүчээр хангах Таван толгойн дулааны цахилгаан станц барих энэ төсөл жил бүр 250-300 сая ам.доллар эх орондоо авч үлдэх өндөр өгөөжтэй төсөл юм.

-Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа баталгаа гадаадын хөрөнгө оруулагчдад хэр итгэл төрүүлэхүйц байна вэ. Учир нь манай Засгийн газар, улс төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь урт хугацаандаа хэрэгждэггүй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг манайхаас дайжихад хүргэдэг шүү дээ?

-Итгэлтэй байгаа. Дээр дурдсанчлан манай зээлжих зэрэглэл хэвийн, ижил түвшний зэрэглэлтэй улс орнуудаасаа хамаагүй өндөр чанартай байгаа талаар хэлсэн. Тэр хэмжээгээр гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ирэх гурван жилийн стратегиа ягштал барьж чадах юм бол зээлжих зэрэглэлээ ахиулна гэж харж байгаа.

-Энэ удаагийн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжих талаар яригдаж, зарим нь эхнээсээ ашиглалтад орж байна. Хэрэв дараагийн сонгуулийн дүнгээр өөр Засгийн газар байгуулагдлаа гэхэд одоогийн бодлогын тогтвортой байдал алдагдах эрсдэл бодитой байгаа шүү дээ?

-Бид дараагийн сонгуульд дахин ялалт байгуулахын төлөө л хичээж ажиллаж байгаа шүү дээ. Биднийг ажлаа ямар хийсэн бэ гэдэгт эцэст нь иргэд дүнгээ тавина.

-Тийм л дээ. Гэхдээ аль нам эвсэл ялалт байгуулснаас үл шалтгаалаад төрийн бодлого тогтвортой байх чиглэл дээр хэрхэн анхаарч байна вэ?

-УИХ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” хөтөлбөрийг баталчихлаа. Шинэ сэргэлтийн бодлого урт хугацааны хөтөлбөрөө биелүүлэхийн тулд гарааны 10 жилийн эдийн засгийн суурь бүтцийг эрүүл болгох гарааны түвшний эдийн засгийн нөхцөл байдлыг одоо сайжруулах, эдийн засгийн өсөлтүүдийг боомилж байгаа асуудлуудаас ангижрах дунд, урт хугацааны төлөвлөгөөтэй байна. Бид үүнийхээ төлөө л явна. Иргэд сонголтоо хийх эрхтэй.

-Одоо шуугиан болоод байгаа Хөгжлийн банкны зээл анх гарч байхдаа Монгол Улсын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн зээл хэмээн нэрлэгдэж байсан. Гэтэл өнөөдөр банк, санхүүгийн салбарын түүхэнд бичигдэхүйц муу түүхтэй зээл, муу түүхтэй банк болчихлоо шүү дээ. Энэ алдааг дахин давтахгүйн тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Маш харамсалтай. Энэ алдааг дахин давтагдахгүйн тулд манай Засгийн газар хичээн ажиллаж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэхийн төлөө шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Танд дуулгах сайн мэдээ гэвэл хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлээд байна. Энэ бол богино хугацаанд гарч байгаа томоохон үр дүн. Тухайлбал,”Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан “Кью Эс Си” ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдлөө. Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулж өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл нь бүрэн хаагдсан гэсэн үг.

Үүний үр дүнд олон улсын байгууллагаас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлийг бууруулна. Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй үлдсэнээр балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломжууд бүрдэж байна. Ингэснээр дараа жилийн аравдугаар сард төлөгдөх Евро бондыг гадаад хөрөнгийн зах зээл дээр зохицуулалт хийх боломж бүрдэнэ. Самурай бондод өнөөдрийн иен, төгрөгийн ханшаар 710 гаруй тэрбум төгрөг төлөгдөнө. Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг аль болох бүрэн төлүүлнэ. Бид энэ зорилго руу ойртож байна.

-Хэрэв Хөгжлийн банкнаас авсан зээл бүрэн төлөгдөхгүй бол татвар төлөгчдийн мөнгөнөөс өрийг нь төлж барагдуулах юм уу?

-Хөгжлийн банк зээлээ бүрэн төлж чадна гэж харж байгаа. Самурай бондын зээлийг бүрэн төлөхөд 710 тэрбум төгрөг шаардлагатай. Бидэнд жил хагасын хугацаа байна. Энэ хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан байгууллага нэг бүрээр зээлийг нь төлүүлэхийн төлөө, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн төлөө ажиллана.

-Е-баримтын сугалааг зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан иргэд баримтаа уншуулахгүй байх, НӨАТ-гүй борлуулалт улам нэмэгдэж байгаа талаар иргэдийн шүүмжлэл гарч байна. Ебаримтын сугалааг эргэж сэргээх үү?

-Мэдээж ойрын хугацаанд сэргээнэ. Бидний зүгээс олон нийт, иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу сугалааны буцаан олголтыг түр түдгэлзүүлсэн бөгөөд өмнөхөөс илүү боловсронгуй, найдвартай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар сугалааны урамшууллыг сэргээхээр ажиллаж байна.

Е-баримтын сугалаа буюу цахим төлбөрийн баримт бүртгүүлсний төлөө иргэдэд сугалааны хонжвороор олгодог энэхүү урамшууллын хэлбэр анх 2016 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 6 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Е-баримтын сугалаа үүргээ гүйцэтгэж чадсан бөгөөд бид одоо давуу, сул талуудыг сайтар судалж, олон улсын туршлагад нийцүүлэн хөндлөнгийн хяналтад түшиглэсэн сугалааны хэлбэрийг нэвтрүүлэх болно