Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Тэтгэврийн дунджийг таван жилээр тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг зорьж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Та хаврын чуулганаар тэтгэвэртэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Ямар ямар хуулийн төсөл өргөн барив?

-МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн Нийгмийн даатгалын багц хуулийг бүлгээрээ хэлэлцээд бараг буцаах дөхсөн. Нэгэнт Засгийн газар өргөн барьсан хуулийн төсөл учраас ажлын хэсэг дээрээ өөрчлөлтүүд оруулахаар шийдэж хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Миний хувьд тэтгэвэртэй холбоотой дөрвөн хууль өргөн барьчихсан байна. Хамтын тэтгэврийн хуулийг өргөн барьчихаад байгаа боловч хэлэлцэхгүй хойш тавьсаар л байна. Дараагийн хууль бол долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоодгийг болиулж Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог болгох тухай хууль өргөн барьсан. Хамгийн гол нь тэтгэвэр бага тогтоолгож байгаа шалтгааныг бид олж, засах ёстой. МАН 2016 онд УИХ-д олонх болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, энэ үеэр эдийн засаг болоод нийгмийн шинжтэй хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь НДС-гаас таван жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тогтоодог байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2019 оноос долоон жил болгосон. Цаашлаад долоон жилийг 10 жил болгох юм. Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуульд хүртэл тэтгэврийг 10 жилийн дунджаар тооцон тогтоох заалт байгаа. Харин миний өргөн барьсан хуулийн төсөл долоон жилийг таван жил болгож бууруулах хуулийн төсөл юм. Хоёр талд явж байгаа хуулийн төслийг иргэд ялгаж салгаад эхэлчихсэн. Тийм ч учраас ахмадууд таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох хуулийн төслийг ихээхэн дэмжиж байна. Магадгүй ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийг 10 жилийн дунджаар тооцох асуудал тусгагдсан учраас миний өргөн барьсан хуулийн төслийг ямар нэгэн байдлаар хэлэлцэхгүй хойшлуулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч миний бие тэтгэврийн дунджийг таван жилээр тооцох асуудлыг хаврын чуулганаар заавал хэлэлцүүлэх зорилготой ажиллаж байна.

-Тэтгэврийг долоон жилийн дунджаар биш, таван жилийн дунджаар тооцдог болсноор ямар үр дүн гарах вэ?

-Манай улсын нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 80 гаруй хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Энэ бол ахмадууддаа Монголын төр хатуу хандаж байгаагийн илрэл. Ялангуяа цар тахлын үед хил гаалийн гацаатай холбоотойгоор тээвэр ложистик доголдож, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг дагаад инфляци 20 орчим хувьд хүрээд байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь мөн инфляци өсөхөд нөлөөлсөн. Тиймээс 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал маш чухал байна. Хэдийгээр өнгөрөгч баасан гаригт УИХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа ч тэтгэвэр бага хэмжээтэй бодогдож байгаа үндсэн шалтгаануудыг бид арилгах ёстой. Тиймээс таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тооцож байж л тэтгэврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ. Ер нь бол МАН,АН ээлжилж төрийн эрх барьдаг. Ялсан нам нь ялагдсан намынхаа үед томилогдсон төрийн албан хаагчдыг хоморголон халдаг үзэгдэл байсаар л байна. Мөн эмэгтэйчүүдийн тухайд тасралтгүй ажилласан долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгоно гэдэг ховор үзэгдэл. Долоон жилийг таван жил болгох хууль батлагдчихвал нэг зүйлийг бид зайлшгүй засах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэд хохирч үлдэж болохгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг дахин таван жилийн дунджаар тооцож, зөрүү олгох бас нэг хуулийн төсөл бий. Үүнийг бид дагуулж, хэлэлцэх ёстой. Ингэж байж иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх боломж бүрдэнэ.

-Тэгвэл цаашид шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдэд таван жилийн дундаж болгох хуулийн төслийн үр өгөөж түлхүү мэдрэгдэх нь ээ. Мөн инфляцийн зөрүүгээс шалтгаалж тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ?

-Долоон жилийн дунджийг таван жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоодог болох нь ирээдүйд тэтгэвэрт гарах гэж байгаа иргэдэд чухал хууль болох юм. Нийт ахмадуудын 80 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн 300 мянга, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч байгаа юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал. Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг арилгах маш чухал. Социализмын үед өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд тэтгэврээ бага хэмжээгээр тогтоолгосон. Тэр үед тэтгэвэрт гарсан ахмадууд болон одоо тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадуудын тэтгэврийн зөрүү асар их. Тийм учраас тэтгэврийн доод хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс автоматаар нэмэгдүүлдэг байх хуулийн төсөл өргөн барьсан. Өөрөөр хэлбэл Монголбанк, Засгийн газар инфляцийн хэмжээгээ төсөөлсөн хэмжээндээ барьж чадаагүй бол алдсан хэмжээгээрээ ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

-Бусад улс оронд инфляцийн түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг жишиг ер нь байдаг уу?

-Уг хуулийг ОХУ, Казахстан зэрэг орнууд хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жил ОХУ-д инфляци 8.3 хувиар өссөн. Тэгвэл 2022 он гармагц ахмадуудын тэтгэврийг ийм хэмжээгээр нэмэгдүүлсэн. Энэ тогтолцоог хэрэгжүүлж чадвал тэтгэврийн доод хэмжээ жил бүр тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн зөрүү арилснаар ахмадуудын гомдол тасарна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч соргогоор мэдэрч, сөрөг хүчнийхээ үгийг сонсож, энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзэж, Засгийн газарт үүрэг өгсөн. Тийм ч учраас Засгийн газар яаралтай арга хэмжээ авч УИХ-аар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох асуудлыг хэлэлцүүлж байна. Энэ бол Сар шинийн баярын өмнө ахмадуудад бодитой дэмжлэг болж байна.

-Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн хэмжээ илүү гарахаар байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарах уу?

-Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрчихвэл төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн 80 хувь нь авч байгаа цалингийнхаа 45 хувиар долоон жилийн дунджаар тооцуулахад тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрэхээргүй тэтгэвэр тооцуулахаар байна. Хэрэв таван жилийн дунджаар тооцуулахад дээрх 80 хувийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурах боловч 40-50 хувь нь мөн л тэтгэврийн доод хэмжээнд хүрэхээргүй байна. Тиймээс цаашид улс орны ирээдүй хойч үеийг бэлдэж байгаа багш нар, эрүүл мэндийн энхийн манаанд зогсож байгаа эрүүл мэндийн салбарынхны цалинг болоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Цаашид манай улс тэтгэврийн реформ хийх шаардлагатай гэдгийг судлаачид байнга хэлдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн жилийн эдийн засаг ковидын үед маш хүндрэлтэй байлаа. Иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ өссөн. Нөхцөл байдал ийм байхад өнгөрсөн жил Нийгмийн даатгалын сангийн орлого 24 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, 735 тэрбум төгрөгөөр НДС-гийн хөрөнгө арвижсан байна. Гэтэл тэтгэвэр тогтоолгож байгаа иргэд нийт тэтгэвэр авагчдын 10 орчим хувийг эзэлж байна. НДС-гийн нийт хөрөнгө нь 24 хувиар өсөөд байгаа тохиолдолд, НДС-гаасаа Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн дагуу инфляцитай уялдуулж жил бүр тэтгэвэр нэмэх боломж бүрдэж байна гэсэн үг. Тиймээс бидний цаашид хийх гол ажил бол НДС-гийн үйл ажиллагааг менежмэнтийн өндөр зохион байгуулалтад оруулах шаардлага үүсч байна. Европын орнуудад хоёр ажил эрхлэгчид гурван тэтгэвэр авагч ногддог. Тэгвэл манайд 10 ажил эрхлэгч иргэнд, дөрвөн тэтгэвэр авагч иргэн ногдож байна. Гэтэл ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 300-500 мянган төгрөгийн хооронд байлгана гэдэг бол НДС-гийн үйл ажиллагаа менежмэнтийг зөв хийж чадахгүй байна гэсэн үг. Цаашид НДС-гийн хөрөнгийг тухайн жилдээ баталгаатай Засгийн газрын бонд авах юмуу, эсвэл Монголбанкны үнэт цаас авах гэх мэтээр жил бүр энэ сангийн мөнгийг арвижуулаад явах нь өндөр хэмжээгээр тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

-Үхэр жилийн отгон ярилцлага болж байна. Үхэр жилээ үдэж, бар жилтэй золгох гэж байна. Таны хувьд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байсан бэ?

-Хүүхэд насны Цагаан сар хамгийн дурсамжтай байсан санагддаг юм.Аав ээжийгээ дагаад айл хэсч хэн ямар бэлэг өгөхийг сонжиж, таалагдсан, таарсан бэлэг авчихаад баярлаж, хөөрч байсан мөчүүд сэтгэлд тод үлджээ.

Миний хувьд парламентад сонгогдсоноосоо хойш ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, олон хуулийн төсөл өргөн барилаа. Тэтгэврийг багаар бодож байгаа шалтгааныг арилгах зэрэг асуудлаар чуулганы хуралдаан бүр дээр дуу хоолойгоо хүргэсний үндсэн дээр өнөөдөр МАН-ынхан сөрөг хүчнийхээ үгийг хүлээн авч ахмадуудаа баярлуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын дарга нар, УИХ-ын дарга нар зөв зүйтэй арга хэмжээ авсанд баярлаж байна. Үхэр жилийн сүүлэн дээр, бар жилийн босгон дээр ахмадууд төр засагтаа баярлаж, талархсан сэтгэлийн үгээр ерөөл хайрлаж суугаа байх аа. Бэлэг дэмбэрлийн ерөөл дүүрэн Цагаан сараа угтахад хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Ирж байгаа бар жилд монгол хүн, монгол төр хүчтэй байж, ирээдүйдээ итгэл дүүрэн сайхан жил байхыг ерөөж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баярсайхан: Ямар ч байгууллагын үйл ажиллагааны үндсэн бодлого нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэх ёстой


УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы үеэр та ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав?

-УИХ-ын намрын чуулган төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэж батлахын зэрэгцээ ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Миний хувьд чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд таслалгүй бүрэн оролцдог гишүүдийн нэг. Энэ удаагийн намрын чуулганаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр онцгой анхаарч, хүүхэд хамгааллын төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналт тавих чиглэлд Засгийн газар, хэрэгжүүлэгч агентлаг, яамтай хамтарч ажиллалаа. Цар тахлын үед хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил манай улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болж байна. Харамсалтай нь, энэ хугацаанд дэлхий дахинд хүүхдийн хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн судалгааны дүн хүн бүхний сэтгэлийг түгшээж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл цар тахлын үед нэмэгдэхээс гадна, хүчирхийлэлд өртөж байгаа иргэд хүчирхийлэгчийнхээ хажууд амьдарч байгаа учраас тэднийг онцгой анхаарч хамгаалах ёстойг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга анхааруулсан. Мөн бүх улсын Засгийн газарт хандаж уриалга гаргасан. Улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед “Чоно борооноор” гэдэгчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нэмэгдэж байгааг зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй.

-Таны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэдтэй холбоотой зүйл заалт тусгуулахад нэлээд хичээж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг тусгах хэрэгцээ шаардлага юу байв. Мөн та МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. МАН хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийнэ гэсэн байгаа. Үүнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр юу хийгдэх вэ?

-Миний бие МАН-ын 30 дахь Их хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож хэд, хэдэн ажлын хэсэгт орон ажиллаж байна. Үүний нэг нь “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах” ажлын хэсэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон ирээдүйд батлагдах хуулийн төслүүдэд хүний эрхийг хамгаалах, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн зүйл заалтуудыг оруулахаар ажиллаж байна. Үүний нэг жишээ бол энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйлд ажил олгогч буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлоготой байх саналыг оруулж тусгуулсан. Энэ бол анх удаа Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдийн тухай орж байгаа зүйл заалт. Яагаад ийм зүйл заалт тусгуулах болсон бэ гэхээр сүүлийн хоёр жил хамтран ажилласан, судалж, хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Австралийн Засгийн газрын сайн туршлага бий. Хоёр жилийн өмнө Монгол Улсад зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, гэмтэж, бэртсэн цаашлаад амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол, цар тахлын үед 35 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс цар тахлаас үүдэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны үйл ажиллагаа хаагдах хүртэл төр хүүхдүүдээ хамгаалдаг байсан нь харагдаж байна. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд хүүхэд гэмтэж бэртвэл багш нар хариуцлагаа хүлээдэг. Тэгвэл дээр дурдсан ямар нэгэн байдлаар хохирч, хүчирхийлүүлж байгаа 35 мянган хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдад ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй. Хэдийгээр хүүхдийн эцэг, эх байх эрхээс татгалзуулах талаар хуульд заасан боловч бодит амьдралд хэрэгждэггүй. Тиймээс хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, эрсдэлт орчинд амьдарч буй хүүхдүүдийн талаар нарийвчилсан судалгаа хийж, эцэг эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх учиртай.

Одоогийн хүүхэд багачууд эх орныхоо ирээдүйг мөрөн дээрээ үүрээд явах учраас өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, ямар нэгэн гомдол шаналалгүй, хүчирхийллээс ангид, аз жаргалтай орчинд өсгөх нь төр засгийн болоод эцэг эхчүүдийн үүрэг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд дээрх зүйл заалтыг тусгаснаар ажил олгогч нь ажилтныхаа ар гэрийн нөхцөл байдлыг мэдэж, анхаарахад илүү дөхөм болох юм. Магадгүй тухайн ажилтан ганц бие ээж, аав, эсвэл олон хүүхэдтэй айл өрх юм уу, амьжиргааны түвшин ямар байна гэх мэтчилэн ажилтныхаа ар гэрийг мэддэг болсноор ажилтнаа илүү цагаар ажиллуулдаггүй, ар гэр, үр хүүхэд, хань, ижилтэйгээ хамт байх цагийг аль болох гаргаж өгөх боломж нөхцөлөөр хангаж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн ажил олгогч нь хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд ажилтнууддаа хариуцлагатай, сайн аав ээж байх сургалтыг жилдээ 1-2 удаа зохион байгуулна. Австралийн туршлагаар ажилтнууд ажил олгогч буюу цалин өгч байгаа удирдлагынхаа үгийг илүү хүлээж хэрэгжүүлдэг нь туршилтаар нотлогдсон. Тиймээс хүүхдийн хүчирхийллийг буурлахад ажил олгогчоор дамжуулж эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлэх хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр энэ чухал саналыг оруулсан.

-Нэг талаас ажил олгогчдод ирэх ачаалал нэмэгдэх юм биш үү?

-Өнгөц харахад тэгж харагдаж байгаа боловч ар гэр, үр хүүхэд, хань ижилтэйгээ байх цаг заваар бүрэн хангагдсан ажилтны ажилдаа зарцуулах сэтгэл зүтгэл, ажлын бүтээмж өндөр байдаг. Мөн ажилтнаа ойлгож, дэмжиж урамшуулдаг удирдлагатай баг хамт олонд ажилладаг ажилтан тухайн компанидаа тогтвор суурьшилтай ажиллах бас том шалтгаан болж байдаг. Үүний үр дүн нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, ажлын үр дүн өндөр байна. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засагт өсч, нийгмийн уур амьсгал ч сайхан болно. Тийм учраас хүүхэд хамгаалах үйлсэд бүх ажил олгогчид санаа тавьж ажиллах юм бол 35 мянган хүүхэд бэртэж гэмтэж, хүчирхийлэлд өртөж байгаа тоо эрс багасч, цаашид энэ тоог тэглэх боломж бүрдэнэ. Мөн тус хуульд гишүүний хувиар оруулсан бас нэг чухал зүйл заалт бол ажлын байрны бэлгийн дарамтын зүйл заалтыг илүү нарийвчлан тусгуулсан. Тухайлбал, “Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй” байхаар хуульд тусгасан. Нэг талаас ажил олгогчийн нөгөө талаас ажилтны үндсэн үүргүүдэд бэлгийн дарамтын эсрэг зүйл заалтууд орсноор бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн ажлын байрны орчин гэж ямар орон зайг хамаарах талаар нилээн тодорхой тусгуулсан. Тиймээс энэхүү хуулийн төсөлд оруулсан саналуудынхаа хэрэгжилтийг бүрэн хангуулахыг зорьж ажиллаж байна.

.-Өнгөрсөн хугацаанд та дунд сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх асуудлаар нэлээд хүчтэй дуугарч ирлээ. Энэ ажилд УИХ-аас хяналт тавих ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Сая чуулган завсарлахын өмнө салбарын сайдад ч хаяглан энэ асуудлаар шүүмжлэл хэлж байсан. Ер нь энэ ажлын явц хэр байгаа вэ?

-Хүүхэд хамгааллын асуудалд ариун цэврийн байгууламжийн асуудал нэн чухал. Энэ бол зөвхөн хүүхдийн эрх гэлтгүй хүний амьдралын хамгийн наад захын хэрэгцээ шаардлага юм. Ариун цэврийн байгууламжийн асуудлыг Засгийн газар хэрэгжүүлэхээр УИХ төсөв мөнгийг нь баталж, “Эрдэнэт” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэхээр болсон. Манай улсын эрс тэс уур амьсгалд хамгийн сайн тохирох шийдлийг олох гэж УИХ-аас уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж миний бие ахалж ажиллаж байна. Сая чуулган завсарлахын өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны отгон хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, ажил сайжруулах байнгын хорооны тогтоол гарлаа. Шийдвэр нь гарсан, санхүүжилт нь тодорхой ийм чухал бүтээн байгуулалтыг маш чанартай гүйцэтгэх ёстой. Өнгөрсөн жилийн УИХ-ын ажлын хэсэг сар бүр хуралдаж ажлыг шахаж байгаа ч төдийлөн сайн үр дүн гараагүй байгаа учраас салбарыг сайдыг энэ асуудалд онцгой анхаарахыг л хүссэн. Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлал яамны Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан дэд ажлын хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллага, барилгын хөгжлийн төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл ажиллаж байгаа. Тиймээс энэ ажлыг цаг хугацаа алдахгүйгээр богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр модон жорлонгийн тоог илт багасгаж чадсан аймгууд бий. Тиймээс бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагаас суралцаж, хөдөө орон нутагт модон жорлонгийн асуудлыг шийдэж чадвал хүүхдүүд маань эрүүл өсөн торниж, ая тухтай сурч боловсрох, амьдрах эрх нь хангагдах юм. Бидний хийсэн судалгаагаар орой, хүйтэн сэрүүнд жорлон явахаасаа халшраад уух шингэнээ багасгадаг тухайгаа хүүхдүүд ярьсан. Хүүхдүүдэд битгий хэл багш нар ч мөн энэ асуудал хүнд байдаг. Техник, технологийн 21 дүгээр зуунд хөдөө орон нутагт хүүхдүүд маань түмпэнд суугаад дээрээсээ ус гоожуулаад усанд орж байна. Энэ хөгжлийн хоцрогдлыг бид арилгах ёстой.

-Та дэлхийн жорлонгийн өдрөөр соёлын байгууллагууд, Ерөнхий боловсролын сургуулиуд, эмнэлэг гэх мэтчилэн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага бүр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгох асуудлаар уриалга гаргаж байсан шүү дээ. Уриалгад хэчнээн байгууллага нэгдэв?

-Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний зарим байгууллагууд болон боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламж түгжээгүй, мөн суултуургүй хүйтэн паалантай байдаг. Ямар ч хүн түгжээгүй 00-д бие засах хэцүү. Хүйтэн паалан дээр суухгүйн тулд дээр нь гишгэж бие зассанаас гэмтэж бэртэж, хөл гараа зүссэн тохиолдол ч байна. Тиймээс дэлхийн жорлонгийн өдөр 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн яаманд албан бичиг хүргүүлж уриалга гаргасан. 10 аймаг, хоёр яам тайлангаа ирүүлсэн байна. Арван аймгийн 219 сургууль, 99 цэцэрлэг, 71 дотуур байр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгосон байна. Нийслэлийн боловсролын газар удахгүй мэдээллээ ирүүлнэ. Энэ ажилд тийм их төсөв мөнгө шаардлагагүй. Зөвхөн удирдлага болон томчууд бидний ажлаа гэсэн, хүүхдээ гэсэн сэтгэл, хандлагын асуудал байгаа юм. Миний бие Боловсрол шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчны стандартыг баталсан. Энэ стандартын дагуу ажлаа сайжруулахыг л уриалсан. Энэхүү ганц удаагийн уриалгаар нийт 627 цоож цуурга, 507 угаалтуур шинээр хийж засварласан, 443 суултуур шинээр хийж засварласан, 51 жорлон шинээр барьсан, 21 гэрэлтүүлэг шинэчилсэн, 23 хаалга сольсон, тусгай хэрэгцээ хүүхдүүдэд зориулсан таван ширхэг ариун цэврийн байгууламж бий болгосон зэрэг нийт 100 сая төгрөгийн засварын шинэчлэл хийсэн зэрэг олон сайхан үр дүн гарсан байна. Хийе гэсэн сэтгэл байвал үр дүн гардгийн жишээ бол энэ. Бусад аймгууд ч удахгүй ирүүлнэ гэж итгэж байна.

-Төрөх тасгийн ариун цэврийн байгууламжтай холбоотой асуудлаар ЭМЯ-нд удаа дараа хандаж байсан. Гадаа ариун цэврийн байгууламжтай хөдөө орон нутгийн төрөх тасгийн ариун цэврийн байгууламжуудын нөхцөл байдал сайжирч байгаа юу?

-Нялх биетэй эхийн үйлчлүүлэх ариун цэврийн байгууламжид анхаарал хандуулах талаар салбарын сайд болон Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан. Үүний үр дүнд гадаа жорлонтой 240 сумаас 30 сумын төрөх тасгийг дотроо жорлонтой болгохоор гурван тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суулгасан гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Энэ бол бага боловч ахиц дэвшил. Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд төрхийн өмнөх гэдэс цэвэрлэгээ хийлгэсний дараа хувинд бие засч байгаа. Энэ бол маш хүнд асуудал. Давхар биетэй ээж битгий хэл, дан биетэй бидэнд хувинд бие засна гэдэг төсөөлөшгүй. Хүний эрх, хүүхдийн эрх, хэвлийд байгаа ургийн эрх гэх мэт олон асуудал ганцхан жорлонгийн асуудал дээр ингэж зөрчигдөж байна. Саяхан хөдөө орон нутагт жирэмсэн ээж гадаа жорлонд бие засах үедээ хүүхдээ унагаасан харамсалтай явдал гарсан. Тав тухтай жорлонгийн асуудал бол хүний эрх, хүүхдийн эрхийг хангах хамгийн үндсэн суурь асуудал бөгөөд үүнийг улсын хэмжээнд өөрчлөх цаг болсон.

-Эхийн хэвлийд байгаа хүүхдийн эрхийн асуудлаар ч бас дуу хоолойгоо хүргэсээр байгаа. Үр хөндөлт, тэр дундаа өсвөр насны охидын дунд үр хөндөлт нэлээд өссөн талаар статистик мэдээ байсан. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Хөгжингүй оронд эхийн хэвлийд байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаардаг. Хэдийгээр энэ талаар ЭМЯ-наас гаргасан тодорхой журмууд байдаг боловч бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Тухайлбал, үр хөндүүлэхэд эмч нарын зөвлөгөөнөөр орж шийдвэр гарсны дараа үр хөндүүлэх тухай яригддаг боловч манай улсад үр хөндүүлэхтэй холбоотой асуудал замбараагаа алдсан. Сүүлийн жилүүдэд төрөлт залуужиж, олон ээжүүд одонтой ээж болж байгаа сайхан жишээ олон бий. Гэтэл нөгөө талд харамсмаар статистик байна. Сүүлийн хоёр жилийн статистикийг аваад үзэхэд 2020 онд 75694 ээж төрсөн бол 14639 ээж үр хөндүүлсэн байна. 2021 онд 71116 ээж төрсөн бол 12043 ээж үр хөндүүлсэн статистик мэдээ байна. Хамгийн харамсалтай сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол 2021 онд үр хөндүүлсэн 12043 ээжийн 564 нь өсвөр насны охид байна. Охид бүсгүйчүүд хувийн эмнэлгийн үүдэнд дугаарлаж зогсож байгаад л үр хөндүүлдэг боллоо. Тиймээс хэвлийд байгаа хүүхдийн эрх, амь насыг хамгаалах асуудлаар ЭМЯ-нд санал хүргүүлсэн. Үр хөндүүлэх асуудалд төр анхаарч, хэвлийд бойжиж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах ёстой. Өнгөрсөн хугацаанд хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд онцгой анхаарахаас гадна төрөөс үйлчилгээ авч байгаа иргэдийн эрхийн асуудалд мөн анхаарч ажиллалаа. Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар ялгаварлагдахгүйгээр, хэн нэгнийг царайчлахгүйгээр цаашлаад авилга өгөхгүйгээр ижил тэгш авах эрхтэй. Миний бие төрийн албаны үйлчилгээг сайжруулж, хүнд сурталгүй, авилгагүй, ёс зүйтэй, чадварлаг төрийн албан хаагчдыг бэлтгэх, төрийн үйлчилгээг цэвэр тунгалаг, шударга шуурхай иргэдэд хүргэхэд анхааран ажиллаж байна. Цаашдаа ч тодорхой үр дүн гартал нь ажиллах болно.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, өргөн барихаар төлөвлөсөн ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Цахим гадуурхлын асуудал ганц манай улсын хувьд биш дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй хүнд асуудал болж байна. Цахим гадуурхалтад өртсөнөөр хүүхдүүд хичээл номондоо дургүй болохоос гадна, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, гэр орноосоо дайжиж, буруу хүмүүстэй нөхөрлөснөөр гэмт хэргийн ертөнц рүү хөл алдах, тэр ч бүү хэл амиа хорлох хүртэл эрсдэл бий болж байна. Тиймээс цахим гадуурхалтад хүүхэд багачуудыг өртөхөөс сэргийлэх ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар судалгааны ажил дээр ажиллаж байна. Мөн хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэйгээ хамтран Нийгмийн ажлын тухай хуулийг ирэх хаврын чуулганд өргөн барих гэж байна. Хүчирхийллийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед нийгмийн ажилтан мэргэжлийн байх, нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Тиймээс нийгмийн ажилтны нэр хүнд, үнэ цэнийг өсгөх, цалин хангамжийг нь тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ёстой. Тухайн баг, хороо, сум, дүүрэг, айл өрх, хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж байгаа нийгмийн ажилтныг сэтгэлзүйн боловсролтой, мэргэжилдээ мэргэшсэн байхад уг хууль дөхөм болох учиртай. Аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлж, харилцан ярилцаж, асуудлын учир зүйг олж шийдэхэд нийгмийн ажилтны үүрэг оролцоо асар их. Манай улсад одоогийн байдлаар 715 хамтарсан баг ажиллаж байна. Эдгээр хамтарсан багуудын ажлыг үр дүнтэй болгоход Нийгмийн ажлын тухай хууль өндөр үр нөлөө үзүүлэх юм. Энэ төрлийн хууль урьд өмнө нь батлагдаж байгаагүй. Анх удаа өргөн барих гэж байгаагаараа онцлог. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд багш ажилтнуудын саналыг тусгах, боловсролын чанар хүртээмж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Та иргэд, сонгогчдодоо хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Угтан ирж байгаа усан бар жилд хүн бүр эрүүл энх байж, улсын орны маань эдийн засаг сайжирч, хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн түүхийг бичсэн сайхан жил байна гэж итгэж байна. Төр минь түвшин амгалан, түмэн олон минь сэтгэл амгалан, хүүхэд бүр аз жаргалаар дүүрэн, гэр бүл бүхэн халуун хайраар дүүрэн байх болтугай. Нийт монголчууддаа болон Завхан сайхан нутгийнхандаа сар шинийн баярын мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Одонтуяа: Нэг ч болов хүн хавдрын тухай ойлгож, урьдчилан сэргийлээсэй гэж боддог

Монгол Улсын гавьяат эмч Г.Одонтуяатай ярилцлаа.


-Юуны өмнө Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм шагналаар энгэрээ мялаасанд баяр хүргэе. Цацраг туяаны эмчилгээний салбараас төрсөн анхны гавьяат болсон байх аа?

-Баярлалаа. Монгол Улсад 1959 онд Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд анхны туяа эмчилгээний рентген аппаратыг суурилуулснаар туяа эмчилгээ нэвтэрсэн түүхтэй. Ингээд 1961 онд ХСҮТ-д Цацраг туяа эмнэлэг байгуулагдсан. Ийнхүү цацраг туяа эмчилгээний салбар байгуулагдсанаас 60 жилийн дараа анхны гавьяат эмч хэмээх энэ эрхэм алдрыг хүртсэндээ маш их баяртай байна. Хэдийгээр гавьяат гэх цол тэмдгийг хүлээж авсан нь хувь хүн Г.Одонтуяа миний бие боловч энэ чиглэлээр ажиллаж байсан анхны таван эмч болох Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо зэрэг надад зааж сургасан багш нар, хамт ажиллаж байсан баг хамт олон, салбарынхны минь шагнал юм шүү.

Манай хүүхдүүд “Ээж ээ, та одоо гэртээ амар аа. Таны үеийнхэн цар тахлын үед гэртээ сууж байна шүү дээ” гээд л ятгана. Тэгэхээр би “Гэртээ суух болоогүй ээ. Ээж нь төрийн дээд шагнал авсан хүн өмнөхөөсөө ч илүү ажиллана” гэж хариулчихаад сууж байгаа. Хүнд миний тусламж хэрэгтэй байгаа бол би ажилласаар л байх болно. Үнэндээ өдөр бүр ажиллахыг хэн ч шаардаагүй. Манай удирдлагууд “Та өөрийнхөө боломж бололцоогоороо л ажилла” гэдэг. Хийгээд сурчихсан ажил болохоор надад хэцүү санагддаггүй. Анагаах ухааны салбарт шагнуулж байгаа хүмүүсийн дотор эзнээ олоогүй шагнал гэж байдаггүй.

-Та ажил амьдралынхаа гарааг хаанаас эхлүүлж байв. Туяа эмчилгээний чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Анагаах ухааны их сургуулийг 1979 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш, эмчээр томилогдож нэг жил ажилласан. Ингээд 1980 оны аравдугаар сард ЭМЯ- ны томилолтоор ХСҮТ-ийн Цацраг туяаны эмнэлэгт томилогдон ажилласан даа. Түүнээс хойш энэ эмнэлэгтэй амьдарлынхаа 42 жилийг холбожээ. Туяаны эмчээр ажиллаж эхлэхээс өмнө шинэхэн төгсөгч учраас ХСҮТ-ийн бүх тасагт ажиллаж туршлага хуримтлуулсан. Ахмад эмч нараасаа суралцаж, тэднийхээ хэлсэн үг нэг бүрийг өөртөө тусган авч мэргэжил, мэдлэгээ ахиулсаар 1985 оноос эхлэн туяаны эмчээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл туяаны эмчээр 38 жил тасралтгүй ажилласан байна. Та бид хоёрын ярилцлагаас нэг ч болов хүн хавдрын тухай ойлгож, түүнээс урьдчилан сэргийлж чадвал болоо доо. Нас явахаар ч тэгдэг юм уу хүн илүү хүнлэг, илүү өрөвч, нинжин болж, бусдынхаа алдааг олон хүн битгий давтаасай гэж хүсдэг болчих юм.

-Та тэгвэл яах аргагүй туяа эмчилгээний салбарын үүсэл хөгжил, үүх түүхийн амьд гэрч байна шүү дээ?

-Ямартай ч би дээр дурьдсан алтан үеийн таван эмчтэй хамт ажиллаж байсан нь миний хувьд азтай хувь тохиол. ЗХУ-ын тусламжаар 1982 онд ХСҮТ-д өргөтгөл хийж, туяаны эмнэлгийн одоогийн барилга байгууламж ашиглалтад орж байсан.

Анх шинэхэн барилгынхаа хана, цонх, шалаа угаагаад л хүлээн авч байлаа. Манай улс 1962 оноос туяа эмчилгээг анагаах ухааны салбартаа нэвтрүүлж, тухайн үед ОХУ-ын тоног төхөөрөмж, аппаратыг хэрэглэдэг байсан бол 1982 онд одоогийн шинэ байрандаа орохдоо мөн л тус улсын илүү дэвшилтэт технологи аппаратыг хэрэглэх болсон. Үүнээс хойш таван жил тутам туяа эмчилгээний технологи, аппарат шинэчлэгдсээр ирсэн. 1989-1990-ээд оны эхээр Олон улсын цөмийн энергийн агентлаг хэмээх олон улсын байгууллагатай бид холбогдож, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд тоног төхөөрөмжүүдээ нэлээд шинэчилсэн. Мөн боловсон хүчнүүдээ олон улсын сургалтуудад тогтмол хамруулж чадавхжуулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтуудаар болон олон улсын хөрөнгө оруулалтаар тогтмол техник технологийн шинэчлэл хийж байлаа. Тэр бүхэнд нь миний бие оролцож байсан. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө шугаман хурдасгуур буюу энерги багатай туяагаар хорт хавдрыг эмчилдэг болсон. Энэ технологи дэлхийд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн эмчилгээний технологи юм. Уг технологи манай улсад нэвтэрснээр хавдраар өвдсөн иргэд гадаадын улс орнуудыг зорих урсгал хаагдсан. Уг үйлчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаараа авдаг учраас ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэл орох хүндрэл байхгүй болсон. Ялангуяа тархи, нугасны хавдраар өвчилсөн иргэдийг Монголдоо эмчлэх боломжгүй байсан учраас гадаад руу явахаас өөр аргагүй байсан. Харин одоо эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон нь маш том дэвшил юм.

-Зарим иргэд туяа эмчилгээний талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Туяа эмчилгээг хорт хавдрын эмчилгээнд ашиглана гэдэг нарийн технологи байх л даа?

-Тийм шүү. Зарим иргэд туяаны эмчилгээнд орох нь муу гэж ойлгоод байдаг. Бид зөвхөн хавдартай хэсэгт л туяа эмчилгээ хийдэг. Одоо бол шугаман хурдасгуур гэх энерги багатай багаж ашигладаг болсон. Өмнө нь ашиглаж байсан технологи хавдартай эрхтний хажуугийн эрхтнүүдэд бага хэмжээнд нөлөө үзүүлдэг байсан. Одоо бол энерги багатай туяагаар онилж бууддаг болсон учраас ямар нэг нөлөө үзүүлнэ гэх айдасгүй болсон. Тиймээс хавдраа онилж буудахын тулд нарийн мэргэжлийн бүтэн баг ажилладаг. Энэ процесс 5-7 хоног үргэлжилдэг. Туяа эмчилгээ хийснээр хавдрын эсийн хуваагдлыг зогсоож, хавдрын эсийг цусан хангамжгүй болгодог. Ингээд цусан хангамжгүй болсон хавдрын эсүүд томролгүй агшдаг. Цацраг туяаны эмчилгээ хийнэ гэдэг бол асар нарийн технологи. Манай эмч нар энэ чиглэлээр мэргэшихийн тулд 10-15 жил зарцуулдаг. Туяа эмчилгээ хийхэд Цөмийн инженерийн мэргэжлээр төгссөн эмнэлгийн физикч, техникч, сувилагч, эмч гэх мэт 4-5 хүний хамтарсан багийн ажлын үр дүнгээр нэг хүний эмчилгээний үр дүн шийдэгддэг. Сүүлийн таван жил бид гадаадад очиж эмчлүүлдэг хэд хэдэн өвчний урсгалыг зогсоож чадсан. Тухайлбал, умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, тархи, нугасны хавдрыг нэрлэж болохоор байна.

-Сайхан мэдээ байна. Гадаадад эмчлүүлэхийн тулд иргэд эдийн засаг, сэтгэл санаагаараа их хохирдог шүү дээ?

-Хавдраар өвдсөн иргэд гадаадад очиж эмчлүүлэхийн тулд эдийн засгийн асар хүнд дарамтад орохоос гадна хоног хугацаа алдах гэх мэт асуудал олон бий. Жилээс жилд технологи сайжирч, боловсон хүчнүүд маань чадавхижаад, бэлтгэгдсэн боловсон хүчний тоо нэмэгдэж байна. Харамсалтай нь зарим тохиолдолд эмч, сувилагчдын цалин хангамж муугаас болоод сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнээ өндөр цалинтай уул уурхайн салбарт алдах тохиолдол байна. Ялангуяа эмнэлгийн физикчээр бэлтгэгдсэн боловсон хүчнээ цалин бага гэсэн шалтгаанаар өөр салбарынханд алдах эрсдэл ойрхон байна.

-Та яагаад заавал туяаны эмч болохоор шийдсэн юм бол?

-Залуу байхдаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан л даа. Эвлэлийн үүрийн дарга ч явлаа. Миний багш н.Чимид нэг өдөр намайг дуудаад “Чи анагаахын салбарын хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологи болсон туяа эмчилгээгээр мэргэших хэрэгтэй. Энэ бол маш сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг эзэмшвэл олон хүнд тус болно” гэж хэлсэн. Тухайн үед би жаахан эмээж байсан л даа. Гэсэн ч өөрийнхөө итгэж, хүндэлдэг багшийн үгийг дагаад туяа эмчилгээгээр мэргэшихээр шийдсэн. Одоо шийдвэртээ үргэлж баярладаг. Сүүлдээ хүн мэргэжилдээ шунан дурладаг юм билээ. Энэ шар байшинтайгаа амьдралаа холбоод 42 жил болчихож. Хичнээн хүнд хэцүү байсан ч хүн дуртай ажил, мэргэжлээсээ хэзээ ч шантардаггүй, няцдаггүй юм билээ. Одоо өөрөөсөө ч илүү боловсон хүчин, мэргэжилтнүүд бэлтгэчихсэн учраас өөрөөрөө хааяа бас бахархана аа. Миний хийгээгүй, чадаагүй, дуусгаагүйг үргэлжлүүлэх шавь нар минь байна шүү дээ.

-Шавь нар гэснээс энэ хугацаанд гарын шавь олон бэлтгэв үү?

-Би одоо ХСҮТ-д зөвлөх эмч хийж байна. Ажиллаж байх хугацаандаа залуучууддаа өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг зааж сургахыг л хичээж байна. Надад гарын гурван шавь бий. Түүний хоёр нь Японд, нэг нь Германд докторын зэргээ хамгаалаад ирчихсэн одоо ХСҮТ-ийн цацраг туяаны тасгийг хариуцаад ажиллаж байна. Багшийнхаа хийж гүйцээгээгүй зүйлийг хийх шавь нар минь энэ салбартаа орж ирснийг харахад хамгийн сайхан санагддаг. ХСҮТ-ийн цацраг туяа эмнэлэгээс хамгийн олон эрдэмтэн төрсөн байдаг. Одоогоор гурван шавь минь докторын зэргээ хамгаалсан бол ОХУ-д хамгаалсан нэг, одоо Монголдоо докторын зэрэг хамгаалах гэж байгаа нэг эмч байна. Өмнө нь бидэнд судалгаа шинжилгээ хийх цаг зав төдийлөн олдоггүй байсан.Сүүлийн үед ангаахын шинжлэх ухааны салбар судалгаа шинжилгээ онол, практикийн мэдлэг хосолж хамтдаа урагшилдаг болчихлоо. Манай эмч нар мэргэжлийн ур чадвараараа хаана ч гологдохгүй. Эмч хүн гэдэг хүний амьдралын эхлэл төгсгөл дээр хамт байдаг. Магадгүй зарим хүмүүс хавдрын эмч гэхээр дандаа л үхэх гэж байгаа хүнтэй ажилладаг мэтээр төсөөлдөг. Тийм биш юм л даа. Хавдар эдгэрдэг, эмчлэгддэг. Хавдраар өвдөөд эдгэсэн хүмүүстэйгээ, тэднийхээ ар гэрийнхэнтэй гудамжинд таарч баяр хөөр болох үе олон бий. Хэдийгээр хүнд өвчнөөр өвдсөн ч гэсэн нэг хоног, нэг сар, нэг жил боловч эцэг эх, хань ижил, үр хүүхдээ асарч хажуудаа байлгах юмсан гэсэн сэтгэлээр ар гэрийнхэн нь ханддаг. Эмч, эмнэлгийн ажилчид бид ч тэдний энэ хүслийг чадах чинээгээрээ биелүүлэхийг л хичээдэг. Эмчилгээ хийж байх хугацаанд бид бүгдээрээ л нэг баг болж ажилладаг.

-Манай улс хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Хавдраар өвдсөн иргэд болоод тэдний ар гэрийнхэнтэй харилцан, ойлголцож байж эмчилгээ нь илүү үр дүнтэй байдаг болов уу?

– Яг тийм л дээ. Хавдартай гэх онош сонссон иргэд ихэвчлэн айдастай байдаг. Бид хий дэмий айхаас илүү бодит байдалтайгаа нүүр тулж, түүнийг хэрхэн амжилттай давахаа бодох хэрэгтэй. Би өвчтөндөө болон үр хүүхдэд нь “Хүний амьдрал эхлэлтэй бас төгсгөлтэй.Бид чадахаасаа чадахгүй хүртэл бүхнийг хийнэ. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл гэж бий.” гэж хэлдэг л дээ. Бидний хэн нь ч мөнх бус. Хорт хавдраар өвдсөн иргэдийн хувь хүний хариуцлага, гэр бүлийнхнийх нь хүлээх хариуцлага их. Манайхан эрүүл мэндээ анхаардаггүй, эрүүл мэнддээ хамгийн хайрамжгүй ханддаг нь хамгийн харамсалтай. Жил бүр унаж яваа автомашиныхаа моторын тосыг солиулахаа мэддэг хэрнээ өөрсдийнхөө биеийг бүтэн оношилгоонд оруулдаггүй. Өөрөөтөө ганцхан өдрийг зарцуулаад даатгалаа ашиглаад оношлуулж дадах хэрэгтэй байна. Өндөр настай аав ээждээ үнэт эдлэл авч өгөхөөс илүү улиралд нэг удаа эмнэлэгт үзүүлчихдэг, оношлуулчихдаг бол бүх төрлийн хавдрыг эрт илрүүлэхээс авахуулаад бүх төрлийн өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Ингэж гэмээнэ иргэд эрүүл мэндээрээ ч эдийн засгаараа ч хохирохгүй. Хавдрыг эрт илрүүлэх тусам эмчлэх боломж өндөр байдаг. Хамгийн гол нь ямар шатанд нь илрүүлэхээс олон зүйл шалтаалж байна. Дахин хэлэхэд хавдар эмчлэгддэг, эдгэрдэг өвчин. Заавал бүх зүйлийг тартагт нь тулсан хойно эмнэлгийн байгууллагад ханддаг байж болохгүй. Өвчин цаг хугацаагаар хэмжигдэж байдаг. Зовуурь илэрнэ гэдэг бол хүндэрсний л шинж. Хүмүүс тоохгүй явж явж байгаад эцсийн шатандаа орсон үед л манайд хандаж байгаад харамсдаг. Одоо хэнэггүй монгол зангаасаа салах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд томоохон байгууллагууд ажилчдаа эрүүл мэндийн иж бүрэн оношилгоонд орох эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг, жил бүр оношилгоонд хамруулдаг болчихож. Энэ бол ямар ч шагналаас илүү үнэ цэнэтэй шагнал. Ийм байгууллагуудын тоо улам нэмэгдээсэй л гэж хүсдэг.

-Иргэд асуудалд хэр шинжлэх ухаанчаар хандаж байна вэ. Хавдартай гэх онош сонссон иргэд таарах таарахгүй олон зүйл хэрэглэж байгаа харагдах юм?

-Энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч нарын толгойны өвчин бол яг энэ асуудал болоод байгааг нуухгүй. Иргэд асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болмоор байна. Зарим иргэд хавдартай гэдгээ мэдмэгцээ элдэв төрлийн сүлжээний бүтээгдэхүүн, таарах таарахгүй уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн дур мэдэн хэрэглэж, лам бөөгөөр явж эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч хохирчихоод эцсийн мөчид бидэн дээр эргэж ирэх тохиолдол ч байдаг. Үүнд маш их харамсаж явдаг. Өнгөрсөн жил манай эмчилгээнээс татгалзаад явсан Завхан аймгийн иргэн сүлжээний бүтээгдэхүүн уугаад тартагтаад тулчихаад ирсэн. Үнэхээр харамсмаар… Манайд иргэдийн зовлон зүдгүүрээр мөнгө олдог хүмүүст хүлээлгэх хууль зүйн хариуцлага алга. Бүх зүйлийг эцэст нь хүргэчихээд улсын эмнэлэг рүү нь хөөгөөд явуулчихдаг. Манайхан сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн ярьдаг. Шашин, сүлжээний бизнес эрхлэгчид хүний тархитай ажиллаад байна. Цаг нар багатай эмч, эмнэлгийн ажилчид нэг өвчтэнтэй 10-15 минут л уулзаж ярилцаж байна. Үүнээс хэтэрвэл дараагийн хүндээ загнуулах юм болдог. Бид биеийг нь эмчлэхээс гадна сэтгэл зүйг нь эмчлэх ёстой.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хавдрын өвчлөл нэмэгдсэн нь санаа зовоох боллоо. Та үүний шалтгааныг юу гэж хардаг вэ?

Би 2005 оноос хойш хүүхдийн хавдар дээр ажилласан. Миний төрсөн дүү хүүхдийн эмчээр ажиллаж байгаад бурханы оронд одсон. Тиймээс дүүгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж энэ чиглэлд давхар анхаарч ажиллаж ирсэн.Төр хувийн хэвшилтэй хамтарч хавдартай хүүхдэд үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд томчуудтай хамт хэвтэн эмчлүүлдэг байсныг нь болиулж, хүүхдэд зориулсан хоёр хэвтэн эмчлүүлэх өрөө, нэг яаралтай тусламжийн өрөө байгуулсан. Сүүлд ЭХЭМҮТ-д Ажаа гэгээнтний санаачилгаар хүүхдийн эмнэлэг байгууладсан учраас хавдраар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг тэнд эмчлээд, зөвхөн шарлага, туяа эмчилгээтэй хүүхдүүдээ ХСҮТ-дөө авч эмчилдэг болсон. Би өөрөө хоёр хүүхдийн ээж. Хамгийн хэцүү зүйл хүүхэд өвдөх л байдаг. Хавдраар шаналж байгаа хүүхдүүд, тэдний ар гэрийнхнийг харах сэтгэлд маш хүнд тусдаг. Ажиглаад байхад зах зээлийн дараа эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналт муудаж, эрүүл амьдрах орчин алдагдаж, гараараа алт олборлодог эцэг эхчүүд олширсон гэх мэт нийгмийн байдал ихээхэн нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд тархи, нугасны хавдраар бага насны хүүхдүүд өвдөх нь нэмэгдэж байна. Энэ бол цахим хэрэглээтэй шууд холбоотой. Ээжүүд жирэмсэн байхдаа гар утас, телевиз олон цагаар үзэх, хүүхдүүд цахим хэрэгсэл хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдийн биед алсуур, хожуу хор нөлөө үзүүлэх хүнсний төрлийн бүтээгдэхүүн болох чипс, бэлэн хоол, өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа нь бодит аюул учруулж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч, амьдралын зөв хэв маягт дадуулахад анхаарах зайлшгүй шаардлагатай.

-Эмч хүний хамгийн сайхан болоод гунигтай үе хэзээ байдаг вэ?

-Хамгийн сайхан үе бол эдгэрээд гарсан хүмүүстэйгээ эргээд уулзах л байдаг. Энэ хугацаанд олон мянган хүнийг эмчилж, эдгээсэн. Тэр бүгдийгээ танихгүй л дээ. Гэтэл хөдөө орон нутаг, гудамж талбайд явахад “Эмч ээ танд их баярладаг шүү” хэмээн инээмсэглэн таарах хүмүүс хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Аймагт үзлэг хийгээд явж байхад л сумаасаа зориод ирдэг. Танд баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд зориод ирлээ гээд атга ааруулаа бариад ирж байгаа тэр сэтгэл хичнээн сайхан эрч хүч өгдөг гэж санана. Нэг удаа баруун дөрвөн замын уулзвар дээр зам хөндлөн гарах гээд зогсож байтал “Одноо эмч ээ” гээд дуудаад байна. Эргээд хартал нэг танихгүй эмэгтэй “Сайн байна уу эмч ээ. Би Цэвэлийн охин байна. Миний ээж таны буянаар одоо болтол амьд мэнд үр хүүхдүүд бид нартайгаа хамт байгаа. Танд их баярлаж явдаг шүү” гээд сүйд болсон. Тэр өдөржингөө би огшоод, өөрөөрөө бахархаад л байсан. Бас тархи нугасны хавдартай манайхаар эмчлүүлээд гарсан хүүхэд зураач болчихсон гээд гудамжинд таараад, эхнэр хүүхдээ танилцуулахад бас л сайхан санагдана. Энэ мэтчилэн хэн нэгэний амьдралд гэрэл гэгээ болсноо харах эмч хүнд сайхан санагддаг. Гэтэл амь насыг нь аварч чадаагүй өвчтөнүүдийнхээ ар гэрийнхэнтэй уулзахдаа бид халширдаг. Үнэхээр чадах бүхнээ хийсэн ч амь насыг нь аварч чадаагүй тохиолдол бүр хэцүү байдаг. Ойр дотны хүнээ алдсанаа сонсоод хүмүүс янз янзын л үйлдэл гаргана. Намайг багалзуурдаад авч байсан тохиолдол ч бий. Тэглээ гээд шантраад, бууж өгөх эрх бидэнд байхгүй. Нэг удаа хүүхдийн тасагт жижүүр хонож байхад хүүхэд нас барсан. Энэ мэтчилэн харамсалтай тохиолдлууд багадаа долоо хоног толгойноос гардаггүй. Тэр үед ингэчихсэн бол, тэгчихсэн бол нэг цаг боловч амьд байх байсан юм болов уу гээд өөрийгөө буруутгаад өөрөөсөө асуугаад байдаг. Энэ чинь сүүлдээ нойргүйдэл, сэтгэл түгшил болдог. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад энэ мэтчилэн сэтгэл зүйн олон асуудал тулгардаг. Би илүүдэл жингүй, амьдралын зөв хэв маягтай мөртлөө сахарын өвчтэй. Учир нь эмч хүн дандаа ямар нэг зүйлд санаа зовсон, түгшсэн байдалтай байдаг учраас ингээд өвчлөлийн эх болдог юм билээ л дээ. Зүүн дээр будаа тогтохтой адил хувь тавилангаар ирээд буцахын хооронд хүн илүү зүйлд шунах хэрэггүй. Эрүүл саруул, элэг бүтэн амьдарч, инээд хөөрөөр дүүрэн амьдраасай л гэж хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Тэтгэвэр нэмэгдүүлэхэд манлайлал үзүүлж чадаагүй УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай сүүлийн үед улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.


Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахаар өчигдөр зарласан байна. Тэтгэврийг нэмэх талаар хэлэлцэх гэж байгаа юмуу?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеэ мэдэрч Тэтгэврийг яаралтай нэмэх асуудлыг санаачлан Засгийн газарт чиглэл өгсөн. Тиймээс энэ асуудлаар УИХ хэлэлцэх гэж байгаа юм байна. Сар шинийн баярын өмнө хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа ахмадуудынхаа тэтгэврийн асуудлыг яаралтай нэмэгдүүлэхээр УИХ-д өргөн барьсанд баяртай байна. Харин энэ асуудлыг төсөв батлах үеэр шийдэж чадаагүй УИХ-ын гишүүдээс ичиж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний өмнө тулгамдаж байгаа ноцтой хүнд асуудлыг хамгийн түрүүнд барьж авч шийдэх үүрэгтэй хүмүүс юм. Гэтэл сөрөг хүчин энэ талаар олон удаа хэлж байсан. Б.Пүрэвдорж гишүүн чуулганы танхимаас олон ч удаа ярьж сануулж байсан хэдий ч тэтгэврийн сан даахгүй, дараа нь нэг мөсөн хэлэлцэнэ гэх мэт шальдар булдар шалтгаануудыг тоочин цаг их алдсан. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар яаран сандран биш, өөрсдөө манлайлал үзүүлэн УИХ-ын ээлжит чуулганаар төсөв батлах үеэр шийдэх ёстой байсан. Хэн нэгний шийдвэрээр биш өөрсдийн толгойтой, байр суурьтай, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин хүсэлтэй байх ёстой.

-Та УИХ-ын гишүүд бэлэг сэлт тараадаг биш бодлого ярьдаг, түүнийгээ танилцуулдаг байх асуудлын талаар хөндсөөр байгаа ч дорвитой өөрчлөлт орохгүй байсаар өдийг хүрлээ. Сүүлийн жилүүдэд бүр л эрчимжиж гишүүд тойргийнхоо иргэдэд бэлэн мөнгө, бэлэг дурсгал, эд зүйл тараах нь хэвийн үзэгдэл мэт болчихлоо?

– Миний бие болон УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын нэр бүхий гишүүд нийлж сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн бодлогоо түгээх ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй. Энэ асуудлыг хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой төвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм.

Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Энэ асуудлын талаар иргэд сонгогчид маш их шүүмжилж байна. Бид иргэдийн шүүмжлэлтэй хандаж байгаа асуудлыг сонсоод өнгөрөх биш, хэрхэн шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын гишүүд бол хууль тогтоох дээд байгууллагын нэг эд эс. Тиймээс энэ гажуудсан тогтолцоог засч залруулах ёстой. Иймээс сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, өргөн барих гэж байна.

-Сонгуулийн систем, тогтолцоо буруу байгаа учраас ийм үзэгдэлгазар авч байна гэж үзэж байгаа хэрэг үү?

Одоо манай улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн жижиг можаритор систем бол яах аргагүй УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогтоо л анхаарч ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Бусад улс орнууд энэ байдлыг хэрхэн давж туулсан бэ гэхээр Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж холимог пропорционал системтэй болсон байдаг. Пропорционал системээр сонгогдсон гишүүд тойргийн асуудлаа урьтал болгохоос илүүтэй улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг том зургаар нь харж, түүнийг шийдэхийн төлөө хичээж ажилладаг. Улстөрчдийг бэлэг тараагаад эхлэхээр дараагийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэдгийг иргэд таамагладаг болсон. Иргэдийн саналыг эд зүйл, мөнгө төгрөгөөр худалдаж авах биш улс орныг хөгжүүлэх бодлогын шийдлээр авдаг болмоор байна. Үүний тулд улс төрийн намууд хөгжсөн, төлөвшсөн, институцлагдсан байх ёстой. Тэгэхээр бид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа нэн тэргүүнд өөрчлөх ёстой.

Тухайлбал шат шатны сонгуулиар нэр дэвшигч бүр тус тусдаа маш олон самбарууд байрлуулчихдаг. Асар өндөр зарлагатай самбар байршуулж, сонин сэтгүүл тараадаг байдлыг иргэд мөн л их шүүмжилдэг. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд сонгуулийн хуулийг боловсронгуй болгох ёстой. Тиймээс Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бусад улс төрийн намынхан, УИХ-ын гишүүдийг нэгдэхийг уриалж байна.

-Одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн хуулинд иргэд сонгогчдод ямар нэгэн байдлаар эд зүйл, бэлэн мөнгө, бэлэг сэлт тараахыг хориглосон заалт байдаг биз дээ?

-УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн сонгуульт албан тушаалтан сургуулийн жил эхэлсэн өдрөөс буюу нэгдүгээр сарын 01-ээс ямар нэгэн эд зүйл, бэлэг сэлт тараахыг хориглодог. Тиймээс энэ жил сонгуулийн жил биш учраас цагаан сарын баярыг далимдуулж УИХ-ын гишүүд ахмадуудад бэлэг, эд зүйл тараагаад байгаа юм. Тэгэхээр дээр дурьдсан сонгуулийн жил гэдгийг сонгогдсоноосоо хойш хэмээн өөрчилж хуульд тусгавал ийм байдал дахин давтагдахгүй. Мөн шат шатны сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа нэр дэвшигч ч мөн адил эд зүйл, бэлэг сэлт иргэдэд тараахыг хориглочихвол сонгогчдын саналыг худалдаж авдаг энэ байдал арилах боломжтой.

-Нөгөөтэйгүүр сонгогчиддоо тарааж байгаа эд зүйл, бэлэн мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байна вэ гэдгийг иргэд нэлээд сонирхдог. Аргагүй л дээ. Тэр гаргасан мөнгөө эргүүлээд ямар нэгэн байдлаар улсын төсвөөс нөхдөг гэдэг хардлага нийгэмд байдагтай холбоотой байх?

Бид нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Иргэд, сонгогчдод ямар нэгэн байдлаар бэлэг тарааж байгаа мөнгөний эх үүсвэр УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын хувийн халааснаас гарсан байсан ч хэн нэгний хувийн мөнгө биш Монгол Улсын мөнгө. Тиймээс Монгол Улсын мөнгө үр ашигтай л зарцуулагдаж байх ёстой. Бидний гол санаа зовох асуудал мөнгө хаанаас олж тойргийнхоо сонгогчдод бэлэг сэлт, боов боорцог тараах вэ биш шүү дээ.Улс орныхоо хөгжил, нийгэм эдийн засаг, дэлхийд юугаараа үнэлэгдэх, хэрхэн хууль эрх зүйн орчноо сайжруулах вэ гэх мэт асуудлуудаа голчлох ёстой. Ахмадууд маань тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна. Хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улсын хувьд эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл хүнс тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх иргэдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг зарим гишүүд хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Тиймээс энэ байдлыг зайлшгүй засах, өөрчлөх ёстой.

-Та өмнө нь дүүргийнхээ болоод тойргийнхоо иргэд сонгогчдод гарын бэлэг гардуулж байсан санагдаж байна. Тэгэхээр одоо цаашид ийм тогтолцоогоор явж болохгүй гэдэгтэй санал нийлж, шүгэл үлээж байна гэж ойлгож болох уу?

-Таны хэлж байгаатай санал нийлж байна. Өмнө нь би дүүргийнхээ болоод тойргийнхоо сонгогчдод баяр ёслолын үеэр гарын бэлэг гардуулах тохиолдол байсан. Дээр дурьдсанчилан хууль эрх зүйн орчин нь байгаа болохоор иргэддээ гарын бэлэг гардуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Бусад тойргийн гишүүд сонгогчдод гарын бэлэг тараагаад эхэлмэгц харьцуулдаг. Адилхан хүлээлт бий болгодог зэрэг зүйл байхыг үгүйсгэхгүй. Тэр ч утгаараа өгдөг л байсан. Гэхдээ энэ бол нэг удаагийн л зүйл гэдгийг иргэд маань ч ойлгодог болсон. Тэгэхээр хуулиндаа заалт оруулаад, хориглоод өгчихвөл бий болоод байгаа гажуудлыг арилгачихаж байгаа юм.

Одоо гэхдээ иргэдийн сэтгэлзүй, үзэл бодол шал өөр болсон. Улс орны хөгжил, хийж бүтээсэн зүйл, бодлого шийдвэр л нэхэхээс эд зүйл, бэлэг сэлт хүсдэг үе өнгөрсөн.

Харин одоо хууль эрх зүйн орчинд нь хориглолт хийчихвэл сонгогдсон УИХ-ын гишүүд, сонгогдох гэж байгаа нэр дэвшигчид, иргэд ч гарын бэлэгний талаар дурсахаа больчихно шүү дээ.

-Яахав таны хэлж буйгаар сонгогчид бэлгэнд хууртахаа байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ авахаас татгалздаг хүн ховор л байх. Нэг хэсэг нь тийм байж болох ч бэлэг сэлт, мөнгө төгрөг хүлээх иргэд бол байгаа. Энэ бол сонгогчдын боловсролтой холбоотой асуудал гэж бодож байна. Санал нийлэх үү?

-Сүүлийн жилүүдэд сонгогчдын боловсрол харьцангуй дээшилсэн гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Гагцхүү илүү дээшлүүлэх тал дээр улстөрчид бид манлайлж ажиллах ёстой. Эсрэгээрээ боловсрол дутмагаасаа болоод иргэдийнхээ араас чирэгдээд явж байгаа хүмүүс ч байна.

Иргэд УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хийж,цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, ажилтай орлоготой байхад чиглэсэн бодлого боловсруулаач гэж шаарддаг болсон байна. Энэ чинь өөрөө сонгогчдын боловсрол дээрдсэн байгааг харуулж байгаа нэг шалгуур.Үүнийг улстөрчид анзаарахгүй байна. Нөгөө л бэлэг сэлт, нэг удаагийг хувь хишгээр аргацаах гээд байна.Зөвхөн маргааш сонгууль болоход нэг санал ч болов хэрэгтэй гэдэг үүднээс хандаж байна.Ийм аминч байж болохгүй. Иргэдийн тэсвэр тэвчээр алдагдаж байна. Тэтгэврийн ахмадууд 300-350 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах ямар ч боломжгүй болчихлоо. Амьдрах нь бүү хэл амь зогоох ч боломжгүй болчихлоо. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа инфляцийн хэмжээ төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж байна. Цар тахал гарахаас өмнө иргэд ажилтай, орлоготой байсан бол одоо бизнес эрхлэгч иргэд, ААН-үүд шил шилээ дараад үүд хаалгаа барьчихлаа. Үндсэндээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал уналтад орчихсон байхад УИХ-ын гишүүд энэ байдлаас хэрхэн гарах талаарх бодлогоо иргэдэд тайлбарлаж, таниулах байтал хэдхэн хоног идэх гурил будаа, боов боорцог тарааж байгаад иргэд бухимдаад байгаа юм.

-Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудлаар байр сууриа илэрхийлээ. Үүний дараахан тэтгэвэр нэмэгдэх талаар яригдаж эхэллээ. Сөрөг хүчний ажлаа дажгүй гүйцэтгэлээ гэж харж байна?

– Манай намынхан тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, 2017 онд тэтгэврийн хэмжээг таван жилийн дунджаар тооцон тогтоодог байсан бол, 2018 онд долоон жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тооцдог болсон асуудалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүн манлайлан энэ асуудлыг өөрчлөхөөр 6 гишүүнтэй нэгдэн хуулийн төсөл санаачилсан. Харамсалтай нь янз бүрийн шалтаг хэлж энэ асуудлыг хойшлуулаад байна. Нөгөө талаас бид иргэдийнхээ тэтгэврийг нэмэх асуудалд харамч, хойрго хандах нь буруу үзэгдэл. Тухайлбал, гадаадын зарим оронд ажил хөдөлмөр эрхэлж байгаа гурван иргэнд тэтгэвэр авагч хоёр иргэн оногддог. Тэгвэл манайд ажил хөдөлмөр эрхэлж байгаа 10 иргэнд, гурван тэтгэвэр авагч ахмад настан ногдож байна. Ийм байтал тэтгэврээ тавьж чадахааргүй хэмжээнд хүрчихсэн байна гэдэг бол менежмент буруу байгаагийн шинж. Нийгмийн даатгалын мөнгийг банканд байршуулаад алдчихдаг. Түүнийгээ эргүүлэн авч чаддаггүй гэх мэт асуудлууд байна. Мөн долоон жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тооцдог болсон нь эмэгтэйчүүд хамгийн их хохирч байна. Учир нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг. Долоон жил тасралтгүй НДШ төлж, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс. Өөрөөр хэлбэл, ажлын байр нь тогтвортой бус байдаг шүү дээ. Мөн тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар өргөн барьсан. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг индексжүүлж нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл байгаа.

-2022 оны төсвийн тодотгол хэл ам дагуулж байна. Тэр тусмаа хөшөө дурсгалд өндөр дүн бүхий төсөв тавигдсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны бодлыг сонсоё?

-Хямралын үед улс орнууд эдийн засаг, төсөвтөө тэлэлтийн бодлого явуулдаг. Ялангуяа ирээдүйд хөрөнгө, мөнгө олох дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг. Заримыг нь төсвийн хөрөнгөөр хийдэг бол, заримыг нь олон улсын байгууллагуудтай хамтарч хөрөнгө босгох замаар хийдэг. Хэдхэн жилийн дотор улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах хөрөнгө оруулалтад зарцуулах нь зүйтэй. Гэхдээ төсөв тэлэх нэрээр эдийн засагт үр нөлөө авч ирэхгүй хөшөө дурсгал барих ажилд мөнгө зарцуулах асуудал дээр АН-ын бүлгийн гишүүд бид эсрэг байр суурьтай байдаг. АН-ын бүлгээс тэтгэврийг нэмэх, эрүүл мэндийн салбарын цалин хөлсийг нэмэх нь зүйтэй гэж байнга шаардсаар ирсэн.

Ярилцсанд баярлалаа

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Би АН-ын тамгыг гуйж аваагүй, гудамжнаас ч олоогүй. Хадган дээр тавиулаад ерөөлийн үгтэй хүлээж авсан

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Энэ удаагийн намрын чуулган завсарлалаа. Намрын чуулганаар хэлэлцүүлсэн хуулийн төслүүдээс тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой өргөн барьсан хуулийн төслүүд иргэдийн анхаарлын төвд байна шүү дээ?

-Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дотор Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд багтсан байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын ерөнхий хуулиуд болон түүнийг дагасан хуулиуд буюу ахмад настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар ярих байсан. Уг асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэж чадсангүй. Учир нь МАН-ын бүлэг уг асуудлыг дахин хэлэлцэж, ярилцах шаардлагатай хэмээн үзсэн. Хуулийн төслийг дахин боловсруулж, санхүүг шинэчлэн тогтоох шаардлагатай гэсэн. Бид энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь Засгийн газраас УИХ руу оруулж ирсэн хуулийн төсөл маш сайн боловсруулагдсан байх ёстой. Тэгэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан болоод холбогдох агентлагууд энэ асуудлыг дутуу боловсруулсан юм байна гэдэг ойлголттой байгаа. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төсөл яагаад чухлаар тавигдаж байна гэхээр сүүлийн жилүүдэд коронавирусийн халдвараас үүдэн манай улсын нийгэм, эдийн засаг хямарсан. Энэ хямралаас үүдэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэлээд доголдож, цаашлаад зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Ийм хүнд хэцүү цаг үед хил гаалийн асуудлаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахуун, ачаа тээвэр, барилга гэх мэт бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэд дахин өссөн. Тэр дундаа манай улс шиг өргөн уудам нутагтай улс оронд шатахууны үнийн нэмэгдэл бүхий л бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг. Ядаж байхад яр гэдэг шиг инфляци маш өндөр байна. Үнэндээ муу хэлээд байдаг Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед инфляцийг нэг хувьд хүргэж байсан. Нэг оронтой тоо бус нэг хувьд шүү. Зөв бодлого явуулбал иргэдийн халаасыг чимээгүй сэгсэрдэг инфляцийг нэг хувьд барьж болдог гэдгийг бид бүхэн харуулсан. Өдрөөс өдөрт иргэдийн орлого нэмэгдэх нь бүү хэл буурч байгаа энэ үед нөгөө талд бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Харилцан хамааралтай уг хоёр үзүүлэлтээс үүдэн Монгол Улсын ядуу, нэн ядуу иргэдийн тоо автоматаар нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр засаг буруу бодлого явуулснаар иргэдээ ядуурал руу түлхэж байна. Бид өмнө нь Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь буюу 30 хувь нь ядуу амьдарч байна хэмээн ярьдаг байсан. Харин одоо нийт иргэдийн 40-50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас залуу халуун насаа улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлтэд зориулж, хувь нэмрээ оруулан, НДШ-ээ төлсөн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

Үгүй бол ахмадууд сарын тэтгэврээрээ амьжиргаагаа залгуулж, амьдрахад хүндрэлтэй болчхоод байна. Тийм учраас миний бие мянга мянган ахмад настнуудын амь, амьдралтай шууд хамааралтай ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалтай холбоотой хуулийн төсөл санаачилж, байр сууриа хатуу илэрхийлсээр байгаа юм.

-Долоон жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоолгодог байсныг таван жил болгох тухай асуудал хуулийн төсөл дээр яригдаж байгаа. Эргээд таван жилээр тэтгэвэр тогтоолгодог болбол үүний зөрүү хэдэн төгрөг байх талаар тооцоо гарсан уу?

-Өмнө нь таван жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоодог байсан хуульд гар хүрч долоон жил болгон хугацааг нь сунгасан. Тэтгэвэр тогтоолгогч иргэн хамгийн өндөр цалин авч байсан таван жил болон долоон жилийн зөрүүг тооцоод үзэхээр тэтгэвэр тогтоолгосон болон тогтоолгох гэж байгаа нэг иргэн дээр 120 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Энэ үнийн дүнг ам.долларт шилжүүлбэл 40 гаруй ам.доллар болж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 441 мянга гаруй ахмад бий. Эдгээр иргэдийн 80 орчим хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг авч байна. Ахмадуудын 2016 онд авч байсан тэтгэврийг ам.долларт шилжүүлэхэд тухайн үед 150 ам.доллар болж байсан. Гэтэл өнөөдөр ахмадуудын тэтгэвэр 100 хүрэхгүй ам.доллар болчихоод байна. Орлого ийнхүү буурсан үед иргэдийн амьдрал ямар байгаа нь тодорхой. Тиймээс долоон жилийн дунджийг таван жилийн дундаж болгох хуулийн төсөл батлагдчихвал 40 гаруй ам.доллараар ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхээр байгаа юм.

-Тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан ахмадуудын тэтгэврийн өрийг нэг удаадаа тэглэх асуудал ч бас яригдаж байгаа. Үнэндээ талийгаачийн тэтгэврийн зээл нь үр хүүхдүүддээ дарамт болдог асуудал нийгэмд олон байгаа шүү дээ?

-Энэ бол амьдралаас урган гарч байгаа асуудал. Бид бүхний хэнд нь ч тохиолддог асуудал. Тухайлбал, Төв аймгийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байх үеэр энэ асуудлаар маш их санал хэлдэг. Хүнд хүнээ алдахаас хэцүү зүйл үгүй. Тэр дундаа эцэг, эхээ алдана гэдэг амаргүй. Дээр нь өр зээлийн дарамт давхар үүсдэг. Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн барагдуулсны дараа нас барсны гэрчилгээг нь авч, оршуулгатай холбоотой зардлуудыг шийдүүлэх нөхцөл байдал бий болдог. Арилжааны банкууд хамгийн найдвартай зээл хэмээн ахмадуудын нийгмийн даатгалын тэтгэврийн дэвтрийг барьцаалаад тэтгэврийн зээл олгодог. Ингэхдээ ойрын хамаарал бүхий иргэн буюу төрсөн хүүхэд, ах, дүүсийг нь батлан даагчаар оруулдаг.Ингээд тэтгэврийн зээл авсан ахмад настан нас барахад тухайн зээл авахад батлан даасан иргэнийг богино хугацаанд төлөх давхар дарамт талийгаачийн ар гэрийнхэнд ирдэг. Ахмадуудын амьдралд авч байгаа тэтгэвэр хангалттай хүрэлцдэг, бусад орнуудын ахмадуудын адил тэд амарч зугаалах, сувилалд хэвтэхдээ тэтгэврээ зарцуулах бүрэн боломжтой байсан бол зээл авах шаардлага гарахгүй. Харин манай улсын тэтгэврийн тогтолцооны гажуудал, нийгэм эдийн засгийн хүндрэлээс үүдэн ахмадууд тэтгэврийн зээл авахаас өөр аргагүй байдалд орж байна.

-Тэтгэврийн зээлтэй иргэдийн тооцоо судалгаа бий юү. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг улс төрийн өнцгөөс харах иргэд ч байх шиг байна?

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал нийгэмд шинээр гарч ирсэн цоо шинэ зүйл биш. Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-аас зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаж, Засгийн газар хэрэгжүүлж байсан. Тиймээс тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа даах концевцтэй хууль байгаа юм. Иргэд насаараа НД-ын шимтгэл төлнө. Манай улсын хууль эрх зүй тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Жил бүр тэтгэвэрт гарах насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлэх тогтолцоо хэрэгжиж, 65 нас хүрсэн эрэгтэй, 60 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн орчин бий болно. Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж нас 66. Муугаар бодоход насаараа НД-ын шимтгэл төлчихөөд ганцхан жил тэтгэвэр авчихаад бурхны оронд явчихвал энэ бол маш шударга бус тогтолцоо үйлчилж байгаагийн илрэл. Тиймээс тэтгэврийн зээлтэй ахмад настан нас барсан бол насаараа төрд НД-ын шимтгэл төлсний хариу болгоод ядаж тэтгэврийн зээл нь тэлэгдсэн тохиолдолд ар гэрийнхэнд нь давхар дарамт үүсэхгүй. Ингэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх үед яг хэдэн төгрөг хүртэл төгрөгийн зээлийг тэглэх асуудал яригдах байх. Өнгөрсөн удаад ахмадуудын тэтгэврийг тэглэхдээ ахмадууд жилд хамгийн ихдээ зургаан сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авах хууль эрх зүйн орчинг бий болгочихсон. Гурав хүртэлх жилээр зээл авдаг байсан үеийнх шиг өндөр дүн гарахгүй. Ахмадуудад одоогоор 1-1.5 сая төгрөгийн зээл авах эрх зүйн орчин үүсч байгаа. Тэгэхээр зээлтэй байгаад нас барсан иргэдэд зарцуулах үнийн дүн тийм ч өндөр биш. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 91 орчим тэрбум төгрөгийн ахмадын тэтгэврийн зээл байна. Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэхэд 700 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Тиймээс зээлтэй байгаад нас барсан ахмадуудын зээлийг тэглэх асуудал төсөвт хүндрэл учруулахуйц хэмжээнд хүрэхгүй.

-Ахмадуудын тэтгэврийг инфляцийн түвшнээс хамаарч нэмэгдүүлэх тухай асуудалтай холбоотой хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Энэ асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдэх үү?

-Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, нэмэгдэлтэй холбоотой асуудлыг ярихгүй, хуулийн төслүүдийг хойшлуулаад байх бус нэн тэргүүнд ярих ёстой, шийдэх ёстой асуудлуудын нэг. Тиймээс Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ болон миний бие хамтраад Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хэмээх хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн гол зорилго нь инфляцийн зөрүүг индексжүүлж ахмадуудын тэтгэврийг нэмэх тухай асуудлыг хөндөж байгаа юм. Тухайлбал, одоогоор манай улсын инфляци 13-14 хувьтай байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллэж байгаа боловч бодит байдал дээр дээрх тооноос хамаагүй өндөр байгаа хэмээн бодож байна л даа. Учир нь ҮСХ барааны үнийг тооцохдоо хэрэглээний сагсанд хамгийн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг сонгож тооцсон болов уу гэсэн хардлага бий. Төгрөгийг үнэгүйдүүлж, иргэдийн орлогыг үнэгүйдүүлж байдаг инфляцийн түвшинг Засгийн газар, Монголбанк хамтраад хэвийн түвшинд барьж, бууруулж чадахгүй алдсан бол инфляци үйлдвэрлэсэн хэмжээний зөрүүтэй тэнцүү хэмжээний мөнгийг улсын төсөвт суулгаж шударгаар ахмад настнуудын тэтгэвэр дээр нэмж олгох юм. Үгүй бол өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци өсч байгаа энэ үед тогтмол хэмжээний тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэдийн худалдан авах чадвар буурна. Энэ бол яаж ч бодсон шударга бус харгис тогтолцоо. Тиймээс энэ хуулийг санаачилсан. Хаврын чуулганаар хэлэлцэх өдрийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ. Засгийн газар инфляцийг амласан хэмжээндээ бариад байвал ахмадуудын тэтгэвэр дээр зөрүү бодож олгох шаардлага үүсэхгүй. Харин өнөөдрийнх шиг инфляцийн өсөлтийг алдаад туучихсан тохиолдолд зөрүү олгох нь зайлшгүй. Инфляци хэт өндөр гарвал төсөвт тодотгол хийх тухай ч асуудал яригдана. Тиймээс инфляцийн өсөлттэй тэмц, иргэдийн амьжиргааг бод, хүчээр иргэдийн торонд нь орох мах, гурил, сүү талхнаас нь инфляциар далимдуулж хумсал гэдэг ийм л хууль.

-Ардчилсан нам болоод Ардчилсан намын бүлэгт үүссэн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. Та албан ёсныхоо байр суурийг одоо болтол илэрхийлээгүй байгаа шүү дээ?

-Та бүхэн мэдэж байгаа. 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар Ардчилсан нам иргэдээсээ муу дүн авч сонгуульд ялагдал хүлээсэн.Ардчилсан намын дүрмэнд тухайн УИХ-ын сонгуулиар олонхын суудал авч чадаагүй бол удирдлагууд нь автоматаар огцрох хуулийн заалт бий. Энэ хүрээнд тус УИХ-ын сонгуульд Ардчилсан намын баг бүрэлдүүнийг удирдаж оролцсон бүрэлдэхүүнүүд хариуцлага хүлээн огцорсон. Үүнд Ардчилсан намын дэд даргын үүрэг гүйцэтгэж байсан миний бие ч багтсан. Тэгэхдээ намын удирдлагууд нь огцорсон тохиолдолд дараагийн удирдлагууд сонгогдох хүртэл хэн нэгэн хүн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болно. Ингээд Ардчилсан намын дүрэмд заасан аль нэг дэд дарга уг үүргийг гүйцэтгэнэ гэсний дагуу миний бие өмнөх намын даргаас Ардчилсан намын даргын тамгыг хүлээн авсан. Ингэхдээ миний бие ямар нэг байдлаар тухайн тамгыг гуйж аваагүй. Гудамжнаас ч олоогүй. Цаашлаад булаагаад авчихсан ч юм биш. Хадган дээр тавиулаад “Сайн ажиллаарай” гэсэн ерөөлийн үгтэй хүлээж авсан. Энэ үеэр ямар нэгэн хугацаатай үүрэг, амлалт авалгүйгээр тухайн тамгыг хүлээж авсан. Үүнээс хойш 10 сарын хугацаанд Ардчилсан намын даргын үүргийг гүйцэтгэж байгаад Ардчилсан намын дотоод сунгаагаар тодорсон О.Цогтгэрэлд намын их хурлаар батламжлагдсан хурал дээр тухайн тамгыг албан ёсоор гардуулж өглөө. Тэгэхээр Ардчилсан намын тамгатай холбоотой асуудалд хоёр тамганы асуудал ерөөсөө байхгүй. Миний О.Цогтгэрэл даргад хүлээлгэж өгсөн тамга бол 2000 оноос хойш Ардчилсан намын бүх дарга нар хэрэглэж, дарж ирсэн тамга. Төрийн байгууллагууд алдаатай шийдвэр гаргаж, ашиглаж байгаа тамгын дугаарыг хүчингүй болгож, өөр хүмүүст тамга гаргаж өгснөөр Ардчилсан нам өнөөдөр хямралтай, дотоод маргаантай, тамганы зодоонтой гэх мэт асуудлуудыг үүсгэсэн.

-Та С.Эрдэнэ даргатай мөр зэрэгцэн хамтран зүтгэж байсан. Танд хүлээлгэж өгсөн тамга нь хууль ёсных биш гэхээр түүнд дахин нэг тамга байсан гэсэн үг үү?

-Монголчууд “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг. Би ямар нэгэн тамга олоогүй, гуйж аваагүй. Хадган дээр ерөөлтэйгөөр, хугацаатай амлалт аваагүй хүлээж авсан гэдгээ хэллээ. Намын дүрэмд ямар ч тийм заалт байхгүй. Намын их хурал, сонгууль яагаад хойшилсон бэ гэхээр намын дотоод сонгуулийн хороо хуралдаад намын их хурал, сонгууль явуулахад орон нутгийн сонгуулийн хуульд заасан хугацаатай хэт ойртчихсон учраас намын дотоод сонгуулиа орон нутгийн сонгуулийн дараа явуулах шийдвэр гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр хаанаас ч олж авсан нь бүү мэт Ардчилсан намын бланк дээр гарын үсгээ зураад “Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгож, надад дахин шинэ тамга олгооч ээ” гэсэн бичиг С.Эрдэнэ дарга хийж өгсөн. Ийм үйлдэл гаргахаасаа өмнө цагдаагийн байгууллагад намайг намын тамгыг хууль бусаар ашиглаж байгаа тул эрүүгийн хэрэг нээж өгөх гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Асуудал юу байна гэхээр УБЕГ шийдэж байгаа асуудал дээрээ хоёр талын байр суурийг хангаж шийдэлгүйгээр Ардчилсан намыг хагалах улс төрийн зорилготойгоор тамганы асуудлыг хоёр болгочихсон. УДШ-ийн цахим бүртгэл дээр миний нэр байсаар байтал түүнийг харж болох байсан. Мөн Ардчилсан намын тамга надад байгаа гэдэг хариу тайлбарыг УБЕГ-т өгч байсан. Нөхцөл байдал ийм байхад улс төрийн зорилгоор АН-ын тамгыг улс төрийн зорилготойгоор тамгыг хоёр болгон өгч, манай намыг дотоодод нь хагалах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж харж байгаа. Гэхдээ иргэд энэ асуудал АН-ыг дотооддоо хагаралтай мэт харагдуулах улс төрийн үйл ажиллагаа гэдгийг ойлгодог болсон.

-Та үл ойлголцол гарснаас хойш С.Эрдэнэ даргатай нүүр тулж уулзсан уу?

-Уулзсан. Манай намын дүрэм маш шударга. Та намын гишүүдийн итгэлийг хүлээгээд дарга болж байгаа бол тухайн намаа манлайлаад улс төрийн сонгуульдаа ор. Иргэдээр дүнгээ тавиул. Хэрэв ялах юм бол дахин намын даргын сунгааны асуудал яригдахгүй. Таны бүрэн эрх автоматаар сунгагдаад явна. Харин ялагдвал иргэдэд таалагдах мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулаагүй учраас дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өг гэдэг шударга дүрэм. Уг дүрмийн хүрээнд би бүх асуудлыг ойлгож, өөрийн байр суурин дээрээ байгаа. Түүнээс биш хувь хүнийхээ хувьд С.Эрдэнэ даргатай муудалцаж, сайдалцаад, булаацалдаад байх юм байхгүй.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг таалцуулж, хувааснаар танай намын хүчийг сарниулах хүсэлд хэн нэгэнд байгаа юм биш үү?

-Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулсан Онц их хурлын үеэр 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 170 гаруй хорооны удирдлагууд нэгэн цул байгааг та бүхэн харсан байх. Ардчилсан намын үе, үеийн удирдлага, лидерүүд бүгдээрээ ирж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Үүний дагуу процесс өрнөж байна хэмээн ойлгох хэрэгтэй. Гэхдээ удахгүй энэ тамга тэмдэгний маргаан төгсгөл болно хэмээн итгэж байна. Мөн УИХ-ын бүлэг дээр тодорхой асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрнө. Ардчиллын болоод аливаа байгууллагын зарчим, УИХ-ын дотоод хууль дүрмэнд олонх нь шийдсэн асуудлыг олонхийн итгэл хүлээсэн хүн нь аваад явдаг ийм л зарчмаа явах ёстой хэмээн ойлгож байгаа. Харамсалтай нь өнөөдөр ийм зарчмаар явахгүй байгааг гайхаж байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 32 жилийн хугацаанд алдаа оноог нь хамт үүрэлцсэн Ардчилсан намынханд хийх зүйл их байна. Өнөөдөр 21 аймгаас найман аймагт нь, 330 сумаас 150 суманд Ардчилсан намынхан ялалт байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд манай нам ийм байдалд байх нь Монгол Улсын эрх ашигт муугаар нөлөөлнө хэмээн бодож байна. Эрх барьж байгаа намын төлөөллүүд дотор асуудлыг эрүүл хардаг хүмүүс бас бий. Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад Ардчилсан нам сөрөг хүчнийхээ дуу хоолойг илэрхийлж, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэхийг нь шүүмжилж, дэмжихийг нь дэмжиж, иргэдийнхээ төлөө үгээ хэлдэг, Засгийн газрын үйл ажиллагааг шахаж, УИХ-д иргэдийн дуу хоолойг илэрхийлэх, эрүүл зөв тогтолцоонд шилжвэл төрийн ажил сайжирна гэдгийг хэлж байгаа. Нэг нам дангаараа засгийн эрхийг удаан хугацаанд барьж, сөрөг хүчний дуу хоолой бүдгэрвэл иргэдийн, улс орны амьдрал дээшлэхгүй. Эрх баригч нь эрх баригч шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байж улсын ажил хяналттай, урагштай, иргэдийн дуу хоолой төрдөө хүрнэ гэж би боддог.

-УДШ-ийн шийдвэр танай намын бүртгэл, тамгын тэмдэгийн асуудлыг шийдэж чадахгүй улам гацаанд оруулчих шиг боллоо. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-УДШ-тэй холбоотой хуульд иргэний танхимын гурван гишүүн шийддэг байсан намын бүртгэлийн асуудлыг нийт гишүүдийн хуралдаанаар шийддэг болсон зэрэг хууль эрх зүйн өөрчлөлт орсон дээр асуудал байгаа хэмээн харж байгаа. Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам хуваагдаагүй. Зуун хүнээс нэг хүн салаад явахаар хуваагдлаа гэж үзэхгүй шүү дээ. Харин тэр ганц хүнийг салаад явлаа гэж хэлнэ. Тэр хүнд эрх нь бий. Харин 100 хүн 50:50,70:30 хувиар хуваагдсан бол хуваагдал гэж ойлгож болно. Өнөөдөр Ардчилсан намын 99 хувь нь нэг талдаа бий. Ер нь бол улс төрийн нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн олон хүмүүсийн нийлж байгуулсан ТББ юм шүү дээ. Тэр хүмүүсийн дотоод үзэл бодол, нэгдэл нь хаана байгаа нь чухал асуудал болохоос биш тамга, даргын бүртгэлийн асуудал үнэхээр 37 дугаар асуудал. УДШ-д яагаад улс төрийн намууд бүртгүүлдэг болсон юм бэ гэхээр тухайн нам нь ямар нэгэн байдлаар фашист, террорист үйл ажиллагаа явуулах үзэл баримтлалтай, түүнийгээ намын дүрмэндээ тусгачихсан асуудал ороод ирвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нягтлаад харшилсан зүйл байхгүй бол бүртгэж авах учиртай. Энэ процесс одоо намын дарга хэн байх, намын их хурал нь зөв явсан эсэх, цаашлаад намын дотоод үйл ажиллагаа руу гүнзгий орсон буруу, гажуудсан систем рүү явчихлаа. Энэ гажуудал удахгүй арилж, засагдана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.