Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ариунзаяа: Эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг ярих, хөндөх цаг нь болсон || DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


– Капитал банкнаас 50 тэрбум төгрөгийн авлагатай байна –


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг монголчууд өргөн тэмдэглэдэг. Харин эрчүүдийн асуудалд төдийлөн анхаарахгүй орхигдуулдаг талтай. Манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлууд юу байна. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжил нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар төрийн болоод төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд анхаарч ирсэн. Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг эргээд харахад бид эрэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулсан байх талтай. Үүний тод илрэл бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас харагдаж байгаа юм. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байна. Одоогоос 10-20 жилийн өмнө эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс тийм ч хол зөрүүтэй байгаагүй. Хэдийгээр орчин цагт эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээ, эмчилгээ хөгжиж байгаа боловч үүнийг түлхүү эмэгтэйчүүд хүртэж, эрүүл мэнддээ анхаарч, элдэв төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг нь судалгаанаас харагддаг. Харин эрэгтэйчүүд цаг тухай бүрт нь эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй. Үүнээсээ болоод өвчний үе шат нь хүндэрсэн, хожуу үедээ эрүүл мэндийн байгууллагад ханддаг нь маш том алдаа. Мөн эрүүл хооллолт, хөдөлгөөн, йог гэх мэт эрүүл хэв маягыг эмэгтэйчүүд түлхүү хэрэгжүүлж байна. Эрэгтэйчүүд ч бас амьдралын зөв хэвшлийг бий болгох тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна.

-Эрэгтэйчүүд эрүүл мэнд, мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр сүүлийн үед хойрго хандах болсны шалтгаан нь юу байна вэ. Зарим талаараа эцэг эхчүүд эмэгтэй хүүхдийнхээ боловсролд түлхүү анхаарч, эрэгтэй хүүхдүүдээ орхигдуулдаг тал байдаг шүү дээ?

-Тухайлбал, малчин өрхүүдийн дунд “Та эрэгтэй, эмэгтэй хүүхдийнхээ алийг нь их, дээд сургуульд сургаж, хэнийг малчин болгох талаар асууж, судалгаа явуулахад дийлэнх нь эмэгтэй хүүхдээ их, дээд сургуульд сургаж, эрэгтэй хүүхдээ өв залгамжлах гэдэг агуулгаар малчин болгоно хэмээн хариулсан байдаг.

Үүний тод илрэл нь их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байгаагаас тодорхой харагдаж байна. Монголчуудын дунд охидуудаа аль болох хүний дор оруулчихгүй юмсан гэх үзэлтэй ч холбоотой. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутагт залуу малчдын халаа багасч байна. Мөн хот суурин газар боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд эргээд орон нутагтаа очиж суурьшихгүй байгаагаас хүйсийн тэнцвэрт байдал, хөдөө орон нутагт гэр бүл төлөвлөлт алдагдаж байна. Тиймээс төр засгийн зүгээс бодлогоо чиглүүлэх, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудаа дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Эрэгтэй, эмэгтэй хэмээн асуудалд хүйсээр ялгавартай хандахаас илүү тэгш эрхийн тухай ярих хэрэгтэй биш үү?

-Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байх үед олон улсын байгууллагатай хамтран Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа явуулсан. Тус судалгаа зөвхөн эмэгтэйчүүдэд чиглэсэн байсан. Тухайн үед эрэгтэйчүүд яагаад бидний асуудлыг сонсдоггүй, судалдаггүй юм бэ гэсэн санал хэлж байсан. Манайд эрэгтэйчүүдэд хандсан судалгаа, хөгжлийн хөтөлбөр төдийлөн байдаггүй. Тухайлбал, эр хүн айл гэрийн ноён нуруу учраас сэтгэл хөдлөлд бага автаж, чанга хатуу байж, уйлах ч эрхгүй мэт хэвшмэл ойлголт их байна. Энэ нь хүйсийн тэгш байдал буюу эхнэр нөхрийн адил тэгш эрх, харилцан биенээ нөхөж, ойлголцож, ярилцах, хамтдаа асуудлыг шийдвэрлэх байдлыг хэтэрхий нэг тал руу нь хэлбийлгэснээр “Би бүхнийг мэднэ, шийднэ” гэх уламжлалт буруу ойлголтоос үүдэж нэгнийхээ эрхийг зөрчих асуудал гарч байна. Жендер гэдэг бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний тухай ойлголт биш. Харин хүйсийн тэгш эрхийн талаарх ойлголт юм.

-Манайд өрх толгойлсон ээжүүд хэмээн онцгойлон үзэж, ярьдаг. Гэтэл өрх толгойлсон аавууд ч бас бий. Тэгвэл өрх толгойлсон аавууд руу чиглэсэн ямар ажил хийж байна?

-Монгол Улсад 100 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эх бий. Үүний 70-75 мянга нь эмэгтэй, 20 мянга орчим эрэгтэй байна. Мөн 18 нас хүртэлх хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 40 орчим мянга байна. Үүнээс зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч өрх толгойлон амьдардаг нь тодорхой харагдаж байгаа байх. Өрх толгойлсон гэр бүл үүсэхэд гол буруутан нь эрэгтэйчүүд байдаг гэх ойлголт нийгэмд давамгайлдаг. Гэтэл тухайн өрхийн салалтын учир шалтгаан юу байсан талаар нарийвчилж харах ёстой. Энэ бүхэн эргээд гэр бүл төлөвлөлт, гэр бүл зохиосон хүмүүсийн үүрэг хариуцлага юу байдаг талаар ойлголт төдийлөн суугаагүй, сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл үүсгэдэг зэрэгтэй холбоотой байна. Гэр бүл салалтын үр дүнд эцсийн эцэст хүүхэд л хохирогч болдог. Тиймээс аль аль тал нь хариуцлагатай байх, гэр бүл үүсгэсэн бол нийгмийн өмнө болоод үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагын талаар залуу гэр бүлүүдэд сайтар ойлгуулах шаардлагатай байна.

-Эрчүүд гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, архинд донтох өвчлөлд түлхүү холбогддог. Үүний суурь шалтгаан нь юу байна вэ?

-Бид хүүхэд хөгжил судалгааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийж байсан. Уг судалгаа манай улсад таван жил тутам хийгддэг. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийн хүйсээс нь хамаараад багаас нь өөр өөр хандлага гаргадаг нь нотлогдсон. Тухайлбал, эрэгтэй хүүхдийг хөхнөөс эрт гаргадаг. Учир нь хөвгүүд охидоос илүү ховдог байдаг учраас эрт тэжээлд оруулдаг нь хүүхдийн хөгжилд ч нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд хэлдэг. Мөн охидуудыг илүү их хайрлаж, илүү их цаг зав гаргадаг бол хөвгүүдийг чанга хатуу өсгөх ёстой гэх байдлаар ханддаг. Түлээ, усанд явах зэрэг гэрийн ажилд хөвгүүдээ түлхүү дайчилдаг байх жишээтэй. Хүүхэд буруу зүйл хийсэн тохиолдолд охидоо загнах, зэмлэх байдлаар үгээр хүмүүжүүлэх хандлага гаргадаг бол хөвгүүдийг биеийн хэлбэрээр буюу алгадах, зодох байдлаар шийтгэдэг судалгааны дүн гарсан. Энэ хөвгүүдэд багаас нь аливаа асуудлыг хүчээр шийддэг юм байна гэх ойлголтыг ухамсарт нь суулгаж өгч байгаа хэрэг. Тиймээс эрчүүд ямар нэгэн асуудал гарахад хүчний аргаар шийдэх гээд байдаг нь олон зөрчлийн үүсгүүр болоод байна. Мөн эмэгтэйчүүд аль болох асуудлаа бусадтай ярилцах байдлаар шийддэг бол эрэгтэйчүүд дотроо хадгалсаар байдаг. Ингээд арх уух, тамхи татах гэх мэт хортой зуршлаар тайлдаг зарим нь бүр гадагшлуулалгүй ужгирснаар сэтгэл зүйн асуудал нь хүндэрч амиа хорлох хүртэл эрсдэл дагуулж байна. ДЭМБ-ын судалгаагаар манай улс 2016 онд амиа хорлолтын түвшнээр дэлхийд гуравт орж байсан. Тэр дундаа эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь тэдний сэтгэл зүйтэй ажиллах шаардлагатай гэдгийн илрэл юм. Энэ мэтчилэн эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг ярих, хөндөх цаг нь болсон. Тийм ч учраас энэ сарын 14-нд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. 21 аймаг есөн дүүрэгт урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Аймаг, орон нутгийн онцлогоос хамаарч тулгарч буй асуудал нь өөр өөр байна. Чуулганаар эдгээр асуудлаа ярилцаж, шийдэл олж, уриалга гаргана.

-Эрчүүдийн асуудлыг энд хүргээд өндөрлөе. Монгол Улсын Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж байгаа. Уг бодлого танай салбарын хэмжээнд хэр бодитой хэрэгжиж байна вэ?

-Бид улсынхаа бүхий л түвшинд халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж байгаа. Хөдөлмөрийн зах зээлд нээлттэй 30-40 мянган ажлын байр зарлачихсан байдаг. Гэтэл нөгөө талд нь ажилгүй олон мянган иргэд байгаад байна. Үүнд дүн шинжилгээ хийгээд үзэхээр зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хоорондоо төдийлөн нийцдэггүй. Төлөвлөгөөт эдийн засгийн үед ажлын байранд ажиллах боловсон хүчнээ угтаж бэлддэг байсан бол өнөөдөр энэ бодлого алдагдчихсан. Тухайлбал, Германд оюутан залуусын 70 хувь нь мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчин болдог бол, 30 хувь нь их, дээд сургуулийн боловсрол эзэмшдэг. Харин манайд энэ үзэгдэл эсрэгээрээ болсон. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчний хомсдолд орчихоод байна. Бид барилга, зам засварын төсөл хөтөлбөрийн дагуу ажлын байр зарлахад тэнд ажиллах хүн олдохгүй байгаа учраас гадаадаас ажиллах хүч авч байна. Нөгөө талаар дарга, менежер болох сонирхолтой залуус олон болсон байна. Энэ хоёрыг нийцүүлэхийн тулд боловсролын цогц систем байх ёстой юм. Хүүхдүүдийг багаас нь сонирхлын дагуу мэргэжилтэй боловсон хүчин болгох, МСҮТ, политехник коллежуудын нэр хүндийг өсгөх, их, дээд сургуульд сурсан хүмүүс л сайн сайхан амьдрах боломжтой мэт хэвшмэл ойлголтыг эвдэх хэрэгтэй байна. Ингэж байж бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын нэг хэсгийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

-Манай улс хавтгайрсан халамжийн тогтолцоотой гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Халамж хавтгайрлаа гэхээс илүүтэй халамж хүрэх ёстой хүндээ хүрч байна уу, тэр тусмаа хүрэх хүндээ хангалттай хэмжээгээр хүрч байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх ёстой. Тухайлбал, хүнс тэжээлийн дэмжлэг авдаг өрх дээр үнэлгээ хийж, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадамжтай иргэн байвал богино хугацаанд ур чадвар суулгах сургалтад хамруулж, ажлын байр санал болгож байна. Хоёр удаагийн ажлын байр санал болгоод, тухайн иргэн татгалзвал төр тухайн иргэний өмнө үүрэг хүлээхгүй гэдэг агуулгаар ажиллаж байна. Халамжаас хөдөлмөрт бодлогыг шат шатандаа дэмжиж ажиллаж байгаа учраас өрхтэйгөө тулж ажиллах, тэднийг тойглох, эргэх холбоотой ажиллах нь нэмэгдсэн. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 12 мянган өрхийн 50-60 мянган иргэнийг хүнс тэжээлийн хөтөлбөрөөс гаргасан нь бага боловч амжилт. Ер нь залуучууд хөдөлмөрийн үр шимийг ойлгодог, хандлагын өөрчлөлттэй болгохын тулд Ерөнхий сайдын санаачилгаар “Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд хоёр долоо хоногийн турш залуучуудыг вакумжуулсан сургалтад хамруулж, үйлдвэрлэлийн дадлага хийлгээд, ажлын байранд зуучилж, тухайн ажлын байрандаа жилийн турш тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд НДШ-ийн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжиж байна. Өмнө нь бид халамжийн бодлогодоо түлхүү анхаарч байсан бол одоо хөдөлмөр эрхлэлтэд анхаарч ажиллах бодлого дэвшүүлээд байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, өмнөх жил 26 тэрбум орчим төгрөг байсан бол энэ жил 60 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар тусгасан.

-Аль нэг нам эвсэл сонгуулийн үеэр иргэдийн саналыг авахын тулд элдэв халамжийг нэмэгдүүлэхээр амладаг. Энэ нь эргээд улсын төсөвт ч хүндрэл учруулдаг. Цаашид халамжийн бодлогыг хумих чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Бид халамжийн бүх төрлийн үйлчилгээ зорилтот бүлэг эзэндээ хүрч чадаж байгаа эсэх дээр хяналт шалгалт хийсэн. Ингээд төрд байгаа мэдээллийн санг ашиглан халамж хүртэх шаардлагагүй иргэдээ хассан. Энэ бол зөвхөн хүнс тэжээлийн дэмжлэгтэй холбоотой асуудал биш. Зорилтот бүлгийн иргэн мөн эсэхээс үл хамаарч олгодог тэтгэмжүүд бий. Тухайлбал, насны хишиг, одонтой ээжийн тэтгэмж, цалинтай эцэг, эхийн тэтгэмжийг нэрлэж болохоор байна. Харин төрөөс халамж авах ёсгүй иргэд ямар нэгэн байдлаар халамж хүртэж байгаа эсэх дээр хяналт тавьж ажиллах ёстой. Тийм учраас нэгдүгээрт, хүнс тэжээлийн дэмжлэгийн асуудлаа цэгцэлсэн. Хоёрдугаарт, групп тогтоолтын ажлыг нэлээд сайн шалгасан. Өнгөрсөн жилийн тухайд улс орон даяар 65 мянга орчим иргэдийн материалд хяналт шалгалт хийснээс зургаан хувьд нь зөрчил илрүүлсэн. Үүнээс төр өөрт байгаа мэдээллийн сангаа сайжруулж, бусад сантайгаа уялдуулж хяналтаа сайжруулах ёстой гэдэг нь харагдаж байна.

-Танил талаа ашиглаж халамж хүртэгч болж хувирдаг тохиолдол олон бий. Хамгийн сүүлд гэхэд БЗД-ийн Халамж үйлчилгээний хэлтсийн даргыг саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Тэгэхээр халамжийг хавтгайруулахад дунд, доод шатны дарга нарын оролцоо бас байсныг үгүйсгэх аргагүй юм?

-Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн даргатай холбоотой хяналт шалгалтын ажил хараахан дуусаагүй байгаа учраас ямар нэгэн байдлаар тайлбар хэлэх боломжгүй байна. Ер нь хууль бус үйл ажиллагаа явуулах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгох, бусдын боломжоос хулгайлах орон зай гаргахгүйн тулд төр үйлчилгээгээ цахимжуулж, алдаа мадаггүй ажлаа хийх, хяналт, шалгалтаа сайжруулах нь чухал. Тухайлбал, хөл гаргүй хэмээн групп тогтоолгож төрөөс халамж хүртдэг хэрнээ хөл гар нь эрүүл, саруул хүн байх жишээтэй. Энэ юуг илэрхийлж байна гэхээр өмнө нь ямар нэгэн аргаар хууль бусаар халамж хүртэх боломж олдож байсан бол цаашид ийм хууль бус үйл ажиллагаа гаргахгүйн тулд анхаарч ажиллаж байна. Өмнө нь хэлсэнчлэн наснаас, нөхцөлөөс үл хамаарч халамж авдаг иргэд авдагаараа л авна. Харин ямар нэгэн нөхцөлтэйгөөр халамж хүртдэг иргэдийн тухайн нөхцөл нь бодиттой үүссэн эсэх дээр онцгойлон хяналт тавьж ажиллана.

-Цагаан сарын өмнөхөн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед цаашид тэтгэврийн нэмэгдлийг санхүүжүүлэх нөөц бололцоо хэр байна вэ?

-Бид 2022 оны улсын төсвийг 2021 оны арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганаар батлуулсан. Тухайн үед ковидоос шалтгаалж иргэдийн, ААН-үүдийн эдийн засгийг хамгаалахын тулд Засгийн газраас нэлээд олон арга хэмжээ авч ажилласан. Ингээд энэ жилдээ тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүйгээр бүсээ чангалах бодлого баримталсан. Тэр үед омикрон вирусийн халдвар гараагүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа дэлхий даяар омикроны халдвар дэгдэж, эдийн засгийн байдал эргээд хүндхэн нөхцөлд орсон. Энэ үед үнийн өсөлт 14 хувьд хүрсэн. Нөхцөл байдал хүндэрсэн учраас төрийн гурван өндөрлөг зөвшилцөж үнийн өсөлтөд хамгийн их өртөх тэтгэврийн насны ахмадууд, халамжийн тэтгэвэр авч байгаа иргэддээ зориулж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн. Тиймээс Цагаан сарын босгон дээр 460 орчим мянган иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 15-43 хувиар нэмэгдүүлсэн. Улсын төсөв дээр 637 тэрбум төгрөг нэмэлтээр тодотгож оруулсан. Энэ мөнгийг батлагдсан төсвөөсөө шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил НДС-гийн орлого төлөвлөгөөнөөсөө 320 орчим тэрбум төгрөгөөр давсан зэрэг нь тэтгэвэр нэмэгдүүлэх боломжийг олгосон.

-НДС-тай холбоотой олон шүүмжлэл өрнөдөг. Тус санг менежмэнтийн өөрчлөх тал дээр ямар ажил хийж байна?

-Нийгмийн даатгалын тогтолцооны өөрчлөлтийн тухайд бид Нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн оны 10 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Тус хуульд орсон онцлог зүйл заалтуудын тухайд олон давхаргат тогтолцоонд шилжих зарчмыг дэвшүүлсэн. Ингэснээр хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж боломжтой иргэд өөрсдийн саналаар хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах боломжийг нь нэмэгдүүлэх юм. Энэ нь өвлөгдөх зарчимтай байж болох юм. Нэгэнт хуримтлагдаж байгаа учраас өвлөгдөх тогтолцоотой байна. Харин өнөөдрийн байгаа нийгмийн даатгалын тогтолцоо бол эв санааны нэгдэл дээр суурилсан буюу хуваарилалтын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр НДШ төлж НДС бүрдүүлж байгаа хөрөнгөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа. НДС-гаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг зөвхөн өндөр настны тэтгэвэр, тэтгэмж мэтээр ойлгож болохгүй. НДС дотроо нийт дөрвөн төрлийн сан байдгаас иргэд үр шимийг нь хүртдэг. Өнөөдөр НДШ төлж байгаагүйгээс үүдэн үр шимийг нь хүртэж чадахгүй байх тохиолдлууд бий. Манайх хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжихийн тулд цаг хугацаа шаардана. Дэлхийн 135 улс орон хуваарилалтын тогтолцоотой хэвээр байгаа. Зарим улс орнууд хуримтлалын тогтолцоо руу шилжсэн ч түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадахгүй алдсан тохиолдол ч бий. Ер нь тогтолцооноосоо илүүтэй НДС-гийн менежмэнтийн асуудал бий. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гурван төрлөөр НДС-гийн хөрөнгийг арвижуулах боломжтой. Нэгдүгээрт, арилжааны банкинд байршуулж хүүгийн орлогоор арвижуулах. Үлдсэн хоёр нь Монголбанк, Засгийн газрын бонд, үнэт цаас худалдаж авах. Түүхэндээ нэг удаа үнэт цаас худалдаж авсан байдаг. Бусад бүх үед арилжааны банкинд байршуулж хүүгийн орлогоор арвижуулж байсан.

-Арилжааны банкинд байршуулж хүүгийн орлого авах нь ашигтай боловч хэд хэдэн банкинд байршуулсан мөнгөө авч чадахгүй байгаа шүү дээ. Тухайлбал, Капитал банкинд байршуулчихсан байсан 100 гаруй тэрбум төгрөгийг төлүүлэх ажил ямар шатандаа явж байна?

-Капитал банкны тухайд НДС тус банкнаас 104 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Өнгөрсөн хугацаанд энэ мөнгийг эргүүлэн олж авах тал дээр олон шатлалт процессүүд явууллаа. Мөнгөн дүнгээр нь, хөрөнгөөр нь бага багаар барагдуулсаар одоогийн байдлаар Капитал банкнаас 50 тэрбум төгрөгийн авлагатай байна. Удахгүй энэ авлагаа авч үлдэгдэлгүй болгохын төлөө ажиллаж байна. Харин Чингис хаан банкнаас авах авлагын талаар хэлэлцээр хийгээд явж байна. Тус банк дампуурлаа зарлаагүй учраас мөнгөө эргүүлэн авах боломж байгаа гэж харж байгаа. Тодорхой хуваарийн дагуу өр авлагаа барагдуулах ажлыг зохион байгуулж байна.

-Ер нь НДС-гийн мөнгийг байршуулах арилжааны банкийг сонгохдоо ямар шалгуураар сонгодог вэ. Зарим иргэд НДС-гийн мөнгийг албаар дампуурах гэж байгаа банкуудад байршуулсан хэмээн харддаг шүү дээ?

-Тухайлбал, Капитал банкинд анх 2007 оноос эхэлж НДС-гийн мөнгийг байршуулж эхэлсэн байдаг. Тухайн үед тус банкинд эрсдэл үүсчихсэн байсан гэж хэлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр санаатайгаар дампуурах гэж байсан арилжааны банкинд НДС-гийн мөнгийг байршуулдаг хэмээн ойлгох нь өрөөсгөл ойлголт. Нийгмийн даатгалын багц хуульд Монголбанкнаас А зэрэглэл тогтоосон топ арилжааны банкуудад НДС-гийн мөнгийг байршуулах боломжтой хэмээн оруулж өгсөн. Мөн НДС-гийн мөнгийг дээр дурдсан гурван аргаар арвижуулахаас гадна санхүүгийн зах зээл дээр мэргэжлийн оролцогчоор дамжуулж хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулах боломжийг нээлттэй оруулж өгсөн. НДС удирдлагын бие даасан байдлыг хангах, мэргэжлийн оролцогчдыг оролцуулах зэрэг шинэчлэлүүдийг Нийгмийн даатгалын багц хуульд тусгасан. Уг хуулийг хэзээ хэлэлцэхийг мэдэхгүй байгаа ч тодорхой үр дүнгүүд гарна гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Батнайрамдал: Дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүй || DNN.mn

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.


-Орос болон Украины хооронд үүссэн мөргөлдөөн манай улсын шатахууны хэрэглээ, нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ?

-Өмнөх оны дөрөвдүгээр улирлаас эхлээд манай улс шатахууны тогтвортой хангамжийн асуудалд анхаарч ажилласан. үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ зах зээлийн үнэлгээ рүү аажмаар шилжүүлэх, автомат үнийн тооцоолол руу шилжүүлсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр гаргаж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 30 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх үүрэгтэй байсныг 45 хоног болгож, хугацааг нь сунгасан. Тиймээс гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол улсын шатахууны нөөц улсын хэмжээнд 198.945 тонн байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хэмжээнд ердийн хэрэглээгээр АИ-92 шатахууны 42 хоног, АИ-95 шатахуун 45 хоног, дизель түлшний хувьд 44 хоногийн нөөц байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр шатахуун импортлогч ААН-үүд 45 хоногийн нөөц бүрдүүлэх Засгийн газрын үүргийг сайн биелүүлсэн хэмээн дүгнэж болохоор байна. Бид өнгөрөгч хоёрдугаар сард украинд гарч байсан мөргөлдөөнтэй холбоотойгоор нэмэлт захиалга өгч, нөөцөө базаахад анхаарч ажилласан.

-Нөөцийн төлөвлөсөн хэмжээнд байгаа хэдий ч дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсч байна. Энэ үнийн өсөлт манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-Шатахууны үнийн тухайд ОХу дэлхийн түүхий нефтийн нийт нийлүүлэлтийн 10-12 хувийг дангаараа нийлүүлдэг томоохон нийлүүлэгч орон. ОХу-ын эсрэг олон улсаас тавьж байгаа акцуудтай холбоотойгоор нийлүүлэлт тасалдах болов уу гэсэн болгоомжлол их байгаагаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байна.

Түүхий газрын тосны үнэ дэлхийн улс орнуудад өрнөж байгаа мөргөлдөөнөөс болж хэлбэлзэх тохиолдол байдаг. Өнөөдрийн байдлаар түүхий газрын тосны үнэ баррель нь 110 ам доллараас давчихаад байна. ОХУ болон Украин хоорондын асуудал хурцдахаас өмнө түүхий газрын тосны үнэ баррель нь 80 гаруй ам долларын үнэтэй байсан. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд Олон улсын эрчим хүчний агентлагаас дэвшүүлсэн таамаглалд дараа жилийн өдийд буюу 2022 онд баррель газрын тосны үнэ 70-80 ам доллартай байх болов уу гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэтэл энэ таамаглал мөргөлдөөн гарснаас үүдэн эрс өсчихлөө. Газрын тосны үнэ түүхэндээ дэлхийн зах зээл дээр 100 ам.доллараас давсан тохиолдол ховорхон байдаг. Хэрэв та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө түүхий газрын тосны үнэ сарын дунджаар баррель нь 20 ам .доллар хүрч байсан. Гэтэл өнөөдөр 110 ам.долларт хүрнэ гэдэг бол асар их савлагаа үүссэнийг харуулж байна. Нөгөө талаас энэ байдал юуг илэрхийлж байна гэхээр манай улс шиг газрын тосыг 100 хувь эцсийн бүтээгдэхүүн байдлаар нь импортолдог улсад дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүй. Магадгүй гуравдугаар сард өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдэх болов уу гэсэн тооцоолол байна. Гэхдээ энэ үнэлгээ бол зургаан сарын дундаж автомат үнийн тооцооллоор гарч байгаа тоо.

-Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлын хүрээнд уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилсэн. Хайгуулын тусай зөвшөөрөл олголт сүүлийн долоон жил маш чамлалттай явж ирлээ. Тухайлбал, 2017 оноос хойш Сонгон шалгаруулалтын журам хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн ихдээ 2019 онд 109 лиценз олгогдсон. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Энэ байдлыг идэвхжүүлэхийн тулд энэ жил 300-400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зорьж байна. Мөн Тусгай зөвшөөрөл олгох үйл явц хамгийн их хардлага дагуулдаг учраас Тусгай зөвшөөрөл олгох процессыг цахимжуулсан. Тиймээс энэ жилээс эхлэн www.Tender.gov.mn-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг шилжүүлсэн. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдлөө өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүд www.Tender.gov.mn сайтаар дамжуулж өргөдлөө өгч, сонгон шалгаруулалт цахимаар явагдана гэсэн үг.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр олон улсаас хөрөнгө оруулагчид орж ирнэ хэмээн найдаж байгаа юм байна. Тэгвэл иргэд уул уурхайн хайгуул хийгдэх сургаар гол, усаа хамгаалахаар тэмцээд эхэлдэг шүү дээ?

-Өмнө нь уул уурхайн хайгуул, ашиглалттай холбоотой өргөдлийг эмх замбарагүй өгдөг байхад манай улсын нийт нутаг дэвсгэрийн 25 хүртэлх хувьд лиценз олгогдчихсон байсан. Энэ бол 15 жилийн өмнөх явдал. Эдгээр лицензүүдийн хугацаа нь дуусах нь дуусаад, цуцлагдах нь цуцлагдсан. Өнөөдөр манай улсад 896 хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1700 гаруй байна. Нэг ёсондоо хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо урвуу хамааралтай болчихоод байна л даа. Хайгуулын лиценз, ашиглалтын лицензээсээ хэд дахин өндөр байж гэмээнэ уул уурхайн салбар хөгждөг. Үүнийг дагаад уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсдөг. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын тоо огцом буурсан нь уул уурхайн салбар уналтад орох эрсдэл бий болж байна. Манай улс дараа дараагийнхаа Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон ордуудыг олж нээх, хөрөнгө оруулагчид орж ирэх тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хайгуулын тусгай зөвшөөрлийг эрчимжүүлэх юм. Хэрэв бид энэ онд төлөвлөсөн ёсоороо 350-400 хайгуулын лиценз олгож чадвал энэ нь сүүлийн долоон жилд олгосон лицензийн тоотой дүйцэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9 хувьд нь ашиглалтын болон хайгуулын лиценз олгогдсон байдаг. Хайгуулын лицензийг дангаар нь аваад үзвэл нийт нутаг дэвсгэрийн 2.8 хувьд ч хүрэхгүй. Энэ үзүүлэлтийг олон улсын түвшинтэй харьцуулахад асар бага үзүүлэлт. Нэмж хэлэхэд хайгуулын лиценз бүр ашиглалтын лиценз рүү хувирахгүй шүү дээ.

-Төр дангаараа хайгуулын лицензийг эзэмшвэл юу болох вэ?

-Энэ дэндүү эрсдэлтэй бизнес. Төр ийм бизнес рүү дангаараа дур мэдэн хэзээ ч орох боломжгүй. Нэг ёсондоо бид хууль, журманд нийцсэн иргэн, ААН-үүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хайгуул хийж байна гэсэн үг. УУХҮЯ-ны сайдын багцад багтсан төсвийн мөнгөөр бид эрлийн ажил буюу үндсэн суурь судалгаа хийдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс уул уурхайн ямар потенциалтай байна вэ гэдэг масштабын томоохон ажлуудыг хийдэг.

Энэ ажлын үр дүн дээр үндэслээд хайгуулын хөрөнгө оруулалт орж ирэх сонирхол нэмэгддэг. Нэг ёсондоо гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө гаргаад хайгуул хийх суурь судалгааг төр хийнэ. Түүнээс биш төр өөрөөсөө мөнгө гаргаад нарийвчилсан судалгаа, хайгуул хийдэггүй. Тухайлбал, Айвенхоу Майнз компани хайгуулын лицензийн зөвшөөрөл авч хэдэн арван сая долларын хөрөнгөөр хайгуул хийсний үр дүнд Оюу толгойг нээж илрүүлсэн. Энэ бол уул уурхайг түшиглэсэн эдийн засаг. Өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ий 25 хувь, төсвийн 30 хувь, экспортын 95 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувийг дангаараа бүрдүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсын эдийн засгийн тэлэлтэд шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс уул уурхайн салбар идэвхжиж байж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа тэлэх боломжоор хангана.

Уул уурхайн салбарын идэвхжилт нь хайгуулаас үүдэлтэй. Хайгуул хийснээр эргээд маш олон ажлын байрыг бий болгож, дотоодын эдийн засагт дэмжлэг үзүүлдэг. Тийм учраас хайгуулын лицензийн тоог нэмэгдүүлэх нь Монгол Улс руу орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын идэвхжилтэй шууд холбоотой.

-Уул уухайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Уул уухайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагт уул уурхайгаас олж байгаа орлого нь хувь нэмэр үзүүлдэг байх ёстой. Өмнө нь АМНАТ-ын таван хувь нь тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрдөг байсан бол энэ оноос АМНАТ-ын хэмжээг 10 хувьд хүргэсэн. Энэ бол орон нутгийн төсөвт нэлээд хувь нэмэр оруулах байх. Өөрөөр хэлбэл, уул уурхай хөгжиж байгаа орон нутагт тус салбараас орж ирж байгаа орлого нь төвлөрч үлддэг болсон гэсэн үг. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр орон нутагтаа мөн 100 хувь үлдэж байгаа. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хураамжийн 50 хувь нь орон нутагтаа үлддэг болсон.

Өмнө нь уул уурхайгаас орж ирж байгаа бүх төрлийн төлбөрүүдийн 30 хувь нь сум, орон нутагтаа хуваарилагдан үлддэг байсан бол одоо 50 хувьд хүрсэн. Энэ бол 2022 оны Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлээр хийсэн өөрчлөлтүүд юм. Энэ бол Уул уурхай эрхэлж байгаа орон нутаг аймаг суманд олсон орлого, татвар харилцан ашигтай хуваарилагдаж байж урт хугацаандаа тогтвортой хөгжих үндэс суурь нь болно.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчныг хэр сайн бүрдүүлсэн бэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга оруулахаар Засгийн газраас ажлын хэсэг ажиллаж байгаа. Ковидын дараа дэлхийн эдийн засгийн сэргэхэд бид бүгдээрээ нэг ижил гараанаас гарч байна. Аль улс ковидын дараа гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засаг, зах зээлээ нээж татаж чадсан нь улсын эдийн засаг богино хугацаанд сэргэх байх.

Манай улс дэлхийд вакцинжуулалтын хэмжээгээрээ тэргүүлэх орны тоонд багтаж байна. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулагчдад болоод жуулчдад хилээ нээснээ зарласан. Энэ утгаараа бид бусдаас түрүүлж алхах ёстой. Үүний үр дүнд Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Эдийн засгаа тэлж, төрөөс хязгаарлагдаж байгаа хүчин зүйлсийг арилгах ёстой. Ковидын үед бид гадаадын улс орнуудаас хэт их эцсийн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг, хараат байгааг тодотгож өглөө. Тийм учраас бид цаашид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болсноор нийлүүлэлтийн шок үүссэн үед эдийн засгаа хамгаалах юм.

Үүнд уул уурхайн салбар манлайлж ажиллах ёстой. Учир нь дэлхийд өрсөлдөх хамгийн давуу талтай, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбар бол уул уурхайн салбар юм. Тиймээс цаашид олборлолтоос боловсруулалт руу нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа гэрч битгий хэл гэмт хэрэгтнийг доромжилж, дээрэлхэж, зодох эрхгүй || DNN.mn

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа албан хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Түүгээр зогсохгүй Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны гол зорилт бол хууль сахиулагч хэнбугай ч хүнлэг, энэрэнгүй, шударга, хуульд захирагдах ёсыг баримтлах ёстойг зорилгоо болгосон байдаг.

Эдгээрийг дурдахын учир цагдаагийн албан хаагч ажлын байран дээрээ гэрчээр дуудсан бүсгүйд аархаж, элдэв бусаар доромжилж, биед нь халдаж буй бичлэг ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Цагдаа буюу хууль сахиулагч хэнбугай ч гэрч битгий хэл гэмт хэрэгтэнтэй ч ингэж харьцах эрхгүй юм. Гэтэл Монголын цагдаа иргэнээ “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм” гэж ирээд өндөр дуугаар зандарч ирээд биед нь халдсан нь нийгэмд маш том айдсыг бий болгочихлоо. Олон нийтэд ил болоогүй хэдэн мянган хэргийн цаана гэрч битгий хэл гэмт хэрэгтэндээ цагдаа нь яаж аашилсан бол, ямар хууль бус үйлдлийг гаргасан бол гэдгийг бодохоос айдас хүрч байна. Цагдаа гэрчдээ халдсан хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст уржигдар А гэх оюутан охин гэрчээр дуудагдсан юмсанж. Гэрчээр дуудагдах болсон шалтгаан нь олон нийтийн газарт танхайрсан хэрэгтэй холбоотой байжээ. Цагдаагийн хэлтсийн байцаагч ирж мэдүүлэг өг гэсний дагуу А явж очсон байна. А-гаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Н мэдүүлэг авах ёстой байсан бөгөөд охиныг өрөөнд нь ороход принтерийн хороо цэнэглэхээр гарчээ.

Ингэхдээ А-г өрөөндөө хүлээж бай гэсний дагуу үлдсэн байна. Тухайн байцаагчийн өрөөнд бичлэг дээр гарч буй Б нарын гурван байцаагч сууж байсан гэнэ. Гэрч охин ариун цэврийн өрөөнд орох болсноор асуудал мандсаныг тэрээр хэлж байгаа юм.

Энэ тухай А хэлэхдээ “Би ариун цэврийн өрөө орох шаардлагатай болоод хаана байдгийг асуусан юм. Гэтэл нэг байцаагч шууд хориглоод эхэлсэн. Чи муу хаачих гэж байгаа юм. Явуулахгүй, суу гэсэн. Гэвч би гараад явчихсан. Даанч ариун цэврийн өрөөг нь олоогүй учраас нөгөө өрөөнд нь буцаж орсон. Гэтэл тухайн байцаагч бүр уурлаад босч ирээд, янз бүрээр доромжилж байгаа гарыг минь хүчтэй нудраад суулгасан. Би маш их айж сандарсан. Надаас мэдүүлэг авах байцаагч биш, шал өөр хүн надад гар хүрээд, уурлаж доромжлоод зандраад байхаар би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тийм үйлдэл гаргаж байгаа хүн ямар ч асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм. Чи яагаад ийм газар утастай орж ирж бичлэг хийдэг юм бэ” гээд уурлаад гар руу дахин хүчтэй нударсан. Би айсандаа гараад зугтаачихсан. Гэтэл араас нөгөө цагдаа чанга дуугаар “Наад муугаа бариад авцгаа” гээд орилж эхэлсэн” гэж байгаа.

Монгол Улсын хууль сахиулагч том субьект, хүн ардынхаа энхийн манаанд зогсдог цагдаа иргэндээ ийм хүндэтгэлгүй ханддаг болжээ. Болжээ ч гэж дээ, ийм байсаар ирсэн юм тэд. Гагцхүү хүний эрх, эрх чөлөө нэгдүгээрт тавигдаж байгаа XXI зуунд цагдаа нар социалист нийгмийн сэтгэлгээнээсээ салахгүй явж ирлээ. “Хүн нь байхад хэрэг нь олддог” “философиор” ажиллаж ирсэн өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээ Монголын цагдаагаас арилаагүй байна. Үүнийг хууль зүйн салбарын бүхий л шатныхан шүүмжилсээр буй юм. Үүний тод илрэл энэ үйл явдал боллоо.

Тиймээс Монгол Улс цагдаа нараа хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч, ардчилагч орнуудад боловсрол эзэмшүүлдэг болох хэрэгтэй. Хуучин үеийн боловсролын тогтолцооноосоо салж, АНУ, Япон, Солонгос зэрэг хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилагч орнуудад цагдаа нараа сургах цаг болжээ.

Үндсэн хуулийн 16.14-т…гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Б-гийн том дуугаар зандран, гар хүрч буй үйлдэл нь хохирогч эмэгтэй гэрч ч бай, магадгүй гэмт хэрэгт холбогдсон ч шүүхээр буруутай нь тогтоогдоогүй бол цагдаагийн албан хаагч урдаас яллаж, ялгаварлаж, буруутгах, бүр доромжилж, биед нь халдах эрхгүй юм.

Цагдаагийн энэ үйлдэл сахилгын том зөрчил болоод зогсохгүй эрүүгийн ноцтой хэрэгт ч холбогдохоор болоод байна. Эрүүгийн хуулийн 21.12.1 буюу эрүү шүүлт тулгах буюу Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Цагдаагийн албан хаагч Б ийм үйлдлийг гаргачихаад байна. Хохирогч нь А гэх охин болж таараад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Ган-Очир: С.Эрдэнэд маргаан гаргахын тулд шалтаг, арга мундахгүй байх. Гагцхүү шүүх шударга шийдвэр гаргах хэрэгтэй || DNN.mn

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очиртой ярилцлаа.


-Ардчилсан намынхан учраа ололцохоо больж, бүх зүйл дээр талцдаг боллоо. Энэ талаар тодруулбал?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо гишүүдийн сайн дурын үндсэн дээр, өөрсдийн санаачилгаар энэ сарын 3-нд болох тов гарсан. Ардчилсан намын ҮБХ-нд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон 389 гишүүн хамаардаг. ҮБХ хоёр тохиолдолд л хурлаа зарлан хуралдуулдаг. Нэгдүгээрт, намын дарга тус хороог зарлан хуралдуулах, хоёрдугаарт, ҮБХ өөрөө өөрийгөө зарлан хуралдуулдаг. Хэрэв намын дарга буруу шийдвэр гаргавал ҮБХ хурал зарлуулан хуралдуулж болох талаар намын дүрэмд заачихсан байгаа. Одоогоор Ардчилсан намын даргаар яригдаж буй хоёр хүн буюу О.Цогтгэрэл, С.Эрдэнэ нарын хэн нь ч ҮБХ зарлан хуралдуулах эрхгүй болчихоод байгаа юм. Учир нь Улсын дээд шүүхийн гурван удаагийн шийдвэрээр Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу намын дарга байхгүй гэх шийдвэр гаргасан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолд зааснаар нам доторх ямар нэгэн субьект ардчиллын зарчмаар асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Тэгэхээр АН-ын үндэсний бодлогын хорооны хурлыг батламжилж, асуудлаа шийд гэсэн. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн хамгийн сүүлд гаргасан 38 дугаар тогтоолд ҮБХ-ны шийдвэр хүчинтэй байх талаар заасан. Тиймээс Ардчилсан намд үүсээд байгаа олон ээдрээтэй, эргэлзээтэй асуудалд цэг тавьж, гарц гаргалгаа гаргахын тулд ҮБХ хурал хийх зайлшгүй шаардлага тулгарсан.

-Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн хэдэн хувь нь тус хуралд оролцсон тохиолдолд шийдвэр нь хүчинтэйд тооцогдох боломжтой вэ?

-Үндэсний бодлогын хороо нийт гишүүдийн гуравны нэг нь санал нэгдсэн тохиолдолд сайн дураараа хуралддаг. Мөн нийт гишүүний 50+1 саналаар Намын их хурлаа зарлан хуралдуулах эрхтэй. Одоогийн байдлаар ҮБХ-ны нийт гишүүдийн гуравны хоёр нь ҮБХ-ны хурлыг хуралдуулах нь зүйтэй хэмээн гарын үсгээ зурж энэ сарын 3-ны өдөр зарлахаар шаардлага дээрээ тусгачихсан байна. Ингээд ҮБХ шаардлагадаа тусгаад ҮБХ-г хуралдуулах товоо зарлахад хэн нэг нь түүнийг зохион байгуулах ёстой болно. Энэ үүргийг улс төрийн зөвлөл хүлээдэг.

-Танай намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг С.Эрдэнэ даргатай талынхан хүлээн зөвшөөрөх юм уу. Бас л бөөн маргаан болох вий дээ?

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл ямар ч маргаангүй байгууллага. Учир нь 21 аймаг, есөн дүүрэг буюу нийт 30 нэгжээс нэг нэг хүн сонгогдож ажилладаг. Тэгвэл тус улс төрийн зөвлөл хуралдаад гуравдугаар сарын 3-нд ҮБХ хуралдуулах тогтоолоо гаргачихсан. Маргаад байх ямар ч асуудал байхгүй.

-Ямартаа ч ҮБХ-г зарлан хуралдуулах асуудалтай хэн ч маргахгүй, маргах эрхгүй гэж ойлгох нь зөв үү?

-УДШ-ийн тогтоол дээр “Ардчилсан намд үүссэн асуудлыг хэн нэгэн дарга дангаараа шийдэхгүй. Мөн дүрмийн хороо болон дотоод сонгуулийн хороо маргаантай учраас дангаараа шийдэхгүй. Тийм учраас “Та нар олонхоороо шийдвэр гаргах хэрэгтэй. Үүний тулд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийт гишүүдийн төлөөллийг хангасан ҮБХ-гоороо асуудлаа шийдүүлэх талаар тусгасан. АН-ын 220 мянган гишүүдийг нэг дор цуглуулах боломжгүй. Тиймээс 220 мянган гишүүнээс сонгогддог, төлөөллийн төв байгууллага буюу ҮБХ-гоороо асуудлаа шийдээд хүрээд ир” гэсэн. Тиймээс УДШ-ийн тогтоолын гол амин чухал хэсэг, бидний төлөөллийн байгууллагыг хүлээж авсан учраас энэ хороогоороо асуудлаа шийдэж, УДШ-д хүргүүлнэ. Бид яарахгүй байна. Гэхдээ цаг хугацаа яваад байна. Тиймээс бид хуульд заасан хугацаанд асуудлаа шийдээд энэ хавартаа амжаад асуудлаа цэгцэлье. Дараа нь сөрөг хүчнийхээ ажилд оръё. Төрд хяналт байж гэмээнэ эрх барьж байгаа Засгийн газрын дархлаа нь сайжирна. Тэд өдөр бүр шахаж шаардуулж байж бодитой ажил хийнэ. Одоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч таг болчихлоо. Нөхцөл байдал ийм л байна.

-Тэгвэл С.Эрдэнэ даргын талаас энэ сарын 5-нд зарласан Ардчилсан намын их хурал ямар учиртай юм бол?

-Бид ҮБХ-ны хурлыг бусниулах санаа агуулж байна хэмээн үзэж, олон нийтэд зөв ойлголт өгөхийг л хүсч байгаа юм. “Үнэн гутлаа өмсөж байхад, худал уул давж байдаг” гэх үг бий. Тэгэхээр нэг тал нь худлаа яриад, Ардчилсан намыг бүх шатны сонгуульд ялагдал хүлээлгэчихээд, намын даргын дүрд тоглочихоод гүрийгээд байдаг. С.Эрдэнэ дарга Ардчилсан намын Их хурлыг гуравдугаар сарын 5-нд зарласан нь хууль бус, дүрмийн бус гэдгийг л хэлж, анхааруулж байгаа юм. Уг хурлыг 14 хоногийн өмнө зарлах ёстой. С.Эрдэнийн зарлаж байгаа энэ хурал нь дүрмийн бус гэдэг нь дээд шүүхээр тогтоогдсон. Улсын дээд шүүх хэнийг ч АН-ын дарга гэж үзэхгүй байна. Улстөрчид биш жирийн иргэд хүртэл тамгагүй, даргагүй нам гэдгийг мэдэж байгаа.

Эд хөрөнгийнх нь эзэн нь хажууд нь зогсож байхад “Энэ миний хөрөнгө” хэмээн өөр хүн маргалдаад, булаацалдаад байгаа бол түүнийг тайлбарлахаас өөр аргагүй болно биз дээ. Яг л үүнтэй ижил.

-Тэгвэл энэ сарын 3-нд хуралдах ҮБХ-ны хуралдаанаар ямар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?

-Гурван асуудал хэлэлцэх талаар ҮБХ-ны шаардлагад тусгасан байсан. Нэгдүгээрт, Намын үндсэн дүрмийн хэрэгжилтийн талаар, хоёрдугаарт, Намын даргын сунгаа, бусад хамтын удирдлагатай холбоотой асуудлаар Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах, гуравдугаарт, Намын их хурлын товыг зарлах байх. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар намынхаа дүрмийн асуудал, даргын сунгааны асуудлыг хэлэлцэн шийдвэл, намын их хурлаараа батламжлах учиртай. Дөрөвдүгээрт, цаг үеийн асуудлаар буюу Хөгжлийн банк, Орос болон Украины асуудал, эдийн засгийн хямрал гэх мэт асуудлаар хуралдана. ҮБХ ганцхан өдөр хуралдах учраас нийт ҮБХ-ны гишүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Хэн хэнийхээ цагийг үрсэн ажил болох вий. С.Эрдэнэ даргын тал та бүхний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол асуудал улам л хүндрэх байх. ҮБХ-ны хуралд оролцох гишүүд хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм уу. Ямар нэгэн байдлаар маргаан гарах үндэслэл бий юү?

-Маргаан гаргахыг хүсвэл хэнд ч шалтаг мундахгүй. Би С.Эрдэнэ даргыг “Дараа дараагийн алхмуудаа хийж, даргын сунгаа зарлавал дагаж зарлаад, намын их хурал зарлавал намын их хурал зарлаад л… явах байх” гэж бодож байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж чадахгүй. Учир нь Ардчилсан нам байгуулагдаад 30 жил болоод бие даасан хүчтэй, тулхтай, институци болчихсон нь харагдаж байна. Энэ ҮБХ С.Эрдэнэ даргын үед байгуулагдсан. Мөн Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо мөн л энэ хүнийг дарга байх үед байгуулагдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд бүх шийдвэр олонхын талд буюу О.Цогтгэрэлийн талд гарсан. Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид, ҮБХ-ны гишүүд аль нь зөв, хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ ялгаад, салгачихсан. Тийм ч учраас ҮБХ-ны гишүүдээс С.Эрдэнэ даргын талд гарын үсэг зурсан хүн байхгүй. Тиймээс С.Эрдэнэ шинээр ҮБХ-г бүрдүүлсэн. УДШ-ийн тогтоол дээр байгаа хүмүүсийн нэрийг хасаад 2020 онд шинэ ҮБХ-г байгуулсан.Тус хороог УДШ хүлээн зөвшөөрөхгүй болохоор өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулсан хурлын үеэр “ҮХБ-ны 2020 онд сонгогдсон гишүүд ирээрэй” хэмээн ярьж байна лээ. Энэ бүхнээс харахад С.Эрдэнэ даргын тал дүрмийн бус, хууль бус гэдэг нь мухарлагдсан. Гэхдээ маргаан гаргахын тулд шалтаг, арга мундахгүй байх. Тийм учраас маргаан гаргах л байх. Гагцхүү шүүх шударга шийдвэр л гаргах хэрэгтэй.

-Ардчилсан намынхан нэгдэж нийлж, аль нэг талаа хүлээн зөвшөөрч чадахгүй бол нэгмөсөн хоёр хуваагдчихвал амар юм биш үү?

-Сөрөг хүчин болох Ардчилсан намыг устгах бодлого гадаадаас байна уу. Эсвэл сөрөг хүчний байр суурийг ганхуулж, мөнхийн засаглал тогтоох сонирхол эрх баригчдад байна уу. Яагаад ч юм бүү мэд бүх асуудал шударга бус хайчинд хяргуулж байна. Энгийн ойлголтоор Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн. Үр дүн нэгэнт тодорхой байхад тухайн үед намыг удирдаж байсан удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл асуудал үүсгэж, маргаан дэгдээв. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын гишүүдийн саналаар С.Эрдэнэ гэдэг хүн нэр дэвшихээргүй байсан. Гэтэл яагаад дэвшив. Өдий болтол УДШ Ардчилсан намын нийт гишүүдийн олонхынх нь талд шийдвэр гаргах ёстой бол үүнийг яагаад хийхгүй байна. Энэ бүхнээс бид “Шударга ёсыг юу тогтоох вэ, Үндсэн хуулиа хэн хэрэгжүүлэх вэ” гэсэн асуулттай үлдэнэ. Шударга ёс хүлээлтээр, буултаар ирдэггүй, тэмцлээр ирдэг нь харагддаж байна.

-Хоёр хоногийн өмнө Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан. Иргэд намынхаа дотоод асуудлыг шийдэж чадахгүй байж, хоёр улсын маргалдаанд оролцох шаардлагагүй хэмээн шүүмжилж байна. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Иргэдээс ирсэн шүүмжлэлүүдийг хүлээн авч, ажилдаа тусгах, олон нийтийн дэмжлэг, итгэлийг хүлээхийн тулд сөрөг хүчин улам сайн ажиллах ёстой. Цөөн хэдэн ах нарын эрх мэдэл, мөнгө, тамгаа булаацалдаж хоорондоо маргалдаад байгаа асуудалд Ардчилсан нам сульдчихсан байгаа нь үнэн. Тэгэхдээ үүний шалтгаан нь зөвхөн ойрын үед өрнөсөн ганц нэгхэн асуудалтай холбоотой гэхээс илүүтэй 30 жилийн идээ бээр нь өнөөдөр гарсан хэрэг. Тэгэхдээ Ардчилсан нам Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу шийдвэр гаргаж, даргаа сонгоод үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм ч учраас бид олон улсын байгууллагуудтай зохих журмынхаа дагуу хамтран ажиллаж, харилцаад явж байна. Бид үзэл санаагаа хамгаалж, олон улсад дуу хоолойгоо ч хүргэж байгаа. Монгол Улс бол хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс учраас олон ургальч үзэл санаа гарах тул бид олон улс, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар дуу хоолойгоо хүргэх л болно.

-Тэгвэл манай улсад сүүлийн үед өрнөсөн Хөгжлийн банкны асуудлаар танай нам байр сууриа дорвитой илэрхийлээгүй шүү дээ. Хөгжлийн банкны асуудал Орос, Украины асуудлаас ч илүү санаа тавих асуудал юм биш үү?

-Хөгжлийн банкны асуудлаар Ардчилсан намаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хаврын чуулган эхлэх үеэр энэ ажлын хэсэг илүү эрчимтэй ажиллаж эхэлнэ. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс “Хөгжлийн банкны асуудал бол нэг удаагийн хэвлэлийн хурлаар шийдэгдэх асуудал биш. Энэхүү хулгай, дээрэм, залилангийн хэрэгтэй холбогдолтой асуудлыг бид мөч мөчөөр нь жиргэж, мөр мөрөөр нь орох ёстой” гэсэн байр сууриа тодорхой илэрхийлж, дээрх ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргасан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хадгаламж өлсөхөөс биш хуримтлуулахаас эхэлнэ || DNN.mn

Нэг айлын хүүхдүүд өөр өөр араншинтай байдаг нь хачирхалтай. Нэг нь айлын өгсөн чихэр, шоколадыг газар дээр нь зад татчихдаг бол, нөгөө нь үргэлж цааш нь хийнэ. Тэр ч бүү хэл сургуулийнхаа үдийн цайнд өгсөн боорцогныхоо талыг цүнхлээд ирэх ч үе тохиолдоно.

Эхэндээ шоолж инээж байсан бол сүүлдээ гайхширдаг болов. Хэн, хэзээ өгсөн нь мартагдсан амттанг гэнэтхэн халааснаасаа гаргаж ирээд тэр хавиар нэг хэрэг мандуулна. Ийм хачирхалтай юуг ч хурааж хуримтлуулдаг, талыг нь заавал далд хийдэг охиныгоо эхэндээ гайхдаг байсан ч, эцэст нь түүнийг хуримтлуулагч иргэн гэдгийг ойлгосон юм. Гурван арваныг элээж байгаа бидний хүүхэд насанд бутархай мөнгө одоогийнхоос үнэ цэнэтэй байж. Гэтэл надаас авахуулаад усны мөнгөний хариултаар тавын гаа, аравын чихэр авч идэхээ бодохоос түүнийг хурааж хуримтлуулах талаар төсөөлөл тун муутай байж.

Гэтэл өнөөх гайхал чинь энд тэнд хэн ч тоохгүй орхисон 10,20,50,100-тын дэвсгэртээс авахуулаад бүх л мөнгөн дэвсгэртийг эмхэлж цааш хийхээс гадна, төрсөн өдрийн бэлэг, Цагаан сарын бэлгийн мөнгөө хуримтлуулсаар манай гэрийн хамгийн баян хүн болоод хувирчих нь тэр. Түүний энэ байдал эргэн тойрныхонд ч нөлөөлөв. Том болохоороо хуримтлуулсан мөнгөөрөө “Дэлгүүрчин охин” болно хэмээн гурван настай дүү нь ярьж байгаа бол өөрөө “Гадаадад сургуульд сурна” хэмээн томорч байх. Энэ жишгээр жилдээ нэг удаа өөрийн биеэр боодол боодол 10,20,50,100-тын дэвсгэртээ банкинд тушааж, хуримтлалаа арвижуулдаг болов. Хамгийн сүүлд 267.170 төгрөг банкинд тушааж, дэвтэрээ бичилт хийлгэсэн охиноос томчууд бидэнд сурах зүйл олон байгаа нь анзаарагдав.

Ийнхүү орчин үеийн хүүхдүүд багаасаа л мөнгийг хурааж хуримтлуулах, түүнийгээ хэрхэн зарцуулах талаар өндөр мэдлэгтэй болж байгаа нь авууштай. Хадгаламж өлсөхөөс биш, хуримтлуулахаас эхэлдэг аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эн тэнцүү хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


Та хамгийн сүүлд БНХАУ-д албан айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд ямар ямар үр дүн гарав. Бүхий л айлчлалын дараа “Айлчлал амжилттай боллоо” гэсэн гурван үгийг хэлдэг. Хамгийн гол нь эргээд ажил хэрэг болж, үр дүнгээ өгдөг нь хэр олон байна вэ. Тухайлбал, БНХАУ-ын айлчлалын хүрээнд яригдсан ямар гол асуудлууд байна. Хэзээнээс ажил хэрэг болж, үр дүнгээ өгөх вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ли Кэчян ерөнхий сайдтай албан ёсоор уулзаж БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхсан. Эдгээр уулзалтаар Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлэх хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, цар тахлын дараа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон ногоон хөгжлийн чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож хоёр Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаарх өндөр дээд түвшин дэх харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж байна. Айлчлалаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж шинэ агуулгаар баяжуулах, Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт яриаг тогтмолжуулах, ялангуяа хоёр талын дэвшүүлсэн хөгжлийн бодлогын зорилтуудыг харилцан уялдуулахад чиглэсэн бодит хамтын ажиллагааг ахиулсан гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, Улаанбаатар хотын төвлөрөл болон ногоон хөгжлийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцуулах, мөн олон жил яригдсан Гашуунсухайт Ганцмод төмөр замын боомтыг холбох ажлыг эрчимжүүлэх, Шивээхүрэн Сэхээ, Бичигт Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэх зэрэг олон асуудлаар Ерөнхий сайд нар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын үеэр цар тахлын хязгаарлалтаас болж саараад байсан боомтуудын үйл ажиллагааг сэргээх талаар түлхүү ярилцсан. Бид цар тахлын халдварыг хянаж дотооддоо уялдаа холбоогоо сайжруулж чадвал Гашуунсухайт Ганц модны боомтыг төмөр замаар холбох ажлыг нэг жилийн дотор багтаах боломжтой болсон. Шивээхүрэн Сэхээ, Бичигт Зүүнхатавч төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцож, төмөр замын шугамыг холбох эрх зүйн үндэс бүрдсэн тул бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэхээр төр, засгийн байгууллагууд яриа хэлэлцээ хийж эхлээд байна.

Айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг шуурхай хэрэгжүүлж хамтарсан төсөл хөтөлбөр, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд хоёр талын хамтын ажиллагааны механизмуудыг бүрэн дүүрэн ашиглаж байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх явдал чухал юм. Монголын тал дотоодын байгууллагуудаа нэгдсэн мэдээллээр хангаж харилцаанд оролцогч талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулна. Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын тулд бид зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгож, дотоодын шат дамжлагыг түргэтгэж, халдварын эсрэг авах арга хэмжээгээ сайжруулахаар төлөвлөж байгаа.

-БНХАУ манай улсын мөнхийн хөрш. Тийм учраас бүх талаар бид харилцаагаа гүнзгийрүүлэх, харилцан ашигтай байхад гадаад бодлого чиглэгдэх учиртай. Хоёр орны өнгөрсөн, одоо, ирээдүйн хамтын ажиллагааны талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс уул усаар холбогдсон мөнхийн хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эн тэнцүү хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Монгол, Хятадын харилцаа олон жилийн баялаг түүхтэй. Энэ харилцаа сүүлийн 30 жил эрчимтэй хөгжиж өнөөдөр хамгийн таатай үедээ хүрээд байна. Хэдийгээр цар тахлын хориг хязгаарлалтууд хүнд бэрх нөхцөлийг тулгаж байгаа ч хоёр тал нягт харилцаатай ажиллаж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тасралтгүй өрнүүлсээр байна. Өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын Эрээн хотод цар тахлын улмаас хилийн боомтын үйл ажиллагаа тасалдахад хоёр талаас ажлын хэсэг байгуулж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Манай хоёр орон худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо давуулан биелүүлснийг энд тэмдэглэж байна. Цар тахлаас үүдсэн хязгаарлалтууд тулгараагүй бол бид үүнээс ч илүү амжилтад хүрэх байсан нь эргэлзээгүй. Тэгэхээр бидэнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их нөөц бололцоо байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бид дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тулгуурласан худалдааны хандлагыг өөрчилж экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай. Ерөнхий сайдын айлчлалын дүнд Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Их Хурал Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталж, бидний ирээдүйн хамтын ажиллагаанд шинэ боломж, үүд хаалгыг нээж өгснийг энд онцлон дурдахыг хүсч байна.

Бидний хамтын ажиллагаа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаагаар хязгаарлагдахгүй. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үндсэндээ дууссан. Энэхүү төслийн хүрээнд бид Хятадын талтай идэвхтэй хамтран ажиллаж, манай Хөрөнгө оруулалтын судалгааны төв, Хятадын Үндэсний газрын тосны корпорацитай бодит ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Уламжлалт худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбараас гадна хоёр тал байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг тул цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх нөөц бололцоо бидэнд арвин бий. Энэ асуудлыг хоёр орны төр, засгийн тэргүүн онцгой анхаарч яриа хэлэлцээний үеэр байнга санал солилцдог. Үүний үр дүнд хоёр улс “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай Протокол” байгуулсан.

Цар тахлын дараа Монгол, Хятадын хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэхийн төлөө хоёр тал хичээл зүтгэл гаргаж, өндөр дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход онцгойлон анхаарч, бие биенээ харилцан дэмжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-БНХАУ-д Өвлийн олимп зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор хилээ хаагаад нэлээд хугацаа өнгөрч байна. Манай улсын экспорт, импортын үзүүлэлтэд БНХАУ-ын хилийн боомт чухал нөлөө үзүүлдэг. Тус улс хилээ удаан хугацаагаар хаасан нь манай улсад ямар нэгэн байдлаар өгч буй сануулга хэмээн хардах иргэн цөөнгүй байна. Энэ хэр үнэний ортой бол?

-Хятадын талаас тавьсан хилийн хязгаарлалтууд зөвхөн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа. Хоёр улсын харилцаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэд хэдэн удаа хэрэгжиж, хамтын ажиллагаа идэвхтэй хэрэгжиж байна. Тиймээс улс төрийн болон дипломат харилцаанд ямар нэгэн үл ойлголцох асуудал байхгүй гэдгийг онцлон хэлье.

БНХАУ өөрөө 14 улстай хиллэдэг, авто замын 82, төмөр замын 22 боомттой. Үйл ажиллагааны хязгаарлалт нь хилийн бүх боомтод ижил түвшинд үйлчилж байгаа. Цар тахлын тархалтаас болж олон улс орон хөл хорионы чанд хатуу бодлого баримталж, бараа нийлүүлэлт, худалдааны урсгал тасалдаж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хомсдож, үнэ өсөх үзэгдэл дэлхий даяар үргэлжилсэн хэвээр байна. Энэ бүхэн нь иргэдийн амьжиргааны асуудалтай шууд холбогддог учраас бухимдал үүсгэж, янз бүрээр таамаг дэвшүүлж байгааг ойлгож хүлээж авах хэрэгтэй.Харин манай улсын хувьд импорт, экспорт идэвхжиж хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч эхэлж байна. Гэхдээ хилийн боомт орчимд коронавируст халдварын тархалт нэмэгдэх, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдах эрсдэл хэвээрээ байгаа тул Засгийн газар Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцавын хилийн боомтын бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ “Хөгжлийн галт тэргэнд хамтдаа суулаа” хэмээн хэлсэн нь олны анхаарлын төвд байна. Монголчууд БНХАУ-ын хөгжлийн галт тэргэнд суусан гэсэн үг үү?

-Хятадын “бүс зам” санаачилга “Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хамтдаа хөгжих, хөгжлийн үр ашгаа хуваалцах” гэсэн үндсэн зарчимтай гэдгийг төр, засгийн удирдлага нь дэлхий нийтэд зарласан. Эдүгээ энэ санаачилгад дэлхийн 141 улс, олон улсын 32 байгууллага нэгдэж хамтын ажиллагааны 206 баримт бичигт гарын үсэг зурсан нь бүгд хөгжлийн галт тэргэнд хамтдаа суусан хэрэг. Монгол Улс “бүс зам” санаачилгыг “талын зам” хөтөлбөртэйгөө уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөгжлийн галт тэрэг гэдэг ойлголт Хятадын “бүс зам” хэмээх энэ томоохон төсөлтэй холбоотой хэлсэн үг гэж ойлгож болно.

-Коронавируст цар тахал дэлхий нийтэд тархаад даруй хоёр жил боллоо. Цар тахлын үед улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээ авч ажиллалаа. Энэ үед манай улс гадаад харилцаан дээрээ хэрхэн анхаарч ажиллав. Хүндрэлтэй болоод давуу тал юу байв?

-Цар тахлын давуу тал гэж байхгүй. Гадаад харилцааны яам хорио хязгаарлалт ихтэй хүндрэлтэй нөхцөлд 2021 онд өмнөө тавьсан зорилт, төлөвлөгөөт ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн. Хоёр болон олон талт шугамаар идэвхтэй ажилласны дүнд гадаадын улс орнуудтай улс төрийн харилцаагаа бэхжүүлж, хөрш орнуудтайгаа худалдаа, эдийн засгийн харилцааг хэвийн хэмжээнд хадгалж, гадаадаас иргэдээ татан авах, вакцины нөөц бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцлоо.

Дэлхийн улс төрийн байдал ээдрээтэй, төвөгтэй болох тусам олон улсын харилцааны практик үйл ажиллагаа улам ярвигтай, тээг саад ихтэй болох нь гарцаагүй. Дээр нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой хязгаарлалтууд нэмэгдсэнээр олон талтай, динамик хөдөлгөөнтэй дипломат ажиллагаа нийгмийн харилцааны бүх салбарт хамаатай болж хэлбэрших хандлагатай байдаг зүй тогтол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиглагдлаа.

-Магадгүй гадаад харилцаанд хамгийн их сорилт, бэрхшээл учруулсан жилүүд байсан болов уу?

-Цар тахлын нөхцөлд иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хамгийн хүндрэл бэрхшээлтэй байсан. Манай иргэдтэй холбоотой асуудал гарах бүрт дипломат шугамаар ярьж хөөцөлдөж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандаж боломжтой бүх арга хэлбэрийг эрэлхийлж ажиллалаа. Энэ ажлын үр дүн ч гарсан. БНХАУ-д л гэхэд виз, зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн 4000 гаруй иргэнийг татан авахдаа бичиг баримтын болон визний зөрчилд ногдуулсан олон сая төгрөгийн торгуулаас чөлөөлүүлсэн. Ковидын эсрэг вакцины нөөц бүрдүүлэхэд хоёр болон олон талт яриа хэлэлцээ амжилттай хийсний үр дүнд манай улс дархлаажуулалтын хувиар бүс нутагтаа тэргүүлж, дэлхийд эхний 10-т орсон үзүүлэлттэй байна. Харин цар тахлын яахын аргагүй хязгаарлалтаас болж гадаадын хөрөнгө оруулалт багасаж манай эдийн засагт хүндрэл сорилт учруулсан. 2019 онд 3.1 орчим тэрбум ам.доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт 2020 онд 2.5 тэрбум, 2021 оны 1.2 тэрбум ам.доллар болж буурсан.

-Цаашид дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа хэвийн түвшинд хүргэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дэлхийн улс орнууд цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгаж, ард иргэдийнхээ аж амьдралыг хэвийн голдиролд оруулахад чиглэсэн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Дэлхий даяар цар тахлын хязгаарлалтыг үе шаттай хөнгөвчилж, одоогоор 140 гаруй улс орон хилийн хоригоо цуцалж, гадаадын иргэдийг нэвтрүүлж эхлээд байна. Монгол Улсын Засгийн газар саяхан цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай тогтоол баталлаа. Цар тахлын хязгаарлалтыг цуцалж, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж хөрөнгө оруулагч, жуулчдыг хүлээж авахад бэлэн боллоо.

Манай улс дэлхийн 30 орчим улс оронтой давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр, 20 гаруй улстай худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр, 40 гаруй улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээр байгуулсан. Засгийн газар Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эргэлзээг арилгах, эрхийг хамгаалах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа.

Одоо хилээ нээлттэй болгосноор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон боломж нээгдэнэ гэж үзэж байна. Монгол Улсад томоохон хөрөнгө оруулагчдыг дэмжих форум, бизнес уулзалт, экспо зэрэг арга хэмжээг зохион байгуулж хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, байгууллага хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх өргөн боломжтой.

Гадаад сурталчилгааны чиглэлээр ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам хамтын ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлж байна. Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Монгол Улс жуулчдад хилээ нээснээ зарлалаа. Манай улс жуулчдыг хүлээн авах бэлтгэл байдлаа бүрэн хангаж чадсан болов уу?

-Агаарын хилийг 2021 оны тавдугаар сараас үе шаттай нээсэн. Өнөөдрийн байдлаар гадаадын зургаан улс руу 12 чиглэлд хуваарьт нислэгийг үйлдэж байна. Монгол Улсад аялж жуулчлах, бизнесийн болон бусад зорилгоор ирэх гадаадын иргэдэд виз хэвийн журмаар олгож байгаа.-Хэдийгээр манай улс хилээ нээсэн боловч бусад улс орны хил хаалттай хэвээр байна. Одоогийн байдлаар хичнээн улс манайд хилээ нээгээд байна вэ. Түүнчлэн хөрш хоёр орон хилээ нээх эсэх талаар албан ёсоор мэдээлэл ирсэн үү?

-Цар тахлын үед улс орнууд халдвараас сэргийлэх зорилгоор хилээ бүрэн болон хэсэгчлэн хаах, хөл хорио тогтоох, виз олгохоос татгалзах, хилээр нэвтрүүлэхгүй буцаах зэрэг олон төрлийн арга хэмжээ авч байгаа нь тухайн улсын дотоодын шийдвэр юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн улс орон байхгүй, зохих ангиллын визтэй, тухайн улсын тавьсан шаардлагыг хангасан иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байна.

Хойд хөрш ОХУ-д манай иргэд агаарын замаар визгүй зорчиж байгаа боловч авто замаар хилээр зорчих хөдөлгөөн хязгаарлалттай байна. ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй монгол иргэд бол авто замын боомтоор чөлөөтэй зорчиж байгаа.

БНХАУ-ын хувьд хилийн боомтын зорчих хөдөлгөөн хатуу хязгаарлалттай хэвээр байна. Хятад руу авто замын боомтоор зорчих боломжгүй, агаарын замаар зорчиход маш хатуу шаардлага тавьж байгаа. Эдгээр шаардлага зөвхөн манай улсын иргэдэд хамаатай бус, гадаадын бүх улсын иргэд, өөрийн иргэддээ хүртэл тавьж байгаа нэгэн ижил шаардлага юм.

-Монгол Улсын бүрэн эрхийг төлөөлөн суух дипломатуудын томилгоо хийгдэж дууссан уу?

-Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн нийт 48 газрын 46-д нь тэргүүнийг томилсон. 2022 онд Оттава, Токио дахь элчин сайдын томилолтын хугацаа дуусах тул оны эцсээр орны хүнийг нь томилно.

-Аль нэг улсад дипломатаар ажиллах нь тэтгэвэртээ гарсан улс төрчдийн “амрах” газар болдог хэмээн иргэд шүүмжилдэг. Томилогдсон дипломатуудыг сонгон шалгаруулах үйл явц шударга, мерит зарчмаар явагдаж чадаж байна уу?

-Элчин сайдаар ажиллах хүнийг яамныхаа үндсэн албан хаагч нар болох мэргэжлийн дипломатуудаас нэр дэвшүүлэх зарчим баримталдаг. Мөн олон улсад тогтсон жишгийн дагуу төр, засгийн удирдлагатай зөвшилцөж зарим Элчин сайдыг томилдог. Элчин сайдад нэр дэвшүүлсэн албан хаагчид төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах шалгуурыг хангасан, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх боломжтой хүмүүс байдаг. Сонгон шалгаруулах үйл явц мерит зарчмын дагуу, шударга явагдаж байгааг энэ удаагийн томилгооноос харж байгаа байх. Мэдээж улс төрийн томилгоо тодорхой хувийг эзэлдэг. Дан ганц манай улсад байгаа юм биш, олон улсын жишигт ч ийм томилгоо байдаг. Байхаас ч аргагүй.

-Томилогдсон дипломатууд ёс зүйн доголдол гаргасан, ажилдаа хойрго хандаж Монгол Улсын нэр төрийг сэвтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага юу байна вэ?

-Дипломат албаны сахилга хариуцлагын асуудалд үе үеийн сайдууд онцгой ач холбогдол өгч тодорхой арга хэмжээ авч ирсэн. Миний хувьд ч ялгаагүй, гадаад харилцааны салбарын нийт албан хаагчдад үүрэг чиглэл өгөхдөө энэ асуудлыг онцгойлон анхаардаг. Хилийн чанад дахь ДТГ-ын ажилтнууд хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд тухайн албан хаагчаас гадна ДТГ-ын тэргүүнд нь давхар хариуцлага тооцох зарчмыг баримталж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дипломат албаны сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлэх тухай заалтыг тусгайлан оруулсан байгаа. Энэ заалтыг үндэслэн саяхан БНСУ-д суугаа Элчин сайдыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр эгүүлэн татах шийдвэр гаргасан.

-Гадаад харилцааны бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжиж чадаж байна уу. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд манай улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж заасан байдаг.

Тусгаар тогтнол, бүрэн эрхээ сахин хамгаалсан, үндэсний эрх ашгаа дээдэлсэн бие даасан шинж чанартай гадаад бодлогын эдгээр тулгуур зарчим, чиглэлүүдийг бид 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжихдээ шинээр томьёолж баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл болон үндэсний хэмжээний бусад хөтөлбөрүүдийг эдгээр зарчимд тулгуурлан боловсруулдаг.

Өнөөдөр бид эдгээр суурь зарчмуудыг баримтлан дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр хөрш, бүс нутаг, тив дэлхийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж 193 улстай дипломат харилцаа тогтоосон, мөн олон талт олон улсын 303 гэрээ, хоёр талт олон улсын гэрээ 1325 байгуулсан байна.

Монгол Улсын гадаад бодлого гадаад харилцааны сайдын албыг ямар хүн хашихаас үл хамаарч эдгээр суурь зарчмуудын дагуу явдаг тул урт хугацаанд тогтвортой хэрэгждэг гэж үздэг.

-Одоогоор Монгол Улсаас хичнээн мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна вэ. Хилийн чанадад оршин суугаа, зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар танай яам хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Цар тахлын өмнө буюу 2019 онд манай улсын 2.4 сая иргэн гадаадад зорчсон тоо байдаг. Иргэдийнхээ зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах яриа хэлэлцээг бид тасралтгүй хийдэг. Монгол иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх, гадаад улсын визийг цахимаар болон хилийн боомт дээр авдаг болох зэрэг хэлэлцээнд ахиц гарч байна. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд энгийн паспорттой манай иргэд дэлхийн 11 улсад визгүй зорчдог байсан бол өнөөдөр 25 улсад визгүй зорчих боломжтой боллоо.

2021 оны байдлаар Монгол Улсын 163.437 иргэн дэлхийн 87 улсад оршин сууж байна. Эдгээрээс хууль ёсоор оршин суугаа 95 мянга орчим, оюутан 29 мянга, хууль бусаар оршин суугаа 40 мянга гаруй иргэн байна. Мөн БНСУ-д 37.000, АНУ-д 30.000, Японд 13.500, Чехэд 11.000, Шведэд 10.500, Францад 7000, Герман, Турк, Австралид тус бүр 6000 гаруй иргэн байна гэсэн судалгаа байдаг. Цар тахлын өмнө БНХАУ-д манай 13000 гаруй иргэн оршин сууж байсан бол 2021 онд 1200 болж буурсан. Хойд хөршид 3000 гаруй монгол иргэн оршин сууж байна.

Гадаад харилцааны яам хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн 48 газраараа дамжуулан гадаадад байгаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, мэдээ сэрэмжлүүлэг түгээж, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргээ идэвхтэй хэрэгжүүлж байна. ДТГ-ууд үндсэн чиг үүргийнхээ хажуугаар өөрийн иргэддээ нотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг.

Гадаадад байгаа иргэдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаг үеийн мэдээ, зөвлөмжийг шуурхай түгээж, монголчуудын холбоодтой хамтран ажиллаж, суугаа болон хавсран суугаа орны хүмүүнлэгийн болон хууль хяналтын байгууллагатай ажил хэргийн холбоотой ажиллаж иргэдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд боломжтой хэлбэрээр туслалцаа дэмжлэг үзүүлдэг.

-Ковидын үед гадаадад гацсан монголчууддаа Монголын төр анхаарал халамж хэр тавив?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гадаад харилцааны яамны хийсэн томоохон ажлын нэг нь хилийн чанадад байгаа монгол иргэдэд мэдээлэл, зөвлөгөө түгээж туслалцаа дэмжлэг үзүүлэх, хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь ирүүлэх ажил байлаа. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад байгаа монгол иргэдээ татан авах ажлыг ГХЯ зохион байгуулж 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс 2021 оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тусгай үүргийн 258 удаагийн нислэгээр 37.752, Монгол, Хятадын боомтоор 4321, Монгол, Оросын боомтоор 2859, нийт 44.932 иргэнийг эх орондоо авчирлаа. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2021 онд 160 иргэнд 133.312.992 төгрөгийн тусламж үзүүлсэн, мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд тусламжийн 2.1 тэрбум төгрөгийн зардлаар 554 иргэнийг эх оронд нь ирүүллээ.

Энэ бүх ажлыг товчилж багцаалбал цар тахлын үед Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэд олноор төвлөрөн суудаг гадаадын 52 улсын Засгийн газарт хандаж хилийн чанадад оршин суугаа иргэдэд туслалцаа үзүүлэх хүсэлтийг дипломат шугамаар хүргүүлсэн байна.

-Гадаадад байгаа иргэд хэлний мэдлэггүй, эсвэл тухайн улсад оршин суух албан ёсны эрхгүйгээс үүдэн хууль, эрх зүйн туслалцаа авах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж бололцоо муутай байдаг. Энэ чиглэлд Элчин сайдууд үүргээ хэр сайн биелүүлж байна?

-Гадаад харилцааны яам хилийн чанад дахь өөрийн иргэдийн эрх ашгийг хууль ёсоор, эсвэл хууль бусаар оршин суугаа хэлбэрээс нь үл хамааран туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд мэдээлэл зөвлөмж түгээх, иргэдийнхээ итгэлийг олж эргэх холбоотой ажиллах, бүртгэл мэдээллийн санг сайжруулах, монголчуудын холбоодыг идэвхжүүлэх, Өргөмжит консулуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийт Элчин сайд нарт өгч хяналт тавин ажиллаж байна.

Иргэд ЭСЯ, Консулын газарт хандсан л бол манай консулын ажилтнууд шуурхай ажиллаж холбогдох байгууллагад нь хүсэлт, захидал илгээж, газар дээр нь очиж уулзаж, орчуулагч, өмгөөлөгчтэй холбоо тогтоож, бүх талын туслалцаа үзүүлдэг.

Хэлний болон хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж манай иргэд эрх ашиг нь зөрчигдөж хохирох, гэмт хэрэгт холбогдох, шийтгүүлэх явдал түгээмэл байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд бид тухайн улсын төрийн бус байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж “pro bono” хэлбэрээр хууль, эрх зүйн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Элчин сайдын яамд, Ерөнхий консулын болон Консулын газруудад иргэдтэй шуурхай харилцах, тэдний санал хүсэлтийг цагийн хязгаарлалтгүй хүлээн авах боломжтой шуурхай утас, олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсыг тогтмол ажиллуулж байна.

Харин иргэд хилийн чанадад ямар нэгэн хэрэг төвөгт холбогдоод ЭСЯ-ндаа мэдэгдээгүй тохиолдолд бид мэдэхгүй өнгөрдөг тал бий. Иргэд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллээ ЭСЯ-ндаа сайн дураараа бүртгүүлдэг байвал урьдчилан сэргийлэх ажилд нэн хэрэгтэй.

-Дипломат, албан паспортыг ГХЯ-наас нэлээн цэгцэлж, өмнө олгогдсон их хэмжээний паспортыг хүчингүй болгосон гэж байсан. Ямар учраас хүчингүй болгосон бэ?

-Дипломат, албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад тавих хяналтыг сайжруулах тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 он, 2019 оны тогтоолууд байдаг. Тогтоолын хүрээнд Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар 2020 онд шинэчлэн баталсан.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөн паспортын хадгалалт, ашиглалтад онцгой анхаарах чиглэлээр олон зохицуулалт тусгасныг манай яам мөрдөн ажиллаж байна. Энэ журамд дипломат, албан паспортоор зөвхөн албан ажлын шугамаар зорчих, энэ тухай нотлох баримтыг Монгол Улсын болон гадаад улсын хилийн боомтод шалгуулах, паспорт эзэмшигч албан хаагч томилолтоор ажиллаад Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд хилийн боомтод паспортыг хураан ГХЯ-нд тусгай бүртгэлийн дагуу хадгалах, паспорт эзэмшигч төрийн албан хаагч гадаадад томилолтоор ажиллах бүрт нь харьяа байгууллагын хүсэлтийг үндэслэн паспортыг буцаан олгож байх, хилийн боомтод паспортоо хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин паспорт олгохгүй байх зэрэг онцлог заалтууд багтсан. Дипломат, албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад тавих хяналтыг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яам үе шаттай арга хэмжээ авч байна. Засгийн газрын тогтоолыг үндэслэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан, өөр албанд шилжсэн хүмүүсийн нийт 806 дипломат, албан паспортыг хүчингүй болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, журамд тусгайлан заасан үүргийн дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага интерполын цахим мэдээллийн санд мэдээллийг хүргүүлсэн.

Тийм болохоор дипломат, албан паспорт эзэмшигч иргэд хилийн чанадад зорчихоосоо өмнө www.consul.mn хаягаар орж хүчингүй болсон дипломат, албан паспортын жагсаалтаас паспортынхоо дугаарыг шалгаж үзэхийг зөвлөж байгаа.

-Виз олголттой холбоотой үүсдэг хүндрэл бэрхшээлийг бууруулахын тулд цахим виз олгож эхэлсэн. Гэсэн хэдий ч бодит хэрэглээн дээр хүндрэл бэрхшээл их байгааг хэлж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Өөрийн болон гадаадын иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол арга нь консулын үйлчилгээг цахимжуулах явдал юм. Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн баталж 2021 оны наймдугаар сараас мөрдөж эхэлснээр гадаадын иргэдэд цахим виз олгох хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Монгол Улсын цахим виз, визийн нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар болон “Интерактив” ХХК-тай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын цахим визийн системийг 2021 оны аравдугаар сараас туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.

Цахим визийн системээр гадаадын 36 улсын иргэнд гурван ангиллын богино хугацааны визийг 20-72 цагийн дотор шуурхай олгож байгаа, Монгол Улсын цахим визийн загварыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон гадаадын улс орнуудад дипломат шугамаар мэдэгдээд байна. Цахим визийн системийг нэвтрүүлэх явцад зарим төрлийн картаар төлбөр хийгдэхгүй байх, зарим улсаас виз авч болохгүй байх зэрэг тохиолдлууд гарч байгаа. Жуулчны улирал эхлэхээс өмнө эдгээр алдаануудыг засч системийн ажиллагааг хэвийн болгохоор бид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Энхсайхан: Монгол Улс мафийн засаглалтай улс болсныг Хөгжлийн банкны дээрэм нотлон харууллаа

Олон улс судлаач Д.Энхсайхантай ярилцлаа.


-Та Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн шалтгаан юу байв?

-“Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1.7 их наяд төгрөгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Үндсэн хууль бол төр ард түмний хооронд байгуулсан гэрээ.

Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэл хадгалагдана хэмээн заасан. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэхээр заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-д бүх эрх мэдэл байна. Тиймээс нэг удаагийн хууль гаргаад Монгол Улсын Хөгжлийн банкийг дээрэмдсэн хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэж, ялыг нь үүрүүлэх боломж УИХ-д бүрэн байна. УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэхийг хүсэх л юм бол долоо хоногийн дотор шийдэх боломж нь байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу эдийн засгийн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ юу юу гэж ярьж байсныг ард түмэн мартаагүй байх. Улс төр дэх мананг арилгана, хамгаалагч нар холд, ард түмэн намайг хамгаална гэхчлэн цогтой үг хэлж байсан. Өнөөдөр түүнд бүх эрх мэдэл нь байгаа ч ажлаа хийхгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийг ажлаа хийхийг шаардаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар ждү-д холбогдож байсан. Ийм хулгайч нар хамар доор чинь байна, У.Хүрэлсүх ээ. Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны газрын дарга. Энэ ашиг сонирхол биш үү. Ийм байж шударга ёс гэж битгий яриач, Ерөнхийлөгч өө.

-Хөгжлийн банкнаас эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж барьцаа хөрөнгө хангалттай байршуулахгүйгээр зээл авсан асуудлыг юу гэж харж байна?

-Энэ дээрмийг энгийнээр тайлбарлавал, Монголын ард түмэн УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн төлдөг татвараасаа цалин өгөөд, дээрээс нь төрийн хамгаалалт өгөөд 1000 хонь хадгалуулсан. Гэтэл 600 хонийг нь УИХ-ын дарга чононд алдчихсан. Ингээд мануухай царайлаад, зүүрмэглээд, унтаад байж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар та нойрноосоо сэрээч ээ гэдгийг хэлж байгаа юм. Хөгжлийн банкны дээрэм бол зохион байгуулалттай гэмт хэрэг юм. УИХ-аар 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг оруулж, тус банкнаас санхүүжүүлдэг бүхий л төсөл хөтөлбөрийг УИХ-аар оруулж, хэлэлцдэг байсныг болиулсан. Эндээс бүх дээрэм эхэлсэн. Гэхдээ бид ном журмынх нь дагуу Хөгжлийн банкнаас зээл авч бүтээн байгууулалт хийж байгаа ААН-үүдээ хэлмэгдүүлж болохгүй. Харин ямар ч барьцаа хөрөнгө байршуулалгүй, хулгайн сэдлээр зээл авсан луйварчдыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй. Бид асуудлыг ялгаж, салгах ёстой. Ингээд хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгасны дараа УИХ-аас өр барагдуулах хууль гаргаж, луйвардсан, дээрэмдсэн, хулгайлсан, үгсэн хуйвалдсан нөхдүүдийн хөрөнгийг нь эхнээс нь хурааж шорон руу нь ачаад эхэлбэл зээл авсан хүмүүс мөнгөө бариад ирнэ. Монгол Улсад төр гэж үнэхээр байгаа юм бол зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй. Мафийн бүлэглэлээс айдаг арчаагүй төр байж болохгүй. Монгол төрийн дээр мафи нь гараад суучихлаа. Монгол Улс ардчилсан засаглалтай биш, мафийн засаглалтай улс болсныг Хөгжлийн банкны дээрэм нотлон харууллаа. Ардчилсан засаглалтай улсад төрийнхөө Хөгжлийн банкийг дээрэмдчихээд хонины найр хийгээд суудаггүй л байхгүй юу. Ийм байж болохгүй.

-Цаашид энэ байдлыг хэрхэн засч залруулах ёстой вэ?

-Төрийн банк болон төрийн хамааралтай сангуудаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авахыг хуулиар хориглох хэрэгтэй. Асуудлыг ингэж тодорхой болгохгүй бол дараа дараагийн банк, сангуудыг эрх мэдэлтэй, албан тушаалтай нөхдүүд хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хамтарч тоносоор л байх болно. Өнөөдөр асуудал дагуулаад, дуулиан дэгдээгээд байгаа Хөгжлийн банкны асуудал бол улс төр, бизнес холилдсоны уршиг. УИХ-ын гишүүн нэг бол бизнесээ хий, эсвэл хуулиа тогтоогоод, бодлого тодорхойлоод яв. Энэ ауудлыг яаралтай хуульчлах хэрэгтэй. Хуулийн хөшүүрэг хийсэн цагт УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд улс эх орноо тонон дээрэмддэг, иргэдийн боломжийг хулгайлдаг байдал арилна. Ингэж гэмээнэ ирэх 2024 онд УИХ-д төрийн бодлого тодорхойлох хүмүүс л нэр дэвшинэ. Зарчмын ялгаа нь тодорхой байх тусмаа асуудал амархан шийдэгддэг. Түүнчлэн цөөнх, олигархиуд засагладаг биш, Монгол Улсын нийт иргэд засагладаг болохын тулд хоёр танхимтай парламент руу шилжих ёстой. Өнөөдөр үүссэн асуудал бол тогтолцооны гажигаас үүдэлтэй. Монгол Улсын Засаг захиргааны нэгж бүрээс сонгогддог Ардын Их хурлын 400 гаруй төлөөлөгчид дотроосоо УИХ-аа байгуулчихдаг,мөн Ерөнхийлөгчөө сонгочихдог, төрийн эрх мэдэл хэрэгжүүлдэг хууль, шүүх, прокурор, статистик, Монголбанк зэрэг төрийн дээд албан тушаалтнуудыг дээд танхимаасаа томилдог байх жишээтэй. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд нийт иргэдийн дундаас бус хэдхэн улстөрчид эрх мэдлээ ашиглан томилдог учраас тэднийхээ төлөө үйлчилдэг учраас монголчууд төрийнхөө завхралаас салж чадахгүй 30 жил боллоо.

-МАН-ын удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа хөөнө гэдгээ мэдэгдсэн. Бодит байдал дээр хэрэгжиж чадах болов уу?

-Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийн асуудлыг хөндөж байна лээ. МАН намынхаа дүрмэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа хөөх талаар тусгасан хэмээн ярьсан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан тохиолдол гэж байгаа. Улстөрчдийн гар хөл болсон шүүхээс албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдсон гэх шийдвэр гаргахгүй нь тодорхой. Тиймээс авлига, албан тушаалын хэргийг аль нэг намын ёс зүйн дүрмээр шийднэ гэдэг үлгэр. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.

-Хөгжлийн банкны асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд ороод байгаагаас бус 2017 онд энэ нөхцөл байдал үүсчихсэн байсан. Харин өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавьсан нь МАН-ын дотоод маргаантай холбоотой гэж зарим иргэн үзэж байна. Та юу гэж харж байна?

-МАН-ын доторх зодооны асуудлыг нарийн сайн мэдэхгүй. Харин Хөгжлийн банкны асуудал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэнд гүйцэгдэж олон нийтэд ил болсон болов уу. Угтаа монгол төр гэж байгаад тэр нь ажлаа мэддэг, асуудлаа хардаг байсан бол аль хэдийнэ өнөөдрийнх шиг олон нийтийн анхаарлын төвд орчихсон байх ёстой. Магадгүй одоо гаргаж тавих нь цаг хугацааны хувьд тохироо нь бүрдсэн байж ч болно. Та бүхэн анзаарсан бол өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үедээ “Төрийн ордоноос шийдэж болдоггүй асуудал олон байдаг” хэмээн хэлсэн. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт “Туушин” зочид буудалд өрнүүлсэн хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн банкны дээрмийг төр шийдэж чадахгүй нь ээ. Иргэний нийгмийн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн ярьсан. Эдгээр мэдэгдлүүд маш ноцтой, хариуцлагагүй үг гэж би харж байгаа. Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг төр шийдэж чадахгүй юм бол хэн шийдэх ёстой юм бэ. Иргэд шийдэх юм уу. Мафи, бүлэглэлүүдийнхээ гарт орчихсон тусгаар тогтносон Монгол Улсын төр байж болохгүй шүү дээ. Хөгжлийн банкнаас авч хувааж идсэн мөнгө хаашаа орсон юм бэ. МАН-ын гишүүн н.Лхагважав “Бүх хүн 10-20 хувийн авлига авдаг. Авлига өгсөн, авсан хүмүүс нь байж байна. Энэ бүх мөнгө сонгуульд зарцуулагдсан. Ингэхдээ иргэдийн саналыг худалдаж авахын тулд иргэдэд тараасан. Эргүүлээд эрх мэдэлд хүрсэн” хэмээн хэлсэн. Ийм чөтгөрийн тойрогт монголчууд орчихсон байгаа нь үнэн шүү дээ.

-Зээлийг эргэн төлүүлэх үйл явцыг хэрхэн зохион байгуулах ёстой вэ. Монгол Улсын Засгийн газраас баталгаа өгсөн учраас эргээд иргэдийн татварын мөнгөөр Хөгжлийн банкны зээлийг төлөх хүртэл асуудал яригдах магадлалтай байна шүү дээ?

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж хуралдуул. Энэ их хуралд асуудлыг шийдэх бүрэн эрх нь байна. Хамгийн гол нь одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн ийм үйлдэл хүсэх үү, эс хүсэх үү гэдэг л байна. Иргэд, олон нийт энэ асуудалд ихээхэн бухимдаж удаа дараагийн шаардлага тавьж байна. Бүр болохгүй бол талбай дээрээ гарч жагсахад бэлэн байна. Энэ байдлыг зүгээр өнгөрүүлэх юм бол 1996 онд төрийн банкуудаа тоносон үйлдэл давтагдах нь. Эрүүгийн хууль, Иргэний хуулийн процессоор Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хааж орхино. Тийм учраас энэ хэрэгт зориулсан нэг удаагийн хууль батлах шаардлагатай. Ийм л гарц бий.

-Өмнө нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосон албан тушаалтнууд хариуцлагаас аятайхан мултарсан. Одоо Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Цаашид ямар төрийн өмчит компани, банк санхүүгийн байгууллага эрсдэлд орохыг таах хэцүү болчихлоо шүү дээ?

-Яг тийм. Тухайлбал, Төрийн банкны албаны дарга нар нь том том жийп унаад л явдаг. Бусад арилжааны банкуудын хэлтсийн дарга нар жийп унаад явахгүй л байна. Төрийн банкны асуудал хүндэрсэн талаар мэдээ дуулдаад л байгаа. Цаашлаад төрийн мэдэлд 100 хувь авсан Эрдэнэт үйлдвэрийн асуудал байна. Тэнд эрх мэдэл, албан тушаалтнууд ямар их шахаа хийж байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн 50 хувийг иргэдэд хувьцаа байдлаар тарааж, засаглал сайтай, олон нийтийн хувьцаат компани болгохгүй бол одоо ч төрийн өндөр албан тушаалтнууд тоноод л байж байгаа. Мөн Эрдэнэс таван толгойн нийт хувьцааны 15 хувийг Монголын иргэд 1072 хувьцаа байдлаар эзэмшиж байгааг мөн л 50 хувьд хүргэх ёстой. Дэлхийн жишигт сайн төртэй, сайн хуультай орнуудад стратегийн салбарт төрийн оролцоо байж болдог. Тухайлбал, Скандинавын орнуудад 40 хүртэлх хувьд төрийн оролцоо байж болдог. Мөн манай хоёр хөрш төрийн мэдлийн компаниудаа нээлттэй хувьцаат компани болгочихсон байх жишээтэй. Монгол Улсын Үндсэн хуульд газрын баялаг ард түмний өмч хэмээн заасан. Тийм учраас бид төрийн өмчит компаниудын хувьцааг эзэмших замаар байгалийн баялгаас хүртэх боломж байгаа. Харин одоогийнх шиг 100 хувь төрийн мэдэлд байлгасаар байвал ард түмний өмч биш, хэдхэн албан тушаалтнуудын өмч болно. Тэд тэндээ найрладаг, өнөөх мөнгөөрөө эргүүлээд иргэдийн саналыг худалдаад авчихдаг ийм циклиэр монголчууд бид яваад байна.

-Манайд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсвэл хялбаршуулсан журмаар шийднэ хэмээн торгуулиад өнгөрдөг асуудал олон бий шүү дээ. Цаашид ч энэ байдал давтагдахгүй гэх баталгаа ч алга?

-Таны хэлж байгаа асуудал үнэн. Бусад оронтой харьцуулахад манай улсын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хүлээлгэж байгаа хариуцлага нь маш бага. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст манайх 5-12 жилийн ял оногдуулдаг бол бусад оронд 15-25 жилийн ял оногдуулдаг. Дээрээс нь Эрүүгийн хуульд 2017 онд авлига албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг болгож өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан олон гэмт хэрэгтнүүд ялаас мултарсан. Тиймээс энэхүү хуулийг нэн яаралтай өөрчилж, засч залруулахгүй бол хуулийн энэхүү цоорхойг авлигачид, албан тушаалаа урвуулан ашиглагчид ашигласаар л байх болно. Манайх Эрүүгийн хуулиараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар хамгийн түрүүнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болдог заалтыг авч хаяж, ялыг нь хүндрүүлэх шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: БОАЖЯ-наас олгодог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хувь хүн хэн байх, зоригтой зориггүйгээс үл хамаарч ил тод байдлын системийг бүрдүүлэх нь чухал-


-Монгол Улсын Засгийн газар дэлхийд хилээ нээснээ зарлалаа. Аялал жуулчлалын салбар жуулчдыг хүлээж авахад бэлэн байна уу?

-Дэлхийн улс орнууд өөрсдийн бодлогыг тодорхой хэмжээгээр зарлаад явж байна. Хил нээсэнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа асуудлуудын нэг нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх, аялал жуулчлалын хувийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудлууд бий. Тийм ч учраас аялал жуулчлалын салбарыг Засгийн газрын түвшинд онцолж байгаад баяртай байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр эдийн засгаа тэлэх, цаашлаад олон оронтой харилцах харилцаагаа нээх зэрэг томоохон асуудлууд давхар шийдэгдэх болов уу гэж харж байна.

-Ковидын үед хамгийн их хохирол амссан салбар бол яах ч аргагүй аялал жуулчлалын салбар байсан. “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс ямар үр дүнгүүд гарав?

-Ер нь бол жилийн жилд л хэлэлцүүлгүүд өрнүүлдэг. Хамгийн гол нь хэлэлцүүлгээс бодит үр дүн гарч чадаж байгаа эсэх асуудлыг манай салбарынхан хөндөж байна. Тиймээс төр бодлогынхоо хүрээнд тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргах ёстой. Ямар шийдэл хүлээж байгаа талаараа аялал жуулчлалын компаниуд, анхан, дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс саналаа хэллээ. Эдгээр саналыг үндэслээд тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллах ёстой. Түүнээс биш Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэдэг утгаар өөрийнхөө бодсон бодлыг тулгах, экспертүүдийн бодлогыг орхигдуулах ёсгүй. Миний хувьд бол төр хувийн хэвшлээс гадна олон нийтийн оролцоо чухал гэж боддог. Учир нь төв хувийн хэвшлийн түншлэлээс гадна олон нийтэд хүрч байгаа үйлчилгээ, хууль эрх зүйн хүрээнд гарсан шийдвэрүүд байгаа оносон эсэх, олон нийтэд тулгамдаад буй асуудлыг шийдэж чадах эсэх дээр анхаарч ажиллана.

Энэ утгаараа БОАЖЯ-наас хэд хэдэн том арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ялангуяа эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудлаар “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлалын салбарт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь төлөвлөсөн томоохон ажлуудынхаа эхлэлийг тавилаа. Мөн хоёрдугаар сарын 21-нд Гадаад харилцааны яам, Соёлын яамтай хамтраад Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдуудтай уулзалт хийнэ. Бид Засгийн газар, кабинетын бодлогыг сайтар харж, хамтын ажиллагаагаа сайжруулах, уялдаа холбоог нэгтгэх учиртай. Асуудлаа нэгтгэж харснаар асуудлаа цогцоор нь шийдэх боломж бүрдэх юм.

-Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулав. Бодлогын түвшинд танай яаманд тулгамдсан асуудлууд олон бий. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажлууд юу байна?

-Сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдуудтайгаа холбогдож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөр дээр ямар байдлаар ажиллах талаар санал солилцлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар өгсөн үнэлэлт дүгнэлт тааруухан үнэлгээтэй байгаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд дээр бид хэрхэн хамтарч ажиллах, аялал жуулчлалын салбараа яаж хөгжүүлэх вэ гэх мэтчилэн бодлогын хүрээний асуудлуудыг ярилцаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдуудтай дээрх асуудлаар ярилцлаа. Хүн төрөлхтөн нэг л дэлхий дээр хамтаараа оршиж байгаа учраас аль нэг газрыг цөлжилттэй, уур амьсгалын өөрчлөлттэй гэж орхигдуулахаас илүү хамтын ажиллагааны түвшинд дэлхийн улс орнуудын анхаарлын төвд асуудлыг аваачих дээр ач холбогдол өгч ажиллаж байна гэж ойлгож болно. Нөгөө талаас аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой ажлуудыг хийж эхэллээ. Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, төр хувийн хэвшлийн компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингээд сайдын дэргэд аялал жуулчлалын зөвлөл байгуулж, уг зөвлөл энэ хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хурлын үр дүнд “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлалын салбар” хэлэлцүүлгийг хамтын хүчээр зохион байгууллаа. Цаашид хийхээр зорьсон олон ажил байна.

-Та “БОАЖЯ нэг талаараа зөвшөөрөл олгодог яам болчихсон” гэдгийг хэлж байсан. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ?

-Үүнийг ганцхан би хэлээгүй л дээ. Иргэд манай яамыг “Тусгай зөвшөөрлийн яам болсон. Үндсэндээ байгаль орчин болон аялал жуулчлалын салбарын бодлого орхигдуулсан” хэмээн дүгнэж олон санал, сэтгэгдэл ирүүлсэн. Тиймээс иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авахын тулд тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулахыг зорьж байна. Яамны үндсэн бодлого нь бодлого төлөвлөлт дээр тогтох ёстой болохоос биш тусгай зөвшөөрөл байх ёсгүй. Энэ байдлыг халах ёстой. Энэ утгаараа БОАЖЯ-наас олгодог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Хамгийн эхний ээлжинд загасчлалтай холбоотой зөвшөөрлүүдийг цахимжууллаа.

Тухайлбал, загасчлах иргэд заавал тухайн орон нутгийн удирдлага Засаг даргаас зөвшөөрөл авахын тулд зорьж буй газраасаа олон арван км хазайх шаардлагагүй. Харин цахимаар зөвшөөрөл авах хүсэлтээ илгээгээд, загасчлах газар руугаа явж байх үед нь зөвшөөрлийн бичиг нь гарах жишээтэй. Ингээд тухайн орон нутгийн байгаль хамгаалагчид холбогдох зөвшөөрлийг QR кодоор шалгах боломж бүрдэх юм. Манай салбарт нийт 700 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлийг цахимжуулах шаардлагатай. Ялангуяа аялал жуулчлалыг татах зорилгоор дэлхийд ховордсон ан амьтдын зургийг авч цахим платформ оруулах, байгалийн үзэсгэлэнт газрыг сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хийж байна.

-Ан амьтдын зургийг сурталчлан таниулах гэснээс манай улсаас шонхор шувуу агнах, эсвэл барьж Арабын орнуудад өндөр үнээр худалдан борлуулахтай холбоотой асуудалд мөн л танай яамныхан нэр холбогддог. Ан амьтнаа сурталчилж таниулчихаад гадаадын оронд худалдан борлуулаад байх юм уу?

-Нэгдүгээрт, шонхор шувуу бол нүүдлийн шувуу. Бид энэ шувууг ашиглах ёстой юу гэвэл ашиглах ёстой. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн түүхийг нь харах юм бол Засгийн газрын хуралдаанаар орж нууцын горимоор хэлэлцэгдээд шийдвэрлэгддэг асуудал юм билээ. Дээр дурдсан 22 зөвшөөрөл дотор ан агнуур, шувуутай холбоотой зөвшөөрөл ордог. Бид яагаад ховордсон ан амьтнаа гадны фестиваль дээр дуудлага худалдаагаар зарласан үнээр нь худалдан борлуулах ёстой гэж. Дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлж, тодорхой эвентүүдийг уламжлал болгон зохион байгуулж, дуудлага худалдаанд яагаад оруулж болохгүй гэж.

Харин төлөвлөсөн үнээс дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгийн зөрүүг төрд авч, төсөв бүрдүүлнэ гэхээсээ илүүтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тухайн ховор ан амьтныг өсгөж үржүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалахад зарцуулах хэрэгтэй. Түүнчлэн энэ ажлыг ганцхан төр биш, мэргэжлийн холбоод нь хамтарч хийх санал, санаачилга гарч байна. Энэ ажлыг бүрэн дүүрэн дэмжих боломжтой гэж харж байгаа. Авлигатай тэмцэх газраас гаргадаг шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ сүүлээсээ гуравт орсон. Тиймээс бид аль болох яамныхаа үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байлгахыг зорьж ажиллана. Гэхдээ цахимжуулна гэдэг нь цаасаар авч ирэх материалыг цахим хэлбэрээр явуулна гэхээс илүүтэйгээр шууд цахимаар зөвшөөрөл олгох хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой хэмээн харж байгаа. Тиймээс шинээр байгуулагдсан Цахим хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга нарын хүрээнд уулзалтууд хийгдээд эхэлсэн. Тус яаманд Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр байгаа 22 төрлийн зөвшөөрөл, орчим үйлчилгээг цахимжуулах тал дээр тусгайлан баг томилж ажиллуулах албан ёсны хүсэлтээ хүргүүлсэн.

-Төрийн тусгай хамгаалалттай газарт газрын зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгодог. Үүнээс үүдэн нөлөө бүхий албан тушаалтнуудад газар наймаалцдаг гэх шүүмжлэлүүд өрнөдөг. Цаашид эмх замбараагүй олгосон зөвшөөрөл, газрын асуудлыг хэрхэх билээ?

-Богд хан уулын хязгаарлалтын бүсэд баригдсан орон сууцууд, газрын худалдаатай холбоотой асуудалд хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Улсын Их хурал болон Засгийн газар дээр ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг зогсоочихсон байна. ЮНЕСКО-д бүртгүүлсэн дархан цаазат газруудаа Монгол Улс, ялангуяа манай яамнаас ЮНЕСКО-д хандаж хязгаарлалтын бүсийг нь цуцлуулах асуудлыг тавина гэдэг бол утгагүй зүйл. Тиймээс УИХ, Засгийн газар дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хүлээхээс өөр арга байхгүй. Тодорхой хэмжээний асуудлаар Авлигатай тэмцэх газар дээр хэрэг үүсээд явж байгаа гэж ойлгосон. Ний нуугүй хэлэхэд, процессын талаар нарийн мэдээлэл одоогоор надад алга. Тиймээс УИХ, Засгийн газар дээр явж байгаа ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээхээс өөр арга алга.

-БОАЖЯ-нд үүрлэсэн идээ бээр, асуудалтай тэмцэхэд танаас тодорхой хэмжээнд эр зориг, манлайлал шаардах байх. Учир нь танай салбар хууль бус газрын наймаа, ашигт малтмалын зөвшөөрөл гэх мэтчилэн их хэмжээний мөнгө эргэлддэг салбар. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөллөөс ангид ажиллаж, салбараа аварч чадах болов уу?

-Энэ асуудал дээр хувь хүний эр зориг гэхээсээ илүүтэй стандартын асуудал, эрх зүйн орчны асуудал яригдах байх л даа. Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын 76 гишүүн 2020 онд шинээр сонгогдоод “Авлигаас ангид байна” хэмээн тангарагласан. Энэ бол стандарт. Ийм стандартуудыг бид сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулж нээлттэй ил тод, дуудлага худалдаанд оруулдаг болсноороо авлигаас ангид байх том схемийг бүрдүүлж байгаа юм.

Хувь хүнийг залуу, зоригтой гэж цоллохоосоо илүү стандартаа төрийн зүгт бодлогын хүрээнд хийж өгөх нь чухал. Ингэснээр салбарын хэмжээнд ажиллаж байгаа олон мянган албан хаагчдыг хамгаалах схемийг бүрдүүлэх учиртай. Миний бие мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТГ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайдын ажлын алба, олон нийт болон олон улсын байгууллагуудад олон жил ажилласан.Тиймээс эр зориг гэхээс илүүтэй олон улсын түвшинд схемчлэх, стандартыг гаргаж тавих асуудал, ил тод байдлын үнэлгээгээ сайжруулах, ил тод байдлыг илүү сайжруулж өгөхтэй л холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллана. Хувь хүн хэн байх, зоригтой зориггүйгээс үл хамаарч ил тод байдлын систем бүрдүүлэх нь чухал.

-Нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай хууль эрх зүйн орчин юу байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 орчим хуульд өөрчлөлт оруулахыг зорьж байна. Тиймээс нэгдүгээрт, салбар дотроо хэлэлцүүлгүүдийг яаралтай хийх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, төрийн хэмжээнд тухайн яамдууд нь өөрсдөө хууль өөрчлөх санаачилга гаргахдаа олон нийтэд хаалттай байдлаар явуулдаг.Үүнээс улбаалж, хуульд өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлсний дараа асуудал дагуулдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө мэргэжлийн байгууллагууд, холбоод, энэ салбарт нь үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүдээс энэ эрх зүйн орчин ямар байвал Монгол Улсын эдийн засаг, бодлого стратегид чухал байх ёстой юм бэ гэдэг шийдлээ нэгтгэх ёстой. Түүнээс биш дан ганц төрийн байгууллагын хэдэн албан тушаалтнуудын туршлага дээр үндэслэсэн бодлого, шийдвэр гаргаж болохгүй. Салбарууд өөрөө өөрсдийнхөө хүрээнд оруулах шаардлагатай байгаа эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлгүүдийг яаралтай өрнүүлэх шаардлагатай. Хууль эрх зүйн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга явуулахад хуулийн фермүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

-Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбараас илүү орлого олдог болгох талаар ярьж байсан. Үүний тулд одоо байгаа салбарынхаа дүр төрхийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ?

-Уул уурхайн компаниудаа шүүмжилмээргүй байгаа юм. Учир нь энэ салбар Монгол Улсын татварын орлогод жинтэй хувь нэмэр оруулж, төсвийг бүрдүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагааг иргэдийн сайн сайхны төлөө хийдэг. Нэг талдаа ААН-үүдээ дэмжих, нөгөө талдаа эдийн засгийн чадамжаар шийдэх асуудал, цаг хугацааны хамаарлаар шийдэгдэх асуудал гэж байна.Үүнийг ялгаж, салгах учиртай. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн чадавхаар шийдэгдэнэ. Гэтэл цаг хугацааны хамаарлаар нөхөн сэргээгдэх ажлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд 100, 50, 60 жилийн дараа өмнөхтэйгөө адил нөхөн сэргээгдэх тохиолдол байна. Мөнгөөр хэмжигдэхгүй, цаг хугацааны асуудлаа мөнгөөр хэмнэгдэх арилжаалагдах хэмжээний жижиг зүйлээр солимооргүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын цар тахлын үед цэнгэг агаар, цэвэр устай газар аялах, алхахыг зөвлөж байгаа энэ үед аялал жуулчлалаар дамжуулаад эх орноо сурталчлах, байгалийн сайхнаа үзүүлэхийн тулд аялал жуулчлалын компаниуд нь нэг талдаа мөнгө олдог систем байх ёстой. Нөгөө талдаа стандартаа мөрддөг, эргээд байгаль орчиндоо ээлтэй байх ёстой. Тухайлбал, Хөвсгөл далай тойрсон аялал жуулчлал хөгжихийн хэрээр ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал үүсдэг. Нэг асуудлыг шийдэхийн тулд дахин нэг асуудал үүсгэж болохгүй. Ингэвэл тухайн хоёр асуудлыг хоёуланг шийдэж хэрэггүй. Асуудлыг цогцоор нь шийдэж байгаа бол дагавар асуудлуудаа 100 хувь шийдэх хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй болчихлоо гээд уул уурхайн салбараа дэмжиж байгаа бол нөгөө талдаа байгаль орчиндоо хор хохиролгүй, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой.

-Хаврын улиралтай золгосон хэдий ч агаарын бохирдлын асуудал одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна. Ер нь ирэх өвлийг агаарын бохирдол багатай давах боломж, бололцоо юу байна. Бохирдлыг бууруулах гарц гаргалгааг та юу гэж харж байна вэ?

-Шахмал түлш тухайн үедээ агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах нэг шийдэл мөн байсан уу гэвэл байсан. Энэ шийдвэр технологи, шинжлэх ухааны үндэстэй шийдэл байсан. Харин одоо бид юу хийх ёстой вэ гэхээр аялал жуулчлалын хилээ нээлээ гэдэгтэй адилхан барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ-д арилжааны банкны хамгийн дээд хүү жилийн гурван хувьтай л байдаг. Харин хамгийн багадаа ипотекийн зээл зургаан хувьтай байна. Уг зургаан хувийн зээлийг авах гэж бөөн юм болдог. Барилгажуулах, орон сууцжуулах хилийг олон улсад нээх ёстой. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамтай ярилцаад хоёр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Өнөөдөр моргэйжийн зээл 10-15 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй байна. Япон, Солонгост газар нутаг багатайгаас улбаалаад барилгын компаниудын орон сууцжуулах хөтөлбөр, шинэ барилга барих эдийн засгийн эргэлт саармагжсан. Тийм учраас баригдаад 10-15 жил болсон, манайд бол бараг шинэдээ тооцогдох барилгуудаа нураагаад дахин барилга барьж, эдийн засгийн эргэлтээ дэмжиж байна. БНСУ-д Пак Гын Хе ерөнхийлөгчийн үед “Орон сууцжуулах хөтөлбөр буюу барилгын компаниудын эргэлтийг зогсоохгүй. Энэ хөтөлбөр Солонгосын эдийн засагт томоохон хэмжээний эргэлтийг авчирдаг учраас гадагшаа орон сууцжуулах барилгажуулах хөтөлбөрүүдийг хайж, эхлэх болжээ” хэмээн мэдэгдэж байсан. БХБЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам болоод бусад холбогдох байгууллагууд хамтраад бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төр барих бодлогоо албан ёсоор зарлаад гадаадын барилгын компаниудыг оруулж ирж болно. Улаанбаатар хотын төвлөрсөн зургаан дүүргийн хэмжээнд 195 мянган гэр хорооллын айл өрх бий. Ийм хэмжээний айл өрхийг орон сууцжуулах асуудал гадаадын томоохон компаниудын хувьд том асуудал биш л дээ. Хоёрдугаарт, утаа эдийн засгийн шийдэлтэй л холбоотой асуудал. Тиймээс эдийн засгийн хөшүүргүүдийг сайн бодох ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад ганцхан гэр хорооллын асуудлыг яриад байж болохгүй.

Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудал мөн л тулгамдсан хэвээр байгаа. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд ямар бодлого явуулах ёстой вэ гэдгээ ойрын хугацаанд гаргаж ажиллах ёстой болов уу гэж арж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт улстөржсөн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.


-Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй, зөвхөн танхимаар л нөхнө-


-Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлэх шийдвэр гаргалаа. Цар тахлын эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

-Бүх шатны боловсролын байгууллагууд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрийг эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргасан. Энэ хичээлийн жил эхлэх үед ковидын тархалт өндөр байхаас гадна дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо одоогийнхтой харьцуулахад бага байсан. Энэ үед бид эрсдэлээ тооцоод 5/9-өөр буюу тав хоног танхимаар хичээллээд, хоёр хоног амраад, эргээд тав хоног нь цахимаар хичээллэх хэлбэрийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр болсон. Тухайн үед эрсдэлээ зөв тооцсон гэдэг нь эрдэмтдийн тооцоогоор батлагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд 5/9-өөр хичээллэж байхад нэг ч сургуулиас голомтолсон халдвар гараагүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд цаг хожиж багш нар болон 12-17 насны хүүхдүүдээ хоёр, гурав дахь удаагийн вакцинд хамруулсан нь цаг үеэ олсон шийдвэр байлаа. Танхимаар хичээллэх шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын асуудал. Үндсэндээ сүүлийн хоёр жил бид нийт хичээлийнхээ 70-80 хувийг цахимаар явуулснаас үүдэн сурагчдын дунд хичээл хоцрогдол их байна. Тийм учраас нэг өдрийн өмнө боловч танхимаар хичээллэж эхлэх нь чухал байна. Ер нь бол цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй юм байна. Хоцрогдлыг зөвхөн танхимаар л нөхнө.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж боловсролын салбарт хямрал нүүрлэсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Бид эдийн засгийн хямралын талаар түлхүү яриад боловсролын салбарт нүүрлэж болзошгүй гамшгийн асуудлыг орхигдуулаад байх шиг?

-Ковидын үед хамгийн их хохирол амссан салбар боловсролын салбар байсан. Ганцхан манай улс ч биш ,дэлхийн бүх улс оронд ийм хүнд байдалд орсон. Дэлхийн 100 гаруй улс орон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоосон. Дэлхийн банкнаас хоёр жилийн хугацаанд хичээл сургуулиа хааснаас болж ирээдүйд дэлхийн улс орон, эдийн засагт 17 трилонтой тэнцэх хэмжээний хохирол амсах талаар тооцоо гаргасан байна. Дээрх тоо бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Энэ сүүдэр Монголын эдийн засагт ч бас нөлөөлнө. Хоёр жил танхимаар сурах, мэдэх боломжоо алдсан хүүхэд магадгүй ирээдүйд олох орлогоосоо шууд биш юм аа гэхэд шууд бусаар хохирол амсах бодит эрсдэл нүүрлэсэн үү гэвэл нүүрлэсэн. Саяхан бид улс орон даяар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн дунд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ хийсэн. Мөн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдлын байдлыг анги нэг бүрээр нь, хичээл бүрээр нь хийлээ. Судалгаануудаас харахад хүүхдүүд бүх хичээл дээр танхимаар авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг авч чадалгүй хоцрогдсон байна. Энэ хоцрогдол чинь эргээд ирээдүйд, мэргэжил эзэмших, Их, дээд сургуульдаа амжилттай суралцахад тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Ковид цаашид удаан хугацаагаар үргэлжилж, бүх шатны боловсролын байгууллага удаан хугацаанд хичээл, сургалтаа хаах юм бол хүүхдүүд маань ядуурлын хавханд насан туршдаа орох эрсдэл бий. Танхимаар нөхөхдөө одоогийн байгаа багш нар дээрээ Боловсролын их сургуулийн төгсөх ангийн оюутнууд, тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилж хүч нэмэх бодлого барьж байна.

-Хүүхдүүд болоод эцэг эх нь хүсэх юм бол хоцрогдлоо нөхөх боломж тодорхой хэмжээнд бүрдсэн юм байна гэж ойлголоо. Хамгийн гол нь үүнд нийт сурагчдын хэдэн хувь нь хамрагдаж байна вэ. Хөдөө орон нутагт амьдардаг, амьдралын түвшин боломж бололцооноос шалтгаалсан ялгаатай байдал их байна шүү дээ?

-Ковидын үед судалгаа хийхэд Монгол Улсын хэмжээнд 183 мянган гаруй хүүхэд интернэтгүй, гар утасгүй, цахилгаангүй газар амьдарч байгаа нь тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд өөрийнхөө амьдарч байгаа орчин, байрлал, өрхийнхөө орлогоос шалтгаалаад сургалтын хоцрогдолд өртсөн байна. Тухайлбал, дээрх 183 мянган хүүхдийн 40 мянган хүүхэд нь Улаанбаатар хотод буюу Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн задгайд амьдарч байгаа бөгөөд тэнд цахилгаангүй учраас хичээлээсээ хоцрох бодит аюул нүүрлэсэн гэдгийг тогтоосон. Тийм учраас хичээл хоцрогдлын суурь шалтгаан болсон тог цахилгаан, интернэттэй болгохыг зорьж байна. Улс орон даяар хэрэглэсэн компьютер, гар утсаа эдгээр хүүхдүүдэд хэрэглүүлэх сайн санааны хандивын аяныг юнител, мобиком компани өрнүүлж, олон улсын зарим байгууллагууд бид нартай хамтарч ажиллаж байна. Ковидын үед хамгийн их үүрэг хүлээсэн хүмүүс эцэг эхчүүд, асран хамгаалагчид байсан. Судалгаа хийгээд үзэхэд, 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилласан байна. Харамсалтай нь 40-өөс дээш насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ муу ажилласан гэдгийг судалгааны дүн харуулсан. Хоёрдугаарт, хүүхдүүдийн сурах эрмэлзэл их буурч, хичээлээс завсардах бодитой эрсдэл нүүрлэсэн байна. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэлд орсон байна. Энэ тоог сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн байна. Үүний шалтгааныг аваад үзэхээр хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон учраас сургуульд суралцах сонирхолгүй байх, стресс бухимдалд орсныг судалгааны дүн харуулсан. Дөрвөн хүүхдийн нэг нь хичээл хоцрогдлоос шалтгаалан сэтгэл гутралд орж, сурах сонирхолгүй болсон. Тиймээс өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн 850 сургуулиас эхний ээлжинд 150 сургууль дээр сэтгэл зүйчдийг ажиллуулж эхэлсэн. Тэд зөвхөн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн. Цаашдаа үлдсэн 600 орчим сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулахаар зорьж байна.

-Сайхан санаачилга байна. Гэхдээ манайханд сэтгэл зүйчээс үйлчилгээ авах соёл суусан уу. Сэтгэл зүйч дээр ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн эмгэгтэй хүн очдог гэх буруу ойлголтоос улбаалж, сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүүхэд, эцэг эхийг ялгаварлан гадуурхах эрсдэл байгаа юм биш үү?

-Монголчууд мэдэхгүй юмныхаа дайсан гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйч хүн ямар тусламж үзүүлдэг талаар соёлыг бид нар бий болгох ёстой. Энэ бол цэвэр сэтгэлгээний асуудал. Шар хадны эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүмүүс л сэтгэл зүйч дээр очдог, сэтгэл зүйн үйлчилгээ авдаг, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүмүүс л сэтгэл зүйчийн зөвлөгөө авдаг гэж ойлгож болохгүй. Хүн бүрт сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй. Тэр дундаа ковидын үед хөл хорионд орсон бүх хүмүүс тодорхой хэмжээнд сэтгэл санааны стресс бухимдалд орсон. Үүнд хамгийн их өртсөн нь хүүхдүүд.Учир нь хүүхдүүд ангийнхаа найз нөхөд, багштайгаа удаан уулзаагүй. Тэр ч бүү хэл хоёр, гуравдугаар ангийнхан сургуульдаа очиж үзээгүй, багшийнхаа нэрийг ч мэдэхгүй байна. Улаан тарианы хүүхдүүд гэдэг шиг ковидын үеийн хүүхдүүд гэдэг бүхэл бүтэн үе гарах гэж байна.

-Ер нь манай улсад болж бүтэхгүй байгаа асуудал бүрийг боловсролын салбартай холбон тайлбарлаж байна. Бид хүүхдүүдээ багаас нь зөв хүн болгож хүмүүжүүлэхэд боловсролын салбарын агуулга, тогтолцоо хамгийн чухал болоод байна.Тиймээс боловсролын агуулга, бодлогодоо шинэчлэл хийх ёстой гэдгийг судлаачид байнга хэлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өмнөд африкийн их сургуулийн үүдэнд “Дурын үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, эсвэл голын пуужин хэрэггүй ээ. Үүнд зөвхөн боловсролын чанарыг бууруулж, оюутнуудыг шалгалтын үеэр буулгахыг зөвшөөрөхөд л хангалттай. Ийм эмч нарын гарт өвчтөнүүд амиа алддаг, ийм инженерүүдийн гараа боссон, барилга нурж унадаг ийм унадаг, ийм эдийн засагчдын гараар орсон мөнгө урсан алга болдог. Ийм хуульч, шүүгчдийн гараар шударга ёс сарниж алга болдог. Ийм хуульчдын баталсан гараар удирдлага завхран оддог, боловсрол устахад үндэстэн устана” гэсэн үг байдаг. Тиймээс боловсрол гэдэг улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал.Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт нүүрлэсэн хамгийн ужгирсан асуудал бол манай боловсролын чанарын асуудал. Хүүхэд бүрд бид чанартай боловсрол олгож чадсан уу гэвэл үгүй. Энэ юунаас шалтгаалсан гэхээр одоо хот хөдөөгийн ялгаа, хот дотроо хотын төвийн алслагдсан дүүргийн сургууль гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн төрийн өмчийн, хувийн өмчийн гэдгээрээ ч ялгагдаж байна. Энэ бүхнээс дүгнэхэд хүүхэд бүр тэгш боломжоор хангагдаж ерөөсөө чадаагүй. Үүнээс үүдэж үндэсний боловсролын хөтөлбөрийн өрсөлдөх чадвар уналтад орсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн банкнаас хийж байгаа судалгаануудаар Ерөнхий боловсролын болон бага боловсролын унших суурь чадвар, тоо бодох суурь чадвараар сүүл мушгиж байна. Монгол Улсад нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл боловсролын чанарын тогтолцооноос үүдэлтэй, угшилтай гэж ойлгож байгаа.

-Манай улсын их дээд сургуульд олгодог мэдлэг, ур чадвар ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцэхээ болиод удаж байна. Тэгэхээр их, дээд сургуулийн боловсролын тогтолцоог хэрхэн сайжруулж, шинэчлэх вэ?

-Мэргэжлийн боловсрол, дээд боловсрол чанартай боловсрол олгож чадахгүй байгаа учраас магадгүй өнөөдөр ядуурал ажилгүйдлийн гол үндэс нь болж байгаа юм аа. Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургууль 150-иад мянган оюутнууд сургаж байна. Эдгээр их, дээд сургуулиуд маш том ажилгүйчүүдийн армийг үйлдвэрлэдэг буруу тогтолцоо бий болчихсон байна. Дипломтой ажилгүйчүүдийн арми бэлддэг буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон. Хөдөлмөрийнхөө зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдсан бодлого огт явуулдаггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн ингээд судалгаа явуулаад үзэхээр дээд сургууль буюу мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ур чадвараар ажил олгогч нарт гологдож байна. Ажил олгогчдын хүсч байгаа ур чадварыг мэргэжлийн дээд боловсрол олгож чадахгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс гажсан тогтолцоо үүссэн учраас үүнийг зайлшгүй засч залруулах шаардлага бий.

-Боловсролын реформ, шинэчлэлийн талаар ихээхэн ярих болсон. Энэ шинэчлэлийг хийх хууль эрх зүйн орчин бүрэлдэж байна уу. Тухайлбал, Боловсролын багц хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан шүү дээ. Уг хуулийн ач холбогдол юу байх вэ?

-Боловсролын салбарт өнөөдөр олдож байгаа нэг том давуу тал, боломж юу вэ гэвэл УИХ-д Боловсролын багц хуулийг өргөн барилаа. Энэ хууль түүхэндээ анх удаа боловсролын бүх түвшний хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж оролдож байгаагаараа ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, ахлах боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролыг цогцоор нь харж, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж байгаагаараа онцлогтой. Нөгөө талаас өнгөрсөн жилд болсон нэг том үйл явдал бол боловсролын салбарт байсан мэргэжлийн боловсролыг ХНХЯ-ны харьяанд шилжүүлсэн нь бодлогын алдаа завхрал байсан. Тиймээс энэ алдааг засахын тулд эргээд мэргэжлийн болон техникийн боловсрол манай яамны харьяанд ирсэн учраас боловсролын бүх түвшинд уялдаа холбоо хангагдах нөхцөл бүрдсэн. Цаашид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай, мэдлэгтэй үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэх боловсролын тогтолцоо бүтэн болсон гэж ойлгож болно.

-Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсээд 100 жил болж байна. Гэтэл энэ салбар өнөөдөр гамшигт нэрвэгдчихсэн байна. Үе үеийн удирдлагууд үргэлж гоё, сайхан зүйл ярьсаар ирсэн. Харамсалтай нь ажил хэрэг болж, үр дүнгээ өгсөн нь цөөхөн. Хэзээ голдиролдоо орох бол?

-Боловсролын салбарт үүссэн асуудлуудыг шийдэх шийдэл нь эрх зүйн шинэчлэлийн л асуудал шүү дээ. Энэ хаврын чуулганаар Боловсролын багц хуулиуд батлагдаж гарна гэж бодож байна. Тийм учраас нэгдүгээрт, хууль батлагдана, хоёрдугаарт, 2022 оны улсын төсвийн тухай хууль дээр баталсан хамгийн том шинэчлэл бол Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм. Боловсролд зарцуулж байгаа нэг төгрөг өнөөдөр тухайн хүүхдэд одоо ямар өгөөж өгч байгаа юм бэ гэдгийг хэмжиж сурах ёстой юм билээ. Түүнээс биш одоо ёроол нь онгорхой хувин шиг байж болохгүй. Эдийн засгийн талаас нь харахад ДНБ-д эзэлж байгаа боловсролд зарцуулж байгаа мөнгөнийхөө хувь хэмжээгээр манай улс дэлхийн дундаж түвшинд оччихсон. Манай улс ДНБ-ийхээ 4-5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буюу жилд 2.3 их наяд төгрөгийг боловсролдоо зарцуулдаг. Ийм хэмжээний мөнгийг боловсролд зарцуулдаг улс дэлхийд боловсролоороо тэргүүлэх хэмжээнд оччихсон байх ёстой. Төсвийн урсгал зардлын 10-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Гэтэл энэ санхүүжилт өнөөдөр үр дүнтэй, өгөөжтэй байж чадаж байна уу. Төрөөс нэг хүүхдэд 800 мянган төгрөгөөр тооцож хувьсах зардал санхүүжүүлдэг. Тэгвэл энэ мөнгө хүүхдийн сурах орчинг сайжруулж, чадварлаг багшийн цалин урамшууллын асуудлыг шийдэж чадаж байна уу, хүүхэд эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлж чадаж байгаа эсэхийг хэмжээд үзэхээр үр дүн маш муу байдаг. Тийм учраас боловсролд зарж байгаа нэг төгрөгийг яавал үр өгөөжтэй зарах вэ гэдэг энэ шинэчлэлийг хийх нь боловсролын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн хүртээмжийн хувьд тодорхой үр дүн гарсан. Өнөөдөр улс орон даяар гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Таван настай хүүхдийг зуун хувь цэцэрлэгт хамруулах боломжоор хангасан. Цаашдаа дөрвөн настай хүүхдүүдийн 70-80 хувийг цэцэрлэгт хамруулах цэцэрлэгийн багтаамжтай болчихсон. Одоо хүртээмжээс илүү чанарт анхааръя. Хүүхдүүдийг олимпиадад бэлдэх ёстой юм уу, амьдралд бэлдэх ёстой юм уу гэдэг зарчмын асуудал дээр ирчихээд байна. Багш, сургуулийн ажлыг дүгнэхдээ олимпиадад олон хүүхэд оролцуулснаар нь, эсвэл ЭЕШ-д өндөр оноо авахуулснаар нь дүгнэдэг. Энэ бол маш буруу тогтолцоо. Харин хүүхэд бүрд өөрөө сурах боломжийг олгосон байна уу, хүүхэд бүрд ахиц дэвшил гаргах боломж нөхцөлөөр нь хангасан эсэх үр дүнгээр үнэлдэг тогтолцоо руу шилжих юм. Ингэснээр чанартай боловсролын тогтолцоог бий болгох боломжтой.

-Хүүхдүүдийг хаана сурч байгаагаасаа үл хамаараад тэгш, чанартай боловсролоор хангана гэдэг чихэнд чимэгтэй сонсогдож байна. Ажил хэрэг болтол хэр хугацаа шаардах вэ. Өнөөдөр өндөр төлбөртэй хувийн сургуульд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж байхад, улсын сургууль тавдугаар ангиасаа үздэг. Энэ боловсролын тэгш бус байдал ирээдүйн нийгмийн тэгш бус байдлыг хамгийн их өдөөгөөд байгаа юм биш үү?

-Би нэг жишээ дурдъя л даа. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд гэж ярьж байгаа. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн төрийн өмчийн гурван сургууль байна. Бусад нь хувийн өндөр төлбөртэй сургуулиуд кембрижийн хөтөлбөр буюу олон улсын хөтөлбөртэй байна. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол үндсэндээ байгалийн ухааны хичээлүүдийг олон улсын хөтөлбөрүүдтэй дүйцүүлж тооцох ийм хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн давуу талуудыг яагаад төрийн өмчийн 850 сургуульд сурч байгаа 800 мянган хүүхэд тэгш хүртэж болдоггүй юм бэ. Яагаад дандаа Зайсанд амьдардаг, аав ээж, ар гэр нь боломжтой айлын хүүхдүүд, эсвэл хамгийн чадвартай хүүхдүүдийг сонгож, хичээллүүлж байгаа төрийн өмчийн гурван сургуульд сурч байгаа хүүхдүүд тус хөтөлбөрийг судлах ёстой гэж. Энэ хэлбэр эргээд нийгмийн тэгш бус байдлыг өдөөж байгаа хэрэг. Тиймээс цаашид хүүхэд бүрд чанартай тэгш боловсрол олгохын тулд Үндэснийхээ хөтөлбөрийг олон улсад өрсөлдүүлэх чадвартай хөтөлбөр боловсруулах ёстой. Хөтөлбөрийн өөрчлөлт гээд ярихаар сайд бүхэн гарч ирээд төлбөр шинэчилдэг гэдэг шүүмжлэл гардаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд боловсролын салбар хамгийн том сорилтыг давсан. Учир нь өмнө нь арван жилийн боловсролын тогтолцоотой байсан. Гэтэл сургуульд элсэн суралцах хүүхдийн насыг зургаан нас болгосон. Дахиад 11,12 жилийн тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл, хуучин 10 жилийн тогтолцооноосоо гурван жилээр илүү сурдаг тогтолцоонд шилжсэн. Бусад улс оронд энэ тогтолцоо руу удаан хугацаанд төлөвлөж, аажмаар шилждэг. Гэтэл манайхан 10 хүрэхгүй жилийн дотор маш хурдацтай шилжсэн. Хоёрдугаарт, арав хүрэхгүй жилийн дотор 4-5 хөтөлбөрийн шинэчлэлийг ойрхон хугацаанд хийсэн. Хөтөлбөр шинэчлэгдэхээр агуулга шинэчлэгдэнэ, агуулга шинэчлэгдэхээр багш нарын арга зүй, шинэчлэгдэх ёстой. Гэтэл багш нар шинэ хөтөлбөрөө бүрэн ойлгоогүй, арга зүйгээ өөрчилж чадаагүй учраас ойр ойрхон хөтөлбөр шинэчлэгдсэнээс үүдэн олон сөрөг үр дагавар гарсан. Тийм учраас боловсролын салбарт ковидын өмнөх болон дараах хоцрогдол нүүрлэсэн.

-Боловсролын салбар сүүлийн таван жил зургаан сайдын нүүр үзэж байна. Та зургаа дахь сайдаар томилогдсон. Энэ салбар өөрөө улс төр, удирдлагын хувьд тогтворгүй байх нь өнгөц харахад хүүхдүүд, боловсролын тогтолцоондоо хортой мэт боловч гүнзгийрүүлээд харахад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал юм биш үү?

-Боловсролын салбарт улс төрийн тогтвортой байдал маш чухал. Манай салбар таван жилийн дотор зургаан сайдын нүүр үзэж байгаа нь хамгийн аюултай үзэгдэл. Улс орны хамгийн тогтвортой байх салбар эрүүл мэнд, боловсролын салбар байдаг. Байгалийн баялгийн тэгш хүртээмж гэдэг зөвхөн 1072 ширхэг хувьцааны эзэн байхын нэр биш. Харин иргэн бүрд чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг улс орон байгалийн баялгийг тэгш хүртээж байна гэж ойлгох ёстой. Энэ тогтолцоо руу бид шилжих ёстой.Дэлхийн улс орнуудын хөгжлийг эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гэхээсээ илүү хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр хэмждэг болчихсон. хүний хөгжлийн индекс (ХХИ) гэдэг юу юм бэ гэвэл иргэн бүрдээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бий болгож чадсан уу гэдэг ганцхан хэмжүүрээр хэмждэг болсон.

-Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой гэлээ. Гэтэл өнөөдөр бас аймаг, сумдын сургуулиудын захирлыг Засаг дарга нь томилдгоос боловсролын салбарт улс төр хавтгайрчихсан байна шүү дээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Хүлээн зөвшөөрнө өө. Хамгийн их улстөржсөн, улстөрчид хамгийн их гар дүрсэн салбар боловсролын салбар болсон. Үүний хохирогч нь бидний үр хүүхэд, Монголын ирээдүй. Тиймээс цаашид боловсролын салбарт нэгдүгээрт, мэргэжлийн томилгоо хийгдэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Мэдлэг ур чадвартай залуус мерит зарчмаар гарч ирдэг тогтолцоо байх ёстой. Гэнэтхэн хэн нэгний цүнх баригч, эсвэл тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлд засаглаж байгаа намд үйлчилсэн нөхдүүд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болдог буруу тогтолцоо хэрхэвч байж болохгүй. Боловсролын салбарт намын томилгоо байж болохгүй. Тухайлбал, ХХААХҮЯ- ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газар 330 суманд байгаа Мал эмнэлгийн газрын даргыг босоо тогтолцоогоор томилдог. Малын эмчийг босоо тогтолцоогоор томилж болоод байхад яагаад 21 аймаг, 330 сум, долоон дүүргийн хэмжээнд байгаа 850 сургууль, 600 орчим цэцэрлэгийн удирдлагыг мэргэжлийн томилгоогоор томилж болохгүй гэж… Боловсролын салбарт улс төрийн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг засах ёстой. Энэ тогтолцоог өөрчлөх асуудал Хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуульд тусгагдсан.

-Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал нийгэмд нэлээн шуугиан тарьж байна. Та 2015 онд тус банкны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм байна лээ. Тухайн үед үүссэн эрсдэлийн талаар холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж байсан уу?

-Тухайн үед буюу 2012-2016 онд МАН цөөнх байсан. Цөөнхийн бүлгээс санаачилга гаргаж Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж, миний бие ахлагчаар нь ажилласан. Тухайн үед Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан. Одоо дуулиан шуугиан болоод байгаа асуудлууд тэр үед үүсчихсэн байсан. Үүнийг бид тодорхой баримттайгаар тогтоогоод тухайн үеийн АТГ, прокурорт шалгуулахаар өгч байсан. Харамсалтай нь явсаар байгаад өнөөдөр ужгирсан асуудал болж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан зарим компаниуд зориулалтын дагуу ашиглаж бизнесээ өргөжүүлсэн зүйл байгаа. Бүгдийг улс төрийн өнцгөөс харлуулж болохгүй байх. Харин улс төрийн нөлөөгөөр хууль зөрчиж, барьцаагүй зээл авсан, зориулалтын бусаар зээлээ ашигласан хүмүүсийг шалгах ёстой. Хөгжлийн банк тухайн үеэс дарьтай торх шиг болчихсон байсан. Үүнийг анхааруулсаар байтал тухайн үеийн эрх баригчид үл тоосноос үүдэж өнөөдрийн идээ бээр бий болсон гэж харж байгаа.

-Таныг Хөгжлийн банкнаас зээл авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн шүү дээ?

-Намайг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан хэмээн өмнө нь хувь эзэмшиж байсан MCS компанитай холбож хардсан. Өнөөдөр би MCS компанид нэгдүгээрт хувьцаа эзэмшдэггүй, хоёрдугаарт нэр дурдагдсан компани Хөгжлийн банкнаас ямар ч зээл аваагүй юм билээ. Хөгжлийн банкыг шалгаснаас хойш миний өмнө нь хувьцаа эзэмшиж байсан, одоо надтай огт хамаагүй компаниудын аль нэг нь банкнаас зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэр бүхнийг надтай холбож, нэр сэвтээх оролдлого гаргавал холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Улстөрчид иргэдийг нохой шиг амьдруулж байгаагаа аз жаргалтай мэтээр ойлгуулчихсан. Үүнд миний эгдүүцэл төрөөд байгаа юм

Монгол Улсын иргэн Ц.Уянгатай ярилцлаа. Түүнийг иргэд цахим орчинд Uyanga Tsoggerel хаягаар нь түлхүү мэддэг болоод удаж байгаа юм.


-Сайн байна уу. Та сар шинэдээ сайхан шинэлсэн үү?

-Сайн байна уу. Сар шинэдээ сайхан шинэллээ.

-Таныг иргэд Uyanga Tsoggerel цахим хаягаар тань мэддэг болоод удаж байна. Нийгмийн бүхий л асуудалд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж, цахим орчинд шүгэл үлээгээд удлаа шүү дээ. Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдөр Монголд өрнөж байгаа бүхий л үйл явцыг харахад сайнаар дүгнэх ямар ч боломж алга. Одоогоор болж бүтэж байгаа зүйл байтугай системийг хэвийн стандартаар авч явдаг шударга ёсны үзүүлэлтүүд тэр чигтээ манай улсад алга. Тийм ч учраас иргэд бухимдаад байгаа юм шүү дээ.

Нөхцөл байдал ийм байгаа учраас өөрийн цахим хаягаар дамжуулж дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлдэг. Намайг дэмждэг хүмүүс байхад дэмждэггүй нь ч байж л байдаг. Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Мэдээж улс орныг удирдах, чиглүүлэх үүрэг хүлээж байгаа улстөрчдийн болохгүй, бүтэхгүй асуудлын талаар түлхүү дуугардаг болохоор тэдэнд энэ нь таалагдахгүй нь ойлгомжтой л доо.

-Улс төрийн соёл, улстөрчид нь өндөр ёс зүйтэй улс орнуудад дэвүүр тарааснаасаа болж иргэдээсээ уучлалт гуйгаад, албан тушаалаасаа буудаг. Харин манайд энэ мэт үйлдэл хэвийн үзэгдэл мэт болоод удлаа. Улстөрчдийг ёс зүйтэй, улс төрийн соёлтой болгоход иргэдийн оролцоо чухал болов уу?

-Монголын улс төр, улстөрчдийн ёс зүйг олон улстай харьцуулах ямар ч боломжгүй. Монголын улс төрийн соёл дэлхийн хаана ч байхгүй. Угтаа луйварчдын бүлэглэлээс гарсан улстөрчдийн төрхөнд нийгэм дасчихлаа. Энэ бол хэвийн үзэгдэл биш гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулахын тулд маш их эсэргүүцэл, зөрчил, маргаантай асуудал руу ордог. Учир нь манайхан орчин цагийн улс төрийн зохион байгуулалт, бүтэц, эдийн засгийн жам ёсны эргэлтийн хөшүүргээ уламжлалт үзэлтэйгээ хольж хутгадаг. Өөрсдийн амьдралыг үзэх үзэлтэйгээ улстөрчдийн хувийн амбицыг уяж бодох гэх мэтчилэн асуудлууд гарч байна. Нөгөө талаас нийгэм улс төрөөс хамааралтай амьдрал руу орчихсон. Монголчууд бид цөөхүүлээ учраас таньдаг хамаатан садан, найз нөхөд, улстөрчдийн гэр бүлтэй хамаарал бүхий этгээдүүдэд өөрсдийн тааламжит харилцаагаа илэрхийлдэг. Энэ байдал нь сүүлдээ хэрээс хэтэрч бялдуучлал, бөгс долоогч, цүнх баригчийн солиорол болтлоо үргэлжилж байна. Манайхан асуудлыг шүүмжлэхээр уламжлалт сэтгэхүйгээрээ ханддаг. Ингээд ирэхээрээ бодит байдлаасаа гажаад байгаа юм.

Цахим орчин иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар учраас би өөрийнхөөрөө л үзэл бодлоо илэрхийлдэг. Хаяглаж байгаа асуудал маань улс төр болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүст боловч гарах үр дүн, хүрэх үр нөлөөг нь нийгмээрээ л хүртэх учраас цахимд идэвхтэй байдаг. Төр бол бидний байгуулсан менежмэнтийн систем. Тиймээс асуух, шаардах, хардах, мэдэх эрх нь бидэнд байгаа гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

-Манай улстөрчид хүчин, хулгай, ЖДҮ,авлигачин гээд олон тодотголтой болсон. Сүүлийн үед Хөгжлийн банкнаас улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээл авчихаад төлөхгүй байгаа асуудал дуулиан болж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?

-Сүүлийн жил гаруйн хугацаанд “No Double Stan­dart” хөдөлгөөнийг залуучууд эхлүүлж, нийгмээрээ дэмжиж байна. “No Double Standart” буюу ялгамжтай, эрх тэгш бус харилцааны үндэс нь хаанаас үүдэлтэй байгааг бид бүгдээрээ харж байна. Наад зах нь эмнэлгийн тусламж авахын тулд ном журмынхаа дагуу үзүүлье гэхээсээ илүү хамгийн түрүүнд танил тал юу билээ гэж гүйцгээдэг. Ийм болгочихсон. Энэ хэвийн үзэгдэл мөн үү. Бидний хууль ёсны төр улсад захирагдах системийг авч явах улстөрчид ямар ч буруутай үйлдэл хийж, хууль зөрчсөн хариуцлага хүлээдэггүй, тэнд үйлчилдэг хууль, дүрэм, журам нь тусдаа бий болчихсон байна. Энэ байдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлсэн иргэдийг эхнээс нь барьж хориод эхэлсэн. Хууль хүчний байгууллагаар иргэдээ дарамтлуулдаг. Ийм байж болох юм уу. Энэ зөвхөн Монголд байдаг үзэгдэл. Магадгүй ганц нэгхэн хөгжил буурай, бусармаг оронд байхыг үгүйсгэхгүй. Бид өөрсдийгөө заавал тийм дор түвшний байдалтай улс оронтой харьцуулах ёстой юу, эсвэл хүний эрхийг дээдлэдэг,хууль засагладаг, шударга ёс бүрдсэн улс оронтой харьцуулж одоо байгаа байрнаасаа урагш алхах ёстой юу гэдгийг бодох л хэрэгтэй. Бид уламжлалт болон хувийн эрх ашгаа хольж хутгаад байгаа учраас өөрсдийнхөө эрх ашгийг өөрсдийн гараар устгаж байна.

Манай улстөрчид хаанаас юуг идэж ууж, цөлмөх боломжтой байна тэр бүхнийг цөлмөж байна. Хамгийн сүүлд Хөгжлийн банктай холбоотой асуудал нийгэмд шуугиан болж байна. Тус банкнаас жирийн нэг ээжийн охин, аавын хүү, бизнес эрхлэгч ямар нэгэн байдлаар зээл авсан түүх байна уу. Бүгд улстөрчдийн хамаарал бүхий компани, тэдний аав ээж, ах дүү, найз нөхөд байна. Монголын бүх улстөрчид бизнес эрхэлдэг юм бол бизнесийнхээ салбараа л төлөөл л дөө. Иргэдийн дуу хоолой, эрх ашгийг хамгаалах, хууль тогтоох эрх мэдлээ хийж чадах хүнд нь өгөх хэрэгтэй. Эсвэл улс төрд орох нь тэдний бизнесээ цэцэглүүлэх, идэж уух боломжоор хангах гүүр шат нь юм бол энэ улс орон цаашид яаж хөгжих юм бэ. Иргэд нь яаж ядуурлаас гарч, улс орноороо ядуу буурай гэх статусаасаа гарах юм бэ. Ямар ч боломжгүй. Нөхцөл байдал ийм хүнд, хийх ажил, өөрчлөх асуудал олон байхад зүгээр л нэг боов боорцгоор иргэдээ хуурч, айлын дээвэр амбаар савны асуудалд санаа тавьж, “Иргэдийнхээ асуудлыг бид шийдэж, буянтай үйл хийлээ” хэмээн попрохоосоо ичих хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө халааснаас тэр мөнгийг гаргаагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн сэтгэл зүйгээр тоглож, ядарсан иргэдийн ходоод, сэтгэл санаан дээр нь тоглодог байдлаасаа ангижирмаар байна. Цаашлаад ЖДҮХС-гийн мөнгийг эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс яаж цөлмөснийг бид мартаагүй. Мартах ч үгүй. Тус сангаас Долоон буудлын Дорж, Дулмаа хэзээ ч зээл авч үзээгүй. Иргэд арилжааны банкнаас зээл авахад ямар их шалгуур тавьдаг билээ. Зээлийнхээ үнийн дүнгээс хэд дахин өндөр үнэлгээтэй эд хөрөнгөө барьцаалж, асар их дарамтан дор зээл авдаг.Гэтэл дарга нар ямар ч барьцаа хөрөнгөгүй хэдэн арван тэрбум төгрөг авдаг байх нь шударга ёс юм уу. Бүр цаашлаад иргэдийн татварын мөнгөөр тус зээлээ төлүүлэхийг санаархаж байна. Тэр хүмүүст битгий горьд л гэж хэлнэ.

-Ер нь манайд улстөрчдийн манлайлал, үлгэр дуурайл, ёс зүйн хэм хэмжээ алдагдаад удлаа. Энэ талаар шүүмжилбэл бусдын нэр төрд халдсан хэргээр барьж хорих нь энгийн үзэгдэл болж байх шиг байна?

-Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх шалан дээр уначихаад байхад Монгол Улсад хүний эрх хэтийдчихсэн, хэтэрчихсэн байна гэж биднийг доромжилж байна. Монгол хүн өөрөө хичээвэл сайн сайхан амьдрах боломж нь байна. Энэ боломжийг төр нь хангалттай бий болгоно гэж ярьдаг хүн алга. Өнөөдрийн байдлаар монгол хүн болж төрснийхөө төлөө нохой шиг амьдрах ёстой мэт иргэдтэйгээ харьцаж байна. Улстөрчид иргэдийг нохой шиг амьдруулж байгаагаа аз жаргалтай амьдруулж байгаа мэтээр ойлгуулчихсан. Түүнд нь талархаж, дарга нарыг шүтэж, төрийн сүлд өршөө хэмээн сүсэглэхгүй бол барьж хорьдог, ялладаг байдал хэвийн үзэгдэл болчихсон мэтээр иргэдийн тархийг угаагаад байгаад миний эгдүүцэл төрөөд байгаа юм. Над шиг гадаадад ажиллаж, амьдарч байгаа олон мянган монголчууд бий. Тэд “Хүүш ээ, манайхаан бид ингэж амьдарч болохгүй юм байна. Арай өөрөөр амьдрах эрхтэй юм байна. Төр, төрийн удирдлагууд, улстөрчид ингэж ажиллах ёсгүй юм байна. Иргэддээ эрх тэгш боломжийг нээж өгч, мэдээ мэдээллээр хангах ёстой шүү” гэдэг асуудлыг гаргаж тавихаар “Гадаадаас монголчуудыг хагаралдуулдаг муу сайн юмнууд” гэдэг. Бүх юм найруулгатай, урьдаас бэлдсэн жүжигчилсэн тоглолт шиг явдаг байж болохгүй. Бидэнд хүсч байгаа нэг л хүсэл бий. Үнэхээр иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөхөөр дарга, сайд болж, өндөр албан тушаалд очсон бол хувийн эрх ашгаа хойш тавиач ээ. Үгүй бол дарга, сайд болохын тулд хөлөө хугалах гээд гүйгээд байдгаа л больчих. Ийм шударга бус нийгмийг бий болгочихоор энэ системийг зөв голдирлоор нь явуулахын төлөө хэн санаа тавих юм бэ. Залуучуудын хүсэл зоригийг цаанаас нь нугачин дарж байна. Манайд дарга, даамлуудад давуу эрх олгож, бурхан шиг тахиж шүтдэг боллоо. Харин ч эсрэгээрээ иргэд нь дарга нараас айх биш, дарга нар нь иргэдээсээ айдаг байх учиртай. Төрийн өндөр албан тушаалд томилогдсон бол миний хамаарал бүхий этгээдүүдийн хэн нэг нь энэ тендерээс авчихсан байх вий гэж айдаг байх ёстой. Бусад оронд сайхан сэтгэлээр өгсөн найзынхаа бэлгийг авахад л авлига авсан хэргээр албан тушаалаасаа бууж байна. Энэ стандартыг зөрчиж, өршөөл үзүүлбэл дараа дараагийнх нь дарга нарт ёс зүйгүй аашлах замыг нээж өгөх юм байна хэмээн болгоомжилж байна.

-Та Сар шинийн өмнө УИХ-ын гишүүн Н.Учралыг нэлээд шүүмжилж харагдсан. Ахмадууддаа хэвийн боов тараасан нь таны дургүйцлийг төрүүлэв үү?

-Би үнэндээ УИХ-ын гишүүн Н.Учралыг таних ч үгүй. Түүнд хувь хүнийх нь үүднээс хонзогнох, өс санах ямар ч асуудал байхгүй. Эхлээд хувь хүнтэй нь холбоотой асуудал юу ч яриагүй л байсан. УИХ-ын гишүүд элдэв боов, боорцог, эд зүйл тараадаг энэ балиар тогтолцоогоо болих хэрэгтэй гэдэг энгийн асуудал дэвшүүлсэн. Ахмад настан гэхээр Сар шинийн баяраар гишүүдээс боов боорцог горьдоод суудаг мэтээр харуулж болохгүй шүү дээ.

Харин ч 30-40 жил улс орондоо ажиллачихаад Сар шинийнхээ тавгийн боорцгийг хүнээс горьдохгүй хэмжээнд ахмадуудаа амьдруулж байгаа бол түүгээрээ улстөрчид бахархах хэрэгтэй. Гэтэл жилд ганц удаа боорцогны үртэс тарааж байгаагаа бахархалтай түгээж, би ахмад настнаа хүндэлдэг хүн гээд байж болохгүй л дээ. Би ганцаараа ч энэ талаар шүүмжилсэн юм биш. Нийгэм нийтээрээ шүүмжилсэн. Ганцхан

Н.Учрал гишүүний талаар ч бичээгүй. Бүгдийг нь л хэлсэн. Энэ бол улс төрийн маш буруу соёл. Гэтэл ганцаараа УИХ-ын гишүүн Н.Учрал бүхий л сайтаар намайг харлуулж, гутаан доромжлуулсан. Би шийдвэр гаргах, хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа эрх зүйн субъекттэй өөрийн эрхийн дагуу асуудал тавьж байхад, хэрүүлийн чанартай асуудалд хандаж байгаа бол улстөрч болж яах юм.

Асуудлын гол нь иргэд сонгогчдод аливаа хэлбэрээр бэлэг сэлт тараадаг явдал чинь сонгуулийн саналыг худалдаж авах процессын нэг шүү дээ. Түүнийг бид өөгшүүлсээр байгаад сонгууль болохоор “Хэн надад мөнгө өгөх нь вэ” гээд саналаа өгөхгүй хүлээгээд суудаг өрөвдөлтэй сонгогчдын тоог олшруулж, ядуурлын армитай болчихсон. Бид “Энэ зөв хүн шүү. Энэ намын бодлого зөв байна” гэж мянга орилоод ч иргэдийг бэлэг сэлтээр хуурдаг тогтолцоо амь бөхтэй байсаар байвал мянган сайхан сонгуулийн систем яриад яах юм бэ. Утгагүй шүү дээ. Хэр удаан ингэж явах юм бэ. намайг хүүхэд байхад л ийм байсан. Түүнээс хойш 30 жил өнгөрлөө. Бахь байдгаараа. Дараагийн үе, үр хүүхдүүд маань ийм хогийн нийгэмд амьдрах болчихоод байна. Би дүүрч гэхэд Монгол Улсын ирээдүйг ийм бүрхэг байлгаж болохгүй. Хэн надад их мөнгө өгч, хэн манай сургууль, байрны дээврийг засах бол гэсэн аж ахуйн юмуу, асрамжийн байдлаар асуудалд хандаж хүн сонгох юм бол бид яаж сайн төр байгуулах юм бэ. Мэргэжлийн улстөрчид байдаггүй, мэргэжлийн хүмүүсийг дуугаруулдаггүй, дуугараад ч нэмэргүй болгочихсон. Итгэл мөхөхөөр улс мөхдөг. Эхнээсээ итгэлгүй болчихлоо. Галзуугийн эмнэлэг шиг улс бий болж байгааг хэлэхээс өөр аргагүй. Тиймээс Н.Учралын асуудал бол түүний асуудал биш. Улс төрийн соёлыг өөрчлөх асуудал байхад хувь хүн дээрээ тусгаж аваад, өөрийнхөө арчаагүйг өөрөө нотолж байгаа нь эгдүүцэл төрүүлүүд байгаа юм.

-Сүүлийн үед эрх мэдэлтэй дарга нарыг шүүмжилсэн иргэдийг шил дараалан саатуулж шалгадаг, цаашлаад барьж хорьдог болчихлоо. Танд ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байна уу?

-Мэдээж эрх мэдэлтэй хүмүүс нь нүүрээ ил гаргаад “Ц.Уянгааг Монголд ирэхээр нь барьж хорино” гэдгээ ил цагаан хэлж чадахгүй л дээ. Гэхдээ манайхны байж байгаа царайнаас бүх зүйл ойлгомжтой байгаа.

Хүнийг гэрт нь очоод айлгаад, заналхийлээд, ямар ч үндэслэлгүй, шүүхийн тогтоол нь ч гараагүй байхад ганц худагт аваачаад хийчихэж байна. Хууль дүрмийг худлаа үнэн, хүчээр ч болов зохиогоод иргэдээ шийтгэдэг байсан бол одоо хууль ч үгүй шийтгэдэг боллоо. Энэ юуг илэрхийлж байна гэхээр дарангуйллын системээр шүүх цагдаагаар иргэдээ айлгаж, үзэл санаагаар нь хориглож байгаа хэлбэр. Намайг троллуудаараа элдвээр хэлүүлж байгаа нь заналхийлж байгаа хэрэг. Түүнээс би айхгүй л дээ. Нэг Уянгаагийн амыг барилаа. Зуун Уянгаагийн амыг барилаа. Мянган Уянгаагийн амыг барьж чадахгүй л болов уу. Тиймээс иргэд бид нэгнийхээ зөв үзэл санааг дэмждэг, амь нэгтэй байвал тэд яаж ч чадахгүй. Тухайлбал, Монголхүүг шүүхийн тогтоолгүй, өмгөөлөгчгүйгээр хулгайн замаар худагт аваачиж хорьсон асуудалд нийтээрээ шүүмжлэлтэй хандаагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх нь байна шүү дээ. Тиймээс бид бурууд хурц, зөвд зөөлөн л байх ёстой. Би Монголд амьдрахгүй байгаа болохоороо ч үгээ ил тод хэлээд байгаа юм биш. Байхдаа ч шүүмжлэх ёстой асуудлаа шүүмжлээд явж байсан. Хуулиа мэддэг бол хүн өөрийгөө хамгаална. Гэхдээ тухайн үед одоогийнх шиг дарангуйлал нүүрлэчихээгүй байсан л даа.

-Сайн засаглалыг бий болгоход иргэдийн оролцоо хамгийн чухал байна л даа. Харамсалтай нь манайд сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарахаас илүү мэдлэггүй, мэдээлэлгүй байлгах нь улстөрчдөд ашигтай байх шиг байна?

-Яаж ч бодсон иргэдийн 70-80 хувь нь сайн засаглал, иргэдийн оролцооны талаар ойлголтгүй байвал улс төрийн ахиц дэвшил гарахгүй. Ялангуяа том аппарат машин ажиллаж байгаа тохиолдолд масст үнэн зөв мэдээлэл өгнө гэдэг бол урт хугацаа шаардана. Тийм учраас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал ямар ч улсад чухал байдаг. Ямар ч асуудал байсан иргэд өөрсдөө оролцох ёстой. Манайхан “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр надаар л дутав гэж боддог. Үгүй л дээ. Танаар дутдаг л байхгүй юу. Тэнд хэн нэгний эрх зөрчигдөж байгаа бол дараа нь таны эрх зөрчигдөх л болно.

-Нийгэмд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг, нөлөөлөгч, шүгэл үлээгчдийг хэн нэгний захиалгаар дуугарч байна гэж хардах хүмүүс байдаг. Танд ийм хардлага ирж байсан уу?

-Тухайлбал, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Учралтай холбоотой асуудал дээр би хэний эрх ашгийг хамгаалж дуугарсан болж таарах вэ. Манайхан нэг асуудлыг хэн нэгэнд нялзаавал муухай харагдуулж, нөгөө асуудлыг нь үнэ цэнэгүй болгох гэж оролддог. Тэглээ гээд тэр асуулдал нь алга болчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хэн хэлж байна гэхээсээ илүүтэй ямар асуудлыг хөндөж байна гэдгийг анхаардаг болчихвол асуудлыг шийдэхэд амар болно. Асуудлаа л ярих ёстой. Хэлж ярих, үзэл бодлоо илэрхийлэх нь хүн бүхэнд хуулиар олгогдсон эрх.

-Нууц биш бол хаана, ямар чиглэлээр ажиллаж байгаа талаараа манай уншигчидтай хуваалцаж болох уу?

-Манайх үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдад зуучлал хийдэг. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, судалгаа хийдэг учраас хот төлөвлөлтийн төслүүдэд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ чиглэлээр мэргэшсэн байгууллага.Улаанбаатар хотод алслагдсан гэр хорооллын амьжиргааг сайжруулах төсөл дээр манай компани судалгаа хийж байсан.

Одоогоор Тайландад үл хөдлөхийн үнэлгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна.