Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өнөөдрөөс хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзаарай DNN.mn

Хүний цуснаас хуванцрын ширхэглэг илэрсэн талаарх судалгаа өнгөрсөн сард эрүүл мэндийн “Science Direct” сэтгүүлд нийтлэгдсэнээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал хувьд нь “PET plastic” буюу ус ундааны хуванцар саванд элбэг байдаг төрөл илэрсэн аж. Мөн заримд нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний пластик боодол савлагаанд хэрэглэгддэг “polystyrene” гэх биет, үлдсэн цөөн хувьд нь гялгар уут хийдэг материал болох “polyethyl­ene” илэрчээ.

Хуванцар сав нь хорт хавдар үүсгэгч нэг хүчин зүйл гэдгийг сүүлийн жилүүдэд монголчууд бид нэлээд сонсож байгаа. Түүнээс цаашлаад ч олон хор хөнөөл хуванцар сав, гялгар уутанд байгааг дэлхийн эрдэмтэд баталсаар байна. Хуванцар сав, гялгар уутны хор аюулаас хэрхэн сэргийлэх вэ. Энэ тухай эмч, мэргэжилтүүд дараахь зөвлөмжийг өгч байна.

Нэн тэргүүнд бэлэн пластик савтай усны хэрэглээг бууруулах ёстой. Түүнээс гадна кофе шопоор үйлчлүүлэхэд пластик доторлогоотой нэг удаагийн аяга бас л энэ төрлийн хор хөнөөлтэй юм байна. Тиймээс та кофе авахдаа зөөврийн аягандаа авч байгаарай. Зөвхөн хуванцраар тогтохгүй гялгар уутны хэрэглээ өнөөдөр ч бидний дунд өргөн тархсан. Өнөөдрөөс эхлээд гялгар уутыг халж, цаасан болон даавуун уутыг сонгох нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Эрдэнэбат: Гэр хорооллын 220 мянган айл өрхийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцох ёстой DNN.mn

“Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өмнөх долоо хоногт Хөгжлийн банкны асуудлаар төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулагдсан. Та уг сонсголын үр дүнгийн талаар ямар бодолтой байна?

-Тус үйл ажиллагааны үеэр Хөгжлийн банкнаас авсан зээл нь зориулалтын бус, чанаргүй зээлийн ангилалд орсон, улсын төсвийн хөрөнгөөр хаасан, мөнгө угааж санхүүгийн луйвар хийсэн гэх мэтээр зээлдэгчдийг ангилж ярилаа. Тус нээлттэй сонсголоос төрсөн сэтгэгдэл гэвэл ҮАБ-ын зөвлөл, Хөгжлийн банкны тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолуудаа хэрэгжүүлээгүй төр Засгийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг маш том асуултын тэмдэгтэй л үлдлээ. Хөгжлийн банк бол экспорт, импортоос гадна улсын төсөв, арилжааны банкаар санхүүжүүлэх боломжгүй, нийгэм нийтийн төлөө, экологийн (агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах гэх мэт) төслүүдийг санхүүжүүлэх зориулалттай тусгай зориулалтын, Бодлогын банк бөгөөд 100 хувь Монгол Улсын Засгийн газрын банк юм. Засгийн газрын 2016-2020 он, 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг жил жилээр нь хугацаатай нь, хэрэгжүүлэх аж ахуйн нэгжтэй нь, хөрөнгийн хэмжээтэй нь баталчихсан. Үүнийг бүх төрийн байгууллага хэрэгжүүлэх, биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй. Улаанбаатар хотын нийт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хулгайлсан хүмүүст хэн хариуцлага тооцох вэ. Манай “Эрэл” группийн хамт олон УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн гаргасан шийдвэр тогтоолын дагуу “БҮК-1” (Байшин үйлдвэрлэх комбинат-1) үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулснаас хойш үйл ажиллагаагаа улирал харгалзахгүй явуулсан бол 40 мянган айлыг зах зээлийн өртгөөс даруй 2-3 дахин хямд үнээр орчин үеийн үйлдвэрийн барилгын хийц, эдлэлээр, хүнээс хамаарах алдаагүй, чанарын өндөр түвшинд газар хөдлөлт болон галд тэсвэртэй, дулаан алдалтгүй ашиглалтын зардал бага, эрчим хүчний хэмнэлттэй Олон улсын хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бүхий эко-ногоон орон сууцанд оруулчихаар байлаа. Өөрөөр хэлбэл, нийт гэр хорооллын айл өрхүүдийн 20 хувь нь иж бүрэн хороолол буюу сургууль, цэцэрлэг, соёл амралтын төвтэй, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий тав тухай орон сууцанд амьдрах боломжтой байсан. Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын асуудал ч 20 хувиар буурсан байх байлаа. Гэтэл энэ боломжийг алдагдуулсан УИХ, Засгийн газарт ямар хариуцлагыг, хэн хүлээлгэх ёстой юм бэ гэдгийг нээлттэй сонсголд оролцогчид хөндөж байлаа. Иргэд энэ алдагдсан боломжийнхоо хариуцлагыг нэхэх эрхтэй. Энэ асуудлыг ярих цаг нь болсон юм байна. Гэр хорооллын айл өрхүүдийг Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхээр хангаж чадаагүй, алдагдсан боломжийг тооцож гаргаагүй байна. Гэр хорооллын мянга мянган иргэдийн төлөөлөл асууж байна. Хөгжлийн банкнаас гэр хороололд амьдарч байгаа өрхийн орлогод нийцсэн барилга байгууламж барихаар “Эрэл” ХХК-ийн БҮК-1 үйлдвэр ашиглалтад орчихсон юм бол яахаараа бид утаагүй түлш нэртэй хор түлээд сууж байгаа юм бэ” гэдгийг асууж.

-Хөгжлийн банкинд үүссэн асуудлын учиг шалтгааныг та юу гэж харж байна?

-Сонсох үйл ажиллагаанд оролцож байхад УИХ, Засгийн газрын гишүүдийн хэлээд асуугаад байгаа зүйлээс нэг л юм тод харагдаж байна. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд Ерөнхий сайд, Сангийн сайд болон тухайн үеийн улс төрийн томилгоогоор цүнх баригч нар томилогддог тул менежмэнт муу, мэргэжлийн бус хүмүүс байсан нь ийм зохион байгуулалттай хямралт нөхцөл байдлыг бий болгосон гэж дүгнэж байна. Тэд мэргэжлийн банкирууд биш. Ерөөсөө л улс төрийн захиалгаар томилогдсон хүмүүс байж. Зээлийн газрын дарга, Эрсдэлийн удирдлагын газрын дарга гэх мэт дарга нар нь намын доторх фракц фракцаасаа томилогдчихсон. Захирал нь дуудаад мэдээлэл авах гэхээр түүнийг нь гаргаж өгдөггүй. Нэг үгээр хэлбэл, улс төрийн захиалгаар зээл олгодог учраас өнөөдөр ийм хямралын байдалд орсон. Гэтэл үнэхээр Засгийн газрын стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийг Хөгжлийн банкны зорилго, бодлогын дагуу импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, нийгмийн, экологийн зээл авч, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулсан ААН-үүд ч байна.

2018 онд ОУВС-гаас арилжааны банкуудад хийсэн шиг маш сайн мэргэжлийн түвшинд хараат бус бие даасан ОУ-ын санхүүгийн аудит оруулан шалгаж, үнэн бодит хяналт шалгалтын дүнг улс төрөөс хараат бусаар ялгаж, салгаж, ард иргэддээ мэдээлэх хэрэгтэй байна гэв. Хөгжлийн банкны удирдлага, менежмэнт нь мэргэжлийн бус, зохион байгуулалт муутай тухайлбал, Шинэ Яармаг хороолол барилга, орон сууц барихаар 200 гаруй тэрбум төгрөгийн, Буянт-Ухаад хороолол барихаар ТОСК-д 300 орчим тэрбум төгрөгийн зээл тус тус өгсөн байна. Барилга барих нь буруу биш зөв. Гагцхүү Засгийн газрын зүгээс хяналт тавьж, бодлогоор удирдах ажил огт хийгээгүйн улмаас иж бүрэн хот, тосгон, хороолол барих БҮК-1 үйлдвэр нь ашиглалтад орчихоод байхад, Хөгжлийн банкны удирдлагууд эдгээр барилга барих компаниудынхаа барилгын хийц эдлэлүүдийг БҮК-1 үйлдвэрт үйлдвэрлүүлээд түүнээсээ дээрх бүх компаниудын зээлийн төлбөрийг бүрэн төлүүлсэн бол дээрх компаниуд ч өнөөдөр найдваргүй зээлдэгчийн ангилалд орохгүй, төслүүд нь ч бүрэн сайн хэрэгжиж дуусах байсан. Энэ мэт байдлыг нээлттэй сонсголын үеэр УИХ, Засгийн газрын гишүүд болон оролцогчид шүүмжилж байна. Энэ бол яах аргагүй бодит үнэн шүүмжлэл. Хоорондоо нягт уялдаа холбоо бүхий 4-5 төслийг Хөгжлийн банк тус тусад нь салгаж зээл өгч бүгдийг нь найдваргүй зээлийн ангилалд оруулсан. Нэг үгээр хэлбэл, БҮК-1 үйлдвэрийг нам зогсоогоод ямар ч үйлдвэргүй компаниудад үнэтэй хороолол барих зээл өгөхөөр бүгд өрөнд орно биз дээ. Уг нь Засгийн газар нь бодлогоор төлөвлөж, тооцож, зохицуулалт хийж, холбож байж улсад хэрэгтэй, ард түмэнд ашигтай төслүүд дэмжигдэх ёстой! Уг нээлттэй сонсгол дээр УИХ, Засгийн газрын гишүүд, оролцогчид Хөгжлийн банкны энэ дампуурлыг үе үеийн Сангийн сайд нарын шууд нөлөөн дор хийгдсэн гэж дүгнэсэн. Одооны гүйцэтгэх заxирал Сангийн яаманд байхдаа 2016 онд улсын төсвөөс (татвар төлөгчдийн мөнгөөр) 3,0 их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны зээлийг хаасан гэсэн. Үүний цаана ямар их луйвар байгаа нь ойлгомжтой гэсэн. Сүүлийн үед энэ хоёр намаас бусад нь хэн ч биш, бүх бизнесийг дээрэмддэг болсон. МАНАН-МАФИ ийн гол бизнес нь барилга болсон (угаасан мөнгө, авлига хээл хахуулийнхаа дүрийг хувиргадаг). Сангийн сайд, УИХ ын төсвийн байнгын хорооны дарга нар энэ бүхний ард нь байдаг гэдгийг хэлж байна. Энэ том МАНАН-МАФ-ийн сүлжээг УИХ-аас томилогдох хяналт шалгалтын түр хороо, аль нэг намын ажлын хэсэг, УИХ, Засгийн газрын хамтарсан болон дагнасан ажлын хэсэг шалгаад, үнэн шудрага шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Улс төрийн их хэлмэгдүүлэлт, давтагдаж МАНАН-МАФИ өөрсдөө шалгуулсан дүр эсгээд, сугарч үлдэх магадлал тун өндөр байна. Юу үнэн энэ үнэн!

Ер нь манай улсад Засгийн газрын бодлогын залгамж чанар алдагдсаны тод илрэл энд харагдаж байгаа юм. Дөрвөн жил тутам болдог УИХ-ын сонгуулийн дараа мөн Засгийн газар дунджаар 1,3 жилд солигдох бүрд бодлого нь байнга өөрчлөгдөж, намаараа талцан, түрүүчийн Засгийн газрын бүх шийдвэрүүд орвонгоороо эргэдэг учраас томоохон бодлогын чанартай ажлууд хийхэд энэ мэтчилэн алдаа завхрал гараад байгаа юм. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хөгжлийн банкны гүйцэтгэх заxирал тус тус зургаан удаа солигдсон байна.

Хөгжлийн банкинд үүссэн асуудал бол:

Нэгдүгээрт, Улс цөөхөн хүн амтай. Намаараа хуваагддаг бодлого манай улсыг сүйрүүлж байна. Сүүлдээ бүр МАНАН МАФИ болж төгөлдөржсөн. (Ялангуяа хөдөө орон нутагт намчирхал гамшиг болсон байгаа),

Хоёрдугаарт, засгийн газрын бодлогын залгамж чанар бүрэн алдагдсан,

Гуравдугаарт: Манай улсын эрх мэдэлтнүүд бүх түвшиндээ улсынхаа төлөө ажиллах бус, мэдээ мэдээлэлд ойр байдлаа хувийн эрх ашигтаа нийцүүлэн ашиглахдаа гаршсан, авлигажсан, санаа зовж, ичих асуудал бүүр байхаа больсон. Төрийн албан хаагчид, албан тушаалдаа цүнх баригчийн ажлын шагналд томилогддог учраас, бие даасан шийдвэр гаргаж чаддаггүйн улмаас улсын ажил хөдлөхөө болиод удаж байна,

Дөрөвдүгээрт, Хөгжлийн банкинд үүссэн асуудлын учиг шалтгааныг дүгнэж харахад өнөөгийн бидний бий болгосон нийгмийг бүхэлд нь тод томруунаар харуулж буй нэг том бодит жишээ юм.

Өнөөдөр бидний амьдралд үүсчихээд байгаа энэ тогтолцооны гажуудлыг засч, энэ олон болохгүй бүтэхгүй алдаа завхралыг монголчууд бид л өөрсдөө аль болох хурдан засаж залруулах ёстой! Хойч үеийнхэндээ, өөрсдийн хүүхдүүд, ач зээ нартаа, тогтвортой хөгжиж буй улс орныг үлдээх ёстой болохоос биш, ийм цадиггүй нийгмийг үлдээж хэрхэвч болохгүй!

-Нээлттэй сонсгол хийснээр ямар нэгэн үр дүнд хүрч, гарц гаргалгаанд хүрэв үү?

-Үнэндээ ямар ч үр дүнд хүрээгүй. Гэхдээ УИХ-ын ЭЗБХ-ны нээлттэй хяналтын сонсох үйл ажиллагааны анхны хурал байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аас хяналтын сонсгол зохион байгууллаа. Цаашид сонсох үйл ажиллагааг арай өөр байдлаар зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд, оролцогчид санал гаргаж байна лээ. Бид өглөөний 08:30 минутад цугларч 09:00 цагаас эхэлсэн. Орой 22 цагт дууссан. Бүтэн 13 цаг хуралдахад энэ зээлдэгч нар Хөгжлийг банкийг дампууруулчихлаа гэсэн мессэжийг л өглөө. Гэтэл нэг аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаанд 10-хан минут олгосон нь үүссэн бодит нөхцөл байдлаа тайлбарлах ямар ч боломжгүй байлаа. Нийгмийн хариуцлагатай Хөрөнгө оруулалтын төсөл рүү хамтдаа хөтлөлцөж орчихоод, асуудал үүсэхээр Хөгжлийн банкны удирдлагууд биднийг хаяад зугтааж байна. Нэг ёсондоо биднийг усанд живүүлчихээд өөрсдөө амьд гарах гэж зүтгэж байна. Гэтэл “Эрэл” ХХК , Засгийн газартай хамтраад агаар,ус,хөрсний бохирдлыг арилгах, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахын төлөө л нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтыг хийж, Хөгжлийн банкнаас зээл авч улс орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө л ажилласан шүү дээ. Тулгарсан асуудлаас нүүр буруулж, зугталгүйгээр асуудлын шийдлийг хайгаад л явж байна. Банк дампууруулахад хүргэсэн хэмээн буруутгаад байгаа зээлдэгчдээ Хөгжлийн банк нэг удаа дуудаж уулзаад “Үүссэн асуудлаа ний нуугүй ярилцаад, санал бодол, гарц гаргалгаагаа ярьж болно шүү дээ. Манай хувьд өмнө нь олон удаа ОУ-ын банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгож байсан. Тэгвэл, та энэ туршлага дээрээ үндэслээд олон улсаас мөнгө босгох ажлаа яаравчлуул. Бүгдээрээ хамтраад эргэлтийн хөрөнгөө босгох ямар гарц гаргалгаа байна” гээд асууж болно шүү дээ. Тэгвэл би нээлттэй сонсголын үеэр хэлсэн саналуудаа ярина. Эргээд бодоход, намайг шүүхэд өгч, үйлдвэр, банк, сургуулийг нь булааж авах дээрмийн үйл ажиллагаа явуулсан. Эрх мэдэл бүхий хүмүүс шууд болон шууд бус байдлаар нөлөөлж, шүүх, хууль хяналтын байгууллагуудтай нийлж авлига өгч, бизнес дээрэмдэх схем хүртэл гаргасан тухай 2021 оны гуравдугаар сарын 8-нд УИХ ын нэр бүхий гишүүд хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсныг санаж байгаа биз ээ. Одоо энэ асуудал шалгагдаад явж байна. Гэхдээ маш удаан шалгаж байна. Миний хувьд 33 жил бизнес эрхэлсэн хүн. Одоо ч би дэлхийн орчин үеийн технологийг эх орондоо нэвтрүүлж бүхэл бүтэн эко- ногоон хот, тосгон барихыг зорьж байна. Энэ хугацаанд би иргэдээсээ, төр засгаасаа юу ч нуугаагүй, бүх зүйл шилэн, ил тод байсаар ирсэн. БҮК-ийг хувьчилж авчихаад, дүр төрхийг нь өөрчлөөд ажилчдаа гудамжинд гаргаад, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг төмрийн хаягдалд өгөхийг хүсээгүй. Тийм ч учраас 30 жил бартаатай, сайдтай, намагтай, хадтай, асгатай замаар хамт олонтойгоо хамтран зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Бид төр засгийнхаа урилгыг хүлээж аваад Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн. Харин энэ урт хугацаанд хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулан цуг байгаа компанийнхаа хамт олон, гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхдөдөө үргэлж баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

-Тухайн үед хувьчлал явуулахдаа тодорхой хэмжээний шалгуур нөхцөл тавьж байсан гэдэг. Та тэр шалгуур нөхцөлөөс хазайсан уу?

-Тухайн үед 1992 оноос хувьчлалыг гурван янзаар хийсэн. Нэгдүгээрт, хүн болгонд үнэгүй өгсөн ягаан, цэнхэр тасалбар, хоёрдугаарт, менежмэнтийн хувьчлал, гуравдугаарт, дуудлага худалдаа. Бид БҮК-ээ дуудлага худалдаагаар авч байсан. Энэ гурван хувьчлалд, өмч хувьчлалын гэрээнд нь ижил гурван заалт байсан: Нэгдүгээрт, ажилчдаа ажлаас нь халж болохгүй. Хоёрдугаарт, үйлдвэрийн үндсэн чиглэлийг өөрчилж болохгүй. Гуравдугаарт, орчин үеийн тоног төхөөрөмжид шилжүүлнэ хэмээн заасан. Эдгээр гурван заалтын аль нэгийг зөрчвөл гэрээг хүчингүй болгон цуцалж, улсад буцааж шилжүүлэхээр заасан. Тэгвэл Засгийн газар ТӨБЗГ улсын хэмжээнд хувьчилсан өмч хөрөнгө, өмч хувьчлалын гэрээний заалтууд яаж хэрэгжиж биелснийг одоо ард түмэндээ дүгнэж тайлагнах цаг нь болсон. Үүнийг ард түмэн нэхэл хатуутай шаардах байх. Өмч хувьчлалын үр дүнгээ одоо нэг дүгнээд үзэх хэрэгтэй! Энэ 30 жилийн хугацаанд адгалж 10 жилээр гурван удаа гэрээгээ дүгнэж улс орон даяар ард түмэндээ тайлагнаж холбогдох арга хэмжээ авсан бол ажилгүйдэл, ядуурал өнөөдрийн байдлаас тэс өөр, хариуцлага, сахилга бат өндөр түвшинд, авлига хээл хахуульгүй хүн бүр ажилтай, орлоготой аж үйлдвэржсэн, өрхийн орлого өндөр, хөгжилтэй орны түвшинд хүрсэн аз жаргалын индэксээр дэлхийд тэгүүлэх хэмжээнд байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл бид Хөгжлийн банкийг байгуулагдсанаас хойш 10 жилийн дараа хоцорсон хойно шалгаж байна. 2015, 2016 онд арга хэмжээ авах байсан гэж нээлттэй сонсгол дээр оролцсон хүн бүр ярьж байна.

1992 оноос хойш байсан бүх үйлдвэрүүдийг хувьчилсан. Харамсалтай нь олон мянган хүн ажилгүй, гудамжинд гарч, мэргэжилтэй ажиллах хүчнүүд маань үр хүүхдээ тэжээх, өдрийн хоолныхоо төлөө чадах бүхнээ хийсээр олонх нь ядуурал руу шилжсэн. Хэн тэгвэл гэрээнийхээ үүргийг биелүүлсэн юм бэ. Би гэрээгээ биелүүлээгүй хүмүүсийн хөрөнгийг нь хурааж ав гэж хэлээгүй л дээ. Үнэндээ бидэнд тухайн үед дэлхийд тэргүүлж байсан Зүүн Европын олон үйлдвэрүүд байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр тухайн үед байсан үйлдвэрүүдийн нэр нь мартагдаж, төрөл нь арилжчихсан байгаа. Манайх 33 жилийн туршид гэрээнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн, “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэгчээр зохион байгуулалттайгаар барьж хориод, хөрөнгийг нь дээрэмдээд, улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан хуйвалдан мафийн сүлжээ бий болгосон. Гэгээн цагаан өдөр ямар ч нотлох баримтгүй хөрөнгийг нь булаадаг болсныг бид бүгдээрээ харж байна.

-Та нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн үе ирчихлээ гэж хэлэх гээд байна уу?

-Би энэ хэлмэгдүүлэлтийн хонгилоор явж байгаа. “Эрэл” ХХК болон “Эрэл”-ийн Эрдэнэбатыг Монголын ард түмэн сайн мэднэ. Насаараа л бүтээн байгуулалт хийж, үйлдвэр аж ахуйн нэгж байгуулж, босгож явна. Надад 2019 оны зургадугаар сард ээлжит зохион байгуулалттай хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн бүх үеийг эргээд бодоход энэ хонгилоор яагаад чирэгдэх болсон нь улс төртэй холбоотой гэж бодож байна. Их хэлмэгдүүлэлтийн үед шүүхийн шийдвэргүйгээр Онцгой комиссынхон шууд л хүн буудчихдаг байсан. Одоо зарим хүмүүс яг ийм байдал руу орох талаар ярьж байна. Шүүхийн шийдвэр хугацаа их алдаж байна. УИХ онцгой эрхтэй комисс байгуулж хууль гаргаад хөрөнгийг нь хураагаад авчихъя” гэж Нээлттэй хяналтын сонсох үйл ажиллагаан дээр ил тод ярьж байна.

-Ер нь бол шүүх гэм буруутайг нь тогтоохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцохгүй хэмээн заасан. Гэтэл өнөөдөр хэн нэгнийг хууль, шүүхийн албан ёсны ямар нэгэн шийдвэр гарахаас өмнө санаатайгаар нийгмээр нь, нийтээр нь үзэн ядуулах, харлуулах технологи танил болоод удаж байна. Та өөрийгөө ийм технологид орсон гэж үздэг үү?

-Тийм ээ.Үүнийг олон жил явуулж байна. Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэдэг дээ. Шүүх хяналтын байгууллагууд энэ технологийг салбартаа нутагшуулаад гаршсан байна. Эхлээд төлөвлөгөө схем гаргаж байгаад, хэвлэл мэдээлэл- цахимаар нийгэмд гэмт хэрэгтэн болгож хүлээн зөвшөөрүүлж, яллуулаад дараа нь цагдаа, прокурор дээрээ яллах дүгнэлтээ үйлдэж, шүүх шийтгэх тогтоолоо гаргуулж, зохион байгуулалттай захиалгат хонгилоо төгс үйлддэг болсон.

Өнөөдөр манай нийгэмд төр барьж буй улс төрийн улаан, хөх өнгөнд хамааралгүй л бол энэ МАНАН-МАФ-ийн бүлэглэлд үнэ цэнэтэй бүх зүйлээ (бүх бизнесээ) дээрэмдүүлж, дээр нь нэмээд олон жилийн хорих ялтай шоронд орно.

-Таныг нөлөө бүхий аль нэг намын гишүүн биш болохоор албаар буланд шахаад байдаг юм уу. Та өөрөө нам байгуулж байхаар аль нэг намын гишүүн байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан болов уу?

-Бид, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хэсэг нөхдийн хамт 1998 онд “Эх орон” (МАШСН) намыг байгуулсан юм. Манай намын уриа “Өөртөө итгэж, өөрсдөө хийцгээе” буюу монгол хүн импортоор авдаг бүхнээ өөрсдөө үйлдвэрлэхийг зорьсон хэрэг. Миний бие уг намыг байгуулалцсанаасаа хойш, ээлжилж төрийн эрх барьдаг хоёр том намын хавчилт шахалтыг 24 жилийн турш амсаад явж байна. Намын маань гишүүд ч гэсэн миний адил янз бүрийн шахалт дарамт амсаж маш их харамсаж явдгаа энэ дашрамд хэлэх нь зүйтэй.

-БҮК ашиглалтад орж байх үед төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд очоод нээлт сүртэй болж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр банк дампууруулах хэмжээний төсөл хэмээн чиглэгдэх болсныг гайхаж байна л даа. Алдаа завхрал хаана гарчихав?

-Манай үйлдвэр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж нээлтийн ажиллагаанд албан ёсоор манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга, салбарын сайдаас авахуулаад УИХ, Засгийн газрын гишүүд, шат шатны удирдлагууд ирж оролцож бид бүхэнд баяр хүргэж байсан. Монгол Улсын төрөөс 2017 оны “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал -Төрийн Гэрэгэ”-ийг мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Шилдэг аж ахуйн нэгж”-ээр “Эрэл” ХХК-ийн БҮК-1 Үйлдвэрт тус тус олгож шагнуулсан. (хавсаргав)

Шинэ зууны шилдэг бүтээн байгуулалт, “БҮК-1” Үйлдвэр нь барилгын салбарт дахин нэг түүхийн шинэ хуудас болсон гайхалтай бүтээн байгуулалт болсон талаар хэн хүнгүй л сайшаан магтаж байсан. Энэ шинэ үйлдвэр ганцхан угсармал орон сууц барих зориулалттай бус. Бүх төрлийн барилга, байгууламж барих хүчин чадалтай. Каркасан барилга бол 45 давхар хүртэл, угсмар барилгыг 25 давхар хүртэл барих бүрэн боломжтой. Дээр нь сургууль, цэцэрлэг, соёл амралтын байгууламжууд, үйлдвэрийн барилгууд гээд барьж байгуулж болох юу л байна бүгдийг нь барих боломжтой.

Манай хуучин оросын технологитой Байшин үйлдвэрлэх комбинат үйлдвэр 1960-аад онд 120 мянгат, 220 мянгат, Сансар, төмөр замын таван давхар саарал байруудыг барьсан, 1980-аад онд технологио шинэчлээд гурав, дөрөвдүгээр хороолол, 13, 14, 15 дугаар хороолол гээд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг тэр чигээр нь барьсан үйлдвэр. Энэ үйлдвэр бол ганцхан орон сууц барьдаг биш, хот тосгоноор нь барих зориулалттай, өндөр хүчин чадалтай, тийм ч учраас олон сургууль, цэцэрлэг, улсын томоохон эмнэлгүүдийг барьсан юм шүү дээ. Хамгийн сүүлд Сүхбаатарын талбайн зүүн талын Соёлын төв өргөөг барьж дуусгаад зогссон. Түүнээс хойш үйлдвэр тоногдож, зогссон байхад нь бид 1994 онд Байшин үйлдвэрлэх комбинатыг дуудлага худалдаагаар (тэр үеийн) 570 сая төгрөгөөр худалдаж авч байсан.

-Монгол Улсын Засгийн газраас авч болох шагналыг бүгдийг авч, сайшаан магтуулж байгаад яагаад банк дампууруулсан нэр зүүх болов?

-Ийм давуу талуудтай мөртлөө хамгийн багадаа хоёр дахин хямдаар ард түмэнд очих байр орон сууцыг дөрвөн жилээр хойшлуулсаар байгаа гол учир шалтгаан бол эрх мэдэлтнүүдийн эзэмшлийн компаниудийн өндөр үнэтэй зарагдаж байгаа байрууд зарагдахгүй том эрсдэлд орчих учраас л манай энэ үйлдвэрийг зогсоогоод байгаа гэж харагдаж байна.

-Тэгвэл та Хөгжлийн банкнаас авсан Чингис бондын мөнгөөр яг юу хийсэн юм бэ?

-Тэр мөнгөөр үйлдвэртээ технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, XXI зууны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийг барьж 2017 онд ашиглалтад оруулсан. Манай компанид төртэй хамтарч ажиллах урилга ирэхээс өмнө жилд 200-500 айлын орон сууц бариад ашиглалтад оруулчихдаг байлаа. 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын 23 дугаар тогтоол, Улаанбаатар хотын 2020-2030 оны хот төлөвлөлтийн бодлого гарч үүний дагуу 2013 оны дөрөвдүгээр сард манайд НЗДТГ, Хотын захиргаанаас урилга ирсэн. Цаашид 184 мянган айлыг барилгажуулна. Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийг дүүрэг тус бүрээр нь хэрхэн яаж барилгажуулах талаар Ерөнхий төлөвлөгөө нь гарчихсан байсан. Бүр манай үйлдвэрт тусгайлан зориулаад хийчихсэн юм шиг альбом сэтгүүл хүртэл өгсөн. Тэр сэтгүүл, урилга нь одоо ч бий. (хавсаргав)

УИХ-аас 2012 оны аравдугаар сард 52 дугаар тогтоол гарч таван тэрбум долларын Чингис бонд босгохоор боллоо. Эхний 1.5 тэрбум долларын мөнгө нь ороод ирчихсэн. Одоо ямар төсөлд олгох талаараа Засгийн газар судалгаа хийж байна. Та бүхэн уг бондоос зээл авч үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, техникээ шинэчлээд УИХ, Засгийн газартайгаа хамтарч ажиллаач гэсэн. Танай хамт олон өнгөрсөн зууны УБ хотыг өвөл зунгүй улирал харгалзахгүй барьсан сайхан баялаг түүхтэй үйлдвэр шүү дээ. Хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмж, технологио шинэчилж дахин шинэ зууны хороолол, тосгоныг бариач гэсэн.

Энэ үед Бондын мөнгөний зарим нь ороод ирсэн, Хөгжлийн банк байгуулагдсан, Монгол Улс жинхэнэ хөгжлийн гараанд ирсэн мэт үнэхээр сэтгэл хөдөлж их бүтээн байгуулалтын нүргээн нүдэнд харагдаж шууд л зөвшөөрсөн дөө.

-Та олон жил бизнес эрхэлсэн хүн. Гэхдээ төрийн байгууллагаас хамтарч ажиллах санал ирэх төдийд зээл аваад үйлдвэрээ шинэчилчихсэн хэрэг үү?

-Засгийн газрын 180 дугаар тогтоол 2013 оны тавдугаар сарын 18-нд гарсны дараа Барилга хот байгуулалтын сайд 2013 оны зургадугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банкинд заxиалга, худалдан авалтын баталгаа гаргаж өгсөн байдаг. Тэрхүү баталгаан дээр Байшин үйлдвэрлэх комбинат бол агаар, хөрсний бохирдлыг бууруулж Улаанбаатар хотын 184.000 өрхийг барилгажуулах онцгой чухал түүхэн үүрэгтэй. Бид энэ үйлдвэрт жил бүр 150.000 м2 соёл олон нийтийн барилга, байгууламж буюу сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, нийтийн орон сууц, 5000 айлын амины орон сууцыг жил бүр захиалж тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдаж авна гэж Хөгжлийн банкинд хүргүүлсэн (эх хувийг хавсаргав).

Хөгжлийн банк худалдан авах багцаа үүний дараа 2013 оны наймдугаар сард Хөгжлийн банкны зээлийн хорооны хурлаар орж 2013 оны наймдугаар сарын 16 ны өдөр 14.0 сая ам.долларын зээлийг 8.8 хувийн хүүтэйгээр, “Эрэл” ХХК-д (БҮК-1 төсөлд) олгосон.

Миний хэлж, ярьж байгаа бүхэн УИХ, Засгийн газар гээд төрийн бүх шатны байгууллагаас гарсан тогтоол шийдвэрээр баталгаажсан, баримт нотолгоотой зүйл гэдгийг дахин хэлье. Жишээ нь, Бондын зөвлөлөөр орсон төсөл манайхаас өөр байхгүй болов уу. Үүнийг шалгаж үзэх л хэрэгтэй.

-Засгийн газраас хүсэлт тавьсны дагуу Байшин үйлдвэрлэх комбинатдаа технологийн шинэчлэл хийхийн тулд Хөгжлийн банкнаас яг хэдэн төгрөгийн зээл, хэзээ авсан юм бол. Валютын зээлтэй юм уу төгрөгийн зээлтэй юм уу?

-Одоо доллар болон еврогийн зээлтэй. Манайд Чингис бондоос 2013 оны наймдугаар сарын 16-ны өдөр 14 сая ам.долларын зээл 8.8 хувь хүүтэй олгосон. Тухайн үеийн ханшаараа дээрх дүн 20 тэрбум төгрөг байсан. Уг нь Хөгжлийн банк Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн бол ханшийн зөрүүнд орох ёсгүй байсан.

ҮАБЗ-ийн 28/20 тоот зөвлөмжөөр, бондоос санхүүжих төсөлд 1/3-ийг олгож үлдсэн 2/3-ыг төсөл хэрэгжүүлэгч ОУ-аас босгохоор шийдвэрлэсэн. Тиймээс бид 2014 онд Герман улсын Комерц банкнаас 13.1 сая евро, 2015 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 9.0 сая ам.долларын зээлийн шугам нээлгэж, Хөгжлийн банкаар дамжуулан зээл авсан, өөрөөр хэлбэл 2014, 2015 оны хоёр зээл нь ҮАБЗ-ийн 28/20 тоот зөвлөмжийн дагуу “Эрэл” ХХК нь ОУ-ын банкуудаас хөрөнгө оруулалт олж, өөрсдөө босгож олсон эх үүсвэр юм.

-Тэгэхээр та компанидаа шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа 2/3-ыг гадаадаас өөрсдөө босгосон байх нь ээ. Тухайн үеийн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу гэсэн үг үү?

-Тэгсэн, би сая дээр хэлсэн шүү дээ.

-Үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш ямар ямар бүтээн байгуулалт хийв. Үйлдвэртээ ажиллах хүний нөөцөө бэлдсэн байсан уу?

-Үйлдвэр ашиглалтад орж байхад дөрвөн ээлжээр ажиллах 500 хүнийг бэлдсэн байсан. Герман мэргэжилтнүүд 2013-2017 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд дээрх тооны хүмүүсийг бэлдсэн. Монгол ажилчид 100 хувь үйлдвэрээ аваад явах хэмжээнд хүний нөөцийг бэлдсэн.

Манай үйлдвэр өвөл зунгүй улирал харгалзахгүй ажиллаж, жилд 150 мянган метр кв ашигтай талбайг 24 цагийн турш (дөрвөн ээлжээр) үйлдвэрлэх томоохон хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бид Хөгжлийн банкнаас авсан зээлээ яг зориулалтынх дагуу ашиглаад, үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулсан. Анхнаасаа бидэнд захиалга өгөх худалдан авалтын баталгаа гаргаж өгөөгүй бол бид юу гэж бүхэл бүтэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд шиг хот тосгон барих хэмжээний ийм том үйлдвэрийн зээл авах билээ дээ. Манай үйлдвэрийн онцлог нь ганц нэг хувь хүн, хувь компани захиалга авч, ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломж байхгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд л амжилттай явах ажил. Анхнаасаа “Хөгжлийн төлөө түншлэл” гэсэн урилга өгч, нийгмийнхээ өмнө хариуцлагатай хөрөнгө оруулалт хийж төртэйгөө хамтарч ажиллаач гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл үйлдвэр ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар удаа дараа биеэр ирж танилцсан, тэдэнд болон 76 гишүүд, Улаанбаатар хотын Засаг дарга, ИТХ-ын 45 төлөөлөгчид жил бүр олон удаа бүх шийдвэр тогтоол, танилцуулгаа өгдөг байсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийг төр засаг бүгд л дэмжсэн, яг хэрэгжилт дээрээ байхгүй улс төрийн шийдвэр болчихдог юм.

Гэтэл агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах-утаагүй зуух, утаагүй яндан, утаагүй түлш нэрээр ямар их хэмжээний мөнгө салхинд хийсгэж байна вэ. Энэ бол эцсийн бүрэн шийдэл биш төгс шийдэл нь барилгажуулалт. Утаа гаргаад байгаа яндан, хөрс бохирдуулж байгаа жорлон хоёрыг байхгүй болгоод яг тэр газар дээр нь барилгажуулаад айл өрхийг байранд нь тав тухтай амьдруулах явдал юм.

-Шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш хүмүүсийн нүдэнд үзэгдэх, гарт баригдах ямар бүтээн байгуулалт хийв?

-Цайз зах дээр Европын Хөрөнгө Оруулалтын банкны төслөөр хэрэгжиж байгаа эхний ээлжийн 20 айлын таун хаусыг, 1м2-ын борлуулалтын үнэ 1.6 сая төгрөгөөр 2021 онд барьж ашиглалтад орууллаа. Цаашлаад нэг хоногийн ажил ч гэж гололгүй, Улаанбаатар хоттой нийлээд НОСК, Германы хамтын ажиллагааны JIZ-тэй хамтран Тахилтын аманд 2020 онд жижиг цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. 2019 онд Гандангийн хашаан дотор Шашны их сургуулийн багш нарын зоорийн давхартай, дөрвөн давхар, нийтийн байрыг 1м2-ын борлуулалтын үнэ 1.2 сая төгрөгөөр ашиглалтад орууллаа.

-Танай БҮК-ыг зориулалтын дагуу бүрэн хүчин чадлаар нь ашиглах бол Хөгжлийн банкны зээлээ ямар хугацаанд төлөхөөр төлөвлөсөн байсан бэ?

-Манай компани, Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоол, 2019 оны 202 дугаар тогтоол хэрэгжсэн бол 2018 оноос эхлээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгуудаа бариад явах байсан. 2019 оноос жил бүр 2500 айлын орон сууц барихаар тусгасан байсан. Улсын төсвөөс үүнд 1.4 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байсан. (хавсаргав)

ТЭЗҮ-ээр 3.7-4.5 жилийн дотор бүх зээлээ төлж дуусгах ёстой байсан. Өнөөдөр манай үйлдвэрийн 500 ажилтан дөрвөн жил ажилгүй сууж байна. Төслөө хэрэгжүүлж, БҮК-1 үйлдвэрээ ажиллуулахын тулд сахиагүй даргын үүд ч алга.

-Танай компанийг ямар ч барьцаа хөрөнгө байршуулахгүй, ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авсан гэсэн хардлага байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Анх бид Хөгжлийн банкнаас 2013 онд 14 сая ам.долларын зээлийг авахдаа БҮК-ын хуучин үйлдвэр дээрээ нэмээд, зээлээр Германаас худалдан авч буй тоног төхөөрөмжөө оруулаад барьцаа хөрөнгө байршуулсан.

-Та зээл авахын тулд хэн нэгэнд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлээгүй гэдэгтэй итгэлтэй байна уу. Таныг бусдад нөлөөлж зээл авсан гэх хардлага одоо ч нийгэмд байна шүү дээ?

-Хөгжлийн банкинд хамгийн анх 2016 онд шалгалт оруулсан байдаг. Уг шалгалтын дараа манайхыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгуулахаар нэр бүхий хүмүүс хүсэлт өгсөн. Үүний дагуу 2016-2018 он хүртэл хоёр жилийн турш шалгуулаад 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 346 дугаар тоот Прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд “Энэ төсөл дээр ямар ч ашиг сонирхлын зөрчил алга, ямар нэгэн сайд дарга, банкны удирдлагуудын нөлөөллөөр зээл авсан зүйл алга” УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр, хуулийн дагуу байна гэсэн шийдвэр гарсан. Би хэнд ч авлига өгч байгаагүй ээ.

-Тэгвэл зээл авсан, зээл олгосон хэн хэнийх нь цаашдын гарц гаргалгаа юу байна вэ?

-Нээлттэй сонсголын үеэр авсан мэдээллээр Хөгжлийн банк энэ ондоо багтаж нэг их наяд төгрөгийн зээлээ төлөхгүй бол дампуурлаа зарлах хэмжээнд хүрчихсэн байгаа юм байна. Сангийн сайдын хэлж байгаагаар 2023 оны арванхоёрдугаар сардаа багтаагаад Самурай бондын мөнгийг төлж чадахгүй бол дефолт болно гэж байна. Тэгвэл үүнээс гарах ямар гарц төлөвлөгөө байгааг УИХ-ын гишүүд асуугаад байна. Нөхцөл байдал нэгэнт ийм хүнд байгаа үед бид бүгдээрээ ний нуугүй ярилцах ёстой. Тухайлбал, Хөгжлийн банкны зээлдэгчид яавал зээлээ боломжоороо төлөх бололцоо байна. Ямар гарц болоомж байгаа талаараа нээлттэй ярилцаж, Засгийн газрын шийдвэрээр зориулалтын дагуу зээл олгогдож, үйлдвэр нь баригдчихсан байгаа төслүүдийг яах ёстойгоо ярих хэрэгтэй. Манайх 2018 онд нөхцөл байдал хүндрээд ирмэгц Олон улсын Дубайн сан, Лондонгийн олон улсын сангуудад хандаж гэр хорооллыг дахин төлөвлөх төслөө танилцуулж хөрөнгө босголтын сангуудтай холбогдож, олоод 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Хөгжлийн банкинд танилцуулсан. Гэтэл ОУВС аас зөвшөөрөхгүй тул Хөгжлийн банк гадаадын эх үүсвэрээс зээл авах боломжгүй гэж хэлсэн. Дараа нь бид гадны стратегийн хөрөнгө оруулагч хайж хэд хэдэн газарт танилцуулсан. Санал солилцоход бэлэн болсон байгаа. Энэ талаараа УИХ-ын нээлттэй сонсгох үйл ажиллагаанд тодорхой танилцуулсан. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт болон Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, дэд заxирал Ж.Эрхэмбаатар нарт “Эрэл” ХХК-ийн албан тоотоор саналаа хүргүүлсэн. Мэдээж хамгийн сүүлчийн муу хувилбар бол шүүх. Шүүхгүйгээр шийдэх харилцан ашигтай маш олон гарц, гаргалгаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид яаралтай, хоёр талаасаа ширээний ард сууцгааж зөв шийдвэр гаргах ёстой гэж ойлгож байна.

Монгол хүн “Амны билгээс Ашдын билэг” гэдэг Энэ стратегийн ач холбогдолтой том үйлдвэр маань удахгүй ард түмэндээ ашиг тусаа өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна! Зөв хөгжилд хурдан орохын төлөө хүн бүр хичээн ажиллацгаая. Монголынхоо бүх ард түмэнд эрүүл энх, гэр бүлийн аз жаргалыг хүсэн ерөөе.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уранхай бүрээс, угаагаагүй шал, хураагаагүй ороо төр засгийн буруу хэмээн андууртлаа “ядуу” битгий амьдраарай DNN.mn

Улс орон, өрх гэрийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хийгээд адармаатай л байна.

УИХ-ын даргаасаа авахуулаад төр засгийн удирдлагууд иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриаллаа. Угтаа жирийн иргэд бид өнгөрсөн хугацаанд хэмнэж болох юу л байна хэмнэхийн дээдээр хэмнээд ч цалин, тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэггүй болоод удаж байна.
Хэн, хэзээ ч билээ “Монголчууд бид өдөр шөнөгүй ажиллаад авсан цалингаараа амьдардаггүй, зөвхөн амь зуухад л зарцуулдаг” хэмээсэн нь юутай үнэн үг вэ.
Угтаа амьдрах гэдэг амь зуухаас ялгаатай ойлголт юм л даа. Нийгмийн амьдрал ороо бусгаа, амьдрал асуудлаар дүүрэн байгаа ч хиртэй хувцас, уранхай бүрээс, угаагаагүй шал, хураагаагүй ор, ундуй сундуй орон гэр, банз нь хугархай хашаа хороогоо төр засгийн буруу хэмээн андууртлаа “ядуу” битгий амьдраарай. Төрд хүлээх хариуцлага, үүрэх ачаа байж болох ч хиртэй хувцас, ноорхой гэрээ цэвэрлэх үүрэг гагцүү танд л бий.
Бүгдээрээ арчаатайхан л амьдарцгаая. “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцсон Б.Тунгалаг агсан цагтаа “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” хэмээж байсан нь өнөөдөр олон хүнд нэгийг бодогдуулсан биз ээ.
Categories
мэдээ улс-төр

П.Эрхэмбаяр: Н.Чинбатын үйлдэл бол Цэцийн гишүүн Үндсэн хуулиас давсан эрхтэй гэж харуулж байна || DNN.mn

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Цэц, Дээд шүүхийн үл ойлголцол Үндсэн хуулийн маш том хямрал руу чирж орох нөхцөл байдал үүснэ-


-Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд үүссэн асуудал хуульчид төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Хоёр хоногийн өмнө Цэц дээр болсон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй холбоотой хуралдааны талаар яриагаа эхлэх үү?

-Иргэн Т-гийн мэдээллээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн асуудлыг өчигдөр (уржигдар) Үндсэн хуулийн цэц авч хэлэлцлээ. Гэхдээ Т гэх иргэнийн гомдол өмнөх ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан байсан гэсэн үг. Одоогийн Ерөнхий шүүгч нь 2021 оны зургадугаар сард томилогдсон хүн.

Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн эсрэг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргадаг зохицуулалттай байсан. Иргэн Т-гийн хэлээд байгаа гомдол бол “Би ерөнхий шүүгч рүү гомдол гаргасан. Гэтэл ажлын алба нь хариу өгөөд байгаа нь Үндсэн хуулийг зөрчөөд байна” гэсэн агуулга. Угтаа өнгөрсөн 16 жилийн хугацаанд Улсын дээд шүүх ийм л процессоор хариу өгч ирсэн. Энэ хугацаанд хуульчид ч бас ерөнхий шүүгчийн үйлдэл Үндсэн хуулийг зөрчиж байна гээд Үндсэн хуулийн Цэц рүү хандаж байсан. Тэгэхэд Цэц нэг ч удаа маргаан үүсгэхгүй явж ирсэн. Гэтэл гэнэт л маргаан үүсгээд, хуралдаан зарлаад явчихлаа. Эндээс хардлага буюу сэжүүр төрж байгаа юм.

-Цэцийн хурал ерөөсөө л ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбоотой гэх мэдээлэл түгсэн байх шүү?

-Тэгсэн. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбогдуулсан. Яагаад ганц ерөнхий шүүгчийг онилж аваад хуралдаан хийгээд байна вэ гэдэг бас л ойлголтын асуудал байгаа гэсэн үг. Гол нь ганцхан сарын хугацаанд Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд хоёр маргаан үүсч байсан тохиолдол байхгүй. Тиймээс энэхүү үйл явдал бол энэ хоёр байгууллагын дунд зодоон үүссэнийг харуулж байгаа юм. Яагаад тэд зодолдоод унав.

-Хуульч хүн юу гэж үзэж байх юм?

-Үндсэн хуулийн Цэцэд хуульчид бид мэдээлэл өгөхөөр хэрэг үүссэн эсэх нь тодорхойгүй, үүссэн ч хүмүүстээ мэдээлэл хүргэдэггүй, процессын ажиллагаа нь яаж явагддаг нь ойлгомжгүй байсаар ирсэн. Гэтэл энэ удаа ерөнхий шүүгчтэй холбоотой асуудал маш хурдан байдлаар өрнөж, маргаан үүсч, хуралдаан болж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм.

Цэц дээр маргаан үүсгэнэ гэдэг Иргэний шүүх болон Эрүүгийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шиг хурдан болдог зүйл биш. Хуульчдын хувьд нэлээд шандас шалгаж байж, Цэц дээр маргаан үүсгэдэг. Гэтэл юу болоод Цэц ийм хурдан, иргэн Т-гийн мэдээллээр маргаан үүсгэж, хуралдаан зохион байгуулж байгаа нь хардлага үүсгэж байна.

2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тоолдог байсан. Энэ хооронд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс өвддөг, хурал хойшлуулдаг, хүсэлт гаргадаг, өмгөөлөгчөө сольдог, хугацаа хожиж явсаар ял завшдаг нөхцөл байдал үүсч байсан. Харин ардын хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хурал нь тэр дороо болж, аавын хаалга татаад явчихдаг ялгамжтай нөхцөл байдал байсан.

Үүнийг 2020 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яллах дүгнэлт үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг зогсдог болгосон гэсэн үг. Энэ асуудал дээр Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Улсын дээд шүүх хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргасан явдлаас эхтэй.

-Дээд шүүх энэ сарын 9-нд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тогтоол гаргасан. Нэг ёсондоо Цэцийн шийдвэрийн эсрэг, тийм үү?

-Цэцийн шийдвэрийн эсрэг хийсэн дүр зураг харагдаад байгаа нь үнэн. Гэтэл Дээд шүүхийн тайлбараас үүдэж ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа хүмүүс Цэцээр дамжуулж Улсын дээд шүүхийн эсрэг босгох, эсвэл Цэц дээр Улсын дээд шүүхийн гаргасан тайлбарыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар маргаан үүсгүүлээд явсныг үгүйсгэхгүй.

Хуулийн талаас бол Цэцийн хоёр гишүүнийг томилж чадахгүй нэлээд хугацаа алдсаныг та бүхэн санаж байгаа байх. Ийм хийдэл байсан учраас хууль тогтоогчид 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн тухай хуулиар Цэцийн гишүүнийг шинээр томилох нөхцөл байдал үүсвэл 30 хоногийн дотор УИХ-д санал болгосон байгууллага нь шинэ гишүүнийг оруулж ирнэ гэдэг зохицуулалтыг оруулж өгсөөн. Ингээд 2021 оны арваннэгдүгээр сард Цэцийн дарга Н.Чинбат 65 нас хүрч, төрийн албаны насны дээд хязгаарт очсон. Дашрамд хэлэхэд, Цэцийн гишүүнийг эргүүлэн татах гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, өөрийнх нь хүсэлтээр, хоёрдугаарт, эрүүл мэндийн шалтгаанаар, гуравдугаарт, төрийн албаны насны дээд хязгаарт хүрсэн бол гэдэг. Тэгэхээр шинэ хуулиар Улсын дээд шүүх ажлаа л хийсэн. 30 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаад эхэлтэл Цэцийн Н.Чинбат дарга “Надаар оролдох гээд байна уу. Надад Шүүхийн тухай хуулийн заалт хамаагүй. Би мэддэг юм, яагаад гэвэл УИХ-аас намайг томидог” гэсэн үнэр үнэртэж эхэлсэн. Уг нь Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг зарчим үйлчилдэг. Гэтэл Цэцийн гишүүн бол илүү эрхтэй юм байна гэж ойлгогдохоор байна. Энэ бол Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байгаа асуудал.

-Тэгэхээр ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа хийсэн гэж та хэлж байгаа хэрэг үү?

-Ерөөсөө л тийм. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хууль зөв хэрэглэх талаар гаргасан тайлбар. Нэг ёсондоо багаараа тойрч суугаад шийдэж байгаа. Гэтэл яагаад тэр дундаас ганц ерөнхий шүүгчийг нь дуудаж авчраад маргаан үүсгээд байгаа юм бэ гэдэг нь хачирхалтай.

-Цэцийн тухай асуудал улиг болтлоо яригдаж байгаа. Улс төрийн хамааралтай, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа гээд ярих зүйл их бий. Өнөөдөр ч энэ асуудал хурцаар яригдаж байх шиг?

-Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байна гэдэг боловч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, хуулиа дагаж мөрдөх, Үндсэн хуулиа хамгаалж, хяналт хийж чадахгүй байна гэж харж байгаа. Процессын хууль гэж бий. Тодруулбал, Цэц дээр маргаан хянан шийдвэрлэх хууль. Энэ хууль дээр заасан хугацаа тодорхой биш, хугацаа байсан ч бусад зүйл заалтыг ерөөс дагаж мөрддөггүй асуудал олон. Ийм кейс ч олон бий.

Цэцийн гишүүнээр томилогдож байгаа хүн ёс зүйн маш өндөр хариуцлагатай, сахилга баттай, жинхэнэ хүний дээд байх ёстой. Гэтэл Цэцэд томилогдохын тулд, эсвэл томилогдож очоод хэн нэгний үүрэг даалгаврыг биелүүлэхээр очсон юм биш үү гэж хардмаар хүмүүс өнөөдрийг хүртэл суудал бөглөн Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна гэж харж байгаа.

-Н.Чинбат даргын тэтгэврийн насан дээр нэлээд ньюанс яригдаад байна уу даа. Чухал үндэслэл мөн үү?

-Н.Чинбат дарга томилогдсоноос хойш хамгийн их зөрчил гарч эхэлсэн гэж хэлнэ. Жишээ нь, процессынхоо хуулийг дагаж мөрддөггүй. Хурал хэзээ болох, мэдээлэл гаргасан хүнд яаж мэдэгдэх. Хуваарилалтыг хэрхэн хийдэг, программаар хуваарилдаг юм уу, Цэцийн дарга нь шууд цохдог уу гэх мэт процессын зөрчлүүд бий. Хууль хэрэглээний талаас ч гаргаж байгаа тайлбарууд нь эрх зүйн шинжлэх ухааны онолоос зөрдөг, маш их хэл ам дагуулсаар байна. Үнэхээр Цэцийн дарга Н.Чинбат ёс суртахуунтай, ажилдаа сэтгэлтэй, Үндсэн хуульд хяналтаа цэвэр тавьчихъя гэдэг байсан бол хэл амгүй байх ёстой. Тэр хүн 65 нас хүрсэн ч томилогдсон хугацааг нь дуустал ажиллуулчих юмсан гэдэг дүр зураг харагдана аа даа. Байхгүй шүү дээ.

-Тэгвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг гэж ямар хүн юм бэ. Улс төрийн том хэргүүд дээр баталгаа, дэнчин нэрээр их хэмжээний мөнгө шүүхийн дансанд байршуулсан гэх зэргээр асуудлыг ярих боллоо?

-Д.Ганзриг шүүгчийг би танихгүй. Би өөрөө С.Баяр, С.Баярцогтын шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөр оролцож байсан хүн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогтзандан шүүгч шийдэж байсан. Тэр шүүгч халдашгүй, хараат байж шийдвэрээ гаргасан байж таараа. Дэнчин баталгааг Цогтзандан шүүгч ярьж л байсан асуудал.

-Ямартаа ч хууль, шүүхийн дээд байгууллага ингэж зодолдох сайны шинж биш байх аа?

-Монгол Улс байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдана шүү дээ. Энэ хоёр байгууллагын үл ойлголцол, хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол юун улс үндэстний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө вэ. Үндсэн хуулийн маш том хямрал руу чирж орох нөхцөл байдал үүснэ. Аль нэг улстөрчийн утсан хүүхэлдэй болж, түүний өгсөн үүрэг даалгавраар ажил хийдэг болох юм бол энэ улсад хууль байх, хүний эрх чөлөөг ярих ямар ч үндэслэл байхгүй болно гэсэн үг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Тал тал руу хөрөнгө хүчээ тарамдуулж байхаар 2-3 салбараа бодитойгоор дэмжмээр байна || DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хаврын чуулганы онцлог юу байна. Ямар ямар хуулийн төслүүд дээр түлхүү анхаарч ажиллаж байна?

-Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас баталсантай холбоотойгоор тус бодлогыг үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зорьж байна. Цар тахлын нөхцөл байдал эхэн үеэ бодвол намжмал байдалд шилжлээ. Тийм учраас эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэхэд тал талаасаа анхаарч байгаа. Мөн ОХУ болон Украины дунд үүссэн дайнтай холбоотойгоор манай улсын эдийн засаг хүндэрч, экспорт саарах төлөвтэй байна. БНХАУ цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээгээ төдийлөн сулруулахгүй, айдастай байна. Хөрш улсад үүссэн нөхцөл байдлаас үүдэн импортлогч манай улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа учраас энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Харин хуулийн төслүүдийн тухайд Төмөр замын тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Өмнө нь манай улс Улаанбаатар төмөр зам хэмээх ганцхан компанитай байлаа. Тэгвэл одоо төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, төмөр замын дэд бүтэцтэй боллоо.Тиймээс төмөр замаа нэлээн либералчлах шаардлага тулгарч байна. Төмөр замын тухай хуулийг нэлээд либерал хууль болгохоор үг, үсэг нэг бүр дээр нь анхаарч, хуулийн зохицуулалт дээр нь ажиллаж байна. Түүнчлэн хэд хэдэн ч ажлын хэсэг ахалж байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гарсан. Өнөөдөр Монгол Улс даяар шүлхий өвчинд бүрэн баригдчихлаа. Шүлхий гараагүй аймаг, сум гэж байхгүй боллоо. Энэ чиглэлд нэлээд далайцтай арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Мөн Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдаад 10 гаруй жил болсон боловч хэрэгжилт нь нойл байна. Биржийн үйл ажиллагаа үндсэндээ огт явахгүй байна. Харин биржээр бараа бүтээгдэхүүн зарагдсан гэх нэрээр зүгээр л цаас үйлдвэрлэдэг ажилтай болсон. Цар тахлаас өмнө 10 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүн мэдээ байна лээ. Угтаа 10 тэрбум төгрөгийн цаас зарсан байгаа байхгүй юу. Намрын чуулган завсарлахын өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль УИХ-д орж ирсэн. Энэ бол маш чухал хууль. Ер нь бол уул уурхайтай холбоотой төрийн байгууллагууд болоод хувийн ААН, компаниуд сонгон шалгаруулалт явуулаад бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Тиймээс энэ байдлыг цогцоор нь шийдэж, олон улсын технологи руу оруулж, биржээр худалдаалдаг болох нь зүйтэй. Олон улсын зах зээл рүү уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг ойртуулахад уг хууль чиглэж байгаа юм. Ноос, ноолууртай холбоотой УИХ-ын даргын захирамж гараад уг ажлын хэсгийг мөн ахлан ажиллаж байна. Энэ мэтчилэн энэ удаагийн хаврын чуулганаар анхаарч ажиллах ажил, хуулийн төслүүд олон бий. -Улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа талаар та хэллээ. Энэ жил манай улс 18 их наяд төгрөгийн төсөв баталсан. Хоёр хөршөөсөө хараат, импортлогч орны хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн сайжруулах гарц гаргалгаа байна вэ?

-Манай улс дотоодын нөөц бололцоогоо хамгийн их ашиглах ёстой болж байна. Би шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн шинэ сэргэлт салбар хуралдаанд суусан. Дотоод нөөц бололцоогоо хангасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүр үйлдвэрлэгч болох, ААН-үүдээ дэмжих бодлого явуулж, дотооддоо орлого олох тал руугаа бид явах бодлогыг барьж байна. Миний хувьд анх Шинэ хөдөө төслийг санаачлан Булган аймагт хэрэгжүүлсэн. Уг төслийг сүүлийн жилүүдэд 12 аймагт хэрэгжүүлээд байна.Одоо хөрөнгө оруулалт шууд шингэдэг барилга байгууламж, зам тавих биш буцаж эргэдэг хөрөнгө оруулалтуудыг хиймээр байна. Нэн тэргүүнд манай улсад хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэлийн салбаруудад хөрөнгө оруулалтуудаа хийх нь чухал байгааг ч иргэд, бизнес эрхлэгчид хэлж байна. Мөнгө эргэлддэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ашиг олдог үйлдвэрүүддээ анхаарч ажиллах талаар санал санаачилга гаргаж байна. Бид наад зах нь алт хөтөлбөрөө хэрэгжүүлж, валютын нөөцөө зузаатгах хэрэгтэй. Уул уурхайн сайдтай уулзаад ярилцаж байхад хайгуулын лицензээ хав дарах биш, хайгуул хийхийг хүссэн шаардлага хангасан ААН-үүдэд нь өгчих хэрэгтэй гэж байна лээ. Тэр нь ч зөв. Өөрсдөө дотоодын хэрэгцээгээ хангадаг болох нэн шаардлагатай байна. Наад зах нь тавгийнхаа чихрийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Японд өндөр үнээр будаагаа худалдаж авдаг гэх шүүмжлэл байдаг юм билээ. Үүний хариуд төр нь “Үнэтэй гэх будааг манай улсын тариаланчид тарьж, ашиг олж, амьжиргаагаа залгуулдаг. Бид хямдхан будаа хэрэглэе гэвэл БНХАУ-аас худалдаад авчихаж болно. Нэг хэсэг иргэд эндээс амьжиргаагаа залгуулдаг” гэсэн хариулт өгдөг юм билээ. Үүнтэй ижил импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс таван хувийн татвар авч байна. Тэгвэл татвараа нэмэгдүүлж, дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлж, түүгээрээ улсынхаа ЖДҮ-ийг хөгжүүлмээр байна. ОХУ-д сүүлийн жилүүдэд Европын хоригт байгаа. Гэтэл тус улсын аж үйлдвэрийн салбар нь сүүлийн жилүүдэд 34 хувиар өссөн байх жишээтэй. Энэ бол гаднаа хоригтой байгаа хэдий ч дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарч байгаагийн илрэл.

-Үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд аж үйлдвэрийг хөгжүүлэх, гоё гоё нэртэй үйлдвэр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дотоодын зах зээлээ дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар улиг болтол ярьсаар ирсэн. Хамгийн гол нь яагаад бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгөхгүй байна вэ. Одоо болтол малынхаа арьсыг ч боловсруулж, үнэд хүргэж чадахгүй л байна шүү дээ?

-Зах зээлээ хамгийн түрүүнд нээх ёстой. Зах зээл хаалттай үед бид хүнээ сургана, технологио сайжруулна, малынхаа чанарт анхаарна гэх мэтээр мянган сайхан зүйл яриад нэмэргүй. Миний бие Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байх үед БНСУ-д айлчлал хийж байх үеэр тус улсын Ерөнхийлөгч хажуудаа хэдэн бизнес эрхлэгч суулгачихсан “Манай бизнес эрхлэгчдийг та бүхэн дэмжээрэй” хэмээн хэлж байсан. Би тухайн үед “Ямар лоббичин ерөнхийлөгч вэ” гэж бодож байсан. Гэтэл үгүй юм билээ. Энэ бол дотоодын ААН- үүдээ ямар нэгэн байдлаар босгох, бодитоор дэмжих оролдлого байсан юм билээ. Одоо манайхан ямар нэг аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих талаар ярихаар “Наад чинь хэний компани вэ, Эзэн нь хэн юм, Улаан өнгөтэй юм уу, цэнхэр өнгөтэй намын хүн юм уу” гэх мэтээр хардаж сэрдээд эхэлдэг. Наад зах нь энэ байдлаа орхимоор байна. Сүүний чиглэлийн 50 үйлдвэрийг дэмжих бодлого гаргасан бол улаан, ногоон, цэнхэр аль нь байх нь хамаагүй бодитоор дэмжиж, үр дүнд хүрмээр байна. Одоо бид тал тал руу хөрөнгө хүчээ тарамдуулж байхаар бодитойгоор 2-3 салбараа дэмжмээр байна. Би Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Боловсрол, эрүүл мэндийн салбарыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Дээр нь ЖДҮ, Хөдөө аж ахуйн санг дэмжинэ гэвэл би сайдынхаа багцнаас өгье” гэдгийг хэлж байсан. Үр нөлөө богино хугацаанд өгч болохуйц салбаруудаа бодитойгоор дэмжмээр байна. Таны хэлж байгаачлан хэт их ярьж, ажил хэрэг бололгүй удсанаас иргэд бүр дөжирчихсөн. Анх намайг “Шинэ хөдөө” гээд ярихаар өөдөөс огт өөр юм ярьдаг байсан. Олон жил улиг болтол ярьчихаар үр дүн гарна гэдэгт итгэхгүй байсан. Харин дараа жилээс нь ажил хэрэг болгоод эхлэхээр хүн бүр сонирхоод ирсэн. Энэ мэтчилэн болохгүй байгаа ажлыг барьж авч ажил хэрэг болгох нь чухал байна. Хэрэв ингэж чадахгүй бол таны хэлснээр ярьсаар улиг болсоор л байна. Хоёрдугаарт, зах зээлийг нь нээх шийдлүүдийг гаргахгүй бол үйлдвэрүүд хөгжих боломж алга.

-Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хамгийн гол нь тэр төсөл хөтөлбөр нь үр дүнд хүрдэггүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, танил талдаа өгөөд дуусгачихдаг. Зориулах ёстой газарт зориулах мөнгийг замаас нь бултуулдаг, хяналтгүй төрийн бодлогын уршиг ч аж үйлдвэрийн салбарын уналтад болоод бүх салбарын уналтад нөлөөлсөн. Цаашид энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Өөртөө чинь санал нэг байна. Шат шатандаа санаачилсан ажлаа бодит ажил хэрэг болгож чадахгүй олон жил явж ирлээ. Үнэндээ менежерүүдээс л хамаг юм шалтгаалдаг ш дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, сайд нар, газрын дарга нар, аймгийн дарга нар, сумын дарга нар гээд энэ бүх менежэрүүдээс олон зүйл шалтгаалдаг. Энэ хүмүүсийн бодлого нэг, зорилго нэг байх юм бол санаачилсан ажил хэргүүд бодит ажил хэрэг болоод л явна. Дээрээс нэг бодлого гаргахаар дунд түвшиндээ алдагддаг. Дунд түвшиндээ хэрэгжлээ гэхэд доод түвшиндээ байдаггүй. Энэ бол цаад утгаараа манай боловсон хүчинтэй холбоотой асуудал юм билээ.Бидний хөгжлийн түвшин, боловсон хүчний чадавх, менежэрүүдийг томилдог систем, зарчим ямар байна. Нам дагасан боловсон хүчний томилгоо ч ямар байгаа билээ. Ингээд бодохоор маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Аливаад хандах хандлага маш чухал байна. Үе үеийн олон сайдтай ярилцаж байсан. Гол түлхүүрээ түлхэж чаддаггүй ч хүмүүс байна. Мөн төрийн бодлого механизмыг гүйцэлдүүлэхэд ямар механизм ашиглах дээр ч дутуу дулимаг байна. Энэ мэтчилэн маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

-Манай улс дэлхийн ноолуурын 50 орчим хувийг нийлүүлдэг. Гэтэл үүнийхээ үр шимийг мөн л хүртэж чадахгүй байна. Тухайлбал, та ноос, ноолуурын холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс дангаараа нийлүүлж байна. Гэтэл гаргаж байгаа ноолуурынхаа 80 хувийг шууд гаргаж байгаа бол ес орчим хувиар нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол үлдсэн 11 орчим хувийг нь самнаад гаргаж байна. Итали руу ганц нэгхэн компани самнасан ноолуур гаргаж байгааг эс тооцвол бараг 100 хувь БНХАУ руу ноолуураа экспортолж байна. Гэтэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг Европын орнууд болоод Итали улс ноолуурын зах зээлийн гол түүхий эд үйлдвэрлэгчийг БНХАУ хэмээн ойлгож байна. Дэлхийн зах зээл дээр жилд 20 орчим тэрбум ам. долларын ноолууран бүтээгдэхүүн жилдээ хэрэглэдэг талаар судалгаа бий. Тэгвэл энэхүү 20 тэрбум ам.долларын 10 тэрбум ам.долларынх нь бүтээгдэхүүний түүхий эдийг бид нийлүүлж байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө бид Монгол Улсдаа 240 орчим сая долларын ашиг ноолуурын зах зээлээс олж байна. Нэг ёсондоо дэлхийн ноолуурын зах зээлийг эзлэх боломжтой түүхий эдийнхээ 90 орчим хувийг ямар ч нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргачихаж байна. Тийм учраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг батлуулж, дотоодын компаниуд БНХАУ-ын ченжүүдтэй зэрэгцэж ноолуур худалдаж авдаг болсноор сүүлийн жилүүдэд дотоодын ноолуурын үнэ өссөн шүү дээ. Цаашлаад 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс угаасан ноолуур гадагшаа гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Ноолуурыг заавал самнаж байж, дараагийн бүтээгдэхүүн болгож байж гадагшаа гаргах шийдвэр гарсан. Монголд зөвхөн ноолуурын баас шээсийг арилгачихаад гаргадаг байдлыг ийнхүү хориглосон.

-Манай улсын шатахууны хэрэглээ ОХУ-аас бүрэн хараат байна. Сүүлийн үед шатахууны үнэ өсөлт дээр ямар арга хэмжээ авч байна?

-Би саяхныг хүртэл шатахууны үнийн өсөлтийн талаар ойлголт багатай байлаа. Ингээд уул уурхайн сайдаас мэдээлэл авахад яг үнэндээ олон жил шатахууны үнийг төрөөс барьж ирсэн. Ингээд бодит зах зээл дээр өртгөөсөө доогуур нийлүүлэх шаардлагыг шатахуун импортлогчдод тавиад байсан юм билээ. Ингээд зах зээлийнхээ зарчмын дагуу яваад ирэхээр цаанаас оруулж ирж байгаа үнэтэйгээ уялдаад нэмэгдэж байгаа юм билээ. Хоёрдугаарт, миний бие Уул уурхайн сайд Г.Ёндонтой Москвад ажиллах үеэр ОХУ-ын талаас “Ямар ч байсан шатахууны импортоо тасалдуулахгүй гэдгээ хэлсэн. Харин үнийн хувьд тогтвортой барьж чадахгүй. Зах зээлийн зарчмын дагуу явах ёстой” гэдгийг хэлсэн. Мөн ОХУ гадагшаа гаргахгүй байх 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтад бордоо орсон. Бордоо тэсрэх бодисын түүхий эд учраас цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүний жагсаалтад орж гадагшаа гаргахыг хориглосон юм билээ. Гэтэл манайхан ОХУ-аас бордоо авч тэсрэх бодис үйлдвэрлэхгүй бол бүх уул уурхай зогсох магадлалтай. Манай улсын уул уурхай зогсоно гэдэг бол манай улсын эдийн засаг нам зогсоно. Тийм учраас манай улсад ОХУ-ын талаас бордоо нийлүүлэхээ илэрхийлсэн.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон тохиолдлын нэг || DNN.mn


Энэ долоо хоногт УИХын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 34.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд зарцуулах талаар хэлэлцсэн юм. Тус төслийн хүрээнд 14 мянган малын хашаа, хороог сайжруулахаар тусгасан нь маргаан дагуулаад байна. Тиймээс УИХын гишүүдээс уг төслийн талаар ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Speak out” буландаа онцолж байна.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон тохиолдлын нэг


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Төсвийн байнгын хороон дээр тус асуудалтай холбоотой гол шүгэл үлээсэн хүн бол би. Хэдийгээр Азийн хөгжлийн банкны зээл гэсэн нэртэй боловч энэ бол Монгол Улсын төсвийн мөнгөтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, эргээд улсын төсвөөс өндөр хүүтэйгээр эргэн төлөгдөх мөнгө. Азийн хөгжлийн банк болоод бусад байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр элдэв төрлийн зээл тусламж авч, төсөл хөтөлбөр санхүүжүүлж байгаа зээлийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, анхнаасаа төлөвлөлтөө зөв хийж, зөв зүйлд зарцуулж, үр ашигаа өгдөг байх ёстой. Энэ асуудлыг анх танилцуулахдаа 14 мянган малын хашаа хороог сайжруулах гэсэн нэрээр оруулж ирсэн. Миний бие Төсвийн байнгын хороон дээр асуудал хариуцсан дарга нараас нь асуухад тодорхой санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, зохицуулалт хийх гэх мэт эрээвэр хураавар, тодорхойгүй хариулт өгсөн. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр анхнаасаа энэ төсөл зөв төлөвлөлттэй орж ирээгүй гэдгийг л харуулж байгаа юм. Бид энэ мэт тодорхойгүй төслүүдийг дэмжих боломжгүй. Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон арван тохиолдлын нэг. Энэ онд 177 нэр бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжсэн гэдгийг ХХААХҮ яамны холбогдох мэргэжилтнүүд нь хэлж байна. Төсөл нэг бүрийн үнийн дүнг нэмэх юм бол чамлахааргүй өндөр дүн гарна. Энэ бүхний араас зөв төлөвлөлт хийх ёстой. Зээл олгогч байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой.Энэ бол нэг талдаа бидний л буруу. Нөгөө талаас Засгийн газар асуудалд бодлогогүй, тооцоогүй, хариуцлагагүй, төлөвлөлтгүй орж ирж байна. Ийм байж болохгүй. Бид цаашид хянамгай байхгүй бол болохгүй. Тэр дундаа Төсвийн байнгын хорооныхон. Улсын эдийн засаг хүндэрч, өр зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр жил гаруй хугацаанд нөхцөл байдал хүндэрсэн. Үргэлжлүүлээд ОХУ- Украины зэвсэгт мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс ийм нөхцөл байдалд аль болох бүсээ чангалж, төсвийн сахилга бат, хариуцлагатай байж эрсдэл багатай даван туулна. Бид асуудлуудаа эрэмбэлж чухал зүйлдээ байгаа багахан төсвөө зарцуулдаг байх шаардлагатай.

Өнөөдөр ХАА салбарт тулгамдаж байгаа гол асуудал бол малын эрүүл мэнд, шүлхий болчихоод байна. Малаа эрүүлжүүлэх тал дээр тодорхой хэмжээний төсөв мөнгө тавих шаардлагатай байна. Энэ ажилд хамгийн багадаа 90 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Ядаж энэ ажилдаа зарцуулах хэрэгтэй. Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн зориулалт зарцуулалт, зорилгыг нь өөрчлөх санал гаргасан.


Ж.Бат-Эрдэнэ: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн малыг уламжлалттай ижил шургаа ган хашаагаар хашчихаад дотор нь өсгөж, үржүүлэх ямар ч боломжгүй


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Үнэндээ яг ч малын хашаа хороо барих асуудал биш юм билээ. Анх уг төслийн талаар цахим орчинд тарсан мэдээлэл буруу ойлголттой явчихсан юм билээ. Өөрөөр хэлбэл, малчдын шургааган хашаа хороог нь засч, янзалж өгөх гэж байгаа мэт ойлголт явсан. Миний хувьд тус төслийн материалтай танилцсан. Бид эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд анхаарч ажиллах талаар олон жил ярьж байгаа. Энэ ажлыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд авч хэрэгжүүлэх ёстой ажлын нэг гэж би харж байгаа. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж төл малыг богино хугацаанд тэжээж, өндөр үр өгөөж хүртэх, гадагшаа гаргахын тулд малаа уламжлалт аргаар хариулах биш, тусгай зориулалтын хашаа, хашилга бэлдэх хэрэгтэй. Монголчууд эртнээс жилийн дөрвөн улиралд бэлчээрийн төлөвлөлтөө зөв хийж, бэлчээрээ сэлгэж, хашиж хамгаалсаар ирсэн. Тус зээл мөн уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан зээл.Өөрөөр хэлбэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй хувь нэмэр. Богино хугацаанд өндөр үр ашиг өгөх эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн малыг уламжлалт мал аж ахуйтай ижил шургааган хашаагаар хашчихаад дотор нь өсгөж, үржүүлэх ямар ч боломж байхгүй. Та бүхэн мэдэж байгаа, бод болон бог мал өвлийн улиралд жингээ их алддаг. Харин малын жинг бууруулахгүй байх ганц арга нь дулаан хашаа, хороо байр барих явдал юм байна. Тийм учраас Азийн хөгжлийн банкнаас авах 34.5 сая ам.долларын зээлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, малчдад дулаан хашаа хороо барихад нь дэмжлэг үзүүлэхийг л зорьсон юм билээ. Түүнээс биш малчин өрх бүрийн шургааган хашааг солих асуудал биш юм билээ. Эрчимжсэн мал аж ахуйн талаар олон жил ярьсаар ирсэн. Харамсалтай нь түүнийгээ бодит ажил хэрэг болгох хүн алга. Тиймээс энэ суурийг тавих асуудал яригдаж байгаа юм билээ. Харамсалтай нь нэршлээсээ болж олон нийтэд анхнаасаа буруу зөрүү ойлголт өгснөөсөө болоод байнгын хорооны дэмжлэг авч чадаагүй.


Б.Пүрэвдорж: Ийм байдлаар улсын өрийг нэмэгдүүлж болохгүй


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр буюу 34 сая ам.доллараар дөрвөн аймгийн нэлээд олон сумыг хамарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл 34 сая ам.доллар гэдэг бол төгрөгөөр 100 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр малын хашаа хороо барих, засах, түүнчлэн 328 худаг, 20 тэжээлийн цэг байгуулах зэргээр зарцуулах юм билээ. Гэтэл энэ зардлын хажуугаар тус төслийн урсгал зардал нь 30 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр төсөлд ажиллаж байгаа хэдхэн хүнийг таргалуулаад байдаг жишиг байж болохгүй. Дээр нь үлдсэн 30 гаруй тэрбум төгрөгийг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. Ийм байдлаар улсын өрийг нэмэгдүүлж болохгүй. Тийм учраас миний бие уг төсөл дээр эсрэг байр суурьтай байгаа. Цаашид бид УИХ, Засгийн газрын түвшинд оруулж ирсэн төсөл дээр анхааралтай ажиллах ёстой. Угтаа дээрх төслийг анх санаачилсан хүн нь Ч.Улаан сайд. Тэрээр Сангийн сайд байхдаа дээрх байдлаар Монголын өрийг нэмэгдүүлж байсан. Цаашид үүнээс сургамж авч Засгийн газар аливаа төсөл, хөтөлбөрүүд дээрээ анхааралтай ажиллаж, үр ашигтай байх тал дээр анхаарах нь зүйтэй.


Б.Энх-Амгалан: Өндөр үр өгөөжтэй мах, сүүний чиглэлийн мал аж ахуйг дэмжих төсөл бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Миний хувьд уг төслийг анх хараад ийм асуудал байж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Мал маллахаа марксизмаар заалгадаггүй монголчууд малынхаа хашааг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болоод тус банкны зөвлөх үйлчилгээгээр барина гэж байхгүй гэсэн байр суурьтай байсан. Харин өнөөдөр ирүүлсэн тайлбараар уг төсөл бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой бус фермерийн мал аж ахуйг тодорхой хэмжээгээр дэмжиж, өндөр үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэгдсэн гэж байна. Учир нь үйлдвэр угшил сайтай, өндөр үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн бус зориулалтын хашаа хороотой, хадлан тэжээлтэй байх ёстой гэсэн тайлбарыг хэлсэн. Асуудлаа эргүүлэн татчихсан. Харин дахин оруулж ирэхдээ ямар байдлаар оруулж ирэхийг нь харж байя. Үнэхээр малчдад малын хашаа барьж өгөх төсөл бол дэмжихгүй. Мал төрийн өмч биш, хувийн өмч болоод олон жил болж байна. Харин өндөр үр өгөөжтэй мах, сүүний чиглэлийн мал аж ахуйг дэмжих төсөл бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Бид малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах ёстой. Одоо бид малаас гарч байгаа түүхий эд арьс шир, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж ашиглаж чадаж байгаа билүү. Түүнчлэн ноос, ноолуур болон бусад түүхий эдийг бүрэн ашиглаж чадвал малын ашиг шим өндөр. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн хэрээр давжаа болж байна. Тийм учраас малын таваарлаг шинж чанарыг сайжруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа энэ цаг үед, монгол малыг усны доройтол, бэлчээрийн хомсдол толгойны өвчин болж байхад, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж,үйлдэр угсааг сайжруулах шаардлагатай байна. Монголчуудын өлсөхгүй, цангахгүй яваа нь мал,малчин хоёрын буян. Тиймээс малаа зөв эргэлтэд оруулж, ашиглах нь зүйтэй. Төрийн бодлого ч ийшээ чиглэх ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Чинзориг: Төгрөгийн зээл авсан ААН-үүдийн ханшийн зөрүү болох 210 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банк хүлээх эрсдэлд орсон || DNN.mn


УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


– Иргэд,сонгогчид гишүүдээ өөрсдийн гараар барьж үзэж, имэрч, дуу хоолойг нь сонсож байж сонгодог байх нь дээр –


-Энэ удаагийн хаврын чуулганы онцлогийг юу гэж харж байна

-Энэ удаагийн хаврын чуулган нэлээд онцлогтой явагдах нь хэмээн таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, Орос-Украины харилцааны асуудал нэлээд хурцадмал байдалтай байгаагаас үүдэн дэлхийн улс орнуудын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх байх. Тэр дундаа хөрш ОХУ-д үүссэн нөхцөл байдал манай улсын иргэдийн амьжиргаа, эдийн засаг санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлөх бол гэсэн эгзэгтэй, болгоомжлол өндөртэй үед хаврын чуулган нээлтээ хийлээ. Нөгөө талаас энэ удаагийн парламент шинээр бүрэлдээд бүрэн эрхийн хугацааныхаа тал хувийг эдэлчихлээ. Тэгвэл үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг энэ онд түлхүү барьж ажиллах төлөвтэй байна. Тиймээс олон улсын харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүд манай улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл юу байх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж ажиллах байх. Мөн энэ хаврын чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэнэ. Юуны өмнө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эхний хоёр жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэнэ. Засгийн газрын бүрэн эрхийн мөн адил 50 хувь нь өнгөрчихсөн байгаа энэ үед Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа гэдгийг ярилцах нь чухал. Энэ бүхэн дээрээ үндэслэж, үлдсэн хугацаанд Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс дутуу байгаа, нөхөж гүйцээх шаардлагатай ямар ажлууд байгаа зэрэгт анхаарч ажиллана.

Дараагийн ээлжинд улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах болов уу хэмээн бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаа. Хаврын чуулганаар улс төрийн намуудын тогтолцоог өөрчилж, төлөвшлийг бэхжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлага бий болсон. Нөгөө талаас олон улсын харилцаанд гарч байгаа өөрчлөлт, ковидын цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад хил гаалийн асуудал хаалттай тодорхой хугацаа өнгөрүүлж байна. Үүнээс үүдэн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд юу байна. Нөгөө талаас экспортыг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх, үүнээс шалтгаалаад үнийн өндөр өсөлтөд орчихгүй, иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх гэх мэт төсөв санхүү, эдийн засагт энэ хаврын чуулганаар голлон анхаарах болов уу гэж бодож байна.

-Та ямар ямар хуулийн төсөл дээр ажиллах вэ?

-Миний тухайд энэ удаагийн хаврын чуулганаар хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Тус ажлын хэсэгт орж ажиллаж байсан гишүүдийнхээ хувьд Засгийн газрын хоёр жилийн хөтөлбөрийн тайланд анхаарал хандуулна. Бид дөрвөн жилийн өмнө иргэддээ юу амлаж байв. Аль нь биелж, аль нь биелээгүй байна гэдэг дээр анхаарч ажиллана. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Монгол Улс хөгжлийн бодлоготой байж, тэр нь тогтвортой байхаар заасан. Үүний дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулж, манай улс урт, дунд, богино хугацааны буюу нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй ажилладаг болсон. Тиймээс 2023 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөөг Засгийн газраас тавдугаар сард өргөн барих ёстой. Энэ жилийн төлөвлөгөөн дээр голлон анхаарч ажиллана

-Ковидын тухай хуулиар Засгийн газарт ихээхэн хэмжээний эрх мэдэл төвлөрсөн. Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг байдал алдагдсан хэмээн иргэд шүүмжлэлтэй ханддаг. Хэрэв ийм их эрх мэдэл өөртөө төвлөрүүлчихээд Засгийн газар тайлангаараа муу ажилласан бол үлдсэн хугацаанд нөхөж сайжруулах боломжтой болов уу?

-Тайлангийн мэдээлэл удахгүй гарах учраас яг одоо Засгийн газрын үйл ажиллагааны тайлангийн талаар урьдчилан хэлэхэд эрт байна. Гэсэн хэдий ч энэ удаагийн Засгийн газар үе үеийн Засгийн газраас амаргүй хүнд үед ажилласан гэдгийг бид хаа хаанаа ойлгох учиртай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ажилласан. Өмнө нь бидэнд ийм олон жил үргэлжилсэн, олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон цар тахлын үед ажиллаж, амьдарч байсан туршлага байхгүй. Тийм учраас Засгийн газрыг УИХ дэмжиж ажилласан. Зарим иргэд Гамшгийн хуулиар зохицуулж болох харилцааг заавал бие даасан хууль гаргаж Засгийн газарт, УИХ бүрэн эрхээ шилжүүлсэн хэмээн шүүмжилсэн асуудлууд бий. Яагаад ийм арга хэмжээ авсан бэ гэхээр Засгийн газар богино хугацаанд бодлого, төлөвлөлт гаргах,шийдвэр гаргах боломж бололцоогоор хангах шаардлага зайлшгүй үүссэн учраас УИХ-аас бие даасан хууль гаргасан. Гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд УИХ-д хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, онцгой эрх нь хадгалагддаг. Тиймээс УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар оновчтой, сайн ажиллаж чадсан эсэх дээр хяналт тавих бүрэн боломжтой учраас энэ эрхийнхээ хүрээнд тавих ёстой хяналтаа тавина.

-Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. Одоо ч орлого зарлагын тэнцэл алдагдалтай байна. Энэ онд хамгийн өндөр төсөв баталлаа шүү дээ?

-УИХ-ын Намрын чуулганаар 2022 оны улсын төсвийг баталсан. Түүхэндээ хамгийн өндөр буюу 18 их наяд төгрөгийн төсөв батлагдсан. Ийм өндөр төсвийг цар тахлын дэгдэлт буураагүй, хил гааль хаалттай энэ үед хэрхэн бүрэн хангах тал дээр анхаарал хандуулж, онцгой дэглэмээр ажиллахаас өөр аргагүй гэж бодож байгаа. Бид өнгөрсөн жил 30 гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөж байсан боловч бодит байдал дээр 20 сая тонн ч хүрэхгүй нүүрс экспортод гаргасан. Тийм учраас хил гаалийн нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд зарим чиглэлээр шинэ төмөр замын гарц нээх Засгийн газрын бодлого шийдвэрийг УИХ-аас дэмжиж, тодорхой шийдвэр гаргасан. Амаргүй нөхцөлд УИХ, Засгийн газар онцгой нөхцөлд ажиллахаас өөр аргагүй. Гэхдээ аливаа юм эерэг болон сөрөг талтай. Коронвирусийн цар тахлын улмаас хил гааль хаагдсан үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, алт, зэсийн үнэ дэлхийн түүхэнд анх ундаагаа өндөр үзүүлэлттэй байна. Энэ алтан боломжийг бид ашиглах шаардлагатай байна.Нөгөө талаар хил гааль хаалттай байгаа учраас экспортын бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэхгүй байх сөрөг талтай байна. Энэ сөрөг талаа эерэг тал болгож уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр ханштай байгаа энэ үед уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах талаар гарц гаргалгаа бодож олох, шийдэл гаргах шаардлагатай.Ингэж чадвал энэ хүнд үеийг хохирол багатай давж, туулах байх хэмээн бодож байна. Саяхан Монголбанкнаас гаргасан мэдээллийг харж байхад төлбөрийн тэнцэл 200 гаруй сая долларын хасах дүнтэй гарсан байна. Энэ бол манай улсын экспортын бүтээгдэхүүний борлуулалт зогссонтой холбоотой. Энэ тоог багасгах, цаашлаад нэмэх рүү оруулахын төлөө төр засаг анхаарлаа хандуулах ёстой.

-Орлогоосоо зарлага нь давчихсан энэ үед ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цаашид манай улсын эдийн засаг энэ нэмэгдлийг даах болов уу?

-Иргэдийн амьжиргааны түвшин буурч, бараа бүтээгдэхүүний хомсдол тодорхой хэмжээгээр үүсч, үнийн өсөлт бий болсон учраас орлого багатай, нийгмийн эмзэг давхаргад хамаарч байгаа иргэдийн амьжиргааны түвшинг одоо байгаагаас нь дордуулахгүй байх нь төр засгийн үүрэг. Тиймээс эмзэг бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ХНХЯ-ны сайдаар ажиллаж байсныхаа хувьд, цаг үргэлж байр сууриа илэрхийлж ирсэн. Засгийн газраас НДС-гаас олгодог ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэлээ. Бусад тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж нийт 637 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэний дагуу ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийг зөв зүйтэй арга хэмжээ болсон хэмээн үзэж байгаа. Учир нь ахмадууд хамгийн орлого багатай, эмзэг бүлэгт хамаардаг.Тиймээс үнийн өсөлтөд хамгийн түрүүнд ахмадууд өртдөг учраас ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх цаг нь болсон. Нөгөө талаас өөрийн таны хэлж байгаа болгоомжлол ор үндэсгүй зүйл бол биш. Дараа жил дахин 637 тэрбум төгрөгийн орлого төсөв дээр нэмж бүрдүүлнэ гэдэг амаргүй. Ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотгол хийхдээ 300 гаруй тэрбум төгрөгийг Төсвийг ерөнхийлөн захирагч нарын төсвийг 15 орчим хувиар танах байдлаар эх үүсвэрийг нь шийдсэн. Гэхдээ ирэх жил НДС-гийн алдагдлыг нэг их наяд төгрөгт хүргэчих сөрөг тал байгаа гэдгийг анхааруулж хэлж байгаа. Гэхдээ улс орны байдал тогтворжоод, экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үед хил гааль нээгдчихвэл орлогоо бүрдүүлэх боломж гарах болов уу хэмээн найдаж байна.

-Та Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Тус банкинд үүссэн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Намрын чуулган завсарлахын өмнө Хөгжлийн банктай холбоотой асуудал хөндөгдөж, УИХ-ын даргын захирамж гарч Хөгжлийн банкинд УИХ-аас шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт миний бие багтсан. Тус ажлын хэсэгт ажиллаж байхад үнэхээр алдаа,эндэгдэл гаргасан асуудал байгаа юм билээ. Тухайлбал, зээл олгохдоо шаардлага хангахгүй барьцаа хөрөнгөн дээр үндэслэж, компаниудад зээл олгосон, ирээдүйд олох орлогоор нь барьцаалж зээл олгосон асуудлууд бий. Түүнчлэн авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан тохиолдол ч байна. Нийт долоон их наядын зээл олгосноос 1.9 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй зээлийн ангилалд орчихсон гэх мэт хүндрэлтэй асуудлууд байна. Гэхдээ тус банкнаас зээл авсан хүн бүрийг харлуулж болохгүй. Цаашид тус банкны ТУЗ-ийн гишүүдийг хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч чадаагүй юм болов уу гэж бодож байна. ТУЗ-ийн нийт гишүүний таван гишүүнээр дандаа Төрийн захиргааны албан хаагч ажиллаж ирсэн нь ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг. Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 92 хувийг нь ТУЗ-ийн шийдвэрээр олгосон байдаг. Гэтэл ТУЗ-ийн гаргасан шийдвэрийн 50 гаруй хувь нь албан ёсоор хуралдаагүй, дандаа эчнээ байдлаар цахимаар хуралдаж,шийдвэр гаргасан байдаг.Энэ бол Засгийн газар, хувьцаа эзэмшигчийг төлөөлж байгаа албан тушаалтнууд ажилдаа ямар хариуцлагагүй хандсаны тод илрэл. Нөгөө талаас Хөгжлийн банкны удирдлагууд тэнд мэргэжлийн боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр учир дутагдалтай ажилласан нь харагдаж байгаа юм. Гурван жилийн хугацаанд 110 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, 130 гаруй хүнийг шинээр ажилд авсан байна. Тэгэхээр энд чадвартай, мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр алдаа гаргасан болов уу хэмээн хардаж байна.

-Хөгжлийн банкнаас төгрөгийн болон долларын зээл авсан иргэд яг хэдэн хувийн зээл авсан байдаг юм бэ. Үнэхээр Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц зээл болж чадсан юм болов уу?

-Энэ талаар иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Зарим иргэд Хөгжлийн банкны зээлийг маш бага, бараг хүүгүй мэтээр ойлгоод байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкны гол эх үүсвэр болсон Самура, Чингис бонд. Эдгээр бондуудыг гаднаас өндөр хүүтэй, богино хугацаатай авсан учраас зээлдэгчдэд өгөхдөө богино хугацаанд, өндөр хүүтэй олгосон.Тийм учраас үнэхээр хөгжлийн зээл болж чадсан эсэх нь эргэлзээ дагуулж байгаа. Тухайлбал, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа томоохон компаниудад зээл олгосон байгаа. Тэдэнд таван жилийн хугацаатай долларын зээл олгохдоо, жилийн хүү нь 9.85 хувийн хүүтэй олгосон байна лээ. Таван жилийн хугацаагаар хүүг нь тооцвол нийт зээлийн 50 хувьтай тэнцэхүйц хүү төлж байгаа гэсэн үг. Дээр нь долларын зээл авсан иргэн, ААН-үүд ханшийн зөрүүгээс үүдэн хоёр дахин нугалж хүүгээ төлж байгаа.Үүнээс үүдэн санхүүгийн дарамтад ороод байгаа юм билээ. Долларын зээл авсан компаниудад зөвхөн ханшийн зөрүүгээс 467 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал ирсэн гэсэн тооцоолол гарсан байна лээ.Үүн дээр нэмээд 8-9 хувийн хүүгээ төлнө гэсэн үг. Өндөр хүүтэй, богино хугацаатай долларын зээл авсан компаниуд санхүүгийн дарамтад орчихож байгаа юм билээ. Хоёрдугаарт, төгрөгийн зээл олгохдоо жилийн 11-13 хувийн хүүтэй зээл олгосон юм билээ. Үүнийг таван жилээр бодвол мөн л тийм бага хүү биш. Тэгэхээр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ААН-үүдэд зориулсан хөгжлийн зээл болсон эсэх нь эргэлзээтэй. Төгрөгийн зээл авсан ААН-үүдийн ханшийн зөрүү болох 210 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банк хүлээх эрсдэлд орчихсон юм билээ. Тиймээс ажлын хэсэг энэ талаар сайн ярих хэрэгтэй. Миний хувьд Хөгжлийн банкнаас зээл аваад төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа компаниудын зээлийг хэвийн гэж үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. Учир нь сүүлийн хоёр жил хил гааль хаалттай байсан учраас тоног, төхөөрөмж эргэлтийн хөрөнгүүд нь одоо орж ирэхээр төсөл нь гацчихсан тохиолдол ч бий юм билээ. Нөгөө талаас 500 гаруй тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэх судалгаа гарсан. Энэ мөнгийг зээлдэгчээр нь төлүүлэх, зориулалт бусаар ашиглаад олсон орлогыг улсын орлого болгох хэрэгтэй гэж бодож байна. Гуравдугаарт, барьцаа хөрөнгөгүй зээл аваад чанаргүй зээлийн ангилалд орчихсон компаниуд бий. Эдгээр компаниудаар зээлээ ямар нэгэн байдлаар төлүүлэх л ёстой. ЭЗБХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-аас баталсан Хяналт, шалгалтын тухай хуулиар Хяналт, шалгалтын түр хороо байгуулах асуудал яригдаж байна.Цаашлаад нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

-Барьцаа хөрөнгөгүй зээл авчихсан ААН-үүдээр зээлээ ямар нэгэн байдлаар төлүүлнэ хэмээн олон хүн хэлж байна. “Хоосон хүний хоёр чихийг огтолж авалтай биш дээ. Тэгвэл анхнаасаа шаардлага хангаагүй компаниудад зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ талаар яригдаж байна уу?

-Ер нь бол тодорхой төсөл хэрэгжүүлнэ хэмээн зээл авсан зээлдэгчид төлбөрөө бүрэн барагдуулах нь шударга ёсонд нийцнэ. Тиймээс тодорхой хэмжээнд зээлдэгч зээлээ төлж таарна. Миний хувьд энэ зээлийг яаж богино хугацаанд төлүүлэх талаар УИХ-д тодорхой шийдвэр оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн гишүүд саналаа оруулж, байр сууриа нэгтгээд саналаа оруулах болов уу гэж бодож байна.

-ҮХНӨ дахин оруулах эсэх асуудал яригдаж сонгуулийн системээ өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Та ямар бодолтой байна вэ?

-Юм бүхэн хоёр талтай.Нэг хэсэг нь дэмжсэн байр суурь илэрхийлж байхад нэг хэсэг нь дэмжихгүй ч санал илэрхийлнэ. Холимог тогтолцоотой болсноор улс төрийн намуудын төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг, улс орны хэмжээний бодлогын чанартай төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай гэж үздэг. Нөгөө талаас сонгогчид тойргоосоо гишүүнээ сонгосноор илүү үр дүнтэй гэж боддог. Ялангуяа манайх шиг том газар нутагтай, тархан суурьшсан орны хувьд иргэд,сонгогчид гишүүдээ өөрсдийн гараар барьж үзэж, имэрч, дуу хоолойг нь сонсож байж сонгодог байх нь дээр гэж боддог. Хэрэв тойргоосоо гишүүдээ сонгодоггүй болвол тэр тойргийн асуудал орхигдоно.Хот, хөдөөгийн ялгаа улам нэмэгдэж, алслагдсан аймгийн иргэдийн эрх ашиг орхигдоно. Улаанбаатар хотоос алслагдсан, 1000 км-ийн цаана байгаа говь, хангайн аймаг, сумдуудад очиж, иргэдтэй уулздаг хүн тэр бүр гарахгүй л болов уу.Тиймээс манайд зайлшгүй иргэд тойргоосоо гишүүдээ сонгодог тогтолцоо байх нь зүйтэй. Одоогоор энэ асуудлыг УИХ-ын түвшинд яриагүй учраас ийм л хариулт хэлэх байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эрчүүдээ улам их хайрлая || DNN.mn

“Эр хүмүүсийг та нар хааяа ч гэсэн хайрла, эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” хэмээн яруу найрагч М.Билэгсайхан нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Уг шүлгийн мөрөөс эрчүүд ямар их хайраар дутагддагийг харж болно.

Эрчүүдийг хааяа нэг хайрлах биш, өдөр бүр хайраар тэтгэх хэрэгтэйг тэдэнтэй холбоотой судалгааны дүн харуулсаар байна. Өнөөдөр архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт, сэтгэл гутрал, гэмт хэрэгт өртөх байдлаараа эрчүүд эмэгтэйчүүдээс хэдэн арван хувиар хол давжээ. Бага насандаа хайраар дутагдаж, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн эрчүүд нас биед хүрсний дараа нийгэмд хүчирхийлэгчийн дүрийг бүтээх нь элбэг байна.

Харин хайраар тэтгэгдэж, урмаар услагдсан эрчүүд илүү бие даасан, шийдвэр гаргах чадвартай, өөртөө итгэлтэй, бусдыг энэрэх хайрлах сэтгэлтэй байх нь элбэг. Цаашлаад эрчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалт бүхэл бүтэн 10 жилийн зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. Тэд эрүүл мэнддээ анхаарч жил бүр эрүүл мэндийн үзлэгт орох нь бүү хэл өвдөөд, өвчлөл нь хүндэрч, эцсийн шатандаа орсон хойноо эмнэлэг бараадаж байгаа нь яах аргагүй эмзэглэл төрүүлж байна. Эрчүүд өвдөх, уйлах эрхгүй мэт аашилж, тэднээс үргэлж чанга хатууг шаардахаа больцгооё. Тэдэнд уйлах,өвдөх эрхийг нь үлдээе. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг дээ. Эрчүүдийгээ өчигдрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс ч илүү маргааш улам их хайрлая. Хариуг нь бид нийтээрээ, нийгмээрээ хүртэх л болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадын иргэншилтэй юү? || DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадын иргэншилтэй гэх асуудал дахин дэгдлээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллүүдэд ноцтой баримтууд хавсаргасан байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг 2013 онд “Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет”-ыг гар бичмэлээр бөглөсөн. Ингэхдээ “Аль улсын харьяат вэ” гэсэн асуултад “Нидерланд улс” гэж бичсэн баримт байгаа юм.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Нидерланд улсын иргэншилтэй болохыг баталсан гадаад паспортын зураг ч олон нийтэд ил болоод байгаа юм.

Түүгээр зогсохгүй “Голландын иргэний харьяалал олгосон тухай нийтлэл” хэмээх албан бичигт “2007 оны нэгдүгээр сарын 15-ны хааны зарлиг, дугаар AR: 07000026, дугаар NAR: 20060254 Голланд улсын цог жавхлант Хатан хаан голландын иргэний харьяаллыг Амстердам хотод оршин суугаа, ….-нд Монгол Улсын Улаанбаатар хотод төрсөн Ганибал овогтой Амартүвшинд олгов” гэсэн баримтууд олон нийтэд хүрээд байна.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон хүн гадны иргэншилтэй гэх асуудал дэгдэхэд олон нийтийн анхаарлыг татах нь зүй ёсных. Магадгүй ийм асуудал бодитой бол ноцтой бөгөөд улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой юм. УИХ-ын гишүүн гэдэг өөрөө бүх ард түмний төлөөлөл. Иргэн бус ард түмний төлөөлөл болсон хүн ийм асуудалд холбогдоход сонгогчид, ард түмэн бодит мэдээллийг хүсч буй.

Бид энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс албан ёсны байр суурийг тодруулсан юм. Тэрээр “Намайг Нидерланд улсын иргэн гэж гүтгэсэн худал мэдээлэл дахин саяхнаас явж эхэлж байна. Би Нидерланд улсын Элчин сайдын яамнаас албан ёсоор энэ талаар тодорхойлолт гаргуулж авсан. Тус тодорхойлолтод намайг Нидерланд улсын иргэншилгүй гэсэн байгаа. Баримтыг би танд давхар өгье. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр

Монгол Улсын харьяатаас гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг гэх фотошоп хийсэн баримт 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэлээд явсан. Энэ бол фотошоп хийсэн худал мэдээлэл болохыг та бүхэн бас нягталж үзэхийг хүсье. Тагнуулын байгууллага, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд намайг Монгол Улсын иргэн хэвээр байна, гадны харьяалалгүй гэдгийг баталсан албан бичгүүдийг ирүүлж байсан. Одоо ч байна. Тиймээс энэ бол худлаа гүтгэлэг. Хариуцлагатайгаар хэлэхэд миний бие Монгол Улсын иргэн, харьяаллаа солиогүй” гэсэн юм.

Иргэншилтэй холбоотойгоор олон нийтэд хүрээд буй баримтууд 2007-2013 оны үеийн баримтууд байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн албан ёсоор байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт илгээсэн эсэх, түүндээ Нидерланд улсын иргэншилтэй гэж тэмдэглэсэн талаарх асуудал, мөн “Голландын иргэний харьяалал олгосон тухай нийтлэл” хэмээх албан бичигт “2007 оны нэгдүгээр сарын 15-ны хааны зарлиг, дугаар AR: 07000026, дугаар NAR: 20060254 Голланд улсын цог жавхлант Хатан хаан голландын иргэний харьяаллыг Амстердам хотод оршин суугаа, ….-нд Монгол Улсын Улаанбаатар хотод төрсөн Ганибал овогтой Амартүвшинд олгов” гэсэн баримтуудын талаар дурдаагүй.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 3.1.3-т “нэр дэвшигч” гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг хэлнэ гэсэн байна.

Бид энэ талаар мэдээллийг тодруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч “Хувь хүний талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Иргэн Г.Амартүвшингийн хувьд нууцын асуудал яригдах боловч УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн асуудлыг иргэд, олон нийт, сонгогчдод төрийн эрх бүхий байгууллага албан ёсны мэдээлэл өгөх үүрэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Боомтын боймыг тайлж, шинэ гарц нээх Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын ажлыг эхлүүллээ || DNN.mn

Үүрэглэх, зүүрмэглэхийн дундуур шороон замаар 100 гаруй км сэгсчүүлсээр сүүлдээ дорвитойхон донслохыг аяандаа мэдэрч, суудлаасаа өндөлзөхөд “сургаад” амжив. Шөнөдөө жиндүүхэн байсан ч говийн наран цэлийсэн талаас, мэлсхийн мандахад хэзээний урин хавар айлчлан ирснийг сануулах аж. Улаанбаатар хотоос Монгол Улсын эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлах сэтгүүлчдийн багийнхан ийнхүү зорьсон газраа ирлээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын 111 дүгээр км дэх шинээр төлөвлөсөн өртөөнөөс үргэлжлүүлж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн Ханги боомт хүртэл 226.9км үргэлжлэх юм. Ийнхүү тус уулзварын эхлэлийн цэг дээрээс нээлтийн ажиллагаа хийхээр тус бүтээн байгуулалтын ажилд оролцох аж ахуйн нэгж, туслан гүйцэтгэгчид, сум орон нутгийн удирдлагууд болоод холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчид бэлтгэл байдлаа бүрэн хангажээ. Тус бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар болон холбогдох албаныхан оролцлоо.


Л.Оюун-Эрдэнэ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам юм


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг богино хугацаанд цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийг тэлэх зорилго бүхий Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон ажил болох Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлж чадсан. Харин өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулах томоохон зорилтыг дэвшүүлж байгааг онцолсон юм. Мөн тэрээр “Манай улсын эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байснаа дахин сануулж, цаашид нийт боомтуудаа авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбож, эдийн засгийн суурийг тэлэх зорилтыг дэвшүүлсэн гэдгээ хэллээ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэдгийг ч дурдлаа. Монгол Улсын Засгийн газраас энэ сард Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ханги-Мандалын энэхүү төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдсоноор Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ, томоохон боломжууд нээгдэнэ гэлгийг хэлж байна.Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, Бид саяхан БНХАУ-ын талтай хил холболтын цэгийг тохирсон. Уг тохиролцооны дагуу төмөр замаа БНХАУ-ын талтай холбох ажлыг долдугаар сард багтааж хийнэ. Мөн ачиж, буулгах терминал байгуулна. Манай улс БНХАУ-ын гангийн гол үйлдвэрлэгчдийн нэг болох Бугат хоттой шууд холбогдох гарц нээж байгаа нь олон жилийн өмнөөс төр засаг төлөвлөж ирсэн, стратегийн шинэ гарц хэмээн ойлгох хэрэгтэй. Бид цаашид, Бичигт боомтыг болон бүх боомтоо төмөр замаар, авто замаар холбож, Замын-Үүдийг Алтанбулагтай хурдны замаар холбож чадвал манай улсын эдийн засаг тэлнэ. Товчхондоо Монгол Улсын эдийн засгийн багтаамж жилдээ 40-50 их наяд төгрөг байдаг. Энэ үнийн дүнг бид 150-200 их наяд төгрөгт хүргэж байж эдийн засгийн суурь тэлж, нийгмийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж чадна. Цаашид Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, Таван толгойн нүүрс болоод энэ хавьд байрлаж байгаа 10 гаруй ордуудын үнэлгээ өсөх учраас Ханги- Мандалын боомт эдийн засгийн хувьд туйлын чухал ач холбогдолтой. Зүүнбаян -Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг зургаан сарын дотор барьж дуусгах томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ ажлыг Засгийн газраас бүх талаар дэмжинэ. Хэрэв уг бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж чадвал цаашид монголчууд бүх төмөр замаа өөрсдөө бие даан гүйцэтгэх боломжтой гэдгээ харуулж чадах юм. Нэг үгээр Ханги-Мандалын бүтээн байгуулалт эхэлж байгаа нь Монгол Улсын ачаа тээвэр, эдийн засгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг онцоллоо.



Л.Халтар: Төмөр замын төслүүд дотроос хамгийн өндөр үр ашигтай нь учраас богино хугацаанд барихыг зорьж байна


Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: “Бид өнөөдөр гурван жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа ашиглалтад хүлээж авахын өмнөхөн дараагийн бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлж байна. Говийн бүсэд харьцангуй замын хэвгий аятайхан. Төмөр замын трассын хувьд өмнөх төмөр замын трассуудтай харьцуулахад харьцангуй ажиллагаа багатай. Энэ талаасаа Ханги чиглэл рүү газрын хэвгий ерөнхийдөө уруу учраас цаашид хүнд жинтэй галт тэрэг явахад зардлын хувьд бага байх давуу нөхцөлүүд бий. Өмнө нь иргэд Зам-Үүд боомтоор амьдрал үргэлжилж, Гашуун сухайтаар нүүрс гарч байна гэж ярьдаг байсан. Харин цар тахлын үед хил хаагдахад бид ямар боомт дээр, яаж анхаарч, ямар хүчин чадлаар ажиллаж байсан бэ гэдэг үнэнтэй нүүр тулж, энэ бодлогоо эргэж харах шаардлага тулгарсан. Өөрсдийн алдаа дутагдлаа ч олж харсан. Тухайлбал, Замын-Үүд боомтод анхаарал тавиагүй олон жил болсон нь ариутгалын төмөр хаалганы дүр зурагнаас л харагдаж байсан. Энэ бүхнийг эргээд харахад Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор эхний ээлжинд 20 сая тонн ачаа тээвэрлэнэ. Цаашлаад төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, одоо байгаа зургаан зөрлөгийг 8-10 болгочихвол өнөөдрийн дурдаж байгаа 20 сая тонн ачаа 30-35 сая тонн хүртэл нэмэгдэх боломжтой. Магадгүй цаашид ОХУ-аас транзит тээвэр энэ төмөр замаар явдаг болохыг үгүйсгэх аргагүй. Бид энэ хүчин чадлыг эртнээс тооцож байх ёстой. Цаашид транзит тээврийн тоо нэмэгдэж, энэ бүс нутагт байгаа уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орох юм бол уг төмөр зам хоёр замтай болохыг үгүйсгэхгүй. Ийм том ирээдүй Хангийн төмөр замыг хүлээж байгаа.


Б.Жавхлан: Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх учраас Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй


Сангийн сайд Б.Жавхлан: “Монгол Улсын Шинэ сэргэлтийн зургаан бодлого, тэр дундаа боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил буюу Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын ажил ийнхүү эхэлж байна. Энэ бол бидний хувьд эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Эрээнцав, Сүхбаатар, Замын-үүд гэсэн гурван боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Тэгвэл тун удахгүй Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам хил дээр очиж бүрэн дуусна. Мөн энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд өнөөдөр эхлэл нь тавигдаж байгаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хил дээр очсоноор үндсэндээ манай улсын таван боомт төмөр замаар холбогдоно гэсэн үг. Шинээр тавигдаж байгаа хоёр төмөр зам бол манай Үндэсний төмөр замын сүлжээ гэдгээрээ онцлогтой. Эрээнцав, Замын-Үүд, Сүхбаатар боомтын төмөр зам бол Уаанбаатар Төмөр замын сүлжээ. Үндэсний төмөр замын сүлжээтэй болж байгаа нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Замын-Үүд хийлийн боомтоор өдөрт транзит тээврийн 14 цуваа гарах боломжтой. Тэгвэл энэ ачааллыг дээрх хоёр төмөр замын боомтууд хуваалцах учраас хилээр экспорт гаргах боломж 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Бид ойрын жилүүдэд ДНБ-ээ өсгөх зорилт тавьсан. Түүнийг хэрэгжүүлэх бас нэг том гарц нээгдэж байна.


Б.Баяржаргал: Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг нийт 400 сая ам.долларын хөрөнгөөр барина


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Энэ үеэр Монголиан транс лайн компанийн Ерөнхий захирал Б.Баяржаргал хэлэхдээ, Манай компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Концессын гэрээний дагуу зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгөөр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих ажлаа эхлүүлсэн. Манай хамт олон Таван толгой-Гашуунсухайт чиглэлд 130 орчим км төмөр зам тавьсан туршлагатай. Уг туршлагынхаа дагуу бүх инженер, техникийн ажлаа боловсруулсан. Тус бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн ЗХЖШ-ын дөрвөн анги нэгтгэл ихэвчлэн хил орчмын бүтээн байгуулалтад оролцохоор болсон. Учир нь хилийн бүс олон улсын хэлэлцээрийн дагуу зурвас газар нь 100 км байхаар заасан учраас эхний 50 км дээр дурдсан ЗХЖШ-ын анги нэгтгэлүүд оролцоно. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих тооцоолол гарсан. Эхний санхүүжилтээ бид хувийн хөрөнгөөр гаргахаар тооцсон бол дараа дараагийн санхүүжилтийг төслөөрөө босгохоор төлөвлөсөн. Хуваарьт төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Чанарын тухайд энэ бол гуравдугаар зэрэглэлийн төмөр зам.Энэ зэрэглэлийн төмөр замыг барих тогтсон стандарт гэж бий. Уг стандартыг хангасан буюу 1000 мм радусаас бага тахиртай, ачаатай талдаа зургаагын хэвгий, хоосон талдаа есийн хэвгий гэх мэт стандартыг бүрэн хангасан байна. Жилд 20 сая хүртэлх ачаа тээвэрлэх бүрэн хүчин чадалтай. Зуун хувь төмөр бетон дэртэй, өртөө зөрлөгийн хагас автомат хориглолт буюу сүүлийн үеийн дохиолол холбооны системд суурилагдаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах ажиллах хүчний хөлсийг одоогоор нарийн тооцоогүй байгаа ч Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ажилд мөрдөгдөж байсан цалин хөлсний жишгийг баримтална. Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр зам учраас цалин хөлсний тухайд тийм ч бага байхгүй гэсэн юм.


С.Эрдэнэболд: Дорноговь аймгийн дөрвөн сумын 18-35 насны, 100 залууг аймгийнхаа МСҮТ-д төмөр замын анги нээж, гурван сарын хугацаанд бэлтгэнэ


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нийт 70 орчим хувь нь буюу 160 орчим км зам нь Хатанбулаг сумын нутаг дэвсгэр дээр явагдах юм. Тиймээс нээлтийн ажиллагааны үеэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболдын байр суурийг сонссон юм. Тэрээр, Монгол Улсын томоохон боомтуудын хэмжээнд Ханги-Мандал хилийн боомт сүүлийн хоёр жилийн турш нэг ч удаа үүд хаалгаа бариагүй. Импортын бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй тээвэрлэсээр ирлээ. Уг бүтээн байгуулалтын ажил Хатанбулаг суманд хийгдэж байгаа онцлог томоохон ажил. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дагаад сум орон нутаг хөгжих нь дамжиггүй. Ялангуяа Ханги-Мандалын боомт өргөжинө. Монгол Улсын Засгийн газраас боомтуудын сэргэлтийн хүрээнд Засгийн газар, Сангийн яамны харьяанд Хөгжлийн хөтөч байгууллагаар дамжуулж боомтын өргөтгөл хийхээр болсон. Үүнд Ханги хилийн боомтыг өргөтгөх, одоогийн ачааллыг 3-4 дахин нэмэгдүүлэх, төмөр зам баригдсанаар цаашид гарах экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх учраас боомтын өргөтгөлийн зураг төсөл Сангийн яаман дээр хийгдсэн. Ханги-Мандал хилийн боомт хилийн зурвас газар оршдог. Зурвас газар гэдэг нь хилийн торноос 15 км газрыг зурвас хэмээн үздэг. Тийм учраас одоогоор газрын асуудал нь шийдэгдээгүй учраас цаашид төлөвлөлт хийхэд хүндрэлтэй байдал үүсгээд байна. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, чөлөөлөх шийдвэр гарсны дараа, дараа дараагийн төлөвлөлт хийгдэх боломжтой болно. Ханги-Мандал-Таван толгой чиглэлийн автозам Концессын гэрээний дагуу баригдаж байна.Ийнхүү Хатанбулаг сум төмөр зам, авто замын ложистикийн төв болж хөгжиж байгаатай холбоотой олон тооны ажлын байр гарч байна. Тиймээс одоо зарлагдсан байгаа ажлын байрууд болоод ирээдүйд зарлагдах ажлын байруудад боловсон хүчнүүдээ бэлтгэж байна. Тухайлбал, Эхний ээлжинд төмөр зам дайран өнгөрч байгаа Дорноговь аймгийн дөрвөн сумын 18-35 насны 100 залууг аймгийнхаа МСҮТ-д төмөр замын анги нээж, гурван сарын хугацаанд бэлтгэх гэж байна.Эдгээр бэлтгэгдсэн боловсон хүчнүүд наадмын дараа төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломж бүрдэж байна.

Ямартаа ч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшилд шинэ гарц, шинэ хөдөлгүүр, хүч нэмэх Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг зургаан сарын хугацаанд барих нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Шав тавьж, ажил эхлүүлэх нэг хэрэг. Хэлсэн хугацаандаа зорьсон зорилгоо биелүүлчихээд итгэл төгс нээлтийн тууз хайчлах бас нэг өөр хэрэг. Ингээд Монгол Улсын боомтын боймыг тайлах үүрэг хүлээж, итгэл өвөртөлсөн ААН-үүд хэлсэндээ эзэн болох эсэхийг харах л үлдлээ. Эцэст нь ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Б.Артур хэлэхдээ, уг төмөр замын ажлыг гүйцэтгэгч байгууллага энэ ондоо багтааж, дээд болон доод бүтцийг ашиглалтад оруулах юм. Дээд болон доод бүтэц гэдэг нь төмөр замын далан болон ул шороо, хоолой, гүүр, буталмал чулуун чигжээс гэх мэт галт тэрэг явах хэмжээнд 226 км замын суурийн бүтцийг энэ ондоо багтааж дуусгана. Харин ирэх онд дохиолол холбоо барилга байгууламж гэх мэт цогцолбор төслийн үлдсэн ажлуудыг хийж ирэх ондоо иж бүрнээр дуусгах урьдчилсан төлөвлөгөө гарсан. Энэ ондоо багтаж төмөр замын дээд болон доод бүтцийг барьснаар утсан харилцаагаар галт тэргийг аялуулах боломж бүрдэнэ гэдгийг үеэр хэлсэн юм.