Categories
мэдээ цаг-үе

“А” үсгийн үнэ 8 сая төгрөг болжээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар хүүхдээ”А” үсэг болгох эрхийг нь эцэг, эхчүүд найман сая төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Уг мэдээлэл иргэдийг талцуулж маргаан үүсгээд байгаа юм.

Уг нь сурагчид уншиж, бичиж сурснаа эцэг эхчүүд, багш нартаа тайлагнах гэж “Эрдмийн баяр”- хийдэг. “А” үсгийн төлөөх өрсөлдөөн гараагүй байхад хүүхдээр өөрөөр нь үсэг сугалуулах нь  хамгийн шударга арга байлаа.

Гэтэл одоо 35 үсэг өөр өөрийн үнэлгээтэй болжээ. Тухайлбал, “А” үсэг найман сая, бусад үсэг ч өөр өөрийн үнэлгээтэй  байна. Хамгийн доод тал нь 200 мянга гэнэ. Эрдмийн баяр биш бэл бэнчингийн өрсөлдөөн болох нь. Нэгэнт л мөнгөөрөө өрсөлдөх гэж байгаа бол “А” үсгийг дуудлага худалдаан оруулъя. Манай монголчууд тоонд ихээхэн ач холбогдол өгдөг сонирхолтой хүмүүс шүү дээ. 9911-тээ дугаар, автомашины азын дугаарыг хүртэл дуудлага худалдаанд оруулаад хэдэн зуун саяар авчихдаг. Тэгвэл одоо “А” болон бусад үсгийг дуудлага худалдаанд оруулж сургуулийн их засвар болох хана, тааз, дээвэр, будгийнхаа мөнгийг ольё.  Анги тэнхим засварлах урсгал зардлаа хэдэн үсгийнхээ дуудлага худалдаагаар босгоод авчихъя.

Categories
мэдээ цаг-үе

Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах ёслол болж байна DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөх   сэкивакэ асан Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах ёслол болж байна. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлахаа зарласан билээ.

Нийт 55 башёд барилдахдаа 408 давж, 328 унасан юм. А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртсэнээс гадна өдгөө барилдаж буй сумочдоос хамгийн их буюу есөн кинбоши шагнал гардсан байдаг.

Categories
мэдээ улс-төр

“Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт боллоо DNN.mn

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуралдай” зөвлөлдөх танхимын гишүүдийг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан, тус танхимын ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулсан. Өнөөдрийн уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцов. Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр зохион байгуулагдаж байгааг тодотгоод Зөвлөлдөх танхимын гишүүдэд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, холбогдох хууль тогтоомжуудын талаар Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүдэд мэдээлэл өглөө.  Дараа нь  “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоол, төлөвлөгөөний талаар “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд  дарга Л.Мөнхбаатар танилцуулга мэдээлэл хийж, Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүд асуулт асууж, харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Дашрамд дурдахад УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын механизм юм. “Хуралдай” зөвлөлдөх танхимын  гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд  зөвлөлдөх танхимын үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажилладаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрээсийн байр дамжсан оюутнуудын гурван өнгө DNN.mn

Хөдөө орон нутгаас хотод ирж су­ралцаж буй оюутан залуусын нэн тэргүүнд тулгардаг асуудал бол ая тухтай амьдрах орчин.  Аль ч их, дээд сургууль нэг, хоёрдугаар курсийн оюутнуудаа дотуур байрандаа түрүүлж бүртгэдэг. Ахлах курсийн оюутнуудад дотуур байрны өрөө хүрэлцэхгүй учраас ихэвчлэн нийтийн байр түрээслэх нь элбэг.

Халаас нимгэн оюутнуудын  хувьд нийтийн байрнаас өөр сонголт байдаггүйг оюутан хүнийхээ хувьд би сайн мэднэ. Намайг анх оюутан болж ирэх үед нөхцөл байдал арай өөр байлаа. Тэр үед ядаж л оюутны 70 мянга өгдөг байсан юм. Дээрээс нь автобусны карт сарын 44 удаа үнэгүй явах эрхтэй байсан учраас бидний үеийн оюутнууд “баян” байлаа. Гэхдээ энэхүү бяцхан “тансаглал” маань араасаа багагүй шүүмжлэл дагуулна. Оюутнуудад 70 мянган төгрөг өгөх хэрэггүй, бүгд архинд өгөөд дуусдаг л гэнэ. Автобусанд үнэгүй зорчих картаараа дэмий тэнэдэг гэж дургүйцэнэ. Энэ мэт оюутны халамж дагасан шүүмж тасардаггүй байлаа. Гэвч бодит байдал хүмүүсийн ярьдагаас мэдээж өөр.

Миний  л мэдэхийн 70 мянгаараа амьдардаг зөндөө л оюутнууд байдаг. Миний найз нөхөд дунд ч байсан. Гэвч оюутнуудын сурлагын түвшнээс хамаарч ялгаатай олгодог байсан энэ тэтгэлгийг дээрх шүүмжлэлтэй холбоотойгоор 2016 онд зогсоосон. Ингэснээр 2016 онд улсын төсвөөс 11.7 тэрбум төгрөг, жилдээ 33.7 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ гэж тооцоолсон хэрэг. Оюутны тэтгэлгээрээ амьдралаа залгуулдаг олон зуун оюутанд төрийн энэ шийдвэр хүнд туссан нь мэдээж. Гэвч энэхүү 33.7 тэрбум төгрөгийн тал зардлаар нь ч болов оюутны дотуур байрны хүрэлцээг  нэмэгдүүлсэн зүйл алга. Ахлах ангийн оюутнууд дотуур байрандаа багтаагүй учраас нийтийн байр дамжин, хэсүүчилж байгаа нь бодит үнэн. Нийтийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй бол дүн өвлийн хүйтнээр ч гудамжинд гарах магадлалтай. Хөдөө орон нутгийн дийлэнх оюутны амьдрал ийм л байгаа.

Тиймээс бид оюутнуудын амьдралын нөхцөл байдлыг сурвалжлахаар 32-ын тойргийн баруун талд байрлах нийтийн байрыг зорив. Энэ байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг аж. Хашаагаар оронгуут эр, эм гээд биччихсэн модон бие засах газар харагдана. Байрны оршин суугчдынх  ихэнх нь оюутан залуус. Өрөөний цонхнууд жижигхэн байх бөгөөд цонхонд тогтсон зузаан цан нь өрөө рүү нарны гэрэл нэвтрүүлдэг шинжгүй. Цонх бүрээс ууттай зүйл өлгөжээ. Дотор нь юу байгааг таахад бэрх ч зарим нь цус болсон байхыг бодоход  оршин суугчдын “хөргөгч” бололтой. Байрны хаалгаар ороход юуных гэдгийг тодорхойлохын аргагүй эхүүн үнэр хамар цоргив. Энд нэг өрөөнд гурваас дээш хүн авдаггүй гэнэ. Учир нь МХЕГ-аас тогтоосон стандарт, шаардлагад нийтийн байрны нэг өрөө 12 м/кв байх ёстой аж. Тус түрээсийн байрны бүх өрөө хоёр хүн л амьдрах  хэмжээтэй бөгөөд газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр засчихсан, жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин зэрэг ахуйн хэрэглээний зүйлүүд байв.

Бид тус байрны оршин суугч оюутан Г.Болорынд зочилж, тус байрны талаар тодруулав. Тэрбээр “Би энд найман сарын  дундуур нүүж ирсэн. Эхэндээ надад их эвгүй санагдаж байсан. Орчин нөхцөл гадна талаасаа их муухай харагддаг. Хашааныхаа хаалгаар бараг нуугдах шахам ордог байсан юм. Одоо бол дасчихсан. Ганц би ийм нөхцөлд амьдарч байгаа биш юм билээ. Хэдэн зуун оюутнууд ингэж амьдардаг. Манай найзуудын зарим нь айлд байдаг юм. Хүний хараанд байх их хэцүү гэж ярихыг сонсоод, айлд нүд үзүүрлэгдэж байснаас энэ нь дээр гэдгийг ойлгосон. Сургуулийн төлбөр, бусад хэрэглээний мөнгө гээд бүгдийг нь  аав, ээж явуулдаг.  Тийм ч учраас элдэв зүйлд санааг нь зовоохгүйн тулд байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байхыг боддог” хэмээн ярилаа.

Бидний очсон дараагийн газар бол олон зуун оюутны жишгээр хажуу өрөө түрээслэн амьдардаг танилынх маань байлаа. Тэрбээр арслантай гүүрний  зүүн талд байрлах есөн давхар хуучны байранд хажуу өрөө түрээслэдэг юм. Н.Буянхишиг найз маань  сүүлийн гурван сар энд амьдарч байгаа. Бид зорьсон газраа  ирэхэд тэрбээр байрныхаа орцонд хүлээж  байв. Тэднийд ороход  дөч эргэм насны эмэгтэй үүднийхээ хажууд зогсчихсон  биднээс хараагаа салгахгүй ямар хүмүүс яваад байгаа юм бол гэсэн шинжтэй их л ажиглангуй  харж байв. Чимээгүйхэн мэнд асууж, умгар өрөөндөө ороод  хаалгаа хаалаа.  Өрөөг ажвал  нэг цэлгэр том цонх, хөнжил гудас залгуулаад хувцас, хоолны аяга, таваг, тогоо зэргийг шалан дээр байрлуулжээ. Амьхандаа л цэвэрхэн байгаа нь энэ аж.

Н.Буянхишиг байрны эзэн нь дургүйцнэ гэж айгаад  жижигхэн өрөөндөө хоол хийдэг гэнэ. Тиймээс ч хувцсанд хоолны үнэр нь шингэчихдэг аж. Анх ирэхдээ гал тогоог нь хэрэглэхэд байрны эзэн ихэд дүргүйцэж, түүнийг загнасан гэнэ. Хамаагүй орж гарч болохгүй, ус бага хэрэглэх, дуу чимээ бага гаргах гээд маш олон дүрэм энэ байранд үйлчилдэг аж. Сарын төлбөр 250 мянга. “Өнгөрсөн долоо хоногт арван жилийн найз маань хонохоор ирсэн хэдийг 23:00 цагийн үед байрны эзэн хаалга нүдсээр орж ирээд хөөчихсөн. Найздаа санаа зовсон хэдий ч хүйтэнд хувцсаа аваад хөөгдөхөөсөө айсандаа юу ч хэлж чадаагүй” гэж Г.Буянхишиг ярилаа.  Хэсэг ярилцаад намайг явах гэхэд болдог  бол гэртээ хонуулах юмсан ганцаараа байсаар байгаад их уйддаг болжээ хэмээн дуу муутайхан намайг үдэж өгөв. Найз минь түрээсээ төлөөд  хар өрөөнд өөрийн хүсэлтээр цоожлогдож байгаа юм шиг санагдлаа.

Нэг хэсэг нь айлд байхаасаа эмээж, нөгөө хэсэг нь түрээсээ төлөөд, чимээгүйхэн цоожлогдож буй эмзэглэмээр энэ дүр зураг бол оюутнуудын амьдралын бодит байдал. Гэхдээ орон сууц түрээслэн амьдардаг оюутан ч цөөнгүй. Тэдний нөхцөл байдал ямар байдгийг сонирхон орон сууцанд амьдардаг арван жилийнхээ найз Н.Буянбатруу залгалаа. Түүнд зорилгоо хэлээд гэртээ байгаа үгүйг нь асууж, гэрт нь зочлохоор тохирлоо.  Найз маань сансарт дүү, найз охиныхоо хамт  хоёр өрөө байр түрээсэлдэг.  Бөхийн өргөөнөөс Сансар хүртэл 30 орчим миниут алхсаар байрныхан үүдэнд ирэв. Нийтийн байрнаас  гараад орон сууцанд ирсэн болоод ч тэр үү, бусад очсон байрнуудыг бодвол хавьгүй цэвэрхэн, тохилог байв.

Өрөөндөө зурагт, ор, жижиг хувцасны шүүгээ, хөргөгч гээд  хэрдээ тохижуулжээ.  Цомхон энэ байрны зарим өрөөнд айл байдаг гэнэ. Айл гэдэг нь ажил хийдэг ганц бие хүмүүс, эсвэл нэг хүүхэдтэй залуу гэр бүлийг хэлж байгаа юм.  Хажуу  өрөөнд байрлах оюутнаас  харьцангуй чөлөөтэй байдаг аж. Гэхдээ үе үе эзэн нь ирж шалгадаг гэнэ. Энэ байрны нэг сарын төлбөр 450 мянга. Төлбөрөө хоёр сараар өгдөг байна. Бусад зардал нь нийлээд 150 мянгад багтдаг. Ингэхээр сард 600 орчим мянган төгрөг болдог аж. Тог, ус, дулааны мөнгө өндөр гардаг болохоор хамаагүй хэрэглэж болохгүй. Ер нь их ч бага ч хэрэглэсэн яг л адилхан  гардаг. Байрны эзэн хааяа согтуу орж ирээд гэрт нь тамхи татан  архи авахуулах гэж тэднийг шалгаадаг аж. Түүнээс гадна гэртээ ганцаараа байх үед хаалга цоожлоод түгшүүртэй байдаг хэмээн тэд ярьцгаалаа. Гэхдээ л нийтийн байр, хажуу өрөөнд өөрийн хүссэнээрээ байж чадахгүй байгаа оюутнуудыг бодвол харьцангуй тав тухтай байсан юм.

Очсон газраасаа л нэг бүтэхгүй, болохгүй байгаа зүйлийг ажигласаар хамгийн сүүлд үнийн хувьд хамгийн хямд гэгддэг “Бөмбөгөр” захын дэргэд байрлах нийтийн байрыг зорилоо. Автобусныхаа буудлаас дээшээ өгсөж алхав. Нарийн гудамж, өвөл нь яаж гардаг юм болдоо гэж бодмоор  хазайж унасан шатаар өгсөж явсаар гурван давхар улаан тоосгон барилгын дэргэд ирэв. Хашаагаар дүүрэн элдвийн хог хөглөрч, огиудас хүрмээр жорлонгийн үнэр хамар цоргин угтлаа.

Өрөөнөөсөө гарч буй 20 орчим насны залуутай уулзаж, ирсэн зорилгоо тайлбарлаад орох зөвшөөрөл авав. Тэрбээр “Байрны эзэнд битгий хэлээрэй сурвалжилга бичнэ гэвэл та хэдийг оруулахгүй байх” хэмээн сануулав. Энэ байрны  оршин суугч оюутнууд сургууль болон нэрээ нууцлахыг биднээс хүссэн юм.

Өрөөнд ороход шалан дээрээ ягаан өнгийн хулдаас дэвсжээ. Байрнаас үнэртэх эвгүй үнэр, өрөөнүүдийнх нь өнгө үзэмж зэрэг нь өмнөх байрнаас хамаагүй “муу”.  Зүйрлэж хэлбэл автомашины гараашнаас ялгарах юм байхгүй гэхэд болох аж.  Гаднаа жорлонтой, өрөө бүр дотроо зуухтай, үнэхээр тухгүй. Нэг сарын түрээсийн төлбөр нь 100 мянган төгрөг  гэнэ. Тухайн орчинд хулгайч элбэг тул эд хогшлоо сайтар хянах нь түрээслэгчийн үүрэг. Алдсан тохиолдолд байрны эзэн хариуцлага хүлээдэггүй байна.

Энэ байранд хамгийн хямд буюу нэг сардаа 60 мянган төгрөгийн түрээс төлдөг гэх залуутай уулзлаа. Байрны галч хийдэг учраас ийн хөнгөлөлт эдэлж, 60 мянган төгрөгийн түрээс төлдөг аж. Тэрбээр “Сүүлийн хоёр жил энэ байранд амьдарч байгаа. Байрныхаа эзэнтэй ярилцаж тохиролцсоны үндсэнд өглөө, оройд гал түлж, байрны халаалтад анхаарах болсон. Сарын түрээс нь 100 мянга байсан боловч ганцаараа байдаг учраас сар болгон 100 мянга өгөх хэцүү.

Аав ээжийнхээ олсон хэдэн төгрөгийг сарын түрээс, идэж уухдаа ганцаараа хэрэглээд дуусгах эвгүй санагдсан. Тийм ч учраас ядаж л унаа, хоолныхоо мөнгийг гаргаж авахын тулд байрны эзэнтэй ярилцаад ийм тохиролцоонд хүрсэн. Нэгдүгээр дамжаанд байхад  оюутны 70 мянгаа аваад ойр зуурынхаа хэрэгцээг хангачихдаг байсан. Түүнчлэн хичээлийнхээ хажуугаар ажил хийх гэж олон ч зар харж байсан. Ажилд авна жич: Оюутан биш хэмээх зар өчнөөн байдаг.  Арай гэж олддог нь шөнийн цагаар зөөгч, бармен гэх ажиллууд л байдаг. Өдөржин хоолтой, хоолгүй хичээлдээ суучихаад гараад алхах үнэхээр хэцүү, ядахдаа автобусны зорчих эрхийг хасахгүй байж болоогүй юм байх даа”  хэмээн ярилаа.

Аав, ээжийнхээ гарыг харан дөрвөн жилийг өнгөрүүлнэ гэдэг тийм ч амар биш. Нэг айлаас гэхэд хоёр гурвуулаа их, дээд сургуульд суралцаг оюутнууд бий.  Сургуулийн төлбөр жил ирэх тусам  нэмэгдээд л байдаг. Харин бидэнд зориулж шинээр нээсэн номын сан, дотуур байр гээд суралцах орчинд орсон нэг ч өөрчлөлт алга. Миний таних оюутнууд бараг бүгдээрээ цагийн ажил хийдэг.  Хичээлийнхээ эхний цагт ирж чадахгүй таслах тохиолдол ч олон байдаг. Үүнээсээ болоод хичээлдээ хоцрогдох,  бүр сургуулиасаа гарах гээд олон асуудлууд ар араасаа гарч ирдгийг нуух юун. Олон ч оюутан залуус дөрвөн жилийнхээ сургалтын төлбөр дээрээ ажил хийж мөнгө нэмэрлээд, өөр зүйл хийж эхэлбэл хамаагүй дээр юм байна гэж ярилцахыг сонсож байсан. Энэ нь магадгүй суралцах хүсэл мөрөөдөл нь мөнгөөр хязгаарлагдсаных байх.

Шөнийн 21:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл зөөгч хийчихээд, эхний цагийнхаа хичээлд арай хийнэ нүүрээ дутуухан угаачихаад, автобусанд  ядарсандаа хэсэг амрах гээд сууж буй залууг “Хөгшин хүнд суудал тавьж өгөхгүй ямар хүмүүжилгүй юм бэ. Залуу хүн байж нүүрээ ч олигтойхон угаачихаж чадахгүй” хэмээн бодож байсан байж магадгүй. Тэд зүгээр л ирээдүйнхээ төлөө хичээж буй энгийн л нэг залуус. Оюутны 70 мянга өгөхөө зогсоосон шигээ хурдхан хэдэн оюутныхаа дотуур байрны  хүрэлцээг нэмэгдүүлэхгүй бол  бид чинь хажуу өрөө, нийтийн байранд гундуухан амьдарсаар л байна шүү.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ц.Энгүүн: ”The Voice of Mongolia” шоунд анх аавыгаа бүртгүүлэх гэж очоод өөрөө орчихсон DNN.mn

“The Voice of Mongolia” шоуны анхны ялагч Ц.Энгүүнтэй ярилцлаа.


-Өвлийн богинохон, хүйтэн өдрүүдийг хэрхэн завгүй бас дулаахан өнгөрүүлж байна?

-Би өвөл дан даашинзтай яваад найзууддаа жаахан зэмлүүлчихээд байдаг юм. Тоглолтууд, шинэ жилийн уур амьсгал, хүмүүсийн аура намайг хангалттай дулаахан өвөлжүүлчихдэг. СУИС-ийн Уртын дуулаачийн хоёрдугаар курсийн оюутан болохоор ажлын хажуугаар хичээлээ амжуулах гэж нэлээн л завгүй байна. Энэ өвөл нүд ирмэхийн зуур л өнгөрч байна. Fantasya studio-ийн тоглолт, “Инээмсэглэл” хамтлагийн тоглолт, тэгээд шинэ жилийн тоглолтууд эхэлчихсэн болохоор даарах завгүй л өнгөрөөж байна.

-Таван жилийн өмнөх Энгүүн өнөөдрийн Энгүүнээс хэр их өөрчлөгдсөн бэ. Мөн таван жилийн дараах Энгүүнийг та яаж төсөөлж байна?

-Миний бодлоор хүмүүс энэ таван жилийн хугацаанд намайг сайнаар эсвэл муугаар өөрчлөгдсөн гэж бодоод байдаг юм билээ. Яг үнэндээ би урлагийн хүний амьдралаар амьдраад арван найман жил болж байна. Таван настайгаасаа л урлагийн хүний авах ёстой бүх сайхан муухай мэдрэмжүүдийг мэдэрсээр, сурсаар ирсэн юм шиг санагддаг. Хийлч Энгүүний амьдрал, дуучин Энгүүний амьдрал хоёр яг л түвшин ахих тусам даалгаврууд нь арай сонирхолтой болдог тоглоом шиг л санагддаг. Таван жилийн өмнөөс хийхийг хүсч бэлдсээр ирсэн бүх зүйлээ одоо хийгээд эхэлчихсэн. Сурч байсан зүйлсээ ашиглаж сурсан байна. Би ирээдүйгээ жаахан даруухан төсөөлөөд байдаг юм. Эргээд харахад төсөөлж чадахаасаа илүү том хөдөлчихсөн байдаг. Тэгэхээр таван жилийн дараа одоо төсөөлж байгаагаасаа хамаагүй их зүйл хийчихсэн байна байх аа.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Арван нэгэн дуутай цомог маань бэлэн болчихсон байгаа. Эхнээс нь клипжүүлээд нэг нэгээр нь цацна. Дуугаа өөрөө зохиож, хөгжмөө ч бас өөрөө хийлцэж байгаа болохоор дуу маань хурдан бэлэн болчихдог юм. Клипний ажил артистаас гадна сайн менежер хүний хийх ажил шиг санагдсан. Дуунууд маань бэлэн болчихсон болохоор он гараад клипний ажилдаа орох байх. Аль дуугаа түрүүлж цацахаа бол нууцалмаар байна.

-Дуугаараа юу илэрхийлэхийг бас ямар мэдрэмж хуваалцахыг зорьж байна?

-Энгүүн гэх хүнийг л танилцуулмаар байна. Тэмцээнд сонгож дуулсан дуунуудаар минь бүх хүн намайг төсөөлдөг юм. Гэхдээ тэр дуунууд нь өөр хүний өөрийн мэдрэмжээ шингээсэн дуу шүү дээ. Миний хувьд шууд коверлох биш нэлээн өөриймшүүлж өөр гормон ашиглаж анхнаасаа миний дуу байсан бол ийм байх байсан даа гэж төсөөлж ажиллаж дуулдаг байсан. Ихэвчлэн баллад поп дуу сонгож дуулж байсан болохоор хүмүүс намайг яг л тийм хүн гэж бодсон байх. Өөр зохиогчоос дуу авч дуулахад үгийн сонголт, аялгуу гээд л насны ялгаа надад тод мэдрэгддэг байсан. Дуулж байгаа дуу минь миний мэдрэмжээс зөрөөд Энгүүнийг мэдрүүлж чадсангүй дээ гэдэг бодол нэг хэсэг их хэцүү байдаг байсан. Одоо гарах дуунууд минь яг л миний дотроос гарсан мөн мэргэжлийн чанарыг илүү анхаарсан бүтээлүүд байх болохоор урьд нь байгаагүйгээрээ илүү их жаргалтай байгаа.

-Хэзээ ч сонсоогүйгээрээ нэг дууг дахин анх удаа сонсох боломж өгвөл тэр ямар дуу байх вэ?

-Ийм асуулт ирэхээр л зовчихдог. Би жааханаасаа л өдөр, шөнөгүй дуу сонсож хайрлаж өссөн хүүхэд болохоор аль нэгийг нь сонгох хэцүү байдаг. Бүгд өөрөөр мэдрэмжийн үүрэгтэй хэрэглэгддэг дуунууд байдаг. Анх сонсож үзэж гайхширч байсан мэдрэмжээ ойлгохгүй насан дээрээ үзсэн, санадаггүй юм. Daft Punk-Interstella 5555 гээд бүрэн хэмжээний цомог анимэйшнийг сонгоно.

-Дуртай уух зүйл тань юу вэ. Тэр уух зүйлтэй төгс хорших дууны нэр?

-Би кофе ууж чаддаггүй юм. Жимстэй цай уудаг төрлийн хүн. Тохирох дуу гэвэл Wave to earth-ийн бүх дуу зохицох байх.

-Ерээд оны нэг дуучинтай уулзах боломж олдвол хэн байх вэ. Яагаад?

-Michael Jackson. Би багаасаа хайртай байсан юм. Ээжээсээ хүртэл би Мichael jacksonтой гэрлэж болох уу гэж асууж байсан гэсэн. Хайр ч яахав уран бүтээлүүдийг нь ажиглахаар үнэхээр л гоц хүн шүү дээ. Potential-аа бүрэн дүүрэн ашиглаж чадсан хүн шиг санагддаг.

-Анх “The Voice of Mongolia” шоунд орох нь хэний санаа байсан бэ?

-Аавыгаа бүртгүүлэх гэж очоод өөрөө бүртгүүлсэн.

-Шоунд огт ороогүй Энгүүн энэ өвөл юу хийж байх байсан бол?

-Солонгост байх байсан байх аа. The Voice of Mongolia”-д ордог жил арваннэгдүгээр анги байсан. Хэрвээ тэнцэхгүй бол арванхоёрдугаар ангидаа хийлээрээ улсын шалгалттай, шалгалтын бичлэгээ Korean art руу явуулаад очиж сурангаа дуугаараа trainer болно гэж бодож байсан. Бас л хийлээ давтаад дуулж бүжиглээд явж байх байсан байх.

-Ука дасгалжуулагчтай байх ямар байсан бэ. Мэдрэмж, уур амьсгалын хувьд?

-Би тэр үед Ука эгчийгээ сонгосондоо үнэхээр баярладаг.Тухайн үед нүүрээ ч буддаггүй хүүхэд байсан. Уулзах бүрд л гоо зүйн мастеркласс авж байгаа юм шиг санагддаг байсан. Одоо Ука эгч бид хоёр сайн найз, эгч дүүс болцгоосон. “The Voice of Mongolia- 3” дээр хамтдаа ажиллаад жил гаруй өдөр шөнөгүй хамт байсан. Voice дуусаад Dance with me тоглолт дээр гээд л… Ука эгч байж болох хамгийн эерэг зөөлөн таатай уур амьсгалыг алхам тутамдаа бүрдүүлчихээд байдаг хүн шиг санагддаг байсан, одоо ч хэвээрээ.

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Н.Минжинсайхан: “Сэтгэл чамайг таньсан ч бил үү дээ” тоглолтдоо урьж байна DNN.mn

Арваннэгдүгээр сарын 24-нд “Сэтгэл чамайг таньсан бил үү” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхантай ярилцлаа.

-Таны анхны бие даасан уран бүтээлийн тоглолт маргааш болох гэж байна. Хэр их догдолж байна.

-“Өвгөн тэнгис хоёр” гэдэг зохиол шиг санагдаж байна. Сантьяго өвгөн далайд том загас барих гэж гараад зуун хоног явдаг шүү дээ. Загасаа барьчихаад буцаад явах гэсэн чинь далайн гүн рүү орчихсон байдаг. Тэгээд яаж том загасаа эрэг дээр бүтнээр нь аваачих вэ гэж зовнидог. Эрэг дээр ирэхдээ загасныхаа хэлхээтэй хэдэн ястай ирдэг. Энэхүү зохиолтой төстэй санагдаж байна. Анхны мэдрэмж болохоор ингэж санагдаж байгаа юм болов уу даа. Дараагийн удаа туршлагатай болчих байх. Гэхдээ дуучин биш болохоор ойр ойрхон тоглолт хийхгүй. Энэ тоглолт маань анхны дуугаа тосч авсны арван таван жил, анхны шүлгээ бичсэний 23 жил, энэ хугацаанд юу хийсэн, хаана яваа юм гэдгээ уншигч, сонсогч олноосоо мэдрэх. Бас тэдэндээ шалгуулах гэж байна.

-Бие даасан тоглолтоо хийе гэсэн бодол танд хэзээнээс төрсөн бэ?

-Ойр дотнын нөхөд маань тоглолт хийвэл яасан юм гэсэн яриаг сүүлийн жилүүдэд их ярьсан. Тэгээд энэ зунаас л бодож. Сэтгэлдээ ургуулж, төсөөлж эхэлсэн. Сэтгэлд гал ургаж, зууханд гал болно гэдэг шиг. Сэтгэлдээ эхлээд багтаагаад авсан юм чинь болно доо гээд зориглосон. Одоо тоглолт маань болоход нэгхэн хоног дутуу байна. Босгон дээр нь ирчихсэн зогсож байна даа.

-Тоглолтынхоо нэрийг яагаад “Сэтгэл чамайг таньсан бил үү” хэмээн нэрлэсэн юм бэ. Бүтээлийн тань нэр бололтой?

-“Сэтгэл чамайг таньсан бил үү” гэдэг миний дууны уран бүтээл. Энэхүү уран бүтээлээ дууны шүлэг гэж бодож бичээгүй. Шүлгээр нь л буулгасан. Дуун дотроос илүү сэтгэлийн сүү ундарсан бүтээл байдаг шүү дээ. Энэхүү бүтээл минь яг тийм бүтээл учраас энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн.

-Яруу найрагч дотроо олон төрөл байдаг. Танд дууны яруу найраг яагаад ийм ойрхон байдаг вэ?

-Дуунд дургүй хүн гэж байдаггүй байх. Ээжийн бүүвэйн дуу байдаг шүү дээ. Эгшиг надад хайрласан гэдэг шиг. Зоригтсайхан яруу найрагчийн бичсэн тэр нэг шүлгийн мөрийг илүү ойлгох шиг. Дуутай байхын сайхныг тэгж л таньдаг. Яагаад гэхээр ээжийн бүүвэйн дууг энэ биеэрээ эргүүлээд лимбэдэж, эгшиглүүлж байгаа утга юм уу даа. Дуутай хамт аж төрөхийн хувь зурагтай юм байна даа л гэж бодож явдаг. Ийм сайхан байгаль, хангай дэлхийд төрсөн хүн яаж дуу, хуургүй явах билээ.

-Таны дуунуудын онцлогийг сонирхвол?

-Би бүтээлүүддээ яг ийм гэж дүгнэмээргүй байна. Яруу найрагчид дотор дан ганц дууны төрлөөр бичдэг хүмүүс байгаа. Миний хувьд шүлэг, ном, дууны шүлэг гэх мэтээр бичдэг. Дууны шүлгийг ямар төрөл жанрт оруулах вэ гэдэг нь хөгжмийн зохиолчийн шийдэх асуудал. Дууны шүлгээр буулгая гэж бодоогүй бүтээл маань дуу болох жишээтэй. Яруу найраг гэх том мөрнөөс салаалж урссан нэг өргөн гол нь дууны яруу найраг юм.

-Анхны шүлгээ хэдэн настайдаа тэрлэж байв?

-Хүн бүхний дотор нэг хөгжмийн зохиолч, зураач, яруу найрагч байж л байгаа. Харин хүн алийг нь илүү сэрээсэн бэ гэдэгт л байгаа байх. Шүлэг зохиолд өөрийн эрхгүй татагдаж, хэнээр ч заалгалгүй толгой холбож, ар араасаа үгс орж ирж гар гүйцэлгүй бичиж байгааг л онгод гэдэг байх. 13 настайдаа анхны шүлгээ буулгаж байлаа.

-Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

-Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй.

-Тоглолтод ямар ямар, уран бүтээлчид хүрэлцэн ирж, шүлэг найраг, ая дуугаа өргөх вэ?

-Тоглолтод маань Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан гуай, Ардын жүжигчин Г.Равдан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш зэрэг яруу найрагчид урилгаар оролцоно. Дуучдаас МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Ч.Батцэнгэл гээд П.Баярцэнгэл сүүлийн үеийн дуучид нэлээд бий.

Тоглолтын маань тасалбар ticket.mn-ээр борлуулагдахын зэрэгцээ хүргэлтээр хүргэж өгч байна. Тиймээс монголчууд та бүхнээ “Сэтгэл чамайг таньсан ч бил үү” тоглолтод маань хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Ном ярьж өгье: Цэгцтэй сэтгэх урлаг DNN.mn

Бид өдөр бүр ямар нэгэн байдлаар хүмүүстэй харилцаж шийдвэр гаргадаг. Гэвч хэрхэн оновчтой шийдвэр гаргахаа мэддэггүйгээсээ буруу худалдан авалт хийх, хэрэггүй зүйлд цагаа үрэх, үр дүнгүй зүйлд хэт их ач холбогдол өгөх зэрэг алдаануудыг гаргадаг.
Бодол сэтгэлгээний энэ мэт маш олон алдаа, төөрөгдлийн тухай Ролф Добэлли “Цэгцтэй сэтгэх урлаг” хэмээх ном бичсэн нь олон улсад маш их алдаршсан юм.
Энэхүү номд буруу шийдвэрүүд болон буруу бодлууд юунаас болж үүсдэг, мөн тэдгээрээс хэрхэн сэргийлж, оюун бодлоо цэгцтэй, илүү ухаалаг байлгах талаар 99 төрлийн “сэтгэхүйн төөрөгдөл” (cognitive error) гэж нэрлэгдэх хандлагуудыг тайлбарласан юм. Миний хувьд ихэнх бүлгүүд нь хоорондоо ижил, утга санаа нь давтагдаж байсан учир заавал 99 биш бараг 50 төрөлд ч хуваачихаж болох юм шиг санагдсан. Сэтгэл судлал, хүний зан байдлын талаар эрдэмтэн судлаачдын гаргасан онол, эшлэлүүдийн түүвэрлэл мэт
Номын хэсгээс:
1. Яагаад “Нүх” рүү өнгийж харах ёстой вэ
Шаргуу хөдөлмөр, амжилтад хүрэх магадлалаа хэзээ ч бүү дутуу үнэл. Ихэнх хүмүүс амжилттай яваа нэгний намтар, амжилттай яваа хүмүүст хамаг анхаарлаа хандуулж, тэднийг судлахад цагаа зарцуулдаг. Гэтэл түүний цаана амжилтад хүрэх гэж яваад бүтэлгүйтсэн, амжилтын үзүүрээс атгаад л тавьчихсан хүмүүс зөндөө байдаг. Бид бусдын амжилтын түүхийг уншиж, судалж,
Ном ярьж өгье: Цэгцтэй сэтгэх урлагамьдралдаа хэрэгжүүлдэг шиг бүтэлгүйтлийн “нүх” (graves of once-promising projects) буюу амжилтгүй яваа хүмүүсийн тухай ч гэсэн уншиж мэдсэнээр амжилтад амар хүрдэггүй гэдгийг мэдэрч, илүү шаргуу, илүү ухаалаг байхыг сануулна.
2. Харвард таныг ухаантай болгох уу?
Харвардад сурвал амжилттай, баян болно, усанд сэлэлтийн тамирчид өөгүй тэгш биетэй байдаг, гоо сайхны бүтээгдэхүүний моделууд гоё арьстай байдаг. Гэвч эдгээр зүйлүүд тэднийг үр дүнд хүрэхэд нь үнэхээр нөлөөлсөн гэж үү? Үгүй л байх даа. Зарим хүмүүс төрөлхийн байгалиас заяасан өгөгдлийн дагуу амжилтад амархан хүрч, бусдаас онцгойрч чаддаг. Хэн нэгнийг дуурайж аливаа шийдвэр гаргахаасаа өмнө өөрт байгаа өгөгдлөө тухайн хүнийхтэй харьцуулж нэг үзээрэй.
Жишээ нь: Харвардын их сургуулийг дэлхийн хамгийн шилдэг сургууль гэж ярилцдаг. Маш олон амжилттай яваа хүмүүс энэ сургуулийг төгссөн байдаг. Тэгэхээр Харвард бол үнэхээр сайн сургууль гэсэн үг үү. Бид үүнийг мэдэхгүй. Уг сургууль нь зүгээр л дэлхийн хамгийн шилдэг оюутнуудыг элсүүлдэг тааруухан ч газар байж магадгүй. Хамгийн магадлалтай хариулт бол элсэгчдэд тавьдаг өндөр шаардлага юм. Дэлхийн шилдэг их сургуулиудад тооцогддог тэдгээр сургуулиуд тийм л мундаг юм бол яагаад хамгийн муу оюутнуудыг элсүүлж аваад хамгийн мундгууд болгоод төгсгөдөггүй юм бол..
3. Зарлагадсан зүйлийн хойноос шаналах үзэгдэл
Бид ажил, хосын харилцаа эсвэл ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх гэх мэт зүйлүүдэд маш их цаг хугацаа, мөнгө, хүч чадал эсвэл хайрыг зориулсан байх тусмаа зарлагадсан зүйлийн хойноос шаналах үзэгдэлд автдаг. Өөрийгөө буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч чадалгүй зориулсан, зарцуулсан зүйлээ бодоод цааш үргэлжлүүлсээр байдаг. Гэвч илүү ихийг зориулах тусмаа илүү ихийг алддаг.
Харин ухаалаг шийдвэр гаргалт нь өнөөг хүртэл хэр ихийг зарцуулснаа мартаж зөвхөн ирээдүйд ашиг өгөх эсэхэд л анхаарахыг шаарддаг.
Хамгийн оновчтой шийдвэр гаргаж сурахыг хүссэн хэн бүхэн. Гаргаж байсан шийдвэрүүддээ харамсаж байсан болон дахин тийм алдаа гаргахыг хүсэхгүй байгаа хүмүүс. Энэхүү номыг уншаарай. Хувь хүний хөгжилдөө том хөрөнгө оруулалт хийсэндээ та өөртөө талархах болно. Энэ номоос “ямар ч алдаагүй амьдрах долоон алхам”-ыг та олж харахгүй. Аз жаргалын түлхүүрийг танд атгуулахгүй ч, азгүй явдлуудыг өөртөө авчрах үйлдэл хийхээс таныг хамгаалах хуяг тань болно.
Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Д.Одсүрэн: Дэлхийн бүхий л томоохон тайзан дээр бүжиглэсэн DNN.mn

Балетын гоцлол бүжигчин Д.Одсүрэнтэй ярилцлаа

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дагвын одсүрэн гэдэг. Баянхонгор аймагт төрсөн. Айлын долоо дахь хүүхэд. Хөгжим бүжгийн коллежийг 2003 онд Сонгодог бүжигчин мэргэжлээр төгссөн.

-Хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ. Яагаад бүжигчин гэх мэргэжлийг сонгох болов?

-Багаасаа л бүжиглэх сонирхолтой, нугардаг хүүхэд байсан. Гэрийнхэндээ долоо хоног бүр өөрийнхөө бэлдсэн бүжиг, дуу, хөгжмийг тоглож үзүүлдэг байлаа. Аав ээжийнхээ бүх хувцсыг орон дээр гаргаж тавьчихаад л өөр өөр загвар гаргаж өмсөөд дуулж, бүжиглэж эхэлнэ дээ. Харин гэрийнхнээс нэг нь л байхгүй бол үзүүлбэрээ эхлүүлдэггүй байсан.

Анх арван настайдаа ээжийгээ дагаад Улаанбаатарт ирсэн юм. Тэр үед л урлагийн мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Алдарт зууны манлай бүжигчин Ю.оюун гуай надаас шалгалт авч “Балетын ангид орох хүү байна” гэж хэлж билээ. Тэр үед би сонгодог бүжгийн ангид орно гэж үнэхээр төсөөлөөгүй.

-Таны бодлоор бүжгийн урлагийн хамгийн сайхан нь юу вэ?

-Бүжиглэх бүртээ өөр ертөнцөд очсон мэт болдог. Дотроос гэрэл асч. Бүх шар үсний нүх томорч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Урлаг маш сайхан зүйл. Хүнд оюуны болоод сэтгэлийн гоо сайхныг бэлэглэдэг. Харин түүнийг уран бүтээлч хүн цааш нь улам нарийн хөгжүүлэх хэрэгтэй. Хүний амьдралыг үзэх үзлийг гэгээрүүлэх зорилготой гэж хэлж болно.

Одоо бол балетын урлаг хөгжиж европод 50 нас хүртэл бүжиглэх техник технологийг сургадаг болсон. Үүнийг залуу байгаа дээрээ сурсан маань миний хувьд таашаалтай, азтай зүйл.

-Ямар амжилтууд гаргаж байв?

-Дэлхийн бүхий л томоохон тайзан дээр Монгол Улсынхаа нэрийн доор уран бүтээлээ туурвисан. Амжилтаасаа дурдвал, Герман улсын 2012 оны шилдэг уран бүтээлийн театр оскарын шагнал, 2005 он Азийн олон улсын “Алтан хараацай” сонгодог урлагийн тэмцээнээс алтан медаль, 2008 онд Rudolf Nureyev нэрэмжит дэлхийн тэмцээнээс онцгой авьяастан шагнал, 2003 он Ази номхон далайн орнуудын хооронд зохиогдсон балетын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.

-Одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байна вэ. Мөн судалгааныхаа талаар танилцуулбал…?

-улсад суралцаж байгаа монгол, европ хүүхдүүдэд лекц уншихын хажуугаар бүжгийн хөдөлгөөний хичээл заадаг.

Судалгааны хувьд хүний оюун ухаантай маш нарийн холбоотой. Гурван өнгөөр хүний бие, нүд, уураг тархийг яаж бие сэтгэл рүү удирдан амьдралд хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхыг заадаг. Хөдөлгөөнт сургалт юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Герман улсын цахилгаан эрчим хүч болон хот төлөвлөлтийн талаар харилцан санал солилцох хурал хийсэн. “Дэлхийн шилдэг харилцаа” төрийн бус байгууллагатай хамтран Герман улсад байгаа Монгол Улсын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзалтад оролцсондоо маш их баяртай байгаа. Хамт санал солилцож ярилцсан Б.сэргэлэнбаатар, ч. Мэндбаяр, Д.Энхбаяр, В.Мөнхцэцэг, л.отгонбаяр нартаа баярлалаа.

-Залуу хүний хувьд хийж бүтээх юмсан гэж боддог зүйл юу вэ?

-Миний хувьд гол дүрийн бүжигчин болсон учир ажлын хувиар өөр болсон. олон орны их театруудын балетын жүжгүүдэд гол дүр бүтээхээр гэрээ хийсэн. Хамгийн эхний бүжгийн жүжиг бол “Парисын дарь эхийн сүм” балетын ламын дүрээр Бельги улсын Антверпен хотын эх театрт бүжиглэнэ.

Мөн ирэх аравдугаар сарын 5-нд Герман улсын Франкфурт хотын эх театрт шилдэг гоцлол бүжигчдийн фестивальд монгол модерн бүжгээр оролцоно. Энэ фестиваль нь “Raf­faele Irace”-ын нэрэмжит европын шилдэг гоцлол бүжигчдийн нээлттэй тоглолт юм.

-Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?

-Монгол Улсынхаа урлагийн санд хувь нэмэр оруулах бодол бий. Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчидтэй хамтран ажиллаж. Европын 10 гаруй жилийн театрын шилдэг удирдагч Martin Schleapfer, олон улсын бүжиг дэглээч, шилдэг эмэгтэй найруулагчийн шагналт Regi­na Von Berkel гэх хоёр уран бүтээлчийг эх орондоо авчрах төлөвлөгөөтэй байгаа. Сонгодог болон бүжгийн урлагт шинээр хөл тавьж буй хүүхдүүдийг шинэ зүйл бүтээгээсэй гэх үүднээс энэ гайхалтай уран бүтээлчтэй хамтран ажиллах санал тавьсан. Мөн Монголын балетын урлагт зориулсан шинэ уран бүтээл хийх саналыг маань хүлээж авсан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.сарантуяа гуайд талархаж буйгаа илэрхийлье.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

 

Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордсон Пап Францис болон айлчлалын багийнхан  “Чингис хаан” олоэн улсын нисэх онгоцны буудалд газардав. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хүмүүс угтаж авсан бөгөөд энэхүү айлчлалыг дагалдан Гэгээн Ширээт Улсын албаны хүмүүс, 150 орчим гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж байна.

Пап Францисын 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөрийг Монголд тавтай морил, Пап Францис (montsame.mn), Монгол Улс Гэгээн Ширээт Улстай тогтоосон харилцааны талаарх мэдээллийг https://www.montsame.mn/mn/read/325478, Ватиканы нууц архиваас Монголын талын хуулбарлан авсан захидлуудын талаарх мэдээллийг Ватиканы нууц архиваас Монголын талын хуулбарлан авсан захидлууд (montsame.mn) холбоосоор уншина уу.

ПАП ФРАНЦИСЫН ТОВЧ НАМТАР

2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон юм. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улс, Буэнос Айрес хотод итали цагаачийн гэр бүлд төрсөн.

Боловсрол:

1986 – ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 – Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан.

1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн.

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон.

2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан.

1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба

1992 – 1998 Буэнос Айресын хамба

1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан

1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор

1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн

1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан.

1969 – Сахил хүртсэн.

1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 – Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн.

Тэрбээр испани, итали, герман хэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ.