УИХ-ын дарга Г.Занданшатар Их хурлын дарга болохоосоо өмнө буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа айхавтар дөвчигнөсөн. 2019 оны босгон дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын алт мөнгөний орд дээр бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхан, мөн бүрэн камержсан сэтгүүлчдийн багийг дагуулж очсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх тус ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын мэдэлд хурааж авсан. Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр сүрийг үзүүлэн очиж, тухайн орд газрын ажилчдыг гарыг нь гавлаж өмнөө сөгдүүлэн мөлхүүлээд түүнийгээ хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацаж, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг цаашид ч ийм байдлаар улсын мэдэлд авах болно гэдгээ мэдэгдсэн. “Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. 770 мянган тонн мөнгөний нөөцтэй, алт газрын ховор металлтай компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоолоо” гээд баахан сүржигнэсэн.
Занданшатарын энэ сүржигнэл явж явж гавьяат хуульчийн аминд хүрчихэв үү. Уг орд газартай хамаарал бүхий хэргийг өмгөөлж байсан Монгол Улсын гавьяат хуульч, манай нэртэй шүүгчдийн нэг Л.Бямбаа шоронд амь насаа алдлаа. Тодруулбал, талийгаач Салхитын алт мөнгөний орд газрыг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдэл гаргасан “Амин билигт” компанийн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Талийгаачийн цогцос хөрч амжаагүй байхад Авлигатай тэмцэх газраас өчигдөр “Талийгаач нь Салхитын ордын авлига хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон хэрэгт шалгагдаж байсан” гэж мэдээлж байна. Монголын нэртэй шүүгч шоронд амиа алдсан маш харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Тэрээр Салхитын мөнгөний ордын асуудлаар шоронд хоригдоогүй, гэртээ сэтгэл амар сууж байсан бол ийм айхавтар зүйл болох байсан уу. Талийгаач суллагдахаасаа хэдхэн минутын өмнө амь насаа алдсан байна. Өөрийгөө орноос боомилсон байж болзошгүй байдалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл бий.
Салхитын алт мөнгөний ордын асуудал асар том улс төрийн нөлөөтэй. Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч Занданшатарыг тусгайгийнхантай явуулсан. Тиймээс талийгаач бүхий л насаараа хууль шүүхийн байгууллагад ажилласан хүний хувьд “үхэн үхтэлээ энэ хэргээс би мултрахгүй нь” гэдгээ мэдэж байсан байх. Ардаа улс төрийн айхавтар асуудалтай хэрэгт холбогдсон нөхдийг хуулийнхан хэрхэн яаж тамладгийг, ямар хатуу харгис ханддагийг талийгаач мэдэх учир амиа хорлосон ч байж магадгүй. Улс төртэй холбогдсон ийм хэрэгт хууль шүүхийнхэн үнэн мөнийг нь олохоосоо илүүтэй улс төрийн нөлөөллөө бодох нь бий. Тиймийн учир талийгаач өөрийн минь ээлж ирлээ гэдгээ мэдээд явчих шиг боллоо, хөөрхий минь.
Уг эмгэнэлт явдлын эхлэл нь Занданшатарын дөвчигнөл гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мань эр гадны хөрөнгө оруулалттай компанийн тусгай эрхийг шууд цуцалж булаан эзэлснийхээ шанд Улсын Их хурлын дарга болох шиг боллоо. Харин дөвчигнөлийнх нь үр нөлөөнд Монголын нэр нүүр болсон нэгэн сайхан хуульч амиа алдсан нь харамсалтай.Тэрээр Улсын дээд шүүх, нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг нэр төртэй хашиж ирсэн юм.
Ийм хүн амиа алдсаныг бодоход их л үнэтэй дэвшил, их л үнэтэй албан тушаал болж байна даа, Занданшатар минь. Таныг Их хурлын дарга болгох гэж Монголын төр бүтэн хоёр сар гаруй хугацаанд зогсолт хийсэн. М.Энхболдыг суудлаас нь авч хаях гэж чухам юу болов. Эрх баригчид талбай дээр суулт зарлаж, нийгмийг донсолгосон жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч нь хууль санаачилж, түүнийг нь Их хурал баталж, Монголын парламент ёсны түүхэнд байгаагүй үйл явдал болсон. Энэ бүх тавилттай гэж хардахаар жүжгийн дараа та Их хурлын дарга болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын амийг нь чангааж, аж ахуйн нэгжийг нь дээрэмдэж байж Их хурлын дарга болдог нь ч ямар учиртай юм. Ер нь тэгээд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан дарга хүн байж гадаадын хөрөнгө оруулагчдын дундын маргаанд хүзүүгээ шаах хэрэг байсан уу.
Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр очиж, компанийн ажилчдыг өмнөө сөгдүүлж сүр хүчийг үзүүлэн дөвчигнөхийн оронд хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн энгийн албан хаагчтай очоод ном журмын дагуу албан шаардлагаа тавьсан бол ийм айхавтар хүнд тусгалтай үйл явдал болохгүй байх байлаа. Эцэст нь хэлэхэд, Г.Занданшатар та Их хурлын дарга болохынхоо өмнө ямар муухай балагтай, хар мөртэй зүйл хийсэн болохоороо ингээд гавьяат хуульчийн аминд хүрчихдэг байна вэ?
Б.Батболд