Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна

Есдүгээр сар дундаа орлоо. Хөдөөгүүр хүйтэн бороо асгаж уулынхаа оройгоор нойтон цас хаялж байна. Яг энэ цаг мөчид хөдөөнийхөнд өвс хадлангаа бэлтгэх, мөн өвлийн түлээ түлш модоо бэлтгэх амаргүй хоёр ажил тулгарч ирдэг. Өвс хадлангийн хувьд ургац сайтай байхад асуудалгүй. Олныхоо дэмээр болчихно. Харин мод бэлдэж авна гэдэг хэн бүхэнд амаргүй даваа. Өвлийн бэлтгэл гээд байгаагийн хамгийн гол ажил энэ. “Яаж нэг өвлийнхөө түлштэй залгаж авдаг юм байгаа. Хотод суугаа хүүхдүүд нэг юм бодож л байдаг байлгүй. Өвгөн бид хоёрын хувьд уулнаас мод хийж гаднаа буулгана гэдэг ч санаад санаад сачий хүрэхгүй ажил байх аа” гэж айл гэрийн хөгшид бодолд дарагдаж суудаг. Хөдөө сум суурингийнхны яг бодит амьдрал өнөөдөр ийм л байгаа. Бүгд л модоо яаж бэлдэж авна даа, яаж ийгээд ганц машин мод хашаандаа буулгаад авбал ч болох нь тэр хэмээн шаналж суугаа.

Хөдөө аймаг сумынхны айлууд хашаандаа наад зах нь нэг машин, зарим айл нь 2-3 машин мод буулгана. Одоо бол портероор зөөдөг болсон. Нэг портерт дунджаар дөрвөн метр куб мод багтдаг. Найман метр куб мод хоёр портер болно. Хуучны ЗИЛ-130-ын урт тэвшинд бол 8-9 метр куб мод багтдаг байсныг бид мэднэ. Ингэхээр жирийн нэг айл гэр өвлийн түлшиндээ бараг л 16-18 метр куб мод хэрэглэдэг гэх тооцоо гарч байна. Тэр их модыг хоёр хөгшин, хөрөө сүх барьж ууланд гараад хөрөөдөөд цагаалаад, ачаалаад ирж чадахгүй нь мэдээжийн учир хотоос үр хүүхдүүд нь очиж тусалдаг болсон. Ер нь тэгээд мод хөрөөдөж унагах, унагасан хойноо салаа мөчрүүдийг нь цавчиж салгах, том том ярыг нь авч хаях, холтос зомголыг нь түүхээс аваад хөгшид байтугай залуу идэр хүмүүсийн санааны зоргоор хийгээд байдаг ажил ч биш л дээ. Дээхнэ үед Монгол Улсын модны төлөвлөгөөг хангаж байсан Сэлэнгийн Бэрлэг Бугантын хорих ангийн хоригдлууд мод хийх, уулнаас үхрээр цагаалж буулгах ажлаас бүр нэг нуруугаа авахуулсан морь гэдэг шиг зүрх нь үхчихсэн байдаг сан. Хөөрхий Хадаа аварга хэцүү нэртэд суухдаа хатуу хөтүү гэлтгүй зүтгэж байсан гэдэг. Ийм хүнд хүчир ажил учир хөдөө гадааныхан намрын намар модоо бэлдэж авна гэхээс зүрх алдаж суудаг. Хашаандаа модоо буулгаад авсан айл бол мэдээж өвлийнхөө бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангачихлаа гэсэн үг.

Сум суурин олноор бий болсон 1940, 1950-иад оноос монголчууд модоо түлж эхэлсэн. Түүнээс өмнө нь аргал хөрзөнгөө түлээд амар суудаг байсан. Байшин, хашаа хороотой болоод эхлэхээр аргалын гал гэр орныг нь дулаацуулж дийлэхээ болиод уулнаас мод бэлддэг болсон. Мөн сургууль, эмнэлэг, захиргааны түлээ бэлтгэх гэж бас нэг тамын ажил. Сургуулийн галч, байрны багш, захиргааны зарлага, эмнэлгийн ажилчид гээд олон хүн энэ тамын ажилд дайчлагдана. За тэгээд мод бэлтгэх явцад түймэр ёс юм шиг гарна. “Тэр уулын ар шатаж байна. Арайхийж галыг нь цурманд орууллаа. Модонд явсан нөхдүүд түймэр тавьчихжээ” гэсэн яриа хаа сайгүй дуулддаг. Модонд явсан нөхөд түймэр тавьж уул хангайгаа шатаахаас гадна нойтон мод огтолж ёс бусын үйлдэл гаргадаг. Ёстой нэг гол харламаар, залуу сайхан нойтон моднуудыг толгой дараалан огтлоод алга болдог. Модны гоожин авсан нэрээр тухайн сум суурингийнхаа байцаагч нартай хуйвалдаад хулгайн нөхдүүд ойгоо тэр чигээр нь буулгаж аваад зөөдөг.

Өнгөрсөн өвөл Эрдэнэт хотод нэг машин мод 500 мянга хүрч байсан. Машин гэдэг нь портерийг л хэлж байгаа байлгүй. Тэгэхээр нэг портер мод л 500 мянгатай байх жишээний. Улаанбаатар хотод, модны Цайз захад нэг машин хуш мод 1-3 сая төгрөгийн үнэтэй байна гэж дуулдаж байсан. Одоо бол бүр л нэмэгдэж байгаа. Цайз захын модны худалдаачид нэг машинд 15-20 шоометр, бүр том машин бол 45 шоо метр мод багтдаг тухай хэлж байсан. Ургаа мод, урсгал усаа хайрлах тухай эцэг өвгөд минь сургасаар ирсэн. Энэхүү зарлиг сургаалын эсрэг явж байгаа нь харамсалтай. Гол мөрний ай сав газар, урсгал усны эх ундарга болсон газар цахилгаан хөрөө тачигнаж байдаг. Ингэж бид байгаа бүхнээ барж байгаа хүмүүс л дээ. Монгол орны нийт нутгийн найман хувийг ой мод эзэлж байна гэсэн нарийн судалгаа гарсан. Тэгвэл монголчууд бид тэрхүү найман хувийн ойгоо зүсэж мөнгө олно гэхээсээ түлж дуусгаж байгаа ард түмэн. Хуурай нойтон, хөгшин залуу гэлтгүй газар сайгүй модоо түлж байна.

Энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс зарахыг хориглосон. Үндсэндээ хотын иргэд түүхий нүүрс түлэх аргагүй болсон. Яг үүн шиг Монгол Улсын хөдөөх аймаг, сум суурин болон бүр хөдөөний нөхцөлд мод түлэхийг хориглох шийдвэр гаргавал яасан юм бэ. Хөдөөгийн бид чинь хаяанд байгаа модоо түлэхгүй өөр юугаа түлэх юм гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл нүүрсээ түлэхгүй юу. Тэртэй тэргүй Улаанбаатар хотод хориглочихлоо. Бүр ч таатай нөхцөл бүрдээд ирлээ. Монгол Улс бол нүүрсний хувьд жинхэнэ бассейн болсон орон. Дэлхийд нүүрснийхээ нөөц хэмжээгээр эхний аравт эрэмбэлэгддэг. Монгол Улсын нүүрсний батлагдсан нөөц 37.4 тэрбум тонн. Таамаг нөөц 173.3 тэрбум тонн. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн ердөө 30-аадхан хувьд хийсэн судалгааны дүн. Үүнээс зөвхөн Багануурын уурхай гэхэд л олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.сая тонн баталгаат нүүрсний нөөцтэй. Нүүрс шиг их юм Монголд үнэндээ алга. Улаанбаатар хотоос бусад суурин газар, хөдөөгийнхөн энэ намраас эхлээд нүүрсээ түлдэг болъё. Мод чулуу бэлтгэх гэсэн тэр их дарамтнаасаа одоо салах цаг нь болсон. Амьдралын хэв маяг, хэмнэлээ одоо өөрчилье. Хэрвээ хөдөө гадааны-хан, аймаг сум суурингийнхан нүүрсээ түлээд эхэлбэл Монголын эдийн засагт эргэлт ирнэ. Нүүрсний энэ олон орд уурхайгаа айл өрх бүр дэмжинэ. Дээрээс нь нүүрсийг хотод уурхайгаас нь авчираад айл өрх бүрийн хэрэгцээнд тааруулж шуудайлж савлаад зардаг шиг хөдөөх сууринд тийм нөхцөл дорхноо бүрдэнэ. Сум суурин бараадсан ядарсан хөгшин эмгэн хоёр уулнаас мод авчрах гэж бусдыг царайчлахгүй, хүн амьтны гар харахгүй гэрийнхээ гаднаас л нүүрсээ худалдаж аваад түлнэ. Ингэж өвлийн түлш хүн бүхний гарын дор болж ирнэ. Ийм л зохицуулалт хэрэгтэй харагдаад байх юм.

“Монголд 1.2 тэрбум шоо метр ой мод байна. Үүний 66 орчим хувь буюу 800 гаруй сая шоо метр мод одоо ургаж байна. Эдгээр модны 30 орчим хувь нь хөгширсөн. Харахад өндөр ч хөрөөдөөд үзэхээр өгөршсөн. Нийт ойн 30 гаруй хувь нь босоогоор эсвэл унаад хатчихсан. 240 гаруй сая шоо метр мод хатсан байдалтай байна. Энэ модыг цэвэрлэхгүй бол ой улам доройтно. Монгол орны ой бол байгалийн унаган ой. Тэр утгаар устах аюул ойрхон байна” гэж ойн чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн С.Батсүх хэлж байна. Ойгоо түлээд дуусчихвал юу болох билээ. Тэгэхээр Монголын төрөөс энэ салбарт зохицуулалт хийх цаг нь ирсэн байна. Нүүрс түлээд хөдөө аймаг сумынхан утаанд дарагдана гэж бодож байгаа байх. Гэвч Улаанбаатар шиг дөрвөн уулын дунд хашигдсан, утаа нь сарниж алга болох боломжгүй, дороо нам суудаг тийм суурин ховор. Дэрэээс нь аймаг сумын хүн амын тоо их хоттой харьцуулахад юман чинээ хүрэхгүй. Улаанбаатарт амьдарч байгаа 390 мянган өрхийн 60 хувь буюу 220 мянган өрх нь гэр хороололд амьдардаг.

Тэгвэл хөдөө суманд дунджаар 1000 гаруй өрх бий. 220 мянган айлын утаатай харьцуулах 1000 айлын утаа хөдөөгийн цэнгэг агаарт юу ч болохгүй. Тэгэхээр агаарын бохирдлын тухай ярихад арай хээнцэрдэнэ. Эдгээр судалгааг тал бүрээс нь аваад үзэхээр хотод хориглосон түүхий нүүрсээ хөдөөдөө түлж эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаг үеийн шаардлага болжээ. Тэгж байж Монгол Улс ой модныхоо экологийг хадгалж үлдэнэ. Харин энэ байдлаар цааш үргэлжилбэл бид ойгоо түлээд дуусна, нүүрсний зах зээлд дотооддоо ямар ч эргэлтгүй зогсоно. Өнөө л модоо бэлтгэдэг хуучин арга, амьдралын дарамт, ойн түймэр, дээрээс нь асар их аваар осол тэр бүгдээсээ салж чадахгүй. Улам ухарна гэсэн үг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цалингийн доод хэмжээг өндөр тогтоох нь хувийн хэвшлийг дампуурахад хүргэдэг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320.000 төгрөг байхаар тогтоосон. Мөн ирэх оны буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээ 420.000 төгрөг болохоор болсон юм. Энэ нь сүүлийн мөрдөж буй хэмжээг 33.3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцолж байв.

Ингэж хуулийн дагуу монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болоод байна. Удахгүй он гаргаад 420 мянган төгрөг болохоор болж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ бөгөөд хоёр жил тутам нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтоож байх хуультай. Тэгэхээр уг хуулийн дагуу ирэх онд гурван талт үндэсний хороо хуралдаж цалингийн доод хэмжээг дахин өндөрсгөх боломжтой гэсэн үг. Цалингийн доод хэмжээ өндөр тогтоогдох тусам ядуурлыг улам хөөргөдөж, ажилгүйдлийн тоо улам ихэсдэг. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өндөрсөх тусам хувийн хэвшил алдагдал хүлээж дампуурлаа зарладаг.

Цалингийн доод хэмжээ өндөр байх тусам ард иргэдийн ахуй амьдрал дээшилж, ийм мэдээллийг сонссон хэн бүхэнд шууд л гар дээр нь бөөн бөөн мөнгө асгараад ирэх юм шиг ойлгодог. Гэвч яг бодит хөрсөн дээр энэ бол хамгийн аюултай зүйл. Улс орны хөгжил дэвшлийг гол хөдөлгөгч хүч нь болсон, татварын мөнгөний эргэлт санхүүжилт нь болох хувийн хэвшлүүд ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больдог. Хувийн хэвшил, аж ахуйн нэгж компаниуд төчнөөн тооны ажимллах хүчин авна, цалингийн нийт хэмжээ төд болно, үүнээс урсгал зардалд төчнөөн төгрөг зарцуулна, тэгээд сардаа төчнөөн төгрөгийн ашиг олно гэх тооцоо судалгаатай байдаг. Гэтэл эрх баригчид ард түмэндээ жигтэйхэн хайртай болох гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмээг шууд 100, 200 мянгаар нэмчих нь бий. Энэ нь хувийн хэвшлийнхэнд айхавтар том цохилт болж ирдэг. Ашиг орлого олох нь бүү хэл ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байгаад дээрээс нь банкны өр, түрээсийн төлбөрөө дийлэхээ болиод яалт ч үгүй жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлдэг.

Албан газрууд дампуурахаар мэдээж ажилгүй иргэдийн тоо огцом өснө. Ингэж нийгэмд ядуурал бий болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх ийм л хорлонтой. Боловсрол, мэргэжил үл шаардагдах энгийн иргэдээ харж үзэж өндөр цалин өгөх биш, харин ч хорлож ажилгүй болгон амьдралыг нь сүйтгэж ядуурлыг хөөргөдсөн төрийн харалган бодлого болдог. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжид бүр чиг хорлонтой. Наад захын нэг ачигч ажилд авъя гэж бодоход 320 мянган төгрөг өгөх болно. Энэ нь манайдаа эмч, багш нарын цалинтай бараг л дүйж очихоор мөнгө. Цалингийн доод хэмжээг өндөр тогтоогоогүй байхад хувийн хэвшлийнхэн энгийн иргэдтэй боломжийн хэдэн төгрөгөөр тохироод ажиллуулж болдог байсан. Хэн хэнд нь ашигтай, тустай л байсан. Ямар ч иргэн боловсрол, мэдлэг, ажлын дадлага туршлага энээ тэрээ гээд өөрийгөө зовоогоод байхгүй наад захын албан байгууллагад жижүүр, цэвэрлэгч хийгээд явчихдаг байв. Гол нь цалин мөнгөө тохироод ажилд орчихдог, ар гэрээ аваад явчихдаг, подхийсэн амьдралтай л байсан. Цалингийн доод хэмжээг хуульчлаад тогтоогоод өгөхөөр энэ бүх зүйл байхгүй, ухаандаа цалингаа тохироод ажил хийнэ гэх ойлголт байхгүй болж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас нь өндөр тогтоож өгөх нь улс орны хөгжилд ямар аюултай, ямар их эрсдэлтэйг бид Солонгосоос бэлээхэн харж болно. Солонгосын эдийн засаг муудлаа гэх яриа сүүлийн үед дуулдах болсон. Энэ нь юутай холбоотой вэ гэдгийг эдийн засагчид шууд дуу нэгтэйгээр хэлж байгаа. Солонгосын төрөөс цалингийн доод хэмжээг 300 сая орчим вонн болгосон байдаг. Энэ нь тус улсын жижиг дунд үйлдвэрүүдийг дампуурахад хүргэж байгаа. Солонгост хоёр сая орчим жижиг дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооцоо бий. Түүнээс бараг тал орчим хувь нь хаалгаа барьж, Хятад болон Вьетнам зэрэг орнууд руу гарах болсон. Солонгост ажил хийж байгаа монголчуудад ажил олдохгүй байна, ажиллаж байгаа үйлдвэр нь ажилчидаа халж, гадагшаа гарч байгаа юм гэнэ гэх яриа ийм учиртай.

Ирэх жил бол сонгуулийн жил. Эрх баригч нам ард түмэндээ, сонгогч олондоо таалагдахын тулд юуг ч яаж ч өөрчилж магадгүй. Ард түмний хайртай хүү, ардын баатар Ерөнхий сайд маань Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур хүч нь болсон уул уурхайн компаниуд руу цэрэг хөдөлгөж орно гэж ярьж байгаа. Бодох нь ээ, хүчээр түрэмгийлэн төрд булааж авч, мөнгийг нь ард түмэнд тарааж өгөх юм байлгүй. Ийм аймшигтай реформ хийж байгаа эрх баригч нам бас л ард олонд таалагдах гэж цалингийн доод хэмжээг хэд ч хүргэж, яаж ч өсгөхийг таашгүй. Хувийн хэвшлээ бүгдийг нь дампууруулчихаад, ажилгүйдэл, ядуурлыг дээд цэгт нь тулгачихаад сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Манай төр засаг 2019 оны эхэнд баян Намсрай шиг л байн байн цалин нэмсэн тухай мэдэгдэл хийж байсан. “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр улсын төсөвт 267 тэрбум төгрөг тусгалаа”, “Засгийн газраас 2019 оны “иргэн төвтэй төр” болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэхэд цалин нэмэх асуудал гол түлхэц болно”, “Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 12.3 хувиар нэмлээ”, “Эмч нарын цалин 120-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ” гээд л мэдэгдэл хийгээд байсан. Гэтэл өнөөдөр ард түмний бодит амьдрал ямар байгаа билээ. Эдийн засагт эерэг үр дүн харагдахгүй байгааг ажиглагчид, судлаачид хэлж байгаа.

Цалин нэмэх нь нэгэнт өсөлтийн хурд авсан инфляцийг улам бүр гааруулах вий гэж судлаачид эмээдэг. Эдийн засгийн бодит өсөлтийг хэмжих бас нэгэн шалгуур нь хүний хөгжил. Монгол Улс НҮБ-аас гаргасан хүний хөгжлийн индексээр дэлхийн 169 орноос 92 дугаар байрт жагссан. Монгол Улсын оноо 0741-0639 болон буурч байгаа нь монгол хүний хөгжилд тэгш бус байдал шууд нөлөөлж байгааг харуулсан юм.

“Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 833.5 /39.2 хувь/ мянга нь ажиллах хүчнээс гадуурах хүн ам тэдгээрийн 63.1 мянга нь цалин хөлс орлого олох ажил хайх, эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй хүний эгнээнд шилжих буюу ажиллах хүчинд багтахад бэлэн байгаа боломжит ажиллах хүчин байна” гэж Үндэсний статистикийн хорооноос зарласан өнгөрсөн долдугаар сарын нийгэм эдийн засгийн тайланд дурдсан. Энэ бүх үзүүлэлт бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас өндөр тогтоон, хувийн хэвшлээ дампууруулж байгаагийн гол үр нөлөө юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давж харилцдаг агуу их Монгол

Аливаа нэг асуудлыг зүгээр л ном журмаар нь шийдчихгүй заавал дарга сайдын нэр барьж, үндсэндээ давж харилцаж байж санаа нь амардаг, ажил нь бүтдэг ийм жишиг Монголд хэдийнэ тогтсон. “Би тэр даргын яриулсан хүн байна”, “Би тэр сайдын дүү нь байна, тэр гишүүний найз нь байна” гээд хэнхэлзээд ороод ирнэ. Ийм архаг өвчтэй хүмүүс Монголын нийгмээр дүүрэн байна. Наад захын жишээ гэхэд төрийн цагдаа руу салаавч гаргаж нохой шиг доромжилсон Баярцогт гэж нөхөр бий. Түүнийг “Ланд-200” машиндаа тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио ашиглан урсгал сөрөөд давхиж явахад нь цагдаагийн албан хаагч зогсоосон байдаг. Гэтэл тэрээр машинаасаа үсрэн бууж ирэн “Намайг зогсоодог чи хэн бэ” хэмээн албан үүргээ гүйцэтгэж буй төрийн цагдаа руу салаавч гаргаж эгээтэй л барьж аваад зодчихоогүй.

Тэр даруй өнөө цагдаагийнхаа хажууд “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэн “Танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярь даа, ах аа” гэж цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу утсаар ярьсан. Салаавч Баярцогт тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгийн Ж.Эрдэнэбаттай холбоотой гэх яриа хэвлэлээр гарч байсан. Ингэж л захын нэг аархсан хархүү том даргын нэр барьж, төрийн түшээдтэй холбоо сүлбээтэй гэдгээрээ сүр хүчийг үзүүлэн хууль бус үйлдэл гаргаж, дур зоргоороо авирласан. Тэрхүү хууль бус үйлдлийг нь хэн нэгэн зогсоох, эсэргүүцэл үзүүлэх юм бол ааг омог нь багтаж ядсан залуус хэнийг ч хэн гэлгүй, төрийг ч төр гэж тоолгүй уландаа дэвсэлж, гөлөг шиг доромжлон бах таваа хангах болсон. Салаавч Баярцогт бол даргын нэр барьж давж харилцдаг агуу их Монголын тодорхой нэгэн жишээ.

Мөн сэлэм Бямбацогт гэж бас бий. Нийслэл хотын Засаг дарга болж мандаж байсан Мөнхчулууны төрсөн дүү тэрээр аанай л ааг омгоо багтааж ядахдаа олон нийтийн газар сэлэм гаргаж хүн амьтны толгой цавчихдаа тулсан. Том даргын дүү, хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэдэгтээ эрдэж хүн амьтныг хэл амаар доромжлох энүүхэнд, бүр сэлэмдээ тулсан байх жишээний. “Нийслэл хотыг бол би атгана, ах минь ажил албатай байгаа цагт Улаанбаатар хот бол миний дор шүү дээ, намайг юу ч хийсэн хориглож чадах аавын хүү байна уу” гэж л аархсан байлгүй. Тиймдээ л сэлэм авч явж олон нийтийн газар дургүй хүргэсэн нэгний толгой тас цавчихыг санаархаа биз. Ер нь тэгээд салаавч Баярцогт, сэлэм Бямбацогт гэлгүй монголчууд бүгд л давж харилцах гэсэн өвчтэй. Зам дээр хоёр машин шүргэлцэх төдийд жолоочид нь арслан барс шиг уур омогтой бууж ирэн нэгнээ оросоор баахан харааж зүхэж, ална шудна даа тулснаа бүгд л дор бүрнээ утсаа яриад унана. “Би машинтай мөргөлдчихлөө. Дүүргийн цагдаагийн дарга руу чи таньдгаараа яриадахаач, болохгүй бол би гишүүнд хэлье” гээд л сүрийг бадруулна. Нэг л их том том дарга, сайдууд руу жигтэйхэн ажил болгож ярьсан хүмүүс байдаг. Зүгээр хоорондоо ярилцаад ойлголцчих юман дээр ийш тийшээ баахан ярьж, бусдадаа садаа болж, замын хөдөлгөөнийг хааж лай ланчиг үүсгэдэг. Ном журмаар нь шийдчихнэ гэж ёстой гонж доо.

Аль нэг албан газарт дарга царайлсан цүнх барьсан залуу, эсвэл годгоносон жаахан охин “Би тэр гишүүний явуулсан хүн байна. Танай даргад гишүүн хэлсэн гэсэн. Би тийм ажилд орно” гээд л өөрөө өөртөө ажил, албан тушаал хэдийнэ өгчихсөн нэг нөхөр шуудхан ороод ирнэ. Ялангуяа төрийн алба ийм л даргын чихээсүүдээр дүүрсэн дээ Монгол Улс хөгжихгүй байгаа. Ажлын ямар ч дадлага туршлага гэж байхгүй төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь асуудалтай, нам дагаж давхисан, дарга сайдад долгинож нэр төр олсон цагаан гартай залуучууд л яам агентлагийн харьяа газруудаар дүүрэн байгаа. Бүгд л давж харилцаж, дарга сайдуудын яриулсан чихээсүүд. Монголын төр мэргэжлийн бус чихээсийн боловсон хүчинтэй, ном журмаараа ажилд ордог биш ноёдын томилгоогоор ажилтай болдог бичигдээгүй хуулийн дагуу явах болсон.

Давж харилцдаг энэ өвчин Монгол төрийн наадмыг ч гацааж шившгээ дэлгэж байсныг бид мэднэ. Одоо парламентад салаавч гаргаад сууж байгаа нэг бөх монгол төрийн наадмын зүүний магнайд гарах гээд юу болов. Мэргэжлийн албан ёсны байгууллага болох Монголын үндэсний бөхийн холбоо барилдах бөхчүүдийнхээ эрэмбэ чансааг үзүүлсэн амжилтынх нь дагуу гаргадаг. Үүнд ямар нэгэн будлиан байхгүй. Гэтэл тэр жилийн наадмын өмнөхөн төрийн тэргүүнээс дархан аварга хэмээх цол хүртсэн эрхэм гишүүн зүүний магнайд гарна гэж зүтгэсэн. Бөхийн холбооноос гаргасан эрэмбээр бол барууны магнайд гарах байсан. Гэтэл зүүний магнайд гарна гээд дайрчихав. Наадам эхэлдэггүй, өнөө нөхөр чинь бөхийн холбооны нөхдөөсөө даваад бүр Ерөнхийлөгчийн тамгын газрынхан руу ярьсан гэж байгаа. Бараг л Ерөнхийлөгчтэй яриад зүүний магнайдаа гарсан. Ийм шударга бус зүйлийг бид төрийнхөө наадмаар Монгол даяараа хараад сууж л байлаа.

Давж харилцдагийн бас нэг жишээ бол С.Зоригийн хэргийг тойрсон асуудал болчихоод байгаа. Анхан шатны мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчээс аваад прокурор, цагдаа, тагнуул, дээд шүүх гээд хууль шүүхийн байгууллага бүх шат дамжлагаар хянан хэлэлцээд С.Зоригийг бүлэглэн алсан нь баталгаатай гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван этгээдэд 20-22 жилийн ял оноосон. Бүр гурван шатны шүүхээр хэлэлцээд хамгийн сүүлд улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь шүүх хурлыг даргалж явуулаад дээрх гурван этгээд С.Зоригийг алсан нь баталгаатай байна гэж үзэн ял оноосон. Ингэж Зоригийн хэрэг хорь орчим жилийн дараа илэрсэн. Гэтэл гурван шатны шүүхээр тогтоогдоод байсан хэргийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд нь албан ёсны мэдэгдэл хийж үгүйсгэсэн. “Содномдаржаа, Чимгээ нар Зоригийг алаагүй байна. Тэдэнд хилс хэрэг хүлээлгэсэн байна” хэмээн алуурчин гэх хоёр нөхрийн өмнөөс уучлалт гуйсан. Ингэснээр Монголын шүүх засаглал ямар ч үнэ хүндгүй болж, үндсэндээ Нямдорж гэдэг хүн Монгол Улсын хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагыг давж мэдэгдэл хийн, тэдний илрүүлсэн хэргийг худлаа гэж зарлан, хууль шүүхийн нэр хүндийг шороотой хутгасан. Ц.Нямдоржийн зөв үү, эсвэл хууль шүүхийнхны олон жил мөрдөж мөшгиж тогтоосон зүйл баталгаатай байсан уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Ямар чиг л байсан Хууль зүйн сайд нь хууль, шүүхийнхнийгээ давж ард түмний өмнө алуурчин гэх нөхдөөс уучлалт гуйчихаад байна.

Давж харилцдаг монголчуудын өвчин ийнхүү хууль шүүхээ завхруулаад, Монголд шударга үнэн гэдэг ойлголт байхгүй гэдгээ харуулаад зогсохгүй одоо бүр хэрээс хэтэрч Монголоосоо давж дэлхий рүү халих болсон. Түүний бэлээхэн жишээ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Америкт хийсэн төрийн айлчлалын үеэр юу болов. Захын нэг товарищ л АНУ-ын Дональд Трамп руу хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчөө элдвээр хэлж гутаан доромжилж байх жишээний. Энэ бол арай дэндсэн асуудал. Монголчуудын давж харилцдаг, даргатай нь шууд ярьдаг агуу их зан бүр сүүлдээ ингэж элийрч балайран дэлхий нийтийн шившиг болж гүйцэх нь. Аливаад давж харилцдаг энэ тэнэглэл, сэтгэлгээний ядуурлаасаа нэн даруй салж, бүх зүйлд зүгээр ном журмын дагуу хандаж, стандарт зарчим баримтлахгүй бол улс орон улам л уруудан доройтох нь…

Д.БАТБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаараа нэг тойрог болбол сонгуульд нэр дэвшигчид сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй

Эрх баригч Ардын намын бүлэг Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд улсаараа нэг тойрог болох заалт дээр санал нэгдээд байгаа. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан бүлгийнхээ хуралд танилцуулсан. Тэрээр “Сонгуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай намууд болон бие даагчдын төлөөлөл багтсан. 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн байсныг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгууль нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, Орон нутаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурал нь тусдаа сонгуулийн хуулиар явах зайлшгүй шаардлага байна гэх үндэслэл гарсан учир өөрчлөлт хийсэн.

Цаашдаа Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд нэр хүндтэй хүмүүсээр УИХ-ыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсад ашигтай хувилбарыг сонгосон. Бид дөрвөн хувилбар боловсруулсан. Нэгдүгээрт, одоогийн байгаа жижиг 76 тойрог, хоёрдугаарт, томсгосон мажоритар буюу олон мандаттай, гуравдугаарт, бүсчилсэн, дөрөвдүгээрт, улс нэг тойрог гэсэн хувилбар боловсруулаад байна. Эдгээрээс улс орны нийтлэг эрх ашигт нийцэх хувилбараар Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв зүйтэй гэж үзсэн” гэдгээ тодорхой мэдэгдсэн. Мөн өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиуд улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойрог, жалгын сэтгэлгээнд үндэслэж байсан. Иймээс улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн ажилгүйдэл, ядуурлын асуудалд УИХ-д сонгогдсон 76 гишүүн нэг тойргийн сэтгэлгээгээр ажиллах учиртайг ажлын хэсгийн гишүүд дор бүрнээ хэлж байсан.

Ийнхүү эрх баригч улс төрийн хүчин “Монгол Улс нэг тойрог” гэсэн сонгуулийн хуулийн заалттай дээр буух магадлал өндөр байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мөн л улсаараа нэг тойрог гэх хувилбарыг санал болгоод байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч одоо байгаа 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүний 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорциональ буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгсөн. Их хурлын гишүүний тоог 108 болгох болон сонгуулийн тогтолцоотой холбоотой Ерөнхийлөгчийн уг саналыг парламентын гишүүдийн дийлэнх олонх нь буюу 60 орчим хувь нь дэмжиж байна гэсэн судалгаа гарсан.

Сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулж мэргэжлийн хуульч, судлаач эрдэмтэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор Д.Гангабаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Одоо 76 гишүүнтэй байгаа боловч 20 гишүүн хууль батлах боломжтой. Гурван сая иргэн, улс даяараа дагаж мөрдөх хуулийг 20 гишүүн гар өргөөд батлах боломжтой байгаа. УИХ-ын гишүүдэд нөлөөлж, лоббидож өөртөө, өөрсдөдөө, бизнестээ, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргуулах ашиг сонирхолтой этгээдүүд байгаа л байх. Тэгэхээр ийм цөөн тооны гишүүд лоббид автахгүй, хувийн компанийнхаа эрх ашгийг урьтал болголгүй, гадна, дотны нөлөөнд оролгүй бүх ард түмнийг төлөөлж чадахуйц тоо гэж үзэхэд хангалтгүй санагддаг юм. УИХ ард иргэдээ бүрэн төлөөлж, гадна дотны нөлөөллөөс ангид тасралтгүй үйл ажиллагаа явуулж чадахуйц тооны гишүүнтэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа юм” гэж хэлсэн байна лээ.

Энэ бүгдээс харахад ирэх оны УИХ-ын ээлжит сонгууль улсаараа нэг тойрог гэсэн хууль, заалтын дагуу болох өнгөтэй байна. Сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа, улс төрд өөрийгөө сойж байгаа нөхөд ерөөсөө сонинтой нөхөрлөхөөс өөр замгүй болжээ. Учир нь иргэн таныг улс орны хэмжээнд бүрэн бүтэн таниулж өгөх ганц зүйл бол сонин хэвлэл гээд хэлчихэд буруудахгүй. Ялангуяа Монголын ард түмний дунд нэр хүндээ хадгалсан, мэргэжлийн редакцитай, олон жилийн туршид уншигчдынхаа итгэлийг алдаж, урмыг нь хугалж байгаагүй нэр төртэй өдөр тутмын сонин гол тулгуур нь болно. Тэгэхээр улс орны нэр нүүр болсон нөлөө бүхий өдөр тутмын сонинд та ярилцлага өгч, нийтлэлээ гаргуулж өөрийгөө таниулах хэрэгтэй. Таны удам судар, ижий аав, ус нутаг, төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, туулж өнгөрүүлсэн зам мөр, хийж бүтээсэн ажил, үзэл бодол, баримталдаг зарчим өөр юу байна тэр бүгд чинь өдөр тутмын сонины хуудсанд мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлийн редакцийн бэлтгэснээр Монголын мянга мянган уншигчдын хүртээл болно. Ингэж иргэн та Монголын ард түмэнд өөрийгөө таниулах боломжтой.

Улс төрийн нөхцөл байдлын үүднээс Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн зүйл заалт өөрчлөгдөхөд дагаад бүх зүйл өөрчлөгддөг. Та тухайн нутаг усандаа нэртэй, танигдсан, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан нэгэн байж болно л доо. Сонгуулийн хуулиа дагаад тийм л байдлаар явж ирсэн хойно. Харин сонгуулийн хууль өөрчлөгдвөл иргэн таны ганц аймгийн таван сумын иргэдэд өөрийгөө таниулж, тэднийг тойглож суугаа чинь ямар ч үр нөлөөгүй болж хувирах нь мэдээж. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд, 21 аймгийн 335 суманд өөрийгөө таниулах ийм л нөхцөл байдал үүснэ. Улсаараа нэг тойрог байх сонгуулийн тогтолцоог олонд танигдсан улстөрчид, популистууд олны танил хүмүүст ашигтай гэдэг. Яг өнөөдрийн улс төрийн өнгө аясыг харахад хэрвээ яригдаад байгаа энэ тогтолцоогоор сонгууль явбал Монголын ард түмэнд өөрийгөө таниулж, ойлгуулж чадсан, боловсролтой, тухайн салбартаа нэр хүндтэй, цахим ертөнцийн баатар болж нэр нүүрээ бараагүй, эрүүл саруул ийм хүмүүс төрийн түшээгээр сонгогдох магадлал өндөр байгаа. Судлаач ажиглагчдын байр суурь ч ийм байна.

Сонгуульд өрсөлдөгчид Сонгуулийн тухай хуулийн хориглосон заалттай нүүр тулдаг. Мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдаалах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглосон. Мөн сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах, аливаа шашны зан үйл ашиглах, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, цалин хөлс, урамшуулал олгохыг хуулиар хатуу хориглодог. Харин эл бүх хориотой жагсаалтад сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа этгээд сонин хэвлэлд ярилцлага өгөх хийгээд мэдээ материал нийлүүлж болохгүй гэсэн үг өгүүлбэр байхгүйг анхаарах хэрэгтэй. Гэхдээ улс төрийн ямар нэгэн акц үзүүлэх, хэн нэгэн хүний нэр төрд халдах, гутаан доромжлох зэрэг нь мэдээж хууль бус үйлдэл болно. “Сонгуульд өрсөлдье л гэж байгаа бол сонинтой нөхөрлө” гэж бид өмнө нь олон удаа сануулж байсан. Ирэх жилийн сонгууль “Улсаараа нэг тойрог” гэх зүйл заалтаар явах магадлалтай байгаа учир дахин дахин сануулж байгаа минь энэ л дээ. Ер нь өдөр тутмын сонинд нийтлэгдсэн материал тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэнэ үүнд оршдог. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, “Asahi Shimbun”, “China Daily”, “Daily Mail” гэхчлэн олон сониныг дэлхий нийт албан ёсны эх сурвалжаа болгосоор ирсэн нь ч үүнтэй холбоотой.

Сониноос гадна зурагт, мөн цахим сайтуудаар гараад ард түмэнд амархан танигдчихна гэсэн бодол олон хүнд байгаа байх. Мэдээж танигдана, гэхдээ учир дутагдалтай. Өнөөдөр зурагтын хэдэн зуун сувгийг нэг бүрчлэн үзээд суух завтай хүн бий юу. Дээрээс нь телевизийн сувгийг ухрааж болдог болсноос хойш хүмүүс дуртай зүйлээ дараа нь нөхөөд үзчихдэг болсон. Өөрт хамааралгүй реклам, нэвтрүүлэг, шоу цэнгүүнийг үзэхээ больсон. Мөн Сонгуулийн тухай хуулинд “Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа (60 минут)-ны хоногт хорин таваас илүү хувь (15 минут) нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно. Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа. Ийм мөчидхөн хугацаанд эрхэм нэр дэвшигч та сонгогч олондоо танигдах уу гэдэг бас асуудал. Цахим сайтын тухайд бол өнөөдөр үнэндээ баталгаагүй. Ихэнх сайт мэргэжлийн редакци гэж байхгүй, тухайн мэдээ мэдээлэлд үүрэг хариуцлага гэж байхгүй, юуг ч хамаагүй гаргадаг. Таван төгрөг өгвөл хэнийг юу ч гэж бичиж болдог, ийм айхавтар эрсдэлтэйг бид сайн мэднэ. Өмнөх сонгуулиудаар цахим ертөнц үнэн нүүр царайгаа ард түмэнд хангалттай харуулсан. Ялангуяа 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль юу болов. Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй, дан хар пиараар нийгмээ будсан сонгууль болсон. Өнөөдрийн үй түмэн сайт, цахим жиргээчид, нүүрээ нуусан хүмүүст хэн итгэж, тэдний мэдээллээр сонголтоо хийхэв дээ.

Сонины хуудсанд гарсан материал наад зах нь зуун жилд хадгалагддаг бол цахим сайтын мэдээлэл хэдхэн секундэд хүнд харагдаад л урсаад л өнгөрдөг. Сайтад тавигдсан мэдээ материал усны урсгал шиг тэр даруйдаа урсаад өнгөрдгийг хүн бүгд мэдэж байгаа. Мэдээллийн хэрэгслүүдийн үнэн бодит байдал ийм учир сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа хүмүүс сонинтой нөхөрлөж өөрийгөө бүрэн бүтэн танилцуулахаас өөр гарцгүй гэж бардам хэлээд байгаа юм. Тэгээд ч шинэ хуулиар улсаараа нэг тойрог болчих юм бол таныг өдөр тутмын нэр хүндтэй сонин л Монголын ард түмэнд таниулна, өөр гарц байхгүй.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Солонгос Монголын харилцаанд хохирч үлдэх нь манайх шүү?

Ойрын үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болоод Элчин сайдын яамтай холбоотой элдэв яриа хөөрөө гарах болсон. Тухайлбал, Монголд суугаа Элчин сайдыг виз олголтод хөндлөнгөөс нөлөөлсөн, зуучлагчидтай хуйвалдсан, виз мэдүүлэгчийн хураамжийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгааг Солонгосын “SBS” суваг мэдээлсэн тухай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугих болсон. Харин үүнд Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас албан ёсны мэдэгдэл гаргасан. “Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан учир Элчин сайд тэр даруй БНСУ-ын Засгийн газарт хүсэлт гаргасан. Албан ёсны шалгалт хийж үнэн мөнийг удахгүй тогтооно” гэдгээ илэрхийлсэн.

Өмнөд Солонгосын Элчин сайдын яамтай холбоотой асуудалд манайхан бүхий л анхаарлаа хандуулдаг. Хүн бүр өөрийнх нь амь амьдралтай холбоотой асуудлыг ярьж байгаа мэтээр “яав ийв” гэж сэртэсхийдэг. Энэ нь ч аргагүй юм. Монголчуудын хувьд хамгийн их харилцаатай, ялангуяа ард иргэдийн ахуй амьдралын харилцаатай бараг ганц улс нь өмнөд Солонгос болчихоод байгаа. Мөн манайхны монгол хэлээс гадна хамгийн сайн мэддэг хэл нь солонгос хэл болсон. Солонгост очиж ажил хөдөлмөр эрхлээгүй айл өрх гэж байхгүй. 50 орчим мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Монголын нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний тоо. Одоогоор визний мэдүүлэг өгчихөөд байгаа иргэдийн тоог гаргахад асуудалтай.

Нэг өдөрт гэхэд 800-гаас 1000 хүн шинээр визний мэдүүлэг өгч буйг Монгол дахь Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан. Хагас жилд гэхэд л дунджаар 170-аад мянган хүн визний мэдүүлэг өгч байна. Солонгост хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаад иргэдийн дунд гурван сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь нэг тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ нь тоон үзүүлэлтээрээ 170 гаруй улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамдаас Монгол дахь Элчин сайдын яам нь дэлхийд нэгдүгээр байрт ордог юм гэсэн. Монгол бол өмнөд Солонгосоос хүн бүр, айл өрх бүр нь хамааралтай ийм л орон болсон. Монгол дахь Солонгосын Элчинг визний асуудалд хөндлөнгөөс оролцдог, хахууль авдаг гэх албан бус мэдээллүүд байна л даа. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр хоёр орны харилцааны эдгээр асуудалд манай талаас их юм байна аа.БНСУ-д Монгол Улсаас төлөөлж суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай холбоотой бүр ноцтой асуудлууд дуулддаг. Монгол руу ирэхээр визний мэдүүлэг өгсөн солонгосуудыг айхавтар чангалдаг, улаан цайм хахууль нэхдэг, маш их чирэгдэл, хүнд суртал учруулдаг гээд л үнэн эсэх нь баталгаагүй мэдээллүүд яригдсаар удаж байна.

Монголын төр ард түмний хувьд ийм их хамааралтай, ахуй амьдралтай шууд холбоотой оронд тоомжиргүй хандаж байгаа юм шиг хэнийг ч, хэзээ ч хамаагүй элчингээр томилдог.“Монгол дахь Солонгосын Элчин сайдтай холбоотой мэдээллүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл айхавтар шуугиан болгож гаргах юм. Яг үнэндээ бол Солонгост байгаа Монголын Элчингийн авир ааш, зан суртахуун ажилдаа хандаж байгаа байдал хэрээс хэтрээд байгаа сонсогдох юм. Гэвч тэр тухай мэдээлэл огтоос чимээ аниргүй байна, тэр аюултай” гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгэхээр хоёр улсын дипломат харилцаанд аль аль элчин сайд нь хариуцлага алдаад байх шиг байна. Хариуцлага алдаж байгаагийн гол эзэн нь Монголын төр засаг болж хувираад байна. Яагаад гэвэл Монгол Улсаа төлөөлж БНСУ-д дипломат ажил эрхэлж байгаа Элчин сайд үндсэн үүргээ ухамсарлахгүй, хоёр улсын найрсаг, дипломат харилцааг үл тоосон шинжтэй, хариуцлагагүй, ажилдаа тааруухан хандаад байна уу даа.

Мөн дээрээс нь манай эндэх төр засгийн байгууллагууд, ялангуяа Цагдаагийн ерөнхий газар Солонгос руу гарахаар визний мэдүүлэг өгсөн иргэдийн тодорхойлолтыг худлаа гаргаж байна. Хичнээн жил ажил эрхэлсэн, нийгмийн даатгал хэрхэн төлсөн, хулгайн хэрэгт холбогдсон эсэх, хууль шүүхийн байгууллагаар орж гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг хариуцлагатайгаар үзэж хяналгүйгээр тодорхойлолтыг нь шууд гаргаад өгчихөж байна. Солонгосын элчин дээр визний мэдүүлэг удаж байгаа нь ерөөсөө үүнтэй холбоотой. Монголоос ажил хийхээр очиж байгаа залуус Солонгост бүлэглэн хулгай хийдэг, наад зах нь таксины жолоочийг дээрэмддэг, зоддог, ийм хэрэг тасрахаа байсан учир Солонгосын Засгийн газар, Гадаад харилцааных нь яамнаас Монголын Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдэл хүргүүлж визний шалгалтыг чангалахыг үүрэгддэг.

“Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрөл урьдчилан таамаглах аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна. Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос, Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн гэмт хэрэг тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүй. Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна” гэж Монгол дахь Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсан. Мөн “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан БНСУ-д ойролцоогоор 20.000 гаруй иргэн хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын Засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм.

Солонгос улс бидэнд ямар гэм хийсэн гэж манайхны хулгайчуудыг тэжээх ёстой юм бэ. Монголын хулгайчид, боловсролгүй, зэрлэг бүдүүлэг архичдаас айж эмээсэндээ элчингийнхэн визний мэдүүлгийг нарийн нягт шалгаж байгаа. Монгол Солонгосын Элчин сайдуудын хувийн аяг араншин ажилдаа тааруухан хандаж байгаа байдал ялангуяа Солонгост байгаа Монголын элчингийн төрийн дипломат ажлыг хариуцлагагүй хийж байгаа байдлаас шалтгаалж хоёр орны хоорондын харилцаа сэвтэх вий гэсэн болгоомжлол сүүлийн үед төрөх боллоо. Хэрвээ ийм байдал үүсвэл хамгийн их хохирч үлдэх нь Монгол Улс шүү.

Монголын эдийн засаг уначихсан, засаг төр юу ч хийхгүй зөвхөн ширээ сандлын төлөөх хэрүүл хийж, өөрсдөө л дарга сайд болж ууж идэх гэж улайрч тэмцсэн сүүлийн гурван жилд монголчууд бид солонгосуудаар тэжээлгэж амь зогоож байна. Ядарсан монголчуудыг гурван сар жуулчилна гэдэгт итгээд виз өгч байгаа тэнэг солонгос гэж байх уу даа. Үнэхээр биднийг ажил хийж таван төгрөг олог дээ гээд виз гаргаж байгаа. Жуулчлах биш, ажиллах гэж явааг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ард иргэдийнхээ энэхүү бодит амьдралыг харахад хамгийн их хохирч үлдэх нь монголчууд бид гэдэг ойлгомжтой. Солонгос явж ажиллаад байрны урьдчилгаа хийж байгаа, машин аваад уначихаж байгаа, өр зээлнээсээ салж байгаа, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж байгаа гээд ахуйн амьжиргааны өчнөөн дарамтнаас салж байгаа маань үнэн. Сэтгүүлч, эмч, багш нарт урт хугацааны виз олгоно гэж мэдэгдсэнээс хойш виз мэдүүлж байгаа иргэдийн дийлэнх олонх нь багш, сэтгүүлч, эмч болчихсон байна гэсэн хөөрхий минь.

Ард иргэдийн амьдралд ийм бодит нөлөөтэй байдаг байж, харин улс төр талаасаа гэвэл бүр ч их нөлөөтэй орон нь Солонгос юм. Монголчууд бид аргаа барсан үедээ дэлхийд гарах гэж амь тэмцвэл Солонгосоор л дамжиж таарна. Учир нь Монгол Улс авторитари буюу ганц хүний дэглэмтэй хоёр хөршийн дунд хавчуулагддаг. Ардчиллын үнэт зүйлийг хадгалж байгаа гэдгээрээ монголчуудын гол найдвар нь Солонгос. Энэ бүгдээс үзэхэд дипломатуудын будлианыг хаана хаанаа анхаарч үзэх шаардлагатай байна. Эцэст нь дахин сануулахад, хоёр орны харилцаа муудвал солонгосуудад Монгол ёстой нэг түй ч хамаагүй, харин монголчууд бид Солонгосгүйгээр амь зуух аргагүй гэдгээ бодох хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Кирилл үсэг Монголын ард түмэнд эзэн Чингисээс нь илүү гавьяа байгуулсан

Монголчууд кирилл бичигт суралцсанаас хойш бараг ная шахам жилийн нүүр үзэж байна. 1943 онд Цэндийн Дамдинсүрэн гуай кирилл үсгийг Намын Төв хорооны Сайд нарын зөвлөлөөр батлуулж шинэ цагийн Монгол Улсад түүхэн гавьяа байгуулсан юм. Кирилл бичигт суралцсанаар Монголын ард түмэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон байдаг. Манай улсын санаачилгаар НҮБ 1970-аад оныг “Бичигтэн болгох 10 жил” хэмээн зарлаж улмаар54, 56, 59 дүгээр чуулганы үеэр Монгол Улсыг бичиг үсэгт бүрэн тайлагдсаныг дэлхий нийтэд тунхагласан. Кирилл үсэг бол сурахад хамгийн амар хялбар. Орчин үеийн шинжлэх ухааны хэлэнд машид тохиромжтой. Бичиж сурахад амар хялбарын жишээ бол уйгаржин шиг о, у нь нэг, ө, ү нь нэг үсэг шиг байж толгой эргүүлэхгүй. Мөн латин үсэг шиг гурав дөрвүүл нийлж байж нэг үсэг бүтээхгүй. Ерөөсөө орчин үеийн шинжлэх ухааны төгс төгөлдөр бичиг гэдэг нь бүхий л зүйл дээр мэдрэгддэг.

Монгол Улс кирилл бичиг үсэгтэй болсноор тусгаар улсынхаа бүрэн бүтэн баталгааг бий болгосон. Үндсэндээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ цагийн соёл иргэншил, шинжлэх ухааны ололт амжилт бүхнээ кирилл бичгийн хүчинд бий болгосон юм. Монголчууд босоо бичигтэйгээ байхдаа мандан бадарч байсан мэтээр зарим нэг нөхөд ярих нь бий. Мөн босоо монгол бичгээ хэрэглэхгүй орхисноороо Монголын агуу их түүх устаж үгүй болж байгаа мэтээр сүрийг бадруулж, Монгол Монгол биш боллоо гэдэг. Яг үнэн чанартаа уйгаржин Монгол бичгээр бичсэн Монголын түүхийг харуулсан бүтээлүүд туйлын ховор юм билээ.

Уйгаржинаар бичсэн зохиол бүтээлийг орчин цагийн хэлэнд нийцүүлэн кирилл рүү буулгасан “Монголын нууц товчоо”, “Алтан товч” гээд олон ном буйг эрдэмтэд хэлдэг.

Тэгвэл уйгаржин монгол бичгийн албан ёсны санд доорх бүтээлүүд л байдаг юм билээ. Үүнд Уйгаржин монгол бичгээр 1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэсэн хууль дүрэм багтана. Тухайлбал, БНМАУ-ын хурлын дүрэм, тус улсын төр шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль, БНМАУ-ын Үндсэн хууль, БНМАУ-ын хүчээ үнэлэгчдийн хууль, Аливаа хүч үнэлэгчдийн тухайн дүрэм гэх мэтийн баримтууд байна. Мөн 1925 онд “Монголын дархан сүлд цаазтай газруудын учир”, 1926 онд хэвлэгдсэн “Хуш модны самар түүх дүрэм” гэсэн ном байна. Жаахан эрт үедээ гэвэл “Хутагт их хураангуйд Молон тойн бодист эх дүрийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой”, 1716 онд Бээжинд монгол бичгээр хэвлэгдсэн “Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой”, “Алтан товч”, “Асрагч нэрт(ийн) түүх”, “Болор эрих” 1, 2 гэсэн ийм л номууд байдаг аж. Бусад нь бол тухайн үеийн нутаг хошуудын хүн амын тоо, заргын бичиг гэсхийсэн зүйлүүд байсан бололтой.

Мэдээллийн энэ эрин зуунд монголчууд бид сүрхий хөл нийлүүлж яваа. Өнөөдөр бүгд л компьютер эзэмшиж, малчны хотноос дэлхий нийттэй шууд холбогдож цахим ертөнцийн хэрэглэгчид болсон. Тэгвэл уйгаржинаар цахим дээр юм бичнэ гэдэг ихээхэн асуудалтай. Бараг л боломжгүй зүйл. Монгол бичгийнх нь программыг суулгаж үзээд ч болохгүй юм байна гэдэг. Үүнийгээ хэл бичгийн чиглэлийн нөхөд нь ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Хөх хотоос өөр газар бид уйгаржинаар цахим ертөнцтэй холбогдох ямар ч боломжгүй. “Уртнасанг боловсролын сайд байхад Чой.Лувсанжавт хашрууд сая ам.доллар өгөөд цахим машин хийлгэхээр Япон руу явуулсан. Ингээд шинжлэх ухааны тэр олон нэр томьёог яаж хуучин үсгээр бичих бэ гээд манай физик, хими, геологийн эрдэмтэд эрс эсэргүүцэж байсан. Гадаадад явуулах албан бичгийг Чоймаа тэргүүтэй цөөхөн хүн хөрвүүлж дийлэхгүй. Монгол бичиг дүрмүүдээсээ гадна 1000 гаруй тайлагдалтай. Дунд сургуулийн хүүхдүүд тэр бүгдийг цээжилж барах уу” гэж Монгол Улсын гавьяат багш доктор, профессор С.Мөөмөө хэлсэн.

“Туркүүд араб бичгээ орхиод латин болголоо. Тэд тийм мунхаг улс болоод түүхээ орхиж байгаа юм уу, хурдтай хөгжих гээд байна шүү дээ. Бүх улс л өөрсдийн бүтээсэн түүх, соёлтой. Буцаад хуучнаа хэрэглэдэг болъё гэсэн улс байхгүй. Бид ардчилсан нийгэм байгуулаад хүн бол мундаг эрхтэй гээд тунхагласан. Хүний эрх дотор хэлний эрх гэж бий. Хүүхдүүд уйгаржин хэрэглэлгүй, орчин цагийн бичиг үсэгтэй болохыг хүслээ гэхэд заавал сур гэх нь тэдний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Хүнд сонголт өгөх хэрэгтэй. Төгсөлтийн шалгалтын агуулгын тэдэн хувь нь монгол бичиг байх ёстой гэж болохгүй. Гурван гадаад хэлтэй, орчин цагийн монгол хэлтэй амьдарч болж байна гэхэд “Үгүй, чи уйгаржин бичиг сур” гэж бусдын цаг үрэх ямар хэрэг байгааг ойлгохгүй байна. Үнэндээ бол хүүхдүүдэд орчин цагийн монгол хэлийг нь сайн заахын оронд түүхэн бичигт сургаж, нөгөөх нь өөр дуудлага, дүрэмтэй учир холилдоод хамаг будлиан үүссэн. А үсгийг кириллээр нэг кодоор тэмдэглэж байхад уйгаржинд гурван хэлбэрээр тэмдэглэнэ. Гурван үсэг цээжлэхийн оронд нэгийг сурч, аль болох хялбар, хямд байж түгээмэл хэрэглэнэ. Хос бичиг манай хүүхдүүдийн цагийг л үрнэ. Оронд нь нэг ч болох нь ээ гадаад хэл сурч байвал хэрэгтэй шүү дээ” хэмээн МУИС-ийн Эрдмийн их сургуулийн захирал доктор, профессор Ч.Зэгиймаа багш хэлж байна. Мөн тэрээр “Хос бичиг гэдэг нэг юмыг адилхнаар хоёр бичгээр бичихийг хэлдэг. Уул гэдгийг хоёр өөр бичгээр адилхан бичнэ гэсэн үг. Тэгвэл одоо бол уул гэж нэг бичээд, уйгаржнаар агул гэж бичиж таарах нь. Хоёр хэлний асуудал яригддаг болохоос хоёр бичгийн асуудал гэж байхгүй. Жишээ нь, Канадад нэг хэсэг нь франц хэлтэй, нөгөө нь англи хэлтэй. Канадууд франц, англи хоёрыг эх хэл шигээ мэдэж, зэрэгцэж байгаа хоёр хэлийг хос хэл гэнэ. Тэгэхээр энэ чинь хос бичиг биш.Хоёр хэл явж байгаа юм. Эртний, орчин цагийн хоёр хэл гарч ирээд байна. Зүгээр ч нэг үсэг бичиг тогтоочихоод түүнийгээ нөхөөд биччих зүйл биш. Дэлхий дээр ийм тэнэг ард түмэн байдаггүй” гэж аргаа баран хэлсэн удаатай.

Монгол кирилл бичиг үсэгтэй болноос хойш Монголын шинжлэх, улс төр, урлаг соёл, эдийн засгийн бүхий л шилдэг бүтээлүүд кирилл дээр хэвлэгдсэн. Монгол Улсын шинжлэх ухааны академи 1961 онд Ардын их хурлын хурлын тэргүүлэгчдийн зарлигаар албан ёсоор академи болж байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш Монголын шинжлэх ухааны салбар бүрийн ололт амжилтыг харуулж улс орны хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн бүтээлүүд хийгээд түүхэн он жилүүд бол өнөөгийн Монгол Улсын оршин тогтнохуйн үндсэн суурь нь мөн. Тэгвэл шинжлэх ухааны энэ их ололтоо бид бүхэн кирилл үсгээр бичиж, тунхаглан зарлаж ирсэн. Монгол Улсын их сургууль тэртээ дөчин хоёр онд байгуулагдсан. Яг л Монгол Улс орчин цагийн шинэ үсэг буюу кирилл үсэгтэй болж байх үед их сургууль үүд хаалгаа нээсэн байдаг. Монголын оюун санааны их түүхийн охь уурхай Улсын их сургууль кирилл үсгээ дээдэлж, бүхий л ном бүтээл сурах бичиг кириллээр хэвлэгдэж ирсэн түүхтэй.

Тэгтэл орчин цагийн Монгол Улс маань 2025 оноос хос бичигтэн болох талаар Монгол хэлний тухай хуулийн төсөл гээчийг баталчихсан байдаг. Орчин цагийн Монгол Улсыг сөнөөх, хөгжил дэвшил бүх зүйлийг нь байхгүй болгох, хамгийн гол нь бүгдийг нь бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг болгох уг хуулийн төслийг яах гэж боловсруулсан юм болоо. Тайваниас төслийн мөнгө авч хийсэн юм гэсэн. Их хурлын нэгэн эмэгтэй гишүүн санаачилж боловсруулсан. Тэр гишүүний туслах нь Тайванийн тагнуул, эх орноосоо урвасан гэх хэргээр хоригдож байсныг сануулъя. Төслийн мөнгө авч хууль хийх нь хамаагүй ээ. Харин хос бичигтэй болно гэх байж боломгүй зүйлд итгэж үнэмшээд 2025 оноос хос бичигтэн болох тухай ярьж, олон түмэнд сурталчилж байгаа нөхөд одоо эртхэн болих хэрэгтэй. Уйгаржинаар бичдэг, түүнийг уншиж хэрэглэдэг хэдхээн хүний хүсэл, гадныхны далд явуулга гэж хардах ийм зүйлээр бүх нийтийн хос бичигтэн болгоно гэдэг арай хэтэрсэн дэмийрэл. Нийгэм өнөөдөр ямар зэрлэгшиж байна вэ. Бид чинь нэгнээ харааж зүхэх, ялангуяа хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдөө элдэв дээдээр нь хэлэх нь хэрээс хэтэрч, эрээ цээрээ алдсан. Дээрээс нь уйгаржин бичигтэй болно гэж дэмийрцгээгээд эхэлбэл бичиг үсэгтэй амьтан ч байхгүй, бүгд харанхуй бүдүүлэг юу болж таарах уу.

Монгол үндэстэнд кирилл үсгийн байгуулсан гавьяатай тэнцэх зүйл гэж юу ч байхгүй ээ. Ардчилсан хувьсгал, ардын хувьсгал гээд энэ олон хувьсгал нь байтугай эзэн Чингис хаан ч ийм гавьяа байгуулаагүй. Чингис хаанаа дорд үзлээ гэх зүйл эрхэм уншигч танд төрөх байх л даа. Гэхдээ дундад зууны харанхуй бүдүүлэг нийгмээс орчин цагийн монгол үндэстэн бий болоход кирилл үсэг гарамгай гавьяа байгуулсныг юутай ч харьцуулашгүй гэж зориуд тодотгон хэлсэн нь ийм учиртай. Бидний жишээ авах дуртай япон, солонгос ханзаараа бичдэг л дээ. Гэхдээ япон, солонгосуудын хувьд хуучин ханзаа дуурайлгасан хорин хэдэн үсэгтэй орчин цагийн тусгай үсэг зохиочихсон юм билээ. Бүх нийтээрээ ингэж шинэ үсгээрээ бичдэг. Маш эртний судалгааны бичиг номоо үзэхдээ хаа нэгтээ хуучин ханзаа харах жишээний. Солонгос улсын хамгийн гавьяатай хүн нь орчин үеийн шинэ ханз зохиосон тэр хүн байдаг. Мөнгөн тэмдэгт дээрээ зургийг нь хүндэтгэж гаргасан байдаг. Хэдхэн хоногийн өмнө бичиг үсгийн баяр болсон. Хэн ч тоогоогүй өнгөрсөн. Монголчуудыг кирилл бичигтэй болгож өгсөн Цэндийн Дамдинсүрэн гуайн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зална билээ. Солонгосууд бол мөнгөн тэмдэгт дээрээ зургийг нь хэвлэж дээд зэргээр хүндэтгэдэг юм байна. Шинэ цагийн Монгол Улсыг бүтээж, тусгаар тогтнолынх нь дархлааг бататгаж өгсөн кирилл үсгээс Монгол үндэстэн оршин байгаа цагт салах учиргүй гэдгийг эцэст нь хэлье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?

Үндэсний Аудитын газар сонин захиалсан, мөн хэвлэл мэдээллийн чиглэлээр сонины редакци болон хэвлэлийн газруудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан төрийн байгууллага, агентлагуудад торгууль тавих болсон. Энэ байдал өнөө жил ялгаагүй үргэлжилж байгаад олон нийт эсэргүүцэж байна. Монгол Улсын төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй, төрийн бодлого шийдвэр, хууль тогтоол, гадаад дотоод харилцаа тэр бүхнээ сониноор сурталчлахгүй өөр юугаар гаргах юм бэ. Мэргэжлийн редакцитай хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулахгүй тэгээд хэнтэйгээ гэрээ байгуулж төрийн бодлого шийдвэрээ хүргэх болж байна вэ. Фэйсбүүк, жиргээчидтэй гэрээ байгуулах хэрэг үү. Цахим ертөнцийн нөхдүүдтэй төрийн өмчит компани, яам, агентлагууд гэрээ байгууллаа гэж бодоход жиргээчдийн бичсэн зүйлд хэн үнэмшиж, хэн итгэх юм. Бүхэл бүтэн улс орны төр засгийн шийдвэрийг захын нэг хүн өөрийнхөө хувийн орон зайгаар дамжуулж, хувийн бодол маазралтайгаа хольж хутган олон нийтэд хүргэх болж байна уу.

Сүүлд хийсэн судалгаагаар Монгол Улсын гурван сая хоёр зуун мянган хүн амын ихэнх нь буюу хоёр сая есөн зуун мянга нь фэйсбүүкийн хэрэглэгч юм гэсэн. Тэднээс 18-35 насныхан дийлэнх нь гэж байгаа. Тэгэхээр учир мэдэхгүй бацаануудтай төрийн байгууллагууд гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлах хэрэг үү. Сонин хэвлэлтэй гэрээ байгуулсан газруудад Аудитын газраас акт тавьж торгоод байгааг ингэж л ойлгохоос өөрөөр яаж ойлгох билээ. Эсвэл төрийн байгууллагууд үйл ажиллагаа гаргасан шийдвэрээ хэнд ч дуулгахгүй, ард түмэндээ огтхон ч үзүүлж болохгүй хаалттай, нууц байлгах ёстой юм уу. Ямар эрхтэн дархтан нь ийм амьдралаас хөндий тэнэг шийдвэр гаргаж, түүнийг нь Үндэсний Аудитын газар нь хэрэгжүүлээд байгаа юм бэ. Ном ёсоороо бол төр засаг гэдэг олон нийтээс сонгогддог, ард иргэддээ үйлчлэх хуультай баймаар. Улс орны хууль журам, үйл ажиллагаа, тогтоол шийдвэр зарлиг гээд ард иргэд өрх бүрт хамаарал бүхий зүйлээ олон нийтэд сурталчлан таниулах нь засаг төрийн үндсэн үүрэг мөн.

Дэлхийн бүх улс орнуудын төр засаг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэлтэйгээ нарийн нягт хамтарч ажилладаг. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Asahi Shim­bun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, Францын “Le Monde” гэхчлэн дэлхийн энэ олон сонин хэвлэлийг тухайн улс орон нь албан ёсны эх сурвалжаа болгож төрийн тогтоол шийдвэрээ сонин хэвлэлээрээ гаргаж ард түмэндээ түгээн албан ёсоор баталгаажуулдаг. Мэдээж дэлхийн улс орнуудын төр засаг сонин хэвлэлдээ төлбөр тооцоог нь төлж өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлуулдаг. Зөвхөн төлбөр өгөөд зогсохгүй зарим орнууд хэвлэл мэдээллийн салбартаа мөнгө төсөвлөх нь бий. Ойрын жишээ гэхэд Солонгос улс байна. Жараад оноос хойш жил бүр улсын төсөвтөө хэвлэл мэдээллийн зардал болгож мөнгө төсөвлөсөөр иржээ. Өнгөрөгч онд 30 сая ам.доллар төсөвлөснөө Монголын сэтгүүлчдэд сонирхуулж байсан.

Тэгвэл Монгол Улс дэлхийн улс орнуудын тогтсон ийм жишгийн эсрэг явдаг нь харамсмаар. Монголын төр аль ч засгийн үед чөлөөт хэвлэлийг устгах гэсэн бодлого явуулсаар ирсэн. Их хурлаар эрхтэн дархтнууд ямар л хууль хэлэлцэнэ, түүнд хэвлэл мэдээллийг хяхан хавчсан, амыг нь барих гэсэн аль болохоор мөнгө төгрөг хялайлгахгүй, ханасан танасан харгис заалтууд чимээгүйхэн шургуулчихдаг. Тэгээд зогсохгүй сэтгүүлчийг яллана, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаана, лицензийг нь цуцална, төчнөөн саяар торгоно гэсэн тодорхой заалтуудыг бах таваа хангах адил ёс мэт тусгадаг жамтай. Авлигын хуулинд хүртэл “Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулна” гээд л заачих жишээний. Мөн Сонгуулийн тухай хуулинд “Радио, телевиз, цахим вэб сайтаар сонгуулийн сурталчилгааг явуулна” гэж заасныг манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн эсэргүүцэж байж сониноор явуулахаар болж байсан.

2013 оны гуравдугаар сард Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойгоор эрх баригчид “Монсинема”, “VIP home shop­ping”, “ITV”, “MBO”, “Music­box”, “Шонхор”, “Соёмбо” гэсэн есөн телевизийг хааж 300 гаруй сэтгүүлчийг гудманд хөөж гарган “бэлэг” барьж байсан удаатай. Ингэж л эрх баригчид улс орны амин сүнс болсон хэвлэл мэдээллийн байгууллага руугаа дайрдаг. Хэвлэлийг ийн дэмжихгүй, үргэлжид боомилон, хяхан хавчаад байвал хэвлэл мэдээллийн байгууллага хүссэн хүсээгүй улс орныхоо эсрэг ажиллаж эхэлдэг. Үндсэндээ хөрөнгө мөнгөтэй улс орон, хувь хүнд үйлчилж эхэлнэ. Өөрсдийн байр сууцтай, хэдэн сэтгүүлчдийнхээ цалин хөлсийг бусдын гар харахгүйгээр тавьчихдаг, улсдаа татвар төлөөс төлөөд явдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдий өндөр үнэ амлаж байсан ч улс орныхоо эсрэг мэдээ материалыг “за болих уу даа” гээд өнгөрөөнө.

Харин эдийн засгийн эрх чөлөөгүй, ходоод нь хонхолзож байгаа хэвлэлийн газрууд мөнгө олж л байвал Монгол Улсын эрх ашиг дүүрч, тэртэй тэргүй биднийг төр засаг дарлан гадуурхаж байгаа юм чинь гээд улс орны аюулгүй байдалд ноцтойгоор халдсан, тусгаар тогтнолын дархлаанд сэв суухаар, Монголын нэр хүндэд сөрөг муугаар нөлөөлөх материалыг өстэй юм шиг тавина даа. Ингээд нэг л мэдэхэд Монголын амин сүнс болсон чөлөөт хэвлэл улсынхаа эсрэг гадныхны гар хөл болох аюултай. Үүнд хөрөнгөтэй томоохон компани болон эрх мэдэлтэй дарга сайд нарын хувийн хэвлэлийн газрууд хамаарахгүй. Тэд бол ардаа тэжээгчтэй, тэднийхээ эрх ашигт үйлчилдэг. Хоолыг нь эзэд нь өгчихдөг болохоор хэвлэл мэдээллийг төр засгаас дэмжинэ үү, хавчина уу тэдэнд падлий ч байхгүй.

“Монгол Улсын төрийн байгууллагууд хэвлэлээр мэдээллээ гаргахгүй яаж ажиллах, хэвлэлийн байгууллагууд төрийн бодлого шийдвэрийг сурталчлахгүй хэрхэн ажиллахыг Үндэсний Аудитын газар зааж өг” гэж “шилэн” Цогоо олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн бол “Иргэдийн баталгаат мэдээллээ хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагаас авдаг байдлыг төр засгаас бодлогоор дэмжих байтал үүний эсрэг байгаа нь харамсалтай. Дэлхийн ихэнх орнууд ерэн хэдэн хувь нь баталгаат мэдээллийг өдөр тутмын сонин болон зурагт радиогоос авдаг гэсэн судалгаа бий. Харин манайд эсрэгээрээ сошиал медиагаас авч байна. Цахим ертөнцийн эзэнгүй, баталгаагүй мэдээлэл улс орныг юунд ч хүргэж болно. Хор хөнөөл нь тухайн орны оршин тогтнох эсэхтэй ч холбоотой” гэж сэтгүүл зүйн доктор Ж.Батбаатар хэлж байна.

Үндэсний Аудитын газраас хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулсан, хамтарч ажилласан төрийн аж ахуй нэгждүүдийг торгож, хууль журмын дагуу шийтгэнэ гэдэг өнөө л эрх баригчдын чөлөөт хэвлэлийг устгах гэсэн ээлжит бодлого. Бат-Үүл баатрын ерэн найман онд санаачилж УИХ-аар батлуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд хэвлэл мэдээллийн эсрэг хууль гаргахыг хориглоно гэсэн хатуу заалт бий. Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг дөрөвхөн заалт бүхий хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд тодорхой заачихсан байдаг. Тэгэхээр Үндэсний Аудитын газраас хэвлэлтэй гэрээ байгуулсан газруудад шийтгэл оногдуулах энэ журам заалт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгааг Монголын төр анхаарах цаг нь болжээ. Төгсгөлд нь дахин хэлэхэд төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Зоригийг алсан гэх хоёр хүний өмнөөс Ц.Нямдорж л ганцаараа тонголзоод гүйгээд байх юм

Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг одоогоос 21 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр амь үрэгдсэн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан түүнийг хэрцгийгээр хөнөөсөн нь Монголын нийгмийг цочирдуулсан дуулиант аллага байв. Зориг алагдсан тэр цаг мөчөөс хойш улс төрийн гол намууд, үе үеийн Засгийн газар сонгууль болгоноор түүний үхлээр шоу хийж ирсэн байдаг. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ дуулиант хэрэг ёс юм шиг сөхөгдөнө. Үндсэндээ улс төрийн намуудын сонгуулийн шоу, нийгмийг татах гол хэрэгсэл нь Зоригийн хэрэг болж хувирсан юм. Ганц нэг жишээ баримтыг дурдъя л даа.

2004 оны сонгуулийн өмнө иргэн Д.Энхбатыг Францаас баривчлан авчирч уг дуулиант хэргийг улам айхавтар ширүүн болгосон. Мөрдөн шалгалтын явцад иргэн Д.Энхбат амиа алдсаныг бид мэднэ. 2004 оны сонгуулийн өмнө Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Одоо мөн ялгаагүй энэ албыг толгойлж байна. Тэрээр Хууль зүйн сайдаар таван удаа сонгогдож Монголын шүүх засаглалыг хорь шахам жил удирдаж байгаа нэгэн. Монгол Улсын хууль, шүүх, цагдаа, прокурор хүчний байгууллагуудын явж ирсэн замнал түүх, сайн муу гээд бүхий л зүйлийг Нямдорж гарцаагүй мэдэх ганц хүн нь мөн. С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт 2015 онд түүний эхнэр Б.Булганыг баривчилсан. Мөн энэ хэргийг үйлдсэн гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг Эрдэнэтээс авчирсан

Чимгээ, Содномдаржаа гэдгийг бүрэн тогтоосон. Шүүх хурлын үйл явцыг телевизээр шууд дамжуулж байсан. Нийгмийн гол анхаарал Зоригийг алсан алуурчдыг шүүх үйл явц руу хандаж байсан нь мэдээж. Бараг л хүн бүхэн шүүх хурлын процессыг санаж байгаа байх. Шүүх хурлын үеэр алуурчид гээд байгаа тэр гурван нөхөр “харин ч ингээд гайгүй өнгөрч байна даа” гэсэн байдалтай харагдаж байсан. Айхавтар ноцтой гэмт үйлдлээ хүлээж байгаа ялтнууд шиг “санасныг бодоход гайгүй салах нь байна” гэсэн биеийн хэлэмж тэднээс нэвт уншигдаж байсан.

Түүнээс биш хилс хэрэгт тулгагдан хатуу харгис эрүүдэн шүүлт, яргалал тамлалыг амссан байлаа ч ард түмний өмнө гараад ирэхээр хүн хүлээцтэй байсан нь сонин. Эсвэл тэр хоёр өөр айхавтар хэрэгт холбоотой байсан уу. Эсвэл бидний хийсэн хэрэг тэр Зориг гээчийнх нь хэрэг юм болов уу гэж гайхаад байв уу. Нэг л сонин. Айхавтар ноцтой гэмт хэрэгтнийг гаднах төрх байдал, сэтгэл зүйн онцлог гээд олон талаас нь биеийн хэлэмжээр унших жишиг олон улсад бий л дээ.

Анхан шатны мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчээс аваад прокурор, цагдаа, тагнуул, дээд шүүх гээд хууль шүүхийн байгууллага бүх шат дамжлагаараа хянан хэлэлцээд энэ гурван хүн С.Зоригийг бүлэглэн алсан нь баталгаатай байна гэж зохих ялыг оноосон байтал дөнгөж саяхан энэ бүх зүйлийг Монгол Улсын Хууль зүй, дотоод

хүн. Анх удаа бусдаас уучлалт гуйж байна” хэмээн бөхөлзөөд шоудаад ч байгаа юм шиг нийгэмд айхавтар ноцтой мэдэгдэл хийх нь тэр. Нямдоржийн тонголзож бөхөлзөж гүйгээд байгаа хоёр нөхөр бол С.Зоригийн амь насыг бүлэглэж бүрэлгэсэн хэргээр ял сонссон ялтнууд. Тэр хоёр Нямдоржийн хэлснээр Зоригийг алаагүй байж болно. Гэхдээ Монголын шүүх эл хэргийг буцаан сөхөж дахин нягталж, алсан алаагүйг нь тогтоосон, цагаатгасан шийдвэр гараагүй байгаа. Тэгтэл Нямдорж л ганцаараа алуурчдын өмнө бөхөлзөн уучлал гуйгаад “Энэ хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэсэн байна. Эрүүдэн шүүлтээр хэрэг хүлээлгэсэн байна” гэж мэдэгддэг нь ямар учиртай юм бэ. Түүнд гурван шатны шүүхээрээ нэгэнт тогтоогдсон хэргийг дахин задалж, бүр эхний цэг дээр нь аваачих ямар сонирхол байв. Мөн тэр улсуудыг өөр ямар нэгэн хэрэгт холбоотой гэдгийг мэдсээр байж Зоригийн хэргийг тохоод ингээд өнгөрүүлж байгаа бол бүр ч ноцтой санагдаж байна. “Энэ хэд бол Зоригийн хэрэгт холбоотой хүмүүс байж л таарна, энэ хэргийг энэ хэдэд тохоод дуусгая” хэмээн зориудаар жүжиг болгож будлиантуулах нь эцсийн эцэст хэнд ашигтай юм бэ. Хэрвээ гурван шатны шүүх үнэн мөнөөр нь шийдээд явуулсан байтал Ц.Нямдорж гэж хүн өөрийнхөөрөө зүтгээд худлаа гэж мэдэгдсэн бол бас хэнд ашигтай гэж. Ийм ийм эргэлзээтэй олон хурц асуудлууд нийгэмд бий боллоо.

Харин Зоригийн хэргийн эргэн тойронд өрнөж буй энэ бүх үйл явцын үр дүнд Монгол Улсын хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын нэр хүнд шороотой хутгалдлаа. Монгол Улсын гуравдагч засаглал буюу хамгийн хариуцлагатай байж улс орны оршин тогтнох үндэс суурь нь болсон шүүх засаглал нуран уналаа. Хууль зүйн сайд нь энэхүү шүүх засаглалын тэргүүн нь байх ёстой. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шүүх засаглалаа өөрөө татан унагаж байгаа нь харамсалтай. Нямдорж бүхий л насаараа хууль шүүхийн төлөө ажиллаж, амь амьдралаа зориулж ирчихээд өөрийнхөө гараар бүтээсэн энэ бүхнээ үгүй болгож байгаа нь ойлгоход бэрх. Бас нэг хачирхалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Амгаланбаярыг өргөдлөө өгсний дараа дээрх үйл явдал болсон. Нямдорж сайд шоронгийн даргаа ажлыг нь өгүүлчихээд шоронгоор баахан давхисан бололтой. Зоригийг алсан гэх хоёр ялтныг эмнэлэгт хэвтүүлсэн ч гэх шиг. Нямдоржийг мэдэгдэл хийхээс долоо хоногийн өмнө Ж.Батзандан ийм юм болно гэдгийг хэлж л байсан. Үнэндээ алинд нь ч үнэмшихийн арга алга. Аль алиныг хардахаас өөр гарц ард түмэнд үгүй болсон цаг.

Монголын шүүх засаглалынхан нийгмийн анхаарлын халуун цэгт байгаа энэ асуудалд тайлбар өгч, үнэн мөнөө ард түмэнд даруйхан хэлэх хэрэгтэй байна. Нямдоржийн хэлсэн хэрвээ үнэн бол дампуурч гүйцсэн Монголын хууль, шүүхийнхэн бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Эцэст нь хэлэхэд, С.Зоригийн хэрэгтэй холбоотой энэ бүх үйл явц үнэн худал уу, Нямдоржийнх үнэн үү, хууль шүүхийн шийдвэр үнэн байсан уу гэдгийг цагийн эрхээр тодорно байх хэмээн горьдож, итгэж найдахаас өөр арга алга. Ямар чиг байсан Монгол Улсыг их л айхавтар мухардал, эргэлзэл тээнэгэлзлийн мананд сарниан орхилоо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын эмнэлэг шалаараа зулаастай, сургууль таазаараа нураастай байхад Их тэнгэрт ордноо байгуулж, орон сууцаа сүндэрлүүлнэ гэж яриад сонгуульд ороод үз дээ, МАН-ынхаан?

Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын Ардын намын шинэ удирдагч нар Их тэнгэрт Төрийн ордноо байгуулж, хажууд нь орон сууцаа барин өөрсдөө эрүүл агаарт тарвалзана гэж ярих боллоо. Тодруулбал, Занданшатар гэдэг хүн УИХ-ын дарга болонгуутаа “Төрийн ордныг Их тэнгэрт шинэчлэн барина. Техник эдийн засгийн үндэслэлийг нь ирэх оны төсөвт суулгасан. Захиргаа аж ахуйн алба зураг төслийг нь бэлэн болгоод газрынх нь асуудлыг шийдсэн байгаа. Ингэснээр парламентын ордон, албаны орон сууц бэлэн болно” гэж мэдэгдсэн.

Төрийн эрхийг барьж байгаа нөхөд ийм мэдэгдэл хийгээд үүнийгээ баталгаажуулах гэж Төрийн ордны нурсан гэх таазны зургийг авахуулан долдой нараараа цахим ертөнцөд өдөр шөнөгүй түгээж байна. Дарга нартаа жигтэйхэн хайртай долдойчууд “Ордны тааз ингээд нурж байна. Монгол төрийг удирдаж байгаа эрхмүүдийн амь насанд аюул учрахад ойрхон байна. Хэдхэн баллын газар хөдлөхөд ордон нурна” гэж эвий халай болон нус нулимстайгаа холилдох нь холгүй орилолдон, дарга нартаа сайн хүн болох гэж нийгмийг бужигнуулж байна.

Эрхтэн дархтанууд нь ийнхүү Их тэнгэрт ордноо байгуулан, өөрсдийнхөө орд харшийг бариулчихаад ноёд шиг жаргах тухай бодож байхад Монголын нийгэм өнөөдөр ямар байдалтай байгаа билээ.

Өвлийн тэсгим хүйтэнд ард түмний хүүхдүүд эмнэлгийн шалаар зулаастай, ардын хүүхдүүдийн сургуулийн тааз нь цөмрөөстэй, эгэл жирийн олон яахаа мэдэхгүй гүйлдэж байдаг.Сонгинохайрхан, Баянзүрхээс аваад бүх л дүүргүүдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй,зовж шаналсан эцэг эхчүүд аргаа баран, ханиад хатгаа нь хүндэрсэн нялх балчир үрсээ шалан дээгүүр эгнүүлэн хэвтүүлчихээд босоогоороо сахиж хонодог. Нийслэл хотод дунд сургуулийн хүрэлцээ ямар байгааг бид бас сайн мэднэ.

Сурагчдаа багтааж дийлэхгүйн улмаас сургуулиуд өдрийн гурван ээлжээр хичээллэж, хамгийн сүүлд тарсан сурагчид оройн арван цагтай уралдаад гэрийнхээ босгыг алхдаг. Өвлийн жавар тачигнасан ид хүйтний оройн ес, арван цаг гэдэг утаа униар нь хэрээс хэтэрсэн тийм үе. Захын гэр хорооллын сурагчдын гуравдугаар ээлжийнхэн хичээлээ тараад шөнө орой гэртээ харихдаа ямар айхтар зам туулж, хатуу бэрхийг амсаж, айдастай түгшүүртэй харьдгийг манай сонин сурвалжилж байсан.

Тас харанхуй шөнө айлын хашаанаас нохой гарч ирээд бага ангийн сурагчийг урж тастахад хайя хүүе гэх хүн байхгүй. Гудамж нь гэрэл гэгээ байхгүй, эргүүл цагдаа, манаач гэж байхгүй. Охин хүүхдийг гудамжны архичид хүчиндэхэд аварч хамгаалах хүн байхгүй. Ийм л нөхцөлд Монголын балчир үрс сургуулиа тараад амь наана, там цаана гэрийнхээ барааг хардаг. Гудамжны золбин нохойд уруулсан, бүр идүүлчихсэн харамсалтай тохиолдлууд гарч байсан. Үнэхээр өр эмтэрмээр. Мөн нялх балчир үрсээ цэцэрлэгийн бараа харуулна гэдэг бол нийслэл хотын эгэл жирийн иргэдийн хувьд ёстой алаан байхгүй юу. Хичнээн шөнө цэцэрлэгийн гадаа оочерлож хоноод хүүхдээ оруулж чадаагүй эцэг эхчүүд өөрийн эрхгүй гутарч, ийм ч улс оронд амьдрах гэж дээ гэж аргаа баран цөхрөх энүүхэнд. Бүр сүүлдээ төр засаг ард иргэдээрээ доог тохуу хийж аз эзийг нь шалгах сугалаа гээчийг гарган доромжлох болсон.

Жилийн жилд төчнөөн цэцэрлэг, төчнөөн сургууль ашиглалтад орно гэх ээлжит үлгэрээ ярина. Мэдээж сургууль, цэцэрлэг шинээр нээгдэж байгаа. Гэвч улс орны хувьд, нийслэл хотын хувьд энэ нь арай ч гэмээр. Ард түмний амьдрал үнэндээ ядуу дорой, барзгар хүйтэн байна. Монголын төр, эрх баригчид ард иргэдийнхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө юу ч хийсэнгүй, хүний урманд хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ардын нам засгийн эрхэнд гарснаас хойш бүтэн гурван жилийн хугацаанд сандал суудал, албан тушаал буцаадалдаж зодолдлоо. Төрийн түшээд, дарга сайдуудынх нь ярьдаг юм нь ерөөсөө л Засгийн газраа огцруулах. Нам доторх бүлэглэл, фракцуудын хоорондох зодоон. Төрийн ордонд ээлж дараалан мэдээлэл хийнэ, тэр бүгд нь хов жив хэрүүл тэмцэл. Эрдэнэбатын засгийг огцруулах гэж эхний жилээ тэмцэж санаа нь амарсан. Дараа нь Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, Миеэгомбын Энхболдыг огцруулах гэсэн хоёр зүйлд бүх цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулсан. Ялангуяа Энхболдыг огцруулах гэж Монголын төр юу болсон билээ. Эрх баригчид нь гудманд гарч жагсаад, парламентын тэргүүнээ бараг л хүзүүгээр нь оосорлон өрөөнөөс нь чирч гаргана гэж Төрийн ордонд мэдэгдэл хийгээд, төрийн тэргүүн нь хууль санаачлаад, түүнийг нь Их хурлаараа баталж байж Энхболд гэдэг хүнийг буулгаж авсан.

Тэгтэл шинээр томилогдсон Их хурлын дарга нь тамгаа авангуутаа ганц ажил хийх тухай ярьсан нь Төрийн ордныг Их тэнгэрт байгуулах. Үнэндээ засгийн эрхийг авснаас хойш сандал ширээний төлөө зодолдож зодолдож дийлсэн талынх нь нөхөр хийх ажлаа танилцуулж байгаа царай нь энэ юм. Ардын эмнэлэг шалаараа зулаастай, сургууль таазаараа нураастай байхад Их тэнгэрт ордноо байгуулна гэж ярих зүрх зориг та нарт байна гэж үү. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож буй энэ үед ингэж ярьчихаад сонгуульд орно гэж зориглодог улс төрийн нам гэж байх уу.

Улс төрийн ууган хүчин, бараг зуун жилийн түүхтэй энээ тэрээ гэж ярьж сурталчилж, цээжээ дэлдэхээсээ одоо ичих хэрэгтэй. Монголын ард түмэн ингэж доромжлуулсныхаа төлөө та нарыг сонгоно гэж байхгүй. Олны ярьдгаар ёстой үсгүй арчина. Давилуун дарга нарын ихэрхэл, улс орны хувь заяагаар тоглох тохуурхал орд өргөөгөө нүүлгээд зогсохгүй нь бололтой. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэж хар тамхитайгаа тэмцэх юм гэнэ. Энэ тухай Гадаад харилцааны сайд мэдэгдсэн. “Хар тамхины далд бүлэглэлийг цагдаагийн байгууллагын шугамаар бус хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллээр олж авдаг. Тиймээс энэ яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Бидэнд энэ асуудлыг хөрш орнуудаа хардаж сэрдэхгүйгээр шийдэх боломжтой” гэж хэлсэн. Сүүлийн үед өдөр бүр зогсоо зайгүй хар тамхичдын бүлэглэл баригдаад байгаа нь цаанаа учиртай аж.

Эрх баригчид “ЖДҮ-чид гэмт хэрэг үйлдээгүй, зүгээр зээл авсан. Мөн ерэн оноос хойших өмч хувьчлалыг шалгана буцаана, ялангуяа малчдын малыг буцааж авна” гэж яриад байгаа. “Өмнөх өмч хувьчлалаа дүгнэж байж дараагийн хувьчлалыг ярих учиртай. Их хурлын чуулганаар өмч хувьчлалын асуудлыг танилцуулна” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Үндсэндээ өмч хувьчлалыг маапаантай болсон гэж хардаж сэрдээд байгаа. Тэгвэл үйлдвэр үйлчилгээний газруудад тухайн үед өмч хувьчлал ямар чиг байсан явагдсан. Цэнхэр, ягаан тасалбараар явагдсаныг бид мэднэ. Харин малыг малчдад нийгэмчилсэн нь хуульгүй явагдсан. Тавин есөн оноос хойш байгуулагдсан нэгдэл нийгмийн малыг хөдөөнийхөн ямар ч хуульгүйгээр зүгээр хуваагаад авчихсан. Тэгж ярих юм бол нийгэмчилсэн эзэд нь ч аваагүй шүү дээ.

Ардын намын шинэ залуу удирдагчдын яриад, сэдээд байгаа энэ бүх зүйл ард түмнийхээ эсрэг болоод байх юм. Сонгууль дөхчихсөн байхад худлаа ярьж хий хоосон жүжиг тавьдгаа боль, бодитой ажил хий. Нийгмээ бага ч болов гэгээтэй болгож ард олныхоо ахуй амьдралыг өөд нь татахыг бодооч. Ерөнхий сайд ам нээх болгондоо цэвэрлэх байгууламж, нефтийн үйлдвэр гэж яриад байгаа. Гэтэл саяхан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзахдаа “Миний эхлүүлсэн ажил” гэж хэлж байна лээ. Тэгэхээр ноён Хүүкт хийсэн ажил гэж байна уу. Монгол ардын намаа улс төрийн тавцангаас устгах гээгүй л юм бол элдэв дээдийн поопролоо одоо зогсоовол яасан юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү?


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Их хурлын дарга болохоосоо өмнө буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа айхавтар дөвчигнөсөн. 2019 оны босгон дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын алт мөнгөний орд дээр бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхан, мөн бүрэн камержсан сэтгүүлчдийн багийг дагуулж очсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх тус ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын мэдэлд хурааж авсан. Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр сүрийг үзүүлэн очиж, тухайн орд газрын ажилчдыг гарыг нь гавлаж өмнөө сөгдүүлэн мөлхүүлээд түүнийгээ хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацаж, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг цаашид ч ийм байдлаар улсын мэдэлд авах болно гэдгээ мэдэгдсэн. “Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. 770 мянган тонн мөнгөний нөөцтэй, алт газрын ховор металлтай компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоолоо” гээд баахан сүржигнэсэн.

Занданшатарын энэ сүржигнэл явж явж гавьяат хуульчийн аминд хүрчихэв үү. Уг орд газартай хамаарал бүхий хэргийг өмгөөлж байсан Монгол Улсын гавьяат хуульч, манай нэртэй шүүгчдийн нэг Л.Бямбаа шоронд амь насаа алдлаа. Тодруулбал, талийгаач Салхитын алт мөнгөний орд газрыг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдэл гаргасан “Амин билигт” компанийн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Талийгаачийн цогцос хөрч амжаагүй байхад Авлигатай тэмцэх газраас өчигдөр “Талийгаач нь Салхитын ордын авлига хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон хэрэгт шалгагдаж байсан” гэж мэдээлж байна. Монголын нэртэй шүүгч шоронд амиа алдсан маш харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Тэрээр Салхитын мөнгөний ордын асуудлаар шоронд хоригдоогүй, гэртээ сэтгэл амар сууж байсан бол ийм айхавтар зүйл болох байсан уу. Талийгаач суллагдахаасаа хэдхэн минутын өмнө амь насаа алдсан байна. Өөрийгөө орноос боомилсон байж болзошгүй байдалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл бий.

Салхитын алт мөнгөний ордын асуудал асар том улс төрийн нөлөөтэй. Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч Занданшатарыг тусгайгийнхантай явуулсан. Тиймээс талийгаач бүхий л насаараа хууль шүүхийн байгууллагад ажилласан хүний хувьд “үхэн үхтэлээ энэ хэргээс би мултрахгүй нь” гэдгээ мэдэж байсан байх. Ардаа улс төрийн айхавтар асуудалтай хэрэгт холбогдсон нөхдийг хуулийнхан хэрхэн яаж тамладгийг, ямар хатуу харгис ханддагийг талийгаач мэдэх учир амиа хорлосон ч байж магадгүй. Улс төртэй холбогдсон ийм хэрэгт хууль шүүхийнхэн үнэн мөнийг нь олохоосоо илүүтэй улс төрийн нөлөөллөө бодох нь бий. Тиймийн учир талийгаач өөрийн минь ээлж ирлээ гэдгээ мэдээд явчих шиг боллоо, хөөрхий минь.

Уг эмгэнэлт явдлын эхлэл нь Занданшатарын дөвчигнөл гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мань эр гадны хөрөнгө оруулалттай компанийн тусгай эрхийг шууд цуцалж булаан эзэлснийхээ шанд Улсын Их хурлын дарга болох шиг боллоо. Харин дөвчигнөлийнх нь үр нөлөөнд Монголын нэр нүүр болсон нэгэн сайхан хуульч амиа алдсан нь харамсалтай.Тэрээр Улсын дээд шүүх, нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг нэр төртэй хашиж ирсэн юм.

Ийм хүн амиа алдсаныг бодоход их л үнэтэй дэвшил, их л үнэтэй албан тушаал болж байна даа, Занданшатар минь. Таныг Их хурлын дарга болгох гэж Монголын төр бүтэн хоёр сар гаруй хугацаанд зогсолт хийсэн. М.Энхболдыг суудлаас нь авч хаях гэж чухам юу болов. Эрх баригчид талбай дээр суулт зарлаж, нийгмийг донсолгосон жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч нь хууль санаачилж, түүнийг нь Их хурал баталж, Монголын парламент ёсны түүхэнд байгаагүй үйл явдал болсон. Энэ бүх тавилттай гэж хардахаар жүжгийн дараа та Их хурлын дарга болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын амийг нь чангааж, аж ахуйн нэгжийг нь дээрэмдэж байж Их хурлын дарга болдог нь ч ямар учиртай юм. Ер нь тэгээд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан дарга хүн байж гадаадын хөрөнгө оруулагчдын дундын маргаанд хүзүүгээ шаах хэрэг байсан уу.

Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр очиж, компанийн ажилчдыг өмнөө сөгдүүлж сүр хүчийг үзүүлэн дөвчигнөхийн оронд хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн энгийн албан хаагчтай очоод ном журмын дагуу албан шаардлагаа тавьсан бол ийм айхавтар хүнд тусгалтай үйл явдал болохгүй байх байлаа. Эцэст нь хэлэхэд, Г.Занданшатар та Их хурлын дарга болохынхоо өмнө ямар муухай балагтай, хар мөртэй зүйл хийсэн болохоороо ингээд гавьяат хуульчийн аминд хүрчихдэг байна вэ?