Categories
редакцийн-нийтлэл

МУИС-ийн багш нарыг сандаргасан сайд

Дөрвөн багшид нэг дарга ног­дож байсан
МУИС-ийн захир­гааны данхар бүтцийг өөрчилнө гэсэн мэдээлэл энэ долоо хоногт олны
анхааралд байв. МУИС-ийн Удир­дах зөвлөл 14 сургуулийг дөрөв болгож цөөлөх талаар
ярилцаж эхэллээ. Тэдний  хөндсөн энэ шинэчлэлийг
зориглон эхлүүлж байгаа эрхэм бол Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. МУИС-ийн
захирал “Дө­рөвхөн багшаар дөрвөн жил заалгаж мэргэжил эзэмшдэг байсан оюут­нуудад
ТҮЦ-ийн биш су­пермар­кетын сонголтыг санал болгож байна. Оюут­нуудын хувьд сур­гал­тын
чанар сайжирч байгаа боло­хоор эсэр­гүү­цэх шалтгаан байхгүй. Харин багш нарын зүгээс
эсэр­гүүцэл гарахыг үгүйс­гэхгүй” хэмээн манай со­нинд өгсөн ярилцлагадаа онцолж
байв. Үнэхээр ч МУИС-ийн Олон улсын харилцааны сургуу­лийн багш нараас эхлээд энэ
шинэчлэлд таагүй хан­даж байгаа багш нарын нэр захаасаа сонсог­дож эхэллээ. Мэдээллийн
сай­таар энэ алхам зөв эсэхийг иргэдээс тандаж санал асуулга явуулж буй. Өчигдөр
орой гэхэд дэмжиж байгаа иргэдийн хувь лав л 80 гарсан бай­на лээ. Тэгэхээр МУИС-ийн
багш нарыг сандар­гасан энэ мэдээ­лэлд иргэд нааштай хандаад эхэлжээ. Оюутнуудад
су­пермар­кетаас сонголтоо хийх боломжийг олгохоор зориглосон Л.Гантөмөр сайдын
салбартаа хий­сэн шинэчлэл гэж нэрлэг­дэхээр алхам үүгээр зогсохгүй.

Түүний хийж байгаа шинэчлэл яамных
нь ца­хим хуудаснаас ч харагд­даг. Боловсрол шинжлэх ухааны яамны сайт руу орохоор
“Сайдтай чаа­талъя” гэсэн цонх бий, энэ цонхоор сайдтай  баасан гариг бүрийн 20.00 ца­гаас хойш нэг цагийн
турш чаатлах, санаа бод­лоо хэлэх эрх хэнд ч нээлт­тэй юм билээ. 

Сурагчдадаа урд хөр­шөөс дүрэмт хувцас
худалдаж авч өгч, бусдад мөнгөө өгч байхаар өөрс­дөө даавуу үйлдвэрлэж, монгол хүнээрээ
оёулж, хүүхдүүддээ ча­нар­тай хувцас өмсгөнгөө үндэс­ний үйлдвэрлэгчээ дэм­жье гэсэн
санаа ч түүний шинэчлэл гэж хэлж боло­хоор ажлуудын нэг бол­сон санагддаг.  

Хүүхдийг муу сурдаг гэж ангийнхных
нь өмнө зарлахаа больё, цөөхөн сайн сурагчтайгаа харилц­даг багш нарын хандлагыг
өөрчилье, хүү­хэд бүрд байгаа авьяасыг нь нээе гэх мэт сонин содон шийдэл бага сур­гуульд
гэхэд л хангалттай хийгдэж байгаа.

Л.Гантөмөр сайд Увс аймгийн Улаангом
сумын уугуул. Аавынх нь нутаг ус Өмнөговь аймгийн Бул­ган. Дээд боловсрол гэвэл
Японы Сэн­дай дэньфа коллежийг харилцаа хол­бооны инженер, Нагао­ка­гийн Техник
техноло­гийн их сургуулийг элект­роникийн инженер мэр­гэж­­лээр төгссөн. “Сэт­гэш­гүй
трейд” компанийн дэд захирлаас карье­раа эхэл­сэн энэ эрхэм Ард­чил­сан залуучуудын
хол­бооны дэд ерөн­хийлөгч, ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан. УИХ-ын гишүүн болсноо­соо
хойш ямар замаар яаж явж бай­гаа нь олны нүдэн дээр ил учраас илүүг нурших хэ­рэг­гүй
байх. Олны мэдэх­гүй байж магадгүй албан тушаал гэвэл гурван жи­лийн өмнөөс Улаан
загал­майн нийгэм­лэгийн дэд ерөнхийлөгч, Ард­чил­­сан залуучуудын хол­бооны хүндэт
ерөнхий­лөгчийн албыг хашиж бай­гаа. 2008 оны найм­дугаар сарын 18-наас Боловсрол,
шинж­лэх ухаа­ны сайдаар ажил­лаж байна. Албаны намт­рыг нь товчхон сонирхуу­лахад
нэг иймэрхүү.  

Л.Гантөмөр  нэг хүү, хоёр охин­той. Эхнэр нь банк санхүү чигийн
хүн. Монгол банкинд ажилла­даг. Сайд эхнэртэйгээ аль арван жилээ­сээ, зурга­дугаар
ангид байхдаа үерхэж эхэлжээ. Тэр талаа­раа “Би их азтай. Анх удаа үерхье гэсэн
захиаг нэг охинд өгсөн. Гэтэл тэр охин маань зөвшөөрсөн. Тэр үед их ичимхий байсан
шиг бай­гаа юм. Жилдээ хоёр, гурван удаа л уулзана. Их хөөрхөн охин учраас банди
нар үерхье гэж их гуйдаг. Тэгэх бүрд нь над­тай найзалдгаа хэлдэг байсан гэдэг”
хэмээн ярьж байсан удаатай.

“Өдрийн зочин”-ы маань хобби нь хөл
бөм­бөг. Ном унших дуртай. Тэр дундаа хүүхдүүдийн амтархан уншдаг зураг­тай комикуудыг
хорхойсч уншдаг. Олонд ил болоо­гүй нууц авьяас нь дуу­лах. Тэр дундаа уртын дууг
эвлэгхэн гэгч нь дуул­чихдаг гэж байгаа. Тоонд их сайн, бүр есдүгээр ангидаа улсын
матема­тикийн олимпиадын мөнгөн медаль хүртэл авч байж. Матема­тикаас өөр зүйлээр
амьдралаа  төсөө­лөхөө байсан хүү МУИС-ийн
математикийн ангийн хуваарь авна гэд­гээс өөр бодолгүй байж. Гэвч физикийн үзээгүй,
мэдээгүй асуул­таас болж хүссэн мэргэжлээрээ суралцаж чадаагүй аж. Ингээд л хэсэг
хугацаанд эндээ их сургуульд сурч байгаад Японыг зорьжээ.

Сайд Японд сурч бай­сан жилүү­дээсээ
юу олж авсан талаараа  “Бүх хүн нь хөдөлмөрийн
харил­цаанд орсон нийгэм гэдэг гайхал­тай. Би хэзээ ч алдартай улстөрч, илт­гэгч,
философчийн үгэнд уяр­даггүй. Намайг хам­гийн их уяраах үгсийг гутал тосолдог хүүхэд,
адуу­чин, уурхайчин гээд хөдөлмөр хийж байгаа хүмүүс л хэлдэг. Японд суралцаж олон
жил амьдарс­ны хувьд надад наалдсан зүйл энэ болов уу” хэмээн ярив. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд дөрөвдүгээр
ангиасаа л зуны амрал­таа­раа ажил хийж ээж, аав­даа тусалж эхэлсэн гэдэг. Цалин­гаараа
хичээ­лийн хэрэгсэл, хувц­саа бэлдчихдэг догь сурагч байжээ.

Сайдаар томилогдо­хоо­соо өмнө боловсро­лын
салбарыг шинэ­чил­нэ гэж  амлаж, анхнаасаа
хүсч ирсэн албан тушаал гэдгээ нуухгүй ярьдаг. “Боловсрол дага­сан хөг­жил гэж байдгаас
хөгжил дагасан боловсрол гэж байдаггүй” гэж хэлсэн энэ эрхэм боловсролыг хөг­жүүлнэ
гэдгээ олны өмнө амлаж байсан удаатай.

Дэлхийн шилдэг зуун сургуульд элссэн
оюу­танд төрийн зээлээр су­рал­цах боломж нээгдсэн, цэцэр­лэгийн  хүүхдүү­дийн хоолны мөнгө 50 хувь нэмэгдэж чанар
нь сайжир­сан гэж ирээд яри­вал үр дүн нь эхнээ­сээ иргэдэд  мэдрэгдээд ирсэн шийдвэр  нэлээд харагддаг. Өмнө нь сурла­гаараа жаахан
тийм­хэн хүүхдүүд багшийн мэр­гэжлийг сонгодог байсан бол энэ намраас сайн сурдгууд
нь Боловс­ро­лын их сургуулийг сонгож эхэлснийг ч сайдын санаа гэж салбарынхан нь
ярьдаг юм билээ. Яам­наас онц сурдаг хүүхдүү­дийг тэтгэлгээр сургана гэсэн учраас
сайн сурла­гатнууд Боловсролын их сургууль руу хошуурсан гэдэг. Энэ мэт “нээрээ
эртнээс ингэсэн бол дээр байж дээ” гэж дэмжмээр ажлууд Л.Гантөмөр гэсэн нэртэй хамт
сонсогддог.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн нарийн бичгийн даргын бодлогогүй үг

Саяхандаа, телевизээ асаатал “Блүүмберг”-т
нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга  яриа өгч байна.  “Блүүмбэрг”-ийн сэтгүүлч “Монголын төр засгаас
хөрөнгө оруулалтыг үргээх бодлого барьсан учраас байдал хэцүүдлээ” энэ тэр
гэсэн дүгнэлт хэлж байснаа мань хүний бодлыг сонирхов. Гэтэл нөгөө дарга  “Нээрээ тийм юм ч болсон шүү” гэх маягийн
хариу хэлдэг байгаа. Зүй нь төрийг төлөөлсөн тэр эрхэм “Та буруу ярьж байна.
Монголын төр засгаас өнөөдрийг хүртэл ганц ч удаа ийм утгатай мэдэгдэл
гаргаагүй. Манай улс хөрөнгө оруулалтын эсрэг байгаа, тэднийг хөөх гэж
анхнаасаа бодож байсан юм гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Монголын төр
засаг хөрөнгө оруулалтыг татахын төлөө ажилласаар ирсэн” гэсэн бол гадаадын
хөрөнгө оруулагчдад арай эерэг мэссэж очих байв. Төрөө төлөөлж ярьж байгаа нь
ийм бодлогогүй үг унагаад байхаар манай руу мөнгөө хийхээр сонирхож байсан улс
яах нь тодорхой.

Харин хөндлөнгийн
шинжээч, аль нэг эдийн засагч тэгж хэлсэн бол өөр л дөө.  Ямар ч хөрөнгө оруулагч тэдний үгийг дүгнэлт,
үзэл бодол гэж харна.  Харин төр
төлөөлсөн хүний үгийг бол төрийн албан ёсны байр суурь гэж ойлгоно. Төрийн
нарийн бичгийн дарга, судлаачийн мэдэгдэл хоёрын ялгаа нь энэ.

Дэлхийн банк
өчигдөр Монголын эдийн засгийн тоймыг танилцуулахдаа манайд орж ирж буй хөрөнгө
оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар багассан гэсэн тоо хэлж байна
лээ. Гэтэл өнгөрсөн оны мөн үе буюу 2012 оны 11 дүгээр сард хөрөнгө оруулалт
аль хэдийнэ хүрээгээ хумьчихсан байсан. Нөгөө алдарт стратегийн салбарт хөрөнгө
оруулалтыг зохицуулах хууль гараад хагас жил болчихсон, хөрөнгө оруулалт зогссон
шахуу  үе шүү дээ. Эндээс  хөрөнгө оруулалт ямар байгааг төвөггүй
харчихаж болохоор.

УИХ хөрөнгө
оруулалтын шинэ хуулийг батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Төсвөө хэмнэнэ
гэж ярьж суугаа Засгийн газар энэ хуулийн үр дүн удахгүй гарна гэж итгэж
суугаа. Гэхдээ  засгийг төлөөлсөн том,
жижиг дарга нар нь “Блүүмбэрг”-т нөгөө  төрийн нарийн бичгийн дарга шиг маягийн юм
яриад байвал хэцүү л дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ам.долларын ханш тогтворжиж байна

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭКСПОРТОО НЭМБЭЛ ВАЛЮТЫН ХАНШИД ОГЦОМ
ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ-

Манайх шиг ихэнх хэ­рэглээгээ гаднаас
импор­толдог улсын хувьд аме­рик долларын ханш 
чан­гарвал халаасан дахь хэдэд нөлөөлдөг. Ийм шалтгаанаар  ногоон валю­тын  ханш хүн бү­рийн сонирхолд байдаг. Бид энэ удаа  валютын ханш ямар байгаа, цаа­шид яахыг сурвалжилсан
юм. Эхлээд очсон газар маань “Найман шарга” валютын зах. Өдрийн 13.00 цагийн үед
очиход валютын захынхан ам долларыг 1709-өөс 1711 төгрөгөөр авч байв. За­рах ханш
нь 1713 төгрөг байлаа. Эхний орсон лан­гуун дээр тавь орчим насны эмэгтэй зогсч
бай­на. “Ам.долларын ханш өсч байна уу” гэж асуухад “Уг нь 1717 байсан юм. Гэтэл
сүүлийн өдрүүдэд буугаад байна ш дээ. Одоо бол 1713 төгрөг байна. Тогтворжих тал
руугаа ороод байгаа юм болов уу гэж олзуурхаад л сууж байна” гэв. Удсан ч үгүй ам.доллар
со­лиу­лах бүсгүй орж ирснээр бидний яриа дууслаа. Бүсгүй 400 ам.доллар солиулаад
гарав.

Дараагийн хэсгээр оро­ход гурван хүн
сууж байна. Зурагчин маань аппаратаа гаргаж иртэл  голд нь суусан залуу “Бид зургаа татуулмааргүй
бай­на. Зураг нь сонин хэвлэл дээр гарсан хү­мүүсийг ганц, нэгээр нь явж байхад
цохичих гээд хэцүү шүү дээ. Дээр ма­най нэг залуу ганцаараа явж байгаад толгой руу­гаа
дэлсүүлсэн. Тэр үед цүнх нь хоосон байсан болохоор мөнгө төгрө­гөөр хохирсон юм
байх­гүй л дээ” гэж хэлээд зур­гаа татуулахаас 
цааргал­лаа. Энд ам.долларыг 1709 төгрөгөөр авч 1713 төгрөгөөр зарж байв.
Бид­нийг ярилцаад сууж байтал нөгөө залуу 1709 гэсэн тоогоо 1711 төгрөг болгож өөрчлөв.
Авах, зарах  ханш нь байсгээд ингэж хэлбэлздэг
болол­той.

“Цаашид валютын ханш яахаар байна”
гэтэл баруун захад сууж бай­сан саарал цамцтай залуу “Бид яаж мэдэх вэ дээ. Сүүлийн
өдрүүдийг ажаад байхад нэмэгдэж гавихгүй байх аа” гэж хэлээд орж ирсэн хүнд үйлчлэхээр
босов. Эд­нийхээр үйлчлүүлж бай­гаа хүмүүсийг анзаарч хагас цаг хэртэй зогслоо.
Үйлчлүүлж буй хүмүү­сийн ихэнх нь вон, юань, доллар солиулна. “Най­ман шарга”-ын гадна талд зогсдог хувь хүмүүс ам.дол­ларыг
1713 төг­рөгөөр авч, 1714 төгрө­гөөр зарна гэцгээж байлаа. “Найман шарга”-ыг зорьсон
хүмүүсийн ихэнх нь ам.доллараа гадна талд нь үнэтэй авч байгаа хувь хүмүүст  өгөхгүй дотор ажил­ла­даг валютын наймаачдад зараад
байсан нь цаанаа учиртай гэнэ. Гар дээрээс валют сольж байгаа хүмүүс  их хэмжээний доллар со­лиулж байгаа хүмүүсээс
доод тал нь 80 мянган  төгрөг “зали­лах” нь
энүүхэнд аж. Тэр дор нь мэдсэн хүмүүст хэл үггүй мөнгийг нь нэмээд өгчихдөг гэж
бидэнтэй уулзсан хэд хэдэн ченж хэлж байлаа. Харин сүүлд мэдсэн нөхөд цагдаа, шүүхдээ
тулдаг бо­лол­той. Хуурамч доллар өгөх гэж байгаад баригдах тохиол­дол цөөн ч гэсэн
гардаг гэнэ. Саяхан гэхэд хуурамч доллар солиулах гэсэн бүсгүйг Чин­гэл­тэй дүүргийн
цагдаад хү­лээл­гэж өгсөн гэж бидний уулзсан валютын ченж ярьж байв. “Найман шарга”-ын
ченжүүд ам.долларын ханш нэг их өсөхгүй байх гэж ам нийлүүлцгээж байлаа.

Валютын ханш өсөхөөр  импортын голдуу  бараа зар­даг найман нэрийн барааны дэлгүүр, эмийн
сангууд бү­тээг­дэхүүнийхээ үнийг нэмэ­хээс аргагүйд хүрдэг. Валю­тын ханшаас болж
гаднаас орж ирдэг бараа бүтээгдэхүү­ний үнэ нэмэгдэж байгаа эсэ­хийг тодруулахаар
“Найман шарга”-ын цаахан байрлах Эм ханган нийлүүлэх төвөөр орлоо. Эмийн санч бүсгүй
“Сүүлийн үед нэг их нэмэгд­сэн юм байхгүй. Эм, эмнэл­гийн тоног төхөөрөмжийн үнэ
тогтвортой байгаа” хэмээн ярьж байлаа. Хэд хэдэн эм ханган нийлүүлэх төвөөр ороход
ийм агуулгатай хариу өгч байсан юм. Хотын төвд байрлах гурван ч хүнсний дэлгүүрт
ороход ам.долла­рын өсөлтөөс болж барааны үнэ нэмэгдсэн юм байхгүй гэцгээж байв.

Дараагийн орсон газар бол Занабазарын
музейн ойролцоох Худалдаа хөгж­лийн банк. Энд ам.долларыг 1677 төгрөгөөр авч,
1715 төгрөгөөр зарж байлаа. Арил­­жааны банкууд их хэм­жээ­ний доллар зарахгүй бай­гаа
учраас л долларын ханш өсөөд байдаг гэсэн яриа бас бий. Энэ яриа үнэн эсэхийг тандахаар
теллер дээр очиж “40 мянган ам.доллар авах гэсэн юм. 1715-аас арай доо­гуур үнээр
авах боломжтой юу” гэж асуув. Теллер охин “За би холбогдох хүнээс нь асуугаадхая”
гэж утсаар ярь­са­наа “1715 төгрөгөөс доош өгөхгүй гэнэ” гэсэн хариу хэл­лээ. “Өнөөдөртөө
гаргаж өгөх боломжтой юу” гэж лавлахад “Та захиалгаа өгөх хэрэгтэй. Өнөөдөртөө бэлнээр
шууд гарахгүй. Маргааш бол гар­чих­на. Хэрвээ та одоо заавал авна гэвэл манай төвтэй
хол­бог­дож болно” гэж хариулав. Өөр хэд хэдэн банкны салбар тооцооны төвөөр ороход
30-50 мянган ам.долларыг гар­гаж болно гэсэн хариу өгцгөөж байлаа.

Арилжааны банкуудын дараа Монгол банкин
дээр ирлээ.

Тус банкны Валют эдийн засгийн
газрын Сан­хүүгийн зах зээлийн хэлт­сийн захирал Ж.Батаагаас  хоёр асуултанд хариу авсан юм.

-Валютын ханш нэг хэсэг өсч байснаа
эргээд суларч байгаагийн  шалт­гаан нь юу
вэ?

-Сүүлийн долоо хоногийн турш ам.долларын
эсрэг төг­рө­гийн ханш 1724 төгрөг хүртлээ сулраад, ганцхан өдрийн дотор эргээд
14 төг­рө­гөөр буурч засагдаж бай­на. Өчигдрийн байдлаар л гэхэд Монгол банкны зарла­сан
ханш нэг ам.доллар 1702.28 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн гадаад валют­тай харьцах
ханшийн бууралтын гол учир шалтгаан нь төлбөрийн тэнцлийн нөх­цөл байдал болж байгаа
юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валютын урсгал тат­раад, нөлөөлөл нь валютын  ханш дээр ирж байгаа. Мон­гол Улсын эдийн засгийн
гадаад орчин, нөхцөл байдал  2011 оны аравдугаар
сараас муудаж эхлэх шинж гарсныг бүгд мэдэж байгаа. 2012 оны сүүлээс Монголд орж
ирэх хөрөнгө оруулалт муудах хандлагатай болж ирсэн. Тэгэ­хээр сүүлийн долоон улирлын
турш дараалаад гадаад  эдийн засгийн орчны
сөрөг өөрчлөлтүүд Монголын эдийн засагт таатай бус нөлөөл­лийг авчирсан. Ийм орчинд
мэдээж эдийн засгийн эрсдлүүд үүссэн. Ялангуяа 2012 оны төгсгөлд нэлээд том, хямралын
эрсдэл байсныг тойрч гарсан. 2013 он гар­саар гадаад эрсдэл маань арилчихаагүй,
улам л нэмэгд­сэн. Монголд орж ирэх валю­тын урсгал татарсан байдал­тай л явж ирлээ.
Тэгэхээр цаашдаа бид яах вэ гэхээр энэ асуудлын гол учир шалт­гаан болсон төлбөрийн
тэнц­лээ л сайжруулах нь чухал байна.

-Төв банкнаас цаашид ямар арга
хэмжээ авахаар төлөвлөж байна?

Гадаад худалдааны энэ орчноос болоод  гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас
тодорхой хэмжээнд оролцоод ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүү­лэх, саармагжуулах
ажлыг хийж байгаа. Сүүлийн 3-4 сарын дотор ханш хэлбэлз­сэн хөдөлгөөн гарсан. Энэ
дээр тогтворжуулах арга хэм­жээ­нүүдийг авсан. Валютын дуудлага худалдаа тогтмол
явуулж, зах зээлд валют ний­лүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэл манай веб хуудас
дээр тогтмол мэдээлэгдэж байдаг. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна.
Гэхдээ одоогийн ханшийн төвшнийг Монгол банк макро эдийн засгийн суурийг дагасан,
тодорхой нөхцөл байдалтайгаа уял­даа­тай, нийцтэй байна гэж харж байна. Төв банкнаас
эдийн засгийнхаа суурь нөх­цө­лүүдийг дагасан ханшийн хөдөлгөөний тренд ханд­ла­гын
эсрэг ажилладаггүй. Ха­рин огцом хөдөлгөөн үүсгэх­гүй байх тал дээр анхаарч байгаа.
Өөрөөр хэлбэл ханш өөрөө гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт
нөлөөлөх нө­лөө­л­­лийг багасгаж өгдөг, эрсдлийг өөртөө шингээж авдаг. Тэр хэмжээгээрээ
нөлөөл­лийг нь зөөлрүүлж өгдөг автомат тохируулагч. Тэгэхээр энэ чиглэлээр нэгдү­гээрт
ханшийнхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, 
хоёр­дугаарт экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах,  гуравдугаарт, 
хөрөнгө оруу­лал­тын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй.

Монголбанкнаас гараад  валютын ханшийг цаашид энэ хэвээр барихын тулд
яах ёстой вэ гэсэн асуултад эдийн засагчдаас хариу ава­хаар “Мандал женерал даат­гал”-ыг
зорилоо. Аналистууд ажиллуулж, эдийн засагт дүн шинжилгээ хийдэг тус  ком­па­нийн захирал Ө.Ганзориг “Хөрөнгө оруулалт
юм уу, экспортын орлогоор мөнгө орж ирж байж л  
асуудал шийдэгдэнэ. Учир нь энэ хоёр сувгаар ам.доллар орж ирдэг. Өмнө нь
долларын ханш өссөн нь ийм шалт­гаан­тай шүү дээ. Хөрөнгө оруу­лалт муудсан, экспортын
ор­ло­го багассан нь долларын ханш өсөхөд нөлөөлж бай­сан. Хөрөнгө оруулалтын хууль
гарсан нь сайн хэрэг л дээ. Гэхдээ гадаад ертөнцөд бид гадаадын хөрөнгө оруу­лалт
дээр ийм эерэг орчин бүрдүүлэхээр ажиллаж бай­на, манайд хөрөнгөө оруул­бал танд
ийм давуу талууд бий гэсэн  сурталчилгаа сайн
хийх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулалтыг татаж чадна” хэмээн ярив.

Хөрөнгө оруулалтад жин дардаг уул
уурхайн хөрөнгө оруулалт хэр болсон, ам.дол­ла­рын урсгал ямархуу бай­гааг сонирхохоор
Монголын хөрөнгө оруулалтын  корпо­раци буй
MICC-гийн ерөнхий­лөгч Д.Ачит-Эрдэнэд хандсан юм. Тэрээр “Энэ жил гадаа­дын хөрөнгө
оруулалт, тэр дундаа хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийдэг улс огцом багассан.
Хайгуулын чиглэлээр өмнө нь нэг сайн компани сард хоёр сая ам.дол­лар оруулж ирж
зар­цуул­даг байсан. Хайгуулын салбар гэж ярихад л жилд 100 сая ам.доллар орж ирж
бай­лаа. Одоо энэ тоо 10-20 сая хавьцаа л байгаа болов уу. Хөрөнгө оруулалтын хууль
гарсан ч Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад
байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшиндээ 
хөрөнгө оруулагчдын хүлээл­тэд бүрэн дүүрэн хариулт өгөх тал дээр анхаарч
ажил­лах хэрэгтэй байх. Хөрөнгө оруулалт зогсонги байгаа­гийн бас нэг шалтгаан нь
төр засгаас лиценз олголтыг хумих бодлого барьж буйтай холбоотой. Рио-той хийж эхэлсэн
хэлэлцээ хаашаа эргэх нь  ч хөрөнгө оруулагч­дын
хүлээж байгаа нэг том асуудал” хэмээн ярив. 
Хай­гуу­лын гол ажлыг нугалдаг өрмийнхөн ямархуу байдал­тай байгаа талаар  өрөмд­лө­гийн холбооны тэргүүн Цэвээн­жаваас сонирхоход
“Хайгуул тэр чигтээ зогссон шахуу болохоор өрөмд­лө­гийн компаниуд зогсонги бай­дал­тай,
бие биеэсээ ажил асуусан улс л байна. Учир нь 
хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.  Өмнө нь “Арева Монгол” гэхэд л “Орд гео”, “Говь
гео” зэрэг компаниудыг өрмийн ажлаар хангаж байлаа. Таван толгой дээр гэхэд л хэд
хэдэн ком­па­ни ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр төмөр, нүүрсний өрөмдлөгүүд зогсчихоод
бай­на. Эрдэнэс таван толгойн өрөмдлөгөөс өөр ажил гар­сан­гүй” гэж байлаа.

“Одоогоор ам долларын ханш тогтвортой
байгаа ч хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж, гаднаас аль бо­лох их хэмжээний
доллар оруулж ирэхгүй бол хэцүү байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг алдалгүй энэ асуудлаа
шийдэж чадвал доллар амь­жир­гаанд нөлөөлтлөө чанга­рах­гүй байх боломжтой” гэж
ярих шинжээчид олон    байна.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Холбогдох гэж удаад байвал гар утсыг чинь чагнаж байж магадгүй нь

Америкийн
тусгай албаныхан дэлхийн алдартай удирдагчдын утсыг чагнаж байсан хэрэг ердөө
саяханых. Германы канцлер  Ангела
Меркелийн утсыг Америк чагнаснаас болж Америк, Европоороо талцаж байна.  Ганцхан тусгай алба ч биш жирийн иргэд хүртэл
тандахыг хүссэн нэгнийхээ утсыг өлхөн чагнадаг болсоныг сүүлийн үед ойрхон
давтамжтай болсон мэдээллүүдээс харчихаж болно. Бидний барьдаг ухаалаг утас сэм
яриа чагнах дуртай нөхдийн хувьд тун ч ашигтай эд гэнэ. Таны ухаалаг утсанд программ
суулгаж байгаад л нууцаар чагнаад байж болдог арга өчнөөн төчнөөнөөрөө гараад
ирчихэж. Утсаа хэнд ч өгөхгүй байхад яах ч үгүй 
гэж бодвол  том эндүүрэл болно. Тийм
программыг алсаас суулгаж болдог гэж техникийн улс хэлж байна. Суулгасны дараа
утсанд чинь ирж байгаа
дуудлага, мессэж бүхнийг копидож аваад чагнах гээд байгаа нөхрийн утас руу
илгээчихдэг. Тагнуулч программын ид шид ингээд зогсохгүй. Таны утасны бүртгэлд жагсаалттай  дугааруудыг
хуулаад  явуулчихдаг гэнэ.  Таныг утсаа бариад хаана явж байгааг ч мэдчих
бололцоотой.  Бүр утсаар
яриагүй байсан ч эргэн тойронд болж буй
яриаг чагнах боломжтой гэж байгаа. Технологи
ингэтлээ хөгжжээ.    

“Утас чагнаж
болохгүй, энэ чинь хувь хүний эрх” гэсэн гомдол, шүүмжлэл технологи асар
хурдтай хөгжиж байгаа энэ үед хүчтэй сонсогдож чадахгүй. Энгийн нэг иргэнийг
байтугай Ангела Меркелийг тив алгасаж чагнаад байхад. Тэгэхээр одоо яах ёстой
вэ. Ядаж л эвгүй программ утсандаа суусан байж болзошгүй шинэ тэмдгүүдийг мэдэж
байх учиртай. Өөрөө тандаад мэдчихэж болох хэдэн  дохио байдаг гэнэ. Утасны чинь зай хэт хурдан
суугаад байвал нууц программ суулгасан байж магадгүй аж. Утасны зай байнга халуун байгаад байвал
тийм таатай шинж биш бололтой. Утаснаас чинь болж ийм шинжүүд ажиглагдаад байна
уу, эсвэл программ суулгаж уу гэдгийг мэргэжлийн хүмүүсээр шалгуулчихад гэмгүй.
Утсыг унтраахад удах, өөрөө гэнэт рестарт хийх, товчлуур дараагүй байхад
дэлгэцийн гэрэлтүүлэг гэнэт асах зэрэг нь мөн л нууц программ суулгасны шинжүүд
гэнэ. Гэмтэл үү, нөгөө гайхал программ уу гэдгийг шалгуулаад үзээрэй. Хэн нэгэн
рүү залгаад ярих гэтэл  хөндлөнгийн дуу чимээ, бүр огт өөр
хүний яриа, шуугиан орж ирж сонсогдвол мөн л сэжиглэх том үндэслэл гэнэ.  Чанга
яригч, зурагтын хажууд тавьсан утсанд гаднаас дуудлага ирэх үед содон дуу
гардаг даа. Ямар ч дуудлага ирээгүй үед ингээд байвал нууц программ мэдээлэл дамжуулдаг
нууц дугаар руугаа залгаад эхэлсний дохио байж магадгүй аж.  Өөр дугаар
рүү залгахаар холбогдох гэж уддаг,
салгахад тасрахгүй удаад байвал “хэн миний утсыг чагнаад байна аа” гэж
эргэлзэх үндэслэлтэй. Таны утсанд суулгасан программ хүний яриаг чагнаж эхлэх хүртэл
тодорхой хугацаа шаардлагатай байдаг болохоор ингэж уддаг тал бий гэнэ. Тэгэхээр
одоо яах вэ. Ийм шинж тэмдэг олон ажиглагдвал мэргэжлийн хүнд хандах л ганц
арга байгаа бололтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Н.Зоригт: Монгол малын арьсны чанарыг дэлхий хүлээн зөвшөөрсөн

Арьс, ширний үйлд­вэрлэлийн
холбооны тэргүүлэгч гишүүн, “Хос аз” компанийн захи­рал Н.Зоригттой ярилцлаа.

-Дотооддоо үйлд­вэр­лэсэн “Наадам”
гэ­дэг нэртэй пүүз худал­даанд гарч байсан 1980-1990-ээд он өнөөдөр мартагдах дөхжээ.
Тэр пүүзний загварыг та зо­хион бүтээж, үйлд­вэр­лэлд нэвтрүүлж байсан байх аа?

-“Наадам” пүүзийг хий­хээсээ өмнө
би 1982 онд Чехословак улсад Брно хотын Техникийн дээд сургуулийн  Гутлын инженер тех­но­ло­гийн факультетийг төгссөн
юм. Төгсч ирснээсээ хойш хуучнаар Гутлын үйлд­вэрт загвар зохион бү­тээгч, ерөнхий
загвар зохион бүтээгч, мөн Ита­лийн машин техни­кээр тоноглогдсон үйлдвэ­рийн даргаар
ажиллаж байсан. Гутлын загвар зохион бүтээгчээр ажил­лаж байхдаа  Монголдоо “Адидас” шиг пүүз хийх санаа төрж “Наадам”
гэ­дэг нэртэй пүүзийг зохион бүтээж Гутлын үйлдвэ­рийн ИТА болон ажилсаг хамт олны
хичээл зүтгэ­лийн ачаар үйлдвэрлэн худал­даанд гаргаж байв. Уг нь пүүзний  хувьд маш сайн болж чад­сан.1984 оноос хойш олон
хос пүүз үйлд­вэрлэсэн. Тэр үед Орост байсан
оюутнууд авч очоод ахиухан үнээр зарж борлуулдаг бараа байсан юм. Эдийн засаг  өнөөдрийнх 
шиг зах зээлийн  системд байсан бол
“Наадам” пүүз маань жинхэнэ чанартай гутал гэдэг нь танигдах байсан. Үүнээс гадна  Чех болон Израйлийн цэргийн гуталтай төс­тэй гутал
зохион бүтээж үйлдвэр­лэсэн боловч арз­гар уланд  шавхай наалдаж байна гэж сонин дээр шүүмжилсэн
тул дахин үйлдвэр­лээгүй юм. Түүний дараа “Говь” хүүхдийн гутлын  улыг хийж эхэл­сэн. Бас л нэг нь таван хошуу малыг
уландаа гишгэлээ гээд л донгод­сон. Учир нь уланд нь ботго­ны зураг байдаг байсан
юм. Энэ мэтээр Гутлын үйлдвэрт ажиллаж байхад миний хийсэн бүтээлийг үзэл суртлын
эсрэг гэж үзэж байсан ч хэдэн шагнал хүртэж амжсан шүү. Улсын тэргүүний загвар зохион
бүтээгчийг гурван удаа, шинийг санаачлагч инжене­рээр хоёр ч удаа шалгарч, шаг­нуулж
байлаа. Түүнчлэн миний бие дааж хийсэн шинэ санаа оновч­той бүтээлийн 20 гаруй үнэм­лэх  бай­даг. “Эмээ гутал” гээд монголчуудын өмсөх
дуртай гутал байсан. Уг гутлын түрийд арьсны оронд давуу ашиглаж  үүгээрээ материал хэм­нэж үнийг бууруулсан боловч
бас л чамгүй шүүмжлэлд өртөж байсан. Ингээд 1988 онд дахин Чехословак улс руу явснаас
хойш олон оронд ажил­ласан даа. Ихэнхдээ гутлын загвар зохион бүтээлтийг компью­терийн
тусламж­тай бэлтгэн  үйлд­вэр­лэлд нэвтрүү­лэх
ажлын багт ажиллаж байсан юм.

-Эх орондоо ирээд юу хийж бүтээв?

-1990 оны эхээр “Гутал” хувь­цаат
компани Италиас гурван сая ам.долларын үнээр гутлын иж бүрэн цогц үйлдвэрийг оруулж
ирсэн. 1990 оны хавраас тус үйлд­вэ­рийн даргаар томилогдон машин тоног төхрөөрөмжийг  гардан 
суури­­­луулж  Монголд анх удаа эмэгтэй
хүний туфлийг ямааны арьсаар боловсруулсан 
гутлын зориулалттай шеврогоор  үйлд­вэр­лэж
байв. 1992 он гэхэд бид уг шугамыг бүрэн ашиглах зорилгоор зарим тоног төхөөрөмжийг
өөрч­лөн дан ганц туфль хийхээс гадна эмэгтэй хүний өвөл болон хавар намар өмсөх
зориулалттай гутал үйлдвэрлэж байсны зэрэгцээ дөр­вөн мянга гаруй ажилтны цалин,
дулаан, цахилгааны мөнгө, бусад зардлыг нь төлөөд жилд 200-300 сая төгрөгийн цэвэр
ашиг­тай ажил­ласан. Тухайн үед хувьчлал ч дуусч төр, иргэн өмчөө хувааж дуусаад
байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нарын хэсэг хүмүүс  “Гутал” хувь­цаат компанийг хувьчилж аваад “Бид
гутал үйлд­вэр­­лэхгүй . Монгол­чууд гутал үйлд­вэр­­лэж чадахгүй” гээд тоног төхөө­рөмжийг
нь зарж үйлдвэрийг дахин сэргээх болол­цоогүй 
болгож билээ. Тэгээд л би хувиараа гут­лын үйлдвэр  байгуулан, 
хуучин үйлд­вэ­­рийнхээ суурийг хадгалан үргэлжлүү­лэ­хээр  шийдэж ажлаа эхлүүлсэн.

-Монгол малын арьсыг гутал, савхин
хувцас үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой гэж магтах хүмүүс байдаг. Бас хамгийн муу,
гэмтэл ихтэй гэх нь ч байх юм. Олон жил монгол малын арьсаар бүтээгдэхүүн хийсэн
хүний хувьд дүгнэж хэлэхгүй юу?

-Сурч мэдсэн болон олон жилийн туршлага,
олон улсын шинжилгээ судалгаа­наас үндэслэн хэлэхэд, монгол малын арьс шиг сайн
арьс дэлхийд байхгүй. Энд олон баримт дурдаж болно. Би зөвхөн гурван баримт хэлье.
Мон­гол орон бол газар зүйн  байрш­­лаас болон  дөрвөн тэнцүү хугацаа­тай улиралтай, мөн хуурай
өндөр­лөг газарт байрладаг. Дөр­вөн улирлын цаг уурт зохицон амьдарч буй таван хошуу
мал бол өөр ямар ч орны мал сүргээс илүү  
ноос  үс нь богино хугацаанд нөхөн
шинэч­лэгдэж байдаг. Энэ чана­раас үүдэн 
намрын ахрын ноостой үед бэлт­гэсэн хонины нэхийгээр хийсэн гутал хамгийн
дулаахан болдог. Үүнийг би битгий хэл дэл­хийн бүх мэргэжилтүүнд мэдэж байгаа. Мон­гол
малын арьс дөр­вөн улиралд дасан зохицсоныхоо хүчинд амьс­га­лах чадвартай бай­даг.
Бид малын­хаа арьсыг жижиг­хэн л гэдэг. Ийм нандин чанар дэлхийн өөр ямар ч орны
малын арьсанд бай­даг­гүй. Дээр нь  бай­галь
хөрсөнд  ургасан өвс  тэжээл хэрэглэдэг тул экологийн цэвэр бүтээгдэхүүн.
Тоглоомоор хэлэхэд эрх чөлөөтэй бэлчин явдаг тул маш сайн био энергитэй гэж болно.

Зарим наймаачин чанарын шаардлага
хангахгүй жижиг байна гэдэг.  Жижиг ч гэсэн
маш их чанар­тай шүү л гэж хэлэх байна. Бид малчнаасаа эхлээд эцсийн бүтээг­дэхүүн
хийдэг хүн бүр  таван  хошуу малын арьсан бүтээгдэ­хүүнээ брэнд болгохын  төлөө санаа нэгтгэн ажиллавал тун удах­гүй ямааны
ноолууртай эн тэнцэх бүтээгдэхүүнтэй болно. Манай орны малын арьсаар хичнээн ч гутал
хийсэн зах зээл нь нээлт­тэй байгаа. Европ, АНУ-д гаргахад чанарын шаардлагыг нь
100 хувь хангаж чадна. Эцэст нь Новоси­бирс­кээс наашаа 50 сая хүн амь­дарч байна.
Тэдгээр оршин  суугч­дад ч зориулан зөвхөн  өвлийн дулаан гутал гаргаж болно шүү дээ. Бид
жилд бэлтгэн нийлүүлж байгаа малын арьсаар багаар тооцоход хоёр сая гутал үйлдвэрлэх
болол­цоотой.

 -Монгол сарлагийн арьс хөлөр­дөггүй учраас дэлхийд
эрэлттэй байдаг гэсэн үү?

– Өнөөдөр  дэлхийн нэртэй гутлын брэндүүд хамгийн үнэтэй
гутлаа хуурай газрын үхэр болон тугал, ямааны 
арьсаар хийж байна. Сүүлийн үед хонины арьсыг наппа шиг зөөлрүүлэн UGG брэн­дийн
өвлийн гутлыг  бүх насны хүнд зориулан хийдэг
болсон байна. Жишээ нь, ЕССО бренд гутлын түрийгээ сарлагийн арь­саар хийж байгаа.
Түүхий эдийн олдоц ховордсон тул Монголоос авахаар ирсэн шүү дээ. Энэтхэгийн одос
үхрийн  арьсаар  хийсэн гутал маш их чийг татаж хөлөргөдөг юм.
Учир нь цаг агаар нь хэт халуун тул одос үхэр байнга усанд хэвтэж байдаг. Харин
Латин Америкийн бизон үхрийн арьсаар гутал хийвэл чийг татахаас гадна, зуузай нь
хатуу болдог. Харин монгол сарлаг өвөл зуны аль ч  улиралд  
үстэй байдаг боловч арьсны онцлог бүтцээс шалтгаалан биеийн дулаанаа тохируулж
байдаг. Энэ давуу чанар нь сарлагийн арьсаар хийсэн бүтээгдэхүүн  дулааныг ямар ч үед хөлөрч чийг татдаггүй. Хамгийн
алдартай “Бенц” маркийн машины  сандлын бүрээсийн
нуруу налах хэсэг ба машины жолоог сарлагийн арьсаар бүрж хийдэг. Учир нь зөвхөн
монгол сарлагийн арьс л хөлөргөдөггүй учраас тэр юм. Монголын хэсэг ажилчид Чех
улсад “Бенз”-ийн  жолооны  бүрээс хийдэг үйлдвэрт ажилладаг. Энэ бүх болом­жоо,
энэ боловсон хүч­нээ зөв ашиглавал монгол сарла­гийн арьсаар хийсэн бүтээг­дэхүү­ний
брэнд гаргах боломж байна.  

-Заавал гадагш нь гаргана гэж тооцолгүйгээр
эхлээд дотоо­дын­хоо хэрэгцээг хангана гэж тооцвол яах вэ. Эсвэл монгол­чууд дотоодынхоо
үйлдвэр­лэлийн бүтээгдэхүүнийг худал­дан авахгүй байна уу?

-Монголчууд жилд өвөл, зун өмсөх  гэж хоёр гутал  бүтэн жилийн хугацаанд хэрэглэдэг гэж үзвэл  давхардсан тоогоор 6.5 саяас найман сая гутал
хэрэгцээтэй юм. Ийм хэмжээний гутал импортоор урд хөршөөс орж ирдэг. Үүний хоёр
саяыг нь буюу 30 хувийг нь хангах асуудал яригдаж байгаа ч боломж бололцоо нь тааруухан
байна. Бид экспортын бүтээг­дэхүүн хийхээс өмнө 
эхлээд дотоо­дын зах зээлдээ нэн түрүүн хүүх­дүүдэд зориулж монгол малынхаа
арь­саар гутал хийж өгөх ёстой. Хиймэл арьсан, чийг татдаг  гутал багаасаа өмсвөл хоолой өвдөх, давсаг, шээсний
сүвийн үрэвсэл гээд бүх өвчин, үрэвсэл бий болдог. Бас хиймэл арьсан гутал өмсвөл
хөлийн мөөгөнцөр буюу арьсны элдэв харшлын өвчтэй болно. Энэ арьсны өвчин  нэг л бий болчих­вол хичнээн эмчлээд ч  арилдаггүй. Энэ мэтээр хиймэл арьсан гутал өмсвөл  цаад муу үр нөлөө их. Бас нэг сонин зүйлийг ярихад,
арав гаруй жилийн өмнө би нэг олон улсын хуралд суусан юм. Тэгэхэд Хятадын нэг хүн
манайд баахан гутал нийлүүлэх талаар ярьж байхад манай орчуу­лагч буруу орчуулан  хоёр дахь үеийн арьс гэдгийг хоёрдугаар зэргийн
арьс гэж буруу орчуулж байсан юм. Гэтэл хоёрду­гаар үеийн арьс гэдэг нь хоёр хуваагаад
өнгөн хэсгээр нь жин­хэнэ арьсан гутал хийгээд чанарын өндөр шаард­­лага тавьдаг
орнуу­дад нийлүүл­­дэг. Үлдсэн хэсгээр нь өнгө засал хийгээд лакан гутал хийдэг
юм. Бас гурав дахь үе бий. Хамгийн нимгэн үлдээц хэсгийг нь боловс­руулаад дээр
нь гялгар хальсан өнгө наагаад хүүхдийн гутал тэр­гүүт­нийг хийж байна. Инээдтэй
нь, дөрөв дэх үеийн арьс гэж бас байна. Тэр нь арьснаас үлдсэн хаягдлыг түүж аваад
буурцаг тэргүүт­нийг хамт чанаж гутлын түүхий эд болгож байгаа. Ийм бүтээгдэхүүнээр
хийсэн гутлыг л манайхан оруулж ирж зараад байна. Бид хам­гийн чанартай түүхий эдээ
гадагш нь экспортол­чихоод эргээд хаягд­лаар нь хийсэн бүтээгдэхүүн импорт­олж  хэрэглээд сууж байна. Энэ бол маш харам­салтай
юм.

-Монголчууд нэг хэсэг урд хөршдөө
үйлдвэрлэл гэж ямар байдгийг зааж, сургаж байсан гэж яригддаг. Энэ үнэн үү. Зааж
сургаж байсан улс яагаад өнөө­дөр тэр улсаасаа бүх бүтээгдэ­хүүнийг нь импортлогч
болж хувирав?

-1985 оны  үед манай гутлын үйлдвэр техник технологиороо  дэлхийн түвшинд хүрчихсэн бай­сан. Ямар ч оронд
манайх шиг  гутлын үйлдвэрийн иж бүрэн байгууламж
байгаагүй. Зөвхөн Гутлын үйлдвэрт гадаадын олон 
оронд мэргэжлээрээ дээд сургууль төгсөөд ирсэн 200 ИТА дээр Чех улсад хамгийн
багадаа 1 жил ажиллаж ур чадвартай болсон 4000 ажилчид, 12 иж бүрэн үйлд­вэр, мөн
гурван туслах үйлдвэр, бэлэн гутлын болон материалын агуу­ла­хууд, материал шинжил­гээний
лаборатори, 500 хүн зэрэг хооллох гуанз, ажилчдын  эмнэлэг, спорт заал зэрэг нийт 60 сая долларын
барилга байгууламж машин тоног төхөөрөмж байсан,.  Хуучин Арьс ширний нэгдэл гэдэг одоо яриад бий
болгох гээд байгаа  “Үйлдвэр­лэлийн парк”
иж бүрнээ­рээ байсан. Тэр битгий хэл Ита­лийн мэргэжил­тэн дуу алдаж бай­сан удаатай.
Тэдгээр нь өөр хороон­доо бизне­сийн үйл ажилла­гаа­гаар нэгдэн ажилладаг маш нарийн
зохион байгуулалттай, техно­логийн  өндөр
түвшинд хүр­сэн үйлдвэрүүд байлаа. Тэр үед бид таван хошуу малаас ганцхан амьсгааг
нь хаядаг гэж ярьдаг байлаа. Бид чинь цагтаа өвөр монголчуудад зааж сургаж, тэд
бидний технологийн дэвшлийг гайхан шагширч байсан юм шүү. Тэр үед дэлхийд гайхагдаж
байсан “напа” гэдэг хувцасны арьсыг мон­гол­чууд олоод л нээчихсэн. Бид Оросоос
түрүүлж “напа”-гаараа бүтээгдэхүүн хийгээд л явдаг бай­лаа. Өвөр Монголд, Польшид
хүүх­дийн гутал гаргадаг л байлаа. 1934 оноос хойш маш олон хүний  уйга­гүй хөдөлмөрийн хүчээр олон жилийн хугацаанд
ийм дэвшилд хүрсэн. Үе, үеийн Засгийн газар 
чөлөөт зах зээлийн хуулиар хөг­жинө гээд бүх төрийн өмчит үйлдвэ­рийг хувьчилж  хувийн өмчид шил­жүү­лэх  зөв шийдвэр 
гаргасан боловч  цөөхөн тооны хэдхэн
хүний өмч болон үйл ажиллагаа нь зог­сож 
хоосон хөндий байр болон үлд­сэн. Хэт ганзагын наймааг дэмж­сэн бодлого баримтлан   хэрэг­­жүүлс­­­нээр   манай аж үйлдв­э­рийн салбар бүрэн уналтад орсон
юм.

-Нэг үе уналтад орсон үйлд­вэр­лэлийн
салбар өнөөдөр ямар шатанд гарч ирэв. Дэвшиж, хөг­жиж чадах нь уу?

– Өнөөдөр шинэ засгийн хэрэг­жүү­лэхээр
төлөвлөж буй  бодло­гоор эргээд 20-30 хувь
сэргээх асуудлыг л ярьж байна. Хэзээ 100 хувь сэргээхийг хэлж мэдэхгүй. Бид сайн
үйлдвэрлэл явуулаад сайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол дотоодод бэлтгэгдэж
байгаа түүхий эдийг арав дахин өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээг­дэхүүн гаргаж
чадна. Үүнийг ярих нь инээдтэй хэрэг. Хүн бүхэн мэдэж байгаа. Гагцхүү хэрэгжүүлэхгүй
байгаа нь сонин юм даа. Нэг хүн “Танай орон гайхмаар баян юм. Гэхдээ ард иргэдээ
ядуу байл­гаж чадаж байгаа засаг нь бүр гайх­маар юм” гэж хэлж байсан. Харин шинэчлэлийн
Зас­гийн газар энэ байдлыг өөрчлөх, зах зээлийн өрсөлдөөнийг нь бий болгох тог­тоол
шийдвэрүүдийг нь гаргаж эхэллээ. Одоо бодитоор хэрэгжүү­лэх нь л чухал байна. Брэнд
бол бол ямар нэг технологи биш бүтээг­дэхүүний 
хэрэглээний чанарын  баталгаа гэдгийг
ойл­гоосой доо.

-Энэ салбарт тулгам­даж бай­гаа
гол том асуудал нь юу бай­на?

-Хамгийн эхлээд энэ салбарт  одоог хүртэл үнэнчээр ажиллаж байгаа мэрэгжлийн
хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй байна. Бид бүгдийг  төр засаг ажил төрлөө тайлагнах  үедээ талхны хачир шиг ашиглаад хаядаг. Шуудхан
хэлэ­хэд, мэрэгжлийн холбоодын гарга­сан салбараа хөгжүүлэх хөтөл­бөрийг төр засгийн
бодлого төлөв­лө­гөөнд хүлээн авч  харилцан
уялдаатай   шийдвэр гарган  бид­нийг дэмждэг тийм тогтолцоо дутаг­даж байна.
Тэгэхгүй бол засаг солигдох бүрт ямар ч шийдвэр гаргахгүй хоосон амласаар   таван төрийн нүүрийг үзлээ. Таван төр тавуулаа
дэмжинэ гэж горьдлоо, тавуулаа л дэмж­сэнгүй. Манай холбоо  хичнээн ч олон төсөл боловсруулав. Өнөөдөр ч төсөл
боловсруулж л байгаа. Тогоруу ба үнэгний  
үлгэр шиг  явсаар байгаад л бид орхигдож
гүйцлээ. Бас нэг зүйлийг хэлэхэд, нарийн мэргэж­лийн боловсон хүчнээ төр ашиглах
хэрэгтэй. Хэрвээ дахиад арван жил өнгөрвөл энэ хүмүүс бүгд байхгүй болно. Өнөөдөр
үйлдвэ­рийн төрөлжсөн суурьшлын бүс аж үйлдвэрийн технологийн парк гэдэг ойлголтыг
хүртэл зөв тодорхойлох ёстой шүү дээ. Дараа нь 
гадны мэрэгжилтэн  гуйж авчраад заалгах
гэвэл  бидэнд  шинэ технологио  зааж өгнө гэж юу байх вэ. Яривал их асуудал байна.
Гэхдээ одоо ярьж суудаг цаг биш.  Оройтоогүй
дээрээ  хүчээ дайчлан хамтаараа бүтээн байгуу­лах  цаг болсон байна. Тэгэхээр энэ арьс ширэн бүтээг­дэхүүн
үйлдвэр­лэх салбараа  төрийн тогтвортой залгамжлан
уялдсан  бодлогоор  зөв дэмжээсэй гэж хүсч байна.

-Та өөрөө хувийн үйлд­вэр байгуулаад
ажиллаж байгаа билүү. Энэ жил ямар дэвшилтэй ажиллав?

-Би хувиараа 1997 оноос эхлэн гутал  хийж эхэлсэн 2005 оноос “Хос Аз” гутлын үйлдвэр
байгуул­сан. Манай үйлдвэр жилд 50 000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал­тай. Нийт
80 гаруй ажилчин 10 ИТА  ажиллаж байна. Одоо
хүчин чад­лын­хаа 60 хувийг  ашиг­лаж байна.
Жилд 1.5-2 тэрбум төгрөгийн үйлд­вэр­лэл явуулдаг юм. Манай үйлд­вэр цэрэг цагдаа
болон хүчний байгууллагын дүрэмт хувцасны гутал болон төрөл бүрийн зориу­лал­ттай
хөдөлмөр хамгаалалтын гутал үйлдвэрлэдэг. Үндсэн түүхий эд арьс ширийг 100 хувь  дотоодын арьс боловсруулдаг үйлдвэрүүдээс авдаг.

Өнөөдөр бид машин тоног төхөө­рөм­жийн
эхний хэсгийг авч­раад суурилуулах ажлаа эхлээд байгаа. 2014 оны сүүлээр үйлд­вэрээ
жинхэнэ ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Бид 
орчин үеийн техник технологийг ашиглан хүүхэд залуучуудын спорт болон өдөр
тутмын гутлыг  монгол малын арьсаар дэлхийн
чанар стан­дар­тад нийцүүлэн хийх болно. Мөн гутлын загвар зохион бүтээх тов­чоон­доо
орчин үеийн тоног төхөө­рөмж ашиглахаас гадна Ита­лийн  гутлын загвар зохион бүтээх тов­чоо­той хамтран
ажиллах болно.

Манай компанийн ажил хэдий­гээр сайн
явагдаж байгаа боловч зарим нэг бэрхшээлтэй асуудал тулгарч байна. Сүүлийн жилүүдэд
арьс боловсруулах үйлд­вэ­рүүд байнга зогсож манай үйлд­вэр материалаар тасалдсан
тул жилд дунджаар нэг тэрбум төгрө­гийн гутлын борлуулалт  хийх болол­цоогоо алдаж байна. Одоо шинээр баригдаж
буй үйлдвэрийн хувьд  үйлдвэрлэсэн гутлаа
борлуу­лах зах зээл байгаа боловч арьс, дотор 
материал нийлүүлэх үйлдвэрүүд одоог хүртэл зогсонги байгаад сэтгэл зовниж
байна. Цаашид ямар хэм­жээ­ний боломжоо алдах нь тодор­хойгүй.  Өнөөдөр ч арьс, шир үйлдвэрлэлийн салбар зогсонги
байдалд байгаа нь улам сэтгэл түгшээх боллоо. Иймээс боловс­руу­лах үйлдвэрүүдийг
нэн даруй ажил­луу­лах шаардлага маш  чухал
байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгой ондоо багтаж төлөвлөсөн мөнгөө олно

Бид Эрдэнэтийн
зэс баяжуулах үйлдвэрээс  гаднө өмнийн
говьд дэлхийн гэж яригдахаар том үйлдвэртэй. Тодруулж хэлбэл Оюу толгойн зэс
баяжуулах үйлдвэр. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орж ажиллаж эхэлсэн ч гаргасан
бүтээгдэхүүн нь худалдан авагчдадаа хүрэхгүй нэлээд цаг алдсан. Урд хил дээр агуулахад
өчнөөн хоног хадгалагдсан зэсийн баяжмал эзэндээ хүрч,Оюу толгойн зэс,
алтнаас  мөнгө орж ирж эхэлсэн  нь өнгөрсөн өдрүүдийн олзуурхам мэдээний нэг
байлаа.

Оюу толгойн  зэсийн баяжмалаас энэ жилд олно гэж тооцсон
мөнгөний хэмжээ багасна, баяжмал үйлдвэрлэж эхэлснээс хойш заралгүй удсан болохоор
төлөвлөсөн мөнгөө ондоо багтаж олохгүй байх гэсэн болгоомжлол саяхан хүртэл
яригдаж байв.  Таатай мэдээ дуулгахад зэсийн
баяжмал худалдан авагчдадаа хүрч эхэлсэн болохоор олно гэж тооцсон мөнгөний
хэмжээ багасахгүй. Ондоо багтаад олчих юм билээ. Тэгэхээр Оюу толгойн баяжмалаа
зарж олсон мөнгө  төсөөлснөөс хэт
нимгэрсэн төсөвт нэмэр болох байх.

Оюу
толгойгоос өнөөдөр олж байгаагаас илүү их мөнгө олохын тулд төслийн хоёрдугаар
шатны санхүүжилтийг оруулж, баялгийн 80 хувь нь нуугдаж буй гүний уурхайн
бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх учиртай.  Энэ аварга төслийг урагшлуулахаар “Рио”,
Засгийн газрын баг ид ажиллаж байна. Арванхоёрдугаар сард ойлголцохгүй байгаа
асуудлууд дээрээ тохиролцоонд хүрнэ гэсэн урьдчилсан амлалт бий. Хэрвээ товлосон
хугацаандаа хэл үгээ ололцож чадвал ирэх жилийн төсөв овоо зузаарч, хөрөнгө
оруулалтын хэмжээ ч  тэр хэрээр өсч
таарна. Дэлхийн эдийн засаг цаашид ч хэцүүдэж магадгүй гэсэн таамгийг шинжээчид
давтамжтайгаар хэлэх болсон энэ үед цаг алдалгүй тохиролцоонд хүрвэл хэн хэндээ
хэрэгтэй. Харин ойлголцож чадахгүй, хэлэлцээ дахиад сунжирвал эдийн засагт ямар
эрсдэл ирж, хөрөнгө оруулалт хэр хумигдахыг таах аргагүй. Монголын Засгийн
газар “Рио”-той ямар яриа өрнүүлж, яаж хандахыг анхаарал тавин ажиж суугаа
хамгийн том хэсэг бол манайд мөнгөө оруулж магадгүй хөрөнгө оруулагчид. Энэ
өнцгөөс харвал аятайхан тохиролцоод цаашаа явбал Оюу толгойн дараагийн том том
төслүүд хөрөнгө оруулагчтай болж, эдийн засаг сэргээд ирнэ гэсэн өөдрөг гаргалгааг
хийчихэж болно.

Хөрөнгө
оруулагчдын үгийг нь сонсдог хүндтэй эрхмүүдийн нэгд тооцогддог,  Vanguard Group-ын үүсгэн
байгуулагч, тэрбумтан Жэк Богль саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дэлхийн эдийн засаг
таагүй байгаа энэ үед хөрөнгөө оруулахаа азна гэсэн зөвлөгөөг  хөрөнгө оруулагчдад өгсөн байна лээ. Бас
санхүүгийн хэцүү байдалд орчихоод байгаа манайх шиг Засгийн газруудад
тэвчээртэй хүлээж,  дахин
ирж магадгүй  эрсдэлээс
өөрсдийгөө хамгаалах аргаа хай гэж зөвлөжээ. Жэк
Богль ч бас бусад
шинжээчдийн адил эдийн засаг дахиад хүндрэх эрсдэлтэйг үгүйсгээгүй байна
лээ.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Шүдний загвар, дизайныг 3D хэмжээсээр компьютер дээр хийдэг болжээ

“Альфадент” шүдний эмнэл­гийн
эмч Б.Эрдэнэбаттай шүд­ний сүүлийн үеийн технологийн талаар ярилцлаа.

-Танайхыг компьютер дээр  3D хэмжээсээр шүд хийж байгаа гэж сонссон. Манайд
ийм технологи хэзээнээс нэвтэрсэн юм бол?

-Америкийн ийм технологи Монголд нэвтрээд
жил гаруй л болж байна. CAD-CAM систем гэж бий. Компьютерийн тусламжтай­гаар шүдний
дизайнаас эхлээд бүх зүйлийг хийдэг. Эхлээд шүдний хэв авдаг даа. Үүнийг тусгай
скайне­раар уншуулдаг. Тэгээд компьютерт оруулж 3D-гээр шүдний дизайн, загвараа
гаргадаг. Ингэсний дараа нөгөө загвараа зорох машин руу­гаа оруулна. Компьютерээс
машин руу команд өгч байна гэсэн үг. Тэгээд л нөгөө машин  автоматаар зорж бэлэн шүд гаргаад ирдэг. Өмнө
нь шүдний хэв авахаас эхлээд зорох хүртэл бүх зүйл гараар хийгддэг байсан. Тэр утгаа­раа
алдаа их гардаг байсан бол одоо алдаа гарна гэсэн ойлголт байхаа больсон.

-Технологио дагаад шүд хийдэг материалд
ч өөрчлөлт орсон уу?

-Мэдээж технологио дагаад өөрчлөгдөнө
л дөө.  Манай эмнэлэг гэхэд л zirkon гэдэг
материалаар хийдэг.  Дэлхий дээр ид хэрэглэж
байгаа материал л даа. Металлгүй гэдгээрээ онцлог. Сүүлийн жилүү­дэд дэлхий даяар
металлгүй мате­риал руу шилжиж байгаа. Металл­гүй материал хүний биед дасан зохицохдоо
металлаасаа илүү байдаг. Өнгөний хувьд металлтай шүд гоё болж  чаддаггүй бол метал­лгүй шүд нь илүү өнгөлөг,
бодит юм шиг байдаг. Өөр нэг давуу тал бий. Сүүлийн үеийн оношил­гоо­ны эмирай
(MRI) зэрэг аппара­танд оношлуулахад металл шүдтэй бол онош буруу гарах эрсдэл бий.
Металл нь соронзон долгионд нөлөөлдөг учраас тэр л дээ. Цул шаазан бол ямар ч нөлөөлөлгүй.

-Сүүлийн үед хүмүүс шүд суулгах
аргыг их сонгодог болж. Шүдийг авагдахгүйгээр суулгах ямар аргууд манайд нэвтрээд
байна?

-Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монголд
дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд шүд хийж байгаа. Гадны сайн технологиуд
ороод ирчихсэн. Дэлхий дээр авагд­даггүй шүд суулгах хоёр  арга бий. Хоёулаа манайд нэвтэрсэн. Нэг нь эрүүний
ясанд суулгаж хийдэг арга. Эрүүний ясанд ёзоор маягийн юм суулгаад 2-6 сар хү­лээс­ний
дараа шүдийг нь хийдэг.  Ясныхаа байдлаас
хамаараад хугацаа нь адилгүй байдаг. Мөн муудсан шүд болон ёзоорыг  аван­гуутаа шүд суулгаж болно. Түүнээс гадна өмнө
нь авахуулаад эдгэсэн шүдэнд ч шинээр шүд суулгаж болно.  Авагддаггүй шүд суулгадаг хоёр дахь арга нь шүдэн
дээр бэхлэх. Байгаа шүдэн дээр нь шинэ  шүд
бэхэлнэ гэсэн үг. Энэ тохиол­долд шүдийг өрөмдөж өөлж засаад хийсэн шүдээ дээрээс
нь углаж тогтоодог.

-Шүд суулгах хагалгаа хийл­гэхэд
эрсдэлтэй хүмүүс гэж байх уу?

-Суулгаж хийсэн шүдийг эмнэл­гийн
хэлээр бол имплант гэдэг л дээ. Имплант буюу зоодог шүдэн дээр хэд хэдэн асуудал
бий.  Нэг­дүгээрт ясны байдлыг харах хэрэг­тэй.
Хангалттай ясгүй бол хэцүү. Хөгшрөх тусам хүний яс хатан­гиршиж байдаг. Эрүүний
яснаас эхлээд асуудал гарч ирдэг л дээ. Гэхдээ үүнийг засах арга бас бий. Яс нэмж
өгөх арга байгаа. Өөрийнх нь яснаас авахаас гадна үйлд­вэр­лэсэн хиймэл яс хэрэглэх
тохиол­дол ч байна. Мөн тухайн үеийн биеийн байдлыг харах хэрэгтэй. Хүнд өвчтэй,
хавдартай, элдэв зүйлд  харшилтай хүмүүс эрсдэл­тэй
бүлэгт ордог. Шүдээ хавирдаг хүмүүс ч анхаарах хэсэгт багтдаг.

-Хүмүүс “Дахиж авах аргагүй шүд
хийлгэчихээр эмирай /MRI/ -д харуулж болохгүй, онош зөр­дөг” гэж ярьдаг. Энэ ямар
учир­тай юм бол?

-Өмнө ярьсантай яг адилхан шалтгаантай.
Дахин хэлэхэд MRI бол соронзон  туяагаар оношилгоо
хийдэг аппарат. Металлтай үед соронз нь татагдаж онош буруу гардаг тал бий. Имплантыг
хийдэг гол материал нь титаниум. Металл дээр соронз наалддаг бол титан дээр наалддаггүй.
Тэгэхээр ямар ч соронзон үйлчлэлд саад учруулах­гүй гэсэн үг. Имплант хийлгэсэн
хүн  эмирайгаар оношлуулахад асуу­дал гарахгүй. 

-Хүмүүс шүд суулгах эмчил­гээг
хэр хийлгэж байна?

-Манай зарим эмнэлгүүд имп­лант хийдэг
сайн компаниудыг сонгож бүтээгдэхүүнээ авчраад байгаа болохоор имплант хийлгэх хүмүүсийн
тоо жил ирэх бүр өсөж байгаа.

-Хаанахын ямар компани имплантаараа
илүү сайн бэ?

-Солонгос, Америк, Германы компаниуд
нэлээд сайнд тооцогд­дог. Манайх гэхэд л Солонгосын Оsstem, Америкийн Hi ossen компа­ниас
имплантаа авдаг.  Манайхаас гадна нэлээд хэдэн
том эмнэлэг энэ компаниудаас имплантаа авдаг юм билээ. Оsstem-ийн имплантыг Азид
хамгийн түгээмэл хэрэглэдэг. Нээгдээд хорь гаруй жил болсон учраас дэлхийн олон
орны шүдний эмнэлгүүд энэ компаниас имплант 
авдаг юм. Америкийн компанийн хувьд Оsstem шиг олон жилийн туршлагатай. Имплантын
компа­ниу­дын сайн эсэхийг хэр олон жил хийснээр нь үнэлдэг жишиг дэл­хийд бий.
Дор хаяж арван жил ажилласан компанийн имплантыг сонгож авах хэрэгтэй гэсэн бичиг­дээгүй
хууль үйлчилдэг.

-Шүд суулгах хагалгааг аж­лаа хийнгээ
хийлгэх боломжтой юу?

-Жижигхэн мэс ажилбарт ордог учраас
хагалгаагаа хийлгэчихээд ажилдаа шууд явж болно.  Буйлыг нээлээ, жаахан өрөмдлөө, суулга­лаа, буцаагаад
хаалаа, тэгээд л болоо. Хагалгааны дараа үрэвс­лээс  сэргийлэх болон өвчин нам­даах эм лууна. Хагалгааны
хугацаа ч урт биш. Нэгээс хоёр цаг л зарцуулна.

-Өрөмдөж шүд суулгана гэхээр их
өвдөлт мэдрэгдэх байх. Мэдээ алдуулахдаа нар­коз хийх үү?

-Хүмүүс өрөмдөнө гэхээр тэгж айгаад
байдаг юм. Наркоз хийх ямар ч шаардлагагүй. Шүд авч байгаатай адилхан хэсэгхэн газ­рын
мэдээ алдуулалт хийгээд л  болчихно. Шүд өрөмдөж
байгаатай адилхан мэдрэмж төрнө.

-Кофе ууж, тамхи татсанаас үүдсэн
шүдний шарлалт их байдаг. Ингэж шарласан шүдийг цайруулах ямар арга, технологи байна?

-Төрөлхийн, шинээр үүссэн шарлалт
гэж бий. Таны яриад байгаа шарлалт бол шинээр үүс­сэн нь. Шүдний паалан бол хатуу
эд. Молекул түвшинд харвал талс­туудаас бүрддэг. Талстууд дотор нь органик судал
явж байдаг. Шүдний шарыг хүчлээр цагааруулдаг арга бий. Шүдэн дээр хүчил түрхэхээр
шүдний талстыг сийрэгжүүлж  шар болгоод байгаа
бодисыг нь хөөс­рүүлж задлаад нааш нь гаргаад ирдэг. Энэ аргыг хэрэглээд арилах­гүй
бол наана нь паалан тавьж өгдөг. Давуу тал нь өнгийг нь засахаас гадна шүдний хэлбэрийг
засаж болно. Шүдэн дээр нь бүрж өгнө гэсэн үг. Зөвхөн харагдах нүүрэн хэсэгт нь
бүрэх, бүтэн бүрэх гэсэн хоёр арга бий. Манайхан голдуу  харагдах хэсэгтээ их хийл­гэдэг. Европчуудын хувьд
бараг араа нь хүртэл харагддаг болохоор бүтэн хийлгэх нь бий.

-Шүд пааландана гээд байгаа нь
манайхны сүүлийн үед их хийлгэх болсон “холливуд инээм­­сэглэл”-ийг хэлээд байна
уу?

-Тиймээ, энэ аргыг тэгж нэрлээд байдаг.

-Хаанахын ямар материа­лаар хийх
үү?

-Манай эмнэлэг гэхэд гоо сайхны шаазангаараа
дэлхийд ноёлж байгаа  Ivoclar vivadent гэдэг
компаниас шаазангаа  оруулж ирдэг. Германы
хажууд байдаг  Лихтенштейн гэдэг улсын компани
л даа.  Дэлхийд эхний гуравт жагс­даг компани
байгаа  юм.

-Шүдийг шаазангаар бүрэхэд үндсэн
шүдийг өрөмдөж, нимгэн болгодог гэсэн яриа байдаг. Ер нь үүнээс өөр ямар эрсдэл
бай­гаа вэ, хуурч унана гэж байх уу?

-Шүдэн дээр паалан наана л гэсэн үг
шүү дээ. Шүднээс бага зэрэг авах тохиолдол бий. Зарим тохиол­долд авахгүй. Авлаа
гэхэд маш бага авдаг. Хатуу юм идсэнээс болж 
эвдрэх гэмтэх тохиолдол гардаг. Тэр тохиолдолд мэдэгдэх­гүй­гээр нөхөх арга
бий. Ер нь эмнэлгүүд шүдний шаазанд арван жилийн баталгаа өгдөг. Баталгаа өгөхдөө
л ийм тоо тавьдаг болохоос учиргүй хатуу юм мэрж идээд байхгүй бол үүнээс ч урт
хугацаанд эвдэрч, гэмтэж, хуурахгүй байх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд дэлхийд тэргүүлдэг технологиор оймс үйлдвэрлэж байна

“Made in Mongolia” гэсэн шошготой
брэндүү­дийн нэгд яах аргагүй ордог бүтээгдэхүүн бол  оймс. “Янмал”, “Гэр”, “Мон­гол оймс”, “Тод оймс”  компанийнхан оймс хийх техник технологиороо дэлхийд
Италийн дараа ордог солонгос маши­наар даавуун, ноосон, ноолууран, урт, богино гээд
төрөл бүрийн оймс үйлдвэрлэж байна.  Бид энэ
удаа оймсны үйлд­вэрүүдийг сурвалжилсан юм. Сурвалжлахаар оч­сон эхний газар маань
“Янмал” үйлдвэр. Мене­жер­тэй нь холбогдож байрш­лыг нь заалгаж аваад Хайлаастын
хоёр­дугаар буудал дээр оч­лоо. Хайх гэж цаг авсан­гүй. Зам дагуу барьсан гурван
давхар томоо гэгч тоосгон байшингийн гадна “Янмал” гэсэн хаяг хаджээ. Үйлдвэр нь
нэг давхартаа байрладаг юм байна. Хаа сайгүй 
оймс өрсөн цэлгэр өрөөнд за­луус завсар чөлөөгүй ажил­лацгааж байв. Дан залуус
ажилладаг боло­хоор хөгжим тавиад  өгчих­дөг
гэнэ. Хөнгөн хэмнэлтэй ая чанга дээр нь тавьчихсан ажиллаж өгч байна. Энд 60 гаруй
хүн ажилладаг юм байна.

“Янмал”-ыг анх байгуулсан
Лхаг­важав биднийг очиход байсан­гүй. Менежер В.Отгонболд бидэнд үйлд­вэ­рээ танилцуулсан
юм.  Лхаг­ва­жав эхнэртэйгээ Солонгост оймс­ны
үйлд­вэрт нэлээд хэдэн жил ажилласан гэнэ. Ирэнгүүтээ  гэрийнхээ нэг өрөөнд хоёр машин ажиллуулж оймс
хийж эхэлжээ.  Эхэндээ аятайхан амьдрахын
тулд эхэлсэн үйлдвэрлэл нь сүүлдээ өдөрт 10 мянган оймс өлхөн гарга­чих­даг том
үйлдвэр болтлоо өргөжжээ. В.Отгон­болд “Манай үйлдвэр 2006 онд бай­гуу­лагд­сан
гэхээр бараг найман жил болчихсон юм байна. Захирлыг анх гэртээ хийсэн оймсон­доо
шошго хадаад зах дээр очиход хүмүүс “Хятад оймсон дээр монгол ярлик наачихаад юундаа
худлаа хэлээд байгаа юм” гэж загнацгаагаад авахгүй байсан гэдэг. Тэр үеийг бодвол
манайхан их гоё болсон. Үндэсний үйлдвэр­лэл­дээ сэтгэлтэй, элэгтэй ханддаг болсон
шүү” гэж ярилаа.

“Янмал” үйлдвэр дээр  оймсыг дөрвөн дамжлагаар хийж байна. Эхний дамжлага
нь компьютер дээр загвар дизайнаа гаргах гэнэ. Үйлд­в­эрийн өрөөнд байгаа  хоёр компью­тер дээр оймсны хээ, хэл­бэр, хэмжээ,
өнгө энэ тэрийг нь зураад хийчихдэг аж. Тэгээд оймс хийх машин руугаа команд өгнө.
Команд авсан машин нь л оймсоо хийчихдэг юм байна. Машинаас гар­сан оймсны ердөө
урд хамрыг нь нийлүүлж оёх л дутуу. Ийм ид шидтэй машин бидний орсон тасал­гаанд
51 байна лээ. Оймсоо хэдэн өнгөтэй, ямар хээтэйгээс хамаарч утаснуудаа сүвлэчихнэ,
тэгээд л үлдсэн бүх ажлыг машинд даатгадаг аж.

Хоёр дахь дамжлага
дээр ажил­ла­даг машин  оймсны  урд хэсгийг ний­лүүлж оёх үүрэгтэй. Гуравдугаар
дамжлага нь  бэлэн болсон оймсоо уураар индүүдэх
гэнэ. Сүүлийн дамж­лага нь мэдээж шошго хадаж, уутлах. Нэг иймэрхүү процессоор бидний
өмсдөг оймс үйлдвэрлэгддэг юм байна. Сонир­хуулж хэлэхэд”Говь”, “Гоёо” зэрэг ноолуурын
үйлдвэрүүд эднийд захиалга өгч оймсоо хийлгэдэг юм билээ. Биднийг очиход “Алтай
кашемир”-ын оймсыг хийж байв.

Бүх машинаа Солонгосоос
оруулж иржээ.  Хөвөн даавуун оймс хийдэг утсаа
мөн Солонгосоос оруулж ирдэг гэнэ. Харин сарла­гийн хөөвөр, тэмээ, хонины ноос,
ямааны ноолууран оймсныхоо утсыг Хятадаас оруулж ирдэг аж. Эндээс авах гэхээр нэг,
хоёр дахин илүү үнэтэй байдаг болохоор урд хөршөөс импортолдог юм байна. Түүхий
эдээ гаднаас оруулж ирдэг болохоор валю­тын ханшийн чангарал бүтээгдэхүүнийх нь
үнэд нөлөөлжээ. Нэг оймсон дээрээ 200 төгрөг нэмсэн гэж менежер нь тайлбарлаж байв.
“Янмал”-ынхан утас ээрэх үйлдвэр байгуу­ла­хаар судалгаа хийж эхлээд бараг жил болжээ.
“Утсаа эндээ хийгээд эхэлбэл гадны нөлөөгөөр үнэ өснө гэсэн эрсдэлгүй болох гээд
байна” хэмээн В.Отгонболд бидэнд сонирхуулав.

Үйлдвэрийнхээ  хоёр давхарт нэрийн барааныхаа дэлгүүрийг нээжээ.
Томоо гэгч өрөөнд оймсыг төрөл төрлөөр нь өрчихөж. Урт, богино, элдэв өнгийн, зүсэн
бүрийн оймс өрсөн тавиуруудыг сонирхож жаал алхав. Үйлдвэрийн үнэ нь гадуур зардаг
үнээсээ хамаагүй бага юм. Хүүхдийн тэмээний ноо­сон оймсыг гэхэд энд 2400 төгрөгөөр
зарж байлаа. Эдний нэрийн бараа­ны дэлгүүр Хайлаастаас гадна хоёр газар ажилладаг
гэнэ. Нэг нь гуравдугаар эмнэлгийн чанх урд талд зам дагуу, нөгөө нь Зүүн дөрвөн
замын ойролцоо байдаг East худал­дааны төвийн урд талд байрладаг аж. Нэрийн барааны
дэлгүүртээ жижиг­лэнгийн, бөөний гэсэн хоёр үнээр үйлчилдэг юм байна. Гэхдээ жижиг­лэн­гийн
үнэ нь бөөний­хөө­сөө 200 төгрөгийн л зөрүүтэй 
юм билээ.

Эднийх Нарантуулын
цагдаа нар­тай хоёр жил хамтарч ажиллаж байгаа гэнэ. Учрыг нь сонирхоход В.Отгон­болд
“Хулгайн оймстой тэмцэх гэж тэр л дээ. Цагаан сараар “Монголд үйлд­вэр­лэв” гэсэн
шошготой янз бүрийн оймс гараад ирдэг юм.  
Урдаас хямдхан оруулж ирээд монгол хаяг наачихдаг. Чанаргүй оймсон дээр монгол
шошго наах нь үндэсний үйлдвэр­лэгч­дэд хортой. Бүр манай шошгыг урдаас оруулж ирсэн
тэмээ­ний ноос шиг өнгө оруулсан оймсон дээр хүртэл хадсан тохиол­дол гарсан. Уг
нь харахад ялгаа нь андашгүй л дээ. Гэхдээ ийм явдал гараад байх нь хэрэглэгчийн
сэт­гэл­гээнд нөлөөлөх эрсдэлтэй бай­даг” хэмээн хэлээд  толгой сэгсрэв.

Үйлдвэрийг сонирхох
зуур тэрээр  “Биднийг олонд таниулж зах зээлээ
олоход манайхаас оймс бөөндөж авч, зардаг наймаачид их тус болсон. Харин супермаркетууд
маань жаахан хүнийрхүү хандах гээд байдаг. Ойм­соо төрөл төрлөөр нь тавья гэхээр
зай байхгүй гэдэг хэрнээ импортын ойм­сыг өнгө өнгөөр нь төрөлжүүлээд дэлгэчих жишээний”
гэж яриагаа үргэлж­лүү­лэв. Скай, Номин, Миний дэлгүүр, Смарт худалдааны төв,
Everyday сүлжээгээр эдний оймсыг албан ёсоор борлуулдаг юм байна.

Оймсыг нь хувь наймаачид
ихээр авдаг гэж худал­дагч охин ярьж байв. Тэмээ, хонины ноосон оймснуудыг нь Орос,
Хятад руу их гаргадаг  аж.

Бидний орсон дараагийн
үйлд­вэр “Монгол оймс”. “Янмал”-ын ердөө хажууханд хоёр давхар тоосгон бай­шинд
үйлдвэрийн ажил нь өрнөдөг юм байна. Залгаа гурван давхар шар байшин саяхан өргөт­гөсөн
гэдгийг илтгэнэ. “Янмал”-ын захирлын дүү Ц.Отгонбаяр энэ үйлдвэрийн захирал нь. 2009 оны 12 дугаар сард “Янмал”-аас өрх тусгаарлажээ. Оймсны зах зээл дээр өрсөлдөөн
бий болгож, өөр өөрийн өнгөтэй брэнд бий болгох гэж өрс тусгаарласан гэнэ. “Монгол
оймс” үйлдвэрт хорь гаруй хүн ажиллаж байв. Хагас бүтэнд сайнд оюутнууд ажиллуулахаар
гуч гараад явчихдаг аж. “Өдөрт мянга гаруй оймс гаргачихдаг” гэж Ц.Отгонбаяр ярив.
Түүхий эдээ татдаг орнууд, үйлдвэрийн ерөнхий процесс “Янмал” шиг юм. Сүүлийн үед
супер­маркет, зах, худалдааны төвүү­дээр “Тод оймс” гэсэн шош­го­той оймснууд ихээр
зарагдах бол­сон. “Тод оймс” үйлдвэр ч гэсэн “Янмал”-аас өрх тусгаарлажээ. Ах дүү
гурав оймсны гурван том үйлд­вэ­рийг тус тусдаа толгойлж яваа юм байна. Энэ гурвын
гол ялгарах зүйл нь загвар дизайн гэнэ. Ц.Отгон­баяр “Манай гурван үйлдвэ­рээс гарсан
оймснуудыг хэн ч, хаа­наас нь ч харсан, аа энэ Тод оймсынх юм байна, харин энэ Янмалынх
байна шүү гэж ялгаж чаддаг. Бид ийм зорил­гоор л бизнесээ тус тусдаа эрхэлж байгаа
юм” хэмээн ярьж байлаа. “Монгол оймс” Оюу толгойн захиалгаар оймс нийлүүл­дэг аж.
Өвлийн цагаар захиалга нь ихэсдэг гэнэ.

Мөн л үйлдвэрийнхээ
байранд нэрийн бараа­ны дэлгүүр нээжээ. Оймсыг төрөл, өнгөөр нь ёстой л өрөх шиг
болжээ. Худалдагч Ариунгэрэл “Хүмүүс их орж ирдэг. Бас наймаачид бөөндөж авна. Нэг
дор 100-1000 ширхэг оймс худалдаж авдаг юм” гэж ярив. Ц.Отгонбаяр “Бид анх нэг сонир­хол­той
судалгаа хийж байсан юм. Хятад оймсыг нэг хүн сард хоёрыг өмсдөг байсан. Сард хоёр
гэсэн тоог хоёр сая долоон зуун мянган хүнээр үржүү­лэ­хээр овоо тоо гарна. Сая
бид бас судалгаа хийлээ.  Манай оймсыг авсан
хүн өвөл, зундаа  гурав, дөрвөн оймстой байхад
л болчи­хож байна. Чанар нь сайн учраас эдэлгээ сайтай байгаа хэрэг л дээ” хэмээн
ярьж байлаа. “Янмал”, “Монгол оймс”, “Тод оймс”-ынхон нийлээд оймсны зах зээлийн
15  хувийг л хангадаг гэнэ. 

“Монгол оймс”-оос
гараад “Тод өнгө” үйлдвэр рүү явлаа.  Долоон
буудлаар уруудаад явахад таардаг “Макс” супермаркетын хажууд үйлдвэ­рээ байгуулжээ.
“Янмал”, “Монгол оймс”-оо бодвол цомхон юм. Гэхдээ оймс хийдэг бүх л процесс энд
явагдаж байна. Өнгөр­сөн жил байгуулагджээ. Үүдээр оронгуут нэрийн барааны дэлгүүр
угтлаа. Оймснууд нь нөгөө хоёроо­соо тод өнгө, хурц шийдэлтэй хээ хуар, зураг чимэглэлээрээ
ялгарч байв. Хүүхдийн оймс гэхэд мики маус, хүн аалз, бэтмэн гээд хүүхэл­дэйн киноны
төрөл бүрийн зураг­тай юм. Ийм зурагтай оймснуудыг ээж, аавууд хүүхдүүддээ их авдаг
гэнэ. Үнэ нь үйлдвэрийн үнээрээ боло­хоор тун боломжийн санагдав. За тэгээд “Мон­гол
оймс”, “Янмал”-ын нэрийн барааны дэлгүүрт өрөөс­тэй тэмээ, хонины ноос, ноолууран
оймснууд ч төрөл бүрээрээ өнгө алаглаж байна. Биднийг очиход жар эргэм насны  эмэгтэй оймс сонирхоод зогсч байв. “Монгол­чууд
маань сайхан юм хийдэг болжээ.  Эмээ нь үндэсний
үйлдвэ­рээ  дэмжье гэж бодож явдаг хүн. Сая
хажуугаар нь өнгөрч яваад хаягийг нь хараад ороод ирлээ. Хачин сайхан дэлгүүр юм”
гэж магтаад авав. Б.Мядаг гуай энэ хавьд амьдардаг гэнэ.  

“Тод оймс”-ынхон өдөрт
6000-7000 оймс хийдэг юм байна. Гучаад ажил­тан­тай, оймс сүлжих 19 машинтай гэнэ.
Индүүний тасагт ажилладаг С.Өлзийбаяр “Би өмнө өмнө нь хятад оймс аваад өмсчих­дөг
байсан л даа. Үйлдвэртээ ажилласнаас хойш монгол ойм­сон­доо дуртай болсон. Хамаатнуу­д­аа
хүртэл монгол оймс руу урвуул­сан. Наад зах нь чийг татахгүй, цоорохгүй, эдэлгээ
сайтай. Хоёр  хүүхдэдээ хэдийг аваад өгчихсөн,
одоо хүртэл өмсөөд л байна. Уг нь оймс тэсгээдэггүй нөхөд байгаа юм” гэж хэлээд
инээв. Загвараа өөрс­дөө ярьж байгаад гаргачихдаг гэнэ. Зарим үед долоо хоногт нэг
удаа  загвараа шинэчлэх тохиолдол ч гардаг
аж. Дунджаар сард нэг удаа оймсныхоо загварыг шинэчилдэг юм байна.  

Бидний орсон сүүлийн
газар маань Бэлхэд байрлах “Гэр” оймсны үйлд­вэр. Гурав, дөрвөн жилийн өмнөөс бий
болсон энэ брэнд өнгөрсөн хавраас үйлд­вэ­рээ барьж энд төвхнөжээ. Ойм­соо “Янмал”
үйлдвэрт захиалга өгч хийлгэдэг байж. Бэлхийн хуучин эцэст зам дагуу үйлдвэрээ барь­жээ.
Бид­нийг очиход үйлдвэрийн байшингийн­хаа гадна талын дулаал­гыг хийж байв. Хоёр
давхар тоосгон байшин дотор ажил ид өрнөж байна. Мөн л Солонгос технологиор үйлдвэрлэлээ
явуул­даг гэж байлаа. Үйлдвэрлэлийн процесс нь “Янмал”-тай адилхан юм. Оймсоо өөрөө
нэхээд, сүлжээд гаргаад ирдэг ухаалаг машин эд­нийд 19 байна. Ирэх хавраас өргөтгөл
хийж машиныхаа тоог 30 болгож нэмэх бодолтой байгаа гэнэ. “Гэр” оймсны үйлдвэрийн
захир­лыг Ж.Ганбат гэдэг юм байна. Хүргэн ахтайгаа нийлж энэ үйлдвэрийг байгуулжээ.

Үйлдвэрт нь ороход
ажилчид ид ажиллаж байв. Оймс сүлжих машины хажууд оймс эргүүлж зогсоо  охинтой ганц, хоёр үг солилоо. Оюунаа гэж өөрийгөө
танилцуулсан энэ охин эднийд ажилд ороод долоон сар болж байгаа гэнэ.  Оймс эргүүлэх ажил хийдэг юм байна. Индүүдэх ажил
дээр ч дөр суужээ.

 Ж.Ганбат “Манай компани оймс нэхдэг утсаа Солонгосоос
оруулж ирдэг. Саяхан Туркээс сунадаг утас оруулж ирсэн.  Хорь гаруй 
хүн ажиллуулж байна. Сардаа 90 мянган оймс гаргаж байна.  Нэг хүн сард ганц оймс авна гэж бодоход л Улаанбаатарт
сардаа сая оймсны хэрэглээ байна. Гэтэл одоо ажил­лаж байгаа дөрвөн үйлдвэр ний­лээд
нийт хэрэглээний 20 хувийг ч хангаж чадахгүй байгаа. Тийм болохоор үйл ажиллагаагаа
өргөт­гөж, компаниа томруулах бодол бий” гэж ярилаа. Компаниа том­руулъя гэхээр
зээл олдохгүйн зовлон байдаг болол­той. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн шугамаар
өнгөрсөн хавраас зээл хөөцөлдөж эхэлжээ. Санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар өнөөг
хүртэл шийдэгдээгүй байгаа аж.  Арилжааны
банкнаас зээл ава­хаар хүү өндөр байдаг гэнэ. “Гэр” оймсны үйлдвэр 240 сая төгрөгийг
жилийн 22 хувийн хүүтэйгээр банк­наас зээлжээ.

Үйлдвэрийн байрандаа
нэрийн барааны дэлгүүрээ нээжээ. Бэл­хийн­хэн сүүлийн үед эднийхээс үйлдвэ­рийн
үнээр нь оймс их авах болсон гэнэ. Гадуур 18 мянган төгрөгөөр зарагддаг ноосон оймс
энд 9000 төгрөгөөр зарагдаж байв. “Би аавдаа хайртай”, “Би ээждээ хайртай” гэсэн
бичигтэй оймснуудыг нь хүүхдүүд их авдаг гэнэ. Зарим аав, ээжүүд ийм бичиг­тэй оймснуудыг
өнгө ижилсүүлж аваад нэг хөлд нь аавдаа хайртай, нөгөө хөлд нь ээждээ хайртай гэсэн
бичигтэйг нь өмсүүлчихдэг гэж Ж.Ганбат сонирхуулав.

Эдний нэрийн барааны
дэл­гүүр аравдугаар хорооллын “ХААН” банкны  
эсрэг талд байдаг юм байна. Супер­мар­кетуудаар ч бүтээгдэхүүнээ бор­луул­даг
байна.   Өнөөдөр  Улаанбаа­тарт бидний үйл  ажиллагааг нь сур­вал­жилсан дөрвөн үйлдвэрээс
гадна  “Сод оймс” гэдэг үйлдвэр  Чингэлтэйд тав, зургаан сүлжигч машинтайгаар дөнгөж
байгуулагдаад байгаа гэсэн. Цаашдаа ч оймсны үйлдвэр байгуулах зах зээлийн орон
зай байгаа гэж оймс үйлдвэрлэгчид ярьж байлаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

А.Алтансүх: Байгаа доллараа гамнаж байж л монгол төгрөг чангарна

Монголын банк бус санхүүгийн
байгуул­ла­гуудын холбооны ерөн­хийлөгч А.Алтан­сүх­тэй  ярилцлаа.

-Монгол төгрөг хан­шийн уналтаараа
дэл­хийд толгой цохиж бай­на. Банк бус санхүүгийн байгууллага бол валю­тын арилжаанд
оролц­дог тодорхой хэсэг. Төг­рөгийн сулралын гол шалтгаан нь юу вэ?

-Тодорхой шалтгаа­нуудын улмаас дэлхийн
олон орны үндэсний мөн­гөн дэвсгэртийн ам.дол­лар­тай харьцах ханш суларсан л даа.
Гэхдээ дунджаар 2-3 хувиар л  суларсан. Хамгийн
ихдээ арван хувь. Энэтхэгийн  рупи, монгол
төгрөг хоёр л огцом доошилж, бүр хорин хувиар сулраад байна. Хоёрхон сарын дотор
20 гаруй хувиар савласан нь сайн биш харин ч маш муу үзүү­лэлт. Гол шалтгаан нь
ерөөсөө л эдийн засаг. Энэтхэгийн эдийн зас­гийн байдал хүнд, эмзэг хэсэг нь хөрөнгөтэй
хэс­гээ­сээ хэт тасарсан. Ер нь үндэсний валютынх нь ханш суларсан орны  бага орлоготой хэсэг нь улам туйлддаг. Төгрөг
суларсан шалтгааны нэг нь гадаад худалдааны тэнцлийн зөрүү. Гаднаас ам.доллараар
авах нь ихэсч, гадагшаа ам.дол­лараар зарах нь эрс ба­гас­сан учраас төгрөг су­ларсан.
Өөр нэг шалтгаан нь гадаадын хөрөнгө оруу­лалтын уналт. Гурав дахь шалтгаан нь дотоо­дын
зах зээл дэх  төгрө­гийн нийлүүлэлт. Орон
сууцны зах зээл рүү гур­ван триллион төгрөг нийлүүлсэн. –Төгрөгөө сулралаас аврах хамгийн бодитой гарц гэвэл  юуг онцлох вэ?

-Азийн хөгжлийн банкнаас сая­хан зохион
байгуулсан хурал­дааны үеэр ирэх жилүүдэд дэл­хийн, тэр дундаа Азийн үйлдвэр­лэл
сэргэхгүй гэсэн таамаг яригдаж байна лээ. Тэгэхээр түүхий эдийн экспортоосоо ам.доллар
их хэм­жээ­гээр олно гэдэг лав л нэг, хоёр жилдээ бүтэхээргүй асуудал бол­чихож
байгаа юм. Гадаадын хөрөн­гө оруулалтыг  дэмжих
асуудал шийдвэр гаргах түвшинд яригдаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ ажлын үр
дүн дор хаяж таван жилийн дараагаас гарч ирнэ. Гараад явчихсан хөрөнгө оруулалт
хууль батлагдангуут маргааш нь ороод ирэхгүй нь тодорхой. Тэгэ­хээр ойрын жилүүдэд
төгрөгөө илүү сулруулахгүй байх бодитой гарц бол нэгэнт ороод ирчихсэн валю­таа
тогтоон барих. Ингэхийн тулд импортыг орлох үндэсний бүтээг­дэхүүнээ дэмжих хэрэгтэй.
Ам.долларын ханш өсөх нь үндэс­ний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд сайн гэж байгаа нь
нэг талаасаа тийм байж болох ч нөгөө талаас нь харвал өрөөсгөл ойлголт л доо. Дотоодын
үйлдвэрлэгчид сав баг­лаа боодол, түүхий эдээ эргээд гадаадаас доллараар авдаг.
Тэгэ­хээр ямар ч тохиолдолд юмны үнэ өснө.

Дотоодын үйлдвэр­лэгч­дээ яаж
дэмжвэл төгрөг чангарна гэж та бодож байна?

-Эхлээд импортоор орж ирж байгаа ямар
бүтээгдэхүүний  түү­хий эд нь Монголд байна,
юуг нь бид хэр хэмжээгээр хийж чадах вэ гэдгээ ширээ тойрч суугаад ярих ёстой. Тэгээд
энэ жил  төчнөөн тонн даршилсан өргөст хэмх
үйлдвэр­лэнэ, үйлдвэрлэсэн өргөст хэмхээ зарахын тулд импортын өргөст хэмхний татварыг
төчнөөн хувиар нэмнэ гээд тооцчих хэрэгтэй. Дараа жил нь даршилсан өргөст хэмхний
үйлдвэрлэл нэмэгдэж таарна аа даа. Тэр үед нь Вьетнамаас орж ирж байгаа даршилсөн
өргөст хэмхний экспортын татварыг дахиад хэдэн хувиар нэмчих хэрэг­тэй. Даршилсан
өргөст хэмхээ дотооддоо үйлдвэрлэж зах зээлээ бүрэн хангаж гүйцэх тэр үед гад­наас
өргөст хэмх орж ирэхээр­гүй болгох нөхцөл бүрдсэн байх учир­тай. Ийм  нөхцөлийг 
бүрдүүл­сэн татварын шаталсан бодлого явуу­лах шаардлага бий.  Энэ бол гадагшаа гарах валютын урсгалыг хаах ойрын
хугацааны том бодлого.

Жижиг дунд үйлдвэрийн сан, арилжааны
банкуудаар дотоо­дынхоо үйлдвэр­лэгч­дэд зээл өгч байгаа ч хүрэл­цээ, олдоц дээрээ
асуудал­тай байдаг. Тэгэ­хээр таны яриад байгаа гарц ажил болоход богино хугацаанд
хэрэгжих боломжгүй байх?

-Таны хэлээд байгаа ортой л доо. Жижиг
дунд  үйлдвэрийг дэм­жих чиглэлээр арилжааны
банк болон сангуудаар дамжиж байгаа зээлүүд яг жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх хүсэлтэй  хүмүүст тэр бүр очдоггүй. Банкуудад барьцаа гэж
том босго бий. Сангууд болохоор том компаниуддаа онцолж зээл өгөөд байдаг. Хөрөнгийн
эх үүсвэр нь ч тийм том биш шүү дээ. Үйлд­вэр­лэл эрхлэхийг үнэхээр хүсч байгаа
хэсэгт зээл өгөх өөр гарц бий. Тэр нь банк бус санхүүгийн байгууллагууд. Учир нь
банк бус санхүүгийн байгууллагууд  жижиг,
дунд бизнес эрхлэгчдийн 60 хувьд нь хүрч үйлчилдэг. 390 мянган харилцагчтай,
320 гаруй тэрбум төгрөг эргэж байна. Үүний 70 гаруй хувь нь банк бус байгууллагуудын
өөрийнх нь хөрөнгө. Ийм тогт­вортой санхүүгийн 
байгууллагаа ашиглах хэрэгтэй л дээ. Найман хувийн орон сууцны зээл хэрэгтэй
хөтөлбөр. Гэтэл энэ хөтөлбөрийн үр дүнд байртай хүн л байртай болж байна. 30 хувийн
урьдчил­гаагаа төлж чадахгүй хүн олон бий. Зарим банк бүр 50 хувийн урьд­чилгаа
авч байгаа. Тэгэхээр хөрөн­гөтэй иргэдэд хөнгөлөлттэй санхүү­гийн үйлчилгээ хүрээд
байна гэсэн үг. Жижиг дундуудыг дэмжих бага хүүтэй зээл нь ч ялгаагүй. Том компаниудад
очоод байгаа гэж дээр хэлсэн. Жижиг, дунд үйлдвэр­лэгч­дийг хөгжүүлэх зээлийг банк
бусаар  дамжуулах бүрэн боломжтой. Най­ман
хувийн  зээл дээр гэхэд л хашаа байшинг хаусжуулах
хөтөл­бөрийг зэрэгцүүлж гаргаж ирээд байрны урьдчилгаа төлөх боломж­гүй хэсгийг
нь хамруулмаар байгаа юм.

Энэ төрлийн зээл олго­ход банк
бус санхүүгийн байгуул­лагуудын чадал чансаа хэр вэ гэсэн асуудал гарч ирж таарах
байх?

-Банк бус санхүүгийн байгуул­лагууд
нийт хөрөнгийн хэмжээ­гээрээ банкны салбарын хоёр хувийг эзэлдэг  ч өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ 20 орчим хувийг,
үүн дотроо дүрмийн сангийн хэмжээ нь 45 хувийг эзэлж байна. Энэ бол бага тоо биш.
Өөрөөр хэлбэл банкны салбарыг бодвол банк бус санхүүгийн байгууллагууд нь харь­цангуй
эздийн өмчид тулгуурласан эрсдлээ хариуцах тодорхой эзэн­тэй байдаг. Энэ ч утгаараа
үйл ажиллагааны болоод харилцагчид хүргэх эрсдэл гэсэн ойлголтоос хол л доо.

Сая долларын ханш огцом өсөхөд
банк бус сан­хүү­гийн байгууллагууд нөлөөл­сөн гэх мэдээлэл нэлээд цацагдсан. Та
үүнтэй санал нийлж байна уу?

-Санал нийлэхгүй байна. Валю­тын нийт
арилжааны  цөөхөн хувийг банк бус санхүүгийн
бай­гуул­лагууд эзэлдэг. Банк бус сан­хүү­­гийн байгууллагууд Монгол банкнаас явуулдаг
дуудлага худал­даанд оролцдоггүй.  Арил­жааны
банкуудын валют  худалдан авах болон зарах
ханш 30-50 төгрөгийн хооронд хэлбэлзэж  бай­гаа.  Харин  банк
бус санхүүгийн байгууллагын худалдан авах, зарах ханш  2-5 төгрөгийн хооронд хэлбэлздэг.  Өөрөөр хэлбэл бид иргэдээс  харь­цангуй өндөр үнээр авч, бага үнээр зардаг.
Харин арилжааны банкууд Монгол банкинд захиалгаа өгч харьцангуй бага үнээр валют
худал­даж авдаг  хэрнээ иргэдээс  доллар авахаа­раа бүр доошоо үнээр авдаг. Өнөө­дөр
/өчигдөр/ гэхэд Монгол банк ам.доллараа арилжааны банкуу­дад 1654 төгрө­гөөр зарсан
байгаа юм. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ арилжааны банкууд иргэдээс  1580 төгрөгөөр ам.доллар авч байна. Эндээс валютын
зуучлалын үйл­чил­гээг хэн нь сайн гүйцэтгэж байна вэ гэдгийг харчихаж болох байх.
Иргэдийн хувьд ийм шалтгаа­наар  банк бус
санхүүгийн байгуул­лагыг сонгодог.  Ийм байлаа
ч банк бус санхүүгийн байгууллагууд валютын ханшийг хөөрөгдөхөд хүчтэй  нөлөөлж чадах­гүй.

Сүүлийн үеийн тоог харахад
248 банк бус санхүү­гийн бай­гуул­лага байдаг гэсэн статистик байна. Валют арилжаанд
тодор­хой хэм­жээнд нөлөөлөхөөр зах зээл биш үү?

-Таны саяын онцолсон банк бус байгууллагуудаас
98 нь валют арилжаа эрхэлдэг юм. Эдний 39 нь зөвхөн валют арилжаагаар төрөлж­­сөн
үйл ажиллагаа явуул­даг.  Эндээс харахад шууд
нөлөөл­дөг гэж хэлэх боломжгүй л дээ.

Арилжааны банк, банк бус санхүүгийн
байгуул­лагын валю­тын ялгаатай ханшуудыг яаж ойртуулах вэ. Ер нь валютын ханшийг
ямар аргаар зах зээ­лийн жам руу нь оруулбал зүгээр бол?

-Монгол банк хяналт золхи­цуулалтандаа
байдаг арил­жааны банкуудын хүрээнд л асуудлыг шийддэг. Банк бусууд санхүүгийн зохицуулах
хороонд харьяа­лагд­даг учраас арилжаанд оролцох боломжгүй байгаа юм. Уг нь хоёулаа
санхүүгийн байгууллага, хоёулаа валют арилжаанд орол­цох тусгай зөвшөөрөлтэй гэдэг
утгаараа  банк бус санхүүгийн байгууллагуудад
дуудлага худал­даанд оролцох боломж бий. Санхүү­гийн зохицуулах хороо, Монгол банк
хоёр ажлын уялдаа холбоогоо сайжруулчихад л болох  асуудал. Ингэвэл арилжааны банкуудын доллар авч,
зараад байгаа ханшийн зөрүү ойртоно. Уг нь Монгол банк арилжааны банкуудад доллар
зарж, худал­даанд оролцох эрхийг нь өгчихсөн юм чинь энэ зөрөөг багасга гэсэн шаардлага
тавих эрхтэй. Зах зээлийн агуулгаас нь харсан ч гэсэн Монгол банкнаас   үнэтэй биш ам.доллар авдаг хэрнээ иргэдээс авахаараа
тэрнээс доод ханшаар авч болохгүй. Валютын дээд, доод ханшийн зөрүүг ядаж 10 төгрөг
рүү оруулах тал дээр Монголбанкнаас шаардлага тавьж ажиллах хэрэгтэй.

 Валютын ханшийг шийдэх өөр нэг арга бол валютын
бирж байгуу­лах. Мэргэшсэн санхүүгийн бай­гуул­­лагууд, тусгай зөвшөө­рөлтэй этгээдүүд
үйл ажиллагаанд нь оролцох боломжтой тийм 
биржийг байгуулчих хэрэгтэй. Томоо­хон төлбөр тооцоог валю­таар хийдэг улсууд
суудлаа эзлээд  дуудлага худалдаанд  оролцоод эхэлбэл зах зээл дээрх валютын  бодит ханш гараад ирнэ. Өнөөд­рийн хувьд зөвхөн
хаалттай орчинд, үндсэн­дээ арилжааны банкууд дунд нь зуучлагчийн маягтай яваад
байна л даа. Валютын бирж байгуулахад заавал тусгайлсан хууль гаргах хэрэггүй. Журмаар
зохицуулчихад л болох асуудал байгаа юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засаг сэргэх нь

Сүүлийн үед
хөрөнгө оруулалт буурлаа, эдийн засаг хэцүүдлээ, нүүрсний  үнэ шалдаа уналаа, төгрөг суларлаа  гэх мэт таагүй мэдээлэл шил дарж байгаа.
Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал, шийдвэр гаргагчдын байр суурийг
анзаарахад тун удахгүй эдийн засгийн  гэгээтэй мэдээллүүд урсаж мэдэхээр байна. Одоо
хуралдаж байгаа ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй  асуудлуудыг 
тоймлоод харвал бүгд л эдийн засгийн 
чигийнх. Урсгал нь саарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрч нь
суларсан эдийн  засгийн  өсөлтийг эерэг дүр зурагтай харагдуулах  хуулийн төслүүдийг хууль тогтоогчид хэлэлцээд
эхэлчихлээ.

 Эдийн засгаа сайжруулахад анхаарсан
хуралдаанууд сүүлийн өдрүүдэд үргэлжилж байна гэхэд болно. Ээлжит бус
чуулганаар хэлэлцэхээр товлож, хэлэлцүүлгийг нь эхэлсэн анхаарал татсан хуулийн
төслийн  нэг нь Хөрөнгө оруулалтын тухай
шинэ хуулийн төсөл. Хөрөнгө оруулалтыг хамгаалах агуулгатай энэ хуульд мөнгөө
Монголд оруулахыг сонирхож буй бизнесмэнүүдэд таалагдахаар хэд хэдэн заалтыг  тусгаад 
байгаа. Энэ хууль батлагдсаны дараа хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад төр
зөвшөөрөл өгнө гэсэн ойлголт алга болно. Монголд   хөрөнгөө оруулах гэсэн хувийн хөрөнгө  оруулалттай ямар ч компанийг бүртгээд л  болоо. Өмнөх хуулийн хөрөнгө оруулагчдыг
хамгийн их үргээсэн заалтыг УИХ ингэж  засаж байна. Төрийн өмчийн компаниудын хувьд төрөөс
зөвшөөрөл авах гэсэн босго бий. Гэхдээ оруулсан хөрөнгөнийх нь хэмжээгээр
тогтвортой байдал амлах хугацаа хувийн хэвшлийнхэнтэй адил. Монголын эдийн
засагт оруулах   мөнгө ихсэх хэрээр Монголын
төрийн тогтвортой байдал  амлах  хугацаа уртсах заалтыг багтаасан энэ хуулийг хөрөнгө
оруулалтыг татах том боломж гэж шинжээчид харж байна.

Монгол банкинд
тушаадаг алтыг бараг л  алга болгосон нэг
хууль бий. Уншихад ухаанд буухааргүй олон үгнээс бүрдсэн нэртэй учраас Урт
нэртэй гээд товчилчихсон.  Тэр нэрээр
нь  хүмүүс  мэддэг нэг хууль хэрэгждэггүй хуулийн тоог
нэгээр нэмсэн.  Гэтэл энэ хууль
батлагдсаны дараа Төв банкинд ирэхээ больсон алтыг дэлхий  валют гэж ойлгодог. Валют ихтэй улс хүчирхэг
гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрдөг.  Дэлхийн
улс орнууд   энэ чигийг барьж, энэ жишгээр урагшилж яваа. Япон,
Хятад улсууд дэлхийн толгой улсын тэргүүнд яваад байдгийн бас нэг шалтгаан нь бусдаасаа
их алт авдарлаж  чадсаных. УИХ ийм
зорилгоор урт нэртэй хуулиа эргэж харъя, зөвшөөрлийг нь хураагаад авчихсан
компаниудаас хариуцлагатай ажиллаж байгаагийнх нь зөвшөөрлийг буцааж өгье гэж байгаа.
Эдийн засгаа   дэмжсэн бас л нэг том
алхам.  

“Энэ хуулиуд
гарлаа ч Ашигт  малтмалын хууль яаж
шинэчлэгдэх нь тодорхойгүй учраас бид хөрөнгөө хийнэ гэсэн шийдвэрийг шууд
гаргахгүй” гэж уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид эргэлзэж байсан. Тэгвэл
тэдний эргэлзээг тайлсан мэдэгдлийг Уул уурхайн яамны зүгээс удаа дараа хийгээд
байгаа. Тэд Ашигт  малтмалын хуулинд  бүрэн шинэлчлэл  хийхийг яарахгүй, өөрчлөлт хийх маягаар л гар
хүрнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа төслүүд
батлагдчихвал  эдийн засаг сэргэх нь
бараг л тодорхой байна.

Ц.БААСАНСҮРЭН