МАН Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд
Ч.Улаан хоёрыг огцруулъя гэсэн өргөдөл спикерт өгч, УИХ-ын гишүүдийн олонх нь сайдуудыг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргасан
нь энэ долоо хоногийн онцлох шуугианы нэг байв. Уг нь салбарыг нь бодвол
МАН-ынхны яриад байгаа эдийн засгийн уналтад Н.Батбаяр биш Уул уурхайн сайд
Д.Ганхуягийн нөлөө их л дээ. Гэхдээ хөрөнгө оруулалт ер нь юунаас шалтгаалж яагаад татрах болов гээд эх ундаргыг нь
хайгаад үзвэл мань эрд ч буруу бий. “Энэ Монгол чинь нэг л биш ээ”
гэсэн бодлыг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн анхны шийдвэр гэгддэг Гэнэтийн
ашгийн 68 хувийн татварын гол автор нь өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн
сайд. Монгол банкинд тушаах алтны
хэмжээ эрс багасаад ирэнгүүт
Н.Батбаяр “Би лав алт гэж хэлээгүй,
зэсээс л авъя гээ биз дээ” гэж жишимгүй
царайлсан удаатай. Ингэж гэмгүй царайлах үед нь
алтны салбарт хөрөнгө оруулсан дэлхийн том компаниуд Монголыг орхин гарч
байсан юм. Хөрөнгө оруулагчдын хувьд “жинхэнэ хадны мангаа” болсон Стратегийн салбарт гэж ирээд эхэлдэг нэг их
урт нэртэй хууль дөнгөж саяхныг хүртэл
үйлчилж байв. Гадаадын хөрөнгө оруулагчид
уул уурхай зэрэг ашигтай салбарт орж ирвэл төр заавал хувь эзэмшинэ, бараг
ихэнхийг нь булааж авна гэсэн заалттай, мөнгөтэй бизнесүүдийг үргээчихсэн
айхавтар хуулийн гол автор нь Эдийн
засгийн хөгжлийн сайд.
УИХ-ын гишүүнээр 2004 оноос
ажиллаж буй энэ эрхэм 1960 оных.
Овог нь Цагаан Боржигон. Буянгийн Жагаа,
АПУ-гийн Батхүү гээд нэрнийх нь өмнө
компанийнх нь нэр байнга хадаатай явдаг гишүүдийн нэг. Түүнийг чуулганы танхимд
тохой залган суудаг нөхөд нь үүсгэн
байгуулсан компанийнх нь нэрээр
“Фортуна” гэж дууддаг. Фортуна гэдгээрээ танил болсон сайд нийслэлийн
52 дугаар сургуулийн төгсөгч.
Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургуулийг Эдийн засагч-
статистикч мэргэжлээр, Москвагийн Улсын их сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд
сургуулийг улс төрч мэргэжлээр дүүргэж
байж. Наяад оны эхээс ерэн он гартал Гадаадтай эдийн засгийн талаар
харилцах улсын хорооны комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн
дарга, орлогч даргаар ажиллаж байжээ. Энэ үедээ “Эрдэнэт” үйлдвэр, дөрөвдүгээр цахилгаан
станц зэргийн гэрээ байгуулах,
хэрэгжилтийг хянах ажлыг гардаж хийсэн гэсэн өгүүлбэр намтарт нь бий. Ардчиллын
анхны сонгуульд МҮДН-аас нэр дэвшин ялж байсан үеэсээ бизнес рүү орсон.
Ардчилал эхлэх үеэс л улстөр, бизнес гэсэн хос морьтой давхисаар энэ цагтай золгосон
хууль тогтоогчдын нэг. Бизнес талаас нь
“Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулсан, нийслэлийн
анхны томхон хотхоны нэгд ордог
“Жаргалан хотхон”-ыг барьсан гэж ирээд яривал багагүй зүйлийг жагсаах
хэрэг гарна.
Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд төсвийн зардлыг нэмэхгүйгээр ЗГХЭГ-ынхны цалинг хоёр дахин нэмэгдүүлж байсан, “40.000
айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулж, холбоотой хуулиудыг нь УИХ-д өргөн
барьж батлуулсан, хэрэгжүүлсэн гээд
гишүүн болсноосоо хойш амжуулсан ажлыг нь тоочвол бас л чамлахааргүй урт жагсаалт гарна.
Хэл амны бай болдог гишүүдийн нэг нь яах аргагүй Н.Батбаяр.
Байсгээд л хэрүүл шуугиан үүсгэчихсэн явдгаараа алдартай нэгэн. Өнгөрсөн
сонгуулиар гэхэд л нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдсан намынхаа ҮЗХ-ны хурлын
үеэр нийтлэлч Баабартай марган цонхоор
гаргаж шиднэ гэх мэтээр аяглаж байв. Намын нэрээр өрсөлдөх 28 хүнд эрэмбээр нь
хандах хэрэгтэй гэж хэлснийх нь төлөө эвгүй аашилсан “Фортуна”-г
намынхан нь “Овлигогүй” гэж шүүмжилж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. Сүүлд
Баабар “Ер нь миний буруу л даа. Өвчтэй хүнийг өдөж юмыг нь хөдөлгөчихөөр
аргагүй шүү дээ” хэмээн ярьсан гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдаж байлаа. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар
ажиллах үед алгадаад авсан гэх шуугианы
гол дүр нь мөн л Н.Батбаяр. Шинэ
засаг бүрдэх үед Баабар
Н.Алтанхуягийн танхимын талаар нэг
нийтлэл бичиж байв. Тэр нийтлэлд
Н.Батбаярын тухай “Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгууллаа. Урьд Үндэсний
хөгжлийн газар, яам байсныг сэргээж байгаа хэрэг. Гэхдээ энэ удаа шоглоомтой юм
шиг гадаадын хөрөнгө оруулалтыг нэмээд хариуцуулчихжээ. Бүр наргиантай нь
гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хамгийн баатарлаг гавъяа байгуулж улаан
цагаангүй заналхийлж бараг хутга шөвөг гаргах шахдаг нэг сайхан мээк эр сайд нь
болоодохлоо. Хөрөнгө оруулахаар шийдсэн өрнийн компани болгон юун түрүүн энэ
хүний тухай сонсож хэнээс болгоомжлохоо мэдэж авдаг. Нэрийг нь хүртэл дизастэр
буюу “гамшиг, гай барцад” гэсэн утгаар хүндэтгэн дуудах юм билээ. Паталогийн
асуудалтай эр л дээ, түүнийг нь олж харахад заавал эмч байх ч шаардлагагүй.
Асуудлыг мэрэг төлөг, бөө удганаар шийднэ, өөрөө хүртэл бөө болж гал тахих
ёслол үйлдэх хообийтой. 2012 оны бөгсөөр дэлхий сөнөнө гэсэн бодолтой явдгаа
нуудаггүй, гэхдээ өрнөдийн хөрөнгө оруулалтыг тас зогсоовол Монгол ганцаараа
аврагдана гэж мэрэг төлөгт буусан, тэнгэр бас тэгж хэлсэн хэмээн ярихыг нь
сонссон худлаа ярихааргүй хүн байдаг л юм” гэсэн хэсэг бий.
Нээрээ ч Эдийн засгийн хөгжлийн сайд сүүлийн үед гал, тэнгэр,
бөө гэдэг үгийг давтамжтай унагах болсон. Чингисийн мэндэлсэн өдрөөр “Чингис
бидний дунд төрчихсөн амьдарч яваа” гэж
камерын өмнө хэнэг ч үгүй хэлж зогссон,
хөдөөгүүр ажлаар явж байхдаа мөргөл үйлдэж гал тахидаг, онгодоосоо асуугаадхая
гээд дэргэдэх хүнийхээ нүдийг орой дээр нь гаргасан гэх мэт түүнийг тойрсон хачирхалтай гэмээр
ярианууд олон сонсогддог. Хамгийн
сүүлийн бодитой жишээ гэвэл мань эр
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн өдөр төрийн тулганы гал бадраах ёслолыг бараг
л зохион байгуулж, оройлж оролцсон доо.
Тэр өдөр төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон гал тахих ёслолд нэг ч
эмэгтэй хүн харагдаагүй. Төр түшиж буй эмэгтэй гишүүдээс эхлээд эмэгтэй
сэтгүүлчдийг ёслолд оролцуулаагүй хэргийн эзэн нь Н.Батбаяр. Эмэгтэй хүнийг
тулганд ойртуулбал төр бузартана гэж хэлээд
нөгөөдүүлээ толгой дохиулж дөнгөсөн эр. Үүнд нь эгдүүцсэн олон хүн тэр үед
дуугүй суугаагүй, мань эр мөн л хэл амны бай болсон. Нэг хэвлэлээр бүр “Хэрвээ
би Н.Батбаярын эхнэр байсан бол лав л
цай чанаж, хоол хийхгүй. Өөрөөр хэлбэл, галаас аль болох хол явна гэсэн үг.
Гэрийн ажлаас илүүтэйгээр төрийн ажилд зүтгэх байсан юм. Харин өөрийнхөө оронд
гал асаах нь битгий хэл бадрааж чаддагаар нь Н.Батбаярыг томилоход хангалттай
баймаар” гэж бичиж байв. Нэг зүйлийг онцлоход Эдийн засгийн хөгжлийн сайд ам бүл
дөрвүүлээ, хоёр охинтой.
Оюу толгойтой холбоотой өнөө хэр шийдэгдээгүй байгаа маргааны
эхэн үеийн түүхийг сөхөхөөр мөн л түүний нэр гараад ирдэг. “Рио”-той дайсан мэт үзэлцдэг С.Ганбаатараас өмнөх жишээ л дээ. 25 дугаар телевизээр гардаг “Дуусдаггүй
яриа”-нд орж байхдаа эрхэм сайд “Монгол
Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Монголын талын
эзэмшил 34 хувь байхаар тусгасан нь яг үнэндээ луйвар. Одоогоор Монгол Улсын
эзэмших хувь 34 биш, ердөө зургаан хувь болоод байна” гэсэн үг унагаж байсан
юм. Энэ үеэс Оюу толгой тойрсон маргаан эхэлж, бүтээн байгуулалтдаа дөрвөн
тэрбум ам.доллар зарцуулах гэж байсан дэлхийн хэмжээний том төсөл гүний уурхайн ажлаа зогсоохоос аргагүйд
хүртэл хурцдаж байв.
Эдийн засгийн хөгжлийн сайд болсноос нь хойш хийж байгаа ажлыг нь хараад байхад хөгжилд хэрэгтэй хэд хэдэн
төслийг онцолмоор санагддаг.
Өмнө нь яриа төдий байсан төслүүд
өнөөдөр хэрэгжиж эхлээд буй. Ази,
Европыг холбосон хурдны замын төсөл гэхэд л ажил болоод эхэлчихсэн. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд
чиглэлийн олон улсын сүлжээний хурдны зам барих аварга төслийг хэрэгжүүлэх
компанийн нэр ус тодорхой болоод байгаа. Ирэх намраас замаа барьж, монголчууд
2016 оны намар гэхэд хоёр тивийг холбосон
хурдны замаар жирийлгэнэ, тэр хэрээр эдийн засаг дээшээ дээшээ бүр
дээшээ болно гэсэн өөдрөг гэрэлтэй үг
албаныхны амнаас унах болов. Өчнөөн жил яриад, мөрөөдөөд л суусан тавдугаар
цахилгаан станцын төсөл ч дажгүй ахицтай яваа. Газраа, технологио, барих
компаниа сонгочихсон. Ирэх зунаас ажил нь эхэлчих байх гэсэн таамаг бий.
Ц.БААСАНСҮРЭН