Categories
редакцийн-нийтлэл

Төрийн албаныхан уул уурхайн тусгай зөвшөөрлүүд дээр ингэж ажилладаг гэнэ

Ашигт малтмалын хай­гуул, ашиглалтын
тус­гай зөвшөөрөл гэж  нэг үйлтэй эрх бий.
Уг нь бол зүй ёсны, хуулиар зөв­шөөр­дөг эрх л дээ. Хэн дуртай нь түдгэлзүүлж, хүчингүй
болгочихдог уч­раас үйлтэй гээд байгаа юм. Ийм зөвшөөрөл ав­сан хувийн компаниуд  эрх мэдэлтэй хэнд ч зөв­шөөрлөө булаалгуулах нөхцөлд
ажиллаж байна. Тодруулж хэлбэл мөнгөө оруулсан ордынхоо ли­цен­зийг төрд булаалга­чихдаг  нь бараг л “моод” болчихоод байна. Үүнийг баталсан
гурван жишээ хэлье. Мэргэж­лийн хяналтын байцааг­чидтай холбоотой нэг жишээ байна.
2006 онд Ашигт малтмалын хууль өөрчлөгдсөн дөө. 
Яг энэ үед мэргэжлийн хянал­тын байцаагчид 147 ли­цен­зийн эрхийг түр хуга­цаанд
түдгэлзүүлж байж. Нэмэлт тайлбар хийхэд өмнөх хууль үйлчлэх хугацаанд ашиглалтын
тусгай зөвшөөрлөө авсан  компаниудыг мэргэжлийн
хяналтынхан онилсон байдаг. Хуулийг буцааж хэрэглэсэн гэсэн үг.  Ухаан­даа хуулийн дагуу байгуулагдаад ажиллаж
байгаа компанийг татва­рын шинэ хууль гарангуут “Танайх компаниа өмнөх хуулийн үед
байгуулжээ. Одоо хууль шинэчлэгдсэн учраас өнгөрсөн жилүү­дийн татвараа нөхөж өг,
тэр болтол компанийн чинь эрхийг түдгэлзүүл­лээ” гэж байгаатай ялгаа­гүй юм болж.  Ашигт малт­малын 1997 оны хуулийг салбарынхан
нь либе­риал гэж үнэлдэг. Энэ хуулиар хүчин төгөлдөр лицензтэй л бол ямар нэг шалгуургүйгээр
ашиглал­тын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө гаргаж болдог байв.  Яг энэ дагуу хүсэлтээ гаргаад тусгай зөвшөөрлөө
авсан ком­паниудын лицензүүдийг мэргэжлийн хяналтынхан овоо хараандаа авсан хэрэг.

2006 оны хуулиар ашиг­лалтын лиценз
авах босго өндөрссөн юм. Нөө­цөө Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэ­лэл­цүүлж шийд
гэсэн заалтыг хуульд шинээр тусгаж байлаа. Босго нь өндөрссөн учраас өмнөх хуулийн
үед ашиглалтын лиценз авсан компаниу­дад нөөцөө 
батлуул гэсэн шаардлага тавихад уг нь бол болохгүй юмгүй л дээ. Гэхдээ энд
нэг “но” бий. Мэргэжлийн хянал­тын байцаагчид 147 лицен­зийг “Гурван сарын дотор
нөөцөө батлуул. Тэгэхгүй бол цуцална шүү” гэж үүрэгдээд түдгэл­зүүлсэн байдаг. Хачир­халтай
нь гурван сарын дараа 32 компаниас бу­сад нь нөөцөө батлуу­лаад лицензээ хүчинтэй
болгочихсон байдаг. Нөө­цийн тайлан бат­луул­на гэдэг тийм амар ажил биш. Гэтэл
бүхэл бүтэн 115 компани гурав­хан сарын дотор нөөцөө батлуулчихсан байдаг. Эргэж
харахаар л шийд­вэр. Бүр үүнээс ч хачир­халтай баримт бас байна. Мэргэжлийн хяналтын
нэг байцаагч 32 компанийн лицензийг цуцалчихаад 
ондоо багтаад заримынх нь эрхийг сэргээсэн бай­вал яахав. Тус газрын байцаагчид
хүчингүй бол­сон лицензийг гурав, дө­рөв, наймаар нь сэргээ­сээр байгаад бүх лицен­зийн
эрхийг сэргээсэн байдаг. Дуртай үедээ цу­цалж сэргээдгийн цаад утга нь мөнгөнөөс
өөр юу байж болох вэ? Бодох л асуудал.

Дараагийн жишээ нь бүр сонин. Хувийн
компа­ниудыг хэн ч биш гэж үзсэн хандлагын хамгийн тод илэрхийлэл гэчих­мээр үйл
явдал өнгөрсөн жил өрнөсөн. АМГ-ын  дарга
асан Батхуягийг авлигын хэргээр шалгаж шүүхээс буруутай гэсэн шийдвэр гаргаж байв.
Албан тушаалаа ашиг­лаж лицензүүд хууль бу­саар өгчээ гээд 106 ли­цензийг нэг дор
хүчингүй болгож байлаа. Шүүхээс  хүчингүй
болгосон лицен­зүүд дотор эрх шилжүүлэх маягаар лиценз авч, орд газар дээрээ хөрөнгө
мөн­гө оруулчихсан цөөн­гүй компани байсан юм. Лав л 25 тэрбум төгрө­гийн хохиролтой
34 тус­гай зөвшөөрлийн асуу­дал тухайн үед яригдаж байсан. Ийм баримт бай­сан ч
шүүх тэднийг хохи­рогч гэж үзээгүй. Яг энэ асуудлаар салбарын  яаман дээр ажлын хэсэг гарчихсан гомдлыг нь хэлэлцэж
байгаа дуулд­сан. “Ашигт малтмалын хууль өөрчлөгдөнгүүт  сон­гон шалгаруулалт яваг­дана. Тэр үед эзэм­шиж
байгаа талбайнууд дээр чинь давуу эрхтэй оролцуулна”  гэж тайвш­руулсан сураг сонсогд­сон. Хохирсон
компаниуд заргалдаж чадахгүй хү­лээгээд суугаагийн цаана ийм учир байгаа болол­той.
За тэгээд лицензээ хураалгуулсан гадны ком­паниудын хувьд өөр газар лицензтэй компа­ниуд
цөөнгүй байсан нь тодорхой. Ийм байдалд орчихсон хүмүүс хэчнээн хохирсон ч төртэй
шүүх­дэлцэхийг хүсэхгүй. Шүүх­дээд явахаар гадны хө­рөнгийн бирж дээр нэгэнт уначихаад
байгаа хувь­цааных нь үнэ гэрлийн   хурдаар
газардах учраас амаа хамхихаас аргагүй шалтгаан бас бий.  Ер нь гадны компаниуд “Хан ресурс” шиг хамаг юмаа
хураалгасан тохиолдолд л  “арбитр”-ддаг.

Сүүлийн жишээг хэлье. Хонгконгийн
хө­рөн­гийн биржид бүрт­гэлтэй “Топ лаки” “Хөх толбо бут” гээд компа­ниудын лицензийг
ҮАБЗ-өөс албан тоот ирсэн гээд цуцалчихсан. Яг ямар шалтгаанаар цуцалж бай­гаа юм
бэ гэдгийг со­нирхсон компанийн удирд­лагууд “нууц” гэсэн ганцхан үг сонсчээ. Нууц
гэсэн тайлбараар хэч­нээн лиценз ч цуцлагдаж 
магадгүй нь гэсэн бол­гоомжлолыг учир мэдэх улс хэлж байна лээ. Яа­гаад үндэсний
аюулгүй байдалд нөлөөлж бай­гааг товч тодорхой хэл­чих­дэг бол ийм болгоомж­лол
төрөхгүй л дээ.                                   

Лицензээ хураалга­сан компаниуд одоо
шүү­хээр явж байгаа гэсэн. Улсын дээд шүүхийн за­хиргааны хэргийн тан­химд гомдол
гаргах л үлд­сэн дуулдсан. Хөвс­гө­лийн Бүрэнхааны фос­форитын ордын нэг хэсэг дээр
лиценз эзэмшдэг байсан юм билээ. Долоо, найман хэсэг газарт лиценз олгосноос нэгийг
нь иргэний хөдөлгөөний эсэргүүцлээр цуцалсан байдаг. Одоо хоёр нь цуцлагдах тийшээгээ
ханд­чихаж. Бүрэнхааны фосфоритын ордыг ашиг­лавал Эрдэнэтэд зэс хайлах үйлдвэр
бари­хад асуудалгүй гэж сал­барынхан ярьдаг. Учир нь зэс хайлуулах үйлд­вэрээс гарах
хүхрийн хүч­лээ яах вэ гэдэг том асуу­дал эртнээс яригдсаар энэ цагтай золгосон.
Хэр­вээ Бүрэнхааны ордыг ашиглаад эхэлбэл хүх­рийн хүчлийг тэндээс га­рах хүдэртэй
нийлүүлээд супер фосфорит гэдэг мундаг бордоо гаргаж авах юм билээ. Газар тариаланд
ашиглах зо­риу­лалттай ийм бордоог экспортлоход ямар ч асуу­далгүй борлуулна, тэр
хэрээр олох мөнгө ихэснэ гэсэн тооцоог аль хорин жилийн өмнөөс “Зэс” хөтөлбөр яригдах
үед гаргаж байсан гэдэг.  Хэн нэг эрх бүхий
албан ту­шаалтан ямар нэг үндэс­лэл гаргаж лиценз цу­цалдаг жишиг тогтсоныг сая
дурдсан гурван жи­шээ­нээс харчихаж боло­хоор байна.      

Хайгуулын лицензийг  дээд тал нь есөн жилээр өгдөг. Энэ хугацаанд нөөцөө
тогтоочихсон бол ашиглалтын тусгай зөв­шөөрөл авах эрх нь нээгд­дэг. Ашиглалтын
зөв­шөөр­лөө 30 жилийн хуга­цаагаар авдаг. 
Дараа нь хорин жилээр хоёр удаа сунгаад нийтдээ 70 хүр­тэл жилээр ашиглах
эрхээ сунгуулж болдог. Саяын хэлсэн тоонуудыг хүртэл гэдэг үг дагадаг. Гурван хүртэл
жил хайгуулын лиценз олгоно гэдгийн ард  нэг
сар, гурван сар, нэг жилээр олгож  болно гэсэн
санаа бий, эрх дарх­тай албан тушаал­тан үзэмжээрээ хугацааг нь тогтоох боломжтой
гэсэн үг. Уг нь  эрх гэдэг өөр ойлголт. Олгох
хуга­цаа, дуусах үе, цуцлагдах үндэслэл нь тодорхой юмыг л эрх гэж хуулинд онцолдог.
Гэтэл ашигт малтмалын  хайгуул, ашиг­лалтын
тусгай зөв­шөөрлийг эрх гэж ойлго­ход хэцүү болсныг хуу­лиас харчихаж болно. Ашигт
малтмалын 1997 оны хуулинд эрхийг гур­ван үндэслэлээр цуцал­даг байж. 2006 онд  энэ үндэслэл тав болж өсчээ. 1997 оны үндэслэл
нь объектив шинжтэй, хэн ч маргахааргүй үндэслэ­лүүд байсан гэж салба­рынхан онцолдог.
Та төл­бөрөө төлөөгүй байна, та эрх зүйн чадамжаа алдаж дампуурчээ,  таны талбайг бид нөөцөд авлаа, оронд нь нөхөн
олговор өгье гэдэг байж. 2006 оных харин арай өөр. Хайгуулын ажлын зардлын доод
хэмжээг га тутамд яаж гаргаснаар нь тооцоод хөрөнгө мөнгө зараагүй бол цуцална гэсэн
заалт  бий. Зах зээл хүндхэн байсан учраас
чи бага мөнгө заржээ гэж өршөөх юм байхгүй. Ин­гээд ирэнгүүт компаниуд худлаа тайлан
бичээд эхэлдэг гэнэ. Нэг тайланг нөгөө тайлан руугаа хуулж бичээд л аваачаад өгчихнө.
Энэ тохиолдолд  мэдээллийн төв худлаа, хулхи
тайлангаар дүүрэх  эрсдэлтэй. Нэг талаас нь
харахад шахалтын арга хэрэглээд байгаа мөрт­лөө нөгөө талаас нь харахад буруу мэдээлэл
цуглахад хүргэсэн арга болсныг компанийнхан нуудаггүй. Эрхээ шил­жүүлж болохгүйг
хуулиа­раа заачихсан. Ийм хориг тавингуут компаниа шууд худалддаг болсон. Компанийн
нэр нь өөрч­лөгдөөгүй учраас лиценз худалдсан үгүйг мэдэх боломжгүй болно гэсэн
үг. Хаалт бүрийн цаана ийм асуудал нуугддагийг өчнөөн жишээгээр тайлбарлаж болно.  

Уг нь хугацаа нь то­дорхой, цуцлах
үндэслэл нь бодитой, эрхээ бусдад шилжүүлэх эрх нь либериал байхыг л олон улсын
хуулийн нэр томъёонд эрхийн батал­гаа гэдэг. 
Харамсалтай нь ирэх жилүүдэд   эдийн
засгийн хөгжил ямар байхыг тодорхойлох уул уурхайн салбарт ажил­лаж буй компаниудад
тэр баталгаа нь алга. Уг нь уул уурхайн салбарынх­ны энэ эрх Ашигт малт­малын хуульд
заасан үндэслэлээр цуцлагдах учиртай. Гэтэл аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
хууль энэ салбарт үйлчлээд бай­гааг дээр өгүүлсэн мэр­гэжлийн хяналтын бай­цаагчийн
шийдвэрүүдээс харж болно. Энэ хуулинд тусгай зөвшөөрөл эзэм­шигчид хууль  дүрэм зөрч­вөл эрхийг нь  гурван сараар түдгэлзүүлнэ гэсэн заалт байдаг
юм. Ингээд л хэн нэг байцааг­чийн үзэл бодол, өнгөөр  “хүчингүй болгосугай”, “эрхийг сэргээсүгэй”  гэдэг тогтоолууд үйлдэгддэг.

Ашигт малтмалын хуульд  өөрчлөлт оруулах асуудал ид яригдаж буй энэ үед
тусгай зөвшөө­рөл тойрсон энэ асууд­лууд яах аргагүй эргэж харахаар л өнцөг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Халхын Эрдэнэ Зая бандида Лувсанданзанпүлжинжигмэд: Далай багшийн нулимс нь цийлэгнээд “Зая гэгээн мөн байна” гэж хэлсэн

Зая гэ­гээ­ний арван­тав­ду­гаар
ху­вилгаан Лувсан­дан­зан­пүл­жин­жигмэдтэй ярилц­лаа.

 
-Далай лам таныг Зая гэгээнээр
тодруул­сан. Таныг хувил­гаанд тодруулах айлт­галыг 1999 оноос өмнө өгч байсан гэл
үү?

-Хутагт хувилгаадыг тодруулах
арга олон янз  л даа. Хувилгааныг тод­руу­лахаар
1989 онд Да­лай багшид айлтгал өргөж байсан юм билээ. Нутгийн сүсэгтэн олон, шавь
нар, лам хуврагууд Зая гэгээний дүрээ тод­руулъя гэж Далай багшид олон удаа заллага
айлд­сан байдаг. Ингэж айлд­саны дагуу ном ёсоороо би хуврага болсон. Миний бие
1972 оны нэгдүгээр сарын 18-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвд аав Самбуу,
ээж Цэрэнлхам нарын отгон хүү болон мэндэлсэн.

-Таныг 1600 гаруй хүүх­дээс
шигшигдэн тодорсон талаар уншиж байсан юм бай­на. Та хувилгаанаар тодор­сон үеэсээ
ном заалгаж эхэл­сэн үү. Тэр үед хэд­тэй байсан бэ?

-Тиймээ. 1600 гаруй хүүхдээс
тодорч байсан гэдэг. Би тэр үед 29 нас­тай байлаа. Залуу, тэгээд энгийн хар хүн
байсан болохоор тийм мэдээ сон­соод балмагдсан л даа. Хэн ч гэсэн тэгж хү­лээж авах
байсан болов уу. Гэхдээ урьд урьдын ерөөлийн буян гэдэг учир­тай сайхан юм билээ. Тэр үед Чой хамба, Дамба­жав гуай нар очиж бай­лаа. Олон сайхан хуврага очсон
доо.  Хутагт хувил­гаан хүн гэгээрч олон түмний
өмнө ил гар­на гэдэг бишрэлтэй сай­хан үйл явдал. Буян ном шин­гэнэ гэдэг сайхан
мэд­рэмж. Сүсэгтэн олныхоо  хайр ивээлийг
дааж явах­сан гэж бодож байлаа. Энэ олон хүн надад сүсэг бишрэлээ даатгаж яваа юм
чинь хичээх ёстой гэдгийг ухаарсан. Хувил­гаанаар тодорсон цагаа­саа номонд хичээж
нут­гийн гавж Ц.Отгон­баяраар төвд үсэг заалгасан.

-Өмнөх дүрүүдийг тодруулсан
түүхүүд их сонирхолтой байдаг. Жишээ нь эд юмаа таниад авч байсан дүр ч бий. Таныг
Далай багш тодруулсан гэдэг. Яг яаж тодруулсан юм бол?

-Дүр тодруулах
арга олон янз  гэж түрүүн хэл­сэн шүү дээ.
Зарим нь эдэлж хэ­рэг­лэж байсан юмаа­раа тодрох нь бий. Намайг Далай багш тод­руулсан.
Монгол орны аль нутагт нь төрсөн бай­на гэдгийг нарийн шин­жилж байж тодруулсан
байдаг. Далай багш маань Архан­гай гэдэг газар Заяын хүрээний тэр хавьцаа тийм төрөх
эмнэ­лэгт мэн­дэл­жээ гээд тог­тоосон байдаг юм. Түү­нээс биш ганцхан шоо хаяад
хойд дүр нь тэр бай­на гэдэг зүйл биш л дээ.

-Бүр тийм хүний хүүхэд
гэд­гийг хүртэл тодруулсан байх нь ээ?

-Хуучин Заяын хүрээний газар
нутаг олгой хэлбэртэй байсан юм билээ. Тэр хэлбэр бүхий газрыг хэдэн хэсэгт хувааж
шинжлээд хийдийнхээ ойролцоо тийм газрын эмнэлэгт ямар хүний хэд дэх хүүхэд болж
төрснийг нь хүртэл зураад гаргаад ирсэн хэрэг.” Мэндлээд хорин есөн жил болсон ч
гэсэн энэ хүний эрдэм  бичиг ном үзээд ирэхээр
аяндаа сэргэнэ” гэсэн  юм билээ.

-Гэнэтхэн л олон хүн Зая
гэгээ­ний хойт дүр байна гээд ороод ирэхээр яг ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Өмнө нь хэлсэн дээ. Сандарч
гайхсан тал бий гэж. Цаг хугацаа нь болсон учраас тийм айхавтар цоч­рол, сандрал
бол мэдрэгдээгүй. Ингэх буян надад байжээ, олон түмний итгэл даах хувь заяа байжээ
гэж бодож залбирч байсан даа.

-Таныг Далай багшид мөргө­хөөр
Энэтхэгт морилоход Далай багш хэрхэн угтаж авч байв?

-Энэтхэгийн газар бүрээс, Гомон,
Сэра, Лосолин, Гандан гэх мэт олон газраас заллага айлтга­сан учраас Далай багшид
бараал­хахаар очиж байлаа. Далай багш нулимс нь цийлэгнэж хүлээж аваад “Зая хувил­гаан
мөн байна” гэж хэлсэн. Тэр үед хувилгааны тамгыг гардуулж өгсөн дөө. 700 гаруй хувилгаадынхаа
дээрээс нь гуравт залж, дэлхийн бурхан шашны гурван том сургуу­лийн нэг болох Сэра
жэ дацанд шавилахыг санал болгосон юм.  Тусгайлан
бэлтгэсэн байранд шави­лан сууж эрдэм номонд суралцаж байгаад эх нутаг­­таа ирсэн.

-Ирээд Гүшиг дацангаа
бай­гуул­сан уу?

-2006 онд Монгол нутагтаа ирээд
Улаанбаатарт Гүшиг дацан­гаа байгуулж шавь нарын хамт хурал номоо хурах болсон.
Дацан байгуулах болсон минь цаанаа учиртай. 
Монголынхоо ард түмний сайн сайхны төлөө үлдэх юм хийх ёстой гэж бодсон юм.
Манай Заяын хүрээ хэзээнээсээ л нийт Монго­лын­хоо ард түмний сайн сайхны төлөө
үйл хийж байсан.  Хутагт хувилгаад нь заавал
нэг зүйл үлдээж байсан. Дээр үеэс өвөг дээдэс маань бурхан шүтээнээ үр хүүхдэдээ
өвлөж үлдээж байсан шүү дээ. Тэрэнтэй л адил.

-Тасганы овоог сонгосон
шалт­­­гаан нь юу вэ?

-Тасганы овоо бол адис жанлав­­тай
сайхан газар. Энэ газрыг нэлээд эрт сонгож хэдэн жил хөөцөлдөж байж бүтээсэн юм.
Зая гэгээний Гүшиг дацанг байгуулна гэсэн санаа нэ­лээд эрт төрсөн гэсэн үг. Мон­голынхоо
ард түмэн сүсэгтэн олонд  хувилгааны хийд
орон байгуулагд­сан шүү гэж зарлая, буян ном хурсан сайхан газар бий болгоё гэж
бодоод л зүтгэсэн хэрэг. Богдын музей, Чойжин ламын сүм музей шиг  үлдэцтэй сайхан юм бүтээе гэсэн зорилгоор хандсан. 

-Гүшиг гэдэг нэрийн утга
нь ….?

-Энэ нэрний агуулга их учиртай.
Дээр үед манай Заяын хүрээ олон дацантай байсан. Гүшиг бол тэд­ний нэгнийх нь нэр.
Зая гэгээний дэргэдэх гэсэн утгатай юм. Би өөрөө байгаа учраас дэргэдээ сүм байгуулъя
л гэсэн санаа.

-Таны барьж бүтээе гэж
зорьж буй сүм хэзээ сүндэр­лэхээр байна?

-Энэ жил сүндэрлүүлээд  дуус­гана даа гэсэн бодол байгаа. Маргаашийн
(өнөө­дөр) хурал дээр энэ талаар нарийн хэлж тайл­барлая гэж бодож байна. Ер нь
манай ард түмэн их сайхан дэмжиж бай­гаа. Ард түмэн минь их бага гэхгүй хувь нэмрээ
оруулаад зүтгэ­вэл дэм дэмэн­­дээ дээс эрчин­­дээ гэдэг шиг болно доо гэж л бодож
суу­на.

-Далай багш мон­гол­чуудын
талаар ямар айлдвар хэлдэг байсан бэ?

-Далай багш маань Монголчууд
төвд хоёр ах дүү юм шүү гэж үргэлж хэлдэг юм. Халхчуудыг маш их эрдэмтэй номтой
улсууд гэж ярина. “Тэр дундаа Зая бандид бол их ном үзсэн буянтай хүн шүү” гэдэг
бай­лаа. “Монгол  хүн энд хамбаар сууж байсан.
Биднийг хэцүү үед халхчууд их тусалсан шүү. Тийм болохоор хожим хойчийн дүрүүдэд
нь  их дэм болж, өргөмжилж явах учиртай юм
аа” гэж айлддаг байв.

-Та ойрдоо Далай багшийн
айлдварт суусан уу?

-Би багшдаа залбирч айлдва­рыг
нь байнга сонсохыг хичээдэг. Монголынхоо 
ард түмэн сүсэгтэн олноо даатгаж залбирдаг юм аа.  Энэтхэгт сурч байхдаа олон шав­дан ном хуруулсан.
Далай багш маань ч монголчуудад их таалал­тай. Сая өвлийнх нь айлдварт  хурал ном нямбатай байгаад очиж амжсангүй. Шинийн
10-нд явах гэж байгаа. Монголынхоо ард түмнийг тэр сайхан номонд нь даатгаж  биширч очно доо. Далай багш хоёр, гурван өдөр номын
айлдвар­тай байгаа. Тэр үед нь залбираа­рай гэж сүсэгтэн олондоо танай сониноор
дамжуулан хэлье.

-Зая гэгээний  өмнөх дүрүүд Энэтхэг, Төвд Монгол гэсэн гур­ван
газрыг дамжин мэндэлсэн.  Өмнөх дүрүүдээс
танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн дүр гэвэл…?

-Миний малгайны залаан дээр гурван
эмжээр байдаг нь гурван газар дамжин мэндэлсэн гэсэн учиртай. Миний урьд дүр болох
анхны Лувсанпэрэнлэй гэгээний   өссөн төрсөн
газар, тэр хүний ач буянаар  энэ олон сайхан
дүр нь  хувирсан билээ. Тэгэхээр тэр хүний­­хээ
бат оршилд залбирч явдаг хүн дээ би.

-Таны өмнөх дүр гэхэд
л бага­даа “Би Зая гэгээн байна”  гэж хэлж
байсан гэдэг. Таны хувьд багадаа янз бүрийн зүйл мэдэрч байв уу?

-Их сүсэг сайтай л хүүхэд бай­сан.
Олонд тустай байхсан гэж үргэлж боддог байсан нь ийм утга учиртай холбоотой байх
гэж өнөө боддог юм. 

-Хаврын тэргүүн сарын
шинийн есөнд болох шашны цэнгүүнийг ямар бэлгэдэл агуул­гаар хийж байгаа вэ?

-Морин жил их сайхан гар­лаа.
Сар шинэ маань өргөн дэлгэр төгөлдөр сайхан болж байна. Зон Мон­голын­хоо ард түмэн,
сүсэгтэн олонд бэлгэ дэмбэрэлтэй шинийн наймны (өчигдөр) өдрийн мэндийг хүргэе.
Маргааш шинийн есөн (өнөөдөр). Энэ өдрийн орой бид Буянт-Ухаагийн спорт цогцол­борт
бурхан номын шашны цэнгүүн хийх гэж байна. Тэнд сүсэгтэй сайхан улс очицгооно. Тэгэхээр
их сайхан буян хурсан арга хэмжээ болно гэсэн үг. Олноороо хураасан буян оломгүй
далай гэдэг. Тэнд очсон хүн бүхэн буян хишгийн даллага, нас буяны авшиг, маа­нийн
лүмбэн авна. Даган баясч буян хишгээ арвижуулах хамгийн таатай үеүдийн нэг дээ.
Монголын ард түмэнд морин жилдээ ямархуу засал, ном байна тэр бүхнийг  бэлгэ дэмбэрэлтэй өдөр буулгаж байгаад хурж өгнө.

-Монголын ард түмэндээ
хан­даж хэлэх айлдвараа манай сониноор дамжуулан хэлнэ үү
?

-Монголчууд маань эрт дээр цагаас
сүсэг бишрэлээ гээлгүй өнөөдрийг хүрсэн ард түмэн. Хутагт хувилгаадынхаа айлдвар
номыг үеэс үедээ уламжлан хүнд­лэн сонсч ирсэн ухаантай улс. Газар холддоггүй гэдэг
утга учир­тай үг бий. Далай багш маань сайхан айлдварууд хэлдэг. Эндээс Далай багшдаа
залбирахад л буян хишиг нь ирнэ. Миний монголчууд олон хутагт хувилгаадад даатгагд­сан
буянтай түмэн. Ер нь сайн юмны төлөө сэтгэл гарган зүтгэхэд л сайхан амьдрах учир
нигууртай. За тэгээд шүтээндээ залбирч, өвөг дээдсийнхээ залж ирсэн бухан тахилаа
дээдэлж, өв уламжилж ирсэн багш шавийн барилдлагыг бат бэх авч явж, эе эвийг хичээсэн
цагт зон олноороо амар жаргалтай байх болно.

-Та буяны өөр ямар үйл
ажил­ла­гаа явуулж байгаа вэ?

– Архангай аймаг болон хөдөө
орон нутаг руу чиглэсэн бурхан шашны олон үйл ажиллагаа явуулж байна. Галданзуу
хийдийг сэргээн засварлаж, Арын хангайчуудын их шүтээн Зуу бурханыг бүтээн зал­лаа.
2010 онд Монгол орныг гал, ус, газар, салхины хорлолоос хамгаалахын тухайд дөрвөн
сув­ра­гыг баруун, зүүн, урд, хойд хил дээр бүтээлгэсэн. Цаашдаа ч Монголын­хоо
зон олны төлөө буян номын үйлээ идэвхтэйгээр үргэлжлүүлэх болно.

 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Гэрийнхээ гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ

Рэнцэн хүүгийн аав, ээж

Оны өмнөхөн, арван­хоёр­дугаар сарын
30-ны орой Р.Түмэнжаргалын утас дуугарчээ. Утсаа хар­тал ахынх нь охины ду­гаар
байв. Утсаа аван­гуут дүү охин нь баяр­ласан дуугаар “Агаа Рэнцэн ороод  ирчихлээ. Та ма­найд хүрээд ир” гэж  хэ­лэв. Зургаан жилийн өмнө алга болсон хүү­гийнхээ
нэрийг сон­соод шоконд орно гээч л болжээ. Хариу хэлэх гэтэл  дуу нь гар­сан­гүй. Гэгээн цагаан өдөр дэлгүүр
оро­хоор хашаа­наасаа гүйж гараад алга болсон хүү нь дүүгийнд нь ирсэн гэсэн баяртай
мэ­дээнд итгэ­сэнгүй. Дэмий л “Ингэж худлаа ярьж бол­дог юм уу. Миний хүү яалаа
гэж ингээд хүрээд ирэх вэ дээ. Үнэхээр ир­сэн гэж үү. Чи сайн хар даа, яг мөн бай­на
уу. Яа­хаа­раа, хаанаас яаж ир­сэн юм бэ…” гэж үгээ давх­цуулан хэлээд утсаа сал­гачихжээ.
Утас нь дахиад л дуугарлаа. Энэ удаа Чимэддолгор утсаа авав. Хүүгийнхээ сургийг
сонс­сон ээж сан­дарч бал­­магд­­сандаа мөн л юу ч ярьж чадсан­гүй. Хадам дүүгээ
“Хүүтэйгээ ярь даа. Би утсаа Рэн­цэнд өгөөд­хөе” гэж хэлэ­хийг сонс­сон хэрнээ дуу
нь гарсан­гүй. Хүүгээ амьд мэнд хүрээд ирсэнд баяр­ласан бүсгүй ханьтайгаа адил
түг таг гэсээр утсаа тавьжээ. Түмэнжаргалын нү­дэнд нулимс ций­лэг­нэж, хувц­саа
хайн гэртээ хойш урагш алхаж байж. Чи­мэд­­долгор харин нулимс дусаасангүй. Хүү­гээ
алга болсон өдрөөс хойш тог­лож байгаад орхисон тог­лоо­муудыг нь харж,  зур­гийг нь ширтэж, хувц­сыг нь үнэрлэж уйлж суу­саар
нулимс нь ч гарахаа боль­сон гэнэ. Түүн­тэй өчиг­дөр уулза­хад ингэж хэлсэн юм.
“Их уйлаад байхаар нулимс хүртэл барагддаг юм билээ. Хүү­гээ анх хараад ч нулимс
унагаа­гүй. Амьд мэнд ирсэн нь яамай даа гэс­нээс өөр бодол орж ирэх­гүй бай­сан”
гэж  яриад инээмсэг­лэж бай­лаа. Рэн­цэн хүү
долоон жи­лийн өмнө алга болжээ. Улс даяар эрэн сурвал­жилсан ч өчнөөн жил олдоогүй
хүү нь гэнэтхэн өөрөө ороод ирж. Ингээд үйл явдал хэрхэн өрнөс­нийг гэр бүлийнх
нь бо­лон хүү­гийн яриаг үндэс­лэн сийрүүлье.

2008 оны наймдугаар сарын 12-ны нартай
дулаахан өдөр Рэнцэн хүү дүүтэйгээ гэртээ үлджээ. Аав нь  усанд явчихсан, харин ээж нь тэр өдөр ажлаасаа
ирээгүй байж. Арван нэгэн настай хүү зургаан настай охин дүүгээ харах албатай үлдсэн
ч гэртээ удаан байж тэссэнгүй “Агаа нь одоохон гоё юм аваад ирнэ ээ. Хүлээж байгаарай”
гэж хэлээд ха­шааныхаа хаалгаар харай­гаад гарч. Дэлгүүрээс чихэр ав­чихаад гараад
гүйтэл хажууханд нь нэг машин зогсож хүүг дууджээ. Нэг залуу машины хагас онгойсон
хаалгаар цухуйж “Миний дүү суучих. Ах нь энүүхэнд нэг айлаар ороод гэрт  чинь хүргээд өгчихье” гэж хэлэхэд  нь хүү хэдэн алхам ухраад “Ахаа би өөрөө гэртээ
орчихноо. Манайх энүүхэнд” гээд буцаж гүйх гэжээ. Өнөөх эр амттан харуулж “Миний
дүү энийг ав, ах нь ердөө энүүхэнд нэг айлд оччихоод гэрт чинь хүргээд өгчихнө өө”
гэж хэлээд инээмсэглэхээр нь  итгээд суучихаж.
Машин дотор өөртэй нь чацуу бололтой  хоёр
хүү сууж байжээ. Хүү үеийнхээ хөвгүүдтэй зэрэгцэн суусан байна. Танихгүй ах нар
ойрхон айлд биш бүр хотоос гараад жирийлгэж гарчээ. Угийн сэргэлэн хүүд салхи татуулан
хурдлах машинд үеийн хоёр хүүтэй зэрэгцэж суугаад цонхоор харж явах сонирхолтой
санагджээ. Хүүг ойр дотнынхон нь “Манай Рэнцэнгийн сэргэлэн нь дэндчихгүй бол мундаг
хүн гарна даа” гэж өөр зуураа  ярьцгаадаг
байж. 

Машин хурдлан явсаар хотоос зайдуу
нэг хогийн цэг дээр очсон байна. Өнөө сайхан ааштай ахын зан хувирч “Бууж хог түү”
гэж зандарчээ. Айж сандарсан хүүд үгийг нь дагаж буухаас өөр зам байсангүй. Саяхан
л дүүдээ амттан өгөхөөр гэр рүүгээ харайлгаж явсан хүү хог түүхээр машинаас урамгүйхэн
буужээ. Өнөө хоёр хүү ч дагаад буусан байна. Хог түүх муухай санагдсан ч өвөө, эмээдээ
ажилсаг гэж маг­туулдаг  хүү танихгүй ахын
тушаа­лыг үг дуугүй биелүүлжээ. Хүү үеийн хоёр жаалтай хамт  хогийн цэг дээр хоёр хоножээ. Танихгүй ах нар
машинтайгаа холоос ажиж байж. Хог түүж байгаад гараа зүс­чихжээ. Ээж нь байсан бол
уйлахаар их өвдөж байсан ч ааштай ах нарт заг­нуулах­гүйн тулд нулимсаа хан­цуйгаараа
шударчихаад чимээ­гүйхэн бөхийн хог түүж гарчээ. Хоёр хоногийн дараа хүү хүнд ажлаасаа
арай­хийн салжээ. Өнөөх танихгүй хүмүүс хүүг машиндаа суулгаад замд гарсан байна.
Машин Рэнцэнгийн гэр байгаа хотын зүг биш хөдөө тийш хурдалжээ. Ингэж явсаар хар
замаас салж шороон зам руу орж. Балчир хүүгийн сэтгэлд гэртээ ганцаараа үлдсэн дүү
нь л бодогдож байжээ. Хүүгийн суусан машин удаан явсны эцэст нэг айлын гадаа зогсссон
байна. Урд суудалд суусан танихгүй ах Рэнцэнтэй зэрэгцэж суусан хүүг  буулгаж нөгөө айл руу дагуулан орж хэсэг зуур
байснаа ганцаараа гарч иржээ. 

Хүүгийн суусан машин дахиад л тоос
татуулан давхисан байна. Удсан ч үгүй дахин нэг айлын гадаа ирж, хоёр хүүг буулгажээ.
Ингээд хоёр хүү танихгүй айлд үлдэх нь тэр. Эмээ, өвөө  шиг нь хоёр хөгшин хүүг хооллож ундлаад унтуулсан
байна. Айлын эмээ үүрээр таван цагт хоёр хүүг дуудан сэрээжээ. Наймдугаар сарын
хяруу буусан жиндүү өглөө сэрсэн хоёр хүү малын хороо цэвэрлэжээ. Зуны сүүл сарын
наран гэрэл цацруулан мандах үед хөвгүүдийн нэг нь  үхэр тууж, нөгөө нь хонь хариулах ажилд томилогджээ.  Эхний жил нь үеийн хүүтэй цуг байсан болохоор
уйдах зав гардаггүй байж. Өдөржин хонь хариулчихаад орой ирж өнөө хүүтэйгээ  тоглоно, хамтдаа унтана, өөр зуураа шивнэлдэж
ярина. Гэтэл найз нь орой болгон орондоо шээдэг болжээ. Сүүлдээ хоёр хөг­шин хүүг
орондоо шээгээд байна гээд хот буцаасан байна. Ингээд Рэнцэн ган­цаараа үлдсэн аж.
Өглөө хар үүрээр сэрж хөрзөн цэвэрлэнэ, үхэр тууна, тэгээд хониндоо гарна, орой
хониноосоо ирээд тугал татаж өгнө, хоолоо 
иднэ, унтана. Хүүгийн  амьдралын нэг
өдөр ийм хэмнэлээр өнгөрч байж. Малд дөртэй болоод ирэнгүүт нь үнээ саах ажил давхар
иржээ. Хөдөө газар тоглож наадах хүүхэд бараг үгүй. Өдөржин л мал дагана. Амь­дардаг
айлынх нь зээ хүү амрал­таараа хотоос ирж ажилд нь туслал­цан тоглож наа­дахад хүү
чин сэтгэлээсээ баяр­лаж хөөрдөг байжээ. Бас нутгийн морь хурдлуулдаг хүмүүсийн
мо­рийг наадмаар унахдаа жигтэйхэн хөөрдөг байж. Эхний жилд орондоо орохдоо л ээжийгээ
бодож чи­мээгүйхэн уйлдаг байснаа сүүлдээ байгаа айлынхаа эмээ, өвөөд дасаж гэрээ
санах нь арай л багасчээ. Гэхдээ л бяцхан зүрх­нийхээ гүнд аав, ээж, дүүгээ санасаар
байж. Өвөл зунгүй явган хонь дагах хүүд зуны хүйтэн бороо чангахан даваа болдог
байж. Хүйтэн бороонд норсон дээлтэй чичрэхийн зовлонг яс махаараа мэдэрдэг байжээ.
Хүүг аав ээжийнх нь өгсөн нэрээр биш  Баяраа
гэж дуудна. Нутгийн хүмүүс  ч энэ нэрээр нь
андахгүй, “Манай Баяраа ч айхтар ажилсаг хүү шүү” гээд ам сайтай байсан гэнэ.

Таван намар, таван өвөл, таван хавар,
таван зун өнгөр­чээ. Нэгэн өдөр хүүгийн амьдардаг айлд хот явна гээд нэг ачааны
тэрэг иржээ. Рэнцэн “Хот явах машин таарлаа ашгүй, гэртээ очъё байз. Өвөө, эмээ
хоёрынхоо хашаанд гүйгээд очно доо” гэсэн бодол төрж шуудхан л тэвшин дээр нь харай­гаад
гар­чихаж. Ачааны машины тэвшин дээр сууж байсан хүү “На­майг мэдчих вий дээ. Энэ
машин хурдан хөдлөөсэй” гэж залбирч суужээ. Удсан ч үгүй жолооч  кабиндаа сууж ма­шинаа асаах агшинд хүүг айлын
хүн олоод харчихсан гэнэ. Ингээд  гэр рүүгээ
явах оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Байнга аав, ээжийгээ ярих болсон хүүг айлын
хоёр хөгшин анзаарсан бололтой “Тэгж байгаад хот орж аав, ээжийнх нь сургийг гаргаж
паспортыг нь авч өгнө өө” гэж ярихаар нь Рэнцэн битүүхэндээ догдолж тайвширдаг байж.
Оргох гэж байгаад баригд­санаас хойш нэг жил өнгөрчээ. Шинэ жилийн өмнөхөн өвгөн,
эмгэн хоёр зээ хүүгээ хот руу явуулахдаа Рэнцэнг “Дандаа мал дээр байдаг юм. Хот
орж  ёолкдоод ир” гэж хамт  явуулжээ. Хот руу дөхөх тусам  хүүгийн сэтгэлд “Өвөөгийнх Ган­дан­даа байгаа
болов уу. Одоо очвол ч би олно доо” гэсэн бодол эргэлдэж байсан гэнэ. Хэдэн жил
хамт­даа байсан үе насны хүү Рэнцэнг хотод авчрангуутаа PC тоглохоор хамт  гарчээ. Хүүгийнх  “Өргөө” кино театрын хажууханд болохоор Рэн­цэнд
Гандан орох тийм ч хэцүү биш байж. Өнөө­хийгөө PC тоглох зуур тэссэнгүй гараад явчихаж.
Өвөөгийнхөө хашаанд иртэл яг л тэр янзаараа харагджээ. Хашаагаар нь орж хаалгыг
нь таттал цоожтой байж. Гандан хавиар жаал явж байгаад оройхон өвөөгийнхөө хашаанд
эргэж иртэл хүн ирсэн бололтой яндангаас нь утаа баагиж  харагдсан байна. Ороод очтол аавынх нь ахынх нь
дүү бүсгүй дуу алдан угтжээ.

Энэ баярт явдал тохиохоос долоон жилийн
өмнө, хүүг алга болсны дараахан аав, ээж, ар гэр нь ёстой л цээжний махаа барж байж.
Түмэнжаргал усаа аваад иртэл охин нь гэртээ ганцаараа уйлчихсан сууж байжээ. “Ах
нь яасан” гэж асуутал “Дэлгүүр яваад ирнэ гэсэн” гэж. Эхэндээ ч муу юм бодсонгүй.
Хоёр, гурван цаг болон­гуут сандарч эхэлжээ. Ээж рүү нь утасдтал тэр дороо ажлаасаа
хүрээд ирсэн гэнэ. Ингээд л хамаатан саднаараа гурван хоног онгорхой цоорхой бүхнээр
хайжээ. Асрам­жийн газар, хүүхдийн хаяг тогтоох төв, орц, хонгил, траншей, PC тоглоомын
газар гээд яваагүй газар үлдээгүй гэдэг. Гурван хоногийн дараа цагдаад мэдэгдэж
орон даяар эрэн сурвалжлаад ч хүүгээ олсонгүй гэнэ. Хайртай хүүгийнх нь сураг огт
гараагүй аж. Аав, ээжийнх нь горьдлого тасарсангүй, хүүгээ цөхрөлтгүй хайсаар байж.
Тү­мэн­жаргал сав л хийвэл гудамжаар алхдаг ажилтай болжээ. Муухан хувцастай, хүүтэй
нь нуруу чацуу хүүхэд харахаараа л гүйж очиж хардаг байж. Он жилүүд өнгөрсөн ч траншейний
хүүхдүүд дунд хүүгээ хайсаар байжээ. “Миний хүү чинь их сэргэлэн шүү дээ. Тийм хүүхэд
буруу хүүхдүүдтэй нийлээд явчих­вал хэцүү хүн болно” гэж бодож траншей хавиар байнга
эргэлддэг болжээ. Сүүлдээ траншейнийхан ч ан­дахаа больж. “Та хүүгээ олсон уу” гэж
асуудаг болсон гэнэ. Р.Түмэнжар­гал хүүгээ эрж аймгуудыг бараг л гүйцээжээ. Хүүгээ
хайсан аавын сэтгэлийг зөөллөх гэж уулзсан хүмүүс нь шил юм гаргадаг байжээ. Ингэсээр бор
дарсанд нэлээд оржээ. Хүүтэйгээ уулз­санаас хойш харин сэтгэл өөдрөг сайхан байгаа
аж.

Хүүгийн аав, ээж, ах дүү­дээ ярьсан
яриаг сонсоход ийм  явдал болж. Манай сонин
маргаашийн дугаар­таа хүүгийн малыг нь хариулж байсан айлын хөгшидтэй хийсэн ярилцлагыг
хүргэх болно. 

Ингээд хүүгийн аав Р.Түмэнжаргалтай
хийсэн ярилцлагыг хүргэе.

-Хүү нь хөдөө явсан гэв үү?

-Тийм ээ, манай эхнэрийн дүү Өвөрхангайд
мал дээр байдаг юм. Мянгат малчин мундаг залуу бий. Тийш нь явуулчихлаа. Паспортыг
нь авч өгөх гээд хөөцөлдөөд явж байна. Миний хүү чинь арван нэгтэй алга болоод арван
найман нас хүрээд буцаж ирж байгаа юм. Их сайхан өсчээ.  Тэр хоёр буурал хүүг минь малын дөртэй сайн хүн
бол­гож өсгөжээ гэж бодож сууна.  Эндээ сургууль
соёлын мөр хөөсөн бол өөр байж болох байсан байх л даа. Гэхдээ одоо юунд нь санаа
зовох вэ. Мал дээр гарахад сайхан л амьдрахаар болж. Ээж нь эрүүл саруул эргээд
ирсэнд нь л баярлаад байгаа.

-Хүүгээ ингээд гэнэт ороод ирнэ
гэж бодож байв уу?

-Лам хард үзүүлэхээр амьд байна гэж
байсан боло­хоор амьд болов уу гэж горьддог л байлаа. Амьд хүний сураг гардаггүй
гэж бодоод л хүлээгээд байсан. Нуугаад яахав, гэхдээ сүү­лийн үед итгэл алдарсаан.
Хүүг маань алга болдог жил аав, ээж маань амьд сэрүүн байсан л даа. Багаас нь хамт
байсан болохоор ёстой л амьдаараа бэтгэрсэн дээ. Надаас илүү амь байсан юм. Өөд
болохдоо хүртэл “Хүү маань ирэхгүй нь ээ” гэж хэлж байсан. Аав маань бурхан болоод
гурван жил, ээж бур­хан болоод таван жил болж байна. Амьд сэрүүн байсан бол баярлаад
сүйд болох байсан даа гэж бодож сууна.

-Рэнцэнг ирдэг өдөр танайхан гэр
бүлээрээ цуг­лаж баяр хөөр болсон гэж дуулсан. Хүүгээ анх харсан сэтгэгдлээсээ хуваал­цаач?

-Гэрээсээ гараад Гандан орохдоо яаж
явснаа ч мэдээгүй. Нэг л мэдэхэд дүүгийндээ оччихсон байсан. Нулимс өөрийн эрхгүй
асга­раад. Хүү маань ч уйлаад бөөн баяр болсон. Би чинь аав, ээжээс тавуулаа. Хотод
дөрөв нь байдаг юм. Бүгдээрээ цугласан. Хувийн эмнэлэг ажиллуулдаг дүү маань хүртэл
ажлынхаа ёолкноос шууд гараад хүрээд ирсэн. Багын маань хоёр найз хүртэл ирсэн.
Тэр орой их сайхан байсан. Хүүгээ ирснийх нь маргааш бүх хувцсыг нь шинэчилж, хоёр
ээлжийн шинэ хувцас авч өгсөн. Хүү минь, өнгөрсөн жилүүдэд нэг ч удаа шинэ хувцас
өмсч үзээгүй гэсэн. Шинэ хувцас аваад өгсөн чинь баярлаад жигтэйхэн байсан. Хүү
минь бараг аавтай­гаа чацуу шахуу болсон байна лээ. Энэ жил шинэ оноо сайхан угтлаа.
Хүү маань ирээд. Ах дүү нар ч малд дөртэй болж гээд олзуурхаад байгаа.

-Дүү нь ахыгаа хараад таньсан уу?

-Хичээлээсээ орж ирчи­хээд нэг хэсэг
дуугүй харж зогссоноо сүүл­дээ таньсан. Агаатайгаа тоглоод хэд хоног хөөрч гүйлээ.
Ахы­гаа алга болсноос хойш байнга л ярьдаг байсан юм. Хүү маань хэд хоног унтлаа.
Босч хоолоо идчи­хээд л эргээд унтаад өгнө. Ёстой нэг сайхан амрах шиг болсон. Одоо
хөдөө нагац ахындаа их сай­хан байгаа юм шиг байна. Ахындаа амьдарна л гээд бай­гаа.
Цэрэгт  явна л гэнэ. Хүү­тэй­гээ хоёр хоноод
утсаар яриад сэтгэл  сайхан байна. Миний хүү
чинь хоёрдугаар анги  төгсөөд сургуульд суу­гаа­гүй
болохоор бичиг үсэг муу талдаа. Тэгэхээр алсдаа мал бараадуулж таарна. Манай хүний
ээж одоо Өвөрхангайдаа бий. Алга болсон гэвэл санаа нь зовчих байх гээд хэлээгүй.
Хүнд өргүүлсэн гэчихсэн юм. Сая очсон чинь хачин их баярлаж байна гэсэн.

Рэнцэн хүүг алга болох үед  Баянзүрх дүүргийн цаг­даа­гийн хэлтэст мэдэгджээ.
Хүүг улс орон даяар эрэн сурвалжилж байсан эсэхийг хүүг хариуцаж буй эрүү­гийн төлөөлөгч
Анхбаатараас тод­руулахад “Тухайн үед хүүг улс даяар эрэн сурвалжилж байсан. Саяхан
энэ хэрэг над дээр шилжиж ирсэн. Хэргийг одоо шалгаж бай­гаа учраас мэдээлэл өгөх
боломж­гүй байна. Хүүхэд алга болсон энэ төрлийн хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг
учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.
 

Ц.БААСАНСҮРЭН

Б.ЭНХБОЛД

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

О.Чулуунбат: Оны өмнөх татварын гар мушгилт компаниудын бизнес хийх сонирхлыг байхгүй болгочихлоо

Эдийн засгийн хөгж­лийн дэд
сайд О.Чу­луун­баттай ярилцлаа.

-Засгаас гадны хө­рөнгө оруулагчдыг
нааш нь татах мэ­дээл­лүүдийг гадагшаа ца­цаж эхэлж байна. Сая гэхэд төрийн тэргүүн
Давосын чуулган дээр эерэг мэдээлэл нэлээд өглөө. Хөрөнгө оруу­лагч­дыг нааш нь
тата­хад энэ мэссэжүүд хэр нөлөө үзүүлэх бол?

-Давосын эдийн зас­гийн чуулганд Ерөнхий­лөгчийн
тавьсан илтгэл эерэг дохио өгөхөөр сайн болсон. Монголын талаар дэлхийн зах зээл
рүү явуулсан санаа нь тун тодорхой байсан л даа. Монгол Улс том төрөөс ухаалаг төр
рүү шилжиж байна гэж хэллээ. Ухаа­лаг төрийг хамгийн боги­ноор хэлбэл төр бизнес,
хөрөнгө оруулагчдыг муш­гихгүй, оролцоогоо хумина л гэсэн санаа. Энэ  үгийг хөрөнгө оруулагчид сүүлийн үед гарч байгаа
чухал хуулиудтай адил хэмжээгээр хүлээн авч байгаа юм. Ухаалаг төр рүү шилжинэ гэдэг
бол  маш чухал хөтөлбөр. Хэ­рэг­жүүлж чадвал  хөрөнгө оруулалт, бизнесийн ор­чин таатай болно.
Га­даадын хөрөнгө оруу­лагч­даас гадна үндэсний бизнес эрхлэгчид хүртэл төрөөс залхаж
байна. Сая шинэ жилийн өмнөх татварын гар мушгилт  бизнес хийх сонирхлыг нь байхгүй болгочихлоо.
Уг нь конторт галстук зүүчихээд юу ч хийхгүй кофе, цай ууж байдаг хүнээс ядах нь
аа ТҮЦ-т юм борлуулж байгаа хүн дээр шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хүнд
ойрхон хүргэж өгч байгаа үйлчилгээ яах ар­га­гүй мөн. Мал хариулж, тариа ногоо тарьж,
уул уурхай эрхэлж, нүүрс хүрздэж байгаа хүн галс­тук зүүсэн нөхрөөс хамаагүй илүү
баялаг бүтээж байгаа. Төрийн эрхэнд л гарч чадвал гар мушгиад мөнгө хийчихэж болдог
юм байна гэсэн практик амьдрал дээр зөндөө байна.

-Давосын чуулга уул­залтыг ажиглаж
ы байхад Монгол дэлхийн анхаарлын төвд хэ­вээ­рээ байна гэсэн өөдрөг төсөөлөл төрөхөөр
зүй­лүүд анзаарагдсан. Энэ дээр та ямар бодолтой байна?

-Монгол дэлхийн зах зээл, бизнес,
хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээрээ байгаа юу гэвэл тийм гэж хэлнэ. Монгол
эрдсээр баян, хажууханд нь дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл байна. Хятад
гэдэг энэ том хэрэглээний зах зээлийг хангая гэвэл маш их хэмжээний түү­хий эд хэрэгтэй.
Хамгийн ойрхоноос, хамгийн бага өртгөөр, хамгийн ихээр нийлүүлж чадах орон бол Монгол.
Тэгэхээр бүгд биднийг анхаарах нь мэ­дээж. Ганцхан зохицуу­лалт, авир араншингаа
л тодорхой болгох хэрэгтэй. –Хөрөнгө
оруулалтын хууль батлагдсан. Батлах шаардлагатай өөр хуу­лиуд ч бий. Хууль эрх зүйн
орчин нь дажгүй бол­чихлоо гэхэд орж ирнэ гэж төсөөлөөд байгаа их мөнгө хэзээнээс
эдийн засагт эргэлдэж эхлэх бол?

-Өнгөрсөн жил Монгол
Улс гадаадын хөрөнгө оруу­лалтыг өмнөх оноосоо хоёр дахин бага татлаа. Эдийн засгийн
хөгжил, бүтээн бай­гуулалтын гол эх үүсвэрийн нэг нь гадаадын хөрөнгө оруулалт.
Тэр эх үүсвэр нь багасчихаар эдийн засгийн үзүүлэлт, амьдралын түв­шинд эерэгээр
нөлөөлөхгүй нь мэдээж. Өнгөрсөн жил УИХ Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Хөрөнгө
оруулалтын хууль батлаг­дахаар гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж бодож байсан
л даа. Монголын уул уурхайн төслүүд гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагддаг.
Монголтой холбоотой компаниудын хувьцаа сэрж өгөхгүй, ун­таастай хэвээрээ байна.
Хөрөнгө оруулалтын хууль баталсан ч нөхцөл байдал хангалттай түвшинд хүрээ­гүйг  харуулж буй хэрэг. Бид илүү сайн эерэг мэдээг
зах руу хүргэх хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Эр­дэс
баялгийн салбарт тө­рөөс баримтлах бодлогыг УИХ баталлаа. Маш чухал бичиг баримт.
Үүн дээр үндэслэж  Ашигт малт­малын болоод
уул уур­хайтай холбоотой их олон хууль боловсронгуй болох учиртай. Зах зээл энэ
ба­римт бичгийг хүлээж байсан. Сая баталсан нь зах зээлд өгсөн их сайн мэдээ. Гэхдээ
үр дүн нь зургаан сарын дараа юм уу, жилийн дараа харагдана.  Алтны татвартай холбоотой хуулийг өнгөрсөн долоо
хоногт баталлаа. Бас л нэг сайн мэссэжийг зах руу хүргэх гэж оролдож байгаа нэг
оролдлого л доо. Иймэр­хүү мэдээллийг дэс дараа­лалтай, цэгцтэйгээр зах руу хүргээд
байвал хагас жил, жилийн дараа сайн нөлөө гарна байх. Зах зээлийн итгэлийг авах
их хэцүү. Тогтвортой, тууштай, найд­вар­тай зах зээл шүү, ит­гэлтэй түнш шүү гэдгээ
харуулах  хэрэгтэй. Нэгэнт төрсөн итгэлийг
нураах, эвдэх амархан. Харин буцаагаад олж авах хэцүү.

Хөрөнгө оруулагч­дын
итгэл сул, эргэлзсэн хэвээр байгааг хүн бүр харж байна. Гэхдээ итгэл хэр байгааг
нь баталсан сүүлийн үеийн судалгаа энэ тэрээс танд олж сонс­сон юм байна уу?

-Саяханы нэг жишээ
хэлье. Дэлхийн хөрөнгө оруулалт, худалдааны чигийн судалгаа, шинжил­гээгээр Монголд
хөрөнгө оруулалт хийхэд танд хэр итгэл төрж байна гэсэн асуултад дэлхийн бан­кирууд
ер нь бол  итгэл сул байна гэж хариулсан байна
лээ.  Улс бүрийн хөрөнгө оруулалтын орчныг
тандсан судалгаа байсан л даа.

Тэгэхээр бид одоо
тэдний итгэлийг олж  ава­хын тулд яг яах ёстой
вэ?

-Хуулиар удирддаг
улс болох хэрэгтэй. Гадаадын­хан манайхныг “Эдийн за­саг, зах зээл, хөрөнгө оруу­лалттай
холбоотой асуудлыг танай улстөрчид авир, ааш араншингаараа зохицуу­лаад байна” гэж
шүүм­жилдэг. 

Энэ эргэлзээ, айдас,
болгоомжлолыг удаан хуга­цааны зүтгэлээр л арилгах боломжтой. Хуулиа үнэхээр таатай
болгонгуут алдсан ч хохирохооргүй жижиг ком­паниуд эхэлж орж ирж ажил­лана. Тэгээд
үнэхээр гайгүй байвал жижиг компаниуд “Өнөө Монгол чинь дажгүй болжээ. Гар мушгидаггүй
юм байна. Авир ааш нь давгүй шүү” гэсэн мэдээг 
дэлхийн зах руу цацаж өгнө. Бид өмнө нь хөрөнгө оруу­лагчдын итгэлийг олох
гэж таваас арван жил зар­цуулсан. Одоо дахиад ийм процесс эхэлж байна гээд ойлгочихож
болно.  Давтан хэлэхэд хуулиар зохицуу­лагд­даг
зах зээл шүү гэдгээ  батлах хэрэгтэй.

Оюу толгой дээр
“Рио”, засаг хоёр  хэрхэн учраа олохоос Монголын
эдийн засагт мөнгө орж ирэх  эсэх нь шийдэгдэнэ
гэсэн  дүгнэлтийг эдийн засагчид хэлж байна.
Үүн­тэй та санал нийлж байна уу?

-Миний  сая ярьсан зүйл Оюу толгойтой маш их хол­боотой.
Бид ардчилсан улс. Оюу толгой төслийн эерэг сөргийг гайгүй сайн хэлэл­цээд 2009
онд УИХ-аараа баталсан. Монголын эрх барих хамгийн дээд бай­гуул­лага нь Оюу толгойн
хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Хэчнээн сөрөг бодолтой хүн байсан ч тө­рийн
хамгийн том эрх бүхий  байгууллагынхаа гаргасан
шийдвэрийг биелүүлэх учир­тай. Үүн дээр бид их том  алдаа хийсэн. Төрийн дээд байгууллага нь  шийдвэрээ гаргачихаад байхад дараа нь өөрчилнө
гээд өөрөөр тайлбарлаад  явчихаар зах зээл
ойлгохгүй болоод ирж  байгаа юм. Би тэр  үед УИХ-д байсан. Зарим асуудал дээр би ч гэсэн
шүүмжлэл­тэй хандаж байсан. Гэхдээ ардчилсан улс чинь олон­хиороо шийдсэн асуудлаа
хүндэтгэж хүлээн зөв­шөөрөөд явах ёстой. Энэ зарчмаа хэрэгжүүлж чадах­гүй болохоор
зах зээл Мон­голыг голж эхэлсэн.

Оюу толгой дээр
гу­рав­дугаар сар, зур­гадугаар сар гэсэн тоо­нууд сонсогдож байна. Гал тогоонд
нь байгаа хүний хувьд асуухад энэ жилдээ нааштай үр дүн гарах нь уу?

-Гуравдугаар сар уу,
зургадугаар сар уу хамаа­гүй, бид Оюу толгойтой асуудлыг ямар ч хэлбэрээр хурдан
шийдэж болно.  Цаа­шаа бид ямар үйлдэл гар­гаж,
ямар авир үзүүлэхийг зах эхлээд харна. Зах зээл гэдэг муухай харахаар цаа­шаа харж
уйлаад, чихэр үзүүлэхээр гүйгээд  ирдэг гэнэн
хүүхэд биш. Асуудал нааштайгаар шийдэгдлээ ч үр дүн нь тэр дороо га­рахгүй.

Чингис бонд ямархуу
байна?

-Чингис бондын үнэ
бас л хямдарсан байгаа.  Арван жилийнх нь
ная гаруй, таван жилийнх нь ерэн хэдэн  хувь­тай.
Монголын бондыг бид худалдаж авахгүй, Мон­гол бол итгэл муутай гэсэн сигналыг өгөөд
байна л даа. Бүх Засгийн газрууд  дэл­хийн
зах дээр бондоо гар­гасан байгаа. Засгийн газ­рын бондын үнэлгээ нь тухайн улс бизнес,
хөрөнгө оруулалт, улс төрийн хувьд хэр найдвартай түнш вэ гэдгийг харуулсан гол
үзүү­лэлт болдог юм. Ямар ч хөрөнгө  оруулагч
Монголд орж ирэхийн тулд “Moody s”, “Standart&Poors”-ийн рейтингийг уншихаас
гадна манай бондын үнэлгээг хар­даг. Бүх хөрөнгө оруулагч, банкуудын экран дээр
байж байгаа зүйл шүү дээ. Тэн­дээс хараад л манайхыг шууд үнэлчих тийм тогтол­цоо
дэлхийд үйлчилж байна.  Бид зах зээлээ хэр
зохи­цуулж байна, ямархуу аяг авир үзүүлж байна, хэр тогтвортой байна вэ гэдгээ
энэ үнэлгээн дээрээсээ харах хэрэгтэй.

Самурай бондыг  нэ­лээд өндөр төлбөр ху­раамж­тай авах гэж байна  гэсэн шүүмжлэл гарч бай­гаа. Ер нь дахин бонд
босгож өрөө нэмээд байх нь хэр зөв шийдэл юм бол?

-Хөгжлийнхөө шаард­лагаас
болж л мөнгө босгож байгаа. Өнгөрсөн жил Чин­гис бонд, Хөгжлийн банкны бонд их тус
боллоо.  Ялан­гуяа  гадаадын хөрөнгө оруулалт гэнэт маш ихээр багассан
тохиолдолд бүр илүүгээр хэргээ өгсөн.  “Чин­гис”
бондын хөрөнгө байгаагүй бол бид  их эвгүй
байдалд хүрэхээр байлаа. Гэхдээ бид өнгөрсөн жи­лийн­хээ хөгжлийн гол үзүү­лэлтүүдийг
зээлээр хийсэн гэдгээ мартаж болохгүй. Бид урьд жилүүдэд  хуримт­луулсан, халаасандаа бай­гаа мөнгөөрөө  хөгжиж бай­сан. Өнөөдөр манай ерөн­хий рейтинг
доошилсон. Хөрөнгө оруулагчид дайж­сан байгаа ийм үед зээлийн хүү өндөр болчихдог
жам­тай л даа. Өнөөдөр Украйнд зөрчилдөөд эхэлж байна. Ингэх нь өөрсдөд нь л муу.  Украйнчууд яг одоо бол  зах дээрээс мөнгө зээлж чадах­гүй. Учир нь хэн  ч тэдэнд итгэж мөнгө өгөхгүй. Хоо­рондоо учраа
олж чадахгүй байгаа улс гадны түнштэй бүр ч учраа олж чадахгүй гэж харна. Энэ бол
зах зээлийн жам. Зах зээл ма­найхыг ч  юм
уу, Украйныг “Та нар тогтвортой бай, ойлголцож ажилла, хөгжихөд тэвчээр хэрэгтэй,
тууштай чанар чухал,   хүн хоорон­дын      харилцааны стандар­таас гажсан авир араншин
гаргаж болохгүй”  гэж  са­нуулга өгч торгож байна. Өндөр хүүтэй зээл
авч бай­на гэдэг бол торгуулийн шийтгэл хүлээж байгаа хэ­рэг. Гэхдээ өнөө цагт  соёл­той 
маягаар торгодог бол­сон. Өмнө нь 
буу зэвсэг барьж орж ирж торгодог байсан бол одоо тогтворгүй байгаад байвал
хүүгээ өн­дөрс­гөнө, худалдаагаа  ба­гас­гана,
хөрөнгө оруулал­таа оруулахгүй.  Тэгээд л
гүйцээ. Бид тогтворгүй байс­ныхаа торгуулыг 
ингэж амсаж байгаа юм.

Самурай бондын
мөн­гөний багагүй хэсэг нь эргээд Япондоо очиж байгаа гэдэг дээр та то­дорхой тайлбар
хэлсэн­гүй?

-Ер нь Японы зах зээл
дээрх Засгийн газрын  бон­дын хүү бага байдаг.
Дээ­рээс нь баталгааны болон свопын төлбөр хураамж гэж бий. Учир нь бидэнд иенээр
худалдаж авдаг юм бараг байдаггүй. Жилдээ дээд тал нь 80-100 сая ам.долларын бараа,
машин тоног төхөө­рөмж Японоос авч байгаа. Эхний ээлжинд бид 300 сая ам.доллартай
тэнцэхээр мөнгө босголоо. Гуравны нэгийг нь ашиглаад гуравны хоёрыг нь ашиглаж чадахгүй
болохоор доллар болгоно гэж таарна аа даа. Бидний тэн­дээс авч байгаа зээл иенээр
бүрдэж байгаа. Ав­сан иенээ доллар болгож ашиглаад  дараа нь буцаа­гаад иен болгож төлөх нь тодорхой.
Түүнийг нь своп гээд байгаа юм. Тэрнийх  нь
төлбөр хураамж  өндөр гарчихаж байгаа хэрэг
л дээ.   

Баялгаа худалдаад
жаахан мөнгө олъё гэвэл төмөр замаа даруйхан барих хэрэгтэй.  Төмөр замаа барья гэхээр цариг яриад гацчихдаг.
Жишээ нь та цариг дээр ямар бодолтой явдаг вэ?

-Орд газраас Хятадын
зах зээлд бүтээгдэхүүнээ өртөг багатай, хурдан шуур­хай нийлүүлэх л асуудал шүү
дээ. Миний хувьд ху­дал­даа экспортод зориул­сан замыг нарийн царигаар  баривал бидэнд ашигтай гэж хардаг. Учир  нь хямд өртөг 
гарна. Өргөн царигаар бари­вал сэлгүүлэн ачих бай­гууламжийг Монгол өөрөө
хийнэ, зардлыг  нь гаргана.  Тэгэхээр экспортын бүтээг­дэхүүн маань өрсөлдөх  чадваргүй болно. Нэг тонн нүүрсэн дээр таван дол­ларын
илүү  зардал гаргана гэдэг өрсөлдөхөд төвөгтэй
болно гэсэн үг. Өөрөө өөрс­дийгөө өрсөлдөх чадваргүй болгох төсөл хэрэгжүүлээд дэмий.

Зарим эдийн засаг­чид
2014 оны сүүлээр дол­лар 1600 болж тогтвор­жино, эдийн засаг харь­цангуй сайжирна
гэж дүг­нээд байгаа. Таны хувьд…?

-Хууль эрх зүйн орчин,
бизнес хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиуд нааш­тайгаар эргэж эхэлж байна л даа.
Хоёрдугаарт манай ааш араншин зах дээр овоо уншигдаж эхэлж байна. Энэ хэрээрээ урагшилбал
сайн үзүүлэлтүүд гарна. Гэхдээ долларын ханшийг урьд­чилж таамагламааргүй бай­на.
Ханшийг сайжруулахын тулд их ажил хийх хэрэгтэй. Экспортыг, бизнесийг сайн дэмжих
хэрэгтэй. Биз­несийн гар мушгилт цааш үргэлжлээд байвал экспорт нэмэгдэхгүй. Уул
уурхайн маш олон төсөл гацаанд байгаа. Бүгдээрээ төрийн гар мушгилтанд орчихсон.

Монгол банк үнэ
тогт­воржуулах хөтөлбөр хэ­рэг­жүүлж байгаа. Ханш руу чиглэсэн  Төв банкны бодлого таны хувьд хэр зөв алхам бэ?

-Монгол банк зах руу
хэрэгтэй үед нь мөнгө оруулж тэлэх бодлого явуулж байгаа нь зөв. Төв банк Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийн хүрээнд гурав, дөрвөн их наяд төгрөг зах руу оруулсан. Гэхдээ ардаа
заавал доллартайгаар  ор­сон байх ёстой. Миний
шүүмж­лэлтэй хандаж бай­гаа өнцөг гэвэл энэ. Эхлээд Монгол банк, Засгийн газар хамтарч  зах дээр “Чингис” бондтой адилхан мөнгөө доллараар
босгож оруулж ирчихээд буцаагаад зах руу төгрөг гаргах учиртай. Төг­рөг гаргасан
ямар ч то­хиолдолд хүмүүс  доллар руу л дайрна.
Учир нь ма­найд  төгрөгөөр авах юм байхгүй.
Ганц авдаг уул уурхайгаа хориод зог­соочихсон байгаа. Тэгэхээр зах руу гаргасан
нөгөө төг­рөг маань буцаад доллар руу очно гэсэн үг. Яг тэр үед  нь Монгол банкинд доллар нь бэлэн байх учиртай.  Бэлэн байгаагүй учраас л зах дээр гаргасан гурав,
дөрвөн их наяд төгрөг нь валютын нөөцөө идчихээд байна. Тиймээс л ханш дээр  ийм байдал үүсчихээд бай­гаа юм.  Харин эхлээд дол­лараа зохицоод оруулаад ирчихсэн
байсан бол өөр. Хэчнээн ч төгрөг гаргасан ард нь доллар байгаа уч­раас ханшид нөлөөлөхгүй.
Бид уг нь  Монголд худалдаа хөрөнгө оруулалт,
санхүү, мөнгөний таатай орчин бий болгоё гэж зорьж байсан. Ийм орчныг  бүрдүүлье гэвэл төгрөгөөр юу  ч ху­далдаж 
авдаг болгох хэрэг­тэй. Тэгвэл монгол төгрөгийг хүн сонирхоно. Одоо бол халаасанд
нь дэл сул төгрөг байгаа хэн ч бүгдээрээ л доллар, эсвэл юань бол­госон нь дээр
гэж байна. Учир нь доллар, юаниар юу ч авч болно. Монгол төг­рөгөөр бол мах л  авч болох байх.  Бидний зарж чадах ганц зүйл бол байгалийн баялаг.
Гадныханд сонир­холтой хэлбэрээр санал болгож чадвал хэчнээн зуу, миллиард долларын
баялаг байна. Тэрийгээ санал бол­гохгүй харамлаад ядуу амьд­раад байна л даа. Бай­галийн
баялгийг гадны хө­рөнгө оруулагчид авч бай­вал бид баярлах хэрэгтэй.  Гэтэл янз бүрийн хөдөлгөөн байгуулж зогсоох гэж  дай­раад байдагт  миний хувьд их  гайхдаг. 
Нэг  бол боловс­рол мэдлэг муугийнх
байх, эсвэл Монголыг хөг­жүүлэхгүй гэсэн санаагаар хийж байгаа ажил болов уу. Би
ингэж л харж байна.  Нэг жишээ хэлье. Ноднингийн
орон нутгийн сонгуульд өрсөлдсөн зарим аймгийн 
дарга нар сонгуулийн сур­тал­чилгааны үеэр “Би төч­нөөн лиценз цуцалсан”
гэж бахархалтайгаар ярьж байх жишээтэй. Тийм улсыг сон­гож байвал бидний л гамшиг.
Уг нь уул уурхайн төс­лүүдээр хөгжил ирэх ёстой. Баян болсон бүх улс уул уурхайгаас
эхэлсэн байдаг. Уул уурхай ажил, орлого, хөгжил, бүтээн байгуулалт авчирна. Тэгэхгүйгээр
зү­гээр сууж байгаад хөгжчих­дөг, бүтээн байгуул­алт өөрөө бий болчихно гэж байхгүй.
Аймгийн даргаар ажиллаж байгаа улсынх нь 
сэтгэлгээ иймэрхүү хэм­жээнд л байна. Энэ ханд­лагыг өөрчилж байж бид хөгжинө.

Хөрөнгө оруулалтын
хуулийг дагаж гарах жу­рам өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ер нь хууль дагаж гардаг
жур­муудыг даруйхан бат­лахын тулд яах ёстой юм бол?

-Бүх хуулиудын араас
хэрэгжүүлэх журмууд гар­даг л даа.  Тэр журмыг
гаргахдаа бүх яам, тамгын газар, агентлагууд дандаа гар мушгих юм хийдэг. Үүнийг
хамгийн хялбар аргаар хийх ёстой гэж бод­дог. Тэгэхгүй бол журам гарсаны дараа  нэг дарга, нэг хүнд сурталтнаас заа­вал зөвшөөрөл
авах хэрэг гардаг. Нөгөө дарга нь Мон­голын ч бай, гадаадын ч бай хөрөнгө оруулагчийг
хү­лээл­гэдэг,  залхаадаг.  Шан харамж хүлээнэ, сүүлдээ бүр авлига шаарддаг.
Нуул­гүй хэлэхэд ихэнх төслүүд ийм замаар хойшилж байна. Миний бодлоор УИХ яамдад
үүрэг өгдөг байх хэрэгтэй. Журмыг  аль болох
түргэн гаргаж, хуулийг хурдан хэрэгжүүлэх талаар тусгай үүрэг өгвөл байдал өөрч­лөгдөнө.  Жишээ нь ха­риуцсан сайдад нь “Чи үүнийг хэрэгжүүлж  ажилла, чадахгүй бол ажлаа өгөө­рэй” гэчих хэрэгтэй.
Тэгвэл нөгөөх нь аль болох хурдан хэрэгжүүлэх журам гаргаж таарна. Одоо бол өөрийнхөө
халаасанд мөнгө хийх журам гаргаад байна.

Хөрөнгө оруулалтын
хуультай холбоотой журмыг гаргах ажил гэхэд хэд хэдэн яаманд хамаа­рагдаж байгаа
байх. Сайд бүрд нь тодорхой үүрэг өгчихвөл 
гаргасан хууль нь чирэгдэлгүй хэрэгжих л юм байна?

-Хөрөнгө оруулалттай
холбоотой гээд ярихаар  манай яам, УУЯ, БОНХЯ,
дэд бүтэц, үйлдвэр ха­риуцсан яамдад хамаарна. 
Хамгийн гол нь яамдын сайд нарт УИХ-аас тодорхой үүрэг өгчихвөл асуудал хамаагүй
хялбар шийдэг­дэнэ.  Уул уурхайн сайдад  гэхэд 
“Танайх энэ жил зуун төсөл ашиглалтад оруулсан байх ёстой шүү, дөрвөн миллиард
долларын хөрөнгө оруулалт орсон байх ёстой, чадахгүй бол ажлаа өгөөрэй” гэх хэрэгтэй.
Зам тээврийн сайдад гэхэд “Энэ жил төчнөөн км зам барь, тэдийг нь хувийн хөрөнгөөр
бариулж төсвийн мөнгө хэмнэ, чадахгүй бол баяртай” гэчих хэрэгтэй. Ингэхгүйгээр
журам гарга гээд орхидог нь буруу л даа. Ингээд орхичихоор сайд нар нь доод талын
улсдаа даатгадаг. Нөгөөдүүл нь  өөрсдийнхөө  халаасанд мөнгө орох  журам гар­гачихдаг. Зам барья гэхэд заавал нэг
нөхрөөс зөвшөөрөл авдаг бол­гочихно гэсэн үг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Цөмийн энергийн салбарт өнжсөн нь

Монголчууд цөмийн өндөр технологитой  орнуу­дын л хийж чаддаг шар нунтагийг гаргаад
авчихаж. Уранаа ашиг­лаж эхлээгүй ч лабора­торийн хэмжээнд бол ин­гэж хэлж болохоор
түв­шинд хүрчээ. Дэлхийд сүүлийн хорин жилд ил­рээ­гүй их нөөцтэй орд Монголоос
илэрсэн, Фран­­цын “Арева” Япон­той хамтран манай ураны салбарт том хө­рөн­гө оруулалт
хийх эх­лэл тавигдсан гэж ирээд яривал уранаараа дэл­хийд том тоглогч байх боломж
ирсэн энэ үед анхаарал хандуулах учир­тай хамгийн гол  өнцөг бол цөмийн техно­логийн салбар.

Манай сонин  энэ удаа­гийн
“Танайд өнжье” буландаа цөмийн тех­но­логи Монголд хэр түв­шинд хөгжиж байгааг сур­валжлахаар
шийдсэн юм. Сонгосон байгууллага  маань Цөмийн
энергийн газар. Тус газрын дарга Н.Тэгшбаяртай тохирс­ны дагуу пүрэв гаригийн өглөөний
08.00 цагт Хан-Уул дүүргийн хуучин ца­гаан хаалганы цаахна байрлах байгууллага дээр
нь яваад очлоо. Өг­лөө бүр хийдэг шуурхай нь эхэлжээ. Арав орчим хүн ширээ тойроод
суу­чихаж. Бүгд л тус тусдаа асуудал хариуцсан дарга нар бололтой. Тэдний ярианаас
Цөмийн техно­логийн газрын даргынх нь мэдээлэл сонирхол татав. Эднийх цацраг идэвхт
ашигт малтмалыг эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байгаа гэнэ. Шар нунтаг үйлдвэрлэх
бэлтгэл ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийн гэрээ бай­гуулах энэ тэр
гээд бага­гүй ажлууд эхэлжээ.  Мэр­гэжлийн
голдуу хэллэгтэй яриа өрнөсөн өглөөний шуурхайн үеэр эднийд хамаатай 68  тусгай зөв­шөө­рөл 13 аж ахуйн нэг­ж байгаагийн
нэг нь ашиг­лалтынх бусад нь хайгуулынх гэсэн статис­тик содон сонсогдов. Ашиглалтын
ганц лиценз нь ураных биш гэнэ. Сүү­лийн гурван жилд нэг ч хайгуулын болон ашиг­лалтын
зөвшөөрөл ол­гоо­гүй юм байна. Тэдний ярианаас анзаарахад Цөмийн энергийн сал­барт
хамаарах лицен­зүүд ТЕГ, ҮАБЗ-ийн мэд­дэг ажил бололтой.

Н.Тэгшбаярыг  “Аюул­гүй байдал гадаад бод­логын байнгын хорооны
зарим гишүүд Дорно­го­вийн Улаанбадрах су­манд тугал хорогдсон хэрэг уранаас болсон
эсэх дээр нэг мөр ойлголт өгөөч гэсэн. Цөмийн хянал­тынхан танилцуул­га явуулах
талд анхаа­раарай” гэхэд ажилтнууд нь  “Арав
гаруй байгуул­лагын гучаад хүн оролц­сон ажлын хэсэг цацра­гаас болоогүй, селенийн
ужиг хордлогоос болж тугал үхсэн гэх дүгнэлт гаргасан. Ерөнхий сай­дад танилцуулсан
шал­гал­тын дүнгээ байнгын хорооныхонд  албан
бич­гээр явуулъя” гэсэн хариу өгнө лээ. 

За тэгээд цац­рагийн хяналт сайн байгаа, Монгол энэ чигийн ажлаараа
олон улсын атомын энергийн агентлагаас 2013 онд дажгүй дүн авсан, хилийн боомт дээр
ная гаруй цацраг хэмжигч суурилуулсан гэх мэт ярианууд өрнөсөн шуурхай бараг хагас
цаг үргэлжиллээ. Нэг сонин дуулгахад цөмийн хаягдлыг Монголд оруу­лахгүй байхыг
баталгаажуулсан цөмийн хаягдлын эсрэг конвенцид элсэх асуудлыг Засгаар хэ­лэлцүүлэхээр
болж байгаа юм билээ.

Хурал дууссаны дараа  Байгаль
орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн гишүүд гээд хоёр хүн Цөмийн энергийн
газрын даргын өрөөнд ороод ирэв. Б.Дүгэржав  
гэж өөрийгөө танилцуулсан жар орчим насны эрэгтэй Монголоо хөгжүүлье гэвэл
уранаа ашиглах ёстой гэж ирээд яриа дэлгэв. Иргэний зөв­лөлийнхний нэг хэсэг нь
ураны эсрэг зогсч, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж зөрөлдөөд эхэлсэн бололтой.
Дүгэржавын яриагаар бол “Грийн пийс” байгууллагын нэрийг хуурамчаар барьсан хүмүүс
ураны эсрэг тэмцэж байгаа, Дорноговийн Улаанбадрахад Ганбаатар, Бээжин зэрэг иргэний
хөдөлгөөнийхөн дахин очиж “Арева”-г бужигнуулсан гэнэ. Түүнийг дагаж орж ирсэн тавь
гаруй насны эмэгтэй  хойд хөршид цөмийн физикч
мэргэжил эзэмшиж насаараа цөмийн салбарт ажиллажээ. Тэрээр “Том гүрнүүд цөмийн цацрагийг
хөгжилдөө л ашигладаг. Баттай баримттай албан ёсны бол юуг ч гаргаж  тавих нь иргэний нийгэмд нээлттэй. Гэтэл цөмийн
мэргэжилгүй, энэ чиглэлийн ямар ч ойлголтгүй хүмүүс иргэдэд буруу мэдээлэл өгөөд
байхад мэргэжлийн хүний хувьд харамсах юм. Цөмийн асуудлаар яриад байгаа “гамшиг”
гэсэн хочтой Ганбаатар гэхэд л  Германд сургууль
төгссөн жү­жигчин. Цаана нь  ямар хүмүүс байгааг
судлаач, олж тогтоогооч гэсэн санааг танд хэлж саналаа солилцохоор ирсэн юм” гэж
ярив. Тэд ийм зорилгоор ирсэн гэнэ. 

 

НҮҮРСЭЭ  УСТӨРӨГЧ
БОЛГОЖ ХОТЫГ УТААНААС САЛГАНА

Цөмийн энергийн газрын дарга үдээс хойш цөмийн технологи хэрэглэж
байгаа гурван газраар орохоор төлөвлөжээ. Нэг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төв,
нөгөө нь Хавдар судлалын үндэсний төв, гурав дахь нь Геологийн төв лаборатори аж.

Эхлээд МУИС-ийн цөмийн судалгааны төвөөр оров. Офи­церуудын ордны
хавцаа байрлах энэ газар сургалтаа ч судалгаагаа ч хийдэг юм байна. Цөмийн физик,
цөмийн бүтэц, урвалын суурь судалгаануудыг хийдэг аж. Цөмийн технологийн үйлдвэрлэл
практикт   суурилсан суурь судалгааг ч хийдэг
юм байна. Цөмийн энергийн газраас цөмийн эрчим хүч, цацраг идэвхит ашигт малтмалыг
судлахтай холбоотой ажил дээр хамтардаг гэнэ. Цөмийн энергийн газрын шугамаар Америкийн
нэг төсөл эднийд хэрэгжжээ. Цацраг идэвхт бодисууд террористуудын гарт орж болзошгүй
гэсэн болгоомжлолоор хэрэгжүүлдэг төсөл бололтой. Цацрагийн онцгой үүсгүүртэй өрөөнүүд
нь тусгай камертай, гадны ямар нэг  нөлөөг
мэдрэх мэдрэгчтэй болчихож. Зарим өрөөнүүд нь үүдэндээ кодтой юм. Энд ямар нэг юм
боллоо гэхэд ЦЭГ дээр шууд дохио, мэдээлэл очих гэнэ.

Сонирхуулж хэлэхэд эдний төвийн эрдэмтэн Эрдэнэтийн зэсийн баяжмал
дахь мөнгөний хэмжээг 1980 онд тогтоожээ. Энэ үеэс манайх зэсийн баяжмал дахь мөнгөнийхөө
орцыг бодож Орост арай ахиу үнээр зардаг болж. “Цөмийн технологийнхоо хөгжлөөр зэсийн
баяжмалдаа байгаа мөнгийг граммаар нь тогтоосон хэрэг” гэж  Т.Зузаан доктор онцлов.

Эдний төвд цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг хэмждэг юм
байна.   Цөмийн технологиор хотын утаанд байгаа  химийн бүх л элементийг гаргаад ирдэг гэнэ. Бүр
тоос хичнээн хувь, гэр хороолын утаа  төчнөөн
хувь, машины утаа нь ийм хэмжээтэй гээд нарийвчлаад гаргаад ирдэг аж. Эдний гаргасан
тоог судалгааны байгууллагууд иш татаж ашигладаг юм байна. Агаарын бохирдлоос тоосонцор
нь эрүүл мэндэд илүү хортой гэж Д.Шагжжамба доктор ярьж байлаа. Хотын агаарын бохирдлын
50 хувийг тоос эзэлдэг гэнэ. Тоостойгоо тэмцэж эхлэхгүй бол утаанаасаа илүү аюул
тарьж мэднэ гэж тус төвийн эрдэмтэд ярьж байсан юм. Машины утаа хотын агаарын бохирдлын
арав орчим хувийг эзэлдэг гэнэ. Утаагүй зуух тараасан газруудад бохирдлын хувь хамаагүй
багассан тоо гарчээ. Өвөлд гардаг утаа 2.4 дахин багассан гэсэн тоог тэд хэлж байлаа.

Энэ төвд хийж байгаа анхаарал татахаар ажлын нэг нь цөмийн эрчим
хүчний судалгаа юм байна. Хотын утааг цөмийн эрчим хүчээр шийдэх ямар боломж байгааг
судлаад эхэлчихсэн гэсэн үг. Нэг таатай мэдээ дуулгахад энэ төвийн эрдэмтдийн хэлж
бай­гаагаар  бол дэлхийгээс хоц­рох­гүйгээр
нүүрсээ устөрөгч болгоод ашиглаад эхэлчих гэнэ. Нүүрсэнд агуулагдах уран, цацрагийн
аюулын талаарх яриа ч энэ үеэр эрдэмтдийн дунд өрнөөд авав.

 
ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ХОЁР ХАМГИЙН ОЛОН ЦӨМИЙН ҮҮСГҮҮРТЭЙ

Цөмийн судалгааны төвөөс гараад Хавдар судлалын үндэсний төв дээр
ирлээ.  Нэгдүгээр эмнэлэг эднийх хоёр л хавдрын
эмчилгээндээ цөмийн технологийг ашигладаг, тэр үүднээсээ  Цөмийн энер­гийн газартай хамтран ажилладаг аж.
Хавдраас бусад чиглэлээр цөмийн үүсгүүр ашигладаг зуу гаруй эмнэлэг манайд ажилладаг
юм байна. ЦЭГ-ын даргыг тус төвд ажиллах үеэр хорт хавдрын өвчлөлийн талаар нэг
эмзэглэмээр мэдээ сонслоо. Хорт хавдар газар авчээ. Өнгөрсөн жил 4544 хүн хорт хавдартай
гэсэн онош сонссон бол энэ жил 5000 гаруй хүн ийм онош сонсчээ. ХСҮТ-ийнхөн хавдрыг
эмчлэх  туяа эмчилгээний ганцхан аппараттай,
өргөтгөлийн барилгаа дуусгаж байж нэмж аппарат суурилуулмаар байна гэсэн саналыг
ЦЭГ-ын даргад тавина лээ. Хавдрын эмчилгээнд хэрэглэдэг  хуучирсан тоног төхөөрөмжийг шинээр солих үед  цөмийн үүсгүүрийг  нь ЦЭГ-ын хяналтанд шилжүүлдэг ажээ. Ингэхэд  эмнэлгээс өчнөөн сая төгрөг гардаг бололтой. ХСҮТ-ийн
эмч нар энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх хүсэлт тавихад ЦЭГ-ын дарга  “Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр төлбөр
тооцооны хувьд эерэгээр шийдэх бололцоо бий. Монгол Улс Олон улсын атомын энергийн
агентлагт өргүй болсон. Тэгэхээр та бүхний санал болгох дараагийн төсөл заавал дэмжигдэнэ
гэж ойлгох хэрэгтэй” гэсэн хариу өглөө. Сонирхуулж хэлэхэд манай улсад  хамгийн олон цөмийн үүсгүүр ашигладаг компани
нь Эрдэнэт, Оюутолгой юм байна. Бусад уурхайнууд  ч цөмийн үүсгүүрүүд ашигладаг аж.

 
МОНГОЛЧУУД  ШАР
НУНТАГ ГАРГАЖ  АВЧЭЭ

Цөмийн энергийн газрын даргын сүүлд орсон газар нь Геологийн төв
лаборатори. Цө­мийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмжүүдийг нь сонир­хож
нэлээд явав. “Эднийхийг Монголоос гадагш экспортолдог зэсийн болон хүдрийн баяжмал
зэрэг ашигт малтмал дотор яг ямар эрдсүүд байгааг нэг бүрчлэн тооцдог газар гээд
ойлгочихож болно. Монголд их мөнгө олж өгдөг ашигт малтмалын үнэ цэнийг цөмийн технологиор
тогтоодог чухал газар”  гэж ЦЭГ-ын дарга тайлбарлав.
Технологи сайжраад ирэхээр Монголоос гадны лабораториуд руу шинж­лүүлэхээр явуулдаг
байсан дээ­жүүдийг эднийх шинжилдэг болжээ. Гадагшаа урсдаг мөнгө эндээ үлддэг болсон
гэсэн үг. Сүүлд гэхэд л Оюу толгойн зэсийн баяжмалд хичнээн хэмжээний алт, мөнгө
байгааг эднийх тодорхойлж байгаа гэнэ. Уранаа 
ч  эндээ шинжлэх том  төслийг ЦЭГ-тай хамтран хэрэг­жүүлээд эхэлжээ.
Шар нунтаг гаргаж авсан газар нь мөн л Геологийн төв лаборатори.   Ингээд эрдэс шинжилдэг цөмийн технологийн хэд
хэдэн мундаг тоног төхөөрөмжийг сонирхов.

Бидэнд сонирхуулсан эхний төхөөрөмж геологичдоос чулуу­гаар нь
авсан дээжийг гурил шиг нунтаглаж тусгай бодистой холиод шилэн буюу шахмал эм маягийн
болгочихдог юм байна. Нунтагийн ширхэг нь микроноор хэмжихээр нарийн гэнэ. Нэг ширхэг
нь энгийн нүдээр бол харагдахгүй, олноороо нийлэхээр харагддаг гэж тайлбар­ласныг
бодоход төсөөлөх аргагүй жижиг хэсэг болгоод нунтаг­лачихдаг бололтой. Чулууг ингэж
нунтаглаж байгаад доторхи бүх хольцыг нь цөмийн технологийн шидээр судалдаг аж.
Ингээд төчнөөн хэмжээний мөнгө, өдий хэрийн алт байна гээд гаргаад ирдэг байна.
Мендел­еевийн үелэх  сис­темийн 44-ийг нь
таниад ялгачих­даг гэнэ. “Кальци, төмөр зэс, уран гээд бүгдийг тодор­хойлно. Хордсон
гэх 22 тугалын асуудлыг ингэж  шинжлээд дотор
нь уран зэс байна уу гэдгийг судалсан. Олон улсын лабора­ториуд руу ч явуулсан.
Тэгээд олон улсын лабора­ториудын дүнтэй мөргөж байгаа учраас ажлын хэсэг нийтэд
зарласан” гэж ЦЭГ-ын дарга ярив.

Геологийн төв лабора­торийн­хон эрдсийн түүхий эдээр стан­дартчилсан
загвар бүтээгээд эхэлчихэж. Мэдээж  цөмийн  технологиор. Эрдэс баялгаараа гэхэд л 60 орчим
стандарт загвар хийжээ.Сүүлд гэхэд газрын ховор элемент, литийн хүдэр, уран дээр
ийм загвар хийсэн гэнэ. Манай улс стандартчилсан загвар үйлдвэр­лэгчийн эрх авчээ. Америк, Австрали, Англи, Өмнөд Африк, Хятад, Орос, Герман зэрэг улсууд монголчуудаар
стандартчилсан загвар хийлгэдэг болж. Геологийн төв лабораторийн үйлдвэрлэл эрхлэлтийн
дэд захирал Л.Батзориг “Сүүлд гэхэд Германы Гео шинжлэх ухааны байгалийн нөөцийн
хү­рээлэн Номхон далайн ёроолын ман­ганийн модуль гэсэн дээж явуулсан. Манайхаар
стандартчилсан загвар бэлт­гүүлээд гадны гучаад 
лабораторид шинжлээд өгөөч гээд явуулчихна. Нөгөөдүүл нь  манган, никелийнх нь агуулга тэд гээд тогтоогоод
явуулна. Лабора­ториудаас ирсэн дүнг харьцуулж судлах гэж ингээд байгаа юм. Үүний
эцэст Номхон далайд хэчнээн хэмжээний манган байгааг гаргах суурь тавигдана. Европын
холбоо тэр чигээрээ, ер нь улс бүр л ингэж байна. Стандартчилсан загвар гэхээр хол
сонсогдож магадгүй л дээ. Гэвч Европын холбоо 
хоёр жилийн өмнө стандартчилсан загвар бол улс орны стратегийн материал гээд
зарлачихсан. Ер нь бол жишиж харьцуулах юмгүйгээр хөгжиж байгаа эсэхээ мэдэх боломжгүй
гээд ойлгочихож болно” гэж ярилаа.

Биднийг дараагийн төхөө­рөмжийг сонирхохоор шатаар өгсөх замд
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Цөмийн технологийг 
уул уурхай,  эмнэлэг, хөдөө аж ахуй,
хүнс гээд хэрэглэхгүй салбар алга. Түүхийн судалгаан дээр гэхэд л насжилтыг тогтооход
ашиглаж байна. Хөдөө аж ахуйд вакцин үйлдвэрлэх,  эмнэлэгт эмийн бүтэц судлах, агаарын тээврийн
салбарт цонхны цанталтын эсрэг гэх зэргээр ашиглаж байна. Хүнсний салбарт савлагааг
хянахад хэрэглэдэг. Хяналт хийж болохгүй салбар гэж үгүй. Ясир Арафатын хувцсыг
цөмийн технологиор шинж­лээд  ямар элементээс
хордсоныг нь тодорхойлчихож байна. Чингэсийн онгоныг олчих­вол нас барсан шалтгааныг
нь тогтоох боломжтой” хэмээн ярилаа. Тус газрын цөмийн технологийн газрын дарга
хажуунаас   “Напео­лоны үсийг нас барсных
нь бүр сүүлд музейгээс аваад хүнцэл гэдэг бодисоос болж хордсоныг тог­тоосон нь
мөн л  цөмийн тех­нологийн хүч” хэмээн ярианд
оролцов.

Бидний орсон дараагийн өрөөнд энгийн хүн бол томхон компьютер
гэж хэлэхээр тө­хөөрөмж суурилуулжээ. Үнсээр хийсэн блоконд цацрагийн хэмжээ хэр
байгааг энд тогтоодог юм байна. Блокийг шинжлүүллээ гэхэд заавал эвдэж нунтаглах
шаард­лагагүй, зүгээр л гаднаас нь мэдрээд хариуг нь гаргачихдаг аж. Энэ мэт олон
салбарт ашигладаг бүтээгдэхүүний бат бөхийг үүгээр шалгадаг юм байна. ЦЭГ-ын дарга
энэ үеэр “Альфа, бетта, гамма гээд гурван янзын цацраг бий. Гамма  нь бүхнийг нэвтэрч  чадна. 
Харин альфа нь цаас ч  нэвтлэхгүй.  Бидний аюултай гээд байгаа шар нунтагаас альфа
гарна. Тэгэхээр зүгээр л аяган дотор хийгээд дээр нь цаас тавьчихад хүмүүст хор
үзүүлэхгүй эд. Улс орон баяжихыг хүсвэл цөмийн технологи хэрэглэх учиртай. Баян
бол хэрэглэж байна гэсэн үг. Цөмийн технологигүйгээр хэн ч баян байж, өрсөлдөж чадахгүй.
Бидний бусад улстай өрсөлдөх чадвар бол ерөөсөө л цөмийн технологи. Өрсөлдөх чадваргүй
байлгах сонирхол хаа нэг газар байж магадгүй л юм” хэмээн ярилаа.

Ойролцоох өрөөнд нь ороход том саарал төхөөрөмж суури­луулсан
харагдав. Изотопыг нь ашиглаад агуулгыг нь тодор­хойл­дог багаж гэнэ.  Үелэх системийн 108 элементээс эрдэс баялагт  тогтвортой изотоп байдаг 70 орчим элементийг нэг
удаа хэмжээд гаргаад ирдэг айхтар эд аж. Хамгийн орчин үеийн тех­нологи гэж Геологийн
төв ла­бораторийн үйлдвэрлэл эрхлэл­тийн дэд захирал Л.Батзориг онцолж байв.  Түүнийг “Газрын ховор 16 элемен­тийн агуулгыг
нэг бүрчлэн гаргаад ирэх боломжтой. Одоо бол нөөцөөрөө  Хятадын дараа орно гэсэн Дэлхийн банкны таамгийг
л яриад байгаа.  Уранаа улстөр­жүүлэхгүй бол
нөөц нь эхний  арав уу, хэд вэ гэдгийг гаргаад
ирэх боломж бүрдсэн” гэж төхөөрөмжөө тайлбарлахад  ЦЭГ-ын дарга “Өмнө нь манайх чинь ийм төхөө­рөмжгүй
байхдаа гадагшаа мөнгө зарж байж дээжээ шинж­лүүлдэг байсан. Гадагшаа  алддаг байсан мөнгө эндээ үлддэг болсон гэсэн
үг. Энэ хэрээр Монгол гэдэг улсын уул уурхайн салбарт өрсөлдөх  чадвар нэмэгдэж байгаа юм. Чили, Канад, Австрали
ингэж  чаддагтаа л өрсөлдөж байгаа хэрэг”
гэсэн тайлбар нэмэв.

Эрдэс баялгийн элементийн агуулгаас гадна эрдсийнх нь агуулгыг
шинжилдэг машин ч энд байна. Уран байлаа гэхэд хүчил­төрөгчийн нэгдэл үү, хүхэрт  нэгдэл үү гэдгийг тогтооход ядах юмгүй болж. Бүр
ямар аргаар баяжуулж авах вэ гэдгийг тогтоох нь.  ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Агуу Ван Гог зургаа ямар  будаг ашиглаж зурсан бэ гэдгийг өнөөдөр бид шинжлээд
мэдчихэж болно. Тэр үед хэрэглэж байсан будгийг гаргаад авах боломжтой гэсэн үг”
хэмээн ярьж байв.

Эднийх Цацраг идэвхит ма­териалын лабораторитой болжээ. Өмнө нь
цацрагийн цөөн төхөө­рөмж л байж. Одоо бол ураны дээжээс эхлээд шар нунтаг гаргах
хүртэлх  бүх процесс явагдах юм байна. Монголын
хоёр төрлийн ураны хүдрээр  стандарт загвар
бэл­дэхээр ажиллаж байгаа аж. Ураны хүдрийг уусган баяжуулах, шар нунтаг гаргахаас
эхлээд бүх л ажлыг энд хийх юм байна.  Лабораторитой
танилцах үеэр  ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр  “Шар нунтагийн хамгийн анхны дээжийг  монголчууд өөрсдөө гаргаж авсан. Энэ бол том ололт.
Бид  шар нунтагтай болъё гэж мөрөөддөг байсан
шүү дээ. Одоо мөрөөдлөө биелүүлчихлээ. Стандартынх нь  дагуу хийчихэд л болох эд. Монголчууд морь сургадаг
шигээ ураныг сургаж  чаддаг болсон. Шинэчлэлийн
Засгийн газар  мөрийн хөтөлбөртөө ураны асуудлыг
шар нунтаг хүртэл нь шийднэ гэж заасан. Тэр хүртэл нь шийдэх чадамж бидэнд бий болчихсон”
хэмээн ярьж байв.

Ураны дээж бэлдэх хэсэг 
дээр очиход тэнд зогсч байсан ажилтан “Одоогоор дээж бэлдээгүй байгаа учраас
орж болно” гэсэн зөв­шөөрөл өгөв. Ураны дээж бэлдэх үед бол гадны хүн нэвтрүүлдэггүй
аж. Дээж бэлдээгүй ч гэсэн энэ хэсэг рүү нэвтрэх нь өөрийн гэсэн дэгтэй юм. Өрөөний
наана хаалт болгож тавьсан вандан маягийн модны наад талыг ногооноор, цаад талыг
нь улаанаар буджээ. Улаан хэсэг рүү нь гадны хүн орох хориотой аж. Биднийг ногоон
хэсэг дээр сууж улаан хэсэг рүү хөлөө тавихын өмнөхөн  хамгаалалтын хувцас өмссөн эмэгтэй улавч өмсгөв.
Өлгүүрийн хажууд зогсох бүсгүй халаад өмсгөлөө. Ингээд ураны дээж бэлдэх хэсэг рүү
орлоо. Цаад талын өрөөнд хамгаалалтын битүү хувцас, шүүлтүүртэй амны хаалт, малгай
өмссөн залуу зогсоно. Ажил эхлэх үед ийм хувцас өмсдөг юм байна. Цацрагийн хэмжээг
хэмжих жижиг хар аппарат энгэрт нь харагдана. Эндэхийн хэд хэдэн ажилтны энгэрт
ийм аппарат харагдсан. Эндээс ураны тоос гадагшаа дэгдэх ямар ч боломжгүй аж. Тусгай
филтер суурилуулжээ.  Уранаа хүхрийн хүчилд
уусгаж, резинээр шүүж авч тунадас­жуулаад шар нунтаг гаргаж авах процесс энд өрнөдөг
гэнэ. Энэ өрөөнд Архангай, Дундговь, Дорноговийн ураны гурван ордын туршилтыг хийжээ. 

Л.Батзориг “Ордуудаа ашиг­лахад боломжтой болсон гэж ойлгож
болно. Монголчууд шар нунтагаа өөрсдөө гаргаж 
чадна гэдэг бол дэлхийн улс гэдгийн илэрхийлэл. Хоёрдугаарт ураны ордоос
хичнээн хэмжээний юм олохыг нотолж чадаж байгаа нь бидний давуу тал” гэж ярьж байлаа.

Бид Геологийн төв лаборато­риос гараад Цөмийн энергийн газар руу
хөдлөхөд цаг 05.30 болж байлаа. Ажлын цаг дууссан ч ЦЭГ-ын даргын ажил дуусах шинжгүй.
Баяжуулагчдын холбооны тэргүүн ирчихсэн хүлээж байна гэж туслах нь ярив. Н.Тэгшбаяр
ажил хүрэх замдаа “Миний ажил ихэвчлэн эртдээ ес, оройдоо арван нэгд л дуусна шүү.
Баяжуулалт гэснээс урантай холбоотой ярих бас нэг зүйлээ мартаж орхиж. Уран олбор­лохын
тулд хүхрийн хүчил хэрэгтэй. Тэр хүчил нь Эрдэнэт, Оюутолгойд байна. Тэндээс  эцсийн бүтээг­дэхүүн гарвал  хүхрийн 
хүчил гарна. Түүнийгээ  ураны уурхайд
зарж чадвал манай зэсийн эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг ба­гасч дэлхийд өрсөлдөх
чадвартай болно. Эрдэнэт зэс хайлъя гэхээр 
хайлах явцад гарах хүхрээ хийх газаргүй байна л даа. Ураны салбарт хүхэр
ашиглаад эхэлбэл  зөв хоршил бий болно. Тэгж
чад­вал бид дэлхийд зэс, ураны али­наар  ч
өрсөлдөх чадвартай болох юм. Стратеги, эдийн засаг аль ч талаасаа зөв хоршил” гэж
ярилаа.

Биднийг ЦЭГ дээр очиход бая­жуулагчдын холбооны тэргүүн, ураны
хэд хэдэн ордын лиценз  эзэмшдэг “Гурван сайхан”
ком­панийн захирал ажил ярихаар хүлээж байлаа. Тэдний уулзалтын дараа ЦЭГ-ын дарга
Н.Тэгш­бая­раас цөөн асуултад хариу авлаа.

-Газрын ховор элементийн том нөөцтэй гэж яриад байдаг. Онцолж
хэлэхээр ямар ордууд байна. Газрын ховор элементээ ашиглаж эхлэх хугацааг баг­цаалаач
гэвэл тоо хэлэх боломжтой юу?

-Ховдын Халзан бүргэдэй, Муш­­гиа худаг, Лугийн гол зэрэг ордууд
бий. Судлах шаардлагатай 100 гаруй илэрц байгаа. Одоогоор газрын  ховор элемент манайтай хамаатай ч юм шиг, нөгөө
талаас нь харахаар яамны мэдэх зүйл  ч юм
шиг байдал үүсчихсэн. Ерөн­хийлөгчийн зарлигаар газрын ховор элементийн ашиглалтын
болон хайгуулын лицензийг ҮАБЗ-өөр оруулж шийдэхээр байгаа. Бодлого, хууль тодорхой
байж л бизнес явна. Хөрөнгө оруулагчид ирээдүй нь тодорхойгүй зүйлд мөнгөө хийдэггүй.
Тэгэхээр ашиг­лаж эхлэх хугацааг нь хэлэх бо­ломж алга. Газрын ховор элемен­тээр
дэлхийд өрсөлдье гэвэл хай­гуул судалгаа хийж, бодлогоо тодорхойлж, хуулийн орчноо
ойл­гомжтой болгох учиртай. 

-Ураныг ашиглах тал дээр иргэний хөдөлгөөний эсэр­гүүцэл нэлээд
байна. ЦЭГ-ын даргын хувьд уранаа ашиглах цаг ойрхон гэж боддог уу, эсвэл…?

-Япон бол Азийн хүчирхэг гү­рэн. Хүчирхэг эдийн засаг, хүчирхэг
технологитой. “Мицубиши” кор­пора­цийн ерөнхийлөгч Монголд ирлээ. Францын хувьд
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Европын хүчирхэг гүрэн. “Арева” бол дэлхийн
том компани. Тэд хамтаръя, Монголын хуулийг дээдэлж ажиллая гэж байна. Монголын
ДНБ-ээс илүү борлуулалт хийдэг хоёр компани ороод ирэхээр дэлхийн эдийн засаг, банк
санхүүгийн байгуул­лагууд Монголыг эерэгээр харах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ утгаараа
стратегийн хувьд  том ач холбогдолтой эхлэл.
Гэхдээ хамтрах гэрээнд гарын үсэг зурлаа гээд бүх юм шийдэгдэхгүй. Хөрөнгө оруулалтын
гэрээ гэж том юм бий. ҮАБЗ, УИХ-аар орно. Үүний дараа бүх зүйл тодорхой болно.

Өрнөл, төгсгөл  нь ямар
байх нь монгол­чууд биднээс шалт­гаална. Тэд тогтвортой байдлыг л хүсч байгаа.

-Ураны салбарт Францаас гадна хойд урд хоёр хөршийн сонирхол бий.
Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Мэдээж хоёр хөрштэйгөө харилцах харилцаа хамгийн чухал. НҮБ-ын
Аюулгүйн зөвлөлийн таван гишүүнтэй хамтрах ажлаа тодорхой болгох шаардлага бий.
Үүний төлөө л ажиллах ёстой гэж бодож байна. Гэхдээ аль ч тохиолдолд хуулийн дагуу
үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэх ёстой. Монгол  НҮБ-ын гишүүн улс.  Цөмийн зэвсгээс ангид байх бодлогоо тодорхойлоод
өгчихсөн. Үүнийг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд баталгаажуул­чихсан.
Урантай холбож нэг зүйл хэлэхэд зэсийн салбарт Оюу толгой дэлхийд Монголыг таниулж
байгаа шиг Зөөгч овоо болон ураны бусад ордууд дэлхийд өрсөлдөх чадвартай.

Ц.БААСАНСҮРЭН

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Газрын гүний дулаанаар ажиллах станцыг дөрвөн аймагт барихаар төлөвлөжээ

Засгийн  газрын зү­гээс газрын гүний ду­лааныг ашиглаж
эрчим хүч, дулаан гаргаж авах боломжийг сонирхож эхэл­жээ. Сэргээгдэх эр­чим хүчний
газар, Со­лон­госын хөрөнгө оруу­лалт­тай Nexgo ком­панийн тө­лөөлөгчид өчигдөр
энэ чиглэлээр  хамтран ажил­лах са­намж бичиг
бай­гууллаа. Энэ үйл ажилла­гаанд засгийг төлөөлж Эр­чим хүчний яамны Бод­логын
хэрэгжил­тийг зохицуулалтын газрын дарга Ц.Баяр­баатар, тус яамны сэр­гээгдэх эрчим
хүч­ний хэлтсийн дарга М.Ангараг, Сэр­гээгдэх эрчим хүчний төвийн дарга Б.Алтан­гэрэл
нар оролцсон бол нөгөө талаас Nexgo компа­нийн Монголыг хариуц­сан захирал Хванг
Ин Кө, тус ком­панийн газ­рын гүний тө­вийн захирал Пак Жун Көн нар оролцсон юм.
Мөн Солонгосын ЭСЯ-ын ерөнхий нарийн бич­гийн дарга ирсэн байв. Газрын гүний ду­лааны
цахилгаан стан­цыг Мон­­голын хэд хэ­дэн аймагт барих боломж­той гэж Nexgeo компа­нийн
гүй­цэтгэх захи­рал Ш.Төгсбаяр хэлж байна. Түүнээс энэ талаар тодрууллаа.

 
-Монголд
газрын гү­ний дулааныг ашиглаж цахилгаан дулааны станц байгуулах нөөц байгаа юу?

-Монголын газрын  гүн дэх дулааныг хэмжиж үзсэн судлаачид Улаан­баатарт
ямар ч боломж­гүй гэдгийг тогтоочихсон. Улаанбаатар орчимд гэвэл Төв аймаг хамгийн
магадлалтай бүс. Одоо­гоор томхон хэмжээний станц байгуулах бо­ломж­той гэж үзсэн
дөрвөн аймаг байна. Тодруулж хэлбэл Хөвсгөл, Архан­гай, Өвөрхангай, Баян­хон­гор.
Энэ аймгууд халуун рашаан ихтэй. Тийм ч учраас эртнээс газрын гүний дулааны нөөц
их гэж таамагласаар ирсэн. Манай судалгаа­гаар ч давхар батлагдсан. Гэхдээ илүү
нарийвчилж тооцох шаардлага бий. Газрын дулаанаас гарч байгаа процесс нь яаж явагдах
юм, тасралтгүй  явагдах  боломжтой юу, эдийн засгийн үр өгөөж нь ямар байх
вэ гэх зэрэг асуултуудын хариуг то­дорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг нарийн тоо­цож
байж цахилгаан станц байгуулах эсэхээ шийднэ л дээ. 

Сая  дурдсан дөрвөн аймгийн алинд нь станц баривал
илүү өндөр магадлалтай байна?

– Одоогийн
байдлаар Архангай аймгийн Цэцэрлэг сумыг хамгийн магадлалтай гэж тооцож байгаа.

ТЭЗҮ
хийж таарах байх. Хэр өртөг орох бол?

-Дэлхийд
газрын дулааныг ашиг­лаж хамгийн өндөр үр дүнд хүрсэн улс гэвэл  Исланд, Герман байна. Эдгээр улсад  ТЭЗҮ хэр өртгөөр хийгдэж байсныг харахаар  арван МВт-ын цахилгаан станц байгуу­лахад ТЭЗҮ-дээ
30 орчим сая ам.долларын зардал гаргадаг юм билээ. Архангайд барих станцын ТЭЗҮ-ийг
хийхэд 2.5 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. 

Хэд
орчим МВт-ын станц ба­рих боломжтой талаар урьд­чилсан төсөөлөл гарсан уу?

-Урьдчилсан
тооцоогоор 4-6 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц гэж ярьж байгаа. Гэхдээ  яг хэчнээн МВт-ынхыг барих вэ гэдгийг  Сэргээгдэх эрчим хүчний газар, Архангай аймгийн
удирдлагуудтай ярилцаад  шийдэх байх. 

Барих
өртөг нь?

-Барих
өртгийг нь ТЭЗҮ гарсны дараа тодорхой хэлнэ. ТЭЗҮ-гээр хэчнээн МВт-ыг барих вэ гэдгийг
тодорхойлж байж шийдэх асуудал. Ямар ч  байсан
Солонгосын Пуханы цахилгаан станцыг барихад 47 сая ам.долларын зардал гарсан.

ТЭЗҮ
боловсруулах мөнгийг хаанаас босгох вэ?

-ТЭЗҮ-ийг
хийх хөрөнгийг  КОЙКА-гаас  буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боломжтой гэсэн.
Дэлхийн банкны хувьд урт хуга­цааны зээлд хамруулах боломжтой гэсэн. Бид ТЭЗҮ-ээ
боловсруулж дууссаны дараа  Монголын Засгийн
газарт хүлээлгэж өгнө. Дараа нь Засгийн газар ямар чадлаар яаж барихаа өөрсдөө сонгож
хэрэг­жүүлнэ гэсэн үг.

Газрын
гүний дулааныг ашиг­ладаг станцуудаас тогтвортой ажиллаж байгааг нь онцлооч гэвэл…?

-Одоогоор
амжилттай ажиллаж байгаа газар гэвэл Бангладеш, Индонези зэрэг  галт уулын идэвх­жилтэй, магадлалтай орнууд байна. 

Газрын
гүнээс дулаан гаргаж авдаг станцууд гэж сонссон, ца­хилгаан гаргаж авдаг гэж сон­соогүй
юм байна? 

-Үнэндээ
цахилгаан станцаар нь туршиж үзсэн тохиолдол 
ховор л доо. Солонгост манай  компани
л 4000 метр буюу,  дөрвөн километрт өрөмдөж
дулаан, цахилгаан үйлд­вэрлэх хүчин чадалтай цахилгаан станцыг туршиж үзсэн  нь амжилттай болсон. Дэлхийн улс орнуудад одоо
ажиллаж байгаа станцууд дандаа дулааных учраас эдийн засаг талаа­саа тийм өндөр
ашигтай биш. Зөв­хөн дулааныг нь ашиглаж байгаа болохоор зардал нь өндөр гардаг.
Бидний хэрэгжүүлж байгаа  төслийн хувьд  цахилгаанаа ч давхар гаргах учраас эдийн засгийн   ашигтай.  

Дөрвөн
километр өрөмдөнө гэхээр аварга том өрөм байх нь ээ?

-Маш том
өрөм. Бүр тусгай байгууламж босгож байж өрөмддөг  юм.

Газрын
гүний дулааныг ашиг­лаж байгуулсан станц яг яаж ажилладгийг энгийнээр тайл­барлаач?

-Газрын
гүнээс доошлох тусам градус нь өндөр байдаг. Зуун граду­саас дээшээ уур болдог шүү
дээ. Энэ уурыг генератороор эргэлдүүлж цахилгаан гаргаж авдаг юм. Газрын гүнээс
соруулж авсан уур эргэлдсээр байгаад хүчгүй болоод ирэхээрээ 100 градус болон түүнээс
доош градусын халуун ус болдог. Тэр халуун усыг шугамаар гүйлгээд л дулаан гаргаад
авчихна. Дулаан гаргаж авсан ус аажмаар хөрөөд ирнэ ээ дээ. Тэгэнгүүт нь буцаагаад
газрын гүн рүү нь шахчихна.

Тэгэхээр
усны нөөц хомсдоно гэсэн юм байхгүй нь ээ?

-Сэргээгдэх
эрчим хүч учраас байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй. Гаргаж авсан усаа буцаа­гаад
газарт нь хийчихэж байгаа асуудал шүү дээ. Өөр нэг зүйлийг онцлоход нар, ус, салхинаас
эрчим хүч гаргаж авч байгаа станцууд наргүй, салхи багатай,  гол мөрөн татрах үед ажиллахгүй сул талтай бол
газрын гүний дулааныг ашиг­ласан станц байнга, тасралтгүй ажилладгаараа онцлогтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Говийн баялгийг ашиглахад усаар дутах зовлонгүй болох нь

Монгол баялгаараа дэлхийн анхаарлыг тат­сан, баялаг
нь бараг тэр чигээрээ говийн хөрсөн доор байгаа. Нүүрсээ угааж, зэсээ баяжуулах
гэхээр усаар дутахын зовлон бий.  “Оюу толгой”
төсөл гацсаны  нэг шалт­гаан нь усны хэрэглээ.
Говийн гүний усыг их хэм­жээгээр ашиглана гэдэг далд уурхайн санхүүжил­тээс дутахгүй
санаа зо­воо­сон асуудал болоод буйг шийдвэр гаргагчид нуухгүй байгаа. Сайн­шандад
баригдахаар яриг­­даж буй үйлдвэ­рүү­дийг үлгэр гэж гооч­лоод байгаа нь ч устай
хол­боотой. Их мөнгө авчрах эрдсээ олборлож боловс­руулахын тулд ус багатай говь
нутгийнхаа усыг ямар аргаар яаж хэмнэж ашиг­лах вэ гэсэн асуулт шийд­вэр гаргагч,
баялаг бү­тээгч аль алиных нь хувьд тулгамдсан асуудал бо­лоод байна. Говийн нөх­цөлд
усыг хамгийн багаар хэрэглэх технологи Мон­голд ороод ирчихэж. 

Өмнийн говьд нүүрс олборлож буй “Энержи ресурс”-ийнхэн
шинэ тех­нологи оруулж ирж үйлд­вэрийнхээ хаягд­лаас усыг нь ялгаад эхэлжээ. Бүр
95 хүртэл хувийг нь.

Өмнө нь тэд нүүрс боловсруулах үйлдвэ­рээсээ таван
километрын урт  хоолой татаж  хаягд­лаа урсгадаг байж. Тус­гай газарт асгадаг
хаяг­дал нь өвөлдөө хөлдөж,  зундаа ууршина.
Ус нь тэр чигтээ ууршаад алга болчихдог гэсэн үг.

Өвөлдөө хаягдал гадагшлуулах хоолой хөлдөж, үйлдвэр
зогсох эрсдэл ч байжээ. “Энержи ресурс”-ийн хувьд хаягдлынхаа далангаас тодорхой
хэмжээний  ус ашиг­ладаг  байсан гэнэ. Гэхдээ маш бага хэсгийг. Тодруулж
хэлбэл хорь гаруй хувийг нь дахин ашигладаг байж. Хаягдлаа асгачихаад хэсэг хугацаа
өнгөрөхөд нүүрстэй хэсэг нь доошилж,  ус нь
дээрээ тунадаг байна. Тунасан усыг нь ялгаж авдаг байжээ. Ер нь манай уул уурхайн
том төслүүд хаягдлаа ийм маягаар шийддэг. Оюу толгой ч  ялгаагүй. Баяжуулах үйлдвэрээсээ хоолой татаж
хаягдлын даландаа зутан маягийн юм асгадаг. Илүүдэл ус нь мөн л ууршаад алга болж
байгаа. Жижиг уурхайнууд бол усыг бүр ч үрэлгэн зардаг. Уурхайнхаа зай­дуу газар
нүх маягийн юм ухаж тусгаарлаад устай юутай хээтэй нь асгачихдаг. Нийслэлд байгаа,
хоттой ойрхон үйлдвэрүүдийн хувьд хаягдлаа шууд Туул гол руу хаях нь бий.  “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг томчуудын хувьд
бол өөр л дөө. Өндөр технологи ашиг­ладаг учраас  усны ашиглалт өндөртэй.  Бага хэмжээний ус л хаягдлын даланд ордог гээд
ойл­гочихож болно. Гэхдээ цаашдаа хэдэн арван жил ажиллах, өдөрт өчнөөн тонн нүүрс
угааж, зэс баяжуулах  том үйлдвэрийн хувьд
ийм маягаар усаа ууршуулаад байвал говийн усны нөөц хүрэл­цэх­гүй. Хамаг баялаг
нь говийнх нь  хөрсөн дор байгаа Монголын
хувьд эрдсээ боловсруулж ашиглахын тулд байгаа жаахан усаа яаж аригтай хэрэглэх
вэ гэдэг том асуудал. Оюу толгой дээр гэхэд л усаа яаж ашиглах вэ гэсэн асуулт бүрэн
шийдлээ олоогүй, Сайншан­дад баригдах үйлдвэрүүд өдий болтол ажил болохгүй байгаа
нь мөн л устай холбоотой гэдгийг дахин онцолъё. “Говьд үйлдвэр  барь­чихаар усгүй яах юм бэ” гэсэн асуудал өнөөдрийг
хүртэл шийд­вэр гаргагчдын сэтгэлийг чилээж байгаа.  

Харин одоо ийм зовлон ярихгүй байж болох нь. Үйлдвэрийн
хаягд­лаас усыг нь шууд ялгаад авчихдаг технологи Монголд ороод ир­чихэж. Мэргэжлийн  хүмүүс үйлд­вэрийн  хаягдлыг усгүйжүүлэн шүүгдсэн усыг үйлдвэрт дахин
ашиглах технологи гэдэг юм билээ. Энгийнээр хэлбэл бид нүүрс угаах үйлдвэрээс гарсан
арван литр хаягдлаас 7-8 литр ус гаргаж буцаагаад ашигладаг болсон гэсэн үг. Энэ
технологи  “Mining Journal Awards-2013”-ын   шилдэг тех­нологиор шалгарчээ. Шүүгчээр нь салбартаа
нэртэй, үгийг нь хэн ч сонсоод толгой дохидог 
эрхмүүд ажилладаг “Mining Journal Awards”  уул уурхайн салбарын шилд­гүүдийг жил бүр тодруулдаг
юм.  “Энержи ресурс”-ийн  Ухаа худагт байгуулсан Хаягдал усгүйжүүлэх туузан
шахагчийн үйлдвэр “Шилдэг технологи” номинацид нь өр­сөлджээ. Энэ үйлдвэр өдөрт
3300-4000 тонн хаягдлыг усгүйжүүлэх хүчин чадалтай. Бүх ажиллагаа  нь автомат. Монголын хувьд ийм технологийг нэвтрүүлсэн   анхны том үйлдвэр.

 “Энержи
ресурс”-ын хэрэглэж байгаа технологи нь Австрийнх. Тодруулж хэлбэл Австрийн “Анд­риц
сепэрэйшн” компанийн дэл­хийд нэртэй технологи. Уул уурхай хөгжсөн Чили, Австрали,
Америк, Энэтхэг, Орос, Хятадад өргөн хэрэглэдэг юм байна. “Андриц сепэрэйшн” компани
байгуулаг­даад  150 жил болсон “акул” үйлд­вэрлэгчдийн
нэг.  Зэс, төмрийн хүдэр, нүүрс баяжуулах
үйлд­вэрүүдэд тоног төхөөрөмжөө ний­лүүлдэг гэдгээр нь дэлхийн уул уурхайн томчууд
андахгүй. Усан цахилгаан станц, цаасны үйлдвэр, гангийн үйлдвэр, амьтны тэжээл,
бордоо хүнсний үйлдвэрүүд эдний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үздэг юм билээ.  “Андриц” дэлхий даяар 2500 гаруй үйлдвэр, засвар
үйлчилгээний төвтэй. Уул уурхайн эрдэс баялгийн баяжуулах үйлд­вэрийн салбарт төрөл
бүрийн шүүлтүүр санал болгодог.Өндөр даралтын саванд байрлуулсан вакум дискэн шүүлтүүр
бүхий HBF гэдэг шүүлтүүр нь гэхэд л  маш бага  чийгшилтэй нүүрс, төмрийн хүдэр гаргадаг. Нойтон
нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэхэд жин их татдаг. Хатаагаад чийгшил багатай бол­гочих­вол
тэр  чинээгээр хөнгөрөөд тээвэрлэлтийн зардал
хэмнэнэ гэсэн үг. Энэ талаас нь харвал манайх шиг дэд бүтэц хэцүүхэн улсад овоо
хэдэн төгрөг хэмнэхээр  шийдэл юм билээ.

Манай улсад хэрэглэж эхэлсэн хаягдлаас усыг
95 хувь хүртэл гаргаж авдаг туузан шүүлтүүр 
технологийг энгийнээр тайлбар­лая. Үйлдвэрээс гарч байгаа хаягдал эхлээд
туузан шүүл­түүрээр шүүгдэнэ. Шүүсний дараа хэрэглэж болохоор тунгалаг ус гараад
ирдэг юм байна. Тэр усаа  буцааж үйлдвэр рүүгээ  шахаж нүүрсээ угаана. Процесс нь ердөө л энэ.
Өмнийн говь нүүрсний нөөц ихтэй. “Энержи ресурс”-ээс гадна өөр олон компани нүүрс
экспор­толж мөнгө олдог. Ирээдүйд нүүрс­ний 
экспортоо эрс нэмнэ гэсэн улсын бодлого бий. Нүүрсээ үнэд хүргэхийн тулд
ихэнх компаниуд  нүүрс угаах үйлдвэр барина
гэсэн төсөөлөлтэй байгаа. Нүүрс бая­жуу­лах том жижиг ямар ч үйлдвэрт энэ технологи
тохирох юм билээ. Ганц нүүрсэн дээр ч биш зэс, төмөрлөгийн үйлдвэр дээр ч ашиг­лаж
болно гэж  “Андриц”-ийнхэн хэлж байна.  

“Эрдэнэт” гэхэд л энэ тех­ноло­гийг шууд нэвтрүүлж
болно. Оюу толгойн хувьд ч хаягдлынхаа да­ланд байгаа усны 95 хувийг эр­гүүлээд
ашиглах боломж харагдаж байна.  Манайх төмрийн
хүдрээ нойтон  аргаар баяжуулна хэмээн ярьж
буй. Энэ технологийг ашиг­лахад усаа өчнөөн тонноор хэмнэх бололцоотой. Манай улсын
экс­пор­тод гаргадаг голлох зүйлс нь дээр дурдсан нүүрс, төмрийн хү­дэр, зэсийн
баяжмал.  Тэгэхээр  дэлхийн зах зээл дээр гаргаж төсвийнхөө ихэнх
хувийг бүр­дүүлдэг бүх л  эрдэс дээр энэ технологийг
ашиглах боломжтой гэсэн үг.

“Андриц сепэрэйшн” ком­панийн Монгол дахь төлөөлөгчийн
газрын захирал Ж.Мядагмаа “Мэргэжлийн хэллэгээр бол хатууг шингэнээс салгах процесс
л доо. Хатуу нь нүүрсний хог, шингэн  нь ус.
Манай компани 2011 оноос “Энержи ресурс”-тай хамтран ажил­ласан. Бидний хувьд тех­нологоо
нийлүүлэх үүрэг хүлээсэн. Үйлдвэр байгуулах бусад бүх ажлыг “Энержи ресурс” өөрсдөө
хариуцаж хийсэн. Үндэсний ком­паниудын орол­цоотойгоор боссон үйлдвэр байгаа юм.
“Андриц сепэрэйшн”-ий мэргэжилтнүүд их богино хуга­цаанд хийсэн гэж  он­цолж байсан” гэж ярилаа. Тэгэхээр ийм үйлдвэр
дахиад барилаа гэхэд технологи суурилуулахаас бусад бүх ажлыг үндэсний компаниуд
хийж чадах нь.

Туузан шүүлтүүрт ус хэмнэхээс өөр өгөөж  ч байгаа юм билээ.  Усыг нь 
шавхсан нүүрсний хаягдлыг дахин боловсруулж утаагүй түлш­ний түүхий эд гаргаж
авах боломжтой юм байна.

Энэ технологийг сонирхож байгаа компани  заавал үйлдвэр бариулж суурилуулах шаард­лагагүй
гэнэ. Бага хэмжээний нүүрс угаадаг компаниуд 
үйлдвэрийнхээ нэг хэсэгт суурилуулчихад л болох юм байна.  Баяжуулаад гарсан хаягдлаа хажууханд нь шүүгээд
л  усыг нь эргүүлж ашиглаад байж болох нь.
Техник тоног төхөө­рөмжийг суурилуулахад дунджаар гурван сар л шаардагдах аж.  

Энэ технологийг уул уур­хайгаас гадна хүнс, химийн
сал­барт ашиглаж болох юм байна. Манайд химийн үйлдвэрлэл хөг­жөөгүй учраас хүнсний
үйлд­вэрт ашиглаж болно гэсэн үг. Жүржийн 
шүүс хийлээ гэхэд хальс, үрийг нь шингэнээс нь ялгаж авахад уг технологийг
ашигладаг юм байна. Юутай ч Монголд ийм  технологи
нэвтэрч, өмнийн говийн усыг хэмнээд эхэлжээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Тэргүүний фермер тэрбум гаруй төгрөгөөр хоёр үйлдвэр барьжээ

“Түмэн
шувуут” ком­панийн гүйцэтгэх захи­рал Ж.Болд Монгол Ул­сын тэргүүний фермер бол­жээ.
Шагналаа гардаж амжаагүй байгаа шилдэг фермертэй уулзахаар Сонгинохайрхан дүүр­гийн
хажууханд байрлах төв оффис дээр нь очлоо. Ж.Болд “Тэжээлийн үйлд­вэрийнхээ
төсөл дээр өдөр шөнөгүй ажиллаж байна” гэсээр биднийг угтав. “Чингис бондоос
санхүүжилт авахыг хүсэж байгаа юм. Энэ үйлдвэр ажил болчихвол өндөг­ний үнэ энэ
жилийнх шиг өсөхгүй. Тахиа бусад амьт­даас үнэтэй юм иддэг. Нэг кг тэжээл нь
1100 төгрөг.  “Алтан тариа”-н дээд
гурилаас ч үнэтэй юм иднэ шүү дээ. Тэжээлийг нь гаднаас авдаг боло­хоор долла­рын
ханш чангарангуут өсдөг. Тэгэхээр өндөгний үнээ нэмэхээс аргагүй болдог юм”
хэмээн ярьж байв. Төслөө бэлдээд завгүй байгаа учраас бидэнтэй хамт Шувуу руу
явж чадсангүй. Шувууны аж ахуйгаас анх удаа улсын тэргүүний фермер шалгарч
байгаа гэнэ.  

Бид шилдэг
фермерийн шувуу­ны аж ахуйг  сонирхохоор
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд харь­яалаг­дах Туул тосгоныг зорилоо.
Хүмүүсийн ярьж заншсанаар бол Шувуун фабрик. Өмнө нь хэцүүхэн байсан замыг
өнгөрсөн намар засаад аятайхан болгочихож. Хотоос гараад хорин минутын дотор л
зорьсон газраа хүрчихэв. Блокоор барьсан 
хашаанд арав гаруй том, жижиг барилга барьжээ. Явган явахад нэлээд цаг
авахаар томоо гэгчийн хашаа юм. Биднийг үйлдвэрийн дарга Ч.Нэмэхжаргал,
борлуулалтын менежер Б.Мөнгөн­туяа 
хоёр  угтлаа. Ч.Нэмэхжаргал “Түмэн
шувуут”-ыг арван жилийн өмнө байгуулагдахад л үйлдвэрийн даргаар нь ажиллаж
эхэлсэн гэнэ.

 Өндөглөгч тахиа, дэгдээхэйний байрны аль
алинаар нь орохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. “Хорио цээр гэж айхтар юм  бий. Ингэж байж өвчнөөс хамгаална. Хүн гэдэг
чинь  өвчин тээвэрлэгч шүү дээ. Манай
ажилчид ч гэсэн нэг байрнаас нөгөө байр руу ордоггүй. Нөгөө байр руу орох
шаардлага гарлаа гэхэд усанд орж өөрийгөө бүрэн ариутгаж байж л ордог юм” гэж
үйлдвэрийн дарга тайлбарлав. Ингээд өндөглөгчийн хоёрдугаар байрыг сонголоо.
Үүдээр нь оронгуут л хлорамины хурц үнэр ханхална.  Наад талын жижгэвтэр өрөөнд өндөг­нүү­дээ  хайрцаглаж өржээ. Эндээс өдөрт хоёр машин
өндөг хот руу ачдаг юм байна. Өглөө авсан өндөг үдээс хойшдоо нийслэлчүүдэд
ирдэг гэнэ. Цагаан нөмрөг, улавч малгай өмсөөд өндөглөгч тахиануудын байранд
орох эрхээ авлаа.

 

   Өндөглөгч тахианы хоёрдугаар байр                                          Шувууны иж бүрэн лаборатори                                           

Үйлдвэрт
ороход ямар байдаг билээ, яг тийм чимээтэй орчинд тахианууд амьдардаг юм байна.
Тахиануудын ус, тэжээлээ тонших чимээ, сэнсний дуутай холилдо­хоор ийм нүсэр
дуу гардаг аж. Азарган тахианууд донгодох нь энэ дуунд бүр ч сүр нэмнэ. Биднийг
ороход “нөхдүүд” хоолондоо орж байв. Хоолыг нь өгөх гэж гэрэл асаахад тахианууд
нойрноосоо сэрж, гэрэл асах бүрд азарган тахианууд донгоддог гэнэ. 38 мянган
өндөглөгч тахиа амьдардаг энэ байр хоёрхон азарган тахиа­тай гэхэд жигтэйхэн
чанга донгодох юм. Тахианууд өдөрт дөрвөн удаа хооллодог юм байна. Бидний ор­сон
том заалны өндөглөгч тахиа­нууд гэхэд л 
өдөрт дөрвөн тонн гаруй буюу 90 шуудай тэжээл идчихдэг гэж Ч.Нэмэхжаргал
сонир­­хуулав. Тахиануудын зургийг авахаар аппаратаа гаргатал “Спич­катай бол
зураг авч болохгүй шүү” гэж  Б.Мөнгөнтуяа
санууллаа. Гэрэлтүүлгийн хэмжээ стандарт энэ тэр нь яг нэг горимд байдаг
бололтой. Хэрвээ нэг нь цоччихвол зааланд байгаа гуч гаруй мянган тахиа ээлжилж
үргээд сүйд болдог гэнэ. Цочролд орсон зарим нь 
өндгөө өгдөггүй юм байна. Бүр хорогдол гарах эрсдэл ч гардаг аж.

Тахианууд
өдөрт арван цаг гэрэлтэй орчинд байдаг гэнэ. Бусад үед гэрэл унтарна. Өдөрт
дөрвөн удаа унтарна. Харанхуй болонгуут тахианууд нам жим болж амралтын цаг нь
эхэлдэг аж. Өндөглөгч тахиануудыг хооллох, ус өгөх, сангасыг нь байрнаас гаргах  зэрэг бүх ажил  автоматжжээ. Өдөрт дөрвөн удаа тэжээлийг нь
цэнэг­лэ­чихдэг юм бай­на. Ус бол тусгай хоолойгоор байнга урсаастай. Заримдаа
өдрийн дөрвөн удаа­гийн хоолноос гадна нэмэлт тэжээл өгдөг байна. Нэмэлт тэжээл
нь A, C, D витаминаар баялаг халгай, лууван. Ихэнх тэжээлээ Орос, Хятадаас
оруулж ирдэг гэнэ. Бид­нийг очиход 
тахианууд эрдэнэ­шиш­тэй тэжээл тоншиж байв. Хоол­ных нь 60 хувь нь
эрдэнэшиш аж. Тансаг хоолдоо орох гэнэ. Эрдэнэ­шиштэй тэжээлийг урд хөршөөс
оруулж ирдэг бол хойд хөршөөс улаанбуудайтай тэжээл оруулж ирдэг аж.
Тахианууддаа голдуу Оросын тэжээл өгдөг юм байна.

“Өглөө
ороод ирэхэд өндөгнүүд нь ирийчихсэн байдаг. Бид өндгийг нь түүж авахгүй.
Тусгай хоолойгоор урсаад ирдэг юм. Хагалсаныг нь ялгаж авдаг. Өглөөний 11.00
цаг гэхэд өндгөө савлаад дуусдаг” гэж энд шувуучнаар хоёр жил гаруй ажиллаж
байгаа Энхмаа ярив. Зарим залуу тахианууд өдөрт хоёр удаа өндөглөдөг гэнэ.
Биднийг өдрийн цайнаар очиход өндөгнүүд өрөөстэй байсан нь ийм учиртай аж.
Энхмаа “Хамаагүй ойртвол гар тоншихоос эхлээд 
эсэргүүцэл үзүүл­дэг” гэж хэлээд биднийг та­хиа­­нуудад ойртуулсангүй.
Шувууч­­­­наас өөр хүн ойртохоор хажиглаж, шаагилдаж орилол­доод бөөн юм болдог
гэнэ. Бас өндгөө буулгахгүй байх үе ч гардаг байна.

“Шувууны аж
ахуйн тахиа тэжээ­­лээр өндөглөдөг. Азарган тахиа өндөглөгчийн байранд байх нь
ямар ач тустай юм бэ. Жишээ нь өндөглөлтөд нөлөөлөх үү. Бэлгэд­лийн төдий л
үүрэгтэй юу” гэж асуухад үйлдвэрийн дарга “Би лав өндөглөлтөд нөлөөлөхгүй гэж
хэлж чадахгүй. Гэрэл асах бүрд азарган тахианууд донгоддог. Азарга тахиа  донгодохгүй бол энэ заал яав гэж санаа зовно
шүү дээ. Шувууны нуруун хэсэгт буурцаг маягийн юм байдаг. Өндгөн эс гэсэн үг.
24 цагийн турш горимын дагуу зөв хооллож, цагийг ягштал баривал тэр өндгөн эс
нь томорч үрийн хоолойгоор дамжиж явсаар өндөг болоод гардаг. Азарган тахианууд
өндөглөгчдийг тэжээл идэхийн өмнө тодорхой цагуудад донгод­дог. Энэ нь
өндгөлөхөд нөлөөл­дөг байх” хэмээн хариуллаа. 

“Танай
үйлдвэрийн өндөгний доторх шар нь илүү гүн өнгөтэй байдаг. Энэ ямар учиртай юм
бэ” гэж лавлахад үйлдвэрийн дарга “Шинэ хуучиндаа л байгаа юм. өндөг шинэ байх
тусам доторх нь гүн шар өнгөтэй байдаг. Шинэ өндөгний уураг, илчлэгийн 97 хувь
нь хүний биед шингэдэг байхад хуучин өндөгнийх 50-57 хувьтай л байдаг. Манайхан
орост өндгийг кг-аар өгдөг, хямдхан гэж ярьдаг. Гэтэл Орост нэг үйлдвэр гэхэд л
сая өндөглөгч тахиатай. Өндөгөө за­рах гэж хугацаа авдаг. Удах тусам чанар нь
мууддаг учраас тийм хямдхан өгдөг гэдгийг ойлго­дог­гүй” гэж ярив. Үндэсний
үйлд­вэр­лэгчид нийлээд дотоодын өндөг­­ний зах зээлийнхээ тавь, жаран хувийг л
арай гэж хангадаг гэнэ.

 
“ТАМИРЧИН
ТАХИА”-Г ТАМИРЧИД ИХ АВАХ БОЛЖЭЭ

 
Өндөглөгчийн
байрнаас гараад сав баглаа боодлын үйлдвэрээр орлоо. Энэ үйлдвэрт өндөгний үүр
үйлдвэрлэдэг юм байна. Өндөг савладаг цаасан уутыг үүр гэдэг аж. Өндгийг ийм
саванд зур­гаа, арав, арванхоёр ширхгээр нь савлаж худалдаж эхэлжээ. Манай улс
өмнө нь өндөгний үүрээ Оросоос авдаг байж. Харин “Түмэн шувуут”-ынхан өнгөрсөн
жил Орос технологиор үйлдвэр барьчихаж. Үйлдвэр нь их халуун юм. Өндөгний
цаасан сав­нуу­дыг энд тэндгүй өржээ. Тех­но­логи нь их энгийн аж.  Хаягдал цаас ус хоёр байхад л болох юм байна.
Усанд хаягдал цаасаа хийж хольж хутгаад усан сан руугаа хийнэ. Түүнийгээ хэсэг
хугацаанд дахин эргэлдүүлж бай­гаад хэвлээд гар­гаад ирдэг юм байна. Химийн
ямар нэг бодис огт ордоггүй учраас эко сав гэж тодотгодог юм билээ.

“Түмэн
шувуут” компанийн том хашаанд өнгөрсөн жил дахин нэг үйлдвэр барьчихаж. Шувуу
нядал­гаа­ны газар гэнэ. Будаг нь ханхал­сан үйлдвэ­рээр орлоо. Дэлхийн
стандартад нийцсэн нядалгааны цех аж. Одоогоор ажиллаж эхлээ­гүй бай­гаа ч
өндөглөгч тахиануудыг зааз­лах үед шууд ажиллаж эхлэх юм байна.  Өндөглөгч тахиануудыг жил болоод хөгшрөнгүүт
нь заазал­даг байна.  Өчнөөн мянган
шувууг нэг дор заазлахад  ариун цэврийн
онцгой нөхцөл шаарддаг учраас энэ үйлдвэрийг барьжээ. “Түмэн шу­вуут” компани
ирэх жил өндөглөг­чийн­хөө тоог 250 мянгад хүргэх гэнэ. Энэ жил дэгдээхэйний
нэг байр, 130 мянган өндөглөгч тахиа амьдрах дөрвөн байр ашиг­лал­тад оруулах
юм байна. Судал­гаагаа эхэлж, тоног төхөөрөмж захиалах ажилдаа оржээ. Өнгөр­сөн
жил барьсан энэ хоёр үйлдвэрт  гэхэд
нийлээд тэрбум гаруй төгрөг заржээ.

Заазалсан
өндөглөгч тахиануу­дыг манайхан тамирчин тахианы мах хатуу гээд голоод
хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Гэхдээ сүүлийн үед эрүүл хооллогчид уургийн
агууламж өндөр гэж ол­зуур­хан хэрэглэх болжээ. Тамир­чид их авдаг гэнэ. “Түмэн
шувуут”-ын менежер “Махны үнэ  өссөнөөс
хойш хүмүүс их  авах болсон. Хорь
гаруйхан хоногт тэжээл шахсаар байгаад томруулсан тахианы мах  өндөр хөгжилтэй орнуудын хэрэг­лээ­нээс гарч
эхэлсэн шүү дээ. Манай тамирчин тахианы махыг мэддэг хүмүүс нь их авдаг. Ялз
чанаад тагтуритан их хийдэг гэсэн.  Шөл
гоё гардаг гээд ам сайтай байдаг юм” хэмээн ярьж байлаа. Нэг тамирчин тахиаг
2000-3000 төгрө­гөөр худалддаг гэнэ. Тэд заазалсан тахиагаараа  сосиск хийх гэж бай­гаа аж. Удахгүй ийм
үйлдвэр бай­гуу­лах бололтой. Германы эрдэм­тэд­тэй хамтарч махныхаа дээжээр
сосиск хийж туршихад дажгүй амттай болсон гэж үйлдвэрийн дарга сонирхуулав.

 
ТЭЖЭЭЛИЙН
ҮЙЛДВЭР БАРЬЖ ӨНДӨГНИЙ ҮНИЙГ БУУЛГАНА

 

Өндөгний
үнэ сүүлийн үед огцом нэмэгдээд байгаа. 
Ам.дол­ла­рын ханшийг дагаж хэлбэлздэг өндөгний үнийг тогтвортой барих
арга нь гүйцэтгэх захирал Ж.Болдын хэлснээр эндээ тэжээ­лийн үйлдвэр  барих юм байна. Учир нь  өндөгний нийт өртгийн 60-70 хувийг тэжээл
эзэлдэг гэнэ. Улаан буудай дотооддоо хангалт­тай хэмжээгээр тарьж байгаа учраас
тэжээлийн үйлдвэр бари­хад асуудалгүй аж. Үйлдвэр барих ажил тоног
төхөөрөмжийнхөө судалгаан дээр явж байгаа юм байна. Тэжээлийн үйлдвэртэй
болчихвол өндөглөгч тахианыхаа тоог ч нэмэх боломжтой гэнэ. Тэжээлд ордог орцын
ихэнхийг нь эндээсээ хангачих учраас зардал нэлээд хэмнэх аж. Улаанбуудай, ясны
гурил, арвай гээд жин дардаг бүтээгдэхүүнүүдээ Монголоос, витамин, эрдсээ л
гаднаас импорт­лох юм байна. “Шувууны аж ахуй­гаа тогтвортой хөгжүүлье гэвэл
тэжээлийн үйлдвэртэй л болчих­моор байгаа юм. Санхүүжилт нь шийдэгдчихвэл есхөн
сарын дотор л ийм үйлдвэртэй болно” гэж үйлд­вэрийн дарга ярив. Эднийх хоёр
жилийн турш бага хэмжээний тэжээл үйлдвэрлэн туршиж байгаа гэнэ. Энэ үйлдвэрийг
барихад дор хаяж гурван тэрбум төгрөг хэрэгтэй бололтой.

 
ВАКЦИНД 14 УДАА
ХАМРАГДАЖ, ВИТАМИН УУДАГ ДЭГДЭЭХЭЙНҮҮД

 
Эднийх иж
бүрэн лаборатори­тай юм байна. Биднийг лаборато­рид ороход халат, малгайгаар
ижилссэн хоёр хүн сууж байна.  Тэд
дэгдээхэйнүүдийг өндөглөгч тахиа болтол нь 14 удаа вакцинд хам­руул­даг гэнэ.
“Вакцинд хамруула­хаас гадна витаминжуулдаг. 
Вак­цин хийлээ гэхэд  дархлаажилт
үүссэн эсэхийг нь хянана. Дэгдээ­хэйг хүүхэд шиг бөөцийлж байж өндөглөгч
болгоно шүү дээ” гэж үйлдвэрийн дарга ярилаа. Энэ лабораторид тэжээлийнхээ
чанарыг бас шинжилдэг гэнэ.

Сангасын
талбайг нь сонирх­лоо. Сангас гэхээр юм бараг алга. Зөөгөөд гаргачихаар хүмүүс
бор­доо болгож хэрэглэх гээд ачаад явчихдаг гэнэ. Зарим үед нэг маши­ныг нь
5000 төгрө­гөөр зардаг, ихэнхдээ үнэгүй өгдөг аж. Үйлдвэ­рийн дарга сангасаа
дахин боловс­руулж бордоо үйлд­вэр­лэх судал­гаа эхэлсэн гэж сонир­хуулав. Хөрс­ний
хамгийн сайн бордоо нь сан­гас юм байна. Дахин боловсруулж амиакийг нь задалж
ууршуулахад л сайн чанарын бордоо гараад ирдэг бололтой.

“Түмэн
шувуут”-ын хашаанд хоёр ч уурын зуух, нөөц цахилгаан станц ажиллаж байна лээ.
Тахиа хоёр уушгаараа зэрэг амьсгалдаг­гүй, нэгээр нь амьсгалаад нөгөө­гөөр нь
гаргадаг учраас бүтэж үхэх магад­лал өндөр байдаг гэнэ. Тийм учраас тахианд сэнс
ажиллуулж, гэрэлтүүлэг өгөх цахилгаан хам­гийн хэрэгтэй байдаг аж. Тог тасар­лаа
гэхэд нөөц  станцаа ажиллуул­даг юм
байна.

 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Самурай бондыг газрын тосны үйлдвэр, V цахилгаан станц зэрэг том төслүүдэд зарцуулна

Өнгөрсөн намраас яриг­даж эхэлсэн “Саму­рай” бондын мөнгө Мон­голд
ороод ирчихэж. Тод­руулж хэлбэл энэ долоо хоногийн даваа гаригт Хөгжлийн банкны
дан­санд 24 тэрбум 250 сая иен оржээ. 30 тэрбум иень орж ирсэн гэх тоо ч
дуулдаж байна. Энэ тоог ам.долларын өнөө­гийн ханшид шилжүүлбэл  290 орчим сая ам.доллар эдийн засагт
эргэлдэхэд бэлэн болсон гэсэн үг. 
Хөгжлийн банкны хувьд бондын мөнгө орж ирс­нийг  батлаагүй, бас үгүйс­гээгүй. “Процедур нь дуу­саагүй.
Ойрын хуга­цаанд нэгдсэн мэдээлэл өгнө” гэснээс нь харахад бондын мөнгө шилжээд
ороод ирсэн нь тодорхой байна. Ерөнхий сайдыг Японд айлчлах үед бон­дын хүү 1.5
хувиас хэт­рэхгүй гэж байсан. Арван жилийн хугацаатай энэ бондын хүүг 1.52 хувь
гэж тогтжээ. Харин “Чингис”  бондын
жилийн хүү нь 4.125 хувь байгаа. Хөгж­лийн банкны өмнө нь бос­госон бондын
жилийн хүү 5.75 хувь. Эндээс харахад бид тун бага хүү­гээр их мөнгө босгож  чадсан гээд дүгнэчихэж болохоор байна.  

 

ӨҮЛЭН, ЧИНГИС, САМУРАЙ…

“Самурай
бондоос босгосон иень бол манай улсын дэлхийн захаас босгосон гурав дахь том
мөнгө. Эхний бондыг Хөгж­лийн банк гаргаж байв. Нэр нь “Өүлэн”.  Араасаа олон ашигтай бонд дагуулаасай гэсэн
бэлгэдлээр ингэж нэрлэ­сэн гэдэг. “Өүлэн” бонд гаргаж олсон мөнгөний  хэмжээ нь 580 сая ам.дол­лар. Дараа нь
Засгийн газар өрийн бичиг гаргаж  дэлхийн
захаас 1.5 тэр­бум ам.доллар босгосон. Энэ бондыг дэлхийн хө­рөнгө
оруулагчид  “Чин­гис” гэдэг нэрээр нь
мэднэ. “Өүлэн” гэдэг нэрнээс ул­баалж ийн нэрлэсэн  юм билээ. Гурав дахь нь “Са­му­рай” бонд.
Ерөнхий сайдаас энэ бондод нэр өгөхийг хүссэн гэж бонд гаргах яриа эхлэх
үед  албаны хүмүүс онцолж байсан. Бодвол
алтан урагтай холбоотой хэн нэгний нэр тун удахгүй дуулдах байх. 

САМУРАЙ БОНД ГЭЖ ЮУ ВЭ?

Самурай бонд гэдэг нь зөвхөн Японы зэх зээл дээр хөрөнгө босгодог
хэлбэр. Япон бол дэлхийн томчуудаас хамааралгүй оршиж чаддаг, газар зүйн хувьд биеэ
даасан  том эдийн засаг. Шинзо Абэ засгийн
эрхэнд гарснаас хойш хасахтай байсан эдийн засгаа 3.7 хувиар өсгөж чадсан. Бага
тоо шиг сонсогдож болох ч тэр том эдийн засагт бол өндөр өсөлт гэж шинжээчид онцолдог.
Ийм өндөр өсөлттэй, биеэ даасан зах дээрээс бид мөнгө босгоод байна. Иенийн зах
дээр 1970-аад онд анхны бонд гарч байж. Мөнгөн хуримтлалаараа Америкийн эдийн засгаас
давдаг энэ улсын Засгийн газар ир­гэдийнхээ хадгаламжийг маш бага хүүтэйгээр улс
орнууд буюу тодорхой компаниудад зээлдэг юм. 
Иргэд нь мөнгөө хадгалуулахдаа хүү авдаггүй, шимтгэл төлдөг шахуу учраас
хүү нь бага байдаг. Япончууд эрсдэл багатай, рейтинг өндөртэй улсад бол манайд өгснөөс
илүү бага хүүгээр мөнгөө зээлдэг. Хүүгийн түвшин нь 0.07-1.5 хувийн хооронд хэлбэлздэг.
Зээлжих зэрэглэл өндөртэй орнууд,  жишээ нь  ААА зэрэглэлтэй улс “Самурай” бонд гаргаж мөнгө
босговол 0.7-0.8 хувийн хүү төлдөг. 

САМУРАЙ БОНДООС ХАМГИЙН ИХ МӨНГӨ БОСГОСОН НЬ  “ЖИ ПИ МОРГАН”

Самурай бондын хүүг манай Хөгжлийн банктай хамтран ажиллах бичигт  гарын үсэг зурсан Японы Олон улсын хамтын ажиллагааны
банк тогтоодог. Энэ банк манайх шиг хөгжиж байгаа улсуудад баталгаа гаргаж дэмжлэг
үзүүлдэг  учраас “Самурай” бонд амархан бүтсэн
гэж эдийн засагчид онцолж байна. Африкийн улсуудаас гадна Индонези, Франц зэрэг
хашрууд ч арлын орны зах дээрээс хөрөнгө босгож байжээ. Жишээ нь Францын “BNP
Paribas” банк самурай бонд босгож байж. Самурай бонд гаргаж хамгийн их мөнгө босгосон
банк бол Америкийн  “Жи пи морган”. Тус банк  111 тэрбум иенийн самурай бонд гаргаж байжээ.
Тунисын төв  банк  гэхэд л хоёр жилийн өмнө 25 тэрбум иен босгож  гаргаж байжээ. Зээл авсан шалтгаанаа экспортоо
дэм­жихийн тулд гэж тайлбарлаж байсан гэнэ. 
Ерөнхий сайдыг өнгөрсөн намар Японд айлчлах үеэр хамгийн сүүлд самурай бонд
босгосон улс бол  Индонези  гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан юм. Н.Алтан­хуяг
сайдыг очихын өмнөхөн польшууд ирж  бонд гаргах
яриа хөөрөө үүсгээд явсан байсан.  

ИЕН ХАМГИЙН ТОГТВОРТОЙ ВАЛЮТ

Ам.долларын ханш өссөн энэ үед  “Чингис” бонд 
эрсдэл авчирч байгаа.   Хүүнд төлөх
мөнгөнөөс  гэхэд л бид багагүй алдагдал хүлээж
буй. Иенийн ханш америк ногоон шиг савладаггүйг олон улсын байгууллагууд прогноз,
судал­гаагаар баталчихсан. Иенийн захаас мөнгө босговол 10-15  жилдээ  
ханшийн эрсдэлд орохгүй гэж тэд хэлж байна. Бид арван жилийн хугацаатай мөнгө
зээлж байгаа.

Тэгэхээр манайд ханшийн эрсдэл бараг л байхгүй гэсэн үг. Улс орнууд
хямд мөнгөний эрэлд гарчихаад байгаа энэ үед хамгийн таатай валют бол иен гэдгийг
дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. 

ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛНӨ

Самурай бондоос орж  ирсэн
мөнгө  сүүлийн өдрүүдэд чангараад байгаа долларын
ханшийг сул­руулахад зохих хэмжээгээр нөлөө­гөө үзүүлнэ гэж эдийн засагчид хэлж
байна. Долларын ханшийг буул­гахаар их хэмжээний мөнгө биш гэж хэлэх судлаач ч байгаа.  Эдийн засагч Ө.Ганзориг ам.долларын ханшийг буулгахын
тулд дахин бонд гаргах хэрэгтэй гэж  онцолж
байсан.  Тэгэхээр Засгийн энэ удаагийн бонд
гаргаж босгосон мөнгө дол­ларын ханшид зохих хэмжээний­хээ нөлөө­гөө үзүүлэх нь
дамжиг­гүй. Иенийн захаас босгох мөнгө  цаашдаа
нэмэгдэх болохоор энэ таамаглал биеллээ олно гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ бондод
найдахаас  илүү гадаадын хөрөнгө оруулалтыг  татах чиглэлээр хийж буй ажлуудынхаа эрчийг нэмэх
шаардлага шийдвэр гаргагчдын өмнө бий. Хөрөнгө оруу­лал­тын хуулийг дагаж гарах
журмаа тодорхой болгох, Ашигт малтмалын хуулинд оруулах өөрч­лөлтөө даруйхан хийх,
гадаад зах зээл дээр бодлого шийдвэр, ханд­лагаа сурталчлах гээд хүлээлт үүс­чихсэн
ажлууд зөндөө байгаа. Тэгж чадвал бонд дагасан их мөнгө эдийн засгийг дор нь өндийлгөөд
ирнэ.

БОНДЫН МӨНГИЙГ ЮУНД ЗАРАХ ВЭ?

Иенийн захаас босгосон энэ мөнгийг Японтой хамтран хэрэг­жүүлж
байгаа том төслүүдэд зар­цуулна. Анхнаасаа тийм тохи­роогоор гаргаж байгаа.  Манай улс 
Дарханы газрын тосны үйлдвэрийн төслийг “Марбуени”-тай, тавдугаар цахилгаан
станцын төслийг  “Со­жиц”-той гээд   хэд хэдэн том төсөл дээр арлынхантай хамтарч
буй. Эдгээр  төсөл дээр япончуудтай хамтарч
байгаа үндэсний компаниуд төслөө үргэлжлүүлэх 
мөнгөтэй болсон гэсэн үг. Япончуудын хувьд хамтарч буй том төслүүдийн 15
хувийг дотоодоосоо санхүүжүүл гэсэн болзол тавьж эхэлсэн. Тэгэхээр бондоос орж ирэх
мөнгө том төс­лүүдийн 15 хувийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Одоогоор бондын мөнгийг
дэд бүтцийн төслүүд, Дарханы газрын тосны үйлдвэр барихад зарцуулна гэсэн мэдээлэл
цацагдаж байна. Дотооддоо шатахуунаа үйлд­вэрлээд эхэлбэл  эдийн засагт үнийн савлагаа үүсэх нь багасна.
Инфляцийн суурь шалтгаан нь манай улсын хувьд шатахуун болоод байгаа. Япончуудтай
хамтарч буй тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалт ч тодорхой хэмжээгээр шийдэгдэх
байх. Ингээд бодохоор “Самурай” бондын мөнгө эдийн засагт бодитой нөлөө үзүү­лэхээр
харагдаж байна. Ерөнхий сайд “Самурай” бондын хөрөнгөөр эдийн засгийн өндөр үр ашигтай
төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ зарлачихсан болохоор эдийн засагт  шууд утгаараа нөлөөлөхгүй зүйлд энэ мөнгийг зарахгүй
нь тодорхой.

ДАРААГИЙН МӨНГӨ УДАХГҮЙ ОРЖ ИРНЭ

Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээний
иен зээлэх бололцоотой гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан. Яг одоогоор бол
600 сая ам.дол­лартай тэнцэхээр иенийг бид авахаар болсон гэх мэдээлэл цацагдаж
байгаа. Японы хөрөнгө оруулагчдын манай зах зээлд мөнгөө оруулах сонирхол өндөр
байгаа учраас үлдсэн мөнгө  ойрын хугацаанд
орж ирэх магадлал өндөр гэсэн үг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Японд айлчлах үеэрээ
самурай бондод мөнгөө оруулах сонирхолтой эрхмүүдийг байрлаж буй зочид буудалдаа
урьсан юм. Тэр уулзалтад 49 компанийн төлөөлөл ирснийг Японы тал “Их хүн оролцлоо”
гэж онцолж байв. “Самурай” бонд гаргасан улс орон, компаниуд ийм уулзалт зохиодог
жишигтэй юм билээ. Өмнө нь зохиогдсон ийм уулзалтуудад дээд тал нь хориод компанийн
төлөөлөл ирж байж. Тэд манайхыг илүү   сонирхож
байгаа учраас магадгүй  жилдээ багтаад
600 сая ам.долларын биш нэг тэрбум доллартай тэнцэхээр иен зах зээлд орж ирж мэдэх
юм. Энэ бондыг Засгийн газар таван тэрбум ам.долларын бонддоо багтаан авч байгаа
билээ. Одоогоор дэлхийн зах дээрээс ам.доллараар 1.5 тэрбум ам.доллар босгоод буй.
Иенийн захаас босгох мөнгийг 600 сая ам.доллартай тэнцэхээр гэж тооцвол өнөөдрийн
байдлаар  хоёр тэрбум гаруй ам.доллар босгоод
байна.  Төсвийн тогтвортой байдлын хуу­лиар
бол  Засгийн газрын  өр ДНБ-ий 30 хувиас хэтрэх учиргүй. Саму­рай бонд
гаргаж босгосон мөнгийг нэмбэл засаг хуулиа зөрчихөөр байгаа юм. Гэхдээ Засгийн
газар УИХ-д төсвийн тодотголын төслийг өргөн барих гэж байгаа. Пар­ламент энэ төслийн
хэлэлцүүлгээр өр тавих хувь хэмжээг өсгөх юм бол гүйцэтгэх засаглал хуулиа зөрчөөгүй
гэж харагдана. Юутай ч Сангийн сайдын “Хөгжлийн хөрөнгө оруулалт” гэж онцлоод буй
багагүй хэмжээний мөнгө  эдийн засагт орж
ирчихээд байна. Хөгж­лийн банк энэ мөнгийг ком­паниудад төгрөгөөр зээлнэ гэх мэдээлэл
бий.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар популизмынхаа төлбөрийг үндэснийхээ компаниудыг дээрэмдэн барагдуулж байна

Гүйцэтгэх засаглалын тэр­гүүн  саяхан татвар, гаалийн орлогоор төсвийн алдагдлыг
бууруулснаа бахархалтай­гаар зарлав. Жил бүр л олохоо­соо илүү үрээд дуус­даг төсвийн
алдагдлыг буу­руул­на гэдэг уг нь бол аятай­хан мэдээ л дээ. Гэхдээ яаж бууруулсныг
нь сонсохоор алга ташаад байх юм алга. Яг үнэндээ Ерөнхий сайдын онцолж  хэлээд буй алдагдал бууруулах ажиллагаа  төр засгийн ичих нүүргүй луйвар болоод өнгөрлөө.
Тодруулж хэлбэл энэ Засгийн газар  бизнес
эрхлэгчдээ луйвар­дан дээрэмдэж төсвийн алдагд­лаа нөхөв. “Манай гааль, татварынхан
татвараа ахиу авч төсвийн алдагдлыг гурван хувьд багтаалаа” гэж зарлаад байгаа нь
үүнийг батална. Эдийн засаг хүндэр­сэн, нүүрснээс олох мөнгө өчнөөн тэрбумаар багассан,
доллар төгрөгийн эсрэг түү­хэнд байгаагүйгээр чангар­сан, товчхондоо компаниуд дампуурч
байгаа ийм цагт  татвар, гаалийн орлого ихэс­сэн
нь логикийн хувьд  авцал­даагүй зүйл. Олох  мөнгө эрс багассан энэ үед хууль цааз цэрэг цагдаагаараа
дээрэл­хэж улаан цагаан дээрэм хийхгүй л бол ахиу татвар  авч аймаар их мөнгө олох ямар ч шанс байхгүй.
Өнөөдөр арай гайгүй ажиллаж, өчнөөн хүнийг цалинжуулж амьдра­лыг нь авч яваа компаниудад
татварынхан шалгалт нэртэй шантаажлах үйл ажиллагаа эхлүүлж өчнөөн төчнөөн тэрбумын
акт тавьчихаад байна. Гэхдээ татвар сайн өгдөг компаниудаа илүүтэй дарамтлахаа тэд
мэдэж бай­на. Учир нь нөгөөдүүл нь татвараа өгөөд сурчихсан бас өгөх мөнгөтэй учраас
тэр. “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөгөөн дээр нэрт нийтлэлч Баабар
“Татва­рын луйварчид татвар өгөөдөх­­вөл зүсэн зүйлээр дарамтлаад эхэлдэг. Огт өгдөггүй
байгууллагуудыг яадаг ч үгүй” гэж хэлж байсан нь яг үнэн аж.  Танай байгуул­ла­гад татварынхан акт тавь­сан
уу гэхэд л захын компа­нийн удирдлага тийм гэнэ. Компаниудаас хуулийн дагуу авдаг
татварын тухай энд яриагүй гэдгийг дахин онцолъё. Хуулийн дагуу татвараа төлчихөөд
байхад элдэв шалтгаан хэлж  шал­галт хийх
нэрээр илүү татвар нэхээд байгаа дээрмийн тухай 
хөндөж байгаа билээ.

Жишээ нь манай сониныг эрхлэн гаргадаг “Өдрийн мэдээ” ХХК
2012 оны шилдэг татвар төлөгч, 2011 оны топ 150 компанийн нэг. Татварын ерөнхий
газраас олгодог “Хөх дэвтэр” дээд шагналыг аль хэдийнэ авсан байгуул­лага. Өнгөрсөн
таван жилийн хугацаанд татварт нийт 889 сая төгрөг төлсөн байдаг.  Бараг тэрбум шахуу төгрөг. Одоо манай байгууллага
дээр гэхэд л татварынхан шалгалт оруулж элдэв шалтгаан хэлж  өчнөөн төгрөгийн татвар нэмж авахаар акт тавина
гэж сүрдүүлж байна. Төсвийн алдагдлыг багасгах уриан доор хийж буй дээрмийн нэг
жишээ бол энэ. Татварт бай­гаагаа өгдөг компаниудад тэд ер нь л ингэж ханддаг.

Төсвийн алдагдал яагаад ихэссэнийг эргээд нэг харъя. Шалтгаан
нь ердөө популис­тууд. Өнгөрсөн сонгуулийн 
дөрвөн жилийн хугацаанд ширээ тойрч суусан  нөхдүүд баахан  популизм хийсэн. Тэд уул уурхай гадаадын хөрөнгө
оруулалтыг зүсэн бүрээр зүхэцгээж гадаадуудыг хөөж, уул уурхайг хааж малаа мал­лаад
сайхан амьдарцгаах тухай ярьцгаадаг байв. Ингэж дуусдаггүй яриа явуулсны хүчинд  тэд бүгдээрээ 
УИХ-д сонгогдож гарч ирсэн. Зарим нь голлох яамдыг удирдаад явж байна. Нөхдүүд
төр засгийн эрхэнд гарч ирээд уул уурхай гадаадын хөрөнгө оруулал­тыг зүсэн бүрээр
хяхан хав­чиж гарсан. Дуус­даг­гүй яриа дэлгэж дэмий бурцгаасны үр дүнд нь Стра­тегийн
салбарт гадаадын хөрөнгө оруулал­тыг зохицуу­лах тухай гэсэн нэг их урт нэртэй хуулийг
2008-2012 оны парламент баталж байв. Түүхэн тэнэг шийдвэр болс­ныг нь хөрөн­гө оруулалтын
урсгал яаж багассанаас харчихаж бол­но. Харин энэ бүх хийрх­лийн үр дүн нь элгээрээ
хэвтсэн Монголын эдийн засаг. Гадаадаас урсан орж ирдэг валют байх­гүй болчихсон
гэсэн үг. Шууд­хан хэлэхэд бид мөнгөгүй болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн
энэ хууль батлагдахын өмнө Мон­голд америк ногоон өчнөөн тэрбумаараа орж ирж байв.
Ганц хоёр тоо хэлье. Хууль 2012 оны тавдугаар сард батлагдсан. Хууль гара­хын өмнөх
жилүүд гэхээр  2011, 2012 он болж таарна.
2011 онд Монголд 4.6 тэрбум ам.доллар орж ирж байсан бол дараа жил нь 4.4 тэрбум
ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирж байв. Энэ үед ногоон биш монгол
төгрөг чангарч байлаа. Харин хууль гарсны дараа жил буюу өнгөрсөн онд гадаадын хөрөнгө
оруу­лалт 43 хувиар буурсан. Гад­наас орж ирж байсан ногоон хоёр дахин  багассан гэсэн үг. Уул уурхай, гадаадын хөрөн­гө
оруулалт  хамгийн доод цэг гэж байдаг  бол тэндээ хүрт­лээ уруудчихаад байгаагийн наад
захын жишээ энэ. Нүүрс­нээс төдийг олж бай­гаад иймхэн болсон гэж ирээд үргэлжлүүлбэл
сэтгэлээр унахаар их тоо гарна л даа. Ингэсгээд зогсъё. Дахин сануу­лахад мөнгөгүй
болсны гол буруутан нь нөгөө дуус­даг­гүй яриатай популистууд.

Популистуудын дуусдаг­гүй яриа энэ засгийн үед ч үргэлжилж байгаа.
Саяхан даа, урт яриа өрнүүлдэг өнөөх нэвтрүүлэг дээр  нь  сувгаа
таарууллаа.  Иргэний хөдөлгөөний гэдгээрээ
олны танил “Урбанек”-ийн Б.Лхаг­ва­­­жав Газрын тосны хэрэг эрх­лэх газрын даргаас  “Зана­раа хувийнхнаас авахгүй юм уу. Да.Ганболд
энэ тэр ч дээ…” гэсэн утгатай хатгасан асуулт асууж байх юм. Нөгөө л хувийнх­ныг
адалсан, гадаа­дын хөрөнгө оруулагчдад дургүй попу­лис­туудын ханд­лага хэвээрээ.
Дарга харин сайн технологи нэвтрүүлж ашигтай ажиллаж чадах ком­панийг нь дэмжинэ
гэсэн үг унагана лээ. Занар дээр гэхэд Америк, Францын дэлхийд нэртэй том компа­ниуд
хөрөн­гө оруулах сонирх­­лоо илэр­хийл­чихсэн. Монголын үндэсний том компа­ни ч
төсөл хэрэгжүү­лээд явж буй. Хөрөн­гө оруу­лалт навс унасан энэ үед хүртэл  орж ирэх гэж байгаа мөнгийг буцаах яриа популис­туудын
дунд өрнөж байх юм.

Гэтэл улс  гүрэн  оршин тогтнохын үндэс нь ердөө л мөнгө. Мөнгөтэй
улс л бид хөгжинө гэж том дуугарах эрхтэй. Тэгвэл манай улс мөнгөгүй болсон. Мөнгөгүй
болсон улс юун хөгжих дампуурчихгүй шиг тэсч үлдэх хэрэгтэй болдог юм байгаа биз
дээ. Тэд өнөөдөр өөрс­дийн­хөө буруугаас болж алд­сан мөнгөө эргэж олохын тулд үндэсний
бизнес эрх­лэгч­­дээ дээрэмдэж эхэллээ. Гадаадын бизнес эрхлэгч­дийг хөөж явуулчихаад
чад­да­гаар нь  үндэсний томоо­хон компаниудаа
дээрэмдэ­хээр шийджээ. Хавт­гай­даа явагдаж байгаа татварын шалгалт нэртэй  Засгийн газ­рын дээрэм үүнийг гэрчилнэ.

Засгийн нэр барьсан татварынхан компаниудад шалгалт оруулж амандаа
орсон тоогоо нэхэж байгаа. Арай гайгүй гэсэн компанийн ямар ч удирдлагатай уулзсан
“Энэ татварынхан арай хэтэр­нээ” гэж толгой сэгсэрц­гээж байна.  Гааль ч 
ялгаагүй. Гаалийн байцаагчдад  биз­нес
эрхлэгчид хэзээнээсээ талгүй.  Хүний үнэргүй,
орж ирсэн барааг амандаа багт­сан мөнгөөр үнэлж, өчнөөн төгрөг нэхдэг гэж ирээд
ам муутай байдаг. “Алдсан мөнгөө энэ муусайн бизнес эрхлэгчдээс олж ав” гээд засаг
нь уриалчихсан энэ үед  өнөө байцаагчид  бүр ч адгийн амьтад шиг аашилж  байгаа гэдэгт эргэлзэх юм алга.  

Монголын урдаа барьдаг том үйлдвэрлэгчтэй уулзлаа. Гадны байгууллагаас
дол­ларын зээл  авснаас болж өчнөөн алдагдал
хүлээснээ толгой сэгсрэн ярьж байна лээ. Арай гэж ингэж олсон хэдээрээ бараа, тоног
төхөө­рөмж татаад ирэхээр аман­даа орсон хэмжээгээр үнэлж  гаалын татвар 
нэхэж дарамт­лахаар ямар олиг байхав.

Товчхондоо популизм хийж байж УИХ, Засгийн газарт гарч ирсэн  улстөрч­дийн популизмийн  өрийг Монголын бизнесмэнүүд төлж байна. Энэ талаар
санаж зовж байгаа ганц хүн нь Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж л байх шив.
Тэр л төсвийн алдагд­лыг  гааль татвараар
багасгаж байгаа нь үндэснийхээ бизнес­менүүдийг шулж бай­гаа өөдгүй хэрэг гэж хэлж
байна.  Өөр санаа зовж бай­гаа шийдвэр гаргагч
хүний урманд алга.

Компаниуд дээр ажиллаж байгаа татварын байцаагч­дад төв байгууллагаас
нь “Наанаасаа төчнөөн төгрөг бүрдүүлээрэй” гэсэн чиг өгдөг гэж байгаа. Байцаагчдын  ахиу татвар авахаар улайр­даг шалтгааны нэг нь
энэ.  Ийм жишээ яривал тоймгүй.  Засаг нь наад муусайнуудаа­саа ахиухан татвар
авч, шүүсийг нь шах гэчихээр тэр далбаан дор нь санасан тоо­гоо хэлж халаасаа зузаалж
байгаа овжин байцаагчид ч олон бий.  

Популистуудын дэмий яриа­наас болж гараад явчих­сан мөнгийг олох
гэж улайр­сан засаг үндэсний компа­ниу­­дынхаа халаасыг хоо­солж эхэллээ. Эцсийн
зоосыг   нь ч үлдээхгүй шавхахаар улайрч байна.
Эдийн засаг хямарч, гадныхан гараад яв­сан цаг үе бүхэнд  тэд үндэсний компаниудаа ингэж  дээрэмддэг. Энэ удаагийн дээрмээ Ерөнхий сайд
нь бахархалтайгаар зарлаж бай­гаад  хийж байна.
Уул нь популистуудын  шүлсээ үсчүүл­сний төлбөрт
явж байгаа тэр олон тэрбум төгрөг компаниудад үлдсэн бол  Мон­гол Улс хожих байв. Мон­голын ард түмэн баяжих
байв.

Ц.БААСАНСҮРЭН