Якутад хорин жил судалгаа хийж, үргүйдэлтэй гэсэн онош сонссон
Ази, Европын 170 гаруй бүсгүйд үрийн зулай үнэрлүүлсэн монгол эрдэмтнийг уншигчидтайгаа
уулзуулж байна. Энэ эрхмийг Б.Баасансүрэн гэдэг. Тавхан настайгаасаа Лхаст ном
үзэж эхэлсэн тэрээр цааны цусан эвэр зэрэг эд эрхтнийг өвс ургамалтай хольж
үргүйдлээс эхлээд хорт хавдрыг хүртэл анагааж, эмчилж байгаа нэгэн юм. Саяхан
Кремлийн ордонд Олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны “2013 оны хүн” шагналыг хүртсэн монгол эрдэмтэнд Австрийн ерөнхийлөгч энэ зууны дэлхийн шилдэг эрдэмтний шагналыг өнгөрсөн
жил гардуулж байжээ.
-Хар багаасаа Түвдийн Лхасыг зорьсон гэхээр өвөг дээдэс тань их
номтой улс байжээ?
-Таван наснаасаа дорно дахины Түвдийн анагаах ухаанд эх оронд
нь очиж суралцсандаа, Түвдийн цагаан толгой үзсэндээ их баярлаж явдаг юмаа. Миний
мэдэхээр өмнөх гурван үе маань бурхан шашныг хүндэлдэг, өв уламжлалыг айхтар сахидаг,
гүн ухаанд сүрхий нэвтэрсэн улс байсан юм билээ. Дотроосоо ариусч, хүнд ариун сайхан
сэтгэлээр уужмаар хандаж явах хэрэгтэй гэдгийг амьдралаараа үлгэрлэсэн улс байсан.
Би чинь эцэг өвгөдөө сөхөж яривал дөрөв дэх
үеийн бурханы ном үзсэн хүн байгаа юм. Манай дээдсүүдийн дунд хувилгаанууд ч байсан
гэдэг. Гэндэн хувилгаан гэж Баянхонгорын Ламын гэгээний хүн байсан. Миний аав тэр
хүний хүү нь. Гэндэн хувилгааны аав нь Европт
бурхандаа мордсон гэдэг. Англи юмуу Францад байх, яг хаана гэдгийг нь нарийн мэдэхгүй. Гэндэн хувилгаан Түвдэд бурхандаа мордсон. Далай багшийн номын багш нь.
-Далай лам таны багш болсон нь тийм учиртай байх нь ээ?
-Арвандөрөвдүгээр Далай лам надад “а” үсэг заасан ачтай хүн. Гэндэн
хувилгаанаас гадна аав маань Далай багштай нэг ангийн улс байсан юм билээ. Гэхдээ
Далай багшийг дагаж яваагүй гэдэг. Уламжилж
ирсэн Түвдийн дуган дацнаа орхиж явахгүй гэсэн юм билээ. Хятадын Мао Зэдуны хувьсгалаар
бурхандаа мордсон. Далай багш аавын минь талаар “Өнөөдөр маргаашийг боддоггүй,
хорь гучин жилийг бодож үр хүүхдэдээ хандаж байсан хүн” гэж хэлж байсан. “Гучин
жил чинь бага шүү, жартай хүн юмаа сурч дээшээ гардаг юм шүү” гэж ярьж байсан юм
билээ. Миний аав их хатуу хүн байсан. Аавтайгаа
уулзъя гэж арван жил мөрөөдөөд дийлээгүй. “Тэр хүнийг энд авчирч болохгүй. Сэтгэл нь хувирчихна. Эрхийг
сурахаар бэрхийг сураг” гээд хатуу дэг жаягтай хийдэд тэр олон жилээр намайг сургасан хэрэг. Би ч багшийнхаа итгэлийг
алдаагүй. Далай багш “Дэлхийд нэрээ гаргасан сайн шавиараа бахархдаг” гэж хэлдэг юм.
-Далай багшийн ямар чанар нь танд онцгой санагддаг вэ?
-Гайхалтай гүн ухаанч. Ерөөсөө л хүнийг дотроос нь ариусгаж зөв байлгах гэсэн чин хүсэлтэй хүн.
-Таны Лхас руу явсан түүх
их сонирхолтой санагдаж байна?
-Эхлээд дөрвөн настайдаа Ганданд ирсэн юм. Гомбожав хамба маань
тэр үед амьд сэрүүн байлаа. Намайг Ганданд авчирч өгсөн хүн “Монгол транс”-ын ууган
жолооч Жамбал гэж мундаг хүн байсан гэдэг.
Сүхбаатарын одон гуравтай, онц тээвэрчин хүн байсан юм билээ. Гандан тэр
үед дөрвөн гудамжтай байлаа. Би Гомбожав хамбын дэргэд нэг жил ном үзээд Түвд рүү
явсан юм. Тэнд Далай багшид шавь орж Чойрын ном заалгаж эхэлсэн. 13 настайдаа шалгалтаа
өгч сургуулиа дуусгасан даа. Яг сургууль
төгсөх үед аав маань Түвдийн бослогын үеэр хятадуудад алагдсан юм аа. Би бас тэр
үед аавтайгаа уулзах гэж яваад хятадуудад өртөж амиа алдахаас наагуур сайн хүмүүсийн
ачаар эх нутагтаа ирсэн юм.
-Гэндэн хувилгаан гэж ямар хүн байсан юм бол, Далай багш өвөөг
тань дурсан ярьдаг л байсан байх?
-Далай багш их нарийн ухаантай хүн. Тийм учраас хувилгаан багш
нарынхаа талаар нэг их ярихгүй. Нэрийг нь ч хэлэхгүй. Ухаалаг, эх оронч хүн л байсан
юм билээ. Баянхонгор аймгийн Хүрээмаралын хийд гэж шашин номын үйл хэрэг ид дэлгэрч
байсан үед судар номын орчуулгын төв болж байсан сайхан хийд байж. Миний өвөө Гэндэн
гэгээнтэн гэж хувилгаан хүн тэр хийдэд суудаг байсан гэдэг. 1937 оны үед цаг төр
эвгүй болох үеэр өвөө маань Түвдэд гарч хийд байгуулан суусан байдаг. Тэгэхэд манай
аав ээж хоёр хамт явж. Ээж маань намайг төрүүлэхийнхээ өмнөхөн эх нутагтаа ирсэн
гэдэг. Миний ээж Архангай аймгийн Ихтамир сумын хүн. Намайг төрүүлээд төрөхийн
өвчнөөр өөд болсон гэдэг. Тэгээд л би жаахандаа Түвд рүү өвөө дээрээ очсон юм.
–Далай багштай өнөө хэр холбоотой, байнгын харилцаатай явдаг хүний тань хувьд асуух нэг асуулт байна.
Далай багшийн монголчуудын талаар хамгийн
их ярьдаг зүйл гэвэл…?
-“Буддын шашны гүн ухааныг жинхэнэ утгаар нь бясалгасан улс бол
монголчууд, ээ дээ сайхан улс шүү” гэж хэлдэг юм. Гэтэл сүүлийн үед эмзэглэхээр
зүйл их ажиглагдах боллоо. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед мөнгөний лам нар их төрж
байна. Ийм улс буддын их ухааны нэр хүндийг унагаад байна л даа. Буриадын лам
нар гээд ярихад л шүүмжлэхээр зүйл их байна.
Тэднийг манайд сургууль дүүргэсэн гэж оросууд ярьж, бидэнд ам муутай хандах гээд
байдаг болжээ. Ясанд мөргөөд унахаар тэгнэ л дээ. Яаж ам сайтай байхав. “Эдний лам
нар Монголд төгссөн, танайхаас л сурсан
юм нь энэ” гэж байгаа юм. Гэтэл бид бурханы шашинтай, олон жилийн бумбатай,
шүтээнтэй ард түмэн. Тэндээ мөргөөд явбал
болно шүү дээ.
-Ясанд мөргөөд гэдэг нь Итгэлт хамбад мөргөж байгаа хүмүүсийг
хэлээд байна уу?
-Тиймээ. Өнөөдөр Монголын минь ард түмэн зүгээр л нэг бурхандаа
мордсон хамбын ясанд мөргөдөг боллоо. Хүний ясанд хүн мөргөнө гэж байхгүй, бидний
соёлд байж боломгүй зүйл. Монголчууд “эрхэм хүнийхээ ясыг өндөлзүүлж болохгүй, сайн яваарай” гэж хэлэлцсээр
ирсэн ард түмэн. Улаан-Үүдээс 60 км-т давсан
нуур байдаг юм. Давстай газар хүний цогцос муудахгүй, натри калидаа барьцалдаж хэвээрээ шахуу байдаг.
Ийм бодитой шалтгаан байхад элдэв зүйл ярьж мунхруулж болохгүй л дээ. Биологийн
шинжлэх ухааны айхтар улс учрыг нь мэдэж байгаа. Тийм байхад тэднээс санаа зовохгүй
янз бүрийн юм зохиож ярьцгаах юм.
-Та Түвдээс Монголдоо хэзээ
ирсэн юм бэ?
-Нөгөө айхтар соёлын хувьсгалаар. Тэр үеэр бурхандаа мордсон
хүний тоонд орж их зогдортой тэмээнүүд дунд нуугдаж эх орныхоо хил дээр ирж орос
цэргүүдэд баригдан багагүй зовлон эдэлсэн шүү. Дараа нь цэргийн госпитальд
ажилласан. Эмч хүнийг алж болохгүй шүү дээ. Цэргийн госпитальд аль л гайгүй гэсэн эмч нарыг авна. Тэдний дунд дажгүй ажиллалаа.
Тэнд эмчээр ажиллаж байтал Ёндон генерал Орост сургуульд яв гэсэн л дээ. Ингээд л явж байя гээд нэг их хүчилсэнгүй. Тэр үед би
уул усаар их явдаг байсан юм. Өглөө бүр цэргийн госпиталийн хашаан дотор
гүйдэг байлаа. Нэг удаа армийн том тэмцээн
боллоо. 41.5 км-ийн марафон гүйлт байсан юм. Армийн бэлдсэн тамирчдаас хол тасархай
түрүүлээд ирлээ. Хонхорын станцаас Налайх хүртэл гүйгээд наашаа Алдарын стадион дотор орж ирж аваргаа хийж байлаа. Ёндон генерал бүр гайхаад.
“Нөгөөх чинь цоройлоо” гэж байна шүү. Ингээд
марафон гүйлтийн армийн аварга болдог юм. Тэгээд биеийн тамираараа алдаршиж
гарав аа. Биеийн тамираар алдаршиж, сүүлдээ улсын шигшээ багийн тамирчдын урд
гардаг юм байна. Тамирчин гэдэг нэр алдрыг авч, спортод нэрээ гаргалаа. Хажуугаар
нь хүн амьтан үзэж эмчлэх ажлаа амжуулна.
Сүүлдээ Ази тивийн аварга болж төрийнхөө далбааг хийсгэлээ. Их спортод орж нэр хүндтэй болоод ирэнгүүт оролдох
нь арай багассан даа. Спорт руугаа нэлээд анхаарч ихэнх цагаа бэлтгэл сургуулилт
хийхэд зардаг боллоо. Хажуугаар нь зовсон зүдэрсэн хүмүүсийн дуудлагад явсаар байсан
л даа. “Юугаа нуугаад хийгээд байгаа юм бэ”
гэж лавлахад нь юм хэлэхгүй. Хэлчихвэл “Битгий тийм юм хий” гэчихнэ шүү дээ. Над дээр дандаа ядарсан улс ирнэ.
Чадарсныг нь авдаг ч үгүй юм. Цаанаас нь ч бурхан хардаг юм уу бүү мэд.
-Бэлтгэл сургуулийн хажуугаар хүн эмчлэх ажлыг нууж амжуулдаг
байсан гэхээр нэлээд ядардаг байжээ?
-Түвдийн гүн ухаан, анагаах ухаанд суралцаж, өдөр шөнөгүй нойр,хоол багатай хатуу жаягаар өссөн болохоор ажирдаггүй байлаа. Би хорин нас
хүртлээ нойр, хоол багатай явсан хүн.
-Анагаахаараа явах бодолгүй байсан юм уу?
-Тийм бодол байсан л даа. Монголын уламжлалт анагаах ухааны курс
гэдэг сургуульд багшилъя гээд очсон чинь “Та багш хүн биш, дорно дахины анагаах
ухааныг жаахан үзсэн л хүн байна. Манайхаар бол ТМС маягийн л эд шүү дээ” гээд
авсангүй. Тэгэхээр нь спортоо үргэлжлүүлэн хөөсөн. Улсын багшийн дээд сургуульд
сурч багш болохоор шийдлээ. Тэр үед спортын мастерын тавин төгрөгтэйгөө нийлүүлээд
сард 500 төгрөг авна. Дээд сургуулийн багшийн цалинтай тэнцэхээр мөнгө л дөө. Энэ
маягаар дөрвөн жил сурлаа. Спортдоо амжилт гаргаж Багшийн дээд сургуулийн нэрийг
ч нэлээд сайн гаргасан. Бас болоогүй ээ, ургацын аварга хүртэл болж Жамъян генералаас шагнал авч байлаа.
Багшийн дээдээ төгсөөд өнчин хүүхдүүдийг
асрах 36 дугаар сургуульд хичээл эрхлэгчээр очив оо. Асрах сургуулийн багш нар голдуу хотын гүйцэтгэх
захиргааны даргын садан төрөл, яамны сайдын авгай энэ тэр гээд мундаг хүмүүсийн
ойрын хүмүүс. Багшийн дээд сургуулийн багшаас өндөр цалинтай байсан учраас тэр
л дээ. Өнчин хүүхдүүдийг өдөрт дөрвөн удаа хооллоно. Цэдэнбал даргын эхнэрийн анхааралд
байсан сургууль. Манай Цэрэннадмид сайд, Даваасүрэн сайд хоёр номхон зогсчихоод
загнуулж байлаа. Би ч ялгаагүй загнуулж л явсан. Намайг анх очиход миний хүүхдүүд
бөөсөндөө баригдсан их хэцүү амьтад байлаа. Зах гарч арван төгрөгийн шүүр авлаа.
Шар тостой марль тавьж байгаад өдөр шөнөгүй үзлээ дээ. Уламжлалт аргаар бөөс хуурсыг
нь цэвэрлэдэг байсан юм.
-Багш нар нь анхаардаггүй байсан хэрэг үү?
-Ангийн багш, хичээл ордог багш нар нь тийм нарийн ширийн юм руу
орохгүй. 45 минутын хичээлээ заачихаад л яваад өгнө.Хүүхдүүдэд ийм нарийн ширийн
зовлон байсан ч Бал даргын эхнэрийн анхааралд байсан учраас хаа очиж хоол, хувцас
сайн. Тэгж байтал бас нэг асуудал гараад ирдэг юм. Хүүхдүүд эмээ, ах дүү дээрээ очно гээд хаа байсан Толгойт, Амгалан, Хужирбулан, Гачуурт,
Долоон буудал гээд яваад өгдөг болов. Чимид багш шиг л болж хувирлаа. Хүүхдүүд орой
болохоор л алга болчихно. Шөнөжингөө явж цуглуулна. Хүүхэд тэжээж байгаа эмгэнд
хоолоо зөөж, хувцсаа аваачиж өгдөг хүүхэд ч байлаа. Дургүйгээ хүрсэн хүмүүсийн цүнхийг
огтлоод юмыг нь хулгайлаад аваад ирэх нь энүүхэнд. Үе үе хүүхдүүдээсээ болж багш
нартаа шаардлага тавих хэрэг гарна. Хүүхдүүд дургүйг нь хүргэсэн багшийг үзэхгүй,
зарим нь бүр хичээлд нь суухгүй. Гэтэл “Баасансүрэн багш ирснээсээ хойш хүүхдүүдийг
буруугаар удирдаж байна” гэсэн шүүмжлэл
багш нарын хурал дээр сонсогдож эхэллээ. Сайд дарга нарын авгай хүүхнүүд
хоорондоо их найз болохоор ихэнх багш нар тэгж ярьдаг болов. Нэг багшийн нөхөр
нь “Танай хичээлийн эрхлэгч Түвдэд сурч байсан. Хятадын тагнуул байж магадгүй шүү.
Сайн хүн биш” гэсэн юм уу даа. “Ламаар хүүхдүүдээ хүмүүжүүлүүлэхгүй шүү” гэх хүн
ч гарав. Сүүлдээ ч залхаад “Та нар хүүхэдтэй тулж ажилладаггүй шүү дээ. Миний
зөв бурууг хүрээлэн, Ардыг хянан шалгахынхан шийдэх байх. Ханддаг газраа ханд”
л гэлээ. Ингээд Ардын хянан шалгахад очив
оо. Ардын хянан шалгах гэдэг айхтар шалгаж, мушгидаг газар. Хүүхдүүдийн саналыг
авахаар боллоо. “Баасансүрэн багшийг явуулах юм бол сургууль тарна, маамд хэлнэ
шүү” гэцгээж.
-Маам гэдэг нь …?
-Филатоваг маам гэдэг байсан юм. Миний эрхлэгчээр нь ажиллаж байсан тэр сургууль хотын гүйцэтгэх захиргааны
харьяаных. Хотын гүйцэтгэх захиргаа, Боловсролын яам л мэднэ гэсэн үг. Хотын гүйцэтгэх
захиргааны коллегоор орлоо. Баасансүрэн багшийн алдаа дутагдал, завхрал нь энэ
байна, хүүхдүүдийг хэтэрхий дураар нь тавьж байна гэж ирээд ярьж гарлаа. Тэгэхээр
нь би “Намайг гаргачих” л гэлээ. Коллегиор орчихоод Даваасүрэн сайд дээр яваад ордог
юм. “Би багш биш болжээ, үйлдвэр комбинатад
очиж ачигч хийе” гэтэл “Юу ярьж байгаа юм.
Хүрээлэнд туслах ажилтнаар оч. Эрдэмтэн болох хэрэгтэй. Чиний эрдмийн ажил чинь
их том ажил шүү дээ” гэдэг юм.Эрдмийн ажил гэснээс би чамд хоёр зүйл үзүүлье. Нэг
нь шинжлэх ухаанд эргэлтгүй орсныг гэрчлэх үнэмлэх, нөгөө нь шинжлэх ухаанд хийсэн
зүйлийг минь үнэлсэн баримт байгаа юм. Дээд сургууль төгсөхдөө Монголын оюутны холбооноос
эрдэм шинжилгээний алтан медаль, хүндэт үнэмлэхээр шагнуулсан. Шинжлэх ухаанд зүтгэсэн
жилүүдийн гараа эндээс эхлэлтэй учраас нандигнан хадгалдаг юм. Миний хоёр дахь
шагнал бол шинжлэх ухааны алтан медаль.
Дээрээ очиртой учраас энэ шагналаа их бэлгэшээдэг. Цаа бугын хамрын салстын цутан
булчирхайн бүтэц судалгааны бүтээлээрээ авсан юм. Миний өдий дайтай яваад эрдмийн
ажлыг минь удирдсан багш нарын минь ач гавьяа бий. Багш минь гэж онцгойлж хүндлэх
хүн бол ШУА-ийн жинхэнэ гишүүн академич Ц.Хайдав. ЭМШУИС-ийн багш доктор Б.Дагданбазар,
Д.Амгаланбаатар нар байна. Миний эрдмийн ажлыг О.Шагдарсүрэн, Ц.Жанчив, Н.Төмөржав,
Ж.Амгалан нар удирдаж байсан юм.
-За тэгээд хүрээлэнд очоод яасан бэ?
-Тэнд хэсэг ажиллаж байгаад Анагаахад багшилсан. Дараа нь Үндэсний
биеийн тамирын дээд сургууль гэдгийг шинээр нээхэд ажиллалаа. 32 эрдэмтэнтэй хамт.
-Оргилболд, Сүхбат нарын суралцаж төгсдөг сургууль уу?
-Яг тийм. Пүрэвбаатар, А.Сүхбат, Оргилболд гээд хожим улс, дэлхийд нэр хүндтэй болсон 46 хүүхэд миний шавь байлаа. Ингээд дараа нь Шинжлэх ухааны академийн томилолтоор 1993 онд Якут руу төлөөлөгчөөр явсан даа.
-Таныг өчнөөн салбарын тэргүүний ажилтан авсан гэж дуулсан,
лав л спорт, боловсролын салбарын тэргүүн
бий байх?
-Гэгээрлийн, шинжлэх ухааны, эрүүл мэндийн, батлан хамгаалахын,
биеийн тамирын гээд долоон тэргүүнтэй. Якут явтлаа эрчтэй ажилласан шүү. Районы
сургуулийн аварга багш, районы тэргүүлэх багш, нийслэлийн тэргүүлэх багш, Монгол
Улсын аварга багш болж хоёр өрөө байраар шагнуулж байлаа. Хянан шалгахууд бас л
дээшээ гаргахгүй гэж үзнэ л дээ. Гавьяат авах болзол хангасан ч өгсөнгүй. “Алтан
гадас” авлаа. Дараа нь дажгүй нэр хүндтэй
болж байна гээд Жав багш зэрэг хүмүүс гавьяатад тодорхойлтол дахиад “Алтан гадас”
өгдөг юм. Тэр үед би Адарсүрэнтэй их найз байлаа. Адарсүрэн бас хоёр “Алтан гадас”-тай.
Цагаан сараар “Эхийн цагаан сүү шиг” гэж ирээд
“Алтан гадас”-уудаа энгэрийнхээ хоёр талд зүүчихээд ороод ирнэ. Боксын дасгалжуулагч
гавьяат Олзод бас ирнэ. Хоёулаа их ухаантай улс. Адараагийнх шиг тийм хоолой дахиж
төрөхгүй биз дээ.
-Адарсүрэн гуай ямархуу хүн байсан бэ?
-Хачин цайлган. Их гоё хүн. Ид мандаж байхад нь найз нөхөд байлаа. Хүмүүс дуулуулна
гэж шөнө өдөргүй авч явж архи задална. Тэгсээр
байгаад архинд хорхойтуулсан даа. Уг нь гавьяатыг нь өгсөн бол уусан ч гэсэн хэмжээгээ
мэдээд биеэ татаад явчих чадалтай хүн байсан.
-Та цааг яагаад онцлон судлах болсон юм бэ. Цааны эд эрхтэн сүүг
байгалийн өвс ургамалтай хольж орчин үеийн
анагаах ухааны эмчилж барахгүй байгаа эмчилгээг хийдэг гэхээр энэ амьтанд их
л нарийн учир байж таарах нь?
-Цааны сүү эхийн сүүний дараа ордог гэдгийг би найрлагаар нь судлаад
баталчихсан. Тийм домог хууч ч байдаг. Далай багш хүртэл цааг тэнгэрийн амьтан гэдэг
юм. Би цаа бугын орооны булчирхайгаар зэрэг цолоо хамгаалсан. Цусан эврийг нь бас
судалсан. Ямар ч хүн ийм сэдвээр хамгаалж байгаагүй учраас цаа бугын талаар ном,
баримт их ховор. Докторын ажил авахад цаа буганы ном олдохгүй хүнд байсан. Бүхнийг
өөрөө судалж гаргахаас өөр арга байгаагүй. Якут манайхаас тасраад явчихсан улс шүү
дээ. Цаа нь ч тасраад явсан. Угаасаа манайх зэрлэг цаатай байсан. Хөвсгөлийн цааны
сүг зураг Якутын сүг зурагтай адилхан байдаг. Жараад онд Хөвсгөлд Дамдин аваргатай
очиход манайд зэрлэг цаа байсан. Төмөр зам тавигдаагүй байхад цаа Байгал далайгаас
буюу шумуултай газраас зугтаж энд ирж төлөө
гаргаад явдаг байсан юм. Ийм учраас цус ойртох асуудал гардаггүй байлаа. Тэгээд
буриадуудтайгаа таарамж муудаад цаашаагаа нүүсэн байдаг. Миний хувьд энэ улсуудыг хооронд нь холбож, соёлыг нь ойртуулах
чигийн ажил хийх гэж оролдож явна. Эхлээд цус ойртуулахгүй гэж цаагаа авчрах гэж
хэсэг зүдэрсэн. Якутаас цаа авчраад хил дээр иртэл цаа авах байсан мөнгө нь хэн
авсан нь мэдэгдэхгүй алга болчихоод чадалгүй буцаасан. Жирийн нэг эрдэмтэн өрөнд
ороод л дууссан. 3000 гаруй км-т гурван машины шатахууныг хийж өгч, жолооч нарынх
нь цалинг гурван сарын турш өгнө гэдэг надад бол овоо хүнд ачаа. Хэн ч улаан
номонд орсон цааг нааш нь аваад ирж чадахгүй. Оросуудын итгэлийг олсон тулдаа л
авчирсан хэрэг. Тэгж зүтгэсний хэрэг нь гараагүй л дээ. Би цааны асуудлаар дөрвөн Ерөнхийлөгч дээр орж
байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дээр л ороогүй байгаа.
–Цааны сүү эхийн сүүний дараа орохоор гэж та сая ярилаа. Судлаад
үзэхээр эхийн сүүний бүх л шид байна уу?
-Шинжлэх ухаан талаас нь яривал өчнөөн юм ярих хэрэг гарна. Эхийн
сүү шим тэжээл өндөртэй, бактери вирусийг устгаж чадна гэдгийг шинжлэх ухаан нотолсон.
Цааны сүүг эхийн сүүтэй харьцуулаад үзэхээр найрлага нь их ойрхон гардаг. Цааны
сүүг эхийн сүүтэй элементээр нь харьцуулж гаргасан юм. Энэ талаар миний номон дээр
тов тодорхой бий. Би номоо орос, англи дээр бичсэн нь бэлчээрийн өв уламжлалаа гээгээгүй
малчдын үе дамжсан их ухааныг дэлхий дахинд гаргаж ирье гэж бодсоных. Ийм ном биччихээр
дэлхий өөрийн эрхгүй анхаараад эхэлнэ. Мэдээж төрөлх хэлээрээ ном гаргана. Гэхдээ
урьдаар гадаадынхныг хашгируулаадхая. Ер нь ном бичиж судалгаа хийхэд энэ нас хүрэхгүй юм байна. Надад дахиад 100 нас
өгвөл судлах зүйлийнхээ 60 хувийг л дуусгана гэж хэлж чадна.
-Та эмэгтэйчүүдийн үргүйдлийг яаж эмчилсэн юм бэ?
-Цааны цусан эврийг монгол шар тостой хамт хэрэглэж төөнүүр хийж эмэгтэйчүүдийн хүйтэн савны өвчнийг анагаасан юм. Монгол шар тосыг тос холих
маягаар гаргаж авдаг. Тос холино гэдэг их нарийн. 21 эмийн ургамалтай цай орно. За тэгээд гурил,
мэхээр үзэм домбон сахар, бага зэргийн ээзгий гээд жинхэнэ монгол уламжлалаар тосоо
хайлж анхны монгол шар тосны ханаагүй хүчлийг гаргаж авсан. Тэрийгээ цусан эвэртэйгээ
буцалгаж байгаад эмэгтэй хүний хүнд өвчнүүдийг дарсан хэрэг.
-Яг нарийн аргыг нь хэлж болох уу?
-Нууц шүү дээ. Дэлгэрүүлээд яахав гэж боддог. Ил тод ярьчихаар
зарим хүмүүс цааны эврийг хугалаад болсон болоогүй юм хийгээд эхэлнэ. Магадгүй Хөвсгөлийн цааг дуусгаж мэдэх
ч эрсдэл бий. Орооны булчирхай ийм сайн гээд ярихаар огтолж, хөлийг нь цавчаад Хятад руу гаргаад эхэлнэ. Тийм учраас нууц жороороо л явж байсан нь дээр. Якутад
150 төрлийн эмийн ургамал байна. Тэр бүхнийг
идэж байж миний яриад байгаа булчирхай, цусан эвэр үүсч байгаа хэрэг шүү дээ. Якутын
цааны мах нь хүртэл тэр аяараа витамин С. Хаврын цагт витамин дутна гэж байхгүй.
Якут хүмүүсийн царай ямар ч өөгүй өнгөлөг гэгээлэг байдаг нь ийм учиртай.
-Сүүлийн үед үргүйдэл ихэссэн
гэж ярьж бичиж байна, шалтгаан нь юундаа байна вэ?
-Химийн хортой юм их идэж байна.Хөдөлгөөн маш их дутагдаж байна. Муу хөлсөө гаргаж чадахаа больж. Компьютерийн
ард өдөржин ажиллачихаад орой нь буйдан дээрээ телевиз хараад хэвтчихэж байна. Якутчууд хөдөлгөөнтэй улс. Монголд ч ялгаагүй,
хөдөлгөөнтэй хэсэг нь гайгүй байгаа шүү дээ.
Хонио хариулж яваа эмэгтэйчүүд төрөөд л байна. Якут хүйтэн газар учраас бүсгүйчүүд
савны хүйтний үрэвсэлтэй болчихдог. Тийм учраас би төөнүүр хийдэг юм. Монгол бүсгүйчүүд
ч дороосоо даарч байгаа. Ялангуяа эмэгтэй хүмүүс улаан чөмгөө дааруулбал хүүхэд
гарахгүй байх эрсдэл өндөр.
-Улаан чөмөг гэж хаана байдаг юм бэ?
-Шагайны чөмөг л дөө. Дааруулж огт болохгүй хэсэг. Дээр үед хоёр, гурван давхар өмд өмсөөд улаан
чөмгийг л царцуулж хөргөж болохгүй гэдгийг хүмүүс мэддэг байсан. Улаан чөмөг 37 градусын халуунд
байх ёстой. Бүдүүн гэдэстэйгээ адил хэмд байх учиртай юм. Үүний шалтгааныг би нээсэн
хэрэг. Тэгж байж бактери вирусээ хамгаалдаг.
-Таныг эхний шатандаа байгаа хавдрыг эмийн ургамлаар эмчилсэн,
найдваргүй болсных нь амьдрах хугацааг уртасгасан гэж ярьдаг юм билээ. Байгаль
дээр хавдрыг анагаах өвс ургамал үнэхээр байна уу?
-Хавдрын хувьд 1920-иод оноос химийн ракийг химээр нь аргална
гэсэн рецепт гаргасан л даа. Одоо бол аргалахад хэцүү болсон. Биологийн, бактерлогийн дайн болж
байгаа юм. Тиймээс биологийн гаралтай химийн ракийг биологоор нь л аргална. Ингээд
цааш нь ухахаар дорно дахины анагаах ухааны тан хэрэгтэй болж байна гэсэн үг. Тийм
ургамал байгаль дээр бий. Би хими хийлгэсэн улсыг нэг их авдаггүй л дээ. Энэ тохиолдолд
биологийн талын эмчилгээ хийхэд хүндэрдэг тал бий. Сэтгэл зүйн талаас нь засаж,
хорыг нь дарах эмчилгээг харин хийж өгдөг. Нэг зүйл онцлоход дорно дахины ангагаах
ухаан хорыг гадагш нь хөөдөг, өрнийн анагаах ухаан дотор нь барьдаг гэдгээрээ ялгаатай.
-Манайд хорт хавдар анагаадаг ургамал байгаа юу?
-Манайд байсан. Түүгээд урагш нь гаргачихсан. Энэ тал дээр бодлого алга л даа. Миний жар, далаад оны
үед түүж байсан ургамлын 60 хувь нь үндсээрээ алга болсон байна. Төвд газар багаасаа
эмийн ургамал хөөсөн болохоор хоньчин Очир гуайд их тоогддог байлаа. Чи яаж мэддэг
юм бэ гэж асууна. Мэдэх зүйлээ хэлж өгнө. Очир гуайтай хамт нэг хэсэг бэлчээр судалж
байсан юм. Мөн Ламын гэгээний зээ, ач нар, гэгээнтнүүдээс үлдсэн улстай холбоотой
байсан минь ч энэ чигийн мөр хөөхөд их нөлөөлсөн. Якутын цаа бугын бэлчээрийг судаллаа. Эмийн ургамлыг нь судаллаа. Якутад рак эмчлэхээр 70-80-аад
эмийн ургамал байна. Гэхдээ дэлхий
дахины нэрний томъёонд ороогүй ургамлууд. Оруулъя гэвэл зардал мөнгө хэрэгтэй. Тэр ургамлуудыг лицензтэй, нэр томъёотой нь дэлхийн номонд оруулах
учиртай. Эхнээс нь оруулж л байна. Магадгүй зуун жилийн дараа Монголын нэг хүн энэ ургамлыг жагсаалтад оруулсан гэж ярьж магадгүй. Ийм зорилгоор л
судалгааны ажлаа хийж байна. Савны халуун, улайлт дардаг, эмэгтэйчүүдийн үр хөврөлтэй
холбоотой асуудлыг шийддэг эмийн ургамлуудын 35 хувь нь үндсээрээ алга болчихоод
байна.
-Эмийн ховор ургамлууд урагшаа хулгайгаар хил давж байна гэдэг
үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Энэ талаар та төрд ажиллаж байгаа
эрх мэдэлтэй хүмүүст хандаж үзсэн үү?
-ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл их зөвөөр хүлээж авлаа. Сая ирэхдээ
уулзсан юм. Монголын эхчүүд, Монголын ард түмэнд элэгсэгээр хандаж байгаа хүн гэвэл
одоогоор Оюунгэрэл сайд л байна. Их ухаалаг
эмэгтэй санагдсан. Өв уламжлалаа гадагш нь алдахгүй шүү, тэр нууц ургамлуудыг Баасансүрэн
эрдэмтэн та яах вэ гэж асууж байна. Надаас
өмнө нь хэн ч ингэж асууж байсангүй.
Ийм ухаалаг төртэй бол би юм хийхэд бэлэн байна. Монголчууд өөрсдөө гадны хүмүүст
газарчилж ховор ургамлаа алдаж байна. Би бас нэг сонин юм хэлье. Гучаад онд мундаг
номтой улсуудын энд тэнд нуусан судар, бурхад бүгд урагшаа гарч байна. Японы нэг
гайтай аппарат гараад ирчихэж. Далд гэгч нуусан гуулин бурхадыг гаргаад ирж байна.
Уламжилж ирсэн соёл маань шүү дээ.
-Хэлмэгдүүлэлтийн үед лам нарын нуусан бурхад алга болж байгаа
гэдгийг та яаж мэдээд байна?
-Түвдэд яригддаг байсан юм.
Манай монголчууд Түвдэд сургууль ном дүүргэдэг байсан шүү дээ. Тэр бүхнээ
багшид ярина. Завханы тэр хутагтын эд зүйлс, ном судар тэнд яг тэр хэсэгт нь бий
гэж ирээд ярина. Бүр байрлалыг нь заасан зурагтай карт хүртэл байсан. Манайхаас
гарсан зүйлс Хятадаас гадна Орост их байдаг. Европт бас байна.
-Та сая хятадууд Монголын ховор эмийн ургамлуудыг үндэстэй нь
аваад гарсан гэж ярилаа. Тэд ургамлуудыг яг хаана ургадгийг яаж мэдсэн байж таарах
вэ?
-Түвдийн судар номыг хятадууд хулгай хийж аваад орчуулж тэр газар
тийм юм байдаг гэдгийг мэдчихэж байна л даа. Түвдүүдийг сүүлийн үед сүйд хийдэг
болсон шүү дээ. Ингээд л судар номоо алдаж байна. Уг нь энэ чинь нууц юм л даа. Маарамба төгсөхөд тангараг өргөдөг юм. Хүний төлөө, ургамлын төлөө,
ан амьтны төлөө тангараг өргөдөг. Хүнд нууцаа алдаж болохгүй гэж тангарагладаг. Сэтгүүлчидтэй уулзахын нэг зовлон нь энэ байдаг
юм.
-Социализмын үед ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс эмчлүүлж байсан бэ?
-Нарийнтсан хүмүүс нэлээд ирнэ. Монголчууд чинь элэг бөөр голдуу өвддөг улс. Тийм хүмүүс их ирнэ.
Ер нь тэгээд хүнийг эмчлэхэд нутаг усыг нь хардаг. Аймаг, аймгийн ус нь ондоо, агаар нь өөр, өвчлөл
нь ч тэрийгээ дагаад өөр байдаг. Төрсөн газрыг нь мэдэхгүй бол эмчлэхэд хэцүү. Ургамлаар
эмчиллээ гэхэд ихэнх хувь нь төрсөн газрынх нь байх учиртай. Өмнөговьд амьдардаг
Архангайн хүнийг эмчлэх гэж байгаа бол нутгийнх нь эмийн ургамалтай ноцолд гэдэг.
60 хувийг нь Архангай, 40 хувийг нь Өмнөговиос
авах учиртай. Ургамлаар эмчлэхэд ийм нарийн учир бий. Ургамал гэдэг цаг хугацаатай.
Шөнө авдаг ургамал байхад өдөрт нь аваад л дуусдаг ургамал бий. Миний ээж савны
халуун өвчнөөр бурхандаа мордсон гэдэг. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж савны
халуунаар өвдсөн олон хүнд буян болсон. Тэр үед Шар хадны эмнэлэгт савны халуунаар
олон сайхан хүүхэн очдог байлаа. Нууцаар хүүхнүүдийн савны халууныг дарж, эм тан
өгч эдгээж байсан.
-Гал гаргадаг Өнөрмаа гэж нэг хэсэг шуугисан даа. Таныг судсыг
нь барьж байсан гэж ярьдаг юм билээ?
-Энэ тухай яриад яахав ээ.
–Таныг Өнөрмаагийн хэрэглэж байсан аргыг судас бариад мэдчихсэн
гэж худал ярихааргүй хүнээс сонссон юм. Тэгээд л сонирхмоор санагдсан юм. Та үнэхээр
судсыг нь барьсан юм уу?
-Бурхандаа мордсон уламжлалын
нэг том эмч “Чи нэг үзээдхээч” гэсэн л дээ. Яваад очтол даашинз өмссөн нэг охин
судалгаанд орж байна. Судсыг нь барьтал гарт нэг юм баригдсан л даа. Эрхий хурууныхаа
хумсны доод талд жижигхэн асаагуур хийчихсэн
байсан. Тэрүүгээрээ асаадаг байсан хэрэг. Намайг дуудсан эмч истори дээр нь биччих гэхээр нь “Бичээд хэрэггүй.
Ийм л хүн байна гээд бодчих” гэж хэлээд гарч байлаа.
-Та удахгүй Якут руу буцах юм байна. Монголдоо ирж амьдрах бодол бий юу?
-“Сүхбаатар” киног хийсэн улсад маарамба гэж ямар хүн байдгийг харуулъя гэж боддог юм. Монголын маарамбууд
их мундаг хүмүүс байсан, тийм хүмүүсийг кино хийхдээ буруугаар гаргасан гэдгийг
нь ойлгуулахсан гэж хүсдэг. Шинжлэх ухаанд
ямар ч найдваргүй гэж үздэг хүмүүсийг үртэй болгож байна. Монголын уламжлалт анагаах
ухаан ийм том шүү гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ. Би Якутад эмэгтэйчүүдийн
эмнэлэг ажиллуулдаг юм. Якутад дээд тал нь 71 хэм хүрч хүйтэрдэг. Би тэнд хорин
жил амьдарлаа. Градусынх нь тоогоор амьдарч монгол хүний тэсвэр хатуужлыг харуулмаар
байна.
Ц.БААСАНСҮРЭН