Нэгдүгээр төрөхөд хүүхдээ төрүүлсэн ээжүүд Ч.Мядаг эмчийг андахгүй.
Арван мянга гаруй нярайг орчлонд мэндлэхэд угтаж авсан, ХХI зууны анхны хүүхдийг
эх барьж авсан гэж ирээд яривал онцлох зүйл олонтой эрхэм. Ийнхүү нэгдүгээр
төрөхийн Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Ч.Мядагтай олон улсын эмч нарын
эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ярилцсанаа хүргэе.
-Юуны
өмнө танд эмч нарын баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Өнөө орой (өчигдөр) манай эмч нар ромбо, одон тэмдгээ
зүүгээд улаан хивсэн дээгүүр алхаж баяраа тэмдэглэх гэж байна.
-Та
сургуулиа төгсөөд шууд нэгдүгээр төрөхөд ажилласан уу?
-Сургуулиа төгсөнгүүтээ нөхөртэйгөө
хамт сумын эмнэлэгт томилолтоор очиж байлаа. Сумандаа нэг жил болоод
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан юм. Тэндээ ажиллаж байгаад нэгдүгээр төрөхдөө ирсэн
дээ.
-Сумын
эмч бүхнийг гардаж хийдэг амаргүй алба. Дөнгөж
төгсч очсон залуухан эмч оношоо тавиад, эмчилгээгээ хийгээд эхлэхээр мэдэх, мэдэхгүй
зүйл их гарч таарна. Санаанаас гардаггүй тохиолдлууд олон биз?
-Оюутны ширээнээс дөнгөж гараад сумын эмчээр ажиллана гэдэг мэдээж
амар биш л дээ. Суманд очоод удаагүй байсан үе.
Нэг орой гэртээ амраад байж байтал нэг залуу нэлээд сандарчихсан ирлээ.
Хөл хүнд эхнэрийнх нь бие муудсан гэнэ. Гэрт нь яваад очтол эхнэр нь таталт өгчихөж. Сүүлдээ царай нь хөхрөөд таг болчихлоо. Ээж, аав
нь “Охин минь үхчихлээ” гэж чанга дуугаар уйлж сандралдаад. Миний сандарч байгааг
хэлэх юм биш. “За ингээд л үхчихдэг юм байна” гэж бодоод хараад сууж байсан чинь ухаан
ороод хөдөллөө шүү. Яг тэрхэн зуур “Өнөө айхтар манас таталт нь юм байна” гэсэн
бодол төрлөө. Даралтыг нь үзсэн чинь 170-тай байна. Даралт нь ихэсч хавагнасан хүмүүс таталт өгдөг гэж оюутан байхдаа
уншсан зүйл санаанд ордог юм байна. Оношоо тавьчихаад шуудхан л унаа асуулаа. Гадаа нь трактор байж таарав.
Жирэмсэн хүүхнээ дундаа суулгаад явлаа даа. Эмнэлэг хүрэх замд 2-3 удаа татаж айлгалаа. Таталт өгөхөөр нь бүр мэддэг болчихсон “Өө ингэж
байгаад гайгүй болчихдог юм” гэж их мэддэг догь царайлаад суугаад байлаа. /инээв/
-Төрж байгаа эмэгтэйчүүдийн багагүй хувь нь манас таталтаар
өвддөг гэсэн тоо сонсогддог. Манас таталт нь эх, ургийн амь насанд хоёуланд нь эрсдэлтэй
гэдэг юм билээ. Тийм айхтар эмгэг үү?
-Аюултай байлгүй яахав. Нэг хоёр
татаад тархинд цус харвалт өгөх эрсдэлтэй. Тэр эмэгтэй залуу учраас бие сайтай байсан
юм. Эмнэлэгт оронгуутаа манас таталтанд ямар эмчилгээ хийдгийг мэдэхээр номоо эргүүллээ.
Аменазин нэг граммыг судсанд хийж болно гээд биччихэж. Гүйж очоод хийсэн чинь гайгүй
намдаж байна. Гучин минутын дараа дахиад татаж сандаргалаа. Номоо үргэлжлүүлээд
уншсан чинь дахиад хийж болно гэнэ. Хийж орхилоо. Аймгийн төв рүү яриад хагалгааны
мэргэжлийн баг дуудчихсан байсан л даа. Нөгөө бүсгүй овоо гайгүй байснаа дахиад
татдаг юм. Номоо хартал аменазиныг дээд тал нь гурван удаа хийж болно гэж байна.
Гурав дахиа хийтэл даралт нь буугаад сайхан болж байна. Яг энэ үед аймгаас ногоон
онгоцоор эмч нар буусан. Бүсгүй төрлөө, цус их алдсан учраас амьдрахгүй нь гээд
гэрийнхнийг нь дуудууллаа. Гэтэл ашгүй бие нь аажмаар дээрдсэн.
-Тэр үед одоогийнх шиг дадлага хийлгэхгүйгээр шууд сумын
эмч болгодог байсан юм уу?
-Ямар ч дадлагагүй хүүхдийг сум
руу явуулдаг байсан юм. Бүх юм толгой дээр шүү дээ. Хөгшчүүл мориноосоо унаад хүрээд
ирнэ. Ер нь суманд ажилласан нэг жилийн хугацаанд юм юмны захтай болсон.
-Төрөхийн эмч бусад эмч нараас хүний амьтай шууд нүүр тулдгаараа
онцлогтой шиг санагддаг?
-Тийм шүү, жишээ нь дотрын эмч бол өөр. Төрөхийн эмчийн гишгэсэн мөр нь үлддэг онцлогтой. Нэг хүнийг хүндрэлтэй төрүүлээд янз бүр болбол
эрсдэл, алдаа нь ил харагддаг. Бусад мэргэжил
шиг хийсэн алдаагаа засаж болдоггүй. Алдаж болохгүй мэргэжил гэж боддог юм. Жаахан
анхаарал сулрахад л гарын салаагаар гарчих
гээд. Бөхийх үе байсан, гэхдээ хэзээ ч гандан буурч яваагүй. Ер нь ихэнхдээ сайхан
шүү. Мэргэжилдээ дуртай, хайртай. Нэг охин маань бас эмчийн мэргэжлээр сурч байгаа.
Уг нь охиноо өөр чиглэлээр сургах сонирхолтой байсан юм. Гадагшаа сургаж өгье гэж амлаад байхад зөрсөөр
байгаад эмчийн мэргэжил сонгосон нэг хүн манайд бий /инээв/. Эх баригч эмч болно.
-Эх баригч эмч нар хамгийн их талархал сонсдог хүмүүс байх шүү?
-Урам, хөг авдаг гайхалтай зүйл
чинь тэр. Хүүхдээ төрүүлсэн ээж бүр, хүүгээ,
охиноо угтсан аав болгон чин сэтгэлээсээ хайр гэрэлтүүлээд инээх нь их гоё агшин.
Ийм агшныг өдөр бүр мэдэрнэ гэдэг сайхаан сайхан. Таньдаг мэддэг айлуудаараа орохоор
энэ таны төрүүлсэн хүүхэд шүү дээ гээд томоо болсон охид, хөвгүүдээ заана. Нэгийг
нь тэвэрч, нөгөөг нь хөтөлж ирээд уулзуулна. Сүүлд нэг гэр бүл ирж уулзсан. Би тэр
айлын бүх охидыг эх барьж авсан байсан.
-Таныг зургаан килограмм гаруй хүүхэд эх барьж байсан гэж
сонссон?
-Одоогоос бараг арван жилийн
өмнө сахарын өвчтэй ээжээс хийсвэр хагалгаагаар 6.3 кг хүүхэд төрүүлж байсан юм. Их жинтэй хүүхдийг яг төрүүлэх үед даадаггүй юм билээ. Би толгойноос нь татаад гаргаж ирээд сувилагч
маань бөгснөөс нь өргөж байж гаргасан.
-XXI зууны анхны хүүхэд хэзээ төрж байсан юм бэ?
-2012 оны нэгдүгээр сарын 2-ны
өдөр төрж байсан юм. Тухайн үед сонин хэвлэлээр гараад их сайхан үйл явдал болж
байлаа. Одоо тэр хүүхэд маань хаана явдгийг мэдэхгүй.
-Сүүлийн үед жирэмсний хожуу хордлого ихэсч байна гэсэн яриа
их сонсогдох боллоо. Яг ямар шалтгаанаар ийм эмгэг ихсээд байна?
-Манай орон эрс тэс уур амьсгалтай
учраас ихэнх хүмүүс бөөр шээсний замын өвчтэй
байдаг шүү дээ. Бөөрний үрэвсэлгүй эмэгтэйчүүд ховор болоод байна. Бөөрний үрэвслээс
болсон хожуу хордлого маш их хувийг эзэлдэг. Гол хүндрэл бол жирэмсний хожуу хордлогоор
гарч байна.
-Хожуу хордлого ямар эрсдэлтэй вэ?
-Цус алдалт, ургийн бүтэлт, даралт
нь ихэсч хавагнаснаас болж тархинд цус харвах зэргийн шалтгаан болдог. Жирэмсний
хожуу хордлогоос болж ургийн өсөлт зогсох эрсдэл бий. Сүүлийн үед үрэвсэл ихэссэн,
бэлгийн замын халдвар нэмэгдсэнтэй холбоотой
жирэмсний хүндрэлүүд ихэссэн. Ийм эмгэгүүдээс болж ургын өсөлт зогсох, дутуу төрөх,
төрөхөөс өмнө ус эрт гарах тохиолдол нэмэгдсэн.
-Сүүлийн үед бүсгүйчүүд кесарево хагалгаагаар төрөх нь ихэссэн.
Кесарево хагалгаа хийлгэж олон төрөхийн эрсдэл нь юу юм бол?
-Нэг хүн дөрвөн удаа кесарево
хийлгэхэд нэг л газраа зүсүүлж хийлгэдэг. Нэг л газраа олон дахин сорвижиж байгаа
гэдэг утгаараа хүндрэл өгдөг тал бий. Сорвижоод байгаагийн гол аюул нь давсаг руугаа
шигдэж сорвижиж байна. Умай руугаа шигдэж ургаад гараад ирчихсэн байдаг. Энэ нь
хагалгааны үед их хүндрэл дагуулдаг. Ийм
үед умай тайралт хийдэг. Эхийн амь насанд аюултай учраас туршлагатай эмч хийж байж
амь насыг нь аварч чадна. Манай төрөхийн хувьд энэ төрлийн хагалгаанд би өөрөө ордог. Хүүхдээ аваад л умайг нь тайрахаас өөр аргагүй.
Умай тайрна гэдэг нь савыг нь авч байна гэсэн
үг. Шигдээд ургачихсан юмыг үлдээвэл амь насанд аюултай. Дэлхий нийтийн анхаарлыг
татаж байгаа асуудал л даа. Хийсвэр хагалгааг болж өгвөл бууруулах зорилгоор ажиллаж
байна. Хийсвэр хагалгааны сорвитой ч гэсэн төрөх замаар төрөх асуудалд анхаарч байна.
-Та хэдэн удаа кесарево хийж байсан бэ?
-3000 гаруй удаа. Кесарево хагалгаанд
таван удаа угсруулан орж байлаа. Хоёр хагалгааг бол давгүй давчихна. Дунд нь амрахгүйгээр
угсраа таван хагалгаанд орохоор сүүлдээ хөл
чинэрдэг юм билээ.
-Сүүлийн үед хожуу төрөлт ихэссэн. Ер нь хүүхдийг хэдэн насандаа
төрүүлбэл илүү зүгээр байдаг вэ?
-21-34 насыг төрөх боломжтой үе
гээд заагаад өгчихсөн байдаг. 34-өөс дээш болохоор ходоодны өвчин, дотрын өвчин зэрэг эмгэгүүд архагшаад ирдэг юм. Эрхтэн системийн эмгэгтэй
үед жирэмслэлт тээж чадахгүй гэсэн заалт бий. Тэгэхээр 34-өөс хойш төрж байгаа тохиолдолд эрхтэн
системийн эмгэгт өртөх магадлалтай. Сүүлийн үед хожуу анхны төрөлт ихэсч байна.
Ийм үед наад зах нь яс нь бэхэжчихсэн байдаг. Хожуу анхны төрөлтийн ихэнх нь хийсвэрээр
төрж байна.
-Хүндрэлтэй төрөлтийг удирдах үед хөлс, хүч, мэдрэмж, ур чадвар
гээд их зүйл шаардана биз?
-Мэдээж хамаг юмаа л гаргана.
Хүүхэд төрөөд уйлах үед л амсхийнэ. За тэгээд
хүүхэд уйлахгүй бол хэцүү дээ. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа хэрнээ хүүхдийнхээ
араас байнга хараастай. Уйлахгүй бол эхтэй
нь ижилхэн стрессдэнэ. Хүмүүс ямар хүүхэд гарсан бэ гэж их асуудаг юм. Би ямар хүйстэйг
нь анзаардаггүй. Хүүхэд эрүүл, уйлаад гарсан
л бол за боллоо гээд өгдөг. Зарим нэг найз
нөхдийнхөө ч юм уу, ойр дотныхныхоо хүүхдийг төрүүлэхээр хэрэг болгож харах тохиолдол
бол бий.
Ц.БААСАНСҮРЭН
С.АРИУНЖАРГАЛ