Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол монголдоо л дайсагнадаг

Эдийн засаг хямраад удаж байна. Ингэж хямарсны буруутан нь хэн юм бол? Асуултын хариуг нэг их холоос, гаднаасхайх шаардлагагүй.Хэн ч бидэнд дайсагнаагүй. Бидний дайсан бол ердөө л бид өөрсдөө. Бид гайхмаар эх оронч. Цээжээ дэлдээд босоход минь соёлт ертөнцийнхөн гайхан хардаг тийм сүртэй эх орончид. Цөөхөн үндэстний гэм байх, хэт хардамтгай зангаасаа бас салж чаддаггүй. Дээр нь бодит ахуй, сэтгэлгээ мааньядуу буурай. Үүнээсээ болж эдийн засгаа хорлосон, унагасан.“Бурхан минь биднийг дээрэмдэж байна, луйвардчихлаа, бид тэднээс арай бага аваад байна” гэж дуу алдацгаадагминь янзаараа. Бирдийн нүдэнд далай харам гэдгийн үлгэр санагдаад байдаг юм.

Бид өөрсдөдөө л дайсагнаж байгаа биш хоёр хөрш маань яагаа ч үгүй. Ямартаа л Хятадын дарга манайд ирээд буцахдаа та нар минь хөгжөөч гэж захиад буцахав дээ. АНУ, Япон, Солонгос гээд бүгд л “Та нар хөгжөөд өгөөч ээ. Хөгжихөд чинь ингэж хамтаръя” гэж байна.

Азаар гэх үү, цаг үеийнх нь тохироо таарсных уу сүүлийн үед гэгээтэй мэдээ их сонстох боллоо.Ази, Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт амжилттай өрнөх суурь тавигдлаа. Оюу толгой шуудрах тийшээгээ хандчихлаа. Эгийн голын станцыг явуулах нь тодорхой болчихсон. Таван толгойн асуудал УИХ дээр байна. Монгол нүүрсийг үнэ цэнтэй байлгая гэвэл энэ том ордыг зөв менежмэнтээр хөдөлгөхөөс аргагүй. Тэгэхээр Таван толгой ямар ч байсан хөдөлнө гэсэн үг. Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэж ирээд яривал өөдрөг мэдээ өчнөөн.

Энэ том төслүүдийг хөдөлгөж байж л улсаа улс шиг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Эх оронч дүр эсгэж, хардаж сэрдэхгүйгээр уужуу, гүндүүгүй загнаж нэгэнт эхэлсэн төслүүдээ хэрэгжүүлэх цаг нь ирчихжээ, та минь.Уужуу гэснээс талын монголчууд хэзээнээсээ уужуу байсан эсэх нь ч яг нарийндаа эргэлзээтэй. Хувьсгалын өмнөхөн нэг орос нөхөр судалгаа хийгээд “Энэ монгол эрчүүд чинь өдөрт хоёрхон цаг л ажилладаг юм байна” хэмээн дуу алдсан гэдэг.Мань эр малаа харсан болоод гэртээ хэвтдэг эрчүүдийн яг ажилладаг цагийг тооцож үзсэн хэрэг. Иймүед хүн уужуу байхгүй гээд яахав. Тэгэхээр суурин амьдралын давчуу хэмнэлд ороод ирэхээр төрөлх чанар маань сэдэрсэн байж таарах нь. Хардаж сэрдэж, өөдөө яваа нэгнээ уруу нь татаж, дажгүй бодлогоор улсаа хөгжүүлэх гэснээ дарж, буруутгаж, өөр зуураа эв эвдэрчявсан агшин Монголынтүүхийн шарласан хуудсыг сөхөөд харахаар тоймгүй. Ингээд бодохоорбидлав л төрөлхийн уужуу улс биш шиг санагддаг.Жинхэнэдээ тэвдүү, яаруу, сандруу үндэстэн ч гэлээ яг энэ үед хөгжил авчрах том төслүүддээ уужуу тайван, гүндүүгүй, хүлээцтэй хандаж урагшлахад нь дэм болмоор байна даа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулалт орж ирсэн цагт л ам.доллар 1700 руу уруудна

“Найман шарга” валютын зах дээр өчигдөр ам.дол­ларыг 1920 төгрөгөөр авч, 1925 төгрөгөөр зарж байлаа. “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчид далд уур­хайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, бүтээн байгуу­лалтад зарцуулагдах зургаан тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгох тохиролцоонд хүрсэн сайнмэдээ ногоон валютын ханшийг сулруулахад гол нөлөө үзүүлсэн гэж үзэх эдийн засагчид байна. Оюу толгой гэдэг зэс, алтны аварга төслийг дагаж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн эерэг таамаг ч валютын ханшид нөлөөлсөн гэх тайлбар бий. Ам.долларын ханш сулрах гадаад нөхцөл ч байгаа аж. Тодруулж хэлбэл Азийн эдийн засагт нааштай байдал ажиглагдаж эхэлжээ. Худалдаа хөгжлийн банк саяхан500 сая ам.долларын бонд гаргасан. Цаана нь 900 сая ам.долларын бонд гаргах эрх арилжааны банкуудад үлдээд байгаа. Арилжааны банкууд 1.4 тэрбум ам.дол­ларыг гаднаас татах боломжтой гэсэн мэдээлэл аль дээрээс сонсогдож байсан юм. Мэдээж эртнээс дуулдсан энэмэдээ төгрөгийн ханш өсөхөд нөлөөлсөн нь гарцаагүй. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл, Дубайгийн зээл гэх мэт мессэжүүд ногоон валютын уналтад нөлөөлж буйгч үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн жил 13 тонноор тушаагдаж байсан алтны хэмжээ энэ жил хоёр дахин өснө гэсэн таамаглал бий. Төгрөгийн ханшийн чангаралтад эерэгээр нөлөөлөх бас нэг бодитой үзүүлэлт мөн үү гэвэл мөн.

Ам.долларын ханш цаашид суларсаар байх эсэх, төгрөгийн чангарал цаашлаад хэд хүрэх бол гэсэн асуултыг эдийн засагчдад тавилаа. Тэдний хэн нь ч төгрөг цаашдаа чангарсаар байх эсэх дээр тодорхой тоо хэлэх боломжгүй гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын сураг байгаа ч яг орж ирээгүй тул ханшид тэгж ингэж нөлөөлнө гэж үзэх аргагүй гэнэ. СЭЗДС-ийн багш Мөнхзаяа “Төгрөгийн ханш чангарч байгаа нь сайн үзэгдэл. Гэхдээ урт хугацаандаа өнөөдрийнхөөс илүү чангарах боломж харагдахгүй байна. Учир нь гаднаас орж ирж буй ам.долларын урсгал багас­чихсан. Гаднаас авдаг маань ихэсч байна. Ам.долларын ханшийн бууралтад сүүлийн үед сонсогдож буй эерэг мэдээлэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хэсэг хүмүүс валютыг хэт ихээр хадгалж байгаад одооноос зах зээлд бага багаар нийлүүлж байгаа нь ханшийн өөрчлөлтөд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл сүүлийн үед ажиглагдсан ханшийн огцом чангарал бодитой биш зохиомол өсөлт байсан. Хөөс төдий байж байгаад одоо хөрсөн дээрээ бууж эхэлсэн гэсэн үг. Ийм байдаланзаарагдажбайна.Өөрөөр хэлбэл ханш эргээд хэвийн байдалдаа орж байна.Уул уурхайн том төслүүд удахгүй хэрэгжиж эхэлнэ гэжяригдаж байгаа ч шууд орж ирэх мөнгөний хугацаа болоогүй. Тийм учраас ам.долларын ханш цаашид ч суларсаар байна гэж дүгнэхэд эрт л дээ. Учир нь ханш гэдэг эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог зүйл” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт ондоо багтаж шийдэгдвэл, оны өмнө Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилвэл энэ жилийн сүүл хавьд ам.долларын ханш 1700 төгрөгт хүрч магадгүй гэсэн өөдрөг таамаг байна.“Мандал женералдаатгал” гэхэд лоны эхээр ийм таамаг гаргаж байсан юм. Хонгконгт болдог Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр ч гадны экспертүүд ийм таамаг хэлж байв.

Эдийн засгийн хувьд нааштай гэмээр үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлснийг энэ дашрамд онцолъё. Оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засаг ямархуу байгааг сонирхуулъя. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тасар­чихсан ийм үед ДНБ-ий бодит өсөлт 4.4 хувьтай байна гэдэг онцолж хэлэхээр эерэг үзүүлэлт. Инфляци улсын хэмжээнд 9.2, нийслэлийн хэмжээнд 8.8 хувьтай байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагынхны төсөөлж байсан шиг хоёр оронтой тоо руу лав өгссөнгүй. Эдийн засагчдын хувьд 2013-2014 оны таагүй үед эдийн засаг зөөлөн газардсан гэж үзэж буй. Зөөлөн газардсан гэж тэд зүгээр ч нэг тодотгоогүй. Өгсөх боломжгүй нь тодорхой, гэхдээ огцом сөрөг нөлөөгүй газардлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэх зэрэг амь тариа хийхгүй бол нэгэнт газардсан эдийн засаг хаачих нь ойлгомжтой гэсэн утгаар ийм хэллэг хэрэглэсэн хэрэг л дээ. Энэ оныг эдийн засгийн хувьд тогтвортой эерэг гэж тэд харж байна. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэх тал дээр бодитой алхам хийхгүй бол хэцүүднэ гэдгийг үгүйсгэсэнгүй.Хэрвээ гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй болвалютын ханшин дээр ярихад л ам.долларбуцаад чангарч эхэлнэ гэсэн үг.

Гадаад валютын улсын нөөц өнгөрсөн оны эцэст 1.65 тэрбум ам.доллар байсан бол энэ оны гуравдугаар сард 1.32 тэрбум ам.доллар байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 1.3-1.7 тэрбум ам.долларын түвшинд хэлбэлзэж бай­гаа юм. 1.3 тэрбум гэдэг ма­най улсын зургаан сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний валютын нөөц. Дахин онцлоход ам.доллар гадагшлах урсгал харьцангуй багассан энэ үед гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмж чадвал ам.долларын ханш 1700 төгрөг рүү унах тийм ч асуудал биш гэж эдийн засагчид хэлж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Борооны дараахь солонго

Борооны дараа солонго татахыг харах ямар гоёыг зүйрлэх юм биш. Хааяахан нутагтаа очихоороо, Жинтүү толгойн наахна ирэхээрээ яагаад ч юм тэр агшныг хачин тод санадаг. Гараа алдлан нойтон өвсөн дээр тэрийж хэвтээд найзтайгаа юуг ч юм их л амтархан ярьдаг байсан үеэ өөрийн эрхгүй дурсдаг. Солонготой, борооны дараахь чийгтэй зуны нартай өдөр ямар сайхан гээ. Бас гэрийнхээ сүүдэрт суугаадАлександр Дюма, Жюль Вернийг амтархан уншиж суу­сан өдрүүдээ дурсах дуртай. Бүр уйлж, инээж байгаад уншдаг байснаа зураг шиг өнгө будагтай нь санадаг. Ж.Ф.Куперийн “Мөрч”-ийг уншиж суухдаа баахан уйлснаа мартаж чаддаггүй юм. “Парисийн Дарь эхийн сүм”-ийн зураглал.

Яг л дэргэд сүмийн хонх жингэнэж, өрөвдөлтэй хэрнээ зүйрлэж хэлэхийн аргагүй хайр татамбөгтөр залуу хажууд гунигтай нүдээр ширтэн зогсч байх шиг санагддаг байж билээ. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”-ий зүйрлэл бас их гоё.Сэтгэлээрээ байхын сайхныг мэдэрсээр яваа минь тэр үед догдлон уншиж байсан номноос үүдэлтэй шиг санагддаг. Хүүхдийн кино бүтэн сайн өдрийн дөрвөн цаг арван минутад гардаг байлаа. Орой кино гарахаар том хүний кино гээд унтуулчихдаг аав, ээж энэ цагт харин хорихгүй. Сэтгэлд тод үлдсэн агшин нь ханхүү гүнжийг авардаг хэсгүүд. Өөр өчнөөн гоё агшин бий л дээ. С.Оюун гишүүнтэй ярилцлага хийж суухад гэртээ зурагт тавихгүй гэж ярихад нь гайхаж билээ.

Дараахан нь Б.Болдсайхан эмчийнд очихдоохүүхдүүддээ нэг цаг л зурагт үзэхийг зөв­шөөрд­гийг нь мэдсэн. Ер нь өөрийн гэсэн үнэлэмжтэй айл гэрт зочлох бүрд л хүүх­дүүдээ мэдээллийн их урсгалаас хамгаалсан ийм “дэг” үйлчилдэг юм билээ. Бодоод байхнь ээ ийм л “дэг” бяцхануудад минь борооны дараахь үгээр хэлэмгүй таатай агшныг мэдрүүлж, дэлгэсэн номоо шимтэн унших “шунал”-ыг төрүүлэх юм шиг санагддаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эндрью Вүдлэй: Төслийн санхүүжилтийн 6 тэрбум ам.доллар энэ онд багтаж орох боломжтой гэж харж байна

“Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэйтэй ярилцлаа.

-Хувь нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой гацаанаас гарлаа гэх хүн олон байна.Дубайд гарын үсэг зурах болсныг гайхаж хүлээж авах хүн цөөнгүй байх шиг. Яагаад Дубайг сонгосон юм бол?

-Цэвэр ложистикийн шинж чанартай гэж хэлж болно. Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад зориулсан аяллаа эхлүүлж байгаа. Энэявцад ньхамгийн ойрхон уулзаж болох газарДубай байсан юм. Ийм шалтгаанаар Дубайд уулзъя гэсэн тов гарсан. Тавь, зуун жилээр үргэлжлэх ийм томтөслийн хувьд гол зүйлсээ тохироод цаашаа явах нь чухал байсан. Ийм урт хугацаанд үргэлжлэх төсөл дэлхийд тун цөөхөн. Энэ өнцгөөс нь харахад далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурна гэдэг бол маш таатай мэдээ.

-Хоёр тал гол асуудлууд дээрээ ойлголцолд хүрч чадсан гэж үзэж болох уу?

-Оюу толгойн хувьд дэлхийн зэсийн хамгийн том, сайн ордын нэг. Дахиад хэлэхэд энэ төсөл маш урт хугацаанд хэрэгжинэ. Тэр утгаараа “Оюу толгой” төсөл нэг талаас олон төрлийн үйл ажиллагаа шаардана, нөгөө талаастом боломж, бололцоо өгнө. Ийм онцлогтой төслийг цааш нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувь нийлүүлэгчид суурь асуудлууд дээрээ маш сайн тохиролцож авах хэрэгтэй. Тэгж байж энэ төсөл өгөөжөө өгнө. Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр нэлээд урт хугацаанд үргэлжиллээ. Олон ч асуудал тохирлоо. Хайлуулагчийн цэвэр буцаалт, рояалти төлбөр, зөвшөөрлүүд, татвар, төслийн санхүүжилт зэрэг олон цогц асуудлыг талууд хэлэлцэж тохиролцсон. Тохиролцоонд хүрсэн учраас “Оюу толгой” гэдэг төслийг урт хугацаанд саадгүй авч явах бололцоо бүрдлээ.

-Цаг авахаар үндсэн асуудлаа эцэслэж тохирсон гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Зарч­мын шинжтэй гол асуудлууд дээрээ хувь нийлүүлэгчдийн аль аль нь нэлээд цаг зав зарцуулж, тохиролцоонд хүрч чадсан. Цаг гаргаж ярилцсан нь ч сайн хэрэг болсон. Урт хугацаанд хэрэгжих төс­лийнхөө гол суурь асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд ингэхээс аргагүй. Багагүй хугацаанд хэлэлцээрийн ши­рээний ард сууснаар цаашид гарч болзошгүй асуудлуудыг урьдчилж харах, асуудал үүсэх бүрд хоорондоо хэрхэн ойлголцож явахвэ гэдгийн суурь зарчмыг тодорхойлж өглөө.Үүгээрээ үнэ цэнтэй.

-Төслийн санхүүжилтээр орж ирэх зургаан тэрбум ам.доллар яг энэ ондоо багтаж орж ирэх боломж бий юу?

-Би хувьдаа боломжтой гэж харж байна. Учир нь бидхувь нийлүүлэгчдийн хэлэлцээрийн явцад төслийн санхүүжилт авах банкуудтай байнга харилцаж холбоотой байсан. Мэдээллээ дор бүр нь өгч ажилласан.

-Гэхдээ банкуудын өгсөн хугацааг өмнө нь хэд хэдэн удаа сунгаснаас эхлээд асуудал бий. Зэсийн зах зээлийн ойрын төлөв ч тийм сайн биш гэсэн таамаг гараад байгаа…?

-Зэсийн салбар ойрын хугацаанд таагүй, үнийн хувьд харьцангуй доогуур байна гэсэн таамаг бий. Гэхдээ урт хугацаандаа өсөлттэй байх дүр зураг харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ боломжийг ашиглахыг хүснэ. Тийм болохоор би хувьдаа боломжтой гэж дүгнээд байгаа юм. Мэдээж төслийн санхүүжилтийг эцэслэх ажлыг хувь нийлүүлэгчидхариуцаж гардан гүйцэтгэнэ.

-Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэхээс өмнө ТЭЗҮ батлах, сая таны хэлсэн төслийн санхүүжилтийг эцэслэх гээд өчнөөн асуудал байна уу?

-Дахин хэлэхэд урт хугацааны том төсөл гэдэг бол их хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулж, маш олон талын үйл ажиллагааг хамардаг онцлогтой. Далд уурхайн үйлдвэрлэлийг бүрэн хэмжээгээр эхлүүлэх цаг хугацааг бидөнөөдрөөс хойш таваас долоон жил гэж харж байгаа. Энэ хугацаандгазар доорхи хонгил гэхэд л 200 орчим км-ийг барьж байгуулна. Үүнээс гадна шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах нүсэр ажил бий.Сая дурдсанбүх ажилнэг өдөр эхлэхгүй л дээ.Ажил дөнгөжэхлээд явж байна. Энэ хоорондтөслийн санхүүжилтийг эцэслэх, зөвшөөрөл авах, ТЭЗҮ-ийг хянаж батлуулах ажил бий. Үүнээс гадна сар сараар нарийн төлөвлөсөн олон ажил гарч ирнэ. Тэр бүрд гэрээ контракт байгуулах, хүмүүсээ сургаж бэлдэхээс эхлээд их ажил ундарч таарна. Үйлдвэрлэл эхлэх гэдэг нэг өдрийн асуудал мэт боловч түүнд бэлдэх нь шат дараалсан нарийн ажиллагаа байдаг.

-Далд уурхайн бүтээн байгуулалт монголчуудад юу өгөх вэ гэдгийг олон хүн сонирхож байгаа. Жишээ нь “Оюу толгой” төсөл дээр хэчнээн хүн ажиллах бол?

-Эхний шатны бүтээн байгуулалтыг анзаарсан байх. Бүтээн байгуулалтын үе шатанд ажиллагсдын тоо өндөр байгаад үйлдвэрлэл эхлээд үйл ажиллагаа тогт­вор­жих үед багасдаг. Далд уурхайн бүтээн байгуулалтын үед ч ийм байдал ажиглагдана. Одоогоор яг хэчнээн хүн ажиллах талаар нарийн тоог эцэслэж гаргаагүй байна. Гэхдээ бидний багцаагаар 3000 орчим хүн ажиллах болов уу гэсэн тооцоо бий. Тэгэхээр 3000 орчим хүн үндсэн үйлд­вэрлэл дээр ажиллана гэсэн үг. Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин ажил орлоготой болох хүмүүсийг оруулж тооцвол энэ тоо хэд дахин үржигдэнэ. Зөвхөн үндсэн ажиллах хүчний тоог харахаас гадна “Оюу толгой” төслийн эдийн засагт бий болгох энэ мэт сайн нөлөөг нь давхар харах хэрэгтэй.

-Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл ханган нийлүүлэгчдийн хэчнээн хувь нь монгол компани байх бол?

-Одоо явагдаж байгаа хангамжийн үйл ажиллагааг харахад Оюу толгой төслийннийт ханган нийлүүлэгчдийн 60 гаруй хувь, нийт зардлын 60-аас дээш хувь нь Монголын, Өмнөговийн компаниудад ногдож байгаа. Оюу толгой компанийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалт, цаашлаадүйлдвэрлэлийн үе шатанд монгол компаниудаа дэмжиж ажиллана. Далд уурхайн бүтээн байгуулалтын явцад, цаашид ч ханган нийлүүлэлтийн одоогийн хувь хэмжээг бууруулахгүй байхыг хичээнэ. Энэ хэмжээнээс ч нэмэгдэх бололцоотой. Миний хувьд байж болох зүйл гэж бодож байна. Байж болох гэж хэлэхээс илүү заавал байх ёстой гэж тодотгох учиртай асуудал. Ийм хэмжээнд хүргэхийн тулд аль аль талдаа хичээж ажиллана. Арилжааны сайн нөхцөлтэй, аюулгүй ажиллагааг хамгийн түрүүнд тавьдаг компаниудыг дэмжиж ажиллах чин хүсэл эрмэлзэл бидэнд бий. Барилгын үе шатанд Монголд байхгүй зарим нэг тоног төхөөрөмж, сэлбэг материалыг гаднаас авч таарна. Гэхдээ гол ан­хаа­рал Монголын ханган нийлүүлэгчид дээр төвлөрнө.

-”Оюу толгой” төслийн хувьд монгол залуусыг нарийн мэргэжлээр бэлдээд эхэлчихсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын явцад өндөр цалинтай нарийн мэргэжлийн орон тоон дээр монгол залуус бас ажиллах байх…?

-Манай компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар үнэт зүйлсийг бүтээнэ гэсэн алсын хараатай. Далд уурхайд шаардагдах ур чадвар ил уурхайгаас арай өөр. Далд уурхайд ажиллах хүмүүсийг бэлтгэх,сургах, хөгжүүлэх, нарийн мэргэжил шаардсан ажлын байран дээр бэлдэж ажиллуулах тал дээр анхаарч байгаа. Бэлтгэгдсэн хүмүүс ч бий. Бид өмнө нь далд уурхайд багагүй хэмжээний ажил хийсэн. Нэлээд хүмүүсийг цаг зав гаргаж сургасан. Цаашдаа ч сургана. Өнөөдрийн байдлаар манай компанийн ажиллах хүчний 95 хувь нь монголчууд байгаа. Хэдийгээр олон улсын хөрөнгө оруулагчтай ч бид өөрсдийгөө монгол компани гэж бахархалтайгаар хэлдэг. Тэр утгаараа бид монгол ажилчдынхаа хувь хэмжээ, байр суурийг хадгалж үлдэх бодлого барина. Оюу толгой төслийн өгөөж ганц үүгээр хэмжигдэхгүй. 50-100 жил үргэлжлэх энэ том төсөл хэрэгжих явцдаа олон тэрбум ам.долларын татвар, хураамж, рояалти төлнө. Үүнийг дагасан дэд бүтэц, бусад ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монголын компаниудад маш их боломж бололцоо гарч ирнэ. Би ирээд удаагүй байгаа л даа. Гэхдээ компанийн ажиллагсдынхаа асуудалд эерэгээр хандаж, юмыг машхурдан сурч, хөгждөг ур чадварыг мэдэрч, бахархаж байна. “Оюу толгой” компанийн үзүүлэлт “Рио тинто” дотроо нэлээд дээгүүрт ордог. Залуу компанийн хувьд энэ бол өндөр амжилт. Энэ амжилтдаа тулгуурлаж дараа дараагийн амжилтаа бүтээнэ гэсэн өөдрөг бодолтой ажиллаж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Элэгний хорт хавдрын өвчлөлд архи, вирусээс гадна махны хэтэрсэн хэрэглээ нөлөөлж байна

Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

Элэгний хавдрын өвчлөл өндөр байгаа. Жилээс жилд өссөн хэвээрээ юу, буурах хандлага ажиглагдаж байна уу?

-Олон жилийн өмнөх B C вирусийн халдвараас үүдэлтэй болохоор өвчлөл буурах ямар ч үндэсгүй. Нэг олзуурхмаар зүйл ажиглагдаж байгаа. Нийгэмд элэгний өвчин, элэгний хатуурал, вирус, элэгний хавдар ихсэхтэй зэрэгцээд хүмүүст болгоомжлол үүсчихэж. Болгоомжлол гэдэг нь айдас биш л дээ. Хэвлэл мэдээллээр энэ талаар их хөндсөнтэй холбоотойгоор хүмүүс өөртөө илүү анхаарч эхэлж байна. Ийм шалтгаанаар хавдар оношлогдох нь сайжирч эхэллээ. Түүнээс гадна Хавдар судлалын үндэсний төв ХААН банк, МҮОНРТ-тэй хамтраад Хавдрын аян өрнүүлж байгаа. Эрдэнэт хотоос эхэлсэн. Зөвхөн нэг аймагт гэхэд л элэгний арван хавдар оношлогдох жишээний. Нийгэмд үнэхээр хэрэгтэй үйл ажиллагаа. Үүний цаанаасар их хөдөлмөр, мөнгө зарцуулагдаж байгаа. Энэ мэт ажлуудтай холбоотойгоор хавдрын илрүүлэлт сайжирч байна. Саяхан Дурангийн анхдугаар чуулга уулзалт гэж болсон юм. Би Элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүнийхээр хувьд нэг зүйлийг онцолж хэлсэн. Гурван жилийн өмнө оношлогдож байсан хавдрын дундаж хэмжээ долоон сморчим байлаа. Гэтэл одоо дунджаар дөрвөн см байна. Эрт үедээ ирж байна гэсэн үг.

Монголчууд элгэнд тэр энэ сайн гээд өчнөөн юм дур мэдэн хэрэглэдэг. Сүүлийн үед сибирийн хар хорхой сайн гэж шуугих боллоо. Үүн дээр таны бодлыг сонсмоор байна?

-Монголчууд их гэнэн, итгэмтгий улс. Тийм учраас л Сибирийн хар хорхой залгивал зүгээр болно гэдэгт итгээд байгаа юм. Яаж тийм гэнэн байж болдог юм, бүү мэд. Эмчлэгдэх боломжгүй болсон улсын хувьд аргаа бараад сайн гэсэн бүхнийг хэрэглэдэг байх. Эмчлэгдэх боломжтой улсын тухайд гипноздуулах ч юм уу, тан уугаад эдгэрнэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Би хүмүүст зориуд нэг зүйлийг анхааруулж хэлмээр санагддаг. Дэлхий дээр өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалттай эмийн том компаниуд ажилладаг. Эмчилдэг юм байгаа тохиолдолд тэд зүгээр хараад суудаггүй. Шууд л авч практикт хэрэгжүүлээд мөнгө олохыг боддог. Монгол ганцаараа нууцат арал юм шиг, гэнэт сонин хачин эмчилгээ гарч ирээд, тэр нь үйлчлээд эхэлнэ гэж байхгүй л дээ. Хүмүүс зарим тохиолдолд бие биедээ хор болж байгаагаа мэддэггүй. Нэг найз нь өвдчихлөө гэхэд Сибирийн хар хорхой идээд зүгээр болсон гээд эмчлэх боломжтой байсан үеэс нь холдуулчихдаг. Тэгэхээр эхлээд тус болох гэж байгаад гай тарих вий гэж болгоомжлох ёстой. Батлагдаагүй, нотлогдоогүй, туршилтын эмчилгээ хийлгэж огт болохгүй.

С вирусийн эсрэг эм орж ирж байгаа гэсэн мэдээлэл олны сонирхлыг их татаж байна. Үнэ нь зөрөөтэй байна гэж нэг хэсэг шуугисан. Энэ эм орж ирснээр ямар үр дүн гарах бол?

-Энэ бол жинхэнэ нотолгоонд тулгуурласан эм. Олон жилийн клиник судалгааны үр дүнд гаргаж авсан. Монголчуудын дунд тархаад байгаа С вирусийн нэгийн “б” гэдэг гинотепийг 91 хувь устгадаг. Энэ эмийг оруулж ирснээр С вирусийн халдвартай олон хүнд тусаа өгнө. Вирусийн халдвараас болж элэг нь гэмтсэн хүмүүсийг аврах хамгийн зөв зам. Үнийн хувьд хугацааны л асуудал байгаа. Гурван сарын хэрэглээ нь 600 ам.доллар бол зургаан сарын хэрэглээ нь 900 ам.доллар. Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч хэдэн сар эмчлэхээ шийднэ гэсэн үг. Үүнийг ялгаж ойлгохгүйгээр үнэ нь зөрүүтэй гэсэн мэдээлэл түгсэн байх.С вирусын ачаалал гэж ярьдаг. Хэр олноор үржиж байна гэдгийг нь хэмждэг вирус тоолох шинжилгээ бий. Ийм шинжилгээ хийгээд саяас дээш байвал зургаан сар, саяас доошоо байвал гурван сар эмчлүүлэх ёстой гээд гаргаад ирдэг юм.Энэ эмийг оруулж ирэхийн төлөө ажилласан олон газар бий. Эрүүл мэнд, спортынсайд Шийлэгдамба ч маш эрчимтэй ажилласан. Компани дээр нь очоод хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хямдралтай үнээр авахаар болсон. Ийм зүтгэл гаргаж энэ эмийг оруулж ирэхээр болгочихлоо. Энэ улсыг нийгмийнхээ өмнө том гавьяа байгууллаа гэж үзэхээс аргагүй.

С вирусийн эсрэг эм танил, талын хүрээгээр зарагдаад дуусчих вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Оруулж ирсэн хямдралтай эмээ хэрэгтэй улсад нь яаж зөв хэрэглэх вэ гэдэг дараагийн шатны чухал асуудал. ЭМСЯ саяхан С вирусийн эмчилгээний удирдамжийг баталчихлаа. Бид саналаа өгсөн. Энэ эм орж ирэхэд танил талаараа тараачихна гэсэн ойлголт байхгүй.

Биеийн байдал, өвчний явцаас нь хамаараад хүмүүсээ эмчилгээнд хамруулаад эхэлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ.Хэт төвлөрлийг сааруулж, дүүрэг, орон нутагт нь түгээх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн бодлогыг яамнаас барьж байгаа. Гагцхүү шинжилгээ нь зүй ёсоороо хийгдсэн байх ёстой.

Элэгний хавдар анхан шатандаа илэрлээ гэж бодоход бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Жилдээ 1900 гаруй хүн элэгний хавдраар оношлогдож байна. 3000 гаруй хүн элэгний хавдартай амьд явж байна. Нэг, хоёрдугаар үе шатанд оношлогдвол эмчлэгдэх бүрэн боломжтой. Элэгний хавдар ихэвчлэн элэг хатуурах өвчинтэй хамт илэрдэг. Хатуурах өвчин, элэгний хавдар гэсэн хоёр өвчин нэг дор бий болдог юм. Хавдрыг нь эмчилсэн байхад элэгний хатуурал нь ноцтой бол хэцүү. Элэгний хатуурал буюу цирроз бол айхавтар хүнд онош. Манай эмч нар буруу онош тавиад байдаг. Цирроз буюу элэгний хатууралгүй хүмүүсийг хатууралтай гэж оношлоод аймшигтай байдалд оруулдаг тал бий. Хатуурлыг эмчилдэг цорын ганц арга бол элэг солих. Хатуурлын өмнө элэг сорвижилтын үе гэж бий. Тэрийг нь цирроз гэж буруу оношлоод байна л даа.

Элэг сорвижилтын үед бол эмчлэгдэнэ гэсэн үг үү?

-Зөв эмчилгээ хийвэл элэг хэвийн байдалдаа эргэж ордог. Цирроз болсон үед хэвийн болдоггүй.

Вирусийн халдвар элэгний хавдрын нэг том шалтгаан гэдэг нь ойлгомжтой. Элэгний хавдрын бас нэг шалтгаан нь бидний буруу зуршил мөн үү?

-Таны хэлсэнчлэн B, C вирус бол номер нэг шалтгаан. Ийм вирустэй улс архи уух нь элэгний хатуурал гэсэн оноштой болоход амархан байдаг.Хугацаа нь түргэсдэг юм. Вирустэй хүмүүс цирроз болоход 10-15 жил шаардагддаг бол архи уудаг тохиолдолд 5-7 жилийн дотор л цирроз болох эрсдэлтэй. Вирусгүй байлаа ч архаг архичдын хувьд элэг хатуурах эрсдэл бий. Түүнээс гадна таргалалт гэж том эрсдэл байна. Таргалалт элэг өөхлүүлдэг. Өөхөлсөн элэг хатуурдаг.

Элэг өөхөлнө гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Элгэн дотор байгаа эс дотор өөхөн бөмбөлгүүд дүүрдэг. Дүүрсээр байгаад өнөө эс нь задраад үхэхийг л элэг өөхөлнө гээд байгаа юм. Таргалаад байвал өөх нь томорч, элэгний эс нь задраад сорви болно гэсэн үг. Энэ утгаараа таргалалт гэдэг бол маш аюултай зүйл. Жингийн илүүдэлтэйгээс гадна чихрийн шижинтэй бол бүр эрсдэлтэй. Ийм хүмүүс заавал үзүүлж байх ёстой. Зүй нь элгэнд сахар хуримтлагдаж байх ёстой юм. Гэтэл элэг сахар хуримтлагдах зайгүй, сорви болж, эс нь устсан бол хаанаа сахар хуримтлуулах вэ дээ. Гадагшаа хаяж таарна. Ингээд сахар ихэсдэг. Энэ мэт цаад углуургаар нь ойлговол элэгний өвчлөлд нөлөөлж байгаа шалтгаануудыг ойлгож мэдээд, энэ өвчнөөс сэргийлэх боломжтой.

Архи уудаггүй, вирусгүй хэрнээ элэг нь өвчлөөд байдаг хүмүүс олон таардаг. Энэ ямар учиртай юм бол?

-Архи дарс уухгүй, вирусгүй хэрнээ элэгний үрэвсэл өндөр байдаг шалтгаан нь маш тодорхой. Төмрийн илүүдэл байдаг юм. Төмрийн эх үүсвэр цусанд байдаг. Улаан цустай зүйл гэхээр мах л бий. Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг. Мах их идэхээр биед төмөр их хэмжээгээр хуримтлагддаг. Төмөр ихээр хуримтлагдахаар элгийг гэмтээдэг. Тэр дундаа монгол эрчүүдийн цус их өтгөрөлттэй, төмрийн илүүдэлтэй байдаг. Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж. Өөрөө өөртөө арчаагүй, тэвчээргүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаасаа татгалзах хэрэгтэй.

Өвчлөл өндөр учраас эмнэлгийн ачаалах их, асуудал өчнөөн байгаа. Хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Би тасгаараа бахархдаг. Манай тасаг хорьхон ортой. Элэгний хавдар дангаараа нийт хавдрын 40 хувийг эзэлдэг. Хорьхон орон дээр улсын хэмжээнд үйлчилгээ явуулдаг тасаг гэсэн үг. Манайд хагалгаанд орох гэж хавдартай хүмүүс сар хүлээж байна. Төсвийн хэлэлцүүлгээр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг ямар ч байсан дуусгахаар боллоо. Тэрбум 200 сая төгрөг баталсан. Оны сүүлээр ашиглалтад өгнө гэж яриад байгаа. Барилга барьж байгаа компани нь ч санаа зовох ёстой л доо. “Биднийг байшин барьж чадахгүй удаж байгаагаас болж энэ олон хүн зовж байна” гэж ухамсарлах учиртай. Эмнэлгийн барилга барина гэдэг асар том хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгөө баталж өгөхгүй байсан гэсэн тайлбар хэлэх байх л даа. Тэгвэл одоо мөнгө нь батлагдсан юм чинь цаг алдахгүйгээр хамаг чадлаараа ажиллах ёстой. Ашиг олох гэхээс гадна нийгэмд тустай ажил гэдэг талаас нь харах учиртай. Гэтэл одоо барьж байгаа байдлыг нь харахаар хэлэх үг олдохгүй байна. Дахин хэлэхэд энд нэг компанийн барилгын асуудал биш нийгмийн эрх ашиг яригдаж байгаа.

Өргөтгөл баригдвал танай тасгийн ачаалал хэр буурах вэ?

-Хоёр дахин буурна. Хоёр хагалгааны өрөө нэмэгдэнэ. Ор хоёр дахин нэмэгдэнэ. Оочер хоёр дахин буурна гэсэн үг. Хавдартай хүмүүсийн хувьд бүтэн сар оочерлоно гэдэг хэцүү. Хоёр долоо хоногтоо багтчихвал өөр шүү дээ. Жилдээ зөвхөн элэгний хагалгаа гэхэд л нэг хагалгааны өрөөнд 260-ыг хийж байна. Хагалгааны баг өдөр шөнөгүй, зогсоо зайгүй ажиллаж байна. Бид авч байгаа цалингаасаа илүү ихийг иргэдийнхээ төлөө зориулж байгаа. Улс ч гэсэн ийм сэтгэлээр хандмаар санагддаг. Манай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа компани ч ялгаагүй. Бүгд нэг сэтгэлээр хичээж ажиллавал өнөөдөр үүсчихээд байгаа асуудлууд эерэгээр шийдэгдээд эхэлнэ.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Бритиш газ”-ын дэлхийд өгсөн гэгээтэй мессэж

Английн “Бритиш газ” компани Монголд хөрөнгө оруулахаар болсон нь сүүлийн үед дуулдсан өөдрөг мэдээбайлаа. Газрын тосны салбарт анх удаа барууны том компани орж ирж байгаа нь энэ. Хөрөнгө оруулагчдын нүүр буруулаад буй Азийн Монголд барууны дэлхийд танигдсан акул компани орж ирж буй нь яах аргагүй том олз. Оюу толгой хөдөлнө гэсэн эерэг сураг хүчтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд анхаарч сонссонсайн мэдээний нэг мөнөөсөө мөн.Цэнхэр гаригийн мөнгөтэй эрхмүүдэдөгч буй гэгээтэймэссэж гэж онцолж болохоор үйл явдал. Дэлхийн 23 оронд ажилладаг, 5200 ажилтантай аварга нэгдэл Монголд хөрөнгө оруулах сонголт хийнэ гэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт тасарчихаад буй энэ үед хөрөнгө оруулагчдад өгч байгааөөдрөг дохио гэхээс аргагүй.

“Бритиш газ”-ын хувьд сүүлийн арван жилд өндөр эрсдэлтэй 15 төсөл дээр ажилласны 14-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн. Ер нь өндөр эрсдэлтэй төслүүдийг амжилтад хүргэдгээрээ дэлхийд танигдсан групп л дээ. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын энэ төсөлгеологийн тогтоцын хувьд эрсдэлтэй. Арабын орон болон далай дор байдаг шиг том бассейн байхгүй” гэж зүгээр ч нэг тодотгоогүй. “Бритиш газ”-ын хайгуул хийх талбай геологийн тогтоц талаасаа амар биш гэдгийг газрын тосны салбарынхан онцолдог. Эрсдэлтэй төслийг амжилтад хүргэдгээрээ алдартайАнглийн компанийн хувьд Монголд хэрэгжүүлэх төсөл дээрээ ч өндөр итгэлтэй орж ирсэн нь тодорхой. Тэгэхээр Монголд газрын тосны өөр нэг том төсөл хэрэгжиж эхэлнэ гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Монголд хөрөнгө оруулах нь тодорхой болсон тус групп “Сентрал Азиан петролиум корпорэйшн” компанитай хэлэлцээ хийж, газрын тосны хайгуулын хоёр талбайг эзэмших юм. Засгийн газар саяхан “Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий гэрээгээр хүлээсэн эрх үүргийг “Бритиш газ”-д шилжүүлээд байгаа. Тодруулж хэлбэл Богд-IV, Онги-V талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “Бритиш газ Монголиа холдингс лимитед”, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмшинэ. Богд-IV, Онги-V гэдэг нь Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн урд талын арав орчим сумыг хамарсан хоёр том блок. Эндээс газрын тос олдоод олборлож эхэллээ гэхэд Монголын төр засаг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 47 хувийг нь авна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг энгийнээр хайгуулд засгаас ямар ч мөнгө гаргахгүй, хайгаад газрын тос олдохгүй бол зөвхөн компаниэрсдлээ хүлээнэ, харин газрын тос олдож, олборлолт явуулаад эхэлбэл засагтайбүтээгдэхүүнээ хуваана гээд тайлбарлачихаж болно.

Энэ талбайнууд багагүй нөөцтэй байж магадгүй нь хайгуул хийсэн компанийн өнгөрсөн жил өгсөн мэдээллээс тодорхой харагддаг. 2D чичирхийллийн судалгааны таамгаар Богд IV талбайд60-100 сая баррель газрын тос, Онги V талбайд22-24 сая баррель газрын тос нөөц байх магадлалтай хэмээн компанийн зүгээс мэдээлж байсан юм.2D чичирхийллийн судалгаагэдэг нь газрын тосны нөөц байж болох талбай байгаа гэдгийг харуулах зорилготой судалгаа. Газрын тос байгаа эсэхийг өрөмдөж байж мэдэх боломжтой гэсэн үг.

Өмнө нь энэ хоёр талбайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хайгуулд гэхэд л 17 сая ам.доллар зарсан гэсэн тооцоо бий. Газрын тосны хайгуул их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан эрсдэлтэй ажил гэдгийг энэ тооноос харж болно. “Бритиш газ”-ын хувьд хайгуулдбагагүй хөрөнгө зарна.“Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий хувьдэдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй ийм үед хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх хөрөнгө мөнгө босгоход амар байгаагүй нь ойлгомжтой. Өнгөрсөн жил батлагдсан Газрын тосны хуульхөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн учраас“Бритиш газ”, “Chevron”, “Anadarko” зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ өрнүүлж эхэлсэн байдаг.Эцэст нь“Бритиш газ”-тай хамтрах фармаут гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор Монголд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ онд 13.6 сая ам.долларыг хайгуулд зарна. Харин ирэх жил 13 сая ам.доллар орж ирнэ. Засгийн газарт төлөх төлбөрт гэхэд л 1.4 сая ам.доллар зарах тооцоо гарчихаад байгаа юм билээ.

Хөрөнгө оруулалтын урсгал хасахтай гарч буй таагүй үед ам.долларын урсгал газрын тосны салбарт л дажгүй байгааг нотолсон өөр жишээ ч байна. Засгийн газар “Бритиш газ”-аас гаднаУвс-I, Хэрлэн тохой-XXVIII гэсэн талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ талбайнуудад “Увс петролиум”,“Хонгконг велпек” компани хөрөнгө оруулна. Найман жилийн хайгуул, олборлолтод Увс-I дээр гэхэд л 847 сая ам.доллар, Хэрлэн тохой-XXVII дээр 81 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Дэлхийд эрсдэл өндөртэй гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг газрын тосны салбарт энэ мэт том хөрөнгө оруулалт орж ирэх боломж уг нь бол бий. Эрсдэл өндөртэй, өчнөөн хугацаа зарж байж сая нэг бүтээгдэхүүнээ гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг салбар гэдгийг нь ганцжишээгээр нотолъё. Тамсагийн сав газрын гэрээг “Соко интернэшнл” компани 1993 онд хийж байж. Үүнээс хойш таван жилийн дараа анхны тос гарчбагахан олборлолт хийж эхэлсэн байдаг. Хэзээ хойно 2005 онд “Петро Чайна”-д гэрээний эрх үүргээ зуун хувь шилжүүлсэн баримт бий. Энэ үеэс хойш арван жилийн хугацаанд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж үйлдвэрлэлийн олборлолтын хэмжээнд ирсэн, хоёр жилийн дараа олборлолтоо 1.7 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн гэхээр газрын тос гэдэг өчнөөн хугацаа, хөрөнгө мөнгө зарж байж амжилтад хүрдэг салбар болох нь харагдана.Тэгэхээр ийм өндөр эрсдэлтэй салбарт нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулалтаа үргээчихгүйхэн шиг дэмжээд явмаар байна. Нэг зүйлийг онцлоход эх орончид барууны хөрөнгө оруулагчдад яагаад ч юм хачин дургүй. Хайгуул хийхээр өрмөө зоонгуут л нутгийнх нь хэдэн хүнийг авч очоод хэл үг гаргадаг жишигтөдийгөөс өдий хүртэл үйлчилсээр байгаа.Хэд хэдэн төсөл дээр жишээ авч онцолж болно. “Бритиш газ” дээр ийм хандлага битгий л давтагдаасай.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэцүүхэн байдалд орсныг хэдэн тоогоор нотолъё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал оны эхний улиралд хасах 72 сая ам.доллар байж. Түрүү жилийн эхний улиралд энэ тоо нэмэх 294 сая ам.доллар байсан гэхээр богино хугацаанд хэр эрчтэй уруудсаныг харж болно. Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагынхан “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үргэлжилсэн уналт төлбөрийн тэнцэлд дарамт нэмсээр байна шүү, эдийн засгаа дажгүй байлгая гэвэл хөрөнгө оруулалтын урсгалаа нэмэхэд анхаараарай” гэсэн зөвлөгөөг өгч эхлээд байна. Ямартай ч барууны том компани газрын тосны салбарт ороод ирлээ. Энэ харилцаа урт удаан хугацаанд амжилттай өрнөвөл“Бритиш газ” шиг томчууд нэг биш хэд хэдээрээ ч орж ирэх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Батбилэг: Таван толгойн хувьцааны үнэлгээг тодорхой, бодитой болгоход анхаарч ажиллана

Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэгтэй ярилцлаа.

Та “Эрдэнэс Таван толгой”-н хувьд хуучин хүн. Асуудлуудаа мэддэг болохоор танилцана гэж цаг авахгүйгээр ажлаа эхэлж байгаа байх. Ямар тактик барьж ажиллая гэж бодож байна?

-Цаг хугацааны хувьд ч тэр, зах зээлийн нөхцөл байдлыг харсан ч хариуцлагатай албанд ирж байна. Хүнд үед энэ албыг авч байгаагаа ухамсарлаж, ойлгож байгаа. Ирж байгаа даалгаврууд, ажиллах орчин, бүх л зүйл таатай биш байна. Гэсэн ч энэ компанид өмнө ажиллаж байсан, санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэж явсан, борлуулалт гэсэн чухал хэсгийг хариуцаж ирсний хувьд хийх зүйлийн гол төсөөлөл бол бий. Мэдээж өмнөх ажлаас ачаалал ихэсч таарна. Хариуцлага бол бүр ихэсч байгаа. Сүүлийн үед хүмүүс асуудал ярихаас шийдэл ярихаа больсон юм шиг санагддаг. Миний хувьд ажилдаа нэг зүйлийг зарчим болгож ажиллана. Асуудлаа ч тодорхойлно. Тухайн асуудалд тохирсон шийдлүүдийг ч хайж ажиллая гэж бодож байна.

Анх “Эрдэнэс Монгол”-д ажиллаж эхэлсэн байх аа?

-Тэгсэн, анх 2009 онд “Эрдэнэс Монгол”-д ажилд орж байлаа. Хөрөнгө оруулалтынх нь газар тэдийн засагчаар ажиллаж эхэлсэн.

Ямар асуудал дээрилүү төвлөрч ажиллах вэ?

-Мэдээж “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагын хувьд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хөрөнгийг үнэ цэнэтэй болгох тал дээр түлхүү ажиллана гэж бодож байна. Хөрөнгийн үнэ цэнэ гээд ярихаар Таван толгойн хувьцааны асуудал яах аргагүй сөхөгддөг. Хувьцааны үнэлгээний асуудал Таван толгойн орд газрын бүтээн байгуулалтад саад тотгор үүсгэдэг тал бий. Харамсалтай нь өнөөдөр Таван толгойн хувьцааны үнэлгээний асуудал тодорхой биш байгаа. Төрөөс 1072 хувьцааг сая төгрөгөөр үнэлсэн нь бодитой эсэхээс эхлээдолон асуудал шийдлээ хүлээж байна. Таван толгойн бүтээн байгуулалтын асуудал яригдахаар л хувьцааны үнэлгээний асуудал хөндөгддөг учраас энэ чиглэлд түлхүү анхааръя гэж бодож байгаа.

Хувьцааны үнэлгээний асуудлыг тодорхой болгохын тулд яг ингэнэ, тэгнэ гэсэн төлөвлөгөө, зорилго бий юу?

-Эхний ээлжинд үнэлгээ нь хэд вэ гэдгийг бодитой, зөв тодорхойлох ёстой. Яг ингэж тэгж ажиллана гэсэн төлөвлөгөө, таамаг хэлэхэд эрт байна.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд шийдэхэд төвөгтэй, бэрхшээлтэй гэж хэлэхээр ямар асуудлууд байна?

-Бэрхшээл зөндөө бий. Жишээ нь зах зээл хүнд байна. Монголын гэлтгүй олон улсыннүүрс олборлогч бүхкомпани таатай орчинд ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Сая миний онцолсон хувьцаа эзэмшигчийн хувьцааны үнэлгээ гэхэд л ашигт ажиллагаатай яалт ч үгүй холбогдоно. Хэдий чинээ ашигтай байна үнэлгээ нь төдийчинээ өндөр байх нь ойлгомжтой. Таван толгойн бүтээн байгуулалт санаснаар явахгүй байгаагийн цаад шалтгаан нь эргээд энэ асуудалтай холбогдчихож байна л даа.

Танай компанийн борлуулалт хэр байгаа вэ?

-Манай компанийн өнгөрсөн жил борлуулсан нүүрс улсын хэмжээнд экспортолсон нийт нүүрсний гуч орчим хувийг дангаараа эзэлж байсан.Энэ жилийн хувьд эхний улирлын байдлаар 56 орчим хувь байгаа. Монголоос экспортолсон нийт нүүрсний талаас илүү хувийг гаргасан гэсэн үг. Өнөөдрийн хувьд борлуулалт саарах хандлагатай болчихлоо. Зах зээлийн хүнд нөхцөл нөлөөлж байна. Мөн Хятадын төрөөс баримталж буй бодлого нөлөөлж байна. Урд хөрш дотоодынхоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Жишээ нь импортын коксжих нүүрсэнд гурван хувийн татвар тавьчихсан. Энэ татварыг өгснөөр Монголын коксжих нүүрсний өртөг хоёр орчим ам.доллараар нэмэгдэж байна. Зөвхөн нүүрсээ экспортлохын төлөө энэ хэмжээний мөнгийг нэмж төлж байгаа гэсэн үг. Нүүрсний чанар дээр таван элементийн шалгуур гэжтавьсан. Хятадын төрийн дотоодын компаниудаа дэмжих энэ бодлого үр дүнгээ өгч байна л даа. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлынх нь импортын хэмжээ 84 орчим сая тонн байсан юм. Гэтэл энэ оны эхний улиралд 49.7 сая орчим тонн нүүрс л импортоор авсан. Хятадын импортын хэмжээ 40 гаруй хувиар багасч байна гэсэн үг. Урд хөрш 2013 онд 75 сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол өнгөрсөн жил 63 сая тонн болж буурсан. Коксжих нүүрсний одоогийн импортыг нь харахаар 15-17 хувиар буурсан тоо гарч байна. Энэ жилийн хувьд Хятадын коксжих нүүрсний импорт ойролцоогоор 50 орчим саятонн болох нь гэсэн таамаг гараад байна. Хэрэгцээ нь багассан учраас ингэж буурсан хэрэг. Өнгөрсөн жил хэрэглээ нь арван хувиар буурсан гэсэн тооцоо бий. Энэ жил дахиад арван хувиар бууна гэсэн таамаг байна.

Тэгэхээр танай компанийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь ээ?

-Мэдээж төлөвлөсөн хэмжээндээ хүргэхийн төлөө ажиллана. Төлөвлөгөөгөө таслахгүйг хичээнэ. Энэ жил найм орчим сая тонн нүүрс гаргана гэсэн зорилттой ажиллаж байна. Эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сая гаруй тонн нүүрс борлуулж байж төлөвлөсөндөө хүрэхээр байна.

Нүүрсний үнийн уналт хэчнээн хувьтай байгаа вэ?

-Нүүрсний гол зах зээлийн хэрэглээ багассантай холбоотойгоор үнэ нь ч дагаад унаж байна. Зөвхөн энэ оны тоон үзүүлэлтийг онцолъё. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ 15-17 хувиар уначихаад байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд нэгж бүтээгдэхүүний борлуулж байгаа үнэ багасахаар борлуулалтад яалт ч үгүй нөлөөлнө гэсэн үг. Мэдээж ноднингийнхоо үзүүлэлтийг өсгөх гэж үзнэ. Гэхдээ ноднингийн нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн бол боломж байсан. Нөхцөл хүндэрсэн учраас шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна.

Зүүн Цанхи дээр ажиллаж байсан Австралийн “Макмахон”-ыг хэт өндөр зардлаар олборлолт хийж байна гэсэн шалтгаанаар хэлэлцээ эхлүүлээд удаж байна. Тэр асуудал юу болж байгаа вэ?

-Би өмнө нь борлуулалт хариуцаж байсан учраас үйлдвэрлэл тал руугаа мэдээлэл авах түвшинд л оролцдог байсан. Зүүн Цанхийн операторын үйл ажиллагааны зардал өндөр байдагнь ашигт ажиллагаанд нөлөөлж байгаа. Үйлдвэрлэл хариуцсан хүмүүс, өмнөх удирдлага гээд бүгд л энэ асуудалд ач холбогдол өгч ажилласан. Одоогийн байдлаар хэлэлцээр дунд шатандаа явж байна. Үр дүн гаргахын төлөө зорьж ажиллана. Гайгүй шийдэлд хүрчих байх.

Урд хөршийн нүүрсний зах зээл дээр хуучин өрсөлдөгчдөөс гадна Мозамбик зэрэг шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Бид юу хийж байж Хятадын зах зээл дээр монгол нүүрсийг үнэ цэнтэй болгох вэ, таны бодлыг сонсъё?

-Хятадад нүүрс экспортлох сонирхолтой орнуудад шинэ бүтээн байгуулалтууд их хийгдэж байгаа. Гэхдээ зах зээлээсээ шалтгаалаад бидний төсөөлж байсан шигээр урд хөршийн зах зээл рүү хүчтэй орж ирж чадахааргүй харагдаад байна л даа. Учир нь өнөөдөр бүх бүтээн байгуулалтаа хийсэн компаниуд хүртэл хүнд байдалд байна. Хятадын нүүрсний зах зээлд шинээр орж ирэхээр төлөвлөсөн, бүтээн байгуулалт нь ид хийгдэж байгаа хоёр, гурван том төсөл бий. Нэг нь Мозамбикийн Маотиз. Коксжих нүүрсний орд газар л даа. Бүтээн байгуулалт нь өрнөж байна. Төмөр замаа бариад эхэлчихсэн. Оросын Эльга бий. Бүтээн байгуулалт нь нэлээд явчихсан.390 км төмөр замаа татсан. Далайн эрэг дээрх боомтуудын бүтээн байгуулалт дээрээ ажиллаж байгаа. Хятадын зах зээлд бага хэмжээний нүүрс нийлүүлээд эхэлсэн. Таван толгойн нүүрсний өрсөлдөх чадвар өнөөдрийн хувьд сайн биш байгаа. Маш том бүтээн байгуулалтуудыг хийж байж өрсөлдөх чадвар маань сайжирна. Өрсөлдөх чадварын хувьд сайн муу хоёр мэдээ бий. Муу мэдээ нь гэвэл бид өнөөдөр хангалттай төвшинд өрсөлдөж чадахгүй байна. Сайн мэдээ нь гэвэл бидний өрсөлдөгчид бүтээн байгуулалт, бүх юмаа тултал хийчихсэн. Байж болох хамгийн бага зардлаар нүүрсээ экспортолж байгаа. Гэтэл бидэнд амжуулах бүтээн байгуулалт их бий. Төмөр зам, боловсруулах үйлдвэр зэргээ барьчихвал нүүрсээ экспортолж буй одоогийн зардлаа өчнөөн ам.доллараар бууруулах бололцоотой. Бидэнд өрсөлдөх орон зай байгаа гэсэн үг. Манай өрсөлдөгчдөд зардлаа бууруулах өөр ямар ч орон зай байхгүй.

Нүүрснийхээ үнэ цэнийг өсгөхийн тулд хамгийн эхлээд төмөр замын бүтээн байгуулалт яригдаж таарна. Төмөр зам баригдвал тээврийн зардал дээр гэхэд хэдэн ам.доллар хэмнэхээр байна?

-Төмөр зам бол хамгийн түрүүнд яригдах асуудал. Үүнтэй зэрэгцээд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт яригдаж таарна. Боловсруулсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж Хятадын эцсийн хэрэглэгчдэд хүргэвэл монгол нүүрсний үнэ цэнэ өснө. Төмөр зам баригдсанаар зөвхөн тээвэрлэлтээсээ гэхэд арав орчим тэрбум ам.долларын хэмнэлт гаргана. Хэмнэсэн арван доллараараа зах зээлээ тэлье гэж ярьж байна.

Зах зээлээ тэлнэ гэдгээ тодруулаач?

-Тээврээс хэмнэсэн мөнгөөрөө Хятадын нутаг дэвсгэр рүү илүү гүн нэвтэрье гэсэн санаа л даа. Цаашаагаа 200-300 км тээвэрлэж чадна гэсэн үг. Өнөөдрийн хувьд уурхайн амнаас хил хүртэлх нийт зардал маань 17-20 орчим ам.доллар болдог юм. Хэрвээ төмөр зам барьчихвал 7-9 ам.долларын хооронд тээвэрлэх боломж гарч ирнэ. Хэмнэсэн мөнгөөрөө Хятадын гүн рүү нүүрсээ зөөж, зах зээлээ тэлэхэд анхааръя гэсэн төлөвлөгөө бий. Нүүрсний өрсөлдөх чадварын тухайд газар зүйн өрсөлдөх чадвар гэж бий. Яг хэдэн км-ийн цаана зарж чадаж байна гэдгээр нь хэмждэг зүйл л дээ. Бидний яг өнөөдрийн хүрч чадах хил хязгаар Өвөр Монгол төдийд байна. Энэ хүрээнд л өрсөлдөж байна гэсэн үг.

Нүүрсээ борлуулах зах зээлийнхээ хүрээг тэлчихлээ гэж төсөөлье. Урд хөршийн зах зээлийн коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээтэр хэрээр нэмэгдэж таарах уу?

-Нэмэгдэнэ. Тэлэгдсэн хэсэгт бидний тооцоолж байгаагаар ойролцоогоор 70 орчим сая тонн коксжих нүүрсний хэрэгцээ бий. Ийм том зах зээл рүү орохоор бидний зүгээс нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэх боломж гарч ирнэ.

-“Чалко”-гийн өр юу болж байгаа вэ?

-“Чалко” компанид нүүрс нийлүүлж байгаа. Нийлүүлэлтэд зах зээлийн таагүй байдал, зам тээвэр гэсэн хоёр шалтгаан нөлөөлж байна. Засгийн газраас нүүрсийг шороон замаар тээвэрлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалж тээвэрлэлтийн өртөг нэмэгдэх байдал үүссэн. Ийм шалтгаануудаас болж борлуулалт саараад байна. “Чалко”-гийн өрийг дарсангүй гэдгээр “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг дүгнэх гээд байдаг. Зүй нь “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг ашигт ажиллагаагаар нь дүгнэх учиртай. Өр дарна гэдэг бол “Эрдэнэс Таван толгой”-н нэг зорилт мөн. Гэхдээ үндсэн зорилго байж болохгүй л дээ. “Чалко”-гийн өрийг үндсэн зорилгоо болгоод, энийг л даръя гээд зүтгэсэн бол өнөөдөр манай компанийн үйл ажиллагаа доголдох эрсдэл байсан. Учир нь “Чалко”-д нийлүүлэх нэг тонн нүүрсийг гаргаж ирэхэд бараг л дарж буй өрний хэмжээний зардал гаргаж байгаа. Өнгөрсөн хугацаанд “Чалко” компанитай шийдэл хайх зорилгоор хам­тарч ажилласан. “Чалко” компанийн өрийг тодорхой хэмжээгээр хойшлуулах талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Зөвхөн энэ компанийн өрийг дараад явбал “Эрдэнэс Таван толгой” компани ямар ч мөнгөгүй болох эрсдэлтэй тулах байсан. Ийм нөхцөл үүсвэл “Чалко”-д нүүрсээ авч чадахгүй байдал үүснэ. Хоёр тал энэ эрсдлүүдээ бодолцож, харилцан ойлголцоод явж байгаа.

Таван толгойн менежмэнтийг хувийн компаниудаар хийлгэх асуудал олны анхааралд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Энэ асуудалд байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна. Энэ бол ерөөсөө л улс төрийн шийдэл.УИХ асуудлыг шийднэ. Миний хувьд гүйцэтгэгч учраас УИХ-ын гаргасан шийдвэрийг дагаж ажиллахл үүрэгтэй.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ эдийн-засаг

Банкны шимтгэл, хураамж ялгаатай юу?

Банкуудшимтгэл, хураамж авч байна гэх шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлд эргэж харахаар хэд хэдэн өнцөг байна. Шимтгэл авах зайлшгүй шалтгаанууд байгаа гэсэн үг л дээ.Гадаадын банкуудын хувьд шимтгэл, хураамж гэдэгүйл ажиллагааныхаа өртөг зардлыг нөхөх нэг хэлбэр байдаг. Энэ талаар өч­нөөн жишээ дурдаж болно. Гадны улсуудад хүүг зарласан болон бодит хүү гэж ангилдаг, бодит өртгийг зарласан хүү дээр шимтгэлээ нэмээд гаргаж ирдэг жишиг бий. Асуудлыг илүү өргөн хүрээнд харъя. Манайулстай адилхан чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой бүх л улсад шимтгэл ху­раамж авдаг. Монгол шиг эдийн засаг, нийгмийн тог­толцоотой барууны аль ч улсад очсон хэн ч тодорхой шалгуур, шалгаруулалттай үйлчилгээтэй тулгарчбайдаг. Монгол Улсын Засгийн газар гаднаас мөнгө зээлж, хөрөнгө татахдаа ч зээлийн шимтгэл төлдөг.

Үйлчилгээний байгуул­лагууд харилцагч, үйлчлүү­лэгчдээ өөртөө татах нь зүйн хэрэг. Нэг хэсэг нь ямарч шалгуур нөхцөл тавилгүй, манай бүтээгдэхүүн, үйл­чилгээ хүссэн бүхэнд нээлт­тэй гэцгээдэг.Ресторан, дэлгүүр, үсчин гээд үйл­чилгээний газруудыг хэ­лээд байна л даа. Нөгөө хэ­сэг нь харилцагчдадаа тодор­хой шалгуур тавьдаг, харилцагчдаа сонгодог бүтээгдэхүүн үйчилгээ үзүүлэгчид. Тодруулж хэлбэл арилжааны банк, санхүүгийн байгууллагууд, их дээд сургууль, коллеж, тендерээр бараа, ажил үйлчилгээ авах байгууллагууд харилцагчдаа сонгож үйлчилдэг. Сая дурдсан байгууллагуудын хувьд үйлчилгээг нь авахыг хүссэн хүн л хураамж төлж анкет, баримтыг нь авдаг. Жишээ нь, арилжааны банкууд манайхаас зээл аваач гэж үйлчлүүлэгчээс хүсч, ирэнгүүт нь зээл гаргаад өгдөггүй гэсэн үг. Зээл хэлбэрээр гаргах мөнгөө эргэж авах батал­гаатай хүнд өгөхийн тулд тодорхой шалгуур тавьж таарна. Банкууд хүлээж авсан хураамжаа юунд зарцуулдаг вэ гэсэн асуулт хар дагуулдаг нь нууц биш. Тэгвэл энэ мөнгийг анкетуудыг хүлээж авах, анхан шатны боловсруулалт судалгаа хийх зэрэг техни­кийн шинжтэй ажлынхаа зардалд зарцуулдаг. Энгий­нээр хэлбэл, банкуудүйлчлүү­лэгчээ сонгох ажлынхаа төлөө хураамж авдаг юм. Хураамжтай анкетыг зөвхөн тухайн үйлчилгээг хүссэн хүн л мөнгөө төлж авдаг. Жишээ нь Дулмаа цалингийн зээл авахыг хүссэн учраас л зээлийн анкетыг хураамж төлж авдаг гэсэн үг. Хүн бүр зээл авахыг хүсдэг. Хэрвээ зээлийн хүсэлтийг үнэгүй тавьдаг байсан бол хүссэн бүхэн хандаж таарна. Зүгээр л нэг өгөөд үзье гэсэн болгоныг хүлээж аваад байвал тэр хэрээр үр ашиггүй зардал ихэснэ. Тодруулж хэлбэл банкуудын авдаг хураамж үр ашиггүй зардлыг хязгаарладаг.

Ирсэн анкетуудыгбанкнаас судалж үзсэний дараатодорхой шалгуур хангасан хэд нь л зээлийн судалгааны шатанд үлдэнэ. Эхний шатны судалгааны зардалд л хураамжийг тооцож авдаг гэсэн үг. Гэхдээ энэ шат үйлчилгээний үндсэн хэсэг биш. Харилцагчаа сонгож, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхээс үндсэн үйлчилгээ эхэлдэг. Их, дээд сургууль ч ялгаагүй. Элсэхийг хүссэн залуусыг шалгаад тэнцсэн тохиолдолд сурах зөвшөөрөл олгоно. Шалгалт өгөхдөө бага хэмжээний мөнгө төлдөг нь хураамж.Элссэн үед нь сургалтын төлбөр авдаг нь үндсэн үйлчилгээний төлбөр. Банкны шимтгэлийн хураамжаасаа ялгарах онцлог нь энэ. Шимтгэлийг анкетийг нь хүлээж авсан зээлдэгчтэй тохиролцож байж авдаг. Энэ мөнгийг зээлийг судлах, олгохтой холбоотой гарсан техник зардалд зарцуулдаг юм. Харилцагчдадаа хэрэг­цээтэй мөнгийг хэдийд ч бэлэн байлгахтай холбоотой зардал ч үүнд мөн багтана. Тодруулбал банкинд байгаа, зээл олгогдохоор хүлээгдэж байгаа сул мөнгө бүхний цаана хадгаламжийн хүүгийн зардал урсаж байдаг. Бас 10 сая төгрөгийн зээл судлах, 1 тэрбум төгрөгийн зээл судлах зардал ялгаагүй юм бишүү гэдэг яриа ч байдаг. Эрхлэх гэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээнээс хамаарч авах гэж байгаа мөнгөний хэмжээ яригдах нь тодорхой. Энийг дагаад том, жижиг эрсдэлээ тооцох гээд багагүй цаг, хүн, хүч хөдөлмөр зарцуулах нь дамжиггүй.Мөн гол зардал нь 10 сая төгрөгийг бэлэн байлгах, 1 тэрбум төг­рөгийг бэлэн байлгах гэдэг санааных биш. Банкууд зарим тохиолдолд гадагшаа явж хямд хүүтэй эх үүсвэр татах, хөрөнгө оруулагчидтай уулзах гээд л зардал гарна. Энэ бүхэн зардал учраас бас л тооцогдох учиртай.

Сая дурдсан энэ зард­луудыг шууд хүүнд шингээж авдаггүй нь цаанаа нарийн учиртай. Зээл олгоход хэ­рэглэж байгаа мөнгийг зөвхөн санхүүгийн зах зээл дэх бодит үнээр хүргэх гэж тэр. Зээл судлах үеийн банкны үйл ажиллагааны техник шинжтэй зардал зээлийн хүүнд шингэхээс хамгаалж буй хэлбэр гээд ойлгочихож болно. Эдгээр зардлыг хүүнд шингээвэл харилцагч ху­га­цаанаас хугацаанд илүү өндөр төлбөр төлөх нөхцөл үүсч болзошгүй гэсэн болгоомжлол бий.

Шимтгэл гэдэг маань нэг утгаараа зардал нөхөх зориулалттай авч байгаа төлбөр гэж харагдаж байх боловч эдийн засгийн агуул­гаараа мэргэжлийн үйл­чилгээний төлбөр юм. Эдийн засгийн чөлөөт зах зээлийн нийгэмд өөрийн үйлчилгээний чанар, хурд, мэргэжлийн түвшин, тэнд ажиллаж байгаа хүний ур чадвар зэргээс шалтгаалж үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоодог. Энэ бол үйлдвэрлэгч, үнэ тогтоогчийн суурь язгуур эрх юм. Жишээлбэл: 7 одтой зочид буудлын ресторан, ажилтны хоолны газар хоёрт яг адилхан хоол идэхэд тэнд төлж байгаа хоолны үнэ маш зөрүүтэй байдаг. Гэтэл тэнд ашигласан хүнсний бүтээгдэхүүн, зарцуулсан тог, зарцуулсан цаг яг адилхан гээд үнээ адил тогтоогоогүйн шалтгаан бол тогоочийн ур чадвар, байгууллагын нэр хүнд зэрэг болоод үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоох эрх юм. Үүнтэй адил үсчин, гоо сайхны газрын мастер үсчин болон энгийн үсчний үнэлгээ, хувийн машинаар таксины үйлчилгээ үзүүлэх болон VIP таксигаар үзүүлэх үйлчилгээний үнэлгээ гээд олон жишээг хэлж болох юм.

Үнэ тогтоох эрхийн бас нэг том жишээ бол өмгөөлөгчийн хөлс гэдэг ойлголт байдаг. Зах зээлд өмгөөлөгч ийм ажил хийж, ийм хуулийг уншиж танилцаад үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхөд ийм зардал гаргах ёстой, ийм л хөлсөөр ажиллах ёстой гэсэн үнэ тогтоосон жишиг хаана ч байдаггүй. Гагцхүү тухайн өмгөөлөгч өөрийн урчадвар, дадлага туршлага, тухайн асуудлаар мэргэшсэн байдаг зэргийг харгалзан өөрөө хэнээс ч хараат бусаар хөлсөө тогтоодог бөгөөд энэ хөлсөнд яг ийм зардлыг хаах гэж авч байгаа шүү гэд­гийг хэнд ч тайлбарлах үүрэг хүлээдэггүй. Гагцхүү тэр үнийг үйлчлүүлэгч нь хүлээн зөвшөөрч байвал гэрээ байгуулан үйлчилгээгээ үзүүлдэг.

Үүний нэгэн адил арил­жааны банкууд ч мөн адил өөрийн зээл, хадгаламж, баталгаа, батлан даалт зэ­рэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд үнээ өөрөө тогтоох эрхтэй юм. Энэ бол арилжааны банкны түүхэн үүсэл хөгжил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг юм.

Үйлчилгээний шимтгэл бол дэлхийн улс орнуудад үйлчилдэг жишиг гэдгийг ганц жишээгээр нотолъё. Манай улс, Засгийн газар, хэн ч тэр гадаадаас урт хугацааны зээл авахдаа 0.5-0.7 хувьтай нь тэнцэхүйц шимтгэл төлдөг. Олон улсын үйлчилгээний жишиг нь ийм л дээ. Наад зах нь гадаадын аль нэг улсад очоод хурдны замаар нь зорчиход ашиглалтын шимтгэл гээд авч л байдаг. Баар, рестораны үүдэнд такс авдаг жишээ дэлхийн ямар ч улсад байдаг. Тэгэхээр шимтгэл хураамж бүү ав, шимтгэл хураамж авбал төд л гэж хэл хэмээн шаардах нь хувийн бизнест хөндлөнгөөс халдсан хэрэг болж таарч байна.

Шимтгэл, хураамж хууль зүйн хувьд ч ялгаатай ойлголт.

Шимтгэл бол үйлчилгээний төрөл, зориулалт, онцлогоос шалтгаалж үнийн дүнгээс нь тодорхой хувиар тооцон авдаг төлбөр бол хураамж нь тогтмол тогтоосон мөнгөн төлбөр байдаг. Хуульд тус­гасан ялгаа нь энэ. Өөр бусад хуулиудаас ч энэ ялгааг харж болно. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд бидний цалингаас тодорхой хувиар хувьчлан авч байгаа төлбөр бол шимтгэл. Харин хураамж тогтмол тоо байдгийн хамгийн ойрхон жишээ бол ямар нэг гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авах бол тогтоосон хураамжийг төлнө,нотариатын үйлчилгээ авахад мөн тогтмол хураамж төлнө. Заримхураамжийн хэмжээг хуулинд тэд байна гэж тодор­хой заадаг ч тохиолдол байна. Ямартай ч энэ хоёр ойлголт тусдаа гэдэг нь дээр дурдсан жишээнээс харагдаж байна.

Ерээд оноос хойш дэлхийн жишигт хүрч хөгжсөн салбар бол банк. Өнөөдөр банкны гол үйлчилгээг гар утас байхад л хийж болох хэмжээнд хөгжчихсөн. Технологийн ийм дэвшилд зүгээр ч нэг хүрчихдэггүй. Банкууд энэ чиглэлдээ хөрөнгө оруулалт хийсэн учраас бид байрныхаа мөнгийг гар утсаараа түвэггүй хийж байгаа юм. Арилжааны банкуудын салбар энд тэндгүй ажиллаж байна. Гэрийнхээ ойролцоо аль ч банкны салбарт ороод үйлчлүүлж болж байна. Зарим банкны салбар бүр сум болгонд хүрч үйлчилж байгаа. Салбар нээгдэх хэрээр банкуудаас гарах зардал нэмэгдэнэ. Банкууд энэ зардлаа хүүний зөрүүнээс, зээлийн шимтгэл, хураамж гэж авч байгаа хэдэн төгрөгнөөс бүрдүүлж, өнөөдөр салбартаа ажиллаж байгаа 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, бусдын адил олсон орлогоосоо татвараа төлж үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд

“Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1943 төгрөгөөр авч 1945 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага багаар чангарсаар 1940 рүү уруудчихаад байгаа нь энэ. Энэ янзаараа бол 1800 руу ч доошлохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн сарын дундуур нэг ам.доллар 1990 төгрөгтэй тэнцэж байсныг уншигчид санаж байгаа байх. Үүнээс хойштасралтгүй уруудсаар сар хүрэхгүй хугацаанд 45 төгрөгөөр унана гэдэг мэдрэгдэхүйц эерэг үзүүлэлт. Ам.долларын ханш чангарсан өдрүүдэд валютын дуудлага худалдааны гол оролцогч нь Төв банк байлаа. Ногоон валютын галзуурлыг намжаахын тулд мөнгөний бодлого тодорхойлогчид энэ худалдаанд оролцохоос аргагүй байсан юм.

Монгол банк арилжааныбанкуудад төчнөөн ам.доллар арилжлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед харин сонсогдсонгүй. Төв банк валютын худалдаанд оролцсонгүй гэсэн агуулгатай мэдээлэл лцацагдаж байгаа. Валютын зах дээр ам.доллар байгаа учраас Төв банк валютын худалдаанд оролцохгүй “амарч” буй хэрэг.

Сүүлийн үеийн статистикаас харахад Монгол банк дуудлага худалдаагаар сард дунджаар 110 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Харин өнгөрсөн сард Төв банкны валютын захад нийлүүлсэн ам.доллар 8.6 саяар хэмжигдэж байна. Валютын захын эрэлт, нийлүүлэлт ингэж тэнцвэржсэн нь хэд хэдэн шалтгаантай. Экспорт импортоосоо давсан гэх шалтгааныг эдийн засагчид онцолж буй.Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасааихэссэн учраас ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг.Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл. Баялаг бүтээгчид бултаараа алга ташин хүлээж авсан энэ мэдэгдэлд Оюу толгойн талаар юу гэж онцолсныг эргэж харъя.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөражлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж,шинэ зам нээж өгнө” гэж мэдэгдсэн юм.

Саяхан “Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө ч энэ байр сууринаасаа ухраагүйгээ бататгаад авна лээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний “Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж хүн бүр Оюу толгойг л харж байна. Дараагийн долоо хоногт Рио тинто компаниас өргөн бүрэлдэхүүнтэй баг ирэх гэж байгаа. Энэ үеэр одоогийн хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэж чадна гэж бодож байна. Үндсэн асуудлууд дээр бол аль хэдийнэ шийдэлд хүрчихсэн. Одоо Оюу толгой дээр техникийн багахан асуудлуудаас гадна процедурын шинжтэй цөөн асуудал л бий. Бид 2015 оныг маш өөдрөгөөр харж байгаа. Бид бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй, харилцан ашигтай байх гол зарчмыг баримтална” гэсэн мэдэгдэл гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Блүүмбэрг”-т ярилцлага өгсөн гэхээр “Рио”-гийн багийнхны Улаанбаатарт буух ирэх долоо хоног гэдэг нь энэ долоо хоног гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн үгнээс дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татах аварга төслийн дараагийн санхүүжилт эхлэх хугацаа дөхжээ гэсэн гаргалгааг хийчихэж болохоор байна.

Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбартийм хэмжээний төслийн санхүүжилт авахаар банкуудтай тохироо хийж чадсан компани “Рио”-гоос өөр байхгүй гэхээр л хичнээн том хөрөнгө оруулалт Монголыг чиглэж буйг багцаалчихаж болно. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төслийн гүний уурхай бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан аварга бүтээн байгуулалт. Улаанбаатараас Дархан орох дайны урттай том хонгилууд газар дор ухаж, уурхай байгуулна гэдэг амар ажил биш. Их хөрөнгө шаардсаннүсэр бүтээн байгуулалт. “Рио” шиг олон улсын банк, санхүүгийн байгууллагад нүүртэй акулкомпани л зээл авч хийж амжих том ажил. Том төслийг хөдөлгөх ийм аргыг дэлхий нийтээрээ төслийн санхүүжилт гэдэг. Манайх шиг чөлөөт зах зээлийг сонгосон улс орнуудын хувьд том төслөө хөдөлгөдөг жишиг болсон гол арга л даа.

Дахин хэлэхэд засаг, Рио хоёр тохироонд хүрч чадлаа гэсэн мэдээ цацагдлаа л бол дөрвөн тэрбум гаруй ам.доллар Монголын Оюу толгой төсөлд зарцуулагдаж эхэлнэ. Оюу толгой хөдлөх нь гэсэн сураг мэдээ гарах төдийдөө л валютын захад нөлөө үзүүлж,ам.долларын ханш эрчимтэй суларч эхэлсэн нь ийм учиртай.

Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийгТоронто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэнитгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний ойрхон хугацаанд хийсэн хоёр удаагийн мэдэгдэл Монголын имижийг өргөснийг өөр баримтуудаас ч харж болно. Гадаад зах зээлээс мөнгө босгосон Засгийн газар, банкуудынүнэт цаас ч дажгүй үнэлгээтэй байна.

Гэхдээ доллар орж ирэх сувгаа нэмэхгүй бол ам.долларын эсрэг төгрөгийн чангаралт удаан үргэлжлэхгүй гэж эдийн засагчид сануулж байгаа. “Tranding economic” судалгааны байгууллага оны эхний улиралд ам.доллар 1963, хоёрдугаар улиралд 1923, гурав,дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүрч уруудна гэсэн таамаглал гаргасныг хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт үргэлжлээд хийгдвэл ам.долларын ханш 1885-аар тогтохгүй. Бүр 1700 руу унана гэсэн таамаг бий.

Том төслүүддагасан сайн мэдээнээс улбаалсан эерэг хандлага ам.долларын ханшийг сулруулаад зогсоогүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжрахад ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг статистикийнхан онцолж байна. Энэ оны эхний улиралд инфляфи 9.3 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн эцсийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарсан ньмөн л онцлохоос аргагүй эерэг үзүүлэлт. Өмнөх жилийн өдийгөөс алдагдал нь 106 хувиар буурсан гэсэн үг. “Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилсэн өнгөрсөн саруудад зөв бодлого барьсны хүчинд ийм эерэг үзүүлэлтүүд гараад байгаа. Одоо доллар орж ирэх сувгаа л нэмэхгүй бол өөр арга чарга байхгүй” гэж шинжээчид онцгойлон анхааруулж байна. Гаднаас ам.доллар орж ирэх ганцхан суваг бий. Тэр нь Оюу толгой. Оюу толгойгоо хөдөлгөхгүй бол гаднаас доллар орж ирэхгүй, урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй. Товчхондоо доллар орж ирэхгүй бол тун удахгүй эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд шил дарна гэсэн үг.

Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарсан үзүүлэлтийг эдийн засагчид сөрөг талаас нь ч тайлбарлаж байгаа. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг саяхны ярилцлагадаа“Оюутолгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Энэ бол импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа. Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харахёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюутолгойтой холбоотой байдаг. Оюутолгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд” гэж онцолсон нь учиртай. Мега төслөө урагшлуулахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй гэдгийг л сануулсан хэрэг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц

Урд хөршийн “Винсвэй интерпрайсес холдинг” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэл CCC-гээс SD болж буурсныг Standart & Poors зарлалаа. Нүүрсний зах зээлийн гол тоглогч гэгддэг энэ компанийн үнэлгээ эх орондоо ч сайн биш байна. Хятадад зээлжих зэрэглэл нь D гэсэн ангилалд багтчихаад буй. Шуудхан хэлэхэд “Винсвэй”-н дампуурал эхэлчихлээ. Өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт өгөх учиртай байсан 13.15 сая ам.доллараа төлж чадаагүй. Дараагийн нэг сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгээгүй компанийн хувьд дампуурал ойрхон ирсэн гэсэн үг.

Standart & Poors бол улс орон, компаниудын зээл­жих зэрэглэлийг тогтоо­дог, дэл­хийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллагын нэг. Хятад бол коксжих нүүрсний зах зээл дэх дэлхийн гол хэрэглэгч. Харин “Винсвэй” Монголын компаниудын нүүр­сийг авч цааш нь үнэ нэмж худалддаг “ченж” компани. Өмнийн говьд нүүрс олборлодог хэдийн маань гол түнш. Тэд боловсруулаагүй, шороотой нүүрсээ уурхайн аман дээрээсээ барьж очоод хэр таарсан үнээр нь “Винсвэй” мэтийн компанид өгчихдөг юм. Урд хөршийн “ченж” компаниудын хамгийн аварга нь. Монголчуудаас боловсруулаагүй нүүрсийг нь дажгүй үнээр авч цаашаа­­гаа овоо хэдэн юм нэмээд зарчихдаг ченжийн систем урд хөршийн зах зээл дээр төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Одоо ч Өмнийн говьд нүүрс олборлодогтөрийн өмчтэй компани маань яг ийм системээр нүүрсээ борлуулж буй.

Өмнөговьд нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж борлуулдаг ганцхан компани бий. Тэр нь “Энержи ресурс”. Өнөөдөртөө тэд нүүрсээ гавьтай борлуулж чадахгүй, өчнөөн тэрбумаар босгосон баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж амжихгүй суугаа. Өдий хүртэл “ченжийн” тогтолцоо нүүрсний зах дээр хүчтэй оршсонучраас ийм дампуу дүр зураг өнөө болтол үргэлжилсэн хэрэг.

Харин одоо байдал өөрчлөгдөх нь “Винсвэй”-н дампуурлаас тов тодорхой харагдаж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн түүхий нүүрснээс татгалзаж эхэлсний нэг илрэл нь “Винсвэй”-нуруудалт болж байна. Хятад дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн үнийн удирдаач. Тэнд хэрэглээ ихэсвэл нүүрсний үнэ өснө. Хэрэглээ нь хумигдвал үнэ дагаад уруудна. Нүүрсний зах зээлд ийм хүчтэй нөлөөтэй улс түүхий нүүрснээс татгалз­саныг батлах шалтгаан ганц “Винсвэй”-н уруудалтаар зогсохгүй. Хятадын Эрчим хүчний үндэсний газар энэ сарын 5-нд Нүүрсний цэвэр хэрэглээ технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Түүхий нүүрснээс татгалзсан энэ хөтөлбөр өнөөдрөөс 2020 он хүртэл хэрэгжинэ. Уг нь шинэ юм биш л дээ. Урд хөрш аль эртнээс ногоон эдийн засгийг дэмжинэ гээд түүхий нүүрсийг зах зээлээс шахах агуулгатай заалт багтсан хөтөлбөр энэ тэрээ баталчихсан байсан. Тэр бодлогоо л хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Хятадын хувьд манайх шиг хөгжлийн хөтөлбөр гаргаад маргааш нь мартаж орхидог улс биш. Хэрэгжүүлнэ л гэсэн бол ямар ч хөтөлбөр амьдрал дээр буудаг. Төр нь дэмжинэ л гэвэл ямар ч компаниа босгоод ирдэг. Унагая гэвэл ямар ч том компани сүйрлээ зарлахад гайхаад байх юмгүй. Манай шороотой нүүрсийг хямд үнээр авч хил давуулаад баяжуулах үйлдвэрт угааж цааш нь ахиу үнээр зардаг “Винсвэй” шиг компаниудаа Хятадын төр өмнө нь дэмждэг байсан. Ийм компаниудыг нүүрсний салбарынхан “дундын” гэж тодотгодог. Төр нь дэмжиж байсан болохоор дундын компаниудын бизнес цэцэглэж байсан юм. Энэ удаа Хятадын төр “Винсвэй”-н түүхэн үүрэг дууссан гэж үзсэн учраас л нэгэн цагт нүүрсний зах зээл дээр мандаж явсан компани зээлээ төлж чадахгүйд хүрч шалдаа буусан хэрэг. Урд хөршид учир шалтгаангүй, бодлогогүй, санамсаргүй, тохиолдлын юм гэж ерөөс үгүй гэдгийг үүнээс гадна өчнөөн жишээгээр нотолж болно.

Товчхондоо нүүрсээ нийлүүлдэг урд хөрш маань “Түүхий нүүрс авахгүй шүү, та нар нүүрсээ угааж баяжуулаад зарвал зар, чадахгүй бол уучлаарай” гэчихлээ. Ирэх таван жилийн хугацаанд урд хөршид нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр, цогцолбор олноор баригдах гэж байна. Хоёр жилийн дараа дотооддоо хэрэглэх нүүрснийхээ далан хувийг баяжуулж, 2020 онд бараг ихэнх нүүрсээ боловсруулж хэрэглэх нь тодорхой болжээ.

Тэгэхээр бидэнд одоо ганцхан зам байна. Таван толгойн нүүрсээ угааж баяжуулж байж л Хятад гэдэг аварга зах зээл дээр үнэ хүргэж борлуулах цор ганц зам байна. Нэг статистик хэлье. Уг нь Таван толгойн коксжих нүүрс дэлхийд гэж ярихаар чанартай. Гэтэл өнөөдөр бид урд хөршид коксжих нүүрс нийлүүлдэг бусад улсаас 1-3 дахин хямд үнээр нүүрсээ зарж байна. Боловсруулаагүй, эцсийн зах зээлд шууд хүрдэггүй, “ченж”-ийн дүрмээр ажилладаг захтай учраас Монголын нүүрс ийм үнээр зарагдаж байгаа хэрэг.

Манайд нүүрс угаах үйлдвэр барьсан нэг л компани байгаа, тэр нь “Энержи ресурс” гэж өмнө хэлсэн. Дорнын луу “Винсвэй” мэтийн дундын компаниудаа биш “Шинхуа” шиг боловсруулсан нүүрсийг эцсийн зах зээлд, далайн боомтод хүргэдэг аваргуудаа дэмжээд эхэлчихлээ. Тэгэхээр Таван толгойн саяхны хэлэлцээрээр за зүй болоод тохирчихсон “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” гэсэн хослол урд хөршийн зах зээл дээр жинхэнэ тоглогч байж чадна гэсэн үг.

“Энержи ресурс”-ийн хувьд нүүрсний зах зээл дээр зөв тоглогч гэсэн эерэг имижтэй. “Винсвэй” мэтийн дундын компаниудад нүүрсээ ухаж гаргаад шороотой нь аваачаад өгчихдөггүй. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан компани. Нүүрсээ үнэ хүргэж зарж чадаж байгаа үндэсний ганц маань. “Шинхуа” хилийн цаанаас эцсийн хэрэглэгч буюу далайн боомт хүрсэн өөрийн төмөр замтай. Манайд хөрөнгөө гаргаад төмөр зам барьж өгнө гээд дуугарчихсан. Эд хамтарвал Цогтцэцийд ажиллаж буй угаах үйлдвэрийг өргөтгөөд л асуудал шийдэгдэнэ. Монгол нүүрс дажгүй үнээр далайн боомтод хүрч Австралитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ. “Сумитомо”-гийн хувьд Таван толгойн нүүрсийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд ахиу үнээр зарах менежментийг төвөггүй хийх туршлагатай компани. Японы зах зээлд менежмэнтээ хийгээд эхэлсэн гэх өөдрөг мэдээг “Сумитомо”-гийн төлөөлөгч Эдийн засгийн чуулганы үеэр дуулгасан нь ердөө саяхны үйл явдал. Тэнд цугласан баялаг бүтээгчидлав алга ташин хүлээж авсан. Дахин хэлэхэд “Винсвэй” дампуурсан нь, “Шинхуа” төмөр зам барьж, боловсруулсан нүүрсийг чинь далайн боомтод хүргэе гэж дуугарсан нь тохиолдлын зүйл биш. Хятад гэдэг аварга зах зээл боловсруулсан нүүрс авъя гэж байгаагийн л дохио. Өмнөх Ерөнхий сайдурд хөршид айлчлаад ирэхдээ “Тэд биднээс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс авъя гэж байна” гэсэн гэгээтэй мэдээ дуулгаж байлаа. Тэд манай дарга нар шиг өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг улс биш. Тэрбум байтугай тонныг хорин жилийн дотор өлхөн авчихаар хэрэглээтэй орон. Гэхдээ өнөөдрийнх шиг түүхий нүүрс гаргая гэвэл авахгүй л дээ. Боловсруулсан нүүрсийг бол асуудалгүй худалдаж авна гэдгээ сая гаргасан шийдвэрээрээ нотолчихлоо. Манай дарга нар шиг биш гэснээс сүүлийн үед дарга нарынхаа өмнөөс нүүр хийх газар олдохоо болилоо. Өмнөөс нь халгаад байх юм, заримдаа. Сүүлийн үед нэг нь “за” гэчихээр нөгөө нь “үгүй” гэж гэдийгээд ажил уядаг байдал хэрээс хэтэрснийг монголчууд бултаараа харж, сонсоод гундуухан аж төрцгөөж байна.

Өчнөөн судалгаа хийж байж, удтал ярилцаж хэлэлцсэний эцэст сая нэг “за” гэж дуугардаг, “за” гэвэл ёогүй Япончууд лав өдийд толгой сэгсэрч суугаа. Жишээ нь “Сумитомо” Таван толгой дээр хамтарна гэсэн шийдвэрээ өнөөдөр нь сонсоод маргааш нь гаргах компани биш. Таван толгойн хэлэлцээрт багтаж ажилласан хүмүүсийн өчнөөн хугацааны хөлс, хүч тэдний шийдвэрт нөлөөлсөн байж таарна. Төр төлөөлсөн гурав нь цугаараа очоод “за зүй” болсон нь ч барагтай зүйлд шийд гаргаад байдаггүй арлынханд итгэл өгсөн нь гарцаагүй. Асуудлыг энэ хүртэл нь явуулчихаад дэлхийд гэж яригдах том компанийнх нь урмыг хугалаад буцаачихдаг бодлогогүй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй л болов уу. Дарга нарынхаа өмнөөс нүүр халуу оргиод байгаагийн учир энэ л дээ.

Ер нь тэгээд энэ дарга нарын хэлснээсээ буцдаг элдэв араншин, том төслүүдийг гацааж байгаа ойлгомгүй авирыг гэнэн, бодлогогүй, эв түнжингүй гэвэл хэт өнгөц дүгнэлт болно. Цаана нь арай л өөр дүр зураг харагдаад байгаа юм…

Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд ирнэ. Дарга нар маань бас юу гэж худлаа хэлэх бол гэхээс яс хавталзаж л байна. Хятад, Энэтхэг хоёр дэлхийн коксжих нүүрсний 80 хувийг хэрэглэдэг аварга зах зээл. Энэ хоёр улсын импорт 2016 он гэхэд 100 сая тонноор нэмэгдэнэ гэсэн статистик бий. Уг нь бидэнд “Сумитомо”-гоор дамжаад Энэтхэг гэсэн аварга зах дээр нүүрсээ нийлүүлэх боломж байгаа. УИХ дээр гацчихаад байгаа Таван толгойн гэрээ шийдлээ олж, Энержи ресурс, Сумитомо, Шинхуа гэсэн гурвал Таван толгойн ордыг хөдөлгөвөл Энэтхэгийн зах зээл үүдээ нээснээс ялгаагүй болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах асуудал сөхөгдөж таарна. Манай төрийн хэд өнгөн дээрээ “Бид танай улсад нүүрсээ гайгүй үнээр нийлүүлэх сонирхолтой байна. Ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж дуу нийлүүлчихээд явангуут нь маргасан дүр эсгэж асуудлыг замхруулж мэдэх л улс. Таван толгойн хэлэлцээний өнөөгийн дүр зураг ийм эргэлзээ төрүүлээд байна л даа. Ядаж Энэтхэгийн Ерөнхий сайдыг ирэхэд дуу нэгтэй байж, шийдэл дээрээ ч үзэл бодол нэгтэй зогсмоор байх юм. Тэгж байж л Монголын нүүрсийг ахиу үнээр авах сонирхол гуравдагч зах зээлд төрнө.

Урд хөршийн хувьд ганцхан коксжих нүүрсэн дээр өндөр шаардлага тавиагүй. Эрчим хүчний нүүрсэн дээрээ ч стандарт мөрдөж байгаа. Хятадын зургаан яам байгууллага хамтраад “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам” гэж баталжээ. Тэд агаарын бохирдлоо бууруулах гэж худалдаж авах нүүрснийхээ химийн элементийн агуулгад анхаараад эхэлчихэж. Зүгээр нэг угаасан нүүрс биш, доторх химийн элементийн агуулга нь хор багатай байх ёстой гэсэн өндөр босго Монголын нүүрсэнд ч мөрдөгдөх нь ойлгомжтой. Оны эхнээс мөрдөж эхэлсэн түр журам ёсоор Хятад Улс шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглоод байна. Он гарсаар манай нүүрс тээвэрлэгч жаран машиныг ийм шалтгаанаар хил дээрээс буцаасан гэсэн мэдээг Р.Жигжид сайд саяхан өгснийг бодоход тэдний шийдвэр хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Урд хөрш маань бидний нүүрсийг ялгаж ангилж, зөвхөн шаардлагад нийцсэнийг ньшилж байгаад авдаг болжээ.

Дахин хэлье. Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчид нь дажгүй үнээр зарах. Ингэж чадах хослол нь өмнө хэлсэн “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гурав. Тэгж байж монгол нүүрс Хятадын зах зээл рүү ногоон гэрлээр гарч, гуравдагч зах зээл дээр үнэ хүрнэ.

Ц.БААСАНСҮРЭН