Categories
мэдээ цаг-үе

А.Билгүүн: Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл шинэ зах зээлд алдраад эхэлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлөх хандлагатай

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ МАРГААШДАА ЯАЖ ХАНГАХ ВЭ ГЭДГИЙГ ШИЙДЭХИЙН ТУЛД Л “ДИСКОВЕР МОНГОЛИА”-Г ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

MIBG компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүнтэй ярилцлаа.


-Монгол олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж өндөр гэсэн ангилалд багтдаг гэдэг. Яг үнэндээ аль ангилалд нь багтдаг юм бол оо?

-Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буй бүс нутгуудыг гурав ангилж байна. Хөгжсөн зах зээл, шинээр гарч ирж буй зах зээл, хөгжиж байгаа зах зээл гэж хувааж байгаа. Манай улс олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын нүдээр харахад шинэ зах зээлд багтдаг. Энэ зах зээлүүд нь хөрөнгө оруулагчдад өгөөжийнхөө хувиар ялгаатай. Америк, Герман, Сингапур зэрэг хөгжсөн улсуудын зах зээлийг харахад Засгийн газрынх нь бондын өгөөж зарим улсад тэг байхад, заримд нь дөрвөн хувь байдаг. Харин хөгжиж буй орон болох Турк, ОХУ, БНХАУ зэргийн хувьд харьцангуй эрсдэл өндөртэй, хөгжсөн улсуудаас өндөр өгөөжтэй байх жишээтэй. Гурав дахь буюу шинэ зах зээлд Монгол, Мозамбек, Мьянмар гэсэн гурван улс орж байгаа. Энэ гурван улсын Засгийн газрын бондын, томоохон компаниудын бонд болон хувьцааны өгөөж харьцангуй өндөр байдаг. Геополитик гэж яривал Туркт гарсан өөрчлөлттэй холбоотой хөгжиж буй болон шинээр гарч ирж байгаа зах зээлүүд рүү олон улсын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас татгалзаж эхэлсэн. Учир нь АНУ нэг талдаа Холбооны нөөцийн бодлогын хүүг чангалсан. АНУ 2008 оноос хойш мөнгөний хэт зөөлөн бодлого баримталж ирсэн. Энэ нь бодлогын хүүгээ харьцангуй бага байлгаж байж банкуудын зээл гаргах сонирхлыг нь төрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүү харьцангуй бага байсан ч мөнгөний хэт зөөлөн бодлогоо эргүүлэн татаж, мөнгөний хатуу бодлого баримтлах болсон. Хатуу бодлоготой холбоотойгоор АНУ-д хүүгийн түвшин өндөрсөж байна. Долларын валютаар арилжаалагддаг хөрөнгүүд рүү хөрөнгө оруулах сонирхол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдэж эхэлсэн. Эсрэгээрээ нөгөө талд хөгжиж буй улсууд буюу хамгийн сүүлд Турк улс хөрөнгө оруулагчдын анхааралд ороод байна. Туркийн лир он гарсаар 20 гаруй хувиар унасан. Лир унахтай зэрэгцээд хөгжиж буй улсуудад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын дунд маш их айдас төрүүлж байна. Туркийн лир унасан шалтгааныг хүн бүр мэдээгээр хараад ойлгож байгаа байх. Үүн дээр олон улсын санхүүгийн салбарт сонирхолтой нэг үзэгдэл бий болсон.

-Ямар үзэгдэл…?

-Туркийн лир унахтай зэрэгцээд бусад хөгжиж байгаа орнууд буюу Өмнөд Африк, Энэхтэг, ОХУ зэрэг улсуудын валют тухайн улсын дотоодын шалтгаанаас үл хамааран унаж эхэлсэн. Валютын энэ уналтыг эдийн засагчид агаар дуслаар халддаг ханиадтай зүйрлэсэн. Бүх хөрөнгө оруулагчдын итгэл Туркийн лирт алдарч байгаа бол үүнтэй адилхан бусад хөгжиж байгаа орнуудын валютад алдарна гэсэн хүлээлттэй байж, хоорондоо уралдаж зарах нөхцөл байдлыг үүсгэсэн.

-Энэ байдал манайд яаж нөлөөлөх бол?

-Яг үүнтэй зэрэгцэн манай улсад энэ байдал хэрхэн нөлөөлөх нь сонирхол татаж байна л даа. Сүүлийн хэдэн жилд зэс, нүүрсний үнэ харьцангуй өндөр байснаар манай эдийн засгийн өсөлт сэргэсэн тал бий. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийн сахилга бат харьцангуй сайжирч, эдийн засаг арай эрүүлжиж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Гэтэл нөгөө талаас гаднаас нөлөөлөх шатахуун, нефтийн үнэ нэмэгдээд эхэлсэн. Хөгжиж буй болон шинэ зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад эхэлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Зэсийн ханш сүүлийн хоёр долоо хоногийн турш уналаа. Өнөөгийн байдлаар нэг тонн зэс 5700 орчим ам.доллар руу уруудаад буй. Энэ уналт нь бүс нутагт өрнөж болзошгүй худалдааны дайн, БНХАУ-ын эдийн засгийн тэлэлт нь өөрийнхөө хурдыг хадгалж чадахгүй байж магадгүй гэсэн хүлээлтээс үүдсэн. Яг ийм шалтгаанаар голлох металуудын үнэ унасан.

-Манай улсын хувьд эрсдэл мөн үү?

-Энэ бол манай улсын дараагийн нэг том эрсдэл мөн л дөө. Манайх бүсээ чангалдагаараа чангалж цаашдаа ч чангалах нь тодорхой. Голлох экспортын үнэ сайн байсан нь дампуурах эрсдлээс хэд хоногийн хугацаанд аварсан тал бий.

-Ийм эрсдлээс аврагдлаа гээд өсч хөгжинө гэдэг өрөөсгөл хэрэг байх, тийм үү?

-Үүнээс цааш манай эдийн засаг илүү хурдтайгаар өсөх, хөгжих дүр зураг бүрдээгүй байна. Манайд шалгагдаад туршигдчихсан ганцхан арга байдаг. Монгол Улсын эдийн засгийг дараагийн шатанд гаргаж, тэсрэлт хийх ганц арга бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Дараагийн шатанд гаргаж тэсрэлт хийе гэвэл уул уурхайн эрдсийн ордуудын шинэ нөөцийг нээж олох хэрэгтэй.

-Товчхондоо хөрөнгө оруулалт татаж байж хайгуулаа хөгжүүлэх нь ойлгомжтой. Ингэсэн нөхцөлд л улсын хөгжил гэж ярих нь ээ дээ?

-Эрдсийн шинэ нөөцийг нээхэд эдийн засагт хамгийн эерэг байж болох арга бол хөрөнгө оруулалт татах. Бодит эдийн засаг маань ямар байгаа вэ, улс төрийн нөхцөл байдал хэр билээ, сонгогчдын боловсрол аль түвшинд яваа вэ гэх мэт анхаарал татсан асуултууд бий. Энэ бүхэнд хариулт өгдөг ганц суваг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ бүгдийн зөв хариултыг олохын төлөө, эдийн засгийн өсөлт хөгжлийг маргаашдаа яаж хангах вэ гэдгийг шийдэхийн тулд “Дисковер Монголиа”-г зохион байгуулж байна.

Дисковер Монголиа-гийн өмнөх хурлуудаас ялгарах онцлогийг энэ гэж ойлголоо. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулалтын их урсгалаас Монгол гэдэг улс яаж илүү ихийг хүртэх вэ гэсэн асуулт төр засгийн анхааралд байх л юм байна…?

-“Дисковер Монголиа” –гийн хувьд нэлээд хэдэн шинэ зүйл хийгдэж байгаа. Хамгийн гол нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бүх компани “Дисковер Монголиа”-д оролцоно. Ер нь бүх компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирлууд оролцоно. Эдгээр компаниуд өөрсдийнхөө голлох хөрөнгө оруулагчид буюу олон улсын хөрөнгө оруулалтын сангуудыг урьж авчирч байгаа. Энэ нь нэлээд хэдэн ач холбогдолтой. Эдгээр хөрөнгө оруулагчид шинэ хөрөнгө оруулалтын төсөл хайж ирээгүй. Нэгэнт хөрөнгө оруулчихсан компанийнхаа үйл ажиллагаатай танилцах, тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсыг улстөрч, иргэдийнх нь хандлагаас эхлээд цаг агаарыг нь хүртэл сонжиж харах сонирхлоор ирэх есдүгээр сард хүрэлцэн ирнэ.

Үүнтэй зэрэгцээд “Дисковер Монголиа”-гийн зохион байгуулагчид мэргэжлийн хөрөнгө оруулагчдад Оюу толгойтой танилцуулах аяллыг санал болгохын зэрэгцээ улс төрийн шийдэл гаргагчидтай уулзах боломжийг нээж өгч байгаа. Учир нь эдгээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид Монголын талаар зөв бодит мэдээлэлтэй байх нь аль аль талдаа хэрэгтэй. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулагчид төрийн байгууллага, улстөрчидтэй уулзана гэдэг нь асар их ач холбогдолтой. Хөрөнгө оруулагчдаас өмнө гадны бирж дээр гарсан уул уурхайн компаниуд маань өөрсдөө Засгийн газартайгаа дөрвөн сэдвээр ярилцаж, хаа хаанаа тулгарч байгаа асуудлаа ойлголцмоор байна.

Үүнд нэгдүгээрт, хууль эрх зүйн тогтворгүй орчин, гарч болох өөрчлөлтүүдийг анхаарах хэрэгтэй. Аливаа нэг өөрчлөлт гарахад хувийн салбарын компаниуд эрс эсэргүүцдэг. Нөгөө талдаа төр засаг нь тэрнийг нь тоохгүй байгаа юм шиг дүр зураг ажиглагддаг. Гэтэл яг үнэндээ хоёр талтай, хоёулантай нь уулзаад үзэнгүүт аль аль талдаа тодорхой хэмжээний зөв шалтаг, шаардлагуудыг яриад байдаг. Тэгэхээр яагаад, ямар өөрчлөлт хууль, эрх зүйн орчинд орох гээд байгааг аль аль талдаа тайлбарлаж ярих хэрэгтэй. Энэ өөрчлөлт орох юм бол тухайн хөрөнгө оруулалтын үйл явцад яаж нөлөөлөх вэ, компанийн ирээдүйд юу болох вэ гэдгийг шууд нүүр нүүрээ харж ярих ёстой. Хоёрдугаарт, татвартай холбоотой асуудлыг ярилцах хэрэгтэй. Татварын чиглэлээр хөрөнгө оруулагчид, Засгийн газар ба иргэний байгууллагын түвшинд уулзалт яриа хийх учиртай.

Гуравдугаарт, манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нийгмийн хандлага гэж зүйл бий. Ний нуугүй хэлэхэд нийгмийн хандлага тэр чигтээ уул уурхайн салбарыг үзэн ядаж байгаа юм шиг дүр зургийг сошиал орчинд үүсгэчихсэн. Энэ нөхцөл байдал яагаад бий болсон, цаашид яавал залруулах вэ, жинхэнэ хариуцлагатай уул уурхай гэдэг чинь юу вэ гэдэг талаар ярилцах шаардлагатай. Ялангуяа уул уурхайн компаниуд өчнөөн саад бэрхшээл туулж байж төрөөс зөвшөөрлөө авдаг. Авсных нь дараа орон нутгийн иргэд ажлыг нь хийлгэдэггүй. Засгийн газрын шийдвэр илүү хүчтэй юу, орон нутгийн шийдвэр илүү хүчтэй юу гэдэг асуудал гарч ирдэг. Үүнийг ярилцаж хамтарсан шийдвэр гаргах асуудал дэвшүүлээд байгаа. Дөрөвдүгээрт, Монгол Улсад ус гэдэг асар их ач холбогдолтой.

Усны нөөц багатай учраас уул уурхайн салбар үүнийг хэрхэн байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах вэ гэдэг тал дээр ярилцах хэрэгтэй. Устай холбоотой буруу ойлголт олон нийтийн дунд их байна. Үүнийг хэрхэн залруулах вэ гэдэг нь бидний гол асуудал. Уурхайгаас болж ган гачиг үүссэн гэх зэрэг маш олон явган цуу яриа гарах болсон. Энэ бүгдийг салбараараа ярилцах хэрэгтэй. Бидний өмнө тулгарсан энэ мэт асуудлыг хөрөнгө оруулагчдын өмнө ил тавиад байх нь тийм чухал биш. Тэр үүднээсээ чуулган болохоос өмнө эдгээр асуудлыг өөр зуураа хөндөж хэлэлцэнэ. Чуулганаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулж, тэдэнд эх орноо зөвөөр таниулах шаардлага бидэнд бий.

Дисковер Монголиа чуулганы онцлох итгэл гэвэл…?

-Миний хувьд Монгол Улсын геологийн потенциалийн тухай илтгэлийг онцгойлон сонирхож байгаа. Сүүлийн үед залуусын ихээр сонирхох болсон криптовалют, хиймэл оюун ухааны технологийн зах зээлээс илүү сонирхолтой зах зээл гэж би хувьдаа хардаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд уул уурхайн салбарын ач холбогдлыг ойлгосон төрийн шийдвэрүүдтэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл харьцангуй сэргэж эхэлж байна. Манайд урьд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хайгуулын дөрвөн компани байсан бол Степ голд гээд тав дахь компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод орж ирлээ.

Сүүлийн хоёр жилд эдгээр компаниуд харьцангуй их хэмжээний мөнгийг хөрөнгийн биржээс татаж чадаж байна. Эд чинь олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголыг илтгэх нэрийн хуудас болдог. Тэгэхээр ийм компаниуд олширно гэдэгт эргэлзэхгүй байна. Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ компаниудын хувьцааны ханш 2012-2013 онд хүрч байсан хамгийн доод хэмжээнээсээ дээшлээд эхэлчихсэн. Дээшлээд эхлэхээр тухайн компанийн хувьцаа эзэмшигчид ашигтай ажиллаад эхэлсэн гэсэн үг. Эдгээр хувьцаа эзэмшигчдийг цааш хэрхэн батлах, дараагийн хувьцаа эзэмшигчийг хэрхэн татах вэ гэдэг асуудал үүснэ. Энэ компаниудын өмнө тулгамдсан асуудлууд их байгаа. Тэгэхээр тэр бүхнийг шийдэх хэрэгтэй.

Дисковер Монголиа-гаас юу хүлээж байна вэ?

-Энэ чуулганыг зорьж ирэх мэргэжлийн олон хөрөнгө оруулагчид Монголд нэмж хөрөнгө оруулах шийдвэртэй болоод буцаасай гэж хүсч байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүлээлт барсан 65

АН энэ сарын 13-нд гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн сонгуулиар МАН төрийн албыг үнэлснээс болж төрийн хариуцлагагүй байдал газар авлаа хэмээн онцолж байв. Ер нь сүүлийн үед засаг тойрсон иймэрхүү шүүмжлэл эрчтэй өрнөж байгаа. Уг нь парламентад 65 суудал авсан нам өдийд ингэж сууж боломгүй санагдах юм. Нэг толгойтой бол эдийн засгаа сэвхийтэл нь өндийлгөхөд ямар ч асуудал алга. Эвлэлдэж нэгдээд ч барахгүй хэцүү үе гэж эдийн засагт бий. Өнгөрсөн УИХ, Засгийн газар шиг дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ навс унасан үед засгийн эрх барьсан бол бас ч гэж элдвийг хэлээд сууж болно. Эдийн засаг ийм хэцүү байхад яалтай билээ гэсэн шүү юм яриад явахад болохгүй юмгүй. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ гялалзаж байна. Зэс, алтны ханш ч дажгүй байгаа. Ирэх жил ч эрдсийн үнэ өөдрөг байх төлөвийг шинжээчид онцлоод эхэлчихсэн. Уул уурхайн үнийн өсөлтийн циклийн үед засгийн эрхийг атгаж яваа улсын хувьд эдийн засгаа өнгөтэй, төгрөгийн ханшаа унагачихалгүйхэн шиг аятайхан аваад явахад ямар ч зовлон байхгүй. Жаахан зөв бодлого бариад, цөөхөн том шийдвэр гаргачихад л улсаараа өндийгөөд ирнэ. Харамсалтай нь ийм аятайхан суурин дээр эдийн засгаа гялалзуулсан юм өнөөхөндөө лав алга.

Нийлж нэгдээд, зангидсан гар шиг зүтгэвэл ямар ч асуудал, зовлон харагдахгүй байна. Таван толгойгоо хөдөлгөе гэвэл 65-уулаа гараа өргөхөд л өмнийн говийн коксжих нүүрсний том орд төмөр зам, баяжуулах үйлдвэртэйгээ хөдөлчихнө. Оюу толгойг бизнесийн зарчмаар нь явуулъя, улстөрчдийн попролт, иргэний нийгмийнхний шантаажид төр төмөр нүүрээ харуулна гэж нэг дуугаар ярихад л хэн ч юу ч гэсэн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа өрнөж, Монгол Улс доллараар тасрахгүй. Өнөөхөндөө “Рио тинто” хөрөнгө оруулалтаа хийж гүний уурхайн бүтээн байгуулалт тасраагүй яваа. Тэд хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй учраас Монголын эдийн засаг өдий дайны байгаа. Гэхдээ өмнөх шиг 300 байцаагч шалгалтаар оруулаад, төр төлөөлсөн сайд нь том төслөө адлаад суугаа өнөөгийн дүр зураг даамжирвал хэцүү нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Иргэний хөдөлгөөнийхний шантаажаас болж хөдөлж чадалгүй гацсан ураны төслүүдээ урагшлуулах боломж ч дээр суугаа 65-д бий. Дэлхийн акул компаниудын нэг Францын “Арева” ураны салбарт орж ирж ажиллах гээд бараагүй. Эцэстээ төслөө царцаачихаад нам жим болсон. Ураныг ирээдүйн хямд эрчим хүчний гол эх үүсвэр болно гэдгийг дэлхийн тэрбумтан Билл Гейтс тэргүүтэй мундагууд хүлээн зөвшөөрөөд удаж байна. Ирээдүйд ханш нь өсөх нь гарцаагүй гэдэгт дэлхийн шинжээчид эргэлзэхгүй суугаа. Азаар бид “Арева” мэт том компаниуд тоож харахаар ураны дажгүй нөөцтэй. Харамсалтай нь балчир хүүхэд ч итгэмгүй аймшгийн үлгэрт итгэчихээд ураны салбараа урагшлуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ураны төслөө хөдөлгөнө гээд алх цохих эрх нь, чадал нь МАН-д байна. Тэднийг ийм шийдвэр гаргачихвал гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэх өндөр магадлалтай. “Монголын төр засаг өмнө нь явахгүй байсан шинэ төслөө явуулчихлаа” гээд газрын ховор элементийн чиглэлээр шинэ хөрөнгө оруулагчид ороод ирэхийг хэн байг гэхэв. Дэлхий Элон Маскийн цахилгаан машинд толгой дохиж эхэлсэн энэ үед цахилгаан машины батарей хийдэг газрын ховор элементүүд хаданд гарах нь хэзээнээсээ тодорхой асуудал.

Ард түмэн МАН-ыг дотроо хагаралдаж, албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө хоёр талцаад үзэлцэж суу гэж сонгоогүй. Энэ мэт том, шинэ төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа хөгжүүл, амьжиргааг минь өөд нь татаад өгөөч гэж л сонгосон. Гэвч тэдэнд уран, газрын ховор элементийн төсөл гэж давж сэтгэх ухаан байтугай, хамар доорх Таван толгойгоо томоор нь хөдөлгөх хүсэл зориг бий юу гэдэгт эргэлзэхээр үйл явдлууд нүдний өмнө хөвөрч байна.

МАН-ын дотоод тэмцэл, эрх ашгийн зөрчил хурцадсан өдрүүд хэзээ дуусахыг хэлж мэдэх хүн алга.

65-уулаа УИХ-ын гишүүн болчихооод дотроо хуваагдчихсан үзээд байгааг нь л нийтээрээ тод харж байна. Ард түмэн тэнэг биш учраас чимээгүй ажиглаж суугаа. МАН өнөөдрийнх шигээ засгийн эрх, мөнгө, албан тушаалын төлөө эдийн засгаа, иргэдээ, улсаа мартан тэмцэлдсээр байвал ирэх сонгуулиар иргэд тэдэнд хатуу дүн тавина. Сонгуулийн жил “Сөрөг хүчин бидэнд боломж өгсөнгүй” гэж гомдоллох нүүр лав эрх баригчдад байхгүй.

Дахиад хэлэхэд “Эрдэнэс Таван толгой”-н IPO-г гадаад, дотоодын бирж дээр гаргаж мөнгө босгоод коксжих нүүрсний төслөө томоор нь хөдөлгөх, Оюу толгойн өрнөж буй бүтээн байгуулалтыг попуудын дарамтад оруулчихгүйхэн шиг хөдөлгөх талд онцгой анхаарах, Арбитрийн шүүх дээр унасан Эрдэнэтийн асуудалтай холбоотой их хэмжээний мөнгийг буцааж төлөх гэх мэт шийдлээ хүлээсэн өчнөөн асуудал эрх баригчдын өмнө байна. АН мэдэгдэлдээ “Монгол Улсын эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн стандарт банкинд зээлийн барьцаанд тавьсны улмаас Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, олон сая ам.долларын өрийг төлөх эрсдэлд оруулсны хохирлыг хэн, хэрхэн барагдуулах, цаашид Монгол Улс уг төлбөрийг хэнээс нэхэмжилж эргүүлж олж авах зэрэг асуултад өнөөдөр шийдвэртэй хариулт өгөхгүй байсаар байна” гэж шүүмжилсэн нь цаанаа учиртай. Энэ өрийг Засгийн газар дарахгүй л дээ. Төр баялаг бүтээж мөнгө үйлдвэрлэдэг субьект биш. Иргэдийнхээ халаасыг тэмтэрч, компаниудын татварт төлсөн мөнгөнөөс илүүчилж байж төлөх мөнгө. Ер нь төр, засагт гарсан улсын алдаатай бодлого, шийдвэрээс болж хохирдог хэсэг нь жирийн иргэд, татвар төлөгчид л байдаг. Өр төлбөрт унасан нь засагт хэдийн буруутай үйлдлээс шалтгаалсан ч өнөөдөр ачаа, дарамтыг нь татвар төлдөг хүн бүр үүрэх гэж байна.

АН-ын мэдэгдэлд онцлохоос аргагүй өөр нэг өгүүлбэр бий. АН-аас “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба, тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг уландаа гишгэсэн Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн маш ноцтой үйл явдал болсон. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусантай давхцаж байгаад өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар алга” хэмээн онцолсон юм. Ардчилсан засаглалтай улсын эрх баригчид яаж ажиллаад байна вэ гэсэн том асуултад Засгийн газар өнөөг хүртэл албан ёсны тайлбар өгөхгүй суугаа нь тийм ч зөв хандлага биш. Туркийн тусгай хүчин Монголын нутаг дэвсгэрт хэний ямар дэмжлэгээр ажиллагаа явуулав гэдэг бол албан ёсны тайлбар хийж олны эргэлзээг тайлах учиртай том асуулт. АН-ын мэдэгдэлд “Стратегийн чухал объект болох төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсны улмаас байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдөж, монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь иргэний дайнтай орнуудын хохирлоос даван гарах болсон нь туйлын харамсалтай” гэсэн өгүүлбэр бий. Мөн л хөндөхөөс аргагүй асуудал. Төрийн өндөр албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн нь төр, засагт хариуцлагагүй байдал газар авсны тод жишээ. Хэдэн даргыг ажилгүй болгож, төрийн албанд ажилладаг хэсэг хүний өрөөнөөс хэдэн зуун шил архи, виски хураагаад үр дүнд хүрдэг эд биш л дээ. Хариуцлага ярьж өмнөх засгаа унаган байж гарч ирсэн У.Хүрэлсүхийн хувьд энүүхэн төдий арга хэмжээ аваад өнгөрвөл эргэлзэх хүн олон гарч ирнэ. Сайдыг томилж чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргадаг атал өөрт нь тийм эрх байдаг юм шиг аягласан алдаа Ерөнхий сайдад бий. Хариуцлага хүлээлгэдэг хатуу Ерөнхий сайд гэхээс илүү хариуцлагаас бултахдаа юу ч хийж мэдэх гүйцэтгэх засаглалын тэргүүн гэсэн имиж бүрдэхээр үйл явдал болж өнгөрснийг нуух юу байхав. Нүдний өмнө ил өрнөсөн процесс.

Төдийгөөс өдий хүртэл ингэсээр ирсэн юм гээд орхилоо гэхэд МАН-ын засаг барих дөрвөн жилийн хугацаа бараг л шувтарчихлаа. Засгийн газар, эрх баригчид цаашдаа ч энэ хэвээр дотооддоо тэмцэлдээд байвал улсын эдийн засаг унах том эрсдэл бий. Дэлхийн худалдааны дайн зэсийн үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол, сануулгыг эрдсийн шинжээчид аль хэдийнэ өгөөд эхэлчихлээ. 6000 ам.доллар давж байсан зэсийн үнэ 5700 руу уруудчихсан яваа. Ядаж л эдийн засгаа бодоод аль нэг тийш нь шийдвэр гаргах цаг болсныг онцолъё. Эрх баригчдын дотоод зөрчил нүд ирмэхийн зуур намжиж, гэнэтхэн л нэгэн санаагаар том төслүүдээ хөдөлгөх том шийдвэр гаргаад явна гэдэгт эргэлзэж байна. Тэгвэл яах вэ гэсэн асуулт бас бий. Харсаар суугаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх үү, УИХ, Засгийн газарт хатуу хариуцлага уу тооцох уу гэсэн хоёр сонголт л байгаа. Мэдээж эдийн засаг уруудчихвал нийт олны амьдрал хэцүүдэх учраас хоёр дахь сонголт дээр бууна л даа. АН-ын хувьд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж байгааг энэ сарын 13-нд гаргасан мэдэгдлээс нь харчихаж болно. Тэд мэдэгдэлдээ “Эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ ээлжит бус чуулган хуралдуулж, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, бас шаардаж байна” гэж онцолсон байсан. Магадгүй эцсийн шийдэл энэ байж мэдэх л юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнийн говийн цахилгаан станцыг хувийн амбицаар биш, улсын эрх ашиг гэж хармаар байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Оюу толгой цахилгаан станцаа өөр дээрээ барья гээд 2012 оны долдугаар сард таван жилийн хугацаатай зөвшөөрлөө манай яамнаас авчихсан. Энэ хугацаанд юу хийж байсан юм бэ. 2017 онд зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан. Монголын төрөөр тоглодгоо болих хэрэгтэй. Өмнийн говийг эрчим хүчээр хангахад хамтран ажиллах гэрээ байгуулахаасаа өмнө тэд юу ч хийгээгүй. 2014 онд Таван толгой дээрээ хамтаръя гэчихээд мөн л юу ч хийгээгүй. Дээрээс нь цахилгаан станц барина гэдэг үүргээ хууль бусаар түдгэлзүүлсэн байсан. Тийм учраас Засгийн газар энэ гэрээг цуцалсан. Ер нь бол “Рио тинто” компани буюу “Оюу толгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заалт гэрээнд бий. Өөр дээрээ барьж болно, Монгол Улсаас эсвэл гурав дахь этгээдээс авч болно. Гурав дахь этгээдээс авч болно гэдэг нь Таван толгойн асуудал юм. Хэрэв хамтраад явсан бол өнөөдөр барьчих байсан” гэж мэдэгдэв. Монголын засаг “Рио”-д цахилгаан станцаа өөрсдөө баривал барь гэсэн эрх, зөвшөөрлийг анхнаас нь өгөөд, элдэв оролцоогоо хумиад өнөөдрийг хүрсэн бол сайдын мэдэгдлийг толгой дохиж сонсохоос аргагүй. Харамсалтай нь бодит амьдрал дээр огт өөр үйл явдлууд өрнөсөн нь цагаан цаасан дээр хараар бичигдээд үлдсэн учраас сайдын мэдэгдэлд тайлбар зүүхгүй өнгөрч болшгүй нь. Ц.Даваасүрэн сайд Оюу толгойд ясны дургүй цөөхөн улстөрчийн тэргүүн эгнээнд бичигддэг. Монгол Улсын эдийн засагт том нөлөө үзүүлдэг төсөлд энэ хандлагаараа хандаад суугаа анзаарагддаг. Төрийг төлөөлсөн сайд хүн ултай үг унагадаг байх учиртай. Тэр дундаа улсынх нь хөгжилд жин дарахаар нөлөөлдөг төсөлд улстөрийн ашиг хонжоо, хувийн жижиг амбицаар хөнгөн гоомой хандах нь бүр ч хориотой зүйл.

Уул уурхайн том төслүүдээ хөдөлгөхийн тулд өмнийн говьд цахилгаан станц барих шаардлага бий. Гарцаагүй барих учиртайг нь тэртээ 2000 оны эхээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк хамтарсан дүгнэлт гаргахдаа онцгойлоод хэлчихсэн. Харамсалтай нь эрчим хүчний дэд бүтэцдээ анхаарахгүй бол том төсөл яриад нэмэргүй шүү гэсэн сануулгыг нь бид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр өнөөдрийг хүрээд байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд анх эрчим хүчний эх үүсвэрийг Оюу толгой төслийн барилга байгууламжийг барьж дуусгах, ордыг ашиглалтад оруулж эхлэх үе буюу дөрвөн жилийн дотор БНХАУ-аас хангах боломжтой, үүнээс хойших хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч хэрэглэхээр тохиролцож байсан юм. Бүр тодруулж хэлбэл үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюу толгой гурван эх үүсвэрийн аль нэгээс эрчим хүч авах тохиролцоог хоёр тал хийж байв. Эхнийх нь эх үүсвэр Оюу толгой өөрөө нүүрсний цахилгаан станц барьж эрчим хүчнийхээ хэрэгцээг нөхөх хувилбар байсан бол хоёр дахь эх үүсвэр нь гуравдагч этгээдийн барьсан нүүрсний цахилгаан станцаас эрчим хүч авах хувилбар байв. Харин гурав дахь нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр гэсэн хувилбар байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ бол 2009 оны сүүлээр тодорхой болсон үйл явдал.

2012 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Дулаан цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг Оюу толгойд өгч байв. Тэр үеэс Таван толгойгоо хөгжүүлье, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр замтай нь цогцоор нь хөгжүүлье гэсэн хувилбар засгийн хэмжээнд эрчимтэй яригдаж эхэлсэн юм. Бүр 450 МВт хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станц барина гэсэн тоо баримттай мэдээлэл цацагдаж, 2013 онд Таван толгойн цахилгаан станцыг барих төслийг нэгж байгуулагдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Оюу толгой өөрсдөө цахилгаан станц барихгүй, Таван толгойн хүрээнд баригдах цахилгаан станцаас эрчим хүчээ авч хэрэглэх тохироо тухайн үед хийгдэж байв. Төслийн нэгж 2013 оны долдугаар сард дэлхийн 25 компанид урилга-захидал явуулж арваас нь хариу авч байлаа. Хариу өгсөн арван компаниас Солонгос, Францын хамтарсан “Posco Energy & GDF Suez Energy Asia” консорциум, Солонгосын “Daewoo Engineering & Con­struction”, Японы “Marubeni” корпораци, Японы “Kansai Electric Power” гэсэн дөрвөн компанийг сонгож техникийн даалгавар өгсөн удаатай. Гэвч аль нь ажил болоогүйг өнөөгийн өндөрлөгөөс харж болно.

Сүүлд 2014 онд ч өмнөд бүсийн эрчим хүчийг шийдэх ажил Таван толгойн цахилгаан станцыг дэмжүүлэх хүрээнд хийгдсэн юм. Тухайн үед Таван толгойн цахилгаан станц төслийг талууд дэмжиж хамтран ажиллах яриа хөөрөө оны өмнө хөвөрснийг мөн л хэвлэлийн хуудаснаас харж болно. Таван толгой төслийн хүрээнд цахилгаан станц барина гэсэн яриа хөврөх зуур 2015 онд Парисийн гэрээний асуудал дэлхийн хэмжээнд яригдсан билээ. Энэ дуулианы үеэр “Posco Energy”, сүүлд нэрээ өөрчилсөн “GDF Suez Energy Asia” Таван толгойн цахилгаан станцын төслөөс гарахаа мэдэгдсэн.

Хоёр жилийн өмнө буюу 2016 онд Таван толгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудалд болж байв. Тухайн үед хэвлэлүүд “Монгол Улсын Засгийн газрын харьяа төслийн нэгжээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарч, төслийг хэрэгжүүлэгч Таван толгой цахилгаан станц компани байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюу толгой ХХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлын эхлэл тавигдаж байгаа аж. Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор орон Япон Улсын Марубени корпораци, Монгол Улсын М-Си-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Японы Марубени корпораци нь бүтээн байгуулалтын энэхүү мега төсөлд хөрөнгө оруулахаар болж байгаа нь хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах эхний том үйл явдал болж буй. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой гэдгийг ч дурдав” хэмээн мэдээлж байлаа. Таван толгой төслийн хүрээнд өмнийн говийн цахилгаан станцыг барих тухай яриа засгийн төвшинд өрнөх үеэр Оюу толгойн “дөрвөн жилийн тоолуур” түр хугацаанд зогссоныг онцлох учиртай.

Гэвч тунаж үлдээд байсан “Марубени” ч өнгөрсөн онд төслөөс гарсан юм. Бусад талуудын тухайд сонирхох боломжгүй, сонирхсон тохиолдолд өндөр баталгаа нэхэж буй. Улс төр, эдийн засгийн бүх эрсдлийг “Рио”-гоор даалгаад орж ирвэл ирнэ, үгүй бол чадахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Одоогоор Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанитай 2014 оны наймдугаар сард байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцлаад байгаа ч “Оюу толгой” компанийн зүгээс цахилгаан станц барих талд анхаарсаар байх болно хэмээж буй. Сүүлийн мэдээ гэвэл Оюу толгойн зүгээс Хятадын гурван ч компанид ТЭЗҮ боловсруулах асуудлаар хандаад байна. “Рио” хандсан компаниудынхаа нэгийг шалгаруулна, үлдсэн хоёр компанийнх нь ТЭЗҮ боловсруулсан зардлыг буцааж олгоно гэсэн шийдвэр гаргаад байгаа юм билээ. Тэгэхээр Эрчим хүчний сайдын яриад яваа шиг даварсан дүр зураг харагдахгүй л байгаа юм даа.


Categories
мэдээ нийгэм

М.Дагва: Хөрөнгө оруулагчид энэ жил Засгийн газраас хүссэн мэдээллээ авчих байх

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч М.Дагватай ярилцлаа.


-Ирэх сард уул уурхайн хоёр ч том чуулга уулзалт болох гэж байна. Чуулга уулзалтуудаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд төрд хандаж зөвлөмж өгдөг ч ажил болдоггүй гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Гаргасан зөвлөмжөө хэвлэлд нийтэлж мартчихаад “Биднийг зөвлөөд байхад хэрэгжүүлэхгүй юм” гэж шүүмжлээд яваа анзаарагддаг. Энэ бол монгол маягийн тогтолцоо. Тэгснээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм дотор яаж суулгахаа ярих ёстой. Яамны ирэх жилийн төлөвлөгөөнд эдгээр асуудлуудыг тусгая, хэрэгжүүлэх боломжгүйг нь дараа жилийнхэд нь оруулъя гэх мэтээр ажил хэрэгч хандах учиртай. Хэрэгжих боломжгүй бол тодорхой шалтгааныг нь дурдаж ойлголцоод явах нь тийм хэцүү зүйл биш. Товчхондоо зөвлөмж хүргүүлж буй, өнөөхийг нь авч байгаа талууд яаж ажиллах механизмаа бодож олох тухай асуудал л байгаа юм.

-“Дисковер Монголиа”-гийн зохион байгуулагчид төрд хандаж зөвлөмж хүргүүлнэ гэж байсан. Жишээ нь, тэд таны хэлсэн шиг ажил хэрэгч хандаж чадах болов уу?

-Сайдын тушаалаар ажлын хэсэг гарч Засгийн газар хувийн хэвшлийг төлөөлсөн байгууллагатай хамтарч ажиллаж эхэлсэн болохоор үр дүн гарах байх.

-Монголд болдог уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг Канадын PDAC шиг брэнд болговол илүү үр дүн гарах юм биш үү?

-Монголд энэ чигийн хурал чуулган зохион байгуулагдаад арав гаруй жил болчихлоо л доо. Олон улсын сүлжээ хурлууд ч манайд болдог. Жишээ нь таны асуудаг “Дисковер Монголиа”-гийн хувьд Монголоос төрсөн хурал гэдэг онцлогтой.

Уул уурхайн салбар дэлхийн зах зээлээс хамаарч өгсч, буурсаар өнөөг хүртэл яваад ирлээ. Энэ жилийн хувьд Монголоос төрсөн, хөрөнгө оруулагчдад танил болсон хурлаа чанаржуулъя гэсэн сонирхол төрсөн нь төр засаг, хувийн хэвшил аль аль талд нь тод анзаарагдаж байна.

-Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын хурал гэхээр Монголд амьдардаг өнөө хэдэн гадаадууд, дотоодын танил цөөхөн бизнес эрхлэгчид тойрч суугаад ярьдгаа л ярьдаг гэсэн ойлголт төрөх болсон нь нууц биш. Өнөө жилийн “Coal Mongolia”,”Дисковер Монголиа” энэ хандлагыг эвдэх болов уу?

-“Coal Mongolia”-гийн зохион байгуулалтыг нарийн мэдэхгүй учраас тодорхой хэлэх зүйл алга. Харин “Дисковер Монголиа”-гийн хувьд төр засаг нь ч, хувийн хэвшил нь ч чанаржуулах талд толгой дохиж байгаа болохоор сая таны хэлсэн хандлагыг эвдэж чадах байх. Мэдээлэлд ойр байгаа хүний хувьд онцолж хэлэхэд энэ удаагийн “Дисковер Монголиа”-д лав салхи орно. Энэ арга хэмжээг нэг талаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, нөгөө талаас Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа. Ассоциацийн гишүүнчлэлд уул уурхайн компани, уул уурхайд үйлчилгээ үзүүлдэг компаниуд багтдаг. Тэд “Дисковер Монголиа”- г хайгуулын хувьд хөрөнгө оруулагчдын сонирхлыг зүй ёсоор татдаг Монгол гэдэг улсыг нээе гэсэн амбицаар зохион байгуулж эхэлсэн байдаг юм. Тухайн үед нь алт, зэс нүүрс моданд орж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийд цахилгаан машины батарейны түүхий эдэд ордог лити, кобальт гэх мэт элементүүд моданд ороод эхэлчихлээ. Дэлхий ингэж өөрчлөгдөж байхад “Дисковер Монголиа”-гийн дүр төрхийг өөрчлөх, шинэ имижтэй болгох асуудал яригдахаас аргагүй л дээ. Жишээ нь Монгол гэдэг улс тодорхой хэмжээнд нээгдсэн, судлах хэрэгтэй, хөрөнгө оруулалт шаардлагатай олон ордтойг таниулах, Монголыг уул уурхайн хувьд илүү өрсөлдөхүйц түвшний техник технологи эзэмшсэн улс гэдэг байр суурин дээр аваачиж тавих хэрэгцээ бий. Монголын бизнесийн зөвлөл зохион байгуулагчдын нэгээр орж ирсэн нь цаанаа ийм шалтгаантай гэж харж байгаа. Гишүүд болон хэлхээ холбооных нь шугамаар энэ хурлын дүр төрхийг ямаршуу байдлаар таниулж болох вэ гэдэг өнцгийг харж байх шиг. Ямар нэг асуудлыг зөвхөн төр яривал нэг өнцөг, Бизнесийн зөвлөлийн тухайд асуудлыг бизнесийн орчинтой нь холбож ярьдаг бас нэг өөр өнцөг гэсэн шалтгаан мэдээж бий. Эцэст нь хэлэхэд зохион байгуулагчдын хүрээ өргөжсөн нь энэ миний л бизнес, миний л санаачилга гэдгээс илүү Монголын уул уурхай гэсэн нэг брэндийг бүтээж байгаагаа харуулж буй нэг том хэлбэр. Нэг компанийг бизнесийн хувьд сурталчилдаг хурал гэхээс илүү нэг улсыг брэнд хийнэ гэдэг бол маш том зорилго.

-Хөрөнгө оруулагчид мөнгөө хийх боломжтой сонирхолтой төсөл, Монгол гэдэг улсын хууль эрх зүйн орчин, ирэх жилүүдэд гарах бодлогын өөрчлөлтийг сонирхож таарна. Засгийн газар, салбарын яамны зүгээс онцгой анхаарч оролцож байгаа гэхээр хөрөнгө оруулагчдын эрэлтийг нь хангасан мэдээллүүдийг түлхүү өгөх нь ээ?

-Тэгэх болов уу гэсэн хүлээлт байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга хурлуудад их ач холбогдол өгдөг. Канадын PDAC-д биечлэн идэвхтэй оролцсон. Сүүлд гэхэд Казахстанд болсон хуралд ач холбогдол өгч оролцсон. Сайдын хувьд уул уурхайн чуулга уулзалтыг чанартай зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад хүссэн мэссэжийг нь өгөх ёстой гэсэн байр суурьтай ажилладаг. Тэр ч утгаараа “Дисковер Монголиа” руу яамыг зохион байгуулалттайгаар оруулж, тушаал гаргаж ажлын хэсэг байгуулсан болов уу. Нөгөө талаас харвал бас нэг онцлог бий. Монголын хувьд уул уурхай төрийн маш их зохицуулалттай өрнөдөг бизнес. Тийм учраас уул уурхайн салбартай хамаатай хурлуудад бүртгүүлсэн хөрөнгө оруулагчид төрийн байр суурь, төрөөс явуулж байгаа бодлогыг анзаарах гэж ирдэг. Гурав дахь шалтгаан нь манай улс төрийн өмчит уул уурхайн компаниудтай. Төрийн өмчит уул уурхайн төслүүд нь хөдөлбөл хөрөнгө оруулагчдад шинэ боломж гарч ирж болно. Төрийн өмчит уул уурхайн төслүүд нь зөв буруу хөдлөөд эхэлбэл хажууд нь ажиллаж буй хувийн хөрөнгө оруулалттай бизнесүүдэд эерэг сөргөөр ч нөлөөлөх боломжтой. Тэр утгаараа төрийн өмчит компаниуд дээрээ юу хийх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад, бизнесийнхэнд, Монголын уул уурхайн компаниудад маш сонирхолтой сэдэв. Бизнесийнхний хүсдэг өөр нэг зүйл бий. Төр бодлогоо ойлгомжтой бөгөөд тогтвортой байлгаасай, тэр мессэжээ олон улсын түвшинд хангалттай хэмжээнд хүргээсэй гэж харж хүлээдэг. Нийгэмд уул уурхай хэрэггүй, уул уурхайгүйгээр хөгжинө гэсэн популист маягийн хандлага мөн анзаарагддаг. Энэ хандлагыг зөөлрүүлж эерүүлэх, уул уурхайн мэдлэггүй хүмүүст мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагч, засаг төрийн ойлголцлын зөрүүг арилгах гэх мэт эерэг нөлөөг “Дисковер Монголиа” гэх мэт чуулга уулзалтууд нийгэмд өгдөг. Ийм учраас засгийн зүгээс бодитой хэрэгтэй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөх болов уу гэж харж байна.

-Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Таван толгой”-н IPO тойрсон шинэ мэдээллүүдийг лав хүлээж байгаа. Яамны зүгээс ер нь ямар бодлоготойгоор оролцох юм бол оо?

-Хөрөнгө оруулагчдын ямар нэг чуулга уулзалт дээр юу ярихаа хоёр, гуравхан сарын өмнөөс төлөвлөдөг сул тал бидэнд анзаарагддаг. Яамны зүгээс ойрын таван жилд, эцсийн дүндээ юунд хүрсэн байх вэ, тэрэнтэйгээ холбож асуудлуудаа ярья гэсэн чиг барьж байна. Зөвхөн Монголд хөрөнгө оруулах хүмүүсийг онилохоос гадна Монголоос Хятад, Орос, Казахстан руу харахад ямар зураг ажиглагдаж байгааг сонирхсон хүмүүсийг авчрах алсын сонирхол байна. Монгол ба Япон, Монгол ба Солонгос гэдэг контекстээр анзаарвал асуудлууд яаж харагдах нь вэ гэсэн асуулт, хүлээлттэйгээр ирж оролцдог арга хэмжээ болгох амбиц бий. Одоогоор хоёр өдрийн хэлбэртэй л болж байна. Монголд ирэх гэж өчнөөн явдал суудал болж ирсэн мөнгөтэй хүмүүсийг ирэхэд нь нэг долоо хоногийн турш уул уурхай, бизнесээр амьсгалуулсан арга хэмжээнүүд үргэлжилвэл бизнес аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжинө. Өмнө нь “Coal Mongolia”,”Дисковер Монголиа” давхацсан тохиолдол бий. Энэ жил дарааллаад болж байгаагийн цаад зорилго нь энэ л дээ. Австрали, Германы элчин сайдын яамд арав, арваннэгдүгээр сард бизнес эрхлэгчдээ урьж Монголын бизнесийн орчинтой танилцуулаад байх шиг анзаарагддаг. Ингээд харахаар Монголд хөрөнгө оруулах сонирхолтой бүх улсын бизнесүүд есдүгээр сард нэг удаа ирж, долоо хоногийн турш бизнес аялал хийгээд л буцах орчин бүрдвэл аль аль талдаа өгөөжтэй. Одоохондоо хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад 500-600 хүн ирж байгаа. Таван жилийн дараа 4-5 мянган хүн, магадгүй арван жилийн дараа 10-20 мянган хүн ирдэг болохыг үгүйсгэхгүй. “Дисковер Монголиа”-гийн энэ жилийн зохион байгуулалт, яамны бодлого, зохион байгуулагчдынх нь алсын амбиц ерөөсөө энэ. Ер нь анхнаасаа л Монголын тухай мессэжийг дэлхийд хүргэх зорилгоор эхэлсэн арга хэмжээний нэг шүү дээ.

-“Дисковер Монголиа”-гийн хөтөлбөрөөс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллагуудын илтгэл сонирхол татаж байна. Ийм чансаатай илтгэлүүд жил өнжихгүй тавигдаад явчихвал дэлхийн брэнд арга хэмжээний нэг болох ойрхон байж мэдэх л юм?

-Чуулга уулзалтын үеэр Европын сэргээн босголт хөгжлийн банк, зах зээлийн томоохон судалгааны байгууллагаас илтгэл тавина гэж ойлгосон. Маркет анализ гэсэн ойлголт бий. Дэлхий хаашаа яваад байна, үүнээс шалтгаалж зэс, нүүрс, алт, бүр цаашилбал хөрөнгө оруулалт яах вэ гэх мэт нэлээд том түвшинд ярьдаг хүмүүсийг “Дисковер Монголиа” гэх мэт хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд жил бүр урьж авчирч байгаа. Энэ хандлагаа тогтмолжуулаад, ийм төвшний асуудлуудыг хагас өдрийн турш ярьдаг болох байх, алсдаа. Тэгвэл “Монголд болдог тийм хуралд дэлхийн тэр чигийн томчууд ирж ярина гэнэ, сонсъё” гэсэн хөрөнгө оруулагчид ирнэ. Оросын хойхнуур уурхай эрхэлдэг, Хятадад бизнестэй хүмүүс ийм зорилгоор ирдэг болчихвол бүр сайн. Монголчууд дэлхийд нөлөөлөх боломж бас байгаа. Оюу толгой гүний уурхайгаасаа олборлолт явуулаад эхэлбэл, шил дараад Цагаан суварга экспорт хийгээд эхэлбэл, Таван толгой IPO хийгээд хүчин чадлаа нэмчихвэл зэс, коксжих нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөх боломж гарч ирж мэднэ. Ийм зорилгоор зорьж ирэх боломж ч бий. Тэгэхээр Монголын уул уурхайн анализтай илтгэлүүдийн эрэлт ч ирэх жилүүдэд ихэсч таарна. Яг өнөөдөр дутагдаад байгаа нэг зүйл энэ л дээ. Монголын уул уурхайн салбарт R&D буюу судалгаа хөгжлийн институт дутагдаж байгаа. Энд тэнд ганц нэг судлаач алдаг оног юм хийдэг. Статистикийн хувьд тодорхой хэмжмээний мэдээлэл гардаг. Гэхдээ Монгол ийм байгаа нь Хятадын зах зээлд, дэлхийн зах зээлд яаж нөлөөлөх вэ гэдэг түвшинд ярьдаг хүмүүс гарч ирэх гээд байна. Энэ жилийн хувьд үүн дээр том хүлээлт алга. Мэдээж тодорхой хэмжээнд ярих байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Километрийн гүнд өрнөж буй гүний уурхайн барилгын ажлыг үндэсний компаниуд нугалж байна

Газрын гадаргаас доош нэг километр гаруй гүнд үргэлжилж байгаа Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцыг сурвалжиллаа. Дэлхийд гуравт жагсдаг аварга ордын гүнд өрнөж буй бүтээн байгуулалтыг сонирхохын өмнө аюулгүй байдлын хичээл сонсч, Оюу толгойн түүхийг өгүүлсэн музейд саатсан юм. “Рио тинто”-гийн 40 гаруй орны 60 гаруй уурхайгаас хамгийн шилдэг аюулгүй ажиллагаатай компани уурхайд өгдөг цом Оюу толгойд ирснийг музейн хүндтэй хэсэгт байрлуулжээ.

Музейд зочилсон хүн бүр дэлхийд гэж яригддаг том төслийн түүхийг Оюу толгой төслийн уурхайн айлчлал хариуцсан ахлах менежер С.Санждоржийн сонирхолтой тайлбартайгаар сонсдог. Оюу толгойн зэсийг бүр анх 4000 жилийн өмнөөс авч ашиглаж байж. Өнгөрсөн зууны тавиад онд Оросын геологич ирж хараад зэс байгаа, хайгуул хий хэмээн зөвлөсөн бол наяад онд геологич Д.Гарамжав ч ийм зөвлөмж өгчээ. 1995 онд Америкийн “Магма коппер” компанитай “Эрдэнэт” үйлдвэр гэрээ байгуулж Монголын зэсийн 300 гаруй илэрцээс жараадыг нь ялгаж авсны дотор Оюу толгой багтсан аж. Тэд 1997 оны есдүгээр сарын 17-нд Оюутолгойд ирж хараад ихэд сонирхож лиценз авсныг С.Санждорж сонирхуулав. Сүүлдээ “Эрдэнэт Магма” эдийн засгийн хямралаас болж Оюу толгойгоос гарчээ.

“Магма коппер”-ийг худалдаж авсан BHP хөрөнгөөрөө Оюу толгойд хайгуул хийж эхэлсэн нь ийм шалтгаантай юм байна. Өнөөгийн ил уурхай ажиллаж буй хэсгийн нөөц тэр үед илэрсэн ч нийт нөөцийн 80 хувь нь агуулагдах гүний нөөц илрээгүй байж. BHP мөн л хямрал гэсэн шалтгаанаар “Айвенхоу майнз”-тай “Та нар хайгуулыг үргэлжлүүл. Овоо юм гарч ирвэл бид хайгуулд гаргасан зардлыг чинь гурав нугалж төлөөд худалдаж авъя” гэсэн гэрээ хийгээд гараад явчихаж. “Айвенхоу майнз” 2003 онд хийсэн ажлаа тайлагнахад BHP сонирхсон тоогоо сонссонгүй. Ингээд дэлхийн уул уурхайн акул компаниудын нэг BHP Оюу толгойг бүрмөсөн орхижээ. BHP-г явснаас хойш нэг, хоёрхон сарын дараа гүнд байгаа аварга нөөц илэрсэн нь олон улсын сонирхлыг татсан том төсөл болтлоо өргөжжээ. Өдгөө Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч нь “Рио тинто”.

Оюу толгойгоос гарсан баяжмалыг 2000 кг-аар шуудайлж урд хөрш рүү экспортолдог. С.Санждорж “Ил уурхайн хүдэр 0.5 хувийн дундаж агуулгатай. 1000 кг хүдрийг нэгдүгээр гурилаас ч илүү нарийн болтол тээрэмдээд таван кг метал авна гэсэн үг. 995 кг нь хаягдал. Баяжуулах үйлдвэрт баяжуулсны дараа баяжмал доторх металлын агуулга 22-оос дээш хувиар өсч хаягдал нь багасдаг. 1000 кг хүдрээс 220 кг нь зэс гэж ойлгож болно. 780 нь хаягдал гэсэн үг. 2000 кг-аар савласан нэг шуудай баяжмалд 500 кг зэс, 40 гр алт, 100 грамм орчим мөнгө бий” гэж сонирхууллаа. Хамгийн баян агуулгатай хүдэрт хүрэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Бүтээн байгуулалт дуусч хүдрээ олборлож эхлэх хугацаа нь 2020 оны сүүлч гэнэ. Гүнээс олборлолт хийгээд эхэлбэл өнөөдрийнхөөс гурав дахин их баялаг экспортолж эхлэх нь.

Бид дээрээ гэрэлтэй хамгаалалтын малгай, ажлын том шар гутал өмсч хүчилтөрөгчийн нөөцтэй хоёр кг жинтэй хайрцаг бүсэндээ зүүсний эцэст гүний уурхайн ажилчидтай хамт тусгай лифтэнд суух эрх авлаа. Биднийг дагуулж явсан инженер бүсгүй Ш.Даваасүрэн “Гүн рүү доошлох тусам чих шуугьж, дотор эвгүйрхэх мэдрэмж төрнө шүү. Бохь зажил. Эсвэл шүлсээ зажил” гэж зөвлөв. Байсхийгээд чих шуугихыг эс тооцвол дажгүй явсаар газрын хөрснөөс км гаруй гүнд ирлээ. Лифтний хаалга нээгдэхэд бүгчим халуун агаар, харанхуй орчин биднийг угтав. Малгайны гэрлээ унтраагаад харвал түнэр харанхуй ноёлсон орчин юм. Таван метрийн өндөртэй аварга тунелиэр алхсан дөрвөн цагийн аялал маань ингэж эхэллээ. Алхаж явах үед аварга машинууд чимээ шуугиантай зөрөлдөх нь яг л газар доорх хотоор аялж яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цахилгаан засварын газар, машин техникийн засварын газар, бензин тосны агуулах гэж ирээд яривал байхгүй юм алга, энд. Нийтдээ 50 гаруй км тунель ухжээ. Газар доороос хүдэр зөөх туузан дамжуулгуудыг барих гэх мэт нүсэр ажил бий гэнэ. Дээрээс гурван ч босоо амаар газрын гүн рүү орж олборлолт явуулах төлөвлөгөө гарчээ. Бид нэгдүгээр босоо амаар нь доошилсон юм. Босоо амын өндөр 1300 метрт хүрчээ. Азидаа хамгийн гүн босоо амд орох юм байна. Өглөө 600 ажилтныг доош нь оруулж, шөнийн ээлжинд ажилласан хүмүүсээ дээш нь гаргаж ирдэг гэнэ. Хүнээ солилцсоны дараа бараа материал оруулах, чулуу шороо татаж гаргах зэргээр өдөржин завгүй ажил өрнөдөг бололтой. Хоёрдугаар босоо ам ашиглалтад орохоор ажилчид, бараа материал, техник, хүдрээ зөөх юм байна. Нэг удаадаа 200 уурхайчин өлхөн багтах аварга цахилгаан шат ажиллах аж. Үүнээс гадна уурхайн том машинуудыг буулгах цахилгаан шат ч ажиллах нь. Мөн зөвхөн хүдрээ дээш нь татах цахилгаан шат ажиллана гэж инженер бүсгүй тайлбарлалаа. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 30 мянган тонн хүдрийг гадарга дээр гаргаж ирэх хүчин чадалтай цахилгаан шат байх гэнэ.

Налуу амны конвероор хүдрийнхээ дийлэнхийг авахаар төлөвлөжээ. Тодруулж хэлэхэд хоёр салаа тунель байх бололтой. Нэг тунелиэр нь буюу 18 градусын налуугаар доош машинууд сүнгэнэх юм байна. Нөгөө тунелиэр нь туузан дамжуурга явах аж. Конверийн систем 2022 он гэхэд ашиглалтад орохоор болжээ. Үе үе халуун агаар төөнөсөн бүгчим хонгилоор 20 орчим минут алхсаны эцэст хоргодох байранд ирлээ. Энд харин агааржуулалт сайтай, аятай тухтай юм. Өрөөний буланд цэвэр усыг хэдэн зуугаар нь уутлан өржээ. Хөргөгчтэй, ширээ сандалтай, кофе, цайтай энэ өрөөнд хооллоцгоодог гэнэ. Биднийг ороход нэг бүсгүй хоёр залуугийн хамт цайлж байв. Гүний уурхайд том машин барьдаг гурван ч бүсгүй ажилладгийн нэг нь бидэнтэй таарсан Д.Оюундарь байсан юм. Анх Оюу толгойд угаалгын ажилчнаар ажилд ороод хэдэн сарын өмнөөс эрчүүдтэй мөр зэрэгцэн аварга машин жолоодож эхэлжээ. Д.Оюундарь “Гүнд ажиллах мэдээж амар биш. Гэхдээ өөрөө хүсээд орсон учраас сайхан” гэж ярилаа. Хоргодох байрнаас гараад хэсэг алхсаны эцэст Засварын цехэд хүрэв. Аварга том энэ төвийн барилгын ажлыг “MCS” гүйцэтгэжээ.

Засварын цехээс гараад алхаж явтал бидний хажуугаар бага оврын автобус өнгөрөв. Иргэдэд ойрхоноор тайлбарлавал шугамын автобус маягийн эд бололтой. Өөрсдөө транзит автобус гэцгээх юм. Алхаад цаг гаруй болоход л хөлс урсаж, бүсэнд зүүсэн хоёр кг төмөр хайрцаг 10 кг болсон мэт мэдрэмж төрж байлаа. Саунд яваа мэт хөлс урсаад байсан шалтгаан нь гаднаас агаарыг халааж оруулдгийнх аж. Гүнд удаан алхахад хэцүү учраас шугамын автобус ажиллуулдаг нь бидэнтэй зөржээ. Гэхдээ биднийг дагуулж явсан инженер бүсгүй огт түүртсэн шинжгүй алхаж байв. Өдөрт арваас хорин км алхах тийм ч түвэгтэй биш хэмээн ярив.

Уурхайн бараа сүртэй машинуудад явах боломж өгөх зориулалттай явган зорчигчийн зогсоол байсхийгээд таарах юм. Хоргодох байр дөхвөл ногоон өнгийн бөөрөнхий тэмдэгнүүд эгнэх аж. Хоргодох байрнаас холдлоо гэсэн баримжааг улаан өнгийн бөөрөнхий тэмдэглэгээнүүдээс авсаар цааш цаг гаруй алхлаа. Албаны эрх бүхий хүмүүс газрын гадаргаас доош км гаруй гүнд ч интернэт ашиглаж мэйл явуулах боломжтой юм билээ. Оюу толгой дотоодын компаниудаас ханган нийлүүлэлт авах чиглэлд эрчимтэй ажиллаж эхэлжээ. Бидэнд тарааж өгсөн ажлын бээлийг гэхэд л “Дархан минж” нийлүүлжээ. “Дархан минж”-ээс гадна Өмнөговийн бас нэг компани бээлий нийлүүлдэг юм байна. Дараагийн ээлжинд ажлын гутлаа дотоодоос авах зорилго тавьжээ. Уурхайн амьдралын турш ашиглах бараа материал хариуцсан багийнхан ханган нийлүүлэгчтэй нэлээд тулж ажилладаг аж. Хүдрээ тээрэмдэхэд ашигладаг ган бөмбөлгөөс эхлээд дотоодоос авдаг бүтээгдэхүүн олон ажээ. Оюу толгойд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд үйлдвэрлэлээ өргөтгөж стандартаа ахиулсан компани ч цөөнгүй бололтой. Шохойн чулуу нийлүүлдэг компани гэхэд л үйлдвэрлэлээ шинэчилжээ. Сайн бүтээгдэхүүн хийж нийлүүлвэл зөвхөн Оюу толгой ч биш “Рио тинто”-гийн сүлжээгээр гадны уурхайнуудад нийлүүлэх боломж нээлттэй гэж төслийн ажилтнууд онцолж байсан юм. “Рио”-гийн менежмэнтэд орсон нь ийм өндөр ашиг, боломжийг ханган нийлүүлэгчдэд өгдөг байна.

Цааш явсаар анхдагч бутлуур суурилуулах хэсэгт хүрэв. Дээшээ хориод метр өндөр юм. Доош дахиад 20 гаруй метр ухна гэхээр аварга том орон зайд анхдагч бутлуурыг суурилуулах бололтой. Энэ хэсгийг “Аварга” гэж нэрлэжээ. Биднийг очиход энэ хэсгийн ханын бэхэлгээний боолтны ажил ид өрнөж байв. Ханыг бат бөх хийхийн тулд шүршдэг бетоноор шүршиж, тусгай тор татаж, зэвэрдэггүй боолтуудаар бэхэлдэг аж. “MCS property” компанийн барилга угсралт хариуцсан механик супервайзор М.Дөлгөөнтамир “1202 метрийн төвшинд моторын хэсгийн бутлуур конвейр, краны хэсгийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Краны хэсгийн угсралт цахилгаанд холбох дутуу байгаа. Хүдрийг зөөвөрлөх конверийн угсралтын ажил явагдаж байна. Талбай дээр 1202 түвшинд бүх багууд нийлээд 16, 17 хүн бий. 1136 түвшинд бутлуурын ажлын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа” гэж сонирхууллаа. Тэд энэ хэсэгт хийх ёстой ажлынхаа 60-70 орчим хувийг нугалжээ. MCS-ийн хувьд гүний уурхайн бүтээн байгууллалтын барилгын ажилдаа туслан гүйцэтгэгч авчээ. Өндөр хүчдэлийн цахилгааны ажлыг өөр компанитай хамтран гүйцэтгэж эхэлжээ. Гүний уурхайн дэлхийд томоохонд тооцогдох малталтын нэг болох Оюу толгойн “Анхдагч бутлуур-1” камерийн ажил ийнхүү үргэлжилж байна. Уг камер нь гүний уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжих, материал зөөвөрлөх системд онцгой ач холбогдолтой гэнэ. Ирээдүйд гадагшаа гарах гүний уурхайн мэргэжилтнүүд Оюу толгойд бэлтгэгдэж байна гэсэн үгийг биднийг гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцуулсан инженер бүсгүй онцолсон юм.

Оюу толгойд өнөөдөр 15000 гаруй хүн ажилладгийн 93 хувь нь монголчууд гэнэ. Төсөлд ажиллаж буй хүмүүсийн талаас илүү хувь нь гүний уурхайнхан юм байна. Оны эхний хагас жилд 99 сая ам.долларын татвар хураамж,төлбөр төлсөн, өнөө жилийн эхний хагаст 675 ханган нийлүүлэгчтэй хамтарсны 479 нь үндэсний компани, үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг үндэсний компаниудад зарцуулсан, 2010-2018 оны хоёрдугаар улирлын байдлаар үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэх мэт мэдээллийг төслийн зүгээс бидэнд өгсөн юм.

Дашрамд дурдахад “Премиум конкрит” компани гүний уурхайн төсөлд бетон зуурмаг нийлүүлэх “Бетон зуурмагийн үйлдвэр IV”-ийг барьж,ашиглалтад оруулжээ. Монголын хэмжээнд хамгийн том орчин үеийн шийдэл бүхий иж бүрэн бетон зуурмагийн үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганболд: Бирж байгуулж эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг ирээд байна

-“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
“ДИСКОВЕР МОНГОЛИА” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖИЙГ ОНЦОЛЖ ИЛТГЭЛ
ТАВИНА-


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.


-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт ирэх сард болно. Нэлээд шинэлэг хэлбэр, өнгө аяс, уур амьсгалтай болно гэж сонслоо.Салбарын яам болон “Эрдэнэс Монгол”-оос онцгой анхаарч оролцохоор болж байгаа юм байна. “Дисковер Монголиа”-д “Эрдэнэс Монгол”-ын зүгээс ямар оролцоотой ажиллах вэ?

-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Эрдэс баялгийн биржийн талаар илтгэл тавихаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн мэдлийн хувьцааны эрхийг төрийг төлөөлөн хэрэгжүүлэгчийн хувьд эрдэс бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх арга замыг эрэлхийлж ажилладаг. Тиймдээ ч цаашид манай компанийн зүгээс Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, үүрэг хариуцлага, өмнөө байгаа боломж бололцоог тодорхойлох, одоогийн байр сууриа бэхжүүлэх, салбарын тогтвортой өсөлтийг хэрхэн хангаж ажиллах талаар болон өнөөгийн “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааны талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж нийтэд танилцуулах болно.

-Эрдэс баялгийн бирж байгуулна гэж олон жил ярьж байна. “Дисковер Монголиа” бизнес уулзалтын үеэр энэ сэдвийг онцолж илтгэл тавина гэхээр “Эрдэнэс Монгол”-ын онцгой анхаарах асуудал гэж ойлголоо. Бирж байгуулах цаг нь болсон уу, бирж байгуулснаар үүсэх давуу талууд юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүье?

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг одоогоос дөрвөн жилийн өмнө баталсан. Тэр баримт бичигт Эрдэс баялгийн биржийг байгуулах зорилго, баримтлах зарчмыг тодорхой тусгасан байгаа. Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр 2016 оны дөрөвдүгээр сард Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч тухайн үед хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байдаг. Эрдэс баялгийн биржийн нарийвчилсан харилцааг одоо хэрэгжиж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудаар зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Ийм учраас УИХ 2017 оны нэгдүгээр сард Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж дээрх хуулиудад эрдэс баялгийн үйл ажиллагаатай холбогдох хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах, эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахыг Засгийн газарт үүрэгдсэн. Энэ чиглэлээр хариуцаж ажиллах яам, төрийн захиргааны байгууллагууд 2018 онд багтаан хуулийн төслийг батлуулах зорилт тавин ажиллаж байгаа гэж мэдэгдсэн.

Монгол Улсын экспортын 78 орчим хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 4.9 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 оныхоос 41.6 хувиар илүү байгаа. Чулуун нүүрсний экспорт 33 сая тонн буюу 2.3 тэрбум ам.долларт хүрч 2016 оныхоос 1.34 тэрбум ам.доллар, 7.3 сая тонноор өссөн гэсэн статистик гарлаа. 2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2017 оны мөн үед 68.4 ам.долларт хүрч өссөн. Чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ руу гаргасан. Цаашид эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаазах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн.

Эрдэс баялгийн бирж байгуулагдсанаар Монгол Улсын олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд эрдэс бүтээгдэхүүнээ зах зээлийн бодит ханшаар үнэлүүлэх, үйлдвэрлэгчээс шууд худалдан авагч руу чиглэсэн харилцаа тогтох, худалдан авагч талын санхүүгийн чадамж, үйл ажиллагааны цар хүрээнд тааруулан хил дамнасан арилжаагаар эрдэс бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нийлүүлэх гэх мэт давуу талууд үүснэ. Үүнээс гадна дэд бүтэц хурдацтай өсөх боломжтой. Цаашлаад улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Эрдэс баялгийн бирж байгуулах ньбидний анхааралдаа авч ажиллаж эхэлсэн гол асуудлуудын нэг байгаа юм. “Эрдэнэс Монгол” ХХК дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт манай компанийн төлөөллөөс гадна Хөрөнгийн бирж, СЗХ, УУХҮЯ, ҮХГ зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байгаа. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсанаас гадна Хятадын биржтэй танилцлаа. Ер нь нэлээд эрчимтэй ажиллаж байна.

-Эрдэс баялгийн бирж байгуулбал эрдэс бүтээгдэхүүнээ зах зээлийн бодит ханшаар нийлүүлэх давуу тал үүснэ гэдэг манай улсын хувьд том боломж шүү. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн өнөөдрийнх шиг таатай нөхцөлд цаг алдалгүй биржээ байгуулмаар л юм байна…?

-Нүүрсний зах зээл сайн байна, нүүрс ч гэлтгүй бусад эрдэс баялгийн зах зээл ч ирээдүйтэй байна. Ийм үед Эрдэс баялгийн бирж байгуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Коксжих нүүрсний томоохон компанийн гэрээг авахын тулд хоёр тал өрсөлддөг. Хөшигний цаана дундаас нь мөнгө унагах гэх мэт асуудал үүсдэг гэж ярьдаг. Бирж байгуулагдчихвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болно. Зарим улстөрч “Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өндөр байхад яагаад багаар өгөөд байгаа юм бэ” гэж асуудаг. Биржтэй болчихвол худалдан авагчид үнээр өрсөлдөөд эхэлнэ. Нэг нь 70 ам.долларын үнэ хэлэхэд нөгөө нь 80 ам.доллараар авъя гэнэ. Өөрөөр хэлбэл нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Бүр тодруулж хэлбэл Монголын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн жишигт, бодит үнэ рүүгээ ойртоно гэсэн үг. Бирж байгуулснаар нүүрсний зах зээлд энэ мэт давуу талууд үүсэхээс гадны улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлж өгнө.

-Бирж байгуулахад учирч болох саад бэрхшээл гэж байна уу. Жишээ нь хөрөнгө мөнгө их зарах асуудал байж болох юм?

-Р.Жигжид Уул уурхайн сайдаар ажиллах үедээ энэ асуудлыг нэлээд нухацтай авч үзэж хуулийн төсөл хүртэл боловсруулж байсан юм. Тэр ажлыг бид үргэлжлүүлээд хийж байна. Улсынтөсвөөсхийнэ гэвэл хөрөнгө мөнгө нэлээд гарна л даа. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компани биржээ байгуулаад хөрөнгө оруулалтын шийдэлгаргалгааг хийгээд явах бололцоотой. Улсын төсвөөс ямар нэгэн мөнгө гаргахгүйгээр шийдэж болох асуудал.

-“Эрдэнэс Монгол” ХХК-д бирж байгуулах яг ямар төсөөлөл, зорилго байна?

-Мэдээж эхний ээлжинд туршилтын маягаар хийнэ. Эхний ээлжинд төрийн мэдлийн компанийн нүүрсийг борлуулах тал дээр ажиллаж таарна. СЗХ-той ярьж байгаад түр журам гаргах маягаар явуулаад үзье гэсэн төсөөлөл бий.Амжилттай болоод эхэлбэл тусдаа хуультай болгох гэх мэт ерөнхий чиг хандлага гарсан. Ажлын хэсэг ажиллаж байгаа учраас одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

-“Эрдэнэс Монгол”-д охин компаниуддаа хэрэгжих төслүүдэд хөрөнгө босгох боломж өндөр байх шиг анзаарагддаг. Жишээ нь нүүрсний том уурхайнууддаа түшиглээд цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох боломжтой гэдэг ч ажил болж өгдөггүй. Энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

-Хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ёстой. Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгөө оруулахын тулд эхний ээлжинд хоёр зүйлийг онцгойлж хардаг. Улсынх нь эдийн засаг, хууль эрх зүйн орчин ямар байгааг харна. Тогтвортой улстөртэй эсэхийг судална. Хууль эрх зүйн орчны хувьд татварын орчин гадаадын хөрөнгө оруулагчдад хэр байна гэдгийг сонирхоно. Компани дээр гэвэл ямар төсөл хэрэгжих юм, төслийн ашиг өгөөж, эрсдлийг тодорхой тусгасан ТЭЗҮ нь бэлэн болсон эсэх, ордын нөөц баталгаажсан эсэхийг хардаг. Засгийн газрын зүгээс сая хэлсэн гадаад хүчин зүйлүүд дээр анхаарч ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Монголын Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Наад захын жишээ нь Таван толгойн IPO-г дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах асуудалид яригдаж байна.

Багануур, Шивээ-Овоо дээр асар их өр төлбөрийн асуудал бий. Өр төлбөрийг нь шийдвэрлэх гэж 2017 оны хоёрдугаар сараас эхэлж ажлын хэсэг байгуулан ажилласан. Эцэст нь Засгийн газрын 132 дугаар тогтоол гэж гарсан байгаа. Энэ тогтоол бүрэн хэрэгжээд хоёр уурхайн урт хугацаат өр төлбөрийг шийдчихвэл өр төлбөр нь илт багасаад ирнэ. Үүний дараа төрийн эзэмшлийн хувиа зах зээлд санал болгож хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Багануур, Шивээ-Овоо дээр өмнө нь ийм аргаар хөрөнгө босгох гэж үзсэн ч хоёулаа амжилтгүй болсон. Учир нь өр төлбөр дээр очоод гацчихдаг байсан юм. Хоёр уурхай дээр том станцууд баригдана гэж яригддаг. Миний хувьд бодитой яриа гэж хардаг. Жишээ нь Багануурын уурхай дээр “Багануур повер” гэдэг станц байгуулах яриа хэлцэл бодитой өрнөж байгаа. Үүнийг шийдэхийн тулд техниктехнологи, машин механизмын гэх мэт том шинэчлэлүүдийг хийх шаардлага бий. Ойролцоогоор 160-170 тэрбум төгрөг хэрэгтэй.

-Ийм их хэмжээний мөнгийг босгохын тулд яах ёстой вэ, ямар гарц гаргалгаа байна?

-Гурван арга байна. Засгийн газар гадаадаас авдаг зээл тусламжийнхаа нэгээхэн хэсгийг уурхайдаа өгөх гарц харагддаг.“Багануур повер” станцаас нүүрс худалдаж авах гэрээ байгуулагдсан. Нэгэнт байгуулагдчихсан гэрээ учраас үүн дээрээ түшиглэж мөнгө босгох боломж байгаа. “Багануур повер” станцын өөрсдийнх нь санал болгосон нэг хувилбар бий. Хамтарч буй Хятадын компанийн зүгээс урд хөршийн банктай холбож, хамгийн бага хүүтэй зээл санал болгох хувилбар байгаа юм билээ. Энэ гарц, шийдлүүдийг хослуулбал зүйтэй болов уу.МөнМУ-н Хөгжлийнбанктайхамтрануулуурхайнхөрөнгөоруулалтынсанбайгууланажиллажохинкомпаниудаадэмжинажиллана.

-“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г гаргах асуудал Засгийн газрын төвшинд эрчимтэй яригдаж эхэлсэн энэ үед иргэдөөрсдийн эзэмшиж буй хувьцааныхаа талаар сонирхоод эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны бүртгэл дээр иргэд брокерийн компанид хандаж дансаа нээлгэхгүй бол хувьцаа нь баталгаажихгүй гэсэн мэдээлэл бий. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Монгол улсын хөрөнгийн зах зээлийн тухай холбогдох зохицуулалт , түүн дотроо бирж, хадгаламжийн байгууллага зэрэг өөрийгөө зохицуулах байгууллагуудын дүрэм, журамд иргэн үнэт цаасны дансыг зуучлагч буюу брокерийн компаниар дамжуулан өөрийн биеэр хүсэлт гаргаж дансаа нээлгэх зохицуулалттай байгаа. Иргэн хувьцааны дансаа нээлгэснээр хувьцааны арилжаанд оролцох, арилжаанаас ашиг хийх, хувьцааны ногдол ашгаа хүртэх боломж нээгдэнэ. УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэт цаасны хадгаламжийн байгууллагад түр данс нээлгээд бүртгүүлсэн. Түр данс гэдэг маань арилжаанд орох болон ногдол ашиг хүртэх боломжгүй гэсэн үг. Иймд иргэд аль нэг брокерийн компаниа сонгоод дансаа нээлгүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэний нэр дээрх данс баталгаажиж цаашлаад хувьцааны арилжаанд оролцох, хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх боломж нээгдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд хувьцааныхаа арилжааг нээх бэлтгэл ажлаа хангаад явж байна. Харин хувьцаа эзэмшигч иргэдэд өөрийн дансаа нээлгэхийг зөвлөж байна.

-Иргэдийн дунд “Эрдэнэс Тавантолгой”-д эзэмшдэг хувьцаагаа зарах сонирхол өндөр байдаг. Коксжих нүүрсний өндөр нөөцтэй энэ ордын хувьцааг зарахгүй хадгалвал өгөөж нь хэр вэ гэсэн асуултыг иргэд олноороо тавьдаг. Энэ тал дээр таны санаа оноог сонсъё?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жилээс эхлэн ашигтай ажиллаж, 2017 онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны хагас жилийн төлөвлөгөөгөө109 хувиар гүйцэтгэж, 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олоод байна. Мөн энэ ондоо багтаан олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааныхаа 30 хүртэлх хувийг гаргаж, төмөр зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, хөрс тээврийн конвейрийн систем нэвтрүүлэх зэрэг төслүүдээ хэрэгжүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас гурав дахин их нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа амжилттай болох тогтоол, шийдвэр гарч, үндэс суурь нь тавигдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас иргэн бүрд 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн 2012 онд эзэмшүүлсэн. Тэгэхээр дээрх үйл ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ өсч, үр өгөөж нь мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд иргэд ирээдүйд хувьцаанаасаа тогтмол ноогдол ашиг хүртэх, хувьцаагаа илүү үнэд хүргэж зарах боломжтой болох тул өөрийн эзэмшлийн хувьцаагаа хадгалан үлдэх нь зүйтэй гэж үзэж байна.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаанаас иргэн бүрд нэг давуу эрхийн хувьцаа өгөх шийдвэр гарсан. Давуу эрхийн хувьцааны талаар манай уншигчдад энгийн тайлбар өгөөч. Энэ төрлийн хувьцааны ашиг нь юу вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх шийдвэр Засгийн газрын 2013 оны 181 дүгээр тогтоолоор гарч, тогтоолд заасны дагуу компани хувьцаагаа бүртгэсэн байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийндавуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэд эзэмшсэнээр тус компанийн нэгдэлд хамаарах стратегийн ач холбогдол бүхий орд газруудын үр ашгийг ногдол ашиг бүхий хэлбэрээр хүртээх зорилготой. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах эрхтэй. “Эрдэнэс Монгол” ХХК нь иргэдэд оногдох давуу эрхийн хувьцааг тогтоолын дагуу дүрэмдээ тусгасан. 2013 оноос хойш Монгол Улсын иргэдийн тоо гурван саяас давсан тул давуу эрхийн хувьцааг хангалттай хэмжээнд нэмэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраар гаргуулж, ҮЦТХТ-тэй хамтран иргэн бүрд нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх ажил явагдаж байгаа. Энэ онд бүртгэлжүүлэх болно.

-Сүүлийн асуулт. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2018 оны ашиг, орлого хэр хэмжээтэй байна вэ?

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2018 онд 1.5ихнаядтөгрөгийн орлоготой, 356.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 331.3тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, ажиллахаар төлөвлөсөн. Гэтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л нэлээд өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байна.Орлого гэхэд 1.07ихнаяд төгрөг буюу 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол цэвэр ашиг 374.3 тэрбум төгрөг буюу 105 хувийн гүйцэтгэлтэй, татвар хураамж 245.9 тэрбум төгрөг буюу 69 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс харахад бид 2018 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломжтой байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фэйсбүүк, твиттерийг нийгэмд гэрэл түгээхэд л ашиглая

Цукербергийн санаачилсан “Фэйсбүүк”, Жак Дорсей, Эван Вилиамс, Биз Стоун, Ноах Гласс нарын нийлж бүтээсэн “Твиттер” аль хэдийнэ хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг болчихсон. Цукерберг найзуудтайгаа үргэлж холбоотой байхын тулд Харвардын хүрээнд л ажилладаг вэб сайт хийсэн нь “Фэйсбүүк”ийн эхлэл болсон түүхтэй. “Твиттер”-ийн эхлэл ч нэг иймэрхүү. Ойрын хүрээнийхэнтэйгээ саадгүй харилцах, мэдээллийг түргэн дамжуулах зорилгоор үүсгэсэн байдаг юм. Бид ч ялгаагүй ихэнхдээ ийм хэрэгцээ шаардлагаар сошиал сүлжээний хэрэглэгч болчихсон яваа. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг нь сошиалын онцолж хэлэхээр давуу тал. Гэхдээ бас нэг давуу тал байна аа. Фэйсбүүк, твиттерийн ачаар “цахим цагдаа” гэсэн шинэ ойлголт бий болчихлоо. Наад зах нь л нийслэлчүүд дугаар гардаггүй өдөр машинтайгаа сүнгэнүүлэхэд хариуцлагаас зугтаж чадахгүй болоод удаж байна. Замын цагдаад баригдахгүй аз нь шовойлоо ч хажууд нь яваа машины жолооч гар утсаараа зургийг нь авч фэйсбүүкт постолж, твиттерт жиргээд л гүйцээ. Фэйсбүүкт “Paparazzi+traffic Mongolia” гэсэн групп бий. 167 мянган гишүүнтэй том нэгдэл. Замын цагдаагийнхан энэ групп дээр тавьсан постын мөрөөр буруутай жолоочид шийтгэлийг нь өгдөг болоод удаж байгаа юм билээ. Өчигдөр үдээс хойш 16.00 цагийн үед “Paparazzi+traffic Mongolia” групп руу ороход 29 шинэ пост дурайж байх жишээний. Хамгийн сүүлд “Энэ нөхөр урсгал сөрж чихээд, толь хамж, машин зурчихаад миний зөв гээд байх юм. Цагдаа дуудтал зугтаачихлаа” гээд дугаар нь хачин тод гарсан машиных нь зургийг постолсон харагдсан. Ингээд постолчихоор хариуцлагыг нь хүлээлгэж ядах юу байхав. Өдийд өнөө жолооч зохих хариуцлагаа хүлээчихсэн яваа байх.

“Paparazzi+education” гэсэн групп бас байна. Энэ групп руу ороод харахад “Манай охиныг цэцэрлэгийн багш нь шийтгээд ийм болгочихож”, “Төддүгээр сургуулийн багш, сурагчид мөөгөнцөртсөн ангид хордсоор” байна гэх мэт боловсролын салбарын асуудлаар дүүрэн постууд зураг хөрөгтэйгөө ирийж байна. Цахим сүлжээнийхэн бурууд нүд хурц гэдгийг харуулсан олон мянган пост, жиргээ хийж, пост, жиргээний мөрөөр нь хариуцлага хүлээлгэсэн хэдэн зуун жишээ дуулддаг. Сүүлийн үеийн шуугиан гэвэл хотын төвд морь харж зогссон залуугийн зураг фэйсбүүк, твиттерийн сэдэв болсон. Дараахан нь гэгээн цагаан өдрөөр нийслэлийн төв гудманд бие зассан залуу зохих хариуцлагаа хүлээсэн юм. Тэр үеэр ажлаас нь халж хүний мууд дурлалаа гэсэн коментууд цөөнгүй харагдсан л даа. Гэхдээ энэ явдлын цаана хотын соёл гэсэн айхавтар утга бий. Олуулаа амьдарч байгаа бол ганцаараа юм шиг аяглаж болохгүй, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн хатуу дүрэм Токио, Лондон, Сингапурт ялгаагүй үйлчилдэг. Бусдынхаа орон зайд халдсан иргэддээ хатуу хариуцлага хүлээлгэдэг жишиг дэлхийн хотуудад бий. Гудманд бие засч, хог хаявал хажуудаа алхаж яваа хүний эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхэд халдаж байна гэсэн үг. Сингапурын гудамжинд шүлсээ хаяхад өндөр торгуульд унадаг нь цаанаа ийм учиртай. Японд гудамжинд бие зассан бол 1000-10000 иенээр торгодог. Харин Сингапурт 5000 долларын торгууль төлөх шийтгэл хүлээнэ. Өмнөд Солонгост ингэж дэггүйтвэл 40 ам.доллар, Бээжинд бол 70 ам.долларын торгууль төлдөг. Ингэсний хүчинд л Токио, Сингапур, Сөүл, Бээжингийн гудам гял цал байгаа юм.

За тэгээд цаашлуулаад яривал эхнэрээ зодож байгаа залуугийн бичлэг, гудамжинд хог хаясан дэгжин бүсгүйн зураг гэж ирээд яривал манай фэйсбүүкчид, жиргээчид цахим цагдаагийн үүргийг хангалттай гүйцэтгэдэг. Ийм шалтгаанаар гудманд хог хаяж, нулимдаг, хүч доройд гар хүрдэг, олны өмнө зохисгүй үйлдэл гаргадаг явдал эрс цөөрсөн шүү. Ганц манайд ч биш олон оронд фэйсбүүкийг цахим цагдаа болгон ашигласан жишээ өчнөөнөөрөө тоологддог. Товчхондоо фэйсбүүк, твиттер дэлхийн олон улс оронд цахим цагдаагийн үүргийг чадмаг гүйцэтгэж байна. Сошиал сүлжээг цахим цагдаа гэж тодотгохоос гадна ёс суртахууны манаач гэчихмээр санагддаг. Хүн төрөлхтнийг ёс суртахуунтай амьдруулахад гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаар нь ингэж тодотгоход болохгүй юмгүй.

Фэйсбүүк, твиттерийн өөр нэг эерэг нөлөө нь сайн үйлсийн аянуудаас харагддаг. Саяхан гэхэд л 108 сунаж мөргөдөг хүмүүсийн группт хичээлийн шинэ жилийн эхний өдөр аав, ээжид нь цүнх авах мөнгө байхгүйгээс болж торонд дэвтрээ хийгээд гүйдэг жаалуудад туслах аян эхлүүлсэн байна лээ. Найзууддаа цүнхгүй гэдгээ мэдэгдэхгүйн тулд хамгийн түрүүнд ирчихээд дэвтэртэй тороо ширээн доогуураа нуудаг бяцхан хүүгийн тухай түүхийг бичсэн админ бүсгүйн постыг уншсан хэнд ч цүнхгүй хүүхдүүдэд туслах аянд нэгдэх санаа төрнө л дөө. Энэ группийнхэн байсхийгээд ийм аян өрнүүлж, хүрэх ёстой эздэд нь тус дэмээ хүргэж яваа харагддаг. Сайхан жишиг. Баянхонгорын шинэ начин амбаарт амьдарч байсан өрх толгойлсон залуу бүсгүйд гэр бэлэглэлээ, мөнгө, бичиг баримтаа гээчихээд сандарч явсан залууд алдсан зүйлийг нь олж өглөө гэсэн сайн үйлстнүүдийн тухай жиргээ, пост өчнөөн мянган ретвийт, шэйр, лайктай үзэгддэг. Харсан уншсан хэнд ч зөв амьдрахын, биедээ дэмтэй аж төрөхийн сайхныг мэдрүүлнэ гэдэг нийгэмдээ гэрэл түгээсэн эерэг нөлөө мөнөөсөө мөн. Ер нь хүн гэдэг бодгаль сайхан бүхэнд хөглөгддөг, бусдын сайн үйлсийг харч, мэдрэхийн хэрээр өөрийн мэдэлгүй тэр зүг рүү тэмүүлдэг мөн чанартай. Энэ мөн чанарыг нь өдөөж байгаа орчин бол яах аргагүй цахим орчин. Гэр хорооллын хүүхдүүдэд “Ид шидийн орон” бүтээж өгсөн Ч.Ганжавхлан гэхэд л сошиал сүлжээний ачаар олон хүний тус дэмийг авч санаагаа ажил болгосон. Хилийн чанадад суугаа монголчууд, монгол хүүхдүүдийг гэсэн сайхан сэтгэлтэй гадныхан хүртэл гар сунгаад байгаа нь фэйсбүүк, твиттерийн л нөлөө. Ч.Ганжавхлан шиг нийгэмдээ үлгэр үзүүлж, гэрэл бэлэглэсэн олон сайн үйлстэн цахим сүлжээнээс төрсөн.

Гэхдээ мэдээж ямар ч зүйл сайнтай муутай. Фэйсбүүк, твиттерт болгоомжлох зүйлс ч олон. Гэр бүлийн амьдралаа дэлгэж алхам бүрээ жиргэж, постолсноос болж охиноо хүний наймаачдад алдсан ээж, танихгүй нэгэнтэй чатаар танилцаж зургаа солилцсоноос болж хэцүү байдалд орсон охид, гоё нэртэй тоглоомын группт нэгдээд амиа хорлосон сурагчид гэж ирээд яривал сошиал сүлжээнээс болж хохирогсод өчнөөнөөрөө тоологддог. Сошиал сүлжээний хохирогчдыг анзаарахад өсвөр насныхан, сурагчид голдуу байдаг. Үүнийг нь олж харсан хөгжилтэй улс орнууд хүүхдүүдээ компьютер, гар утасны цаана нуугдсан гэмт хэрэгтнүүдээс аль хэдийнэ хамгаалаад эхэлсэн. Францын эрх баригчид 315 насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, таблет, зэрэг интернэтэд холбогдож болох төхөөрөмж хэрэглэхийг хориглох тухай хууль батлаад удаж байна. Манайд ч хэрэгжүүлмээр жишиг. ЦЕГ-т цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулагдсан нь урагшаа алхаж байгаагийн нэг жишээ л дээ. Гэхдээ ганц тасаг гаргаад иргэдээ аюулаас сэргийлэхэд хэцүү. Францын шийдвэр гаргагчид шиг дээд түвшиндээ анхаарч, нийт олонд нөлөөлөхөөр шийдвэр гаргамаар санагддаг.

Сошиал сүлжээний өөр нэг сөрөг тал нь санхүүгийн залилан. Манайд гэхэд л хэн нэгний хаягийг хакердан танил талаас нь мөнгө зээлэх явдал байдаг л үзэгдэл болчихсон. Энэ аюулаас сэрэмжлэх тохиргоонуудын тухай хангалттай мэдээлэл бий. Наанадаж л сэрэмжлүүлгийн дагуу нүүр номондоо тохиргоо хийчихвэл мөнгө, санхүүгээрээ хохирохгүй байх боломж уг нь бий. ЦЕГын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тодорхой хэмжээнд ажилладаг ч энэ чигийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүчтэй хүргэж өгч чадахгүй байгаа тал анзаарагддаг. Цахим сүлжээний энэ сөрөг талтай фэйсбүүк, твиттерийн зүгээс ч анхаарал тавьж тэмцээл эхэлчихлээ. “Фэйсбүүк” гэхэд энэ оны эхээр цахим валютын бүх сурталчилгааг хаана гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрээ “Луйвар, залиланг бууруулах зорилготой хийж байгаа ажил. Биткойн тэргүүтэй цахим валютууд өнөөдөр маш эрэлттэй байгаа, үүнийг дагаад луйвар, залилангийн хэрэг ч өссөөр байна. Буруу аргаар бүтээгдэхүүнээ сурталчилдаг, баталгаагүй үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдүүд ч энэ хоригт багтана” хэмээн тайлбарлаж байсан юм. Твиттерийн ажилчид байнга шахуу ISIS буюу террорист бүлгэмийнхний заналхийлэлд өртдөг гэсэн мэдээ хэвлэлээр хөвөрч байсан нь мөн л саяхны явдал. Террористуудын нээсэн твиттер хаягийг тэр дор нь устгадаг учраас ийм заналхийлэлд өртдөг юм билээ л дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Эрдэнэбат: Бидний загварыг Англи, Европын холбооны төв банк ашиглаад эхэлчихсэн

– МУИС АЗИЙН 12000 ИХ СУРГУУЛИАС 63-Т ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ-

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Их сургуулиудын эдийн засгийн салбарын судалгааны чансааг гаргадаг Тилбургийн жагсаалтаар МУИС 63-т жагсч, эрэмбээрээ цойллоо гэсэн мэдээлэл цацагдаж байна. Өмнө нь хэдэд эрэмбэлэгдэж байсан юм бол?

-Тэгээс 63 руу шууд орж ирж байна.

-Мундаг үзүүлэлт байна. Дэлхийн хичнээн сургуулиас ямар шалгуураар ингэж эрэмбэлэгдсэн бэ?

-Нидерландын Тилбургийн их сургуулиас дэлхийн их сургуулиудын чансааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурван үзүүлэлтэд тулгуурлаж тогтоосон. Нэгдүгээрт, топ 35 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоог харсан. Эдийн засгийн шинжлэх ухаан гээд яривал дэлхийн хэмжээний 356 сэтгүүл бий. Дэлхийн топ 35 сэтгүүлийг тус бүрээр нь эрэмбэлсэн. Мөн тухайн өгүүлэл бусад эрдэмтдийн бүтээлд хэр олон удаа эшлэгдэж байгааг харсан. Article Influence Score буюу өгүүллийн нөлөөллийн оноо гэж бас бий. Гурван үзүүлэлтийн нэг нь тоог анхаарсан бол нөгөө хоёр нь чанарыг нь харсан байгаа биз. Тилбург зөвхөн тоон дээр тулгуурласан үзүүлэлт гаргадаг байснаа энэ жилээс чанарын хоёр үзүүлэлтийг нэмсэн. Манайх өгүүллийн нөлөөлийн оноо гэсэн үзүүлэлтээр Азидаа 63-т жагссан. Азид 12000 сургууль байдаг гэсэн статистик бий. Ази бол маш том тив. Израиль, Арабын улсууд, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг гэх мэт олон улс багтана. Оросын хувьд том сургуулиуд нь Европ талдаа учраас Азид ордоггүй. Манай эдийн засгийн шинжлэх ухааны салбарын тухайд Азидаа ийм өндөрт эрэмбэлэгдэж байсан удаагүй. Их сургуулиудыг ер нь эрдэм шинжилгээний ажлын чанараар нь эрэмбэлдэг. Англи, Америк, Хятадын том сэтгүүлүүд их сургуулиудыг ингэж эрэмбэлдэг. Олон өгүүлэл нийтлүүлсэн сургуулийг судалгааны сайн сургууль гэж үнэлдэг жишигтэй.

-Ингэж эрэмбэлэгдэхэд нөлөөлсөн судалгааны өгүүллийн сэдэв сонирхол татаж байна. Ямар сэтгүүлд хэн гэдэг багшийн өгүүлэл нийтлэгдээд МУИС Ази тивдээ цойлчихов?

-МУИС өгүүллийн нөлөөлийн оноо буюу аrticle Influence Score гэсэн үзүүлэлтээр 10 оноо авсан. 5.4 оноо нь миний ажилтай холбоотой. 4.6 онооных нь хувьд Канадын Конкордын их сургуульд багшилдаг Дамбын Лхагвасүрэн гэдэг багшийн өгүүлэл хамаатай. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд түр хугацаагаар ажилласан юм. Тэр хугацаанд хийсэн ажлууд дээрээ Конкордын их сургуулиасаа гадна МУИС-ийн харьяаллыг давхар оруулсан нь МУИС-ийг оноог өсгөхөд нөлөөлсөн.

-Таны өгүүлэл ямар сэтгүүлд нийтлэгдсэн бэ?

Эдийн засгийн шинжлэх ухааны анхны сэтгүүлүүд 1800 оноос хэвлэгдэж эхэлсэн. Миний ажлын хувьд 1917 оноос үүсэлтэй Америкийн Харвард, MIT гэсэн хоёр том сургуулиас хамтран эрхэлж гаргадаг “Эдийн засаг статистикийн тойм” гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн юм. 100 жилийн түүхтэй сэтгүүл. Жилд дөрвөн дугаар гардаг. Эдийн засгийн шинжлэх ухааны сэтгүүлийн топ аравт багтдаг ийм сэтгүүлд Монголоос анх удаа миний ажил нийтлэгдсэн.

-Эдийн засгийн топ сэтгүүл нийтлэх өгүүллээ шалгаруулж авна гэдэг маш том өрсөлдөөн болно биз?

-Их сургуулийн багш нарын мөрөөдөл бол хийсэн ажлаа эдийн засгийн топ сэтгүүлд нийтлүүлэх. Тамирчдын мөрөөдөл олимпийн алтан медаль авах гэдэгтэй ялгаагүй зүйл л дээ. Дэлхий дээр 26 мянган их сургууль бий. Эдийн засгийн хувьд шинжлэх ухааны салбар дотроо хамгийн нөлөөтэй, хамгийн олон хүн сонирхдог салбар. Их сургууль бүр өөрийн гэсэн тэнхимтэй, нэг тэнхимд дунджаар 30 орчим багштай гээд бодоход аварга тоо гарна. Сургуулиудаас гадна мэргэжлийн судалгааны байгууллагууд гэж бий. Жишээлбэл, төв банкууд байна. Сангийн яам бас л мэргэжлийн байгууллага.

Энд ажилладаг мэргэжилтнүүдийн гол үүрэг бол шинжлэх ухаанд тулгуурлаж бодлого боловсруулах. Топ эдийн засгийн сэтгүүлийн хуудасны тоо хязгаарлагдмал, нэг дугаарт арваад өгүүлэл л хэвлэдэг. Жилд 40 өгүүлэл нийтлэгдэнэ гэсэн үг. Ач холбогдол, шалгуурын босгыг нь эндээс харчихаж болох байх.

-Өгүүллийнхээ агуулгыг энгийнээр сонирхуулаач?

-Өгүүллийнхээ тухай ярихын өмнө нэг ойлголт өгөх нь зүйтэй байх. Эдийн засагчид аливаа зүйлийг шинжлэхдээ эдийн засгийн загвар ашигладаг. Математик, статистикийн аргууд дээр тулгуурласан загваруудыг эдийн засгийн загвар гэж нэрлэдэг. Систем тэгшитгэлүүдээс гадна янз бүрийн шокуудтай.

-Тэгшитгэлийг математиктай хамааралтай гэж ойлголоо. Шок гэдэг нь юу билээ, статистикт хамаарах ойлголт уу?

-Тэгж ойлгож болно. Тухайн тэгшитгэлээс хүлээгдэж байгаа үр дүнг гажуудуулж байгаа хэсгийг нь шок гэж нэрлэдэг. Уг нь төгс ертөнц зөвхөн тэгшитгэлүүдээр жолоодогддог гэж математикчид хэлдэг. Харин статистикчид бүх зүйл математикийн томьёо биш, санамсаргүй шокууд байдаг гэж үздэг. Тэр шокуудыг орчуулчихаар эдийн засгийн загвар болж байгаа юм. Энэ загварыг бид эдийн засгийн амьдралыг тайлбарлахад ашигладаг. Олон улсын инфляци гэж бий. Монголын, Хятадын, Америкийн инфляци гэж байна. Энэ инфляциуд хоорондоо ямар холбоотойг судлахыг зорьсон.

-Инфляци хүн бүрт хамаатай учраас их хэрэгтэй сэдэв сонгожээ. Таны өгүүллийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь яг юу байсан бэ, энгийнээр тайлбарлаач?

-Тэгшитгэлүүд өөрийн гэсэн параметрүүдтэй. Тэр параметрүүд нь бүтцийн өөрчлөлтөд ордог. Тухайлбал, 1990 оноос хойш параметрийн утга нь өөрчлөгдчихсөн байж болно. Тийм бол хэзээ, хэдэн удаа, хэр хэмжээгээр өөрчлөгдснийг нь яаж тооцож болох вэ гэдэг асуудлыг шийдсэн.

-Таны хийсэн ажлыг хэн ашиглах вэ, инфляци гэхээр төв банкууд сонирхох уу?

– Тэгнэ. Бидний хийсэн ажлыг төв банкууд их ашигладаг. Монголын инфляцийн хичнээн хувь нь дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч, хэдэн хувь нь Орос, Хятадаас хамаарч байгааг тогтоох сонирхолтой байдаг. Тэгж тогтоохдоо бидний загварыг ашиглана гэсэн үг.

– Монголын инфляцийн хичнээн хувь нь төр засгийн бодлогоос хамаардаг бол?

-Одоогоор энэ асуудлаар тухайлан сонирхсон газар алга байна л даа. Бидний судалгааны ажлыг өндөр хөгжилтэй орнууд маш их сонирхож байгаа.

-Ямар улсын төв банкууд сонирхсон бэ?

-Английн төв банк сонирхсон. Ашиглаад эхэлчихсэн. Европын холбооны Төв банк байна. Шинэ Зеланд, Туркийн төв банк бий. Биднийг уриад яг ямар учиртай загвар болохыг лавлаж, ашиглах аргыг нь заалгаж байна.

-Манай улсаас Засгийн газар ч юм уу, Төв банк сонирхоогүй хэрэг үү?

-Сонирхоогүй. Манай мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн талаасаа хэлбийж улстөр рүү хальчихсан хандлага анзаарагддаг.

-Уг нь Төв банк, Сангийн яамныхны хувьд чихээ сортойлгох ёстой асуудал байна даа. Та бүхний ажлыг мэдэхгүй яваад байна уу?

-Бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрийн халаа, сэлгээтэй байгууллага болчихлоо л доо. Зүй нь мэргэжлийн байгууллагын үүрэг гэдэг талаасаа сонирхох ёстой. Манай улсын тухайд бодлого боловсруулах хүрээнд сонирхох хүн одоогоор алга.

-Мэргэжлийн судлаачийн тань хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Монголбанкны бодлого хэр зөв явж байгаа бол?

-Би өнгөрсөн гуравдугаар сар хүртэл жил гаруйн хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллалаа. Төв банкны шинэ хууль гараад цомхотголд орсон. Анзаарч байхад миний тооцооллоос зөрсөн бодлого хэрэгжүүлээд байх шиг. Хэтэрхий хатуу мөнгөний бодлого бариад байна. Ийм арга эдийн засагт маш хор хөнөөлтэй. Тооцоо судалгаагүй хүмүүсийн хувьд болгоомжлох тал харагдаад байдаг. Алдаа хийснээс бодлогын хүүгийнхээ түвшинг нэлээд өндөр тогтоогоод явбал инфляци гарахгүй гэсэн бүдүүн хадуун ойлголтоор хандаад байна. Уг нь шинжлэх ухааны түвшинд нэлээд гүнзгий судлагдчихсан асуудал. Шинжлэх ухааны мэдлэгийг ашиглавал илүү зөөлөн, эдийн засагтаа ээлтэй бодлого хэрэгжүүлэх боломжтой.

-Жишээ нь төв банкнаас ямар бодлого хэрэгжүүлбэл эдийн засагт өгөөжөө өгөх вэ?

-Инфляци өндөр байх нь мэдээж муу. Гэхдээ үүнийг цорын ганц зорилго болгоно гэвэл маш том алдаа. Мэдээж бидэнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт хэрэгтэй. Ажилгүйдлийн түвшин нам дор байх ёстой. Үүнийгээ анхаарахгүй байна л даа. Эдийн засагтаа дэм болохоор бодлогууд хэрэгжүүлчихвэл инфляци гаарчих байх гэсэн ганцхан мангас гаргаад ирчихсэн. Тэгээд тэрнээсээ айсан бодлого хэрэгжүүлээд байна. Өнөөдрийнхөөс илүү зөөллөх орон зай өчнөөн бий.

-Өнгөрсөн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр мөнгөний бодлогын хувьд хэр зөв шийдэл вэ?

-Буруу шийдэл. Үндсэн үүргээсээ хальсан зүйл хийсэн. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

-Тэгвэл бага хүүтэй орон сууцны зээл зөв шийдэл мөн үү?

-Эдийн засагт нэг үнийн хууль гэж байдаг. Нэг төрлийн бүтээгдэхүүн адил үнэтэй байх ёстой. Зээл бол нэг бүтээгдэхүүн. Гэтэл дотроо задраад нэг төрөл нь орон сууцны найман хувийн зээл, нөгөө төрөл нь 21 хувийн бизнесийн зээл болчихсон. Энэ хоёрын дунд 13 хувийн зөрүү гарч байгаа биз. Ийм тохиолдолд хоёр хүү заавал бие бие рүүгээ тэмүүлдэг. Хүмүүсийн дунд “Ипотекийн зээл аваад бизнесийн зээл болгоод өндөр үнээр авчихъя” гэсэн сонирхол төрдөг. Дундаас нь сул 13 хувийн хүү авна гэсэн үг. Энэ бол авлига хээл хахуулийн үндсэн нөхцөл болж таарч байна. Зүгээр сууж байгаад ийм их мөнгө авч болдог юм бол тэр суудалд нь очихсон, тэр улстөрийн хүчинд нь зүтгэж бялуу хүртэх сэн гэсэн сонирхолтой хүмүүс олширно. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогоос хувийн ашиг олох сонирхолтой хүмүүсийн тоо эрс өснө л гэсэн үг. Магадгүй найман хувь дээр зээлээ бариагүй бол 21 байгаа хүүгийн түвшин аажмаар бага ч болтугай доошлох байсан.

-Орон сууцны зээлийн хүүг төрөөс бодлогоор анхаарч бууруулаагүй бол өнөөг хүртэл арав хол давсан хүүтэй, зээлд хамрагдсан өрхийн тоо урьдынх шигээ цөөхөн байх байсан юм биш үү?

-Найман хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн оны тухайд Хятадын аж үйлдвэржилт, хотжилттой давхацчихсан. Ийм шалтгаанаар тэр үед баригдсан орон сууцнуудад маш үнэтэй цемент хэрэглэсэн. 1930-аад онд Америкийн бүтээн байгуулалт эрчимжих үед цемент бас тийм өндөр үнэтэй болж байсан юм. Засгаас тухайн үед найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлснийг нөгөө талаас нь Хятадаас маш үнэтэй цемент худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж харж болно. Харин өнөөдөр баригдаж буй орон сууцанд хэрэглэж байгаа цементийн үнэ найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхээс хамаагүй доошилчихсон. Ямар нэг том бодлогыг ингэж өргөн хүрээнд харах ёстой.

-Төв банк энэ жилийн инфляцийн төсөөллөө өсгөж оруулж ирсэн нь буруу гэсэн шүүмжлэл бий. Та юу гэж бодож байна вэ, инфляци өсөх зайлшгүй шалтгаан байсан уу?

-Миний тооцооллоор бол инфляци тэгж өсөхөөргүй байсан. Тухайн үед нь байр сууриа албан хүрээнд илэрхийлснийг төв банкны цахим хуудсан дахь мэдээллээс харж болно. Инфляци найман хувиас давахгүй байх. Найман хувиасаа ч багасах болов уу.

-Инфляцийг долоон хувьд барих боломж төв банкинд бий юу?

-Байгаа. Бид өнөөдөр дэлхийд юу болоод байгааг харах хэрэгтэй. Дэлхийн улсууд инфляциас биш дифляциас айж байна. Үнэ өсөхөөс илүү буурах аюул дэлхийн улсуудад нүүрлэчихсэн. Дэлхийг сөрсөн хандлага Монголд гарах нь юу л бол. Япон дифляцитай маш олон жил тэмцэж яваа. Юмных нь үнэ буурсаар байна. Японы төв банкных нь захирал инфляцийг яаж бий болгох вэ гэж мөрөөдөж байна.

-Дифляцид юу хүчтэй нөлөөлөөд байна?

-Глобалчлал, IT технологи. Амазон байна. Хятадын Aлибаба, Таобао гэх мэт онлайн платформууд аж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнийг маш бага байлгах нөлөө үзүүлж байна. Тэрийг нь тооцох аргыг мэдэхгүй өнөөдрийнхөөрөө амьдарвал инфляци ийм өндөр байна гэж төсөөлөөд явна л даа. Дэлхийн эдийн засгийг хамарсан технологийн хувьсгал явагдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Эдийн засгийг унагасан шийдвэрүүдийг санаачлагчаар нь овоглож байя

Доллар үйлдвэрлэдэггүй Монгол ногоон валют чирч ирдэг ганцхан салбартай. Тэр нь уул уурхай. Ноолуурынхан дажгүй доллар олдог ч уул уурхайтай харьцуулбал чимх төдийг л чирч ирдэг. Цагтаа Монгол Улсыг “Рио тинто”, “BHP Billiton”, “Пийбоди” гээд дэлхийн уул уурхайн аваргууд сонирхдог байлаа. Цагтаа гэдэг нь ердөө зургаа, долоохон жилийн өмнө. Харин одоо бол Оюу толгойд тэрбумаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалт хийчихсэн тулдаа л “Рио тинто” тэсч үлдээд байна. Бусдынх нь бараа бүү хэл сураг ч алга болсон. Овоохон валютын нөөцтэй бол инфляцид дарлуулахгүй, сард авдаг хэдэн төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг амьдран суух боломж уг нь бий. Харамсалтай нь бид доллар олж ирдэг сувгаа хаачихсан. Өнөөдөр уул уурхайд Оюу толгойгоос өөр тэр гээд хэлчихээр том төсөл байхгүй. Таван толгойгоо хөдөлгөнө, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж мөнгө босгоод төмөр замтай юутай хүйтэй нь сэвхийлгээд өгнө гэж байгаа ч бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсон Монголын засаг төрд итгэж мөнгөө өгөх хүн юу л бол. Баруунд нэг гоё жишиг бий. Баталсан хууль бүр эзнээрээ овоглогддог жишиг. Тэр тухай ярих гээд энэ хүртэл халтирчихлаа л даа. Жишээ нь, бид улсыг маань долларгүй болгоход том хувь нэмэр оруулсан хуулиудыг, тэр хуулиудын автор нь хэн хэн болох тухай мэддэг баймаар санагддаг. Долларын ханш өсөх бүрт, төгрөг үнэгүйдэх мөч бүрт өнөө хуулиудыг авторуудтай нь яриад, хэлээд бичээд явбал ирэх жилүүдэд эх оронч хуулийн сүртэй зоригтой авторын тоо цөөрнө.

“ФОРТУНА” БАТБАЯР БУЮУ 68
ХУВИЙН АВТОР

Алт, зэсийн үнэ айхавтар өсөх үед гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль гарч алтны компаниудыг нинжа болгож байв. Алтны зах зээл хөшигний ард орж, Монголд олборлосон алт хулгайгаар хил давж эхэлсэн юм. Үр дүнд нь жилдээ хориод тонн алт авчихдаг байсан Төв банкны сан хоосорч жилдээ гурав хүрэхгүй тонныг авч байлаа. Ном дүрмээрээ татвараа төлөөд ажиллаж байсан алтны компаниуд энэ хуулиас болж дориухан нинжа болж хувирсан түүхтэй. Уул уурхайд үндэсний том компани алга, гадныханд өгөөд дууслаа гэж халаглаад явдагийн маань цаад шалтгаан нь ч энэ хуультай холбоотой. Тухайн үед өндийж байсан алтны компаниудыг 68 хувийн татвараар сэхэхээргүйгээр цохиж унагаагүй бол тэд өдийд уул уурхайн үндэсний том компаниуд болчихсон яваа гэж учир мэдэх улс ярьдаг. Үндэсний том компаниуд нь алт олборлолтыг хариуцлагатайгаар хийж, олборлолт нь ихсэх хэрээр төв банк валютын нөөцөө арвижуулсан шигээ данайж суух боломж уг нь байсан юм.

Нэг онигоо шиг яриа бий. Яриа ч биш юм аа, бодитой мэдээлэл. 68 хувийн гэнэтийн ашгийн татвар авах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын байнгын хороогоор шийдэх гэж байж л дээ. Хуулийг санаачлагч “Фортуна” нэрээрээ олонд танигдсан Н.Батбаяр “Монгол залуу Японы сумогийн 68 дахь их аваргаар тодорлоо. Энэ том үйл явдлыг бэлгэшээгээд татварын хэмжээг 68 хувиар тогтооё” гэж байж. Энэ тухай тэр үед байнгын хорооны хуралдааныг сурвалжилж явсан сэтгүүлчид өнөөг хүртэл толгой сэгсрэн ярьцгаадаг. Алт, зэсийн үнэ огцом өссөн тухайн үед татвараа тодорхой хувиар нэмэх нь УИХ-ын эрх л дээ. Бусад улс ч ийм жишиг барьдаг тал анзаарагддаг. Гэхдээ эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээний ийм шийдвэрийг ултай судалж, нарийн тооцоолсны эцэст татварыг хичнээн хувь нэмэхээ тогтоох учиртай. Нэг иргэн нь харь улсын үндэсний бөхийн 68 дахь аварга болчихсонд баярлаж догдолсон хууль тогтоогчид улсынх нь төсвийг бүрдүүлдэг гол баялаг болох алт, зэсийн татварааяг тэр тоогоор нь нэмсэн гэвэл итгэх хүн гарахгүй байх. Лав л эдийн засаг нь сонгодог утгаараа хөгжиж яваа орны улстөрчдийн ой тойнд буухгүй. Дажгүй хөгжиж байгаа орны улстөрчид судалгаа, нотолгоон дээр үндэслэсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ дараа нь гарах үр дагаврыг нарийн тооцсоны эцэст баталдаг. Тэгдэг учраас эдийн засаг нь тэлдэг юм.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫГ ҮРГЭЭСЭН Г.ЗАНДАНШАТАРЫН ХУУЛЬ

Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьж, батлах хүртэл нь хүчтэй лобби хийсэн улстөрч бол Г.Занданшатар. Тэрбээр тухайн үед Гадаад харилцааны сайдын албыг хашиж явсан юм. Гадаад харилцааны сайдынхаа хувьд хуулийн төслийнхөө тухай танилцуулга мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсныг нь тод санаж байна. Тухайн үед тэр “Нэг салбараас хэт хамааралтай, экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг манай улсын хувьд уул уурхайн салбарт илүү нээлттэй чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах, монополиос сэргийлэх нь зайлшгүй хэрэг болчихлоо” гэж байв. Уул уурхайн салбарын хэт хамаарлаас татгалзах бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн санаа нь зөв ч яг ямар гарцаар яаж хөдөлвөл эдийн засгийн бусад салбараа өндийлгөөд авах вэ гэсэн эдийн засагч, шинжлэх ухаанч хандлагагүйгээр муйхарлаад баталчихсан хууль л даа. Үр дүнд нь уул уурхайн салбар элгээрэ хэвтсэн. Хууль баталсан жил нь 2012 он. МАН засаг бариад буухдаа ийм хууль баталж, үр дүнд нь хөрөнгө оруулалтын хэмжээ жил хүрэхгүй хугацааны дотор огцом буурсан статистик бий. Хэдэн тоо хэлье. Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008 онд 708 тэрбум, 2009 онд 801 тэрбум төгрөг байсан бол 2010 онд нэг их наядаар хэмжигдэж байв. Ердөө жилийн дараа буюу 2011 онд дөрвөн их наяд төгрөгт хүрч огцом цойлсон юм. Энэ аварга тооны ард Оюу толгойн хөрөнгө оруулалт эрчимжсэн гэх тайлбар байгаа. 2012 онд ч хөрөнгө оруулалтын хэмжээ өндрөө алдаагүй. 3.9 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Харамсалтай нь Г.Занданшатарын хууль батлагдсаны дараа хөрөнгө оруулалт огцом уруудсан түүхтэй. 2013 оны эхний зургаан сарын байдлаар Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 28 тэрбум 900 сая төгрөг байна гэж тухайн үеийн Статистикийн хороо мэдээлж байлаа. Өнөөдөр Монголд гадны том хөрөнгө оруулагч гэвэл “Рио”-гоос өөр байхгүй тухай өмнө нь дурдсан. Засгийн газар олон улсын зах зээл дээр IPO гаргаж мөнгө босгох гээд үзээд л байна. Мөнгө босгоод төслөө хөдөлгөвөл сайн хэрэг. Гэхдээ “Итгэж мөнгөө өгөх хөрөнгө оруулагч бараг л алга. IPO хийж чадах эсэх нь эргэлзээтэй” гэж мэдээлэлд ойр эх сурвалжууд хэлж байна. Уг нь бид тэднийг гуйх биш, тэд биднийг гээд ирдэг үе Г.Занданшатарын хуулиас өмнө байсан юм.

ХЭРЭГЖДЭГГҮЙ
ШИЙДВЭР БА Б.БАТ-ЭРДЭНИЙН УРТ НЭРТ

Өнөөг хүртэл хэрэгжээгүйгээс гадна өчнөөн хөрөнгө оруулагчийг үргээж, алтны хууль бус наймааг хөгжүүлсэн шийдвэр бол урт нэртэй хууль. Тодруулж хэлбэл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль долларын урсгалыг сааруулахад нөлөөлсөн том шийдвэрийн нэг. 2009 онд батлагдсан энэ хуулийн гол автор нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Түүнээс гадна Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг, С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, С.Сайхансамбуу, Д.Энхбат нар энэ хуулийн төслийг өргөн барилцаж байсныг онцолъё. Хуулийн гол санаачлагч Б.Бат-Эрдэнэ өдгөө ч төрийн ордонд хууль батлалцаж суугаа. Ц.Даваасүрэн нь бас УИХ-ын гишүүн болж, сайдын албанд очоод буй. Эрхэм гишүүн сүүлийн үед Оюу толгой төслийг улстөржүүлж буй улстөрчдийн эхэнд бичигдэж байгаа. Хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширсан нь урт нэртэй хууль хэрэгжихгүй сунжрах шалтгааны нэг болж байлаа. Хууль батлагдсан даруйд тухайн үед хайгуул, олборлолт явуулж байсан олон компанийн ажлыг зогсоосон юм. Мөнгөө гаргаад хайгуул хийж, олборлолт явуулж байсан компаниуд зарцуулсан мөнгөө төрөөс нэхэх нь зүйн хэрэг. Засгийн газрын баталсан хилийн заагт хамаарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өчнөөн тэрбумын нөхөн олговор шаардсан түүхтэй. Тэд өнөөдөр ч нөхөн олговроо авч чадаагүй яваа.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Бямбасайхан: Үндсэн хуульдаа нийцсэн системтэй л бол дэлхийн хаанаас ч хөрөнгө татах боломжтой

Америк, Хятад, Япон, Орос бидэнтэй адил хөрөнгө оруулалтын төлөө л өрсөлдөж байна –

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Ид өрнөж буй дэлхийн худалдааны дайнаас бид юу хожих бол, хожлоос гадна эрсдэл бий юу гэсэн асуулт олны анхааралд байна. Эдийн засагчид, улстөрчид, компаниудын төлөөлөл тойрч суугаад сэдэв болгомоор асуудал шиг санагдах юм. Жишээ нь, Монголын бизнесийн зөвлөлөөс энэ талд анхаарал хандуулах уу?

-Монголын бизнесийн зөвлөлөөс энэ тал дээр анхаарч байгаа. Ойрын жишээ гэвэл есдүгээр сарын 6, 7-нд болох болох уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөж ярина. Монголын бизнесийн зөвлөл энэ жилээс “Дисковер Монголиа”-гийн хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтарч байгаа гэсэн үг. Худалдааны дайнаас үүдэлтэй ямар боломж, ямар үр нөлөөлөл манай эдийн засагт бий болох талаар бизнес эрхлэгчид, эдийн засагчид хамтраад ярилцана. Дэлхийн том эдийн засгууд хоорондоо худалдааны шинэ харилцаа үүсгээд байна л даа. Олон улсын худалдааг зардал багатай, бизнест ашигтайгаар хэрхэн хийх, бүтээмжийг нь яаж сайжруулах вэ гэж Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулж байсан. Гэтэл өнөөдөр 20 их наяд ам.долларт дөхсөн Америкийн эдийн засаг, 12 их наяд ам.доллараар хэмжигддэг Хятадын эдийн засгууд хоорондоо мөн бусадтай яаж харилцахаас дэлхийн эдийн засаг ойрын үед яах, дунд хугацаанд хаашаа яаж чиглэх нь шууд шалтгаалж байна.

Худалдааны дайн гэж нэрлээд байгаа асуудалд аль аль талыг нь буруутгахад хэцүү. Америк эдийн засгаа хэрхэн тогтвортой, урт хугацаанд өсгөх, хөрөнгө оруулалт татах тухайгаа бодож үүссэн асуудлаа шийдэхийг зорих нь мэдээжийн асуудал. Хятадын эдийн засагтай хийж буй худалдаандаа хүлээж байгаа алдагдлаа багасгахаар ажиллаж таарна. Хятадын компаниуд Америкийн технологи, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хэрэглэсээр ирсний хариуд авч байгаа арга хэмжээ гэх тайлбарыг АНУ-ын эрх баригчид хэлж байна. Сүүлийн үеийн статистикаар Америкийн эдийн засаг 4.1 хувийн өсөлттэй байна. Сүүлийн таван жилд байгаагүй том өсөлт. Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай яваа. Харин Японых 1.3 хувийн өсөлттэй байна. Энэ гурван том эдийн засгийн өсөлт ойрын хугацааны дэлхийн чиг хандлага, тэр дундаа манай Зүүн хойд азийн бүс нутгийн шинэ боломжийг тодорхойлно. Цаашдаа ч тодорхойлсоор байх болно. Худалдааны дайн гэж яриад байгаа зүйл Монголд шууд нөлөөлнө. Манайд орох валютын урсгал, ханшинд ч нөлөөлж байгаа. Казахстан, Узбекистан гэх мэт Төв Азийн эдийн засгууд боломж гэж харж байна. Ойрын үед сонирхол татсан олон үйл явдал өрнөж байна.

-Ямар үйл явдлууд?

-Америк, Европын холбооны хооронд сүүлийн жил үүссэн зөрчлүүд арилах төлөвтэй болж байх шиг. Бие бие рүүгээ хатуу үгс чулуудаж байсан Трамп, Юнкэр хоёр саяхан тэврэлдээд, эвлэрч байх жишээтэй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт АНУ, Орос болон Иранд шинэ хориг тавихад, Европын компаниудын хувьд ойлгомжгүй байдал үүсч байна. АНУ энэ сарын 23-наас Хятадын 16 тэрбум ам.долларын бараанд шинээр татвар ногдуулах шийдвэр гаргаж байна. Хятад хариуг нь мөн барина гэж сүрдүүлж байнa. Өмнө нь хэрэв Америк 200 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулбал, Хятад 60 тэрбумын Америк бараанд татвар ногдуулна гэсэн санагдаж байна. Энэ бүх ойлгомжгүй нөхцөл байдлаас үүдэж Германы аж үйлдвэрийн өсөлт энэ жил зургаан хувиар багассан гэж эдийн засгийн яам нь гомдоллосон. Мэдээж Хятадын худалдан авагчдын хувьд өөр гарц, хувилбар байгаад таатай хандаж яваа болов уу. Гэхдээ АНУ-тай үүссэн зөрчлөөс болж Төв Азитай хийх худалдааны эргэлтэд тэсрэлт гарна гэж хэлэхэд эрт. Ер нь Хятадыг тойрсон эдийн засгуудад энэ том зах зээлд экспортын шинэ бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломж гарч ирж байгаа нь бодит юм. Манай хувьд ч ялгаагүй. Хятадын тухайд АНУ-аас импортолж байсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийх нь том зах зээл хоосон үлдэж байна. Ийм шалтгаанаар хөрш орнуудтайгаа хийх худалдаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжих, тарифын хөнгөлөлт эдлүүлэх санаачилга гаргаж, ажил хэрэг болох шатандаа явж байгаа.

-АНУ-ын Конгресс манай оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр болчихлоо. Ноолуураа татваргүй гаргана гэдэг бидний хувьд маш том боломж. Ерөнхийлөгч жил гаруйн хугацаанд санаа тавьж хөөцөлдсөн гэж дуулдсан. Үүнээс гадна худалдааны дайны нөлөө байна уу?

-Цэвэр манай талын хүсэл эрмэлзэл, сүүлийн жил гаруйн хугацаанд тууштай ажиллаж, идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд болж буй процесс гэж харж байна. Монголын эдийн засгийг, уул уурхайн бус салбаруудыг яаж хөл дээр нь босгох вэ, хэрхэн экспортын шинэ эх үүсвэртэй болгох, шинээр ажлын байр бий болгох тухай санаа зорилгын хүрээнд хийгдсэн ажил. Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа учраас эдийн засаг макро түвшинд эрүүлжиж эхэллээ. Гэхдээ уул уурхайн зах зээл дэх бүтээгдэхүүний үнэ дараа жил унавал эргээд хүнд байдал руугаа орно. Энэ асуудлаас гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх асуудал яригддаг. Бодитой нөлөөлөлнь сая ярьсан ноолуур байна. Манай улс дэлхийн түүхий ноолуурын тал орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг гэсэн давуу талтай. Зөв, оновчтой, тодорхой бодлого боловсруулаад хэрэгжүүлбэл Монголын компаниудад шинэ хөрөнгө оруулалт, шинэ ажлын байрыг бий болгож чадна. Төрийн тэргүүний санаачилгаар эхэлж, Конгрессийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хуулийн төсөл батлагдвал манай эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр бий болно, шинэ үйлдвэрүүд үүдээ нээж, олон мянган хүн ажлын байртай болно. Мэдээж АНУ-аас манай бүс нутагт явуулж буй эдийн засгийн бодлогод гарч буй өөрчлөлтийг тодорхой хэмжээнд ашиглах улсын нэг нь Монгол.

-Өнгөрсөн онд Монголын бизнесийн зөвлөл бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо, “Бүс ба зам” санаачилгын талаар бизнесийн дээд хэмжээний чуулган зохион байгуулсан. Энэ хүрээнд Монголд олон боломж байгаа тухай хөндөж байсан. Яг ямар боломж байна вэ?

-Уул уурхайн салбарт ахиц гарах боломж бүрдэж байна. “Бүс ба зам” гэсэн том санаачлагын хүрээнд дараагийн 15 жилд Азийн бүс нутагт зөвхөн дэд бүтцийн салбарт жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл манай бүс нутагт оршиж байгаа эдийн засгууд тогтвортой өсөхөд ийм хэмжээний шинэ дэд бүтэц шаардлагатай гэсэн үг. Монголд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай талаар судалгаа хийгээд явж байна. Бүс нутгийн эдийн засгууд цаашид улам уялдаа холбоотой болж байж худалдааны хэмжээ нэмэгдэж, зардал нь багасна. Бараа бүтээгдэхүүн нэг газраас нөгөө газар руу явахад улам чөлөөтэй болж байж Ази, Номхон далайн бүс нутаг тогтвортой өснө. Энэ төслүүдийн бүтээн байгуулалтад манай үйлдвэрлэдэг зэс, төмөр, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Мөн урд хөрш ойрын таван жилийн хугацаанд 300 сая хүнийг хотжуулна гэж байна. Ийм богино хугацаанд асар олон хүнийг хотжуулах процесс явагдана гэдэг бол том эрэлт. Мөн боломжоос гадна шинэ эрсдлүүд бий болж байна. Сүүлийн үед том дэд бүтцийн төслүүдийн санхүүжилттэй холбоотой нэг улсаас хамааралтай “өрийн дарамт”-ын талаар сонирхолтой үйл явцууд өрнөж байна. Пакистан, Вьетнам, Шри Ланк, Мьянмар зэрэг улсуудад болж байгаа үйл явдлыг сайтар ажиглаж судлавал, бид иймэрхүү алдааг давтахгүй байх боломжтой.

-Казахстан “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өрнөж буй процесоос хамгийн их хөрөнгө оруулалт татаж байгаа улс. Манай улсад ч гэсэн энэ мега төслөөс хөрөнгө оруулалт татаж, ашиг хүртэх боломж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Хангалттай боломж бий. Гагцхүү энэ зах зээлүүдтэйгээ нийлсэн дэд бүтцийн сүлжээнд л анхаарах хэрэгтэй. Зам тээвэр, төмөр зам авто зам, агаарын тээврийн асуудал яригдана. Нөгөө талд эрчим хүчний сүлжээнүүд байна. Цахилгаан эрчим хүчний хувьд Азийн супер сүлжээ гэж санаачилга бий. Сэргээгдэх эрчим хүч болоод бусад эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн цахилгааныг энэ бүс нутаг руу зарж борлуулах асуудал яригдаад эхэлчихлээ. Улс орнуудын эрчим хүчний сүлжээг хооронд нь холбоод ажиллуулбал зардал нь илүүбагасах тооцоо гарсан. Эдийн засгийн гол ач холбогдол нь энэ л дээ. Өөрөөр хэлбэл Япон, Солонгос, Хятад, Орос, Монгол зэрэг улсуудыг эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй болгох судалгаанууд хийгдэж байна. Сүлжээнүүдийг хооронд нь холбоод ажиллуулбал зардал багасна, нөгөө талаас шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай. Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгээс энэ наймдугаар сарын 22-23-нд Ази, Номхон далайн сэргээгдэх эрчим хүчний ээлжит наймдугаар Форумыг Улаанбаатарт зохион байгуулах гэж байна.

-Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэнэ гэдэг яах аргагүй эерэг мэдээ. Энэ аварга сүлжээнд нэгдэх явцын судалгаанд танай компани оролцоод явж байгаа байх аа?

-Тийм ээ, манай компани энэ судалгааны ажлыг хийгээд явж байна. Азийн супер сүлжээний судалгааны ажил ид явагдаж байна. Урьдчилсан судалгаанууд гараад дараагийн шат руугаа орсон. Монголын эдийн засагт ашигтай гэсэн дүр зураг харагдаж эхэлж байна. Бусад улсуудад ч мөн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, зах зээлтэй болвол эдийн засаг, байгал орчны, санхүүгийн ашигтай гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр, бүс нутгийн улсуудтайгаа эрчим хүчний сүлжээгээ ирээдүйд холбох боломж байгаа юм байна. Техникийн талаас ямар ч асуудалгүй холбохоор байна. Арилжааны ямар нөхцөлөөр, техникийн ямар горимоор холбох вэ гэдгийг тооцоод судлаад явж байгаа. Монголын хувьд нар, салхины төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд явбал ашигтай ажиллана, эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр гарна гэж үзэж байна. Энэ судалгааны талаар дээр дурдсан олон улсын форумд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Ер нь бидний бас нэг зорилго бол Монголыг Азийн сүпер сүлжээний төв, “мэдлэгийн хаб” болгох. Энэ талаар олон улсын мэргэжилтнүүд, компаниуд Монголд цугларч хэлэлцдэг болохыг зорьж байгаа.

“Дисковер Монголиа” шиг чуулган олшрох тусам гадны компаниуд Монголыг сонирхоно


-Монгол гэдэг улсын өмнө байгаа эдийн засгийн ийм бодитой боломжуудын тухай “Дисковер Монголиа”-гийн үеэр ярилцаж хэлэлцэх үү?

-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөж ярилцана. Уул уурхай, дэд бүтцийнхээ төслүүдийн боломжийг ярилцахаар төлөвлөсөн. Монголын бизнес хүндрэлээ даван, урагшилж байгаа гэсэн мэссэж өгөхийг зорьж байна. Ер нь “Дисковер Монголиа”-гаас тодорхой бодлогын шийдвэр гаргахад нөлөөлөх зөвлөмж гарна гэсэн хүлээлт бий.

-Том төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт гэж айхавтар асуудал бий. Санхүүжилтийн гарц шийдлүүдийн талаар ярих уу?

-Онцгой анхаарч хөндөх сэдвийн маань нэг. Түрүүн дурдсан 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хаанаас босгох вэ гэдэг асуудал бий. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 70-80 хувийг зээл хэлбэрээр босгодог. Тэгэхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудын өмнө улам эрчтэй, нягт хамтарч ажиллах шаардлага бий болсон гэж ойлгож болно. “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэж байгуулагдсан. Энэ банк саяхан Азийн хөгжлийн банктай хамтарч “Бид өрсөлдөхгүй, хамтарч, бие биенийхээ чадахгүй зүйлийг нөхөж ажиллана. Ингэж байж 1.7 их наяд гэсэн том тоотой хөрөнгө оруулалтыг хамтран санхүүжүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Тэгэхээр энэ хандлага бидний хувьд боломж. “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын үеэр банк санхүүгийнхэн ямар чиглэлээр ямар бодлого баримтлах вэ гэдгийг анхааралтай сонсъё гэж бодож байна. Тэгээд түүнд суурилсан төслийнхөө санхүүжилтийн багцуудыг бий болгох шаардлага үүсч байгаа.

-Таны ярианаас “Дисковер Монголиа” энэ жил нэлээд шинэлэг өнгөтэй, шийдэл гарцуудтай, ажил хэрэгч санаа оноо, хэлэлцүүлэгтэй болох нь гэж ойлголоо. Олон л хурал чуулган болох юм, үр дүн нь хаана байна вэ гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Монголд олон улсын чуулган, арга хэмжээ аль болох олноороо болоосой гэж би хувьдаа боддог. Хөрөнгө оруулалт бизнесийн боломжийг сурталчилж,хоорондоо мэдээллээ солилцдог, Засгийн газар нь ирээд бодлогоо танилцуулдаг үйл явдал олон байх тусмаа сайн. Тэгж байж бид ойлголтын зөрүүнүүдээ арилгана. “Дисковер Монголиа”-гийн гол зорилго ерөөсөө л тэр. Манай эдийн засаг дотоодын янз бүрийн асуудлаас болж гацаад байгаа юм шиг харагддаг ч Монголыг сонирхдог улсууд байна. Хоёулаа сая том боломжуудыг нь ярилаа шүү дээ. Гаднаас нь ажвал их эерэг зураг харагддаг. Монгол бол том зах зээлүүдийн дунд оршдог, жижиг боловч хурдан өсөх боломжтой, шинэ төсөл технологиудыг түргэн шингээх чадвартай эдийн засаг.Үүнийгээ ахиад л гадны хөрөнгө оруулагчдад ярих, ойгуулах хэрэгтэй. Монголд хөрөнгөө оруулаад бизнес эрхэлж, ажлын байр бий болгож, зовлон жаргалыг нь эдлээд явж байгаа хүмүүс л хамгийн сайн илэрхийлдэг. “Дисковер Монголиа”-гийн нэг гол чиг нь энэ байх болно. Хэрвээ бид чимээгүй суугаад байвал хилийн чандад байгаа хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын шинжээчид мэдээлэл хомс хэвээр үлдэнэ. Тэгэхээр “Дисковер Монголиа” шиг олон арга хэмжээ болох хэрээр ойлголтын зөрүү арилна, тэр хэрээр олон компани Монголыг сонирхоно, тэгж байж дараагийн том төслүүд хэрэгжих боломж нээгдэнэ.

-Та хөрөнгө оруулагчидтай ойр ажилладаг хүмүүсийн нэг. Том хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлсэн туршлагатай хүн. Улстөрийн эрсдэлтэй орчинд хөрөнгө оруулалт татаад яваагийн нууц нь юундаа байна?

-Хөрөнгө оруулагчдыг татна гэдэг Монголын талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх л асуудал. Миний ажил ерөөсөө л үүн дээр тогтдог.Мэдээлэл бол бизнест хамгийн үнэтэй зүйл. Мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ гэдэг хүнд худлаа ярина гэсэн үг биш. Болохгүй юм байсан ч зөв тайлбарлаад хэлбэл тухайн хүний хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлдөг. Хөрөнгө оруулалтыг татах нь ашигтай төслөөс гадна өөр олон зүйлээс шалтгаалдаг. Хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч банкууд улстөр, хууль эрх зүйн орчин, шүүх дээр очсон бизнесийн маргаануудын шийдвэрлэгддэг байдал, эдийн засгийн чадавх, мөнгө шингээх чадвар, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувь гэх мэт олонзүйлээс шалтгаалж шийдвэрээ гаргадаг. Тэр бүгдийг нь зөв тайлбарлавал хөрөнгө оруулах боломж нэмэгдэнэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт аль ч эдийн засагт сайн зүйл авчирдаг. Үүний төлөө Америк, Хятад, Япон, Орос, Австрали, Солонгос бидэнтэй өрсөлдөж байна. Худалдааны дайн уг өрсөлдөөний нэг илрэл юм.Өнөөдрийн тухайд том эдийн засгууд хоорондоо шатрын нүүдлүүд хийж байна. Энэ үед бид бэлэн байдлаа хангах тухай асуудлуудыг ярьж, ойлгохыг зорьж байна.

Одоо бидний дараагийн шат бол сэргээгдэх хүчний экспорт

Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байгаа “Салхит” салхин цахилгаан станц бол таны шууд удирдлага доор хэрэгжсэн том төсөл. Дотооддоо салхинаас эрчим хүч гаргаад эхэлчихлээ. Одоо салхи, нарны эрчим хүчээ гадагш нь экспортлоход ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Олон улсын банкууд олон улсын стандартад хүрэхгүй ямар ч төслийг санхүүжүүлдэггүй. “Салхит”-ын хувьд олон улсын инженер, техник, бизнес, хуулийн стандартын дагуу хэрэгжсэн төсөл. Монголын эрчим хүчний инженерингийн чиглэлээр ажилладаг компаниуд салхин станц барьж,ашиглаж чаддаг болсон нь “Салхит”-ын монголчуудад өгсөн хамгийн том өгөөж. Тэд дараа дараагийн төслүүд рүүгээ ороод амжилттай ажиллаж байна. Станцын монгол инженер өнөөдөр гадны инженерт ажлаа заадаг болж байна. Монголд сэргээгдэх эрчим хүчний салбар дөнгөж л хөгжиж эхэлж байна. Ирээдүйд нэлээд том салбар болно. Эхний төслүүд маань хэрэгжээд явчихаар монголчууд чаддаг юм байна гэж ойлголт дэлхийд төрсөн нь маш том өгөөж. Одоо бидний дараагийн шат бол таны асуусанчлан сэргээгдэх хүчний экспорт. Өөрөө хийж чадахгүй юмаа зарах гээд байвал хэн ч итгэхгүй. Гэтэл бид өөрсдөө чаддаг, инженер мэргэжилтнүүд маань бэлэн. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зах зээл рүү холбогдох сууриа тавьчихсан. Хөрөнгө оруулалт, бизнесийн стандарт Монголд эргээд эерэгээр нөлөөлдгийн нэг жишээ бол “Салхит”.

-Та Азийн хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж байхдаа дайны байдалтай Афганистан, Пакистанд эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байсан. Тийм хүнд нөхцөлд зардал, эрсдлийг урьдчилж тооцно гэдэг бэрх ажил биз?

-Наад зах нь хувь хүний аюулгүй байдлаас эхлээд эрсдэл ихтэй л дээ. Төсөл барьж байгуулах дөрвөн жилийн хугацаанд дайн байлдааны нөхцөл нь хүндэрвэл адаглаад зардал нь нэмэгдэнэ. Цаашлаад яривал олон хүний амьтай холбоотой асуудал. Пакистанд дамжуулах, түгээх сүлжээний хөрөнгө оруулалтын төслүүд дээр таван жил гаруй ажиллаж байлаа. Миний буудаг зочид буудал дэлбэрч байсан тохиолдол ч бий. Уулзалт хийгээд явж байхад ойрхон зах дээр бөмбөг тэсэрч л байлаа. Афганистанд дамжуулах сүлжээний төсөл дээр ажилласан. Хуягтай машинтай давхиж, буутай цэргүүдээр хамгаалуулж ажлаа хийдэг үе байлаа. Төслүүдийг хүнд нөхцөлд хэрэгжүүлэхэд юу шаардлагатай талаар мэдээлэл, мэдлэгтэй болсон. Манай улсыг тэдэнтэй харьцуулбал өөр шүү дээ. Асуудал байна гэсэн шүүмжлэл байдаг ч Пакистан, Афганистан шиг амь дүйсэн эрсдэл алга. Улстөрийн бодлогын шийдвэрүүд нь гарсан л бол тууштай хэрэгждэг, хууль эрх зүйн орчин, шүүх нь шударга бол хамгийн бага өртөгтэй хөрөнгө мөнгө босгоно. Үндсэн хуульдаа тодорхойлсон иргэний болон өмчийн эрхээ хамгаалдаг системтэй байвал бид дэлхийн хаанаас ч хөрөнгө мөнгө татаж Монголд оруулж ирэх боломжтой.

Ганцхан бизнесээ бодож амиа хичээгээд явдаг үе өнгөрөөд байна

-Тэр сайдыг тэгж хэлсний дараа хувьцааны үнэ төдөн хувиар уналаа гэсэн мэдээлэл цацагддаг. Хариуцлагагүй мэдэгдэл хөрөнгө оруулалтад нөлөөлдөг үү?

-Монголд аливаа төсөлд хөрөнгө оруулахын тулд маш олон зүйлийг хэмжиж үздэг тухай та бид хоёр ярьсан. Хамгийн ашигтай төсөл байлаа ч банк санхүүгийнх нь байгууллага, улстөр хуулийн засаглал чадавх муутай, тухайн улсын зээлжих зэрэглэл муу байвал хэцүү. Тухайн хүн санхүүжилтийнхээ өртгийг тооцож үздэг. Хариуцлагагүй мэдэгдлээс болж санхүүжилтийн өртөг нэмэгддэг. Тийм эмзэг зүйл л дээ. Яагаад Си, Трамп хоёрыг дэлхийн бүх л том мэдээллийн эх үүсвэр өдөр, шөнөгүй дагаж, хэлж байгаа үгийг нь задалж шинжилдэг юм бол гэдэг асуултын хариу тодорхой. Тэдний хийж байгаа алхам дэлхийн эдийн засаг, компаниудын орлого ашигтай шууд холбоотой. Монголд ч адилхан. Бодлогын шийдвэр гаргадаг хүмүүс хариуцлагагүй мэдэгдэл хийвэл эргээд тодорхой төслүүдийн санхүүжилтийн өртөг дээр нэмэгдэл зардал болж очдог. Хэрвээ компаниуд олон улсын стандартын дагуу ажиллахгүй бол ахиад л санхүүжилтийн өртөг нь нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд яаж хямд санхүүжилт босгох вэ гэдэг асуудал мэргэжлийн хувьд сонирхолтой, сорилттой ажил хэвээр байгаа (инээв).

-Сорилт, саад нь их болохоор уу?

-Ер нь тийм. Мэдсээр байж юмыг муутгах, харсаар байж боломжийг алдах хэцүү л дээ. Ингэхгүйн тулд Монголын бизнесийн зөвлөл ажилладаг. Гишүүдээ мэдээллээр хангадаг, тухайн мэдээлэл дээр үндэслэж гишүүд маань бизнесийнхээ шийдвэрийг гаргадаг. Засгийн газраас баримталж байгаа бодлогуудыг сайн ойлгож, задалж, дүн шинжилгээ хийх үүрэг нь компаниуд дээр ирдэг.

-Сүүлийн үед ямар ажилд түлхүү анхаарч байна вэ?

-Бүс нутгийн дэд бүтцийн уялдаа холбоог зарим улс эдийн засгийн урт хугацааныхаа бодлого болгож байна. Энэ тал дээр Монгол Улс өөрийн бодлогоо сайтар боловсруулах шаардлагатай байна. Дээр дурдсан зах зээлийн боломж, санхүүжилтийн эрсдлүүдээ сайн тооцолж, төлөвлөж, бизнесийн төслүүдээ эхлүүлмээр байна. Бизнесийн орчны тухайд нэг талаас боломж бий ч нөгөө талаас сорилт ихтэй яваа. Үүнийг яаж эерэг болгох вэ гэдэг дээр бизнесийн холбоод идэвхтэй хамтарч ажиллана. Монголын бизнесийн зөвлөл гэхэд л МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, бизнесийн бусад холбоодтой нягт ажиллаж байж бизнесийн орчноо сайжруулж, эрүүлжүүлнэ. Зөвхөн амиа хичээгээд, ганцхан миний бизнес гээд явдаг үе өнгөрөөд байна л даа. Энэ ажилд нэлээд цаг зарцуулж байна.