Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгө оруулагчид бодлогын тогтворгүй орчноос бусад ямар ч том эрсдлийг үүрээд гардаг

“Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддаптай ярилцлаа.


-Танай сан ямар төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг вэ?

-Манайх Австралийн хөрөнгө оруулалтын сан байгаа юм. Эхний ээлжинд уурхай болох боломжтой газруудад хөрөнгө оруулах сонирхолтой. Өөрөөр хэлбэл хайгуулын компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Хайгуул хийгдэж буй үр дүнгээс нь хамаарч үнэлгээ хийж, үйлдвэрлэлийн шат руу орохоос өмнөх компаниудад ихэвчлэн хөрөнгө оруулалт хийдэг.

-Ямар улсуудад хөрөнгө оруулалт хийж байна?

-Манай сан дэлхий даяар хөрөнгө оруулалт хийдэг. Африк, Азийн улсуудаас гадна Австралид хөрөнгө оруулалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нэлээд хөрөнгө оруулалтыг Тунис, Индонези, Буркина Фасо, Монгол зэрэг улсад хийсэн.

-Монгол хөрөнгө оруулагчдын хувьд хэр сонирхол татахуйц орон бол?

-Монголын тухайд геологийн үзүүлэлт, эрдэс баялгийн нөөц боломжоороо сонирхол татсан улс. Хайгуулын ажлууд хийгдээгүй учраас хайгуул хөгжиж байж боломжууд нээгдэнэ гэж харж байна. Ний нуугүй хэлэхэд Монголын уул уурхайн салбар эрх зүйн үүднээсээ сорилттой тулгарсан гэж харагддаг. Дэлхийн ихэнх хөрөнгө оруулалтын сангийн сонирхол болон хөрөнгө оруулалт эрх зүйн орчин нь ойлгомжтой, тогтвортой улс руу чиглэдэг. “Дисковер Монголиа”-д оролцсон хоёр өдрийн туршид нэг эерэг зүйл анзаарагдлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын илтгэлд туссан гол мессэж итгэл төрүүлж байна. Сайдын илтгэл уул уурхай, эрдэс баялгийн салбарт хийгдэх шинэчлэлүүд, салбарын өмнө тулгарсан сорилтыг давахад чиглэгдсэн гэж ажиглалаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн шинэчлэл хийх тухай асуудал сайдын илтгэлдээ дурдсанчлан бодлого шийдвэр болбол хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой.

-“Дисковер Монголиа”-гийн үеэр хөрөнгө оруулалт татаж буй шинэ улсууд дотор Буркина Фасо гэдэг нэр дуулдлаа. Хөгжлийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд сүүл мушгидаг улс гэдгээрээ танигдсан орон. Хөрөнгө оруулагчдыг татаад буй шалтгаан нь юундаа байна?

-Энэ орныг ярихаар их сонирхолтой харьцуулалт харагдах байх. 15 жилийн өмнө тус улсад уул уурхайн салбарын ямар ч хөгжил байгаагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар тэнд эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Тэр хэрээрээ хөрөнгө оруулагчдыг татаад эхэллээ л дээ. Шалтгаануудынх нь нэгийг дурдвал эхлээд гэрээ байгуулахад Засгийн газар нь 10 хувийг шууд өмчилдөг юм байна. Хоёрт нь татвар дээр хөнгөлөлт болон зарим зохицуулалтыг шууд тодорхой гаргаад өгчихдөг. Гуравт нь гэрээ байгуулагдсан хугацаанд татварын болон бусад санхүүгийн зохицуулалт маш тогтвортой байдаг нь хөрөнгө оруулагчдыг татаад байна. Сүүлийн хэдэн жил терроризм энэ тэр гээд асуудалтай байсан ч сая дурдсан гурван шалтгаан хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна.

-Үймээн, самуунтай байсан ч бодлого нь тогтвортой бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чаддаг гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Эрх зүйн тогтвортой байдал ямар чухал гэдгийг ярихад Африкийн Танзани гэдэг орон дараагийн онцгой жишээ болох байх. 20 жилийн өмнөөс уул уурхай нь хөгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд маш олон компани уул уурхайн салбар руу нь орж тогтвортой ажилласан. Ялангуяа алтны салбарт түлхүү орсон байдаг юм. Гэтэл арванхоёр сарын өмнөөс төр засгаас нь татварын шинэ зохицуулалт нэвтрүүлж, компаниудад тулгасан байдлаар хэрэгжүүлсэн. Үр дүнд нь тэнд ажиллаж байсан компаниудын хувьцааны үнэлгээ буурч, уул уурхайн салбарынх нь үйл ажиллагаа доголдсон. Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байна. Урьдчилан харж болохгүй аливаа зүйл хөрөнгө оруулагчдыг байнга үргээдэг. Тогтвортой, урьдчилан харж болох төслүүд рүү хөрөнгө оруулагчид орох сонирхолтой байдаг. Танзани хоёр зүйлээрээ нэлээд алдартай. Хувь хүний аюулгүй байдал, хулгайн хэргээрээ багагүй асуудалтай орон. Гэсэн ч эдгээр таагүй нөхцөл байдлыг нь компаниуд өөрсдийнхөө хэрээр шийдэж, хөрөнгө оруулсаар ирсэн. Эрх зүйн орчин, бодлого нь тодорхой байсан учраас хөрөнгө оруулагчид бусад зүйлийг нь шийдэх маягаар ажиллаж ирсэн байдаг юм. Бүр тодруулж хэлбэл бодлогын тогтворгүй орчноос бусад ямар ч том эрсдэлийг хөрөнгө оруулагчид үүрээд гардаг.

-Австрали уул уурхайн салбарын хөгжлөөрөө тэргүүлдэг улсын нэг. Эрх зүйн орчин нь олон арван жилийн турш тогтвортой явсаар өнөөг хүрсэн гол шалтгаан нь юу вэ?

-Австрали зуу гаруй жилийн уул уурхайн салбарын эрх зүйн орчноороо танигдсан. Татвар нэмэгдүүлэх, үр шим хүртэх боломжуудыг өсгөх гэх мэт маш олон удаагийн оролдлогууд явж байсан л даа. Гэхдээ тэр болгонд Засгийн газар болон бодлого тодорхойлогчдод тайлбарлаж ойлгуулж чадсан хэсэг нь сонгогчид байсан. Тэд уул уурхайн салбарын үр өгөөж болон шимийг нь сайн ойлгодог. Олон нийт нь уул уурхайн ажил олгогч, татвар төлөгч, ашиг өгөөж өгөгч гэдэг эерэг талуудыг нь сайн мэддэг. Тийм учраас аливаа нэг байдлаар татвар нэмэгдүүлэх процесст оролцож өөрсдийнхөө саналаар болиулах гэх мэт уул уурхайн салбарыг дэмжих процесс өрнөсөөр ирсэн байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын үр өгөөжийг бүх нийтэд таниулахад хувийн хэвшлийнхнийг оролцооч, тэр хэрээрээ бид зөв нэгдсэн ойлголттой байж чадна гэж хэлж байсан. Миний хувьд сайдын энэ үгийг олзуурхаж сонслоо.

-“Дисковер Монголиа” уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулган танд ямар санагдав. Хүссэн мэдээллээ авч чадав уу?

-Би дэлхийн маш олон уул уурхайн чуулга уулзалтуудад оролцсон. Гэхдээ анх удаа салбарын сайд нь өглөө ирж гол илтгэлээ тавиад өдөржингөө хуралд оролцож байхыг харлаа. Энэ нь маш эерэг нэг мессэжийг бидэнд өглөө. Сайд урагшаагаа харж хамтдаа яаж хөгжих вэ гэсэн арга замыг хайж яваа юм байна. Бас элдэв бэрхшээл тоочиж, гомдоллосон өнгө анзаарагдсангүй. Яг л ирээдүй рүү харсан байдлаар ярьж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд маш эерэг мессэж болж чадлаа.

-Хөрөнгө оруулалтын сангийн менежер хүний тань хувьд асуухад жишээ нь таны Монголыг гэх сонирхлыг энэ удаагийн арга хэмжээ төрүүлэв үү?

-Ямар ч эргэлзээгүйгээр сонирхол төрөхөөр арга хэмжээ болсон.

-Танай сангийн зүгээс Монголд дахиад хөрөнгө оруулах болов уу?

-Манай сангийн боломжит хөрөнгө оруулах хэмжээ гэж бий. Боломжит хэмжээ маань тодорхой хэмжээгээр хязгаар тавих нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд итгэл нэмэгдсэн.

-Монголд ямар төсөлд хөрөнгө оруулсан бэ. Хөрөнгө оруулахаар сонирхож буй төсөл гэвэл онцлох төсөл бий болов уу?

-Алтны салбар сонирхол татаж байна. Учир нь бага зэргийн уурхайнаас илүү хурдан хөгжих боломжтой эрдэс баялагт тооцогддог юм. Хоёрт нь алт олборлох процесс бусад эрдэс баялагтай харьцуулахад илүү хялбар. Гуравт алтны худалдан авалт ирээдүйтэй болохоор борлуулахад үнэ цэнээ алддаггүй. Манай сан “Эрдэнэ ресурс”-ын төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. 4-5 орчим хувийг нь эзэмшдэг.

-Уул уурхайд хөрөнгө оруулахад тухайн улсын иргэдийн уул уурхайн салбарт хандах хандлага нөлөөлдөг гэдэг. Монголын иргэдийн уул уурхайн салбарт хандах хандлагын тухайд танд төсөөлөл байна уу?

-Монгол Улсын хүн амын уул уурхайн салбарыг харах өнцөг нь мэргэжлийн биш уул уурхай эрхлэгчид гэсэн хандлагатай байх шиг анзаарагдаж байна. Гэтэл Монголд мэргэжлийн уул уурхайн компаниуд олноороо ажилладаг. Тэдний үйл ажиллагааг мэргэжлийн биш уул уурхай эрхлэгчидтэй адил гэж сэтгэж хавтгайруулж хараад байна. Хэрвээ мэргэжлийн уул уурхайн компанийн дэлхийн стандартаар урагшилдаг үйл ажиллагааг нь ойлгож хардаг болчихвол өөр л дөө. Иргэдийн хандлага илүү өөр, эерэг болоод ирнэ. Уул уурхайн салбарт эдийн засагт ямар чухал нөлөөтэй гэдгийг ойлгож хардаг болчихвол тэр хэрээрээ уул уурхайн салбарыг дэмжих хандлага гуйвж дайвахгүйгээр тогтох байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв банк долларын өсөлтөд нөлөөлсөн үү?

– ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХГҮЙ БОЛ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛРАХГҮЙ ГЭВ –

Экспортын өсөлт, хөрөнгө оруулалтын нааштай хандлага, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, макро эдийн засгийн өнгө дажгүй байгаа ч ам.доллар арилжаалах ханш өчигдөр үдээс өмнө “найман шарга” дээр 2305 төгрөг хүрч өгслөө. Ингэж цойлсон нь өнгөрсөн зургаан сарын дунджаас хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын дундаж ханш 2395.37 төгрөг, дөрөвдүгээр сард 2394.65 төгрөг, тавдугаар сард 2405.19 төгрөг, зургадугаар сард 2432.30, долдугаар сард 2462.83 төгрөг, наймдугаар сард 2464.12 төгрөгтэй тэнцэж байв. сарын өмнөхөн 2450 төгрөг байсан ногоон валютын ханш огцом чангарсан шалтгааныг бид хайсан юм. эхлээд холбогдох байгууллагын байр суурийг багцлан хүргэе.

Монголбанкны зүгээс гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч, түрүү жилийнхээс гурав дахин өссөн гэх тайлбар хэлж буй. төв банк валютын нөөц хангалттай гэсэн хэрнээ бодлогын ямар ч арга хэрэглэхгүй, шуудхан хэлэхэд амиа бодсон хандлага гаргаж сууна гэж шүүмжлэх эдийн засагчид цөөнгүй таарлаа. төв банк “эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор импортын өсөлт, улирлын онцлог, аж ахуйн нэгжүүдийн гадаад төлбөрүүд нэмэгдсэн нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлж, улмаар төгрөгийн ханш сулрах чиглэлд нөлөөлсөн” гэсэн тайлбарыг өгч байна.

эдийн засагч Ж.дэлгэр-сайхан ам.долларын ханшийн өсөлтийг “эдийн засаг идэвхж-лээ даахгүй байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалт сүрхий нэмэгдээгүй хэр нь импорт огцом өслөө л дөө. Төлбөрийн тэнцлийн дарамт ажиглагдсан нь валютын нөөцөнд нөлөөлж байна. Манай улс гадаад худалдаан дээр өмнөхөө бодвол ашиг багатай болсон. найм, есдүгээр сард хичээлийн шинэ жил гээд долларын гарах урсгал ихэсдэг. Үүнээс гадна газар тариалан ургац хураалт ч том нөлөө үзүүлж байгаа. үүнтэй холбоотойгоор нефть шатахуун тоног төхөөрөмжийн худалдаа ихэссэн гэсэн шалтгаан бий” хэмээн тайлбарлалаа.

Төлбөрийн тэнцлийн статистик сөхье. Энэ оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл -198.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.1 дахин нэмэгдсэн байна. Импортын өсөлт экспортын өсөлтөөс хоёр дахин давсан, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 20 хувиар өссөн дүн гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалт ч өссөн зурагтай гарч. Гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиар өсч 1.1 тэрбум ам.долларт хүрсэн аж. Гэсэн хэдий ч нөгөө талд зээл, худалдааны зээлээр дамжин орж ирдэг валютын урсгал татарсан гэх тайлбар байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд ам.доллар орж ирж байгаа ч зээлийн эргэн төлөлтөд багагүй хэмжээний валют гадагшилж байгаа гэх шалтгааныг зарим эдийн засагч хэллээ. Төлбөрийн тэнцлийн алдагдлын шалтгааныг төв банкны зүгээс “Энэ онд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 136.9 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн ч “Дим Сам”, “Чингис” бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг төлсөн, эдийн засаг эрчимжиж буйтай холбоотой үйлдвэрлэлд ашиглах импортын барааны эрэлт нэмэгдсэн, нүүрсний тээвэртэй холбоотойгоор ачаа тээврийн үйлчилгээний импорт өссөн зэрэг нь төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөлсөн” гэж тайлбарлав.

МОНГОЛБАНК: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО

Төв банкнаас ам.долларын ханш тогтворжино гэх тайлбарыг өгч байна. Монгол банк “Цаашид ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын байгууллагууд болон донор орнуудаас санхүүжилт хүлээгдэж байгаа. Үүнээс гадна эдийн засаг сэргэх төлөв бий. Энэ мэтийг харгалзаж үзвэл валютын ханш тогтворжино” гэсэн байр суурь илэрхийллээ. Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ам.долларын ханш ойрын хугацаанд суларна гэсэн хүлээлт алга. Ирэх өдрүүдэд валютын ханшийг Монголбанкны шууд оролцоотойгоор шийдэхэд хэцүү. Засгийн газар, төв банкны хамтын оролцоо чухал. Төв банкны хуульд Монгол банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй гэсэн агуулга бүхий заалт байдаг. Үнэн хэрэгтээ Монголбанк валютын ханшийг дангаар барьж чадахгүй. Валютын нөөцийг хадгалдаг, удирддаг л институци шүү дээ. Гэхдээ мэдээж боломжийнхоо хэрээр оролцох ёстой. Өнөөдрийнх шиг эдийн засгийн идэвхжил өрнөсөн тохиолдолд дангаараа ханшид оролцож бол чадахгүй. Ам.долларын ханшийг суллах ганц л арга байна. Тэр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын компаниудыг гадаадаас санхүүжилт татахад дэмжлэх болох суурь нөхцөлүүдийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэж байж ам.долларын ханш суларна” гэлээ.

Монголбанк өнгөрсөн наймдугаар сард төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад 180.3 сая ам.доллар нийлүүлсэн гэх мэдээллийг өгсөн. Үүнээс гадна гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж алт худалдан авалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа аж. Өнөө жилийн эхнээс наймдугаар сарын сүүл хүртэл аль худалдан авалтаа 12.2 тоннд хүргэжээ. Харин оны эцэс гэхэд 22 тонн алт худалдаж авна гэж тооцжээ.

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТАТВАРААР ХАЗААРЛАЖ МАГАДГҮЙ НЬ

Ам.долларын ханш өссөнтэй зэрэгцэж шатахууны үнэ нэмэгдээд байна. Ногоон валютын ханшийн чангарал, шатахууны үнийн нэмэгдэл бол нэг зоосны хоёр тал гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Есдүгээр сар гарангуут А-92 шатахууны үнэ 30 орчим төгрөгөөр нэмэгдээд буй. Өнөөдрийн хувьд ОХУ шатахууны хилийн үнээ нэмчихээд байгаа. Тэгэхээр шатахууны үнэ дахин нэмэгдэнэ гэсэн үг. Салбарын сайдын хувьд шатахууны импортын татварыг эргэн харах шаардлага үүссэн гэснээс өөр үг одоогоор унагаагүй байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаа, цаашид ч өсөх учраас татварын зохицуулалт хийнэ гэсэн бүдэг бадаг байр суурь засаг зүгээс дуулдаж эхэллээ.

Эх сурвалж:

Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газар, Монголбанк

Ханш: 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар.

Инфляци, хүнсний барааны үнийн индекс, валютын нөөц: 2018 оны долдугаар сарын байдлаар.

А92, A95 шатахуун, дизель түлшний үнэ: 2018 оны есдүгээр сарын байдлаар.

Засгийн газрын гадаад өр, Монгол Улсын гадаад өр: 2018 оны зургадугаар сарын байдлаар.

МОНГОЛБАНК ВАЛЮТЫН ДУУДЛАГАХУДАЛДААНААС ТАТГАЛЗЖЭЭ

Ам.долларын ханшийн өсөлт, шатахууны үнийн нэмэгдлийн талаар албаны байр сууриудыг багцлаад тоймловол иймэрхүү дүр зураг бууж байна. Гэхдээ ам.долларын ханшийн өсөлтөд төв банк яаж нөлөөлсөн, ногоон валют хагас жилийн түүхэн рекордоо тогтоосон цаад шалтгаан, шатахууны үнийн нэмэгдэлд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл юу вэ гэх мэт асуултад хариу өгсөн үнэлэлт дүгнэлт өнөөхөндөө хэвлэлээр цацагдаагүй байна. Бид эдгээр асуултад мөн хариу хайсан юм. Монголбанкны мэдээгээр энэ сарын 18-ны өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2503.78 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 67.9 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч төв банк нэг ч доллар зараагүй байна.

Энгийнээр гурван тэрбум ам.долларын валютын нөөцтэй төв банк төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар 2500-гаас давсныг гадаад шалтгаантай гэж тайлбарлаж суухын оронд энэ мэт зохицуулалтыг хийх учиртай. Ханшийн энэ өсөлтийг түр зуурын, улирлын шалтгаантай гэж Монголбанкны албаны хүмүүс тайлбарласныг дээр дурдсан. Энэ хариултаас “Улирлын шалтгаантай ханшийн хэлбэлзлийг зохицуулахаас яагаад татгалзав, заавал ийм ойлгомжгүй байдал үүсгэх шаардлага байсан уу” гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Төгрөг сулрах нь төсвийн орлогод эерэг тусдаг, бас төв банкны ашгийг нэмэгдүүлдэг гэсэн тайлбар бий. Сангийн яам төсвийн орлогоо өсгөх гэж, Монголбанк өөрөө ашигтай ажиллах гэж ам.долларын ханшид хойд эхийн сэтгэл гаргаж байна гэх шүүмжлэлийг хэлэх эдийн засагчид цөөнгүй таарлаа. Нэг зүйлийг онцлоход эдийн засаг зургаан хувиар өсч, экспорт 20 орчим хувиар нэмэгдэж, валютын нөөц гурван тэрбум долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт нэг тэрбум доллар шүргэж байгаа өнөө цагт ам.долларын ханш 2500-д хүрч цойлсонд гайхах хүн олон байна. Ийм эерэг үзүүлэлтүүдтэй үед Монголбанк доллар зарахгүй суугааг шүүмжлэхээс аргагүй л дээ.

ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТ ИРГЭДИЙГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын засаг байгуулагдсаныхаа дараахан дундаж давхарга руу чиглэсэн найман хувийн ипотек гэх мэт зөв зүйтэй бодлогуудыг зогсоож, зах зээлд худал мэдээлэл тарааж, макро эдийн засгийн менежмэнтийг буруу тийш эргүүлсэн гэж эдийн засагчид шүүмжилдэг. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд зэрэг эрх мэдэлтэй албан тушаалтнууд “Монгол Улс валютын нөөцгүй болсон”, “Улсаараа дефолтод орох нь ээ”, “Монголын эдийн засаг гүн хямралд орлоо” гэсэн мэдэгдлийг удаа дараа хийсний эцэст хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, зах зээлийн хүлээлт эвдэгдэж, эдийн засаг жинхэнэ утгаараа элгээрээ хэвтсэн юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Монголбанк Олон улсын валютын сангийн ард нуугдсаар өнөөг хүрсэн гэх хатуу шүүмжлэл бий. Энэ хугацаанд шатахууны үнэ 20-30 хувиар өсч, ганцхан хувиар хэмжигдэж байсан инфляци есөн хувь руу цойлсон нь бодитой үнэн. Үр дүнд нь хувийн хэвшил, иргэд хохирч байгаа нь бас үнэн. Инфляци, доллар, шатахууны үнийн өсөлт улстөрчид, өндөр орлоготой чинээлэг хэсгийнхэнд л ашигтай тусч байгааг эдийн засагчид эхнээсээ сануулаад эхэллээ.

2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн үзүүлэлтийг одоогийн үзүүлэлттэй харьцуулъя.

Дээр дурдсан тоо баримтаас харахад валютын нөөц 2.3 дахин өссөн гэсэн ганцхан эерэг тоо байна. Гэхдээ валютын нөөц 1.6 тэрбум гаруй доллараар өссөн хэрнээ Засгийн газрын өр түүнээс их хэмжээгээр буюу 2.1 тэрбум доллараар нэмэгдчихсэн байх жишээний. Нүүрсний экспорт түүхэн дээд амжилт тогтоож, хөрөнгө оруулалт сэргэж, зэсийн үнэ өссөн энэ цагт Засгийн газар гадаад өрийн хэмжээг бууруулах биш харин ч өсгөсөн байх юм. Тэгэхээр эндээс нэг л зураг тодорч байна. Засгийн газар гадаадаас их хэмжээний зээл авч өрөө нэмэгдүүлээд л валютын нөөцөө өсгөсөн болж таарах нь. Өөрөөр хэлбэл нөөц ч нэмэгдэж, өр ч өсчээ. Гэсэн хэр нь монголчуудын хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг нэмэгдэж, төгрөгийн ханш уруудаж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна. Эндээс анзаарахад бодлогын том алдаа гарсан учраас төгрөгийн ханш муудсан гаргалгааг түвэггүй хийчихэж болно.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөөр буй, төгрөгийн ханш суларч байгаа зэргээс харахад шатахууны үнэ цаашид ч нэмэгдэх нь ойлгомжтой байна. шуудхан хэлэхэд Засгийн газар шатахууны үнийг зохицуулах үүргээсээ татгалзаж, бензин, дизелийн үнийг зөнд нь орхиод удаж буй. Хүнсний барааны үнийн индекс 26 хувиар өссөн энэ үед шатахууны үнэ “галзуураад” байвал иргэдийн худалдан авах чадвар улам л муудна. Иргэдийн халаасан дахь хэдэн бор төгрөгийн үнэ цэнэ өдөр өдрөөр уруудаж буй ийм үед Засгийн газрын тэргүүн, Төв банкны удирдлага өнөө хэр эдийн засаг руугаа хандсан зөв бодлого хэрэгжүүлэх сонирхолгүй нам жим суугаа нь хэнд ч ил байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Үгээ ололцож чадвал дэлхийгээс мөнгө босгох асуудалгүй гэж хөрөнгө оруулагчид хэлж байна

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхантай өнөө жилийн Дисковер Монголиа эрдэс баялгийн нэгдсэн чуулганы үр дүн, өгөөжийн талаар ярилцлаа.


-Энэ жилийн Дисковер Монголиа-гаас анзаарахад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн нь анзаарагдлаа. Та хөрөнгө оруулагчидтай ойр харилцдаг хүн. тэр утгаараа онцолж хэлэхээр ямар хүмүүстэй уулзав. тэд монголын тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Банкир, хуульч, хөрөнгө оруулалтын сангийн менежер, геологич гээд олон хүнтэй уулзлаа. Хөрөнгө оруулагч хүн оруулсан хөрөнгө мөнгөө хэдий хугацаанд ашигтай эргүүлэх вэ гэдэг тооцоог маш нарийн аргачлалын хүрээнд хийдэг. Энэ тооцоонд төслийн геологийн нөөц, хүдрийн агуулга мэдээж маш чухал. Гэхдээ түүнээс дутахгүй олон шалгуур бий. Эдийн засгийн чадавх, боловсон хүчний чадавх болон олдоц, технологийн хөгжил, улс төрийн эрсдэл, банк санхүүгийн системийн найдвартай байдал, шүүхийн арилжааны маргаан шийдвэрлэх чадавх гээд яривал урт жагсаалт болно.

Дээр нь зах зээлийн хандлага их чухал. Нэг сангийн менежер илтгэлдээ энэ хандлагыг сүрэг тагтаатай жишиж ярьсан нь сонирхолтой, байгаа олсон зүйрлэл санагдсан. Өөрөөр хэлвэл, сүрэг тагтаа сууж байгаад нэг нь үргэхэд бүгд нисч оддог. Монголд ч ийм хандлага хэдэн жилийн өмнөөс бий болсныг хөрөнгө оруулалтын сангийн менежер илтгэлдээ дурдаж байсан. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэдэн хайгуулын компанийн захирлуудыг би Монголын зах зээлийн хамгийн сайн элчин сайд нар гэж би боддог. Энэ хүмүүс өөдрөг бодол санаатай болж буйг саяын чуулганаар анзаарлаа.

-Хайгуулын компаниудын илтгэлээс өөдрөг хандлага, эерэг мэдээлэл ч анзаарагдсан шүү. Анх удаа Монголд хайгуул хийж байгаа том компаниуд бүгдээрээ илтгэл тавьсан уу. Хайгуулын салбарыг хөгжүүлэх боломж, гарцын талаар ямар шийдлүүд яригдав?

-Тэгсэн. Хайгуулын том төслүүд хэрэгжүүлж байгаа бүх компани илтгэл тавьж, оролцсон. Монгол Улсад өнөөдөр хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл бий. Шинээр хайгуул хийх 8.5 сая гектар талбайг сонгон шалгаруулалтаар зарлана гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд илтгэлдээ дурдсан. 20052010 онд олон улсын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй 60 гаруй компани Монголд хайгуулын бизнес эрхэлдэг байсан тухай мэргэжилтнүүд дурдана лээ. Харин энэ тоо өнөөдөр 10 хүрэхгүй компани болтлоо буурсан. Монголд үлдсэн цөөхөн хайгуулын компанийн захирлууд тодорхой илтгэлүүд тавьсан. Хэрэв Засгийн газар, орон нутаг, бусадтайгаа хэл амаа ололцоод, бие биеээ дэмжээд байвал олон улсын зах зээлээс хөрөнгө босгоод явах бүрэн боломжтой гэж тэд дүгнэж байна.

-Хөрөнгө оруулалтын сангуудын төлөөллүүд ирсэн нь олны анхааралд байлаа. Тэд Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар юу ярьсан бол. Ер нь хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уу?

-Монгол геологийн хувьд сонирхолтой, боломж ихтэй улс. Манай улсын энэ давуу талтай хэн ч маргадаггүй. Хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл, хөрөнгө оруулагчдын хувьд “Засгийн газраас цаашдаа хэр тууштай ажиллахаас шалтгаална даа” гэсэн хариу өгч байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, хандлага наашилсан нь хүн бүхэнд анзаарагдсан байх. Чуулганы үеэр байр сууриа илэрхийлсэн хөрөнгө оруулагчдын үгийг анзаарахад ч энэ хандлага тодорхой байсан.

-Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хувьд том зах зээлийн хажууханд гэсэн давуу талыг олонтаа онцолж байсан. Энэ давуу талаа боломж болгохын тулд яах ёстой талаар хөрөнгө оруулагчид тодорхой санаа, гарц хэлж байна уу?

-Нэлээд оролцогч хажуудаа том зах зээлтэй гэсэн давуу талыг онцолж байсан. Ер нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тухайд зах зээл нь хажууханд гэсэн давуу талыг онцолдог. Хажуухандаа байгаа том зах зээлдээ яаж ойртох вэ гэсэн асуултын хариуг тэд сонирхож байна. Надтай уулзсан хүмүүс “Олон улсын зах зээл дээр хөрөнгө, технологи, ноү хау нь бүгд бий, тэгэхээр салбарын ухаалаг, тооцоотой, холыг харсан бодлогоос л бүх зүйл хамаарна” гэсэн утгатай үг хэлж байсан.

-Таны удирдсан Монголын хөгжлийг бүс нутагтай уясан салбар хуралдаан шинэлэг, хэрэгтэй сэдэв шиг санагдсан…?

-Биднийг тойроод бүс нутгийн эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн интеграци хүчтэй явж байна. Түүхэнд дахин давтагдахгүй энэ том эрэлт, боломжийг алдахгүйн тулд л Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн үндэсний ассоциаци, УУХҮЯтайгаа хамтарч ажиллалаа. Цаашид ч олон зүйл дээр хамтрах төлөвтэй байна.

-Хөрөнгө оруулагчид ямар бэрхшээлийг түлхүү ярьж байна. Тэдний тавьж буй нийтлэг санал гэвэл та юуг онцлох вэ?

-Уул уурхайн салбарын татварын орчин ойлгомжгүй, бусадтай харьцуулахад өндөр гэсэн дүгнэлтийг татварын мэргэжилтнүүд чуулганы үеэр хэлсэн. Уул уурхайн бизнес эрхэлдэг орнуудыг жагсаахад Монгол нийт татвар, төлбөрийн хэмжээгээр эхний гуравт жагсаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сангийн менежер хүн яг адил хэмжээний хоёр ордыг өөр улсуудад оллоо гэж төсөөлье. Нэг нь Канадад, нөгөөх нь Монголд. Энэ тохиолдолд хаана нь илүү хөрөнгө оруулах вэ гэсэн асуулт тавигдана аа даа. Хэрвээ Засгийн газрынх нь бодлого байнга өөрчлөгддөг, татварын орчин ойлгомжгүй байвал хариу нь тодорхой. Манай уул уурхай, ашигт малтмалын салбарын хуулиудад сүүлийн арав гаруй жил 200 гаруй өөрчлөлт орсон гэсэн статистик бий. Энэ нь тодорхой төсөл дээр буухаар ямар дүр зураг тодрох бол гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Хайгуул хийж буй компанийн биржийн үнэлгээ олон зүйлийг хэлдэг. Канадад байгаа орд дээр ажиллаж буй хайгуулын компанийн үнэлгээ нэг тэрбум канад доллар байхад, адил хэмжээний нөөц, агуулгатай Монголын орд дээр хайгуул хийж буй компанийн биржийн үнэлгээ 60 хүрэхгүй сая канад доллар байх жишээний. Энэ жишээг сая болсон “Дисковер Монголиа”гийн үеэр нэг илтгэгч дурдсан. Энэ бол бодит байдал.

-Уул уурхайн сайдын илтгэл, чуулганы хуралдаануудад суусан оролцоо хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлэх шиг боллоо. Тантай уулзсан хөрөнгө оруулагчид сайдын энэ оролцоог яаж харж байна?

-Уул уурхайн салбар 2017 оны байдлаар манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор орно гэж Д.Сумъяабазар сайд онцолсон. Уул уурхайн олборлох салбар энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мян.тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборлож байгааг ч “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганы индрээс хөрөнгө оруулагчдад дуулгасан. Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баримталж буй зарчим, бодлого, уриалж байгаа үгсийг оролцогчид нэг бүрчлэн задалж, шинжилж, дүгнэж суугаа нь тодорхой асуудал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол нь богино хугацаанд ямар бодитой үр гаргахыг хүлээж байгаа. Сайд өнгөрсөн арван сарын хугацаанд уул уурхайн дэлхийн гол төвүүд болох орнуудад айлчилж, олон хөрөнгө оруулагчтай уулзсан. Хийх ажил их гэдгийг аль аль талдаа ойлгож, дэмжиж байгаа.

-Энэ жилийн Дисковер-ийн зохион байгуулагчаар Монголын бизнесийн зөвлөл орж ирсэн нь зочдын чансаа, хүрээг өсгөх, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэх хүн олон байна. Бизнесийн зөвлөл ер нь ямар оролцоотой ажиллав?

-Монголын бизнесийн зөвлөл өнөөдөр 250 гишүүн компанитай, идэвхтэй бизнесийн талбар юм. Энэ жил бид Уул уурхайн үндэсний ассоциаци, УУХҮЯтайгаа хамтран 16 дахь удаагийн “Дисковер Монголиа”г зохион байгууллаа. Өмнө нь Монгол Улсын ууган Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй Уул уурхай үндэсний ассоциацийн баг амжилттай зохион байгуулсаар өнөөг хүрсэн. Хамгийн гол нь Монголын бизнесийн нийгэмлэгүүд нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж, Засгийн газартайгаа хэл амаа олдог болж байгааг харуулсан эерег жишгийг энэ удаагийн арга хэмжээ тогтоолоо.

Дараа жил Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын чуулганыг Монголд зохион байгуулах уриалгыг дэмжин ажиллахаар болж байна. Монголын бизнесийн зөвлөл олон улсын хөрөнгө оруулалтын олон чуулганыг гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулж ирсэн туршлагатай. Цаашид бид бусад нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтарч бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлогын судалгаа хийж, идэвхтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Соаl Mongolia-2018 чуулганы үеэр ийм тийм гэрээ байгуулагдсан гэх мэт мэдээлэл цацагдлаа. Дисковер Монголиа-гийн үеэр ийм бодитой хэлцлүүд хийгдэв үү?

-Бодитой шинэ төсөл гэвэл, ойрын үед нүүрсний давхаргын метаны хайгуул хийх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ зурна гэсэн мэдээлэл байна. Энэ бол богино хугацаанд бусдыг уриалан татах эерэг мэдээ юм.

-Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган зорилгоо биелүүлж чадсан уу?

-Өнөө жилийн “Дисковер Монголиа”д 700 хүн бүртгүүлж төлбөрөө төлөөд оролцлоо. 50 гаруй хүн илтгэл, хэлэлцүүлэгт оролцсон тоог онцолмоор байна. Бид анхнаасаа л Монголын уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулахыг зорьсон. Зорилгоо ч биелүүлж чадлаа. Дараагийн зорилго маань салбаруудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг бодитоор хэмжиж, дүгнэж ямар нэгэн улс төргүйгээр хэлэлцэх байсан. Мөн л биелүүлж чадлаа. Үндсэн чуулган гурван өдрийн турш, хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, том төсөлтэй газар дээр нь очиж танилцахаас бүрдсэн. Чуулган болохоос долоо хоногийн өмнө татвар, эрх зүй, орон нутгийн харилцаа, усны менежмэнт сэдвүүдээр мэргэжлийн улсууд хаалттайгаар хэлэлцсэн нь маш үр дүнтэй болсон.

-Өмнөх чуулганаар огт хөндөж байгаагүй шинэ сэдэв гэвэл та юуг онцлох вэ?

-Бид энэ удаа ирээдүйгээ харж чуулахыг зорилоо. Монголын уул уурхайн салбар XXI зуунд шинэ технологийн эринтэй золгож байгаа гэсэн том онцлог бий. Энэ салбарт өрсөлдөж яваа компаниуд бүгд л өөр газар, өөр компани үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Энгийнээр хэлбэл зөвхөн Монголд л зэс үйлдвэрлэдэг гэж харж, ойлгож болохгүй. Чилид, Орост ч үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл тэд манай хүчтэй өрсөлдөгч. Ингэж харах хэрэгтэй л дээ. Уул уурхайн салбарт “Тэр компани нэг тонн тутамд төчнөөн мөнгө зарж байна” гээд олборлолтын зардлыг нь мэдээлдэг шүү дээ. Өнгөц сонсоход хэдхэн центийн асуудал яригддаг ч их хэмжээний үйлдвэрлэл, олборлолт явуулдаг компаниудын хувьд маш том мөнгөний асуудал. Бүр тодруулж хэлбэл уул уурхайн том компаниудын дунд нэг центийн зардлаа тонн тутамд хэмнэх тухай өрсөлдөөн олон улсад явагдаж байна. Ийм онцлогтой салбарт шинэ технологи, хиймэл оюун ухаан, роботууд дэвшил авчрах болно гэсэн хандлага хүчтэй болчихлоо. “Дисковер Монголиа”гийн үеэр яригдсан шинэ өнцөг гэвэл энэ жишээг дурдаж болж байна. Эдгээр аргыг ашиглаж чадвал хайгуулын өртөг, үйлдвэрлэлийн зардал ч багасна гэж хөрөнгө оруулагчид ярьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанцэцэг: Татварын дарамт үйлдвэрлэлийн хөгжлийг тушчихаад байна

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Засгийн газраас “Ноолуур хөтөлбөр” батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөр батлагдсанаар ноолуурынхны толгойны өвчин болсон эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж байна уу?

-Татвар санхүүгийн таатай орчин бүрдээгүй үед үйлдвэрлэл хөгжүүлж дэлхийд өрсөлдөх талаар ярих нь учир дутагдалтай. Арилжааны банкуудаас жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авсан үйлдвэрлэл хөгжих аргагүй л дээ. Үйлдвэрүүдийн маань хувьд түүхий эд бэлтгэлийн үед эргэлтийн хангалттай хөрөнгөтэй байна гэдэг нь чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх таатай орчин бүрдэнэ гэсэн үг. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн зорилт дэвшүүлснээс гол асуудлын нэг нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт байгаа юм. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүү, хөрөнгө оруулалт, татварын таатай, тогтвортой орчинг бүрдүүлнэ гэж хөтөлбөрт тусгасан. Үүнээс гадна хөтөлбөрт ямааны үржил селекц, ноолуурын чанарыг сайжруулна, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ, хүний нөөцөд анхаарна гэх мэт салбарын гол асуудлууд тусгагдсан. Энэ жилийн хувьд түүхий эд бэлтгэлийн хугацаа нь хожимдсон ч 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага эргэлтийн хөрөнгийн зээл аваад байна. Дараа дараагийн жилүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг хугацаанд нь олговол мэдээж үндэсний үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болно.

-Ноолуурын салбар өнөөдрийн байдлаар түүхий эдийнхээ 20 гаруй хувьд нь л эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн үү?

-Бид нийт түүхий эдийнхээ ердөө 16-18 хувиар л эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Ноолуур” хөтөлбөрийн гол зорилго бол нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувьд хүргэх юм. Ноолуурын салбар одоогийн байдлаар жилдээ 900 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дэлхийн 30 гаруй оронд экспортолж байна.

-Эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспорт яагаад бага байдаг юм бэ. Гол шалтгаан нь юу байна?

-Хамгийн гол шалтгааны нэг нь компаниудын эргэлтийн хөрөнгө дутмаг байгаа явдал. Тиймээс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа өрсөлдөж чадахгүй байна.

-Эргэлтийн хөрөнгө дутуу гэсэн зовлон олон жилийн угшилтай учраас ойрын хугацаанд шууд шийдэгдэнэ гэдэг юу л бол. Экспортод үнэ өндөр эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд танай холбооноос ойрын үед эхлүүлсэн, эхлүүлчихсэн яваа ажлууд бий юу?

-Манай холбооноос бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Ойрын үед нэлээд ажил хийхээр төлөвлөж заримыг нь эхлүүлээд явж байна. “Дизайны төв” байгууллаа. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор шинэ коллекц бий болгож бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Салбарын дизайнеруудыг чадавхжуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоод багштай дизайны сургалт явуулсан. Мөн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран ур чадвартай боловсон хүчин бэлтгэх гадаад худалдаа, экспортыг дэмжих сургалт хийлээ. Үүнээс гадна технологи дамжуулах төвтэй болохоор ажиллаж байна. Италийн Засгийн газрын 100 хувийн дэмжлэгтэйгээр Технологи дамжуулах төв буюу лабораторийг холбооныхоо дэргэд байгуулах юм. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа үйлдвэрлэгчдэд төв болон лабораторидоо ирж туршилт, судалгаа хийх боломж нээгдэнэ гэсэн үг. Бас Европын холбоотой хамтраад “Тогтвортой ноолуур, тогтвортой үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Зөвхөн ноолуураар зогсохгүй сарлагийн хөөвөр, ботго торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд гаргах олон ажил хийж байна.

-Энэ төсөл бэлтгэсэн ноолуураа урд хөршид алдахгүй байхад чиглэнэ гэл үү?

– Түүхий эдийнхээ 20 орчим хувиар л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал Монгол Улс түүхий эд бэлтгэгч орон хэвээр байна гэсэн үг. Угаагаад экспортолдог ноолуураа бүрэн хэмжээгээр нь дотооддоо ашигладаг болмоор байна. Ийм зорилгоор “Тогтвортой ноолуур, тогтвортой үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлэх юм. Гол нь малчидтайгаа хамтарч ажиллана. Малчид маань ноолуураа ангилж ялгаад, нэмүү өртөг шингээж, түүнийгээ үйлдвэрлэгчдэдээ нийлүүлж, гадаадад брэнд болгох тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Энэ төслийн хувьд малын эрүүл мэндийг хамгаалсан, бэлчээрийн даац дээр суурилсан багц ажил болно. Өөрөөр хэлбэл тогтвортой ноолуураар тогтвортой үйлдвэрлэл явуулж гадаад зах зээлд гаргахад голлон анхаарна.

-Төв аймагт ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийн шав тавьсан сураг дуулдсан. Хаанаас, ямар хүчин чадалтай үйлдвэр барих гэж байгаа юм бол. Ер нь үйлдвэрүүд үйлдвэрлэлээ өргөтгөх ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-“Говь”, “Гоёо” компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14.7 га газар бүхий ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг Төв аймагт барихаар төлөвлөж, үйлдвэрийн шаваа тавиад байна. Энэ үйлдвэр 4000 тонн түүхий ноолуур бэлтгэх хүчин чадалтай. 2000 тонн самнасан ноолуур боловсруулна. 500 ажлын байрыг шинээр бий болгоно. Үүнээс гадна “Ханбогд кашимер” компани 1200 тонн самнах хүчин чадалтай, 150 гаруй ажлын байр шинээр бий болгох үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлээд явж байна. “Кашимер холдинг” компани үйлдвэрлэлээ өргөтгөснөөс гадна Монголдоо ноолуурын томоохон дэлгүүр нээхээр ажиллаж байна.

-Монгол ноолуур дэлхийн зах зээл дээр жинхэнэ утгаараа брэнд болж чадсан уу?

-Монгол ноолуур гэдэг өөрөө брэнд шүү дээ. Нью-Йорк болоод бусад том зах зээл дээр монгол ноолуурыг сайн чанартай гэж мэдэж, худалдаж авдаг. Харин бүтээгдэхүүн нь загвартай, дизайнтай гэдэг нэмүү өртгийг үүсгэж чадахгүй байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл бид бүтээгдэхүүнээ зөв сурталчилж, жинхэнэ брэнд бий болгож чадахгүй байна. Тиймээс монгол ноолуурыг гадаад зах зээлд гаргахын тулд эко органик үйлдвэрлэл гэдгээ илүү таниулж мэдүүлэхэд анхаарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тэдний нэг нь сая ярьсан “Тогтвортой ноолуур” төсөл.

-Ээрэх тоног төхөөрөмж хангалтгүй байдаг нь татварын дарамттай холбоотой гэж үнэн үү?

-Энэ төрлийн тоног, төхөөрөмж их өндөр үнэтэй байдаг. Нарийны шугам нь гэхэд л НӨАТ-гүй дүнгээрээ гурван сая гаруй евро. Бүдүүний шугам нь хоёр сая орчим еврогийн ханштай. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлээр худалдаж аваад үйлдвэрлэл явуулах хэцүү л дээ. Ээрэх өөрөө ашигтай бизнес биш. Эцсийн бүтээгдэхүүн дээр үр ашиг нь гарчихаад завсрын дамжлага болох ээрэх дээр үр ашиг гардаггүй. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төр засгаас НӨАТ-ын татвараас чөлөөлдөг ч юм уу, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл ийм үнэтэй тоног төхөөрөмжийг бизнесийнхэн маань арайхийн оруулж ирэхэд хил гааль дээрээс шууд татварыг нь авдаг. Ямар ч үйлдвэрлэл хийж эхлээгүй байхад шууд л татвараар дарамталдаг. Ноолуурын салбар бол өндөр үнэ цэнээр бүтдэг. Түүхий эд, тоног төхөөрөмж нь үнэтэй. Гарч байгаа зардал нь их. Харин төрийн дорвитой дэмжлэг, зөв маркетинг хийж чадвал улс оронд орж ирэх үр өгөөж нь уул уурхайгаас ч илүү.

-Ноолуурын салбарынханд төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой дэмжлэг гэвэл та юуг онцлох вэ?

-Сүүлийн жилүүдэд Монголын ноолуурын салбарт дэлхийн шилдэг техник технологи нэвтэрч бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар эрс дээшилсэн ч жилд бэлтгэх ноолуураар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувь хэмжээ чамлалттай хэвээр байна. Иймээс ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхэд хил гаалийн татварыг тэглэх, НӨАТ-аас бүрэн чөлөөлж дэмжлэг үзүүлэх шаардлага бий. Хятадын тал зөвхөн угаасан ноолуур авах сонирхолтой байгаа нь “Ноолуур хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үе шаттайгаар хангахад сөргөөр нөлөөлөх боллоо. Байдал ийм байгаа учраас Засгийн газраас самнасан ноолуур болон сэв хялгасын импортын татварыг тэглэх асуудлыг Хятадын талд тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.

-Хятад гэснээс урд хөрш ноолуурын салбарынхнаа яаж дэмждэг юм бэ?

-БНХАУ-ын төр ноолуурын салбартаа “Дэлхийд гарах бодлого” хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ ноолуурын салбарынхаа техник технологийн шинэчлэл, инноваци, зөвлөх үйлчилгээ оюуны өмчийг хамгаалахад тусгай сангаар дамжуулан дэмжлэг үзүүлдэг байна. Мөн ноолуурын өндөр гарцтай нэг ухнад 800 юанийн урамшууллаас гадна технологи сайжруулах зорилгоор авсан зээлийн 30-40 хувийг орон нутгийн сангаас нөхөн олгодог, гурван сая юань хүртэлх дүнтэй зээлийн хүүг орон нутгийн сангаас төлдөг гэх мэт томоохон дэмжлэгүүд байдаг юм байна.Түүнчлэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, экспортод бүтээгдэхүүн гаргасан тохиолдолд орлогын албан татварыг тогтоосон хэмжээгээр хөнгөлдөг.

-Ноолуурын салбарт татварын таатай орчин бүрдүүлж өгөхийг “Ноолуур” хөтөлбөрт тусгасан байсан. Татвар дээр урд хөрш шиг онцгойлсон хөнгөлөлтүүд үнэхээр байдаггүй хэрэг үү?

-Татвартай холбоотой маш олон асуудал бий. Нэг жишээ дурдъя. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулдаг. Харин дамжуулан борлуулагч, зуучлагчдад ашигтай байдлыг бий болгосон тал бий. Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс ширийг НӨАТ-аас чөлөөлөгдөх бараанд хамааруулахаар хуульчилсан. Хууль боловсруулагчид тухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсруулалтын түвшинг харгалзаж үзээгүйгээс хэд хэдэн сөрөг үр дагавар үүсгээд байна. Экспортод гаргах самнасан ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурч байна. Үүнээс болж ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт буурсан. Мөн ноолуур, арьс ширэнд өртөг шингээж, гүн боловсруулах сонирхол үйлдвэрлэгчдэд төрөхгүй байх сул тал ажиглагдаж байна. Ноолуур, арьс ширний дотоод зах зээл дээрх эрэлт буурч, үнэ унах шалтгаан болно гэсэн үг. Мөн хуулийн 14.1.4 дэх заалтад ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, таван хошуу малыг оруулаагүйгээс тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг хасч тооцох боломжгүй болж байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний өртгийг багасгахын тулд малчдаас авдаг түүхий эдийн үнийг бууруулах, үйлдвэрлэгчдийн орлого, ашиг буурах зэрэг сөрөг тал үүсч эхэлсэн. Иймд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаад байна.

-НӨАТ-ын хуульд ямар өөрчлөлт оруулах санал гаргасан бэ. Өөрчлөлт орсноор эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх бол?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.21 дэх заалтыг “Экспортод гаргасан түүхий болон угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, түүхий болон идээлсэн арьс шир” гэж өөрчлөн найруулах, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал” гэж нэмэлт оруулах, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх зэрэг заалтуудыг тусгасан.Энэ хуулийн төсөл батлагдвал шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломж бүрдэж, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр нэмэгдэх давуу талтай.

-Ноолуурын компаниуд байнга л ажилд авна гэсэн зар тавьсан харагддаг. Хүний нөөц тулгамдсан асуудал болжээ дээ?

-Жилд ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрийн технологийн мэргэжлээр 20 хүрэхгүй хүн суралцаж байна. Элсэлт байхгүй болсон. Тиймээс бид “Ноолуур” хөтөлбөртөө инженер бэлтгэгч сургуулиудад тусгай тэтгэлэг олгуулах санал тусгуулсан. Салбарт ажиллах хүн байхгүй болохоор мэргэжилгүй, ажилгүй залуусыг авч ажиллуулж байна. Өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд судалгаа явуулахад гуравхан хүүхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллана гэсэн байгаа юм. Ажиллах хүчнээ бэлтгэх тал дээр төрийн бодлого хэрэгтэй. Ур чадвартай хүний нөөц бэлдэхгүй бол экспортоо нэмэгдүүлнэ гэж ярихад хэцүү. Манай холбооноос салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулах тал дээр голлон анхаарч ажиллаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганхуяг: Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана

Гэрэл зургийг Г. БАЗАРРАГЧАА

“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг он гарахаас өмнө IPO хийж амжихгүй байлаа ч иргэдэд ногдол ашиг тарааж эхэлнэ гэж өчигдөр мэдэгдлээ. Тэрээр “Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тус хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлээд 72 хонолоо. Хоёр удаагийн 180 хоногийн хугацаа авсан. Эхний 180 хоногийн хугацаа маань 72 дахь өдөртөө явж байна гэсэн үг. Энэ хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Эхлээд олон улсын санхүү, хууль, техникийн зөвлөх авах, олон улсын аудит хийлгэх гэх мэт ажил хийгдэнэ. Найман үе шаттай ажлын тав дахь дээр нь явж байна. Олон улсын зөвлөх авах тендерүүд зарлагдсан. Хамгийн түрүүнд компанийн засаглалыг сайжруулах, шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулах, худалдан авалтыг ил тод болгох зэрэг олон ажил бий. Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд гурван төрлийн ажил хийж эхэлсэн. Одоо хоёрыг нь зарлая. Олон нийтийн зөвлөлөө шалгаруулах, нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж байна. Зөвлөл есөн гишүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Монгол Улсын иргэн хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй. 14 хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдана” гэж ярилаа. Нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн анкет, мэдээллийг цахим хуудсандаа байршуулж олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулахаар болж. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулах аж. Мөн л цахим хуудсаараа зарлаж байх гэнэ. Нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж эхэлжээ. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны дараа байгуулагдсан гэрээнүүдийг ил болгох шийдэл гаргажээ. Өнгөрсөн сарын 7-нд борлуулалтын бүх гэрээг ил болгосон гэж Б.Ганхуяг ярив. Нүүрс борлуулалтын гэрээг гурван хэлбэртэй болгожээ.

Эхний хэлбэр нь шууд гэрээлэх бол хоёр дахь хэлбэр нь шинэ гарц бий болгоход чиглэж байгаа аж. Орос руу Владивостокоор дамжиж гарна гэж “Эрдэнэс Таван толгой”-н удирдлага ярьсан юм. Гурав дахь хэлбэр нь нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулах зүг рүү чиглэж байгаа юм байна. Анхны саналаа авах гэж байгаа гэнэ. Тус компани энэ сарын 8-ны байдлаарх санхүүгийн үзүүлэлтээ мөн энэ өдөр тайлагналаа. Одоогоор 1.19 их наяд борлуулалтын орлого хийсэн байна. Цэвэр ашиг нь 473 тэрбум төгрөгт хүрчээ. Б.Ганхуяг “Цэвэр ашиг маань өсөх хэрээр ногдол ашиг, IPO, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нь нэмэгдэж байна. Хариуцлагатайгаар хэлье, 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр бид 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүртээ ногдол ашиг тараана. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас бидэнд нүүрсээ 13 хүртэл сая тоннд хүргэ, 2019 онд 15-аас дээш сая тонныг олборло, 2020 онд 20 сая, 2021, 2022 оноос бүрэн хүчин чадалдаа буюу 35 сая тоннд хүргэ гэсэн. Одоогоор 9.1 сая тонн нүүрс олборлоод байна” гэж ярилаа. “Эрдэнэс Таван толгой” компанид IPO гаргах чиглэлээр тусдаа нэгж ажиллаж эхэлжээ.

Хэвлэлийн хурлын дараа “Эрдэнэс Таван толгойн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-“Эрдэнэс Таван толгой”-н удирдлага гэрээ байгуулахдаа МАН-ын зарим сайд, дарга нарын нөлөөнд ордог, тонн нүүрснээс нэг ам.доллар хүртдэг гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Манай компани үйл ажиллагаагаа Компанийн тухай хууль, бодлого тодорхойлж байгаа төрийн захиргааны төв болон бусад байгууллага, ТУЗ-ийн шийдвэр, дүрэм журмын хүрээнд явуулдаг. Бидэнд ямар нэг улстөрч, улс төрийн нам, дарга сайд нөлөөлдөггүй. Борлуулалтаа нээлттэй ил тод болгохоор идэвхтэй ажилласан. Нүүрсний үнийг 70.1 ам.доллар болгож өсгөхийн тулд борлуулалтын үнийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Үүний хүрээнд хоёр ам.долларын асуудал яригдаж байгаа. Энэ хоёр ам.доллар улсад буюу Засгийн газар, компанид үлдсэнээр нэг улирлын 12.5 сая ам.доллар Монголд үлдэж байна. Бага хэмжээгээр нүүрс борлуулахаа больсон. 500 мянгаас дээш тонноор борлуулаад эхэлчихсэн. Дундын зуучлагч байхгүй болсон шүү. IPO гаргах хүрээнд олон улсын шинжээч, судлаачид манай бүх гэрээг судалж байгаа. Цаашид хөрөнгө оруулахаар илүү том компаниуд орж ирнэ. Тэгэхээр зөвхөн өөрөө хөдлөх биш бусад төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх, хамтран ажиллах боломжууд нээгдэнэ. Тийм учраас том компаниудыг сонгож байгаа.

-Л.Энхболд гишүүний мэдээлээд байгаа нүүрс хулгайлж худалдсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч. Үнэхээр тийм их хэмжээний нүүрс алга болсон уу?

-Холбогдох газруудын ажлын хэсэг ажилласан. УИХ-ын гишүүн энэ талаар мэдээлэл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Компани 268 мянган тонн нүүрсийг өөрийнхөө нүүрснээс алдагдсан гэдгийг анх тогтоож өгсөн юм. Өмнө нь 2013 оноос хойш алдагдаад яваад байсан юм билээ. Тухайн үеийн удирдлагуудаас орон нутгийн Таван толгойд бичгээр “Баталгаажуулъя, тоогоо нэгтгэе” гэсэн санал тавьсан байдаг. Гэсэн ч шийдэгдээгүй өнөөг хүрсэн л дээ. Харин бид очоод 268 мянган тонн нүүрсийг нь баталгаажуулж чадсан. Үүн дээр ч нэмэгдэх боломжтой байсан. Гэхдээ хоёр талын маркшейдер хэмжээд эхний байдлаар 268 мянган тонныг нь тогтоосон юм. “Эрдэнэс Таван толгой” буюу гурван сая иргэнийг төлөөлсөн компанийн нүүрс алга болсныг баталгаажууллаа. Одоо ид яригдаад байгаа асуудлыг анх сөхөж гаргасан нь бид өөрсдөө. Өөрөө хийчихээд буруутан нь болох ёсгүй. Шүүхээр тогтоогдоогүй үед хэн нэгнийг буруутай гэж хэлэх үндэс байхгүй. Бизнесийн компанийн хувьд эрсдэлтэй. Учир нь бид хамтарч ажилладаг байгууллагууд. Орон нутгийн Таван толгой бол манай дотор байдаг жижиг уурхай. Жижиг уурхайн зовлон гэж бий. Бүх зүйл манай уурхайн хяналтын бүсээр дамжиж ордог. Ажилчид нь хүртэл манай харуул хамгаалалтаар дамжиж ордог юм. Тэнд технологийн зам өргөтгөх, тэсэлгээ хийх, шал, тааз, хана, тогтооход хүртэл манай нүүрс унадаг. Ийм тайлбар хэлсээр ирсэн. Харин 2017 оноос хойш буюу 268 мянган тонн нүүрсний асуудлыг тогтоосноор нэг ч тонн нүүрс алдаагүй. Яагаад гэвэл орон нутгийн Таван толгойг бид хариуцлагажуулж чадсан. 24 цагийн хяналт тавьж байгаа. Бид дециметр алдахгүйгээр улаан зурвасаа татсан. Гэхдээ бид хүний бүс рүү шууд дайрч орж болохгүй учраас хүндрэлтэй зүйл байдаг юм.

-Алдагдсан нүүрсний хэмжээ өссөн гэсэн байх аа?

-Алдагдсан нүүрсний хувьд хамгийн сүүлийн байдлаар 340 мянган тонн болсон гэдэг мэдээлэл ирсэн. Бид баяртай байгаа. 340 мянган тонны хэмжээний орлогыг “Эрдэнэс Таван толгой” компани буцааж авна. Орон нутгийн Таван толгой ТУЗ-өө хуралдуулаад энэ төлбөрийг төл гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Улстөрчдийн ажил ямар түвшинд явах нь бидэнд сонин биш. Учир нь бид дэлхийд гарах гээд явж байгаа бизнесийн компани. Тиймээс бизнесийн ёс зүй, бизнесийн харилцаа, бизнесийн хуулийн хүрээнд алдагдсан нүүрсээ олж авна.

-Машинаар хяналтгүй гарсан гэх нүүрсний тухайд ч олон нийт тайлбар хүлээж байгаа. Тийм байх боломжтой юу?

-Хэрвээ машинаар хяналтгүй гарсан нь тогтоогдвол бид хуулийн дагуу дахин шаардлага хүргүүлнэ. Их ноцтой асуудал. Манай компанийн нүүрс байх өндөр магадлалтай. Бид нэг ч тонн нүүрс алдахгүйгээр алдсан бүхнээ олж авна. Бид бизнесийн байгууллага учраас гаальтай, хил хамгаалахтай асуудал үүсгээд явах боломжгүй. Ямартаа ч энэ жилдээ 340 мянган тонн нүүрсний мөнгө орж ирвэл төсөвт төлөх орлого нэмэгдэх нь гэсэн бизнесийн хүлээлттэй сууж байна.

-Таны өмнөх Д.Ариунболд захирлын үед нүүрс алга болсон уу?

-Тэр үед би энэ компанид ажиллаж байсан. Дахиад хариуцлагатайгаар хэлчихье. Д.Ариунболд захирлын үед нэг ч тонныг алдаагүй.

-Нүүрс алдсан хүмүүс нь хэн хэн бэ гэдгийг тогтоож, хариуцлага ярих учиртай гэсэн шүүмжлэл ид өрнөж байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Хууль шүүхийн байгууллага л тогтоох байх. Өмнөх удирдлагуудтай уулзаад ярихад нэвтрүүлдэггүй байсан гэдэг зүйл л ярьдаг. Хоёр компанийн хоорондын харилцаа сайнгүй, хамтын ажиллагааны гэрээ нь тодорхойгүй, орох гарахдаа хүртэл хүндрэлтэй асуудал үүсч байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өмнөх удирдлагууд зүгээр суугаагүй. Яг хаанаас алдаж байна вэ гэдэг дээр сансрын зургийн баталгаа хийлгээд яваад байсан юм билээ. Дахиад хэлье, хэн буруутайг шүүх тогтооно.

-1072 хувьцааны тухайд хувьцаагаа 100 хувь зарсан хүмүүс бий. Оюутнууд, ахмад настнуудаас гадна хувьцаагаа төрд зарсан хэсэг бий бил үү?

-Гурван удаагийн арилжаа хийгдсэн. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас гадна 300 мянган төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа. Хувьцаагаа шалгах хэрэгтэй. Арилжаанд оролцсон үгүй нь шалгасны дараа тодорхой харагдана.

-2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаагүй байгаа. Энэ тал дээр засаг ямар шийдэл гаргах бол?

-Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд олгох боломж бий гэж компанийн зүгээс тооцож байгаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд арилжаа эхлэхэд эрсдэл үүсч магадгүй гэж үзэж байна. 1072 хувьцааны тодорхой хувийг арилжаалах эрхийг нээнгүүт иргэд шууд зараад эхэлбэл үнэ нь унах вий гэсэн болгоомжлол бий. Үүнээс сэргийлэх үүрэг “Эрдэнэс Таван толгой” компанид ирж таарна. Тийм учраас бид “ETT” сан үүсгээд, хувьцааны үнэ доош унангуут сан маань өөрөө худалдаж авдаг, үнэ нь өссөн тохиолдолд борлуулах боломжийг нээх гэх мэт санхүүгийн гаргалгаануудыг зохион байгуулаад явж байна.

-Танай компанийн хувьцаа эзэмшдэг нас барсан хүмүүсийн тухайд ямар гарц гаргалгаа байгаа бол. Хувьцаа өвлүүлэх, бусдад шилжүүлэх гэх мэт харилцаануудыг яаж зохицуулах вэ?

-Компани хувьцаагаа гаргаснаар хувьцаа ямар хэлбэрээр эргэлддэг, ямар хэлбэрээр арилжаалагддаг вэ, тэр дүрмийг л дагана. Тийм учраас 85 хувийг нь эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргана. Энэ шийдвэрийн хүрээнд хувьцаагаа өвлүүлэх, бусдад шилжүүлэх гэх мэт бүх эрхийг хуулийн хүрээнд нээж өгөх байх. Бид 2 сая 511 мянган иргэнийг балансан дээрээ бүртгэж авсан. Өмнө нь манай балансан дээр байхгүйгээр арилжаа явагдсан юм. Одоо манай бүртгэл дээр ирсэн тул саяын ярьсан нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцаатай холбоо бүхий хуультай уяж өгнө. Би өмнө нь есдүгээр сард Монголын Хөрөнгийн биржээр гарна гэсэн амлалт өгсөн. Бичиг баримт нь бүрэн боловсрогдоод дууслаа. СЗХ-нд материалаа хүргүүлсэн байгаа. Эдийн засгийн байнгын хороонд саналаа хүргүүлсэн. Энэ сарын 26-нд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаа танилцуулж эрхээ авна. Би гүйцэтгэх захирлын хувьд хийх ажлаа хийсэн. Эрх бүхий байгууллага шийдвэр гаргавал энэ асуудал нээлттэй болсон.

-IPO гаргах ажлын явцаас сонирхуулаач. Гадаадын Хөрөнгийн биржээр арилжаалах хугацаан дээр багцаа бий юу?

-IPO-гийн нэгж байгуулагдаад долоо хүрэхгүй хоног болсон, бэлтгэл ажил хийгдэж байгаа учраас цаг хугацааны хувьд тодорхой тоо хэлэх боломж алга. Торонто, Лондон, Нью-Йорк, Хонгконг гэсэн дөрвөн Хөрөнгийн биржийг судалж байна. Хөрөнгө оруулагчид, санхүүгийн шинжээчид манай компанийг ид сонирхож байгаа. Хувьцаа, IPO хариуцсан газрууд маань цаг наргүй ажиллаж байна. Монголчуудын, компанийн хувьд нууцлалтай байх ёстой. Хэлэхгүй зүйлийг хэлэх боломжгүй.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Босоо хөх”-өөр эрүүдүүлснээс Канадын шүүхээр шүүлгэсэн нь дээр л дээ

“Сентерра голд”-той холбоотой Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хойшиллоо. “Босоо хөх Монгол”-ынхон өнөө л цаазал, дүүжил гэх мэт айхавтар үгсээ хэлж цээжээ ханхалзуулж бухимдаад сүйд болов. “Сентерра голд”-оос өмнөх шигээ ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Шүүх хурал хойшилсон цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуулт олны анхааралд байна. “Сентерра голд”-оос болж буцаад байх шиг. Ингэж хардахаас ч аргагүй.

“Сентерра голд” Монголд орж ирээд удаж байгаа компани. 40 гаруй тонн алтны нөөцтэй ордыг найман жилийн нөөцтэй хэмээн Тогтвортой байдлын гэрээнд тусгуулчихаад хугацаанаас нь өмнө ашиглаад дуусчихсан гэдгээр нь монголчууд андахгүй. Бороогийн алтны ордыг найман жил олборлох нөөцтэй гэсэн мөртлөө цөөхөн жилийн дотор ашиглаж дууссан нь олны дургүйцлийг өнөө ч төрүүлсээр байгаа.

“Бороо гоулд”-тай тогтвортой байдлын гэрээ хийх үед манай төр засгийнханд бизнесийн том гэрээ хийх мэдлэг, туршлага байгаагүй учраас алдаа гаргасан. Нуух аргагүй үнэн. Бороогийн хувьд хөрөнгө оруулагчидтай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, эхний гурван жилд нь татвараас 100 хувь, дараагийн гурван жилд нь 50 хувь чөлөөлнө гэсэн заалт тусгаж байв. Гэвч олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хугацаанаас нь өмнө татварын хөнгөлөлтийг больж, хуулийн дагуу бүх татварыг бүрнээр нь авч эхэлсэн юм. Татварын хөнгөлөлтийг хоёр тал ярьж хэлэлцээд Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдэж байв.

Мэдээж хувийн хөрөнгө оруулалттай ашгийн төлөө компани алтны үнэ өндөр үед хурдхан шиг олборлоод ахиу мөнгө хийхийг бодно. Гэрээнд хичнээн жил гэж заах нь хамаагүй, хугацаа алдалгүй их мөнгө олохыг хүснэ. Төр яг энэ нөхцөлд л зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компани ахиу нөөцтэй орд дээр хөрөнгө оруулаад техникийн чадал, технологийн хүчээр хэдхэн жилийн дотор олборлолт хийчихээд гарч яваад байвал яаж ч бодсон хэцүү байдал үүснэ. Канадын компани Бороод орж ирээд барууны жишиг, стандарт, технологи, хүний нөөцийг Монголд нэвтрүүлсэн гэж уул уурхайнхан онцолдог. Мэдээж ямар ч зүйл сайнтай, муутай гэдэг шиг “Бороо голд”-ын Монголд өгсөн өгөөж их ч дээр өгүүлсэн асуудлыг онцлохгүйгээр орхиж болохгүй. Нэг бол тэд төр засгийнхныг худалдаад авчихсан, эсвэл төр засагт суугаа цөөхөн хэдэн хүн мөнгө аваад нөлөөнд нь орчихсон тал ил тод шууд анзаарагддагийг нэгдүгээрт, хэдхэн жилийн дотор ухаад дуусгачихсан Бороогийн орд, хоёрдугаарт, шүүх хурал нь 39 удаа хойшилж байгаагаас харж болно. Эндээс нэг л зүйл тов тодорхой байна. Төр засаг, шүүх засаглалд нөлөөтэй нэг том компани гараад иржээ гэсэн зураг харагдаж байна.

“Босоо хөх Монгол” гэсэн нэр дор нэгдсэн хэдэн нөхөд ч тийм зөв санаа зорилгоор тэмцэж шүүхдээд байгаа улс биш. Хэтэрхий туйлшраад яваа нь нүдний өмнө тод харагдаж байна. “Дүүжлэх хэрэгтэй”, Цаазлах ёстой” гэсэн тэс хөндлөн үг хэлж түрэмгий авирлаж байгаа тэднээс нэг ч зөв үг сонсогддоггүй. Төр засаг, шүүхийн нөмөрт орсон компаниас ялгараад байх утгатай, учиртай зүйл тэднээс харагддаггүй. Тэдний яриад яваа шиг хөөж, тууж, цаазалж дүүжлээд байвал Монгол Улс Венесуэлээс ялгарах юмгүй болно. Инфляци нь хэдэн зуу мянга давсан, үндэснийх нь мөнгөн дэвсгэрт цаас болсон, иргэд нь бултаараа ядуурч, дээр суугаа цөөн хэд нь хэмжээлшгүй баяжсан Венесуэл шиг болохыг ямар ч улс хүсэхгүй. Венесуэл шиг болох гээгүй л бол босоо хөхчүүд шиг дэмийрдгээ болих хэрэгтэй.

Эцэст нь асуудал хаана байна вэ гээд харахаар ерөөсөө л Шүүхэд хамаг учир байна. Босоо хөхийнх нь зөв үү, “Сентерра”-гийнх нь зөв үү гэдгийг шүүгээд алхаа тогшчиход болохгүй юм юу байна. Зөв буруу гэсэн ямар нэгэн шийдвэр гаргачихвал болчихмоор шиг харагдах юм. Манай шүүх шиг нэг хэргийг дэнслэх гэж 39 удаа буцаадаг шүүх дэлхийд байхгүй. Ард түмэн босоо хөхчүүдэд хайртайдаа, тэднийг дэмждэгтээ шүүхэд бухимдаад байгаа хэрэг биш. Асуудлыг ингэтэл нь гацааж, буцааж, хөлдүү хөшүүн загнаад суугаад нь бухимдаад байгаа юм. Үүнийг л ард түмэн” Шүүх эрх баригчдын, мөнгөтэй хүмүүсийн дохио зангаагаар хөдлөөд байна” гэж шүүмжлээд байгаа юм.

Шүүхтэй холбоотой өчнөөн гомдол, шүүмжлэл дуулддаг. Сүүлд гэхэд л арван гуравхан настай охины харамсалтай үхлийн жишээ бий. Барим тавим илт хэрэг дээр наашаа цаашаа болоод хугацаа аваад байгаа нь Монголын шүүхийг муухай харагдуулж байна. Үүнээс гадна шүүх эмнэлэг дээр хүртэл элдэв гомдол шүүмжлэл тасардаггүй. 21 настай бүсгүй найз залуугийнхаа гарт 48 цагийн турш зодуулж нас барсан гэх хэрэг 2013 онд гарч олныг цочроож байв. Зодуураас үүдсэн олон тооны гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бүсгүй найз залуугийнхаа дарамтад байсан тухай мессэжүүд ил гарч, талийгаачийн найз нь хүртэл хэвлэлд ярилцлага өгч явсныг уншигчид санаж байгаа байх. Гэтэл тухайн үед гадны нөлөөгүй нас баралт гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч байсан юм. Энэ хэрэг олны анхааралд орж байж шүүх эмнэлгийн шинжээч эмч нар хуурамчаар дүгнэлт үйлдсэн нь илэрч байв.

Иргэддээ ингэж хатуу ханддаг манай шүүх бас илт улстөржсөн шийдвэр гаргадаг гэмтэй. Ийм шийдвэр гаргасных нь гороор улс орноороо өрөнд орсон жишээ бий. Арбитрт хандаад Монголын Засгийн газраас 100 сая ам.доллар авахаар болсон Канадын “Хан ресурс” хамгийн тод жишээ. “Хан ресурс” арбитрт хандахаасаа өмнө Монголын гурван шатны шүүхээр явсан юм. Улстөржсөн шүүх хөдөлж өгөөгүй учраас эцэст нь арбирт хандаж байв. Ураны дажгүй нөөцтэй Дорнодын ордод оростой хамтран үйл ажиллагаа явуулахаар канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчээр булааж авсныхаа хариуд Монголын Засгийн газар энэ хэмжээний өрийг Канадын компанид төлөхөөр болсон нь нуугаад байх юмгүй бодит үнэн. Засгийн газар өрөнд орсон гэж хэлж болохгүй юм байна. Канадын компанид төлсөн 100 сая ам.доллар төсвөөс, татвар төлөгч иргэдийн халааснаас гарсан. Өөрөөр хэлбэл Монголын шүүх, Засгийн газартайгаа нийлээд иргэдээсээ 100 сая ам.доллар дээрэмдсэн гэсэн үг.

Шүүхийг толгойлдог улс нь энэ бүхнийг анзаарахгүй нүдээ аниад яваад байдаг нь гайхал төрүүлдэг. Улсын дээд шүүхийн дарга Ц.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хоёрын хамгийн их анхаарах учиртай асуудал энэ баймаар санагддаг. Харамсалтай нь шүүхийн энэ даварсан хандлагын тухай тэд ярьдаггүй. Засах гэж хичээдэггүй. Чив чимээгүй, нам жим яваад байх, өөгшүүлээд байх асуудал уг нь биш. Бүхэл бүтэн нэг улсын шүүхэд удирдлагууд нь ийм хөндий хүйтэн хандаж болохгүй л дээ. Монголд хамгийн хэрэгтэй зүйл бол шүүх засаглал. Ардчиллын төлөө, Үндсэн хуульдаа заасан хүмүүнлэг нийгмийн төлөө зорьж яваа бол шүүхээ хүчирхэгжүүлэхээс өөр арга бидэнд байхгүй. Улс төр, мөнгөний нөлөөгүй шүүхтэй байж бид дэлхийн тавцанд жинхэнэ ардчилсан улс гэж харагдана.

“Босоо хөх Монгол”-ынхон “Худалдагдсан шүүхийн эсрэг ард түмэн минь босоорой” энэ шүүх Монголын шүүх биш Канадын шүүх болсон гэж хашгиралдаж байна. Шүүхийг устгая гэх утгатай үг ч унагана лээ. Итгэл нь алдарсан ард түмэн аргаа барахдаа юу ч бодож болдгийн нэг жишээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ босоо хөхчүүдийн ярьж байгаа шиг шүүхээ устгаж сөнөөнө гэж туйлширтлаа олны сэтгэлгээ доройтоогүй л дээ. Хэтрүүлэгтэйгээр зүйрлэхэд шүүхийнхээ эсрэг тэмцэж, шүүхгүй болоод босоо хөхчүүдээр эрүүдүүлж тарчилснаас тэр Канадын шүүхээр нь шүүлгүүлсэн нь дээр.

Ямар ч шүүхгүйгээр хүмүүсийг цаазалчихдаг, гэм буруутайг нь зарлачихдаг Линчийн шүүх Монголд сэргэх вий гэсэн айдас эргэлзээ төрүүлэхээр үйл явдал ч нүдний өмнө хөврөөд эхэлчихсэн. Наад захын хэцүү жишээ нь хохирсон иргэд шүүхэд гэхээс илүү “Босоо хөх Монгол”-ын хэдэн залууст ханддаг болчихож. Youtube дээр тавигдсан нэг бичлэгийг жишээ татмаар байна. Хятад эзэнтэй үйлдвэрээс хөөсөнцөр худалдаж аваад байшин барьтал улсын комисс чанаргүй хөөсөнцрөөр барьсан гэх шалтгаанаар хүлээж авахгүй байж л дээ. Бухимдсан залуу шүүхэд биш, босоо хөхчүүдэд хандаж өнөөдүүлийг дагуулаад очиж. Хөөсөнцөр зарсан хятад “Би таньдаг цагдаа руугаа ярина. Цагдаад хандана” гээд утсаа шүүрч авч байгаа бичлэгийг үзсэн иргэд “Цагдаа нар хужаад худалдагджээ” гэсэн өнгөтэй сэтгэгдлүүд үлдээсэн харагдсан. Наад өнгөндөө ингэж харагдаж болох ч цаад агуулгаараа шүүхэд, цагдаад хандах гэж байгаа хятадынхан хандлага зөв л дөө, уг нь. Уул уурхай ажиллуулдаг хятад компаниудад нэг сул тал анзаарагддаг. Барууныхан шиг стандарт, технологи энэ тэр гэхээр юмгүй, экологид сөрөг нөлөө ихтэй аргаар ажилладгийг уул уурхайн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Иргэд иймэрхүү уурхайнууд руу мөн л босоо хөхчүүдийг дагуулчихсан очиж байгаа харагддаг. Зүй нь шүүх, цагдаад хандах учиртай. Шүүх нь шударга бус шийдвэр гаргаад байхаар аргагүйдээд ингэдэг байж болох л юм. Гэхдээ ийм хандлага яав ч зөв биш.

Хэн дуртай нь Монгол орны газар нутагт дээр хууль зөрчиж болохгүй. Мөн хуулиа дагаж байвал хэн ч ажиллаж болно. Хууль зөрчсөн алхам хийлгэхгүйн тулд Шүүх нь хүчирхэг байх ёстой. Шүүх засаглалаа сайжруулах учиртай. Ц.Зориг, Н.Лүндэндорж хоёрын хийх ёстой хамгийн чухал ажил нь энэ. Энэ эрхмүүдийг шүүх засаглалыг толгойлох жилүүдэд Монгол Улсын шүүхийн нэр хүнд унаж, хүчгүйдэж, улстөржиж, “Босоо хөх Монгол” мэтхэн шүүхийн үүрэг гүйцэтгэж эхлэх нь байна.

Шүүхээ доромжлох, дорд үзэх, гутаах эрх хэнд ч байхгүй гэж ярьдаг нь зөв. Үүн шиг үнэн үг үгүй. Гэхдээ шүүхээ халдашгүй сүр хүчтэй байлгахын тулд шүүх засаглалаа сайжруулмаар байна.


Categories
мэдээ цаг-үе

Хойд хөршөө нүүрсний зах зээлийн өрсөлдөгч гэж хармаар байна

– ОРОС УРД ХӨРШИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫГ ОНИЛЧИХООД БАЙХАД БИД НҮҮРСЭЭ ТЭЭХ ТӨМӨР ЗАМ Ч ҮГҮЙ СУУЖ БАЙНА –

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Энэ онд манай улсын нүүрсний экспорт 200 сая тонн давна. Мөн нүүрс олборлолт 420 сая тоннд хүрч, 1988 он буюу хуучин ЗХУ-ын үеэс хойш анх удаа түүхэн дээд рекорд амжилт тогтоож байна” гэж мэдэгдэв. Кемеровт болсон форумын үеэр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Сүүлийн 20 жилд манай ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадлаа” гэсэн үг унагана лээ. Өнгөрсөн онд ОХУ нийт 190 сая тонн нүүрс экспортолж, дэлхийд экспортын хэмжээгээр дээрээсээ гуравт бичигдсэн юм. Александр Новакийн мэдэгдлийн дараахан ерөнхийлөгч В.Путин “Бид энэ боломжоо ашиглаж, дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа улам бүр баталгаажуулна. Манай дотоодын нүүрсний компаниуд бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлж, дэлхийд, ялангуяа Азийн зах зээлд илүү хүч түрж орж, зах зээлд эзлэх хувиа бүр их нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай Оросын нүүрсний уурхайнуудад асар их боломж байгаа” гэлээ. Хятадын нүүрсний дата мэдээллийн хамгийн том бааз, олон улсад мэдээлэл түгээдэг гол эх сурвалж болох sxcoal.com-д нийтлэгдсэн мэдээлэлд энэ тухай онцолсон байсныг тодотгоё.

Хойд хөрш бол нүүрсний салбарт манай аварга том өрсөлдөгч. Бүр тодруулаад хэлбэл нүүрсний зах зээлийн дарангуйлагч гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байна. ОХУ одоо гол зах зээл болох Хятадаас гадна зүүн өмнөд Азийн орнууд руу ч экспортоо хүчтэй тэлж буй. Хятадын зах зээлд байр сууриа тэлэхийн тулд оросууд маш эрчтэй бодлого явуулж байна.

Гэтэл манай улс Азийн гол зах зээлийн хаяанд байж жилдээ 30-хан сая тонн нүүрс гаргаж чадвал дээд амжилт хэмээн бахархан ярьж, тэрнийгээ гаргах гэж улаан шороотой замаар зүдэрсэн хэвээр 2018 онтой золгочихлоо. Ядаж ганц экспортын төмөр зам тавьчихъя гэхэд “Заавал манайхаар дайруулж, 5000 км тойрч зарвал зар” гэж хойд хөршийнхөн даапаалдаг нь бодитой үнэн. Хятадын хаяанд байгаа хамгийн гоё байрлалтай Монгол гэсэн өрсөлдөгчийг хөдөлгөхгүй хашиж байж оросууд өөрсдөө зах зээлээ бүрэн ашиглахыг хүсч байгаа нь зах зээл гадарладаг хэнд ч тодорхой асуудал. Энэ нь жил ирэх тусам улам тод харагдаж, батлагдаж нотлогдох болсныг дээр онцолсон мэдэгдлүүдээс харчихаж болно.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард гэхэд Оросын урд хөрш рүү хийсэн нүүрсний экспорт 83 хувиар өссөн юм. Хойд хөршийн коксжих нүүрсний нөөц Кузнецийн сав газарт байдаг гэдэг. Путин нүүрсний олборлолтоо 2030 онд 410-460 сая тоннд хүргэнэ гэж төсөөлж байна. Үүнээс 205 сая тонныг нь экспортолно гээд төлөвлөчихсөн. Бүр тодруулж яривал Азийн орнууд руу 120 сая тонныг нь нийлүүлнэ гэж буй. Ази гэдэгт нь бидний ганц зах зээл болох БНХАУ гол байр суурь эзэлнэ. Оросууд энэ зорилгоо биелүүлэхийн тулд Ази Дорнодын боомтуудын хүчин чадлаа 155 сая тоннд хүргэнэ гэсэн том тоо тавьчихсан байгаа.

400 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэгддэг Элегест, хоёр тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй Элга, Азийн зах зээлийг аль хэдийнэ онилсон Межегей, Тувагийн Улуг, Улуг хэм гэж ирээд жагсаавал хойд хөрш коксжих нүүрсний баялаг нөөц бүхий олон ордтой.

Маргааш болох “Coal Mongolia” чуулга уулзалтад манай гол зах зээл болох Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны компани, нүүрсний зах зээлийн тоглогчид ирнэ. Тэднээс гадна Оросоос ч төлөөлөл ирэх сураг дуулдсан. Коксжих нүүрсний зах зээл дээр хэрхэн яаж өрсөлдөх арга зам, гарц шийдлээ ярих цаг мөн үү гэвэл мөн. Ядаж л нүүрсээ ахиухан зөөж их мөнгө олох төмөр зам дээрээ гарц шийдэл гаргаад авах хэрэгтэй.

Австралийн өндөр чанарын угаасан коксжих нүүрсний үнэ өнгөрсөн гуравдугаар сард 220 ам.долларт хүрсэн юм. АНУ-д цаг агаарын нөхцөл таагүй байсан гэх мэт шалтгаанаар коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд дунджаар 190 ам.долларт хүртэл уруудна гэсэн “Блүүмбэрг интеллежинс”-ийн тооцоо бий. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ бууна гэж байгаа ч хамгийн багадаа 174 ам.долларт хэлбэлзэнэ гэж буй. Харин ирэх жил үнэ тонн тутамдаа дунджаар 148 ам.доллар байна гэсэн зураг гарчээ. Хамгийн ихдээ 165 ам.доллар, хамгийн багадаа 126 ам.долларт хэлбэлзэнэ гэж “Блүүмбэрг”-ийн шинжээчид онцолж байна. Харин 2020 онд 152 ам.долларт хэлбэлзэх нь. Эндээс харахад нүүрсний зах зээл дэх асуудлуудаа шийдчихвэл ирэх жилүүдэд овоо доллар олж мэдэхээр байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдсан “Дисковер Монголиа”

Хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэсэн нь өчигдөр ШангриЛа-д эхэлсэн “Дисковер Монголиа-2018”-аас тод анзаарагдав. 25 орны 800 төлөөлөгч “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг зорьж ирээд байна. Гадаадаас ирсэн оролцогч гэхэд л 200 хол давжээ. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэхэд нөлөөлсөн гэж чуулганыг зохион байгуулагчид онцоллоо.

Б.Бямбасайхан: ЗҮҮНХОЙД АЗИЙН УУЛ УУРХАЙН ТӨВ БОЛМООР БАЙНА

Хөрөнгө оруулагчид, хайгуулын том төсөл хэрэгжүүлэгчид, тэрбум ам.доллараар яригдах мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийнхэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхлээд салбар хариуцсан төрийнхөн, олон улсын судлаач, шинжээчид хамтарч суугаад асуудлаа ярьж шийдэл хайж байгаа нь энэ удаагийн “Дисковер Монголиа”-гийн онцлог гэж зохион байгуулагчид нь хэллээ. Энэ жилийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганыг Засгийн газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас гадна Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн чухал тулгуур. Энэ салбарт тодорхой бизнесүүд идэвхтэй явж байгаа. Хүрээгээ тэлэх цаг нь ирчихлээ. Бидний хамтдаа зорих гол зүйл бол Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох алхмуудыг идэвхжүүлэх явдал. Ингэхийн тулд дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг зөв шийдэж, төслүүдээ зөв явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлого зөв хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээр хангаж байж, бизнес ажиллагаа өргөжинө” гэж ярилаа. Түүнээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд юунд анхаарах учиртайг сонирхоход “Уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчид төрийн бодлого ойлгомжтой, тууштай байхыг л хүсдэг. Хууль бус ашигт малтмал олборлогчидтой тууштай тэмцэх цаг ирсэн. Хамгийн гол нь олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр бизнесийн холбоодтой хамтран ажиллах нь чухал болоод байна” гэсэн хариу өгсөн юм.

Д.Сумъяабазар: ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД СААД УЧРУУЛАХГҮЙ

Үндсэн хуралдааны гол илтгэгч нь УУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байлаа. “Эрдэнэс Таван толгой”-н IPO-гоос босгох таван тэрбум ам.доллараар Таван толгойд авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр барина, нийтдээ арав гаруй төслийг санхүүжүүлнэ гэж сайд онцлов. Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Сайдын илтгэлээс “Талуудын яриа хэлцэл хэвийн л процесс, Оюу толгойн бүтээн байгуулалтад саад учруулахгүй”, “Хамгийн гол нь төрийн бодлого ойлгомжтой, тууштай байх ёстой. Буруу бизнесийн үйл ажиллагаа болон олон улсын стандартын дагуу явж буй бизнесүүдийг ялгаж салгамаар байна”, “Зах зээлдээ хэрхэн ойртох вэ гэсэн асуудалд анхаарч хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэх мэт үгс анхаарал татаж байлаа. “Уул уурхайн мөчлөг ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсан “Лайон менежер лимитед”-ийн захирал Хэдли Виддап ийн илтгэлээс сонирхол татахаар жишээнүүд цөөнгүй дуулдав. Африкийн Буркина фасо гэдэг улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон гэнэ. Хуулийн таатай орчин, тогтвортой байдал амласан ямар ч улсад хөрөнгө оруулалт сэргэх боломжтой гэж тэрээр ярьсан юм.

П.Ганхүү: ИРГЭДЭД НОГДОХ ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААГТАВАН САЯ БОЛГОНО

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, тоймыг хүргэж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлагатайг хөрөнгө оруулагчдад дуулгав. “Эрдэнэс Монгол” иргэн бүрт очих давуу эрхийн хувьцааг таван сая болгож нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Хүн ам өсч байгаа учраас ийм шийдэлд хүрсэн гэнэ. Иргэд давуу эрхийн хувьцаагаараа дамжуулж төрийн эзэмшилтэй уул уурхайн компаниудаас ашиг хүртэх боломжтой юм.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн төвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд бид Монголд үйлдвэрлэв стратегийг хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Стратегийн ашиг тусыг тодоор харж болно. Бид одоо ган бөмбөлөг, радио дамжуулагчтай шошго, шохой, ажлын хувцас, баяжмалын уут, ажлын гутал, бээлий, хуванцар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг дотоодод анх удаа үйлдвэрлэж байгаа” гэж ярилаа. Оюу толгой компани 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.

ХАЙГУУЛЫН ТӨСЛҮҮДИЙН ГЭГЭЭЛЭГ МЭДЭЭНҮҮД

Үдээс өмнөх салбар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрнөв. “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Пол “Улсын хойд бүс: Коксжих нүүрсний ханган нийлүүлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэдний илрүүлсэн нөөц Монголын коксжих нүүрсний экспортын 20-30 хувийг хангана гэсэн том тоо сонсогдов. Нүүрсээ тээх төмөр замын талаар ч өөдрөг мэдээ дуулгав. Дэвид Пол “Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” гэж ярилаа.

“Степп голд” компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаагийн илтгэл ч сайн мэдээ ихтэй юм. “Монгол Улсын дараагийн алт мөнгөний олборлогч” сэдэвт илтгэл нь хөрөнгө оруулагчдын анхаарч сонссон илтгэлийн нэг байв. “Степп голд” компани энэ оны тавдугаар сард Торонтогийн бирж дээр 25 сая ам.долларын IPO-г амжилттай хийж гүйцэтгэжээ. Зургадугаар сараас хайгуул болон олборлолтын бэлтгэл ажлуудыг хангаж, бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн гэнэ. Тус компани Дорнод аймагт ашиглалтын нэг, хайгуулын хоёр, Баянхонгор аймагт хайгуулын нэг буюу нийт дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Анхаарал татсан төсөл нь “Алтан цагаан овоо” юм байна. Т.Батаа “Энэ ордын маань эхлэлийн зардал бага. Нэг унц алтыг гаргах зардал нь 430-450 ам.доллар. Манай компани уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтад шаардагдах бүх санхүүжилтийг шийдчихсэн. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглана. Зарим нь уурхайн талбайд ирсэн. Заримыг нь захиалсан, ирж байгаа” хэмээн онцоллоо.

Зэс алтны Хармагтай төслийн танилцуулгыг “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт хийсэн юм. Компанийн зүгээс өнгөрсөн зургаан жилд 25 сая ам.долларыг хайгуулд заржээ. Хайгуулын ажил дууссан, ирэх аравдугаар сард дараагийн шат руугаа шилжинэ гэсэн мэдээлэл өглөө. Хармагтайн хувьд ерөнхийдөө Оюу толгойн ордтой төстэй гэнэ. Зэс нь эрдэсжилт сайтай зах зээл дээр өрсөлдөхүйц гэдгийг шинжилгээгээр баталжээ. Олборлолтын зардал нь ч хямд аж.

Т.ГАНБОЛД: БИРЖТЭЙ БОЛБОЛ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨӨН ҮҮСНЭ

Чуулганы үдээс хойшхи хуралдаан “Засгийн газрын санаачилгууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөлөө. “Засгийн газрын санаачилгууд” сэдвээр өрнөсөн хуралдаанаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдын “Эрдэс баялгийн бирж ба Эрдэнэс Монголын хөгжил” сэдэвт илтгэл сонирхол татсан юм. Тэрээр “Эрдэс бүтээгдэхүүний экспорт огцом өсөх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн. Эрдэс баялгийн бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдэх нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

ДЭЛХИЙГЭЭС МӨНГӨ БОСГОХ ШИНЭ БОЛОМЖИЙГ ХӨНДӨВ

Өнөө жилийн “Дисковер Монголиа”-гийн нэг шинэ өнгө нь үдээс хойш 15.50 цагаас эхэлсэн “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр өрнөсөн салбар хуралдаан байв. Салбар хуралдаанд гадны Элчин сайдууд болон Монголд суугаа ЭСЯ-дын төлөөлөл оролцсон юм. Салбар хуралдааны гол илтгэлийг Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан тавилаа. Тэрээр “Бүс нутгийн эдийн засаг дэд бүтцийн санаачилгуудын тухай” гэсэн сэдэв сонгожээ. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд ирэх 15 жилд Азийн бүс нутагт зөвхөн дэд бүтцийн салбарт жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Манай улсын хамаарах бүс нутагт эдийн засгууд тогтвортой өсөхөд ийм хэмжээний шинэ дэд бүтэц шаардлагатай гэнэ. Бүс нутгийн улс орнуудын эдийн засаг цаашид улам уялдаатай болно, худалдааны хэмжээ нэмэгдэнэ гэсэн зураг гарчээ. Манай бүс нутагт 1.7 их наяд ам.долларын өртөгтэй хэрэгжих дэд бүтцийн төслүүдэд зэс, төмөр, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэрэгтэй, уул уурхайн том төслүүдээ хөдөлгөчихвөл боломж хажууханд байна гэсэн санаа нь содон дуулдав. Бүс нутагт өрнөх их мөнгөний бүтээн байгуулалтад оролцож их ашиг хүртэхийн тулд бүсийнхээ зах зээлүүдтэй нийлсэн дэд бүтцийн сүлжээнд анхаарах хэрэгтэй хэмээн илтгэгч онцоллоо. Зам тээвэр, төмөр зам авто зам, агаарын тээвэр, эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтад оролцох, хамрагдах боломж бий гэнэ. Цахилгаан эрчим хүчний хувьд гэхэд л Азийн супер сүлжээнд нэгдвэл салхи, нарнаасаа цахилгаан гаргаж Хятад, Япон зэрэг өндөр эрэлттэй улсад нийлүүлээд байх боломжтой гэж Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн онцлов. Азийн супер сүлжээний судалгааны ажил ид явагдаж байгаа юм байна. Б.Бямбасайхан “Бүс нутгийн улсуудтайгаа эрчим хүчний сүлжээгээ ирээдүйд холбох боломж байна. Техникийн талаас ямар ч асуудалгүй. Арилжааны ямар нөхцөлөөр, техникийн ямар горимоор холбох вэ гэдгийг тооцоод судлаад явж байна. Бид нар, салхины төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд явбал ашигтай ажиллана. Эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр нэмэгдэнэ. Монголоо Азийн супер сүлжээний төв, мэдлэгийн хаб болгох нь бидний зорилго” хэмээн ярилаа.

“Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр өрнөсөн салбар хуралдаанд оролцсон Элчин сайдуудын байр сууриас тоймлон хүргэе.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКА:

Дэлхийн худалдаа нүсэр бүтэцтэй болж байна. Apple-ийн гар утсыг Хятадад угсарч Америк руу гаргаж байна. Дэлхийн худалдаа, бизнест ийм хэлхээ үүссэн. Япон олон үйлдвэртэй. Мексикт том хөрөнгө оруулалт хийчихсэн. Мексикт үйлдвэрлэсэн бараагаа Америкт худалддаг. Манай улсын хувьд танай олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтад оролцсон. Цаашид нь шинэ нисэх буудал дээр хамтарч ажиллана. Монголд 20 мянган япон жуулчин ирж байгаа нь чамлалттай хэрэг. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Япон болон бусад улсаас ирэх жуулчдын тоо өсөх нь наад захын үр өгөөж. Хоёр улсын хооронд хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээр нэг талаас бараагаа хямд өртгөөр экспортлох боломж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын хувьд хамгаалалт болж байгаа гэж ойлгодог. Японы томоохон компани хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах охин компаниа Монголд нээх гэж байна. Криптовалют олборлоход компьютер маш их халдаг. Танай улсын өвөл их хүйтэн. Энэ утгаараа дата баазыг нь Монголд нээх боломж бий.

ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ МАКСИМ ВАСИЛЬЕВ:

Би 30 жилийн өмнө Монголд ирж байсан юм. Сүүлд ирэхэд тэс өөр улс намайг угтсан. Оросын хувьд Монголтой харилцах харилцаагаа шинээр харж байна. Оросууд эргэж ирж байна. Жишээ нь бид төмөр замын шинэчлэлийг дэмжиж байгаа. Жилд 100 сая тоннын тээвэр хийх хүчин чадалтай болгомоор байна. Хятад, Орос, Монголыг холбосон төмөр замын сүлжээг өргөтгөх цаг болсон. Танай улсын цэвэр эрчим хүчний потенциалыг ашиглах боломж ч байгаа. Бид Азийн супер сүлжээг сонирхож байна.

КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДЭВИД СПРУЛ:

Канад дэлхийд хамгийн хүчтэй улстай хил залгаа оршдог. Танай улс ч гэсэн том хөршүүдтэй. Заантай цуг нэг оронд унтаж байгаа хулгана шиг гэсэн зүйрлэл бий. Хулгана унтаж байхдаа эргэж хөрвөөвөл заан ажрахгүй. Харин заан эргэж хөрвөөвөл хулгана хэцүүднэ. Том хөршүүдтэй жижиг улсын хувьд бодохоор л зүйрлэл. Танай улс далайд гарцгүй. Тэгэхээр хоёр улстайгаа дэлхийд гарах гарцыг хайсан гэрээнүүд хийх хэрэгтэй. Мэдээж том гүрэн жижиг улсад дарамт үзүүлэх нь нийтлэг үзэгдэл. Асуудлаас гарах хамгийн гол зам бол ерөөсөө л зөвшилцөл. Дэд бүтцийн том төсөл хэрэгжүүлэхэд өндөр хүүтэй зээл олддог нь танай улсын хувьд том асуудал. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэхээс аргагүй. Танайх Хятад, Орос гэсэн хоёр том зах зээлтэй ойр гэсэн байршлын давуу талтай. Бас байгалийн баялаг гэх мэт потенциал өндөртэй. Ийм давуу талуудтай хэрнээ урт хугацааны төлөвлөлтдөө асуудал гаргадаг тал анзаарагддаг. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. “Дисковер Монголиа” өнөөдөр үргэлжилнэ.


Categories
мэдээ цаг-үе

Армандо Торрес: Хөрөнгө оруулагчдад бодлогын тогтвортой орчин шаардлагатай байна

– “ДИКСОВЕР МОНГОЛИА”-Д ОРОЛЦОЖ БАЙГАА ЗОРИЛГЫН НЭГ НЬ МОНГОЛЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖИЙГ ДЭЛХИЙД ХАРУУЛАХ –

“Оюу толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой ярилцлаа.


-“Оюу толгой”-н гүйцэтгэх захирлын намтар манай уншигчдын сонирхлыг татаж байгаа байх. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач…?

-Миний хувьд химийн болон уул уурхайн инженер мэргэжлээр их сургууль дүүргэж, ажлын гараагаа өмнөд Америкаас эхлүүлсэн хүн. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хойд, өмнөд Америк, Номхон далайн орнууд, Ази тивийн олон улсад ажиллаж, уул уурхайн бизнесүүдийг бүх түвшинд нь удирдсаар өнөөг хүрсэн. Мөн үйл ажиллагааны оновчлол, төлөвлөлтийн чиглэлээр шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалж байлаа. Оюу толгойг удирдаж ажиллаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг. Компанийг удирдах түвшинд ажилладаг бидний хувьд аливаа шийдвэр урт хугацааных байх ёстой. Бидний өнөөдөр гаргаж байгаа шийдвэр ирээдүй, үр хойчид маань нөлөөлдөг учраас аливаа шийдвэрийг урт хугацаанд нь харж гаргах учиртай. Тийм ч учраас Оюу толгойн гүйцэтгэх захирлын хувьд гаргаж буй шийдвэрүүд маань тогтвортой байдалд чиглэсэн, тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэх ёстой гэж боддог.

-“оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын явц ямар шатандаа явна вэ гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд маш өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалт. Нийтдээ таван босоо ам барина. Анхны хүдэр гаргаж авах хүртлээ 50 км урт хөндлөн тунель ухах ёстой. Үүнээс гадна барилга бүтээн байгуулалтын шатанд оролцож байгаа ажиллах хүчнийг хангах хэмжээний дэд бүтцүүд, бусад байгууламжуудынхаа хүчин чадлыг өргөтгөх шаардлагатай. Мөн бид гүний уурхайд блокчлон олборлох гэдэг шинэ технологи ашиглана. Энэ технологийн гол онцлог нь ирээдүйн уурхайн үйл ажиллагаа үр ашигтай байх юм. Түүнээс гадна байгалийн орчинд хамгийн бага үр нөлөөтэй олборлох арга.

Энэ аргыг ирээдүйд Оюу толгойн гүний уурхайд ашиглана. Блокчлон олборлох аргын нэг онцлог нь бүтээн байгуулалтын эхний үе шатанд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм учраас бид гүний уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна. Өнөө жил гүний уурхайн бүтээн байгуулалтаа маш ахицтай урагшлууллаа. Энэ хүрээнд онцлон дурдахад агааржуулалтын зориулалттай тавдугаар босоо амны нэвтрэлтийг дуусгасан. Ингэснээр гүний уурхай дахь агааржуулалтын хүчин чадлыг нэмэгдүүллээ. Тэр хэрээр илүү олон хүн, техник газрын гүнд ажиллах боломж нээгдэж байгаа. Дараагийн нэг гол амжилтыг онцолж дурдмаар байна. Хоёрдугаар босоо амны босоо нэвтрэлтийг хийж дууслаа. Хоёрдугаар босоо ам бол гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг гол зүрх нь. Учир нь бид хоёрдугаар босоо амаар дамжуулж ажиллах хүч, тоног төхөөрөмж тээвэрлэхээс гадна газрын гүнээс хүдэр гаргаж авах юм. Хоёрдугаар босоо амны механик тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтааж дуусгана. Дүгнээд хэлэхэд бид 2020 онд анхны хүдэр буулгуурыг дуусгаж анхны хүдрээ гаргаж авахаар зорьж байна. 2021 он гэхэд үйлдвэрлэлийн тогтвортой шат руугаа шилжинэ. Нийт төслийн бүтээн байгуулалт 2022 онд дуусна. Энэ үеэр гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгддэг дэд бүтцийн ажлуудыг хийж дуусна гэж тооцож байгаа.

-Тэгэхээр 2020 онд гүний уурхайгаас анхны хүдрийг гаргаж авна гэж ойлголоо…?

-Бид тэгж тооцоолж төлөвлөж байна. Анхны хүдрээ 2020 онд гаргаж авна. 2021 оноос үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа руу шилжээд 5-7 жилийн хугацаанд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж явсаар 2027 он гэхэд гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэж тооцож байгаа.

-Гүний уурхай төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нь ээ?

-Шинэ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь амжилттай дуусгахын тулд сорилт бэрхшээл тулгарч байгаа. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн цаг хугацаандаа төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тус дэм их бийг онцлон дурдъя.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн хичнээн хувийг монголчууд эзэлж байгаа бол?

-Гүний уурхайн бүтээн байгуулалт мега төсөлд тооцогдоно. Тэр хэрээрээ өндөр хэмжээний төлөвлөлт шаардаж байна. Шинэ техник технологи нэвтрүүлэх, урьдчилан бэлтгэх гэх мэт олон хүчин зүйл шаардлагатай. Оюу толгойн хувьд үндэсний компаниуд, дотоодын ханган нийлүүлэгчдийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн цар хүрээтэй төслийг амжилттай хэрэгжүүлж яваадаа баяртай байна. Онцолж дурдахад төслийн нийт ажиллах хүчний хэмжээ 16000 давсан. Үүний 93 хувь нь монголчууд. 1200 гаруй ханган нийлүүлэгч компаниудын 70 гаруй хувь нь дотоодын ханган нийлүүлэгчид, тэдний 90 гаруй хувь нь үндэсний компаниуд буюу талаас дээш хувийг нь монгол иргэн эзэмшдэг компаниуд байдаг.

Эдгээр компаниудын хувьд шинэ техник технологи, олон улсын стандартад суралцаж шинэ ур чадваруудыг эзэмшиж байна. Ханган нийлүүлэгч компанийн үйл ажиллагаа сайжирч чанар нь нэмэгдэж байгаа. Цаашид Монголд олон том төсөл хэрэгжинэ. Тэр төслүүдэд ханган нийлүүлэгчээр ажиллах компаниудыг Оюу толгой бэлдэж байна гэж ойлгож болно.

-“Оюу толгой”-н инженер болон удирдах түвшний албан тушаалын хичнээн хувийг монголчууд эзэлдэг вэ?

-Ахлах мэргэжилтнүүд 100 хувь монголчууд. Инженерүүдийн 70 гаруй хувь, менежерүүдийн 50 гаруй хувийг монголчууд бүрдүүлж байна. Компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гуравны нэг нь монгол хүмүүс. Тавхан жилийн настай компанийн хувьд маш том ололт амжилт. Миний хувьд 28 жил уул уурхайн салбарт ажилласан хүн гэдгээ танд хэлсэн. Уул уурхайн салбарт ажилласан жилүүддээ ийм жишээтэй таарч байгаагүй. Тэгэхээр энэ жишээ бол монголчуудын ур, чадвар потенциалыг илтгэж буй нэг хэлбэр. Ирээдүйд монголчууд Оюу толгойгоос гадна дэлхий даяар ажиллах бусад уурхайг удирдаад явна гэдэгт эргэлздэггүй. Үүнээс гадна Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниуд олон улсын түвшинд өрсөлдөх бүрэн бололцоотой. Бидний өнөөдрийн явуулж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтууд Монгол Улсад, Өмнөговь аймагт эерэг нөлөө үзүүлж байгаа гэдэгт ч эргэлздэггүй. Хүнд хийж байгаа бидний хөрөнгө оруулалт үр шимээ өгөөд эхэлсэн. Ирээдүйд илүү их өгөөж өгөх байх.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч олборлолт эхлэхэд зэсийн үнэ өндөр байна гэсэн өөдрөг таамаг дуулддаг. Зэсийн зах зээлийн ирээдүйн талаар төсөөлөл таамгаа хуваалцаач?

-Зэсийн зах зээлийн ирээдүй өөдрөг харагддаг. Сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна. Цахилгаан машины зах зээл тэлж эхэллээ. Ухаалаг утасны зах зээл улам хөгжих нь тодорхой байна. Энэ мэт олон шалтгааныг дурдаж болно. Зэсийн ирээдүйн хэрэгцээг тоймлоод харахаар багагүй хэсэг нь Монголын урд хөрш Хятад улсад ногдож байгаа. Тэгэхээр зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэх шаардлагагүй. Ирэх жилүүдэд огцом өсөх эрэлттэй зэрэгцэн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Энэ бол бидний хувьд олзуурхууштай хэрэг. Оюу толгой шиг бүтээн байгуулалтын шатандаа яваа, зэсийн эрэлт хэрэгцээ өсөх үед үйл ажиллагаа нь эхлэх төсөл тийм олон биш. Тэгэхээр бидний хувьд боломж бололцоо их байна.

-Гүний уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл Монгол Улс зэсийн зах зээлийн голлох тоглогчдын нэгд багтах хүлээлт байна…?

-Зэсийн зах зээлийн голлох тоглогчид гэвэл мэдээж Индонези, Чили. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт зэсийн зах зээлийн хувьд чухалд тооцогдож байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч ашиглалтад бүрэн орсноор дэлхийд дээрээсээ гуравт жагсах уурхай болох төлөв бий. Чили шиг хамгийн том тоглогч болж чадахгүй ч Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг дагаад Монгол Улсын дэлхийн зэсийн зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэнэ. Ингэхийн тулд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах шаардлага байгаа. Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогч байхын тулд дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлээд явах учиртай.

-Өмнийн говьд баригдах цахилгаан станцын асуудал дээр Оюу толгой ямар оролцоо, байр суурьтай байгаа вэ?

-Товчхондоо Оюу толгой дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ авах үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Оюу толгойн ТУЗ-өөс цахилгаантай холбоотой судалгааг бүрэн гүйцэд дуусгах, шийдэл гаргах чиглэлээр төсөв хөрөнгө батлаад ажиллаад явж байна.Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” болон Монгол Улсын Эрчим хүчний яам хоорондох яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Ингэснээр талууд цахилгаан станцын талаарх байр сууриа нэгтгэнэ. Байр сууриа нэгтгэж шийдвэр гарсны дараа бид цахилгаан станцын төслийг шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-“Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганд анхнаас нь оролцсоор ирсэн том хөрөнгө оруулагч бол танай компани. Энэ жилийн “Дисковер Монголиа” чуулганы талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Монгол Улс дэлхийн зах зээл дээр шинээр төрөн гарч ирж байгаа эдийн засгийн хувьд цаашдынхаа хөгжилд хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагчдын хувьд Оюу толгой хамгийн том жишээ, амжилтын түүх болох учиртай. Тэр утгаараа Оюу толгойн “Дисковер Монголиа”-д оролцож байгаа бас нэг үүрэг зорилго нь Монголын давуу тал, боломж бололцоог олон улсын хөрөнгө оруулагчдад харуулах юм. Үүнээс гадна Монгол Улсад Оюу толгой шиг өргөн цар хүрээтэй төсөл, бизнесийг хэрхэн амжилттай босгож, хэрэгжүүлж болохыг олон улсын хөрөнгө оруулагч, Монголын иргэдэд тайлбарлаж ярих нь бидний “Дисковер Монголиа” чуулганд оролцож байгаагийн нэг гол зорилго, үүрэг. Хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд засч сайжруулах шаардлагатай зүйлсийг ч хөрөнгө оруулагч, Засгийн газар энэ чуулганы үеэр тал талаас нь ярилцах байх. Ирээдүйн болон өнөөдрийн хөрөнгө оруулагчдад шаардлагатай байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой орчин. Байгуулсан гэрээнүүдээ тогтвортой тууштай хэрэгжүүлэх үүрэг амлалтыг бид бүхэн дахин ярилцах шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад хэзээ ч, хаана ч хөрөнгө оруулалтын тогтвортой орчин шаардлагатай байдаг.

-“Дисковер Монголиа”-гийн голлох илтгэлүүдийн нэгийг та тавина. Илтгэлдээ юуг онцлох гэж байна?

-“Дисковер Монголиа” чуулганаар дамжуулж олон нийтэд болон бусад хөрөнгө оруулагчдад хүргэх гэж байгаа нэг гол мессэж бол бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зарчмуудыг хэрхэн нэвтрүүлэх тухай асуудал. Энэ асуудлыг бусадтайгаа хуваалцахыг хүсч байна. Оюу толгой 100 жил үйл ажиллагаа явуулах уурхай учраас бидний стратеги тогтвортой ажиллахад чиглэдэг. Үүгээрээ бид Монголын үр хойч ирээдүйд зориулсан уурхайг байгуулж байгаагаа харуулах болно. Оюу толгойн Монголд оруулж буй хувь нэмэр санхүүгийн хэдэн тоогоор хязгаарлагдахгүй. Шинэ техник технологи, хүний хөгжил гэх мэт маш олон чиглэлээр хувь нэмрээ оруулаад явж байгаа. Ирээдүйн олон хөрөнгө оруулалт, том төслүүд Оюу толгойгоор чиг баримжаа авч, дараа дараагийн хөрөнгө оруулагчид Оюу толгой гэдэг луужингийн зүг чигийг харж орж ирэх учиртай. Тэр утгаараа бид Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс үйл ажиллагаагаа явуулж байна.

-Монгол Улсын давуу тал, боломжийг онцлооч гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол байгалийн нөөц, ашигт малтмалаар баялаг улс. Тэр утгаараа уул уурхайн салбар Монголын эдийн засагт маш том түлхэц өгнө. Мөн хоёр том зах зээлийн голд оршиж байгаа гэсэн давуу талтай улс. Тэр дундаа БНХАУ ашигт малтмалын хэрэгцээ шаардлага ихтэй. Ийм улсын хөрш гэдэг нь Монголын том давуу тал. Тэр утгаараа уул уурхайн дараагийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломж бий. Монгол бол ардчилсан улс. Суралцаж яваа орон. Хөрөнгө оруулалтаа дэмжсэн бодлого, дүрэм журмаа улам сайжруулж, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахад төрийн эрх барьж буй улс төрийн намууд улстөрчдийн дэмжлэг аль аль нь тэнцүү ач холбогдолтой. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улс хурдацтай хөгжиж хөгжингүй орон болох үүд хаалга ойрхон байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Дэндэвчулуун: Алтайн нурууны цаад говийн хурдсын тогтоц нь газрын тосны их нөөц илэрсэн Уйгарын ордтой ижилхэн

Шинжаан Уйгараас тэрбумаар яригдах тоннын нөөцтэй газрын тосны орд олдсон, тэндээс нааш хөөгөөд явбал манай улсын Алтайн нурууны цаад говьд ч их нөөц илрэх магадлалтай гэсэн мэдээлэл хөвөрч байна. Монгол Улсын зөвлөх инженер, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн Б.Дэндэвчулуунтай энэ сэдвийг хөндөж ярилцлаа.


-Шинжаан Уйгараас олдсон их нөөц газар зүйн холбоогоороо манайд ч хамаатай гэх юм. Геологийн тогтоц талаас нь тайлбар өгөөч?

-Жунгарын буюу манайхны ярьдгаар Зүүн гарын элсэн цөл гэдэг их эртний маш том орд. Сүүлийн үед Номингийн говь, Алтайн цаад талын говь, Говь-Алтай аймгийн залгаа нутгаар Сант-Асарын орд гэж нээгдсэн. Одоо Сант-Асарын орд ашиглалтад орчихсон. Зүүн гарын орд Хятаддаа дээгүүрт жагсах хэмжээний нөөцтэй. Олон ч жил ашигласан. Сант-Асар энэ хоёр чинь нэг сав газрын, нэг тогооны хоёр тал гэсэн үг. Наашаа яваад Номингийн говьд хүрдэг, цаанаа Хятадад өөр нэртэй болдог. Шинжаан Уйгарын олон орд бий. Нийтдээ тав, зургаан орд байдаг. Бүгдийг нь эртнээс ашиглаж байсан. Эдгээр ордыг геологийн тогтоц талаас нь аваад үзвэл манай Монгол Алтайн ар талын хөндий Их нууруудын хотгор Хятадын Шинжаан Уйгарын хэсэгтэй ижил. Хангайн нуруу, түүнээс урагш Онгийн голын томоохон сав газраас эхлээд баруун тийших нутаг Баруун Монголдоо орно. Баруун Монголынх нь өвөрмөц тогтоцтой. Үүнийг геологийн хэллэгээр “Сэргэсэн уулсын бүс” гэж нэрлэдэг юм. Энэ нэрийг зүгээр ч нэг өгчихөөгүй. Олон үндэс, шалтгаанаар өгсөн.

-Баруун чигийн нефтийн нөөц зүүнийхээсээ ялгаатай гэх юм. Геологийн тогтоцыг нь хэлээд байна уу?

-Монголын зүүн талаас зүүн тийш газрыг “Төв Азийн дорнын талын их бүс” гэж нэрлэдэг юм. Дорнын талын бүс, сэргэсэн талын бүс хоёр үүсэл гарлын хувьд их өвөрмөц, өөр, зөрүүтэй. Тэрнээсээ болоод газрын тос байх нөхцөл нь ч өөр. Тэрийг л хэлж байгаа болов уу. Дорнын талын бүсэд Зүүнбаянгийн тосны орд, Цагаан элс, сүүлийн үед нээгдсэн Тамсаг булгийн, Тосон уулын, цаашаа яваад Буйрын орд гэж байдаг. Эдгээр орд Хятадын нутгаар үргэлжилэхээр Хайлаарын орд болоод цаашилдаг. Урагшаа яваад Рашаантын ордтой залгадаг. Бүр нутгийнхаа гүн рүү орохоороо Сүн Лио орд болно. Сүн Лио нь мөн ялгаагүй Төв Азийн бүсдээ орно. Хятадын төдийгүй дэлхийн хамгийн том орд. Эдгээрийн геологийн тогтоц баруун хэсгийнхээс өөр. Бүгдээрээ цэрдийн настай холбоотой харьцангуй залуу, сүүлийн үед үүссэн гэж ойлгож болно. Ойролцоогоор 60-80 сая жилийн өмнөөс үүссэн. Баруун тийш Онгийн голоос цааш Их нууруудын хотгор, Хятадын Шинжаан Уйгарын нутгийн карбоны орд, наашаа яваад Номингийн говьд байгаа Сант-Асар зэрэг ордууд бүр эрт, 200-300 сая жилийн өмнө үүссэн. Хамгийн гол нь тос хаана үүссэн, бид тосоо хаанаас хайх вэ гэдэг л байгаа юм. Дорнын талын бүсэд цэрдийн хурдсыг голчилж барина. Тэрнээс доош ерөөсөө тос байхгүй гэсэн үг. Баруун талын орд болохоор карбоны үеэс эхлээд бирм, цэрдийн үе хамаарна. Бүр одоо ч тэнд газрын тос үүсч байна гэж яриад байгаа юм. Үүгээрээ ялгаатай.

-Баруун талынх нь илүү гүн рүүгээ газрын тостой түүгээрээ л ялгаатай гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. 1960-аад оны үе, түүнээс өмнө Монголын баруун хэсэг гэж яриад байгаа нутгийг газрын тосгүй гэж үздэг байсан нь үүнтэй холбоотой. Үндсэндээ 90-ээд оноос хойш тэнд газрын тос байх бололцоотой гэсэн онолын дүгнэлтүүд гарч, баруун тийшээ газрын тосны хайгуул хийж эхэлсэн түүхтэй.

-Таны ярианаас Шинжаан Уйгартай залгаа манай баруун аймгийн нутагт газрын тосны их нөөцтэй орд илрэх өндөр магадлалтай л юм байна гэж ойлголоо?

-Геологийн нөхцөл нь ижил учраас Хятадын нутагт байгаа тос манайд илрэхийг үгүйсгэх аргагүй. Бид хайгуулын чиглэлээ өөрчлөх хэрэгтэй. Ер нь 60, 70-аад оноос эхлээд газрын тосны бодлого улс төртэй холбоотой болсон гэж ярьдаг нь үнэн байх. Баруун Монголд байтугай Монголд газрын тос байхгүй гэсэн томоохон дүгнэлтүүдийг Оросын мундаг эрдэмтэд хийсэн байдаг. Эдгээр эрдэмтэд тийм дүгнэлтээ хурал чуулган дээр танилцуулахыг нь сонсоод сууж байсан хүний нэг нь би. Тэд сүүлд нь “Танайд газрын тосны хангалттай нөөц бий” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

-Тийшээ газрын тосны хайгуул хийе, эрчимжүүлье гэвэл ихэнх хэсэг нь тусгай хамгаалалт, дархан цаазат гээд явчихдаг онцлог байна уу?

-Газрын тосны хайгуул хийдэг блокуудыг 1991 онд хуваасан. Тэр үед тусгай хамгаалалтын газар гэж зураагүй байсан үе. Тийм учраас ихэнх газрууд нь хайгуул хийх талбайд орсон. Их нууруудын хотгор, Увс, Хяргас, Хар ус нуурын хотгор, Богдын талбай, Онгийн талбай ч орсон. Бүгд дугаартай. Нэгдүгээр блок нь Увсын талбай бол хоёрдугаар блок нь Хар ус нуурын талбай. Гуравдугаарх нь Хяргасын талбай. Дөрөв нь Богд, Тав нь Онгийн талбай. Энэ гол талбайнууд үндсэндээ хайгуул хийх талбайд орчихсон. Үүний дагуу ч ажил явж байгаа. Харин цаад Номингийн говь талын, өөрөөр хэлбэл Хятадтай хил залгаа нэг хэсэг газар тэр үед хуваагдаагүй тал бий. Гэхдээ зарим компани хэл үг үүсгээд авсан байна лээ.

-Оросын геологичид баруун хэсэгт хайгуул эрчимжүүлэх шаардлагагүй гэж үзсэн улс төрийн шалтгаан нь юу юм бол?

-Тэр үед Сибирийн тос гэж маш том нөөц байлаа. Монголын газрын тосыг тэдэнтэй харьцуулахад хязгаарлагдмал, багахан л даа. Оросууд халааснаасаа мөнгө гаргаж манайд хайгуул хийж нөөц тогтоодог байсан цаг. Тийм учраас эдийн засгийн үр ашиггүй гэсэн тооцоо хийж байсан юм. Зөвлөлтийн Геологийн сайд Козловский Монголд ирээд геологийн чигийн хурал хийсэн түүх бий. Тэр хуралд суусан хүний нэг нь би. Козловскийг ирж хурал хийхээс таван жилийн өмнө Широков гэж хүн манай улсад ирж таван жил ажиллаад Монголд газрын тос байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Мань эр бас тэр хуралд суусан. Тухайн үед Козловский “Танайд үйлдвэрлэлийн үр ашигтай газрын тос алга. Үүнийг манай мэргэжлийн баг судлаад тогтоочихсон. Ний нуугүй хэлэхэд бидний халаас нэг шүү дээ” гэж байсан. Монголд газрын тосны хайгуул хийвэл Оросын халааснаас л гарна гэсэн утгатай үг л дээ. Хямд зардлаар гарах тос манайд их байхад танай улсад их мөнгө зарж газрын тос хайгаад яах вэ гэсэн л санаа.

-Газрын тосны хэрэглээний хувьд хараат байлгах бодлого байгаагүй хэрэг үү?

-Би хувьдаа тэгж боддоггүй. Дэндүү өндөр зардал гарна гэж л тооцсон байх.

-Сүүлд монголчууд дангаараа газрын тос хайж эхэлсэн үе ерээд оноос эхлэлтэй юу?

-Тийм. 1990 оноос хойш Монголын мэргэжилтнүүд Америкийн хэдэн геологичтой хамтарч газрын тос хайж болох талбай гэж хуваасан. Английн “Бритиш петролиум” хоёр жилийн дотор дөрвөн сая ам.долларын ажил хийчихээд “Монголд манай компанийн хэрэгцээг хангах тос алга” гэсэн дүгнэлт хийгээд гараад явчихсан. Тайлангууд нь бүгд бий.

-“Бритиш петролиум”-ийн хэмжээнд хүрэхгүй гэж гологдлоо гэхэд Монголын дотоодын хэрэгцээг хангах нөөц бол байсан байх?

-“Бритиш петролиум”-ын хувьд өдөрт 200 сая баррель тос гаргаж авахгүй л бол ашиггүй гэж харж байсан компани. Манай улсын дотоодын хэрэгцээг өлхөн хангах нөөц байгааг тэд тухайн үед хэлсэн. “Бид судалгаагаа орхилоо, та нар аваад ашиглаж болно” гэсэн л дээ.

-Тэгэхээр дотооддоо газрын тосны үйлдвэр байгуулчихвал түүхий эдийн нөөц хангалттай гэсэн үг үү?

-Хангалттайгаар барах уу. Монголын хэрэгцээ бага. 1.5 сая баррель байдаг юм. Цааш өслөө гэхэд хоёр сая л болох байх. Газрын тосны батлагдсан геологийн нөөц гэхэд 240 сая тонноор яригддаг. Авч болох нөөц нь 60 орчим сая гэж ярьдаг санагдана. Тосон уул, Буйр, Зүүнбаян, Цагаан элс гэсэн дөрвөн орд бий. Цагаан элс, Буйр, Тосон уулыг ашиглаж байна. Эдний хувьд жилд нэг саяыг л ашиглаж байгаа болов уу. 60 сая тоннын батлагдсан нөөц байна гэж бодвол наад зах нь 60 жил ашиглахаар байгаа биз. Хоёрдугаарт хятадуудын хийгээд байгаа тооцоо нь буруу. Байгаа нөөцийн12-13 хувийг нь л ашиглана, бусдыг нь боломжгүй гэдэг. Уг нь тийм биш. Дэлхийн дундаж нь 20-30 хувь шүү дээ. Бүр цаашилбал 50 хувь гэсэн тоо ч дуулддаг. 50 хувиа байг гэхэд 30 хувийг авчихаж болмоор л санагддаг юм. Улс төрийн тооцоо, наймаа л гэж хардаг. Хамгийн хялбараар ашиглаж болох тосыг нь эхний ээлжинд бушуухан гаргаад авъя гэсэн л санаа.

-Баруун хэсэгт шинэ орд нээгдвэл газрын тосны үйлдвэрээ хангаад, илүүг нь экспортлох боломж ч нээгдэх юм байна даа…?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр боловсруулах үйлдвэрээ яаралтай баримаар байна. Үүн дээр эргэлзэх юм байхгүй.

-Шинжаан Уйгарт нээгдсэн ордын хувьд 1.24 тэрбум тонн нөөцтэй гэсэн аварга тоо дуулдаж байна. Яг тэр бүстэй холбоотой, бүтцээрээ ижил хэсэг гэвэл манай улсын баруун хэсгийн яг аль хавь багтах бол?

-Судалгааны их л том ажил байгаа юм. Би янз бүрээр судалсан. Шинжаан Уйгарт байгаа ордуудын хамгийн их тостой ордууд нь юрагийн настай хурдас. Юрагийн ордоос Монголын баруун хэсгээр хаагуур тархаж вэ, цэрдийнх нь, корбаных нь аль хэсгээр байна вэ гээд зураг зохиож үзэж байсан юм. Юрагийн настай хурдсын тархац нэлээд хязгаарлагдмал.

-Хязгаарлагдмал ч гэлээ яг хаагуур байх магадлалтай вэ?

-Өвөрхангай, Баянхонгорын урд талын нутаг, хойшлоод Их нууруудын хотгор, Шаргын говь хүртэл үргэлжилдэг. Одоогоор баттай мэдэгдэж байгаа нь шүү дээ. Шаргын говиос цааш судалгаа хийж яваагүй учраас сайн мэдэхгүй. Уйгарын ордуудын хувьд карбоноос эхэлж үүссэн. Карбоноосоо дээш явсаар юрагийн хурдас дээр ирж тогтсон. Гэтэл Алтайн цаадах говьд газрын гадарга дээр карбон нь хэвтэж байдаг. Өөрөөр хэлбэл Алтайн нурууны урд талд ул нь гараад ирчихсэн гэсэн үг.

-Тэгвэл Алтайн ар талд нөөц илрэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Алтайн ар тал бол хамгийн боломжтой газар. Богдын дөрөв, Онгийн тавдугаар блокийн хувьд доод талд нь карбоны хурдас нь байгаа.

-Уйгарын ордын бүтэцтэй адилхан байх нь ээ?

-Тийм, яг ижилхэн. Тэгээд дээшээгээ бирм, юра, тэр бүү хэл цэрдийн хурдас нь байгаа. Үүсэх ёстой хурдас нь дороо байна. Дээшлээд хуримтлуулах хурдас нь бий. Тийм учраас хамгийн гол олж болох газрын тосны ирээдүй болсон газар бол Алтайн ар талын говь. Тэнд хайгуул есөн жилийн турш үргэлжилж байгаа. 600-700 км үргэлжилсэн сунасан тогтоц учраас хайгуул хийхэд цаг их авна. Шаргын говь, Хар ус нуур руу хэн ч хайгуулд мөнгө хийгээгүй. Хамгийн цаад талын талбай нь Увсын талбай. Хайгуул хийгдэж буй Богдын болон Онгийн гэсэн хоёр талбай гэхэд л таван аймгийн 34 сумын нутаг хамардаг.

-Хайгуулд их мөнгө зарахаас аргагүй асар том талбай юм байна. Иргэдийн эсэргүүцэл хэр байдаг бол?

-Иргэдийг хөөрөгддөг, турхирдаг цөөхөн хүн л байдаг юм. Саяны жишээ гэхэд Өвөрхангайн Гучин-Ус суманд өрөмдлөг явуулах гэж байтал жар гаруй морьтон давхиж очоод өрөмдөж байсан компанийн хүмүүсийг зодож цохисон байх жишээний. Ахиухан мөнгө хурдхан авах гэж л тэгдэг дээ.