Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Монголбанк ам.долларын ханшид тойруу замаар нөлөөлөөд байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Монгол банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл гоёчилсон, худлаа мэдээлэлтэй гэж та сая хэллээ. Жишээ нь, юуг гоёчилсон байна?

-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэсэн байна. Үүн шиг худлаа юм байхгүй. Хөрөнгө оруулагчид харин ч үргэсэн. Муу нэртэй, луу данстай Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг эс тооцвол өөр гялайж гялтайх зүйл алга. Оюу толгой л төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байгаа. Улсын зээлжих зэрэглэл сайжирлаа гэх юм. Гэтэл зээлжих зэрэглэлийг хэн унагалаа. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ажлаа авсныхаа дараа маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн шүү дээ.

-Валютын нөөц хасах руу орсон гэж мэдэгдсэнийг нь хэлээд байна уу?

-Яг тийм. Энгийнээр жишээлье. Өртэй хүн байлаа гэж бодъё. Урт хугацааны өрөө хэлэх нэг хэрэг. Богино хугацааны өрөө ярих өөр хэрэг. Тухайн үед Н.Баяртсайхан өмнөх ерөнхийлөгчөө харлуулахын тулд урт хугацааны өрийг нэг дор төлчих юм шиг ярьж, хасах 400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлсэн. Гэтэл Монголбанкны албан ёсны статистикт 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй гэсэн тоо дурайж байсан шүү дээ. Ямар ч айл өрх зээлийн эргэн төлөлтөөрөө л санхүүгийн чадавхиа хэлдэг. Түүнээс биш урт хугацаанд төлөх бүх өрийнхөө хэмжээг хэлээд яриад суудаггүй. Ингэж хийтэй мэдэгдэл хийснээс болж ам.долларын ханш маш богино хугацаанд 500 төгрөгөөр цойлсон. Үр нөлөөнд нь манай улсын зээлжих зэрэглэл богинохон хугацаанд хоёр шат буусан. Энэ алдаа нь азаар нүүрсний үнийн сэргэлтээр засагдсан. Түүнээс зээлжих зэрэглэл сайжирсан нь төв банкны гавьяа биш.

-Ер нь төв банкны ерөнхийлөгч ингэж мэдэгдэл нэртэй урт зүйл бичээд бараг бүх сонин хэвлэлээр цацдаг ийм жишиг олон улсад бий юу?

-Ер нь ямарваа нэг мэдэгдлийг гүтгэсэн ч юм уу, эсвэл нэр хүндэд нь халдсан хүмүүст эсэргүүцлээ илэрхийлэх маягаар гаргадаг гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл тайлбар шинжтэй юм билээ. Ерөнхийд нь уншихад алдаа гаргаснаа далдуур хүлээн зөвшөөрч, зарим алдаа нь засагдаж байгаа юм байна гэхээр. Гэхдээ энэ урт тайлбар гэх үү, учирлал гэх үү энэ юманд нь хоорондоо зөрүүтэй, утгын хувьд авцалдаагүй, орооцолдсон зүйл их байна. Жишээ нь, бодлогын хүүг буулгасан л гээд байна. Алдаатай мэдэгдэл хийснийхээ дараа бодлогын хүүг огцом өсгөж байсан нь бодитой болсон үйл явдал шүү дээ. Тэр нь эргээд хэвийн байдалд орж байгаагаас өөр зүйлгүй. Гэхдээ саяхан бас бодлогын хүүгээ өсгөсөн. Бодлогын хүү нэг нэгжээр өсөөд удаагүй байхад, би буулгасан гэхээр логикийн зөрчилтэй байгаа биз. Цаашид ч өсгөх байх. Энэ мэдэгдлээс сэтгэгдэл эмзэглүүлсэн нэг зүйл анзаарагдлаа.

-Юу тэр вэ?

-Өөр том алдаа гаргаж байгаагаа огт харахгүй байна л даа. Энэ мэдэгдэл гэгчийнхээ зорилгыг “Хэрэгжүүлж буй бодлогоо бодитоор тайлбарлах” гэсэн байна лээ. Эдийн засаг өсөлттэй гэж онцлоод энэ өсөлтөд бодлого боловсруулагчдын бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэйг хэлсэн байна. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд би энэ мэдэгдлээс бодитой тайлбар олж харсангүй. Төв банкны Ерөнхийлөгч маань бурууг бусад руу тохсон, хариуцлагаас бултсан шинжтэй юм яриад байгаагийн цаана бодит эдийн засагт яг юу болоод байгааг одоо болтол олж хараагүй, оношоо одоо болтол зөв хийгээгүй байна даа гэхээр харагдаж байна.

-Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс анзаарахад олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсыг магтсан, төсвийн сахилга бат сайжирсан гэсэн утгатай өгүүлбэрүүд харагдсан. Энэ мэт эерэг хандлага бас байгаа юм биш үү?

-Тийм утгатай өгүүлбэр харагдсан. Гэхдээ Монголбанк хүний өмнөөс өөрөөр хэлбэл гадаадын мэргэжлийн байгууллагын өмнөөс бас хамаагүй ингэж худлаа хэлж болохгүй. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын мэдэгдлүүдийг англи хэлтэй хүмүүс уншчих хэрэгтэй. Зэс, нүүрсний үнэ сэргэсэн учраас сайжирсан гэсэн утгатай өгүүлбэр л бий. 2019 онд асар өндөр алдагдалтай, гадаад өрөөс санхүүжсэн төсвийн хууль батлагдахад төв банк чимээгүй байсан. Төсвийн сахилга бат сайжирсан гэдэг худлаа. Монголбанкны бодлого зөв байсан учраас гадаад тал зөв үнэллээ гэсэн утгатай өгүүлбэрт нь ч толгой дохиход хэцүү. Яг нарийндаа төв банк үнэлгээг өөрөө унагасан, нүүрсний үнэ сэргээд, дээр нь ОУВС-ын хөтөлбөрийн дам нөлөөгөөр зээлжих зэрэглэл сайжирч байна.

-Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдэгдэлдээ онцолсон зээлийн хүүг бууруулна гэсэн байр суурь лав олон хүний анхаарлыг татсан байх. Тийм боломж бий юу?

-Эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулна гээд байх юм. Гэтэл бодлогын хүүгээ өсгөчихсөн шүү дээ. Монголбанкны албан ёсны статистикаас харахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл эрс өссөн байна лээ. Банкуудын байдал хүнд байгаа гэсэн үг. Ийм байтал арилжааны банкны үзүүлэлт сайжраад зээл гаралт маш сайн болсон гэж яриад байх юм. Мөн арилжааны банкны эх үүсвэрийг төгрөг рүү шилжүүлсэн гэсэн байна. Манайх шиг нээлттэй эдийн засагт арилжааны банкууд хүссэн хүсээгүй долларын харилцаанд ордог. Тэгэхээр энэ долларын хомсдолоос үүсэх эрсдлийг арилжааны банкуудад үүрүүлээд байдлыг улам хурцатгаж байгаагаа зөвтгөж тайлбарласан нь банк санхүүгийн ойлголт муу гэдгийг нь харуулж байна гэхээр. 2019 оны мөнгөний бодлогод зээлийг хумих бодлого явуулна гэчихсэн. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ “Зээл сайжирч байгаа. Энэ бол миний ажлын үр дүн” гэж яриад суух юм. Батлагдсан бодлого, хэлж суугаа үг нь зөрж байгаагийн нэг тод жишээ л дээ. Төв банкны тэргүүн “дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу” гэсэн асуултыг өөртөө тавьжээ. Энэ бол буруу асуулт. Төлбөрийн тэнцлийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалттай илүү хамаарна. Дотоод эрэлт өсөөд худалдан авах чадвар сайжирч байвал гадны хөрөнгө оруулагчид илүү ихээр орж ирж болох юм. Гэтэл хэрэглээг хумина гээд байгаа. Оюу толгой болон том төслүүд дээр Монголбанк тодорхой байр суурь илэрхийлдэггүй. Харин ч эсрэгээрээ Оюу толгойн оруулж ирсэн валютыг худалдаж авдаг гэж газрын дарга нь хэлсэн гэсэн. Хэрэв энэ үнэн бол хуульд нийцсэн алхам биш. Монголбанк яагаад Оюу толгойтой шууд арилжаанд орох замаар доллар худалдаж аваад суугааг би хувьдаа ойлгохгүй байгаа. Төв банк аж ахуйн нэгжүүдтэй шууд арилжаа хийх нь одоогоор хуулийн хувьд боломжгүй гэж ойлгодог. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдэгдэлд өөр нэг нэг инээдтэй тайлбар бий. Валютын нөөц 3.4 тэрбум хүрсэн нь түүхэн дээд амжилт гэсэн хэрнээ 2012 оны эцэст дөрвөн тэрбум давсан гэсэн байна. Жаахан хүүхдүүд бие биенийхээ дээр гарах гэж өрсөлдөж байгаа юм шиг барьцсан маягтай зүйл ярих нь төв банкны ерөнхийлөгчид хэтэрхий жижигдэнэ.

-Гэхдээ өмнөх дөрвөн тэрбум гаруй долларын нөөцийн дийлэнх нь Чингис бондын мөнгө байсан гэсэн тайлбар харагдсан. Тэр утгаар нь өнөөгийн нөөцөө түүхэн дээд амжилт гэж тодотгосон юм болов уу?

-Өнөөдөр байгаа 3.4 тэрбум доллар ч ялгаагүй шүү дээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр орж ирж буй санхүүжилт бий. Санхүүжилт гэсэн гоё нэртэй болохоос биш угтаа өр шүү дээ. Хоёрдугаарт, алтны худалдан авалт байгаа. Алтны худалдан авалт дээр бас том алдаа гараад байна. Алт худалдаж авахдаа мөнгө нийлүүлдэг. Мөнгөө нийлүүлэхдээ төв банкны үнэт цаасаар худалдаж авдаг. Жилд 500 тэрбум төгрөг ямар ч баталгаагүйгээр мөнгө хэвлэх хэлбэрээр арилжааны банкуудад очиж байгаа. Арилжааны банкуудад жилд 500 тэрбум төгрөг сул оччихоор долларт байршаад байна. Өөрөөр хэлбэл орох хөрөнгө оруулалт үгүй учраас төгрөгийн илүүдэл үүсч, улмаар долларт байршиж буй гэсэн үг. Ийм маягаар төв банк долларын ханшийг тойруу замаар өсгөөд байна. Оюу толгойн долларыг худалдаж аваад хариуд нь мөн л төгрөг хэвлээд байна гэсэн үг. Валютын нөөцийг өсгөлөө гэж яриад суугаа. Гэсэн хэр нь бодлогын хүү 11 хувь болоод өсчихсөн. Тэгэхээр валютын нөөцийн бодит зардал нь 11 хувь болоод өсчихөж байна. Энэ бол том алдаа. Монгол Улсын эргэлтэд байгаа нийт хөрөнгийн 23 хувийг эргэлтээс буцааж татаад байна л даа. Хүү төлөөд байна гэсэн үг. Нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдэд очих зээл багасч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл эдийн засаг мөнгөөр хатаж эхлэхээр байна. Манай экспорт жилээс жилд өсч байгаа нь үнэн. 2013-2014 онд нүүрсээ зараад 300 гаруйхан сая ам.доллар олдог байсан бол өнөөдөр гурван тэрбумаар хэмжигдээд эхэлчихлээ. Зэс гэхэд л хоёр тэрбумаас буухаа больсон. Ийм үед төв банк ханшийг 700 төгрөгөөр алдсан. Гэтэл зэс, нүүрсний үнэ унасан, нефтийн үнэ 120 ам.доллар байхад ханшийг барьж, бензиний үнийг тогтворжуулж болоод байсан. Одоо шатахууны үнээ ч алдчихлаа. Бензин дээр жишээ нь муулуулаад байдаг Ардчилсан засгийн үед доллараар илэрхийлэгдэх бензиний жижиглэнгийн үнийг хоёр дахин бууруулж чадсан.

-Төв банк тэрбум гаруй долларыг ногоон валютын ханшийг тогтворжуулахад зарцуулсан гэж байгаа. Ханш тогтворжвол тогтворжихоор том тоо баймаар юм…?

-Ийм их доллар зарсан хэр нь төгрөг суларсан хэвээр байгаа нь яалт ч үгүй Монголбанкны бодлогын алдаа. Экспорт өндөр, нефтийн үнэ буурсан, ОУВС-гаас таван тэрбум ам.доллар өр бүхий хөтөлбөртэй байхад долларын ханшаа алдсан нь бодлогын алдаатай л холбоотой. Одоо нүүрс рүү, улс төр руу бурууг нь чихэж байна. Зах зээлд оролцогчдын хүлээлт гэх мэт хийсвэр зүйлээс өө, шалтгаан эрж байна. Энэ бол яах аргагүй төв банкны бодлоготой холбоотой алдаа.

-Засгийн газраас хамаарах асуудал их байгаа гэсэн утга төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэлд байна. Үнэхээр ийм шалтгаан байгаа юм биш үү?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг тат, нүүрсний экспортыг дэмж гэх мэт захиалгыг гүйцэтгэх засаглалд өгсөн байна лээ. Яг үнэндээ төв банк цэвэр бодлогын алдаа гаргаснаа далд утгаар хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Нүүрс, зэсийн үнэ өссөн, сангийн хөтөлбөрт хамрагдсан хэрнээ ханшаа тавиад туучихсан нь хүлээлтийг удирдаж чадаагүйтэй холбоотой. Мэдэгдлээс нь харахад төв банк өнөөг хүртэл асуудлаа зөв барьж аваагүй гэсэн дүгнэлт хийхээс аргагүй байна. Ийм орооцолдсон, учир шалтгааны зөрчилтэй мэдэгдэл хийж байгаа нь өөрөө асуудал. Монголбанкны ажлаа хийхгүй явааг харуулж байгаа хэрэг л дээ. Бас нэг зүйлийг онцлоход Монголбанкны бодлого гэж байхгүй. Төрийн мөнгөний бодлого гэж л бий. Төрийн мөнгөний бодлогыг шүүмжилсэн эдийн засагчдыг Монголбанкинд ажилладаг газар хэлтсийн дарга нар жиргээ гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан гутаан доромжлох нь хэрээс хэтэрлээ. Уг нь төрийн мөнгө бодлого түүнтэй холбоотой мэдээлэл бол олон нийтийн өмч. Н.Баяртсайханы өмч болоод хувийнх нь асуудал огт биш. Иргэнийхээ хардах эрхийг эдлээд төрийн мөнгөний бодлогод шүүмжлэлтэй хандсан хүн бүрийг твиттер, фэйсбүүк гэх мэт сошиал сүлжээгээр дайрч доромжилж байна. Би танай сониноор дамжуулан Н.Баяртсайхан ерөнхийлөгчид “Ингэж сошиал багийн ард нуугдаж дайралт дарамт үзүүлж суухаа боль, зүгээр л өмнөх алдаагаа засчих л даа. Алдааг чинь хэлсэн хүмүүсийн үгийг эрүүл саруул ухаанаар хүлээж ав. Бодлогын том алдаа хийж байгаа чинь үнэн шүү” гэж хэлмээр байна. Наад зах нь алтыг төв банк биш арилжааны банк худалдаж авдаг болгочих хэрэгтэй. Тэгвэл Гадаад валютын албан нөөц ч өснө. Дээр нь арилжааны банкуудад байгаа мөнгө жамаараа алт болж өндөр өртөгтэй стерилизаци хийх шаардлагагүй. Төв банкны үнэт цаас болон арилжааны банкуудтай хийсэн арилжаа олон их наяд болж хуримтлагдаж байна гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хомс байна. Мөнгөний нийлүүлэлт ч эрс өслөө. Валютын нөөцтэй харьцуулахад хамаагүй их төгрөгийн илүүдэл үүсч байна. Энэ хуримтлалыг систем шингээж дийлэхгүй зад үсэрвэл яах вэ? Маш том эрсдэл байна.

-Төв банкинд алт худалдаж авах зайлшгүй шалтгаан байдаг уу. Таны хэлсэнчлэн арилжааны банкууд алт худалдаж авбал ямар давуу тал үүсэх вэ?

-Та бид хоёр түрүүн арилжааны банкуудад байгаа сул мөнгөний тухай ярьсан. Тэр сул мөнгөөрөө төв банкны үнэт цаас худалдаж авахын оронд алт авдаг болно. Арилжааны банкинд байгаа алт тэртэй тэргүй гадаад валютын нөөцөд ороод явна. Энэ мэтчилэн эрүүл саруул зөв замаар ханшаа алдахгүйгээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй.

-Монголбанкнаас гадаад валютын нөөцийг таван тэрбумд хүргэнэ, валютын сангийн шаардлага учраас ингэхээс өөр аргагүй гэж тайлбарлаж байгаа. Энэ мессэж долларын ханшийн өсөлтөд нөлөөлөх шалтгаан мөн үү?

-Мөн байлгүй яахав. Ингэж тоо зарлах нь илүүц. Үнэхээр сангийн зүгээс тэгж шаардсан бол харамсалтай. Энэ бол маш буруу дохио. Зах зээлээс доллар худалдаж авна шүү, интервенц хийхгүй гэсэн үг. Өөрсдөө тийм дохио өгч ханш алдчихаад өөр бусад руу алдаагаа чихээд сууж таарахгүй л дээ. Монголбанк захиалгатай төлбөртэй мэдэгдэл, бодит байдлыг гоёчилсон мэдэгдэл хэт их гаргаж байна. Тэрний оронд Засгийн газартайгаа хэл амаа олоод ажилла л даа. Засгийн газар үнэт цаасаа гаргахаа больсон. Хөрөнгө оруулалт бенч маркгүй болчихсон. Харанхуйд далайд төөрсөн хөлөг онгоцыг хадан цохио мөргүүлэхгүйн тулд гэрэлт цамхаг байдаг. Гэтэл өнөөдөр тийм үүрэг гүйцэтгэх гэрэлт цамхагийг унтраачихаад байна. Үүнээс гадна төв банкны үнэт цаасны борлуулалт хэрээс хэтэрлээ. Үүний 11 хувь нь хүүгийн төлбөр буюу алдагдал болоод явна. Харамсалтай нь Монголбанк алдаагаа засахын оронд алдааг нь шүүмжилсэн хүмүүсийг социализмын үе шиг цензурдэж, амыг нь хаах гэж оролдоод байна л даа.

-Компани, иргэд байгаа ам.доллараа хав дарчихаад суугаа нь долларын хомсдолд нөлөөлөх эрсдэл үүсгэсэн гэсэн таамаглал байна. Хэр ортой таамаг вэ?

-Төв банкны ерөнхийлөгч сая гаргасан мэдэгдэлдээ өөрөө хэлчихсэн шүү дээ. Иргэд аж ахуйн нэгжийн итгэл суларснаас сүүлийн хоёр сарын хугацаанд гадаад валютын харилцах хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өссөн гэж. Зөвхөн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 сая ам.доллараар нэмэгдсэн гэчихлээ. Уг нь Монголбанк импортлогчдоо дэмжиж валютаар хангах үүрэгтэй. Тэгж чадахгүй болохоороо амь амиа бодоорой гэсэн хандлага гаргаад сууж байна. Мөн спекуляци их байна гэх зэргээр хувийн хэвшлийг буруутгах гэж оролдож. Үнэндээ алдааг өөрөөсөө хайх хэрэгтэй. Төв банк хүлээлтийг удирдаж чадахгүй байна.

-Одоо тэгээд засаг юу хийж, төв банк ямар гарц гаргалгаа хайх ёстой юм бол?

-Нэгэнт олны итгэлийг хүлээж чадахгүй байна гэдгээ мэдэгдлээрээ “нотолсон” Монголбанкны удирдлага солигдож байж шинэ хүлээлт бий болох байх. Хоёрдугаарт, Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Тэгэхгүйгээр худлаа эх оронч царайлаад суувал эдийн засагт ирэх өр төлөөс нь маш өндөр гарах гээд байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Том компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зээлийг хамж салбарыг нь эзэлчихээд байна

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийн ажилтнуудын тоог хуульд 199 хүртэл гэж тогтоосон байдаг гэв үү?

– Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг харахаар 199 хүртэл ажилтантай гэсэн тодорхойлолт бий. Монгол Улсын хувьд гурван тодорхойлолт жижиг, дунд үйлдвэрт ашиглагдаж байна. Нэг нь сая хэлсэн 199 ажилтантай гэсэн хуулийн тодорхойлолт. Хоёр дахь нь Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бизнесийн регистртэй холбоотой. Хуулиасаа зөрдөг. ҮСХ-ноос гаргадаг судалгаагаар жижиг дунд үйлдвэр 1-9, 10-19, 20-49, 50-иас илүү ажилтантай гэсэн ангилал бий. Гурав дахь томьёоллыг банкууд гаргасан байдаг. Тэгэхээр хуульдаа өндөр хэмжээгээр тогтоогоод өгчихсөн гэсэн үг.

-Хуульд заасан 199 ажилтан гэдэг бол жижиг дунд үйлдвэрийн хувьд харь тоо. ҮСХ-ноос гаргадаг судалгаагаар жижиг дунд үйлдвэр ихэнхдээ хичнээн ажилтантай байдаг юм бол?

-Ихэнхдээ 1-9 ажилтантай байдаг гэсэн судалгаа бий. Ийм газар 69246 байна. Салбараар нь задлаад харвал худалдаа, бөөний худалдааны чиглэлээр бараг 30 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёр дахь том бүлэг нь барилга үл хөдлөхийн салбар. 6820 гэсэн тоо гардаг. Үйлдвэрлэлийн чиглэлээр 5000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

-Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авахын тулд ямар шаардлагуудыг давсан байх ёстой вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжилт авахын тулд аж ахуйн нэгжүүд эхлээд бүртгүүлдэг. Дараа нь тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулахын тулд бараг жилийн дараа жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээгээ ХХААХҮЯ-наас авдаг. Энэ шатанд тодорхой бичиг баримт бүрдүүлж өгөх шаардлагатай. 199 хүртэл ажилтантай, нийгмийн даатгал төлж байгааг харуулсан нотолгоо, банкны тодорхойлолт, татвартай холбоотой баримтууд гэх мэтийг бүрдүүлдэг. Хамгийн гол зүйл нь ажилчдын тоо. 199 хүртэл хүнд нийгмийн даатгал төлдөг газар гэхээр нэлээд том үйлдвэр болж таарах гээд байгаа биз.

-Тийм байна. Хуульд туссан 199 гэсэн тоог ашиглаад жижиг дундаас санхүүжилт авах боломж том компаниудад нээгдчихсэн юм биш үү?

-Тэгж ойлгож болно. Жижиг дунд үйлдвэрийн сангийн зохицуулалт, зарцуулалт зохисгүй гэдгийг маш олон жил ярьж байгаа. 2007 оны хуулиар 199 хүртэл гэсэн тодотгол орсон юм. Тэр үеэс хойш том компаниудад жижиг дундын сангаас санхүүжилт авах боломж нээгдчихсэн. Энэ асуудал байнга сөхөгдөж байсан л даа.

-Санхүүжилт авч байгаа байгууллагууд мөнгөө ихэвчлэн юунд зарцуулдаг юм бол?

-Монгол банкнаас жил бүр жижиг дунд үйлдвэрийн судалгаа гэж хийдэг. Тэр судалгаанаас харахад жижиг дундууд авсан санхүүжилтээ эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжид зарцуулдаг юм билээ. Ихэнх нь эргэлтийн хөрөнгөдөө зардаг нь судалгаанаас анзаарагдсан.

-Эргэлтийн хөрөнгөний дундаж хэмжээ нэг үйлдвэрт ойролцоогоор хэд орчим сая төгрөг байдаг вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийнхний хувьд зээл хүсдэг эргэлтийн мөнгө нь маш бага. Хоёр сая орчим төгрөг. Үсрээд л арван сая төгрөг хүсдэг. Жижиг дунд үйлдвэрийн хуулиас гадна татварын хуулиудыг анзаарах хэрэгтэй. 30 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжээс НӨАТ авна гэсэн хуулийн заалт бий. 30 сая гэдгийг наад зах нь 50, цаашилбал 100 сая гэж тавьж өгөх хэрэгтэй. Тэгж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжих суурь тавигдана. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрийг бойжуулж хөл дээр нь тогтоох системийг бий болгох хэрэгтэй. Өндөр хүүтэй зээлээс гадна татварын дарамт нэмэгдэхээр жижиг дундуудын хувьд үйлдвэрлэлээ тэлж хөгжих боломж хумигддаг. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд тулгамдаж байгаа асуудлын нэг нь урт хугацааны хүү багатай санхүүжилт болоод байна. Бас жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зах зээлийн орон зай алга. Томоохон компаниуд бүх салбарт орчихсон байдаг. Дээрээс нь лоббидож байгаад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэх мэт хямд санхүүжилттэй газруудаас зээл авчихдаг болохоор жижиг дундууд өрсөлдөхөд хэцүү орчинд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Том компаниуд бага хүүтэй зээл авч бүх салбар руу орчихоор жижиг дунд үйлдвэрлэгчдэд эсгий таавчигны орон зай л үлдсэн юм байна даа?

-Бараг л тэгж байна. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас хөгжиж чадахгүй байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан том компаниудын тухайд гуравхан хувийн хүү гэдэг маш бага тоо. Ийм зээл авсан том компаниудтай нэг зах зээл дээр өрсөлдөх боломж хэтээсээ байхгүй шүү дээ. Жинхэнэ жижиг дундууд нь жилийн бараг 20 хувийн хүүтэй зээл авч байна. Тэгэхээр яаж ч бодсон өрсөлдөх боломжгүй. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гол шалтгаан нь энэ л дээ.

-Наад зах нь жижиг дунд үйлдвэрийн хуульдаа 199 ажилтан гэх мэт тэнгэрийн тоо тавихаа болих ёстой юм байна. Хүрээ, хязгаарыг нь багасгаж, нарийн хяналт дор зээл санхүүжилт олгоод эхэлбэл үр дүн гарах байх…?

-Монголд байтугай гадаадын өндөр хөгжилтэй оронд ч 199 ажилтантай жижиг дунд үйлдвэр ховор. Бараг байхгүй.

-Жижиг дундуудын санхүүжилт дээр амжилттай яваа кейс гэж байна уу?

-Санхүүжилт дээр манай хувьд хамгийн сайн жишээ нь Зээлийн батлан даалтын сан. Энэ сан төсвөөс ямар ч мөнгө авдаггүй. Донор болон олон улсын санхүүгийн байгууллагатай хамтардаг. Зээлийн батлан даалтын сангийн хувьд зөвхөн барьцаа хөрөнгөө хангаж чадахгүй яваа байгууллагуудад баталгаа гаргаж өгдөг. Тэдэнтэй хамтарсан газруудын чанаргүй зээлийн хувь нь маш бага. Есхөн хувиар яригдаж байна. Төр оролцохгүй тусам амжилттай яваагийн нэг том жишээ гэж хэлж болно. Зөв сахилга батыг бүрдүүлж чадвал ногоон санхүүжилтийг татах боломж их байна. Гэхдээ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд хийх ажил олон бий.

-ЖДҮХС-гаас яг хичнээн үйлдвэрлэгч зээл хүсч, хэд нь хамрагдсан байдаг бол?

-Сонирхолтой тоо харагддаг. ЖДҮХС-гийн хувьд 2011 онд хамгийн их хэмжээний санхүүжилт өгсөн байдаг юм. 2012 онд нэлээд буурч ирээд эргээд бага багаар өсөөд явсан. 2011 онд 301, 2012 онд 42, 2013 онд 60, 2014 онд 104, 2015 онд 60, 2016 онд 80, 2017 онд 50 тэрбумын зээл олгосон байна. Нэг төслийг дунджаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлснийг бас давхар сонирхож үзсэн. 2016 онд нэг төслийн дундаж санхүүжилт 425 сая төгрөг байна.

Ер нь дунджаар нэг төсөлд 140, 150 сая төгрөг өгдөг юм билээ. 2012, 2016 онуудад дундаж санхүүжилтийн хэмжээ өндөр байгаа юм. 2017 онд ойролцоогоор 325 сая байна. 2012 онд 381.8 сая төгрөгийг нэг төсөлд олгосон байх жишээний. 2016 онд 425.5 сая, 2017 онд 324.7 саяыг нэг төсөлд олгожээ. Төсөл хэрэгжүүлсэн салбар, чиглэлийг нь аваад үзвэл 2095 төсөл нь хөнгөн үйлдвэр байна. Үйлдвэрээ өргөтгөх, шинэ үйлдвэр барихад зарцуулсан байна лээ. Санхүүжүүлсэн төслүүдийг аймгуудаар нь авч үзвэл Баян-Өлгий хамгийн өндөр нь. Тус аймагт 426 төсөл хэрэгжүүлсэн байна. Завхан 387 төслөөр хоёрдугаарт бичигдэж байна. Дорнод, Орхон, Хөвсгөл аймгуудад их хэмжээний төслүүд хэрэгжүүлснийг статистикаас харж болно. Харин Улаанбаатарт хоёр мянга гаруй төсөл хэрэгжсэн байна.

-Том компаниуд бүх салбар руу ороод жижиг дундуудад боломж өгөхгүй байгаа тухай та түрүүн ярилаа. Энэ асуудлыг шийдэх гарц хувилбар байна уу?

-Миний хувьд томоохон компаниуд заавал дотооддоо өрсөлдөж байхаар олон улс руу гарах хэрэгтэй. Том компаниуд ер нь сангуудаар тэжээгдээд байх шиг анзаарагддаг.

-Ямар сангууд?

-Төрөөс хөнгөлөлттэй санхүүжилт олгодог бусад сангууд. Олон жил өөрсдийнхөө сүлжээгээр сангуудаас мөнгө авч байгаа гэсэн шүүмжлэл олон жил сонсогдож байна. Оргүй хардлага биш. Ер нь ЖДҮХС тойрсон шуугиан дөнгөж эхлэл нь байх шүү. Яамдын дэргэд 29 сан байдаг. Сайд болгон хажуудаа тусгай сантай. Тэдгээр нь ямар ч хяналтгүй явдаг гэсэн асуудал бий.

-Гишүүдийн хамаарал-тай компаниуд тэрбум шахуу төгрөгийн зээл ташраараа авсан байна. Ер нь жижиг дундуудад хичнээн төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ гардаг юм бол?

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн таван хувь нь 500 сая төгрөгөөс дээш санхүүжилт хүсдэг гэсэн статистик бий. ЖДҮХС-гийн 2017 оны тайлангаас харахад үйлдвэр эрхлэгчдийн 33 хувь нь дунджаар 500 сая төгрөгийн хүсэлт ирүүлсэн байх жишээний. Түрүүн хэлсэнчлэн таван хувь нь 500 саяас дээш, 13 хувь нь 100-400 сая төгрөг хэрэгтэй гэсэн байдаг. Хоёр хувь нь нэг сая хүртэлх төгрөг, 12 хувь нь 10 сая төгрөг хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсан байдаг юм билээ. Эндээс харахад 5-10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэсэн нь 17 хувь байна. 2009-2017 онд ЖДҮХС-д 26454 санхүүжилт хүссэн өргөдөл ирсэн байдаг. Үүнээс ойролцоогоор 18 хувь буюу 7536 нь санхүүжилтээ авч чадсан. Санхүүжилт авсан 7536-аас хичнээн нь эрх мэдэлтнүүдийн компани бол гээд хөөгөөд үзвэл сонирхолтой тоо гарах байх шүү.


Categories
мэдээ цаг-үе

Г.Сүхболд: Дундаж давхарга хүчирхэгжвэл төрд зөв хүмүүс гарч ирж эдийн засаг тэлэх нь асуудал биш

Засаглал судлаач Г.Сүхболдтой ярилцлаа.


-Манай улс түүхийн эгзэгтэй цагтаа парламентын хоёр танхимтай байснаар асуудлаасаа гарч чадсан гэсэн гаргалгаа чинь сонирхолтой санагдлаа. Парламентын засаглалд анхаарах асуудал байна гэж хэлэх гээд байна уу?

-Нэг талаар тэгж ойлгож болно. Монгол Улсын төр Богд хааны үед, ардчилсан хувьсгал ялсан 1990 онд парламентын хоёр танхимын хэлбэрийг сонгосон байдаг. Хоёулаа л түүхийн эгзэгтэй үе. АИХ, Улсын бага хурал гэж байсан. АИХ-д нийт ард түмний төлөөлөлөөс 430 гаруй хүн сонгогдож, намуудын санал авсан хувиар Улсын бага хурал байгуулагдсан. Парламентын засаглалтай улсад Вестминстерийн болон Боннын систем гэж бий. Вестминстерийн системд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж, кабинетаа бүрдүүлдэг өөрөөр хэлбэл засгийн газар нь парламентаас үүсдэг. Харин Боннын системийн тухайд төрийн эрх мэдэл аль нэг субьектэд ач холбогдол өгдөггүй. Харин тэдгээрийн харилцан тэнцвэр, хяналт, бие даасан байдлын уулзварт төрийн эрх мэдэл хадгалагдаж байдаг.Монгол Улсын парламент нь зөвшилийн буюу Боннын загвартай төстэй. Эдүгээ МАН буюу эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг парламентаар хэлэлцэж хэнийг юуны сайдаар томилох эсэхээ УИХ-аар шийддэг. Вестминстерийн систем нь төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй тул ард түмний төлөөллийн дээд байгууллагыг төрийн эрх мэдлийн гол субьект гэж үзэн сонгуульд ялсан намын даргад төрийн эрх мэдэл төвлөрдөг гэж би түрүүн дурдсан. Энэ утгаараа Британи маягын парламентын дүр зураг ажиглагдаж буй нь нууж хаахаар зүйл биш. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа нь тун бүрхэг байна.

-Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэл холилдчихоод байна гэсэн үг үү?

– Яг тийм, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл холилдчихоод байна л даа. Зааг ялгааг нь 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт байхгүй болгосон тухай би сая судлаачийн үгнээс эш татаж онцоллоо. Уг нь зааг ялгааг нь гаргах хэрэгтэй. Энэ талаар хүмүүс хангалттай ярьдаг ч шийдлээ олоогүй өнөөг хүрчихлээ. Сүүлдээ Үндсэн хууль болохгүй байгаа юм шиг яриад эхэллээ л дээ. Үнэндээ тийм биш.

-Тэгээд буруу нь хаанаа байна гэж?

– Төрийн эрх барьж байгаа хүмүүст л хамаг учир бий гэж хардаг. Хуучин нийгмийн үед боловсорсон хүмүүс өнөөдөр төрийн толгойд байна. Харин 1990-ээд онд төрж ардчилал зах зээлийн нийгэмд өсч торниснууд нь өнөөдөр 28, 29 хүрчихсэн, ид хийж бүтээж яваа залуус. Сурч хөгжсөн, сэтгэлгээгээ тэлж өргөжүүлснээрээ мэдээж ялгаатай. Нэг хэсэг нь барууны өндөр хөгжилтэй оронд сурч боловсорч, хөгжлийн жамыг дэлхийн залуусын адил харж байна. Нөгөө зарим нь төдийгөөс өдий хүртэл өнөөдөр засгийг ээлжлэн барьж буй тавь, жаран настнуудын цүнхийг барих аргаар эрх мэдлийн шат өөд өгсөөд явж байгаа. Өдгөө төрийн эрхийг барьж байгаа тавь, жаран настнуудыг харахад нэг хэцүү зүйл анзаарагдаад эхэлчихсэн. Тэр нь нам дамжсан бүлэглэл. Энэ тодорхойлолтыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна. Шинэ хандлагатай, хөгжлийг арай өөрөөр харсан залуус төрд зүтгэе гээд зориглоод улс төрд орохоор шахаад гаргачихаад байна л даа. Харин эрх мэдэлтнүүдийн ивээлд орсон цүнх баригчид эрх баригчдын дараа үе нь болох хандлага анзаарагдаж байна.

-Эдийн засгийн сонирхлоор нэгдсэн нам дамжсан бүлэглэлийг яаж задлах вэ, хэрхэн саармагжуулах вэ гэдэг дээр санаагаа нэгтгэж тэмцэх цаг ирсэн гэсэн хандлага хүчтэй байна. Олны анхааралд байгаа ЖДҮ намд дамжсан эдийн засгийн бүлэглэлийн хүчийг саармагжуулах эхлэл болж чадах уу?

-ЖДҮ-г жижиг эхлэл нь гэж харж байна. Гэхдээ нам дамжсан бүлэглэл гэж яриад байгаа зүйл бүхэл бүтэн систем болчихсон нь сүүлийн үед тод анзаарагдаж байна. ЖДҮ-ээс зээл аваагүй эрх мэдэлтэн гэж бараг алга. Хянадаг нь, шалгадаг нь, олгодог нь гээд бүгдээрээ авчихсан байх жишээний. Энэ тохиолдолд хэн хэндээ хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал бүрхэг болоод ирж байгаа юм. Системийг нураахын тулд системээрээ хөдлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ЖДҮ-тэй өнөөгийн төвшинд тэмцээд үр дүнд хүрэх нь юу л бол.

-Тэгэхээр маш олноороо нэгдэж байж л саармагжуулах нь ээ?

-Тэгнэ. Бид бас нэг зүйл дээр алдаад байгаа юм шиг санагддаг. Төр болохгүй байна. 76 ухна гэж ирээд дээр байгаа хэдээ шүүмжлээд байдаг. Би түрүүн гол асуудал нь хүндээ байна гэсэн дээ. Энэ үг эрх баригч, эрх мэдэлтнүүдээс гадна ард түмэнд ч хамаарна. Үнэн хэрэгтээ ямар ард түмэн байна, тийм л төр оршдог. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэж байдаг бол энэ үгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүхээс илүү ухаалаг мундаг эх орончид бий. Гэхдээ ард түмэн энэ хэдийг л мундаг эх оронч гээд сонгосон нь бас бодитой үнэн шүү дээ. Ард түмний сонголтыг анзаарахаар гурван бүлэгт хуваачихмаар харагддаг. Нэг хэсэг нь мөнгөөр саналаа өгч байна. Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд тав, арав хорин мянган төгрөгөөр саналаа өгчихдөг. Нөгөө зарим нь аав ээж, ах дүү, дарга захирал, найз нөхөд гээд ойрын хүрээллийнхнийхээ нөлөөллөөр саналаа өгдөг. Гурав дахь хэсэг нь итгэл үнэмшил, үнэ цэнээрээ хэнд саналаа өгөхөө шийддэг. Гэхдээ энэ хэсэг нийт сонгогчдын дунд маш бага хувь эзэлдэг. Эхний хоёр хэсгийн саналаа өгсөн арга хэлбэрийг ухаад бодохоор санал худалдаж авсан, төрийн эрхийг буруу аргаар авч байна гэчихэд хатуудахгүй. Монголчуудын хамгийн том зовлон нь цөөхүүлээ. Гуравхан саяулаа. Сонгуулийн насныхан нь сая гаруй. Саналаа өгдөг нь хэд билээ гээд бодохоор бас хэцүү. Тэгээд жижиг тойргуудад хуваачихдаг. Жижиг тойргийн цөөхөн сонгогчдын ихэнхийг нь худалдаад авчихаж байна. Эндээс харахаар сонгуулийн тогтолцоогоо эргэж харах шаардлага бий. Бас сонгогчдын боловсрол гэдэг асуудлыг онцгойлж анхаарах ёстой.

-Сонгогчдын боловсролыг сайжруулах хэрэгтэй гэж хүн бүр ярьдаг ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэн ажил лав алга. Ер нь энэ асуудлыг яаж ямар аргаар шийдэх ёстой гэж та бодож байна вэ?

-Таны асуултад хариулахын өмнө улс төрийн соёлын тухай яримаар байна. Английн ерөнхий сайдаар Тереза Мэйг ажиллаж байхад Батлан хамгаалахынх нь сайд гарын үсгээ зураад саналаараа огцорч байсан. Сайдаар томилогдохоос хэдэн жилийн өмнө сэтгүүлч бүсгүйн өвдөг дээр гараа тавьсныхаа төлөө огцорсон. Тийм үйлдэл гаргасан хүн ийм өндөр албан тушаал хаших эрхгүй гээд огцорсон байдаг юм. Ер нь ардчилал хөгжсөн улс орны сайд дарга нар хувийн зуслан руугаа албаны машинаар явсан нь илэрлээ л бол огцордог. Энэ бол улстөрийн соёл. Улс төрийн соёлтой бол намууд аяндаа цэвэршээд ирнэ. Орчин үеийн ардчиллыг намуудын ардчилал гээд байгаа. Гэтэл манай намууд Англи, Германы намууд шиг биш байна. Тодруулж хэлбэл улс төрийн өндөр хариуцлага, соёлтой болоогүй байна л даа. Төр засаг сайн муу байх эсэх нь улстөрийн намуудын соёлтой шууд холбоотой. Соёлтой хариуцлагатай намаас гарч ирсэн эрх баригчид л зөв бодлого тодорхойлж, хэрэгтэй хууль баталж, улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө санаа зовж чаддаг. Гэтэл манайд энэ бүхэн амьдрал, бодит биелэл болохгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Миний хувьд сонгогчдын боловсролоос өмнө засаглалын тогтолцоо голлох нөлөө үзүүлж байна гэж хардаг. Жижиг тойргуудаас гарсан УИХ-ын гишүүдийг тойрогтоо оччихоод сонгогчдынхоо өмнө нүдээ бүлтэлзүүлээд бэлэг тараагаад суугааг нь харахаар үнэндээ өрөвддөг. Тойрогтоо очоод ажлаа тайлагнасных нь дараа сонгогчид нь хүүхдийн сургалтын зардлаас эхлээд өчнөөн зүйл хүсдэг. Тэр бүрт нь үгүй гэж чаддаггүй, за гэж ч болдоггүй. Тойрогтоо очоогүй байхад нь ч баахан гуйлт ирдэг. Сонгогчдодоо гуйсныг нь өгч, амлалтаа биелүүлж, дараагийн сонгуулиар дахин сонгогдохын тулд УИХ-ын гишүүд яаж их мөнгө олох вэ гэсэн марафонд ордог нь нуугаад байх юмгүй бодит үнэн. Нэгдүгээрт сонгогчдын хүсэлт гуйлт, хоёрдугаарт улс орны эрх ашиг болоод байна. Өөрөөр хэлбэл эрэмбэ нь алдагдчихаад байна л даа.

-Шийдэл нь юу байж болох вэ. Танд санаа оноо байна уу?

-Ярилцлагын эхэнд дурдсан санаагаа хэлмээр байна. Монгол Улс эгзэгтэй цаг үедээ парламентын хоёр танхимтай байсан гэж ярьсан даа. Миний хувьд парламентаа хоёр танхимтай болгох хэрэгтэй гэж бодож байна. Оюуны цараатай, өндөр боловсролтой, өглөөнөөс орой хүртэл хууль уншиж судалж боловсруулах үйл явцад биеэ дайчлах чадвартай, сууж сурсан хүмүүсээр дээд танхимыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт наймаа хийдэг, дуу дуулдаг, бөх барилддаг морь уядагуудад ажил нь сонирхолгүй болж эхэлнэ. Наад зах нь л мөнгөөр кноп дарах боломж шансгүй болно. Парламентын доод танхим жинхэнэ ард түмнээс сонгогдсон төлөөллүүд ажиллах ёстой. Тэд орон нутаг нэгжид юу шаардлагатайг хэлж өгдөг, өөрөөр хэлбэл аж ахуйн шинжтэй зүйлийг нь орхигдуулахгүй байхад тус нэмэр болдог байх хэрэгтэй. Ингэж байж биенээ нөхнө, улс орон зөв замаар хөгжинө. Онолын хувьд зарим судлаач холбооны улсад дээд, доод хоёр танхим байдаг гэдэг. Манайх төрийн байгууламжийн хувьд холбооных биш л дээ. Гэхдээ дахиад хэлье. Бид түүхийн эгзэгтэй мөчдөө хоёр танхимтай байсан, ингэснээр асуудлаа шийдвэрлэж чадсан байдаг. Би сая хэлсэн шүү дээр. УИХ-ын гишүүдийг тойрогтоо уулзалт хийхийг нь харахаар өрөвддөг гэж. Энэ мухардлаасаа гарах цаг болсон.

-Эцсийн дүндээ түрүүн цухас яриад орхисон сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлж байж л намууд цэвэршинэ, зөв хүмүүс төрд гарч ирнэ, тэгж байж та бид хоёрын яриад суугаа асуудал болох байх….?

-Намуудыг цэвэршүүлэх нэг арга сонгогчдын боловсрол мөн үү гэвэл мөн. Гэхдээ сонгогчид ямар тохиолдолд боловсордог вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Хүн ахуйн хэрэгцээгээ хангаад ирэхээрээ, аятайхан амьдраад эхлэхээрээ боловсрол хөгжилдөө анхаардаг. Өөрөөр хэлбэл дундаж давхарга ихсэх тусам сонгогчдын боловсрол дээшилнэ гэсэн үг. Талхны мөнгө биш амьдрах орчныг нь аятай таатай байлгах чадал чансаатай нам, улстөрчдийг бодож анзаарч эхэлнэ. Сонгуульд нэр дэвшигчдээс зөв хүнийг нь сонгох чадалтай болно. Харамсалтай нь төр засаг дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх талд ажиллахгүй байна л даа. Наад зах нь ипотекээ бараг зогсоолоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг өөрсдөө авч иддэг нь олонд ил боллоо. Австрали гэх мэт хөгжингүй улс орнууд ерөөсөө л дундаж давхаргаа дэмжсэн бодлого барьдаг. Дундаж давхарга нь хүчтэй болчихвол сонгогчдын боловсрол хүссэн хүсээгүй дээшилнэ. Улстөрчид нь аяндаа цэвэршинэ, намууд нь соёлжино. Ер нь ардчилсан орнуудын гол үзүүлэлт дундаж давхаргын хувь хэмжээ байдаг. Дундаж давхарга хүчирхэгжвэл төрд зөв хүмүүс гарч ирж эдийн засаг тэлэх асуудал биш. Гэтэл өнөөдөр Монголд асар баян цөөнх, дунджаас доош амьжиргаатай олонх гэсэн хоёр хэсэг л байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ам.долларын аашнаас шатахууны үнэ буурах эсэх нь шалтгаална

“Найман шарга” валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2635 төгрөгөөр авч 2645 төгрөгөөр арилжааллаа. Ам.долларын ханш цаашид өснө гэсэн таамаг эдийн засагт голлож байна. Хөрөнгийн зах зээлд ажилладаг “Новел инвестмэнт” компанийн захирал Д.Ангар “Ам.долларын ханш өсч байгаа нь Монголбанкны буруу бодлоготой холбоотой. Нүүрсний үнэ өндөр, зэсийн зах зээл дажгүй, урд хөршийнхөн мах их хэмжээгээр импортолсон гэх мэтээс харвал эдийн засгийн нөхцөл сайн байсан. Бид 2012-2016 оны төв банкийг төгрөг хэвлэж долларын ханшид нөлөөлсөн гэж шүүмжилж суусан ч энэ засгийн өнгөнд мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй төв банк бүр муу ажиллаж байна. Өнгөрсөн засгийн үед эдийн засаг маш муу байсан. Энэ засгийн үеийн эдийн засагтай харьцуулбал там, диваажин шиг ялгаатай. Аж ахуйн нэгжүүдийн нүүрс, зэс, мах зараад олж ирсэн долларыг Монголбанк ирэх жилүүдэд төлөх өрөө дарна гээд төгрөг хэвлэж худалдаж аваад байна л даа. Өөрөөр хэлбэл, төв банк долларын зохиомол хомсдол бий болгочихлоо. Н.Баяртсайхан төв банкны өмнөх ерөнхийлөгчөөс илүү их мөнгө хэвлээд байна. Монголбанк энэ буруу бодлогоо зогсоохгүй бол ам.долларын ханш 3000 төгрөг давах эрсдэлтэй” хэмээн онцоллоо.

Долларын ханшийн өсөлтийн суурь шалтгааны нэг нь төлбөрийн тэнцэл гэж харах эдийн засагч цөөнгүй байна. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн сарын байдлаар багагүй алдагдалтай гарсан юм. Одоогоор өнгөрсөн сарын төлбөрийн тэнцлийн статистик гараагүй ч алдагдал өссөн гэх таамаг зонхилж буй. Тухайн сарын валютын ханшийн өсөлтөөс харахад төлбөрийн тэнцэл чамгүй алдагдалтай гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Төв банк долларын ханшийн эсрэг интервенц хийхдээ амсуулах төдий валют нийлүүлж байгаа нь зөв шийдэл биш гэсэн шүүмжлэл ч дуулдаж эхэллээ. Төв банк интервэнцээ мэдрэгдэхээр хэмжээнд хийхгүй энэ янзаараа амсуулах төдий яваад байвал долларын ханш дахиад ч өсөх эрсдэл бий.

Ханшийн өсөлтийг тогтворжуулахзэвсэг төв банкинд л бий

Доллар зах зээлд хомсдож эхэлсэн шалтгаануудыг жагсаая. Бараг хоёр их наядын алдагдалтай сонгуулийн өмнөх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилгын компаниудад очно. Өнөөдүүл нь ирэх хавар барилгын материалаа импортлох гэж доллараа хав дарсан гэх хардлага таамаг хэлэх эдийн засагч цөөнгүй байна. Валютын захын бүрхэг тодорхойгүй орчин ам.долларын зээл авч шатахуун импортолдог компаниудад том дохио болж буй. Ногоон валютын ханш өссөөр байвал сар бүр “Роснефть” рүү доллар шилжүүлж худалдаа хийдэг импортлогчдын ашиг хумигдсаар байх эрсдэлтэй. Ер нь импортын бизнес хийдэг компани бүр долларын ханшийн галзуурлаас болгоомжилж дансан дахь ногооноо таг дарчихсан суугаад эргэлзэх зүйл алга. Долларын гүйлгээ хумигдаж, бизнес эрхлэгчид дор бүрнээ доллараа атгачихсан суугаа энэ өдрүүдэд иргэдэд ирэх дарамтын нэг нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Доллар хомсдох хэрээр импорт хумигдана, импорт хумигдах тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь тов тодорхой асуудал.

Нүүрс, зэсээс багагүй хэмжээний доллар олж байгаа ч долларын гадагшлах урсгал ихэсчээ. Эдийн засгийн идэвхжлээс шалтгаалж уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн худалдан авалт нэмэгдсэн, автомашины импорт өссөн тоонууд статистикаас харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг зогссон гэх том шалтгаан бас бий. Ноён ногооны галзуурлыг богино хугацаанд барих ганц арга нь төв банкны интервенц гэж эдийн засагчид хэлж байна. 2022 он хүртэл доллар орж ирэх баталгаатай суваг олчихвол өнөөгийн нөөц ирэх гурав, дөрвөн жилдээ ханш барих хэмжээнд хүрэлцэнэ гэх тооцоог судлаачид гаргажээ. Нөгөө талд төв банкнаас ОУВС-гийн шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Валютын нөөцөө өсгө гэсэн шаардлагыг тус сангийн зүгээс манай улсад тавьж буй.

Засгийн газарт үнэт цаас гаргаж доллар олж ирэх боломж байгаа ч өрийн хэмжээ нэмэгдэж зээлжих зэрэглэл буурах сөрөг тал бий. Тэгэхээр засагт долларын галзуурлын эсрэг богино хугацаанд хийж чадах зүйл байхгүй гэсэн үг. Харин урт хугацаанд экспортын төрөл хэмжээгээ нэмэгдүүлэх, аялал жуулчлал буюу үйлчилгээний экспортыг хөгжүүлэх, санхүүгийн зах зээлийн хэрэгслийг ашиглаж зэс нүүрсний үнээ барьж авдаг болох гэх мэт ажлуудыг хийвэл долларын ханшийг тавиад туучихгүйхэн шиг аж төрөх боломж байна.

Долларын өсөлт төсөв захиран зарцуулдаг улстөрчдөд ашигтай

Төгрөгийн ханш сулрах нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Доллар чангарч төгрөг сулрах нь хэнд ашигтай вэ гэсэн асуултад хариу хайя.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь улсын төсвийн орлогыг нэмэгдсэн дүнтэй гарахад эерэгээр нөлөөлдөг. Энгийнээр тайлбарлавал, улсын төсвийн орлогын 90 орчим хувийг татварын орлого бүрдүүлдэг. Татварын орлого дотроо гаалийн татвар, НӨАТ, онцгой татвар, аж ахуйн нэгж болон хувь хүний орлогын албан татвар гээд хөвөрнө. Гадаад худалдааны бараа эргэлтэд хамаарах, ам.долларын суурьтай татварын орлогын төгрөгөөр илэрхийлэгдэх хэмжээ төгрөгийн ханш суларвал өсч, төгрөгийн ханш чангарвал буурч харагддаг. Ийм учраас төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь улсын төсөвт, төсөв захиран зарцуулдаг улс төрч, сайд нарт эерэг байдаг юм.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь төв банкны тэнцэлд бас эергээр нөлөөлдөг. Уг нь төв банк бизнесийн байгууллага биш. Мөнгөний бодлого хэрэгжүүлдэг бодлогын байгууллага. Тэр утгаараа тайлан тэнцэл нь ашигтай гарах уу, алдагдалтай байх уу гэдэг нь олон улсын практикаар бол ёстой хэнд ч сонин биш асуудал. Гэтэл өнөөгийн төв банкны удирдлага Монгол банкны тэнцлийг ашигтай гаргахаар чармайдаг нь алхам бүрээс нь анзаарагддаг. Дэлхий дээр өөрөө л ашигтай ажиллахын төлөө ажилладаг, ашигтай ажиллачихлаа гэж пи ар хийдэг төв банк ганц Монголд байгаа нь гашуун ч гэлээ үнэн. Төв банкны хөрөнгийн дийлэнх хэсгийг гадаад валютын улсын нөөц эзэлдэг. Гурван тэрбум ам.долларын нөөцтэй төв банкны хөрөнгийг төгрөгөөр илэрхийлэх гээд үзье. Долларын ханш 2016 оны дунд үед 2000 төгрөг байсан. Харин өнөөдөр 2645 төгрөг болоод цойлчихсон. Долларын ханш өсөх хэрээр төв банкны хөрөнгө ихэснэ гэсэн үг.

Дараагийн нэг шалтгаан нь улс төрч, эрх баригчид, хөрөнгө мөнгөтэй чинээлэг давхаргынхны хадгаламж. Чинээлэг хэсэг хадгаламжаа доллараар байршуулдаг. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь тэдэнд бас ашигтай болж таарч байна. Нүүрсээр баяжсан, ашигт малтмалын лицензээр хөлжсөн улстөрчдөд төгрөгийн ханш сулрах нь ашигтай гэдгийг энд дурдахад илүүдэхгүй байх. Яагаад гэвэл тэдний орлого ам.доллараар, харин эгэл жирийн иргэдийн орлого төгрөгөөр орж ирдэг.

Ихгүрнүүдийн геополитикийн тоглолт шатахууны үнийг савлуулж байна

Ногоон валютын ханш өсөх нь иргэдийн авч буй цалингийн үнэ цэнийг навс унагаж байгаа. Иргэдэд ирэх бас нэг ачаа нь шатахууны үнэд үзүүлэх нөлөө гэдгийг онцолъё. Зарим эдийн засагчийн таамаглаж байгаачлан 3000 төгрөг давбал шатахууны үнэд харин ч эсрэгээрээ нөлөөлөх эрсдэл бий. Учир нь бид шатахуунаа 100 хувь гаднаас ам.доллараар худалдаж авдаг.

Шатахууны эрэлтийн зах зээлийг OECD буюу АНУ, Европ, Хятад, бусад зах зээл гэж гурав ангилдаг. Нийлүүлэлтийн хувьд хамгийн том нь ОПЕК, тэр дундаа Саудын Арабыг онцлох учиртай. Саудын Арабын дараа Иран, Ирак гээд жагсдаг. Сүүлийн үед газрын тосны зах зээлд нэг өөрчлөлт гарсан нь АНУ. Ердөө зургаахан жилийн өмнө тав, зургаан хувиар хэмжигдэж явсан АНУ-ын нийлүүлэлт 11 хувь давчихсан яваа. Өнгөрсөн хугацаан дахь нефтийн үнийн огцом бууралт, өсөлтийг Америкийн геополитикийн тоглолтоос үүдсэн гэх тайлбар давамгайлсан нь ийм учиртай. Занараас шатахуун гаргах технологийг атгасан нь АНУ-ын давуу тал болоод буй. Хямд зардлаар шатахуун гаргах технологитой болчихсон учраас АНУ дэлхийн зах зээл дээр ОХУ, ОПЕК-той тоглож эхэлсэн юм. Тодруулж хэлбэл дэлхийн газрын тосны зах зээл дээр их гүрнүүдийн дунд улс төрийн геополитикийн тоглолт ид өрнөж байна. Улс төрийн геополитикийн хүчтэй тоглолтоос болж газрын тосны үнийг таамаглах аргагүй болсон хэмээн шинжээчид онцлоод эхэллээ. Одоогоор занараас шатахуун гаргах технологийг атгасан АНУ Иранд хориг тавьж, энэ улсыг газрын тосны зах зээлээс шахах бодлого барьж буй. Гэхдээ нөгөө талд Иранд ч өөрийн гэсэн зэвсэг бий. Газрын тосыг зах зээлд нийлүүлдэг Ормузын хоолойг энэ улс эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Иран эзэмшдэг хоолойгоо хаачихад л газрын тосны үнэ өгсөх эрсдэл байгаа. Булангийн орнууд буюу Иран, Саудын Араб, Ирак, Кувейт, Катар, Арабын нэгдсэн Эмират улс нийлээд өдөртөө 19 сая баррель нефтийг энэ хоолойгоор дамжуулж зах зээлд нийлүүлдэг юм.

Газрын тосны үнэ өмнөх шигээ 30 ам.доллар хүртэл уруудах болов уу, өнөөгийн ханшин дээрээ тогтворжих уу гэсэн асуулт бас бий. Газрын тосны зах зээл дэх гол тоглогчийн нэг болох ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувьд 70 ам.долларт барихад хангалттай ашиг олно гэж буй. Учир нь хойд хөршийн газрын тос олборлох өртөг 35 орчим ам.долларт хэлбэлздэг. Саудын Араб ба ОПЕК-ийн тухайд 70-80 ам.долларт барихыг хичээж байна. Голлох зах зээлүүдийн энэ тооцооноос харахад газрын тосны үнэ доод хязгаартаа 60 ам.доллараас буух боломжгүй гэсэн таамаг үнэнд ойрхон сонсогдож байгаа юм. Эцэст нь онцлоход тоглогчид дахиад улс төрийн нүүдэл хийж толхилцоод эхэлбэл үнэ өсөх эрсдэл бийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Трамп газрын тосны үнийг цаашид бууруулах боломжтой гэж мэдэгдэж байгаа ч хар алтны зах зээлд хүчин мөхөсдөх эрсдэл ч анзаарагдаад эхэлчихлээ. Путин, Арабын ханхүүтэй мэндлэх төдийд газрын тосны үнэ өгссөн, энэ зах зээлийн 40 хувийг атгадаг ОХУ, Араб нийлүүлэлтээ танахаа мэдэгдсэн, Трампад шахагдсан Венесуэл хойд хөршөөс хөрөнгө оруулалт татахаар болсон гэх мэт хар алтны үнийг өсгөх геополитикийн тоглолт үргэлжилсээр байна.

Манай улсын хувьд газрын тосны үнэ буух тусмаа сайн. Геополитикийн тоглолт энэ янзаараа хурцдаж үнэ өсвөл мэдээж хүнд тусна. Газрын тосны үнэд олон улсын зах зээлээс гадна Оросын татвар, онцгой албан татвар, компаниудын зардал ашиг, хамгийн гол нь ам.долларын үнэ нөлөөлдөг гэдгийг бас онцлохгүй орхиж болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Базаррагчаа: Буйлны үрэвсэл 200 гаруй төрлийн өвчин, хорт хавдрын шалтгаан болдог

Хүүхдийн шүдний эмч, тулгуур эдийн эмч, гажиг засалч, амны хөндийн нян судлаач Ц.Базаррагчаатай буйлны өвчлөлийн сэдвээр ярилцлаа.


-Таныг нүүр ам судлалын салбараас Японд доктор хамгаалсан анхны шүдний эмч гэж сонслоо. Бидний ярилцах буйлны өвчлөлийн сэдэв докторын ажилтай тань холбоотой гэж ойлгосон…?

-Тэгж ойлгож болно. Би Окаяамагийн Шүдний сургуульд амны хөндийн нян судлалаар докторын зэрэг хамгаалсан юм. Аль ерээд оноос, тодруулж хэлбэл 1993-1996 онд Японд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн л дээ. 1997-1998 онд Окаяамагийн шүдний сургуулийн хүүхдийн шүдний тэнхимд эмч-судлаачаар ажиллаж байсан.

-Шүд цоорол, буйлны үрэвслийг монголчууд төдийлөн тоодоггүй, амаа давстай ус, содаар зайлах төдийгөөр аргацаагаад яваад байдаг. Таны яриаг сонсоод суух нь ээ нэлээд аюултай өвчин шиг санагдлаа…?

-Шүд цоорол буйлны үрэвсэл хоёр нь ондоо, өөр өөр төрлийн нянгаар үүсгэгддэг. Шүд цоорлыг сүүлийн зуу гаруй жил тэр дундаа 1970-аад оноос хойш эрчимтэй судалсан. Үндсэндээ судлагдаад дууссан, шийдэгдсэн асуудал. Цоорлыг аль хэдийнэ судалж дуусаад дараа дараагийн далайцтай асуудал руу 2000-аад оноос хойш орчихсон яваа. Авахуулаад шүдгүй болсон газар шүдийг дахин ургуулах, дараагийнх нь мэдрэл нь үхжээд амьгүй болсон шүдийг амьдруулж ургуулах хэмжээнд судалгаа хийгдэж байгаа. Судалгааны үр дүнг зарлаад эхэлчихсэн. Тун удахгүй амьдралд биеллээ олж эмнэл зүйд нэвтрэх нь цаг хугацааны л асуудал. Шүдээ сайн арчлаад, тухай бүр эмчлүүлээд явбал тэг эдийн засгаар цоорлоос сэргийлэх бүрэн боломжтой. Шинжлэх ухаан өндөр түвшинд очиж жижиг, сажиг асуудлуудыг шийдэж баталгаа, нотолгоо, судалгаа, үр дүн ярьж байхад давс, сода ярьдаг хандлагаас татгалзах хэрэгтэй. Давстай ус, сода шинж тэмдгийг түр зуур намдаах мэт санагдаж магад ч нян, бактерийн эсрэг ямар ч үйлчлэлгүй. Би энэ удаа шүд цооролтой харьцуулашгүй хорт үр дагавартай, халдварт өвчний тухай түлхүү яримаар байна. Энэ бол таны асуусан буйлны үрэвсэл.

-Буйлны үрэвсэл халдвар өвчин гэж боддог хүн тун цөөхөн байх. Яаж, ямар замаар халддаг, хор хөнөөл нь юу болох гэх мэт хүмүүст хэрэгтэй талаас нь жаахан энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Халдварт өвчин гэхээр манайхан ханиад томуу, сүрьеэ, шар зэргийг л ойлгоод байдаг. Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери. Шүлсээр халдана.Амны хөндийд гаднаас орж ирнэ. Буйлны үрэвслийн нянгаас ялгардаг хор нь шүдийг тойрон бэхэлж байдаг буйлыг эвдэж үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болгодог. Үүнийг хүмүүс буйл суусан, шүд зайтай болоод байна гэдэг. Цаашлаад холбох эдийг тасалж шүдийг тулан тогтоож байдаг ясыг хайлуулах шатанд ордог учир шүдний тулгуур эдийн өвчин гэж нэрлэдэг юм. Шүдийг тулан тогтоодог яс ууссаар эцэстээ ясгүй болсон шүд сулран суларсаар аажимдаа унадаг. Энгийнээр хэлбэл, шүдний ясыг уусгаж буй дээрх процесс бусад эд эрхтэнд нэг адил явагдаж байдаг гэсэн үг. Шүдний ясыг шимэгдүүлж, уусгаад байгаа процесс л бидний анхаарал хандуулж ойлгоод авчих гол зүйл юм. Үүгээрээ буйлны үрэвсэл шүд цооролттой харьцуулашгүй хор хөнөөлтэй. Буйлны үрэвслийн нянгаар үүсгэгддэг олон өвчний нэг нь хэрх. Энэ өвчний үед том бага үе, холбоос эд уусан хайлж, деформацид орсон үе хуруу, гар моонийдог. Эрүүл эд эмгэг эд болж хувирсан гэж ойлгож болно.

-Маш аюултай өвчин юм байна. Буйлны үрэвслийн эсрэг олон төрлийн шүдний оо байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж заншвал хэр үр дүнтэй бол?

-Ганц 00 ч биш шинжлэх, бизнес гэдэг хоёр өнцөг олон зүйл дээр эсрэг тэсрэг байр суурьтай байсаар ирсэн. Худалдаа, бизнесийн тал нь давамгай явааг ойлгоход гэмгүй байх. Шүдний 00-г бага сага судалсан хүний хувьд хэлэхэд цөөнгүй тооны химийн бодис орсон байдаг. Химийн бодис ихтэй 00-г байнга, тасралтгүй, урт удаан хугацаанд хэрэглэх нь ашигтай бактериудыг устгах эрсдэлтэй. Ганц шүдний 00 гэлтгүй аль ч химийн бодисыг хэтрүүлэн, зохистой бус хэрэглэх нь түүнд тэсвэртэй, илүү хүчтэй хэлбэрийг бий болгодог. Тэгэхээр шинжлэх ухаанд үндэслэж ярьдаг судлаачдын үгийг сонсох хэрэгтэй. Учир нь үнэн худлыг шалгадаг ганц шалгуур нь ерөөсөө л шинжлэх ухаан.

-Эрхтэн системийн өвчлөл үүсгэдэг, хавдрын нэг том шалтгаан нь буйлны үрэвсэл гэдэг үг цочирдом сонсогдож байна. Үндэслэл, шалтгааныг нь нарийн тайлбарлаач?

-Би бүрэн судлаад цаана нь гарчихсан хүн биш л дээ. Шинжлэх ухаан гэдэг зах хязгааргүй далайгаас чимхийн төдий мэдлэг олж авч түүнээ таньж мэдэх гэж мэрж, байгалийн шинжлэх ухаанд татагдаад салж чадахгүй яваа хүн. Буйлны үрэвслийн нян амны хөндийд байрлан буйл, шүдийг өвчлүүлээд зогсохгүй халдварлагдаж үрэвссэн буйлны хэсгээр тараагуур цусаар бүх эд эрхтэнд хүрч очдог. Нянгийн байнгын дайралтад орсоор байвал эрүүл эд эмгэг эд болно. Олон жил ийм байдалтай байвал хавдрын урьтал шатанд очиж эргэшгүй байдалд хүрдэг. Би судалгааны ажлаа дууссанаас хойш буйлны үрэвсэл нь зүгээр ч нэг аминаас хол шалдар булдар зүйл биш аюултай халдварт өвчин гэдгийг ойлгуулах гэж сүүлийн хоёр жил зөвхөн энэ талаар ярьж бичиж байна. 2016 оноос хойш 30 гаруй удаа шүдний эмч нарт академик түвшний сургалт хийлээ. Үүнээс гадна хот, хөдөөний 90 гаруй эмч нарт сургалт өгсөн. Хамгийн сүүлийн, шинжлэх ухаанд тулгуурласан эмчилгээний мэдээлэл, баталгаа нотолгоо нь сургалтын маань цөм. Амны хөндийн нян судлаачид төдийгүй АНУ, Европын зүрх судас, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн гэх мэт мэргэжлийн салбар холбоод сүүлийн 30 гаруй жил судлаад нэг л зүйл дээр анхаарлаа хандуулаач гэж зөвлөж байгаа. Олон өвчний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд тань байна, байх байхдаа буйлны үрэвслийн нянгаар халдварладаг гэж онцолж байна. Тэд буйлны үрэвсэл 200 гаруй төрлийн өвчин үүсгэнэ, олон хавдрын эх үүсвэр гэдгийг нотолсон судалгааныхаа үр дүнг нийтэд танилцуулсаар байгаа.

Буйлны үрэвсэл тодорхой хугацаанд үе шаттайгаар явагддаг.Нууц үедээ мэдэгдэхгүй тээгч болоод явж байдаг. Статистикаас харахад, манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөлт өндөр. Эднийг үүсгэдэг нэг том шалтгаан нь өнөөх л буйлны үрэвсэл. Онцын өвдөлт, зовиур бага тул хаа нэг цус гарахыг тоохгүй 4-6 жил орчим явсаар хүндрүүлдэг. 6-10 жилийн дараа таны аль нэг эрхтэн системд эргэшгүй өвчлөлийн эх суурь тавигдсан байх өндөр эрсдэлтэй.

-Тэр төрлийн хавдрын төчнөөн хувь нь буйлны үрэвслээс шалтгаалдаг гэх мэт тоо баримттай судалгаа бий юу?

-Байлгүй яахав. Буйлны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удаан явбал цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30 хувь байдаг. Бөөрний хорт хавдрын тухайд 49 хувийн магадлалтай. Зүрхний шигдээсээр нас барах магадлал 29 хувиар яригддаг. Тархинд цус харвах магадлал 28 хувь гэсэн тоо бий. Элэгний /архины бус гаралтай/ циррозоор өвчлөх магагадлал 30 хувь. Хамгийн сүүлд улаан хоолойн хорт хавдар үүсгэгч нь энэ нян гэдгийг тогтоосон. Зөнөгрөх өвчин залуужжээ л гэдэг. Нэг шалтгаан нь мөн л буйлны үрэвсэл гэсэн судалгааны дүн сонсогдож эхэллээ.

-Нэгэнт буйл үрэвссэн тохиолдолд эмчлэгдэх боломж нь хэр байдаг вэ?

-Буйлны үрэвсэл бол ганц манайд ч биш хаана ч адил, шүдний эмчилгээний толгойны өвчин хэвээр байна. Өнгөр, чулууг цэвэрлээд дуусдаг буйлны үрэвслийн уламжлалт аргыг миний хувьд өөрчилсөн. Нэгд оношлогоо орно. Хоёрт өнгөр, чулуу цэвэрлэх үед нян, бактерийг устгадаг үр дүнтэй “ноу хау” байна. Гуравт үүсгэгчийн эсрэг үйлчлэлтэй, ямар ч химийн орц найрлагагүй, нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэх багтана. Ер нь аль ч өвчний хувьд улаан шугам бий.Нэгэнт амны хөндийгөөс хальж эрхтэн системийн өвчлөлийн асуудал босох үед тухайн өвчний шинж тэмдгийг дарах л эмчилгээ хийх байдлаар дэлхий ертөнц явж байна. Миний хувьд, амны хөндийд байхад нь барьж авах тухай ярьж чадна. Эмчлэхийн төлөө арга технологи боловсруулж, бэлдмэл гаргасан. Эцсийн эцэст энэ бүхэн маань буйлыг эрүүлжүүлж бусад шүдийг аварч, амьд шүдтэй нь үлдээхэд чиглэж байна.

-Хүмүүс буйлаа үрэвссэнийг мэдэхгүй яваад байдаг байх нь. Хамгийн анхны шинж тэмдэг нь шүдээ угаахад буйлнаас цус гарах гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, буйлнаас цус гарах бол эхний шинж тэмдэг. Харин тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин буйлыг хатангиршуулж цус гарах шинж тэмдгийг барьдаг учир хэзээ хойно хүндэрсэн үедээ эмч дээр ирэх нь нийтлэг байна.Үүнээс гадна буйл хавагнах, хөөх, томрох, өнгө өөрчлөгдөх, идээт шингэн үүсэх, амнаас эвгүй үнэр гарах гэх мэт шинж тэмдэг нь нэлээд хүндэрсний шинж.

-Нийт хүн амын хэдэн хувь нь буйлны үрэвсэлтэй талаар нарийвчилсан судалгаа байна уу?

-АНУ-д гэхэд нийт хүн амын 70-75 хувь нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийн хүнд хэлбэртэй, буйлны үрэвслийн шалтгаантайгаар эргэшгүй өвчинтэй болсон насанд хүрэгчдийн тоо 45 хувь гэсэн судалгаа уншиж байсан. Монголчуудын тухайд 90 орчим хувь гэж 2017 онд НАСС-н мэргэжлийн сэтгүүлд тавьсныг харсан.

-Манай улсад оношлогоо хэр байна вэ?

-Амны хөндийн микроскоп оношлогооны хувьд дэлхийд нүүр, ам судлалын салбарт нэвтрээд 20 гаруй жил болчихсон.Миний хувьд шүдний эмчилгээтэй холбоотой олон асуудлыг шийдсэний зөвхөн нэг нь л энэ микроскоп оношлогоо.Хэдий богино хугацаа өнгөрсөн ч олон хүн энэ оношлогоог хийлгэсэн. Оношлогоогоор нянгийн гаралтай буйлны үрэвслийг тодорхойлно. Ил шинж, зовиур бага, тэгсэн мөртлөө яаж ч угааж арчлаад салдаггүй амны эвгүй үнэрийн шалтгаан нь архагшиж далд хэлбэрт шилжсэн нянгийн гаралтай буйлны үрэвсэл эсэхийг тогтооно. Манайд анагаахын салбараас ганц оношлогоогүй нь нүүр ам судлалын эмчилгээний салбар. Нэгэнт эхлүүлчихсэн зүйлийг илүү хүртээмжтэй болгох асуудал л бий. Ингэхийн тулд эмч нарыг бэлтгэж олуулаа хийх ёстой. Бид шүдний эмчилгээний шинэ, дэвшилтэт арга технологиос олон жилээр хоцорсон. Улс дэмжээд өгвөл энэ хоцрогдлоо алгасаад тэдэнтэй зэрэгцээд оччих боломжтой. Манай салбар боловсон хүчин сайтай гэсэн давуу талтай. Олон жилийн өмнө, мэргэжлийн ганц сургуулиа оношлууртай болгодгийн аман дээр буцаагаад алдчихсан тал бий.

-Буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Урьдчилан сэргийлэх гол арга нь хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх. Халдварт өвчин гэдгийг мэдчихвэл шүлсээр, аяга, саваар тойруулж ууж хэрэглэхээ болих байх. Монголчууд эртнээс аяга халбагатайгаа явдаг байсан. Өнөө цагт хэвшүүлмээр соёл. Тэгвэл ганц буйлны үрэвсэл төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой.

-Таныг буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл гаргасан, олон оронд хэрэглээ болчихсон гэж сонслоо. Юунаас гаргаж авсан бэлдмэл юм бол?

-Би анх шүдгүйдлийн үндсэн шалтгааныг үүсгээд байгаа “нөхдүүд”-ийг таньж мэдэх гэж нян судлалаар ажил хийлгээч гэсэн хүсэлтийг профессортоо тавьж байсан юм. Гэтэл профессор маань их хүнд салбар, сайн бод, хугацаа байгаа гээд зөвшөөрч өгдөггүй. Микробиологийн лабораториос өөрийг бодохоо байсан учраас татгалзсан хариу сонсоод шантраагүй. “Багш аа надад заавал доктор болох нь гол биш. Би микробиологийн судалгаа л хиймээр байна” гэж гурван сарын турш гуйсны эцэст зөвшөөрөл авч микробиологийн лабораторид хөл тавьж байлаа. Эндээс л миний цоорол, буйлны үрэвслийн нян, бактериудыг таньж мэдэх ажил эхэлсэн дээ. Судлах тутам ахиад л цаашаа явмаар судалмаар санагдаад тайван суухаа больдог юм билээ (инээв). Анагаахын шинжлэх ухаан хүний биед ээлтэй, байгалийн гаралтай арга технологийг тэргүүлэх чиг хандлагаа болгосон. Таны сонирхоод байгаа бэлдмэл энэ хандлагад бүрнээ нийцэж байгаа. Буйлны үрэвсэл үүсгэгч олон төрлийн нянгуудаас хоруу чанар хамгийн их, гол нян нь P.Gingivalis. Энэ гол нянгийн нэрээр буйлны үрэвслийг Gin­givitis гэж нэрлэсэн байдаг. Тэр утгаар нь бэлдмэлээ “Жинжита” гэж нэрлэсэн. Буйлны үрэвслийн толгойлох нянгууд дээр судалгаа хийгдсэн, үр дүн нь шинжлэх ухааны туршилт, судалгаагаар тогтоогдсон бэлдмэл байгаа юм. Хүндрэлтэй шүдийг хэрхэн эмчилж амьдаар нь хадгалж авч үлдэж чаддаг болох тухай 25 жилийн тэртээ бодож явсан бодлын маань нэг шийдэл л дээ. Монголын хөрсөнд ургасан цэвэр ургамлаас орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан технологи ашиглаж гаргаж авсан. Монголоос гадна Солонгос, Бельги, Норвеги, Австри, Австралид хэрэглэж байгаа. Японд хэд хэдэн эмнэлэгт хэрэглэдэг. Сүүлийн үеийн сонин гэвэл бэлдмэл маань шинжлэх ухааны өлгий болсон Япон улсын өндөр шалгуурыг давж амны хөндийн хавдрын эсрэг судалгаанд орохоор сонгогдсон.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:Санхүүгийн философи

“Голомт” банкны гүйцэтгэх захирал, эдийн засагч Ө.Ганзориг “Санхүүгийн философи” номоо “Орчуулгынх биш, ямар нэг номноос эш татсан үг, өгүүлбэр оруулаагүй” гэж тодотгосон юм. Мөнгө, банк, даатгал, хүү, хөрөнгийн зах, хөөс & понзи, дижитал мөнгө, шок эмчилгээ гэсэн бүлгүүдтэй энэ ном эдийн засгийн суурь ойлголтгүй хүн ч түвэггүй ойлгохоор энгийн бичиглэлтэй. Номын эхэнд “Хүн төрөлхтний түүхийн нэг чухал хэсэг нь Ил хааны Монгол Улс болон Египетийн хооронд олон арван жил үргэлжилсэн дайн байлаа. Хэрэв монголчууд Египетийг эзэлсэн бол Монголын эзэнт гүрэн Африк хүртэл тэлж, исламын шашинтнууд бүхэлдээ монголчуудын өмнө өвдөг сөхрөх байсан юм. Ил хааны монголчуудад учирсан хамгийн том саад нь эдийн засгийн хямрал байв” гэсэн хэсэг бий. Зохиогч хүн төрөлхтний түүхэн дэх их гүрний ялагдал мөхлүүд цэрэг дайчдынх нь хүч суларснаас биш эдийн засгийн шалтгаанаар, инфляцийн хөөрөгдлөөс болж сүйрдэг гэсэн санааг гаргасан нь хэний ч анхаарлыг татахаар сонирхолтой, бодитой гаргалгаа юм. Удирдагчдынх нь буруу бодлогоос болж инфляцид идэгдэж улсаараа сүйрч буй сүүлийн үеийн жишээ гэхэд л газрын тосны их нөөцөөрөө толгой цохидог, цагтаа цалгиж явсан Венесуэл байна.

Цахим мөнгөний тухай цэгцтэй мэдлэгтэй болж амжаагүй хүмүүст “Санхүүгийн философи” номны “Дижитал мөнгө” гэсэн бүлгийг сонирхож уншихыг зөвлөе. Зохиогч “Крипто мөнгийг ойлгохын тулд мессэжийг нууцлах технологи буюу cryptology-ийг ойлгох хэрэгтэй. Эрт дээр үеэс хаад ноёд хоорондоо илгээх захидлаа шифрлэж нууцалдаг, ингэснээр захиаг замаас нь олзолсон дайсан тайлж унших боломжгүй байжээ. Үүнтэй адил интернэтээр явагдаж буй бүх мессэж буюу банкны гүйлгээ, и-мэйл, файл шилжүүлэг зэрэг нь бүгд өндөр нууцлалтай байдаг. Энэ утгаараа крипто мөнгө нь үнэн хэрэгтээ программчлалын аргаар, зохиомлоор үүсгэсэн математик нууцлалтай мессэж. Ингэж нууцалснаар юуны өмнө мөнгөний эзнийг олох боломжийг үгүй хийхээс гадна, мөнгийг хакеруудад алдах эрсдэлийг хааж өгдөг” гэж тайлбарлажээ. Өнгөрсөн зууны наяад оноос электрон мөнгийг ярьж эхэлсэн, 2008 он хүртэл крипто мөнгө гаргах хэд хэдэн оролдлого хийгдсэн ч бүтэлгүйтсэн, 2009 онд блокчейн дээр суурилсан анхны биткойныг эргэлтэд оруулсан, крипто мөнгөнөөс хамгийн анхных болох биткойн нь илүү эрэлттэй байдаг, биткойныг дэлхий даяар 100 гаруй мянган худалдааны байгууллага хүлээж авдаг, таван сая хүн биткойн эзэмшдэг гэх мэт сонирхолтой мэдээллүүдээр дүүрэн энэ бүлэгт крипто мөнгөний ирээдүйн тухай таамаг ч бий. Монголын банкир цахим мөнгөний ирээдүйг хэрхэн харж тайлбарласан нь бас энэ зах зээлийг сонирхогчдод яалт ч үгүй хэрэгтэй мэдээлэл.

За тэгээд зээлийн хүү буурдаггүй шалтгаан, өндөр хүүг бууруулах гарц гаргалгаанууд, зах зээлд шилжих эхэн үед гар сунгасан донруудын Монгол төрийн бодлогод үзүүлсэн нөлөөлөл гэх мэт олны анхаарал татсан асуудлуудаар зохиогч өөрийн дүгнэлт, тайлбараа санхүүч, банкир хүний үүднээс хийсэн нь хэний ч сонирхлыг татах байх. Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Санхүүгийн философи” номыг “Сурагч, оюутан, эмч, бизнесмэн, багш нарт бүгдэд нь ойлгогдохоор бичсэн маш сайн ном байна. Энэ номыг бодлого тодорхойлогч, хууль зохиогчид заавал уншиж, санхүү эдийн засгийн ухааны нарийн уялдаа холбоог ойлгож авах хэрэгтэй” хэмээн дүгнэсэн бол эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун “Ямар ч сурах бичгээс илүүтэйгээр дэлхийн санхүүгийн зах зээл, түүний үүсэл хөгжил, өнөө ба ирээдүйг тодорхойлсон эдийн засаг, санхүүгийн асар их мэдээллийг агуулсан шинэлэг бүтээл болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш урт хугацаандаа өсөх эрсдэл өндөр байна

Ам.долларыг өчигдөр “Найман шарга” дээр 2617 төгрөгөөр авч 2626 төгрөгөөр арилжааллаа.

МАН Засгийн эрх авахаас өмнө инфляци нэг хувь, бодлогын хүү 10.5 хувь, валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар, долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өнөөдөр инфляци долоо орчим хувь, бодлогын хүү 11.0 хувь, валютын нөөц 3.0 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Бараг гурван дахин их валютын нөөцтэй атлаа төгрөгийн ханшаа тавиад туучихсан, бодлогын хүү буураагүй, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн муу дүр зурагтай байна. 2016 оны сүүлийн хагасаас хойш төгрөгийн ханш 646 төгрөгөөр суларсныг онцолъё. Ногоон валютын ханшийн өсөлтийг урт хугацаандаа улам чангарна гэсэн таамаг голлож эхэллээ. Төгрөгийн ханш суларч, доллар чангарч буй шалтгааныг жагсаая.

Төв банк валютын нөөцийг өсгөх бодлого барьж буйг ирэх оны мөнгөний бодлогоос харж болно. Монгол банк өдгөө гурван тэрбумд хүрсэн нөөцөө таван тэрбумд хүргэх зорилго тавьсан нь долларын ханш өсөх суурь болсон гэж тайлбарлах эдийн засагч цөөнгүй байна. 2019 оны мөнгөний бодлогыг анзаарахад Монголбанк аль хэдийнэ “Ирэх жил тун хэцүү байх болно. Бид долларын ханшийг интервэнцээр барьж чадахгүй шүү. Амь амиа бодоорой” гээд хэлчихсэн. Тоо уншдаг, бизнес хийдэг хэн ч мөнгөний бодлогоос ийм гаргалгаа хийж дөнгөнө. Манайх шиг импортын хамааралтай аж төрдөг улсын бизнес эрхлэгчдэд “Байгаа цөөхөн доллараа нөөцлөөд суухаас аргагүй” гэсэн дохиог төв банк нэгэнт өгчихсөн гэсэн үг.

Ирэх оны төсвийн зардал 11.6 их наяд төгрөг. Үүний гурван их наядаар нь барилга, байгууламж барина гэсэн тооцоо гарчихсан. Ийм шалтгаанаар төсвөөс тендер авч бизнес хийдэг эрхмүүдийн компаниуд доллар цуглуулж нөөцөлж байх магадлал өндөр гэх таамгийг эдийн засагчид хэлээд эхэллээ. Эдгээр компанийн хувьд бүтээн байгуулалт эхэлдэг үе буюу ирэх хавар барилгын материалаа гаднаас импортолж таарна. Дараа жил доллар ховордоно гэсэн дохиог төв банк бодлогоороо өгчихөөр барилгын компаниуд ногоон валют нөөцөлж эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Ер нь ханшийг удирддаг газрууд гэвэл үсрээд 100 гаруй компани, арилжааны банкууд л бий. Компаниудын тухайд уул уурхайн томчууд, шатахуун импортлогчид, өргөн хэрэглээний барааны цөөн хэдэн импорлогч компаниудыг нэрлэж болох юм. Ирэх саруудад доллар хомсдоно гэсэн дохио тэднийг доллар нөөцлөх, байгаа хэдээ тас атгахад хүргэсэн байж мэднэ.

Валютын сангийн шугамаар 800 сая ам.доллар орж ирнэ гэж буй. Гэхдээ яг орж ирэх эсэх нь өнөөхөндөө яг таг болоогүйг онцлох учиртай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч өнгө муутай байгаа. Оюу толгойг эс тооцвол гаднаас орж ирэх доллар бараг байхгүй шахам гэчихэд хэтрүүлэг болохгүй.

Шинэ жил дөхсөн өдийд хэрэглээний барааны импорт мэдрэгдэхүйц өсдөг. Өөрөөр хэлбэл зэс, нүүрс, ноолуураас олдог доллараа эргүүлээд импортондоо зарж байгаа нь долларын ханш өсөхөд бага ч гэсэн нөлөө үзүүлж эхэлжээ. Товчхондоо ирэх саруудад долларын хэрэгцээ өндөр байх шалтгаан нөхцөл бүрдээд байна. Ийм бодит шалтгаанаас гадна улстөрийн тогтворгүй байдал ч долларын ханш чангарахад ташуур өгч байна хэмээн эдийн засагчид онцолж эхэллээ.

Дашрамд дурдахадп Монголбанк 2018 он гараад 980 орчим сая ам.доллар зарсан ч, төгрөгийн ханш өнөө жилийн эхнээс долоо орчим хувиар суларсан статистик гарлаа. Эндээс төгрөгийн ханшийг сулруулж буй гол шалтгаан нь Монголбанк доллар зарж байна уу, үгүй юу гэдэгт биш гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор байна. Харин төсөв, мөнгөний бодлогын уялдаагүй байдал, төсвийн 1.9 их наядаар тоологдож буй алдагдал, бараг хоёр их наяд дөхсөн алдагдлаа гадаад зээлээр нөхөөд явах зураг төгрөгийн сулралд том нөлөө үзүүлж эхэлсэн гэсэн эдийн засагчдын таамаг үнэнд ойрхон сонсогдож байна. Ирэх оны улсын төсөв эдийн засгийн суурь өвчнийг анагаахад, бүтцийг нь шинэчлэхэд эерэгээр нөлөөлөх бус, харин ч суурь өвчнийг даамжруулах, дараагийн хямрал руу халтирахад нөлөөлнө гэх таамаг давтамжтай сонсогдож буй.

Монголбанк энэ долоо хоногт бодлогын хүүгээ өсгөж, шинээр 28 долоо хоногтой үнэт цаас гаргах шийдвэр гаргасан. Төв банкны энэ шийдэл төгрөгийн ханш сулрах хурдыг бага боловч сааруулахад нөлөөлөх ч хангалттай үр дүнтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ ийм шийдэл гаргасан нь урагш ахисан алхам мөн үү гэвэл мөн. Ямартай ч Төв банк мөнгөний бодлогоо чангалаад эхлэхээр зээлийн хүү цаашдаа буурахгүй нь тодорхой боллоо. Энэ шийдвэрийг нөгөө талаас нь харвал эрсдэл өсч байна гэсэн үг. Ийм дохиог зах зээлд өгчихлөө. Төв банкны хувьд аргаа барсан шийдвэр. Учир нь энэ шийдвэр зах зээлд эргэлдэх төгрөгийг доллар болж хувирахад мэдрэгдэхээр саад үзүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл төгрөгөө доллар болгох хандлага буурахгүй гэсэн үг.

Тэгвэл ийм арга ядсан байдлаас яаж гарах вэ? Эдийн засагчдын байр суурийг тоймлоод харахаар хэд хэдэн гарц байна. Засгийн газар үнэт цаас гаргахаа 2017 оны аравдугаар сараас зогсоосон. Үүнээс болж дөрөв гаруй их наяд төгрөг төв банкны үнэт цаасанд овоороод байгаа. Бүр тодруулж хэлбэл ханш суларна гэсэн хүлээлт нэгэнт бий болсон үед ийм их хэмжээний төгрөг доллар болж хувирах эрсдлийн өмнө улсаараа зогсч байна. Товчхондоо Засгийн газар хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд дотооддоо төгрөгийн үнэт цаас гаргадаг болох шаардлага үүсчээ. Ингэснээр төв банкны үүрч буй ачааг хөнгөвчилж, төгрөгийн ханшин дээрх дарамт шууд багасах давуу тал бий. Засгийн газрын дараагийн хийх учиртай алхам нь ирэх онд төсвийн алдагдлаа тэглэх. Ингэснээр шинээр өр үүсэхгүй, гадаадаас долларын зээл авах шаардлага гарахгүй, импортын өсөлт ч саарч, төгрөгийн ханш, инфляци дахь дарамт буурна.

Засгийн газрын оролцох дараагийн ажил нь ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас шилжүүлж авах. Ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, дурын иргэн дурын банкин дээр очиж найман хувийн ипотек авдаг болох боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүмүүсийн орлого орон сууцанд уягдаж, инфляци буурч, төгрөгийн ханшин дээрх дарамт багасах эерэг нөлөөлөл бий. Хүмүүс автомашин авч унахаа болихоор автомашины импорт ч багасна. Төгрөгийн ханшид ч дэмтэй.

Дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжиж, арилжааны банкуудаар дамжуулж олгох орчныг бүрдүүлэх ажил ч Засгийн газрын өмнө байна. Ингэснээр ирээдүйд ажлын байр нэмэгдэж, орлого, хуримтлал сайжрах боломж бүрдэнэ. Энэ засгийн хувьд дан ганц уул уурхай дээр суурилсан эдийн засгийг өөрчлөх алхмыг хийхгүй явсаар өнөөг хүрээд байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талууд тохиролцохгүй бол улсаа ч нурааж мэдэхээр боллоо

Монголд улс төрийн хямрал нүүрлэж байна. Дээдчүүлийн бужигнаан яг үнэндээ жинхэнэ хямрал биш. Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдлийн төлөөх шуналаас үүдсэн хямрал. Товчхондоо тэдний гардан хийж, дэглэн найруулж суугаа зохиомол хямрал. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаягласан том эсэргүүцэл лав л эгэл иргэдээс гараагүй. Ард түмэн тэдний хэнийг ч ажлаа муу хийлээ гэж жагсаагүй, цуглаагүй, эсэргүүцээгүй, шахалт дарамт үзүүлээгүй.

Манай дээдчүүлд төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор ирсэн нэг гэм бий. Эрх мэдлийн өндөрлөгт гарсан хэн нь ч бүх насаараа эрх ямба эдлэх гээд зүтгэчихдэг. Бүх Ерөнхийлөгч нар ингэж зүтгэсэн. Эрх мэдлийн оройд мөнхрөн залрах хүслээ гүйцээхийн тулд тэд хуулинд гар хүрэх гэж оролдсоор ирсэн. Хаан болох замд нь садаа болсон хүн бүрийг дэвслэх гэж үзсэн. Хязгааргүй эрх мэдлийн төлөөх шунал, улайрлынх нь түүх жишээг тоочъё гэвэл барагдахгүй л дээ. Төрийн тэргүүн болсон хүмүүс Ерөнхийлөгчийн суудалд найман жил тухлах гэж зүтгэнэ. Ингээд зогсохгүй УИХ-ын даргаар найм, Засгийн газрын тэргүүнээр найман жил, нийтдээ 24 жил засаглах гэж шунах нь тэгтлээ гайхахаар хандлага биш болсон. Сүүлдээ бүр бүхэл бүтэн улсын тогтолцоог өөрчлөхөөр улайрч байна. Насаараа засаглаж, хаанчлах гэж тэр шүү дээ.

Монголын нэн шинэ засаглалын түүх тийм ч урт биш. Шинэ Үндсэн хууль батлагдсан үеэс гээд харахаар гучин жил хүрэхтэй үгүйтэй засаглалын түүхтэй улс. Шарлаж амжаагүй түүхийн хуудсыг эргүүлье. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг албыг хашсан гэдгээр Монголын түүхэнд үлдсэн хүн бол Н.Энхбаяр. Мань эр ганцаараа хүчтэй нөлөөтэй орших гэж, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд дайснаа дарах их үйлсэд засаглалынхаа багагүй хугацааг зарцуулсан. У.Хүрэлсүхийг фургоны хэргээр шоронд хийх гэж үзсэнээс эхлээд өчнөөн явдлыг дурдаж болно. Өөрийнх нь эсрэг дуугарсан хүн бүрд харшилж, хүчгүйдүүлэх бүх л аргыг хэрэглэдэг байсан нь хэний ч нүдэнд ил бодитой үнэн. Эрх мэдлийн төлөөх улайрал нь сүүлдээ бүр хэр хэмжээ, хязгаар хүрээгээ алдсан. Намынх нь томчууд ч энэ зуур зүгээр суугаагүй. Н.Багабанди АН-тай нийлж, Л.Энэбиш эсэргүүцэж юм юм л болж байв. АН ч дотроо хөлөө жийлцсэн. Энэ бүх үйл явдал, хагарал бужигнаан тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. Эцэстээ тэдний энэ толхилцоон, Н.Энхбаярын эрх мэдлийн төлөөх эх адаггүй тэмцэл бүтэлтэй юм болоогүй л дээ. У.Хүрэлсүхийг шоронд хатаах гэж зүтгэсэн ч өнөөх нь Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ц.Элбэгдоржийг хэн ч биш болгох гэж үзсэн ч өөрийнх нь дараа Ерөнхийлөгчийн суудалд тухалсан. Н.Энхбаярын дайснаар тодорсон улстөрчийн нэг нь С.Баяр. Гэлээ гээд Н.Энхбаярын сүрд дарагдаагүй. Харин ч түүхэнд үлдэх мөртэй Ерөнхий сайд нарын нэгд багтаж чадсан.

Н.Энхбаярын дараа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж ч ялгаагүй. Эрх мэдлийн төлөө толхилцоон үүсгэсэн ээлжит Ерөнхийлөгч. “Хуулиас зугтсан хүн рүү хууль өөрөө очдог” гэж ирээд Н.Энхбаярыг шоронд хорьж байв. Намынхаа Н.Алтанхуяг, Х.Тэмүүжинг буланд шахсан, Х.Баттулгыг баривчлах гэж оролдсон гэж ирээд яривал өчнөөн үйл явдал, баримт сэлт жагсааж болно. Гэтэл Ц.Элбэгдоржийн үед шоронд хоригдож явсан Н.Энхбаяр өдгөө МАХН-ыг толгойлж байна. Удирдсан нам нь ирэх сонгуулиар УИХ-д хэдэн суудал авчих магадлалтай гэсэн таамаг ч дуулдаж буй. Ц.Элбэгдоржийн өрөөнд дуудагдаж очоод загнуулж суусан Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч.

Түүхийн давтамж ямар хоржоон даажинтайг баталж буй дараагийн хүн нь Х.Баттулга. Эрх мэдлийн үзүүрээс атгасан хэн ч тавьж чадахгүй улайран шунадагийн тод жишээг бид бэлхнээ харж сууна. Төрийн тэргүүн маань Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн гаргасан жимээр итгэлтэй гэгч нь алхаж явна. Орыг нь эзэлж магадгүй гэсэн бүхнээ дарж, буланд шахаж байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баярыг шоронд хийж, Ц.Элбэгдоржийг элдвээр сүрдүүлж, М.Энхболд, У.Хүрэлсүхийг өөр зуур нь толхилцуулж юм юм л болж байна. Гэлээ гээд мань эр мөрөөдөж харж яваа эрх мэдэлдээ хүрэхгүй л дээ. Ц.Элбэгдоржийг дарж дархан цолоо мандууллаа ч өнөөх нь дараагийн сонгуулиар гараад ирэх магадлал дэндүү өндөр. Араанд нь зуугдсан М.Энхболд УИХ-ын даргын суудлаас буусан ч хоёр жилийн дараах сонгуулиар парламентад сонгогдчихсон явахыг үгүйсгэх аргагүй. Эцсийн дүндээ улстөрчдийн хэн нь хэрэг хийсэн, хэн нь энхийн цагаан тагтаа вэ гэдгийг төрийн тэргүүн ч юм уу, эрх мэдлийн өндөрлөгт гарсан хэн нэгэн шүүдэггүй, ялладаггүй. Ардчилсан улсад хэн нэгний буруутай эсэхийг тогтоож тохирох ялыг нь оноодог ганцхан газар бий. Тэр нь шүүх. Төрийн томчуудын хорхойсон харж, дурлан тэмүүлж байгаа Путин, Назарбаевын эрх мэдэл, зоргоороо хаанчлал Азийн ардчилсан Монголд харь зүйл. Путин тэргүүтэй эрх мэдэлтнүүдэд дайснаа шууд буудах ч юм уу, хорих эрх бий. Харин ийм эрх парламентын засаглалтай манай улсын ямар ч эрх мэдэлтэнд байхгүй. Хүсэж дурлаад ч ирэхгүй, олдохгүй. Муугаар бодоод ингэж авирлалаа гэхэд эргээд шийтгэх хууль, шүүх засаглал үнэт зүйл, дархлаатайдаа бид азтай улс. Ардчилсан, парламентын засаглалын том давуу тал энэ л дээ. Бидэнд ийм давуу тал байдаг учраас толхилцох биш зөвшилцөх хэрэгтэй. Тохиролцоо, зөвшилцөөнд хүрэхгүй бол улсаа там болгодгийг Ливан, Сирээс харж болно.

Аливаа дайн бодолд бий болж биеждэг гэсэн айхавтар үг бий. Эрх мэдэлтнүүдийн атгаг бодол санааг өөрчилж, үймээн самуун, дайн дажин үүсгэхгүй байхын тулд ЮНЕСКО гэх нэгдлийг хүртэл хүн төрөлхтөн үүсгэсэн байдаг. Дэлхий нийтийг соёл урлаг, өв соёл, үнэ цэнээр нь нэгдүүлэх зорилгоор үүссэн энэ байгууллагын цаад утга нь ерөөсөө л дайн, толхилцоон, мөргөлдөөнөөс татгалзах хандлагын тод илэрхийлэл юм. Дарангуйлалтай, ардчилсан биш улс орнууд шиг нэгнээ барьж аваад буудчихаж болохгүйгээс хойш зөвшилцөл рүү хөтлөлцөөд алхмаар байна. Гал тогоондоо асуудлаа ярьж, ардчиллын үндэс болсон зөвшилцөх замыг сонгохоос өөр гарц эрх баригчдад байхгүй.

Хэмжээгүй эрх, их мөнгөнд дурласан шуналаа татахгүй бол ард түмэн гэж айхавтар шүүлт бий. Зөвшилцөхгүй толхилцсон хэвээр аж төрвөл ирэх сонгуулиар хэнд эрх өгч, хэнийг тойргийн гадна үлдээхээ шийдэх хүмүүс нь та бүхний дэглэсэн жүжгийг мушийсан шигээ харж суугаа эгэл иргэд. Дахиад хэлье, Монголын ард түмэн эрх мэдлээ булаацалдаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравт ямар ч шахалт дарамт үзүүлээгүй. Толхилцоон сөргөлдөөн төрийн өндөрлөгүүдийн дунд л өрнөж буй. Толхилцооны гол сэдэв болж буй “жаран тэрбум” гэсэн сэдвийг дэврээсэн хүн нь төрийн тэргүүн. Жаран тэрбумын тухайд яг нарийндаа ярьсан л болохоос хийсэн ажил биш. Хийсэн хийгээгүйг нь өнөөхөндөө хэн ч батлаагүй. Хэн нэгний гэм буруутайг ардчилсан нийгэмд шүүх тогтоодог тухай өмнө цухас дурдсанаа дахиад давтъя. Энгийн ухаанаар, эрүүл саруул логикоор харвал хэн ч жаран тэрбумаар биш, сонгогчдын саналаар парламентад сонгогдсон, УИХ-д авсан суудлаараа засгийн эрхэнд гарсан. Ерөнхий сайдыг буруутгаж буй ЖДҮ иргэдийн дургүйцлийг дэврээж байгаа нь үнэн. Өмгөөлөх, хаацайлах, зөөллөх аргагүй факт мөнөөсөө мөн. Гэхдээ эцсийн шүүлтийг хийж, хариуцлага шийтгэл оноох эрх мэдэлтэн нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд биш. Ардчилсан засаглалтай оронд зөвхөн шүүх л тийм эрхтэй.

Манай гурав сүүлийн хоёр сарын турш огцруулна, огцруулахгүй гэж төр засгаа бужигнуулж байна. Эцэстээ бүр парламент биш, ганц хүний хүчтэй засаглал хэрэгтэй маягийн зүйл ярьж, тогтолцоогоо өөрчилнө гэж хадуурч эхэллээ. Засаг төрийн бужигнааныг хөөрөгдсөн хүмүүсийн цаад санаа нь тогтолцоог өөрчлөх хорхойсол байх шиг. Ингэж улайрлаа гээд Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурвын хэн нь ч ялахгүй. Парламентын засаглалтай Монгол Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож тогтолцоогоо өөрчлөхгүй.

Ардчиллын онолчид төрийн гол үүргийг ерөөсөө л хүн амынхаа эрх ашгийг хамгаалах гэж онцолдог. Тэгэхээр эрх мэдлийн төлөө улайрлаасаа болж амьжиргаагаа чадан ядан авч яваа иргэддээ ачаа нэммээргүй байна, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа. Халаасан дахь төгрөг нь өдрөөс өдөрт үнэгүйдэж байгаа иргэдэд тогтвортой төр, ухаалаг бодлого л хэрэгтэй болохоос эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон та бүхний шунал, тэмцэл хэрэггүй. Иргэдэд ипотек, бага хүүтэй жижиг дунд үйлдвэрийн зээл, дажгүй цалинтай ажлын байр, төгрөгөө долларт дарлуулахгүй байх мөнгөний зөв бодлого л чухал байна. Иймээс та бүхэн яг одоо л зөвшилц, ярилц, ойлголц. Бидэнд үүнээс өөр арга хэтээсээ байхгүй. Эрх мэдлийн төлөө өөр зуураа толхилцсон төрийн өндөрлөгүүдээ дагаж ард түмэн чинь ямар гурав хуваагдалтай биш дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тэмүүжин: Хүрэн нүүрснээс байгалийн хий, бензин гаргах үйлдвэрийн барилгын ажил 2020 оноос эхэлнэ

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төслийн менежер Б.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Нүүрснээс хий гаргах төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаанаас ярилцлагаа эхэлье?

-Манай улсын нүүрсний тогтоогдсон нөөц нь 160 тэрбум тонн. Ашиглалтын нөөц гэвэл арай багасна. Нийт нөөцийн ихэнх буюу 90 хувь нь эрчим хүчний хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг цахилгаан станц, айл өрхүүд ашиглаж байна. Их хэмжээний хүрэн нүүрсээ ашиглах хоёр л арга байна. Нэг бол эрчим хүч үйлдвэрлэх. Эсвэл хийжүүлэх, шингэрүүлэх. Дэлхий тэр чигээрээ нүүрснээс татгалзаж эхэлсэн энэ үед үүнээс өөр зам байхгүй. 2015 оны Парисийн хэлэлцээр, Европын эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын гаргасан зөвлөмжийг харахад олон улсын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ больж байгаа. Тавдугаар цахилгаан станц зогссон нь ийм шалтгаантай. Супер юм уу, ультра супер критикал гэсэн технологи ашиглах тохиолдолд л санхүүжүүлнэ гэсэн босго тавьчихсан. Тэр технологийг ашиглана гэвэл хамгийн бага блок нь 300 байх жишээний. Манайд хэрэглээ бага учраас хамаагүй том хэмжээ. Тэгэхээр нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх гэсэн хоёр л хувилбар бидэнд байна.

-Танай төсөл хэзээнээс яригдаж эхэлсэн бэ. Өмнө нь ҮАБЗ-өөр хэлэлцээд буцаж байсан төсөл мөн үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээ зурахын өмнөхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж “Хэтэрхий том” гэсэн үндэслэлээр цуцлагдсан түүх бий. Манай төслийн хувьд анх 2013 оноос хойш ямар нэг хэмжээнд яригдсаар өнөөг хүрсэн. Тэр үедээ маш том төсөл байсан л даа. 16 тэрбум метр куб хий үйлдвэрлэж Хятадын зах зээл дээр гаргаж хий экспортлогч орон болох зорилготой эхэлсэн юм. ҮАБЗ-өөс буцсанаас хойш 2016 онд ахиж сэргээсэн. Тэгэхдээ моделийг нь бага зэрэг өөрчилсөн ТЭЗҮ хийсэн юм. Дэлхийн банкны санхүүжилтээр МИНИС төслийн хүрээнд ТЭЗҮ боловсруулж, өнгөрсөн оны тавдугаар сард УУХҮЯ-ны Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлөөр батлуулсан. Одоогоор яамны архивт хүлээгээд авчихсан байгаа. Дараагийн хийх ажил гэвэл Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ. Энэ хоёр бичиг баримтыг боловсруулж батлуулсны эцэст банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах боломж нээгдэнэ.

-Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлаа эхэлсэн үү?

-Хийгээд эхэлчихсэн. Ирэх оны эхний улиралд дуусчих байх.

-Жилдээ хичнээн хэмжээний хий үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж байгаа вэ?

-Манай төсөл жилд 725 сая метр куб хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотыг тэр чигт нь хийгээр хангана. Энэ бол 2030 оны өсөн нэмэгдэх хэрэглээнд тулгуурлаж гаргасан тоо.

-Хийнээс гадна шатахуун үйлдвэрлэнэ гэв үү?

-Тэгнэ. Манай улсын айл өрхүүд сэрүүний улиралд л нүүрс түлдэг. Тэр үедээ хий хэрэглээд, бусад үед нь хэрэглээ байхгүй болчихдог онцлогтой. Бусад цагт нь үйлдвэр сул зогсолт хийвэл үр өгөөж нь хумигдана. Тиймээс дулааны улиралд өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л ашигтай ажиллана. Хийжүүлсэн нүүрсээ метанол болгож шингэрүүлээд бензин үйлдвэрлэх блок барих төлөвлөгөө гаргаад байна. 326 мянган тонн бензин үйлдвэрлэнэ гэсэн тооцоо бий. Манай улсын бензиний нийт хэрэглээ л дээ.

-Улсын хэрэглээг хангана гэхээр багагүй хэмжээний бензин үйлдвэрлэх нь. Үнэ өртөг нь хэр байх вэ, зах зээлийнхээ багтаамж хэрэгцээг тооцож үзсэн үү?

-Үнэтэй бензин гарна. Нэг тонн нь 830 гаруй ам.доллараар гарах юм. Өнөөдөр бид нэг тонн бензинийг 780, 790 хавьцаа авч байгаа болов уу. Үнэтэй учраас Монголын зах зээлд борлогдоход хэцүү. Экспортод гаргана гэж төлөвлөсөн.

-Хаашаа экспортлох вэ?

-Хүнд металлын хольцгүй цэвэр бензин гардаг учраас эрэлттэй. Хятадын Бээжин, Шанхай гэх мэт том хотуудад зөвхөн ийм бензин хэрэглэх стандарт тавьдаг. Утаа бага гардаг, шаталт сайтай, хүнд металлын орц байхгүй шатахуун хэрэглэхийг шаарддаг. Гэтэл манайд хэрэглэдэг бензин өөр. Хар тугалга шатааж байгаа гээд ойлгочихож болно. Бидний хувьд үйлдвэрлэсэн бензинээ Хятад руу экспортолно. 320 мянган тонн бензин бол Бээжин хотын долоохон хоногийн хэрэглээ.

-Нүүрс хийжүүлэхээр дагалдах зүйлс гэж гарах байх…?

-Тэгнэ, жишээ нь синтетик хий гэж гарна. Бүх хуванцар болон карбон материалын түүхий эд болдог. Өөрөөр хэлбэл дагаад химийн үйлдвэрлэл хөгжих боломжтой. Нүүрс шороо, үнс боллоо гэж байна. 160 тэрбум тонн нүүрсийг хий болгож гадагш экспортлох боломж байгаа нь энэ төслийн маш том давуу тал.

-Төсөл хэрэгжүүлэгчид нь ямар газрууд байна?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулна гээд заагаад өгчихсөн. Тэр дагуу төслийн нэгж байгуулагдсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны нэгж болоод ажиллаж байна. Аж ахуйн нэгж болж байж компаниудтай яриа хэлээ үүсгэх ёстой. Тодруулж хэлбэл бидний ажлын дараагийн шат бол төрийн өмчит компани байгуулах. Тэгээд хөрөнгө оруулагчидтайгаа ярьж эхэлнэ. Одоогоор хөрөнгө оруулагчидтай урьдчилсан байдлаар харилцаж байна. Хятадад үйлдвэрлэж буй бензин, байгалийн хийн экспорт импортыг хариуцдаг том компани болох CNPC-тэй хамтрах бодол бий. Байгалийн хийг импортлох онцгой эрхтэй компани юм. Бидэнтэй хамтрах сонирхлоо илэрхийлсэн. Яамнаас маш сайн дэмжиж байгаа төсөл.

-Нүүрс хийжүүлэх үйлдвэр хэзээнээс ажил болох вэ, багцаа таамаг байна уу?

-Бичиг цаасны хувьд шахаж ажиллалаа гэхэд жилийн ажил байна. Дараа нь санхүүжилт босгоно. 2019 оны сүүл, 2020 оны эхээр бүтээн байгуулалт нь эхлээд явчих болов уу гэсэн таамаг төсөөлөл байна.

-Аль орд дээр түшиглэж байгуулах вэ?

-Багануур, Тэвшийн говь, Эрдэнэцогтын уурхай, Шивээ-Овоогийн нүүрсийг судалж үзсэн. Багануур хавь асар их нөөцтэй. Тэнд Нялга Чойрын гээд том бассейн бий. Багануураас урагш Цайдам, Бөөрөлжүүт, Төгрөг нуур, цаашаа Шивээ-Овоо хүртэл том бассейн байдаг. Дэд бүтэц, усны нөөцөө бодсон ч энэ хэсэг илүү тохирч байгаа.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ нь?

-ТЭЗҮ-д тооцоолсноор 2.5 тэрбум ам.доллар. Үйлдвэр, Улаанбаатар хот хүртэлх газар доогуур явах шугам хоолойн зардал өртөг багтаж байгаа.

-Хийн хоолойг Багануураас Улаанбаатар хүртэл татна гэсэн үг үү?

-Тэгнэ. Бид жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотын бүх гэр хорооллоор явж судалгаа хийсэн. Хийн хоолойг Багануураас нааш Богд уулын урдуур татах юм. Баруун талын цэг нь авто худалдааны төв хүрнэ. Хийгээр хангах гол бааз нь тэнд байна гэсэн үг. Нөгөө бааз нь Налайхаар орж ирээд хотын зүүн талд байх юм. Өөрөөр хэлбэл нийслэл рүү түгээх сүлжээ ингэж орж ирнэ. Түгээх сүлжээг хаагуур яаж тавихыг Улаанбаатар хотын газрын албатай ярилцаж эхэлсэн. Эхний ээлжинд ерөнхий төлөвлөгөөнд тусгах ажил хийгдэнэ. Энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийхээр болж тендер зарлаад байна.

-Нүүрснээс байгалийн хий, бензин гаргах төсөлд санхүүжилт татах боломж хэр байна вэ?

-Дэлхийн банк, ОУСК зэрэг байгууллага нүүрс хэрэглэх төслийг санхүүжүүлэхээс татгалзсан талаар би ярианыхаа эхэнд дурдсан. Америкийн Эксим, ЕСБХБ зэрэг байгууллагууд ч ийм зарчимтай ажиллаж байгаа. Тэдний хувьд нүүрс хийжүүлэх төслийг дэмжинэ гэж байна. Эко төсөл учраас тэр л дээ. Энэ өнцгөөс нь харвал нүүрс хийжүүлэх үйлдвэрийн төслийг гадны аль ч банк дэмжих боломжтой. Хамтрах тал маань зээл, санхүүжилт босгоход асуудалгүй гэсэн байр суурь илэрхийлсэн.

-Өртөг ашгаа нөхөх хугацаагаа хэдэн жилээр төлөвлөсөн бэ?

-Наймаас арван жилд өртгөө нөхнө. Ашиглалтын хугацааны хувьд 30 буюу түүнээс дээш жил гэж ойлгож болно. Улсад жилдээ 70 гаруй сая ам.долларын татвар төлнө.

-Хүний нөөцийн хувьд мэргэжилтэн, ажилтнаа сургаж авах асуудал гарч ирэх байх…?

-Нүүрс хийжүүлэх үйлдвэрт 600 орчим хүн ажиллах тооцоо гарсан. Маш том үйлдвэр боловч ихэнх нь автомат удирдлагатай. Дамжуулах, түгээх сүлжээнүүдэд ажиллах хүмүүсийг нэмбэл нийтдээ 1000 гаруй ажлын байр шинээр бий болно. Бүтээн байгуулалтад давхардсан тоогоор 10 мянга орчим хүн ажиллана. Хүний нөөц бэлдэх чиглэлээр ажиллаад эхэлчихсэн. ШУТИС гэх мэт дотоодын хэдэн сургуультай хүний нөөц бэлдэх асуудлаар санамж бичиг байгуулсан. Төслийн ажил урагшилбал хүнээ сургаад эхэлнэ. Хөрөнгө оруулагч тал яг технологийн талын хичээлийг үйлдвэртээ, өөрсдийнхөө хамтардаг сургуульд заана. Өөрөөр хэлбэл урд хөршид хүмүүсээ сургана гэсэн үг.

-Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний үнэ өртөг зах зээлийн өнөөгийн ханшаас хэр байх бол?

-Бидний үйлдвэрлэх хийний хувьд арай өөр төрлийнх. Өнөөдөр ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа нь бутан хий. Та бид хоёрын яриад байгаа хийний хувьд байгалийн хий гэсэн категорит ордог. Үнэ өртгийн тухайд ерөнхийдөө ойролцоо. Гэр хорооллын айлуудыг хангах үнэ тариф маань өөр. Нэг айл дулаан өвөлжихийн тулд гурван тонн орчим нүүрс хэрэглэдэг. Гурван тонн нүүрсэнд хичнээн төгрөг зарцуулдагийг нь тооцсоны үндсэн дээр үйлдвэрлэсэн хийнийхээ тарифыг гаргаж ирнэ гэж төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл нүүрснээс хийн хэрэглээнд шилжлээ гээд айл өрхөөс гарах зардал нэмэгдэхгүй. Харин ч бүр агаар, хөрсний бохирдлоо шийдэх сайн талтай.

-Бензинээс өөр ямар бүтээгдэхүүн гарах вэ?

-Амоны бордоо гэж гарна. Амоны бордоо гэхэд л 30 гаруй мянган тонн гарах юм. Манай улс импортоор 50 орчим мянган тонныг авдаг. Тэр хэрэгцээг хангах боломжтой. Дайвар бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд үнэгүй нийлүүлэхэд асуудалгүй.

-Хийгээ урагшаа экспортлох боломж бий юу?

-Хоёрдугаар ээлжинд чадлыг нь томсгоод урагшаа экспортлох боломж бий. Хилийн цаана Бугатын хоолой явж байгаа. Төв Ази руу явж байгаа хоолой. Тус бүр нь 30 тэрбум метр куб хий дамжуулах чадалтай гурван хоолой бий. Дөрөв дэх хоолойгоо бариад эхэлчихсэн. Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл Төв Азиас 120 тэрбум метр куб хий авч байгаа гэсэн үг. 30 тэрбум гэдгийг жаахан тодруулъя. Гурван хоолойны нэг нь гэхэд л манай зүүн талаар явж буй Сило Сибирь гэж том төслийн хэмжээний. Гэтэл манай үйлдвэрлэх хэмжээ тэрбум хүрэхгүй шахуу. Ийм аварга том хоолой манай урдуур, 280 гаруйхан км-ийн цаана байна. Цаана нь хийгээр үргэлж ангаж байдаг аварга зах зээл бий. Хятад улс 2025 он гэхэд 529 тэрбум метр куб хий хэрэглэх тооцоо гарчихсан. Дотоодын үйлдвэрлэл нь 317 тэрбум метр куб. Импортоор 210 тэрбумыг авдаг. Дотоодын үйлдвэрлэл болох 317 тэрбумынхаа 90 гаруй тэрбумыг нь нүүрснээс гаргаж авдаг. Хятадын технологийг сонирхож байгаа нь учиртай. Урд хөрш нүүрс химийн технологийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн улс. Эхлээд Багануурт хэрэгжүүлээд, боломж олдвол Шивээ-Овоо, Таван толгой гээд цаашлах бүрэн бололцоо бий.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Очирчулуу: Ажиллах хүчний дутагдалд орсон Японы компаниудад үндсэн ажилтнаар орох боломж монгол залууст байна

“World business part­ner” компанийн ерөнхий зохицуулагч Ч.Очирчулуутай ярилцлаа.


-Япон улс зарим салбартаа ажиллах хүчний дутагдалд орсон гэсэн яриа хөөрөө “Инвест Монголиа”-гийн үеэр өрнөлөө. Ямар шалтгаанаар, аль салбаруудад ажиллах хүч дутагдаад байгаа юм бол?

-Япон ажиллах хүчний хомсдолд орчихсон. Энэ орон зайг гадаадын хүмүүс нөхөхөөс аргагүйд хүрсэн л дээ. Хөдөө аж ахуйн салбарт ажилтан маш ихээр дутагдаж байна. Барилгын салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Сувилахуйн чигийнхэн эрэлттэй. Үйлчилгээний салбар тэр дундаа зочид буудал, зоогийн газрууд ажиллах хүчээр асар дутагдаж эхэлсэн. Мөн аялал жуулчлалын салбарт ажилтнууд дутагдалтай байдаг. Хүнсний технологи, хүнсний эрүүл ахуйн чиглэлээр ажилтнууд олноор дутагддаг. Япон хэлний багш орчуулагчдад боломж бий.Ажиллах хүчний дутагдалд орсон нь хоёр, гурван шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, эдийн засаг өндөр хөгжсөн газрын онцлог л доо, аав, ээж нь хүүхдүүдээ хар бор ажилд сургаагүй, эрхлүүлсэн сул тал маш тод анзаарагддаг. Хоёрдугаарт, Японы төрөлт багасч настайчуудынх нь тоо нэмэгдэж эхэлсэн. Тийм учраас ажиллах чадвартай хөдөлмөрийн насны хүн амын тоо нь жилээс жилд унаж байгаа. Япон хүүхэд залуусын хүсдэг ажил нь дизайнер, менежер гэх мэт мэргэжлүүд болчихоод байна. Зам тавих, барилга барих хүнгүйдсэн нь ийм учиртай байх гэж боддог.

-Танай компани Японд амьдардаг гадны иргэдийг ажилд зуучилдаг гэв үү, монгол захиралтай гэж сонслоо?

-Тийм ээ, манай компани Осакад байрладаг. Токиод бас салбартай. Японд амьдардаг гадаадын хүмүүст зориулсан хөдөлмөр зуучлалын компани. 2016 онд үүсгэн байгуулагдсан. 400 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Үүсгэн байгуулалцсан. Манайх монгол компани. Захирлын маань нэр Сонинбаяр. Хоккайдогоос Оккинава хүртэл амьдардаг гадаад хүмүүстэй солонгос, хятад, орос, англи хэлээр харилцаж ажилладаг. Гадаадаас энд сурч байгаа хүмүүсийг ажилд зуучилж байна.

-Монголчууд хэр хамрагдаж байна?

-Бид монгол хүн гэдэг утгаараа монголчууддаа түлхүү анхаардаг. Энд байгаа монголчууд маань тун цөөхөн. Найман мянгуулаа. Монголоос интерншип гээд олон улсын дадлагажигч оюутан шинээр авч эхэлсэн. Одоогийн байдлаар 120 гаруй оюутныг Монголоос нэг жилийн хугацаатай авчраад байгаа. Бидний зуучилж авчирсан оюутнууд өндөр цалинтай, кредит цагтай ажилладаг.

-Оюутнуудын дадлага хийх хугацаандаа авах цалин дунджаар хэд байх вэ?

-Ерөнхийдөө нэг жилийн дараа харихдаа 22 сая төгрөгийн хуримтлал хийгээд буцдаг.

-Ямар оюутнууд танай энэ хөтөлбөрт хамрагддаг вэ, Монголоос шууд хандах боломжтой юу?

-Шууд хандах боломж нээлттэй. Гэхдээ бид их, дээд сургуулиудтай гэрээ хийдэг. Одоогоор МУИС, ШУТИС, Их засаг их сургууль, “Идэр” дээд сургууль, “Сити” их сургууль, “Олон улс судлалын дээд сургууль”-тай хамтран ажиллаж байна.

-Оюутнуудаа дадлагажигчаар явуулах хүсэлтэй их, дээд сургуулиуд танай компанид хандаж болох юм байна гэж ойлголоо…?

-Их, дээд сургуулиудад бид өөрсдөө саналаа тавьдаг. Өөрсдөө хүсвэл саналаа тавьж болно.

-Хувь оюутнууд хандах боломжтой юу?

-Хандаж болно. Гэхдээ сургуультай нь гэрээ хийсний үндсэн дээр авчирдаг учраас бид эргээд сургууль руу нь хандаж таарна. Сургууль нь болно гэвэл асуудалгүй.

-Оюутнууд сурангаа ажиллана гэсэн үг үү?

-Тэгнэ, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна гэж ойлгож болно. Үйлдвэрлэлийн, танилцах дадлагууд хийх юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн, танилцах дадлагаа Японд нэг жил цалинтай хийгээд буцна. Монголд очиж сургуулиа төгссөний дараа бас нэг боломж бий. Буцаад үндсэн ажилтнаар ирж ажиллах боломж нээлттэй.

-Үндсэн ажилтнаар ажиллах шалгалтад тэнцсэн залуус байна уу?

-Бид хамгийн анхны 32 оюутнаа Их засаг их сургуулиас авсан юм. Тэдний 13 нь үндсэн ажилтнаар тэнцсэн. Өөрөөр хэлбэл Японы компаниудад үндсэн ажилтнаар ажиллах болзолоо хангасан гэсэн үг.

-Үндсэн ажилтан гэхээр боломжийн цалин авч таарна. Амьдрах хугацааны хувьд асуудалгүй болох нь ээ?

-Сарын дундаж цалин нь 2000 ам.доллараар тооцогдоод явчихна. Япон хүнтэй адилхан татвар төлөөд амьдарна. Амьдрах хугацааны хувьд асуудалгүй болно.

-Танай хөтөлбөрт хамрагдсан залууст үндсэн ажилтнаар тэнцэж үлдэх боломж хэр байдаг бол?

-Тавиад оюутныг Монголоос Япон руу нэг жилийн хугацаатай авчрахад аравт нь үндсэн ажилтнаар үлдэх боломж бий. Өөрөөр хэлбэл, Монголдоо сургуулиа төгсчихөөд Японы компанид үндсэн ажилтнаар орох боломжтой гэсэн үг. Үлдсэн оюутнуудаа ч зүгээр орхихгүй. Нэгэнт бидэнтэй хамтарч эхэлсэн учраас аль болох тусалж дэмжихэд анхаарна. Бид япон хэлний сургуулиудтай гэрээ байгуулж хамтарч ажилладаг юм. Японд нэг жилийн сургалтын төлбөр 15 сая төгрөг байдаг. Сургалтын төлбөрийнх нь 70 хувийг манай компаниас хүүгүй зээлээд хэлний сургуульд сургана. Сурсных нь дараа анх интерншип хийсэн газартаа үндсэн ажилтнаар оруулна. Ийм систем рүү ороод ажиллаж байна.

-Одоогоор яг хичнээн монгол залууст үндсэн ажилтнаар орох боломж бүрдээд байна вэ?

-Визээ мэдүүлэх гэж байгаа 13, ажиллаж эхэлсэн долоон залуу бий.

-Японы хувьд тогтвортой удаан хугацаанд ажиллах тусам цалин нь нэмэгдээд явчихдаг тогтолцоотой байх аа?

-Тэгнэ. Сургууль төгсөөд 180-200 мянга, цаашлаад 250-300 мянган иен гээд дээшлээд явдаг.

-Та нарын ажилд зуучилж өгсөн монгол залуусын давуу тал нь юу байна. Япончууд ямар үнэлгээ өгч байх юм?

-Юманд дасан зохицох чадвар маш өндөр. Япончуудын хувьд манай залуусыг ажил хурдан сурдаг гээд их дуртай. Өөр нэг давуу тал нь үйлчилгээний салбарт ажиглагддаг. Монгол, япон хүний царай их төстэй. Тэр талыг нь их олзуурхаж ажилд авч байгаа тал анзаарагддаг. Ажлыг хурдан хийнэ, хэл тун сайн сурдаг давуу тал бас бий.

-Одоо сурч байгаа оюутнуудын хувьд Японд дадлагажингаа ажиллах боломж бүрдчихсэн юм байна. Түрүүн таны хэлсэн чиглэлээр сураад төгсчихсөн хэрнээ хангалттай цалингүй, ажлын байргүй, чадвартай хэрнээ цалингаа голоод өөр ажил эрхэлж яваа залуус өчнөөн байгаа. Тэдэн рүү хандсан ямар нэг хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж үзсэн үү?

-Гоё асуулт байна. Төгссөн хэрнээ Монголд ажлын байргүй залууст зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр болсон. Ирэх жилээс хэрэгжүүлнэ. Монголд салбар компаниа байгуулчихсан. Төгсөөд ажлын байргүй яваа залуусыг япон хэлний сургалтад хамруулна. Япон хэлний N4, N3 гэсэн түвшинг авсан тохиолдолд үндсэн ажилтнаар ажилд оруулах бүрэн боломжтой.

-Насны хязгаар гэж байна уу?

-Ер нь бол байхгүй. Гэхдээ Японы тал 35 хүртэлх насны залуусыг авах дуртай байдаг.

-Японы хүн хүч дутагдсан салбарт монголчуудаас гадна өөр ямар улсын иргэд ажилладаг вэ?

-Өмнө нь хятадууд их ажилладаг байсан ч улсынх нь эдийн засаг сайжирсан учраас ажиллах хүн цөөрсөн. Одоогийн байдлаар Японы хөдөлмөрийн зах зээлийн дутагдлыг вьетнамчууд түлхүү хангаж байна.

-Японд анх хэзээ ирж байв?

-2010 онд ирж байсан.

-Та нарыг сурч байх үед ажиллангаа сурах боломж хэр байсан бэ?

-Тийм их байгаагүй. Өдөрт 5000 иенийн ажил байлаа гэхэд хэн түрүүлж очсон нь ажилладаг байлаа. Ийм үнэлгээтэй ажлыг өрсөлдөж хийдэг байсан. Гэтэл өнөөдрийн оюутнууд 5000 иенээр хаана ч ажиллахгүй. Оюутнууд өдрийн 8000-10000 иенээр ажиллаж байна. Монголоор 160-220 мянган төгрөг гэсэн үг.

-Цаашдаа Япондоо амьдарсаар байх уу, эсвэл эх орондоо очих бодол байна уу?

-Монголдоо очиж амьдарна гэж боддог. Монголынхоо төлөө л ажиллана. Харийн улсад насаараа ажиллана гэж юу байхав. Эх орондоо том төсөл хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Ямар төсөл?

-Хөдөө аж ахуйн салбарт Японы технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж эхлэх гээд бэлдэж байна. Хөрсгүйгээр хүлэмж ажиллуулна. Усан дээр өргөст хэмх, улаан лооль, салатны навч гэх мэт нарийн ногоо тариалах төсөл.

-Усан дээр ургуулахын давуу тал нь юу вэ?

-Өвчлөл багатай, илүү органик гэж ойлгож болно.