Categories
мэдээ цаг-үе

Ц.Базаррагчаа: Шинэ журамласан толийг бүтээхдээ Ц.Дамдинсүрэнгийн дүрмийг дагасан

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-ийн талаар Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа.


Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-ийг Ц.Дамдинсүрэнгийн толь дээр суурилж хийсэн гэж та сая хэллээ. Юугаараа ялгаатай болсон бэ?

-Ц.Дамдинсүрэн гуайн толь 18 мянган үгтэй. Шинэ журамласан толь 38000 үгтэйгээрээ ялгаатай.

-Ц.Дамдинсүрэнгийн зөв бичих дүрмийн толь дээр миний хийсэн зүйл дээр алдаа мадаг байвал цааш нь засч залруулж яваарай, улам боловсронгуй болгож үргэлжлүүлээрэй гэсэн утгатай үг байдаг. Шинэ журамласан толь дээр тэр захиасыг нь хэр биелүүлсэн бол. Засч, сайжруулж чадсан уу?

-Ц.Дамдинсүрэн гуай зөв бичгийн дүрмийг 1959 онд нэг шинэчилсэн.Үүнээс хойш үе үед шинэчилж ирэхдээ цааш нь боловсронгуй болгож засах хэрэгтэй гэж хэлдэг байсан л даа. Ерөнхийдөө өөрийн зохиосон дүрмээ нэлээн хатуу баримталдаг байсан. 1942 онд зохиогоод 1946 оноос нийтээрээ мөрдөж эхэлсэн. Сая дурдсан онуудын хооронд дайн болсон учраас түр завсарласан юм. Зарим хүн энэ дүрэмд засах юм их байна гэж ярьдаг л даа. Зөв бичгийн дүрмийг зохиох зарчмын хувьд л ялгаа гардаг. Зарим нь үг бүтээврүүдийг тогтвортой болгодог. Энгийнээр хэлбэл хуучин монгол бичгийнх шиг тогтвортойгоор, өөрчлөлгүйгээр бичдэг. Харин Ц.Дамдинсүрэн гуай авиа зүйг баримталсан учраас хэллэгтэйгээ ойртуулж бичдэг. Энэ тохиолдолд нэг бүтээврүүд олон хувилбартай болдог. Балархай эгшиг гээдэг, нэмдэг. Үнэнийг хэлэхэд хүний ярианы хэл уян хатан. Балархай эгшгийг төдийлөн гаргаж хэлэхгүй. Хэмнээд явчихдаг. Хэлний хэмнэл гэж байдаг юм.

-Захирамжаар ч билүү хэсэг багш нарын баг гараад онцгой дөрвөн гийгүүлэгчийг хасна, хасахгүй гэж байгаад олны саналыг авч чадалгүй тэгсгээд замхарсан. Тэр багийнхны санаж бодсон зүйл шинэ толь дээр ямар нэг байдлаар тусгагдсан уу?

-Тусгагдаагүй. Онцгой дөрвөн гийгүүлэгчийг гадаад үгэнд зориулж бичсэн. Тэгэхдээ ихэвчлэн Оросоос орж ирж байгаа үгэнд зориулсан байдаг. Тэр утгаараа боломжгүй зүйл. Ялангуяа “Щ”-г хасъя гэж их ярьсан. Гэтэл “Щ” орсон үг олон бий. Яг тоолоод үзэхээр 17. 800 үг байна. Хоёрдугаарт, бараг далан жил болчихсон, нэгэнт хэвшсэн дүрмийг өөрчилнө гэхэд нийт олон хүлээж аваагүй л дээ. Тэгээд дараа нь Ц.Дамдинсүрэн гуайн 1983 онд гаргасан дүрмийг бариад явъя гэсэн шийдвэрийг засгаас гаргасан түүхтэй.

-Ц.Дамдинсүрэнгийн толиноос шинэ журамласан толь дээр тусгасан үгсийн тухайд нэг зүйл тодруулъя. Төдийгөөс өдий хүртэл бичиж хэвшсэн үгсээс өөрчлөлт орсон ямар үгс байна?

-Ер нь өөрчлөөгүй дээ. Ганц нэг жижиг өөрчлөлт л бий. Жишээ нь эмхэтгэл, цомхотгол гэж үг бий. С, х-ын дараа т,ч эгшиггүй бичнэ гэсэн дүрэм байгаа. Энэ дүрмээр бол “эмхтгэл” гээд х-ийн дараа эгшиггүй бичээд явчихдаг. Ингээд харахаар нэг дор дөрвөн гийгүүлэгч зэрэгцэж ороод байгаа юм биш үү гэсэн яриа гардаг. Уг нь эхний гийгүүлэгч нь урдаа эгшигтэй, сүүлчийн гийгүүлэгч нь ардаа эгшигтэй байгаа биз. Гэхдээ ийм маргаантай цөөхөн үг байдаг. Тэр үүднээс нь бид эгшиг жийрэглээд явах зарчмыг шинэ толь дээр баримталсан. Дараагийн жишээ нь эрвээхэй, дэгдээхэй гэсэн үгс. 1983 онд Дамдинсүрэн гуай эрвээхий, дэгдээхий болгочихсон юм. Дэлхий, мэлхий гэдэг үгийг монгол бичгээр бол эй-тэй бичдэг. Гэтэл орчин цагийн монгол хэлний дүрэмд дэлхий, мэлхий гэж буулгасан байдаг. Тэр жишгээр Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд эрвээхий, дэгдээхий гэж өөрчилсөн хэрэг л дээ. Гэтэл үгийг нь хөөгөөд үзэхээр ийм бичлэгтэй цөөхөн үг байсан. Тийм учраас хуучнаар нь буюу эрвээхэй, дэгдээхэй гэж бичье гэсэн шийдэлд хүрсэн. Энэ мэт ялимгүй гэж хэлэхээр цөөхөн өөрчлөлт орсон. Товчхондоо энэ толийг гаргахдаа Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг барьсан. Тиймээс хамаагүй өөрчилж болохгүй гэж үзсэн. Зарчмын өөрчлөлт хийгээгүй гэсэн үг.

-Хэл шинжлэлийн эрдэмтэд үе үе монгол хэлний дүрмийг, үгийг өөрчилнө гэж ярьдаг. Яагаад, ямар шалтгаанаар ийм хэл яриа гараад байдаг юм бол, түрүүн таны хэлсэн барьдаг зарчмын зөрүүнээс болоод байна уу?

-Тэгж ойлгож болно. Бүр тодруулж тайлбарлая. Зөв бичгийн дүрмийг зохиоход үндсэн гурван зарчим бий. Нэгдүгээрх нь авианы зарчим. Өөрөөр хэлбэл халх хүн яаж ярьж байна, яг тэрүүгээр бичнэ гэсэн үг. Халхын аялгуун дээр суурилсан учраас тэр л дээ. Хэлдэг гэхээр д, г хоёрын дунд “э” дуулддаг. Харин хэлдгийг гэхээр дундах “э” нь дуулддаггүй. Тийм учраас Ц.Дамдинсүрэн гуай “э”-г нь гээчихсэн. Гээгдэх эгшгийн дүрэм гарч ирсэн шалтгаан нь энэ. Хоёр дахь нь бүтээвэр зүйн зарчим. Монгол бичигт бол хэлдгийг гэхэд “э”-г нь гээхгүйгээр хэлдэгийг гэж тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл монгол бичгийн зарчмаар явахыг бүтээвэр зүйн гэж тодотгоод байгаа юм. Гурав дахь нь уламжлалын зарчим. Гаднаас орж ирсэн, тогтсон үгсийг баримталдаг туслах маягийн зарчим. Зарчмуудын ялгаа буюу ийм шалтгаанаас болж зөрөлдөөн гардаг юм. Ц.Дамдинсүрэн гуайг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар дуудаад гадны соёлтой уялдуулж шинэ үсгийн дүрэм зохиоё гэсэн. Тэр үедээ халх аялгуутайгаа уяж дүрэм зохиогоорой гэсэн байдаг. Ц.Дамдинсүрэн гуай авиа зүйн зарчмыг дагасан нь ийм учиртай. Харин Б.Ринчен гуай уламжлалыг хатуу баримталдаг байсан. Ер нь маргааны шалтгаан ийм зөрүүнээс үүсдэг юм. Сонирхуулж хэлэхэд тухайн үед буюу одоогоос 80-аад жилийн өмнө Монголын шинэ үсгийн төв комиссыг Ю.Цэдэнбал даргалж, орлогч даргаар нь Машлай, Гонгоржав, Доржсүрэн, Лувсанвандан, Дамдинсүрэн нар ажилласан ба гишүүдэд нь Сурмаажав, Далхжав, Цэвэгмэд, Тамжид, Лувсандорж нар сонгогдож ажиллаж байсан.

-Гариг, гараг гэх мэт зөрүүтэй бичигддэг үгс цөөнгүй байдаг. Жишээ нь энэ үгийг яаж бичих вэ?

-Шинэ тольд гараг гэж орсон. Нохой баахыг гариг гэдэг. Тэгэхээр гараг гэж бичээд “-ийг” гэсэн нөхцөл залгахдаа “а”-г нь гээнэ. Зураг, зургийг гэдэгтэй адил бичнэ.

-Нэлээд дээхнэ 700 үгийн жагсаалт гэж гарсан. Бичээд заншсан олон үгийг эвдсэн байсан л даа. Тэр жагсаалтад туссан үгс шинэ тольд багтсан уу?

-Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг барьж хандсан. Таны асуусан 700 үгийг олон хүн сууж байгаад гар өргөөд шийдчихсэн юм шүү дээ. Тэгж болохгүй. Компаничилсан маягтай ийм зүйл шинжлэх ухаанч чанарыг алдагдуулахаас хэтэрдэггүй.

-Хуучин нийгмийн үед гаднаас, ер нь бол орос үг их орж ирсэн. Одоо интернэт зэрэг англи үг хэрэглээнд олноороо орж ирж байна. Энэ тал дээр ямар зарчим барьсан бол?

-Гадны үгсийг монгол хүн яаж дуудаж байна вэ гэсэн зарчмыг баримталсан. Монголчуудын орчуулаад хэлж заншсан үгсийг монголоор хөрвүүлж оруулсан байгаа. Наад захын жишээ гэхэд бид банана гэдэг үгийг гадил гэж хэлээд заншчихсан.

-Хэчнээн гадаад үг шинээр туссан бэ?

-Мянга гаруй гадаад үг багтаасан.

-Ц.Дамдинсүрэн гуайг зөв бичгийн дүрэм зохиож байхад хамгийн маргаан дэгдээсэн дүрэм нь юу байв?

-Түрүүн ярьсан гээгдэх эгшгийн дүрэм дээр нэлээд маргасан. Халх аялгууг баримталсан гэж би түрүүн танд тайлбарласан болохоор давтаад яахав. Өмнөд Монгол, Буриадын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 1957 онд хийсэн юм. Тэр хурлын үеэр эрдэмтэд шүүмжилж байсан л даа. Энэ мэт олон эсэргүүцэл, шүүмжлэлийг Ц.Дамдинсүрэн гуай авиа зүйн зарчмаа хатуу бариад давж гарсан. Тавиад жил шүүмжилж байна даа. Шинээр дүрэм зохиогоод гаргаад ир гэхээр чаддаггүй юм. Тийм учраас Ц.Дамдинсүрэн гуайн бүтээл өнөөг хүртэл үнэ цэнээ алдалгүй ашиглагдаад явж байгаа.

-Зөв бичгийн дүрмийн талаарх мэргэжлийн маргаан цэгцэрсний дараа толь бичиг гаргах ажил эхэлсэн үү?

-Тэгсэн. 1950-иад он гэхэд бичиг мэдэхгүй хүн бараг арилжээ гэж дүгнэсэн байдаг юм. 1951 онд “Үсгийн дүрмийн зөв бичих толь”-ийг Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нар гаргасан. Үүнээс хойш гэвэл 1983 онд зөв бичих дүрмийн толийг зохион гаргасан байдаг.

-Хамгийн сүүлд зөв бичгийн дүрмийн толийг 1983 онд гаргаснаас хойш сая л шинэчилжээ дээ?

-1986 онд хэвлэсэн толио мөрдөхгүй, хүн хүн дур дураараа бичиж замбараагүйжсэн болохоос биш, уг толийг мөрдөж болох л байсан юм. Гэхдээ нийгэм хөдөлгөөн давлагаанд орсон тул шинэ үг хэллэг, нэр томьёо олноор бий болсныг анхаарахгүй байж болохгүй л дээ. Тухайн үндэстний соёлын ертөнцөд төрөлх хэл нь, тэр дундаа зөв бичих соёл давын өмнө хэрэгтэй болдог тул зөв бичих толийг ойр ойрхон засаж, шинэчилж байдаг нь зүй ёсны ажил. Иймээс Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг өнгөрсөн онд хэвлэн гаргасан юм.

-Та ярилцлагын эхэнд шинэ толийн гол ялгаа нь үгийн тооны зөрүү гэсэн. Бага сага өөрчлөлтийнх нь тухай хоёулаа сая ярилаа. Шинэ тольд өөр ямар онцлог байгаа вэ?

-Улс үндэстэн, ястны нэрийн битүү үеийн балархай эгшгийг гээж бичихгүй гэж тогтлоо. Түмэдийн, ойрадын гэж бичнэ гэсэн үг. Мөн хамаатуулах утга бүхий “-хь, хи” дагаврыг “-х” гэж журамласан. Харин “тав дахь өдөр, ес дэх үе” гэвэл эр үгэнд зөөлний тэмдэгтэй, эм үгэнд зөөлний тэмдэггүй бичихээр тогтлоо. Үүнээс гадна ихэвчлэн алдаж бичдэг үгсийг тухай тухайд нь зөв буруугаар ялган тэмдэглэж,товч тайлбарыг хавсаргаснаараа онцлог. Мөн гадаад үгийн толийг нэрийн тийн ялгалын нөхцөлөөр хувилган орууллаа. Дараагийн онцлог нь жинхэнэ нэр ба үйл үгийн хувиллын жишээг үлгэр болгож оруулсан явдал. Нийслэл, аймаг, сум дүүргийн нэр, дипломат харилцаатай улс орнуудын нэрийг нэгэн мөр болгон журамласнаас гадна үг болгоныг кодолж, товч тайлбар хадсан нь энэ удаагийн толийн онцлог.

-Шинэ журамласан толийг зохиоход хэчнээн хүн оролцсон бэ?

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ХБҮЗ, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагаас 26-27 хүн оролцлоо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ширэндэв: Бясалгалаар хичээллэдэггүй бол төрснөөсөө хойш сэтгэлд үүссэн хирээ арилгаагүй яваа гэсэн үг

Энэтхэгийн хамгийн эртний бясалгал бол випашяна. Энэ бясалгалыг өдгөөгөөс 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам нээж байж. Випашяна бясалгал Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хагас мянганы хойно Энэтхэгээс устан алга болсон түүхтэй. Бирм улсад л цэврээрээ хадгалан үлдэж дэлхийд түгсэн випашянагаар монголчууд олноороо хичээллэж байна. Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй энэ бясалгалын талаар ярилцлаа.


-Бясалгал гэж юу вэ, яагаад заавал випашяна бясалгалыг хийх ёстой вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлмээр байна?

-Бурхан Буддагийн өөрийнх нь хийж байсан бясалгал. Дэлхийн бясалгалууд дандаа Энэтхэгээс гаралтай. Энэтхэгийн бясалгалуудаас хамгийн эртнийх нь. Бясалгал бол сэтгэлийн муухай бүхнийг арилгадаг бодитой арга. Бидний амьдарч буй галвыг сайн хэмээн тодотгодог. Энэ галавт таван бурхан залрах ёстойгоос дөрөв нь заларчихсан. Дараагийн залрах бурхан нь Майдар. Дөрөв дэх бурхан нь випашяна бясалгалыг нээсэн Гуатом. 2600 жилийн өмнө амьдарч явсан бодит хүн. Бодит хүн байсныг нь нотлох хэд хэдэн баталгаа бий. Гэгээрсэн хүний бие лагшинд нь галд шатдаггүй зүйл байдаг. Чандарлахад нь үлддэг ийм зүйлийг лагшин шүтээн гэж ярьдаг л даа. Бурхан багшийн лагшин шүтээн байна. Бурхан багшийн заасан сургаалыг багтаасан Ганжуур, Данжуур судар хүн төрөлхтөнд үлдсэн. Гурав дахь нотолгоо нь та бид хоёрын ярьж суугаа випашяна бясалгал. Товчхондоо випашянаг хорвоо дээр заларсан бурхдын хүн төрөлхтөнд зааж үлдээдэг бясалгал гэж ойлгож болно.

-Бясалгаж байгаагүй хүн шууд випашяна бясалгал хийж чадах уу. Эсвэл эхлээд арай энгийн бясалгал хийсний дараа энэ бясалгалаар хичээллэх ёстой юу?

-Хүний ярьсныг ойлгодог л бол энэ бясалгалаар хичээллэх боломжтой. Маш энгийн. Хамраараа орж гарч байгаа амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл гэвэл хэн ч хийж чадна. Гэхдээ энэ бясалгал тун энгийн хэрнээ агуу зүйл рүү хөтөлдөг. Далайн эрэг дээр очихоор сэлчихмээр санагддаг даа. Урагш сэлэх хэрээр гүнзгийрдэг. Яг түүнтэй адил. Хичээгээд бясалгах тусам самадид шилжиж чадна. Сэтгэлийн гүндээ төвлөрөөд нэг хоёр цаг байх боломжтой. Итгэлт хамба гэхэд л самадид шилжсэн хүн. Сэтгэл нь тийм удаан хугацаанд төвлөрсөн гэсэн үг. Сэтгэл төвлөрөх хэрээрээ тайвширдаг. Энэ бол бурхан багшийн бясалгалын зөвхөн нэг хэсэг нь.

-Бясалгасан хүмүүс сэтгэлийн хувьд амар амгалан болж, стрессээ тайлж чадна гэдэг. Бясалгаснаар стрессгүй амьдрах боломжтой гэдгийг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Хүний сэтгэлийг компьютерээр зүйрлэе. Сэтгэлээ junk file-уудаар дүүргэчихээд яваад байна л даа. Сэтгэлийн гүнд байгаа тийм файлуудыг гаргах ганц арга бол бясалгал. Бясалгал хийвэл сэтгэлдээ үүсгэсэн junk file-аасаа салах боломжтой. Сэтгэлийн хоол бол бодол. Бясалгал хийж суугаа хүн шинэ бодол үүсгэхээ больдог. Яг ийм үед оюун ухаан хуучин бодлоо идэж эхэлдэг. Бясалгаж суугаа хүмүүс “Ямар сонин юм бэ, хар багын мартагдсан зүйл санаанд орлоо” гэж ярьдаг. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Бясалгах явцад хуучин бодлуудаас хэрэггүй нь устаад, хэрэгтэй нь үлдээд явдаг. Компьютерийн вирусийг форматлаж байгаа юм шиг процесс өрнөдөг. Төрснөөсөө хойш сэтгэлдээ үүсгэсэн бүх зүйлс хаашаа ч алга болдоггүй. Сэтгэлд чинь бүгдээрээ бий.

-Зарим хүн “Би зовлонтой дурсамжуудаа мартаж чадсан” гэж ярьдаг. Тэгэхээр таагүй дурсамж, мэдрэмжүүд хүссэн зоргоор алга болдоггүй гэсэн үг үү?

-Хэзээ ч алга болдоггүй. Хуримтлагдсаар байдаг.

-Танайд хандаж випашяна бясалгалд хамрагдъя гэвэл хаана хандах ёстой вэ?

-Манайд хандъя гэвэл www.byasalgal.mn гэсэн вэб сайт руу орж мэдээлэл авах хэрэгтэй. Үнэхээр бясалгая гэвэл энэ жилийн бясалгалын хуваарь гарчихсан. Өдрөө сонгоод бүртгүүлэх боломжтой.

-Арван хоногоор орчноосоо тусгаарлагдаж бясалгалд хамрагдана гэж байсан. Заавал ийм урт хугацаанд бясалгах ёстой юу?

-Арван хоног гэдэг нь цаанаа учиртай л даа. Бясалгал эхэллээ л бол бясалгагчид хоорондоо юм ярихгүй, гар утас, сонин, телевиз, компьютергүй гэхээр гайхдаг юм. Хүн гэдэг сэтгэл, бие гэсэн хоёр зүйлээс тогтдог. Биеэ хиртсэнийг бид мэддэг. Усанд ороод биеийн хирээ угаачихдаг. Бие хиртэж байгаа юм чинь сэтгэл ч бас хиртэх нь жам. Гэтэл бид сэтгэлийн хирээ угааж мэддэггүй. Випашяна бясалгалд суусан хэн ч сэтгэлийн хирээ угааж чадна. Өөрөөр хэлбэл бясалгал бол сэтгэлийн хирийг угаадаг ажил. Өнөөг хүртэл випашянад суугаагүй бол сэтгэлээ нэг ч удаа усанд оруулаагүй гэсэн үг. Тэр олон жилийн хирийг арван хоног тодорхой дэгтэйгээр, гаднах холбоонуудыг тасалж вакум орчинд аваачиж байж л арилгана. Жинхэнэ бясалгал ийм л байх ёстой. Ингэж байж л жинхэнэ утгаараа сэтгэл зүйн эмчилгээ болно. Өдөрт хоёр цагаар бясалгах төдийд арилгах боломжгүй л дээ.

-Огт ярихгүй гэхээр санаанд бууж өгөхгүй юм?

-Шаардлагатай тохиолдолд багштайгаа л ярих боломжтой. Бусдаар бол бие биетэйгээ харилцахгүй. Өмнө нь бясалгалд суусан хүмүүс бясалгагчдад хоол ундаар үйлчилдэг. Ариун цэврийн цаасаа мартсан гэх мэт материаллаг зүйлээ шийдэх хэрэгтэй бол тэр хүмүүстэй ярьж болно. Учир нь нэгэнт бясалгалд орсон бол гадагшаа гарах боломжгүй. Товчхондоо тэнд танд бясалгахаас өөр ажил байхгүй.

-Арван хоногийн турш өөр ямар дэг барих вэ?

-Ёс суртахууны таван зарчим гэж бий. Амьтан алахгүй, худал ярихгүй, хулгай хийхгүй, архи, тамхи хэрэглэхгүй, бэлгийн харилцаанд орохгүй гэсэн сахилыг мөрдөнө.

-Бясалгах хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхуулаач?

-Өглөө дөрвөн цагт босч 04.30-06.30 цаг хүртэл бясалгана. 06.30 цагаас өглөөний цайгаа уучихаад 08.00 цаг хүртэл унтана. Арван хоногт бясалгал хийлгэж сэтгэлийг чинь амраана, байсхийгээд унтуулж биеийг чинь амраана. Арван хоногийн турш цагаан хоолоор үйлчилж ходоодыг чинь амраана. Жинхэнэ утгаараа амралт болдог гэсэн үг. Гэхдээ амаргүй амралт. Өчнөөн жил сэтгэлдээ хураасан хир буртгаа арилгах процесс яаж ч бодсон амар биш. Бие бодитой учраас барьж болно, сэтгэл бол барьж тэмтрэх боломжгүй эд гэж ярьдаг даа. Бясалгах арван хоногт бид сэтгэл барьдаг аргуудыг зааж өгдөг юм. Жишээ нь, сэтгэл барьж болдог зүйл гэдгийг шинжлэх ухаан нотлоогүй. Бясалгалын аргаар сэтгэлийг барьж болно. За тэгээд 08.00-11.00 цаг хүртэл бясалгана. Удаандаа нэг цаг л сууна. 11.00 цагаас өдрийн хоол идээд 13.00 цаг хүртэл ахиад унтаж амарна. Тэгээд 13.00-17.00 цаг хүртэл бясалгана. Мэдээж дунд нь амарч болно. 17.00 цагаас оройны хоолоо идээд 18.00 цаг хүртэл амарна. 18.00-19.00 цаг хүртэл ахиад бясалгадаг. Өглөөнөөс хойш бясалгаж практик хийж байгаа хүмүүст онолын маш олон асуулт гардаг. Тийм учраас орой 19.00-20.30 цаг хүртэл номын айлдвар хийдэг. Өдөржин хийсэн бясалгалынх нь онолыг тайлбарлаж өгнө. Тэгээд маргаашийнх нь бясалгалыг зааж өгдөг юм. Үдшийн 21.00 цагт унтаж амарна. Өдрийн дэглэм нь ийм зарчмаар явна.

-Арван хоногт яг яаж бясалгах вэ. Та түрүүн амьсгалаа ажиглахаас эхэлнэ гэж ярьсан. Өөр ямар аргууд зааж өгдөг бол?

-Эхний гурван хоногт сая таны ярьсан амьсгал орж гарч байгааг мэдрэх дасгал хийнэ. Хамартаа анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа ажиглана. Сэтгэлийг хоёр хуваадаг. Сэтгэлийн өнгөн ба гүн хэсэг гэж. Дахиад компьютерээр зүйрлэе. Desk­top, C, D диск гээд төсөөлчих. Олон жил бясалгаагүй хүмүүс бол вирустсэн компьютер. Өөрөөр хэлбэл оюун ухааныг нь форматлах гэж байна гэсэн үг. Сэтгэлийн өнгөн хэсэг буюу desktop дээр цөөхөн файл байна л даа. Тэр файлууд нь хүнийг стресстүүлж, тайван бус болгодог. Сэтгэлийн өнгөн хэсгийн асуудлыг шийдэх гэж амьсгалыг нь ажиглуулдаг юм. Энгийн ч гэлээ энэ дасгалыг хийх явцад анхаарал сарниад байдаг. Тэр утгаар нь эхний гурав хоногт амьсгалыг нь ажиглуулдаг. Өөрөөр хэлбэл ингэсний үр дүнд анхаарал төвлөрдөг. Анхаарал төвлөрөх дасгалыг хэдхэн цаг хийгээд төгс болохгүй. Мэдээж энэ дасгалыг эхлэх үед сэтгэл тогтож өгөхгүй л дээ. Нэг бол өнгөрсөн бодогдоно, эсвэл ирээдүй төсөөлөгдөнө. Яг одоодоо байж чаддаггүй. Бид өнгөрсөн, ирээдүйд амьдрах аргагүй. Одоо цагтаа л амьдрах учиртай. Тэгэхээр одоо цагт анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна гэдэг чинь сэтгэлээ удирдаж чадахгүй, сэтгэлдээ удирдуулаад яваагийн илрэл. Өөрөөр хэлбэл бидний оюун ухаан огт амрахгүйгээр 24 цагийн турш ажиллаад байдаг. Уг нь шөнө унтахад бие, сэтгэл хоёулаа амрах ёстой. Гэтэл бид биеэ амраачихаад, сэтгэлээ амрааж чаддаггүй. Шөнө унтсан хэрнээ цаанаа л нэг ядруу, сульдсан яваад байдаг нь сэтгэл амраагүйтэй холбоотой. Гурван хоног төвлөрөх дасгал хийхээр яваандаа төвлөрөөд ирдэг. Өөрөөр хэлбэл хорь, гучин жил амраагүй сэтгэл сая нэг амарч эхэлдэг. Амраад ирэхээр сэтгэлийн өнгөн хэсгийн муу файлууд устаад эхэлдэг л дээ. Оройдоо онолын хичээр сонсчихоор утгыг нь ухаад явчихдаг юм. Товчхондоо сэтгэлийнхээ боол биш, эзэн нь байх ёстой гэдгийг бясалгалын эхний өдрүүдэд ухаарч, мэдэрдэг.

-Дөрөв дэх өдрийн бясалгалаас хойш сэтгэлийн гүн дэх хэрэггүй файлуудыг устгаж эхлэх нь ээ дээ?

-Тэгнэ. Та түрүүн надаас асуусан даа. Хүний зовлонтой дурсамж мэдрэмжүүд мартагддаг уу гэж. Би танд мартагддаггүй, байсаар байдаг гэж хариулсныхаа учрыг одоо тайлъя. Хэцүү дурсамж, мэдрэмжүүд хүний оюун ухаанаас арчигддаггүй. Яг компьютер шиг, C, D рүү нь орчихсон байдаг. Хүнийг төрсөнөөс хойш өнөөг хүртэлх бүх мэдээлэл сэтгэлийнх нь гүнд бий. Амралтанд явж, агаар салхинд гараад хэцүү бүхнээ мартлаа, стресс тайлагдлаа гэдэг хэт өнгөц ойлголт. Зүгээр л дарагдаад дотогшилчихсон хэрэг. Випашянагаас бусад бясалгал сэтгэлийн өнгөн хэсгийг шийдэж, тайвшрал өгдөг. Сэтгэлийн гүнээ цэвэрлээгүй тохиолдолд яваандаа гүнээс гарсан сөрөг дурсамж, мэдрэмжийнхээ давалгаанд цохигдоно. Тэгэхээр дөрөв дэх өдрөөс ес дэх өдөр хүртэл випашянагийн гол бясалгал өрнөдөг. Сэтгэлийн гүн хэсэгт үүссэн стрессийн давхаргууд биенд мэдрэмж болж илэрдэг. Заримдаа халуу дүүгнэ, эсвэл загатнана, нэг бол эвгүйрхэнэ. Илэрсэн бүх шинж шалтгаантай. Стрессийн давхарга гэдэг нь буддын ухаанаар бол үйлийн үр. Сэтгэлдээ үүсгэсэн үйлийн үрийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрөв дэх өдрөөс нь бүх биеэ дээрээс нь доош нь ажигладаг. Ажиглахдаа зүгээр л ажиглана. Бид аливааг ажиглахдаа хоёр үйлдэл хийх гээд байдаг. Сайхан зүйл мэдрэгдвэл гоё байна гээд, муухай мэдрэмж төрвөл тавгүйрхдэг. Бясалгах явцад сайхан, муухай гэж бүү бод, зүгээр л ажигла гэдэг. Учир нь биед үүсч байгаа мэдрэмж хэсэгхэн илрээд алга болдог. Биед үүсч буй мэдрэмж мөнхөд байдаггүй гэсэн ойлголтыг ашигладаг. Ихэнх хүн биеэ өвдөж эхэлснийг мэдрэнгүүтээ сэтгэлээрээ давхар өвдчихдөг. Амьсгал, сэтгэл хоёр холбоотой. Сэтгэл тавгүйрхэхээр амьсгал хурдсаад ирдэг. Тэгэхээр сэтгэлийн өнгөн хэсгийг амьсгалаар барьдаг, сэтгэлийн гүн хэсгийг биед үүсч буй мэдрэмжээр барьдаг. Шинжлэх ухаан ямар нэг арга хэрэглэж сэтгэлийг барья гэвэл энэ хоёр зүйлээр дамжуулж л барих боломжтой. Бүр энгийнээр хэлбэл арван хоногийн бясалгал товчхондоо сэтгэлд хийдэг мэс засал. Анагаах ухаан хүний биед мэс засал хийж байгаа шиг сэтгэлд ч мэс засал хийх боломжтой. Өөрөөр хэлбэл випашяна бясалгал хийснээр сэтгэлийн гүний амар амгаланг мэдэрч эхэлдэг.

-Сэтгэлийн гүн дэхээ цэвэрлэчихээр бясалгагчид ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

-Эхлээд бөөн асуудал, стресстэй орж ирсэн хүмүүс тэс өөр болчихдог. Хүн болж төрсөндөө баярлаж эхэлдэг. Випашянаг сонгосон хүмүүс бясалгах тусам салахаа больдог нэг онцлог бий. Улам дурлана шүү дээ. Нүд нь гэрэлтээд, инээд алдаад, хоорондоо ярьчих гээд өрөө их сайхан энергиэр дүүрдэг.

-Бясалгалын арав дахь өдөр ямар бясалгал заах уу?

-Нинж бясалгал зааж өгдөг. Хүн стресстэй яваа бол бусдын төлөө бодохтой манатай байдаг. Стресс нь арилчихаар бусдыг бодож эхэлдэг юм байна л даа. Би ийм гоё болчихлоо, одоо гэр бүлийн хүнээ суулгах сан, аавыгаа, ээжийгээ бясалгуулъя гэдэг. Бусдыг хайрлах сэтгэл аяндаа үүсдэг. Нинж сэтгэлийг хөгжүүлдэг аргыг сүүлийн өдөр заадаг нь ийм учиртай.

-Жигтэйхан сайхан болоод тарцгаадаг байх нь…?

-Үгээр илэрхийлэх аргагүй.

-Дараагийн шат гэж байх уу?

-Байна. Гурван удаа арав хоногийн бясалгалд сууж байж дараагийн шат руу ордог. Бурхан багшийн өөрийнх нь айлдсан судрын курс гэж бий. Найм хоног үргэлжилдэг. Дараа нь хорь хоногийн бясалгалд суух зөвшөөрөлтэй болно. Гэх мэтээр шат ахидаг.

-Дэлхийн буддистуудын дунд өргөн тархсан бясалгал гэж ойлголоо?

-Зөвхөн бурханы шашинтан гэхгүй. Бүх шашинтны хувьд тархсан бясалгал. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэр хүслийг нь өгдөг бясалгал. Бясалгалд суусан христ гэхэд л христ хэвээрээ гарна. Стрессгүй амьдардаг л христ болдог.

-Випашяна бясалгалын хэчнээн төв хэдэн улсад ажиллаж байна вэ?

-Дэлхийн 120 гаруй оронд 300 гаруй төв ажиллаж байна. Лалын орнуудад ч ажилладаг. Иран, Израилд байна.

-Випашяна бясалгалыг хорих ангиудад зохион байгуулдаг гэж сонссон. Үр дүнг нь сонирхуулаач?

-Одоогоор 1350 орчим хоригдол хамрагдсан. Нийтдээ 6000 гаруй хүн хоригдож байгаа гээд бодохоор бага биш тоо. Хоригдлууд хамгийн мундаг бясалгагчид. Зовж яваа хүмүүс илүү сайн хийдэг юм байна. Випашяна бясалгалд хамрагдсан хоригдлууд ахиж гэмт хэрэг хийхгүй байгаа гэсэн үр дүн бий. Хорих ангиуд манай бясалгалын хөтөлбөрийг авах гэж уралддаг болоод байгаа.

-Танай төв хүүхдийн бясалгалын хөтөлбөртэй. Хүүхдүүд бясалгана гэхээр зарим хүн гайхаж мэдэх юм. Зайлшгүй шалтгаан байна уу?

-Байлгүй яахав. Хүүхэд нас сайхан, инээгээд гүйж байгаа тэдэнд ямар асуудал байхав гэж хардаг хүмүүс олон. Тийм биш л дээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Бүгд асуудалтай. Сэтгэлийн хир, таагүй мэдрэмж бүр багаас хуримтлагдаж эхэлдэг. Цэцэрлэгт гүйж яваа нөхөр ангийнхаа охинд дурлалаа, гэтэл өнөөх нь тоодоггүй. Энэ асуудал шүү дээ, тэр жаахан хүүд. Багшдаа загнуулаад хямарна, ангийнхаа хөвгүүдэд зодуулаад уйлна. Ийм маягаар сэтгэлийн стресс эхэлдэг. Хүүхдээ ийм үг сонсоод тайвшруулж тайтгаруулдаг аав, ээж цөөн. Ажил ихтэй учраас сонсохоос төвөгшөөдөг. Ийм дэмий юм ярихаар хичээлээ хий гэж загнаад өнгөрдөг. Ингэж явсаар жаахан томроод ирэхээрээ хүүхэд чимээгүй болчихдог. “Манай хүү багадаа жигтэйхэн сэргэлэн байсан чинь одоо бүр таг дуугүй болчихсон” гэж ярьдаг даа. Энэ бол асуудал, аюул. Сэтгэлийн стресс нь хуримтлагдсаар яваад хэн ч тоохгүйг мэдрээд хувиа бодоод эхэлдэг. Эцэст нь өсвөр насандаа ч юм уу тэсэрдэг. Тэсрэхээрээ тамхи татна, архи ууна, бүр даамжирвал гэмт хэрэгт орооцолддог. Хүүхдээ ийм асуудалд оруулахгүйн тулд аврах арга бий. Хүүхдийн бясалгал хичээллүүлдэг нь ийм учиртай. Мэдээж арав хоногоор орохгүй. Тодорхой цагуудын бясалгал бий. Анхаарал төвлөрлийн бясалгал зааж өгдөг юм. Бид хүүхдэд ямар ч шашин гэхгүйгээр гуравхан зүйл зааж өгдөг. Ёс суртахууны таван зарчим хэлж өгнө. Хэлэхээр хүүхэд маш сайн ойлгож, их гоё хүлээж авдаг. Хэлэхээр болохгүй гэж ойлгоод буруу зам руу ордоггүй. Хоёр дахь нь анхаарал төвлөрүүлэх бясалгал, гурав дахь нь бусдыг хайрлах энэрэх сэтгэлийг хөгжүүлэх арга. Хүүхэд аливааг сэтгэлээсээ хийдэг учраас маш өндөр үр дүнтэй байдаг.

-Бясалгал хийхээр хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлдөг гэсэн мэдээлэл уншсан юм байна. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой мэдээлэл. Анхаарал төвлөрөл сайжрахаар хүүхдийн сурлага сайжирдаг.

-Хүүхдээ бясалгалд хамруулъя гэвэл хаана хандах вэ?

-Одоогоор тодорхой сургууль, цэцэрлэгүүдэд хязгаарлагдмал хүрээнд хийж байна. Бид хөтөлбөр боловсруулж, салбарын яамтай ярьж байгаад нийслэлийн бүх сургуулийн хэмжээнд явуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажил удахгүй эхлэх байх. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх санаа шоронд бясалгал явуулах үед төрсөн л дөө. Тэнд дандаа залуус байна. 6000 хүний 90 орчим хувь нь залуус гээд бод доо. Хүүхэд насанд нь анзаараагүйгээс л үүдсэн хэрэг.

-Танай төвөөс зохион байгуулдаг бясалгал үнэ төлбөргүй. Хаанаас яаж санхүүждэг вэ?

-Бясалгалд хамрагдаж үр дүнг нь мэдэрсэн хүмүүсийн хандив тусламжаар явдаг. Өөрөө гоё болсон хүнд хүнийг сайхан болохыг харахаас илүү гайхамшиг байдаггүй л дээ. Випашяна бясалгал дэлхий дээр яг ийм зарчмаар дэлгэрч байгаа. Бурхан багшийн үед ч тийм байсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц: Гарч буй Шороон гахай жил бороо хур элбэгтэй, нялхас, хөгшдөд ээлтэй байна

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Азийн Буддистуудын Энхтайвны Бага Хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


-Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн өнгөөс ярилцлагаа эхлэх үү, хамба лам гуай?

-Тэгье ээ. Чухамдаа өнгөрсөн хугацаанд бидний хийсэн сайн сайхан, эсвэл муу муухай үйлүүд шинэ гарч буй жилд ч үр дагавараа нөхцөлдүүлээд явах нь жам ёсных. Гэхдээ од эрхэсийн хөдөлгөөний нөлөө болон хүмүүсийн хоорондын харьцаанаас шинээр гарах жилийнхээ өнгийг үздэг ёс бидний уламжлалт зурхайд байдаг. Жилийн өнгө ороо бусгаа, идэр залууст ширүүн боловч нялхас болон хөгшдөд ээлтэй шинжтэй. Жилийн дундуур бороо хур ихтэй хэмээн зурхайд буужээ.

-Цагаан сарыг төвөгшөөх, шүүмжлэх хандлага анзаарагдах боллоо. Тантай сар шинийн учир бэлгэдлийн тухай сайхан яриа өрнүүлмээр байна..?

-Монголчуудын өв соёл, үндэсний сэтгэлгээний хамгийн том илрэл бол уламжлалт сар шинэ мөн. Тиймээс ч бидний эцэг өвгөд энэ гүн нарийн бэлгэдэл бүхий баярыг олон зууны турш тэмдэглэж ирсэн. Их эрдэмтэн Завадамдин, Агваанямаа лхаарамба нарын түүхийн сурвалжид Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан тухай гардаг. Түүхийн явцад тухайн үеийн нийгэм, хүн ардын эгээрэл, чадамж, амьдралынх нь хэв зэргээс шалтгаалж Цагаан сарыг янз бүрээр тэмдэглэж байжээ.

Харин Цагаан сарыг хавар хийхээр тогтсон нарийн учир байдаг. Эзэн богд Чингис хаан Түвдийг эзэлсний дараа Түвдийн хаад, ноёд их хэмжээний бэлэг сэлтийг өргөж, Их Монгол Улсад дагаар орсноор их найр хийсэн гэдэг. Түвдийг өөрийн нутагт нэгтгэсний дараа Эзэн богд Чингис хаан Их Монголынхоо гал голомтод эргэж ирээд есөн жил ард олноороо энхжиж, аян дайны бэрхийг үзээгүй байна. Чухамдаа Түвдийг эзэлсний их найрыг тухайн үед хавар тэмдэглэсэнтэй холбогдуулан Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэж эхэлсэн тухай түүхэн сурвалжуудад гардаг.

Цагаан сарыг хавар тэмдэглэхэд хүргэсэн өөр нэг шалтгаан нь монголчуудын аж амьдралын онцлогоос үүдэн гарсан ч гэж үздэг. Нүүдэлчид намрын цагт хураасан идээ, сүү цагаагаараа хахир өвлийг давж, жилийн хуучдаар хийсэн боов боорцог болон бусад шимтэй идээ, ундаагаараа хаврын тарчиг цагийг түүртэлгүй давдаг байж. Ийм тарчин цагаар баяр хийж, бэлэг сэлт солилцох нь нүүдэлчин ахуйд ихэд нийцэж байсан учраас хаврын эхэн сарыг сонгосон гэх тайлбар ч бий.

-Шарын шашин дэлгэрснээс хойш хавар Цагаан сараа тэмдэглэдэг болсон гэж үзэх хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол түүхэн сурвалжаар нотлогдоогүй худал яриа. Богд Зонхова таалал төгссөнтэй холбогдуулж, эсвэл Шарын шашин дэлгэрснээс хойш цагаан сарыг хавар тэмдэглэдэг болсон гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл бидний бахархдаг түүхэн сурвалжуудад Монголчууд дээрх хоёр үйл явдлаас аль эрт Цагаан сар тэмдэглэж байсан нь бичигдэж үлдсэн шүү дээ. Монголчууд Цагаан сарын хоёр өдрийг их онцгойлдог. Нэг нь хуучин жилийн хамгийн сүүлийн битүүний өдөр. 365 хоног амьдраад энэ ертөнцөд нэгэн жилийг жаргалтай сайхан өнгөрөөлөө гэсний бэлгэдэл юм. Гэр орон хот хороогоо цэвэрлэн цэмцийлгэж, шинэ дээл хувцас зэхэж, өмсгөл болоод биеэ ариусган, үргэлжид бэлгэ дэмбэрэлтэй үг хэлцэн, хэлээ ариусган, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян бодож, сэтгэл санаагаа ариусган золгож ирсэн ёс заншилтай. Өр төлөөснөөсөө салж, бодогдсон болоод болж өнгөрсөн муу муухайг цайруулан хөөрөг зөрүүлж, бие, хэл, сэтгэлийн ариунаар уулзан золгодог Цагаан сарын бэлгэдлийн уламжлалыг эдүгээ цагт улам бүр хөгжөөн монгол ёс заншлаа айл өрх бүр өвлөн дээдэлж байгаа нь даяар Монголын минь бахархал юм даа. Уламжлал ёсоо дагана гэдэг гүн утгатай. Их хүндэтгэлд сурна, хүндэтгэлээ дагаад ёс эрэмбэ, дэг журам батжин өвлөгдөж байгаа юм шүү дээ. Шинийн өдрүүдэд бие, хэл, сэтгэлийн ариунаас ундрах ёс бэлгэтэй ариун дээд үгээр мэнд мэдэлцэж, амьдрал ахуйгаа ярилцаж, идээ будаагаа барьж, утга учиртай бэлэг солилцож, насны буяныг нь хүндэтгэн буурлуудтайгаа золгон учирч гэмээнэ их буян хурааж байгаа юм.

-Сүм хийдүүд Цагаан сарыг угтаж хурал ном хурж, сар шинийн өдрүүдээр ч уншлага дүүрэн өнгөрдөг дөө. Чухам ямар утгатай ном хурдаг юм бол?

-Бурханы шашны хурал номын газрууд ирж буй жилийн сайн сайхныг бэлгэдэн угтаж, өвлийн адаг сарын зулын 25-наас Хажидын чого гэдэг номоор хурал номоо эхэлдэг уламжлалтай. 26-нд тахил балинг шинэчлэн адислаж, “балин адислах” гэдэг хурал хурдаг. За тэгээд шинийн 27, 28, 29-нд Арван хангал бурханаа тахиж сүсэгтэн олон түмнээ ирэх жилдээ сайн сайхан байхыг даатгадаг. Битүүнд лам хуврагууд Лхам бурханаа тахиж, эх болсон зургаан зүйл хамаг амьтан, түүний дотор Монголын ард түмнээ даатгаж, шөнийн турш ном гүрмээ уншдаг. Шинийн нэгнээс 15 хүртэл Бурхан багш рид хувилгаан үзүүлсний арван тав хоногийн их дүйцэн хурал хурна. Энэ хооронд сүсэгтэн түмнийхээ аврал гүрмийг багтааж уншдаг.

-Сар шинийн эхний өдрүүдэд иргэд зурхайгаа харж засал номоо хийлгэдэг. Зурхай засал номын тухайд үгээ хүргээч?

-Гандан хийд маань 1944 оноос цаг тооны бичгийг тасралтгүйгээр гаргадаг болсон. Сүүлийн үед Шашны их сургуульд зурхайн анги нээж, төгссөн сурагчид нь сургуульдаа багшилж, цаг тооны бичгээ зурдаг уламжлал тогтсон. Зурхай гэдэг бол магадлал юм. Бурхан багш “Та өөрөө өөрийнхөө итгэл аврал” гэж айлдсан байдаг. Жаргалтай сайхан аж төрөх, зовлонтой амьдрах өөрөөс л хамаарах учир хүн өөрийгөө сайхан авч явах хэрэгтэй. Өвчин зовлонгүй урт наслахыг хичээж, цаг бусын аюул ослоос болгоомжилж, ажил хөдөлмөрөө шударга журамтай хийж, бие, хэл, сэтгэл гурваа зөв авч явж чадвал тэр жилдээ сайхан байдаг номтой. Байгал дэлхийн орчил, од гаригийн хөдөлгөөн, хүний бие махбодын өөрчлөлт, харилцан нөлөөлөл, хүний биеийн хэм хэмнэл жилийн засал хийлгэх гол үндэс болдог.

-Сүүлийн үед ах дүү, садан төрлөө мэдэхээ байлаа гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогдох болжээ. Тэгэхээр Цагаан сарын баяр өнөө цагт бүр ч хэрэгтэй юм шиг санагддаг шүү?

-Тийм шүү дээ, Цагаан сарын ашиг тусыг ухвал аугаа их юм олон бий. Хөгшдөө хүндэтгэж, залуус нь бие биедээ найрсаж, хүүхэд багачуудаа асарч, ядуу зүдүүдээ өглөг өгч байгаа нь ерөөсөө л энэрлийн өдөр гэсэн үг шүү дээ. Шинэ үед энэ үүрэг бүр өндөр болж байгаа нь үнэн. Бие биеэ мэдэхгүй болчихсон, хол ойрын улсууд нийлэлдчихсэн, ах дүү хамаатан саднаа мэдэхгүй болсон үед Цагаан сарын баяр хийж ураг удмаараа уулзан учирч байгаа нь асар том ухаан юм.

-Та хувь хүний хөгжлийн тухай их ярьдаг. Хүмүүсийг хөгжүүлэх чигийн хөтөлбөр боловсруулж батлуулаад хэрэгжүүлэх боломж хэр байдаг юм бол?

-Энэ амар хялбар бүтэх ажил биш. Энэ ажлыг орчин цагийн боловсролын байгууллагад бүрэн даатгах хэцүү. Учир нь орчин үеийн боловсрол Европын боловсролын тогтолцоо. Манай боловсролын тогтолцоонд янз бүрийн орны боловсролын тогтолцоо тусгалаа олсон харагддаг. Үндэс угсаа, ёс заншилаа дээдэлдэг, эх орон, эцэг, эхээ хайрладаг хүн болгож төлөвшүүлэх арга зүй нь өнөөгийн боловсролын хөтөлбөрт ихээхэн дутмаг. Харин шашны болоод олон нийтийн байгууллагууд нийлээд курс дугуйлан, сургалт, яриа таниулгыг үе шаттай зохион байгуулах байдлаар дутуугаа нөхөх ажил байж болох юм. Мөн монгол хүнээ “монгол хүн” болгох хөтөлбөр боловсруулахдаа шинжлэх ухааны ул суурьтай, судалгаатай ажил хийх хэрэгтэй.

Энэ асуудлыг би төрийн гурван өндөрлөгийн шийдвэрээр ҮАБЗ-д оруулж хэлэлцүүлэх чухал асуудал гэж хардаг.

-Төрөө хүндэтгэх үзэл хүнээ хөгжүүлсний дараа л гарч ирэх нь гэж ойлголоо…?

-Яг тийм. Хүнээ хөгжүүлсний эцэст л төрөө хүндэтгэх тухай ойлголт биеллээ олно. Дарга нар хүнийхээ төлөө ажилласан цагт иргэд үнэн сэтгэлээсээ төрөө хүндэтгэдэг болно. Харилцан шүтэн барилдлага гэж энэ л дээ. Үүнийг л хамгийн товч бөгөөд тодорхой арга юм уу гэж бодож сууна.

-Сүүлийн үед өндөр боловсрол эзэмшсэн олон залуу лам нар Буддын шашныг философи талаас нь нийгэмд хүргэх, хүмүүст эерэгээр нөлөөлөх чигт анхаарч байна. Тэдний нөлөөгөөр Бурханы шашинд мухраар сүсэглэх биш гэгээрэх, Буддын философи, ухааныг зөвөөр ухах хүмүүс олширч байгаа нь сайн хэрэг шүү?

-Өнгөрсөн нийгмийн түүхэнд нэг том гажуудал гарсан. Бурханы шашны аль өнгөтэй өөдтэй, ухаантай, сэрсэн, гэгээрснийг нь цаазалж, үгүй хийсэн. Шашныг хөгжүүлэхгүйн тулд ганцхан Гандантэгчинлэн хийдийг цөөн ламтайгаар хатуу хяналтан дор барьж байсан байдаг. Сайн цагтай золгонгуут өнөө лам нар маань цагийн эрхээр Бурханы орондоо одоцгоосон доо. 1990 он гарахад шашны сургууль төгссөн хэдэн залуу лам нар мөн хуучин цагт лам байсан цөөхөн өвгөчүүл үлдсэн юм. Хуруу дарам тоотой үлдсэн тэдгээр өвгөчүүл залуу үедээ номоос зааж байгаад цагийн эрхээр таалал төгссөн.

Лам хүн гэхээр мэргэлдэг, ном уншдаг гэсэн өнгөц ойлголт тэр завсарын үеэс эхтэй. Хожим Энэтхэг болоод уламжлалт шашинтай бусад газруудад лам нараа сургаж эхэлсэн 2000 он гарснаар зарим лам нар буцаж ирж хийд орондоо ажиллаж эхэлсэн юм. Үүнд Нямсамбуу гавж, Мөнхбаатар тэргүүтэй олон лам нарыг дурдаж болно. Монголдоо боловсорсон нь Да лам Бямбажав тэргүүтэй олон лам байна. Харин манай лам нар 2008, 2009 оноос нийгэмд гарч ажиллаж эхэлсэн. Эдүгээ Энэтхэгт суралцсан лам нараас эрдмийн цол зэргээ амжилттай хамгаалж байна. Өнөөдрийн байдлаар эрдэмтэй хоёр лхаарамба хоёр төрлөө. Мөн тав, зургаан гавж төрлөө. Бурханы шашны гүн утгыг ярьж чаддаг, хүнийг боловсруулдаг, сэтгэлийн гэрэл түгээдэг лам нар энэ мэт олноороо төрөн гарч нийгмийн дунд ажиллаж эхэлнэ дээ. Нийгмийг бүлээцүүлэх энэ мэт сайхан үүд өдрөөс өдөрт улам бүр нээгдэж байгаа. Цаг алдаж байгаа тал бий ч сайн цаг ирж явна.

-Тархи судлалаар Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн түрүү жил төрийн ордонд илтгэл тавьсан. Орчин үеийн тархи судлалын шинжлэх ухаанчид буддын шашнаас авах юм их байна гэдгийг хүлээн зөвшөөрч, буддистууд шинжлэх ухааны шинэ мэдлэгийг тэднээс авах хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Ингээд харахаар шинжлэх ухаан, буддизмд харилцан биенээ нөхөхөөр зүйл их байна аа даа?

-Орчин цагийн тархи судлалын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч хэлэлцүүлэг, хурал чуулган зохион байгуулж, харилцан биенээсээ суралцах болсон нь Далай багшийн санаачилгаас эхлэлтэй юм. Буддын шашин 2500 гаруй жилийн өмнө үүссэн ч гэлээ дотоод гүн үзэл нь маш гүнзгий. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжих тусмаа их сонирхолтой болж байгаа. Атом, молекул, протейн, нейтрон гэж явсаар хамгийн сүүлд бүгдээс жижиг нь кварк гээд гаргаад ирчихлээ. Бурханы шашинд энэ мэт бодисын жижиг хэсгүүдийн тухай ойлголтууд бий. Гималайн сүрлэг уулс ч цаг нь ирвэл нэг л өдөр задраад алга болно хэмээдэг. Аливаа юмсын бүтцийг хоосон чанар буюу хумх гэдэг. Бодисын эгэл жижиг хэсгээс бүгд үүсдэг учраас хэзээ нэгэн цагт задрал явагдана хэмээн үздэг. Бурханы шашинд хуралдсан бүхэн буцаад задардаг гэж үздэг. Атом, молекул буюу хумхын онол холбогддог нь ийм учиртай. Хумх бол бодисын эгэл жижиг хэсэг. Шинжлэх ухаан онцгой хөгжиж, бодисын хэмжээ бүр жижигрэх тусам Буддизмын хоосон чанарын онол улам сонирхол татаж байна л даа. Дэлхийн шилдэг эрдэмтэд Буддизмыг сонирхоод байгаа шалтгаан нь энэ юм шүү дээ.

-Биеийн өвчин сэтгэлээс үүдэлтэй гэж Буддизмд үздэг. Орчин цагийн сэтгэл судлалтай холбоод ярихад уур бухимдал, стресстэй хүн олон болж. Уураа барихгүй, стрессээ багасгахгүй бол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Хүмүүст их хэрэгтэй сэдэв шүү. Хар үгээр тайлбарлавал нүдээр эв зохисгүйг хараад сөрөг мэдрэмжид эзлүүлэхээр өнөө мэдрэмж нүдээр дамжиж тархинд очдог шиг байгаа юм. Мэдрэлийн эсээр дамжиж тархинд очоод тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг гэж бүдүүн тоймоор тайлбарлаж болох байх. Муу зүйл бодвол хүний биед хортой химийн бодис, сайн сайхныг төсөөлбөл биед эерэгээр нөлөөлөх бодис үүсдэгийг шинжлэх ухаан нотолж байна. Буддизмд ч ялгаагүй. Хүсэл тачаал ихэдвэл хийн өвчнийг үүсгэдэг хэмээдэг. Бөөр гэх мэт хийн гүйдэлтэй эрхтнүүдээ гэмтээдэг. Уур ихэсвэл цөс, элэг мэтийн шарын гүйдэлтэй эрхтэн гэмтдэг гэдэг. Тэгэхээр хүний сэтгэлийн эерэг болоод сөрөг хөдлөлүүд нь зовлон болон амгалангийн шалтгаан болдог нь тодорхой болж байна. Үүнийг 2500 гаруй жилийн тэртээ Бурхан багш номлосон юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Баялаг бүтээгчдээ адалж, хувийн өмчид халдаад байвал Венесуэлийн араас л явна

“Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Засаг зүгээс хувийн өмчийг хураана гэсэн утгатай мэдэгдлийг ойрхон давтамжтай хийлээ. Эдгээр байр суурь эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Дэлхийн банкнаас Монгол Улсын бизнесийн орчны индекс гэж гаргадаг. Тэр индексээс харвал манай улс сүүлийн нэг жилд 12 байраар ухарсан байна лээ. 2016 оноос хойш 24 байраар ухарсан. Монголд бизнесийн орчин улам муудсаны шинж. Бизнес хийхэд ямар нэгэн шахалт дарамт байгаагийн илрэл. Энэ жил бүр муудаж гарах байх. Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлууд дээр энэ Засгийн газар нэлээд ширүүн хандахаа мэдэгдчихлээ. Захаас нь хураана, авна, нийгэмчилнэ гээд байна л даа. Иймэрхүү нөхцөл байдлыг харсан гадаадын хөрөнгө оруулагчид нэгмөсөн нуруугаа харуулаад явна. Дотоодын хөрөнгө оруулагчдад айдас төрнө. Цаад шалтгаан нь улс төрийн өшөө авалт уу, юу вэ гэдэг нь хамаагүй. Ямар ч байсан эдийн засагт хорлонтой үйл ажиллагаа болж байна.

-ЗГХЭГ-ын дарга Салхит дээр тусгай ажиллагаа маягийн юм явууллаа. Хөрөнгө оруулагчдад сөрөг мессэж өгсөн үйл явдал гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Салхит дээр татварын зөрчилтэй учраас лицензийг нь хураалаа гэсэн тайлбар хэлж байгаа. Ашигт малтмалын хуульд ийм заалт орсныг хэн ч мэдээгүй. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-нд батлагдсан хууль л даа. Төсөв орж байхад хэлэлцүүлэг хийхгүйгээр оруулж батлуулсан байдаг юм. Өмнө нь татварын маргаантай асуудлыг чиглэлийнх нь захиргааны байгууллагуудтай хэлэлцэж ярилцаад шийддэг байсан. Ингэж шийдэж байсныг лиценз хураах, цуцлах шийдвэр рүү оруулсан гэсэн үг. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийх орчин энэ мэт нууцаар оруулдаг заалтуудаас болж нэлээд сул, өрсөлдөх чадваргүй болчихлоо. Хэн нэг нягтлан татварын тайлангаа алдаатай гаргачихвал яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Компанийн эзний буруу биш, иймэрхүү механик алдаанаас болж олон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ашигт малтмалын ордуудыг нийгэмчлээд байвал хэцүү зураг үүснэ. Лиценз буцаалтын тухайд лицензийн төлбөрөө жил бүр төлөөгүй хоцроох, эсвэл компани өөрөө лицензээ буцааж өгөх гэсэн тодорхой хоёр гурван заалт л байсан юм. Лиценз цуцалдаг заалтаа жил бүр нэмээд яваа. Мэдээж уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээс хариуцлага шаардах нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлд оруулсан өөрчлөлтийн хувьд нам дамжсан бүлэглэлүүд биенээсээ өшөө авах зорилгоор хийсэн заалт гэж харагдаж байгаа. Тэр нь Монголыг гадаад ертөнцөд Венесуэл шиг харагдуулж байна л даа. Коммунизм руугаа эргээд явж байгаа мэт дүр төрхийг харуулчихлаа.

-Г.Занданшатарын үйлдлийг алга ташин дэмжиж суугаа нь олонх байна. Венесуэл ямар байгаад одоо яачихсан бэ, Монгол яг яагаад дэлхийд муугаар жишиг болж яригдаж яваа улстай харьцуулагдах болов гэдэг өнцгөөс нь ярилцлагаа үргэжлүүлэх үү, хоёулаа?

-Засгийн газар шударга юм хийлээ гэж алга ташиж суугаа нь иргэдийн олонх гэдэгтэй тантай санал нэг байна. 1970-аад оны эхэн үед Венесуэл өнөөдрийнхөөс тэс өөр байсан. Газрын тосоор баян улс шүү дээ. Уго Чавес “Бидний баялгийг гадны гар хөл болсон хэдхэн олигарх эзэмшиж байна” гэж гарч ирсэн хүн. Яг тэр үед газрын тосны үнэ өндөр байсан юм. Тэр утгаараа Венесуэлийн эдийн засаг Өмнөд Америктаа хамгийн томд шахуу тооцогдож байсан. Уго Чавес төрийн эрхэнд гарч ирээд бүх ордоо нийгэмчилж, төрийн эзэмшилд авч хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн. Уго Чавесын залгамжлагч нь Мадуро. Боловсролгүй, үйлдвэрчний эвлэлээр явж байсан, жолооч хүн. Тэр нөхөр бас популизм хийдэг. Ард түмэндээ “Та нар ажил хийх хэрэггүй, байгалийн баялгийн ашгаа хүртээд амьдаръя” гэж ярьдаг хүн. Эдийн засагт ингэх боломж хэтээсээ байхгүй. Тухайн улсад хөрөнгө оруулалт хийгдэж байж үйлдвэрлэл хөгждөг, үйлдвэрлэлээ дагаж экспорт хийгддэг, экспорт хийгдэж байж вальют орж ирдэг. Өнөөдөр Венесуэл вальютаа гөвчихсөн. Намайг “Төлөөс” лекцээ унших үед 1.5 сая хувь болчихсон байсан. Одоо бол 15 сая хувь. Долоохон хоногийн дотор шүү дээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш нэг жилийн дотор ингээд уначихлаа. Венесуэлийн өмнөх жишээ нь Зимбабве. Яг Венесуэл шиг аашилсан. Ордуудаа нийгэмчилсэн. Засаглал муутай, иргэний дайнтай аж төрж байна. Зимбабве үндэсний мөнгөн тэмдэгтгүй болчихсон. Хөрөнгө оруулалтгүй, вальютгүй, ажлын байргүй. Венесуэл ч ялгаагүй болчихоод байна. Гудамжиндаа байгаа нохой, муураа барьж идээд дууссан. Мадуро ерөнхийлөгч нь туулай тэжээхийг түрүү жил иргэддээ зөвлөж байсан гээд бод доо. Одоо энэ улсын иргэд асар ууртай байна. Өчигдөр (уржигдар) гэхэд л цэрэг цагдаагийнхан, дотоодын байгууллагын 27 генерал босох гэж байгаад баригдсан тухай мэдээ үзлээ. Хөрөнгө оруулалтаа үргээж, эдийн засгаа сүйрүүлж, бүх юмыг төрд авна гээд зүтгэсээр яваа Венесуэлийн дундаж давхарга, боловсролтой иргэд нь улсаасаа дүрвэчихсэн. Жилийн дотор бараг гурван сая иргэн нь хөрш улс руугаа зугтсан. Нийгмээ чирч явах давхарга нь улсаасаа дүрвэж байна. Ийм байдалд орсон иргэдээ тогтоон байгаа ганцхан арга бий. Тэр нь зохиомол дайсан. Мадуро зохиомол дайсан бий болгосон. Америк гэдэг улс л биднийг ингэлээ, бүгдээрээ өлсгөлөнгөө давж гараад Америкийг ялан дийлье гэсэн уриатай амьдарч байна. Өөрөөр хэлбэл иргэдээ айдсаар нь барьж байна. Ямар нэгэн айдсаар нь айлгаж нэгтгэхгүй бол Мадурогоо хөмрүүлж хаячих гээд байна л даа.

-Манай төр засгийнхан бас айдсаар нь бариад байгаа юм биш үү, иргэдээ. “Цөөхөн хөрөнгөтөн хамаг баялгийг чинь авчихлаа” гээд?

-Цөөхөн олигарх хамаг хөрөнгө сороод та нарыг боолчиллоо гээд байна л даа. Яг Венесуэл шиг пиар. Үндэсний баялаг бүтээгч бизнесмэнүүдээ бүгдийг нь хараар будаж үндэсний дайсан болгож байна. Бас гадаадын хөрөнгө оруулалт руу их дайрч доромжилж байна. Төмөр зам баривал хятадууд танк бариад ороод ирнэ ч гэж байх шиг. Төмөр зам баривал нүүрсээ үнэгүй шахам урсгаад дуусна л гэнэ. Үнэн хэрэгтээ нүүрсээ үнэгүй урсгаж буй ганц компани нь төрийн өмчийнх байх жишээний. Нэг зүйлийг онцолъё. Би төрийн өмч гэж огт байх ёсгүй гэж яриагүй. Төрд өмч байж болно. Гэхдээ төр өмчөө Норвегийн сан шиг ухаалаг удирдвал асуудал байхгүй. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлаа харахаар ингэх боломж алга. Засгийн газар нь 1.2-1.5 жилийн настай, засаг огцрох бүрд төрийн өмчит компанийн захирлууд солигддог, өмнөх хойнох идсэн ууснаа ухалцдаг, бараг өдөрт нэг хүн баригдаж шалгагддаг ийм нөхцөлд төр өмчөө зөв удирдаж чадахгүй. Төрийн өмч гэдэг зүйл сүүлийн хэдэн жил АТГ-ыг хамгийн их ажилтай байлгалаа. Олон хүнийг шоронд явуулж, өчнөөн хүний шуналыг хөдөлгөж адын санааг нь гүйцэлдүүлэх зэвсэг боллоо л доо. Уул уурхайн салбар 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэн байна лээ. Үүний дийлэнх нь өнөө адлагдаад байгаа Оюу толгой, Энержи ресурс, “МАК”-ын татвар хураамжид төлсөн мөнгө. Үндэсний баялаг бүтээгчдээ харааж зүхээд байвал Зимбабве, Венесуэлийн араас явж байна гэсэн үг.

-МАК-ийн өмчийг хураана, уул уурхайн баялаг бол ард түмнийх гэсэн утгатай үгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь унагачихлаа. Томоохон их сургуулийн багш нэг том компанийн хувьчлалыг буруу явагдсан, хөрөнгийг нь хураах ёстой гэх маягийн зүйл ярьсан харагдсан. Ингээд харахаар төр засаг мөнгөтэй салбарыг онилоод байна, хувьчлалаас хөрөнгөжиж чадаагүй улстөрчид баялгийн дахин хуваарилалт хийх нь гэсэн хардлага ортой ч юм шиг…?

-Улс төр дэх бүлэглэлүүд сүүлийн арваад жил баялгийн дахин хуваарилалт хийх гэж дажин зарласаар ирсэн нь үнэн шүү дээ. Та анзаарч байгаа бол хайгуул, ашиглалтын лиценз олгохыг зогсоосон. Өчнөөн жилээр түгжлээ. Урт нэртэй хууль гэж гэнэт баталж, өчнөөн компанийн хөрөнгийг түгжсэн. Улс төр дэх нөлөө бүхий этгээдүүд дээрэм хийх гэж л улсын хөгжлийг гацаасан ийм шийдвэрүүд гаргасан. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй шиг байгаа юм. Хөрөнгө оруулалтыг ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт эрсдэл гэдгийг ухаж бодох учиртай. Хайгуул гэхэд л тэр чигээрээ эрсдэл. 100 сая ам.доллараар хайгуул хийчихээд ордынхоо нөөцийг олж чадахгүй байх тохиолдол өчнөөн. Жишээ нь, Оюу толгой 500-600 сая ам.долларын өрөмдлөг хийсний эцэст сүүлийн өрөмдлөгөө хийх үедээ өнөөгийн нөөцөө олж тогтоосон. “Айвенхоу майнз” гэдэг компани хамаг мөнгөө гөвж байж ийм нөөцтэй орд олсон учраас бид өнөөдөр Оюу толгой гэдэг том төсөлтэй сууж байна. Сая та МАК-ийн тухай хөндлөө. Цагаан суваргын хувьд ЗХУ-ын үед хайгуул хийсэн. Геологийн мэдээлэл нь олддоггүй байсан орд. Энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Австрали, Канадынх шиг олон улсын стандартын нөөцийн тайлан, туршилт судалгаануудыг шаарддаг. Иймэрхүү судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрийн барилга байгууламж барихад тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй, үүнээс 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгосон. Дахиад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж эхний бүтээгдэхүүн гарна гэсэн мэдээллийг би энэ компанийн цахим хуудаснаас авсан. УИХ хуралдаад “Монгол Улс мөнгөгүй учраас энэ эрсдэлийг нь Нямтайшир гэдэг хүнд үүрүүлье” гээд шийдвэр гаргачихсан. Засгийн газар нь энэ шийдвэрийн эсрэг ажиллах гээд байгаа юм шиг тодорхойгүй зураг харагдаж байна л даа. Хэрвээ буцааж авахдаа тулбал гаргасан эрсдэлийг нь, оруулсан хөрөнгө оруулалтыг нь төлөх асуудал зүй ёсоор яригдана. Урт нэртэй хууль яг ингэсэн. Хууль гарсаны дараа төр засгаас компаниудын хэрэгжүүлсэн төсөлдөө гаргасан зардал, хөрөнгө оруулсан мөнгийг төлж чадаагүй. Ийм шалтгаанаар шийдвэртээ дахиж өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл төлж чадахгүй учраас өөр арга гарц хайсан. Тодруулж хэлбэл энэ бол бидний нэгэнт туулчихсан зам.

-Нэгэнт хувьчлагдсан салбар, бизнесээ өсгөж томруулсан хувийн компаниуд руу хандаж, өмчийг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хийж, захирлуудыг нь хорьж цагдах нь таныхаар хэр зөв хандлага вэ. Энэ үзэгдэл гадаад ертөнцөд яаж харагдах бол. Зах зээл жамаараа хөгжиж яваа улсад байдаг л үзэгдэл үү, эсвэл…?

-Гэр дотроо үймээн, самуунтай айлд хүн ордоггүй. Сэжиглээд тойроод явна. Тийм болоод эхэлсэн нь судалгаагаар харагдаад байна. Авлигын түвшин өссөөр байгаа. 60 тэрбум, ЖДҮ-чид л “Төрийн өмчийг л тахин шүтэх ёстой, төрд бүх юм байх учиртай” гэж хамгийн их ярьж байна. Ингэж чанга ярьж суугаа улстөрчид улсад хэдэн төгрөгийн татвар төлж, хэнийг ажилтай болгосон юм бэ. Жижиг дундын бизнесийнхний хоолыг л булааснаас өөр ид шидгүй улс шүү дээ. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа баталсан зарчмаараа явъя гэж байгаа бол эдийн засгаа коммунизм руу чирч, Венесуэлизм хийх шаардлагагүй. Манай улс төрийн систем чөлөөтэй хэрнээ эдийн засаг маань коммунист хэвээрээ байгаад байна.

-Нэг талд улстөрчид популизм хийгээд байна. Нөгөө талд бизнес эрхлэгчид, судлаач, эдийн засагчид үгээ хэлмээр санагддаг. Эрхэндээ халдуулаад суугаа хэсэг нь хэтэрхий идэвхгүй байгаа юм биш үү?

-Төр, хувийн ялгаагүй ямар ч байгууллага бодлогын институц гээчийг хөгжүүлэлгүй хаясаар ирсний гай гарч байна л даа. Ард түмэн ажилгүй болж, өлсөөд уурлаад ирэхээрээ хувьсгал хийдэг. Тэрэн дээр нь тоглодог хүмүүс нь иргэдийнхээ хоолыг булааж идсээр яваа улстөрчид. Венесуэл, Зимбабвегийн араас явах, 1932 оны Гитлерийн Германы нөхцөл байдал үүсчихээд байна. Гитлерийн үед Германы парламент нь яг манайх шиг нөхцөл байдалд орчихсон. Бүр хэд хэдэн удаа тарсан байдаг. Манайх тараагүйгээрээ ялгаатай. Гэхдээ тарахад ойрхон болчихсон. Улс төр нь бужигнаантайгаас гадна эдийн засаг нь хямралтай. Ийм тохиолдолд ядарч цөхөрсөн ард түмэн өлсч уурлахаараа хэт үзэлтнүүдийг дэмжээд байна л даа. МАН, АН-ын алинд ч Гитлерийн амилсан дүрүүд байгаа.

-Хувийн өмчид халдана гэж дайрсан засаг, тарахдаа тултлаа бужигнасан парламент, ЖДҮ, жаран тэрбумаас гарах гарц гэвэл та юуг онцлох вэ?

-Ганц л гарц байна. Тэр нь тогтолцооны өөрчлөлт. УИХ тарах ёстой. Намуудын тухай, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад тарах нь бараг зөв байх. Бид сүүлийн 30 жил дандаа хүн сонгосон. Мажоритар системээр явсан. Ингэсний үр дүнд 76 төсөвтэй, 76 тийш харсан хэрүүлтэй улс болчихлоо. Эдийн засгийн өчнөөн гоё төсөл хөтөлбөр байдаг ч хэрэгждэггүй. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хэчнээн ч жилийн ойг тэмдэглээд байгаа юм, бүү мэд. Венесуэл манай 2012-2016 оны сонгуулийн тогтолцоогоор олон жил явсан улс. 70 хувь нь мажоритар, 30 хувь нь пропорционалиар сонгодог тогтолцоогоор. Норвеги дэлхийн хөгжлийн индексээр номер нэг байгаа. Засаглал нь бусдаас өндөр оноотой учраас эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, хувийн хэвшлийг дээдлэх гэх мэт бусад үзүүлэлт нь сайн гардаг. Ийм учраас эдийн засаг нь тэлчихэж байгаа юм. Тэнд тогтвортой урт хугацаанд институц бий болж байна гэсэн үг. Венесуэл манайх шиг мажоритор системээр яваад байгаа учраас бодлого сонгохгүй байна. Популистуудыг сонгох хөрс нь болчихоод байна л даа. Дэлхийн улсуудын индексийг харахаар Монгол сайн, муугийн голд яваа. Венесуэл руу хөлбөрөхөд ойрхон болчихсон. Засаглалын индексүүд унаад байгаа эрсдэл манайд бий. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, бодлого ярьдаг институц тогтолцоотой намуудыг бүрдүүлж байж л өөрчлөлт хийгдэнэ. Үнэнийг хэлэхэд манай хоёр хөрш хоёулаа хаант засаглалтай болчихлоо. Хязгааргүй сонгогддог ерөнхийлөгч нартай. Бид өмнө нь далан жил нэг хүний засаглалаар явсан. Тэр тогтолцоо руугаа дахиж орох учиргүй. Тийм учраас сонгодог парламентын засаглалтай, бодлогын нам сонгодог пропорционалиар явах хэрэгтэй.

-Дахиад тодруулъя. Нэгэнт хувьчилсан салбар руугаа төр нь дайрах хэр зөв хандлага вэ?

-Бүр муугаар яривал одоо байгаа төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулж байж хувийн хэвшлээ хурааж дээрэмдэх рүүгээ орсон нь дээр байх. Ер нь гадаад зах зээлийн хэт богино үнийн өсөлтийн үед төрийн өмчит компаниуд өндөр ашигтай ажилладаг. Зардлын мэдрэмжгүй болчихдог. Байнгын супер орлоготой байх юм шиг төсөөлдөг. Венесуэл ингэж халуурч байгаад хальтирсан.

-Засаглалаа сайжруулаад одоо яригдаж байгаа сайн төслүүдээ хөдөлгөөд явбал эдийн засаг томрох ирээдүй байна уу. Энэ чигийн тодорхой тоо, судалгаа хийж үзсэн үү?

-Миний хийсэн тооцоогоор Цагаан суварга, Оюу толгой, Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэсэн дөрөвхөн төсөл хэрэгжихэд 2030 оныг зураглаж болж байна лээ. 26.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо байна. Монголын экспортын орлого 7.5 тэрбум ам.доллар байгаа. 2019 онд найман тэрбум давчих байх. Энэ төслүүд хэрэгжээд эхэлбэл 2025 он гэхэд экспорт 16 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ. Тэгэхээр бид Зимбабве чиг рүү явж улсаа баллах уу, засаглалаа өөрчлөөд улсаа тогтвортой өсөлттэйгөөр хөгжүүлж авч явах уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн.

-Саяхан та “Төлөөс” нэртэй лекц уншсан. Популизмын эсрэг ганц удаагийн арга хэмжээ юу, эсвэл үргэлжлүүлэх бодол байна уу?

-Судалгаагаар арван хүний дөрөв нь Монголоос явахыг хүсч байна. Жилд 13-15 мянган хүн гадаадын улсын иргэн болж байгаа.

-Хаанаас авсан тоо вэ?

-Үндэсний статистикийн хорооны эх сурвалжаас авсан тоо. Сүүлийн гурван жилийнх нь тоог та хараарай. Та бид хоёрын яриад суугаа тоо эх орон гэсэн ойлголтыг өөрчлөх гээд байна л даа. Тэгэхээр УИХ, Засгийн газар, Монголын төр иргэдээ эх оронд нь яаж сайхан амьдруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж, хувьсгалын шинжтэй тогтолцооны өөрчлөлтийн юм бодож олохгүй бол хэцүү болчихоод байна. “Төлөөс” лекц уншсан минь тодорхой зорилготой. Хатуухан хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд хийсэн сонголтынхоо төлөөсийг хийж байгаа. Миний лекц ингээд зогсохгүй. Цаашдаа нэлээд судалгаа, тооцоо, баримт факттай мэдээллийг гаргаж, олонд хүргэнэ. Сэхээтэн хүний хувьд нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж харж байгаа. Популистуудтай баримт, факт, судалгаагаар үзэхээс өөр арга байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

“Финтек дайралт”-ыг онцолсон“Хөрөнгө оруулагч үндэстэн”

Өнгөрсөн бямба гаригт болсон “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы сонирхол татсан хэлэлцүүлгийн нэг нь “Финтекийн дайралт” сэдэв дор өрнөв. Санхүүгийн үйлчилгээг улам ухаалаг, амар хялбар болгож буй финтек Монголд хэрхэн нутагшиж, хүмүүсийн хэрэглээ болж эхэлснийг энэхүү нэгдсэн хуралдааны оролцогчид өөрсдийн өнцгөөс тайлбарласан юм. “Финтекийн дайралт” хуралдааныг Монголын гүйцэтгэх захирлуудын CEO клубийн гүйцэтгэх захирал В.Ганзориг хөтөллөө. Тус хуралдаанд, “Мост финтек” компанийн гүйцэтгэх захирал А.Сүхдорж, “Мобифинас” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал, “Ард Кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, “Юнион Пэй Интернешл” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Батбилэг гэсэн сонирхолтой оролцогчид байр сууриа илэрхийлэв.

Интернет технологийн дэвшлийг дагаад бүх салбарт өөрчлөлт эрчтэй өрнөөд эхэлчихэж. Ялангуяа, санхүүгийн зах зээлд хамгийн хурдан тусгалаа олж, компаниуд ч ухаалаг хэрэглээг бий болгоход багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа аж. “Мост финтек” компанийн гүйцэтгэх захирал А.Сүхдорж “Финтек хөгжсөнөөр өртөг хамгаагүй буурна. Хялбар дөхөм болно. Хурдан шуурхай болно. Тиймээс үүнийг анхааралдаа авахгүй бол болохгүй. Технологи ашиглахгүйгээр санхүүгийн бизнесийг явуулах боломжгүй болчихлоо.Финтек Монголд хурдацтай хөгжиж байна” гэсэн бол “Ай Си Ти” группын гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Монголын дижитал хөгжил маш хурдацтай өсөж яваа. Тэр бүү хэл дэлхийн зарим улсаас түрүүлээд явчихлаа. Бүр цахим мөнгө буюу мөнгөн шилжүүлгээрээ Хятад, Тайванийг ардаа орхиод байна. Тэгэхээр бид маш амжилттай явж байгаа гэсэн үг. Сүүлийн үед гарч ирж буй онлайн банк бусууд, төлбөрийн үйлчилгээ, даатгалын систем нэлээд хурдацтай өсч байна” гэсэн юм. Монголд финтек технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг уламжлалт банкны үйлчилгээний жилийн өртөгтэй харьцуулахад 10.2 дахин хямд байна гэх мэт сонирхол татсан харьцуулалт цөөнгүй дуулдав.

Нэгэнт өрнөөд эхэлчихсэн огцом, эрчтэй өөрчлөлт, хөгжил хууль эрх зүйн орчны шинэлчлэлийг хүлээж байна гэсэн үгийг оролцогчид онцолж байв. Цахим шилжилт хийхийн тулд эрх зүйн орчин манайд хангалтгүй байгааг чуулганы цөөнгүй оролцогч хэлсэн юм.

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтыг 500 гаруй хүн зорьж иржээ. Дийлэнх нь залуус байв. Залуус технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх зорилготой ирснээ онцолж байв. Хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мөнгөө байршуулах, хөрөнгийн зах зээлд болж байгаа үйл явдлыг нэг дороос авах хүсэлтэй чуулганыг зорьж ирсэн нь анзаарагдаж байв.

Шангри-Ла зочид буудлын IMAX театрт бүтэн өдөр болсон энэ арга хэмжээг “Ард санхүүгийн нэгдэл”-ээс гурав дахь жилдээ зохион байгуулсан юм. Финтек, IPO, цахим мөнгө, дижитал трансформац, интернэт худалдаа, хамтын соёл зэрэг санхүүгийн зах зээлийн анхаарал татсан сэдвүүдээр өрнөсөн нь өнөө жилийн арга хэмжээний онцлог байв. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлэх, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, энэ салбарт гарч буй өөрчлөлт, шинэчлэлийг таниулах нь чуулганы гол зорилго, зорилт болж ирсэн гэж зохион байгуулагчид нь онцолсон юм.

“Ард Холдингс”-ын тухайд санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Эдний бүрэлдэхүүнд Ард даатгал, Ард кредит, Ард секюритиз, Ард лайф, Ард актив, Ард менежмэнт, Ард бит, Тэнгэр системс, Монгол шуудан, ГөүПей, Номын хишиг, Крипто үндэстэн, Дижитал эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байгаа аж. “Хөрөнгө оруулагч үндэстэн” “Жинст Увс” ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон юм. Тэдний өмчлөлд бүртгүүлсэн “Ард апп”, “Гөүпэй” нь хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд аж.

“Ард санхүүгийн нэгдэл” группын хэмжээнд 6500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ. Цаашид 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болох зорилт тавиад байна. Улмаар “Ард кредит” ББСБ, Монголын Хөрөнгийн бирж дээр IPО хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө аваад байна. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр энэ тухай “Лэнд.мн” шинэ жишиг тогтоосон сайн компани болсон. “Лэнд.мн”-ий IPO үнэлгээ дөнгөж гарааны компани, хасах баланстай байхдаа 20 тэрбум төгрөгт хүрч байсан. “Ард кредит” байгуулагдаад, ногдол ашиг тараагаад долоон жил болж байна. Дандаа ашигтай ажиллаж ирсэн. Энэ компанийн үнэлгээ яг адилхан 20 тэрбум байгаа. Одоо монголчууддаа, хөрөнгө оруулагчиддаа “Ард” ХХК хувьцаагаа хямд авах боломжийг нь олгож байна. Үүнийг зах зээл дээр дахиад нэг тэсрэлтийг бий болгох IPO гэж бодож байна. Олон улсад IPO хийж, ханшийг хэн тогтоодог гэвэл хөрөнгө оруулагч нар өөрсдөө. Өмнө нь, тогтоосон үнийн арга гээд өөрсдөө 100-200 гээд үнэ тогтоогоод түүнийгээ хөрөнгө оруулагчдад шахдаг байсан. Өнөөдөр захиалгаа хоёр хуваагаад бүртгэлийн аргаар авч байна. Тэгэхээр харилцагч, хөрөнгө оруулагчид өөрөө үнээ тогтоож байх жишгийг шинээр гарах “Ард кредит-ийн IPO тогтоох гэж байна” хэмээн онцлов.

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганаас хөрөнгийн зах зээлийн энэ оны төлөвийг харж болохоор байлаа. Монголын хөрөнгийн зах зээл 20 гаруй жилийн нүүр үзэж яваа. 2005 онд анхны IPO хийгдсэн бол 2005-2016 оны хооронд 14 компани шинээр хувьцаа гаргасан байдаг. Тухайлбал, 1996 онд хөрөнгийн зах зээл дээр Засгийн газрын бонд анх удаа гарсан бол 2001 оноос компаниуд бондоо арилжаалж эхэлсэн түүхтэй. Банкны бус санхүүжилтээр бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, төслөө санхүүжүүлэх гарц ингэж нэгдсэн. Тэгвэл энэ дэд бүтэц, орчинд Санхүүгийн зохицуулах хороо дүгнэлт хийж, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрвөх чадвартай болгох, зах зээлийн босгыг өндөрсгөх арга хэмжээ авсны үр дүнд 2016-2018 оны хооронд дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч, хувьцаа, бонд сонирхох, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэд эрс нэмэгдсэн байна. Зах зээлийн үнэлгээ нь 2011 онд хоёр их наяд төгрөгт хүрч байсан бол сүүлийн найман жилийн хугацаанд хагас их наядаар өсчээ.

Хорооны зүгээс тооноос илүү чанарт анхаарч, хувьцааны хөрвөх чадварыг дээшлүүлэхэд илүү ач холбогдол өгснөөр энэ үзүүлэлт 2017 онтой харьцуулахад 2018 онд хоёр дахин нэмэгдсэн байна. “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрээр банкны бус зах зээлд гарч буй өөрчлөлт, цаг үеийн тоон мэдээллийг танилцуулсан юм. 2017, 2018 онд хөрөнгийн зах зээлд нийтдээ 10 гаруй IPO шинээр хийгдэж, олон нийтээс хөрөнгө татжээ. Өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их IPO хийснээс гадна хамгийн өндөр үнийн дүнтэй хувьцааны арилжаа хийжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багануурын уурхай ийм байдалтай байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Улсын эрчим хүчний хэрэглээний нүүрсний талаас илүү хувийг хангадаг Багануурын уурхай дээр өнжихөөр өнгөрсөн баасан гаригийн өглөө хотоос гарлаа. Цонжинболдог хүртэл хотын утаатай “найзлав”. Биднийг уурхайд хүргэж өгөх жолооч “Утаа энэ хүртэл үргэлжлэх нь тийм гайхмаар юм биш ээ” гэж байна. Чингисийн морьт хөшөөнөөс цааш утаагүй, цасгүй, тал хөндийгөөр давхисаар “Багануур” ХК-ийн үүдэнд хүрч очлоо. Хамгаалагч залуу бидний суусан машиныг нарийн шалгасны эцэст “Машинаасаа бууж бүртгүүлсний дараа орох ёстой” гэв. Улсын онцгой объект болохоор хяналт шалгалт хатуу юм. Уурхай руу нэвтэрч байгаа зорилго энэ тэр гээд цөөнгүй асуултад хариулж, бичиг баримтаа шалгуулсны эцэст нэвтрэх эрх авлаа. Улсаараа тог, цахилгаантай байх эсэхийг шийддэг уурхай учраас арга ч үгүй байх гэсэншүү юм бодсоор компанийн төв оффисын хаалгыг татав.

ЛИЦЕНЗИЙН МАРГААН СУНЖИРВАЛ НҮҮРС ОЛБОРЛОЛТ ДОГОЛДОЖ МАГАДГҮЙ НЬ

Эхлээд уулзсан хүн маань Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун. Хотоос ажлын уулзалттай гээд хоёр хүн ирчихэж. Э.Номинчулуун захирал биднийг өнөө хүмүүстэй танилцуулав. Өмгөөлөгчид гэнэ. Багануурын уурхайн лицензийн маргаан шүүхээр явж байгааг уншигчдын цөөнгүй нь гадарлах байх. Товчхондоо Багануурын хайгуул хийсэн, хайгуулынхаа мөнгө төлбөрийг төлсөн талбайн нэг хэсгийг хувийн нэг компани нэр дээрээ хууль бус арга хэрэглэж авсан гэсэн асуудал энэ компанид бий. Тэр лицензийн маргаан өнөөг хүртэл дуусаагүй байгаа юм. Хотоос ирсэн хоёр өмгөөлөгч эдний компанийн маргаан дээр ажиллаж байгаа юм байна.

Гүйцэтгэх захиралтай уулзахаар ирсэн өмгөөлөгчидтэй хагас цаг хэртэй лиценз тойрсон яриа өрнүүлэв.Бидний уулзсан өмгөөлөгчдийн нэг нь Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж. Нөгөө нь гуч гаруй насны гав шавхийсэн залуу байна. Тэрээр төрийн өмчийн компаниудын иймэрхүү төрлийн маргаан дээр ажиллаад чамгүй туршлага суусан нэгэн бололтой. “Шивээ-Овоог яг ингэж алдсан. Одоо лицензээ түрээслээд ажиллаж байгаа. Адуунчулуун бас тийм. Уурхайнхан лицензээ алдсан компанидаа туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Эрдэнэт дээр ийм маргаан үүсч, манай багийн өмгөөлөгч ажиллаад ялж байсан. Оюу толгой дээр бас бид ажиллаад маргаанаа авсан. Багануурын хэрэг дээр энэ туршлагаараа орж ирж өмгөөлөл хийж байна” гэж яриа дэлгэлээ.

Сайд нарын зөвлөл 1973 онд тогтоол гаргаснаар Багануурын хүрэн нүүрсний ордыг эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар болж. 1973, 1989 онд судалгаа хайгуул хийж 899 сая тонн нүүрсний нөөцтэй гээд тогтоочихож. Хайгуулын зардал болох 94 мянган ам.долларыг ерээд оны дундуур улсаараа долларгүйн зовлон туулж байх үед “Багануур” компани өөрсдөөсөө мөнгө гаргаж төлсөн түүхийг өмгөөлөгчид нь ярилаа. Шилжилтийн хүнд цагт ганц Багануур ч биш Эрдэнэт, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит уурхайнуудад нэг асуудал үүсч. Эдийн засаг жижигхэн байсан тэр үед зардлаа хүчрэхээ больсон уурхайнууд Ашигт малтмалын газартай нэг тохироо хийжээ. Олборлож байгаа хэмжээгээрээ лицензийн талбайгаа томсгоод явъя гэсэн тохироо. Талбайн төлбөр нь дийлдэхгүй байсан гэх шалтгаанаар ийм тохироо хийсэн гэнэ. Мэдээж цаг наашлах хэрээр талбайгаа томсгоод явна гэсэн нөхцөлтэйгөөр. Хайгуулын зардлыг нь төлчихсөн талбай учраас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ийм шийдвэр гаргасан гэх тайлбарыг энэ уурхайн үе үеийн дарга нар хэвлэлээр ярьсан харагддаг.

Оператор жолооч О.Эрдэнэбилэг

Гавьяат хуульч Д.Данзандорж тэр үед гарсан шийдвэрүүдийн хуулбарыг сонирхуулангаа “Хамгийн сонирхолтой нь 2006 онд “Алтай голд” гэдэг компанид орд газрын яг тал дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгчихсөн. Нэг ч өрөм зоогоогүйгээр барахгүй ямар ч судалгаа хийгээгүй компани. Хайгуулын зөвшөөрлийг авахдаа орон нутгаас санал авдаг. Хайгуулын зөвшөөрөл авсан хэсгээ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт хамаарна гээд орон нутгаас нь зөвшөөрсөн гэх бичиг авсан байдаг л даа. Сүүлд тэр бичиг нь хуурамч болж таарсан. Сумын захиргаа хожим нь тийм бичиг гаргаж өгөөгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг үйлдэж АМГ-аар хууль бус зөвшөөрөл гаргуулчихсан гэсэн үг. Лицензтэй талбай Багануур дүүргийн Баруунхонхор гэдэг газарт харьяалагддаг юм. Дараа нь бүр сонин юм болсон. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгочихсон. Ядаж хэдэн цооног өрөмдсөн бол өөр хэрэг шүү дээ” гэж ярилаа.

“Өрөм зоож, хайгуул хийгээгүйг нь та нар яаж батлах вэ” гэж сонирхоход “Та анзаарсан бол уурхайн лицензтэй талбайг тойруулаад хүн орохын аргагүй загон татчихсан байгаа. Тэгэхээр өрөм зоосон үгүйг эд мэднэ шүү дээ. Ямар ч хайгуул хийгээгүй хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани нь “Алтай гянт”. Ингэж байтал 2012 он болсон. Сонгуулийн дараа “Монголиан коал корпорэйшн” Багануурын уурхайн 17 хувийн хувьцааг эзэмшдэг Австралийн компаниас хувьцааг нь авсан байдаг юм. Компанийн нэрийг орчуулбал Монголын нүүрс корпораци гэсэн үг л дээ.Тэгээд лицензээ 2012 онд хүчингүй болгуулчихсан. Тэр үеийн үйл явдлыг одоо эргээд харах нь ээ Багануур ХК дээр дахин хувьцаа гаргах замаар уурхайн 51 хувийг хувьчилж авна гэж тооцсон байсан гэж анзаарагддаг. За тэгээд 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр Хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалагдах боллоо. Түрүүн дурдсан Монголын нүүрс корпораци бүх хувьцааг нь авах гээд зургаан тэрбум төгрөг урьдчилаад хийчихсэн байсан. 51 хувьтай учраас лицензтэй маргах хэрэггүй болчихно гэсэн логикоор хандсан хэрэг. 51 хувийн хувьцааг авчихвал уурхай тэр чигтээ Монголын нүүрс корпорацийнх болно. Гэвч процесс эхлэхээс өмнө бүгдийг зогсоосон” гэсэн хариу өгөв.

2016 оны сонгуулийн дараагаас асуудал зогсч, нөгөө талаас лицензийн маргаан эхлүүлжээ. Нэг бол 49 хувиа авна, эсвэл лицензээ бидэнд зар гэсэн байдал руу шилжсэн нь ийм түүхтэй аж. Өнөөг хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй шалтгааныг нь лавлахад Д.Данзандорж өмгөөлөгч “Уг нь Ашигт малтмалын газраас лицензийг нь цуцалснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах ёстой. Гэтэл таван жилийн дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч н.Батзориг таван жилийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээд захиргааны хэрэг үүсгэчихсэн. Лицензээ буцааж авах маргаан үүсгэсэн гэсэн үг. Энэ үед Багануурт үндсэн лицензтэй газраа ашиглаад дуусчихсан гэсэн асуудал гарч ирсэн. Маргаан үүсгээд яваа компанийн мэдэлд байгаа гэх талбай руу аль хэдийнэ ороод 800 мянган тонн нүүрс олборлочихсон байсан. Хэрвээ өнөө компани лицензээ авчихсан бол Багануур Адуунчулууны уурхайнхан шиг туслан гүйцэтгэгч болж хувирна. Алтай гянтын маргаад байгаа талбай 468 сая тоннын нөөцтэй. Анхан шатны шүүх дээр Багануур ялсан. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдсэн, хайгуул нь тогтоогдсон нөөц бүхий орд газрыг бусдад эзэмшүүлэхээр бол сонгон шалгаруулалтын зарчим барих ёстой. Гэтэл тэгээгүй шууд өгсөн учраас шүүх дээр Багануур ялсан юм. Ингээд Дээд шүүх дээр очлоо. Хамгийн хачирхалтай нь энэ асуудлыг хэлэлцэх хурал Дээд шүүх дээр 14 хоногоор дөрвөн удаа хойшилдог юм. Улсын дээд шүүх дээр ийм түүх байдаггүй. Надад хардах эрх бий. Тэр эрхийнхээ хүрээнд ярья. 49 хувь гэхээр Захиргааны танхимын ерөнхий шүүгч Батсуурийн асуудал яригдана. Тэр хүний ард Эрдэнэбилэг гэдэг нэр яригддаг. Дахиад хэлэхэд хардах эрхийнхээ хүрээнд ярих ёстой асуудал гэж бодож байна. Одоо дахиад маргаад эхэлчихлээ. Энэ сарын 23-нд давж заалдах шатны шүүх хурал болно. Гуравдугаар сард Дээд шүүх дээр очно. Дээд шүүх дахиад буцаах байх. Асуудал дараа жилийн сонгууль хүртэл сунжрахыг үгүйсгэх аргагүй” гэсэн хариу өгөөд цагаа харав. Д.Данзандорж өмгөөлөгч дараагийн ажлынх нь цаг тулсан гэж учирлаад гарснаар уурхайн лиценз тойрсон яриа өндөрлөв.

Уурхайд өнжихөөр ирсэн учраас жирийн уурхайчинтай уулзах хүслээ хэллээ. Гүйцэтгэх захирал утас цохиж нэг хүн дуудсан нь тэгтэл хүлээлгэсэнгүй. Хориод минутын дараа 50 шүргэж яваа насны өндөр, бор эр орж ирэв. Уурхайд оператор жолоочоор ажилладаг гэнэ. О.Эрдэнэбилэг гэж өөрийгөө танилцуулсан жолооч хэлэмгий яриа байрын нөхөр гэдэг нь харваас илт. “Сая өмгөөлөгчидтэй зөрж таарлаа. Сурвалжлагчид манай өмгөөлөгчидтэй ярилцаа юу. Лицензийн асуудлыг сайн бичээд өгөөрэй. Энэ асуудал шийдэгдэхгүй сунжрах тусам уурхайд доголдол үүсэх гээд байна. Олборлох талбай хумигдаж маргаан үүсчихээр юугаа хийх юм бэ. Жирийн ажилчин надад бол машин минь бүрэн бүтэн, төлөвлөгөөгөө биелүүлж цалингаа авах л чухал. Гэтэл машин засварт орчихсон. Сэлбэггүй болохоор таг гацчихлаа. Сэлбэг авах мөнгө уурхайд алга. Лиценцийн маргаантай газар мөнгө хөрөнгө оруулдаг газар хаана байхав” гэж ирээд ярих шинжтэй тухлаад суучихав. О.Эрдэнэбилэгийг ийн ярих зуур хөрсөн кофегоо ууж дуусгаад уурхайгаар явах бэлтгэлээ хангалаа. Бэлтгэл хангах гэдэг нь хамгаалалтын малгай, хүрэм, гутал өмсөх. Ер нь ямар ч уурхайд биед дадаагүй ийм хувцас хэрэгсэл заавал өмсөх үүрэг ирдэг юм. Утаа, тоос шүүгчтэй маск нэгжээдийг бэлджээ. Цасгүй учраас олборлолт явуулж буй талбай тоосжилт ихтэй байгаа гэнэ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫН ЭКСКАВАТОРТ СААТСАН ХОРИН МИНУТ

Ингээд нүүрс хэрхэн олборлож буйг сонирхохоор уурхайн зүг хөдөллөө. Үнэхээр л ид тоосон дундаа манарч байна, уурхай. Хаа нэг KAT гэсэн бичигтэй нүүрс, шороо ачсан аварга машин зөрөх уурхайгаар хоёр цаг гаруй давхив. Нүүрс олборлохын тулд хөрсийг үе үеэр нь хуулдаг гэж О.Эрдэнэбилэг сонирхуулав. Дороос дээш үелэн хуулсан хөрсийг дээрээс нь харахад яг л үелүүлж хээлсэн зураг шиг харагдана. Нэлээд хэдэн жилийн өмнө танил геологичтойгоо Эрдэнэтийн уурхайгаар явах үед мань эр “Маш гоё харагдаж байгаа биз. Яг зураг шиг” гэж бахдангуй өнгөтэй ярьсан нь том уурхайнуудыг сонирхох бүр санаанд ордог юм. Уулын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр зам гэж танилцуулсан хэсгээр явах зуур О.Эрдэнэбилэг “Тэр харагдаж байгаа аварга эд чинь алхдаг экскаватор. Хөрс хуулж байгаа юм. Одоогоор 50 гаруй метр хөрс хуулчихсан байна. Тэр харлаж байгаа нь нүүрс. 10 гаруй метр үргэлжилж байгаа биз. Манай уурхай чинь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Ажилчид нэг ээлжиндээ 12 цагаар ажиллана. Чиний харж байгаа энэ экскаваторт нэг ахлах, гурван туслах ажилладаг. Сая зөрж өнгөрсөн ачааны аварга машин АНУ-ын КАТ-777. 2012 онд ашиглалтад орсон. Нэг удаа л их засварт орсон. Уг нь гурав дахиа орсон байх учиртай. 12 мянган мот/цаг ажиллаад их засвар хийх ёстой. Гэтэл одоо 40 гарчихсан яваа” гэж ирээд яриа дэлгэнэ.

Бидэнд замчилсан О.Эрдэнэбилэг байсхийгээд л “Алтан уурхай минь” гэх нь чихэнд содон дуулдана. Ер нь бидний уулзсан хүн бүр энэ үгийг бүр нэг сэтгэлээсээ хэлэх юм. “Улс орныхоо гал голомтыг бадрааж яваа гэж бодохоор утгатай сайхан санагддаг” гэж уурхайн талбай дээр таарсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр ярьсан юм. Н.Мөнхбаярын ахлахаар нь ажилладаг алхдаг экскаватор нэг удаадаа 15 куб метр буюу 30 тонн шороо хутгаж 90 метрийн цаана шиддэг гэнэ. Бөөрөндөө ЭШ 15-90 гэж бичсэн нь ийм учиртай юм байна. Монголдоо гуравт ордог аварга эд аж. СССР гэсэн бичиг, өнгө будаг энэ тэрийг нь харахад их л эртний эд гэдэг нь нүднээ илэрхий юм. Ашиглалтын хугацаа нь 20-25 жилээр яригддаг энэ техник 38 дахь жилдээ, ямар ч их засваргүйгээр зүтгэсээр яваа гэж Н.Мөнхбаяр сонирхуулав. “Уг нь шинэ экскаватортой болчихвол хэчнээн сайхан. Улсын эдийн засаг хэцүү үед шууд ингэмээр тэгмээр байна гэхэд хэцүү. Гэхдээ шинийг авчихвал бүтээмж эрс дээшилнэ. Тэгэхээр улсад л хэрэгтэй байх тийм үү” хэмээн энгийн даруухан хүүрнэх Хөдөлмөрийн баатар арваа төгсөөд л илгээлтээр ажиллаж эхэлжээ. Эхлээд зөвлөлтийн барилгын байгууллагад өрлөгчинөөр нэг жил ажиллаад Украин явж цахилгаан экскаваторын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй болоод ирж. Тэр үеийн залуусын жишгээр гурван жилийн цэргийн алба хаачихаад Багануурт данстай хүн болжээ. Н.Мөнхбаяр “Техникт нь хорхойсоод ирсэн” гээд инээмсэглэв.

Ер нь л их дуу цөөтэй хүн юм. Асуултанд ганц хоёр өгүүлбэрээр хариулаад экскаватор руугаа харна. Ажилдаа яарч байгаа бололтой. “Ерээд оны үед уурхай их хэцүүдсэн гэдэг. Хамаг хүн нь яваад байгаа хэд нь ачааны хүндийг үүрсэн гэл үү” хэмээн үг өдөхөд “Зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан, зөвлөлтөөс нийлүүлдэг сэлбэг байхгүй болсон, инженер техникийн ажилтнууд ганзагын наймаа энэ тэр гээд ажлаасаа гарсан гээд яривал хэцүү юм байсан. Гэхдээ ажилдаа дуртай болохоор хэцүүг мэдрээгүй даваад гарсан. Харин одоо л хэцүүдэж байна. Алтан уурхай гэж бидний сүсэглэн зүтгэж ирсэн энэ компанийн хувьцааны 75 хувийг төр эзэмшдэг. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийгээсэй гэсэн хүсэл л байна. Бидний энэ хүслийг л дамжуулаад өгөөрэй. Уурхайн эдийн засаг үнэхээр хүндэрчихлээ. Тоног төхөөрөмж хуучирсан. Сэлбэг материалын хэрэгцээ их байна. Энэ өвөл бүр хүндэрчихлээ” гэж байна. 2012 онд хөдөлмөрийн баатар болсноо мэдсэн агшнаа “Амарч байтал орой таван цагийн үед захиргаанаас хүний нөөцийн хэлтсийн дарга Шагдарсүрэн утасдаад дээрээс ярив уу гэж асуудаг юм. Дээрээс гэдгийг нь ойлгосонгүй, яриагүй л гэлээ. Ахиад хагас цагийн дараа залгаад өнөөхөө асууж байна. Бүр гайхчихлаа. Цаг гаруйн дараа утас дахиад дуугардаг юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна, зарлиг гарсан, та хөдөлмөрийн баатар боллоо гэхэд нь л учрыг нь олсон шүү. Сандраад яахаа мэдэхээ байчихдаг юм билээ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эскаваторыг нь сонирхож болох уу гэтэл харин үг нь олшроод ирэв. Бололгүй яахав, хуучин ч гэсэн сайн эд шүү гэсээр биднийг экскаватор руугаа дагуулаад алхлаа. Овоохон зайтай амины орон сууцархуу хэмжээтэй экскаватор руу нь яваад орлоо. Араа, мотор гэх мэт хамаг эд анги нь ил болоод тэр үү экскаваторын дотор тал сүр бараатай гэж жигтэйхэн санагдав. Яг л үйлдвэрт ороод ирсэн мэт нүсэр дуу чимээ нь анх орж байгаа хүнд бол удаан байхад хэцүү орчин юм.

Хөдөлмөрийн баатар Н.Мөнхбаярын ажлаа хийдэг өрөө нь харин арай чимээ багатай, плитка, ханын самбар, жижиг буйдан, ширээ гээд хөөрхөн тохижилттой санагдав. Ширээн дээр байхуу цай саяхан уусан бололтой, дөрвөн шилэн аяга өржээ. Ханаараа дүүрэн өргөмжлөл өлгөчихөж. Эдний бригад үйлдвэрийн 14 удаагийн аварга гэнэ. Бидний дотор нь хэсэг хугацаанд саатсан энэ алхдаг экскаватор 87 сая куб метр уулын цул хуулжээ. Хөдөлмөрийн баатрын экскаваторт хорин минут саатаад гарлаа.

ТЕХНИКИЙН СУЛ ЗОГСОЛТООС БОЛЖ ОЛБОРЛОЛТ БАГАСЧЭЭ

Тээр доор өнөө зөрж өнгөрсөн KAT-ын хоёр машин, өөр гурван жижиг машин эгнэжээ. KАТ-ын машин нь Улаанбаатарын станцууд руу тээвэрлэх нүүрсийг ачиж байгаа бол жижиг оврын Howo машинууд хэрэглэгчдэд зориулсан нүүрс авахаар иржээ. О.Эрдэнэбилэг “Хэрэглэгчид зориулсан нүүрс авахаар ирсэн машинуудад нүүрсийг их гоё ялгаж шигшиж ачиж өгдөг. Н.Алтанхуягийн нүүрсийг энэнээс гоё ачиж өгч явуулж байлаа шүү дээ. Н.Алтанхуяг тонныг нь 27 мянгаар авч ард түмэнд 80 мянгаар өгч байсан. Тэр дор байгаа нөхдүүд тонныг нь 39 мянгаар аваад ченжүүдэд 50 мянгаар өгдөг. Өнөөдүүл нь хэдээр зардаг юм бүү мэд” гээд мөрөө хавчив. Насаараа ажилласан болоод тэр үү, юу л асуусан товхийтэл хариулах юм. Заримдаа бүр элдэв түүх дэлгээд яриа халих үе ч олон гарав.

Нүүрсний наймаа ярьсан шигээ уруудаж явтал уулын хоёрдугаар хэсгийн 476 экскаваторын машинч Ж.Доржсэмбэтэй ажлаа хийж явахад нь таарсан юм. Тэрээр “Миний ашиглаж байгаа техникийн цагийн бүтээмж нь 4000 куб метр шороо ачих хүчин чадалтай. Уурхайн КАТ буюу ачилтын техник цөөн учраас сул зогсолт ихтэй. Уурхайн эдийн засаг хүнд байгаа учраас ингээд байна л даа” хэмээн ярив. Тэнд таарсан өөр нэг ажилтан бол КАТ-ын оператор жолооч Г.Баярсайхан. Өдөртөө 25-30 удаа тээвэр хийдэг гэнэ. “Хөрөнгө мөнгө л их дутагдаж байгаа анзаарагдах юм. Дутуу мөнгийг нь шийдээд өгчихвөл алтан уурхай минь сайхан шүү дээ” гэж байна. 1996 оноос хойш Багануурын уурхайд жолоо мушгиж яваа Г.Баярсайханы хүү нь бас уурхайчин аж.

Уурхайн хамгийн хүнд ажил нь өрмийн машинчийн туслах санагдав. Өрмийн машинч Ю.Батчулуунтай ажлынх нь талбай дээр таараад түр ярилцах зуур төрсөн бодол л доо. Эхэндээ яаралтай ажилтай байна гэж их л дургүйцэнгүй цаг гаргасан Ю.Батчулуунтай арваад минут ажлынх нь талаар яриа дэлгэсний эцэст ааш нь овоо наашлав. Үнэхээр ч цаг завгүй үед нь ирж таарчээ. Маргааш нь тэсэлгээтэй, тэсэлгээнд газраа бэлдэх гээд өрөмдлөг хийж байхад нь бид яваад оччихож. Шөнөжингөө өрөмдлөг хийнэ гэнэ. Ю.Батчулууны туслахыг Д.Мөнхдэлгэр гэдэг аж. Өрмийн туслах өвөл, зун ялгаагүй бүтэн 12 цагийн турш гадаа зогсож ажилладаг юм байна. Хар үгээр тайлбарлавал өрмийн машинчийг өрөмдлөгөө хийнгүүт хошууг нь солих ажлыг хийдэг байна. Өргөхөд даагдахын аргагүй хүнд төмрийг өдөрт 30 удаа өргөнө гэдэг бэрх даваа санагдав. Хаврын цагт бүр 60 удаа өргөх өдөр ч гардаг гэнэ. Багануурын олборлолт явуулдаг яг энэ хэсэг өвөлдөө Тосонцэнгэлийн дараа тачигнадаг газар гэж О.Эрдэнэбилэг сонирхуулав. Машинаас гараад жаахан удахаар жиндэхээр өдөр байхад Д.Мөнхдэлгэр ажирч байгаа юм алга. Өнөөдөр сайхан байна, ид хүйтэнд ямар гээч хэмээн хэлээд өрмийн хошуугаа солихоор яарав. Зундаа ч жигтэйхэн халдаг бололтой. Өрмийн машин дотор ажилладаг Ю.Батчулууны хувьд зун хамгийн хэцүү байдаг аж. Битүү төмөр дотор ид халуун цагаар өдөржин сууж ажиллана гэдэг хэр бэрх даваа болохыг уншигчид төсөөлчихсөн суугаа байх. Завгүй хоёртой хальт хэдэн үг солиод уурхайн оффисын зүг буцсан юм.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр

ОПЕРАТОР ЖОЛООЧИЙН “УЛСТӨРЖИЛТ”

Зам зуур О.Эрдэнэбилэг улстөржөөд авав. Одоогоор засвар хийлгэх мөнгөгүйгээс засварын газарт гацсан машинаа барьж чадахгүй яваадаа бухимдсан уу “Ажлаа тайван хийх нөхцөлтэй бол ингэж улс төр рүү ормооргүй байна. Даанч тэгэх боломж завдал өгөхгүй юм. Олон толгойтой мангас гэгчээр аль яаманд харьяалагдаад байгаа нь мэдэгдэхгүй зовлон байна. Төр өмчөө мэдээд тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийж өөриймсөг байх ёстой. Өр зээлийн асуудлыг нь цэгцэлж өгнө гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан хэр нь хэрэгжихгүй юм. ТЭЦ-үүдтэй өрийн сүлжээнд орчихсон яваа шүү дээ. Өрийн дарамтгүй болоод ирвэл уурхай өөрсдийгөө аятайхан аваад явчихна. Уулын ажилчид бултаараа гадаа, өвөл зуны хүйтэн халууныг үл ажран ажиллаж байна. Гэлээ гээд ялархаад суух юм алга. Цалин нэмээч гэж бид гуйгаагүй. Цалингаа аваад аятайхан ажиллах боломж, нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч гэж л хүсч байгаа. Уурхайчид халуун сэтгэлээрээ зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Одоо хамгаа шавхаад байна. Нүүрснийхээ үнийг буулга гэж захиргааддаг шигээ уурхайд эзэмшдэг хувийнхаа хэмжээгээр хөрөнгө оруулах хэрэгтэй биз дээ. Төр менежмэнтээ сайн хиймээр байна” хэмээн урсгалаа. Машин нь хэзээ засвараас гарахыг сонирхоход “Хэлж мэдэхгүй байна. Та бод доо. Уг нь машин маань зогсоогүй бол би төлөвлөгөөгөө биелүүлээд цалингаа авна. Би ажлаа хийвэл олборлолт хэвийн явагдана. Манай уурхайн олборлолт тасарвал улсаараа тог цахилгаангүй хэцүүднэ. Багануурын уурхайн асуудлыг энгийнээр яривал ердөө л энэ шүү. Улсаа гэрэлтэй байлгая гэвэл уурхайд тулгамдсан асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй байгаа биз” гэж байна. Бидний суусан машин Багануурын уурхайн оффисын гадаа иржээ. О.Эрдэнэбилэгт талархалаа илэрхийлээд саллаа.

БАГАНУУРТ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ

Бид уурхайн ажилчдын цайны газар орж өдрийн хоол идлээ. Энэ өдрийн цэсэнд багтсан хоолноос хонины шарсан мах, сүүтэй цай сонголоо. Ажилчдадаа эрүүл, чанартай хоол өгөхөд анхаардаг нь цэсэн дээрх “Замагтай шөл” гэх мэт хэр баргийн газарт элбэг харагддаггүй нэрнээс харж болохоор юм. Ажилчдын хооллодог саруулхан өрөөний үүдэн хэсгийн ханаар дүүрэн эрүүл хоолны тухай мэдлэг авахаар самбарууд өлгөжээ. Багануурын уурхайн ажилчдын тал хувь нь хандлага өөрчлөх аялалд хамрагдаад эхэлчихэж. Арлын Япон руу аялаад ирсэн хүмүүс нь ажил дээрээ шинэ санаа нэвтрүүлээд эхэлжээ. “1100 санаа 1100 ажил” гэсэн өөдрөг нэртэй энэ хөтөлбөрт хамрагдсан ажилчдын хандлага их өөрчлөгдсөн гэнэ. Эмх цэгцийг ажлын байрандаа хэрэгжүүлэх, ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглах, ухаалаг амьдралын хэв маягийг гэр бүлээрээ дагах гээд олон сайхан жишээг уурхайчдаас сонслоо. Тэд “Манай уурхайд бодлогын дэмжлэг л хэрэгтэй байна. Манайх 1200 ажилтантай. Цаана нь байгаа гэр бүлийнхийг нь оруулбал 6000 хүний хувь заяа энэ уурхайтай холбоотой. 40 жилийн түүхтэй алтан уурхайдаа бүгд л хайртай, ажилдаа дуртай. Олон жилийн өмнө ажлын байрны нөхцөл, цалин хөлс гэхчлэн нийгмийн асуудалд гомдол санал гаргадаг байсан бол одоо машин техник маань л эвдрэхгүй,зогсохгүй бол ажлаа хийгээд амьдралаа өөд татаад явахаа мэддэг болсон” гэцгээх аж.

1990 оны зах зээлийн шилжилтийн үеийг Багануурын уурхайнхныг тойроогүй. Техникийнхээ хоцрогдлыг арилгахаар гадаад дотоодын хүү багатай, урт хугацааны хөгжлийн зээлүүд авч уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлсэн олзуурхам тал “Багануур”-ынханд бий. Гэсэн хэдий ч үе үеийн Засгийн газрууд эрчим хүчний тарифыг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрсэн нь энэ уурхайн хөгжилд багагүй түвэг удсан нь өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлаас анзаарагддаг. Нүүрсээ цахилгаан станцуудад олон жил хямд үнээр нийлүүлж, олборлолтын зардлаа нөхөхгүйгээр өнөөг хүрсэн учраас урт хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон нь нуух аргагүй үнэн. Ийм шалтгаанаар Багануурын уурхай урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ирснийг монголчууд бултаараа мэднэ. “Багануур” ХК-ийн техник тоног төхөөрөмж хуучирсан, шинэ ТЭЗҮ-ийн дагуу хөрөнгө оруулалт татах шаардлага үүссэн зэрэг асуудалтай ч нүүр тулжээ. “Багануур”-ын хувьцааны 21.06 хувийг “Монголиан коал корпорэйшн” эзэмшдэг бол 3.94 хувь нь 4000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийнх. 75 хувийг нь “Эрдэнэс Монгол” эзэмшдэг тухай өмнө өгүүлсэн.

“Эрдэнэс Монгол”-ын хувьд Багануурын төрийн мэдлийн хувьцааг эзэмших болсноос хойш зүгээр суугаагүй гэнэ. Энэ компанийг илүү хариуцлагатай ажиллуулах чигт анхаарч Монголд анх удаа олон улсын хариуцлагатай уул уурхайн зарчмыг нэвтрүүлэх гэх мэт цөөнгүй ажил сэдэж эхлүүлжээ. Ямартаа ч уурхайд саатах хугас өдөрт нэг зүйл их тод анзаарагдлаа. Багануурын уурхайчид, уурхайн удирдлагууд Улаанбаатар хотыг гал алдуулчихгүйн тулд байгаа боломжоо шавхан ажиллаж яваа юм байна. Төгсгөлд нь дахин онцлоход лицензийн маргаантай талбайн асуудал шийдэгдэхгүй бол уурхай олборлолтоо явуулахад хэцүү болж эхэлжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ зах зээлийнхээ жамаар гурав дахь удаагаа буулаа

-ЗУРГАДУГААР САРД БОЛОХ ИХ ХОРИЙН УУЛЗАЛТААС НААНА ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОГЦОМ САВЛАГАА ҮҮСЭХГҮЙ-

Зах зээлийн зарчмаараа шатахууны үнэ өчигдрөөс литр тутамдаа 100 төгрөгөөр буурлаа. Цаашдаа газрын тосны үнэ буурвал шатахууны ханш дагаад буурна гэж эдийн засагчид, импортлогчид онцолж байна.Шатахууны үнийн тухайд ЗГХЭГ-ын даргын өчигдрийн хэлсэн шиг Засгийн газар, Уул уурхайн яамнаас чиг өгөнгүүт буурчихдаг зүйл биш л дээ. Мань эр өмнө нь бас ингэж мэдэгдэж байсан удаатай. Цаашдаа хэдэн удаа, ямар хэмжээгээр буухыг зохицуулдаг ганц зүйл бол дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн өнгө. Тэгэхээр засаг, төрөөс энэ зах зээлд нэг их оролцохгүй бол зах зээлийн жамаараа дэлхийд үнэ буух тусам АИ-92-ын үнэ буугаад явчих боломжтой гэсэн үг. Засгийн хэвлэлийн мэдээнд онцолсончлон дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурсан учраас шатахууны үнэ буусныг онцолъё. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасны маргааш шууд үнээ буулгах арга байдаггүй гэсэн онцлог манай улсад бий. Хойд хөршөөс өндөр үнээр авсан шатахуунаа зарж дууссаны дараа хямд үнээр авсан шатахуунаа зах зээлд гаргадаг, тэгж гаргах үедээ тонн тутамд буусан үнийн хэмжээгээр өргөн хэрэглээний шатахууныхаа үнийг буулгадаг онцлогтой зах зээл. Тэгэхээр шатахуун импортлогчдын хувьд яг энэ дагуу үнээ буулгасаар өнөөдрийг хүрсэн гэсэн үг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас хойш гурав дахь удаагаа буураад байгаа нь энэ. Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92-оор жишээлье. Эхний удаа 1990 –ээс 1890 болж буурч байв. Дараа нь тавин төгрөгөөр буурч 1840 руу очсон юм. Тухайн үед шатахуунаа 1800 хүртэл буулгасан шатахуун түгээх станцууд ч байсан. Гурав дахь удаадаа үнэ буусны дараа иргэд АИ-92-ыг 1765 төгрөгөөр худалдаж авч байна.

Энэ онд түүхий эдийн зах зээлд газрын тосны үнэ ханш өсөх үү, буурах уу гэдгээс иргэд ирэх саруудад хэдэн төгрөгөөр шатахуунаа худалдаж авах вэ гэсэн асуултын хариу тодорхой болно. ОХУ, ОПЕК хоёр үйлдвэрлэлээ хасч, нийлүүлэлтээ багасгая гэж тохироод газрын тосны үнэ цойлсон ч нөгөө талд занарын технологийг атгасан АНУ-ын тоглолт хар алтны үнийг 60 ам.доллар хүртэл буулгасан юм. Ийм шалтгаанаар 100 ам.доллар хүрнэ гэсэн өөдрөг таамаг ноёлж байсан газрын тосны зах зээл огцом өөрчлөгдсөн. Цаашдаа үнэ өгсөх, уруудахыг Трампын ааш мэднэ гэж хэлэх шинжээч олон байна. Газрын тосны өнөөгийн үнэ 60 ам.долларт хэлбэлзэж буй. Энэ хэмжээ ирэх саруудад, өнөө жилийн хагас хүртэл тогтворжино гэсэн таамаг зах зээлд голлож байна.

ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал А.Громов газрын тосны үнэ хэрхэх нь гурван зүйлээс хамааралтай гэж дуугараад буй. Тэрээр Ираны хориг болон энэ бүс нутгийн геополитикийн асуудал хэрхэн өрнөх, АНУ-ын занарын хийн олборлолтын хэмжээ яаж өөрчлөгдөх, ОПЕК-ын гишүүн орнуудын шийдвэр, гаргасан шийдвэрээ гишүүн орнууд хэрхэн дагаж мөрдөхөөс газрын тосны үнэ хамаарна гэсэн үг унагаад байна. АНУ, Хятадын худалдааны маргаан хэзээ шийдэгдэхээс хамаарна гэх таамаг ч дуулдаж байгаа. Асуудал Трампын зарлаад буй гуравдугаар сарын 1-нээс өмнө амжиж шийдэгдвэл байдал өөрчлөгдөнө гэх таамгийн зэрэгцээ ирэх дөрөвдүгээр сард эхлэх брикситын асуудал төлөвлөсөн ёсоор хэрэгжих үү гэсэн асуулт бас бий. Хятадын эдийн засгийн сааралт энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэх асуудлыг ч шинжээчид сөхөж байна. Мэдээж ОПЕК-ийн нөлөө бүхий орнууд болох Саудын Араб, Иран, ОХУ-ын баримтлах бодлого ч нөлөөгөө үзүүлнэ. Саудын Арабын газрын тосны сайд брэнтийн үнэ 60-70 ам.доллар байхад нэг их асуудал үүсэхгүй, энэ хэмжээнээс өгсвөл гарцаа хязгаарлах асуудал яригдах магадлалтай гэж саявтар дуугарсан. Товчхондоо ирэх зургадугаар сард Японд болох Их хорийн уулзалтаас наана нэг их савлагаа үүсэхгүй гэсэн таамаг байна. Аажмаар 65-70 руу зөөлөн өгсөх болов уу гэх таамаг ч дуулдаж эхэллээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Хууль нь батлагдчихвал энэ онд гадны банк орж ирэхийг үгүйсгэхгүй

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Мөнгөний бодлого, Монголбанкны ерөнхийлөгчийн оны өмнөхөн хийсэн мэдэгдлээс төв банк энэ онд валютын нөөцийг өсгөхөд анхаарна гэсэн утга уншигдаж байна. УИХ алтны татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхгүй байх магадлал өндөр болчихлоо. Тэгэхээр доллар худалдаж авахаас өөр гарц үлдэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Эхлээд нөөцийг яагаад өсгөөд байгаа тухай тайлбарлая. ҮАБЗ-ийн үзэл баримтлалд улс аюулгүй, бие даасан, баталгаатай оршихын тулд тодорхой хэмжээний валютын нөөцтэй байх ёстой, тэр нөөцийн хэмжээ нь улсын жилийн импортыг хангахаар хэмжээний байх ёстой гээд заачихсан. Жилийн импортын нөөц гэдэг өнөөдрөөр яривал дөрвөн тэрбум гаруй ам.доллар. Эдийн засаг томорч байгаа учраас цааш өсөх хандлагатай. Ер нь зургаан тэрбум орчим байхад тогтвортой өсөлтийг хангана. 2018 оны сүүлийн тоогоор валютын нөөц 3.5 тэрбум ам.доллар байна. Өнөөдрийн импорттой харьцуулбал 6-8 сарын нөөц. Жилийн нөөцтэй болохын тулд цаашид хуримтлуулах шаардлага бий. Валютын 3.5 тэрбум ам.долларын нөөц бол сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг задалж ярья. Нэгдүгээрт, экспорт дажгүй байна. Нүүрсний экспорт хэвийн үргэлжилбэл валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө. Валютын нөөц бүрдүүлэх өөр нэг хэрэгсэл нь алт. Хуулиараа алт худалдаж авч, экспортлох онцгой эрх ганцхан Монголбанкинд бий. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан Оюу толгой гэх мэт компанийн хувьд өөр л дөө. Бусад уурхайн алт арилжааны банкаар дамжиж манайд ирдэг. Төв банк авсан алтаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг. Өнгөрсөн жил худалдаж авсан алтаа зараад 700 гаруй сая ам.долларын валютын эх үүсвэр бүрдүүлсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд түрүү жил 850 сая ам.доллар орж ирэх тохиролцоотой байсан ч 300 гаруй сая ам.доллар орж ирсэн.

-Хагас тэрбум ам.доллар орж ирээгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Засгийн газраас ОУВС-гийн өмнө тодорхой хэмжээний үүрэг авчихсан байгаа. Монголбанкны хувьд ч гэсэн банк санхүүгийн системийг сайжруулна, чадавхжуулна гэсэн үүрэг авсан. Авсан үүргүүд дотроос зарим нэгэн дээр нь хугацаа хожимдсон тал бий. Дэлхийн банк тэтгэврийн насыг төд болго, татварын ялгаатай бодлого явуул гэсэн үүрэг өгсөн.

Тэр болзлыг нь биелүүлэхдээ сонголттой болгочихоод байгаа. Тэгэхээр нөгөө тал “Та бүхний шийдлийг харж судалъя. Тавьсан нөхцөлийн дагуу хийсэн эсэхийг шалгая” гээд үнэлгээ өгөх хугацаагаа хойшлуулаад байна л даа. Японы Засгийн газраас орж ирэх мөнгө бас хойшилж байна. Японы Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнээс гадна давхар нэг нөхцөл гарч ирсэн. Шинэ онгоцны буудлын менежмэнттэй холбоотой асуудал гарсан. Японы санхүүжилтээр онгоцны буудлаа барьсан ч яг ажиллуулахдаа тулахаар хэн нь менежмэнтийг авах тухай яриа үүссэн юм билээ. Шинэ нисэх буудлыг 51:49 хувийн харьцаатайгаар тодорхой хугацаагаар Япон талаар удирдуулаад, дараа нь Монголд шилжүүлж авах нөхцөлүүд тохирч байгаа мэдээлэл дуулдсан.

-Валютын нөөцийг алтнаас бүрдүүлнэ гэсэн тайлбарыг төв банкнаас өгч байгаа. Алтны татварын хөнгөлөлтийн хугацааг УИХ сунгахгүй бол эрсдэл үүсч таарна. Тийм нөхцөл үүсвэл төв банкинд зах зээлээс доллар худалдаж авахаас өөр зам бий юу?

-Манайхаас алтны татварын хөнгөлөлтийг наад зах нь хоёр, гурван жил сунгаад өгөөч, тэгвэл тогтолцоо маань тун ойлгомжтой болно гэсэн байр суурьтай байгаа. Төсөвт алтнаас гэхэд л 50 тэрбум төгрөг жил бүр орж байна. Одоогийнх шиг жил бүр 20 тонн алт тушаагдаж, татварын орчин энэ хэвээр байвал шүү дээ. Хэрвээ татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол ийм хэмжээний алт тушаагдах уу гэсэн асуудал гарч ирнэ. Өмнө нь жилд хориод тонн алт худалдан авч байгаад 68 хувийн татвар тавьснаас хойш хоёр тонн хүрч буурсан түүх бий. Хэрвээ татварын хөнгөлөлт үргэлжлэхгүй бол төсөвт алтны салбараас татвар нь орж ирж болох ч олборлосон бүх алт Монголбанкинд тушаагдахгүй байх эрсдэлтэй. Төв банкинд тушаах алтны хэмжээ буух хэрээр төсөвт орж ирэх татвар багасна гэсэн эрсдэл бас бий. Хэрвээ ийм эрсдэл гарвал төв банкнаас улсын хэмжээнд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарна. Уул уурхайн бус салбарын экспортыг дэмжинэ.

-Яаж дэмжих вэ, тодорхой гарц шийдэл байна уу?

-Гадаад худалдааны бодлого тодорхой хэмжээнд алдагдсан. Манай улс ганцхан оронтой чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Тэр нь Япон. Япон руу их хэмжээний бүтээгдэхүүн экспортолно гэж хэлэлцээр байгуулсан ч үр дүн нь эсрэгээрээ байгаа. Харин ч гадаад худалдааны алдагдал хамгийн өндөр улс нь Япон байна. Тэр утгаараа бодлогоо зөв болгох шаардлага бий. Гадаад худалдаа санхүүгийн салбараар л урагшилдаг. Тодруулж хэлбэл худалдааны санхүүжилтгүйгээр хөгжих боломжгүй салбар. Банкууд харилцан баталгаа гаргаж байж худалдаа чөлөөтэй явдаг. Тийм учраас худалдааны санхүүжилтэд нэлээд сайн оролцож дэмжих хэрэгтэй гэж харж байна.

-Зээлийн олдоц бага гэсэн бэрхшээл аж ахуйн нэгжүүдэд байгаа юм биш үү?

-Банк санхүүгийн салбарт бүрэн оношлогоо хийлгэх үеэр тийм асуудал байсан л даа. Оношлогооны дараа банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Банкны нийт системд ДНБий 1.9 хувьтай тэнцэх буюу 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн нэмэлт шаардлага байна гэсэн дүгнэлт гарсан юм. Гэхдээ зарим банк хангалттай нөөцтэй гэж гарсан. Өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудад хөрөнгөө нэм гэсэн үүрэг өгсөн, биелэлт нь хангалттай гарлаа. Өөрөөр хэлбэл банкууд эрүүл болсон учраас үйл ажиллагаа нь хэвийн явна гэж харж байна.

-Та экспортыг дэмжих тал дээр тодорхой гарц хэлсэнгүй?

-Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид валютын зээл олгосон бол эрсдэлийг нь өндрөөр үнэлж дарамт үзүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа. Бодлогын хувьд дэмждэг байгууллага хэрэгтэй гэж харж байна. Өндөр хөгжилтэй улсууд ч экспортоо дэмжсэн байгууллагатай. Жишээ нь, Германд “Хермес” гэж байгууллага бий. Экспорт хийдэг компаниудынхаа санхүүгийн бүх үйлчилгээг даатгадаг. Ийм дэд бүтэц байх ёстой. Тэр байгууллага нь төрийнх үү, хувийнх байх уу гэдэг асуудал бий. Мэдээж эхний ээлжинд төрийн байсан нь зөв. Дэлхийн жишиг нь ч тийм. Өөрөөр хэлбэл уул уурхайн бус салбарын экспортыг дэмжсэн санхүүгийн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй.

-Хэрэгжлээ гэхэд хугацаа орохоор шийдэл санагдаж байна. Ойрхон хэрэгжих боломжтой ямар дэмжлэг байна?

-Хөгжлийн банкаар дамжуулж дэмжих гарц бий. Яриа хөөрөө эхэлсэн. Монголбанк оны өмнө нь шилдэг 200 экспортлогч аж ахуйн нэгжийн саналыг сонсохоор урилга хүргүүлсэн юм. 40, 50иад аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн. Одоо дахиад урих гэж байна. Саналыг нь сонсоод шийдлээ гаргана. Хамгийн гол нь Монголбанкинд бага хүүтэй санхүүжилт гаргах боломж байхгүй. Төв банкийг тодорхой нэг салбар, тодорхой нэг аж ахуйн нэгжийг дэмжихийг хуулиараа хорьчихсон. Тийм учраас макро эдийн засгийн үүднээс харж, бүгдэд нь тэгш хандсан байдлаар харилцахаас аргагүй.

-Эдийн засгийн суурь нөхцөл сайн гэсэн хэрнээ ам.долларын ханш өссөөр байна. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Бид байр сууриа тодорхой хэлсээр ирсэн. Валютын нөөц сүүлийн зургаан жилийн дээд хэмжээндээ хүрсэн хэр нь ханш өгсөөд байна. Хүлээлт өөр байна л даа. Төгрөгт итгэх итгэл алдарч доллар руу хандаж байгаа нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Хоёрдугаарт, доллар чангарах дэлхийн хандлага бий. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ таван ч удаа өсгөчихлөө. Энэ онд ахиад хоёр удаа өсгөнө гэчихлээ. 2020 онд нэг удаа өсгөнө гэж мэдэгдээд байна. Ингэж өсгөх хэрээр АНУд хөрөнгө оруулах сонирхол ихэснэ гэсэн үг. Дэлхийн улс орнуудад байгаа доллар эргээд АНУ руу чиглэх урсгал идэвхжинэ гэж ойлгож болно.

-Америкийн хувьд бодлогын хүүгээ өсгөх нь тодорхой байсан. Байдал хэтээсээ ойлгомжтой байхад ийм тайлбар хийгээд суухаар хүлээлтийг улам өдөөх сөрөг талтай юм биш үү. Төв банкнаас өөр арга хэрэгсэл эрж хайх ёстой байх аа?

-Бид зүгээр суухгүй байгаа. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сард Мөнгөний бодлогын хорооны хурлаа ээлжит бусаар зарлаж төгрөгөө хамгаалах зорилгоор бодлогын хүүг нэг хувиар өсгөсөн. АНУын бодлогын үр дүн хоёр янзаар гарч ирнэ. Доллар нь эргэж орж ирж байна, эдийн засагт нь мөнгө нь цугларч эхэлсэн гэх мэт давуу тал бий. Гэхдээ бас сөрөг тал ч байгаа. Бодлогын хүү гэдэг чинь мөнгөний захад үйлчилдэг. Гэтэл нөгөө талд хөрөнгийн зах гэж байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүү өсөхөөр үнэт цаас руу очих мөнгө багасчихдаг. Тийм учраас АНУын бүх биржүүдийн индекс уналттай яваа. Сүүлийн үед нэлээд унаж байгаа. Үүнээс болж дотооддоо маргаан яриа үүсгээд эхэлчихсэн.

-Бодлогын хүү өсгөх нэг талаар төгрөгөө хамгаалсан алхам байж болох ч нөгөө талд зээлийн хүү өсөх эрсдэл байгаа шүү дээ…?

-Зээлийн хүү өсөх эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Бодит эдийн засгийн секторт ачаалал нэмэгдэж эхэлнэ. Монголбанкны хувьд зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд хоёр хувиар буулгаж чадсан. Ингээд явж байтал нөхцөл байдал өөрчлөгдлөө. Хүүгийн бууралтыг зогсоохоос аргагүй шалтгаан гараад ирчихлээ л дээ.

-Сангийн яам төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн. Тэр утгаараа өнөө жил төсвийн алдагдал өндөр гарч мэдэх эрсдэл бий гэж эдийн засагчид хэлж байна. Төсөв боловсруулахад бодлогын нөлөөлөл үзүүлэх боломж Монголбанкинд байдаггүй юм уу?

-Байхгүй. Угаасаа тусдаа байгууллага.

-Гэхдээ бодлогоо холбож хослуулж, уялдуулж ажиллахаас аргагүй байгууллагууд биз дээ?

-Таны асуултад хариулахын тулд Валютын санг шүүмжлэхээс аргагүй нөхцөл үүсч байна л даа. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны үзүүлэлт, Засгийн газар, төсвийн үзүүлэлтүүд ямар байх вэ гэдэг дээр тохироо хийгээд явж байна. Ингээд явж байтал төсөв 5.6 хувийн алдагдалтай, есөн их наядын орлого, 11 их наядын зардалтай гэх мэт бүх тоогоо валютын сантай тохирч байгаа. Ингэж тохироод орж ирж байгаа нөхцөлд нөлөөлөх боломж байхгүй. Төсөв тэлсэн ийм үед мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн сонголт л бидэнд үлдэж байна. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогыг нийцүүлж уялдуулж байна гэж ойлгож болно.

-Валютын сангийн хөтөлбөрийн хувьд асуух нэг зүйл байна. Бид тэднээс хүүтэй мөнгө авч байгаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр ядаж л төсвийн сахилга бат сайжирна гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Тэгэхээр хөтөлбөрийн өгөөж гэж ер нь байна уу?

-Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш төсвийн алдагдал буурсаар яваа. Энэ оны төсвийн зарлага ч буурсан дүнтэй байгаа.

-Цаасан дээр бичсэн тоогоор бол тийм л дээ, зарлага багассан харагдаж байгаа. Гэхдээ орлогоо өөдрөгөөр төсөөлчихсөн учраас зардал нь өсч таарна шүү дээ?

-Олон улсын шинжээчид “2008 онд болсон дэлхийн санхүүгийн хямралаас хойш арван жил болчихжээ, хямрал давтагдаж магадгүй” гээд байна л даа. Циклд хэр бэлдэж байгаа тухай яриа дэлхийн улс орнуудын түвшинд яригдаад эхэлчихсэн. Бид ч гэсэн 2019 оныг хүнд гэж хараад бэлтгэлээ хийж байгаа. Хэдийгээр хүндрэл, асуудал бий ч манай улсын эдийн засаг 6.3 хувь өсчихлөө. Эдийн засгийн өсөлт энэ онд долоон хувь руу ойртчих байх. Ийм төсөөллийг хангах ажил нь бидэнд ирж байна. Том төсөв байна гэж та сая хэллээ. Тэр утгаараа эдийн засгаа дэмжиж таарна. Гэхдээ цаашид хурдыг нь хэт нэмж савлуулахгүйгээр зогсоох, тогтворжуулах тал дээр нь ажиллах үүрэг төв банкинд байна.

-Төв банкнаас хамаарахгүй эрсдэл байна уу, энэ онд?

-Жишээ нь, нефтийн зах зээл биднээс хамаарахгүй. Ганц газраас авдаг гэсэн сул тал бий. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин. Улс төр тогтворгүй байвал байдал хэцүүдэх эрсдэлтэй. Гурав дахь эрсдэл бол экспорт. Уул уурхай гол хувийг эзэлдэг. Уул уурхайн экспорт нь ганцхан зах зээлээс хамааралтай. Өнгөрсөн жилийн нүүрсний зах зээл шиг хил боомтон дээр гацаа гарвал хэцүү.

-Энэ онд түүхий эдийн үнэ ямаршуу байх нь вэ?

-Дажгүй. Нүүрс өнөөдрийн үнэ дээрээ тогтвортой байна гэсэн таамаг гарсан. Зэсийн үнэ өснө гэж байна. 2021, 2022 оноос эрэлт нь нийлүүлэлтээсээ давна гэсэн өөдрөг таамаг энэ зах зээлд бий. Тэгэхээр зэсийн зах зээл маш эерэг байгаа. Алт ханшаа алдахгүй, өснө. Дэлхийн худалдааны дайн гэх мэт бие биедээ үл итгэсэн байдал нь мөнгөн дээр үл итгэл бий болгочихсон. Доллар, юань, еврод итгэхгүй нөхцөлд ганцхан алтанд итгэдэг. Оросын төв банк гэхэд л нөөцийнхөө дийлэнх хэсгийг алтаар байршуулна гэсэн шийдвэр гаргачихлаа. Монголбанкны хувьд алтныхаа тодорхой хэсгийг шууд доллар болгохгүй барих хэрэгтэй гэж харж байгаа.

-Хэрэглээний зээлийг хумьж байгаа нь хэр зөв бодлого вэ?

-Хэрэглээний зээлийг хумьж байгаа нь зөв бодлого. Ипотекийн зээл өмнөхөөсөө багасаад ирэхээр хүмүүс цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, машин гэх мэт хэрэглээний зээл рүү ханддаг юм байна. Манай импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүн эзэлж байна. Хэрэглээний зээлийн өсөлт нэг талдаа импортыг өдөөгөөд байна л даа. Импортын зээлийн тухайд хуучин хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан. Гэтэл одоо дөрвөн тэрбум ам.доллар болоод өсчихсөн. Өөрөөр хэлбэл замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч ирсэн юм. Хоёрдугаарт, зөв хэрэглээг дэмжих шаардлага бий. 2018 оны шинэ зээлийн тал нь хэрэглээний, тал нь үйлдвэрийн зээл гэж гарсан. Зургадугаар сард авсан арга хэмжээний үр дүнд ингэж өөрчлөгдсөн л дөө. Түүнээс өмнө буюу 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлт огт өөр байсан. 80 хувь нь хэрэглээний, 20 хувь нь үйлдвэрлэлийнх байсан юм.

-Нөгөө талаас нь харвал хэрэглээний зээл авах хүсэлтэй хүмүүс банк татгалзвал ломбард, банк бус санхүүгийн байгууллага руу явж таарна. Хэрэглээний зээл хүсдэг ихэнх хүмүүсийн хувьд тансаглах гэхээс илүү зайлшгүй шаардлагаар авдаг гэж анзаарагддаг. Тэгэхээр иргэддээ ачаа нэмсэн шийдвэр биш үү?

-Таны хэлж байгаа шиг банкнаас банк бус руу явбал банк бусын зах зээл хөгжинө. Тухайн зах зээл дээр өрсөлдөөн бий болно, өрсөлдөөн үүсэхээр хүү нь буурах, үйлчилгээ нь сайжрах гэх мэт давуу тал бий.

-Таны ярьж байгаа шиг эерэг хандлага анзаарагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хол сонсогдож байна. Долларын ханш өссөн ийм үед иргэддээ дарамт нэмэх хэрэг байна уу гэсэн утгаар асуугаад байна л даа. Ойрхон юм ярья.

-Финтекийн зах зээл хөгжөөд эхэллээ шүү дээ. Лэнд.мний зах зах зээл гэхэд ХААН банктай зэрэгцээд очиж байна. Өөрөөр хэлбэл тэнд өрсөлдөөн үүсчихсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж зээл авснаас утсаараа авах нь хялбар болчихлоо. Хүмүүс оноогоороо зээл авдаг болж байна гэдэг бол давуу тал. Оноо нь ихсэх тусам хүү нь багасдаг. Та ойрхоны, өнөөдрийн юм ярья гэж байна. Монголбанкны хувьд гэрэл унтраагаад асаадаг шиг ойрхон хугацаанд шууд өөрчлөлт хийх боломж алга л даа.

-Гадны банк орж ирнэ, ирэхгүй гэж олон жил ярилаа. Ирэх онд гадны банкны тал дээр ямар нэг өөрчлөлт гарах уу?

-Хууль батлагдахыг хүлээж байна. УИХ дээр намрын чуулганаар батална гэж ярьж байсан. Гэтэл өнөөг хүртэл баталсангүй. Хуульгүй учраас гадны банк орж ирэх асуудал хойшлогдоод байна.

-Хууль нь батлагдчихвал гадны банк орж ирэх үү?

-Орж ирэх болов уу гэж бодож байна. Өнөөдөр манай улсад гадны зургаан банкны төлөөлөгчийн газар ажилладаг. Тэд хууль хүлээж байгаа. Хоёрдугаарт хууль нь хэр зөв гарах вэ гэдэг асуудал бий. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийн тухайд анхаарах хэдэн заалт бий. Жишээ нь, дүрмийн сангийн хэмжээ нь 500 тэрбум төгрөг байх гэсэн заалт бий. 500 тэрбум төгрөг гэдэг бол 200 гаруй сая ам.доллар. Хэчнээн том банк ч гэлээ улс бүрд салбар нээгээд 200 сая ам.доллар байршуулаад байна гэдэг амар биш. Шалгуурын хувьд өндөр. Хоёрдугаарт, нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг гээд тусгачихсан. 100 тэрбум төгрөгөөр зээл авдаг аж ахуйн нэгж Монголд хэд байгаа билээ. Энэ мэт анхаарах зүйлс бий.

-Төгрөг, рублийн своп руу шилжчихвэл зөв гарц болно гэж ярьдаг. Энэ чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа юу?

-Монголбанкнаас Оросын төв банк руу төгрөг, рублийн своп хийе, импортолдог шатахуунаа рублээр авчихаж байя гэсэн хүсэлт тавьсан. Нөгөө талаас татгалзсан маягтай байгаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн хэмжээ цаашдаа хэр өсөх вэ?

-Монголбанк мөнгө гаргаад ипотекийн зээл өгнө гэдэг стандарт бус шийдэл. Арилжааны банкаар дамжих ёстой. Бага зэргийн хөнгөлөлт байх ёстой бол төсвөөс шийдэх учиртай. Валютын сан Засгийн газарт шилжүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ энэ онд шилжүүлэх боломжгүй болсон. Учир нь Засгийн газар төсөвтөө тусгасангүй. Монголбанкнаас ирээдүйд энэ зээлийг зөв гольдрилд нь орох суурийг тавьж өгье гэж зорьж байна. Ипотекийн эх үүсвэрийн ард МИКийн бонд бий. Энэ бондын 90 хувийг төв банк, 10 хувийг банкууд авч байгаа. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн 90 хувь төрөөс, 10 хувь банкуудаас гарч байгаа гэсэн үг. Энэ харьцааг 50:50 болгох нь зөв. Тодруулж хэлбэл энэ онд ипотекийн зээлийн 50 хувийг арилжааны банкнаас гаргах гээд ажиллаж байна. Монголбанк, Засгийн газар нийлээд 300 тэрбумыг гаргаж байгаа. Банкууд 300 тэрбумыг гаргавал ипотекийн зээлийн хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өснө гэсэн үг.

-Арваад хувиар авсан хадгаламжаа буцаагаад зээл болгож гаргадаг банкуудад найман хувиар орон сууцны зээл олгох эх үүсвэр олдох уу?

-Эх үүсвэрийн хүүг бууруулах боломж юу вэ, бодлогын хувьд яаж дэмжиж болох вэ гэдгийг судалж байна. Эхний боломж нь арилжааны банкууд МИКийн бондын 50 хувийг авах. Тэр бондоо барьцаалаад төв банкнаас зээл авч болох, олон улсын зах дээр гаргах тал дээр Монголбанкнаас дэмжье гэж байна. Олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татаж чадвал ипотекийн зээлд эерэгээр нөлөөлнө. Ийм зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтарч уулзсан. Засгийн газар дөрвөн хувиар өгдөг эх үүсвэрээ нэг хувь болгоё гэж байна. Монголбанк ч дөрвөн хувийн эх үүсвэрээ ингэж бууруулах тухай ярьж байгаа.

-Ам.долларын ханш өсөх нь бодит эрсдэл болчихоод байна. Долларын ханш өсөх хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа. Ингээд харахаар төв банк тодорхой хэмжээнд үнэ тогтворжуулах чигийн арга хэмжээ авах ёстой ч юм шиг.

-Хуулиараа хориотой.

-Хуулиар хориотой гээд үнийн өсөлтийг зүгээр хараад сууна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Инфляци найман хувь болчихлоо. Улаан шугам дээр ирчихсэн гэсэн үг. Найман хувь болсон инфляцийн 50 хувь нь мах, шатахуун, нүүрс гэх мэт улирлын чанартай дөрөвхөн бүтээгдэхүүн.

-Гэхдээ импортын бараг 100 хувийн хамааралтай улсын хувьд үнийн дарамт яалт ч үгүй нөлөөлнө шүү дээ?

-Бид үнэ тогтворжуулах гэх мэт зөв биш арга хэрэглэж байгаад ОУВСгийн хөтөлбөрт орчихсон улс гэдгээ мартаж болохгүй.

-Улстөржсөн мэдэгдэл хийж, өөрсдөө хямрал зохиогоод валютын сангийн хөтөлбөрт орчихсон гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг би эхнээсээ дэмждэггүй байсан. Гурил үйлдвэрлэгч бүх хүн ижил нөхцөлөөс өрсөлдөх нь шударга. Ялгаатай нөхцөлтэй санхүүжилт аваад байж болохгүй л дээ.

-Төв банк дундаж давхарга руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Дундаж давхаргыг дэмжих ёстой гэдэг утгаар нь бид өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа. Зээлийн дундаж хүү хоёр хувиар буурсан нь дундаж давхаргад эерэгээр нөлөөлнө. Монголбанкны хийж чадах юм ганцхан энэ шүү дээ. Зээлийн хүүг дахиад 23 пунктээр буулгана гэж төлөвлөөд ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​​“Түмэн шувуут”-ынхан тахианы мах үйлдвэрлэж, хурганы мах экспортолно

“Түмэн шувуут” компани өндөглөгч тахианы аж ахуйгаа хэрхэн өргөжүүлэх гэж байгаа тухай нийтлэлийг манай сонин өчигдрийн дугаартаа онцолсон. Харин энэ удаа махны чиглэлийн тахианы аж ахуй, хурганы аж ахуйн төслүүдийг нь танилцуулах гэж байна. Тус компани IPO хийж, хувьцаагаа арилжаалж олсон мөнгөнийхөө багагүй хувийг энэ хоёр төсөлд зарцуулах юм. Манай улс жилд 10 мянган тонн тахианы мах хэрэглэдэг. Ихэнхийг нь буюу 9000 тонныг нь Орос, Хятад, Америк, Бразилаас импортолдог. Өнөөхөндөө дотоодын зах зээлд тахианы мах зах нийлүүлдэг хамгийн том үндэсний үйлдвэрлэгч бол “Оргио” махны тахианы аж ахуй эрхэлдэг “Ажигана” компани. Нэг зүйлийг онцолж хэлэхэд “Оргио” дээр “Түмэн шувуут” нэмэгдлээ гэхэд тахианы махны хэрэглээний 20 гаруйхан хувийг хангана. Дотоодын үйлдвэрийн тахианы махыг илүүд үзсэн хэрэглэгчид жил ирэх бүр өссөөр байгаа энэ үед энэ зах зээлд маш том орон зай бийг эндээс харж болно. Импортын тахианы мах маш олон эргэлзээ дагуулдаг. Хоёр жилийн өмнө гаднаас орж ирсэн тахианы махнаас антибиотикийн үлдэгдэл илэрлээ гэсэн мэдээлэл цацагдаж байсан даа. Импортын тахианы махнаас илэрсэн антибиотикийн дийлэнх нь фторхинолиний бүлгийнх байна, тахианы маханд дор хаяж 5-7 бүлгийн антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийх ёстой ч манайх хоёрыг нь л илрүүлэх боломжтой гэх мэт мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрснийг уншигчид санаж байгаа байх.

Хятад, АНУ хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд. АНУ-д борлуулж буй нийт антибиотикийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт нь шингэдэг гэсэн тоог “Time” сэтгүүл онцолсон удаатай. Хятадын хувьд ч ялгаагүй. Урд хөрш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, малынхаа шимийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 15 мянга гаруй тонн антибиотик хэрэглэдгийг Европын холбоо, АНУ-ын судалгааны байгууллагуудын тайлангаас түвэггүй харчихаж болно. Энэ хэмжээ 2030 онд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн аварга тоо дуулддаг.

Гарал үүсэл нь тодорхойгүй, хэчнээн төрлийн антибиотик агуулсан нь мэдэгдэхгүй, үйлдвэрээс гараад хэр удсаныг, хаана ямар нөхцөлд хадгалсныг нь таах аргагүй импортын махнаас татгалзах хандлага цаашдаа ч хүрээгээ тэлэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг л тодорхой зүйл. Товчхондоо “Түмэн шувуут” компани зах зээлд тахианы махаа нийлүүлээд эхэлбэл хэрэглэгчид нь бэлэн байгаа. Эдний үйлдвэр нээгдлээ ч тахианы махны зах зээлийн 80 хувь нь импортын тахианд үлдэнэ гэдгийг өмнө онцолсон. Тэгэхээр амжилттай сайн ажиллаад үйлдвэрээ өргөжүүлж тэлэх боломж “Түмэн шувуут”-ынханд бий. Үйлдвэрлэл өсч, ашиг нэмэгдэх хэрээр тухайн компанийн хувьцааны үнэ цэнэ өсдөг нь жамын үзэгдэл. Хувьцааны үнэ өсөх тусам худалдаж авсан хүмүүст очих өгөөж нь ихэсдэг. “Түмэн шувуут” хувьцаагаа энэ сарын 15-наас Хөрөнгийн биржээр арилжаалж эхэлнэ гэж нийтлэлийн эхэнд онцолсон. Арилжаа явагдах үеэр байгаа хэдэн төгрөгөөрөө хувьцааг нь авчихвал хэдэн жилийн дараа мөнгөө хэд дахин өсгөөд авах боломж танд байна. Эдийн засгийн ямар ч хүндрэлийн үед дампуурдаггүй ганц салбар бол хүнс. Тэр дундаа “Түмэн шувуут” шиг бүтээгдэхүүн нь брэнд болчихсон том компаниудын бизнес унаж уруудах биш, жил ирэх тусам үнэ цэнэ нь өсч, ашиг орлого нь өгссөн графиктай явах нь хэтээсээ тодорхой асуудал.

Хувьцаа худалдаж аваад ашгийг нь хүртэж амьдарна гэдэг биднээс харь юм биш л дээ. Дэлхийн аль ч улсын ямар ч иргэн тоглож болдог зах зээл.. Дэлхийн тэрбумтан Уоррен Баффет 11 настайдаа хотын үйлчилгээний компанийн гурван ширхэг хувьцааг Нью-Йоркийн Хөрөнгийн биржээс худалдаж авсан гэдэг. Хүү кока коланы шил цуглуулж, бохь зарж, сонин түгээж олсон мөнгөөрөө хувьцаа авч байж. Их сургууль төгсөх жилээ 90 мянган ам.доллартай болсон гэж байгаа. Одоо түүнийг дэлхий мэднэ. Энэ эрхмийн 1965 онд найзтайгаа хувьцааг нь худалдаж авч байсан “Berk­shire Hathaway” компанийн нэгж хувьцааны үнэ өнөөдөр 210 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувьцаа. Мань эр “Миний үүрэг хувьцааны үнэ цэнийг хэдэн зуу дахин өсгөх. Ингэж байж ашиг олдог” гэж хэлсэн удаатай. Хувьцааны үнэ цэнийг огцом өсгөхийн тулд хугацаа хэрэгтэй гэдгийг нотолсон энэ мэт жишээ дурдвал барагдахгүй.

“Түмэн шувуут”-ын “Агро Фийд” тэжээлийн үйлдвэр хотоос холгүй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Махны чиглэлийн тахианы аж ахуйгаа тэжээлийн үйлдвэрийнхээ хажуугийн 10 га газарт байгуулахаар болж. Махны чиглэлийн тахианы гурван байрыг 2019, 2020, 2021 онд барихаар төлөвлөжээ. Бүр тодруулж хэлбэл махны тахианы Cobb-500 үүлдрийн 20 мянган шувуу суух зургаан байр, чанарын хяналтын лаборатори, хөргүүрийн цех барьж, иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулах юм байна. Энэ төсөлд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай. Аж ахуйгаа байгуулчихвал өнөө жилдээ “Түмэн шувуут”-ын гэсэн шошготой тахианы мах худалдаанд гарч эхлэх нь. Энэ жил 279 тонн тахианы мах нийлүүлэх бол ирэх онд 838 тонн, 2021 онд 1117 тонн тахианы мах үйлдвэрлэнэ гэж гүйцэтгэх захирал Ж.Болд онцолж билээ.

Манай улсын тахианы махны зах зээл 16 сая ам.доллараар хэмжигддэг. Төгрөгт шилжүүлбэл 38.4 тэрбум гэсэн аварга тоо гарч байна. Гадагшаа урсах долларынхаа багахан хэсгийг ч гэсэн дотооддоо авч үлдэх ганц арга нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх. “Түмэн шувуут”-ын тахианы махны аж ахуй байгуулах төслийн гол давуу тал нь энэ.

Хажуудаа тэжээлийн үйлдвэртэй учраас шувууныхаа идэх хоолыг авах гэж зардал гаргахгүй, органик тэжээлтэй болохоор сайн чанарын мах зах зээлд нийлүүлнэ.

Түүнчлэн “Түмэн шувуут” өндөглөгч тахианы аж ахуйтай компани. Өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуйн үйл ажиллагаа төстэй учраас махны чиглэлийн аж ахуй эрхлэх туршлага, хүний нөөц ямар ч асуудалгүй гэсэн үг.

Тахианы махны зах зээлд энэ компани шинэ оролцогч биш гэсэн давуу тал бас бий. Нэг ээлжиндээ 8000 өндөглөгч тахиа нядлах хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэртэй тус компани үйлдвэрийн аргаар боловсруулсан тахианы мах зах зээлд нийлүүлдэг. Хэрэглэгчдийн хэлж заншсанаар бол тамирчин тахианы мах. Одоогоор өндөглөгч тахианы махыг ресторан, хоолны газрууд шөл гаргах гэж их хэмжээгээр худалдан авч байна. Бас тамирчид, спортоор хичээллэгсдийн дуртай мах. “Шөл хийхээр амттай сайхан байдаг гээд зорьж ирж авдаг иргэд ч цөөнгүй бий” гэж “Түмэн шувуут”-ын гүйцэтгэх захирал сонирхуулав.

“Түмэн шувуут”-ын дараагийн том бизнес нь хурганы махны экспорт. Хурганы мах бэлтгэх, экспортлох зорилгоор мал бордох цогцолборыг 2020 оноос эхлэн барихаар төлөвлөжээ. Олон улсын стандарт хангасан хөдөө аж ахуйн цогц шийдэл бүхий хурганы аж ахуй 2023 онд бүрэн чадлаараа ажиллаж эхлэх нь.

Эдний хурганы аж ахуй жилд 1860 тонн мах боловсруулна. “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Phd) Л.Эрхэмбаяр “Мал бордох, мах экспортлох ажлаа 2021 оноос хэрэгжүүлнэ. Увс аймаг мал махны амьдын жин, өсөлтөөрөө хоёрт жагсдаг. Үзэмчин омгийн дараа баяд омгийн хонь ордог. Бид баяд омгийн хонины хургыг хоёр сарын турш бордоод экспортод гаргана. Тэгэхдээ бордсон хурганыхаа махыг 20 хэсэг болгон ангилна. Хурганы махны тухайд амархан шингэдэг, өөх тос багатай, ханаагүй тосны хүчил ихтэй гэсэн онцлогуудтай. Хурга бордох тэжээлээ өөрсдөө тарьж үйлдвэрлэх нь манай компанийн давуу тал. Усалгаатай газар тариаландаа тэжээлийнхээ ургамлыг тарьж, өөрсдөө тэжээл үйлдвэрлэнэ” хэмээн ярьж байна. “Түмэн шувуут”. Ховд аймгийн Зэрэг суманд одоогоос 21 жилийн өмнө ямааны аж ахуй эрхэлж байсан бол 2004 онд Монголд анх удаа үзэмчин омгийн хонийг эрлийзжүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд үхэр үржүүлж байсан түүх тэдэнд бий. Фермер хөгжүүлнэ гэж ярьдаг ч өнөөхөндөө тэр гээд онцолчих том төсөлгүй манай улсын хувьд “Түмэн шувуут”-ын мал бордох цогцолбор тод өнгөтэй төсөл болно. Бизнес эрхлэгчид махаа экспортолж доллар олох хүсэлтэй ч дэлхийн стандартын өмнө очоод бүдэрдэг. “Түмэн шувуут”-ын хувьд баяд омгийн хурга бордож, мах экспортлохдоо олон улсын стандартаар ажиллах юм. Мах боловсруулагчдад жишиг, үлгэр болохоор төсөл гэдэг нь IPO-гийн танилцуулгаас тодорхой харагдаж байна.

“Түмэн шувуут”-ын “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэсэн малгай доор хэрэгжүүлэх дараагийн төсөл бол усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр. Манай сонин энэ төслийг маргаашийн дугаартаа онцлох болно.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Түмэн шувуут” IPO гаргаж өндөгний зах зээлээ тэлнэ

Энэ онд хийгдэх IPO-нуудын салхийг хагалах компанийн нэр тодорхой болжээ. Өндөгний зах зээлийн дотоодын үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа үйлдвэрлэдэг “Түмэн шувуут”-ын хувьцааг худалдан авч мөнгөө өсгөх боломж танд нээгдэж байна.

Иргэд нь дажгүй амьдарч яваа гадны улсуудаас нэг зүйл их тод анзаарагддаг. Төрийн албан хаагч, компанийн ажилтан гэх мэт дундаж давхаргынхан нь ажлаа хийнгээ мөнгөө үржүүлэх нэг том аргатай. Тэд ажиллаж олсон цалингаараа хувьцаа худалдан авахыг илүүд үздэг. Манайд ч урдах ажлаа хийнгээ хувьцаанаас ашиг олсон шигээ дажгүй амьдарч яваа хүмүүс цөөнгүй бий. Хувьцааны зах зээл дээр идэвхтэй тоглодог 37 мянга орчим хүн бий гэсэн тоо дуулддаг. Тэгэхээр энэ зах зээл дээр гарч, мөнгөө үржүүлэх боломж, орон зай байгаа гэсэн үг. Аль ерээд оноос хувьцааны зах зээл дээр тоглоод дажгүй мөнгө олчихсон дал гаруй насны эрхэмтэй хэдэн жилийн өмнө уулзаж ярилцаж байсан юм. А.Чулуун гэхээр хөрөнгийн зах зээл дээр тоглодог жирийн иргэд анддаггүй юм билээ. Мань хүн хувьцаанаас сардаа гурван сая төгрөгийн ашиг олдог. Дансандаа хэдэн зуун сая төгрөгтэй хэрнээ мөнгөө тэрбум хүртэл зүтгэнэ гэж ярьж суусан нь санаанаас гардаггүй юм. Ерээд оноос хувьцааны зах зээлд тоглосон хүмүүсийн хувьд ингээд сууж байх нь тэгтлээ итгэж ядахаар дүр зураг биш л дээ. “Сүү” компанийн хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 200 гаруй мянган төгрөг болж цойлоод буй. АПУ компанийн хувьцааны ханш анхныхаа үнээс 160 дахин өсчихсөн яваа. Хувьцаанд хуримтлалаа хийгээд хэсэгтээ мартчихад л ийм том ашиг холын мөрөөдөл биш. Гэхдээ мэдээж үнэ цэнтэй, өсөх ирээдүйтэй компанийн хувьцааг худалдаж авбал өгөөжийг нь хүртсэн шиг хүртэнэ. Нэг үеэ бодвол манай хөрөнгийн зах зээл амилчихаад байгаа. Ирээдүйтэй компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг арилжаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосоор байна. Хамгийн сайн жишээний нэг нь “Лэнд.мн”. Ирээдүй нь тодорхой, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь үнэ цэнээ алдахааргүйгээр брэнд болж чадсан компаниуд аль болох олноороо IPO хийвэл эцсийн өгөөж нь иргэдэд л ашигтай тусна. Тийм үнэ цэнийг бүрдүүлж чадсан компанийн нэг бол энэ сарын 15-наас хувьцаагаа арилжаалж эхлэх “Түмэн шувуут”. Өөрөөр хэлбэл иргэдэд мөнгөө өсгөх бас нэг том боломж, гарцыг Хөрөнгийн бирж нээж өгч байна.

Сувиллын өндөг, селентэй өндөг, залуу тахианы өндөг, өглөөний өндөг гэх мэт бүтээгдэхүүнүүд нь зах зээлд брэнд болсон энэ компани 2004 онд өндөглөгч тахианы аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Өдгөө эко өндөгний сав баглаа боодлын үйлдвэр, шувуу болон малын тэжээл бэлтгэдэг “Агро Фийд” үйлдвэр “Түмэн шувуут” гэсэн нэрийн дор ажилладаг. Увс аймгийн Баруунтуруун суман дахь усалгаатай газар тариалан, баруун бүсийн иргэдийн хэрэгцээг хангадаг гурилын үйлдвэр ч эднийх.

Тэд “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэсэн малгай дор дөрвөн том, нэг нэмэлт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. IPO хийж босгосон мөнгөөрөө тус компани өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлж, махны чиглэлийн тахианы аж ахуй байгуулна. Мөн усалгаатай газар тариалан хөгжүүлж, гурил тэжээлийн үйлдвэр ажиллуулах юм. Үүнээс гадна мал бордох махны экспортын төсөл хэрэгжүүлж, сангасны органик бордооны үйлдвэр барина. Тахианы аж ахуйгаас гарах сангасаар органик бордоо үйлдвэрлэх, усалгаатай тариалангийн талбайд тарьсан улаан буудайгаар гурил үйлдвэрлэж, тариалсан царгасаараа малын тэжээл хийж махны экспортын бизнесээ тэтгэх гээд хоорондоо уялдаа холбоотой төслүүд учраас “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэж тодотгожээ. “Түмэн шувуут”-ын IPO-гийн андерртайтер нь “Голомт капитал ҮЦК”. “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн тухайд өнгөрсөн онд хоёр IPO дээр ажилласан бол өнөө жилийн анхны IPO нь энэ. Санхүүгийн аудитыг нь олон улсын компаниар хийлгэсэн гэж андеррайтер компанийн зүгээс онцоллоо.

“Компанийн зарим том хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй. Жишээ нь Баруунтуруунд байдаг усалгаатай газар тариалан байна. Тэгэхээр нийтэд зарлаж буй үнэлгээнээс өндөр өгөөж цаана бий гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ компанийн хувьцааг сонирхож буй хөрөнгө оруулагчдад ашигтай гэсэн үг” хэмээн “Голомт капитал”-ын гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал онцолсон юм. Компанийн хөрөнгийн үнэлгээ нь 21.5 тэрбум төгрөг бол бизнесийг нь 43.5 тэрбумаар үнэлжээ. 150 сая ширхэг хувьцаатай энэ компани 50 сая ширхэг хувьцаа нэмж гаргаж 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Нэгж хувьцааных нь үнэ 200 төгрөг. Захиалгын хугацаа нэгдүгээр сарын 15-31-ны өдрүүдэд үргэлжлэх тов гараад байна.

Манай сонин “Түмэн шувуут” компанийн хэрэгжүүлэх төслүүдийг цувралаар хүргэх гэж байна. Хамгийн түрүүнд онцлох төсөл бол өндөглөгч тахианы аж ахуй юм. “Түмэн шувуут”-ын гол бизнес бол өндөглөгч тахианы аж ахуй. Тахианы аж ахуйгаа өргөжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна.

Манай улс өндөгнийхөө хэрэглээний ердөө тал хувийг дотоодоосоо хангадаг. Өнгөрсөн жил гэхэд л 120 сая ширхэг өндөг гаднаас худалдаж авчээ. Өндөгний хэрэглээ цаашид ч өснө гэсэн прогноз бий. Учир нь дэлхийн дунджаас гурав дахин бага хэмжээний өндөг хэрэглэдэг монголчуудын өндөгний хэрэглээ жилээс жилд өсч байгаа. 2007 он нэг монгол жилд 40 өндөг хэрэглэдэг байсан бол энэ тоо арван жилийн дараа 90 өндөг болж өссөн юм. Ойрын таван жилд манай улсын өндөгний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр өндөгний зах зээлд өндөр хэрэгцээ байна гэсэн үг. “Түмэн шувуут” компанийнхан энэ хэрэгцээг олж хараад өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлэхээр шийджээ.

Сүүлийн үед монголчууд эрүүл хоолыг эрхэмлэдэг болсон. Шинэ өндөг хүний биед шингэх чадвараараа эхийн сүүний дараа ордог, хуучирахаараа шингэх чадвар нь 30 хувиар буурдаг гэх мэт мэдээллийг аль хэдийнэ авчихсан хэрэглэгчдийн хувьд “Түмэн шувуут” гэх мэт үндэсний үйлдвэрийнхээ өндгийг хамгийн түрүүнд сонгодог болоод удаж байна. Цаашид ч шинэ өндөгний хэрэглээ улам бүр нэмэгдэх нь тодорхой байгаа нь “Түмэн шувуут”-ын онцлох учиртай давуу тал.

Тус компани IPO хийж босгох мөнгөөрөө өндөглөгч тахианы шинэ байр барих юм байна. Энэ ажилд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай аж. Тодруулж хэлбэл IPO-гоос босгох мөнгөний 30 хувийг энэ ажилд зарцуулна. Өндөглөгч тахианы найм дахь байрыг барьснаар олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулна гэсэн тайлбарыг компанийн зүгээс хэлж байна. Олон улсад нэг дэгдээхэйний байр тутамд дөрвөн өндөглөгч тахианы байр байрыг зохистой түвшин гэж үздэг аж.

310 мянган өндөглөгчтэй, өглөө бүр 140 мянга орчим шинэ өндөг зах зээлд нийлүүлдэг “Түмэн шувуут” компани өнөө жил өндөглөгч тахианыхаа тоог 350 мянгад хүргэж, жилд 65-70 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Өнгөрсөн оны эхний гурван улиралд гэхэд л 40 сая ширхэг өндөг зах зээлд нийлүүлсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд өндөглөгч тахианыхаа тоог нэмэхээс гадна өндөг боловсруулах үйлдвэр шинээр барихаар төлөвлөснөө бидэнд сонирхуулсан юм. Үйлдвэрээ барьчихвал өндөгийг угааж цэвэрлэж, жингээр ялгаж савладаг иж бүрэн шугамтай болно гэж компанийн үүсгэн байгуулагч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Phd) Л.Эрхэмбаяр онцлов. Тэрээр “Хөдөө аж ахуйн бизнесийн дэлхийн чиг хандлагыг анзаарахад жижгээсээ том руугаа явж байгаа. Биеийн хүчний хөдөлмөрөөс техник технологийн дэвшил рүү хурдтай шилжиж байна. Шинжлэх ухаан, инноваци, ноу хау, өндөр бүтээмжийг илүүд үзэх болсон. Ингэж байж бид бусад орны өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө. Хятадын “Жин да” компани гэхэд л 22 сая толгой өндөглөгч шувуутай, Америкийн голлох компани болох CAL­MAIN FOODS гэхэд 40.1 сая өндөглөгчтэй. Оросод бол гурван сая өндөглөгч бол наад захын хүчин чадал. Уралын нурууны наагуур гэхэд л 3.6 сая өндөглөгчтэй үйлдвэрүүд бий. Тиймээс 310 мянган өндөглөгч бол маш өчүүхэн тоо. Цаашдаа хэмжээгээ томруулж байж л өрсөлдөөнийг давна” хэмээн ярьсан юм. “Түмэн шувуут” компани өндөг боловсруулах үйлдвэр нэмж суурилуулахаар төлөвлөжээ. Хамтарч байгаа компани нь өндөгний тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “Набел”. Өндөг угааж цэвэрлэх, өндөгний чанарыг тухай бүрд нь шалгаж, жинг нь хэмжин ангилах, савлах гэсэн шат дамжлагатай бүрэн автомат үйлдвэртэй болсноор бүтээгдэхүүний чанар сайжирч, хүнээс хамаарсан гэмтэл, хагарал гарах нь эрс багасах давуу талтай аж. Тэгэхээр энэ үйлдвэрийг барьчихвал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэхээс эхлээд олон давуу тал үүсэх нь. “Түмэн шувуут”-ын нийт өндөгний 2-3 хувь нь хагарч гэмтдэг учраас зах зээлийн үнээс 50 хувь хямд үнээр зарж борлуулахаас аргагүйд хүрдэг гэнэ. Япон технологийн өндөг боловсруулах үйлдвэртэй болчихвол ийм асуудалгүй болно гэж “Түмэн шувуут”-ын гүйцэтгэх захирал Ж.Болд ярилаа.

“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал “Үнэт цаас гаргагчийн тахианы аж ахуй 2015 онд 300 сая төгрөгийн ашиг хийсэн бол өнгөрсөн жил 2.5 тэрбумын ашигтай ажилласан. Уг нь урьдчилсан таамгаар 1.7 тэрбум гэсэн тоо гарч байсан юм. Өөрөөр хэлбэл таамгаас нэлээд давсан сайн ашигтай ажилласан гэсэн үг. Хорогдол, элэгдлийг хасч цэвэр бэлэн мөнгөний ашгийг тооцоход нэлээд өндөр дүн гарсан” хэмээн ярилаа.

“Түмэн шувуут” 2017 онд 51.3 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол энэ жил 65.6 сая ширхэг, ирэх онд 67.8 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ 32 хувиар нэмэхээр ажиллаж байна.

Тус компани тэжээл, үржлийн өндөг импортлох, өндөг баяжуулах асуудлаар АНУ, ОХУ, Хятад, Европын нэр хүндтэй, салбартаа тэргүүлэх компаниудтай байнгын хамтын ажиллагаатай ажилладагийн энэ дашрамд онцолъё.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дараагийн ажил нь махны чиглэлийн тахианы аж ахуй. Нийт хөрөнгө оруулалтын 40 хувийг энэ төсөлд зарцуулах юм. Манай сонин маргаашийн дугаартаа энэ төслийн талаар онцлон хүргэх болно