Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Танхимын ерөнхийлөгчийн хувьд бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн эрх чөлөөг олгож чадсан

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Дөрвөн жилийн өмнө танхимын ерөнхийлөгчийн албыг авахад эдийн засаг хасахтай байсан билүү?

-Тэгсэн. Эдийн засаг тэг рүү орчихсон, дампуурах эсэхдээ тулсан, их хямралын оргил үе байсан. Хамгийн түрүүнд хямралаас яаж гаргах вэ гэж бодсон. 2009 оны хямралаас гаргалцсан туршлага байсан учраас цоо шинэ асуудалтай нүүр тулсан гэж хэлэхгүй. Би иргэний, аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөнд л итгэдэг. Эрх чөлөөг нь сэргээж өгвөл хямралаас гардаг л даа.

-Хямралаас гаргахын тулд хамгийн эхлээд юу хийе гэж бодсон бэ?

-Өршөөлийн хууль баталж компаниудад шинээр ажиллах, төрөх, идэвхжих эрхийг нээж өгье гэж бодсон. Эдийн засаг тэг зогсолттой үед санхүү, татварын реформ хийж болдгийг тухайн үеийн засагт ойлгуулж чадсан. Тэгээд Өршөөлийг хуулийг 2015 оны нэгдүгээр сард батлуулчих санаатай зүтгүүлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Б.Лхагважавын лобби” гэж байгаад унагасан л даа. Гэхдээ 2015 оны наймдугаар сарын 17-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж байж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлуулсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар буюу хэдхэн сарын хугацаатайгаар баталсан юм.

-Хэдхэн сарын хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байсан уу?

-Дахин эрх чөлөөгөө эдэлж байгаа бизнес эрхлэгчдийн идэвхжлийн тэсрэлт гэж байдаг юм. Би тэрэнд л найдсан. Найман их наядын ажил үйлчилгээ, орлого ил гарна гэсэн багцаа тооцоо байсан л даа. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын дундуур энэ хуулийн боломжийг арваад мянган компани ашиглаж хориод их наядын ажил үйлчилгээ ил гарчихсан.

-Арваад мянга гэдэг нийт компаниудын хувьд хэтэрхий бага тоо биш үү?

-140 гаруй мянган компани бүртгэлтэй байсан гээд бодохоор бага тоо л доо. Гэхдээ 2008 оны Өршөөлийн хуульд нийт компанийн хоёрхон хувийг хамруулсан статистик бий. Хуулиа батлуулах, мөрдөх хугацаанд би бараг таван сарын турш УИХ, Засгийн газрын сурталчилгааны багийн алхагч шиг ажилласан шүү. Хуулийн хэрэгжилт дууссаны дараа лобби хийж байж хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгуулсан. Хууль батлуулах, сунгуулах тийм амар ажил биш.

-Тэгээд үр дүн нь яаж гарав?

-2016 оны хоёрдугаар сарын 20 гэхэд 17 мянган компани 34.6 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээ, хөрөнгөө гаргаж байсан.

-Том тоо байна шүү?

-Тэгэлгүй яахав, өнөөдрийн эдийн засгийн долоон хувийн өсөлтөд тэсрэлт болохуйц нөлөө үзүүлсэн. Бүртгэлд орсон ажил, үйлчилгээ, хөрөнгө эдийн засагт хөгжил авчирдаг юм. 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод ирэхэд шингээх чадвартай 17 мянган компанитай болчихсон нь маш том давуу тал. Өмнө нь энэ компаниуд татварын байцаагч, нягтлангийнхаа эрхшээлд орсон, боолын боолын боол болчихсон байсан. Одоо тэдэнд нуух зүйл, хэн нэг байцаагчид дарамтлуулах шалтаг байхгүй. Хөрөнгө оруулалт даргатай биш компанитай ажилладгийг гадны дотногүй ойлгосон.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхэд танхим дуугараагүй гэсэн шүүмжлэл сонсогддог. Ер нь Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах яриа хөөрөө өрнөх үед танхим татвартай холбоотой асуудалд хэр анхаарсан бэ?

-Шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед эдийн засагт мөнгө хэрэгтэй байсан. Тодруулж хэлбэл ОУВС-гийн хөтөлбөрт орохоос аргагүй цаг таарсан л даа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийсэн том ажил нь хөтөлбөрт хамрагдсан явдал гэж би хардаг. Гэхдээ нэг алдаа байсныг хэлэх ёстой. Эдийн засгаа сэхээхийн тулд татварын нэлээд олон тоог нэмж татвар төлөгчдөд дарамттай байдлаар хийх гэж үзсэн. Ийм шалтгаанаар 2017 онд УИХ-тай нэлээд маргасан тал бий. Нэмэх гэж байсан зарим татварыг нь болиулсан.

-Эрүүгийн хуульд бизнестэй холбоотой эрүү үүсгэх заалтууд нэмэгдсэн гэсэн шүүмжлэл бий. Хуулийн төслийг боловсруулах үед танхимын саналыг сонссон уу?

-Эрүүгийн хуульд өмнө нь бизнестэй холбоотой тавхан заалт байсан юм. Сүүлд бизнестэй холбоотойгоор эрүү үүсгэх хорь гаруй заалт орсон. Эхлээд бүр 43 заалт орж ирснийг нь ярьсаар байгаад 23 болгосон.

-Зөрчлийн хууль бас бизнест халтай шийдвэрээр нэрлэгдэж байна…?

-Зөрчлийн хуулийн тухайд ний нуугүй хэлэхэд хоёр намын золиос болсон. Х.Тэмүүжингийн хуулиар бол хууль сахиулагчид буюу байцаагч нар мөрдөх учиртай байсан юм. Гэтэл дараагийн нөхөд нь эсрэг утгатай болгочихсон. Бүх эрхийг байцаагч руу чиглүүлсэн. Ингээд ч зогсоогүй, прокурорт эрх өгчихсөн.

-Ил тод, НӨАТ-ын хуулийн дараа хэрэгжих учиртай Татварын багц хууль улс төрийн нөхцөл байдал гээд элдэв шалтгаанаар хойшилсоор байна. Хэзээ батлагдах бол?

-Олон шалтгаан байсан. Хамгийн сүүлд үүссэн нөхцөл байдал гэхэд л УИХ-ын даргатай холбоотой асуудал байлаа. Ээлжит бус чуулганаар нэг номерт татварын багц хуулийн төслийг батална.

-Татварын багц хууль батлагдсанаар эдийн засагт ямар давуу тал үүсэх вэ?

-Татварын багц хууль батлагдсаны дараа татварын систем эрүүлжинэ. Эдийн засагт өгөөжтэй, өрсөлдөөнийг дэмжсэн, шударга ёсыг эрхэмлэсэн хуулийн систем бүрдэх маш том давуу үүснэ. Би өнгөрсөн жилүүдэд энэ системийг бий болгохын төлөө ажилласан.

-Улстөрчид татварын багц хууль гэх мэт хөгжилд нэмэртэй, системийг бүхэлд нь эрүүлжүүлэх төслүүд дээр хойрго ханддаг гэдэг шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Улстөрчдийн хувьд нийгэм эдийн засагт ашигтай, улс эх орны ирээдүйд хэрэгтэй гэж бодохоос илүү байгаа цаг хугацааныхаа ноёрхлыг боддог тал бий. Сүүлийн 27 жил явсан системийн гажгаас авлига хээл хахууль гэх мэт хэлбэрээр ашиг хүртдэг хэсэг НӨАТ, татварын системийн өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцдэг хүмүүсийн тод магнайд явдаг.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амжуулсан ажлуудаас чинь шийдүүлэхэд хамгийн хэцүү байсан нь юу вэ?

-Татварын багц хууль. Өршөөлийн хууль бас амар байгаагүй. 2014 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж 2015 оны долдугаар сард бутарсан юм. Тэр үйл явдлын дараах өрнөлийг ашиглаж, ээлжит бус чуулганаар батлуулсан түүхтэй.

-Татварын багц хууль гэх мэт системийн шинжтэй өөрчлөлт авчрах шийдэл батлагдахгүй удах тусам эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байх, тийм үү?

-Тэгж хэлж болно. Би яг нарийндаа 2005 оноос хойш татварын системтэй ноцолдож явна. Энэ системийн өөрчлөлтийг хойшлуулах тусам хуучин системтэй холбоотойгоор ангал үүсдэг. Мэдээж хохирогч нь татвар төлөгч. Тийм зам руу орчих гээд байна. Нэг шинэ систем эхлэхэд дараагийнх нь шууд залгаж явахгүй бол эргэлзээтэй байдал үүсдэг. Татварын багц хуулийг хойшлуулах хэрээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эргэлзээ үүснэ гэсэн үг. Эргэлзээ гэдэг бол эдийн засагт аюултай үзэгдэл.

-Татварын багц хууль батлагдвал ямар давуу талууд үүсэх вэ?

-Эдийн засаг өснө. Шударга ёс тогтоно. Бизнес эрхлэгчдийн хувьд татвараа төлж байгаа нь зах зээлийн эзэн байя гэсэн асуудал тавьдаг. Татвараа төлдөггүй тоглогчид зах зээлд маш олон бий.

-Хууль батлагдсанаар тэд шахагдаж эхэлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Бидний зорьж эхлүүлсэн шинэчлэл тэр зүг рүү явж байгаа. Хүчтэй татварын байцаагч бүгдийн төвд байдаг хандлага өөрчлөгдсөн шүү. Тэр системээ бид 2016 онд хийчихсэн. НӨАТ-ын системээр бүгд хяналтад орсон. НӨАТ-ын системийг гоочлох гэж оролддог. Яг нарийндаа энэ системээс иргэд, төр хожсон. Мэдээж хамгийн их хожсон нь компанийн эзэд. Ялангуяа үйлчилгээ худалдаа эрхэлдэг хүмүүс. Тэд бүх орлогоо секунд тутамд мэдэж байгаа.

-НӨАТ-ийн өнөөгийн систем үйлдвэрлэгчдэд сөргөөр тусч байна гэсэн шүүмжлэл сонсогдох юм…?

-Гэнэн ойлголт л доо. НӨАТ-ын хууль 1997 онд анх батлагдахдаа буруу гарсан. Өмнө нь 1992-1997 онд худалдааны хууль гэж байсан юм. Тэр хуулийн нэрийг нь солиод л тавьчихсан. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг бол худалдааны татвар биш. Тэгэхээр бид огт өөр концепцийг 20 жил хэрэглэсэн гэсэн үг. Би 2005 оноос хойш энэ талаар ярьсан хүн л дээ. Энэ гажгийг засах гэж 13 жил явсаны эцэст зассан. НӨАТ-ын хууль одоо л анхныхаа философи руу орж байна. Худалдаа болон үйлдвэрлэгчийн ашгийг тэнцүүлэх ёстой. Европ тэр аяараа ийм. Аль салбар руу мөнгө урсгах вэ, аль салбарын ашгийг тэнцүүлэх вэ гэдэг нь цэвэр НӨАТ-ын системээр явдаг. Тэр сууриа бид тавьчихсан. Ер нь НӨАТ-ын систем ихэнх улсад унасан байдаг. Бараг 30-40 хувь нь унасан зураг харагддаг.

-Ямар шалтгаанаар унаад байна?

-Ерөөсөө л хар зах зээл. Авлига өгдөг мафийн систем нь яаж ийж чангааж байгаад унагасан байдаг.

-Танхимын ерөнхийлөгчийн хувьд хийгээгүй үлдсэн ямар асуудал байна вэ?

-Тухайн зах зээлийн тохируулгыг лицензээр хийдэг. Манайх лицензийн хөдөлгөөнийг огт хийж чадаагүй. Миний дараагийн гол зорилго ийшээ чиглэнэ. Тухайн зах зээл дээр тоглогчдын шударга өрсөлдөөнийг хангахын тулд лицензийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Зохицуулж чадахгүй бол эдийн засгийн том хохирол амсдаг. Наад захын жишээ гэхэд 17 гурилын үйлдвэрт эрх өгсөн тоо дуулддаг. Цугаараа ажиллавал Монголын тариаланчдын тарьсан улаанбуудайг аравхан хоногийн дотор гурил болгочихно.

-Лицензийг төр биш, мэргэжлийн холбоод өгөх ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Зарчим нь тэгж явах учиртай. Гэхдээ мэргэжлийн холбоод нь бие даасан институцийн хэлбэртэй байх ёстой. Хуваарилалтыг шударга хийх чадамжтай байх хэрэгтэй л дээ.

-Танхим шиг бэхэжсэн нь цөөхөн гэдэг талаас нь харах ёстой гэж үү?

-Хөнгөмсөгөөр найдаж болохгүй. 29 мянган ТББ бий. Танхим шиг нь хэд вэ гэдэг бол яах аргагүй бодох асуудал. Ганц хүнтэй 20 жил яваа ТББ олон бий.

-Төр бизнест хүчтэй оролцоотой хэвээр байгаа. Төрийн эдийн засаг дахь оролцоог багасгахын тулд яах ёстой вэ?

-Төр улс төрийн шийдвэр, татварын шийдвэр, улсын төсвөөрөө эдийн засагт оролцдог. Үүнээс гадна 93 төрийн өмчит улсын үйлдвэрийн газар бий. Тоо нь бага ч эдийн засгийн 40 хувийг барьдаг. Эднийг аль болох ХК болгох чиг рүү явуулна. Болж өгвөл хувьчлах зам руу оруулахыг зорино. Хувьцаат компани болгож Хөрөнгийн бирж дээр гаргачихвал тухайн компанийн хувьцааг нь өсгөх гүйцэтгэх захирал л тавигдана. Өөрөөр хэлбэл улстөрчдийн нөлөө, оролцоо хумигдаад ирнэ. Энэ асуудал дээр зүгээр суугаагүй. 93 компанийн засаглал дээр судалгаа хийлгэсэн. Компанийн засаглал сайжруулах процесс үргэлжилнэ гэж харж байгаа.

-Мэдээж төрийн зүгээс сайн дураараа мэдлийнхээ компаниудыг олон нийтийн болгох гэж яарахгүй байх. Тодорхой шахалтууд хийж таарах уу?

-Нийтийн мөнгөний хуваарилалтан дээр хошуу дүрэх, 93 компаниар дамжуулаад баяжих гэх мэт сонирхлыг системийн хувьд өөрчлөлт хийж байж л зогсооно. Түүнээс биш ганц хашгираад зогсооход хэцүү л дээ. Миний хувьд зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн механизм ашиглана. Ашиглах механизм нь сайн систем. Системийн өөрчлөлт гэж яриад суугаагийн минь цаад шалтгаан нь ерөөсөө л энэ.

Нэг зүйлийг ний нуугүй хэлмээр байна. Намайг танхимын ерөнхийлөгчийн албыг авах үед буюу 2013, 2014 онд эдийн засаг тэг рүү орчихсон байсан. Тэр үед бүгд зугатсан. Үлдсэн хүмүүс нь үндэсний компаниуд л байсан. Хөлсөө урсган байж эдийн засгаа өсгөсөн хэсэг бол үндэсний компаниуд. Тэдний хөлс хүч, зовлон өнөөдрийн долоон хувийн өсөлтийг бий болгосон юм. Эдийн засаг дажгүй болоод ирэнгүүт зугатсан нөхөд дахиад ороод ирж байна л даа. Тэр утгаараа манай компаниуд хашир суусан, ухаажсан, зовлон үзсэн. 2021 онд одоо явж буй ажлын үр дүнд эдийн засаг хоёр дахин тэлэх магадлалтай байгаа. Сонгуулийн эрхийг авсан засаг хангалттай орлоготой ажиллана. Тэр системийг нь өнгөрсөн дөрвөн жилд танхимын өндөр оролцоотойгоор хийгээд өгчихсөн юм.

-Тэгэхээр ирэх сонгуулиар гарч ирэх УИХ, Засгийн газар эдийн засгийн таатай хөрс суурин дээр ажлаа эхлэх нь ээ?

-Тэгнэ. Гэхдээ тэр таатай хөрсөн дээр эзэн суух гээд 2019 оныг попрох он болгох эрсдэл байна. 2018, 2019 оны долоон хувийн өсөлтийг хадгалах нь маш чухал гэж бодож байна. Жигд өсөлттэй байж өгөөж нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд наалдана. Тэгэхгүйгээр, попорч, өмч хөрөнгө хураана гэж давхивал хэцүү. Тэр утгаараа бизнес хийж яваа улсын үнэ цэнийг бий болгох ёстой. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвших мөрийн хөтөлбөртөө энэ талаар тодорхой тусгаж байгаа. Татвараа төлөөд ажлын байр бий болгосон хүн нийгмийн хог шаар мэт үзэгдэж, муусайн баячууд гэж адлагдах учиргүй. Танхим энэ хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой.

-Ирэх дөрвөн жил танхимын ерөнхийлөгчөөр ажиллавал ямар ажлууд амжуулах вэ?

-Түрүүн хэлсэнчлэн ээлжит бус чуулганаар татварын багц хуулиа батлуулна. Нийтийн мөнгөний дахин хуваарилалт, авлига хээл хахуультай холбоотой олон асуудал Үндсэн хуульд байгаа. Тиймээс Үндсэн хуулийг эдийн засагжуулах, санхүүжүүлэх том ажилд хүч сорино. Үндсэн хуулийн эрх зүй судлаачийнхаа үүднээс, танхимын ерөнхийлөгчийн хувьд оролцох сонирхол бий. Мэдээж нийтийн мөнгөний дахин хуваарилалтыг гаргасан хуулийнхаа дагуу хийнэ. Бас танхимын салбаруудыг хөгжүүлэхэд анхаарна. МҮХАҮТ-ын 21 аймаг дахь салбар ойрын хугацаанд бүтцийнхээ хувьд бие даасан институци болох ёстой. Мэдээж макро эдийн засгийн долоон хувийн өсөлтийг барих зорилго байна.


Categories
мэдээ эдийн-засаг

Б.Хаш-Эрдэнэ: Поп улстөрчдөөс болж бизнес эрхлэгчид хохирдогийг болиулахын төлөө бид нэгдэх ёстой

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


Б.Хаш-Эрдэнэ: Поп улстөрчдөөс болж бизнес эрхлэгчид хохирдогийг болиулахын төлөө бид нэгдэх ёстой

-МҮХАҮТ-ын даргад өрсөлдөх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Би танхимын хувьд шинэ хүн биш л дээ. МҮХАҮТ-д 2000 оноос хойш арван жилийн турш мэргэжилтнээс эхлээд газрын дарга хүртэл ажлыг хийж байсан. Тухайлбал, Танхимын зах зээлийн судалгааны төвд мэргэжилтэн, “ Зээлийн зэрэглэлийн агентлаг” гэж байгуулагдахад ахлах мэргэжилтнээр нь ажиллаж байлаа. ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах шалгуур үзүүлэлтийг анх гаргаж шалгаруулалтыг хийж байсан. Танхим үндсэн хоёр үүрэгтэй. Нэг нь бодлогын өмгөөлөл, нөгөө нь дэмжин урамшуулах. Бодлогын өмгөөллийн тухайд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр төр засгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг юм. Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллахдаа хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлыг судалж, шийдлүүдээ гаргаад төр засгийн байгууллагад тодорхой саналууд оруулан шийдвэрлүүлдэг байсан. Тухайн үед төр засгийн байгууллагуудаас гаргаж байсан эдийн засаг, бизнесийн чиглэлийн бодлого, хууль эрх зүйн актуудад гишүүн байгууллагуудынхаа саналыг тусгуулж ажилласан. Гэтэл өмнө нь хийсэн, бүтээсэн зүйлс маань удааширсан, зарим нь зогссон учраас эхлүүлснээ үргэлжлүүлье, бизнесийн орчныг сайжруулъя гэсэн хүсэл, зорилгоор ийм шийдвэр гаргалаа.

-Таныг ажиллаж байхад танхимын нөлөөгөөр бизнест ээлтэй ямар шийдвэрүүд гарч байсан бэ?

-Татварын багц хууль 2008 онд өөрчлөгдөхөд идэвхтэй оролцсон.Бизнесийнхний эрх ашгийг хамгаалах заалтуудыг тусгах гэж үг, үсэг бүр дээр ажиллаж байлаа. Үүний үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ 10 хувь болж буурсан. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог Сангийн яамтай хамтарч байгуулаад ажилласнаа онцолмоор байна. Энэ хорооны ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийг төлөөлдөг төрийн бус байгууллагууд өөд өөдөөсөө харж суугаад шийдлээ гаргадаг байсан. Гааль, мэргэжлийн хяналтынхан гэх мэт төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд маш их хүнд суртал гаргадаг байсан. Иймээс Танхимаас гааль, мэргэжлийн хяналтынхны хүнд суртлыг бууруулах зорилгоор тэдэнтэй тулж ажилласан учраас эдгээр газруудын хүнд суртал, авлигын индекс мэдрэгдэхүйцээр буурсан үр дүн тухайн үед гарч байсан. Гэх мэтчилэн олон асуудлыг шийдэхэд бидний хувь нэмэр нэлээн байсан гэж бодож байна. Үүний үр дүнд МҮХАҮТ гэдэг байгууллагын өнөөгийн имиж нийгэмд бий болсон.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа одоо ямаршуу байна?

-Төр хувийн хэвшлийнхний өмнө тулгарч буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэх чиглэлээр ажилладаг механизмууд үндсэндээ зогссон байна. Бид төрийн агентлаг, яамд, УИХ-ын байнгын хороод гээд төрийн байгууллагын бүх шатныхантай нягт хамтарч, тулж ажиллах системийг бий болгочихсон байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр систем идэвхтэй ажиллахаа больсон байна. Энэ систем нурснаар хамгийн их хохирох хүмүүс нь бизнесийнхэн шүү дээ.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нурсан гэдэг дээр тодорхой жишээ дурдаач?

-Сүүлд гэхэд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн асуудал дуулиан тарилаа. МҮХАҮТ энэ асуудлаар мэдэгдэл гаргаж, шүүмж өрнүүлж, бизнес эрхлэгчдээ өмгөөлсөнгүй. Нэгдүгээр сарын 1-нээс иргэд, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл өсч байна. Танхим дуугарсангүй. Бизнесийн орчин хоёр жилийн өмнөхөөс хорин орчим байраар ухарчихаад байхад бизнесийн орчныг сайжруулах талаар дорвитой дуугарч, сайн ажилласангүй. Одоо 2019 онд төрийн худалдан авалт нэмэгдэхтэй холбоотойгоор Монгол Банкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлвэл бизнесийн орчинд лав л таатай нөлөөлөхгүй. Гэтэл энэ талаар танхим дуугарахгүй хэвээр л байна. Өмнө нь бид дуугарч, бизнесийн өмгөөллөө хийж байсан. Одоо дуугарахгүй байгаа нь танхимын удирдлагуудтай л холбоотой.

– Бизнес эрхлэг ч , баялаг бүтээгчдээ өөлсөн, шүүмжилсэн , адалсан хандлага тод анзаарагдах боллоо. Компаниудыг баялаг бүтээгч талаас нь нийгэмд ойлгуулах нь танхимын үүрэг мөн үү?

-Мөн байлгүй яахав. Энэ бол нийгмийн гажуудал. Нийгмийн гажуудал, сэтгэлгээний ядуурлыг засах хүмүүс нь бидний үеийнхэн гэж харж байгаа. Поп улстөрчдөөс болоод иргэдийн сэтгэлгээ хүртэл ядуурч, өөрчлөгдөж байгаагийн нэг жишээ л дээ. Төрөөс тэтгэмж аваад явахаа илүүд үзсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс ихсэх нь сайн зүйл биш. Баялаг бүтээж байгаа, ажиллаж байгаа хүмүүсээ шулаачид, муусайн луйварчид гэж харах нь зөв хандлага биш. Нийгмийн энэ гажуудал поп улстөрчдөд л ашигтай тусаад байна. Нийгмийн энэ гажуудлыг засах хүмүүс нь хувийн хэвшлийнхэн, бидний үеийнхэн. Иймээс бид нэгдэж дуу хоолойгоо гаргаж байж үр дүнд хүрнэ.

-“Ард санхүүгийн нэгдэл”- ийн Ч.Ганхуягтай санаа нийлээд зүтгэх болсон олон шалтгаан бий байх…?

– Бид хоёрын хувьд санал нэгдсэн нэг том өнцөг бий. Бизнесийн орчин муудсан гэдэг дээр санал нэгдэж байгаа. Эрс өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол урагшлахгүй гэж харж байна. Зүгээр нэг татвар ярьчихаад сууж болохгүй л дээ. Бидний үеийнхэн үгээ хэлж, ажиллах цаг ирлээ гэдэг утгаараа Ч.Ганхуягтай нэг баг болж хамтрах шийдвэр гаргасан. Түүнчлэн Ганхуяг захирлын хувьд маш хурдтай, эрч хүчтэй, нийт Монголын бизнес эрхлэгчдийг гадаад, дотоодод бүрэн төлөөлөх чадвартай хүн гэж бодож байгаа учраас бид нэг баг болсон.

-Танай баг сонгогдлоо гэхэд хамгийн түрүүнд хийх ажлаасаа сонирхуулаач?

-Хамгийн түрүүнд бодлогын өмгөөллийн ажлуудаа эхлүүлнэ. Би хувийн хэвшлийн компаниудад зөвлөгөө өгч ажилладаг. Компаниудтай уулзаж байхад маш олон компани “Танхим руу очихоо больсон. Биднийг сонсохоо больсон учраас очих шаардлага ч алга” гэж байна. Тэгэхээр бодлогын өмгөөллийн ажлуудыг эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд Танхим “чих”- ээ онгойлгох ёстой. Гишүүдээ сонсох учиртай. Бид жижиг, дунд, том бүх компаниудын өмнө тулгарч буй асуудлуудыг ойлгож, эрэлт хэрэгцээг нь мэдэрч байж урагшилна. Иймээс өмнө нь хэрэгжүүлж болдог байсан механизмуудаа эхлээд ажиллуулна. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо гэсэн бүтцийг ажиллуулахаа больсон байна.

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо ажиллахаа больсон гэсэн үг үү?

-Үндэсний хөгжлийн газар ийм хороо байгуулаад, танхим идэвхгүй нэг гишүүн нь болчихсон байгааг мэдээнээс харсан.

-Өмнө нь энэ хороог МҮХАҮТ толгойлж байсан уу?

-Тийм, Танхим удирдаж байсан ю м . Манай баг хэрвээ сонгогдвол энэ хороог идэвхтэй ажиллуулахаас гадна хот, хөдөөгийн нийт хувийн хэвшлийнхний өмнө тулгарч буй асуудлуудад шинжилгээ, дүгнэлт хийж судалгааны үндсэн дээр төрийн байгууллагуудтай ажиллана. Иймээс танхим судалгааны Тинк Танк байгууллага байх ёстой. Жижиг, дунд, том бизнес эрхлэгчдийн өмнө тулгамддаг асуудал, эрэлт хэрэгцээ өөр өөр байдаг учраас бид гишүүн байгууллага бүрийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээг технологийн шинэ шийдэлд тулгуурлан бий болгоно. Түүнчлэн манай гишүүдийн өмнө тулгардаг хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөц, зах зээлээ өргөжүүлж гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон тулгамдсан асуудал байдаг учраас манай багийнхан эдгээр асуудлуудаа шийдвэрлэхэд нь гишүүн байгууллагууддаа тусалж ажиллана.

-Хямд хүүтэй санхүүжилт татах тал дээр ажиллах бололцоо танхимд бий юу?

– Бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх , бизнесээ өргөжүүлэхэд хэрэгтэй хамгийн чухал асуудлуудын нэг нь таны сонирхсон асуудал. Компаниудад юуны түрүүнд хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрэгтэй. Гадаад зах зээлийн эх үүсвэрүүдээс хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшлийнхнийг холбож өгөх ажлуудыг хийх нь нэн чухал байгаа. Жишээ нь, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн 90 гаруй хувь нь банкны зээл. Банкны зээлийн доод хүү 20 хувь. Тэгэхээр компаниуд доод тал нь 40 хувийн ашигтай бизнес эрхлэх шаардлагатай нүүр тулдаг. Дэлхийд жамаараа хөгжиж яваа бизнесийн хувьд 40 хувийн ашигтай бизнес гэдэг бол супер гэсэн үг. Гэтэл манай компаниуд 40 хувийн ашигтай ажиллахгүй бол эргэлтийн хөрөнгөө ч санхүүжүүлж чадахгүй, маш олон бэрхшээл дунд зүтгэж байна. Энэ бол бизнесийн хамгийн муу орчин. Түүнчлэн Монголын бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлд түлхүү анхаарна. Бас нэг том асуудал бол төрийн бизнес. Төр өөрөө бизнес эрхлэгч болоод хувийн хэвшилтэй өрсөлддөгийг багасгахгүй бол бизнесийнхэн жамаараа хөгжиж чадахгүй. Төр өөрөө том бизнес эрхлэгч, том хөрөнгө оруулагч, том худалдан авагч болчихсон учраас компаниуд төрийн тендер рүү зүтгээд байна.

-Сүүлийн дөрвөн жилд танхим сайн ажиллаагүйгээс болж хувийн хэвшлийнхэнд сөрөг нөлөө учирсан гэвэл та юуг онцлох вэ?

– НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх зөв шийдлийг гаргаагүй, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сан шиг төрийн сангуудын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй, төрөөс гаргасан олон хууль эрх зүйн актуудад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг оруулж чадаагүй гэх мэт олон зүйл байна.

-Яагаад, НӨАТ-ын хууль харин ч эерэг нөлөө ихтэй гэсэн тайлбар дуулддаг шүү дээ?

-НӨАТ-ын хууль худалдааны татварын нэг хэлбэр бөгөөд үйлдвэр эрхлэгчдэд дарамт болдог хууль л даа. Жишээ н ь , худалдаа эрхлэгч үйлдвэрлэгчээс 100 төгрөгөөр бараа аваад 10 хувь нэмээд 110 төгрөгөөр зарж байна гэж бодъё. НӨАТ-ын хуулийн үндсэн санаа нь худалдаа эрхлэгчдийн нэмсэн 10 төгрөгөөс татвар авах ёстой гэсэн үг юм. Энгийнээр хэлбэл худалдаа эрхлэгчийг үйлдвэрлэгчийн үнэ дээр хэт өндөр үнэ нэмж зарахаас сэргийлэхэд тусалдаг гэж хэлж болно. Гэтэл 110 төгрөгийн бараанаас 11 төгрөгийн татвар авчихаж байна. Үүгээрээ л үйлдвэрлэгчдэд дарамт болж байна. Иймээс үйлдвэрлэл сул хөгжсөн Монгол шиг улсын хувьд НӨАТ-ын хууль үйлдвэр эрхлэгчдэд маш том дарамт. Дээр нь хатуухан хэлэхэд үүгээр дамжуулж төр нэг том луйвар хийж байна. Саяхнаас эхлээд бид НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлдэг болсон. Ингэснээр Монголын гурван сая иргэн бүгдээрээ татварын байцаагч болсон. Үр дүнд нь татвараас зайлсхийх үйлдэл нэлээн багассан нь үнэн. Гэхдээ төр татвар гэж 10 хувийг нь авчихаад иргэндээ хоёрхон хувийг буцааж олгож байна. Яг үнэн хэрэгтээ НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч иргэн төлж байгаа. Энгийнээр хэлбэл төр нэг гараараа НӨАТ гэж иргэн Доржийн халааснаас 10 төгрөг авчихаад, нөгөө гараараа “Танд буцаагаад өглөө шүү” гээд хоёрхон төгрөг сарвайж байгаа л хэрэг. Үнэхээр иргэддээ хайртай юм бол арван хувийн татвараа бүтнээр нь буцаагаад өгчих хэрэгтэй. Учир нь иргэдийн худалдан авах чадвар муу байна, жилээс жилд иргэдийн бодит орлого багасч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Ерөнхийлөгч маань Элчин сайдуудыг татаж, томилохдоо гуравдагч хөршүүдээ холдуулаад байх шиг

Түрүүч нь №036(6137) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Таныг Шведэд суух элчин сайдын албанаас эргүүлэн татсан. Ямар шалтгаанаар эргүүлэн татсан бэ гэсэн асуулт өнөөдөр ч олны анхааралд байна?

-Одоогийн Ерөнхийлөг-чийн сонгууль болохоос өмнө намайг элчин сайдаар томилчихсон байсан. Шведийн Стокгольм хотоос Скандинавын таван орныг хамаардаг элчин сайдын алба л даа. Би Шведийн хаанд, Эстонийн ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад бүрэн эрхтэй элчин сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан юм. Энэ зуур Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болоод Х.Баттулга төрийн тэргүүн болсон. Элчин сайдаас татах асуудлын тухайд яг нарийндаа энэ хүний хувийн тооцоо байх. Түүнийгээ үндэслэлтэй болгох гэж хууль хяналтынханд элдэв шалгалт хийх даалгавар өгч байсан. Энэ тухай дэлгэрэнгүй яривал тэр чигээрээ шог үзэгдэл. Х.Баттулга М.Энхсайхан гэдэг хүнтэй тооцоо хийж болно. Гэвч Ерөнхийлөгч нь элчин сайдаа эгүүлэн татах нь улс орнуудын харилцаанд буруу ойлголт өгөх эрсдэлтэй. Миний санаа зовж суусан асуудал энэ л дээ. Томилсон элчин сайдаа эргүүлж татах гэдэг бол зөөлхөн хэлэхэд гоё харагддаг үйлдэл биш. Намайг Норвегид итгэмжлэх жуухаа барих гэж байхад жуух бичиг битгий бариул гэсэн үүргийг шинэ Ерөнхийлөгчийн зүгээс Гадаадын хэргийн яаманд өгсөн юм билээ. Нэгэнт бодлого нь тийм бол гээд жуух бичиг барих ажлаа хойшлуулаад байсан юм.

-Элчингээр томилогдсон хүн тодорхойгүй шалтгаанаар жуух бичиг өргөн барих ажлаа хойшлуулж болохгүй байх. Улс төрийн нөхцөл байдал энэ тэр гээд болсон процессийг хэлсэн үү, эсвэл өөр тайлбар тавьсан уу?

-Монголоо буруу ойлгуулчихгүйн тулд элдэв шалтгаан тайлбар хэлж байсан л даа. Монголын улс төрийн өрнөл, шалтгааныг тайлбарлалтай биш. Норвегийн хааны ордноос надад хандаж итгэмжлэх жуух бичгээ бариач гэж гурван удаа захидал ирүүлсэн. Монголоо эвгүй байдалд оруулахгүйн тулд гурван удаа техникийн бололцоогүй гэх мэт тайлбар хэлж татгалзсан. Эцэстээ байдлаа хэлж ойлгуулаад ирсэн.

-Улс орнуудын гадаад харилцаа талаас харвал ямар нэг үндэслэлгүйгээр элчин сайдыг эргүүлэн татах асуудал байж болохгүй биз дээ?

-Голчлон харилцаа хүйтрэх, хурцадахаар л элчингээ татаж байгаа харагддаг шүү дээ. Швед, Скандинавын орнуудад олон монгол бий. 8-9 мянган монгол иргэн амьдардаг. Европын орнуудаас монголчууд хамгийн олноороо амьдардаг нь Герман. Дараа нь Швед, Скандинавын орнууд ордог юм. Нэгэнт шинэ Ерөнхийлөгч дургүй, ажил боомилж байгаа юм чинь Монголдоо буцъя гэж бодсон. Гэхдээ Монголынхоо талаар зөв ойлголт өгчихөөд буцах ёстой гэж харсан. Ямар ч тохиолдолд тэнд амьдардаг иргэдийн эрх ашиг хөсөрдөхгүй байх нь чухал. Тэр талаас нь хандсан.

Энэ зуур элчин сайдыгаа татах шийдвэрээ төр хууль ёсныхоо хүрээнд гаргахыг хүлээж суусан. Төдий удалгүй УИХ-аас элчин сайдаа татах шийдвэр гарсан ч Гадаад харилцааны яам эцсийн хариуг хэлэхгүй яваад байсан л даа. Сүүлдээ би Гадаад харилцааны сайдад мессэж илгээж, хугацаагаа өөрөө товлож “Ажлаа өгөөд явж очъё” гэсэн. Тэгээд өнгөрсөн жилийн наймдугаар сард ирсэн юм. Элчин сайд нар буцахдаа итгэмжлэх жуух бичиг барьсан орнууддаа яагаад буцах болсон, юу үлдээсэн тухайгаа тайлбарласан уулзалтууд хийдэг юм билээ. Би тийм уулзалт хийгээгүй. Учир нь надад тайлбарлах зүйл байгаагүй. Тийм учраас дипломат шугамаар “Намайг эргүүлэн татаж байна” гэсэн утгатай захиа бичээд ирсэн.

-Шведэд өнөөдөр ч Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүй. Тэнд амьдардаг монголчууд өөрсдийг нь төлөөлсөн элчин сайдгүй удаж байна шүү?

-Би Шведэд очоод итгэмжлэх жуух бичгээ харьцангуй хурдан барьсан учраас жил хагас элчин сайдтай байсан гэж хэлж болно. Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье. Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.

-Гуравдагч хөрштэй тогтоосон харилцаагаа элчин сайд нараа татах хэлбэрээр үймүүлээд байна уу гэдэг сонирхож тавих ёстой асуулт байна. Яагаад тэгж бодоход хүрэв?

-Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм.

-Тэгж харагдахаар юм байна…?

-Харагдахаар барах уу, би дотроо тэгж анзаарчихаад Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно. Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. Тэнд оршин амьдардаг монгол иргэдэд алсдаа сөргөөр битгий тусаасай гэж бодож байна.

-Та Шведэд очоод ажлаа бүрэн эрхийнхээ хүрээнд хийгээд эхэлсэн гэж ярилаа. Хойд Европын орнуудтай ингэж тэгж хамтарна гэсэн ажлын зургаа гаргачихсан байсан уу?

– Шинэ асуудлуудыг өдөөд, яриад явж байсан. Жишээ нь, хойд Европын Швед гэж орон жилдээ бараг тэрбум ам.долларыг олон улсын тусламжийн хүрээнд олон оронд өгдөг. Тэр тусламжийн шалгуурыг нь Монгол давсан учраас хасагдсан л даа. Монголчуудад биеэ даах чадамж нь суусан гэж үзээд хассан юм. Гэхдээ миний сая хэлсэн тэрбум ам.долларын 200 сая нь ардчиллыг дэмжих тусламж. Миний зүгээс “Эдийн засгийн үзүүлэлтээрээ манай улс танай тусламж олгодог хэмжүүрээс ахисан нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анхаараач. Монгол Улс Орос, Хятадын дунд арал болж үлдсэн чөлөөт орон. Ардчиллын төслүүдийг дэмжсэн хэвээр урагшлах шаардлага бидэнд байна. Манай улсад болж буй үзэгдлийг анзаарвал хоёр хөршийнхөө авторитар нөлөөнд автах хандлага багагүй бий. Ардчилал өндөр хөгжсөн танайх шиг улсуудаас суралцах шаардлага Монголд байгаа. Тэр тусмаа Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлийг тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдаг арга зүйн талаас сурах заалгах эрэлт үүссэн” гэж хандсан. Найрсгаар хүлээж авч судалж байсан байх.

Швед маш том ойн аж ахуйтай. Ой нь улам бүр ихэсч байгаа учраас ойн цэвэрлэгээ сайтай. Монгол газар нутаг томтой учраас ой ихтэй. Гэхдээ ойн цэвэрлэгээ байхгүй. Дэлхийн дулаарлаас болоод манай ой сөнөх байдалтай яваа. Ойн аж ахуйд туслалцаа үзүүлээч, хамтраач гээд яриа эхлүүлээд явж байсан. Данид “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн зохион байгуулахад оролцсон. Тэр талаар pax­mongolica.org сайтад бий. Монголын тусгаар тогтнолд даничууд ямар үүрэг рольтой байсан тухай миний хувийн ажиглалт ч байгаа. Норвегид итгэмжлэх жуух бичгээ бариагүй ч дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэж, Ослод “Чингисийн хүүхдүүд” гэдэг монгол киноны нээлтийг хийсэн. Европт нээлтээ хийсэн анхны монгол кино болсон юм. Эргээд харахаар богино хугацаанд бага боловч ач холбогдолтой ажлууд амжуулжээ.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Таван толгойн гэрээ байгуулах ажлын зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж, хэрэгжүүлэгч нь М.Энхсайхан, Таван толгой төслийг хийхдээ гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж мэдэгдсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлээгүй байгаа…?

-Х.Баттулга Ерөнхийлөгч асуултандаа таны хэлснийг дурдаж, шалгаж өгөөч гэсэн асуудлыг прокурорт гаргаж байгаа харагдсан. Х.Баттулга гомдол гаргахдаа Прокурорын байгууллагын Удирдах ажилтны индэрийг ашиглалаа. Ерөнхийлөгч гомдол гаргахдаа би иргэнийхээ хувьд гэж хэлж байна лээ. Иргэд гомдол гаргахдаа хэзээ ч төрийн байгууллагын индэрийг ашиглах бололцоогүй. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хууль, Авлигатай тэмцэх хуульд заасан албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэхийг хорьсон заалтад илтэд харшилсан үйлдэл болсон. Эрх зүйт төр хэвшсэн соёлтой оронд бол хуулийн байгууллагаас анхааруулга, сануулга авахаар үйлдэл. Дээр нь прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тас хориглосон Прокурорын тухай хуулийн заалтад нийцэхгүй хууль бус буруу жишиг байлаа. Яг үүнтэй адилхан үйл явдал АНУ-д болоход хууль хяналтын байгууллага нь ерөнхийлөгч Трампын багийнханд хууль зөрчих үйлдэл рүү орж байна шүү гэж анхааруулж байсан. Бусдаас суралцахад гэмгүй гэж бодож байна. 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэх мэдэгдлийн тухайд худал гүтгэлэг хийсэн. Тухайн үед боловсруулсан төслүүдийг эргэж харвал 100 жил гэсэн үг хаанаас ч олохгүй. Үнэгүй гэсэн үг хайгаад ч байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа нь төсөлд зааснаар гучин жил. Сунгалтын тухайд зөвхөн Монголын тал буюу 30 жилийн дараахь тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр хийгдэх асуудал байсан.

-Засгийн газар гэрээг сунгахдаа тодорхой нөхцөлүүдийг харна гэж байл уу?

-Тийм, Засгийн газар гэрээг сунгахын тулд тодорхой нөхцөлүүд биелэгдсэн эсэхийг шалгаж байж шийдвэрээ гаргах байсан.

-Ямар нөхцөлүүд байсныг сонирхуулаач?

-Төслийн компани Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа хоёроос доошгүй гадаад улсын зах зээлд борлуулсан байх, “Эрдэнэс Таван толгой”-д хамтын ажиллагааны төлбөр төлсөн байх үүргээ биелүүлсэн эсэхийг нь харна гэж гэрээнд тусгасан байсан. За тэгээд “Чалко”-д төлөх өрийг дуусгах, “Эрдэнэс Таван толгой”-н үлдэгдэл өрийг барагдуулах, Таван толгой – Гашуунсухайтын төмөр замыг барих гэх мэт үүргээ биелүүлсэн эсэхийг харж байж хугацааг нь сунгах эсэхээ шийдэх эрх Засгийн газарт байсан. Би хувьдаа Ерөнхийлөгч дээрх төслийг уншиж үзээгүй гэдэгт 100 хувь итгэдэг болчихоод байгаа. Ийм энгийн юмыг ярихаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Гэхдээ юм унших дадал бөх барилдахаас дутахгүй хөдөлмөр шаарддаг гэдгийг ойлгож байна. Ингэж л хэлмээр байна. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга Таван толгой төслийг хоосон улс төржүүлэхдээ өмнөх Ерөнхийлөгчөө буруутгахыг зорьсон байх. Өөрийгөө өндөг шиг өөгүй хүн гэж харуулах нь популистуудын толгойны өвчин гэж улс төр судлаачид онцолдог. Сайн найз явсан, Ерөнхийлөгч байсан хүнийг муу, муухайгаар дуудах нь популист сэтгэлгээний үр хөврөл л дөө. Ийм популист сэтгэлгээнээс Х.Баттулга Ерөнхийлөгч холдож чадахгүй яваа нь олон үйлдлээс нь харагдаж байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байх. Таван толгой төслийг хийж байхад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надад зааж зааварласан зүйл огт байхгүй.

-Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг шалгуулах гэж 178 хуудас баримт өгсөн гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Ц.Элбэгдорж саяхан Х.Баттулгад хандаж прокурорт өгсөн 178 хуудас гомдлоо ил болгочих гэсэн байна лээ. Бодоод байх нь ээ би өмнөөс нь ил болгох юм шиг байна. Таван толгойн гэрээ 178 хуудастай юм билээ. Тийм өчүүхэн юм ярьж болохгүй л дээ. Иймхэн асуудлаар өмнөх Ерөнхийлөгч болон ажил нугалсан хүнийг буруутгаж, гомдол тавиад яваа нь Монголд өрнөж буй эмгэнэлт үзэгдэл.

-Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөлгөөний үеэр “Эрдэнэс Таван толгой улсын төсөвт 500 тэрбум төгрөг төллөө. Ийм ашигтай бизнесээ хятадуудад өгөх гэж байж” гэсэн утгатай зүйл ярьсан. Таны ажилласан гэрээ УИХ-аар батлагдсан бол хэр ашиг өгөх байсан бэ?

-Ерөнхийлөгчийг тэгж хэлсний дараа хэрвээ Таван толгой төсөл хэрэгжсэн бол гээд тооцоог нь хийж үзсэн л дээ. Нэг их наяд 250 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсан юм билээ. Энэ бол зөвхөн төсөвт өгөх мөнгө нь. Дээр нь төмөр замтай болж, жилд 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барьж, байгаль орчны бохирдлыг эрс багасгаж, 1072 хувьцааг амилуулах байсан. Үүнээс гадна төмөр зам барьж байна гээд “овоолсон шороо”-ныхоо мөнгийг төслийн компаниар төлүүлэхээр байсан. Х.Баттулгын учруулсан хохирлыг Х.Баттулга төлөхгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь төсөл бүтээгүй л дээ.

“Эрдэнэс Таван толгой”-г муулж байгаа юм биш. Энэ компани өнөөдөр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Ордыг сорчлон ашиглаж байна. Ашигт малтмалын хуульд “Сорчлон ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий. Сорчилж ашиглахын хамгийн том аюул нь Таван толгойн ордын насыг богиносгоно. Ордын ерөнхий үнэлгээ унана. Ерөнхийлөгч нь ийм юмыг ойлгохгүй яваа нь харамсалтай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шат дараатай цацна. Хэн нэгэнтэй хэрэлдэх гэсэндээ биш. Алдаан дээрээ суралцах ёстой гэдэг үүднээс мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй юм байна гэж бодсон шүү.

-Таван толгойн гэрээг УИХ буцаасан үйл явдлыг олонх “УИХ-ын дарга аргагүй зоригтой байлаа. Хятадуудад зарах гэж байсан Таван толгойгоо аваад үлдлээ” гэж олзуурхаж алга ташсан. Тэр үед яг ямар процесс өрнөсөн юм бэ?

-Би ажлын хэсэг ахалсан, Засгийн газрын өмнөөс гэрээ хийж яваа сайд л байлаа шүү дээ. УИХ-ын даргыг үг хэлж байхад эсэргүүцэж тайлбар тавих хэмжээний албан тушаалтан биш гэж хэлэх гээд байна л даа. Тэгэх хэмжээний албан тушаалтан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Ч.Сайханбилэг тайлбар тавих ажлаа хийгээгүй. Миний хувьд хийсэн бүх ажлаа засагт тайлагнаад, гарын үсэг зурах хэмжээнд хүргэснээ хэлсэн. Тэр үед би З.Энхболд, Ч.Сайханбилэг гэдэг нэг намын улс хоорондын зөрчилд оролцох шаардлагагүй гээд дуугүй суусан. Одоо тэр цагаас хойш таван жил өнгөрч. Мэр сэр дуугарна гэж бодож байна.

-Та 2020 онд УИХ-д нэр дэвших үү?

-Тийм бодол алга.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хамгийн либерал гэгддэг Ашигт малтмалын хууль батлагдсан, үр дүнд нь Оюу толгойг олсон, гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн, уул уурхайн boom гэж хэлж болох үзэгдэл бий болсон. Орон сууцыг хувьчилсан, ажлын өдрийг тав болгосон, импортын татварыг тэглэсэн, үр дүнд нь эдийн засаг тэлсэн, бизнес хөгжсөн. Энэ мэт реформын олон шинэчлэл хийсэн. Үүнийг л хийж чадаагүй дээ гэсэн харамсал байдаг уу?

-Надад харамсах юм байхгүй. Буцаад Монгол маань буруу тийшээ олон удаа алхсанд харамсдаг. Урагшлуулах гээд хөвчийг нь хэт хүчтэй татсанаас болсон байх гэж заримдаа боддог юм. Аливааг зөв чиг рүү сайн хийх тусам ойлгоогүй улсууд буцаагаад чангаахдаа

хэтэрхий хорлонтой татдаг юм билээ л дээ. Ингээд бодохоор шинэчлэлийг аажуу хийх ёстой байсан ч юм шиг. Гэхдээ аажуу хийсэн бол бүр замрах эрсдэлтэй нүүр тулсан байхыг үгүйсгэх аргагүй.

-1992-1996 оны Засгийн газрыг хамгийн тогтвортой гэж ярьдаг. Нөгөө талд хамгийн унтаа, шинэчлэлийг урагш-луулаагүй засаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Шинэчлэлийг алгуурлуулсан гэдэгтэй нь та санал нийлэх үү?

-Алгуурлуулахаар барах уу, таг зогсоочихсон. Тэр үед би “Алдагдсан цагийн өртөг” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлж байсан юм. Гэхдээ буруутгаад хэрэггүй л дээ. Шинэ хуучны зөрчил хурцадсан цаг байсан. Хуучны төлөөллийн хамгийн шилдэг арга нь гацах. Шинэ рүү явах чадахгүй юм чинь тэгэхээс ч аргагүй.

-Олзуурхмаар нь ухраагүй гэж үү?

-Яг үнэн. Ухраагүй.

-Дэлхий рүүгээ харж байж алхахаас аргагүй болчихлоо л доо. Тэр дундаа эдийн засгийн харилцаан дээрээ таны хэлдгээр ертөнцийн хандлагыг анзаарах зайлшгүй хэрэгцээ үүсчихсэн. “Блүүмбэрг” дэлхийн ДНБ 2006 оныхоос уруудаж түүхэн доод хэмжээ рүү уналаа гэж байна. Худалдааны дайны нөлөө юу?

-Болж байгаа үзэгдлийн орой нь Америк, Хятадын маргаан. Дэлхийн эдийн засаг талаас харвал АНУ, Хятад бол нэг, хоёрт жагсдаг том эдийн засгууд. Тэдний хоорондын зөрчилдөөнөөс бүх асуудал, дэлхийн зураглалуудыг харах хэрэгтэй болох байх. АНУ, Хятадын зөрчил тийм амар шийдэгдэхгүй. АНУ Хятадын хооронд маргаантай асуудал олон ч том асуудал нь бүтцийн өөрчлөлт хий гэж Хятадыг шахаж байгаа явдал юм. Бүтцийн өөрчлөлт гэж юу болохыг хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Бүтцийн өөрчлөлтөд нь 100 гаруй гомдол багтаж байгаа гэдэг юм. Хятад улсыг зах зээл дэх төрийн оролцоогоо зогсоо гэсэн л дээ. Урд хөрш төрийн оролцоогоо зогсоох уу.

-Зогсоохгүй гэх байлгүй.

-Зогсоохгүй гэж яваад өөрөө унахыг үгүйсгэхгүй. Болж буй үзэгдлийг урт хугацаагаар дүгнэвэл Хятад өнөөдөр уналтын байдал руу орчихсон. Орос ч ялгаагүй. Тэгэхээр дүр зураг тун эвгүй байгаа.

-Тэгэхээр худалдааны дайн дуусах цаг мөдгүй гэсэн үг үү?

-Хэлэлцээрүүд амжилтгүй болоод байна л даа. Энэ долоо хоногт ч хэлэлцээр үргэлжилнэ. Үр дүнд хүрэхгүй байгаа учраас хоёр тал хэлэлцээрийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Ирэх сарын нэгэнд уулзах учиртай. Хэлэлцээрээ Америк 60 хоног, Хятад 90 хоног сунгаж магадгүй гэсэн яриа хөөрөө бий. Гэхдээ гуравдугаар сарын нэгэн болоогүй учраас хараахан тохиролцоонд хүрээгүй байна.

Нэг өнцгийг онцолъё. Өмнө нь хоёр тал маргалдаж бие биедээ тариф тогтоож худалдааны дайн хийж байсан. Тарифтай дайн нь бусад улсад нэг их сөргөөр нялзсан юмгүй. Гэтэл одоо болж буй үзэгдэл арай өөр. Хэрвээ энэ байдал даамжирвал бусад оронд сөрөг үр дүн нь нялзана. Хятад санхүүгийнхээ хувьд Америкаас өгөх цохилтыг зөвхөн өөр дээрээ авах биш бусад улстай хуваалцахын төлөө явах байлгүй дээ. Тэгэхээр бидэнд ч тойруу замаар цохилт өгч магадгүй гэж харах ёстой. Тийм амархан шийдэгдэхгүй. Хэцүү.

Америк Хятадын хоорондын маргааны өөр нэг том асуудал бол “Made in China 2020” гэсэн хөтөлбөрөөс үүдэлтэй. Үүнийг нь манайхан мэдэж байгаа болов уу?

-Олонх нь анзаарахгүй яваа байх аа?

-Товчдоо Хятад улс 2020 он гэхэд бүх зүйлийг хийдэг болно гэсэн хөтөлбөр. Өндөр технологийн бүх үйлдвэрлэлийг хийнэ гэж байгаа. Тэгэхээр “Made in China 2020” хөтөлбөр олон орныг өөрийн үйлдвэртэйгээр урагшилж хөгжих бололцоогүй болгоно. Үйлдвэрлэгч байх боломжийг нь хаана гэсэн үг. Хааж ч байна. Хятадын энэ хөтөлбөр бүрэн хэрэгжвэл Солонгос, Японы өчнөөн үйлдвэр дампуурна. Монголд үйлдвэр сайн хөгжөөгүй. Гэхдээ үйлдвэрлэл хөгжүүлэх боломжууд бий. Бидний өмнө байгаа шинэ боломжууд Хятадын энэ хөтөлбөрөөс болж хаагдах өндөр эрсдэлтэй. “Бүх дэлхийд хийдэг, хэрэглэдэг бүтээгдэхүүнийг яахаараа зөвхөн Хятадад хийнэ гэж. Бүх улс Хятадаас худалдан авалт хийнэ гэж юу байдаг юм. Тэгж болохгүй” гэсэн зөрчил, маргаан л болж байна. Хятадад яагаад ийм боломж бий болчихов гэсэн асуулт тавигдаж таарна. Хятадын төрийн оролцоо энэ улсад тийм боломж, давуу тал өгсөн. Төрийн оролцоо зах зээлийг жам ёсоор нь, өрсөлдөөнтэйгөөр хөгжүүлдэггүй юм. Төрийн компаниудаар дамжуулж зах зээлийг дарамталж яваа учраас зах зээл унаад байна л даа.

Маргааны өөр нэг том сэдэв нь оюуны өмч хулгайлдаг асуудал. “Made in China 2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оюуны өмч хулгайлж байгаа хэрэг л дээ. Маргаан хийх гэхээр хятадууд “Бид ямар толгойд нь буу тулгаад технологийг нь авсан биш дээ” гэдэг юм.

Америкийн компаниуд хямд ажиллах хүч гээд Хятадад бизнес хийдэг. Хямд ажиллах хүчин дээр ашиг хийх гэж очсон улс өөрийн эрхгүй оюуны өмчөө шилжүүлчихдэг. Ийм шалтгаанаар хоёр улсын дунд энэ асуудал дээр том зөрчил үүсч байна.

-“Галзуу баян Азиуд” гээд орлогоороо тэргүүлсэн киноны продюсер нь Оюу толгойг нээсэн “Айвенхоу майнз”. Уул уурхай л хөрөнгө оруулах ашигтай салбар гэсэн ойлголт моодноос гарч эхэлсний нэг жишээ гэцгээж байна. Улс орнууд хөрөнгө оруулалт татах ширүүн өрсөлдөөнд орсон, ашигт малтмалын их нөөцтэй улсад доллар хүссэн хүсээгүй орж ирнэ гэсэн хандлага үеэ өнгөрөөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөрөнгө оруулалт урсамтгай болсон. Өмнө нь нэг газарт хөрөнгө оруулаад арав, хорин жил ажилладаг, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах гэж зүтгэдэг байсан. Тэр хандлага өөрчлөгдсөн. Дургүйг нь хүргэвэл хөрөнгөө татаад өөр тийш хийх бололцоо бүрдчихсэн. Дэлхий глобальчлагдсаны л том илрэл.

Ойрын жишээ гэвэл Хятадаас хөрөнгө оруулалт гадагшлах өнгөтэй байгаа. Хямд ажиллах хүчтэй учраас гэсэн шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид Хятадыг сонгодог байсан юм. Гэтэл өнөөдөр ажиллах хүч нь хямдхан биш болсон. Хятад ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн статистик бий. Хятад улс зам, гүүр, төмөр замын асар их бүтээн байгуулалт өрнүүлсэн. Баахан мөнгө зарж барьсан учраас хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх гээд зам, гүүрээр зорчсоны төлбөр гэж авна аа даа. Тэр төлбөр нь Америктай харьцуулахад их. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд том зардал. Бараагаа тээвэрлэх зардал нь өсчихөөр хөрөнгө оруулах сонирхол багасчихаж байгаа юм.

-Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаануудыг нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Бодлогогүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх популизм газар авсан, дэд бүтэцжээгүйг нь онцолно.

-Ингээд харахаар Оюу толгой шиг том төсөл хэрэгжүүлэх цаг мөдгүй нь ээ?

-Мега төсөл хийж сурахаас нааш, мега төслийг ойлгох хүртлээ хэрэгжүүлж чадахгүй. Тогтолцооныхоо хувьд бас хийж чадахгүй болчихоод байгаа юм.

-Том төсөл хэрэгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл тогтолцоогоо засахаас аргагүй гэсэн үг үү?

-Тийм

-Тогтолцоогоо засч янзалтал энэ хэвээрээ байх нь гэж ойлголоо?

-Ер нь тийм. Гэхдээ хэвээрээ байж чадах эсэх тухай асуудал бас зовлонтой. Социализмын үед байгуулагдсан цахилгаан станцууд тэтгэвэртээ гарах болчихсон. Буруу хандлагатай учраас шинээр барьж чадаагүй яваа. Техногенний сүйрэлд улам бүр ойртоод байгаа даа.

-Техногенний сүйрэл гэж юуг хэлээд байна?

-Биднээс үл хамаарсан зүйлийг хэлж байгаа юм. Хуучин тоног төхөөрөмж, машин механизм, манайд бол цахилгаан станцууд байна. Манай станцууд хөгширсөн. Хэзээ л бол хэзээ том осол гарах өндөр магадлалтай. Том осол гарлаа гэхэд ямар ч аврал байхгүй.

-Жаахан олзуурхмаар юм байна уу, ер нь?

-Хүн. Монгол хүн хавьгүй нүдээ нээчихсэн. Дундаж хятад, дундаж орос хүнтэй харьцуулбал монгол хүний нүд нээгдсэн. Зөв л ажиллах хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйгаа хөгжүүлбэл хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ зараад дажгүй амьдарна гэж ярьдаг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Уламжлалт эдийн засаг гэвэл мал аж ахуй л байна. Гэхдээ манай мал аж ахуй хөдөлмөрийн бүтээмж өндөртэй эдийн засаг биш. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг чухал ойлголтыг эргэлтэд оруулмаар байгаа юм. Мал аж ахуйн ахуйн хувьд хөдөлмөрийн бүтээмж маш доор.

Орчин үеийн хүнд ойлгуулахын тулд нэг зүйрлэл хэлье.Товчхондоо ан амьтан шиг л зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хээр бэлчээд явж байгаа малаасаа үе үе барьж авч идчихээд яваа улс шүү дээ, бид. Ямар нэг таваарлаг зүйл огт хийдэггүй. Мал аж ахуйн дийлэнх нь хонь, ямаа. Нэг хониноос их сайндаа 1.4 кг ноос авна. Бусад улсад үүнээс хавьгүй ихийг авдаг. Бидний хониноосоо авдаг ноос маш бүдүүн. Цаг уур нь ширүүн учраас бүдүүн ноостой хонинууд бий болчихсон. Махны чиглэлийн үхэр байхгүй, тэр чигийг хөгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл малын эрүүл мэнд тун муу. Өвчлөл өндөртэй. Тэр утгаараа хөдөлмөрийн бүтээмж муутай эдийн засаг. Ийм суурин дээр босч чадахгүй л дээ.

Харин уул уурхайгаа түшиж, энэ салбараас олсон орлогоороо уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж босгоно илүү бодитой сонсогдоно.

Газар тариалан монголчуудын хувьд шинэлэг үзэгдэл. Жараад онд л анх газар хагалсан. Бид сая 200 мянган га газрыг сарны хөрс болгочихсон улс шүү дээ. Зах зээлд шилжиж байж зарим хэсгийг нь эргэж ашигласан байдалтай яваа. Байгалийн бохирдол үүсгэж, хөрс шороогоо сэндийчиж, үржил шимгүй болгож байж тариагаа бэлдэж суугаа улс шүү дээ. Ийм том үнэ төлж талхаа бэлддэг. Бодит байдлаа ингээд харахаар олон улсын харилцаанд чаддаг юмаа хийж оролцох учиртай. Энэ чиглэлээр хийх ажлууд өчнөөн бий.

Өөрөөр хэлбэл уул уурхайн орлогод түшихээс өөр зам байхгүй. Гэтэл уул уурхайгаа үзэн яддаг сэтгэхүй, хандлага янзаараа байгаа нь харамсалтай санагддаг. Уул уурхайг үнэхээр үзэн ядаад байна уу гэхээр баялгийн сан байгуулъя гэж яриад суух юм.

-Уламжлалт аж ахуй болох мал аж ахуй, газар тариалан нь хөдөлмөрийн бүтээмж муу учраас хүмүүс хотдоо шамбааралдсан гэсэн таны дүгнэлт содон сонсогдсон шүү?

-Хөдөлмөрийн бүтээмж муутай салбараас иргэд хот газар руугаа нүүдэллэдэг л дээ. Байшин барилга нь шавааралдсан, хүн ам ихтэй, эргэн тойрон гэр хорооллоор хүрээлсэн нийслэлтэй болсон шалтгаан ердөө энэ. Өнөөдрийн нийслэлийн зовлон хөдөлмөрийн бүтээмж муутай мал аж ахуйгаа хаячихаад хотод ирсэн хүмүүсээс үүдэлтэй. Хэрвээ тэнд хөдөлмөрийн бүтээмж өндөр, таваарлаг, ашиг өндөр бол хэн ч хот руу нүүдэллэхгүй.

Ийм нөхцөлд хотын бодлого муу хэвээр явбал шавааралдсан хэвээр аж төрнө. Шавааралдана гэдэг утгын цаана эрүүл мэнд, өвчин зовлон, гэмт хэрэг, агаар, хөрсний бохирдол гэсэн асуудал, зовлон бий.


Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Дэлхийн улс төрд популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй нийлж зүтгүүлээд хууль батлуулж УИХ-ын даргыг суудлаас нь буулгалаа. УИХ эрхэндээ халдуулсан, УИХ засгийн халаасанд орсоны нотолгоо гэх мэт байр суурь дуулдаж байна. Энэ үйл явдлыг та яаж харж байна вэ?

-Би сүүлийн үед өрнөсөн энэ үзэгдлийг арай өөдрөгөөр төсөөлж байна. УИХ-ын даргыг хууль батлаад олонхоороо чөлөөлсөн. Энэ үйлдэл зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс хийсэн хэрэг биш. М.Энхболд хууль ёсыг мөрдүүлэх ажлыг төгс хийлгэсэн. Тэрэнд нь талархаж байгаа. Төрийн хариуцлагатай албан тушаал хашдаг хүмүүс хэн нэгний дарамт, шахалтаар албан тушаалаа өгөөд байж болохгүй. Нэгдүгээрт тавигдах зарчим нь энэ л дээ. Тийм учраас хууль ёсоо мөрд гэсэн хатуу байр суурин дээр бат зогсч, өөрсдөөр нь хууль өргөн бариулж, олонхын саналаар суудлаасаа буусан нь М.Энхболдын гавьяа. Нийгэмд үлдээсэн маш чухал дохио. Бүх зүйл хууль ёсоор өрнөх ёстой шүү гэдгийг харуулчихлаа. Одоо үйл явдал цааш яаж өрнөхийг харъя.

-Өөрсдийг нь удирддаг даргын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс оруулж ирэхэд УИХ-ын гишүүдийн хэн нь ч “Ингэж болохгүй шүү, болиорой та нар” гэж дуугарсангүй, парламентын дархлаа алдагдсаны илрэл гэсэн тайлбар бас бий. Энэ тайлбартай санал нийлэх үү?

-Би болж байгаа үйл явдлыг аль болох хүнээс зайлуулж харахыг эрмэлзэж байна. Тэр хүн тэгж тоглож байгаа гэж хараад явбал бид дэндүү явган болчихно. Манай төрийн тогтолцоонд өөрчлөлт хийгдэх ёстой юу гэвэл хийгдэх ёстой. Том процессоор нь харвал өөрчлөлт хийх гээд бие биеэ буруутгаж байгаа үйл явц өрнөж эхлэв үү гэж ажиглаж сууна. Дунд нь эрүүл ухаан эрхбиш байгаа биз. Засч, зөв зүг рүү нь эргүүлээд явах байх.

ШХАБ-Д ЭЛСВЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН
АШИГГҮЙ, ХООСОН ГОРЬДЛОГО

-Цаашид яахыг харна гэснээс УИХ-ын даргыг чөлөөлсний дараа, залгуулаад ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн яриа эхэллээ. ШХАБ-д элсэх эсэх дээр таны байр суурийг сонсъё?

-Үгийн завдалгүй ШХАБ-ыг муухай гэж ярихын эсрэг байгаа. ШХАБ байгуулах ажил 1996 оноос эхэлсэн. Ихэнх нь Төв Азийн шинэ тутам байгуулагдсан улс орнууд байсан л даа. Өөр зуураа итгэлцэл муутай, хил хязгаарын зөрчилтэй нөхцөлд энэ байгууллагыг үүсгэх ажил хийгдэж эхэлсэн. Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад, Орос улсуудын хооронд өчнөөн асуудал байсныг үгүйсгэхгүй. Байр сууриа ойртуулах үүднээс анх Шанхайн тав гэсэн санаачилга ШХАБ-ыг байгуулахаар явсан. Явсаар 2001 он хүрч байж ШХАБ байгуулсныг албан ёсоор зарласан юм. Монголын хувьд шинэ тутам байгуулагдаж байгаа Төв Азийн улс орнуудтай харьцуулахад эртний түүхтэй, төрийн уламжлалтай улс. Түүнээс гадна хөрш зэргэлдээ улсуудтай улс төрийн ямар нэгэн зөрчилгүй. Хил, газар нутгийн зөрчил, маргаангүй. Ийм шалтгаанууд байсан учраас ШХАБ-ын эхний давалгаанд оролцоогүй. Төрийн түүхтэй байсны л нэг жишээ. Тийм учраас ШХАБ 2001 оноос хойш аль чиглэл рүүгээ илүү хөгжиж явна вэ гэдгийг л ажиглах ёстой.

-Аль чиглэл рүүгээ илүү хөгжиж байгаа юм бол?

-ШХАБ-ын гаргасан бүх баримт бичиг интернэт дээр бий. Гаргасан баримт бичгийг нь сөхөж харах хэрэгтэй.

-ШХАБ-аас гаргасан бичиг баримтуудыг хараад жишээ нь та юу бодож байна. Болгоомжилж эргэлзээ төрүүлэхээр би-чиг баримтуудаас нь сонирхуулаач?

-Санаа зовох асуудлууд бий. Жишээ нь, ШХАБ-д гишүүнээр элсэхийн тулд гаргасан бүх л баримт бичиг, мэдэгдэл, хэлэлцээрүүдийг нь тухайн улс хүлээн зөвшөөрөх ёстой.

Тэр олон баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг судлахгүйгээр орно, орохгүй гэдэг асуудал ярьж манаргаж болохгүй. ШХАБ-ын орнууд найман гишүүнтэй. Ихэнх нь авторитар дэглэмтэй. Дэглэмээ хамгаалахын тулд иргэдийн чөлөөтэй бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халддаг явдал бий. ШХАБ-ын хүрээнд тэд нэг хэлэлцээр байгуулсан байдаг юм. Терроризм, сепаритизм, экстремизм гэсэн гурван зүйлтэй хамтарч тэмцэх агуулгатай хэлэлцээр. Шан-хайн конвенц гэсэн нэртэй. Тэр конвенцээр авторитар дэглэмтэй санал нэгдээгүй ямар ч хүний эсрэг ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно. Нэг талынх нь хүсэлтээр тухайн оронд үйл ажиллагаа явуулж болохоор харагдаж байгаа. Авторитар дэглэмтэй улсуудын өөрс-дийгөө хамгаалах гэж буй оролдлогыг бид буруутгаад яахав. Харин бидний үнэ-лэмжид нийцэх эсэхийг бодох учиртай. Бид ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын эсрэг юм яриад суугаа хүмүүсийг бариад өгдөг орон мөн үү. Дамжуулаад явдаг улс мөн үү. Яг үүнтэй адил үйл явдал гэвэл манайд өнгөрсөн онд болсон турк багшийн хэрэг. Турк багшийг золтой л ачуулаад явуулчихаагүй. Оросын эрх баригчидтай санал нийлдэггүй Монголд амьдардаг орос хүний эсрэг ажиллагаа явагдаж болно гэсэн үг. Хятад юмуу бусад улс орны эрх ашигт нийцэхгүй зүйл ярьж байгаа хүний эсрэг үйл ажиллагааг Монголд хийж болохоор гэрээ хэлэлцээр л дээ.

-Санаа зовох өөр ямар асуудал байна?

-ШХАБ-ын гишүүн ор-нуудын боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээ гэж бий. Бие биенийхээ туршлага мэдээллийг солилцоно, үе үе эрдэм шинжилгээний бага хурал гэх мэт арга хэмжээ зохион байгуулна. Гишүүн орнуудын төрийн байгууллагын туршлагыг солилцоно. Туршлага солилц-сон мэдээллийг сургалтын хөтөлбөрт оруулж байна гэсэн утгатай үүрэг бас бий.

-Сургалтын хөтөлбөр гэхээр дунд сургуулийн сурах бичигт авторитар дэглэмтэй улсуудын төрийн байгууллагын туршлагыг оруулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Өөрөөр хэлбэл бид боловсролын тогтолцоо, системдээ авторитар тогтолцоотой орнуудын түүх, үнэлэмжээр өөрчлөлт оруулах уу, үгүй гэсэн асуудал үүснэ. Үр дүнгээр нь харах юм бол Монгол ШХАБ-ын орнуудын дундах ардчиллын арал болчихоод байгаа. Өөр бас нэг гэрээ бий. Мэдээллийн аюулгүй байдалд хамтран ажиллах тухай гэсэн гэрээ. Өнөөдөр болж буй мэдээллийн дайнд санаа зовж буйгаа илэрхийлсэн гэрээ. Гэхдээ болж байгаа үзэгдлийг сөрж зогсохын тулд хамтарч ажиллана гэсэн утгатай. Мэдээллийн ертөнцөд өрнөж буй зүйлсийг зөвхөн ШХАБ-ын гишүүн орнуудын хүсэл зоригт нийцүүлж харвал хэр зөв алхам болох вэ?

-Яаж ч бодсон зөв алхам биш л дээ. Дэглэмээ хамгаалсан зүйлсийг нь л дэмжинэ, бусдыг нь үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг биз дээ?

-Тэгж ойлгож болно. Мэдээж авторитар дэглэмийг хамгаалах тухай мэдээлэл эхэнд тавигдана. Тэр орчинд зохицох эсэхээ бодох ёстой. Ингээд харахаар хэрвээ ШХАБ-ын гишүүн болвол дотоодын маш олон хууль, тогтоомжид өөрчлөлт хийх хэрэг гарна. Хийгдэх өөрчлөлтийн чиг нь тодорхой. Ерөнхийдөө авторитар дэглэм рүү хандана. Хуучин түүх хүртэл сонин байдалд орох байх. Өөрөөр хэлбэл орно, орохгүй гэж маргалдахаасаа өмнө энэ байгууллагын гаргасан баримт бичгүүдийг салбар, салбарынхан сайтар судлах ёстой. Тэгж байж саналаа хэлэх учиртай. Түүнээс биш байгууллагыг нь үгүйсгэх хэрэггүй. Тэдний дунд хэрэгтэй ажлууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид очоод толгойгоо шургуулах уу гэдэг бол санаа зовоосон том асуудал. Тийм амархан ч шийдчих асуудал биш. Монголчууд улс төрийн эрх чөлөөтэй, ардчиллын үнэлэмжтэй ард түмэн. Тэр утгаараа бидний илүү их сонирхох асуудал бол эдийн засгийн харилцаа.

-ШХАБ-ын гишүүн болбол хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцид орох давуу талтай, том төслүүд хэрэгжих магадлалтай гэсэн горьдлого бий. Энэ горьдлого хэр ортой вэ?

-Хоосон горьдлого. ШХАБ-ын хүрээнд тусгайлан хэрэгжүүлдэг олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, том арга хэмжээ үндсэндээ байхгүй. Улс төр, оюун санаа, авторитар дэглэмүүд өөрөө өөрсдийгөө хамгаалах гэх мэтэд анхаарлаа түлхүү хандуулдаг. Тэр хүрээн дотор хоёр талын хамтын ажиллагаанууд өрнөдөг. Тийм учраас ШХАБ-д элссэнээр энэ байгууллагын олон талт эдийн засгийн харилцаанд монголчууд оролцоно гэж ойлгож, харах нь том эндүүрэл. Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хувьд хоёр талын эдийн засгийн харилцаа өрнүүлээд явж болж байгаа. Монгол, Орос ч ялгаагүй. Харин Орос, Хятадын хоорондох эдийн засгийн харилцаа өөр. Хоёулаа ШХАБ-ын гишүүн. Тэд идэвхтэй хамтраад, тэр харилцаанд бид хамрагдчихвал гэсэн горьдлого бий. Дахиад хэлье. Хоосон горьдлого.

-Яагаад. Орос, Хятад хоёр эдийн засгийн том төсөл хэрэгжүүлбэл газар нутгийн давуу тал маань бидэнд мөнгө, ашиг өгнө гэдэг таамаг итгэл үнэмшилтэй сонсогддог шүү дээ?

-Бүс нутгаар нь харвал Оросын Алс Дорнод, Сибирт зургаа, долоохон сая хүн бий. Хүн ам нь байнга хорогдож байгаа. Тэгэхээр ийм зах зээл дээр эдийн засгийн идэвхтэй интеграци үйл ажиллагаа явуулна гэсэн яриа хөөрөө итгэлтэй биш сонсогддог. Хятадын хувьд долоохон сая хүн бол сонирхолтой зах зээл биш. Тэнд том интеграци болно гэж хүлээх хэрэггүй. Өнгөрсөн жил Владивостокт болсон Алс Дорнодын эдийн засгийн форумын үеэр сонирхол татсан нэг мэдээлэл цацагдсныг санаж байна. Путин тэр форумд оролцохдоо “Бид Алс Дорнод Сибирт хүн амаа л өсгөх ёстой юм байна” гэсэн. Энэ үгнээс Орос эдийн засгийн интеграци гэхээс илүү хүн амаа өсгөхөд санаагаа чилээж байгаа нь түвэггүй харагдана.

-Хийн хоолойн гэх мэт том төслүүд нь хэрэгжих боломжгүй гэж үү?

-Орос, Хятадын хооронд том төслүүд яригдаж байгаа. “Сибирийн хүч” гэсэн нэртэйгээр хийн хоолой тавья гэсэн л дээ. Гэхдээ өнөөг хүртэл чимээ сураг алга. Маш эргэлзээтэй төслүүд болчихсон. Тийм учраас би ШХАБ-ыг авторитар орнуудын дэглэмээ хамгаалах гэж оролдсон чиг рүү хөгжөөд байна уу гэж хардаг. Бүс нутгийн интеграцид хувь нэмрээ хараахан оруулж чадахгүй, тэр нь лоозон хэлбэртэй. Тэгэхээр ШХАБ-аас ашиг, өгөөж горьдох хүлээлт бидэнд лав байхгүй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУСНИУЛАГЧ БАЙЛГАСНААС ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-УИХ-ын дарга Г.Зандан-шатар үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ юунд яаж анхаарах ёстой вэ?

-Эцэс төгсгөлгүй маргаан үүсгэхээр асуудал. Би өмнө нь ч ярьж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Төрийн салаа мөчир бүрийг бие биетэйгээ байлддаг болгочихсон сул тал байгаа. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалтайгаа байлддаг. Гүйцэтгэх, хууль тогтоох засаглал дундуур Ерөнхийлөгч орж ирж үздэг. Шүүх нь орж ирдэг. Монголд болж буй энэ процессыг гадны эрдэмтэд нэлээд дээр үед “Монголчууд төрөө шатаадаг тоглоомоор тоглосоор байна” гээд хэлчихсэн. Төрөө шатаадаг тоглоом олон жил үргэлжилж болохгүй. Хэн хэнийхээ ажилд хутгалдан ордоггүй, биенээ хянадаг тогтолцоо руу орох шаардлагатай. Тэр утгаар нь Үндсэн хуулийг өөрчилье гэж ярьж суугаа хүний сайн, мууг шүүхээс илүү өөрчлөлт хийгдээсэй билээ гэж хүсч байна. Сэтгэл хөдлөлийн байдлаас харвал нэг өнцөг бий. Явцуу эрх ашиг нь давамгайлсан, ЖДҮ хулгайлсан улсууд Үндсэн хууль өөрчлөх нь гэсэн дургүйцэл байж магадгүй. Эрх зүйн хувьд өөрчлөх эрх нь МАН-д байгаа. Зөв өөрчилж чадвал хэрэгцээ, шаардлага нь байна. Эрхбиш эрүүл ухаан ялах байлгүй дээ.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас анзаарахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрүүлээр харж, зөв хийнэ гэсэн найдлага нийт олонход лав алга. танд үнэхээр тийм найдлага байна уу?

-Зөв болгох гээд оролдоод үзэг. Оролдох нь огт юм хийгээгүйгээс арай дээр.

-Эсрэгээр нь эргүүлээд хаячих вий гэж болгоомжлохгүй байна уу?

-Тийм юм болдог юм аа гэхэд монголчууд ардчиллын үнэлэмжтэй юу гэдэг асуудалтай тулгарах байх. Монголчууд нүүдэлчид. Бие даасан индивидуаль шинж чанартай улс. Анх төрөхдөө л эрх чөлөөтэй төрсөн шиг эрх чөлөөг онцгой хүсэмжлэгчид. Тийм учраас хавь ойрын, түрүүн хэлсэнчлэн ШХАБ-ын орнууд шиг авторитар дэглэм рүү тийм хурдан явж чадах ч үгүй. Хүсээд хүсээд явж чадахгүй гэсэн итгэл байна.

-Ерөнхийлөгчийн засаглал руу явах нэг хэрэгсэл болгочихвол яах вэ?

-Та маш том асуудал хөндөөд байна. Миний байр суурь тов тодорхой. Өнөөдрийн Ерөнхийлөгч институцийнхээ хувьд хаана нь хамаараад байгаа нь мэдэгддэггүй хамелеон маягийн хүн. Бэлгэ тэмдгийн юм шиг хэрнээ шүүх, Засгийн газар, хууль тогтоох эрх мэдэлд оролцоно. Тов тодорхой Ерөнхийлөгчийн институци нэг талдаа гарах ёстой. Үндсэн хуулиар. Миний бодлоор Ерөнхийлөгчийг саармаг, бусниулагчийн үүрэг рольд байлгаснаас гүйцэтгэх эрх мэдэлд нь нэгмөсөн хамруулах хэрэгтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглал тогтчихгүй. Нэгэнт л улс орон хууль ёсоор засаглана гэж байгаа бол хуулиараа засаглана. Үүргээ гүйцэтгэхгүй, хуулиа сахихгүй Ерөнхийлөгчийг УИХ нь импичмент хийчихдэг хэлбэртэй байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ийм хэлбэр рүү явах байх гэж найдаж байна.

-Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дуулддаг. Таны хувилбар, гарцыг сонирхмоор байна?

-Олон хүн төрийн эрх мэдэл хуваагдах ёстой гэж үздэг. Тэр нь ч зөв. Зөвхөн нэг хүн дээр эрх мэдэл төвлөрвөл араатан амьтан шиг загнана. Хүн уг утгаараа нэг талаасаа амьтан. Нөгөө талаасаа оюун ухаантай нийгмийн амьтан. Тэгэхээр сайн, муу ямар ч хүнд дэндүү их эрх мэдэл хуваарилбал яг араатан шиг загнана. Тиймэрхүү төлөв байдал авторитар дэглэмтэй орнуудад анзаарагддаг. Тийм ч учраас хүнийг хүнээр нь хянасан тогтолцоог үүсгэх хэрэгтэй. Манайхан төрийн эрх мэдлийг гурав хуваадаг гээд ойлгочихсон. Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл гээд. Гэтэл тав хуваасан улс ч байна. Зарим орны Үндсэн хуульд шалгаруулах эрх мэдэл гэж бий. Төрийн албаны зөвлөл гэх мэт нь Үндсэн хуулийн эрх мэдэлтэй. Аль нэг улстөрч, сонгуулиас хамаарахгүйгээр төрд хэн ажиллах вэ гэдгийг зөвхөн мэргэжлийн хяналт шаардлагаар хийдэг. Гэтэл манай Төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат учраас төрийн алба бохир хүнээр дүүрэх бололцоотой. Өөр нэг эрх мэдэл нь хянах. Үндсэн хуульдаа хянах эрх мэдлийг тусгачихсан улс орнууд байгаа. Жишээ нь АТГ, хяналтын байгууллагууд улстөрчдөөс хамаарахгүй гэсэн үг. Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгочихдог юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын энэ мэт дэлхийн жишгийг өргөн хүрээнд харах хэрэгтэй.

-Х.Тэмүүжин саявтар Монголын хуулиуд иргэнээ орхиж, төрөө бөөцийлсөн философитой гэсэн утгатай үг унагасан. Үнэхээр тийм үү?

-Үгүй байх. Хорь гаруй жил хүний эрх, иргэнд илүү ач холбогдол өгсөн философи давамгайлж ирсэн. Олон хууль иргэдээ хамгаалж байгаа. Х.Тэмүүжин бүхлээр нь яаж харсныг мэдэхгүй байна. Хуулийн ерөнхий концепци иргэдээ хамгаалсан чигт бий. Ардчиллын буянаар тийм болж чадсан. Ганцхан тэр хуулийг хэрэгжүүлж яваа шүүх, хяналтын байгууллагууд нь улстөрчдийн нөлөөн дор учраас хуулийг нөгөөдүүлийн талд хэрэглэдэг байж магадгүй.

-Тэгвэл шүүхийг хараат бус, бие даасан байлгахын тулд яах ёстой вэ?

-1990 оноос өмнөх тогтолцоотойгоо харьцуулбал Монголын шүүх харьцангуй бие даачихсан. Тэнд ажилладаг хүмүүсийн чадамжийн асуудал л болов уу. Ардчилалд шилжихээс өмнө шүүх нийгэмд тэгтлээ үнэлэгддэг тогтолцоо байгаагүй. Шүүх намаас бүрэн хараат байсан. Хуульчид дунд шүүгч үү, прокурор уу гэхээр хамгийн гоё ажлыг нь прокурор гэдэг байсан юм. Сонгуулиас хамаардаг улстөрчдийн томилгоогоор шүүх явдаггүй байвал зүгээр. Хугацаа, санхүүгийн хувьд хамгаалалттай байх хэрэгтэй. Энэ чиглэлээр дажгүй ажлууд хийгдсэн байх. Улстөрчдийн том хэрүүлүүд дээр зөв буруу шийдвэр гарч байгаа дээр л хүмүүс бухимдаж суугаа болов уу. Харин системийн хувьд бие даах чиг рүүгээ хөгжсөн байх.

ДУНДАЖ ДАВХАРГЫНХНЫГ СЭР ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

-Танай намыг харахаар таны үеийн үгийг нь сонсчихоор хүмүүс нам жим хувь хувиа хөөгөөд яваа анзаарагдах юм…?

-Би намгүй сууж байгаа хүн шүү дээ.

-Таныг ингэж хэлсэн ч ан гэж л харна. ан-д дунд үеийн боловсрол, мэдлэгтэй улстөрчдөө шахаад орон зайгүй болгочихсон, одоо байгаа хүмүүсээс нь лидер хайхад хэцүү гэх мэт шүүмжлэл бий. улс төрд идэвхтэй байх хэсэг яагаад идэвхгүй болчихов оо?

-Би өөрийгөө улс төрд идэвхтэй гэж боддог. Улс төрийн идэвхийг саналаа өгөх эрхээр хардаг.

-Таны хувьд оролцоо гэж ярих ёстой байх аа?

-Дуу хоолойгоо хэзээ ч буулгахгүй.

-Тогоонд нь орохгүйгээр үү?

-Шинэ үеийг бэлдэх хэрэгтэй гэж хардаг.

-Шинэ үе бэлтгэгдэж байна уу?

-Бэлтгэгдэж байгаа гэж ойлгож яваа. Ер нь үе солигдох цаг болчихсон.

-Та нарын дараагийн үе гэвэл хэн хэн байна?

-Залуус зөндөө байгаа.

Нэрлэ дээ?

-Лидер төрүүлэх зорилготой бол хэлнэ (инээв). Баг болж зохион байгуулагдахаас л хамаарна. АН, МАН аль альд нь бий.

-Шинэ үе гарч ирэх гэхээр улс төрөөс явах ёстой хэсэг нь эрх мэдэлтэйгээ зууралдаад байдаг гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Дэлхийд нэг үзэгдэл болж байна. Улс төрд идэвхтэй байх ёстой, үгээ хэлэх учиртай хэсэг амин хувиа хичээгээд хойшоо суудаг гэсэн дүгнэлт байгаа. Дэлхийд үүнийг “Дундаж давхарга”-ынхан амиа бодож байна” гэж шүүмжлээд эхэлчихсэн. Буруу сэтгэлгээ, мэдээлэл давамгайлж, буруу улс толгой дээр гараад байгаагийн бурууг улстөрч, эрх мэдэлтнүүдээс биш идэвхигүй дундаж давхаргаас хайх ёстой гэсэн үзэл хандлага давамгай байгаа. Хуучин цагт нэг орцныхон биенээ анддаггүй байсан бол өнөөдөр хажуугийн айлаа ч мэдэхгүй. Ийм идэвхгүй орчинд дундаж давхарга аж төрж яваа нь эргээд өөрсдийг нь хорлож байна. Тийм учраас би дундаж давхаргыг сэр гэж хэлмээр байна. Өнөөдөр болж буй оюун санааны хямрал бол амиа хичээсэн дундаж давхаргын оюун санааны хямрал.

-Дундаж давхаргынхан нэгдэж нийлээд дуу хоолойгоо хүргэж, эрүүл зөв лобби хийгээд явах ёстой гэдэгтэй санал нэг байна. Манайд тийм нэгдэл байна уу?

-Мэр сэр бий. Янз бүрийн клубүүд байгуулагдах ёстой. Сонирхлын бүлэглэлүүд. Орчин үеийн нийгэмд нам гэхээс илүү сонирхлын бүлэглэлүүдийн ач холбогдол маш өндөр. Сүүлд хийсэн социологийн судалгааг саяхан харсан. Намуудын нэр хүнд тээр дор, олон нийтийн байгууллагуудын нэр хүнд хамаагүй давуу харагдсан. Сонирхлын бүлгүүд дээр нийгэм өөрийгөө бэхжүүлдэг үзэгдэл явагдаж байгаагийн л илрэл. Тэгэхээр сонирхлын бүлгүүд нийгмийг танин мэдүүлэхэд туслах уулзалтыг олноор нь хийх хэрэгтэй. Ардчиллыг, Монголыг аваад явж байсан хүмүүс ийм чиглэлээр маш их ажил хийх ёстой.

-Жишээ нь та юу хийж байна?

-Мэдээж би зүгээр суугаагүй. Монголчууд хоёр том асуудлыг сайн мэдэж байх хэрэгтэй. Нэгдүгээрт уул уурхайн засаглал. Сүүлийн үед баялгийн сан гэж яриад эхэллээ л дээ. Баялгийн сан бол уул уурхайн засаглалын зөвхөн эцсийн дамжлага нь. Уул уурхайгаас олох ашгийг баялаг болгоод, баялгийн сангаа ирээдүйд үлдээхийн тулд хэрхэн яаж хөрөнгө оруулалтын сан болгож хувиргах вэ гэсэн эцсийн дамжлага. Энэ дамжлагыг хийхээс өмнө геологи хийх, нөөц олох, олсноо ашиглаж олборлох, олборлосноо зарах, зарснаа мөнгө болгох, олсон мөнгөөрөө сан байгуулах гэх мэт урт дараалал бий. Гэтэл зөвхөн сүүл хэсгийг нь яриад суух юм. Томоор харж, ойлгоод дарааллаар нь хийвэл уул уурхайн засаглал номер нэг асуудал. Хүн бүр ярьсаар залхсан гээд хойш тавья гэвэл дараа нь анхаарах ёстой нэг том асуудал байгаа. Тэр нь хотжилт. Хот зөв хөгжихгүйгээр улс орны эдийн засаг зөв хөгжихгүй. Тэгэхээр хотын эдийн засаг гэдэг бие даасан эдийн засгийн ухааныг зааж сургах хэрэгтэй. Олны анхаарлыг энэ зүг рүү татах шаардлага үүсчихсэн. Би тэр чигийн материал цуглуулж, харж шинжлээд яваа. Анхны лекцүүдээ ойрын үед тавина. Товчхоноо сонирхлын бүлгүүд нийгмийн асуудлаа зөв тавьж өгвөл нийгэм хурдан дэвжих, хөгжих боломжтой.

САЛХИТЫН АЖИЛЛАГАА ХҮЧТЭЙГЭЭ ХАРУУЛАХ ГЭСЭН ПОПУЛИСТЫН ҮЙЛДЭЛ

Салхитад ЗГХЭГ-ын дарга тусгайгийнхантай очсон доо. Дараа нь Ерөнхий сайд олигархиудтай тэмцэнэ гээд компанийн нэр зарласан. Төрийн томчуудын энэ хандлага хөрөнгө оруулагчдад яаж харагддаг бол?

-Муу муухай гэж бодож яваа бүхэнтэйгээ зөвхөн хуулийн хүрээнд тэмц гэж хэлмээр байна.

-Хуулийн хүрээнд тэмцэж байгаа хэлбэр мөн үү?

-Хуулийн хүрээнд бүх юм хийгдэх ёстой гэдгийг М.Энхболд өөрийнхөө жишээн дээр харуулсан. Тэр жишээг дага л гэмээр байна.

-ЗГХЭГ-ын дарга нь тусгайгийнхантай очиж нэг орд руу дайрах нь хуулийн хүрээнд өрнөсөн үйл явдал уу, эсвэл?

-Хуулийн дагуу гэхээс илүү өөрийгөө хүчтэй гэж харуулах гэсэн популист улстөрчдийн хийж буй үйлдэл гэж харагдахаар байсан. Ер нь нэг юмыг сайн ойлгуулах хэрэгтэй. Популистууд өөрсдийгөө толинд харах дуртай байдаг гэсэн.

-Толинд харах аа?

-Фитнесст явж дасгал хийгээд, булчин нь зангирсан нөхөр өөрийгөө толинд харахыг хэлж байна. Толинд харагдаж байгаа дүрс нь хүчтэй харагддаг байхгүй юу. Үнэн хэрэгтээ тийм хүмүүс амьдрал дээр хүчтэй байдаггүй. Манай олон улстөрчдийн сэтгэж хийж яваа үйлдлүүдийг анзаарахаар олонх нь өөрийгөө толинд харагчид гүйлдээд байна л даа. Яг бодитойгоороо ч гэсэн толинд хардаг улсууд. Булчинтай, юм өргөдөг. Энэ чинь дэлхий дээр болоод өнгөрсөн үзэгдэл. Адольф Гитлер хүртэл үгээ хэлэх гээд толинд харж бэлтгэлээ хийдэг байсныг бүгд мэднэ. Энэ солиорол зөвхөн Монголд шинээр үүссэн зүйл биш. Дэлхийд болоод өнгөрчихсөн үзэгдэл. Зэвсэглэсэн баахан хүн дагуулж очоод ажлаа хийж суугаа манаачийг газар хэвтүүлээд сүржигнэсэн нь үүнтэй төстэй үзэгдэл. Толин дотор болж байгаа үзэгдэл. Амьдрал дээр мэдрэгдэж нэмэр болсон зүйл байхгүй. Бодит амьдрал, толинд туссан хийсвэр дүр төрхийг ялгаж сурах явдал өнөөдрийн улстөрчдөд маш чухал.

-Улстөрч хүн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байж оршдог, үнэ цэнээ хадгалж чадахгүй бол хэн ч биш болдог. Нэг жишээ нь Лу.Болд гэж харагддаг. Эсвэл бизнес төрөөс хамааралтай учраас яах аргагүй үйлдэл гэж харах ёстой юу. гэхдээ үнэ цэнээ гээх улстөрчдийн тоо нэмэгдэж, үзэгдэл болох нь нийгэмдээ аюултай, хөгжилд нэмэргүй байх тийм үү?

-Ер нь бол санаа нэг байна. Популизм, зарим улстөрчдийн хандлага маш буруу байгаа зэрэг нь цаанаа шалтгаантай. Дэлхийд болж байгаа үйл явдал, үзэгдлийг өөр дээрээ буруу тусгаж авсаных. Тухайлбал, сая таны жишээ татсан Л.Болд ардчиллын үнэлэмжийг хамгаалах ёстой хүмүүсийн нэг. Яагаад өнөөдөр ийм байдалд орсон бэ гэдгийг “Юуны нөлөө вэ” гэсэн өнцгөөс харах ёстой. Ардчиллын үнэ цэнэ, үнэлэмж буурахад нөлөөлсөн хэдэн том хүчин зүйл бий. АНУ бусдад ардчиллын үлгэр жишээ болж явдаг үүрэг ролиосоо сайн дураараа татгалзаж эхэлсэн. Тэр хандлага нь олон хүний тархинд самуурал үүсгэж байна л даа. Европын холбоо задрах гээд, Англи гарна гэж мэдэгдээд байгаа. “Хөгжсөн орнууд үймэлдээд эхэллээ, бидний ардчилал юу билээ” гэсэн самуурал энэ бүхнээс үүссэн юм. Яг энэ үеэр Орос, Хятад гэсэн авторитар дэглэмтэй улсууд хүчирхэгжээд жаахан шоу хийчихсэн. Тэгэнгүүт өнөөдүүлийг үлгэр загвар гээд харчихсан тал бий. Тэгж харсан учраас ШХАБ гэхээр хуйлрах маягтай байна. Дэлхий өөрөө үзэгдэл. Тэрний нэг хэсэг нь л Монгол. Ардчиллын төлөө зүтгэж явсан улс нь тийм зүйлийг ялгаж салгахгүй яваа бол харамсалтай. Гэхдээ нэг сайхан мэдээ дуулдаж байна. Би “Экономист” сэтгүүлийг үе үе үзэх дуртай. Тэнд “Ардчиллын уналт 2018 онд төгсгөл боллоо” гэсэн байсан.

Одоо манайд болж байгаа үзэгдэл тэндээс улбаатай. Популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна. Ертөнцийн хандлага адилхан. Хэдий Трамп хэлж байгаа ч гэсэн нэг үнэн үг бий. АНУ-ын ерөнхийлөгч “Венесуэл, Латин Америкийг хар даа, социализмд төгсгөл ирлээ” гэсэн үг унагалаа. Ардчилал, хүний эрх, шинэ сонгууль, шинэ цаг үе ирэх нь гэдгийг зарлачихлаа. Тэгээд Венесуэлийн талаар хатуу арга хэмжээ авч эхэлснийг дэлхий нийтээрээ харж сууна. Өөрөөр хэлбэл унаж явсан ардчиллын үнэлэмжүүд эргэж босч ирэх цаг үе 2019 он болчихлоо. Энэ дүгнэлт манай популистуудад ч хамаатай. Яг энэ янзаараа яваад байвал та бүхний буруу хандлага өөрсдийг чинь хамна шүү гэж хэлмээр байна.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Уламжлалаа харвал Монгол циркуляр эдийн засагтай байсан

ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Ганзоригтой ярилцлаа.


-Өнөө жилийн Давосын чуулга уулзалтаар циркуляр эдийн засгийг нэлээд онцоллоо. Циркуляр экономи гэдэг тодорхойлолтыг монголоор орчуулбал юу гэх вэ?

-Циркуляр эдийн засгийг янз бүрээр орчуулж байна л даа. Бид түрүү жил гаргасан ногоон эдийн засгийн тухай номондоо тойрог хэлбэрт эдийн засаг гэж орчуулсан.

-Хэдэн оноос эхлэлтэй ойлголт юм бол?

-1966 оноос эхлэлтэй. Английн эдийн засагчдын гаргасан санаа. Гэхдээ тойрог хэлбэрт буюу циркуляр гэдэг нэр томьёо нь бүр сүүлд гарсан. Зогсолтгүй эргэлддэг эдийн засгийн тогтолцоо байх ёстой гэсэн санаа 2012 онд гарсан юм.

-Өнөөгийн шугаман эдийн засагт хэрэгцээгүй болсон зүйлийг хаядаг. Бүдүүн тоймоор хэлбэл хүн төрөлхтөн хаягдлаа булах маягаар л шийдсээр ирсэн. Тойрог хэлбэрт гэхээр элдэв хог хаягдалгүй, эдийн засгийн эргэлтэд нэг орсон л бол дахин боловсруулагдаад ашиг, өгөөжөө өгөөд явах эко шийдэл гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. Эдийн засгийн одоогийн систем таны хэлсэн шиг л дээ. Нэг түүхий эд материал эдийн засгийн процесст ороод бүтээгдэхүүн болж хэрэглэгдээд шууд хаягдаж байгаа. Системээр нь харвал аливаа түүхий эд, материалыг оруулаад л гаргадаг. Гарсан нь дэлхийд хаягдал болдог. Өөрөөр хэлбэл нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү шилждэг систем. Ийм учраас шугаман эдийн засаг гэж тодотгодог юм. Улс орнууд энэ системээс татгалзахгүй бол эх дэлхий хогийн сав болсоор байна. Яваандаа өнөө хогийн сав маань дүүрэхээр бид яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ихийг хэрэглэх хэрээр байгалийн баялаг хомстоно гэсэн асуудал бас бий.

-Циркуляр эдийн засаг жараад оны дундаас яригдаж байгаад 2012 оноос л эрчээ авсан хэрэг үү?

-Яг ч тийм биш. Шугаман эдийн засгаар явбал цаашдаа асуудал үүсэх нь ээ гэсэн болгоомжлол 1980-аад оны сүүлчээр хүчээ авсан. Тухайн үед хог хаягдал хамгийн том асуудал болох нь гэдэг санаа илүү хүчтэй яригдсан. Цэнхэр эдийн засаг, хог хаягдалгүй эдийн засаг, материалын хомсдлыг бууруулсан эдийн засаг гэх мэт янз бүрийн нэр томьёо гаргаж байсан л даа. Энэ ойлголтууд нь баяжиж дэлгэрсээр сүүлд 2012 оны хавьцаа “Тойрог хэлбэрт эдийн засаг” гэдэг нэр томьёо гарч ирсэн.

-Өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засгийг онцгойлж анхаараад байх шиг. Шотландууд нэлээд идэвхтэй хэрэгжүүлж яваа анзаарагдсан…?

-Европын холбоо, Европын улс орнууд нэлээд дэмжиж байгаа. Тэр дундаа англичууд онцгой анхаарч байна. Сая таны дурддаг Шотландаас гадна Австри гэх өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засагч ач холбогдол өгөөд эхэлчихсэн. Ер нь өндөр хөгжилтэй орнууд бүхний түрүүнд явдаг. Бүгдийг түрүүлж хардаг.

-Дэлхийд хүчээ авсан энэ хандлагын яг хаахна нь бид явна вэ?

-Бид 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-оо баталсан улс. Ганц манайд ч биш, дэлхий даяар хожуу яригдсан сэдэв. Ногоон хөгжлийн бодлого олон улсын хэмжээнд хүчтэй яригдсан цаг хугацаа гэвэл 2016 оноос эхэлнэ. Сүүлийн үед улс орнууд тойрог хэлбэрийн эдийн засгийг хөгжлийн бодлогодоо тусгаж байгаа. Манай улсын хөгжлийн бодлогод энэ ойлголтыг тусгасан бичиг баримт одоогоор байхгүй. Тэгэхдээ тусаагүй байна гэдэг нь энэ ойлголт огт байхгүй гэсэн үг биш. Хог хаягдлын менежмэнтийн асуудлыг л тойрог хэлбэр эдийн засагтай холбож ойлгодог. Хог хаягдлын менежмэнт манайд бий. Гэхдээ хараахан сайн хөгжүүлж чадаагүй байна. Хэд хэдэн бодлогын баримт бичиг бий. “Үндсэн хууль”-даа хүртэл хог хаягдлын асуудлыг тусгачихсан. “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт байгаа. Тэгэхээр манай улс Үндсэн хуулиа батлахдаа тойрог хэлбэрт эдийн засгийн асуудлыг тусгасан гэсэн үг. Ер нь ногоон эдийн засгаас бид хол амьдраагүй. Уламжлалаа сөхөөд харвал хоггүй эдийн засгийн систем угаасаа байсан. Дээр үед пластик, хуванцрын хэрэглээ байгаагүй. Хуванцар нийт хог хаягдлын ихэнхийг эзэлдэг юм. Мал аж ахуйгаас гарсан бүх бүтээгдэхүүн эргээд байгальд шингэдэг. Ямар нэг хуванцар, химийн бодис ашигладаггүй. Тэгэхээр Монгол циркуляр эдийн засагтай байсан болж таарч байгаа биз.

-Циркуляр эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихсэн Шотландад хэрэгслийн номын сан гэж ажиллаж байгаа юм билээ. Ганц ч номгүй, зүгээр л элдэв төрлийн багаж хэрэгсэлтэй. Өнөөхөөр нь хүмүүс эвдэрснээ засч янзлахад суралцдаг. Элдэв хоггүй ухаалаг амьдрах аятайхан шийдэл санагдсан. Улс орнуудад хэрэгжиж буй иймэрхүү жишээнүүд сонирхуулаач?

-Шотландын жишээ бол нэлээд сонгодог. Өндөр хөгжсөн орны хийж байгаа ажил. Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улсын иргэд телевизээ ашиглахгүй гээд гаргаад хаядаг. Илүүг авахуулахгүйн тулд хуучин муудсаныг нь янзлуулах санаа сэдсэн нь сайн жишээнүүдийн нэгд зүй ёсоор орно. Хөгжилтэй орнуудад нэг эерэг тал анзаарагддаг. Хуучин эдлэл, хувцсаа хаяхдаа хүн аваасай гэсэн сэтгэлээр гэрийнхээ гадаа цэмбийтэл нь хураагаад тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүнд хэрэглүүлэхгүй гэж эвдэж урж хаядаг. Заримдаа бүр шатааж хаядаг. Шатаана гэдэг хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж, экологид халтай амьдарч байна гэсэн үг.

Германд second hand product буюу хуучин бүтээгдэхүүний зах гэж гардаг. Хотын захиргаанаас нь зохион байгуулдаг юм. Хуучин бүтээгдэхүүний зах ажиллуулна гэсэн зар гарангуут иргэд нь бүртгүүлдэг. Бүртгүүлсэн иргэд гэртээ ашиглахгүй зүйлсээ аваачиж зардаг. Гэхдээ ашиг олох зорилгоор биш. Хэрэглэж болох хүнд нь өгье гэсэн чин хүслээр хүүхдэдээ 40 еврогоор авсан тоглоомоо 50 центээр зардаг.

-Манайхан өмссөн хувцсаа хүнд хэрэглүүлэхгүй гээд шатаагаад байх шиг анзаарагддаг. Ядаж л ногоон эдийн засаг, байгальдаа халгүй амьдрах гэдэг талаас нь ойлголт, хандлага суулгамаар юм байна?

-Монголчууд өчнөөн тэрбум төгрөгийг комиссын бараанд зарцуулдаг. Наад зах нь энэ логикоор хандах хэрэгтэй л дээ. Ногоон эдийн засагт нийгмийн тэгш бус байдал гаарсан гэж үздэг. Хэсэг бүлэг нь асар баян, нийт олон нь асар ядууг тэгш бус байдал гээд байгаа юм. Манайд энэ ялгаа бүр нэмэгдэж байна. Тойрог хэлбэрт эдийн засгийн салшгүй нэг ойлголт л доо. Экологийн ул мөр гэх ойлголт бий. Тухайн улсын нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг ингэж тодотгодог. Хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан нь хүмүүсийн хэрэглээ. Улс орон өндөр хөгжилтэй баян байх тусам иргэд нь ихийг хэрэглэдэг. Хэрэглээ зардал өндөр байх тусам их хог гардаг. Энэ жишээнд Америкийг их ярьдаг. Үрэлгэн, хүнсний хаягдал их, таргалалт ихтэй улс шүү дээ. Ихэнх иргэд нь том байшин, машинтай. Тэр хэрээр тог цахилгаан, түлш эрчим хүч урсана. Мэдээж ийм улсуудтай харьцуулбал манай улсын хэрэглээ бага. Гэхдээ жилээс жилд хэрэглээ өсч байгааг хог хаягдлын хэмжээнээс харж болно.

-Хог хаягдлын хэмжээ хэр өссөн бол, харьцуулсан статистик хэлээч?

-Манай улс 2009 онд 820 мянган тонн хог хаясан бол 2015 онд 2.9 сая тонн болж өссөн байх жишээний. Зургаахан жилийн дотор 3.2 дахин өснө гэдэг том тоо. Хэрэглээ асар хурдтай өсөхийн хэрээр байгальд аюул заналтайг энэ тооноос харчихаж болно. Статистик мэдээллээр Улаанбаатар хотод нэг ганцхан 3000 тонн хог хаягдал гардаг. Үүнийг 365 хоногт үржүүлээд үзээрэй.

-Хог хаягдлаа багасгахын тулд хамгийн түрүүнд яах ёстой юм бол оо?

-Хог хаягдлыг ахуйн, үйлдвэрлэлийн гэж ангилдаг. Манай улсын хувьд ахуйн хог хаягдал 90.9 хувийг эзэлдэг. Тэгэхээр хог хаягдлаа багасгахын тулд айл өрхүүдтэй тулж ажиллах хэрэгтэй. Хуванцар, шилний хог хаягдлын ихэнх нь иргэдээс гардаг. Тойрог хэлбэрийн эдийн засаг талаас харвал шил, лааз цуглуулж яваа хэсэг л байгаль орчинд ээлтэй хүмүүс болж таарч байна. Бидний хаясан хогийг тойрог хэлбэрт эдийн засагт оруулдаг гол систем нь хог, лааз, шил түүдэг хүмүүс болчихоод байгаа нь бодитой үнэн. Энэ талаас нь харвал тэднийг дэмжиж, ажлын байрыг нь баталгаатай болгож, даатгалд хамруулмаар байгаа биз. Иргэдийн хувьд хаяж л чадаж байгаа болохоос тойрог хэлбэрт эдийн засагт хувь нэмэр оруулахгүй яваа. Шил, лааз түүдэг хүмүүст дутагдал бий. Шил, лаазаа ялгаж авах гээд бусад хогийг нь бусниулчихдаг. Энэ мэт процессийн алдааг тухай бүрд нь сайжруулаад явбал тойрог хэлбэрийн эдийн засгийн суурийг аятайхан тавьчих боломжтой. Хог хаягдлын асуудлыг системд оруулбал ядуурлыг бууруулах боломж бий.

-Аюултай хаягдал нийт хогны хэчнээн хувийг эзэлдэг бол, шууд л газарт булчихаж байна уу?

-Амархан шатамхай, химийн урвалд ордог, амьтны бус гаралтай, байгаль орчинд хурдан задардаггүй хог хаягдлыг аюултай гэж тодотгодог. Аюултай хог хаягдалд батарей, аккумлятор, эмнэлгийн хог хаягдал ордог. Үүнээс гадна арьс ширний гэх мэт боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, цементийн үйлдвэрүүдийн хаягдал ч багтана. Жилдээ 10 мянган тонн аюултай хог гардаг. Үүний 10-50 хувийг л дахин боловсруулж байна. Үлдсэн нь хаягдаж байгаа. Хаях зориулалтын арга нь ландфил буюу булшлах. Гүн нүхэнд хогоо хийгээд харагдахгүй болтол хөрсөөр булах арга л даа. Харамсалтай нь бид ингэж чадахгүй, нүх ухсан болоод хогоо газарт овоолчихоод байна.

-Хог хаягдлаа дахин ашиглахын тулд хамгийн эхний том ажил нь хогоо ялгаж сурсан иргэд гэж ойлголоо. Энэ тал дээр жишиг болохоор орон гэвэл аль улсыг онцлох вэ?

-Герман нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Бүх айл нь цаас, шил, лааз, хүнсний хог хаягдлыг тусад нь ялгах системд орчихсон. Тэнд эдийн засгийн хөшүүрэг байгаа учраас хогоо ялгаж байна л даа. Шил гэхэд л дотроо хоёр гурав ангилагдана. Жимсний чанамал, дарс, шар айрагны шил тусдаа. Томоохон худалдааны төвүүд шар айрагны хаягдал шил лааз худалдаж авдаг автомат машинтай. Шар айрагны шилэн дээр шошго нь байвал бар код уншуулаад л болоо. Нэг лаазыг зургаан центээр авдаг. 100-200 төгрөг гэсэн үг. Ундааны хуванцар лааз арай үнэтэй. Манайхаар 500-600 төгрөг. Жимсний чанамал, дарсны шилнүүдийг худалдаж авдаггүй. Ийм шилнүүдийг тусгай төмөр танканд хийдэг. Тэр танканд ерөөсөө шил л хийх зориулалттай. Бүх юмаа ингээд ялгачихаар боловсруулах үйлдвэрт очихоороо бэлэн түүхий болж байгаа юм. Хүнсний хаягдлын ялзралын процессийг ашиглаж газ үйлдвэрлэх, газнаасаа эрчим хүч гаргаж авах, хаягдсан хүнсний ялзмагаар бордоо хийх гэх мэт өчнөөн үйлдвэрлэл өрнөдөг.

-Давосын чуулганы үеэр Европын хөрөнгө оруулалтын банк циркуляр эдийн засагт шилжсэн улсуудад санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Циркуляр эдийн засагт шилжих чиглэлд анхаарна гээд санхүүжилт татах боломж нээгдэж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Энэ чигийн төслүүдэд санхүүжилт олгох боломж нэмэгдэж байгаа. Эдийн засаг талаас нь аваад үзвэл хямдхан нөөц буюу капитал , түүхий эд материал байна шүү дээ. Түүхий эд материалыг байгалиас олборлож боловсруулаад үйлдвэрлэл хийхэд их зардал шаардлагатай. “Адидас” хуванцар лаазаар спортын хувцас хийж байна. Бидний өмсдөг сагсны майк, пудволк, хослолыг синтетик буюу хуванцар лааз боловсруулж гаргаж авсан маш нарийн нийлэг утсаар хийдэг. Ийм материалаар хийсэн хувцасны тухайд их гүйх тусам улам сэрүүцэх давуу талтай. Байгаль орчинд ээлтэй гэгдэх юмс дэлхий даяар энэ маягаар тархаад ирэхээр том брэндүүд тэр чиглэл рүүгээ хандаж эхэлж байгаа. Манайд ч дурдахаар жишээ бий. Хаягдал дугуйг боловсруулаад замын хавтан, тоосго хийдэг. Хуванцрын хогоор сандал, хогийн сав хийж байна. Хувийн компаниуд сонирхож байна гэдэг чинь тойрог хэлбэрийн эдийн засаг Монголд хөгжих суурь бүрэлдэж эхэлсэн гэсэн үг. Төсөл санаачилж боловсруулбал санхүүжилт олдоцтой гэж би түрүүн хэлсэн. Азийн хөгжлийн банк, НҮБ гэх байгууллагууд онцгойлон дэмжиж байгаа.

-Манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр барилаа, барих гэж байна л гэдэг. Ашигтай, амжилттай ажиллалаа гэсэн мэдээ дуулдахгүй юм?

-Хэд хэдэн оролдлого бий. “ЖАЙКА”-гийн төслөөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хогийн цэгийн хогийг дахин боловсруулах анхны алхмууд хийсэн. Сонгинохайрханд нэмж барьсан үйлдвэрээ ашиглаагүй асуудал байгаа. 2014 онд Дарханы удирдлагуудтай уулзахад Солонгосын Засгийн газраас хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр, цахилгаан станц байгуулах санал тавьсныг сонирхуулж байсан. Үнэ тарифын систем, станц байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас хүсэхэд хууль тогтоомжтой зөрчилдсөн учраас гаргаж чадаагүй гэсэн. Тэгэхээр Солонгосын Засгийн газар нэлээд хэдэн жилийн өмнө хогийг чинь мөнгө болгоод эрчим хүч үйлдвэрлэе гэсэн санал тавьсан гэсэн үг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн Цагаан даваа, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрт “Эко парк” цогцолбор үйлдвэр байгуулах санаачлага гаргасан. Хогийг ангилах, устгахаас аргагүйг нь шатаах замаар эрчим хүч гаргаж авах гэсэн ерөнхий агуулгатай төсөл. Өртөг зардал нь 246 тэрбум төгрөг. Энэ төслийг хэрэгжүүлье гэж Европын холбоо болон санхүүжүүлэгч байгууллагууд руу хандаад байгаа юм билээ.

Төслийн хүрээнд хог дахин боловсруулах 26 үйлдвэртэй болно гэсэн зорилт дуулдсан. Цаашаа явахаар ирээдүйтэй санал, санаачлага. Орчин үеийн хандлага тодорхой болж эхэлж байна. Эко, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн л ирээдүйд зах зээлд амжилттай эргэлдэнэ. Экологид ээлгүй бүтээгдэхүүн зарагдахгүй гэдэг дохио зах зээлд цацагдаж байгаа тохиолдолд хог хаягдал эргээд эдийн засгийн процесс болох ёстой. Ингэж байж тойрог хэлбэрт эдийн засгийн тогтолцоо үүснэ .

-Тойрог хэлбэрт эдийн засагт бүх хогийг ашиглана гэсэн ойлголт байна уу, эсвэл ашиглах аргагүй хог хаягдал гэсэн тодорхойлолт бий юу?

-Тойрог хэлбэрийн эдийн засаг нь хаалттай дугуй, тэр дугуй руу орсон л бол гарахгүй гэдэг ойлголт онолын хувьд байгаа боловч амьдрал дээр шууд биеллээ олохгүй. Хэн ч ашиглахгүй, дахин юу ч хийх боломжгүй хог заавал гарна. Тэрийг нь үлдэгдэл хог гэж нэрлэж байгаа. Үүний нэг жишээ нь цөмийн хаягдал. Цөмийн хаягдлыг юунд ч ашиглаж болохгүй. Гол арга нь газарт булах эсвэл сансарт хаях л байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналттай хувилбар Монголд илүү зохино

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн Монголын эдийн засгийн клубын гишүүдийн асуултад өгсөн хариултуудыг тоймлон хүргэе.


-Үндсэн хуулийн реформыг хийчихээд салбаруудынхаа реформыг хийх ёстой юу. Эсвэл өөрчлөхийг хүлээхгүйгээр шинэчлээд, явахад болох уу?

-Үгчилсэн тайлбараас илүүтэйгээр утга агуулга руу шилжих байдлаар тайлбар хийж чаддаг хэмжээний Цэцийн гишүүд, тэр дайны эр зоригтой шийдвэр гаргагчид байвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр олон юмыг өөрчилж болно. Гэтэл үг үсэг хөөсөн, 1992 оны нөхцөл байдлаа санагалзсан нь дийлэнх байна л даа. Тэд цаг хугацаа, нийгмийн харилцаа, агуулга өөрчлөгдөж, олон юм дэвшээд явж байхад зэрэгцээд алхахыг хүсдэггүй. Тэр хүмүүс өөрчлөгдөөгүй нөхцөлд уншиж байгаа текстийг нь өөрчлөхөөс аргагүй. Өөрчлөхгүй бол хэчнээн хууль өөрчилсөн ч дурын нэг хүн мэдээлэл гаргачихдаг, өнөөхийг нь нөгөө ес уншаад өөрсдийнхөөрөө шийдчихдэг байдал арилахгүй. Ийм зовлонтой байдал үүсчихсэн учраас аль аль арга замаар нь явахаас аргагүй. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилбөл сайн л байна.

-Яагаад вэ. Хэсэгчилж өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлт давтамжтай дуулддаг шүү дээ?

-Бидэнтэй адил пост коммунист улсууд Үндсэн хуультай холбоотой хоёр алхам хийсэн. Шилжилтийн маягийн Үндсэн хууль батлаад явах хугацаандаа гол харилцаануудаа тодорхойлчихоод “За ирээдүйн тавин жилийн хөгжил ингэж харагдаж байгаа учраас энэ хөгжилд туслах хуулийн үндсэн суурь систем ийм л байх ёстой” гээд суурь шинжтэй Үндсэн хуулиа баталсан. Гэтэл бид 1992 онд шилжилтийн маягийн Үндсэн хууль баталчихаад тэрийгээ туйлын төгс төгөлдөр, ухаалаг зүйл гээд одоо хүртэл бариад суугаад байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн Үндсэн хууль суурь маш олон асуудлыг шийдэж огт чадахгүй. Төрийн олон хэрүүлийг шийдэж чаддаггүй. Төрийн хэрүүлийг ямар нэг дүрмээр шийдэж чадахгүй бол шийдэл нь хүчирхийллээр илэрдэг. Тэгэхээр төрийн эргэлт гарах уу, Үндсэн хуулийг бүр дампууруулах уу, яг таг хэлж мэдэхгүй байна. Бид үр нөлөөг нь мэдэрч эхэлж байгаа. Одоо өрнөж буй үйл явц зөвхөн эхлэл нь. Цаашдаа бүр томрох байх. ШХАБ-д элсч ороод хоёр улсынхаа шахалтад бүр хүчтэй ордог болоод ирвэл цаашдаа юу болохыг таах аргагүй. Өчнөөн юм болно.

-Таатай зураг таамаг биш байна. Ийм байдлаас хол амьдруулахад Үндсэн хуулийн хүч хүрэх байлгүй дээ?

-Тэр бүгдийг манай Үндсэн хууль хязгаарлаж чадахгүй. Жишээ нь, Үндсэн хууль өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй. Үндсэн хуулийг ухаалгаар өөрчилж болох бол өөрчилөх хэмжээнд нь өөрчлөөсэй гэж боддог. Гэхдээ би энэ асуудлыг сэтгэл хөдлөлөөр харахгүй байгаа. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал Үндсэн хууль өөрчлөхөөр хэмжээнийх мөн үү, эсвэл бүр самраад нөгөө тийш нь явуулчих уу гэдгийг бодох ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн төсөл биччихээд хөдөө орон нутгаар танилцуулж яваа. Тэр төсөл бол аймшиг. Тийм төслийг баталчихвал аюул болно. Тэгснээс энэ янзаараа явсан нь дээр. Судалгаатай, ухаалаг, улс төрийн нөхцөл байдлаа зөв үнэлж орохгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн засаглал руу явуулчихвал аюултай. Хүний эрхийн жагсаалтыг дордуулчихвал эрсдэлтэй. Эрх мэдлийн хуваарилалтыг алга болгочихвол аймшиг.

-Тэгээд өөрчлөлтийг хэн хийнэ гэж. Болгоомжлоод ухраад явах нь зөв гарц лав биш?

-Шинэ үе гарч ирж байж хийнэ.

-Шинэ үе гэж өөрсдийгөө тодорхойлж яваа залуус таны яриад байгаа шинэ үед багтах уу?

-Эдийн засаг, нийгмийн орчин, хувь хүний нөхцөл байдлыг дэлхийн хэмжээнд, орчин үеийн энд, хүн төрөлхтний өнөөдөр хүрсэн ололтын хэмжээнд харж чадаж байна уу гэдгээ харж мэдрэхгүй бол хэцүү. Шинэ үеийг ийм хэмжүүрээр харах хэрэгтэй.

-Нэг нам нь гарч ирэхээрээ төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж сольдог. Төрийн санах ой гэгддэг мэргэшсэн албан хаагчдаа халж солиод байхаар ямар ч сайн хууль зөв хэрэгжихгүй. Муу хуулиуд батлагдаад байгаа нь ч үүнтэй холбоотой байх?

-Санах ойны хувьд хоёр юмыг бодох ёстой. Нэгдүгээрт, таны асуусан бодлого боловсруулж авч яваа төрийн мэргэшсэн албан хаагчид хэр зэрэг тогтвортой байх вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт улс төр яаж ч савласан улс төрийн савлагааг хянаж, барьж явдаг эрдэмтдийн оролцоог харах ёстой. Хоёр дахь механизм нь манайд бараг байхгүй. Сүүлийн үед бий болгохыг оролдож байна. Барууны улсуудад улстөрчид гарч ирээд ярьсан ч эрдэмтэд нь хүрсэн түвшингээр нь шахдаг. Үүнээс доошлуулахгүй, та нар дээрээ яаж тонгочих нь хамаагүй гэсэн зарчмаар ажилладаг. Манайд тэгж шахах хэсэг алга. Энэ бол социалист нийгэмд учирсан хамаг том зовлон. Социализмын үеийн нийгмийн ухааны эрдэмтэн гэдэг нэг бол марксист онолыг сурталчлагч. Эсвэл даргын үгийг маш сайн бичигч. Түүнээс биш шинжлэх ухааны арга зүйтэй, шинэ хандлага мэдлэг түгээгч огт биш. Ийм социалист маягийн нийгмийн эрдэмтэд байгаа нь асуудал болоод байна. Ардчиллын хоёрдугаар давалгааны үед Зүүн Европын улсад байгалийн шинжлэх ухаанаас бусад салбарт докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн цолыг хүчингүй болгосон. “Та нарын докторын цол шинжлэх ухааных биш, наадах чинь зүгээр л социалист бюрократизмын амжилтын илэрхийлэл. Тийм учраас доктор авах гэж байгаа бол шинжлэх ухааны аргаар наад сэдвээрээ доктор хамгаал” гэчихсэн. Гэтэл манайд ийм өөрчлөлт хийгдээгүй. Орчин үеийн Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын маш чухал сэдвээр доктор хамгаалах гэж байхад “Нэгдэлжих хөдөлгөөн бол социализмын хамгийн чухал өмчийн хэлбэр мөн” гэдэг сэдвээр цолоо хамгаалсан хүн докторын зөвлөлд байх жишээний. Тэр нөхөр Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг ойлгохгүй. Тийм учраас “Намайг хэрхэн хүндлэв, яаж харьцав, багш шавийн барилдлага хэр зэрэг зузаарав” гэхчлэн шинжлэх ухаанч бус хандлагаар цол зэргийг нь хэмжих гэж оролддог. Хуулийн салбарын тухайд шинжлэх ухаанч шахалт үзүүлэхгүй болохоор бодит хүрсэн төвшний мэдлэг гэдэг юм бараг алга. Ер нь хууль, улс төрийн салбар маш өрөвдөлтэй. Шинэ залуус нь арай гайгүй.

-Та хууль зүйн салбарт эхлүүлсэн реформынхоо 70 хувийг нурсан гэж ярьсан. Яагаад нурчихав аа?

-Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль гэх мэтчилэн том шинэтгэлүүдийг МАН ганцаараа унагаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар унасны дараа Ч.Сайханбилэг засаг тэргүүлсэн. Шинэ Хууль зүйн сайд ажлаа авангуутаа манайхаас өргөн барьсан бүх хуулийг буцаагаад татсан. Өргөн баригдсан, хэлэлцэгдсэн, батлагдахад бэлэн болсон гээд бүгдийг нь. 14 хууль татсан байдаг. Засгийн газраар хэлэлцэгдээд УИХ-д өргөн барихад бэлэн болсон арваад хуулийг ч унагасан. Хэрүүл хийж тэмцсэний эцэст тэдгээр хуулиас наймыг нь л буцааж өргөн бариулж чадсан. 2015, 2016 онд амжиж өнөө найман хуулиа батлуулсан. Тэр хуулиудын хоёроос бусад нь буцаад хүчингүй болсон л доо.

-АН яагаад нураасан юм бэ?

-Хэн нь хэн бэ гэдэг нам доторх рангаа харуулах гэж оролдсон. Үүнээс болж хамтаараа хийх ёстой зүйлээ нураасан. Улс төрийн маш явцуу зовлон.

-Зөрчлийн хууль нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та бүхний анх санаачилсан хувилбараар батлагдаж чадсан уу?

-Зөрчлийн хууль Эрүүгийн хуулиасаа илүү хэл амтай. Бид Зөрчлийн хуулийн төслийг тухайн үеийн судалгааны үр дүнд тулгуурлаж хийсэн. Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 400 гаруй хууль бий. 230 хуулийнх нь ард хариуцлага байна. Хариуцлагууд нь хоорондоо уялдаагүй, нэгдсэн системгүй, зөрчилдөөнтэй, давхацсан байдаг. Нэг жишээ хэлье. Эрүүгийн хуулиар албан бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж бий. Эрүүгийн хуульд байгаагаар бол гурван жил хүртэлх хорих ялтай. Боловсролын тухай хуульд боловсролын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно.

Хуурамч диплом аваад баригдсан хүнийг Эрүүгийн хуулиар гурван жил хорино гэж айлгадаг. Өнөөх нь шоронд суухгүйн тулд авлига өгч таарна. Авлига авсан цагдаа Боловсролын хууль гаргаж ирээд 50 мянган төгрөгөөр торгоод явуулчих жишээний. Хуулийн ийм орчинд хэн эзэн хаан бэ, бодоод үзээрэй. 230 хуулийн ард байгаа энэ мэт хариуцлагуудыг жагсаагаад зөрчлийн хууль гэж бичээд харуулсан чинь УИХ-ын гишүүд пүү паа болсон л доо. Нэг инээдтэй жишээ хэлье. Иоджуулсан давсны тухай хууль гэж бий. Гэрийн эзэгтэй хоол хийхдээ иоджуулсан давс хэрэглээгүй бол торгоно гэсэн заалт байна. Мэдээж үйлчилж байгаагүй заалт байх л даа. Гэхдээ нэг дургүй нь хүрвэл үйлчлүүлнэ шүү дээ.

-Ардчилал хөгжсөн улсуудад яадаг юм бол?

-Жишээ нь, Германд хүнийг шийтгэх гэж байгаа бол шийтгэх хуулийг нь зөвхөн Хууль зүйн яам нь бичдэг. Манайд бол өөр. Боловсролын яам хуулиа бичихдээ шийтгэлээ бичнэ. УИХ-аар орохдоо Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэгт ордоггүй. Тийм учраас бид Зөрчлийн хуульд зөвхөн иргэн рүү торгууль шийтгэл оноосон хариуцлага нь бичигдэнэ, энэ хуулийг зөвхөн Хууль зүйн яам бичнэ, хянана гэсэн зарчим барьсан юм. Хууль зүйн сайдаар МАН-ын гишүүн томилогдонгуутаа Зөрчлийн хуулийг боловсруулахдаа буруу арга хэрэглэсэн. Татвар, банк санхүү бүгдээс нь дуудаж оруулаад бөөн торгуул нэмж бичээд шинээр оруулж ирсэн. 230 хуулийн ард байснаас илүү хүнд торгодог, шийтгэдэг систем болоод хувирчихсан л даа. Зөрчлийн хууль зөвхөн торгуулийн санкцтай, эдийн засгийн хөшүүрэгтэй байх ёстой атал жижиг гэмт хэргийн хууль биччихсэн. Бүр бантагнуулсан. Хэлээд ч ойлгоогүй. Мэдлэггүй сайхан сэтгэл, тэнэгээсээ болж алддагийн нэг том жишээ. Үр дүнд нь бизнесийн таатай орчин, эдийн засгийн цаашид хөгжих боломжийг хумьсан. Өнөө социалист толгойгоороо харж байгаа юм. Төр орох ёстой, хорих учиртай, шийтгэх хэрэгтэй гэсэн философиор хандсан. Хууль хийдэг философи өөрчлөгдөхгүй яваагийн гор л доо.

-Эрүүгийн хуульд бас ингэж хандсан уу?

-Тэгсэн. Уг нь бид хүн рүү чиглүүлж, 1992 оны Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хамгаалах зорилготойгоор бичсэн. Маш олон судлаач “Танай эрүүгийн хуулийг уншихаар дандаа социалист гэмт хэргүүд байх юм. Чөлөөт нийгэмд байгаа бол орчин үеийн нийгэмд гардаг гэмт хэргүүдээ бичээч. Шинэ төрлийн гэмт хэргүүд алга. Гэсэн хэр нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний гэмт хэрэг гэж тооцдоггүй зүйлс оржээ” гэж хэлдэг байсан юм. Бид тэр зорилгоор Эрүүгийн хуулиа өөрчилсөн ч бүх зүйл буцсан.

-Хуулийн реформ хийгдэх найдвар ер нь байна уу?

-Хуулийн салбарын реформ бусад салбарын реформоос хамгийн хэцүү нь. реформ судалдаг хүмүүс боловсрол, хуулийн салбарт реформ хийхэд хэцүү гэж үздэг. Хуулийн реформын нэг том зовлон нь бодит эрх мэдэлтэй хүмүүстэй зөрчилддөг. Тэдний сандлаар оролдож эхэлдэг. Маш олон орны туршлагыг харахад реформ эхлүүлэгчид нь ихэнхдээ гэмт хэрэгтэн болж хувирсан байдаг юм билээ. реформ хийснийг нь харахаар шууд амжилттай хэрэгжээгүй, дор хаяж гурван давлагаа давсан байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь нуралт нь дандаа эхэлсэн цэгээсээ доошилсон зураг ажиглагдсан. Тэгэхээр хууль зүйн реформ дөрвөн жилийн ажил биш. Хамгийн багадаа 15 жилийн ажил. 15 жилийн ажлыг амжилттай явуулахын тулд нэг л асуудал чухал. Тэр нь улс төрийн тогтвортой байдал. Энэ бодлогыг тээх улстөрийн тогтвортой байдал байвал амжилттай хэрэгжинэ. Гэтэл Монголд улс төрийн тогтвортой байдал алга.

-Эхлээд нам дотроо ярьж зөвшилцөөд хуулийн шинэчлэлийг хийчихэж болоогүй юм уу?

-Уг нь бид нам дотроо ярьсан. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Манай улс төрийн соёл сонгогчдодоо амласнаасаа ухардаг, эсвэл тэрнээсээ тэс өөр юм хийдэгт хамаг учир байна. Бүгд л гэрч хохирогчдыг хамгаалах тогтолцоотой болно гэж ярьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсаны дараа Д.Дорлигжав Тахрын албаны хуулийг татан буулгана гэсэн төслийг Засгийн газарт оруулаад ирсэн. “Мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлийг яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Нэг намын амлалт юу юм” гэх жишээний. Сонгуульд ороогүй хүн эрх мэдэлд очихоороо аюултай нь эндээс харагдаж байгаа юм. Яг үүнтэй адил цагдаагийн дарга гэх мэт нэр бүхий хүмүүс сонгуульд ороогүй, иргэдээс нэг ч санал аваагүй. Шинэтгэлийн үйл явцыг улстөрчид амласан учраас л хийх гэж оролдсон. Гэтэл нөгөө талд байгаа эрх дархтай хүмүүс албан тушаалд тавьсан хүндээ үнэнч байх ёстой гэж боддог юм билээ. Үүнийг олж хараагүй нь бидний том алдаа болсон. Сонгуульд орсон лидерүүд хүртэл зарим зүйлийг нурааж эхэлж байгаа юм. “Яахаараа АН бизнес эрхлэгчид рүүгээ дайраад байгаа юм” гэхээр “Хэдэн олигарх биз дээ” гэнэ. УИХ-ын дарга нь тэгж хэлэхээр яахав. “Та АН-ын дарга, УИХ-ын дарга. Яахаараа АН-ыг сонгосон гол бүлгээ олигархиуд гээд яриад суудаг юм бэ. Тэд биднийг бизнесийг дэмждэг, компаниудыг өргөжихөд тусалдаг, орчныг нь зөв болгодогоороо МАН-аас ялгаатай гэж боддог шүү дээ” гэхээр “Орчин үеийн үзэл ийм болсон” гэж байгаа юм. Н.Алтанхуяг “Баруун, зүүн гэж байхаа больсон” гэж хэлсэн удаатай. Энэ бидний том алдаа байсан. Иймэрхүү мэдэгдлүүдээс үүдэж АН МАН-аас огт ялгаагүй гэсэн төөрөгдөл бий болсон л доо. Үзэл баримтлал энэ намын Үндсэн хууль гэдэг хандлагыг хүчирхэгжүүлэхгүй бол улстөрийн лидерүүд нь ямар ч зүйлийг дарж унагаад гишгээд байдгийг ойлгосон. Үзэл санаагаар намын лидерүүдээ хянадаг болох ёстойг тэр үед ухаарсан. Намын дотоод соёлыг өөрчлөхгүй бол “Нам ямар хамаатай юм. Цаазаар авах ёстой, цэргээр бүтээн байгуулалт хийх ёстой” гээд солиороод эхэлж байна. Баруун төвийн нам шүү, зах зээл, хувийн өмч рүү дайрдаг нам биш шүү гэдгээ тогтоод үзэл баримтлал дээрээ тогтож чадахгүй яваа лидерүүдээ үзэл баримтлалаараа цохиж унагах ёстой. Намын олон нийттэйгээ нийлж байгаад цохиж унагах шаардлага үүсчихсэн. Ийм зарчмууд хийгдэх ёстой гээд нам доторхи өөрчлөлт ид явагдаж байна.

-Хуулийг мэдээд зөрчдөг нь хожиж, мэдэхгүйгээсээ зөрчдөг нь хохирч байна. Зөрчлийн хууль үүний том жишээ. Мэдэж амжаагүй байтал торгуулаад эхэлж байна шүү дээ?

-Мэдээгүй байхад үйлчлүүлчихлээ, батлагдчихаад урагшаагаа үйлчилж болохгүй шүү дээ гэх мэт асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой. Ийм боломж манайд бий. Гэхдээ тэгж ажиллах Цэц нь алга. Захиалга гүйцэтгэдэг байгууллага болчихсон. Манай Үндсэн хуулийн Цэц бол ардчилал хууль ёсонд хэзээ ч дэм болж байгаагүй хорт хавдар. Үүнийг шийдэхгүйгээр сая таны хэлсэн асуудал арилахгүй. Үндсэн хуулийн тусламжтайгаар иргэн хүн хууль тогтоомж, эрх мэдэлтнүүдийг барьж авч байдаг. Харамсалтай тэгж чадахгүй байна.

-Хуулийн шинэчлэлээ заавал АН гэхгүйгээр хийх хувилбар бий юу?

-АН бол энэ улс оронд байгаа улс төрийн нэг том хүч. Энэ намыг үзэл баримтлалынх нь хувьд дагадаг олон хүн бий. Энэ хүмүүсийг зөв урсгал руу оруулж, зөвийг дэмжигч хүч болгож хувиргах ёстой. Тэгэхгүй бол энэ хар хүч буруу зүйлийн ард очоод зүүгдчихвэл яах вэ. Цаазаар авна гэдэг хүнийг дагачихвал ямар үр дагавар гарах бол. Энэ бол том асуулт. Буруу тал нь дийлээд явчихвал ямар зүйл өрнөхийг таашгүй. Би тэрнээс л болгоомжилж, айж байна. Буруу зүг рүү олонхоороо хуйлраагүй байгаа дээр нь буруу хаалгыг хааж, зөвийг нээх нь миний үүрэг.

-Лидерүүд вакумжаад ирэхээрээ дэмий болдог шиг анзаарагддаг. Энэ хандлагыг өөрчилж, эвдэж байж хөгсөн байх шүү…?

-Би толгой дээрээ хэн нэгэн лидерийг залмааргүй байна. Би өөрөө лидер болмоор байна. Социализмаас ардчилсан нийгэм рүү шилжихэд тус дэм болсон ч тэр нийгмээ бүрэн гүйцэд ойлгоогүй, юу вэ гэдгийг нь мэдрээгүй, хувийн жаргалаа хөөгөөд явчихсан хүмүүст “Уучлаарай зайгаа тавиад холд” гэмээр байна. Аль нам байх нь сонин биш. Шинэ үе шинэ хандлагаар гарч ирээд “Та нарын шийдвэрийн дор хангалттай цагаа үрлээ. Одоо бид өөрсдөө шийдье” гэх учиртай. Тийм зоригтой үе гарах ёстой.

-Хоёр Ерөнхийлөгч биенээ хулгайчаар нь дуудлаа. Хулгайч нараа толгойдоо залсан нь тогтолцооны гажуудал. Ийм үед эдийн засгийн ямар ч том төсөл явдаггүй юм байна. Тогтолцоог засахын тулд яах ёстой вэ?

-Тогтолцоон дээр зөндөө юм бий. 2012 онд би жиргээндээ 42 хууль жагсаасан. Ийм хуулиудыг өөрчилж байж Монгол Улс тогтолцооны гажгаа жаахан засч ардчилал руугаа явна гэж бичиж байсан. Тэр жагсаалыг дахиад жиргэчихье.

-Өршөөлийн хуулиар мөнгө угаах гэмт хэргийг өршөөчихөөр гэмт хэрэгтнүүд хууль бус орлогоо хууль ёсны болгох эрсдэлтэй биш үү. Ийм заалт Өршөөлийн хуульд орсныг та мэдсэн үү?

-Огт өмчгүй, мөнгө төрд байвал л гэгээлэг гэсэн коммунист үзэлтэй нийгмээс салаад 29 жил болж байна. Нэгэнд маань ч хувийн өмч гэж байгаагүй. Бизнесийн дадал зуршил ховор. Шилжсэн нийгэмд маань мөнгө, хувийн өмч чухал. Тиймээс бүгд мөнгөжих гэж оролдсон. Хөрөнгөтэй бүхэн шударгаар хөлжсөн гэж бодож байна уу. Эхний хөрөнгө, эхний хуримтлал, эхний гэж байгаа бүх мөнгө хаанаас үүссэн бэ. Балчир нийгэмд 100 жилийн түүхтэй санхүүгийн системийг авчраад тавих нь хэнд ашигтай вэ. Ийм асуултуудыг эхлээд тавих ёстой. Мэдээж Америк мөнгө угаах гэсэн нэрийн дор дэлхийн мөнгөний урсгалыг зохицуулах гэж оролдож байгаа. Энэ бол Америкийн л ашиг сонирхол. Манай дөнгөж босч байгаа анхдагч хуримтлалууд хууль ёсны болж чадаагүй байгаа. Америк энэ үеэ 200 жилийн өмнө туулчихсан. 200 жилийн өмнө туулчихаад манайхыг “Та нар тэг” гэж хэлж байгаа юм. Зорилго нь тодорхой шүү дээ. Хоёр хөрш болон Хойд Солонгостой санхүүгийн эргэлтийг хянахад манайх цонх болж байгаа. Улстөрийн зорилго нь энэ. Тийм заалт туссаныг би мэдэж байсан. Зах зээлийнхээ эхний шатанд явж байж тэр зорилгынх нь золиосонд бүх бизнесмэнээ хуулийн байгууллагын хүлээсэнд өгч болохгүй. Бидний анхны хуримтлал тэгээд хэзээ хууль ёсны болох юм бэ, сүүдрийн эдийн засаг нийт эдийн засгийн 60 хувь хэвээр хэдий болтол явах юм гэдэг л манай асуудал. Америкийн шахалтаар мөнгө угаахтай тэмцэх ёстой гээд туг намируулаад явбал Монгол Улс хэзээ ч хоёр хөрштэйгөө эдийн засгийн зөв интеграцид орж чадахгүй. Дотоод хуримтлал байхгүй юм чинь яаж орох вэ дээ. Дотоодод байгаа мөнгөө хууль бус гэж гудсан дороо живүүлчихээд яаж хөгжинө гэж.

-Хуулийн салбарын реформыг дахиад эхлүүлэх зориг танд байна уу?

-Эргэлзэж байна. Одоогоос зургаан жилийн өмнө би явах замынхаа талыг хараад алхаад орчихсон. Одоо бүтэн харахаар зарим газар нь зориг дутаж эхэлж байна. Эрсдэл, үр дагаврыг нь олоод харчихаар түвэгтэй юм байна. Нэг болон бусад Хууль зүйн сайдууд гэж ярих нь зүйд нийцэх байх. Тэд хуулийн салбар дахь муу муухайг өөрчлөх гэж хэзээ ч оролдоогүй. Хөндөхгүй явсан нь сайн, хөндсөн нь муу хүн болж хувираад байна. Дахиад гараа дүрэх хэмжээний зоригтой хүмүүс гарч ирвэл алга ташиж дэмжинэ.

-Хуулийн салбарт тийм зоригтой хүн байгаа юу?

-Харамсалтай нь алга. Сайн гэж байгаа бүх залуус нэг юмнаас айж байна. Тэднээс “Яагаад Хуульчдын холбоог татан буулгаж, хуульчид олгодог лицензийг Хууль зүйн яам авна гээд байхад дуугарахгүй суугаа юм бэ” гэхээр “Дараа нь лицензийг минь оролддог болчихвол яах юм” гэж байна. Ийм юмнаас айж байгаа хүмүүс үүнээс том руу нь орох уу. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа өмгөөлөгч олдохгүй байсан. Тэр үед хуульчийн гэрчилгээ лицензийг ХЗЯ өгдөг байсан юм. Засгийн газартай сөргөөцөлдөж дуугарах хуульч олдоогүй. Одоо бол хуульчдын холбоо гээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд гээд хэнээс нь ч хамааралгүй ассоциаци тэр лицензийг олгож байна. Тийм учраас Ерөнхийлөгч Цэц рүү дурын хүнээ тавих гэхээр хуульчид шүүмжилж чадаж байгаа. Маргааш нөгөөдрөөс чадахаа байна. Тэгэхээр улстөрчдийн муу түншлэлээс ангид боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Тогтолцооны хамгийн том өөрчлөлтийн ид шид нь эрх мэдлийг задлах. Нэг юм уу хэсэг хүний гарт төвлөрүүлж болохгүй. Ухаантай хүн, сайн нам хайгаад хэрэггүй. Төрөөс эрх мэдлийг нь л авах хэрэгтэй. Төрд байх шаардлагагүй эрх мэдлүүдийг мэргэжлийн холбоод хувь хүн, иргэний нийгмийн байгууллагууд руу шилжүүл л дээ. Тэгвэл аюулгүй болно. Бид үүнийг яриад хоёр жил болсон ч хийх хүсэл хэнд ч алга. Учир нь эрх мэдэлд очсон болгон нь буцаагаад эрх мэдлээ татах гэж оролдож байна. Бид Тахарын албыг байгуулж, цагдаагийн шинэтгэл хийгээд процессийн маш олон өөрчлөлт гаргасан чинь манай ах нар гэж яригддаг хүмүүс над дээр ээлж дарааллаад ууртай орж ирсэн. Тэд нэг л агуулгатай үг хэлцгээсэн. “Арай гэж эрх мэдэл дээр ирж байхад яагаад миний эрхээр оролдоод байгаа юм бэ” л гэсэн.

-Өөрөө өндөрлөгт очоод эрх мэдлээсээ татгалзаж чадах хэмжээний лидер өнөөдрийг хүртэл гараагүй. Жишээ нь танд тийм зориг гаргасан үе байна уу?

-Би Хууль зүйн яаман дээр очоод лиценз олгодог эрхийг хуульчдын холбоо руу шилжүүлсэн.

-Шинэтгэлийн төлөө хэн, хэн гэдэг улстөрч тантай зэрэгцээд зүтгэсэн бэ. Замаасаа ухарсан улстөрчдийг нэрлээч?

-Сэтгэлийн хат гэж ойлголт бий. Сорьж байгаа бэрхшээлийг сэтгэлийн хатаараа давж туулдаг. Найз нөхөд урвасан ч давж гарах тийм хүч. Сэтгэлийн хатыг хоёр юм бий болгодог. Нэг нь шинжлэх ухаан. Нөгөө нь итгэл үнэмшил. Надтай цуг шинэтгэл эхэлсэн хүмүүсийг анзаарахаар шинжлэх ухаанд ойрхон байсан нь тууштай зүтгэсэн. Өмнө нь дарга цэрэг, албан тушаал дээр байсан хүмүүс маш хурдан байраа сольсон. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг онцлох учиртай. Хийгээд бай л гэсэн. Ганцхан юман дээр эргэлзэж байгаагаа хэлсэн. Тэр нь Захиргааны ерөнхий хууль. Тэрнээс бусдыг нь явуул гэсэн шүү. Хүмүүс Н.Алтанхуяг дээр бидний хийж байгаа шинэчлэлийг муулж орсон. Ц.Элбэгдорж хүртэл дуудаад дарамталсан. Тэр бүхэнд ажраагүй. Энэ бол маш сайн чанар. Ц.Оюунгэрэл, Лу.Болд хоёр их сайн дэмжсэн. Чуулган дээр хамгийн сайн кнопдсон хоёр. Одоо би Лу.Болдыг огт ойлгохгүй байгаа. Тэр үеэсээ огцом өөрчлөгдсөн. М.Батчимэг, Л.Гантөмөр нэмэгдэнэ. Зарим зүйл дээр зөрөөд тэнэг юм ярьдаг ч гэсэн Д.Ганбат дэмжиж байсан. Байнгын хорооны даргын амбиц байсан уу, зарим зүйл дээр хөндлөнтдөг байсан юм. Гэхдээ их сайн түлхсэн хүмүүсийн нэг.

-МАН-аас дэмжсэн хүн байсан уу?

-Сонирхлын зөрчлийн хууль гарах үед Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар цуг явсан. МАН-аас нэг ч хүн дэмжээгүй. Дан нөгөө талд кноп дарсан. Тэр хүмүүстэй цуг байнга нөгөө талд кноп дардаг хүмүүс бас байсан. Жишээ нь, Ж.Батзандан байна. Эрүүгийн хуулийг эсэргүүцсэн хүмүүс гэвэл Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар. Бүр хэвлэлийн хурал хийж байсан. Хуучин хэллэгээс тэс өөр бичигдчихээр санаанд нь буухгүй байсан хэрэг. Хуульч биш гишүүд нь бүр ойлгохгүй. Сонсч суугаад философийг ойлгосон хэсэг нь дандаа нөгөө талдаа дарна. Шинэ хандлагын философийг хэн ойлгодог гээч. Хоёр төрлийн хүн ойлгож байсан. Нэгдүгээрт, өмнө нь тэр системээс болж хохирсон хүмүүс. Лу.Болд АТГ-т шалгагдаад бөөн юм болж байсан учраас ойлгосон шиг санагддаг. Ц.Оюунгэрэл бол хүний эрхийн мэдрэмжтэй улстөрч. Гадаад, дотоодод сургуульд сурсан хүмүүсийн ялгаа бас гардаг. Арай дажгүй боловсрол эзэмшсэн нь зөвийг олоод харчихдаг. Гурав дахь төрлийн хүмүүс бизнес эрхлэгчид.

-Тэгвэл ямар хүмүүс нь шууд эсэргүүцсэн бэ?

-Хуулийн байгууллагын албан тушаалтнуудтай хэлхээ холбоотой хүмүүс. Зүв зүгээр байж байснаа гэнэт эсэргүүцдэг. Нөгөөдүүл нь ярьдаг шиг байгаа юм. Яав ийв гэхээр “Хэцүү юм шиг сонсогдоод байна” гэх жишээний. Зарим нь “Тэр тэгсэн” гэж шууд хэлнэ. Тэгээд танд тэр нь ямар хамаатай юм гэхээр “Миний найз” гэж байгаа юм. Удаан жил нөхөрлөж түншилснээ сонгодог юм билээ л дээ. Ц.Элбэгдоржийн сонголт ч ялгаагүй тийм байсан. Х.Тэмүүжин, Д.Дорлигжавыг сонгохдоо аль удаан жил түншилж харилцсанаа сонгосон. Тийм нөхөрлөл түншлэлийн харилцааг үзэл санаагаар давж туулах хэцүү юм билээ.

-Шинэчлэх хүсэл зорилготой хэсэг нь тан шиг залхсан, ойлгосон, ядарсан хандлагатай болчихож. Нэг хүн, нэг нам гарч ирээд суурь шинэчлэлийг шууд хийдэггүй юм байна. Гэхдээ хөгжихийн тулд шинэчлэхээс аргагүй. Шинэчлэлийг яаж хийх вэ?

-Хэм хэмжээ, хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Зохион байгуулалтыг нь хийх гэж оролдоод нурсан. Учир нь манайхан ухаажсан байна. Хуулийн салбарын боловсон хүчин маш чухал. Эдийн засгийн салбараас хуулийн салбар яагаад хоцорсныг тайлбарлая. Германчууд посткоммунист улсуудад нэг санал тавьсан байдаг юм. Бодлогын өөрчлөлт хийхийн тулд юуг эхэлж нураах тухай санал байсан. Тэр саналыг амжилттай хийсэн нь германчууд өөрсдөө. Зүүн Европын улсууд 70, 80 гээд янз бүрийн хувьтайгаар хийсэн. Бид 20 хувийг нь л хийсэн. Нураагдаагүй зүйлийн нэг том хэсэг нь хууль. Эдийн засгийн хувьд нураах ёстойг нь сайн нураасан. Иргэний нийгэм, хууль, оюун санааны гэсэн гурван салбар дахь өөрчлөлтийг бид хийгээгүй. Жишээ нь хуурмаг иргэний нийгэм болох Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Оюутны холбоог задлаагүй. Бүтэцтэй, хүний нөөцтэй, санхүүтэй том иргэний нийгмүүдтэй жирийн иргэдийн нэгдлийг өрсөлдүүлэх гэж оролцсон. Шинжлэх ухааныг задалж чадаагүй. ШУА-ийг их сургуулиудтай эрх чөлөөтэй өрсөлдөөнд оруулаагүй. Академич, профессор гээд бюрократизмыг илэрхийлсэн бүх цол нь бүтнээрээ байгаа. Японд доктор хамгаалаад ирсэн залуу Монголд доктор хамгаалсан нөхрийн дор сууж байна. Манай хуулийн салбар яг тийм. Зүүн Европын улсуудад шилжилтийн үеийн Үндсэн хуулиа батлаад, дараа нь гол Үндсэн хуулиа баталсан. Гол үндсэн хуулиа баталсантайгаа холбогдуулаад хуулийнхаа бүх системийг өөрчилсөн. Хуулиудаа өөрчилсөнтэй холбоотойгоор шүүх, прокурор, хуулийн байгууллагуудыг аттестатчилсан. Өмнөх туршлага, мэдлэг шинэ системд падлийгүй, үнэ цэнэгүй гэж үзсэн хэрэг. Манайх тэгээгүй. Ямар ч шинэ боловсон хүчин шүүх дээр очоод тэс өөр дүрэм, оюун санаа, хуулиар ажиллаж эхэлж байгаа юм. Дээд шүүгчийн үгэнд орохгүй бол тэнд хэн ч биш. Их сонин систем.

-Та энэ системийг эвдэх гэж оролдсон уу?

-Оролдсон. Хуульчдын холбоо байгуулаад Шүүгчийн ёс зүйн хороог тэнд хийчихсэн юм. Тэрийгээ ажиллуулах гээд бэлтгэл ажлаа эхэлж байтал шүүгч нар лоббидсон. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ерөнхийлөгч дээр орсон. Тэгж байтал хэсэг гишүүд гэнэт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихсан гээд бод доо. “Яаж байгаа юм” гэж асуутал “Ерөнхийлөгч өргөн барь гэсэн” гэдэг байгаа. Ерөнхийлөгч рүү ортол “Та нар буруу юм хийсэн байна лээ. Дээд шүүхийн шүүгч нар орж ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороог байгуулна” гэж байна. “Шүүхийн дотор байгуулахаар цус нэгдсэн систем болчихоод, цусаа цэвэрлэж чадахгүй байна. Тийм учраас гадна нь байгуулж байгаа юм” гэтэл “Тийм юм байхгүй” л гэсэн. УИХ дээр бөөн маргаан болсны эцэст Шүүхийн ерөнхий зөвлөл дотор Ёс зүйн хороо байгуулагдсан л даа. Тэгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх даргыг Ерөнхийлөгч томилдог болчихлоо. “Яаж байгаа юм бэ. Ерөнхийлөгчид ийм эрх өгөхгүй гэж тохирсон биз дээ” гэхээр “Үгүй” гэчихэж байгаа юм. “Та энэ суудал дээр мөнхрөхгүй. Шүүх улс төрөөс хэт хамааралтай. Ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд бараагүй. Тэгсэн бас нэг сонирхолтой юм болсон. Цэц дээр дахиад гомдол гаргачихлаа. Ёс зүйн хорооны шийдвэр захиргааны давж заалдах хяналтын хорооны шүүхээр хянагдаад эцэслэгддэг байсан юм. Яг арбитрын шийдвэр шиг. Гэтэл Цэц дээр гомдол гаргангуутаа Дээд шүүх дээр эцэслэдэг болгочихсон. “Яагаад вэ, буцаад бүгдийг Дээд шүүх атгачихлаа шүү дээ” гэсэн ч тоогоогүй. Энэ концепцийг нураагаад байгаа нь өнөө л хуучин кадрууд. Тэгээд тэр хүмүүсийг үгүй хийх ямар арга байна вэ гэдэг асуултад хариу хайсан. Ингээд Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хуулийг бичсэн. Иргэний хуулийг бичих гэж оролдож байгаад түр орхисон. Энэ хоёр хууль өөрчлөгдөхөөр шүүгч нарын хуучин мэдлэг үнэ цэнэгүй болно. Тэгэнгүүт аттестатчлал ч юм уу ямар нэгэн зүйлийг хийж болох талаар бодож эхэлсэн. Өөрсдийгөө өргөмжилсөн орчныг нь үгүй хийх гэж оролдсон л доо. Гэтэл нөгөө талд хоорондоо үзэлцдэг Ц.Нямдорж, С.Нарангэрэл багш, дээд шүүхийн шүүгч нар нийлж суугаад шүүмжилсэн. Тэр хандлагыг ялаад гарна гэж бодож байсан. Улс төрийн эр зориг, зохион байгуулалтаа хийсэн учраас явчих байх гэж харсан л даа. Харамсалтай нь чадаагүй.

-Яагаад?

-Яг тэр шинэчлэлийн дундуур Эрдэнэт мэт эдийн засгийн том асуудлууд ороод ирчихсэн. Ц.Элбэгдорж гэх мэт эрх мэдэлтний эрхийг хязгаарлахаар өнөө асуудал дээр орох оролцоог хязгаарлана гэж харсан. Энийг нь зогсоож унагаад, Ч.Сайханбилэг, Д.Дорлигжавыг авчирч тавибал үгээр ажиллана, тэгээд эдийн засгийн асуудлуудаа шийдчихнэ гэж тооцсон хэрэг л дээ. Засаг унасан шалтгааны нэг нь энэ. Тэгэхээр боловсон хүчнийг дороос бэлдэхээс гадна дээр байгаа эрх мэдлүүдтэй кадруудаа бодох ёстой. Тийм бодлоор Дээд шүүгчийн ерөнхий шүүгч улирахгүй гэдэг хуулийн заалтыг зүтгэж байгаад батлуулсан. Бас л үр дүнд хүрээгүй. Түрүүн хэлсэн дээ, Үндсэн хуулийн цэцээр хүчиндүүлээд улирч томилогдсныг.

-Үндсэн хууль руу бүх бурууг чихэж байна л даа. Жишээ нь, эрх мэдлийн хуваарилалт дээр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулбал зүгээр вэ. Та өөрийнхөө моделийг сонирхуулаач?

-Би Үндсэн хуулийн эрх зүйн чигийн мэргэжилтэн. Миний хувилбар бол хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналтыг зохистой хэмжээг хүчирхэгжүүлсэн хувилбар Монголд илүү зохино. Парламентын засаглалыг сайжруулах байдлаар хоёр том хөршийнхөө дунд харьцангуй бие даасан байдлаар ардчиллаа авч явж чадна. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжвэл стануудын нэг л болж хувирна. Тийм учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасхийгээд Ерөнхий сайд руу шилжүүлж парламентаа Засгийн газраа хянах хэмжээнд хүргэх чадамжтай болгох ёстой. Тэгэхийн тулд хэд хэдэн алхам хийх учиртай. Давжаа маягийн парламентаа томруулах хэрэгтэй. Парламентын гүйцэтгэх эрх мэдэлтэй булаацалдаж байгаа эрх мэдлүүдийг Засгийн газарт өгөх ёстой. Санхүү, томилгоотой холбоотой хоёр л эрх мэдэл бий. Ерөнхийлөгчийг Засгийн газартай өрсөлдөхүйц бодлого тодорхойлогч байхыг болиулах шаардлагатай. Тэгж байж харьцангуй тэнцвэртэй зөв эрх мэдэлд хүрнэ.

-Төр бизнес болон хүний эрхэд халдах нь түгээмэл байдаг. Үүнийг яаж хязгаарлах вэ?

-Төрийн байгууллагад өгсөн эрх мэдлийг хэзээ, хаана, хэрхэн хэрэгжүүлэх тухай ямар ч зохицуулалт байхгүй. Үндсэн хуульд гагцхүү хуульд заасан үндэслэлийн дагуу хүний эрхийг хязгаарлана гээд заачихсан. Гэтэл Монголын бүх хуулийг харахаар яаж гэдэг асуултад хариулдаг хуулиуд нь байхгүй. Тэрийг байгууллагын дарга нь чиглэл, заавар, журам гаргах замаар шийдсээр ирсэн. Өөрөөр хэлбэл хуульгүйгээр хүний эрх рүү халдаж байгаа хэрэг. Монголд галт зэвсэг хэрэглэдэг долоон байгууллага бий. Галт зэвсгийг хүний эсрэг хэрэглэнэ. Галт зэвсгийн нөгөө талд хүний амьд явах эрх бий. гэтэл энэ долоон байгууллагын зөвхөн нэг нь л хуультай. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн тухай би түрүүн ярьсан. Бусад улсуудад байгууллага нь ямар байхаас үл хамаарч хүний эрхэд халдаж байгаа бүх үйл явцыг хуулиар зохицуулдаг. Гэтэл манай гаалийн байцаагч хүний биед даргынхаа гаргасан журмаар үзлэг хийдэг. Бусад улсад хуулийн дагуу гүйцэтгэдэг. Хүний эрхтэй холбоотой асуудал учраас. Гэтэл Монгол Улсад захиргааны арга хэмжээг ямар ч хуульгүй хийдэг. Тэрбумын эргэлттэй Оюу толгойг нэг байцаагч очоод зогсоочихож байгаа юм. Тэгэхээр Монгол Улс хуулиар засаглуулдаг улс биш. Нэгдсэн стандарт байхгүй гэсэн үг. Нэгдсэн стандартгүй төр гэдэг бол бүх үзүүрээрээ тоглож болдог зэвсэгтэй төр. Тийм учраас бид хууль сахиулах ажиллагааны хууль гэж баталсан. 2016 онд буцаагаад татчихсан. Одоо тийм хууль байхгүй. Манай шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг, тагнуулын байгууллага, АТГ, цагдаа гэх мэт хүний эрх рүү төрийн хамгийн том хүчирхийллийг үйлддэг байгууллагууд огт хуульгүй ажиллаж байна. Тэрний дэргэд мэргэжлийн хяналт, татварын байгууллагын асуудал жижиг. Нэг нь хүний амь, нөгөө нь эд хөрөнгөтэй холбоотой учраас. Тэгэхээр төрд эрх мэдэл олгохоос илүүтэй төрийг тэр ажлаа яаж хийхийг заахад хуулийн гол зорилго байдаг. Харамсалтай нь бид тэр зорилго руу хуулиа чиглүүлээгүй. Дарга тэгж болно, тэгэх эрхтэй гэсэн агуулгаар л хуулиа бичиж байна.

-М.Энхболдыг хууль гаргаад огцруулчихлаа. Энэ мэтээр кейс бүр дээр хууль гаргаад байх нь хэр зөв жишиг вэ?

-Таны харж байгаа өнцөг минийхээс өөр байна. Яагаад УИХ-ын дарга гэдэг хүн бусад улсад зөвхөн хуралдаан удирддаг спикер байхад манайд том албан тушаалтан болчихов оо. УИХ гэдэг бол 76-уулаа адилхан эрх мэдэлтэй байдаг хүний тухай яриа. Гэтэл тэр парламентын нэг хүн нь дарга болчихоод бусдаасаа эрх мэдлээр илүүрхээд байна. энэ нь зөв үү гэж асуух учиртай. УИХ-ын дарга нь яагаад ҮАБЗ-д ордог вэ, ҮАБЗ-д УИХ-ын дарга нь ордог ямар улс байна гээд харах хэрэгтэй. Дэлхийд парламентдаа зөвлөмж гаргадаг ҮАБЗ-тэй улс байна уу. Харах л ёстой өнцөг. ҮАБЗ-ийг тэс өөр зүйл болгосныг энэ мэтээс харж болно. УИХ-ын дарга мөртлөө парламентын томилгоонуудыг шийдвэрлэгч болоод хувирчихав аа. Парламентын томилгоо гэдэг бол байнгын хорооны эрх мэдэл дээр төвлөрдөг. Тэгэхээр томилгоонд оролцох эрх мэдэл байх ёсгүй. Ингээд харахаар албан тушаал буулаа гэдэг асуудал биш болчихож байгаа биз. Спикерийг солих асуудал албан тушаалтан буулаа гэдэг асуудал биш. Хурал удирдагчийн тухай яриа.

-Нэг хүнд зориулж хууль батлах гэдэг өнцгөөс нь харвал…?

-Спикер нь хэн байх гэдэг бол парламентын асуудал. Яагаад парламентын дотоод асуудлыг Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Ерөнхий сайд яагаад УИХ-ын дарга хэн байхыг шийдэх гэж улайрч дайраад байгаа юм бэ. Парламент үүнийг хянах ёстой инститүци. Гэтэл эрх мэдэл хуваарилах хамгийн суурь зарчим хянагдах субьект нь хянах субьектийнхээ хурлыг удирдах хүнийг шийдэх гээд улайрна гэдэг бол нөгөө эрх мэдлийн тэнцвэр алдагдсаны хамгийн том жишээ. Хамгийн том гажиг. Тэр гажгийг алдаршуулаад алга ташиж суугаа нь том аюул. Энэ УИХ дотор жинхэнэ хууль тогтоогч, парламентч байсан бол ямар ч Засгийн газар, Ерөнхийлөгчийн санаачилж байгаа өөрсдийг нь хэн удирдах тухай асуудлын эсрэг бүгд “Болиорой чи, юу болж байна” гэж зогсох ёстой. Ерөнхий сайдаа дагаад алга ташаад гүйх ёсгүй. Тэгэхээр Монгол Улсад парламент байна уу гэж асуух учиртай. Монгол Улсад парламент байна уу, эсвэл Засгийн газар худалдаад авсан хэдэн хүн байна уу гэсэн асуултыг сөргүүлж тавих ёстой. Харамсалтай нь хэн ч тэгж асуусангүй. Үндсэн хуулийн хамгийн том суурь зарчмыг эвдсэн явдал болсон. Сая хэлсэн зүйлс мундаг судлаачийн мэдэх ёстой асуудал биш. Жирийн дундаж ухаалаг хүний энгийн логик, иргэний боловсролоороо мэдэж байх ёстой асуудал. Манайд тийм хүн даанч алга.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааныг онцолсон Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэл гялбаах шиг боллоо

Төрийн өндөрлөгүүд жил бүрийн Цагаан сараар иргэддээ хандаж Сар шинийн мэнд дэвшүүлдэг уламжлалтай. Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвын энэ жилийн Цагаан сарын мэндчилгээнээс Төрийн тэргүүний уриалга онцгой содон сонсогдлоо. Ерөнхийлөгчийн “Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая” гэсэн үгийг олон хүн толгой дохин сонссон байх. Зөв хандлага. Олзуурхмаар уриалга. 1990 оноос хойших бүх Ерөнхийлөгчийн амнаас ийм үг гарсан удаагүй. Сэтгүүлч, инженер, геологич гээд зүсэн бүрийн мэргэжлийн төрийн тэргүүний хэн нь ч шинжлэх ухаанч улс л хөгждөг гэсэн утгатай үг унагаж байгаагүй. Үе үеийн төрийн тэргүүнүүд Сар шинийн мэндчилгээндээ мухар сүсэг, ид шид, бурхан шашин л ярьдаг байв. Уул овоо тахиж, Балба, Түвдийг зорьж, тэнгэр рүү нум сум харваж явсан төрийн тэргүүнүүд маань шинжлэх ухаанаа өндийлгөе, хөгжүүлье гэж дуугарсан нь үгүй. Эмэгтэй хүн очвол алиа цагаан өвгөн уурладаг гэж хэлсэн Ерөнхийлөгч Монголын түүхэнд байсан шүү. Ард түмэн удирдагчаа дуурайдаг, дагадаг. Дээдэх хэд нь ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэх маягийн мухар сүсгийн номлол айлдаад суухаар доор байгаа ард түмэн яаж сэхээлэг байхав. Түрийвчээ даллах төдийд мөнгөтэй болдог гэж ухуулдаг эмэгтэйн лекцэнд хэдэн мянгаараа шуугьж очсон хэвээр аж төрж байна. Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэсэн айхавтар үг бий. Саяын Цагаан сараар гэхэд л сошиалд олон шэйр, лайк авсан нь шинийн хоёрны хавирган сарны тухай пост байлаа. Хүсэл биелүүлдэг, мөнгө үржүүлдэг л гэнэ. Сар руу харж хүслээ шивнэх төдийд мөнгөтэй болдог гэж сэтгэдэг ард түмнийг бүтээгээд байгаа улс нь дээр суугаа хэд. Шуудхан хэлэхэд мухар сүсгийн оронд аж төрөөд байна уу даа гэсэн гутранги бодолд эзлүүлэх үе өчнөөн гардаг. Хаана л очно ингэж болохгүй, тэгж болохгүй, ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн мугуйд сүсэглэл хар мянгаараа. Байшин барилга, зам харгуй гээд яривал өнгөн талдаа хөгжөөд яваа мөртлөө цаад мөн чанараараа дундад зууны харанхуй балар цагтаа гацчихсан мэт мэдрэмж ойрхон давтамжтай төрдөг. Ийм балар цагт улсаа шинжлэх ухаанчаар хөгжүүлэх Төрийн тэргүүний уриалга яалт ч үгүй олзуурхам хандлага.

Ер нь бүх юм шинжлэх ухааны ололтоор хөгждөг. Их гүрнүүдийн хөгжлийн нууц ерөөсөө л шинжлэх ухаанд шүтсэнийх. Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн компьютер, ухаалаг утас, цахилгаан машин, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал тойрсон төсөөлөмгүй хэр нь аль хэдийнэ хаалга тогшоод ороод ирчихсэн блокчейн, крипто валют, хиймэл оюун ухаан бүгд л шинжлэх ухааны өгөөж, үр дүн. Шинжлэх ухааныг хөсөр хаясан, гээсэн, мартсан, үл тоосон ямар ч улс хөгждөггүйн жишээ бөмбөрцгийн түүхэнд өчнөөнөөрөө тоологдоно. Тэдний нэг нь бид. Хөрсөн доороо баялагтай, гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай хэр нь төмөр зам тавихаасаа айдаг. Төмөр зам тавьчихвал хятадууд танк хөлөглөн орж ирээд эзлээд авчихна гэсэн харанхуй айдастай. Хоёр зууны өмнөх түүх сөхье. Оросын хаант засгийн түшмэд бонд гаргаж төмөр замын аварга бүтээн байгуулалт өрнүүлж байв. Үр дүнд нь Орос дэлхийтэй холбогдож эдийн засгаа тэлж гүрний энд хүрсэн. Хаа байсан хоёр зууны өмнөх явдал гээд бодохоор төмөр замыг хадны мангаа гэж харсан бидний өнөөгийн хандлага Итгэлт баяны хэлдгээр ёстой ичмээр дамшиг.

Танк барьж орж ирээд эзэлнэ гэж айдаг Хятадаа өөр нүдээр харах гээд үзье. Ухаалаг утасны хөгжлөөрөө Apple-ийг айлгаж байна. Цахилгаан машины үйлдвэрлэлээрээ Элон Маскийн амбицаас дутах юм алга. Өнөө жилийн сансар судлалын төлөвлөгөөгөө саяхан танилцууллаа. Илүүрхэж байна аа, сар руу дахин хөлөг хөөргөж, сарнаас дээж авчирна гэнэ. Сансрын шинжлэх ухаан технологийн корпораци (CASC) нь 50 сансрын хөлөг нэмж хөөргөнө гэснийг нь дэлхийн хэвлэлүүд уралдан мэдээлэв. Хятад улс өнгөрсөн жил 550 тэрбум ам.долларыг шинжлэх ухаандаа зарцуулсан байна лээ. ЗХУ задарснаас хойш хойд хөршид шинжлэх ухааны уналт эхэлсэн, олон эрдэмтэн нь гадагшаа гарсан гэх мэт асуудал байсан ч түрүү жилээс шинжлэх ухаандаа анхаараад эхэлчихэж. ОХУ-ын Засгийн газар 2018 онд суурь судалгаанд 170 тэрбум рубль зарцуулжээ. Ам.долларт шилжүүлбэл гурван тэрбум гэсэн аварга тоо гарч байна. Түрүү онтой нь харьцуулбал 25 хувиар өссөн тоо. Путин өнгөрсөн жилийн хавар шинжлэх ухааныг онцгой анхаарна гэж дуугарсан. Хойд хөршийн том эрдэмтэд шинжлэх ухааны салбарт реформ хийхгүй бол төрийн тэргүүнийх нь мэдэгдэл хоосон үгнээс хэтрэхгүй гэцгээж байгаа ч шинжлэх ухаанд зарах мөнгөө өсгөнө гэдэг онцлох учиртай эерэг өөрчлөлт.

Хөгжлөөрөө цойлсон улсууд ДНБ-ийхээ 2.5-4.2 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг гэсэн статистик бий. Манайтай хүн амынхаа тоогоор нэг их зөрүүгүй Израиль гэхэд л ДНБ-ийхээ 4.2 хувийг буюу 12 тэрбум ам.долларыг шинжлэх ухааныхаа хөгжилд зарцуулдаг. Манай улсын шинжлэх ухаандаа зардаг мөнгө үүний дэргэд өчүүхэн. Өнгөрсөн онд шинжлэх ухаанд хаяглаж төсөвлөсөн мөнгө ДНБ-ий 0.1-хэн хувьтай тэнцэж байна. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулбал хувь хэмжээгээрээ хоёр дахин буурсан дүн. Дашрамд дурдахад Монгол Улс сая хүнд ногддог эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Ази тивийн дунджаас гурав дахин бага байдаг юм билээ. Ийм хэр нь төсөв хэмнэхийн тулд хийдэг цомхтголын хамгийн эхэнд шинжлэх ухааны салбарынхнаа онилдог муу жишиг анзаарагддаг. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл саяхан өгсөн ярилцлагадаа “Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэж зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний салбарын орон тоог 15 хувиар цөөрүүлсэн. Шинжлэх ухааны байгууллагад ажилладаг 280 ажилтан цомхотголд өртсөн. Гэвч эрдэм шинжилгээний салбарт цомхотгол хийчихсэн мөртлөө бусад салбарт ер цомхотгол хийгээгүй” гэж онцолсон харагдсан. За тэгээд хүрээлэнгүүдийнхээ тоог цөөрүүлсэн энэ тэр гээд яривал төр нь шинжлэх ухаандаа элэггүй хандсан жишээ барагдахгүй. Нэг үеэ бодвол компаниуд шинжлэх ухааны салбар, эрдэмтэдтэй хамтардаг болсон нь бас ч гэж олзуурхууштай хэрэг. Гэхдээ төр засгаас бодлогоор дэмжихгүй адлаад гадуурхаад байхаар манай компаниуд шинжлэх ухаанчаар хөгжих тал дээр хойрго хэвээрээ аж төрж яваа нь бодитой үнэн. Хөгжилтэй улсуудын тухайд хувийн хэвшлийнхний шинжлэх ухаан дахь хөрөнгө оруулалт том тоогоор яригддаг. Урд хөршид гэхэд шинжлэх ухааны технологийн салбарын хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг бизнесийн салбар нь хийдэг. Японы Тоёота компани гурван жилийн өмнө шинжлэх ухааны салбарт зургаан тэрбум зарцуулсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Манайд ч шинжлэх ухааны хөгжилд мөнгө хаядаг компаниудтай байх бүрэн боломж бий. Төрөөс шинжлэх ухаанд мөнгө зарсан компаниудын оруулсан хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх гэх мэт зохицуулалт хийчихэд л болчих асуудал. Энэ мэт зохицуулалттай бол шинжлэх ухааны ололтыг ашиглаж хөгжихгүй гэж хойш суух хэн байхав. Бүгд л шинжлэх ухаанчаар хөгжиж, ашгаа нэмэхийг хүсч таарна.

Тэгэхээр шинжлэх ухаанчаар хөгжих эхний алхмаа хийцгээе. Ядаж л төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд шашин, мухар сүсгийн тухай яримааргүй байна. Ийм яриа хандлагыг тас хорьж, зөвхөн шинжлэх ухаанчаар асуудалд хандах цаг аль хэдийнэ ирчихлээ. Хэн нэгний хүчинд найдаж амьдрах дэмий горьдлого төрүүлсэн үг, хандлагаа хамгийн түрүүнд гээх учиртай хэсэг Төрийн ордонд тухалж суугааг дахин онцолъё. Саяхныг хүртэл 99 тэнгэртэй харьцдаг УИХ-ын гишүүдтэй байсан эмгэнэлтэй, хошин, дэлхий гайхахаар ичгэвтэр түүх бидэнд бий. Нуугаад, ичээд ч бултах аргагүй үнэн гэж байдгийн нэг л дээ, тэнгэртэй харьцдаг хууль тогтоогчидтой байсан маань.

ШУА-ийн ерөнхийлөгчийн нэг үгийг онцолмоор байна. Д.Рэгдэл академич “Төр засгийн удирдлагууд, шинжлэх ухаанаа хөгжүүлж байж хөгжинө гэдгийг л ухамсарлах ёстой. Шинжлэх ухаан зөвхөн цаасан дээр байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Цаасан дээрх зүйл нь үнэн хэрэгтээ онолын судалгаа шүү дээ. Шүүмжлээд суугаа тэр онолын судалгаа нь дэлхийд тоогддог ганц зүйл маань гэдгийг хэн ч анзаардаггүй. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд манай судлаачдын бүтээл хэвлэгдэж байна. Монголын эрдэмтдийн судалгаа дэлхийн шинжлэх ухаанаас хоцроогүйн хамгийн тод илрэл нь энэ” гэж ярьсан байна лээ. Тэгэхээр төрөөс дэмжээд өгвөл цэнхэр гаригийн судлаачдынхаас дутахааргүй хэмжээнд хүрсэн эрдэмтдийнхээ бүтээлийг хөгжиж дэвжихдээ ашиглах бүрэн боломжтой гэсэн үг.

Төр нь шинжлэх ухаанаа дэмжсэн, тэтгэсэн улс орнуудын хөгжил дэлхийгээс халиад сансар огторгуй хэсч явахад бид дундад зууны харанхуй үе шиг цор ганцаараа ажин түжин оргиод сууж таарахгүй. Дахиад хэлье, харанхуйгаас гарч, хөгжиж дэвжих цорын ганц зам бол аливаад шинжлэх ухаанчаар хандах.

Төрийн тэргүүний уриалгад олзуурхаад байгаагийн цаад шалтгаан ерөөсөө л энэ. Шинийн хоёрны сарнаас мөнгө гуйж, түрийвчээ даллах төдийхөнд хөрөнгөжинө гэж итгэж, болохгүй бүтэхгүй асуудал бүхнээ бөө, ламаас асуудаг эрт балраараа аж төрж яваа өнөө цагт шинжлэх ухаанчаар хөгжье гэсэн Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэлд гялбаах шиг боллоо.


Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Манайх иргэнийхээ эрхийг орхигдуулж төрөө бөөцийлсөн хуулийн философитой

Монголын эдийн засгийн клубийн энэ сарын зочин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байлаа. Тэрээр сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн хууль зүйн шинэчлэл хэр үр дүнд хүрсэн, ямар саад гацаа байсан талаар ярьсан юм. Илтгэлийг нь товчлон хүргэе.


Монголчуудын хуулийн тухай ойлголт нэг талаараа явцуу, нөгөө талаараа өрөөсгөл. Хуулиас хол явсан нь дээр дээ гэсэн социализмын үеийн хандлага одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Тийм хүмүүс шийдвэр гаргагчдын, нийгмийг авч явагчдын байр суурин дээр маш олуулаа байгаа нь түгээмэл харагддаг. Хуулийн салбарт шинэчлэл хийхэд тулгарч байсан нэг том бэрхшээл бий. Хуулийн нэрээр амьдардаг, хуулийн сүр хүчээр хувийн ажлаа амжуулдаг хүмүүсийн хандлагыг өөрчлөх нь хамгийн том сорилт байсан. Миний хувьд хуулийн салбарын шинэтгэлтэй холбоотой судалгаа, үйл явцад 2000 оноос хойш оролцсон. 2002 оны Эрүүгийн болон Иргэний хууль тогтоомжуудын өөрчлөлтөд судлаачаар оролцож байлаа. Бодлогын судалгаа хийдэг хүн тэр үед бараг байгаагүй. Академик түвшний юм яривал ярина. Академик гэдэг нь шинжлэх ухааны арга барилтай гэхээс илүү профессор, доктор гэх мэт том хэргэм цолтой хүмүүсийн хууль зохиол болоод хувирчихсан. Би хуулийг ингэж харж байна гэсэн хувийнхаа бодлыг нийгэм рүү тулгадаг. Одоо ч гэсэн манай академич, доктор гэгдээд буй хуулийн салбарын том эрдэмтэд хувийнхаа бодлыг л ярьдаг. Судалгаа тооцоотой юм бараг дуугардаггүй.

Гадаадад суралцсан, гадаадын судалгаанд оролцсон хэсэг нь л арай эрүүл саруул юм ярьдаг. Эрүүл саруул ярьдаг залуус олонх болж байгаа ч яг нийгмийн байр суурин дээр Ж.Амарсанаа, С.Нарангэрэл хоёртой зэрэгцээд ярихад олон нийт ахмадыг нь л мундаг гэнэ. Ярьж байгаа үндэслэлийнх нь утга учрыг ухаж хардаггүй. Ийм учир шалтгаанаар хуулийн салбарт хийхээр зориглосон шинэтгэл маань маш их бэрхшээлтэй тулсан.

ХУУЛИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС НЬ ЭРДЭМТЭД

Эрдэм шинжилгээ, судалгааны ололтууд нь шинэчлэл хийж байгаа бодлогуудаа дэмжих ямар ч боломжгүй байсан. Хуулийн салбарт ийм өөрчлөлт хийж, тийм бодлого хэрэгжүүлнэ гэхэд хамгийн түрүүнд эрдэмтэд эсэргүүцдэг. Хуучин академич, профессор, их сургуулиудад байгаа хуучинсаг эрдэмтэд нь хамгийн түрүүнд эсэргүүцсэн. Маш прагматик ганц эрдэмтэн гарч ирсэн нь Суурийн Жанцан гэж хүн. Цагдаагийн академид ажиллаж байсан доктор. Эрүүгийн эрх зүйн шинэчлэлтэй холбоотой танилцуулга хийгээд сууж байтал “Номнуудаа маш хурдан зарах ёстойгоо ойлголоо. Та нарын ярьж байгаатай холбоотойгоор цаг алдалгүй гарын авлагууд бичих хэрэгтэй юм байна” гэсэн. Хууль бүхэлдээ өөрчлөгдөхөөр ном нь, мэдлэг нь ямар ч үнэ цэнэгүй болох юм байна гэдгийг олоод харчихсан хэрэг. Бусад нь ойлгоогүй. Өөрсдийнх нь гуч, дөчин жил бүтээсэн зүйл зах зээлээс шахагдахыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Шууд эсэргүүцсэн. Эрүүгийн хууль тогтоомж ингэж өөрчлөгдөж болохгүй гэчихэж байгаа юм.

Хуулийн салбарт шинэчлэл хийхэд хамгийн хялбар байсан зүйл бол парламент дахь кноп дардаг улстөрчдийн талыг эргүүлэх байсан. Тэд үндсэндээ юу ч ойлгохгүй байсан л даа. “Зөв биз дээ дарах уу” гэдэг л үгтэй. Шийдвэр гаргагчдын хувьд юу зөв буруу талаар хувийн туршлага гэж байхгүй. Хуулийн тухай бүрэн цогц мэдлэггүй. Ийм хүмүүсийн хувьд зөв гэсэн өнгөтэй чигтэй салхи байвал дагаад кноп дарах боломжтой байдаг юм билээ. Эхний жил хагасын хугацаанд хуулийн төсөл, концепцууд ямар ч саадгүй явсан. Тахарын албыг байгуулах ёстой юм байна, Эрүүгийн, Цагдаагийн албаны хууль өөрчлөгдөхөөс аргагүй болж гэх мэтчилэнгээр кнопоо дарж эхэлж байтал зохион байгуулалт, бүтэцтэй холбоотой зүйл гараад ирэнгүүт байдал бишэдсэн л дээ. Дарга цэрэг нь хэн байх, албан тушаал яаж өөрчлөгдөх, бодит эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөө хэрхэн хумигдах вэ гэх мэт асуудал гараад ирэнгүүт улстөрчдийн гар татагдаж эхэлсэн. Наад шинэчлэл чинь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж эхэлж байгаа юм байна. Цагдаагийн даргын эрх мэдэл багасах нь, АТГ, Тагнуул хоёрын эрх мэдлээр оролдож эхлэх гэж байна шүү дээ, ингэхээр ажил хийхэд түвэгтэй болох юм биш үү гэсэн асуултууд тавьцгаасан. 2016 оны хавар процессын хуулиудыг батлахаар алх тогших гэж байхад АТГ, Цагдаа, Тагнуулын гурван дарга сонинуудаар эсэргүүцэл зарлаж, Ерөнхий сайд дээр орж “Энэ хуулиудаа татахгүй бол” гэсэн заналхийллийг бий болгосон.

Тэгсэн гол шалтгаан нь гуравхан заалт. Нэгдүгээрт, цагдан хорих 461 дүгээр ангид гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэчихсэн юм. Хүнийг барьж хорьчихоод гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар хэрэг илрүүлэх нь олон улсын жишгээр эрүүдэн шүүх үйл ажиллагаа гэж харж, өөрчлөх гэж байсан. Хоёр дахь өөрчлөлтийн хувьд прокурорын зөвшөөрөлгүйгээр өмнө нь явдаг байсан тодруулах, эрэн сурвалжлах бүх ажиллагаа хууль ёсны болж стандартчилагдах байлаа. Хэн нэгнийг дураараа чагнадаг, мөрддөг, араас нь хувийн мэдээллийг нь цуглуулах байдлаар явдгийг зогсооно гэсэн л дээ. Эрүүгийн хэргийг хянан шийтгэх хуульд хүнтэй холбоотой ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа, далд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан бол нэг бол шүүх рүү явна. Шүүх рүү явахгүй бол тухайн хүнд эргэж хандаад “Тантай холбоотой ийм мэдээлэл цуглуулсан, устгах уу үгүй юу” гэж асуух ёстой. Өөртэй нь холбоотой мэдээллүүд хуулийн байгууллага цуглуулсан бол хууль ёсны байсан эсэхийг шалгуулах эрх тухайн иргэнд нээгдэж байх учиртай. Тэгэхгүйгээр хэн нэгэн даргын сейфэнд хадгалагдаад шантаажны хэрэгсэл хэлбэрээр ашиглагдаж болохгүй. Ийм системтэй байж гэмээ нь эх захаа алдсан мөрдөн шалгах ажиллагаа дэгэнд орно. Энэ өөрчлөлтийг бүгд эсэргүүцэж босч ирсэн. Гурав дахь гүйцэтгэх ажилтай холбоотой. Гүйцэтгэх ажилтай холбоотой зөвшөөрлийн систем шүүхэд хянагдана. Шүүхэд хянагдах системтэйгээр та нарын ажиллагаа дараа нь нотлох баримт болох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэчихсэн юм. Хуучин ногоон малгайтнууд гэдэг шиг НАХ яамын арга барилаар ажилладаг байсан бүх байгууллагын гол зүрх рүү нь хатгасан өөрчлөлт л дөө. Тийм учраас бүгд эсэргүүцсэн.

Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд байсан юм. Үндсэндээ найман багц хууль байсан. Энэ бүх хуулиудын эцсийн хэлэлцүүлэг болох өглөөнийх нь есөн цагт төслүүдийг татах бичгийг Засгийн газраас УИХ-д өгчихсөн. Ч.Сайханбилэгийн өрөөнд орж “Үүнтэй холбоотой асуудал үүсвэл танай Засгийн газартай ярина” гэсэн тулгалт хийж байж татлаа гэдэг бичгийг нь болиулсан л даа. Ийм түүхтэйгээр тэр хуулиудыг арай гэж батлуулсан. Гэсэн хэдий ч 2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд тэр хуулиудыг ёсчлоогүй учраас гэсэн шалтгаанаар хүчингүй болгож буцаасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр мөрдөгдөж буй бүх хууль 2000 онд Ц.Нямдоржийн үед ямар байсан, яг тэр чигээрээ үйлчилж байна. Хуулийн байгууллагуудын амбицыг давж хүний эрхийн болон эрүүл саруул оюун ухаанаар тооцсон хэм хэмжээг батална гэдэг Монголын хувьд зовлонтой. Тэрийг даах дийлэх хэмжээний улс төрийн эр зориг, улс төрийн нэгдэл үүсгэнэ гэдэг хэцүү гэдгийг яс махандаа тултал ойлгосон.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АТГАНД БАЙДАГ

УИХ гишүүдийн дийлэнх ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагуудын атганд байдаг. Тэр байгууллагуудын атгаж байгаа ид шид нь гүйцэтгэх ажиллагаа нэрээр цуглуулж авсан мэдээллүүд. Цуглуулсан мэдээллээ шүүх рүү хэзээ ч аваачиж өгдөггүй. Өнөө мэдээлэл нь албан ёсоор шүүхийн хэлэлцүүлэгт орж, гэмт хэрэг мөн эсэх, ял шийтгэл авах уу, үгүй юу гэдэг хэлэлцүүлэгт ордоггүй. Гэхдээ тэр мэдээллүүд ямар нэгэн байдлаар тодорхой эрх мэдэлтнүүдийн гарт ордог. Монгол Улсын хуулийн салбарт таван удаа сайдаар ажилласан хүн хэзээ ч шүүх рүү аваачдаггүй баримтуудыг “би мэднэ” гэж яриад өрсөлдөгчөө, нөгөө талын хүмүүсээ намнахад ашиглаж суугааг та бүхэн саяхан харсан. Хэн ч түүнээс гэмт хэрэг хийгээд суугаа юм биш үү, юу нуун далдлаад яваа юм гэж асуухгүй байгаа биз. “Би мэднэ, тэгсэн шүү та нар, тэрнээс ч илүү юмыг би мэднэ” гэдэг том заналхийлэлтэй хүн. Гэмт хэрэгтэй холбоотой тэр дундаа албан тушаалтантай холбоотой мэдээлэл хэзээ ч шүүх рүү явдаггүй. Гэхдээ нэг газар байж л байдаг. Тэр мэдээллийг олохын тулд хуулийн байгууллагын эд эсүүд үргэлж ажилладаг. Харамсалтай нь тэдний олж буй зүйл зөвхөн дарга нарт зориулагддаг. Тэр мэдээлэл хэн нэгнийг албан тушаалаа ахиулж, албан тушаалд тогтвортой байх хэрэгсэл болоод хувирчихсан. Хууль сахиулагч гэж нэрлэгддээг мөрдөгч, тагнуул, АТГ, цагдаа, прокурор гэх мэт байгууллагуудад нөлөө бүхий, тогтвортой оршин тогтнож байдаг бүлгүүдийн хэрэгсэл болж хувирсан нь нууц биш.

Би хуулийн салбарт ерөнхийдөө долоо, найман талбарт шинэтгэл хийх гэж оролдсон. Эхнийх нь саяны ярьсан эрүүгийн эрх зүйн салбарын шинэтгэл. Хүнийг гэмт хэрэгтэн мөн үү, ямар хэмжээний ял шийтгэл авах вэ гэдгийг тогтоох хэрэгсэл нийгмийн шударга ёсны тогтолцоог хамгаалах хэрэгсэл гэхээс илүү тодорхой бүлгийн оршин тогтнох зэвсэг болоод хувирчихсан учраас шинэчлэхээс аргагүй байсан юм. Уг нь бусад улс орнуудад эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой шийтгэл хариуцлагын тогтолцоо тухайн нийгмийнхээ хамгийн чухал үнэт зүйлсийг хамгаалахад чиглэдэг. Гэтэл манайд албан бус авлига, албан бус хууль улс төрийн бүлэглэлийг хамгаалдаг систем болоод хувирчихсан. Үүнийг шийдэхгүйгээр эдийн засаг хөгжихгүй, шударга ёс тогтохгүй, хүний эрхийн баталгаа хангагдахгүй. Энэ нийгмийг эрүүл саруулаар хөгжүүлэх өрсөлдөөн ч цааш явахгүй.

Хоёр дахь шинэтгэл нь төртэй хамаатай. Авлига сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд төрийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг стандартчилах ёстой л доо. Захиргааны ерөнхий хууль гаргах замаар төрийн хүнд суртал, ойлгомжгүй байдал, дур зоргоос иргэдийн сонирхол, хүний эрхтэй холбоотой асуудлуудыг хамгаалж өгөх ёстой. Тэгж байж бизнес, хувь хүний нийгмийн өдөр тутмын харилцаа хуулийн хамгаалалтад ордог. Ингэхийн тулд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны шүү, төрийн захиргаатай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах учиртай. Эдгээр хууль тогтоомжийг сайжруулах үйл явц бүр 2000 оноос эхэлсэн ч гүйцэд хийгдээгүй байсан. Бид Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж, Засгийн газарт зургаан удаа оруулсан ч дэмжээгүй. Дэмжээгүй нь ч тодорхой шалтгаантай. Засгийн газар болон захиргааны бүх байгууллагын дураараа хөдөлдөг үйл явцыг хязгаарлачихаар хуулиас гадуурх, хууль тойрч хөдөлдөг бүх үйл ажиллагаа дэг журамд орчих гээд байсан хэрэг. Зургаан удаа татгалзсан хариу авсаны эцэст тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид хандсан. Өргөн бариад өгөөч гэж. Ерөнхийлөгч зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хууль ийм түүхтэйгээр батлагдсан юм. Одоо Захиргааны ерөнхий хуулиас Засгийн газартай холбоотой хэсгийг авч хаях гэж байгаа. Ц.Нямдорж өргөн бариад, бөөн хэрүүл маргааш болж байгааг та бүхэн мэднэ. Төрийн хүнд суртал, сонирхлын зөрчил, авлига гэх мэт олон үйл явцыг жигдлэхэд зориулагдсан хуулийн шинэтгэлийн үйл явц байсан гэдгийг дахиад онцолъё.

НЭГ ХҮНИЙ ЯВЦУУ ХАНДЛАГАД ҮЙЛЧИЛДЭГ ЦЭЦИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАРААГҮЙ

Шинэтгэлийн гурав дахь талбар бизнесийн орчныг таатай болгоход чиглэсэн. Гэхдээ бид төлөвлөж зорьсон ажлынхаа 40 хувийг л хийж чадсан. АН засгийн эрх барьсны дараахан бизнес эрхлэгчид хуулийн салбарынханд гомдол гаргаснаас үүдэж ийм шинэтгэл хийх ёстойг олж харсан юм. Намайг Хууль зүйн сайд байхад өчнөөн хүн “Танай нам хэрэг алга. МАН арай ч ийм байгаагүй. Тэд биднээс авлига нэхдэг байсан. Авлигыг нь өгөхөөр ажил явчихдаг байлаа. Гэтэл танайхан авлига нэхэх биш, бизнес булааж эхэллээ. Лицензээ өг, бизнесийнхээ төчнөөн хувийг өг гэх маягаар хандаад эхэлчихлээ. Үүнийг хууль хүчнийхний туслалцаатайгаар хийж, дуртайгаа барьж хорьж байна” гэж хандсан. Ингээд шалтгааныг нь судаллаа. Цагдаа, хуулийн байгууллагууд ямар нэг бизнесийн хойноос зургаан сар хөөцөлдөхөд юу ч олж болдог тогтолцоог олж харсан.Бизнес эрхлэгчдийн татвар төлөлт, санхүүгийн бүртгэлтэй холбоотой асуудлууд “но” ихтэй байсан. Цаана нь шилжилтийн үеийн эдийн засаг гэх мэт олон шалтгаан бий. Бизнесийг нь булаахын тулд юу ч хамаагүй өлгөөд гаргаад ирдэг байдлыг зогсоох, бизнесийнхнийг энэ өлгүүрээс суллах ёстой учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргах ёстой болсон. Ийм хууль баталж компаниудын санхүүгийн бүртгэл, бичилтүүдийг шинэчлэхгүйгээр хуулийнхны бизнес рүү ордог байдлыг цэгцэлж чадахгүй нь тодорхой байсан л даа. Эдийн засгийн ил тод байдал, Татварын өршөөлийн хуулийг баталсан нь ийм учиртай. Мөн худалдаа гэрээтэй холбоотой асуудлыг иргэний хууль тогтоомжоос салгаж худалдааны гэрээний хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Арбитрын орчныг сайжруулахгүйгээр бизнесийн маргааныг шийдэхгүй гэдгийг ч харсан. Бизнесийн маргаан эцэстээ Дээд шүүхийн иргэний танхимын долоо, найман шүүгчийн мэддэг асуудал болоод хувирчихсан байсан юм. Шүүгч нарын хариуцлагыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг яаж хийх, Дээд шүүхийн бугшсан зүйлийг хэрхэн задлах вэ гэдэг талаас нь ажилласан. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэх гэж оролдсон ч чадаагүй. Үүнтэй холбоотой шийдсэн бүх хууль тогтоомжийн гол нюанс дандаа Цэц дээр очиж унасан. Дээд шүүх Цэцийн гурван хүнийг санал болгодог. Дээд шүүхийг хязгаарласан, зохицуулалтад оруулсан өөрчлөлтүүд, зарим нэг эдийн засгийн боломжтой хуулиудыг Цэцэд маргаан гаргаж санал болсон гурван хүнээрээ дамжуулж цохиод байсан.

Шинэтгэл хийх дөрөв дэх талбар энэ асуудлаас ургаж гарч ирсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн энэ асуудлыг шийдэхгүйгээр Монголд ямар ч эрүүл саруул өөрчлөлт явахгүйг олж харсан л даа. Учир нь Цэцийн нөлөө бүхий хүмүүс өнөө цагдаа, прокурор. Онигоо шиг зүйл ярихад ерөнхий прокурорын санаачилгаар ҮХЦ гурван маргаан үүсгээд шийдвэр гаргаж байсан. Захиалагч нь маш тодорхой. “Яахаараа ерөнхий прокурор ҮХЦ-д захиалга өгөөд энэ хуулийн энэ зохицуулалтыг унагаж байдаг юм бэ” гэсэн асуудал тавихад ерөнхий прокурор Цэцийн хуралдаанд орохын өмнө “Уучлаарай наад хууль чинь надад таалагдахгүй байна. Та нар надаас зөвшөөрөл аваагүй” гэх жишээний. “Таны ардчиллын алтан хараацай байх эсэх сонин биш. Танд энэ хууль таалагдах, таалагдахгүй хэнд хамаатай юм” гэж хэлэхэд “Би мэдэж байна” л гэж байгаа юм. Зөвхөн нэг хүний ийм явцуу хандлагыг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн Цэцтэй гээд бод доо. Эдийн засгийн худалдаа гэрээтэй холбоотой шүүхийг эрүүлжүүлэх гэж оролдсон процесс ингээд нурж байгаа юм.

Энэ бүгдийг хийж байхад дахиад нэг асуудал гарч ирсэн. Түрүүн дурдсан зүйлс бол салбаруудтай хамаатай. Эрүүгийн, захиргааны эрх зүй, бизнес худалдаатай холбоотой салбаруудын асуудал байсан. Эдгээрийг шийдэхэд хуулийг яаж бичих, яаж хэрэгжүүлэх, хуульч гэж хэн бэ гэх мэтчилэн асуудлууд гарч ирсэн. Цахилгааныг айлуудад аваачихын тулд дэд бүтэц хэрэгтэй. Тэрэн шиг сайн хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. Дэд бүтэцтэй нь холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байсан юм. Хуульчдын холбоог бий болгох, Хууль тогтоомжийн тухай хуулийг батлах гэх мэтчилэн олон ажил хийсэн. Тэр олон ажил дахиад маш олон зөрчилтэй тулгарсан. Гэх мэтчилэнгээр системээр нь харж шийдэх гэж оролдсон шинэчлэл хуучин урхаг улстөрчид, хуулийн байгууллагуудын амбиц, бизнес улстөр хуулийн байгууллагуудын хэлхэлдсэн эдийн засгийн ашиг сонирхолтой бүтэц, мэдэхгүй, мэдлэггүй байдлаас шалтгаалж нурсан.

2012-2016 оны хооронд хийсэн шинэчлэлээс хэрэгжээд явж байгааг нь хувилбал 30 гэсэн тоо гарч ирнэ. Тухайн үед хийх ёстой ажлынхаа 60 хувийг л хийж чадсан. 60 хувийг 100 хувь гэж бодвол 30 хувь нь үлдсэн гэсэн үг. 70 хувь нь буцаад нурсан. Товчхондоо Монгол Улс дахь хуулийн философи огт өөрчлөгдөөгүй. Олон жишээ хэлж болно. Тахарын албыг бид байгуулахдаа гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх гэж оролдсон. Гурван сая хүнийг амьдралын чанар, хүний эрхийн байдлаар хэмжихэд хамгийн дор очдог хэсэг нь хохирогч. Стандарт дундаж хүнээс хэд дахин дор очдог хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй бол төр оршиж байна гэж хэлэхэд хэцүү, эргэлзээтэй. Ардчилал хөгжсөн 28 жилийн хугацаанд төр хохирогчдыг хамгаалах ажлыг хийж байгаагүй. 2012 оноос төрийн хийх ёстой чиг үүрэг болгож хувиргаад зохион байгуулалтыг нь хийж өгсөн юм. Тэр нь тахарын алба. Гэтэл хохирогчид зориулсан тэр системийг алга болгочихсон. МАН-ынхан 2016 онд татан буулгаж зардлаар нь дотоодын цэргийг байгуулсан. Тахарын алба иргэнд үйлчилж, иргэний аюулгүй байдлыг хамгаалахад зориулагдсан бол дотоодын цэрэг тодорхой нийгмийн статус буюу дарга нарын улстөрийн дэглэмийг хамгаалагдахад зориулагдсан бүтэц. 1992 оны Үндсэн хууль хүний эрх талаасаа маш сайн хууль. Бичилт нь харьцангуй социалист ч гэлээ агуулгынхаа хувьд сайн. Гэхдээ 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойших хуулиудыг харахаар философи нь өөрчлөгдөхгүй байгаа. Манай хуулиуд ихэнхдээ ямар нэгэн төрийн байгууллагад зориулагддаг. Нэг төрийн байгуулага байгуулаад дарга цэрэг нь хэн байх, төсвөөс яаж санхүүжих вэ гэсэн хүрээнд гардаг. Харин бид өөр зүйлийг зорьсон. Барууны хуулийн стандартаар бол энэ хуулийн зорилго юу вэ гэсэн асуултад эхлээд хариулдаг. “Үндсэн хуулийн хүний эрх гэсэн хэсгийн яг тэнд нь заагдсан эрхийг хангахын тулд ийм хууль гарч байгаа” гэдэг. Хүний эрхийг хангахын тулд төрийн ямар чиг үүрэг байхыг тодорхойлно гэж тайлбарладаг. Гэтэл манайд хүний эрхийг тасдангуутаа ерөөсөө төр ийм байгууллага байна л гэчихдэг. Төрийг өөрийг нь өлгийдөж, бүүвэйлэхэд зориулсан хуулийн философитой. Энэ хуулийн философийг өөрчлөх гэж оролдсон. Бид хууль сахиулагч гэдэг ойлголтыг оруулж ирэхийн тулд гурван жил хэрэлдсэн. Тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүчний байгууллага гэж сэтгүүл зүйн ойлголт л бий. Хүчин төгөлдөр үйлчилж буй ямар ч хуульд байхгүй ойлголтыг хүлээн зөвшөөрч өөрсдийгөө хүчний байгууллага гээд ойлгочихсон. Хүчний байгууллага, тэгээд юу гэж гэсэн хандлагатай. Хүчний байгууллага гэдэг үгийн утгыг ух даа. Хэнд хүчээ гаргах гэж байгаа юм, тэр байгууллага. Саарал ордонд сууж байгаа улсад лав биш. Тусгай унаатай, тусгай статустай хүнд зориулагдахгүй. Аль ч ардчилсан улс оронд хүчний байгууллага гэдэг ойлголт байхгүй. Тийм хуулийн ойлголт ч байх ёсгүй. Хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг л байгууллага. Бид хууль сахиулагч гэдэг ойлголт гаргаж ирээд хууль сахиулах байгууллага гэж үүнийг хэлнэ, хууль сахиулах байгууллагад ерөнхийлөгчийн оролцоо падлийгүй гээд эрх мэдлийг нь хязгаарлачихсан. Эрх мэдлийг нь хязгаарлангуут яахаараа миний гар хөл ордог хэсгүүдийг алга болгож байгаа юм гэж уурлаад “Энэ Засгийн газар байх эсэхийг шийднэ” гээд эхэлж байгаа юм. Улстөр нь ийм явдалтай. 1992 оноос хойш өөрийн удирдлага гэж ойлголтыг маш их ярьсан. Гэхдээ өөрийн зохицуулалт гэх ойлголтыг нэг ч ярьж үзээгүй. Зөвхөн парламентаас зохицуулсан хуулийн зохицуулалтын тухай л яриад байсан. Улстөрчдөөс үл хамааралтай, өөрийн зохицуулалттай, рациональ бөгөөд бодитой, ухаалаг орчин байж болохгүй юу.

Хамгийн эцсийн цэг нь иргэнд зориулсан хууль байх уу, эсвэл эрх мэдэлтнүүдийн хэрэгсэлд зориулсан хуулийн тогтолцоо байх уу гэдэг л товчхон асуултад бид хариу хайсан. Хариултаа шийдэх гэж оролдсон. Маш том өөрчлөлт эхлүүлсэн. Гэхдээ өөрчлөлт болгон амжилттай болоогүй. Нийгмийн оюун санаа, мэргэжилтнүүдийн дадал зуршил, академик түвшний хүрсэн байдал гэх мэт маш олон зүйл шинэлчлэлтийн эсрэг зогсож байсан. Тэр дотроо улс төрийн эр зориг буюу манлайлал буцаад нурчихсан учраас харамсалтай үр дагавар руу очсон.


Categories
мэдээ цаг-үе

“Аспайр майнинг” Хөвсгөлд 560 км авто замын бүтээн байгуулалт өрнүүлэх нь

-ЭРДЭНЭТ-ОВООТ ЧИГЛЭЛД ТАВИГДАХ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМААР НҮҮРСНЭЭС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭНЭ-

Хувийн хэвшил хөрөнгөө гаргаж барих хамгийн урт замын бүтээн байгуулалт Хөвсгөл аймагт өрнөх гэж байна. Хөвсгөлийн Цэцэрлэгийг Эрдэнэт хотын төмөр замын өртөөтэй холбосон 560 км хүнд даацын хатуу хучилттай замыг бүтээн байгуулах компани нь “Аспайр майнинг”. Тус компани Хөвсгөлд орших Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшдэг юм. Овоотын коксжих нүүрсний нөөц нь 230-250 сая тонноор хэмжигдэж байна. Олон улсын ЖОРК стандартаар нөөцийг нь тогтоосон энэ ордын нүүрс Таван толгойн коксжих нүүрстэй өрсөлдөхгүй, харин ч биенээ нөхөх, дэмжих давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдгийг уншигчид мэднэ. Хар үгээр тайлбарлавал ойролцоогоор гурваас таван төрлийн нүүрсийг хольж байж ган хайлдаг. Ган хайлахад Таван толгойнх шиг коксжих нүүрс их хэмжээгээр ордог бол Овоотынх шиг төрлийн нүүрс 15-25 хувийг нь эзэлдэг гэж нүүрсний салбарынхан онцолж байна. Өөрөөр хэлбэл Таван толгой, Овоотын нүүрсийг хольж байж ган хайлах боломж бүрддэг гээд ойлгочихож болно. Бүр энгийнээр тайлбарлавал энэ хоёр ордын нүүрсийг холихоор тун дажгүй чанарын коксжих нүүрс гарч ирдэг гэсэн үг. Овоотын нүүрсэнд өөр нэг том давуу тал бий. Хятадын Шаньси мужийн нүүрсний зарим орд, Оросын Кузбасаас Овоотынх шиг чанарын коксжих нүүрс гардаг. Гэхдээ сүүлийн үед Орос, Хятадад нэлээд гүний олборлолт хийж, багагүй зардал өртөг болсны эцэст энэ төрлийн нүүрсийг олборлож байгаа. Овоотоос нүүрс тээвэрлээд эхэлбэл зах зээлийн эрэлт их, өндөр үнэтэй нүүрсний экспортын орон зай бийг эндээс харчихаж болно. Тэгэхээр бүтээн байгуулалт нь удахгүй өрнөх 560 км хүнд даацын авто зам ашиглалтад орчихвол нүүрсний экспортоос олох ногоон валютын хэмжээ мэдрэгдэхүйцээр өсөх нь.

“Аспайр майнинг”-ийнхан нүүрсний ордоо хориос дээш жил ажиллуулна. Удахгүй барьж эхлэх авто замаараа жилд дөрвөн сая орчим тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Тэд эхний 5-8 жилд нь л барьсан авто замаа ашиглана. Үргэлжлүүлээд өөрсдийн барихаар төлөвлөж буй төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ гэсэн зураг гаргажээ. Тэгэхээр цаад зах нь найман жилийн дараа 560 км үргэлжлэх хүнд даацын авто зам улсын мэдэлд ирэх нь. Олон нийтийн хэрэгцээнд ийм хэмжээний зам ирнэ гэдэг эдийн засаг талаасаа маш том давуу тал.

Энэ замаар жилдээ дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэнэ гэхээр Таван толгойн зам дээр үүсдэг шиг түгжрээ таглаа үүсэхгүй гэсэн үг. Эрдэнэтээс цааш тээх төмөр замын хүчин чадал ч энэ хэмжээнд нөлөөлсөн байх. “Аспайр майнинг”-ийн хөрөнгө босгож бүтээн байгуулах авто замаар нүүрснээс гадна авто замтай ойролцоох сумдынханд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломж бүрдэх эерэг талтай. Мөрөнгийн наахна орших зүүн талын сумдынхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өртөг зардал багатай тээвэрлэнэ гэж олзуурхаж суугаа юм байна. Энэ замаар Овоотын баяжуулах үйлдвэрээс гарах нүүрснээс гадна Могойн голын нүүрсний ордынхон ч тээвэрлэлтээ хийх боломжтой аж.

Авто замын ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ. Замын судалгааг хийхдээ дор хаяж гурван маршрутыг харьцуулан судалдаг. Ингэж судалсны эцэст эдийн засгийн ашиг, нийгмийн өгөөжийг харгалзаж аль нэгийг нь сонгодог юм. Орон нутгийн иргэд, удирдлагын саналыг онцгойлж сонсох чигийг компанийн зүгээс барьж буй бололтой. Гэхдээ маршрут сонгох эцсийн шийдвэрийг салбарын яам гаргадаг. Тэр утгаараа Хөвсгөлийн 560 км авто замын бүтээн байгуулалт одоогоор яг хаагуур яаж өрнөх нь тодорхой болоогүй байна. ТЭЗҮ батлагдаж, маршрут тодорхой болсны дараа хөрөнгө оруулалт татах ажил эхэлнэ. Хөрөнгө оруулалтын тухайд “Аспайр майнинг” олон улсын зах зээлээс мөнгө босгох төлөвлөгөө гаргаад байгаа аж.

“Аспайр майнинг” компанид Зам тээврийн хөгжлийн яамнаас баталж гаргасан ажлын даалгаврын хүрээнд ТЭЗҮ боловсруулах урьдчилсан судалгааг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК эхлүүлжээ. Тус компани авто замын зөвлөх үйлчилгээ эрхэлдэг Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж. Төслийн ТЭЗҮ-д инженерийн хайгуул судалгаа, авто замын трассын хувилбар болон сонголт, урьдчилсан төсөөлөл, эдийн засаг нийгмийн ач холбогдол гэх мэт том ажлууд багтаж байна. “Ай Си Ти Сайн Консалтинг”-ийн хувьд замын трасс дээр Хөвсгөл, Улаанбаатарыг холбосон одоогийн замаас өөр маршрутыг санал болгож байгаа аж. Цоо шинэ маршрут биш, хангалттай сайн судлагдсан чиглэл гэх мэдээлэл чих дэлсч байна. Ямартаа ч Мянганы замын хэвтээ чиглэлийн трасс буюу Хөвсгөл, Булган аймгийн арав гаруй сумдын нутгаар дайран нийслэл, Эрдэнэт, Дархан зэрэг суурин газруудтай шууд холбогдох боломжтой зам байх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөл гарчихаж. Баруун аймгуудыг нийслэлтэй холбосон шороон замын маршрут учраас уул гүвээ сэтэлж, ус голын урсгал тасалдуулахгүй гэсэн давуу тал байгаа гэнэ. Судалгааны үндсэн дээр ТЭЗҮ боловсруулахтай зэрэгцэж байгаль орчны бүх л нарийвчилсан судалгаа хийгдэх юм байна. Мэдээж 560 км авто зам тавина гэдэг амар ажил биш. Нүсэр процесс өрнөж таарна. Энэ замыг үндэсний компаниудын хүч, нөөц бололцоогоор барих боломжтой гэсэн таатай мэдээ дуулдаж байна.

Сонирхуулж хэлэхэд Овоот-Эрдэнэт чиглэлийн энэ замыг ирээдүйд цахилгаан машин явуулах төлөвлөлтөөр барих гэнэ. Бүр тодруулж хэлбэл тусгай зориулалтын өргөн зам байх бололтой. Байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг шингээнэ гэсэн мэдээ дуулдаж байна. Герман, Шведэд өдгөө амжилттай туршиж буй шийдлүүдийг нэвтрүүлэх талын яриа хөөрөө аль хэдийнэ эхэлжээ. Цахилгаан машин явах учраас замыг бүхэлд нь гэрэлтүүлэх, цахилгаан цэнэглэгч тусгай станцуудыг зам дагуу байгуулах гэх мэт чихэнд чимэгтэй шийдлүүд ч яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийн иж бүрэн шийдэлтэй зам дагасан хөгжил Хөвсгөлд бий болох нь. Дэлхий аль хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн, ойрын таван жилд өргөн хэрэглээнд хүч түрэн орж ирнэ гэж буй цахилгаан машины зориулалтын зам баригдчихвал хөвсгөлчүүдэд том боломж нээгдэх нь тодорхой. Товчхондоо Хөвсгөл, Булган аймгийнхны хувьд цахилгаан машин ердийн хэрэглээ болох суурийг “Аспайр майнинг”-ийнхан тавих гэж байна гэсэн үг.

Уул уурхайн төслийн өгөөж ашгийг хэмждэг нэг том шалгуур бол дэд бүтэц. Олборлолт, үйлдвэрлэл явуулж буй орон нутагтаа дэд бүтцийг аваачиж байгаа төслийг сайн гэж тодотгодог. Овоотын хувьд Хөвсгөлд хоёр том давуу талыг өгөх нь тодорхой болжээ. Эхнийх нь сая ярьсан 560 км авто замын бүтээн байгуулалт. Наад зах нь л тус замын бүтээн байгуулалтыг үндэсний компани хийнэ гээд бодохоор эдийн засагт нөлөөлөх өгөөж ашиг нь тэр хэрээр өсч таарна. Хоёр дахь том төсөл нь төмөр зам. Эрдэнэт-Овоот чиглэлийн 500 гаруй км төмөр зам баригдсан тохиолдолд орон нутаг, улсын эдийн засгаар тогтохгүй үр өгөөжтэй. Эрдэнэт-Овоотын төмөр зам Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” төлөвлөгөөний бүтэц хэсэг. Үндэсний төмөр замын сүлжээг Эрдэнэтээс Овоот рүү өргөтгөх, бүр цаашлуулж яривал ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох ирээдүйн зураг бий. ОХУ-ын Засгийн газар тус төмөр замыг цааш нь Транс Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох, ингэснээр Сибир болон Монгол Улсын хойд бүс нутгийг Хятадтай холбох олон улсын төмөр замын холбоос үүсгэх төлөвлөгөө бийг энэ дашрамд давтан онцолъё. Тэгэхээр Овоот энэ утгаараа бүс нутгийн эдийн засагт өгөөж өгөхөөр цараатай төсөл юм.

Уул уурхайтай аймгууд хөгжлөөрөө түүчээлж байгаа. Овоотын нүүрсний экспорт эхэлбэл бусдаар тэжээлгэдэггүй, өөрийгөө тэжээгээд, улсын төсөвт их хэмжээний татвар төлөөд явах аймгийн тоо нэгээр нэмэгдэх давуу тал бас бий.


Categories
мэдээ цаг-үе

Психоанализийн эцэг Зигмунд Фрейд

Дэлхийн алдартай эрдэмтэн, эмч, онолын болон хэрэглээний психоанализийг үндэслэгч Зигмунд Фрейдийг онцолж байна. Тэр өөрийгөө шинжлэх ухааныг байлдан дагуулагч гэдэг байж. Тийм ч чинээлэг биш арьс ширний худалдаачны гэр бүлд тухайн үед Австрид харьяалагдаж байсан Моравии хотноо Фрайберг хэмээх газарт мэндэлсэн эрдэмтний бага насны амьдрал ээдрээтэй байсан тухай намтар судлаачид онцолж бичицгээдэг. Академич, сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай Зигмунд Фрейдийн тухай хөөрөлдсөн ярилцлагаа энэ сэдвээр эхэллээ.


-Психоанализийг үндэслэгч Фрейдэд бага насных нь амьдрал гүнзгий нөлөө үзүүлсэн гэх судлаачдын дүгнэлтээр ярилцлагаа эхлэх үү?

-Тэр еврей хүн байсан. Австрийн нэг жижигхэн тосгоны хүү. Фрейдийн аав Якоб Фрейд Галицигээс гаралтай. Ээж Амалия нь нөхрөөсөө олон дүү, анхны хүүхдээ төрүүлэхдээ 21 ч хүрээгүй байж. Амалия Якоб Фрейдийн хувьд хоёр дахь гэрлэлт нь. Эхний эхнэрээс нь төрсөн хүүхдүүд хоёр дахь эхнэртэй нь үе шахуу байж. Ээж нь аавынх нь өмнөх эхнэрийн хүү Филипптэй дотно харилцаатай байсан гэх яриа таамаг дуулддаг. Энэ харилцаа олонд ил болсон учраас Вена руу шилжин суурьшсан ч гэдэг. Гэхдээ Фрейдийн албан ёсны намтарт өөр тайлбар байдаг л даа. Аж үйлдвэржилтээс болж гэр бүлийн бизнес нь дампуурсан учраас шилжсэн гэдэг. Төрсөн дүү нь болох Юлиус найман сартайдаа нас барсан нь Фрейдэд гэмтэй байсан гэх мэдрэмж, буруугаа хүлээх сэтгэгдлийг үлдээсэн гэсэн тайлбар бий. Бүр хожим энэ тухайгаа “Буруутай гэх мэдрэмж сэтгэл мэдрэлийн олон төрлийн өвчний эхлэл болдог. Ингэхдээ тухайн хүний бага нас ямар байсан нь чухал биш. Аз жаргалтай, эмгэнэлтэй байсан эсэхээс үл хамаарах зүйл” гэсэн нь бий.

-Ээжийн хайртай хүү байсан учраас ээжийгээ нас барахад сэтгэлийн гүнзгий гутралд орсон гэдэг байх аа?

– Жаахнаасаа бичиг үсэг сурч, гадаад хэл үзэж, найман настайдаа Шекспирийг эх хэлээр нь уншиж байсан хүүдээ Амали маш их хайртай байж. Фрейд грек, латин, франц, англи, итали, испани хэлээр ярьж, яруу найрагч, философич, жүжгийн зохиолчдын сонгодог бүтээлийг уншиж байсан тухай намтарт нь бий. Наснаасаа нэг жилээр өмнө буюу естэйдөө гимназид элссэн хүүгийн шинжлэх ухааныг хөнгөхөн түвэггүй ойлгодог чанар нь ангийнхных нь атаархлыг төрүүлдэг байсан гэдэг. Хамгийн ойр хүн нь учраас ээжийгээ нас барахад ихэд эмгэнэж сэтгэл гутралд орж байсан юм билээ. Тухайн үед Австрид еврейчүүд тодорхой хэдхэн мэргэжил эзэмших боломжтой байсан юм. Хууль, цэрэг, анагаах ухаан гээд. Тэр жишгээр Фрейд анагаахын сургуульд орсон. Мань эрд эмч болох хүсэл төдийлөн байгаагүй. Ер нь үхэн үхтлээ эмчийн мэргэжилд гүнзгий ороогүй. Оюутан үедээ судалгааны ажил хийх дуртай байсан нь намтраас нь харагддаг. Удирдаж ажилласан профессор нь сургуулиа төгсөөд судалгаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй Зигмундад мөнгө олох газар ажилла гэж зөвлөөд клиникт ажиллахад нь нөлөө үзүүлсэн байдаг. Мэс заслын болон арьс өнгөний эмчээр ажиллаж байгаад сонирхолгүй гээд орхисон бол мэдрэлийн эмч хийхдээ сэтгэцийн өвчтөнүүдтэй ажиллаж, ховсыг эзэмшсэн. Сүүлдээ ховсоор бүхнийг эмчилж болохгүй нь гээд өөрийнхөө аргыг гаргаж ирсэн нь психоанализ. Сэтгэл заслын аргыг шинжлэх ухааны байр сууринаас нэвтрүүлсэн нь анагаахын салбарт том хувь нэмэр болсон. Фрейдтэй холбоотой нэг асуудал бол мань хүн кокайн их хэрэглэдэг байсан.

-Кокайн их хэрэглэдэг байсан гэхээр кокайнист болчихсон гэсэн үг үү?

-Кокайнист болчихсон байсан. Зигмунд “Гаж хэрнээ гүн сэтгэгдэл төрүүлсэн тухайн үед тийм ч нэртэй биш байсан алкалойдын төрөл болох кокаины физиологийн үйлчилгээг судлах боломж 1884 онд гарсан юм” гэж бичсэн байдаг. Тухайн үед Германы цэргийн нэг эмч кокайнтай усыг цэрэг рүү цацахад эрч хүчтэй болж ирсэн талаар илтгэл бичсэн нь олны анхаарал орсон байдаг л даа. Фрейд тэр бодисыг өөр дээрээ туршиж үзэхээр Германы Мерк хотоос авчирч байж. Бага зэргийн тунг уухад ажиллах чадвар нэмэгдүүлж байсныг илрүүлж л дээ. Тухайн үеийн эрдэмтэд кокайныг мэдрэлийн гаралтай өвчин, зүрх судасны өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэж үзэж байсан гэх баримт бий. Зигмунд Фрейд дараа нь энэ бодисыг өвчин намдаах өндөр үйлчилгээтэйг олж тогтоож. Үйлчлүүлэгчдэдээ, найздаа хүртэл кокайныг эмчилгээний чанартай гэж санал болгосон байдаг юм. Анагаах ухаан бүр сүүлд хар тамхины төрөл болохыг нь баталж, хор хөнөөлийг нь илрүүлсэн л дээ. Кокайны хор хөнөөл батлагдсаны дараа эмч нар Фрейдийг архидалт, хар тамхины дараахь гурав дахь том аюулыг оруулж ирсэн гэж буруутгасан.

-Сэтгэл гутралтай байсан гэж түрүүн цухас дурдсан. Бага насных нь амьдрал, ээжийнх нь үхэл, кокайн нөлөөлсөн байж мэдэх юм. Хамгийн том нөлөө нь юу байсан бол?

-Амьдралдаа өндөр зорилго тавьсан ч түүндээ хүрч чадаагүй гэх шалтгаан гутралд нь нөлөөлсөн гэж үздэг. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэнгүүт үүсгэн байгуулсан Психоанализийн нийгэмлэгийнх нь үйл ажиллагаа суларч, шавь нар нь үзэл бодол зөрөлдсөний улмаас холдож, үйлчлүүлэгчдийнх нь тоо цөөрсөн учраас сэтгэл гутралд орсон л доо. Гутрал гэдэг бол донтолтын нэг шинж. Тэгэхээр түүнийг сэтгэцийн хувьд асуудалтай хүн байсан гэж харах үндэстэй. Фрейдийн сэтгэлийн гүн хямралд орсон үе нь 1890 оны төгсгөл. Энэ үед тэр психоанализын шинэ аргыг өөр дээрээ туршсан байдаг.

-Фрейдийн нээсэн онол, анхаарал татсан бүтээлүүдийнх нь тухай сонирхуулаач?

-Фрейдийн гаргаж ирсэн бас нэг ойлголт нь Эдипийн комплекс. Хүүхэд төрлөө гэхэд эрэгтэй хүүхэд ээжтэйгээ, эмэгтэй хүүхэд аавтайгаа сэтгэлийн холбоотой байдаг. Тэр утгаараа аавыгаа ээжтэйгээ харддаг, дайсагнадаг. Дараагийн гаргаж ирсэн зүйл нь трансфер. Жишээ нь, би хэн нэгэнд дургүй байлаа гэхэд надтай амьдарч буй хүн нөгөө нөхөрт дургүй болдог юм байна л даа. Бас зугтаах дайсагнах, дуугүй болох гэх мэт сэтгэл зүйн хамгаалалтын онолуудыг гаргасан. “Зүүдний мөн чанарын тухай” гэсан бүтээл бий. Фрейд зүүдний тайлал дээр нэлээд ажилласан байдаг. Психоанализ аливаа зүйлийг бэлгийн чиг хандлага, бэлгийн амьдрал, бэлгийн сэтгэл зүйтэй холбох гээд байдаг онцлогтой. Тэр нь зүүдний тайлал дээр нь анзаарагддаг. Үзүүртэй юм гэхээр эр хүний бэлэг эрхтэн, ямар нэг байдлаар нүхтэй байвал үтрээ гэх мэтээр холбож тайлбарласан нь бий. Бүх зүйлийг энэ мэтээр тайлбарлах хандлага тод харагддаг. Сэтгэл гутралын үедээ Фрейд зүүдээ тайлахыг оролдож байсан. Хэт өөрийн гүн би гэдэг рүүгээ, дотоод ертөнц рүүгээ орсон үедээ зүүдээ тайлахыг оролдож байсан гэдэг. Өөртөө анализ хийсэн судалгааны дүнгээ “Зүүдийг тайлах нь” номондоо бичсэн байсан. Үүнийг Фрейдийн оригиналь бүтээл хэмээдэг.

-Хүмүүс энэ бүтээлийг нь яаж хүлээж авсан бол?

-Зөгнөлт инээдмийн ном мэтээр хүлээж авсан тухай шавь нарынх нь нэг хэлсэн байдаг юм. Гэхдээ Фрейдийн хувьд энэ бүтээл нь ялалт болсон. Учир нь энэ бол хүний сэтгэхүйг судлах аргуудын судалгааны эхлэлийг тавьсан бүтээл.

-Ховсоор өвчин эмчилж болохыг олж харсан хүн гэж та түрүүн сонирхуулж байсан. Жаахан тодруулаач?

-Фрейдийн бас нэг том ажил нь сэтгэл мэдрэлийн эмч, неврологич Шарко дээр дадлага хийж байхдаа ховсоор стери өвчнийг эмчилж болох юм байна гэдгийг олж харсантай холбоотой. Стеригийн судалгаанд анхаарсан нь ийм шалтгаантай.

-Стери гэдэг нь ямар өвчин бэ?

-Стери гэдэг нь огцом уурлаж уйлах гэх мэт сэтгэлийн цочмог хөдлөлтэй хамаатай. Эрүүл хүн огцом уурласан ч биеэ барьж чаддаг бол стеритэй хүмүүс өөрийгөө барьж чаддагүй. Тэр нь янз бүрийн байдлаар стерийн шалтгаант хэлгүйрэл, дүлийрэл, таталт, уналтууд өгдөг. Стерийн уналт хэцүү. Хойшоо нумарч унадаг. Тэр үед ухаан нь саруул байдаг ч биеэ хянаж чаддаггүй. Флепсийн уналт бол өөр. Уналт өгсөн хүн унаснаа санадаггүй юм. Миний эмчилгээнд стерийн тохиолдол таарч байсан.

-Стерийн уналтын тохиолдолтой таарсан гэж үү?

-Тийм. Арваад жилийн өмнө Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт намайг дуудлаа. Яг тийм тохиолдолтой таарсан. Ховсдсон чинь маргааш нь босоод ирсэн нь л дээ. Тухайн үед нэгдүгээр эмнэлгийнхэн гайхаж л байсан.

-Фрейдийн аргаар эмчилжээ?

-Тэгсэн.

-Хүн төрөлхтний хөгжилд нөлөөлсөн хувь нэмэр нь гэвэл та юуг онцлох вэ?

-Үл ухамсарлахуйн ойлголтыг гаргаж ирсэн нь хорьдугаар зууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр гэж үздэг. Учир нь тэр сэтгэл судлалд үл ухамсарлахуй гэдэг ойлголтыг оруулсан. Үл ухамсарлахуй хүнийг тодорхойлдог, хүний амьдралын бүх асуудал үл ухамсарлахуйд хадгалагдаж байдаг учраас үл ухамсарлахуйд нэвтэрснээр асуудлуудыг нь гаргаж ирэх боломжтой гэдэг санааг анх гаргасан хүн.

-Үл ухамсарлахуй руу нэвтэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Нэг бол Шаркогийнх шиг ховс хийнэ. Эсвэл Фрейдийн гаргасан психоанализ буюу чөлөөт нийлэмжийн онолын дагуу шийднэ. Фрейд үйлчлүүлэгчээ хэвтүүлж байгаад үг хэлүүлдэг. Хүссэн үгээ хэлээд бай л гэдэг. Үйлчлүүлэгчийнхээ хэлсэн үг бүрийг бичиж тэмдэглэж авах, дэмжиж яриулах л үүрэгтэй. Өнөө хүн элдэв үг хэлсээр байгаад сүүлдээ үл ухамсарлахуйтай холбоотой үгсээ хэлж эхэлдэг. Ингэсний эцэст үл ухамсарлахуйн шалтгааныг нь мэдэж авдаг. Шалтгааныг нь мэдсэн тохиолдолд тухайн хүн дотоод асуудлаасаа чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл тухайн хүний асуудлууд шийдэгддэг. Дотоод асуудлаас чөлөөлөгдөх энэ процессыг катарсис гэдэг. Энэ бол яах аргагүй анх удаа сэтгэл заслын шинжлэх ухаанч байр сууринаас хандсан хандлага. Фрейдийн хувьд сэтгэл засал өртөг өндөртэй эмчилгээний арга байсан. Тийм учраас мөнгөтэй хүмүүс их очдог байж л дээ. Цаг хугацаа их ордог эмчилгээний арга.

-Хэр хугацаанд хүнийг бүрэн эмчилдэг байсан юм бол?

– 3-5 жил. Нөгөө талаар Фрейд шавь нартаа бас тийм шаардлага тавьдаг байсан. Шавь нараараа зогсохгүй шавь нарынхаа дотны хүмүүст нь хүртэл заавал психоанализ хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм.

-Өнөө үед ийм удаан хугацаанд засал хийх аргыг хэрэглэдэггүй биз дээ?

-Эрс цөөрсөн. Орчин үеийн сэтгэл засалд баримталдаг гол зүйл бол аль болох үр дүнтэй богино хугацааг чухалчилж байна. Стратегийн богино хугацааны сэтгэл засал ч гэдэг юм уу тэр зүг рүү хандах болсон. 500 гаруй төрлийн сэтгэл заслын урсгал байдаг гэж үздэг. Эмч нар өөрсдийнхөө хэрэглэдэг хэд хэдэн аргаас өөрсдөдөө таалагдсан аргуудыг нийлүүлээд ашигладаг. Түүнийг нь эклектик гэж тодотгодог.

-Фрейд өөрт нь хандсан өвчтөнүүдийн тухай “Тэд тохиолдсон үйл явдлынхаа гол юмнуудыг ярихдаа ихэвчлэн сексийн үед авсан мэдрэмжүүдээ дурдсан, тэр нь давамгай байсан” гэж ярьж бичсэн нь тухайн үедээ шуугиан шүүмжлэлийн бай болсон гэдэг байх аа?

-Мэдрэлийн гаралтай өвчнийг ихэвчлэн бэлгийн амьдралтай нь холбож судалж байсан. Бэлгийн амьдралаас хөндийрөх нь сэтгэцийн хямралд хүрэх гол шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнээс нь болж 1890 оны дундуур академи тэр чигээрээ Фрейдийн эсрэг зогссон нь үнэн түүх. Дотны найз Йозеф Брейер нь “Чиний энэ ажлын нэг ч үгэнд би итгэхгүй байна” гэсэн байдаг юм. Венад илтгэл тавихад мэргэжил нэгтнүүд нь хүйтнээр хүлээж авч, тухайн цагийн алдартай мэдрэл эмгэг судлаач Рихард фон Крафт-Эбинг “Үлгэр шиг юм ярьж байна” гэж ундууцсан удаатай. Дэмийрэл болон сэтгэцийн хямралын үндэс нь секстэй холбоотой гэсэн судалгааны баталгаанаасаа болж Венийн анагаахын нийгэмлэгээс хөөгдсөн ч тэр байр сууринаасаа татгалзахыг хүсээгүй.

-Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Засгийн газар цагаачлах эрх өгөхгүй нэлээд асуудал болсон гэдэг билүү?

-Психоанализтай холбоотой сэтгүүлүүдийг хааж, Фрейдийн бүтээлүүдийг устгаж байсан нацистууд охиныг нь баривчилсан л даа. Дараахан нь Германаас Англи руу явах гэтэл явуулахгүй гэсэн хариу сонссон. Явбал их хэмжээний татвар төлж яв гэсэн шаардлага тавьсан байдаг юм. Тэр мөнгийг нь Фрейдийг шүтэгч Францын гүнж Мари Бонапарт төлсөн түүх бий. Тухайн үед маш олон хүн Герман Засгийн газарт хандаж Фрейдэд цагаачлах эрх олгооч гэж хандсан гэдэг. Ингээд Англи руу цагаачилж, дараа жил нь буюу 1939 онд өвчин нь хүндэрч, өөрийнхөө хүслээр морфин тариулан нас барсан түүхтэй.