Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубийнхэнд хотын эдийн засгийн тухай лекц тавьсан юм. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.


Бидний хөндөж ярьдаггүй нэг том сэдэв бий. Тэр нь хотын эдийн засаг. Хоёр том асуудал санаа зовоож байна. Монгол улс мэдээж уул уурхайгаа түшиж хөгжинө. Энэ салбараас олсон орлогоо буруу зөв зарцуулаад явж байгаа. Уул уурхайгаас гадна тусгайлан анхаарах ёстой сэдэв бол хотын эдийн засаг. Хот болж хөгжиж байж л улс орон урагшилдаг. Хотын эдийн засгийн тухай лекцээ бэлдэхдээ Оксфордын их сургуулийн материалд түшсэнээ онцолъё. учир нь Англи бол Африкт олон колонитой, Африкийн зовлон бэрхшээлийг таньсан улс. Тэр утгаараа эрдэмтэд, академик хүрээнийнхэн нь Африкийн амьдралд тулгамдсан асуудлаар зөвлөгөө гаргасан байдаг юм.

Тэдний ажигласан Африкийн асуудлуудыг анзаарахаар яг манай улстай адил дүр зураг харагддаг.

ДЭЛХИЙН АНХНЫ ХОТМАНАЙ ЭРИНИЙ 5000 ЖИЛИЙН ТЭРТЭЭ БАЙГУУЛАГДСАН

Дэлхий дээр хамгийн анхны хотын түүх манай эринээс өмнөх 5000 жилийн тэртээ гэж яригддаг. Нэр нь урук (Uruk). Энэ хотыг ухаж шинжилсэн археологичид нэг гайхалтай зүйл хэлдэг. Байшин барилга нь хана ханатайгаа наалдсан байсан гэж.

Эндээс яагаад хана ханаараа нийлэв гэсэн асуулт гардаг. Амьдрал хэцүү, эдийн засаг тарчиг учраас хэмнэлт хийсэн гэх тайлбар хэлдэг. Ханаа залгаж барьсаар яваад анх байшин барьсан хүн нь гэртээ орж чадахаа больж таарна аа даа. Сүүлдээ бүр айлын дээвэр дээгүүр явж гэртээ ордог болж. Тэр үед нэг юм ойлгосон нь дундаа хотын захиргаатай байя гэсэн санаа. Хотын захиргаа нь дүрэм журам гаргаж мөрдүүлсний эцэст улс орон хөгждөг гэдгийг ухаарсан. Нийтийн эрх ашиг гэж байхгүй бол хот болж чадахгүй гэдгээ ойлгоцгоосон. Яагаад хот шаардлагатай болдог вэ гэхээр аль болох хотод төвлөрвөл зах зээл томорно. Үүнийг цар хүрээний эдийн засаг гэдэг. Цар хүрээ ихтэй газар бизнес илүү ашигтай, хөдөлмөрийн бүтээмж өндөр байна. Цар хүрээ ихсэх тусам эдийн засаг төрөлжиж эхэлдэг. Төрөлжих тусам хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхээр хот түшиж эдийн засаг өсдөг зүй тогтолтой. Товчхондоо хот байгуулалтаар дамжиж эдийн засаг төрөлжиж, улс хөгждөг.

Дэлхийн ДНБ-ий 80 хувь нь хотод үйлдвэрлэгддэг. Манайд ч ялгаагүй, ДНБ-ий дийлэнх хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. Яагаад заавал хотын эдийн засаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зөвхөн хотод илэрдэг, хаана ч давтагдахгүй сөрөг үзэгдэл байдаг учраас хотын эдийн засаг гэж онцлохоос аргагүй байдаг юм. Агаарын бохирдол, хог хаягдал, гэмт хэрэг, түгжрэл гэх мэт асуудал хотын эдийн засаг гэсэн ойлголтод багтаж тусдаа яригдах ёстой.

АФРИК, МОНГОЛЫН ХОТЖИЛТ АМЕРИК, ЕВРОПООС ЯЛГААТАЙ

1900 оноос өнөөг хүртэл бүс нутгуудад хотжилт яаж үүссэн бэ гэсэн асуулт анхаарал татдаг. Хөдөө орон нутгаас хүмүүс олноор нүүж төвлөрч суурьшихыг хотжилт гэдэг. Европ, Америк, Хятадад болж байгаа хотжилтоос Африк, Монголынх өөр. Хөдөлмөрийн бүтээмжийг хөдөө аж ахуйд нэмэгдүүлэх замаар Европ, Америк, Хятадад хотжилт бий болсон. Нэг га-гаас 10 центнр ургац авч байсан тариаланч трактор гэх мэт бусад техник ашиглаад нэг га-гаас 50 центнер авдаг болно гэсэн үг. Үйлдвэрлэл нэмэгдчихээр нэг хэсэг тариаланч зах зээлээс шахагдаж таарна. Ингэж шахагдсан тариаланчид мөнгөтэй төлбөрийн чадвартайгаар суурин газар руу шилжих замаар. Европ, Америк, Хятадад хотжилт бий болсон юм. Африк, Монголд огт өөр маягаар хотжилт үүссэн. Хөдөлмөрийн бүтээмж багатай газраас зугтааж нүүсэн. Амьдралаа сайжруулъя гээд хот руу шилжсэн хэрэг.

ХЯТАД 65 САЯ, МОНГОЛД 40 МЯНГАН ОРОН СУУЦ ЭЗЭНГҮЙ БАЙНА

Сүүлд анзаарагдсан нэг сонирхолтой зүйл нь орлого түшсэн хотжилтын үйл явц олон газар өрнөсөн. Хятадад ялгаагүй, эдийн засаг нь сайжраад том том хотуудыг байгуулсан ч сүнсэн хот олноороо байгуулагдсан. Урд хөршид 65 сая орон сууц эзэнгүй байгаа. Яг тэрэнтэй адил хэт их төлөвлөлт хийж, тэрийг ч энийг ч байгуул гээд явсан газрууд сүйрлийн байдалд орсон жишээ өчнөөн. Туркэд гэхэд эртний барилгуудаараа хот байгуулсан ч оршин суугчгүй шахам байна. Энэ бол төлөвлөлтийн маш том алдаа. Мэдээж төлөвлөлт байх ёстой. Гэхдээ зах зээлийн үл үзэгдэгч гарыг ашиглах учиртай. Зах зээлийн үл үзэгдэгч гарыг ашиглахгүй бол уул уурхай түшсэн хотжилт явахгүй байдалд орчихсон.

Уул уурхайн орлого түшсэн хотжилтоос газар, үл хөдлөхийн үнэ цэнэ дээр түшсэн хотжилт онцгой чухал болж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл чухал. Гэхдээ бидний ойлгодог шиг төр урд нь явдаггүй.


ХОТЫН ХӨГЖЛИЙН БАС НЭГ ТЭЭГ НЬ ИПОТЕК

Олон улсын хотуудад цаашаа явахгүй болчихсон асуудал бол ипотек. Банкууд хэзээ ч ипотект өөрсдөөсөө хөрөнгө гаргаж байгаагүй. Арилжааны банкаар дамжуулаад Монголбанк л мөнгө гаргаж байсан. Монголбанк мөнгө гаргана гэдэг чинь төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас авсан зээлээ доллар болгоод урдаас материал авдаг. Өөрөөр хэлбэл төв банк валютын нөөцөө ипотект зарсаар байгаад улс орон уначихсан. ОУВС Монголбанкнаас ипотек санхүүжүүлдгээ зогсоо гэдэг нь эрүүл шаардлага. Хотын талаас харвал ипотекоор олон барилга боссон. Нэг хэсэг хүмүүс байранд орсон нь үнэн. Сүүлийн үеийн мэдээгээр 4000 орон сууц зарагдаагүй байгаа юм билээ. Дутуу баригдсан нь 30 мянга. Худалдаж авъя гэхээр иргэдэд нь мөнгө байхгүй. Ингээд ипотек зогсохоос өөр аргагүйд хүрч маш жижигхэн болж хувирсан. Хотын хөгжилд шинээр хандахгүй бол горьгүй гэдгийг ипотекийн өнөөдрөөс харж болно. Америкт 2005 онд яг энэ үзэгдэл болсон. Уоррен Баффет олон жилийн өмнө ипотекийг “Үйл олноор нь хөнөөх зэвсэг” гээд хэлчихсэн. Би энэ бүхнийг хотын хөгжилд шинээр хандахаас аргагүйд хүрсэн гэсэн санаагаар хэлж байгаа юм.

Хавх гэдэг ойлголт бий. Дунд орлогын хавх гэж байдаг тухай Хятадын эдийн засагчаас сонсч байсан юм. Нэг хүнд ногдож байгаа ДНБ 10 мянган ам.доллар хүрэхээр эдийн засаг өсч дундаж давхаргынхны орлого өсөөд ирдэг. Ингээд дунд орлогын хавханд уначихдаг. Нэг хүнд ногдох ДНБ Монголд 4000, Хятадад 10 мянга, Орост ойролцоогоор бас 10 мянга байгаа. Дунд орлогын хавханд орчихоор эдийн засгаа цааш хөгжүүлэхэд асуудал гарч ирдэг. Гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй зовлон үүсдэг. Ахиу орлоготой болчихоор хүмүүсийн цалин өсчихдөг. Жишээ нь, Хятадын ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн. Өмнө нь Хятадад хямд ажиллах хүчийг нь харж гадны хөрөнгө оруулагчид орж ирж байсан бол орохоо больчихсон. Ажилчдынх нь цалин өндөр, тоолуур өндөртэй хурдны зам нь өртөг их шаарддаг гэх мэт олон асуудал үүссэн. Нэг талаас нь харахад хөгжил ирсэн юм шиг мөртлөө урагшилж, тэлж чадахаа больчихсон. Үүнийг хавх гээд байгаа юм. Энэ хавхнаас гарах их хэцүү юм билээ. Дэлхийн банкны судалгаагаар жараад онд хавханд орсон 100 гаруй орон байж. Хөгжлийн түвшинд дунд орлогод хүрсэн 101 орноос дөнгөж 40 жилийн дараа 13 орон нь л дээд орлоготой болж хөгжсөн байгаа юм. Дунд орлогын хавх гэдэг шиг ийм хавх хотын хөгжилд байдаг.

УЛААНБААТАР ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН СУЛ ЭРХИЙН ХАВХАНД ОРЧИХСОН

Хотод таван төрлийн хавх бий. Хэт шавааралдан түгжрэх хавх. Орлого багатайгаасаа болж нүүж ирж байгаа хүмүүс Африкт шавар байшин хороолол, Монголд гэр хороолол үүсгэчихсэн. Гэр хороолол хүрээгээ тэлсээр байгаа. Хүрээгээ тэлсэн масс арай дажгүй юм гээд хотын төв рүүгээ орох гэж оролдоно. Гэр хорооллын орлого багатай хүмүүс приус унаад явахаас аргагүй. Тэр хямд машинууд түгжрэл болно. Үүнийг хэт шавааралдан түгжрэх хавх гэдэг.

Хоёр дахь том хавх нь газар өмчлөлийн сул эрхийн хавх. Улаанбаатарт газар өмчилсөн хүмүүст нэг зовлон бий. Хэзээ ч хурааж авч мэднэ. Тодорхой хугацаа өгнө, байшин сав барихгүй бол хурааж авна. Газар өмчлөгч газраа хураалгахгүйн тулд хашаа татна, ямар ч хамаагүй байшингийн суурь цутгадаг ч байшингаа босгож чаддаггүй. Газар өмчлөлийн сул эрхээс болж энэ мэтээр газраа үнэгүй болгочихдог. Газрын зөвшөөрөл өгөхдөө юу барихыг нь асуудаг. Гурван давхар байшин дэлгүүрийн зориулалттай гээд авчихсан хүнд зургаан давхар эмнэлэг барих боломж гарч ирдэг. Гэвч өөр зориулалтаар авчихсан учраас боломж нь хумигддаг. Өөрөөр хэлбэл газар өмчлөлийн эрх нь сулраад байдаг. Нэг талаас газар өмчлөгчид нь газраа ашиглаж чаддаггүй, нөгөө талаас төр нь өмчлүүлж өгсөн газраа авч болдоггүй байдал үүсэхийг газар өмчлөлийн сул эрх гэдэг. Бид энэ хавханд уначихсан.

Гурав дахь нь дэд бүтцээ босгоогүй суурьшуулдаг хавх. Хятад ийм замаар яваагүй. Дэд бүтцээ барьдаг, цахилгаан, усаа шийддэг, тэгээд газруудаа зараад явдаг. Ингэхгүйгээр суурьшуулчихаар хэцүү. Дэд бүтэц татах гэхээр бусдын өмчилж авсан газар руу орчих гээд байдаг. Хурааж авах боломжгүй. Ингээд дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавханд унадаг. Манайд ийм жишээ өчнөөн.

Дөрөв дэх нь албан бусын хавх. Эдийн засаг албан, албан бус сектортой. Албан бус нь татварт өртдөггүй, ер нь бол сүүдрийн эдийн засаг. Гэр хороололд ямар нэг дэлгүүр, жижиг аж ахуй эрхэлж байгаа хүмүүс томрох бололцоогүй болчихдог. Томрох бололцоогүй учраас банк, татвартай харилцах ямар ч сонирхолгүй. Тэгээд асар том сүүдрийн эдийн засаг үүсгэдэг. Банк, татвартай харилцахгүй хүмүүс олшроод ирэхээр хотын эдийн засаг бүхэлдээ хавханд унадаг.

За тэгээд гадаадад зарах барааны өндөр өртгийн хавх, дотоод зах зээлд ажиллаж буй үйлдвэр аж ахуйн газруудын хавх, гэх мэт олон хавх бий. Миний амьдарч байгаа байрны эргэн тойронд тав зургаан супермаркет байна. Өнөө супермаркетууд бие биетэйгээ өрсөлдөөн унана, эсвэл өнөөдүүл үгсэж үнээ өсгөөд нэг түвшинд барина. Өөрөөр хэлбэл би тэдний үнээ нэмсэн барааг худалдаж авч амьдарна. Хот хөгжлийг зохицуулахгүй бол энэ мэт олон асуудал үүсээд байна л даа.

Ингээд харахаар хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал. Хотын хөгжил бол хотын захиргааны асуудал гэж харж болохгүй. Тэгвэл мухардчихна. Гэхдээ хотын засаг захиргааны өндөр идэвх шаардах асуудал. Тэд санал санаагаа гаргадаг, тэрийг нь УИХ, Засгийн газар дэмжиж явах учиртай.

Уул уурхай дээр ч ялгаагүй, хотын хөгжил дээр ч адилхан нэг асуудал бий. Иргэдийн оролцоог өндөр болгох ёстой. Харин ч сошиал медиа хөгжөөд иргэд зөв буруу ч гэлээ шаардлага тавьж, тавьсан асуудлууд нь тодорхой хэмжээнд шийдэгдэж, асуудал цэгцрэх өнгөндөө орж яваа хандлага анзаарагддаг. Тэгэхээр мэдээлэл бүхий иргэд гэсэн бүлэг үүсэх шаардлага үүсчихсэн. Тэгэхгүй бол хотын удирдлага ажлаа хийхэд хэцүү. Сэтгүүлчидтэй, мэдээлэл бүхий иргэдтэй, хэвлэл мэдээлэл, олон түмэнд зөв мэдээлэл түгээж зөв ажиллахгүй бол хэчнээн сайхан зүйл хийх гэж яриад нэмэр болдоггүй. Би энэ талаар хотын удирдлагуудад онцолж хэлсэн.

Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан, эдийн засагч, дэд профессор Ш.Гоохүүтэй ярилцлаа.


-Капиталын үйл явдал олны анхааралд байна. Монголбанкинд албадан татан буулгахаас гадна хуулиараа бүтцийн өөрчлөлт хийх болон бүрэн эрхт төлөөлөгч томилох гэсэн гарц бас байсан. Төв банкнаас тийм арга гарц эрэлхийлсэн үү. Одоогоор олон нийтэд татан буулгахаас өөр ямар ч гарц үлдээгүй гэсэн мэдээлэл л байна?

-Монголбанкнаас банкны ажлыг сайжруулах үүрэгтэй хянагч ажилласан. Зээлдэгчид цаг хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс хүндрэл үүссэн юм. Тодорхой хугацаанд зээлээ төлөх чадваргүй болсон аж, ахуйн нэгжүүдийн хувьд ч Монголбанк, банкны ажилтнуудын хэн нь ч шаардлага тавьсан хугацаа хэрэгтэй байсан л даа. Мэдээж Капитал банкны зүгээс зээл төлүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Тэгж ажилласан учраас зээлүүд бага хэмжээгээр төлөгдөж байсан. Гэхдээ татаад аваад явчихсан 400 гаруй тэрбумын хэмжээнд хүртэл зээлийн төлөлт хийгдэж чадаагүй.

-Тэгвэл Монголбанк бүтцийн өөрчлөлт хийх болон бүрэн эрхт төлөөлөгч томилох гэсэн үе шаттай хувилбаруудыг ашиглаагүй гэж ойлголоо…?

-Энэ хувилбаруудыг ашиглаагүй. Шууд л эцсийн хувилбарыг сонгосон.

-Таны түрүүн хэлсэн татаад аваад явсан гэх 400 гаруй тэрбум төгрөгийн учрыг тодруулахын өмнө нэг асуулт байна. Капитал банкны тухайд банкир хүнийхээ хувьд ямар үнэлэлт, дүгнэлттэй явдгаа хуваалцаач?

-Тавь гаруй жил банкны системд ажилласан хүний хувьд хэлэхэд нэлээд онцлогтой банк. Монгол Улсын хамгийн анхны арилжааны банк шүү дээ. 1990 оны гуравдугаар сард байгуулагдсан түүхтэй. Сүүлийн 30 гаруй жил банк санхүүгийн олон хямрал гарч байсан ч даваад гарч чадсан. Ерээд онд байгуулагдсан банкуудаас үлдсэн ганц нь. Хоёр дахь онцлог нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний банк. Гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьд Монголоос босгосон орлого ашгийн зарим хэсэг нь гадагшилдаг. Үндэсний банкны тухайд орлого, ашиг нь ингэж гадагшлахгүй, эдийн засагтаа эргэлддэг давуу талтай.

-Капиталын бусад банкнаас ялгарах онцлог тал гэвэл та юуг онцлох вэ?

-Монголд үндэсний ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, импортыг орлох хаалга, цонх зэрэг үйлдвэрлэлийг дэмжиж ажилласан. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд үндэсний хөрөнгө оруулалттай банк тэргүүлэх учиртай гэсэн бодлого барьж ажилласан нь Капиталын онцлог тал. Жижиг дунд үйлдвэрийн болон бизнесийн зээлийг их хэмжээгээр олгож, 100 мянга орчим хүнийг ажил, орлоготой болгосон банк. 2007, 2008 оноос эхлэн актив нь өссөөр ирсэн.

-Таны сая хэлсэн үеэс 2012 оны сүүл хүртэл эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч дараахнаас нь гадаадын хөрөнгө оруулалт тасарч, улсаараа эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Жижиг дунд, үйлдвэрийнхэнд анхаарсан жижиг банк байтугай том банкууд ч хэцүүдсэн. Капитал банкинд эдийн засгийн хямрал яаж нөлөөлсөн бол?

-Төр засгийн бодлого савласан үеүд банкуудад нөлөөлсөөр ирсэн. Ялангуяа эдийн засгийн өсөлт эрчимтэй буурсан 2014, 2015 онд нөхцөл байдал амар байгаагүй. Эдийн засаг эрчимтэй буурчихаар үйлдвэр эрхлэгчид цохилтод ордог. Үйлдвэр эрхлэгчдээс хамгийн түрүүнд эдийн засгийн хямралд өртдөг нь жижиг, дунд үйлдвэрлэгчид. Энэ бол аль ч улс оронд практикаар нотлогдсон үнэн. Банкны зүгээс ийм хүнд үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, зээлийн эргэн төлөх хугацааг нь багассан орлоготой нь уялдуулж сунгах гэсэн боловч Монголбанкны зүгээс манай энэ эрхийг зогсоож үйлдвэрлэл эрхлэгчид болон банкийг улам хүндрүүлсэн. Ийм шалтгаанаар тэр үед жижиг дунд үйлдвэрлэгчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн л дээ. Зээл төлөгдөхгүй зогсонги байдалд орсноор банкны төлбөрийн чадвар муудах хандлага анзаарагдсан.

Хэдий ийм ч банкны үйл ажиллагаа хүндэрсэн үндсэн гол шалтгаан нь банкны зээлдэгчид зээлээ цаг хугацаандаа гэрээнийхээ дагуу төлөөгүй, санхүүгийн сахилга батгүй байсан явдал нь гарцаагүй өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн.

-Эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь санхүүгийн салбарт, тэр дундаа жижиг банкуудад хүнд туссан. Гэхдээ Капиталын хувьд зөвхөн эдийн засгийн хямрал нөлөөлсөн үү, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Миний хувьд Капиталыг ийм байдалд хүрэхэд зарим нэг гэнэтийн шийдвэр нөлөөлсөн гэж үзэж байна. Капитал банкинд байршуулсан төрийн банк санхүүгийн байгууллагуудын их хэмжээний мөнгийг 2015 оны сүүлийн хагас жилээс гэнэт татаж эхэлсэн. Үүний цаана зарим нэг сонирхол байсан гэж хардаг. Банк зохих хэмжээний хүүтэйгээр хадгаламж авч, тэр мөнгөнөөсөө зээл олгож, хүүнийх нь зөрүүгээр амьдардаг бизнесийн байгууллага. Энэ утгаараа нэр бүхий нэг байгууллагын 160-аад тэрбум төгрөгийг тодорхой хүүтэй, хугацаатайгаар байршуулсан байсан юм. Тэр эх үүсвэрийг хугацаа нь болоогүй байхад манай банкнаас татсан.

-Хугацаа нь болоогүй мөнгийг татсан гэхээр зээл болгоод гаргачихсан байхад нь мөнгө татах гэнэтийн шийдвэр гаргасан гэсэн үг үү?

-Та зөв анзаарсан байна. Банк хугацаа нь болоогүй мөнгийг зээл болгоод гаргачихсан байх нь тодорхой. Ийм нөхцөлд их хэмжээний мөнгө татсан нь банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн.

-Та ярилцлагынхаа эхэнд 400 гаруй тэрбумыг татаж авсан тухай ярьсан. Энд дурдсан 160 тэрбум энэ тоонд багтах уу?

-Багтана.

-Үлдсэн нь ямар мөнгө байсан юм бол?

-Түрүүчийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснийг бүгд мэднэ. Мөн жижиг дунд төслийн олон хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтворжуулах төслийн зээлдэгчийг Монгол банк сонгон шалгаруулан санхүүжүүлж, манай банк дамжуулан зээлийг нь олгосон юм. 2015 оны эдийн засгийн бууралтаас шалтгаалж зээл авсан компаниуд хугацаандаа зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл энэ хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлтэй тэнцэх мөнгийг төв банк шууд арилжааны банкнаас аваад байсан.

-Компаниуд зээлээ төлөөгүй байхад арилжааны банкнаас шууд татаж аваад байсан хэрэг үү?

-Тэгсэн.

-Ийм аргыг банкны системд хэрэглэдэггүй санагдах юм…?

-Тийм ээ, Капитал банк ийм шалтгаанаар зээлдэгчдийнхээ өмнөөс 130 гаруй тэрбум төгрөгийг Монголбанк болон бусад төсөл хэрэгжүүлэгчдэд төлсөн.

-Үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагыг удаа дараа өгсөн гэсэн тайлбарыг төв банкнаас хэлдэг. Банкны зүгээс Монголбанкны шаардлагыг биелүүлэх чиглэлд ямар ажлууд хийсэн бэ?

-Шаардлага өгсөн гэдэг нь үнэн. Банкны зүгээс ч хичээсэн. Гэхдээ гадны яалт ч үгүй шалтгаан бас байсан. Капитал банк 130 хорооны 240 гаруй мянган хүний тэтгэвэр олгодог байсан юм. Үүнийг нь системтэйгээр өөр банкууд руу шилжүүлж эхэлсэн. Ингээд хэсэгчилж төрөл бүрийн хаалт тавьж зээл олгох эрхүүдийг ч хаасан. Зээлийн хүүгээр орж ирдэг орлого тэр хэрээр хумигдсан гэсэн үг. Алдагдалд орох болсон өөр нэг шалтгаан нь энэ л дээ. Банкны тухай хуулиар төлбөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь доголдсон банкуудад янз бүрийн арга хэмжээ авах хуультай. Хуулийн дагуу арга хэмжээ авах мөртлөө дэндүү хатуу хандсан.

-Яг яасан тухай дэлгэрүүлж яриач?

-Банкны үйл ажиллагаа доголдсон үед манай банкнаас зээлээ төлүүл гэсэн ганцхан шаардлагыг тавьж байснаас бус Банкны тухай хуулийн дагуу хийх шат дараалсан арга хэмжээнүүд болох банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авалгүйгээр шууд эцсийн шатны арга хэмжээ болох банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилж байгаа асуудал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

-Капитал банкны хадгаламж эзэмшигчид хохирохгүй, мөнгөө ямар ч асуудалгүйгээр буцааж авна гэж ойлгож болох уу?

-Тэгнэ. Гэхдээ Монголбанкны эрх хүлээн авагч нь хуулийн дагуу хир үнэн зөв, шударга, ёс зүйтэй ажиллах вэ гэдгээс шалтгаалан хадгаламж эзэмшигчид хохирохгүй үлдэх бололцоотой. Мөнгөө буцааж авна. Хадгаламжийн даатгалын корпорацид бүх арилжааны банк хадгаламжаа даатгачихсан. Капитал банк ч даатгалд хамрагдаж даатгалын хураамжаа төлж ирсэн. Хуулийн дагуу хадгаламжийн даатгалд хамрагдсан банкны хадгаламж эзэмшигчийн 20 хүртэлх сая төгрөгийг шууд нөхөн олгоно. Нэг үгээр хэлбэл 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн хувьд ямар ч асуудалгүйгээр мөнгөө буцааж авна. Капитал банкны харилцагчдын данс ХААН банк руу шилжсэн. Хадгаламж эзэмшигчдийн хувьд мөнгөө буцааж авч болно, ХААН банкинд хадгаламжаа үргэлжлүүлэхэд ч асуудалгүй.

-Хориос дээш сая төгрөгийн хадгаламжтай, дансандаа мөнгөтэй байсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хувьд тэгвэл эрсдэл байна уу?

-Цаг хугацааны хувьд л бага зэргийн хүлээлт бий. Нэг өдөр өгөх боломжгүй ч гэлээ өгөгдөх мөнгө. Зээлдэгчид зээлээ төлөх хэрээр, хураагдсан хөрөнгийг нь борлуулах хэрээр харилцагчдынхаа мөнгийг өгнө. Капитал банк төлөх тухайд эргэлзэх шаардлага байхгүй. Яаралтай хугацаанд мөнгөө авах гэсэн хүмүүст л хүндрэл үүсэхээс өөр асуудал гарахгүй. Өнөөг хүртэл авч чадаагүй яваа зээл, хүүгийн төлбөр бүрэн хийгдчихвэл Капиталын харилцагчид мөнгөөрөө хохирохгүй. 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигч, харилцагчид Монголбанк, Капитал банк руу дайрах биш хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Учир нь зээлээ төлөөгүй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн банкинд тавьсан барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр л хурааж авах эрх нээгдэнэ.

-Капитал банк дампуурахаа мэдэж байсан хэрнээ өдий хүртэл таг чиг явж байгаад харилцагчдаа хохироолоо гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ?

-Дампуурах шийдвэр гэнэтийнх байсан. Бид гадаадын маш олон хөрөнгө оруулагчтай ярьж, өчнөөн гэрээ хэлцэл хийсэн. Хамгийн сүүлд гэхэд л гадаадын хоёр ч компанитай гэрээ байгуулсан. Багахан хугацаа л хэрэгтэй байсан. Капитал 2018 оны сүүл, 2019 оны эхээр дүрмийн сангаа 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Одоо Капитал банкны дүрмийн сан 83 тэрбум төгрөг болчихсон. Хэрвээ дампуурна гэдгээ мэдэж байсан бол, өөрсдөө мөнгийг нь аваад идчихсэн бол хувьцаа эзэмшигчид 83 тэрбум төгрөгөөрөө хохироод суухгүй шүү дээ. Идье гэсэн бодол байсан бол мөнгө нэмж хийх нь битгий хэл орж ирсэн болгоноо хамаад суух байсан. Ямар ч бизнес эрхлэгчид 29 жил болсон банкаа дампууруулах сонирхол байхгүй. Хэнд ч ойлгомжтой тодорхой зүйл.

-ОУВС-гийн шалгалтаас болоод татан буулгахаас өөр гарц үлдээгүй байж мэдэх юм. Ийм гарцаагүй шалтгаан байсан уу?

-Таны хэлээд байгаа үнэлгээ 2018 оны эхээр дууссан юм. Тухайн үед Монголын арилжааны банкуудын төлбөрийн чадвар хэвийн байна гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Арилжааны банкуудад тодорхой хэмжээний эрсдлийн сан байгуулах үүрэг өгсөн юм. Капитал банкинд 48 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулах үүрэг ирсэн. Тэр дагуу нь эрсдэлийн сан байгуулсан. Гэтэл дараахан нь Монголбанкнаас 200-гаад тэрбум төгрөгийн сан нэмж байгуул гэсэн шаардлага тавьсан. Эрсдэлийн санг тухайн банк зардлаараа байгуулдаг. Зардал нэмэгдэх тусам алдагдал өснө. Зээл төлөгдөх хэрээр эрсдлийн сангийн мөнгөн дүн буурдаг. Өөрөөр хэлбэл орлого орж ирэх тусам банкны алдагдал буураад явчихдаг. Энэ бол бизнесийн ямар ч байгууллагад байдаггүй онцлог. Банкнаас өөр ямар ч байгууллага эрсдэлийн санг зардлаасаа биш ашгаасаа байгуулдаг юм.

-Капитал банкны эдийн засгийн чадамж хэр байгаа вэ?

-Капитал банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, иргэдээс авах зээл хүүний авлага 350-аад тэрбум төгрөг, тухайн зээлийн барьцаа хөрөнгө зах зээлийн үнэлгээгээрээ 500 орчим тэрбум төгрөг болж байгаа. Энэ зээлүүдийг нийтэд нь зохиомлоор муу гэж үзэж болохгүй. Тухайн банк мөнгөө авч идээд алдагдалд орсон гэсэн ойлголт байдаггүйг баланс тайлангаас нь харж болно. Банкинд алдагдал үүсдэг хоёрхон шалтгаан байгаа. Нэгдүгээрт, үйл ажиллагааны алдагдал. Хоёрдугаарт, эрсдлийн сангийн алдагдлыг зардлаар байгуулдаг явдал нөлөөлдөг.

-Өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн даалгаврыг хэрхэн биелүүлж байсан бэ?

-Нэмэгдүүлсээр ирсэн. Зургаахан сарын дотор 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үүний тод жишээ. Банкны дүрмийн сан доод тал нь 50 тэрбум төгрөг байсан л даа. Түүнийгээ аль эрт биелүүлсэн. Сүүлд банкны дүрмийн санг 83 тэрбум төгрөгт хүргэсэн. 2021 он хүртэл хэрэгжүүлэх ёстой байсан ч 2019 оны хоёрдугаар сард 83 тэрбум болгочихсон. Хоёрдугаарт, энэ банкны үндсэн хөрөнгө болох 21 аймагт байрлах өөрийн байр, 76 салбарт ажиллаж байсан 470 гаруй хүний оффисын бүх хэрэгсэл бий. Ихэнх салбарын байр, оффис банкны өөрийнх нь өмч. Гуравдугаарт, банкны зээлийн өрөнд хураагаад авчихсан 90 гаруй тэрбум төгрөгийн олон үл хөдлөх хөрөнгө байгаа. Улаанбаатар хот тойрсон, хот доторх өмчлөлийн болоод эзэмшлийн их хэмжээний газрууд бий. Эдгээрийг зарж борлуулаад иргэдийн хадгаламж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хадгаламжийг төлөх бүрэн боломжтой. Мөн барьцаа хөрөнгө нь хангалттай ч Монголбанкны зүгээс 100 хувь эрсдэлийн сан байгуулсан олон зээлдэгчид байгаа.

-Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс анзаарахад сангуудын мөнгө зөвхөн Капитал дээр байршсан юм шиг ойлголт төрөөд байна л даа. Энэ тал дээр таны тайлбарыг сонсмоор байна…?

-Бүх арилжааны банкинд байршуулдаг юм. Капитал банкинд 2003 оноос эхлэн сангуудын мөнгө байршиж эхэлсэн. Маш сайн ажиллаж байсан учраас байршсан гэж ойлгож болно. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих бодлоготой ажиллаж ирсэн нь мэдээж нөлөөлсөн. Бас нэг шалтгаан нь үндэсний хөрөнгө оруулалттай ганц банк гэсэн тодотгол гэдгийг онцолмоор байна. Үндэсний хөрөнгө оруулалттай банк сангийн мөнгийг зөв эргүүлээд ашиг оллоо гэхэд олсон ашиг нь 100 хувь Монголд үлдэж, дотоодын үйлдвэрлэгч, харилцагчдаа дэмждэг онцлогтой. Наад захын нэг жишээ хэлье. Зөвхөн нийгмийн даатгалд гэхэд хүүнд нь 100 орчим тэрбум төгрөг төлсөн байдаг.

-Төсөл, хөтөлбөрүүдийн зээл дээр давуу эрх эдэлсэн гэсэн хар бас сонсогдоод байгаа. Банкуудын тухайд энэ төрлийн зээл дээр нэр нөлөөгөө ашиглаж давуу эрх эдэлнэ гэж байх уу?

-Төсөл хөтөлбөрүүдийн зээлийг банкаар дамжуулахдаа тендер зарладаг. Ялсан банкуудаар дамжуулж жижиг дунд үйлдвэрийн сангийн мөнгө, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлийн зээлүүдийг олгодог байсан юм. Олон удаа төсөл хөтөлбөрт шалгарсан учраас төрийн байгууллагууд буюу нийгмийн даатгалын сан, ажлын байр нэмэгдүүлэх сангууд эх үүсвэрээ байршуулсан. Мөн төслийн байгууллагууд өөрсдөө зээлдэгчээ сонгон шалгаруулж хүү хугацааг нь тогтоон банкинд ирүүлдэг.Тэгэхээр гадуур яриад байгаачлан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг манай банк авч ашигласан зүйл байхгүй. Тэдний шалгаруулсан төсөл хэрэгжүүлэгчидэд нь зээлийг дамжуулж олгодог байсан. Бид дунд нь хүү нэмэх, хугацаа өөрчлөх, зээлдэгчийг өөрчлөх ямар ч боломжгүй. Учир нь Монголбанк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр жил бүр тогтмол шалгалт хийдэг байсан.

-Төгсгөлд нь дахиад тодруулъя. Хадгаламж эзэмшигчид хохирох вий гэсэн эмзэглэл нийгэмд байна. Хадгаламж эзэмшигчдэд хохирох ямар нэгэн эрсдэл бий юу?

-Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа. Хадгаламж эзэмшигчид хохирох ямар ч эрсдэл байхгүй. Хохирсон түүх байхгүй. Монголд 1990 оноос хойш 37 банк байгуулагдаж байсан. Одоо 13 банк ажиллаж байна. Үлдсэн 20 гаруй нь янз бүрийн хэлбэрээр татан буугдсан гэсэн үг. Эдгээр банкны хадгаламж эзэмшигчид хохироогүй.

– “Анод” банкны хадгаламж эзэмшигчид хохирсон гэдэг шүү дээ?

-Хадгаламж эзэмшигчид нь хохироогүй. Таны асуусан банкны хувьд хувьцаа гаргасан юм. Монголд хувьцаат банк ганцхан байсан нь “Анод”. Бусад нь дандаа ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай банкууд. “Анод” банк хувьцаат компани болсон ч дампуурсан. Хувьцаа эзэмшигчид нь мөнгөөрөө хохирсон асуудал байдаг. Түүнээс биш хадгаламж эзэмшигчид хохироогүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын орлогч Д.Мөнхжаргалд даргын зангараг байтугай хүний үнэр түй ч алга

Гоодой, Шадавлингийн амныөчнөөн айл галд байшингаа алдсан харамсалтай явдал болоод долоо ч хоноогүй байна. Гал, усны гашуун зовлонд унасан иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тэвдэж байхад хотын шинэ орлогчселфи хийж хөндлөнтсөн нь олны дургүйцлийг дэврээж байна. Ганган бүрх, дэгжин ороолт, жигтэйхэн гоё нарны шилтэй цэмцгэр дарга шатаж буй байшингийн наана зургаа аваад фэйсбүүктээ тавьчихаар хэний ч эгдүү хөдөлнө.

Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргалын тэнэглэл ингээд зогсоогүй. Өнөө зургаа “Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж эхэлсэн болно” гэсэн тайлбартайгаар постолвол яахав. Даргын зангараг байтуйгай хүний үнэр түй ч байхгүйг нь хөнгөхөн харчихаар нотолгоо.

Нийслэлийн Засаг даргын орлогчийн үүрэг уг нь тов тодорхой. Нийслэлчүүдийн зовлон дунд орж, шийдэл гарц хайж, иргэдээ аятай таатай амьдруулахын төлөө тархиа гашилгаж, биеэ чилээж явах учиртай албан тушаал. Улаанбаатарчуудын татварын мөнгөөр цалинждаг дарга эмэгтэй бидний төлсөн татварыг бидэнд зарцуулахын төлөө ажиллах үүрэгтэй. Гэтэл тэр эхний үйлдлээрээ л иргэдээ тохуурхлаа. Эрхэм даргад иргэдийнхээ зовлонг шийдэх нь чухал биш, ажил, албан тушаалаа сурталчилж, өөрийгөө таниулах нь л онцгой хэрэгтэй байж. Галд автсан байшинг зургийнхаа фон болгосон хүнийг түмний зовлонгоор тохуурхагач гэж харахаас өөр арга алга.

Яг өдийд уучлал гуйчихсан зогсож байх ёстой хотын орлогч “Тэр зургийг би аваагүй. Өөр хүн аваад миний өмнөөс постолчихсон байна лээ” гэсэн утгатай тайлбар хийгээд сууж байна. Мэдрэмжгүй, муйхар, хүйтэн хөндий, хэтэрхий эрээгүй мэдэгдэл. Тэгэхээр ажлаа хийж эхлээ ч үгүй үедээ хэн гэдгээ хачин тод харуулчихсан Д.Мөнхжаргалыг уучлал гуйгаагүйнх нь төлөө, иргэдийнхээ зовлонгоор тохуурсных нь төлөө сольё, хотын дарга аа. Гэхдээ ажлаас нь чөлөөлөхийн өмнө уучлал гуйлгуулаарай, нийслэлийн иргэдээс. Ингэвэл та нийслэлийн засаг дарга шиг харагдана. Эцэст нь хэлэхэд иргэдээ гэсэн сэтгэлтэй, нийслэлээ гэсэн бодол, тэмүүлэлтэй ухаалаг даргаар удирдуулж амьдармаар байна, бид.


Categories
мэдээ цаг-үе

Эдийн засагт өгөөжөө өгөх ордууд


Одоохондоо доллар олох боломжтой ганц салбар бол геологи, уул уурхай. Эдгээр салбараас олсон валютаараа бусад салбараа хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах боломж бий гэж шинжээчид онцолдог. Валют олох боломжтой ордуудын нэлээд нь төр засгийнхны хойрго хандлага, хүнд суртал, авлигад автсан байдал, иргэний нийгэм, орон нутгийнхны эсэргүүцлээс болоод эдийн засгийн эргэлтэд ордоггүй гэсэн нийтлэг шалтгаан бий. Монголын эдийн засагт ирээдүйд өгөөжөө өгөх ордуудын тухай мэдээллийг багцлан хүргэе.


ЗАНАР СУДЛААЧИЙГ ДУУ АЛДУУЛСАН ӨВӨРЖАРГАЛАНТЫН ХӨНДИЙ

Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумдын дунд орших Өвөржаргалантын хөндийд дэлхийн хамгийн чанартай занар бий. Дэлхийг хөндлөн гулд туулж занарыг 30 гаруй жил судалсан Харольд Винегар гэгч эрхэм “Би дэлхийн бүх занарыг судалсан. Монголын занар шиг ийм сайныг нь харсангүй. Чанараараа дэлхийд гайхагддаг Израиль, Йорданы занараас хоёр дахин их хэмжээний тос гарна гээд бод доо” гэж толгой сэгсэрсэн удаатай. Өвөржаргалантын занар хүхэргүй, боловсруулахад элдэв хорт хий ялгарахгүй, органикийн өндөр агууламжтай учраас хамгийн сайн чанарын тос гарна гэдгийг АНУ-ын “Жени ойл шейл” компанийнхан тогтоочихсон. Америкийн хувьд занарын технологиороо дэлхийд гэж яригддаг, энэ аварга зах зээл нефтийн импортоо хумьж чадсан шалтгаан нь ерөөсөө л занар. Тэд Өвөржаргалантын хөндийн занарын хувьд нэрэх үйлдвэр байгуулаад элдэв зардал гаргахгүйгээр газрын тос гаргаж авч, зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн ч нутгийн иргэд, иргэний нийгмийнхний эсэргүүцэл, Засгийн газраас болж олборлолт явуулж чадаагүй юм. Олборлолтын асуудал шийдэгдэхгүй сунжрах хугацаанд газрын тосны үнэ буцаж өссөн учраас “Жени ойл шэйл” Монголыг орхин гарсан юм. Занараас газрын тос гаргаж авах яриа хөөрөө ид өрнөж байсан үед “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-д “Занарыг дотооддоо боловсруулахгүй” гэсэн өгүүлбэр орж ирснийг тод санаж байна. Төрөөс занарын төслүүдийг гацаах энэ мэт алхам цөөнгүй хийгдэж байсныг онцолъё.

Ариэль Шароны Засгийн газарт сайдаар ажиллаж явсан Израилийн бригадын генерал Эффие Эйтамыг Монголд ирэх үеэр нь уулзаж байлаа. Тухайн үед тэрээр “Жени ойл энд газ” компанийн ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм. Террористуудад барьцаалагдсан иргэдээ Угандагаас авч гарах тусгай ажиллагааг удирдсан генерал тэр үед “Танай улс эрчим хүчний салбараа орчин үеийн түвшинд хөгжүүлье гэвэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг татахын тулд төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Засгийн газар нь УИХ руугаа, УИХ нь Засгийн газар руугаа зангаад асуудлыг шийдэхгүй удах нь сайн хэрэг биш. Дөрвөн жил яг ийм байлаа. Бид энэ асуудлыг хөрөнгөө оруулчихаад сарын дараа биш, бүтэн дөрвөн жилийн турш мөнгө зарцуулсны дараа хөндөж байгаа гэдгийг ойлгоорой.Монголын хууль тогтоомж хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна” хэмээн хэлж байв.

“Жейни ойл Шейл Монголиа” компанийн хувьд, Монголд занарын иж бүрэн хайгуул судалгаа явуулж, шатдаг занараас бензин, дизель түлш гаргаж үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм. Тухайн үед үйлдвэрт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн мэдээлэл цацагдаж байв. Манай улс 700 гаруй тэрбум тонн занарын нөөцтэй гэсэн таамаг тооцоо дуулддаг. Нөөцийг нь бүрэн тогтоовол зэс, нүүрсний ордуудаас гадна занараараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэж геологичид онцолдог. Улсын хэмжээнд шатдаг занарын 60 орчим орд, илэрц бий. Гол хэсэг нь Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар болон Хэнтий, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нутаг дэвсгэрт хамрагддаг. Түүнчлэн шатдаг занарын төслийг “Жейни ойл Шейл Монголиа” компаниас гадна болон Монголын “МАК”, “Нарантуул” зэрэг компани сонирхож байсан юм. Одоогоор занарын чиглэлээр хайгуул, олборлолтын шатны идэвхтэй төсөл байхгүй.

ДЭЛХИЙН АНХААРАЛД ОРСОН УРАНЫ ОРДУУД

Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсахад нөлөөлсөн орд бол Дорноговийн нутаг дэвсгэрт орших Дулаан-Уул, Зөөвч-Овоо. Францын “Арева” компани манай улсад арваад жил хайгуул хийсний үр дүнд эдгээр ордын нөөц тодорхой болж байв. “Арева”-гийн охин компани “Кожи говь”-ийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод гэхэд л дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар асар их нөөц илэрчихээд байгаа. “Арева”-гийн хувьд Францын Засгийн газрын 90 хувийн оролцоотой, ураны чиглэлээр дагнаж ажилладаг гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэгч компани. Гэвч энэ компанийн хайгуулын ажил ураны олборлолтыг эсэргүүцэгч иргэний хөдөлгөөнийхнөөс болж таг зогсоод удаж байна. Засгийн газрын зүгээс ч хүчтэй нөлөө оролцоо дэмжлэг үзүүлэхгүй байгаа төслүүдийн нэг. Дулаан уул, Зөөвч овоогийн ордын ураныг олборлож шар нунтаг хэлбэрээр экспортолно гэж “Арева” мэдэгдэж байв. Шар нунтагийн хувьд байгаль дээр алт, зэс шиг байдаг л зүйл. Боловсруулахаараа л өндөр хамгаалалт аюулгүй байдал шаарддаг юм. Боловсруулалтыг нь Монголд биш, өөр улсад хийхээр байсан ч энэ төсөл өнөөг хүртэл гацсан төслүүдийн нэг хэвээр байна. “Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Англи, Америк, Орос, Хятад, Франц улсууд энэ зөвлөлийн байнгын гишүүд. Бид баялгийнхаа салбарт бусад дөрөвтэй нь харилцаж байгаа. Энэ утгаараа, тодруулж хэлбэл геополитик талаас харсан ч Франц түншлэхгүй байх аргагүй, хэрвээ”Арева”-г явуулчихвал орон зайг нь Орос, Хятад, Энэтхэгийн аль нэг жижиг компани эзэлнэ” гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлдэг.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТЭЭС МУШГИА ХУДАГ ХАМГИЙН ИХ НӨӨЦТЭЙ НЬ

Дэлхийд хамгийн эрэлттэй баялаг бол газрын ховор элемент. Цахилгаан машин ирээдүйд хүн төрөлхтний гол хэрэглээ болно гэж байгаа энэ үед өндөр хөгжилтэй улс орнууд газрын ховор элементийг онцгой сонирхож байна. Дулаан цахилгааны төгс дамжуулагч болж чаддаг нь энэ элементүүдийн давуу тал. АНУ-ын Геологийн судалгааны газар дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөц байгааг тогтоосны дөчөөд хувь нь Хятадад, бүр тодруулж хэлбэл Өмнөд Монголд байгаа аж. Үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголын хөрсөн дор бий гэсэн тооцоог тэд гаргажээ. Өмнөд Монгол их хэмжээний нөөцтэй учраас Монголд анхаарал татахаар хэмжээний нөөц байх нь гарцаагүй гэсэн судлаачдын таамаглал ч бий. Манай улсын нутаг дэвсгэрийн жар орчим газарт газрын ховор элементүүдийн орд илэрсэн гэсэн албан бус статистик сонсогддог. Гэхдээ нийт нөөц нь хараахан тогтоогдоогүй. Хайгуулын түвшний ажлууд л хийгдэж буй. Хамгийн их нөөцтэй гэгдэх Өмнөговийн Мушгиа худаг ордыг Өмнөд Монголын том ордтой дүйцэхүйц гэсэн мэдээлэл бий. Мушгиа худагийн ордод ЗХУ, БНМАУ-ын ШУА-ийн геологийн хамтарсан экспедици 1983-1984 онд эрэл хайгуулын ажил хийж байж. Товчхондоо манайд хайгуул хийгдсэн хамгийн том орд газар. Өмнөговь аймгийн Мандалговь сумын нутагт орших энэ ордын тойм нөөцийг 398 сая тонн хүдэрт агуулагдсан газрын ховор элементийн нийлбэр исэл нь 6.1 сая тонн гэж үнэлсэн байдаг.

ТОСОН УУЛААС 40 САЯ ТОНН ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОНО

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 33 талбайг ялгаж, 27 талбайд 28 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас Буйрын XII гэх талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусчээ. Онцолж хэлэхээр орд нь “Петрочайна дачин тамсаг” компанийн Тосон-Уул-19, Тамсаг-21, Буйр-22 талбай. Эдгээр талбайд 2,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тосон уулын газрын тосны ордын ашиглалтын хугацаанд нийт 1638 цооногоор 20 сая тонн газрын тосыг 2039 он хүртэл, 2041 он хүртэл нийтдээ 40 сая гаруй тонн газрын тос олборлохоор төлвлөөд байна.

КОКСЖИХ НҮҮРСЭЭРЭЭ ТАВАН ТОЛГОЙТОЙ ХОРШИХ ОВООТ

“Аспайр майнинг” компанийн эзэмшдэг Овоотын орд дэлхийн зах зээл дээр Таван толгойн коксжих нүүрстэй хоршино. Өөрөөр хэлбэл Таван толгойн нүүрстэй өрсөлдөхгүй, олон улсын зах зээл дээр биенээ нөхнө гэсэн давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдаг, тэгэхдээ гурваас таван төрлийн нүүрс хольдог, Таван толгойнх шиг чанарын коксжих нүүрс ихэнх хувийг нь, Овоотынх шиг төрлийн коксжих нүүрс 15-25 хувийг нь эзэлдэг гэсэн шалтгаан бий. Энэ ордын нөөцийг ЖОРК стандартаар тогтоосон юм. Овоотын нүүрсний нөөц 230-250 сая тонн. Орос, Хятадад Овоотынх шиг чанарын коксжих нүүрсний орууд бий ч олборлолт нь гүн рүүгээ орж, нүүрс гаргаж авах зардал нь ихсээд байгаа. Энэ шалтгаан “Аспайр майнинг”-ийн эзэмшдэг ордыг олон улсын зах зээл дээр үнэ цэнэтэй болгож буй. Тэгэхээр Овоотоос нүүрс экспортолж эхэлбэл дэлхийн зах зээлээс доллар татах том боломж байгаа гэсэн үг. “Аспайр майнинг” компани төмөр замын бүтээн байгуулалт хийхээсээ өмнө авто зам барьж нүүрсээ тээвэрлэх шийдэлд хүрээд байна. Хүнд даацын 560 км авто замын төсөл нь орон нутаг, иргэний хөдөлгөөний элдэв эсэргүүцэлгүй хэрэгжвэл Монгол Улс хориод жил ашиглах коксжих нүүрсний шинэ уурхайтай болно.

ХҮРЭН НҮҮРСЭЭ ДОЛЛАР БОЛГОХ ОЙРЫН БОЛОМЖ НЬ БАГАНУУР

Коксжих нүүрсээ доллар болгочихдог Монголын хувьд хүрэн нүүрс өнөөхөндөө үнэ цэнэ багатай ашигт малтмал хэвээр байна. Манай улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37.4 тэрбум тонн. Энэ нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс. Өдгөө бид 7-8 сая тонн орчим хүрэн нүүрс олборлож ашигладаг. Яг энэ янзаараа хэрэглэвэл 3700 орчим жил ашиглах нөөц гэсэн тооцоо дуулддаг. Хүрэн нүүрсний хувьд эрчим хүч гаргаж авах, ахуйн хэрэглээнд түлэх гэсэн хоёр төрлийн хэрэглээтэй. Хүрэн нүүрсээ ам.доллар болгох нэг том гарц бол эрчим хүч. Бүр тодруулж хэлбэл томоохон уурхайнуудынг түшиглэж цахилгаан станц бариад эрчим хүч үйлдвэрлэж экспортлох. Хамгийн боломжтой орд газрын нэг нь Багануур. Өмнө нь энэ орд дээр иймэрхүү төсөл хэрэгжүүлэх яриа хөөрнөө өрнөж байсан удаатай. Багануурын ордыг түшиглэж энэ мэт том төсөл хэрэгжүүлэх гэхээр төр, засгийн эрх мэдэлтнүүдээс улбаатай лицензийн маргаан тээг болдог. Дийлэнх хувийг нь төр эзэмшдэг уул уурхайн компанитай шүүх дээр лицензийн асуудлаар маргаж буй хувийн хэвшлийн “Алтайн гянт”-ын тусгай зөвшөөрлийн түүхийг харахаар эхлэл үүтгэл нь төрөөс угшилтай анзаарагддаг. Маргаан тарьсан лицензийг анх өгсөн хүн нь тухайн үеийн АМГ-ын дарга Лу.Болд, зөвшөөрөл авсан нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани, эрхэм гишүүн лицензээ зарахдаа элдэв “но”-г нь хэлээгүйгээс болж асуудал шүүхдээ тулсан, эцэстээ тусгай зөвшөөрөл худалдаж авсан компани нь залилуулсан гэх гомдлоор АТГ, цагдаад хандахаа мэдэгдсэн тухай мэдээлэл хөвөрч буй. Ийм шалтгаантай асуудал Багануурын хүрэн нүүрсийг доллар болгох боломжийг хойшлуулсаар байна. Хүрэн нүүрснээс эрчим хүч гаргаж экспортлох өндөр боломжтой уурхай гэгддэг энэ ордын нөөц 812 сая тонноор хэмжигддэг.


Categories
мэдээ цаг-үе

Дубайн гэрээний эргэн тойронд

Үндэсний өдөр тутмын сонинууд 2015 оны тавдугаар сарын 20-ны дугаарынхаа нэгдүгээр нүүрэндээ Дубайн гэрээ батлагдсан үйл явдлыг онцолж байв. “Оюу толгой дэлхийд үнэд орж Монголын эдийн засаг сэргэх зам нээгдэв”, “Оюу толгой урагш хөдөллөө”, “Засгийн газар Рио тинто зөвшилцөж чадлаа”, “Зургаан зуун хоног гацсан Оюу толгой шинэ гараанд гарлаа” гэсэн гарчигтай сурвалжлага, нийтлэлийг тэр өдрийн сонинуудаас харж болно. Одоогоос дөрвөн жилийн өмнө Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Монголын Засгийн газар, “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурсан газар нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот учраас “Дубайн гэрээ” гэсэн нэршил гараад ирчихсэн хэрэг.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий гэсэн тайлбарыг төслийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч байж энэ ордын өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэнэ гэсэн үг. Оюу толгойг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Дубайн гэрээг цуцлах ёстой” гэсэн агуулгатай заалт багтсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ мэдээллийн дараахан “Оюу толгой” компанийн зүгээс ойрын хугацаанд төлөвлөсөн зарим арга хэмжээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Монгол Улс хэрэгжиж буй ганц мега төслөө гацаачих вий гэсэн эргэлзээ хөрөнгө оруулагчдад төрсөн энэ үед Дубайн гэрээ тойрсон асуудлыг багцлан хүргэе.


ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР БАЙВ?

Эхлээд Дубайн гэрээ батлагдахын өмнө буюу далд уурхайн бүтээн байгуулалт зогссон хоёр жил эдийн засагт яаж нөлөөлсөн, тухайн үед эдийн засаг ямар байсныг эргэж саная. Далд уурхайн төлөвлөгөө зурагдахаас өмнө Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гурвалсан хямралд орох эрсдэл өндөр болсон, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2009 оны хямралтай ижил чиглэлд хөдөлж эхэлсэн тэр үед Засгийн газрын хамгийн хурдан хийх ганц зүйл нь далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх байсан гэж эдийн засагчид онцолдог. Ч.Сайханбилэгийг Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахын өмнөх хоёр жил эдийн засагт яаж нөлөөлснийг инфографикаар харуулъя.

ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯАГААДЗОГСОВ?

Оюу толгойн далд уурхайн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын ажил түр зогссон өдөр нь 2013 оны наймдугаар сарын 12. “Рио тинто” тэр жилийн долдугаар сарын 29-нд “Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Оюу толгойн хувь эзэмшигчид далд уурхайн санхүүжилтийн хэмжээг харилцан тохирч чадахгүй байсан нь далд уурхайн санхүүжилт зогсох шалтгаан болсон гэсэн албан тайлбар бий. “Рио тинто” далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсоосон шийдвэр хэд хэдэн шалтгаантай байсан нь тухайн үед өрнөсөн үйл явдлуудаас тод харагддаг. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байсан Ц.Сэдваанчиг “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал болоод удаагүй үедээ буюу 2013 оны долдугаар сарын 19-нд“Рио тинто”-д “Гүний уурхайн санхүүжилтийн хэмжээг УИХ-тай зөвшилцөнө” гэсэн утгатай захиа илгээж байв. Хөрөнгө оруулагч тал “Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээгээр бол Оюу толгой төслийн хувьцаа эзэмшигчдийн л шийдэх асуудал шүү дээ. Засгийн газар, хөрөнгө оруулагч компанийн асуудал гэж бид ойлгож байна. Таны энэ байр суурь үнэхээр Засгийн газрынх мөн үү” гэсэн утгатай асуулт явуулахад Ц.Сэдваанчиг “Засгийн газрын байр суурь мөн” гэж хариулснаас үл ойлголцол эхэлж байлаа. Харин тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр хийдэг байсан хэвлэлийнхээ хурлын үеэр “Ц.Сэдваанчиг захирлаас “Рио Тинто” руу явуулсан захидалд, Засгийн газар тухайн асуудлыг УИХ-аар оруулж шийдэх байх гэсэн алдаатай тайлбар хийсэн байна лээ. Ямар ч захирал УИХ, Засгийн газрын байр суурийг илэрхийлэх ёсгүй. Энэ талаар Д.Ганхуяг сайд залруулга бичиг явуулсан” хэмээн мэдэгдэж байв. Ямартаа ч Ц.Сэдваанчиг дуулиан тарьсан захидал бичсэнээсээ хойш нэг их удалгүй ажлаасаа халагдаж байсан юм. Тухайн үед засгийн зүгээс хөрөнгө оруулагч талтай зардлын хэтрэлтийн талаар яриа хөөрөө өрнүүлж байсан тал бас бий. Мөн Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын ахалсан Оюу толгойг шалгах ажлын хэсэг ажиллаж байсныг дурдах учиртай. “Архангайн гурвал”-ын 2013 оны төсвийн хуульд Оюу толгойтой хамаатай өөрчлөлт оруулсан нь ч хоёр жил гаруй үргэлжилсэн үл ойлголцолд ташуур өгсөн юм. “Архангайн гурвал” гэдэг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бридж Д.Ганхуяг, Фортун Н.Батбаяр нар. Нутгийн гурав “Хангайнхан” гэсэн клуб ажиллуулж байсныг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Тэдний лоббигоор 2013 оны төсөвт Оюу толгойгоос Эрдэнэттэй адил хэмжээний рояалти авна гэсэн заалт тусч том мөнгө бичигдсэн нь даарин дээр давс нэмсэн шийдвэр болж байв. “Эрдэнэт” үйлдвэр зэсийн үнээс хамаарч өсөн нэмэгдэх рояалти төлдөг. Тухайн үед Эрдэнэт жилдээ нэг их наяд төгрөгийг рояалтид төлсөн гэх статистик дуулддаг. Оюу толгойн гэрээнд рояалтиг таван хувь гэж тогтворжуулж тусгасан байхад Монголын тал гэрээгээ зөрчиж илүү их мөнгө авна гэсэн заалт төсөвтөө оруулаад баталчихаар ямар ч хөрөнгө оруулагч гайхна. Бүх бизнес гэрээгээр зохицуулагддаг барууны хөрөнгө оруулагчдын хувьд ойлгошгүй зүйл. Тэр утгаараа энэ шийдвэр далд уурхайн бүтээн байгуулалт зогсоход дам нөлөө үзүүлсэн гээд дүгнэчихэд үнэнээс зөрөхгүй. “Рио тинто”-гийн “Бүтээн байгуулалтаа түр хугацаанд зогсоолоо” гэсэн шийдвэрт шууд бус ч гэлээ нөлөөлсөн гадаад шалтгаан бас бий. Тэр нь зэсийн үнэ. Тухайн үед зэсийн үнэ дэлхийн зах зээлд сайнгүй байсан юм.

ДУБАЙН ГЭРЭЭГЭЭР ЮУ ШИЙДЭВ?

Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудал бол зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой гэсэн тохироог хийж байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд жил бүр дор хаяж нэг тэрбум ам.долларын урсгал орж ирнэ, далд уурхайн үйлдвэрлэл 2020 оноос эхэлнэ, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрч байлаа. Дубайн гэрээний дараахан “Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид зэсээс ургац хураах дараачийн цикл эхлэхэд бүх юмаа жигдрүүлчихсэн байх болно. Тэгэхийн төлөө хичээнэ. Зэсээс ургац хураах дараагийн цикл бол 2020 он” гэж онцолсон удаатай. Менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон өөрчлөлт Дубайд шийдэгдсэн юм. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Төслийн менежмэнтийг “Рио тинто” хийж байгаа. Энгийнээр хэлбэл энэ төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхөө төлөө “Рио”-гийн авч байгаа ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувь гэсэн үг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн гаргалгаа эдийн засагчдын дунд яригддаг.

Дараагийн шийдсэн асуудал бол “BHP”-тэй хамаатай. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байв. Энэ тохироог хүчингүй болгуулсан нь Дубайн гэрээний онцолж хэлэхээр заалтын нэг. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн эрхмүүд энэ байр сууринаас нь ухрааж чадсан юм. Бүр тодруулж хэлбэл Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан гэсэн үг. За тэгээд дээжээ геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх, хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох гэх мэт тохироонуудыг Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд хийж байлаа.

ДУБАЙН ГЭРЭЭНЭЭС ХОЙШ “ОЮУ ТОЛГОЙ” ЭДИЙН ЗАСАГТ ЮУ ӨГӨВ?

Оюу толгой ХХК-ийн 2010-2018 оны хооронд төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Татварын орлогоор сүүлийн арван жилд улсад тэргүүлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 оноос хойш давах болсныг стастистикаас харчихаж болно. Төсөвт үзүүлэх нөлөөллийнхөө хувьд ч “Эрдэнэт”-ээс хавьгүй өндөр байх зураг таамаг гарчихаж. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь 7 байж. 2025 онд хоёр дахин нэмэгдэж 13 хувийг эзэлнэ гэсэн таамаг байна. Оюу толгойн 2017 оны гүйцэтгэлийн статистикуудыг сонирхъё. Ил уурхай нь үндэсний компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол бүтээн байгуулалт нь өрнөж буй гүний уурхай Монголын бизнес эрхлэгчдээс 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн өгөөжийг сонирхож үзлээ. Шууд өгөөж нь 1.8 их наяд төгрөг. Шууд өгөөж гэдэг нь компаниас Засгийн газарт төлсөн татвар хураамж бусад төлбөрүүд. Төслийнхөн шууд өгөөжөө “50 мянган багшийн дөрвөн жил хоёр сарын цалин” гэж энгийнчилж тайлбарласан байна лээ.

Мега төслийн шууд бус өгөөж шууд өгөөжөөсөө ч том тоотой гардаг. Оюу толгой төсөлд шатахуун, тоног төхөөрөмж, үзэг бал гээд бүх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудын ашиг, улсад төлдөг татвар хураамж, ажилчдадаа өгдөг цалинг нь шууд бус өгөөж гэж тодотгодог. Тоног төхөөрөмж, элдэв бүтээгдэхүүнээс гадна нийтийн хоол гэх мэт үйлчилгээ нийлүүлдэг компаниуд ч өчнөөнөөрөө бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л “MCS”-ээс эхлээд хэд хэдэн үндэсний компани оролцож байгаа. “Оюу толгой”-н энэ мэт шууд бус өгөөж 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ хэмжээний мөнгөөр 50 мянган багшийн зургаан жил дөрвөн сарын цалинг тавина. Эсвэл 202 мянга 573 ахмад настны дөрвөн жил зургаан сарын тэтгэврийг олгоно. Бүр цаашлуулж төсөөлбөл 300 ортой төрөх эмнэлэг 90-ийг барьчих мөнгө.


Categories
мэдээ цаг-үе

Цагаан цамц, хар фрак, чамин дохиур…

Удирдаач гэхээр ийм зураглал л санаанд буудаг. Телевизээр “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс эгшиглэх бүрд хөгжимчдийн өмнө зогсох дэгжин эрийг сониучирхан хараад суучихдаг байж билээ, хүүхэд ахуйдаа. Тэр үеийн мэдрэмжээс ургасан зураглал л даа. Ж.Чулуун гэж хүний тухай бичих хүсэл тэр цагаас эхтэй байх. “Удирдаач ер нь юугаараа давтагдашгүй, ямар онцлогтой мэргэжил вэ” гэсэн асуултыг хэд хэдэн хүнд тавьж байсан ч урлаг судлаач Эсүгийн “Өөр өөрийн хөгжимдөх аргатай олон хөгжимчний гараас нэг цул бүтээл төрүүлэх шид удирдаачийн дохиурт л бий. Тэр жижигхэн дохиурын дороос сэтгэл гэгэлзүүлсэн хүчирхэг аялгуу урсдаг. Ингээд бодохоор удирдаачдыг би аялгуу урлаачид гэмээр санагддаг. Хамгийн гайхалтай нь тэд биеэрээ хөгжимддөг. Буй биеэрээ хөгжим болж байж л хөгжимчдөө хөглөж, үзэгчдийн сэтгэлийг хөндсөн аялгуу төрүүлдэг өвөрмөц мэргэжил л дээ” гэсэн үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Яг л хүсч хүлээсэн хариу маань.

“Уран Хас” -ын Ж.Чулууныг буй биеэрээ, бүхий л сэтгэл, оюунаараа хөгжим байсан гэж хөгжимчид дурсдаг юм билээ. Хөгжим судлаачид Ж.Чулууны гарын хөдөлгөөнийг “жигүүртэн шувуу нисэн буун, нисэн буух мэт” гэсэн нь яалт ч үгүй онцгой зүйрлэл. Энэ эрхмийн чамин дохиурын дор аялгуу урлаж суусан нэг хөгжимчин “Чулуун багшийг удирдахаар өөрийн эрхгүй л нотоо тоглочихдог. Бүр дэгэлзэж гэгэлзэж, шаналж, уярч, шатаж, догдолж тоглодог. Нэг л мэдэхэд бүтээлээ тоглоод дуусчихсан сууна шүү дээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Ж.Чулууны хүү удирдаач Ч.Чинбаттай нэлээд хэдэн жилийн өмнө хуучилж суухад “Оркестрыг ховсдож байгаа юм шиг авч явж чаддаг. Нүүрнийхээ мимик, гарынхаа хөдөлгөөн, нүднийхээ харцаар удирддаг” гэж аавыгаа дурссан нь санаанд тодхон байна.

Түүний удирдсан оркестр чамин дуугаралт, сонсогчдыг хөглөх чадвараараа бусад удирдаачаас эрс ялгардаг байж. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч “Ж.Чулуун багшийн удирдсан оркестр эвтэй, зөөлөн, уран дуугардаг” гэж хэлсэн удаатай. Дэлхийн томоохон театруудад тоглох нь хаа газрын удирдаачдын мөрөөдөл л дөө. Ж.Чулуун мөрөөдлөө гүйцээсэн удирдаач. Москвагийн Большой театрын симфони оркестр 1980-аад онд Шостаковичийн “Баярын удиртгал”-ыг тоглох гэж байж л дээ. Удирдаач нь Ж.Чулуун. Тоглолт эхлэхээс өмнө оркестрын хөгжимчид хэд хэдэн нот буруу дуугаргаж Монголын удирдаачийг сорьж гэнэ. Тэр үед Ж.Чулуун нот алдангуут нь зогсоож засч өгснөө “Намайг шалгаж дууссан бол ажилдаа оръё” гэж байж.

Большой театраас гадна Болгар, Польшийн томоохон театр, Чех, Молдавын оркестрыг ч удирдаж явж. Тоглолт дууссаны дараа оркестр нь босч алга ташдаг байсан тухай хөгжимчид өнөөдөр ч өөр зуураа хуучилцгаадаг юм билээ. Сэтгэл нь хөдөлсөн Европын хөгжимчид “Гайхалтай. Үнэхээр сайхан хамтарч ажиллалаа” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Гадны удирдаачаар удирдуулсан оркестр барагтай л бол ийм хүндэтгэл үзүүлж, бахдан шагшдаггүй бичигдээгүй хууль хөгжмийн ертөнцөд үйлчилдэг. Гэхдээ ер бусын дотоод авьяас, гарын ур, торгон мэдрэмж, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гүйцэтгэлийн өмнө урлаг ихэмсэг загнадаггүйг харуулсан бахдам түүх дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө л дөө. Тийм түүхийн гол дүрүүдийн нэгд Монголын Ж.Чулуун бардам багтана.

Азийн Монголын хувьд удирдаач мэргэжлийн түүх тийм ч зузаан биш, дал гаруйхан жилийн настай. Анхны удирдаач нь Билгийн Дамдинсүрэн, тэгээд Жамъяны Чулуун гэсэн нэр бичигддэг юм. Хоёулаа сургууль соёлын мөр хөөж мэргэшээгүй, байгалийн авьяас дээр нэмэх нь орос мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөгөөр л оркестр удирдаад эхэлж. Гайхалтай нь тэд удирдаач мэргэжлийг дэлхий үнэлэхээр хэмжээнд эзэмшицгээсэн гэдэг.

Ж.Чулуун удирдаач Чехийн хөгжмийн академид сурахаар болж л дээ. Орос хэлэнд “а” ч үгүй учраас тусгай хэлмэрчтэй яваад очжээ. Монголын удирдаачийг шалгасан их сургуулийн доктор профессорууд “Энэ хүнд удирдаачийн талаас заах юм алга” гэцгээж байж. Гуч гаруй жил удирдаачаар ажиллаж, дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет, 80 шахам симфони, бүтээлийг удирдан тоглуулах үед нь Ж.Вердийн “Травиато”, “Риголетто”, “Отелло”, Чайковскийн “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик”, А.Моцарт, Л.Бетховен, Б.Шуберт, Д.Шостаковичийн бүтээлүүд тайзнаа тавигдаж байсан юм.

Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмөө Ж.Чулуунаар удирдуулах сонголт хийж байжээ. Хөгжмийн зохиолч “Тэр их хүн миний хөгжмийг удирдсан нь бас намайг сонгосон хэрэг л дээ. Өчнөөн хөгжимчид, замбараагүй олон хөгжмийн зэмсэгтэй тийм нүсэр оркестрыг Ж.Чулуун багшаас өөр хүн тийм цэгцтэй удирдаж чадахгүй байсан гэж хөгжмийн мэргэжилтнүүд ярьдаг. Яах аргагүй үнэн. Ж. Чулуун багш удирдсан учраас үндэсний сэтгэлгээ хэв шинж талаасаа шинэчлэл хийж чадсан. Тийм ч учраас Н.Жанцанноров гэдэг хүн өдий дайны яваагийн нэлээд хувийг сая ярьсан хоёр киноны хөгжим эзэлдэг юм. Ер нь уран бүтээлч хүн хэний ухаан, авьяасын хүч дэмээр хаана хүрснээ бодох учиртай. Шолоховын “Дөлгөөн Дон”-гүйгээр Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” төрөхгүй, Моцартгүйгээр Бетховен мэндлэхгүй. Уран бүтээлчдийн жам л даа, энэ” хэмээн дурсамж сөхлөө. Дурсамж гэснээс “Мандухай цэцэн кино” –ны Исмэл тайжийг элсээр булдаг хэсэг дээр бөмбөрийн нүсэр дуу сонсогддог доо. Яг тэр бөмбөрийн цохилттой хэсгийг Н.Жанцанноров удирдаач Ж.Чулуунтай хамт хийж байж. Эхний удаад нь Б.Балжинням найруулагч баахан хүмүүсээр бөмбөр нүдүүлчихэж. Хөгжмийн хүн биш учраас ая дан таарсан цохилт хийлгээгүй нь тодорхой. Хөгжимтэйгөө уяхын тулд киноны хөгжмийн зохиолч, удирдаач хоёр сүүлд нь өөрсдөө бөмбөр нүдсэн хэрэг. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч хорьдугаар зууны сод удирдаачийн тухай бас нэгэн дурсамж сөхлөө. Хөгжмийн зохиолчийн найруулсан нэг концертын үеэр “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс эгшиглэж дээ. Мэдээж удирдаач нь агуу Ж.Чулуун. Найруулагч “Та хөгжмийн дундуур эхний хийлчээс хийлийг нь аваад тоглоорой” гэж. Үндэсний хэд хэдэн хөгжим тоглочихдог удирдаачийг хийл гайхалтай тоглодгийг урлагийнхан, сонгодог урлагт дурлагчид андахгүй. “Уран хас”-ын автор найруулагчийн хүсэлтийг дурамжхан хүлээж авсан ч зохиосон хөгжмөө өөрөө хийл хөгжмөөр амилуулжээ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч тэр агшныг “Гайхамшигтай” гэж тодотгов. Сүүлд удирдаачийн хүү Ч.Чинбат ч үзэгчдэд ийм гайхамшигтай мэдрэмж бэлэглэж байсан юм.

Энэ эрхэм хөгжмийн урлагт ч өөрийн гэсэн тод мөртэй. ЮНЕСКО-гийн гишүүн зуу гаруй орны үндэсний радиогоор Монголын Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” эрх дархтайгаар эгшиглэдэг. Хийл найрал хөгжимд зориулсан “Ардын хоёр дууны найруулга” –ыг нь ЮНЕСКО 1973 онд Азийн хөгжмийн үнэт бүтээл хэмээн бүртгэж хамгаалалтдаа авсан түүхтэй.

Ж.Чулууныг “Ардын хоёр дууны найруулга”-аа Чех, Будапешт, Берлиний урлагийн наадмын тайзнаа эгшиглүүлэхэд үзэгчид тэр аяараа босч алга ташиж байсан гэдэг. Урлагийн өндөр мэдрэмжтэй барууны үзэгчдийг гайхшруулсан тоглолтынхоо талаар XX зууны сод удирдаач “Миний сайн тоглосных биш ээ. Морь малаасаа өөр юм бараг мэдэхгүй монголчууд ийм юм тоглочихлоо гэж гайхаа биз” хэмээн даруухан ярьж сууж. Бүр хожим хүү Ч.Чинбат нь “Ардын хоёр дууны найруулга тийм ч хөнгөн тоглочихоор зохиол биш л дээ. Одоогийн хөгжим бүжгийн сургуулийн дунд ангиас дээшээ тоглох бүтээл. Монголчууд ийм сайхан ая зохиож, хийл хөгжмөөр гайхалтай тоглолоо гэж л алга ташсан байх” хэмээн аавыгаа дурссан юм.

“Уран Хас” бүжгэн жүжгийн тухай урлаг судлаачдын дүгнэлт, шагшралыг түр орхиё. Уран гартай Хас хэмээх залуугийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг энэ бүжгэн жүжгийн вальсын аялгуу хүн бүрийн зүрхэнд эгшиглэдэг. “Уран Хас” бүжгэн жүжгийг үзсэн, үзээгүй хүн бүрийн сэтгэлд эгшиглэх вальсын хөг, аяз ирэх он жилүүдэд ч бүдгэрэхгүй биз ээ. Учир нь цаг мөнхөд амьдрах шид зөвхөн урлагт л харьяалагддаг. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ж.Чулуун багшийн хамгийн том бүтээл бол “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим. Чайковскийн “Хунт нуур”-тай харьцуулах боломжгүй. Адилхан хөгжмийн драмууд ч гэлээ Чайковскийнх өгүүлэмж, зөрчилдөөнтэй. Харин Ж.Чулуун багшийнх дүрслэлийг голчилсон. Хөгжмийн цоморлиг, өөрөөр хэлбэл хөгжмийн альбом. Тус бүрдээ гайхамшигтай илэрхийлэлтэй хөгжмийн альбом. Чулуун багшийн бүтээл нас урттай байгаагийн амин сүнс нь ерөөсөө л удирдаачийнх нь мэдрэмж. Тухай нь би гэхэд л Чулуун багш шиг найрал хөгжмийг тийм ойрхон, гүнзгий мэдрэх боломжгүй” гэсэн үгээр XX зууны сод удирдаач, авьяас төгөлдөр аялгуу урлаачийг дурссан бичил зураглалаа төгсгөе.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Эдийн засгийн өсөлт иргэдэд огт наалдахгүй байна

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-2011 онд 17.3 хувийн өсөлтийг үзүүлсэн Монголын эдийн засаг 2016 онд 1.2 хувь болтлоо буусан, өнгөрсөн жил эргээд 6.9 хувь болж өслөө. Эдийн засгийн энэ өсөлт нийт олонход хүртээлтэй байж чадаж байна уу?

-Эдийн засгийн өсөлтийг олон талаас нь тайлбарладаг. Миний хувьд эдийн засагч Мариана Мазукатогийн санал болгож буй шалгуур үзүүлэлтийг илүүд үзээд байгаа. Эдийн засгийн өсөлт нь Sustainable буюу тогтвортой, Innovate буюу дэвшилттэй, инновацид суурилсан, эцэст нь Inclusive буюу хүртээмжтэй байх ёстой гэсэн үзүүлэлт л дээ. Чанарыг нь ингэж хэмждэг гэсэн үг. Тэгэхээр бид зөвхөн хүртээмжийн тухай ч биш дэвшилттэй байна уу, тогтвортой өсөлт мөн үү гэдэгт санаа тавих ёстой.

-Тэгвэл сая таны хэлсэн гурван хэмжүүрээр манай улсын эдийн засгийн өсөлт ямар түвшинд явж байна. Хэмжиж үзсэн үү?

-Яг бүгдэнд нь нарийн тоон судалгаа хийж, дүгнэлтэд хүрэх боломжгүй санагдсан. Гэхдээ мэдээж тойм дүгнэлтүүдийг гаргаж болно л доо. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн хувьд бид дөнгөж саяхнаас л энэ зүг рүү чиглэж эхэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний станцууд, хариуцлагатай уул уурхайн концепцууд наад захын жишээ нь. Гэхдээ тогтвортой гэж хэлэх хүртэл өчнөөн зай байна. Эцсийн дүндээ манай эдийн засаг яг үүний эсрэг талын бизнесүүд дээр л тогтож байна шүү дээ. Тэгэхээр тогтвортой гэж одоогоор лав хэлэхгүй.Дараа нь дэвшилттэй, инновацид суурилсан байна уу гэвэл бас л хэцүү. Дэвшилттэй технологиудыг эрчимтэй нэвтрүүлбэл бүтээмж өсөх ёстой. Би БНХАУ, Монгол Улсын бүтээмжийн өсөлтийн сүүлийн арван жилийн дундаж ямар байгааг харсан юм. Манайх 5.71 хувь, БНХАУ-ынх 8.78 хувь байна лээ. Тийм том улс тэгж бүтээмжээ нэмэгдүүлээд байхад бид хамаагүй бага байна гэсэн үг. Бас нэг жишээ хэлье. Монгол Улсын эдийн засагт мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын эзлэх хувь ердөө 1.7 хувь. Гэтэл уул уурхайн салбар 24.2 хувь байдаг шүү дээ.

-Хүртээмжтэй байдлаараа бас муу байна уу?

-Хүртээмжтэй байдлыг хэмжихийн тулд эхлээд Жини-ийн индексийг харж болно. Энгийнээр хэлбэл орлогын хуваарилалтыг хэмждэг индекс байгаа юм. Гэхдээ эндээс ямар нэгэн дүгнэлт гарах боломжгүй санагдсан. Тэгээд хамгийн энгийн нэг тоог авч үзсэн юм. Бүр тодруулж хэлбэл Улаанбаатар хотод байгаа гэр хороолол болон байшин орон сууцны харьцаа үзүүлэлтийг. 2005 онд гэр хороололд амьдарч байсан өрх нийслэлчүүдийн 58.6 хувь байж. 13 жилийн дараа энэ үзүүлэлт 54.7 хувьтай байна. Ямар ч том бүтцийн өөрчлөлт гараагүй байгаа биз. Хэрэв эдийн засгийн өсөлтүүд хүртээмжтэй байсан бол иргэд орлоготой болоод орон сууцанд амьдрах хувь нэмэгдэнэ шүү дээ. Ипотекийн найман хувийн дэмжлэгтэй байсан гэхэд л ийм тоо гарч байна гээд бод доо. Баялгийн тэгш бус байдал л нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг энэ харьцуулалтаас харчихаж болохоор байна.

-Гэхдээ иргэдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн статистик гардаг шүү дээ…?

-Миний хувьд дундаж өрхийн өр, орлогын харьцааг бодож үзсэн. Хэрэв өрхүүдэд эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байвал хүмүүс өрөөр хэрэглээгээ санхүүжүүлж эхэлдэг. Ингээд өрийн дарамтанд ордог юм. Ийм санаагаар өр, орлогын харьцааг харахаар 2010 онд 35 хувь байсан бол 2018 онд 70 хувь хүрсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Орлого нь хангалттай өсөөгүй байхад өр, зээл нь л их нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Тэгвэл эдийн засгийн өсөлт иргэдэд наалдахгүй байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Монголын эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байжээ гэж дүгнэхээс аргагүй байна л даа.

-Одоо тэгээд бид яах ёстой вэ. Сая таны онцолсон гурван хэмжүүрээр хэмжигдсэн чанартай эдийн засгийн өсөлтийг яаж бий болгох вэ?

-Яг л ингэвэл өөр болно гэж хэлж мэдэхгүй юм. Дахиад нарийн судалгаанууд, түүнийг дагасан бодлогын зөвлөмжүүд гарах учиртай. Санаснаар болдог иргэд төрөөс эдгээр гурван шинжийг агуулсан өсөлтийг өгөх бодлогоо бидэнд танилцуул гээд жагсдаг бол үр дүн нь хурдан гарна л гэж бодож байна. Ерөнхий байдлаар зөвлөмж хэлэхэд тогтвортой өсөлт тал дээр тодорхой татварын дэмжлэгүүд хэрэгтэй. Жишээ нь ногоон бонд гэж ойлголт бий.

-Ногоон бонд гэдгээ тодруулаач?

-Ногоон бизнест зориулагдан хөрөнгө татахаар гаргасан нэг жилээс дээш хугацаат үнэт цаасыг ногоон бонд гэдэг. Үүнийг дэмжиж татваргүй орчин бүрдүүлж болж байна. Харин инноваци гэдэгт төсвийн дэмжлэг хэрэгтэй. Хүртээмжтэй өсөлт дээр хөрөнгийн зах зээлийн хөгжил чухал. Монголд хэтэрхий олон ХХК байна. Маш цөөн нийтэд нээлттэй ХК байна. Үүнээс болоод иргэд томоохон баялаг бүтээгч компаниудтайгаа хамтдаа урагшлах боломж нь хаалттай байна. Аль болох олон компани нээлттэй болвол сайн. Хүртээмжтэй холбоотой бас нэг зүйл нь боловсрол. Ер нь аливаа баялгаас хүртэж чадахгүй байгаагийн шалтгаан нь их энгийн. Тухайн зүйлийнхээ талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүйтэй л холбоотой байдаг. Товчхондоо мэдлэгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн цагт баялгийн хүртээмжтэй байдал хангагдана.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батмөнх: Хар нүх нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од

Хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн хар нүхний зургийг маргааш танилцуулах гэж байна. Хар нүхийг судалдаг “EHT (Event Horizon Tele­scope) төслийн эрдэмтэд 2006 оноос ажиглалтаа эхэлжээ. Тэд хоёр хар нүхийг сонгож ажигласан хэмээн мэдээлээд байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын Одон орон судлалын холбооны гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал ”Төслийнхний сонгосон хоёр хар нүхний нэг нь манай сүүн замын галаксийн төвд байдаг маш их масстай хар нүх. Нэр нь Sagittarius A. Биднээс 26 мянга орчим гэрлийн жилийн алсад оршдог. Хамгийн ойр гэж хэлж болох хар нүх л дээ. Бодитойгоор мэдэгдэж байгаа хамгийн ойр гэгдэх хар нүх. Нөгөө нь Virgo A галаксид орших M87 хар нүх.Хүн төрөлхтнөөс 56 сая орчим гэрлийн жилийн алсад байрладаг. Ийм хоёр нүхийг ажигласан. Төслийнхөн эхлээд нэг телескоп байрлуулсан. Дараа нь дэлхий даяар, Америк, Өмнөд Америк, Европ сүлжээний телескопууд гэсэн үг. Энэ төслийнхөн дөрөвдүгээр сарын 10-нд үр дүнгээ танилцуулах юм билээ” хэмээн сонирхууллаа. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Д.Батмөнхтэй хар нүхний талаар ярилцсанаа хүргэе.


-Хар нүх гэж юу вэ?

-Орчлонд олон янзын объект байна. Хар нүх, цагаан нүх, энгийн бидний хардаг одод, хар матери, харанхуйн энерги гээд өчнөөн л дөө. Тэдгээрийн нэг хэлбэр нь хар нүх. Эйнштейний харьцангуйн тэгшитгэл гэж бий. Тэрний тооцооны үр дүнд “Онолын хувьд ийм объект байж болох юм” гэсэн төсөөлөл гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл хар нүх рүү ямар нэгэн матери, түүний дотор гэрэл орох юм бол эргээд сугарч гарч ирж чадахгүй. Ийм шинж чанартай од гээд ойлгочихож болно. Тэндээс гэрэл гарч ирэхгүй учраас нүдэнд харагдахгүй. Иймэрхүү объект байх гэх онолын таамаглал л бий. Ажиглалтаар яаж илрүүлэх вэ гэсэн асуудал тавигдаж байгаа. Нэгэнт гэрэл гарахгүй учраас бидний мэддэг гэрэл зургийн хэмжээнд шууд авах боломжгүй. Тэгэхээр өөр ямар арга зам байх вэ гэсэн асуултыг эрдэмтэд тавьж, эрэл хайгуул хийж байна.

-Эрдэмтдийн дунд хар нүхийг ямархуу гэж таамаглацгаадаг вэ?

-Янз бүрийн таамаг дуулддаг. Хар нүх бол ууршдаг гэсэн таамаглал бий. Энгийнээр хэлбэл дандаа нэг янзаараа байхгүй, өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Ууршиж, агшилт явагдсаар эцэст нь тэсрэлт болж төгсдөг гэсэн таамаг байна л даа. Ууршина гэдэг чинь энерги гадагш гаргана гэсэн үг. Тэр эффектийг ашиглаж болно гэсэн яриа ч сонсогддог. Хар нүх гэрлийг залгихдаа шууд залгихгүй, гэрэл хар нүхийг тойрч эргэлдэж байгаад ордог гэдэг. Ингэх үед тодорхой зайд рентген туяа гарч болох юм байна гэж үздэг. Гэх мэтчилэнгээр эрэл хайгуул нэлээд хийсэн байдаг. Хэдэн жилийн өмнө гравитацийн долгионыг илрүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал авч дэлхийг шуугиуллаа. Гравитацийн долгионыг хүн төрөлхтний түүхэнд анх удаа шууд “чагнасан” Райнер Вайс, Барри Бариш, Кип Торн нар физикийн салбарын Нобелийн шагналын 111 дэх удаагийн эзэд болсон.

-Гравитацийн долгион гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Асар том масстай хоёр хар нүх мөргөлдсөний үр дүнд үүсдэг долгион. Америкийн хоёр том лаборатори энэ долгионыг бүртгэсэн нь том нээлт болсон л доо. Өөрөөр хэлбэл хар нүх хүчтэй мөргөлдөх үед тэр хавийн орон зайд долгион үүснэ. Чулууг ус руу шидэхээр хээ, долгион үүсдэг дээ. Яг тэрэн шиг долгион гаргах нь л дээ, огторгуйд. Тэр долгион явсаар хүн төрөлхтний хэрэглэдэг багаж төхөөрөмж дээр ирж, хэмжилтэд нь нөлөөлсөн хэрэг. Тэгж л гравитацийн долгионыг анх удаа бүртгэсэн юм. Бид гурван хэмжээст огторгуйд амьдардаг. Гэтэл огторгуй өөрөө өөрчлөгдөж болно. Нэг метр зүйл байлаа гэж төсөөлье. Гравитацийн долгион ирээд оронг нь хэлбэлзүүлэх юм бол өнөө зүйлийн урт нь өөрчлөгдөнө гэсэн үг. Бид энэ орчлонд ийм өөрчлөлт мэдрэхгүй. Товчхондоо хар нүхнүүд мөргөлдөхөд орон зайг тодорхой хэмжээнд хэлбэлзүүлдэг гээд ойлгочихож болно. Энэ мэтээс харахад хар нүх байгаа гэдэг нь тодорхой болчихсон. Гэхдээ янз бүрийн байдлаар зургийг нь авсан юм алга л даа.

-Хүн төрөлхтөн энэ сарын 10-нд хар нүхний зургийг харах нь дээ…?

-Хар нүх энэ орчлонд маш олноороо бий гэж үздэг. Галактикийн төвд асар том хар нүх байгаа гэж таамагладаг. Ер нь хар нүхээр төгсөж буй одод ч бий. Бидэнд харагддаг асар том одод агшсаар байгаад маш нягттай болж, маш бага орон зайд хар нүх үүсдэг. Зургийг нь авлаа гэж байна. Олон газар дурангууд тавьж, зэрэг ажиглалт хийж, авсан мэдээллээ супер компьютерийн тусламжтайгаар боловсруулж хөрвүүлээд бидний мэддэг зураг болгожээ гэж ойлгож байгаа.

-Хар нүхийг голлож судалсан эрдэмтэд гэвэл ямар хүмүүс байна?

-Ер нь онолын физикийнхэн бүгд судална. Эйнштейний харьцангуйн тэгшитгэл гарч ирснээс хойш энэ тэгшитгэлийг янз бүрийн хэлбэрээр бодохоор гарсан нэг шийд нь хар нүх байгаа юм л даа. Хар нүх гэдэг шийд гарч ирж байна гэсэн үг. Тэгээд л тэр шийдийг цааш нь судлаад яваа. Ийм судалгаа хийсэн, хийж яваа эрдэмтэн Эйнштейнээс эхлээд маш олон. Стивен Хокинг хар нүх ууршдаг, энергиэ алддаг гэсэн онолыг дэвшүүлж тавьсан. Галактикийн төв бүр хар нүхтэй гэсэн санаа орчин үед давамгайлж байна. Ингээд харахаар хар нүхийг орчлонд хаа сайгүй байж болохоор одны хэлбэр гэж хэлэх бүрэн үндэстэй. Ер нь нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од шүү дээ. Хар нүхийг харанхуйн энергитэй хольж хутгаж болохгүй.

-Харанхуйн энергийн тайлбараар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Орчлонгийн байж болох бүх энергийг тооцоод үзэхээр нэг хэсэг энерги дутдаг. Бидний мэддэг хар нүх, галактик, материудыг бүгдийг нь нийлүүлэхээр байх ёстой энергийн хэмжээ хүрдэггүй. Орчлонгийн байж болох энергийн зөвхөн таван хувь нь бидний мэддэг зүйлс. Үлдсэн 95 хувь нь үл мэдэх энерги. Орчлонгийн мэдэгдээгүй энергийг хоёр хуваадаг. Хориод хувь нь харанхуйн матери, далан хувь нь харанхуйн энерги.Одоогоор энэ хоёр энергийн талаар хүн төрөлхтөн нарийн мэдэж чадаагүй яваа. Гэхдээ орчлонд жигд тархсан ийм энерги бий гэдгийг ажиглалтаар баталчихсан. Энэ энерги яг ямар шинж чанартай вэ гэдгийг эрдэмтэд ид судалж байна.

-Бидний мэддэг энерги тавхан хувь гэхээр сонин юм шүү. Хар нүх бидний мэддэг таван хувийн энергид багтах уу?

-Багталгүй яахав. Биетэй од шүү дээ.

-Харанхуйн материйн судалгаа хэр эрчимтэй яваа бол?

-Сансрын элдэв аппарат хөөргөөд судалж байгаа. Судалж болохоор зүйл гэж үзэж байна. Харанхуйн матер бол бидний мэддэг матери, харанхуйн энергийн дундах зүйл. Бидний мэддэг материтай бага зэргийн төстэй, гэхдээ бас нөгөө талд байгаа харанхуйн энергитэй ч ижил талтай гэсэн таамаглал бий.

-Харанхуйн энергийг судлахад хэцүү гэж ойлголоо…?

-Тэгж ойлгож болно.

-Хар нүхнээс гадна цагаан нүх байдаг гэж та ярилаа. Судлаачдын сонирхлыг хэр татдаг зүйл вэ?

-Хар нүхтэйгээ харьцуулбал тэгтлээ сонирхол татахаар биш л дээ. Энгийнээр тайлбарладаг хар нүх бүхнийг татдаг бол цагаан нүх ойртсон бүхнээ ойлгодог. Хар нүх маш их масстай. Гравитацийн хүч ихтэй учраас орон зайгаа маш айхавтар мурийлгадаг. Эйнштейн дэлгэсэн даавуун дээр шаариг тавихад хэлбэр нь өөрчлөгддөгтэй хар нүхний нөлөөг зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хар нүх ойр хавийнхаа орон зайг мурийлгаж хотойлгодог гэсэн үг. Гравитацийн талаас ингэж тайлбарладаг юм.

-Хар нүх орон зайг огт өөр болгодог гэж ойлголоо. Цаг хугацаанд яаж нөлөөлөх вэ?

-Цаг хугацаа огт өөрөөр явагдана. Хар үгээр тайлбарлавал хүний хөдөлгөөн хугацаагаа өөрчлөөд явна. Жишээ нь, та гүйлээ гэхэд хөдөлгөөн тань хугацаатай холбоотой болчихно. Бидний ертөнцөд та гүйлээ, зогслоо гээд цаг хугацаа урагшилж, зогсохгүй. Таныг яаж ч байсан цаг хугацаа нэг хэмээр л урагшилна. Харин та гривитацийн тийм айхавтар орчинд очвол цаг тань өөрөөр явна. Гүйвэл урагшилж, зогсвол удааширна гэсэн үг.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орныг хорлож байна

“Геологи хайгуул-2019” чуулган өнгөрсөн долоо хоногийн пүрэв баасан гаригт даруухан болж өнгөрөв. Чуулганы үеэр хайгуулын төсөл хэрэгжүүлж яваа компанийн төлөөлөлтэй уулзаж жаргал, зовлонг нь яриулах санаа байсан ч бүтсэнгүй. Хандсан болгон “Асуудал бэрхшээлээ ярьчихаар сум, орон нутагт хэцүү байдаг юм” гэсэн утгатай шалтгаан хэлээд үг унагасангүй. Засгийн газрын төвшинд хайгуулын төслөө хэрэгжүүл гээд зөвшөөрөл өгчихдөг ч орон нутагт очоод баргар царайлдаг нь геологийнхны нийтлэг зовлон. Тодруулж хэлбэл орон нутгийн засаг дарга, ИТХ-ын удирдлага, гишүүд гэсэн “өндөр” босгыг давж чадахгүй үгээ барж суугаа компаниуд өчнөөнөөрөө. Бүр тодруулж хэлбэл сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орноо хорлож байна.

Дорнодод алтны төсөл хэрэгжүүлж буй “Степп голд”-той холбоотой нэг баримт сонирхуулъя. “Дисковер Монголиа”-гийн үеэр энэ компанийн хайгуулын дээж болсон чулуунуудыг голын усанд үйж эсэргүүцлээ илэрхийлсэн орон нутгийнхны үйлдэл маш том кейс болж яригдсан юм. Өчнөөн мөнгө зарж гаргаж ирдэг дээжийг нь үгүй хийсэнд гайхшаа барсан компанийн удирдлага орон нутгийн ИТХ-ын хуралд хандаж л дээ. Бүр нулимс унаган байж тайлбар хийж. Тэр хуралд сууж байсан ИТХ-ын хэдэн төлөөлөгч энэ үйл явдлыг бахархангуй, шоолонгуй ярьж суусан жишээ бий. “Степп голд”-ын хувьд олон улсын хөрөнгийн биржээс амжилттай мөнгө босгож ирсэн компаниудын нэг.

Хайгуулын төсөл бүтэлгүйтсэн олон жишээний нэг нь уран. Францын “Арева” Дорноговьд том төсөл хэрэгжүүлэх гээд барахгүй яваа. Мөн л орон нутгийн хурган дарга нар, уул уурхайнхныг дарамталж мөнгө олж амьдардаг хэсэг бусаг улсын шантаажаар гацсан төсөл. Цөмийн эрчим хүчийг дэлхий нийтээрээ илүүд үзэх болсон, атомын энерги цаашдаа ч моодонд байх нь тодорхой ийм үед ураны төслөө хөдөлгөвөл эдийн засагт том хөшүүрэг болно.

Шатдаг занар дээр Америкийн “Жени ойл” төсөл хэрэгжүүлэх гэж ирээд мөн л толгойгоо сэгсрээд Монголыг орхисон. Газрын тосыг зах зээлээс шахах ирээдүйтэй бүтээгдэхүүн гэгдэж буй занар дээр хамгийн шилдэг технологитой нь АНУ. Технологио ашиглаад занарыг чинь олборлож, нүүрс, зэснээс өөр доллар олдог сувагтай болгоё гээд зориод ирэхэд нь орон нутгийн феодал дарга нар хэсэг бүлэг иргэд, иргэний хөдөлгөөн, эх оронч бүлэглэлтэйгээ нийлж шантаажилж, дарамталж, эсэргүүцсээр байгаад хөрөнгө оруулагчдыг төслөө орхиход хүргэсэн нь бодитой үнэн.

Хайгуулаас гадна олборлолтын төслүүд ч мөнгө нэхсэн засаг ноёд, иргэд, бүлэглэлийн шантаажаар хөдлөхгүй гацсан жишээ олон бий. Сүүлийн тод үйл явдал нь Ноён уулын эргэн тойронд өрнөсөн. Канадын “Сентерра голд”-ын хэрэгжүүлэх гэсэн алтны төсөл мөнгө нэхсэн орон нутгийнхан, иргэний хөдөлгөөнийхний балгаар өнөөг хүртэл гацаад буй. Сүүлдээ гуравдагч орны цөөхөн хөрөнгө оруулагчдын нэг болох “Сентерра голд” лицензээ зараад Монголыг орхисон.

Ер нь орон нутагт уул уурхайг эсэргүүцэх нь хавтгайрсан үзэгдэл болчихсон. Манайх шиг уул уурхайн орлогоо авилгаас ангидаар улсын хөгжилдөө шингээх улс төр, засаглалын чадавхи сул орнуудад уул уурхай орон нутгийн хурган дарга нарын дэмжлэгийг авахад асар хүнд, бараг боломжгүй гэсэн гутранги дүгнэлтийг салбарын шинжээчид хэлдэг юм билээ. Ганц эм уугаад эмчлэх хэмжээний хялбар согог биш, маш олон шалтгаан хавсарч нөлөөлдөг ч гэлцдэг. Байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудын хувьд цөөн хэдэн ашигт малтмалаас хэт хамааралтай гэсэн нийтлэг зураг харагддаг. Өнөөхөө зарж олсон олон тэрбум ам.долларын орлогыг эдийн засаг, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт болгож чадахгүй улстөрийн хэрүүл тэмцэлтэй аж төрдөг гэсэн онцлог бас бий.

Манай улс уг нь холбооны гэсэн тодотголгүй. Холбооны улсын тухайд муж муждаа дүрэм хууль зохиогоод аж төрдөг бол Монголын хувьд аймаг аймгийн засаг ноёдод тусдаа хууль, дүрэм зохиох эрх байхгүй. Засгийн газраас шийдвэр гарсан л бол орон нутгийн засаг дарга, ИТХ-ын удирдлага толгой дохиод суух учиртай. Геологи уул уурхайн хайгуул, олборлолтын төслүүд засгаас зөвшөөрлөө авсан л бол саадгүй хэрэгжиж байх ёстой л доо, засаглалаа харвал. Гэвч энэ зарчим эсрэгээрээ хэрэгждэг зовлон төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор байна. Нуулгүй хэлэхэд Засгийн газар нь ч орон нутгийн даварсан засаг ноёддоо үг хэлж, хариуцлага тооцохгүй өөгшүүлээд суугаа анзаарагддаг. Хачирхмаар нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг том хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлэх гэж буй төслүүд дээр ийм зураг маш тод харагддаг. Эхлээд орон нутгийн засаг ноёд, хэсэг бүлэг иргэд, хөдөлгөөнүүд эсэргүүцнэ, дараа нь Засгийн газар нь дуугарахгүй суусаар хөрөнгө оруулагчдыг төслөө орхиход хүргэдэг. Бүр гайхмаар нэг хандлага засаг төрийн өндөр суудалд суусан эрхмүүдэд байдгийг онцлохгүй орхиж болохгүй. Уул уурхайг муухай харагдуулдаг “нинжа” нарын эсрэг орон нутгийн хурган дарга, Засгийн газрын тэргүүн, цаашлуулж яривал попрох дуртай, уул уурхайд харшилтай эх оронч улстөрчид ч ганц үг ганхийдэггүй. “Нинжа” нарын ард эрх мэдэлтнүүд байдаг, мөнгө ашгийг нь хүртдэг жинхэнэ эзэд нь улстөрчид гэсэн хардлага яриа бий. Сая онцолсон ажиглалтыг харахаар үнэнд ойрхон хардлага санагддаг юм. Хариуцлагагүй уул уурхайн жинхэнэ буруутнууд бол “нинжа” нар.

Уул уурхай хариуцлагагүй боллоо гэж шүүмжилдэг хэрнээ хариуцлагагүй уул уурхайн гол баатруудыг өөгшүүлж суугаа орон нутгийн хурган дарга нар, засаг төрийн эрх мэдэлтнүүдэд дайх нэг л үг байна. Энэ улсын эдийн засгийн талаас хол илүү хувийг уул уурхайн салбар нуруундаа үүрдэг. Хамгийн хүнд ачааг нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж яваа том компаниуд үүрч яваа. Уул уурхайгаа томруулж, эрчтэй хөгжүүлэхийн тулд хайгуулаа эрчимжүүлэх учиртай. Хайгуулын төслүүдээ гацаагаад байвал уул уурхай хөгжихгүй, улсын эдийн засаг томрохгүй. Тэгэхээр хайгуулын төслүүдийг гацаадаг орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцож хатуу сануулга өгмөөр байна, Ерөнхий сайд аа. Ингэж чадвал та илүү эх оронч, сүртэй, хүчтэй харагдана.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хавар тариа тарьж, намар ургац хураадгийг сануулдаг хүн байдаг л байгаа даа, энэ засагт!

Попууд эрх мэдэлд хүрэхээрээ яадгийг яруу тод харуулж байна, энэ засаг. Наадам хүртэл манийгаа ямар ч гэсэн уйдаахгүй нь бололтой. Уул уурхайн бизнесийг төрд хурааж авна л гэнэ. С.Зоригийн алуурчныг суллана л гэнэ. Сүүлдээ бүр Их тэнгэрээс алга болсон зурагны эрэлд мордоцгоосноо сүр дуулиантайгаар зарлав. Попуудын дэмийрэл ингээд зогссон бол яахав гэхсэн. Гэтэл улам л ахих янзтай. Одоо бүр эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайнхантай ахиад ч үзэлцэнэ гэж баатрын дүр эсгэцгээж сууна. Хатуухан хэлэхэд суусан мөчрөө хөрөөдөх гэж яарах муйхар тэнэгээс ялгаа алга, дээр суугаа хэд маань. Дахиад буу шийдэм агсаж “Тусгай ажиллагаа-3, “Тусгай ажиллагаа-4” гэх мэтээр үргэлжлүүлэх юм байх. Эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг том салбартаа дайн зарлах нь хэнд хохиролтой болоод ямар хүмүүст ашиг өгөх вэ? Асуултын хариу тов тодорхой. Уул уурхайн компаниудын өгсөн татварын мөнгөөр хүүхэд нь сургууль цэцэрлэгт явж, өөрсдөө цалин хөлсөө авч, эмнэлэг, сувиллаар үйлчлүүлж яваа энгийн иргэд хамгийн том хохирогчид болно. Сургуулиуд цалингаа тавихаа больж, эмнэлэг хаалгаа баривал иргэн Бат, Дулмаа л хохирно.Уул уурхайн бизнесийг төр булааж авснаар хожих хүмүүс нь цөөхөн. Товчхондоо төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа цөөхөн хүний л халаас түнтийнэ.

Попуудын элийрэл “Өмч хувьчлалыг дахин шалгана” гэх балайрлаар үргэлжилж байна. Нэгдлийн малыг буцааж төлүүлнэ л гэнэ. Энэ хадуурлыг нь алга ташиж дөгөөгөөд байвал хувьчилсан орон сууцнуудыг хураана гэж дөвчигнөж ч мэднэ. Тэглээ гэхэд гайхах юм үнэндээ алга. 7000 ам.долларын өртэй бол гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэнгүүт нь хилээр гаргахгүй л гэнэ. Өнөө хөрөнгө оруулагчид нь байсхийгээд өөрчлөгддөг хууль, бодлогын тогтворгүй орчин, поп голдуу улстөрчдөөс залхаад аль хэдийнэ гараад явчихаад байхад шүү дээ. Том мөнгө хийж, их бүтээн байгуулалт өрнүүлчихсэн тулдаа Оюу толгой л тэсч үлдээд байгаа. “Рио”-гоос өөр гар сунгах том хөрөнгө оруулагчгүй өчнөөн оныг үдэж байж “Хөрөнгө оруулагчдыг ингэж, тэгж шийтгэнэ” гэж хөмсөг зангидсан шигээ суугаа нь бас л том муйхарлал шүү.

Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Лу.Болд, Т.Аюурсайхан тэргүүтнүүд сүргийн манлай болж попорч давхилдаад, Хүүк араас нь гуугалж дөгөөсөн зураг сүүлийн хэдэн сар үргэлжиллээ. Харамсалтай нь энэ дүр зураг цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой байна. Улстөрчдийн попролтыг фэйсбүүк, сошиалын хар масс давалгаалж түрээд өнгөн талдаа бол жигтэйхэн сүртэй харагдаж байна л даа. Цаад шалтгааныг нь ухаад харвал хөгжилд дэм болохоосоо тээг тарьсан хандлага. Товчхондоо орондоо ч орох завгүй олзлолдон тэмцэлдэж байна, манай попууд.

Гэхдээ улс орон зөвхөн попролтын давлагаагаар амьдардаггүй гэдгийг шаргал ордонд тухалсан хэдээс ойлгож ухаарсан нь хэд бол. Өнөө ид өрнөж буй популизмын халуурлаас анзаарахад лав улс орныхоо амьдралд санаа зовж суугаа хүн алга. Улс орны эдийн засаг гэж том ойлголт бий. Бүтээн байгуулалт өрнөж байж эдийн засаг өнгөтэй өөдтэй, амьтай сэхээтэй урагшилдаг. Том төслүүд хөдөлж, хэрэгжиж гэмээнэ иргэд ажилтай, орлоготой, амьжиргаа дажгүй аж төрдөг. Ингэж байж улс орны тусгаар тогтнол амь бөхтэй оршдог. Манай попчдоос энэ үнэнийг ойлгож, сэхээрч суугаа хүн өнөөхөндөө харагдахгүй байна. Ядахдаа хавар тариа тарьж, намар хурааж авна гэдгийг сануулж хэлэх хүн энэ засагт байдаг л байгаа даа.

Бидний авсан мэдээллээр бол өнөө жил 367.7 мянган га-д улаан буудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм билээ. 10 мянган тонн үр дутагдана гэсэн мэдээллийг ХХААХҮЯ-наас өгөөд хэд хонолоо. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалалтад зориулан гаргах үрийн буудайг 20-30 хувийн урьдчилгаатай олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэх яриа хөөрөө өрнөж байгаа дуулдсан.

Улстөрчдийн дунд лав хаврын тариалалтын тухай сөхөж ярих сөхөөтэй хүн алга. Жилийн жилд тариалалтад ашиглах техник хэрэгслийн засварын асуудал яригддаг. Энэ хавар ч техник хэрэгслийн засварт шаардагдах мөнгөний хэмжээ яригдаад эхэлчихэж. Техник шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 24.5 сая ам долларын үнэ өртөгтэй текникүүдийг 10 хувийн урьдчилгаатайгаар олгож эхлэх яриа хөөрөө яамны хүрээнд өрнөж байна. За тэгээд хаврын тариалалтын үеэр хэрэглэх шатахууныг халаас нимгэн, бэлэн мөнгөөр дутмаг тариаланчдад яаж, ямар нөхцөлөөр, хэдэн төгрөгөөр олгох вэ гэдэг том асуудал бий. УИХ-ын гишүүд, Засгийн сайд нар, үгүй ядах нь ээ салбарын сайд нь өнөөдөр ийм зүйл яриад суух учиртай.

Ч.Улаан сайдын хувьд өдийд ягаарсхийгээд попорч яваа нь тодорхой. Хэтээсээ ч поп улстөрчдийн жагсаалтад дээгүүр давхидаг нөхөр л дөө. Попорч яваа ч гэлээ насаараа сайд хийсэн юм байна, эрхбиш дутуу үрийн будаагаа яаж нөхөх тухай бодож суугаа байлгүй дээ. Ядаж попроод завгүй яваа өнөөдүүлдээ “Та минь ээ, энэ улс орны чинь ажил хэцүүдлээ. Хаврын тариалалтаа яах тухай ярья” гэж сануулах байгаа.