Путиныг далайд шумбаж сүйрсэн хөлөгт хүндэтгэл үзүүлж явах зуур Москвад мянга гаруй жагсагчийг баривчилсан мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхааралд байна. Харин хойд хөршийн голлох мэдээллийн сувгууд энэ үйл явдлыг мэдээлсэнгүй. Элдэв шоу, концерт цацсан шигээ өнжив. Ирэх намар болох хотын зөвлөлийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчийг бүртгэлгүй хассан нь москвачуудыг жагсахад хүргэсэн юм. Ер нь хойд хөршийн сонгууль нэг том дохиурын дор болсоор ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Путин засаглалынх нь эхний жилүүдэд ийм аргаар эрх мэдэлд хүрсэн “хүнд гар”-уудаасаа салах гэж үйлээ үзэж байгаа тухай мэдээлэл дуулдаж л байдаг.
Москвагийн жагсаалтай зэрэгцсэн бас нэгэн жагсаал Хонгконгод өрнөж буй. Сарын өмнөөс сая орчим хүний эсэргүүцлээр эхэлсэн жагсаалын хүч өнөөг хүртэл суларсангүй. Хонгконгчуудын жагсаал өнөөдөр ч олон улсын анхааралд байна. Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн гэж сэжиглэгдэж буй хэнийг ч Хонгконгоос эх газрын Хятад руу шилжүүлэх агуулгатай хуулийн төслийг тэд эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төсөл батлагдвал авлига, эрүүгийн хэрэгтнүүдээс гадна хүний эрхийн төлөө тэмцэгчдийг ч хоморголон баривчилж, Хятад руу шилжүүлэх эрсдэлтэй гэсэн болгоомжлолыг жагсагчид онцолж байгаа. Ямартай ч жагсагчдыг нулимс асгаруулах хий ашиглан тараасан гэж олон улсын мэдээллийн агентлагууд онцоллоо. Төчнөөн хүн бэртэж гэмтсэн гэх мэт нарийн ширийн мэдээлэл өнөөхөндөө алга. Эсэргүүцэл энэ янзаараа дарагдахгүй хүчээ авбал Бээжин хяналтаа чангатгаж магадгүй гэсэн таамаг шинжээчдэд байна.
Хонгконгчууд өмнө нь 2003 онд Улсын аюулгүй байдлын тухай хуулийг Бээжингийн сонирхолд нийцүүлэн батлах гэж байна хэмээн эсэргүүцэн жагссан түүхтэй. Тухайн үед жагсагчид “Хэрвээ энэ хууль батлагдвал Хятадын эрх баригчдын зүгээс автономит нутаг дэвсгэрийн дотоод хэрэгт тавих хяналт нэмэгдэж, ардчилсан эрх, иргэдийн эрх чөлөө боомилогдоно” гэцгээж байв. Эсэргүүцлийн жагсаалаас болж тухайн үед яригдаж явсан хуулийн төслийн хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшилж байлаа. Хонгконгчуудын бас нэг жагсаалыг онцлохгүй орхиж болохгүй. Оюутнууд нь таван жилийн өмнө сонгуулийн системийг ардчилсан болгохыг шаардаж, 79 өдрийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай. Тэр жилийн оюутнуудын эсэргүүцэл дэлхийн түүхэнд “Шүхэрт хөдөлгөөн” гэдэг нэрээр үлдсэн юм.
Тоймлоод харвал урд, хойд хөршийн иргэд ардчилал, эрх чөлөө, шударга сонгуулийн төлөө жагсаал зохион байгуулж, удирдагчид нь иргэдийнхээ жагсаалыг албадан тарааж, мянга давсан хүнийг баривчилж хорьж байна. Бусад улсаас илүү бидэнд хамаатай үйл явдлууд. Бүр хачин их хамаатай үзэгдэл. АНУ-д төвтэй “Фрийдом хаус”-ын “Эрх чөлөөний газрын зураг” дээр манайх хавь ойрынхоо улсуудаас цор ганцаараа ногооноор тэмдэглэгддэг. Дэлхий даяараа Азийн Монголыг “Ардчиллын баян бүрд” гэдэг нь цаанаа ийм учиртай. Тус байгууллагынхан сүүлийн арваад жилийн турш эрх чөлөө нь хумигдах улс орнуудын тоо нэмэгдсээр ирснийг хоёр жилийн өмнө онцолж байлаа. “Фрийдом хаус” иргэний, улс төрийн эрхийн судалгааг жил бүр явуулж, дэлхийн улс орнуудыг 1-7 хүртэл оноогоор дүгнэдэг. Ингээд эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангиллаар ардчиллыг хэмжчихдэг. Тэдний судалгаагаар хуучин соц лагерийн орнуудаас Төв, Зүүн Европын Чех, Польш, Монгол л эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтдаг юм. Бүр тодруулж хэлбэл Европт орших өнөө хоёрыг эс тооцвол тивдээ, бүсдээ бид ганцаараа эрх чөлөөтэй, ардчилалтай цор ганц улс. Зүүн хойд Азиасаа гэж яривал Өмнөд, Солонгос, Япон бас “ногоон арал”. Өөрөөр хэлбэл хоёр хөршөөсөө ялгарах бидний маш том онцлог, давуу тал энэ. Бид ардчилалтай, зах зээлийн эдийн засагтай, эрх чөлөөнийхөө хувьд “ногоон арал”.
Гэхдээ нөгөө талаас нь харвал ардчилал их эмзэг. Тэр дундаа манайх шиг хавь ойрдоо ганцаараа эрх чөлөөгөө тунхагласан жижиг улсын ардчилал бүр эмзэг. Хөршүүд нь дэлхийн их гүрнүүд гэсэн өнцгөөс ажвал хээрийн шувууны өндөг шиг сүүдэр тусгахгүй хамгаалах учиртай эрхэм нандин зүйл. Манайх шиг эрх чөлөөг оройдоо залсан, чөлөөт эдийн засагтай дажгүй хөгжиж яваад уруудсан улсын жишээ цэнхэр гаригт цөөнгүй. Улиг болтол давтагддаг наад захын жишээ гэхэд л Венесуэл. Газрын тосны их нөөцтэй энэ улс цагтаа дэлхийн том эдийн засгуудын нэг байсан ч хүчтэй ганц удирдагчийн олон жилийн хаанчлал энэ улсыг үгүй хийчихсэн. Өнөө удирдагч нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, хөрөнгө оруулсан төсөл бизнесийг нь хурааж авч, иргэддээ орон сууц тарааж хэсэгтээ бужигнуулсан. Орон сууцтай, зүгээр сууж байгаад дажгүй амьдрах бололцоотой болсон нийт олонх Мадурог үг хэлэх бүрд л алга нижигнүүлж явсан даажинтай үнэн Венесуэлийн өнгөрсөн түүхэнд бий. Одоо тэнд инфляци өчнөөн тэгтэй тоогоор хэмжигдэж, иргэд нь даржин аж төрж, арай дажгүй сэхээлэг хэсэг нь эх орноосоо дүрвэж байна.
ОХУ ч ялгаагүй Путин засаглалаа тогтоож тэрбумтнуудаа шоронд хийж, төрд бүхнийг гэсэн уриа хүчээ авч эхэлснээс хойш байдал эвгүйдсэн. Өнөөдөр Оросын эдийн засаг хэцүүхэн байгааг учир мэдэх эдийн засагчид сануулаад, онцлоод эхэлчихсэн. Ямар сайндаа л москвачуудыг талхаар хангадаг том үйлдвэрийнх нь ажилчид хэдэн сар цалингаа аваагүй гэж ажил хаяж өлсгөлөн зарлахав. Москвачуудыг талхаар нь тасалж байж үйлдвэрийн ажилчид цалинтайгаа залгасан нь ердөө саяхны үйл явдал. Хойд хөршийн эдийн засаг хэцүүдэж, рублийн ханш шал арчих болсон шалтгааныг холоос хайх шаардлагагүй. Бизнест нь төрийн оролцоо хүчээ авч, төр бүхнийг чадагч супермэн болсны л гэм. Урд хөршийн тухайд дэлхийн том эдийн засгийн нэг ч сүүлийн үед тод анзаарагдах болсон нэг үзэгдэл нь хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж байгаа.
Төрийн оролцоотой хүчирхэг компаниудын давамгайлал энэ улсын эдийн засагт муугаар нөлөөлж эхэлсэн гэсэн дүгнэлтийг учих мэдэх улс хэлээд эхэлчихлээ. Төрийн компаниудаа нэгтгэлээ, томрууллаа, төрийн өмчийн ийм тийм компани байгууллаа гэсэн агуулгатай мэдээлэл давтамжтай дуулдах болсныг уншигч та ч анзаарсан байх.
Эрчээ алдахгүй яваа том эдийн засагтай улсуудын түүхийг сөхөхөд зах зээлээ жамаар нь хөгжүүлсэн орнууд л гялалзаж яваа анзаарагддаг. Улстөрчид нь төрд бүхнийг, хүчирхэг төр гэж цээжээ дэлдэж, баялаг бүтээгч, том компаниудаа адалж, өнөөхийг нь иргэд нь олонхиороо дэмжээд алга ташаад эхлэхээр алсдаа байдал бишиддэгийг Венесуэл, ОХУ зэрэг улсаас харчихаж болно. Манайд ч иргэдийнхээ эрх, бизнесийн эрх чөлөөг уландаа гишгэсэн энэ улсуудын эхэн үеийн попрол анзаарагдаад удаж байгаа. Манай эрх баригчид том төсөл эхлүүлсэн улстөрчдийг толгой дараалан баривчилж, томоохон компанийн захирлуудын гарт гав зүүж, үндэсний компанийнхаа хөрөнгийг хураана гэсэн сүржин мэдэгдэл хийж, гадны ганц том хөрөнгө оруулагчаа байсхийгээд дуэлд дуудсан шигээ аж төрцгөөж байна, өнөөхөндөө. Хамгийн эмзэглэмээр нь удирдагчдын энэ үйлдэлд олонх алга ташицгааж байна. Анзаарч харахаар л өнцөг.