-Нинжа нараас болж уул уурхайг бүхэлд буруутгах хандлага ажиглагдаж эхэлснийг “Дисковер Монголиа”-гаар хөндөнө-
Монголын уул уурхайн
үндэсний ассоциацийн
Удирдах зөвлөлийн дарга
А.Билгүүнтэй ярилцлаа.
-Уул уурхайн салбарт тулгамдаад байгаа гол
бэрхшээлүүдээс ярилцлагаа
эхэлье?
-Уул уурхайн салбарынханд
тулгараад буй хоёр гол асуудал
байна. Эхний асуудал нь хөрөнгө
оруулагчдын анхаарлыг Монгол
руу татах. Хоёр дахь асуудал
нь иргэдэд уул уурхайн талаар
бодит мэдээлэл хүргэх. Сошиал
медиагаар худал мэдээлэл
түгээд эхэлчихсэн. Уул уурхайн
салбарынхан өөр зуураа учраа
олох асуудлууд ч бий. Монголын
уул уурхайн ассоциаци саяхан
“Хариуцлагаар нэгд” гэдэг
хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ
хөдөлгөөнд анх найман компани
нэгдсэн бол одоогоор таван
компани нэмэгдээд байна. Орон
нутгийн иргэд уул уурхайн
талаар зөв мэдээлэлтэй
болох хэрэгтэй байгаа. Зөв
мэдээлэлтэй болохын тулд
хариуцлагатай компаниудыг
хариуцлагагүйгээс нь ялгах
шаардлага бий. Хариуцлагагүй
үйл ажиллагаа их гэдгийг
хүлээн зөвшөөрнө. Тэр дундаа
алтны шороон ордууд дээр их
байгаа.
-Нинжа нарыг хэлж байна
уу?
-Олны нэршсэнээр бол
тийм л дээ. Нинжа нарын үйл
ажиллагаанаас болоод уул
уурхайн салбарын нэр хүнд
тэр чигтээ сэвтэх байдалд
хүрчихээд байна. Энэ асуудлыг
өнөө жилийн “Дисковер
Монголиа”-гаар онцолж
хөндөнө. Би Монголын уул
уурхайн үндэсний ассоциацийн
удирдах зөвлөлийн даргын
хувьд илтгэл тавина. Олон
нийтийн нүдээр уул уурхайн
салбар яаж харагдаж байгаа
талаар онцолно. Энэ хүрээнд
хоёр асуудал хөндөнө. Нэгдүгээрт монголчуудын хэл,
соёлын ялгаатай байдлаас
үүдээд уул уурхайн салбарыг
сөргөөр харах өнцөг бий
болчихлоо л доо. Гадны жишээг
харахаар уул уурхайн салбарыг
олборлох салбар гэдэг. Гэтэл
манайх уул уурхай гээд буруу
орчуулаад хэрэглэчихсэн.
Монгол хүмүүсийн сэтгэхүйд
уул гэдэг үг өөр утгаар буудаг.
Уул ус гэж ярьдаг. Тэр утгаараа
маш эмзэг ойлголт. Уулаа
тахидаг, байгалиа сүсэглэдэг
ард түмэн болохоор уул уурхай
гэдэг үгэнд эмзэг ханддаг. Буруу
хэрэглэгдээд яваа өөр нэг
нэршил нь байгалийн баялаг
гэсэн үг. Олон улсын туршлагаар
бол газар доор байгаа
эрдсийг байгалийн нөөц гэж
тодотгодог. Хоёр дахь асуудал
нь байгалийн доройтолтой
холбоотой. Дэлхийн бүх
л улсад тулгарсан асуудал.
Монголд ч ялгаагүй бэлчээр,
ус тулгамдсан асуудлын нэг.
Манай улсын бэлчээр 1980-
аад оноос өнөөг хүртэл 30
орчим хувиар хорогдсон гэсэн
статистик бий. Шалтгааныг нь
судлаад үзэхээр сүргийн бүтэц
өөрчлөгдсөн гэх мэт малчдын
ахуйгаас үүдсэн асуудлууд
зонхилдог.
-Нөгөө талд малчид, орон
нутгийн иргэд уул уурхай л
бэлчээр усгүй болголоо гэсэн
тайлбар хэлдэг. Ингэхэд нийт
газар нутгийн яг хэчнээн
хувьд уул уурхайн үйл
ажиллагаа явагддаг юм бэ?
-Маш бага тоо гардаг.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
гэхэд нийт газар нутгийн нэг
хувийг эзэлдэг. Монгол Улсын
нутаг дэвсгэрийн ихэнх хувийг
бэлчээр эзэлдэг. Бэлчээр
хорогдож байгаагийн үндсэн
шалтгаан нь малын тоо
толгойны огцом өсөлт. Ямааны
тоо толгой огцом өссөн, сүргийн
бүтэц алдагдсан гэсэн том
шалтгаан бий. Өөр нэг онцолж
яримаар зүйл нь манай улсын
аж үйлдвэрийн салбарын
бүтэц. Аж үйлдвэрийн салбар
байгалийн баялаг дээр л голлож
суурилдаг. Мал аж ахуй, хөдөө
аж ахуй, ашигт малтмал гэсэн
бүтэцтэй. Гурвуулаа байгаль
дээр суурилсан салбарууд.
Энэ гурван салбар тус тусдаа
хэдий хэмжээний газар нутгийг
эзэлсэн үйл ажиллагаа явуулж
байна вэ гээд харахаар уул
уурхайн салбарынх маш
өчүүхэн. Өнөө хоёр нь маш
том хэмжээний газар нутаг
хамардаг. Тэр хэрээр хөдөө аж
ахуй, газар тариалангаас үүдэж
байгаль орчинд тулгарч буй
бэрхшээл, асуудал их байдаг.
Энэ бүх асуудлыг уул уурхайн
салбар руу автоматаар наагаад
байна л даа.
-Юм л бол уул уурхай
буруутай гэсэн хандлага ч
тод анзаарагддаг шүү. Баримт
судалгаатай хармаар юм
байна…?
-Харин манай салбарынхан
бүх зүйлд тоо судалгаа, баримт
нотолгоотой хандъя гэсэн
санал дэвшүүлж байгаа. Энэ
чиглэлд түлхүү ажиллаж, бодит
мэдээлэл өгөх талд анхаарч
ажиллана гэсэн чигтэй яваа.
-Уул уурхайн салбар
эдийн засгийн 60 гаруй хувийг
нуруундаа үүрч яваа гэдэг
утгаар эрдсийн үнэ дэлхийн
зах зээл дээр ямар байх вэ
гэсэн асуулт олны анхааралд
байдаг. Зэс, алт, нүүрсний үнэ
ямархуу байх зураг харагдаж
байна вэ?
– Хятад Америкийн
худалдааны дайн яах нь
тодорхойгүй хэвээр байна.
Ийм шалтгаанаар зэсийн үнэ
унасан. 5600 ам.доллар байсан
ханш 5100 рүү орчихсон. Оны
дунд үед дөрөв, тавдугаар
сард дээд цэгтээ хүрээд
одоогийн байдлаар уначихаад
байна. Зэсийн үнэ унасан
нь шалтгаантай. Хятадын
эдийн засгийн тэлэлтийн
хурд харьцангуй багасчихлаа. Хятадын аж үйлдвэрийн салбар
өмнөх шигээ хурдан тэлэхгүй
нь гэсэн хүлээлт үүсээд байна.
Нөгөө талд худалдааны
дайн Америкт бас сөргөөр
нөлөөлөөд эхэллээ. Америкийн
хөрөнгийн зах дээр яах аргагүй
дараагийн бууралт ажиглагдах
нь тодорхой болчихлоо.
Төд удалгүй эдийн засгийн
хямрал болно гэсэн хүлээлт
бий. Энэ бүхэн аж үйлдвэрийн
салбарт хэрэглэгддэг эрдсийн
бүтээгдэхүүнүүд, тэр дундаа
нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх
хандлага байна. Өнөөдөр өрнөж
буй үйл явдлын сөрөг тал нь
гэвэл энэ.
-Эерэг тал гэж байна уу?
-Мэдээж эерэг тал бий.
Геополитикийн асуудал их болох
тусам, хөрөнгө оруулагчид
ирээдүйг зөвөөр тодорхойлох
магадлал багасах тусам үнэт
металлын үнэ өсч байдаг. Алт
мөнгөний үнэ сайжирч байна.
Алт мөнгөний үнэ сайжрах нь
манайд ашигтай. Алт оны эхэнд
1200 ам.доллар байсан. Одоо
1510 гарчихаад явж байна. Үнэт
металлуудын энэ өсөлт Монгол
шиг дэд бүтэц тааруухан хөгжсөн
улсад боломж өгдөг. Төмрийн
хүдэр, нүүрс, зэсийн тухайд
их хэмжээгээр тээвэрлэдэг
онцлогтой. Төмөр зам гэх
мэт их хэмжээний хөрөнгө
оруулалт шаардсан дэд бүтэц
шаарддаг. Үнэт металлын
хувьд уурхайгаас гаргаж
байгаа эцсийн бүтээгдэхүүн нь
овор бага гэсэн онцлогтой. Нэг
ордын хувьд сард ганц алтан
гулдмай л гарч байгаа. Ийм
онцлогтой бүтээгдэхүүнийг
онгоцоор тээвэрлээд байж
болно. Дэд бүтцээс хамаарал
багатай гэсэн үг. Хоёрдугаарт,
хаана л бол хаана манай алтыг
авах боломжтой. Тэр утгаараа
манай алтны салбар, тэр
дундаа үндсэн ордын салбар
харьцангуй боломжийн үе ирж
байна.
– Гадны хөрөнгийн
биржид бүртгэлтэй Монголд
үйл ажиллагаа явуулдаг
компани гэхээр уул уурхайн
салбарынхан л байдаг.
Уул уурхайн компаниудын
хувьцааны ханш ямархуу
байна?
– Монголыг хөрөнгө
оруулагчид нөгөө л гурван
оронтой тоонд буюу 100-200
хувийн өгөөж хүртэж болохуйц
өндөр эрсдэлтэй бөгөөд өндөр
өгөөжийн орчин гэж харсан
хэвээр байгаа. Өгөөжийн
орчныг бүрдүүлж буй салбар
нь хайгуул. Огт үнэ цэнэ байхгүй
хайгуулын талбай дээр очоод
тодорхой хэмжээний орд байх
магадлалтай гэсэн мэдээлэл
гаргана гэдэг бол анхны хөрөнгө
оруулалтаа хэд дахин нугалах
боломж олгодог. Тийм болохоор
хөрөнгө оруулагчид Монголд
орж ирсэн хэвээрээ байна.
Уул уурхайн салбараа хоёр
хуваагаад үзвэл нэгдүгээрт
нь хайгуулын салбар багтана.
Хоёрдугаарт нь ашиглалтын
салбар жагсана. Ашиглалтын
салбарын нөхдүүд ихэнхдээ
олон улсын металлын үнэ,
уул уурхайн салбарын хөрөнгө
оруулагчдын хүлээлтээс
шалтгаалсан хүчин зүйлүүдэд
татагдсан хэвээр байна.
Олборлолтын салбар дээр нэг
том гацаа үүсгэж буй, асуултын
тэмдэг тавьж байгаа зүйл нь Оюу толгойг 66 хувийг эзэмшигч
“Туркойз хилл”. “Туркойз хилл”-
ийн Америк дахь хувьцаа
нь 45 цент болж уначихаад
байна. Хамгийн доод талдаа
40 цент хүрсэн. Жилийн өмнө
хоёр доллар 18 цент байсан
хувьцаа ингэж уначихаад
байгаа. Томоохон, олборлох
үе шатандаа яваа компаниудад
хөрөнгө оруулдаг нөхдийн ихэнх
нь “Туркойз хилл”-ийн хувьцааг
эзэмшсэн байдаг.
-“Туркойз хилл” Монголын
хөрөнгийн барометр
болчихсон гэж ойлголоо…?
-Яг тийм. Өмнө нь “Туркойз
хилл”-ийн хувьцааны ханш
улс төрийн үйл явдлаас
шалтгаалж унадаг байсан
бол энэ удаад харьцангуй
өөр өнгө харагдаж байна.
Оюу толгой дээр үүсчихээд
байгаа техникийн нөхцөлөөс
шалтгаалаад хувьцааны ханш
унасан хандлага анзаарагдаж
байгаа. Хөрөнгө оруулагчдын
тухайд “Туркойз хилл”-ийн
хувьцаа унахад л улстөрчдөд
бурууг нь тохдог байсан бол
өөр. Төслийн техникийн хүчин
зүйлээс шалтгаалаад ханш
уналаа гэсэн сигнал өгч байна.
Харьцангуй бодит ойлголттой
болж эхэлж байна л даа. Манай
бодлого боловсруулагчид
өөрсдийнхөө чадлаар л гадны
хөрөнгө оруулагчдыг оруулж
ирэх гэж оролдож явааг хөрөнгө
оруулагчид ойлгож байна. Ийм
эерэг гаргалгаа бас бий.
-Манай улсад хэрэгжиж
байгаа хайгуулын гэрэлтэй
гэгээтэй төсөл гэвэл ямар
төслийг онцлох вэ?
-Хайгуулын төсөл хоёр
янз. Нэгдүгээрт нь орд
илрүүлээгүй, илрүүлэх гээд
явж байгаа компаниуд. Ийм
компаниудын дунд яах аргагүй
хамгийн их хөрөнгө оруулалт
босгож чадаж байгаа компанийн
нэг нь “Кинкора”. Өмнөговьд
Оюу толгойтой тэнцэхүйц том
орд илрүүлнэ гээд миний л
мэдэхээр долоо найман жил ажиллаж байгаа компани.
Хэтийн төлөв сайтай байж
магадгүй компаниудын нэг.
Одоогийн байдлаар том нөөц
олж чадаагүй. Гэхдээ компанийн
алсын хараа тодорхой.
Өмнөговийн геологийн бүсэд
Оюу толгой шиг орд байх
магадлалтай гээд хайгуулаа
үргэлжлүүлж байна. Өмнөговьд
шинээр үйл ажиллагаа
явуулахаар нэг компани орж
ирж байгаа. Тэр нь Австралийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй
“Эликсир энержи” гэж компани
бий. Нүүрсний давхаргын
метан хийн нөөц илрүүлэх
зорилготой компани. Өнөөгийн
байдлаар олж илрүүлсэн том
нөөц байхгүй, зардал гаргаад
яваа. Нөгөө талд ахисан шатны
хайгуулын компаниуд бий. Ийм
компанид “Занаду”, “Эрдэнэ
ресурс”, “Аспайр майнинг”
багтана. “Занаду”-гийн хувьд
Хармагтайн зэсийн профирийн
ордыг илрүүлчихсэн. Мөн алтны
хүчилтөрөгчийн исэлдэлтэд
орсон орд байна гэдгийг
тогтоогоод ашиглах боломжтой
эсэх дээр судалгаа эхлүүлсэн
яваа. “Аспайр майнинг”-ийн
хувьд Хөвсгөлийн Овоотын орд
дээр сайн чанарын нүүрсний
нөөцийг тодорхойлчихсон.
Тухайн нөөцийг олборлоод
зах зээлд хүргэх шийдлүүдээ
гаргасан. ТЭЗҮ-ийн шатандаа
яваа. Гурав дахь компани нь
Монголын Хөрөнгийн биржид
хувьцаагаа гаргасан “Эрдэнэ
ресурс”. Хөндийн алтны төсөл
гээд өндөр агуулгатай алтны
үндсэн ордыг Баянхонгорт
илрүүлсэн. Мөн л ТЭЗҮ-гийн
шатанд явж байна. 2020 оноос
төслийн санхүүжилтээ босгоод
барилгын ажлаа амжилттай
хийж чадвал 2021 оноос алтны
үндсэн ордоо ашиглах боломж
бүрдэнэ.
-Хөрөнгө оруулалтын
орчин сайн байвал сэвхийгээд
босоод ирэх чадамж
хайгуулын салбарт бий юу?
-Байхаар барах уу, БНХАУ
жилд олборлодог алтныхаа
хэмжээгээр тэргүүлэгч улс.
ОХУ гуравт нь жагсдаг.
Монгол Улс 21-т байдаг. Бид
чулуулгийн адилхан бүсэд
оршдог. Ийм байтал яагаад
алтны олборлолтоор дэлхийн
топ аравт орж болохгүй гэж.
Алт олборлоно гэдэг чинь
хатуу валют олборлож байна
гэсэн үг. Монголд алтны үндсэн
ордын хайгуул төдийлөн сайн
хийгдээгүй. Алт олборлолоо гэж
ярьж байгаа ч алтны шороон
орд дээр ажилладаг. Шороон
ордны хувьд нэгдүгээрт нөөц
багатай. Хоёрдугаарт байгаль
орчны тухайд асар сөрөг үр
дагавартай.
– Үндсэн орд хайж
илрүүлж, ашиглах талд
явбал алтны салбарт илүү
өндөр боломж байгаа юм
байна. Гацуурт, Бороо шиг
хэдэн орд нээгдэх боломж
геологийн тогтцын хувьд
байгаа гэсэн дүгнэлтийг таны
ярианаас хийчихэж болохоор
байна…?
-Алтны үндсэн ордны хайгуул
төдийлөн сайн хийгдэхгүй
байна л даа. Экологид үзүүлэх
нөлөө нь шороон ордоосоо
бага гэж түрүүн хэлсэн дээ.
Олборлолт явагдаж байгаа
ихэнх шороон орд хангайн
бүс, ой мод хосолсон газар,
голын ай сав дагаж оршдог.
Харин үндсэн орд ихэнхдээ
говь, цөлийн бүсэд олдох
магадлал өндөр. Монгол Улсын
Говь-Алтайгаас авахуулаад
Баянхонгор Өмнөговиор
дайраад явдаг Тяньшаний бүс
буюу Транс Алтайн чулуулгийн
бүс гэж бий. Энэхүү чулуулгийн
бүсэд металлын томоохон орд
байх магадлал өндөр. Энэ
бүсэд Кумтор гэх мэт ордууд
бий. Оюу толгой, Хармагтай,
Баянхөндий гэх мэт орд энэ
бүсэд багтдаг. Говь цөлийн
бүсэд байдаг учраас байгаль
орчинд нөлөөлөх нөлөө нь
харьцангуй бага.