Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ч.Эрдэнэдалай: 9911 дугаарын зах зээлийн үнэлгээ нь хагас тэрбум хүрчихсэн

“Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Анх яагаад 9911 дугаараар бизнес эрхэлье гэж шийдсэн бэ?

-Лондонд магистр хамгаалж ирчихээд эхэндээ өөр чиглэлээр ажиллая гэж төсөл бичээд хэд хэдэн банкинд хандсан ч бүтэлгүйтсэн. Санхүүгийн чигийн дажгүй санаа байсан л даа. Банкууд сайн хүлээж авсан ч ажил болж чадаагүй. олон улсын хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаа хийх төсөл байсан л даа. Хагас жил хөөцөлдсөний эцэст санаанаасаа буцаж Монголдоо бизнес хийхээр шийдсэн. “начин заан”-ы алтны зээлийг шилжүүлж болох юм байна гэж сэтгээд загвар гаргаж нэг банкинд хандсан ч “Банк ломбард биш” гээд татгалзсан хариу өгсөн. Тэгээд л өөрөө бие дааж бизнес эхлэхээр шулуудсан юм. Анх фэйсбүүк дээр зар тавьж эхлэл хөрөнгөө сарын хоёр хувиар босгосон. “начин заан”-ы зээл тэр үед таван хувь байсан санагдаж байна. Ингээд “Начин заан”-ы зээлийг 3.5 хувиар шилжүүлж эхэллээ. Тухайн үед ломбардтай нэг залуутай хамтарсан л даа. ломбардад нь зээлийг нь шилжүүлсэн алтаа хадгалуулаад. Тэр залуутайгаа одоо ч цугтаа бизнес эрхэлдэг. Бэлэн мөнгөө халааслаад таксинд сууж “начин заан”-ы салбаруудаар явдаг байлаа шүү дээ (инээв). Тэгж яваад 9911-ийн бизнес рүү орсон. Урт цагаанд барьцаат зээлийн компани олон байдгийг та мэдэх байх. Тэнд байдаг “Сайн” ломбард тухайн үед 9911 дугаарыг барьцаалж сарын зургаан хувийн хүүтэй зургаан сая хүртэлх төгрөгийн зээл гаргадаг байсан юм. Миний яриад байгаа үе 2017 оны дөрөвдүгээр сар. Өнөө залуутайгаа ярьж байгаад 9911 дугаар барьцаалсан зээлийг найман саяар гаргах шийдэлд хүрсэн. Бодит ханш нь 12 сая юм чинь болно гээд зүтгэсэн. нуугаад яахав, эхэндээ эргэлзэж байсан шүү.

-9911 дугаар хамгийн дээд талдаа хэр ханштай байгаа бол?

-Алтан дугаар нь 200 сая төгрөгийн ханштай байна.

-Алтан дугаартай 9911-тнүүд дугаараа 200 сая төгрөгөөр барьцаанд тавьж зээл авдаг гэсэн үг үү?

-Тийм.

-Тэгвэл зах зээлийн үнэлгээ нь хэд вэ?

-Зах зээлийн үнэлгээ нь өндөр. Дунджаар 500 сая төгрөг.

-Хагас тэрбум гэж үү?

-Тийм. Энэ үнэлгээнээс ч ахина. Монголд хамгийн түрүүнд тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрэх үнэ цэнэтэй зүйл.

-Яг хэзээ тэрбумаар үнэлэгдэнэ гэж…?

-Монголчууд мөнгөтэй болох тусам. 9911 бол мөнгөний илрэл. Өөрөө ч мөнгө. Зах зээлд, нийгэмд байгаа мөнгөний илрэл гэж ойлгож болно.

-Жишээ нь та одоо барьдаг 9911-тэй дугаараа анх хэзээ, хэдээр авч байв, одоо хэчнээн төгрөгийн ханштай байгаа вэ?

-Энэ дугаарыг би ноднин наадмаар 24 саяар авсан. Жил хагасын дараа 50-60 сая төгрөг болж ханш нь өсчихөөд байна.

-Танд барьцаанд авсан болон зарах гэж байгаа 9911-тэй дугаар хэчнээн байна?

-Барьцаанд гэхэд л 100 гаруй дугаар байгаа.

-Дугаар барьцаалсан зээлээ хамгийн дээд тал нь хэдээр гаргаж байв, ер нь доод талдаа хэд орчим төгрөгийн зээл авах боломж 9911 дугаарын эздэд байдаг юм бол?

– Хамгийн өндөр зээл гэвэл 200 саяар гаргаж байсан. Доод тал нь 30 сая.

-Хүү нь?

-Эх үүсвэр ихтэй үед 3.5 хувь.

-9911 дугаараа барьцаалсан хүмүүсээс зээлээ төлөхгүйгээр дугаараа хаях тохиолдол байдаг уу?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ойролцоогоор 300-400 дугаар барьцаанд ирсэн. Энэ хооронд зээлээ төлөлгүйгээр орхисон дөрвөн дугаар л бий. Дугаараа бариад зээл аваад явдаг болохоор хаях, орхих тохиолдол бараг л байхгүй дээ.

-Банк бус санхүүгийн байгууллага зээл гаргахдаа өчнөөн шалгуур тавьдаг. Танай компанийн хувьд дугаар нь үнэ цэнэ гээд шалгуур багатай байдаг уу?

-Зөвхөн барьцаа үндэслэсэн зээл бол санхүүд хоцрогдсон асуудал. Шийдвэр гаргах дөрвөн хүчин зүйлийн зөвхөн нэг нь. Зөвхөн барьцаанд суурилж бизнес явуулна гэж байхгүй. Онцолж хэлэхэд манай компани шуурхай зээлийн зах зээлд ажилладаг. Бизнес маш хурдан явагддаг. Тэр эрчээс нь хоцрохгүй ажиллах ёстой. Цаг тулгуу мөнгө хэрэг болсон хүмүүс л манайд ханддаг учраас шуурхай үйлчилдэг.

-9911-тэй дугаар барьцаалагчид ихэвчлэн бизнес эрхлэгчид байх уу?

-Тийм. Бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид түлхүү ханддаг. Сүүлийн үед дунд бизнес эрхлэгчид нэлээд хандаж байна.

-Том бизнесийнхэн хандаж байна уу?

-Хэнд ч мөнгөний хэрэгцээ гарна. Тэр утгаараа хааяа хандана.

-Ер нь 9911-ийн зах зээл хэчнээн тэрбумд эргэлдэж байгаа бол?

-Биднийг бизнесээ эхлэх үед буюу хоёр жилийн өмнө 120 тэрбумын зах зээл байсан. Өнөөдрийн байдлаар хамгийн багадаа 400 тэрбумын зах зээл болчихсон. 9911 дугаар ердөө 10 мянга бий. Манай дээр 100 дугаар бий гээд бодохоор бид энэ зах зээлийн ердөө нэг хувийг эзэлдэг гэсэн үг. Манайхаас гадна өчнөөн банк бус, ломбард ийм үйлчилгээ үзүүлдэг. Энэ зах зээлд манлайлдаг том компаниудын хувьд нэгд нь гэхэд 500-600 дугаар байгаа байх. “Тэди” дээр бидний тооцоолж байгаагаар өдөрт хамгийн багадаа 10 дугаар шилжиж байгаа. Үндсэндээ 400 саяын арилжаа өдөр тутам явагддаг. Нэг бол барьцаалж зээл авна, эсвэл зарна гэх мэтээр. Энэ зах зээл өөрөө л бий болсон.

-Нууц биш бол бизнесээ хэдэн төгрөгөөр эхэлж байв. Одоо хэчнээн төгрөгийн ашиг хийгээд байна вэ?

-Анх 50 саяар эхлүүлсэн. Хоёр жил хагасын хугацаанд цэвэр ашиг гэвэл 800 сая төгрөгт хүрээд байна.

-Нийт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ гэвэл…?

-Нийт эргэлдэж байгаа зээлийн багц ойролцоогоор долоон тэрбум орчим байна. 80 хувийг нь та бид хоёрын ярьж суугаа дугаарын бизнес эзэлж байна.

-Дугаарын бизнес чинь цаашдаа хэр тэлэх бол. Тэд орчим тэрбумын ашигтай ажиллана гэх мэт зорилго төлөвлөгөө бий байх?

-Мөнгө тоо гэхээс илүү нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 9911 дугаарын зах зээлийг харахад дугаар хувьчлагдахад бэлэн болжээ гэсэн дүгнэлт хиймээр санагддаг. Учир нь иргэд дугаарын төлөө мөнгөө төлчихсөн байна шүү дээ. Би гэхэд л 24 сая төгрөгөөр дугаараа худалдаж авсан. Гэтэл “Мобиком” сарын хураамжаа төлөхгүй бол зургаан сарын дараа дугаар хурааж авна гэсэн зарчмаар ажилладаг. Шударга бус хандлага, зарчим гэж харж байна. Бид дугаар хувьчлахыг хүлээхгүйгээр бас нэг ажил эхлэх гэж байгаа. Компанийнхаа нэр дээрх дугааруудыг тусад нь гэрээ байгуулж блокчейний АТМ дээр байршуулж болох юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, дахин давтагдашгүй хөрөнгүүдийг дижитал хэлбэрт оруулаад блокчэйн дээр байршуулдаг. Нэг ёсондоо токэн буюу цахим зоос болгочихож байгаа юм. Өнөөдөр ч гэсэн 9911 дугаар цахим зоос хэлбэрээр явж байгаа.

-Гэрээ байгуулж байршуулна гэдгээ арай тодруулж тайлбарлаач?

-Энгийн жишээгээр тайлбарлая. Интернэт орчин дахь хамгийн алдартай ухаалаг гэрээ гээд ярихад cryptokitties байна. Хоёр дахь томоохон интернэт гүйлгээ бол ether-delta буюу цахим зоосон гүйлгээ юм.

-Крипто муурнууд гэхээр…?

-Ethereum блокчейн орчинд тоглогдож байгаа цахим тоглоом юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг төвд борлуулагдахгүй, тэр орчин дахь муурнууд хэрэглэгчийн хувийн өмч болно. Неонэт тоглоомын үед бүх зүйл үндсэн мэдээллийн санд хадгалагддаг учраас хариуцсан компани нь татан буугдахад тоглоом дахь бүх амьтан мэдээллийн сантай хамт устан үгүй болно. Харин крипто муурнууд ethereum блокчейн орчинд үүрд байх гэдэг утгаараа үнэ цэнэтэй. Хамгийн сүүлийн үеийн криптовалютын загвар, тун удахгүй технологийн салбарын томоохон шинэчлэл болно гэж байгаа. Ингээд ч зогсохгүй cryptokitties-ийг ethereum-тай нэгдэж галзуу хурдаар үнэлгээ нь өсч яваа анхны программ, биткойны дараах хоёр дахь том валютын үйл ажиллагаа гэцгээж байна. Хүмүүс энэ тоглоомонд маш их хэмжээний мөнгө зарцуулж яваа. Өнгөц харахад бодит бус үнэ цэнэгүй зүйлийг их мөнгө зарж авч байгаа мэт боловч цаашдаа үнэ цэнэ нь улам өсч, хэрэглэж болохуйц хөрөнгө болж хувирна.

-Өнгөц төсөөлөхөд өчнөөн долларын үнэлгээтэй баахан дижитал муурнууд байх нь ээ дээ. Нэг муурны үнэлгээ тэгээд хэд байх вэ?

-Хэдэн сая муур бий. Ийм тийм өнгөтэй, нүд нь цэнхэр, ногоон гээд өөр өөрийн онцлогтой дижитал муурнууд гэж ойлгож болно. Шинж чанарууд нь давхцахгүй, үржүүлж болно. Худалдаж авсан муураа арилжаалж болно. Тусгай ховор муур нь сая долларын үнэтэй. 9911 дугаар яг тэрэнтэй ижил үнэ цэнэтэй. Дугаар бүр давтагдашгүй. Өөрөөр хэлбэл манай компани 9911-ийг хамгийн анх “токин”-жуулах гэж байна. Бүр тодруулж хэлбэл блокчейний АТМ дээр байршиж чөлөөтэй хөрвөж эхэлнэ гэсэн үг. Блокчейн рүү орчихвол ямар дугаарыг хэн эзэмшиж байгаа нь харагдахгүй ч хэчнээн төгрөгийн арилжаа яаж явагдаж буй нь ил болно. Гэхдээ Монголд шинэчлэл хийх амаргүй. Санаж бодсон ажил маань 10 хувьтай л явж байгаа. Харин чат нээх ажил дөхөж байгаа.

-Ямар чат?

-9911-тэй дугаартай 10 мянган хүнд зориулагдсан чат хийнэ. Зөвхөн тэд хоорондоо харилцана гэсэн үг.

-Viber шиг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Блокчейн хадгаламж нээнэ гэсэн байсан. Эхлүүлчихсэн үү?

-Туршилтын шатандаа яваа.

-9911 түрээсэлнэ гэсэн зар харагдах юм. Ийм зах зээл хөгжчихсөн үү?

-Дөнгөж хөгжиж байгаа.

-Ямар шалтгаанаар ийм дугаар түрээсэлдэг юм бол?

-Ажил бизнестэй хамаатайгаар түрээсэлдэг гэж анзаарагддаг. Жишээ нь борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс түрээсэлдэг. Ер нь ямар ч шалтгаан байж болно л доо.

-Түрээсийн сарын төлбөр хэд байх вэ?

-Дунджаар сая орчим төгрөг байх.

-Түрээсийн гэрээ байгуулаад авах уу?

-Түрээсийн гэрээ байгуулаад авна. Энэ төрлийн үйлчилгээг дугаараа хадгалчихсан хэрнээ зарах сонирхолгүй хүмүүс түлхүү сонирхдог. Ийм хүмүүс голчлон дугаараа түрээсэлдэг.

-Танай компани ганцхан 9911 дугаар дээр ажилладаг уу, эсвэл 9909, 9910 гэх мэт дараа төлбөрт дугаарууд руу бас орсон уу?

-Ер нь бол харилцдаг бүх дугаарууд руу орсон.

-Ханшаараа 9911-ийн дараа жагсах дугаар гэвэл ямар дугаарууд байна?

-Эрэмбээр нь жагсаавал 9911-ийн дараа 8811 орно. За тэгээд 9909, 9999 гээд жагсана даа.

-Эрэлт өндөртэй, ханш ихтэй дугаар барихыг сонирхсон хүн байлаа гэхэд хэдэн хувийн урьдчилгаатайгаар худалдаж авах боломжтой вэ?

-Дунджаар 20 хувийн урьдчилгаатайгаар худалдаж авах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Ө.Эсболд: Free wi-fi ашиглавал нууц код, хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

MNCERT/CC төрийн бус байгууллагын зөвлөх,доктор Ө.Эсболдтой ярилцлаа.


-Сүүлийн үед цахим аюулгүй байдал олон хүний анхаарал татах болсон. Наад зах нь фэйсбүүкийнхээ нууц кодыг алдах явдал түгээмэл байна. Гаднаас нь халдаад авчихаж байна гэсэн үг үү?

-Уламжлалт аргууд байгаад байна. Энгийнээр тайлбарлая. Бүх байрны орц кодтой болсон шүү дээ. Мэдээж хулгайчаас хамгаалах зорилгоор кодтой болгосон.Тэгвэл хүн байр руу нэвтрэхийн тулд орцны хаалганы дэргэд тамхи татаад зогсож байгаа мэт дүр үзүүлж байгаад хэн нэгэн орж гарах үед хаалгыг хаахаас өмнө орчихож болдог. Товчхондоо энэ бол халдлагын нэг төрөл. Яг үүнтэй ижил таныг интернэт кафед суугаад нууц кодоо хийж фэйсбүүк рүүгээ орж байхад хажуу талаас чинь нууц үгийг чинь хараад хулгайлчих өндөр боломжтой. Үүнийг бид сошиал инженеринг гэж ярьдаг. Ер нь уламжлалт аргуудыг ашиглан хийж байгаа халдлага юм. Үнэндээ нууц кодоо иймэрхүү энгийн байдлаар л алдсан тохиолдол их байдаг.

-Манайхан гаднаас нь янз бүрийн арга хэрэглэж хакерддаг гэж төсөөлдөг, үгүй байжээ…?

-Ганц фэйсбүүкийн хувьд ч биш, онлайн үйлчилгээний хувьд таны хэлсэнчлэн гаднаас нь элдэв арга хэрэглэж нэвтрэх тун хэцүү. Олон давхар хамгаалалттай байдаг. Ядаж л нууц үгээ мартсан бол утас руу нь код бичдэг илгээх байдлаар давхар шалгалт хийдэг. Гэхдээ хэрэглэгч өөрөө нэвтрэх эрхээ хэрхэн тохируулах вэ гэдэг асуудал. Давхар хамгаалалттайгаар тохируулсан бол тухайн хүний нууц үгийг мэдээд нэвтэрч чадахгүй. Учир нь нэвтрэх үед и-мэйл эсвэл утсаар тухайн хүнд давхар кодыг илгээдэг. Мэдээж хүний нууц үг хулгайлсан этгээд давхар гар утас, эсвэл и-мэйлийг бас эзэмшсэн байх шаардлагатай. Тиймээс дээр өгүүлсэнчлэн, нууц кодыг энгийн байдлаар хулгайлж авах, эсвэл хүчээр таах гэсэн арга бий. Хүчээр таах гэдэг нь янз бүрийн программын аргаар нууц код байх боломжит хувилбаруудыг олох явдал юм. Жишээ нь, таны нууц үг цөөхөн тэмдэгтээс бүрдэж байвал таах магадлал их. Ер нь нууц код доод тал нь найман тэмдэгтээс бүрдэх ёстой гэдэг. Гэхдээ найман тэмдэгт дотор таны гаран дээр (keyboard)байдаг бүх төрлийн тэмдэгт орох ёстой. Тоо, үсэг, тусгай тэмдэгт гэх мэт. Тэгэхгүйгээр дан үсэг, эсвэл тоогоор нууц кодоо хийх юм бол таах магадлал нэмэгдэж байна гэсэн үг. Үүнийг программаар шалгаж байгаа учир гаргаад ирэх боломжтой. Аюулгүй байдлын үүднээс доод тал 13 тэмдэгт байх ба дээрх олон төрлийн тэмдэгтийг агуулсан байх ёстой гэж хэлдэг. Өнөө үед техник технологи хөгжих тусам компьютер илүү хурдан болж программын боловсруулах чадвар нэмэгдсэн тул таах магадлал улам нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр,free wi fi гэдэг бол эрсдэл. Үүгээр таны нууц код болон бусад нууц мэдээллийг мэдэж авах боломжтой. Мэргэжлийн хүмүүс хэзээ ч free wi fi ашигладаггүй. Ихэвчлэн итгэлтэй сүлжээнд, эсвэл өөрсдийн утасны 4Gсүлжээг ашигладаг. Гэхдээ сонин унших, интернэт орох, кино үзэх зэрэгт айх зүйлгүй шүү дээ. Харин өөрийнхөө мэдээллийг дамжуулах гэж байгаа нөхцөлд free wi fi ашиглахаас болгоомжлох хэрэгтэй.

-Өөрийнхөө мэдээллийг дамжуулах үед гэдгээ тодруулаач?

-Интернэт банк руугаа нэвтрэх, эсвэл цахим хуудас руугаа нууц код хийж нэвтрэх үед гэсэн үг.

-Хүмүүс yahoo,gmail зэргийг хооронд нь харьцуулж gmail нь найдвартай гэх нь бий. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Технологийн хувьд дээрх байгууллагууд бүгд л хэрэндээ хамгаалж байгаа шүү дээ. Яг үнэндээ google, yahoo зэргийг ярихаас өмнө хэрэглэгч та өөрөө найдвартай юу гэдэг асуулт чухал. Таны нууц үг нууцлал сайтар хангасан олон төрлийн тэмдэгтээс бүрдэж байна уу гэх зэргээс асуудал эхэлнэ. Мөн вэб рүү орохдоо нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Вэбийн нэрний өмнө цоожны тэмдэглэгээ байвал тухайн вэб аюулгүй, цоожлогдсон гэсэн үг. Энгийнээр тайлбарлалаа. Мэргэжлийн хэлээр болон нууцлагдсан шугамаар өгөгдөл дамжиж буйг илтгэж байгаа юм. Хэрэв ингэж цоожлогдоогүй бол тэрхүү вэбээр дамжиж буй аливаа мэдээллийг дундаас нь харах бүрэн боломжтой гэсэн үг.

-Манайд ямар төрлийн цахим халдлага их болж байна вэ?

-Халдлагуудынтөрөл маш олон янз. Хамгийн их нь и-мэйл юм. Хэн нэгнээс и-мэйл ирдэг дээ. Тэр хүнээс ирж байна уу, үгүй юу гэдгийг хэрэглэгч өөрөө л шалгаж нягтлах хэрэгтэй. Ганц үсэг зөрүүлээд сольчихсон байхад анзаардаггүйгээс алдах тохиолдол их байдаг.

-И-мэйл халдлага гэдгээ энгийнээр тайлбарлахгүй юу?

-Таны хаашаа, юу бичээд байгааг хэн нэгэн дундаас нь харчихаж болно. Дотор байгаа мэдээллийг нь нээж үзэж чадахгүй ч хаашаа, хэнтэй, юун тухай харьцаад байгааг чинь мэдэж чадна. Шуудангаар яривал захидал дээр очих болон илгээсэн хүний хаяг байдаг. Шуудан зөөгч уншиж чадна, гэвч доторхыг нь тэр бүр харж чадахгүй. Жишээ нь, та нэг компаниас худалдан авалт хийхээр и-мэйлээр харьцлаа гэж бодъё. Ингээд нэг өдөр “Таны барааг явуулъя, мөнгөө энэ данс руу хий” гэсэн өгүүлбэр нөгөө хаягнаас ирэхэд мөнгөө шилжүүлээд хууртах магадлалтай. Ингэж хууртсан хэргүүд олон байдаг. Шалтгаан нь их энгийн. Таны өмнө нь харилцаж байсан хаягтай ижил ч нэг үсэг зөрүүлээд шинэ хаяг үүсгээд явуулчихсан байдаг. Үүнийг нь анзааралгүйгээр өмнөх харилцагч байна гэж андуурч мөнгөө алдсан тохиолдол цөөнгүй.

-Цахим халдлагаас хамгаалдаг хакерууд үүргээ хэр биелүүдэг бол, манайх цахим халдлагад өртөмхий оронд багтах уу?

-Монгол харьцангуй тайван орон. Дотроосоо хакердах явдал цөөн. Харин Монголыг сонирхож байгаа гадныхан хангалттай их хакердаж байгаа. Бид энэ талаарх сүүлийн үеийн, тодорхой тоонуудыг жилд нэг удаа зохион байгуулдаг аюулгүй байдлын өдөрлөгийнхөө үеэр дурддаг.

-Цахим аюулгүй байдлын өдөрлөг гэсэн үг үү?

-Таны асуугаад байгаа өдөрлөгийг “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” гээд ТББ-аас (MNCERT/CC) зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Мэдээллийн аюулгүй байдлын хамгийн том арга хэмжээ л дээ. “MNSEC 2019” өдөрлөг маань энэ сарын 4-ний өдөр “Шангри Ла”-д болох юм. Ерөөсөө л мэдээллийн аюулгүй байдлыг олон нийтэд таниулах, аливаа цахим халдлагаас урьдчилан сэргийлэх, гадны байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийн хүрээнд явагддаг арга хэмжээ гэсэн үг. Олон арга хэмжээнээс бүрддэг болохоор өдөрлөг гэж нэрлэсэн юм. Хүмүүсийг цуглуулаад мэдлэгээ хуваалцдаг гэж ойлгож болно. Цэвэр практик талын болсон явдлын тухай ярьж хэлэлцэж, мэдээллийн аюулгүй байдлын ямар эрсдэлүүд байгаа тухай мэдээлэл хүргэдэг юм. Энэ үеэрээ сая таны асуусан хакеруудын дунд “Харуул занги” нэртэй ёс зүйт хакеруудын тэмцээн зохион байгуулдаг. Хакерууд дотроо хоёр янз. Сайн, муу (цагаан ба хар) гэж бий. Ёс зүйт хакерууд нь цагаан гэсэн бүлэгт хамаарах ба тэдний хувьд танай байгууллагад үүсч буй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлдэг хүмүүс юм.

-Гаднаас халдлага тасралтгүй хийдэг гэсэн мэдээлэл сонирхолтой сонсогдож байна. Олон орноос ирдэг үү?

-Хятад, Орос, Бразил, Герман гэх зэргээр олон орноос өдөр бүрт тасралтгүй халдлагууд явагдаж байдаг. Нөгөө талаар хүмүүсийн мэдлэг дулимаг байна. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн вирус (хортой код) таны компьютерт ирээд суучихдаг. Та интернэтээр аялах, эсвэл юм татаад авахад вирус халддаг. Хортой код таны компьютерийг танд мэдэгдэхгүйгээр эзэмших зорилгыг ихээр агуулдаг болсон. Тэр нь таны компьютерийг ашиглаад гадагш дураараа үйлдэл хийдэг гэсэн үг. Аюулгүй байдлаа хамгаалахын тулд 50 хувь нь хүнээс, техник хангамж программаас 50 хувь нь хамаардаг. Хэчнээн мундаг программтай байлаа гээд таны аюулгүй байдлын талаарх мэдлэг муу бол эрсдэлтэй хэвээрээ л гэсэн үг.

-Вирус халдаж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж байгааг хэрхэн мэдэх вэ?

-Компьютер дээр чинь өөрчлөлт гараад байгаа эсэхийг ажиглах ёстой. Асах нь удаан болох, эсвэл ажиллагаа нь доголдох, удах, интернэт ороход гацах зэргээр хэвийн бус зүйл ажиглагдаж байвал мэргэжлийн хүнд хандаж шалгуулах шаардлагатай.

-Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдал тун чухал. Жишээ нь, энэ салбарынхан аюулгүй байдалдаа хэрхэн анхаарах ёстой вэ?

-Сүлжээгээ яаж хийснээс хамаарна. Жишээ нь, нийтийн сүлжээнд холбоогүй бол асуудалгүй. Танай сүлжээг гадагш холбоогүй бол гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд биеэр очиж л халдлага хийнэ. Ер нь ямар ч байгууллага зөөврийн хард, флаш зэрэг гадны төхөөрөмж компьютердээ залгуулдаггүй. Энэ нь эрсдэлтэй. Гэхдээ бүгдээс болгоомжлоод хориг тавиад байвал ажил урагшлахгүй шүү дээ. Тэгэхээр аль аль талыг нь бодсон зөв зохицуулалтыг мэргэжлийн хүн нь хийгээд явах учиртай.

-Энэ удаагийн өдөрлөгөөр ямар илтгэл, мэдээллүүд хүргэх вэ?

-Маш олон төрлийн мэдээлэл байгаа. Би ийм тийм гэж ярихаас илүүтэй өдөрлөгт ирээд танилцвал зөв байх.Ер нь цухас дурдвал, Монголд болсон халдлагуудын тухай мэдээллийг хийнэ. Мөн Монголын банкнуудын холбооноос хортой халдлагуудын тухай ярих гэж байна. Түүнчлэн, халдлагыг илрүүлэх индикаторууд буюу тэдгээрийг яаж хэрэглэх тухай ярих болно. Энэ мэт янз бүрийн мэдээлэл байгаа. Тэр бүү хэл техник хангамжийн талын халдлагын талаар ярих илтгэл хүртэл бий.

-Техник хангамжийн халдлага гэдэг дээр энгийн жишээ сонирхуулаач?

-Цахилгаан, усны тоолуурууд байна. Тийм төхөөрөмжүүдийг хакердаж төлөх мөнгөн дүнг нь багасгах эрсдэл бий. Дээр үед дискэн тоолуур байлаа шүү дээ. Хүмүүс урвуу нь харуулах, соронз тавих зэргээр дүнг нь бууруулдаг байсан. Одоо бол бүгд электрон болсон. Гэхдээ хакердаж байна. Тэгэхээр бидний аюулгүй байдал зөвхөн цахим биш юм, амьдралд хаа сайгүй алхам тутам тааралдаж байгаа гэсэн үг.

-Өмнөх жилийн өдөрлөгийн үеэр дуулдсан хамгийн сонин жишээнүүдээс дурдахгүй юу?

-Каспески компанийн нэг тайланд Монголын үндэсний дата төвд болсон халдлагын тухай мэдээлэл байсан. Тухайн үедээ мэдээлэл алдагдсан тухай хүчтэй яригдсан даа. Түүний өмнөх жил Батлан хамгаалах яамтай холбоотой мэдээлэл алдагдсан тухай асуудал мөн гадны байгууллагын илтгэлд хөндөгдсөн. Энэ мэт олон сонин жишээнүүд дуулддаг.Бид хэдий өөрсдөө мэдэхгүй ч гадны аюулгүй байдлын компаниуд Монголын аюулгүй байдлын талаар маш их мэдээлэлтэй байдаг, тэд эдгээр мэдээллээсээ хуваалцдаг. Манай өдөрлөгт жил бүр гадны олон компани байгууллагын олон мэргэжилтнүүд оролцдог. Тэд энэхүү мэдээллээс хуваалцах боломжийг олгодог.

-Байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд танайд хандаж болох уу?

-Манайх гишүүнчлэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гишүүддээ энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлээд явдаг гэсэн үг.

-Та түрүүн гаднаас ирэх халдлага их байдаг гэж ярьсан. Тэгэхээр гадны энэ чигийн байгууллагатай хамтрахаас аргагүй юм байна даа…?

-Мэдээж тэгэлгүй яахав. Манай байгууллага дэлхийн болон Азийн халдлагаас урьдчилан сэргийлэх төвүүдийн гишүүн байгууллага. Эдгээр хоёр байгууллагаас байнга мэдээлэл ирдэг. Ийм төрлийн халдлага болж байна, заримдаа бүр чиглэсэн халдлагын тухай мэдээлэл ирнэ. Тэдгээр халдлагыг хэрхэн зогсоох уу гэх зэргээр ажиллана. Одоогоор манайд томоохон банк, үүрэн холбооны операторууд нэгдэн орсон. Сүүлд “Рио тинто” орж ирж байгаа. Ер нь үүрэн холбооны операторууд, банк дотроо мундаг хамгаалалтын багуудтай. Манай байгууллага мэдээлэл түгээхээс гадна энэ байгууллагуудын хооронд гүүр болж мэдээллийг нь түгээж өгөх үүрэгтэй ажилладаг. Жишээ нь, үүрэн холбооны аль нэг операторын сүлжээнээс нэг банк руу халдлаа гэж төсөөлье. Энэ тохиолдолд манайх үүрэн холбооны операторт нь хэлээд халдлага хийгээд байгаа компьютер дээр нь хаалт хийж зогсоодог. Ийм чигээр ажилладаг.

-Манайхан байгууллагынхаа мэдээллийн технологид мөнгө зардаг ч хамгаалалт талыг орхигдуулдаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монголд мэдээллийн технологи гэж ярьдаг ч хамгаалалт талыг үнэхээр хаячихсан. Жишээ нь, нэг байгууллага дээр очоод IT-д зориулсан төсвийг нь харчих хэрэгтэй.IT-д зориулсан төсвийг нь дотор нь задлаад аюулгүй байдалд зориулж байгааг нь харвал бараг тэг байгаа. Ер нь дэлхий нийтээрээ бүх юмаа дижитал болгоод явах гэж байгаа бол нэг компанийн төсвийн дор хаяж 30 хувийг мэдээллийн технологид зарцуулах ёстой гэдэг. Энэ мөнгөнийхөө 30 хувийг аюулгүй байдалд зарцуулах шаардлагатай байдаг. Шилдэг бүх улс ийм болчихсон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаант мэргэн дарга нарынхаа утааг “шийдсэн” аргыг гайхаад барахгүй юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Утааны улирал эхлэх сургаар “агаарын бохирдол” гэсэн үг сошиал орчинд сэдэв болдог. Ер нь жил бүр л иймэрхүү яриа хөөрөө цахим ертөнцөд өрнөж, агаарын бохирдлын эсрэг хийж буй төрийн бодлого олны хараанд ордог. Шуудхан хэлэхэд агаарын бохирдолтой тэмцсэн Засгийн газрын тэр арга л үнэхээр мэргэн байсан, үр дүнгээ өгсөн гэж дүгнэж хэлэхээр гялайж гялтайх ажил харагддаггүй. Хямд нүүрс тараасан, шүүгчтэй маск зарсан, утаа бага ялгаруулдаг зуух зарсан гэсхийгээд төр засгийн утааны эсрэг сэдсэн ажил барагладаг.

Энэ жилийн хувьд түүхий нүүрсний хэрэглээг хорьчихоод байгаа. Түүхий нүүрс түлүүлэхгүй гэдэг зөв шийдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ өвлөөс хэрэглээнд гаргах шахмал түлш чанартай, сайн байж гэмээ нь засгаас гаргасан энэ шийдвэр жинхэнэ үр дүнгээ өгнө. Шахмал түлштэй холбоотой сайн, муу мэдээ эхнээсээ дуулдаж л байна. Хүйтэн тачигнасан өдрүүд хараахан ойртоогүй намар цагаар шахмал түлш ийм тийм байна гэж хэлэхэд эрт л дээ. Жавар тачигнах цагаар шахмал түлшний чанар, илч нь сайн гэж батлагдвал утааны эсрэг бодитой, хэрэгтэй шийдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой тодорхой асуудал.

За энэ ч яахав, засгийн утааны эсрэг барьж байгаа бодлого үр дүнгээ өгөх эсэхийг өвлийн өдрүүд аяндаа шалгаад өгнө. Товчхондоо утааны талаар сүүлд гаргасан нэг шийдэл гайхаш бараад байна. Бүр тодруулж хэлбэл, хотын дарга С.Амарсайхан сайжруулсан шахмал түлштэй холбоотой ташаа мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг ЦЕГ, ТЕГ-т даалгачих юм. Ухаандаа утааг шүүмжилбэл цагдаа, тагнуулаар шалгуулах нь л дээ. Шахмал түлшний талаар үндэслэлгүй гүтгэлэг хийсэн хэн ч цагдаа, тагнуулын газрын хараанд орох нь.

Илүү цаашлуулж ухъя. Төрийн тараасан шахмал түлш үнэхээр чанар муутай бол яах вэ? “Чанаргүй байна” гэж хэлэхээс айж бэргэж гэртээ чичирч суух ганц гарцыг л иргэддээ үлдээж байгаа хэрэг биш үү. Шахмал түлш үнэхээр чанар муутай бол гэр хорооллынхон нүүрсээ түлж таарна. Айлууд нууцаар, “хулгай”-гаар нүүрс түлээд эхлэхээр утаа урьд жилүүдийнх шиг гамшиг болох нь гарцаагүй. Ийм үед шахмал түлшний чанарын асуудлыг сөхөх эрх лав иргэдэд үлдэхгүй нь, хотын даргын лүндэн зарлигаар бол. Хэн л утаа, түлш шүүмжилж цагдаа, тагнуулын хараанд орохыг хүсэхэв. Хотын даргын шийдвэр, шийдлийг харвал Монгол Улсын мэргэн цэцэн удирдлагууд шүүмжлэл өрнөхгүй л бол утаа арилна гэж сэтгэж суугаа юм байна.

Хойд хөршийн нийгмийн сүлжээгээр Путиныг муулбал шийтгэдэг, хорьдог хуулиас жишээ авсан уу яасан, утааг шүүмжилбэл торгодог, хариуцлага хүлээлгэдэг хуультай болж байх шиг байна. Утааг шийдэх ийм амархан байсан юм бол аль эрт л ингэж шийдэх байж л дээ. Ухаант мэргэн удирдагчдын сэтгэж суугаагаар бол одоо Улаанбаатар утаагүй болчихсон. Утаа ярьж, бичсэн жиргээчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй л цагдаа, тагнуулынхан хөөцөлдөх ажил үлдлээ. Сүүлд гаргасан хотын удирдлагын шийдвэр ийм л дүгнэлтэд хүргэж байна.

Хэн ч харсан тов тодорхой дүгнэлт гэвэл утаа урьдынх шигээ байж л байгаа. Ирэх өвлийн утаа түрүү өвлийнхөөс багасаад, улаанбаатарчууд өвлийн дүн хүйтнээр утаагүй тунгалаг агаарт баясгалантай, баяртай аж төрнө гэж байхгүй. Үүн шиг үлгэр үгүй. Түрүү жилүүдийнх шигээ утаан дундаа өвөлжих нь хэтэрхий тодорхой асуудал. Гэхдээ Монголын мэргэн цэцэн удирдлагуудын хүсэл зоригоор бол утаа аль хэдийнэ байхгүй болчихлоо. Учир нь утаа ярьсан хүмүүсийг цагдаа, тагнуул шалгана. Тийм болохоор ирэх өвөл утаа гэж байхгүй. Хэн ч утаа ярьж, утааны эсрэг шүүмжлэл өрнүүлж, сэдэв болгохгүй.

Эцэст нь онцлоход энэ засгийн ажил нэг иймэрхүү өнгөтэй л өрнөж байна. Ухаант сэцэн удирдагчид маань ажлаа нэг ийм гэнэн, явуургүй аргаар явуулж, сонссон хэн ч ёжилж мушиймаар, илтэд муйхарласан шийдвэр гаргасан шигээ зөөлөн суудалд тухалж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Айсуй хямралаас зөөлөн газардах ямар боломжууд байна вэ?

Зэсийн үнэ уруудсаар байна. Энэ металлыг дэлхийн шинжээчид доктор зэс гэж тодотгодог нь цаанаа учиртай. Хямралын хамгийн бодит индикатор гэдэг утгаар нь ийн онцолдог юм. Тэгэхээр хямрал ойрхон байна гэсэн шинжээчдийн таамаг биелж мэдэх нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Дэлхийн худалдааны дайныг эхлүүлсэн Трамп, Си хоёрын харилцаа таагүй хэвээр үргэлжилж буй нь хямралын хамгийн том шалтгаан гэж ярих эдийн засагч олон байна. Урд хөршийн хувьд эдийн засаг нь дажгүй яваа статистикууд дуулдаж буй ч барууныханд “Хятадууд эдийн засгийн үзүүлэлтүүдээ нуугаад байна” гэсэн хар аль хэдийнэ төрөөд эхэлчихсэн. Үүний наад захын жишээ нь автомашины үйлдвэрлэлийнх нь бууралт гэх мэт тайлбар, шалтгаан хөвөрч буй.

Худалдааны дайны нөгөө тал болсон АНУ-ын хувьд ч байдал таатай биш байна. Тус улсын аж үйлдвэрийн салбарын гол хэмжүүр болсон индекс 2016 оноос хойших доод цэгтээ хүрсэн гэх мэдээлэл ил болоод буй. Европ ч тайван биш байгаа. Наад захын шалтгаан нь брексит. Англи Европын холбооноос гарвал өнөөдөр ч таагүй байгаа Европын нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн таамаг бий. Төдийгөөс өдий хүртэл ганхаагүй, эдийн засгийн өсөлт нь урт хугацаанд тогтвортой яваа Хятадын тухайд байдал таагүй болсон талаар өмнө цухас дурдсан. Ямартаа ч ДНБ-ий өсөлт нь 2012 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрсэн гэх мэдээлэл дуулдаад байна. Хэрвээ эдийн засгийн үзүүлэлтээ өсгөж мэдээлээд яваа гэсэн барууныхны хар үнэн бол үүнээс ч муу зураг ажиглагдаж мэдэхээр байгаа юм.

Газрын тосны зах зээлийн савлагаа ч дэлхийн эдийн засагт таатай биш нөлөө үзүүлнэ гэсэн таамаг дуулдаад удаж байна.

Хар алтны зах зээл цаашид хэрхэх нь тодорхой бус байгаа юм. АНУ, Ираны харилцаа хаашаа ч эргэж мэднэ гэсэн болгоомжлол бий. Нэг талд газрын тосны үнийг бууруулахгүй гэсэн Трампын тоглолт, нөгөө талд доллар олдог гол суваг болсон бүтээгдэхүүнийхээ ханшийг өсгөх сонирхолтой ОПЕК-ийн орнуудын элдэв сэдэл энэ зах зээлийг савлуулсаар байна гэсэн таамгийг шинжээчид онцолж буй.

Газрын тосны ханш галзуурвал таатай бишээр нөлөөлөх улсуудын нэг бол манайх. Тэгэхээр бидний хувьд газрын тосны зах зээл дэх тоглолтуудыг анхааралтайгаар ажиглаж суухаас аргагүй гэсэн үг.

Урд хөршийн тухайд худалдааны дайны сөрөг нөлөө аль хэдийнэ илрээд эхэлчихсэн бол хойд хөршийн эдийн засагт ч гялтайх эерэг зүйл ховор байна. Барууны хоригт ороод зургаа дахь жилээ туулж яваа Оросын дотоод эдийн засаг таатай биш байгаа. Москвачуудын талхны хэрэглээний багагүй хувийг дангаараа хангадаг талхны үйлдвэрийн ажилчид ажлаа хаяж, шуугиан болж байсан бол саявтар гэхэд л Москвад эрх баригчдынхаа шударга бус шийдвэр, хандлагын эсрэг жагсаал цуглаан газар авсныг уншигчид санаж суугаа байх.

Эдийн засаг нь давгүй өнгөтэй яваа их гүрэн гэвэл өнөөхөндөө Энэтхэг л байна. Энэтхэг дажгүй байлаа гэхэд дэлхийн эдийн засагт нөлөөлөх дайны өндөр эрэлт үүсгэх боломжгүй, цэнхэр гаригийн эдийн засаг тэлэх дайны шалтгаан болохгүй гэсэн таамгийг эдийн засагчид онцолж байна. Бид хямрал айсуй сураг хэр бодитой, хямралаас хүндрэл хохирол багатай гарахын тулд яах ёстой талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.

Ч.ОТГОЧУЛУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ
БАЙЖ Л ХЯМРАЛААС
МЭНД ГАРНА

(Эдийн засагч)

-Дэлхийн эдийн засгийн хямрал айсуй гэсэн таамаг давтамжтай дуулдаж байна. Хямрал үнэхээр хаалга тогшиж байна уу?

-Эдийн засгийн өсөлт хасахтай гарахыг хямрал гэдэг. Гурван улирал дараалан хасахтай гарахыг албан ёсоор хямарч байна гэж үздэг. Германы эдийн засаг эхний хагас жилээр хасахтай гарчихсан. Намар, өвөл огцом сайжирна гэсэн хүлээлт алга. Герман бол Европын эдийн засгийн хамгийн том нь. Европын толь. Хоёрт зэсийн үнэ бага байна. Энэ нь дэлхийн эдийн засаг нэлээд саарсан, хямрал руу ойртож буйг харуулсан үзүүлэлт. Америк, Хятадын худалдааны дайн үнэхээр том нөлөө үзүүлж байгаа.

-Хямрал боллоо гэхэд эдийн засгаа аятайхан аваад гарчих ямар гарц шийдэл байна?

-Төсвийн сахилга батад анхаарах хэрэгтэй. Өрөө дараад, зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Ихэнх орнууд хямралын эсрэг хүүгээ бууруулах арга хэмжээ авдаг. Гэтэл манай хувьд ингэх амар биш. Хүү бууруулах орон зай бараг алга. Энэ тохиолдолд нэг л гарц бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь дэлхийн эдийн засаг унахаар зэс, нүүрсний үнэ унаж таарна. Өөрөөр хэлбэл, орж ирэх долларын хэмжээ багасна гэсэн үг. Улсын нэрээр зээл авах боломж бага байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт л чухал байна.

-2007, 2008 оны хямралыг хөнгөхөн даваад гарсан шалтгаан нь урд хөршийн таатай нөхцөл байсан байх аа?

-Өмнөх хямралаар Америк эдийн засгаа сэргээхэд нэлээд мөнгө зарцуулсан. Хятадууд тэрийг нь дуурайгаад Америкаас дутуугүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн л дээ. Аль, аль нь зээлийн санхүүжилт ашигласан юм. Хятадын эдийн засаг сэргээд ирэхээр манайд харьцангуй эерэгээр нөлөөлсөн.

-Урд хөршийн эдийн засаг таатай байвал бид алзахгүй. Одоо тийм боломж байна уу?

-Одоо тийм боломж харагдахгүй байна. Өмнөх хямралаар урд хөрш зээлээр эдийн засгаа тэлж чадсан бол өнөөдөр зээлийн боломж хумигдсан гэсэн бодит шалтгаан бий. Өмнөхөөсөө илүү хүндрэх магадлал өндөр гэж ойлгож болно.

-Тэгвэл бидэнд байгаа боломж гэвэл та юуг онцлох вэ?

-Худалдааны дайны нөлөөгөөр Хятад улс барууны улсуудаас зэс, нүүрс, төмөр авахаа бууруулаад байвал бидэнд боломж гарч болох юм. Энэ оны худалдааны дайнд нэг онцлог бий л дээ. Үзэл суртлын бага зэргийн өрсөлдөөн яваад байгаа. Өөрөөр хэлбэл Хятадад түүхий эд нийлүүлдэг зарим улс Америктай ойрхон байгаа. Газрын ховор элемент бидэнд байгаа бас нэг боломж. Учир нь Хятад өөрөө газрын ховор элемент экспортолдог орон. Худалдааны дайны нөлөөгөөр, хэлэлцээрт давуу тал олж авахын тулд экспортоо бууруулах магадлал өндөр. Хэрвээ ийм байдал үүсвэл зөрүүлээд хөрөнгө оруулалт татах боломж бидэнд бий. Хамгийн том боломж гэвэл барилгын салбар байж болно. Экспортоос нэг их хамаарахгүй салбар. Дотооддоо барилгын салбараа идэвхжүүлэхэд боломж бий. Гэр хорооллын иргэдийн нийгмийн даатгал дахь мөнгийг нь урьдчилгаанд тооцуулдаг болгох гэх мэтээр дотоод нөөц боломжоо ашиглах гарц байгаа. Банкуудад асар их хэмжээний илүүдэл эх үүсвэр бий гэсэн мэдээлэл бий шүү дээ. Тэр их мөнгийг хаашаа оруулахаа мэдэхгүй байгаа тухай мэдээлэл байсхийгээд цацагддаг. Ямар сайндаа л төв банкны үнэт цаас долоон их наяд гарах вэ дээ, өнгөрсөн жил. Тэгэхээр нэг талдаа банкуудад ийм боломж байна. Нөгөө талд эрэлт байна. Тиймээс энэ салбарт ухаалаг зохицуулалт хийгээд зах зээлээ тэлэх гарц байгаа. Хямралын нөлөөгөөр доллар үнэд орчихно. Тэр утгаараа хүнсний ч юмуу, дотоодод үйлдвэрлэх боломжтой импортыг орлох хэмжээний бүтээгдэхүүний зах зээл гарч ирж болох юм. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Зах зээлийнхээ жамаар байх учиртай. Эцэст нь дахин онцлоход гол боломж бол ерөөсөө л экспорт.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ЖИЛИЙН ДАРАА ХЯМРАЛЫН ШИНЖ ТЭМДЭГ МЭДРЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

(СЭЗИС-ийн багш, эдийн засагч)

-Дэлхийн эдийн засаг удахгүй хямрал ажиглагдана гэж шинжээчид таамаглацгаагаад эхэллээ. Энэ хэр бодитой таамаг вэ?

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 2008-2009 оны хямралаас хойш нэлээд тогтвортой өсөлттэй явж ирсэн гэж бид хувьдаа үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн индексүүд зэрэг санхүүгийн гол индикаторуудаар харагддаг л даа. Сүүлийн жил гаруй хугацаанд дэлхийн эдийн засагт удахгүй хямрал нүүрлэх тухай ярьж байна. Дэлхийн эдийн засгийн том чуулган дээр хүртэл энэ асуудлыг гол сэдэв болгож удахгүй хямрал болох тухай асуудлыг хөндөн ярилцсан. Сонирхолтой нь яг хямрал болно гэдгийг илэрхийлэх үзүүлэлт одоогоор илрээгүй гэж би хувьдаа харж байна. Дэлхийн эдийн засаг гурав түүнээс дээш хувьтай өссөн хэвээр яваа. Тиймээс таны асуусан таамаглалын тухайд урьдчилсан байдалтай болгоомжилсон хэв шинжтэй зүйл гэж харж байна.

Хямрал ирж болзошгүй шинж тэмдэг анзаарагдахгүй байна гэсэн үг үү?

-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хямрал ирж болзошгүй гэсэн урьдач зүйлс бол бий. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх зуунтай харьцуулахад асар их интеграци бүхий болсон. Энэ нь глобалчлал болон технолгийн хөгжилтэй холбоотой. Хоёрдугаарт, 2009 оноос хойш эдийн засаг нэлээд тэлсэн. Ингэж тэлсэн байдал 10 орчим жил үргэлжлээд байна. Гуравдугаарт, дэлхийн эдийн засагт худалдааны дайн, их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, брексит гэх мэт эрсдэлүүд бий болчихсон. Энэ бүхнээс хамгийн гол нь худалдааны дайн. АНУ худалдааны маргаан, хоригийн асуудлыг зөвхөн БНХАУ-тай төдийгүй Европ, ОХУ, Ойрхи Дорнод чиглэлд өргөжүүлэх хандлагатай байгаа явдал болгоомжлол төрүүлж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол түүчээ болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүчтэй саарч буй явдал анхаарах асуудал болоод байна.

-Таны хэлсэн шалтгаанууд зарим байгууллагыг дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнө хэлсэн таамгаа бууруулахад хүргэсэн байх аа?

-Тэгсэн. Сая хэлсэн шалтгаануудаас болоод дэлхийн томоохон байгууллагууд дэлхийн эдийн өсөлтийн таамгаа бууруулж байгаа. Саяхан АНУ-ын Холбооны нөөцийн банк болон Европын гол төв банкууд бодлогын хүүгээ буурууллаа. Энэ бүгдээс үзвэл ойрын хугацаанд биш юм аа гэхэд жилийн дараагаас хямралын шинж тэмдэг мэдрэгдэж болзошгүй.

-Хямрал ирлээ гэж бодъё. Тэр үед хэцүүдэхгүйн тулд бид яах ёстой вэ?

-Хамгийн гол эрсдэл нь хямрал болно гэж яриад суугаа хэрнээ бид бэлтгэлгүй байна. Хэрвээ дэлхийг хамарсан эдийн засгийн сөрөг нөхцөл байдал үүсвэл хамгийн түрүүний хохирогч болох улс нь бид. Хямрал бидэнд эрдсийн үнээр дамжиж шууд нөлөөлнө. Тодруулж хэлбэл, санхүүгийн урсгал саарах байдлаар шууд нөлөөлөх эрсдэлтэй. Ийм эрсдэлтэй нүүр тулбал эдийн засгийн өсөлт саарч 2014-2016 оны нөхцөл байдал давтагдах сөрөг талтай. Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал сөрөг болсноор бид төлөх учиртай өрнийхөө өмнө томоохон асуудалд орж мэднэ. Гэтэл бодит байдал дээрээ бид өрийг өрөөр төлөхөөс өөр аргагүй байгаа нь харамсалтай. Хямрал болсон тохиолдолд энэ боломж хаагдах эрсдэл бий.

Бид өнөөдөр эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлттэй байгаа боловч энэ нь тийм баталгаатай, тогтвортой зүйл биш. Иймээс хямрал болох эсэхээс үл хамаарч эрсдэлээс хамгаалах удирдлагыг сонгох нь зүйтэй. Үүний тулд төсвийн чанд, хэмнэлттэй, оновчтой бодлого явуулах, өрийн удирдлагын идэвхтэй арга замыг эрэлхийлэх, эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүдийг яаравчлах зэрэг арга хэмжээг авах ёстой. Гэхдээ төрийн хийж байгаа үйлдлүүдийг харахад харьцангуй идэвхгүй, тайван байдалтай байна.


Categories
мэдээ цаг-үе

Александра Панзарелли: Уго Чавесын дарангуйллын суурь нь Үндсэн хуулийн өөрчлөлт байсан

“Боловсрол төвтэй улс төр” ТББ-аас зохион байгуулж буй цуврал лекцийн гурав дахь илтгэгч нь Венесуэлд өсч, төрсөн, өдгөө АНУ-ын иргэн Александра Панзарелли. Профессор Александра Панзарелли “Венесуэл улсын ардчилал яагаад сүйрэв” сэдвээр лекц уншсан юм. Э.Бат-Үүл “Монгол Венесуэлийн яг араас явж байгаа. Венесуэлд инфляци хоёр сая давчихсан. Арван саяд хүрэх таамаг бий. Ийм үед хамгийн эмгэнэлтэй нэг зураг анзаарагдаж байна. Венесуэлийн ардчилсан хүчин өөр хоорондоо учраа олохгүй яваа” гэсэн үгээр лекцийг эхлүүлээ. Александра Панзареллигийн лекцийг тоймлон хүргэе.

УГО ЧАВЕС ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСНААР ВЕНЕСУЭЛИЙН МӨХЛИЙН ТҮҮХ ЭХЭЛСЭН

Уго Чавесаас өмнө Венесуэл өнөөгийнхөөс тэс өөр өнгөтэй байсан. Хүн бүр тэгш эрхтэй, олон улсад нээлттэй байлаа. Итали, Америк гэх мэт улсаас маш олон хүн ирж суурьшиж амьдарч байсан. Манай улсад ардчилал 1959 онд эхэлсэн түүхтэй. Хоёр гол нам эвсэл байгуулсан юм. Харамсалтай нь тэд дотроосоо ялзарч, ардчиллын үйл явц удааширч эхэлсэн л дээ. Ийм шалтгаанаар ядуурлын хувь эрс өссөн. 1988 онд эвссэн хоёр хүчний нэг намынх нь төлөөлөл болох Карлос Андрес Перрис гэдэг хүн Венесуэлийн ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Тэр хүн хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ “Далаад оны Венесуэлийг эргүүлэн өгнө” гэж амлаж ялалт байгуулсан юм. Харамсалтай нь эрх барьсныхаа дараа амлалт нь тийм амар биелэхгүйг ухаарсан. Ядуурлын хувь буураагүй учраас Каракас орчимд эсэргүүцлийн жагсаал цуглаан хүчээ авсан. Энэ цаг үеийг Венесуэлийн ардчиллын төгсгөл ирсэн гэж үздэг. Тэр үед хэний ч таньж мэдэхгүй Уго Чавес гэдэг хүн гарч ирсэн. Тэр гудамжинд өрнөсөн үймээн самуунд гол үүрэг гүйцэтгэгчийн нэг байсан юм. Мань хүн төрийн эргэлт хийх оролдлого хийсэн ч бүтээгүй. Шоронд хоригдож ял эдлээд гарч ирсэн. Дараа нь Уго Чавес сонгуульд өрсөлдөх эрх авч төрийн эрхэнд гарсан юм. Тэр төрийн эрхэнд гарснаар Венесуэлийн мөхлийн түүх эхэлсэн гэж хэлж болно. Уго Чавес хоёр зүйлийг амлаж гарч ирсэн. Нэг нь шинэ Үндсэн хууль батлах байсан бол нөгөө нь улс төрд оролцоо багатай нийгмийн бүлгүүдэд боломж олгоно гэсэн амлалт байсан нь манай улсын өнгөрсөн түүхэнд тод бичээстэй байгаа.

Венесуэлийн удирдагч шинэ Үндсэн хуулийн төслөө 1999 онд парламентаараа хэлэлцүүлээд батлуулсан. Тэр үед шинэчлэгдсэн Үндсэн хуулийн давуу, сул талыг одоо онцолъё. Үндэсний цөөнх парламентад суудалтай болсон, эмэгтэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан гэх мэт давуу талууд бий. Ийм шалтгаанаар Уго Чавесын нэр хүнд огцом өссөн л дөө. Шинэ Үндсэн хуулийнх нь нэг том сул тал нь Ерөнхийлөгчийн хэмжээ хязгааргүй эрх мэдэл. Хоёр танхимтай байсан парламентаа нэг танхим болгочихсон. Товчхондоо авторитар дэглэм тогтсон, Венесуэлд. Конгресс нэг танхимтай болсноор Ерөнхийлөгчийн эрх мэдэл огцом хүрээгээ тэлсэн гашуун түүх бий.

Манай улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь газрын тос байсныг хүн бүр мэднэ. Газрын тосны үнэ тухайн үед өндөр байсан юм. Уго Чавес газрын тосноос олсон мөнгөөр улс төр, нийгмийн том бүлгүүдийг атгандаа оруулахаас эхлээд буруу зүйл их хийсэн. Комунист лидер болсон.

Товчхондоо тэр манай улсын түүхийг шинээр бичилцсэн. Боливар гэж үндэсний баатар бий. Мөн л дэлхий мэдэх түүхэн хүн. Уго Чавес Боливарыг тахин шүтэж, өөрийгөө Боливартай адилтгаж үзэх болсон.Боливарын цогцсыг булшнаас нь гаргаж нүүр царайг нь өөрчилсөн. Бүр тодруулж хэлбэл, эртний Боливарын түүхэнд ул мөр, гавьяа зүтгэлээ үлдээсэн язгуур гаралтай угсаатнуудын царайнаас авахыг нь авч Боливарын царайг өөрчилсөн л дөө. Тэгээд өөрөө тэр төрхийг дуурайж, тэр бүх шинж чанарыг өөртөө бүрдүүлж эхэлсэн.

Уго Чавес хожим хорт хавдар тусч, бие нь эрчимтэй муудаж эхэлсэн ч ард түмнээс нуусаар байсан юм. Куба руу хүртэл очиж нэлээд хэдэн сар эмчилгээнд хамрагдсан цаг хугацаа түүний намтарт бий. Эмчилгээ нь үр дүнд хүрээгүй учраас сүүлдээ биеийн байдлаа зарласан л даа.Тэгээд мань эр Николас Мадуро гэж хүнийг залгамжлагаараа сонгосон. Николас Мадуро сонгуульд ганцхан хувийн саналаар ялж Венесуэлийг удирдах болсон юм. Тэр сонгуулийн маргаантай үр дүн хоёр талд хуваагдсан байсан нийгмийг улам туйлшруулж хагалсан. Уго Чавесыг хамгийн сүүлд иргэдлээ хандаж үг хэлэх үйл явдлыг сонирхсон гэрчийн нэг нь би. Тухайн үед би Канадын элчин сайдын яаманд зөвлөхөөр ажилладаг байлаа. Тэр үед төв талбайд цугласан иргэдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн байсан шүү. Өмнө нь хүмүүсийн дундуур явж гар барьж, тэврэлдэж их эрчтэйгээр илтгэлээ тавьдаг байсан Уго Чавес тэр өдөр хөдөлгөөн нь удааширсан, өвчиндөө шаналж яваа нь илт байсан л даа.


ТААЛАГДААГҮЙ ШҮҮГЧЭЭ ШОРОНД ЯВУУЛДАГ БАЙЛАА

Уго Чавес Венесуэлийн ард түмэнд нэлээд нэр хүндтэй улстөрч байсан. Асар хүчтэй харизмтай. Олныг татах чадвараараа гойд удирдагч байсныг нь онцлох учиртай байх. Түүний хийсэн бас нэг сөрөг ажил нь хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь нугачин дарсан. Ингээд ч зогсохгүй улсынхаа эдийн засгийн үгүй хийсэн хүн. Гэсэн хэр нь л ард түмэн түүнд их сайн ханддаг, дагаж хуйлардаг байлаа. Тэр засаглалын үндсэн гурван тулгуурыг үгүй хийсэн хүн. Гүйцэтгэх засаглал ямар ч эрх мэдэлгүй болсон, ерөнхийлөгчийн дохио зангаагаар хөдөлж эхэлсэн. Хууль, шүүхийн засаглал утгаа алдсаныг бас онцолъё. Зөв шийдвэр гаргасан шүүгчийг өөрт нь таалагдсан шийдвэр гаргаагүй гээд шоронд хийсэн түүх бий. Авлига авсан гэж буруутгаад нь торны цаана хийчихсэн. Тэгээд л тэр шүүгчийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн. Уго Чавесыг амьтантай харьцуулбал наймаалж гэж хэлж болох юм. Учир нь тэр бүх салбарыг атгасан. Хэвлэл мэдээлэл, шүүх засаглал, эдийн засаг гээд бүх салбар түүний атганд орсон. Тэр бүгдийг сорсон.

Хэвлэл мэдээлэл гэж ирээд ярихад хувийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшилдээ авсан байдаг. Нэг жишээ хэлье. Монголчуудын сайн мэдэх “Халтар царайт”-ыг хийсэн телевизийн суваг Уго Чавесыг зоригтой шүүмжилдэг байсан юм. Тэр сувгийг Уго Чавес 2007 онд хаасан. Өөрийнх нь эсрэг дуугарсан, өөрийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тэр үг тайлбаргүйгээр хаадаг байсан. Тэр Владимр Путинтэй нэг талаараа их төстэй. Үзэл бодол, байр суурь, шийдвэр шийдлийг нь хүлээж зөвшөөрдөггүй сөрөг хүчний улстөрчдийг захиргааны хэргийн шүүхээр оруулж хорьдог байлаа. Ер нь бол эрх мэдэлдээ дулдуйдаж сөрөг хүчнийг нугачин дарсан. Улс төрийн намынхаа хувьд түүнийг яг нэг намын тууштай гишүүн гэхэд хэцүү. Маш олон нам сольсон. Өөр намаас дэвшиж байгаа нэр дэвшигчидтэй хэл амаа ололцохдоо хэцүү хүн байсан даа. Эрх мэдлээрээ ардчиллыг нугачин дарснаас гадна аж ахуйн нэгжүүдэд ч халгаатай байсныг онцолъё. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын компаниудын бүх хөрөнгийг хурааж улсын хөрөнгө болгож эрх мэдлээ улам өргөжүүлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Венесуэл улс тэр чигтээ Уго Чавес гэж хүний атганд орсон юм.

УДИРДАГЧАА ШҮТСЭН АРД ТҮМЭН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭХИЙГ АНЗААРААГҮЙ

Мэдээж түүнийг ингэж дураараа авирлах үед сөрөг хүчин аль чадлаараа эсэргүүцлээ илэрхийлж байсныг хэлэх хэрэгтэй. Тухайн үед Швейцарийн банк гэх мэт газарт ерөнхийлөгчийн нэр дээр маш их хэмжээний мөнгө хуримтлагдаж байна гэсэн мэдээлэл ирж, тэр мэдээллийг нь сөрөг хүчин эсэргүүцсэн улстөрчдийн нэг хэсэг нь шоронд орж, нөгөө зарим нь эх нутгаасаа дүрвэсэн. Улс төрийн орогнол хүссэн. Харамсалтай нь ард түмэн яг юу болоод байгааг ойлгоогүй. Уго Чавесыг тахин шүтсэн хэвээр байсан. Уго Чавесыг тахин шүтсэн нийт олонх буюу ард түмэн амьдрал дээр яг юу өрнөж байгааг ухаарах сэхээгүй, эдийн засагт балагтай ямар үйл ажиллагаа болж буйг ойлгох сөхөөгүй аж төрсөн. Энэ бол гашуун үнэн. Хээл хахуульд автсан элитүүд нь зсгийн эрхэнд заларсаар байсан юм. Тэр хүмүүс одоо ч эрх мэдлээс бууж, хураасан хөрөнгө мөнгөө алдахыг хүсэхгүй байна л даа. Ийм шалтгаанаар манай улс маш том хямралд орчихоод байна. Миний төрөлх нутгийн энэ эмгэнэлтэй түүхээс авах нэг том сургамж бий. Ардчиллын үнэ цэнийг алхам бүрдээ хамгаалах хэрэгтэй. Тэгж байж л улс орнууд популизмаас ардчиллаа аварч үлдэнэ.

Улс төрийн нөхцөл байдлын тухайд манайд хоёр том эвсэл бий. Нэг нь засгийн газрын эвсэл. Нөгөө нь сөрөг хүчний эвсэл. Аль аль нь энэ нөхцөлөөс хэрхэн гарах вэ гэдэг асуултад шийдэл олж чадахгүй яваа. Нэг хэсэг нь дахин сонгууль хийе гэж байгаа бол нөгөө хэсэг нь гадны интервенц хэрэгтэй гэж байна. Мадурогийн Засгийн газарт гурван фракц бий. Нэг нь өөрийг нь дэмжиж яваа. Нөгөөх нь Мадурогийн эсрэг яваа шинэ залуу үеийнхэн. Гурав дахь нь өмнө нь Мадурогийн засагт ажиллаж явсан сайд нар.

МАДУРО ОРОС, ХЯТАДЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ДАРАНГУЙЛЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БАЙХ

Одоо манай улсын маргааш ямар байх вэ гэдэг дээр хэдэн хувилбар хэлье. Хамгийн муу хувилбараас нь эхэлье. Мадуро сөрөг хүчнээ нугачин дарах магадлал бий. Тэр ОХУ, Хятадтай түншлэл тогтоочихсон. Цэргийн элитүүд, газрын тосны бизнесийг гартаа атгасан давуу талтай. Хэрвээ энэ хувилбар хэрэгжвэл хямрал газар авна, гадаад өр нэмэгдэнэ. Сөрөг хүчний тухайд хоригдох нь хоригдож, дүрвэх нь дүрвэнэ. Хоёр дахь сценари нь Норвегийн сценари. Норвегийн Засгийн газрын зүгээс эвслийн хоёр хүчнийг ойлголцуулах яриа хэлэлцээр явуулж байгаа. Гэхдээ энэ хэлэлцээр одоогоор зогсчихсон. Мэдээж бүх зүйл хөшигний ард өрнөж буй. Энэ хоёрыг ойлголцуулж аль аль талын санааг тусгасан дундын аятайхан шийдэл олохоор Норвегийн тал хичээж яваа. Гэхдээ миний хувьд энэ хувилбарт эргэлзэж байна. Хамгийн сайн гэхдээ бараг л бүтэхгүй нэг хувилбар бий. АНУ, Канад, Европын холбооны зүгээс хүний эрхийн чиглэлээр хориг тавьчихсан. Энэ санкцид дулдуйдаж цэргийн дэглэм тогтоогоод Мадуро ерөнхийлөгч өөрөө сонгууль зарлах хувилбар бий. Үлгэрийн гэмээр өөр нэг шийдэл хувилбар бий. Хүмүүнлэгийн тусламж их хэмжээгээр оруулна, манай улсад. Ийм замаар Мадурогийн дэглэмийг аажмаар багасгаж, сонгууль зарлах. Үүнд би хувьдаа итгэхгүй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Туркменистан авлигачдаа шившиглэж байгаа нь арай хүнлэг юм аа

Туркменистан гэж улс Азид бий. Авторитар дэглэмтэй. Хуучны “стан” орнуудаас нэг хүний эрхшээлд үлдсэн улсын нэг. Ерөнхийлөгч нь их сүртэй. Венесуэлийн араас орох гэж байгаа улсын төрийн тэргүүн гэмээргүй аяг ааш, үйлдэл гаргаж, тэр бүхнээрээ бахархсан шиг аж төрдөг нөхөр. Дэлхийн хамгийн өндөр шонд төрийнхөө далбааг мандуулсан, хамгийн том талбай эзэлсэн усан оргилуурыг Геннист бүртгүүлсэн гэж ирээд жагсаавал агуу сүрлэг байгууламжаараа л Туркменистаны нэр цэнхэр гаригт дуулддаг. Ерөнхийлөгч нь тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн үлгэр домог шиг мэдээ, бичлэг хөвөрч байдгаар нь Гурбангулы Бердымухамедовыг дэлхий андахгүй. Товчхондоо Гурбангулы Бердымухамедов бол дарангуйлагч, Туркменистан авторитар дэглэмийн тод жишээ болсон улс.

Саяхан энэ улс хэдэн сайд дарга нараа теле камерын өмнө зэрэгцүүлж зогсоож байгаад шившиглэсэн бичлэгийг дэлхий даяараа харлаа. Энэ улс ч гэж юу байхав, ноён удирдагчийн ааш аягт таалагдаагүй учраас сайд, дарга нар нь камерын өмнө гэмшсэн дүртэйгээр зогссон хэрэг. Телевизээр шившиглэгдэж байгаа сайд дарга нар бүгдээрээ цэвэрхэн хослол, цагаан цамц, гялгар ботинк, толийтол самнасан халимаг үстэй харагдана лээ. Хэдийгээр дарангуйлагчийнхаа хүсэл зоргоор шившиглэгдэж байгаа ч Европтой ойрхон болоод тэр үү, залуу сайд нар гаднаасаа соёлтой, аятайхан харагдаж байсан. Товчхондоо Туркменистанд цэмбийсэн дарга сайд нар эцэг удирдагчийнхаа өмнө гэмшин уйлж байна.

Гэтэл манайд эсрэгээрээ. Бүс нутагтаа ардчиллын баян бүрд гэгддэг Монгол Улсын төр авлигаар буруутгаж шийтгэгдсэн иргэдээ сэтгэл эмзэглэмээр шившиглэдэг. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулсан гэж дэлхийд тунхаглаж урагшилж яваа улс гэхэд гутмаар дүр зураг нүдний өмнө хөвөрсөөр байгаа. Хүн ихэд айж, сүрхий цочирсон үедээ жолоодлогогүй үйлдэл хийдэг. Эрүүл саруул, айвуу тайвуу амьдарч яваа хүмүүс хөндлөнгөөс нь харахад ичгэвтэр байдалд орохоор үйлдэл үзүүлдэг. Гэмт хэрэгт буруутгагдаж, төрийн хараа, хяналтад орсон иргэд цочирдохдоо элдэв үйлдэл хийж таарна. Цочирдохдоо хэн ч, ямар ч аяг гаргаж мэднэ. Магадгүй зарим тохиолдолд элдэв үйлдэл хийтэл нь цочирдуулах эх үүсгэлийг гэм хийсэн иргэнээ барьж хорьсон төр өөрөө хийдэг. Хамгийн гутмаар нь төрийн нэрийн өмнөөс ажилладаг хууль, хүчний байгууллага гэм, ялаа эдэлж хоригдож байгаа иргэдийн, хариуцлагаа хүлээж шийтгүүлсэн хүмүүсийн цочирдохдоо хийсэн элдэв үйлдлийг камераар бичиж, олонд дэлгэж шившиглэдэг. Хүний эрх талаас харахад төрийн иргэнээ шившиглэж буй энэ арга алга ташихаар зөв зүйл угаасаа биш.

Ийм өнцөг хөндсөн хэвлэл мэдээллийг авлигачдыг өмөөрлөө гэсэн буруутгал анзаарагдаад удаж байна. Авлигачдыг өмөөрлөө гэж дүгнэж, буруутгах нь том эндүүрэл. Харин ч бид, хэвлэл мэдээллийнхэн авлигачдыг шийтгэх ёстой, авлигагүй нийгэмд амьдрахын төлөө хуулийг гууль болгохгүйгээр авлигач бүрт хариуцлага хүлээлгэх учиртай гэсэн хатуу байр суурьтайгаар үзгээ шүүрч, үгээ хэлдэг. Авлигын эсрэг тэмцдэг байгууллага гэж байгуулагдахаас өмнө бид авлигатай тэмцэж байсан. АТГ гэж байгууллага байгуулагдаж ажиллаж буй өнөө цагт ч тэднээс дутахгүйгээр авлигын эсрэг тэмцэж яваа. Тэгэхээр авлигачдыг хаацайлах гэж оролдлоо гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл, муйхар буруутгал.

Авлигачдыг илрүүлж, шийтгэж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт шийтгэлээ хүлээсэн иргэнээ шившиглэх эрх төрд, төрийг төлөөлж ажиллаж байгаа АТГт байхгүй. Нэлээд хэдэн жилийн өмнөх үйл явдлыг сөхье. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын кейсийг. Монгол даяар түүний салаавч үзүүлж элдвийг хэлж буй нүд халтирам төрхтэйгөөр харсан. Уурлаж, бухимдаж, цочирдож энэ тэр болоогүй бол Н.Энхбаяр шиг хүн тэгж аашлахгүй нь тов тодорхой. Монголын төр иргэнээ улс төрийн зорилго, ашгаар ингэж шившиглэсэн тохиолдол ганц Н.Энхбаяраар дуусаагүй. Саяхан л гэхэд АТГ бахархалтайгаар хэвлэлийн хурал зарлаж байгаад иргэдээ шившиглэсэн. Дахиад хэлье. Бид авлигатай тэмцэх ёсгүй, авлигачдыг өмгөөлөх ёстой гэж хэлээгүй, асуудлыг тэгж хараагүй. Авлигачид шийтгэлээ хүлээх ёстой, гэхдээ улс төрийн жижиг сонирхлоор шившиглэгдэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийг уландаа гишгэсэн, үл тоосон ийм хандлагыг төр нь, төрийг төлөөлсөн байгууллага нь иргэддээ гаргаж болохгүй. Тэр дундаа ардчиллын замаар алхаж яваа Азийн Монголд байж боломгүй үзэгдэл.

Монголд хүний эрхийг хамгаалах чигийн олон байгууллага ажилладаг. Энд болж байгаа элдэв хэрэгт санаа оноогоо хэлж, мэдэгдэл гаргадаг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч цөөнгүй. Хүний эрх ярьж, хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд яг өдийд уг нь энэ зүгт анхаарлаа хандуулчихсан явах учиртай. Гэтэл хүний эрхийн төлөө ажилладаг ганц ч байгууллага иргэнээ шившиглэж, хувь хүний эрхэнд нь халдаж байгаа төрийг, төр төлөөлж ажилладаг байгууллагыг шүүмжилсэн мэдэгдэл байтугай, байр суурь ч илэрхийлэхгүй юм.

Хуучин нийгмийн үед, өнгөрсөн зууны гуч, дөчөөд онд л аавыг нь буудаж хөнөөчихөөд, хүүхдийг нь сургууль дээр нь шившиглэж хөөж, хэлмэгдүүлж хөнөөсөн иргэнийхээ гэр бүлийг гишгэх газаргүй болгодог байсан. Тэр цагийн иргэдээ шившиглэдэг хандлага энэ цагт тод илрээд байгаа нь гашуунаар хэлэхэд Монголын эмгэнэл. Үндсэн хуульдаа хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол Улсад аль тэртээ тэр үеийн хар арга дэлгэрч байгаа нь яаж ч бодсон хүлээн зөвшөөрөхөөр жишиг биш. Үндсэн хуульт ардчилсан улсад бүх зүйл хуулийн дагуу өрнөх учиртай. Дахин давтаад хэлэхэд Монголын төр, АТГ авлигачдаа хуулийн дагуу шийтгэх ёстой.

Иргэнийхээ эрхэд халдаж шившиглэснээр авлига зогсохгүй л дээ. Ингэж шившиглэснээ авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил хийж байна гэж сэтгэж суугаа бол тэрэн шиг том эндүүрэл байхгүй. Иргэдээ шившиглэж авлигын эсрэг тэмцдэг улс Хятад, манай хоёроос өөр үлдээгүй байх шүү, цэнхэр гаригт.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Р.Энхбат: Эрх чөлөө мэдлэг, хөгжил дээр л цэцэглэдэг. Үгээгүй ядуус эрх чөлөөгөөр яах юм

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-“Адмон” групп Монголд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн. Сая та Герман руу явж “Гёте” медалийн эзэн болоод ирлээ. Монголоос анх удаа Р.Энхбат гэж хүнийг, “Адмон”-ыг дэлхий хараад, үнэлээд эхэллээ гэсэн бодол төрсөн…?

-Би чинь шагнал авч үзээгүй хүн. Шагнал авахаар ямар мэдрэмж төрдөг тухай төсөөлөлгүй нөхөр гэнэтхэн л тийм мэдээ дуулсан. Хагас жилийн өмнө мэдэгддэг юм билээ. Гётегийн төрсөн өдрөөр гардуулдаг юм байна. Тэгээд л сая Герман яваад ирлээ. Герман тийм олон шагналтай улс биш. Хэдхэн шагналаа иргэд нь сайн мэддэг. Өөрийнхөө төлөө зүтгээд явж байтал Германы төр үнэлэхээр хэн ч гайхна л даа. Анх шагнал авах болсон тухайгаа сонсоод гайхсан. Би Германы төлөө яваагүй. Германы төлөө явъя гэсэн зорилго тавиагүй. Германаас яаж юм авах вэ гэж л бодож явсан хүн. Зүүдлээ ч үгүй юм боллоо. Амьдралынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгээд явж байтал ямар ч хамаагүй хүн шагнахаар гайхах мэдрэмж давамгайлдаг юм билээ. “Яагаад шагнаж байгаа юм бол” гэж бодсон шүү. Ер нь маш хүмүүнлэг шагнал юм болов уу гэж харсан.

-Тантай хамт өөр улсын хүмүүс “Гёте” медаль авсан уу?

-Хоёр хүн авсан. Нэг нь Туркээс дүрвэсэн зохиолч. Төр засагтайгаа таарамжгүй, үзэл бодол тохироогүй учраас эх орноосоо гарсан уран бүтээлч. Нөгөөх нь бас уран бүтээлч бүсгүй. Америкт амьдардаг. Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг юм билээ.

-Хүний эрхийн төлөө тэмцдэг уран бүтээлчид байжээ дээ?

-Хоёулаа л тэр талдаа хүмүүс байсан. Тэгэхээр намайг яамтайгаа тэмцдэг гээд энэ шагналыг өгсөн юм болов (инээв). Одоо эргээд анзаарах нь ээ чин үнэнээр явдаг байдлыг харгалздаг юм болов уу гэсэн бодол төрөөд байгаа.

-Шагнал авахаар тэгээд ямар мэдрэмж төрж байх юм?

-Би өмнө нь хэзээ ч тийм хүндлэл мэдэрч байгаагүй. Эхнэртэй минь хамт урьсан. Энхбат гэж хувь хүн биш, Монголоо төлөөлж очиж байгаа гээд бодохоор сайхан мэдрэмж. Бас хичээхээс аргагүй гэсэн бодол төрдөг юм билээ. Бэлдэж, хичээж байгаад очсон. Бүх арга хэмжээ өндөр түвшинд, хайрласан хүндэлсэн бахархсан уур амьсгалд өрнөдөг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хамгийн гайхмаар нь надаас илүү баярлах юм. Ямар гоё хандлага вэ. Жинхэнэ кайф гэдэг л тэр байх. Монголдоо ирсэн хойно хүмүүс хэдэн төгрөгийн шагнал авсан гэж асууж байна. Мөнгө дагалддаггүй, мөнгөнөөс үнэ цэнэтэй хүндэтгэл дагадаг сайхан шагнал байсан. Хичнээн ч хэвлэл мэдээлэлд уригдаж ярилцлага өгсөн юм бүү мэд. Ичмээр, хэвлэлийн од болж дууссан.

-Соён гэгээрүүлэх ажилд онцгой үүрэгтэй ажиллаж яваа гэж танд ийм урам өгсөн байх аа. Одоо ярилцлагаа ном гэсэн том сэдэв рүү хандуулъя. Хэвлэлийн газрууд номыг янз бүрээр нь хэвлэж байна. Залуус, тэр дундаа өсвөр насныхан номоо зөв сонгож, номноос авахаа авч чадаж байна уу?

-Ер нь насанд хүрэх асуудал маш чухал болчихож. Насанд хүрэх гэдгийг би зөвхөн биологийн утгаар нь хэлээгүй. Эдийн засаг, оюун ухааны хувьд насанд хүрэх гэсэн том өнцөг бий. Гэтэл оюун санаа, нийгэмшлийн хувьд тавь хүрчихсэн хэрнээ хүүхдээрээ яваа улс олон байна. Нэг гашуун үг байдаг даа, жар хүрч ухаан ороод 61-тэйдээ орчлонгоос буцна гэж. Өөрийн бодолгүйгээр амьдралыг туулж, тэгж оршсоныхоо зовлон, гашууныг амсч, насан эцэслэтлээ горыг нь мэдэрч явсаар сүүлд нэг ухаарч, ухаараад цааш амьдрах гэтэл урагшлах насгүй болохоос илүү том эмгэнэл ертөнцөд байхгүй. Тэгэхээр нийгмээрээ насанд хүрэх гэдэг асуудлыг хөндөж ярихаас аргагүй. Орчлон дээр хэн ч ганцаараа амьдардаггүй. Биенээсээ хамааралтай, салгах аргагүй холбоо харилцаан дунд аж төрдөг. Энэ бүхнийг ухаарч ойлгохоос эхлээд олон асуудал байгаа. Насанд хүрэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Хамгийн түрүүнд ярих учиртай зүйл бол ном. Бидний хувьд насанд хүрэхэд нь тус дэм, шат гишгүүр болох номнууд орчуулж хэвлэхийн төлөө ажилладаг. Энэ чиглэлээр олон ном гаргаж байгаа. Жишээ нь, “Лолита”-г шинэ найруулгаар гаргах гэж байна.

-Танайхаас орчуулж хэвлэсэн япон зохиолчийн эмх цэгцийн тухай ном гарсан даруйдаа дуусч дахиж хэвлэгдсэн санагдаж байна. Та бид хоёрын яриад суугаа насанд хүрэхэд маш чухлаар нөлөөлөх агуулгатай ном. Ийм агуулгатай ном эрэлттэй байна гэхээр насанд хүрэх хүсэл нийгэмд төрөөд эхэлчихжээ…?

-Өөдрөгөөр харвал ийм хандлага анзаарагдаж байгаа нь үнэн л дээ. Өөрийгөө дажгүй аваад явахын тулд эмх цэгц хэрэгтэй. Гэр орны эмх цэгцээс гадна толгой тархины эмх цэгц хүртэл чухал болоод байгаа. Хэрэгтэй хэрэггүй юмсаар тархиа дүүргэчихсэн орчин цагийнхны хувьд анхаарч харахаас аргагүй өнцөг. Та түрүүн өсвөр насныхныг онцгойлж асуусан. Тэдний насныханд хайр дурлал, үерхэл нөхөрлөл, найз нөхдийн асуудал чухал байдаг. Тэр чигийн утгыг ухуулсан номнуудыг хэвлэхийн төлөө яваа. Хамгийн гол нь бие даах гэж юу болох, өөрийн гэсэн бодол гэж юуг хэлдэг вэ гэх мэтчилэнгийн амьдралд өөрөө өөрийгөө аваад явах чадварыг өгөх номнууд хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийг амьдралд сургахгүй байна.

-Амьдралд сургахгүй тэгээд юунд сургаж байна гэж?

-Амьдралд сургахаас илүү байгалийн ухаанд сургаж байна. Тоо, физик, химийн хичээлийг чухалчилж байна. Хэл уран зохиол, урлаг, хөдөлмөр, нийгмийн ухаан, түүхийн хичээл үнэлэгдэхгүй байна. Гэтэл яг үнэндээ хамгийн чухал нь эд шүү дээ. Нийгмээ ойлгох хэрэгтэй. Хүний амьдралд нийгмийн ухаан л илүү чухал. Байгалийн ухааны хувьд гээд яривал бүх юм нь шийдэгдсэн, өөрийн мэдэлтэй мэдэлгүй хийгдчихдэг зүйлс. Товчхондоо нийгмийн ухааны ойлголтууд манайд огт цэгцрээгүй. Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүн байна шүү дээ. Тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс гэдэг ойлголтуудыг уншиж ухаарч авахаар ном бичиг ерөнхий боловсролын сурагчдад алга. Ганц үгээр хэлбэл бидэнд системтэй мэдлэг үгүйлэгдэж байна. Боловсролын салбарт энэ мэт хувьсгалт маягийн өөрчлөлтүүд хэрэгтэй.

-Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүнтэй болсон гол шалтгаан нь юу юм бол. Бид яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-Бидэнд нэг асуудал байна. Тэр нь олон зуун жил явж ирсэн нүүдлийн амьдралын хэв маяг. Хот сууринд шилжиж, амьдралын хэв маягаа солиод бараг зуун жил ч болоогүй. Огт өөр хэв маяг бүхий амьдралууд шүү дээ. Нэг нь байгалийн эрхшээлээр, нөгөө нь засгийн газрын эрхшээлээр амьдардаг хэв маяг. Өнөөдөр огт өөр амьдрал бий болчихсон. Улс орон гэдэг систем бүрдсэн. Өмнө нь бидэнд тийм систем байгаагүй. Боловсрол, эрүүл мэндийн систем гэж байсангүй. Одоо бол бүгд биенээсээ хамаарсан систем дотор аж төрж яваа. Жишээ нь, нүүдэлчин ахуйд аж төрж явсан шигээ хүн бүр амиа бодвол бидний оршиж байгаа систем хөгжихгүй. Товчхондоо хамтаар амьдрах соёл, дадалд суралцахаас өөр арга бидэнд байхгүй.

-Таны ярианаас ийм соёл, дадал, хандлагад хөтлөх сурах бичгүүд алга гэж ойлголоо?

-Харамсалтай нь байхгүй. Манай хэвлэлийн газрын хувьд тэгж ажиллахыг хүсдэг. Төр засаг бодлогын хэмжээнд анхаармаар санагддаг, энэ асуудалд. Гэвч бодлогоор тэгж залж байгаа юм алга. Хэвлэлийн газрууд өөр, өөрийнхөөрөө л явж байна.

-Нүүдлийн ахуйн дадлаасаа өнөө аж төрж буй соёлтойгоо илүү ихээр ойртохын тулд юуг анхаарах ёстой гэж та харж байна вэ?

-Хүмүүжил, ёс суртахууны тухайд гээд харахаар хуучин уламжлалт ёс жаягаа дагая гэсэн хандлага маш их байна л даа. Хүүхдийн хүмүүжил дээр гэхэд л хуучнаа дагадаг. Хуучны ёс заншлын тухайд гэхэд л монголчууд захиргаадах, ахмадын үгийг сонсох, хамгийн туршлагатай хүний үгийг дээдлэх гээд насны эрэмбээр эрэмбэлэгдсэн эрхэмлэх зүйлтэй байсан. Нүүдэлчин амьдрал бол амьдралын туршлага дээр баазалдаг. Тэр ахуйгаар бол 81-тэй хөгшин хамгийн их туршлагатай хүн. Гэтэл өнөөдөр амьдрал туршлага дээр биш мэдлэг дээр суурилах болсон. Малын тухай мундаг малчнаас илүү мэдлэгтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүний мэдлэгийг яаж үнэлэх вэ? Хуучин нийгмийн уламжлалыг дагая гэвэл мэдлэг хамаагүй, туршлага дагасан амьдрал илүү гэнэ. Гэтэл өнөөдөр бүх зүйл мэдлэг дээр суурилж байна. Нэг настай хүүхдийн онцлогийг мэдчихсэн байхад тэр хүүхдийг онцлогт нь тохирсон аргаар хүмүүжүүлэх асуудал биш. Өнөөгийн хүмүүжлийн гол зорилго, чиг ерөөсөө энэ. Гэтэл өнөөдөр бид ямар ахмадуудтай болсон билээ? Хэцүү ахмадууд олон байна. Үгэнд нь орвол нохойн замаар орохоор тийм жудаггүй хөгшчүүл олширсон.

-Үлгэр дуурайл авахад хэцүү ааш аяг, хандлагатай хөгшид олширсон гэдэг ч үнэн шүү. Гэхдээ хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг ухвал өөр байх л даа?

-Уламжлалаар хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ярья, судалъя гээд эрэл хайгуул хийсэн. Би лав эрээд олоогүй. Тэр ухааныг мэддэг ярьж чадах хүн олдохгүй юм билээ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ уламжлалт энэ тэр гээд яриад байдаг нь гайхмаар шүү. Нэг талаасаа асуудал ийм болчихсон. Нөгөө талаас нь харвал нийгмийн олон асуудал хөндөгдөж байна. Сэтгэл зовоосон олон асуудал гарч байгаа. Бүх асуудлын учгийг хөөгөөд явахаар эцэстээ боловсролын асуудал болж хувираад байна л даа. Боловсролоос болж байна гэсэн хэрнээ боловсролоо сайжруулах тухай юу ч ярьдаггүй. Боловсрол ярихын тулд хүүхдүүд юу унших вэ гэсэн асуултад хариулт хайх хэрэгтэй. Насанд хүрэхийн тулд, өнөөгийн хүн болохын тулд яах ёстойг ярих учиртай. Хүн бүр өөрийнхөөрөө яваад байна л даа. Зүй нь улс оронд “Иргэн бүрээ ийм хэмжээнд хүргэнэ” гэсэн алсын хараа, бодлого байх ёстой. Тэгж байж хөгжил ярина. Хүн бүр өөр өөрийнхөөрөө явж байгаа дүр зургийг эрх чөлөө гэж ярьдаг. Эрх чөлөө эцсийн дүндээ хөгжил дээр л суурилдаг. Ядуу хүмүүсийн эрх чөлөө гэж юу байх вэ дээ. Мэдлэг, хөгжил, цэцэглэлтэн дээрх эрх чөлөө л учир утгатай болохоос үгээгүй ядуу хүн эрх чөлөөгөөр яах юм. Паспорт байгаад гадаад явлаа гээд хэлгүй, боловсролгүй, хар ажил хийгээд амь зуух нь эрх чөлөө биш.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг сөхөөд харахаар бидний багад үзэж байсан зүйр цэцэн үг, үлгэр, өгүүллэг тэр чигээрээ бичээтэй харагддаг. Дэлхий тэс өөр болоод байхад бид ингээд сууж болох уу?

-Бид 1-5 дугаар ангийн ёс суртахууны (хуучнаар иргэний боловсрол) сурах бичгийг сар хагасын дотор хийж дуусга гэсэн үүрэг авлаа. Ёс суртахууны асуудал гэдэг бол ерөөсөө л янз бүрийн хүмүүс хоорондын харилцаа, хүний мөн чанар, зөв буруугийн тухай л асуудал. Тэр чигийн унших материал төдийлөн байдаггүй юм байна. Яг таны хэлсэнчлэн уламжлал ёс заншил гэдэг хүмүүс хэдэн зуун жилийн өмнө ном сударт бичсэн янз бүрийн зүйр цэцэн үгс, сургаал гэх мэтийг л ашигладаг юм байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд, хэдэн зуун жилийн өмнө зохиосон, хүүхдэд зориулаагүй элдэв сургаал үг уншуулсаар ирсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд унших материал нь тэр чигээрээ иймэрхүү. Бид үүний эсрэг ажилласан. Унших бүх материалыг шинээр хийх гэж үзсэн.

Өнөөдөр амьдралд ямар асуудал байна, түүнтэй холбож л сэдвээ сонгож хийхгүй бол хичээлийн материал болохгүй шүү дээ. Өнөөдөр сургаал үгсийг зүгээр л хоосон цээжилж, уран яруугаар уншсан хүүхэд сайн дүн авч байна. Гэтэл уншаад ойлгоно гэдэг өөр хэрэг. Уншсан юм над руу орж байж минийх болно. Нэгэнт өөрийн болгосон зүйлийг хожим амьдралдаа хэрэглэж, ашиглаж таарна. Унших материал бол оюуны талх гэдэг шиг бидний авах ёстой тэжээл.

-Уншдаггүй хүн олон байна гэсэн шүүмжлэл та бид хоёрын яриад суугаа энэ асуудалтай холбоотой юм биш үү, хоосон уншиж хий цээжилж явсаар сургуулиа төгссөн хүүхдүүд номын амтанд дурлаж, номноос өгөөжийг нь авна гэдэг худлаа шүү дээ?

-Та зөв харсан байна. Багаасаа ном уншиж тэжээл аваагүй, зөвхөн дүн авахын төлөө цээжилж, номын сайхныг өөртөө шингээж энерги хүч болгож сураагүй хүүхдүүд том болоод номонд шимтэхгүй байхаас аргагүй. Би хүмүүсээс уншсан номынх нь тухай асуудаг юм. Тэгэхээр ямар хариу хэлдэг гээ. Хөөрхөн ном байна гэдэг. Юу нь хөөрхөн байна гэхээр амьдралтай юм аа гэдэг. Харин ном уншаад сурчихсан хүмүүс жинхэнэ шимийг нь авдаг. Тийм учраас тэд насан туршдаа уншдаг. Уран зохиолын ном барьж авлаа гэхэд тэнд амьдарч буй хүний оршихуйгаас өөрт хэрэгтэйгээ олоод харчихдаг. Гэтэл манайхан үйл явдал хөөгөөд байдаг. Ном уншиж сурсан хүмүүс үйл явдал хөөдөггүй. Боловсролын систем нь хөгжсөн улс орны сургуулиуд сурагчдынхаа уншсан номыг шалгахдаа биднээс өөрөөр шалгадаг. Чи энэ зохиолын гол дүр Доржийн оронд байсан бол яах вэ гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийлгэдэг. Ингэхээр хүүхэд тэр зохиолыг зажилдаг, амтыг нь араандаа уусгаж мэдэрдэг. Ингэснээр эх хэлнийх нь мэдрэмж сайжирдаг. Ийм боловсрол олгогдохгүй байгаа нөхцөлд бид хичнээн гоё ном гаргаад “Хөөрхөн ном байна лээ” гэсэн хариу л сонсоно. Ингээд бодохоор жаахан гомдолтой, гунигтай санагддаг. Номны тухай бодож байгаагаа ярих, маргах юм нийгэмд алга. Өөрийгөө л гайхуулцгаагаад байна. Нэг л их өрсөлдсөн хүмүүс. Та нэг сургууль руу ороод хараарай. Шилэн шүүгээ дүүрэн цом залчихсан байгаа. Өнөөдөр өрсөлдөөнөөс илүү хамтрах нь амин чухал асуудал болоод байна.

-Нэг өөдрөг хандлага ажиглагдаад байгаа. Залуус номонд их дурлах болж. Ном руу ингэж хошуурч байгаагийн нэг шалтгаан нь орчуулга гэж боддог юм. Өмнө нь гоё хавтастай орчуулга гэж авах юмгүй ном их байсан бол сүүлийн үеийн орчуулгын номнууд амттай, урсагдаж уншигдаад урамтай байна аа?

-Харин тийм, гоё байгаа биз. Ном амьтай. Номыг амилуулдаг амин сүнс нь орчуулга. Манайх орчуулган дээрээ онцгой анхаарч байгаа. Хүлхэгдэж, амт нь араанд уусч, нэг л мэдэхэд уншаад дуусах хөг аятай номын гол нууц нь ерөөсөө л орчуулга. Мэдээж хүн уншихад таатай хэвлэх ч ном амьтай байхын салшгүй нэг хэсэг. Хэвлэх үйлдвэрээ өргөтгөж шинэчилсэн минь цаанаа ийм утгатай.

Categories
мэдээ цаг-үе

Лицензээ хураалгасан компаниудын зургаа нь нүүрснийх байна

Ерөнхий сайдын сүүлд тушаал гаргаж цуцалсан уул уурхайн лицензүүд дотор нүүрсний зургаан компанийн найман лиценз багтаад буй. Экспортын орлогын 96 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүн дунд нүүрс жин дардаг, гадагшаа зардаг ашигт малтмалын 36 хувийг нүүрс дангаараа эзэлдэг статистик бий. Нүүрсний экспортын 55 хувь нь Гашуунсухайтаар урд хөрш рүү экспортлогддог бол 45 хувь нь Шивээхүрэнгийн боомтоор Хятадын зах зээлд нийлүүлэгддэг.

Гүйцэтгэх засаглалтын тэргүүний цуцалсан нүүрсний лицензийн лав гурав нь Шивээхүрэнгийн боомтоор нүүрсээ гаргадаг “Саусгоби сэндс” компанийнх. Шивээхүрэнгийн боомтоор нүүрс эскспортолдог компаниудын дунд үйл ажиллагааг нь зогсоосон компани ч байгаа аж. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг нь хураах санал холбогдох байгууллагуудад очоод буй компаниуд бий гэсэн мэдээллийг бид албаны эх сурвалжаас авсан юм. Нүүрсний экспортын бараг тал хувийг эзэлдэг Шивээхүрэнгийн боомт хавьцаах нүүрс олборлогч компаниудын байдал газар дээрээ ямар байгааг сурвалжиллаа. Эхлээд очсон компани маань “Өмнийн говийн элс” буюу “SGS”. Эдний компани Нар мандах, Нар жаргах гэсэн хоёр уурхайгаасаа олборлосон нүүрсээ баяжуулж экспортолдог гэнэ. Шивээхүрэнгээс нүүрс хүлээж авдаг Сэхээ боомтын эрэлт өндөр байгаа учраас нүүрсээ гаргаж л байвал доллар болгох асуудал биш гэж компанийнхан онцолж байв. Нүүрсний үнэ тогтвортой гэсэн гэгээлэг мэдээг “SGS”-ийн Байгаль орчин, орон нутгийн харилцааны хэлтсийн дарга Д.Ариунболд дуулгалаа. Тэд нэг тонн B ангиллын нүүрсээ 220 юань буюу 82 мянга орчим төгрөгөөр экспортолж байгаа аж. Дашрамд дурдахад Шивээхүрэнгээр нэвтэрдэг нүүрс Таван толгойнхоос ялгаатай. Таван толгойнх хатуу коксжих гэдэг утгаараа илүү үнэтэй, Шивээхүрэнгээр гардаг нь олон улсын ангиллаар сул коксжих учраас арай бага үнэтэй экспортлогддог юм. “Саусгоби сэндс” өнөө жил 5.1 сая тонн нүүрс олборлож, 800 мянган тонн нүүрс баяжуулж гаргахаар төлөвлөжээ. Д.Ариунболд “Манай компани олборлосон нүүрснийхээ 4.1 сая тонныг ондоо багтаад экспортолчих байх. Сэхээ боомт манайхаас 15-17 сая тонн нүүрс авна гэсэн тооцоотой байгаа юм билээ. Тэгэхээр гаргаж л чадвал эрэлт нь байгаа гэсэн үг. Ер нь Шивээрхүрэнгийн боомтоор өдөрт 820 орчим машин гардаг. Засгийн газраас нэг удаа турших маягаар 22.00 цаг хүртэл сунгаж ажиллахад өдөртөө 1400 орчим машин гарсан тооцоо бий. Яг одоогийн байдлаар 680-820 машины хооронд хэлбэлзэж байна” хэмээн сонирхуулсан юм. Хятадын тал битүү агуулахад нүүрс хүлээж авах ёстой гэсэн босго тавьсан нь манайхаас нийлүүлэх нүүрсний хэмжээ багасах шалтгаан болжээ. Үүнээс гадна долоо хоногийн таван өдөр ажлын найман цагаар нүүрс гаргадаг нь экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа гэж нүүрс экспортлогчид онцолж байв. Хоёр тал өндөр түвшинд яриа хэлээ өрнүүлээд өдөрт боомтуудаа өдөрт 16 цагаар ажиллуулбал өнөөдөр гаргаж буй нүүрсний хэмжээ нэг нугарч өсөх бололцоотой аж.

Д.Ариунболд: МАНАЙ КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ЦУЦАЛСАН

Д.Ариунболд (Лицензийг нь хураасан талбай дээр)

Уул уурхайн лицензүүдийг хомроглож цуцлах үеэр “Саусгоби сэндс” компанийн лиценз цуцлагдсан тухай өмнө дурдсан. Тус компанийн хэлтсийн дарга Д.Ариунболдтой энэ сэдвийг хөндөн ярилцсанаа хүргэе.


-Танай компанийн гурван ч лиценз цуцлагдсан гэсэн мэдээ хэвлэлээр цацагдлаа. Ямар шалтгаанаар яагаад цуцлагдсан юм бол?

-Гурван тэс суманд долоон аж ахуйн нэгжийн 10 лицензийг цуцалсан юм. Энэ лиценз дотор манай компанийн лиценз багтсан. Олборлолт явуулаагүй, үйл ажиллагаа эхлээгүй ч А лицензээ авчихсан, олборлох төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа гурван лиценз цуцлагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-ыг үндэслэж цуцалсан байгаа. Яагаад цуцлав гээд судлаад үзэхээр Байгаль орчны яамнаас ажлын хэсэг гарч дүгнэлт гаргасан байгаа юм.

-Байгаль орчны яамны ажлын хэсгийн дүгнэлтийг танай компани мэдээгүй хэрэг үү?

-Огт мэдээгүй.

-Яамнаас ажлын хэсэг ирсэн гэхээр газар дээр нь ирж шалгасан баймаар юм…?

– Хэн хэзээ ирж ажилласан нь мэдэгдэхгүй байна л даа. Танайхыг шалгаж байна гээд бидэнд хандаж, манай компани дээр ирсэн тохиолдол байхгүй. Н.Цэрэнбат сайдын 2019 оны наймдугаар сарын 11-ний өдрийн А425 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад дүгнэлт гаргасан гээд байгаа.

-Дүгнэлт нь ямар агуулгатай юм бол?

-Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц байна, үүнийг нь орон нутгийнхан удаа дараа мэдэгдсэн гэсэн агуулгатай байсан.

-Та түрүүн олборлолт эхлээгүй талбай гэсэн. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээр өөр онцгой шалтгаан байна уу. Тост, Тосон бумбын нуруутай ойрхон уу?

-Лицензийн талбайн хувьд Хятадын хилээс 50-иад км зайтай. Залгаа гурван лицензийн талбай маань 28 км-ын урттай 20 мянга орчим га газрыг хамарч байгаа. Тост, Тосонбумбын нуруунаас зайтай. Тус нуруу баруун хойд зүгт 40-өөд км-ийн цаана бий.

-Булаг шанд гэх мэт усны эхтэй ойр юм уу?

-Манай лицензийн талбай ойр орчимдоо булаг шандгүй. Хайрган хөрстэй. Энэ орчинд дүрэм журмын дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийсэн. Тэнд заасан зөвлөмж арга аргачлалын дагуу шийдээд нүүрс олборлож Шивээ хүрэнгийн боомт руу 60 гаруй км тээвэрлээд Хятад руу экспортлох боломжтой талбай.

-Хураагдсан лицензүүдийн талбай нийт хэчнээн тонн нүүрсний нөөцтэй вэ?

-Баталгаажсан нийт нөөц нь 191 сая тонн. Хайгуул хийвэл ирээдүйд нөөц нь өсөх боломжтой.

-Олборлолт явуулаагүй, экологид ямар нэг сөрөг нөлөөгүй талбайн лицензийг цуцалсан гэсэн байр суурьтай байгаа юм байна. Танай компанийн зүгээс ямар алхам хийгээд байна. Хүсэлт, өргөдөл гаргасан уу?

-Компанийн хувьд лиценз цуцлалтыг үндэслэлгүй гэж үзээд дээд шатных нь байгууллагад хандсан.

-Танай гомдлыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Бидний гомдлыг хүлээж авахгүй бол шүүхэд хандана. Олборлолт явуулаагүй лицензийн талбайнхаа тайланг бид АМГТГ-т өгдөг. Ашиглалт явуулаагүй шүү гэсэн агуулгатай тайлан өгдөг юм. Энэ тайлан дээр үндэслэж Уул уурхайн яам тайлан нэхдэг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх асуудлаар орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудаас тодорхойлолт авдаг. Гурав, дөрвөн сарын өмнө орон нутгийн байцаагч, засаг дарга нар бүгд тодорхойлолтоо өгчихсөн.

-Ямар агуулгатай тодорхойлолт өгсөн юм бол?

-Лицензийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмын биелэлт хангагдаж ажилласан гэсэн утгатай тодорхойлолт. Ийм байтал гурав, дөрвөн сарын дараа нь орон нутгаас санал ирсэн гээд цуцлах шийдвэр гарсанд гайхахаас аргагүй байна л даа.

-Танай компани өмнө нь байгаль орчны тал дээр асуудал гаргаж байсан уу?

-Байгаль орчин, орон нутгийн харилцаа хариуцаж ажилладаг хүний хувьд нэг зүйлийг онцолж хэлье. “Саусгоби сэндс” компани байгаль орчинд хариуцлагатай ханддаг уу гэдэг асуултыг орон нутгийн иргэдээс асуугаад үзээрэй. Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас ч асуу. Манай компани олборлолт явуулж байгаа талбайдаа өндөр хариуцлагатай ажилладаг. Байгаль орчны тухайд дүйцүүлэн хамгаалах гэж чухал ажил бий. Тэр жишгийг түүчээлж нэвтрүүлсэн компани бол “Саусгоби сэндс”. Тост, Тосон бумбын нуруунд дүйцүүлэн хамгаалах ажлыг олон улсын стандартаар явуулдаг ганц уурхай нь манайх. Биднийг дуурайгаад бусад уурхай дүйцүүлэн хамгаалах ажил руу орж байна. Манай уурхай Тост, Тосонбумбын нуруунд дүйцүүлэн хамгаалах ажлыгдөрвөн жилийн турш амжилттай хийж байгаа. 2014 онд гэхэд л тэнд нарны энергиэр ажилладаг зэрлэг амьтанд зориулсан уст цэг гаргасан. Дараа жил нь Тост, Тосон бумбын нуруунд тусгай хамгаалалтай газрын хил заагийг тэмдэглэгээ 22 ширхэгийг хийж байрлуулсан. Хилийн цэсийн тэмдэглэлжүүлэлтийг хийсэн гэсэн үг. Өнгөрсөн жил Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын захиргаанд пургон автомашин, GPS, байгаль хамгаалагчийн стандартын хувцаснууд өгсөн. Энэ жил ч тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Уул уурхайн том компаниуд “Хариуцлагаар нэгд” гэсэн санаачлага гаргасан даа. Тэр санаачилгад манай компани нэгдсэн байгаа. Ер нь уул уурхайг хариуцлагатай, хариуцлагагүйгээр нь ялгаж салгах цаг болсон. Хариуцлагагүй уул уурхайд төр төмөр нүүрээ харуулах нь зүйн хэрэг. Хариуцлагатай уул уурхайг ялгаж салгаж харах хэрэгтэй.


“Терра энержи”. Олборлолт эхлээгүй талбай

Ерөнхий сайдыг МҮХАҮТ дээр бизнесийнхэнтэй уулзахад лицензээ хураалгасан нэг компани бас ийм агуулгатай зүйл хэлж, асуудлыг нь эргэж нягтлахыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хүсч байсан. Тэр үеэр ерөнхий сайд цуцалсан лицензүүд дотор мэр сэр ийм асуудал байхыг үгүйсгэхгүй, судалж үзье гэсэн тал ч бий шүү?

-Наад үйл явдлын талаарх сурвалжлагыг харсан. Ерөнхий сайд тэр уулзалтын үеэр ганц нэг аж ахуйн нэгж хэлмэгдсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн утгатай үг хэлснийг олзуурхаж сонссон. Цуцлагдсан лицензүүдийн шалтгаан дүгнэлтийг нарийн харж хянах нь гэсэн итгэл төрсөн. Манай компанийн хувьд байгаль орчинд хохирол учруулсан зүйл байхгүй. Цуцлагдсан лицензийн талбайг ирж харсан удаа байхгүй.

“Саусгоби сэндс” компанийн цуцлагдсан лицензийн талбай олборлолт явуулж буй талбайгаас арав гаруй км зайд байна. Талбайн тэмдэглэгээ болгож босгосон цементэн шонг эс тооцвол хүний гар хүрээгүй атар тал угтав.

УРД ХӨРШ НҮҮРСНИЙ ЧАНАРТ ӨНДӨР БОСГО ТАВЬЖ ЭХЭЛЖЭЭ

Дараагийн очсон компани маань МАК. Нарийнсухайтын уурхайд олборлолт явуулдаг тус компани таван лиценз эзэмшдэг юм байна. Ордын хэмжээнд 300 метрийн гүнд 560 сая тонн нүүрсний нөөц тогтоожээ. Таамаг нөөцөөр тооцвол 680 сая тонн болж байгаа аж. Хамгийн гүндээ 120 метрт олборлолт явуулж байгаа аж. Жилдээ 12 сая тонныг олборлох хүчин чадалтай гэнэ. Баяжуулах үйлдвэр босгосон, боомтыг өндөр хурдны шилэн кабельтай болгосон, бусад компаниудтайгаа хамтарч Шивээхүрэнгийн боомтын найман урсгалтай хаалгыг ашиглалтад оруулсан гэж ирээд тоочвол нүүрс экспортын дэд бүтцэд багагүй хөрөнгө заржээ. Нойтон баяжуулах үйлдвэрээс гадна хуурай баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээд байгаа юм байна. Хятадын тал нүүрсний чанарт өндөр босго тавих болсон учраас нүүрс экспортлогчид бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж боловсруулах талд анхаараад эхэлчихэж. Нарийн сухайтын уурхайн дарга Д.Баярсайхан “Энэ жилээс урд хөрш нүүрсний чанарт өндөр шаардлага тавьж эхэлсэн. Манай компани ийм шалтгаанаар ахиад хоёр сая тоннын нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нэмээд 1.5 сая тонны хүчин чадалтай хуурай баяжуулах үйлдвэр угсарч байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай яваа. Хятадын зах зээлд нүүрсний таван үзүүлэлтийг хардаг байсан бол одоо фтор, хар тугалга, фосфор гэх мэт химийн таван хүнд элементийг давхар үздэг болсон. Энэ шаардлагыг хангахын тулд үйлдвэр барьж байна” гэсэн юм. Худалдан авагч талын шаардсанаар нүүрсэнд агуулагдах хүхрийг бууруулсан гэж уурхайн дарга сонирхуулав. Нойтон баяжуулах үйлдвэр нь ашигласан усныхаа 90 гаруй хувийг дахин ашигладаг гэнэ. Урд хөршийнхөн энэ жилээс эрчим хүчний импортын нүүрсэн дээрээ фтор бага байх шаардлага тавьж эхэлжээ. Хятад талын энэ мэт стандартыг хангаж ажиллаж эхэлсэн нь нүүрсний экспорт буурахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэнэ. МАК энэ жил 7-9 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс гурван сая тонныг экспортолжээ. Энэ дашрамд онцлоход урд хөршийн импортлогчид түүхий нүүрс авахаас зайлсхийж эхэлсэн нь түрүүчээсээ тод мэдрэгдээд эхэлчихэж. МАК-ийн хувьд лицензийн асуудал байхгүй аж.

АШИГЛАЛТ ЯВУУЛААГҮЙ ТАЛБАЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН ҮҮ?

Лицензийн асуудалтай дараагийн нүүрс экспортлогч нь “Терра энержи” компани. Эднийх “Саусгоби сэндс” шиг лицензээ хураалгаагүй. Лицензийн тухайд цуцлах хүсэлт хүргүүлсэн жагсаалтад багтсан гэсэн асуудалтай байгаа юм. Алаг тэвш, Цагаан өвөлжөө, Энх Тунх Орчлон гэсэн гурван охин компанийн нэр дээр нийт таван олборлолтын лицензтэй бөгөөд Цагаан өвөлжөөгийн Баруун ноён уул буюу 17162 лицензтэй талбай дээр төвлөрч ажилладаг юм байна. Тус компанийн бүх лицензийг байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлээр цуцлах санал хүргүүлсэн тухай мэдээ хэвлэлээр цацагдаж байгаа. Экологид сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа талбайг нь сонирхлоо. “Саусгоби сэндс”-ийн лиценз нь цуцлагдсан талбай шиг хүний гар хүрээгүй, тал хөндий байна. Олборлолт явуулж буй уурхайгаас нэлээд зайтай энэ газарт намаржиж буй айл ч харагдав.

Тус компанийн зөвшөөрөл хариуцсан ахлах ажилтан Э.Соёмбоос “Засгийн газраас уул уурхайн ашиглалт болон хайгуулын лицензийг цуцлах асуудал хүчтэй яригдаж байна. Тэр хүрээнд танай компанийн охин компани болох нийт гурван компанийн таван лицензийг цуцална гэсэн асуудал яригдсан гэсэн мэдээ байна. Ингэж үзээд лиценз цуцалбал хэр үндэслэлтэй шийдвэр болох вэ” гэж тодруулахад “Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Энэ талаарх тодорхой мэдээлэл ирээгүй учраас шууд цуцлагдах нь гэж ярьж болохгүй байх. Хэрвээ таны асуугаад байгаа үндэслэлтэй мэдээлэл бол бидний хувьд ор үндлэслэлгүй шалтгаан гэж харж байна. Миний зогсож байгаа 20803 тоот энэ талбай дээр төлөвлөлт хийгээд явж байгаа. Уурхайн олборлолт хийгдээгүй. Олборлолт хийгдээгүй талбайд байгаль орчны асуудал яригдах боломжгүй л дээ” гэсэн хариу өглөө.

“ЖАВХЛАНТОРД”-ЫН УУРХАЙГ ТҮР ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭВ

Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолдог жижиг компаниудын төлөөлөл болгож “Жавхлант орд” компанийн талбайд очлоо. Тогтвортой үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа гэнэ. Олборлолт, уулын ажил нь эхлээд 20 хүрэхгүй хувь дээрээ явж байх үед нь шалгалт ирж, энэ уурхайг түр зогсоох шийдвэр гаргажээ. Биднийг очиход уурхайн ажилчид гэртээ харьцгаасан, цөөн хэдэн ажилтан л байв. Техникийн шинжтэй зөрчлүүд гаргасан гэх шалтгаанаар уурхайг хаасан бололтой. 28.6 сая тоннын нөөцтэй, нөөцийн хувьд цаашид өсөх боломжтой, 200 гаруй ажилтантай, зам гэх мэт дэд бүтцэд 64.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн, цаашид 166 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж хийх тооцоотой яваа энэ компани ашиглалт эхлүүлснээсээ хойш улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Ашиглалтынхаа хугацаанд нийтдээ 146.2 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төсөвт төвлөрүүлнэ гэсэн тооцоо гаргаснаа сонирхуулав. Олборлолт эхлээд удаагүй учраас байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн тайлбарыг тус компанийн мэргэжилтэн хэлж байв.

Сурвалжлагын төгсгөлд онцлоход Шивээхүрэнгийн боомтоор 8.9 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж. Боомтын хувьд анх 2003 онд “Чинхуа МАК” нүүрсний экспорт эхлүүлж байж. Харин 2018 онд үндэсний хөрөнгө оруулалттай МАК уурхай байгуулж ажилласнаар энэ боомтоор нэвтрэх нүүрсний хэмжээ огцом өсчээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: УИХ тарвал төрийн эрх мэдэл вакум орчинд орж, нийгмийг тогтворгүй байдал руу чирэх эрсдэлтэй

2019.09.25

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих нь зөв шийдэл гэсэн үг давтамжтай дуулдах боллоо. Энэ байр суурь дээр санаа бодлоо хэлээч?

-Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэсэн сонголтын өмнө авчрах гээд байгаа мэт дүр зураг харагдаад байна л даа. Тавьж байгаа асуулт нь буруу байна. Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдэг чинь дэндүү хялбаршуулсан асуулт. Зарчмын хувьд аль алинд нь сайн, муу юм байдаг. Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл зайлшгүй тавих ёстой нэг шаардлага бий. Парламент дээд, доод гэсэн хоёр танхимтай байх шаардлагатай. Дээд танхим нь үндэсний эрх ашгаар засагладаг, доод танхим нь улс төрийн намуудын сонгосноор, хууль ёсоор засагладаг байх учиртай. Үндэсний эрх ашгаар засаглах, хуулиар засаглах гэдэг ойлголтыг салгах хэрэгтэй.

-Нэг танхимтай парламентын хамгийн том эрсдэл нь юу вэ?

-Явж ирсэн түүхээ л харчих хэрэгтэй. Нэг танхимтай парламенттайгаар явж ирсэн Монголд юу болсон бэ гэсэн асуулт тавиад хармаар байгаа юм. Ерөөсөө л төрийн дээр нам гарсан. Төрийн дээр нам гараад зогсохгүй супер хүмүүс, супер сармагчингууд бий болсон. Нэг танхимтай парламентад супер сармагчингууд бий болдог шүү гэдэг анхааруулга яг нарийндаа Черчиль гэж хүний амнаас унасан. Англид хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгоё гэсэн яриа гарах үед Черчиль “Ардчилал адгийн засаглал” гэж хэлсэн удаатай. Адгийн засаглал гэдэг ойлголтыг хэлэх болсон шалтгаан нь та бид хоёрын яриад суугаа асуудалтай холбоотой. Черчилийн хувьд нэг танхимтай болвол уламжлал алдагддаг, төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог гэдэг утгаар энэ үгээ хэлж, анхааруулга өгч байсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих шаардлага байгаа бол парламент хоёр танхимтай байх зайлшгүй шаардлагатай. Хоёр танхимгүй парламентын дээр нам гарч болж байгаа юм чинь төрийн дээр нэг хүн мордоход ямар ч асуудал байхгүй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэж шууд асуух биш, сая таны хэлсэн шиг бусад асуудалтай нь уяж харах ёстой гэж ойлголоо…?

-Бусад асуудалтай нь уяхгүй бол угаасаа утга учиргүй. Ер нь төрийн тэргүүн хэн байхаас үл хамаарч Ерөнхийлөгчийн институцийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь сайн биш. Засгийн газар, хууль тогтоох, шүүх эрх мэдлүүдийг өөр хооронд нь хутгаж үймүүлдэг институци байсаар өнөөг хүрсэн. Будлиан тарьдаг Ерөнхийлөгчийн институцийг аль нэг тал руу нь хамруулах нь тулгамдсан асуудал болчихсон.

Тийм учраас аль засаглалд нь илүүтэйгээр хамруулах вэ гэдгээ тов тодорхой шийдэх учиртай. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд хутгалддаг ийм институцитэй удаан явбал зовлонг нь амссаар ирсэн бид улам л зовлонд унана.


-Таны яриад байгаа энэ зовлонгоос салъя гэсэн бодлоор Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьж эхэлсэн юм болов уу?

-Яг ийм үед Ерөнхийлөгчийн засаглал гэсэн асуудал босгож ирж буйг би өөрөөр харж байна. Үүн дээр дөрөөлж нэг хүн парламентын дээр мордох санаархлыг л илэрхийлээд байгаа болов уу. Түүнээс биш илүү сайжруулъя, боловсронгуй болгоё гэдэг асуудал биш гэж би хувьдаа харж байна.

-Ерөнхийлөгчийн институцийг яг аль засаглал руу нь хандуулбал зөв шийдэл болох вэ?

-Өнөөхөндөө энэ сэдвээр онолын маргаан өрнүүлээд дэмий байх. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг яая даа гэж байхад маргааны сэдэв нэмж дэвэргээд хэрэггүй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэсэн асуултаар санал асуулга явуулахаар боллоо гэж гөрдөж бодъё. Тийм санал асуулга явуулбал иргэдийн олонх ямар хариу өгөх бол?

-Нэгдүгээрт, тийм санал асуулга явагдахгүй. Явагдахгүй юмны талаар хоёулаа ярилцах хэрэггүй байх.

-Хүчтэй удирдагчийг хүссэн нь нийгмийн дийлэнх болчихсон юм биш байгаа гэсэн болгоомжлолоор асуугаад байна л даа?

-Ер нь ямар ч санал асуулга дэмжүүлэх гэж л зохион байгуулагддаг. Тийм учраас ямар ч асуулт тавьсан хүмүүс дэмжих талдаа л байна.

-Юу ч асуусан дэмжих талдаа байна гэж үү?

-Тэгнэ. Олон оронд гарсан зүй тогтолт үзэгдэл.

-Яагаад?

-Санал асуулгаа дэмжүүлэх гэсэн хүчин хамаг ажлаа хийнэ шүү дээ. Хамаг ажлаа хийнэ гэдэг нь суртал нэвтрүүлгээ хийнэ гэсэн үг.

-Ямар ч асуудлыг гоёор харуулж болно гэдэг утгаар нь харвал тийм юм байна шүү?

-Харин тийм. Тэр тусмаа хүмүүсийн бодол богино, ой санамж хэврэг болсон ийм үед ямар ч асуудлыг гоёор харуулахад хүлээгээд авчих эрсдэл өндөр.

-Ой санамж хэврэгшээд байгаа шалтгаан нь юу юм бол?

-Реклам сурталчилгаа хөгжиж байгаатай холбоотой. Чадамж өндөртэй нь гурван минутаас илүү зүйл үзэж чадахаа больсон гэсэн судалгаа хүртэл бий. Реклам гурван секунд, 30 секунд гээд маш богино хугацаатай. Ийм богино зүйлсээр тархийг байнга нүдээд байхаар ой санамжийг хэврэгшүүлж, урт хугацааны зүйлсийг сэтгэх чадваргүй болгочихдог. Ийм тархин дээр улс төрийн реклам мөн л тэгж ажиллана. Өнгөн дээрээ өөрөө саналаа өгч байгаа мэт боловч тархиа бусдад удирдуулахад бэлэн болчихсон нийгэмд бид амьдарч яваа. Үүнээс гадна хүний ой санамж, сэтгэлгээнд манипуляци хийдэг аварга хэрэгслүүд хөгжчихөөд байна. Тэр нь твиттер, фэйсбүүк, инстаграм. Өнгөц харах нь ээ эрх чөлөөтэй зүйлс яриад суугаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийнхөө оюун санааг бусдын манипуляцид өгөөд байгаа л хэлбэр шүү дээ.

-Одоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүү яриагаа хазайлгая. Үндсэн хуулийн өөрчлөлтөд парламентын засаглалын дархлааг сайжруулах чигт хэр анхаарсан бол?

-Өнгөрсөн гашуун туршлагаасаа анзаараад харах нь ээ Үндсэн хуульд парламентын засаглалаа яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр дажгүй өөрчлөлтүүд тусч байгаа юм билээ. Бүхэлд нь харахад дэмжүүштэй санагдсан.

-Дэмжүүштэй гэдэг нь…?

-Боловсронгуй болгох чиглэл рүү хөдөлж эхэлжээ гэсэн үг.

-Анзаарч харагдахаар, дутуу санагдсан зүйлс байна уу, парламентын засаглалын хувьд?

-Мэдээж яривал юм бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэсэн хувилбараар нь харвал төрийн институциуд нь хүлээн зөвшөөрөөд, нийгмийн дэмжлэг авбал бид шинээр урагшаа ахиж чадна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шүүхийн засаглалыг сайжруулахтай холбоотой заалтуудыг авчихлаа гэсэн шүүмжлэл дуулдаж байна?

-Би тантай Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярихдаа чамлахаар чанга атга гэсэн зарчмыг бариад байгаа. Түүнээс биш илүү сайжруулъя гэвэл ярих зүйл их бий. Энэ тал дээр залуу хуульчид их сайн ажиллаж байна. Зоригтой дуугарч, зөв шийдэл, өөрчлөлт ярьж яваа. Тэдний ярьж яваа зүйлсээс олон санаа гээгдсэн байж болно. Гэхдээ өнөөгийн ярьж буй өөрчлөлтүүдэд буруу гэхээр зүйл ороогүй.

-Засгийн газрын тогтворгүй байдлаараа тэргүүлэх улсын нэг нь манайх. Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ дутагдлыг засах чигт гавьтай өөрчлөлт орохгүй нь гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болохоор өөрчилсөн нь сайн хэрэг. Мэргэжлийн Засгийн газар байгуулах талаас нь харвал яах аргагүй эерэг өөрчлөлт. Хууль тогтоох, гүйцэтгэх гэж тусдаа байх ёстой эрх мэдлийг салгаж өгч байгаа гэдэг утгаараа том өөрчлөлт.

-Засгийн газрыг огцруулахад 19 гишүүн гарын үсэг зурахад хангалттай байсан бол одоо 39 болгоно гэж байгаа. Энэ тийм сүртэй нөлөө үзүүлж чадах заалт мөн үү?

-Мэдрэгдэхээр нөлөө үзүүлнэ. Чанар нь дээшилж байна шүү дээ. Төрийн хэрэгт олон түмний оролцоог УИХ-ын гишүүдээр нь дамжуулж нэмж өгч байгаа гэдэг утгаараа нааштай өөрчлөлт.

-Таны түрүүн хэлсэнчлэн чамлахаар чанга атга гэдэг зарчмаар ингэж харж болох л юм?

-Хоёулаа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр тэр зарчмаар л ярьж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр хүн бүр хүслээ хэлээд, ингэвэл илүү гоё болох байсан юм гэх мэтээр яриад суувал хэзээ ч төгсөхгүй маргаан болно. Тийм учраас УИХ-ын базсан төсөл дээр л саналаа хэлэх ёстой. Товчхондоо базсан төсөлд буруу юм лав алга, харин ч өмнөхөөсөө сайжирсан байна.

-Эдийн засаг чигт оруулж буй өөрчлөлтөд ч өөлөх зүйл алга уу?

-Хийсэн өөрчлөлтүүд дээр үг, үсгээр маргаад суувал дуусахгүй. Нэг л зүйл хэлье. Үндсэн хуульд тусгах гэж буй өөрчлөлтүүдэд эмгэнэлтэй зүйл байхгүй.

-Ард нийтийн санал асуулгатай хамтатгаад сонгуулийн хугацаагаа наашлуулъя гээд УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулаад эхэллээ. УИХ хугацаанаасаа өмнө тарах нь байх л асуудал уу, эрсдэл дагуулахаар шийдэл үү?

-Сонгуулиас сонгуульд төр уламжлагдаж явах ёстой. Тэр завсар вакум, хийдэл үүсч болохгүй. Өөрөөр хэлбэл УИХ тарчихаад дараагийн УИХ-ыг бүрдтэл сонгууль хүлээгээд сууна гэвэл тэр зуур төрийн эрх мэдэл вакум орчинд очно. Вакум үүсвэл нийгмийг тогтворгүй байдал руу чирч оруулах аюултай. Тэр тусмаа Монгол шиг парламентын ардчиллаар олон жил явчихсан орныг үймүүлье гэсэн сонирхол дотоодод ч, хөрш хоёр гүрэн талаас ч бий. Хөршүүд шууд заналхийлдэггүй юм гэхэд анзаарах нэг өнцөг бий. Хоёр хөрш авторитар дэглэмээ гоё юм шиг харагдуулж чаддаг. Үүнийг нь дуурайж будилснаас болоод тогтворгүй байдал бий болох эрсдэл өндөр.

-УИХ тарлаа гэж бодъё. Тарсаны дараа таны хэлснээр вакум орчин үүсч үймээн шуугиан, жагсаал цуглаан болж, эцэст нь онц байдал тогтоох эрсдэл ч үүсч мэдэх нь. Засаглалын вакум үүссэн тохиолдолд гардаг эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье…?

-Засаглалын вакум дотор юу ч болж магадгүй. Урьдчилж таахад хэцүү. Ер нь засаглалын вакум нийгэмд тогтворгүй байдал бий болгоё гэсэн гадны хүчинд маш таатай орчин үүсгэнэ. Засаглалын вакум үүсгэснээсээ болоод зовлон туулсан орнууд бий.

-Жишээ нь?

-Хол яваад хэрэггүй, Орос, Хятад гэсэн хөршүүдээсээ харчих хэрэгтэй. Жишээ нь, урд хөршид Моа Зэдун “Их үсрэлтийн бодлого” гэж эдийн засгийн том бодлого хэрэгжүүлсэн. Айл бүр гаднаа төмөр хайлуулж, бэлдэц гаргаж, газар тариалангаа хамгаална гээд бүх шувуугаа буудаж явсан он цагууд урд хөршийн түүхэнд бий. Их үсрэлтийн бодлого амжилтгүй болж, хүмүүсийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн. Их үсрэлтийг удирдсан коммунист намын дарга нь хариуцлага үүрэх болонгуут засаглалын вакум үүсгэчихсэн. Залуусыг ахмад үеийнхнийх нь эсрэг турхирч, улаан хамгаалагчид гэж бий болж, соёлын хувьсгал өрнөж байсан. Манайд засаглалын вакум үүсвэл тогтворгүй байдал газар авч хятад маягийн соёлын хувсгалын байдал орчныг бий болгохыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас УИХ-ыг тараана гэж ярьж зүтгэх нь буруу. УИХ харин сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлаж болно. Энэ бол өөрт нь байгаа эрх. Эсрэгээрээ өөрсдийгөө тараана гэвэл засаглалын вакум үүсэх аюултай.

-Сошиал дахь хүмүүсийн байр суурь, сэтгэгдлээс харахад хүчтэй удирдагч хэрэгтэй гэсэн сэтгэл зүйтэй хэсэг бий болчихсон юм шиг санагддаг. Танд тэгж санагддаг уу?

-Ингэж тэгж санагддаг гэхээс илүү хүчтэй удирдагчтай авторитар дэглэм гэж юу болох тухай ярья. Манай улс яг энэ бүс нутагтаа бараг ардчиллын арал болчихсон орон. Хятад, ОХУ хоёулаа авторитар дэглэмтэй улс орнууд. Хоёулаа ардчилалгүй. Суртал нэвтрүүлэг, эрх мэдэл, мөнгөн дээр тогтож яваа дэглэмүүд. Суртал нэвтрүүлэг, эрх мэдэл, мөнгө, айдас хүйдэс дээр тогтоож байгаа нийгэм хөндлөнгөөс их гоё, болоод яваа мэт харагддаг ч удаан насалдаггүй. Алсдаа хөгжлөө боомилох бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Тэгэхээр ийм дэглэм хүсэхээр зүйл биш. Хоёр хөршийнхөө нөлөөнд байгаа учраас буруу үлгэр аваад яваа тал бий. Тэр утгаараа нэг хүнд түшсэн авторитар дэглэмийг хүсэх биш, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэх нь илүү чухал.

-АТГ авлигатай тэмцэх нэрийдлээр бичлэг цацах гэх мэтээр хүний эрхэнд халдаад байна, улс төрийн зэвсэг болчихлоо гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Авлигатай тэмцэх ёстой гэдэг дээр бүгдээрээ санал нэгдчихье, эхлээд. Авлигатай тэмцэхийг ардчилалтай тэмцэх ажил болгочихвол буруу. Ийм хандлага үзэгдэл олон оронд болоод өрнөчихсөн. Авлигатай тэмцэх сайн үйл хэргийг ардчилалтай тэмцэх ажиллагаа болгосон орон өчнөөн. Тийм ч учраас энэ газрыг байгуулах тухай яриа эхлэх үед нийгэм, учир мэдэх хүмүүст ийм эргэлзээ, болгоомжлол байсан. Харамсалтай нь ерөнхий хандлагыг нь харвал авлигатай тэмцэх гэсэн агуулга нь багасч, улам бүр улс төрийн зэвсэг болж хувираад яваа нь санаа зовоож байгаа.

-Ерөнхий сайд байсан хүний тань хувьд асууя. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн лицензүүдийг хомроголон цуцалж байна. Цаана нь ямар ч шалтгаан байж болно л доо, гэхдээ хөрөнгө оруулалт, бизнесийн орчин талаас нь харвал гарах эрсдэл нь өндөр юм шиг харагдаад байх юм?

-Сэтгэл хөдлөл дээр тоглосон популизм хөгжчихөөд өөрөө өөртөө гай дуудсан ийм зүйл өрнөөд байна л даа. Ерөнхийд нь харвал дотоодын ч бай, гадаадын ч бай хөрөнгө оруулагчдыг хөөж, тэдэнд таагүй орчин бий болгож буй нөхцөлөөрөө Монголд гай чирч байна. Сэтгэл хөдлөлөөр, популизмаар тоглодгоо болих хэрэгтэй.

-Харамсалтай нь болих янз алга. Сонгууль дөхөх тусам гаарах байх аа?

-Тэгвэл сонгуулиар ийм хүмүүсийг өөрчлөхөөс өөр гарц байхгүй л дээ.

-Судалгаа хийгээд харахаар Ерөнхий сайд шиг хандлага гаргаж буй улстөрчдөд харин ч ханараад байгаа юм биш үү, сонгогчдын сэтгэл зүй?

-Миний хувьд судлаачийнхаа тухайд социологийн янз бүрийн судалгаа хараад сууж байна. Ерөнхийд нь базаад хэлбэл намуудын нэр хүнд байхгүй болчихсон. Мэр сэр улсын хуурмаг нэр хүнд өндөр байгаа. Жишээлбэл, Ерөнхий сайдынх. Гэхдээ Ерөнхий сайдын рейтинг өндөр байгаа гэдэг нь МАН ялна гэсэн үг биш. Тийм учраас нэг улстөрчийн нэр хүндийг дагаад намын нэр хүнд, рейтинг өссөн гэж эндүүрэх хэрэггүй гэж хэлмээр байна, нам гэж гүйдэг хүмүүст. Намууд бодлогоо цэгцэлж ирээдүйгээ зөв харж хөдлөхөөс нааш нэг, хоёр хүн дээр түшсэн, лидерээ дагаж намирсан улс төр хол явж чадахгүй. Бараг 2020 оноор энэ асуудал цэгцлэгдэнэ гэж би хувьдаа бодож байна.

-Сошиалын хандлагыг анзаарахад 2020 онд харин ч сэлэм эргүүлэгчдийг сонгох магадлал өндөр байгаа юм биш үү?

-Бүгдээрээ утсаа мааждаг болсон гэдэгтэй санал нэг байна. Тийм учраас сошиал медиагийн үүрэг роль асар өндөр болсон нь ойлгомжтой. Гэхдээ сошиал медиагаар олсон нэр хүнддээ түшиж үйл ажиллагаа явуулдаг улс төр хол явахгүй.

-Гол хоёр намын нэр хүнд навс унасан гэхээр ирэх сонгуулиар сонгогчид хүнийг нь харж саналаа өгөхөөр байна гэсэн үг үү?

-Нэг юм хэлье. Сонгогчид эрх баригч намын эсрэг санал өгөх магадлал асар өндөр байгаа.

-Яагаад?

-Өнөөдрийн болж байгаа үзэгдэлтэй холбоотой. Эрх баригч намд санал өгөхгүй байя гэхээр цаана нь асар өргөн хүрээнээс, олон хүний дундаас сонголт хийх хэрэгтэй болж таарна аа даа. Тэгэхээр миний хувьд МАН, АН-аас гадна байгаа хүн болоод жижиг улстөрийн намууд сонгуулиа хэрхэн зохион байгуулахаас олон зүйл хамаарна гэж хэлмээр байна.

-Гуравдагч нам хүчтэй, зөв гарч ирвэл орон зай байгаа юу?

-Нам гэдгийнхээ хувьд байхгүй болов уу. АН, МАН лав биш, гэхдээ ямар ч байсан нэг чиглэлд сэтгэдэг хүмүүсийг сонгохыг эрмэлзэх байх.

-“Электорат” гэх мэт хөдөлгөөнийхний дэмжээд яваа хүмүүсийг дэмжих магадлал өндөр гэж хэлэх гээд байна уу, та?

-Ганц “Электорат” ч биш “Түмний 76”, хуульч залуус гээд нийгэм жижиг хэсэг бүлэг, овог аймгаар задарчихсан. Тэднээс сонгогчдын сэтгэлд хүрэх нэгдсэн платформ гаргаж чадсанд нь л илүү боломж олдох байх. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд АН-д МАН-аас илүү боломж бий. АН дотоод зөрчлөө арилгаад, жижиг намуудыг өөртөө багтааж сонгуульд оролцвол сонгогчдын дэмжлэгийг илүүтэй авах бололцоо харагдаж байгаа.

-Эдийн засаг талын нэг асуулт байна. Манай улсын эдийн засагт тулгарч байгаа том бэрхшээл, эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Дэлхийн нөхцөл орчныг харвал Монголын нийгэм, эдийн засгийн байдал эмзэг төлөвт байгаа. ОХУ барууны хоригт ороод зургаа дахь жилдээ яваа. Хоригоос болоод Оросын ард түмний бодит орлого зургаа дахь жилдээ унаж байна. Тэгэхээр хойд хөршийн байдал хүндрэх дүр зураг харагдаж байна. Хятад, Америк хоёрын дунд худалдааны дайн урт хугацаанд үргэлжилчихлээ. Нөхцөл байдал бидний төсөөлж суугаа шиг амархан биш болчихлоо. Энэ оны эхний хагас жилд хятадууд эдийн засгийн өсөлтөө 6.2 хувиар өссөн гэж зарласан. Гэтэл тэр тоонд нь итгэдэг хөрөнгө оруулагч, улс орон улам бүр багасаад байгаа. Итгэл алдарч явааг нь тойруу олон тоогоор нотолж болно. Хятадад автомашины борлуулалт 30 хувиар унасан байгаа юм. Автомашин үйлдвэрлэл, худалдаа Хятадын ДНБ-ий үйлдвэрлэлийн 10 хувийг бүрдүүлдэг. Бодит байдал ийм атал эдийн засгийн өсөлтөө 6.2 хувиар өслөө гэж зарлаж яваа нь “Хятадын эрх баригчид мэдээллээ худлаа хийдэг болжээ” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байна. Эдийн засгийн байдал хоёр талд хүндэрч буй нь биднийг эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд оруулах эрсдэлтэй. Энэ эмзэг байдал 2020 оноос илүү их мэдрэгдэнэ. Тэгэхээр нөхцөл байдлаа томоор харах хэрэгтэй. Дотоод нөхцөл байдлаа нарийн анзаарч, бодлоготой урагшлахаас аргагүй. Харамсалтай нь тэгж чадахгүй байна л даа.

-Таны АТГ-т шалгагдаж эхэлсэн асуудал юу болж байна?

-Улс төр болохоор зовоосон хэвээр л байна. АТГ-т дуудаж байгаа. Асууж байцааж байна. Зөв ойлголцох юмсан гээд бүх асуултад нь хариулаад явж байна даа.

-Асуудгаа л асууж байна уу?

-Асуудгаа асуугаад зогсохгүй л дээ. Хүний санаанд оромгүй сонин сонин сэдэлтэй зүйл асууна. Цаанаа л нэг юм хайсан шинжтэй. Хийж буй ажлыг нь унагаад яахав гэдэг үүднээс энэ талаар дуугарахгүй байгаа. Үнэн зөвийг олоход туслах гэдэг үүднээс чимээгүй яваа. Шаардлага гарвал дуугарна.


Categories
мэдээ цаг-үе

“Үдийн хоол”-ны автор М.Пүрэвжавынх

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор хоол зүйч М.Пүрэвжавыг урилаа. ШУТИС-д багшилдаг энэ эмэгтэйг хүүхдийн хооллолт ярьдагаар нь олон хүн анддаггүй юм билээ. М.Пүрэвжавынх Төв цэнгэлдэхийн ойролцоох “Хурд” хорооллын хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход эзэгтэй хоол унд зэхчихсэн угтлаа. Гэрийн эзэн ажлаасаа хараахан ирээгүй байв. Эзэгтэй улаан будаатай, байцаа, мөөгөөр хачирласан хуурга, элдэв амтлагчгүй гурилтай шөл зэхжээ. “Улаан будааг дэлхий нийтээр их хэрэглэх болсон. Манай улсад одоогоор худалдаалагдахгүй байгаа. Би саяхан Индонез яваад ирсэн. Бали арлаас энэ будааг авчирсан юм. Манай хүн хаа холбоос чемодандаа будаа хийж ирдэг хүн байхгүй дээ гэж шоглонгуй хэлсэн шүү” гээд хөгжилтэй инээв. Чанартай будаагаараа алдартай Балигаас хар будаа авчирснаа бас сонирхуулав.

Хоолны дараа гэрийн эзэгтэй ширээнээ Ховдын жимс, улаан лооль таваглаж тавиад яриагаа үргэлжлүүллээ. Эзэгтэй бидэнд арвайтай цай аяглангаа “Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ жилийн тавдугаар сарын сүүлээр сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль батлагдсан юм. Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг нь мэргэжлийн хэллэг л дээ. Энгийнээр хэлбэл үдийн цай хөтөлбөрийг хоол хөтөлбөр рүү шилжүүлэх тухай хууль. Нэгээс тавдугаар ангийнхан хоол идэж байгаа. Монгол Улс 12 дугаар анги төгсөх бүх хүүхдээ хооллох ёстой. Үе шаттайгаар хоол хөтөлбөр рүү шилжүүлье гэж төлөвлөсөн” гэж ярилаа.

“Үдийн цай хөтөлбөр бөөн асуудал дагуулаад байхад үдийн хоол хэрэгжихэд хэцүү биш үү” хэмээн лавлахад “Би өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд хоёр сургуулийн хүүхдүүдээс асуумж авсан юм. Өглөөний цай уусан хүүхдүүд байна уу гэхэд тал хувь нь гараа өргөсөн. Өглөөний цайндаа халуун хоол идсэн нь хэд вэ гэхэд ердөө таван хүүхэд гараа өргөх жишээний. Өдөр хичээллэдэг хүүхдүүдээс өдрийн хоолоо идээд ирсэн нь хэд вэ гэхэд тал хувь нь гараа өргөж байна шүү дээ. Та нар бодоод үз дээ. Хүүхдүүд өглөө цайгаа уухгүй шахуу сургуульдаа явдаг. Сургуульдаа очоод иддэг хүнс нь хиамтай талх, муу тосонд шарсан пирошки, хийжүүлсэн ундаа, амттанууд байдаг. Өмнө нь хүүхдүүд хажуугийн сургуульдаа яваад тарангуутаа гэртээ очоод цайгаа уучихдаг байсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүдийн олонх нь ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөх болсон. Хүүхдийн хооллолттой холбоотой энэ асуудлыг дэлхийн улсууд туулаад ирсэн. Хотжилттой холбоотой маш том асуудлын нэг. Дэлхийн улсууд өдрийн хоол хөтөлбөр хэрэгжүүлдэг нь ийм учиртай” гэсэн хариу өгөв.

Хооллолттой холбоотой үүссэн бас нэг асуудал нь хүүхдийн таргалалт гэнэ. Манай улс хүүхдийн таргалалтын хувиар Ази, Номхон далайн бүс, дэлхийн дунджаас ч өндөр гарчээ. ДЭМБ-ын хоёр жилийн өмнөх статистикаар манай улсын бага насны хүүхдийн таргалалт 10.5 хувьтай гарсан байна. М.Пүрэвжав багшаас бас нэг сонин мэдээ сонслоо. Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног насан туршийнх нь эрүүл мэндийг тодорхойлдог юм байна. Эхийн хэвлийд бүрэлдсэнээс хоёр нас хүртэлх хугацаанд нь хүүхдээ эрүүл, шим тэжээлтэй хооллож чадвал эрүүл саруул хүн болж өсөх том суурь тавигддаг аж. Тэгэхээр ээжийн хоол хүнснээс хүүхдээ эрүүл торниулах эсэх нь шалтгаалдаг байна. Хүүхдийг амаараа хооллох дадал өнөө ч аав, ээж, эмээ, өвөө нарт бий. Энэ дадал хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг сонирхоход М.Пүрэвжав багш “Миний санааг хамгийн их зовоож байгаа асуудал. Би уг нь амаараа хоолодог дадал арилсан гэж бодож явсан юм. Гэтэл нэг удаа эмнэлгээр явахдаа ихэнх ээжүүд яг тэр дадалтайгаа байгааг олж харсан. Насанд хүрэгчид өвчний үүр болсон. Өвдөөгүй байлаа ч тухайн хүний биед байгаа янз бүрийн паразит, бактери, нян шууд хүүхдэд дамжих эрсдэлтэй. Хүнд шимэгчийн тоо маш өндөр байдаг. Янз бүрийн бактери бий. Хүний тэсвэрлэх чадамж гэж байна. Насанд хүрэгчид нян бактериа тэсвэрлээд өвдөхгүй яваад байж болно. Хүүхдэд амаар дамжиж орсон бактери шууд өвчлөл үүсгэнэ” гэсэн хариу хэллээ.

Гэрийн эзэгтэй амтлаг хүнсийг шим тэжээл бараг байхгүй, хий хоосон илчлэг гэж тодотгоно лээ. “Архи шиг гээд л ойлгочих” гэсэн зүйрлэлээс нь элдэв амттан хүүхдийн эрүүл мэндэд ямар хортойг багцаалдчихаж болохоор санагдав. Сонирхуулж хэлэхэд уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэгч нь амтлаг бүтээгдэхүүн гэж үзээд эхэлчихэж. Амтлаг юм их идэх хэрээр дэлүүний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ. Дэлүүний үйл ажиллагаа сулрахаар дархлаа сулардаг гэнэ. Гэрийн эзнийг ирэхээс өмнөх яриа хөөрөө ерөөсөө л хүүхдийн хооллолт руу чиглэсэн юм. Нэг цэцэрлэгийн тогтооч эрүүл шим тэжээллэг хоолны мэдлэгээ ахиулж, цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд хүнсний элдэв нэмэлтгүй, химийн бодисын орцгүй, сахар, давс, муу тосноос татгалзсан орц жортой хоол бэлдэж өгдөг болж л дээ. Оргил ханиадны цагаар цэцэрлэгийн жаалуудын 30-40 хувь нь чөлөө авч, эмнэлэгт хэвтдэг бол тэр жилийн өвлийг өнөө цэцэрлэгийн хүүхдүүд өвчлөл багатай давжээ. Аль болох байгалийн гаралтай олон төрлийн хүнс хэрэглэж байж хүүхэд шим тэжээлээ бүрэн авч, өсгөлүүн эрүүл байна гэсэн зөвлөгөөг гэрийн эзэгтэй аав, ээжүүдэд өгсөн юм. М.Пүрэвжав “Би сая баруун дөрвөн аймгаар хоолны сургалт хийгээд ирлээ. Ээж, аавуудаас хүүхдэдээ ямар хүнс өгч байгааг сонирхоход ундаа, чипс, зайрмаг, олон төрлийн жигнэмэг гэсэн хариу өгсөн нь олон байсан шүү. Шим тэжээлийн бодисын агууламж нэн хомс, химийн нэмэлт ихтэй ийм хүнс идэж өссөн хүүхдийн өсөлт саармагжина, дархлаа суларна” гэв.

Биднийг ийн яриа өрнүүлэх зуур гэрийн эзэн орж ирлээ. Гэрийн эзэн Н.Чимэдрэгзэн гэж өөрийгөө танилцуулав.Хотод төрж өссөн ч, өвөө эмээгийн нутаг ус гэвэл Төв аймгийнх гэнэ. Мөн л ШУТИС-д багшилдаг аж. Өвөө, эмээ нь төмөр замчид байж. Ээж нь насаараа жолоо мушгижээ. Гэрийн эзэгтэйн аав нь Ховдын Дарвийн хүн юм байна. Холбооны яамны авто баазад насаараа тээврийн тэрэг барьжээ. Ээж нь нярав хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Сонирхуулж хэлэхэд гэрийн эзэгтэйн аавын нэр Монголд ганц л байдаг гэнэ. Мэжээнов гэсэн ховор содон нэрийг аавынх нь аав Гомбожав өгчээ.

Гэрийн эзэгтэй байсхийгээд л эмээгээ дурсах юм. Аав нь тээврийн тэрэг бариад хэдэн сараар явчихдаг, ээж нь ажил гээд гэрийн бараа оройдоо л хардаг байсан учраас хөгшин ээжтэйгээ их ойр өссөн юм байна. Эзэгтэй нөхөртөө хоол халаах зуураа “Хөгшин ээжийн минь үлгэрлэл өнөө хүртэл үнэ цэнэтэй санагддаг. Эрүүл хооллох дадлыг хүртэл зааж сургасан буянтай хүн дээ. Хөгшин ээжийг бурхан болоход би анх удаа оршуулгын газарт очиж байлаа. Тэр үед ээж минь надад, хөгшин ээж чинь чамд бүгдийг заасан. Хамгийн сүүлд ийм газрыг үзүүлээд ертөнцөөс явлаа. Амьдралын бүх л юмыг үзүүллээ дээ гэж билээ. Нээрээ л тийм. Жам ёсоор амьдрах гэж юу болохыг, амьдралыг учир ухааныг таниулсан ганц хүн бол миний хөгшин ээж. Хүн амьдралынхаа туршид олон хүнээс үлгэр авдаг. Хөгшин ээж, аав, ээжийн минь дараа миний амьдралд нөлөөлсөн хүмүүс бол багш нар маань. Би хэлц үгэнд их дуртай. Амьдралын минь бас л том багш. Хүн ер нь ухаарч гүйцдэггүй амьтан шиг байгаа юм. Хэлц үгийн утга их гүн. Насаараа сонссон хэр нь одоо л утгыг нь бүрэн ухах үг олон шүү. Жишээ нь, Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршдог гэсэн үгийн утгыг саяхнаас л бүрэн ухаж байна. Үнэндээ тийм л дээ. Зорилгогүй бол ажил нь зовлон болчихдог. Ажлаа зовж биш, жаргаж хийх чиг зүг луужин нь өмнөө тавьсан алсын зорилго. Би энэ хэлц үгийг оюутнууддаа байнга хэлнэ шүү дээ” гээд инээвхийлэв.

Эднийх ганц охинтой юм байна. Орос сургуульд сурдаг охин нь биднийг тэднийд өнжих үеэр сургуулиасаа ирж амжаагүй юм. Хичээлийн гадуурх сургалт ихтэй байдаг гэнэ. Охин нь бүр багадаа ээжээсээ “Та намайг чихэр идэж болохгүй гэдэг. Гэтэл манай ангийн нэг хүүхдийн ээж тэгдэггүй. Бүр цүнх дүүрэн чихэр өгөөд явуулдаг. Аль нь сайн ээж юм бэ?” гэж асууж байж. М.Пүрэвжав “Хүүхдэд бол учир нь олдохгүй зүйл л дээ. Амттанд дургүй хүүхэд гэж байхгүй. Нэг ээж нь өгөөд нөгөө нь хориод байхаар гайхаж таарна. Мэдээж тунг нь тааруулаад амттай зүйл өгч болно л доо. Гэхдээ чихрийг хүнс шиг хэрэглүүлж огт болохгүй. Дархлаа унагадаг ган зүйл бол чихэрлэг хүнс. Байгалиас дархлаа сайжруулдаг үндсэн хоёр зүйл бий. Нэг нь нойр, нөгөө нь хоол. 9-10 цагийн хооронд хүүхдээ унтуулах ёстой. Унтдаггүй, буруу хооллолттой явах тусам хүүхдийн дархлаа мууддаг, өвчилдөг, өвдөхдөө хүндрэл өгдөг. Хоолыг нь сайжруулчихад л хүүхэд өвдөхгүй” гэж байна. Байсхийгээд л эрүүл шим тэжээлтэй хоолны тухай хэрэгтэй яриа өрнүүлэх гэрийн эзэгтэй цонхоороо харах дуртай гэнэ.

Анх байрандаа нүүж ирэхэд хавь ойрд нь байшин баригдаагүй байж. Зам хэр түгжрэлтэйг цонхоороо харж багцаалдаад л ажилдаа яардаг байсан бол одоо тэгэх боломжгүй болтол орон сууцнууд баригдаж эхэлжээ. М.Пүрэвжав “Хүн гэж сонин амьтан шүү. Баахан барилга баригдахаар нь төвөгшөөх янзтай хэдэн үг унагасан чинь манай хүн, чи бид хоёр энэ байранд орно гэж хүсээд нүүж ирсэн. Одоо энд баригдаж байгаа байрнуудад яг чи бид хоёр шиг тохитой сууцанд амьдрах хүсэлтэй хүмүүс нүүж ирэх гээд хүлээж суугаа. Дараагийн хүмүүсээ адалж болох уу даа гэж хэлж билээ” гээд хөгжилтэй инээв.

Эдний цонхоор хөлбөмбөгийн талбай алган дээр тавьсан юм шиг ил сайхан харагдах юм. Биднийг очдог өдөр салхитай, жиндүү өдөр байсан ч хөлбөмбөгийн талбайд тамирчид бэлтгэлээ хийж байв. Гэрийн эзэн “Хөлбөмбөгчид ямар мундаг хатуужил, тэсвэртэй уйгагүй хүмүүс вэ гэдгийг байрандаа орсноос хойш мэдэрсэн шүү. Дөрөвдүгээр сар гаргаад л энэ талбай хөлбөмбөгчдийн хөлд дарагдчихдаг. Өглөөний зургаан цагаас харуй бүрий болтол бөмбөг өшиглөнө. Хамгийн гайхмаар нь арваннэгдүгээр сар гарчихаад байхад тоглосоор байна шүү дээ. Бороо, цасанд ажрахгүй. Тоглосоор байдаг. Саяхан Никитон тоглосон. Тоглолтыг нь шууд цонхоороо үзсэн” гээд хөгжилтэй инээв. Наадмын бэлтгэлийн үеэр дуу чимээ нүсэр байж. Эднийх наадмын өмнөх өдрүүдийг “Одоо тийм номер тоглоно, дараа нь ийм номерыг давтах байх” гэж ойр зуураа ярьсан шигээ өнгөрүүлжээ. Гэрийн эзэн ер нь их дуугүй талдаа хүн юм. Эзэгтэйтэй яриа үүсгэх бүрд л яаж ийгээд эрүүл хоол, шим тэжээлтэй хүнсний сэдэв рүү орчихоод байв. Сурвалжлагынхаа төгсгөлд “Монголчуудын дунд өмнө нь иддэгээ идээд болоод л ирсэн, заавал шим тэжээл ярих ямар хэрэг байна аа гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ ер нь хэр ортой шүүмжлэл вэ” гэж сонирхоход “Маш буруу ойлголт. Өнгөрсөн зууны далаад оноос дэлхийд хоол хүнсний даяаршил явагдсан. Тэр даяаршил манай улсын хувьд 1990-ээд оноос ажиглагдаж эхэлсэн. Солонгосоос Монгол руу хүнсний бүтээгдэхүүн экспортлохын тулд хадгалах хугацааг нь уртасгах гэж химийн бодис гэх мэт элдэв нэмэлт хийдэг. Хүнсний бүтээгдэхүүнд орох химийн нэмэлт жил ирэх бүр ихэсч байгаа. Жишээ нь, 1970 оны мөхөөлдсийг өнөөдрийнхтэй харьцуулашгүй. E кодтой хүнсний нэмэлт нь замбараагаа алдсан. Хоол хүнс ингэж өөрчлөгдөж байхад монголчуудын толгой дахь бодол огт өөрчлөгдөөгүй. Өндөр хөгжилтэй орнууд ийм зүйл хэрэглэхээ больж эхэлж байна. Хүүхдэд хэрэглүүлэхийг бүр тас хорьсон. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гэж тэр шүү дээ. Манайд ийм хяналтгүй учраас хүүхдийн өвчлөл ихэслээ. Хүүхдүүдийн дунд чихрийн шижин, хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байна. Хорьтой залуугийн даралт ихэсч байна гээд бод доо. Шалтгаан нь ерөөсөө л хүнс” хэмээв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН