Categories
мэдээ цаг-үе

Ж.Болд: “Түмэн шувуут”-ын хувьцааны ханш 5-10 жилийн дараа хэд дахин өснө

Түмэн шувуут компанийн гүйцэтгэх захирал Ж.Болдтой ярилцлаа.


-МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Энтепренер-2019-ийн хүнсний салбарын онцлох аж ахуйн нэгжээр шалгарсанд баяр хүргэе. IPO хийснээсээ хойш ямар бүтээн байгуулалтууд өрнүүлээд байна вэ?

-Баярлалаа. IPO гаргаж иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон үйлдвэр байгууллаа, богино хугацаанд. Шувууны аж ахуйгаа өргөтгөх зорилго тавиад ажиллаж байна. Өндөгнийхөө үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. IPO-гийн төслийн хүрээнд гэж яривал эхлээд шувууны аж ахуйгаа 40 мянган өндөглөгчөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Тэр ажил маань бүрэн хийгдэж дууслаа. Шинэ үйлдвэрээс гарсан өндөг хэрэглэгчдэд хүрч байна. Шувууны сангасыг боловсруулж органик бордоо хийх үйлдвэрийг хуваарийн дагуу барилаа. Хавраас зах зээлд бордоо нийлүүлнэ. Японы тоног төхөөрөмж, технологиор барьсан үйлдвэр байгаа. Увс аймагт усалгаатай газар тариалангийн төсөл хэрэгжүүллээ. 750 га талбайд усалгаатай газар тариалан эрхэлж эхний жилийн ургацаа амжилттай авлаа.

-Энэ жил хичнээн тонн буудай хураав?

-Энэ жил мянгаад тонн улаанбуудай хураалаа. Хурааж авсан будааныхаа чанараар Увс аймагт тэргүүлсэн. Үүнээс гадна шувууны аж ахуйн шинэ цогцолбор байгуулахаар ажиллаж байна. 350 мянган шувуутай байх юм. Эхний ээлжинд хоёр иж бүрэн барилгыг тоног төхөөрөмжтэй нь барьж байна. Яг одоо угсралтын ажил нь үргэлжилж байгаа. Өндгийг хэрэглэгчдэд хүргэх хүртэл хадгалах зориулалттай, орчин үеийн стандартын шаардлага хангасан иж бүрэн хөргөлт, агааржуулалтын системтэй агуулахын цогцолбор барилаа. Энэ мэт том ажлуудыг өнөө жил хийж гүйцэтгээд байна. Ийм их ажлыг өөрсдийн хөрөнгө хүчээр хийх боломжгүй. “Түмэн шувуут” компани түмнийх болж иргэдийнхээ дэмжлэгийг авсан болохоор том ажлуудын ард гарч чадлаа.

-Танай компанийн хувьцааны ханш ямархуу байна?

-Хувьцааны ханш жаахан уналттай байна. 150 орчим төгрөгийн ханштай яваа. Унаж байгаа шалтгаан нь компанийн үйл ажиллагаатай холбоогүй. Хөрөнгийн зах зээлийн шинжээчид хувьцааны ханш унасан шалтгааныг богино хугацаанд тоглолт хийдэг хүмүүсээс шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа. Хөрөнгийн зах зээлийн тоглогчдын дунд хувьцааны үнэ өсөхөөр зарна гэсэн ойлголттой хүмүүс байдаг юм билээ.

-Ийм сонирхлоор хувьцаа авсан хүмүүс хувьцаагаа зарангуут ханш унах үзэгдэл ажиглагдаж байна гэж үү?

-Та зөв ойлгосон байна. Хувьцаа эзэмшигчдэдээ хандаж хэлэхэд хувьцааны ханшийн өнөөгийн уналт түр зуурын үзэгдэл гэмээр байна. Компанийн үйл ажиллагаа сайн байгаа учраас хувьцааны ханш өсөх нь тодорхой.

-Танай компани хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг болгож тараана гэж байгаа. Энэ жилийн чинь цэвэр ашиг төлөвлөсөндөө хүрэв үү?

-Компанийн цэвэр ашиг төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ. 3.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах таамаг байсан. Цэвэр ашиг маань таамаглалаас бага зэрэг давах байх. Ногдол ашгийн хувьд амласнаараа олгоно. Ногдол ашиг олгоод компанийн үйл ажиллагаа сайжрахаар хувьцааны ханш өснө. 5-10 жилийн дараа гэхэд манай хувьцааны үнэ хэд дахин өсөх нь тодорхой байгаа. Хувьцаа худалдаж авсан хүмүүс бол түр зуурын, богино хугацааны үр дүн харж суугаа хүмүүс биш, хөрөнгө оруулагчид. Хөрөнгө оруулсан мөнгөнийхөө үр ашгийг хүртэхэд тодорхой хугацаа хэрэгтэй гэж компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд хэлмээр байна.

-Танайх өндөгний зах зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ?

-Монголчууд жилд 300 сая өндөг хэрэглэдэг. 150 саяыг нь өөрсдөө үйлдвэрлэдэг. “Түмэн шувуут”, НВЦ-гийн “Баян” гэж шувууны аж ахуй нийлээд нийт зах зээлийнхээ 85 хувийг өндгөөр хангадаг. Үлдсэн 15 хувийг жижиг аж ахуйнууд нийлүүлдэг. Импортоор орж ирдэг 150 сая өндөгний хэмжээг багасгах, цаашлаад яривал дотоодын өндөгний хэрэглээгээ 100 хувь хангадаг болмоор байгаа юм. Үүнийг “Түмэн шувуут” ганцаараа хийхгүй. Бүх компани өндөгнийхөө үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Оросын компаниудаас өндөг худалдаж авдаг мөнгөө дотооддоо авч үлдэх боломж бий.

-Өндөгний үйлдвэрлэлээ хэр хэмжээгээр өсгөхөөр байгаа вэ?

-Манайх жилдээ 65 сая өндөг үйлдвэрлэдэг байсан юм. Энэ тоогоо хоёр дахин өсгөх бодолтой ажиллаж байна.

-Өндөгний хувьд үндэсний үйлдвэрлэгчид нийт хэрэглээнийхээ талыг хангаж байна. Тахианы махны хувьд гээд харахаар дотоодын нийт хэрэглээний арван хувийг хангаж чадаж байна уу?

-“Оргио” тахианы аж ахуй нийт зах зээлийн арван хувийг л хангаж байгаа. Үлдсэн 90 хувийг нь импортоор хангадаг. Манай улс Орос, Хятад, Бразилаас тахианы мах импортолж байна.

-Импортын тахианы мах чанарын хувьд эргэлзээтэй гэсэн ойлголт хэрэглэгчдэд байдаг. Түмэн шувуут компани энэ зах зээл рүү орно гэж байсан. Хэзээнээс орох бол?

-Бидэнд тийм төлөвлөгөө байсан ч эхлээд өндөглөгчийн аж ахуйгаа өргөжүүлэх шийдэлд хүрсэн. Эдийн засаг, санхүүгийн тооцоо хийгээд үзэхээр юуны өмнө өндөглөгчийн аж ахуйдаа төвлөрч ажиллахаас аргагүй байна. Тодорхой хугацааны дараа махны зах зээл рүү орно гэж бодож байгаа.

-Танайхаас селен, омего, иодтой гээд хэд хэдэн төрлийн өндөг зах зээлд нийлүүлдэг. Шувууны аж ахуй хөгжсөн газруудад байдаг бүтээгдэхүүнүүд үү, танайхаас шинээр санаачилж гаргаж байгаа бүтээгдэхүүн үү?

-Шувууны аж ахуй хөгжсөн газруудад байдаг бүтээгдэхүүн. Селентэй өндөг гээд ярихад л органик селенийг шувууныхаа тэжээлд хольдог. Хольсон тэжээлээрээ нэг байрны шувууг тэжээгээд тухайн байрнаас гарсан өндгийг тусгайлан савлаад зах зээлд нийлүүлдэг юм. Манайх шиг далайгаас хол, өндөрлөг газар амьдардаг газрын иргэдэд омега, селен зайлшгүй хэрэгцээтэй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд үндэслэж гаргасан бүтээгдэхүүн.

-Тулгамдаж байгаа асуудал бий юү?

-Хэд хэдэн асуудал бий. Онцлоод хоёр асуудлаа хэлмээр байна. Хоёр гурван жилийн өмнө үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд татвараас хөнгөлдөг байсан. Харин одоо энэ хөнгөлөлт байхгүй болсон. Манай компани гэхэд л өнгөрсөн жил шувууны аж ахуйн нэлээд тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирсэн. Шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг мэдээж Монголд үйлдвэрлэх боломжгүй. Монголд үйлдвэрлэж чадахгүй үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн нь тухайн үед маш том дэмжлэг болж байсан. Энэ дэмжлэг зогссон нь ганц манайд ч биш бүх үйлдвэрлэгчдэд бэрхшээл болж байгаа. Үйлдвэрлэгчдийн зардал өсөх нь бүтээгдэхүүний үнэ өндөр болох, үйлдвэрлэлээ эрчимтэйгээр нэмэгдүүлж чадахгүйд хүрэх зэрэг асуудлыг дагуулна. Хоёрдугаар асуудал гэвэл улаанбуудайтай холбоотой. Бид дотоодод ургасан улаанбуудайг тэжээлийн зориулалтаар худалдаж авдаг. Тэжээлийн үйлдвэрт тушаасан улаанбуудайнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн урамшуулал ирдэггүй. Тариаланчид буудайгаа гурилын үйлдвэрт тушаавал урамшуулал авдаг гэсэн асуудал байна.

-Урамшуулал өгдөггүй учраас тариаланчид улаанбуудайгаа тэжээлийн үйлдвэрт тушаах сонирхолгүй байдаг байх нь…?

-Урамшуулал өгөхгүй учраас будаагаа нийлүүлэх сонирхолгүй байна гэж шууд хэлдэг л дээ. Ерөнхий сайд энэ жил улаанбуудайны урамшууллыг 100 мянган төгрөг болгоно гээд зарлачихсан. Тариалан эрхлэгчид 100 мянган төгрөгийн урамшууллаа авахын тулд гурилын үйлдвэрт өгөхөөс аргагүй болдог. Ийм шалтгаанаар дотоодоос улаанбуудай авахад маш хүндрэлтэй болж байна. Урамшууллын 100 мянган төгрөгийг бид өөрсдөө төлж худалдаж авах нөхцөл үүсч байна гэсэн үг. Манай тэжээлийн үйлдвэр зөвхөн шувууны тэжээл үйлдвэрлэдэггүй. Бүх малын тэжээл үйлдвэрлэдэг. Малын тэжээлд үр тариа тодорхой хэмжээгээр ордог юм. Ер нь улаанбуудай зөвхөн гурил үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн биш л дээ. Тэгэхээр тэжээлд орж байгаа улаанбуудайг урамшуулалд давхар хамруулмаар байгаа юм. Үүнээс гадна улаанбуудай тариалдаг хүмүүс НӨАТ төлдөггүй. Өөрөөр хэлбэл, бид НӨАТ-гүй бараа аваад, бүтээгдэхүүнээ худалдахдаа НӨАТ төлдөг. Улаанбуудай НӨАТ-гүй байсан ч бид өмнөөс нь НӨАТ төлж зах зээлд гаргадаг гэсэн үг.

-Та түрүүн шувууны аж ахуйнхан дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах боломжтой гэж ярьсан. Жижиг аж ахуйн нэгжүүд ч юм уу, хувь хүн шувууны аж ахуй руу оръё гээд танайхаас сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл “Түмэн шувуут” компани туслахад бэлэн үү?

-Бэлэн. Шувууны аж ахуй байгуулъя гээд ирвэл сургалт арга зүйн туслалцаа үзүүлэхэд асуудалгүй. Жишээ нь, аймгуудад ажилладаг жижиг фермерүүдэд сургалт арга зүйн талаас зөвлөж хамтарч ажиллахад бэлэн байна. “Түмэн шувуут” ганцаараа дотоодын зах зээлээ хангана гээд яваа зүйл ерөөсөө байхгүй. Наад зах нь аймгуудад 5-10 мянган шувуутай жижиг үйлдвэр байгуулж аймгуудынхаа хэрэгцээг хангадаг болох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Т.Алтангэрэл: Иргэдэд мэдэгдэхгүй, элдэв эсэргүүцэлтэй нүүр тулахгүйгээр хууль батлах маяг руу орчихлоо

Хуульч, арбитрч Т.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хөгжил өндөр улсуудад хуулийг батлахаас өмнө нөлөөллийн үнэлгээ тогтоодог, аль нэг салбарт сөрөг нөлөөтэй гэвэл эргэж хардаг жишиг тогтсон гэв үү?

-Тийм жишиг бий. МҮХАҮТ-аас “Өглөөний бизнес цай” гэсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд бид хууль тогтоомжийн үр нөлөөний судалгааний чиглэлээр олон улсын эксперт урьж бизнес уулзалт хийсэн юм. Чарльз Хэнри Монтин гэдэг хүн. Уулзалтын зорилго сая таны асуусан зүйл байсан л даа. Хууль тогтоомжийг гарахаас өмнө төсөл байхад нь үр нөлөөг нь судалдаг. Эдийн засаг, хүний эрх зэрэг олон талаас нь судалж үздэг үр нөлөөний олон улсын аргачлал бий.

-Аргачлал нь улс орон бүрд адилхан байдаг уу?

-Үгүй. Улс бүр өөрийн гэсэн загваруудтай. Эдгээр аргачлалыг хэрэглэж хуулийн үр нөлөөг урьдчилж судалдаг юм. Эдийн засаг талаасаа ямар үр нөлөөтэйг нарийн судална. Компаниудад яаж тусах вэ, бизнесүүдэд ямар нөлөөтэй байх вэ гээд олон талаас нь харна. Эцсийн үр дүнд маш чанартай хууль гардаг.

-Нөлөөллийн үнэлгээг хийхэд олон чиглэлийн эксперт оролцох уу?

-Тэгнэ. Олон талын оролцогчдыг хамруулдаг.

-Хуулийг батлагдахаас нь өмнө ямар үр нөлөө үзүүлэх талаар судалдаг ямар нэгэн зохицуулалт манайд бий юү?

-Манай улсын хувьд Хууль тогтоомжийн тухай хууль гэж бий. 2015онд батлагдсан юм. Хууль хоол хийхтэй адилхан. Ямар ч хоолыг тохирсон хэмжээний давсаар амтлах гэх мэтээр жорыг нь тааруулдаг даа. Хууль ч ялгаагүй, тодорхой аргачлалаар хийгдэх ёстой. Тэгж байж чанартай, хэрэгжих боломжтой, гарах үр нөлөө нь урьдчилж тооцоологдсон хууль батлагддаг. Бизнесийн хүрээнд гээд ярихад ямар нэгэн татвар нэмж, хасахад эдийн засаг, аж ахуйн нэгжид яаж нөлөөлөх вэ гэдэг маш том асуулт бий. Сөргөөр нөлөөлөх нь үү, эерэгээр тусах нь уу гэдгийг харах ёстой. Ийм шүүлтүүрээр орж байж хэрэгтэй хууль мөн үү, биш үү гэдэг нь харагдана. Хууль тогтоомжийн тухай хуулийг ярьдаг нь учиртай. Бид 2015 онд энэ хуулийг батлахдаа ямар ч байсан эхлэлээ тавьсан. Олон улсын жишигтэй хөл нийлүүлэх гэж үзэж байна. Гэхдээ дөнгөж эхний үе шатандаа яваа.

-Тэгэхээр хуулиа чанартай болгох аргачлалыг ямар ч байсан хэрэглээд эхэлчихжээ дээ?

-Энэ аргачлалыг ашиглаж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ аргачлалд суралцаж байна.

-Хуулийн төслүүдэд сая хэлсэн аргачлалуудыг ашиглаж үзсэн үү?

-Ганц хоёр хуулийн төсөлд ашиглаж үзэж байгаа.Манай хууль боловсруулагч, санаачлагчид хууль боловсруулахдаа энэ аргачлалыг хэрэглэж үзсэн ч тийм сайн үр дүнд хүрээгүй гэж салбарын яамныхан ярьж байсан. Энэ чиглэлээр мэргэшсэн, сургалтад хамрагдсан хүн харьцангуй цөөн юм байна. Ийм шалтгаанаар төдийлөн сайн хийж чадахгүй яваа юм билээ. Яг энэ чиглэлээр хүмүүсээ мэргэшүүлээд, холбогдох яамд нь иж бүрэн сайн хийгээд сурчихвал хуулийн чанар, үр нөлөө маш сайжирна.

-MҮХАҮТдээр болсон бизнес уулзалтад олон улсын эксперт юу ярьж байна вэ, ямар туршлагатай, аль улсын иргэн бэ?

-Тэр хүн Дэлхийн банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Европын холбоо гээд маш олон байгууллагад ажилласан туршлагатай Франц улсын иргэн.Эрх зүйн реформын олон улсын ахлах зөвлөх хүн л дээ. Францын Хууль зүйн яаманд хууль боловсруулах чиглэлээр олон жил ажилласан нарийн мэргэшсэн эксперт. Энэ хүн олон улсын практикийг түлхүү ярьсан. Ямар улс ямархуу моделиор явдгийг сонирхуулсан. Англи Төв Европоос арай өөр, эдийн засгийн үр нөлөөг нь судалсан тал нь илүү гэх мэтээр тодорхой жишээтэйгээр тайлбарласан юм. Ер нь энэ аргачлалыг улс бүр өөрийн онцлогтоо тохируулж хөгжүүлж яваа.

-Таны яриад байгаа үнэлгээг хуулийг батлахын өмнө төсөл байхад нь хийчихээр ямар үр дүн гардаг бол?

-Хийдэл маш их багасдаг. Эдийн засгийн үр ашгийг нь тооцож байж хууль гаргаж байгаа учраас олон эрсдэлээс сэргийлчихэж байна.

-Манайд эсрэгээрээ урьдчилж нөлөөллийг нь судлахгүйгээр хуулиа баталчихдаг, өнөө хууль нь эргээд эдийн засгаа хорлоод яваа гэдэгтээ та санал нийлэх үү?

-Ер нь манайд тэгдэг л дээ. Хуулийг учир дутагдалтай, үр нөлөөг нь судлахгүйгэээр баталчихдаг. Ингэж батлагдсан хуулиас болж бизнесийн, харилцагчдын эрх ашиг хохирдог. Тэдний саналыг сонсож чаддаггүй нь том шалтгаан болдог.

-Эдийн засагт нөлөөлөхөөр хууль батлахдаа бизнесийнхний саналыг сонсдоггүй гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог шүү?

-Санал нэг байна. Таны хэлсэн шиг шүүмжлэл их сонсогддог. Зүй нь олон нийтийн оролцоог хангаж, саналыг нь авч, үр нөлөө нь яаж тусахыг тооцсоны үндсэн дээр хуулиа батлах ёстой. Энэ ажилд Сангийн яам, хөгжлийн агентлаг нь оролцох ёстой юм байна л даа. Түүнээс биш зөвхөн хуульчдын ажил биш.

-Хуулийн үр нөлөөний судалгаа олон нийтэд ил байдаг уу, эсвэл тодорхой хүрээнд судалж дүгнэлтээ гаргаад явчихдаг юм болов уу?

-Үр нөлөөний судалгаа нь олон нийтэд ил байх ёстой. Иргэд түүнийг нь сонирхож “Энэ хууль батлагдвал үр нөлөө нь бидэнд ингэж тусах нь ээ. Бидний өдөр тутмын амьдралд ийм төлбөрүүд нэмэгдэх юм байна” гэх мэт ойлголт, багцаа авдаг. Ингэж харсан иргэд өнөө хуулийн төсөлд дуу хоолойгоо оруулахыг бодно. Энэ мэт харилцан хамтын ажиллагаа хууль боловсруулах процессийн хүрээнд явагдах ёстой. Бизнес уулзалтад оролцсон эксперт энэ хүрээнд зөвлөгөө өгсөн.

-Гол зөвлөгөө нь юу байв?

-“Бизнесийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж хууль боловсруулах ажиллагаанд хүчтэй оролцох шаардлагатай. Энэ бүтэц нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байж болох юм” гэсэн зөвлөгөө өгсөн. Бизнесийн үйл ажиллагаатай холбогдох хууль гаргах гэж байвал уг хуулийн төсөлд урьдчилсан байдлаар үр нөлөөний судалгаа хийх гарц бий. Өөрөөр хэлбэл МҮХАҮТ эдийн засаг, үр ашиг талаас нь судалж, урьдчилаад хараат бус дүгнэлт гаргадаг, үр нөлөөнийх нь үнэлгээг хийдэг болох шаардлага бий. Тэр дүгнэлт, үнэлгээгээ УИХ-ын гишүүдэд өгч байх ёстой юм байна л даа. Гишүүд өнөө хараат бус дүгнэлтийг нь харж байж хуулийн хэлэлцүүлгээ хийдэг байвал чанартай, сайн хуулиуд гарахад асуудалгүй. Төр, хувийн хэвшлийн харилцааг бодлогын төвшинд аргачлалынх нь хүрээнд сайжруулах гэх мэт шаардлагууд байгаа.

-Яг ямар улсуудад хуулийн нөлөөллийг батлагдахаас нь өмнө судалж тооцдог юм бол. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд хэр нэвтрүүлсэн байдаг вэ?

-Европын орнууд бүгдээрээ нэвтрүүлчихсэн. Хойд хөрш ч нэвтрүүлсэн. Ер нь хууль боловсруулах үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд асар нарийн процесстойгоор хөгжиж байна. Тэгэхээр зөвхөн хөгжиж байгаа, өндөр хөгжилтэй улсууд гэж ялгаж харах арга байхгүй. Хөгжиж буй орнууд олноороо хэрэгжүүлж яваа. Батлагдсан хууль маш олон салбарт нөлөөлдөг. Дүнжингарав худалдааны төвд худалдаа хийж суугаа бизнес эрхлэгчээс эхлээд таксинд явдаг жолоочид хүртэл шууд болон шууд бусаар нөлөөлнө. Тэр утгаараа хуулийн үр нөлөө асар их. Түүнийг нь урьдчилж харж тооцоолж, үр нөлөөг нь байгаль орчин, хүний эрх, эдийн засаг талаас нь харж дүгнэлт гаргах нь олон талын ашиг тустай. Жишээ нь, МҮХАҮТ хараат бус дүгнэлт гаргахдаа “Энэ хууль бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй” гэчихвэл тухайн хуулийг эргэж хардаг жишиг тогтох шаардлага үүсчихсэн. Хувийн хэвшлийг хууль тогтоох байгууллагатай холбож өгдөг энэ чухал процесс манайд хэрэгжихгүй гэх үндэс байхгүй. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

-Та бид хоёрын ярьж суугаа асуудал одоогийн байдлаар Хууль зүйн яаман дээр илүү төвлөрч байна уу?

-Тэгж байгаа. Түрүүн хэлсэнчлэн энэ асуудлыг цаашид Сангийн яам, хөгжлийн агентлаг, бизнесийнхний нэгдэл болох МҮХАҮТ илүү бодитой оролцоотой ажиллах шаардлага бий. Ийм бололцоог хангаж өгөх хэрэгтэй.

-Чиглэл чиглэлийн төрийн бус байгууллагуудын оролцоо ч өндөр байх бололтой, тийм үү?

-Яг үнэн. Төрийн бус байгууллагуудын оролцоо их чухал. Бас нэг зүйлийг дахин онцлоход энэ чиглэлээр мэргэших шаардлагатай байна. Нөгөө талаас гаргаж өгөх тоон мэдээлэл нь бодитой байх ёстой. Худлаа мэдээлэл дээр суурилаад, буруу дүгнэлт гаргавал хууль эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлээд явчих эрсдэлтэй.

-Урт нэртэй хууль, 68 хувийн татварын хууль гэх мэт эдийн засагт үзүүлэх нөлөөг нь тооцолгүй баталсан хуулиудаасаа буцах тохиолдол УИХ-д цөөнгүй гардаг. Хууль гарснаар ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг хардаг болчихвол энэ байдал өөрчлөгдөх л юм байна гэж ойлголоо?

-Тэгнэ. Таны хэлдэг үнэн л дээ. Нэг хууль батлаад хагас жилийн дотор буцаагаад өөрчилсөн жишээ бий. Эсвэл ямар нэгэн баярыг далимдуулаад сэмхэн хууль баталдаг жишиг анзаарагддаг. Иргэдэд мэдэгдэхгүйгээр, элдэв эсэргүүцэлтэй нүүр тулахгүйгээр хууль батлах маяг руу орчихсон байна. Ингэж батлагдсан хуулиуд эдийн засагт асар сөрөг үр дагавар авчирдаг. Гарсан сөрөг үр дагаврыг нь нарийн тооцож чаддаггүй асуудал бас бий. Нэгэнт батлагдсаных нь дараа бухимдаж сошиалаар шуугьдаг хандлага ажиглагддаг. Судалгаа хийж үр нөлөөг нь бодитой тодорхойлсон, гаргалгаатай, бодлого нь үндэслэлтэй байвал хэрэгжихэд ч дөхөмтэй, иргэд ч буруугаар ойлгохгүй. Тухайн хуулийг баталсан гишүүд шүүмжлэлд өртөхгүй. Гэх мэтийн олон талын ач холбогдолтой.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнх-Эрдэнэ: Оюу толгойн хэлэлцээр, Таван толгойн IPO-г амжилттай хийвэл бондын төлбөр асуудал биш

Голомт банкны арилжааны хэлтсийн захирал, хөрөнгийн захын шинжээч Г.Мөнх-Эрдэнэтай ярилцлаа.


-Хөрөнгө оруулалт саарсан нь ханшид яаж нөлөөлж байгаа бол?

-Хөрөнгө оруулалтын сааралтын тухайд зөвхөн өнгөрсөн жил ажиглагдсан зүйл биш. Түүхий эдийн үнэ унах цикл 2012, 2013 оноос хойш хүчтэй мэдрэгдсэн. Хоёрдугаарт, тэр үеэс манай улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль янз бүр болж өөрчлөгдсөн л дөө. Энэ утгаараа хөрөнгө оруулалагчдад эргэлзээ, айдас төрүүлсэн. Иймэрхүү шалтгаанаар ханшийн савлагаа өндөр байсан тал бий. Монголбанкны тухайд сүүлийн үед интервенц хийж ханшийг тогтворжуулж байгаа.

-Гэсэн ч төгрөгийн ханш бага багаар суларч, доллар аажимдаа өсөөд байгаа шүү дээ?

-Аажмаар өсч байгаа өсөлт сая хэлсэн шалтгаанаас үүдсэн. Хууль эрх зүйн орчин тогтворгүйтсэнээс үүдсэн хүмүүсийн сөрөг хүлээлт бүрэн арилаагүйтэй холбоотой. Түүнээс биш урсгал тэнцлээ харвал нэг хоёр жилийн өмнөхөөс хамаагүй сайн байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүлээлтийн энерци гарч дуусаагүйтэй холбоотойгоор ханш алгуур өсөөд байна.

-Ханш цаашдаа яах бол. Сонгуулийн жил гарах гэж байна. Энэ шалтгаан том эрсдэлд багтах байх, тийм үү?

-Ер нь хаврын улиралд ханш унадаг зүй тогтолтой. Шалтгаан нь ноолуурын экспорт. Хаврын улиралд их хэмжээний ноолуур экспортолдог. Өнгөрсөн жил гэхэд л 330 сая ам.долларын ноолуурын экспорт хийсэн. Хоёр, гуравхан сарын дотор нэг дор бөөнөөрөө орж ирнэ гэсэн үг. Сардаа бараг 100 сая ам.долларын экспорт гэнэт нэмэгддэг. Ам.долларын урсгал улирлын шинжтэйгээр ингэж нэмэгддэг юм. Зуун сая ам.доллар нэг сард орж ирнэ гэдэг бол манай эдийн засгийн хувьд маш том дүн. Тэр утгаараа ханшийг хангалттай хэмжээнд бууруулах боломжтой. Ирэх жилийн тухайд сонгууль болох гэж байгаа учраас ханш өснө гэсэн хүлээлт бий байх. Ийм шалтгаанаар ирэх хавар ханш унах нөлөөлөл нь бага байж магадгүй.

-Өнгөрсөн сонгуулиудын жишгийг харахаар сонгуулийн дараа ханш өсдөг нь бараг зүй тогтол болчихсон. Шалтгаан нь юундаа байна?

-Сонгуулийн дараа ханш өссөн хэд хэдэн тохиолдол бий. Миний ажиглаж байгаагаар бол засаг солигдох гэсэн шалтгаан өсөлтөд нөлөөлдөг. Тэгэхээр сонгуулийн үр дүн чухал гэсэн үг. Түүнээс биш ирэх жил суурь талаасаа урсгал орлого маань муудаад ханш өсөх шалтгаан харагдахгүй байна. Трамп, Си Жиньпин хоёр ФАЗ-1 гээд хэлэлцээр хийсний дүнд худалдааны дайн харьцангуй намжиж эхэллээ. Тэгэхээр гадаад зах зээлээс бидний анх бодож суусан шиг сөрөг нөлөөлөл орж ирэх магадлал багасч байна. Ингээд харахаар түүхий эдийн үнэ дажгүй, урсгал орлого маань боломжийн гэж харагдаж байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямархуу байна вэ?

-Өнөөдрийн хувьд гээд харвал гадаадын гол хөрөнгө оруулалт Оюу толгой л байна. Тэгэхээр Оюу толгой цааш явдгаараа явна гэж ойлгож байгаа.

-Ер нь ирэх онд эдийн засгийн төлөв дажгүй байх нь уу?

-Миний харж байгаагаар 2016 он хамгийн хүнд жил байсан. Бүх юмны үнэ уначихсан хэцүү цаг байлаа. Одоо бол тийм биш. Түүхий эдийн үнээс шалтгаалаад эдийн засаг хамаагүй сайжирчихсан. Ирэх жил муудна гэж харахгүй байна. Гэхдээ ирэх жил хийх ёстой маш чухал хоёр ажил байна. Нэг нь Оюу толгойн гэрээний асуудлыг хэрхэн амжилттай даван туулж шийдэх вэ гэдэг асуудал. Нөгөө нь Таван толгойн IPO. Таван толгойн IPO хийх ажлын тухайд “Блүүмбэрг”-ээс мэдээлэл аваад харахаар нэлээд эрчимтэй, бодитой хэрэгжиж яваа гэж би ойлгосон. Хамгийн сүүлд Bank of China Internetion­al, “Номура” хоёрыг хувьцааны хөрөнгө босгох ажил дээрээ албан ёсоор гэрээлж, хамтарч ажиллахаар болсон байна. “Номура” нь Японы номер нэг үнэт цаасны компани. Bank of China гэхэд л маш том санхүүгийн институци. Үүнээс гадна өөр банкууд ч яригдаж байна. Энэ ажлыг амжилттай хийж чадвал Монгол Улс дэлхийн тавцанд нэр хүндээ сэргээх, дүр төрхөө шинээр бий болгож гарч ирэх, цааш амжилттай алхахад маш чухал нөлөө үзүүлнэ.

-Таван толгойн IPO –г хийхээс аргагүй хамгийн чухал шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-2012 оноос хойш Оюу толгойтойгоо ноцолдсоор байгаад таарсан. Хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотойгоор манай улсын имиж дэлхийн зах зээл дээр унасаар ирсэн. Таван толгойн IPO одоо амжилттай болвол 2012 онд босгох гэж байсан ажил албан ёсоор хийгдэх нь гэсэн мессэжийг дэлхийн зах зээлд өгнө. Тэр утгаараа нэр хүндэд маш чухал нөлөөтэй. Хоёрдугаарт энэ ажил амжилттай болвол ирэх онд элдэв эрсдэлийн нөлөөлөл буурна. Жишээ нь, гадаад өрийн асуудал байна. Гадаад өрөө шийдэхэд эерэгээр нөлөөлөх боломжтой. Одоо бидэнд дахин санхүүжүүлэх хувилбар л бий. Тэр ажиллагааг амжилттай хийхэд энэ ажлын үр дүн амжилттай байх нь маш том нөлөөтэй. Ийм хоёр ажлыг амжилттай хийж чадвал гадаад өр, бондын төлбөр асуудал биш.

-Яагаад бондын төлбөр асуудал биш гэж. Их мөнгө яригдаж байгаа биз дээ?

-Бид өнөөгийн ханшаар тооцвол газар дороо 3-3.5 их наяд ам.долларын баялагтай улс. Түүний хажууд 30 тэрбум ам.доллар бол өчүүхэн хэмжээ. Үүнээс Засгийн газрын өр нь 7.3 тэрбум ам.доллар. Тэгэхээр баялаг маань байна. Хамгийн гол нь зөв менежмэнттэйгээр зөв цаг үед нь зөв хувилбараар ашиглаж чадвал гадаад өрд санаа зовох зүйл байхгүй.

-Ам.долларын ханш дэлхийд ямар байх зураг, таамаг байна вэ?

-ФАЗ-1 гэдэг хэлэлцээрийн үр дүнгээр гадаад худалдааны дайн тодорхой хугацаанд намжиж чадлаа. Өөрөөр хэлбэл ирэх жил өмнө ярьж байсан шиг томоохон эрсдэл, уналтууд болох магадлал багассан. Нөгөө талаас нь харвал АНУ-ын Холбооны нөөцийн сан сая арванхоёрдугаар сард хуралдаад Америкийн эдийн засаг сайн яваа учраас ирэх жил ч бодлогын хүүг өсгөхгүй гэсэн урьдчилсан мэдээлэл өгчихсөн байгаа. Тэгэхээр ам.долларын ханш дэлхийн зах зээлд дахин чангарах магадлал багасна гэсэн үг.

-Алтны ханш яахаар байгаа вэ?

-Гадаад худалдааны дайнаас гадна гэж яривал ер нь дэлхийн эдийн засаг маш хямд валют руу орчихсон. Америкаас өөр бусад бүх том эдийн засгуудын бодлогын хүү маш бага болсон. Бодит хүү нь бүр хасах утгатай болчихсон байгаа. Нөгөө талд Америк, Оросын төв банкууд валютынхаа нөөцийг ам.доллараар биш алтаар бүрдүүлж эхэлсэн. Жил гаруйн өмнөөс ингэж нэмж эхэлсэн л дээ. Тэгэхээр алтны ханш ирэх жил өсөх зураг харагдаж байна. Өнөөхөндөө бол бага хэмжээнд унах байх.

-Алтны ханш өсөөд хэд хүрэх бол?

-1600 ам.доллар хүрч өсөх байх.

-Газрын тосны ханш яах вэ?

-Газрын тосны хувьд том хөдөлгөөн гарахгүй байх. Гэхдээ нөхцөл байдлыг шууд урьдчилж хэлэхэд хэцүү.

-Хятадын зах зээл ямархуу байх нь вэ?

-Хятадын тухайд 2016 оноос хойш 700 сая тоннын үйлдвэрлэлийг дотооддоо байхгүй болгосон. Тэрний ачаар Монголын нүүрсний экспорт 2015, 2016 онд 11 сая тонноор хэмжигдэж 600 сая ам.доллар олж байсан бол энэ жил гэхэд л 36 сая тонн нүүрс экспортолж, 2.8 тэрбум ам.долларын орлого олох гэж байна. Гол шалтгаан нь Хятад улс дотооддоо үйлдвэрлэлээ танасантай холбоотой. Хятад эргээд ямар арга хэмжээ авч байна вэ гэдэг бидэнд чухал. Том, цөөхөн ордуудыг нээж эхэлж байгаа. Өнгөрсөн жилээс энэ ажил нь эхэлсэн. Тэгэхээр энэ нь урт хугацаандаа манай нүүрсний экспортын үнийг ч бууруулна, хэмжээг нь буулгана. Гэхдээ ирэх жилийн хувьд сөрөг нөлөөлөл нь харьцангуй бага байх болов уу. Цаашлуулаад гурав, таван жилээр харвал арай өөр зураг харагдаж байгаа. Нүүрсний үнэ өмнөх шиг огцом буурахгүй. Хятадын тухайд дотоодын зах зээлийнх нь үнэ огцом унах эрсдэл үүсээд эхэлбэл Австралиас авч байгаа нүүрсэндээ квот тавина. Өөрөөр хэлбэл, дотоод зах зээл дээрээ нийлүүлэлтийн урсгалыг тодорхой хэмжээнд хаана гэсэн үг. Ийм арга хэмжээ авахаар үнэ тогтворжино. Тэр нь манайд эерэгээр нөлөөлнө.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Габит: Ирээдүйд нийт мэргэжлийн тал хувь устах ч шинэ мэргэжлүүд олноороо гарч ирнэ

Infinite Solutions компани, мэдээллийн технологийн “Нэст эдукэйшн” ахлах сургуулийг үүсгэн байгуулагч Б.Габиттай хиймэл оюун ухаан тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрбээр Стэнфордын их сургууль, Сан Хосегийн их сургууль, Дикинсоны их сургуулийн төгсөгч юм.


-Хиймэл оюун ухааны хамгийн энгийн тодорхойлолтоор ярилцлагаа эхэлье?

-Энгийн юм шиг хэр нь хүн бүр өөр ойлголттой байдаг асуулт шүү, нээрээ. Жишээ нь, би сурагчдаасаа энэ талаар асуувал зарим нь тэр чинь робот, эсвэл кинон дээр гардаг терминатор, iron man гэх мэтээр хариулдаг л даа.

Харин насанд хүрэгчдээс асуухаар энэ талаар ярихад эрт байна, дөнгөж судалгааны шатанд яваа гэх жишээтэй. Энгийнээр хэлбэл хиймэл оюун нь ямар ч хэлбэрээр байж болно. Гол зорилго нь бидний ажлыг автоматжуулах.

Жишээ нь, үйлдвэрийн давтамжтай ажлыг хүн биш машин хийх, эмчийн оношийг хиймэл оюун ашиглан илүү зөв гаргах, эсвэл зээлийн эдийн засагчийн дүгнэлтийг илүү хурдан хийх гээд багцаалдаад ойлгочихож болно.

-Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийд хэр хурдтай урагшилж байна?

-Хиймэл оюун ухааны анхны ойлголтууд 1950-иад оны үеэс гарч эхэлсэн. Хуучин ба шинэ гэсэн хоёр үе шаттай л даа. Хуучин үеийн гол үйл явдал гэвэл 1997 онд IBM-ийн Deep Blue гэх машин дэлхийн шилдэг шатарчин Гари Каспаровыг ялсан.

Олон нийт хиймэл оюуныг анх бодитоор харсан нь тэр. Гэхдээ тэр үед машин илүү ухаантай болохоор ялаагүй бөгөөд хүнээс илүү хурдан болохоор ялсан байдаг. Машин өөрөө сэтгэх гэхээсээ илүү хүний хатуу программ, дүрмийн дагуу нэг секундэд маш олон боломжуудыг тооцоолж ялсан юм. Харин 2008 оноос шинэ үе буюу машин сургаж (Machine Learning) эхэлснээр хиймэл оюуны тэсрэлт болсон.

Хиймэл оюун гэдэг нь өөрөө их том ойлголт. Нэг салаа нь Machine Learning буюу машин сургах. Дэлхий нийт одоо үүн дээр төвлөрч байна. Машин сургалт дотроо илүү гүнзгийрч Deep Learning гэх шинэ ойлголт гараад ирлээ. Тэр нь хүний тархины ажилладаг зарчмаар ажилладаг Neural Network дээр суурилдаг.

-Хиймэл оюунд тулгарч байгаа асуудлууд гэвэл та юуг онцлох вэ?

-Машин сургахад их хэмжээний дата хэрэгтэй. Азаар сүүлийн үеийн ухаалаг утас болон loT (Internet of Things)-ийн тусламжтайгаар дата хангалттай цуглаж байна. Өндөр хүчин чадалтай тооцоолон бодох машинууд тулгамдсан асуудлуудын нэг байгаа. Цоо шинэ салбар учраас Data scientists болон хиймэл оюуны эрдэмтэн, инженерүүдийн эрэлт бас асуудал болсон.

Өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан singular defined domain буюу зөвхөн нэг тодорхой бөгөөд ойлгомжтой асуудлыг л шийдэх боломжтой байна. Гэтэл хүний тархи олон өөр асуудлыг шийдэх чадвартайгаараа хиймэл оюунаас одоохондоо илүү хэвээр байгаа.

Дэлхий дээрх хамгийн туршлагатай эмчээр жишээлбэл, туршлагатай эмч амьдралынхаа туршид олон мянган өвчтөн үзсэн байж таарна аа даа. Дэлхий даяар ажилладаг олон зуун туршлагатай эмчид байгаа өвчтөний мэдээлэл дээр хиймэл оюун ашиглан дүгнэлт гаргавал оношийг илүү нарийн гаргах боломжтой. Мэдээж 100 хувь гэсэн үг биш ч илүү бодитой төсөөлөл, таамаглал, ангилал бий болгох боломж бий.

-Machine Learning-д маш их дата хэрэгтэй гэж ойлголоо. Ерөөсөө л дата хангалттай байхад бодитой таамаг, дүгнэлт, онош гаргачих нь ээ?

-Цаанаа яаж ажиллаад байна гэхээр маш их дата-г боловсруулж, түүнээсээ суралцдаг юм. Жишээ нь, хүний дата гэхэд өглөө хэдэд босдог, хэзээ гардаг, юу хийдэг, шүдээ хэзээ угаадаг гээд бүх дата нь хэрэгтэй. Түүнээс энэ нь чухал, энэ нь чухал биш гэх дата байхгүй.

Илүү бодитой хариу гаргахын тулд ерөөсөө бүх дата нь байх тусмаа сайн. Хиймэл оюунгүй үед хүн бие өвдөнгүүт эмчид очдог. Эмч биеийнх нь ерөнхий байдлыг асуугаад цээжний зургийг нь авснаар бронхит болсныг нь туршлагадаа үндэслэж хэлдэг.

Харин хиймэл оюун таны бүх дата-г дэлхий дээрх сая сая хүний дата-тай харьцуулалт хийн давхцуулснаар түрүүн хэлсэн төсөөлөл, таамаглал болон ангилсан мэдээлэл гаргадаг. Эмч энэ мэдээлэл дээр үндэслэн оношоо гаргавал илүү сайн онош гарна гэсэн үг.

-Хиймэл оюун ухаанаар ямар улсууд тэргүүлж байгаа бол?

-АНУ байна. Дэлхийн ихэнх том шилдэг компани АНУ-аас гаралтай. AI судалгаа, R&D дээр 2018 оны байдлаар Google, Facebook, Apple, Microsoft зэрэг аваргууд нийт 30 тэрбум ам.доллар зарцуулсан байх жишээний.

Энд зөвхөн мөнгөн дүнгээс илүү зарцуулсан цаг хугацаа, хүний нөөц, боловсролын системд хийсэн ажлууд багтаж байгаа. Үр дүн нь шууд гарахгүй ч ийм их хөрөнгө оруулалт, цаг хугацаа зарж байгаа улсууд аяндаа түүчээлээд эхэлнэ. Хиймэл оюун ухааны чухал салбаруудыг санаачлагчид бүгд АНУ-аас гаралтай учраас энэ чиглэлд яалт ч үгүй era of exploration буюу шинийг сэтгэх, зохион бүтээх тал дээр Америк тэргүүлдэг.

MIT, Stanford, Cal Т ech гээд шилдэг сургуулиудад топ эрдэмтэд ажиллаж, их ч хөрөнгө хаяж байна. Яг араас нь Хятадууд энэ салбарт хүч түрэн орчихлоо. Гүйцэтгэл тал дээр дэлхийн номер нэг улс. Сүүлийн богинохон хугацаанд өөрийн BAT (Baidu, Alibaba, Tencent) гэх аварга компаниудын нэгдэлтэй болсон. Энэ компаниуд жилийн дотор гэхэд л хиймэл оюуны салбарт 27 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн тоо гарсан байна лээ.

Хувийн компаниуд нь энэ хэмжээний хөрөнгө оруулснаас гадна улсаас нь мөн дэмжиж яваа. Улсаас нь хувийн салбартайгаа ижил буюу 27 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, урд хөрш нийлбэр дүнгээрээ 50 гаруй тэрбум ам.доллар зарсан гэсэн үг.

-Та энэ тоонуудыг хаанаас авсан бэ?

-Би энэ тоонуудыг Kai Fu Lee профессорын судалгаанаас авсан. Сонирхсон хүмүүс хайлт хийгээд харах боломжтой.

-Урд хөршид IT-гаар сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг учир мэдэх улс өгдөг юм билээ. Боловсрол талдаа бас түүчээлж байна гэсэм үг үү?

-Хятадууд 10 жилийн боловсролдоо хүчтэй анхаарч багш нараа бэлдэх дээр төвлөрснөөр одоо дунд ангиас нь IT зааж байна. IT-ийн хичээл нь яг л математик, англи хэлтэй ижил нэгдүгээр ангиллын хичээл болсон.

-Өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн улсууд хөгжлийн өндөрлөгт хүрсэн. Манай улс үйлдвэрлэлээрээ тэдэнтэй эгнэж, хөгжлөөрөө цойлох боломжгүй. Харин хиймэл оюун ухааны эринд, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд хөгжлөөрөө тэргүүлэх боломж бидэнд бий гэх юм. Ийм боломж байгаа юу?

-Бид аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас хоцорсон гэж ярьдаг. Гол нь тухайн үед ямар улсууд энэ чиглэлд судалгаа, туршилт хийн хөрөнгө хаяж түрүүлсэн бэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэд одоо өндөр хөгжилтэй улсууд гэгдэх болсон.

Мөнх зүйл гэж байдаггүй болохоор ойрын 10 жил ямар улс хиймэл оюун болон IT-даа хөрөнгө, анхаарлаа илүү хаяна тэдгээр улс дараагийн өндөр хөгжилтэй улс гэгдэнэ. Эсрэгээрээ болохгүй, бүтэхгүй, хол байна гэж ярьсан нь бүр ард хоцорч, хэрэглэгч юм уу дата-аа алдагч л болж хувирна. Та сая боломж бий юу гэж асуусан. Бидэнд боломж бий. Яг одоо л бидэнд алтан боломж байна.

-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд бид юунд анхаарч, ямар гарц шийдэл гаргах ёстой вэ?

-Суурь боловсрол дээр л хүчтэй төвлөрөх хэрэгтэй. Тийм эрэлт байгаа учраас Facebook, Amazon, Stanford-ын залуус Нэст ахлах сургууль байгуулаад ажиллаж байгаа юм. Бид IT дээр нэмэх нь хандлага, асуудал шийдэх чадвар, мэргэжлийн чадвар гэсэн гурван зүйл дээр төвлөрч байгаа. Асуудал шийдэх чадвар гэдэг нь математикийн бодлогын хариуг олох гэхээс илүү цаанаа юу шийдэж байгааг нь ойлгуулна.

Мэргэжлийн чадвар нь ойлгомжтой. Ерөнхий боловсролын сургуульд байхад нь IТ-г гүнзгий эзэмшүүлнэ. Ер нь бол заавал боловсролын системийг өөрчилнө гэж ярихаас илүү байгаа боломж дээрээ тулгуурлан хүүхдүүдэд ур чадвар эзэмшүүлэх шаардлага байна.

Ахлах сургуульд маань Oracle, Amazon, Microsoft, Apple, Xpedia зэрэг томоохон компанид ажилладаг монгол залуус зөвлөхөөр ажиллаж байгаа. Олон мундаг монгол залуус гадны томоохон компанид ажилладаг. Тэдний тусламжтайгаар дараагийн үе маань илүү хурдан урагшлах боломж бий.

-Америк, Хятадын зөрчилдөөнийг ашиглаж хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд Америкаас хөрөнгө оруулалт татах боломжтой гэж ярих эдийн засагч байна. Хөрөнгө оруулалт татах талд бидэнд ямар боломжууд бий бол?

-Learn from Leaders гэж товчхон хариулмаар байна. Аль аль зах зээл рүү нь бидэнд боломж байна. АНУ шинэ технологи нэвтрүүлэлтээр тэргүүлж яваа бол Хятад гүйцэтгэлээр ноёлж байна. Хятадууд бидний багад бүх зүйлийг дуурайж хийдэг байсан бол одоо эсрэгээрээ шинийг санаачилж яваа.

Наад зах нь WeChat гээд өөрийн төлбөр тооцоо, харилцаа холбооны хүчирхэг дэд бүтэцтэй болчихсон. Тэгэхээр юуны өмнө бид зөв цэгцтэй мэдээлэлтэй болмоор байна. Жишээ нь, монгол хэлээр Google-ээс хиймэл оюун гэж хайвал маш бага мэдээлэл гарч ирдэг. Тиймээс бид дотооддоо зөв мэдээлэл түгээх үүднээс MIT-ийн профессор Max Tegmark-ийн бичсэн дэлхийн бестселлер болох Life 3.0 номыг орчуулан ирэх оны эхээр гаргахаар ажиллаж байна.

-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд Монголд бодитой ямар ажлууд хийгдэж байна вэ. Энэ чиглэлээр ажилладаг компаниуд гэвэл та ямар газруудыг онцлох вэ?

-Текстийг дуу хоолой руу, дуу хоолойг текст руу хөрвүүлэх ikon, Sara гэх мэт хэд хэдэн төсөл Монголд амжилттай хэрэгжээд эхэлжээ. Энэ бол бодит жишээ. Манай компанийн хувьд сүүлийн 13 жилийн турш IT, хөрөнгө оруулалт, боловсрол, финтек чиглэлд Хойд Америк, Латин Америк, Монголын зах зээлд төвлөрөн ажиллаж байна.

Одоогоор хиймэл оюун дээр суурилсан хэд хэдэн ажил хийгдсэн. Fintech болон банкны салбарт КҮС буюу хэрэглэгчийг таних гэсэн ойлголт бий. Үүнийг хиймэл оюун ашиглан хэрэглэгчийг царайнаас нь эхлүүлэн таньснаар энэ чиглэлд бодитой алхам хийж чадна гэж харж байна. Энэ мэт хэд хэдэн цэвэр програмчлалын ажлууд дээр ажиллаж байна.

Боловсролын чиглэлд MIT болон бусад байгууллагуудтай хамтран сурагчдын энэ чиглэлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүд бэлдэн, ном товхимол орчуулан гаргах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ер нь бидний эцсийн зориод байгаа зүйл нь Монгол Хөндий юм. Монгол Хөндий-д олон мянган инженерүүд олон улсын түвшинд бэлтгэгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулалт татан, олон тооны шинэ компаниуд бий болсноор эх орондоо дэлхийн хэмжээнд үнэлэгдэн ажиллах боломж байна.

Бид өөрийн хэмжээнд үлгэрлэн үзүүлэхээр IT-ийн боловсрол , мөн олон улсын түвшинд хөрөнгө босгон гадны зах зээлд IT-ийн бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр сүүлийн 13 жил ажиллаж байна.

-Хиймэл оюун ухааны дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг сонирхуулаач?

-Сүүлийн ололт гэвэл хиймэл оюун ухаан эрүүл мэнд, хууль, IT, боловсрол, даатгал, банк санхүү гээд бүх салбарт орчихлоо. Роботын салбарт маш өндөр дэвшлүүд гарч, өмнө нь болхи байсан роботууд одоо олон мэдрэгчээс ирсэн дата дээр суурилан нарийн үйлдлүүдийг гүйцэтгэх болж. MIT Labs энэ чиглэлд тэргүүлэх шатанд явж байна.

Дашрамд хэлэхэд Facebook-ийн анхны монгол ажилтан гэдгээр нь хүмүүс мэддэг Мэргэн гээд найз маань яг одоо тэнд судалгааны ажил хийж байгаа.

Эмнэлгийн салбарт гэхэд олон төрлийн хорт хавдрыг тусахаасаа өмнө мэддэг боллоо. Яаж тэгээд байна гэхээр өмнө хэлсэнчлэн олон сая хүний амьдралын хэмнэлийн их хэмжээний дата дээр суурилан давхцалуудыг олж, ийм амьдралын хэмнэлтэй хүн ийм өвчнөөр өвдөх магадлал өндөр гээд гаргачихаж байна. Энэ бол гайхалтай үр дүн. Хүн бүр 100-аас илүү насалдаг болоход нэг алхам ойртлоо гэсэн үг.

Хамгийн хүнд гэгдэх төслүүдийн нэг бол өөрийгөө жолооддог машин. Намайг 2012 онд Стэнфордын их сургуульд сурч байхад гадуур Google гэсэн логотой дээрээ олон камер суурилуулсан машин явж харагддаг байлаа. Орчны бүх мэдээллийг тэдгээр камераар авч боловсруулж, автомат жолоодлогын горимоо хиймэл оюун ашиглан сайжруулсаар байсан юм билээ.

Тухайн үед автомат жолоодлого нэг секундэд нэг алдаа гаргадаг байсан бол одоо нэг жилд нэг алдаа гаргах магадлалтай байна. Зөвхөн АНУ-д гэхэд жилд 30 гаруй мянган хүн авто осолд ордог бол энэ тоог хиймэл оюун багаар бодоход 90 хувь бууруулна гэхээр гайхалтай байгаа биз.

-Тийм байна. Гэхдээ хиймэл оюун ухаанд олон гоё, сайхан ололт бий ч сул талуудыг ярихгүй өнгөрч болохгүй байх?

-Яг зөв асуулт. Хиймэл оюунаас үүдэн гарч буй гурван төрлийн айдас байна. Эхнийх нь ажлын байрны өөрчлөлт. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаар маш олон ажлын байр шинээр бий болж байсан бол харин хиймэл оюуны эринд олон хүн ажилгүй болно гэсэн айдас бий.

Хоёр дахь нь эдийн засгийн тэгш бус хуваарилалт: Технологийн давуу талыг зөвхөн дээд, чинээлэг давхаргынхан ашиглаад, дунд, доод давхаргынхан балрах вий гэдэг айдас бий.Гурав дахь нь технологи хүнээсээ илүү хурдан хөгжих вий гэдэг айдас.

-Ажлын байран дээр жишээ нь ямар өөрчлөлтүүд гарах бол, тодорхой судалгаа байна уу?

-Oxford -ын судалгаагаар ойрын 10 жилд нийт ажлын байрны талд нь шахуу өөрчлөлт орно гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа банкны теллер, үйлдвэрийн ажилчид гэх мэт давтамжтай ажлын байрууд машинаар бүрэн орлуулагдана.

Давтамжтай гэлтгүй бусад мэргэжилд ч өөрчлөлт явагдана. Жишээ нь, хуульчийн ажлын цагийн ихэнхийг авдаг судалгаа шинжилгээний ажлыг машин хийснээр ажилд нь хурдасгуур болно. Хуучин цагт ямар нэг чухал асуудлыг сурвалжлахаар сэтгүүлч, нисдэг тэрэг болон камертай хүн гурав хамтдаа замд гардаг байлаа. Гэтэл одоо тэр бүхнийг ганц дрон орлочихож байна.

Гэхдээ дрон өөрөө нисээд яваа биш ард нь түүнийг удирдаж, авсан мэдээллийг нь боловсруулдаг бүтэн баг ажиллаж байгаа. Тэгэхээр ажлын байрууд алга болох гэхээсээ илүү өөрчлөгдөж явааг анзаарч, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Яг ямар мэргэжлийнхэн ажилгүй болж, шинээр ямар мэргэжил гарч ирэх бол?

-Бүх судалгаанаас харахад одоо байгаа ажлын байрны тал нь байхгүй болж, өөрчлөгдөнө. Гэхдээ ихэнх нь давтамжтай ажлууд. Философийн нэг асуулт байдаг даа. Давтамжтай, нэгэн хэвийн уйтгартай ажлыг 30 жил хийж яваа хүн өөрөөрөө бахархаж, аз жаргалтай байх болов уу гэсэн асуулт. Миний бодлоор харин ч хүмүүс машин хийчих зүйлд үнэт цагаа зарахаа больж, илүү аз жаргалтай амьдрах боломжтой.

Mckensey-ийн судалгаагаар нийт мэргэжлийн 45 хувь нь устах ч нэмээд 55 хувиар олон шинэ ажлууд гарч ирнэ гэсэн байна лээ. Жишээ нь дрон нисгэгч, AR архитектор, Data scientist, сэтгэл гутралын эмч нар гэх мэт бидний одоо төсөөлөх ч үгүй олон ажлын байр бий болно.

-Хиймэл оюун ухаан хүний тархийг гүйцнэ гэсэн таамаглал их дуулддаг. Энэ хэр бодитой вэ. Хүний тархийг давах хэмжээнд хүрсэн гэдгийг нотлох жишээнүүд бий юү?

-Singularity буюу технологи хүнийг мэдлэг чадвараараа давах асуудлыг ярьж байна. Өмнө дурдсан гурван айдсын гурав дахь нь болох технологийн хэт хурдан хөгжилтэй холбогдоно л доо. Энэ чиглэлд маш олон том компани хөрөнгө оруулж байгаагаас томоохон нь Soft Bank (Японы инновацийн том төлөөлөл) болон Арабын томоохон сангууд байна.

Нэг талаасаа их мөнгө ийшээ хийж яваа ч нөгөө талаас одоо үргэлжилж буй эрдэм шинжилгээний мэдээлэл дээр үндэслэн дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байгаа юм. Хиймэл оюун маань яг одоо ганц тодорхой асуудлыг л шийдэж чадна. Энэ хувьцаа өсөх үү, энэ хүн зээлээ төлөх үү, энэ онош зөв үү гэх мэт асуудлыг шийдэх бололцоотой. Гэхдээ эцсийн шийдийг хүн гаргана.

Гаргахдаа ганц тоо хараад гаргахгүй нь мэдээж. Тэгэхээр ойрын 15 жил хиймэл оюун маань нэг асуудлаа илүү төгс шийддэг болохоос биш хүнийг даваад цойлох боломж нь шинжлэх ухаан талаасаа бага.

Хиймэл оюуныг зохиож, сургаж байгаа нь хүмүүс бид шүү дээ. Тэгэхээр хиймэл оюунаас айж зугтаах биш, харин бид энэ дунд яг хаана нь байх вэ гэдэгт илүү анхаарвал нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлнэ.

-Хиймэл оюун ухаан бүх л салбарт хэрэглээ болж, хөгжлийн хэмжүүр болох цаг хэзээ гэж та бодож байна вэ?

-Яг үнэндээ одоо ч хиймэл оюун бидний амьдралд хүчтэй нэвтэрсээр байна. Энгийн жишээ гэхэд Gmail дээр мэйл бичиж байхад suggestion буюу үг, өгүүлбэрийг санал болгоод байгаа. Энэ нь цэвэр олон сая хүний бичсэн мэдээлэл дээр хиймэл оюун ажиллан давхцалыг олж миний юу бичих гэж суугааг таамаглаж байгаа юм.

Хайлтын системд ч мөн миний юу хайх гээд байгааг энэ мэтээр санал болгодог. Бидний яриаг шууд текст болгон хөрвүүлэх болон зургийг шууд юу вэ гэдгийг таних гэх мэт мөн л хиймэл оюун. АНУ-д MIT Rethink Robotics-ын хөгжүүлсэн Baxter гээд робот бий. Тодорхой үйлдлийг 10-100 удаа хийнэ шүү гээд заагаад өгчихвөл тэрийг 24/7/365 өдөр тасралтгүй, алдаагүй, ямар ч гэмтэлгүй хийнэ.

Хятад улсын Face++ гээд хиймэл оюунд суурилсан гурван сая хүний царайг нэгэн зэрэг таньдаг систем бас байна. Гар утасны SIRI ч мөн биднийг хиймэл оюуны тусламжтай ойлгож, харилцан ярьдаг. Өмнө нь орчуулгын товчоо явдаг байсан бол одоо топ хэлүүд хооронд Google Translate ямар ч орчуулагчаас дутахгүй орчуулж байна.

Amazon, эсвэл Taobao гээд том худалдааны сайтууд бидний юу авахыг санал болгож байгаа нь мөн л хиймэл оюун.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сониноос бусад нь сантай боллоо

УИХ өнгөрсөн долоо хоногт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг баталлаа. Батлагдаад удаагүй энэ хуулиар телевизийн сайн контентыг дэмжихээр болоод байна. Улсын төсөв болон хандиваар бүтсэн дундын сантай болох, тэр санд цугласан мөнгөөр телевизийн сайн контентыг урамшуулж дэмжих бодлого хэрэгжиж эхлэх нь. Товчхондоо Монгол Улс Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сантай болж байна. Хар ухаанаар бол телевизүүд дундаа ЖДҮ-ийг дэмжих сан гэдэг шиг сантай боллоо гэсэн үг. Телевизийн контентын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага бий юү гэвэл бий. Олон нийтэд нөлөөлдөг мэдээллийн хэрэгсэл гэдэг утгаар нь цэнхэр дэлгэцийн контентын чанар сайжирвал нийгэмд тэр хэрээр эерэг нөлөөтэй. Хүүхдийн нэвтрүүлэг ашиг багатай учраас чанартай сайн нэвтрүүлгүүд ховор гэсэн асуудлыг телевизийнхэн хөнддөг. Ийм сантай болвол наад зах нь хүүхдийн нэвтрүүлгүүд чанаржина. Мэдээж нийгэмд үзүүлэх нөлөө нь хэмжишгүй. Боловсролд, ирээдүйд чиглэсэн сайн хөрөнгө оруулалт.

Эргээд харах нь ээ Монголд сониноос бусад нь сантай болжээ. Сан байгуулна гэдэг онилсон салбараа хөгжүүлэх том гарц болдгийг ганц манай улс ч биш дэлхийн орнуудын жишээ баталдаг. Манайд ЖДҮ-ийг дэмжих гэх мэт Засгийн газрын тусгай сангуудын зарим нь улстөрчдийн, улстөрчдөд ойр хэн нэгний халаас руу орох хямд мөнгөний эх үүсвэр болчих гээд байдаг сул тал бий. Гэхдээ засч залруулаад, яг хэрэгтэй, онилж чиглэсэн бүлгүүдээ дэмжээд санхүүжүүлээд явбал сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөж нь их гэдэгтэй хэн ч маргахгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Авто замын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Хилийн чинадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж ирээд яривал салбар бүр сантай. Тэгэхээр сонин ч гэсэн дундаа сантай болмоор байна. Яагаад заавал сантай болох ёстой билээ гэсэн асуултын хариу нь ч тов тодорхой.

Цэнхэр гаригийн улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарыг анзаарах нь ээ мэдээллийн уг үндэс нь сонин байдаг. Сошиалын хөөсрөл туйлдаа хүрч, хуурамч мэдээлэл газар авсан ийм үед өдөр тутмын сонин, тогтмол хэвлэлүүд л мэдээлэл авах цор ганц бодитой эх сурвалж болдог. Буух эзэн буцах хаягтай учраас, цаасан дээр түүх болж үлддэг болохоор сонины нийтлэл, мэдээлэл, ярилцлага, сурвалжлага бүр үнэн, бодитой эх сурвалжтай байдаг. Худал мэдээлэл цацвал вэб сайтууд шиг тэр дор нь засах аргагүй гэсэн онцлог сонинд бий. Цаасан дээр бичигдээд үлддэг учраас, шүүхэд дуудагдаж хариуцлага хүлээдэг субьект болохоор тогтмол хэвлэлд алдах эрх байдаггүй. Өдөр тутмын сонинуудын тухайд контент бүтээнэ гэдэг ухаан зарсан, оюунаа шавхсан, цаг хугацаа, хөлс хүч зарцуулсан нүсэр ажил. Сайн нийтлэл бичихийн тулд судалгаа хийнэ, олон талын эх сурвалжтай холбогдоно, хайж олсон баримтуудаа хүнд хүргэхээр бичиж туурвина гэж ирээд яривал сошиалд зүгээр л нэг цэцэрхэж суугчдаас тэс өөр ертөнц.

Өнөөдөр цахим орчинд ажиллаж байгаа сайтуудын ихэнх нь редакцигүй гэсэн шүүмжлэл бий. Гэрийнхээ компьютерийн араас сошиалын пост, жиргээний дайны мэдээлэл үйлдвэрлэж буй ийм сайтуудын мэдээллийг сэтгүүл зүй гэж ойлгоод яваа хандлага нийгэмд анзаарагддаг. Ийм мэдээллээр “бөмбөгдүүлж” байгаа олонхид гэрэл тусгах эрэлт аль хэдийнэ үүсчихсэн. Гэрэл тусгах боломж нь мэдээллийн үндэс болдог тогтмол хэвлэл рүү хандсан дэмжлэг. Бүр тодруулж хэлбэл үндэсний өдөр тутмын сонинуудаа дэмжиж байж үнэн худал нь мэдэгдэхгүй чанаргүй мэдээллүүдийн урсгал саарна. Тогтмол хэвлэлүүдийн тухайд сайн контент хийснийг нь урамшуулж, сайн контент хийх сэдэл төрүүлэхээр нөхцөл боломж олгож, иймэрхүү дэмжлэгүүдээ тусгай сангийн хүрээнд үзүүлээд явбал олон эерэг өөрчлөлт гарна.

Шуудхан хэлэхэд тогтмол хэвлэлийг нийгэм даяар ад үзэх маягтай болчихлоо. Нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл нь баларч устдаггүй учраас поп улстөрчид сонинд дургүй байх шиг санагддаг юм. Нийтэд сүрхий хүн болж харагдахын тулд сүржин мэдэгдэл хийдэг, рейтинг нь өсч л байвал ямар ч асуудлаар юу ч хамаагүй ярьж сүрийг үзүүлдэг популист улстөрчдийн хувьд сонин хүсэхээр мэдээллийн хэрэгсэл биш л дээ. Хэлсэн үг нь цагаан цаасан дээр хараар баримттайгаа үлдчихээр, өнөө худал үг нь хэдэн арван жилээр түүх болоод архивлагдчихаар ямар олиг байхав. Цахим орчинд бол юу ч гэж попорсон хамаагүй, өнөөдөр шуугиад маргааш мартагддаг онцлогтой. Бүр эвгүйдвэл өнөө сүржин мэдэгдлээ устгуулчихаад дараа нь гэмгүй хүн шиг суухад ямар ч асуудал үүсэхгүй. Энэ талаас нь харвал цацагдсан мэдээллийг нь хэзээ ч устгаж болдог цахим ертөнц, бэлдсэн нэвтрүүлэг, мэдээ нь урсаад өнгөрчихдөг телевизийг дэмжиж суугаа улстөрчдийн цаад санааг тааж ядах юм алга. Харин сонин бол өөр. Улстөрчдийн өчнөөн жилийн өмнөх бодлогогүй үг, болчимгүй явдлыг он сартай нь шүүгээд гаргаад ирж болно. Сайн, муутай нь архивлаад үлдээчихдэг болохоор улстөрчид сониныг ад үзсэн маягтай яваа. Наад захын жишээ гэхэд л Сонгуулийн хуулиас өдөр тутмын сониныг тойргийн гадна үлдээлээ. Зүй нь намууд мөрийн хөтөлбөрөө, нэр дэвшигчид сурталчилгаагаа өдөр тутмын сонинд заавал хэвлүүлэх гэсэн утгатай заалтыг Сонгуулийн хуульд тусгачихмаар байгаа юм. Дөрвөн жилийн дараа амлалтыг нь эргэн сануулж, ам асуухын тулд мөрийн хөтөлбөрийг нь цагаан дээр хараар баталгаажуулж үлдээх ёстой гээд байна л даа. Нэр дэвшигчдийн хувьд ч ялгаагүй. Амласан зүйлс нь сонины хуудсанд үлдвэл сонгогчид тойргоосоо гарсан улстөрчийг хэр хэмжээнд ажилласныг дөрвөн жилийн дараа төвөггүй дүгнэчихнэ. Архивласан сониноос тухайн үеийн дугааруудыг хараад л дүн тавьчихна.

Хэн ч сонин уншихгүй байгаа гэсэн утгатай үгс зарим улстөрчдийн амнаас давтамжтай сонсогдох болж. Энэ бол зорилготой сурталчилгаа. Сонин хэвлэл хэрэгтэй соёл, хүн төрөлхтөн өдөр тутмын сонингүйгээр ухаалаг, сэхээлэг оршиход хэцүү гэдгийг дэлхий мэднэ. Шуудхан хэлэхэд бид ухаантайдаа сонин хэвлэлээ тоохгүй яваа юм биш л дээ. Хоцрогдсондоо, харанхуйдаа сонин уншихгүй байгаа юм. Хөгжлөөрөө түүчээлдэг улсууд сонин хэвлэлд ямар их ач холбогдол өгдгийг нотолсон өчнөөн жишээ дурдаж болно. Захын жишээ хэлэхэд л япончууд өдөр тутмын хэвлэлийг том хүний сурах бичиг гэж чухалчилдаг. Өдөр тутмын сонинууд мэдээ, мэдээллийг зүгээр нэг цацдаггүй. Тайлбар, гарц, анализтайгаар нийтэлдэг. Тэр утгаараа өдөр тутмын сонин нийгэм, улс төрийг ойлгох сурах бичиг л дээ, гарцаа байхгүй. Нийгэмд юу болоод, ямар үйл явдал өрнөөд, цаашид яах гээд байгааг сонин л тайлбарлаж өгдөг.

Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлыг ажих нь ээ улстөрчид ард түмэн, сонин хоёрыг улам холдуулах бодлого бариад яваа анзаарагдах юм. Сонины сэтгүүлчдийн хөдөлмөрийг уурхайчны хөдөлмөртэй зүгээр ч нэг жишдэггүй. Дахиад хэлэхэд цуглуулсан мэдээлэлдээ анализ хийнэ, эх сурвалжаа нягтална, тэнцвэртэйгээр харна энэ тэр гээд тоочвол яалт ч үгүй оюуны хүнд хөдөлмөр. Тэгэхээр мэдээллийн суурь болдог, өндөр чанартай мэдээллийг нийгэмд хүргэдэг сонин хэмээх мэдээллийн хэрэгсэлд онцгойлж хандмаар байна.

Адаглаад л сонин хэвлэх цаасыг НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй. Р.Хадбаатарыг Монголын сонины холбооны ерөнхийлөгч байх хугацаанд хэсэг зуур л сонины цаасыг НӨАТ-аас чөлөөлсөн түүх бий. Гэвч энэ шийдвэрийг нэг их удалгүй цуцалж НӨАТ аваад эхэлсэн. Сонины цаасыг НӨАТ-аас чөлөөлчихвөл үзүүлэх үйлчилгээ нь хямдарч, өрсөлдөх чадвар нь өсөөд ирэх давуу тал бий. Ер нь өдөр тутмын сонины хамгийн гол зардал нь хэвлэх үйлдвэрт зарцуулагддаг. Хэвлэх зардал, сэтгүүлчдийнхээ цалинд ихэнх орлогоо өгдөг өдөр тутмын сониныхонд шуудангийн хүргэлтийн хөлс бас л хүнд ачаа болдог. Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний хөлсийг төр даадаг болчихвол сонинуудын өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлнө. Иргэдээ соён гэгээрүүлж, зөв мэдээлэл авах боломжийг нь өсгөхийн тулд төрөөс ийм дэмжлэгүүд үзүүлчихэд жинхэнэ байгаа олсон дэмжлэг болно. Тогтмол хэвлэлийг дэмжих өөр нэг шийдэл нь мэт төрийн байгууллагуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг тендерийн зар, урилга гэх мэт зүйлс. Төр засгийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээх зар, мэдээлэл, урилга сэлтийг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх ёстой гэсэн утгатай заалтыг хуульчлаад журамлачихвал мөн л том дэмжлэг болно. Товчхондоо сая санал болгосон шийдлүүд ажил болбол төрөөс иргэдээ соён гэгээрүүлэхийн тулд бодитой дэмжлэг үзүүлчихлээ гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, сонины шилдэг нийтлэл, бүтээлийг урамшуулдаг шагналын сантай болмоор байна. Ийм хөшүүрэгтэй байж гэмээ нь сонины нийтлэл илүү чанаржина. Өдөр тутмын сониныхон нэгдэж нийлээд өөрсдөдөө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчдад ойлгуулж, гарц шийдэл санал болгож зөв лобби хийх шаардлага бийг ч энэ дашрамд онцолъё.

Үнэн зөв, жинтэй даацтай, хэрэгтэй, шийдэлтэй мэдээлэл авдаг улсын иргэд л боловсордог. Иргэд нь боловсорчихвол улс хөгжих асуудал биш. Ийм цонхоор харвал өдөр тутмын хэвлэлүүдээ дэмжих эрэлт хаалга тогшиж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Дубайд шийдвэр гараагүй бол Оюу толгойн бүтээн байгуулалт ийм амжилтад хүрэхгүй байсан

Том мөнгөн дээр тоглож чадах, менежмент хийх хүмүүс хэрэгтэй байна-

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.

-Сая саарал жагсаалтад орох үеэр Ил тодын хуулийг буруутгасан улстөрч цөөнгүй байлаа, жишээ нь танай намынхан. Ил тодын хуулийн дараа гарч ирсэн их мөнгө Монгол Улсыг саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Би сүүлийн үед амраад байгаа л даа. Хөдөө явчихаад ирсэн чинь Ардын намын бүх хүн Ил тодын хууль барьчихсан сууж байсан. ФАТФ-ын тайлбар бичигт ил тодын хуулийн талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Ил тодын хууль гарсан шалтгаан тодорхой шүү дээ. 27 жил хуримтлагдсан татварын буруу системийг л зассан үйл явц.

Хууль гарах үед эдийн засаг хасах нэгтэй болчихсон байсан. Тэр үед эдийн засгийн эрх чөлөөг олгосноор хямралыг дажгүй давсан.

Компаниуддаа боломж олгож, олгосон боломжийнхоо хэрээр давуу тал, өгөөжийг нь хүртчихээд дараа нь аягүй хандвал төр нь иргэд, аж ахуйн нэгжээ хуурсан хэрэг болно. Тийм хандлага гарахгүй гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт саарал жагсаалт чинь Ц.Нямдоржийн л асуудал.

-Бас Сангийн сайдад хамаарах асуудал байх, тийм үү?

-Тийм, Хууль зүй, Сангийн сайдуудын хариуцах ёстой асуудал. Гэтэл жаахан ажил хийсэн хоёр нь хариуцлага хүлээгээд өнгөрлөө л дөө. ФАТФ-ын тавьсан асуудал тодорхой. Гадуур эргэлдэж байгаа мөнгөний урсгалдаа анхаар гэсэн асуудал тавьсан.

Жишээ нь, нотариатын газраар бүх үл хөдлөх хөрөнгүүдийн том гүйлгээнүүдийн бүртгэл явагддаг. Тэр бүхнээ бүртгэлжүүл гэсэн. Монголд банкны үндсэн салбараас гадна ББСБ, ломбард гээд санхүүгийн өөр механизмууд маш их мөнгө эргүүлж байна шүү гэж анхааруулсан. Ил тодын хуультай ямар ч хамаагүй асуудлууд. Өнөөдөр татварын орлого ил байгаа нь Ил тодын хуулийн буян.

Өмнө нь бүртгэлгүй байсан бүх хүн бүртгүүлээд татвараа өгч эхэлсэн. НӨАТ-ын буян ч бий. Гурван сая иргэн маань бүгдээрээ татварын байцаагч болсон. Эрдэнэтийн 49 хувийн ч буян байгаа.

Өнөөдөр татварын орлого ил байгаа нь Ил тодын хуулийн буян.

Сүүлийн дөрвөн жилээр тооцвол бараг нэг их наяд төгрөгийн татвар Монголд үлдэж байгаа. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдаж Оюу толгой хөдөлсөн нь маш том дэм болсон.

2013-2016 оны их хямралаас гарахын тулд тухайн үеийн Засгийн газар чадах чинээгээрээ ажилласан. Тэр бүхний үр шим өнөөгийн Засгийн газарт нэмэх оноо болж байна. Энэ бүхнийг яг тухайн цаг үед байсан нөхцөлөөр нь дүгнээд явах ёстой. Бид цэвэрхэн, өмнөх муухай гэсэн юм байхгүй. У.Хүрэлсүхийн өнөөдөр тарьсан үр бол Татварын багц хууль.

Өгөөж нь 2021 оноос гарна. Учир нь энэ хууль бол эдийн засгийн эрх чөлөөг олгосон маш том шийдвэр. Үндсэн хуульд туссан төрийн нийтийн өмч гэдэг тодотголыг зөв ашиглавал том төслүүдэд ашигтай байрлал олох бололцоо бий.

Үр шимийг нь дараагийн сонгуулиар бүрдэх Засгийн газар хүртэнэ. Аливааг ингэж тасралтгүй байдлаар харж байж макро түвшнийхээ дүгнэлтийг гаргах хэрэгтэй л дээ. Тэгэхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө эрх барьж байгаа үеэ гоё гэж ярих нь учир дутагдалтай.

-2007 оны өршөөлийн хуулийг олигархуудад зориулсан хууль гэсэн шүүмжлэл бий. Хамрагдсан компаниудыг нь харахаар ингэж шүүмжлэхээр санагддаг…?

-Супер өршөөлийн хууль гарсан гэж хэлэх үндэстэй л дээ. Манай улс 2006 онд ФАТФ-д элсэж ороод 2007 онд ийм хууль гаргасан нь цаанаа учиртай. Тэрнээс өмнө 16 жил явсан процесс нь илрэх гээд байсан учраас өршөөлийн хууль гаргасан юм.

Цэвэр олигархуудад зориулсан өршөөлийн хууль байсан гэж хэлж болох талтай. Харин сая гарсан өршөөлийн хууль бол өөр. Дунджуудад зориулагдсан, 2017 оны том хямралаас гарах агуулга, зорилготой хууль байсан.

Гэхдээ эдийн засагт хар, цагаан мөнгө гэж байдаггүй, мөнгө эргэлдэж байх нь чухал гэсэн цонхоор харвал аль аль нь өгөөж, тусаа өгсөн хуулиуд. Эдийн засагт мөнгө эргэлдэх нь чухал, тэр мөнгө нь бүртгэлтэй байх хэрэгтэй. Бид энэ зүг рүү 2008 оноос алхам алхмаар явсаар өнөөдөр үр шимийг нь хүртэж байна.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ДАГАЖ ГАРАХ ЖУРМУУД ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАТЛАГДААГҮЙ БАЙНА

-Татварын багц хууль хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Журмууд нь батлагдаагүй байгаа гэв үү?

-Татварын бүх хууль өөрчлөгдөж байгаа. Гэтэл журмууд нь өнөөг хүртэл батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нягтлангууд бэлэн биш байна. Нийтдээ 43 журам гарахаас 30 гаруй нь цэвэр татвар төлөгчидтэй холбоотой.

-Журмууд хаана гацчихаад байгаа юм бол?

-Журмуудын тухайд хэлэлцүүлчихсэн, Хууль зүйн яам батлах ёстой. Уг нь өдийд журам батлагдаж, сургалтууд явагдчихсан байх учиртай. Тэгж байж нэгдүгээр сарын 1-нээс бүртгэлээ алдаагүйгээр шинээр хийгээд явах ёстой. Оны эхний сард өмнөх жилийнхээ тайланг гаргана.

Эхний гурван сар буруу бүртгэлээр явчихвал асуудал гарна. Шинэ хуулиар 24 сарын дотор тайлангаа засдаг эрх нээгдсэн л дээ. Гэхдээ өнөөдөр Хууль зүйн яамны тамгатай батлагдсан журам байвал хүмүүст уншуулмаар байна.

Монголд 21 мянган нягтлан тайлан гаргаж байгаа. Шинэ журмаар бол 90 хувийг нь буцааж өгөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр татвараа төлөх хүмүүс бий. Хуулинд гуравдугаар улиралд хүсэлт гаргаж өгсөн татвар төлөгч дараа жилдээ 90 хувийн буцаалтын хөнгөлөлт эдэлнэ. Ингээд харахаар энэ хууль 2021 онд хэрэгжих юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

…саарал жагсаалт чинь Ц.Нямдоржийн л асуудал.

2020 онд хий эргэх үү, эсвэл 2019 оныхоо орлогын дүнгээрээ явах уу гэдэг асуудал журмаар зохицуулагдана. 1992 оноос буруу хууль, буруу журам явсаар, сүүлдээ тэр нь хуримтлагдаад уул овоо шиг болчихсон учраас Ил тодын хуулийн дараа тийм их хэмжээний мөнгө гарч ирсэн.

Татварын шинэ систем эхэлж байгаа, шинэ систем эхлэх үед өмнөхөө форматлах шаардлагатай гэдэг утгаараа Өршөөлийн хууль уг нь өдийд батлагдах ёстой байсан юм.

-Татварын хууль дагасан журмууд муухан гарвал ямар эрсдэл үүсэх вэ?

-Татварын хууль нэлээд чанга талдаа, зөв явбал асуудалгүй, хазайвал маш харгис хууль болсон. Журам тааруу батлагдаж, дээр нь Зөрчлийн хуультайгаа хавсайдвал эвгүй зүйл их гарна. Журмаа яаравчлаач гэж нэхээд байгаа нь ийм учиртай. Журмууд батлагдсан хуулиудынхаа концепцтэй таарч байгаа эсэхийг шалгах гээд хүлээгээд байна л даа.

-“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн босоо амны нээлт саяхан боллоо. Дубайн гэрээ хийгдээгүй бол “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт энэ хэмжээний хурдтай өрнөхгүй байсан байх…?

-Тэгэлгүй яах вэ. Хоёрдугаар босоо амыг хүнтэй зүйрлэвэл Оюу толгойн уушги нь. Дубайд шийдвэр гарч, гарын үсэг зураагүй бол Оюу толгойн бүтээн байгуулалт ийм амжилтад хүрэхгүй нь тодорхой асуудал. Дубайд шийдвэр гарч есөн тэрбум ам.доллар орж ирээгүй бол юун хоёрдугаар ам манатай болох байсан. Анхны хөрөнгө оруулалтын айдас улам нэмэгдэж, байдал улам хүндрэх нь тодорхой. Хоёр км-ийн дор өрнөж байгаа бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж дуусгах нь л бидэнд чухал.

Дубайд Оюу толгойн гүний уурхайн дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах үед эдийн засаг хэцүүдсэн байсан. 2014, 2015 онд уул уурхайн салбарт дэлхий даяар тэг зогсолт хийсэн шүү дээ. “Рио тинто”-гийн хувьцаа гэхэд 30 хувь унасан. “Пийбоди”гээд Америкийн том нүүрсний компани дампуурч байлаа. Тэр үед Оюу толгойд мөнгөө хийсэн анхны хөрөнгө оруулагчдад айдас, эргэлзээ төрсөн. Дөрвөн тэрбум доллар хийсэн хөрөнгө оруулагчид тийм нөхцөлд айж, эргэлзэхээс аргагүй л дээ.

Ойрын гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын өр төлнө.

Тухайн үед Засгийн газар уул уурхайн нөхцөл байдлаас шалтгаалаад дараагийн хөрөнгө оруулагчдыг айдасгүй болгохын тулд шийдвэр гаргасан. Тухайн үед гаргасан шийдвэрийн золиос, давуу тал гэж ярихад эрт байна. Ер нь яаж хэрэгжихээс л шалтгаалах юм. Оюу толгойн хөрсөн доорх эрдэс баялгаас гадна манай банкны систем барьцаанд байгаа.

Дубайн нэмэлтээр Оюу толгойд давхар банкны системийг хийгээд өгчихсөн. Дэлхийн том банкуудын эрхшээлд байна гэсэн үг. Сайн тоглолт хийвэл бидэнд ашигтай. Банкны систем үүнийг дагаж эрүүлжиж чадвал улсын хөгжилд том өгөөж болно.

Банкны системээ эрүүлжүүлээд Оюу толгойгоо ч ашиглалтад оруулчихвал эдийн засагт том алхам болно. Эсрэгээр хөдөлбөл аль аль нь байхгүй болох эрсдэл бий.

-Хэтэрхий улстөржүүлж болохгүй төсөл гэсэн утгаар хэлж байна уу?

-Тэгж ойлгож болно. Дубайд шийдвэр гарах үеэр Оюу толгой эхний хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг буцаагаад өгчихсөн. Оюу толгой гэх мэт том төслүүдэд өөрсдөдөө ашигтай гарц, шийдэл санал болгож хэрэгжүүлэх боломж Үндсэн хуулийн өөрчлөлтөд бий. Бүр тодруулж хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн нийтийн өмч гэсэн тодорхойлолт багтсан. Сайн тоглолт хийвэл бидэнд ашигтай өөрчлөлт хийгдсэн.

-Үндсэн хуулийн өөрчлөлт яг ямар сайн нөлөө үзүүлнэ гэж?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эдийн засагтай холбоотой нэг заалт нь төрийн өмчийн асуудал л даа. Төрийн нийтийн хамааралтай өмч гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялаг төрийн нийтийн хамааралтай өмчийн төрөл болсон.

1992 оны Үндсэн хуульд төрийн өмч гэж заасан боловч Үндсэн хуулийн тавдугаар зүйлд өмчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн үг бий. Гэтэл 27 жилийн турш төрийн өмчийн эрхийг хамгаалсан хуулиуд гараагүй.

Шуудхан хэлэхэд өндөр албан тушаалтан, төрийн эрх мэдлийг авсан хэсэг бүлэг улсын тоглолтоор явсаар өнөөг хүрсэн. Үндсэн хуульд төрийн нийтийн хамааралтай гэдэг үг орж ирснээр төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотойгоор органик хуулиуд өөрчлөгдөх юм. Иргэний хуульд өмчийн хамгаалалт орж ирнэ.

Эрүүгийн хуулиар төрийн нийтийн хамааралтай өмч хамгаалагдана. Цаашлаад яривал төрийн нийтийн хамааралтай өмчийн прокурор хүртэл гарч ирэх юм. Энэ бол 2020 оны сонгуулиар байгуулагдах парламентын хамгийн түрүүнд хийх ёстой ажлууд. Органик хуулиудын өөрчлөлтөөс шалтгаалж Оюу толгойн гэрээний өөрчлөлтүүд ч яригдах болов уу.

БИД ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨНИЙ ХАВХАНД ОРЧИХСОН

-Та түрүүн манай эдийн засаг бэлэн мөнгөний хавханд орсон гэж ярьсан. Бэлэн мөнгөний хавханд хэзээ яагаад орчихов, тэр хавхнаас гарахын тулд бид яах ёстой вэ?

-Бид 2013 оноос их хэмжээний бэлэн мөнгөний хавханд орсон. Чингис бонд, Хятадын своп хэлцэл байна. Дараахан нь хэвлэсэн их мөнгөний асуудал бий. Хятадын своп хэлцлийн тухайд ам.долларт шилжүүлбэл бараг хоёр тэрбумаар яригдана. Долдугаар сард хугацаа нь дуусах гээд, яг нарийндаа маш хүнд байна. Хятадууд хоёр удаа сунгасан, одоо үгүй гэвэл бид хэцүүднэ.

Барууныхан 1980-1990 онд Зүүн Европын улсуудыг коммунизмаас салгахад бэлэн мөнгөнд оруулж байгаад-дараа нь хэд хэдэн механизм хийсэн. Тэрийг л сайн судлах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд бид өнөөдөр 29 тэрбум ам.долларын өр буюу зээлтэй яваа.

Үүний 18.2 тэрбум ам.доллар нь компаниудынх. Сая хэлсэн 18 тэрбумын тал нь Оюу толгойд хамаарна. Үлдсэн есөн тэрбум нь яг нарийндаа уул уурхай, дэд бүтцийн салбарууд руу орсон. 29 тэрбум ам.доллараас долоон тэрбум нь Засгийн газрын өр.

Үүндээ сайн менежмент хийх ёстой. 2021, 2022 онд байдал улам хүндэрнэ. Ойрын гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын өр төлнө. Өөрөөр хэлбэл, том мөнгөн дээр тоглож чадах, менежмент хийх хүмүүс хэрэгтэй. Заавал сонгууль хүлээх биш өнөөдрөөс л хийж эхлэх ёстой. Зах зээлээс бэлэн мөнгө гарахын аюулыг бид амссан.

-Зах зээлээс их хэмжээний бэлэн мөнгө гаргасан тохиолдол гэвэл…?

-2016 онд Эрдэнэт дээр 400 сая ам.долларыг хоёрхон өдрийн дотор гаргасан жишээ бий. Тэр үед төгрөгийн ханш хорин хувиар унасан. Яг үүнтэй адилхан зүйл 2013, 2014 онд болсон. Тухайн үед мөнгө хэвлэж тараасан.

Нэг үгээр хэлбэл зах зээл рүү цаасан мөнгө хэвлэж оруулахад ханш унадаг, мөн зах зээлээс том мөнгө татаж гаргах ханшид сайнаар нөлөөлдөггүй. Хятадын своп санаа зовоож байна. “Чингис” бондын эхний 500 сая ам.долларыг ирэх жилийн намар төлөх ёстой. ОУВС-гийн хөтөлбөр дуусаагүй байгаа дээр саяын хоёр асуудлаа ярих ёстой. 500 сая ам.долларын төлөлт дээр маневр хийж, Хятадын своп хэлцлийг сунгачихвал багахан амьсгаа авна.

Гэхдээ энэ бол 2020 оны л асуудал. 2021 онд Самурай бонд, хаадын нэртэй бондын төлбөрүүд орж ирнэ. Банкны системээрээ, засагтайгаа нягт ажиллаж байж эндээс асуудал багатай гарна. Бидэнд хий онолоор явсан тал бий. Мөнгөний бодлого барьж байгаа Монголбанк, Засгийн газар хоёр нь тусдаа байдаг гэж явсаар ирсэн нь бидний алдаа.

-Төв банк Сангийн яам хамтраад ажиллах ёстой гэж үү?

-Төв банк Засгийн газар хоёр тусдаа байх ёстой гэдэг онолыг Англи анх гаргасан юм. Гэтэл гурван жилийн өмнө тэнд энэ байдал эсрэгээрээ өөрчлөгдсөн. Нэгдэж нийлж ажиллаж байна.

Манай улсын тухайд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гээд гурван гол институт холбоогүй ажиллаад байна л даа. Зүй нь энэ гурван байгууллага мэдээллээ солилцож, шийдвэрээ хамт гаргаж ажиллах ёстой. 29 тэрбумын өр буюу зээлийг төлөхөд энэ менежмент хэрэгтэй. Оюу толгой дээр 34 хувиа аваад өөрөө мөнгө босгодог механизм руу орох шаардлагатай. Бидэнд тийм боломж байна.

Монголын арилжааны банкуудын зарим нэг нь 500 саяас тэрбум ам.долларын менежментийг хийж чаддаг болчихсон. Үүнийг ашиглах хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголбанк, Сангийн яам хоёр ойрхон байх хэрэгтэй. Ойртоно гэдэг нь ойрын нэг хоёр жилийн дотор бий болох том мөнгөний менежментээ хамтарч хий л гэсэн санаа.

Categories
мэдээ цаг-үе

Хийн хоолойг Монголоор дайруулахад Орос “толгой дохилоо”, харин Хятад яах бол?

Ерөнхий сайд асан М.Энхсайхан одоогоос жил гаруй өмнө www.paxmon­golica.com цахим хуудсандаа “Одоохондоо уул уурхайн түүхий эдээс зөвхөн газрын тос, байгалийн хий л улс орнуудын хэрүүлийн алим болж байна. Зэс, нүүрс, бусад уул уурхайн нөөц бол цаашаа л байна даа.Ойрхи Дорнод, Иран, Ирак, Сири тойрсон элдэв дайн дажины цаана газрын тос, байгалийн хий байгаа. Сири Ирантай нийлж хийн хоолой барих санаархлынхаа төлөө иргэний дайнтай золгосон гэх. Үнэнд тун ойрхон байж мэдэх хувилбар. Байгалийн хий бүхий орнууд бүгд л Европын зах зээл дээр гарах гэж эрмэлзэж буй. Тэдний нэг нь Орос орон. Байгалийн хийн нөөцөөр Орос орон дэлхийг тэргүүлж буй.Орос орон Европт болон Хятадын зах зээлд байгалийн хийгээ нийлүүлэх хүсэлтэй. Түүний илрэл нь “Nord Stream 2”, “Сила Сибири” гэх мэт төслүүд” гэж бичиж байв. Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан өдрүүдэд хийн хоолойг Монголоор дайруулж тавих тухай хорин жил үргэлжилж буй яриа дахин сэргэж байна. Ерөнхий сайдын айлчлалтай зэрэгцээд М.Энхсайханы жилийн өмнө онцолж бичиж суусан “Сила Сибири” буюу “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой ашиглалтад орчихлоо.

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор Орос хийгээ нийлүүлж, Хятад худалдаж авна. Энэ төсөлд хойд хөршийн “Газпром”, урд хөршийн үндэсний нефть-хийн корпорацийн CNPC хамтарч буй. 3000 км урт хий дамжуулах хоолойн өртөгт ОХУ 50 тэрбум ам.доллар зарцуулсан. Хийгээ зараад нөхөх боломжгүй их мөнгө гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. “Сибирийн хүч” шиг хийн хоолойн аварга төсөл замдаа том хэрэглэгчгүй бол үр ашиг багатай байдаг. Оросоос шууд Хятад руу дундаа ямар нэг хэрэглэгчгүй нь “Сибирийн хүч”-ийг эдийн засгийн ашиг багатай гэж тодотгоход хүргэж байгаа. Товчхондоо ОХУ-ын хувьд ингэж их мөнгө заран байж хөдөлсөн нь цаанаа улс төрийн утгатай гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлж байна. Хойд хөршийн тухайд хийгээ Европт зарах төлөвлөгөө, зорилго нь хүндрэл, саадтай яваа. Ийм шалтгаанаар шинэ гарц хайж Хятадтай гар барьсан гэх өнцөг, тайлбар дуулдаж эхэллээ. Хийн хоолойд нэг сул тал байдаг. Нийлүүлэгч нь нэг, хэрэглэгч нь нэг учраас жинхэнэ зах зээл биш хэмээдэг. Нийлүүлэгч нь нэг, хэрэглэгч нь нэг байх нь монополийг үүсгэдэг гэсэн дүгнэлтийг эдийн засаг гадарлах хэн ч хийчихнэ. Нийлүүлэгч тал дургүйгээ хүрвэл крантаа хаахад хэрэглэгчид эрсдэл үүснэ, хэрэглэгч авахгүй гээд гөжихөд л нийлүүлэгч аргаа барах учраас зах зээл утгаараа хөгжсөн улсууд дан ганц хийн хоолойд найр тавьдаггүй.

Байгалийн хийг хэрэглэгчид хүргэх тээвэрлэлтийн хоёр арга бий. Нэг нь “Сибирийн хүч” төсөл шиг шууд хийн хоолойгоор дамжуулж хэрэглэгчдэд хүргэх. Нөгөө нь байгалийн хийг шингэрүүлж савлаж, тээвэрлэж, буцаагаад хийн төлөв байдалд шилжүүлэн хэрэглэгчид хүргэх арга. Европ, барууныхны тухайд хоолойгоор газ авах шийдэл гаргалаа гэхэд шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийг хослуулах шийдлийг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, байгалийн хийг хоолойгоор авахын зэрэгцээ шингэрүүлсэн хэлбэрээр тээврээр авч байж эрсдэл багатай аж төрнө гэж хардаг. Хийн хоолойн дамжуулалт, шингэрүүлсэн хийн тээвэрлэлт өрсөлдөж байж зах зээл талаасаа ноцтой асуудал үүсэхгүй, нэг нь нөгөөгөө нөхөөд явчихна гэсэн үг. Үүний шалтгааныг М.Энхсайхан “Хийн хоолойгоор байгалийн хийг Европ руу тээвэрлэх нь алсдаа Европыг Оросын монопольт байдлаас хараат болгоно гэсэн болгоомжлол байдаг. Хэрүүлийн гол сэдэв нь энэ болов уу” гэж тайлбарлав.

“Сибирийн хүч”-ийн хоолой Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй ингэж холбогдох юм. Цаашлаад өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулна. Энэ аварга хоолой 2025 онд бүрэн хүчин чадлаараа хий дамжуулж эхэлнэ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Оросын талаас уг хоолойг хариуцах “Газпром” таван жилийн өмнө урд хөршийн үндэсний нефть хийн корпорацитай 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын хий нийлүүлэх үнийн дүнтэй гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ “Газпром”-ын түүхэнд “хамгийн том” гэсэн тодотголтойгоор хэрэгжиж байгаа.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр В.Путин хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг судалж үзье гэсэн утгатай үг унагаад байна. Тэгтлээ найдах үг мөн биш гэж дүгнэхээ түр азнаад Оросоос хий худалдаж авах Хятад руу өнгийгөөд үзье. Хойд хөрш толгой дохилоо гэж бодоход урд хөрш ОХУ-аас хий авах тал дээр ямар бодлого барьж явааг анзаарах хэрэгтэй. Худалдан авагч тал толгой дохиж байж Монголын нутгаар хийн хоолой тавигдах эсэх асуудал яригдах учраас. Оросын эрчим хүчний бодлогыг сөхөөд харахаар газын хоолой асар ихээр барьж буй.

Герман, Итали гээд зүүн, баруун Европын хийн хэрэглээний дийлэнхийг хангаж байгаа, сүүлийн үед алс дорнод руу түлхүү хандаж эхэлсэн ОХУ алсдаа Ази, Европыг холбосон эрчим хүчний гол удирдлагын төв болох амбицтай. 250 тэрбум шоо метрээр хэмжигддэг хийн экспортоо арван жилийн дотор 50 орчим хувиар нэмнэ гэсэн тоо гаргачихсан яваа. Гэхдээ хойд хөршийн энэ амбиц ажил болох эсэх нь Хятадаас шууд шалтгаална. Гэтэл Хятад улс Оросын амбицыг хүлээн зөвшөөрөх орон мөн үү? 110 тэрбум шоо метр хийн хэрэглээ нь 210 тэрбум шоо метр давах прогноз гарсан Хятадын хувьд Оросоос их хэмжээний хий экспортлохоос өөр арга байхгүй юу? Сая онцолсон хоёр асуултад хариу хайя.

ОХУ-д эрчим хүчний салбарт 2030 он хүртэл баримтлах бодлого гэж бий. 2035 он хүртэл эрчим хүчин дээрээ ямар бодлого барихаа ч харчихсан яваа. Сүүлд боловсруулсан 2035 он хүртэл эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичигт бидний хувьд анхаарахгүй орхиж болохгүй нэг өгүүлбэр дурайж байна. Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээр маш удаан байгаа гэсэн утгатай өгүүлбэрийг “Энергетическая стратегия Россий на период до 2035 года” гэсэн төслөөс харчихаж болно. Нэг нь хийгээ нийлүүлчих гээд, нөгөө нь хөдөлж өгдөггүй бэрхшээл ОХУ, Хятадын харилцаанаас тод харагддаг. Нэг тод жишээ нь сая ажил болсон “Сибирийн хүч”. “Сибирийн хүч” төслийн тухайд олон жил ярьсны эцэст биеллээ олсон ажил. Урд хөрш эрчим хүч, тэр дундаа хийн хэрэглээгээрээ аль нэг улсаас хамааралтай байх бодлого барьдаггүй. Хойд хөршийн тухайд алс Дорнодын чиглэлд хийн хоолой татаж, газ нийлүүлэх сонирхол өндөр ч нөгөө талд урд хөрш Оросоос их хэмжээний хий авахгүй байх бодлого барьж яваа. Хятадын хийн хэрэглээний 60-70 хувийг Туркменистан дангаараа нийлүүлдэг. Далай талаасаа Австрали, Катар гэх мэт нийлүүлэгч бий. Туркменистаны хувьд жижиг улс учраас яаж ч харсан Хятадтай зиндаархахгүй. Харин Оросын хувьд огт өөр дүр зураг харагддаг. Хүчирхэг цэрэг армитай, дэлхийн их гүрнүүдийн нэг. Ийм улсаас хийн хэрэглээгээрээ хараат аж төрөх хүсэл Хятадад байхгүй нь хэтэрхий тодорхой асуудал. Сая ашиглалтад орсон “Сибирийн хүч”-д хятадууд зүгээр ч нэг толгой дохиогүй. Эрчим хүчний хэрэглээгээ төрөлжүүлэх бодлогоор Си дарга Путинтай гар барьсан гэж учир мэдэх улс хэлж байгаа.

Хятадын эрчим хүчний хэрэглээний бүтцийг одоогоос 2050 он хүртэл харьцуулж харуулсан судалгаа бий. Нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой байна. Нүүрсний хэрэглээ буурах хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ огцом өсөх зураг гарчихаж. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт нь хий багтдаггүй. Хийг био түлш гэж тодотгодог. Хятадын эрчим хүчний салбарт био түлшний хэрэглээний хувь 2050 он хүртэл өөрчлөгдөхгүй гэсэн прогноз гарчээ. Бүр тодруулж хэлбэл биет хэмжээгээрээ өсөх ч нийт хэрэглээнд эзэлж буй хэмжээ нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Товчхондоо урд хөрш ирэх хорь, гучин жилдээ лав хийгээр ангаж цангахгүй гэсэн үг.

Хийн хоолой асар их ашиг дагуулсан бизнес гэсэн ерөнхий ойлголт байдаг.

Оросоос Хятад руу чиглэсэн хийн хоолой хэр ашигтай ажиллах талаар хэдэн тоо сонирхуулъя. Зүүн Сибирээс Хятад хүрч байгаа хийн нэгжийн өртөг нь дөрвөн ам.доллар. Урд хөршид худалдаж буй үнэ нь 5-6 ам.доллар. Бүр тодруулж хэлбэл хойд 1000 шоо метр хий тутмаас хоёр ам. долларын ашиг олно гэсэн үг.

“Сибирийн хүч”-ийн тухайд 30 жилээр тооцож гэрээ байгуулсан бизнес учраас мөнгөн дүн нь томоор яригдаж байгаа.

Ингээд харахаар хийн хоолойг нутгаараа дамжуулсны төлбөрт учиргүй их мөнгө халааслаад сууна гэх горьдлого гэнэн ойлголт болж таараад байна. Хийн хоолой тавих төдийд мөнгө аваад сууна гэсэн ойлголт бас байхгүй. Тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж таарна. Хийн хоолой гэдэг газар дор булаад мартчихдаг зүйл биш. Хийн хоолойг нутгаараа дамжуулахын эрсдэл нь юу болохыг Зүүн Европын жишээнээс харчихаж болно. Жишээ нь, Украин байна. Нутгаар нь дайруулсан хийн хоолойн асуудал хурцдаж, улсаа хэд хуваалгаж байж нэг юм намжсан. Хятад, Оросын засаглал манайхаас өөр. Хоёулаа нэг хүний толгой, дохиураар хөдөлдөг. Ийм хөршүүдийнхээ нөлөөнд хэт орчихгүйн тулд гуравдагч хөршийн бодлого барьдаг ардчилсан Монголын хувьд анзаарах л өнцөг.

Энэ мэт эргэж харж, эргэцүүлж тунгаах олон асуудал хийн хоолойн эдийн засагт бий. Шууд тугаа намируулж, уриа хашгираад орох ертөнц биш гэдгийг нотолсон жишээ дэлхийд олон. Жишээ сонирхуулахын өмнө багахан оршил мэдээлэл өгье. Украины хэрэг явдлаас болж Оросын Европт гаргаж байсан хийн хоолойд асуудал үүсч хойд хөрш шинэ маршрут ярьж эхэлсний нэг нь “Туркийн урсгал” хий дамжуулах хоолой. Энэ урсгалыг нэлээд дээхнэ тохироод хэрэгжүүлэх шатанд явж байгаа. Гэрээ хэлэлцээр нь 2008 онд байгуулагдсан, одоо барилга угсралтын шатандаа яваа. Үүнээс гадна Хар тэнгисийн доогуур дахин нэг хоолой явж буй. Тодруулж Азарбейжаны хоолой. Энэ хоолойг Болгарын нутгаар дайруулна гэсэн тохироог Азербейжан Болгартай хийгээд байна. Хоёр тал өнгөрсөн аравдугаар сард за зүй болоод гэрээнд гарын үсгээ зурчихсан.

Болгар, Азербейжан улсууд гар барьсны дараахан буюу энэ сарын 4-нд В.Путин Сочид нэг мэдэгдэл хийгээдэхэв. Хойд хөршийн төрийн тэргүүний “Хийн хоолой барих ажлыг Болгар санаатайгаар саатуулж байна. Ингээд байвал бид өөр газраар барьж чадна шүү. Бидэнд Европ руу гарах өөр арга олдоно” гэсэн анхааруулга, шахалт ханхалсан мэдэгдлийн дараа Болгарын Ерөнхий сайд бидэнд саад болох санаа байхгүй гэсэн дипломат өнгөтэй үг унагасныг дэлхийн хэвлэлүүд онцолж мэдээлсэн. Болгарын ерөнхий сайд хариу байр суурь илэрхийлэхдээ “Бид НАТО-гийн бие даасан гишүүн орон” гэсэн үг хавчуулна лээ. Аль нэг улс орны дарамт шахалтад орчихоор орон биш шүү гэсэн утга ханхалсан үг мөн үү гэвэл мөн. В.Путины бухимдал Медведевийн Болгарт хийсэн айлчлалаас эхтэй. Хойд хөршийн Ерөнхий сайд Болгарт айлчлахдаа хийн хоолойн асуудлаа яг таг болгох гэж л дээ. Гэтэл өнөөдүүл нь тоймтой байр суурь хэлэлгүйгээр явуулчихаж. Айлчлалынхаа дараа Медведев “Болгарын тал баталгаа өгсөнгүй” гэж мэдэгдсэн нь цагаан дээр хараар дурайж байна. Болгар Орост нүүр өгөөгүй хэрнээ Азербейжантай гар барьж тохироо хийсэн нь В.Путиныг мэдэгдэл хийхэд хүргэсэн хэрэг. Путины бухимдал хоёр шалтгаантай. Эхнийх нь Азербейжан гэж шинэ өрсөлдөгч Европын зах зээлийг нь хуваалцахаар Болгартай гэрээ хийсэн явдал. Хоёр дахь шалтгаан нь Болгарын зөрүүдлэл. Болгарыг шахаж дарамталж буй энэ байдлаас “хийн хоолойг нутгаараа дайруулах тийм ч хүсэхээр зүйл биш” гэсэн дүгнэлт хийчихэж болж байна. Дахин тодотгоход их гүрний аясаар байхгүй бол улсаараа эвгүй байдалд ордог иймэрхүү жишээ ганц Болгараар тогтохгүй.

Хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг судалж үзнэ гэсэн Путины үгний ард бас нэг том болгоомжлол бий. Хийн хоолойн хувьд Украин улс Орост гашуун туршлага болсон. Украинаас болж ОХУ Европ гэх том зах зээл рүү шинэ гарц хайж элдэв юм болж яваа. Манайх шиг тогтворгүй орчинтой улсын газар нутгаар хийн хоолой дайруулбал эрсдэлтэй гэдгийг мань эр тооцчихсон суугаа нь тов тодорхой асуудал.

ОХУ Баруун Сибирь дэх байгалийн хийн том нөөцдөө дулдуйдаж Алтайн нуруугаар хийн хоолой татах сонирхолтой яваа. “Алтай” төсөл хэрэгжвэл багахан хэсэг нь Монголоор дамжих хувилбар эдийн засгийн ашигтай гэж хойд хөршийн эрдэмтэд онцолдог. Хойд хөрш хийн хоолойн “Алтай” төслөө боловсруулахдаа Монгол, Казахстаны нутгаар биш яг дундуур нь тавих тооцоолол хийгээд байгаа. Монгол, Казахстан хоёр улсын яг дунд 20 орчим км-ийн зурвас бий. Оросууд хийн хоолойгоо яг тэр зурвасаар дайруулан зурчихсан суугаа гэсэн үг. Энэ хувилбараар төслийг үргэлжлүүлбэл хийн хоолойн шугам Алтайн нурууны өндөрлөг дээгүүр тавигдана. Өөрөөр хэлбэл 3500 метрийн өндөрт тавигдана гэсэн үг. Дахин хэлэхэд ийм өндөрт хийн хоолой тавих асар өндөр зардалтай, зардал өртгөө бодвол Монголоор зурвас дайруулах боломжтой гэсэн хувилбар бий. Гэхдээ энэ хувилбар В.Путиных биш хойд хөршийн эрдэмтдийнх нь санаа. Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу “Алтай” төслийн талаар яг жилийн өмнө “Хэдийгээр яриа хэлэлцээнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ч миний бодлоор БНХАУ энэ төслийг илүүд үзэхгүй байх. Баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг “Алтай” төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм. Ингэснээр ОХУ-ын байгалийн хийн өрсөлдөх чадвар өснө. Харин БНХАУ-ын хувьд “Алтай” төсөл ямар ч ашиггүй” гэж дуугарсан удаатай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Гурван саяулаа мундаг байх реформыг найман жилийн дотор хийх боломжтой

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Манай улсад боловсролын реформ хийх боломж үнэхээр байна уу?

-Бүрэн дүүрэн боломж байна. Монгол хүмүүс маш хурдан сэргэлт авах юм байна гэдгийг “Голомт”-ын 2000 ажилтнаас харсан. Зөв залуурдаж чиглүүлээд өгвөл оюуны потенциал, сэтгэл зүйн хүчин чадал 100 хувь байна. Ажлаа аваад “Дэлхийн түвшний өрсөлдөх банк болно” гэхэд минь хэн ч итгээгүй. Харин ажлаа өгөөд гарахад бүгдээрээ “Одоо гялалзуулаад өгнө өө” гээд үлдсэн. Одоо ч араас ярьж байна. “Захирал аа, олон улс руу тэлнэ гэсэн яасан бэ, Узбекистан, Мьянмар, Вьетнамын зах зээл рүү ороод Голомт дээр хийсэн гоё юмаа давтаж хийнэ гэсэн яав аа, та юун боловсролын реформ яриад явчихав” гэсэн утгатай гомдол тээсэн үгс хэлж байна л даа. “Голомт”-д ажиллаад удирдаж яваа банкаа илүү гоё болгоод яваад байж болох байсан. Гэхдээ эдийн засагч хүнийхээ хувьд хийхээр төлөвлөж, зорьсон ажил байгаа учраас ажлаа өгсөн юм.

-Удирдсан банкныхаа үйл ажиллагааг яаж сайжруулсныг чинь гадарлах хүний хувьд бас нэг зүйл тодруулмаар байна. Нэгэнт бүрдүүлсэн орон зай, хүрсэн өндөрлөгтөө дахиад жаахан байхсан гэсэн бодол төрж байгаагүй юу?

-Хувь хүн талаасаа албаа үргэлжлүүлээд хашаад явах хүсэл байлгүй яахав. Банкны хувь нийлүүлэгчид, харилцагчид талаас ч тийм сонирхол, санал байсан. Ашиг нь өсч байр суурь нь нэмэгдэж, захирлууд нь мундаг болсон банкийг үргэлжлүүлээд удирдаад явахыг хэн ч хүснэ. Логикийн хувьд бодоод үзэхэд шилдэг захирлуудаараа ажлаа хийлгээд жаахан амсхийх үе мөн үү гэвэл мөн л дөө. Хувь хүн тал минь ингэхийг хүсч байсан ч мэргэжлийн тал маань зөвшөөрөөгүй. Ер нь олонх хүний хувьд мэргэжлийн тал шийдвэр гаргагч байдаг. Голомт гээд том банкинд өндөр өсөлт гарч байхад бусад олон компани ч ийм өсөлт үзүүлж чадна. Улсын хэмжээнд компаниудаа ийм чадалтай болгох ганц л арга бий. Тэр нь боловсролын систем. Монголын боловсролын систем дэлхийн хамгийн шилдэг боловсролын систем байх боломжтой, үүнийг боловсролын реформ хийх замаар шийдэхэд асуудал байхгүй, реформыг бид өөрсдөө хийж чадна гэдгийг итгүүлэхийн тулд ажлаа өгөөд бүтэн цагаар ажиллахаас аргагүйд хүрсэн. Үүний хажуугаар тэтгэврийн реформ хийх, хөрөнгийн захаа хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулах стратегиа үргэлжлүүлэх гээд хийхээс аргагүй өөр олон ажил бий. Хэн нэг нь цаг гаргаж дуугарч, хөөцөлдөж, хийхгүй л бол зээлийн хүү буухгүй, баялгийн шударга хуваарилалт явагдахгүй, хөрөнгийн зах хөгжихгүй, компаниудад чадалтай боловсон хүчин нийлүүлэгдэхгүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Ийм том асуудлууд шийдлээ хүлээж байхад амин хувиа хичээгээд сууж чадаагүй юм.

-Боловсролын реформ хийх ажил чинь ямархуу байна вэ. Сүүлд уулзсанаас хойш юу амжуулав?

-Сая тантай уулзахаас өмнө гадаадын боловсролын мэргэжлийн хүмүүстэй уулзлаа. Эхний ээлжинд боловсролын чиглэлээр сонирхдог судалдаг хүмүүстэй нэгдсэн ойлголтод хүрэх гэж яваад л байна. 100 хүн над шиг хараад, над шиг итгэл үнэмшилтэй болчихвол энэ зуугаа 10 мянга, 100 мянга болгохын төлөө зүтгэнэ. 2020 онд Ерөнхий сайд болох хүн бидэн шиг итгэл үнэмшилтэй бол бүр сайн үр дүн гарна. Тэр үед боловсролын реформ хийх бүрэн бэлтгэлтэй байх юмсан.

-Цээжлэлтэд суурилсан боловсролын системийг халаад сэтгэл зүйд суурилсан боловсролын системтэй болъё гэсэн санааг чинь хэд хэдэн удаа сонссон. Сүүлийн үед жудаггүй хөгшид олширлоо гэсэн шүүмжлэл сонсогдох болж. Боловсролын систем сэтгэл зүйд суурилаагүйтэй холбогдсон кейс мөн үү?

-Тэгж харж болно. Уг нь хувь хүний сэтгэл зүй нас ахих тусам гэгээрдэг, боловсордог. Боловсролыг бид буруу ойлгоод байдаг л даа. Дунд сургуулийг боловсрол гэж ойлгодог. Дунд сургууль бол боловсролын өчүүхэн хэсэг. 2040 онд монгол хүн дэлхийд хэн гэж танигдах юм бэ гэсэн асуултын хариу л боловсрол. Бид сүүлийн гучин жил өөрсдийгөө дэлгүүрээс хулгай хийдэг, гадаадад хар ажил хийдэг, гудамжинд нус цэрээ хаядаг, улстөрчид нь авлигач гэж дэлхийд тунхаглалаа. 1990 онд дэлхийд монгол хүний тухай ойлголт ийм байгаагүй. Социалист, хаалттай систем байсан учраас монгол хүн хэн бэ гэсэн ойлголт дэлхийд байгаагүй. Боловсролын реформ гэхээр дунд сургуулиуд дээр очоод хичээлийн хөтөлбөр гаргах гэсэн ойлголттой хүн олон байна. Тийм биш.

-Нуулгүй хэлэхэд би ч гэсэн ойлгож яваа хүмүүсийн нэг. Реформ хийхийн тулд яг ямар ажлууд хийх шаардлага байна вэ, нүсэр ажил өрнөх нь ээ?

-600 гаруй ажлыг нэг зэрэг хийнэ. Тэр ажлуудын нэг хэсэг нь гэхэд л та бид хоёрын сая хөндсөн монгол хүн дэлхийд хэн гэж танигдах вэ гэдэг асуултаас ургаж гарч ирнэ. Япон хүнийг цаг баримтлагч, герман хүнийг чанар, еврей хүнийг бизнесийн ур ухаан, англи хүнийг шинжлэх ухаан гэж дэлхий хардаг. Тэгвэл монгол хүн хэн юм бэ гээд асуухаар хэний ч санаанд шууд буух зураг нь эерэг байх учиртай. Монгол хүн бол гайхамшигтай хөдөлмөрч, стратегич, монгол хүн бол хүнлэг ч гэдэг юм уу. Үүнийг бид реформ хийхдээ тодорхойлж бий болгоно. Үүн дээр анзаарах нэг өнцөг бий. Бид байхгүй юмыг хайгаад байна л даа.

-Жишээ нь юуг?

-Чингисийн үед байгаад алга болчихсон юмыг хайгаад байна. Коммунизмын үед монгол хүн бол мундаг гэсэн эерэг зураг бүтээхийн тулд төлөвшил бий болгохыг оролдсон тал бий.

-Хуучин нийгмийн үеийнх шиг сайн хүнийг бүтээнэ гээд хүмүүжил энэ тэр ярьж сурталдаад лав үр дүнд хүрэхгүй байх, тийм үү?

-Санал нэг байна. Бид монгол хүний эерэг дүрийг хүүхэд байхаас нь эхлээд бүтээнэ. Энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ бүтээж чадаж байна уу, эмээ өвөө нар зөв үлгэрлэж яваа юу гээд харахад олон өнгийн хариу гарна. Төлөвшлийн хувьд гээд харахад л хүн насан туршдаа боловсордог. Үүнийг л боловсрол гэнэ. Ахмад нь ахмад шиг, дунд насныхан нь дунд насныхан шиг байх ёстой. Өнөөдөр залуус нь ахмадуудынхаа туршлага мэдлэг ухааныг хүндлэхгүйгээр доромжилж, дунд насныхан нь залуу үеийнхээ толгой дээр нь гишгэж урам зоригийг нь мохоож, хөгшчүүл нь сонгуулийн үеэр мөнгө харж саналаа өгч байгаа бол эмгэнэл, үндэсний оюуны хоосрол. Тэгэхээр боловсролыг бүх шатанд анхаарахаас аргагүй. Сургуульд нь зөв боловсрол өглөө ч, хичээлээ тараад суусан такси нь бохир, жолооч нь ааштай байвал тэр хүүхэд боловсрохгүй. Гэтэл жолоочийн харилцааг таксины аппликэйшнээр шийдчихэж болно. Товчхондоо миний хувьд коммунизм байгуулах тухай яриагүй. Америк, Английн ардчиллыг л ярьж байгаа. Манайд ардчиллыг буруу ойлгосон учраас анархизм болчихоод байна. Ямар ч чиг, зорилгогүй, дуртай цагтаа нүүгээд явах гэж байгаа хүмүүсийн нэгдэл шиг байж болохгүй л дээ. Бидэнд төр гэж бий.

-Төр нь төр шиг биш болчихлоо гэсэн шүүмжлэл давтамжтай дуулддаг. Ийм үед доороо хэчнээн зөв зүйтэй юм ярьж, санаачлаад нэмэргүй юм биш үү?

-Төр дотор хувь хүмүүс орж ирээд суучихсанд л хамаг асуудал байгаа юм. Мэргэжилтэн тал нь давамгайлах ёстой болохоос хувь хүн нь давамгайлсан, хувь хүнийхээ эрх ашгаар явдаг хүн дарга хийгээд суухаар анархизм болоод байна л даа.

-Төрийн албан хаагчдын цалин бага болохоор авлига цэцэглэдэг гэх мэт шалтгаан бий. Энэ мэт суурь асуудлаа шийдэхгүйгээр та бид хоёрын яриад суугаа анархизм арилахгүй байх аа?

-Хувь хүний хэрэгцээг нь хангаад шийдчих асуудал гэж харж байна. Шүүгч, цагдаа, прокурор гээд бүгдийг нь хэнээс ч мөнгө харахааргүй болгох тийм ч хэцүү биш. Монголын ирээдүйг бэлдэж байгаа багш нар гэхэд л маш бага цалинтай. Эндээс Монголын төр засаг өнгөрсөн 30 жилийн турш ирээдүйгээ яаж анхаарсан бэ гэдэг нь тод харагдана. Ирээдүйг бэлдэж яваа хүмүүсийг хамгийн ядуу, хамгийн бага үнэлэмжтэй хүмүүс болгочихоод сууж байгаа нь өөрөө асуудал. Боловсролын реформоор бид багш гэдэг хүнийг нийгэмд байх ёстой өндөр байр сууринд нь аваачна. Эдийн засгийн агуулгаар ч тэр, философи утгаар нь ч тэр. Би багш нарын гэр бүлээс гаралтай. Хуучин нийгэмд багш гэдэг хамгийн өндөр цалинтай, эрхэм хүн байсан. Одоо энэ үнэлэмж өөрчлөгдсөн. Наад зах нь л хамгийн чадалтай оюутнууд нь банкир, бизнесмэн болох гэж тэмүүлдэг болчихсон. Багш болох гэж тэмүүлдэг нь тун цөөхөн дөө. Энэ хандлага бол бидний 30 жил хийсэн бүтээлийн үр дүн. Үүнийг өөрчлөхийг л реформ гээд байгаа юм. Дахиад хэлэхэд миний хийнэ гэж яриад яваа реформ бол маш өргөн хүрээтэй, нийгмийн бүх анги, давхарга, сонирхлын бүлэг рүү орно.

-Өмнө нь асуусан ч дахин тодруулмаар нэг асуулт байна. Боловсролын систем сэтгэл зүйд яагаад суурилах ёстой гэж, бид одоо ямар системээр явж байна вэ?

-Монголын өнөөгийн дунд, их сургуулийн систем бол 1850-иад оны үед Англид үүссэн цээжлэлтэд суурилсан систем. Коммунистууд Английн системийг хуулж аваад коммунист өнгө аяс оруулаад хөгжүүлсэн систем. Хүн төрөлхтөн 1970-аад оноос сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжиж эхэлсэн. Америк, Англи, Финлянд, Сингапур сэтгэл зүй рүү суурилсан систем рүү шилжчихсэн. Энэ улс орнууд хүний боловсролын суурь хүчин зүйл нь сэтгэл зүй гэдгийг олж харсан. Гэтэл өнөөдөр монголчууд тоо их бодвол ухаантай болно гэж харж байна. Энэ бол коммунизмын үед хийсэн тархи угаалт. Шинжлэх ухаанч иргэд бэлтгэнэ гэсэн зорилготой боловсролын системтэй байсан учраас тэр үед тэгж харж байсан юм. Өнгөрсөн зуунд хийсэн тархи угаалт өнөөг хүртэл хүмүүсийн далд ухармсарт яваад байна л даа. Эцэг, эхчүүд хүүхдээ тоогоор нүдвэл ухаантай болно гэж бодож байна. Энэ ойлголт худлаа гэдгийг дэлхий даяар өчнөөн олон зуун сэтгэл зүйн шинжлэх ухааны судалгаанууд хийгээд баталчихсан. Тоо сайн мэддэг хүн гэр бүлээ дажгүй авч явж, улс орондоо хувь нэмэр оруулдаг гэдэг нь батлагдаагүй. Харин сэтгэл зүйн боловсролтой хүн тэр тоог биеэ дааж байгаад ч хамаагүй сурчихдаг гэдгийг олон судалгааны үр дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйн төлөвт суурилсан систем чухал гэдэг нь батлагдсан. Манайхан “Санаа зөв бол заяа зөв, зөв төлөвшил хандлага чухал, шударга хүнийг л ажилд авмаар байна” гэж ярьдаг даа. Энэ бүхнийг нэгтгэвэл ерөөсөө л сэтгэл зүйд суурилсан боловсролын систем. Хүнийг бид дайчин болгож хүмүүжүүлэх учиртай. Тоочин болгож хүмүүжүүлэх нь бидний хорь дахь зорилт.

-Тэгэхээр таны яриад байгаа системийг энгийнээр багцаалдвал ерөөсөө л зөв хүмүүсийг бэлдэх юм байна гэж ойлголоо…?

-Тэгж ойлгож болно. Хүнлэг, багаар ажиллаж чаддаг, зорилгынхоо төлөө цуцашгүй тэмцдэг, улс орноо хайрладаг, гэр бүл, дүү нараа авч явж чаддаг, муу зуршлуудаа хаяж, зөв зуршлуудыг бий болгодог, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай хүмүүсийг бэлтгэнэ. Энэ систем дээр нэмэх нь тоо, уран зохиол, хими гээд бүгдийг заана. Энэ хичээлүүдээ заахдаа л саяны чадваруудыг олгоод явна. Өнөөдөр Улаанбаатарт байгаа Бритиш сургууль долоон настай хүүхдээр “Чингис хаан гэж хэн бэ” гэдэг эссэг долоон хоногийн хугацаа өгөөд бичүүлж байна. Гэтэл улсын сургуульд долоон настай хүүхдээр үржүүлэхийн хүрд цээжлүүлж байгаа. Ameri­can school-ийн уран зохиолын хичээл дээр Америкийн уран зохиолчийн бүтээлийн цаад агуулга, философийг бичүүлж байхад манай улсын сургуулийн сурагчид шүлэг цээжилж уран яруу уншаад дүн авч яваа нь нуух хаах бодитой үнэн. Монголд ажилладаг хувийн сургуулиуд барууны системийг бидний хажууд авчраад ямар ч байсан туршилт хийж хичээллэж байна. Тэгэхээр эхлээд америк, бритиш, япон сургуулиа судалъя. Дундаас нь монгол хүнд тохирох хамгийн сайн хөтөлбөрийг гаргаж ирээд дунд сургуулиуддаа нэвтрүүлье. Энэ л реформ.

-Манай өнөөдрийн цээжлэлтэд суурилсан боловсролын системийн нийгэмд үзүүлж байгаа хамгийн эмзэглэмээр нөлөөлөл гэвэл та юуг онцлох вэ?

-Харвардын эрдэмтдийн сэтгэл зүйн чиглэлээр хийсэн нэг судалгаа бий. Хүүхдүүдийг нэгдүгээр ангид сурах гээд ороод ирэхэд нь л багш өөрийн мэдэлгүй далд ухамсартаа гурав ангилчихдаг гэнэ. Амархан, дундаж хэцүү гээд. Амархан хүүхэд гэдэг нь хурдтай сурдаг, ой тогтоолт сайтай, багшийн хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлдэг хэсэг. Дундаж хүүхэд гэдэг нь ойлгоц удаан, тэгсгээд явдаг, бидний хэлж заншсанаар бол “алтан гурав”-ууд. Хэцүү нь хөдөлгөөнтэй, үгэнд ордоггүй, юм ойлгож сурахдаа төвөгтэй нөхөд. Гучин хүүхэдтэй ажиллаж байгаа багш ингээд хүссэн хүсээгүй аравхан хүүхэдтэйгээ ажиллаад явчихдагийг эрдэмтэд судлаад тогтоочихож. Манайд жилд 500 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсдэг гэж багцаалдъя. Товчхондоо бид дөнгөж нэгдүгээр ангид нь 500 мянган хүүхдийнхээ 200 гаруй мянгыг нь шууд жагсаалаас гаргачихдаг байх нь. Миний яриад байгаа систем бол 500 мянган хүүхдээс нэгийг нь ч хаяхгүй систем. Харвардын судалгаа хийсэн эрдэмтэд “Яагаад нэгдүгээр ангид хөл тавьсан хүүхдүүдийн гуравны хоёрыг нийгмийн хариуцлагагүй, идэвхгүй, бүтээмжгүй бүлэг рүү шидэж, яагаад муу хүүхэд гээд ангилчихаж байгаа юм бэ” гэсэн асуултыг тавиад үргэлжлүүлээд судалж л дээ. “Өнөө гуравны хоёр үнэхээр тийм муу байна уу” гээд судлаад үзтэл “Хэн нь ч муу биш. Ердөө сэтгэн бодох ажиллагаа нь өөр хүүхдүүд” гэсэн хариу гарч. Манай өнөөдрийн боловсролын систем ангид суусан, багш ярьдаг систем. Энэ системийг хүлээж авдаг сэтгэл зүй, сайн хүлээж авдаггүй сэтгэл зүй байна гэнэ. Түүнээс биш хүүхэд нь тэнэг гэсэн асуудал байхгүйг тогтоож.

-Хүүхдүүд сэтгэл зүйн талаасаа яг ямар ялгаатай байдаг юм бол. Сэтгэл зүйн ялгаатай хүүхдүүдэд онцлогт нь тохируулж хичээл заавал үр дүн зуун хувь байх нь, тийм үү?

-Тийм. Хүн сэтгэл зүйн дөрвөөс таван хэв шинжид хуваагддаг. Эдгээр хэв шинжийн аль нь ч буруу биш. Жишээ нь нухацтай боддог, аливааг уг углуургаар нь ойлгодог хүн байна. Тэр хүнд үржүүлэхийн хүрд цээжлэхийг заагаад нэмэргүй. Учир нь тэр хүн шүтэлцээ, уялдаа холбоог нь ойлгох хүсэлтэй. Цээжлэх нь сонирхолгүй. Энэ хүн агуу стратегич байж мэдэх хүн. Гэтэл бид үржүүлэхийн хүрдээ цээжлээгүй гээд муу тавиад гаргачихдаг. Долоон настай бяцхан зүрхийг “Чи муу хүн” гээд баалчихаж байгаа юм. Ингээд долоохон настайд нь сэтгэл зүйн яргалал үйлдээд хаячихдаг. Долоон настай хүүхдэд “Чи муу хүн” гээд хэлчихвэл “Үгүй” гэж эсэргүүцэхгүй. Эхлээд гайхна. Хэсэг хугацааны дараа “муу” гэдэгтэйгээ эвлэрдэг. Тэгээд ес, аравтайдаа “Би муу, тэнэг хүн юм байна” гээд тархиндаа кодолчихдог. Үүнийг сэтгэл зүйн ухаанд судлаад “сурмал цөхрөл” гээд тодорхойлчихсон.

-Сурмал цөхрөлтэй болчихсон хүүхэд эргээд сайжрах уу, нийгмийн идэвхтэй хэсэг рүү орж чадах болов уу?

-Нэгэнт сурмал цөхрөлтэй болчихвол бүх зүйл дуусна. Монгол Улс нэг мундаг стратегичээ ингээд алдчихдаг. Түрүүн ярьсан сэтгэл зүйн дөрөв, таван хэв шинжээс багшийн хэлснийг хурдтай тогтоодог, нухацтай боддоггүй хүмүүс нь тоогдоод яваад байдаг. Өнөөдүүл нь ажил дээр гараад ирэхээрээ юу ч чаддаггүй. Наад зах нь шийдвэр гаргаж мэддэггүй.

-Яагаад?

-Багш нь байхгүй болчихоор тэр. Зүй нь тэр хүн маш сайн ажилтан байхгүй юу. Удирдагч хүн гэдэг өөр. Асуудаг, багшийгаа үгүйсгэдэг, яагаад гэж лавладаг. Багш суурьтай боловсролын систем ийм хүмүүсийг байхгүй болгочихдог. Хүмүүсийг дагуулах гэж байгаа ирээдүйн лидер асуудаг л хүн байна. Яагаад ийм байх ёстой юм гэж эргэлзэж асууж байж хүмүүсийг араасаа дагуулна. Тэрнээс биш өгсөн үүрэг даалгаврыг робот шиг биелүүлдэг хүн удирдагч болж чадахгүй. Би аль нэгийг нь зөв, буруу гээгүй. Зүгээр л өөр хүмүүс гэдэг утгаар нь ярьж байгаа юм. Сэтгэл зүйн таван хэв шинжтэй хүүхдүүдийг нэг багшид даатгаад “За чи гурван сарын дотор тоо заа” гэдэг бол дэндүү шударга бус. Таван өөр төрлийн хүнд яаж таван янзаар заах билээ. Нэг л янзаараа заагаад явахаас аргагүй.

-Тэгвэл сэтгэл зүйн таван өөр хэв шинжтэй хүүхдэд нэг хичээлийг таван янзаар заах ямар гарц шийдэл байна?

-Сургалтын материалыг бүгдийг нь дижитал руу оруулаад хүүхэд бүрийн хэв шинжид тохирсон маягийн арга барилаар хичээл заах боломжтой. Дижитал бол боловсролын реформын нэг хэсэг. Хурдтай сэтгэдэг хоёрдугаар ангийн сурагч дөрөвдүгээр ангийн бодлого бодоод сууж болно. Нухацтай нь нэгдүгээр ангийнхаа тоон дээр сууж байг л дээ. Гэхдээ үр дүнд нь хоёулаа юм сурна. Яг одоогийн системээр бол хурдтай хүүхдийг нухацтай хүүхэдтэй нь зэрэгцүүлчихээр нухацтай нь тэнэг болчихоод байгаа юм. Хүүхэд хичээлээ ойлгохгүй болонгуутаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд сахилгагүйтдэг. Сургах арга барил тэр хүүхдийг ингээд сургуульд дургүй болгочихдог. Энэ хүүхдийг сэтгэл зүйд суурилсан боловсролын системээр аврах боломжтой.

-Таван өөр янзын сэтгэл зүйд зориулаад таван янзын дижитал боловсролын контентыг бий болгоно гэсэн үг үү?

-Тэгнэ. Ингэвэл багш бүх хүүхэдтэй ажиллах боломжтой болно. Багшийн ажил арай хөнгөхөн, үр бүтээлтэй, аз жаргалтай болно. Хүүхэд бүртэй тулж ажиллахыг дижитал боловсролын системээр хийчихэж байгаа юм. Эцэг, эх хүүхдийнхээ сургалтыг явцыг аппликэйшнээр хянаад явчихна. Социалист нийгэмд төр засаг “Одооноос эхлээд хүүхдэдээ битгий санаа зов, төр хариуцна, зүгээр л хамтрал нэгдэл, улсын үйлдвэрийнхээ ажлыг хий” гэчихсэн. Тухайн үедээ зөв арга байсан бол одоо тийм биш. Гэтэл өнөөдөр аав, ээжүүд яг тэр үеийнхээрээ хүүхдээ сургуульд өгсөн л бол болоо гэж бодож байна. Тархи угаалт гэж ийм хүчтэй. Хүүхдийг нь сургаж байгаа боловсролын систем еврей, хятад, японы боловсролын системтэй харьцуулахад ямар хол хоцорсныг төсөөлөх ч үгүй, сонирхох ч үгүй явж байгаа. Боловсролын реформоор эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ тулж ажилладаг болгоно. Эцэг, эхийн үүрэг зорилгыг ухамсарлуулж, ойлгуулж, танин мэдүүлнэ. Хоёр, тав арван настай хүүхэдтэй яаж харилцаж, хүмүүжүүлэх, дурлал хайрын асуудалтай тулгарахад ямар зөвлөгөө дэм өгөх гээд сэтгэл зүйн бүх зэвсэглэл, технологиор эцэг эхчүүдийг хангаж өгнө.

-Ийм реформ дэлхийд өмнө нь хийгдэж байсан уу?

-Хийгдэж байгаагүй. Бусад улсын хувьд шинэчлэл хийгдэж байгаа. Америк, Англид маш алгуур, 200 жилийн турш хийгдэж яваа. Шинэчлэл гээд байгаагийн цаад утга нь энэ. Өөрөөр хэлбэл, угаасаа сайн системийг бага багаар сайжруулж явахыг шинэчлэл гэдэг. Дампуурсан системийг найман жилийн дотор дэлхийн түвшинд авчрах нь реформ.

-Таны яриад байгаа реформ наймхан жилийн дотор хийгдчих эд үү?

-Тэгнэ.

-Төдийгөөс өдий хүртэл засаг төрийн хэмжээнд анхаарч хараад шийдчихэж болоогүйн цаад шалтгаан нь юу юм бол?

-Үе үеийн төр засгийн лидерүүд энэ реформоос айж ирсэн. 2020 оноос лидерүүд маань үндэсний их зөвшилцөлд хүрээд хийчих байх аа. Юуны өмнө шинэ засаг гарахаараа л өмнөх засгийнхнаа барьж шоронд хорьж хийдэг муухай үлгэрлэлээ хаях хэрэгтэй. Шинээр дарга болвол өмнөхийнхөө бөгсийг ухах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр бөгс ухалт соёл болох гээд байна л даа. Компанийн гүйцэтгэх захирал, төрийн дарга болохоороо хийдэг эхний ажил өмнөхийнхөө бөгсийг ухах, эрүү үүсгэж цагдаад өгөх болох гээд байгаа нь хатуухан хэлэхэд эмгэнэл. Бидний өмнө байгаа ажил бол боловсролын реформ. Түүнээс биш бидний ард үлдсэн өмнөх дарга биш. Мэдээж буруу зөрүү юм хийснийг нь өршөөж болохгүй. Хулгайлж, ууж, идсэн нь үнэн бол шийтгээд, шийдээд явах ёстой. Улстөрчийн байр суурь, хүрсэн өндөрлөгийг нь харвал туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөөд сууж байх ёстой нь тав, долоо, найман жилээр сэжигтэн, яллагдагч болчихдог жишиг газар авчихлаа л даа. Одоо байгаа дарга нартай уулзаад санаа, шийдэл ярья гэхээр өмнөх үеэ намнаад завгүй яваа юм шиг зураг харагдаад байгаа.

-Боловсролын реформ ярьсных нэг асуултыг үлдээж боломгүй байна. Сургуулийн сурагчдын дунд зохиодог олимпиадын тухайд та юу хэлэх вэ. Тооны олимпиадад түрүүлсэн нь сургуулийн од болоод бусад нь дарагдаад яваа анзаарагддаг. Таны яриад байгаа боловсролын реформ хийгдвэл олимпиад, элдэв уралдааны агуулга, хандлага бас дагаад өөрчлөгдөх байх..?

-Түрүүн онцолсон сэтгэл зүйн тав, зургаан хэв шинжид тохирсон таван өөр янзын уралдаан байх ёстой. Түргэн боддог сэтгэдэг нь хурдан бодолтоороо өрсөлдөг. Нухацтай удаан боддог нь сургуулийнхаа сайн сайхны төлөө нухаж бичсэн эссэгээрээ уралдаг. Тусч чанар, хүнлэг сэтгэлээрээ тодрог. Өнөөдрийн хувьд таны хэлсэн шиг математикийг томьёо сайн мэддэг, хурдан боддог хүүхэд түрүүлээд сургуулийн бахархал болоод явдаг. Гэтэл нохойны амь аварсан, мод тарьсан, усанд живж байсан хүүхдийг аварсан сурагч яагаад сургуулийн од болохгүй байгаа юм бэ гэдэг бодох л асуудал. Бид өнөөдөр тоочдыг бэлдэх гээд байгаа юм уу, улс орны лидер, хариуцлагатай иргэдийг бэлдэх гээд байгаа юм уу гэсэн асуултыг өөрсдөдөө тавих хэрэгтэй л дээ. Улс даяар тооны нэг аварга байна биз, тэр бидэнд тийм сонин биш. Миний хувьд улс даяараа, гурван саяулаа чаддаг чаддаг зүйлээрээ аварга байгаасай гэж хүсч байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Сингапурчуудын хийж чадаагүйг Монгол хийсэн гэж дэлхий харж байгаа нь л надад том кайф


“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Дэлхийд арваадхан Санхүүгийн музейн нэг нь таны байгуулсан музей. Анхны цаасан мөнгө, эртний зооснууд гээд дэлхийд ховор үзмэрүүдийг хэдэн зуугаар нь дэлгэсэн гэхээр чамгүй их мөнгө орсон байх. Яагаад ийм музей байгуулах болов, хувь хүн ийм музей байгуулчихсан гэхээр гайхах хүн олон таардаг уу?

-Зорьж ирж үзсэн хүмүүс гайхдаг. Хөрөнгө мөнгөний тухайд нуух юу байх вэ, би зээлийн байранд амьдардаг. Машины лизинг, кредит карттай.

Банканд учиргүй их мөнгө хуримтлуулсан юм алга. Харин бизнес хийсэн. “Мандал даатгал” гэдэг компанийг оргүй хоосноос байгуулж босгосон. Бизнес хийж олсон бүх мөнгөө “Мандал даатгал”-д оруулсан. Өнөөдрийг хүртэл “Мандал даатгал”-аас мөнгө авч үзээгүй. Хэзээ нэгэн цагт авах байх гэж боддог. Байгуулсан компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажилладаг. Сарын цалин маань нэг сая төгрөг.

“Голомт”-ын захирлаар хэдэн жил ажиллахдаа дажгүй цалин авч байсан. Олсон мөнгөө энэ музейг барьж байгуулахад зарцуулсан. Надад материаллаг баялаг гэхээс илүү оюун ухааны баялаг онцгой чухал. Энэ музейгээ харж кайф авдаг.

Монгол Улсад дэлхийд аравхан байдаг музейн нэгийг байгуулсан. Миний байгуулсан музей Монголд л үлдэнэ. Би дэлхийн санхүү гэдэг юмыг Монголдоо авчирсан. Орост байхгүй, Хятад, Хонконг, Сингапур ийм музейгүй. Монголыг минь ядуу л гэнэ, дорой л гэнэ. Надад хүнээс илүү хийчихсэн мөнгө төгрөг алга.

Гэхдээ сэтгэл байвал сингапурчуудын хийж чадаагүйг Монгол хийсэн гэж дэлхий харж байгаа нь сайхан. Сая би Канадын төв банкны урилгаар Сингапурт очиж хуралд суугаад ирлээ. Тэр үеэр Саудын Арабын төв банкныхан санхүүгийн музей байгуулна гээд судалгаа хийгээд явж байна. Ямар баян улс билээ. Гэтэл одоо л санхүүгийн музей байгуулна гээд явж байх жишээний.

-Санхүүгийн музейтэй арваадхан улсын нэг гэдэг бахархах мэдээ л дээ. Ингэхэд дэлхийн санхүүгийн музейнүүдийг хувь хүмүүс байгуулаад байна уу, улсаас нь санаачилж барьдаг юм уу?

-Санхүүгийн музейнүүдийн холбоо гэж бий.

Энэ холбоо 10 гаруй гишүүнтэй. Хувь хүний санаачилгаар байгуулсан ганцхан музей нь манайх. Дандаа улсынх нь төв банк, Сангийн яам байгуулсан.

Надад арван байр авч, таван машин унах шаардлага байхгүй.

Би сая танд ярилцлага өгөх гээд ажил руугаа ирэхдээ Тоёота Альфард унаад ирлээ. Гоё машин.

Хүнд материаллаг баялаг шүтэх үе байхыг үгүйсгэхгүй. Үнэтэй машин авч унаж яагаад болохгүй гэж. Гэхдээ хүн гэдэг амьтан тасралтгүй боловсорч байх ёстой. Материаллаг баялгийг шүтэх үзэл нь тодорхой хугацааны дараа идеал, оюуны баялгийг шүтэх үзлээр солигдож байж л хүн гэдгээ жинхэнэ утгаар нь мэдэрнэ.

-Оюуны баялаг гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

Оюуны капитал гэдэг бол ард түмнийхээ төлөө, ядаж найз нөхөд, хамт олон, харилцагчдынхаа төлөө сэтгэж юм хийж эхлэхийг хэлнэ.

Хувь хүнээсээ даван гарч, сэтгэж амьдарвал тасралтгүй боловсорч яваа хэрэг.

Тэгэхгүйгээр далан нас хүртлээ ард түмэн, улс орныхоо төлөө юу ч хийгээгүй мөртлөө хамгийн үнэтэй машин авах гээд явж байгаа хүнийг би асуудалтай л гэж хэлнэ. Дөчин настайдаа үнэтэй машин унаж яваа бол асуудал биш. Үзэг, эдлэг. Би эдийн засагч хүн учраас хэрэглээг дэмждэг. Хүн хэрэглэж байж л илүү томыг хардаг. Тийм учраас цалингийн зээл, машины зээлийг дэмждэг. Зээл аваад гоё машин унаж үзэцгээг л дээ.

Гагцхүү тэрнийхээ дараа оюуныхаа хөгжилд анхаарч, илүү томыг бүтээхийн төлөө тэмүүлэх ёстой.

Материаллаг баялгийг үзээгүй мэдрээгүй хүн оюуны үнэ цэнийг мэдрэхгүй байж болох талтай. Философи сонирхож судалдаг хүний хувьд би аз жаргалын үндэс оюуны баялгаас үүсдгийг ухаарсан. Материаллаг баялаг хүнд түр зуурын баяр өгдөг.

-Материаллаг баялгийг шүтсээр яваа тавь, жар, далтнууд олон байна. Хувь хүний мөн чанараас шалтгаалдаг эд үү, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Нас өндөр болчихоод материаллаг баялгийг шүтсээр яваа хүнийг би буруу ойлголттой, алдсан хүн л гэж хэлнэ.

Түүнээс биш төрөлхийн гэж хэзээ ч бодохгүй. Хүн бүр ижил хувь заяатай төрдөг гэдэгт итгэдэг. Хүн бүр тэгш боломжоор хангагдах ёстой гэдэгт бас итгэдэг.

Гагцхүү тэр хүн өнөөг хүртэл энэ тухай ном зохиол уншиж, философийг нь сонсоогүй учраас ойлгохгүй байгаа хэрэг. Боловсролын реформ эхлүүлж байж л хүн бүрийг насан туршийн гэгээрэл рүү хөтлөх хэмжээний өөрчлөлт хийж чадна.

Дахиад хэлэхэд бизнесийн өндөр амжилт гаргасан хэр нь аз жаргалгүй, дутуу хөтүү явж байгаа хүмүүсийг би төөрсөн хүн гэж хэлнэ.

Төөрсөн, авах ёстой боловсролоо авч чадаагүй л хүмүүс. Энэ хүмүүсийг боловсруулах ёстой. Рокфеллер маш шүтлэгтэй хүн байсан. Өнөөгийн үнэлэмжээр тооцоход хамгийн баян хүн. Тэр хүн 30, 40, 50-тай-даа бизнест гялалзаад 60 гараад бүх мөнгөө их сургуулиуд байгуулах, эрдэм шинжилгээний ажил санхүүжүүлэх, ядуусыг асрах, өвчтөнүүдийг эмчлэхэд зарцуулсан.

-Баруунд нийтлэг харагддаг л даа, таны яриад байгаа хандлага. Монголын бизнес эрхлэгчдээс маш ховор анзаарагддаг чанар. Шалтгаан нь таныхаар боловсролын систем юм байна, тийм үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ таны хөндсөн энэ сэдэв дээр би их өөдрөг бодолтой яваа.

Англиар “Give back” гэдэг л дээ. Хүн хэн ч биш байхаасаа ажиллаж, өндөр амжилт гаргаж, бизнес хийж, мөнгө их олж, тэрэндээ шимтдэг. Үүний эцэст амьдралынхаа дараагийн шат руу шилждэг. Тэр нь буцааж өгөх.

Билл Гейтс хорь ч хүрээгүй байхдаа бизнесээ эхэлсэн. Их мөнгө хийсэн. “Майкрософт”-д хамаг чадлаараа зүтгэсэн.

Цаг нь болонгуут дараагийн үедээ бизнесийн ажлаа даатгаад “Мелинда энд Билл Гейтс” сан байгуулсан. Сангийнхаа хүрээнд олон тэрбум ам.долларыг Африкт өвчин устгахад зарцуулаад сууж байна.

Ази, Америкт хандивын ажил эхлүүлчихсэн яваа. Тэгэхээр Монголын тухайд ерэн онд бизнесээ эхэлсэн хүмүүс тавин нас гарч байна.

Жар хүрч яваа. Ингээд харахаар “Give back” удахгүй эхлэх байх аа. Гучин жил бизнес хийлээ, одоо эргээд улс орондоо гараа сунгах байх. Долоон буудалд төрсөн, тэгш боломжийг олж авч чадахгүй яваа сайн хүүхдүүдэд Харвардад сурахад нь туслах байх.

Дунд сургуулиудад хөрөнгө оруулалт хийх байх. Төгссөн их сургуулиуддаа анги шохойдох хэмжээнд туслах биш, эрдэм шинжилгээний ажлуудыг нь санхүүжүүлэх байх.

-Таныг боловсролын реформ яриад эхлэхээр “Өнөө банкир Ганзориг яагаад гэнэтхэн боловсрол яриад унав” гэж гайхсан хүн олон байсан. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон, “Xас”-ын Ч.Ганхуяг, Г.Амартүвшин гээд бусад банкируудаас тэс өөр сэдэв хөндөж, боловсролын реформын төлөө лобби хийгээд эхлэхээр би ч анхандаа гайхсан шүү…?

-Нийгэм Орхон, Ганхуяг, Амартүвшин биднийг зангиа зүүсэн, цамц хослолтой банкир гэсэн нэг дүрээр хардаг байхыг үгүйсгэхгүй. Тэгж харагддаг ч байх. Гэхдээ бид чинь тэс өөр хүмүүс.

-Тэгвэл та эднээс юугаараа ялгаатай вэ?

-Надад ялгаатай ганц л юм бий. Мөнгө төгрөг хийх, бизнес босгох тал дээр би энэ гурвын энд хүрэхгүй шиг байгаа юм.

Миний хувьд өнөөг хүртэл олон нийтийн төлөө явснаараа эднээс ялгарна. Тэр талыг минь л харчихвал Ганзориг ойлгомжгүй, үсчдэг хүн биш л дээ. Зүгээр л ярьдгаа яриад яваа хүн.

Миний амьдралаа залгуулдаг амьжиргаа бол банкны бизнес. Хувь хүний зүрх сэтгэл гэж яривал Ганзориг гэдэг хүнийг улс орон, ард түмнээс салгаж ойлгох аргагүй. Ажлынхаа хажуугаар лекц уншиж, ном бичиж, музей байгуулж, санхүүгийн боловсролын сайт нээж яваагийн минь цаад шалтгаан энэ л дээ.

-Та Голомт банкийг удирдаж байхдаа санхүүгийн боловсролын сайт нээж байл уу?

-Бүр анх Санхүүгийн зах зээлийн холбоонд байхдаа ийм агуулгатай сайт нээж байсан юм.

Холбооныхоо өмнөх вэб сайтын контент, зургийн цомгоо гаргаж ирээд харлаа. Хийгээгүй юм алга аа. Ямар ч мөнгөгүй хорин хэдтэй залуу л “Улсынхаа төлөө” гээд “эргүү мэдрэл” юм хийж явсан байгаа юм. Ингээд харахаар боловсрол бол миний эртнээс ярьсан сэдэв. Ганзориг гэж хүнийг мэддэг улсын хувьд гайхах өнцөг биш.

Орхоныг боловсрол яриад эхэлбэл ойр тойрныхноос нь эхлээд олон хүн гайхаж магадгүй. Харин Ганзориг боловсрол яриад эхэлбэл натурал. Голомтод ороод www.edu.golomt гээд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах агуулгатай сайт нээсэн. 150 ширхэг санхүүгийн контент хийсэн ч өнөөдөр нурчихсан. Байхгүй болсон. Миний хийсэн бүтэлгүй юм зөндөө. Гэхдээ өөр ямар банкир санхүүгийн боловсролын сайт нээсэн бэ, та тийм жишээ санаж байна уу?

-Санахгүй байна. Банкны их ажлын хажуугаар иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулна гээд сайт ажиллуулна гэдэг амаргүй байх аа?

-Хэцүү гэвэл ямар ч ажлаас ийм шалтгаан хайгаад хийхгүй сууж болно. “Голомт”-д энэ ажлыг эхлүүлэхэд дуртай хүн байгаагүй. Ганзориг гэж хэнхэг нөхөр ирээд үндсэн ажлаас өөр юм хийлгээд уналаа гэж дургүйцэж суусан байх.

Ажилтнуудаа “Хадгаламжийн хүү хэрхэн тогтдог талаар график хий, инфляц гэж юу болохыг тодорхойлсон видео хий” гээд суулгачихаж байгаа юм. Намайг захирлаар очиход “Хөгжлийн Голомт”, “Голомтын соёл”, “Голомтын гоёл”, “Манай банк сайн сайхныг санхүүжүүлнэ” гээд их гоё үгнүүд угтсан. Тухайн үед би банкныхаа зарим хүнд “Юун коммунист уриа лоозон шиг үгнүүд вэ. Яаж сайн сайхныг санхүүжүүлж, хэзээ хөгжлийн голомт болсон юм, Голомтын соёл гэж яадаг соёл билээ” гэж хэлээд зад үзсэн. Хөгжлийн Голомт болох эхний алхам нь иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах гээд сайт нээсэн юм.

-Санхүүгийн боловсролын сайт чинь яагаад уначихсан юм бэ?

– Контентын чанар маш муу байсан. Ажилтнуудаараа 200-300 видео хийлгээд амжилт олоогүй шалтгаан нь бас л боловсролтой холбогдчихож байгаа юм. МУИС-ийн эдийн засаг төгсчихөөд инфляц гэдгийг тайлбарлах хоёр минутын видео хийж чадахгүй суух жишээний. Ингээд Голомтын соёл, Голомтын гоёл гэж яриад байсан хүмүүс хөрсөн дээрээ буусан.

“За тэгвэл одоо Голомтынхоо соёлыг бий болгоцгооё, сайн сайхныг санхүүжүүлье” гээд зүтгэсэн. Тэгж зүтгээд амжилттай болсон ажлын нэг нь “Үндэсний хуримтлал”. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон түүх нь их сонин. Судалгаа хийгээд үзтэл хадгаламжийн төвлөрөл аймшигтай байсан. Хадгаламжийг хэдэн зуухан хүн атгачихсан суусан. Зөвхөн бизнесмэн, улстөрч гэсэн хоёр бүлэг л хадгаламжтай гэсэн зураг гардаг байгаа.

-Хэрэглээ, зээлээ хүчирдэггүй гэсэн шалтгаан иргэдийг хадгаламжгүй амьдрахад нөлөөлдөг юм болов уу?

-Гайхмаар нь судлаад үзэхэд тийм биш байсан. Хоёр, гурав, дөрвөн сая төгрөгийн цалинтай хүн ямар ч хадгаламжгүй байсан гээд та бод доо. Тэгээд 2-5 сая төгрөгийн цалинтай хүмүүсийн дунд Монголд анх удаа сэтгэл зүйн тест хийлээ.

Гэтэл өнөө өндөр цалинтай хүмүүс хадгаламж гэдгийг “Гэнэт их мөнгө олбол түүгээрээ зээлээ хаагаад үлдсэн арав, хорин саяыг нь дансандаа хийж хадгалах” гээд ойлгочихсон яваа нь тестээр тодорхой болсон.

Бид харилцагчдадаа “Хадгалах гэдэг чинь cap бүр цалингаасаа 20, 50, 100, 300, 500 мянгыг үнэнчээр хийж, хүүг нь хоолойгоо тултал авахыг хэлдэг” гэдгийг ойлгуулсан.

Банкнаас найман хувийн хүүтэй моргэйжийн зээл аваад 15 жил төлөхөд авсан зээлээсээ их хүү төлж яваа гэж шүүмжлээд байгаа. Тэгвэл банканд 60 сая төгрөг хадгалуулаад хорин жилийн дараа авбал банк танд зөвхөн хүүнд нь 240 сая төгрөг төлнө. Үүнийг Боловсролын яам ойлгуулаагүй.

Ер нь хэн ч ойлгуулаагүй байсныг бид ойлгуулж чадсан. “Үндэсний хуримтлал” хөтөлбөр хэрэгжсэнээр өнөөдөр 120 мянган хүн цалингаасаа хуримтлал үүсгэж байна. Ийм ажлыг ямар ч сайд хийгээгүй. Зүй нь эдийн засгийн гавьяатыг иймэрхүү, хөрсөн дээр буусан, бодитой, үр дүнтэй ажлуудад өгмөөр байгаа юм.

-Toп банкуудын нэгийг удирдаж байснаа ажлаа өгчихөөд боловсролын реформ яриад явахаар ойр тойрныхон чинь, таныг мэддэг хүрээнийхэн юу гэж байх юм?

-Миний сонголт, шийдвэрийг гайхаж хүлээж авсан хэсэг бий.

Мэргэжилдээ хайртай, мэргэжилдээ дурласан, мэргэжлийн амбицтай, мэргэжлийн ёс суртахуун гэж ярьдаг даа. Нягтлан бодогч гэсэн мэргэжлээр амьдралаа залгуулж яваа хүн бол нягтлан бодогч биш. Нягтлан бодохыг мэддэг л хүн.

Монголын нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулах юмсан, нягтлан бодогчдынхоо сургалтын чанарыг дээшлүүлэхсэн, бүх компанийн санхүүгийн тайлан үнэн зөв байгаасай гэж мөрөөдөөд, тэрнийхээ төлөө явдаг хүн бол нягтлан бодохын мэргэжилтэн хүн.

Та ажилдаа дурлаж илүү сайхныг бичихийн төлөө урагшилж, би ингэж яриад сууна гэдэг нь сайн хэрэг. Монголд мэргэжлийн ёс зүй бий болж байна гэсэн үг. Төгсрөөгүй байж магадгүй. Гэхдээ зөв чиг рүүгээ явж байна.

Гэтэл ийм ойлголт, чиггүй хүнд магадгүй миний алхам ойлгогддоггүй байхыг үгүйсгэхгүй. Чи яагаад сэтгүүлчдэд лекц уншаад явдаг юм бэ, дунд сургуульд ямар ч мөнгөгүйгээр хичээл орох хэрэг байна уу, сошиал дээр танин мэдэхүйн юм яриад суух тийм хэрэгтэй гэж үү, хайран цаг гэх мэт үгс зөндөө дуулддаг. Ийм юм хийгээд банкны захирлын ажлаа хийхгүй байна гэж хардаг.

Энэ бол тэгж хэлж суугаа хүний бүтээмжийн өнцөг. Тэр хүн өдрийн найман цагт найман хадаас хийдэг бол би өдрийн найман цагт 80 хадаас хийдэг хүн. Би нэг талд банкаа 150 хувь удирдчихаад, шөнө нь хагас цаг сууж хийсэн бичвэрээ блогтоо оруулдаг.

Учир нь би 2007 оноос хойш бичиж байна. Бичсэн нийтлэлийн маань тоо 600 давчихсан. 600 нийтлэлийн дараа ямар ч тэнэг хүн хурдан бичиж сурна аа даа. Гэтэл 600 нийтлэл бичээгүй хүний хувьд миний энэ чадамж ойлгогдохгүй. Нийтлэл бичиж үзээгүй хүн нэг бичвэр хийх гэж таван өдөр ч болж мэднэ. Манайханд нэг алдаа анзаарагддаг. Эхнийхээ нийтлэлийг төгс хийх гэж улайрдаг.

Дахиад алдаа гаргахаас, бусад хүн өөрийг нь яаж дайрах бол гэхээс айдаг. Ертөнцийн тооллоор бол нүд ирмэхийн зуурын агшин шүү дээ, хүний амьдрал. Чамайг муулсан, шүүмжилсэн, өөлсөн бүхний эцэст чиний бүтээл л үлдэнэ. Эдийн засагчийнхаа хувьд 120 мянган хүнийг хуримтлалтай болгосон нь л надад чухал. Бусад нь “Голомт”-оос хуулаад хийгээсэй гэж найдаж байна.

-Гэхдээ бизнесийнхэн нийгэм рүү хэт хандчихаар ашиг орлогоо алдана гэж болгоомжлоод байх шиг анзаарагддаг. Ер нь ч тийм юм биш үү?

-Ард түмний төлөө явна гэдэг бизнест хортой, бизнес хийнэ гэдэг ард түмнийг шулж мөлжихийн нэр гэж монголчууд ойлгодог. Миний хувьд тийм юм хэзээ ч дэлхийд байхгүй гэдгийг мэддэг. Таны харж байгаа өнцөг бол худлаа. Тархи угаалт.

Жишээ нь, сая хэлсэн 120 мянган хадгаламж эзэмшигч “Голомт”-оос хэзээ ч урвахгүй. Мэдээж хэн ч хүүний төлөө явна. Гэхдээ Голомт, Худалдаа хөгжлийн банк гэсэн өнцгөөс харвал үнэнч харилцагч хэрэгтэй. Эдийн засаг өгч, уруудах ямар ч үед үнэнч харилцагч л хэрэгтэй.

Голомт банк нийгмийн хариуцлага гээд Туулын эргийн хогийг түүж болно. Гэхдээ банкирууд хог түүгээд явлаа гээд хог дуусахгүй. Хүмүүсийг хуримтлалтай болгох нь л банкны ажил.

-Одоо боловсролын реформ руугаа эргээд оръё. Тэр том банкийг удирдангаа боловсролын реформоо хийсэн бол нөлөө, цараа талаасаа илүү байсан юм биш үү?

-Голомт банканд би маш олон зорилготой орсон.

Нэгдүгээрт, банканд ажилладаг хүний хувьд топ банкны гүйцэтгэх захирал гэдэг бол мөрөөдлийн ажил. Хоёрдугаарт, гүйцэтгэх захирлынхаа хувиар өөрийгөө өөртөө батлах хэрэгтэй байсан юм.

“Голомт”-ын хувьд өмнө нь том банк байгаад байр сууриа алдаж хэдэн байр ухарсан үе таарсан л даа. Ийм банкийг эргүүлж босгож, тэргүүлэх байр суурь руу нь аваачиж чадах уу, үгүй юү гэдэг сорилтын өмнө зогсохыг хүссэн.

Гүйцэтгэх захирлын ажил тамирчинтай л адилхан. “Мандал”-ыг Монголын хамгийн том даатгалын компанийн нэг болгосон.

Өөрөөр хэлбэл, Азийн аварга болсон. Мэдээж энэ ажлыг ганцаараа хийгээгүй. Миний ард баг бий. “Голомт” гэж том банкийг удирдаж эхэлсэн. Дэлхийн аваргад орсонтой дүйцэхүйц алхам. Монголын том банкийг өмнөх тэргүүлэгч байр сууринд нь аваачихын төлөө зүтгэсэн. Олимпийн аваргад орох нь тамирчин хүний мөрөөдөл биз дээ. Надад ийм л амбиц байсан. Одоо таны асуултад хариулъя.

Боловсролын реформыг хийж чадах болов уу гэдэг асуулт надад эртнээс байсан. Үүнийгээ “Голомт” дээр туршиж үзэх хэрэгтэй байсан юм. “Голомт” шиг 2000 ажилтан, долоо, найман зуун мянган харилцагчтай том систем Монголд ховор. Гарын арван хуруунд багтана. “Голомт”-ын бүтээгдэхүүн, бизнесийн процессыг дэлхийн түвшинд хүргэж “Голомт”-ын ажилтны урам зоригийг дэлхийтэй өрсөлдөх итгэлцлийн түвшинд аваачиж чадвал би боловсролын системд реформ хийж чадна гэж харсан.

Монголын багш нарын тоо 40 мянга. Тэднийг хангалттай хэмжээний цалинтай, дэлхийн тэргүүлэх багш нар болгож, багш нарын бүтээгдэхүүн болох сурагч, эцэг эхчүүдийн түвшинд боловсролын реформыг хийж чадах нь уу гэдэг туршилтыг банк удирдаж байхдаа хийсэн гэсэн үг. Банкны удирдлагын ажлаа яаран сандран өгсний цаад шалтгаан ерөөсөө л энэ. Туршилт амжилттай болсон.

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ цаг-үе

Доллар чангарах тусам шатахууны үнэ өсч, инфляци “галзуурна”

Хоёр сарын өмнө 2670 төгрөг байсан ам.доллар өнгөрсөн сард 2704 төгрөгтэй тэнцсэн юм. Харин өнөөдөр ноён ногоон 2724 төгрөгтэй тэнцчихлээ. 2016 оны өдийд ам.долларын ханш 2480 төгрөгтэй тэнцэж байсан гэхээр гуравхан жилийн дотор 240 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Долларын ханш цаашид өгсөх таамаг давамгайлаад эхэлчихэж. Долларын ханш ирэх жил 2900 хүрсэн гэсэн таамаг гаргасан эдийн засагч байна. Саарал жагсаалтад орсноос хойш мэдэгдэхүйц чангарсан ханш ирэх жил байдал эвгүйдвэл энэ таамгаас ч давж өсөх магадлал бий гэнэ. Ногоон валютын ханш өсөх хэд хэдэн шалтгааныг эдийн засагчид нэрлэснийг хүргэе.

Эхний эрсдэл нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилт хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт. Үлдэгдэл санхүүжилт орж ирэх үү, үгүй юү гэдгээс их зүйл хамаарна. Сангийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Валютын сангийн ажлын хэсэг манайд ямар дүн тавих талаараа эхлээд уртаа гэгчийн тайлан бичнэ. Өнөө тайланг нь сангийн Удирдах зөвлөл хянаж хэлэлцээд Азийн Монголд ямар дүн тавихаа шийднэ. Ирэх оны төсөв алдагдал ихтэй батлагдсан, Засгийн газар сүүлийн үед амлалтуудаасаа ухрах болсон, Монгол Улс саарал жагсаалтад багтаад удаагүй яваа гэх мэт шалтгаанууд ОУВС-гаас муу дүн авах хангалттай үндэслэлүүд. Үүнээс өмнө шийдэх бас нэг асуудал бий. Тэр нь сая онцолсон Валютын сангийн үлдэгдэл санхүүжилт болох доллар орж ирэх үү, үгүй юү гэсэн асуулт. Ерөнхийлөгчийн хэсэгчилж тавьсан хоригийг хүлээж авч, төсөвтөө тодотгол хийвэл валютын сан санхүүжилтээ үргэлжлүүлж, ирэх хавар бидэнд тавих дүнгээ зөөлрүүлж мэднэ. Сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийнэ гэдэг юу л бол. Өмнөх сонгуулийн жилүүдийн жишгийг харсан ч тэр төсөвт тодотгол хийж ухаалаг загнасан Засгийн газар өнгөрсөн түүхэнд байхгүй. Валютын сангийн үлдэгдэл санхүүжилт гацаж, валютын сангаас тааруу үнэлгээ авбал аажмаар өсч яваа долларын ханш огцом өснө гэсэн эрсдэл бий. Валютын сангийнхан Монголд тааруу үнэлгээ тавьсны дараа бидэнд нэг л зам үлдэнэ. Тэр нь “Дахиад хөтөлбөрт чинь оръё” гэсэн гуйлт. Валютын сангийн хөтөлбөрт дахин орно гэдэг хүсэхээр зүйл биш. Улсаараа ахиад хэдэн жил сэхээнд орно гэсэн үг. Амь тариа хийлгэж, сэхээнд орсон эдийн засаг ямар байдгийг өнгөрсөн дөрвөн жилээсээ харчихаж болно. Азаар эрдсийн үнэ дажгүй байсан тулдаа улсаараа өдий дайны амьдарч байгаа.

Долларын ханшийг галзууруулах дараагийн шалтгааныг Хятадтай хийх своп хэлцэл гэж эдийн засагч Н.Энхбаяр онцолж байна. Тэрээр “Хятадтай хийсэн свопоо амжилттай сунгуулах эсэх нь өнөөхөндөө тодорхойгүй байгаа. Сая урд хөрш рүү своп хэлцлээ сунгуулна гэж яваад чадалгүй ирсэн гэх мэдээлэл гарсан. Своп сунгах тухайд Монголбанк дангаараа хийж хүчрэх асуудал биш л дээ. Хэлцлээ сунгахын тулд наана нь өндөр хэмжээний айлчлал хийж улс төрийн орчноо бүрдүүлэх хэрэгтэй.

Улс төрийн орчин бүрдүүлэхгүй бол своп сунгахад хэцүү. Хэрвээ своп хэлцлийг сунгаж чадахгүй байдал үүсвэл олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдад түгшүүр төрнө. Монгол Улс Хятадтай 15 тэрбум юанийн свопоо сунгаж чадсангүй гэсэн утгатай мэдээлэл Блүүмбэрг, Ройтерсоор цацагдвал манай бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид мөнгөө эртхэн олж авъя гэж бодно. Своп сунгах асуудлаа хурдан шийдэхгүй бол учрах үр дагавар нь эрсдэл ихтэй” гэж ярилаа. Өнөөхөндөө Хятадтай хийх своп хэлцлийг төв банкинд үүрүүлчихээд яваа зураг харагдаж буй. Эдийн засагчийн ярианаас харахад хоёр улс улс төрийн өндөр төвшинд ойлголцож байж своп хэлцэл сунгах эсэх асуудал шийдэгдэх нь. Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын лицензийн хомроглосон цуцлалт гэх мэтээс эхлээд урд хөршийн тухайд бидэнд таагүй хандах цөөнгүй шалтгаан бий. Энэ мэт таагүй ойлголт, хандлагыг өндөр түвшний яриа хэлэлцээгээр цайруулах ганц зам харагдаж байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Своп сунгагдахгүй бол долларын ханш огцом өсөх эрсдэлтэй. Валютын нөөц хаанаа ч хүрэхгүй. Хөрөнгө оруулагчдын хандлагад сөрөг нөлөө үзүүлнэ. 2021 оны нэгдүгээр сард төлөх “Чингис” бондын эргэн төлөлтийг бид хийж чадахгүй. Бондын төлөлтийн тухайд хөрвүүлэх, хугацааг нь сунгах гарц л бий. Своп худлаа болвол хөрвүүлэх, сунгах асуудал ч худлаа болно. Дээр нь ирэх оны наймдугаар сард Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын хугацаа дуусна. Байгаа валютаасаа гаргаж таарна. Энэ мэт олон эрсдэл байна” гэж тодотголоо.

Долларын ханш өсвөл хамгийн түрүүнд доллараар худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэ болдог, гаднаас 100 хувь валютаар худалдаж авдаг шатахууны үнэд шууд нөлөөлдөг эрсдэл бий. Шатахууны үнэ өсөхөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад өсдөг, бараа, үйлчилгээний үнэ өсөх тусам инфляци цойлдог зүй тогтолтой. Дэлхийд газрын тосны үнэ өсөх улс төрийн эрсдэл буураагүй гэсэн шалтгаан бас нөгөө талд байгаа. Энэ сарын 17-нд Ираны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдана. Саяхан Венад болсон ОПЕК-ийн хурлын үеэр Иран ОПЕК хоёр албан бусаар уулзаж ярилцаж нааштай тохироонд хүрсэн учраас өнөөхөндөө газрын тосны үнэ бууж яваа. Хэрвээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг хоригоо ахиад чангалчихвал байдал эсрэгээрээ эргэнэ. Ираны зүгээс газрын тосны зохиомол хомсдлыг бий болгож ханш хөөрөгдөх эрсдэл бий.

Шатахууны үнийн хувьд манай улсад дэлхийн зах зээлийн үнийг дагаж хөдөлж байгаа. Шатахууны үнэд нөлөөлдөг хоёр дахь том шалтгаан болсон ам.долларын ханш өсч буй талаар сая багцаллаа. Одоо нефтийн үнэ дэлхийд өсвөл шатахууны үнэ дагаж нэмэгдэхээс аргагүй байдалд хүрчихсэн гэсэн үг. Ам.долларын ханшийн тухайд дэлхийд гэж яривал нэг том эрсдэл байгаа гэж шинжээчид онцолж буй. Америкийн сенат он гарангуут Трампад итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж шийдээ гаргана. Хэрвээ сенат итгэл үзүүлэхгүй гэвэл одоогийн дэд ерөнхийлөгч Трампын байр суурин дээр очно. Тэгвэл цагаан ордны бүх бодлого өөрчлөгдөнө, гадаад бодлого нь суларна. Трампын дараа гарч ирэх хүн лав л Францтай хийх хүртлээ өргөжөөд буй худалдааны дайныг үргэлжлүүлэхгүй. Америк буулт хийх алхмуудаа эхлүүлж таарна. Энэ тохиолдолд ханш суларна гэсэн хүлээлт бий.

Долларын ханш тойрсон асуудлуудыг гадна, дотно талаас нь тоймлоод ажвал нэг иймэрхүү зураг харагдаж байна. Тоймлоод харахаар ноён ногооны ханшийн чангаралд биднээс хамаарах зүйл бараг алга. Яг одоо бидний гарт байгаа түлхүүр гэвэл ганцхан төсөв л байна. Төсвийнхөө илүү зардлуудыг танах зорилгоор тодотгол хийвэл арай зөөлөн газардах боломжтой. Гэхдээ сонгуулийн өмнөх жил парламент ийм шийдвэр гаргахгүй л болов уу.