Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Хонгил гээч юмны ажиллах нүхийг прокурор гаргачихлаа

-С.ОЮУНЧИМЭГ, З.БОЛДБААТАР, Д.МӨНХ-ЭРДЭНЭ ГЭСЭН ГУРВАН ШҮҮГЧИЙН ГАРТ МИНИЙ ХУВЬ ЗАЯА ОРЧИХСОН БАЙНА-

2020 оны гуравдугаар сарын 04. 14:00 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Та бид хоёрын ярилцлага таныг эрүүгийн хэрэгт буруутгаж, шүүхэд шилжүүлсэн үед өрнөж байна. “Хорлон сүйтгэх” гэсэн тодотголтойгоор буруутгасан явдал Дэмид, Лхүмбийн гэх “хэрэг”-ээс хойш бараг анхных нь уу?

-Түүх давтагддаг л юм байна. Жаахан өөр хэлбэрээр л давтагдаж байгаа байх. Ер нь махны машин угсрах сонирхолтой улс зөндөө болчихож. Социалист үзэлтэй улсад төрийн эрхийг авах хүртлээ л ардчилагчид байдаг, авсан хойноо дарангуйлдаг. Яг тийм үйл явц Монголд өрнөж байна.

Хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн буруутгалын хувьд бараг анхных болж байгаа байх. 1937 онд бол байсан үзэгдэл. Болж буй үйл явдлыг харахаар ерөөсөө л ардчиллын эсрэг хэрэг хийж байна.

-Таван толгой төслийг цогцоор нь хөдөлгөе гэж зүтгэсэн хүнд “хорлон сүйтгэх” гэдэг буруутгал тэс хөндлөн сонсогдоод байх юм. Таны өчигдөр (уржигдар) телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн шиг ардчиллын үнэт зүйлс ярьдаг, ардчиллын төлөө зүтгэдэг хүмүүсийг чиглэсэн их хэлмэгдүүлэлт эхэлчихэв үү?

-С.Баяр, С.Баярцогтоос эхлээд Э.Бат-Үүл, Да.Ганболд гээд өрнөж буй процессыг харахаар тодорхой байна л даа. Ардчиллын эсрэг хэрэг үүсгээд яваа зураг харагдаж байна. Бидний эсрэг ийм үйл ажиллагаа явуулж байгаагийн цаад шалтгаан тодорхой. Аль болох олон хүнийг айлгах гэж оролдож яваа хэрэг.

Иргэдийн чөлөөт байдлаа хамгаалж, эрх чөлөөтэйгөөр үгээ хэлэх зоригийг мохоох гэсэн оролдлого. Энэ сүрдүүлгэд битгий автаарай гэж хэлмээр байна. Шүүх дээр очиход айх зүйл бидэнд байхгүй. Бидэнд үүсгэсэн хэргийг шүүх, хуулийг зөв болгоход тус болох кейс болгож хувиргая гэж бодож байна. Товчхондоо ардчиллаа хамгаалах цаг болсон байна.

-Ардчилал гэдэг үг бараг овог нь шахуу болсон Баабар, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал та гээд цөөнгүй хүн нэгдэж дуугарч эхэлсний цаана ардчиллаа хамгаалах зорилго байгаа гэж ойлголоо. Нэгдэхгүй бол байдал хэцүүдэх гээд байгаа болохоор аргагүйдээд нэгдчихсэн тал бас байна уу?

-Та зөв харсан байна. Хамгийн гол зорилго маань ардчиллаа хамгаалах. Ийм зорилгоор нэгдсэн. Мэдээж зовлонгоороо нэгдэнэ гэж юм бий. Тийм шалтгаан ч байгаа. Миний хувьд шалгуулахаас айх юм алга. Шалгах ч ёстой.

Гагцхүү хэлмэгдүүлдэг махны машин ажилладаг байж болохгүй. Ер нь ерөнхий хандлагыг нь харвал баялаг бүтээгчдийнхээ эсрэг ажиллаад байна. Нийгмийн хүн амын давхаргыг баялаг бүтээгчид нөгөө талдаа баялаг хүртэгчид гэж хувааж болно.

Нэг талдаа баялаг бүтээгч нь ховордож, нөгөө талд бүтээснийг нь хувааж иддэг давхарга үүсээд байвал товчхондоо нийгэм авлигажиж байна гэсэн үг. Тэр утгаараа авлигатай тэмцэнэ гэдэг хүнтэй тэмцэх тухай асуудал биш. Нийгмийн процессыг зөв болгох тухай асуудал. Төрийн байгууллагууд цугаараа баялаг хүртэгчид. Тэд баялаг бүтээдэггүй.

Шүүх, прокурор, АТГ бол баялаг бутээгч биш, баялгаас хүртэгчид. Ресторан, бизнес үйлчилгээ хийж яваа байгууллагууд хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ баялаг бүтээгчид биш.

Баялгийг дахин хуваарилах ажиллагаанд оролцож яваа хүртэгчид. Ийм хүртэгчид давамгайлаад ирэхээр тэдний сонирхол, зөрчилдөөн нийгмийг ялзралд хүргэдэг. Боловсролын тогтолцоонд ч илэрдэг эд.

-Боловсролын тогтолцоонд яаж илэрнэ гэж?

-Хаана авлига хөгжсөн улс байна тэнд хуульч болохыг мөрөөдөгчид олширдог. Хэрвээ баялаг бүтээгчдээ дэмжсэн нийгэм байсан бол инженер, бизнес чиглэлийн мэргэжилтнүүд илүү олон байдаг зүй тогтолтой.

Болж буй процессыг ингээд томоор нь харахаар Монголын нийгэм авлигажсан, хүндэрсэн байна. Байдал ийм байхад АТГ асуудлыг шийдэхийн төлөө мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай. Бүр сүүлдээ хүнтэй, ардчилалтай, баялаг бүтээгчидтэй тэмцдэг хэлбэрт шилжчихлээ.

АТГ нэлээд асуудал болж байгуулагдсан түүхтэй л дээ. Олон оронд АТГ улс төрийн байгууллага болж хувирсан гашуун туршлага бий. Тийм учраас цагдаагийн хийж болох ажлыг тусгайлсан байгууллага хийх нь зөв үү, буруу юу гэх мэтээр өчнөөн маргаан, талцаан өрнөж байсан юм.

-АТГ байгуулах, байгуулахгүй гэсэн маргаан дэгдэх үед та ямар байр суурьтай байсан бэ?

-Би хувьдаа АТГ байгуулах нь зөв үйлдэл биш гэсэн байр суурьтай байсан. Авлигатай тэмцэх нь чухал, АТГ гэдэг байгууллагатай болох нь зүйтэй гэсэн агуулгатай төсөл Америкийн санхүүжилттэй хэрэгжсэн юм. Тэр нь нөлөөлсөн байж магадгүй, ямартаа ч байгуулаад авсан.

Өнөөдрийн хувьд энэ байгууллага мэргэжлийн түвшинд авлигатай тэмцэж чадаж байна уу гэдэг нь асуудал болчихсон. Анх гоё санаагаар байгуулсан байж магадгүй ч яваандаа хувираад улс төрийн байгууллага боллоо л доо. Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас ийм дүгнэлт хийж болохоор байна.

-Та сая гаргасан номондоо “Таван толгой төсөл бүтээгүй шалтгаан нь АН доторх улс төрийн зөрчил” гэсэн байсан. Тэгвэл АН доторх зөрчил улсаа хэцүү дэглэм рүү чирэх гээд байгаа юм биш үү?

-Намаар нь харвал АН доторх будилаан нийгмийг ийм байдалд хүргээд байна л даа. Таван толгой төслийн хувьд гээд ярихад гэрээ үзэглэх түвшинд асуудал бэлдээд оруулангуут УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хоорондоо зөрчилдөөд унагачих жишээний. Хоёулаа АН-ын төлөөлөл.

Гэхдээ би бол АН-ын төлөөлөл биш. Мэргэжлийн хүний хувьд ажилласан. Тийм учраас маргаанд нь орохгүй гээд улс төрийн будилаан болох үед нь чимээгүй суусан. Дуугүй суусан минь эргээд намайг ороогоод унасан нь л зовлон болчихоод байна.

Одоо өрнөж байгаа процесс ч ялгаагүй. Дахиад улс төр боллоо. Эргээд л АН Таван толгойг улстөржүүлэх асуудлыг өдөж эхэллээ. Өдөж байгаа нь АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Ахиулаад яривал АН-аас дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга. Тэднээс л эхлэлтэй асуудал.

-Ерөнхийлөгч прокурорын зөвлөгөөнд зузаан цаас барьж ирээд таныг Таван толгойг Хятадад 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан хэмээн мэдэгдсэнээс хойш үйл явдал эхэлсэн. Төрийн тэргүүн яагаад тийм үйлдэл хийсэн юм бол?

-Өс хонзонгийн л сэдэл байх.

-Хэнд санасан ямар өс гэж?

-Гол байг нь Ц.Элбэгдорж гээд байгаа шүү дээ. Дунд нь намайг хавчуулаад “туугаад”байгаа болохоос. Тэдний хооронд ямар егөө аваа байдаг, юугаа булаацалдсаныг би хэлж мэдэхгүй. Дахиад хэлэхэд би аль ч намыг нь төлөөлсөн хүн биш, мэргэжлийн түвшинд л ажлыг нь хийж өгөх үүрэгтэй байсан төдий.

-Ч.Сайханбилэг танд мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж Таван толгойг хөдөлгөж өгөөч гэсэн саналыг анх тавьсан, та татгалзсан, дараа нь ахиж хүсэлт тавьсан, тэгээд та зөвшөөрсөн. Таны номыг уншихад ийм процесс өрнөсөн гэж ойлгосон. Таныг сайд болоход Ц.Элбэгдорж гэдэг хүний оролцоо байсан уу?

-Таван толгойн асуудлыг Ц.Элбэгдоржтой холбох гэж оролдож байгаа юм шиг билээ л дээ. Холбоотой эсэхийг нь би мэдэхгүй. Нотолдог хүн нь ч биш. Байцаалтын үеэр надаас “Таныг сайд болоход Ц.Элбэгдорж ямар үүрэгтэй байсан бэ” гэж асууна лээ. Ямар ч үүрэг роль байгаагүй.

Надад санал хүсэлт тавьсан хүн нь Ч.Сайханбилэг. Энэ төслийг хөдөлгөхөд туслаач, мега төсөл хариуцсан сайдын орон тоон дээр ажиллаач гэж хүссэн. Би анхных нь хүсэлтээс татгалзсан. “Өмнөх ажлаа барахгүй байна. Дээр нь ийм том ажил авбал хүчрэхгүй” гээд гараад явсан юм.

Ордны хашаанаас гараад нэг их хол явж амжаагүй байтал туслах нь залгаад ‘Таныг буцаад ороод ирээч гэнэ ээ” гэж хэлсэн л дээ.

-Эргээд ороход чинь юу гэж байх юм?

-Танаас өөр хийж чадах хүн алга гэсэн утгатай л яриа өрнөсөн. Өөрийгөө хэт үнэлээд биеэ тоогоод байна уу даа гэж өөртөө зэмлэнгүй хандсан л даа, тухайн үед. Тэгээд л тэр ажлыг авсан юм. Ингээд ажиллаж эхэлсэн. Гурав, дөрвөн сарын дотор гэрээг үзэглэх хэмжээнд хүргэсэн нь дан ганц миний хийсэн ажил биш.

Маш олон хүний хүч, хөдөлмөр, зохион байгуулалтаар гэрээг үзэглэх хэмжээнд хүрсэн юм. Нурсан шалтгаан нь З.Энхболд, Ч.Сайханбилэгтэй л холбоотой асуудал.

-Гэрээний хэлэлцээр явагдах хугацаанд тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж холбогдож байв уу, тантай?

-Гэрээ ямар хэмжээнд явж байна, ямар асуудал хөндөгдөв гэх мэт мэдээллийг өгч байсан. Тухайн үед миний хувьд ил тод зарчмыг чанд барьж ажилласан юм. Том төсөл ил тод явах хэрэгтэй. Тэгэхгүй бол сүүлд нь хардлага дагуулдаг эрсдэлтэй. Тийм учраас би гэрээний явцын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэж байсан.

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүдэд мэдээлэл өгч явсан. Тэр утгаараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдээлэл өгөх нь тодорхой.

-АТГ-ын байцаагчид гэрээ байгуулах явцын талаар хэр мэдээлэлтэй байсан бэ. Таны номыг уншихаар нарийн байтугай наад захын мэдээлэл, мэдлэггүй нөхөд байж дээ гэсэн бодол төрсөн…?

-Мега төсөл чинь эдийн засгийн болоод олон улсын гэрээ, олон улсын санхүүгийн тогтолцоо зэргийг мэддэг хүний хийдэг ажил л даа. Жирийн мөрдөгчдөд тэр хэмжээний ойлголт мэдээж байхгүй.

-Адаглаад бидэнд байдаг ойлголттой дөхөж байх юм уу?

-Бараг доош байсан.

-Тэгээд юу асууж байх юм?

-Би дурдаад авсан даа, өмнө нь. Гэрээ зурагдаагүй, хэрэг гэхэд хэцүү байхад хэрэг болгох гээд үзээд байгаа гэж. Гэтэл нөгөө талд даалгавар өгөгдсөн болохоор бүр хэцүү. Тийм, ийм заалт нь ямар учиртай юм гэж асууна. Үнэгүй өгөх гэж байсан гэнэ, тэр нь яг аль заалт нь вэ гэж асууж ч байх шиг.

-Гэрээний төслийн олон хувилбар байсан гэх яриа дуулдсан. Үнэхээр хэд хэдэн хувилбар байсан юм уу?

Миний компьютерийг хураагаад дотор нь байсан гэрээний төслийг авсан. Тэр төслийг өөрсдөдөө байсан гэрээний төсөлтэй харьцуулж шалгасан. Мэдээж ганц л төсөл байгаа. Шалгаад ганц төсөл байна гэдгийг нь тогтоочихсон юм. Тиймэрхүү техникийн ажлыг АТГ хэвийн хийсэн л дээ. Доторх асуудлыг нь мэдэхгүй учраас экспертүүд томилсон юм.

Нөгөөдүүл нь гэрээ сайн ч юм шиг, муу ч юм шиг зүйл бичээд өгчихсөн. Цаанаасаа хэрэг болго гэсэн даалгавартай болохоор муу гэсэн хэсгийг нь өлгөж аваад байцаах гэж оролдож байсан л даа.

Дараа нь миний гомдлоор дахин эксперт томилсон. Дүгнэлт нь өмнөхөөсөө арай дөнгүур гарсан ч бүрэн ойлголттой улс биш учраас хэцүүхэн дүгнэлт гарсан байдаг юм. Ер нь УИХ, Засгийн газраас хийсэн ажил, төрийн бодлогыг хэдэн эксперт суугаад зөв, буруу гэсэн дүгнэлт гаргах нь яаж ч бодсон зөв жишиг биш.

-Экспертүүд нь ямар хүмүүс байсан бэ?

-АТГ-ын өөрсдийнх нь сонгосон улс. Заримдаа ч өөрсдөдөө тааруулаад сонгочихов уу гэсэн хардлага төрөхөөр асуудал үүсэж байсан. Ялангуяа Таван толгойн гэрээний эхний экспертүүд нь маш эргэлзээтэй. Хувийн компани сонгоод авчихсан байх жишээний.

-Ямар компани байсан бэ?

-Казах захиралтай компани харагдсан.

-АТГ-ын дараагийн шат нь прокурор байсан. Прокурор арай эрүүл хандах болов уу гэсэн хүлээлт танд байсан уу?

-Байсан. Зүй нь ямар ч албан тушаалтныг хардаж сэрдээд мөрдөж болно. Шалгаж болно. Ингэх нь зөв. Гэхдээ шалгахдаа хуулиа мөрдсөн үү гэдэг асуудал бий. АТГ биднийг хардаж шалгалаа. Энэ тохиолдолд прокурор “АТГ асуудлаа зөв, хуулийн дагуу мөрдөж үү” гэсэн асуулт тавьж ажиллах ёстой байгууллага.

Шүүхийн хувьд “Прокурор хэргээ зөв бичиж үү” гэж хардаж, хүний эрхийг хамгаалж ажиллах учиртай. Гэтэл өнөөдөр байдал тийм биш байна. Шүүх дээр яахыг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан АТГ, прокурорын бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо алга болчихсон байна.

-Таныг ерөнхий прокурорт гомдол гаргасан гэж сонслоо. Прокурорын шатанд бас л улстөржжээ дээ?

-Тэглээ. Нийслэлийн прокуророос шууд шүүх рүү оччихлоо. Манай өмгөөлөгч өнөөдөр (өчигдөр) ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэхдээ ерөнхий прокурор энэ нөхцөлд ямар хариу өгдгийг би гадарлаж байна.

-Хүлээж авахгүй гэж үү?

-Тэгнэ байх. “Нэгэнт шүүхэд шилжсэн учраас би авч үзэх боломжгүй” гэсэн хариу өгдөг. Бараг тэгэх байх. Прокурорын дээд шат хүртэл гомдол тавиад дууссаны дараа шүүхэд шилжих ёстой материалыг яаран сандран өгч байгаа нь өөрөө том асуудал. Албан тушаалтан, ер нь хэн ч байсан хүн. Эрхээ эдлэх ёстой. Хэний ч шударга шүүхээр орох бололцоог ингэж хааж болохгүй. Би хонгил гэж хэлэх дургүй. Гэхдээ хонгил гээч юмны ажиллах нүхийг прокурор гаргачихлаа.

-Таны өнөөдөр (өчигдөр) өгсөн гомдлыг ерөнхий прокурор хүлээж авахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна уу?

-Ер нь тэгэх байх. Өмнө нь олон тохиолдолд ерөнхий прокурор “Нэгэнт шүүхэд шилжсэн хэргийг үзэхгүй” гэж хойшоо сууж байсан.

-АТГ яаж ажилласан нь анхнаасаа тодорхой байж. Прокурорт шилжихэд хуулийн дагуу ажиллах болов уу гэсэн найдлага танд байсан уу?

-Миний хувьд хийсэн хэрэг байхгүй. Зөв шийд гарчих болов уу гэсэн хүлээлт байсан. Угаасаа прокурор хүн чинь ял завшуулахгүй, хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Гэтэл хэлмэгдүүлэх ажиллагаа хийлээ. Ерөнхий прокурорт бололцоо өгөхгүйгээр шүүх рүү шилжүүлж байгаа байдлыг нь харвал АТГ, прокуророос шударга ёс хүлээх хэрэггүй гэсэн дүгнэлт гарч байна.

-Таван толгойн гэрээ ер нь ямар хэлцэл байв гэдгийг хоёулаа уншигчдад нэг эргэн сануулах уу, эдийн засгийн ашиг боломж талаас нь…?

-Нэгдүгээрт, манай талаас буюу Монгол Улсын Засгийн газрын талаас хувийн хэвшлийнхнийг дайчилж хийлгэх гэж байсан гэрээ. Таван толгойн орд газрыг ашиглах, хөрөнгө оруулалт татах зорилготой, тэрэнд нь Хятад, Япон, Монголын компаниуд оролцсон, тийм л гэрээ. Ийм гуравласан консорциумтай хийж байсан гэрээ юм.

Түүхий нүүрсийг дундад зууны аргаар олборлож, өнөөхөө машинд ачиж байгаль орчин бохирдуулаад, баахан хүний амь насыг эрсдүүлээд, ар гэр амьдралыг нь сүйдлээд яваа өнөөдрийг өөрчлөхийг зорьсон. Таван толгойн өнөөдрийн байдал орчин үеийн бизнесийн хэлбэр биш шүү дээ.

Нүүрсээ олборлодог, олборлосон нүүрсээ баяжуулаад зардаг болгоё гэж зорьсон юм. Баяжуулаад зарвал гурав дахин өндөр үнээр нүүрсээ зарах байсан. 270 км газар төмөр зам тавиад ачилт хийх боломжийг нээх байлаа. Төмөр замын ачилтын тонн тутам дах тээврийн хөлс хамгийн бага.

Сүүлийн үеийн мэдээ харах хэрэгтэй байх. Ер нь төмөр замаар тээвэрлэвэл тонн тутамд есөн ам.долларын зардал гарна, харин машинаар бол тонн тутамд гарах зардал нь 30-40 ам.доллар. Ийм том ялгаатай.

-Товчхондоо гэрээ байгуулагдсан бол “Эрдэнэс Таван толгой”-н өнөөдрийн олж байгаагаас гурав дахин их ашиг олох байж, тийм үү?

-Ерөөсөө л тийм.

-1,072 хувьцааг амилуулах ямар боломж гарц гэрээнд туссан байсан бэ?

-1,072 хувьцааг яаж амилуулах вэ, өгөөжийг нь хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэг асуудлыг Засгийн газар гэрээ хийх гэж байхдаа бодчихсон байсан. Орд газраа хүнд өгч болохгүй, 100 хувь “Эрдэнэс Таван толгой”-н өмч байна гэдгийг гэрээнд тусгаж өгсөн.

Төсөл хэрэгжүүлэгч компаниуд ордыг ашиглаж байгаагийнхаа хувьд өмчлөгчид дунджаар хоёр хувийн татвар төлнө гэсэн дэлхийд байхгүй заалт оруулсан.

Тэр хоёр хувийн татвараас 1,072 хувьцааг амилуулж, эхний удаа хүн бүрд 100 ам.доллар егөх боломжтой гэсэн тооцоо хийсэн юм. Тэгээд жил бүр ногдол ашиг өгч байя гэж тооцсон.

Сая ярьсан хоёр хувиас гадна хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ус ашигласан татвар, цахилгааны төлбөр гээд авахаар бүр их мөнгө цуглах байсан л даа. Энэ гэрээ нурснаар 1,072 хувьцааг амилуулж, татвар хураамжийн мөнгөө аваад явах бололцоо хаагдсан. Гэтэл өнөөдөр, таван жилийн дараа 1,072 хувьцаа амилаагүй л байна.

-Таван толгойн гэрээний хэлцлийг хийх үед Засгийн газрын зүгээс улсдаа ашигтай нөхцөл тохирохын тулд хөрөнгө оруулагч талтай мэтгэлцэх, нөхцөлүүдээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хүч шавхсан заалтууд гэвэл та юуг онцлох вэ?

-Бүх яамдын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдсан юм. Ер нь бол ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтайгаа сууж тохиролцоонд хүрсэн. Тохиролцоо хийхдээ олон улсын практик, стандартыг дагаж ажилласан нь тодорхой.

Харин тэдний ярилцаж, хэлэлцээд шийдэж чадахгүй асуудлыг нь дээд түвшиндээ ярьж шийдсэн. Тэр түвшин нь ухаандаа би, хөрөнгө оруулагчдын удирдлагууд. Өөрөөр хэлбэл, хурц асуудлуудаа дээш нь татаж ярьсан. Тэгээд тэрэн дээр нь харилцан үүрэг хариуцлагаа тохиролцож, тэнцүүлж байж шийдвэрүүд гарсан юм.

Миний мэдэхээс гурав билүү дөрвөн удаа ийм хурц асуудлууд үүссэн шиг санагдаж байна. Жишээ нь татвар дээр ийм асуудал үүссэн. Хуулийн дагуу бүх татвараа авахаас гадна лиценз эзэмшигч “Эрдэнэс Таван толгой”-д өгөх хоёр хувийн татвар дээр яриа хэлээ үүссэн ч эцэст нь Монголын талд шийдэж байсан.

Их олборловол илүү их татвар өгөх томьёотой татвар байсан л даа. Би дундажлаад хоёр хувийн татвар гээд байгаа юм. Хоёр хувийн татвар авах нь баталгаатай. Хэрвээ их олборлох юм бол дээшээгээ гурав, дөрвөн хувь болоод явах байсан гэсэн үг.

-Төмөр зам барина гэсэн шошготой ч овоолсон шороо болж хувирсан 280 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талаар төлүүлэх тохироог гэрээнд тусгасан санагдаж байна. Хөрөнгө оруулагч талаас нэлээд хэл үг болсон байх аа?

-Нээрээ тэгсэн шүү. Хөрөнгө оруулах талын хүмүүс “Тэр овоолсон шороо ийм өндөр үнэ хүрэхгүй” гэх мэтээр нэлээд яриа хэлээ өрнүүлсэн. Гэхдээ эцэст нь толгой дохиулсан л даа.

-Шүүх энэ асуудалд яаж хандах бол. Танд өмнөх шиг итгэл найдвар байна уу?

-Урьдчилж таах арга байхгүй. Прокурор албан ёсоор шүүхэд материалаа тушаачихсан. Шүүхийн зүгээс материалууд нь бүрэн байна уу, шүүх ажиллагаанд хэрэг болохуйц материалууд уу гэдгийг шүүхийн тусгай бүрэлдэхүүн хуралдаж шийддэг юм байна. Тэр бүрэлдэхүүн нь томилогдсон байгаа.

Танай сониноор дамжуулж шүүгчдийг нэрлэе гэж бодож байна. С.Оюунчимэг, З.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ гэсэн гурван шүүгч хуралдаж шийдэхээр болж. Тэгэхээр энэ гурван шүүгчийн гарт миний хувь заяа орчихсон байгаа гэсэн үг.

-Шүүхээс шийдвэр гараад хоригдох магадлал өндөр гэж харагдаад байна л даа. Тийм шийдвэр гарвал…?

-Асуудал байхгүй. Миний санаа зовж байгаа зүйл гэвэл Монголын нийгэм буруу тийшээ явж байна. Надад учирч байгаа энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын нийгэм өөрөө өөрийгөө таниад засамжлах аргаа олоод авбал болоо. Тэр л миний гүйцэтгэх үүрэг. Тийм учраас би өөрийнхөө энэ кейсийг аль болох нийгэмд хэрэгтэй, урагшлахад нь түлхэц болох кейс болгохын төлөө ажиллана. Тийм учраас би зориуд шүүгчдийн нэрсийг нэрлэж байгаа юм.

Хэн нь яллаад, хэн нь шүүгээд байгаа юм гэдгийг ялгаж салгаж хардаг болох нь Монголын нийгэмд зөв дохиолол болно. Түүнээс бүх шүүгч, бүх прокурор баба, муухай биш. Тийм учраас би бүхнийг ил тод хэлж явна. Юу яригдаж, яаж байгааг бүгдийг нь ил хэлнэ.

-Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэж хоёр хүний зөрчилдөөн дунд хэлмэгдэнэ гэдэг хувь хүн талаас хайран биш үү?

-Чи миний өмнөөс санаа зовоод яах вэ ээ. Монголынхоо нийгэмд санаа зов л доо. Би энэ зэргийн бэрхшээл дундуур туучаад гараад ирсэн хүн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржилтөд өртсөн Таван толгойн гэрээ яг жинхэнэдээ ямар хэлцэл байв?

Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг Таван толгойн ордыг цогцоор нь хөдөлгөх гэрээний төслийг өнгөрсөн парламентын үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зүгээс бэлэн болгож байлаа.

Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа”, Монголын “Энержи ресурс”-ын хамтарсан консорциум ордыг цогцоор нь хөдөлгөж ашиглах зургийг М.Энхсайханы ахалсан баг гаргаж байв.

Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэг мөр шийдэж, “Шинхуа”-гаар төмөр замаа бариулж, “Сумитомо”-гийн хүчээр нүүрсээ гуравдагч хөршид гаргах боломжийг нээсэн заалтуудтай уг гэрээнд гарын үсэг зурах гэж байхад нь УИХ-ын дарга З.Энхболд зогсоосон түүх өнгөрсөнд бий.

Таван толгойн гэрээг хариуцаж явсан, талуудын хэлэлцээрийг удирдаж байсан М.Энхсайханыг Тавантолгойг зуун жилээр Хятадад егөх гэж байсан гэх шуугиан өнгөрсөн жил олны анхааралд байлаа. Түүнийг АТГ байцааж, урьдчилан хорих төвд саатуулсан удаатай. Таван толгой тойрсон улстөржилт сонгуулийн өмнө дахиад эхэлж байна. М.Энхсайханд хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлээд байгаа бол Таван толгойн гэрээг зогсоож байсан З.Энхболд энэ сэдвээр ахин дуугарч эхэллээ.

Улс төрийн дуулианы төвд байгаа Таван толгойн гэрээ чухам ямар агуулгатай хэлцэл байсныг тайлбарлахын өмнө М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нар тус гэрээний талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Image result for М.Энхсайхан

М.ЭНХСАЙХАН: ТАВАН ТОЛГОЙ ГЭХ МЕГА ТӨСӨЛ БҮТЭЭГҮЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УЛС ТӨР

М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногт хэвлэлтээс гарсан “Социализмаас капитализм руу” номондоо Таван толгойн гэрээ ямар агуулгатай хэлцэл байсныг тайлбарлажээ.

Тэрбээр номондоо “Таван толгойг үнэгүй өгөх гэж байсан гэх гүтгэлгийн хувьд ёстой чөтгөрөөс л тодруулах асуулт байх. Миний хувьд ойлгомжгүй бөгөөд Таван толгой төсөл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан том төсөл байсан. Бүтээгүй төслийг тойроод маргалдаад суух хэцүү.

УИХ-ын сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой бололтой, зарим попууд Эрдэнэс Tаван толгой маш ашигтай ажиллаж байгаа, хэрвээ Таван толгой төслийн гэрээ хийгдсэн бол энэ ашиг ирэхгүй байлаа гэж ярьцгааж байна. Энэ ч бас худлаа, Таван толгой гэх мега төсөл бүтээгүйн гол шалтгаан нь улс төр байлаа. Тухайн үед эрх барьж байсан АН доторх улс төрийн зодооныг яалтай ч билээ.

Уг нь Монголд мега төслийг мэргэжлийн мэддэг олон залуу байдгийг ажлын хэсгийг ахалж байхдаа харж, өөдрөг сэтгэлтэй үлдсэн шүү. Тэдэнд ажил хийх бололцоо, хараахан гараагүй л байна Болсон үйл явдлыг томоор харвал Таван толгойн гэрээ бүтэлгүйтсэн нь Монголд биш, нүүрсээр манай өрсөлдөгч болох хөрш Орос оронд ашигтай тусаж байгаа бололтой юм.

Ингэхээр манайд болсон, одоо болоод байгаа улс төр нь дотоодынх байв уу, аль эсвэл гадаадын оролцоотой байв уу гэдэгт цаг хугацаа хариулт өгөх байх аа” хэмээн байр сууриа буулгажээ.

Image result for Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж

Ц.ЭЛБЭГДОРЖ: ТЭР ТОМ ТӨСЛИЙГ НЭГ Л ӨДӨР ЧӨТГӨР АВСАН ЮМ ШИГ АЛГА БОЛГОЧИХСОН

Таван толгойн гэрээ яригдаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын сүүлээр телевизэд ярилцлага өгөхдөө уг гэрээний төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “30 сая тонноор зөөхөд 120 жил тээвэрлэх нүүрс. Тэгэхээр энэ ордыг мөнхөд өгнө, алга болгоно гэсэн зүйл байхгүй. Монголд арван тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байх хэмжээний тийм том төслийн төлөө явж байсан. Гэтэл бүтээгүй.

Ухраагаад бодоход 2012 онд төмөр зам, том цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орох байсан. Одоо ухаж аваад машинд ачаад байхад бараг тэрбум ам.долларын орлого хийлээ гээд байгаа шүү дээ. Таван толгойн бүлэг ордыг түшиглээд нүүрс химийн цогцолбор байгуулах байсан. Нүүрсээ хий болгож урагшаа экспортлох байлаа.

Хажуугаар нь угаагаад гаргавал хэдэн арван тэрбум ам.доллар олно.

Нүүрсээ хийжүүлээд эхэлбэл ганцхан алхаад шингэн болгочихно. Шингэрчихвэл бензин болно. Шаар нь хаягдахад л авто зам барих түүхий эд болох байсан. Ийм том төслийг нэг л өдөр чөтгөр авсан юм шиг алга болгочихсон. Тэр том боломжийг зогсоосон учир өнөөдөр Монголын эдийн засаг хатангиршсан. Өдөрт хамгийн багаар бодоход арван сая ам.доллар Монгол руу орж ирж байх тийм том борлуулалт байсан” гэж онцлов.

ДӨРВӨН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Гэрээ батлагдаад төсөл хөдөлсөн бол улсаас нэг ч төгрөг гаргахгүй байв. Хөрөнгө оруулагч талаас дөрвөн тэрбум ам.доллар хийх тооцоо гаргаад байсан юм. Энэ мөнгөөр дээр дурдсан төмөр зам, баяжуулах үйлдвэр гэх мэт том бүтээн байгуулалтууд өрнөх байлаа.

Баяжуулах үйлдвэрийн хувьд 30 сая тоннын хүчин чадалтай гэсэн аварга тооцоо дуулдаж байв. Таван толгойн бүх нүүрсийг баяжуулаад илүү өндөр үнээр зарах боломжтой гэх мэдээ, мэдээллийг гэрээн дээр ажилласан хүмүүс өгч байсныг онцолъё.

БҮХ ТӨРЛИЙН ТАТВАР+ТӨРИЙН ӨМЧ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

Таван толгойн гэрээнд бүх төрлийн татвар авахаас гадна төрийн өмч ашигласны төлбөр авах тохироо хийж байв. Тухайн үед энэ төлбөрийг дэлхийн практикт байхгүй жишиг гэж М.Энхсайхан онцолж байсан юм.

Ашиг олох эсэхээс үл хамааран борлуулалтын орлогын минимум хоёр хувиар өсөн нэмэгдэх рояалти төлөх заалт гэрээнд туссан байсныг онцолъё. Таван толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монголын төсөв жил бүр 340 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад хэлбэрээр авах байлаа. Төсөл жил бүр ашиглалтын зардалдаа 700-800 сая ам.долларын зарлага гаргана гэсэн тооцоог талууд хийж байв.

Манай улсаас туслан гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжүүдийн тоо 500-600 гэж яригдаж байсныг тухайн үед цацагдсан мэдээллүүдээс харж болно. Өөрөөр хэлбэл, Таван толгой төслийг дагаж хэдэн зуун аж ахуйн нэгжийн бизнес цэцэглэж, эдийн засаг тэр хэрээр тэлэх нь тов тодорхой байлаа.

ТӨМӨР ЗАМ, 12 МЯНГАН АЖЛЫН БАЙР

Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бол гэрээ ёсоор 6-12 мянган шинэ ажлын байр шинээр бий болох байв. Гэрээний талууд энэ тоог Таван толгойн Ухаа худагт өрнөсөн бүтээн байгуулалтын жишгээр тооцсоноо мэдээлж байсан юм.

Тухайн үед М.Энхсайхан “Төсөл ажиллаж эхэлбэл 1,072 гэсэн үхмэл хувьцааг амилуулах боломж нээгдэнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Өдгөө нүүрсний экспорт таг зогсож, нүүрснээс олдог долларын урсгал тасарчихсан.

Хэрвээ төмөр зам барьчихсан бол өдийд урд хөрш рүү нүүрсээ ямар ч асуудалгүйгээр экспортлох байсан гэж эдийн засагчид онцолж буй. Таван толгойг хөдөлгөх гэрээнд төмөр зам барих асуудлыг урд хөршийн “Шинхуа” компани хариуцахаар тусгаж байв.

30 ЖИЛИЙН ГЭРЭЭ

М.Энхсайхан “Социализмаас капитапизм руу” номондоо “2018 онд прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Таван толгойн гэрээний төслийг бэлтгэхдээ Таван толгойн ордыг Хятадад зуун жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж төрийн өндөр албан тушаалаа хүмүүсийг гүтгэхэд зориулав. Энэ бүгд худлаа л даа. Монголын Засгийн газар юу гэж Таван толгойн ордыг 100 жилээр өгөх вэ дээ, тэнэг тэнэг гэхэд ийм юм хийх монголчууд, Засгийн газар олдохгүй.

Энэ бол зүгээр л өрсөлдөгчөө гутаах популизмын халуурал” гэж онцолжээ. Гэрээний үйлчлэх хугацааг 30 жил гэж тохирч байж. Гучин жилийн дараа гэрээг сунгах эсэх нь Засгийн газраас хамаарах асуудал гэсэн тодотгол ч гэрээний төсөлд байна.

Хугацааг сунгах асуудал яригдах үед төсөл хэрэгжүүлэгч тал тодорхой үүргүүдийг биелүүлсэн байх ёстой гэсэн нөхцөлүүд ч гэрээний төсөлд дурайж байгаа.

Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа гадаадын хоёроос доошгүй улсад борлуулах, төслийн компани Эрдэнэс Таван толгой компанид хамтын ажиллагааны төлбөр төлөх, Таван толгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан байх гэх мэт шаардлагуудыг жагсаажээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Монголбанк бодлогын хүүгээ огцом бууруулж байж коронавирусийн эрсдэлийг дажгүй давна

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-COVID-19 эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрүүд энэ сөрөг нөлөөллийг багасгах болов уу?

-Юуны өмнө Эх орончдын өдөр ярилцаж байгаагийнх намын даргадаа баяр хүргэчихье. Намынхаа 99 жилийн ойн баярыг тэмдэглэхээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө түүхэн шийдвэр гаргах цаг ирчихлээ л дээ. Ерэн оноос хойш гэхэд л эдийн засгийн дөрөв, таван хямрал боллоо. Дэлхий даяар тархсан тахлаас үүдэлтэй нь энэ удаагийн хямралын онцлог. Олон улсын бүх л хөрөнгийн бирж дээр уналт болж байна. Дэлхийд үүссэн энэ шокоос гарах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын том асуудал. Сүүлд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр хэтэрхий жулдсан зүйл боллоо. Ядаж л гаргасан шийдвэрээ зөв тайлбарламаар байгаа юм. Азаар гэх үү, жилийн өмнө гуравдугаар сарын 18-нд ээлжит бус чуулганаар Татварын багц хууль батлагдсан. Тэр хуулиар нийт компанийн 92 хувьд нь нэг том өөрчлөлт хийсэн. Арван хувь төлж байсан татварыг нь нэг хувь болгосон. Журам нь батлагдсан байвал хялбаршуулсан татварын систем үйлчлээд эхэлчихсэн. Бараг сая гаруй хүнийг ажлын байртай аж төрүүлдэг жижиг дундуудын татвар арав дахин багассан гэсэн үг. Тийм учраас татвар талаас айх юм байхгүй. Харин улсын төсөв бүрдүүлэлтийн асуудал хүндэрнэ. Ийм шалтгаанаар Монгол Улын Ерөнхийлөгч урд хөршид айлчилсан байх. Уул уурхайн компаниудын худалдан авагч талтай очиж ярих шиг боллоо. Хоёрдугаарт, Хятадад төлөх своп хэлцлээ ярьсан болов уу. Энэ бол улстөрчдийн хийх ёстой ажил.

-Өнгөрсөн долоо хоногт Засгаас гаргасан шийдвэр жулдсан гэж та хэллээ. Яагаад тэгж хэлэх болов. Засгаас ямар шийдвэр гаргах эрэлт, шаардлага байна?

-Микро эдийн засагт бий болж буй процессийг макро эдийн засгийн бодлого барьдаг хүмүүс ойлгохгүй яваа юм шиг шийдвэр гараад байна. 160 гаруй мянган аж ахуйн нэгж агшилтын байдалтай яваа. Улаанбаатар дахь нийт бизнесийн 68 хувь нь үйлчилгээнийх. Түрээс чөлөөлөх энэ тэр бол хэтэрхий жижиг асуудал. Монголбанк сая гэхэд л ямар ч шийдвэр гаргасангүй.

-Монголбанк ямар шийдвэр гаргах ёстой вэ?

-Төв банк 11 байгаа бодлогын хүүгээ таван хувь руу буулгах хэрэгтэй. 2012-2016 оны хямралын үед банкийг аврах уу, барилгын салбараа аврах уу гэдэг процесс л өрнөсөн. Банкуудад маш их бололцоо өгч, авраад үлдсэн. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг дажгүй байх үед банкууд Монголбанкны үнэт цаасыг худалдаж авах нэрийн дор, тухайн бондны мөнгөний хүүний зөрүүнд нь буюу нийт хүүнд төлөх ёстой мөнгөнийхөө дунджаар 11 хувийг төлж байна. Тэрнийхээ бараг арвыг нь Монголбанкаар дамжуулаад татвар төлөгч бидний мөнгөөр төлүүлж байгаа. Найман их наядын хадгаламжийн таван их наяд нь Монголбанкны үнэт цаасыг авах гэсэн шошготой яваа. Тийм учраас төв банк бодлогын хүүгээ тав руу буулгах ёстой. Та ажиглаарай, төв банк эдийн засаг дажгүй үед ч бодлогын хүүгээ 0.5 хувиар ч буулгахгүй байгаа.

-Төв банк бодлогын хүүгээ буулгахгүй яваагийн цаад шалтгаан нь юу юм бол?

-Цаана нь арилжааны банкуудын асар том эрх ашиг яваа учраас тэр.

-Мөнгө хэвлэлээ гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё…?

-Уг нь төв банк яаж ийгээд мөнгө хэвлэхгүй байх хэрэгтэй. Сая өрнөсөн нэг өрөвдөлтэй зүйл гэвэл мөнгөний бодлого дээр тоглодог гол банкууд тэтгэврийн зээлийн 730 тэрбумыг Хөгжлийн банкны бондыг худалдаж авах нэртэйгээр шийдэж байна л даа. Хөгжлийн банк гэж юу байхав, яг үнэндээ мөнгө хэвлээд тараачихсан л даа. Хамгийн эрсдэлтэй нь яг хэчнээн хувийн хүүтэй бонд гэдэг нь тодорхойгүй. Хүүг нь зарлахгүй байна. Ер нь тэтгэврийн зээлээс хамгийн их ашиг хүртэж суугаа нь банкууд. Эргэлзээтэй байсан бүх зээлээ төрөөр төлүүлчихлээ. Макро том тоон дээр тоглодог бизнест улс төр, зах зээлийн шугамаар харилцаж оролцож яваа тоглогчид яг ийм хүнд үед суйлах бодлого явуулаад байна. Зүй нь хамтдаа хохирол багатай гарахад анхаарах ёстой л доо.

Монголбанк маш том өртэй. 2.7 их наядаар яригдах өр бий. Тэр өрөнд нь засгийн өр орчихоод яваа.

-Та Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнийхээ хувиар төв банкинд асуудал тавих уу?

-Хяналтын зөвлөлийн даргад асуудал тавина. 730 тэрбумын зээлийг тэглэхэд хэдэн хувийн хүүтэйгээр юу барьцаалсныг асууна. Хавар мөнгө дутагдах нь тодорхой. Дутагдсан мөнгөө нөхөх зорилгоор төгрөг хэвлэвэл 2016 оныг давтана шүү гэдгийг сануулна. 2016 онд Монголбанк Засгийн газар, УИХ-тай нийлж байгаад 600 тэрбум төгрөг хэвлэсэн. Тэр нь өнөөдөр төв банкны өр болчихсон яваа. Засгийн газраас авах авлага гээд. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газраас нэг ч төгрөг авч чадаагүй. Үүнтэй барьцаж байгаа юм шиг дахиад нэг их наядыг ч юм уу хэвлээд тараавал дараа нь учрах эрсдэл нь хэцүү. Сөрөг нөлөө нь наадмаас хойш мэдрэгдэнэ. У.Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газар гарч ирвэл үйл лайг нь өөрсдөө үүрнэ гэсэн үг. 1996 онд яг ийм үйл явдал болсон. 1992-1996 онд П.Жасрай гуай Ерөнхий сайд байсан. Өмнө нь Д.Бямбасүрэн гуай засаг толгойлохдоо иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг нь өгсөн юм. П.Жасрай гуайн засгийн үед хувь хүн, аж ахуйн нэгжийн төлдөг татвар 40 хувь байсан. Тухайн үед социализмаас улбаатай 180 гаруй аж ахуйн нэгж байлаа. Тэр өндөр татвараас болж хаалгаа барихад бэлэн байсан л даа. Ташраараа ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, хөрөнгө оруулалтгүй болчихсон цаг. Тийм үед М.Энхсайхан Ерөнхий сайд болонгуутаа маш хүнд реформ хийсэн. Тэрнийхээ шанд орон нутгийн сонгуульд унасан. М.Энхсайханы хийсэн реформ дампуурлынхаа ирмэгт ирсэн 1800 гаруй компаниудыг аварсан. Бүгдийг нь хувьчилж аварсан. Тэгсний хүчинд амьд гарсан юм. М.Энхсайханы Засгийн газар орон сууцыг хувьчилсан. Ийм шийдвэр гаргасан мөртлөө сонгуулиар унаж байсан түүх өнгөрсөнд бий. Ард түмэнд орон сууцыг нь үнэгүй өгөхөд л сонгуульд унадаг. Тэгэхээр тэтгэвэр тэглээд сонгуульд ялна гэсэн гэнэн хандлагаа хаях хэрэгтэй.

-Та өмнөх ярилцлагадаа эдийн засгийн хямралыг давж гарсан Ерөнхий сайд нарыг урьж баг болоод ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг энэ засгийн тэргүүнд дайж байсан. Хямралыг амжилттай давсан эхний Ерөнхий сайд М.Энхсайхан юм байна. Дараагийнх нь хэн бэ?

-Энэ удаагийнх 1990 оноос хойшоо тав дахь хямрал. Дөрвөн том хямралыг давж гарсан Ерөнхий сайд нарын зөвлөгөө хэрэгтэй. Улс төр, эдийн засаг, мөнгөний бодлогын шалтгаантай алдаанууд байсан л даа, өмнөх хямралууд. Цэвэр эдийн засаг талдаа шийдэж болохоор байсан. Хамгийн гол нь хямралаас гарах бололцоо нь байсан юм. Харин энэ удаагийнх огт өөр. Дэлхий даяар бүх бодлого өөрчлөгдөнө.

Тийм учраас жижиг, томгүй бүгд хохирно. Гэхдээ аль болох бага хохиролтой давах хэрэгтэй. М.Энхсайханы дараа нэрлэх Ерөнхий сайд бол Сү.Батболд. Ерөнхий сайд болохдоо хасах нэгтэй эдийн засаг хүлээж аваад 17 болгож өсгөсөн. Тухайн үед хийсэн алхмуудын ололттойг нь ашиглах хэрэгтэй. Ч.Сайханбилэгийг ч уримаар байгаа юм. С.Баярцогт шийдвэрийг маш сайн гаргадаг. Учир нь ийм үед мөнгөний бодлого, төсөв, санхүү талаасаа макро түвшинд бодлого гаргах хэдхэн хүн бий. Бүр нэрэлхээд байвал Д.Бямбаүрэн гуайтай уулзах хэрэгтэй.

-Сангийн яамны мэргэжилтнүүдэд гарц гаргалгаа байгаа байлгүй дээ…?

-Олон улсын хөрөнгийн биржүүд дээр улаан гэрэл ассан ийм үед манайхан унаад л босдог юм гэсэн сэтгэлгээ хандлагаасаа татгалзах хэрэгтэй. Сангийн яамны мэргэжилтэн залуус практикийн хувьд тэг. Гадны сургууль төгссөн, макро эдийн засгийн хэдэн параметр цээжилсэн хүмүүс. Зуун жилд нэг удаа болдог ийм агшилтын үед энэ залуусын туршлага, мэдлэг дутна. Өмнөх хямралуудыг даваад гарсан Ерөнхий сайд, эдийн засагчдыг хүний өөрийнгүй цуглуул гэж зөвлөөд байгаа минь ийм учиртай. Ийм хүмүүсээс бүрдсэн онцгой комисс байгуулах хэрэгтэй.

-Засгийн газраас яг ямар шийдвэр гаргах ёстой гэж та харж байна вэ?

-Төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Гэтэл Сангийн сайд хийхгүй гээд байна л даа. Эрүүл мэндийн сайд тахалтай тэмцэж байгаа. Сангийн сайдын өнцгөөс харахаар тахал биш ч юм шиг. Төсөв бүрдүүлдэг орлогын эх сурвалжууд чинь зогсчихлоо гэж Сангийн сайдад хэлмээр байна. Татвар бүрдэхгүй бол мөнгө хэвлэхээс аргагүйд хүрнэ. Мөнгө хэвлэвэл ирэх намар энэ алхмынхаа пянг дийлэхгүй. Яг нарийндаа Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төсөвт дуслын төдий ч нэмэр болдоггүй юмнууд дээр хөнгөлөлт чөлөөлөлт өгч байгаа анзаарагдсан.

-Жижиг, дундууд руу чиглэсэн ямар бодлого хэрэгтэй байна?

-Уг нь жилийн өмнө батлагдсан татварын бодлого жижиг дундууд руу чиглэсэн байгаа. Журам нь хатуу байна. Хуулийн зарим хатуу заалтыг зөөллөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийнх нь тайланг хараад 50 сая төгрөгөөс доош орлоготой бол шууд хялбаршуулсан руу оруулчихмаар байгаа юм. 300 саяас доош орлоготой бол нэг хувь руу автоматаар оруулаад явчих ёстой. Бюрократ хүндрэлийг хууль батлахдаа хийчихсэн байгаа. Уг нь хуулийн философи анхнаасаа тийм байгаагүй. Хуулийн энэ мэт хатуу заалтуудыг журмаар зөөллөөд явахаас аргагүй.

-Засгийн газар хэмнэлтийн горим руу орох хэрэгтэй байх…?

-Тэгэхээс аргагүй. Тэгэхийн тулд яамд яг ямар хэмнэлт хийх талаараа жагсаалт гаргах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн урд хөршид хийсэн айлчлалын талаар та түрүүн цухас дурдсан. Эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй айлчлал болов?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, улсаа төлөөлөх ганц субьект. Тэр утгаараа ажлаа хийлээ. 30 мянган хонийг Засгийн нөөцөөс өгөх байсан болов уу. Гэтэл Монголын ард түмний сайхан сэтгэлээр бүр аян эхэлчихлээ. Хамгийн анх 108 хонь хандивласан хүн гэхэд л Гомбо-Очир гэдэг малчин. Төв аймгийн Эрдэнэсантын хүн. Тэр хүнтэй уулзаж суухад “Малчид бид өөрсдөөсөө дутааж өгч бусдад тусалдаг. Илүүдэл бараагаа өгч сайн хүн болдоггүй” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүнд хэцүү үед мал, малчин хоёр л улсаа авч гарна гэж ярьдаг даа. Яг энэ цагт утгаараа мэдрэгдэж байна. Ийм том давлагаа үүсэхэд бараг Ерөнхийлөгч өөрөө гайхсан байх шүү. Нөгөө талаас үүнийг улс төр болгох гэсэн улс ч анзаарагдаж байна. Намын хонь ч гэж юу байхав. “Эртний сайхан” дуунд ард түмнээ “Тэнгэр мэт заяатай, Тэгш таван оюунтай, Тэнүүн уужим зарлигтай, Тэнгэрийн минь үр сад билээ” гэж магтсан байдаг. Монголын ард түмэн хүнд хүчир цагт засаг төрдөө түшиг тулгуур болсоор ирсэн учраас ингэж бичсэн хэрэг. Малчин түмний сайхан сэтгэл яг одоо гарч ирж байна.

-COVID-19 эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар СЭЗИС-ийн доктор гаргасан харагдсан. Та энэ чигээр судалгаа хийнэ гэж байсан. Дүгнэлтээ гаргасан уу?

-СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, Ц.Батсүх докторын нөлөөллийн судалгаа гарсан байна лээ. Эконометрикс хүн л дээ. Математикч, эдийн засагч хүн байгаа юм. Хэрвээ үйлчилгээний салбарын орлого тэг, уул уурхайн орлого тэг болох үед ямар өөрчлөлт гарах талаар судалж тооцсон харагдсан. Би тантай өмнө нь ярилцахдаа худалдаж авсан маш үнэтэй программ. Тэр программ дээр маш эрсдэлтэй өгөгдлүүд өгч байгаад ажиллуулах хэрэгтэй. Хоёрдугаар сарын статистик дүн ойрын үед гарах байх. Хэрвээ бодит үнэнийг гаргаж тавибал нүд халтирмаар тоо гарна. Хоёр, гуравдугаар сар хасахтай гарвал төсвийн тогтвортой байдлын хуулиар өөрчлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Гэхдээ төсвийн тогтвортой байдлын хууль энх цагийн хууль. Элдэв эрсдэл байхгүй аж төрж явсан үеийн хууль. Одоо бол онцгой үе. Ийм үед онцгой шийдвэр гаргахаас аргагүй. Ер нь дахиад бүх юм шинээр эхлэх байх. Өөрөөр хэлбэл бүгдийг restart хийж байна. Барууныхан гэхэд л форматлах хэлбэр рүү орчихсон. Нүүрс худалдан авагчтайгаа сая тохироод ирлээ гэж ойлгож байгаа. Тэрэн шиг жижиг худалдан авагчдаа анхаарах хэрэгтэй. Жижиг худалдан авагч гэдэг нь иргэд. Иргэдийнхээ цалинг таслалгүй, багасгалгүй өгч л байх юм бол эдийн засгийн эргэлтээ нөхөөд байна. Цалингаа тавьж хүчрэхгүйд хүрвэл тарчиг байдал руу орно.

-Одоо найдах ганц зүйл нь алт болоод байна. Алтны олборлолтоо нэмж чадвал хямралыг дажгүй давчих боломж бий гэдэгтээ та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Найдах зүйл алт гэдэг нь үнэн. Алтны хувьд ашиглаж болох үндсэн ордууд бий. Ой дотор ч гэсэн хамаа алга, дажгүй нөөцтэй орд байгаа л бол ашиглах хэрэгтэй.

-Ашиглаж болохоор алтны үндсэн орд гэдгээ тодруулаач?

-Жишээ нь Зүүнхараад нэг орд бий. Дархан цаазтай газарт оруулна гээд, орон нутгийнхан нь татгалзаад байгаа. Ноён уулнаас нэлээд зайтай оршдог тэр орд гэхэд л 14 тонн алтны нөөцтэй. 14 тонн алт гэдэг бол тэрбум ам.доллар. Цахилгаан орчихвол шууд ашиглаж болохоор орд. Бас нэг орд бий, говьд. 2008 оны сүүлээр С.Баяр гуайн Засгийн газар ашиглах гэж оролдсон юм. 124 тонн алтны нөөцтэй. Дархан цаазтай газраас гаргаад олборлолт эхлүүлье гэж үзсэн ч тухайн үед УИХ зөвшөөрөөгүй. Энэ мэтчилэн хэд хэдэн орд бий.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусын тархалт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?


Улс орнууд COVID-19-ын тархалтыг зогсоох чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Дэлхий яг одоо халдварын тархалтыг зогсоож, хүнээ аврахад анхаарал хандуулж буй. Зарим улс орон, шинжилгээ судалгааны байгууллагууд COVID-19 эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад хариу хайж, судалгаа хийж эхлээд байна. Коронавирусийн тархалтын гадаад, дотоод эдийн засагт үзүүлж буй нөлөө, үр дагавар, ийм үед ямар арга хэмжээ авах ёстой талаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн удирдлагууд, компанийн төлөөлөл, эдийн засагчдын байр суурийг сонирхсоноо хүргэе.


Image result for Б.Бямбасайхан

КОРОНАВИРУС ЭДИЙН ЗАСАГТ ЯГ ЯАЖ НӨЛӨӨЛӨХИЙГ НАРИЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч Б.Бямбасайхан


-Коронавирусийн тархалт өнөө жилийн эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Яг таг хугацаа заасан таамаглал, тооцоог өнөөхөндөө хийгээгүй учраас тэгж ингэж нөлөөлнө, тийм хугацаанд эрсдэлтэй байна гэж хэлэхэд хэцүү. Өнөөдрийн хувьд дэлхий даяар өвчинд гол анхаарлаа хандуулж, вирусийн тархалтыг багасгахад илүү чиглэж байна. COVID-19 эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн нь бол тодорхой. Манайд гэхэд худалдаа зогсч байна. Худалдаа зогсонгуут эдийн засагт том асуудал үүснэ.

-Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарна гэсэн таамаглал гараад эхэллээ…?

-Хятадын эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь ямар байх вэ гэдгийг хүн бүр хүлээж байна. Урд хөршийн эдийн засгийн өсөлт зургаан хувьтай байсан бол 5.5 хувь болоод буурчихлаа. Нэг хувиар өсөлт нь саарна гэдэг Хятад шиг аварга зах зээлийн хувьд маш том нөлөөлөл. Нүүрс, зэс, газрын тос гэх мэт голлох бүтээгдэхүүний ханшид нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ нэг зүйлийг онцлоход хувийн компаниуд, бидэнд ч эхнээсээ мэдрэгдээд эхэлсэн. Манай компани судалгааны ажлаар Хятадад хуралд оролцох байсан юм. Хамтарсан судалгаа хийж байгаа хүмүүс маань Английнх. Хамтраад урд хөршид уулзахаар тохирсон тов хойшлогдох жишээний. Энэ ажил хойшлогдонгуут өнөө ажлын маань төлбөр хойшлогдож байгаа юм. Төлбөр ороод ирсэн бол цалин тавих, татвар төлөх гээд өчнөөн зүйлд зарцуулах хэрэгцээ байгаа.

-Одоо яах ёстой вэ?

-Эдийн засагт яг нөлөөлөхийг нь нарийвчилж судлах хэрэгтэй. Ямар ч тооцоогүйгээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.

-Төсвийн орлого тасрах нь тодорхой болчихлоо, тодотгол хийх ёстой гэсэн санаа оноонууд дуулдаж байна…?

-Тийм эрсдэл бий. Гэхдээ манайхан төсвийн орлого тасарна гээд зөвхөн нэг талаас нь хараад байна л даа. Нөгөө талд төсвийн орлогыг бүрдүүлж байгаа компаниудаа ярихгүй байна. Төсвийн орлого компаниудын өгдөг татвараас бүрддэг. Төсвөөс 300 мянган хүн цалинждаг бол компаниудад нэг сая хүн ажилладаг. Хятадын эдийн засаг нэг хувиар саарахад Монголд нөлөөллөө үзүүлнэ, товчхондоо Монголын компаниудад хүнд тусна.

Image result for МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин

ХҮНД БАЙДАЛД ОРСОН КОМПАНИУДАД ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ӨГНӨ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин


-Коронавирусийн тархалтын үеэрх хөл хорио компаниудын үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна вэ?

-Компаниудын үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж байгаа. Ялангуяа түрээс болон үйлчилгээний бизнес эрхэлдэг хүмүүсийн бизнесүүд бодитойгоор доголдоод эхэлсэн. Ихэнх үйлдвэрлэгчийн гол түүхий эд урд хөршөөс хамааралтай. Олонх нь 45-61 хоногийн нөөцтэй байдаг. Халдварын тархалт удаан хугацаанд үргэлжилбэл үйлдвэрлэлийн нөөц бодитойгоор доголдоод эхэлнэ.

Хүнсний гол 16 нэрийн барааны хувьд учиртай юм билээ. Бид гол нэр төрлийн барааны импортлогчидтой уулзсан. Хятадаас цөөн тооны өргөст хэмх, улаан лооль, сонгино, лууван, байцаа оруулж ирдэг. Эдгээр бүтээгдэхүүний хувьд орж ирэхгүй байлаа гэхэд хүнсний хомсдол айхавтар үүсгэхгүй. Евро Ази, тэр дундаа Беларусиас хангах боломжтой. Импортын будааны хувьд ихэнх нь Тайланд, Вьетнамаас ирдэг. Будааны импортын тухайд тээврийнх нь үнэ бага зэрэг өсөх эрсдэл бий. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-д саналаа хүргүүлж байгаа. Үнэ өсөх, хомсдол үүсгэх нөхцөл бүрдүүлэхгүйн тулд татварыг нь хөнгөлөх, хойшлуулах гарц бий. Энэ мэт арга хэрэглэвэл гол нэрийн 16 бүтээгдэхүүний хувьд асуудал гарахгүй.

-Хүнд байдалд орсон компаниудад танхимын зүгээс дэмжлэг үзүүлэх боломж бий юү?

-Онцгой байдал тогтоосонтой холбоотойгоор бизнест хохирол, хүндрэл учрах нь тодорхой. Энэ тохиолдолд компаниуд танхимд хандаж, давагдашгүй хүчин зүйлийн болон хүнд нөхцөлийн гэрчилгээ авч болно.

Бид энэ тохиолдолд хоёр янзаар гэрчилнэ. Ийм гэрчилгээ авбал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн компаниудын хувьд гэхэд л хугацаагаа хойшлуулах гэх мэт боломж үүснэ.

-Төрөөс ямар алхам хийвэл компаниуд хүндрэлтэй байдлыг дажгүй давах бол?

-Төрөөс татварыг нь хойшлуулах талд анхаарвал том дэмжлэг болно. Хятад улсын тухайд түрээсийн төлбөрийг нь хоёроос гурван сараар нь төлж өгөх, зээлийн хүүг нь хойшлуулах гээд бодитой арга хэмжээг авч байгаа юм билээ. Тухайн бизнес хүндэрвэл ажлын байр байхгүй болно. Ажилгүйдлийн нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их учраас төрөөс нь бодлогоор дэмжсэн хэрэг. Ганц Хятад ч гэлтгүй иймэрхүү онцгой хорионы үед компаниудаа дэмждэг жишиг дэлхийн олон улсад бий.

-Вирусийн тархалт төлөвлөснөөс урт хугацаанд үргэлжилбэл танхим ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ урт хугацаанд үргэлжилбэл хэрхэн даван гарах тал дээр санал боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.

Image result for Эдийн засагч Н.Энхбаяр

ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЁСТОЙ

Эдийн засагч Н.Энхбаяр


-Коронавирусийн тархалт буурах янзгүй байна. COVID-19 урд хөршийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, манайд үзүүлэх нөлөө нь ямар байх бол?

-Одоогийн суурь нөхцөлийг дурдвал БНХАУ-ын эдийн засаг 13.6 их наяд ам доллар буюу дэлхий нийтийн ДНБ-ий 18 орчим хувийг эзэлж байна. Манай улсын хувьд эрдсийн гол бүтээгдэхүүнээ урд хөршид экспортолдог гэдэг утгаараа энэ улсын эдийн засгийн өсөлт ямар байх нь бидэнд яалт ч үгүй чухал л даа. Үүсээд буй эрсдэл гэвэл гурван зүйлийг онцолмоор байна. “Голдман сакс”-ын шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.8 хувиас 5.2 хувьд хүрч буурна гэж таамаглал дэвшүүлчихлээ. Халдварт өвчний тархалт оны эхний хагас жилд үргэлжлэх эрсдэлтэй байгаа. Багадаа тавдугаар сар хүртэл. Энэ хугацаанд Хятадын гадаад худалдааны эргэлт саарч, эрэлт нь ихээхэн буурах магадлалтай. Манайд үзүүлэх үр дагавар гээд харвал экспорт 500 саяас нэг тэрбум ам доллараар буурч 6.6 тэрбум ам долларт хүрэх эрсдэл бий. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн алдагдал 2.1 их наядаас гурван их наяд төгрөгт хүрч нэмэгдэх эрсдэл харагдаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэх боломжгүй болох эрсдэл бий. Барилгын ажил царцах нь бараг л тодорхой эрсдэл.

-Хувийн хэвшлийн хувьд ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ?

-Борлуулалтын орлого багасч, экспорт буурах эрсдэл өндөр байна. Хамгийн том нөлөөлөх салбар нь уул уурхай, тээвэр, барилга. Экспорт, импортын хязгаарлалтаас болж импортоор авч байгаа өргөн хэрэглээний хүнсний барааны хангалт тасалдаж, үнэ өсөх эрсдэл бас бий. Уул уурхай, тээвэр, барилгын болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчдын цалин хөлс буурах эрсдэлийг дурдаж болж байна. Геологи хайгуулын ажлууд, энэ онд шинээр эхлэхээр төлөвлөж байсан уул уурхайн төслүүд хүлээлтийн байдалд орно. Орон сууцны боруулалт буурах, ипотекийн зээлийн төлөлт удаашрах, чанаргүй ззээл нэмэгдэх эрсдэлтэй.

-Сая хэлсэн эрсдэлээс сэргийлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Улсын төсөвт тодотгол хийх, жижиг бизнес эрхлэгчидийг дэмжих зохистой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол гурав, дөрөвдүгээр улирлаас банкны салбарын хугацаа хэтэрсэн зээл, цаашлаад чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэл бий.

Image result for Эдийн засагч Г.Ганзориг

ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИМОГ АЛХАМ ХИЙХ ЦАГ БОЛСОН

Эдийн засагч Г.Ганзориг


-Коронавирусын тархалт эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Коронавирусийн тархалтаас болж тодорхой боомтууд зогссонтой холбоотойгоо хамгийн эхлээд үзүүлж буй нөлөө бол валютын урсгал. Валютын урсгал муудлаа. Нөгөө талаас үйлчилгээний компаниуд үүд, хаалгаа барьж борлуулалтад нь сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Яг ямар арга хэмжээнүүд авах ёстой гэж та харж байна вэ?

– Валютын ханшид хамгийн түрүүлж нөлөөлөх эрсдэлтэй тул валютын нөөцөө нэмэгдүүлэх зоримог алхмууд хиймээр байна. Жишээ нь, өмнөх жил нэмэгдүүлсэн алтны АМНАТ-ийг тодорхой хугацаанд бууруулж болно. Ингэснээр алтны худалдан авалт нэмэгдэж валютын нөөцөд дэмжлэг болно. Нөгөө талдаа тансаг хэрэглээний зарим импортын барааны татварыг нэмэгдүүлэх гарц бий. Мөн төсвийн зайлшгүй шаардлагатай биш буюу үр өгөөж нь богино хугацаанд гарахгүй хөрөнгө оруулалтуудаа танах нь зөв болов уу. Хувийн хэвшлүүдийн хувьд дэмжлэг үзүүлж, эдийн засгийн идэвхжилээ хадгалж үлдэх хэрэгтэй. Одооноос эдийн засгийн тогтвортой байдлаа хангах чиглэлд бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол оны хоёрдугаар хагаст байдал хүндэрч мэднэ. Ийм эрсдэлтэй нөхцөлд иргэдийн зүгээс хувийн ашиг хонжоо хайсан үйлдэл битгий хийгээсэй гэж хүсч байна.

Image result for ‘Бурханлиг гоо сайхан’ ХХК захирал М.Гонгорсүрэн

ЭРҮҮЛ МЭНДЭЭС ЧУХАЛ ШАТАЛТ, ЭРСДЭЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ

“Гоо” брэндийн үүсгэн байгуулагч, ‘Бурханлиг гоо сайхан’ ХХК захирал М.Гонгорсүрэн


-Коронавирус компаниудын хувьд урьдчилж тааварлашгүй эрсдэл боллоо. Танай компанид ямар асуудал тулгарч байна вэ, Жишээ нь татвар төлөлт дээр?

– Ер нь жижиг дунд бизнес эрхлэгч бид ямар ч үед хүнд хэцүү байна гэж гомдоллолгүйгээр баялаг бүтээсээр ирсэн. Энэ удаад ч мөн адил тулгарч буй бэрхшээлийг даван туулахын төлөө ажиллаж байна. Манай компани түрүү жилийн Сар шинээр 15 мянган ширхэг Сар шинийн багц үйлдвэрлэж борлуулж байсан юм. Энэ жил урьд жилүүдээс өндөр төлөвлөгөөтэйгээр олон сарын өмнөөс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, нөөцөлсөн гээд наад захын хүндрэлүүд тулгарч яваа. Гэхдээ эрүүл мэндээс чухал шаталт, эрсдэл гэж юу байхав, цаг үетэй холбогдуулан, хурдан шуурхайгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд бактерийн эсрэг саван үйлдвэрлэж чадлаа. Татварын хувьд гэвэл зөвхөн одоогийн нөхцөл байдал гэлтгүй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжсэн дорвитой татварын хөнгөлөлт, зохицуулалт байхгүй гэсэн асуудал бий. Энэ асуудлыг бодлогын хүрээнд ярьж, зохицуулах хэрэгтэй болов уу.

-Төр засгаас ийм онцгой нөхцөлд компаниудаа дэмжих бодлогыг явуулаад эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд засгаас хүсэх зүйл юу байна вэ?

-Ихэнх үйлдвэрлэгчид ЖДҮ-ийн хүү багатай, хугацаа урт зээлд хамрагдаж чадалгүй арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан байдаг. Ийм учраас банкны хүүг бууруулах, мөн томоохон түрээслүүлэгчдийн түрээсийн хувийг багасгах тал дээр арга хэмжээ авбал бидэнд маш том дэм болно. Гоо брэндийн хувьд өөрсдийн нэрийн арван салбар дэлгүүр, борлуулалтын хорь гаруй цэгтэй. Хүний хөдөлгөөн 60 хувиар буурсан энэ үед түрээсийн үнэ яг хэвээрээ байгаа нь хүндрэл үүсгэж эхэлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Эдийн засагч Ерөнхий сайд нараас бүрдсэн багийг У.Хүрэлсүх яаралтай бүрдүүлэх хэрэгтэй

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Коронавирусийн халдвар эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Эдийн засаг өөрөө онцгой байдалд орчихлоо л доо. Эрүүл мэндийн яамнаас гадна Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, эдийн засагт оролцдог институциуд онцгой байдал зарлах ёстой. Хоёрдугаарт, УИХ нэн даруй хуралдаж ээлжит бус чуулганаараа улсын төсөвт тодотгол хийх учиртай. Эхний улиралд экспорт тэг боллоо. Өнөөдөр үйлчилгээний хэдхэн салбар дээр нэмэх нь мал, малчин гурав л үлдэж байна. Экспортолж буй гол зүйл маань “шороо”. Шороог маань авдаг үйлдвэрүүд зогсчихлоо.

-Улсын төсөвт хоёр их наядын илүү зардал бий. Энэ зардлаа буцааж танах асуудал яригдахаас аргагүйд хүрч байна уу?

-Тэгж ойлгож болно. Онцгой горимд тохирсон төсвийг дахин бататгах ёстой.

Хоёрдугаарт, төв банк валютын зах зээлд хөдөлгөөнд оролцох учиртай. Учир нь өдгөө экспорт, импорт аль аль нь зогсож байна. Үүнийг дагаад банкны салбарууд зээлийн хүүгийн асуудлыг тавин хувь багасгах учиртай. Хадгаламжийн хүүг ч багасгах ёстой байгаа юм. Ингэж байж харилцан гэрээнүүдээ эргэж харна гэсэн үг л дээ. Нөгөө талаасаа СЗХ-гоор дамжаад ББСБ-ууд энэ асуудалд анхаарах байх.

Бид 1990-1992, 1997, 2009, 2013-2016 онд хямралуудтай таарч явсан. Тэр үеийн хямралууд цэвэр эдийн засгийнх байсан. Энэ удаагийн онцлог нь огт өөр болчихож байгаа юм. Тийм учраас тухайн үед хямралаас гаргаж байсан мэргэжилтнүүд

-Өнөөгийн Ерөнхий сайд тухайн үеийн Ерөнхий сайд нарыг жишээ нь урих уу. Урихгүй байх магадлал нь өндөр юм биш үү?

-Ичиж нэрэлхэх явдал байхгүй л дээ. Д.Бямбасүрэн гуай, М.Энхсайхан гуайг урих хэрэгтэй. Сүүлд гээд ярихад Ч.Сайханбилэгийг ч дуудаж авчрах хэрэгтэй. Н.Алтанхуягийг ч урьж болно. Үүн дээр хүний, өөрийн нам гэх ямар ч зааг ялгаа хэрэггүй. Хамгийн гол нь зовлон үзсэн чавганц л үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх сайд зовлон үзсэн, улсаа хямралаас гаргасан Ерөнхий сайд нарыг уриад баг бүрдүүлээд ажиллах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүрээлэн гэж байдаг байлгүй дээ. Их сургуулийн эрдэмтдээс баг гаргах боломж бий юү?

-Шокийн үеийн эдийн засаг гэж бий. Баг гаргаад ажиллуулбал судлаач нар бий болов уу гэж найдаж байна. Тэдний үгийг сонсох ёстой. Одоо гээд яривал бүх зүйл миннимал байдалд бий. Ярианы эхэнд хэлсэнчлэн мал, малчин хоёр л хэрэг болно. Хамгийн том олзуурхал гэвэл бид нөөцөө сайн бүрдүүлчихсэн. Нөөцөө сайн бүрдүүлсэн үе ч таарлаа. Өвлийн цагт монголчууд махаа сайн бэлдээд авчихдаг. Ногоогоо ч бэлдчихдэг. Нөгөө талаасаа Цагаан сар гэдэг утгаараа хүнсний бэлтгэл дажгүй хийгддэг. Ийм үе таарсан учраас бидэнд олзуурхууштай нөхцөл давхацсан гэсэн үг. Тэгэхээр өөрийн нөөцийн менежмэнт дээрээ сайн ажиллах хэрэгтэй.

-Та төсөвт тодотгол хийх ёстой гэлээ. Яг ямар тодотгол хийх ёстой гэж?

-Хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихсан. Ядаж л тэр алдагдлаас нь салгамаар байна.

-Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл дээр өөр зарчим барих ёстой болж таарч байна аа даа?

-Буулгах байлгүй дээ. Хэмнэлтийн байдлаар явахаас аргагүй.

-Нүүрс тэг зогсолт хийчихсэн. Зэсийн баяжмал дээр л найдвар байх шиг…?

-Зэсийн баяжмал авдаг тал маань авахгүй гэвэл мөн л тэг зогсолт хийнэ. Алт л жаахан эргэлдэх байх. Гэхдээ эзлэх хувь нь бага. Хамгийн гол нь бүх баялаг, өөрөөр хэлбэл бүх “шороо” маань урд хөршид экспортлогддог.

-Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо онцгой байдалд ажиллах ёстой гэж ойлголоо. Тэд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Эхний ээлжинд хоорондоо уулзалдаж ярилцах ёстой. Уулзалдалгүйгээр өөр өөр тийш хараад суучихдаг алдаа эдгээр байгууллагад бий.

-Эдийн засаг өнөөгийн нөхцөлд муудлаа гэхэд хэчнээн хувиар буурах ёстой гэж тооцох ёстой вэ?

-Муугаар бодвол доод тал нь хоёр дахин унах ёстой гэж эдийн засгийг тооцох ёстой. Төсвийн орлогыг гэхэд л 11 их наяд биш, таван их наяд гэж тооцох учиртай. Ингэж тооцож бүх юмаа хэмнэлтийн горимд шилжүүлэх хэрэгтэй. Тэр бүү хэл цалинг ч багасгах ёстой. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухаан хоёрт итгээд суухаас аргагүй.

-Төсвийн орлого эрс багасах нь ээ?

-Тэгнэ. Өмнө байснаасаа гурав дахин багасна. Тийм учраас тодотгол хийх ёстой гээд байгаа юм.

-Эдийн засгийн хямралын үед эдийн засагчид улсыг удирдаж байсан гэсэн тайлбар дуулддаг. Үнэхээр тийм шалтгаан байсан уу?

-Үнэн. Тийм учраас эдийн засагч биш Ерөнхий сайддаа “нэрэлхэх хэрэггүй” гэж зөвлөөд байгаа юм. Ганц Сангийн сайддаа найдаж болохгүй. Энэ Сангийн сайд маань хямралаас улсаа гаргаж чадсан уу гэдэг дээр туршлагыг нь харах хэрэгтэй. Тийм учраас нэрэлхэх хэрэггүй. Мэргэжлийн Ерөнхий сайд нартаа хандах хэрэгтэй. Хямрал бүрт Ерөнхий сайд нар маань мэргэжлийн эдийн засагчид байсан гэх шалтгаан бий.

-Тухайн үед Ерөнхий сайд ч юм уу ЗГХЭГ-ыг авч явсан улсууд өнөөдөр шоронд хоригдох шахуу яваа юм биш үү?

-Тийм бол тэр хүмүүсээ шоронгоос нь гаргаад хүчийг нь ашиглах хэрэгтэй. Шокийн менежмэнт дээр тэд л ажиллаж чадна. Шокийн менежмэнт хийх ганц хүнээ халчихсан харагдсан.

-Тэр нь хэн бэ?

-Н.Энхбаяр гэж эдийн засагчийг хэлээд байна л даа. Тэр залуу долоон Ерөнхий сайдад зөвлөгөө өгч явсан хүн. Макро эдийн засгаа гадарладаг ганц нь гэж хэлж болно.

-Ингээд бодоод байх нь ээ ганц аврал маань ОУВС юм биш үү?

-Ерөөсөө л тийм. Зөвлөгөөг нь үг дуугүй дагах хэрэгтэй. Нэрэлхэх шаардлагагүй.

-Эдийн засгийн хямралыг давахад мэргэжлийн Ерөнхий сайд нарын оролцоо өндөр байсан гэж та ярилаа. Жишээ нь, хэн гэж Ерөнхий сайд улсаа хямралаас гаргачихав аа?

-Д.Бямбасүрэн гуай улсаа шокоос гаргаж байсан. Түүхийг нь нийт ард түмнээрээ мэднэ. Дараа нь М.Энхсайхан улсаа хэцүү байдлаас гаргасныг өнгөрсөн түүхээс харж болно. 2009 оны хямрал айхавтар байсан. Шатах тослох материал, улаанбуудайн нөөц хэцүүдсэн. Мэргэжлийн хүмүүс л энэ бүх хямралаас улсаа авч гарсан нь бодитой үнэн.

-Өнөөдрийн Ерөнхий сайд лав мэргэжлийн эдийн засагч биш. Ингээд харахаар яалт ч үгүй өмнөх Ерөнхий сайд нараасаа тусламж авах ёстой болж таарч байна аа даа?

-Яг тийм. Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн улсуудаас бүрдсэн баг гаргаж ажиллах хэрэгтэй. Өөр гарц байхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Бүх зүйл новш”

“Нью Иорк таймс” сонины бестселлэр “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”-ийн зохиогч Марк Мэнсоны “Бүх зүйл новш” ном хувь хүний хөгжилдөө анхаарсан хэний ч сөхөж харахаар бүтээлд тооцогдож байна. Энэ номын тухай Колумбын их сургуулийн сэтгэл судлалын профессор Скот Барри Кауфман “Марк Мэнсон хүний аз жаргалтай сайн сайхан амьдралын тухай асуултуудыг бүтээлч санаанд оромгүй байдлаар тасралтгүй нарийвчлан судалсаар. Үр дүнд нь манай ертөнц хааш зорьж буй, түүнчлэн бид тэрхүү газарт хүртлээ өөрсдөдөө болон бусдад хэрхэн илүү санаа тавих талаарх зарим гүн гүнзгий асуултуудад анхаарал хандуулсан, гайхалтай, ойлгоход хялбар ном болжээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан харагдсан.

Хүний ертөнц материаллаг талаасаа өөлөх зүйлгүй төгс болохын хэрээр ганцаардал, шаналал газар авдгийн шалтгаан, сэтгэл хангалуун бус байдлаас гарах арга, хиймэл оюун ухааны хөгжлөөс болж цаашид ч танигдах аргагүй өөрчлөгдөх дэлхийд өөрийгөө алдахгүй аз жаргалтай амьдрах урлагийг Марк номондоо багтаажээ. 132 оронд явуулсан судалгааны дүнгээс харахад тухайн улс орон хэдий чинээ баяжина, хүн ам нь амьдралын утга учир зорилгын талаар төдий чинээ бодож шаналдаг гэнэ. Чинээлэг хөгжингүй ертөнцөд гутранги үзэл өргөн тархсаны гол шалтгаан нь энэ аж. Олон нийтийн санаа бодлын талаар мэдээлэл цуглуулдаг Yougov компани 2015 онд дэлхийн 17 оронд явуулсан судалгаагаараа дэлхийн байдал сайжирч байна уу, муудаж байна уу, эсвэл хэвэндээ байгаа юу гэсэн асуултад хариу авахад хамгийн чинээлэг орнуудын иргэдийн 10-аас цөөн хувь нь байдал сайжирч байгаа гэж хариулжээ. Харин АНУ-ын судалгаанд хамрагдсан иргэдийн зургаан хувь нь сайжирч байгаа гэсэн бол Австрали, Францад энэ үзүүлэлт ердөө гурван хувь байж. Номын тайлбар хэсэгт энэ мэт судалгаануудын линк, холбоосуудыг хийж өгсөн нь илүү их мэдээлэл хайсан хүмүүст зүг чиг болохоор санагдсан.

Алдартай философичдийн түүх, үзлийг эшилсэн хэсэг энэ номонд элбэг таарна. Хөгжих хэрээр аз жаргалгүйчүүдийн тоо өсч яваагийн шалтгааныг гэхэд л философичдын үзэл номтой холбочихсон байх жишээний. Зохиогч Платоныг гэхэд л “Хуурамч эрх чөлөөний аюул заналхийлэхийг, зугаа цэнгэл цэцэглэн хөгжихийг, ийнхүү цэцэглэн хөгжих нь хүмүүсийн үнэт зүйлсэд гамшигт нөлөө үзүүлэхийг, хэтэрхий их баяр жаргал хүн бүрийг балчир хүүхдэрхүү, амиа хичээсэн, ямбатай, ердөө өөрийгөө л хайрладаг болгохыг Бернейсээс өмнө нэг хүн олж харжээ. Тэр бол улс төрийн философийн жинхэнэ гангстер. “Сэтгэлийн загалмайлсан эцэг”-ийг ч (Зигмунд Фройд) март. Энэ эр сэтгэл гээчийн санааг анх олж нээсэн шүү. Тэр хэдэн мянганы турш үргэлжилсэн энэ бүх гай гамшгийг хэн хүнээс ч өмнө олж харжээ. Хүний санаанд орж болох бүх сэдвээр санаагаа илэрхийлсэн анхны агуу сэтгэгч Платон л болов уу. Боддог, мэдэрдэг тархи угаасаа салангид гэдгийг тэр анх таамагласан. Хүн хүсэл эрмэлзлээ өөгшүүлэх замаар биш, харин өөрийгөө үгүйсгэх янз бүрийн хэлбэрээр зан төлвийг бий болгох ёстой гэж хамгийн анх тэр л нотолсон. Платон үнэхээр мундаг хүн байжээ” хэмээн дуу алдан бахадсан байна лээ. Ер нь агуу философичид хүн төрөлхтөнд юу үлдээснийг “Бүх зүйл новш” номноос багцаалдаад харчихаар юм билээ.

Шинжлэх ухаанч тайлбар, философич гаргалгаа, судалгаан дээр суурилсан үнэлэлт, дүгнэлтүүд ихтэй энэ номонд хүний тархины тухай сонирхолтой хэсгүүд байсхийгээд таарна. Тархи яаж ажилладаг талаарх шинжлэх ухааны нотолгооноос эхлээд бясалгал тархинд хэрхэн нөлөөлдөг тухай ултай судалж харсан дүгнэлтүүд нь олзуурхууштай санагдсан шүү. Марк Мэнсоны номноос “Орчин үеийн барууныхан бясалгалыг тайвшруулах арга гэж ойлгодог. Харин жинхэнэ буддын шашны бясалгал нь утасны сонирхолтой программудыг ашиглан стрессээ тайлахаас хамаагүй илүү эрч хүч шаардсан ажил. Хатуу бясалгал нь чимээгүй сууж өөрийгөө хайр найргүй ажиглахыг шаарддаг. Хүн удаан хугацаагаар бясалгал хийвэл хамгийн шившигтэй зүйлс нь ил гарч эхэлдэг. Хачин жигтэй хий бодлууд, хэдэн арван жилийн өмнөх харуусал, бэлгийн гаж дур хүсэл, тэсвэрлэшгүй уйтгар гуниг, ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмж урган гарна. Эдгээрийг зүгээр л ажиглаж, хүлээн зөвшөөрч, дараа нь чөлөөлж байх хэрэгтэй. Бясалгал бол үндсэндээ эмзэг, сул дорой байдлын эсрэг дасгал юм” гэсэн хэсгийг онцолмоор байна. Бясалгалыг гүнзгий судалсан хүний л хийх дүгнэлт.


Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхжаргал: Хөрөнгө оруулалтын сангууд ажиллаад эхэлбэл иргэдэд том төслүүдээс ч өгөөж хүртэх боломж нээгдэнэ

Голомт капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Манай улсын санхүүгийн зах зээл банк гэсэн ганц баганатай. Нөгөө талд компаниуд IPO хийж хөрөнгө босгож яваа нааштай зураг анзаарагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Банк, хөрөнгийн зах зээл хослоод хөгжих боломж ер нь байна уу?

-Тийм боломж бий. Учир нь манайх өсч яваа шинэ ардчилсан улс. Америк 400 жилийнхээ түүхийн эхний 200 жилд нь арилжааны банкуудынхаа системийг бүрдүүлэх гээд зүтгэсэн бол бид өнгөрсөн 30 жил арилжааны банкны үндсэн системийг бүрдүүлээд, их сайн ажиллаж байна. Одоо цаашид хөгжиж, баялгийг илүү олон хүнд хуваарилахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цаг ирчихлээ. Аж ахуйн нэгжүүд энэ эрэлтийг мэдрээд IPO гаргаж эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арваад компани IPO гаргасан байх жишээний. Эдийн засгийн бүтцийг харахаар арилжааны банкны нийт актив буюу хөрөнгө, зээл гаргаж буй хэмжээ ДНБ-ий 98 хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, дийлэнх аж ахуйн нэгж арилжааны банкнаас өндөр өртөгтэй зээл авч яваа.

-Компаниуд бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр босгохын тулд хөрөнгийн зах зээл рүү гараад эхэлчихлээ л дээ. Иргэдийн хувьд тэдний хувьцааг худалдаж авахын давуу тал нь юу вэ?

-Хөрөнгийн зах зээлийн тогтолцоо их энгийн. Байр сууриа олсон компани олон нийтэд хувиа зарж байна гэсэн үг. Олон жилийн туршлага, ирээдүйн өсөлтөө ард иргэдэд худалдаж байгаа гээд ойлгочихож болно. Ингээд харахаар зах зээлд байр сууриа олсон компанийн хувьцааг худалдаж авна гэдэг маш том боломж. Гэр бүлийн компанийг ах дүүс л эзэмшдэг. Том компаниуд IPO гаргаж эхэлнэ гэдэг бол ажлаа хийж цалингаа авч яваа хүмүүст ирээдүйд хуримтлал үүсгэх боломжийг өгч байгаа хэрэг л дээ. Ирэх жилүүдэд эдийн засаг тэлэх нь тодорхой. Эдийн засаг тэлэх тусам компаниудын орлого өснө. Зах зээлийн жам, дүрэм нь ийм. Хятадын эдийн засаг өнгөрсөн зууны далаад оноос хойш яг энэ замаар өсч хөгжөөд дэлхийн хамгийн хүчтэй эдийн засаг болчихсон. Зах зээлийн арга хамгийн зөв нь гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бид зах зээлийн замыг сонгосон, одоо цаг үеэ дагаад хөрөнгийн зах зээл рүү орох хэрэгтэй.

-Өнгөрсөн жил хөрөнгийн зах зээл дээр хийсэн IPO-д хэчнээн хүн оролцсон бол, компаниудын босгосон мөнгөний хэмжээг харахаар энэ зах зээлийг сонирхогчид мэдрэгдэхүйцээр нэмэгдчих шиг санагдсан…?

-Түрүү жил 7000 шинэ хүн хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хувьцаа худалдаж авсан. Энэ бол том амжилт. Компаниуд хувьцаагаа арилжиж, хувь хүмүүс худалдаж аваад эхэлчихлээ. Одоо мэргэжлийн хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж авдаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 7000 гаруй хүн өөрөө шийдвэрээ гаргаад хувьцаа худалдаж авлаа. Тэдний цаана үлдсэн буюу нийгмийн даатгал төлдөг 400 гаруй мянган иргэнийг төлөөлсөн хөрөнгө оруулалтын сан ажиллах орон зай, эрэлт байна.

-Нийгмийн даатгал төлөгч иргэдийг төлөөлж хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалж буй компанитай харилцах мэргэжлийн сан ажиллах шаардлага бий гэж ойлголоо…?

-Яг тийм. Хөрөнгө оруулалтын сан тэр олон иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж хөрөнгийн зах зээлээр дамжиж компанитай харьцах учиртай. Ингэвэл компаниудын тайлан ил тод болно, илүү хариуцлагажина. Том сан бүрдээд ирэхээр тухайн сан нь тодорхой хэмжээний чадалтай болно. Эцсийн бүлэгт монгол хүмүүс нь монгол компаниа дэмжинэ гэсэн үг. Аж ахуйн нэгж нь хямд өртөгтэй эх үүсвэр татаж бизнесээ хөгжүүлнэ, үндэсний компаниа дэмжсэн монгол иргэд ч мөнгөө үржүүлнэ. Энэ мэт маш олон давуу тал бий. Өнөөдрийн хувьд компаниудад өндөр хүүтэй, богино хугацааны санхүүжилтийн эх үүсвэр л олдож байна. Тэгэхээр урт хугацааны,бодлогын хөрөнгө оруулалт хийх аргагүй болчихож байгаа юм. Саявтар активын чанарын үнэлгээ хийх үеэр банкуудыг салгах уу, нэгтгэх үү гэсэн асуудлыг нэлээд ярьсан. Банкууд хөрөнгөө нэмэх ёстой гэдэг. Хөрөнгөө нэмэх хамгийн энгийн арга нь IPO хийх. Гэвч банкуудын хувьцааг худалдаж авах чадвартай сан Монголд байхгүй. Тэр утгаараа энэ бол маш том орон зай. Томоохон хөрөнгө оруулалтын сан тав, арван жил ажиллаж, 500-700 орчим тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэчихвэл тодорхой хувиараа арилжааны банкны хувьцаа авч болно. Тэгвэл тухайн хөрөнгө оруулалтын сангийн гишүүд нь буюу иргэд арилжааны банкны ашгаас хүртэж болно гэсэн үг . Гэтэл өнөөдөр олон нийтэд ийм боломж алга.

-Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сантай бол Оюу толгой гэх мэт ашигтай төслүүдээс ч өгөөж хүртэх боломж хувь иргэдэд гарч ирэх нь ээ?

-Тэгнэ. Гадны хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж буй, манай улсад үйл ажиллагаа явуулдаг том төслүүдийн хувьцааг Монголын хөрөнгө оруулалтын сан худалдаж авдаг болчихвол монгол иргэд өгөөж ашгийг нь хүртээд эхэлнэ.

-1072 хувьцааны ногдол ашгийг өнөөг хүртэл хүртсэн монгол алга. Хөрөнгө оруулалтын сантайсан бол Таван толгойгоос бодит ашиг хүртэх боломж ч нээгдэх нь, тийм үү?

-Ер нь бол тийм. Хүчээр хийх гээд байгаа учраас 1072 хувьцаа өгөөжөө өгөхгүй байгаа юм. Хөрөнгө оруулалтын сан байсан бол тухайн сан 500 гаруй мянган иргэнээ төлөөлөөд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг худалдаж авч болно. Энэ тохиолдолд Таван толгойн өгөөжийг бодитоор хүртэж болно. Дэлхийн алдартай компаниудын жишгийг харвал манайх шиг гэр бүлийн компани гэж байхгүй. Apple, Facebook, Amazon гээд дийлэнхийнх нь хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хувийн хөрөнгө оруулалтын сангууд эзэмшиж байгаа. Тухайн компани ашигтай ажиллавал ашиг нь өсч, өгөөж нь сангийн гишүүдэд очиж байна гэсэн үг.

-Манайд хувийн хөрөнгө оруулалтын сан гэж хэлж болохоор ямар нэг бүтэц ажиллаж байна уу?

-Миний мэдэхээр хоёр банкны ажилчдын татварын дараах мөнгөн дүнгээс ганц, хоёр хувийн хэмжээтэй сайн дурын хуримтлал үүсгэж өгөөж хийдэг жишиг байгаа. Гэхдээ хэмжээ нь маш бага. Үндсэндээ дотоодынхоо хөрөнгийн бирж дээр л оролцдог гэсэн үг.

-Төрийн гэж яривал наад зах нь тэтгэврийн даатгалаасаа өгөөж хүртдэг болмоор санагддаг…?

-Өнөөдрийн хувьд тэтгэврийн даатгал гэхээс илүү тэтгэврийн халамж гэмээр санагддаг. Уг нь энэ системэээсээ өгөөж авдаг, нэрийн данстай, эзэнтэй хуримтлал үүсгэх боломжтой. Ингэж чадвал өнөөдөр ид ажиллаж яваа залуус ирээдүйд тэтгэвэрт гарахад баталгаатай тогтолцоо бүрдэнэ. Тогтолцоо гэдэг бол том асуудал. Мэдээж хүн сайн ажиллаад, өөрөө хуримтлалаа үүсгээд явж болно. Гэхдээ тэр хүний хувьд олон боломж хаагдаж байгаа.Хөрөнгө оруулалт хийгээд, өгөөж авах боломжууд нь хязгаарлагдмал. Хөрөнгийн зах зээл Монголд хувьцаагаа гаргасан бүхий л компанид нээлттэй. Хөрөнгө оруулалт хийх боломжтой хэрэгслүүд нь гэсэн үг.Хувь хүнд банкинд хадгаламж нээгээд хүүг нь аваад явах боломж бий. Америкт 100000 доллар хүртэлх хадгаламжийг улс нь даатгадаг бол манайд 20 сая төгрөг хүртэлхийг даатгадаг. Тэгэхээр тухайн компани юмуу, банк хэцүүдвэл зөвхөн даатгасан хэмжээнд багтсан мөнгө чинь л буцаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн хөрөнгө оруулалт хийх хувилбараа, багцаа өргөн хүрээнд хийж байж л эрсдэлээ бууруулна. Өөрөөр хэлбэл, олон бүтээгдэхүүн худалдаж авч байж бага эрсдэлтэй аж төрнө. Хөрөнгийн зах зээлд гэхэд зөвхөн хувьцаа биш бонд хэлбэрээр байж болно. Эсвэл бирж дээр арилждаг хамтын сангийн нэгж хувьцаа байж болно. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилждаг алт, зэсийн үнийн индекстэй уялдуулсан бүтээгдэхүүнүүд ч байж болно.

-Өнөөдөр хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авахыг хүссэн хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд тухайн компанийн ирээдүйн ашгийг багцаалдаад сонголтоо хийдэг. Харин хөрөнгө оруулалтын сангууд ажиллаад эхэлбэл сонголтоо мэргэжлийн багт даатгачихаад ашиг хүртээд явах боломжтой гэж ойлгох болох уу?

-Яг үнэн. Бид үнэт цаасны танилцуулга гэдэг л дээ. 400-гаад хуудастай материал бий. Үүнийг бүрэн эхээр нь уншсан хүн цөөхөн л байх.

-Ийм олон хуудсыг уншлаа гэхэд ойлгож анализ хийж чадах уу гэх мэт асуудал гарч ирэх байх..?

-Тэгнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан яг үүнийг л гишүүдийнхээ өмнөөс хийнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бол тухайн компанидаа 10 жилийн хөрөнгө оруулалт хийе гэдэг л утга. Өнөөдөр таван төгрөгийн ашиг хийгээд маргааш зарах тухай асуудал биш. Хөрөнгө оруулалт гэдэг бол бие биедээ хөрөнгө нийлүүлээд өгөөжийн хугацаагаа дор хаяж жилээр харахыг хэлнэ. Өнөө компаниIPO хийхдээ амласан ашгаа давж чадахгүй бол хөрөнгө оруулалтын сан нь хувьцаа эзэмшигчдийн хурал дээр сануулна. “Яагаад ашиг чинь амласандаа хүрсэнгүй вэ” гэх мэтээр асууж, лавлаж хариуцлага тооцож ажиллана. Энэ ажлыг бүх иргэд нэгэн жигдээр ингэж хийхэд хэцүү. Нэгдүгээрт, цаг завын асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт, боловсролын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, иргэдийн хийх ёстой энэ их ажлыг хөрөнгө оруулалтын сан мэргэжлийн өндөр түвшинд, иргэний өмнөөс хийгээд өгчихнө гэсэн үг. Сангийн зорилго маш тодорхой. Гишүүддээ өгөөж өгч байж тухайн сан орлоготой ашигтай ажиллана. Бүр тодруулж хэлбэл, хөрөнгө оруулалтын сан иргэдэд очиж буй өгөөжөөс багахан хувийн авч амьдардаг.

-Та түрүүн нийгмийн даатгалыг халамж гэж тодотгосон. Шалтгааныг нь тайлбарлаач?

-Нийгмийн даатгалын төлж буй хувь хураамжийн хувьд тэтгэврийн даатгалдаа 8.5 хувийг эргэн төлж байгаа. Ажил олгогч 8.5 хувь , ажилтан 8.5 хувь буюу нийтдээ 17 хувийг цалингаасаа төлж яваа гэсэн үг. Татварын өмнөх дүнгээр. Энэ 17 хувь татвар төлөгчид ямар өгөөжөө өгч байна вэ гэж харах учиртай. Үндсэндээ тэтгэвэрт гарахад нь амьдралын түвшнийг нь нэлээд доошлуулсан мөнгө л гар дээр нь очиж байгаа. Энэ агуулгаар нь халамж гэж хараад байна л даа. Та бид хоёрын ярьж суугаа хувийн хөрөнгө оруулалтын сан амьдралын баталгааг нь өгөх хэлбэр юм.Орлогын түвшинг нь бууруулахгүй хэмжээний хуримтлалыг бүрдүүлэх гээд байгаа хэрэг. Нэгэнт төлж яваа 17 хувь дээр нь нэмж татвар төлөгчөөс мөнгө авах гээд байвал яах вэ? Өнөөдрийн амьдралд нь тодорхой хэмжээний бэлэн мөнгөний хомсдол үүснэ.

-Тэгэхээр иргэдийн өнөөдөр төлж байгаа 17 хувийг төр нь, хувь нь тодорхой хэмжээгээр хувааж байршуулах асуудал хамгийн бодитой, зөв шийдэл болох нь ээ?

-Яг тийм. Ажил олгогч 8.5 , ажилтан нь 8.5 хувийг төлж байна аа даа. Ажилтан 8.5 хувиа төлөөд одоогийн энэ системдээор. Үлдсэн 8.5 хувиа тодорхой хэмжээгээр хуваачихвал яасан юм бэ л гэх гээд байгаа юм. Тэгэхээр тэтгэврийн сан руу явж байгаа мөнгө тодорхой хэмжээгээр буурч болно. Гэхдээ эцсийн үр дүнд нийт иргэддээ амьдралын баталгааг нь өгнө гэсэн өгөөж энэ бүхний цаана бий. Эхний ээлжинд 8.5 хувиа хоёр хувааж болно. Дөрөв, хоёроор ч юмуу. Эсвэл бүр багаар хоёр, гурваар ч юм уу хуваах гарц бий. Цаашид илүү сайн хөгжтөл энэ мэтээр аажмаар шийдээд явах боломжтой. Тэгж чадвал хөрөнгө оруулалтын сангууд олноороо нээгдэх байх. Товчхондоо өнөөдөр төлж буй шимтгэлийн цөөхөн хувийг хувийн хөрөнгө оруулалтын сан руу хийж, тодорхой хуримтлал үүсгэж үзье гэсэн санаагаар хэлээд байна л даа.

-Хувь хүн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээсээ таван хувийг хувийн хөрөнгө оруулалтын сан руу оруулдаг орчин бүрдлээ гэж бодъё. Энэ тохиолдолд хүртэх өгөөж нь хэр байх бол, энгийн тооцоо хийж үзвэл…?

-Дундаж цалин нь 1100000 төгрөг, татвар төлөгч нь 25 настай ажлын гараагаа эхэлчихсэн, тодорхой хэмжээний туршлагатай, ирээдүйд 40 жил ажиллах чадамжтай гэж бодъё. Цалингийнх нь таван хувь гэвэл 55мянган төгрөг болно. Энэ мөнгөнд 40 жилийн хугацаанд аравхан хувийн өгөөж ирнэ гэж тооцоход тэтгэвэрт гарахдаа 347 сая төгрөгтэй болчихно гэсэн үг. Энэ мөнгөө яаж зарцуулах нь тухайн иргэний өөрийн хэрэг. Хөрөнгө оруулалтын сандаа үлдээгээд, тодорхой хэмжээний хувийг сар бүр аваад сууж байж болно. Эсвэл үр хүүхдэдээ өвлүүлж болно. Жилийн өгөөжийг нь хоёрхон хувиар өсгөөд 12 хувь гэж тооцъё. Тэр тохиолдолд өнөө залуу тэтгэвэрт гарахдаа 647 сая төгрөгтэй болно. Өгөөжийг бүр бууруулаад наймхан хувь гэж бодвол 192 сая төгрөг. Тэтгэвэрт ийм хэмжээний мөнгөтэй гарна л гэсэн үг. Өнөөдрийн тогтолцоогоор тэтгэврээ аваад, дээр нь хувийн хөрөнгө оруулалтын сангаас ийм хэмжээний өгөөж хүртэнэ гэдэг бол иргэдийн хувьд том боломж.

-Ийм орчин бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг шинэчилнэ гэсэн том ажил ундрах уу?

-Тэгнэ, та бид хоёрын ярьж суугаа асуудал шинэ хууль баталж байж л шийдэгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын сангууд хүчтэй орнууд гэвэл та ямар улсуудыг онцлох вэ?

-АНУ-ын хувьд хамгийн том сангууд байршдаг, хамгийн их хуримтлал үүсдэг газар. Хамгийн том сан нь гэхэд 6.3их наяд ам.доллараар яригддаг. Энэ том мөнгөн дүн бол олон иргэдээс үүссэн хуримтлал. Иргэдийнх нь итгэл байгаа болохоор сан нь баян байна гэсэн үг. Сан нь баян байгаа болохоор хамгийн өндөр дүнтэй, ирээдүйд ирэх өгөөж ихтэй IPO-д оролцох боломжтой. Нийт зах зээлийн эрсдэлээ хуваарилаад дийлэнх компани дээр хувьцаа авчихаж болно. Улам хүч чадалтай болж байна л гэсэн үг. Хоёр дахь том сан нь гэхэд 5.1 их наяд ам.доллартай байх жишээний. Азийн орнуудаас Өмнөд Солонгос, Вьетнам, Индонезийн хөрөнгийн зах зээл нь хөгжиж яваа. АНУ-тай харьцуулаад байхаас илүү Өмнөд Солнгостой харьцуулж үзэх хэрэгтэй. Энэ улс дайны араас, 40 жилийн дотор босоод ирчихсэн улс. Сингапур жижигхэн боомт байсан. Гэтэл өнөөдөр амьдралын баталгаа нь хангалттай түвшинд хүрчихсэн. Сингапурын жишиг гэхэд хуримтлалын сан нь үндсэндээ улсынх мөртлөө үйл ажиллагаа нь хараат бус явдаг. Үндсэндээ хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг хийж байна л гэсэн үг. Хөрөнгө нь 420 тэрбум долларын үлдэгдэлтэй. Зөвхөн эрүүл мэнд гэхэд 1.1 тэрбум долларыг улиралдаа зарцуулж байна. Гэтэл бид эрүүл мэндийн даатгалын хуримтлалаа төлдөг ч авч байгаа үйлчилгээ нь хэцүү.

-Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд ажиллаж эхэлснээр зах зээлд ямар давуу талууд ажиглагдаж эхлэх бол?

-Америкаар жишээлье. Хөрөнгө оруулалтын сангууд АНУ-д 1980-аад онд хөрөнгөтэй, ашиг муутай компаниудыг задалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн хуваарилалтыг нь зах зээлийн дүрмээрээ ашигтай газар луу нь шилжүүлсэн гэсэн үг. Магадгүй үйлдвэрийн шатнаас үйлчилгээний шат руу шилжилт хийж байна гэсэн үг. АНУ-д 50, 60-аад онд хамгийн амжилттай үйлдвэрүүд байсан газрууд 80-аад онд бага ашигтай болчихгүй юу. Тэгэхээр нь тэр компаниудыг задалж эхэлсэн. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгө, эрсдэл гаргаж байж хийсэн. Хувьцаат компанийг худалдаж авч байна гэсэн үг. Тэгж задлаад ашигтайг нь буцаагаад хөрөнгийн зах зээл рүү гаргасан. Тухайн компаниуд айхавтар их хөрөнгөтэй мөртлөө ашиггүй ажиллаад байхаар хувьцаа эзэмшигчдийн асуудал болж таарна. Үүнийг амжилттайгаар шийдэх гарц нь мэргэжлийн, чадавхтай, хувьцаат компанитай нэг ширээний ард суух боломжтой сангууд байсан хэрэг.

Х.МӨНХБАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Монгол Улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо алдах нь тодорхой болчихлоо

Улсын онцгой комисс нүүрсний тээврийг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Тодруулж хэлбэл, нүүрсний экспорт түр хугацаанд зогсож байна. Энэ шийдвэр гарахын өмнөхөн “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас нүүрсний экспортын явц байдлын талаар тодруулснаа хүргэе.


-Нүүрсний экспорт ямархуу байна вэ?

-Байдал сайн биш байна. 1,000 гаруй машин гардаг Гашуунсухайтын боомтоор өдөртөө 100 гаруй машин л гарч байгаа. Шивээхүрэнгээр 800 орчим машин гардаг байсан бол одоо 100 хүрэхгүй байна.

Хятадын Цагаан сарын амралтын үеэр нүүрсний экспорт багасдаг л даа. Цагаан cap нь дууссаны дараа нүүрсний экспорт нэмэгддэг. Жил бүр ийм циклтэй байдаг юм. Гэтэл энэ жил коронавирусийн дэгдэлтээс болж цаад тал амралтаа сунгачихлаа. Бас хөл хорио тогтоочихсон. Ийм шалтгаанаар худалдаачид нь нүүрсээ авч чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, эрэлт буурсандаа биш, хөдөлгөөн хязгаарлагдчихлаа. Хил рүүгээ дөхөж ирэхийн тулд зөвшөөрөл авна. Эмнэлэг гэх мэт байгууллагууд нь бүгдээрээ ачаалалтай. Байдал ийм байгаа учраас нүүрс нийлүүлэлт явахгүй байна.

Манай талаас нүүрс нийлүүлэх гээд очихоор бөөгнөрөл үүсээд гаргаж чадахгүй байгаа. Хоёр дахь шалтгаан нь Хятад, Монголын хамтарсан тээврийн байгууллагатай хамаатай.

Нүүрс тээвэрлэдэг машинуудын ихэнх нь Хятад талдаа байдаг. Бүр тодруулж хэлбэл, Хятадын Цагаан cap гээд амарчихаар монгол жолооч нарын нүүрс тээвэрлэдэг байсан машинуудыг Хятад талын эзэмшигчид нь өөрийн улсынхаа нутаг дэвсгэрт аваачаад тавьчихсан гэсэн үг. Хилээр хүн гарахыг хориглосон учраас машиндаа хүрч чадахгүй асуудал байна л даа.

-Жолооч нь машинаа авч чадахгүй яваа нь нүүрсний тээвэр гацсан бас нэг шалтгаан байх нь ээ?

-Тийм шалтгаан байна. Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд боомтуудаар явсан байна лээ. Эрүүл ахуй, аюулгүй байдлаа яаж анхаарч байна вэ гэдэг талаас нь харсан болов уу. Нүүрсний тээврийн асуудлын тухайд өнөөхөндөө цаг үеийн гарцаагүй шалтгаан гэх мэт тайлбар байгаа ч яг энэ хэвээрээ удвал нөхцөл байдал хэцүүднэ.

-Нүүрсний экспорт тасарвал төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ огцом буурна гэдэг утгаар хэлж байна уу?

-Яг тийм. Ийм шалтгаан байгаа учраас онцгойлж анхаарах ёстой асуудал гэж хэлэх гээд байна л даа. Энэ хэвээр удвал эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тиймээс харуул хамгаалалт, өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж хилийн цаана байгаа машин тэргийг оруулж ирэх гэх мэт гарцуудыг хайх хэрэгтэй.

-Нүүрсний экспорт бараг л хийгдэхгүй байна гэж ойлголоо. Тэгэхээр нэгдүгээр улирлын экспорт лав тасарч байгаа юм байна…?

-Яалт ч үгүй тэгж байна. Монгол Улс 2020 оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо алдаж байна. Манай улсын экспортын гол орлого нүүрснээс орж ирдэг гэдэг утгаараа эдийн засагт маш том таагүй мэдээ.

-Нүүрсний экспортоо сайжруулах ямар гарц байна, бид юунд найдах вэ?

-Коронавирусийн халдвар буурах зураг харагдахгүй байна. Халдвар буурлаа гэж өөдрөгөөр төсөөлье. Дөрөвдүгээр сараас экспорт сэргэлээ гэж бодвол дөрвөөс аравдугаар сарын хугацаанд бүрэн хүчин чадлаа ашиглаж ажиллах гарц бий. Ингэж чадвал энэ байдлаас хямарчихгүйхэн шиг гарах боломж бүрдэж магадгүй.

Вирусийн халдвараас болоод хил гаалийн үйл ажиллагаа удааширснаас гадна Хятадын уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Цагаан сараараа амраад явсан ажилчид нь буцаж ирж чадахгүй байгаа учраас.

Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэх хэмжээ болон дотоодын олборлолт нь багасчихсан гэсэн үг. Гэтэл нөгөө талд гангийн үйлдвэрлэл явж байгаа. Энэ тохиолдолд түүхий эдийн хомсдол үүсэх нь тодорхой. Ийм шалтгаанаар зарим газар коксийн үнэ бага зэрэг өсөх хандлага байна. Ийм шалтгаанаар нүүрсний үнэ бага зэрэг өсөж таарна.

Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл. Өнгөрсөн долоо хоногт биржүүд дээр гангийн үнэ бага зэрэг унасан. Энэ байдал хэрэглээ талд нөлөөлж болзошгүй. Яг энэ янзаараа удаан хугацаанд явбал барилга бүтээн байгуулалтын ажил удаашрах нь тодорхой.

Бүтээн байгуулалт удааширвал гангийн эрэлт уруудна, тэр хэрээр коксжих нүүрсний эрэлт буурна. Ингэвэл бидэнд таатай нөлөө үзүүлэхгүй. Гэвч өнөөдрийн байдлаас харахад эрэлт буурсан гэх шалтгаан алга. Зохион байгуулалтын хүндрэлтэй асуудлууд л байна.

Сая Австралид далайн шуурга болох сургаар төмрийн хүдрийн үнэ эргээд өсөж байх жишээний. Гангийн үйлдвэрүүдийн нөөц багасаж байна. Тэгэхээр зөвхөн биржийн үнийн савлагааг анзаараад ирээдүйд яах тухай таамаглахад хэцүү. Тоймлоод хэлбэл, богино хугацаандаа нөөц багасаж эхэлсэн, тэрийгээ дагаад үнэ бага зэрэг өсөх таамаг байна.

Вирусийн тархалт буурлаа гэж бодоход “өлсгөлөн” үйлдвэрүүдэд түүхий эд хэрэгтэй болно оо доо. Тэр үед буюу дөрөвдүгээр сард бид бэлэн байх ёстой.

-Бэлэн байдлаа хангахын тулд яах ёстой вэ?

-Бүх машин тэргээ татаж аваад тээврийн бэлэн байдлаа хангачихсан байх ёстой. Хоёрдугаарт, хил гаалийн ажиллагаа цагийн хуваарьтай. Цаад талаас цайны цаг, жимсний цаг, дессерт иддэг цаг гэх мэтээр өдрийн хэдхэн цагийн бараг талыг нь амраад өнгөрөөчихдөг.

Нүүрс хүлээж авдаг цагаа уртасгах хүсэлтийг аж ахуйн нэгжүүдийн зүгээс удаа дараа гаргаж, засагт хандаж яваа. Хятадын талд түүхий эд хэрэгтэй. Вирусийн тархалт хэцүүхэн байгаа ч түүхий эдийн хэрэгцээ хэвээр гэх мэт шалтгаанууд бий. Тархалт буураад нүүрсний экспорт импорт буцаад сэргэвэл аль аль тал нь хурдан ажиллах хэрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл, цагийг нь уртасгаад хилээр шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүснэ.

Гашуунсухайтаас гадна Шивээхүрэн дээр гаалийн хяналтын лаборатори хэрэгтэй байгаа. Энэ мэт бэлтгэлээ сайн хийгээд дайрч чадвал алдсан нэг улирлын экспортоо нөхөх боломж бүрдэх байх.

-Вирусийн тархалт буурахгүй өсөөд байвал ямар эрсдэл үүсэх бол?

-Нөгөө талдаа эрэлт буурна. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засагт өсөлт саарна. Энэ тохиолдолд нүүрсний хэрэглээ багасна. Товчхондоо бидний гаргахаар төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хүрэхгүй. Тодруулж хэлбэл валютын орлого буурна. Цалин тэтгэвэр тавих асуудал хүндэрнэ. Инфляц өснө.

-Хятадын хувьд нүүрсний эрэлт нь ихэсдэг хугацаа гэвэл хэдээ хэдэн сарыг хамардаг вэ?

-Ер нь дөрөвдүгээр сараас эхэлж өсөөд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хэрвээ төмөр замтай байсан бол өнөөдөр ийм хүндрэл үүсэхгүй байсан.

-Нүүрс экспортолдог компаниуд зогсолтын байдалд байна уу?

-Ер нь тийм байгаа. Ихэнх том техникүүдээ зогсоочихсон. Шаардлагатай үед бага хэмжээний ачилт хийсэн маягтай байх шиг байна. Зарим нь ажилчдаа амраачихсан байгаа.

-Ердийн үед гаргадаг экспортын хэчнээн хувьд хүрч байна, нүүрсний экспорт?

-Ердийн үед гаргадаг хэмжээний арав гаруй хувьд ч хүрэхтэй үгүйтэй байна.

-Вирусийн тархалт үргэлжлээд байвал урд хөрш нүүрс импортдоо ямар бодлого барих бол?

-Байдал таны асуусанчлан муугаар эргэвэл Хятад улс дэд бүтэц сайтай улсуудаас нүүрс импортлох талд анхаарч эхлэх байх. Жишээ нь, ОХУ байна.

Хойд хөрш Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээгээ өнөө жил хоёр дахин нэмнэ гээд төлөвлөчихсөн яваа. Дэд бүтцийн хувьд тэдэнд бидэн шиг машинаар тээвэрлэнэ гэсэн асуудал байхгүй.

Төмөр зам, далайгаар урд хөршийн зах зээлд хүрч байгаа. Тэгэхээр бид онцгой нөхцөлд эдийн засгаа сөхрөөчихгүйхэн шиг нүүрс экспортоо хэрхэн хийх вэ гэдэг дээр төлөвлөгөө, бодлоготой ажиллах хэрэгтэй.

Засгийн газар энэ жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөхдөө нэг зүйлийг онцгойж тодотгосон. Тодруулж хэлбэл “Засгаас хэрэгжүүлж буй гааль, татварын шинэчлэл, экспортыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд 42 сая тонн нүүрс экспортолж чадна” гэсэн.

Яг одоогийн байдлаар нэг улирал алдчихлаа. Тэгэхээр одоо Засгийн газрын өмнө авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдээ хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зам л үлдээд байна.

-Байдал бүр хэцүүдлээ гэхэд урд хөрш нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо нийлүүлэх боломжтой байх аа?

-Тэгэх боломжтой. Хятад бол хамгийн том нүүрс олборлогч. Тэр утгаараа онцгой нөхцөлд нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах бололцоотой.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Саарал жагсаалт зэрэг эдийн засгийн цаг үеийн сэдвүүдээр сургалт явууллаа

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчидтэй харилцдаг хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулж нэгдүгэээр сард хаалтаа хийсэн юм. Уг хөтөлбөрийг Канадын ЭСЯ, Канад сантай хамтран хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн зохицуулагч, МБЗ-ийн захирал Б.Жавхлангаас энэ талаар тодрууллаа.


-Канад сангийн Орон нутгийн санаачилгаас хэрэгжүүлдэг хөтөлбөр манай улсад ямар салбаруудыг хамарч хэрэгждэг юм бол. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх чиглэлд анхаарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн шалтгаан нь юу вэ?

-Канад сангийн Орон нутгийн санаалчилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр л дөө. Энэ хөтөлбөр дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Манай улсад 1997 оноос хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар жижиг, дунд хэмжээний 420 төсөл хэрэгжсэн гэх статистик бий. Эдгээр төслийн ихэнх нь Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдэд амьдардаг нийгмийн халамж хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн байдаг юм билээ. Монголын бизнесийн зөвлөлийн хувьд эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийг мэргэшүүлэх эрэлт хэрэгцээ байна гэж үзээд өнгөрсөн жил Канад санд хандсан юм. Монголын бизнесийн зөвлөлийн хувьд энэ хөтөлбөрийг алсын харааныхаа хүрээнд хэрэгжүүлэхээр шийдсэн. Бүр тодруулж хэлбэл, МБЗ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрх болон эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, шударга, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийн орчны төлөө гишүүн байгууллагуудын хуулийн хүрээн дэх нийтлэг сонирхлыг хамгаалан дэмжих замаар олон нийт, гишүүд, ажилчдад үнэ цэнийг бий болгох алсын хараатай ажилладаг юм.

Канад сангийн зүгээс түрүү жил найман төсөл санхүүжүүлсний нэгд нь сэтгүүлчдийг чадавхжуулах төсөл маань багтсан. Манайхаас Канад санд хандахын өмнө сэтгүүлчдээс санал сэтгэгдлийг нь онлайнаар авсан юм. Тэр санал асуулгаар эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалтад хамрагдах сонирхол сэтгүүчдэд их байдаг нь анзаарагдсан. Сэтгүүлчдэд хандсан төсөл хөтөлбөрүүдийн дунд эдийн засгаар бичдэг сэтгүүлчид рүү чиглэсэн сургалт сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд жин дарах болсон. Монголбанк, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, GIZ (Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг) гэх мэт олон газраас эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулдаг. Сүүлийн жишээ гэхэд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-аас “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхлээд байгаа юм билээ. Цаашид эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчдийг уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээл гэх мэтээр төрөлжүүлж мэргэшүүлэх эрэлт хэрэгцээ байгааг энэ жишээнээс харж болно.

-Хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийг ямар шалгуураар сонгож авсан бэ?

-Монголын бизнесийн зөвлөлөөс өнгөрсөн оны долоо, наймдугаар сард нээлттэйгээр онлайн шалгаруулалт хийж, эдийн засгийн чиглэлээр таваас доошгүй жил дагнаж бичсэн 25 сэтгүүлчийг сонгож авсан. Шалгаруулж авсан сэтгүүлчдийнхээ хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл нийтдээ таван сургалтыг 25 сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

-Сургалтын сэдэв, илтгэгч нараа ямар шалгуураар сонгосон бол. Сэтгүүлчдийн оролцоо, сонирхол, сэтгэгдэл ямар байв?

-Бид сургалтын дараа сэтгүүлчдээс санал асуулга авсан юм. Сургалтын сэдэв, илтгэгчдээ оновчтой сайн сонгосон гэсэн үнэлгээг сэтгүүлчдийн олонх өгсөн. “Саарал жагсаалт”, “Мобайл сэтгүүл зүй”, банк санхүү, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын орчин сэдвээр өрнөсөн сургалтуудыг онцгойлж нэрлэсэн байсан. Канадын элчин сайдын улсынхаа хөрөнгө оруулалтын орчны талаар тавьсан илтгэлийг хэд хэдэн сэтгүүлч онцолсныг энэ дашрамд дурдмаар байна. Цаашид ч гэсэн энэ мэт олон улсын жишиг, туршлагыг гал тогоонд нь байгаа, мотиваци өгөхөөр хүмүүсээс сонсох сонирхолтойгоо хэд хэдэн сэтгүүлч илэрхийлсэн байсан.

-Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх хүсэл сонирхол сэтгүүлчдэд байгаа гэсэн үг үү?

-Сэтгүүлчдэд ийм сонирхол байгаа нь сүүлд авсан санал асуулгаас тодорхой харагдсан. Сэтгүүлчдийн сургалт авах хүсэлтэй сэдвүүдийг багцлаад харахаар эдийн засгийн гадаад дотоод нөхцөл, Монголд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хөрөнгийн зах зээлийн орчин, популизм тойрсон сүүлийн үеийн мэдээлэл, мега төсөл, өрсөлдөх чадвар, бизнесийн орчны чиглэлээрх дата, анализууд гэх мэт арав гаруй сэдэв байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас төсвөө танаж байж л гарна гэв

Коронавирусийн халдвар цаашид хэр удаан үргэлжлэх, оргил үе нь хэзээ дуусахыг өнөөхөндөө хэлэхэд эрт байна

Энэ вирусийн халдварын тархалтыг хүн төрөлхтөн Хятадаас гадна ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээс уншиж, харж байгаа. Мөн Америк, Европын халдварт өвчин судлалын төвүүд илүү тодорхой бодитой мэдээллийг өгч буй.

Эдийн засагч Н.Энхбаяр “Хятад улс мэдээллээ бүрэн дүүрэн өгөхгүй, хугацаа удаашруулах тал ажиглагдаж байгаа. Ийм шалтгаанаар ДЭМБ эрсдэлийн түвшин дунд зэрэг гээд зарлачихаад дараа нь шуурхай хуралдаж онцгой байдал зарласан. ДЭМБ-ын удирдлага Бээжинд ирж байж л асуудлыг ойлгож, ийм шийдвэр гаргасан.

ДЭМБ олон улсын байгууллага, вирус судлаачидтай, гэхдээ тэд бол анагаахын л мэргэжилтнүүд. Онцгой байдлын чигт ажиллах, мэдээллээ нягтлах суваг тал дээр учир дутагдалтай. Тэрийг нь АНУ, Европын холбоо нөхөөд ажиллаж байна. Өнгөрсөн даваа гаригт их долоогийн эрүүл мэндийн сайд нар теле конференс хийлээ. Мэдээж олон нийтэд бүх мэдээллээ цацаагүй.

Албан ёсны ил хурал биш учраас тэр л дээ. Гэхдээ Английн гадаад хэргийн сайд гарч ирээд Британи улсын иргэд эрүүл мэндийн эрсдэлээ бодоод аль болох бололцоотой сувгаараа гарч Хятадыг орхи гэлээ. Германы эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийлээ.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх судалгааны ажлуудад хамтран ажиллахаар тохирлоо гэж байна. Их долоогийн Эрүүл мэндийн сайд нар хуралдсаны дараа яг авч байгаа арга хэмжээ нь энэ. Цаанаа юу яригдсан нь тодорхойгүй. Илүү болгоомжилсон, тархах эрсдэл өндөр байгааг сануулсан мессежнүүд анзаарагдлаа” хэмээн онцоллоо.

Олон улсын янз бүрийн түвшинд гарч байгаа судлаачдын мэдээллээс анзаарахад халдвар тархах магадлал өндөр байна.

Өнгөрсөн сарын 23-ны өдөр Уханьд хөл хорио тогтоож, агаарын тээвэр, төмөр замаа хаасан ч бүрэн хаагаагүйн улмаас таван сая хүн гараад явсан гэх мэдээлэл дэлхийн анхааралд байгаа юм. 23, 24-н хавьцаа сүүлийн хүмүүс гарсан гэхээр вирусийн халдвар илрэх хугацаа болоогүй гэсэн болгоомжлол дуулдаж байна.

Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар авсан хүмүүсийн хувьд нууц үе нь 14 хоног орчим гэж эрдэмтэд тоггоосон. Ухань хотоос гарсан таван сая орчим хүнээс хэд нь вирусийн халдвар авсан нь хэд хоногийн дараагаас илүү тодорхой болно гэсэн үг.

Ухань хотын хувьд хоёр дахь том эрсдэл нь уг хотын байршил. Ухань төмөр замын зангилаа огтлолцол дээр байршдаг хот аж.Бүх төмөр зам Уханиар дайрдаг учраас халдвар тархах магадлал маш өндөр гэсэн болгоомжлолыг олон хүн хэлж байгаа гэнэ.

Тэгэхээр дахиад гурав, дөрөв хоног байдлыг харзнах шаардлагатай байгаа юм байна. Үүнээс хойш нэг бол халдвар буурна, үгүй бол дэгдэлт үргэлжилнэ гэсэн таамгийг дэлхийн улс орны эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.

ОХУ зөвхөн урьдчилан сэргийлэхээс гадна олон мянган ор бэлдэх арга хэмжээ авч эхэлжээ. Ер нь хөгжингүй улсууд хэрвээ нөхцөл байдал муудвал гэсэн горимд ажиллаж байгаа аж. Орост одоогоор хоёр тохиолдол илэрсэн нь хоёулаа Хятадын иргэн гэсэн мэдээлэл цацагдаж буй ч Японд аялж явсан Оросын хоёр иргэн халдвар авчихаад байгаа юм. Австралид өчнөөн хоногийн өмнө Уханиас очсон найман настай хүүхдээс одоо л халдвар илэрч байна гэх мэт коронавирусийн халдвар тойрсон мэдээлэл цацагдсаар байна.

Коронавирусийн тархалт ямар байгаа, эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэр байх талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.


эдийн засагч Н.Энхбаяр-н зурган илэрц

-Вакцин, эм гаргах тал дээр сүүлийн үеийн мэдээлэл өгөөч. Энэ тал дээр ахицтай үйл явдал өрнөж байна уу?

-Арай найдвартай улс гэвэл АНУ, Япон л байна. Вакциныг яг найдвартай хийж чадах олон улсын өндөр түвшний сайн лабораторитой гэдэг утгаараа. 2003 оны SARS дээр ч маш тод харагдсан. Тэрний дараа Америкийн лабораториудын хийсэн судалгаа маш сайн байсан.

Вирус судлалаараа АНУ, Япон хоёр л номер нэг. Вирусийн биологийн чиглэлийн бүх топ эрдэмтэд энэ хоёр улсад байна. Вирусийг генийн бүтцээр нь харуулсан зураг байдаг. Овог аймгийн бүтэц гэж ярьдаг даа. Тэр зурагт коронавирусийн бүх төрөл бий. Тээгчид нь сармагчин, харх гээд янз бүрийн амьтад бий.

-Одоо илрээд байгаа шинэ коронавирусийн тээгч нь сарьсан багваахай гээд байгаа билүү?

-Тэгж үзэж байгаа. Одоо энэ вирусийг хүн тээсэн учраас хүний гаралтай гээд шинэ омог болчихож байгаа юм. Коронавирусийн арваад төрлийн омог бий. Гахай, сарьсан багваахай, могойноос гадна өмхий хүрэн орж байна.

Ухань хотын зах дээр сарьсан багваахай зарсан байж ч магадгүй, эсвэл сарьсан багваахай идсэн өмхий хүрнээр дамжсан байж ч магадгүй гэж үзэж байна. Завсрын тээгч гэдэг утгаараа. Илэрсэн амьтнаас нь хамаараад короновирусийг өөр өөрөөр кодлоод дугаарлачихаж байгаа юм. Вакцины ажил нэлээд удаашралтай яваа.

Яг илэрсэн вирус нь байх ёстой. Түүнийг нь нарийн судалж уургийн хүчлийн дарааллыг тогтоодог юм байна л даа. Тэр дараалал нь байж вакцин үр дүнтэй эсэх нь тодорхой болно.

-Цэвэр вирусийг Япон гаргаад авчихсан байх аа?

-Тэгсэн. Одоогоор Хятад, АНУ, Хонг Конгт гаргаж авсан. Тэгэхээр эдгээр улсад вакцин хийх боломж бий. Хятадад технологи нь хэр сайн хөгжсөнийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Япон, Америк хоёрт өндөр найдвар байна. Гэхдээ тэд халтуурны улс биш учраас яг процессоор нь хийнэ. 90 хоног туршдаг бол тэр дагуугаа туршина.

Ер нь вакцин хийхэд зургаан сарын хугацаа зарна гэж байгаа. Энэ бол бодитой таамаг. Тэгэхээр вакцин зургаа, долоон сард л гаргах болов уу. Одоо бол эмэн дээр ажиллаж байна.

2003 оны SARS-ын үеэр хэрэглэж байсан эмнүүд бий. Вирусийг дарангуйлдаг эмнүүд. Шинэ вирусийн дараалал, бүтэц нь SARS-тай 97 хувь адилхан. Маш бага зөрүүтэй гэсэн үг. Тэгэхээр SARS-т хэрэглэсэн эмийг одоо өвчилсөн хүнд хэрэглэхэд тодорхой үр дүн үзүүлж байгаа юм. Дархлаа сайн нь эдгэрч байна.

Дархлаа сул, настай хүмүүсийн хувьд нас барж байгаа. Одоогийн байдлаар түүнээс сайн эм бүтээхийн төлөө ажиллаж байна. Нэг, хоёр cap л шаардагдах болов уу.

-Короновирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллүүдийг сонирхуулаач?

-SARS-ын үеийн болон өнөөгийн вирусийн тархалтын үеийн ялгаа нь юу байна, ямар өөрчлөлт гарав гээд харъя.

Хятад том экспортлогч, 2.5 триллион ам.долларын экспорт хийдэг. Импорт нь 2.3 триллион ам.доллар. Энэ хэмжээ багасахаар Хятадтай худалдааны сүлжээтэй бүх улсад нөлөөлнө.

Хятадын аялал жуулчлалд зардаг мөнгө багасна. Зөвхөн аялал жуулчлалаар гэхэд Америк, Европт өчнөөн тэрбум ам.доллар зарцуулдаг. Тэр мөнгө хумигдана. Хятадын ДНБ-д үзүүлж буй бүтцэд үйлчилгээний салбарын эзлэх хувь 2003 онд 43 орчим хувь байсан. Одоо бол 52 хувь.

Шинэ вирусийн дараалал, бүтэц нь SARS-тай 97 хувь адилхан.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийнх нь тал хувь үйлчилгээний салбарт ногдож байна. Гэтэл өнөөдөр хамгийн их хөл хорионд орж буй нь үйлчилгээний салбар. Аялал жуулчлал, тээвэр гэх мэтээр үргэлжилнэ. Тэгэхээр эдийн засагт үзүүлэх нөлөө нь их байна л даа.

Анагаахын үүднээс өвчлөл хэр удаан үргэлжлэхийг анагаахын салбарынхан эхлээд хэлж таарна. Одоогийн байдлаар судлаачид нэгдүгээр улирлын байдлаар дүгнэлт гаргаж эхэлсэн.

Хятадын эдийн засагт нэгдүгээр улиралд ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг судалж хараад дүгнэлтээ хэлж байна. Нэгдүгээр улиралд гэхэд л урд хөршийн эдийн засаг зургаан хувь болж буурах нь гэсэн таамаг голлож байгаа. Өмнө нь зургаан хувь байсан юм.

-Хятад шиг аварга эдийн засагт нэг хувийн бууралт маш том нөлөө. Манай улсын хувьд эрдэс түүхий эдийн экспортоороо урд хөршөөс бүрэн хараат. Энэ талын эрсдэл манайд шууд нөлөөлөх нь ээ?

-Хятадын тухайд эрдэс, түүхий эдийн маш том хэрэглэгч. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш огцом унаж байна. Ойролцоох орнуудын хөрөнгийн зах зээлийн индекс ташраараа уналттай байгаа. Зарим нэгнийх нь индекс дөнгөж өчигдөр (уржигдар)-өөс л тогтворжиж эхлэх гэж байх шиг.

-Та манай сонинд өгсөн өмнөх ярилцлагадаа Азийн биржүүдийн индекс уналттай байгаа тухай онцолж байсан. Тэр байдал хэвээрээ юу?

-Даваа гаригт Хятадын хоёр бирж 7, 8 хувийн уналттай эхэлсэн. Өнөө өглөө (өчигдөр) дөнгөж уналтаасаа сэргэж байна. Гэхдээ ингээд тогтворжчихлоо гэсэн үг биш. Байдал дахиад эвгүйдвэл унах эрсдэл нь өндөр. Тэгэхээр өсөх тухай ярих эрт байна л даа. Уналт нь саарах тухай л ярьж байна. Хонг Конг, Макао, Солонгос, Японы биржүүдийн хувьд байдал иймэрхүү байгаа.

-Европ, Америкийн биржүүдийн хувьд ямархуу байна?

Олон улсын биржүүдээс өсөлттэй яваа нь АНУ-ын NASDAQ. Технологийн бирж шүү дээ. Тэрэн дундаа хэд хэдэн компанийн хувьцааны ханш өсөлттэй яваа. Эмийн компаниудын ханш өсөж байна. Анагаахын салбарын компани, технологийн компанийн хувьцааны ханш өндөр байгаа.

-Коронавирусээс үүдэж манай улсад нөлөөлөх сөрөг нөлөө гэвэл та юуг онцлох вэ?

-Гурван сөрөг үр дагавар ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, хилээр гарах нүүрс, зэсийн баяжмалын экспортын тоо хэмжээ, үнэ ханшид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Сая хэлсэн сөрөг нөлөө нэгдүгээр улиралд ажиглагдана.

Өнгөрсөн оны жилийн эцсээр манай гадаад худалдааны экспорт 540 орчим сая ам.доллар байгаа. Импорт 400 орчим сая ам.доллар. нэг, хоёр, гуравдугаар сард жаахан сааралттай байдаг. Саарлаа гэхэд 2016 оны нэгдүгээр улиралд экспорт 329 сая ам.доллар байсан. Одоо өсөөд 360 сая орчим байгаа байх. Үүнээс багагүй байж манай гадаад худалдаа ашигтай байна.

Гэтэл өнөөгийн байдлаас харахад алдагдалтай гарахаар байгаа. Хөл хорио удаан үргэлжилбэл Хятадын бизнесийн үйл ажиллагааны эрч саарна. Энэ сааралтын үр дагавар манайд мэдрэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, манайхаас авах түүхий эдийн тоо хэмжээ буурна. Зэсийн баяжмал биш юм аа гэхэд төмрийн хүдэр, нүүрсний экспортод нөлөөлнө. Хятад дотоодын эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ. Дотоодын уурхайнуудаа дэмжиж таарна.

Дотоодын уурхайнууд нь ажиллаад эхлэхээр манайхаас авах нүүрс, төмрийн хүдрийн хэмжээгээ бууруулах эрсдэлтэй. Манай дотоодын эдийн засгийн эрсдэл тодорхой. Уул уурхайн компаниудын орлого буурна. Төсөвт төлдөг татвар эрс багасна. Уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийдэг аж ахуйн нэгжүүдийн орлого татарна.

-Энэ эрсдэлүүдээс хохирол багатай гарахын тулд хийх ёстой ямар шийдэл байна?

-УИХ сонгуулиас өмнө тавдугаар сард төсөвтөө тодотгол хийх ёстой. Төсвийн орлогоо дор хаяж хоёр их наяд, зарлагаа мөн хоёр их наядаар танаж чадвал арай эрүүл төсөвтэйгөөр оноо үднэ. Энэ жил төсвийн зарлага талдаа маш олон барилга барихаар төлөвлөсөн.

Тэдгээр барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлнэ. Тендерт ялсан компани ажлаа хийхийн тулд банкнаас зээл авна. Барилгынхаа шавыг тавина.

Гэтэл оны сүүлээр төсвийн орлого дутаад өнөө барилгыг санхүүжүүлэхээ зогсооно. Тэгэхээр нэгдүгээрт, тэр ажил явахгүй гацна. Хоёрдугаарт, тэр барилгын төслийг тендер ялж хэрэгжүүлж эхэлсэн компани банкны зээлийн өрөө төлж чадахгүй.

Зээлийн хүүндээ шатаж эхэлнэ. Тэгээд банкны чанаргүй зээлийн хувь өснө. 2015, 2016 онд ийм л юм болсон. Ийм процесс давтагдана. Тийм учраас төсөвтөө яаралтай тодоттол хийж үр ашиггүй, шинээр эхлэх гэж байгаа барилгуудыг зогсоох хэрэгтэй.