Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
-Коронавирусийн цар тахлын дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэсэн яриа хөөрөө, таамаг дүгнэлт ид хөвөрч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө гэж яриад байгаа. Гэхдээ ертөнц бүтнээрээ эргэчихнэ гэж байхгүй. Гиперглобалчлал гэж ярьдаг даа. Биесээсээ хэт хамааралтай эдийн засгуудыг байгуулахаас зайлсхийх хандлагыг ингэж тодотгодог. Тийм хандлага гарч магадгүй. Арьсны үзэл, үндсэрхэг үзэл гарч болно. Улс орнууд хил хязгаараа хаагаад протекционизмийн дүр зураг анзаарагдаж мэднэ. Гэхдээ глобалчлал бодит процесс учраас дэлхий бие биетэйгээ худалдаа наймаа хийхгүйгээр аж төрж чадахгүй ертөнц хэвээр үлдэнэ.
-Популизм гэх мэт хэт туйлширсан хандлагууд идэвхижих эрсдэл бий юу?
-Энэ цаг үед чоно борооноор гэгчээр буруу үзлүүд сэрж магадгүй. Барууныхан хүртэл дайны өмнөх байдал гэж хэлээд байгаа нь бас шалтгаантай. 1929-1933 онд депресс болсон юм. Дэлхийн эдийн засаг хямарсан.
Тэр үед гол хөрөнгө оруулагчид байсан америкууд Европ, Германаас хөрөнгө оруулалтаа татсан түүхтэй. Хөрөнгө оруулалтаа татангуут Европ, Германы байдал муудаж таарна. Эдийн засаг муудсан тэр орчинд популизм хүчтэй босч ирсэн юм, дайны өмнө. Зүгээр нэг популизм төдийгөөр өнгөрөөгүй. Дараа нь фашизм болж хувираад дэлхийн дайн дэгдсэн. Дэлхийн дайны тэр гашуун туршлага эдийн засгийн хувьд хэрхэн өрнөсөн процессийг барууныхан ойлгож байгаа. Тийм учраас бүгд хаалгаа хаагаад суухгүй. Эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлд асар их мөнгө цутгах хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн. Товчхондоо популизм, фашизмд орон зай байхгүй.
-Ерөнхийлөгч саявтар сонгуулийг хойшлуулах, удирдлагыг нэг гарт төвлөрүүлэх гэсэн агуулгатай уриалга гаргалаа. Засаглалд нөлөөлөх оролдлого, хэцүү цагт гаардаг популизмын илрэл гэх мэтээр шүүмжилж байна. Таны хувьд ямар байр суурьтай яваа бол?
-Ерөнхийлөгчийн уриалгыг сайн талаас нь харвал пандемик гэж айхавтар юм болж байна шүү гэж анхаарууллаа. Муу талаас нь харвал эрүүл мэнд, эдийн засгийн асуудал дээр дахиад улс төрийн асуудал нэмж толгой эргүүлээд байх хэрэггүй л дээ. Засаглал өөрчлөх, эрх мэдэл төвлөрүүлэх гэдэг дээр эрт дүгнэлт хийх хэцүү. Гэхдээ энэ бүх асуудлыг ардчилсан тогтолцоо л шийдэж чадна.
-Коронавирусийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл рүү оръё. Дайны байдал, эдийн засгийн хямрал гээд янз бүрээр л тодотгож байна…?
-Коронавирус дэлхийн хувьд эдийн засгийн бодит хямрал болж хувирна гэдэг дээр ихэнх эдийн засагч санал нийлчихлээ. Дайны байдал гэж тодотгоод яваа нь ч учиртай. Үзүүлж буй нөлөөллийн хувьд эрэлт болон нийлүүлэлт аль аль талдаа сөргөөр нөлөөлж байгаа. Байгалийн гамшиг шиг тодорхой орон нутаг, улс, бүсэд биш дэлхий нийтийг хамарлаа л даа. Байгалийн гамшиг тохиосон улсад тал бүрээс нь очиж туслаад асуудлыг шийдчихдэг. Гэтэл энэ тахлаас үүдсэн хямрал бүх улсыг хамарч байгаа учраас маш их хүндрэл үүсч байна. Үргэлжлэх хугацааны хувьд 18 сараас дээш гэсэн ойлголттойгоор бэлтгэл ажлуудаа хийж байна, улс орнууд.
-Коронавирусийн тархалт эхэлснээс хойш жил хагасын хугацаанд хямрал үргэлжилнэ гэсэн үг үү, эсвэл өнөөдрөөс тоолох ёстой хугацаа юу?
-Өнөөдрөөс гээд ойлгочих хэрэгтэй. Хятад эхнийхээ давлагааг даваад дуусч байна. Гэтэл одоо коронавирусийг буцаагаад импортлоод эхэллээ. Импортлохгүйн тулд хүний урсгалаа хааж байна. Хүний урсгал тасарчихаар эдийн засаг царцахаас аргагүй. Хүний урсгалаа хаагаад хэдий хүртэл тэсэх вэ гэдэг нь өөрөө том асуудал. Вирустэй дайтах дайн эхэлчихлээ. Дайны цагт бүгд хариу довтолж давшдаг. Дайн учраас дандаа ялах боломжгүй. Хямрал таван үе шаттай. Эхэлдэг, хариу арга хэмжээ авдаг, үер мэт хүчинд автдаг, фронт жигдэрдэг, эцэст нь эдийн засаг өсч эхэлдэг. Хямралын үеэр шийдвэр гаргагчдын төсөөлөөгүй ч байж болох үер шиг хүчтэй хүндрэл бэрхшээл орж ирдэг. Бүр үер гэсэн нэршил хүртэл бий. Жишээ нь, халдвар нийт олны дунд тараад эхэлбэл эрүүл мэндийн хүчин мөхөсдөнө. Эдийн засгийн чадал ч хэцүүднэ. Ийм хэцүү бүхний өөдөөс асар их хохиролтойгоор фронт болж жигдэрдэг. Эрх баригч, ард түмэн нэг бодлого дээр нэгдэж тэмцэх шаардлагатайгаа ойлгодог. Үүний дараа тэмцэлдэж байж хямралыг давдаг жамтай. Товчхондоо хямрал явдаг шат дарааллыг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долоон арга хэмжээнд санаа амарч болохгүй.
-Та бид хоёрын яриа Засгийн газрын гаргасан шийдэл, арга хэмжээ рүү орчихлоо. Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдсан ажлууд цагаа мэдэрсэн шийдлүүд мөн үү?
-Манай Засгийн газар, холбогдох хүмүүс арга хэмжээ авч байна. Авч буй арга хэмжээнүүдийг нь сайшаан магтмаар байна. Тус бүрдээ чаддаг зүйлсээ хийх нь вирустэй хийж буй чухал тэмцэл. Гэхдээ хийж буй бүр арга хэмжээгээ хоёр цонхоор харах учиртай. Нэгдүгээрт, авч буй арга хэмжээнүүд цөмөөрөө хууль ёсных байна уу гэдэгт анхаарах ёстой. Жишээ нь, Ерөнхий сайд саявтар олон сайхан арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Заримыг нь Засгийн газар дангаараа биш УИХ-тай хамтран шийдэхээр харагдаж байна лээ. Тэгэхээр Ерөнхий сайд ярьж байгаа асуудлуудаа УИХ руу бариад орох байх. Хууль ёсны байж гэмээ нь гаргасан шийдвэрт нь хүн бүр итгэнэ. Хүн бүр тэр шийдвэрийн төлөө зүтгэнэ. Түүнээс биш хэн нэг даргын мэдэгдлээс итгэл үүсэхгүй. Тэр утгаараа эдийн засагт авах арга хэмжээ хүн бүрийн итгэлийг хүлээж байж ажил цааш өрнөнө. Хоёр дахь цонх нь бас их чухал. Засгийн шийдвэр хэдэн хүний амьдралыг сайжруулж, хэчнээн хүний аж ахуйг хамгаалж байна вэ гэдэг шалгуураар харах шаардлага бий.
-Засгийн дэмжлэг бага хүрээг хамрах нь гэсэн шүүмжлэл бас дуулдаад байна?
-Хэрвээ таны асуусанчлан хамрах хүрээ хумигдмал харагдсан бол цаашид өчнөөн арга хэмжээ авах шаардлага Засгийн газрын өмнө байгаа гэсэн үг. Жишээ нь, 300 тэрбумыг ноолуурын бизнест хийнэ гээд ярьж байна. Хэвийн нөхцөлд бол ноолуурын хойноос хөөцөлдөх худалдан авагчид дэлхийд өчнөөн бий байх. Гэтэл өнөөдөр бүгд хэмнэлтийн горимд орчихсон, эрэлт бий юу гэдгээ тооцох хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг хямарна гэж байхад үнэтэй ноолуурт мөнгөө зараад явах хүний тоо хэд байх бол? Ноолуурын бизнесээ бодсон уу, эсвэл ноолуур гаргадаг малчдаа дэмжиж байгаа юу, хүндээ яг яаж хүрэх вэ гэх мэт тов тодорхой шалгуурууд байхгүй бол шийдвэрийн агуулга буруугаар эргэх эрсдэлтэй.
-Төсөв тодотгохгүй гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийн эдийн засаг хямарч байхад шаардлагагүй хөрөнгө оруулалтаас аль болох татгалзах шаардлага бий. Тэгэхийн тулд төсвийн тодотгол хэрэгтэй.
-Дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ, жишээ нь төсөв дээр ямар бодлого барьж байгаа бол?
-Улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Өвчинд яаж, ямар байдлаар нэрвэгдэж буйгаасаа хамаараад арга хэмжээнүүдийнх нь түвшин янз бүр байна. Гэхдээ нэг зүйл тов тодорхой байгаа. Нэгэнт дайны байдал үүссэн учраас бүх улс төсөвтөө тодотгол хийж, хэрэггүй хөрөнгө оруулалтуудаа чадах хэрээрээ багасгаж, өвчинтэйгөө тэмцэх ажилд асар их мөнгө зарцуулж яваа. Дээр нь эдийн засгаа дэмжих чиглэлд эрэлт, нийлүүлэлт хоёулантай нь ажиллаж байгаа. Дэлхийн зураг ийм байна. Бид ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй.
-Дэлхийн улс орнуудыг анзаарах нь ээ гаргасан шийдвэрүүдээ тухай бүрд нь нийцүүлэн өөрчилж, шинэ шийдлүүд гаргаж хурдтай ажиллаж байгаа харагдах юм. Бид ч тэгж ажиллах шаардлагатай юу, эсвэл жижиг эдийн засаг учраас өөр арга тактик хэрэглэх ёстой юу?
-Хурд маш чухал. Эдийн засагчдын зүгээс “Цаг битгий алдаач” гэж шаардаад байсны гол зорилго нь тэндээ байгаа юм. Манай Засгийн газраас гаргасан шийдлүүдийн хувьд нэг зүйл нэмж хэлмээр байна. Би команд өгсөн, тиймээс биелэх ёстой гэж авторитар дэглэмээр хандвал алдаа болно. Учир нь ардчилсан, хууль ёсны механизм бол нийтээрээ фронт болж, итгэлээ нэгтгэж тэмцэлдэх юм. Дайн гэдэг бол ухардаг, давшдаг, алдаагаа засдаг процесс болохоос биш зургаа, долоон юм хэлчихээд санаа амарч, бие биедээ баяр хүргэдэг эд биш.
-Вирусийг анх хэн дэгдээсэн бэ гэдэг дээр АНУ, Хятадын удирдлага зөрчилдсөн үгс унагаад яваа анзаарагдах юм. Эхлэл үүсгэл нь хаанаас бол гэдэг асуултад эцсийн хариу гэж бий юү?
-Үл үзэгдэх вирустэй дэлхийн дайн болж байна. Хуучин сэтгэгдлээрээ буруутныг бие биенээсээ хайх нь гарцаагүй. Хэзээ нэгэн цагт вирусийг ялсан ялалтын түүх бичигдэнэ. Товчхондоо түүхийг ялсан улс нь бичнэ. Тэгэхээр вирусийн түүх яаж бичигдэх нь хэн ялахаас хамаарна. Нэг зүйл нэмээд хэлэхэд өнөөдөр дэлхий даяар вирустэй хийж буй тэмцлийг харахаар тодорхой хэдэн улс маш амжилттай байлдаж байна. Өмнөд Солонгос, Сингапур, Хонконг, Тайвань, Япон амжилттай байлдаж байгаа. Эд бүгд ардчилсан улсууд. Итали хүнд байдалд орсон нь үнэн. Европын холбоо бүх хүчээ тийшээ дайчилж эхэлсэн. Италид яагаад халдвар газар авав гэдэг ч цаанаа шалтгаантай. Аль ч улсын хувьд халдвар авагчид нь залуус байна. Нэгдүгээрт, залуус нийгмийн харилцаанд идэвхтэй ордог онцлогтой. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд цохиулдаг. Залууст ажил хайгаад гүйхээс аргагүй нөхцөл үүссэн гэсэн үг. Залуус халдвар авч аав, ээждээ очиж халдаагаад байна л даа. Италичууд манайхан шиг гэр бүлсэг хүмүүс. Аав, ээжтэйгээ маш ойр харилцаатай. Ийм учраас хөгшчүүл нь хүүхдүүдээсээ халдвар авч олноороо амь эрсдээд байгаа юм.
-Италиас гадна Америк бас хэцүүдэж байна шүү дээ…?
-Популист Ерөнхийлөгчтэйгөө цаг алдсан байж магадгүй. Гэхдээ би америкчуудыг энэ өвчнийг цаг алдахгүй ялна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Олон бизнес хаалгаа барьж байгаа. Байдлыг улам муутгахгүйн тулд ямар тактик баривал тахлын үеийн эдийн засгийг хохирол багатай давах бол?
– Хөл хорио тогтоож байгаа нь халдвар тархаахгүй гэдэг талаасаа сайн. Нөгөө талаас нь харвал эдийн засгийг царцааж байгаагаараа муу нөлөөтэй. Ийм зөрчилтэй, хүнд үед гадныхан өнөөдрийн хүрсэн түвшнээ эвдэж нураачихгүй, муутгачихгүйхэн шиг яаж хөргөгчинд хийгээд хадгалах вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байна. Эдийн засаг бол амьд организм. Тэр амьд организм өнөөхөндөө царцчихсан байгаа. Царцсан хэвээрээ удвал компаниуд нь сөхөрч таарна. Сөхөрсөн компаниуд нь зомби компани болж хувираад эргэж сэхэхээргүй унадаг. Тэгүүлэхгүйн тулд сайн цаг иртэл хадгалах бодлого явуулж байна л даа. Түүнийг би хөргөгчинд хийх гэж тодотгосон юм. Ажилчдыг нь тарааж бутраахгүйн тулд цалин орлогыг нь хамгаалахаас эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс аргагүй.
-Ерөнхий сайдын эдийн засгаа дэмжих шийдлүүдэд таван их наяд төгрөг ойрын хугацаанд шаардагдах нь гэж ойлгосон. Төсвийн орлого хэцүүхэн байгаа. Мөнгө хаанаас босгох юм бол гэсэн асуултыг эдийн засагчид тавиад эхэлчихлээ…?
-Өөрсдөд нь тооцоо, төлөвлөгөө бий байх.
-Хямд өртөгтэй зээл олдох боломж бидэнд бий юү?
-Тийм хялбар зээл амар олдохгүй. Хямд зардалтай бэлэн зээл өгөх улс орон байхгүй. Гэхдээ коронавирустэй тэмцэхийн тулд улс орон тус бүрдээ хар чадлаараа зүтгээд асуудлыг шийдэх боломжгүй хүнд байдалд дэлхий нийтээрээ орчихсон. Хүчирхэг гүрнүүд ч улсынхаа асуудлыг дангаараа шийдэж хүчрэхгүй байдал үүссэн. Тийм учраас улс орнууд бие биедээ тусалъя гэцгээж байна. Харилцан биендээ туслахын тулд дэлхийн томоохон төв банкууд хамаг хөрөнгөө дайчилъя, улс орнуудын пандемик бондыг худалдаж авъя гэж байгаа. Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт маш хурдан залгагдах хэрэгтэй.
-Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт хамрагдахын тулд яах ёстой вэ?
-Тэгэхийн тулд бид дотроо төлөвлөгөөтэй, хөрөнгө мөнгөө зөв дайчилсан байх хэрэгтэй. Саарал жагсаалтад ортлоо замбараагүйтсэн санхүүгийн асуудлаа шийдэхгүйгээр бусдаас тусламж авна гэдэг хялбар биш. Тийм тусламж үхэл хагацалтай тулсан үед л ирж магадгүй.
-Тэгэхээр эхлээд санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлагатай нүүр тулах нь ээ?
-Тэгнэ. Өөрийнхөө мөнгийг зөв зарцуулах талд анхаараагүй байж хүнээс мөнгө авна гээд очих хэцүү шүү дээ.