Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Хувийн хэвшлийнхэн төр засгийг зөв хамтын ажиллагааны төлөө шахаж ажиллана

– АЖИЛЧДАА ЦОМХОТГОХООС АРГАГҮЙД ХҮРСЭН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ТАВДУГААР САРЫН 1-НД ЖАГСАНА –

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Тавдугаар сарын 1-нд хувийн хэвшлийнхэн тайван жагсаал хийх юм байна. Засгийн газрын авч буй арга хэмжээнүүд хувийн хэвшилд нөлөөлөхгүй, хөрсөндөө буухгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг жагсахад хүргэчихэв үү?

-Тэгж хэлж болно. Өмнөх нийгмийн үед хөдөлмөрчид тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааг илэрхийлж жагсдаг байсан. Энэ өдрийг гучин жилийн дараа “Ажлын байраа хадгалцгаая” гэдэг уриан дор, хувийн хэвшлээ дэмжье, эдийн засгаа эрчимжүүлье гэсэн зорилгоор тэмдэглэх гэж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн бүх нийтийн тайван жагсаал хийнэ. Бодит эдийн засгаа олж харахгүйгээр, эдийн засгийн хүндрэлээ зөв тодорхойлж оношлохгүйгээр суугаад байх нь маш өндөр эрсдэлтэй. Өнөөг хүртэлх бүх ололт амжилтаа үгүй хийх эрсдэл дунд бид амьдарч байна. Сая гаруй ажлын байрыг шингээдэг хувийн хэвшлийг зөв бодлогоор дэмжихгүйгээр, өнөөдрийнх шиг аргацаасан байдлаар хандаад байвал эдийн засгийн эрсдэлийг зөв бодлогоор удирдах ямар ч боломж байхгүй.

-Хувийн хэвшлийнхнээс гадна ажлаа алдсан, алдахад ойрхон байгаа хүмүүс ч жагсана гэцгээж байна. Хэчнээн компани оролцох бол?

-МҮХАҮТ-ын гишүүн компани гэвэл 5000-аар тоологддог. Ташраараа хэцүүдчихсэн байгаа болохоор бүгдээрээ оролцох байх. Маргааш, нөгөөдрөөс тодорхой тоонууд гарах болов уу. Бид хувийн хэвшлийн бүх компаниудыг энэ жагсаалд нэгдэхийг уриалж байгаа. Ер нь дэлхийн хандлага маш тодорхой. Хувийн хэвшлээ дэмжих замаар л ажлын байр бий болгодог. Эдийн засаг хэвийн байсан бол энэ асуудлыг хувийн хэвшил нуруундаа үүрээд гарна. Гэтэл нэг компани, нэг улсаас биш дэлхий нийтэд нөлөөлсөн хямрал болж байна. гинжин хэлхээ бүхий хямрал үүссэн ийм үед төр, хувийн хэвшил зайлшгүй хамтрах шаардлагатай. Ингэж байж хямралыг аль болох бага эрсдэлтэйгээр даван туулна.

-Шаардлага хүргүүлнэ гэж байсан. Засгийн газарт хүргүүлэх үү?

-Бид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бүгдэд нь шаардлага хүргүүлнэ.

-Ямар шаардлага тавих вэ?

-Ард түмнээ ядуурлын эгнээ рүү шилжүүлчихэлгүйхэн шиг, ямар нэг байдлаар ажилтай орлоготой байлгахыг хүсч байгаа бол хувийн хэвшилтэйгээ бодитойгоор хамтарч ажиллахыг л шаардана. Хувийн хэвшил, төр хамтарч байж эдийн засгийн эрсдэлийг удирдах боломжтой. Засгийн газар, хувийн хэвшил тус тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй л дээ.

Ажлын байр шингээх ямар салбаруудыг хамтдаа дэмжихээ ярилцах ёстой. Экспортыг хэрхэн дэмжих, банкны реформоо яаж хийх, нэн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг гэх мэтээр асуудлыг багцаар нь харж байж урагшилна. Төсвийн тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй. Шаардлагагүй, яаралтай биш зүйлүүдийн зардлуудыг танах шаардлага үүсчихсэн. Танасан мөнгөөр нь аж ахуйн нэгжүүдээ нэн хөнгөлөлттэй зээл гэх мэтээр дэмжээд явчих хэрэгтэй. Төр нь аж ахуйн нэгждээ итгээд, батлан даалт гаргаад хамтарч ажиллах гарцыг л бид санал болгоод байгаа юм. Түүнээс биш хувийн хэвшлийнхэн зүгээр мөнгө хүсээгүй.

-Засгийн газар хувийн хэвшилтэй хамтраад ажиллавал хэр хугацааны дараа хямралыг давах бол?

-Тууштай хамтраад ажиллавал 6-9 сарын дараа хямралын ард гарах боломжтой. Хятадын хувьд нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Энэ бол бидний хувьд боломж. Яг энэ үед экспортын бүтээгдэхүүнээ дэмжихээс эхлээд маш олон гарц шийдлийг хайж олох хэрэгтэй. Сая гаруй ажлын байр шингээсэн хувийн хэвшлийнхэн төр засгийг зөв зүйл хийлгэх, зөв хамтын ажиллагааны төлөө шахаж ажиллах болно.

-Танхимаас тавих шаардлагыг өмнөх шигээ үл тоовол дараагийн алхам юу байх вэ?

-Хэрвээ энэ шаардлагыг үл тоомсорловол хоёр, гурван сарын дараа нийгмээрээ үүнээс ч хүнд нөхцөл байдалтай нүүр тулна. Ажилгүй, ядуурлын эгнээ рүү шилжсэн нэг сая таван зуун мянган хүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн хямрал ямар байх нь тодорхой. Төсөөлөхөөс ч халшрам эрсдэлүүд бий болно. Хулгай дээрэм танхайрал газар авахаас эхлээд маш олон сөрөг зүйл газар авна. Байдлыг тиймд нь тулгавал нийгмээрээ маш хүнд сорилттой нүүр тулна.

-Иргэд, компаниудын байдал яг одоо ямаршуу байна?

-Судалгаа хийгээд үзэхээр иргэдийн 72 хувь нь ямар ч хадгаламжгүй амьдарч байна. 14 хувь нь 30 хоног хүртэл, наймхан хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй гэж байна. Компани, аж ахуйн нэгжүүд ялгаагүй тийм л байгаа. Судалгаа хийж үзсэн. Дийлэнх нь өөрт байдаг бүх хуримтлалаа зээлийн хүү, цалин хөлс, түрээс, дулаан цахилгааны төлбөртөө зарцуулаад дуусч байна. Цаашид зардлаа хумихын тулд ажлын байраа цомхотгохоос аргагүй. 260 орчим мянган хүн ажилгүйдлийн эгнээ рүү шилжинэ гэсэн тооцоо бий. Ингэвэл Монголын ард түмний 50 хувь нь ядуурлын эгнээ рүү шилжинэ.

-Байдал энэ хэвээр үргэлжилбэл компаниуд ямар эрсдэлтэй нүүр тулах бол?

-Компани, аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл боловсон хүчнээ чадавхжуулах, салбартаа хөлөө олох, технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх гэх мэт маш том хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Энэ бүгдийг богино хугацаанд үгүй хийчихвэл буцаад сэргэх, өнөөгийн түвшинд очиход маш хүндрэлтэй. Өрх гэрээр төсөөлөөд үзье. Арав, хорин жил ажиллаад байр, машин, тодорхой хэмжээний хуримтлалтай болж, үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлээд явж байсан гэр бүл байлаа гэж бодъё. Хямрал даамжирвал бүхнээ алдаж, ерэн оны өмнөх рүүгээ шилжих эрсдэлтэй. Хямралын дараа өнөөгийн түвшиндээ хүрэх гэж дор хаяж арван жил зарцуулж таарна. Компаниуд ч гэсэн ялгаагүй. Үүдээ хаачихвал эргэж сэргэтлээ маш олон жил зарцуулна.

-Компаниуд байгаа бүх боломжоо шавхжээ гэж ойлголоо. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдээс амьдралд наалдсан, хувийн хэвшилд эерэгээр нөлөөлсөн шийдэл байна уу?

-Вирусээс үүдэлтэй хөл хорио тогтоод үндсэндээ 100 хонож байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн бүтэн улирал гаруйн хугацаа өнгөрчихлөө гэсэн үг. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн өөрсдөөсөө шалтгаалах бүх л зүйлийг хийлээ. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом өөрчлөлт орсонгүй. Хангалт нь ч хэвийн байгаа. Мэдээж экспорт нэлээд буурсан. Гэхдээ компаниуд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсээр өнөөг хүрсэн. Монголбанк мөнгөний бодлоготой холбоотойгоор зээлийн хүүг хойшлуулах, ямар нэгэн торгууль алданги тавихгүй байх гэх өөрсдөөс нь шалтгаалах олон алхам хийлээ. Засгийн газар одоогоос сар гаруйн өмнө эдийн засгаа эрчимжүүлье, хувийн хэвшлийг дэмжье гэсэн санааг гаргаж, Ерөнхий сайд долоон багц асуудал танилцуулсан. Үүнээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг гэх мэт хүмүүс олон талаас нь тайлбарласаар өнөөг хүрлээ. Асуудал УИХ-аар орж шийдэгдсэн. Гэхдээ эдийн засгийг бодитойгоор дэмжсэн, ажлын байрыг хадгалахад чиглэсэн, ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн чигийн шийдлүүд одоогоор алга.

Бид байдал ямар байгааг судалгаа, тооцоотойгоор олон удаа хэлж байгаа. Иргэдийг банктай, аж ахуйн нэгжүүдийг банктай, эсвэл малчдыг ноолуурын компаниудтай, ажилчдыг компанийн эзэдтэй гэх мэтээр хоёр талд үл ойлголцол үүсгэсэн, талцуулсан, ялгаварлан гадуурхсан дүр зураг бий болчихлоо л доо.

-Сангийн сайд нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд бүх компани хамрагдана гэж мэдэгдсэн. Үнэхээр бүгд хамрагдах боломж бий юү?

-Сангийн сайдын хэлээд байгаа шиг нийт компанийн 99.99 хувийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломж байхгүй. Компаниудын 70 гаруй хувьд нь борлуулалт буучихсан. Тэр утгаараа ажилтнаа халаагүй компани хуруу дарам цөөн байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үлдсэн цөөхөн хувьд нь үйлчилнэ гэсэн үг. Шуудхан хэлэхэд хүнд байдалд орчихсон, асуудлаа шийдэх гэж оролдож байгаа болгонд хүртээлгүй зүйл болсон. Дахиад хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал ямар байгааг судалгаа тооцоотой танилцуулж, шийдэл гарц хайж олж, санал хүсэлт тавьсан боловч эдийн засгийг аврах бодитой алхам огт хийгдсэнгүй.

-Бүтээн байгуулалт өрнөж эдийн засаг сэргэдэг улирал ирчихээд байна. Улирлын эерэг нөлөө ажиглагдаж байна уу?

-Улирлын шинж чанартай ажлууд эхэлчихсэн байдаг цаг ч гэлээ харамсалтай нь компаниуд үйл ажиллагаагаа эхлээгүй, бүгд ямар нэгэн байдлаар зогсонги байгаа. Асуудлыг яаралтайгаар хэлэлцэж, бодитой, хөрсөндөө буусан шийдлүүдийг гаргахагүй байдал байдал бүр л дордоно.

Categories
мэдээ цаг-үе

Цэцийн шийдвэрийг УИХ “жадлан эсэргүүцэж” хүлээж аваагүй нь зүгээр л жүжиг

Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан нэг шийдвэрийг УИХ “жадлан эсэргүүцээд” хүлээж авсангүй, өнгөрсөн баасан гаригт. Хэн хэн эсэргүүцэв гээд харлаа. Ц.Нямдорж, Ш.Раднаасэд тэргүүтэй гишүүд их л сүрхий үг хэлж байна. УИХ-ын гишүүд зүрхний эх оронч, туйлын шударга, сонссон хүн уярч хайлам сүрхий мэдэгдлүүд урсгаж харагдана лээ. Тэд ямар учиртай шийдвэрийг яагаад эсэргүүцэв гэсэн асуулт тавиад харахаар хошин шог шахуу санагдаад байгаа юм.

УИХ-ын 1997 онд баталсан нэг хуульд “Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ, өмнөх нь хамаарахгүй” гээд заачихаж. Өнөө заалтыг нь хэсэг иргэд Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцэд хандсан тухай мэдээллийг уншигч та өмнө нь дуулсан байх. Үндсэн хууль батлагдсны дараа буюу 1991 оноос хойш Засгийн газарт эрх олгох гэх мэт найман хууль батлагдсан, тэр хуулиуд өнөө хүртэл хэрэгжиж байгаа учраас иргэд Цэцэд хандаж л дээ. Товчхондоо энэ хуулиудын хүрээнд эрх мэдлээ яаж ч ашиглаж, юу ч хийх боломж эрх баригчдад байгаа гэсэн үг. Бүр тодруулбал, Үндсэн хууль батлагдсан өдрөөс хойш 1992 оны хоёрдугаар сарын сүүл хүртэлх үе хууль эрх зүйн хувьд хоосон орон зай үүсгэчихээд байгаа юм. Үндсэн хуульт ардчилсан засаглалтай улсын хувьд яаж ч харсан стандарт бус шийдэл л дээ. Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд “Нээрээ тийм байна” гэсэн утгатай шийдвэр гаргасан нь цаанаа ийм шалтгаантай. Шуудхан хэлэхэд эрх баригчид Үндсэн хуулиас давсан эрх ямбыг өөрсдийнхөө зохиосон хуулийн хүчээр эдэлсээр өнөөг хүрснийг нь Үндсэн хуулийн Цэц буруу байна гээд дүгнэчихсэн хэрэг.

Гэтэл Цэцийн энэ шийдвэрт УИХ илт хилэгнэнгүй хандаж, гишүүд бултаараа “жадлан эсэргүүцээд” хүлээж авсангүй. “Жадлан” гэдэг нь социализмын үеийн хэллэг л дээ. Айхавтар хүчтэй эсэргүүцэл үзүүлэхийг тэр нийгэмд ингэж тодотгодог байсан юм. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн Цэц рүү давшилж, хатуу ширүүн үгийг хайр найргүй шидэлж харагдсан. “Цэц ийм харалган шийдвэр гаргахдаа тулаа юу” л гэнэ. “Нийгмийн дайсан ийм шийдвэр гаргана” л гэнэ.

Учрыг нь ухалгүй сонссон хүнд бол Ц.Нямдоржоор толгойлуулсан гишүүдийн эсэргүүцэл шударга үнэний туйл гэж харагдахаар байв. Маш олон хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө суучихаад мань эрийг “Нямдорж ч аргагүй мөн дөө. Ийм шударга гишүүнтэй байгаадаа үнэхээр баярлаж байна. Аргагүй л хуулийн соргог манаач юм” энэ тэр гээд бахархан, олзуурхан сонссон гэдэгт эргэлзэх юм алга. Гэвч хамгийн гунигтай нь юу гээ. Сүрхий эх орончдын маань шударга, шулуун гэж жигтэйхэн байр сууриуд жирийн иргэд бидэнд харуулах гэж зориуд бэлдсэн жүжиг байлаа.

Яагаад жүжиг гэж, харин ч эх оронч үйлдэл биш шүү гэсэн асуултад өгөх хоёр хариу байна. Эхний шалтгаан нь Цэцийн шийдвэр бодит үнэний талд гарсан. Үүнд л хамаг учир байгаа юм. 1992 оны хоёрдугаар сараас өмнөх хуулийн зөрчлийг Цэц шийдэхгүй байна ч гэж юу байхав. Цэцээс өөр хэн хэлэлцэнэ гэж. Үндсэн хуульт Монгол Улсын эрхтэн дархтан, энгийн иргэн хэн ч бай Үндсэн хуулийнхаа дор аж төрөх учиртай. Эрх мэдэлтнүүд өөртөө зориулж хууль баталчихаад, тэр аятай хүрээ хязгаартаа, Үндсэн хуулиас ангид эрх дураараа аяглах нь лав л ардчилал биш. Үндсэн хуульт ардчилсан улсыг удирдаж байгаа л бол эцэг хуульд захирагдах ёстой гэсэн энгийн гаргалгааг хэн ч бодоод хэлчихнэ.

Ц.Нямдорж тэргүүтнүүд чуулганы танхимд жүжиг тоглолоо гэж хэлдгийн хоёр дахь шалтгааныг одоо хэлье. Дээр дурдсан асуудлыг Үндсэн хуулийн Цэц хоёр шатны хуралдаанаараа хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан. Дунд суудлын хуралдааных нь шийдвэрийг УИХ хүлээж авсангүй. Одоо Цэц дахиад хуралдана. Их суудлын хуралдаанаа удахгүй товлож, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хүлээж аваагүй шийдлийг дахин хэлэлцэнэ. Шийдвэр яаж гарах нь тодорхой. УИХ-ын сүрхий эсэргүүцэлтэй нүүр тулсан өнөө шийдвэрээ баталгаажуулна. Энэ тохиолдолд хүлээж авахгүй гэж гэдийх эрх УИХ-д байхгүй. Цэц шийдвэрээ гаргаж, УИХ-д дагаж мөрдөхийг үүрэг болгоод л гүйцээ. Хуулийн процесс ингэж өрнөнө гэдгийг Ц.Нямдорж тэргүүтнүүд мэдэж суусан хэрнээ сүрхий эх оронч царайлж, шударга үнэний элчийн дүрд тоглосон гэсэн үг. Насаараа төрийн өндөр алба хашсан, насаараа УИХ-ын гишүүний суудалд тухалсан хүмүүс Цэцийн шийдвэр яаж гардаг явц дарааллыг тов тодорхой мэдэхгүй яваа гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно.

Агуу эх оронч мэдэгдэл, сүрхий шударга тэмцлийн ард хэтэрхий жижиг хувийн эрх ашиг нуугддаг байдаг гэдэг билүү. Яг тэрэн шиг сонгууль дөхсөн энэ үед Ц.Нямдорж тэргүүтнүүд эх оронч, шударга улстөрчийн дүрд тоглож байгаа л хэрэг. Жаахан халиад яривал эрх мэдэлтнүүдийн 1991 оноос хойш өөрсдөдөө зориулж баталсан хуулиудын нэг нь Эрдэнэтийн 49 хувьд хамаарах юм билээ. Тэр хуулиар Засгийн газар Эрдэнэтэд онц байдал тогтоосныг монголчууд нийтээрээ мэдэж байгаа. Тэгсний хүчинд эрх мэдэлтнүүдийн ойрын хүмүүсийн Эрдэнэтэд хийх шахаа үргэлжилсэн гэх элдэв таамаг, цөөнгүй баримт хэвлэл, сошиалаар хөвөрч байна. Үнэн эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй байж мэдэх ч хардах эрхийнхээ хүрээнд эшилж хэлэхээр жишээ бол мөн.

Гэхдээ онц байдал тогтоосон хуулийг хүчингүй болгох гэлээ гээд ч сүйд болоод байгаа юм бол бас жинхэндээ биш. Тэртэй тэргүй энэ хууль хүчингүй болохыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин Цэц хуралдах гэж янцагласаар байтал сонгууль болчихно, сонгуулиар ганц пиар хийх юм нь Эрдэнэтийг ард түмэнд өгсөн гэж хэлж оноо авч өөрсдөө сонгогдох. Сонгуулиас хойш бол харин ямар ч шийдвэр гарч Эрдэнэт хэнд очих нь ямар ч хамаагүй болно. Сонгуулиас өмнө Цэц шийдвэр гаргасан ч гэсэн УИХ аар хэлэлцэж амжилгүй сонгуультай золгоно. Мөн л сонгуулиас хойш бол энэ асуудал яаж шийдэгдэх нь энэ жүжиг тавиад байгаа эрхмүүдэд бас л ямар ч хамаагүй болно.

Ердөө ийм л богино зайны улс төр хийж байгаа нь захын хүнд харагдахаар байна лээ. Сүүлийн гучин жил манай улстөрчид яг ийм аргаар ард түмнээ хуурч могдорлосон улс төр хийж төр засгийг сандайлсаар ирсэн. Түүнийгээ л сурсан юм дадамгүй гэж хийж байгаагаас өөр юү ч биш юм. Ингэж ард түмнийг хуурч цаашаа ямар ч амьдралгүй улс төрөөр явсаны гай одоо бидний амьдарч байгаа байдал. Хүмүүс төр засгийг шударга биш байна гэж бухимддаг. Хэрэв үнэхээр одоо байгаа амьдралдаа сэтгэл ханамжтай биш байгаа бол ийм жүжигчилсэн тоглолтод ордоггүй, хууртдаггүй байж хэрсүү амьдарч сурах хэрэгтэй болжээ.

Хэдий болтол наад захын ийм гэнэн жүжгэнд хууртсаар байх юм бэ. Энэ гэнэн тэнэг, мэдээлэлгүй бидний амьдрал маш өндөр өртөгтэй олдож байна. Улаан цагаан ийм жүжиг тавиад тэрэнд нь хууртаж тэнэгтсээр байтал дахиж олдохгүй цаг хугацаа, боломжоо манай улс алдаад дууслаа. Яагаад гэвэл тэд бусдын төлөө юу ч хийдэггүй, хийж ч сураагүй, тийм ёс суртахуунтай хүмүүс биш юм. Үүний наад захын жишээ энэ хууль хэлэлцэж байхад шал худлаа жүжиг тавьж ард түмнийг хуурч байгаа байдал юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэлмэг: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаагүй бол хэргийг дутуу шалгасан гэсэн үг

– ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮНИЙГ ИЙМ БҮДҮҮН БАРГААР ЯЛЛАХААР УЛАЙРЧ ЯВАА НЬ ШУУДХАН ХЭЛЭХЭД ЭМГЭНЭЛ-

Хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Цэлмэгтэй хорлон сүйтгэх гэмт хэргийг онцолж ярилцлаа.


-М.Энхсайханыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн заалтаар буруутгаж байгаа. Шүүх хурал нь энэ долоо хоногт болохоор товлогдлоо. Ер нь ийм заалтаар хэн нэгнийг буруутгасан тохиолдол санаанд орохгүй байна. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн заалтаар сүүлийн жилүүдэд хэн нэгнийг яллаж байсан уу ?

-1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан, дараа нь 1993 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулснаас хойш хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж хэн нэгнийг яллаж байгаагүй. 1937 оны хэлмэгдүүлэлт, дараа нь сэхээтний төөрөгдлийн үед цөөнгүй иргэдийг хорлон сүйтгэсэн, гадаадын тагнуул хэмээн хилсээр шийтгэж байсныг бид мэднэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 84 дүгээр зүйлд хорлон сүйтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “…Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, хүн, мал, ургамлын гоц халдварт өвчин тараасан, олон хүнийг хордуулсан, түүнчлэн хүн, мал, амьтныг үй олноор нь устгасан бол” гэж хуульчилсан.

Энэ зүйл ангийг уншихад М.Энхсайханы гэрээ өргөн барьсан үйлдэл нь хорлон сүйтгэх гэмт хэрэг биш болох нь харагдана. Гэтэл түүнийг 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 19.6-д зааснаар хорлон сүйтгэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

Шинэ Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлд “…Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол” гэж заасан. Тодруулж хэлбэл, хорлон сүйтгэх гэмт хэргийн объектив, субъектив аль ч шинж харагдахгүй байна. Захын хуульч ингээд дүгнэчихнэ. Ийм байхад Ерөнхий сайд байсан хүнийг ийм бүдүүн баргаар яллахаар улайрч яваа нь шуудхан хэлэхэд эмгэнэл.

-М.Энхсайханыг хорлон сүйтгэх гэсэн заалтаар буруутгаж байгаагийн цаад шалтгаан юу гэж та харж байна?

-Таван толгойн төслийг хөдөлгөхийн тулд Монгол-Хятадын хамтарсан консорциумтай байгуулах гэрээний төслийг боловсруулах багийг М.Энхсайхан ахалсан. 2005 онд. Уг гэрээний төслийг сонирхоод үзсэн чинь хоёр талдаа харилцан ашигтай нөхцөлүүдийг заасан байна лээ. Тухайлбал, Монголын тал өмчлөгч байна, 15 төрлийн татвар хураамж авна, төмөр замыг цаад тал нь өөрийн хөрөнгөөр тавина, боловсруулах үйлдвэр барина гэхчлэнгээр өчнөөн заалт дурдаж болно.

-Хамтарсан консорциумд давуу байдал олгосон гэж буруутгаад байгаа. Энэ тал дээр хуульчийн хувьд ямар дүгнэлт хэлэх вэ?

-“Waive sovereign immune” гэдэг үгийн утгыг товчхон дурдъя. Олон улсын хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх буюу арбитр дуудахад Монголын Засгийн газар татгалзахгүй гэсэн үг. Үүнийг суверенитет гэдэг үгтэй хольж хутгаад М.Энхсайханыг бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан байна л даа. Нэмж тодотгоход “most favored le­gal” буюу нэн тааламжтай нөхцөл олгоно гэдэг нь мега төсөлд заавал заагддаг заалт. Ингэж байж л гадаадын хөрөнгө оруулалт татна. Гэтэл эдгээр заалтыг мушгиад хамтарсан консорциумд давуу байдал олгосон гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй гэж судлаачийн зүгээс үзэж байна.

-Байгуулагдаагүй гэрээг Монгол Улсад хохирол учруулсан гэж үзсэн нь хуульч биш хүмүүст ч ойлгомжгүй санагдаад байна л даа. Тэгээд ч Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан процесс шүү дээ…?

-Хамтын шийдвэрээр УИХ-д өргөн барьсан төслийг буюу байгуулагдаагүй гэрээг Монгол Улсад ашиггүй, бусдад давуу байдал олгосон гэж дүгнэж байгаа нь буруу. Нэмж хэлэхэд хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол яагаад тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар биш, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар зүйлчилэв ээ гэсэн асуулт бас гарч ирнэ. Энэ мэт хардлага дагуулсан олон зүйл байна.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэж давхар буруутгаж байгаа нь хууль талаасаа зөв үү?

-Нэг үйлдлийг хоёр зүйл ангиар зүйлчилж байгаа бол буруу. байгуулагдаагүй гэрээний асуудлыг нэг өнцгөөс нь хорлон сүйтгэхийг завдсан гээд, нөгөө өнцгөөс нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж яллах дүгнэлтэд дурджээ.

Харилцан ашигтай гэрээний төсөл боловсруулсныг УИХ батлаагүй буцаасан гэдгийг дахин онцолъё. Хэрэв байгуулсан бол манай улс ямар хэмжээний ашиг олох байсан, алдагдсан боломж нь юу вэ гээд яривал их зүйл бий. Би танаас нэг зүйл асууя. Энэ мэтээр ажил хийсэн хүмүүс нь ад болж, саад тотгор болсон нь гавьяатан мэт үнэлэгдэхээр цаашдаа мега төслүүдийг зориг гаргаж хэрэгжүүлэх төрийн хүн олдох уу?

-Дубайн төлөвлөгөө, Таван толгойн асуудлаар жишээлээд харахад ойлгомжтой байна л даа. Мега төслүүдийг зориг гаргаж хэрэгжүүлэх хүн олдохгүй байх. Албандаа автомашин авсан асуудлыг мөн улсад хохирол учруулсан гэж оруулсан харагдсан. Албан хэрэгцээнд аваад, албандаа үлдсэн машиныг ингэж дүгнэх нь хэр үндэслэлтэй гаргалгаа вэ?

-Төслийн хэрэгцээнд 160 сая төгрөгт багтаан автомашин авахыг зөвшөөрсөний дагуу 2013 онд хамаарал бүхий хүнээсээ 130 сая төгрөгөөр автомашин авсан гэж буруутгаад байгаа. Хамаарал бүхий хүнээсээ автомашин худалдан авсан бол буруутгах үндэслэл байж болно. Гэхдээ яллах дүгнэлт дээр лексус-570 маркийн автомашиныг 130 сая төгрөгөөр худалдан авч төрд 130 сая төгрөгийн хохирол учруулсан гээд биччихэж. Машиныг М.Энхсайхан авч яваагүй төрд үлдээсэн байхад шүү дээ. Түүнчлэн шинжээч нь 2013 оны байдлаар автомашиныг үнэлэхдээ спидометрийн заалтыг нь 120.000 mile гээд 2020 оны гүйлтээр нь тооцоод улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн харагдсан. Энэ мэтээс харахад процессийн зөрчлүүд нэлээд харагдаж байна лээ. За яахав, 2013 оны автомашин худалдан авсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байлаа гэж харъя л даа. Ингэж харлаа гэхэд л хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны тавдугаар сард дуусчихсан. Нэг зүйлийг нэмж онцолъё. Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудлаар маргаан үүсгэсэн байгаа. Хэрвээ прокурор хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж маргаж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэргийг түдгэлзүүлэх учиртай. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн учраас.

-Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Таван толгойтой холбоотой дөрвөн гэрээ байна гээд зургийг нь постолсон харагдсан. Хавтаст хэрэгт тэр гэрээнүүдийн талаар дурдсан байгаа юу?

-Хавтаст хэрэг дээр нь нэг л гэрээний төслийг бусдад давуу байдал олгосон гэж яваад байна гэж ойлгосон. Үнэхээр дөрвөн гэрээний төсөл байгаа нь үнэн бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгахаас өөр аргагүй.

-М.Энхсайхан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Таван толгойн гэрээ яригдаж байх үед төрийн эрх барьж байсан хүмүүсийг гэрчээр дуудах хүсэлт тавьсан байна лээ, энэ тохиолдолд гэрчүүдийг оролцуулах ёстой юу?

-Ч.Сайханбилэг тухайн үед Ерөнхий сайд байсан хүний хувьд гэрчээр мэдүүлэг өгсөн байх учиртай. яллах дүгнэлтэд дурдсанаар “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр” гэдэг үг байгаа учир түүнийг бас дуудаж байцаах ёстой. Тэднийг гэрчээр дуудаж асуугаагүй бол хэргийг дутуу л шалгасан гэсэн үг. Таны хэлснээр ҮабЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Таван толгойтой холбоотой дөрвөн гэрээ байна гэж хэлсэн бол түүнийг бас мөрдөн байцаалтад мэдүүлэг авч тодруулах ёстой байсан. Хэргийг бүрэн гүйцэд шалгаж байж л хүнийг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох учиртай.

-Авлигатай тэмцэх газар, прокуророос сүүлийн үед улстөржиж захиалгаар хэрэг үүсгэж шалгах боллоо гэсэн яриа давтамжтай дуулдах болсон. Хуульч хүний хувьд танд ийм хандлага анзаарагдаж байна уу?

-Их хэцүү асуулт байна. Хүмүүс өөрсдөө, дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх.


Categories
мэдээ цаг-үе

Ө.Ганзориг: Ирээдүйдээ итгэх тал дээр социалист үеийнхэн өөдрөг, шинэ үеийнхэн гутранги байна

Зүүн гар талаас Ж.Эрдэнэбилэг, Ө.Ганзориг нар.

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо, судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA компани хамтарч Монголын хүн амын үеүдийг тодорхойлох судалгааг анх удаа хийжээ. Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, SICA компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг нартай ярилцлаа. Тэд “Монголын залуу үе Америкийн Z-үүдээс тэс өөр” гэж хэлж байна.


-Baby boomer, Z гэх мэт үеүдийн тухай амтай бүхэн ярьж, улстөрчид хүртэл baby boomer ингэдэг тэгдэг гээд яриад эхэллээ. Монголд шууд буулгах боломжгүй ойлголт гэв үү. Яагаад буулгах боломжгүй гэж?

Ө.Ганзориг: Таны асууж байгаа үеүдийн хувьд Америкт хамаарах ойлголт. Биднээс огт өөр замаар явж ирсэн улсын иргэдэд хамаарах тодорхойлолт байгаа юм. Капиталист, ардчилсан нийгэмд өсч бойжиж буй хүмүүсийг үеэр нь ангилсан зүйл. Тэр орчинд өсч хүмүүжсэн “Baby boomer”-үүдийн хандлага, чиглэл, сонирхол С.Баяр даргын үетэй ямар ч хамаагүй гэсэн үг. Z-үүд ингэдэг тэгдэг гэсэн Америкийн мэдээг Монгол руу шууд буулгаад “Z-үүд ингэдэг” гээд мэдээлэх нь буруу гэж хэлэх гээд байна л даа.

-Манайд үеүдээ судалсан судалгаа байдаг уу?

Ө.Ганзориг: Манайд ийм судалгаа огт хийгдэж байгаагүй юм байна. Ийм шалтгаанаар SICA компанитай хамтарч үеүдийн судалгааг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлүүлсэн юм. 1200 хүнийг хамрууллаа. Шинжлэх ухааны үндэстэй онолын асуултууд бэлдсэн. Баруунд хүмүүсээ тав хуваасан байдаг л даа, манайд бол дөрвөн үед хуваагдаж байна. Нэг л дэлхийд амьдардаг учраас Америкийн таван үетэй харьцуулбал бага зэргийн давхацлууд бий. Залуус инстаграм ашигладаг гэх мэт ижил зүйлс олон байгаа. Суурь итгэл үнэмшлийн хувьд л ялгагдаж байна. Жишээ нь, “Биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарах асуудал уу” гэсэн асуултад бүх үе “Хувь хүний эрх чөлөөнд хамаарахгүй” гэсэн хариу өгсөн. Америкийн үеүдтэй харьцуулаад харахаар тэс өөр ялгаа. Америкчууд либерал филорсофиороо биеэ үнэлэхийг хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж хариулж байхад монголчууд огт өөр хандлага гаргасан. Коммунист нийгмийн “Нийгэм чамаас шаардаж буй шаардлагыг биелүүлж амьдрах ёстой” гэсэн үзэл бүх үед ажиглагдлаа. Миллениал гэгдэж буй хэсэг ч ийм бодолтой байна. Дэлхийд ижил хүйстний гэрлэлт, марихуан, биеэ үнэлэлт гэсэн гурван зүйлээр либерал үзэл, эрх чөлөөг хэмждэг. Судалгаанд оролцогчдын 90 гаруй хувь нь эдгээрийг болохгүй, буруу гэсэн хариу өгсөн. Ийм гурван асуултаар л Монголын үеүд Америкийнхаас ялгаатайг баталчихаж байгаа юм.

-Монголд дөрвөн үе байгаа гэж ойлголоо. Үеүдээ яг яаж ангилав?

Ө.Ганзориг: Төрсөн жил нь 1964 он хүртэлх хүмүүсийг социалист үеийнхэн гэж тодотголоо. Тэдний залуу нас нь социализмын бүтээн байгуулалтын үед өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, хуучин нийгмийн үр шимийг хүртсэн хэсэг. Дараагийнх нь завсрын үеийнхэн. Залуу нас нь социалист, коммунист нийгмийн зааг дээр гацсан хэсэг. 1965-1982 оныхон энэ хэсэгт багтаж байгаа. Шилжилтийн үе гэсэн ангилалд социализм, коммунизмын үеийг үзээгүй хэсэг багтлаа. Дөрөв дэх нь шинэ үеийнхэн. 1995 оноос хойш төрсөн хэсэг энэ үед багтана. Нийгэм эдийн засгийн асуудлууд, хэрэглээ гэх мэт хэд хэдэн өнцгөөс харж байж ингэж ангиллаа.

-Бизнесийнхэн Z үеийнхэн рүү чиглэсэн маркетинг хийнэ гээд Америкийн Z-үүдийг судлаад яваа байх. Төр засгаас залуус руу чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ магадгүй Америкийн Z-үүдийн онцлогийг харж судалж яваа ч юм билүү. Ингээд харахаар та бүхний хийсэн судалгаа олон салбарт хэрэг болох нь ээ?

Ө.Ганзориг: Тэгэлгүй яахав. Монголын компанийн маркетингийн захирлууд Z үеийнхэн ийм онцлогтой учраас ингэе тэгье гэж яриад сууж болохгүй л дээ. Шилжилтийн үеийнхэнд ямар маркетинг хийх вэ, завсрын үеийнхэн ямар бодолтой явдаг вэ гэдгийг анзаарах боломж бүрдчихлээ гэж хэлж болно. Төрийн хувьд боловсрол, нийгмийн чигийн хүн рүүгээ чиглэсэн бодлого гаргахад тус нэмэр болохоор судалгаа хийгдлээ гэсэн үг.

-Ингэхэд үеүдийн судалгаа дэлхийд хэдийнээс хөгжиж эхэлсэн юм бол. Та нар судалгаагаа яг ямар аргаар хийсэн бэ?

Ж.Эрдэнэбилэг: Өндөр хөгжилтэй орнууд ХХ зуунаас үеийг судалж эхэлсэн. Кarl Мannheim гэж хүний 1928 онд гаргасан загвар л даа. Тэр хүн “Үеүдийн асуудал” гэсэн нийтлэлдээ “Өсвөр үе, залуу үед нь тухайн нийгэмд ижил төстэй үйл явдал тохиолдох нь хүмүүсийн хандлага төлөвшихөд нөлөөлдөг. Үүнийг үеийн ижилсэл гэнэ” хэмээн онцолсон байдаг. Бид үеүдийг Кarl Мannheim-ийн загвараар судалсан. 1990 оны хувьсгал, дижитал эрин үеийн өөрчлөлт үеүдэд яаж нөлөөлснийг судалсан гэсэн үг.

-Шинэ үе их сонирхолтой санагдаж байна. Социализмын тухай ямар ч төсөөлөлгүй үе учраас ялгаа онцлог ихтэй байх…?

Ж.Эрдэнэбилэг: Шинэ үеийнхний хувьд цэвэр капиталист гэр бүлд төрсөн хэсэг. Нийгмийг үзэх үзэл, улстөрийн үзэл баримтлал, ёс суртахууны баримжаа, хэрэглээ гэх мэт таван үзүүлэлтээр харахад ялгаатай байдал, хандлага анзаарагдаж байгаа. Бид суурь судалгаа хийж үеүдээ ангилчихлаа. Цаашдаа үе дотор нь ангилах ажил бий. Яг нарийндаа нийгмээрээ бужигнаж, зөвшилцөлд хүрч чадахгүй яваагийн цаад шалтгаан ч үеүдийн судалгаа байхгүйтэй холбогдоно.

Ө.Ганзориг: Нийгмийг үе болгон өөр өөрөөр харж байна. “1990 оноос хойш ёс суртахуун, үнэт зүйлс, шударга ёс сайжирсан уу” гэж асуухад социалист, шилжилтийн үеийнхний жар гаруй хувь нь “Муудсан” гэсэн хариу өгсөн. Гэтэл завсрын, шинэ үеийнхэн 40-43 хувь нь “Сайжирч байгаа” гэж үзэж байна. 1990 оноос хойш эдийн засаг, амьжиргаа сайжирсан уу гэхээр социалист үеийнхний 43 хувь нь муудаж байна гэж хариулах жишээний. Харин залуу шинэ үеийнхэн сайжирч байгаа гэсэн хариу өглөө. Социализмыг гадарладаг үеийнхэн дүгнэлтээ шударга ёс талаас нь харж хийж байна. Баян хоосны ялгаа хэт гүнзгийрсэн гэдэг талаас эдийн засгийг үнэлж байна гэсэн үг. Шинэ болон завсрын үеийнхэн “Хэрэглээ сайжирсан. Өндөр шилэн барилгууд боссон, айл бүр машинтай, дэлгүүр болгонд бараа элбэг байна” гэсэн нүдээр хараад “Эдийн засаг сайжирсан” гэж үнэлсэн. Нэг асуудлыг өөр өөрөөр харж явааг үе гэж тодотгоод байгаа юм. Түүнээс биш хөгшин, залуугийн асуудал биш.

үүлийн үед ардчилал хэрэгтэй, хэрэггүй гэсэн талцал мэр сэр анзаарагдах боллоо. Ардчиллын итгэл үнэмшлийн хувьд үеүд ямархуу хандлага төсөөлөлтэй явдаг юм бол?

Ө.Ганзориг: “Төр олон нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг хурааж авч болох уу” гэж асуухад шинэ үеийнхний 70 гаруй хувь нь болохгүй гэж хариулсан бол социалист болон завсрын үеийнхний тухайд хувь нь багасчихаж байгаа юм. Хураах нь зөв гэсэн хариулт 25 хувь ороод ирэх жишээний. Улс төрийн итгэл үнэмшлийн хувьд гээд харахаар шинэ болон шилжилтийн үеийнхэн Монголын өнөөгийн улстөрийн тогтолцоонд итгэх итгэлээ алдчихаж гэж хэлж болохоор байна. 70 хувь нь итгэлгүй гэсэн хариу өгсөн. Шинэ үеийнхний 78 хувь нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Бид шууд бус асуултын аргаар тухайн хүний ёс суртахуун яаж тогтсоныг тандсан. Хоёр гурван шалгалт асуулт тавьсан юм. Социалист үеийнхэн шударга ёсны чиг баримжаа өндөр хэрнээ либерал хэмжигдэхүүн нь маш бага байна.

Ж.Эрдэнэбилэг: Жишээ нь “Ажил олгогч чинь таны ажлыг шударгаар үнэлдэг үү” гэж асуухад социалист үеийнхний 60 гаруй хувь нь “Тиймээ, бүрэн санал нийлж байна” гэсэн хариу өгсөн. Харин шинэ үеийнхний 43 хувь нь санал нийлсэн. Өөрөөр хэлбэл шинэ үеийнхнээс ажлын хөлсөө чамласан, шалтаг тоочдог, хувирамтай, туйлбаргүй байдал анзаарагдах жишээний.

Ө.Ганзориг: Товчхондоо социалист үеийнхэнд нэлээд том ялгаа харагдаж байна. Завсрын, шилжилтийн үеийнхэн хоорондоо бага зэрэг төстэй. Социалист үеийнхнийг хуучинсаг гэж хэлж болохоор. Түрүүн хэлсэнчлэн шударгын хэмжүүр өндөр, либериал мэдрэмж багатай, социалист үеэ санагалзах маягтай байна. Шинэ үеийнхэн илүү арилжааны. Дөнгөж ажлын гараагаа эхэлж яваа мөртлөө хөдөлмөрийг нь шударгаар үнэлэхгүй байна гэх жишээний.

-Шашин шүтлэгийн хувьд үеүдэд ялгаа байна уу?

Ж.Эрдэнэбилэг: Үеүдийн хооронд ялгаа гараагүй. Ямар нэг шашин шүтдэг үү гэж асуухад 40 гаруй хувь нь тийм гэж хариулсан. Шашиндаа хэр чухалчилж ханддагийг нь тандах гэж зан үйл хэр үйлддэг вэ гэж асуухаар ихэнх нь жилдээ гурвын дотор үйл хийдэг гэсэн хариу өглөө. Цагаан сараар мөр гаргах, шинийн найманд багтаж заслаа хийх, Хамрын хийд орох гэх мэт дадал шахуу болчихсон зүйлсийг хийдэг гэсэн үг Дөрвөөс дээш удаа зан үйл үйлддэг нь 12 хувь байна. 11-ээс дээш үйл хийдэг нь 4-хөн хувь байгаа юм. Ингээд харахаар манайх бараг л шашингүй улс болж таараад байгаа юм.

-Буддын шашинтай гэж хэдэн хувь нь хариулсан бэ?

Ж.Эрдэнэбилэг: “Ямар шашныг илүүд үздэг вэ” гэж асуухаар 85 хувь нь буддын шашин гэсэн хариу өгсөн. долоон хувь орчим нь Христийг онцолсон. Гэтэл 11-ээс дээш үйл хийдэг хүмүүсийг задлаад харахаар 33 хувь нь Христийн шашныг илүүд үзэгсэд байсан. Харин буддын шашинтнууд 52-хон хувь байх жишээний. Тэгэхээр христийн шашны итгэгчдийн хувь нь цөөн ч тууштай шүтэгдчид гэж харагдаж байна.

-Эцэг, эх хүүхдэдээ хэр хүчтэй нөлөөлж байна вэ?

Ө.Ганзориг: Америкийн baby boomer-үүд X үеийнхний аав ээж гэж үзвэл үр хүүхдэдээ үзүүлэх нөлөө нь их байдаг. Манайд ч ялгаа алга. Аав, ээжүүдийн нөлөөлөл өндөр байна. Социалист, завсрын үеийн аав, ээжүүд нөлөөлсөн гэдэг утгаараа Америкийн миллениалуудаас үзэл бодол хандлагын хувьд тэс өөр үзүүлэлтүүд гарч ирж байна л даа.

-Тэгэхээр социалист үеэс шинэ үеийнхэн тэс өөр гэсэн үзэл хандлага худлаа болж таарах нь ээ?

Ө.Ганзориг: Тэс өөр гэж төсөөлөх нь хамгийн буруу төсөөлөл. Үе тодорхойлох судалгаагаар үеүдэд гарч буй өөрчлөлтийг харуулж байгаа юм. Та социалист нийгмийг илүүд үзэж байна уу гэхээр социалист үеийнхний 90 хувь тийм гэж хариулаад, шинэ үеийнхний 90 хувь үгүй гэж хариулахгүй гэсэн үг. Социалист үеийнхний 90 хувь тийм гэж хариулбал шинэ үеийнхний магадгүй 70 хувь нь тийм гэж хариулна. 20 хувийн энэ зөрүү нийгэм өөрчлөгдөж буйг харуулж байгаа юм. Өөрчлөлт ингэж явагддаг.

-Судалгаа хийх явцад гайхшируулсан үзүүлэлт олон байв уу?

Ж.Эрдэнэбилэг: Ер нь сюрпризний байсан л даа. Шинэ үеийнхнийг өвөө, эмээтэйгээ адилхан байна гэж бодоогүй. Залуу үе улстөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийн хувьд өвөө, эмээтэйгээ төстэй шинж харуулж байгаа нь сюрпризний санагдсан. Америк залуустай ижил хандлагатай яваа гээд төсөөлтөл тийм байсангүй л дээ.

Ө.Ганзориг: Ямар нийгмийг илүүд үзэж байна вэ гэсэн асуултыг капиталис, социалист, аль алийг нь, алийг нь ч биш гэсэн сонголттойгоор тавихад дөрвөн үе дамнаад далаас дээш хувь нь социалист гэж хариулсан. Капиталист нийгэмд амьдарч яваа хэрнээ капитализм гэдэг үгээ ойлгохгүй яваа юм байна гэж дүгнэсэн. Мэдээж капиталист нийгэм хэрэггүй гэсэн утгаар биш л дээ. Капитализм гэдэг үгээ ойлгохгүй яваа байх нь гэсэн дүгнэлтэд хүрсэн. “2050 он гэхэд монголчууд сайхан амьдрах уу” гээд асуухаар шинэ үеийнхний 60 хувь нь “Итгэлгүй байна, яаж ч магадгүй” гэсэн хариу өгч байна. Социалист үеийнхний 40 хувь нь итгэлгүй байна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, социалист үеийнхэн илүү оптимист байна гэсэн үг. Залуусын ирээдүйд итгэх итгэл муу байгааг улстөрчид, төрийн байгууллагад тавьж буй дүгнэлт гэж ойлгож болно.

-Z, миллениал үеийнхэн, шинэ цагийнхан бидний аврал гэсэн утгатай тайлбар их дуулддаг. Тэгж найдах нь хэр бодитой хандлага вэ?

Ж.Эрдэнэбилэг: Өмнөх үеэсээ нэг их ялгарах юмгүй. залуу үе дотроо масс нь залхуу, мэдлэг боловсрол муутай гэсэн зураг гарах жишээний. Тэгэхээр дараа үеэ залж чиглүүлж, өөрчлөлтийг бага багаар хийж явах нь илүү зөв шийдэл гэж харагдаж байна. Шинэ үе гарч ирээд л гоё болно гэсэн ойлголт байхгүй.

Ө.Ганзориг: Судалгааны багт социологич, сэтгэл зүйчид хамтарч ажилласан. Гэхдээ энэ судалгааг хийснээр бүх асуултад хариу өгсөн гэсэн үг биш. Цаашид үеүдээ бүр нарийн судлах шаардлагатай. Судалгаа хийсэн хоёр байгууллагын зүгээс социологич, эдийн засаг, бизнес эрхлэгчдийг энэ судалгаатай сайтар танилцаж ажилдаа ашиглахаас гадна дараагийн шатны судалгаанд хамтарч ажиллах, энэ судалгаанд шүүмж бичих гэх мэтээр хамтарч ажиллахыг хүсч байна. Маргаан дэгдээх судалгаа хийсэн гэж олзуурхаж суугаа. Мэдээж төгс юм хийсэн гэж бодохгүй байна. Ямартаа ч таван сарын турш олон хүнтэй баг ажиллаж судалгаагаа дуусгалаа. Төрийн нийгмийн талаар баримтлах бодлого, цаашлаад яривал сэтгүүл зүйд хүртэл хэрэгтэй. Наад зах нь ямар төрлийн уншигчид байна вэ гэдгийг нарийвчилж судалж болно.

Categories
мэдээ цаг-үе

Дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа Э.Содномжамцынх

Дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа Э.Содномжамцыг “Танайд өнжье” булангийнхаа зочноор урьсан юм. Өвөөгийнх нь аав хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны хошуу ноёны зөвлөхөөр ажиллаж явсан, өвөө, аав хоёр нь сумын дарга байсан гэх түүхийг сонсоод гэрт нь өнжих хүсэлт тавьсан юм. Э.Содномжамц төрийн албанд хамгийн бага албан тушаалаас яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл албыг хашсан намтартай. Төрд зүтгэсэн жил нь хорь гаруйгаар тоологдоно.

Оны өмнөхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын албаа хүлээлгэж өгчээ. Товчхондоо мерит зарчмаар төрд зүтгэж яваа цөөхөн хүмүүсийн нэг. Төрийн хар хүн гэсэн тодотголд жижигдэхгүй хүмүүсийн нэг гэж ойр тойрныхон нь үнэлдэг юм билээ.

Өнжихөөр товлосон өдрийнхөө өглөө утас цохитол “Өө би та нарыг өдөр тийшээ ярих байх гэж бодож байсан юм. Би одоо аавындаа байна. Энд хүрээд ирэх үү. Тэгээд манайх руу явъя” гэж байна. Заасан хаягийг нь удаж төдсөнгүй олоод очив. Аавынх нь ХӨСҮТ-ийн хойд талд орших орон сууцанд амьдардаг юм байна. Гуч орчим насны бүсгүй хаалга нээж өглөө. Ах дүү нараараа цугласан бололтой ид бужигнаж байна. Зочны өрөөний хоймрын буйданд аавтайгаа зэрэгцэж тухалсан Э.Содномжамц биднийг хараад шалавхийн өндийнгөө “Манайхан аавындаа үе үе цугладаг юм. Тэр үе таарчихлаа” гэж инээмсэглэн хэлээд ширээнээ урив. Чанасан мах, ногоотой шөл, чихэр жимс, сүүтэй цай өрсөн ширээнээ суусны дараа аавтай нь хууч дэлгэлээ. Яриа хөөрөө сайтай буурал юм. Хөнгөн хошигнолоор чимсэн хууч яриаг нь сонсоод суухаар цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Баянхонгор аймагт насаараа намын удирдах алба, сумын дарга, сумын ИТХ-ыг алба хашсан энэ буурал 2008 онд Улаанбаатарт иржээ. Байсхийгээд л “Манай Эрдэнэцогт сум чинь” гэж ирээд хууч дэлгэнэ. Ерээд оны шилжилтийн хэцүү үед сумын даргын албыг хашиж явжээ.

“Таныг Эрдэнэ-Очир дарга гэхээр Баянхонгорынхон анддаггүй юм билээ. Шилжилтийн хэцүү үед сум удирдах амаргүй биз” гэхэд “Төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү цаг байлаа. Гэхдээ ямар ч байсан цалингаа архиар тавиагүй ээ” гээд хөгжилтэй инээв. Тэр үед сумын дарга нар цалингаа тавьж чадахгүй аргаа барахдаа хөлс мөнгөнийх нь оронд иргэддээ архи хүртэл тарааж байжээ. Эрдэнэцогт сум Эрдэнэ-Очир гуайг даргалж байх үед өдөртөө үсрээд дөрвөн цаг л мотор асаадаг байж. Мотор асаана гэдэг нь цахилгаан өгч байгаа хэрэг л дээ. Өдөрт дөрөвхөн цаг цахилгаантай өнждөг сумынхнаа 24 цаг гэрэлтэй амьдруулах гэж чадахаараа хөөцөлдөж ажил болгож байснаа ярив. Эрдэнэ-Очир гуай нийгмийн ухааны багшийн мэргэжилтэй гэнэ. Багшилж явсан залуугийн өдрүүдээ дурсах дуртай нь илт. Байсхийгээд л багшилж явсан өдрүүдийнхээ сайхан дурсамжуудыг хөврүүлнэ.

Эрдэнэ-Очир гуайгаас хошуу ноёнд зөвлөж явсан Жамъян өвөөгийнх нь тухай сонирхоход “Өвөө минь тайж хүн байсан юм. Одоогоор бол сэхээтэн хүн гэж ойлгож болох байх. Хошуу ноёныхоо ойр шадарлаж явсан юм билээ. Өнөө цагийнхаар бол Засгийн газрын референт хавьцаа алба юм болов уу” гэж инээмсэглэн хэлэхэд Э.Содномжамц “Аавын яриан дээр нэмээд хэлэхэд миний өвөөгийн аавд “Пайтан” цол олгож байсан юм билээ. Энэ цолны учир утгыг Т.Галсан, С.Дулам зэрэг мундаг хүмүүсээс асууж сурч нэлээд явсан л даа. Сүүлд Баянхонгорынхоо Аюуш гэж хүнээс учрыг нь дуулсан. Өвөөг хошуу ноёндоо зөвлөж явах тэр цагт Ламын гэгээний хошуу их баяжиж хөрөнгөжиж, зөвхөн тэмээ нь гэхэд л нэг бум хүрч л дээ. Нэг бум гэдэг нь 100 мянган тэмээ гэсэн үг. Тэмээг нь бум хүрлээ гээд хошуу нутгийг нь пайтан цолоор шагнасан гэдэг. Хошуу нутагтаа хөрөнгөтэй, буянтай, ард түмэндээ их хүндлэгдсэн маш цөөхөн хүнийг “Пайтан” цолоор шагнаж байж. Тэр хүмүүсийн нэг нь өвөөгийн минь аав” хэмээн ярив. Сайн ноён хаан аймгийн Дайчин вангийн хошуу гэдэгт одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут хавьцаах нутаг хамарч байж.

Эрдэнэ-Очир гуай охиныхоо аягалж өгсөн сүү тунарсан цайг оочлонгоо “Өвөө нь зургаан хүүхэдтэй. Содномжамц миний ганц хүү. Миний хүү чинь хоёр ой хүрээгүй нялх жаахандаа өвөө, эмээдээ очсон юм. Би Зөвлөлт холбоот улсын Москва хотын Комсомолын дээд сургуульд, ээж нь санхүүгийн техникумд сурахаар явсан болохоор өвөөгийн хүүхэд болсон хэрэг. Тавын бидон даахгүй жаахандаа л өглөө эрт босч эмээдээ цай чанаж өгч байсан хүү дээ” гээд хүд хүд инээв. Аавынхаа яриаг инээмсэглэн чагнаж суусан Содномжамц “Би чинь өвөөгийнхөө мэргэжлийг эзэмшсэн хүн байгаа юм. Миний өвөө Цэдэндорж гэж санхүүч хүн байлаа. Хоёр гараараа зэрэг сампинддагаараа гайхагддаг хүн байлаа шүү дээ. Хоёр хүн хоёр талдаа суулгачихаад нэгэнд нь жаахан аяархан, нөгөөд нь арай чанга дууд гэж хэлээд сампиндчихна. Нутгийнхан нь өвөөг махан машин гэж цоллодог байсан юм. Уншаад дуусахад хэлсэн бүхнийг нь хуучин монгол бичгээр жирийтэл биччихдэг хүн байж билээ. Алтангэрэл гэх мэт хуучны судруудыг мөн ч олныг хуучин монгол бичгээр хуулж бичсэн дээ. Зарим судар нь өнөө ч бидэнд бий. Өвөө шинэ үсэгтээ ч мундаг хүн байсан. Нутгийнхан нь өвөөг зорьж ирж өргөдөл бичүүлнэ. Одоо эргээд бодох нь ээ өргөдөл бичүүлэх гэж ирсэн хүн өвөөгийнд өдөржин өнждөг байжээ. Өвөө өчнөөн зүйл асууна, өнөө хүн байдаг бүхнээ тоочно. Тэгж тэгж оройхон хэрд өргөдлийг бичиж өгнө дөө. Өвөөгөөр өргөдөл бичүүлсэн ямар ч хүний хэрэг бүтчихдэг байсан шүү” гэж өвөөгөө дурсав. Э.Содномжамц “Өвөө Эрдэнэцогт сумын дарга байсан. Аав ч бас сумынхаа даргаар ажилласнаа сая танд ярилаа. Би тэтгэвэрт гарахынхаа өмнө Эрдэнэцогт сумандаа очоод дарга хийвэл гурван үе дамжих гээд байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Э.Содномжамцын ээж санхүүч мэргэжилтэй хүн аж. Байсхийгээд хүүгийнхээ тухай бахархсан өнгөтэй дурсамж яриа дэлгэнэ. Содномжамц сурагч байхдаа ангийнхаа улаан бүчгүй хүүд галстукаа тайлж өгчихөөд ээжтэйгээ дэлгүүр орж улаан бүч авч байж. Ээж нь хүүдээ шинэ улаан бүч авч өгсөн үеэ “Манай ангийн хүүхдийг багш загнаад болохоор нь өрөвдөөд өгчихсөн юм аа ээжээ гээд ирэхэд нь би их баярлаж билээ. Миний хүү зөөлөн, хүнлэг сайн хүн болох нь ээ гэж олзуурхсан шүү” хэмээн дурсав.

Аавынд нь хоёр цаг хэртэй саатсаны дараа Э.Содномжамцынх руу явлаа. Түгжрээ багатай, сэлүүхэн замаар жирийлгэсээр “Маршал таун” хотхонд ирэв. Тусдаа гарсан хүү охин нь аавындаа иржээ. Хоёр ой хүрсэн болов уу гэмээр жаахан хүү, ой дөнгөж хүрч яваа гэмээр сөөсгөр охин зочны өрөөний хивсэн дээр тоглож сууна. Өвөөгийн амины ач, зээ хоёр үе үе ирдэг хүндтэй зочид нь гэнэ. Гэрийн эзэн орж ирэнгүүтээ л зээ охиноо өвөр дээрээ суулгаж, ач хүүгийнхээ толгойг өхөөрдөн илэв. Э.Содномжамц “Миний зээ чинь өвөөдөө амь шүү дээ. Заримдаа бүр ээждээ очихгүй өвөөдөө эрхэлдэг юм” гэж байна. Гэрийн эзэгтэй В.Цэнд ширээ дүүрэн хоол унд, чихэр жимс бэлджээ. Э.Содномжамц “Манай хүн математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй. Багшилж байгаад хүүхдийн байцаагч болсон юм. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гараад, одоо хүүхдүүдтэйгээ хувийн компаниа ажиллуулж яваа” гэж гэргийгээ танилцуулав.

Эхнэрийнхээ аягалсан цайг оочлонгоо “Түрүүн аавынд байхдаа төрсөн сумаа хэлээгүй юм байна. Би Баянхонгорын Баян-Овоо суманд төрсөн хүн. Аав Галуут суманд, ээж Баян-Овоо, Баацагаан сумдын зааг дээр төрсөн” хэмээн нутаг усаа сонирхууллаа. Эднийх таван хүүхэдтэй аж. Хоёр том нь хувийн бизнестээ хүч сорьж яваа бол гурав дахь охин нь хойд хөршид гадаад харилцааны чиглэлээр суралцдаг юм байна. Өнөөхөндөө гэртээ ирж амжаагүй, Эрдэнэтэд хөл хорионд ороод байгаа гэнэ. Биднийг очдог өдөр охин нь карантинаас гарах байсан ч хөл хориог долоо хоногоор хойшлуулсан мэдээ аав, ээжид нь иржээ. Хоёр бага нь дунд сургуулийн сурагч аж.

Гэрийн эзэнтэй дэлгэсэн хууч сүүлдээ төрийн алба тойрсон асуудлууд руу оров. Төрд ажилладаг хүмүүс сонгуульд өрсөлдөх боломж бүрдвэл төрийн албаныхны цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр гэх мэт амьдралд хэрэгтэй олон шийдвэр гарч эхэлнэ, төрийн албаны цалин хөлсөнд анхаарвал хувийн хэвшлээ дэмжиж байгаа нэг гарц, эрэлтийг нь дэмжиж байж хувийн хэвшлийнхэн орлоготой аж төрөх учраас төрийнхөн, тэтгэврийнхнээ дэмжихээс аргагүй, нийслэл өнгөрсөн өвөл дарга, цэрэггүй хөдөлж байж утаагаа багасгаж чадсан, цаашдаа ч шийдэх асуудал нийслэлд олон байна гэх мэт яриа хөөрөө бидний дунд өрнөлөө. Малчдыг орлогожуулах, хөдөөгийнхнийг дажгүй амьдруулах гол гарц нь орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хүүг буулгах ёстой, зээлийн хүүг буулгая гэвэл хадгаламжийн хүүнээс татвар авах гэх мэт гарцыг эрж хайхаас аргагүй гэх мэт ажил хэрэгч яриа ч багагүй хугацаанд өрнөв. Хэдэн цаг хүртэл ажилладаг байсныг нь сонирхоход “Шөнийн хоёр хүртэл бичиг цаастай ноцолдоод суух энүүхэнд. Бичиг баримтуудад гарын үсэг зурахгүй бол аж ахуйн нэгжүүдийн ажил зогсоно. Цаана нь өчнөөн хүний амьдрал яригдаж байхад төрийн албаны хүнд чөлөөтэй суух, амрах эрх байхгүй шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв. Эхнэр нь хажуугаас “Бид чинь хоёулаа төрийн албаны хүмүүс. Цаг наргүй ч гэлээ түмний төлөө ажиллах сайхан шүү” гэж байна. Содномжамц аавынхаа “Дарга бол арга гэсэн үг юм, ямар ч хүнд асуудлаас арга гарц хайж болох чадвартай байж л бусдыг удирдана. Түүнээс биш уурлаж загнаж ажилчдадаа стресс өгдөг хүнийг дарга гэхгүй. Ингэвэл ярга болчихно” гэсэн сургаалийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж яваагаа ажил ярих зуураа хавчуулав.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд боссон япон стандартын эмнэлгийн бүтээн байгуулалтад олон хүн олзуурхжээ. Дэлхийн түвшний нарийн шинжилгээг эх орондоо өгөхөөс эхлээд олон давуу талыг монголчуудад өгсөн энэ эмнэлгийн санхүүжилтийг хайж, эрж, шийдсэн гол хүн нь Э.Содномжамц юм байна. АШУҮИСД-д хоёр удаа томилогдож ажиллахдаа амжуулсан том ажил нь энэ гэнэ. Тэрээр “Эмнэлэг, сургууль, багш ажилчдын орон сууц, оюутны дотуур байр, номын сан, спорт заал, хичээлийн байрууд, зогсоол зам талбайтай гээд бүгдийг төлөвлөсөн. Монголын анхны их сургуулийн цогцолбор болох юм. Ажлын явц 70, 80 хувьтай яваа. Олон шөнийн нойроо хассаны хүчинд үр дүн нь гарсанд баярлаж суугаа” гэлээ. Сувилагч нарын 95 хувь нь гэр хороололд амьдардагт эмзэглэж явдгаа хуваалцсан Содномжамц коронавирусийн цар тахлын үед онцгой сайн ажиллаж байгаа хэмээн ажиллаж явсан салбарынхнаа магтав. Хувийн хэвшлийнхнээ уриалж санхүүжилт босговол дажгүй мөнгө цугларна гэсэн санал ч хэлээд амжив. Тэрээр саяхан ХӨСҮТ-д ариутгалын уусмал гэх мэт хэрэгтэй зүйлсийг нь хандивлажээ.

Гэрийн эзэн шашны чигийн ном унших дуртай гэнэ. Номын санд тэр чигийн ном нэлээд харагдав. Нутгийнхаа Их Богд уулын зургийг зочны өрөөний ханандаа залжээ.

Дундговийн хүүхэн хутагтын эмээл, хазаар, ташуурыг нэг өрөөндөө хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь орж ирсэн хэний ч нүдэнд содон тусахаар юм. Содномжамц ээжийнхээ аавын зургийг бурханчилж залсан шалтгаанаа “Өвөөгийн дүрийн дээхнэ байгаа энэ зүйл бол нанжвандан. Миний өвөөгийн үзэж байсан Дүйнхорын номны хураангуй тарни байгаа юм. Гачин лам гэж манай нутгийн хувилгаан бий. Тэр хүн ингэж зохиомжилж, Тулгаа гэдэг хүн бүтээсэн” хэмээн тайлбарлалаа. Гэрийн эзэн өвөөгийнхөө хөргийг ажиж зогссоноо “Миний өвөө Сэр-Одын Дамдинсүрэн гэж хүн байлаа. Хүүхэд байхад сонин юм их ярьдаг байжээ, одоо эргээд бодоход. Шашин талын ном сонирхдог маань өвөөгөөс улбаатай. Өвөө нэг шөнө тэнгэр өөд заагаад “Тэр цувсан гурван одыг харж байна уу. Дунд талын одны дээхнэ жижигхэн од үзэгдэнэ үү” гэж асуулаа. Тийм байна гэсэн чинь “Тэр од энэ гурван одноос өнгөрч байж бороо хур орж, зун цаг дэлгэр болох учиртай юм. Гэтэл тэр хавиас гарч чадахгүй бараг хоёр сар болчихлоо” гэж билээ. Бас нэг удаа би “Өвөө йог, бясалгалаар хичээллэсэн хүн газраас тохой хөндийрдөг гэх юм. Дээр үед тийм чадалтай лам байсан уу” гэж асуухад “Мэсний тарнийг тоонд нь гүйцээгээд уншчихад мэс хүнийг дийлэхгүй болно. Гүртэн хүмүүсийн биеийг сураар баглаж байж гүртэн буулгадаг байлаа. Тэгэхгүй бол шувуу шиг нисээд алга болчих гээд байдаг юм. Тэгэхээр тохой хэртэй хөндийрөх амархан байлгүй яахав” гэж билээ. Энэ мэт олон сайхан дурсамж бий” хэмээн хууч дэлгэв.

Биднийг гарахын өмнөхөн гэрийн эзэн охиноороо нөгөө өрөөнөөсөө аргал авчруулж дунд хэмжээний сангийн бойпорт уугиулангаа “Хааяа аргалын утаа үнэрлэхээр нутагтаа очсон мэт сайхан мэдрэмж төрдөг шүү. Би ер нь их хөдөөсөг хүн. Зав л гарвал салхинд гарахыг боддог. Миний хамгийн үнэтэй өв хөрөнгө бол өвөөгийн минь гэр. 16 хүүхэд өсгөсөн буянтай буурлуудынхаа гэрийг зундаа барьдаг. Дөрвөн жил тутам болдог ургийн баяртаа аваад очихоор манайхан өвөөгийн гэрийг хамгийн дээд талд нь барь гээд сүйд болно шүү дээ” хэмээв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Оновчтой бодлого, хурдтай шийдвэрээр эдийн засгийн “цус алдалт”-ыг зогсооно

Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Коронавирусийн тархалт хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад эдийн засаг цаашид яах нь тодорхойгүй, нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн хэвээр байна уу?

-Судалгаануудын үр дүнгээс харахаар долоо хоног бүр нөхцөл байдал улам дордоод байна л даа. Ийм огцом өөрчлөлт өнөөг хүртэл хэвээр байгаа. Долоо хоногийн дараа байдал яаж ч өөрчлөгдөж мэдэх нөхцөлд хүн төрөлхтөн амьдарч явна даа.

-Хамгийн том хүндрэлтэй нүүр тулсан салбарууд гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Нэрвэгдээгүй салбар үгүй. Үйлчилгээний салбар маш хүнд байна. Дараа нь орох салбар бол үйлдвэрлэл. Аялал жуулчлал бүр тэг зогсолт хийчихсэнийг хүн бүр мэдэж байгаа.

-Засгийн газрын шийдвэрүүд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна. Бодит байдал дээр яг яаж хэрэгжих нь тодорхой биш байгаа учраас яг тэгж ингэж нөлөөлнө гэсэн дүгнэлт хийхэд эрт л дээ.

Өмнөх жишээнүүдийг харахаар шийдвэрүүд маш олон хязгаарлалттай гардаг. Аливаа шийдвэрийг дагаад гарах журам, дүрэмд баахан хязгаарлалт хийгээд өгчихдөг тал бий. Элдэв хязгаарлалт хийчихээр тухайн гаргасан шийдвэр зорилтот бүлэгтээ өгөөж багатай болдог сул тал ажиглагддаг. Аль нэг даргын үнэлэмжээр шийдэгдэх тал ч анзаарагддаг.

-Тэгвэл дэлхийн улс орнууд иргэд, компаниуд руугаа чиглэсэн бодлогоо яаж хэрэгжүүлж байна вэ?

-Өнөөгийн хүнд нөхцөлд бусад улсад хэрэглэж буй аргыг харахаар битгий ялга, бүгдэд нь боломж олго гэсэн чигтэй байна л даа.

Татвараас чөлөөлбөл бүгдийг нь чөлөөл, зээл өгвөл бүгдэд нь ижил ханд гэсэн арга барилаар хандаад байх шиг. Тэгж байж л өнөөдөр нэгэнт эхэлчихсэн цус алдалтыг цаг алдалгүй зогсоож чадна гэцгээж байна.

-Засгаас гаргасан шийдэлтэй холбоотойгоор компаниудаас ямар нэг санал, хүсэлт ирж байна уу?

-Засгийн газраас гаргасан шийдэл тодорхой хугацаанд буюу хагас жилийг хамрахаар байгаа. Коронавирусийн тархалт хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед үүнээс урт хугацаа тавьж болохгүй юу гэсэн асуултыг компаниуд тавьж байна. Бидний харж байгаа өнцөг, бусад орны авч буй арга хэмжээг харахаар цар хүрээ нь өргөн, хамрах хугацаа нь доод тал нь 12-18 сар байна. Зургаан сарын хугацаанд арга хэмжээ авчихаад дараа нь яах вэ гэсэн асуулт гарч ирэх нь тодорхой. Татварын хувьд алданги торгуулийг чөлөөлнө гэж байгаа. Чөлөөлөх нь сайн хэрэг. Гэхдээ тэртэй тэргүй ашиггүй ажиллаж эхэлсэн бизнест татварын алданги, торгуулийн чөлөөлөлт ямар ч утга учиргүй шийдвэр болчихож байгаа юм. Өнгөрсөн жилийн татварын өртэй аж ахуйн нэгжүүд олон бий. Ийм асуудалтай аж ахуйн нэгжүүдэд хамаатай шийдвэр гэвэл өөр хэрэг л дээ.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт ногдох алданги торгуулийг дөрөвдүгээр сараас эхлэн чөлөөлнө гэдэг нь бас өрөөсгөл шийдэл.Хүндрэл энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Өмнөх гурван сарын хугацаанд үүссэн асуудлууд дээр компаниудад ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуудал гарч ирнэ.

-Засгийн газар 14 төсөл хөтөлбөрийг 700 гаруй сая ам.доллараар хэрэгжүүлнэ гэж байгаа. эдийн засагт өгөөжөө өгөхөөр шийдэл нь энэ байна уу?

-Таны асуусан хөтөлбөрүүдийн хувьд олон улсын банкуудтай хамт боловсруулагдаад батлагдах дөхсөн зээлийн төсөл, хөтөлбөрүүд байх. Ийм хөтөлбөрүүдийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Гэтэл Засгийн газрын хурд, бизнесийн хурд хоёр ямар ялгаатай билээ. Зээл нь батлагдаад хөтөлбөр нь хэрэгжиж эхэллээ ч гэсэн яг бодит байдал дээр удааширдаг. Тендер зарлана, компанийн сонгон шалгаруулалт явагдана. Энэ бүх процесст тодорхой хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ хавар батлагдаж байгаа хөтөлбөрийн мөнгө хэзээ орж ирэх вэ гэсэн асуулт тавигдана. Хурдан байлаа гэхэд зургаан сараас наашгүй.

-Ирэх намар хүртэл санхүүжилт нь орж ирэх боломжгүй гэж үү?

-Тэгж ойлгож болно. Тодруулж хэлбэл, ирэх намраас наашгүй юм болно. Өнөө маргаашгүй амиа тавих гэж байгаа нэгэнд зургаан сарын дараа хийх эмчилгээ амин чухал байх уу? Нөхцөл байдал, таамаглал долоо долоон хоногоор өөрчлөгдөж, улс орнууд паникийн байдалд орсон ийм үед алгуур удаанаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн хямралыг шийдэж чадахгүй. Дэлхийн улс орнуудын хувьд эдийн засаг нь хямралтай, шокийн байдалтай байгаа ч Засгийн газрууд нь шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гаргана гээд амлачихсан учраас олон улсын хөрөнгийн захууд түр “амсхийж” байна. Хөрөнгийн захууд олон их наяд ам.долларын санхүүжилт компаниуд дээр орж ирэхээр цусны эргэлт сайжирна гэж түр тайвширч байна. Ийм хүлээлт бий болсон. Өнөө маргаашдаа яах вэ гэж байгаа улсуудын хувьд улс төр, сонгууль хамаа алга гэсэн байдлаар асуудалд хандаж байна л даа. Иргэнээ эрүүл байлгах, өвчтэй бол эмчлэх, компаниудаараа дамжуулж иргэдээ орлоготой аж төрүүлэх, болохоо байвал иргэддээ бэлэн мөнгөний халамж үзүүлэх гэсэн бодлогыг ихэнх орнууд бариад эхэлчихлээ.

-Хямралыг давах тал дээр манай улсын давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

-Жижиг эдийн засагт нэг давуу тал бий. Хурдан хөдөлж, түргэн маневрлах чадвартай. Өнөөдөр нэг шийдвэр гаргаад маргааш хэрэгжүүллээ гэхэд үр дүн нь маш хурдан бодит эдийн засаг дээр мэдрэгддэг. Тэр давуу талаа л ашиглах нь бидэнд байгаа гарц. Бидэнд бусад орон шиг хөрөнгө мөнгөний их нөөц бололцоо тэр бүр алга. Тэгэхээр энэ давуу талаа л ашиглаж хурдтай ажиллах хэрэгтэй байна. Эсрэгээрээ заан шиг удаан хөдлөөд байвал том эрсдэлтэй нүүр тулахаас аргагүй болно.

-Ажилгүй болсон иргэдийн сүүлийн үеийн тоог сонирхуулаач?

-Сүүлийн мэдээгээр 10 мянга гаруй хүн ажилгүй болоод байна гэнэ. Гэтэл энэ талаар, олон иргэн ажилгүй болно гэдгийг МҮХАҮТ хоёр сарын өмнөөс сануулсан. Судалгаа хийж танилцуулсаар ирсэн. Ингээд байхад 100 мянган төгрөгөөр ноолуур авна гэх бодлого яриад суух жишээний.

-Шийдэл нь байгаа онохгүй байна гэж үү?

-Байгаа онох тухай биш, байндаа хүрэхгүй тухай гэж бодож байна.

Тодорхой өрхүүд ноолуураас ноолуурын хооронд амьжиргаагаа зохицуулдаг нь үнэн. Тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ яаж дэмжиж байна вэ гээд харахаар утгагүй болчихлоо л доо. Малчид нь засгийн хэлсэн 100 мянган төгрөгөөр ноолуураа зарна гэж хав дараад, ноолуурын үйлдвэрүүд тийм өндөр үнээр авах боломжгүй гэсэн тайлбар хийгээд яах нь тодорхойгүй сууцгааж байна. Уриа лоозон нь гоё сонсогдож байгаа ч компаниудын асуудлыг шийдэх хэмжээний шийдэл өнөөхөндөө алга. Уг нь Засгийн газар, компани хоёр нэг завин дээр сууж яваа хамтрагчид. Компаниуд хэцүүдвэл төсөв орлогогүйдэж, Засгийн газар хэцүү байдалтай нүүр тулна. Компаниудын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хүлээгээд сууж байгаа. Ардчилсан нам-ын тухайд бүтэн жилийн хямралыг яаж даван туулах вэ гэсэн асуултад хариу өгсөн төлөвлөгөө өргөн барьчихсан.

-Ипотекийн зээлийг гурван сараар хойшлуулах шийдвэр иргэдэд шууд утгаараа нөлөөлөхгүй байна гэсэн шүүмжлэл дуулдаад эхэллээ. Зээлээ хойшлуулъя гэж банкинд хандсан иргэд зээл авахаас ч хэцүү процессийг давах юм байна гэх мэт мэдээлэл дуулдаж байгаа. Ипотекийн зээлийг шууд хойшлуулах боломж засагт байгаа юу?

-Засагтай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэдэг утгаараа тийм боломж бий. Ипотекийн төлбөрийг гурван сараар хойшлууллаа гэж байна. Дараа нь дахиад хойшлуулах уу гэсэн асуулт үлдчихлээ л дээ. Юм ойлгомжгүй, тооцоход бэрхшээлтэй байгаа үед Засгийн газар иргэд, компаниуддаа болж өгвөл ойлгомжтой байдлыг л бий болгох хэрэгтэй. Компаниудын хүсч байгаа зүйл ердөө энэ.

Гурван сарын дараа яах вэ гэдгээ тооцож чадахгүй болохоор хэн ч бухимдана, болгоомжилно, эргэлзэнэ. Ипотекийн зээлийн хугацааг жилээр хойшлуулбал өөр хэрэг. Ипотекийн зээлийн хугацааг нэг жилээр сунгачихвал иргэд тайвширна. Хямралын үед яаж бага зардлаар, бага хохиролтой амьдрахаа тооцчихно. Иргэд үүнийг л хүсч байгаа. Манлайлал гэдэг энэ л дээ. Дэлхий нийтээрээ тодорхойгүй байна гэсэн мэдээлэл байхад тайван суухад хэцүү. Оновчтой бодлого, хурдтай шийдвэрээр байдлыг ойлгомжтой болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Засгаас коронавирусийн цар тахлын сөрөг нөлөөг саармагжуулах зорилгоор иргэд, компаниуд руу хандсан шийдвэрүүд гаргалаа. Хэр өгөөжтэй шийдвэр болсон гэж харж байна вэ?

-Хүн төрөлхтөн өглөө бүрийг төчнөөн хүн нас барлаа гэсэн гашуун мэдээ уншиж эхлүүлсээр удлаа. Өөрөөр хэлбэл, дэлхий дайны байдалд байна. Улс бүр иргэд, бизнес, эдийн засгаа хамгаалсан бодлого хэрэгжүүлж байна. Манай улс өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах шийдвэр гаргалаа. Хөдөлмөрийн зах зээл дээрх 1.2 сая хүн бултаараа баярласан. Гэтэл дараа нь Сангийн сайд тэр баярыг нь унтраасан тайлбар хийчихлээ л дээ. Ажил эрхэлж яваа нэг сая гаруй хүнээс гадна 150 мянган компани бий. Цар тахлын үед эднийгээ дажгүй авч гарахын тулд эдэн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил Ч.Хүрэлбаатарынх биш, С.Чинзориг сайдынх байгаа юм. Би өмнө нь тэдэнд өөр гарц санал болгосон мессэж бичиж байсан юм. 1.2 сая хүндээ дөрөв таван сарын хугацаанд ажлынх нь хөлсний 50 хувийг өгөх санал байсан л даа.

-Тэр мөнгийг хаанаас гаргана гэж?

-Ажилгүйдлийн даатгалаас. Тодруулж хэлбэл, бидний цалингаас авдаг таван төрлийн даатгалын санг төр санхүүжүүлэх маягаар хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зарчим бариад явах боломж бий. Ингэнэ гэвэл сард 360 тэрбум төгрөг л хэрэгтэй. Үсрээд 1.2 их наяд төгрөг хэрэг болно. Төр, хувийн компанийн ажилчдын цалингийн 50 хувийг даатгалын сангаас өгөөд үлдсэнийг нь тухайн компаниас тавиад явсан бол зөв шийдэл болох байсан. Засгийн газрын гаргасан шийдвэртэй холбоотойгоор УИХ эхлээд холбогдох хуулинд өөрчлөлт оруулна. Хөдөлмөр, нийгмийн даатгал, татварын багц хуулинд өөрчлөлт орж байж засгийн шийдвэр хэрэгжих юм. Засгийн газрын шийдвэрүүдэд 5.1 их наяд төгрөг зарцуулагдахаар байгаа. Гэтэл миний сая хэлсэн концепцоор бол нэг их наядаар асуудлыг бүхэлд нь шийдэх боломж байсан.

-МҮХаҮТ өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийлээ гэж мэдээлсэн. Өөр ямар салбарууд хэцүүдээд байна вэ?

-Үйлчилгээний салбаруудын хувьд хүнсний худалдаанаас бусад нь тэг болсон. Хүнсний хэдэн үйлдвэр, дэлгүүр л хөдөлж байна. Бусад нь ажил нь зогсоогүй ч орлогогүй, зогсчихлоо. Өнгөрсөн гурван сарын хугацаанд төрөөс миний сая хэлсэн даатгалын сангуудыг санхүүжүүлээд явсан бол хөдөлмөрийн зах зээл аврагдчих байсан.

-Та түрүүн Сангийн сайд засгийн шийдвэрийн утгыг алдагдуулчихлаа гэж хэлсэн. Яг яаж алдагдуулсан гэж?

-Ч.Хүрэлбаатарын хамгийн гутамшигтай юм нь төсвөөс цалинждаг хүмүүс татварын хөнгөлөлтөд хамаарахгүй гэчихлээ. Халдварыг оруулж ирэхгүйн төлөө ажиллаж яваа эмч, цагдаа нар төсвөөс цалинждаг. Тэднийг татварын хөнгөлөлтөд хамруулах хэрэгтэй. Бүр цалинг нь нэмсэн ч болохгүй юмгүй. Сангийн сайд уг нь өдийд Увсад барих гэж төсөвлөсөн шавар байшингуудын мөнгөө танаад тахалтай нүүр тулж яваа хүмүүсийн цалинг нэмээд сууж байх ёстой л доо.

-Төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэцгээгээд байна л даа. Төсвийг хэдээр танах боломжтой вэ?

-Төсвийг хоёр их наядаар танах шаардлага бий. Танасан хоёр их наядынхаа нэг их наядыг нь хөдөлмөрийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн даатгалын санг санхүүжүүлэх маягаар шийдвэл асуудлыг хялбар шийдэх боломжтой.Эрх баригчид төсвөө сонгуульдаа зориулаад хөдөлгөхгүй байна. Товчхондоо төсөв тэдний “алтан өндөг” болчихсон. Төсөв батлах үед цар тахлын сураг ч байгаагүй. Цар тахал дэгдээгүй бол хэрэгжээд явахад асуудалгүй байсан байж болох ч өнөөдөр бол тодотгохоос аргагүй нөхцөл үүчихсэн. Коронагаас хойш дэлхийн эдийн засаг маш хурдтай өөрчлөгдөж байна. Нийгмийн бодлого ч өөрчлөгдөөд эхэллээ. Соёл урлаг гээд нөлөөлөхгүй салбар гэж алга. Төсвөөс танах ёстой хоёр их наяд бол хоосон мөнгө. Зээлээр буюу бонд босгож олох байсан мөнгө. Таначихвал наанадаж л Ерөнхий сайд мөнгө олно гэж зүдрэхгүй.

-Уул уурхайн экспорт гэх мэт найдах зүйл байгаа учраас тодотгол хийх гэж яарахгүй байж мэдэх юм…?

-Нэгдүгээр улирлын байдлаар манай уул уурхайн бүх эргэлт зогссон шүү дээ. Ойрын үед энэ байдал өөрчлөгдөхгүй. Энэ салбараас орлого олно гэж найдах нь маш өндөр эрсдэл дагуулна. Хоёр их наядыг танахгүй бол Монголбанк Засгийн газрын эрхээр юу л бол юу л хийж өгөхөд бэлэн байна. Мөнгө хэвлээд асуудлаа шийдээд явж болно л доо. Гэхдээ наадмаас хойш яах вэ гэдэг том асуулт байгаа. Одоо гэхэд л бидэнд хаврын тариалалтын асуудал байна. Өөр нэг гарц бий. Топ зуун компани ДНБ-ий 40 хувийг үйлдвэрлэж, 87-90 мянган ажлын байрыг бий болгодог. Үүний 50 хувь нь уул уурхайд хамаарна. Сүүлийн хоёр жилд топ 100-гаас 50 нь хангалттай ашиг олсон гэж хэлж болно. Энэ удаагийн хямрал өмнөх шиг эдийн засгийн хямрал биш дайн буюу тахлын хэмжээнд хүрч, бүх салбарыг хамарсан учраас уул уурхайн компаниудад сүүлийн гурван жилийн ашгаараа алдаглаа нөх гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Зөвхөн нүүрснээс гэхэд л “Эрдэнэс Таван толгой” өнгөрсөн жил нэг их наядын ашиг хийсэн.

-Улстөржиж ажлыг нь хийлгэхгүй бол бас хэцүү байх л даа…?

-Ажлыг нь хийлгэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нүүрсэн дээр гэхэд сая Ерөнхийлөгчийн айлчлал том дэм боллоо. Нүүрсээ экспортлоод эхэлчихлээ.

-Томчуудыг нь өөрсдийгөө аргал гээд жижиг, дундуудад дэмжлэгээ чиглүүлээд явах ёстой гэж үү?

-Ерөөсөө л тийм. Жижиг дунд гээд онцолбол 50-иад мянган компани бий. Тэдний орлого танагдсан, хаагдсан, татарсан учраас ажлын байрыг нь хадгалж үлдээх бодлогын дэмжлэг маш чухал. Цалингийнх нь талыг даатгалын сангаар дамжуулан өгье гээд байгаа хувилбар маань эдэн рүү чиглэх юм.

-Нэг их наядаар хөдөлмөрийн зах зээлийг тэтгэхээс өөрөөр мөнгө зарцуулах шаардлагатай зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-Мөнгөний боломж байвал Улсын онцгой комисс буюу Ө.Энхтүвшин сайдын багц руу мөнгө хийх хэрэгтэй. Гамшгаас урьдчилан сэргийлэх хуулийн дагуу цар тахлын үед төсвийн нэг хувьтай тэнцэх мөнгө зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл хуулиа бариад 130 тэрбумыг өнөө маргаашгүй өгчихмөөр байгаа юм. Тэгвэл УОК санхүүгийн эрх чөлөөтэй ажиллана. Засгийн газар нөөцөөсөө зургаахан тэрбумыг л УОК-т өгсөн. Хандиваар л дөнгөн данган болгож байна. Ер нь нийтийн цугласан мөнгө даатгал, төсөв гээд хуваагдчихдаг. Дээр нь бонд гэж бий. Засгийн газар энэ гурван янзын механизмаас банкны системийг ашиглах гэж оролдоод өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргачихлаа л даа. Дараа нь даатгалын санг ашиглаад явах гэтэл Сангийн сайд холион бантан болгочихлоо. Гурав дахь нь бонд буюу зээл. Үүн дээр мөнгөний менежментийг их сайн хийх хэрэгтэй. Одоо бол даатгалын, татварын, нэгдсэн төсвийн онолоосоо илүү улс төрийн шийдвэр гаргах цаг.

-Улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй яваа гэсэн үг үү?

-Тэгж хэлж болохоор байна. Сая улстөрийн шийдвэр гаргах гэж оролдсон ч харамсалтай нь бүтэлтэй юм болсонгүй.

-Хувийн хэвшлийн жижиг дундууд эхнээсээ үүдээ бариад ажилчдаа халаад эхэлчихсэн. Байдал даамжирвал яах бол?

-1-9 хүнтэй нь нийт компанийн 93 хувийг эзэлдэг. Ажилчдаа халаад эхэлбэл гэнэт халагдсаны тэтгэмж гэж цалингийнхаа 70 хувьтай тэнцэх мөнгийг гурван сарын турш авдаг. Хэрэв энэ механизмыг нэг сая хүн ашиглавал ажилгүйдлийн даатгалын сан дийлэхгүй.

-Цар тахал зун гэхэд дуусчихна гэж хараад байгаа юм болов уу?

-Маш гэнэн хандлага. Сангийн сайдад “Та анхнаасаа их гэнэн хандсан шүү. Улстөрийн шийдвэрийг нягтлангийн сэтгэхүй, хандлага гаргаж болохгүй. Өнөөдөр бид яагаа ч үгүй байна. Илүү том сорил биднийг хүлээж байгаа. Дэлхийн улс орнуудыг хараач ээ. Бүгд улстөрийн шийдвэр гаргаж яваа шүү. Яагаад өөрийнхөө эрх ашиг, намынхаа эрх ашиг, сонгууль бодоод байгаа юм бэ. ” гэж хэлмээр байна.

-Цар тахлын сөрөг нөлөө хэдий хугацааны дараа арилах бол?

-Доод тал нь хоёр жил. Вакцин гараагүй байгаа. Олдсон вакцин нь монголчуудад иртлээ хаа байсан юм. Эхлээд топ улсууд иргэдээ вакцинжуулна. Бид чинь дэлхийн адагт яваа улс шүү дээ. Тэр утгаараа вакцин гарлаа гэнгүүт бидэнд шууд ирэхгүй. Коронагийн халдварын өмнө дэлхийн их гүрнүүд цөмөөрөө гараа өргөчихсөн. Иргэдээ хэдэн зуун, өчнөөн мянгаар нь алдаж байна.Тийм хүчтэй улсууд яаж ч чадахгүй байхад бид яах нь ойлгомжтой. Өнөөхөндөө халдвар дотооддоо тархаагүй болохоор л санаа амар суугаа юм. Ерөнхий сайд эдийн засгийн хүн биш. Макро эдийн засгийн параметрийн нэгийг нь ч мэдэхгүй. Олон жил улс төрд явсан гэдгээр хэдэн тоо мэдэж байгаа байх. Гэхдээ цаана нь хөдөлдөг механизмыг мэдэхгүй. Мэддэг хүн нь ганцхан Сангийн сайд. Би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хэлсэн үгээ ахиад хэлмээр байна. Н.Алтанхуяаг 2013 оны уул уурхайтай холбоотой хямралын үеэр Оюутолгой, Тавантолгойг зогсоогоод мөнгө хэвлэж, бонд босгож эдийн засгаа урагшлуулах гэж оролдоод чадаагүй. Тэр чигийн нот мэдэхгүй удирдаач байсан учраас алдсан. Яг тэрэн шиг У.Хүрэлсүх нот мэдэхгүй, нот мэддэг ганц нь өөр зүйл яриад байна л даа.

-УИХ цар тахлын үед үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?

-УИХ үхээнц байна. Завсарлаад явчихсан хойгуур нь парламентын олон эрхэнд нь Ерөнхийлөгч, Засгийн газар халдлаа. Уг нь Монголбанк, даатгал, улсын төсөв, татвар УИХ-ын онцгой эрхэнд байдаг зүйлс.

-Ингэхэд таны ярьснаар шийдлээ гэхэд даатгалын сан маань ямар байгаа билээ?

-Даатгалын таван санд өнгөрсөн жил 2.8 их наяд цугларсан. Энэ мөнгөний менежментийг хийж гаргах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн банк, төсөв, зээл, даатгал гэсэн дөрвөн савныхаа менежмэнтийг том харж ухаалаг хийх нь улстөрчдийн гол ажил. Нэгийг нь оролдож хөдөлгөх аядсанаа дутуу хагас орхичихоод нөгөөг нь эхлүүлсэн болоод яваад байж таарахгүй. Яг нарийндаа татварын онол эрх зүй улс төрийн шийдвэр л байдаг. Шийдвэрийг улстөрчид гаргадаг.

-Энэ янзаар гүрийсээр сонгууль болж, долдугаар сар гарчихва эдийн засаг яах бол?

-3.7 их наядын төсвийн хөрөнгө оруулалт бий. Хуулиар бол энэ сарын 1-нд бүх тендэр зарлагдсан байх ёстой. Ингэлээ гэхэд тавдугаар сарын 1 гэхэд эхний нэг их наяд нь хэрэгтэй болно. Засагт мөнгө байхгүй учраас цаас хэвлээд өгнө. Дараагийнх нь хоёр их наядыг ч ирэх зургадугаар сард цаас хэвлэж өгөхөөс аргагүй. Дундаас нь сонгуулийн мөнгөө тасдаж авах нь тодорхой. Үүнээс өөр зорилго байхгүй. Тэтгэврийн зээл тэглэхэд хэвлэсэн мөнгийг нэмбэл бараг гурван их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө хэвлэчихвэл сонгуулийн дараа төгрөгийн ханш хүссэн хүсээгүй 40 хувь унана. Энэ бол хамгийн энгийн логик. Манай ДНБ 12 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөний нөгөө талд найман тэрбум ам.доллар хувийн хэвшилд бий. Бүр тодруулж хэлбэл төсвөөс гадна зах зээлд 8-9 тэрбум ам.долларын эргэлт байгаа. Гэтэл Сангийн сайд ганцхан тэрбум ам.долларыг бөөцийлөөд байна л даа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Сүүлд Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ банкуудын эрүүл мэндэд халгаатай шийд гаргаж магадгүй шүү гэчихлээ. Банкууд үнэхээр сэтгэлгүй хандаад байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрчих шиг болсон. Арилжааны банкууд тахлын эдийн засгийн үед яаж ажиллаж байна, харилцагчдадаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Банкуудын хувьд зарим зээлийг хойшлууллаа, нэмэгдүүлсэн хүүгээ тэглэлээ гэх мэтээр зарлаад байх шаардлага уг нь байхгүй. Улстөрчид биш учраас тийм шаардлагагүй л дээ. Нээлттэй, ил тод зарлаад явах нь нөгөө талдаа сөрөг үр дагавартай. Орлоготой, цалинтай хүмүүс зээлээ хойшлуулах гэх мэт нийгмийг хамарсан үзэгдэл гаарах эрсдэл бий. Яах аргагүй хүндрэлд орсон хүмүүстэйгээ ярилцаж тухай бүрд нь шийдлүүд гаргаад явж байгаа. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө хийгдэж эхэлсэн ажил. Нэмэгдэл хүү, шимтгэл, торгууль авахгүй явъя гэх мэт шийдлийг хоорондоо тохирчихсон. Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш гэхэд л долоо хоногийн дотор 14 мянган аж ахуйн нэгжийн 686 гаруй тэрбумын зээл дээр бүтцийн өөрчлөлт хийлээ. Харилцагч бүрийн нөхцөл байдалд тохирсон шийдэл олсон гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд амаар гарсан шийдвэрийг шууд дагах боломж одоогоор бүрдээгүй байна. Амаар хэлсэн шийдвэр цаасан дээр буугаад бидэнд ирэх ёстой. Энэ сарын 18-нд зарлаад 19-нийх нь орой бичиг ирсэн. Тэр бичгийг нь уншихаар тодруулах зүйл их байх жишээний. Хэрэглэгчийн зээлд ямар зээлүүдийг багтаах гэх мэт нарийн ширийн асуудлууд бий. Монголын банкны холбооны хувьд Монголбанк, арилжааны банкуудын дунд зохицуулалт хийдэг байгууллага. Аль аль талд нь хүндрэл бийг ойлгож байгаа. Нэг талд улс төрийн шийдвэр гаргаад түрүүлээд зарлачихдаг, нөгөө талд Монголбанк хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болдог л доо. Банкууд ойлголтоо нэгтгэж, нэгдсэн тохиролцоонд хүрснээ цаасан дээр буулгаж Монголбанк руу явууллаа. Тушаалаа хэрэгжүүлэх зөвлөмж ирүүлээч гэсэн хүсэлт явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ хариу ирээгүй ч бид харилцагчидтайгаа ажиллаад явж байгаа. Дахин хэлэхэд аман шийдвэр албажиж хэрэгжихэд тодорхой хугацаа шаардлагатай.

-Хэрэглээний, ипотекийн зээлтэй хүмүүс их хандаж байгаа гэж дуулдсан…?

-Хэрэглээний зээлийн дийлэнхийг гуравхан банк өгдөг. Нэгэн зэрэг хандчихаар ачаалал ихсэх нь ойлгомжтой. Ипотекийн зээл гэхэд Монголбанк, МИК, банкууд хооронд дамжсан гэрээнүүдтэй, гэрээн дээр нь үндэслээд үнэт цаас гаргасан гэх мэтээр тайлбарлавал тун түвэгтэй бүтэцтэй. Процесс нь үргэлжилж байгаа учраас өнөө хүртэл шийдэл нь гараагүй яваа. Зохих түвшиндээ уулзаж ярилцсаны эцэст шийдэл гаргаад банкуудад мэдэгдэх байх.

-Ингэхэд арилжааны банкууд хэчнээн хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Банкны салбар 55 хууль, 69 журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хямралын үед эдийн засгаа дэмжихэд ийм арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гээд УИХ-ын дарга, Сангийн сайд, Монголбанкинд тодорхой 26 санал явуулсан. Үр дүнд нь хоёр журамд л өөрчлөлт ороод байна. Сүүлд нь нэмэлтээр тэр шийдлээ дагасан хоёр журамд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл банкуудын 26 саналаас дөрвийг нь хүлээж авсан гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, банкууд батлагдаад хэрэгжиж яваа 69 журамд хүлээтэй хэвээр байгаа. Шинэ журмын хувьд зээлийн хугацааг нь сунгасан тохиолдолд ангилахгүй байх эрхийг банкуудад өгсөн. Гэхдээ ерөөсөө битгий ангил ч гээгүй. Монголбанкнаас гаргасан Активын ангиллын журмыг харахаар өөр бусад журмуудад захирагдаж байгаа. Жишээ нь банкууд хэрэглээний зээлийг 30 сараас илүү хугацаанд олгож болохгүй гэх мэт маш олон заавар журамд хүлээтэй байдаг. Тэгэхээр тэр бүх журмыг мөрдөнгөө одоо олгож буй боломжийг яаж ашиглах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ийм асуудлууд байхад нийтээр нь хамруулж, бүр зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулсан ч юм шиг ойлголт нийгэмд яваад байна л даа.

-Хоёр хуулийн этгээд гэрээ байгуулчихсан үед төр хөндлөнгөөс оролцож зээлийнхээ хугацааг хойшлуул, хүүг нь тэглэ гэж шаардах нь зах зээлийн нийгэмд байж болохгүй хандлага л даа…?

-Санал нэг байна. Хоёр тал хоорондоо тохиролцоод шийдэж чадахгүй тохиолдолд шүүх асуудлыг шийддэг дүрэмтэй. Банкууд зээлдэгчдээ харж үзээд, төр засгийнхаа шийдвэрийг дэмжээд ажиллаж байгаа. Бид зээлдэгчидтэйгээ олон жил хамтарч ажиллаж яваа. Хүмүүс нэг удаа зээл аваад яваад өгдөггүй. Зээлийн харилцаа эргэх холбоотой явагддаг. Зээл олгогч, зээлдэгч хоёр бол хамтрагчид. Хамтрагчид бие биенийхээ асуудал, зовлонг ойлгоод явах нь жам шүү дээ.

-Шулаачид энэ тэр гээд банк руу хандсан сөрөг сэтгэгдлүүд сошиалд нэлээд харагдах боллоо. Банкууд руу ингэж хандах ямар нэг шалтгаан зээл авсан хүмүүст байгаа юм болов уу?

-Зээл авч, банктай байнгын харилцаанд ордоггүй хүмүүсийн бодол юм уу, эсвэл зарим том зээлдэгчийн зүгээс энэ асуудлыг далимдуулаад турхираад суугаа ч юм уу бүү мэд. Шалтгааныг нь нарийн мэдэхгүй байна. Эрүүлээр харсан хэнд ч банк дайсан гэж харагдахгүй гэдгийг л мэдэж байна. Банк иргэдийн хувьд төлбөр тооцоо, гадаад руу мөнгөн гуйвуулга хийх гээд өдөр тутмынх нь амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон. Үнэтэй зүйлийг нь хадгалах үйлчилгээ үзүүлж, мөнгийг нь хадгалаад хүү өгч, бизнесийг нь дэмжих зээл өгч байна. Товчхондоо иргэдэд маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрын нэг нь банк. Банк үнэхээр иргэдэд халтай газар байсан бол иргэд ийм олон төрлийн үйлчилгээ авъя гэж хандахгүй шүү дээ.

-Нөгөө талд банкууд ямар зардал гаргаж энэ зэрэгтэй хөгжсөн бэ гэсэн асуудал орхигдоод байдаг л даа. Жишээ нь ухаалаг утастай бол банк орох шаардлагагүй болчихсон. Технологийн чигийн том хөрөнгө оруулалт хийдэг ганц салбар нь бараг банк байж магадгүй. Банкууд IT чигт хэр хөрөнгө оруулалт хийдэг талаар тодорхой тоо бий юу?

-Би саяхныг хүртэл олон улсын байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан юм. Эдийн засагчийн нүдээр харахад Монголд олон улсын түвшинд гараад явахад бүтээгдэхүүн нь бэлэн болсон салбар бол банк, санхүү, санхүүгийн технологийн салбар болчихоод байгаа. Банкууд технологийн хөгжилдөө жилд 260 тэрбум төгрөг зарцуулж байна. Банкны салбар үйлчилгээгээ иргэдийн гарт нь, гэрт нь хүргэхийн төлөө жилд 100 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Жилд энэ хэмжээний мөнгийг IТ-д хөрөнгө оруулалт хэлбэрээр хийдэг өөр салбар байхгүй. Шуудхан хэлэхэд Монголын IT-ийн хөгжлийг банкны салбар чирч яваа. IT-гийн залуус банкинд үйлчилгээ үзүүлж яваад бие даасан бүтээгдэхүүнүүд гаргаад эхэллээ. Зарим нь бүр олон улсад гарчихлаа. Онлайн зээлийн үйлчилгээ л гэхэд банкны хорь гаруй жилийн зээлийн түүхийг багтаасан Зээлийн мэдээллийн санд суурилж, зээлсэн мөнгө нь аль нэг банкны дансанд орж байна. Тэгэхээр банкны салбар IТ-гийн салбарын дэлхийн хэмжээний хүний нөөцийг бэлдэхэд том нөлөө үзүүлсэн гэсэн үг. Банкууд энэ мэтээр бусад салбарын хөгжилд ч нөлөө үзүүлж яваа. Монголын банкны салбарын хувьд ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад хол тасарч цойлсон.

-Манай банкны салбар олон улсад, жишээ нь өндөр хөгжилтэй орнуудын банкны салбартай жишвэл хаахна нь яваа бол?

-Өндөр хөгжилтэй орнуудыг ч даваад явчихсан. Жишээ нь Америкт банкнаас банкны хооронд гүйлгээ хийх ямар түвэгтэй гэдгийг тэнд амьдарч байгаа хүмүүс яриад өгнө. Өдрийн тодорхой цагуудад гүйлгээ нь хийгддэг, шимтгэл хураамж нь өндөр, чек гэх мэт хоцрогдсон хэлбэрээр төлбөр тооцоо хийгдсэн хэвээр яваа зэрэг олон асуудал бий. Монгол шиг 24 цагаар багагүй хэмжээний мөнгийг гар утаснаасаа тэр даруй шилжүүлдэг орчин нийт гүйлгээний 99 хувьд хүрсэн орон ховор. Тавхан жилийн өмнө хөдөөний малчин хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гээд сумын төв рүү давхидаг байсан бол одоо тэс өөр болсон. Сургалтын төлбөр шилжүүлэх гэж бүтэн өдөр алдахаа болино гэдэг малчин хүний хувьд маш том өгөөж.

-Хамгийн их улстөрждөг сэдэв бол зээлийн хүү. “COVID-19” цар тахлын үед улстөржилтийн бүр том сэдэв болчихлоо. Зээлийн хүү буулгах бодит боломж гэвэл та юуг онцлох вэ, хүү буурахгүй байгаад нөлөөлж буй ямар шалтгаанууд байна?

-Зээлийн хүү буурахгүй байна гэж ярьсаар ирсэн л дээ. Яг үнэндээ зээлийн хүү маш хурдацтай буурч байгаа. Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө банкны хүү гурав, дөрвөн хувь байна гэж ярьдаг байсан юм. Монголчууд зээлийн хүүг сараар ярьдаг байсан. Гэтэл одоо жилээр ярьдаг болчихсон, 16, 17 хувь байна гээд. Ерэн оны эхэнд зээлийн жилийн хүү 300 гаруй хувьтай байсныг өнөөдөр хэн ч санахгүй. Тэр үеэс хойш тогтмол буурсаар байгаад өнөөдөр 16 хувь дээр ирчихсэн. Банкны ашиг, марж олон улсын түвшинд очсон. Бараг олон улсын түвшнээс доогуур байгаа. Бид зээлийн хүүг улс төрийн ямар ч эрсдэлгүй, бизнесийн орчин нь тогтвортой, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулж жишээд байдаг. Жишээ нь Японы эдийн засаг мөнгөөр хахчихсан. Тийм учраас банк нь эдийн засгаа хөгжүүлж өсгөх зорилгоор мөнгө хийх гээд “Та нарыг зээл авсны чинь төлөө мөнгө өгье” гэж байна. Гэтэл бизнесийнхэн нь “Бидний орлого хангалттай, мөнгө хэрэггүй” гээд сууж байгаа. Ийм улстай Монголын эдийн засгийг зүйрлэх нь хэт өрөөсгөл хэрэг л дээ. Үнэхээр харьцуулмаар байвал өөрсөдтэйгөө адил төвшний орлоготой, эдийн засаг нь уул уурхайд суурилсан оронтой жиших хэрэгтэй. Ижил төвшний улсуудтай харьцуулбал манай зээлийн хүү боломжийн түвшинд ирчихээд байгаа. Зээлийн хүү бол барааны үнэтэй адилхан. Мөнгөний л үнэ цэнэ. Өөрөөр хэлбэл, Монголд мөнгөний үнэ цэн арай өндөр байна. Хар үгээр тайлбарлавал эрэлт нь байгаад байна гэсэн үг. Эрэлтийг нь хүссэн хэрээр нь хангаад их мөнгө нийлүүлвэл инфляци хэцүүднэ, өссөн инфляци хадгаламжийн хүүг өсгөх эрсдэлтэй. Инфляци өсөхөөр төв банк бодлогын хүгээ өсгөж зах зээлээс мөнгөө татах бодлого явуулахаас аргагүйд хүрдэг.

-Монголын эдийн засагт их мөнгө нийлүүлэхээр иргэдийн тансаглал нэмэгдэж инфляци хөөрөгдөх эрсдэл гардаг гэсэн байр суурь ч сонсогддог шүү?

-Их мөнгө нийлүүлэхээр инфляци өсч, валютын ханш нэмэгдчих эрсдэлтэй учраас төв банк зохицуулалт хийхээс аргагүйд хүрдэг юм. Бодлогын хүүг огцом бууруулахгүй гээд байгаа нь тийм учиртай. Манайх чөлөөтэй хөрвөдөг эдийн засагтай. Ам.доллар, төгрөгийн өгөөжийг адилхан харж байх ёстой. Хэрвээ ам.доллараас өндөр өгөөжтэй төгрөг байхгүй бол хүмүүс доллар руу төгрөгөө хөрвүүлчихнэ. Засгийн газар олон улсын зах зээл дээр таван хувийн бонд гаргалаа гэж төсөөлье. Тэгвэл банкинд мөнгөө хадгалуулснаас засгийн бондыг авахыг илүүд үзэх нь тодорхой. Төгрөгийн үнэ цэнийг хадгалж байж хүмүүс долларын хадгаламжийг биш, төгрөгийн хадгаламжийг сонгоно. Доллар хаана ч хөрвөдөг валют. Хэрвээ гаднаас мөнгө оруулж ирье, эдийн засгаа тэлье гэж байгаа бол өгөөж нь бусад орныхоос өндөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банкууд арай ахиу хүүтэй байж гаднаас доллар оруулж ирнэ. Бага хүүтэй бол хэн ч хүүгийн адил төвшинтэй эрсдэл багатай улсад мөнгөө хийхийг бодох нь тодорхой.

-Эрсдэл ихсэх хэрээр хүү өсдөг гэдэг утгаар хэлж байна уу?

-Яг тийм. Монголын хувьд эрсдэл өндөртэй улс. Эдийн засгийн бодлогоо зөв хэрэгжүүлж, улстөрчид нь эдийн засгаа бужигнуулдаггүй бол манай улсын эрсдэл буурах байсан. Монгол дажгүй улс гэсэн имиж бүрдээд эхэлбэл хямд эх үүсвэрээр мөнгө өгөх гадны хүмүүс нэмэгдэх нь тодорхой. Долларын хүүгийн хэмжээ Монголын эрсдэлийг харуулж байгаа гээд ойлгочихож болно. Долларын хүүгээс ахиулж байж төгрөгийн хадгаламжийн хүү тогтдог.

-Төгрөгийн хадгаламжийн хүүнд эдийн засгийн орчин, улстөрийн тогтвортой байдлаас гадна төгрөгийн ханшийг долларын үнэ цэнээс огцом унагахгүй байхаас аргагүй нөхцөл ч нөлөөлдөг гэж ойлголоо…?

-Таны онцолсон зүйлс төгрөгийн хадгаламжийн хүүнд нөлөөлдөг гол шалтгаанууд. Өөр ч олон шалтгаан бий.

-Банкуудын өгдөг зээл яг ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг хувь хэмжээгээр нь сонирхуулаач?

-Банкны өөрийн хөрөнгө 16-17 хувийг эзэлдэг. Үлдсэн нь бусдаас авсан мөнгө. Өөрөөр хэлбэл, банк бол бусдаас мөнгө авч бусдад зээлдэг зуучлалын байгуулага. Өөрийн хөрөнгө нь банкны эздийн мөнгө. Банкны бусдад өгсөн зээл эрсдэлд орвол эздийн мөнгөнөөс хураадаг. Тэр зохицуулалтыг хийдэг газар нь Монголбанк. Дахиад хэлэхэд банкны эх үүсвэр нь хүнээс авсан мөнгөнөөс бүрддэг. Тодорхой хувь нь хадгаламж, тодорхой хувь нь харилцах байгаа. Гадаадаас авсан зээл, аж ахуйн нэгж, сангуудийн байршуулсан мөнгө гэх мэт олон эх үүсвэр бий. Энэ эх үүсвэрүүдээс хүүгийн дундаж гарч ирдэг юм.

-Нийт хадгаламжийн бараг 90 гаруй хувь нь цөөн хүнд хамаардаг гэсэн мэдээлэл бий. Жишээ нь, зээлийн хүүгээ бууруул гэж шаардаж яваа улстөрчид өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдэд багтдаг гэх мэдээлэл чих дэлсдэг. Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид буюу улстөрчид хадгаламжийн хүүнээсээ татгалзах уриалга гаргаад эхэлбэл зээлийн хүү буурах бодит шалтгаан болно гэж ярих эдийн засагч мэр сэр таарч л байна…?

-Хадгаламжийн хүүнээсээ татгалзах нь хувь хүний хэрэг. Хадгаламж гэдэг бол хоёр талын хооронд байгуулсан гэрээ. Банкуудын хувьд дур мэдэж гэрээгээ цуцална гэсэн ойлголт байхгүй. Цар тахал, ер юу ч болж байсан банкууд хадгаламж эзэмшигчидтэй тохирсон хүүгээ өгөх үүрэгтэй.

-Санхүүгийн салбарын хэчнээн хувийг банк эзэлж байна?

-90-ээд хувийг эзэлдэг.

-Энэ тооноос эдийн засаг банкин дээр тогтож яваа гэсэн зураг харагдаж байна, тийм үү?

-Тийм л дээ. Олон улсад санхүүгийн зуучлал хоёр тулгууртай явдаг. Нэг нь банк, нөгөөх нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй нь олон шалтгаантай. Одоогоор банкнаас өөр дөмөгхөн санхүүжилт хийчихээр бүтэц алга. Банкны салбарын актив Монголын эдийн засгаас давчихсан.

-Тэгэхээр банк бол эдийн засаг юм гэж хэлж болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Коронавирусийн цар тахлаас болж эдийн засаг хямарлаа гэж ярьж байна. Нөлөө нь эргээд банкин дээрээ л ирнэ. Банкны салбар хямралыг дагаад хүндрэх эрсдэл бий.

-Ингээд бодохоор эдийн засгаараа тоглож, эдийн засаг руугаа дайраад яваа үйл явдал улс төрд өрнөөд байгаа юм байна даа. Банкны салбар хямарбал хамгийн түрүүнд гарах сөрөг үзэгдэл нь юу вэ?

-Олон улсад хямралууд хэд хэдэн янз байдаг. Эхлээд бодит эдийн засаг нь хямардаг. Тэрийгээ дагаад санхүүгийн хямрал үргэлжилдэг. Санхүүгийн хямралаас үүдэж бодит эдийн засагт мөнгө нийлүүлэх явц гацдаг. Ингэснээр бодит эдийн засгийн хямрал гүнзгийрч нийгмийн хямрал нөмөрдөг. Ажилгүйдэл, ядуурал руу орчихдог л доо. Зарим хямрал нь санхүүгээсээ эхэлдэг. 2009 оны хямрал бол үүний тод жишээ. Одоогийн байдлыг харахад хямрал бодит эдийн засгаас эхэлж байна. Яваандаа санхүүгийн хямрал руу халтирах магадлалтай. Санхүүгийн хямрал даамжирвал нийгмийн хямрал болно. Нийгмийн хямрал эхэлбэл эрх баригчид хэцүүхэн сорилттой тулна. Эдийн засагчийн хувьд анзаарахад сууж байгаа мөчрөө хөрөөдөж яваа зураг л харагдаад байна. Банкны салбар унавал зээл байхгүй болж яваандаа эдийн засаг, нийгмийн хямрал руу хөтөлдөг.

-Банкууд руу чиглэсэн улстөржилттэй зэрэгцэж гадны банк орж ирэх нь зөв гэсэн мессэж хүчтэй дуулдаад эхэллээ. Эдийн засагчийнхаа хувьд гадны банк орж ирэх, ирэхгүй гэх асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Гадны банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гадны банк долларын зээлийг хямд өгч чадна. Одоо ч тийм зээл өгч байгаа. Bank of China гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Долларын зээлийг бүгд өгч байгаа. Төгрөгийн зээл өгье гэхээр та бид хоёрын түрүүн ярьсан эрсдлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа доллар юм уу юаниар тооцоотой учраас доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь Bank of China төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Bank of China-гаас өөр банк Монголд орж ирэх сонирхолгүй байгаа. Эдийн засаг сайн байх үед гадны олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан Монголд орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна

Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.


-Коронагийн үед засгаас авч буй бодлого шийдвэр таны хувьд хангалттай шийдэл мөн үү?

-Сэтгэл байвал болдог гэдгийг харж байна. Улстөрчдөд итгэхгүй байсан л даа. Гэтэл тэр үзэл маань бага ч гэсэн өөрчлөгдөж байна. Улстөрчдийн ашиг хонжоо харж аливаа асуудалд ханддаг хандлага биднийг бүр итгэлгүй болгосон байж. Сэтгэл байвал зууханд галтай гэдэг үг хэрэгжиж эхэлсэнд олзуурхаж сууна.

-Зээлийн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулсан нь аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг болж чадах уу?

-Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болж байна. Анхаараагүй биш анхаарсан гэж ам таглах байх. Зээлийн хүү болон зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулж, зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэдэг бол бодит тусламж биш. Хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг болохыг л бодит тусламж гэнэ. Туслах гэж байгаа бол тусалсан шиг туслах хэрэгтэй л дээ. Бизнесийг дэмжсэнээр олон сайн талтай. Хувийн хэвшилд тусалбал ажлын байр хадгалагдаж үлдэнэ. Иргэд ажилтайгаа үлдвэл өрхийн эдийн засаг хямрахгүй. Эдийн засгийн өсөлтөд жин дарах нөлөө үзүүлдэг өрхийн эдийн засаг хямрахгүй бол коронавирусээс үүдэлтэй хямралыг улсаараа даваад гарах боломжтой. Хувийн хэвшилд бодит дэмжлэг үзүүлэх ёстой гээд байгаагийн цаад учир энэ л дээ.

-Бодит гэхээр яг ямар тусламж байвал зүгээр вэ?

-Нэг жишээ хэлье. 2009 оны хямралын үед АНУ-д олон үйлдвэрүүд хаагдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болж байсан. Орлогогүй болохоор бүх бараа,үйлчилгээний борлуулалт буурч компаниуд нь цалин олгох боломжгүй болж байсан. Тухайн үед АНУ-ын Засгийн газраас автомашины үйлдвэрлэлд 400 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн санагдаж байна. Ингэж дэмжсэний хүчинд ажилчдаа халахгүй байх нөхцөлийг компаниуддаа бүрдүүлж өгсөн. Ажилчид машинаа үйлдвэрлэсээр, цалингаа авсаар байсан нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Тэд орлоготой үлдсэн болохоороо хэрэгцээт зүйлсээ худалдан авч, дараагийн үйлдвэрүүдийн орлогыг бий болгож байсан. Ингэснээр Америкийн эдийн засаг хямралаас гарч байсан юм. Энэ бол бодит тусламж, цагаа олсон дэмжлэг. Иймэрхүү тусламжийг коронавируст нэрвэгдээд байгаа улс орнууд компаниуддаа үзүүлээд эхэлчихлээ. Италид ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлж, Герман улс жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгож, АНУ-д бэлэн мөнгө тарааж, гол бизнесүүддээ татаас олгож байна. Мөн Францад бизнесүүдээ ашиглалтын зардлаас чөлөөлж, БНСУ бизнесүүддээ 39 тэрбум ам.долларын хүүгүй зээл олгож байна. Энэ бол бодит дэмжлэг.

-Зээлтэй холбоотой Засгийн газраас авч байгаа арга хэмжээ эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Засгийн газар нэг хэсэг бензиний үнийг бууруулах гэж шатахуун импортлогч компаниудыг гуйдаг байсан шиг өнөөдөр арилжааны банкуудыг гуйгаад сууж байна. Ингээд нэмэргүй.

-Банк санхүүгийн салбарын хувьд ямар эрсдэл харагдаж байна вэ?

-Зээл болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулж байгаа нь онцын эрсдэл үүсгэхгүй. Банкууд угаасаа төлбөрийн чадварыг хангах төлбөр түргэн гүйцэтгэх шалгуур үзүүлэлт хангаж ажилладаг.

-Иргэдийн хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлт том асуудал үүсгэж байгаа. Энэ тал дээр банкууд чадах хэрээрээ арга хэмжээ авч байх шиг байна. Засгийн зүгээс энэ тал дээр нэг удаагийн дэмжлэг ч юм уу тодорхой бодитой дэмжлэг үзүүлэх шаардлага бий юү?

-Аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээ нь борлогдохгүй бол орлогогүй, ажилчид нь цалингүй болно. Тэгээд аль аль нь авсан зээлээ төлөх боломжгүй болдог. Засгийн газраас бизнесийг дэмжих бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм боломж ч байна. Манайд өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гээд Засгийн газрын мэдлийн хоёр банк байна. Эдгээрээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх боломж чадамж засагт бий. Хувийн арилжааны банкуудыг гуйгаад, шахаад үр дүнд хүрэхгүй. Тэд өөрсдөө ямар бодлого барихаа мэднэ. Арилжааны банк харилцагчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Зээлдэгчид бол тэднийг тэжээгчид. Ирээдүйдээ харилцагчтай байя гэвэл бодитой арга хэмжээ авах л байх.

-Монголбанк бодлогын хүүг буулгасан. Бодлогын хүүгийн бууралт эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Монголбанк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкууд төв банкны үнэт цаасны хүүг “голоод” Монголбанкны үнэт цаас авахгүй харин зээл олгож, зээлийн хүүгийн орлого олох бодлого барина гэж хүлээж байгаа юм. Бодлогын хүү буурлаа гээд арилжааны банк зээл олголтоо нэмэх эсэх нь тодорхойгүй. Тэр тусмаа бодлогын хүү 0.5-хан хувиар буулгасан. Тэгэхээр бодлогын хүүгийн энэ бууралтын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл харагдахгүй байна.

-Та бодлогын хүүг 0.5 хувиар буулгасныг чамлаж байна аа даа?

-Тийм. Банкууд үүнийг тоохгүй, эрсдэл бага гэдгээр нь төв банкны үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдан авна гэж бодож байна. Гадны орнууд бодлогын хүүгээ 3-5 хүртэл хувиар бууруулж байна. Ингэж буулгаж байж л банкуудыг зээл олгоход бодитой түлхэц болно.

-Тэгээд яах вэ. Арилжааны банкуудаас зээлийн хэмжээгээ тэлнэ гэж хүлээгээд нэмэргүй гэсэн үг үү?

-Арилжааны банкуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй. Тэд ч гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Ашгийн төлөө бизнес хийж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод харилцагчдаа хүнд байдалд оруулбал эргээд өөрөө хүнд байдалд орно гэдгийг ямар ч банк мэдэж байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зээлдэгчдээ дэмжээд өгвөл эргээд өөрт нь л хэрэгтэй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгийг мэдэх байлгүйдээ. Үүний ард маш гүнзгий философи агуулагдаж байгаа. Тэгээд ч компанийн нийгмийн хариуцлага банк санхүүгийн байгууллагад илүү өндөр хэмжээнд байх ёстой. Улс хөгжиж байж, аж ахуйн нэгж бизнесээ тэлж байж тэд хөгжинө. Арилжааны банк олон нийтээс, нийгмээс мөнгө татаж, тэр мөнгөөрөө зээл олгож амьдардаг онцлогтой.Тиймээс нийгмийн хариуцлага нь өндөр байх ёстой. Банкны хүрээн дэх өрсөлдөөн, өрсөлдөөний хүч хэр зэрэг байгаа нь харагдаж байна. Банкны зах дээр дөрвөн банк нийт зээл, нийт хадгаламжийн дийлэнх хувийг барьж байна. Энэ бол монопольт зах. Тэр дөрвөн банк банкны зах зээл дээр, эдийн засагт монопольт байр суурьтайгаа харуулж байна. Эцэст нь хэлэхэд бизнесүүд, банкуудын аль алиных нь хувьд одоо л хөдөлдөг цаг ирээд байна. Харилцагчид татах, хүчирхэгжих боломж банкуудад яг одоо гарч ирж байна.

-Төсөвт том хэмжээний тодотгол хийх ёстой гэсэн байр суурийг зарим эдийн засагч хэлж байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Би бас ийм байр суурь барьж байгаа. Нэг зүйлд эргэлзээд байна. Төсөвт тодотгол хийхгүйгээр манай Засгийн газар нөөцийн мөнгөтэй болов уу гэсэн асуулт тавигдаж таарна. Нөөц хөрөнгө хангалттай бол сайн хэрэг. Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, эрсдэлийн сангуудад байгаа мөнгөнийхөө хэмжээг хэлэх хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж Сангийн сайд хэлээд байгаа. Би хувьдаа энэ үгэнд итгэхгүй байна. Сонгуульд зориулаад ингэж “гүрийгээд” суугаа юм биш байгаа гэж хардаж байна.

-Засгийн газар тэгээд яаж ажилласан нь дээр вэ?

-Коронавирустэй тэмцэж байгаа шигээ сэтгэл гаргаж, яам агентлагуудаа дайчилж ажиллах хэрэгтэй. ЭМЯ, УОК, Цэрэг цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд коронатай тэмцэхдээ эрдэмтдээ сонсоод ёстой л ёсоор нь, онолоор нь, дүрмээр нь ажиллаж байна. Тэднийг ч Засгийн газар нь маш сайн дэмжиж байна. Дотоод, гадаадын хандив, тусламж ч ирж байна. Үүн шиг эдийн засагт хэрэгтэй арга хэмжээг зорилготой, зоригтой, судлаачдынхаа үгийг сонсоод, дайчлаад, дэс дараалалтай аваад өгвөл эдийн засаг унахгүй байж болно.90-ээд онд лангуу яаж хоосорч байлаа. Одоо бол өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр хангахтайгаа болсон байна гэдэг нь харагдаж байна. Юу хийх хэрэгтэй нь одоо харагдаж байна. Энэ тахал бидэнд их зүйлийг хэлж өгч байна. Зөвхөн манай улсад ч биш, дэлхий нийтээрээ өөрчлөгдөх болно гэж харж байна.

-Та бодитой нэг, хоёр санал хэлээч?

-Юуны өмнө Монголбанк бодлогын зээл гаргаж болно. Бодлогын зээл ямар үр ашигтайг бид барилгын салбар дээр харсан. Барилгын компаниудад жилийн таван хувийн хүүтэй зээл өгч орон сууц бариулаад, худалдан авагчдад нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл өгснөөс барилгын салбарын өсөлт мэдэгдэхүйц өндөр болсон. Бодлогын зээлийн хүү, хугацаа, хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг банкуудаар дэмжүүлж болно. Бодлогын зээлээр бизнесүүдийг дэмжих зам байна. Татвар, татаасаар дамжуулж дэмжиж болно. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ сайн ажиллаж байсан, үнэхээр энэ давагдашгүй хүчин зүйлээс болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдийг олж дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд босоод ирвэл ажилчид нь цалинтай болж, зээлүүдээ төлнө. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд ч санаачилгатай, шинийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Яаж дэмжих бол гээд суугаад байж болохгүй. Санаачилсан шинэ зүйлсийг нь санхүүжүүлэх дэмжлэг байвал бүр сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Нүүрсний нийлүүлэлт долдугаар сараас жигдэрнэ гэсэн хүлээлт Хятадын талд байна

Он гарснаас хойш тасарсан нүүрсний экспорт эргэж сэргээд байна. Экспорт сэргэснээс хойш Гашуунсухайтаар л нүүрс гарч байсан бол уржигдраас Шивээхүрэнгийн боомт ажиллаж эхэлжээ. Хилээр нэвтрүүлж байгаа жолооч нарт хорио цээр, эрүүл ахуйн өндөр түвшний хяналтыг Монгол, Хятад аль аль талаасаа авч байна. Жолооч нар Хятадын талд хонохгүй өдөртөө буцаж буй тул үдээс өмнө гараад үдээс хойш буцаж орж ирж байгаа гэнэ. Гашуунсухайт боомтоор өдөртөө 50-70 орчим машин нэвтэрч байна. Харин Шивээхүрэн боомтоор 30 орчим машин нэвтэрсэн мэдээ дуулдлаа.

“Эрдэнэс Таван толгой” баруун зүүн Цанхиасаа нийт 500 мянган тонн нүүрс ачуулжээ. Уурхайн амнаас ачуулсан нүүрс нь Цагаан хадан дээр байгаа аж. “Энержи ресурс” компани 10 гаруй мянган тонн нүүрс урд хөршид экспортолсон бололтой. Тэд Цагаан хаданд ч нэлээд нөөц бүрдүүлжээ. Дашрамд сонирхуулахад, Хятадын талаас өдөртөө 70 машин нүүрс авна гэсэн тохироо хийсэн байна.

“Монгол нүүрс” ассоциациас санаачилсан онлайн хурал саяхан болсон юм. Нүүрсний салбарынхан Хятадын нүүрснийхэнтэй санаа оноогоо солилцсон уг хурлын үеэр урд хөршийн компаниуд нүүрс худалдаж авах сонирхол өндөр байгаагаа дуулгажээ.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Хятадад коронавирусийн оргил үе өнгөрч намжсан. Гэтэл АНУ халдварын тохиолдлоороо Хятадыг давчихлаа.

Европ дэлхийн бусад улсад ч вирус тархсан. Товчхондоо пандемик буюу дэлхийн улсуудыг хамарсан өнгө байдал анзаарагдаж байна. Цар тахал нүүрс, түүхий эдийн үнэ зах зээлд яалт ч үгүй нөлөөлж байна. Манай улсын төсөв бүрдүүлдэг гол эх үүсвэр нь нүүрс. Нүүрсний орлого тасрах нь төсөвт тодотгол хийе гэж байгаа нь ийм учиртай. Нүүрсний зах зээл одоо ямар байх, цаашдаа яаж өөрчлөгдөх талын мэдээллийг анхдагч эх үүсвэрээс шууд авах нь их чухал. Тэр утгаараа Монгол нүүрс ассоциациас санаачлаад Хятадын Нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэр түгээлтийн ассоциаци, Төмөр замын судалгааны төв, нүүрс худалдан авагч том компанийн захирлуудыг оролцуулсан видео уулзалт хийлээ. Монгол талаас нүүрс олборлогч, экспорлогч компанийн зарим удирдлага оролцсон. Гаднаас орж ирж буй есөн төгрөгийн дөрвийг нь нүүрснээс олдог учраас нүүрсний зах зээлээ сайн судлах шаардлагатай. Тэр утгаараа улиралдаа нэг удаа уулзахаар болсон” хэмээн ярилаа.

Хятадын тухайд вирус эргээд ороод ирэх вий гэсэн айдастай байгаа учраас Монголтой хиллэж буй хэсэгтээ маш болгоомжтой, өндөр хяналттай хандаж байгаа гэнэ. Манай улсад арав гаруй нь халдвартай гарсан нь ч хилийн хяналтаа чангатгахад нөлөөлжээ. Манайхаас нүүрс тээвэрлэж очсон жолооч нарыг кабинаас нь буулгахгүйгээр халууныг нь хэмжиж хянаж байгаа аж.

Монголын нүүрсний гол зах зээл Бугат гэх мэт хэсэгт манай нийлүүлэлт буурсан, уурхайнуудын үйл ажиллагаа сайн жигдрээгүй гэсэн шалтгаанаар нүүрсний үнэ цагаан сарынх нь өмнө ба хойно бага зэрэг нэмэгджээ. Харин одоо дотоодынх нь уурхайнууд жигдэрсэн гэх шалтгаанаар нүүрсний үнэ тогтворжжээ.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээлийн талаар ярилцсанаа хүргэе.


-Урд хөршийн зах зээл дээр нүүрсний үнэ ямархуу байх бол?

-Онлайн уулзалт хийх үеэр Хятадын талын хүмүүс далайгаар орж ирдэг хэсэгт нь нүүрсний үнэ буурсан мэдээ хэллээ. Нэг, хоёрдугаар сард Австралийн нийлүүлэлт нэлээд өссөн болохоор багагүй хуримтлал үүсчихэж. Тэр хэсэгт нийлүүлэлт нь өссөн ч эрэлт буурсан маягтай яваа, хагас жилээс хойш ханш гайгүй болно гэж байна. Оросын нүүрсний нийлүүлэлт өсөх хандлагатай байгаа юм билээ. Орос далайгаар зүүн талаас нийлүүлэхээс гадна Манжуур, Монголын зүүн талаар зүүн хойд Хятад руу нийлүүлдэг. Тийм учраас шууд манай зах зээлийг булаахгүй. Гэхдээ манай нүүрс Хятад руу орохгүй байгаа тохиолдолд хүссэн хүсээгүй Австрали, Оросын нийлүүлэлт өсч байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний орон зайг их бага хэмжээгээр эзэлж байгаа. Энэ янзаараа удах юм бол бид зах зээл дэх байр сууриа тодорхой хэмжээгээр алдах эрсдэлтэй. Хагас жилээс Хятадад үйлдвэрлэл сэргэлээ гэхэд худалдан авагчид нь багасчихна гэсэн тайлбар бий. Өөдрөгөөр харах гэж оролдох юм бол хагас жилээс хойш оны төгсгөл рүү Америк, Европын үйлдвэрлэл зогсоод хэцүү байдалд орно. Коронавирусийн тархалт намжихаар энэ улсууд хэрэглэдэг зүйлсээ хэрэглэж таарна аа даа. Тэр үед хэрэглээгээ Хятадаас хангах нь тодорхой. Тэгэхээр корона оргилдоо хүрээд намжих үед Хятадын эдийн засагт boom болох магадлал өндөр гэсэн таамаг бий. Тэр үед мэдээж Монголын нүүрс их хэмжээгээр хэрэг болно.

-Нүүрсний нийлүүлэлт хэзээнээс жигдрэхээр байна?

-Хятадын тал долдугаар сараас жигдэрч, өнгөрсөн оны түвшиндээ очно гэж байна. Монголтой хиллэж байгаа хэсгээр эрэлт их байна. Эрэлт байгаа дээр нүүрсээ нийлүүлж чадвал мэдээж ашигтай.

-Нүүрсний одоогийн ханш төсөвт тусгасан үнээс хэр зөрж байгаа бол?

-Улсын төсөвт нүүрсийг 71 доллараар тусгасан. Одоо тэр багцаанд байна. Цагаан сарын өмнө нүүрсний үнэ 830 юань байсан. Одоо 900 орчим дээр тогтсон. Арав орчим хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг. Монголын нүүрсгүйгээр тэндхийн үнэ тогтоно гэдэг муу дохио. Монголын нүүрсгүйгээр дотоодын үнэ тэнгэрт хадахгүй нь гэсэн дохио. Асуудал хүндрээгүй байхад хилээ хааж эдийн засагтаа гай болчихсон юм биш үү гэсэн байр суурийг Хятадын тал хэлж байна лээ, сая болсон онлайн хурлын үеэр. Одоо нүүрснийхээ импортыг ахиу хийе гэхээр Монголоос вирус ороод ирвэл яах вэ гэсэн байдалтай байгаа юм билээ. Уг нь Хятадын худалдааны байгууллагад Монголоос нүүрс авах сонирхол их байна.

-Гашуунсухайт, Шивээхүрэнгээр нүүрс гарахад хяналт шалгалтдаа цаг их авч байгаа гэж ойлголоо. Чингэлгээр тээхийн давуу, сул тал нь юу байна?

-Чингэлэгтэй нүүрсийг кранаар буулгачихаж байна. Энэ арга вирусийн тархалтыг барихад ямар ч нөлөөгүй. Гэсэн хэр нь гарч байгаа өртөг зардал нь өндөр. Тонн тутамд 25 юаниар зардал нэмэгдэж байгаа гэсэн тооцоо дуулдсан. Хорь гучин машин болоод байх ч өмнөх шиг хэдэн зуугаар нь гаргая гэвэл тийм контейнер Монголд байхгүй. Тэгэхээр нэмэлт хөрөнгө оруулалт хэрэг болно. Гэтэл өнөөдөр нөхцөд байдал ямар байгаа билээ. Бид цагаан сард хурааж хумьсан нөөцөөрөө амьдарч байгаа. Дөрөвдүгээр сараас байдал хэцүүдэх гэж байна. Ийм хүнд үед шинээр ийм туршилт оруулж ирсэн нь бас л зохимжгүй юм болсон. Яг гүйцэтгэл дээр явахгүй байх. Шивээхүрэн дээр бас ийм шаардлага тавьсан. Уг нь тавиадхан км яваад хил нэвтэрчихдэг боомт. Таван толгой шиг ачаалалгүй, цэгцтэй газар. Тийм газарт өнөө шаардлагаа тавьчихаар гүйцэтгэлд нөлөөлөөд байна л даа.

-Төсөвт нүүрснээс орох орлого тасрах нь тодорхой болчихов уу?

-Төсөвт нүүрснээс орно гэж төлөвлөсөн орлого тасрах нь тодорхой. Тодруулж хэлбэл, бид төлөвлөсөн 42 сая тонныг гаргаж чадахгүй. Манай компаниуд нүүрсний экспортыг дөрөвдүгээр сараас эрчимтэй явах болов уу гэж найдаж байсан ч өнөө хэр яах нь тодорхойгүй байна. Их сайн явлаа гэж бодоход гуч гаруй сая тонн гарах болов уу. Өнөөдрийнх шигээ олигтой шийдэж чадахгүй, зогсоох эсэх нь тодорхой биш явбал 42 сая тонныхоо талыг л гаргах байх.

-Нүүрсний компаниуд хэцүүдчих шиг боллоо…?

-Харин тэглээ. Хоёрдугаар сарын 10-нд нүүрсний тээвэр зогсоох шийд гарангуут компаниуд ажилчдаа 60 хувийн цалинтайгаар сул зогсолт зарласан. Гуравдугаар сарын 15-наас тээвэр эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан учраас гуравдугаар сар гарангуут хүмүүсээ ажилд нь оруулсан юм. Ажилчид нь цалингаа 100 хувь авч эхэлсэн гэсэн үг. Дэд гэрээлэгч, ханган нийлүүлэгчдээ мөнгөө төлөөд уурхайгаа ажиллуулж нүүрсээ овоолоод эхэлчихсэн. Тэнд хэдэн зуун сая ам.долларын нүүрсний овоолго байна. Зардал нь гараад байдаг, нүүрсээ хэвийн хэмжээнд экспортлох эсэх нь тодорхойгүй цаг алдаад байна л даа. Товчхондоо компаниудын санхүүд маш хүнд тусч байгаа. Ийм байдлаар удвал зарим компани үйл ажиллагаагаа нэлээд урт хугацаагаар зогсоох эрсдэл үүснэ. Ажилчдаа халах асуудал хөндөгдвөл олон мянган хүний ажлын байр яригдах байх.

-Нүүрсний салбар хэчнээн хүнийг ажлын байраар хангадаг вэ?

-Уул уурхайн салбарт нийтдээ тавь гаруй мянган хүн ажилладаг. Нүүрсний хувьд энэ тооны гуравны нэгтэй тэнцэхээр хүн ажилладаг багцаа тооцоо бий.

-Хятадын нүүрснийхэнтэй хийсэн онлайн хурлын үеэр нүүрсний зээлтэй холбоотой шинэ мэдээ дуулдав уу?

-Төмөр замын хувьд маш сонирхолтой мэдээллүүдийг Хятадын төмөр замын судалгааны төвийн захирлаас авлаа. Ер нь уул уурхайн түүхий эд овор хэмжээ ихтэй учраас авто замаар тээвэрлэнэ гэдэг утгагүй асуудал. Уул уурхайн тээврийг хол замд машинаар тээвэрлэдэг улс Монголоос өөр байхгүй. Өртөг зардал ихтэй, байгальд сөрөг нөлөөтэй гээд яривал өчнөөн сул талтай тээвэр. Хятадын хувьд манай нүүрс гарч буй боомтууд дээр төмөр зам нийлчихсэн. Ганцхан Ховдын Булганаар гардаг боомт дээр төмөр зам байхгүй. Гэхдээ тэнд төмөр зам барих шийдвэр ирэх таван жилийнх нь төлөвлөгөөнд орчихсон яваа. Тэр төмөр замуудынх нь хүчин чадал дээр маш том тоонууд хэллээ. Эрээнээр15 сая, Ганцмодоор 50 сая, Сэхээгээр 30, Мандалаар 30, Зүүн хатавч боомтоор 35 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бий гэнэ. “Аль боомтоор төмөр замаа тавих нь та нарын асуудал. Аль ч боомтоор нүүрсийг чинь авах хангалттай хүчин чадал бий” гэж байна. Зөвхөн нэг боомтоор нүүрс хүлээж авах техникийн хүчин чадал манай улсын жилийн экспорттой тэнцэхээр байгаа биз. Бид нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргана гэж ярьдаг. Тэгнэ гэвэл машинаар тээвэрлэх боломжгүй. Төмөр замтай болвол нүүрсний экспортын хэмжээгээ нэмэх, зардлаа багасгахаас гадна гуравдагч хөрш рүү экспортлох боломж нээгдэнэ.

-Таван толгой дээр нүүрс сорчилж олборлолоо гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Сорчилж олборлох нь хуулиар хориотой л доо. Гэхдээ хувь, хувьсгалын аль ч уурхайд заримдаа гардаг үзэгдэл. Гэхдээ шууд сорчлох гэж хэлэхэд хэцүү. Борлуулалттай, борлуулалт багатай гээд янз бүрийн үед яаралтайгаар ахиу олборлох шаардлага гардаг. Дараа нь хийгээгүйгээ нөхөж хийдэг практик олон улсын уул уурхайд бий. Таван толгой гэснээс энэ ордын олборлолтыг 30 саяд хүргэвэл баяжуулах үйлдвэргүйгээр явахгүй. Сайн чанарын нүүрсний хэмжээ нь багасаад олборлолтын явцад бохирдсон, газарт ойрхон учраас исэлдээд өгөршсөн, байгалиасаа коксжих үзүүлэлт багатай нүүрс холилдоод гараад ирэх асуудал бий. Баяжуулах үйлдвэр барилаа гэхэд үйлдвэрлэлийн явцад зарж болохгүй, хаяж ч болохгүй завсрын бүтээгдэхүүнүүд гардаг. Тэр бүхнийг нь шийднэ гэж тооцоод үйлдвэр барилаа гэхэд багадаа дөрвөн сая, ихдээ найман сая тонноор хэмжигдэх борлуулахад хэцүү эрчим хүчний нүүрс гарна. Тэрийг уул шиг овоолоод байх боломжгүй. Машинаар тээвэрлэж Хятадын хил хүргээд зарах аргагүй. Тээврийн зардлаа даахгүй. Баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн одоогоор “Энержи ресурс”-ын Ухаа худгийн үйлдвэрээс гарч байгаа. Гэхдээ хэмжээ нь маш бага. Тавантолгойгоор жишээ болгоод ярихаар нүүрсний салбарыг хөгжүүлэх хамгийн том хоёр зүйл бол төмөр зам, боловсруулах үйлдвэр.

-Нүүрсний хулгай гарал үүслийн гэрчилгээний замбараагүй, хяналтгүйгээс болдог гэсэн шүүмжлэл дуулддаг. Нүүрсний хулгай төсөвт орох орлогоос хумсалж байгаа гэдэг утгаараа анхаарах ёстой асуудал шиг санагддаг…?

-Төрийн л хулгай байх. Хилээр нэвтэрч байгаа нүүрсийг нарийн жинлээд гаргадаг. Тэнд нь төрийн албан хаагчид ажилладаг. Үнэхээр тийм асуудал байдаг бол хяналт тавьж байгаа төрийнхөнтэй л холбогдож таарах байлгүй.

-Коронавирусээс үүдсэн хямрал нүүрсний салбарт, эдийн засагт ямар сургамж өгөв, ахиад хямрал болоход хэцүүдэхгүй байхын тулд бид яах ёстой вэ?

-Сүүлийн жилүүдэд шувууны ханиад, гахайн ханиад, SARS, MERS зэрэг халдварт өвчин дэгдсэн. Тахлын хэмжээнд хүрсэн энэ удаагийн коронавирус SARS-2 гэдэг нэртэй. Энэ мэт халдварт өвчний давтамж ойртоод байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийнхэн сануулаад эхэлчихлээ. Тэгэхээр ийм халдвар ахиад ч дэгдэх эрсдэл өндөр болчихсон гэсэн үг. Ийм нөхцөл байдалд монгол үндэстэн аюулгүй оршин тогтнохын тулд яах ёстой вэ гэдгийг нүүрсний салбар дээр жишээлээд ярихад бидэнд төмөр зам хэрэгтэй. Дахиад халдварт өвчин дэгдлээ гэхэд хилээ хаагаад мөнгөгүй таг суух уу. Тиймээс төмөр замын асуудлаа хурдан шийдэж, цаг алдалгүй барьж дуусгах шаардлага байна. Таван толгойгоос Сайншанд чиглэлийн төмөр замын суурь ажлыг эхлээд явж байгаа. Зөв, буруу дээр өчнөөн маргаан өрнүүлж болно. Гэхдээ одоо дүүрч, тэр замаа бариад дуусгачихаасай гэж бодож байна. Эдийн засгийн утгаараа бол Таван толгойн Гашуунсухайт, Нарийнсухайт, Шивээхүрэнгийн төмөр замыг зайлшгүй барих шаардлагатай. Нэгдүгээрт, эдийн засгийн ашигтай. Хоёрдугаарт, байгаль орчинд хэрэгтэй. Гуравдугаарт, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад хэрэгтэй.

Дөрөвт нь, Монголын орлого эрс нэмэгдэнэ.