Categories
мэдээ цаг-үе

Буйд суманд өнгөрөөсөн романтик хоёр жил

Лондон, Лос Анжелос, Японд амьдарч байгаад Монголдоо ирэхдээ Дорнодын Матад суманд суурьшиж, холын буйд сумыг бяцхан Токио болгоно гэж хоёр жил зүтгэсэн хосын тухай танилаасаа сонсоод гэрт нь өнжих хүсэлт тавьсан юм, өнгөрсөн долоо хоногт. Эхэндээ “Бидний мундаг гэж юу байхав дээ” гэж даруу загнаад хавьтуулсангүй. “Их гүрнээс яагаад заавал буйд суманд суурьших шийдвэр гаргасан юм бол. Тэгээд бүр Монголын жишиг цэцэрлэгийг Матад суманд байгуулна гэж зүтгэсэн хоёр. Цаана нь ямар нэг сайхан түүх нуугдаж л байгаа” гэсэн сониурчирхалдаа хөтлөгдчихсөн нөхөр яаж зүгээр суухав. Хэдэнтээ холбогдсоны эцэст гэрт нь өнжих “виза”-тай болоод авав. Ингээд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Номун виллаж” хотхоныг зорилоо. Эргэлдсэн нүдтэй дөч гаруй насны бүсгүй хаалга тайлж өгөв. Зочин ирнэ гээд зорьж бэлдсэн нь илт. Том өрөөний буйдангийн өмнөх бор шаргал ширээнээ салат, зууш, цагаан идээ, чихэр, жимс, ундаа, ус, чамин загвартай сууриа чимж гэрэлтэх гоёмсог лаа, таваг, сэрээ, халбага, аяга сэлтийг янз донжыг нь тохируулан өржээ. Гэрийн эзэгтэй шалмаг гэж жигтэйхэн юм. Гараа угаагаад буйдангийн эсрэг талын Бурхан багшийг дүрсэлсэн уран зургуудыг тогтож харах зуур л уур савссан бууз таваглаад өрчихөв.

Эзэгтэйтэй мэнд мэдэлцэн ойр зуурыг ярилцах зуур гэрийн эзэн орж ирлээ. Ажлаасаа тараад яаран ирсэн нь энэ гэнэ. Гэрийн эзэн “Манай хүн чинь гялалзуулчихжээ. За би одоохон” гээд гэрийн хувцсаа сольж өмсөөд ширээнээ суулаа. Д.Дэмчигсүрэн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багт ажилладаг аж. Гэргий нь Адиймаа. Гурван хүүхэд нь гадаадад суралцдаг гэнэ. Дэмчигсүрэн, Адиймаа хоёр бүр багадаа “Найрамдал” зусланд танилцаж байж. Дорнодын Матад сумын дунд сургуулийн онц сурлагатан хүү хотын гоё охинтой “Найрамдал” зусланд танилцчихаад тээр хойно дахин учирчээ. Адиймаа нөхөртөө бууз таваглаж өгөх зуураа “Би бүүр сүүлд гэрчилгээг нь хараад бүх хичээлдээ онц сурч байсныг нь мэдсэн.

Хөөх чи бүх хичээлдээ онц сурч байжээ гэж шагширтал манай хүн өөр дүн байдаг юм уу гэдэг байгаа” хэмээгээд хөгжилтэй инээв. Дэмчигсүрэн эхнэрийнхээ үгийг өлгөж аваад “Гэхдээ би онц сурахаас өөрийг мэддэггүй хэнхэг сурагч байгаагүй юм аа, хамтлагт гитар дардаг, спортод дуртай, бүх л зүйлд оролцож явдаг хүү байсан шүү” гээд жуумалзав.

Бидний яриа удам судрын тухай амттай хуучаар үргэлжиллээ. Адиймаагийн ээж орос хэлний багш байж. Ээжийнх нь аавын аав Балдан тайж гэж нутаг усандаа нэртэй хүмүүн байсан гэнэ. Адиймаа “Баянхонгорын Бууцагааны хүн л дээ, миний өвөг. Ээжийг дүү нартайгаа нутагтаа очиход Балдан тайжийн үр удам гээд сүйд байсан гэдэг юм. Өвөө минь Балдангийн Ядамсүрэн гэж хүн байлаа. Цэргийн анхны гавьяат тээвэрчин. Дайны үеийн цэргийн жолооч нарыг бэлтгэж байсан хүн юм билээ. Аавыг минь Майдаржав гэдэг. Хөвсгөлийн хүн. Хар нялхад нь аав, ээжийг нь хэлмэгдүүлээд хороочихсон гэдэг юм. Өвөө, эмээ минь бичгийн хүн байсан гэсэн тойм үгнээс өөр зүйл алга даа. Ер нь аавын талын түүх тун бүдэг” хэмээн уг удмаа дурссан юм. Гэрийн эзний удам судрыг сонирхуулахаас өмнө нэг түүх сонирхуулъя. Мань эр хорь гаруйхан настай шижигнэсэн залуу үедээ Соёлын яаманд ажиллаж байжээ. Соёлын тухай хууль, төрөөс соёлын талаар баримтлах бодлого дээр анх ажилласан хүмүүсийн нэг гэнэ. Тэр үед угийн бичиг хөтлөх, удмын овогтой болох санаа анх соёолж байж. Гэрийн эзэн “Одоо эргээд бодоход бидний ажиллагаа дутсан л даа. Тухайн үед Ж.Гүррагчаа гуай Сансар гэдэг овог авсан шиг санагдаж байна. Овгийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр боломжийнхоо хэрээр цацсан. Гэхдээ амьдрал дээр хүн бүр боржигон, хиад, хатиган гэсэн овогтой болчихсон. Ингээд овог сэргээн хэрэглэсний утга жаахан алдагдсан тал бий. Миний хувьд нутаг усаараа бол Хатагин гэж явах учиртай. Маш эртний, сонин түүхтэй овог аймаг гэдгийг монголчууд андахгүй. Гэхдээ бид ургийн овгоо өөрөөр, өөрсдөдөө илүү хамаатайгаар сонгосон” хэмээн дурсав.

Гэрийн эзний аав, ээж Дорнодын баруун, зүүн Матадын хүмүүс гэнэ. Залуудаа уулзаж учрах гэж 300 гаруй км газрыг морьтой туулдаг байснаа дурсан ярьдаг байж. Дэмчигсүрэн “Мэнэнгийн талаар тэр олон км газрыг туулна гэдэг амар биш. Мориор нэг цагт 20 гаруй км явна гээд бодоход л тасралтгүй 10 гаруй цаг явах газар шүү дээ. Миний аавыг Дорж гэдэг. Багш мэргэжилтэй, олон жил багш, захирлаар ажилласан хүн. Ид залуудаа айлын ганц охиныг аваад суучихсан байдаг” гээд хөгжилтэй инээв. Нутгийнхаа тухай ярихаар л нүд нь сэргээд ирэх юм. Бидэнд зургийн цомог сонирхуулах зуураа “Дорнын талд нар мандах, жаргах шиг гайхамшигтай агшин ховор байх шүү. Гэнэтхэн ургаад, гэнэтхэн жаргана. Шөнийн оддынх нь сүрлэг, өнгөлгийг зүйрлэж хэлэхэд үг дутаад байна. Хөдөө талд энд тэнд прожектор тавьчихсан юм шиг. Манай хүргэн ах одон орны хүн. Хүрэл тогоотод олон жил ажилласан. Ховдын хүн л дээ. Манай нутагт очихоороо ийм од байдаг аа гээд толгой сэгсэрч шагширдаг. Жуулчид цэцэг, навч, шувуу гэх мэт төрөлжсөн сонирхолтой байдаг даа. Миний нутгийн од гайхалтай. Та нар заавал очиж үзээрэй” гэж байна.

Матад суманд болсон марафоны үеэр

Аав нь Дэмчигсүрэнг дөрвөн настайд нутгийн ном бичигтэй хөгшинд шавь оруулж, монгол бичиг, төвд бичиг заалгуулжээ. Жаахан хүү таван настайдаа кириллээр дармалдан бичиж, дуржигнатал уншчихдаг болж. Гэхдээ яг насандаа буюу наймтайдаа нэгдүгээр ангид орж байжээ. Уншиж бичдэг хүү нэгдүгээр ангидаа удаан суусангүй, хоёрдугаар анги руу шууд дэвшсэн гэнэ. Гэрийн эзэн “Аав намайг ямар бодолтойгоор төвд, монгол бичиг сургахаар нутгийн хөгшинд шавь оруулсныг мэдэхгүй. Ээж минь шашин шүтлэгтэй. Ээжийн ээж хуучин нийгмийн үед бурхан тахилтай, ёс жаягтай сүрхий хөгшин байсан юм. Би төвд бичигтээ гавиагүй. Монгол бичгийн хувьд багш өвөө маань маш сайхан заадаг байлаа. Одоо бодох нь ээ заах арга нь мундаг байжээ. Монгол бичиг бүр хойно дэлгэрэхэд монголчууд бид заах арга дээр жаахан алдсан байж магадгүй гэж боддог шүү” гэв.

Дэмчигсүрэн соёл судлалын мэргэжилтэй, бүр сүүлд антропологи руу оржээ. Дэмчигсүрэнгийн соёл судлалаас хүн судлал руу орох болсон үе нь Боловсролын яаманд найман жил ажилласных нь дараа тохиожээ. Докторын сэдэв нь бас л сонин түүхтэй юм. Дэмчигсүрэнгийн Английг зорьсон 2000-аад оны эхэн үед Европын холбоо ид хүчээ авч байж. Зүүн Европын орнууд энэ аварга холбоонд элсч эхлэх үед нэг үзэгдэл ажиглагджээ. Европын холбоон дотроо баруун Европ руу их нүүдэл явагдсан аж. Баруун Европ дундаа Англи “моод”нд орж, Британи руу их нүүдэл чиглэжээ. Багш, инженер гээд салбар бүртээ гялалзсан залуус Англид очоод рестораны үйлчлэгч гэх мэт хар бор ажил хийгээд эхэлж. Цалин хөлс нь эх орондоо авдгаас нь илүү ч ингэж ажиллахаар сэтгэл гутралд орох энүүхэнд болжээ. Сэтгэл гутралд орсон хүмүүс гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлөх гэх мэт сөрөг үзэгдэл Английн нийгэмд ажиглагдаад эхэлсэн гэнэ. Английн засаг их нүүдлээс улбаатай ийм сөрөг үзэгдлийг яаж эерэгээр шийдэх вэ, ямар бодлого явуулбал үр дүн өгөх вэ гэсэн асуултуудад хариу хайж эхэлж л дээ. Товчхондоо Английн засаг Европын холбоон дотор зүүнээс баруун руу нүүдэллэж буй хүмүүсийн нийгэм сэтгэл зүйн дасан зохицох чадварыг судалж, судалгааны үр дүнд үндэслэж хөгжиж урагшлах гарц шийдлүүдээ гаргаж авъя гэж зориод зүтгэжээ. Дэмчигсүрэнгийн багтсан эрдэм шинжилгээний баг энэ том ажлын жижигхэн хэсгийг хариуцаж авсан юм байна. Гэрийн эзнээс судалгааны ажлынх нь талаар сонирхоход “Манай баг маш жижиг хэсгийг нь л хариуцаж авсан. Олон зүйлийг нэгтгэж байж том бодлого тодорхойлдог. Тэр жишгээр явсан ажил байгаа юм. Нэг сонин юм хэлэхэд, Англи Европын холбооноос гарах тухай өнөөдрийн яриа тэртээ 2005, 2006 онд яригдаж байсан. Гарах нь тодорхой гэсэн яриа. Европын холбоо ид хүчирхэгжсэн үед тэр том холбооны хоёр гол баганы нэг нь болох Англи ингэж ярьж байсан юм. Ирээдүйг зөгнөсөн яриа гэж харах нь утга учир багатай л даа. Маш олон зүйлийг судалж, харж, шинжилж судалсны эцэст л гарсан яриа гэж хэлэх нь үнэнд илүү ойртоно. Уг гүнээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад явахаар олон жилийн дараах байдал төлөв тодроод ирдэг хэрэг” гэсэн хариу өгөв. Бидний яриа сүүлдээ судалгаа шинжилгээний үндсэн дээр олон талаас нь бодож харж, гаргасан бодлого Монгол Улсад ч хэрэгтэй гэх мэт албаны хэрнээ амин хэрэгтэй сэдэв рүү гулгалаа. Гэхдээ Дэмчигсүрэнгийн гэрт энэ сэдвээр өрнөсөн яриаг тоймлож бичье гэвэл цаг, цаас их орох учир ингэсгээд зогсъё.

Уг удам, ажил мэргэжлийн яриа хөөрөө гурван цаг хэртэй өрнөсний эцэст удтал хүлээсэн асуултаа тавихаар шийдлээ. Яриа хөөрөөний дундуур сэдэв хазайлгах гэж оролдоод амжилт олоогүй сэдэв болохоор шуудхан л “Англи, Америк, Япон гээд хөгжингүй гүрэнд арав хол давсан жил амьдарсан хоёр эх орондоо ирэнгүүтээ яагаад алсын буйд суманд хоёр жил амьдарсан юм бэ. Дорнодын Матад таны төрж өссөн сум болохоор эхнэрээ ятгаад явчихсан уу” гээд асуучихав. Гэрийн эзэн жижиглэж хэрчсэн тарвас амтархангаа “Монголдоо ирье гэсэн бодолтой байсан. Би хүн судлалын зах зухаас үнэртсэн хүн гэж танд ярьсан даа. Хүн 50 наснаас хойш шинэ орчинд цэцэглэж хөгжөөд явахад хэцүү гэсэн ойлголт байдаг. Угаасаа л эх орондоо суурьших нь тодорхой юм чинь цаг алдаад яахав гэж бодсон л доо. Гадны улсад ажиллаж амьдрахад тав тух, цалин хөлс гээд бүх талаараа дажгүй ч төрж өссөн эх орныг минь яаж гүйцэхэв. Гэхдээ би эхнэрээ хөдөө явъя гэж ятгаагүй шүү” гээд гэргий рүүгээ инээмсэглэн харав. Адиймаа ингэж хэлэхийг нь хүлээж байсан мэт хөгжилтэй инээгээд “Сая манай хүн хэллээ, шинэ орчинд хөлөө олох ёстой учраас цаг алдахгүйгээр шийдвэрээ гаргасан гэж. Тийм л дээ. Монголд ирсэн мөч бид хоёрын амьдралын цоо шинэ үе байсан. Тэгээд хөдөө явахыг хүссэн. Тэгэхдээ бүр нөхрийнхөө төрж өссөн суманд очмоор санагдсан. Хөдөө явж үзээгүй хотын хүүхэд болохоор шинэ орчинд амьдралынхаа шинэ үеийг эхэлмээр санагдсан юм. Би бүр нөхөртөө яаманд орж болохгүй шүү, гадаад явдаг ажил огт хийхгүй гэж захиж хэлсэн. Хоёулаа сумаа л хөгжүүлье гээд зүтгэчихсэн” гэлээ.

Дэмчигсүрэн эхнэр рүүгээ өнөө л дулаан харцаараа инээмсэглэн ширтээд “Ханийнхаа саналыг дуун дээр зөвшөөрөлгүй хаачихав. Энэ маань хөдөө амьдрах чин хүсэлтэй. Би болохоор жорлон энэ тэрд дуртай. Яг л тохирох юм шиг санагдсан” гэж байна. “Жорлон гэдэг нь ямар учиртай юм бэ” гэж сониучирхахад гэрийн эзэгтэй “Миний хань чинь 2010 онд жорлонгийн хувьсгал хийнэ гээд явж байсан хүн. Одоо энэ Оюунгэрэлийн яриад явааг сэдээд бодоод явсан хүн л дээ” гэлээ. Дэмчигсүрэн ярианд оролцож “Яг ч хийчихэж амжаагүй юм аа. Тухайн үед сошиал медиа гэж байсангүй. Миний нэр хүнд ч гэж юу байхав. Жорлонгоо хөгжүүлье, сум суурин хороо, баг бүр жорлонгийн элчингийн сайдтай болох ёстой гэж ярьж явдаг байлаа. Японд байдаг жишиг л дээ. Жорлонгийн соёл талд ажил хийе. Жижиг сум сууринг жишиг болгож тохижуулах ямар арга чарга байна, хөдөө хаа сайгүй таарах нүхэн жорлонг яаж өөрчлөх вэ гэх мэт санаа оноог хамт ажилладаг, ойр тойрныхонтойгоо ярилцдаг байсан юм. Сумандаа амьдрах тухай яриад хоёр талаасаа шийдэх үед эртний санаа маань ажил болох нь гэж баярласан. Гэтэл манай хүн бүр дүрдээ итгэчихсэн” гээд тас тас хөхрөв.

Гэргийгээ “дүрдээ итгэсэн” гэж өхөөрдсөн нь цаанаа учиртай байж. За тэгээд нөхөр нь сумандаа жорлонгийн соёл түгээнэ, эхнэр нь нөхрийнхөө суманд амьдарна гэсэн бодолтойгоор Дорнын талыг зорьж дээ. Очингуут орон нутгийнхан нь уриалгахан угтаж, Матадын дунд сургуулийг онц төгссөн Дэмчигсүрэнг сумын дарга болгоодохож. Очингуутаа, дүн өвлөөр сумын захиргааны модон жорлон руу цахилгааны утас татуулж, жорлон тохижуулаад эхэлсэн Дэмчигсүрэнд нутгийнхан нь тэр дорхноо л хоч өгсөн тухай яриад бөөн инээдэм болов. “Жорлон Дээмээ” гээд хочилчихож. Гэрийн эзэн “Миний энэ насандаа сонссон хамгийн эрхэм алдар” гээд жигтэйхэн баяртай инээд тодруулна.

Адиймаа гэртээ

Адиймаа суманд очсон даруйдаа хүүхдийн тоглоомын талбай хаана байгааг асуужээ. Тоглоомын талбайгүй гэсэн хариулт сонсоод уйлснаа ярив. Гэрийн эзэгтэй бидэнд бялуу таваглангаа “Бид чинь хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү дээ. Гэтэл хүүхдүүд тоглоомын талбайгүй. Үнэхээр харамсалтай санагдсан. Нөхөртөө хэлтэл намайг багад ийм байсан гэж байна. Болохгүй шүү дээ. Тэгээд цэцэрлэг нь хаана байдгийг асуулаа. Тусдаа байргүй гэж сонсоод бүр цочирдсон. Дотуур байрны хэдхэн өрөөг цэцэрлэг болгоод тохижуулчихсан. Ингээд л эхний хийх том ажил маань цэцэрлэг юм байна гээд зүтгэчихсэн. Бид нийлээд сумын хөгжлийн асуудлаар Матад түншлэл гээд форумыг Блюскайд хийсэн. Гадаад, дотоодын олон байгууллагын төлөөлөл, нийтлэлч Баабар, миний найз дуучин Наран гээд олны танил хүмүүс ч олноороо ирсэн” гэж хэлээд инээмсэглэв. Матад суманд улсын хэмжээнд жишиг болохуйц цэцэрлэг барих ажил тэр үеэс эрчтэй эхэлжээ. Адиймаа “Матадад Монголд жишиг болохоор цэцэрлэг баригдвал алсын тэр сумыг улс даяараа андахгүй болно. Тэр цэцэрлэгийг үзэх гэж энд тэндээс очвол хэчнээн сайхан нөлөө болох билээ. Би тэгж л бодож зүтгэсэн” хэмээв. Гэрийн эзэгтэй “Гадны одод нийгэмдээ нөлөөллийн олон гоё ажил санаачилж, хийдэг. Нийгмийн өчнөөн хэрэгтэй төсөлд оролцдог. Тэр хэрээрээ нийгэмдээ үнэлэгддэг. Миний найз дуучин Наран Матадад улсад жишиг болох цэцэрлэг барих санаачлагад маш идэвхтэй оролцсон. Нэг ажил бариад авахаараа дуусгаж байж ард нь гардаг мундаг чанартай хүн л дээ. Нарангийн нүүрээр маш олон ажил бүтсэн. Жинхэнэ од хүн” гэж хэлээд кофе чанахаар гал тогооныхоо өрөө рүү зүглэв.

Буйд сумын Засаг дарга Улаанбаатарт хөгжлийн чуулган хийсний дараахан “Ротари” клуб гэхэд л цэцэрлэг барих ажилд дэмжлэг болгож мөнгө хандивлахаа илэрхийлжээ. Гадаадад олон жил ажилласан хоёр дэлхийн олон улсад амьдарч байгаа монголчууд, олон улсын байгууллагынхан гээд гаднаас мөнгө, дэмжлэг татах тал дээр борви бохисхийлгүй ажилласан аж. Дэмчигсүрэнтэй олон жилийн ойрын харилцаатай “Ротари” клубийнхэн Матадыг бяцхан Токио болгоё гэдэг дээр санал нэгдэж, Ази руу хандсан хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг Матад суманд төвлөрүүлье гэцгээж. Гэрийн эзэн “Хүүхдийн төлөө гээд зүтгэхэд гадна, дотны ямар ч газар, хүмүүс нааштай сайхан ханддаг юм билээ. Япон найз нөхөд түншүүд маань бяцхан Токио байгуулна гээд сэтгэл өндөр байсан шүү. Бяцхан Токио гэдэг нь ухаандаа манайхаар бол шинэ сум л даа. Тийм л юм төсөөлж байлаа” гэж байна. Зураг төслийн ажлаа дуусгаж, Монполимет компаниас цементийг нь хандивлахаар болж, барилгын ажлаа эхэлдгийн даваан дээр Дэмчигсүрэн сумын даргын албанаас буужээ.

Адиймаа халуун кофе аягалж, сүү, сахар дөхүүлээд “Зураг төслийн компанитай хамтарч ажиллаж эхэлснээс хойш нойр хүрэхээ байсан. Би нэг л юманд харамсдаг. Нөхрийгөө ажлаа өгсөнд биш цэцэрлэг барина гэсэн зорилгодоо хүрээгүйд харамсаад байдаг юм. Гэхдээ тийм ажлыг зориглож эхлүүлсэндээ үнэхээр баяртай байдаг. Матад суманд өнгөрүүлсэн хоёр жил бид хоёрын амьдралын хамгийн гэрэлтэй, утга учиртай өдрүүд. Үнэхээр ихийг хийе гэж зорьж зүтгэсэн романтик хоёр жил байсан. Очоод Засаг дарга нарын амьдардаг жижигхэн өрөөг тохижуулсан чинь сумын айлууд орж ирж сонирхоод. Хүн чинь гоё сайханд мөнхөд тэмүүлж амьдардаг. Үе үеийн Засаг дарга нарын амьдардаг жижигхэн өрөөг дөрвөн хэсэг болгоод, жорлон ванн, ажлын, унтлагын зочны өрөө болгочихоор сумынхан маань шагшиж магтаад, гэр орноо тохижуулаад эхэлсэн. Тэр хандлагад нь урамшаад би хувиасаа шагналын мөнгийг нь даагаад Гоё айл гэдэг уралдаан зарлаж шинэ жилээр урамшуулж байлаа. Манай хүн сумын сайн малчдыг шагнахдаа талархлын бичигт эхнэрийнх нь нэрийг давхар бичиж, эхнэрүүдийг нь урамшуулдаг болсон. Тэгж хандахаар ар гэрийнхээ хамаг ачааг нугалдаг бүсгүйчүүд маань их баярладаг юм билээ. Ер нь аль ч газрын хүмүүс сайхан. Систем нь сайн муу гэсэн ялгаа л хөгжлийг тодорхойлдог байх. Сэтгэл байхад сумдыг хөгжүүлэх амархан гэж би боддог” хэмээв. Дэмчигсүрэн ууж байсан кофеныхоо аяганы хээг сүрхий ажиглаж сууснаа “Манай хүн заримдаа ажил хийлгэхгүй шүү дээ. Хуралтай байхад л сум тойруулж тарьсан модны усалгаа хийгдэхгүй байна гээд өөрөө услаад гүйчихнэ. Хүмүүсийн эрүүл мэндийг анхаарна гээд явган аяллын клуб хүртэл байгуулсан хүн шүү дээ” гэж байна. Сонирхуулж хэлэхэд, тэд Матад сумандаа олон улсын марафон хүртэл зохиож байж. Марафоны үеэр сумын халуун ус жилийнхээ орлогыг хийчихсэн гэж байгаа. Марафонд оролцсон нэг тамирчин нэг ам.доллараар усанд орж үйлчлүүлсэн гэнэ.

Гэрийн эзэгтэй Адиймаа загвар зохион бүтээгч мэргэжилтэй аж. Төгсөнгүүтээ “Тахь ко”-д хэсэг зуур ажилласан, Америкт амьдрах үедээ Холливудын ододтой хамтарч ажиллаж байсан, хорь шахам жилийн дараа Монголдоо ирэнгүүтээ алслагдсан сумыг бяцхан Токио болгох гэж зүтгэсэн бүсгүй Матад суманд өнгөрүүлсэн хоёр жилээ “Амьдралаа эргээд дурсахад хамгийн сайхан, хэзээ ч харамсахааргүй өдрүүд” гэсэн юм.

Матад суманд ийм цэцэрлэг босох байжээ. Цэцэрлэг босгох санаачилгад тусалсан гол хүмүүсийн нэг нь дуучин Наран.

Дэмчигсүрэнгийнхээс гараад явах замдаа бодолд дарагдаж баахан алхав. “Бяцхан Токиог Матадад байгуулна гээд зүтгэхгүй яасан юм бэ. Яагаад ажлаа өгсөн юм бэ. Өнөө гоё цэцэрлэгээ барьж дуустлаа ажиллах боломж байгаагүй юм уу” гэх мэт өчнөөн асуултдаа хариу авч чадаагүйдээ бодол болсон хэрэг л дээ. Дэмчигсүрэн, Адиймаа хоёрын хэн нь ч энэ асуултад хариулаагүй юм. “Аль ч газрын хүмүүс нь сайхан. Манай Матадынхан чинь” гэж ирээд дотночлон ярих тэд лав л өөрсдийнхөө хүслээрээ эхлүүлсэн ажлаа орхиод ирээгүй байх аа.


Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт түрүү жилийнхээс 50 хувиар буурчээ

-Н.ЗОЛЖАРГАЛ: КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ ХЭДЭН АРВАН ЖИЛДЭЭ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА-

КОВИД-оос болоод нүүрсний экспортоос олдог орлогынхоо талыг нь алдсан гэх мэдээллийг “Монгол нүүрс” ассоциацаас өглөө. Манай улс өнөө жил нийтдээ 8.6 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт аж. Нүүрснээс олсон орлого 690 сая ам.доллараар хэмжигдэж байна. Түрүү жилийн өдийтэй харьцуулахад 850 сая ам.доллараар багасчээ. Төсөвт 42 сая тонн нүүрс олборлоно гэсэн заалт тусчихсан яваа. Нүүрсний салбарынхны хувьд төсөвт туссан хэмжээний нүүрс экспортлох ямар ч боломжгүй гэцгээж байна. Нүүрсний экспортоос олох орлогоо богино хугацаанд яаж нэмэгдүүлэх гарц, гаргалгаа, санаа, шийдлийн талаар “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Золжаргалтай ярилцсанаа хүргэе.


-Төсөвт төлөвлөсөн 42 сая тонн нүүрсийг экспортлохгүй нь тодорхой болчихож. Нүүрснээс олох орлогоо богино хугацаанд өсгөх ямар боломжууд байна вэ?

-Шинэ Уих, Засгийн газар бүрдэж байгаа цаг үе нь их онцгой. Ковид-той холбоотой эдийн засаг хямрал нүүрлэчихсэн. Энэ оны төгсгөл, ирэх он нэлээд хүнд байх нь. ийм үед гадаадаас олж ирдэг орлогоо нэмж байж л эдийн засгийн хямралыг давж туулна. экспортын орлогын 90 хувь нь уул уурхай, түүний тал нь нүүрснээс орж ирдэг байсан. Ковид-оос болоод нүүрсний экспортоос олдог орлогынхоо талыг нь Монгол Улс алдчихсан байна.

Монголын экспортын орлогын 40 гаруй, эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувь нь нүүрсэн дээр тулгуурладаг. Засгийн газар “Ногоон гарц” гэдэг зүйлийг санаачлаад хэрэгжүүлэх гэж байна. Зөв зүйтэй алхам. Коронавирусээс болж оны эхнээс нүүрсний экспортыг зогсоосон нь бидний гол алдаа болсон. “Ногоон гарц” гэсэн санаачлага энэ алдааг залруулах байх.

Гаалийн нэвтрүүлэх цагийн хуваарийг Хятадын талтай ярьж уртгасгах шаардлагатай. 24 цагаар ажилладаг болгож байж нүүрснээс олох орлогоо нэмж чадна. Гаалийн хяналтын лаборатори гэж бий. Экспортод гарах нүүрсний чанарыг хянадаг юм. Энэ лаборатори хил дээр байхгүй учраас Улаанбаатар руу явуулдаг. Явуулах гэж долоо хоног, шинжилгээний хариу нь гарах гэж долоо хоног гээд хугацаа алддаг тал байна. Гаалийн хяналтын лабораторийг Гашуунсухайт, Шивээхүрэн дээр яаралтай байгуулах хэрэгтэй.

-Гаалийн хяналтын лабораторийг хил дээр нээхэд хөрөнгө оруулалт, ажиллагаа хэр шаардах бол?

-Нүсэр ажиллагаа хэрэггүй л дээ. Контенейрийн зохион байгуулалттай хялбар шийдлээр лаборатори хийчих боломжтой.

-Нүүрсний салбарынхан жишиг үнэ дээр нэлээд гомдол хэлдэг. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Шийдэгдээгүй. Жишиг үнийг гурван ангиллаар тогтоож байгаа. Монгол Улсын хүчинтэй байгаа хууль тогтоомжийн дагуу гэж яривал бараг хориод ангиллаар тогтоож болохоор. Хялбар тойм байдлаар гуравхныг сонгож авдаг. Гуравхныг авчихаар багагүй асуудал гардаг юм. Нүүрсний хориод ангилал нь зах зээл дээр тус бүрдээ өөр үнэтэй. Хямд нүүрсийг өндөр ангилал руу оруулчихаар компаниудад алдагдалтай. Ийм шалтгаанаар гомдол гаргадаг. Эсвэл эсрэгээрээ өндөр үнэтэйг нь хямд руу оруулж улсад алдагдалтай байх нөхцөл үүсгэдэг. Уг нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг экспортын компаниудад хямд зараад улсыг хохироох сонирхол байхгүй. Тэгэхээр ангиллыг нь нэмэгдүүлээд, жишиг үнэ тогтоох механизмаа өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн худалдааны байгууллага, нүүрсний салбарын төлөөллийг оруулж байж үнэ тогтоовол илүү бодитой шийдэл болно. Хоёрдугаарт, нүүрсний зах зээлийн судалгааг байнга хийх шаардлагатай. Ганц нэг вэб сайтын мэдээлэлд үндэслэнэ гэдэг буруу.

-Танай ассоциацаас сая ярьсан асуудлуудаараа төрийн байгууллагад хандсан уу, жишээ нь жишиг үнийн талаар…?

-“Монгол нүүрс” ассоциацийн зүгээс Сангийн яаманд хэд хэдэн удаа хандсан. Нааштай хандах байх гэж найдаж байна. Монголын нүүрс экспортлогч, зах зээл судлаач, Хятадын худалдан авагч, төрийн байгууллагынхныг уриад нээлттэй ил тод байдлаар нүүрсний зах зээлийн үнийг судалж байя гээд Хятадын нүүрсний ассоциацитай санамж бичиг байгуулсан. Улиралдаа нэг удаа уулзаж байхаар болсон. Өнгөрсөн удаагийн хурлыг “КОВИД-19”-өөс болоод онлайнаар хийсэн. Нүүрсний экспорт дээр стандарт гэж алдаатай юм бий. Цэг таслалын алдаанаас болоод маргаан гардаг. Энэ буруу бичилтийн алдааг засах гэж хоёр жил хөөцөлдөж байна.

-Төрийн байгууллагын ажиллах хурдаас болоод байна гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Зүгээр л нэг бичилтийн алдаанаас болж нүүрсний стандарт буруу ойлгогдож гаалийн байцаагч, аж ахуйн нэгжүүдийн дунд маргаан үүссээр өнөөг хүрээд байна. АМНАТ дээр хэлэх зүйл бас бий. Монголын төрийн бодлого, салбарын хуулиар ашигт малтмалыг аль болох хаягдалгүй ашиглаж, олборлож Монголдоо орлого оруулах ёстой. Хаягдал болохоор муу чанарын нүүрсийг баяжуулаад экспортлохоор татвар хураамж өндөр болчихдог учраас ашиггүй болчих тохиолдлууд байна. Үүн дээр анхаарахгүй бол баяжуулах үйлдвэрүүд босгож барих сонирхол, алхам удааширч, чанарын шаардлага хангахгүй байгаа нүүрсээ хаях эрсдэл гарч болзошгүй. Өсөн нэмэгдэх рояалтиг тодорхой түвшнээс дээш үнэтэй байх үед гарсан зөрүүнээс авдаг жишиг олон улсад бий. Нийт үнийн дүнгээс нь авдаггүй. Жишээ нь, 100 ам.доллараас дээш рояалти тооцно гэсэн байлаа гэж бодъё. 120 доллар хүрлээ гэхэд зөрүү 20 ам.доллараас өсөн нэмэгдэх рояалти авна гэсэн үг. Гэтэл манайх 120 ам.доллараас нь тооцоод авчихдаг. Өөрөөр хэлбэл, нүүрсийг 110 ам.доллараар зарах нь улсад ашигтай. Зарж байгаа хүнд 95 ам.доллараар зарах нь ашигтай болж таарч байгаа биз. Нэг талдаа улсад алдагдалтай, нөгөө талдаа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, чанарыг сайжруулах гэж ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд алдагдалтай л зүйл.

-Төмөр замгүйгээс болоод алдсан боломж гээд өчнөөн тоо дуулддаг. Энэ тал дээр ямар нэг тооцоо хийж үзсэн үү?

-Монгол Улс 2008-2019 он хүртэл 255 сая тонн нүүрс экспортолжээ. Төсөвт тооцсон үнээр нь бодвол 18 тэрбум ам.доллар. Энэ хэмжээний нүүрсийг төмөр замаар тээвэрлэсэн бол тээврийн өртгийн зөрүүнээс 3.4 тэрбум ам.долларын хэмнэлт гаргах байж. 12 их наяд төгрөгийн төсөвтэй улсын хувьд бараг л улсын төсвийн хэмжээний мөнгө. Төмөр замгүй арван жилд ямар их зүйл алдсаныг энэ багахан тооцооноос харчихаж болно. Өргөн, нарийн нь хамаа алга, ямартаа ч төмөр зам барьж эхэлсэн нь сайн хэрэг. Эхэлснээрээ яваад дуусгах хэрэгтэй.

-Коксжих нүүрсний үнэ ирэх саруудад ханш ямар байх бол?

-Коксжих нүүрсний зах зээл энэ оны хувьд тогтвортой байна. Үнийн хувьд оны төгсгөл хүртэл дундаж үзүүлэлтээрээ өнгөрсөн оноос 10 орчим хувиар буурна гэсэн таамаглал бий. Урт хугацаандаа коксжих нүүрсний хэрэглээ өндөр байх зураг гарсан. Ингээд харахаар Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд авч явах гол тулгууруудын нэг бол яалт ч үгүй коксжих нүүрс. Аз болж бид хамгийн том зах зээлийнхээ хаяанд байна. Дэлхийн коксжих нүүрсний хэрэглээ нэг тэрбум тонн. 500 сая тонныг нь Хятад улс хэрэглэдэг. Хятад улс энэ хэмжээнийхээ 60-70 сая тонныг л гадаадаас авдаг.

-Өнгөрсөн онд манай улс хамгийн том нийлүүлэгч нь байсан. Энэ жил байр ухрах нь ээ…?

-Тэгэхээр байна. Энэ жил нэгт бичигдсэн статусаа алдах нь тодорхой болчихлоо. Өнгөрсөн жил манай улсын дараа Австрали, Канад, ОХУ гээд жагсаж байсан юм.

-“КОВИД-19”-өөс болоод коксжих нүүрсний хэрэглээ буурахгүй гэж ойлголоо…?

-Буурахгүй. Энэ жил гэхэд л коксжих нүүрсний хэрэглээ 0.5 хувийн өсөлттэй гэсэн прогноз гарсан. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний гол түүхий эд нүүрс хэвээр байгаа. “КОВИД-19” дэлхийг яаж ч өөрчилсөн нүүрсний хэрэглээ буурахгүй. Эрчим хүч байнгын хэрэглээ шүү дээ. 2025, 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ дэлхийн нийтэд бага зэргийн өсөлттэй. Дэлхийн дулаарлаас болоод нүүрсний хэрэглээг хумих бодлого барьж байгаа. Хөгжингүй улсууд нүүрсний станцуудаа буулгаж, хөгжиж байгаа улсууд эсрэгээрээ нүүрсний станцын хүчин чадлаа нэмж яваа. Ингэснээр нүүрсийг хэрэглэхээ больчихно гэсэн үг биш. Хэрэглээг нэмж өсгөхгүй байх чиг барьж яваа гэж ойлгож болно. Тэгэхээр нүүрсний хэрэглээ ойрын хэдэн арван жилд урт хугацаандаа тогтвортой байна гэж зоригтой дүгнэчихэд хэтрүүлсэн болохгүй.

-Манай өрсөлдөгчдийн тоонд ОХУ багтах уу. Сүүлийн үед Хятад руу гарах гарцаа нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа…?

-ОХУ дэлхийд нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч улсын тоонд багтдаг. Өнгөрсөн жил 200 гаруй сая тонн нүүрс экспортолсон. 27 сая тонн нь коксжих нүүрс. Дэлхийд 340 сая тонн коксжих нүүрсний экспорт явагдаж байгаа. Үүний арав орчим хувийг Монгол нийлүүлдэг. Тэр утгаараа Монгол Улс коксжих нүүрсний дэлхийн томоохон нийлүүлэгч. ОХУ коксжих нүүрсний хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтэцдээ анхаарч байна. Далайн эргийн боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Төрийн цэгцтэй, хүчтэй бодлогоор урагшилж байна л даа. Өнөөхөндөө Оросын нүүрсний зах зээл Монголын нүүрсний зах зээлтэй сүрхий том хамааралгүй. Алсдаа Монголын нутгаар дамжиж, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлснээр Оросын нүүрс Хятадын зах зээл рүү орох шинэ гарц нэмэгдэх байх. Тэр үед манай нүүрсний зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна.

Дэлхийн кокжсих нүүрсний талыг хэрэглэдэг Хятадын зах зээл рүү орох сонирхол маш олон оронд байна. Бидний хувьд өнөөг хүртэл эзэлсэн орон зай, амжилтаа хадгалахын тулд хоёр зүйлд онцгой анхаарах ёстой. Нэг нь түрүүн хэлсэн дэд бүтэц. Хоёрдугаарт нүүрсний чанар.

-Нүүрсний чанарыг сайжруулах гол гарц нь түрүүнд онцолсон баяжуулах үйлдвэр үү?

-Ерөөсөө л тэр. Сүүлийн үед баяжуулах үйлдвэрүүд нэлээд баригдаж байна. Энержи ресурс, МАК, Өсөх зоос, SGS, Страто гэх мэт компаниуд том жижиг баяжуулах үйлдвэрүүдтэй. Баяжуулах үйлдвэрийн тухайд хаягдал болдог, бага үнэтэй нүүрсийг илүү үр ашигтай борлуулах, өрсөлдөх чадвараа хадгалахад ач холбогдолтой. Баяжуулах үйлдвэр барих гол асуудал улсаас шалтгаалах болчихоод байна. Хуурай, нойтон хосолсон хоёр шаттай технологи бий. Энэ технологийг хөгжүүлж, нэвтрүүлэх шаардлага бий. Нүүрсний гүн боловсруулалт гэж их ярьдаг. Бодлогын бичиг баримтуудад нүүрсний химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд тусгачихсан. Эднийг хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд боловсруулах ёстой. “Нүүрс” хөтөлбөр арван жил яригдсан ч өнөөг хэр батлагдаагүй байна. Үүнийг баталж байж худалдаа, нүүрс химийн үйлдвэрийг хэрхэн дэмжих асуудлууд тодорхой болно. Татварын маш тодорхой хөнгөлөлттэй эрх зүйн орчин бүрдүүлж, нефть хийтэй өрсөлдөхүйц болгож байж нүүрс химийн үйлдвэр хөгжинө.

-Нүүрс химийн үйлдвэрийг хөгжүүлэх эхний бодитой алхам нь юу вэ?

-Туршилтын жижиг үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн анхаарах ёстой өнцөг гэж бодож байна. Хэрвээ ингэж бодлогоор анхаарахгүй бол маш том асуудал үүснэ. Таван толгой ордын хүчин чадлыг нэмэгдүүлээд ажиллахад л борлуулж чадахгүй асар их хэмжээний олон сая тонн нүүрс үүснэ. Зарах боломжгүй, овоолоод байх бүр боломжгүй. Нүүрс химийн үйлдвэрлэл зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гээд байгаагийн нэг том шалтгаан нь энэ л дээ.

-Нүүрс, химийн үйлдвэрээс өөр шийдэж чадаагүй, шийдэх ёстой ямар асуудал байна?

-Дулааны цахилгааны станцуудыг олон жил ярьсан ч хийж чадаагүй алдаа бий. Таван толгойн цахилгаан станц, ТЭЦ-3-ын өргөтгөл, бодлогын баримт бичгүүдэд бүгдэд нь багтсан уурхайн аман дээрх станцуудыг барих хэрэгтэй байгаа. Эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулалт татахад нэг том асуудал үүсдэг. Эрчим хүчний үнийг төрөөс тогтоогоод сурчихсан учраас үнэ нь үнэтэй болж харагдаад байдаг. Үнийг хүчээр тогтоож, багаар барьсны сөрөг тал их.

Монголууд эрчим хүчний цамаан хэрэглээтэй. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Хэмнэлт хийх хөшүүрэг нь бодит үнэ. Тэгж байж эрчим хүч хэмнэх яриа ажил болно. Бодит үнэ тогтож байж шинээр хөрөнгө оруулалт орж ирнэ. Бодит үнэ тогтож байж сайн технологи нэвтэрч, салбар хөгжинө. Бодит үнэгүйгээс болж нүүрсний уурхайнууд өртгөөсөө дор хаяж 100 төгрөгөөр доогуур үнээр нүүрсээ станцуудад нийлүүлж ирсэн. Ийм шалтгаанаар уурхайнууд техник технологийн шинэчлэл хийж чаддаггүй, өрийн сүлжээнд ордог гэх мэт өчнөөн асуудалтай нүүр тулдаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дубай тойрсон улстөржилтийн дараа хөрөнгө оруулалт гацаж, гуравдагч хөршүүд нүүрээ буруулбал хэнээс хариуцлага нэхэх вэ?

Монголын шүүх хуульд биш улс төрд үндэслэсэн шийдвэр гаргаж, Монгол Улс нэг дор таван ч улс төрийн хоригдолтой болоодохлоо, өнгөрсөн долоо хоногт. Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёрыг УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсных нь төлөө дөрвөн жил хорихоор болов. Тухайн үед татварын газарт нэг нь дарга, нөгөө нь цэрэг байсан Б.Ариунсан, Б.Бадрал хоёрт 1.6 жил хорих ял оноочихлоо. Тэд мөн л УИХ,Засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө шүүхээс ял сонссон юм. Шүүхээс хамгийн олон буюу 10 жилийн хорих ял сонссон С.Баярцогтыг эхлээд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахад голлох үүрэгтэй оролцсон гэж буруутгасан ч сүүлдээ огт өөр, тэс хөндлөн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас” гээд алх тогшчихов. С.Баярцогтыг арван жил хорихоор яллаж, хөрөнгийг нь хураахаар алх тогшсон шүүгч Ё.Цогтзандангаас татгалзах саналыг шүүгчдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурал эхлэхийн өмнө санал нэгтэйгээр гаргасан гэдгийг энэ дашрамд онцолъё. Мань эр Да.Ганболдын өмгөөлөгч рүү утасдаж “Хүнээ ирүүлээд хэрэггүй” гэж хэлчихээд эцэс сүүлд нь “Ирсэнгүй” гээд бүх шүүгдэгчийг хэлмэгдүүлж, хэдэн тэрбумын барьцаа нэхсэн нь ердөө өнгөрсөн сард болсон үйл явдал. Хууль гадарлахгүй энгийн иргэн ч Ё.Цогтзандан шүүгчийг ингэж аягласных нь төлөө “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хардана. Сонгуулийн сурталчилгааны ид үед АН-аас нэр дэвшсэн, рейтинг өндөртэй гурван нэр дэвшигчээс дааж давшгүй барьцаа нэхчихээд, тэр мөнгийг нь байршуулсангүй гээд барьж хорьсныг уншигчид санаж суугаа байх. Ингэж улс төрд үйлчилсэн шүүгчид итгэхэд хэцүү учраас өмгөөлөгчид дуу нэгтэйгээр шүүгчээс татгалзсан ч шүүх тэдний саналыг хүлээж авалгүйгээр хуралдааныг эхлүүлсэн юм.

С.Баярцогтын шүүх хурлыг дээр хэлсэн сүүлийн үгнээс нь утгачлаад эшилье. Тэр “Эрхэм шүүгч ээ, намайг цагаатгаж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацааны явцад надад есөн хэрэг үүсгэсэн. Хэрэгсэхгүй болсоор, одоо хоёр л асуудал үлдсэн. Тэр нь ахуйн шинжтэй. Оюу толгой гэж томоор ярьж ярьж байснаа орон байрны асуудал болоод хувирчихлаа. Надаас хүмүүс Оюу толгойн хэрэг чинь дууссан уу гэж асуудаг. Гэтэл эцэстээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал дээр оччихлоо л доо. Миний зүгээс өчнөөн тайлбар хэлсэн. Бүх материалыг нь гаргаж өгсөн” гэсэн юм. М.Энхсайханыг зах зээлийн үнээс бага өртгөөр жийп машин авсан гэж ялласнаас ялгаагүй хошин шалтгаан хэлээд арван жил хорих шийд гаргачихсан гэсэн үг. Түүнийг яллахын тулд яллачихлаа гэж харах хүн олон байна. Цаад шалтгаан нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өчигдөр мэдэгдсэнчлэн “улс төрийн өс, хөрөнгө хураах эхлэл” ч байж мэдэх юм.

Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёрыг буруутгасан Дубайн төлөвлөгөө яг ямар шийдвэр байсныг Ч.Сайханбилэг өчигдөр нүүр номоороо дамжуулаад тов тодорхой хэлчихнэ лээ. Мань эр “Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа” гэж гарчигласан ил захидалдаа “Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр нийт нөөцийн 80 хувь нь байдаг далд уурхайн үйл ажиллагаа эхэлж, уурхай 30 жил бус 99 жил ажиллаж, монголчууд 6 тэрбум биш 46 тэрбум доллар хүртэх боломжтой болсон. Дубайн гэрээ гэж андуурдаг Санхүүжилтийн төлөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаавал ийм л энгийн” гэж хэлснийг уншигчид олоод харчихсан байх. Монголд байгаа гадаадын ганц том хөрөнгө оруулалт, эдийн засгийг нуруундаа үүрч яваа цор ганц төсөл бол Оюу толгой. Энэ аварга төслийг өдий хүртэл дажгүй хөдөлгөж яваа шийдвэрийг гаргахад оролцсон хүмүүсийг ялласан нь гадаад ертөнцөд, гуравдагч орны хөрөнгө оруулагчдад сөрөг мессэж болсныг онцлохгүй орхиж болохгүй. Шуудхан хэлэхэд эдийн засгийн том төсөл хөдөлгөх зориг хүсэлтэй залуус энэ цагаас хойш лав гарч ирэхгүй. УИХ-ын хоёр тогтоол, Засгийн газрын хоёр шийдвэр, Ерөнхий сайдын дөрвөн захирамжаар огт халилгүйгээр үүрэг даалгаврыг нь ягштал биелүүлж ажилласан төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудыг яллаад буруутгачихаар төрд зүтгэдэг албан тушаалтнууд УИХ, Ерөнхий сайдын шийдвэрт ч эргэлзэж амьдрахаар болчихож байна. Өөрөөр хэлбэл, энэ цагаас Монголд ямар ч том хөрөнгө оруулалтын төсөл хөдлөхгүй байх өндөр эрсдэл үүсчихлээ. Гуравдагч орны, дэлхийн жишиг стандартыг дагаж мөрдөж ажилладаг хөрөнгө оруулагчид Азийн Монголыг тоож ирэхгүй болчихвол гайхах зүйл алга. Шүүхээс гарсан шийдвэрийн бүр цаад улбаа, хор нь юу гээч. Эрх мэдэлтнүүдэд авлига цутгаж, байгаль сүйтгэж баялаг тонох сонирхолтой их мөнгөтэй хүмүүс уул уурхайг эзэгнэнэ. Их мөнгөтэй тийм хүмүүс урд хөршид олноороо бий. Асар их баялагтай хэрнээ, баялгаас олсон мөнгө нь эрх мэдэлтнүүдэд очиж, нийт олонх нь өлөн зэлмүүн аж төрдөг Африкийн улсуудын эхэн үеийн түүх ингэж эхэлсэн байдаг. Дубайн төлөвлөгөө тойрсон улстөржилтийн хамгийн том сөрөг тал нь энэ.

Б.Бямбасайхан бол хөрөнгө оруулагчидтай эн тэнцүү, яг түвшинд нь харилцаж чаддаг унаган англи хэлтэй, хөрөнгө оруулалт, том төслийн чиглэлээр мэргэшсэн өндөр туршлагатай хуруу дарам залуусын нэг. Гадаадын хөрөнгө оруулалт шилээ харуулсан, хар, саарал жагсаалтаас хэзээ гарах нь тодорхойгүй, төгрөгийн ханш хэд хүртлээ уруудах нь ойлгомжгүй, коронагаас болж тэс өөр дүрэм журам дор дэлхийгээрээ амьдарч эхэлсэн ийм цагт түүн шиг залуус Монголд ус агаар шиг хэрэгтэй. Түүний толгойлдог Монголын бизнесийн зөвлөлд гадаадын хөрөнгө оруулалттай олон компани гишүүнчлэлтэй. Б.Бямбасайханыг сайн мэдэх хөрөнгө оруулагчдад таатай сэтгэл лав төрөхгүй. Хөрөнгө оруулалт татаж том төсөл хөдөлгөсөн залууг хэлмэгдүүлж барьж хорилоо гэж л харна. Дахиад хэлэхэд бид хөрөнгө оруулагчдын өмнө үнэлгээгээ унагачихлаа, Б.Бямбасайханыг хорьсноор. Эрүүл саруулаар харах гэж оролдъё. Яаж ч харсан Дубайн төлөвлөгөө үнэхээр буруу бол тэр шийдвэрийг гаргасан УИХ, Засгийн газрыг буруутгах ёстой. Бүр тодруулж хэлбэл, тухайн үед УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шүүхийн танхимд дуудаж, ял асуух учиртай. Ингэвэл Монголын шүүх, Монгол Улс гадаад ертөнцөд илүү эрүүл, зөв харагдана.

Б.Бямбасайхантай адил шалтгаанаар ял сонссон Да.Ганболдын баривчилгааг ч гуравдагч хөршүүд өөр өнцгөөр харж суугаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтад толгой дохидог улстөрчөө бариад хорьчихлоо гэж харж байгаа. Гуравдагч хөршийн элчин сайдууд М.Энхсайханы хэргийг анхааралтай ажиглана гэж мэдэгдсэн нь ч цаанаа ийм учиртай. Бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг эерэг имижээ балласан шийдвэр өнгөрсөн долоо хоногт дууссан шүүх хуралдаанаас гарчихлаа гээд дүгнэчихэд дэгсдүүлэг болохгүй.

Нээлттэй өрнөсөн шүүх хуралд хоёр ч өдөр сууж ажигласны хувьд бас нэг зүйлийг онцлохгүй орхиж боломгүй санагдаж байна. Шүүх хуралд Дубайн төлөвлөгөөнөөс болж хохирсон гэх хоёр хүн оролцсоны нэг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, нөгөө нь Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн. Засгийг төлөөлж хохирогчоор оролцож буй Хууль зүйн яамны залуугаас өмгөөлөгч, шүүгчдэгчид асуулт асуусан юм. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга бараг бүх асуултад бүдэрсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Яаж хохирсноо, яагаад хохирсоноо мэдэхгүй түгдчиж, тэр бүү хэл яг ямар шийдвэрээр хохирогчоор томилогдсноо ч хариулж чадахгүй зогссоныг шүүх танхимд байгсад бүгд сонсоцгоосон. Сүүлдээ хохирогчид нь Чингис, Самурай, Димсам бондыг нийлүүлсэнтэй тэнцэх хоёр тэрбум ам.долларын хохирлын хэмжээ хаанаас гарсныг тайлбарлаж чадахгүй мэгдэхдээ “Шүүгдэгчдээс ямар нэг хохирол нэхэхгүй. Оюу толгойтой учраа олох ёстой” гэсэн утгатай бүрхэг хариу өгөөд дууссан бол прокурорын зүгээс “Хохирлоо жич нэхнэ” гэсэн хошин гэхэд багадахаар тайлбар хэлсэн юм. Шүүгчийн байр суурь бүр барьцгүй. “Ямар хохирлыг хэн нь хэнээсээ нэхэхээ сүүлд шийдээрэй” гэсэн утгатай зүйл хэлээд алхаа тогшчих жишээний. Эндээс ухаад бодохоор Дубайн төлөвлөгөөний гэх хэрэгт буруутгагдаж, ял сонссон Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр улсад ямар ч хохирол учруулаагүй болж таараад байгаа юм. Дахиад цааш нь ухаж харъя. Ямар ч хохирол учруулаагүй хүмүүст яагаад ял өгчихөв өө гэсэн асуулт эндээс ургаад ирж байна.

За тэгээд Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээгээр ялласан, Оюу толгойтой холбоотой асуудлыг Оюу толгой компанийг оролцуулахгүйгээр шийдсэн, ийм хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа хүссэн ч огт хүлээж аваагүй, төрийн өмчит компанийн захирлыг төрийн албан хаагчтай адилтгаж ялласан, Засгийн газар, Улсын их хурлын тогтворжуулсан гэрээг Татварын байгууллага судалж үзэхгүйгээр акт тавьсан, хамжигч, гүйцэтгэгчийн алинаар буруутгаад байгаа нь мэдэгдэхгүй явсаар шүүх хурал өндөрлөсөн, Татварын хуульд татварын байцаагчийг татварын шинжээчээр ажиллахыг хориглодог атал дагаж мөрдөөгүй гэх мэт өчнөөн “но”-той шүүх хурал болж өнгөрч, Монгол Улс улс төрийн хоригдлынхоо тоог таваар нэмлээ. Одоо давж заалдах, дээд шүүх гэсэн хоёр шат бий. Улстөржилтийн халуурал энэ янзаараа “галзуурч” шүүгч дахиад алх тогшиж ялыг хэвээр үлдээвэл Монгол Улс гадаад ертөнцөд сайхан харагдахгүй. Гадаадын ганц том хөрөнгө оруулалттай төсөл нь гацаж, гуравдагч хөршүүд нүүрээ буруулж эхлэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой хэрэг. Энэ үед элгээрээ хэвтсэн эдийн засаг, тулах багана нь ганхсан тусгаар тогтнолын өмнө хэн хариуцлага хүлээх вэ?

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ажлаа хийсэн хүнийг шүүж яллана гэдэг байж боломгүй зүйл

– ХЭРВЭЭ ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДААГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХ БАЙСАН-


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Төсөв тодотгохгүй гэж хэдэнтээ мэдэгдэж байсан Ч.Хүрэлбаатар сая гишүүнээр сонгогдсоныхоо дараахан төсвийн орлого 1.3 их наядаар тасарлаа, одоо тодотгохоос аргагүй гэчихлээ. Төсвийн орлого тасрах нь тодорхой гэж танхимаас хэд хэдэн удаа мэдэгдсэн байх аа?

-Тэгсэн. Тэр үед нь тоогоогүй байж одоо тэгж мэдэгдээд суугаад нь гайхаж байна, үнэндээ. Хэд дэх удаагаа ч билээ тоог нь зарлаж байгаад төсөв тодотгохгүй гэж гүрийж суусан хүн шүү дээ. Гэтэл одоо төсвөө тодотгох ёстой гэчихсэн суугаад ганц би ч биш олон хүн гайхаж байгаа байх. “Ковид-19” вирустэй холбоотой эдийн засгийн хүндрэл таван сар үргэлжиллээ шүү дээ. Танхимаас удаа дараа судалгаа хийж, цаг алдалгүй арга хэмжээ аваач, эрсдэлийг бууруулах менежмэнтээ зөв хийгээч гэж Засгийн газарт олон удаа хандсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидний тавьсан асуудлуудыг дэмжиж хүлээн авсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яам асуудлуудыг гацаасан.

-Засгийн зүгээс өчнөөн мөнгөний арга хэмжээ авна гэж зарласан, үр дүнгээ өгөөгүй хэрэг үү?

-Нийт зардлыг нь тооцвол маш том дүнтэй арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг Засгийн газар хийсэн, УИХ ч шийдэж өгсөн. Хэчнээн нь байгаа онов гэсэн асуулт тавиад харвал маш олон асуудал бий. Ний нуугүй хэлэхэд тэр бүх мөнгийг сонгуульд ашиглачихсан шүү дээ.

Нэмээд хэлэхэд, Сангийн яам эдийн засгийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн. МҮХАҮТ-аас гадна гадны томоохон байгууллагууд хүртэл удаа дараа сануулсан. Харамсалтай нь Сангийн яам хэнийг ч сонсоогүй. Тухайн үед 5.1 их наядаар эдийн засгийг дэмжинэ гэж ярьж байсан ч яг аль салбарыг яаж дэмжсэн бэ гээд бодитой тоо асуувал үнэхээр хүнд. Арай учиртай нь барилгын салбар байна.

-Хэрвээ тэр үед төсөв тодотгох гэх мэтээр танхимаас тавьсан шийдлүүдийг ажил болгосон бол ажлын байруудаа хамгаалж чадах байсан уу?

-Чадахаар байсан. Аж ахуйн нэгжүүдээ дэмжээч, ажлын байраа хамгаалаач гээд тодорхой шийдлүүд санал болгосон ч Сангийн яам төсөв тодотгохгүйгээс эхлээд саад, тээг тавьсан л даа. Гэсэн хэр нь өнөөдөр огт өөр нам хүчнээс хэцүүдсэн эдийн засаг хүлээж авсан мэтээр яриад эхлэх юм. Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь бий болгосон хямрал шүү дээ. Энэ хүн хямралын үеийн эдийн засгийг удирдаж чадахгүй гэдгээ нотолчихсон. “Ковид-19” бол сүүлийн зуун жилд тохиогоогүй тахал. Ийм хүндрэлтэй үед хувийн хэвшил өөрөө өөрийгөө үнэхээр авч явж чадахгүй байна, төр засгаас бодитой дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг л бид тавьсан, одоо ч тийм хүсэлт тавьж байна. Бусад улс орон энэ асуудалд ямар тооцоотой, системтэй, эмх замбараатай хандаж байгаа билээ. Бид тэгж хандаж ажиллаач гэсэн хүсэлт л тавьсан. Өнгөрсөн цаг үед ийм явдал болж өнгөрчихөөд байхад гэнэт л саран дээрээс бууж ирсэн юм яриад сууж таарахгүй л дээ.

-Компаниудын үйл ажиллагаа, нөхцөл байдал ямаршуухан байна, яг одоо?

-Бид Монголбанктай хамтраад хамгийн сүүлийн үеийн судалгаа хийсэн. Арван компанийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндэрчихэж. Иргэдийн 53 хувь нь хэрэглээгээ хумьсан байна. Эрэлт багасчихаар эдийн засаг хумигддаг зүй тогтолтой.

-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал ярив, шинэ засагт ямар саналууд хүргүүлж байна вэ?

-Танхимын удирдах зөвлөлийн хурлаар олон асуудал ярилаа. Хувийн хэвшлийг боомжилж, үйл ажиллагаа явуулахад нь саад болсон олон асуудлыг цэгцлэх цаг болсон гэж танхимын Удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна. Жишээ нь, энэ олон тусгай зөвшөөрлүүдийг танаж, хасмаар байна. Энэ олон зөвшөөрөл лицензүүд хувийн хэвшлийг элгээр нь хэвтүүлж байгаа. Үйлдвэрийн байр барья гэхэд л байгаль орчны үнэлгээ гээд хоёр,гурван жилийг нь авчихдаг. Гэтэл бизнест цаг яаж үнэлэгддэг билээ. Тусгай зөвшөөрлийн шат дамжлага хүнд суртал бүрийн ард авлига цэцэглэж байдаг.

-Ажилгүйдэл хүнд асуудал болчихсон. энэ чиглэлээр төр засагт ямар санал шийдэл хүргэж байгаа вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувь нь ажилгүй болсон гэсэн сэтгэл эмзэглэм тоо бий. Сая болж өнгөрсөн сонгуулиар 600 гаруй нэр дэвшигч тал бүрд хүн цуглуулаад бужигналаа шүү дээ. Хөл хориог хэсэгчилж тавихад асуудал алга гэж бид харж байгаа. Тэр чигийн саналуудаа ч тавьсан. Лангуу түрээсэлдэг, хувиараа жижиг борлуулалт хийдэг маш олон хүн ажилгүй болчихсон байгаа. За тэгээд экспорт буурчихлаа , төсвийн орлого тасарчихлаа, төсвийн зарлага 1.1-ээр нэмэгдчихлээ гээд шүүмжлээд байвал асар олон зүйл бий. Энэ бүх асуудлаа анхааралтай ажиглаж, хямралын үеийн менежмэнтийг зөв хийх цаг болсон. Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдах юм шиг байна. Шинэ яаманд хийх ажил их байгаа. Сангийн яам нэлээд шийдэмгий, хямралын үеийн эдийн засгийн шоконд хариу өгч ажиллаж чадахуйц байх хэрэгтэй.

-Та түрүүн барилгаас бусад бүх салбар хүндэрсэн гэж ярилаа. нэлээд хүндэр-сэн гэвэл аль салбаруудыг онцлох вэ?

-Аялал жуулчлалтай холбоотой зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ гэх мэт салбарууд асар хүндэрсэн. Хөнгөн үйлдвэрийн салбар маш хүнд байгаа. Наад захын жишээ гэхэд л ноолуур байна. УИХ-ын баталснаар бол ноолуурын салбарыг 500 тэрбум төгрөгөөр дэмжих учиртай. Өнөөдөр тэр мөнгө хаана байгаа, яасан ийсэн нь мэдэгдэхгүй болчихлоо. Махны салбар хэцүүдсэн. Экспортыг нь зогсоогоод бараг жил шахуу болчихлоо.

-Махны холбооныхон экспортын баахан мах түгжчихлээ гэсэн асуудал хэлж байсан. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Одоо болтол юу ч шийдэж чадаагүй байгаа. Бид Засгийн газарт үндсэндээ долоон асуудал тавьж байна. Юуны өмнө үнэнтэй нүүр тулаад илүү ажил хэрэгч, мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлага үүсчихлээ. Эхний асуудал бол зээл. Банкуудыг мөнгөжүүлж хувийн хэвшлээ зээлээр дэмжих хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйгаа бодитойгоор дэмжмээр байна. Аж үйлдвэр боловсруулах салбараа бодитойгоор дэмжих эрэлт үүсчихлээ. Ийм үед гадаад худалдааг дэмжих зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ экспортыг дэмжих хэрэгтэй гэсэн үгийг давтамжтайгаар хэлсэн. Экспорт дээр хэлэх нэг зүйл бий. Гадаад худалдаа хариуцсан яам хэрэгтэй байна. Тэгж байж улс орнуудтай хийх гадаад худалдаагаа сайжруулж чадна. Ингэж байж эдийн засаг тэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хамгаалсан дорвитой алхам хийх зайлшгүй шаардлага үүсчихлээ. Ядаж л дэлхийд монголчуудын нүүрийг тахалж байгаа Оюу толгойгоо зөв ажиллуулж, зөв дэмжиж, зөв хамтармаар байна.

-Хүнсний салбараа додомдоод өгвөл экспортын бас нэг том салбар байх боломжтой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бүрэн нийлнэ. Хүнсний үйлдвэрлэлийн салбар бол маш том салбар. Ингээд харахаар ХХААХҮЯ бол хамгийн том яам. Бүх малчид, хүнсний ногоо, үр тариа улаанбуудай тариалагчид, хөнгөн хүнсний үйлдвэрүүд дээр нэмэх нь бүх жижиг худалдааныхан орж байгаа гээд та төсөөл дөө. Гэтэл энэ яам социализмаасаа салаагүй яваа. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуйд хувьсгал хийх шаардлага үүсчихсэн. Энэ чигийн яамыг шинэ залуу хүнээр удирдуулах хэрэгтэй. Яамны хажууд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан ажилладаг нь буруу жишиг. Иймэрхүү сангууд олон нийтийн хяналттай байж эрүүл, зөв ажиллана.

-Цар тахлын хоёр дахь давлагаа эхэлчихлээ, дор хаяж хагас жил үргэлжилнэ гэж ярьж байна. бусад улс орон энэ сорилтод яаж хандаж байна вэ?

-Бүгд л дор бүрдээ эдийн засагтаа анхаарч байна. Хятадын тудхайд экспорт нь буурсан учраас дотоодын зах зээлээ тэлэхийн тулд маш их бүтээн байгуулалт хийх гэж байна. Үүнийг нь бид өөрсдөдөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй.

-Наад зах нь нүүрс, зэсийн экспортдоо анхаарахаас эхлэх байх даа…?

-Тэгнэ.

АН-ын мөрийн хөтөлбөрт оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгана, уул уурхайн олон төслийг ашиглалтад оруулна гэсэн амлалтууд багтсан. Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахгүйгээр биелүүлэхэд хэцүү амлалтууд л даа. Гадны хөрөнгө оруулагчдын гол баромтер болсон оюу толгой төсөл дээр том шийдвэр гаргасан, гаргахад нь оролцсон хүмүүсийг улстөржиж шүүгээд байхаар яадаг юм бол доо?

-Ер нь бол улс төрийн шалтгаантай иймэрхүү асуудлууд гадаад орчинд маш сөрөг нөлөөтэй. Монголын эдийн засаг арав дахин өссөний суурь шалтгаан нь Оюу толгой шүү дээ. Оюу толгойг дагаж маш олон жуниор хөрөнгө оруулагч Монголд орж ирсэн. Маш олон компани орж ирсэн.Дээрээс нь маш олон банк санхүү, хууль эрх зүйн компаниуд орж ирсэн. Дэлхий даяар Монголыг сурталчилсан ганц том төсөл бол ерөөсөө Оюутолгой. Ийм том төсөлтэйгөө яаж зөв хамтрах тухайд л анхаарах хэрэгтэй. Өмнөх УИХ, Засгийн газрын шийдвэрүүд тухайн үеийнхээ нөхцөл байдал, хууль журамд үндэслээд гарсан нь тов тодорхой зүйл. Ганц л үнэн бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэжилнэ гэдэг гарцаагүй үнэн.

-Оюу толгойн асуудлаар одоо шүүгдэж байгаа хүмүүсийн дунд гэхэд л УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг гүйцэтгэсэн ганц хоёр хүн бий. Жишээ нь, Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр байна. Нэг нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, нөгөө нь “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалынхаа хүрээнд Ерөнхий сайдын даалгасны дагуу гарын үсэг зурсан. УИХ, Засгийн газраас гарсан шийдвэрийг зүгээр л ажлаа хийж явсан албан тушаалтанд нааж буруутгаж, шүүж яллах нь яаж ч бодсон буруу жишиг гэж харагдаад байх юм?

-УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хувь хүн дээр тохож, яллах гэж байгаа нь, нийгэмд буруугаар харагдуулах гэж оролдож яваа нь маш том сөрөг талтай. Нэгдүгээрт, гадны хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болно. Хоёрдугаарт, өнөө хожим хэн ч эдийн засгийг хөгжүүлэх ямар ч шийдвэр гаргах хүсэлгүй болно. УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ажлаа хийсэн хүнийг шүүж яллана гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Б.Бямбасайханыг буруутгаж байгаа зүйлийн тухайд ярья. Тухайн үед Оюу толгойн далд уурхай явуулах зайлшгүй шаардлага үүсчихсэн байсан. Эдийн засаг хямарсан, нүүрс зэсийн үнэ шалдаа унасан, тэтгэвэр тэтгэмжээ тавих эсэхдээ тулсан цаг байсан шүү дээ. Хэрвээ Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол эдийн засаг элгээрээ хэвтэх байсан. Өнөөдөр Оюу толгой шиг арван төсөл хөдөлж байж Монгол Улсын эдийн засаг батжина, тэлнэ, жинхэнэ утгаараа хөгжинө. Том төслөө хөдөлгөхийн төлөө зүтгэсэн хүмүүсээ ингэж шүүгээд буруутгаад байвал юун том төсөл болох байх даа.

-Б.Бямбасайхан нэг ярилцлагадаа “риотой яриа хэлэлцээнд орж тохирох асуудал өчнөөн бий. бид бүгдээрээ хамтарч рио Тинтотой хэлцэл хийж байж зөв шийдэлд хүрнэ. Тэгэхгүйгээр өөр зуураа толхилцоод байвал бидэнд л муу” гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. анхаарч харахаар л өнцөг санагдсан…?

-Мэдээж бидний гарааны нөхцөл өөр. “Рио Тинто” бол маш олон жилийн туршлагатай дэлхийн хэмжээний том тоглогч. Гэтэл Монгол Улс маань юу билээ. Бид эдийн засаг бизнесийн орчин бизнесийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд 130, 140 хавьцаа л яваа. Хуулиа өөрчлөх шинэчлэх, нөгөө талтайгаа ойлголцох эрх нь УИХ-д бий. Энэ мэт өнцөгт анхаарахгүйгээр ажлаа хийж явсан хүмүүсээ яллана гэдэг байж боломгүй зүйл. Хувийн хэвшлээ дэмжье, эдийн засгаа өсгөе, улс орноо хөгжүүлье гээд шийдэмгий алхам хийсэн хүмүүсээ нухчин дарсан, бодлогогүй алхам гэж харж байна. Өнгөрсөн парламентад тэр гэрээг өөрчлөх эрх нь байхад яагаад хөдлөөгүй юм бэ гэсэн асуулт тавих хэрэгтэй л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг гуйх ёстой, бид баялагтай улсын иргэд учраас гуйлгах учиртай гэсэн гэдийлт манай засаг төрийнхөнд их тод анзаарагдаад байдаг…?

-Дэлхий даяараа л өрсөлдөөн явагдаж байна. Хятад улс гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд маш олон ажил зохион байгуулж байна. Америк ч тэр гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд маш олон дэмжлэг санал болгож байгаа. Гэтэл бид үүний эсрэг алхаад хаа хүрэх вэ дээ. Ер нь эдийн засгийг тэлэх хоёрхон зам бий. Нэгдүгээрт, экспортыг байж болох хэмжээнд нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ хоёр алхмыг хийхгүйгээр бид өмнөө байгаа асуудлуудаа шийдэж чадахгүй.

-Б.Бямбасайханы хувьд МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч. Тэр утгаар нь танхимыг төлөөлөөд байр сууриа хэлэх үү?

-Өмнөх байр сууриа л хэлнэ дээ. Танхим бол төр хувийн хэвшлийн хооронд гүүр болдог байгууллага. Цаашдаа олон арван Оюу толгой байх ёстой гэж харж байгаа бол ингэж хандаж болохгүй. Хэрвээ асуудалд ингэж хандаад байх юм бол Монголыг тоож ирэх хүн олдохгүй. Бид энэ дэлхийн том эдийн засагт, интеграцид нэгдэхгүйгээр хөгжихгүй. Бямбасайханы хувьд Монголын хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах тал дээр өндөр мэдлэг боловсролтой, нийгмээ өөрчилье гэсэн чин хүсэлтэй залуу. Залуу үеийн зүрх зоригийг ийм байдлаар мохоож, хүсэл эрмэлзлийг нь мохоож болохгүй. Бид үүний эсрэг тэмцэх болно. Ер нь саалийн үнээгээ алж идчихээд дараа нь яаж хоолтой ундтай аж төрөх гээд байгаа юм гэж асуумаар байна. Хятад улс хүртэл хувийн хэвшил, ажлын байрыг хамгаалах, гадны хөрөнгө оруулалтыг татах, дотоод эдийн засгаа тэлэх гэх мэт дээр либерал бодлоготой ажиллаж байхад бид эсрэгээрээ 20,30 жилийн өмнөх нийгэм рүүгээ зүтгээд байж болохгүй шүү дээ.

Ц.бааСанСҮрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх ямар улсыг бий болгож, цааш нь авч явах вэ?

Ерөнхий сайдаар
хэн ажиллах нь тодорхой
болчихлоо. Гүйцэтгэх
засаглалыг ирэх жилүүдэд
У.Хүрэлсүх тэргүүлнэ. Мань
эр “Хар жагсаалтад орсон,
элгээрээ хэвтсэн эдийн засаг
хүлээж авлаа” гэж байна.
Хүлээж авах ч биш юм аа,
өнөөдрийн эдийн засгийг
эрхэм сайд өөрөө бүтээсэн.
Маргаашийн Монгол ямар
байхыг ч тэр шийднэ. Өнгөрсөн
жилүүдэд У.Хүрэлсүх гэдэг
хүний гаргасан алдаа хийгээд
оноог эргэж харж, ирэх
жилүүдэд санаж сэрж хийх
ёстой шийд, шийдлийнх нь
тухайд дайх хэдэн үг байна.

Эдийн засгийн хөдөлгөгч
хүч өнөөдөр, маргааш, ирэх
жилүүдэд уул уурхай байх
нь нэг дээр нэгийг нэмэхэд
хоёр гэдэг шиг тодорхой
зүйл. Тэр утгаараа өнгөрсөн
хийгээд өнөөгийн Засгийн
газрын хийсэн болон хийх том
нүүдлүүдийн нэг нь яах аргагүй
энэ салбартай холбогддог,
цаашдаа ч холбогдсоор явна.
Өнгөрсөн дөрвөн жилд МАН
яг өнөөдрийнх шигээ юуг бол
юуг хийхээр хүчтэй олонх
байсан ч уул уурхайн салбарт
тэр гээд хэлчихээр тоймтой
шийдэл гаргаж, том төсөл
хөдөлгөөгүй. Ирэх дөрвөн жилд
олонх болсныхоо өгөөжийг
гаргачих байх гэсэн итгэл
ард түмэнд байгааг Ерөнхий
сайд хэлүүлэлтгүй ойлгож
суугаа биз. Одоо түрүүчийн
засаг гаднаас доллар олж
ирдэг ганц салбартаа яаж
хандсан бэ гэсэн асуултад
хариу хайя.

Нүүрс, зэс, төмрийн
хүдрээ экспортлоод дажгүй
аж төрж суусан Монголд
газрын ховор элемент гэх
мэт шинэ баялагтаа доллар
татах боломж бүрэн байсан
ч уул уурхайн компани руу
цэрэг хөдөлгөж дайрсан,
тусгай зөвшөөрлийг олноор
нь цуцалсан кейс хөрөнгө
оруулагчдад эргэлзээ
төрүүлж орхисон. Шүүхийн
шийдвэргүйгээр хувийн
компани руу цэрэглэн
дайрсан, эрх сүрээрээ
далайлгаж хувийн компанийн
мэдэлд байсан лицензүүдийг
хомроголон цуцалсан
гэх мэт шийдвэрүүдийг
У.Хүрэлсүхийн Засгийн газар
гаргасан юм. Шүүх шийдээ
гаргаад лиценз хураах нь
ардчилсан засаглалтай аль
ч улсад байх зүйл. Харин
шүүхийн шийдвэргүй цэрэг
хөдөлгөж, сүрийг үзүүлэх нь
ямар ч хөрөнгө оруулагчдын
ой тойнд багтахгүй шийдэл
л дээ.

Ирэх дөрвөн жилд
ардчилсан засаглал, чөлөөт
зах зээлийн нийгэмтэй улс
гэдгээ сэрж, санаж, шүүхтэй
хуультай улсын Ерөнхий сайд
шиг ажиллавал У.Хүрэлсүхийн
Засгийн газарт боломж бий.
Хөрөнгө оруулагчид үргэж
айгаад эргэж ирэхгүйгээр
зугтчихсан хэцүү зураг
өнөөхөндөө бол алга.
Дашрамд сануулахад мань
эрд анзаарах ёстой нэг өнцөг
байгаа. Бараг л бүх эдийн
засагч “Гадаадын хөрөнгө
оруулагчдын барометр
нь Оюутолгой төсөл” гэж
хэлдэг. Монголд төдийгүй
дэлхийд гэж яригдах уул
уурхайн мега төсөл болохоор
тэгэхээс ч аргагүй. Оюу толгой
төслийг хөдөлгөх хоёр том
шийдвэрийг гаргасан, тухайн
шийдвэрүүдийг гаргахад
оролцоотой ажилласан нэр
бүхий хэдэн хүн өнөөдөр хорих
ангид торны цаана суугаа.
Тэднийг шүүх хурал ирэх
даваа гаригт болно. Хөрөнгө
оруулагчдын яах ийхээ шийдэх
хэмжүүр болчихсон аварга
төслийг хөдөлгөсөн хүмүүсээ
барьж хориод шийтгэчихвэл
У.Хүрэлсүхийн Засгийн газар
мянга сайхан ярьж, хэчнээн
гоё инээж, өчнөөн таатай
орчин амлаад доллар атгасан
хөрөнгөтнүүдийн сэтгэлийг
эргүүлэх нь юу л бол. АНУ,
Хятадаас эхлээд гадны
хөрөнгө оруулалт татахын
төлөө дэлхийгээрээ өрсөлдөж
байхад Азийн жижигхэн
Монголыг царай алдаад суух
хөрөнгө оруулагч цэнхэр
гаригийн хаана ч байхгүй.
Биднийг гуйж царайчилж
мөнгөө өгч, хөрөнгө оруулах
ёстой гэж бодож, сэтгэдэг
гэнэн хандлагаасаа салах цаг
хэдийнэ болчихсон гэдгийг
гүйцэтгэх засаглалын тэргүүнд
дуулгачихад илүүдэхгүй болов
уу.

У.Хүрэлсүхийн Засгийн
газрын өмнөх дөрвөн жилд
эхлүүлсэн дажгүй ажлын нэг
бол Таван толгойн IPO-н
бэлтгэл ажил. Харамсалтай
нь сонгуулийн өмнө эргэж
буцсан алхам хийсэн алдаа
мань эрд бий. Гэхдээ энэ
ажлаа үргэлжлүүлэх суурь
нь үгүй болчихоогүй байгаа.
Тэгэхээр ухаалаг нүүдэл хийж
чадвал коксжих нүүрсний
нөөцөөрөө дэлхийд гайхагддаг
Тавантолгойн орддоо олон
улсын зах зээлээс том хөрөнгө
оруулалт татах боломж
У.Хүрэлсүхийн Засгийн газарт
бий. Хятадтай хийсэн своп
хэлцэл тойрсон асуудал,
саарал, хар жагсаалтаас
үүдсэн эрсдлүүд, ирэх жилээс
их хэмжээгээр төлж эхлэх
өр төлбөрийн айсуй сураг,
инфляци галзуурч төгрөг
сулрах суурь нөхцөлүүд,
ОУВС-гийн хөтөлбөрийг
үргэлжлүүлэхээс аргагүй
бодитой шалтгаанууд, дахиад
нэг жил үргэлжилж мэдэх
коронагийн нөлөөлөл гэх
мэт хаалга тогшсон аюул
айдсуудтай ийм цагт гаднаас
доллар татах боломж бүрийг
эрэлхийлэхээс өөр гарц
Монголын Засагт байхгүй.
үед бүтээн байгуулалтын
төслүүд газрын тос, төмөр
зам, автозамын салбарт
хийгдсэнийг онцлох учиртай.
Өмнөх засгийг тэргүүлсэн
хүн энэ засгийн тэргүүнээр
ажиллах болохоор сая
онцолсон төслүүд үргэлжлээд
хэрэгжээд явна гэдэгт эргэлзэх
зүйл алга. Коронавирусийн
хөл хорионоос болж хэцүүхэн
байдалд орсон хувийн
хэвшлийнхнээ өөд нь татах
боломж энэ төслүүдэд бий.
Дарханы зам дээр гэхэд л
үндэсний компаниудаа
ажиллуулъя гээд зүтгэхэд овоо
хэдэн компани өндийгөөд,
сэвхийгээд ирнэ. Ерөнхий
сайдын эр зориг, сүр хүчээ энэ
мэт шийдэл дээр ашиглавал
У.Хүрэлсүх нийгэмд илүү их
тус нэмэр болно. Уул уурхай,
дэд бүтцийн салбарт Таван
толгойн цахилгаан станцын,
Тавдугаар цахилгаан станцын
гэх мэт шийдлээ хүлээсэн хэд
хэдэн төсөл бийг шинэ Засгийн
газрын тэргүүнд дайя.

Саарал жагсаалтаас гарах
шаардлагуудаа Монголын
Засгийн газар биелүүлчихсэн,
ФАТФ ч үүнийг нь хүлээн
зөвшөөрсөн гэх мэдээлэл
хэвшлийнхэн ташраараа
элгээрээ хэвтсэн, ажилгүйдэл
том асуудал болсон,
инфляцийн гол хэмжүүр
болдог хүнсний ногоо, махны
үнэ хаданд гарсан, төсвийн
орлого 1.3 их наядаар
тасарсан, Монголбанк
долларын нөөцөө баран барин
валютын ханшийг хазаарлаж
суугаа ийм хэцүү цагт гаднаас
доллар татах гарц өнөөхөндөө
ОУВС л байна. ОУВС-гийн хөтөлбөрт үргэлжлэн
хамрагдахаас аргагүй
асуудалд уначихсан ийм цагт
У.Хүрэлсүхийн Засгийн газар
ажлаа эхлэх гэж буй. Сая
дурдсан асуудлуудыг өөрийнх
нь толгойлсон Засгийн газар
үүсгэснийг сэхээрч ойлгоод
ОУВС-тай ухаалаг хэлэлцээр
хийгээд явах нь У.Хүрэлсүхийн
Засгийн газрын хоёр дахь том
ажил болох байх.

Гуравдугаарт сонгуулийн
жилийн төсвөө хөрсөнд нь
буулгах их ажил У.Хүрэлсүх
болон Сангийн сайдын өмнө
бий. Өнгөрсөн гурван сарын
хугацаанд төсвийн өчнөөн
мөнгө УИХ-ын гишүүдийн
“тойргийн усалгаа”-нд
зарцуулагдаж, тэгсний хүчинд
УИХ-д ахин сонгогдсон
гишүүн ганцаар тогтохгүй
байгаа. Одоо өөрсдөө засаг
толгойлох учир хөрсөн дээрээ
бууцгаах байх. Эхнээсээ
хөрсөн дээрээ бууж, төсвийн
тоймгүй зарлагаа танах тухай
яриад эхэлсэн харагдсан.
Өнгөрсөн Засгийн газрын үед
Сангийн сайдаар ажилласан
Ч.Хүрэлбаатар лав өмнөх
шигээ “Тэд дэх удаагаа
хэлье, төсөв тодотгохгүй” гэж
зөрсөнгүй. Саяхан “Төсвийг
тодотгохоос аргагүй” гэж
дуугарна лээ.

Ерөнхий сайдын, Монгол
улсын Засгийн газрын тарни
мэт давтаж, байнгад санаж
сэрэх ёстой ганц өгүүлбэрийг
эцэст нь сануулъя. “Хувийн
хэвшлээ дэмжье, тордъё”
гэсэн үгийг байнга санаж,
тэр үгээ ажил хэрэг болгож
байж үйлдвэрүүд сүндэрлэнэ,
ажлын байр нэмэгдэнэ,
улс, иргэний амьжиргаа
сайжирна, эдийн засаг тэлнэ.
Коронавирусийн хөл хорио
дэлхийг хэрсэн өнгөрсөн
саруудад цэнхэр гаригийн
улс орнууд хувийн хэвшлээ
онцгойлж анхаарсан бодлого
хэрэгжүүлсэн. Компаниуд
дампуурахгүй бол иргэд нь
ажил, орлогоо алдахгүй учраас
хувийн хэвшлийнхэндээ
онцгойлж хандсан хэрэг.
Онцгойлж хандана гэдэг нь
учир зүггүй мөнгө тараагаад
эхэлнэ гэсэн үг мэдээж биш.
Бага хүүтэй, урт хугацааны
зээлээр дэмнээд өгчихөд
л хувийн хэвшлийнхэн
дорхноо сэвхийж, иргэдийн
ахуй амьжиргаа сайжраад
ирдэг. У.Хүрэлсүхийн
Засгийн газрын ирэх дөрвөн
жилжингээ анхаарах өнцөг
бол энэ. Коронавирусийн
хөл хориотой өнгөрсөн
саруудад хувийн хэвшилдээ
ээлгүй, хатуу хандсан
цөөхөн засгийн газруудын
нэг байсан алдаагаа засах
боломж яг одоо У.Хүрэлсүх ба түүний багийнхны өмнө
ирээд байна. Дахиад хэлье.
Нэг, хоёр, гуравдугаарт гэж
эрэмбэлэхгүйгээр, байнга
анхаарч, тордож, дэмжих
ёстой хэсэг бол ердөө
л хувийн хэвшил. Хувийн
хэвшлийнхэн л улсынхаа
төсвийн мөнгийг бүрдүүлж,
улсынхаа иргэдийг ажилтай
орлоготой амьдруулдаг юм.
Дэлхий даяараа үндэсний
компаниуддаа элэгтэй
ханддагийн цаад шалтгаан
ердөө энэ. За тэгээд хувийн
өмчид халдах санаархалгүй,
хувийн бизнесийн шударга
өрсөлдөөнийг дэмжсэн орчин
бүрдүүлж, эрүүл ухаалаг
засаглаарай гэсэн захиасаар
Ерөнхий сайд ба түүний
нөхдөд дайх үгээ төгсгөе.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Гол төслүүддээ шүүхийн маргаантай яваа нь хөрөнгө оруулагчдын хандлагад сөргөөр нөлөөлж байна

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Шинээр бүрдэх Засгийн газрыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

-Эрх баригч намын хувьд хамгийн эхний сорилт нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцсэн Засгийн газар бүрдүүлэх асуудал. Хэлбэрийн хувьд Үндсэн хуулийг дагахаас гадна өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд улс орныг удирдах, томоохон сорилтыг давах чадвартай мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх нь чухал. Эрх баригч хүчин дахин үнэмлэхүй олонхи болсон энэ боломжоо засаглал, институцийн чадамжийг сайжруулахад чиглүүлж чадвал улс оронд тустай зүйл болно. Мөн тухайн намын хувьд ч сайн зүйл байх нь гарцаагүй. Нийгэм шударга, сайн засаглалыг хүлээж байгаа.

Шинэ Засгийн газрын хувьд эдийн засгийн томоохон сорилтууд хүлээж байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа нь асуудлыг бүр эргэлзээтэй болгож байна.ОУВС-гийн зүгээс саяхан дэлхийн эдийн засгийг 4.9 хувиар унана гэж таамаглалаа шинэчиллээ.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын таамаглалаа нэлээд буулгасан байна шүү?

-Харин тэглээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсан төсөөллөөс 1.9 хувиар доошилсон таамаглал болж байна. Тэгэхээр шинэ Засгийн газрын хамгийн том сорилт нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах асуудал байх нь тодорхой юм. Одоогийн Засгийн газрын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг доройтуулахгүй байх чиглэлд бололцооны хэрээр ажиллаж байна. Гэхдээ энэ байдлаар удаан явах эдийн засаг, санхүүгийн чадавхи бидэнд байхгүй. Тиймээс одоо аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг тэлэх чиглэлд тооцоо судалгаатай, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Үүний дараагаар төсөв, валютын ханш, өрийн гэх мэт асуудлуудыг шийдэх шаардлага бий.

-Төсвийн алдагдал эхний таван сарын байдлаар 1.6 их наядаар хэмжигдэж байна. Энэ мөнгө тойргууд руу байшин барилгын суурь болоод дууссан байх. Төсвийн энэ мэт том алдагдлыг багасгахын тулд яах ёстой вэ?

-Төсвийн энэ алдагдал нь 2017-2020 оны хувьд хамгийн муу үзүүлэлт. Төсвийн алдагдал нэмэгдэхэд зардлын өсөлт (29.3 хувь), орлогын бууралт (15.4 хувь) аль нь нөлөөлсөн. Үүнд зөвхөн зардлаас гадна өөр шалтгаан ч бий. Цар тахлын нөлөөллөөр орлого буурсан нь бас нөлөөлсөн. Зардлын хувьд таны хэлсэн нь бодит байдалтай нийцэж байгаа. Энэ хугацаанд зардлын өсөлтөд урсгал зардал 27.3 хувь, хөрөнгийн зардал 57.6 хувиар өссөн нь алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Төсвийн хувьд бид алдагдлыг бууруулах, төсвийн зардлыг оновчтой чиглэлд өөрчлөх гэсэн сонголттой тулгарч байгаа. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэл барих нь хэдийгээр өнөөдөр ирэх төсвийн дарамтыг бууруулах боловч эдийн засгийн хүндрэлийн үед хэр оновчтой вэ гэдэг асуудалтай тулгарна. Үүний оронд төсвийн тодотголын хүрээнд төсвийн нэн тулгамдсанаас бусад хөрөнгө оруулалтын зардлыг танах, түүний оронд шаардлагатай чиглэлд эдийн засгийг дэмжих боломжит хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хувилбар байж болох юм. Шийдвэрийг Засгийн газар гаргах боловч миний хувьд энэ онцгой нөхцөл байдалд төрийн зүгээс эдийн засгийг дэмжих боломжит бүх аргыг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна.

-Төсвийг дор хаяж хэдээр танах ёстой гэж та харж байна вэ?

-2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 12.9 их наяд, зардлыг 13.9 их наяд, алдагдлыг 2.1 их наяд байхаар баталсан. Нийт зардалд хөрөнгө оруулалтын зардал 3.6 их наяд төгрөг байгаа. Оны эхний таван сарын байдлаар хөрөнгийн зардалд 826 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан. Иймээс бид одоо хэрэгжүүлээгүй байгаа хөрөнгө оруулалтын зардал тал дээр боломжоороо ажиллах шаардлагатай болов уу. Энэ нь төсвийн алдагдал бууруулах, эсвэл эдийн засгийг дэмжих чиглэлд тодорхой эх үүсвэрийг чөлөөлөх боломжийг олгох болно.

-Төсвийн тодотгол хийнэ гээд харахаар төсөвт найдалтгүй гэж харах хүн цөөнгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эсвэл зээл гэсэн хоёр гарц л бидэнд үлдээд байна уу?

-Төсөвт найдалтгүй гэж шууд хэлэх нь бас өрөөсгөл. Шинэ УИХ-ын хийх эхний ажлуудын нэг нь төсвийн тодотгол байх шаардлагатай. Үүн дээр Шинэ засаг эдийн засагт хамгийн эерэг нөлөөлөх байдлаар бэлтгэх ёстой. Төсвийн тодотгол хэдийгээр эдийн засгийг бүрэн аварчихгүй ч тодорхой хэмжээнд дэмжлэг болох нь гарцаагүй. Өөр гарцын хувьд олон улсын зах зээлээс арилжааны санхүүжилт авах, ОУВС-гийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах, хөнгөлөлттэй зээл тусламж авах гарцууд төсвийг санхүүжүүлэх, эдийн засгийг дэмжих хүрээнд байх боломжтой. Арилжааны зээл авах боломж хязгаарлагдмал, зардал өндөр зэрэг сул тал бидэнд байна. Иймд бусад арга замыг эрэлхийлэх нь санхүүгийн эх үүсвэр нэмэгдүүлэх сонголт байх болов уу.

-Хамгийн бодитой үр дүнтэй арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх болов уу. Хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд яах ёстой гэж та харж байна?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бидний урт хугацааны асуудалд хамаарна. Учир нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гарах боломж бага. Дэлхийн эдийн засгийн байдал өөрөө хүнд, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой бус зэрэг сөрөг нөлөө их байна.

-Тэгвэл урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар гарц байна?

-Урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бидний хийх гол зүйл нь бодлого, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, тодорхой байдал. Юуны түрүүнд бид хөрөнгө оруулалтыг татах гол салбар болох уул уурхайн салбарын бодлого, хэрэгжилт, тухайн салбарт байгаа эргэлзээтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Бодлого тогтворгүй, шийдвэр гаргалт тодорхойгүй, гол төслүүд дээрээ шүүхийн томоохон маргаантай байгаа энэ байдал нь бидэнд хандах хөрөнгө оруулагчдын хандлагад сөргөөр нөлөөлж байна. Үүний дараагаар тухайн салбарын дэд бүтэц, татвар, орлогын оновчтой хуваарилалт зэрэг олон асуудлыг зөв шийдвэрлэх нь салбарын нэр хүндэд эерэгээр нөлөөлж эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэх боломжтой юм. Бусад салбарын хувьд томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх нь дараагийн асуудал.

-Өр, зээл, бондын төлбөрийн хувьд ирэх жилээс их хэмжээний төлөлт эхэлнэ. Эдийн засагтаа хал багатайгаар шийдэх ямар гарц байна вэ?

-Өрийг эдийн засагт хал балгүйгээр шийднэ гэсэн ойлголт байдаггүй. Тухайн өр эдийн засагт ямар өгөөжийг бий болгосон, төлөлт нь ямар санхүүгийн нөхцөл байдлыг бий болгох вэ гэдэг л чухал. Харин таны асуусан эдийн засагт хал багатайгаар гэдэг дээр гаргалгаа хайж болох юм. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад бид 2017 онд хийсэн үйлдлээ дахин давтах магадлал өндөр байна. Хөтөлбөрт дахин хамрагдах, түүгээр дамжуулан харьцангуй урт хугацаатай зардал багатайгаар өрийг өрөөр солих нь бидний гарц байх. Харин үүнийг цаашид дахин давтахгүйн тулд хэрхэх вэ гэдэг нь бидний ярианы гол сэдэв байгаа шинэ УИХ, Засгийн газрын бодлогоос шууд шалтгаална.

-Хар, саарал жагсаалтаас гарахын тулд Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?

-Бид саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан гэж ойлгож байгаа. Энэ онд бид өмнө гаргасан нөхцөлийн дагуу хийсэн ажлаа хоёр удаа тайлагнаж тодорхой амжилтад хүрсэн. Харин ФАТФ-ын зүгээс бидний гаргасан тайлан, түүнд өгсөн үнэлэлтийг харгалзан шийдвэрээ гаргах байх. Бидний хувьд хууль эрх зүй, тогтолцооны хувьд гаргасан энэ хүчин чармайлтаа цаашид амжилттай үргэлжлүүлэх шаардлагатай. Нэг зүйлийг онцолж хэлэхэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаас сэргийлэх гэдэг нь үндэсний хэмжээний бүх талын оролцоотой хийгддэг ажил. Одоо бидний тухайд энэ чиглэлд авах арга хэмжээ, хариуцлага тооцох механизмыг сайн ажиллуулах нь чухал байна.

-Коронавирусийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллөөр яриагаа үргэлжлүүлье…?

-Энэ нь өмнө тохиолдож байсан эдийн засгийн хямралуудаас өвөрмөц. Эрүүл мэндийн шалтгаантайгаар дэлхий нийтээр онцгой нөхцөл байдал үүсч хөдөлгөөн, харилцааг хязгаарлаж байгаа тул эдийн засагт нөлөөлөх байдал нь богино хугацаанд хүчтэй байна. Вирусээс шалтгаантай эдийн засгийн уналт, бизнес, иргэдийн орлогын доройтол хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотой гарч буй хүндрэлийг бүлэглэн харах нь зүйтэй байх. Эрүүл мэнд, эдийн засаг, онцгой нөхцөл байдалтай холбоотой нийгмийн гэх бүх чиглэлд тодорхой хүндрэл өөрчлөлтийг бий болгож байна. Үүний дараа эдийн засаг, нийгмийн харилцаа ч өмнөх байдлаас өөрөөр үргэлжлэх магадлалтай.

-Вирусийн хөл хориог хэсэгчлээд ч болтугай тавихгүй бол аж ахуйн нэгжүүд хэцүүдлээ гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ. Дэлхийн улс орнууд ер нь ямархуу бодлого, чиг барьж байна?

-Эдийн засгаа харвал бид онцгой дэглэмийг хэсэгчлэн сулруулах нь зүйтэй харагдаж магадгүй. Гэвч энэ удаад эдийн засгийн талаас нь асуудлыг хэт чухалчлах нь эрсдэлтэй. Иймд бид дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дотоодын эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, эмч нарын үгийг анхааралтай сонсох нь чухал. Харин энэ тал дээр Эрүүл мэндийн яам бидэнд тулгарч болзошгүй эрсдэл, хөл хориог сунгах шалтгааны талаар нарийвчилсан судалгаа танилцуулах нь нийгмийн бухимдлыг бууруулах нөлөөтэй.

Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд нь эрүүл мэндийн салбарынханы судалгаа зөвлөгөөнд үндэслэсэн гэж найдаж байна. Дэлхийн томоохон улс орнуудын биднээс ялгарах нэг гол тал нь энэ нөхцөл байдлын эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөллийг маш сайн судалж түүнд нийцсэн хариу арга хэмжээ авч байгаа байдал юм.

Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмийг сулруулах оролдлогуудыг хийж эдийн засгаа дэмжихийг хичээж байгаа боловч энэ нь одоогоор тийм ч үр дүнтэй бус байна. Учир нь цар тахлын тархалт буурахгүй, зарим газар дахин дэгдэлт эхэлчихлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Да.Ганболд: Дубай дээр УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна


Монгол Улсын Шадар сайд асан Да.Ганболдтой ярилцлаа.


-Хэрэгжээгүй гэрээний төлөө хэн нэгнийг баривчилж, үндэслэл олдохгүй болохоор нь албаны хэрэгцээнд жип машин худалдаж авсан учраас гээд алх тогшчихлоо. Ингээд байвал энэ улсад хөгжлийн том шийдлүүдийг гаргах УИХ, Засгийн газар олдох уу?

-Асуудлыг өргөн барьдаг субъект нь М.Энхсайхан биш, Засгийн газар.

М.Энхсайхан мега төсөл хариуцсан сайдын хувьд кабинетдаа саналаа оруулдаг л субъект. Өнөөхийг нь Засгийн газар кабинетаараа хэлэлцээд шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр сайн, муу ямар ч байж болно.

Яг нарийндаа муу шийдвэр гаргана гэдэг нь алдаа болохоос гэмт хэрэг биш. Аль муу шийдвэр гаргахыг тэр гэх вэ дээ. Коронавирустэй холбоотой хориог өчнөөн сараар сунгаад яваа нь улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа талаас харвал буруу байж болно. Засаг коронавирусийн хөл хориогоо удаашруулж эдийн засагтаа балаг тарилаа гэж шүүмжлэх нь байх зүйл.

Харин ингэлээ гээд ял тохож болохгүй. Ял тохож эхэлбэл дарангуйлал болж хувирна. Муу шийдвэр гаргалаа гэсэн шалтгаанаар Эрүүгийн хууль ашиглаж хүнийг хорино гэдэг шуудхан хэлэхэд дарангуйлал. Сөрөг хүчнээ нам дарж байгаа, ардчиллаас өчнөөн алхмаар ухарч буй үйлдэл.

-Ардчиллаас хэдэн алхам ухарсан гэж хүн бүр ярьж байгаа ч АН таг дуугүй байна. Дарангуйлал эхэлсэн учраас зүрх зориггүй болчихжээ дээ….?

-Өнөөдөр ардчиллаас ухарсан гэдэг үгийг хэдхэн хүн зоригтой хэлж байна. Баабар, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, М.Энхсайхан бид хэд нэг жижиг сувгаар “дело” энэ тэр гээд яриад суугааг та харсан уу?

-Харалгүй яах вэ. Гэхдээ МҮОНТВ гэх мэт олон хүн хардаг сувгаар ярих боломж байгаагүй юм уу?

-Эрх мэдэлтэйчүүд нь атгачихсан байна. Эрхтэн дархтнууд нь циркийн илбэчин, ард түмэн нь үзэгчид шиг дүр зураг амилж тодроод олон жил болчихсон.

Өнөө циркчин нь нэг гараа дохиж цэцэг гаргаж ирж, нөгөө гараа савчуулж дарцаг харуулангуут үзэгчид “хөөх” гэж дагаж хуйлраад яваа. Үүнийг нь бид хэд ярьж сууж байгаад М.Энхсайханыгаа шоронд хийлгэчихлээ.

Жирийн иргэд, шударга хүмүүсийн хувьд санасан хэмжээнд реакци үзүүлэхгүй байна л даа. Өнгөрсөн зууны гучаад онд Гитлер анх гарч ирэх үед яг ийм байсан.

Мартин Нимёллерийн нэг алдартай үг бий. “Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв… Дараа нь тэд ҮЭ-нхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа” гэсэн үг.

Яг энэ үед бодож ухаж явах учиртай үг шиг санагдаад байна. Хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг, өндөр хөгжилтэй улсуудын өнгөрсөн түүхийг харахаар сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дарангуйлал, хүний эрхийн эсрэг шийдэл, засаглалыг туршсан хэд хэдэн улс бий. Германд Гитлер, Италид Муссолини, Испанид Франко гээд жагсаавал өчнөөн түүх жагсааж болно.

Гэхдээ бүгдээрээ болохгүй гэдгийг нь ухаарч, алдаагаа засаж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Манай улс сая хар жагсаалтад орчихлоо. Ийм цараа хүрээтэй жагсаалтад ганцхан үйлдлээс болж ордоггүй.

Цаана нь маш олон шалгуур бий. Магадгүй та бид хоёрын ярьж суугаа хүний эрхийн эсрэг, ардчиллын эсрэг алхмууд ч нөлөөлсөн байж болох талтай. Энэ шийдвэр манай бизнес эрхлэгчдэд ямар том эрсдэл авчрахыг таах аргагүй. Хэлж мэдэх ганц зүйл гэвэл эдийн засагт шууд утгаараа сөргөөр нөлөөлнө.

-Та хэд “Парламент” телевизээр дахиад ярих уу?

-Ярина. Өөр хэнд найдах юм.

-Э.Бат-Үүлийн шүүх хурал ирэх сард болно, М.Энхсайхан шиг зүйл тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ингээд харахаар таны түрүүн онцолсон дарангуйлал гэдэг үг утгаа олж эхэлж байж мэдэх л юм…?

-Дэлхийн улс түмнүүдийг харахаар таатай сайхан амьдрал, хөгжил дэвшил гэх мэт бахархах зүйл тун ховор, нэр хүнд муутай улс орнууд цөөнгүй бий.

Ливи, Судан, Мозамбик, Сомали, Венесуэл гээд нэрлэвэл цөөнгүй улсын нэрийг хэлж болж байна. Эдгээр орны ихэнхийг манай улсын иргэдийн олонх мэдэх ч үгүй. Тэд юугаараа, яагаад, яг хэзээнээс ийм муу нэртэй, луу данстай болчихов? Зарим улсын түүхээс харахад харьцангуй богино хугацаанд сайн муу, хар цагаан, дарангуйлал эрх чөлөө, хөгжил ухралт болон бусад зовлон жаргалыг ээлжлэн туулсан жишээ ч цөөнгүй олдоно.

Бид Хойд Солонгос ийм тийм гэж ирээд толгой сэгсэрч ярьдаг. Гэтэл Хойд Солонгосын улс төрийн горим, тэндхийн арга барил манайд зугуухнаар орж ирээд байна л даа.

Хойд Солонгос гэхээр ямар ч хүнд “Би ийм улсад амьдармааргүй байна” гэсэн ойлголт төрдөг. Энгийнээр хэлэхэд муугийн жишээ болчихсон улс.

Үүнтэй адил эрүүл саруул ардчилсан үзэлтэй хүн шууд утгаараа байж болшгүй муу зүйл гэж ойлгохуйц арга барил, туршлага сүүлийн үед манайд нийтлэг анзаарагдах боллоо. Луйвраар сонгуульддаг, мөнгө тараадаг, эрх мэдэлд очсон нь албан тушаалаа урвуулан ашигладаг үзэгдэл нийтлэг болчихлоо.

Үүний эсрэг дуугарахаар хааж боогоод эхэлж байна. Миний хувьд лав сүүлийн үеийн Орос, Мозамбиктай адилтгах зүйл олон болж байна.

Нэг зүйлийг онцолж хэлье. ОХУ шууд утгаараа муугийн жишээнд орох орон биш. Манай хойд хөршид сүүлийн үед ардчилал, эрх чөлөөний эсрэг маш олон сөрөг хандлага сэргэж байна. Эрх баригчид тэр сөрөг хандлагыг нь дагаж яваа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд манай шүүх, хүчний байгууллагынхан энэ муу хандлагын манлайд нь яваад байна л даа.

Та сая АН дуугарсангүй гэлээ. АН-ын удирдлагууд, ялангуяа гишүүдийн хувьд цаанаасаа, гүнээсээ буцалж оргилоод босох учиртай болохоос бид дуугарах ёстой гэсэн хандлагаар байр сууриа илэрхийлэх асуудал биш л дээ.

-Сонгууль дөхсөн учраас айж, болгоомжилж суугаа байлгүй дээ?

-Болгоомжилсон уу, өөр шалтгаан байгаа юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Удирдлага нь болгоомжилсон байлаа гэхэд гишүүд нь хаачсан бэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Тэд таг дуугүй суугаа гэхээр 1990 онд ардчиллыг эхлүүлсэн бидний л муугийнх. Хойд Солонгост гэхэд л энгийн гэмээр шалтгаанаар өчнөөн хүн шийтгүүлдэг. Тийм улсад төрсөн нь л тухайн хүний эз шүү дээ.

-Хамгийн эмзэглэмээр өнцөг нь “ардчиллын автор”-ууд гэгддэг хүмүүсийг хоморголон шүүж, заримыг нь хорьж эхлээд байна. Засаглалын онол талаасаа жаахан гажуудал биш үү?

-Жаахан биш, асар том гажуудал. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хоёр тал болоод өрсөлдөж ирсэн. Спорт, улс төр аль нь ч ялгаагүй лидерүүдийг нь онилж байгаад намнадаг. Сонгуулийн босгон дээр хэний амыг таглах нь тодорхой шүү дээ. Гэхдээ цагдаа, шүүхийн, хүчний байгууллагын оролцоотойгоор гэм зэмгүй хүнийг хорих нь байж болохгүй гажуудал.

-Энэ гажуудал ужгирвал өмнөх нийгэм рүү ухарчих вий, Венесуэлийн хувь заяаг давтах юм биш байгаа гэсэн айдас төрөөд байх юм…?

-Айдас төрөх нь зөв. Аливаа сайхан, нандин зүйлсийг хийж бүтээхэд маш их хугацаа, өчнөөн үеийн хүний хүч хөдөлмөр ордог.

Харин буулгаж эвдэхэд хоёр хоног байхад л хангалттай. Ардчилал яг тийм. Маш олон хүн сэтгэл, мэдлэгээ уралдуулж урагшилж байж босгож бүтээдэг. Ингэж босгосон ардчиллыг богинохон хугацаанд үгүй хийх шиг амархан зүйл үгүй.

Харамсалтай нь ардчиллаас ухарч байна гэдгийг хүн бүр мэддэггүй. Учир нь хүн бүр Жанрайсиг бүтээж, уран барилгын загвар гаргадаггүй. Нураахыг бол хэн ч чадна. Гэхдээ бүх зүйл өнгөрсний дараа бүгдийг ойлгодог нь хүн төрөлхтний гашуун үнэн.

-Та түрүүн хэн ч алдаа гаргадаг, тэглээ гээд эрүүгийн хэрэг үүсгэж барьж хориод байдаггүй гэсэн утгатай үг унагасан. Жишээ нь, манайд улстөрч, эрх баригчдын алдаанаас болж нийт олноороо хохирсон, тэр алдаагаар нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй кэйс гэвэл юу байна?

-Налайхын замыг эвдэхийн оронд хажуугаар нь шинэ зам барьж болох л байсан. Гэтэл сонгуулийн жил учраас тэгээгүй. Буулгаж, эвдэх нь бас мөнгө гэж харсан хэрэг л дээ.

Үүнээс болж өнгөрсөн зунжингаа зүүн аймгаас ирэх, зүүн аймаг руу явах иргэд шороон замаар манаргасан. Эрүүл мэнд, машин техникийн эвдрэл гэх мэтийг мөнгөөр тооцвол овоо дүн гарна. Дарханы зам ч ялгаагүй. Асар олон тэрбум төгрөгийн гарз хохиролд иргэд, нийгмээ унагаж байна.

Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн авто зам Монгол Улсын хүний хөдөлгөөн, худалдаа арилжаа гээд эдийн засгийн гол судас болсон зам. Ийм ач холбогдолтой замд дөрвөн эгнээ ч алсдаа багадна. Ингэж холыг хараад үндсэн замыг нь хөндөлгүйгээр шинээр зам барьж болох байсан. Ер нь улс орнууд ийм жишиг барьдаг юм.

-Дарханы замыг нураахад хүртэл их мөнгө орно гэсэн нүдээр харжээ дээ?

-Тодорхой шүү дээ. Аливаа төслөөс менгө унагаая, сонгуулийн мөнгөө босгож авъя гэсэн явцуу, ойрыг харсан бодлогын үр дүн.

Азаар Налайхын зам арай богино учраас цар тахлаас өмнө 90 хувь нь дуусчихсан. Мэдээж хэн ч цар тахал дэгдэж, гүйцэтгэгч талын хятад ажилчид хөл хорионд орчихно гэж урьдчилж харж чадахгүй. Ийм байхад “Та нар коронаг тооцсонгүй” гэж яллах нь утгагүй.

Гэхдээ төрөөс гаргаж буй ямар ч шийдвэр алсын хараатай байх ёстой. Арав, хорь, гучин жилийн дараахыг хардаггүй, явцуу, мэргэжлийн бус үйл ажиллагааны уршиг ганц Дарханы замаар тогтохгүй л дээ. Бодит амьдрал дээр өчнөөн том хохирол учирчихаад байхад Дарханы замыг эхлүүлсэн хүмүүсийг буруутгаж эрүүгийн хэрэгт яллахгүй байгаа.

Учир нь энэ бол улс төрийн буруу шийдвэрийн гарз хохирол. Ийм буруу менежмент аль ч улс оронд ажиглагддаг. Гэхдээ энэ нь эрүүгийн гэмт хэрэг биш. Улс төрийн гэмт хэрэг байж болно. Энгийнээр хэлбэл өрсөлдөж буй хоёр хүчин байр сууриныхаа дунд нэгнээ яллаж, буруутгадаг байж болно. Ардчилал хөгжсөн улсууд сонгуулийн үед бие биенээ санаанд оромгүй зүйлээр хүртэл яллаж буруутгадаг. Тэглээ гээд гавлаж хорьдоггүй.

-Манайд бол улс оронд ямар хохирол учруулсан нь ч тодорхойгүй нөхцөлд барьж хорьж байна. Ер нь иймэрхүү хандлага ямар орнуудад илүү тод анзаарагддаг вэ?

-Улс оронд хохирол учруулсан эсэх нь нотлогдоогүй үед яллаж байгаагийн уг шалтгаан тодорхой. Социализмаар явсан цөөхөн улсад ажиглагддаг. Алга болж устаж яваа гэж бодсон ч янз байдал нь өөрчлөгдөөгүй архаг өвчин гэж хэлмээр санагддаг юм.

Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлж хэрэгжүүлээд явж байгаа төсөлтэй холбоотой улстөрчдийн дүгнэлтийг шууд хөрвүүлээд эрүүгийн хэрэг болгож шүүхээр хэлэлцэж байгаа нь ардчилсан шударга, ил тод, иргэний нийгэмд огт байдаггүй зүйл.

-Улстөрчдийн дүгнэлтийг хөрвүүлээд эрүүгийн хэрэг болгосон гэхээр Дубайн төлөвлөгөө тойрсон асуултуудаа тавих цаг болчихож. Гэхдээ эхэлсэн өнцгөө дуусгаадахъя. Улстөрийн алдаатай шийдвэрээс болж эдийн засгийн хувьд нийтээрээ хохирсон ямар улс байна. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө улсад уршиг тарьсан гэж АТГ, прокурор дүгнэчихээд байгаа. Ямар уршиг тарив аа гээд харахаар жишээ олдохгүй байгаа учраас асуумаар санагдлаа…?

-Яг одоогийн төстэй хэрэг явдал гэвэл хойд хөрш байна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Цар тахлаас болж хэрэглээ буурсан, буурсан хэрэглээ дагаад газрын тосны ханш унасан гэх шалтгаан бий. Гэхдээ гол шалтгаан нь энэ биш. Нефть олборлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийг хүмүүс мэднэ. Зарим тохиолдолд тэд ОПЕК+ гэсэн тодотголтойгоор цуглаж хуралддаг.

Албан ёсны гишүүн нь биш ч газрын тос олборлолтын хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигддэг улсын оролцоотой арга хэмжээгээ тохиролцож зохицуулдаг загварыг ингэж тодотгодог юм.

Албан ёсны гишүүн биш улсуудын тухайд хуралдаанд нь суудаг, саналаа нэмэрлэдэг, өөрсдөд нь хэрэгтэй ашигтай гэж үзсэн тохиолдолд гаргасан шийдвэрт нь дэм болж олборлолтоо хасаж, нэмдэг гээд ойлгочихож болно.

Өнгөрсөн гуравдугаар сард Австрийн Вена хотод ОПЕК+ хуралдсан юм. Олборлогчид “Дэлхийн байдал хүндэрлээ. Нефтийн үнэ унаж байна. Тийм учраас олборлогч улс орнууд олборлолтоо танаж үнийн уналтаас сэрэмжилье. Ингэж байж нефть хийн салбарыг тогтвортой түвшинд байлгана” гэсэн санал гаргасан ч ОХУ -ын төлөөлөл тэр хурлыг орхиод гарсан.

Занарын технологиороо газрын тосны зах зээл дээр томоохон байр суурь эзэлж эхэлсэн АНУ-ын нөлөөллийг сааруулах гэсэн улс төрийн бодлогоор гаргасан Оросын Засгийн шийдвэр өнөөдөр ОПЕК-ийн олон орон, түүний дотор ОХУ-ын эдийн засагт маш хүнд цохилт үзүүлсэн. Өнөөг хүртэл, хоёроос гурван сарын турш энэ таагүй байдал үргэлжилж байна.

Хамгийн том нефть олборлогч олборлолтоо хасахгүй гэнгүүт ОПЕК ч зүгээр суугаагүй. Олборлоод байя гэсэн шийдэлд хүрч, бүр бонус амлаад эхэлсэн. Урьдчилсан хэлэлцээр энэ тэрийг нарийн тооцоод харвал газрын тосны үнэ зарим тохиолдолд бүр хасах руу орчихсон.

Тэр шийдвэрээс хэдхэн хоногийн дараа газрын тосны үнэ 60-аас 20 ам.доллар руу огцом уруудсаныг та мэдэж байгаа. ОХУ-аас гаргадаг “Уралс” маркийн нефть олон сарын дунджаар хорь ч хүрэхгүй доллар руу уруудсан. 5, 10 ам.доллар руу унасан тохиолдол ч бий.

-Газрын тосны үнэ одоо ч сайнгүй байна. Ингэхэд АНУ, ОХУ-ын эдийн засагт газрын тосны салбарынх нь үзүүлэх нөлөөлөл гэхээр эрс тэс тоо гарах байх шүү…?

-Эрс тэсээр барах уу. ОХУ-д ДНБ-ий 30-аас илүү хувийг түүхий нефть эзэлдэг бол бензин тос нефть Америкийн эдийн засгийн нэг орчим хувийг л эзэлдэг. Америкийн нефтийн салбар зуун хувь зогслоо гэхэд ДНБ-ийнх нь ганцхан хувь.

Зүй нь Оросын удирдлага ийм явцуу сонирхлоор асуудалд хандаж, ДНБ-ийх нь өчнөөн хувийг эзэлдэг салбараа олон сараар унагаж болохгүй л байсан болов уу. Энэ шийдвэрийн хаялга манайд эергээр тусч байхад Оросын эдийн засагт том цохилт болж байна.

Хэрвээ бид ОХУ-ын иргэд байсан бол энэ асуудалд яаж хандах бол? Удирдагчийнхаа буруу, харалган шийдвэрээс болж нефть олборлогчид олборлосон нефтиэ газар дээр нь шатааж байна гээд та бод доо.

-Шатаах аа?

-Хойд хөршийн нефтийн зарим орд газар Хойд мөсөн далайн эргээр мөнх цэвдэгтэй бүсэд оршдог, маш гүнээс цооногоор гаргаж ирдэг онцлогтой. Ийм цооногуудыг зогсоож болдоггүй. Зогсоох л юм бол хөлдчихдөг. Хөлдсөн цооногуудыг хаяхаас аргагүйд хүрдэг юм.

Дахиж нефть олборлоё гэвэл шинэ цооног ухахаас аргагүй, тэглээ гэхэд өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг. Ийм шалтгаанаар олборлолтоо хасаж чаддаггүй.

Өнөөдрийн хувьд бүр борлуулж чадахгүй байдалд хүрчихсэн. Зарим нэг цооногуудаас олборлож гаргаж ирсэн нефтиэ газар дээр нь шатааж байгаа нь цаанаа ийм учиртай. Венесуэл бас ингэж байгаа.

Өөрөөр хэлбэл зах зээлийн ерөнхий хандлага, олон улсын харилцааны онцлогуудыг дутуу буруу тооцож, зөвхөн явцуу улс төрийн сонирхолд хөтлөгдөж том шийдвэр гаргавал ямар уршигтайг харуулсан тод жишээ. Уршиг нь нүдэн дээр ил харагдаж байна. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний хувьд уршиг тарьсан зүйл байхгүй. Харин ч өгсөн өгөөж, ашиг гэвэл том тоонууд хэлж болно.

-Одоо Дубайн гэрээ рүү ярианыхаа сэдвийг хазайлгая хоёулаа. Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг биелүүлсэн хүмүүсийг барьж хорих нь хууль ёст ардчилсан нийгэмд байж болох эрүүл үзэгдэл мөн үү?

-Энэ шийдвэртэй холбоотой шүүх хурал удахгүй болох учраас шүүх талын нарийн зүйл ярихад эрт байна. Таны асуултын тухайд гэвэл Ч.Сайханбилэг ганцаараа шийдвэр гаргаагүй.

-Тийм л дээ.Тухайн үеийн Засгийн газрын кабинетад өнөөгийн Ерөнхий сайд ч байсан. Тэдний хамтын шийдвэрээр гарсан шийдвэр гэдгийг ойлгож байна. Бас өнөөгийн АН-ын даргын зөвлөх З.Энхболдын ахалсан УИХ асуудлыг хурдан шийд гэсэн чигийг хоёр ч удаа өгсөн…?

-Таны сая ярьсныг бүгд мэднэ. Мэдэж байгаа хэр нь ямар процесс өрнөж явааг мөн л бүгдээрээ харж байна. Мэдсээр байж ийм шийдвэр гаргаад байгаа хүмүүсийг яалтай билээ.

-Тэгвэл хууль хэнд хэрэгтэй юм бэ?

-Би танаас тэгж асуумаар байна.

-Хариулахад хэцүү болчихоод байна л даа, өнөөдөр. За энэ сэдвээ түр орхиё. Дубайн төлөвлөгөө тойрсон асуудал дээр жишээ нь таныг яг юунд буруутгаж байгаа вэ?

-Товчхон базаж хэлбэл, Засгийн газрын илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн учраас буруутай гэж байна л даа.

-Илт хууль бус шийдвэр гэдгийг яг юугаар яаж хэмжиж байгаа юм бол?

-Би мэдэхгүй байна. Хүн бүр хараад буруу гэсэн дүгнэлт хийх хэмжээний үйлдлийг илт гэж тодотгох байх. Илт хууль зөрчсөн шийдвэр юм бол шийдвэр гарснаас хойших таван жилийн хугацаанд ажилласан УИХ, Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийг зогсоох байсан.

Эрүүл ухаанаар бодоод үзэхэд нэмж алдахгүйн тулд зогсоох ёстой баймаар юм. Гэтэл Оюу толгой төсөл бүтэн таван жилийн турш зогсолгүйгээр Монгол Улсад асар их хэмжээний долларын орлого оруулсаар яваа.

2015 оноос өнөөг хүртэл бүтэн таван жилийн хугацаанд жил бүр улсын төсөвт 300 сая ам.долларын татвар төлж, ДНБ-ий 15 хүртэл хувийг ганцаараа бүрдүүлж байгаа. Энэ хугацаанд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор жил бүр 1.3-1.4 тэрбум, нийтдээ 6-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн.

Монгол шиг ийм жижиг эдийн засагтай улсад энэ дайны хөрөнгө оруулалт бол асар том тоо. Үүнтэй төстэй жишээ дэлхийд ховор. Ингээд харахаар Оюу толгой бол Монгол Улсад гарз хохиролтой, Монголд ашиггүй гэрээ гэдэг нь угаасаа худлаа болж таарч байна.

-Хуулиар зөвшөөрөгдөж байгуулагдсан Засгийн газрын гаргасан шийдвэр илт хууль бус байж болох уу?

-Та наад асуултаа тийм дүгнэлт гаргасан хүмүүсээс нь асуувал зөв байх.

-Засгийн шийдвэрийг дагаж, тушаалыг нь биелүүлсэн хүмүүсийн хувьд яаж ч харсан ойлгомжгүй буруутгал санагдаад байна л даа…?

-Хэн ч тэгж харахаар асуудал шүү дээ. УИХ-аас 2014, 2015 онд баталсан хоёр тогтоолын дагуу, өчнөөн процесс дамжиж гарсан засгийн шийдвэрийг биелүүлж Дубайд очоод гарын үсэг зурчихаад ирсэн Б.Бямбасайхан бид хоёр ямар буруутайгаа ойлгохгүй суугаа.

Бүр тодруулбал 2014 оны 34 дүгээр тогтоолд “Далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэж заасан бол 2015 оны 41 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” гэж онцгойлон заасан байдаг.

За тэгээд эдгээр тогтоолын дагуу Засгийн газрын захирамж тушаал гарч, удирдамжаа батлуулчихсан. Тэр удирдамж гэдэг нь хэн нэгэн хөнжилдөө орж лааны гэрэлд үйлдсэн бичиг биш. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр.

Эсэргүүцсэн, дэмжсэн аль аль нь бий байх. Олонхоороо асуудлыг шийдээд явдаг нь төрийн ёс, ардчиллын зарчим. Ямар ч шийдвэр 100 хувь санал нэгтэйгээр батлагддаггүй. Социализм, коммунизмын үед л тийм байсан байх.

Дубайд гарын үсэг зурсан учраас өнөөдөр Оюу толгой ажиллаж байгаа. Бүр хамгийн том татвар төлөгч болчихсон яваа. Бүх дэлхийн эдийн засаг хэцүүдчихсэн яваа ийм бэрх цагт Монголыг энэ төсөл л авч яваа нь бодитой үнэн. Аль муугаар нь хэлсээр ирсэн Эрдэнэтийн 49 хувь ч том нэмэр болж байгаа.

Орост өгдөг байсан ашиг Монголдоо үлддэг болчихоор ашиг нь өсөж таарна. Ийм ойлгомжтой шалтгаан байсаар атал “Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа өндөр ашигттай ажиллалаа” гэсэн мэдэгдэл хийгээд суух юм.

Аргагүй шүү дээ. 49-д ногдох бүх ашиг төрд татвар хэлбэрээр очиж байгаа. Яг үнэндээ Монгол Улсын төсвийн орлогын тэн хагас шахууг Эрдэнэт, Оюу толгой хоёр бүрдүүлж яваа хэр нь энэ бүхнийг амилуулж хэрэгжүүлсэн хүмүүс хамгийн муугаар хэлэгдээд явж байна.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Цар тахлын үед дажгүй яваа макро эдийн засаг, эрх баригчдын тарааж байгаа хүүхдийн 100 мянга, ноолуурын мөнгө Оюу толгойтой холбоотой. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол бид өнөөдөр энэ дайны аж төрөхгүй байсан.

-Илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн гэдгийг эрүүл логикоор хөөвөл хариу гарахгүй нь ойлгомжтой. Үүнээс өөрөөр таныг буруутгасан үндэслэл бий юү?

-Сая хэлсэн илт хууль бус шийдвэрийг учир мэдэх хүний хувьд эсэргүүцэж, гэрээг зогсоохын төлөө ажиллах ёстой байтал бүлэглэн хуйвалдчихлаа гэж буруутгаж байгаа.

Шаварт суусан машинаа гаргах санаатай бүгдээрээ уухайлж түлхэж байхад ганцаараа ухаантай царайлаад “Хувцас шавар болно, трос тасарна, машины эд анги эвдэрнэ” гээд “эх оронч” дүр эсгээд байгаа хүнийг та эергээр ойлгох уу?

-Яаж ч бодсон эергээр харахгүй л дээ…?

-Хамгийн гол үр дүн нь бид шавраас гарсан. Машинаа аварсан, хүрэх газраа хүрсэн. Машинаа нийлээд түлхэж байгаа хүмүүс хуйвалдагчид мөн үү?

-За ойл голоо. Тэс хөндлөн байж болох ч бидний ярианы сэдэвтэй наалдахаар нэг асуулт байна. Танд өнгөрсөн хоёрдугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орчихлоо. Монголын хууль, шүүхийн системийн талаар ямархуу сэтгэгдэл төрж байна вэ?

-Ердөө ганцхан сарын дотор яллагдагч болоод шүүх дээр очлоо. Заавар егөөд ганц хуудас маягт бөглүүлж байна. “Би яллагдагч тэр овогтой тэр” гэсэн үг нэг хуудас цаасанд дөрвөн удаа давтагдаж гарын үсэг зуруулах жишээний.

Ерөөсөө л Вышинскийгийн философи. Хүний сэтгэлд дарамт үзүүлдэг, лантуугаар цохидог төрийн машины сэтгэлгээ хэвээр явж байгааг мэддэг нь хэд бол гэж бодогдсон шүү. Баруунд ийм зүйл байдаггүй. Хууль зүйн сайд шударга шүүхийн төлөө явах ёстой.

Гэтэл мань эр өөрийгөө дургүй хүмүүсээ яллах, шийтгэх байгууллагын дарга гээд ойлгочихсон сууж байна л даа. Төр нь иргэнийхээ эсрэг ажиллаж байна. Манай Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалт бий. Тэр заалтыг ойлгож байгаа нь хэд бол, бас л эргэлзээтэй асуулт.

-Дубайн төлөвлөгөө рүүгээ буцаад оръё. Учир мэдэх хэсэг нь С.Баярцогтын номноос Дубайд гарын үсэг зурсан гурван хуудас гэрээг олоод харчихсан байх. Эрх баригчид, хууль шүүхийнхэн нийт олонход та нарыг “Ийм шийдвэр гаргахын тулд баахан мөнгө идэж уусан” гээд ойлгуулчихсан яваа. Яг ямар учиртай гэрээнд гарын үсэг зурснаа энгийнээр тайлбарлаач?

-Шинээр тохирсон зүйл нэг ч байхгүй. 2009, 2010 оны гэрээний бүх тохиролцооноос халиагүй.

Харин манай татварын байцаагчид тэр гэрээний заалтыг зөрүүтэй ойлгож, 2010, 2011, 2012 онь санхүүгийн тайланг үндэслэн илүү татвар оногдуулсныг Оюу толгой компани үл зөвшөөрч маргаан үүссэн. Энэ маргааныг шийдэж чадалгүй бүтэн гурван жил болсон байсан үе.

Дубайн гэрээнд туссан цөөн хэдэн заалтын нэг нь ч 2009, 2010 онь гэрээнээс халиагүй. Харин энэ гэрээнүүдэд тусгалаа олоогүй нэг чухал заалт Дубайн гэрээнд бий.

Оюу толгойн ил, далд уурхай, ерөөс энэ том төсөгл хэрэгжих бүх л хугацааны нийт өгөөжийн 53-аас доошгүй хувь нь Монголынх байна гэж тохирсон. Энэ тохиролцоог цагаан дээр хараар буулгасан нь Дубайн төлөвлөгөөний том давуу тал.

Засгийн газраас бидэнд өгсөн удирдамжийн нэг чухал заалт нь энэ байсан юм Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүртэх ёстой хувь хэмжээг албан ёсоор баталгаажуулсан Монголыг хохироосон, уршиг тарьсан гэдэг нь хэтээсээ худал.

Оросуудын хэлдгээр хурууныхаа өндгийг сорж суугаад гаргаж ирсэн санаа Хуруугаа сороод юу ч гарахгүй гэсэн утгатай хэлц л дээ. Товчхондоо бодитой биш зүйлийг оросууд ийм хэлцээр илэрхийлдэг.

-Оюу толгой дэлхийн хэмжээний төсөл. Ийм аварга төслийн хувьд дурын нэг татварын байцаагч очиж акт тавиад дансыг нь хаах гэх мэт үйлдэл үзүүлж, тэр нь өчнөөн уршиг тарьж мэдэх нөхцөл үүссэн байсныг залруулж чадсан нь Дубайд rap барьсан шийдлийн нэг том давуу тал байсан шүү…?

-Манайханд байгаа маш том буруу ойлголтыг та хөндөж байна. Үнэхээр тийм.

Монгол Улсын төсвийн жилийн орлогоос тав дахин их мөнгө оруулсан компани бидний нөгөө талд байна. Тийм компанийн дансыг ном уншаагүй, хэл мэддэггүй нөхөр хаачихаар яах вэ. Сансарт нисэх гэж байгаа пуужинг “Тэр газар чинь би төрсөн юм, унасан газраа хөндүүлмээргүй байна” гэж хэлээд зогсоож байгаагаас ялгаагүй зүйл.

Эхлээд Оюу толгой гэдэг төслийн хэмжээ, царааг ойлгох хэрэгтэй. Оюу толгой бол Эрдэнэтээс хамгийн багаар бодоход 2-3 дахин том төсөл. Оюу толгой төсөл дангаараа жил бүр 300-330 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна. Монгол Улсын төсөв дунджаар гурав орчим тэрбум ам.доллар.

Оюу толгойн данснаас өгч байгаа мөнгө нь төсвийн арав гаруй хувь гэдэг бол маш том тоо. Ханган нийлүүлэлт, төслийн дам нөлөө гэж ирээд тооцвол асар том тоо гарна. Дубайд гарын үсэг зурснаас хойш Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын төсөвт оруулж буй мөнгөөрөө гурван сая Монголын амьдралд эерэг, том нөлөө үзүүлж байгаа.

Уурхайд ажиллаж яваа 10 гаруй мянган хүнээр энэ төслийн өгөөжийг тооцвол хэт өрөөсгөл хэрэг болно. Оюу толгойн тухайд улсын төсөвт, Өмнөговь аймагт, дам нөлөөгөөрөө нийгэм, эдийн засгийн салбар бүрт эерэг нөлөө үзүүлж яваа мега төсөл. Наад захын жишээ хэлье.

Өнөөдөр бүх дэлхийд агаарын тээвэр зогсчихсон. Ийм хэцүү цагт МИАТ-ийг байнгын нислэгтэй амьдруулж байгаа төсөл нь Оюу толгой. Цар тахлын үед нэг ч өдөр зогсоогүй хэвийн ажиллаж яваа том төсөл дэлхийд тун цөөн. Тэр цөөхөн төслийн нэг нь Оюу толгой. Хэрэв тэр үед Дубайд шийдвэр гаргаагүй бол бид цар тахлын үеэр хэцүүдэх байсан.

Ямар ч төсөлд гарз хохирол байдгийн тухайд бол би түрүүн Дарханы замаар жишээлж ярьсан учраас давтаж улиглаад яах вэ. Уг нь Дубайн жишээгээр асуудалд хандъя гэвэл шинэ зам барих төсөл баталгаагүй байхад хуучин замаа эвдэж мянга мянган иргэдийн амьдралыг хүндрүүлсэн, гарз хохирол, чирэгдэл авчирсан тул Дарханы замтай холбогдох хүмүүст эрүү үүсгэн шалгах ёстой биз дээ.

-Улстөрчид “Манай баялаг атал төслийн өгөөжийн 47 хувийг хүртэнэ гэдэг байж болохгүй явдал” гэж хэлэх дуртай. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөрөнгөө оруулсан хүмүүс ашиг хүртэх нь бизнесийн жам ёсны харилцаа. Нөгөө тал мөнгө, технологио гаргасан, манай тал байгалийнхаа нөөц баялгийг гаргасан. Яаж хамтарч ашиглах вэ гэдгээ ярилцаж байгаад хүрсэн шийдэл шүү дээ.

Улс төрийн хувьд ял тулгах гэж оролдоод яваа хэсэг бүлэг хүмүүсийн цаана хоёр санаа их тод харагддаг. Илэрхий мэдлэггүй хүмүүсийн тархийг санаатайгаар эргүүлэх мэдээлэл цацаж байна.

Өгөөж гэдэг үгийг Монголд ямар ч ашиггүй гэж “орчуулаад” яриад яваа харагдах юм. Оюу толгой төслийн хувьд бүр анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан өдрөөс эхлээд Монгол Улс өгөөжөө хүртээд эхэлчихсэн.

Товчхондоо Монгол Улс 11 жилийн турш энэ төслөөс олон тэрбумын өгөөж хүртсээр явж байна. Дубайн төлөвлөгөөг батлаагүй бол сүүлийн таван жил үгээр илэрхийлэх аргагүй гарз хохирлыг өнөөг хүртэл амсаад явах байсан.

-Нийгмийн, олны ой санамж маш богино болчихсон шиг санагддаг. Дубайд гарын үсэг зурахын өмнө Монголын эдийн засаг ямар байсныг нэг сануулчихад гэмгүй байх. Нүүрсний үнэ 20 ам.доллар болчихсон байл уу?

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт 2013 оноос бүрэн зогссон. Үр дүнд нь 3,000 гаруй хүн шууд ажилгүй болж, туслан гүйцэтгэгч 500 гаруй компанийн ажил зогсож, эдийн засаг асар хүндэрсэн цаг шүү дээ. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр таны сая хэлсэнчлэн нүүрс, зэсийн үнэ шалдаа унасан байсан.

-Ингэхэд заавал яагаад Дубайд гарын үсэг зурсан юм бол. Хоёр талтай хариултууд дуулдаад байгаа болохоор асуумаар санагдлаа…?

-Бүдүүн тоймоор хэлбэл, дундын нутагтаа уулзсан хэрэг. Гэхдээ энэ гол шалтгаан биш л дээ. Ерөнхий сайдын Дубайд хийх айлчлал яг тэр үед давхацсан. Тийм учраас Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Дубайд болсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Хэтэрхий баатарлаг дүр бүтээх гээд хувийн хэвшлээ золиосолчихлоо

-ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИЖ ЯВСАН МАН-ЫН ЛИДЕРҮҮДЭД ЯДАЖ Л ТОМ ТӨСӨЛ ДЭЭР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХ ЗОРИГ АЛГА-

Эдийн зaсагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Европын холбоо маргааш (өнөөдөр) мөнгө угаалт ба терроризмын санхүүжилтийн эсрэг олон улсын өмнө үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа орнуудыг хар жагсаалтдаа оруулсан тухайгаа нийтлэх гэж байгаа. Энэ жагсаалтад Монгол орж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Бидэнд тийм эрсдэл байна уу, бий бол яг ямар шалтгаанаар хар жагсаалтад орох тухай яригдаад эхлэв?

-Панам, Бахамын арлууд, Мавритан, Гана, Монгол зэрэг улс олон улсын санхүүгийн системд аюул учруулж байгаа учир Европын холбооны хар жагсаалтад орох нь бараг тодорхой болж байх шиг байна л даа.

Монголын хувьд банк, санхүүгийн зах зээлээр дэлхийгээс тусгаарлагдаж, өмнөд хөршийн төрийн банкнуудын гарт орж байна. Ай Эн Жи тэргүүтэй барууны нэр хүндтэй банкнууд Монголыг орхин гарч байгаа нь ч энэ жагсаалттай шууд холбоотой болов уу.

-Цар тахлын үед хувийн хэвшлээ дэмжсэн бодлого алга, ийм шалтгаанаар ажилгүйдэл, ядуурал огцом өсөж яваа гэсэн шүүмжлэлийг МҮХАҮТ-аас хэлж байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Дэлхийн эдийн засаг хасах руу орох нь тодорхой болчихлоо. Манай эдийн засаг ч агших шинждээ орчихсон. Коронавирусээс өмнө ажилгүйдэл, ядуурал өссөн байсан. Жишээ нь, ядуурал 30 хувь болчихсон байсан.

Дахиад жаахан шок үүсэхэд 50 хувь болоход бэлэн гэсэн судалгаа аль өнгөрсөн жил гарсан шүү дээ. Гэтэл түүнээс хойш коронавирусийн шок үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр ядуурал нэмэгдэх эрсдэл бодитой болчихсон гэсэн үг.

Ажилгүйдэл огцом өсөж байна. 110 орчим мянган хүн ажилгүй гэсэн албан ёсны тоо бий. Хорио цээрийн хугацаанд нэмээд 40 мянган хүн ажилгүй болчихлоо гэсэн судалгаа гараад байна.

Төрийн том аж ахуйн нэгжүүд хүртэл ажилчдаа 100, 200-гаар нь халаад эхэлсэн байна лээ.

-Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо дор хаяж 150 мянга хүрчихлээ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ихэнх улсын хувьд хүнийхээ эрүүл мэнд, эдийн засгаа давхар анхаараад явж байна. Учир нь нэгэнт уначихсан эдийн засгийг сэргээхэд урт хугацаа шаардагддаг.

Манайх хоёр гуравхан хилийн боомттой, хэдхэн зуун хүн өдөртөө орж ирдэг жижигхэн улс.

Вирусийг гаднаас оруулж ирэхгүй хянаад амьдрах бүрэн боломжтой. Энэ давуу талдаа түшиглээд дотоодын эдийн засгаа боомилохгүй урагшлах арга байсан ч харамсалтай нь ашигласангүй. Хэтэрхий баатарлаг дүр бүтээх гээд “би үхэхээр чи үх” гэсэн бодлогыг хувийн хэвшилдээ тулгалаа. Аж ахуйн нэгжүүдээ золиосолж байна л даа.

-Нээрээ л тэгсэн, наад захын жишээ нь тойрогтоо хуваарилсан мөнгөө хав дараад төсвийн тодотголоо хийсэнгүй…?

-Харин тэглээ. Уг нь төсвийн тодотгол хийгээд тойргийн усалгаа болсон үр ашиггүй хөшөө дурсгал, улаан булангийн зардлаа хэмнэчихсэн бол алдагдал буурах байсан. Төсвийн орлогыг бууруулаад татвар, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бодитоор үзүүлэх боломж байсан ч тэгсэнгүй. Одоо хөнгөллөө, чөлөөллөө гэж байгаа ч яг хариуцсан газартаа очихоороо хана мөргөж буцаад байна.

-Манайх хувийн хэвшлийнхнээ хаасан боосон шийдлүүд түлхүү гаргаад байгаа нь дэлхийн хандлагатай холбоотой байна уу?

-Дэлхийн ихэнх орон бизнесийн эрх чөлөөг маш сайн хангаж өгч байна. Тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, тоог нь багасгаж байна. Гэтэл манайд тусгай зөвшөөрлийн тоо улам өсөж байгаа. Өмнө нь гурван гарын үсгээр зөвшөөрөл авдаг байсан одоо найм болчихсон байх нь энүүхэнд.

Агентлагуудын тавьдаг шаардлага нь хоорондоо зөрөөд нэг төр гэхэд хэцүү боллоо л доо. Гэтэл эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн 2.7.6-д тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна гэсэн заалт бий.

-Зөвшөөрөл өгдөг үйлчилгээний тоо ихэссэн гэсэн үг үү, эсвэл гарын үсгийнх нь тоо өсчихөв үү?

-Аль аль нь. Боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд маш олон зөвлөлөөр орж, өчнөөн хүнээс гарын үсэг авч байна. Өмнө нь ийм байгаагүй. Хямралын үед экспортоо аль болох тэлж, гадагшаа юм зарж амьдрах ёстой байдаг.

Гэтэл тийм боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд НӨАТ-ын ачаалал өгчихсөн. Дээр нь маш олон тусгай зөвшөөрлийн ачаалал өгчихлөө. Ийм маягаар цар тахлын хямралаас гарч чадахгүй.

-Тэгвэл хямралаас гарах ямар боломж байна?

-Цар тахал өнөө маргаашдаа дуусахгүй. Хоёр дахь давалгаа бий гэсэн таамаглал бий. Цаашдаа үүнтэй төстэй тахлуудын давтамж ойртоно.

Хүн төрөлхтний ирээдүйд биологи, бактериологийн дайны аюул болж мэднэ гэсэн шинжээчдийн байр сууриуд дуулдаад эхэллээ. Үнэн худлыг нь яг таг хэлж мэдэхгүй ч болгоомж илүүдэхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд дэлхийн улс орнуудад амьдарч байгаа монголчуудаа татаж авчрах хэрэгтэй.

Гаднаас авчирсан эх орон нэгтнүүдээ байрлуулах газар байгаа шүү дээ, манайд. Өмнө нь манай улс хүйтэн дайны үед биологийн дайн гарч магадгүй гэсэн болгоомжлолоор Дорнодод маш том хээрийн полигонууд байгуулсан байдаг юм, газар доогуур.

-Газар доогуур аа?

-Тийм ээ, Чойбалсангаас холгүй бий. Баянтүмэнд бас байгаа байх шүү. Тэнд хээрийн эмнэлэг дэлгээд хүмүүсээ авчирч байсан нь дээр дээ.

-Та сая онгоц хүртэл орчихдог гэлээ. Тэгэхээр том газрыг хамардаг байх нь ээ?

-Хашаа татсан байдаг юм. Орж үзээгүй, гаднаас нь харахад том талбайг эзэлсэн анзаарагддаг. Хямралыг боломж болгох нэг гарц нь хөрөнгө оруулалт татах.

Өнөөдрийн тухайд хувьцааны үнэ навс уначихсан. Дэлхийд 20 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байдаг. Эрсдэлтэй төслүүдэд ордог нь 300 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Хайгуул гэх мэт бүр эрсдэлтэй төслүүдэд жилд 300-700 сая ам.доллар зарцуулагддаг. Энэ мөнгөний ихэнх нь зэс, газрын ховор элемент, алт руу яваад байна л даа.

Учир нь коронавирусийн дараах дэлхий ертөнц илүү дижитал болно. Зайнаас хуралдаж ажиллаж, аж төрцгөөнө. Зайнаас хуралдахын тулд өндөр хүчин чадалтай дата серверүүд хэрэгтэй болно. Эдгээр серверийн чип, кабелийг нь хийхийн тулд зэс хэрэгтэй. Өмнө нь газрын тос, зэсийн ханш харилцан хамааралтайгаар унадаг байсан бол сүүлийн үед байдал өөрчлөгдчихлөө.

Газрын тосны үнэ унаад байхад зэсийн ханш бага зэрэг унаж байгаад буцаад өсчихлөө. Коронавирусийн дараа зэс, алт, газрын ховор элемент үнэд орох нь тодорхой болсны дохио л доо.

Норвегийн баялгийн сан технологийн компаниудад тав хүртэлх хувийн хувьцаа эзэмшдэг байсан бол одоо арав гаруй хувь болгоод өсгөчихөж байна. Хямралын дараа технологийн компаниудын хувьцааны үнэлгээ буцаад өсөх нь тодорхой учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг.

Учир нь Норвегийн баялгийн санд асар их мөнгө сул хэвтэж байгаа. Хувьцааны үнэ навс унасан энэ үед хөрөнгө оруулагчид ирээдүйтэй компанийн хувьцааг худалдаж авсаар байна. Эрсдэлийг ашиглаж технологи эзэмшлийн давуу талыг олж авч байгаа хэрэг.

-Тэгвэл бидэнд хямралыг ашиглах ямар боломж байна?

-Яг энэ боломжийг ашиглаад зэс, газрын ховор элемент дээр том хөрөнгө оруулалтыг татсан шигээ суух ёстой. Өнгөрсөн долоо хоногт Канад, Америк, Австралийн хөрөнгө оруулалтын сэтгүүлүүдэд “Оюу толгойгоос холгүй зэсийн дажгүй орд олдчихлоо” гэсэн утгатай мэдээлэл гарсан харагдсан. Хэчнээн хямрал болж байгаа ч хөрөнгө оруулагчид боломжийг олж харчихаад байна аа л гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, монголчууд хямралын дараах эдийн засагт байр сууриа бэхжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Хувьцааны ханш хуйгаараа уначихаар хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж таарна.

Банканд хадгалах гэхээр улс орнууд бултаараа хүүгээ бууруулсан учраас хадгаламж ашиггүй болчихож байгаа юм. Энэ тохиолдолд их мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангууд эрсдэлтэй ч гэсэн ирээдүйд өгөөжөө өгөх салбаруудад мөнгөө байршуулаад эхэлж байна. Манай Засгийн газрын бондуудын өгөөж яг өнөөхөндөө дажгүй байгаа нь цаанаа ийм учиртай.

-Өөр ямар гарц харагдаж байна вэ?

-Магадгүй бид эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж, өмнө нь яригдаж байсан нүүрсний орд дагасан цахилгаан станцуудаа барьчихвал том дата төвүүд барьж крипто-валютын майнинг хийж болж байна.

Сүүлд гэхэд Хятад дижитал юань гээд гаргачихлаа шүү дээ. Томоохон дата төвүүд ажиллуулах цаг уур, орчин нөхцөлийн давуу тал бидэнд бий. Цар тахал дэгдлээ гэхэд цөөхөн боомттой, хүн ам цөөн гэсэн давуу тал бас байна. Зэс, алт, газрын ховор элементийн дажгүй нөөц байх өндөр боломжтой, Хятад гэж том зах зээлийн бөөрөнд гэж ирээд жагсаавал бид олон давуу талтай.

Үүнээс гадна шинэ онгоцны буудлаа байгуулчихвал онгоцны карго тээврээр их мөнгө олох боломжтой. Цар тахлын дараа онгоцны тээвэр хүчээ авна. Солонгос, Японыг Европтой холбоод байхад манайх агаарын тээвэр дээр асар өндөр тоотой валют олох боломж бий. Иймэрхүү зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед засгаас авч байгаа арга хэмжээнээс олзуурхаж магтмаар шийдэл, шийдвэр гэвэл юуг онцлох вэ?

-Харамсалтай нь алга. Чингисийн хөшөө л барих юм биш үү. Уг нь Чингисийн хөшөө биш Чингисийн ухаан нь хэрэгтэй баймаар юм. Ер нь 12-13 дугаар зуунд монголчууд зэрлэг бүдүүлэгтээ ялаад яваагүй юм билээ.

Наад захын тод жишээ нь металлурги айхавтар хөгжсөн байсан. Монгол ба Өмнөд Солонгосын археологичид судалгаа хийгээд “Монголын хүрэл зэвсэг хийдэг технологи Хятадынхаас илүү гарна уу гэхээс дутуу биш байна” гээд дүгнэчихлээ. Зэс хайлуулдаг жижиг тогоо гэхэд л Увсаас Өмнөговь хүртэлх газраас маш олноороо олдож байна.

Зэсээ хайлуулж тугалгатай хольж хүрэл гаргаж аваад маш чанартай дөрөө, сумны зэв, хуяг дуулга хийж байж. Гэтэл европчуудын хуяг дуулга төмрөөр хийдэг учраас маш хүнд байсан.

Манайх хүрэл учраас хөнгөн хэр нь бат бөх байж л дээ. Нэг шүүмжлэл хэлэхэд манай сайд нар хэтэрхий амиа бодсон, аймхай байна. Шинэ Засгийн газрын сайд нар ийм байвал улсаараа хэцүүднэ,

-Тахлын дараа эдийн засаг хэцүүдэх учраас зоригтой шийдвэрүүд гаргах ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Ард түмэнд таалагдахгүй шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Сонгуулийн дараа хамтарсан, золиосны Засгийн газар байгуулагдах байх. Тэгж байж эдийн засгаа аварч үлдэнэ. Учир нь сонгуулийн дараа ханш, ажилгүйдэл, ядуурал гээд асар том шок ирэх нь тодорхой болчихлоо.

Өнөөхөндөө валютын сангийн хөтөлбөр, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, зэсийн үнэ өндөр байсан гэх мэт зүйлүүдэд дулдуйдаад яваад байна л даа. Сонгууль хүртэл барих байх. Сонгуулийн дараа зохиомол барилт нь зад үсэрнэ. Тэр үед үүсэх хүндрэлийн ер төлөөсийг өнөөгийн сайд нар төлөхгүй.

Дахиад л ардын баатрын дүр эсгэж сонгогдоод зөөлөн суудалд тухалж амьдарцгаана. Хувийн хэвшлийнхэн, дундаж давхарга, эмзэг бүлгийнхэн хамгийн том төлөөс төлж, хамгийн хүнд ачаа үүрнэ. Ийм айхавтар эрсдэл дундуур туучихгүйн тулд хамтарсан золиосны Засгийн газар байгуулж том төслүүдээ явуулах ёстой.

-Оюу толгойтой хамаатай хоёр ч шийдвэр дээр ажилласан хүмүүсийг барьж хориод шүүнэ энэ тэр болоод явчихлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын хувьд маш том сөрөг дохио биз?

-Ойлгомжтой шүү дээ. Гуравдагч хөршийнхнөөс гадна оросуудыг хүртэл гомдоочихсон, Эрдэнэтийн 49 хувь дээр луйвар хийсэн гэж гүтгээд. Оросын “Ростех” чинь засгаасаа илүү эрх мэдэлтэй. Дэлхийн хамгийн том хуулийн компаниудыг хөлсөлж өөрсдөө хэлцлээ хийсэн, зарсан хувийг нь манайхан хуулийн дагуу авсан байдаг юм.

“Ростех” тухайн үед мэдэгдэл хүртэл гаргасаар байхад манайхан хойд хөршийн нэг жижиг компанитай нийлээд луйвар хийсэн юм шиг яриад яваа. Шуудхан хэлэхэд бид нэг улсаас айхавтар хараат болж байна. Манай том банкнуудын гадаад гүйлгээг Хятадын банкнууд хийхээр боллоо. Гадаад бодлого дээрээ маш том ухралт хийчихлээ л дээ.

Оюу толгойтой хамаатай шийдвэр гаргалт дээр ажилласан хүмүүсийг шүүх гэж байгаагийн хувьд ганц зүйлийг л тодруулж хэлмээр байна.

Дубай дээр тухайн үеийн МАН-ын лидерүүд, одоо засаг тэргүүлж байгаа хүмүүс дэмжсэн байр суурьтай байсан. Гэтэл өнөөдөр хамтдаа шийдвэр гаргасан нөхдөө өмөөрөөд ганц үг дуугарчихдаггүй юм аа гэхэд ядаж л том төсөл дээр ямар байр суурьтайгаа илэрхийлэх зүрх зориг тэдэнд алга. Л.Түдэв гуай “Хүний хамгийн том албан тушаал бол хүн байх явдал”гэж хэлсэн байдаг. Монгол эр хүн ямар ч алба хашиж болно.

Гэхдээ албан тушаал хараад хүн чанараа гээж, Түгжил соёл түгээгээд байвал энэ улсын ирээдүй хойч дэлхийтэй яаж харилцах вэ? Бодохоор асуулт шүү.

-Манай сонин саяхан хойд хөршид суугаа элчнийг цар тахлын үеэр оюутнуудаа анхаарсангүй гэж шүүмжилсэн. Цар тахлын үед элчингүүдийн хийх ёстой ажлын нэг нь түрүүн таны хэлсэнчлэн хөрөнгө оруулалт татах ажил баймаар. Ер нь элчингүүд тахлын үед үүргээ гүйцэтгэх тал дээр хэр ажиллаж яваа гэж та харж байна вэ?

-Элчингүүдийн нэг үүрэг бол хөрөнгө оруулалт татах. Харамсалтай нь энэ чиглэлээр ажилласан юм алга. Шуудхан хэлэхэд хар тамхины наймаанаас хэтрэхгүй байна л даа. Цар тахлын үеэр иргэнийхээ төлөө хийж яваа юм байхгүй гэдэгтэй санал нэг байна.

-Эрх баригчид алсын хараа 2050 энэ тэр гээд ирээдүйгээ харсан бодлогын баримт бичиг хийгээд яваа анзаарагдах юм. Тэр бичиг баримтыг нь олж харсан уу?

-Хальт харсан. Зангидсан зүйл нь тааруу юм билээ. Судалгаа үндэслэл нь бодит байдлаас зөрүүтэй, хэт өөдрөг санагдсан.

-Судалгаагүй мөрөөдөл бичсэн гэдэг дээр ямар жишээ байна?

-Их л олон хот суурин байгуулна гэсэн байна лээ. Эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх боломжтой, ядаж л эмч, багш нарын хүрэлцээ сайн байж хот бий болдог. Гэтэл тэр талыг нь шийдсэн юу ч харагдаагүй.

Хүмүүсийн цалинг маш өөдрөгөөр төсөөлсөн харагдсан. Бүтээмж, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цалин өсөхгүй. Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ, гадаадын хөрөнгө оруулалтыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Солонгос, Японы жишээг нэлээд сайн авсан гэж тайлбарлаж байсан.

Гэтэл тэр улсууд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж хөгжсөн түүхтэй. Манайх шиг гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргаад, дотооддоо бизнес хийж яваа бүх хүнээ барьж авч шоронд хийгээд байвал хөгжихгүй.

Уг нь “Тогтвортой хөгжил 2030” олон улсын стандартаар хийсэн сайн бодлого байсан юм. Яг энэ бодлогын дагуу Сангийн сайд саявтар НҮБ-аас нэлээд том төсөл авч харагдсан.

АН арай олон суудалтай байхдаа энэ бодлогыг гаргасан болохоор 2050 гэсэн бодлого баталж сөргүүлж тавиад байгаа ч юм шиг. Хамгийн аюултай нь Германы Хөгжлийн яам Тогтвортой хөгжил-2030, хүний эрх ардчилал дээр дэвшил гаргахгүй байна гэсэн шалтгаанаар төслөө зогсоох орнуУдын тоонд Монголыг оруулсан байна лээ. Монголын гол бэрхшээл энэ л дээ.

Тодруулж хэлбэл, Засгийн газар бүр өөрсдөө урт хугацааны бодлого гаргаж ирээд байна.

-Эдийн засагчийнхаа хувьд Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өмнөх Засгийн газрууд иймэрхүү хүнд байдал, хямралуудыг даваад гарч байсан. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө манайд жилийн дараа нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл дараа жилийн өдийд хямралын нөлөө жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ.

Тэгэхээр хямралтай жилүүдэд зовлон үзсэн, асуудлыг давж гарсан хүмүүсээс бүрдсэн зөвлөхүүдийн баг байгуулах ёстой. Тэгэхгүй бол манай Засгийн газрын сайд нарт багийн тоглолт гэж алга.

Хүн бүр хувийн тоглолт хийж, тус бүрдээ ардын баатар болоод байна л даа. Нэг л юманд маш сайн байна. Цэдэнбалын үеийнх шиг пропоганда хийхдээ үнэхээр сайн байгаа. Зохиомол дайсан олохдоо сайн хэр нь шийдэл олохдоо маш муу байна.

Уг нь шийдэл олж байсан, одоо ч олж чадах хүмүүс бий. Хамгийн том жишээ нь С.Баяр, М.Энхсайхан хоёр. Гэтэл нэгийг нь хорьж, нөгөөг нь хорих гээд шүүж байх жишээний. Уг нь тэд шүүхийн танхимд биш УИХ, Засгийн газрын танхимд зөвлөгөө өгөөд сууж байх ёстой.

Зураг
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орост сурч байгаа оюутнуудаа хамгаалж чадаагүй Элчин сайд Д.Даваад хариуцлага тооцъё

Манай улс ОХУ-д сурдаг оюутнуудаа татаж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Татсан ч гэж дээ, хойд хөршийн сургуулиудын дотуур байрнууд гадаад оюутнуудаа хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн учраас тосоод авсан хэрэг. Хөөгдөн барин ирсэн оюутнуудаас шил дараалан халдвар илэрсээр байгаа. Манай улсад илэрсэн бараг бүх л халдвар хойд хөршид сурдаг оюутнуудаас илэрсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Эндээс «Хойд хөрш зорьж очиж суралцаж байсан гадаадын оюутнуудыг яагаад гудамжинд хөөж гаргав» гэсэн асуулт ургаж гарах нь тодорхой.

Нэг л зүйл хэтэрхий ойлгомжтой байна. Цаашдаа ийм улсад хүүхдээ сургах шаардлага байна уу гэж адармаар хандлага гаргачихлаа, ОХУ. Сургана гэж авааччихаад, өвчин тахал дэгдэнгүүт амьдарч байсан байрнаас нь үг өчиггүйгээр хөөгөөд гаргачихдаг улс гэж байх уу? Дипломат харилцаатай, дээр нь хөрш улсын хувьд тавихаас аргагүй асуулт.

Онцолж тодотгоход ОХУ-д Монголоо төлөөлж суугаа Элчин сайд энэ асуудалд хүйтэн хандлага гаргаж, маш сэтгэлгүй ажиллалаа. Шуудхан хэлэхэд аав, ээжийнхээ гэрээс дөнгөж гарч ном сурч яваа хүний нялх үрсийг харь газарт эзэнгүй хаячихсан гэм хойд хөршид суугаа Элчин сайдад бий. Төрсөн гэр, эх нутгаасаа алс яваа оюутнуудаа хараагүй юм шиг үл тоож чимээгүй сууна гэдэг бас л бөх зүрх шүү. Дэлхий нийтээрээ тахлын өмнө сандралдаж, хар толгойтой хүн бүрийг адлангуй ширвэж эхэлсэн ийм цагт залуусаа хөсөр хаячихаад тоохгүй суусан Элчин сайдад хатуу үг ч зөөлдөөд байх юм.

Өөрсдөө учраа олог гээд тоохгүй хаячихаар халаас нимгэн хүүхдүүд өчнөөн газраар үймэлдэж гүйлдсэн нь тодорхой. Хүн олонтой, эрсдэл өндөртэй гэсэн хамаг л газраар хоолтой, хоолгүй, нойртой нойргүй, нимгэн нүцгэн гүйж, сандралдсаар ирсэн хүүхдүүд вирусийн халдвараас тойрч гарах аргагүй.

Элчин сайд харь оронд юу хийх гэж улсаа төлөөлж очдог вэ гэсэн асуулт тавиад харъя. Улс төрийн үүрэг зорилго нь ч яахав, тодорхой. Найрсаг харилцаа, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх, өөрийн орныхоо гадаад дотоод бодлогыг эерэгээр ойлгуулж таниулах, худалдаа наймаагаа өргөжүүлж хөгжүүлэх гэх мэтээр хөвөрнө. Хүмүүнлэгийн талаас нь харвал гадны улсуудад эх орноо төлөөлж суугаа элчингүүд бяцхан Монгол Улс. Давтаад онцлоход гадаадад Монгол Улсыг төлөөлж буй ЭСЯ, Элчин сайдууд бичил Монгол Улс. Энэ утгаараа Элчин сайдууд тухайн улсад амьдарч, сурч, ажиллаж буй монголчуудынхаа асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй. Улс орон нь иргэддээ яаж ханддаг билээ, яг тийм хандлагыг үзүүлэх ёстой хүн бол Элчин сайд. ЭСЯ, Элчин сайдуудын гол үүрэг, хариуцлага нь ерөөсөө л энэ.

Харамсалтай нь, ОХУ дахь Монголын Элчин сайд энэ үүргээ биелүүлсэнгүй. Хэцүү цагт харь улсад гудамжинд хөөгдөж гарсан хүний балчир үрсэд өчүүхэн ч сэтгэл гаргасангүй. ОХУ-аас ирсэн оюутнуудаас толгой дараалан халдвар илэрч байгаагаас Элчин сайдын хүйтэн хүнийрхүү хандлагыг багцаалдчихаж болно. Уг нь оюутнуудаа тэндээс энд авчрах тийм хэцүү хэрэг биш. Жаахан сэтгэл гаргачихад л болчих асуудал. Наад зах нь манай хил залгаа улс. ОХУ-ын хотуудаас жижиг портер хөлсөлж аваад нэг цуваагаар Алтанбулагт авчирчихад болчих юм л даа, уг нь. Хаа холын Берлин хотоос хөлөөр нь машин оруулж ирэх энгийн л нэг бизнес болсон өнөө цагт зэргэлдээ улсаасаа цөөхөн оюутнаа авчрах хэцүү биш, үдийн будааны дайны хялбар ажил. Ингээд харахаар улсаа төлөөлсөн Элчингийн сэтгэл дутсан гэхээс өөр тайлбар алга.

ОХУ-ын зүгээс «Үлдсэн оюутнуудаа ч татаж ав» гэсэн шаардлага тавих сураг чих дэлсээд эхэллээ. Одоо оюутнуудаа татаж авахдаа өмнөх шиг хандмааргүй байна.

Тусгай комисс гаргаж, өндөр зохион байгуулалт дор халдвар хамгааллын дэгийг дээд зэргээр сахиулж эх оронд нь авчрах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, залуустаа хүйтэн сэтгэлээр хөндий хандсан Элчин сайд Д.Давааг эргүүлэн татаж, хариуцлага тооцмоор байна. Уг нь цэрэг цуухад байсан генерал цолтой хүн. Гэвч тэр хүнд Элчин сайд байх төрийн торгон мэдрэмж дутагдлаа. Цэрэг хүний нэг зовлонтой юм нь тушаахгүй л бол хөдөлдөггүй гэм байдаг. Тиймээс л шинэ цэргийг харан тоглоом тохуу хийж суудаг хуучин цэргийн зан гаргаж хэдэн муусайн хүүхдүүдийг хөсөр хаясан бололтой, мань генерал.

Монголоо гэсэн элэггүй, иргэнээ гэсэн сэтгэлгүй хүнийг дипломат албанд удаан байлгаж болохгүй гэсэн энгийн логикийг наад захын хэн ч бодоод олчихно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Нүүрсний экспорт дээр карантины сэтгэлгээг өөрчлөх ёстой

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Нүүрсний экспорт сэргэсэн эхний үед өдөртөө хорь, гучин машин л Гашуунсухайтаар гарч байсан. Та сая Гашуунсухайтад ажиллаад ирлээ. өдөрт хэчнээн машин гарч байна?

-Өнгөрсөн баасан, бямба гаригт Гашуунсухайтад ажиллалаа. Хилээ нээгээд нүүрсний экспортоо эхлүүлж байгаа ч хүссэн хэмжээнд хүрч өгөхгүй байна л даа. Одоогоор Гашуунсухайтын боомтоор өдөртөө зуу гаруй машин гарч байна. Нүүрс гардаг бусад боомттой нийлүүлж тооцвол 300 хавьцаа машин нүүрс гарч байгаа юм билээ.

-Өмнө нь өдөртөө мянга гаруй машин гарч байсан. Тэр горимдоо орох боломж харагдав уу?

-Тал талдаа цочирдсон гэдэг утгаараа эргээд хэвийн, тогтсон горимдоо ороход хугацаа шаардах нь тодорхой. Гэхдээ анхаарал тавих ёстой, энэ янзаараа удаж болохгүй. Ийм бодол санаатайгаар Гашуунсухайтад ажиллаад ирлээ. Хятадын элчинтэй хамт очсон. Алдсан хоёр сарыг нөхөж ажиллах ёстой гэж ярилаа. Энэ бол бодлогын байр суурь. Монгол, Хятадын хоорондох худалдааг арван тэрбумд хүргэнэ гэсэн зорилтоо хоёр тал амжилттай биелүүлж яваа. Өөрөөр хэлбэл, энэ зорилт биелж байх ёстой. Түр зуурын асуудал гарсан ч алдсанаа нөхөөд зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр явна шүү гэдэг тохиролцоо хоёр талд байна.

-Яг одоогийн байдлыг харахаар цар тахлын үе учраас байдал эргэж хэвийн болтлоо удах нь тодорхой гэсэн хүлцэнгүй хандлага анзаарагдаад байна л даа. Таны хувьд цар тахлын үед ч экспортоо эрчимжүүлээд явах боломжтой гэж харж яваа байх нь…?

-Цар тахлын дараа юм чинь хэвийн болтлоо удах байлгүй гэсэн хэт хүлээцтэй байдлаар хандаж болохгүй. Тал талаасаа шахаад ажиллах ёстой. Мэдээж эрүүл мэндийн шаардлага дээр ямар нэг наймаа тохироо байхгүй. Дээд түвшинд байх ёстой нь тодорхой асуудал. Гэхдээ өнгөц харахад эрүүл мэндийн шаардлага юм шиг хэрнээ эрүүл мэндтэй хамаагүй захиргааны шинж чанартай хүндрэл, хүнд суртлын саад тотгоруудыг арилгах хэрэгтэй.

Түрүүлж харж, түрүүлж залах боломж байна. Хамгийн олзуурхмаар нь хоёр талд ийм хүсэл эрмэлзэл байна. Эхний улиралд Хятадтай хийсэн манай гадаад худалдааны эргэлт 1.2 тэрбум байгаа. Түрүү жилийн мөн үеийнхээс 40 гаруй хувиар унасан үзүүлэлт. Энэ хувийг нөхнө гэдэг нь маш том зорилго. Гэхдээ нөхнө гэж хараад чиг гаргаж ирнэ гэдэг том зүйл. Ердийн үед зургаан эгнээгээр нүүрсээ гаргахад нэг, хоёр сар шаардагдана гээд сууж болно л доо. Гэтэл нэг сар гэдэг хугацаа бидэнд маш үнэтэй болчихлоо л доо. Тэгэхээр тал талдаа сэтгэл гаргаж, бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Дэлхийн улс орнууд цар тахлын нөхцөл байдлаас дан дангаараа биш, хамтдаа гарахын төлөө чармайж яваа. Бид вирусэнд анагаахын үүднээс ялагдахгүй байгаа. Гэтэл вирусийн дараа өлсгөлөн олон түмэнтэй үлдчихвэл вирусэнд ялагдсанаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл бид вирусэнд анагаахын талаасаа ч эдийн засгийн үүднээс ч ялагдахгүй байх ёстой. Нүүрсний экспорт сэргэсэн ч маш бага хэмжээгээр гарч буй нь нэг талдаа вирусэнд ялагдаж байгаа хэрэг.

-Махны хувьд мах экспортлогчид нэлээд асуудалтай байгаа дуулдсан…?

-Ер нь ийм үед зориг гаргаад илүү давшингуй урагшлах ёстой. Бүх боломжийг хайж, худалдаагаа сэргээх талд ажиллаж байгаа. Алдсан хохирлоо том бодлогын түвшинд нөхөж ажиллана гэж түрүүн хэлсэн дээ. Энэ бол ганцхан нүүрсний хувьд ярьж суугаа асуудал биш. Экспортын бүх бүтээгдэхүүнд хамаарах байр суурь. 2018, 2019 онд гадаад худалдаа хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. 2018 онд хийсэн шиг худалдааны эргэлт Монгол Улсын түүхэнд байгаагүй. 2019 онд энэ амжилтаа эвдсэн. Товчхондоо сая хэлсэн амжилтууд худалдаа ямар хурдтай сайжирч байгаагийн том нотолгоо болох байх. Бид хилээ хаагаад 90 хоносон ч бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй яваагийн том шалтгаан нь энэ л дээ.

-Коронавирус дэлхийг өөрчилнө, өмнөх дэлхийдээ амьдарна гэж бодож болохгүй гэсэн үгийг олон шинжээч хэлж байгаа. Та ч ийм өнгөөр ярилаа…

-Хятадын ерөнхий сайд эдийн засгийн удаашралтыг new normal гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, шинэ ердийн нөхцөл байдал гэчихсэн. Бид ийм ухагдахуун, ойлголтуудтай нийцэж ажиллах хэрэгтэй. Цар тахлын нөхцөл байдалд бүх юмаа хаачихаад, тахал дуусахаар л эхлүүлье гэвэл хэцүүднэ. Цар тахал, тахлын нөлөө шуудхан алга болчихгүй, тэгэх байсан ч болохгүй юм байна гэж тооцож ажиллах хэрэгтэй. Нэгэнт үүссэн шинэ нөхцөлд зохицсон шинэ тогтолцоог бий болгох шаардлага үүссэн.

-Цар тахал дууссаны дараа хуучнаараа амьдарна гэж бодож болохгүй гэсэн үг үү?

-Ер нь тийм. Дэлхий өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. АНУ болон бусад улсын оргил, тогтворжих, буух үеийг харахаар долоо, наймдугаар сар лав хүргэхээр байгаа. Яг тэр үед зогсох эсэх нь бас эргэлзээтэй. Товчхондоо ийм цагт ч зогсолтгүй ажилладаг системтэй байхгүй бол урагшлахад хэцүү. Карантины системтэй хэрнээ зогсолтгүй худалдаа хийдэг тогтолцоотой байх ёстой. Карантины системийг ердийнхөөр нь ойлгоод хааж боогоод суувал хэцүүднэ гэсэн үг. Замын-Үүд дээр богинын эргэлт хийж байгаа жолооч нараар жишээлье. Өнөөдөр манайд үйлчилж буй журмаар тэр хүмүүс Хятад руу гарч ирэнгүүтээ 21 хоног карантинд орохоор байгаа. 21 хоног карантинд суугаад дахиад нүүрсээ тээвэрлэнэ гэвэл бид хэр хэмжээний нүүрс зөөх вэ? Хэдэн сая тонны асуудал ярих арга байхгүй. Шуудхан хэлэхэд карантины сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй болж байна. Мэдээж аюулгүй байдал хамгийн түрүүнд тавигдаж таарна. Сая ярьсан жишээн дээр үндэслээд хэлэхэд тэр хүмүүс дотогш орж ирэхгүйгээр экспортоо хийгээд явж болно. Карантины бүс дотроо үйлчилгээгээ хийгээд явбал хаана ч ямар ч аюул учрахгүй. Харин карантинаасаа гараад нутгийн гүн рүү оръё гэвэл карантинд орж болно. Эргээд экспортоо хийе гэвэл маргааш нь ч гараад явах боломжтой. Ийм сэтгэлгээгээр ажиллахыг л шинэ хандлага гээд байгаа юм. Дахиад хэлэхэд нүүрсний экспорт дээр карантины сэтгэлгээг өөрчлөх ёстой.

-Техник тоног төхөөрөмжийн импорт зогссон нь бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд саад учруулж байна гэсэн асуудал бий. Таныг энэ асуудлыг хөндсөн гэж сонслоо…?

-Техник тоног төхөөрөмжийн импорт зогссон нь зөв шийдэл биш л дээ. Ариутгаад оруулаад ирэхэд асуудал байхгүй. Вирус тээгч нь хүн. Тоног төхөөрөмжийн гадаргууд байж болох ч бүрэн ариутгаад оруулбал асуудал гарахгүй. Миний хувьд “Эрүүл мэндтэй ямар ч хамаагүй зүйл шүү дээ.

Том бүтээн байгуулалт хийгдэх гэж байна. Танай аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнүүдийг манайхан авъя гэж байна. Нэвтрүүлж өгөөч” гэсэн санал тавьсан. Манайхан ч гэсэн үүн дээр нь хатуурхалгүйгээр маш сайн ариутгал хийгээд оруулах хэрэгтэй. Ер нь тал талдаа хүлээн зөвшөөрсөн.