Categories
мэдээ цаг-үе

Төгрөгийн ханш яагаад сулраад байна вэ?

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш аажимдаа суларсаар байгаа. Найман шарга валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2853 төгрөгөөр авч 2856 төгрөгөөр зарж байв. Бонд гаргасан, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй, алтны үнэ огцом өсөлттэй яваа, Оюу толгой төсөл үргэлжлэн хэрэгжиж байгаа гэх мэт эерэг шалтгаанууд бий ч цар тахлын хөл хорионоос болж эрс татарсан гадаадын хөрөнгө оруулалт сэргэх найдлага лав л ойрын нэг жилдээ байхгүй гэж шинжээчид хэлж буй. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүйгээр ам.долларын ханшийг удаан хугацаанд хазаарлах боломжгүй гэж эдийн засагчид онцолж байна. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлоод дажгүй доллар олж байгаа ч цар тахлын хөл хорионоос шалтгаалж ноолуур гэх мэт экспортын бусад бараа бүтээгдэхүүний ашиг орлого татарсан зурагтай байгаа. Төгрөгийн ханшийн сулралын шалтгааныг эдийн засагчид хэрхэн харж буйг хүргэе.

Ч.ОТГОЧУЛУУ: ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГОСОНГУУЛЬД ЗОРИУЛАГДААД ЯВААГ ЗАХ ЗЭЭЛ МЭДРЭЭД БАЙНА

Эдийн засагч Ч.Отгочулуу: Ханшийн сулралыг гурван үндсэн шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг маш өндөр хэмжээтэйгээр баталсан. Төгрөгийн ханшийн сулралд нөлөөлөхөөс аргагүй шалтгаан. Хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал муудсан учраас төлбөрийн тэнцэл тааруу байгаа нь тодорхой. Гуравдугаарт, иргэдийн төгрөгт итгэх итгэл суларчихлаа. Төсөв, мөнгөний бодлого сонгуульд зориулагдаад явааг зах зээл мэдрээд байна. Тийм учир төгрөгөөс илүү гадаад валютаар хадгаламж үүсгэх сонирхол их анзаарагдаж байна.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ХАНШ СУЛРАХ ШАЛТГААНЫ НЭГ НЬ БОДЛОГЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төгрөгийн ханш суларч байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Эдийн засгийг хөгжүүлэх тогтвортой бодлого алдагдсаны улмаас уул уурхайгаас хэт хараат олон тулгуурт бус эмзэг бүтэцтэй болсон явдал төгрөгийн ханшийн сулралд нөлөөлж байна. Сая хэлсэн бодит байдал валютын тогтвортой урсгалыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгаа. Нөгөө талаас тогтвортой бодлого байхгүйгээс болж өнөөгийн эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хязгаарлаж байна л даа. Өөрөөр хэлбэл, энэ байдалд валютын орох урсгалд сөргөөр нөлөөлөх үндсэн нөхцөл болчихоод байгаа юм. Иймээс урт хугацаанд валютын ханш аажим нэмэгдэж, үндэсний валютын ханш буурсаар байх нь хатуу ч гэлээ үнэн. Богино хугацаанд гадаад өрийн дарамт нэмэгдсэн асуудал бас бий. Зээл төлбөрөө эргэж төлөх цар тахалтай холбоотой эдийн засаг, гадаад худалдааны байдал дордсон нь валютын ханшийн өсөлтийг бий болгож байна.

Б.ЛАКШМИ: ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨЖ БАЙЖ ХАНШИЙН СУЛРАЛААС СЭРГИЙЛНЭ

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Төгрөгийн ханш судларч байгаагийн наад захын шалтгаан гэхэд л экспортын бууралт, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт эрс татралт. Мэдээж цар тахлын хөл хорио маш том нөлөө үзүүлж байгаа. Шинэ төслүүд эхлэхгүй байна. Уг нь ийм үед эхлэх боломжтой, эрхлэхэд бэлэн шинэ төслүүдийг засаг төрөөс бодлогоор дэмжиж эхлүүлбэл төгрөгийн ханшийн сулрал санаа зовох асуудал биш болно. Том төслүүд зогсчихсон, том компаниудын үйл ажиллагаа хэцүүдсэн гэх мэт олон шалтгаан төгрөгийн ханшийн сулралд нөлөөлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Монголбанкны гадаад санхүүжилтийнх нь 80 гаруй хувь БНХАУ-тай хамааралтай байна

-ТӨР ӨРИЙН УДИРДЛАГАА ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЯВАА УЧРААС ӨР БОЛОМЖ БИШ, ДАРАМТ БОЛЖ ХУВИРААД БАЙНА-

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Монголын гадаад өрийн ихэнх нь Засгийн газрын өр гэж мэдэгдсэн. Ер нь манай улсын гадаад өрийн хэчнээн хувь нь Засгийн газрын өр байгаа вэ?

-Юуны өмнө бид өр гэж юу болох, яагаад Монгол Улсын хувьд өр нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар ярих нь зүйтэй. Санхүүгийн ойлголтын хүрээнд өр гэдэг нь санхүүжилтийн хэрэгсэл. Улс орон, бизнесийн байгууллагын хувьд түүнийг ашиглан хөгжих боломжийг дэмжих эх үүсвэр. Гэтэл бид төрийн түвшинд өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас өр нь боломж биш, дарамт болж хувираад байна. Энэ нь бидний гол асуудал. О.Амартүвшин ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Эдгээр өрийн дийлэнх нь цөөн салбар, томоохон төрийн өмчит компаниудад төвлөрч байгаа нь үнэн. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар бидний нийт өр 30.8 тэрбум доллар байгаагийн 21 орчим тэрбум нь хувийн хэвшилд хамаарч байна. Үүний 11 тэрбум нь шууд хөрөнгө оруулалт юм. Хувийн салбарын өрийн дийлэнх нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болж буй уул уурхай, банк санхүүгийн салбарт хамаардаг. Товчхондоо эдгээр салбарт гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт төвлөрч байгаа. Шууд хэлэхэд, энэ салбарууд л гадаад санхүүжилтийг авах боломж өндөр байна. Бусад салбарууд тодорхой хэмжээний гадаад санхүүжилтийг ашиглаж байгаа ч энэ нь бага, тогтвортой бус. Тэгэхээр хувийн хэвшлийн өрийг шүүмжлэхээс илүү улс орны хөгжлийн тогтвортой бодлого, макро орчны тогтвортой байдалд анхаарч цаашид гадаад санхүүжилтийг олон салбарт ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу.

-Засгийн газрын өр гэхээр дотроо яаж ангилагдаж байна. Бондын өр хэчнээн хувийг нь эзэлж байна вэ?

-Дээр дурдсан хугацааны мэдээгээр Засгийн газрын нийт өр 7.8 тэрбум ам.доллар байна. Эдгээр нь бүгд урт хугацаатай. Бонд 2.75 тэрбум, урт хугацаат зээл 5.14 тэрбум доллар байна. Сүүлийн жилүүдэд гадаад өрийн дотор Засгийн өрийн хэмжээ, хувийн жин нэмэгдэж байгаа.

-Хятад улсаас авсан өр нийт өрийн хэчнээн хувийг эзэлж байна вэ. Лав л своп хэлцэл нэрээр баахан өр тавьчихсан. Урд хөршөөс авсан өр Монгол Улсын өрийн ихэнх хувийг эзэлдэг, аюулгүй байдал талаас харвал онцгой анхаарахаар асуудал гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улсын нийт гадаад өр нь тодорхой улсуудаас гадна, олон улсын санхүүгийн байгууллагууд болон олон талын оролцоотой өрөөс бүрддэг. Бидний хувьд гадаад худалдаа, эдийн засгийн хувьд БНХАУ-тай өргөн хүрээний хамтын ажиллагаатайгаас гадна хамаарал нэлээд өндөртэй байдаг. Харин өрийн хувьд энэ нь харьцангуй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлаас бага хамааралтай гэж хэлж болохоор. Засгийн газрын нийт өрд эзлэх БНХАУ-аас санхүүжүүлсэн зээлийн эзлэх хувь 12 орчим, зээлийн санхүүжилтэд эзлэх хувь 19 орчим хувьтай байна. Голлох санхүүжилтийг олон талын оролцоотой зээл, Япон улсын зээл эзэлж байгаа. Таны дурдсан санхүүжилт нь Төв банкинд хамаарна. Монголбанкны хувьд нийт гадаад санхүүжилтийн 80 гаруй хувь нь БНХАУ-тай хамааралтай байна. Бидний хувьд энэ асуудалд ерөнхий нөхцөл байдал буюу худалдаа, эдийн засгийн хамааралтай байдалд суурилан эмзэг ханддаг байхыг үгүйсгэхгүй. БНХАУ бидний гол хөршөөс гадна өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаа, дэлхийд өөрийн нөлөөллийг нэмэгдүүлэхийг хичээж тэргүүлэх гүрний төлөө өрсөлдөж яваа. Олон улс орон Хятадтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай байхыг хичээж байгаа. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа дэд бүтцийн төслүүдийн дийлэнх нь БНХАУ-ын санхүүжилтээр хийгдэж байна.

-Хятад улсад өгөх өрөө өгч чадахгүйгээс болж газар нутгаа алдсан, хэцүү байдалд орсон улсын жишээ өчнөөн сонсогддог. Онцолж хэлбэл, ямар улсууд газар нутгаа алдах гэх мэт том эрсдэлд орж байсан бол. Бидэнд тэгж болгоомжлох шалтгаан бий юу. Шуудхан хэлэхэд, ганц улсаас хамаатай өрийн хавханд орчихсон юм биш үү, бид?

-Ийм эрсдэлд орж байсан тохиолдол бий, орж болзошгүй улс орнууд байгааг дэлхийн томоохон судалгааны байгууллагууд анхааруулж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр БНХАУ нь жижиг улсуудад өр зээлийг ихээр өгч байгаа, тэр хүрээнд таны дурдсан өрийн хавханд орж байгаа болзошгүй улсуудын тоонд Монгол Улсыг хамруулсан байсан.Гэхдээ бид ямар эх сурвалжаас, ямар зорилго, үндэслэлтэйгээр тийм мэдээлэл, судалгааг гаргаж байгааг анхаарах нь чухал.

Бид хөгжлийн хангалттай түвшинд хүрч чадаагүй, жижиг улс болохын хувьд гадаад санхүүжилтийг ашиглахын зэрэгцээ тодорхой талаас хамаарах байдлыг хэт нэмэгдүүлэхгүй тал дээр анхаарах нь зүйтэй юм. Гэхдээ энэ нь зөвхөн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарахгүй, улс төр, гадаад бодлого, гадаад харилцаа нь энэ хүрээнд ихээхэн чухал гэдгийг анхаарах нь зүйтэй. Бидний хувьд шууд ийм эрсдэл тулгарсан гэж хэлэх нөхцөл хараахан бүрдээгүй гэж үзэж байна. Энэ нь сая танд дурдсан тоо баримтуудаас харагдаж байгаа. Харин өрийн ерөнхий түвшин бол сэтгэл зовох асуудал мөн. Өрийн удирдлагаа сайжруулах, эдийн засгаа хүчирхэг болгоход анхаарах шаардлага бий.

-Сая манайх Хятад улсаас дахиад зээл авчихлаа. Одоогоор зээл авах боломжтой ганц улс нь Хятад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Бид цар тахалтай холбоотой хүндрэлийг даван туулахын тулд зайлшгүй гадаад санхүүжилтийг ашиглах шаардлагатай. Зөвхөн БНХАУ-аас гадна олон улсын бусад байгууллагуудаас ч тодорхой санхүүжилтийг авч байна. Одоо гэхэд л олон улсын зах зээлд бонд гаргах ажлыг эхлүүлээд байна. БНХАУ-ын хувьд бидний гол хөрш, түнш улс яах аргагүй мөн. Мөн эдийн засаг, санхүүгийн хувьд хүчирхэг, эдийн засаг нь харьцангуй хурдан сэргэх хандлагатай байгаа зэрэг нь санхүүгийн түвшинд хамтран ажиллах шаардлагыг бий болгож байна л даа.

-Саарал, хар жагсаалт барууны, гуравдагч орнуудаас зээл хөрөнгө татахад хэр сөрөг нөлөө үзүүлж байгаа бол?

-Энэхүү жагсаалтын үндсэн агуулга нь тухайн улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоо сул, эргэлзээтэй гэдгийг илтгэдэг. Иймээс гадаад зах зээлтэй харилцах санхүүгийн бүхий л харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа. Эх үүсвэр татах боломж, өртөгт сөрөгөөр нөлөөлөхөөс гадна төлбөр тооцоонд хүчтэй сөргөөр нөлөөлж байна.

-Засгийн газар анх Чингис бондыг гаргахад хүү нь бага байсан. Одоо хүү нь улам л өсөөд, нэмж зээл авахад төвөгтэй байдал үүсчихсэн. Засгийн бондын хүү өсөхөд улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойлгомжгүй орчин маш том нөлөө үзүүлсэн гэдэгтэй та санал нийлэх үү, нийлэх бол яагаад?

-Санал нийлж байна. Бас дээр нь таны хэлсэн улс төрийн тогтворгүй байдал, бодлого мөн тогтворгүй ойлгомжгүй байгаагаас шалтгаалж бий болсон Монгол Улсын эдийн засгийн эмзэг, нэг салбараас хараат байдал нь үүнд хүчтэй нөлөөлсөн. Энэ утгаараа таны хэлсэн шалтгаанууд үндсэн шалтгаан мөн л дөө. Харьцуулалт хийж харъя. Бид 2012 онд таван жилийн хугацаатай Чингис бондыг 4.175 хувийн хүүтэй гаргаж байсан бол 2016 оны эхний хагаст гаргасан Мазаалай бондын хүү 10.875 байсан. Энэ нь өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд биднийг үнэлэх үнэлэмж хэрхэн буурсныг харуулж байгаа хэрэг. Хэдийгээр дэлхийн зах зээлийн нөхцөл байдал муудсан нь нөлөөлсөн ч үндсэн шалтгаан нь бидний сүүлийн 30 жилд эдийн засгаа зөв хөгжүүлж чадаагүй, төсөв, өрийн зөв бодлого хэрэгжүүлж чадаагүйн үр дагавар. Үүний дараа бид ОУВС-тай хамтарч чадсаны үр дүнд 2017 оны сүүлийн хагаст Гэрэгэ бондыг 5.63 хүүтэй гаргаж чадсан. Энэ нь хүү гэдэг зүйл нь тухайн улс орны улс төр, эдийн засгийн суурь хүчин зүйлээс хүчтэй хамаардгийг илэрхийлж байгаа хэрэг. Энэ асуудалд гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлаас гадна дотоодын зах зээлийн Засгийн газрын үнэт цаасны, банк санхүүгийн зах зээлийн хүүгийн асуудал мөн хамаарна.

-Засгийн бондын хүү өндөр байгаа учраас бонд нэмж гаргахад эрсдэлтэй гэж харж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Бондын хүү өндөр байгаа нь бидний гол эрсдэл биш. Бондын хүүг өндөр байхад хүргэж байгаа шалтгаан нь бидний гол эрсдэл. Дээр дурдсан улс төр, эдийн засгийн гол хүчин зүйлсийг сайжруулах замаар санхүүгийн нөхцөл байдлаа эрүүлжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Ингэж чадвал бид бага хүүтэй бонд авах боломжтой болно. Эдгээр нөхцөлийн улмаас Монгол Улсын эрсдэл, түүнд суурилсан зээлжих зэрэглэл сайжрахгүй байгаа нь зээлийн хүү өндөр болоход нөлөөлж байна. Тодруулбал, дээрх ерөнхий хүчин зүйлсээс гадна төсвийн бодлого, өрийн удирдлага, төлбөрийн тэнцэл зэрэг олон зүйлсийг сайжруулах шаардлага байна. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд бид өндөр хүүтэй бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх, өрийн удирдлага нь оновчтой бус байгаа үед эрсдэл байсаар байх болно. Өнөөдөр Fitch агентлагаас Монгол Улсын Засгийн газрын санал болгохоор зэхэж буй бондод В зэрэглэл тогтоосон нь өнөөгийн нөхцөл байдалд боломжийн үнэлгээ.

-Зээлжих зэрэглэл муу, бондын төлбөр өндөр учраас аж ахуйн нэгжүүдэд гаднаас санхүүжилт босгоход хүндрэлтэй болсон гэх шүүмжлэлийг олон эдийн засагч хэлдэг. Энэ шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Өнөөдөр Монгол Улсын зэрэглэл муу байгаа нь аж ахуйн нэгжүүдийн зэрэглэл, гадаад санхүүжилт авах боломжийг хязгаарлахаас гадна зардлыг нэмэгдүүлж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх гол нөхцөлүүдийн нэг болж байна.

-Дараа жилээс бондын төлөлтүүд их хэмжээгээр хийгдэнэ. Бидэнд тийм боломж байна уу. Бондын төлөлтийг шийдэх боломжтой хувилбарууд гэвэл та ямар гарц шийдлүүдийг санал болгох вэ?

-Санхүүгийн нөөц бололцоогоо харвал бид өөрсдийн дотоод боломжийг ашиглан барагдуулах боломж байхгүй. Үүнд бид өнөөг хүртэл эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлж сууриа бэхжүүлж чадаагүйгээс гадна уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг үр ашигтай зарцуулах, эрсдэлийг бууруулах зорилгоор хуримтлуулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй байдал, цар тахалтай холбоотой эдийн засаг уналтад орсон, төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдсэн байдал нөлөөлж байгаа. Иймд бидний хувилбар нь өрийг өрөөр солих, цаашид олон удсын байгууллагатай хамтран ажиллах шаардлага үүсэх болно.

-Засгийн газар том төслүүдийг хөдөлгөнө гэж байгаа ч өнөөхөндөө төмөр зам, нефтийн үйлдвэрээс өөр гялайх төсөл алга. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Төслүүдээ санхүүжүүлэх мөнгийг Засаг өөрөө бонд гаргаж босгох боломжтой юу. Эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар төслөө хөдөлгөсөн нь дээр үү?

-Сайн төслийг бонд гаргаж санхүүжүүлэх боломж бол бий. Гэхдээ үүнээс гадна бид төсвийн удирдлагыг сайжруулах замаар нэн тэргүүнд шаардлагатай эдийн засгийн суурийг дэмжих томоохон төслүүдээ санхүүжүүлэх, давын өмнө шаардлагагүй, үр дүн нь ойрын ирээдүйд гарах магадлал багатай бүтээн байгуулалтаасаа татгалзах асуудлыг шийдвэрлэх нь чухал. Ингэж чадахгүй байгаагаас маш их хэмжээний мөнгийг үр ашиггүй төсөл хөтөлбөрт зарцуулж, энэ нь эргээд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь бидний бас нэг гол боломжуудын нэг мөн. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд бодлого тодорхой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм.

-ОУВС-гийн хөтөлбөр яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтэд хэр сэтгэл хангалуун байгаа бол. Зарим эдийн засагч валютын сангийн хөтөлбөр үргэлжлэхээс аргагүй байдалд хүрчихсэн гэж байна. Энэ тал дээр таны төсөөөлөл, таамаг ямар байгаа вэ?

-Валютын сангийн хөтөлбөр хэрхэн дууссан, үр дүнг хэрхэн үнэлсэн тухай Засгийн газрын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна. Саяхан АНУ-ын Элчин сайдын яамнаас “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” тайланг танилцуулахдаа амжилтгүй болсон талаар дурдсан байна. Тэр тайланд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг хүчин зүйлс олон байгааг дурдсан байна.ОУВСангийн хөтөлбөрийн хүрээнд явцын үнэлгээнүүд сайн байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид валютын сангийн хөтөлбөрийн зорилтод тусгагдсан зарим ажлуудыг хангалт муутай хийсэн байх талтай.

Ерөнхийдөө 2016 оны нөхцөл байдал нэлээд дээрдсэн боловч төсвийн удирдлага, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого зэргийн хувьд алдаа гаргасан гэж би хувьдаа үзэж байна. Ялангуяа засаглал, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийг бий болгох тал дээр бид дорвитой зүйл хийж чадаагүй.

-Саарал жагсаалтаас гарах боломж харагдаж байна уу, танд?

-Энэ нь бидний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа үндсэн хүчин зүйлсийн нэг. Сааралт жагсаалтад оруулахдаа бидэнд үндсэн дөрвөн чиглэлд зургаан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт өгсөн санагдаж байна. Монголбанкны зүгээс өгч байгаа мэдээллээр энэ тал дээр бид нэлээд үр дүнд хүрч энэ оны эхний хагаст хоёр удаагийн тайлангийн хүрээнд эдгээр шаардлагыг биелүүлсэн гэсэн хариултыг авсан гэж ойлгосон. Иймд бидэнд тодорхой хэмжээний найдлага бий болох үндэслэл байна. Бас нэг сөрөг туршлага нь тухайн жагсаалтад орсон улс 12 сарын дотор гарч байсан тохиолдол маш бага юм билээ.

-Зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ яг одоо хэдэн хувь болчихсон бэ, цаашид ер нь хэдэн хувь байвал эдийн засагт илүү эрсдэлгүй байх бол?

-Гадны эх сурвалж 77 хувь гэж мэдээлж байгаа бол саяхан батлагдсан төсвийн тодотголын баримт бичигт 2020 онд 62.2 хувь, 2021 онд 58.4 хувь байхаар оруулж ирсэн байсан. Өрийн түвшингийн хувьд бүх улс оронд тохирсон оновчтой хувь гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа бид өндөр хөгжилтэй, эдийн засаг, санхүүгийн нөөц сайтай улсуудтай харьцуулах нь бүр утгагүй зүйл. Харин өрийн сэрэмжлэх ерөнхий түвшин гэж байдаг. Энэ нь олон улсын түвшинд өрийн ерөнхий түвшин 40 хувь гэсэн байдлаар тодорхойлогддог. Бид анх энэ хувь хэмжээг баримжаалж төсвийн эрх зүйн орчиндоо тусгасан боловч энэ тоог шаардлагатай тухай бүр өөрчлөх, хуулийн үйлчлэлийг хойшлуулах замаар өрийн хэмжээг нэмэгдүүлж байна. Иймд бидний хувьд өрийн асуудал тулгарч байгаа нь биднийг өрийн хэмжээгээ хэтрүүлснийг илэрхийлж байгаа гол хэмжүүр гэж хэлэх нь зүйтэй байх. Өрийг авч болох боловч тэр нь үр ашигтай зарцуулагддаг, эргээд төлөхөд асуудал тулгарахгүй бол энэ нь өрийн түвшин тухайн эдийн засгийн хувьд нийцтэй байна гэж үзэж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Коммунист алга ташилтаар ковидыг давахгүй ээ, дарга нар аа

“МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав”

Төрийн ордонд өчигдөр нэг хэлэлцүүлэг боллоо. Цар тахлын аюулыг олон талт хамтын ажиллагаагаар давах нь гэсэн агуулгатай байв уу даа, их л сүрхий сэдэв сонсогдоотхов. Тахлын аюулыг олноороо яаж давах тухай хөндөнө, тэгээд бүр хэлэлцүүлэг гэхээр нь чих тавилаа.

Тахлын үеийн эдийн засагт хэрэгтэй санаа оноо, шийдлийг засгийн түвшинд яаж харж байгаа нь хэнд ч сонин. Тэнд оролцож суугаа танил эдийн засагч руугаа хэлэлцүүлгийн сонин сонсох санаатай залгатал “Коммунист намын хуралд ирсэн мэт сэтгэгдэл л төрж байна. Тахлын аюулыг яаж давах тухай түй ч санаа оноо, гарц шийдэл ярьсангүй.

Энд яг социализмын үеийн уур амьсгал мэдрэгдлээ. Төрийн байгууллагууд нь тахалтай яаж тэмцэж байгаагаа баатарлагаар илтгээд, хэлэлцүүлэгт оролцогчид нь таг дуугүй сууцгаасан шигээ л байна. Зарим нэг нь алга ташиж ч байх шиг. Чиний асуугаад байгаа тахлыг давах арга шийдэл, хувийн хэвшлийг дэмжих бодлого төлөвлөгөө, ханшийн өөрчлөлт тойрсон халуун мэтгэлцээн энд огт алга. Төсөв ч ярихгүй байна. Энд тэндгүй камер, зургийн аппарат тачигнуулсан зурагчид. Тахалтай ингэж тэгж тэмцлээ гэсэн пиараа л хийж байх шиг” гэж ам таглав. Итгэж өгсөнгүй “Хувийн хэвшлийнхэн ингэж тэгж хэцүүдсэн гэж ч ярихгүй байна уу. Иргэдийн ажилгүйдлийг ч үү” гэж лавлатал “Тийм яриа хөөрөө огт алга. Би харин хэлэлцүүлэг гэхээр нь нэлээд халуун яриа хөөрөө өрнөх нь гээд ирсэн юм. Горьдлого талаар боллоо. Бас нэг сонин юм анзаарагдлаа. Төрийн ордонд ажилладаг ганц хоёр хүнтэй үг сольсон чинь манай улс цар тахлыг харин ч дажгүй давж байна, эдийн засаг ер нь давгүй байгаа юм биш үү гэсэн утгатай үгийг жигтэйхэн итгэл үнэмшилтэй хэлээд байх юм” гэж байна. За ингээд цар тахлыг яаж мэнд давах тухай ганц ч өгүүлбэр сонсож чадсангүй утсаа тавилаа. Коммунист алга ташилтаар ковидыг давахгүй л дээ.

Бизнесийн орчин ямархуу байгааг хамгийн сүүлийн судалгаанаас харцгаая. МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа “Бизнесийн итгэлийн индекс” гэсэн судалгаа хийж, бизнес эрхлэгчдийн бодол санааг танддаг юм. Энэ жилийнх нь дүн гарчихаж. Өнөө жилийн судалгаанд 1800 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, ашиг, орлогын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр тооцож гаргадаг юм. Судалгаанд оролцсон баялаг бүтээгчдийн 42 хувь нь бизнес эрхлэх орчин өмнөх жилээс тодорхой хэмжээнд муудсан гэсэн хариу өгчээ. Гэхдээ бизнес эрхлэгчид цар тахал дөнгөж эхэлж байхад буюу энэ оны гуравдугаар сард ийм хариу өгсөн гэдгийг онцолъё. Цар тахал үргэлжилсэн хэвээр байгаа яг өдийд энэ хувь мэдрэгдэхүйц өссөн гэдэгт эргэлзэх юм алга. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 63 хувь нь ажилгүйдэл өснө гэж харцгааж. 40 хувь нь инфляци өснө гэсэн бол 42 хувь нь бизнестээ хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэж. Компаниудын 50-60 хувь нь ашиг орлого өснө гэдэгт итгэхгүй яваагаа хэлсэн байх юм. Судалгаанд оролцогчдын ердөө 31-хэн хувь нь өнөө жил бизнесийн орчин сайжирна гэсэн хариу өгчээ. Хувийн хэвшил рүү хандсан жаахан ч гэсэн дэмжлэг анзаарагдахгүй байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн бараг 90 хувь бизнесийн орчин сайжирна гэсэн итгэлгүй болчихсон суугаа гэчихэд үнэнээс зөрөхгүй.

Цар тахал хэзээ дуусах нь өнөө хэр бүрхэг байна. Дэлхий дахинд “COVID-19” цар тахлыг дор хаяж хоёр жилийн хямрал, бүр цаашилбал 3-5 жилийн хямрал гэж харж байна. 2020 оны хямралын нөлөө нь 2021 он, цаашлаад дараа онуудад бүрэн арилахгүй гэж харж байгаа учраас таван жил гэсэн том тоо сонсогдоод байгаа юм.COVID дэлхийн, Азийн, Монгол Улсын эдийн засагт огцом хямрал учруулж байгаа. ДНБ-ий агшилт газар сайгүй ажиглагдах нь нэгэнт тодорхой болчихсон трэнд.АХБ Азийн эдийн засаг 1960-аад оноос хойш анх удаагаа агшина гээд төсөөлчихлөө. Монголын эдийн засаг 2020 оны эцэст агшилттай гарна гэдгийг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд, Монголбанк, бүр Засгийн газар өөрөө хүртэл бүгд мэдэгдлээ. Ийм үед яг юу болоод байна вэ? Хатуухан хэлэхэд, Төрийн ордонд биенээ дөгөөсөн коммунист алга ташилт л сонсогдож байна.

Эдийн засаг 2020 оны эхний зургаан сард -9.7 хувиар агшсаныг хүн бүр мэдэж байгаа ч, цаана нь хичнээн ажлын байр байхгүй болж, хэдэн хүн гудамжинд гарсныг хэн ч ярихгүй, мэдсэн нь мэдээгүй дүр эсгэж яваа. Ялангуяа манай Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суугаа. Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр оны эхний зургаан сарын дотор зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 9.9 мянга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7.6 мянга, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 4 мянга, урлаг, үзвэр, тоглоомын чиглэлээрх үйлчилгээний салбарт 6.3 мянган ажлын байр аль хэдийнэ алга болчихсон. Энэ бол албан ёсны тоо. Гэтэл албан бусаар хэдэн хүн ажилгүй болсон бол?

Аливаа хямрал болоход хамгийн түрүүнд ажлын байруудыг хамгаалдаг. Энэ бол дэлхийн аль ч улсын хэрэглэдэг жам ёсны арга. Олон улс орон яг ийм арга хэрэглэж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүйхэн шиг авч яваа. Гэтэл Монголд ажлын байрны тухай, ажил эрхлэлтийн тухай, хичнээн хүн гудамжинд гарсан тухай ярьж суугаа сайд, дарга, улстөрч нэг ч алга. Зөвхөн гадаадаас зээл авч бэлэн мөнгө тараахыг хямралаас гаргах бодлого гээд ойлгочихсон Засгийн газартай байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Ажил эрхлэлтийн тухай, санхүүгийн тогтвортой байдлын тухай ярьдаггүй, үг унагадаггүй Ерөнхий сайд, Сангийн сайдтай улсыг нэрлээч гэвэл ганц Монгол л байна гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Хамгийн түрүүнд хувийн хэвшлээ хүү багатай хөнгөн нөхцөлтэй зээл, санхүүжилтээр дэмжиж байж ажилгүй иргэдээ орлоготой болгоно гэдгийг Ерөнхий сайдад дахин дуулгая. Арилжааны банкуудаа дарамталж, буланд шахаж биш аж ахуйн нэгжүүдээ хүү багатай санхүүжилтээр тэтгэж байж л тахлын үеийг улсаараа мэнд давж чадна.

Яг одоо дэлхийн улс орнууд цар тахлыг өөрөөр амьдрах, түүний тулд бодлогоо өөрчлөх сургамж гэж харж байна. Нэг жишээ хэлье. Үр ашиг гэдэг юмыг одоо л яг бодитой авч үзэх цонх үе гараад ирлээ. Монголд үр ашиггүй юм маш их. Улсын төсвийн зарцуулалт, төсвийн тендер, төрийн албаны нүсэр бүтэц гээд тоочвол урт жагсаалт гарна. Ковидыг энэ алдаануудаа засах боломж гэж хараад зүтгэвэл боломж бий. Дотоодод хөгждөггүй, хөгжүүлэхийг хүсдэггүй байсан орхигдсон салбаруудаа босгох боломж ч ирчихээд байна. Цар тахлын үеийг ашиглаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлбэл тахлын дараа аятайхан хөгжөөд явчих боломжтой.

Хил хаагдчихсан, хэзээ нээгдэх нь бүр ч тодорхойгүй ийм цаг үед ядаж төмс хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйг дэмжих, мал аж ахуйдаа хөрөнгө оруулах, дэд бүтцээ тордсон шигээ амьдарвал илүү ухаалаг бодлого болно.

Гэтэл цар тахлын эсрэг улсын төсвийн зарцуулалтад ирээдүйд өгөөжөө өгөх ийм хөрөнгө оруулалт өнөөхөндөө лав алга. Өнөөх л мөнгө тараалт, төсвийн тендерээр үр ашиггүй шавар тагз дутуу дулимаг барих, түүндээ холбоотой компаниудаа хавчуулж шахаа хийх, болж өгвөл ЖДҮ авч завших санаатай харанхуй бодлого үргэлжилсээр байна.

Эцэст нь хэлэхэд, хувийн хэвшлээ л тэтгэсэн бодлого барьж байж тахлын үеийг улсаараа дажгүй давж гарна. Яг өнөөдрийнх шигээ хувийн хөрөнгийг хураана, банкны хүүг хүчээр бууруулна, ингэж тэгж ийм тийм халамж, хувь хишиг тараана гэсэн шигээ аж төрвөл ирэх жилүүдэд эдийн засаг элгээрээ хэвтэх том эрсдэл л биднийг хүлээж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа: Үндсэн хууль зөрчсөн хуулийн золиосонд хэчнээн хүн хилсээр ял эдлэх нь Цэцэд падгүй бололтой

-КОММУНИСТ СССР-ИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ АРДЧИЛСАН МОНГОЛД ДАВТААД ЭХЭЛЧИХЛЭЭ-


Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Та саяхан манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхдээ дордуулж хэрэглэсэн нь ардчилсан оронд баймгүй явдал болсон, жаран жилийн өмнө л хуучны Зөвлөлт Орост ийм арга хэрэглэсэн байдаг гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдлийг чинь тодруулж ярилцахаар манай редакциас хандаж байгаа юм. Жаран жилийн өмнө хойд хөршид яг ямар үйл явдал болсон юм бэ?

-Юуны өмнө Да.Ганболд гэсэн ганц хүний өмгөөлөгчийн хувьд биш, сүүлийн үед өрнөж буй үйл явдал дээр хуульч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлмээр байна. Тэр үүднээс таны ярилцах хүсэлтийг хүлээж авсан юм. Хүн төрөлхтний түүхэнд Эрүүгийн хуулийг хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэсэн эхний бөгөөд цорын ганц жишээ байгаа юм, таны сонирхоод байгаа үйл явдал.Эрүүгийн хуулийг зөвхөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд буцаан хэрэглэх хуулийн зарчим олон улсад үйлчилдэг.

-Уучлаарай, яриаг тань таслаад асууя. Манай улсад ч бас Эрүүгийн хуулийг дээрдүүлэх тохиолдолд л буцаан хэрэглэх хуулийн зарчим үйлчлэх байх, тийм үү?

-Мэдээж тэгнэ. Манай улсад ч олон улсад үйлчилдэг энэ зарчим үйлчилнэ. Харамсалтай нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнээс салсан Ардчилсан Монгол Улсад энэхүү хэлмэгдүүлэлтийн технологи 60 жилийн дараа дахин хоржоонтойгоор давтагдлаа л даа. СССР-ийн үед валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг “дамын наймаа” хийсэн гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж цаазалсан түүх бий. 1960-аад онд Москвагийн валют арилжаалагчдыг КГБ-ын тусгай албаныхан мөшгин мөрдөж баривчилсан байдаг. Н.Хрушев залуусыг хэтэрхий зөөлөн шийтгэсэн гэж КГБ-г буруутгаад Москва хотын шүүхийн дарга Леонид Громовыг албан тушаалаас нь огцруулах санаачилга гаргасан байдаг юм. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Ерөнхий прокурор Роман Руденког Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушев “Та наад албан тушаалаа насаараа хаана гэж битгий горьдоорой” гэж зандарч байсан гэдэг. Валютын наймаачдыг дарангуйлагчийн хүслээр ямар ч аргаар хамаагүй цаазлахын тулд Зөвлөлтийн хууль тогтоогчид хуулиа хоёр удаа буцаан хэрэглэж, өөрсдөө хууль зөрчихөөс аргагүй байдалд орсон л доо. Ингээд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны бүгд хурал дээр хууль бус валютын гүйлгээ, хар захын наймаатай тэмцэх ажлыг Улсын аюулаас хамгаалах хороо(КГБ)-нд даалгах санал дэвшүүлсэн байдаг. Эцэст нь 1959 оны тавдугаар сард ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөс энэ төрлийн бүх хэргийг Улсын аюулгүй байдлын хорооны харьяалалд шилжүүлэх тогтоол баталсан юм. Хожим хурандаа С.Федосеев дурсамж номондоо “КГБ-ын удирдлага шинээр байгуулагдсан албаны даргаар намайг томиллоо. Манай албаны өмнө тавьсан үүрэг даалгаврын тухайд валютын “хар зах”-ын сувгуудыг хааж, “гол эзэд”-ийг нь илрүүлэн тогтоож, тэдний наймааны ажилд «үхлийн цохилт» өгөн зогсоох хэрэгтэй байв” гэж бичсэн нь бий. Валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлдэг Рокотов, Файбишенко болон баривчлагдаад байсан валютын наймаачдын хэргийг шүүх хурал 1961 оны хавар Москва хотын шүүхэд болж, валютын гүйлгээний дүрмийг зөрчин, онцгой их хэмжээний хохирол үзүүлсэн гэх үндэслэлээр ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн дагуу тэдэнд 3-8 жилийн хорих ял оногдуулах гэмт хэрэгт зүйлчлэн хамгийн дээд хэмжээгээр буюу найман жилийн ял шийтгэсэн байдаг. Гэтэл шүүх хурлын өмнөхөн ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор валютын хууль бус гүйлгээ хийсэн тохиолдолд оногдуулах ялыг 15 жил болгон нэмэгдүүлчихсэн. Гэвч уг баримт бичиг нь “валют арилжааны эзэд”-ийг баривчилсны дараа хүчин төгөлдөр болсон тул хууль буцаан хэрэглэдэггүй олон улсын эрх зүйн зарчмын дагуу тухайн яллагдагч нарт хамааралгүй л дээ.

-Гэсэн ч хүчээр ялыг нь нэмчихсэн үү?

-Тэгсэн. Н.Хрущевт ойлгуулахыг олонтаа оролдсон ч мань эр “Та нар халуун сүүнд хэлээ түлчихээд одоо хүйтэн ус хүртэл үлээдэг болоо юу. Тэднийг ялласан шийтгэл бусдыг айлгаж, сэнхрүүлэх ёстой. Үгүй бол ийм төрлийн гэмт хэргүүд орон даяар тархах болно” гэж уурласан гэдэг юм. Үүний дараа Дээд Зөвлөлөөс нэмэлт тогтоол гаргаж, өмнөх тогтоолыг “онцгой тохиолдлын улмаас” эргэн үйлчлэх хүчинтэй болгосон байдаг. Энэ шийдвэр гарангуут Рокотов, Файбишенко нарыг ял эдэлж байсан хорих ангиас нь шилжүүлэн авчирч зохион байгуулсан хоёр дахь шүүх хурлыг Москвагийн шүүхийн тэргүүн Леонид Громов өөрийн биеэр даргалж, тэдэнд мөн л тухайн онцгой тохиолдлын улмаас буцаан үйлчилсэн хуулиар хамгийн дээд хэмжээ болох 15 жилийн хорих ял оноосон юм.

-Уг нь эхний хоёр удаагийн шүүх хурлаас хорих шийдвэр гарсан юм байна. Хэзээд нь цаазлах ял болгоод хувиргачихсан юм бол?

-Тэр явдлаас хойш хэдэн өдрийн дараа хууль бус валютын гүйлгээтэй тэмцэх асуудлыг хэлэлцсэн юм билээ, ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурлаар. Тэр хуралд КГБ-ын холбогдох албаны даргыг урьсан байдаг. Хуралд уригдсан КГБ-ын холбогдох албаны даргын ярьснаар бол Н.Хрущев хурлын төгсгөлд «Валютын наймаачдын энэ хэрэг Зөвлөлтийн хууль тогтоомжийн “төгс бус” байдлын жишээ боллоо» гээд Рокотов болон бусад гэмт хэрэгтнүүдэд хэт зөөлөн ял оноосонд эгдүүцэж, намын удирдлагад илгээсэн “нэгэн үйлдвэрийн ажилчдын захидлыг” уншиж өгч л дээ.Тэр захидалд “Зөвлөлт Улсын эгэл жирийн иргэд бид эдгээр нийгмийн хог шаар, адгийн этгээдүүдийг хайрлахгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Тэдний сэтгэл хоосон атал тэд улам даварч, Зөвлөлт системийг үл хүндэтгэж байна. Тэд урвагчдаас ч дор, тэд аль хэдийнэ үхдэл болсон. Бусдад муу үлгэр дуурайл болгохгүйн тулд эдгээр гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь буудан хороож цаазаар авахыг танаас хүсье. Ингэснээр тэд ирээдүйд Зөвлөлтийн ард түмний нэр хүндийг унагаахгүй, бидэнтэй нэг агаараар амьсгалахгүй, Зөвлөлтийн иргэн гэдэг эрхэм нэрийг зүүх эрхгүй …” гэж бичсэнийг Н.Хрушев өндөр дуугаар уншиж өгсөн байдаг. Хрушев “Ажилчин ангийнхан энэ новшнуудын талаар ийм бодолтой байна” гээд ерөнхий прокурор Роман Руденког юу ч хийхгүй байна гэж буруутгаж, сүүлд нь “Та наад албан тушаалаа насаараа хаах болно гэж битгий горьдоорой” гэж зандарсан гэдэг. Ингээд ч зогсоогүй, ЗСБНХОУ-ын Дээд шүүхийн дарга Александр Горкинд ч банга хүртээж.

-Тэгээд л валют арилжаалагч залууст цаазын ял өгчихсөн үү?

-Тэр хурлын дараа ч биш л дээ. Хэсэг хугацааны дараа ЗХУКН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Хрушев Алма-Атад зохион байгуулагдсан нийтийн цуглаан дээр Рокотов, Файбишенко нарын хэргийн талаар дахин ярьсан байдаг юм. Мань эр “Та нар Москвад ямар бүлэглэлийг баривчилсан тухай уншсан уу? Тийм муухай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 15-хан жилийн ял оноосон. Тийм ээ, ийм шийдвэр гаргасан шүүгчдийг өөрсдийг нь шүүх хэрэгтэй” гэчихэж. Ингээд л түүний тушаалыг биелүүлж, Москва хотын шүүхийн дарга Л.Громовыг албан тушаалаас нь огцруулж, харин ЗХУКН-ын Төв Хорооны аппарат Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтойг нотолсон бичгийг яаравчлан бэлтгэж, Улс төрийн товчоонд илгээсэн түүхтэй. Тэр бичигт «Их хэмжээний валютын болон үнэт цаасны арилжааг ашиг олох зорилгоор үйлдсэн, хууль бусаар наймаалсан, мөн өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэл эдэлж байсан этгээдийг цаазаар авч болно» гэсэн үг өгүүлбэр дурайлгасан байдаг. Эцэст нь ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Брежнев 1961 оны долдугаар сарын 1-ний өдөр “Валютын гүйлгээний тухай журмыг зөрчсөний улмаас хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах тухай” зарлигт гарын үсэг зурж, дахиад л “онцгой тохиолдлын улмаас” түүнийг буцаан үйлчлэх хүчинтэй болгосон юм.

-Тухайн үед прокурор, шүүхээс хууль бус энэ тэр гэсэн шүүмжлэл, эсэргүүцэл гаргаж байсан юм болов уу?

-Цаг үе нь ямар билээ, хэчнээн эрүүл саруул зөв бодолтой байлаа ч сөрж босоход хэцүү л дээ. Ерөнхий прокурор Руденко Москва хотын шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай өргөдөл бичиж, түүний дагуу шүүхийн шийдвэрийг цуцалж, хэргийг ЗСБНХОУ-ын Дээд шүүхэд шилжүүлсэн байдаг.

Дээд Зөвлөлийн тэргүүн Анатолий Рубичевын удирдсан хурал хэргийг 1961 оны долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд буюу хоёр хоногийн дотор хэлэлцчихсэн. Рокотов, Файбишенко нарыг хорих ял эдэлж байсан шоронгоос нь шүүхийн танхим руу гурав дахь удаагаа авчирч дахин шүүгээд цаазаар авах ял оноосон түүх өнгөрсөнд бий. Давж заалдсан тогтоолд давж заалдах гомдол гаргах ямар ч эрхгүй байгаагүй.

-Нэг зүйлийг сонирхмоор санагдчихлаа. Тухайн үед Хрушеваас валют арилжаалагч залууст хэтэрхий зөөлөн шийтгэл оноосон гэх зэмлэл сонссон КГБ-ын даргыг зүгээр өнгөрөөсөн үү, эсвэл ялласан уу?

-КГБ-ын удирдлагыг бас шүүсэн. КГБ-ын удирдлага байсан, шүүгдэгч Яковлев хүчний байгууллагуудад маш их туслалцаа үзүүлснээс гадна уушгины сүрьеэ өвчтэй тул цаазаар авах ял оногдуулахгүй байхыг хүссэн өргөдлийг Ерөнхий прокурорт илгээсэн байдаг. Гэсэн ч түүнд өршөөл үзүүлээгүй. Мөн л цаазаар авах ял оноосон байдаг юм. “Прокурорын байгууллага бидний хүсэлтийг хүлээн аваагүй. Тэр үед ч, одоо ч цаазын шийтгэл нь хэтэрхий хатуу байсан гэж би боддог. Харамсалтай нь, “шударга шүүх” нь Нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Хрушевийн үгнээс гарах зүрхгүй байсан юм. Тэр үед тэднийг цаазалсан боловч 30 жилийн дараа тэдний хийж байсан үйлдлүүд нь хууль ёсны энгийн бизнес гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон” гэж КГБ-ын дарга С.Федосеев хожим дурдатгалдаа бичсэн байсныг уншсан л даа.

-Одоо үед бол санаанд багтамгүй хэрэг, цочиж гайхмаар ял. Валют арилжаалсныхаа төлөө цаазаар авах ял авсан гэвэл шинэ үеийнхэн бүр итгэхгүй…?

-Мэдээж энэ цагийнханд гайхмаар сонсогдоно л доо. Харамсалтай нь ийм явдал өнгөрсөн түүхэнд болсон. Гэхдээ хуучин социалист Орос улсад шүү.

-Гэтэл өнөөдөр ардчилсан Монголд яг тэр жишгийг давтаж байгаа нь бүр гайхмаар гэж үү?

-Яг тийм, гайхаад барахгүй үйл явдал бидний нүдэн дээр өрнөж байна.

-ЗСБНХОУ-ын Дээд шүүх өмнөх шатны шүүхийнхээ шийдвэрийг шууд хүлээгээд авчихсан уу?

-1961 оны долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд ЗСБНХОУ-ын Дээд шүүх нээлттэй шүүх хуралдаанаар Я.Т.Рокотов, В.П.Файбишенко нарт онц их хэмжээний валютаар хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутгах эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Шүүхээс тогтоосны дагуу Рокотов үнэт эдлэл, валют худалдан авч, дамлан зарсан, харин Файбишенко нь валют худалдан авч, дамлан борлуулсан нь тогтоогдсон. Ингээд л Рокотов, Файбишенко нарыг төрийн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд ЗСБНХОУ-ийн Дээд шүүх «Улсын эсрэг гэмт хэргийн тухай» хуулийн хоёрдугаар хэсгийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэн Рокотов, Файбишенко нарт цаазаар авах (буудан алах), бүх үнэт зүйл, эд хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгох ял оногдуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хэд хоногийн дараа Рокотов, Файбишенко нарыг Бутырка шоронгийн Пугачевын цамхагт буудаж цаазалсан. Зөвлөлт холбоот улсын коммунист дэглэмийн үед цаг үеэсээ түрүүлж алхаж хэнийг ч хохироохгүйгээр шударгаар валютын арилжаа хийж байсан сийрэг залуус “дамын наймаа” хийсэн гэх хэрэгт буруутгагдан эрх баригчдын захиалгаар найман жил, 15 жил, цаазын ял зэргээр хууль бусаар ял нэмж шийтгүүлэн цаазлагдсан түүх 1990 онд эргэн сөхөгдсөнөөр коммунист нийгмийн хууль тогтоох байгууллага болон улс төрийн шүүх нь дэлхийн шившиг болсон байдаг. Коммунизм задран унахад тэдгээр залуусын нэр чөлөөт зах зээлийн бэлгэ тэмдэг болж үлдсэн л дээ. Өнөө үед тэр хэрэгт холбогдсон хүмүүсийг Зөвлөлтийн системийг задалсан шилдэг бизнес эрхлэгчид байсан гэж үздэг. Бүр тэдний тухай ном, кино хийсэн нь ч бий. 2013 онд ЗХУ-аас цагаачлан гарсан иргэд Нью-Йоркт жинс үйлдвэрлэдэг “Rokotov&Fainberg” компанийг үүсгэн байгуулж, цаазлагдагсдын дурсгалыг хүндэтгэн, тэдний нэгнийх нь нэрээр гудамжаа нэрлэсэн түүх байдаг. Тэдгээр залуусыг коммунизмын үеийн эрх баригчдын хууль бус үйлдлийн золиос болсныг өнөөдөр дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн.

-Манай улсад ч гэсэн ерэн он хүртэл хувиараа бизнес хийхийг дамын наймаа, гэмт хэрэг гэж үздэг байсан байх аа?

-Зөвлөлтийн нөлөө л дөө. Тэр нөлөөгөөр Монгол Улсад 1993 он хүртэл дамын наймааг гэмт хэрэг гэж үздэг байсан.

-Хуучин Зөвлөлт Орост яг ямар үйл явдал болж, юу хийсэн хэн гэдэг хүмүүс яаж хэлмэгдсэнийг сонсмоор санагдаад тантай ярилцахыг хүссэн юм. Одоо Монголынхоо өнөөдөр рүү оръё. Эрүүгийн хуулийг иргэнд дордуулах замаар буцааж ашиглах жишиг яагаад эргэж сэргэв гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү. Монголын шүүх ҮАБЗ-ийн гарт орсныг бол бултаараа мэдэж байгаа…?

-Сая таны хэлсэнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шууд хамааралтай болгох, улмаар шүүхийн хараат бус байдалд халдаж эрхшээлдээ оруулах, мөн Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх зэрэг ардчилсан бус арга замууд Монголд эргээд амилчихсан. Хуучин Зөвлөлт Орост байсан ардчилсан бус аргууд ийм олноороо эргэж амилж байгаад хуульч хүнийхээ хувьд гайхаж байна. Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр ажлаас түдгэлзүүлэх хуулийг баталсан. Үр дүнд нь шүүгч, прокурор, тэр ч бүү хэл АТГ-ын удирдлагуудыг “хуулийн дагуу” үндэслэл хамаарахгүйгээр ажлаас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, нэг өдрийн дотор 17 шүүгчийг ажлаас түдгэлзүүлэн “шонд дүүжилж” бусдад нь үлгэр болгож харуулсныг та ч мэдэж байгаа. Эрх баригчдын үгэнд ороогүй ямар ч шүүгч наад зах нь ажилгүй болж, цаашлаад эрүүгийн гэмт хэрэгтэн боллоо. Ерөнхийлөгч өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалан хуралдаж зөвлөмж гарган, өөрийн томилсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн, өөрөө шүүгч нарыг түдгэлзүүлэх зарлигт гарын үсэг зурахад нэг өдөр л хангалттай байсан. НҮБ-ын Хүний эрхийн илтгэлд энэ талаар дурдаж сануулсан ч парламент авч хэлэлцээгүй. Үүний дараа эрх баригчдын хорхойтой араанд зуугдсан улстөрчид, өрсөлдөгчид ээлж дараалан улсын төрийн хоригдол болж хувирсныг та бас л сайн мэдэж байгаа. Тэднийг шийтгэхийн тулд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж шүүхээр нэгэнт шийдвэрлэгдэж дууссан хэргийг эргэн сэргээн шалгаж, нэхэн шийтгэж эхэлсэн.

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг дэлхий нийтээрээ яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм бол?

-Хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хуулийн боломж үүсдэг гэж үздэг учраас хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй юм. Хэрэг хэзээ ч хуучрахгүйн зэрэгцээ “хүн нь олдвол хэрэг нь олдох” байдлаар хүссэн хүндээ эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой учраас дэлхий нийтээрээ үүний эсрэг зогсдог.Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар албан тушаалын хэргийг сэргээн шалга, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн нь шууд утгаараа дууссан эрүүгийн хэргийг сэргээж “нэхэн ял шийтгэл оногдуул” гэсэн үг л дээ. Энэ бол шүүхийн эрх мэдэлд бүдүүлгээр халдсан үйлдэл.

-Хуучин Зөвлөлт Оросын үед Н.Хрушевийн үгнээс зөрөх эрхгүй байсан шиг шүүх прокурор нь ҮАБЗ-ийн гарт орчихсон учраас УИХ захиалгын хууль батлаад эхэлчихжээ дээ…?

-Ерөөсөө л тэгсэн. СССР-ийн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушевийн үгнээс зөрөх эрхгүйн адил Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саварт шүүх, прокурорын байгууллага бүрэн орсон учраас хуулийн байгууллагаар далайлган барьцаалагдсан УИХ захиалгын хуулийг нь баталж эхэлсэн нь энэ. Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр байсан Цаазын ялгүй Монгол Улс гэсэн бичгийг хуу татан авч, албан тушаалын гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэх тухай санал гарч, эрх баригчдын хүслийг гүйцээхийн тулд барьцаанд орсон УДШ-ийн ерөнхий шүүгчид хүссэн бүрэлдэхүүнээ томилж хэрэг шийдвэрлэх эрх олгох хуулийн төслүүд ч өргөн баригдаж эхэлсэн. Улсын дээд шүүхийн 24 шүүгчийн олонхын дэмжлэг авсан ерөнхий шүүгч өөрийнх нь үгнээс гардаггүй, дуулгавартай таван шүүгчийг үзэмжээрээ сонгон авч хэргийг шийдвэрлэж болох “супер ерөнхий шүүгч”-ийн хуулийг хүртэл парламентад санал болгож үзсэн шүү дээ. Хэрэв цаазаар авах ялыг албан тушаалын гэмт хэрэгт хэрэглэхээр болж сэргээсэн бол хичнээн улс төрийн хоригдлууд нэн гомдолтойгоор нэхэн шийтгэгдэх байсныг төсөөлөхөд ч аймшигтай санагдаж байна.

-Сая та бид хоёрын дунд өрнөсөн ярианаас анзаарахад Монголд парламентат ёсны төлөвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний дархлаа дэндүү ихээр суларчихжээ гэсэн гутранги бодол төрж байна.

-Гутранги ч гэлээ яалт ч үгүй нүүр тулахаас аргагүй бодит үнэн. Хамгийн том нотолгоо нь шүүхийн хараат бус байдалд халдсан болон эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн хоёр хууль шүү дээ. Шүүх эрх баригчдаас “хууль ёсоор” хараат байгаа байдал, улс төрийн хоригдлуудыг нэхэн шийтгэж байгаа байдал, хамгийг гол нь үүнийг нь хууль тогтоох байгууллага хүлээн зөвшөөрч хууль ёсны болгож байгаа нь ардчилал нэгэнт үгүй болж, дарангуйлал аажмаар тогтож байгаагийн илрэл болж байна. СССР-ийн үеийн валютын ченжүүдтэй тэмцсэн хэлмэгдүүлэлт болон ардчилсан Монгол Улсын албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа гэх хэлмэгдүүлэлтийн аль аль нь өөрсдийн хэлмэгдүүлэлтээ хууль ёсны болгож харагдуулах гэж байгаагаараа усны дусал шиг адилхан байна.

-УИХ дархлаагаа алдчихлаа гэж бодъё. Парламентыг Үндсэн хуулийн хүрээнд хянах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэц гэж байгууллага бий. Өнгөрсөн саруудад хэд хэдэн хүн дараалаад улс төрийн хоригдол болчихлоо. Цэц та бид хоёрын сая ярьсан гажуудлыг зүгээр хараад суугаад байна гэсэн үг үү?

-Парламентыг Үндсэн хуулийн хүрээнд хянах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц ч“үл үзэгдэх гар”-ын нөлөөгөөр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн, шүүхийн хараат бус байдалд халдсан хуулиудыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй хойргошиж өнөөг хүртэл гацаасаар байна. Үр дүнд нь улс төрийн хоригдлуудтай болж, улстөрчдийн тэмцлийн хөлд ажлаа шударгаар хийж яваад хэлмэгдсэн энгийн төрийн албан хаагчдын эхнэр хүүхэд, эцэг эх, гэр бүл нь шар махтайгаа хатаж, нус нулимстайгаа хутгалдаад үлдлээ. Шүүхээр эрүүгийн хэрэг шийдэгдтэл тэд хамгийн багадаа цагаатгагдсан байсан ч зургаан сарын хорих ял эдэлнэ. Ардчилсан улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хязгаарласан хуулийг Үндсэн хуулийн шүүх нь өдөр хоног алдалгүй нэн даруй шийдвэрлэдэг бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц эрх баригчдын амыг хараад ажлаа хийхээ больчихож.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр шүүх эрх мэдэлд халдсан хуулийг Үндсэн хуулийн Цэц өнөөдрийг хүртэл нэг жил зургаан сарын хугацаанд хэлэлцсэнгүй.

-Үндсэн хуулийн Цэц илт тодорхой ийм асуудал дээр яагаад дуугүй суугаад байгаа юм бол?

-“УИХ хуулиа засна гэсэн тул хүлээж байна” гэсэн тайлбар л хэлж байна. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн хууль баталснаа УИХ хүлээн зөвшөөрч байгаа бол харин ч бүр цаг алдалгүй шийдвэрээ гаргах шаардлагатай баймаар юм. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн хуулийн золиосонд ҮАБЗ-өөс шууд хараат шүүхийн шийдвэрээр хичнээн хүний эрх зөрчигдөн хилсээр шоронд ял эдлэх нь Цэцэд падгүй бололтой. УИХ хуулиа өөрчлөхийг тэвчээртэй хүлээсээр байх болно гэсэн марзан тайлбар нь өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн эмгэнэлтэй нүүр царай гэж хэлмээр байна.

Үндсэн хуулийн манаачийн ажлаа хийхгүй цалгардуулж, бүлх залгисан мэт таг дуугүй байгаагаа тэд өөрсдөө тайлбарлана биз дээ. Магадгүй Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хуулиудаа улс төрийн өрсөлдөгчдөө намнаж дууссаны дараа, “уучлаарай муу хууль байсан байна” гэж УИХ өөрөө засах уу, эсвэл шүүхийн эцсийн шийдвэр гарч дууссаны дараа сая Цэц сэхээ орж хэлэлцэх үү, яг яахыг хэлж мэдэхгүй байна. Цэцийн шийдвэр гарснаараа хүчин төгөлдөр болдог нь одоогийн эрх баригчдад өөрсдийг нь эргэж хэрэгт ороогдохгүй байх талаас нь харвал яалт ч үгүй ашигтай.

-ҮАБЗ-д гурван хүн бий. Яг хэнийх нь дохио зангаагаар ийм үйл явдал өрнөж байгаа гэж та харж байна вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баг зүүн цаана нь нуугдах Монголын өнөөдрийн Хрушев хэн бэ, төрийн гурван өндөрлөг нэртэй гурван толгойтой хэлмэгдүүлэлтийн мангасын аль толгой хэнийг захиалж хэлмэгдүүлсэн асуудал эргэн сөхөгдөх цаг гарцаагүй ирнэ. Тэр үед л хамтын шийдвэр гарсан уу, эсхүл хэрэг наймаалцаж тохиролцсон уу, нэгээрээ юу, нийлж хийсэн үү, хэн нь хэн рүүгээ хэлмэгдүүлэлтээ чихэх вэ гэдэг нь тодорхой болно. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Улс төрд нөлөө бүхий этгээд шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь өөрөө хүнд гэмт хэрэг гэдгийг Эрүүгийн хуульд тодорхой заачихсан байгаа. Нэг нэгээрээ шүүхэд нөлөөлж болохгүй нь үнэн юм бол нийлэхээрээ нөлөөлж болно гэдэг зүй тогтол ч байж болохгүй. Тэртээ 60 жилийн өмнөө СССР улсад коммунист намын удирдлагууд ажилчин ангийн нэрийг барьж, цаг үеэсээ түрүүлэн сэтгэж валют арилжаа, үнэт эдлэлийн бизнес шударгаар эрхэлсэн залуусаа төрийн эсрэг гэмт хэрэгт буруутган буудан хороож байсан бол өнөөдрийн ардчилсан Монгол Улсад томоохон мега төслүүдээ хөдөлгөх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлсэн үндэсний шилдэг сэхээтнүүдээ толгой дараалан олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар урьдчилан буруутгаж хэлмэгдүүлэх хөрсийг бүрдүүлсний дараа шүүхээр яллаж байна. Улс даяараа тэднийг хорвоогийн хамгийн муухай хүн, хулгайч, урвагч гэж цоллож яллачихаад шүүхээр түүнийгээ ёсчилдог жишиг тогтжээ. Угаас олон нийтийн хүлээлтэд нэг талаар хүлэгдсэн, нөгөө талаар эрх баригчдын дарамтад орсон хараат шүүхээс шударга ёс, хууль ёсыг хүлээх шаардлагагүй болжээ. Хууль тогтоох байгууллага, шүүхийн байгууллага нь эрх баригчдаас хууль ёсоор хараат болсон нь мөн л СССР-ийг санагдуулам байна. Шүүхээр ял шийтгүүлж байгаа улс төрийн хоригдлуудын хувьд хэрэв хулгай хийсэн, хувьдаа хөрөнгө завшсан бол ял шийтгэл гарцаагүй байх зарчмаар ялаа үүрэх нь зүйн хэрэг. Гэтэл тэд төрд зүтгэж, ажлаа хийж яваад буруудсан. Ихэнх нь ардчилсан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга шүүх, хууль дээдлэх ёс үлдсэн гэж итгэсээр үнэн зөвийг ялгаж салгана гэж өдөр хоногийг аргацаан хүлээж суугаа гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Монголыг монголоор нь яллуулдаг уламжлалт хэлмэгдүүлэлт өнөө үед дээлээ солиод өнгө зүсээ хувиргаад ирчихсэнд маш их харамсаж байна. Эцэст нь СССР-ийн коммунист хэлмэгдүүлэлтийн технологийг хэний заавраар хэрэгжүүлж байгаагаа хэлж өгнө үү гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хүсмээр байна. Та бүхэн өөрсдийн хүслээрээ хэлмэгдүүлээд байна уу, эсвэл өрөөлийн хүчинд автаад байна уу гэдгээ хэлээд өгөөч. Эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн шинжтэй өчүүхэн хувийн явцуу сонирхлоороо элэг нэгтнүүдээ хэлмэгдүүлээгүй гэсэн найдлагатайгаа үлдмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Богино хугацаанд бүх зүйл хэвэндээ орж эдийн засаг сэргэх боломжгүй

Засгийн газар цар тахлын хөл хориог дотооддоо бүрэн цуцлаад байна. Хөл хорионы улмаас үүдээ хаасан үйлчилгээнүүд сэргэж, сургууль соёлын үйлчилгээ жигдрэнгүүт эдийн засагт сэргэлт ажиглагдах уу гэсэн асуултыг бид МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд тавьсан юм. Түүнтэй хийсэн тодруулга ярилцлагыг хүргэе.


-Шинэ хичээлийн жил эхэлж байна. Удахгүй оюутнуудын хичээл сургууль эхэлнэ. Бүх төрлийн үйлчилгээний газруудын хорио цээр цуцлагдаад хэвийн ажиллаж эхэллээ. Энэ урсгал эдийн засагт том эргэлт бий болгож, сэргэлт авчрах уу?

-Энэ бол мэдээж эдийн засагт маш том эргэлт бий болгоно. Үүнийг дагаад худалдаа сэргэнэ. Монголбанкны танилцуулсан судалгаагаар худалдаа, үйлчилгээний салбарын үйлчилгээ нэлээд буурсан дүр зураг гарсан. Хорио цуцалснаар эдгээр үйлчилгээний хувьд сэргэлт ажиглагдана. “Ковид-19” дан ганц худалдаа үйлчилгээ биш өөр олон салбарт сөрөг үр нөлөө үзүүлсэн. Наад захын том жишээ нь аялал жуулчлал байна. Жуулчлалтай холбоотой салбаруудын олох ашиг эргэж нөхөгдөхөд хэцүү. Хөнгөн үйлдвэрлэлтэй холбоотой салбар ч төвөгтэй нөхцөлд байгаа. Мэдээж сурагч, оюутнууд хэвийн горимоор хичээллэх нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

-Кино театрын үйл ажиллагаа сэргээд удаж байгаа. Кино театрын бизнес ер нь ямархуу байгаа бол?

-Сая хөл хориог нь цуцалсан үйлчилгээнүүдээс кино театрын үйл ажиллагаа сэргээд багагүй хугацаа өнгөрсөн нь үнэн л дээ. Гэсэн хэдий ч сэргэлт мэдрэгдсэн зүйл алга. Үзэгч багатай хэвээр байгаа. Магадгүй оюутнуудын урсгал нэмэгдвэл хэвийн болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой хугацаа хэрэгтэй л дээ. Ер нь олон сар хөл хорионы нөхцөлд байна гэдэг олон сөрөг нөлөөг аль хэдийнэ авчирчихсан. Иргэдийн гар дээрх орлогод сөрөг нөлөө үзүүлчихсэн. Хэдийгээр хүүхдийн мөнгө олголт үргэлжилж байгаа ч тэр мөнгөний зарцуулалт хүнсний хэрэглээнд л зарцуулагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, бусад бараа үйлчилгээний хэрэглээ төдийлөн сэргэхгүй байгаа.

-Хувийн хэвшлээ дэмжээч гэсэн саналыг МҮХАҮТ-аас оны эхэнд л тавьсан. Хожим нь удаа дараа ийм хүсэлт тавьсан ч засаг зүгээс мэдрэгдэхүйц дэмжлэг үзүүлээгүй. Ийм шалтгаан байгаа учраас үйлчилгээний бизнесүүдийн үйл ажиллагаа сэргэсэн ч эдийн засаг хэвийн байдалдаа ортлоо хугацаа шаардана гэсэн үг үү?

-Гуравдугаар сарын 23-наас эхлээд л МҮХАҮТ-ын зүгээс Засгийн газар, УИХ, УИХ-ын байнгын хороо, Монголбанк, мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай маш олон талаар хамтарч ажилласаар өнөөг хүрсэн. Удаа дараа санал хүсэлт хүргүүлсэн. Бизнесийн орчны судалгааг ч удаа дараа хийж, байдал ямар байгааг танилцуулж байсан.

Гэвч засаг зүгээс хувийн хэвшилтэй холбоотойгоор авах ёстой арга хэмжээг аваагүй гэх мэт цаг алдсан зүйл их бий. Бид энэ байдлыг дан ганц Монголд биш, дэлхий дахинд ажиглагдаж байгааг ойлгож яваа. Гэхдээ цаг алдалгүй авах арга хэмжээнүүд байсан. Шийдвэрүүд нь байгаа оноогүй, үр дүнгүй өнгөрсөн зүйл их бий. Жишээ нь, өнөөг хүртэл сургууль, соёлын бүх газрыг хаасан. Үйлчилгээний газрууд тодорхой хязгаарлалттай байсан. Голлох худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд эргэж сэргэхэд хэцүүгээр хүндэрсэн тал байгаа. Буцаад хэвийн болтол хугацаа хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, богино хугацаанд бүх зүйл хэвэндээ орж, эдийн засаг сэргэнэ гэсэн ойлголт байхгүй.

-Хямралын үед хэрэглэгчдийн зан төлөвт өөрчлөлт ордог, тэр нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэл үү?

-Хямралын үед хэрэглэгчийн зан төлөвт өөрчлөлт ордог. Худалдааны зан төлөв гээд маш олон зүйлд хямрал, цар тахал өчнөөн сөрөг нөлөө үзүүлдэг.

-Цар тахлын хоёр дахь давлагаа эдийн засагт өнөөгийнхөөс илүү сөргөөр нөлөөлж магадгүй гэцгээж байна. Манай улс ч гэсэн лав л он дуустал болгоомжилсон хэвээр байх юм шиг байна…?

-Болгоомжлолыг бүх түвшинд бий болгочихоод байгаа. АНУ, Австради гэх мэт бусад улс оронтой харьцуулахад мэдээж Монгол дотроо алдаагүй нь үнэхээр том, чухал зүйл мөн үү гэвэл мөн. Энэ бол үнэхээр эерэг нөлөөлөл. Бусад улс оронд гэр орноосоо гарахгүй, гарлаа гэхэд зөвхөн хүнсний дэлгүүр орох, хүнсний дэлгүүр ороход хүртэл цагийн хязгаар үйлчлэх гэх мэт хатуу хориг үйлчилж байгаа. Учир нь ковидын хоёр дахь давлагаа бодитойгоор нүүрлэчихсэн. Эдгээр улс орнуудтай харьцуулахад манайд дотроо алдаагүй гэдэг нь маш том давуу тал. Гэхдээ энэ зөв цэгээ зөв хянаад нээлттэйгээр харьцангуй зөв зохион байгуулах шаардлагатай.

-Цар тахлын үед бизнесийнхэнд тулгарсан хамгийн том асуудал гэвэл юу байна?

-Бизнесийнхэнд анхнаасаа тулгарсан, одоо ч тулгараад байгаа нэг том асуудал бий. Хөдөө аж ахуйгаас бусад салбар бултаараа уналттай байна. Орлого буурахын хэрээр бэлэн мөнгөний хомсдолд ордог. Тэр хэрээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хүндэрдэг. Бүр цаашилбал цалин мөнгө, түрээс, цахилгааны төлбөр гэх мэт бусад зардлуудаа шийдэхэд хүндрэлтэй болж ирдэг.

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдэх, банкуудыг мөнгөжүүлэх гэх мэт асуудал дээр төр эрс шийдэмгий бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж компаниудаа бага хүүтэй, урт хугацааны санхүүжүүлж чадна. Төр нэг удаа ийм эрс шийдэмгий үйл ажиллагаа зохион байгуулах шаардлага тулгарчихаад байна.

-Төрөөс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр хамгийн түрүүнд дэмжих шаардлагатай салбарууд гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Ажлын байр шингээдэг салбаруудаа дэмжих шаардлага бий. Ажлын байраа хадгалах нь амин чухал асуудал болоод байгаа. Хүүгийн зардлыг нь төрөөс тодорхой хэмжээнд татаас олгох замаар шийдэхэд ч болохгүй юмгүй. Ингэж чадвал эдийн засгаа хамгаалах бодитой алхам болж чадна.

Жилийн хугацаанд л аж ахуйн нэгжээ бүр сөхрөөчихгүйхэн шиг дэмжээд, өнөөгийн нөхцөл байдлыг нь дордуулчихгүйхэн шиг байлгаж чадвал цар тахлаас үүдсэн бүх асуудал харьцангуйгаар зөв шийдэгдэх тал руугаа орно. 2021 оны дунд үе хүртэл цар тахлын нөлөө хэцүү хэвээр байна гэж хараад байгаа. Тэр хүртэл аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжих зайлшгүй шаардлага байна.

-Гадны хөрөнгө оруулалт таг зогссон хэвээр байна. Долларын урсгал багасах тусам төгрөгийн ханш сулрах эрсдэл бий. Долларын урсгалаа нэмэгдүүлэхийн тулд ядаж л экспортлох бараа, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэхэд анхаарах ёстой байх, тийм үү?

-Тийм л дээ. Гадаад худалдааг дэмжих зайлшгүй шаардлага бий. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сайн байгаа бол уул уурхайн бус бүтээгдэхүүнийхээ экспортыг дэмжих шаардлага бас бий. Жишээ нь, МҮХАҮТ хил дамнасан цахим худалдаа буюу Хятад руу нэлээд том экспортын суваг нээх талд анхаарч ажиллаж байна. Хил дамнасан цахим худалдааны төсөл бол маш амжилттай эхэлсэн. Амжилттай хэрэгжиж чадвал маш олон компани нэгдсэн зохион байгуулалттайгаар экспортод бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэнэ.

-Төрийн зүгээс бизнесийнхнээ өөр ямар аргаар дэмжих боломж бололцоо байгаа бол?

-Төрөөс хувийн хэвшлийг дэмжих хамгийн том боломж бололцоо бол маш олон төрлийн квот зөвшөөрлийг эрс багасгах шаардлагатай. Өнөөдөр хувийн хэвшил үйл ажиллагаа явуулахын тулд 900 гаруй төрлийн зөвшөөрлийг аливаа хэлбэрээр авдаг. Квот зөвшөөрлийн энэ тоог эрс бууруулах юм бол бизнесийн үйл ажиллагааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх маш чухал алхам болно. Бизнес эрхлэлтийн индекс гэж бий. Үүнийг л аль болох зөв, уян хатан байлгахад төр онцгой анхаарах хэрэгтэй. Худалдаа, эрчим хүчний хангамж, төлбөрийн чадваргүйдэл гэх мэт мэт олон зүйлээ эерэг болгож чадвал гадаад худалдааг дэмжих талд чухал алхам болно.

-Засгаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр аж ахуйн нэгжүүдээ дэмжвэл цар тахлыг дажгүй давах боломж харагдаж байна уу, танд?

-Засгийн газар, Монголбанк, ер нь банк санхүүгийн системийн хамгийн том, сул тал илэрчихсэн л дээ. Ажлын байрыг хадгалахтай холбоотой аж ахуйн нэгжүүдэд нэмэлт зээлийн санхүүжилт гэх мэт зүйлс үнэхээр чухал байсан ч хангалттай хийгдэж чадаагүй. Гадны төр засгууд ажлын байраа хадгалах, хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авсан. Ийм зорилгоор аж ахуйн нэгжүүддээ маш хямд эх үүсвэртэй, зарим тохиолдолд ямар ч хүүгүйгээр хангалттай хэмжээний зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр олгосон. Хугацааны хувьд ч боломжийн нөхцөлтэйгөөр өгсөн жишээ өчнөөн бий. Ийм арга хэрэглэвэл эдийн засгийн хямрал нийгмийн хямрал болохоос шууд сэргийлэх үр дүнтэй байдаг л даа. Иймэрхүү арга хэмжээг төр засаг, Засгийн газар, Монголбанк нийлж байгаад авах хэрэгтэй. Яг ийм эрчимтэй дэмжлэгийг оны сүүлээр үзүүлж чадвал бид энэ удаагийн хямралыг дажгүй зөв менежмэнт хийгээд даваад гарчих боломжтой. Магадгүй Төрийн банкийг зөвхөн жижиг дундыг дэмжсэн зээл олгох чиглэлд ажиллуулж болж байна. Барьцаа батлан даалт дээр нь Засгийн газар дэмжээд ажилладаг механизмыг бүрдүүлвэл болохгүй юмгүй. Ер нь хувийн хэвшилдээ нэг удаа том хэмжээний итгэл үзүүлбэл эдийн засаг эргээд хангалттай хэмжээнд сэргэх боломж бүрдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

– АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САВАРТ ОРСОН, ИЙМ НАМД ХЭН ҮЛДЭЖ ТОГТОХ ЮМ БЭ –

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Та АН-ын гишүүн байсан. Таныг МАН-д элссэний дараа цахим орчинд нэлээд шуугиан дэгдлээ.Шүүмжилсэн сэтгэгдэл өчнөөнөөрөө харагдсан…?

-Нийгэм хоёр талтай хүлээж авч байна лээ. Зарим нь зөв шийдвэр гэж хараад амжилт хүсч байхад нөгөө хэсэг нь буруу гэж шүүмжилсэн. Магадгүй ихэнх хүн “Наранбаатар гэж хүнийг муулаад нулимаад байна” гэж харж байж мэднэ. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Буруу гэж шүүмжилж суугаа нь тухайн үед АН-ыг удирдаж явсан хүмүүс, АН-ын залуу гишүүд голдуу харагдсан.Тэдний бухимдалд эмзэглэх юм алга. АН-ыг гэсэн үнэ цэнэ, итгэл найдвар өвөрлөж явсан мянга мянган дэмжигчид нь АН-д гомдоод, гомдлоо надаар тайлж байна гэж ойлгосон.Эрх ашгийн бүлэглэлүүдийн гарт орж туйлдсан намынхаа хувь заяанд бухимдахдаа гаргасан эмоци болов уу гэж харж байна. АН-аас урваж МАН-д элсчихлээ гэдэг шүүмжлэлийг би хувьдаа хүлээж авахгүй. Би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн шүү дээ. Хэсэг хугацаанд нам бус явж байгаад сая МАН-д элслээ.

-АН-аас хоёр удаа хөөгдсөн түүхийн чинь нэг нь УИХ-ын дарга руу оймс шидсэнтэй холбоотой бил үү?

-Тэгж хэлж болно. Намын даргаа шүүмжлээд, тэр нь хурцадмал байдал үүсгэчихсэн учраас намайг 2015 онд АН-аас хөөсөн юм. Намайг намаас хөөсөн хүн бол З.Энхболд. Тэр жилийн эдийн засгийн форумаар би З.Энхболд гэж хүн рүү оймс шидсэн юм. Эдийн засгийн форум дууссаны маргааш нь Дархан-Уул аймагт хурал зарлаж байгаад, Дарханы кино театрын танхимд намайг намаас хөөснөө зарлаж байсан түүхтэй. Бүх телевизүүдээр зарласан. Тэгэхээр би энэ намаас өргөдөл өгч гараагүй, хөөгдсөн хүн.

-Оймс шидэх болсон шалтгаанаа эргэн сануулах уу, уншигчдад?

-Юуны өмнө би З.Энхболд гэж хүнтэй өстөн дайсан биш гэдгийг онцолж хэлмээр байна. Бид хоёулаа л уул уурхайн салбар, Таван толгойн талаар ярьдаг. Гэхдээ ярьдаг өнцгүүд маань эрс тэс байсан байж магадгүй. Товчхондоо бодлогын зөрчил маягийн зүйл үүссэн. З.Энхболд гэж хүн АН-ыг удирдаж явсан, УИХ-ын дарга байсан, тэр бүү хэл намын даргын хувьд Ерөнхий сайдаа базаж барьж, удирдаж явсан, нэг хэсэг хаан байсан хүн. Тэр үед Монгол Улс эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн. Тухайн үед чинь Монгол Улс хоёр, гурван төсөвтэй байсан шүү дээ.

Улсын төсвөөс гадна Монголбанк гэж том төсөвтэй газар байлаа. Гурав дахь төсөв нь бонд болчихсон байсан. Бараг л гурав, дөрвөн засаглалтай болчихсон байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Жолоочгүй машин, азаргагүй адуу, удирдлагагүй компани шиг байдал үүсчихсэн байсныг та ч гадарлаж суугаа байх. Үүнийх нь хар, горыг Монголын ард түмэн амсаж байсан үе. Эдийн засаг элгээрээ хэвтсэн, том хөрөнгө оруулалт, том төслүүд ямар ч дэмжлэггүй, зөвхөн зээл аваад зам тавиад идэж ууж байсан цаг л даа. Эдийн засагч хүний хувьд тэр бүх байдлыг шүүмжлэлтэйгээр хардаг байсан. Нэмээд хэлэхэд тэр үед Монгол Улс хөрөнгө оруулалтын бүх бодлогоо хаачихсан. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан. Зөвхөн Хятад гэдэг улсын хөрөнгө оруулалтаас хамааралтай болгож үлдээсэн гэм тэр үеийн засаг баригчдад ногдоно. Шуудхан хэлэхэд, З.Энхболд гэдэг хүнтэй хамаатай зүйл. Тэр хүний бодлого байхгүй юу. Би энэ хүний эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн л дээ, тэр жилийн эдийн засгийн форумын үеэр. “Та нар эдийн засгийн алуурчид болчихоод яваагаа мэдэж байна уу” гэж хэлээд, тэр мессэжээ ойлгуулахын тулд оймс шидсэн юм. Тэр үеэс хойш мань хүн надад хувийн өс хонзонтой болсон.

-Тэр үеэс хойш цагдаа, прокуророор нэлээд явсан байх шүү?

-Тэгсэн. 2015 оноос хойш би үндсэндээ өдөр бүр цагдаад дуудагдаж, прокурорт байцаалт өгдөг болсон. Миний бизнесийг хавчсан. Хувь хүний минь хувьд хэвлэлээр өчнөөнөөр гутааж доромжилсон. “Би төрд ажиллаагүй, төрийн албан тушаал хашаагүй, хувь судлаачийн хувиар баруун төвийн үзэлтэй намдаа дуу хоолой, үзэл санаагаа илэрхийлэх чин эрмэлзэлтэй байхад яагаад хавчиж гадуурхаж байгаа юм бэ” гэж гайхаш тасарсан үе миний амьдралд бий. Тэр үеийн намын дарга З.Энхболд, тэр хүнийг тойрон хүрээлэгч долдой залуусын зүгээс маш их шахалт, дарамт, дайралт ирж байсан. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд, би З.Энхболдоос болж АН-д итгэл алдраагүй. Тэгнэ ч гэж байхгүй. Учир нь би АН-аас биш энэ намын толгой дээр гарчихсан ялзарсан хувалзнуудад хөөгдөж гарсан юм. Дараа нь АН-ын шинэчлэлийн тухай ярьсан, залуус хэд хэдэн бүлэг болж намынхаа шинэчлэлийн төлөө зүтгэсэн. Тэр залуусаас хэн ч АН-д байхгүй, өнөөдөр. Бүгдийг нь хөөгөөд явуулчихсан. Заримыг нь шорон оронгоор айлгасан. З.Энхболд гэдэг хүн 2020 оны УИХ-ын сонгуулиар яасныг та харсан байх. Өөрийг нь хууль бус зүйл хийчихлээ гээд хууль хүчний байгууллага шалгах гээд ирэхэд “Та нарт шалгуулахгүй, харин би чамайг шоронд хийнэ” гэсэн утгатай зүйл яриад загнаад зогсож байсан хүн шүү дээ.

-Тэгвэл АН-д итгэл алдрах болсон шалтгаан чинь юу юм бэ?

-Сонгож гаргаж ирсэн Ерөнхийлөгч нь намынхаа лидерүүдийг хэлмэгдүүлээд бултаар нь шоронд хийчихлээ шүү дээ. АН-ын лидерүүдийг МАН хэлмэгдүүлж шоронд хийгээгүй. Ерөнхийлөгч хийгээд байна. Ингээд байхад АН-ын зүгээс байр сууриа илэрхийлэхгүй таг чиг явааг та ч мэдэж байгаа.АН сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар яагаад ялагдсаныг АН-ын экс дарга С.Эрдэнэ тов тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчтэй ойлголцож чадсангүй гэж.Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч нь АН-ын эсрэг ажиллаж, лидерүүдийг нь шоронд хорьж, АН ялагдал хүлээсэн.Одоо АН Ерөнхийлөгчийн саварт орсон. Ийм намд хэн үлдэж тогтох юм бэ.

2020 онд АН ялагдсан бас нэг шалтгаан нь дотоод ардчилал байхгүй явдал. Эрх ашгаараа нэгдсэн хулгайч, луйварчдын бүлэглэл нь өөр, өөрсдийнхөө хүмүүсийг хувааж дэвшүүлээд л унасан. М.Тулгат гэж өндөр боловсролтой, овоо дэмжлэгтэй явж байсан залууг нясалсан хүн нь З.Энхболд. Хатуухан хэлэхэд, АН-ыг ардчилсан гэхээс илүү хулгайч, луйварч, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон. Тийм учраас залуус нь дайжаад байгаа юм.

-Ингэхэд АН-аас хөөгдсөн хоёр дахь түүх чинь юу билээ?

-Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг анх Ерөнхийлөгчид нэр дэвшихэд эсэргүүцэж үг хэлсэн юм. “Наад хүн чинь хувийн өмчийг хурааж аваад нийгэмчлэх эрсдэлтэй хүн. Тийм учраас битгий дэмж” гэсэн утгатай үгийг төрийн ордонд хэлчихсэн. Тэр өдөртөө бүх телевизүүдээр Наранбаатарыг намаас хөөсөн гэсэн бичиг гаргаж ирээд мэдээлсэн түүх бий.Ингээд харахаар би АН-аас хоёр дахиа хөөгдсөн хүн л дээ.

-МАН-д элсэх хүсэлтээ өөрөө тавьсан уу, эсвэл МАН-ын удирлагууд санал болгов уу?

-Би хувь иргэнийхээ хувьд МАН-д элсэх саналаа тавьчихсан байсан. МАН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй танилцаж байж энэ намд элсэх хүсэлтээ тавьсан юм. МАН бол нийгмийн ардчиллын буюу социал демократ үзэл баримтлалтай.Тодотгож хэлбэл тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчиллын чиг баримжаатай социал демократ нам. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх гэсэн зорилт нь их таалагдсан.

-Дундаж давхарга нь хүчтэй улс хөгждөг гэдэг. Манайд ингэхэд дундаж давхарга байна уу?

-Манайд дундаж давхарга байхгүй. Мэдээж огт байхгүй биш. Зохистой хэмжээндээ байхгүй гэж харж байгаа.Ер нь нийгмийн дундаж давхаргыг тэлэхийн тулд маш олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж таарна. Нэгдүгээрт, монголчууд сонголтоо зөв хийдэг байх ёстой. Сонголтоо зөв хийхийн тулд сонгогч боловсролтой байх шалгуур тавигдана.Боловсролтой иргэдтэй болохын тулд боловсролын программуудыг хөгжүүлэх учиртай. Товчхондоо хүнээ хөгжүүлж байж улсаараа урагшлах юм билээ. Хүний хөгжлийн хангахын тулд эдийн засаг, нийгмийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж таарна. Ялангуяа эдийн засгийн арга хэмжээнүүдийг.Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийг хэрэгжүүлж байж урт хугацаанд боловсролд зарцуулах хөрөнгө мөнгө нь гарч ирнэ. Энэ бүхний эцэст дундаж давхарга тэлж, хүчээ авна.

-Таны намын гишүүний үнэмлэхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга гардуулж өгсөн. МАН-д элсэхийн өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж яриа хөөрөө өрнүүлсэн үү?

-Би намд элсэх саналаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тавьсан л даа. Намын батлахыг Ерөнхий сайд буюу намын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар гардуулж өглөө. Л.Наранбаатар гэж хувь хүн гэхээс илүү нийгмийн баялгийг тэгш хүртээх чиглэлд ажиллаж яваа, уул уурхайн чиглэлээр судалгаа хийдэг, энэ салбарт мэдлэг боловсролоо зориулъя, тодорхой сорилтуудтай нүүр тулж зориг гаргаж ажиллая гэсэн залуусын дуу хоолойг МАН өндөр ач холбогдол өгч хүлээж авлаа гэж харсан.

-Орон нутгийн сонгуультай холбоотой ч юм уу, эсвэл ямар нэгэн албан тушаалын сураг сонсчихоод МАН-д орчихлоо гэсэн шүүмжлэл цөөнгүй харагдсан…?

-Нэгдүгээрт, орон нутгийн сонгуультай ямар ч хамаагүй. Надад албан тушаал амласан зүйл байхгүй. Би 2002 онд Уул уурхайн инженерийн сургууль төгссөн. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй.Энэ салбарт тасралтгүй ажиллаж яваа.Австрали, Азийн уул уурхайн институцийн гишүүн. Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монголын төслүүдийг гаргахад мэргэжилтний хувьд өөрийн нэр хүндээр баталгаа гаргаж, Монголдоо хөрөнгө оруулалт татах чадвартай цөөн мэргэжилтнүүдийн нэг. Түүнээс гадна нүүрс, алт, зэсийн салбарт уул уурхайн инженер, эдийн засагч, судлаачийн хувьд олон судалгаа, төслийг хэрэгжүүлсэн. 200 гаруй ТЭЗҮ боловсруулсан. “Гложекс” гээд консалтинг компаниараа маш олон залуусыг бэлтгэж гаргаснаараа бахархдаг. Бид уул уурхайн компаниудад, ялангуяа барууны компаниудад консалтинг хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, би оюуны экспорт хийсээр өнөөг хүрсэн хүн. Миний амьдрал олны өмнө дэндүү нээлттэй. Би дөч гарчихлаа.Биеэ, гэрээ засчихлаа, одоо л төрийнхөө төлөө зүтгэдэг нас. Төдийгөөс өдий хүртэл сурч мэдсэнээ эх орондоо зориулмаар байна. Ганцаараа бол юу ч хийж бүтээх боломжгүй. Тийм учраас баг хэрэгтэй. Бодож санаж яваа бүхнийг минь хэрэгжүүлж, дэмжих баг нь МАН гэж би харсан. Миний хувьд уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, энэ салбараар дамжуулж улсынхаа хөгжлийг цойлуулахсан гэсэн хүсэл, амбицтай урагшилж яваа залуусын л нэг.

-Манай сонины өнөөдрийн (өчигдрийн) дугаарт Хятадын элчин сайд ярилцлага өгсөн. Сошиал орчинд их хандалт авсан ярилцлага байлаа.Та уншсан уу?

-Уншилгүй яахав.

-Ямар сэтгэгдэл төрөв?

-Нүүрсний тухай биш, Монголын эдийн засгийн бат бэх байдлын тухай ярьжээ гэж харсан. Оросуудад бид юу ч зарж чаддаггүй. Тэгсэн хэрнээ хоёр гурван тэрбум доллар өгч шатахуун, эрчим хүч худалдаж авдаг. Орос бидэнд юмаа зардаг бол бидний юмаа зардаг газар нь Хятад. Гадаад худалдааныхаа тухайд 95, 96 хувийн хамааралтай улс. Хятадын элчин сайдын яриаг уншихад “Хэрвээ манай дотоод асуудалд та нар хэт оролцоод байх юм бол бид эдийн засгийн хориг арга хэмжээ авна” гээд шулуухан хэлчихжээ л гэж ойлгосон.Сая коронагийн ид үеэр хил хаагдахад Монголд яаж бужигналаа. Хятад хилээ тас хаачихвал эдийн засгийн гэхээс илүү нийгмийн хямрал руу явчихна. Нийгмийн хямрал даамжирвал тусгаар тогтнолын асуудал яригдана.Сая намайг тантай ярилцах гээд Төв талбайг хөндлөн гараад явж байхад баахан хүмүүс жагсаж байна. Монгол бичгээ хамгаалья гээд. Нэг нь намайг лайв хийнгээ дуудлаа л даа. Би очоод “Бид жагсаж тэмцсэнээрээ хэл соёлоо хамгаалахгүй. Өөрсдөө сурч, толгойдоо хийж байж монгол бичгээ хамгаалдаг юм” гэж хэлсэн. Ний нуугүй хэлэхэд, бид тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд Өмнөд Монголыг зараад идчихсэн улс. Монгол үндэстний хувьд би ч харамсаж, халаглаж байна.Гэхдээ Хятадын элчин сайдын ярилцлагыг уншаад үзэхээр Монгол бичгийн хөтөлбөрт нь өөрчлөлт оруулаагүй юм билээ. Математик, физикийн хичээлийг хятад хэлээр заахгүй бол дараа нь сурлагын хоцрогдол гараад өмнөд монгол хүмүүс Хятадтай өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж чадахгүй байна гэсэн асуудал л тавьж гэж ойлгосон. Олон том улсын геополитик ч байдаг байх. Хятад, Америкийн геополитикийн том дайн явж байна. Магадгүй Америк Хятад улсыг завгүй байлгахыг хүсч байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бид геополитикийн ийм том дайн дунд нь давхиж орж өгөөш болоод байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

-Учир мэдэх нэг хүн Хятад нүүрсний хэрэглээгээ багасгана гэдэг нь гайхах асуудал биш гэсэн утгатай зүйл жиргэсэн харагдсан. Урд хөршийн нүүрсний хэрэглээ үнэхээр тийм байна уу?

-Хятад улс эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ огцом танаж байгаа. Гэхдээ коксжих нүүрсний хувьд ирээдүй бий.Геополитикийн хувьд Америктай таарамжгүй байгаа.Америкийн нөлөөний Канад, Австрали гэх мэт улсуудтай бас давхар дайн хийж яваа.Т одруулж хэлэхэд, энэ улсуудын нүүрсийг авахгүй ч юм уу хэмжээг нь бууруулж байна Коксжих нүүрс хэрэглэдэг хүнд аж үйлдвэрүүдээ манайх руу дөхүүлээд бариад байгаа.Тэгэхээр Монгол ухаалаг байвал энэ дунд хожих боломжтой улс. Энэ боломжийг ашиглахын тулд урд хөрштэй худалдааны нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ л ярих хэрэгтэй. Том гүрнүүдийн геополитикийн тоглолтод гүйж ороод байх шаардлага байхгүй. Бид Америк байсан бол олон юм ярьж болно.Гэтэл бид хэн юм бэ? Бодит байдал дээр өөрсдийгөө үнэлэх ёстой.

-Монгол Улс Хятадын эдийн засгийн хоригт орлоо гэж муугаар төсөөлбөл урд хөршийн хувьд коксжих нүүрсний дараагийн том зах зээл хэн бэ?

-Орос. Угаасаа эхний хувилбар нь хойд хөрш шүү дээ.Оросын Колмар руу хөрөнгө оруулах асар өндөр сонирхол урд хөршид бий.Тэнд баяжуулах үйлдвэр, төмөр замаа барьчихсан.Товчхондоо бид эдийн засгийн хоригт орвол урд хөрш Оросоос нүүрсээ аваад явчихна.

-Сүүлийн асуулт. АН энэ янзаараа шинэчлэгдэхгүй удвал бас л хэцүү байдал үүсэх байх, тийм үү?

-АН шинэчлэгдээд улс төрийн том хүчин болж дахин сэргэж гарч ирэхгүй бол бас их аюултай. МАН гэж маш том, монополь намтай болчихно. Хэрвээ ингэвэл МАН дахиад л дүлийрч эхэлнэ.Юм сонсохоо болино шүү дээ.Шүүмжлэгч байхгүй ямар ч зүйл ялзардаг жамтай. Үзэл баримтлалын хоёр том багана байх ёстой, тэр баганы нэг нь АН байх ёстой гэсэн итгэл үнэмшил минь өнөө ч хэвээрээ. Харамсалтай нь АН-ыг шинэчлэх гэж зүтгэсэн залуус хэлмэгдэж байна.Бизнесийг нь шахаж хавчиж байна.Шоронд хийж байна. Ийм байхад тэсч үлдэнэ гэдэг ямар ч залуу хүнд хэцүү. Та бод доо, сүүлийн 30 жил АН-ын удирдлагад хэн байлаа, гэтэл МАН тав, зургаан удирдлага сольсон. Үе нь солигдчихсон.Өөрөөр хэлбэл, МАН институци нам гэж харагддаг.Гэтэл АН тийм биш. 2020 оны нэр дэвшилтийн үед тэр нь бүр тод анзаарагдсан. Хоёр, гурван эрх ашгийн бүлэглэл л хүмүүсээ нэр дэвшүүлж, тэрийг нь иргэд анзаарч хараад сонгоогүй нь бодитой үнэн шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалт эрс багассан нь саарал жагсаалтын хамгийн том эрсдэл

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Зээлийн хүүг бууруулах яриа хөөрөө шийдвэр гаргах түвшинд ид өрнөж байна. Зээлийн хүү тэдээс дээш байх ёсгүй ч гэдэг юм уу тодорхой хязгаар тогтоогоод асуудлыг шийдэх боломжтой юу?

-Зээлийн хүүний тухайд тал болгоны ашиг сонирхол хөндөгддөг учраас бүгд өөр өөртөө ашигтай талаасаа л тайлбарлаад байна л даа. Өнөөдөр зээлийн хүүний тухай маш амархан юм ярих гээд байна. Шууд дээд хязгаарыг нь тогтоогоод өгчих хэрэгтэй гэх мэтээр ярих нь өрөөсгөл. Механик арга. Өчнөөн улсын жишээ яриад байгаа харагдсан. Тэр тусмаа манайх шиг эдийн засаг нь голдиролдоо ороогүй, түүхий эд, уул уурхайгаас хэт хамааралтай нөхцөлд үр дүнгээ санасан хэмжээнд өгөхгүй. Нэг, хоёр жилдээ багасч магадгүй. Цаашлахаараа жолоодогдоход улам бэрх болно. Судлаач хүний хувьд харахад үндсэндээ гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн бүх макро үзүүлэлтээс хамаарна. Ялангуяа мөнгө, төсвийн бодлогоос. Төсөв алдагдалтай, зээл ихтэй байгаа цагт боломжгүй. Эдийн засаг нь бизнесийн мөчлөгөө дагаад хямраад байвал банкны зардал өснө, чанаргүй зээлүүд бий болно. Хоёрдугаарт, банкны салбарын өөрийн зохицуулалттай холбогдолтой хууль эрх зүйн орчин, ялангуяа төв банкнаас өгч буй зөвшөөрлүүд, манай банкуудын үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэр гэх мэт асуудлууд байгаа.Банкны тухай хууль 1994 онд анх гарч байсан. Тэрнээс хойш үндсэндээ яг л нэг чиглэлээр явж байна. Ганц оффис байсан ч банк, улс орон даяар салбартай байсан ч банк. Гадны улс орнууд энэ нөхцөлийг нь илүү төрөлжүүлчихсэн.

-Яг яаж төрөлжүүлсэн байдаг юм бол?

-ХҮН-ынхан саяхан банкуудыг төрөлжүүлэх ёстой гэсэн саналыг Монголбанкинд хүргүүлсэн байна лээ. Манайх шиг банкууд нь жигдрээгүй нөхцөлд эхний ээлжинд тусгай зөвшөөрлөөр төрөлжүүлэх хэрэгтэй. Иргэдэд үйлчилдэг банк тусдаа. Тэр банк нь зээл олгодог, хадгаламж авдаг. Яг хөрөнгө оруулалтын банк гэж тусдаа байх ёстой. Учир нь хөрөнгө оруулалтын банк эрсдэлтэй. Зүгээр нэг найдвартай зүйл зээл олгоод суухгүй шүү дээ. Банк л юм чинь ашиг харна. Банкнаас өөрөөс нь хамаарахгүй түүхий эдийн үнийн циклийн үед хил хаахад л зээл авсан компаниудын чанар муудна. Нэг талд ийм эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг салбарын зээл, нөгөө талд эрсдэл багатай байх ёстой хадгаламж хоёрыг зэрэг авч болохгүй. Хадгаламжийн хүүний хувьд яг таг гэрээ байгуулаад танд яг төчнөөн хувийн хүү өгнө гээд тохирчихсон байгаа. Энэ тохиолдолд найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Товчхондоо эрсдэлтэй, эрсдэл багатай үйл ажиллагаа нэг удирдлаганд байж болдоггүй. Барууны оронд хэрэглээний банк, компаниудад зээл олгодог корпорейт банк, хөрөнгө оруулалтын банк гэсэн гурван чиглэлээр салгасан байдаг юм.

-Манайд банкийг ингэж гурав салгах ёстой гэж үү?

-Манайд дор хаяж хоёр салгах хэрэгтэй. Ялангуяа томоохон салбарт зээлж өгч байгаа банкны хувьд хэчнээн банкны дүрэм журам байсан ч эцсийн эцэст зээлийн хороо л шийднэ. Тухайн үед зээлийн хороонд нэг төсөл үнэхээр ашигтай харагдаж болно. Нүүрсний үнэ өссөн үед Засгийн газар 40 сая тонн нүүрс гаргана гэхээр өнөө өсөлтийг нь дагаад нүүрсний тээвэр хийж байгаа компанид маш их хэмжээний зээл өгчихдөг. Гэтэл дараахан нь нүүрсний үнэ унаж, хил хаахад л өндөр эрсдэл үүснэ. Тийм учраас эрсдэлтэй зээл олгодог үйл ажиллагаа тусдаа байх ёстой. Ийм банкинд тавигдах шаардлага өндөр байх ёстой. Хэвийн журмаар өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг, хэрэглээний зээл өгдөг, иргэдийн хадгаламжийг байршуулдаг бол өөр хэрэг. Угаасаа тийм өндөр ашиг олохгүй, бас өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа байхгүй. Ийм банкуудад тавигдах шаардлага нь арай нам байх ёстой. Гадны улс орнуудад ийм жишээ зөндөө бий.

-Таны хэлснээр банкуудыг хөрөнгө оруулалтын хэрэглээний гээд шууд төрөлжүүлэхэд цаг хугацаа шаардагдах байх…?

-Нэг арга хэмжээгээр шийдэгдэхгүй. Гурав дахь арга нь одоо манайхны яриад байгаа зээлийн стратегитай холбоотой буюу зардал бууруулах асуудал. Энэ бол хамгийн сүүлийн гурав дахь арга хэмжээ. Эхний хоёр нөхцөл бүрдэж байж гурав дахь нь бүрдэнэ. Шууд л банк доторх зардлыг хасна гэж ярих нь боломжгүй хэрэг. Яахав, өмнөх жилүүдэд тийм стратеги гаргасан нь үнэн байх. Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай яваагүй. Макро эдийн засгийн бодлого нь зөв явахгүй бол ямар ч хэрэг байхгүй л дээ.

-Засгийн газрын бонд дээр ямар байр суурьтай байгаа вэ. Тогтвортой бодлого алга л даа, нэг хэсэг хааснаа нь дахиж гаргаад…?

-Банкны салбар бол санхүүгийн салбарын 97 хувийг эзэлдэг. Тэр утгаараа санхүүгийн салбарыг зайлшгүй хөгжүүлэх ёстой. Банкны хэт том нөлөөг багасгах шардлага бий. Тэр сонголтыг нь бий болгож байгаа газар нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл дээр олон бүтээгдэхүүн байж худалдан авагч нь ирнэ. Тэр бүтээгдэхүүний нэг нь Засгийн газрын хувьцаа, бонд, үнэт цаас.Манай хөрөнгийн зах зээл Азийн бусад орнуудтай харьцуулахад жижигхэн. Эдийн засаг маань 13-хан тэрбум ам.доллар. Хөрөнгийн зах зээл сайн үедээ л жилд 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Үүнийг цааш хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Хөгжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээл дээр байнга байх ёстой бүтээгдэхүүн нь Засгийн газрын бонд. Засгийн газрын бонд нь бусад бондынхоо жишиг, суурь болдог. Эхлээд Засгийн газрын бонд гаргаад түүн дээр нь зээлжих зэрэглэлийн компаниуд үнэлгээ өгч байж дараа нь тэрийг дагаж гарсан тухайн улсын банкуудын ч юм уу, компанийн бондын зэрэглэл тогтдог. Тэр утгаараа засгийн бонд гарч байснаа тасарч алга болоод байж болохгүй. Төсвийн тодотгол хийх үү, хийхгүй юу, гэдэг чинь бүгд хуулиар зохицуулагдчихсан асуудал. Яг үүнтэй адилхан Засгийн газрын бонд байнга байж байх ёстой. Тухайн жилийнхээ эрэлт хэрэгцээнээс хамаараад ихээр гаргах уу, багаар гаргах уу гэдэг л асуудал бий. Төсвийн орлогоор дутаж байгаа бол магадгүй оны эхэнд дутагдлыг нь нөхөхийн тулд түлхүү гаргах ёстой. Эдийн засаг гайгүй бол хэмжээг нь багасгаж болно. Ийм л арга хэрэгсэл байхаас биш крантыг нь хаачихдаг байж болохгүй. Ингэчихээр тогтолцоогоо тэр чигээр нь эвдээд байгаа юм.

-Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, банк, даатгал гэсэн гурван тулгууртай. Хөрөнгийн зах зээлийн талаар хоёулаа сая ярилаа. Даатгал ямархуу байна?

-Даатгалын салбар их төвөгтэй. Манай эдийн засаг түүхий эдээс хамааралтай. Даатгалын тухайд эрсдэлийг даатгаж байгаа. Жолоочийн хариуцлагын гэх мэт даатгал бол жижиг даатгал. Үндсэндээ гол томоохон даатгалууд нь хөрөнгийн даатгал, газар тариалангийн эрсдэлийн даатгалууд орно. Эдний тухайд маш эрсдэлтэй. Тэр эрсдэлийг үнэлэхийн тулд маш нарийн үнэлгээ хийдэг. Энэ бизнес эрсдэлд орох боломж нь хэд вэ гэдгийг тооцож байж үнэлгээг нь тогтоодог. Жишээ нь галд өртөмтгий, өртөмтгий бус хоёр объектыг ялгахын тулд түүн дотор ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь судалж байж эрсдэлийг тогтооно. Нийтийн хоолны газар бол галд эрсдэлтэй. Сургууль, цэцэрлэг арай бага эрсдэлтэй гэдэг ч юм уу. Үүнтэй адил бизнес болгоны эрсдэлийг үнэлээд ирэхээр томроод явах боломж нь маш бага болчихдог. Тийм учраас давхар даатгал руу явдаг л даа. Энгийнээр хэлбэл, том компанийг даатгалд хамрууллаа гэхэд заавал олон улсын давхар даатгалын үйлчилгээ авдаг. Том бизнесийн тухайд даатгалын компани дангаараа даатгал хийдэггүй гэсэн үг.

-Саарал жагсаалтаас болоод хэд хэдэн дансаа хаалгачихсан бизнес эрхлэгчид байна. Саарал жагсаалт бизнесийнхэнд яг ямар сөрөг нөлөө үзүүлж байна, энэ жагсаалтаас гарахын тулд засаг зүгээс юу хийж байгаа бол?

-Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн хоёроос гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, олон улсын тавиад байгаа шаардлагууд байна. Мөнгөн гүйлгээг ил тод байлгах, бүртгэлжүүлэх гэх мэт аль болох далд эдийн засгийг байхгүй болгохыг л шаардаад байгаа. Тэр талаар дорвитой арга хэмжээ авахгүй яваа. Хэдэн төлөвлөгөө л гаргасан байх. Хоёрдугаарт, олон улсын түвшинд энэ талаар юу хийж, яаж анхаарч явааг ерөөсөө тоохгүй байна. 2017 оны тавдугаар сард Италид их долоогийн орнуудын Сангийн сайд нарын уулзалт болсон юм. Тэр жилийн уулзалтын зохион байгуулагч нь Италийн засгийн газар байсан. Их долоогийн төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө салбар салбарын сайд нарын уулзалт болдог л доо. Тэр дагуу их долоогийн Сангийн сайд нар уулзсан хэрэг. Италийн Засгийн газар тэр жил олон улсын түвшинд мөнгө угаах асуудалтай тэмцье гэсэн санал дэвшүүлээд уриалга гаргачихсан. Энэ мэдээллийг гарсан үед нь би холбогдох хүмүүст нь танилцуулсан л даа. Гэвч тоогоогүй. Олон улсын санхүүгийн зах зээл дээр ил тод бус үйл ажиллагаа явуулдаг Иран, Ирак гэх мэт улс орнууд бий. Бүр томоохон гэвэл манай хоёр хөрш хоёулаа ороод ирж байгаа юм. Бүх бүртгэл нь ил тод явдаггүй. Ялангуяа банк санхүүгийн гүйлгээ нь. Үүнийг илрүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээ л дээ. Манайд ч тийм асуудал бий. Жишээ нь, уул уурхайн компанид урдаас нэг нөхөр хөрөнгө оруулна гээд мөнгө биш машин нийлүүлчихэж байгаа юм. Нүүрсний арван машин нийлүүлээд хамтарсан компани байгуулчих жишээний.Тэр компанийн эзэн нь монгол, хувь оролцогч нь хятад хүн болчихдог. Буруу замаар олсон мөнгө ийм маягаар угаагдсан байх өндөр магадлалтай. Үүнийг илрүүлэх зорилгоор улс орон болгонд шаардлага тавьсан. Жишээ нь, манай улсад гэхэд л Монголд байгаа гадна дотны бүх иргэдийн, өөрөөр хэлбэл гадна дотны хөрөнгө оруулагчдын мэдээллийг өг гэж шаардсан юм. Тэгэх ч ёстой. Гэтэл манайх тэр агуулгыг нь огт ойлголгүйгээр захиа явуулчихсан.

-Хаанаас ямар захиа явуулсан гэж?

-Сангийн яамны Татварын хэлтсийнхний хийсэн ажил л даа. Манайх мэдээллээ өгөх боломжгүй гэсэн хариу биччихсэн. Тийм уриалга гаргасныг мэдсээр байж дотооддоо өөр зуураа харилцдаг шигээ зан гаргачихсан.

-Асуудлаа сайн ойлгоогүй явуулчихсан болж таарч байна уу. Уг нь ийм асуудлаар ядаж л Гадаад харилцааны яамтайгаа зөвлөлдмөөр юм?

-Гадаад яамтай зөвлөж болох байсан. Их долоогийн түвшинд яригдчихсан, өндрөө авчихсан, АНУ, ОХУ гэх мэт бусад орнууд хамтран ажиллана аа гэчихсэн байхад бид тийм хариу өгч болохгүй байсан л даа. Гэтэл манайхаас тийм хариу өгчихөөр нуух юмтай улс байна л гэж ойлгоно.

-Саарал жагсаалтаас гарахын тулд идэвхтэй ажиллаж чадаж байна уу, манай улс?

-Зүгээр л нэг хэдэн тушаал журам гарлаа гэж мэдэгдсэн. Тэр бүхний хэрэгжилтийг нь олон улсын байгууллага өөрсдөө үнэлнэ. Манай Засгийн газрын бичсэнээр хүлээж авахгүй. Банк бус байгууллагуудын эздийг тодорхой болгоно гэж байгаа. Мөнгө нь хаанаас орж ирснийг нарийвчилж шалгана. Тэр бүх процессийг хөндлөнгийн байгууллагаас шалгаж цааш мэдээлэл өгнө. Түүний дараа л жагсаалтаас гарах эсэх нь тодорхой болно. Түүнээс Засгийн газрын ч юм уу, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бичсэнээр, нэг талын мэдээллээр дүгнэхгүй.

-Саарал жагсаалтад орсноор компаниудын олон улсын дансыг хааж байна, олон улсын хэмжээнд мөнгөн гүйлгээ хийх боломж иргэд, компаниудад хэцүү боллоо гэж байна. Өөр ямар бодитой эрсдэлүүд тулгарч байна вэ?

-Хамгийн том эрсдэл нь манайд хөрөнгө оруулалт орж ирэх нь эрс багасчихаж байгаа юм. Гүйлгээ явахад төвөгтэй болсон нөхцөлд хэцүү л дээ. Өмнө нь бусад үзүүлэлт нь арай давуу байсан бол одоо банкны гүйлгээ хийхэд ч хэцүү болчихсон улс байна, больё гэчихэж байна л даа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын асар том боломжоо алдчихсан гэсэн үг.

М.МӨНХСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн нийгмийн ялгарал зөвхөн боловсролоор л хэмжигдэх болсон

Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулиудын тоог өсгөх УИХ-ын гишүүдийн санаа олны анхааралд байна. Сүүлдээ бүр боловсролын салбар тойрсон том маргаан болоод хувирчихлаа. Кембрижийг эсэргүүцсэн хүмүүсийн ихэнх нь “Боловсролын ялгаа гаргах нь” гэж шүүмжилж суух шиг байна. Орчин үед хүмүүс хөрөнгө чинээгээрээ ялгарахаа больсон. Бүгд машинтай, бултаараа байшинтай, ер ямар ч хэрэглээгээрээ ялгараад байх юмгүй болчихсон. Нийгэмдээ тодорч, гялалзах ганцхан том ялгаа бий. Тэр нь боловсрол. Өөрийгөө хөгжүүлж, өөртөө хөрөнгө оруулалт хийж, дэлхийн хэмжээнд, хаана ч гологдохооргүй чадвар мэдлэгтэй хүн л нийгэмд тов тод ялгарч, амжилтаараа түүчээлж байгаа.

Ингээд харахаар боловсролын ялгаа гарна гэж ярьж суугаа нь хэтэрхий мугуйд тайлбар. Боловсролын ялгаа байх ёстой. Дахиад хэлэхэд, бид боловсролоороо ялгарч гялалзах бичигдээгүй хуультай нийгэмд бултаараа амьдарч яваа улс. Ийм нийгэмд амьдарч байгаа учраас жирийн иргэд хүүхдээ сайн сургуульд оруулах ёстой. Дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх боломжийг нь төр засгаас ирээдүй болсон хүүхдүүддээ олгох учиртай. Хуучин цагт, бүр түрүү үеийн нийгмүүдэд бяр чадалтай эрүүл саруул нь ялгарч үлддэг байсан бол орчин цагийн соёлт хүн төрөлхтний амьдрахын төлөөх тэмцэлд боловсролтой хүн л ялж, шалгарч, шигшигдэж үлдэж байна. Боловсролтой хүн л аятай тухтай сайхан амьдардаг нийгэмд амьдарч яваа учраас манай сонин Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулийн тоог өсгөх талд толгой дохиж, нийтлэлийн бодлогоороо дэмжиж байгаа юм.

Кембрижийг эсэргүүцээд байгаа хэсгийг ажиглахаар Кембрижийн хөтөлбөртэй сургуульд багшилж байсан, эсвэл хүүхэд нь тийм сургуульд сурч явсан хүмүүс цөөнгүй харагдана лээ. Өөрсдийнх нь хүүхэд олон улсын хөтөлбөртэй сургуульд сурч, дэлхийн топ их сургуулиудад тэтгэлгээр суралцаж, сайхан амьдраад байхад яагаад бусдын хүүхэд, эгэл жирийн иргэн Батын охин тийм боломжийн үзүүрээс атгаж болохгүй гэж. Бас боловсролын салбарт бизнес хийж яваа хүмүүс эсэргүүцэгчдийн нэг том бүлэг болчихсон явааг ажигч нэгэн бол анзаарчихсан суугаа байх. Хатуухан хэлэхэд, боловсролын тэгш бус байдал дээр дөрөөлж боловсролын салбарт бизнес хийж яваа хүмүүс Кембрижийг эсэргүүцэгчид дунд цөөнгүй бий.

Манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гурван сургууль бий. Энэ сургуулиудад суралцагчдын 85 хувь нь дунд болон дундаас доогуур орлоготой айлын хүүхдүүд юм билээ. Тэднээс нэлээд нь дэлхийн топ сургуулиудын тэтгэлгийг авчихаад явж байна. Ардын хүүхдэд боломж олдвол эгэл борог орчноос дэлхийд гарах боломж бийг энэ жишээнээс харчихаж болно. Энгийн бор амьдралаас олимп, тив дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасан тамирчид төрж гарсан жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Ардын хүүхдүүдэд их спортоос гадна инженер, мэдээлэл технологи гээд бүх л салбарт цэнхэр гаригт тодроод гараад ирэх боломж бий. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулиудын тоог өсгөчихвөл дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг авч, дэлхийн боловсрол эзэмших сурагчдын тоо огцом өснө гэдэгт эргэлзэх зүйл алга.

Жирийн иргэдийн хүүхдүүд олноороо ийм боломжийг атгаж, дэлхийд гайхагдсан инженер, эрдэмдэн судлаач болбол улсаараа хөгжих асуудал биш. Улсын хөгжлийн суурь нь боловсрол гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Дэлхийн улс орнууд ийм дүрмээр л хөгжиж яваа. Наад захын жишээ гэхэд Сингапур байна. Загасчны тосгон гэж дэлхийд шоглуулж байсан Сингапурын дэлхийд тодорч хөгжсөн түүх ерөөсөө л боловсрол. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн суурийг боловсролдоо шигтгээд өгчихсөн учраас Сингапурыг дэлхий мэддэг болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Засгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгч байж л том төслүүд хэрэгжиж, эдийн засаг тэлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Цар тахлын үед улс орнууд дотоодынхоо нөөц бололцоог шавхаж байж эдийн засгаа аварч чадна гэсэн зөвлөгөөг олон улсын шинжээчид өгч байна. Манайд ямар нөөц боломж байна вэ?

-Хамгийн чухал салбар гэвэл хөдөө аж ахуй. Тэр дундаа хүнсний салбар, ноос ноолуур, арьс ширийг онцолмоор байна.сүүлийн үед ногоон бизнес гэсэн асуудал хүчтэй тавигдаж байгаа.байгальдаа ээлтэй хандаагүйгээс болж уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн жишээ өчнөөнөөрөө байна, дэлхийд.ган, зуд, үерийн давтамж ойртох боллоо.Ингээд харахаар дэлхий яалт ч үгүй хөдөө аж ахуй, хүнсний салбар руу анхаарч эхэллээ л дээ.наад зах нь газар тариалангийн талбайгаа яаж өргөтгөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.дэлхийд өлсгөлөнд нэрвэгдсэн газар ихсэх болсон.ган, зудаас болоод тариалалт хэцүүдсэн жишээ олон бий.солонгос гэхэд л үерт автагдаж байна.Энэ нь эргээд хүнс, газар тариалангийн салбартаа сөргөөр нөлөөлөх жишээний.Хүлэмжийг хөгжүүлбэл импортын хэмжээгээ багасгаж чадна.хүлэмжээ хөгжүүлье гэвэл эрчим хүчээ сайжруулах шаардлага бий.эрчим хүчний эх үүсвэрийн тухайд сэргээгдэх эрчим хүчний шинэ технологиудыг нэвтрүүлэхэд газрын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт гарц шийдлүүдийг хайж ажиллах эрэлт хэрэгцээ үүсчихсэн.

-Эко хүнс үйлдвэрлэж, ноос, ноолуур, арьс ширээ эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадагшаа экспортолж доллар олох боломжоо өргөжүүлэх том гарц шүү…?

-Тэгэлгүй яахав, хөдөө аж ахуйн салбараа зөв хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээндээ үйлдвэрлэж чадвал цаашдаа экспортлох боломж ч бий.

Эскпорт гээд ярихаар хөдөө аж ахуй ганц хүнсээр хязгаарлагдахгүй, эко гэсэн тодотголтой олон бүтээгдэхүүнээр дэлхийд гарах боломжтой. Жишээ нь, сая таны онцолсончлон ноос ноолуур, арьс шир хамгийн боломжтойд тооцогдож байгаа. Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн, эко гэдэг давуу талтай учраас эдгээр бүтээгдэхүүнээ экспортолж доллар болгох бүрэн боломж бий. Энэ мэтээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийнхээ тоог олшруулъя гэвэл хөдөө аж ахуйд өчнөөн боломж байгаа.

-Монголын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнүүд гээд арьс шир, ноос ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэллээ гэж бодъё. Яг аль улсуудын зах зээл бидэнд нээлттэй байгаа вэ?

-Бүх оронд экспортолно гэж байхгүй. Яг зорилтот зах зээлээ тодорхойлох ёстой. Жишээ нь, манай улс Европын холбооны улсууд руу 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох эрхтэй. Мэдээж Европын зах зээлд хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжгүй. Арьс шир, ноос ноолуур хамгийн боломжтой нь. Эдгээр бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахын тулд ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэсэн асуулт тавигдана. Японы зах зээл рүү бүтээгдэхүүн гаргах боломж нээгдчихсэн. Яг ямар бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж, үйлдвэрлэж яаж гаргах вэ гэдэг дээр нарийн судалгаанууд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлоход биднээс шалтгаалах зүйл их байна л даа.

-Та сая ноос ноолуур, арьс шир Европын зах зээлд гарах бүрэн боломжтой гэж ярилаа. Ноолуурын хувьд барууны зах зээлд тодорхой хэмжээнд танигдчихсан.Ноос, арьс ширний хувьд эцсийн бүтээгдэхүүн болгож доллар олох нь бүү хэл үнэгүйдчихээд байгаа.Үнэгүйдсэн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлохын тулд яг яах ёстой гэж та харж байна?

-Европ бол маш том зах зээл. Зөвхөн Германы хүн ам гэхэд 87 сая. Европын хувьд хөгжсөн орнуудаас бүрдсэн гэдэг утгаараа ихэнх иргэд нь орлого сайтай, хүчтэй эдийн засгуудтай. Арьс ширэн дээр гэхэд итали гутал гэж ярьдаг ч монголчуудад шинэ брэнд үүсгэх боломж бий. Монгол үхрийн ширэн цүнх гэсэн брэнд гаргаад ирж болно шүү дээ.

-Хөдөө аж ахуйн ямар нэг бүтээгдэхүүнээрээ дэлхийд гарсан брэнд бүтээсэн улсуудын түүхийг харахад төр засгаас нь яаж анхаарсан байдаг юм бол?

-Хамгийн түрүүнд татварын бодлогоор дэмжсэн байдаг. Бид ч гэсэн хөдөө аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлүүдээ татвараар дэмжих хэрэгтэй.Хоёрт, гадаад худалдааны бодлогодоо анхаарах ёстой.Манай улсын хувьд гадаад худалдаагаа хөгжүүлэхийн тулд ямар бэрхшээлүүд байна вэ гээд харахаар нэгдүгээрт тээврийн асуудал хөндөгддөг.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбооны улсууд руу тээвэрлэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт тавигддаг.Тээврийнх нь өртөг өндөр учраас энэ чигт анхаарсан төрийн нэгдсэн дэмжлэг хэрэгтэй. Арьс шир, ноосны салбарыг аваад үзэхээр ихэнхдээ жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулаад байна л даа. Жижиг, дунд үйлдвэрүүд дангаараа Европын зах зээл рүү ороход хүнд.Тэгэхээр энэ бүхнийг нэгтгэсэн тээвэр, худалдааг нь зохицуулдаг тусгай газар ч юм уу, бүр цаашлуулаад яривал яам хэрэгтэй.

-Гадаад худалдааны яам хэрэгтэй гэж үү?

-Эдийн засаг гадаад худалдааны яам гэж нэгдсэн яам хэрэгтэй болоод байгаа. Учир нь гадаад худалдааны асуудлыг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа. Гадаад харилцааны яамны нэг газар болж ажилладаг. Өнөө газар нь үйл ажиллагаагаа гадаад худалдааг хөгжүүлэх гэхээс илүү дипломат харилцаа гэдэг утгаар нь ойлгоод явчихдаг.Европын холбооны улс, Япон руу татваргүйгээр бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийг жижиг, дунд үйлдвэрүүд ашиглаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь энэ л дээ. Замыг нь зааж, зөвлөгөө өгөх, нэгдсэн мэдээллээр хангах газар байхгүй учраас жижиг, дунд үйлдвэрлэгчид аргаа олохгүй байгаа юм.

-Хөдөө аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэе гэхээр хөрөнгө мөнгөний асуудал хамгийн том бэрхшээл болдог. Энэ чиглэлийн үйлдвэрлэлд гаднаас хөрөнгө оруулалт татах боломж хэр байдаг вэ?

-Энэ чиглэлийг дэмждэг төслүүд бий. Дэлхийн зах зээлд танигдсан, үнэлэгдсэн бүтээгдэхүүн хийе гэхээр манайд нэг асуудал байдаг л даа.Чанартай бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой үйлдвэрлэж чаддаггүй.Тэгэхээр юуны өмнө чанарын стандартуудыг нь баталж өгөх хэрэгтэй.

-Стандарт баталлаа гэхэд эргэлтийн хөрөнгө гол асуудал болдог л доо. Засгийн газраас хямд хүүтэй зээл ч юм уу, тусгайлсан дэмжлэг үзүүлэхүйц санхүүжилт гаргах бодлого хэрэгжүүлэх гарцаагүй шаардлага байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ, гэхдээ төсвийн боломж энэ тэр гээд асуудал байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас Засгийн газрын баталгаа байж болно.Хувийн хэвшлийнхэн зээл авсан тохиолдолд баталгааг нь хангалттай хэмжээнд гаргаж өгөх хэрэгтэй. Ер нь энэ чиглэлийн үйлдвэрлэлд санхүүжилт хангалттай байдаггүйгээс болж бид өчнөөн боломжоо алддаг л даа. Наад захын жишээ гэхэд л арьс шир, ноос байна. Түүхий эдийн хувьд хангалттай хэмжээний нөөц байдаг ч үнэгүйдчихсэн асуудал бий.Боловсруулах шатандаа Хятад руу гаргачихдаг. Гэсэн хэрнээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болохоороо Хятадаас арьсаа худалдаж авдаг. Нэмүү өртгийн сүлжээ гэж ярьдаг даа. Энэ сүлжээний хувьд гээд ярихад боловсруулах сүлжээ нь тухайн орондоо байж илүү ашигтай байдаг. Нэмэгдсэн өртгийн сүлжээний аль нэг үе шат нь гадаад руу гарчихаар ашиг нь алга болчихдог.Арьс нь Монголд байгаа бол боловсруулах бүх шат нь дотооддоо байх ёстой.Тэгж чадвал арьс ширний салбарын ашиг жинхэнэ утгаараа Монголд үлдэнэ.

-Та сая хувийн аж ахуйн нэгжүүд гаднаас мөнгө зээлэхэд Засгийн газар баталгаа гаргаж өгөх хэрэгтэй гэж ярилаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл муу учраас хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй хөрөнгө босгоход хүнд болчихсон. Энэ тохиолдолд засаг төсвийн мөнгөө барилга, хөшөө мэтэд биш биш яг хэрэгцээтэй, экспортлоод доллар болох салбартаа зарцуулах ёстой юм биш үү?

-Тантай санал нэг байна. Сонгуулийн жилүүд шил дараалж байгаа болохоор яах аргагүй ийм тал анзаарагдаад байна л даа. Үр дүнд нь улс орны эдийн засаг хэцүүдчихлээ. Бид нэг л завин дээр сууж яваа. Зээлжих зэрэглэл муудахаар компаниуд нь гаднаас хөрөнгө оруулалт татаж чадахаа больчихож байна. Хоёрт, ард иргэдийн амьдралд хүнд тусна. Инфляци өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна.Төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарж, улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаагийн төлбөрийг улсаараа төлж байна.

-Хөгжлийн банк улсын хөгжилд нөлөөлөхөөр ийм төслүүдэд санхүүжилт өгөх ёстой ч энэ чиглэлд хангалттай ажиллахгүй яваа гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь Хөгжлийн банк том төслүүдийн дэд бүтцэд зээл өгч, санхүүжилт хийх ёстой. Улсын хөгжилд нөлөөлөхүйц том төслүүд дээр гэхэд л дэд бүтцийг нь засгаас шийдэж өгдөг жишиг дэлхийд бий.Чили улс гэхэд л уул уурхайн салбарт нь хэрэгжих том төсөлд хөрөнгө оруулъя гэсэн гадны нэг хөрөнгө оруулагчдад нэг том дэмжлэг үзүүлдэг. Тухайн төслийн бүх дэд бүтцийг шийдээд өгчихдөг. Улс орнууд хөрөнгө оруулалтыг ингэж татаж, эдийн засгаа тэлдэг. Манайд ч ялгаагүй, арьс шир, ноосны салбарт төр засгийн ийм дэмжлэг хэрэгтэй. Засгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгч байж л энэ чиглэлийн том төслүүд хэрэгжиж эдийн засаг тэлж, экспортын орлого мэдрэгдэхүйц өснө.

Categories
мэдээ цаг-үе

М.Батболд: Өмнө нь би “Фауст”-ын найруулагч байсан бол одоо боол нь болчихсон

Театрын урлагт дурлагчид тун удахгүй “Фауст”-ыг шинээр мэдрэх нь. Найруулагч нь “Альфа” постдрам театрын ерөнхий найруулагч М.Батболд. Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү, өндөр босготой ГИТИС (Москва хотын театр урлагийн академи)-ийн төгсөгч, өмнө нь “Фауст”-ыг тайзнаа тавьсан гэдгээр нь урлагийнхан бол энэ эрхмийг андахгүй. Шинэ театр байгуулсан залуу найруулагчтай “Фауст”-ын тухай, Монголын театрын дэлхийд гялалзах боломжийн тухай яриа өрнүүллээ.


-“Альфа” постдрам театр “Фауст”-аар нээлтээ хийхээр болсон гэж сонслоо. Постдрам гэж хаанаас гаралтай урсгал вэ?

-Германаас гаралтай XIX зууны дунд үеэс үүссэн, орчин үеийн театрын урсгал байгаа юм. Германд үүсч, Европт дэлгэрээд1990-ээд оны дунд, сүүл үеэс Оросын театрын урлагт нэвтэрсэн, товчхондоо ирээдүйн театр гэсэн үг л дээ.

-Та өмнө нь “Фауст”-ыг найруулж байсан. Энэ удаа “Фауст”-ыг дахин барьж авч, театрынхаа нээлтээр урлагт дурлагчдад хүргэх болсон шалтгаан тань сонирхол татаж байна. Театр байгуулаад ажиллана гэдэг том зориг, үзэгчид алга ташаад угтаж авна гэсэн итгэл бат нот байна уу?

-“Фауст”-ыг анх найруулах үед хүмүүст хүрэх болов уу гэсэн айдас байсан л даа. Гэтэл ихэнх үзэгч алга ташиж хүлээж авсан. Нийгмийг чирч явдаг, урлагт хайртай үзэгчдээс “Театрын цоо шинэ үзэгдэл байна. Цааш нь хөгжүүлээрэй. Үзэх хэрэгцээ байна шүү” гэсэн үг сонсоод олзуурхсан. Монголын үзэгчид аль хэдийнэ дэлхийн үзэгчид болчихсон. Үзэж, харж, ойлгож, мэдэрч байгаа зүйлүүд маань хавтгай болчихсон гэдэг утгаараа. Өөрийн гэсэн театр байгуулахыг найруулагч бүр мөрөөддөг. Нөгөө талд хэрэгцээ байна. Мэдээж ганц миний шийдвэр биш.Олон хүний дэмжлэг бий. Нийгмийн захиалгаар байгуулагдсан ч гэж хэлж болно. Театрынхаа нээлтийг Mike Bartlett-ийн“Love LoveLove” жүжгээр хийе гэж шийдээд сургуулилтаа эхэлчихсэн ажиллаж байгаад сүүлд “Фауст” дээр тогтсон. “Фауст” бол дэлхийн уран зохиолын ноён оргил, хоёр дахь “Библи” гэгддэг. Театр өөрийн гэсэн амбицтай, “Фауст” ч өөрийн гэсэн амбицтай. Ингээд л шийдчихсэн.

-“Фауст” жүжиг Москвагийн театрт урлагийн академи төгсөхөд дипломын ажил тань байсан. Дараа нь та Монголынхоо үзэгчдэд хүргэсэн. Одоо гурав дахь удаагаа найруулаад сууж байна. Удахгүй үзэгчидтэй уулзах “Фауст” өмнөх хоёроосоо яг ямар ялгаатай байх бол?

-Гурав дахь тавилтын тухайд шийдлийн хувьд ч, тоглох бүрэлдэхүүний хувьд ч өөрчлөгдөж байгаа. Учир нь “Фауст” гэх жүжиг миний хяналтаас гарсан. Өмнө нь би “Фауст”-ын найруулагч байсан бол одоо боол нь болчихсон. Энэ жүжиг өөрийн амьтай, амбицаа өөрөө тодорхойлж, үзэгчээ өөрөө сонгож байна.

-Зохиолчид “Дүрүүд маань миний хүссэнээр амьдардаггүй” гэж хэлдэгтэй агаар нэг сонсогдож байна. “Фауст”-аар шатаж, шаналж, амьдарсан хүнээс л ийм үг гарах байх…?

-Би наймдугаар ангидаа уран зохиолын хичээлийн даалгавраа хийх гэж “Фауст”-ыг анх уншиж байсан юм. Тэр үед юу ч ойлгоогүй. Анагаахын сургуулийг сэтгэл зүйчээр төгсөж, сэтгэцийн эмчээр ажиллаж, эцэст нь Москва явлаа. Тэнд найруулагчаар суралцаж байхдаа орос хэлээр уншаад ойлгосон. Сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшиж, найруулагчаар сурч байсан нь нөлөөлсөн байж магадгүй.

-Фауст аз жаргалыг хайсаар, насан эцэслэснийхээ дараа аз жаргалын шалтгаан нь өөрөө байсан тухай олж мэддэг. Энэ агуулгыг харахаар “Өөрөө өөртөө гэрэл бол” гэсэн Буддагийн үг санаанд буусан. Таны “Фауст”-ын талаарх сэтгэгдэл ч ийм мэдрэмж төрүүлсэн…?

-“Фауст” бол Библийн л нэг хувилбар шүү дээ. Библийг арай өөрөөр, утга уран зохиол руу оруулаад бичсэн зохиол. Цаашлуулж ухвал “Фауст” –аас Будда ч харагддаг. Ер нь үндсэн шашин гэж байдаггүй, системийн онол л гэж бий. Системийн онол буюу учир шалтгааны шинжлэх ухаан, гүн ухаан, физик, математик гээд яривал “Фауст”-ыг аль ч талаас нь тайлбарлаж болно. Миний хувьд буддын талаас нь тайлбарлая гэж бодсон. “Фауст”бол аз жаргалыг яаж олох вэ гэсэн урт эрлийн тухай өгүүлэл. Хүн бүр аз жаргалыг хайдаг. Хүн төрөлхтөн аз жаргалаа янз бүрийн аргаар хайж яваа. Сайн найз, архи дарс, нууц амраг гээд аз жаргалыг юм бүрээс хайж байна. Аз жаргалд хүрэхийн тулд Харвард төгсөх шаардлагагүй, тэрбумтан болох гэж хамгаа мартан зүтгэх ч хэрэггүй, зөрж өнгөрсөн хүнийг шалтгаангүйгээр хайрлах сэтгэл зүйтэй л бай гэсэн санаа “Фауст”-ын амин сүнс. Мефистофел гэгч чөтгөр үхэн үхтлээ аз жаргалыг хайгаад олоогүй Фаустын сүнсийг дагуулан аялж, аз жаргал хажууханд нь байсныг л харуулдаг.

-Таны өмнөх найруулга дээр С.Болд-Эрдэнэ жүжигчин Фаустын дүрийг бүтээсэн. Энэ удаа ч дахиад бүтээх нь. Фауст бол Болд-Эрдэнэ, Болд-Эрдэнэ бол Фауст болчихжээ…?

-Фауст гүн ухааны дүр. Миний хувьд ийм гүн ухааны дүрийг бүтээх хэмжээний жүжигчин Монголд С.Болд-Эрдэнэ ахаас өөр байхгүй санагддаг. Хэрэв Л.Жамсранжав агсан амьд сэрүүн, ид насны гялалзаж явсан бол энэ дүрийг гайхамшигтай бүтээж чадна.

-Мефистофелийн дүрийг өмнө нь Л.Баттулга (Аглуу) жүжигчин бүтээсэн, одоо жүжигчин Т.Бархүү бүтээх юм байна. Аглуугийн бүтээсэн Мефистофель ямар болсон бэ, Бархүүгээс юу хүлээж байгаа вэ?

-Мефистофелийн дүрийг тухайн цагийнхаа хамгийн шилдэг, гайхалтай уран сэтгэмжтэй жүжигчид бүтээсээр ирсэн түүхтэй. Маш егөөтэй, хөдөлгөөнтэй, их уран дүр. Аглуу /Л.Баттулга/ ах уран сэтгэмжийн хувьд гайхалтай, егөө юморийн хаан шүү дээ. Өөрийнхөө уран сэтгэмжээр дүрээ мундаг бүтээсэн. Би бүр анх хойно оюутан байхдаа Аглуу ах, Бархүү хоёрыг Мефистофель гээд харчихсан явсан юм. Хоёулаа өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй Мефистофелийг гаргах нь тодорхой байсан л даа. Театр бол байнга өсөн дэвжиж, тасралтгүй хөгжиж шинчлэгдэж явдаг хэцүү платформ. Хүн нэг үзсэн киногоо ахин үзэхийг хүсдэггүй бол жүжиг тийм биш. Жишээ нь “Фауст”-ыг нэг удаа үзсэн хүн ахиад үзэхдээ өөрийг, шинийг олж харж кайф авах ёстой. Найруулагч байнга харах өнцгөө шинэчлэхгүй бол гараас нь бүтээл гарахгүй. Найруулагч нь жүжгээ тухайн цаг үетэйгээ холбоод, шинэчлээд явбал үзэгчид уйдахгүй, улам шимтэн үзсээр байдаг. “Ковид-19” дэлхийг өөрчилчихлөө. Хүн төрөлхтөн аз жаргалыг дахин шинээр харж, хайж эхэлсэн. Яг ийм үед “Фауст”-ыг дахин төрүүлэх шаардлага байсан юм. Ингэхдээ найруулга, шийдэл, бүрэлдэхүүний хувьд цоо шинэ түвшинд очих ёстой гэж хараад Т.Бархүүг сонгосон.Тэс өөр, их сонин, өвөрмөц, шинэлэг дүр төрхтэй Мефистофел гарч ирж байна. Маргарита маань өөрчлөгдсөн. СУИС төгссөн, уран гимнастикаар хичээллэдэг С.Цэлмүүн гэж жүжигчин энэ дүрийг бүтээнэ. Шив шинэ жүжиг дээр ажиллаж байгаа юм шиг л санагдаж байна. Ийм мэдрэмж төрнө гэж хүлээж байгаагүй л дээ.

-Бичсэн хугацаанаас эхлээд л “Фауст” сонирхол татдаг. Гёте энэ зохиолоо жаран жил бичсэн гэдгийг бол хүн бүр мэднэ. Та энэ бүтээлтэй холбоотой өөр олон сонин баримт олж үзсэн байх. Гойд сэтгэгдэл төрүүлснээс нь манай уншигчидтай хуваалцаач?

-Гётегийн энэ бүтээл нөгөө талаасаа зөгнөлт зохиол. Дэлхийн гуравдугаар дайны талаар бичсэн байх жишээний. Хүн төрөлхтөн маш олон шаттай дайнуудыг туулсны эцэст дэлхий сөнөх хэмжээний дайныг амсана гэж бичсэн байдаг. Хүмүүсийн бүтээсэн хиймэл хүн хүн төрөлхтөнд сонин, хачнаар нөлөөлнө гэх мэт хэсэг гардаг. Коммунизмыг жинхэнэ утгаар нь XXV зуунд байгуулна, тэр үед хүмүүс бүгд гэгээрнэ, хайр бол цорын ганц арга зам гэдгийг ойлгоно гэх мэтээр бичсэн нь ч бий.

-Таны үзсэн “Фауст”-уудаас дуу алдуулам онцгой нь дэлхийн аль улсын ямар найруулагчийнх байсан бэ?

-Миний үзсэн “Фауст” дундаас хамгийн их таалагдсан нь Английн нэг найруулагчийн Москвад тавьсан “Фауст”. Хөгжим нь бүр онцгой. Жинхэнэ Фаустын зүрхний цохилтоос гарсан хөгжим яг мөн байна гэсэн мэдрэмж төрсөн. Тэр хөгжим надад “Фауст”-ыг тавихад маш том нөлөө үзүүлсэн. Санкт Петербургт үзсэн “Фауст”-д Мефистофелийг сэтгэцийн эмчийн дүрээр, Фаустыг өвчтөний дүрээр гаргасан нь сонирхолтой шийдэл шиг санагдсан. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, ирэх жилийн долдугаар сард “Фауст”-ыг англи хэлээр тавина. Жуулчдад үзүүлнэ гэсэн бодолтой яваа. Манай улс түрүү жил гаднаас нэг сая жуулчин хүлээж авсны 250 мянга нь зуны цагт компаниудаар дамжин ирсэн байна лээ. Дор хаяж 30 мянгад нь жүжгээ үзүүлмээр байна. Зуны жуулчдын аялал үндэсний урлагийн цөөн хөтөлбөр сонирхож, хөдөө явах гэсхийгээд дуусдаг. Бид гадны жуулчдад Монголынхоо талаар ерөнхийдөө нүүдэлчин ард түмэн шүү гэсэн ойлголт л өгдөг.

-Тэгвэл “Альфа” театр ирэх зун сонгодог урлагаар монголчууд ямар төвшинд хүрснийг харуулах нь ээ?

-Гадны жуулчид монголчууд дэлхийн театрын урлагт аймар зэрэгцэж явааг мэдрээд буцна гэдэгт итгэлтэй байна.

-Орчин үеийн театр гэхээр олон хүнд сүүлийн үеийн өндөр технологийн хүчийг харуулсан сүрлэг тайз энэ тэр гээд өнгөн талын төсөөллүүд буугаад байх шиг анзаарагддаг. Орчин үеийн театрын урлаг юугаараа гоцгойд, өөр өвөрмөц вэ?

-Дэлхийн театрын хөгжлийн түвшинд Монгол улс очих ёстой гэж ирээд яривал техник технологи чухал биш. Найруулга, сэтгэлгээ, сэтгэмж л хамгийн чухал. Дэлхийн театрууд ч ялгаагүй, ийм. Зарим хүн хэлдэг л дээ, “Технологи нь байвал сайн жүжиг хийнэ, даанч манай Монголд тийм боломж нь алга” гэж. Үгүй л дээ, технологи чинь өөрөө оюун сэтгэлгээ, сэтгэмж дээр тогтдог. Дэлхийн театрын хөгжил сэтгэлгээндээ, найруулгандаа, сэтгэмж бодомжиндоо байдаг гэдгийг л би харуулах гэсэн юм.

-“Альфа” театрын дараагийн жүжгийн тов гарсан уу. Найруулахаар төлөвлөчихсөн ямар жүжгүүд байна. Хэзээ нэгэн цагт заавал тайзнаа амилуулна гэж бодож явдаг зохиолоо сонирхуулаач?

-Манай театрын жилийн төлөвлөгөө гарсан. “Турандот гүнж”, Mike Bartlett”-ийн “Love Love Love” жүжгийг тавихаар төлөвлөсөн. Дараа жил “Мастер Маргарита”, М.Булгаковийн “Нохойн зүрхтэн” жүжгийг найруулах бодол бий. Шекспир найруулагчийг их задалж өгдөг. Мэдээж найруулагч болгон “Гамлет”-ийг хийхийг хүсдэг. Хэзээ нэгэн цагт “Гамлет”-ийг тайзнаа тавих байх аа (инээв).

-“Фауст” жүжгээ дотоодын уралдаан фестивальд сойх уу?

-Тийм бодолгүй байгаа.

-Яагаад?

-Миний цаашдын зорилго бол олон улсын фестивалиудад жүжгүүдээ сойх. Англи хэлээр жүжгээ тавихаар бэлдэж эхэлсэн минь цаанаа ийм учиртай. Дэлхийн театрын урлаг гэж томоор харвал монголчууд сэтгэлгээ, сэтгэмж, ур чадвар гээд юугаараа ч дутахгүй. “Фауст” өөрөө өөрийнхөө амбицыг тодорхойлчихсон гэж би түрүүн хэлсэн дээ. “Фауст” олон улсын ямар фестивальд орохоо өөрөө сонгож байна. Би “Фауст”-аа Гётегийн нэрэмжит Германы фестиваль, Европын театрын фестивалиудад сойж байгаа. “Фауст” бол олимпийн наадамд сойж байгаа тамирчин. Олимпод сойж байгаа тамирчныг сумын наадамд барилдуулж болдоггүй биз дээ.

Э.АНХЗАЯА