Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны амь насны төлөө төрийн хийх юманд хязгаар бий

Хөл хорионы өдрүүд үргэлжилж байна. Дэлхийг сандаргасан ковидын халдварыг дотооддоо алдчихлаа. Одоо дэлхийн улс орнууд цар тахлын үед яаж байна, яг тэр замаар алхахаас өөр арга бидэнд үлдээгүй. Цэнхэр гаригийн номтой эрдэмтэй бүхэн “Дэлхийн түүх коронагийн өмнө ба дараа гэсэн үечлэлд хуваагдана, хүн төрөлхтний назгай амьдралыг энэ удаагийн цар тахал огцом өөрчилнө” гэж ярьж хэлээд эхэллээ. Тийм ч байх.

Тахлын үед улс орнуудын төр засаг нэг л үүрэгтэй ажиллаж байна. Наад захын жишээ гэхэд л Европын орнууд байна. Хөгшин Европын төр баригчид тахлын үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, яаж амьдрах талын чиг зөвлөгөөг иргэддээ өгөөд багагүй хугацаа өнгөрчихлөө. Хоорондын зайгаа барь, маскаа зүү, гэр, оффистоо байнгын ариутгал хий, тэгээд ажлаа хий, аж төр гэсэн зөвлөгөө л өгч байгаа. Ганц Европ ч биш дэлхий даяараа төр засгууд ийм л үүрэгтэй ажиллаж байна. Тахлын үеийн төр засгийн үүрэг ерөөсөө л энэ. Үлдсэн нь иргэний буюу таны үүрэг. Маскаа зүүх нь, хоорондын зайгаа барих нь, оффис, гэртээ байнгын ариутгал цэвэрлэгээ хийх нь зөвхөн таны үүрэг. Таны маскийг зүүлгэх гээд араас чинь гүйх нь төрийн үүрэг биш л дээ.
Хоорондын зайгаа бариарай, тэгэхгүй бол вирусийн халдвар авах эрсдэл чинь нэмэгдэнэ шүү гээд байхад л тас тэврэлдэж оочерлоод байгаа тохиолдолд төр засгийг буруутгах аргагүй. Мэдээж иргэдийг биесээ тэврэн юунд ч юм дугаарлаж зогсохыг төр харсан тохиолдолд шаардлага тавиад ном дүрмээр нь дугаарлуулах л байх. Тэгвэл тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид өөр хоорондоо салхи орох ч зайгүй шахцалдан дугаарлаж зогсоо иргэдийг хараагүй тохиолдолд яах вэ? Шуудхан хэлэхэд, энэ тохиолдолд төр ямар ч буруугүй. Шахалдан барин дугаарлаж оочерлосныхоо балгаар вирусийн халдвар авсан бол төрийн биш, тухайн иргэний л хохь болоод хоцорно. Хатуу ч гэсэн үнэн нь энэ.
Товчхондоо ухаалаг, ёс зүйтэй, жинхэнэ иргэн байсан тохиолдолд л эрүүл саруул, энх тунх амьдрахаас аргагүйд хүрснийг цар тахал бидэнд сургаж байна. Өөрийнх нь бүтээсэн өнөөдөр хэн нэгнээс хамаатай юм шиг сэтгэж, хэцүү хатуу аж төрж яваад нь өрөөл бусад буруутай юм шиг, гэгээлэг зүйлийг ч сөргөөр хүлээж авч сөрж л байвал бахтай кайфтай орших юм шиг санаж амьдарсаар ирсэн том гэм бидэнд бий. Өөрөөсөө алдаа гэм хайхаас урьтаж бусдаас өө сэв хайж аж төрж яваагаа энгийн л үнэн гэж эндүүрчихсэн алхаж яваа олон хүнд ковид сануулга өгч байна. Корона бидэнд “Та өөрөө хариуцлагатай, та өөрөө ухаалаг, та өөрөө ёс зүйтэй, та өөрөө хариуцлагатай байж тахлыг мэнд давна гээд тов тодорхой тод чангаар хэлээд өгчихлөө. Хэн нэгэн л миний өмнөөс үүрэг хүлээх ёстой, тэр намайг тэгж дэмжих ёстой, энэ намайг ингэж эвийлэх учиртай гэсэн үзлээсээ яг одоо салахгүй бол амьдрах аргагүй шүү гэчихлээ.

Учир ойлгох хэсэг “Зөв иргэн, зөв хүн байхыг яс маханд тултал ойлгуулж мэдрүүлж байгаа нь коронагийн маш том давуу тал” гэж олзуурхаж суугаа нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр коронагийн үед тахалд нэрвэгдчихгүйхэн шиг амьдрах цор ганц шалтгаан нь бид өөрсдөө болж таарч байна. Зарим газрын бие засах өрөөнд ороход “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн бичиг хадаатай байдаг даа. Уг нь тэр өгүүлбэр ариун цэврийн өрөө төдийхөнд өлгөх бичиг биш л дээ, амьдралдаа мөрдөх ёстой энгийн хэрнээ гарцаагүй дүрэм юм.

Яахав, миний муу яваа нь, миний өвчин туссан нь тэрний энэний буруу гэж бусдыг буруутгаж өөрийгөө хуураад явахад сэтгэл хөнгөн байж мэдэх л дээ. Гэхдээ өөрийгөө хуурсны хохирол эргээд өөрт нь л буудаг хатуу жам бий. “Надад сайхан санагддаг” гээд архи ууж, тамхи татдагаа зөвтгөдөг хүмүүс хаа сайгүй таардаг. Өнөөхөндөө, тэрхэн зуурдаа сайхан ч эцэс хожим эрүүл мэнд сүйддэг гашуун үнэн ард нь бий. Эцэс хожим нь эрүүл мэндээрээ хохирох нь аль нэг төр засаг, хэн нэгэн биш өөрийгөө зөвтгөн зөвтгөн бурууд дурласан хүн өөрөө л байдаг. Зарим зүйлд өөрийгөө хуурахгүйгээр аж төрөхгүй бол өөрөө хохирдгийн бас нэг жишээ нь тахал. Цар тахлын үед хоорондын зайгаа барихгүй, маскаа зүүхгүй явснаасаа болж ковидын халдвар авбал хохирох хүн нь та өөрөө, таны ойр тойрныхон.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Засгийн газрын тодорхойгүй байдал лангуу түрээслэгчид, жижиг дунд бизнесийнхнийг шоконд оруулчихлаа

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Төгрөгийн ханш сулрах бодит эрсдэлүүдээр ярилцлагаа эхлэх үү?
-Төгрөгийн ханшийг доллартай харьцуулбал эрсдэл нь харьцангуй гайгүй харагдаж байна, өнөөхөндөө. Орос, Хятад хоёр доллараас татгалзчихлаа. Оронд нь евро, юанийг ашиглаж байна. Дээр нь долларын ханш сулраад байна л даа. Тэр утгаараа өнөө маргаашдаа доллар ба төгрөгийн ханш харьцангуй гайгүй болов уу. Юанийн эсрэг бол төгрөг суларч байна. Хэд хэдэн шалтгаан бий. Төсвөө нэлээд алдагдалтай баталчихлаа. Алдагдалтай төсөв маань төгрөг үнэгүйдэх нь, инфляци өсөх нь гэсэн дохио болчихож байгаа юм. Наад захын жишээ гэхэд л хүмүүс юаниар хадгаламж нээлгэдэг болж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль угтаад өнгөрсөн сонгууль шиг болсон болоогүй дэмий санхүүжилтийг төсвөөс хийж таарна. Аймаг, сумын төвүүд дээр хэрэгтэй хэрэггүй баахан объект ашиглалтад оруулах нь тов тодорхой. Төсвийн хөрөнгө оруулалтын 40-50 хувь нь шууд импорт болоод байгаа. Импортыг дэмжээд байгаа учраас төгрөгийн хомсдол үүсгээд юанийн хэрэглээг өсгөчихөөд байна л даа.
-Импорт агшсан ийм үед юанийн ханш өсөөд байгаагийн уг шалтгаан нь юундаа байна вэ?
-Миний хувийн таамгаар бол иргэд төгрөгт итгэхгүй байх шиг байна. Ирээдүйд юань илүү хүчтэй валют болно гэж хараад хүмүүс мөнгөө юань руу шилжүүлээд байх өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн юм яваад байх шиг. Ер нь мөнгөтэй хүмүүс улс төрийг уншиж суугаа. Дээхнэ Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад загнана лээ. Энгийнээр зүйрлэвэл, ЗГХЭГ-ын хэвлэлийн албаны дарга танай сонины эрхлэгчийг дуудаж авчраад загнаж байгаагаас ялгаагүй. Ингэж болохгүй нь хэтэрхий ойлгомжтой асуудал шүү дээ. Ингээд харахаар макро эдийн засагт ийм авирлал бүр байж болохгүй. Ерөнхий сайд төв банкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад загнаж болохгүй. Үндсэн хуулиараа төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлнэ гэчихсэн. Монголбанк хараат бус, бие даасан статустай байх ёстой. Гэтэл Засгийн газар ийм газрыг агентлагийн төвшинд хараад байна. Ингэх нь Монголбанкинд хохиролтой. Ийм шалтгаанаар төгрөгийн ханш суларч, төгрөгт итгэх итгэл унаж байж магадгүй.
-Засгийн газар саявтар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хорь гаруй шийдэл гаргалаа. Ээдийн засгаа бодит утгаар нь дэмжсэн шийдлүүд болж чадав уу, та юу гэж бодож байна?
-Лангуу ажиллуулж өдөр хоногийн амь зуулгаа зогоож байгаа иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлж чадлаараа зүтгэж яваа хүмүүс рүү чиглэсэн ямар ч шийдэл харагдсангүй. Засгийн газрын ийм тодорхойгүй байдал хүмүүсийг шоконд оруулаад байна л даа. Сэтгэл зүйн, нийгмийн уур амьсгалын эффект яваад байна гэсэн үг.
-Сангийн сайд хүүхдийн мөнгө шууд утгаараа бодит дэмжлэг гэсэн үг унагана лээ. Хүүхдийн мөнгө тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг өрхийн түвшинд саармагжуулсан үр дүнтэй арга гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хүүхэдгүй, ганц бие хүмүүс өчнөөн байгаа шүү дээ. Хүүхэдгүй, хүүхдүүд нь насанд хүрсэн айл өрх ч олон бий. Хүүхдийн мөнгө гэдэг зүйлээр ам хаагаад сууж болохгүй.
-Лангуу түрээсэлж хоолоо олж иддэг, жижиг, дунд бизнес эрхэлж амьдралаа болгодог иргэд хэцүү байна гэж та түрүүн хэллээ. Том, дунд компаниудын хувьд ямар эрсдэлтэй нүүр тулаад байна вэ, тэдэнд чиглэсэн дэмжлэгийг засгаас үзүүлж чадаж байгаа болов уу?
-Миний хувьд энэ хэсэгтээ засгаас анхаарахгүй байна гэж хэлнэ. Банкуудаас зээлийг нь хойшлуулахаас өөр арга шийдэл, дэмжлэг алга байна шүү дээ. Сонинуудаар жишээлье л дээ. Орлогогүй болсон компаниуд реклам сурталчилгаагаа нийтлүүлэхээ багасгана. Реклам сурталчилгааны орлого багасахаар сэтгүүлчдийнхээ цалинг багасгах ч юм уу, бүр хэцүүдвэл халах тушаал гаргахаас аргагүйд хүрнэ. Ганц сонин ч биш бүгд адилхан.
Бүх компани ийм байдалтай нүүр тулчихсан. Хувийн жижиг эмнэлгийн эзэд лав үгээ барж байна. Хүн орж ирэхээ больчихлоо, яах вэ гэцгээж байна. Жижиг дэлгүүрүүд хүнд байгаа. Шуудхан хэлэхэд, тэдний орлогын гол эх үүсвэр нь архи, шар айраг, мах. Талх, нарийн боов, сүү гэх мэт хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өрсөлдөөн ихтэй, гудамж болгонд зарж байгаа учраас ашиг хийх боломж багатай. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, төрөөс нөөцийн мах гэж шууруулаад өнөө дэлгүүрүүдийнхээ орлогоос бас хумсалчихаж байгаа юм. Ресторан, зоогийн газрууд бүгд хаагдлаа. Тогооч нар ажилгүй болж байна. Жижиг цайны газрууд үүдээ хааж эхэллээ. Эдэнд зориулсан ямар ч бодлого алга. Банкны зээлийг нь хойшлууллаа л гэж байна. Зээл нь хойшиллоо гэхэд үүдээ барьчихсан тэр газрууд хүмүүсийнхээ цалинг яаж тавих вэ.
Ийм шалтгаанаар жижиг дунд компаниуд хүмүүсээ маш олноор нь цомхотгож байна.
-Манайх шиг зах зээлийн замаар яваа улс орнууд, тухайлбал баруунд жижиг, дунд бизнесээ яаж дэмжиж байна вэ?
-Хүүгүй барьцаагүй зээл өгч байна.
-Гэтэл Сангийн сайд бизнес агшсан үед зээл өгөөд яах юм гэсэн байр суурь илэрхийлчихсэн…?
-Маш ойлгомжгүй байр суурь. Миний бодлоор бол ажлын байруудаа хадгалж үлдэхийн тулд зээл өгөх нь зөв. Энэ олон ажлын байрууд нэг л уствал эргэж сэргэхэд маш их хугацаа шаардана. Наад зах нь таван жил алдана.
-Төсвийн тодотголыг ойрын үед лав хийхгүй янз анзаарагдаж байна. Тодотгол хийхгүй бол ямар эрсдэлтэй нүүр тулах бол, бид?
-Төсвийн тодотгол хийхгүй гэдгийг би огт ойлгоогүй. Наад зах нь Хэнтийд таван цогболбор, Улаанбаатарт хоёр музей байна. Ямар ч хэрэггүй бүтээн байгуулалтууд. Эднийг царцаахад л 200 тэрбум төгрөг гараад ирчихнэ. Хэмнэсэн 200 тэрбумаа жижиг, дундууддаа зээл өгвөл өчнөөн мянган ажлын байрыг аварч үлдэж чадна.
-Цар тахлын үед зайлшгүй чухал, үйл ажиллагаа нь тасалдах ёсгүй 13 салбар гээд нэр заачихлаа л даа. Гэтэл эдийн засгийг авч яваа хамгийн том салбар уул уурхай энэ жагсаалтад харагдсангүй…?
-Уул уурхайн салбарын экспорт нам зогсвол жинхэнэ том эрсдэл болно. Энэ утгаараа уул уурхай, уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг компаниудыг таны сая хэлсэн жагсаалтад оруулах хэрэгтэй. Төсвийн орлогын гол цөм нь нүүрс, зэс хоёр гэдэг нь хэнд ч тодорхой асуудал шүү дээ.
-Улсын онцгой комиссын байр суурь шиг санагдаж байна, уул уурхайн ямар нэгэн төслийн талбай дээр ковидын халдвар илэрвэл шууд зогсоох арга хэмжээ авна гэж. Жишээ нь Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой дээр ийм эрсдэл үүсвэл яах вэ, ер нь цар тахлын үеэр уул уурхайн том төслүүд дээрээ ямар шийдэл гаргаж ажиллах ёстой юм бол?
-Стратегийн ордууд гэж бий. Ийм ордууд дээр арай онцгой, илүү өөр шаардлага тавих ёстой. Жишээ нь, төслийн талбай дээр ковидоор өвчилсөн хүн илэрлээ гэхэд өнөө хүнээ тусгаарлаад оронд нь өөр хүн ажиллуулах гэх мэт зохицуулалт хийх хэрэгтэй болов уу. Товчхондоо стратегийн ордуудын үйл ажиллагаа юу ч болж байсан тасралтгүй үргэлжлэх ёстой.
-Уул уурхай гэснээс төгрөгийн сулралаас сэргийлэх гол шалтгааны нэг нь алт. Алтны салбарт ямар бодлого дэмжлэг хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Алт төгрөгийн ханш тогтвортой байхын гол баталгаа яах аргагүй мөн. Монголд эхэлж хөрөнгө оруулах гол баталгаа нь алт. Тэгэхээр алтны эрэл хайгуулыг маш сайн дэмжих хэрэгтэй. Даанч ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай учраас улс төрийнхөө эрсдэлээс болгоомжлоод алтны салбараа нэг их дэмжихгүй л болов уу. Алтны салбарыг даажигнасан поп бодлого явуулж байж л массаас дэмжлэг авна. Тэгэхээр улс төрөө л харах байх аа даа. Уг нь макро эдийн засгаа харвал алтны салбараа дэмжих ёстой. Монголбанкны алт худалдан авалтыг дэмжихийн тулд алтны роялтийг буцаагаад 2.5 болгочиход болохгүй юм байхгүй.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхээр Оюу толгойгоос өөр олигтой төсөл байхгүй, одоо бүр сурагггүй болчихлоо л доо. Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй тохиолдолд төгрөгийн ханш тогтворжино гэж хэтээсээ байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн долларын том сувгийг нээх санаа шийдлийг яг өдийд гаргах ёстой байх, тийм үү?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр төгрөгийн ханш тогтвортой байна гэж хэзээ ч байхгүй л дээ. Зэс, газрын ховор элементийн салбартаа хайгуулын лиценз өгөх хэрэгтэй. Хоёрт аль нэг аймгийн төвөө татваргүй, халдваргүй оффшор бүс гэж зарлах хэрэгтэй. Гадны мөнгөтэй хүмүүсийг тусгай онгоцоор авчирдаг, Орос, Хятад руу зах зээлээ гаргах боломжийг нь өгчих хэрэгтэй. Банк санхүүгийн салбар хамгийн найдвартай нь гэж харж байна. Хоёрт, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг маш хурдан ашиглалтад оруулаад чөлөөт бүс болгочихмоор байгаа юм. Хятад, Солонгос чөлөөт бүсээрээ л босч ирсэн. Тэгвэл маш том боломж нээгдэнэ. Төмөр зам найдваргүй болчихсон учраас хурдан мууддаг үнэ цэнэтэй барааг онгоцоор тээвэрлэх нь ихэссэн. Япон, Солонгос, Герман, Франц гэх мэт том улсуудыг хамгийн ойрхон холбодог газар нь Монгол гэсэн давуу тал бидэнд бий. Бүр цаашлуулж яривал казино байгуулсан ч болохгүй юмгүй. Турк, Макао, Сингапур “Манайд жуулчлаач” л гээд байгаа. Жишээ нь, Сингапурын эдийн засаг нь маш чөлөөтэй байна. Гэсэн хэр нь сүүлийн 100 гаруй хоногт шинэ халдвар тархаагүй. Халдвартай хүмүүсээ бүгдийг нь олчихсон. Иргэдийнхээ гар утсанд аппликэйшн суулгачихсан учраас халдвартай хүн ойртоод ирвэл бүх байгууллага, бүх хүмүүст дохио дуугарч сануулга өгдөг болсон. Хүмүүс байгууллага руу орохдоо утсаа уншуулахад л болчихож байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломжтой. Даанч манай сайд нарт ашиггүй учраас явахгүй байна л даа. Халдвар гарлаа гэхэд тухайн хүмүүсээ л тусгаарлачихна, бусад нь амьдралаа хөөгөөд явж байна. Гэтэл бид бухал өвснөөс зүү хайх маягаар ажиллаж харанхуй дунд тэмтчээд байна. Өвдөөгүй хүмүүсээ хүртэл өлсөж үхэх аюул руу нь түлхчихэж байна. Харин Солонгос, Тайвань, Сингапурт өөр аргаар үзэж байгаа. Маш сайн гэрэл тусгаж байна. Хэн халдвартай нь тодорхой, халдвараа яг тэр бүсэд нь хязгаарлаад бусад нь хэвийн ажиллаж амьдарцгааж байгаа шүү дээ.
-Ирэх оны долдугаар сар хүртэл цар тахлын эрсдэл хэвээр үргэлжилнэ гэсэн багцаа гаргачихлаа л даа, засаг. Тэгэхээр Засгийн газар одоо гаргасан шийдлээрээ хагас жилийн хугацаанд бүсээ чангал гэж хэлж мэдэх эрсдэл бий. Хэрвээ ийм байдал үүсвэл долларын ханш төгрөгийн эсрэг огцом өсөх эрсдэлтэй нүүр тулах нь ээ?
-Төсөөлөхөд төвөгтэй. Хэцүү байдал үүсэх нь ойлгомжтой.
-Монголбанкны хувьд улс төрөөс хараат байдалд ажиллахаас аргагүй болчихов уу?
-Богино хугацааны сонгуулийн улс төрөөс хараат болчихоод байна. Зарим эрх мэдэлтнийг хэдэн тэрбумаар хэмжигдэх хадгаламжтай гэж мэдээлдэг. Тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай эрх мэдэлтний хадгаламжийн сарын хүүг тооцоод үзэхэд л бараг 20 сая төгрөг болж байгаа юм. Ийм хүмүүс жирийн хүмүүсийн амьдралыг ойлгохгүй л дээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болчихлоо

Хуульч Б.Баяраатай Үндсэн хуулийн Цэц тойрсон асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед хуульчид Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, үйл ажиллагааны талаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг болчихлоо, яг ямар шалтгаанаар цэц тойрсон шүүмжлэл өрнөх болов гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд заасан шаардлага хангахгүй иргэдийг 2018 онд Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, өнөө хүмүүсийг нь УИХ томилсон нь хуульчид судлаачдын дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан л даа. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бол хуульч хүний хувьд мэргэжлийн дээд карьер. Тэр утгаараа хуульч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, энэ салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй, танигдаагүй иргэд Цэцийн гишүүнээр томилогдсоныг хуульчид эсэргүүцсэн хэрэг. Манайд Үндсэн хуулийн Цэц нэртэй ч олон улсын тогтсон ойлголт нь Үндсэн хуулийн шүүх шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй иргэнийг томилно” гэсэн боловч Үндсэн хуулийн шүүх битгий хэл ердийн шүүхийн шүүгчийн шаардлага хангахгүй, хуульч мэргэжлээрээ тогтвортой ажиллаагүй, хуулийн салбар тэр дотроо Үндсэн хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөх легитим шинжгүй буюу хууль зүйн өндөр мэргэшилгүй иргэдийг Цэцийн гишүүнээр томилсон. Цэцийн гишүүнээр томилогдох үеийн УИХ дээрх ярилцлагаас харахад Үндсэн хуулийн эрх зүйн суурь мэдлэг муутай нь тодорхой харагдсан. Цэцийн гишүүнд нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангахгүй байхад өөрөө нэр дэвшиж, нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс зөрчилтэйг нь мэдсээр байж нэрийг нь өргөн барьж хүч түрэн Цэцийн гишүүн болгочихсон. Үүнийг албан тушаалд томилогдсоны хариу болгож нэр дэвшүүлэгчийн захиас даалгаврыг биелүүлэх зорилготой гэж хардахаас аргагүй.

-үндсэн хуулийн цэцэд улс төрийн захиалга биелүүлдэг гишүүд томилогдсон гэж үү?

-Үндсэн хуулийн Цэц хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдахаас гадна Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, чандлан сахиулах баталгаа болдог. Энэ утгаараа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг шүүхийн байгууллага. Өөрөөр хэлбэл, өөрийг нь нэр дэвшүүлдэг, томилдог байгууллагыг ч эргээд хянах үүрэгтэй. Гэтэл хуульд заасан шаардлага хангахгүй, мэргэшсэн бус этгээд томилогдсон нь нэр дэвшүүлэгч даргынхаа захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор ам өчиг өгч албан тушаалд очсон гэж хардахаас аргагүй байдал үүсч байна шүү дээ.

-Хувь хүний хувьд ингэж хардаж болно л доо, гэхдээ хуульчийн хувьд яг ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлах ёстой байх…?

-Сая хэлсэн Цэцийн гишүүд томилогдсоноос хойш хэн нь хэн бэ гэдгийг харах хангалттай хугацаа өнгөрлөө. Хоёр жил зургаан сар гэдэг бол урт хугацаа. Харамсалтай нь хуульчдын хардлага бодит болоод эхэллээ л дээ. Нэр дэвшүүлсэн улстөрчийнхөө захиас даалгаврыг биелүүлж эхэлсэн баримтууд тодорхой болж байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх” нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр баталсан. Маргааш нь Улсын дээд шүүхээс энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасны зэрэгцээ мөн нэр бүхий есөн иргэн мэдээлэл ирүүлсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгох хүсэлтийг Ерөнхийлөгчийн санаачилж нэр дэвшүүлсэн Цэцийн гишүүн дээр хуваарилаад өнөөдрийг хүртэл бүтэн 20 сар гаруй хугацаанд дунд суудлын хуралдаан зарлахгүй “хав дарж” байгааг сонирхлын зөрчилгүй гэж үзэх үү. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ дийлэнх хугацааг маргаан гацаасан байдалтай өнгөрүүллээ. Үндсэн хуульд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг илэрхий зөрчсөн энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхгүй байгаа нь ардаа маш их хор уршиг дагуулж байна.

-Яг ямар хор уршиг дагуулж байгаа талаар тодорхой жишээ хэлээч?

-Тухайлбал, ҮАБЗ бүх шатны шүүгчийн төлөөллийг оролцуулан 17 шүүгчийг “үзүүлэн” болгож албан тушаалаас түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэлснээр шүүх эрх мэдэл бүхэлдээ улстөрчдийн гарт хуулийн дагуу орсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шүүгч ажил, амьдралгүй болохгүйн тулд хуульд захирагдах зарчмаасаа ухран улс төрийн захиалгаар шийдвэр гаргах эхлэлийг энэ хууль тавьсан. ҮАБЗ-ийн хууль бус шийдвэрийн улмаас Улсын дээд шүүхийн иргэний танхим бүрэлдэхүүнгүй болж бүтэн жил гаруй хугацаа алдаж хэрэг маргаан шийдвэрлэж байгаа нь муу үр дагаврын нэг жишээ. Энэ хууль эрх зүйн ухралт болсоныг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн бүх түвшинд хүлээн зөвшөөрч алдаагаа засаж залруулах тухай ярьж байхад хүртэл Үндсэн хуулийн Цэц таг гацсан хэвээр байна. УИХ-ын дарга шүүхийн багц хуулийн хүрээнд цаашид ҮАБЗ-өөс шүүхийг хянах шаардлагагүй болсон гэж чуулганы нээлтэд мэдэгдсэн. Ерөнхийлөгч ч ялгаагүй тухайн цаг үеийн шаардлагаар баталсан тул цаашид хэрэггүй гэж үзээд өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр хасаж оруулсан гэсэн. Ерөнхийлөгчийн энэ байр суурьтай Засгийн газрын хуулийн төслийн байр суурь ч адил байгаа. Ер нь Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг илт алдагдуулсан муу хуулийн үр дагаварт улс төрийн хэрэгт олон иргэд хэлмэгдсэн тухай нийтээрээ ярьсаар өнөөг хүрсэн. Хэрэв УИХ Үндсэн хууль зөрчсөн хуулийнхаа сөрөг үр дагаврыг амсаж, өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрч засах хүртэл хүлээх юм бол Цэцтэй байхын шаардлага юу байна. Энэ хуулийг буцаан хүчингүй болгох хуулийг УИХ-ын 17 гишүүн өргөн барьсан байгаа.

-Цэцийн шийдвэр гарахгүй гацаж, хугацаа авах нь хэнд ашигтай гэж та харж байна вэ?

-Шуудхан хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалахын зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог, шүүгчийг түдгэлзүүлж, томилж, чөлөөлөх замаар шүүхэд нөлөөлөх онцгой давуу эрх эдэлдэг Ерөнхийлөгчид л цэцийн шийдвэр гарахгүй удах нь ашигтай байх шиг. Тодорхой үнэн гэвэл энэ л байна.

-Гэхдээ ганц үйл явдлаар шууд буруутгаж болохгүй байх аа?

-УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар манай улс түүхэндээ анх удаа Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталсан. Коммунист СССР-ийн үед Н.Хрушевийн даалгавраар Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэсэн хууль баталсан гашуун сургамж байдаг тухай би өмнө нь тантай ярилцаж байсан. Тухайн үед СССР улсад валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж буруутган найман жилийн ял өгч шоронд хоригдох хугацаанд нь Н.Хрушевийн даалгавраар онцгой тохиолдлоор гэж тодотгон Эрүүгийн хууль буцаан хэрэглэж 15 жилийн ял өгч дараа нь хэсэг хугацааны дараа хуулиа дахин чангатгаж буцаан хэрэглэх замаар цаазаар авч байсан жишээ бий. Үүнээс өөр жишээ дэлхийд олдохгүй. Харамсалтай нь Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь парламентын төлөвшил, эрх зүйн судалгаа, хүний эрхийн мэдрэмж ямархуу сул байгааг харуулж байна. НҮБ-ын олон улсын хэд хэдэн гэрээгээр Эрүүгийн хуулийг дордуулан буцаан хэрэглэхийг хориглодог. Зарим улс шууд Үндсэн хуулиараа хориглохоос гадна шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн хүрээнд “Эрүүгийн хууль буцаан хэрэглэхээс хамгаалуулах эрх” гэсэн шинжлэх ухааны ойлголт байдаг. Манай парламентын баталсан хууль удахгүй эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх. Товчхондоо бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэх тухай хууль юм. Асуудал хөөн хэлэлцэх хугацаандаа ч биш, зарчмын хувьд эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг зөвшөөрвөл цаашид шинээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэх, ял шийтгэлийг хүндрүүлэх зэргийг зөвшөөрснөөс ялгаагүй болно.

Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгохоор хэсэг иргэд Цэцэд хандсан боловч дахиад нөгөө шүүмжлэлд өртдөг Цэцийн гишүүн дээр яагаад ч юм хуваарилагдаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй “хүлээлгийн горим”-д шилжээд байна. Батлагдсанаас хойш 10 сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэр ч бүү хэл иргэний нэг өргөдлөөр өгсөн хэд хэдэн мэдээллээс Эрүүгийн хууль буцаан хэрэглэсэн хэсгийг ялгаж үлдээгээд үлдэх хэсгийг нь Цэцийн дунд суудлын хурлаар шийдвэрлэсэн тохиолдол ч байна. Ерөнхийлөгчийн шударга ёстой тэмцэж байгаа гэх асуудлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн төрийн албан хаагчдад энэ хуулийн дагуу нэхэн ял шийтгэж эхэлсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахгүй байх нь хэнд ашигтай нь ойлгомжтой байгаа биз дээ.

-Хууль санаачлагчид нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг шийдвэрлэгдэхгүй байна гэж тайлбарласан удаатай. Энэ тайлбар дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Хууль хяналтын байгууллагаас цаг наргүй хэдэн жилээр иргэдийг хэрэгт холбогдуулан шалгаж залхаахгүй байх үүднээс хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгснөөрөө хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн ач холбогдолтой. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг дахин сэргээн шалгаж шүүхийн эрх хэмжээнд хууль тогтоогч халдах үндэслэл байхгүй. Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Эндээс хууль тогтоох байгууллага тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиасаа эргэж буцаад байвал хууль дээдлэх зарчим алдагдаж, хэн хуулийг дагаж мөрдөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай Эрүүгийн хуульд зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрөөр хэлбэл, хууль үйлчлэх бэлтгэл хангадаг хуулиар суурь Эрүүгийн хуулиа үгүйсгэсэн зөрчилтэй зохицуулалт оруулсан. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорилго нь хууль тогтоомжийн өөрчлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа этгээдийн эрхийг хамгаалах зорилгоор батлагддаг юм.

-Үндсэн хуулийн Цэцийн ажлын ачаалал их учраас зарим асуудал ингэж дарагдчихаад байдаг юм болов уу?

-Үндсэн хуулийн Цэцийн цахим сангаас үзэхэд 2019 онд 8, 2020 онд 11 маргааныг дунд, их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 хүрэхгүй маргаан шийдвэрлэсэн нь дунджаар сард нэг хүрэхгүй хурал, гишүүн бүр жилд нэг л удаа маргааныг судалж илтгэж хуралд оруулж байна гэсэн үзүүлэлт юм. Үүн дээр маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгөх, бага суудлаар хуралдах зэрэг ажлууд нэмэгдэх хэдий ч Цэц мэргэжлийн ажлын аппараттай гэж тооцохоор Цэцийн гишүүдийг ачаалалтай ажилладаг гэж дүгнэх үндэслэлгүй. Харин улс төрийн захиас даалгавраар зарим маргааныг гацааж, зарим маргааныг хурдан шийдвэрлэдэг гэвэл үнэнд ойртсон тайлбар болно.

-Үндсэн хуулийн Цэцийн зүгээс улс төрийн даалгавраар гэх шалтгаанаар хурдан шийдсэн яг ямар маргаан байна вэ, та нэг кейс сонирхуулаач?

-Үндсэн хуульд төмөр замын өргөн, нарийн царигийн талаар үг, үсэг байхгүй байхад мөнөөх л Цэцийн гишүүн УИХ-ын төмөр замыг нарийн царигаар барих тухай тогтоолыг судалж илтгээд Үндсэн хуулийн Цэцээс маш богино хугацаанд хүчингүй болгож шийдвэрлэсэн жишээ бий. Үүнээс ч чухал хүний эрхийн зөрчилтэй олон асуудал хүлээгдэж байхад өргөн, нарийн цариг шийдээд байгаа нь хэнд ч ойлгоход хэцүү хандлага. Бас нэг жишээ хэлье. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчийг шүүхээс хууль зөрчин цагдан хорьсноор Ганц худагаас сонгуульд өрсөлдүүлж байсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалт буюу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорихыг хориглосон заалтыг ердийн шүүхүүд зөрчсөн тухай маргаан тухайн үед гарч байсан. Нэр дэвшигчийн сонгуульд нэр дэвшихээс санал хураах хүртэл 21 хоногийн хугацаанд цагдан хорих, албадан саатуулах, баривчлахгүй байх хуулийн баталгаа нь Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох, иргэд төлөөллийн байгууллагаар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох үндсэн эрхийн хууль зүйн баталгаа болохын зэрэгцээ сонгуулийн үйл ажиллагаа тэгш, шударгаар явагдах зарчмын үндэс болдог. Гэтэл нэр дэвшигчдийн хуулийн хамгаалалт болж байсан заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгээд аль хэдийнэ дунд суудлын хурлаа зарлачихсан байгааг юу гэж ойлгох вэ.

-Цэцийн ийм ялгавартай хандлагыг засч залруулах гарц, гаргалгаа, шийдэл гэвэл танд санаа оноо байна уу?

-Улс төрийн захиалга даалгавар биелүүлдэг Цэц бол огт Цэцгүй байхаас ч илүү хортой. Цэцийн гишүүний шаардлага хангахгүй иргэдийг томилохын хор уршгийн талаар тухайн үедээ Үндсэн хуулийн чиглэлийн эрдэмтэн судлаачид хангалттай сануулсан атал огт тоож үзээгүйн гор нь өнөөдөр гарч байна. Муу үр дагаврыг нь өмгөөлөгч нар л шүүх дээр их мэдэрч байна даа. Үндсэн хуулийн Цэц зарим маргааныг хэзээ шийдвэрлэх нь мэдэгдэхгүй хэдэн сар жилээр дарагдуулж, зарим маргааныг өдөр хоног алдахгүй яаран шийдвэрлэж байгаа нь Цэц өөрөө Үндсэн хуулийн 1.2-д заасан “хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг зөрчиж байгаа хэлбэр л дээ. Хэрэв Цэц ажлаа хийхгүй бол цаашид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад эрх ямба эдлээд суух нь хэр зохистой вэ гэдгийг бодож үзмээр байна.

-Цэцийн гишүүдийн ашиг сонирхлыг зохицуулсан хууль байдаг уу?

-Төрийн алба, нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулиуд бий. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэр дэвшүүлсэн болон томилсон этгээдээс хараат бусаар ажиллах үүрэгтэй боловч зарим нэг шаардлага хангахгүй “арын хаалга”-ны гишүүд тэгж ажиллаж чадахгүй байна л даа. Хэрэв цаашид энэ маягаар үргэлжилбэл Ерөнхийлөгчөөс Цэцэд хүсэлт гаргах, эсхүл түүний эсэргүүцсэн асуудлаар мэдээлэл ирвэл өөрийнх нь санал болгосон гишүүн дээр хуваарилахгүй, мөн уг гишүүнийг бүрэлдэхүүнд оруулахгүй байж чадвал ашиг сонирхлын зөрчилгүй шийдвэр гарна.

-Ер нь маргааныг шийдвэрлэх дэг дараалал, хуулийн хугацаа гэж байдаг уу?

-Үндсэн хуулийн Цэцийн холбогдох хуулиудаар маргааныг шийдвэрлэх дараалал, цаг хугацаа, үе шат зэргийг нарийвчлан зохицуулаагүй. Ерөнхий хугацаа байвч Үндсэн хуулийн Цэц баримталдаггүй, түүнийг хянах механизм ч байхгүй. Цэцийн тухай хуулиудыг шинэчлэхгүй бол өнгөрсөн зуунд баталсан хуулиуд шүү дээ.

-Хуульд асуудал байна гэсэн үг үү?

-Бусад эрүү, иргэн, захиргааны процессын эрх зүйтэй харьцуулахад Үндсэн хуулийн Цэцийн хууль 1992 онд процессын хууль 1997 онд батлагдсан. Хуулийн нэр томьёо нийтээр хэрэглэгдэхээ болсон, хууль зүйн техникийн хувьд хоцрогдсон, зарим процесс шуурхай бус эргэж буцсан, тухайлбал санал хураалтыг дахин дахин явуулж эцсийн байдлаар шийдэх гэх мэт дутагдлууд ихтэй. Аливаа процессын эрх зүй дэс дараалал, цаг хугацаатай нарийн уялдаж гэмээнэ сая бодитой хэрэгждэг. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр зарим маргаан хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй хэдэн жилээр хүлээгдэж байна. Мэдээлэл гаргагч өөрийн субьектив эрх хөндөгдөөгүй тул хүлээгээд суухаас өөр аргагүй байгаа нь их бүдүүлэг зөрчил.

-Хуульч хүний хувьд энэ асуудлыг ингээд шийдчихэж болно гэх мэт гарц шийдэлтэй суугаа байх…?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх шаардлага гарч байна. Бусад процессын салбар эрх зүйг эрийн цээнд хүрсэн гэвэл Үндсэн хуулийн процесс хөлд орж байгаа хүүхэд шиг л байна. Өргөдөл, мэдээлэл хуваарилах зарчим тодорхойгүйн зэрэгцээ процессын нарийн зохицуулалт байхгүйг далимдуулан Цэц “дүрэмгүй” дур зоргоор ажиллаж байна. Үндсэн хуулийн процессыг цаг хугацаа, үе шат, дэс дарааллын нарийн дэгийг хуулиар тогтоохгүй бол өнөөдрийн энэ алдаа засагдахгүй. Зарим маргааныг сар жилээр ор тас мартаж орхидог, заримыг оочер дайруулж өдөр хоног алдахгүй яарч шийддэг энэ байдлыг хуулиар зохицуулан хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх нь зөв. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлага, шалгуурыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой хуульчлах, үүнд хамгийн багадаа Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шалгуурыг хуульчлах нь зөв болов уу. Хуульдаа нийцүүлээд өнөөдрийн шаардлага хангахгүй гишүүдийг ч эргүүлэн татах асуудлыг тавих шаардлагатай, учир нь хууль зүйн өндөр мэргэшилгүй шаардлага хангахгүй Цэцийн гишүүдээс хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гарна гэж хүлээлтгүй. Цэц сургалтын байгууллага биш. Мөн Цэцийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж тодорхой болгохоос гадна сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийх зэргээр томилгооны нөлөөллийг багасгах шаардлага байна.

Нэмж хэлэхэд, Цэц Үндсэн хуулийн манаачийн ажлаа зохих ёсоор хийж байсан бол өнөөдрийн энэ олон хүний эрхийн зөрчил, улс төрийн гэх тодотголтой эрүүгийн хэрэг маргаанууд үүсэхгүй байсан. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэн хуулийг хэрэглэх асуудлаар ердийн шүүх хэргийг түдгэлзүүлэх, эсхүл шийдвэрлэх зэргээр харилцан адилгүй шийдвэр гаргаж байгааг нэг мөр болгох шаардлагатайг Цэц анхаарахгүй байна.

Цэцэд мэдээлэл өгсөн иргэд хэзээ, ямар үндэслэлээр мэдээлэл өгснөө марттал нь залхааж байна. Үүнээс гадна Үндсэн хууль зөрчсөн муу хуулийн үйлчлэлд өртөж эрх ашиг нь хохирсон иргэдийг жагсаал цуглаан хийх дээрээ тултал чирэгдүүлж байгаа өнөөдрийн Цэцэд хариуцлага тооцох асуудлыг ч сөхөх хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш, алганд багтсан эх орон болох Үндсэн хууль, хүний эрхийнхээ хамт байдаг гэдгийг мартаж болохгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Вирус тарчихгүй байх гэсэн найдвар дээр л ажиллаж байсан нь харагдлаа

-ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВ АМЬДРАЛААС ТАСАРХАЙ БОЛЧИХЛОО, ЦАГ АЛДАЛГҮЙ ТОДОТГОХ ХЭРЭГТЭЙ-

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Ковидын халдварыг дотооддоо алдчихлаа. Цар тахлын үед эдийн засгаа сөхрөөчихгүйхэн шиг ажиллах төлөвлөгөө шийдэл анзаарагдав уу, өнгөрсөн хэд хоногт?
-Нэгэнт 210 гаруй улсад “Ковид-19” тархсан нь тодорхой байсан. ХӨСҮТ-ийн эмч, удирдлагууд, ЭМЯ-ны зүгээс “Халдвар ямар нэгэн байдлаар тарах нь тодорхой” гээд ярьсаар өнөөг хүрсэн. Ингээд харахаар Улсын онцгой комисст вирус дотоодод тархаж магадгүй гэсэн хувилбар байсан гэж бодохоос аргагүй. Гэтэл яг дотооддоо тархангуут тийм бэлтгэл байхгүй нь тодорхой харагдаж байна. Вирус тарчихгүй байх гэсэн найдвар дээр л ажил нь явж байж. Тусгаарлалтдаа эргэж хяналт тавиагүй нь “Энх саран” сувиллын кейсээс тодорхой харагдаж байна. Миний хувьд ийм онцгой нөхцөлд Засгийн газрыг бүхлээрээ ажиллаж байгаа гэж ойлгосон. Засгийн газар бүхэлдээ анхаарч байна гэдэг утгаараа УОК-т хүн хүч дутах учиргүй. Тухайн үед би УОК-т хандаж дэргэдээ эрдэмтдийн баг байгуулаач, шаардлагатай гэвэл хүн хүчээ нэмж ажиллаач гэж бичиж л байсан. Ийм ажил зохион байгуулъя гэвэл УОК-т хэн ч үгүй гэхгүй. УОК-ын удирдлага дор бүх ажил явж байгаа. Шуудхан хэлэхэд, УОК зохион байгуулалтынхаа хувьд ковидын нөхцөл байдалд гэсэн тусгай төлөвлөлт огт хийгээгүй байна л даа. 2000 оны эхэн үеийн УОК л ажиллаж байна.
-2000 оны эхэн үеийн УОК гэдэг нь…?
-Зуд, үер, түймрийн үед ажилладаг УОК л ажиллаад байна. Нэмэгдсэн зүйл гэвэл ЭМЯ л байна. Гэтэл ковидын нөхцөл байдалд дэлхий даяараа онцгой нөхцөлд ажиллаж байгаа. УОК цаг үедээ тааруулж чиг үүргээ өөрчлөх хэрэгтэй.
-УОК-ын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?
-Дэргэдээ эрдэмтэн судлаачдын зөвлөлтэй болох хэрэгтэй.
-Улсын онцгой комиссын үйл ажиллагаанаас урт хугацааны төлөвлөлт огт анзаарагдахгүй байгаа гэж үү?
-Өдөр тутмын ажилтайгаа л зууралдаад байна. Уг нь бүх ажил нь урт хугацааны төлөвлөлттэй байх ёстой. Халдвар орж ирвэл яах вэ, эрчимжвэл ямар арга шийдэл рүү орох вэ гэх мэт маш олон хувилбар гаргаад төлөвлөгөө гаргачихсан байх ёстой. Наад зах нь эдийн засаг дээр Сангийн яам, Монголбанк юу төлөвлөсөн нь тодорхойгүй байна шүү дээ.
-Сая халдвар тархсан хойно хуралдсан чуулганаар ирэх оны төсвийг баталсан. Өнөө л үрэлгэн зардлаа хэвээр баталчихлаа гэсэн шүүмжлэл хөвөрч байна…?
-Тодотголыг бодож байгаа гэсэн утгатай үг хэлсэн болоод батлуулчихлаа л даа, ирэх оны төсвийг. Тэр байтугай л хуулиа өөрчилдөг юм чинь төсөв батлах хугацаагаа хойшлуулаад төсвөө засаад баталж болох байсан. Ирэх жилийн төсөв 2020 оны төсвөөс ч худлаа, амьдралаас тасарсан төсөв болсон. Наад захын жишээ гэхэд л онцгой байдалд одоо байгаагаасаа хоёр, гурав дахин илүү мөнгө зарцуулах шаардлагатай нүүр тулчихлаа.
Гэтэл ийм онцлогтой үед Засгийн газар, Сангийн яамны оруулж ирсэн төсөв цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй байх үеийн мөрөөдлийн төсөв байх жишээний. Дор хаяж тахалд зарцуулах мөнгө огцом өснө. Гэтэл үүнд зориулсан мөнгийг төсөвт тусгасангүй. Ковид тархсан үед чуулганаар төсвөө хэлэлцсэн мөртлөө тодотголоо дараа нь хийнэ гэдэг нь маш хариуцлагагүй явдал. Ойрын гурав, дөрвөн сарын боломж ганцхан төсөв. Байгаа мөнгөө л зөв хуваарилах асуудал л бидэнд бий.
-Төсвийн орлого ирэх оны эхээр хичнээн хувийн тасалдалтай гарах бол?
-Ирэх оны нэгдүгээр улиралд дор хаяж 30-40 хувийн тасалдалтай гарах байх. Ирэх оны нэгдүгээр улиралд эдийн засаг тааруу байх нь угаасаа тодорхой. Жилийн жилд л тийм байдаг. Тодруулж хэлбэл, ирэх оны нэгдүгээр улиралд төсвийн орлого бүрдэхгүй. Засгийн газар жирийн үед гэхэд л дотооддоо бонд гаргаж байж төсвийн орлогоо бүрдүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. Одоо зэс, нүүрснээсээ л мөнгө олж байна. Нүүрсээ хэр хэмжээгээр гаргаж, хичнээн мөнгө олох нь өнөөхөндөө тодорхойгүй байгаа. Гадаад эдийн засгийн нөхцөл ч огцом өөрчлөгдөж байна.
-Нүүрсний экспортод нөлөөлөх тодорхойгүй байдал гэдгээ тодруулаач?
-Хятадын бодлогоос хамаараад экспортын нүүрс ирэх оны гуравдугаар сар хүртэл жигдрэхгүй. Хятадын тухайд Австралитай хийж буй худалдааны маргаан, Америкийн Ерөнхийлөгчийн ирэх жилүүдэд барих бодлого гээд тодорхойгүй асуудал олон бий. Тэгэхээр дэлхийн эдийн засаг ковидоос хамаараад дор хаяж ирэх оны эхний зургаан сард лав наашлахгүй. Өндөр хөгжилтэй орнууд вакцинаа гаргаад иргэдээ вакцинжуулж эхэлсэн нөхцөлд л нааштай өөрчлөлт гарна.

Бодит байдал ийм байхад Сангийн сайд “Бид эрсдэлээ бүх талаар тооцсон” гэж ярьж болохгүй л дээ.Эрсдэл нь юу вэ гээд асуувал үзүүлэх юм байхгүй.Төсвийг ингэж хэлэлцэж болохгүй. Судалгаа шинжилгээ хий, төсвөө боловсруулахдаа эдийн засгийн орчноо судал гэх мэт заалтуудтай бүхэл бүтэн бүлэг заалт Төсвийн тухай бий.Эрсдэлийг тооцоогүйн төлөө, эрсдэлээс гарах хувилбар гаргаагүйн төлөө хэн хариуцлага хүлээх вэ гээд яривал асуудал их байна.Төсвөөс гадна ирэх жил төлөх өр төлбөрүүд гэж бий. Ийм хүнд нөхцөлд байж үлгэрийн зүйл яриад байна л даа.Яг үнэндээ тахлын ийм хэцүү цагт Монголын эдийн засгийг Эрдэнэт, Оюу толгой хоёр л аварч байна шүү дээ.

-Бусад улс орныг анзаарахад хатуу хөл хорио тогтоосон үедээ төр засгаас нь хувийн хэвшил, иргэддээ онцгой анхаарч ажиллаж байгаа. Засгийн газар энэ чигт хэр анхаарч байна вэ, хувийн хэвшил, иргэдээ дэмжих хөрөнгө мөнгөний боломж төсөвт бий юү?
-Тохиромжгүй цаг үед вирусийг дотооддоо алдаж таарлаа. Намар алдсан бол төсвийн тодотголоор төсөвтөө нэмэлт зардал тусгаад явах боломжтой байсан. Одоо он дуусч байна. Он дуустал 2020 оныхоо төсвийн байгаа бүхнээ дайчлаад шинэ онтой золгохоос өөр арга байхгүй.
Шаардлагатай гэж үзвэл энэ онд санхүүжүүлж, хөрөнгө оруулж амжаагүй барилгуудынхаа зардлыг цар тахалтай тэмцэхэд зарцуулах хэрэгтэй. Өөр эх үүсвэр байхгүй. Оны эхний арваннэгэн сарын мөнгийг аль хэдийнэ зарцуулаад дуусчихсан. Төсөвт арванхоёрдугаар сарын орлого л орж ирнэ. 45 хоногийн орлого төлөвлөсөн хэмжээнд орж ирэх нь үү, эсвэл төлөвлөснөөс бага хэмжээгээр орж ирэх нь үү гэдэг нь тодорхойгүй байна. Энэ орлогыг төрийн байгууллагуудын онцгой байдлын үеийн зардал, тэтгэвэр тэтгэмжид л зарцуулахаас өөр арга шийдэл харагдахгүй байна.
-Төсвийн элдэв хөрөнгө оруулалтыг шууд зогсоохоос өөр арга байхгүй гэсэн үг үү?
-Яг тийм. Төсвийн хөрөнгө оруулалтаа зогсоож болохгүй, соёлын төвүүдээ барина гэхгүй байлгүй дээ. 2021 оны төсвийн тодотголыг хүлээвэл дахиад хэдэн сар алдах эрсдэл бий. Төсвийн хөрөнгө оруулалтаас 500 тэрбумыг ч юм уу нэг их наядыг хасах боломж бий. Энэ хэмжээний зардлыг танаад онцгой байдлын арга хэмжээнд юм уу Засгийн газрын нөөц хөрөнгөнд төсөвлөх боломж байсан. Засгийн газар энэ эрхээ сая эдлэх ёстой байсан ч тэгсэнгүй л дээ.Маш чухал боломжоо алдчихлаа. Тодотгол хүлээтэл дахиад дөрвөн сар лав алдах байх.
-Засгийн газар сая зээлийн төлбөрийг царцаах, түрээсийн төлбөрт анхаарах гэх мэт шийдлүүд гаргалаа. Энэ шийдэл нь эргээд банкны системд сөргөөр нөлөөлж, цаашлуулж яривал инфляци өсөх, төгрөгийн ханш сулрах гэх мэтээр иргэдийн нуруун дээр ачаа болж ирэх эрсдэлтэй гэж шүүмжлэх хүмүүс байна.
-Хаа хаанаа эх үүсвэргүй болчихсон. Монголбанкийг алдагдал хүлээ гэж байна л даа. Зээлийн төлбөрийг царцаая гэвэл үүсэх алдагдлыг иргэд, аж ахуйн нэгж хүлээхгүй. Иргэд, аж ахуйн нэгж хүлээхгүй байлаа гэхэд өөр хэн нэгэн хүлээж таарна аа даа. Улсын төсөвт, Засгийн газарт энэ алдагдлыг даах мөнгө байхгүй. Тэгэхээр төв банк алдагдал хүлээхээс өөр сонголтгүй.
-Төв банк алдагдал хүлээснээр үүсэх эрсдэл нь юу вэ?
-Нэг удаадаа бага хэмжээгээр бол болох байх. Гэхдээ цар тахлын эрсдэл богино хугацааных биш болох гээд байна л даа. Ирэх жилийн тав, зургадугаар сар хүртэл сунжрах нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл, 2021 оны зун хүртэл хүндрэлтэй байдал үргэлжлэхээр байна. Үүүнээс гадна төв банкинд гадаад өр ихтэй гэсэн том эрсдэл бий.
-Төв банкинд ийм ачаа үүрүүлбэл наад зах нь төгрөгийн ханш огцом сулрах байх…?
-Наад захын сөрөг нөлөө нь төгрөгийн ханш сулрах эрсдэл. Дараа дараагийн үр дагавруудыг нь ярих ч юм биш.
-Дэлхийн банкинд вакцин дээр туслаач гээд мөнгө хүслээ…?
-Тэглээ. Өндөр хөгжилтэй орнууд өнөө жилдээ буурай хөгжилтэй орнуудын зээлийн өр төлбөрийг хойшлуулах санаачилга гаргаад явж байгаа. Манайх түүхий эдийн экспортоос хамааралтай жижиг эдийн засаг гэсэн шалтгаанаа хэлээд тусламж хүсэхээс өөр арга байхгүй. Дахиад хэлэхэд бидэнд оны эхний зургаан сард бизнесийг дэмжих боломж огт гарахгүй. Улс орнууд иргэдээ вакцинжуулаад халдварын тархалт эрсдэл буурлаа гэсэн нааштай мэдээллийн дараа л гадаад худалдаа нэмэгдүүлэх, эрчимжүүлэх, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэх мэт боломжууд нээгдэнэ.
-Он гараад урд хөрш нүүрсний импортоо нэмэгдүүлэх боломж үнэхээр байхгүй юу?
-Яг одоогийн нөхцөл байдлыг харвал тэгж найдах боломж алга. Хятадын хоёр их хурал ирэх оны гуравдугаар сард болно. Тэр болтол Хятадын гадаад худалдаа дорвитой нэмэгдэхгүй. Их хурлынхаа шийдвэрийг харж байж урд хөршийн яамд квотоо тогтооно. Тэгэхээр нүүрсний экспорт нэмэгдэх боломж ирэх оны дөрөвдүгээр сараас л эхэлнэ.
-“Ковид-19”-ийн гурав дахь давлагаа үүсэх эрсдэл бий гэх юм. Энэ тал дээр гадныхан ямархуу таамагтай байгаа бол?
-Саяхан Японы мэдээлэл дээр Японд халдварын гурав дахь тархалт үүсч болзошгүй гэж байна. Одоогийн байдлаар дэлхийд “Ковид 19”-ын хоёр дахь давлагаа явж байгаа. АНУ, Европын улсууд хоёр дахь давлагаа эхэлчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 1918 онд дэгдсэн испани томуу гурван үе шаттай байсан.Ковидын эрчтэй тархаж байгаа байдлыг харахаар испани томуу шиг дүр зураг анзаарагдах болсон. Испани томуу хоёр жилийн хугацаанд гурван давлагаатайгаар өрнөсөн түүхтэй. Тэр утгаараа гурав дахь давлагаа бий гэсэн таамгийг хэлэх хүн олон байна л даа. Тэр бүү хэл дөрөв дэх давлагаа ч ирж магадгүй гэсэн таамаглал бий. Дэлхий 1918 онд 1.8 тэрбум хүнтэй байсан. Тэр үед өндөр хөгжсөн нисэх онгоц, хурдан галт тэрэг байгаагүй. Далайгаар удаан аялдаг, хүмүүс хоорондын харилцаа бага байсан. Гэтэл өнөөгийн дэлхий өөрчлөгдсөн.Маш өндөр нягтралтай хот суурингууд хөгжчихсөн. Энэ утгаараа гурав бүү хэл дөрөв дэх давлагаа дэгдэх магадлал тун өндөр гэдгийг үгүйсгэх аргагүй.
-Гурав дахь давлагаа хэзээ хүчээ авах бол?
-Оросын эрдэмтэд ирэх хавар хамгийн хүнд үе нь гэж байна. Тархалтын хэмжээ нь өргөжихөөс гадна вирус тодорхой хэмжээгээр мутацид орж байна. Тэгэхээр гурав дахь давлагаанаас сэргийлэх хоёр л арга бий. Эхнийх нь вакцин, хоёр дахь нь бүрэн тусгаарлалт. Засгийн газар, онцгойгийнхон дунд хугацааны төлөвлөлт хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Суманд заанууд, аймагт арслангууд Засаг дарга болдог цаг айсуй

Сүүлийн хорь, гучин жил спорт, урлагийнхныг орой дээрээ залсан, бүхнээс илүүд үзсэн, бахархан хүндэтгэсэн хандлага давлагааллаа. Тэр дундаа уяач, бөх хоёрыг тахин шүтэх үзэл дэвэрч, хэрээс хэтэрсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Хуучин нийгмийн үед уяач, бөх хоёр сураггүй байсан гэх том олзуурхал бий. Социализмын үед барилддаг, морь уядаг нөхөд хөгжлийн мухар салаа мөчир төдий л байсан юм. Сүүлийн үед уяач, бөх тойрсон хийрхлийг анзаарах нь ээ тэгж сүүлд эрэмбэлж, сүрхий ойшоож үздэггүй байсан нь ч зөв байж. Уяач, бөх хоёрыг мандуулсны горыг өнөөдөр монголчууд бултаараа амсаж байна. УИХ-ын чуулганы танхимд бөх гишүүд тохой нийлүүлж, уяач гишүүд хөөрөг солилцож яваа нь Итгэлт баяны хэлдгээр ёстой ичмээр дамшиг. Хойд хөршийн ДУМ-д булчинтай тамирчид нэг биш нэжгээд бий. Орос манай хоёрт л “бөх бол төр юм” гэсэн гажуу үзэгдэл сүрхий тод ажиглагддаг энэ үзэгдэл дэлхийд бол тохуутай егөө шиг харагддаг нь бас л үнэн.

Монголын төр дэх, УИХ дахь бөх, уяачдын арми ингэсхийгээд намжихгүй нь бололтой. Одоо аймаг, сумын дарга нарын орыг бөхчүүд эзлээд эхэлчихлээ. Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга гэхэд л аймгийн арслан С.Идэрсүрэн. Говь-Алтай аймгийн засаг даргаар аймгийн заан О.Амгаланбаатар томилогдсон. Өмнөговь аймгийн Засаг дарга нь аймгийн заан Р.Сэддорж. Бөх засаг ноёдын жагсаалт ингээд дуусахгүй. Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан, олон улсын хэмжээний мастер, жүдогийн найман удаагийн улсын аварга Б.Ариун-Эрдэнэ ажиллахаар болж байна.

Одоо сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон бөхчүүдийг сонирхъё. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга аймгийн начин С.Шижирбаатар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга аймгийн арслан Э.Саранбаатар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга Монгол Улсын начин А.Батмөнх, Архангай аймгийн ИТХ-ын дарга Монгол Улсын харцага Б.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга аймгийн арслан Азжаргал гэх мэтээр жагсаавал өчнөөн бөхийн нэр ирийж байна. За тэгээд бөх дарга нарын жагсаалт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаар үргэлжилнэ. Есөнбулаг сумын Засаг даргаар аймгийн начин Д.Чинзориг ажиллахаар болжээ. Говь-Алтай аймгийн Тонхил сум ч бөх Засаг даргатай. Аймгийн начин М.Насанбат энэ сумыг ирэх дөрвөн жил удирдана. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга нь бас бөх. Сумын заан Д.Баттөр сумаа удирдана. Говь-Алтайн сумын бөх дарга нар ингээд зогсохгүй. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргаар сумын заан Ч.Эрдэнэ-Очир ажиллахаар болж. Товчхондоо суманд заан, аймагт арслангууд Засаг дарга болдог цаг ирчихэж. Тийм цаг асар хурдтайгаар айсуй ирж явна.

Өнөөхөндөө аймаг, сумдын засаг ноёд, ИТХ-ын дарга нарын нэрс тодорсоор байгаа. Цаашдаа хичнээн бөх Засаг дарга, ИТХ-ын даргын суудалд тухлахыг хэлэхэд эрт байна. Эднээс юу гарна гэж, эднийг юу хийж амжуулна гэж аймаг, сумыг удирдуулж байгаа юм бол гэж адармаар санагдаж байна. Шуудхан хэлэхэд, тэд юу ч хийж амжуулж чадахгүй. Ер нь хөгжсөн дэвжсэн улсуудын түүхийг анзаарахад номтой, эрдэмтэй, мэдлэгтэй чадалтай технократууд л улс орондоо хөгжил авчирсан байдаг.

Тэгэхээр улс төр дэх бөх, уяачдыг шүтсэн дэмий хандлагаа эргэж харцгаая. Саяхан л гэхэд нэрийг нь буцаасан шүүгчийг уул уурхайн гэж адлаж ч байх шиг. Яг нарийндаа бид уул уурхайн салбараас орж ирсэн доллараар төгрөгөө цаас болгочихолгүйхэн шиг аж төрж яваа улс. Байгаа хэдэн банк нь нийлээд уул уурхайн дунд хэмжээний төслийг ч санхүүжүүлж хүчрэхгүй эдийн засагтай хэрнээ уул уурхайд, гадны хөрөнгө оруулагчдад улсаараа дургүй, хажиг аж төрцгөөдөг нь гашуун ч гэлээ үнэн. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө цалингаа тавьдаг төртэй, уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр ажилладаг сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургадаг хэрнээ идэж буй хоолыг нь олж өгсөн салбараа нүд үзүүрлэж адлаж, эрдэс баялгийн салбарыг унагах харалган шийдвэрүүд гаргаад байдаг нь яаж ч харсан гайхмаар үзэгдэл. Яагаад ийм гайхмаар үзэгдэл төр засгийн зүгээс тод харагдаад байдаг вэ гэсэн асуулт тавиад харъя. Бөх, дуучин, уяач гэх мэт урлаг спортынхонд төрийнхөө жолоог атгуулсан учраас тэр. Бусад шиг хөгжье, дэвжье гэж зорьж яваа бол хамгийн эхлээд хийх ажил бөх дарга нараасаа татгалзах. Тэгж байж л Монгол гэдэг улс уул уурхайгаа хөгжүүлж доллар олж, эрдсээ экспортолж олсон доллараараа бусад салбараа өөд нь татаж чадна.


Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Экспортын зуучлалаас их мөнгө хийдэг учраас төр уул уурхайн салбарт барьцаа ахиулаад байна

-ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ДЭЭР УИХ УХААЛАГ ТОГТООЛ ГАРГАСАН Ч ЗАСГИЙН ГАЗАР ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ-

Монголын уул уурхай ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-Төр ба уул уурхай гэсэн сэдвээр ярилцъя гэж бодож байна. Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” гэсэн малгай дор “Эрдэнэс силвер”, “Эрдэнэс метан” гэх мэт охин компаниуд нэмэгдээд яваа. Цаашдаа газрын ховор элемент, занар гэх мэтээр хүрээгээ тэлвэл гайхаад байх юм алга. Энэ ер нь хэр зөв хандлага вэ?

-Төрийн өмчийн компани сайн, муу гэж яривал нэг их айхавтар ялгаа байхгүй. Сайн жишээ жишиг дэлхийд өчнөөнөөрөө. наад захын жишээ гэхэд чилийн “Коделко” байна. Норвеги, Казахстаныг дурдаж болно. гэхдээ сая дурдсан сайн жишээнүүдэд нэг онцлог бий. улс төрийн томилгоо бага, компанийнх нь дүрэм, хууль нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, сайн жишээнд дурдагддаг төрийн гэсэн тодотголд хамаардаг компаниудад ямар ч улс төрийн томилгоо байдаггүй. Тэнд бизнесийн менежмэнт л явагддаг. улс төрөөс хараат бус байж чадвал төр гэсэн малгай дор ажиллахад болохгүй юмгүй.

-Манайд улс төрөөс хараат бус байна гэдэг юу л бол?

-Харин тийм, би ч тэгж бодож байна. уих-ын гишүүн Энхбаяр төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа. Яагаад хэлэлцэхгүй байгаа нь тодорхой л доо. Төрийн өмчийн компаниудад бизнесийн менежмэнтийн засаглал байхгүй. Эрх баригчид улс төрийн зорилгоор томилгоо хийдэг. Тэр томилгоонуудаар дамжуулж өөртөө ашигтай бодлого явуулдаг.

-Шулуухан хэлбэл тендер шахаж, цавчаа хийдэг гэж үү?

-Нуугаад байх юмгүй ил үнэн шүү дээ. Өнөө их мөнгө нь явж явж намын санхүүжилт болдог. Тэгэхээс өөр арга ч байхгүй. Манай Улс төрийн намын тухай хуульд санхүүжилт нь яаж туссан байгаа билээ дээ. Сонгуулийн тухай хууль ч хэцүү. Сурталчилгаа нь дандаа хар пиар, сонгууль нь мөнгөнийх болчихсоны цаана сонгуулийн тогтолцоо гэж том асуудал бий. Энэ байдал арилтлаа удна. Тэгэхээр тараадаг мөнгийг нь хаанаас олох вэ гэсэн асуудал гарч ирнэ ээ дээ. Тийм их мөнгийг хаанаас олж авах вэ гээд харахаар төрийн өмчит компани юм уу, эсвэл тодорхой албан тушаалаар дамжуулж босгохоос өөр аргагүй. Намын, сонгуулийн санхүүжилтийг ингэж л босгодог.

Хоёр хүчин үлдчихээд засаглаад байна аа даа. Гурав дахь хүчнийг бодлогоор оруулж ирэхгүй гээд байна. Углуургаар нь харвал хамаг учир Намын тухай хуульд байна. Нам нь эрх барих хүчин болохын тулд хамгийн том авлига авч байна. Ийм үзэгдэл байгаа цагт авлигаар гарч ирсэн улс Монголын төлөө ажиллах уу. Тэгэхээр сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Тэр дундаа улс төрийн намын санхүүжилт тунгалаг байх ёстой.

-Намын санхүүжилт, сонгуулийн мөнгө босголт хаанаас цутгаад байна вэ гээд ухаад бодохоор төрийн өмчит уул уурхайн компаниудаас өөр мөнгөтэй газар харагддаггүй. Төрийн өмчит уул уурхайн компаниудад тендерийн шахаа гэж том мөнгөний урсгал бий. Хамгийн сонгодог жишээ гэхэд л Эрдэнэт байна.

-Төрийн өмчит уул уурхайн компани л цорын ганц боломжтой хувилбар гэдэгтэй санал нэг байна. Экспортод зуучилж дундаас нь мөнгө олж авах арга гэж бий. Төрийн өмчит том компани дээр уул уурхайн том экспорт гээд харвал зэс, нүүрс хоёр л байна. Алтны худалдаан дээр Монголбанк худалдаад авчихаж байгаа учраас элдэв зууч шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, экспортоос нь авах юм байхгүй гэсэн үг. Нүүрсэн дээр гэхэд л тээврээс эхлээд өчнөөн зуучлал бий. Зэс дээр гээд яривал чиний сая онцолсон Эрдэнэт үйлдвэр тав, зургаан компаниар дамжиж борлуулалтаа хийдэг. Тэр дундаас л мөнгө хийх бололцоотой. Цаана нь ийм шалтгаан байдаг учраас төрийн өмчтэй компанийг хадгалахыг хүсээд байгаа юм. Хадгалах гэж хэлэхээр арай бүрхэг бүдэг болчих юм байна. “Эрдэнэс алт”, “Эрдэнэс силвер” гэх мэтээр төрөөс хараат охин компаниуд нэмэгдээд яваагийн цаана ийм шалтгаан бий. Төрийн өмчтэй компани ашигт малтмалын төрөл болгоноор нэмэгдэж яваа нь нүдэнд ил байна.

Уул уурхайнтөслүүдийг гацаахсонирхлынцаана гадны улс ч байхыг үгүйсгэхгүй

-Та түрүүн төрийн өмчит уул уурхайн компани нэмэгдэж байгааг шууд буруутгахад хэцүү, засаглал нь сайн бол болно гэсэн утгатай үг хэлсэн. Хуулийг нь өөрчилье шинэчилье гэхээр хөдлөхгүй байгаа юм чинь арай өөр аргаар алхаж байж уул уурхайн салбар хөгжих юм биш үү?

-Бас нэг асуудал бий. Төрийн өмчит компани нь боловсруулах үйлдвэрээ барина гэж байгаа. Боловсруулах үйлдвэр барих мөнгө хаанаас гарах вэ гээд харахаар баялгийн сан гэх мэт уул уурхайгаас төвлөрсөн мөнгөнөөс л гарна. Ийм агуулгатай хуулийн төсөл санаачлаад явж байгаа дуулдсан. Уг нь баялгийн сангийн мөнгийг хэцүү үед хэрэглэх учиртай. Гэтэл баялгийн сангийн мөнгөөр барьсан үйлдвэр хоёр жилийн дараа дампуурвал яах вэ. Хэцүү үед хэрэглэх мөнгөө салхинд хийсгэчихэж байгаа хэрэг шүү дээ. Бодлого буруу байгаагийн наад захын илрэл. Уул уурхайн төрийн өмчтэй компаниуд яг ямар бүтэцтэй, яаж ажиллах талаар нарийн зохицуулалттай хууль гаргахаас аргагүй. Өнөөдөр гэхэд л уул уурхайн төрийн өмчтэй компаниудын удирдах зөвлөлийн гишүүд нь дандаа яам, тамгын газрын хэлтсийн дарга нар. Удирдах зөвлөлийнхөн том хөрөнгө оруулалтын шийдвэр болон бусад чухал шийдвэрийг гаргадаг.

-Одоогоор төрийн өмчит компаниудын том хөрөнгө оруулалт гэх мэт чухал шийдвэрүүдийг тэр чигийн ямар ч мэргэшил, туршлагагүй хурган дарга нар гаргаж байгаа…?

-Бас л нуугаад байх юмгүй ил үнэн. Ингээд харахаар УЗ-ийнх нь сонгон шалгаруулалт хүртэл өөр зарчмаар явах ёстой. Гадаад экспортыг яаж зохицуулах нь хүртэл нарийн байх учиртай. Түрүүн таны асуусан тендерийн асуудал ч ялгаагүй. Тендерийн санал боловсруулдаг, сонгон шалгаруулдаг хүмүүс ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн мэргэшсэн байх ёстой. Уул уурхайн салбарын хувьд мэргэжлийн олон холбоодтой. Тийм холбоодоос хүмүүс оролцуулах ёстой. Засгийн газрыг төлөөлсөн хүмүүс зөвхөн хурал даргалдаг юм уу, зохицуулах ажил хийдэг байх учиртай. Тэгж байж тендер шударга бодитой явагдана. Шахааны тендер гэсэн ойлголт алга болно.

-Төр оролцоогоо ингэж хумьтлаа өдий л дөө. Гутранги ч гэсэн бодит үнэн.

-Төрийн оролцоог хумьж болно. Төрийн өмчтэй компаниудын тухай хуулийг хэлэлцээд баталчихвал асуудалгүй.

-Хэлэлцэхгүй хуулиа хэлэлцэхгүй жишиг парламентад тогтчихлоо л доо…?

-Харамсалтай нь тийм байдал тод анзаарагддаг болчихлоо. Тэр хуулийг бичилцсэн хүн нь УИХ-ын гишүүн Энхбаяр учраас мань хүн байнга сануулаад байна. Сануулна гэдэг чинь бас л эерэг дохио. Улс төрийн зориг гаргавал болохгүй ч юм байхгүй.

-Таны түрүүн хэлсэнчлэн сонгуулийн тогтолцоо энэ хэвээрээ, улс төрийн намуудын санхүүжилт яг янзаараа байвал эрх баригчид ганц тэжээдэг суваг уул уурхайг тийм ч амар тавихгүй байх. Мах, самар гэх мэт мөнгө бага олдог хэсгийг салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад найр тавьж эхэлсэн ч уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын хувьд энэ хандлага хол, төр уул уурхайд барьцаа улам ахиулна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үгүйсгэх аргагүй өнцөг.

-Алт, уран, занар гээд шинэ салбарт хувийн хөрөнгө оруулалттай дажгүй төслүүд хөдлөх гэхээр элдэв иргэний хөдөлгөөн турхираад гацаах гэж дайрдаг явдал манайд үзэгдэл болчихсон. Энэ бүхний цаана мөнгөний гол крантаа алдахгүй гэж зүтгэсэн улстөрчид байх шиг ээ…?

-Зарим газар улстөрчид, зарим газарт гадаад гүрэн байхыг ч үгүйсгэхгүй. Наад захын жишээ гэхэд л урд хойд хөрш хоёулаа ураныг сонирхож байгаа. Уран дээр Франц, Монгол, Японы төрийн өмчтэй компаниудын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжиж яваа. Туршилтан дээр нь гацаачихсан. Хэн гацаагаад байна вэ гээд харахаар Франц, Япон бол хэтээсээ биш. Гаргалгаа хайвал хамгийн их тонгочдог нь Монгол. Монгол хэнтэй нийлж байж гацаах гэж гүйх вэ гэсэн асуулт тавиад харах хэрэгтэй ч юм шиг. Чиний хэлсэнчлэн ганц уран дээр биш алт, зэс, занар гээд шинээр хөдлөх гэсэн төсөл бүр ийм саадтай нүүр тулдаг. Австраличуудын ажиллаж байгаа Хармагтайг дараагийн Оюу толгой гэж хэсэг шуурсан даа. Гэтэл саяхан дөнгөж хайгуулын өрөм тавьж байгаа гэсэн бодитой эх сурвалжийн мэдээлэл цацагдсан харагдсан. Хармагтайг тойроод хэд хэдэн монгол иргэн лиценз авсан гэж дуулддаг. Магадгүй Хармагтайг тойрсон лицензүүдийг атгасан монголчууд өөр зуураа байлдаж элдэв шуугиан дэгдээж явдаг байхыг үгүйсгэхгүй.

ЭрдЭНЭТийН 49 ХУвь дЭЭр УиХ УХаалаг тогтоол гаргасанч Засгийнгазар ХЭрЭгжүүлЭЭгүй

-сая болсон “дисковер Монголиа” дээр амжилттай, нааштай яваа салбар алт байна даа гэж анзаарагдсан. Гэтэл алтны салбарын гялайж гялтайх хоёрхон төсөл нь их бага шүүмжлэлд өртчихсөн явах жишээний. “Степ голд”-ын хувьд элдэв эсэргүүцэлтэй тулаад, амжилттай хэрэгжээд эхэлчихлээ. Одоо “Эрдэнэ ресурс”-ын баянхонгорт хэрэгжүүлэх төсөл бас л элдэв шуугианд өртөж мэдэхээр өнгө анзаарагдаад эхэллээ. Уул уурхайн салбараа хөгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл гадны хөрөнгө оруулалттай дажгүй төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх гарцыг олохоос аргагүй. Тийм гарц байна уу?

-Би нэг зүйлд гайхаад байдаг юм. Баянхонгорт баяжуулах үйлдвэртэй алтны далд уурхай ажилладаг. Сая болсон “Дисковер Монголиа”-гийн үеэр яригдаж байсан, 600 гаруй ажилтантай болсон, гадны оператор компани амжилттай хэрэгжүүлээд яваа гэж. Ийм төсөл хажууханд нь хэрэгжиж байхад хайгуулын шатандаа яваа, ашиглалтын шатандаа ороогүй байгаа төсөл рүү яагаад дайраад байдаг юм бол гэж гайхдаг. Чи сая “Степ голд” эсэргүүцэлтэй тулсан ч тэр бэрхшээлийг даваад олборлолтоо эхэлсэн гэж ярилаа. Баянхонгорт хэрэгжиж байгаа алтны төсөл ч гэсэн эхэндээ эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр эсэргүүцлийг даваад л гарсан. Тэгэхээр амжилттай яваа ямар ч төслийг эхлэх үед иргэний хөдөлгөөн гэх мэт элдэв улс эсэргүүцэж хэл үг гаргадаг нь манайд үзэгдэл болчихож.

-Нэгэнт хэрэгжээд эхлэхээр нь хаяад шинэ төслүүд рүү идэвхийлж дайрдаг үзэгдэл байна гэж үү?

-Тэгж л харагддаг. Яаж ийж байгаад хэрэгжүүлээд эхэлчихвэл өөр байна л даа.

-Энэ үзэгдлийг эерэгээр шийдэх гарц гэвэл танд санаа оноо байна уу?

-Засгийн газар орон нутгийн тухайд баг, сум, аймгийнх нь хэмжээнд хуралдуулаад аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 15, 20 жилээр дунд хугацаанд хийчих ёстой. Баталсан бол буцах аргагүй гэсэн зарчмаар ажиллаад эхэлбэл ийм үзэгдэл гаарахгүй. Тусгай зөвшөөрөл болгон дээр санал авдаг байдал л тушаа болоод байх шиг.

-Уул уурхайн компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр иргэдэд арилжаалаад эхэлбэл уул уурхайгаас орж ирэх мөнгө улстөрчдийн халаасанд биш иргэдийн амьдралд өгөөжөө өгнө, тэгж байж уул уурхайг адалсан нийгмийн хандлага зөөлөрнө гэж хардаг. Жишээ нь Эрдэнэт дээр гэхэд л төр, хувийн компани, иргэд тус тусдаа хувьцаа эзэмшээд явъя гэсэн хувилбар яригдаад эхэлчихсэн дуулдсан?

-Уг нь тийм. Би анх Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани худалдаад авчрах үед төр 51 хувийнхаа хоёр хувийг нь хөрөнгийн зах дээр гаргаад иргэдэд худалдчих, тэгээд төр, хувийн компани гэсэн хоёр тал ижил хувь эзэмшээд явахад асуудалгүй гэсэн утгатай байр суурь илэрхийлж байсан удаатай. Төр өөрийн өмчийн уул уурхайн компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах хэрэгтэй. Хувийн компаниудын хувьд ч ийм алхмыг шат дараатай хийгээд явбал нийгмийн хандлага зөөлөрнө гэдэгтэй санал нэг байна. Эрдэнэт үйлдвэрийн тухайд ийм асуудал ахиж гарахгүй ганцхан тохиолдол. Зарчмын хувьд би нэг л байр суурьтай явдаг. 49 хувь Монголд ирсний дараа би хэвлэлүүдэд “Оросоос авч ирсэн нь гавьяа. Хэрэв тэнд хууль зөрчсөн үйлдэл байгаа бол хуульд заасан арга хэмжээг нь л ав” гэсэн байр суурь илэрхийлсэн. УИХ-ын тогтоол ч маш зөв аргаар хийгдсэн шүү дээ. 49 хувийг эзэмшиж буй талтай хэлэлцээр хий, юугаар худалдаад авсныг нь тогтоо, өөрсдийнх нь мөнгийг өөрсдөд нь үлдээгээд төрөөс гаргасан мөнгө байвал тэрийг нь буцаагаад ав гэсэн утгатай тогтоол гаргачихсан. Гэтэл тэр тогтоол нь хэрэгждэггүй. Засгийн газар түрүүлж хөдлөөд ТУЗ-ийг нь өөрчилж, онцгой байдал тогтоох гэх мэтээр хэлэлцээргүйгээр юм хийгээд эхэлсэн. Ингээд байхаар шүүх дээр очоод унах нь тодорхой шүү дээ. Товчхондоо УИХ-ын тогтоол нь анхнаасаа ухаалаг гарсан юм. Буруу схем хэрэглээд Монголын маш олон хууль зөрчжээ гэсэн нэг асуудал бий. Банкны тухай хууль ч юм уу яг ямар хууль зөрчсөнийг нь тогтоох ёстой. Өөрсдийнх нь төвлөрүүлсэн мөнгийг хууль зөрчиж олоогүй, төсвийн мөнгөнөөс хулгайлаагүй бол тэдний л олж ирсэн мөнгө.

Categories
мэдээ цаг-үе

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралд: Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах талд яриа хэлэлцээр хийхэд “Рио тинто” хэзээд бэлэн

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралдтай ярилцлаа.


-“Рио Тинто” Монголд яг ямар чиглэлд анхаарч ажиллаж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монголд ирээд арван сар орчмын нүүр үзээд байна. Сорилт ихтэй хэдий ч миний хувьд үр бүтээлтэй цаг хугацаа болж өнгөрсөн. Би “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашихаас гадна “Рио Тинто Монгол” гэдэг аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манайх таван гол чиглэлийг барьж ажиллаж яваа. Эхний хоёр чиглэл бол Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт. Цар тахлын үед ч гэсэн ил уурхайн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт одоогийн зураг төслийн хүрээнд 60 хувьтай өрнөж байна. “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний улмаас зарим ажил удааширч, гурав болон дөрөвдүгээр агааржуулалтын босоо амны ажлыг түр зогсоож, арчлалт, засварын горимд шилжүүлсэн. Гуравдугаарт, хайгуулын үйл ажиллагаанд анхаарч байгаа. Хайгуулын лиценз олголтыг зогсоосныг та мэднэ. Энэ үйл ажиллагааг сэргээсэн тохиолдолд хайгуулын ажил хийх сонирхол бий. Дөрөвт, онцлох зүйл бол манай оффис дээр “Монголиа деливери центр” ажилладаг. IT-гийн 75 залуу мэдээлэл технологийн үйлчилгээг “Рио тинто”-гийн дэлхий даяарх салбаруудад үзүүлэх юм. Монгол залууст дэмжлэг үзүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжиж байгаа нэг хэлбэр л дээ. Удахгүй хүнээ нэмж 100 болгоно. Тав дахь нь Засгийн газар болон иргэний нийгэм, орон нутаг, бизнесүүдтэй хийх хамтын ажиллагаа. Энэ таван чиглэлд анхаарч ажиллаж байна.

-“Рио Тинто”-гийн удирдлагууд Оюу толгойтой холбоотойгоор АНУ-ын шүүхэд дуудагдсан гэсэн мэдээлэл олны анхааралд байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч?

-Таны сонирхсон асуултын тухайд хуулийн процесс эхэлчихсэн яваа учраас олон зүйл ярих боломжгүй. “Рио Тинто”-гийн хувьд тухайн асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дурдагдсан асуудлуудын тухайд “Бэйкер Маккензи” гэдэг хуулийн фирмээр дотоод хяналт шалгалт хийлгүүлсэн юм. Шалгалтын үр дүнгээр тухайн гомдолд дурдагдсан асуудлууд үндэслэлгүй гэсэн хуулийн дүгнэлт гарсан. Америкт нэг хүн зарга үүсгэж, үүсгэсэн тэр зарганд нь бусад хүмүүс нэгдэж болдог хэлбэр бий. Нээлттэй маргаан үүсгэх хэлбэр л дээ. Энэ дагуу “Рио Тинто”, “Туркойз хилл”- компаниудыг “Оюу толгой”-н гүний уурхайн төслийн зардал, хуваарийн талаар буруу ташаа мэдээлэл гаргасан гэдэг үндэслэлээр зарга үүсгэсэн гэж ойлгож байгаа.

Энэхүү асуудлаар бид сая танд хэлсэнчлэн хөндлөнгийн, бие даасан этгээдээр хяналт шалгалт хийлгэж, тухайн байгууллагаас ямар ч үндэслэлгүй гэсэн утгатай дүгнэлт гаргасан.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 60 хувьтай яваа юм байна. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь бий гэгддэг гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хэзээ гэж харж байгаа бол?

-Гүний уурхайн хэмжээ нэлээд том, зүйрлэж хэлбэл Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэмжээний, 1.3 километр гүнд байрлах маш том хүдрийн биетийг ашиглах тухай яригдаж байгаа. Одоогийн зураг төслийн хүрээнд барилга бүтээн байгуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй яваа. Таны сая хэлсэнчлэн гүний уурхайд нийт баялгийн маань дийлэнх хэсэг агуулагддаг. Одоогийн байдлаар бид гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхэлнэ гэж тооцоолж байна. Гэхдээ ирэх арванхоёрдугаар сард нарийвчилсан тооцоолол гарах юм. Нарийвчилсан тооцооллоор зардал болон хугацаа эцсийн байдлаар тодорхой болно. Өөрөөр хэлбэл, сая таны асуусан асуултын хариу арванхоёрдугаар сард буюу энэ оны эцэст илүү тодорхой болно. Одоогийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хооронд байгаа. Арванхоёрдугаар сард бэлэн болох тооцооллоор яг аль тоо нь эцсийнх, аль хугацаа нь илүү бодитой гэдэг нь тодорхой болно. Өнөөдөр надад байгаа урьдчилсан мэдээллээр бол 2022 оны аравдугаар сар гэсэн хуваарь руу илүү дөхүү хугацаанд багтаж үйлдвэрлэлийг эхлүүлэх боломж бүрдэх магадлалтай байна.

-Гүний уурхай ашиглалтад ороход засгаас шалтгаалах ямар нэгэн асуудал байна уу?

-Бид улаар таслах гэж ид нэрлээд байгаа л даа. Өөрөөр хэлбэл, энэ нь түрүүн танд хэмжээг нь дүрсэлж хэлсэн маш том хэмжээний хүдрийн биетийг доогуур нь тасалж нурааж эхлэх үйл явц юм. Энэ үйл ажиллагааг эхлэхээс өмнө Засгийн газраас шаардлагатай, ойрын хугацаанд шийдвэрлэх гурван зүйл бий. Засгийн газар Оюу толгой төсөл дээр 34 хувийн хувь эзэмшигч. Мөн бүх дүрэм, журам, хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын зүгээс хүлээж буй зүйлийн эхнийх нь эрчим хүчний хангамж болон тогтвортой байдал. Засгийн газар төрийн өмчийн цахилгаан станц байгуулна гэдгээ зарласан. Тэр станцаас цахилгаан авах хүртэл одоо цахилгаан импортолж буй Өмнөд Монголын цахилгаан эрчим хүчний гэрээг сунгах баталгаа хэрэгтэй байгаа. Хоёрт, гүний уурхайн зураг төсөл дизайн, нөөцийн шинэчилсэн тайланг батлах хэрэгцээ бий. Гуравт, санхүүжилттэй холбоотой шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Засгийн газраас энэ гурван асуудлыг шийдэж байж дараагийн алхам хийгдэнэ.

-Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг Монголын талаас гаргаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Ер нь одоогийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг Монголын талаас илэрхийлдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын баталсан 92 дугаар тогтоолын дагуу “Рио Тинто”-той тодорхой хэлэлцээр хийх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу ажлууд өрнөж байгаа. Хэлэлцэж байгаа асуудлуудыг богино хугацаанд шийдэгдэх шаардлагатай болон урт хугацаандаа хэлэлцээд явах боломжтой асуудлууд гэж ангилж харж болох байх. Ойрын хугацаанд шийдэх шаардлагатай асуудлууд гэвэл миний сая дурдсан гурван асуудал. Урт хугацаандаа шийдэх боломжтой нь 92 дугаар тогтоолд дурдагдсан бусад асуудлууд гэж би хувьдаа харж байна. Эдгээр асуудлуудыг Монгол Улсын Засгийн газартай төслийн хувьцаа эзэмшигч, урт хугацааны итгэлт түншүүдийн хувиар ярилцахдаа “Рио Тинто”-гийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Засгийн газартай хэлэлцээрт орохдоо бэлэн байна. Өнөөдрийн тухайд би зөвхөн хөрөнгө оруулагч талыг төлөөлж буй учраас ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Оюун-Эрдэнэ ямар бодолтой байгааг өмнөөс нь хэлэх боломжгүй байна. Засгийн газар мэдээж хатуу байр суурьтай, хэлэлцээ хийхэд хэзээд амаргүй байдаг.

-Сүүлийн үед Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан уу?

-Дөнгөж өнөө өглөө ( 2020 оны 10 дугаар сарын 23) гэхэд л ЗГХЭГ-ын албан хүмүүстэй уулзсан.

-Таван толгойн цахилгаан станцыг төр өөрөө мөнгөө гаргаад барина гэсэн шийдвэрээ гаргачихсан. Саявтар “Ньюком” компани сэргээгдэх эрчим хүчний станц барьж өгөх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн. “Рио Тинто”- дэлхийн зарим улс дахь уул уурхайн ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа. “Оюу толгой” төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах боломж хэр бол, энэ тал дээр “Рио Тинто” ямар байр суурь, хандлагатай байгаа вэ?

-Рио Тинто олон улсад үйл ажиллагаа явуулдаг корпорацийн хувьд илүү цэвэр энергийн эх үүсвэр сонгох талд анхаарч байна. 2030, 2050 онд хүлэмжийн хийг бууруулах, тэглэх том зорилтуудаа зарласан. 2050 онд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьсан яваа. Энэ зорилтдоо нэг тэрбум ам.доллар зарцуулна. Үүнээс гадны бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд цэвэр энергийн эх үүсвэрийг бий болгоход хувь нэмрээ оруулах бүтээгдэхүүнүүд. Мөн бид уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллөө бууруулах чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажлууд хийж буйг дурдах нь зүйтэй. Монголын Засгийн газрын зүгээс нүүрсний цахилгаан станц барихаа өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Өнгөрсөн зургадугаар сард бид Засгийн газартай Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний нэмэлтэд гарын үсэг зурсан. Засгийн газрын байр суурь, шийдвэрийг хүндэтгэж энэ хувилбарыг тэргүүн ээлжинд авч үзнэ. Энэ төслийн хувьд хоёр талын хүлээсэн үүрэг бий. Засгийн газар төслөө урагшлуулаад явж байгаа гэж харж байна.

-“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлыг солих болсон шалтгааныг танаас давтан тодруулмаар байна. Шинэ захиралд манай улсын иргэн Б.Болдын нэр дуулдаж байна. “Рио Тинто”-г хэн удирдах бол гэсэн асуулт монголчуудын анхааралд байгаа энэ үед томилгооны талаар шинэ мэдээ байвал хуваалцаач?

-“Рио Тинто”-гийн тухайд гүйцэтгэх захирал болон нийтдээ гурван өндөр албан тушаалтан ажлаа өгөхөөр болсон байгаа. Тэр гурван хүний нэг нь миний шууд удирдлага болох хүн бий. Тэдгээр хүмүүс ажлаа өгөх болсон гол шалтгаан нь тавдугаар сард баруун Австралийн Жукан гээд хавцал дээр болсон үйл явдал. Тийм үйл явдал болсонд компанийн хувьд гүнээ харамсаж байгаа. Тийм үйл явдал хэзээ ч болох ёсгүй байсан. Бидний хувьд энэ үйл явдлаас сургамж авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. ТУЗ-аас шалгалт явуулж, дүгнэлт гаргасан. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлнэ. Шинэ захирлаар хэн томилогдох талаар миний зүгээс таамаг дэвшүүлэх боломжгүй. Гадны болон дотоодын удирдлагын түвшинд шинэ хүнийг олж тодруулах ажил өрнөж байгаа. Б.Болд захиралтай олон удаа уулзаж байсан. Хүндэтгэл хүлээсэн, шилдэг удирдагчдын нэг.

-Оюу толгой төсөл Рио Тинто-гийн бизнест ямар орон зайтай вэ?

-“Рио Тинто” 36 улсад үйл ажиллагаа явуулдаг, 47,000 ажилтантай олон улсын компани. Дөрвөн том бүтээгдэхүүний групптэй. Төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс очир эрдэнэ, эрчим хүч эрдсийн группүүд бий. Оюу толгой төсөл зэс, очир эрдэнийн группт багтана. Хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа төслүүдийн маань нэг бол Оюу толгой. Төслөө амжилттай үргэлжлүүлж, өнөө тулгамдаад буй асуудлуудаа шийдэж, Монголын Засгийн газартай урт хугацаанд хамтран ажиллахын төлөө байгаа. Оюу толгой төсөл дан ганц “Рио Тинто”-д биш, Монгол Улсад ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Оюу толгой төсөлд арав гаруй мянган хүн ажиллаж байна. Үүнээс гадна Оюу толгой бол үндэсний хэмжээний төсөл. Тэр утгаараа үндэсний хэмжээнд 45 мянга гаруй хүнийг туслан гүйцэтгэгч гэх мэт хэлбэрээр ажлын байраар хангаж яваа. Эдийн засгийн ийм том үр нөлөөтэй төслийн тухай та бид хоёр ярьж байна. Түрүүн хэлсэн ойрын хугацаанд шийдэх гурван асуудлаа шийдээд, гүний уурхай ашиглалтад ороод явбал Монголын ДНБ-ий 20-25 хувийг дангаараа хангах боломжтой том төсөл.

-Монголын гадаадын хөрөнгө оруулалтын маш том хувийг Оюу толгой эзэлж байгаа, тэр утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын барометр гэсэн том нөлөө бас бий. Яг хичнээн хувийг эзэлж байгаа гэдэг дээр тодорхой тоо хэлээч?

-Оюу толгой төсөл Монголын гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байгаа. Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа гадаадын томоохон компаниуд Оюу толгойг л харж үнэлж байж Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх нь зүй ёсны хэрэг л дээ.

-Зэсийн зах зээлийн ирээдүйг та яаж харж байна вэ. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед зэсийн зах зээл огцом сэргэнэ гэсэн таамаглал хэр ортой бол?

-Том түвшинд яривал сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Олон хүн ядуурлаас гарч дундаж давхарга руу шилжих таамаг зураг бий. Дундаж давхаргынхны хувь хэмжээ өсөх тусам байр сууц, цахилгаан тоног төхөөрөмж гэх мэт олон чигийн эрэлт хэрэгцээ огцом өснө. Энэ мэтээр харвал эрэлт хэрэгцээ өсөх эерэг зүйлс ажиглагдаж байгаа. Нийлүүлэлт талаас нь харахад ковидтой холбоотойгоор ялангуяа өмнөд Америкийн зах зээл дээр өмнөх шигээ түвшний үйлдвэрлэл явагдахгүй байна. Сүүлийн үеийн мэдээллүүдээс анзаарахад Хятадын зах зээл эргээд сэргэж буй хандлага ажиглагдаж байгаа. Урт хугацаандаа зэсийн эрэлт сайн байх суурь нөхцөлүүд байна гэж хэлж болохоор байна. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа яг хэдийд гэдгийг бидний зүгээс шууд хэлэх боломжгүй. Засгийн газраас хамаарах зүйлс байгаа учраас гүний яг тэдэн онд ашиглалтад орж, тэр үед нь зэсийн зах зээл ийм тийм байна гэж хэлэхэд эрт. Бидний төлөвлөж буй хугацаанд гүний уурхай ашиглалтад орвол зэсийн эрэлт их, үнэ өндөр байх таамаг бий.

-Оюу толгой төсөлд ашиглаж буй шинэ техник технологиор ярилцлагаа үргэлжлүүлье?

-Таны асуултад хоёр чиглэлээр хариулт өгөх нь зүйтэй байх. Нэгдүгээрт нь Оюу толгой, хоёрдугаарт нь “Монголиа деливери центр” гээд манай IT-гийн компани. Оюу толгойн хувьд гэхэд л аюулгүй ажиллагаа, ус дахин ашиглах гэх мэт үйл ажиллагаа “Рио Тинто”-гийн хийж буй менежмэнтийн үр дүнд дэлхийн түвшинд хүрсэн. Блокчлон олборлох гэх мэт дэлхийн хэмжээний маш олон шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. “Рио Тинто”-гийн хувьд Монголд хийж буй бизнесийн үйл ажиллагаа зөвхөн Оюу толгойгоор хязгаарлагддаггүй. Миний бахархдаг нэг зүйл бол “Монголиа деливери центр”. Монгол залуусыг сургаж дадлагажуулсны үр дүнд зэс, алтны баяжмалын экспортоос гадна Монголын залуусын оюуны хөдөлмөрийг дэлхийн зах зээлд гаргаж үнэлүүлж байна. Энэ бол Монголын хувьд маш том давуу тал.

-Оюу толгой төсөлд ажиллаж буй монголчуудын талаар асуух зүйл байна. Нарийн мэргэжлийн, удирдах түвшний өндөр цалинтай албанд эзлэх монголчуудын хувь хэр байгаа бол?

-Оюу толгойн нийт ажиллагсдын 94 хувь нь монголчууд. Нийт ханган нийлүүлэгчдийн хувьд 75 хувийн хангамж нь Монголын бизнес эрхлэгчдэд хамаардаг. Би хоёр долоо хоногийн өмнө Оюу толгойн удирдлагын багтай уулзсан. Тэр үед ерөнхий менежерүүдийнх нь хэд хэдэн хүн нь монголчууд байгааг хараад бахархсан шүү. Ковидтой холбоотой хязгаарлалт гарч, зарим гадаад менежер ирж чадахгүй байгаа ийм цаг үед монгол залуус тэдний ажил үүргийг маш өндөр ур чадвар, манлайлалтайгаар орлон хийж яваа. “Рио Тинто” Монголын хувьд “Монголиа деливери центр”-т ажилладаг бүх ажилтан монголчууд. Менежерүүд, удирдлагын баг нь ч 100 хувь монголчууд.

-Уул уурхайн, тэр дундаа гүний уурхайн мэргэжилтнүүдээ экспортлох хэмжээний боломжийг Оюу толгой төсөл бүрдүүлж өгсөн гэж уул уурхайн салбарынхан онцолдог. Дэлхийн гүний уурхайн бүтээн байгуулалтад монголчууд оролцох бүрэн чадвар, боломжтой болсон гэж та боддог уу?

-Монголчууд аль хэдийнэ “Рио Тинто”-д ажиллаад эхэлчихсэн. Өмнөд Америк, Хойд Америк, Өмнөд Африк, Австрали гээд олон улсад ажиллаж байна. “Монголиа деливери центр”-ийн жишээнээс харахад олон улсад ажиллана гэдэг заавал биечлэн очиж ажиллах шаардлагагүй болсон. Эх орондоо ажиллаад, хөдөлмөрөө дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломжтой. “Оюу толгой”-н ажиллагсдын хувьд гүний уурхайд ажиллаад, ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалтад гадны улсуудад ажиллахад бэлтгэгдээд явж байгаа гэж хэлж болно. Мөн ханган нийлүүлэгч дотоодын компаниуд олон улсад ханган нийлүүлэлт хийх боломжтой гэж үзэж байгаа.

-Оюу толгойн гэрээ мэдээж хоёр талд ашигтай. Гэхдээ Монголд үүнээс илүү ашигтай байх боломжийг л улстөрчид яриад байдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, гүний уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө гэсэн гурван бичиг баримт “Рио Тинто”-гийн хувьд гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтыг Монголд хийх болсон шийдвэрийнх нь хамгийн том үндэс суурь. Эдгээрийн үр дүнд 11 тэрбум ам.доллар, 2.7 тэрбум гаруй ам.долларын татвар, 12 мянган ажлын байр, 45 мянган шууд бус ажлын байр, орон нутагт зарцуулж буй хөрөнгө оруулалтууд, ил уурхайн үйл ажиллагаанаас худалдан авалт санхүүжилт хэлбэрээр нийгэмд хийж буй хөрөнгө оруулалт, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад Монголд орж ирж байгаа мөнгө гэх мэт энэ бүх үр өгөөж түрүүн дурдсан гурван бичиг баримтын үндсэн дээр бий болсон. Үүний зэрэгцээ Рио Тинто компани Оюу толгойн зэрэгцээ бусад бизнесийн үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэн явуулж байна. Хөрөнгө оруулагчид Оюу толгойг харж хөрөнгө оруулалтаа Монгол руу чиглүүлж байна. Монгол Улсын хүртэх үр өгөөжийг сайжруулах чиглэлээр УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу яриа хэлэлцээр хийхэд “Рио Тинто” хэзээд бэлэн.

-Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор хэд хэдэн улстөрч шоронд орлоо. Ер нь Дубайн төлөвлөгөө Монголчуудад ямар давуу тал өгсөн гэж та боддог вэ?

-Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөгүйгээр гүний уурхайн төсөл хэрэгжих боломжгүй. Оюу толгойн ихэнх баялгийг гүний уурхайг ашиглалтад оруулснаар олборлох боломжтой тухай та бид хоёр ярилцлагынхаа эхэнд хөндсөн. Оюу толгой гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлж байгаа нь ч гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой. Ковид дэгдэхээс өмнө гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд сард 100 сая ам.доллар орж ирж байсан. Гүний уурхайн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ашиглалтад орсноор ДНБ-ий 20-25 хувийг эзлэх боломжтой. Олон мянган ажлын байр, эдийн засгийн үр өгөөжийг мөн би түрүүн дурдсан. Техник технологи, туршлага, ноу хау гээд энэ бүхэн гүний уурхайн төлөвлөгөөнд үндэслэж Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд юм. Засгийн газар Монголын ард түмний нэрийн өмнөөс Оюу толгойн 34 хувийг эзэмшээд явж байгаа. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг 18 сарын турш үйл ажиллагаа явуулаад тогтоол баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаар гүний уурхайг хөгжүүлэх Засгийн газрын үүрэг амлалтыг дахин баталгаажуулсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Энхбат: Хуучин монгол хэл мал аж ахуйн хэл шүү дээ


“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-Монгол хэлэнд хараалын үг маш цөөхөн гэж та дээхнэ ярьж байсан. Тэр үгийг чинь сонсчихоод гадны том хэлнүүдийн хараалын үгийн сан хэр байдаг вэ гэж лавлаж асуумаар санагдаад явсан юм, энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Манайх гурван жилийн өмнө Хэрэндорфын “Чик” номыг орчуулахаар боллоо.

Германд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынх нь унших ёстой номын тоонд орсон алдартай ном л доо. Гэтэл тэр номыг орчуулах явцад нэг том асуудал үүсдэг юм. Маш олон хараалын үг буюу жаргонтой, өнөөхийг нь монгол хэлэнд буулгах гэхээр үг олдохгүй асуудалтай нүүр тулсан л даа. Хамаг хараалын үгийг цуглуулаад ч барахгүй юм билээ.

Монгол хэл хараалын үг цөөтэй гэдгийг тэгж мэдэрсэн. Ингээд харахаар бид их ёсорхуу ард түмэн ч юм шиг. Ямар сайндаа л хараалын үг байхгүй болохоор орос хэлнээс зээлэх вэ дээ. Аргаа ядаад л авсан хэрэг. Цусаар урс гэх мэт хараалын үгс бий ч тэр нь орчин үеийнх биш. Жишээ нь америкчууд, англи хэлтнүүд shit гэчихэж байгаа юм. Богинохон, амархан хэлэгдэж байгаа биз.

Германууд шайзе (scheis-ser) гэсэн хараалын үгийг түлхүү хэрэглэдэг. Баас, чацга гэсэн утгатай үг л дээ. Индэр дээр илтгэл тавьж байгаад үгээ алдаж хэлбэл шайзе гэчихээд л алдаагаа залруулаад явчихдаг. Тэрийг нь сонссон хүмүүс нь ч тэгж хүндээр хүлээж авдаггүй.

Шагнал авах гэж гарч ирэхдээ хүртэл нэг үг буруу хэлчихээрээ “Шайзе би уг нь тэгж бодоогүй юмсан” гээд яриагаа үргэлжлүүлэх жишээний.

-Манайд индэр дээрээс тэгээд хэлчихвэл хэцүүднэ л дээ.

-Тэгэх байх. Ийм янз байдлаас нь харвал бид их соёлтой ч юм шиг ард түмэн. Маш өндөр соёлтой юм уу гээд лавлаад анзаарахаар худлаа гэдгийг та ч мэдэх байх. Яг үнэндээ бидний иргэншээгүй явааг л харуулаад байгаа юм. Бидэнд асар олон үг хэрэгтэй. Бидний харилцаанд асар олон үг үгүйлэгдэж байна.

-Тэгээд “Чик” номоо яаж ийгээд дуусгасан уу?

-Тэгсэн. Заримыг нь чиглүүлээд орчуулсан.

-Хараалын үг бага хэрэглэх нь зөв, энэ хоёр ер нь юу яриад байна гэж шүүмжлэх хүмүүс олон гарах байх.

-Энэ бол амьдрал шүү дээ.

Хараалын үгнээс гадна нөгөө талд ерөөлийн үг ч олон болох ёстой. Ингэж байж л хэл хөгжих ёстой болохоос зүгээр нэг хэдэн профессор суучихаад дүн тавиад хөгжчихдөг эд биш. Тал хээрт хонио хариулах, олуулаа амьдрах гэдэг тэс өөр хоёр орчин.

Эзгүй хээр хонио хариулж яваа хүнд цухал төрөх шалтгаан гарахгүй. Олуулаа цуглаад суурин иргэншил дунд аж төрөөд ирэхээр харилцаа үүсдэг. Олуулаа байхын хэрээр харилцаа нарийсдаг. Хувь хүнээс илүү нарийн мэдрэмж шаарддаг. Уур нь хүрлээ гэхэд нэг үг хэлээд стрессээ тайлчихдаг байх шаардлага үүснэ ээ дээ. Стрессийг нь тайлах тийм үг байхгүй бол гөвөлцөхөөс өөр арга үлдэхгүй шдээ.

-Наадах чинь сонин өнцөг байна шүү.Үг хүний стрессийг тайлдаг.

-Тийм шүү дээ. Үг хүний стрессийг тайлдаг. Тэгэхээр хэл илүү хөгжиж, улам нарийсах шаардлага, хэрэгцээ нь үүсчихээд байна. Телевизийн “Онц дүмд” гээд цувралыг чи үзсэн үү?

-Үзсэн.

-Тэр цуврал надад их таалагдсан. Тэрэн дээр монголчуудын оросоос авсан айхавтар хараалын үгийг хэлэхэд нь би баярласан. Ашгүй дээ, энэ үгийг ингэж хэрэглээнд оруулаасай гэж бодсон шүү.

-Ингэхэд хуучин монгол бичгийн үгийн сан хэр баялаг гэж та боддог вэ?

-Хуучин монгол хэл мал аж ахуйн хэл шүү дээ. Бид малчин л байсан.Хүн эмнэлгийн доктор, шинжлэх ухааны инженер, профессор байгаагүй. Мал аж ахуй бидний үндсэн ахуй соёл, ер бүгдийг нь тодорхойлж байсан.

Монгол хэл бол мал аж ахуй байгальтай харьцах хэл гэсэн өнцгөөс харвал үнэ цэнэ нь өөр гэдгийг үгүйсгэхгүй. Тэр талаас нь харвал олон зуун жилийн явцад, магадгүй өнөөдрийг хүртэл амьд явж ирсэн цөөхөн хэлний нэг байх. Гэтэл хүн төрөлхтөн суурин иргэншилд шилжээд хэр хугацаа өнгөрсөн билээ.

Эртний Грек, Ромоор багцаалдахад л маш олон жилийн түүх яригдана. Товчхондоо монгол хэл мал аж ахуй байгаль ертөнцтэй холбоотой амьдрал ахуйг л хэлсэн хэл. Баруунд тариачны хэл гэж ярьдаг талаар та сонсож байсан уу?

-Сонсож байгаагүй юм байна.

-Үйл хөдлөлийг илэрхийлэх.юмны гадна талаас асуудлуудыг зохицуулах, өдөр тутмын ажлаа амжуулахын тулд хоорондоо харилцахад л чиглэсэн хэлийг хэлээд байгаа юм. Гэтэл өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн, шинжлэх ухааны хэл гэж ярьж, харж, сэтгэх учиртай.

Хэлээр харилцан ойлголцохоос гадна хэлээр ажил хийдэг. Хэл гэдэг маш өргөн хэрэглэгдэхүүн болсон. Гүнзгий агуулгатай зүйлийг, философи, психологи, социологийг эх хэлээрээ илэрхийлэх шаардлагатай нүүр тулж байна. Монгол хэлний баялаг “данхалзсан нөхөр яваад байна” гэх мэтээр харагдаж байгааг тодорхойлохдоо ил үү сайн санагддаг.

Гэтэл англи, герман гэх мэт том хэлнүүд хүний дотоод ертөнцийг, хүний харагдахгүй байгаа зүйлийг томьёолдгоороо гайхамшигтай хөгжилд хүрчихсэн.

-Та нэг ярилцлагадаа гадаад хэлнээс зарим үгийг шууд аваад хэрэглэхэд болохгүй юмгүй гэсэн санаа хэлж байсан. Жишээ нь, сая хөндсөн дотоод ертөнцийн мэдрэмжийг илэрхийлсэн үгсийг англиас ч юм уу, герман хэлнээс шууд аваад хэрэглэхэд болохгүй юмгүй гэсэн утгаар та тэгж хэлсэн үү?

-Яагаад болохгүй гэж. Бодол гэдэг үг гэхэд л манж үг. Монголчууд “миний санахад” гэж ярьдаг байсан юм билээ. Үг судлал, үгийн гарвалын чигийн судалгаа манайд үгүйлэгддэг.

Тийм учраас гаднаас ямар олон үг авснаа мэддэггүй. Аваад хэрэглэхийг нь хэрэглэх учиртай. Тэгж байж хэл баяжна. Психологи дээр гэхэд л хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлийг илэрхийлсэн үгс нь маш эмх цэгцтэй. Том хэлнүүдэд бүр томьёолчихсон байдаг. Тэр утгаараа том хэлээр хүний сэтгэлийн нарийн асуудлыг ярих амархан.

Монголд тэгж хэлэх гэхээр үг нь олддоггүй. Наад зах нь идеологи гэж үг байна.Үзэл суртал, үзэл бодол гэх мэт хоёр үгийг нийлүүлж илэрхийлээд байдаг. Аль нь юм бүү мэд, бид энэ үгийг ингэж орчуулаад цэц булаалдаж суугаа.

Гэсэн атал өнөөх нь бүрэн төгс ойлгомжтой биш. Идеологи гэсэн үгийнх нь цаад мөн чанар, төгс утга гарч ирдэггүй. Уг нь идеологиороо явбал зүгээр. Ер нь бүх юмыг малчин монгол хэл рүүгээ буулгахад хэцүү.Техникийн хэлийг хөдөөнийхөн монголчилсон байдаг л даа. Хацар араа, цэцэг араа энэ тэр гээд (инээв). Сонсоход хөөрхөн. Гэхдээ яг шинжлэх ухаантай нь холбоод харахаар болохоо байна. Бүх юмыг байгальжуулаад, хүнжүүлээд байж болохгүй.

-Гэхдээ гадаад хэлнээс олон үг авбал хэлний дархлаа суларна энэ тэр гээд өчнөөн болгоомжлол дуулддаг.

-Бусад бүх улсад философи гэдгээр нь хэрэглэж байхад гүн ухаан гэж орчуулах шаардлага байхгүй шүү дээ. Яг нарийндаа философи гэдэг чинь гүн ухаан гэсэн утгатай ч үг биш.

-Цэцэн мэргэнд дурлах гэсэн утгатай гэж үү?

-Ингэж буулгаж болох ч үг биш, өгүүлбэр шүү дээ. Тэгэхээр энэ нэр томьёо олон улсад хэрэглэгддэгээрээ явах нь зөв. Гүн ухаан гэдэг тайлбар нь ч буруу. Ерөөсөө гүн биш. Яагаад гэж л асуудаг, аливаа юмны учрыг мэдэх гэсэн л хэрэг. Гэтэл яагаад ийм сониуч сонирхол гүн байдаг юм.

Гүн ухаан гээд орчуулчихаар хүмүүс “миний ойлгох эд биш” гээд зугтаадаг тал анзаарагддаг. Тэгэхээр гаднаас үг авах журам бий болгох ёстой. Манайх шиг муу тольтой газар байхгүй. Олон улсын хэмжээнд толийг үнэлдэг шалгуур байдаг бол бид хамгийн мууд нь орно.

-Цаг үеийн хөгжилдөө тохируулаад шинэ үг зохиох ёстой, үнэртэй усыг гэхэд л сүрчиг гээд зохиочихсон гэж ярьсан чинь санаанд орлоо. Шинэ үг зохиох тал дээр хэл шинжлэлийнхэн хэр анхаарч байна?

-Уг нь шинэ үг зохиох ёстой. Шуудхан хэлэхэд, анхаарч байгаа хүн алга. Хэл шинжлэл ийнхэн үр дүнг нь хэн ч мэдэхгүй мөнгөтэй төсөл л хийдэг болсон. Ямар нэг төслийг эхлүүлэх нь л чухал шиг байгаа юм. Эхлүүлээд урьдчилгаа мөнгөө авдаг, тэгээд хаячихдаг. Дунд нь засаг солигдоно, элдэв юм болно.

Тэр бүхний хойно өнөө төслийнх нь үр дүнг нэхэхээр “Бөгс мөнгийг нь өгөхгүй юм чинь яах билээ” гэсэн тайлбар хийдэг нийтлэг дүр зурагтай. Тэгээд дахиад төсөл бичдэг, эсвэл хоёр гурван төсөл зэрэгцүүлээд эхлүүлчихдэг. Ингэхгүй бол амьдрах аргагүй учраас хэл шинжлэлийн эрдэмтдийг буруутгахад бас хэцүү.

-Гадны улсад шинэ үг зохиох нь соёл болчихсон байдаг уу?

-Мэдээж шүү дээ. Уг нь компьютерийн mouse-ийг хулгана гэх шаардлагагүй. Тэрүүгээрээ л байг. Кофег кофе гээд явсан нь дээр биз дээ.

-Хэл шинжлэлийнхэн гэхээр байсхийгээд энэ үгийг ингэж бичнэ гэсэн жагсаалт гаргадаг л хүмүүс гэж ойлгогдоод удаж байна.

-Тэгэхгүй бол амьдрах аргагүй байна шүү дээ. Оюуны хүмүүсийн амьдрал хэцүү, төрийн ямар ч хайр халамж, дэмжлэг байхгүй гэсэн том зовлон бий. Ийм том шалтгаан байдаг учраас мөнгөтэй төсөл рүү явахаас аргагүй байна л даа.Би энэ асуудлыг ганцаараа ойлгоод, гоцроод, танд яриад суугаа юм биш. Бүгд л мэдэж байгаа.

-Мөнгө л гол асуудал байх нь. Англи, орос хэлтэй хүмүүс “Монгол хэлээр орчуулсныг нь уншсанаас англи, орос дээр нь уншвал илүү амттай, уншсан болдог” гэж хэлэхийг олон удаа сонссон. Энэ зүгээр ч нэг маяглал, моодорхол биш хэлээ баяжуулаагүй гэсэн том шалтгаан цаана нь байна гэж ойлголоо.

-Маяглал биш, ерөөсөө л тийм. Хэдэн үг нийлээд нэг өгүүлбэр болно оо доо. Гэтэл өнөөдөр орчуулга хийхээр нэг үгэнд шингэж байгаа утгыг хэд хэдэн үгээр илэрхийлэхээс аргагүй болоод байна л даа.

Наад зах нь англи хэлний нэг үгийг бие засах газар гэж гурван үгээр тайлбарлах жишээний. Тэр утгыг өөртөө шингээсэн үг монгол хэлэнд алга. Жишээ нь, агрессив гэдэг үгийг аваад үзье. Түрэмгий гэвэл агрессив гэдэг үгийн утгын 70, 80 хувь нь л гарч магадгүй.

Гэтэл манайхан түрэмгий гэж орчуулаад л явчихдаг.Яг англиар нь юм уу герман хэлээр нь уншихаар үг болгоны утга тээх чанар нь илүү байдаг.

-Том хэлнүүдийн зарим үгс монгол хэлэнд буухдаа цаад мөн чанараараа хүрэхгүй байна гэсэн үг үү?

-Яг тийм. Учир нь бид хэлээ хөгжүүлэхгүй байна.

-Ингэхэд том улс орнууд хэлний сангаа баяжуулах талд яаж анхаардаг юм бол. Жишээ нь, Германд яадаг вэ?

-Герман таван жил болоод үгийнхээ фондыг нэмдэг. Толио тэгж баяжуулаад явдаг. Гэтэл манайх 50 жил болоход тольд нь нэг ч үг нэмэгдээгүй, тэр толь сайн, энэ толь дэмий шүү гэж яриад явж байна. Хэлний хөгжил гэдэг чинь цаг үетэйгээ хамт явдаг болохоос хэзээ нэгэн цагт хэн нэг хүний хийсэн, тухайн үедээ сайн хийсэн зүйлийг өнөөдрийг хүртэл хэрэглээд явдаг зүйл биш л дээ.

Конрад Дуден гэж хүн Германы зөв бичгийн толийг анх хийж байсан юм, зуун жилийн өмнө. Яг л өнөөдөр бидэнд тулгарсан шиг асуудал бэрхшээлтэй германчууд нүүр тулсан цаг л даа.

“Дуден” бол Германы хувийн хэвшлийн хэвлэлийн газар, одоо ч ажилладаг. Одоо Германд Дудений толийг хүлээн зөвшөөрчихсөн. Тэр толь нь интернетэд нээлттэй байршчихсан. Германд хэлний зөвлөл гэж ажилладаг. Тэр зөвлөлд манайхан шиг тэтгэвэрт гарсан эрдэмтэд багтдаггүй. Мэдээж хэл шинжлэлийн эрдэмтдийн төлөөлөл бий.

Гэхдээ ихэнх нь тухайн хэлний хэрэглэгчид байдаг юм. Жишээ нь сэтгүүлч, хэвлэлийн газрынхан, орчуулагч, зохиолч гэх мэт тухайн хэлийг хэрэглэдэг хүмүүс багтдаг. Тэд хуралдаад хэлнийхээ үгийг санг баяжуулаад явдаг.

-Я.Цэвэл гуайн толины дараа хоёр ч толь гарсан санагдаж байна. Гэхдээ Я.Цэвэлийн ногоон толийг ерөнхий баримжаа, чиг нуруугаа болгоод яваа тал ч бий шүү?

-Я.Цэвэлийн толь сайн гэдэг, тухайн үедээ сайн байсныг нь үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр 50, 60 жилийн өмнөх толийг магтаад, тэрийг заавал ав гэж заавардаад байна л даа. Ингэж болохгүй.

Гэтэл тавь, жаран жилийн турш хөгжөөгүй хэл гэж байх уу. Я.Цэвэлийн толиос хойш олон гоё үг гарсан. Жишээ нь, пялдага гээд гоё үг гарчихлаа. Гэтэл энэ үг Я.Цэвэлийн тольд байхгүй. Саак гээд ярьж байна. Гоё үг шүү дээ.

-Саак чинь хар ярианд л байж болно, заавал авах шаардлагагүй гэж харж суугаа хүн олон бий байх.

-Тэгэх тусам нь авах ёстой. Цонхыг хятад үг гэж сонссон. Тэглээ гээд Хятад үг гэж сэжиглэж цэрвээд байгаа юм алга. Хэл үргэлж хөгжиж байх ёстой. Ийм үгс нэмэгдэхгүй болохоор цөөхөн үгэндээ л эргэлдэнэ. Би нэг япон хүнээс улсынхаа юунд бахархдагийг асуусан юм.

Гэтэл мань эр “Бусдын юмыг дээд зэргээр өөриймшүүлж авдгаараа бахархдаг” гэж хариулсан. Ямар гоё сэтгэлгээ вэ. Гэтэл бид бүх юм Монголоос гарсан гэж бахархдаг. Ямар жаахан хүүхэд шиг сэтгэлгээ вэ. Хүнээс юмыг нь бүтээлчээр авна гэдэг чинь сайхан.

Хоёрдугаарт, шинэ үг зохиох ёстой. Үнэртэй ус гэснээ сүрчиг гээд зохиочихсон, гоё үг шүү дээ.

-Хос бичигтэй болно гээд хугацаа тавьж журамлаж хуульчилдаг. Хуучин монгол бичигтээ шилжих ёстой гэж ярих эрдэмтэд цөөнгүй бий.Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Анх энэ ажлын эхлэл яаж тавигдсан гэдгийг та нэг анзаараад хараарай. Магадгүй анх 2020 онд уйгаржинд шилжинэ гэсэн тоо тавьсан байж мэднэ.

Хугацаа нь ойртох тусам хугацааг нь цаашлуулсаар ирсэн. Цаашдаа 2030, 2040 он гэх мэтээр сунгаад явах байх. Энэ хооронд хамгийн их үр ашигтай ажилласан хүн бол Ш.Чоймаа гэдэг хүн. Тэр хүн Ерөнхий сайд шинээр томилогдох бүрд шар цүнхээ бариад ордог.

Гол зорилго нь ийм гоё тодотгол дор төсөл авах. Яг үнэндээ тэр хүн Монголд монгол бичгээр явах нь худлаа гэдгийг маш сайн мэдэж байгаа. Гэхдээ эрдэмтдийг шууд буруутгах хэцүү тухай та бид хоёр түрүүн өчнөөн ярьсан. Хэл агуулгаар баяждаг. Монгол бичигт шилжиж, хэлбэрийг нь сольж, нэг үсгийг нөгөөгөөр солиод баяжихгүй. Хэлбэрийн төдий зүйл.

Монгол бичиг гээд ярихаар цаад утга нь гүнзгий, бүх юм нь шингэсэн энэ тэр гээд ярьдаг. Тэрийг үгүйсгэхгүй. Тийм байж болно. Гэхдээ ямар ч улс орны хэл хөгжсөөр ирсэн түүхтэй. Шекспир, Гёте, Шиллер гээд дэлхийд нэр усаа гаргасан том том зохиолчид тухайн улсынхаа хэлийг өөрчилж байсан. Тухайн улсынхаа хэлийг тэлж байсан. Д.Нацагдоржийн шүлгүүд тухайн үедээ ямар сонсогдож байсныг мэдэхгүй.

Ямартаа ч өнөөдрийн өнцгөөс харахад Д.Нацагдоржийн шүлгүүдээс яах аргагүй гэрэл гэгээ, соён гэгээрлийн оч мэдрэгддэг. Д.Нацагдорж бол орчин үеийн монгол хэлийг тэлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн анхдагч. Би хувьдаа тэгж хардаг. Тийм ч учраас Д.Нацагдоржийн бүтээлээс хэвлэе гэж бодож байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Г.Лхагваа: Хүнийг гүнзгий судалсан шинжлэх ухаан буддизмаас өөр алга

-ХҮНИЙ НИЙТ ГЕНОМЫН ОЛДООГҮЙ БАЙГАА ГУРАВНЫ ХОЁР НЬ ЭНЕРГИЙН МЭДЭЭЛЭЛ-

Харвардын их сургууль сургалтын хөтөлбөртөө буддизмаас ихийг шингээх болсон, барууны их, дээд, дунд сургуулиуд бясалгалыг тусгайлан зааж эхэлсэн, Эйнштейнээс Хокинг хүртэл суутнуудын сэтгэлгээ, бүтээлээс буддизм тод харагддаг, барууны элитүүд буддистуудын эгнээг тэлж буй, тархи судлалынхан буддын ухаанд нэвтрэгсэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хамтарсан судалгаа хийсээр өнөөг хүрсэн гээд жагсаавал буддизм ба шинжлэх ухаан гэсэн сэдвээр олон сонирхолтой баримт дурдаж болно. Буддын шинжлэх ухаан гэж онцолж ярьдаг, буддын ухаан орчин үеийн шинжлэх ухааны зааг, холбооноос олж харсан онолууд нь хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн бол техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа юм. Түүнтэй энэ сэдвээр ярилцлаа.


БУДДЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ОЙР АЖ ТӨРСӨН БОЛ ХОКИНГ ОЛОН ЗҮЙЛИЙН УЧРЫГ ТАЙЛАХ БАЙСАН ЮМ

-Саяхан хэвлэгдсэн таны “Карма” дөрвөн боть номыг орчин үеийн хүний нэвтэрхий толь гэлцэж байна. надад ч тэгж санагдлаа. шинжлэх ухаан хүний 30 хувийг л хүлээн зөвшөөрч 70 хувийг нь үгүйсгэсээр яваа гэсэн дүгнэлт сонирхолтой юм аа. Гэхдээ би ярилцлагаа энэ сэдвээр эхэлмээргүй байна. Өрнөдийн суут эрдэмтдээс буддизмд ойр нь а.эйнштейн, к.гейзенберг, С.Хокинг гэсэн дүгнэлтээс тань эхэлмээр байна. Та “карма” номондоо стивин Хокингийн асуултуудад хариулсан байна лээ?

-Миний номны гуравдугаар ботийн дөрөвдүгээр бүлгийн эхний гуч, дөчин хуудсанд Хокингийн асуултуудын хариулт бий. Хариулт нь Буддын шинжлэх ухаанаас л гарсан. Стивен Хокингийн агуу нь юу гээ. “Орчлон ертөнц яст мэлхийн эцэс төгсгөлгүй цамхаг болох тухай ийм төсөөлөл бидний ихэнхэд инээдтэй санагдана. Гэхдээ яагаад бид өөрсдийгөө илүү зөв мэддэг гэж боддог юм бэ” гэж хэлсэн хүн шүү дээ. Өөрийгөө ч үгүйсгэж чадна. Мэдсээр байж ингэж өөр өнцгөөс харахыг хичээнэ гэдэг гайхамшигтай сайхан.

-Дэлхий угаасаа яст мэлхийн нуруун дээр тогтдоггүйг хэн ч мэдэх атал ийм илт жишээ аваад “Яагаад болохгүй гэж” хэмээн адрах, бас л…?

-Харин тийм, их сонирхолтой илэрхийлэл байгаа биз. “Яагаад заавал бидний зөв байх ёстой гэж” хэмээн хэлэхийн тулд ийм зүйрлэл авчихаж байгаа юм. Би Хокингийг нас барсанд их харамссан. Буддын шинжлэх ухаантай ойр аж төрсөн бол Хокинг олон зүйлийн учрыг тайлах байсан юм. Эйнштейн буддын энэ их ухааны зах руу нь орсон хүн юм билээ. Эйнштейнийг гурван жил Төвөдөд амьдарсан гэж С.Хүрэлсүх бичсэн санагдана. С.Хүрэлсүх бол их мундаг сэтгэгч, худал юм бичих хүн биш. Эйнштейний амьд ахуйд доктор Сузукигийн Зэн буддизмын талаар бичсэн 25 ном англи, германаар орчуулагдчихсан байсан юм билээ. Дараа нь ч хэд хэдэн ном гарсан байдаг. Буддизмыг анхаарч үзсэн хүний хувьд Эйнштейн тэр бүтээлүүдийг үзээгүй сонирхоогүй өнгөрнө гэж үгүй. Эйнштейн Америкт “Шинжлэх ухаан ба шашин” гэсэн сэдвээр болсон симпозиумд илтгэл тавихдаа “Шинжлэх ухаангүй шашин сохор, шашингүй шинжлэх ухаан доголон” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Шашинлаг хүмүүст их хүндэтгэлтэй хандаж айхавтар үнэлгээ өгсөн хүн шүү дээ.

-“Агуу хүмүүс шашинлаг байдаг” гэж тэр хэлсэн…?

-“Шашны нэр төртэй хүмүүс үнэнч, шударга, өргөн сэтгэлгээтэй нь тод анзаарагддаг”, “Миний бүтээлийг уншаад намайг шашингүй үзэлтэн гэвэл тэр хүн миний бүтээлүүдийг буруу ойлгожээ гэж би хэлнэ” гэх мэт үгс нь хүн төрөлхтөнд үлдчихсэн. “Байгалийн шинжлэх ухааны хүн заавал бурханлиг байх ёстой” гэж шууд хэлсэн хүн. Ньютоны хувьд гэхэд л мань эр бурхан үнэмлэхүй, цаг хугацаа үнэмлэхүй, орон зай үнэмлэхүй гэж бодож явтал орон зай үнэмлэхүй бус гэдэг нь өөрийнх нь тооцоогоор гараад ирчихсэн. Тэгэхээр нь нуусан байгаа юм. Гэтэл нэг өдөр өнөөх нь ил тодорхой болчихсон. Тэгээд тэр “Сансар огторгуйн гайхалтай бүтэц, түүн дэх нийцэл зохирлыг тайлбарлах ганц боломж бол орчлон ертөнц Бүхнийг Мэдэгч ба Бүхнийг Чадагч Бурхны төлөвлөгөөний дагуу бүтээгдсэн явдал юм. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн үг” гэсэн байдаг.

Энэ гайхамшигтай бүтээлийг Ньютон шууд Бурхных гэж зөвшөөрсөн. А.Эйнштейн “Энэ бол гарцаагүй бурхны бүтээл. Миний хийх ажил бол яаж бүтээснийг нь л судлах явдал” гэсэн байдаг. К.Гейзенбер “Байгалийн шинжлэх ухааны савнаас амссан эхний балгалт биднийг шашингүй үзэлтэн болгодог. Бурхан харин уг савны ёроолд байдаг” гэчихсэн.

Эйнштейн шинжлэх ухааныг буддизмтай интеграцичлахыг л маш их хүссэн хүн. Цахилгаан соронзон орон, таталцлын орон, хүчтэй орон, сул орон гээд орнуудын нэгдсэн онолыг бичих хүсэл тээж явсан хүн. Утасны онолыг үндэслэгчдийн нэг япон гаралтай америк эрдэмтэн Мичио Каку, Башкирийн бас нэг эрдэмтэн “Бурхныг олчихлоо” гэцгээсэн. Каку бурхныг 11 дэх тэгш хэмээс олно гээд байгаа юм. Миний ойлголтоор бурхан хаа сайгүй оршиж байдаг.Тийм асар их ухамсар, асар их энерги шүү дээ.

Ямар нэгэн хэмээс, хаа нэгтэйгээс олно гэвэл хэцүү байх. Эйнштейний нэг алдартай үг бий “Орчин үеийн шинжлэх ухааны асуултуудын хариуг олохуйц ямар нэгэн шашин байгаа бол тэр нь буддизм” гэсэн.

ЭЙНШТЕЙН ЭНЕРГИЙН ТОМЬЁОГОО БЯСАЛГАЖ СУУХДАА ОЛСОН БАЙХ

-Ирээдүйн шашны талаарх Эйнштейний тодорхойлолтыг уншиж байсан юм байна, их сонирхолтой санагдсан шүү…?

-Эйнштейн “Ирээдүйн шашин бол бурхныг өмчлөгч хувьч үзлээс хальж, аливаа ягшмал номлол, хэвшмэл үзлийг давж гарна. Байгалийн хийгээд оюун санааны талыг бүрэн хамарч, байгалийн болон сүнсний ертөнцийн бүх үзэгдлийн торгон нэгдлээс урган гарах шашинлаг мэдрэмжид тулгуурлах болно. Буддизм энэхүү тодорхойлолтод чухамхүү тохирно” гээд хэлчихсэн. Үүнийг ухаж ойлгох шаардлагатай.

-Эйнштейний бүтээлээс, нээсэн олсноос нь энэ л буддизмтай холбогдсон доо гэж онцолж хэлэхээр зүйл гэвэл…?

-Энергийн томьёо. Эйнштейн энерги тэнцүү массыг гэрлийн хурдыг хоёр зэрэглэж үржүүлсэнтэй тэнцүү гэсэн алдарт томьёогоо гаргалга гаргалгүй шууд бичсэн гэдэг. Шууд бичих хоёр арга зам бий. Нэг нь бясалгалд олж болно. Нөгөө нь зөнч зүүдэнд олж болно. Эйнштейн энергийн томьёогоо бясалгаж олсон байх. Бясалгаж байхад шинэ санаанууд орж ирэх нь их л дээ.

-Эйнштейн яг хэзээнээс буддизмтай илүү ойр холбогдсон бол?

-Энергийн хуулиас эхэлсэн байх. Товчхондоо та бид хоёрын сая ярьсан энергийн томьёоноос. Энергийн томьёо бол энергийн хууль. Эйнштейн олон агуу нээлт хийсэн суутан. Масс энерги хоёрыг энэ хууль адилтгасан. Массыг гэрэлд хувиргаж, гэрлийг масст хувиргаж болно гэсэн үг. Энэ бол шууд бясалгалын үзэгдэл.Өөрөөр хэлбэл, бясалгалын шинжлэх ухааны зарчим, үндсэн хууль нь Эйнштейний энэ томьёо. Нөгөө талаасаа хүний хөгжлийн томьёо л доо.Массыг гэрэлд хувиргахыг физикт арай өөрөөр хардаг.Цөөхөн бодисын хүрээнд л боломжтой гэж үздэг. Гэтэл ухамсрын өндөр түвшинд тийм биш. Эйнштейн хүний хөгжлийн хуулийг нээчихсэнээ өөрөө ч сайн мэдээгүй байх. Хүний хөгжлийг ухамсрын хөгжил гэж үзэх ба түүний энергийн хуулийг хүний хөгжлийн хууль, ухамсрын хөгжлийн хууль гэдгийг нь одоо би тунхаглаж байна (инээв). Стивен Хокинг “Номонд нэг л томьёо орвол тэр ном уншигчгүй болдог гэж надад хүн зөвлөсөн юм. Гэхдээ би уншигчдаасаа уучлал гуйж байгаад Эйнштейний агуу энергийн томьёог номондоо орууллаа” гэж онцолсон удаатай.

-Эйнштейн, хокингоос өөр буддизмтай ойр физикийн суутан гэвэл хэн байна?

-Эйнштейн, Карл Юнгээс өөр буддизмтай ойр суутныг би мэдэхгүй юм. Агуу физикч, математикч, дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг Пенроуз “Эзэн хааны ухамсар” гэсэн ном бичсэн юм билээ. Тэр “Оршин буй бүх зүйлийн хамгийн дээд нууц бол хүний ухамсар, үүнийг тайлж чадаагүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд ухамсрыг тархинд явагдаж байгаа квант ба таталцлын үзэгдэл хоёрын завсарт хайх таамаг дэвшүүлсэн. Хамгийн агуу хүн ч ухамсрыг тархи, оюун ухаанаас хайж байна шүү дээ.

-За одоо хүн гэсэн том сэдэв рүү оръё. Орчин үеийн шинжлэх ухаан хүний 30 хувийг л судалсан юм бол бидний судлагдаагүй 70 хувь нь юу юм бол?

-Энерги. Цаашлуулж яривал ухамсар. Буддизмд сансар судлал, гүн ухаан, анагаах ухаан гээд шинжлэх ухааны бүх салбар бий. Анагаах ухаан нь бүр гайхалтай. Хүнийг гүнзгий судалсан шинжлэх ухаан Буддизмаас өөр алга. Өнөөдрийн шинжлэх ухааны судалгааг 100 хувь гэвэл 95 хувь нь амьд бус зүйлийг судалсан. Амьд зүйлийг судалсан нь тавхан хувь. Тэр таван хувийн нэг хувь нь л хүний судалгаа.

-Хүний судалгаа бараг байхгүйтэй адил юм биш үү?

-Харин тийм ээ. Судлагдаагүй хүнийг яаж хөгжүүлэх билээ. Бид Эйнштейнийг санал болгож байгаа юм. Буддизмыг тархиар хүлээж аваад судалчих зүйл биш.

-Өндөр боловсролтой хүмүүс хүртэл мухар сүсэг, муусайн шашин гэж ханддаг тал анзаарагддаг шүү…?

-Буддизмд үзэл чинь үйлийн үрийг бий болгоод байна, үзлээ л өөрчилчих, үзлээсээ болоод чи сансрын хүрдэнд, цаг хугацааны тойрогт эргэлдчихээд байна гэдэг. Үзэл чинь зөв байгаад үйлийн үр сайн байсан ч цаг хугацааны тойрогт эргэлдэнэ, амьдралын найман сая хэлбэрийн аль нэгт хувирна гэдэг.

Буддизм энерги хадгалагдах, энерги хувирах хуулийг л ярьдаг. Хүн бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээллээрээ хувь заяагаа бүтээж байдаг. Хамгийн ноцтой нь сэтгэлийн үйл.Сэтгэлийн оролцоогүй ямар ч ерөөл, хараал хэлэгдэхгүй.Ямар ч биеийн үйл явагдахгүй.Сэтгэлийн учрыг олоогүй л бол бүх хорын, бүх аюулын үндэс нь тэр хэмээдэг.

-Та ухамсар гэдгийг энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Агуу сэтгэл зүйч Карл Юнг Зэн буддизмын талаар хэлэхдээ “Ухамсрын түвшин бий гэдгийг өрнөдийнхөн ойлгохгүй. Бидний ойлгох чадвараас хэтийдсэн зүйл, үүнийг харин дорныхон мэднэ” гэж онцолсон байдаг. Хамгийн том сэтгэл зүйчийн үг шүү дээ. Ухамсрыг уг нь Юнг л ойлгох учиртай. Тэр том сэтгэл зүйчийн нүдэнд дорнын сургаал, зэн буддизм гэдэг сургаал тэгж бууж байна. Мил Богд, Зэнгийн зургадугаар үеийн их багш Хүй Нөн хоёрын тайлбараар ухамсар бол таны уг сэтгэл юм. Буруу мэдлэг ба бодлоор бохирдоогүй уг сэтгэл бол ухамсар юм. Өөрийгөө танихын тулд хүн энэ хоёр түйтгэрээс салах ёстой гэдэг. Буддын тооцоогоор хүний сэтгэл 84 мянган муу үзлээр бохирдчихсон гэж үзэж байсан, одоо олон болсон нь мэдээж. Энэ муу үзлээ цэвэрлэчихвэл уг сэтгэл чинь гараад ирнэ, тэр нь та өөрөө юм. Буддизм “Үзлээр өөрийгөө бүү хаш” гэдэг. Ингэхийн тулд яг одоодоо орш, энэ агшиндаа л бай, хийж буй үйлэндээ бүрэн уус гээд гарцыг нь заагаад өгчихсөн.

-Зэн буддизмыг амьдралдаа, хөгжилдөө, соёлдоо нэвчүүлсэн улс орон бий юү?

-Зэн буддизм бол шашин суртлаас, мэдлэгээс, хэл ярианаас хэтийдсэн оргил шинжлэх ухаан. Зэн Энэтхэгт үүсч, Хятадад дэлгэрч, Японд бүх амьдралд нь цэцэглэсэн. Энэ гурваас бусад нь зэнг мэдэхгүй. Бурхан Багшийн тэнсэлгүй энэ ном одоо бүх дэлхийн, хүн төрөлхтний ном болоод дэлгэрч байна.

-Барууны бестселлер номын зохиогчид сүүлийн үед буддизмыг “мөлжиж” эхлээд байна л даа. Сая таны хэлсэн яг одоодоо оршихын хүчний тухай гэхэд л “одоо цагийн хүч” энэ тэр гээд ном гарчихсан байх жишээтэй. Буддизмын энэ тайлбарыг шинжлэх ухааны үүднээс харъя гэвэл бас л Эйнштейн рүү орох байх тийм үү?

-Гарцаа байхгүй тэгнэ. Эйнштейний нэг том гавьяа нь цаг хугацааны ойлголтыг бурхны шашныхтай адилаар тайлбарласан. А.Эйнштейн орон зай ба цаг хугацааг нягт холбосны ачаар дөрвөн хэмжээст огторгуйн загварыг бий болгож чадсан. Ийнхүү цаг хугацаа, орон зай хоёр нэгэн зүйл болон хувирч, “өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд эрс тэс ялгаа байхгүй”-г тэр ойлгосон юм. Өнгөрсөн, ирээдүй байхгүй, энэ мөч л бидний цаг хугацаа гэсэн. Буддизмд хийж буй үйлэндээ уусаад орших юм бол яг тэр агшинд цаг хугацаа зогсоно, орчлон ч ертөнц ч яг тэнд зогсоно, өөрөө ч уусч “алга болно” гээд хэлчихсэн. Бодлоос салдаг аргыг нь ингэж тов тодорхой зааж өгсөн. Энэ бол ухамсрыг хөгжүүлэх, өөрийгөө олох гайхалтай арга технологиудын нэг.

ДЕКАРТ, ДАРВИНЫ ОНОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ХЭН Ч БИШ БОЛГОЧИХСОН

-Та бид хоёрын ярьснаас нэг зүйл шинжлэх ухааны тайлбаргүй үлдчихлээ. “Үзэл чинь зөв байгаад үйлийн үр сайн байсан ч цаг хугацааны тойрогт эргэлдэнэ, амьдралын найман сая хэлбэрийн аль нэгт хувирна” гэсэн буддизмын тайлбар шинжлэх ухаантай яаж, ямар сэжмээр холбогдох вэ?

-Юмс хаанаас ч ирээгүй учир үүсэхгүй, хаашаа ч оддоггүй тул устдаггүй, юу ч устдаггүй гэсэн Бурхан багшийн агуу онол бий. Бурхан багш ингэж термодинамикийн хуулийг, мөн энерги хаанаас үүссэнийг 2600 жилийн өмнө тодорхойлчихсон. Термодинамикийн нэгдүгээр хуулийн 1, 2 дугаар заалт шүү дээ. Гурав дахь заалт нь ч мөн адил. Юуг ч устгаж болохгүй учраас зөвхөн хувиргана, хувьсаана гэсэн. Хувьслын онол гэж буддын огт өөр онол бийг бид өнөө хүртэл мэдэхгүй байгаа. Эйнштейн Бурхны шашинтай зууралдахаас өөр зам үгүй гэсэн нь цаанаа ийм утгатай байх. Эйнштейн “Шинжлэх ухаан, бурхны шашны интеграцийн тэр зааг дээр инноваци чинь байж байгаа” гээд шууд хэлчихсэн.

-Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл Дарвины онолоор хүн бичнээс үүссэн гэж ойлгосоор яваа. Хувьслын онолыг шүтэж байгаа.

-Хүн, сармагчин хоёр генийн хувьд ганцхан хувийн зөрүүтэй гэдэг. Үүний тулд 6.2 сая жилийн хувьсал явагдсан гэнэ. Дөрвөн галав юүлэх хугацаа шүү дээ. Ийм хөгжил байвал хэцүү биш үү. Шумер, Атлантын соёлоос эхлээд өдий хүртэл хүний өндөр нам, авьяас чадвар, хромосом ямар байсан юм гээд бүгдийг нь базаад харахаар дандаа уруудсан график гарч байгаа юм. Хувьсал нь хөгжил юм бол яахаараа дандаа уруудаж доройтсоор байдаг билээ.Хүн төрөлхтнийг хүн биш болгочихсон онол гэвэл 420 гаруй жилийн тэртээ Декартын үеэс эхтэй Дарвины баталгаажуулсан физик биеийн онол буюу генетикийн хүрээнд эргэлдсэн нэг амьдрах хүний онол.

-Арваад жилийн өмнө таны “Ноён Дарвинтай мөчөөрхөлцсөн нь” гэсэн нийтлэл нэгэн өдөр тутмын сонинд нийтлэгдэж байсныг тод санаж байна. Тухайн үедээ цоо шинэ сэдэв байсан, одоо ч ялгаагүй шинэ сэдэв хэвээр байгаа.учир мэдэх улсын анхаарал, сонирхлыг их татсан байх. Ер нь хүнийг юу гэж тодорхойлсон байдаг юм бол, нийгмийн ухаанд?

-Адам Харт Дэвисийн мянган хуудас ном арваад жилийн өмнө монгол хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн.Эхний хуудсан дээр нь “Хүн бол сул дорой, хүчгүй, мөнх бус. Тиймдээ ч амьдралын нууцыг эрж хайсаар яваа” гэсэн өгүүлбэр бий. Энэ бол хүний тухай дэлхийн тодорхойлолт.Ийм тодорхойлолттой хүн яаж сайн сайхан байх билээ.Нийгэм ч ялгаагүй. Сул дорой, хүчгүй, мөнх бус нэг л их аврал тус эрсэн хүнээр нөхцөлдсөн нийгмийн хөгжлийг төсөөлөөд үз л дээ. Хүн нь өөрчлөгдөж байж нийгэм өөрчлөгдөнө.

-Тэгвэл хүн гэж хэн бэ?

-Эрдэмтэд хүнийг сансрын бичил загвар гэж томьёолоод байгаа. Бидэнд юу байна, тэнд тэр бүгд байх учиртай. Бид таван махбодиос үүссэн. Таван махбодь нь ертөнцийг бүтээсэн эгэл бөөмс юм. Ийм л шалтгаанаар Эйнштейн буддизмыг санал болгосон хэрэг. Гэгээнтэн, махасадва, бодисадва, бурхан. Эдгээр нь ухамсрын хэмжүүрүүд.Энэ хэмжүүрүүд буюу хэмжээсүүдэд хүргэж хөгжүүлэх супер технологиудыг олж хэрэгжүүлсэн шинжлэх ухаан бол буддизм. Буддизм гэсэн үгнээс зугтмаар байгаа бол өөр нэр өгсөн ч болно.

-Үхэл бол цаг хугацаа буцах хууль гэсэн тодотгол таны номноос санаанд тод үлдчихэж. Стивен Хокинг цаг хугацааг эсрэг талаас нь харвал яах бол гэсэн асуулт тавьсан ч хариултаа олж чадаагүй. Ер нь үхэл гэж юу юм бэ, буддизмд үхлийн талаар тусдаа судар хүртэл бий байх аа. Мэдээж шинжлэх ухаан талын тайлбарыг танаас сонсмоор байна, үхлийн тухай…?

-Бардо тойдол буюу Сонсгоод гэтэлгэгч судар бол “Төвдийн ард түмний хүн төрөлхтний оюуны санд оруулсан их хувь нэмэр” гэж Ошо Богд хэлсэн байдаг. Энэ судар бол буддын шинжлэх ухааны зөвхөн эхлэл. Төрөл дээшлүүлэх, энд уягдах, муу юм руу шууд явчихаас нь сэргийлсэн онол болохоос сансрын хүлээснээс чөлөөлөх ч юм уу, цаг хугацааны тойргоос суга татаж гаргах онол номлол хараахан биш.

Цаг хугацааны тойргоос хүнийг суга татаж гаргахыг олсон шинжлэх ухаан гэхээр буддизм хол явчихсан байгаа биз. Тэгж шууд дээш нь татдаг буддын шинжлэх ухааныг зэн буддизм гэдэг. Бурхан багш амьд сэрүүндээ зэн буддизм буюу Хоосон чанарын ном болох “Доржзодов” буюу “Очир огтлогч” судрыг номлосон.Энэ бол орчлон хорвоогийн хамгийн агуу онол.Тэр хоосноос ертөнцийн бүх юм үүсч байдаг. Хоосноос юмс үүсэхийг Хокинг зөвшөөрсөн байдаг. Буддагийн Хоосон чанар бол физикийн орны тухай онол юм.

Юу ч алга болдоггүй, эх сурвалждаа эргэж буцдаг. Үхлийг цаг хугацаа буцах гээд байгаа нь ийм утгатай.

-Энэ дэлхийгээс нэг ч грамм хасагдаагүй, бас нэг ч грамм нэмэгдээгүй гэдгийг өрнийн суутнууд хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэхээр энэ агуулгаараа үхэл гэж байхгүй, эх сурвалждаа буцаад эргээд ирдэг гэж үү?

-Би ярилцлагынхаа эхэнд физикийн хуулиуд үнэн,байгалийн шинжлэх ухааныг гайхамшигтай хөгжсөн гэсэн дээ. Тийм учраас хүн сансарт нисч байна. Физикийн хуулиар орчлон хорвоогийн нийт энерги тэгтэй тэнцүү. Энэ онолыг Бурхан багш эрт нээчихсэн. Юмс хаанаас ч ирээгүй учраас үүсэхгүй.Юмс хаашаа ч одоогүй учраас устахгүй, байдаг л газраа бий. Нэгэнт үүсэх ч үгүй, устах ч үгүй юм бол үхэл гэж байхгүй, үхдэг зүйл үгүй, хэлбэрийн л хувьсал гэж бий.

-Гэхдээ хүн төрөөд үхдэг нь үнэн шүү дээ?

-Үхэх, төрөх нь энергийн хувирал төдий зүйл. Дарвины хүн гээд байгаа тэр хэсэгт л явагдаж буй, хувцас солихтой адилхан хуучирч байгаа махбодийн л тухай асуудал. Эс генийн материалд л хамаарах зүйл. Энергийн материал, энергийн мэдээлэлд үхэл гэдэг зүйл сүүдрээ ч тусгаж чадахгүй. Дарвины нэг амьдрах насны онол бол харж буй зүйлээ л хэлж байгаа хэрэг.

-Сэтгүүлч Жон Хорганы “Шинжлэх ухааны төгсгөл” номд багтсан суутнууд шинжлэх ухааны хөгжил гацчихсан гэдэгтэй санал нийлсэн гэхээр…?

-Уг номын санаа нь Эйнштейн дахиад төрөхгүй, Ньютон ч гарахгүй, Пикассо, Айвазовский, Шекспир, Пушкин төрөхгүй, дэлхийн оюун ухааны хөгжил оргилдоо нэгэнт хүрсэн гэх үзэл юм. Оюун ухааныг ингэж үзэж байгаа бол зөв.Шинжлэх ухаан энд хүрээд л зогсчихсон байгаа.Яагаад гэдгийг Хоргантай ярилцсан суутнуудын хэн нь ч тайлбарлаж чадаагүй.Бидний мэдлэгээр тайлбарладаг зүйл биш л дээ.

-Тэгэхээр Эйнштейнийх шиг томьёо дахиад гарахгүй гэсэн үг үү?

-Эйнштейний томьёо оюун ухааны хүрээнд дахиад гарахгүй нь үнэн. Эйнштейн, Моцарт гээд үе үеийн бүх суутнууд бол ухамсрын өндөр түвшнээс ирсэн ухамсрын хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээлэл л удамшдагийг ойлговол суутнууд гараад л ирнэ. Ухамсрыг хөгжүүлэх нь шинжлэх ухааныг мухардлаас гаргах ганц зам юм.

СУУТНЫ ГЕН МАХАНБОДИД БИШ ЭНЕРГИД Л ХАМААРНА

-Сүүлийн үед барууны хөгжилтэй улс орнууд буддизмыг сонирхоод эхэлчихлээ л дээ. хүн рүүгээ хандах ёстой гэдгийг ойлгоод эхэлчихсэн гэж хэлж болох юм байна шүү…?

-Тийм хандлага тод анзаарагдаж байгаа ч ухамсрыг хүний хөгжил гэж ойлгоогүй байна. Монголчуудад давуу тал бий. Тэр нь орчин цагийн хийгээд буддын шинжлэх ухааны аль алийг гадарлана. Би гэхэд л энэ давуу талаа ашиглаж байна л даа. Хүний тухай бүрэн зураг гараад ирэхээр харах өнцөг өөрчлөгдөж байна.Хүн өөрчлөгдөхөөс нааш бүх хөгжил зогссон гэдгийг та бид хоёр яриад л байна. Тийм учраас хүнийг бүрэн таньсан буддын шинжлэх ухаанд хандах учиртай. Хүний тухай цоо шинэ тодорхойлолтыг эргэлзээгүй хүлээж авах шаардлагатай нүүр тулж байна. Суутнуудын онцлог нь ухамсрын өндөр түвшин.Ухамсрын өндөр түвшнээс бууж ирсэн учраас Моцарт дөрвөн насандаа хөгжим зохиож байгаа юм. Зураач хүүхэд балчраасаа л юу ч заалгалгүй зурж эхэлдэг.

-Моцарт агуу хөгжмийн зохиолч байсан юм чинь удамд нь агуу хөгжмийн зохиолч төрөх байх гэсэн төсөөлөл хүн төрөлхтөнд байдаг. суутны ген ингэж удамшихгүй юу?

-Ингэж удамшихгүй. Зөвхөн өөрийнх нь дараа төрөлд л удамшина. Таны сонирхоод байгаа удамшил маханбодид биш, энергийн мэдээлэлд л хамаарна.

-Тэгэхээр ухамсрын боловсрол гэдэг юмыг боловсролын системд суулгаж байж хүн төрөлхтөн хөгжих тухай асуудал яригдах нь ээ дээ?

-Гарцаагүй тэгнэ. Ухамсрын хөгжлийн хаалгыг нээх хэрэгтэй. Ухамсрын боловсролтой болохын тулд язгуур боловсрол их чухал. Язгуур боловсрол бол ухамсрын хэл юм. Ингэж байж бид мухардлаас гарч чадна.

-Язгуур боловсрол гэдэг нь…?

-Хүний үнэт чанарын боловсрол. Хайр энэрэл, асрал нигүүлсэл, баяр талархал, ууч сэтгэл, өршөөл хүлцэл, амар амгалан гэх мэт дотоодод маань байдаг, бидний мөн чанарт хамаатай үнэт зүйлүүдийг хэлээд байгаа юм. Жишээ нь, хамаг амьтныг хайрлах хайр, талархал, амар амгалан дотроос ундрахаас биш зохиомлоор бий болгодог зүйл биш. Үнэт чанараа нээж олох нь хамгийн чухал боловсрол. Ухамсрыг бясалгалаар, Эйнштейний энергийн хуулиар л хөгжүүлнэ.

-Та бид хоёрын яриаг шинжлэх ухааныг туйлын үнэн гэж бодсон хүмүүс уншиж байгаа. Би танаас дахиад л шинжлэх ухаанч тайлбар сонсмоор байна. Ухамсрын өндөр түвшнээс ирж байгаа суутнууд буцахдаа ухамсрын тэр түвшин рүүгээ яваад буцаж ирдэг гэдгийг шинжлэх ухаанчаар тайлбарлах боломж бий юү?

-Хүмүүнд байвал зохих нийт геномын гуравны хоёр нь олдохгүй байгаа. Энэ бол бидний энергийн үүсэл гэсэн үг. Тийм хэмжээний энергийн үүсэл удамшдаг гэж ойлгож болно.

-Эйнштейн шинжлэх ухаан, буддизмын интеграциас жинхэнэ шинжлэх ухаан төрнө гэчихсэн, тэр интеграциас төрөх онолыг нь та “Карма” цуврал ботиороо олонд хүргэчихлээ. Ингэж ойлгож болох уу?

-Би шинжлэх ухааны хүн. Буддизмыг шинжлэх ухаанчаар хардаг, ингэж ойлгохыг хичээдэг. Таны асуултын агуулга зөв л дөө. Шинжлэх ухаан, буддизмын интеграциас ийм ном бий болж байгаа нь хүн төрөлхтний хувьд аз юм. Хүн энэ мөчөөс эхлээд байгалийн шинжлэх ухааны хуулиудад захирагдана. Ухамсраар энэ болон дараах амьдралаа бүрэн удирдах боломжтой болж байгаа юм.

-Тантай ярилцаж эхэлснээс хойш толгой дохиод сонсоод суугаа хэр нь нэг л итгэмгүй, санаанд буухгүй юм?

-Яагаад болохгүй гэж. Байгалийн шинжлэх ухааны хууль зөв учраас хүн сансарт нисч байна. Хүний хууль зөвтөж байгаа учраас бид байгалийн шинжлэх ухааны хуулиар хүнийг өөрчилж чадаж байна. Хүний 70 хувийг эзэлдэг энергийг зөв ашиглах, ухамсрыг хөгжүүлж шинэ хүн болох тухай л яриад байна шүү дээ.

-Тэгэхээр шинжлэх ухаан хэт балчир ухаан болж таарч байна уу?

-Тийм биш л дээ. Та бид хоёр түрүүнээс хойш шинжлэх ухаан л яриад байна шүү дээ. Буддын шинжлэх ухааныг өнөөгийн шинжлэх ухаанаар л тайлаад яриад байна. “Гэгээ” дээд сургуулийн профессор Д.Болдбаатарыг ном сайтай, эрдэмтэй хүн гэдгийг бултаараа мэдэх байх.Тэр залуу буддизмд ямар нэг хэмжээгээр нэвтэрснийхээ хэрээр юмыг өөр өнцгөөс хараад байгаа юм. Ухамсрын өөрчлөлт ингэж л явагддаг.Жаахан өөр өнцгөөс хараад өөр юм руу ороотохвол бүх зүйл аяндаа өөрчлөгдөөд явчихна. Профессор Д.Болдбаатар “Нэг хаалгыг нээвэл бусад бүх үүд хаалгыг нээж болно” гэдгийг мэдсэн нэгэн. Буддын энэхүү гайхалтай сургаалыг хэрэгжүүлж байна. Бид эхлээд хүн гэдэг хаалгыг нээх ёстой.Магад хүний хаалгыг бүрэн бүтнээр нь нээх учиртай.Тэгж байж бүрэн бүтэн хүн болно оо доо. За тэгээд Лхагваа, Баасансүрэн гэдэг хүмүүс бол 70 хүртэл хувь нь энергийн үүсэлтэй, энергийн мэдээллээсээ удамшсан ухамсрын болоод бусад авьяас чадварын гентэй, тийм учраас энэ хүмүүсийн дотоодод бүх чадвар байгаа, ертөнцийн хэмжээний хайр, орчлонгийн дайтай асрал нигүүсэл бий гээд харчих хэрэгтэй. Ингээд л болоо. Би танд ойлгуулахын тулд дахиад давтъя. Дан буддизм яриад авцалдахгүй, дан шинжлэх ухаан гэж ярихаар балчирдаад болохгүй, тийм л зүйл.Энэ хоёрын интеграциас олсон юмаа хүмүүнд хэлэх гээд байгаа минь энэ. Тэрнээс биш би сайндаа нээгээд олчихсон юм биш л дээ.

ЭНЕРГИЙГ ӨӨРЧИЛДӨГ ТЕХНОЛОГИ ХҮМҮҮНД ӨӨРТ НЬ БАЙНА

-Далан хувь маань энерги юм бол энергиэ эерэг зүг рүү нь өөрчлөхөд л болоод явчих нь ээ?

-70 хувь маань энергээс үүсэлтэй, бид мөнх юм, бид устаж үгүй болохгүй, бид хиртэх ч үгүй, сэвтэх ч үгүй гайхамшигтай мөн чанартай юм байна гэдгээ л олж харах нь чухал. Гэхдээ би 70 хувь энерги гэж бодоод юу ч өөрчлөгдөхгүй. Жаргал зовлон, өвчин, илааршилт гээд бүх юм бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээлэл гээд байгаа үйлийн үрийн шалтгаантай. Үүнээс өөр шалтгаан үгүй. Үүнийг хувиргадаг өөрчилдөг орчин үеийн хийгээд буддын шинжлэх ухааны арга замууд бий. Товчхондоо энергийг чинь хувиргаж өөрчилдөг технологи нь бэлэн байна. Энэ зуун чинь технологийн зуун шүү.

-Тэгээд тэр технологи нь юу вэ?

-Нүдээ аниад суух, сэтгэлээ тогтоох, өөрийгөө хүртэж мэдрэх, ажиглах, ухамсарлах, одоодоо орших, яг энэ агшиндаа байх, хийж байгаа ажилдаа бүрэн уусах, бодлоос ангижрах гэхчлэн хүнийг өөрчлөх агуу технологиуд бий. Дотогшоогоо эргэж байж л өөртэйгөө нүүр тулна.

-Байгалийн шинжлэх ухаан гайхалтай хөгжсөн гэж та хэлсэн. Байгалийн шинжлэх ухааныг хүнд наачихад л миний ойлгож ядаад суугаа таны яриа тодроод ирэх юм байна гэж ойлголоо. Ингэж чадвал хүн гэдэг амьтныг бүрэн судалж чадна, хүн төрөлхтний ялж чадахгүй яваа хорт хавдар гэх мэт элдэв өвчнийг ч анагаах арга олдох нь. Ингэж энгийнчилж ойлгож болох уу?

-Та зөв харж байна.Байгалийн шинжлэх ухааны хуулиуд бидний Үндсэн хууль гээд ойлгочих. Энэ хууль техник технологид ч, хүмүүнд ч, ертөнцийн асуудалд ч хамаатай. 70 хүртэл хувийн энерги бидэнд байгаа нь асар том баялаг. Физикийн хуулийн энерги гэдэг ойлголт олон үүрэгтэй. Хамгийн гол нь ажил хийх чадвар. Өвчнийг илааршуулахаас эхлээд хүний 50-100 триллион эсийг программчилж, эсийг сэргээн засварлаж, цэвэрлэж чадна. Нэг эс нь гэхэд л 2000-5000 хатуу дэглэмтэй химийн урвал явуулдаг маш том химийн үйлдвэр шүү дээ. Дахиад хэлье, сансарт байгаа юм бидэнд бий. Энергиэ ядаж ажил болгоё. Дандаа зөв бодоод, зөв үйлдээд байвал 70 триллион эсийн программаа ч өөрчилж чадна.

-Өөрөөр өөрчлөх арга байхгүй юу?

-Өөрчлөлт нь гадны хүчинд бус хүний дотоод хүч, бололцоонд түшиглэх учиртай. Буддын анагаах ухаан маш гайхамшигтай ч бидний нээж олсон технологиуд тэнд байхгүй. Энергийг ажилд хувиргах замаар хүн өөрийгөө эмгүйгээр эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биед өндөр температур үүсгэх замаар вирусийн гаралтай өвчнийг үтэр илааршуулах, дархлаа тогтоох, хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолын үндсэн дээр хоол хүнсийг бие даасан эмчилгээний хэрэгсэл болгож ашиглах зэрэг бидний олж нээсэн хэт технологиуд одоогоор хаа ч байхгүй байна. Бидний үзэж буйгаар аз жаргал, зовлон зүдгүүр, амжилт, уруудал доройтол, ер бүх юм тухайн хүний бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээллийн функц юм. Эрүүлжье гэвэл сөрөг мэдээллийг эерэгээр өөрчлөх л болж байна. Бүх зүйл хүнээс өөрөөс нь хамаарна. Уран зураг үзсэн ч, сонгодог хөгжим сонсож сайхан юмны талаар ярьсан ч эмчилгээ болно. Эерэг бүхэн боломж юм. Дахиад хэлье, арга нь хувиргах. Энергийг ажил болгож хувиргах хэрэгтэй. Өөрийгөө эмгүй эмчлэх технологи, хүний биед асар өндөр температур үүсгэх зэрэг хэт технологиуд нээгдчихээд байна.

-Биедээ өндөр температур үүсгэх нь бас л хүнээс өөрөөс нь шалтгаалах уу?

-Тэгэлгүй яахав.

-Арга нь…?

-Бас л өөрөөс нь шалтгаална. Хүн биеэрээ гүйдэл гүйлгэж чадна. Гүйдэл бидэнд бэлхнээ байгаа. Молекулын хөдөлгөөнийг нэмэгдүүлвэл кинетик энерги, түүнийг дагаад температур нэмэгдэж байгаа юм. Амьсгаа давхацтал хална. Байгалийн шинжлэх ухааны хуулийг л ашиглаж байгаа хэрэг.

-Та хүнсний функциональ чанарын онолыг гаргачихсан. Тэр онолоо энгийнээр тайлбарлаач, хүнээ бүрэн судалсны үндсэн дээр гаргасан онол байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав, хүнээ судлаад гаргасан онол. Дэлхийн хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлдвэрлэл болон эмчилгээний хоолны үйлдвэрлэлийг бүрэн өөрчлөхүйц технологи юм. Хоол хүнс нь бүхэлдээ эмчилгээний бие даасан хэрэгсэл болно гэсэн үг. Эм тариаг орлоно. Хүнсний функциональ чанарын онол бол эсийн мембраныг эмчлэх технологи юм. Хоол хүнсээр эмчлэх, хүнийг эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, илааршуулах онол.

-Та шинжлэх ухааны хүн. Тэр дундаа техникийн шинжлэх ухааны хүн.Яг ямар шалтгаанаар Буддизм руу орчихсон юм бэ.Эхлээд л шинжлэх ухаантай холбоотой сэжмийг нь олоод харчихсан уу, эсвэл…?

-Эхэн үедээ би Буддизмыг шинжлэх ухаан гэж ойлгож мэдээгүй л дээ. Шашин л гэж ойлгож байсан.Бурхан багшийг бид тэнгэрт оршдог гэж сэтгэж байлаа. Хэзээ хойно Бурхан багш маань бодгаль хүн, ханхүү байсныг мэдсэн. Бидний хүсээд буй сайн сайхан гэх амьдралыг хойш нь тавьчихаад, өөрийгөө зовоож байдаг яасан хачин хүн бэ, яагаад тийм сонголт хийсэн юм бол гэсэн асуулт тавиад хариуг нь хайсан. Дараа нь Мил Богд гэж өвлийн хүйтэнд агуйд нүцгэн бясалгаж байдаг бас нэг тэнэг юм шиг хүн гараад ирсэн. Ямар учир байна аа гэсэн асуулт ургасан.Гэтэл Мил богд гэхэд л та бид хоёрын яриад суугаа дотроо байгаа Зандалын гал гээч их галыг өөрөөсөө өрдөөд сууж байж. Бүр анх би Чингис хаанаас эхэлсэн юм. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн өдөрт 2500 ккал авахгүй бол хэцүүднэ гэдэг. Тэгээд багадаа юу идэж байснаа бодлоо.Зундаа таргаар л болгочихдог, өвөлдөө л нэг юм махны бараа хардаг байсан шүү дээ, бидний багад. Ээзгий шүүрсний төлөө элээ хүүхэд хоёр загнуулж байсан цаг. Тэгээд бодлоо, Чингис хаан биднээс илүү юу иддэг билээ гэж. Ингэж бодоод судлаад үзтэл хачин юм гарч ирсэн л дээ. Чингисийн үед сайндаа л өдөрт 500-600 ккал хүнс хэрэглэдэг байсан болж таарсан. Тийм бага илчлэгтэй хоол иддэг хүн орчин үеийн шинжлэх ухаанаар бол үхэх ёстой атал дэлхийн эзэн болчихсон нь сонирхолтой санагдсан.

-Энгийн хар ухаанаар бодоход дайлаар мордож эзэлсэн улс орныхоо хоол хүнсийг хэрэглээд явсан байж болно шүү дээ…?

-Тийм асуулт тавиад судалж үзсэн л дээ. Чан Чун бумба хэмээх Даогийн гэгээрсэн мэргэн Чингис хааны урилгаар түүнийг Орост байхад нь талдаа хоёр жил мориор явж очсон хүн. Чингис хаан Чан Чун бумбатай зургаан сар хамт бясалгасан юм билээ.Тэгээд эзэн хаан дайлаар цааш явахаа болиод нутаг руугаа жолоо залсан байдаг.Чингис хаан Чан Чун бумбыг айраг сөгнөж угтсан. Хүний хоолон дээр цэнгэж явсан байх гэсэн бодол минь тэр үед алга болсон. Чингис хаан, түүний дайчид өөрсдийнхөө иддэг уудаг хоол хүнсийг хаана ч хэрэглэж явж. Чингис хаанаас хойхно Мөнх хааныг ор сууж байхад Карпини нарын Италийн арваад лам, Рубрук нарын Францын арав гаруй лам бие биенээсээ тусдаа Монголд ирээд мөн л бага хооллодог тухай адил мэдээ үлдээсэн. Тагнуулын мэдээ учраас үнэн л дээ. Үзсэн харснаа бичиж таараа.

-Рубрук, Карпини нар их Монгол Улсын иргэдийн хоол хүнсний талаар ямар мэдээ үлдээсэн байдаг юм бол?

-Тэдний бичсэнээр тэр үеийн монголчууд өвөлдөө өглөөд нэг хоёр аяга унд ууж өдөржин хоосон явчихаад оройд нь жаахан шөл ууж мах иддэг байж. Ан ав авлаагүй бол зундаа цагаан идээнээс өөр юу ч хэрэглэдэггүй. Чинээлэг бийлэгжүү нэг нь өвөлдөө жаахан айраг нэмж хэрэглэдэг гэсэн үнэт мэдээг Рубрук, Карпини нар хүн төрөлхтөнд үлдээсэн. Тэдний бичиж үлдээсэн хоолны тухай мэдээнээс өрнөдийнхөн ба монголчуудын талаар тэнгэр газар хоёр шиг хүнийг төсөөлж болно. Нэг талд өдөрт хэдэнтээ тансаг хооллодог европчууд, нөгөө талд өлөн зэлмүүн монголчууд. Тэд нутгаасаа гарснаасаа хойш л хэзээ юм олж идэх бол гэж уйлах шахаж явсан тухай, Сартахын хүрээнд очиход одоо л нэг гэдэс гарна даа гэтэл айраг сөгнөснөөс өөрөөр бидний хоол хүнсэнд санаа тавьсангүй гэх мэтээр бичиж үлдээсэн нь бий. Гэтэл тэр үеийн монголчууд дулааны улиралд айраг цагаа уухаас өөр хоолны программгүй байсан хэрэг. Арван хоног идээрэй гэж өгсөн хүнс нь чүү чай хоёр хоногт, арван хүмүүнд гэж өгсөн хоол нь арай гэж хоёрт хүрнэ гэж бичсэн байдаг. Зохиолч Сандерс “Чингис хааны байлдан дагуулал” гэдэг 300 хуудас ном бичсэн нь манайд тээр жил хэвлэгдсэн. Стратеги тактикийн гайхамшгийг бичиж бичиж сүүлчийн хуудсанд “Бичиг үсэггүй, бүдүүлэг, соёлгүй ард түмэн соёлт ард түмнүүдийг яаж эзэлж чадав аа. Үүнийг л бид мэдэж чадахгүй байна” гэж үнэнээ хэлсэн байгаа юм. Хоолны зөв программ л монголчуудыг хүчирхэг болгожээ.

ДУУГ ТЭНГЭРТ ХҮРГЭЖ ДУУЛДАГ ХҮНИЙ ТУХАЙ ЯРИХ ХЭРЭГТЭЙ

-Та “Ухамсар амтанд уусч алга болдог” гэж ярьсан байсан. Цаад учир нь энэ байх нь. мацаг, хагас өлсгөлөн, хэт цатгалан биш байх нь эрүүл мэндэд тус үзүүлдэг талаар нобелийн шагналтнууд ч онцолж яриад байгаа шүү…?

-Сая ярьсан тэнгэр газар шиг ялгаатай хоёр хүнийг та анзаар даа. Тэр үеийн монголчууд оройд балга шөл үмх махны программтай учраас бүхэл өдрийн хоолонд санаа зовох юмгүй амьдардаг байж. Саяхан уртын дуу дууриас хол давсан тухай яриа гарлаа. Тийм дууг ард түмэн зохиосон. Дуулдаг хүмүүс байсан болоод л тийм дуу зохионо шүү дээ. Энэ бол тэр үеийн монголчууд бүх талын хөгжлөөрөө хэтийдсэн байсны нэг жишээ юм.

-Термодинамикийн гуравдугаар хууль ёсоор мөнхийн хөдөлгүүр зохион бүтээж болохгүй. Гэтэл хэдэн зуунаар бие нь яг хэвээр хадгалагдсан гэгээнтнүүдийг харахаар болох ч юм шиг…?

-Архангайн Цахир сумын хоёр гэгээнтэн, Буриадын Итгэл хамба бол буддын шинжлэх ухаан ямар түвшинд хүрсний жишээ. Тэд бие дээрээ байгалийн шинжлэх ухааныг хэрэгжүүлсэн хүмүүс. Өөрийгөө тийм хэмжээнд хүргэдэг хэтийдсэн технологийг биеэрээ үзүүлсэн улс. Тэрнийг нь тайлж хэлж өгөх шинжлэх ухааныг та бид хоёр яриад сууж байна. Хүний хөгжлийн супер технологийн асуудал шүү дээ.Мөнхийн хөдөлгүүрийг техник дээр бүтээх боломжгүй. Ашигт үйлийн коэффициент хэзээ ч нэгтэй тэнцэхгүй. Гэтэл байгалийн шинжлэх ухааны хууль ямар гоё байгааг хүн төрөлхтөнд эдгээр гэгээнтнүүд хэлж өгч байна.

-Таны “Карма” цувралд агшны хууль, өгөх авахуйн хууль, талархлын хууль гээд олон хуулийн талаар бичсэн байна. Бүгдээрээ шинээр томьёолсон хуулиуд уу?

-Кармын хууль гээд 12 ч билүү хуулийг томьёолсныг интернэтээс харсан. Эдгээр хуулиудын нэрийг үлдээж шинжлэх ухаан, буддизмын аль алийг нь харгалзан байж Хоосон чанарын хууль,Хайрын хууль гэхчлэн 14 хууль болгож шинээр томьёолсон. Бүтээлийн хууль гэхэд л бие, хэл, сэтгэлийнхээ үйлээр хүн өөрийгөө секунд минут дутамд бүтээж байгаа, ийнхүү бид үйлдэгч төдийгүй бүтээгч гэдгийг хуульчилж байгаа. Үүнийг ойлгоогүй цагт өөрийгөө буруу бүтээсээр л байна. Бүтээлээрээ бид энэ насны амьдралаа, мөн хойд төрлөө бүтээж байдаг.

-Агшны хууль гэдгээ энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Өнгөрсөн, ирээдүй гэж байхгүй тухай Эйнштейн, Буддагийн онолыг хоёулаа өмнө нь ярьсан даа. Яг эндээ, одоо цагт орш л гэсэн санаа. Энэ бол Агшны хууль.Тэгтэл нэг бүтээл төрчихдөг.Тухайн агшиндаа байж, тухайн үйлдээ уусвал, үйлээ ухамсарлавал цаг хугацаа зогсоно, үйлийн үр, бүтээл маань ч зогсох юм л даа.

-Та номондоо гэгээрэгсдийн талаар бичсэн байсан.

-Тийм. 27 жил сүнсний аялал хийсэн XX зууны агуу физикч, математикч Шведенбург, гэгээнтэн, гоц эрдэмтэн Тесла, агуу хүн Эйнштейн, философич, гэгээрсэн их багш Ошо гээд гэгээрсдийн талаар бичсэн.

-Гэгээнтнүүд маш олноороо төрсөн үе монголд байсан, тэглээ гээд хөгжсөн нь хаа байна гэсэн адрал, үгүйсгэл сонсогддог…?

-Карпини, Рубрук нар бол өнөөдрийн бид, оюун ухаант хүний төлөөлөл. Тэдний хөтөч монгол бол тэр үеийн монголчууд. Эртний монголчууд бол ухамсрын хүний төлөөлөл. Өвөг дээдсээ өөрсөдтэйгөө харьцуулбал газар, тэнгэрийнх шиг ялгааг олж үзнэ. Ухамсрын хөгжлийн цаана бүх юм бий. Монголчууд ухамсарлаг үедээ дэлхийн эзэн байсан. Би Будда, Гейзенберг, Макс Планк, Эйнштейнийг шинжлэх ухаанч талаас нь өөр өөр хүн гэж харахгүй байна. Цөм Будда, эсвэл бүгд Эйнштейн. Ийм хүмүүс л нийгмийг урагш залж байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайханы хүү Э.Батзул: Улсынхаа төлөө зүтгэж ирсэн аавыг минь жижиг ашиг хайгч мэт харуулах гээд байгаад эмзэглэж байна

Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы хүү Э.Батзултай ярилцлаа.


-М.Энхсайхан гадныханд 10 сая доллараар газар нутгаа заржээ гэсэн агуулгатай Хятадын иргэдтэй уулзаж байгаа бичлэг саяхан сошиал, сайтуудаар цацагдлаа. Хэн нэг албан тушаалтан Монгол Улсын газар нутгаас худалдчихлаа гэсэн мэдээлэлд учир мэдэх хүн бол угаасаа итгэхгүй.Тийм боломж ч байхгүй. Гэхдээ шуугиан дэгдсэн нь үнэн, төрийн өндөр албан тушаалыг ашиглаж газар нутаг заржээ гэсэн утгатай мэдээлэл цацагдсан нь үнэн болохоор тодруулж лавлах үүргийнхээ дагуу танд хандаж байгаа юм. Тэр хэдэн оны бичлэг вэ?

-Тэр бичлэгийн тухай ярихаас өмнө сая таны хэлснийг давтаж хэлмээр байна л даа. Ямар ч төрийн өндөр албан тушаалтанд улсынхаа нутаг дэвсгэрийг гадаад хүнд зарах эрх, боломж байхгүй.Эрүүл хүний ой ухаанд багтамгүй мэдээлэл л дээ.Сая цацагдсан бичлэг 2012 оных.Аав тэр үед төрийн алба хашиж байгаагүй. Улс төрөөс холдсон байсан үе.

-Таны аавтайгаа зэрэгцэж суусан бичлэг цацагдсан учраас ярилцлага авах саналыг тавьсан юм.Аав чинь улстөрчийнхөө хувьд танд ямар нэг давуу тал олгож байсан уу?

-Манай аав хүлээн зөвшөөрөгдсөн том улстөрч. Тэглээ гээд хүүхдүүддээ хэзээ ч давуу тал олгож байгаагүй.Сая цацагдсан бичлэгийг харахаар хүүтэйгээ нийлээд өчнөөн мөнгө идэж уусан гэсэн сэтгэгдлийг олон нийтэд үлдээх гээд байх шиг.

Бидний бодит амьдралаас тэс өөр зүйл харуулах гээд байна л даа.Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол энэ.Улсынхаа эдийн засгийг тэлэхийн төлөө ажиллаж зүтгэж ирсэн аавыг минь жижиг ашиг хонжоо хайгч мэтээр харуулах гээд байгаад нь эмзэглэж байна.Гэтэл М.Энхсайхан гэдэг хүний амьдрал тэс өөр.Монгол Улсын бүх иргэнд тэгш боломж олгохын төлөө хичээсээр ирсэн.Аавын минь төдийгөөс өдий хүртэл бүрдүүлэх гэж зүтгэсэн тэгш боломжоос хүртэх гэж зорьж яваа залуусын нэг нь би. Та ч тэр боломжоос хүртэх гэж зүтгэж яваа залуусын нэг. Хийсэн бүтээсэн ийм тод зам мөртэй аавыг минь амьдралынхаа үр шимийг хүртээд жаргах насанд нь хэлмэгдүүлж хорьчихоод, ийм гүтгэлэгтэй бичлэг хийж цацах нь хэнд ашигтайг ойлгохгүй байна. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа хүнийг элдэв бичлэг эвлүүлж гүтгэх нь башир улс төр.

-Сошиал, сайтуудаар цацсан тэр бичлэг рүү эргээд оръё. Та хайгуулд хөрөнгө татсан гэсэн утгатай жиргээ бичсэн харагдсан…?

-Дахиад хэлэхэд, тэр бичлэгийн тухайд манай аав улс төрийн ямар ч ажил, алба хашаагүй үед болсон явдлын бичлэг байгаа юм. 2008-2012 оны хооронд гэсэн үг.Сая цацагдсан бичлэгийн хувьд 2012 оны төгсгөл үеийнх. Тэр үед ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтын “бүүм” болсныг та санаж байгаа байх.

-Саналгүй яахав, гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 17 хувиар хэмжигдсэн үе. 2012 онд батлагдсан стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсаны дараагаас харин гадны хөрөнгө оруулалт татарч эхэлсэн шүү…?

-Харин тэгсэн. 2008-2012 оны үед гадны хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан.Миний хувьд аавтайгаа хамт 2009 онд хайгуулын салбар руу орж хэсэг ажилласан юм.Хайгуулын хоёр, гурван лиценз аваад хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан.Яг тэр үед хөрөнгө оруулалт татахад хэцүү биш байсан л даа.2009 оноос хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүстэй уулзаж эхэлсэн.Тэр бичлэгийн хувьд 2012 оны төгсгөлд, хамгийн сүүлийн хөрөнгө оруулагчидтай уулзсан бичлэг.Хөрөнгө оруулагчидтай уулзсаны дараа лицензийн талбайдаа өрөмдлөг хийсэн юм.Яг тэр үед хөрөнгө оруулагчидтай ажлаа ярилцаж байсан бичлэгийг задалсан байна лээ л дээ.Тэр компани ажлаа албажуулж баримтжуулах зорилгоор бичлэг хийсэн юм.

-Ажлаа албажуулж баримтжуулж бичлэг хийх нь хувийн компаниудад байдаг л жишиг. Тэр бичлэгийг хэн хаанаас ямар зорилгоор авч цацсан юм бол?

-Хувийн компани ажлаа албажуулж баримтжуулахын төлөө бичиж авсан бичлэгээ өдий хүртэл хадгалаад, ийм зүйлд ашиглана гэж байхгүй л болов уу. Төрийн байгууллагаас өөр энэ бичлэгийг авч чадах газар санаанд орохгүй байна.Төрийн байгууллагууд аавын минь амьдралаар тоглож дуусах болоогүй юм байх даа гэсэн бодол л төрж байна.

-Тэр бичлэгт 10 сая ам.доллар гэсэн үг сонсогдсон. Үнэхээр тийм яриа өрнөсөн үү, эсвэл…?

-Ямар ч тоо яригдаагүй.

-Нэг хятад хүн “Миний зүгээс 10 сая ам.доллар өгч байна. Энэ бол таны албан тушаалд өгч байгаа мөнгө шүү” гэсэн утгатай зүйл яриад байсан…?

-Миний аав тэр үед буюу 2012 онд ямар ч албан тушаал хашаагүй байсан.Тэр жилийн УИХ-ын сонгуулийн дараа нь улс төр рүү буцаад орсон. Тэгэхээр уулзалт болсон тэр танхимд тийм юм яригдах ямар ч үндэслэл байхгүй. Угаасаа тэгж хэлсэн хэн ч байхгүй.

-Тэгэхээр дуу оруулчихсан гэсэн үг үү?

-Тийм байна лээ. Эвлүүлсэн бичлэг байсан.

-Тэр бичлэгт уул тал харуулаад энэ хэсгийг ингэж зарсан гэх мэт бүрхэг утгатай яриа сонсогдож байсан. Лицензийн талбай чинь аль аймагт байсан бэ?

-Дархан-Уул аймгийн газар нутагт хайгуулын лицензийн тусгай зөвшөөрөл авч байсан юм. Дарханаас хойхно арваад километр газарт байсан санагдаж байна.Хайгуулын салбарт мөнгө татах гэж байгаа хүмүүс хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчиддаа талбайгаа үзүүлнэ ээ дээ.Тийм л явдал болсон. Лицензийнхээ талбайг тайлбарласан бичлэг. Хөрөнгө оруулагчид эхлээд ирж үзсэн.Төмрийн хүдэр байж магадгүй гэж үзээд дараа ирэхдээ ямар хөрөнгө оруулалтыг яаж оруулахаа л ярьсан бичлэг байгаа юм.Гэхдээ тэнд өрөмдлөг тавиад амжилтгүй болсон.Тэгээд л дууссан ажил.

-Хайгуулын ажилд хэчнээн ам.доллар зарцуулсан бэ?

-100 мянган ам.доллар зарцуулсан.

-Хятадын хөрөнгө оруулалттай компани гэж ойлголоо. Гадны аль нэг улстай хамтарсан хөрөнгө оруулалт байсан уу, эсвэл дан ганц Хятадын хөрөнгө оруулалттай компани уу?

-Хятадын хөрөнгө оруулалттай компани байсан юм. Хятадын хөрөнгө оруулагчдын нэг онцлог нь эрсдэл хийж чаддаг.Бооцоо тавьж байгаа юм шиг хандлагатай.Эрсдэл хийж хөрөнгө оруулаад юм олдвол бизнес эрхлээд явна, юу ч олдохгүй бол гараад явчихдаг, тийм л хүмүүс.Гэтэл барууны хөрөнгө оруулагчид тийм биш. Нөөц нь баталгаатай тогтоогдсоны дараа л хөрөнгөө оруулдаг. Миний аавын амьдралынхаа турш өмнөө тавьсан бодлого , санаа хүсэл, зорилго нь ерөөсөө л улсынхаа эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах байсан. Эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр бодлогын түвшинд хууль, шийдвэр санаачилж ажилласан улстөрчдийн нэг.Улстөрч биш болсноосоо хойш насаараа баримталж ирсэн бодлогынхоо үр шимийг Монгол Улсынхаа иргэний хувьд хүртэж чадах нь уу гэж азаа туршсан л хэрэг.Ер нь хайгуулын салбар аз туршсан эрсдэл дунд өрнөдөг онцлогтой л доо.Хөрөнгө оруулалт татаад нөөц олдвол ажлаа үргэлжлүүлнэ, нөөц олохгүй бол оруулсан хөрөнгө нь эрсдэл болоод өнгөрдөг.Ийм онцлогтой салбарт хөрөнгө оруулалт татаж ажилласан л үйл явдал.

-Уул уурхай эдийн засгийг чирч яваа ганц салбар ч гэлээ хамгийн нэр муутай салбар болчихсон. Тэр утгаараа энэ салбарт хөлс хүч, хөдөлмөрөө гаргаж яваа хүмүүсийг гүтгэж харлуулахад олон нийт дагаад шуурчихдаг гэм анзаарагддаг шүү…?

-Уул уурхайн салбарыг шүүмжилсээр байгаад нэр хүндгүй болгочихсонд хувь хүнийхээ хувьд харамсаж явдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэж дөрвөлжин цаас авчихаад шууд ашиг олоод явчихдаг гэж ойлгодог хүмүүс олон байдагт бас гайхдаг.Тийм амар бизнес биш л дээ. Өчнөөн хөрөнгө зарж, баахан ажил болж байж л бизнес болох эсэх нь шийдэгддэг.Хамгийн том эрсдэлтэй салбар.

-Та сая бичлэгт дуу оруулж үг нэмсэн гэж ярилаа. Таны аавтайгаа зэрэгцээд суучихсан бичлэг дээр гэхэд өөр ямар үг нэмсэн байна вэ?

-Амны хайрцгийг нь харсан хүнд бол ойлгомжтой л харагдаж байна лээ. Хэрвээ тэр үеийн бичлэг надад байсан бол цацчихмаар санагдаж байна. Тэр үед ийм үйл явдал, яриа хөөрөө өрнөсөн юм гээд цацчихвал хаа хаанаа амар.Даанч тэр үеийн бичлэг надад алга.

-Гүтгэх зорилгоор эвлүүлэг хийж, үг яриа нэмж цацсан бичлэг юм байна. Хүнийг ингэж гүтгэнэ гэдэг илт хууль зөрчсөн хэрэг л дээ.Хуулийн байгууллагад хандсан уу?

-Зүгээр л нэг ажлын зориулалтаар бичсэн бичлэгийг хэн яагаад, ямар учраас цацсаныг хэлж мэдэхгүй юм. Хуулийн дагуу хандах газарт нь хандаад явна гэж бодож байна.Би эхэндээ “Ямар ч ор үндэсгүй дэмий гүтгэлэг юм чинь тоох хэрэггүй” гэж бодож байсан л даа.Гэтэл таньж мэддэг хүмүүс хүртэл яг юу болсон талаар асуугаад эхлэхээр нь бодлоо өөрчилсөн.Аавын минь ёс зүй, зарчим, үнэт зүйлийг мэддэг хүмүүс хүртэл эргэлзэж асуугаад эхлэхээр яг хаанаас, ямар зорилгоор цацсаныг нь олж тогтоох ёстойг ойлгосон.Аавыг минь гүтгэсэн хүмүүс хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой.Хоригдоод өөрийгөө өмгөөлж үг хэлэх боломжгүй болчихсон ийм үед нь хүүгийнх нь хувьд үгээ хэлэх ёстой гэж бодоод танай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.Үнэн юм үнэнээрээ сайхан.Баахан дүрс, яриа эвлүүлж, ийм худал мэдээлэл цацах нь онцгүй хэрэг.

-Сая ярьсан бичлэг сошиал орчинд цацагдахад та тайлбар хийж жиргэсэн харагдсан. Хүмүүс хэр хүлээж авч байна?

-Олон хүн дэмжсэн л дээ. Угаасаа эвлүүлэг байна, ийм ядмаг эвлүүлэг хийхдээ яахав дээ гэх мэтээр хандсан.

-Та одоо ямар ажил хийж байгаа вэ. Улстөрчдийн хүүхдүүд улс төрд орох нь бараг үзэгдэл болчихсон.Улс төрд орох бодол бий юү?

-Би хувиараа жижиг хэмжээний бизнес хийдэг. Төрийн албанд оръё гэсэн ямар ч бодол байхгүй.Чимээгүй байх дуртай.Урдахаа хийгээд явахад л болно гэж боддог жирийн л залуусын нэг.

-Хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Маркетинг зар сурталчилгааны чиглэлээр Лондонд мэргэжил эзэмшсэн.

-М.Энхсайхан, Да.Ганболд гэх мэт ардчиллын анхдагч лидерүүдийн тухай элдвээр гүтгэсэн ямар ч мэдээлэл цацсан хүлээж авахаар масс бий болсонд би сэтгүүлчийнхээ хувьд эмзэглэж явдаг. Жишээ нь, сая цацсан бичлэг хэн ч итгэхээргүй агуулгатай байсан ч “муусайн луйварчид тэгж л таарна” гэж хүлээж авах нийгмийн сэтгэл зүй бүрдчихсэн байна. Тэгж эргэлзтэл нь хараар будчихсан.Ингээд харахаар энэ бүхний цаана маш том шалтгаан байх шиг.Тэгж хардахаар үйл явдал шил дарж байна.Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хэрвээ би М.Энхсайхан гэж хүний хүүхэд биш бол “Пээ, эд чинь гэр бүлээрээ нийлээд идэж уудаг юм байна” гэсэн ойлголт төрөхөөр бичлэг цацагдсан л даа. Тэгж эргэлзтэл бичлэг эвлүүлж цацна гэдэг цаанаа ямар нэг шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Таны хувьд энэ бүхний цаана ямар шалтгаан байгаа гэж харж байна вэ?

-Ардчилсан засаглал, чөлөөт зах зээл, тэгш боломж ярьдаг гол хүмүүсийг МАН, АН гэлгүй барьж хориод эхэлсний цаана хүчтэй төр бүхий засаглалыг тогтоох сонирхол байж ч магадгүй юм…?

-Хэрвээ үнэхээр тийм сонирхол байгаа бол бид энэ сэдвээр ярьж дуугарсаар байх хэрэгтэй.