Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Супер циклээс яавал илүүг хүртэх вэ?

Дэлхийн зах дээр гол нэрийн барааны үнэ өсдөг таатай үеийг супер цикл хэмээдэг. Сүүлийн гурван супер циклийн эхнийх нь өнгөрсөн зууны тавиад онд дэлхийн хоёрдугаар дайны дараахан Европын орнуудын эдийн засаг өндийхөд тохиосон бол хоёр дахь нь дал, наяад оны дундуур, гурав дахь нь 2008 оны хямралаас 2013 он хүртэл тохиож байв. Эндээс супер циклийн хоорондох хугацаа 20-25 жил гэсэн багцаа харагддаг. Шинжээчид “Энэ тооцоогоор бол дараагийн супер цикл 2030 он хүртэл тохиохгүй” гэж онцолсоор өнөөг хүрсэн.Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэг удаа “Би амьддаа супер циклийг үзэхгүй байх” гэж гутрангуй ярьж суусан нь цаанаа ийм шалтгаантай. Азаар гэх нь ч хаашаа юм, гэхдээ бидний хувьд дахиад арван жил хүлээх байсан супер цикл хаалга тогшчихлоо. Хаалга тогшчихлоо ч биш юм аа, дэргэд ирчихлээ. Шалтгаан нь тахлын дараах дэлхийн эдийн засгийн өндийлт. Ковидын дараах эдийн засгийн энэ сэргэлт ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ, төмрийн хүдэр, нүүрс, зэсийн ханш өсөлтөө алдахгүй, зэсийн зах зээл гэхэд л ирэх хорин жилд гялалзана гэсэн таамаг голлож байна.

Эрдсийн зах зээл яаж сэргэж байгааг сүүлийн үеийн мэдээлэл сөхөж харъя.БНХАУ-ын Төмрийн хүдэр болон Гангийн Холбооны (CISA) мэдээлснээр өмнөд хөршийн голлох ган үйлдвэрлэгчид өнөө жилийн эхний улиралд жилийн өмнөх үеэс 159.94 хувиар буюу 100.4 тэрбум юанийн өндөр ашигтай ажиллачихаж.CISA-ын гишүүн байгууллагуудын борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс 52.28 хувиар өсч 1.54 их наяд юаньд хүрсэн гэх мэдээллийг “Голомт капитал”-ын шинжээчид долоо хоног бүр гаргадаг таваарын зах зээлийн тоймдоо онцолсон харагдана. Ган үйлдвэрлэгчид өндөр ашигтай ажилласны гол шалтгаан нь “Covid-19” цар тахлын нөхцөл харьцангуй сайжирсных. Төмрийн хүдэр, кокс, коксжих нүүрсний ханш хэдийнэ өндөр түвшинд хүрсэн ч цаашид өсөх төлөвтөй гэсэн өгүүлбэр ч “Голомт капитал”-ын шинжээчдийн тайланд дурайж байна. Зэсийн зах зээл бас өнгөлөг байна. БНХАУ-ын хамгийн том зэс олборлогч Jiangxi Copper Co компанийн нэгдүгээр улирлынх нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өсч, 2014 оноос хойш олоогүй өндөр ашигтай ажилласан байх жишээний. Зэсийн ханш дахин өндөр өсөлт үзүүлж өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тонн нь 10 мянган ам.долларт ойртсоныг уншигчид сонсож дуулсан байх. Бүр тодруулж хэлбэл, New York-ын Comex биржид зэсийн ханш паунд нь 4.5 ам.доллар буюу тонн нь 9940 ам.долларт хүрсэн юм. Ханш өссөн шалтгааныг шинжээчид тахлын дараах эдийн засгийг дэмжих өндөр дүнтэй хөтөлбөрүүд,дэд бүтцийг дэмжих хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах зорилготой ногоон хөгжлийн зорилтуудын хэрэгжилт хэмээн онцолж байна. JP Morgan, Societe Generale, BBVA, Capital Economics, GoldmanSachs, ANZ, Citi зэрэг олон томоохон байгууллагууд “Зэсийн үнэ цаашид ч өснө” гэж ам уралдуулаад эхэлчихлээ.

Монголчууд өмнөх хоёр супер циклийн нэгэнд нь Эрдэнэт, нөгөөд нь Оюу толгойг хөдөлгөж чадсан, харин энэ циклийг яг яаж ашиглах бол, бид супер циклд бэлэн үү гэсэн асуултын өмнө улсаараа ирээд байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх асан М.Дагва саяхан “Супер мөчлөг эргэн ирэх нь зарим нэг мартагдсан улсын хувьд дэлхий дахины анхааралд буцаад өртөх алтан боломж” гэж хэлсэн харагдсан. Тийм л дээ. Монгол Улс өмнөх шигээ дэлхийн анхааралд орох өндөр боломжтой орнуудын эхэнд жагсаж байгаа.Энэ удаагийн супер циклийг өмнөх шиг олон жил биш богино хугацаанд ч үргэлжилж магадгүй гэсэн таамаг дуулдаж байгаа.Товчхондоо алтан боломжоо цаг алдахгүй ашиглах цаг ирчихэж. Наад зах нь л супер циклийн үеийг ашиглаж төсвийн алдагдлаа бууруулж, гадаад өрөө нимгэлээд авах хэрэгтэй, уул уурхайгаас олж байгаа орлогоо өмнөх шигээ тарааж үрэх биш баялгийн санд хуримтлуулж, бусад салбаруудаа өндийлгөхөд зориулж байж бид эдийн засгаа тэлж чадна. Дэлхий даяараа ногоон хөгжил ярьдаг болсон энэ цагт нүүрсээ ахиу үнээр зарах цөөхөн жилийг бүрэн дүүрэн ашиглахын тулд төмөр замтай болох, зэсийн ханш олон улсын зах зээл дээр өнгөтэй байх жилүүдийг ашиглаж Оюу толгойн гүний уурхайгаа ажиллуулж, цаашлуулаад яривал Цагаан суварга гэх мэт шинэ төслүүдээ хөдөлгөөд авах хэрэгтэй.

Гэхдээ зэсийн ханш өсөх хэрээр нэмэгддэг татварын орчинтой ийм үед зэсийн шинэ төслүүд шил шилдээ дарна гэдэг үлгэр гэж уул уурхайн салбарынхан хэлж байна.Үнэ өсөх үеийг хожил болгоё гэвэл зэсийн үнэ өсөх тусам нэмэгддэг татварын хувиа багасгах шаардлага бий.Бүр тодруулж хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд ирэх ашгийг нэмэгдүүлэх зорилгоор АМНАТ-ын суурь хувь дээр үнийн өсөлтөөс хамааруулаад нэмэлтээр 15 хувь буюу нийт 20 хувь байхаар татвар өсгөсөн шийдвэрээ эргэж харах цаг ирчихлээ гэх гээд байна л даа. Энэ татвар үүргээ гүйцэтгэсэн учраас цуцлах шаардлагатай гэсэн байр суурийг мэргэжилтнүүд сануулаад эхэлчихсэн.Шуудхан хэлэхэд, зэс дээр үйлчилдэг татварын орчин зэс үйлдвэрлэгчдэд дарамт учруулж, зэсийн хайгуулын хөрөнгө оруулалтыг таг зогсоочихоод байгаа юм.

Ашигт малтмалын үнэ цойлдог супер циклийн үед том төслүүд хөдлөх боломж нээгддэг учир энэ мэт ухаалаг гарц гаргалгаа олж шийдэл болгоод явбал алт, нүүрс, зэсийн салбарт том төслүүд хэрэгжих өндөр боломж бий.За тэгээд Ашигт малтмалын хуулийн шинэчлэл өөрчлөлтийн ажлыг хурдлуулах, Оюу толгойн хэлэлцээрийг үр дүнтэй урагшлуулах, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх, хайгуулын салбарт мөнгө татах бодитой шийдлүүдийг дэмжих гээд супер циклээс ахиу ашиг хүртэх өчнөөн боломж бидний өмнө байна.

Тахлын дараах эдийн засгийн сэргэлт тойрсон өөр нэг өнцөг бий. Дэлхий нийтээрээ цар тахлыг амжилттай давчихлаа, Израиль, Америкаас эхлээд гэгээ татаад эхэлчихсэн гэх өөдрөг таамгийн нөгөө талд хүн төрөлхтөн мутацилагдсан вирустэй нүүр тулсан учраас тахлын хэцүү цаг арилж нар мандтал хаа ч юм гэх болгоомжлонгуй байр сууриуд ч хүчтэй байна.Хүүхдүүд халдварын тээгч, гол дамжуулагч хэвээр байгаа, хүүхдийн вакцинжуулалт хийгдэж эхлээгүй гэсэн шалтгаан ч бий. Тахал дарагдах хаа байсан юм гэх гутранги таамгийн бас нэг том шалтгаан энэ л дээ.Хэрвээ байдал гутранги тал руугаа эргэвэл бидний урдаа барих хамгийн том хөзөр бол алтны салбар.Дэлхий нийтээрээ 2021 ондоо багтаад тахлаас салж чадахгүй бол төмрийн хүдэр, зэсийн үнэ өсч, цаасан мөнгөний үнэ цэнэ унах эрсдэл байгаа.

Цаасан мөнгөний үнэ унахад алтны ханш цойлдог зүй тогтолтой.Ингээд харахаар алтны салбарт хэрэгжих нь тодорхой болчихсон хэдэн төслөө аль болох хурдан хөдөлгөх шаардлагатай улсаараа нүүр тулж байна.Наад захын жишээ гэхэд л алтны төслүүд хөдлөхөд тусгай зөвшөөрөл том асуудал болсон хэвээр яваа.Алтны үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй цианидын баталгаа өгдөг Химийн үндэсний зөвлөл гэхэд л яаж ажиллах журам нь тодорхой бус, хэзээ хуралдах нь ч ойлгомжтой биш гээд яривал өчнөөн асуудал дуулддаг.Салбар бүрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар, ЦЕГ болон ТЕГ-ын дарга гээд том бүрэлдэхүүнтэй энэ зөвлөлийн ажиллах журмыг тов тодорхой болгох, хэрэгжихэд бэлэн болчихсон алтны төслүүдэд онцгой анхаарч хурдан шуурхай ажиллах гээд өөрсдөөс шалтгаалсан шийдэл, гарцаа цаг алдалгүй олж харах эрэлт хаалга тогшиж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна

ЗГХЭГын дэд дарга Б.СолонгоотойОюу толгойтөслийн хэлэлцээ тойрсон асуудлаар ярилцлаа.


Засгийн газар Лондонгийн арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар болчихлоо. Гадны хуулийн фирм зөвлөсний үндсэн дээр гурван асуудлаар хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Яг ямар асуудлууд гэдгийг нь дэлгэрүүлж тайлбарлаач?

-Нууцын зэрэгтэй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Ярьж болох хэмжээндээ л тайлбар хэлье. Эхлээд маргаан яагаад үүсэв гэдгийг дурдах нь зөв байх. Татварын ерөнхий газрын татварын актыг Рио тинто, Оюу толгой компаниуд хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд маргаан үүсгэсэн. Энэ маргааны хувьд Монголын Засгийн газар татварын актыг үндэслэлтэй гээд байр сууриа хамгаалаад ажиллаж байгаа. Хэрвээ маргаан үүсвэл Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалт Хөрөнгө оруулалтын гэрээнд бий. Үүний дагуу маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний маргаантай холбоотой заалтыг хүндэтгэж үзээд маргаанд байр сууриа хамгаалж олон улсын хуулийн фирмтэй хамтраад ажиллаж яваа. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, Оюу толгой компани Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр захиргааны хэргийн маргаан үүсгэсэн, Лондонгийн арбитрын шүүх дээр ч маргаан үүсгэсэн. Одоогийн маргааны тухайд 2020 оны хоёрдугаар сард эхлүүлсэн. Өөрсдийнх төлөхгүй гээд байгаа 2018 оны 350 тэрбум төгрөгтэй холбоотой маргаан л даа. Энэ маргаанаа Засгийн газартай тохиролцъё гэсэн ч Монголын тал татварын асуудлаар тохиролцох, эвлэрэх боломжгүй гээд маргаан үүсээд явж байна.

Хариу тайлбар өгөх хугацаа дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хойшлогдоход өөр ямар нэг шалтгаан байсан уу?

-Арбитрын маргаан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа хугацааг Монголын Засгийн газар, Оюу толгой компанийн аль аль нь өөрийн дураар шийдэх боломжгүй. Монгол Улсын Засгийн газар хариу тайлбар өгөх хугацааны тухайд 2020 оны арванхоёрдугаар сард 2016-2018 оны татвар ногдуулалт, төлбөрт хийх хянан шалгалтаар 649 тэрбум төгрөгийн ногдуулалттай татварын акт гарсантай холбогдуулж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдсон. Энэ актыг бас Оюу толгой компани хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2018, 2020 оны татварын актуудын гарч байгаа үндэслэлүүд нь адилхан учраас үргэлжилж буй арбитрын маргаан дээрээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх цаг хугацаа, хуваарь тухайн компани, хүмүүсийн үзэмжээр шийдэгддэггүй, Арбитрын бүрэлдэхүүнээс зөвшөөрөл авдаг. Арбитрын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж хоёр талын хуулийн зөвлөхүүд мэтгэлцэж байгаад шийдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэхтэй холбоотой заалтын дагуу маргаан үүсгэж байгаа бол 60 хоног зөвшилцөх хугацаа олгодог. Тийм учраас 60 хоногийн зөвшилцөх хугацааг нь баримтлаад маргаанаа үүсгэ, өөрөөр хэлбэл гэрээний заалтаа баримталж ажилла гэсэн л дээ. Оюу толгой компанийг дөрөвдүгээр сарын 2-нд нэхэмжлэхээ нэмэгдүүлсэн шаардлагаа өг гэсэн. Харин Монголын Засгийн газрыг дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбараа өг гэсэн шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн гаргасан. Засгийн газар шаардлагатай бүх асуудал дээр хуулийн зөвлөхтэйгөө нягт хамтарч байр сууриа хамгаалах чиглэлд ажиллаж байна.

Хуульч хүн гэдэг утгаар тань тодруулж асуумаар санагдлаа. Засгийн газарт зөвлөж яваа хуулийн зөвлөхийн зөвлөгөөнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Хуулийн зөвлөхийн тухайд энэ маргаанд Монгол Улсын Засгийн газрыг ялалт байгуулуулахын төлөө зөвлөж байгаа нь тодорхой. Олон улсын нэр хүндтэй хуулийн фирмийн хувьд мэргэжлийн хариуцлагын хүрээнд үндэслэлтэй зөвлөгөө өгч яваа гэж харж байна.

Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэлүүд рүү оръё. Үндэслэлүүдийн нэгт Оюу толгой, Рио тинто компаниуд хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй гэсэн тодотгол харагдсан. Яг юуг яаж зөрчив гээд асуух асуулт их байна?

-Хэвлэлийн мэдээлэл гарсан хүрээнд мэдээлэл өгөх боломжтой байна. Рио Тинто, Туркойс Хилл, Оюу толгой компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Засгийн газрын тухайд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөнд үндэслэж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд шийдвэр гаргасан.

Засгийн газар хэлэлцээний явцад улстөржсөн хандлага гаргалаа гэх шүүмжлэл дуулдаж байна л даа. Хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож яваа хүний хувьд энэ шүүмжлэлд ямар хариу хэлэх вэ?

-Засгийн газар ямар нэг байдлаар улс төрд автагдсан ч юм уу, эсвэл үндэслэлгүйгээр асуудалд хандахгүй байгаа.Монголын Засгийн газарт санаа зовохуйц асуудлууд байгаа учраас шаардлага тавьж яваа. Шаардлага тавьсны дүнд хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах боломжтой гэж хэллээ. Менежмэнтийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж хэлж эхэлж байна. Ийм шаардлага тавиагүй бол ямар ч бизнес эрхлэгч өөрсдөдөө ашигтай заалтаас татгалзахгүй шүү дээ.

Хэлэлцээнээс гарах нэг том шийдэл бол далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг цуцлах. Төлөвлөгөөг цуцалсны дараа шинэ гэрээний асуудал үүсч таарна. Шинэ гэрээний санхүүжилтийн загварын хувьд ийм л байвал зүгээр гэх мэт тодорхой төсөөлөл Засгийн газарт байгаа юу?

-Бид “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байна. 92 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийн талаар тодорхой заалт бий. Манай улс 34 хувиа хадгалж үлдэхийн тулд шинээр хувьцаа гаргах бүрд 34 хувьдаа дүйцүүлж хөрөнгө оруулалт оруулах ёстой. Үүнийг “Туркойз хилл” компани зээл олгох хэлбэрээр санхүүжүүлж байна. Энэ зээлийн хүү өндрөөс гадна зээлийг хэзээ төлөх вэ гэсэн асуудал бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнүүдэд зээлийг Монголын Засгийн газарт ирээдүйд төлөх ногдол ашгаас нь эргүүлэн төлнө гээд заачихсан. Рио тинто үүн дээр үндэслээд санхүүгийн нарийвчилсан тооцоо боловсруулсныг та мэдэж байгаа. Тэр тооцоонд туссан өр хуримтлагдах асуудал яг одоо анхаарлын төвд яригдаж байна. 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй болно гэдгийг лавшруулаад харахаар Оюу толгой компани 2051 он хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох зээлийг эргүүлэн төлөх хэмжээний ногдол ашиг төлөхгүй гэсэн дүр зураг гарч байгаа. Яагаад ногдол ашиг төлөхгүй болж байна вэ гээд харахаар энэ компанийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон гэх асуудал санхүүжилттэй холбоотой маш том асуудал үүсгэж байна. 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орсон байх төсөөлөлтэй ажиллаж байсан. Далд уурхайгаас олборлолт хийгээд эхэлбэл нийт олборлолтын хэмжээ гурав, дөрөв дахин нэмэгдэнэ. Орлого нь ч гурав, дахин нэмэгдэх хүлээлт бий. Энэ онд далд уурхай ашиглалтад орж компанийн санхүүжилтийн бүтэц сайжрах хүлээлттэй байсан ч тэгсэнгүй л дээ. Хугацаа нь хойшилж, орж ирэх мөнгөн урсгал хойшиллоо. Үүнээс гадна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал үүсчихлээ. Товчхондоо энэ компанийн өрийн дарамт маш их байна.

Өрийн хэмжээ нь хүүтэйгээ нийлээд хэд хүрчихээд байгаа билээ?

-Одоогийн байдлаар Оюу толгой ХХК хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд 12 тэрбум ам.долларын өртэй байна. Одоо үйлчилж буй гэрээний хүрээнд энэ компани бүх өрөө төлөөд, ашигтай ажиллаад хувь нийлүүлэгчдэдээ ногдол ашиг төлж эхэлсний дараа манай 34 хувьд ногдох зээлийг эргэж төлөх нөхцөлтэй байгаа.Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг санхүүжүүлсэн зээлийн хэмжээ одоо 2.2 тэрбум ам.доллар байна.

Зээлийн хүү өндөр, ногдол ашиг хуваарилалтын хугацаа өчнөөн жилээр ухарсан гэх мэт асуудал олонтой ийм загварыг сайжруулж өөрчлөх ямар нэг хувилбар байна уу, Засгийн газарт?

-Оюу толгой компанийн үйл ажиллагааг сайжруулах, өрийн дарамтыг нь бууруулж, илүү үр ашигтай ажиллуулахад юу хэрэгтэй вэ гээд харахаар мөнгөн урсгалыг нь анзаарах шаардлагатай болчихож байгаа юм. Ингээд харахаар менежмэнтийн төлбөр, зээлийн хүүд их хэмжээний төлбөр төлж байна. Менежмэнтийн төлбөр, зээлийн хүүг бууруулбал энэ компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх боломжтой. Төслийн үр өгөөжийг цаашдаа Монголд илүү үр өгөөжтэй, ашигтай болгох чиглэлд юу хийх ёстой вэ гээд яривал татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй байна. Оюу толгой компани илүү ашигтай ажилладаг болох хэрэгтэй байна л даа. Рио тинто зардлаас хувь тооцож менежмэнтийн төлбөр авч байгаа нь хариуцлагатай ажиллах хөшүүрэг бүрдүүлж чадаж байна уу гээд харахаар асуудал бий. Илүү гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой, үнэхээр сайн ажиллавал менежмэнтийн төлбөр авах хэрэгтэй л дээ. Ийм байдлаар менежмэнтийн төлбөрийн бүтцийг өөрчилье, зээлийн хүүг бууруулъя гээд ажиллаж байна.

Оюу толгой төсөл хэрэгжээд олон жил болсон, далд уурхайн бүтээн байгуулалт өрнөөд овоо хугацаа өнгөрчихлөө, одоо заавал Рио тинтод менежмэнтийн төлбөр өгөх шаардлагагүй, тэглэх боломжтой гэсэн байр сууриуд дуулддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Заавал их хэмжээний төлбөр авахгүй байх боломжтой гэж хардаг. Рио тинто одоогийн байдлаар гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлын гурван хувь, Оюу толгой компанийн үйл ажиллагааны зардал болон урсгал хөрөнгө оруулалтын зардлын зургаан хувиас тооцож менежмэнтийн төлбөр авдаг. 2019, 2020 оны байдлаар жил бүр 180 сая орчим ам.долларыг зөвхөн менежмэнтийн төлбөрт авсан. Үүн дээр нэмээд Рио тинто компани төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл гэж жил бүр 80 орчим сая ам.долларыг санхүүгийн жил эхлэнгүүт урьдчилж авч байгаа. Рио тинто болон түүний харилцаа хамааралтай компаниудад жилд очиж байгаа дүнг харахаар 260 орчим сая ам.доллар болж байна. Энэ бол Оюу толгой компанийн борлуулалтын нийт орлогын дөрөвний нэгтэй тэнцэх мөнгөн дүн. Мэдээж ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа хөрөнгө оруулалтын зардал эрс багасна, үүнийгээ дагаад менежмэнтийн төлбөр буурна гэсэн хүлээлт бий. Гэхдээ заавал үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлаас хувь тооцож авах шаардлага байна уу, ийм их хэмжээний төлбөр авах үндэслэл бий юү гэсэн асуудал гарч байгаа. Рио тинто гэдэг дэлхийн хэмжээний уул уурхайн компанийн нөү хау технологи, оюуны өмчийг ашиглаж байна гэдэг утгаараа тодорхой хэмжээний төлбөр өгөх боломжтой ч гэлээ гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа гэх мэтчилэн асуудлыг харахаар яалт ч үгүй хариуцлагын асуудлыг хөндөж тавих ёстой байх.

Рио тинто дэлхийн бусад улсуудад ч уул уурхайн том төсөл хэрэгжүүлдэг. Бусад улс, тухайлбал АНУ, Австрали гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн улсуудад менежмэнт хийснийхээ төлөө хэр хэмжээний төлбөр авдаг юм бол, тэр талаар сонирхсон уу?

-Таны онцолсончлон Рио тинто компани зөвхөн Монгол Улсад хамтарсан компани ажиллуулдаггүй. Дэлхий даяар олон оронд хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийж, менежмэнтийг нь хэрэгжүүлдэг. Тухайлбал, Чилид Эскондида гээд дэлхийн хэмжээний том уурхайг BHP Billiton компанитай хамтарч ажиллуулдаг. Тэр уурхайн менежмэнтийг BHP Billi­ton хэрэгжүүлдэг. АНУ-ын Ресолюшн зэсийн төсөл дээр Рио тинто компани менежмэнтээ хэрэгжүүлээд BHP Billiton хамтарч ажилладаг. Бид асуудаг л даа. “Та нар бусад хамтарсан компани дээрээ менежмэнтийн төлбөрийг зардлаас хувь тооцож ийм их хэмжээгээр авдаг уу” гэхээр тодорхой мэдээлэл, хариу өгдөггүй.

Бизнесийн нууц энэ тэр гээд асуудал байдаг байх л даа?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид нэг л тодорхой шаардлага тавьж байгаа. Бусад хамтарсан компанидаа засаглалын ямар жишиг практик барьдаг вэ тэр жишгээ Монголд хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьж байна. Бүр тодруулбал, менежмэнтийн төлбөрийг яаж тооцож авдаг, зардал дээр хэрхэн хяналт тавьдаг, ашигтай ажиллагааг ямар шийдлээр хангадаг гэх мэт асуудлууд дээр баримталдаг сайн засаглалын жишгүүдээ Монгол Улсад мөрдүүл гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Хөрөнгө оруулалтын зардал өндөр, зээлийн хүүгийн дарамт их учраас Оюу толгой компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх хугацаа хойшилсон, ашигтай ажилласан ч 11 жил дараалж ашгийн татвар төлөхгүй гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсан. Гэрээ байгуулахдаа анхнаас нь энэ асуудлаа тооцоогүй юм уу гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Анхнаасаа энэ асуудлаа харж мэдэж гэрээгээ байгуулаагүй юм уу гэсэн шүүмжлэл сонсогддог л доо. Анх гэрээ байгуулахад хөрөнгө оруулагч талаас өгч байсан санхүүгийн тооцоолол, ТЭЗҮ одоо огт өөр болчихсон. Анх гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт дөрөв орчим тэрбум ам.доллар гэсэн мэдээллийг хөрөнгө оруулагч тал Засгийн газарт өгч байсан юм билээ. Гэтэл энэ компанийн одоогоор Монголд зарцуулсан гэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум ам.доллар болсон. Зөвхөн гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л 6.75 тэрбум ам.доллар зарсан гэх жишээний. Бидэнд анх өгсөн хөрөнгө оруулалтын төсөөлөл ч өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн хувьцаа хэлбэрээр санхүүжүүлнэ гэж байсан. Гэтэл зээлийн санхүүжилт өндөр хэмжээтэй байна. Зээлийн хүүгийн дарамтаас болоод санхүүжилтийн зардал өндөр болсон, үүнээс шалтгаалаад төслийн үр өгөөжийн хуваарилалтад маш том өөрчлөлт гарсан тухай та бид хоёр түрүүн ярьсан. Монголчууд өнгөрсөн рүүгээ өнгийж нэгнийгээ буруутгах биш, харин “Рио тинто” компани Монгол Улсын үе үеийн Засгийн газарт өгч байсан амлалтаа биелүүлсэн үү гэсэн асуудлыг ярих ёстой. Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд гэхэд л 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардалтай, 2021 оны эхний улиралд ашиглалтад орно, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн амлалт нь зургаан жилийн дараа биелээгүй. “Рио тинто”-гийн өөрсдийнх нь өгсөн амлалт шүү дээ. 2020 оны арванхоёрдугаар сард өөрсдийнх нь гаргасан санхүүгийн нарийвчилсан тооцооллоос харахаар хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа албан ёсоор 22 сараар хойшилсон байгаа.

Хөрөнгө оруулагч тал бас нэг шалтгаан хэлдэг л дээ, бид ямар нэг асуудал гарангуут тухай бүрд нь Оюу толгойн ТУЗд мэдээлдэг, Оюу толгойн ТУЗийн гишүүдээс засагт мэдээлдэг бүтэц нь ажиллахгүй байгаа юм биш үү гэсэн утгатай тайлбар дуулддаг. Оюу толгойн ТУЗд Монголыг төлөөлсөн гишүүд сайн ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?

-Рио тинтогийн хувьд ТУЗ-өөс хангалттай мэдээлэл авдаг, шийдвэрээ хамт гаргадаг, үүн дээр Монгол Улсын Засгийн газар төслийн талаар бүрэн мэдээлэл авдаг гэдэг л дээ. Гэхдээ бидний дүгнэлтээр Хөрөнгө оруулагч тал Оюу толгой компанийн ТУЗ-д мэдээллийг маш ерөнхий байдлаар өгдөг. Ерөнхий байдлаар асуудал танилцуулаад ерөнхий шийдвэр гаргаад байх нэг өөр. Үнэхээр асуудал юунаас болж байгаа талаар дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч тэр мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах огт өөр асуудал шүү дээ. Товчхондоо мэдээллийн тэнцвэргүй байдлаас болж үл ойлголцол их үүсдэг. Туркойз хилл компанид Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдэд өгдгөөсөө хамаагүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч байх жишээний. Тодруулж хэлбэл, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдэд очоогүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл Рио тинто, Туркойз хилл компаниуд дээр очдог гэсэн асуудал үүсч байгаа. Уг нь “Оюу толгой” компани эхлээд ТУЗ-ийнхөө гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, Эрдэнэс Оюу толгой компаниар дамжуулж мэдээллийг авах ёстой. Гэтэл Эрдэнэс Оюу толгой компани болон манай ТУЗ-ийн гишүүдэд өгч байгаа мэдээлэл нь маш хязгаарлагдмал, маш ерөнхий байдаг. Туркойз хилл компанийн жилийн тайлангаас Оюу толгой компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч байна шүү дээ.

-“Эрдэнэс Оюу толгойкомпаниас авах боломжгүй мэдээллийг тэндээс авдаг гэсэн үг үү?

-“Эрдэнэс Оюу толгой” компаниар дамжуулж авъя гэхээр маш ерөнхий мэдээлэл орж ирдэг.

Тэгэхээр хэлэлцээ хийж байгаа Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компанийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдал том асуудал болж байна гээд ойлгочихож болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна. Мэдээллийн тэнцвэргүй байдалтай холбоотойгоор сүүлийн арав гаруй хоног Засгийн газраас дэвшүүлж тавьж байгаа нэг асуудал бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт, хугацаа хойшлолтын шалтгааныг судалж тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санал гаргаж хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Хөндлөнгийн шинжээч томилох асуудлыг “Рио тинто” эхэндээ маш дургүй хүлээж авсан. 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр эсэргүүцсэн санал өгч байсан. Манай ТУЗ-ийн гишүүд Туркойз хиллийн ТУЗ-ийнхөнтэй анх удаа нэгдмэл байдлаар санал өгч байж хөндлөнгийн шинжээч ажиллуулах шийдвэрийг гаргуулж байсан түүх бий. Гэтэл одоо Рио тинто хөндлөнгийн шинжээчийн ажлаа хийхэд нь шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.

Ямар шалтгаанаар татгалзаж байгаа юм бол, бизнесийн нууц гэх мэт нарийн асуудал юм болов уу?

-Хөндлөнгийн шинжээчийн тухайд Оюу толгой компанитай нууцлалын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Оюу толгой төсөлтэй холбоотой, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг авъя гэхээр “Манай компанийн дотоод асуудал, дотоод баримт бичиг” гээд өгөхгүй байна. Мэдээж бид үндэслэлгүй шалтгаанаар мэдээлэл авахыг хүсээгүй. Рио тинтогийн Австрали дахь үйл ажиллагаа ч юм уу, АНУ, Канадад болж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авъя гээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгждэг Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллээ өгнө үү гэхээр Засгийн газарт битгий хэл дүгнэлт гаргах гээд ажиллаж яваа хөндлөнгийн шинжээчид өгөхөөс татгалзаад байна. Иймэрхүү мэдээллийн тэнцвэргүй байдлын асуудлыг лавшруулаад харахаар түрүүн та бид хоёрын хөндсөн засаглалын асуудал руу орчихоод байгаа юм. Рио тинто гадагшаа “Дэлхийн хэмжээний уул уурхайн компани дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж байна” гэх мэтээр гоё мессэж өгдөг. Гэхдээ яг Монгол дахь үйл ажиллагааг нь харахаар өөрсдийнх нь вэб сайтан дээрх бодлого, зарчимтай зөрчилдөхүйц хэмжээний асуудлууд байсаар байна. Давтаад хэлэхэд, бид Рио тинтод “Энэ асуудлууд дээрээ засаглалаа сайжруулаач” гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна

Энэ сарын 16-нд буюу баасан гаригтДубайн гэрээ”-ний гэгдэх Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг шүүх хурал болно. Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


Шүүхийн маргаан жил орчмын хугацаанд үргэлжлэх хооронд шинэ нөхцөл байдлууд үүсч байх шиг байна. Дубайн хэдийг Оюу толгойд ногдох татварыг бууруулж, эдийн засгийн давуу тал үүсгэсэн гэж буруутгадаг. Энэ тал дээр өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Бидний үзэж байгаагаар “Оюу толгой” төслийг гацаанаас гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн шийдвэр нь гэмт хэрэг биш болохыг цаг хугацаа улам бүр харуулж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед прокурор цагаатгахад ач холбогдолтой хэд хэдэн баримтыг хэрэгт аваагүй байсан. тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн татварын Шийтгэл ногдуулах хуудсаар 377 тэрбум төгрөгийн татварын төлбөр ногдуулсан байсныг хэрэгт хавсаргаагүй. энэ талаар шинжээчээр оролцсон татварын байгууллага ч мэдэж байсан нь гарцаагүй. Уг татварын акт гарснаас хойш хоёр жил зургаан сарын дараа эрүүгийн шүүх хурал болсон гэхээр мэдэхгүй байх боломжгүй л дээ. тус татварын актаар оюу толгой ХХК-ийн 2013-2015 оны гурван жилийн хугацааны татвар төлөлтийг шалгасан боловч Дубайн төлөвлөгөөнөөс шалтгаалж татвар буурсан гэх нөхцөл үүсээгүй байх жишээний. үүнээс гадна 2016-2018 оны хооронд буюу Дубайн төлөвлөгөө хэрэгжих үеийн гурван жилийн татвар төлөлтийг шалгаад 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 650 тэрбум орчим төгрөгийн татварын акт тавьсан. татварын байцаагчид Дубайн төлөвлөгөөг Хувьцаа эзэмшигчдийн дотоод хэлцэл тул татвараас чөлөөлөх эрх зүйн баримт биш гэж үзэн зөвхөн хуульд заасан үндэслэлээр татварын нөхөн төлбөр тавьсан байдаг юм. үндсэн хууль, татварын хууль тогтоомжид зааснаар татварыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ногдуулж, чөлөөлөх үндэслэлтэй. гэтэл таны асуултандаа онцолсончлон б.бямбасайхан, да.ганболд нарыг Оюу толгой компанид ногдох татварыг бууруулж, түүнд эдийн засгийн давуу тал үүсгэсэн гээд яллаад явж байгаа. Яаж ч бодсон ойлгох аргагүй зүйл.

Дубайн төлөвлөгөө батлагдсанаар эдийн засагт татвар талаас ямар өгөөж өгсөн бэ?

-Хэрэв Дубайн төлөвлөгөө батлагдаж, Оюу толгой төсөл үргэлжлээгүй бол түрүүн дурдсан нэг их наяд төгрөгийн татвар төлөгдөж, нийт иргэддээ 300 мянган төгрөг хуваарилах ямар ч боломжгүй байсан гэдэг нь бодитой үнэн. Учир нь үйл ажиллагаа явагдахгүй бол татвар төлөгдөх боломжгүй. Хөрөнгө оруулагч талаас арбитрт маргаантай байгаа нэг их наядын татвар нь нийт төлөгдсөн татварын 10 хувь нь гэж тайлбарласнаас үзэхэд шууд утгаараа иргэн бүрийн тоогоор гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний татвар улсын төсөвт төлөгдсөн гэсэн үг.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт гарсан. Товчхондоо таны үйлчлүүлэгчийг, ер нь Дубайн хэдийг Үндсэн хууль зөрчсөн хуулиар ялласан гэж харж болох уу?

-Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэдээ ялласан гэж ойлгож харах бүрэн үндэстэй. Өмгөөлөгчийн хувьд Улсын дээд шүүх эдгээр нөхцөл байдлыг анхааран үзнэ гэдэгт итгэлтэй яваа. Миний үйлчлүүлэгч Д.Ганболд хараат бус шударга шүүхэд итгэж суугаа тул Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан байгаа.

Таны үйлчлүүлэгч болон бусад яллагдагчийг улс төрийн зорилгоор буруутгасан гэх шүүмжлэл дуулддаг. Саяхан АНаас үзэл санааны хоригдлууд гээд зарлачихсан. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Улс төрийн зорилгоор яллаж байгаа гэж үзэх ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Дубайн төлөвлөгөөг батлахтай холбогдуулан Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн удаагийн захирамж гарсан. Эдгээр захирамжийг дөрвөн жилийн дараа буюу 2019 онд нэгэн төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхээр илт хууль бус акт гэж тооцсон байдаг. Харамсалтай нь энэ маргаанд Засгийн газар дөрвөн жилийн өмнөх шийдвэрээ идэвхтэй хамгаалаагүй. Ингээд ч зогсоогүй шүүхийн шийдвэрт дээд шатанд гомдол гаргаагүй орхигдуулсан. Засгийн газар шүүхийн маргаанд эхнээс нь дуустал зөвхөн төлөөлөх эрхээс өөр үндэслэл гаргахгүй, нотлох баримт тайлбар өгөхгүйгээр эсэргүүцсэн төдий дүр үзүүлээд илэрхий худлаа ялагдсан гэсэн үг. Тэр ч бүү хэл нэхэмжлэгч төрийн бус байгууллагатай Засгийн газрын шууд харьяа Цагдаагийн байгууллага нь иргэдийн сошиал орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хянах талаар хамтран ажиллах гэрээ байгуулчихсан байх жишээтэй. Энэ захиргааны шүүхийн шийдвэрт үндэслэн эрүүгийн шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг Ерөнхий сайдын илт хууль бус захирамжийг биелүүлсэн гэж үзэн ялласан байдаг. Хэн ч Засгийн газрын шийдвэрийг хожим дөрвөн жилийн дараа шүүхээр хүчингүй болгож, улмаар таван жилийн дараа түүнийг үндэслэж гэмт хэрэгт яллана гэж бодохгүй нь тодорхой шүү дээ.

Захиргааны шүүхийн энэ шийдвэрийг Б.Бямбасайхан, Да.Ганболд нар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Тэдний хүсэлт юу болсон бэ?

-Хүсэлтийг шийдвэрлэх шүүх хурлыг нэхэмжлэгч төрийн бус байгууллага, хариуцагч Засгийн газрын аль аль нь хийлгэхгүй улдан чангааж шүүх хурлыг хойшлуулсаар долоон сарын нүүр үзлээ. Одоогийн Засгийн газар нь хүртэл өөрийн ялагдсан шүүхийн шийдвэрээ дахин сэргээлгэхгүй гэсэн байр суурьтай оролцож байгаа. Засгийн газар нь өөрөө ийм увайгүй богино зайн явган улс төр хийж, улс төрийн өрсөлдөгчдөө эрүүгийн хэрэгт шүүхээр яллуулахаар улайрч байгаа нь илэрхий байна шүү дээ. Засгийн газар өөрийн захиалсан шүүхийн шийдвэрийнхээ ард нуугдаад байна гэсэн үг. Уг нь төрийн залгамж чанар, улс төрийн соёл гэж байх ёстой баймаар юм.

Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг ямар үндэслэлээр хоёр шатны шүүхээс гэмт хэрэгт буруутган ял шийтгэснийг уншигчдад эргэн сануулах уу, хоёулаа?

-УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 2014 оны 34 дүгээр, Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай 2015 оны 41 дүгээр тогтоолоор Засгийн газарт “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхийг үүрэг өгсөн. Зүгээр ч үүрэг өгөөгүй, “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож энэ талаар эргэж УИХ-д зургаан сар тутам тайлагнаж байх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын 2015 оны 20, 21, 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын дөрвөн удаагийн захирамжийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар албан үүргийнхээ дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураад өнөөдөр гэмт хэрэгт буруутгагдаад явж байгаа. Ажлаа хийх явцдаа хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэх үндэслэлтэй төдийгүй ял шийтгэл гарцаагүй байх зарчим үйлчилнэ. Гэтэл энэ хүмүүс нэг ч төгрөг завшаагүй, хувийн ашиг сонирхлоо огт гүйцэлдүүлээгүй. УИХ-ын эрх олгосны дагуу Засгийн газрын удаа дараагийн хурлаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, Дубайн төлөвлөгөөний төсөл, удирдамжийг баталсан байхад өнөөдөр ял эдлээд сууж байна.

Ямар хууль зөрчсөн гэж буруутгадаг вэ?

-Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг тухайлбал, кабинетын зарчмаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үйлдэлд хамаатуулан буруутгадаг. Засгийн газрын тухай хуулийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зөрчих боломжтой, харин иргэд, аж ахуйн нэгж зөрчих боломжгүй. Засгийн газрын шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлж хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээхээс биш зөв бурууг хэлэлцэн шүүх эрх байхгүй. Гэтэл прокуророос Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх, хэрэгжүүлэхгүй байх, хуулийн байгууллагад мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. УИХ, Засгийн газрын бүх түвшинд шийдвэр гарчихаад байхад төрийн өмчит компанийн захирал түүнийг хэрэгжүүлэхгүй, наад шийдвэр чинь зөв буруу, хууль зөрчсөн гэж эсэргүүцэх эрх байхгүй.

Олон нийтийн дунд Дубайн төлөвлөгөөг батлаад баахан хөрөнгө мөнгө завшсан гэх ойлголт байдаг л даа…?

-Иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн гэх асуудал яригддаггүй юм. Хуулийн байгууллага хоёр жил гаруй хугацаанд нууцаар мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэсэн ч ажлаа хийж явсан гэмгүй хүмүүсээс буруу юм илрэхгүй нь тодорхой. Дахиад хэлье, улстөрчдөд холбогдох эрүүгийн хэргүүдэд байшин сав, машин тэрэг, хөрөнгө мөнгө завшсан, хураагдсан гэх асуудал яригдаж байдаг ч иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хувьд тийм зүйл байдаггүй.

Да.Ганболд нарт төлөвлөгөөг батлахаас өөр сонголт байгаагүй юу, эсвэл ямар нэг сонголт байхад нүдээ аниад өнгөрөөчихсөн зүйл бий юү?

-Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэрийг төлөвлөгөөнд тусгасан байдаг. “Оюу толгой” төслийг гацаанаас гаргах шийдэл дээр бол өөр сонголт байхгүй. Нэгэнт бодитой гарсан “Оюу толгой” төсөлд зарцуулагдсан зардлыг шалгаад зөвшөөрөхгүй гээд яах билээ, нөгөөтэйгүүр өмнө нь гэрээгээр тогтворжуулсан татварын нөхцөлөөсөө буцаан ухарч болохгүй шүү дээ. Монголын төр тэгвэл хөрөнгө оруулагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ зөрчинө. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, толгой компанийн шийдвэр бүх түвшинд гарчихаад байхад төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэхээс өөр сонголт байхгүй.

Энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг байх аа?

-Хэргийг уншихаар Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг юм. Бусад нь Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх ялтай. Бүр “Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэж яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт цохон тэмдэглэж байгаад буруутгадаг. Уг нь энэ хэргийн гол зангилаа болсон Ч.Сайханбилэгийн гэм буруугийн асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа үүрэг даалгавар биелүүлсэн хүмүүсийн асуудлыг ярих ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг “Би Дубайн төлөвлөгөөг хар толгойгоороо хариуцна, улс төр нь миний хэрэг. Та нар зүгээр л ажлаа хийцгээ” гэж үүрэгдэж байсан атал өнөөдөр өөрөө эзгүй, харин ажлаа хийсэн нь шоронд сууж байна даа. Ер нь бол Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээ яллачихсан.

Шинжээчдийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулдаг. Танд ч хэлэх үг бий байх…?

-Шинжээчид УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа хэлэлцэж баталсан 2009, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад үргэлжлүүлээд Дубайн төлөвлөгөө нь хууль бус хэлцлийг үргэлжлүүлсэн гэж үзсэн. Уг нь шинжээч хараат бус хөндлөнгийн бие даасан байх хуулийн шаардлагатай. Гэтэл Засгийн газрыг төлөөлж Сангийн яамыг хохирогчоор тогтоосон атлаа Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын татварын байцаагчдыг шинжээчээр томилсон байдаг юм. Угтаа бол хохирогч, шинжээч бүгд л Засгийн газрыг төлөөлчихсөн. Татвар хураагчийг татварын шинжээчээр томилсон. Нөгөө талаас хохирсон гэх Сангийн яамны шууд албан тушаалын эрхшээлд байдаг шинжээчид татвар авахгүй гэвэл ажилгүй болно биз дээ. Шинжээч нар Монголын төрийн эрх барих, удирдах дээд байгууллагууд хууль зөрчсөн гээд сүүлдээ шүүхийн эрх хэмжээнд халдаж хууль тайлбарласан дүгнэлт гаргасан нь хараат бусаар ажиллаж чадаагүйн илрэл болов уу. Татварын байцаагчийг шинжээчээр ажиллахыг хуулиар шууд хориглодог. Оюу толгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх асуудлаар хариуцсан татварын байцаагчийг шинжээчээр томилоод хохирогч нь танай дарга шүү гэхээр ямар шийдвэр гаргах нь тодорхой л доо. Мөн татварыг зөвхөн татварын байцаагчийн акт, дүгнэлтээр ногдуулахаас шинжээчийн дүгнэлтээр ногдуулах тухай хууль байхгүй.

Ингэхэд хохирлын асуудлыг шүүх тогтоосон бил үү?

-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол байхгүй болсон. Шинжээч сонирхлын шууд зөрчилтэйн дээр дүгнэлт нь үндэслэл муу гарсан, хууль зөрчсөн байсан. Мөн дээрээс нь хохирогч хохирлоо Оюу толгойгоос нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж, улмаар прокурор хохирлыг жич нэхэмжлэх санал гаргасан. Материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол шаарддаг гэмт хэргийн тухайд хохирол нотлохгүйгээр ял шийтгэдэггүй хуультай. Гэтэл манай шүүх хохирлоо хожим нэхэмжлээрэй, урьдчилаад ялаа өгчихье гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газар Оюу толгойгоос хохирол нэхэмжлэхгүй бол яах вэ, нэхэмжлээд нотлогдохгүй бол яах вэ, хожим нөхөж цагаатгах юм уу гэдэг олон асуулт үлдээсэн. Нэмж хэлэхэд, Оюу толгойг энэ хэрэгт огт оролцуулаагүй. Татварын хөнгөлөлт эдэлсэн гэж байгаа бол энэ хэрэгт шалгах, ядаж иргэний хариуцагчаар оролцуулж давуу байдал олж авсан гэх татварын талаарх байр суурийг нь сонсох ёстой шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд: Хэлэлцээг аль аль талдаа үр өгөөжтэй, амжилттай болно гэж итгэж байна

Оюу толгой төсөл тойрсон асуудлуудаар нэг талаас Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талаас Рио Тинто компани хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, засгийг төлөөлсөн багийг ХЗДХийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болдтой хэлэлцээр тойрсон асуудлуудаар ярилцсанаа хүргэе.


Оюу толгойн хэлэлцээр албан ёсоор эхэлсэн үү, урьдчилсан яриа хөөрөө л өрнөөд байна уу?

-Юуны түрүүнд Монголдоо, эх орондоо ирээд ажиллаж байгаадаа баяртай байна. Би мэдээж монгол хүн, гэр бүл, хүүхдүүд маань ч Монгол Улсын иргэд. Тиймээс миний хувьд энэ чухал ажлыг амжилттай хэрэгжүүлж, талуудын хооронд нэгдсэн байр суурийг бий болгож, яригдаад байгаа нарийн, ярвигтай асуудлуудад төвлөрч, хамтын ирээдүйг босголцохын төлөө шаргуу ажиллаж байгаа.

Хоёр талын ажлын хэсгүүд өмнө нь онлайнаар хэд хэдэн удаа хуралдсан. Миний хувьд Х.Нямбаатар сайд, сайдын ахалж байгаа ажлын хэсэгтэй нэг өрөөнд суугаад биечлэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Монголдоо ирээд байна. Бид хэлэлцээнд шинэ баг бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Бидний хувьд талуудын харилцаанд шинэ салхи оруулж, харилцааг сайжруулж, шинэчлэхийн төлөө ажиллаж байна.

Ингэхийн тулд Рио Тинтогийн зүгээс хамгийн тэргүүнд хийх ёстой зүйл бол нөгөө ажлын хэсгийн дэвшүүлж буй асуудлуудыг сайтар сонсож, ойлгож, нээлттэй хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, итгэлцлийг бий болгоход оршиж байна.


Хэлэлцээрээс маргаантай, тохиролцоонд хүрэхэд бэрх асуудлыг онцлооч гэвэл та юуг онцлох вэ?

-Ер нь маргаантай асуудал тийм ч олон биш. Татварын асуудал бий. Тэр нь Лондонгийн арбитрын шүүхээр шийдэгдээд явна. Менежмэнтийн зардлын хувь, зээлийн хүүг хэрхэн яаж буулгах тухай асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг бид ойлгон хүлээн авч ажиллана. Ногдол ашигтай холбоотой асуудал яригдаж таарна. Нэлээд нарийн төвөгтэй, энгийн хялбараар тайлбарлахад хэцүү асуудлууд. Тийм ч учраас иймэрхүү асуудлыг, Оюу толгойн талаарх бусад ойлголтуудыг илүү сайн таниулан тайлбарлах нь бидний нэг зорилго.

ЗасгаасБусад асуудалгэсэн тодотгол доор тодорхой саналууд оруулж ирнэ гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Бусад асуудал гэдэг дээр яг юу ярих талаар ерөнхий багцааг Засгийн газрын ажлын хэсгээс өгсөн үү?

-Одоогийн байдлаар тодорхой санал ирээгүй байна.

Засгийн газраас гүний уурхайн зардлын хэтрэлт дээр хөндлөнгийн шинжээч ажиллуулна гэж байгаа. Зарим эдийн засагч Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дэлхийд шинэ гэдэг утгаараа хөндлөнгийн шинжээч олоход хэцүү гэсэн утгатай байр суурь илэрхийлж харагдсан…?

-Гүний уурхайн техникийн талын шинжээч байх учиртай. Уулын ажлын нөхцөл нь яаж өөрчлөгдсөн юм, үүнтэй холбоотойгоор шинэ гаргаж байгаа дизайн нь тохиромжтой юу үгүй юү, дахиж 15 км тунель ухах шаардлагатай байгаа эсэхийг тооцож үзнэ гэсэн үг л дээ. Товчхондоо геотехникийн л асуудал. Хөрсний сийрэгжилтийг ойлгодог хүн байх ёстой. Тийм шинжээч шалгаруулж авах нь асуудал биш байх. Засгийн газар шинжээчдээ сонгон шалгаруулна.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж буй явц. 2021 оны 3-р сар

Хэлэлцээрийн үеэр хоёр тал ямар асуудал дээр цаг авахаар байна?

-Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал ярилцах ёстой зүйлсийн эхэнд жагсаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа гээд харахаар ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалчихсан гэсэн үг. Ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхэлнэ. Тэр үеийн шинэ гэрээ ямар байх вэ гэдэгт анхааръя гэж байна. Мэдээж гүний уурхайн хөрөнгө оруулалт дахиад хийгдэж, бүтээн байгуулалт нь үргэлжлээд явна. Тэр үед ямар эрсдэл гарах вэ гэдгээ ярилцаж таарах байх.Нэг том эрсдэл бол зардал. Бизнес учраас зардал нь дээш доош болж хэлбэлзэх нь тодорхой. Бизнес хийж байгаа хамтрагчид гэдэг утгаараа аль аль талдаа эрсдлээ ойлгоод цааш явах байх.

Рио Тинто болон жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд өрнөж буй маргаан юунаас үүдэлтэй, одоо ямар байдалтай байна вэ?

-Бид Оюу толгойн үйл ажиллагааг нийт хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдын өмнөөс удирдан явуулдаг. Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай үргэлжлэх нь Засгийн газар, Эрдэнэс Оюу толгой, Туркойз Хилл, Туркойз Хиллд давуу хувьцаа эзэмшдэг Рио Тинто гээд бүх талуудын ашиг сонирхолд нийцнэ гэж харж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Туркойз Хилл, Рио Тинто хамтран зөвшилцөж, төслийн санхүүжилтийн санамж бичиг байгуулсан. Ер нь Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай хэрэгжихийг бүх талууд харахыг хүсч байгаа. Тийм ч учраас бид хамтарч ажиллана. Туркойз Хиллийн төлөөлөл ч бас Монголд бий. Засгийн газартай хийж байгаа яриа хэлэлцээнд оролцоод явна. Бид олон нийт, зах зээлд мэдээлэл хүргэх үүрэг хариуцлагаа үргэлж мөрдөж ажилладаг. Энэ үүргээ умартсан гэсэн утга агуулсан аливаа мэдэгдэл ор үндэсгүй. Онцолж хэлэхэд, Оюу толгойн хүрсэн амжилтаар бид бахархдаг.

Оюу толгойн ил уурхай Рио Тинтогийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй уурхайн нэгт тооцогддог. Оюу толгойн аюулгүй ажиллагаа, ажилчдын сэтгэл ханамж ч хамгийн шилдэгт тооцогддог гэдгийг зориуд тодотгож дурдмаар байна. Оюу толгойн уурхай сая гаруй тонн зэсийн баяжмалыг зах зээлд тасралтгүй нийлүүлсэн бахдам амжилттай яваа.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн хэчнээн хувийг уул геологийн нөхцөл хөрснөөс үүдсэн асуудал эзэлж байгаа бол?

-2016 оны ТЭЗҮ-ийг хялбаршуулан нэг жишээн дээр тайлбарлая. Панелчлан олборлох болон нураах тэсрэлтүүдээ жижиг жижгээр явуулъя гэсэн уулын ажлын төлөвлөгөөтэй ажилласан юм. Тэсрэлтээ жижиг хэмжээгээр хийгээд явахаар орчин, радиус нь жижиг талбайг хамарна аа даа. Тэгж ажилласан учраас дэд бүтэц нь харьцангуй гайгүй байсан. Жижиг жижгээр тэсэлсээр тунелүүдээ эргүүлж ухах гэтэл яг эргэж байгаа хэсгийн тулгуур баганынх нь хөрс сул болж таарсан. Ийм шалтгаанаар уурхайн шинэ дизайн гаргахаас аргагүй болсон. Тэсэлгээг өмнөх шиг жижиг зайд биш, томоор хийх шаардлагатай нүүр тулчихаар дэд бүтэц нь өөр болчихож байгаа юм. Агааржуулалтын хоолой, тунель энэ тэр гээд нийтдээ 10 гаруй км илүү малталт явуулахаас гадна нуралт үүсэхээс сэргийлж маш том төмөр багана хоёрыг суулгаж, хүдрийн биетээ 0, 1, 2 гээд гурав хуваахаар болсон. Биетийн чулуулаг, хатуулаг чанар сул байсан учир, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн тэргүүнд тавьж зарим бэхэлгээнүүдийг сольж, тулгууруудыг нэмэх, зузаатгах зэрэг ажлыг хийсэн. Нарийн учир шалтгааныг мэдээж хөндлөнгийн шинжээчид нягтлан тогтоож “Эрдэнэс Оюу толгой” болон ТУЗ-ийн тусгай хороонд танилцуулах байх.

Хөрсний асуудал үүсэхийг анхнаас нь мэдэж байсан мөртлөө сүүлд нь зарласан гэсэн хардлагыг зарим улстөрч хэлж байсан. Анхнаас нь мэдэх боломж үнэхээр байгаагүй юу?

-1300 м гүнд байгаа чулуулгийн хатуужилтыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй. Гүндээ ороод тунелийн малталт хийж байх үедээ хэвтээ өрмөөр дээж авч лабораторид шинжлүүлж байж л мэдэх боломжтой. Австралид шинжлүүлснийхээ дараа шинэ мэдээлэл дээрээ үндэслэн гүний уурхайн дизайныг шинэчлэн гаргасан. Маш их цаг, хөдөлмөр шаардсан ажил байсан л даа. Дизайн баталсны дараагийн үе шатанд өртгийн тооцоогоо нарийвчилж гаргасан. Өөрөөр хэлбэл, чулуулгийн асуудлаас үүдэж гүний уурхайн санхүүжилтийн зардал хэдээр өсөхийг тооцоолохын тулд хугацаа зарахаас аргагүй байсан. Дахиад хэлэхэд, уулын нөхцөл хүндэрлээ, зардал 1.2-1.8 тэрбум ам.доллараар илүү гарах нь байна шүү гэдгийг урьдчилж мэдээлсэн. Дашрамд дурдахад, бидний өнгөрсөн долоо хоногт ШУТИС дээр нээсэн Геотехникийн лаборатори яг ийм шинжилгээг Монголдоо хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Бид өмнө нь иймэрхүү төрлийн шинжилгээгээ Австрали руу явуулж шинжлүүлдэг байсан бол ШУТИС-д нээсэн лабораторид энэ бүхнийг шинжлэх боломж бүрдчихлээ. Метро барих, байшин цутгах гээд том бүтээн байгуулалтуудад маш хэрэгтэй лаборатори.

Оюу толгой тойрсон асуудлууд дээр улстөржилт их байдаг учраас улс төр чигийн хардлагуудыг тодруулж байр суурийг тань сонсох гээд байгааг ойлгоорой. Зардлаа өсгөх нь өөрсдөд нь ашигтай учраас хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөөд байна гэсэн хардлагыг зарим улстөрч хэлж байгаа харагдах юм…?

-Бид гүний уурхайн зардал нэмэгдсэн, анхлан төлөвлөсөн хугацаанаас хоцрохоор болсон тухай мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Оюу толгойн үр өгөөж талуудад хэрхэн хуваарилагдахыг шинээр харах шаардлагатай, зүй ёсны хэрэг гэж бид үзэж байна. Засгийн газар энэ асуудалд сэтгэл дундуур, болгоомжлолтой хандаж яваа гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас бид яриа хэлэлцээ хийхдээ Засгийн газрын санаа бодлыг илүү сайн сонсож ойлгохыг хичээн ажиллана.

Хөрөнгө оруулагч талаас Оюу толгой төсөлд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хэд нь татвар хураамж бусад хэлбэрээр Монголын эдийн засагт шингэж үлдсэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хөрөнгө оруулагч тал 2009 оноос хойш 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны 2.9 тэрбум ам.доллар нь улсад төлсөн татвар, хураамжууд. За тэгээд бэлтгэн нийлүүлэгч, ажилчдын цалин хөлс гэх мэтийн төслийн дам нөлөөг тооцвол Оюу толгой төсөлд оруулсан 11 тэрбум ам.долларын ойролцоогоор 8 тэрбум нь Монголын эдийн засагт уусаад шингэчихсэн гэж хэлж болно. Товчхондоо Оюу толгойн хөрөнгө оруулалт орсноороо манай улсын эдийн засаг энэ хэмжээгээр тэлсэн болов уу. Ингээд харахаар “Яасан их мөнгө зарцуулдаг юм бэ” гэж шүүмжлэх нь өрөөсгөл болчихож байгаа юм. Илүү мөнгө зарцуулах хэрээр улсад илүү татвар төлж байгаа. Энэ хөрөнгийг анх төсөл эхлэхэд Рио Тинто болон олон улсын хөрөнгө оруулагчид бүхэлд нь гаргасан. Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюу Толгой компаниар дамжуулан хувь эзэмшсэн боловч ямар ч хөрөнгийг шууд гаргаагүй.

Өнөөг хүртэл Оюу толгойн орлого ашиг энэ анхны хөрөнгө оруулалтыг буцаан төлөхөд биш, харин Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гүний уурхайг барьж байгуулахад бүрэн зарцуулагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн орлого ашиг нь эргээд Монголдоо болон Оюу толгойдоо зарцуулагдаж байгаа.

Оюу толгой татварт жар, далан саяыг өгдөг байж 250-350 сая ам.доллар төлдөг гэж мэдээлээд байх юм гэх шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Оюу толгой 2010 оноос хойш нийт 2.9 тэрбум ам.доллар буюу жил бүр 250-300 сая ам.долларын татвар төлсөөр ирсэн. 60 гаруй сая нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Үүний цаана НӨАТ, суутган татвар, хувь хүний орлогын албан татвар гаалийн хураамж гэх мэтийн олон төрлийн татвар хураамж бий. Уул уурхайн компани НӨАТ-ын буцаан олголт авдаггүй. НӨАТ гэхэд л зардалтай холбоотой ажил. Хөрөнгө оруулагч тал зардал гаргахгүй бол НӨАТ төлөхгүй. НӨАТ-аа яагаад тооцоод байгаа юм гэсэн шүүмжлэл дуулддаг л даа. Орлого байхгүй, зардлаа л хийж байгаа болохоор НӨАТ-аа тооцохоос аргагүй.Өнгөрсөн жилд НӨАТ гэж төсөвт 150 орчим сая ам.доллар төлсөн байгаа. Таны асуугаад байгаа хэмжээний тухайд үлдсэн нь бусад татвар байдаг.

Рио Тинто заавал менежмэнт хийх албагүй, Оюу толгойн удирдлагууд өөрсдөө хийгээд явчих бололцоотой, тийм учраас менежмэнтийн төлбөрийг тэглэх боломжтой гэсэн байр суурь дуулддаг. Тийм боломж бий юү?

-Оюу толгой бол үнэхээр нүсэр, өдөрт 12.000 хүн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байдаг уурхай. Өдөр тутам 300.000 тонн хөрс хөдөлгөж зөөвөрлөн боловсруулж, үүнээсээ ойролцоогоор 2-3 тонн зэсийн баяжмал гаргаж байна. Ил уурхайн олборлолт, үйл ажиллагааг тасралтгүй явуулахын зэрэгцээ гүний уурхайгаа барьж байгуулж байгаа. Газрын гадаргуугаас 1350 метрийн гүнд 200 гаруй километрийн урттай, том жижиг олон төрлийн хонгил, тунелийг холбогдох дэд бүтцийнх нь хамт байгуулж яваа. 1350 метрийн гүн дэх бутлуур л гэхэд долоон давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй асар том төхөөрөмж угсарсан байх жишээний. Ил уурхайн олборлолт, гүний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, 12 мянган хүний аюулгүй ажиллагааг өдөр тутам хангаж, удирдан зохион байгуулна гэдэг амар ажил биш. Үүний тулд уул уурхайн тусгай мэдлэг, техникийн чадвар, туршлага, нарийвчлан боловсруулсан үйл ажиллагааны системүүд байх шаардлагатай. Тийм учраас Оюу толгой шиг том хэмжээний уурхайг аюул осолгүй барьж байгуулж, үйл ажиллагааг нь хангахын тулд шаардлагатай туршлага, чадвар, технологи бүхий хамтрагч хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн өнөөгийн байдлаар Оюу толгой Рио Тинто группийн олон арван уурхай дотроос аюулгүй ажиллагаагаараа тэргүүлж байна. Рио Тинтогийн менежмэнтийн дагуу Оюу толгойн зэсийн баяжмалыг өндөр сайн үнээр борлуулах хэлэлцээг хийж, уурхайг хамгийн үр ашигтай ажиллуулж, байгаль орчны өндөр стандартыг ханган ажиллах боломжтой болж байгаа. Энэ мэтээр менежмэнт, удирдлага зохион байгуулалтаар хангаж, 150 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн технологи, мэдлэг туршлагыг нь бид ашиглаж байгаа учраас Рио Тинто тодорхой хувиар менежмэнтийн төлбөр авдаг.

Засгийн газраас менежмэнтийн төлбөрийг бууруулах гэх мэтээр яг таг санал тавьсан зүйл бий юү?

-Ер нь бол Оюу толгойгоос Рио Тинтод менежментийн төлбөрт төлж байгаа мөнгөн дүн нь төсөлд зарцуулагдаж буй хөрөнгө зардлын багахан хэсгийг л эзэлдэг. Засгийн газрын зүгээс менежмэнтийн төлбөрийн талаар асуудал дэвшүүлж байгаа. Бидний хувьд тэр бүхнийг нь ойлгон хүлээн авч ажиллана.

Рио Тинтогийн олон улсын 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийн өрийн үлдэгдэл, хугацааны талаар тайлбар хэлээч?

-2015 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Оюу толгой компаниуд болон зээлдүүлэгчдийн төлөөлөл гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан. Энэ төслийн санхүүжилтийг одоогоор бүхэлд нь гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Үүний ачаар гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж, мянга мянган монгол залуус, олон зуун дотоодын компани, бизнес эрхлэгчид гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцоод явж байна. Төслийн санхүүжилтийн багцын эргэн төлөгдөх хугацаа нь 12-15 жил тодруулж хэлбэл, 2027-2029 онд таарч байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Мөнхжаргал: “Эрдэнэс Таван толгой”-н бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

“Эрдэнэс-Таван толгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-ныг хүртгэл үргэлжлэх юм байна. Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллараар бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл, аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банкин дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй заиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулж буй. Бондын арилжаанд гадныхан оролцох боломжтой гэнэ. Бондын арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандахад л болох нь. Утсаар, онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох аж.

1072 хувьцааны дансаа нээлгэсэн хүмүүсийн тухайд шинээр данс нээлгэх шаардлагагүй, нээлгэчихсэн дансандаа мөнгө байршуулж арилжаанд оролцох боломжтой хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлж байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.

Эрдэнэс Таван толгойкомпанийн бонд тойрсон асуудлаарГоломт капитал ҮЦКХХКийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


-“Эрдэнэс Таван толгойбол төрийн өмчит компани. Тэр утгаараа энэ удаагийн бонд ямартаа ч эрсдэл багатай гэсэн давуу талтай байх нь…?

-Тэгнэ. Ер нь Засгийн газрын үнэт цаасыг хамгийн найдвартай гэж үздэг л дээ. Улс тэр чигээрээ дефольт зарлахгүй л бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байсан. Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байна. Тэр утгаараа эрсдэлгүй гэсэн давуу талыг хамгийн түрүүнд онцлохоос аргагүй. Товчхондоо аль аль талдаа ашигтай. Бонд худалдаж авсан хүмүүст ч, бонд арилжаалж хөрөнгө татаж байгаа компанид ч. Компани банкнаас бага хүүтэйгээр мөнгө босгоно, хүмүүс банкны хадгаламжийн өгөөжөөс өндөр ашиг хүртэнэ. Бидний хувьд хөрөнгө оруулалтын соёлыг л өөрчлөх гэж ажиллаж байгаа. Бид хадгаламжинд мөнгөө хийдэг, арилжааны банкнаас зээл авдаг энэ тогтолцоогоор сүүлийн 30 жил явлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ том биш. Эдийн засаг маань 30 их наяд байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наядаар хэмжигддэг. Банкны актив ч мөн 30 их наяд шүү дээ. Тэгэхээр монголчууд өнөөхөндөө арилжааны банкны системээр 100 хувь явж байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Хөрөнгө оруулалт татаж, өгөөж ашгаа нэмэх хэрээр 1072 хувьцааны өгөөж ч дагаад өсөх нь ээ?

-Та зөв харж байна. Иргэдийн эзэмшдэг хувьцааны өгөөж дагаад өсөх давуу талтай. Тэгэхээр энэ удаагийн бондын өгөөжийг улсаараа хүртэнэ гэсэн үг. Мэдээж ойрын арав гаруй жил “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалт өндөр хэмжээгээр өсвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа хүний ногдол ашиг өснө. Нүүрс үнэ цэнэ, хэрэгцээтэй байх үед борлуулалт өсөж Монголын төгрөгийн валютын урсгал өснө гэсэн үг л дээ. Экспорт өсөх тусам Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь тодорхой.

-“Эрдэнэс Таван толгойхөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол?

-“Эрдэнэс Таван толгой” компани цаашдын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Угаах үйлдвэр барина, дэд бүтцээ хөгжүүлнэ. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл борлуулалт нь дагаад өсөх нь тодорхой. Жилдээ 30 сая тонн нүүрс борлуулна гэж байгаа шүү дээ.

Энэ удаагийнх нээлттэй бонд гэсэн тодотголтой байгаа. Нээлттэй бонд хамгийн ашигтай зөв хувилбар мөн үү?

-Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрүүл хувилбар. Нээлттэй бондын гол ялгаа нь хөрөнгийн биржээрээ дамжиж зарагдана. Гэхдээ хөрөнгө оруулагчид мөнгө нь хэрэгтэй болвол бирж дээр бондоо зараад мөнгөө авчихаж болно. Бусдаар бол хамгийн найдвартай тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ер нь бол цагаа олсон бүтээгдэхүүн. Хадгаламжийн хүү буурсан байгаа үед төрийн өмчтэй, Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг, сүүлийн таван жил бизнес моделоо баталчихсан, нүүрсээ арван доллараар олборлоод 60 доллараар зарж хангалттай мөнгө хийж яваа компани ийм бонд гаргана гэдэг хаа хаанаа ашигтай шийдэл л дээ.

Хоёр их наяд гэхээр том дүн сонсогдоод байх юм. Энэ хэмжээний мөнгө зах зээлээс цуглах боломжтой юу?

-Хоёр их наяд гэсэн том дүн сонсогдож байж магадгүй. Гэхдээ банкны хадгаламжийн хэмжээ 20-30 их наяд руу дөхөж байгаа. Энэ бол иргэдээс бүрдсэн хадгаламж. Өөрөөр хэлбэл, зах зээлд хангалттай бэлэн мөнгө байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд өмнө ньЧалко”-гоос 500 сая ам.доллар татаж байсан бол өнөөдөр дотоодоосоо хөрөнгө татаж төслийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа нь бас л том давуу тал шүү…?

-Бидний хувьд арай өөр түвшинд хүрсний шинж л дээ. Гадныхнаас мөнгө хүсч “Чалко”-гоос 500 сая ам.доллар авч байсан үе тодорхой хэмжээнд өнгөрөөд байна. Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна гэдэг яалт ч үгүй том давуу тал. “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко”-гоос 500 сая ам.доллар аваад яасныг бүгд мэдэж байгаа. Харин энэ удаа “Монголоосоо мөнгө босгоё, хөрөнгө оруулалт хийгээд өгөөжийг нь та хүрт” гэж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ төсөл сайн хэрэгжээд ирвэл иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны өгөөж өсөх нь тов тодорхой асуудал. Засгийн газар, “Эрдэнэс Таван толгой” хоёр бондоо гаргая гээд зарлачихлаа. Одоо монголчуудад бондоо худалдаж авах ажил л үлдээд байна.

Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй гэхээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэд олноороо сонирхох л юм байна…?

-Хадгаламжийн хүү буурчихсан, дунджаар 8.5 болсон гэж тооцвол арван хувийн татвараа хасаад 7.6 хувь руу орчихож байгаа юм. “Эрдэнэс” бондын хувьд арван хувиар гарч байгаа. Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арван хувь биш таван хувийн татвар авна. Арван хувиас таван хувийг хасахаар 9.5 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бондын бодит өгөөж 9.5 хувь. Дахиад хэлэхэд, эрсдэлгүй гэдэг утгаараа энэ удаагийн бонд давуу талтай.

-“Эрдэнэс Таван толгойирэх жилүүдэд хэр ашигтай ажиллах нь нүүрсний зах зээлийн өнгө төрхөөс хамаарна. Нүүрсний зах зээл ямар байх бол?

-Нүүрсний зах зээл ямар вэ гэхээс илүү төмрийн зах зээл ямар байх вэ гэдэг нь чухал. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний эрэлт Хятадын гангийн үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарна гэсэн үг. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн тухайд гангийн хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэгэхээр нүүрсний зах зээл дажгүй байх нь ойлгомжтой. Хятад улс Австралийн коксжсон нүүрсийг авахгүй байгаа. Уг нь энэ бүхнээс хамгийн түрүүнд өгөөж хүртэх улс нь манайх байсан юм. Гэхдээ бодитой хэмжээгээр хүртэж чадахгүй байна л даа. Гол шалтгаан нь дэд бүтэц. Гэтэл ОХУ өнөөдөр өндөр өгөөж хүртээд эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгө оруулалт татаж дэд бүтэцдээ анхааръя гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай. Монголын нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад гээд харахаар ирэх жилүүдэд нүүрсээ дажгүй үнээр их хэмжээгээр борлуулах боломж бүрэн бий.

Бондын зах зээл зээлийн хүүг буулгах том хөшүүрэг болдог гэж ярьдаг. Манай хувьдЭрдэнэс Таван толгой”-н араас компаниуд бонд гаргаад эхэлбэл хүү буурах бодит нөхцөл үүсэх нь ээ?

-Компаниуд “Эрдэнэс Таван толгой”-н араас дотоодын зах зээл дээр бонд гаргаад эхэлбэл хоёр л юм болно. Компаниуд банкнаас 15 хувиар зээл авч байсан бол 10 хувиар бонд гаргаад санхүүжилт татчихна. Нөгөө талаас иргэд банкны хадгаламжаасаа илүү хүүтэй бонд худалдаж авах ашигтай. Бондын зах зээл томрох тусам хөрөнгө оруулалтын сангууд илүү их худалдан авалт хийж эхэлдэг. Одоохондоо бол нээлттэй бондууд цөөхөн л дөө. Хөрөнгийн зах зээлд компанийн нээлттэй бонд бараг байхгүй. 2017 онд “Сүү” бонд гэж гаргахад зургаан тэрбум л байсан. Нэг жилийн бонд байсан учраас дуусчихсан, одоо хөрөнгийн зах зээл дээр байхгүй гэсэн үг. Засгийн газрын ихэнх үнэт цаас энэ жил дуусч байгаа. Тэгэхээр бондууд байхгүй гэчихэж болно. Бондын зах зээлийг харвал Япон, Солонгост бонд гаргаж хүүгээ бууруулсан тодорхой хэмжээний түүх байдаг. Манай улсын хувьд арилжааны банкны системээсээ хэсэг хэсгээр өөрчлөгдөж эхлэх гээд байна гэсэн үг л дээ. Томоохон компаниуд Монголын хөрөнгийн зах зээл жижигхэн байна гээд бонд гаргадаггүй. “Эрдэнэс Таван толгой” зориод бонд гаргачихсан байгаа тохиолдолд араас нь бонд гарах өчнөөн боломж нээгдэнэ. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөгжинө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Ариунзаяа: Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байж л авлига, хүнд суртлаас сална

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


-Л.Наранбаатар саяхан сошиал орон зайдаа Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч компанийнх нь нягтлангаас авлига нэхсэн тухай баримттай дэлгэсэн. Та ч бас авлига нэхсэн байцаагчид хариуцлага тооцсон гэх мэдээллийг сошиал хаягаараа дамжуулж өгсөн харагдсан. Таны постны доор “Скрийн шотыг фотошопоор хийчихсэн юм биш үү, хүнийг худлаа гүтгэж болохгүй” гэсэн агуулгатай шүүмжлэл цөөнгүй харагдсан л даа. Нэр нь дурдагдсан байцаагч үнэхээр тийм үйлдэл хийсэн үү, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Гэнэт л мэдээ цацагдаж, хүмүүс утсаар яриад эхэлсэн л дээ. нийгмийн даатгалын ерөнхий газар руу хандаж шалга, үнэхээр тийм үйлдэл гаргасан бол хариуцлага тооц гэсэн чиглэл өгөх үед ндЕг-ынхан Ёс зүйн хороогоо хуралдуулж, үйл явц аль хэдийнэ эхэлчихсэн байсан. Байгууллагын, мянга мянган төрийн албан хаагчдын нэр төртэй холбоотой учраас тэгж анхаарахаас ч аргагүй. ндЕг-ын удирдлага мэдээлэл цацагдсан даруйд нэр дурдагдсан байцаагчийг дуудаж уулзсан юм билээ. Хяналт шалгалт хийж, Даргын зөвлөл нь хуралдаж шуурхай арга хэмжээ авсан. Л.Наранбаатарын постондоо оруулсан чат бичилцсэн зурагнаас гадна хэд хэдэн баримт байгааг хэлэх нь зөв байх.

-АТГ-т өргөдлөө өгчихсөн гэж дуулдсан…?

-Тийм гэсэн. гар утсан дээр нь ирсэн мессэжний бичлэг энэ тэр гээд цөөнгүй баримттай юм билээ. Энэ бол манай салбарын хувьд маш том доргилт. Баримттай байх, олсон баримтаа мэдээлэх, үл тэвчих, өөрсдөө авлига өгөхгүй, авахгүй байх эерэг өөрчлөлтийн том эхлэл боллоо. Me too хөдөлгөөнтэй өнгө ижил зүйл болсон, эхлэл нь тавигдсан гэж харж байна. Бусад нь зориг ороод мэдээлбэл арга хэмжээ авч хариуцлага тооцоод явна. Нөгөө талаас дахин ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр том сургамж болсон байх.

-Та фэйсбүүк, жиргээндээ нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой гомдлуудыг нээлттэй авч, дор бүрд нь хариуцлага хүлээлгээд явна гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн байсан. Компаниудын хувьд дараа дараагийн ажилд нь төвөг болно гээд гомдол санал өгөх нь юу л бол?

-Тийм хандлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гомдол саналаа баримт нотолгоотой хэлж байж л асуудал шийдэгдэнэ. Намайг сайд болсноос хойш яг баримттай, нотолгоотой мэдүүлж хандаж байгаа анхны тохиолдол нь Л.Наранбаатарынх. Ер нь энэ асуудлыг системээр нь өөрчлөх шаардлагатай. Өөрчлөх гол гарц нь цахимжих. Авлигын хуульд өгсөн, авсан хоёулаа шийтгүүлэхээр заачихсан учраас компаниуд өгсөн авлигаа мэдээлж зүрхэлдэггүй тал ч бий байх. Бодлогын түвшинд гэж яривал авлига өгснөө мэдүүлсэн хүнийг шийтгэхгүй байх тал дээр шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй гэж хараад ажил нь эхэлчихсэн яваа. Авлигатай тэмцэх асуудлаар оны өмнө АТГ-тай уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах яриа хөөрөө өрнүүлсэн. Байгууллага бүрийнхээ үүдэнд санал гомдол хүлээж авах хайрцаг нээе гэж ярьж байсан ч ковидын хөл хорионоос шалтгаалж хараахан ажил болоогүй байгаа. Удахгүй санал гомдлын хайрцгууд ажиллуулж эхэлнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, НДЕГ-ын Ёс зүйн хороо авлигатай холбоотой маш олон асуудлыг хэлэлцэж арга хэмжээ авсан түүхүүд бий.

-Нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой авлигын шинжтэй, хүнд суртлын өнгө аястай кейсүүдийг компанийн захирлууд өөр хоорондоо хөшигний ард яриад өнгөрөх нь түгээмэл байдаг л даа. Магадгүй таны хэлээд байгаа санал хүсэлтийн хайрцаг ажиллаад эхэлбэл илүү олон кейс ил болох байх…?

-Хэн нэгэнд давуу байдал үүсгэж асуудлыг нь хурдан шийдэж өгөх, эсвэл хэн нэгний цагийг барж чирэгдэл учруулах гэх мэт сонин хандлагууд байгаад байна л даа. Энэ бол зөвхөн манай салбар гэлтгүй нийтлэг болчихсон үзэгдэл. Машинаа оношилгоонд оруулахдаа хүртэл мөнгө өгч, танил тал хардаг. Бидний өөрсдийн бий болгосон, өөгшүүлсэн хандлага сүүлдээ авлига болоод цэцэглэчихсэн. Хувь хүнээс хамаарах зүйл гэвэл нөлөөллийн ажил хийх, хуулиа чангалах, хариуцлага тооцох гэх мэт арга хэлбэр байж болох байх. Нөгөө талд сууриар нь шийдэх хамгийн чухал асуудал бол түрүүн онцолсон цахимжилт. Зөвшөөрөл авахдаа өргөдлөө онлайнаар өгчихдөг болох, зөвшөөрөл өгсөн баримтууд нь хэн гэдэг хүн дээр очсон нь мэдэгдэхгүй байх гэх мэтээр зөвшөөрөл өгөх процесс 100 хувь цахимаар явагдаад эхэлбэл авлига гэсэн асуудал алга болно.

-Цахимжих ажил хэр эрчтэй явж байгаа бол?

-Тун давгүй шүү. Цахимжуулах боломжтой ажлуудаа цахимжуулчихсан. Өнгөрсөн жил гэхэд л халамжийн системийг цахимжуулж еhalamj системийг нэвтрүүллээ. Иргэд цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг гэх мэт долоо найман төрлийн үйлчилгээг цахимаар бүртгүүлж, дансаар авч байна. Нийгмийн даатгалын салбарын цахимжилт харьцангуй сайн хийгдсэн. Намайг сайд болохоос ч өмнө нийгмийн даатгалын гар утасны аппликейшн жигдэрсэн байсан. Ажлаа авснаасаа хойш сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулж, төлбөрөө төлөх боломжийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Байгууллагын нягтлан сар бүр харьяа нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж баталгаажуулж тамга даруулах шаардлагагүй болсон гэсэн үг. Мэдээлэл алдагдвал, аливаа эрсдэл үүсвэл яах вэ гэдэг агуулгаар жилд нэг удаа л цаасан тайлан авна. Гэхдээ аливаа систем дөнгөж нэвтэрч байхад нэвтрүүлэлттэй холбоотой асуудал гарна л даа. Зарим салбар маань одоо хүртэл тайланг цаасаар авч байна гэсэн шүүмжлэл бий. Иргэдийн хувьд ч даатгалаа цаг хугацаандаа төлөгдөж байгаа эсэхийг цахимаар хянах боломж бүрдчихсэн. Бусад төрийн байгууллагууд цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын төлөлтөө аваад ир гэх мэт шаардлага тавьдаг. Энэ тохиолдолд цаасаар бүрдүүлэх гэж цаг заваа үрэх шаардлагагүй, цахимаар асуудлыг шийддэг болсон.

-Цахимжуулахын хэрээр ажлын байрыг цомхотгоно гэсэн ойлголт байгаа. Хэн ч ажлын байраа алдахыг хүсэхгүй. Тиймээс салбарынхан энэ ажилд хойрго байгаа юм биш биз?

-Ажлын байр, орон тоог хасахгүй. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилгээний танхимд ажиллаж байгаа ажилчдын маань ажлын ачаалал маш өндөр байгаа. Харин цахимжуулалт хийсний дараа тэдний маань ачаалал хэвийн болж тэр хэрээр үйлчилгээний чанар, хүртээмж хаа хаанаа аятай тухтай болно. Таны хэлж байгаачлан “Эхэндээ учрыг нь нарийн ойлголгүйгээр таныг салбараас хол хүн байна даа гэж ойлгож явсан минь буруу байжээ” гэсэн чат хүртэл ирж байсан шүү.

-Хөдөлмөрийн магадлалын комисс гэснээс зарим суманд хүн амынх нь бараг 60 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай байна гэсэн мэдээлэл дуулдсан. Яаж ч бодсон бодит байдал дээр итгэж үнэмшимгүй статистик. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Арай ч 60 хувь биш л дээ. Хамгийн өндөр нь гэвэл нэг сумын хүн амын 11 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан гэж тогтоолгож тэтгэмж авдаг. Улсын дунджаар гэж яривал хүн амын 3.2 хувь нь энэ төрлийн тэтгэмж авдаг юм. Улсын дунджаас хэд дахин өндөр тохиолдол нэг аймгийн нэг суманд байна гэдэг асуудал мөн үү гэвэл мөн. Датагаа сайн цэгцлэх, датан дээрээ суурилаад анализууд хийх эрэлт маш өндөр байгаа л гэсэн үг. Тэр суманд яагаад тийм өндөр хувь гарав гэдгийн судлах шаардлагатай. Байгалийн нөхцөл нөлөөлөв үү, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж байна уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг судалж гаргаж ирэх нь төрийн үүрэг. Шинээр баталж байгаа дүрмээр хөдөлмөрийн магадлалын комиссын эргэн тойронд гарч байдаг олон асуудлыг үндсээр нь засаж сайжруулж чадна. Комисс ирж үйлчлүүлж чадахгүй хүн рүүгээ очдог болно. Цахимаар үйлчилгээ үзүүлнэ. Төв болон салбар, орон нутгийн комиссын бүрэлдэхүүнд даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг багтааж комиссоо байгуулах ёстой гэх мэт. Цаашлаад хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог комиссын ажлыг цахимжуулах суурийг тавьж өгсөн.

-Халамжийг зах замбараагүй олгож байна. Ландтай, мянган малтай хүн танил талаараа элдэв халамж хүртээд явдаг гэсэн дам яриа шүүмжлэл их дуулддаг. Халамж яг зорилтот хэсэгтээ очдоггүй, хэтэрхий хавтгайрсан гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд халамжийн үйлчилгээг цахимжуулах ажил урагштай хийсэн. Дата анализ хийх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Жишээ нь, бид яг одоо хүнсний эрхийн бичиг дээр ажиллаж байна. Хүнсний эрхийн бичиг авдаг хүмүүс яг хэн бэ гэдгээс эхлээд нарийн судалж байгаа. Одоо хүчин төгөлдөр байгаа журмын дагуу өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаа хийж, тухайн өрхөд очиж судалгаа авч, орлогоор нь биш орлогын бус аргаар эд хөрөнгөөр нь амьжиргааг нь тооцдог. Энэ судалгааны хувьд өндөр өртөгтэй, 2018 онд шинэчилж байсан гэсэн шалтгаан бий. Гэтэл төрд тодорхой мэдээллийн баазууд нэгэнт үүсчихсэн, эрх зүйн арга замууд нь ч нээгдчихсэн байгаа. Тийм учраас төр өөрт байгаа мэдээллээ ашиглаад тухайн өрхийн амьжиргааг тодорхой хэмжээнд үнэлэх ажлыг хийе гэж зорьж байна. Наад захын жишээ гэхэд л тэтгэмж, халамж авдаг хүн хэдэн малтай, ямар сууцанд амьдардаг, ямар машинтай, тухайн өрхийн хэдэн гишүүн нь ажил хөдөлмөр эрхэлдэг вэ гэсэн олон асуултын хариуг нэгэнт бүрдчихсэн мэдээллийн баазаас харчхаж болно. Өөрөөр хэлбэл, иргэний амаар биш бодит мэдээлэл дээр нь тулгуурлаж тухайн иргэний амьжиргааны түвшинг тооцно. Ингэвэл таны асуусанчлан ланд унаж, мянган мал бүртгүүлсэн хэрнээ хүнсний дэмжлэг авах болон бусадтөрлийн халамжид хамрагдах ямар ч боломжгүй болно. Та нийгмийн ямар нэг төрлийн халамж авахыг хүсэж байгаа бол еhalamj системээр хүсэлтээ гаргаж өөрийнхөө талаар төрд байгаа мэдээллийг ашиглаж болно гэсэн зөвшөөрлөө өгнө гэсэн үг. Дашрамд дурдахад, хүнсний эрхийн бичиг тараах үйл ажиллагаа банкны картаар дамжуулж хүргэж байна. Тун удахгүй цахим картаар өөрийн сонгосон дэлгүүрээс заагдсан нэр төрлийн хүнсээ авдаг болж байгаа.

-Дэлгүүрүүдийг нь тендерээр шалгаруулж заагаад өгчихдөг, өнөө дэлгүүр нь том даргын танил тал голдуу улсын нэр дээр байдаг, бараа нь хэт үнэтэй гэх мэт асуудал сонсогддог…?

-Одоогоор хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулж байгаа. 800 хүнсний дэлгүүр бий. Хүнсний дэлгүүртэй холбоотой маш олон гомдол ирдэг. Та сая хэлчихлээ. Өнөөдөр бүх дэлгүүрийн касс татварын цахим системд холбогдсон. Энэ боломжид тулгуурлан и-баримт буюу кассын төлбөртэй нь уялдуулаад дурын дэлгүүрээр хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хэцүү биш. Бид энэ ажлыг ойрын хоёр сардаа нэвтрүүлчихнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Халамж авах шаардлагатай хүмүүс цахим системийг ашиглаж чадахгүй гэсэн шүүмжлэл дуулддаг…?

-Уламжлалт аргыг ашигласаар байх болно. Дүүрэг, аймгийн бүх хэлтсүүд дээр очиж үйлчилгээ авах боломж нь нээлттэй. Манай хэлтсүүд бүгдээрээ цахимжсан учраас ямар ч асуудал байхгүй. Хэрэглэгчдэд сонголт байгаа.

-Сүүлийн үед амиа хорлолтын асуудал хүчтэй яригдаж байна. Жилд 400 гаруй хүн амиа хорлодог гэв үү?

-Үндэсний статистикийн 2020 оны суурь судалгааны тайланд дурдсан сүүлийн 10 жилийн тоо мэдээнээс харвал дандаа 400-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн байдаг. Бид нийгмийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйг маш сайн анхаарах хэрэгтэй.Ер нь Барууны өндөр хөгжилтэй орнуудад хүн бүр хувийн сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн эмнэлгүүд ажилладаг. Гэтэл манайд Шар хад гэсэн ганц л газар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой шинжлэх ухаан гэж харах учиртай. Тийм ч учраас Etus­lamj дээр амиа хорлолттой холбоотой бас нэг цэс нээх гэж байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэх мэт чухал хэрэгцээ шаардлага байгаа учир хандах сувгийг нээж өгөхийн төлөө ажиллаж байгаа. Залуу хосууд асуудал гарч ирэхэд яаж даван туулахаа мэддэггүй. Жирэмсэн, төрсөн эмэгтэйчүүдийн хувьд дааврын өөрчлөлт нь сэтгэл гутралд хүргэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдчихсон. Залуу хосуудын харилцаа сэтгэл зүйд анхаарсан төвүүд ажиллуулах, жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тогтолцоо бүрдүүлэх гэж ирээд яривал асуудлыг сууриар нь харж цогцоор нь шийдэх эрэлт өндөр байна л даа. Гэмт хэрэг гарах хэрээр шорон нэмж барьж, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хэрээр түр хамгаалах байруудыг олноор нь бариад байх нь гарц биш л дээ. Сууриар нь яаж шийдэх вэ гэсэн хандлагаар ажиллах хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд хүүхдэд багаас нь хандлагын өөрчлөлтүүдийг өгч, хэвшмэл ойлголтуудаас салгамаар санагддаг.Хүүхэдтэйгээ хамт суугаад ярилцаж ойлгуулахаас илүүтэй загнаж зандарч зодсон нь хэд билээ. “Би ч гэсэн алганы амт үзэж өссөн муудаагүй л байна” гэдэг. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн хэвшмэл ойлголт. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байхад ийм хэвшмэл ойлголтууд ч хувьсан өөрчлөгдөх ёстой. Хүүхэд хөгжлийн судалгаа явуулж байхад охид хөвгүүд дээр их том ялгаа анзаарагдаж байсан. Эцэг эхчүүд охиддоо илүү их цаг гаргаж, илүү зөөлөн ханддаг бол хөвгүүдээ чанга гараар хүмүүжүүлэх гээд байдаг. Эр хүн уйлдаггүй, гэр бүлээ авч явах ёстой гэж шахаж буруу юм хийвэл биеийн шийтгэл хүлээлгэдэг. Ингэж өссөн хүүхэд асуудлыг биеийн шийтгэлээр шийдэх ёстой гэсэн ойлголттой хүн болж өсдөг. Энэ гинжин хэлхээг л таслах хэрэгтэй. Энэ мэт учир шалтгаануудыг ярьж, учир шалтгаануудтай тэмцэх ажил хиймээр санагддаг. Түүнээс биш гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гээд барьж хорьж торгоод асуудлыг шийдэх боломжгүй. Зарим улс Гэр бүлийн яам байгуулж, олон орон Гэр бүлийн хөгжлийн төв ажиллуулдаг нь цаанаа ийм учиртай. Манайд ч ийм бүтэц ажиллуулах шаардлага бий. Монгол гэр бүл хэдэн төрөлд хуваагдаж байна, үнэ цэнэ нь юунд оршдог, тулгамдаж байгаа асуудал нь юу вэ гэдгийг системтэйгээр судалж, асуудлыг шийдэх арга гарцуудыг хаймаар байгаа юм.

-Шийдвэр гаргах түвшний хүмүүс асуудлыг уг сууриар нь харж системтэйгээр хөгжүүлье гэж ярьдаг л даа. Гэхдээ ярьсан бүхэн нь ажил болдоггүй гэм их тод анзаарагдаад байдаг…?

-Урт хугацааны системтэй бодлого гээд ярихаар Засгийн газрын дундаж хугацаа маш богино гэсэн том асуудал бий. Нэг засгийн газрын дундаж нас 1.8 жил гэдэг билүү.Нэг засаг нь гарч ирээд өмнөхөө үгүйсгээд өөр ажил сэдээд явдаг.

-Тэр хавьцаа л яригддаг. Өнгөрсөн гучин жилд байгуулагдсан Засгийн газруудын түүхийг харахаар хоёрхон Засгийн газар бүрэн эрхийг хугацаагаа дуусгаж бүтэн ажилласан байдаг. Нэг нь таны өвөө П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газар байсан…?

-Хамгийн богино нь дөрвөн сарын хугацаатай ажилласан шиг санагдаж байна.

-Сая төгрөг өгч залуусыг хөдөлмөрт бэлдэнэ гэсэн Засгийн газрын бодлогыг шүүмжлэх хүн олон байна л даа. Татвар төлөгчдийн мөнгийг халамж авдаг баахан хүнд тараах нь гэсэн агуулгатай шүүмжлэл давтамжтай дуулдаж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч, ямар учиртай төсөл хэрэгжих гээд байна вэ?

-Ер нь бол манай яам ойрын дөрвөн жилийн зорилтоо “Халамжаас хөдөлмөрт” гэсэн хоёрхон үгээр илэрхийлж томьёолоод байгаа. Өмнө нь ч явж байсан бодлого. Үе үеийн сайд нар “загас өгөхөөс илүү загас барих аргыг нь зааж өг” гэсэн зарчмыг барихыг хичээж ирсэн. Зүгээр мөнгө өгснөөс ажлын байртай болгож өөрөө өөрийгөө тэтгэж авч яваа боломжийг бүрдүүлж өгөх нь ядууралтай тэмцэх хамгийн сайн арга. Саяхан манай хөрш Хятад улс нэн ядуурлыг устгалаа гэсэн мэдэгдэл хийлээ. Хамгийн гол үндэс нь ядуу хүн ядуурлаас гарах чин хүсэлтэй байх ёстой гэж тайлбарлаж байсныг та ч сонссон байх. Ядуу гэр бүлд төрсөн, боломжоос орхигдсон, группд байдаг ээжийгээ асрах ёстой, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт яалт ч үгүй нөхцөл байдалд орсон залуус хөдөлмөрлөж цалин мөнгө авч сайхан амьдралд хүрэх боломжийн талаар мэдэхгүй яваа нь яалт ч үгүй бодитой үнэн. Товчхондоо зорилтот бүлгийн ийм залуусыг сонгож аваад ажилд бэлдэнэ. Энэ хөтөлбөр ганц манайд хэрэгжиж байгаа юм биш. Боломжоос орхигдсон залууст боломжийг нь олгодог, хөдөлмөрт бэлтгэдэг ийм хөтөлбөрийг олон улс хэрэгжүүлсэн. Хүмүүс хөдөлмөрт бэлтгэх гэдгийг мэргэжил олгох гэж буруу ойлгоод байх шиг. Тогтвортой хөгжлийн зорилтуудын аравдугаар зорилго нь гэхэд тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн. Зорилтот бүлгийн залууст тэгш боломж олгогдолгүй өнөөг хүрсэн нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн.

-Ажил хийх учраа олохгүй, хаана хандахаа мэдэхгүй, хандах боломжгүй залуусыг хөдөлмөрт бэлтгэнэ, хандлагыг нь өөрчилнө, ажиллаж мөнгө олох арга боломжуудыг нь зааж хэлж өгнө гэж ойлголоо…?

-Ер нь тийм. Наад зах нь л төсөл бичих, ажлын хүсэлт бөглөх гээд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг сургана. Сургалт нь дотроо харилцан адилгүй. Огт боловсролгүй, МСҮТ, Их дээд сургууль төгссөн ч ажилгүй яваа зорилтот бүлгийнхний сургалтын агуулгууд ондоо. Тэр агуулгаар нь контентоо дөрөв тав задалж байгаа.

-Ажлын байртай нь шууд холбож өгөх үү?

-Сургаад орхичихгүй гэдэг утгаараа хөтөлбөрийн хүрээнд менторшип орж ирж байгаа. И-монгол дээр нэг шинэ цэс нэмнэ. Ажил олгогч талаас ажлын байрны зарууд орж ирнэ. Хөтөлбөрт хамрагдсан залуусыг шууд ажлын байраар хангана гэсэн үг. Ажилгүй үлдсэн залуусыг давтан сургах хөтөлбөрт хамруулна. Менторшип гэдэг нь ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл дэмжиж орж ирж байгааг хэлээд байна л даа. Шинэ ажилтан өөрийгөө хөгжүүлж, хамт олны нэг хэсэг болохын тулд яалт ч үгүй менторууд хэрэгтэй.

-Сая төгрөгийн урамшуулалтай энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэж харах хүмүүс цөөнгүй байна. Энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бол?

-Ковидын нөхцөл хүнд байгаа учраас ойрын үед эхлүүлэхгүй. 500 хүнийг нэг дор цуглуулахаас гадна олон багш нар вакум сургалтын байр руу ирж очих гээд хөдөлгөөн ихтэй байна. Ямар ч байсан энэ хөтөлбөр дунд хугацаандаа, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед том амжилт дагуулах сайн төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Ажил олгогчид сургалтад хамрагдсан тухайн залууг аваад нэг жилийн турш ажиллуулах юм бол хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх урамшууллыг авна. Тухайн залууд нэг сая, ажиллуулсан байгууллагад нэг сая төгрөг өгнө гэсэн үг. Мэдээж гэрээний заалтуудыг биелүүлсний дараа өгнө. Ажилтай орлоготой болсон залуу урамшаад цааш хөгжинө, улам сайхан руу тэмүүлнэ дээ. Тийм ч учраас хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн, тогтвортой орлоготой болсон залуус орон сууцтай болохыг дэмжихээр хөтөлбөрт тусгасан байгаа.

-Тэтгэвэрт гарахдаа цайны сүү, ойр зуурын хэрэглээнд л хүрэлцдэг мөнгөтэй байх уу, дажгүй хуримтлал үүсгээд тэтгэвэрт гарсан хойноо хангалуун сайхан аж төрөх үү гэсэн асуултын өмнө нийгмээрээ ирчихээд байна л даа. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл дээр ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Манай нийгмийн хамгийн том асуудал л даа. Тэтгэврийн тогтолцоог шинэчилнэ гэсэн зорилт тавьчихсан яваа. 2030 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг 2016 онд баталсан. Тэр баримт бичигт Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэсэн зорилт бий. Бэлтгэл ажлууд нь хангагдсаар өнөөг хүрсэн. Харамсалтай нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын хуулиар дэндүү олон удаа оролдлоо л доо. Маш олон удаа улс төрийн зорилготой элдэв шийдвэр гарсан. Урт хугацаандаа тавьсан зорилтыг биелүүлэх боломж олгохгүйгээр дундуур нь ингээд эвдээд явчихсан учраас өнөөдрийн систем хүндрэлд орчихсон. Мөдхөн бид нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барина. Үзэл баримтлалуудаа батлуулчихсан. Суурь тэтгэвэр, үндсэн нийгмийн даатгалын одооны уламжлалт хэсэг, хувийн тэтгэврийн сан гэсэн гурван давхаргат тогтолцоотой байх болов уу гэж харж байна. Хүсвэл хуримтлалын сангуудаар дамжуулаад хувийн тэтгэврийн санд хамрагдах боломжтой. Хуримтлалын санд хуримтлуулсан мөнгө өвлөгдөнө, хөрөнгө оруулах ч юм уу нэг дор нь авах боломжтой. Уламжлалтын хувьд 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн данснаасаа, 1979 оноос өмнө төрсөн хүмүүс сонголтоороо тогтоолгоно. 1969 оноос өмнө төрсөн нь сүүлийн төдөн жилээр гэх мэт сонголтоор явна. Яг өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст нийгмийн даатгалын шинэчлэл нөлөөлөхгүй. Тэдэнд тэтгэврийн зөрүүг арилгах бодлого нөлөөлнө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Л.Лхагва: Сансрын нисэгчдийн хоолны цэсэнд оруулах борцыг академич Д.Рэгдэл бид хоёр тэсгим өвлөөр хийж байлаа

-ОРОСООР ЭВГҮЙ ДУУДАГДААД БАЙСАН УЧРААС М.ГАНХУЯГИЙН НЭРИЙГ М.ГАНЗОРИГ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАЙЛАА-


Академич,Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Л.Лхагватай ярилцав.


-Энэ хавар Монгол Улсын иргэн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Таныг сансрын багийн эмчээр ажилласан тухай Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гэж эрхэм хүн “Дэлхийн сансрын эмч нар дотор монгол эмч ганцхан бий” гэж бичсэнийг уншаад бахархаж билээ. Ингэхэд сансрын багийн эмч ер нь юу хийдэг, ямар алба вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье тэгье. Сансрын нисэгчээр сонгогдсон хүмүүс цоо эрүүл учраас хийгээд байх юмгүй гэж зарим хүн боддог байх. Ер нь дэлхийн эмч нар өвчтэй хүнийг эмчлэхэд асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан улс шүү дээ. Гэтэл сансрыг эзэмших болоход дэлхийгээс тэс өөр орчинд очсон хүний эрүүл мэндийг нэг юмтай харьцуулах хэрэг гарна аа даа. Тэр үед дэлхийн эрүүл хүмүүсийн судалгаа нэн ховор байсан. Тэр тусмаа эрүүл гээд байгаа хүний биеийн үзүүлэлт газар нутгийн байдлаас болоод өөр өөр байдаг. Жишээлбэл, өндөр уулын бүсэд амьдардаг эрүүл хүмүүсийн цусны улаан эс бидний ярьдгаар эритроцит ихтэй, тэр нь тал газрын хүмүүсийнхээс их байдаг. Сансарт хүн ниссэн явдал эрүүл хүний судалгааг эрчимжүүлж өгсөн. Тэгэхээр чи бод доо. Эрүүл хүний эрүүл мэндийг хэв янзаар нь хадгалахгүй бол өвчтэй болно биз. Сансрын багийн эмч эрүүл сансрын нисэгч хүнийг өвчтэй болгохгүй байх бүх талын асуудлыг хариуцдаг. Зүйрлүүлж хэлбэл, эрүүл мэндийн торгон хилийн харуул гэсэн үг. Эмчээр ажиллаж байхад сэтгэл зовох юм өчнөөн гардаг байлаа. Гэхдээ бидэнд тусалдаг эмч нарын отряд ард минь байсан болохоор айхавтар хэцүү юм нэг их тохиолдож байгаагүй ээ.

-Ингэхэд сансарт нисэх хүнийг судалж сонгох ажил яг хэзээнээс эхэлж байсан бэ?

-Сансрын нисэгчийг судлах, сонгон олох ажил 1977 оны тавдугаар сард Улаанбаатарт албан ёсоор эхэлж, зун, намаржин үргэлжлээд өвөл нь буюу 1978 оны хоёрдугаар сард Москвад дуусч байсан юм. Миний хувьд хавар их онцгой улирал. Би хаврыг хүн төрөлхтний сансрын хавар, Монголын сансрын хавар гэж хэлэх дуртай. Хүн төрөлхтнөөс Юрий Гагарин гэж залуу анх сансарт нисэхэд хавар тохиож байсан. Монголын иргэн анх удаа сансарт ниссэн улирал ч хавар.

-Нээрээ Гагарин дөрөвдүгээр сард сансарт нисч байсан юм байна шүү. Тэгэхээр энэ хавар хүн төрөлхтөн сансарт ниссэний жаран жилийн ой тохиож байгаа байх нь?

-Харин тэгж байна (инээв). Цэл залуухан 27-той Юрий Алексеевич Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөөний 09 цаг 07 минутад эх дэлхийгээс цойлж, БНМАУ-ын иргэн 33 настай Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны орой 17 цаг 59 минутад анх сансарт нисч байлаа.

-Ж.Гүррагчаа, М.Ганзориг гэж хоёр хүнийг бэлтгэж байгаад эцсийн мөчид Ж.Гүррагчаа гэдэг залуу сансарт ниссэн түүхтэй. Бүр анх хичнээн хүн сонгон шалгаруулалтад оролцож байсан юм бол?

-Маш олон хүнийг судлаад эхний удаад янз бүрийн мэргэжлийн 30 залууг эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд оруулсан юм. Инженер, сөнөөгч онгоцны нисгэгчид жин дарж байсныг маш тод санаж байна. Радиотехникийн инженер гэхэд л Ц.Балчингомбо, Д.Болдбаатар, Б.Дэмбэрэл, Г.Дугарсүрэн, А.Тойвгоо, Я.Шижирбаатар гэсэн шижигнэсэн таван залуу шалгарч байлаа. За тэгээд цааш нь тоочвол инженер Ж.Даш, С.Дамдинсүрэн, Л.Төмөр, Х.Чулуун, З.Сүхээ, холбооны инженер Д.Гарам-Очир, Ч.Нямдаваа, цахилгаан механикийн инженер Н.Нансал, А.Пүрэвжав, барилгын инженер Т.Эрхэмбаяр, инженер нисэгч Д.Баатар, Б.Намхайдорж, Д.Сүрэнхорлоо гэсэн залуус анхны сонгон шалгаруулалтад тэнцэж эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд орсон юм. Сөнөөгч онгоцны нисгэгчдийн хувьд арван залуу анхны сонгон шалгаруулалтыг давсан. Б.Батдорж, Б.Лхагвасүрэн, С.Усник, Н.Цэдэнпүрэв, Б.Сүх, С.Шаравсамбуу, Д.Чойжилжав, П.Эрхэмбаяр, Н.Гомбодорж, Ч.Даваажав нар. Хүний их эмч нэг байсан. Г.Баасанцэрэн гэдэг эмч залуу. Бид анх өнөө 30 залуугаасаа дөрвөн нисэгч сонгосон юм. Гэтэл 1977 оны наймдугаар сард социалист гэгдэж байсан орнуудын “Интеркосмос” хэмээх сансрын хамтын ажиллагааны Үндэсний зохицуулах байгууллагын удирдагч нарын зөвлөгөөн Улаанбаатар хотод болдог юм. Тэр зөвлөгөөнд оролцсон ЗХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, “Интеркосмос” зөвлөлийн дарга, академич Б.Н.Петров сонгосон дөрвөн нисэгчтэй маань уулзлаа. Уулзаж танилцсаныхаа дараа бидэнд дээд боловсрол, мэргэжилтэй гурван хүн дахин сонгож олохыг зөвлөсөн л дөө. Бидний сонгоод байсан хүмүүсийн гурав нь дунд боловсролтой, цэргийн нисэгчид байсан болохоор тийм зөвлөгөө өгсөн хэрэг. Ингээд дахиад баахан ажил ундарлаа. Дээд боловсролтой, мэргэжилтэй гурван хүн сонгон олох ажил 1977 оны есдүгээр сард эхэлж, 1978 оны хоёрдугаар сард ЗХУ-д Оддын хотхонд Эмнэлгийн ерөнхий комиссын хурлаар орж эцэслэж байсан юм. Хоёр дахь ээлжийн гэж хэлж болох үзлэг, шинжилгээнд 13 хүн орж байлаа. Танай сонины хуудсаар дамжиж үлдэх түүх учраас, гэр бүл ойр дотныхон нь бахархан дурсаг гэдэг үүднээс бүгдийг нь нэрлэчихмээр байна, болох уу?

-Тэг тэг.

-Хүний их эмч Х.Лхасүрэн, физикч Ж.Сайнхүүгээс бусад нь инженерүүд байсан юм. Дулааны процессын автоматжуулалтын инженер Ц.Бэгзсүрэн, М.Ганхуяг, радиотехникийн инженер Ч.Батмөнх, С.Гантөмөр, онгоцны тусгай тоноглолын инженер Ж.Гүррагчаа, дулааны инженер Ц.Жамбалсамбуу, Ц.Лхагва, артиллерийн инженер Ц.Ишган, цахилгааны хангамжийн инженер Л.Өлзийбат, инженер механикч С.Сайнцог, инженер химич Ш.Паламдорж нар нарийн үзлэг шинжилгээнд орж байлаа.


-Эхний 30-аас сонгогдсон анхны дөрвийн нэрийг та дурдсангүй?

-Инженер нисэгч Д.Сүрэнхорлоо, сөнөөгч онгоцны нисэгч С.Шаравсамбуу, Б.Лхагвасүрэн, П.Эрхэмбаяр нар байсан юм.

-Дараагийн 13-аас сонгогдсон гурав нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог байх нь…?

-Тийм ээ. М.Ганзоригийн жинхэнэ нэр нь Ганхуяг байсан юм. Москвад болсон эмнэлгийн үзлэгийн дараа нэрийг нь Ганзориг гэж сольж байлаа. Оросоор нэрийг нь дуудахад утга агуулгын хувьд эвгүй утгатай сонсогдоод байсан учраас ярьж зөвлөлдөөд сольсон түүхтэй. Орос хэл мэдэх хүмүүс шууд ойлгох байх аа.

-Анх дөрвөн хүнийг санал болгож. Яагаад заавал дөрвийг сонгосон юм бол?

-Зөвлөлтийн тал социалист орнуудад тийм санал тавьсан юм. Сонгогдож, дараагийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд орохоор болсон залуус маань бүгдээрээ Зөвлөлтөд боловсрол, мэргэжил эзэмшсэн шилдэг инженерүүд байсан шүү.

-Зөвлөлтөд сүүлчийн шатны эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орсон хүмүүсээс гурав нь тэнцсэн гэж ярьдаг шүү дээ. Гурвууланг нь бэлтгэлд явуулаад онцгой байсныг нь нисгэж болоогүй юм байх даа?

-Хоёр хүнийг сансрын нисгэгчийн бэлтгэлд ирүүлэх номтой байсан юм. Чи бод доо, анх дөрвөөс нэг нь, дараа нь гурваас нэг нь, тэгээд хоёроос нэг нь хасагдаж байж сансарт нисч байгаа хэрэг шүү дээ. Хасагдсан хүн нь хөөрч баярлаад, гуяа алгадаад харайж дэвхрээд байхгүй нь мэдээжийн хэрэг. Эмч хүний хувьд тэдэнтэйгээ адилхан л харамсаж, баярлаж явлаа. Ямартаа л “Сансарт нисэх ч сайхан, эх дэлхийдээ үлдэх ч сайхан” гэж тэдэндээ хэлж байхав.

-Малчны хүүхэд болохоор Ж.Гүррагчааг сонгосон гэдэг яриа байдаг. Үнэхээр тэгсэн юм уу?

-Тэр үгүй байх аа. Сансрын нислэгийн бэлтгэлд тэнцсэн Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа цөмөөрөө малчны хүүхдүүд шүү дээ.

-Манай Намын Төв хорооны Улс Төрийн товчооноос хэнийг нь сансарт нисэхийг шийдсэн юм биш үү?

-Тэгж яриад байдаг юм. Сансрын нислэгийн үеийн эрдэм шинжилгээний бэлтгэл ажлын талаар холбогдох хүмүүс Улс төрийн товчоонд хааяа танилцуулдаг байсан. Тэгэхдээ бид хүн сонгон явуулах тухайд ярьж байгаагүй. Манай комиссын дарга байсан, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа гуайтай Сансрын нисгэгч, генерал А.А.Леонов гуай Москвад уулзаад “Хоёр нисгэгчийн нэг нь сансарт нисэх ёстой. Чухам хэнийг нь нисгэх тухай саналыг улс нь гаргадаг учиртай. Иймээс бид БНМАУ-ын удирдлагын саналыг хүлээж байгаа” гэж хэлж л дээ. Г.Адъяа гуай нутагтаа ирээд Намын Төв хорооны Улс төрийн товчооныхонд сонсож дуулснаа хэлэхэд Улс төрийн товчоо тэр дор нь тогтоол гаргаж, Ж.Гүррагчааг хөлгийн үндсэн багт оруулан сансарт нисэхийг зөвшөөрсөн түүхтэй. Тогтоол батлагдаад гарын үсэг зурсны дараа Ю.Цэдэнбал дарга малчин гаралтай хүн сонгох нь ер нь зүйтэй юм байна гэх утгатай үг хэлсэн л гэдэг юм. Гэхдээ нэг л үнэн бий. Сансарт нисэх эцсийн шийдлийг Байконур сансрын буудалд болсон Зөвлөлтийн Улсын комиссын хурлаар хэлэлцэж баталсан. Тэгж баталсныг нотлох нэг гэрч нь би байна даа.

-Сансрын музейд академич Б.Чадраа, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамба та гурвын зургийг тавиад хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж бичсэн байна лээ. Танд ярих сонин сайхан их байгаа даа. ШУА-ийн Физик-Техникийн хүрээлэнд байгуулж байсан Сансар судлалын тасгийн эрдэмтэд гэхэд л улсдаа урдаа барьдаг мундгууд цугларсан байдаг…?

-Бид тасгаа СС тасгийнхан гэж хошигнон нэрлэдэг байлаа (инээв). Манай тасаг чинь ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэвийн санаачилга, шууд оролцоотойгоор 1977 оны тавдугаар сард байгуулагдсан түүхтэй юм. Геодези, зурагзүйн газраас геодези-зураг зүйч О.Баасансүрэн, Холбооны яамнаас цахилгаан холбооны инженер Ш.Дамба, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгээс газар зүйч Х.Тулгаа, Геологийн хүрээлэнгээс геологич П.Хосбаяр, Физик-техникийн хүрээлэнгээс физикч С.Ваша, Д.Батмөнх, Химийн хүрээлэнгээс биохимич Д.Рэгдэл, Д.Уртнасан, Анагаах ухааны дээд сургуулиас миний бие анх томилогдон ажилласан юм. Бидэнтэй астрофизикч Ч.Лхагважав, физикч З.Ариунаа, Д.Борчулуун, Х.Дорж, Л.Оюунбилэг, Д.Лхагвасүрэн, геофизикч, зурагзүйч П.Галсан, биохимич Д.Бадгаа, геологич Б.Лувсанданзан, ургамал зүйч Н.Өлзийхутаг нарын олон эрдэмтэн, мэргэжилтэн хамтарч байлаа. Бидний ажлыг ШУА, “Интеркосмос” зөвлөлийн зүгээс зохицуулахад зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Гантулга, ШУА-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Цэгмид гэж хоёр хүн голлох нөлөөтэй ажилласныг мартах учиргүй. Ер нь Монголын иргэн сансарт нисэх ажлын бэлтгэл, сурталчилгаа гээд асар их ажил өрнөсөн шүү. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав, дараа нь Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа даргатай улсын комисс байгуулагдаж, маш том ажлын ард гарч байсан юм.

-Монгол хүн сансарт нисээд ирсний дараа энэ том ажлыг нугалсан олон хүн төрийн одон медалиар шагнуулсан байх даа?

-Би эхлээд чамд нэг тоо сонирхуулъя. Ю.А.Гагариныг анх сансарт нисээд ирэхэд ЗХУ-ын баатар цол олгосон. Харин тэр гавьяатай үйлсийг бүтээхэд оролцож онцгой үүрэг гүйцэтгэсэн долоон эрдэмтэн, зохион бүтээгчдэд Хөдөлмөрийн баатрын хоёр дахь алтан таван хошуу медаль, 95 зохион бүтээгч, удирдах ажилтан, эрдэмтэн, ажилчдад хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг юм. Манайх ч бас анх ниссэн хүнээ ирсэн даруйд БНМАУ-ын баатар болгож, “Сансрын нисгэгч” цол олгосон. Орлон нисгэгч байсан М.Ганзоригийг Сүхбаатарын одонгоор шагнаж байлаа. Харин нэг сонин шийдэл нь М.Ганзоригт “Сансрын нисгэгч” цол олгосон явдал. Би үүнийг зөв гэж боддог. М.Ганзориг маань сансрын нисгэгчийн иж бүрэн сургуульд гурван жил суралцаж, Сансрын нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх гардан авсан хүн. За тэгээд Зөвлөлтийн сансрын нисгэгч В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нар БНМАУ-ын баатар цолоор, В.Ляхов Сүхбаатарын одонгоор шагнуулж байлаа.

-Манай талаас шагнуулсан хүн байхгүй гэж үү. Эрдэмтэд гэхэд л Сансрын тасаг гэж байгуулж хэдэн арваараа ажиллаж байсан тухай та сая ярилаа шүү дээ…?

-Тухайн үед нэг их сүр дуулиантай шагнасан юм байхгүй. Энэ тухай манай Монголын комиссын нарийн бичгийн дарга байсан, доктор Ч.Даваадаш 2011 онд бичсэн “Сансрын хамтарсан нислэг түүхийн хуудаснаа” гэдэг номд “Бараг таван жил шахам үргэлжилсэн энэ нүсэр ажилд маш олон хүн туйлын идэвхтэй оролцож, асар их хүчин чармайлт гаргаж, хүч хөдөлмөр, оюун санаагаа хөвчлөн дайчилсан юм. Нэг үгээр хэлбэл, энэ нислэг бол энд оролцсон бүх хүний хамтын хүчин чармайлтаар амжилттай болсон түүхэн үйл явдал байсан. Тийм ч учраас МАХН-ын Төв хороо, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн дүнгийн талаар тогтоол гаргаж, энэ олон хүнийхээ ажлыг дүгнэж, хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг нь зохих ёсоор үнэлэхээр зэхэж байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолын төсөл монгол, орос хэлээр бэлэн болчихсон, тогтоол гарахад ганц хуруу дутуу байлаа” гэж бичсэн байна лээ. Тогтоолын төсөлд “БНМАУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилчид ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран боловсруулсан сансрын физик, технологи, сансрын эмнэлэг-биологи болон сансраас эх дэлхийнхээ байгалийн баялгийг тандан судлах эрдэм шинжилгээний программ, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, шинжлэх ухаан улс ардын аж ахуйн ач холбогдолтой болов … Хамтарсан нислэгийг бэлтгэх ажилд идэвх чармайлттай оролцсон нам, улс, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагын ажилтан, ажилчид, гадаадын иргэдийг урамшуулан шагнах асуудлыг боловсруулж, энэ оны зургадугаар сарын 20-ны наана МАХН-ын Төв хороонд оруулах”… гэж байсан нь эдүгээ түүхийн ховор баримт болон 40 жил болж байна даа. Дээрх тогтоолын төсөлд зургадугаар сарын 20-ны наана гэж байгааг анзаарвал Наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 60 жилийн ойн үеэр хүмүүсийг шагнахаар төлөвлөж байсан болов уу.

-Тэгвэл тэр жилийн наадмаар өчнөөн хүн шагнуулжээ дээ?

-Юун шагнуулах. Би энэ тухай ярих дургүй байдаг юм. Сонин юм болсон л доо. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайг ажлаас нь халж, Б.Чадраа гуайг хар гэрт хийсэн. Харин хожим нь Б.Ширэндэв гуай Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Б.Чадраа гуай шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналтан болсон. Үүнээс илүүг яримгүй байна. Ингээд зогсох уу.

-Уг нь шалтгааныг нь яриулмаар л байна. Ярих дургүй байгаа бол хүсэлтийг тань хүндэтгэлгүй яахав. Манай эрдэмтэд чацаргана, борцыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулсан гэж ирээд яривал олон сонирхолтой ажлууд дуулддаг. Сансрын нислэгийн үед шинжлэх ухааны олон туршилт хийсэн үү?

-Өө тэгэлгүй яахав. Олон туршилт хийсэн. Тэр туршилтуудын нэг хэсэг нь эмнэлэг-биологи болон сансрын физикийн туршилтууд байсан юм. Зарим туршилтууд сансарт анх удаа хийгдсэн. Тухайлбал, “Биоритм”, таны сая онцолсон “Чацаргана” туршилт байна. Биоритмийн туршилтын тухайд хүний биеийн үзүүлэлтүүдийг цаг цагаар хэмжээд аль цагт их, аль цагт бага байгаа гэхчилэнгээр судална. Энэ туршилтын үед надад тусалж байсан бага эмч сүүлдээ ууртай болоод ч байх шиг, үгэнд орохдоо хойргошоод байх шиг санагдахаар нь учрыг нь асуулаа. Гэтэл өнөөх маань “Эмч ээ, би нэг сар унтсангүй. Та намайг дандаа шөнө хоёр, хоёр цагийн зайтай хэмжилт хий гээд өөрөө шөнө унтаад байхаар аргагүй шүү дээ” гэж байна. Бодоод байх нь ээ, би өөрөө өдөр нь хэмжиж судалгаагаа хийчихээд нөгөө хүнээ чи өдөр унтаж амраад шөнө жижүүрлэ гээд захиргаадчихсан байгаа юм. Өдөр яаж унтаж амрах вэ дээ, зайлуул. Олон шөнө дараалан нойргүй хоноод ядаргаанд орж байхгүй юу. “Борц”-ыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулах судалгааны тухайд Б.Ширэндэв гуайн даалгавраар эхэлсэн юм. Улаанбаатартаас борц хайвал олдох л байсан байх. Гэвч гарал үүсэл тодорхойгүй, бохирдол ихтэй борц байх эрсдэлтэй учраас Дорноговь аймгаас эрүүл үхрийн мах авч, борц хийж, судлах болов оо. Доктор Д.Уртнасан эрүүл үхэр хайхаар явсан юм. Үхрээ олж махыг нь ачаад буцаж явтал машиных нь сэнсний ремень тасарч хээр талд суухад өмднийхөө тэлээгээр аргалж яваад хүрээд ирсэн байдаг юм. Тэр үхрийн махны борцыг Хүрэлтогоотын Одон оргилын тэнд өвлийн тэсгим хүйтэнд академич Дүгэрийн Рэгдэл бид хоёр хийж байлаа. Д.Рэгдэл маань өмнө нь үхрийн махаар борц хийж байсан эсэхийг мэдэхгүй. Харин би анх удаа хийсэн юмдаг. Д.Уртнасан, Д.Рэгдэл бид гурав Москва хот дахь Эмнэлэг-биологийн хүрээлэнд судалгаа хийж байхдаа тусгай аргаар боловсруулсан Дорноговийнхоо үхрийн борцны шөлөө ууж, хөлс чийхарч байснаа эргээд дурсахад сайхан байдаг. Ам халсных бас нэг түүх яримаар санагдчихлаа. Манай сансрын физикийн туршилтыг бэлтгэж байсан С.Ваша, Ш.Дамба, Д.Борчулуун гурав сансрын багаж хийхээр болж, ажилдаа ортол өнөө багажийг нь хийх материал нь байсангүй. Тэгж тэгж гэнэтхэн нэг өдөр өнөө материалаа хотоос олчихоод багажаа хийчихсэн юм шиг баярлаж билээ. Манайхан тийм л тэмүүлэлтэй, урам зоригтой ажиллаж байлаа.

-Туршилт хийх явцад хөгтэй явдал их тохиолдоно биз?

-Тоймгүй шүү дээ (инээв). Тэр үед сансрын туршилтын тухай Улс төрийн товчоонд танилцуулдаг байлаа. Улс төрийн товчооныхон өөр өөр мэргэжлийн хүмүүс учир сайн ойлгохгүй байх талтай. “Өө дэмий юм байна, наад туршилтаа хийгээд хэрэггүй” гэвэл дүүрлээ л гэсэн үг. Тийм юм болж магадгүй гэж бодсон уу, яасан академич Б.Чадраа гуай “Туяа” хэмээх нэртэй туршилтын тухай танилцуулж байхдаа “Энэ туяа юм нэвтлэх чадвар ихтэй. Жишээ нь, сансраас Чили улсын нутаг руу орсон туяа дэлхийг нэвт сүлбээд Монголын хавиар нөгөө тийшээ гардаг юм. Хүний тархинд орвол тэсэрнэ. Үүнийг эмч Лхагва сайн мэдэж байгаа” гэдэг байгаа. Миний инээд хүрээд дарга нарын царайг ажлаа. Ю.Цэдэнбал даргын нүд нь сэргээд жуумалзах аятай харагдаж билээ. Надаас тэгж тэсэрдэг юм уу гэж асуувал би онхолдохоос аргагүй байлаа (инээв). Ямар “Тийм ээ” гэлтэй биш.

-Ж.Гүррагчаагийн цол, хэргэмийг бүтнээр нь нэг хэлээд өгөөч?

-БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, Сансрын техникийн гавьяат туршин нисэгч, Техникийн ухааны доктор, профессор, Сансрын нисгэгч гээд хөвөрнө дөө.

-М.Ганзоригийнх?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Техникийн ухааны доктор, профессор, Сансрын нисгэгч гээд л…

-Та өөрийгөө тойруулаад сонин сайхан зүйл их ярилаа. Одоо өөрийнхөө тухай ярих болсон байх аа. Таны хийсэн ажлыг онцолж яриулмаар санагдаад байна?

-Та ер нь улам л давшаад байх юм аа (инээв). Цөөхөн зүйл хэлье ээ. Сансрын нисэгчийг сонгон олох эмнэлгийн үзлэг шинжилгээ хариуцаж, дүнг нэгтгэж, комисст танилцуулж зохих шийдвэрт хүрснийг хэлж болох байх. Би яагаад ийн бардам хэлээд байна гэвэл, энэ тухай МАХН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны хурлын протоколд тодорхой онцолсон учраас тэгээд байгаа юм. 1978 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн товчооны хурлын протоколд “….Академич Б.Ширэндэв эдгээр хүмүүсийг сансрын нисгэгч сонгон авах тухай гурав дахь шатны үзлэгт оруулж болно гэж бид үзэж байна гээд сонсголоо үргэлжлүүлж эмч Л.Лхагвагийн удирдлагын дор сансрын нисэгчид нэр дэвшүүлэх эмнэлгийн үзлэг явагдаж, нисэх хүнийг шалгарууллаа …” гэсэн байна лээ. Тэгээд тэр өдрөө МАХН-ын Улс төрийн товчооны 18 дугаар нууц тогтоол “Монголын иргэдийг Зөвлөлтийн сансрын хөлгөөр нисгэхэд бэлтгэх тухай” нэртэй гарч, тэр тогтоолын Хоёрдугаарт: “БНМАУ-ын ШУА, ЗСБНХУ-ын ШУА-ийн дэргэдэх “Интеркосмос” зөвлөлтэй ярилцаж тохиролцсон ёсоор эмнэлгийн эцсийн үзлэг хийлгэхээр БНМАУ-ын иргэн нөхөр С.Сайнцог, М.Ганхуяг, Ж.Гүррагчаа, Д.Сүрэнхорлоо нарыг эмч Л.Лхагвагийн хамт Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх төвд томилон явуулсугай” гэж заасан байгаа. Тэгээд тэндээс тэнцсэн гурван хүнтэйгээ нутагтаа ирж билээ. Дарга нар баяртай байсныг санаж байна.

-Сансрын нислэгийн үеийн туршилтуудыг бэлтгэж хийхэд ШУА багагүй хүч гаргасан гэж ярьдаг. Ер нь амаргүй ажил байсан биз?

-Би өөрийнхөө оролцож ажилласан тухайгаа л товч ярья. Өмнө нь сансартай холбоотой эмнэлэг-биологийн туршилт судалгаа хийж байгаагүй болохоор ёстой л “түмэн бэрхшээл, мянган зовлон”-той тулсан. Ямар туршилт хийх тухай эрдэмтэдтэй зөвлөж ярилцахад сансрын өвөрмөц орчныг мэдэхгүй учраас говийн хулганыг хөрстэй нь хамт явуулж судалъя ч гэх шиг, сансарт нисч яваа хүнд зүү тавьж үзье ч гэх шиг сонин сонин санаа гарна. Бид шаварт унасан шарын эзэн хүчтэйг харуулахаас өөр аргагүй. Зөвлөлтийн Эмнэлэг-биологийн асуудлын Хүрээлэнгийн эрдэмтэд манай ШУА-ийн урилгаар ирж бидэнтэй уулзахад Б.Ширэндэв гуай Чацаргана жимс сансарт зориулж судлах тухай санал тавьж, манай доктор Д.Уртнасан, Д.Рэгдэл нар “Чацаргана” туршилтыг хийж байлаа. Миний хувьд 1977 оны тавдугаар сард Зөвлөлт Грузины Сухуми хотод Сансрын биологи, анагаах ухааны байнгын үйл ажиллагаатай ажлын хэсгийн хуралд оролцохдоо Зөвлөлтийн нэрт эрдэмтэн,профессор Б.С.Алякринскийтэй танилцаж, биоритм судлах талаар санал тавьж ажилдаа орсон түүх бий. Ингээд Монголын гэх хоёр туршилттай болох зам нээгдсэн дээ. Бид “Чөлөөт цаг” нэртэй туршилт хийх болж сансрын нисэгчдэд зориулсан хөгжим-үзвэрийн хөтөлбөр боловсруулж байлаа. Энэ хөтөлбөрт орсон үзвэр, дуу хөгжим нисэгчдэд их таалагдсан. Манай сансрын нисгэгч сансарт нисч явахдаа бөхийн барилдаан, морины уралдаан үзэж, нум сум харваж, аргал янгир дүүлж явахыг харж, уртын дуугаа сонсож байхдаа нэг хэсэгтээ нутагтаа байгаа юм шиг сайхан мэдрэмжээр хөглөгдсөн байх. Бид Зөвлөлт, Герман, Куба,Болгар зэрэг орны эрдэмтэдтэй хамтарч нийт 11 туршилт хийсэн. Эдгээр улсын багаж, тоног төхөөрөмжийг ашиглан туршилт хийгээд үр дүнг хамтран гаргахаар тохиролцож байлаа. Судалгаанууд гурван жил гаруй дэлхий дээр, найм хоног шахам сансарт, мөн нислэгийн дараа долоо хоног хийгдсэн юм. Бүх судалгаа амжилттай болсон. Манай Сансрын нисэгчид “Байконур” сансрын буудал болон сансарт хийх, нислэгийн дараа хийх эмнэлэг-биологийн 11 туршилт судалгаанд тэнд ажиллаж байсан ганц монгол эмчийн хувьд оролцож, гардаж хийж байснаа эргээд бодоход бахдалтай сайхан санагддаг. Ж.Гүррагчааг ниссэний маргааш буюу гуравдугаар сарын 23-нд Байконураас Москвад ирж, Сансрын нислэгийг удирдах төвд шууд очиж ажиллаад, орой нь буудалдаа ирчихээд сууж байх үеийн мэдрэмжээ одоо ч хачин тод санадаг. Сансрын Союз-39 хөлөг, ”Салют-6” тойрог замын станц хоёрыг амжилттай залгагдаасай гэж залбирч байсан даа. Хэрэв залгагдахгүй бол бидний олон жилийн хөдөлмөр, туршилт судалгаа талаар болох байлаа.

-Өмнө нь тийм эрсдэл тохиож байсан юм уу?

-Тийм ээ, өмнө тийм зүйл тохиолдож байсан.

-Монгол эрдэмтдийн сансарт хийсэн судалгааны бүтээл бүр хожим зууны шилдгээр тодорч байл уу?

-Тэгсэн. Нислэгийн дараа бүх туршилтын үр дүнг боловсруулж, нэгдсэн дүгнэлт гаргах нь нүсэр ажил байсан шүү. Хоёр хуруу зузаан тайлан орос хэлээр бичицгээж байлаа. “Зууны мэдээ” сонин, “Монголын мэдээ” агентлагтай хамтран XX зууны Монголын гарамгай бүтээл, чухал үйл явдлуудыг онцлон тодруулахад академич Б.Чадраа бид хоёрын нэр дээр олон хүний санал ирж, Сансарт хийсэн судалгааг зууны манлайгаар тодруулсан байдаг юм. Олон эрдэмтдийн бүтээл шилдгээр нэрлэгдсэн боловч бидний хийсэн судалгааг ард түмний санал асуулгаар XX зууны манлай гэж үнэлсэн байдаг.

-Нислэгээс хойш жаахан амьсгаа авч, зав чөлөөтэй болсон байх даа?

-Ямар юмны зав байхав. Сансрын нислэгийн бэлтгэлийн үед нислэгийн үйлчлэлийг загварчилсан нөхцөлд хийсэн судалгаагаа нэгтгэж 1981 онд нислэг дуусангуут Москва хотод Эмнэлэг-биологийн асуудлын хүрээлэнд тэр үеийн нэрээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Ингээд ч зогсоогүй, боловсруулж амжаагүй байсан их хэмжээний материал, сансрын бодит орчинд хийсэн судалгааныхаа материалуудыг нэгтгэн дүгнээд 1994 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Олон эрдэмтний ажлыг удирдаж, зөвлөж, эрдмийн зэрэг хамгаалуулсан. За тэгээд төрийн яаманд эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаах эрдмийг амлуулсан “Өрлөг ээж” их сургуульдаа дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын орон тооны зөвлөхөөр ажиллаж тэтгэврээ тогтоолгоод “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн захирал зэрэг алба хашиж, сансрын хөлгүй алсад торолзох цэнхэр гарагийнхаа тоосыг хөдөлгөж явна. Одоо хүрээлэндээ зөвлөж, залуусаар эрдмийн хэт цахиулж, завсар зайнд нь номонд хорхойсч, цаас эрээчиж, цахим мэдээлэлд “согтож”, завгүй хүн л байх юм байна шүү дээ (инээв).

-Цаас эрээчиж гэснээс таныг олон ном бичсэн гэж ярих юм билээ, яг хичнээн ном бичээд байна?

-Юу шалих вэ. 40 гаруй ном бичсэн. Гол гол бүтээлүүдээ нэгтгэж “Судлаад баршгүй эрдмийн далай” есөн боть хэвлүүллээ. 2020 онд “Монос” группийн 30 жилийн ойд зориулж Моносын эрдэмтдийн бүтээлээр “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа” нэртэй 10 боть номыг эрхлэн гаргалаа. Иймэрхүү “эрээчсэн” цаасаа дэлгэвэл хэдэн хот айлын дээвэр туурганы дайтай болох байх аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Залуус Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж жагслаа

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдөр Монгол улсын төв талбай дээр залуус Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэн цуглаж үзэл бодлоо илэрхийллээ. Эргэн сануулахад Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-ны өдөр болсон Жендерийн үндэсний хорооны хурлын үеэр “Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16, 17 настай хүүхдүүд хүүхэд гаргаж гэртээ сууж байна. Ингэж хэллээ гээд намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй юм билээ” хэмээн мэдэгдэж олны дургүйцлийг хүргэж байв. Дараахан нь “Миний үгийг утгыг ойлгохгүйгээр эмзэглэж хандсан байна. Тэгж эмзэглүүлсэндээ хүлцэл өчье” гэсэн утгатай үг унагасан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм утгатай үг хэлэх үеэрээ “Эрчүүдийн ихэнх нь шөнийн 02:00 цагаас хойш орж ирдэг. Биеийн цэвэрлэгээ хийгдэх ёстой энэ цагт монгол эр хүн архи ууж, хорхог идээд байж байдаг. Энэнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Манай эрчүүд бүгд жингийн илүүдэлтэй. Гүзээтэй генералуудтай болсон. Энэ асуудлыг эмэгтэйчүүд хамдаа хөндөх цаг болсон байна” гэсэн нь мөн л олны шүүмжлэлд өртсөн юм. Товчхондоо Ерөнхий сайдын энэ мэт мэдэгдэл, уучлал гуйсан өнцгийн аль аль ньсошиал орчинд шүүмжлэлийн сэдэв болоод байна. Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж цугласан залуусын байр суурийг хүргэе.

Б.ЦАЦРАЛ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭГДЛЭЭРЭЭ ЯМАР БУРАНГУЙ УЛС ГЭДГЭЭ ДЭЛХИЙД ХАРУУЛЧИХЛАА


Иргэн Б.Цацрал: Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд эрх нь зөрчигдөж байгаа сая сая эмэгтэйн эрхийн тухай хөнддөг. Ерөнхий сайдын Жендерийн үндэсний хороон дээр тавьсан илтгэлийг маш олон хүн сонссон. 16, 17 настай охидыг залуугаараа гэр бүл болоод хүүхэд төрүүлээд байвал цэрэгт явуулахаас өөр арга байхгүй гэх мэтээр ярьсан нь маш харамсалтай. Өнөөдөр манай улсад 16, 17 настай хүүхдүүдийн хувьд гэр бүл болох гэхээс илүүтэйгээр хүчирхийллийн хохирогч болсон байдаг. Мэдлэг, мэдээлэл, нөхөн үржихүйн боловсрол олж авч чадаагүйгээс үүдсэн асуудал л байдаг. Гэтэл бид ийм асуудлуудаа ярьдаг өдрөө нэгэнт хүчирхийллийн золиос болсон охид эмэгтэйчүүдээ ахиад шийтгэнэ, болохгүй бол арга хэмжээ авна шүү гэж сүрдүүлж байгаа нь ардчилсан хүнлэг нийгэм бүтээх гэж яваа залуусын эх оронд байж боломгүй хандлага. Ерөнхий сайд нь ийм үг хэлснийхээ төлөө огцордог ёс зүйтэй, тэгж хариуцлага хүлээдэг улс орныг залуус бид хүсч байна. Ерөнхий сайдын уучлал гуйхыг харсан. Хүмүүс яг юунд бухимдаад яагаад хариуцлага нэхэж байгааг огт ойлгоогүй байсан. Хэлбэрт анхаарахаас агуулгыг нь анзаарахгүй байна гээд нэг улсын нэр хэлж байна лээ. Бид улс улсын загвар харж хөгждөг улс болж байгаа юм уу. Улсын Ерөнхий сайдаас амнаас гарч байгаа үг болгон бодлого. Энэ өнцгөөс нь харахад дэлхийд ямар бурангуй улс гэдгээ харуулчихлаа л даа, Ерөнхий сайдын саяхны мэдэгдэл.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГГҮЙ БОЛ МЭДДЭГЭЭС НЬ АСУУГААЧ ЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА

ШУТИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийн эрх гэж хязгаарлахаас илүү хүний эрх гэж харах ёстой л доо, Ерөнхий сайдын мэдэгдлийг. Үнэнийг хэлэхэд Монголд хүний эрх хөлийн жийрэгний үнэгүй шахуу байна. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд бүсгүйчүүдийг юу гэж хэлснийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэрний цаана эрчүүд хэрэг алга, идэж ууж байна, шөнө орой гэртээ ирдэг, хүүхнүүдийг эрт жирэмслүүлдэг,гэдэс гүзээ нь гэж хэрэг алга гэсэн утгатай үг хэлсэн л дээ.Англиар body shaming гэдэг дээ. Хүнийг харагдах байдлаар нь гоочилж болохгүй. Манайх ингэж ялгаварлаж болохгүйг Үндсэн хуульдаа хүртэл заачихсан улс. Би гүзээтэй байх эрхтэй. Энэ бол хүний эрх талаасаа маргааш нар гарна гэж байгаа юм шиг тодорхой зүйл. Гэтэл ийм тодорхой зүйлийг улсын хамгийн хариуцлагатай албан тушаалыг хашиж яваа хүн хамар доорххагархай гэдэг шиг дураараа хэлж ярьж болохгүй. “Та бол иргэн Л.Оюун-Эрдэнэ биш Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тийм учраас хариуцлагатай байгаач ээ, хүний эрхийн талаар үнэхээр мэдлэггүйбол, харагдах байдлаар ялгаварлан гадуурхалт байж болохгүйн цаад шалтгаан юу болох тухаймэддэг чаддагаас нь асуугаач ээ” гэж танай сонины сайтаар дамжуулж хэлмээр байна. Дараа дараагийн удаа хариуцлагатай алба хашдаг дарга нар хэлэх үгэндээ нухацтай, хүний эрхийн мэдрэмжтэй хандаач ээ гэж хүсч байгаа учраас энэ цуглаанд нэгдлээ.

Ч.БАТ-УЯНГА: ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГНИЙ ХЭЛБЭР, АГУУЛГА АЛЬ АЛИНЫГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА


Хуульч Ч.Бат-Уянга: Ерөнхий сайдын хэлсэн үгний хэлбэр, агуулгын аль алиныг эсэргүүцэж жагсч байна. “Алдарт эх”-ийн одон, хүүхдийн мөнгө, хүүхэд асарсны тэтгэмж зэргээс харахаар Монгол Улс хүн амын өсөлтийг буюу төрөлтийг дэмжих бодлоготой улс шиг байгаа юм. Хууль зүйн хүрээнд шүү дээ! Гэвч бодит амьдралд хүн амаа өсгөх бодлогынх нь хийдэл эсвэл дутуу дулимаг нь тод харагддаг. Хүн амаа өсгөхөөс гадна чанартай өсгөх ёстой. Гэвч чанар өсгөх боломж алга. Хүн амаа өсгөх бодлогоо үнэндээ Монгол улс бодитоор дэмждэггүй.

За, ямартай ч бодлогын хувьд Монгол Улс хүн амаа өсгөмөөр байгаа юм байна гэж ойлгоё, гэтэл Ерөнхий сайд яг эсрэг өнгө аястай зүйл ярьсан. Агуулгыг нь хүчилж ойлгохыг хичээвэл төрөлт эрт байгаад, эрчүүдийн асуудалд санаа нь зовсон шиг байгаа юм. Төрөлт эрт болсон нь үнэн. Энэ анхаарах нийгмийн асуудал мөн үү гэвэл мөн. Эрчүүдийн дундаж наслалт бага, тэдэнд зонхилон тохиолддог эхний таван өвчний хувьд хооллолтын дэглэм, архи тамхины хэрэглээтэй холбоотой өвчлөл жин дардаг нь ч үнэн. Энэ бүхэн цаанаа жендерийн шалтгаантай. Үүнийг жендерийн тэгш байдал, хүний эрхийнхээ үүднээс харсан бодлогоор шийдэх ёстой. Асуудал, бодлого, тогтолцоогоо судалж, ойлгож байж дараа нь ярих ёстой байтал мань хүн ичээх, доромжлох, хүч хэрэглэх арга зам яриад байна л даа.

Цаашилбал цэргийн алба ажилгүй хүмүүсийн очдог алба юм уу гэж ирээд үг, өгүүлбэр бүрээр нь задалбал Ерөнхий сайд тэр чигтээ шалгалтад унахаар хэцүүхэн зүйл ярьсан даа.

С.ХАЛИУНАА: СУРГУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙХАД ОХИДЫГ ЦЭРЭГТ ЯВУУЛАХ ТУХАЙ ЯРЬЖ СУУГААД НЬ ХАРАМСЧ БАЙНА

Иргэн С.Халиунаа охинтойгоо

Иргэн С.Халиунаа: Би ээж хүн, иргэн хүнийхээ хувьд энд ирлээ. Хүүхдүүд маань ковидын хөл хорионоос болоод бүтэн нэг жил гэртээ байлаа. Жилийн өмнө эрүүл мэндээ бодох ёстой гэдэг үүднээс хөл хориог дэмжиж байсан. Харин ингэж удаан үргэлжлэхээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхээс гадна хөгжих эрх нь зөрчигдөж байна. Сургууль хаалттай энэ өдрүүдэд эмэгтэйчүүд маш том ачаалал үүрч яваа. Би дөрвөн хүүхэдтэй. Манайх төгсөх ангийн хоёр хүүхэдтэй. Тэдэнд маань өндөр мэдлэгтэй багш нарын багийн зүтгэл хэрэгтэй байна. Жилийн өмнө Дэлхийн банкны судалгаагаар хөгжингүй орнуудын хүүхдүүд хөгжилтэй орнуудын хүүхдүүдээс хоёр жилээс хоцорч явна гэсэн дүгнэлтгарсан байсан. Гэтэл тэр судалгаанаас хойш нэг жил өнгөрчихлөө, миний хүүхдүүд хэр хоцорсныг хэлж мэдэхгүй сууж байна. Бага насны хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд маш их цаг зарцуулдаг, цэцэрлэгийнхээ хүүхэдтэй байнга хамт тоглохгүй бол телевизийн донтой болох эрсдэл бий. Ийм ачаалалтайгаар гэрээсээ ажиллахаар ажлын бүтээмж бараг тавин хувиар буурч байна. Миний тухайд санхүүгийн хувьд бие даасан хүн. Ийм байхад надад хэцүү байгаа юм чинь гэр хороололд амьдардаг ээж нарт бүр хэцүү байгаа. Үнэнийг хэлэхэд тэнд амьдардаг ээж нар дуу хоолойгоо тэр бүр хүргэж чадахгүй суугаа. Мартын найман гээд бялуу, цэцэг бэлгэнд авч баярлахаасаа илүү монгол ээжүүдийн дуу хоолойг хүргэе гээд зориод ирлээ. Ерөнхий сайдын хувьд гээд ярихад хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйл сургууль болчихоод байхад, цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагаар суралцаж байхад 17, 18 настай охидыг цэрэгт явуулна шүү гэсэн утгатай мэдэгдэл хийгээд сууж байгаад нь ээж хүний хувьд хэлэх үг олдохгүй юм. Ерөнхий сайдаас сургууль нээж өгөөч ээ, вакцинаа хурдан хийгээч ээ гэж хүсмээр байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Э.Өлзийбаяр: Хуйвалдаанаар эвлэрэхийг зөвшөөрөхгүй


Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Өлзийбаяртай ярилцлаа.


-АН-ын маргалдагч талууд учраа ололцчихсон тул намын даргын сунгааг зарлаж байна гэсэн утгатай мэдээ харлаа. Үнэхээр учраа олчихоод зарлаж байна уу, эсвэл өөр шалтгаантай улстөр яваад эхэлчихэв үү?

-Учраа олсон процесс бидний нүдэн дээр огт явагдаагүй. Бүр тодруулж хэлбэл нээлттэй ид тод явагдсан зүйл байхгүй. Манай намын залуус “Нэгд” гэдэг хөдөлгөөн өрнүүлээд хоёр, гурван сар болж байгаа. Тэр үеэр нэгдэх тухай юу ч яриагүй, хөдөлгөөнийхний зуучлалаар хэн ч хэнтэй ч уулзаагүй. Бидний хувьд учраа олооч гэж өчнөөн гуйсан. Гэтэл гэнэт л нэг шөнө далдуур учраа олсон гэдэгт эргэлзэж, хардах шалтгаан олон байна. Аймаг, дүүргүүдээ хэн нь удирдах вэ гэх маягийн хуваалт маш цөөхөн хүний дунд яригдсан байж магадгүй. Хэрвээ ингэж далдуур элдэв тохироо хийчихээд тэрийгээучраа олсон гэж тайлбарлаж байгаа бол нэг л зүйлийг хатуу хэлье. Намын залуу дэмжигч, залуу гишүүдийн нэрийн өмнөөс хатуу хариуцлага тооцох болно. Бид хуйвалдаанаар эвлэрснийг зөвшөөрөхгүй. Тохиролцоон дундуур намаа сонгуульд удаа дараа ялагдуулсан, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь бүр ерөнхийлөгчийн сонгууль мөрөөдчихсөн явж байна.

-АН-ынхан залуустаа боломж өгөхгүй байна, цөөхөн хүний дотоодын зөрчилдөөн энэ намын ялагдлын шалтгаан болсоор ирлээ гэх шүүмжлэл дуулд­даг л даа. Яг ямар хүмүүсийн дунд зөрчилдөөн өрнөөд байгаа юм бол?

-Ах нарын хувийн дотоод зөрчилдөөн АН-аар дамжиж албан тушаалд хүрсэн хүмүүсийн дунд өрнөөд байна. Энэ бүхний хохирогч нь АН-ын жирийн гишүүд болчихлоо л доо. АН-ын 200 гаруй мянган гишүүн АН-ыг, ардчиллыг дэмжсэнийхээ төлөө төрийн халамж үйлчилгээнээс хасагдсаар ирсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Наад зах нь манай намын дугаар хорооны гишүүнд хүнсний талон олгодоггүй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын ядуусын тоог АН-ын гишүүд л нэмж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.

АН-ын гишүүн гэж адлагдаж байгаа тэр хүмүүс яг жинхэнэдээ Монгол улсын иргэн шүү дээ. Эрх баригч нам иргэдээ ялгаварласан адласан бодлого хэрэгжүүлж яваагийн цаад шалтгааныг би намын цөөхөн хүний зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж харж явдаг.

-Бүр цаашлуулж харвал танай намын удирдлагуудын дотоод зөрчилдөөн, хагаралдаан л даа. Яг хэн хэний дунд зөрчилдөөд явагдаад байгаад нэрлээд явчих уу хоёулаа?

-Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга, С.Эрдэнэ, З.Энхболд гэх мэт хүмүүсийн зөрчил л хагаралдаан үүсгэчихснийг бүгд мэдэж байгаа. Шуудхан хэлэхэд манай намын ах нар гавьяагаа байгуулчихсан, одоо гай болдог дээрээ ирчихжээ л гэж харж байна. АН ямар ч улстөр хийсэн олон нийт хүлээж авахгүй байх хэмжээнд хүртэл намаа хэцүүдүүлсэн буруутан нь яалт ч үгүй манай намын ах нар. Тэдэнд хандаж нэг л зүйл хэлмээр байна. Дал, наяад оныхондоо итгэл үзүүлээд араас нь түрээч ээ, бид та хэдийнхээ зөвлөгөөгөөр нэгдээд урагшилъя л гэмээр байна. Эрх баригч нам 2012 онд ялагдахдаа нэг л зүйлийг тод ойлгочихсон санагддаг юм.Ялагдвал ажилгүй, амьдралгүй болж, авлига хээл хахууль нь илчлэгдээд шоронд орох юм байна гэдгээ ойлгоцгоосон. Тэгээд л идсэн ууснаа дараа нь болъё, дотоод зөрчлөө хав даръя, ямар ч хамаагүй схемээр ялъя гээд жаран тэрбумын схемийг бий болгож төрийн эрхийг дахиж авсан. Авсан эрхээ ахиад алдахгүйн тулд доошоогоо аварга сүлжээ бий болгоод удаж байна.

-Ямар сүлжээ билээ?

-Наад захынжишээ гэ­хэд л олон нийтийн цагдаа, сайжруулсан түлшний бор­луулаг­чид байна. Зөвхөн нийс­лэлд яг ийм маягаар 20 гаруй мянган хүнийг цалинжуулсан. Тийм сүлжээ бий болгочихоод сонгуулиар МАН-ыг дэмжихгүй бол халамж, тэтгэлэгт хамруулахгүй гээд дарамталчихаж байгаа юм. Төрийн албан хаагчдад ч ийм дарамт ирдэг. Товчхондоо ийм л систем хүчээ аваад байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сүүлийн үеийн сонгуулиуд дандаа шударга бус болсон. Шалтгаан нь жаран тэрбумын схем. Тэр схемийнхээ хүчээр төрийн эрхийг авсаар байгаа. Сүүлд гэхэд л цар тахлын үед хэрэгжүүлэх хууль гэж тусад нь батлаад сонгон шалгаруулалтгүйгээрмаш олон ажил зарладаг болсон. Өөрсдийнхөө байгуулсан яг тэр хүрээндээ гадаадын зээл тусламжаар ирсэн нэг тэрбум долларыг ямар ч хяналт тайлангүйгээр зарцуулсныг та ч мэдэж байгаа.

-Тэр мөнгөөр сонгууль хийчихсэн гэж үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Дотооддоо ковид алдах хамгийн том шалтгаан нь энэ л гэж хардаг.

-Та сая намынхаа ах нарыг залуусынхаа урдуур орж хөндөлсөж намаа хорлохгүй аж төрөөчээ гэсэн агуулгатай үг унагалаа. Танай намын гишүүн Э.Бат Үүлгэхэд л залуусаа дэмжинэ гэчихээд саяхан нийслэлийн АН-ын даргад нэр дэвшинэ гээд жиргэчихлээ шүү дээ…?

-Манай залуус унтаа байгаа болохоор л хөшүүрэгдэх гэж тэгж хэлсэн байх. Э.Бат-Үүл гэдэг хүний хувьд хэлснээсээ буцах үйлдэл гаргахааргүй мөн чанартай. Тэгээд хэлчихээр хоёр, гурван залуу ч болтугай түүчээлээд гараад ирчих болов уу гэж бодсон байх. Би энэ хүнийг тэгж л үнэлдэг.

-Ардчиллын суурь зарчмын төлөө тууштай зүтгэдэг, тэр зарчмаа хэзээд гээхгүй үнэ цэнтэй цөөхөн лидерийн нэг ч мөн л дөө, Э.Бат-Үүл…?

-Би ч тэгж хардаг. АН-ын суурь зарчмыг хамгаалах гоё санаа шийдлийг гаргаж ирдэг, санал болгодог хүн. Харамсалтай нь тэр бүхнийг нь манай залуус ажил болгодоггүй тал анзаарагддаг.

-Танай намын дотоод зөрчилдөөнийг эрх баригч нам дэвэргээд байгаа ажиглагдах юм. Муу л бол хойд талын овоохой гэдэг шиг АН л хамаг хэцүү муугийн буруутан гэж шүүмжилцгээгээд байна л даа. Ингэхэд өнгөрсөн 30 жилийн дөрөвхөн жилд нь танай нам засаг барьсан байх аа?

-Би яг наад санааг чинь хэлэх гэж байлаа. Монголын ганц хатиг АН болчихсон юм шиг, АН-аас болоод хөл хорионд аж төрж яваа юм шиг, улс орны хөгжлийг АН гэдэг ганц нам хойш нь татсан юм шиг хандлага хүчтэй болчихлоо. Ардчиллын 30 жилийн 26 жилд нь МАН ялж засагласан. Сүүлийн зуун жилийн 96 жилд нь МАН төр барьсан. Энэ өнцгөөс нь харахаар улстөрийн төлөвшлөөрөө АН хоцрогдож яваа нь үнэн л дээ. Гэхдээ энэ талаараа хоцрогдож байгаа ч гэсэн Монголыг өнөөгийн төвшинд хөгжүүлэх хамаг том гарцуудыг АН засаг барьсан цөөхөн жилдээ хийж чадсан. Хувьчлал явуулж иргэдээ хувийн өмчтэй болгосон, худалдааг либералчилсан, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан гээд яривал өнгөрсөн жилүүдэд өрнөсөн реформын шинжтэй шийдвэрүүд АН-ын засгийн үед гарсан байдаг. Бодит үнэн нь ийм байхад нийгмийн гажуудлаас үүдсэн муу бүхний буруутан АН болчихдогт гайхаад байдаг юм. Энэ үзлийг идэвхтэйгээр дэлгэрүүлж байгаа нь МАН. МАН-ын хувьднэр хүнд рейтингээ өсгөхийн тулд элдэв пи ар хийхээс илүүсөрөг хүчнээ муулах нь хамаагүй бага зардалтай болчихоод байна л даа. Товчхондоо МАН манай намын цөөхөн хүний хувь зөрчлөөр далимдуулж эрх барьж яваа гэдэг утгаараа шүүх хуулийн байгууллагад нөлөөлж АН-ын дотоод асуудалд бүдүүлгээр ёс зүйгүй гар дүрээд байна.Түүнээс биш дарга нь хэн байхаас үл хамаараад манай намын ажил үргэлжлээд явах ёстой.

-АН сэхэхээсээ, шинэчлэг­дэхээсээ өнгөрлөө гэсэн шүүмжлэл ч дуулдаад эхэллээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манай намын бүх асуудал нийтэд ил. Олон нийтийн шүүмжлэлийг сонсдог, сонссон шүүмжлэлүүдээ шийдэх гарц хайж, тэр бүхнээ суурь зарчимдаа тусгаж дотоод ардчиллаа хангадаг. Энэ бол хамгийн эрүүл супер үзэгдэл, дэлхийд ховор ардчилал. Товчхондоо нийгмийн захиалгаар шинэчлэгддэг нам. ГэтэлМАН тийм биш. Бүх юм нь нууцлагдмал. Өшөө авалт, улстөрийн зодоон, хор найруулга, бие биенээ ялладаг нь хүртэл маш харгис. Ийм харгислалыг 96 жилийн турш хэн ч ярихгүй мөртлөө АН-ын дотоод зөрчил, чи бидээ тулсан юмыг л тойрч яриад байдаг л даа. Манай намын хувьд сайныг нь сайн гэж үнэлдэг, саарыг нь ташуурдаж чаддаг. У.Хүрэлсүх “Надаас шударга бус юм битгий нэхээрэй” гэчихээд хамгийн шударга бус юм хийсэн хүмүүсээ өөд нь татаж, бүх л албан тушаалд тавилаа. МАН-ынхан бүгд шоронгоос гарчихлаа. Нэг нь бэлэн ам шалдан гуя, нөгөө нь хүний өөрийнгүй хариуцлага тооцно гээд л яваад байгаа.

-Хүний өөрийнгүй хариуц­лага тооцно гээд явж байгаа гэдэг нь Ерөнхийлөгч үү?

-Тийм, нэг нь улсын ерөн­хийлөгч, нөгөө нь МАН-ын дарга.

-Гэхдээ Ерөнхийлөгч рүү хандсан шүүмжлэлүүдэд үнэ­ний ортой нь их санагддаг. Намынхаа залуусын байгуул­лагыг удирддаг залуу хүний тань хувьд асууя. Танай на­мын дараагийн дарга хэн бай­вал зүгээр гэж харж байна вэ?

-Хувь хүмүүсийнх нь тухайд С.Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аль алинд нь авах ч юм бий, хаях ч юм байгаа. АН-ын дараагийн дарга Х.Баттулга шиг политаймэнт (улстөрийн энтертаймент) сайтай, С.Эрдэнэ шиг харизмтай тэмцэгч, Ц.Оюунгэрэл, Ц.Элбэгдорж шиг гадаад улстөр сайтай, зөв имижтэй, боловсролтой хүнбайгаасай гэж хүсч байна. Тэр дундаа эмэгтэй хүн АН-ын дарга болоосой гэсэн дотоод итгэл үнэмшил надад бий. Нам доторх дотоод зөрчил хурцадсан, улс орны байдал ч сайн биш ийм үед эмэгтэй хүн намын дарга, цаашлаад Ерөнхий сайд болвол их олон муу зүйл сайн тал руугаа эргэнэ гэдэгт эргэлздэггүй. Наад зах нь л хурц уур амьсгалыг зөөллөнө, том зодооныг эвлэрүүлнэ, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг шиг үүрэг гүйцэтгэж чадна. Ер нь эрчүүдээс их харгис үйлдэл гардаг.

-АН-ын дарга болчих хэм­жээний эмэгтэй улстөрч гэвэл тахэн хэнийг онцлох вэ?

-Манай нам түүхэндээ лидерэмэгтэй улстөрч олонтой байсан. Одоо ч лидер эмэгтэй улстөрчид маань идэвхтэй ажилласаар яваа. Б.Дэлгэрмаа, Х.Хулан, Ц.Оюунгэрэл гээд нэрлэвэл цөөнгүй хүн бий. УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг онцгойлж дурсмаар байна.Өнөөгийн парламентаас гэхэд л С.Одонтуяа гишүүнийг онцлохоос аргагүй. Асуудлыг зөвөөр харжтавьж чаддаг, тавьсан асуудлынхаа араас өөрөө явж, их ч бай, бага ч бай ямар нэгэн үр дүнд хүргэдэг онцгой чанартай улстөрч. Ковидын үеэр гэхэд л гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрахын тулд бодитой ажлууд хийсэн хүн.

-Намын дарга хэн байх нь тодорхой болсны дараа Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэдэг асуудал халуун сэдэв болно. Намын дотоод зөрчил энэ хэвээрээ байвал АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болохгүй байх ч эрсдэл бий…?

-Загатнасан газар маажна гэдэг шиг миний хэлэх гээд байгаа гол санааг та хэлчихлээ. Манай намын ах нарын дотоод зөрчил ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг таслах гээд байна. Хамгийн гол аюул нь энэ л дээ. Сүүлийн 12 жилд ардчилсан ерөнхийлөгч төрийн тэргүүн байсан учраас зөвд зөөлөн бурууд хатуу хандаж чадсан. Үүнийг нь бусад улстөрийн намууд дандаа харлуулдаг. Ямар нэгэн хонгилын эзэн болгодог. Төрийн тэргүүн аливаа нэг авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй тэмцсэнийхээ төлөө хонгилын эзнээрээ дуудуулж учиргүй. Өнөөдөр Ц.Элбэгдорж, Х.Баттулгыг хонгилын эзэн гэж байгаа бол дараагийн ерөнхийлөгч ч дахиад хонгилын эзнээрээ дуудуулна. Магадгүй нэг намын тогтолцоонд шилжвэл маш том мангас бий болно.

-МАН Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудлыг гурвууланг нь авбал дарангуйллын нийгэм рүү шилжих өндөр эрсдэлтэй гэж хэлэх гээд байна уу?

-Ганц жишээ хэлье. Нэг компанийн гурван найз Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авангуутаа гурван өөр тойрогт нэр дэвшээд гараад ирж байгаа юм. 100 сая төгрөгтэй хүн 33 тэрбумын зээл авчихсан хүнтэй өрсөлдөөд ялах уу. Сонгууль болсон нэртэй л сонгууль болчихож байгаа юм. Хэдэн арван тэрбумаар нь зээлсэн мөнгөө сонгуульд ялаад гарч ирснийхээ дараа төлж таарна аа даа. Арван их наядын хөтөлбөрөөс ч юм уу төсвөөс ямар нэгэн аргаар өнөө зээлийнхээ хүү, сонгуульд зарцуулсан мөнгөө гаргаж авах гэж улайрах нь бодитой үнэн. Ер нь цар тахлаар далимдуулж маш их мөнгө идэж байгаа. Тахлын хууль гэж тусгайлсан хууль гаргачихаад ямар ч хяналтгүйгээр мөнгө зарцуулж байгаа тухай би түрүүн ярьсан. Боловсролын салбарт гэхэд л их наяд гаруй төгрөг төсвөөс зарцуулдаг. Танхимаар хичээллэхгүй байгаа үед өчнөөн мөнгөний зөрүү гарч, суларна. Тэр мөнгийг хаашаа юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Одоо 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ямар ч хяналтгүй хэрэгжүүлэх нь тодорхой болчихлоо. Энэ бүх мөнгийг эрх мэдлээ хадгалж, сонгуульд ялахын төлөө ашиглана гээд та төсөөл дөө. Сая миний хэлсэн фактууд зөвхөн өчүүхэн хэсэг нь. МАН-ын даргын гаргаж байгаа сүүлийн үеийн үйлдлүүд гайхаш төрүүлэхээр байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг булааж, чөлөөт зах зээл юу байдаг юм гэж үл тоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хааж боож, зарим тохиолдолд бүр дээрэмдэж байгааг та ч анзаарч суугаа байх. Шуудхан хэлэхэд эд нар буцаад нэг намын дарангуйлал руу шилжиж байна. МАН-ын удирдлагуудтай ойрхон хүмүүс л хангалуун сайхан тансаг амьдарч байна. Авлига хээл хахуулийг улайм цайм авдаг. Тэрийг нь шалгасан Монгол улсын Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийхнийг буцаагаад харлуулдаг боллоо л доо.

-Сая болсон 100 жилийн ойн арга хэмжээ нь нээрээл социалист улсад амьдраад байгаа мэт сэдэл төрүүлчихсэн шүү?

-Швейцарь шиг хөгжье гэж ярьж байсан Солийн Данзангаа буудаж алсан нам шүү дээ. Тэгж нэгнээ хэлмэгдүүлчихээд үр хүүхдүүдээс нь уучлал гуйгаагүй байж Япон шиг хөгжье гэсэн мэдэгдэл хийхэд нь гайхаж л суулаа. У.Хүрэлсүхийн үгнээс нэг айхтар өгүүлбэр анзаарсан. “Дубайн гэрээг цуцалж” гээд хэлчихнэ лээ. Эрх баригч намын дарга нь олон нийтэд хандсан албан ёсны үгэндээ ингээд хэлчихээр гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид лав л сайнаар хүлээж авахгүй. Тэр үгийг сонссон гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч ойрын арван жилдээ Монголд орж ирэхгүй байх вий гэж санаа зовж байна. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол хоёр том гүрний дунд орших манайх шиг жижиг улсын хувьд тусгаар тогтнолын гол баталгаа, үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хэмжүүр.

-Та түрүүн цар тахлаар далимдуулж их хэмжээний мөнгийг хяналтгүйгээр үрж байна гэж ярилаа. Цар тахлын үеийн төр засгийн хандлага нэг л хүч түрсэн, дарамталсан аястай байгаа. Ингээд харахаар өнөө дарангуйллын нийгэм рүү шилжих нь гэсэн болгоомжлол чинь батлагдаад ч байх шиг…?

-Ковидын үед УОК, засгийн газар хүний амь үрэгдчихээд байхад уучлалт гуйх нь битгий хэл харин ч ингэх байсныг бид ингэсэн шүү гэж өөрийгөө зөвтгөж суугааг та ч анзаарсан байх. Товчхондоо МАН-ын засагцар тахлын үед хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй ажиллаж байгаа. Ковидын үеэр ухаантай орны удирдагчид дандаа тайлбарласан, аргадсан, тайвшруулсан менежмэнтээр ажиллаж байгаа. Гэтэл манайхан загнасан, зандарсан, хорьсон менежмэнтээр явч байна л даа. Гаргаж байгаа бичиг баримт нь дандаа захирамж тогтоол, торгууль шийтгэл. Гэтэл хөгжилтэй орнуудын ухаалаг удирдагчдын шийдвэрийг та анзаараарай. Хүсэлт, тайлбар, урилга л гаргаж байгаа. Энэ чинь л хүний эрхийн мэдрэмж, нийгмийн сэтгэл зүйг мэдэрч байгаа асуудал. Гэтэл УОК дэргэдээ нэг ч сэтгэл судлаач, хүний эрхийн мэргэжилтэн ажиллуулаагүй. Хэдэн арван хүн ковидын үеийн хүлээлэгнээс болж нас барсныг тоолвол их өндөр тоо гарна. Ямар ч цагт Монгол улсын иргэн бол энэ орны юугаар ч цэгнэшгүй үнэт баялаг. Ерөнхий сайд сошиалын шуугианыг далимдуулж огцорс­ныг би хувьдаа өрсөлдөгч намаа харлуулах, ковидын үеэр гаргасан алдаагаа саармагжуулахын тулд хийсэн үйлдэл гэж харж байгаа.

-Одоо АН яах вэ, ямар алхам хийвэл жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох бол?

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухайд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аль ч улс олимпод бэлтгэгдсэн тамирчнаа явуулдаг болохоос хоёр, гуравдугаар зэрэглэлийн тамирчныг сойдоггүй. Яг үүнтэй адил манай нам бэлтгэгдсэн хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Хамгийн гол асуудал бол залуус намынхаа төлөө зүтгэх ёстой. Манай намын хувьд яг одоо энэ цагт ямар сорилт тулгарч байна вэ гэвэл би гурван “Т” гэж томъёолно. Нэгдүгээрт түгээх буюу намын үзэл санааг түгээх хэрэгтэй байна. Хоёрдугаарт төлөвших буюу нам институци болж төлөвших шаардлага аль хэдийнэ хаалга тогшчихсон. Гуравдугаарт тэмцэх буюу сөрөг хүчнийхээ үүргийг яг энэ цаг үед маш сайн хийх хэрэгтэй байна. Түгээх гэдэг нь түрүүн хэлсэнчлэн үзэл санаагаа түгээхийг хэлж байна л даа. Нам бол төрийн бус байгууллага. Гэхдээ бусад төрийн бус байгууллагаас үзэл санаагаар нэгддэгээрээ ялгардаг. Энэ суурь юмаа мартчихаад сонгуулиар энийг ч ингэж нийгэмчилнэ, тэгж ч халамжтараана гэх мэт зүүний буюу социалист амлалт өгдөг. Гэтэл манай намынүзэл санаа либериал. Ажил хөдөлмөр хийгээд чөлөөтэй өрсөлдөх боломжтой орчныг бүрдүүлжнээж өгөхөд л чиглэдэг. Халамжийн чигийн санал, амлалтуудыг манай намын ах нар л санаачилдаг. Халамжид маш дургүй, хувь хүнийхээ эрх чөлөөг дээдэлдэг шинэ үе гараад ирчихсэн шүү дээ. Хатуухан хэлэхэд бид үзэл санаагаа мартчихаад байна. Нам дотор боловсролыг, технологийг үл ойшоох хандлага хүчтэй байгаад би хувьдаа эмзэглэдэг. Манай нам боловсролыг, технологийн дэвшлийг, чөлөөт сэтгэлгээг урдаа барьдаг байх ёстой. Нам шиг нам байхын тулд хийх ёстой дараагийн алхам бол төлөвшил гэж хэлсэн нь цаанаа учиртай. Намаа институци болж төлөвших суурийг тавимаар байна. Гурав дахь том алхам маань тэмцэх. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ард түмний өмнөөс эрх баригч намыг хянаж, шүүмжилж, зөвлөж ажиллах гарцаагүй шаардлага бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.АЛГАА: Оюу толгой дээр үр дүнтэй хэлцэл, тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно

– ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙ
КОМПАНИЙН 34 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН ЮМ –


Монголын
уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.


-Хоёулаа
Оюу толгой тойрсон асуудлаар яриа өрнүүлье. бүр эхний түүхээс нь яриагаа
эхлүүлмээр байна. анх үндэстэн дамнасан BHP Оюу толгой дээр хайгуулын өрөмдлөг
хийж явсан байх аа?

-Тэгсэн.
Би Эйч Пи, Рио тинто зэрэг үндэстэн дамнасан корпорациуд 1990-ээд оны
төгсгөлөөр Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирж байлаа. Дараа нь хоёулаа
Монголоос гарсан л даа. Би Эйч Пи компани Монголыг орхихынхоо өмнө Оюу толгойн
орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсан юм. Монгол дахь оффисоо хаагаад явахдаа
Оюу толгойн лицензийг Канадын Айвенхоу майнз компанид “опцион хэлцэл” -ээр
шилжүүлсэн түүхтэй. “Опцион хэлцэл”-ийн хувьд хайгуулын лиценз эзэмшигч нь
лицензээ шилжүүлж, эсвэл шилжүүлэхгүйгээр өөр этгээдээр өөрийнх нь зардлаар
хэлцэлд тохиролцсон хугацаанд хайгуул хийлгэдэг нэг төрлийн тохироо. Орд
нээгдсэн тохиолдолд ингэнэ тэгнэ гэсэн тохироотойгоор эрхээ шилжүүлдэг гээд
багцаалдаад ойлгочихож болно.

-“айвенхоу
майнз” бол жуниор компани. Жуниор компаниуд хайгуул хийж их нөөц илрүүлбэл том
компаниуддаа хувьцаагаа худалдах юмуу, хамтарч ажиллах зарчмаар явдаг дэлхийн
жишгээр дараа нь “Рио” орж ирсэн…?

-Ер нь
Оюу толгойн хэмжээний том төслийг жижиг компани дангаараа хэрэгжүүлж чаддаггүй,
олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авч чаддаггүй. Тиймээс ямар
нэг үндэстэн дамнасан том корпорацид худалдах, эсвэл хамтарч ажиллах нь
тодорхой байсан.

Харин
тэр компани нь Рио тинто нь уу, Би Эйч Пи нь үү, аль эсвэл өөр компани уу
гэдгийг тухайн үед тааж мэдэхийн аргагүй л дээ. Гэхдээ л Рио, Би Эйч Пи хоёрын
аль нэг нь гэдэг бараг ойлгомжтой байсан. Учир нь Оюу толгой нээгдсэний дараа
тэд хоёулаа Монголд буцаж ирсэн.

-Оюу
толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэх улстөрчдийг тоолъё гэвэл овоо тоо
гарах байх. Хөрөнгө оруулалтын гэрээг яг ямар хууль тогтоомж дээр үндэслэж, яг
ямар процесс дамжиж баталж байсныг хууль тогтоогчдод эргэж сануулмаар санагдаад
байдаг юм…?

-Оюу
толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувьд 1997 оны Ашигт малтмалын тухай
хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу анх яригдсан түүхтэй. Дараа
нь батлагдахдаа 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын
гэрээний тухай заалт, 2008 оны УИХ-ын тогтоолын заалтын дагуу, Монгол Улсын
хууль тогтоомжид нийцүүлэн хийгдсэн гэж би боддог. Яг нарийндаа хөрөнгө
оруулалтын гэрээний төслийг УИХ гурван удаа хэлэлцэж байж зөвшөөрсөн шийдвэр
гарснаар Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан асуудал
шүү дээ. Миний хувьд Ашиг малтмалын 2006 оны хууль батлагдахад 1997 оны хуульд
байсан Тогтвортой байдлын гэрээ Хөрөнгө оруулалтын гэрээ болж өөрчлөгдсөн ч
татварын орчны хувьд тогтвортой байдал хангах эрх зүйн баталгаа ямар нэг
хэмжээгээр хадгалагдсан нь чухал ач холбогдолтой байсан гэж хардаг.

-Хөрөнгө
оруулалтын гэрээг сайн, муу гэсэн маргаан одоо ч үргэлжилсээр байна л даа. Энэ
тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөрөнгө
оруулалтын гэрээг одоо хүртэл сайн, муу ба ашигтай, ашиггүй гэж маргаж,
мэтгэлцсээр байгаа. Мэдээж хоёр талын хүсэл зориг, ашиг сонирхлыг нэг дор
нэгмөсөн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Тухайн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл
байдлыг харгалзан, үндэсний аюулгүй байдлын бодлого, Ашигт малтмалын тухай
хуульд нийцүүлэн хийгдсэн гэрээ л гэж боддог. Энэ гэрээний хамгийн гол хэсэг нь
тодорхой татваруудын тогтворжуулах асуудал байсан. Тодорхой асуудлуудаар аль
аль тал нь буулт хийсэн зүйл ч бий байх. Хэлэлцээрт оролцож байсан манай
Засгийн газрын төлөөллийн энэ талын мэдлэг туршлага ч гэрээний үр дүнд
нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш бараг
нэг жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан. Засгийн газар Оюу
толгой компанийн 34 хувийг эзэмших шаардлагагүй байсан гэж хардаг.

-Төр Оюу
толгойд 34 хувийг эзэмшсэнээр эрсдэлийг нь давхар хүлээх болсон гэх мэт сөрөг
тал олон л доо. Одоо харин улстөрчид 34 хувиасаа татгалзах ёстой гэж яриад
эхэлсэн нь их тод анзаарагдаж байгаа…?

-Тийм л
дээ. Төр 34 хувийг эзэмшиж хөрөнгө оруулалт санхүүжилтийн үүрэг хариуцлага,
түүнтэй шууд холбоотой болон шууд холбоогүй ирээдүйн болзошгүй эрсдэлийг хүлээх
шаардлагагүй байсан юм. Харин АМНАТ-ийн хувь хэмжээг одоогийнхоос арай илүү
хувь хэмжээтэйгээр тохирч, борлуулалтын орлогод зохих хяналт тавин ажиллах нь
илүү үр нөлөөтэй байсан гэж хардаг. Ингэсэн бол төслийг тасралтгүйгээр үр
өгөөжтэй хэрэгжүүлэх байсан байх. Зээл, зээлийн хүүг ногдол ашгаас эргүүлж
төлөх заалтыг гэрээнд тусгасан нь улсын төсвийн орлогод ногдол ашиг авах
хугацаанд нөлөөлөх нь мөн л ойлгомжтой зүйл. Төсөл удаашрах, хөрөнгө оруулалт
нэмэгдэх бүрт ногдол ашиг авах хугацаа хойшлох нь хэтэрхий тодорхой асуудал.
Тэгэхээр Засгийн газар 34 хувийг цаашид эзэмшихгүйгээр олон улсын биржид
хувьцаа болгож арилжих, үндэсний компаниудын консорциумд худалдах зэргээр зээл,
зээлийн хүүгийн өрнөөс салах нь зүйтэй байх.

-Хөрөнгө
оруулалтын гэрээ батлагдаж, Оюу толгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн
засагт үзүүлсэн нөлөөний талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Гэрээ
байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр,
үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж 2013 оноос
борлуулалт хийж эхэлснийг мэдэхгүй хүн үгүй байх. Энэ хугацаанд Монголын эдийн
засагт зургаан тэрбум доллараас давсан хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн
засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрснийг та мэдэж байгаа. Энэ төсөл цаашид
тасралтгүй хэрэгжиж байж эдийн засаг тэлж хөгжинө гэдгийг олон эдийн засагч
өчнөөн баримт нотолгоотой ярьдаг болохоор илүүг нуршаад яахав гэж бодож байна.

-Гэрээний
маргаан яг хэзээнээс эрчимжиж эхэллээ?

-Оюу
толгойн орд ашиглах бүтээн байгуулалттай зэрэгцээд л гэрээний асуудлаар маргаан
гарч эхэлсэн. Маргааны гол сэдвийг та мэдэж байгаа. Хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д
зааснаас нэмэгдсэн, Рио тинто өөрөө Туркойз хиллд зээл өгсөн, зээлийн хүүгийн
хувь хэмжээ дэлхийн дунджаас их, мөн менежмэнтийн зардлын хувь хэмжээ өндөр гэж
ирээд хөвөрдөг. Үүнээс гадна татварын асуудлаар ч маргаантай явсаар өнөөг
хүрсэн.

-Оюу
толгой тойрсон маргаанд ажил хэрэгчээр ухаалаг хандахын оронд улстөрчид
сонгуулийн сурталчилгаандаа овжин ашигладаг болчихсон харамсалтай өнгө
анзаарагддаг. Ер нь өнгөрсөн Засгийн газруудаас Оюу толгойн маргаан дээр дажгүй
хэлцэл тохироо хийж ажиллаж чадсан нь хэд бол, та ямар Ерөнхий сайдуудыг онцлох
вэ?

-Оюу
толгой дээр үр дүнтэй хэлцэл тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би
хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно. Маргааныг популистууд дэвэргэж
улстөрчид сонгуулийн сурталчилгаанд ашигладаг хэрэгсэл болгоод зогсоогүй л дээ.
Сүүлдээ бүр гэрээг цуцлах, хүчингүй болгох шаардлага тавьдаг болсон. Энэ
хооронд 2011 онд Сү.Батболдын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр
хийж зээлийн хүүг гурван пунктаар бууруулсныг санаж байна. Гэхдээ бусад
асуудлаар тохиролцож чадахгүй хүндрэл учирсан тул хөрөнгө оруулагч тал 1300
метр хүртэл гүнд нэвтрээд байсан нэгдүгээр босоо амны нэвтрэлт, барилга
байгууламжийн ажлын санхүүжилтээ зогсоосон шүү дээ. Далд уурхайн санхүүжилт
зогссоноор байдал яаж хэцүүдсэнийг монголчууд бултаараа мэдэрсэн. Наад зах нь л
тэнд ажиллаж байсан олон мянган монголчууд ажилгүй болж, ханган нийлүүлэлтийн
үйлчилгээ үзүүлж байсан олон зуун бизнесийн байгууллагуудын бизнес хумигдсан.
Харин 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд Оюу толгойн далд уурхайн
санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийж, Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг
хувь нийлүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ үеэр дээр дурдсан
маргаантай асуудлуудыг бас хэлэлцсэн байдаг. Үр дүнд нь татварын маргаанаар
эвлэрч, менежмэнтийн зардлын хувь хэмжээг зургаан хувиас гурван хувь болтол
бууруулахаар тохирч чадсан. Энэ бүх жишээнүүд хөрөнгө оруулагч талууд гэрээнд
өөрчлөлт оруулж сайжруулах боломжтойг харуулдаг л даа. Хөрөнгө оруулагч тал
тухай бүрд нь хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлж байгааг анзаарахгүй байж
боломгүй.

-Ингэхэд
Оюу толгойн татварын маргааны хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Татварын
маргаан гэрээтэй шууд холбоогүй, аж ахуйн нэгжүүдэд байж л байдаг зүйл.
Монголын болон арбитрын шүүхээр шийдэгдээд явах асуудал. Харин маргааны суурь
шалтгаан юу байна гэдгийг хөндлөнгийн шинжээчээр судлуулах хэрэгтэй байх.
Ялангуяа санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн үндэсний ба олон улсын
зөрүүгийн шинжилгээг цаг алдалгүй хийх шаардлагатай санагддаг.

-Оюу
толгойг эсэргүүцдэг улстөрчид гэснээс Оюу толгойн гэрээг эсэргүүцдэг, энэ
сэдвийг бүр сонгуулийн сэдвээ болгочихсон, тэгснийхээ хүчээр ч УИХ-д
сонгогдчихдог нэг гишүүн бий л дээ.

-Яг
хэнийг нь хэлээд байна?

-С.Ганбаатарыг
хэлээд байна л даа.

-Оюу
толгойн гэрээг эсэргүүцэгч гэдгээ байн байн зарладаг нөхөр л дөө. Бүр түүгээрээ
“бахархдаг” улстөрч. 2012 оноос хойших УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль
бүрийн өмнөхөн, сонгуулийн сурталчилгааны үер Оюу толгойн гэрээг эсэргүүцэж үе
үе мэдэгдэл хийдгийг нь мэдэхгүй хүн ч байхгүй болсон байх. Хамгийн сүүлд
өлсгөлөн зарлаж хүртэл үзлээ.

-Та нэг
удаа “Би Ганбаатараас илүү уул уурхайг мэдэх байх” гэж хэлээд шүүхэд дуудагдаж,
шүүхээс С.Ганбаатар гишүүнийг танаас дутахгүй уул уурхай мэднэ гэх маягийн
шийдвэр гарчихсан билүү?

-Учир
мэдэх хүмүүс нь энэ хүний тухай мэдэх учраас би илүүг яримааргүй байна.

-Оюу
толгойг шүүмжлэгчид Эрдэнэттэй харьцуулаад байдаг л даа. Эрдэнэт, Оюу толгой
хоёр харьцуулагдахаар төслүүд мөн үү?

-Зарим
хүмүүс Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж сайн, муу гэж ярих их дуртай л даа.
Тэгж харьцуулах нь утгагүй. Нэг нь XX зууны, нөгөөх нь XXI зууны уул уурхайн
салбар дахь их бүтээн байгуулалт шүү дээ. Энэ хоёр том төсөл хоёр өөр цаг
хугацаанд ч гэлээ хоёулаа богинохон хугацаанд, гурван жилийн дотор ашиглалтад
орсон байдаг юм. Ганц ижил тал нь гэвэл энэ байх. Ялгаатай тал гэвэл өчнөөн.
Эрдэнэт бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн төсөл. Оюу
толгойн тухайд зах зээлийн эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн. Эрдэнэтийн
тухайд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр бол Оюу толгойн хувьд
Засгийн газар, хувийн компани хоорондын гэрээ. Хөрөнгө оруулалтын ба хувь нийлүүлэгчдийн
гэсэн хоёр гэрээ байгуулсан. За тэгээд Эрдэнэтийн хэлэлцээрээр Монгол Улсад
төлөх бүх татвараас чөлөөлөгдөж байсан бол Оюу толгойн гэрээгээр голлох бүх
татварын хувь хэмжээг тухайн үеийн татварын хуулиар тогтоосон хувь хэмжээгээр
30 жилийн хугацаанд тогтворжуулсан. Үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчны тухайд
Эрдэнэтэд Засгийн газар хоорондын хэлэлцээр ба Зөвлөлийн дүрэм л үйлчилсэн бол
Оюу толгойд Монгол Улсын бүх хууль, Хөрөнгө оруулалтын гэрээ үйлчилж байгаа.

-“Эрдэнэт”
хэдэн он хүртэл улсад татвар төлөөгүй гэдэг билээ?

-1973-2003
он хүртэл улсад албан татвар төлөөгүй. Дээр хэлсэн хэлэлцээрээр чөлөөлөгдсөн
байсан бол Оюу толгой тэгээгүй. Байгуулагдаж бүртгүүлсэн өдрөөсөө гааль, НӨАТ
төлж, борлуулалт хийж эхэлсэн цагаасаа Ашигт малтмалын нөөц ашигласны татвар
төлж яваа. Эрдэнэт үйлдвэр ашиглалт орсон эхний жилүүдэд жил болгон алдагдалтай
ажиллаж байсан тул 1978-1988 онуудад нийт 967.3 сая төгрөгийг улсын төсвөөс
татаас болгон төлж байсан. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа ч төлбөл
зохих бүх татвараа төлөөд явж байгаа. Эрдэнэтийн анх батлагдсан нөөц нь есөн
сая тонн зэс, дагалдах ашигтай ашигт малтмал нь молибден, мөнгө. Оюу толгойн
анх батлагдсан нөөц 18 сая тонн зэс, 32 сая ба түүнээс ч их болж өсөх
магадлалтай. Дагалдах ашигтай ашигт малтмал нь алт. Эрдэнэт жилд 120000 тонн
зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уурхай, баяжуулах
үйлдвэртэй, харин Оюу толгой төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн үед жилд
дунджаар 350000 тонн зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий
уурхай, баяжуулах үйлдвэртэй байх юм. Энэ мэтээр яривал Эрдэнэ, Оюу толгой
хоёрт олон ялгаа бий.