Categories
мэдээ цаг-үе

Б.Цолмон: Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж, вакцинаа хийвэл тархалт буурна

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг аж. Уг өвчин нь маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтныг хамардаг. Сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног байдаг гэв.

ШҮЛХИЙ НЬ ХӨДӨЛГӨӨНТ БҮХИЙ Л
ЗҮЙЛЭЭР ТАРХДАГ ГЭВ

Шүлхий нь хөдөлгөөнт бүхий л зүйлээр тархдаг байна. Тодруулбал, өвчилсөн малын шээс, нус, нулимс, арьсны нэвчилтээр хүртэл вирус гадаад орчинд тархдаг гэнэ. Улмаар өвчилсөн малтай ойролцоох эд зүйл бохирдоно. Ингэж орчныхоо тоног хэрэгсэл, машин техник, хүний өмсөж буй хувцсанд хүртэл вирус очиж, 96 хоног өвчлүүлэх чадвараа хадгалдаг байна. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой гэв. Тухайн мал амьтны амны хөндийн салст бүрхэвч нь үрэвсэн цэврүүтвэл шүлхийн өвчний хамгийн эхний шинж тэмдэг ажээ. Дараа нь шүлс нь асгарч, туурай нь үрэвсэж өвчилдөг. Иймээс зарим улсад уг өвчнийг “Туурай болон амны өвчин” гэж нэрлэдэг байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.


-Сүүлийн үед шүлхий өвчин олон сумдад гарч, зарим газар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий гарсан гэж бүртгэгдсэн. Найман аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буурсан байгаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж ойлгож болно. Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байна. Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож, вакцинжуулалт хийж байгаа юм. Энэ сарын 5-наас өмнө нөхцөл байдал хүнд байсан. Тиймээс Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж байгаа. Уг өвчний тархалт их хурдан. Иймээс бид эхний ээлжинд хязгаарлалт хийж, зурвас татаж вакцинаа тарих арга хэмжээ авч ажиллаж байна.

-Шүлхийн вакцинжуулалтыг өмнө нь хэрхэн хийсэн бэ.

Манай малчид тогтмол хийлгэдэггүйгээс болж, өвчин хурдацтай тархаад байгаа юм болов уу?

-Вакцинжуулалтын арга хэмжээг дөрөв, аравдугаар сард тогтмол хийдэг. Халуун, хүйтэн ч биш улиралд вакцин хийхэд тохиромжтой. Нөхцөл байдлаас хамаарч өвөл, зун хийдэг болсон. Бүх малаа вакцинд тогтмол хамруулах нь эдийн засгийн болон хүн хүчний хувьд ч боломжгүй байдаг. Вакцинд найдаж өвчний тархалт яригддаггүй юм. Хамгийн гол нь хөдөлгөөн. Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж, вакцинаа хийвэл тархалт буурна. Монголчуудын ёс заншил, амьдралын нөхцөлөөс маш их шалтгаалдаг гэдгийг малчид, иргэд бодох хэрэгтэй. Төв суурин газар шүлхий өвчин гарах нь маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, 2000 малтай суурин газарт шүлхий гарахад 20 мянган хүн хэлмэгдэж, хорио цээрийн дэглэмд орох төлөвтэй. Хүн ам суурьшсан, төвлөрсөн газар мал байлгах нь оновчгүй арга. Хорио цээрийн дэглэм тогтоохгүй л бол хэдэн аймгаараа хорионд орох эрсдэл үүсдэг. Иймээс аль болох тархалтыг бага бүст нь дарах авах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Улсын онцгой комисс болон холбогдох байгууллага, иргэд, малчид нэг сарын хугацаанд сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Ингэж чадвал ирэх сарын 15-нд шүлхийний асуудлаас салах бүрэн боломжтой.

-Халдвараас болж хэдэн мал устгалд оруулсан бэ?

-Одоогийн байдлаар 3100 орчим малыг устгалд оруулсан. Өвчлөлийн хүрээ буурч байгаа ч шинэ газар халдвар үүсэх тохиолдол байна. Малчид санаатай болон санамсаргүйгээр малаа өвчилснөө нуух, холбогдох газарт нь мэдэгдэхгүй 14 хоноход л өвчлөл маш том хүрээнд тархдаг. Тухайлбал, саяхан монгол түмний уламжлалт сар шинийн баяр болсон. Үүнтэй холбоотойгоор нэг аймгаас нөгөө аймаг, сум руу шилжих хөдөлгөөн ихэссэн нь шүлхийн халдвар тархах гол шалтгаан болсон. Хурдан морины уралдааныг хараа хяналтгүй зохион байгуулж буй нь ч нөлөөлдөг. Хэдийгээр шүлхий өвчнөөр адуу өвдөхгүй ч халдвар тээгч, дамжуулагч болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн малын бэлчээрийн даац хэтэрсэн, зэрлэг амьтдын тоо толгой өссөн нь өвчнийг дамжуулах, тараах эрсдэл болж байгаа юм. Говийн аймгуудаар зэрлэг амьтдаас халдварласан гэдэг нь тогтоогдсон. Зүүн, говийн аймгуудад зуншлага сайтай байснаас тус аймагт отор, нүүдэл их хийгдсэн. Малын бэлчээргүй байдал нь малаас зэрлэг амьтан, зэрлэг амьтнаас малдаа халдварлах тохиолдлууд ч бүртгэгдэж байна.

-Бусад орны хувьд шүлхий өвчинтэй хэрхэн тэмцдэг юм бол?

-БНХАУ, ОХУ сүүлийн хоёр жил шүлхий өвчинтэй эрчимтэй тэмцэж байна. Дэлхий нийтэд шүлхийн дэгдэлт байгаа. БНХАУ шүлхийн вакцины хоёр ч үйлдвэртэй. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тархалтаа бууруулж чадахгүй, тэмцсээр байгаа юм. Шүлхий бол хэнээс ч үл шалтгаалах замаар дамжин халдварладаг бөгөөд хил дамнан, асар хурдацтай тархдаг. Дэлхийн мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх дөрвөн заавар, аргачлал бий. Нэгдүгээрт, энэ өвчин гарсан бүс нутгийн малыг устгадаг. Тухайлбал, Японд нэг мужид шүлхий гарвал мужийн бүх малыг устгадаг. Хоёрдугаарт, өвчин гарсан малыг сууриар нь устгадаг. Малчин С-ийнд шүлхий гарвал тэдний бүх малыг нь устгадаг юм. Гуравдугаарт, өвчилсөн малыг тавилан муутайг нь устгана. Нэг ёсондоо үхэх нь тодорхой болсон малыг устгаж, үлдсэн малаа нядлах, сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүнийг манайхаас өөр хэрэглэж байгаа улс байхгүй. Дөрөвдүгээрт, өвчтэй малаа устгаж, үлдсэнийг нь вакцинцуулж авч үлддэг. Сүүлийн үеийн мэдээллүүдээр ОХУ гэхэд таван мал өвчилөхөд гурвыг нь устгаж, хоёрыг нь устгахгүй байгаа юм билээ. Тус улсын иргэд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс нь суурьшмал байдаг. Монголчууд шиг нүүдэллэж амьдардаггүй. Нүүдэллэж байгаа нь нэг аймгаас нөгөө аймаг руу өвчний тархалтыг авч яваад байна гэсэн үг. БНХАУ гэхэд суурь, сууриар нь устгадаг. Учир нь БНХАУ үйлдвэрлэг орон учраас таван сууриар нь устгал хийж тэмцэж байна.

Шүлхийтэй малын мах гэж их ярьдаг. Хорио цээрийн дэглэм буугаад ирэхээр тодорхой тандалтууд хийгддэг. Вирусын идэвхжил нь хэр байна, дахин дэгдэх нь үү, үгүй юу гэдгийг шинжилнэ. Хэрвээ “гайгүй байна” гэж гарвал халдвартын бүс тайван байдалд орчихно. Ингээд жилийн хугацаанд мал малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хориглоно. Гарал үүслийн гэрчилгээ гэж бий. Тэрхүү гэрчилгээгүйгээр ямар ч малын мах худалдаанд борлогдох эрх байхгүй. Гарал үүслийн гэрчилгээгүй мал бүртгэгдэж, хүнсний зах болон томоохон худалдааны төвүүдээр мах нь борлуулагдвал Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авдаг. Иймээс гэрчилгээгүй малын мах хүнсний зах болон худалдааны төвүүдээр борлуулагдах ёсгүй. Иргэд энэ тал дээр санаа зовох хэрэггүй.

-Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хамгийн гол нь малчид гаднаас мал авахгүй байх, малтайгаа айл хэсэхгүй байх, гадны хүмүүсийг гэртээ авчирахгүй байх хэрэгтэй. Уг өвчин нь ганц малаар дамждаггүй нь вирус хөнгөн чанартайг илтгэж байгаа юм. Тиймээс бүх төрлийн арга замаар дамжин халдварладаг. Иймээс малчид, ард иргэд угаалгын нунтаг, саван зэрэг шүлтлэг бодисуудыг сайтар ашиглаж, гэр орноо сайтар цэвэрлэх ёстой. Хүнсний зориулалттай нимбэгний хүчил, содын уусмал зэргээр гэр орон болон хашаагаа ариутгах нь зүйтэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Өлзийтогтох: Шүлхий тараадаг, вакциныг авч ирж зардаг мафын бүлэглэл Монголд бий болсон

Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.


-Сүүлийн үед шүлхий өвчин олон аймаг сумдад гарч байна. Энэ нь юунаас үүдэлтэй юм бол?

-Холбогдох мэргэжлийн байгууллага болон удирдлагууд мэдсээр байж, буруу арга замыг сонгосонтой холбогдон шүлхий гарч байгаа юм. Тодруулбал, тухайн айлын хотон доторх малыг өвчтэй, эрүүл гэж ялгадаг. Ингэж ялгах ямар ч шаардлагагүй. Иргэн Д-гийн нэг малын аман дээр цэврүү гарсан л байвал, бусад мал нь халдвартай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн айлын хотон доторх нэг мал л халдвартай бол бүгд өвчилчихдөг.

-Шүлхий өвчин дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Манай улсад шүлхий өвчний вакциныг хийхдээ алдаа гаргадаг гэсэн үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай мэргэжлийн байгууллагын ажилтан, эмч нар ямар ч шаардлагагүй газарт очиж, шүлхийн вакцин хийдэг. Тухайлбал, шүлхий өвчин гарсан Д-гийн малд вакцин хийдэг. Дараа нь шууд ямар ч өвчин гараагүй айлд очоод малд нь вакцин тарьчихдаг. Энэ нь өөрөө их аюултай. Малын эмч өвчтэй айлаас гарч болдоггүй юм. Тэрхүү малын өвчин гарсан айлд арав эсвэл хорь хоног байж байх ёстой. Иймээс эрүүл малтай айлд очиж, вирус тарааж байна. Халдвар тархахдаа их амархан байдаг. Халдвар нь хүний толгой, машин тэрэг, хувцас гэх зэрэг бүхий л зүйлсээр дамжина. Морь, хонь, үхэр, тэмээгээр ч дамжиж халддаг.

-Ийм арга барилаар хэдэн жил ажиллаж байна вэ?

-Ийм үйл ажиллагааг арав гаруй жил явуулж байна. Үүнийг ганцхан би л хэлээд байгаа юм биш. Дэлхийн 190 орныг багтаасан номер нэг байгууллагаас манай улсыг ажиглаад хэлээд байна. Үйл явдал маш тодорхой харагдаж байна гэж хэлсэн.

-Манай улсад шүлхийн вакциныг оруулж ирдэг бүлэглэл байдаг гэдэг. Үнэхээр тийм бүлэглэл байдаг уу?

-Шүлхий тараадаг, вакциныг авч ирж зардаг мафын бүлэглэл Монголд бий болчихсон. Үүнийг улс төрийнхөн болон хууль хяналтын байгууллагынхан сайн мэддэг. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй ярьсан хүнийг занадаг, дарамталдаг юм. Үе үеийн Засаг дарга, сайд болон мал эмнэлгийн, үржлийн газрын дарга нар монополжиж, нэг багт орсон гэсэн үг. Засгийн газар, ХХААХҮЯ-ны мал эмнэлгийн, үржлийн газар хоёр нийлээд нэгдэж, луйврын ажиллагаа явуулдаг.

Хэдэн луйварчид, мафын аргаар мялзан, цэцэг, шүлхийн вакциныг монгол малдаа авчирч, тариад байна. Нэг ёсондоо гадаадын вирусыг авчирч, Монгол малд тарьж, өнхрүүлж, оршуулаад байна л даа. Монголын мал гадаадын вирусаар тэжээгдэж, оршуулгын газар болчихсон байна шүү дээ.

-Вакциныг хэрхэн оруулж ирдэг юм бэ. Үүнийг тодруулбал…

-2016 оны сонгуулийн дараа Засгийн газар бүрэлдсэн. Ингээд наймдугаар сарын 31-ны өдөр тогтоол гаргасан. Харин есдүгээр сард 13 тэрбум төгрөгөөр шүлхий, цэцэг, мялзангийн вакцин худалдаж авсан. Зөвхөн шүлхийн вакцины үнэ 5.7 тэрбум төгрөг. 2016 оны есдүгээр сарын 19-ны өдөр гэрээ байгуулсан байдаг юм билээ. Дараа нь хонь, ямааны мялзангийн вакцинд 3.7 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн цэцгийн вакцинд нэг тэрбум хоёр зуун 92 сая төгрөг гаргасан. Нэг бог малыг тарихад 150 төгрөг. Сая хонийг вакцинжуулахад 150 сая төгрөг болно. Арван сая хонийг тарихад тэрбум таван зуун сая төгрөг болно. Ийм аргаар мөнгө луйвардаад аль аль нь сурчихсан. Энэ байдлыг болих хэрэгтэй. Хурдан засах шаардлагата байна.

-Та төрийн гурван өндөрлөгт уг асуудлаар хандсан гэсэн үү. Ямар нэг хариу өгсөн үү?

-Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр сард гурван удаа төрийн өндөрлөгүүдэд хандсан. Ерөнхий сайд, Шадар сайд, ХХААХҮЯ-ны сайд нарт хандсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат надад хариу өгсөн. Би уг асуудлыг дахин шинэ Ерөнхий сайдад хандаж, хариу хүлээнэ. Хангалттай урт хугацаанд тэмцэж байна. Миний өгсөн санал, хүсэлтэд хариу өгөөд дорвитой шийд гаргасан бол өнөөдөр халдвар тодорхой хэмжээнд буурчихсан байх ёстой. Би сэрэмжлүүлж, зөвлөгөө өгч л хандсан. Дэлхийн экспертүүд ирж, миний асуудаг асуултыг асуудаг юм.

-Одоо асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга зам юу вэ?

-Манай улсад мэргэжлийн байгууллага нь зөв арга барилаар ажиллахаа больчихсон. Иргэд нь аливаа тулгамдаж буй асуудлынхаа гол шалтгааныг нь ойлгодоггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрөлжсөн сэтгүүл зүй байхгүй болчихож. Шударга үнэний төлөө гэж дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүний араас тууштай явах ёстой. Гурав, зургаан сар явахад асуудал намжаад ирнэ. Энэ асуудал нийгмийн эрүүл мэндийн хүрээнд яригдана. Хүн, амьтны эрүүл мэнд нэг л асуудал шүү дээ. Галзуу, боомоор хүн, мал аль аль нь өвчилнө. Манайхан яагаад махаа гадагшаа зарж чадахгүй байгаа юм бэ. Монгол Улс 66.2 сая малтай. Сүүлийн үед дотооддоо ч гэсэн мах худалдаж авахад эргэлзээтэй болж байна. Томоохон ресторанынхан монгол махаа худалдаж авахаасаа эмээдэг, санаа зовдог, айдаг боллоо. Цаана нь хүн, нийгмийн эрүүл мэндийн асуудал нуугдаад байна ш дээ. Ноцтой асуудал учраас уйгагүй тэмцэж байна. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал гэж бодож байгаа. Нийт хүн амыг хордуулж байна. Утааны асуудал зөвхөн Улаанбаатарын асуудал. Харин малын өвчин, вакцины асуудал утаанаас илүү гамшиг. Үүнийг дагаж экологийн цэвэр мах, сүү, тараг байхгүй болчихоод байна. Тэгэхээр үүний төлөө дуугарах ёстой.

-Шүлхийн өвчнийг тухайн гарч буй үед яриад л орхичихдог…

-Шүлхийн өвчнийг огт мартаж болохгүй. Дулааны улирал эхлэхээр хэсэгхэн зуур гарч буй үед нь л ярьдаг. Дараа нь морио уралдуулна. Өнөөдөр хөдөө орон нутгаас над руу хоёр, гурван малчид ярьсан. Дорноговийн Улаанбадрах, Сайншандаас малчид “Манай малаас ялгаж байгаад заримыг нь буудах гээд байна” гэж байна лээ. Харж, ажиглахад “ямар ч өвчингүй мал шүү дээ” гэсэн. Зургаан сар эсвэл нэг жил өвчнөөс хамгаална гэсэн вакцин хоёр, гурван сарын дараа өвчин нь илэрдэг. Үүнийг тайлбарлахдаа вирус нь хувирна, өөрчлөгдөнө гэдэг. Хоорондоо огтхон ч уялдахгүй зүйлийг яриад байгаа хүмүүс зөв дүгнэлт гаргаж чадахгүй. Хууль хяналт, тагнуулынхан ажиллаж байна гэдэг нь худал. Яг бодит байдалд тулгуурлаж ажилладаггүй.

Халдвартай малд вакцин тарьчихаар дархлаатай малыг үгүй болгочихдог. Энэ нь халдварыг нууц хэлбэрт оруулж, иргэдэд 28 хоногийн хорио цээрийн дэглэмийн дараа “зүгээр болно” гэсэн ойлголтыг төрүүлдэг. Үүний дараа мал нь өвчилсөн айлын малчин хаана ч хамаагүй явж байдаг. Гэтэл нөгөө өвчний халдварын вирус хүний өмссөн хувцсанд жил хадгалагддаг юм шүү дээ. Ингээд вирус тархчихдаг. Одоо халдвар тархчихсан бүс нутгаа хүлээн зөвшөөрч, халдвар гараагүй бүс нутгаа яаж, хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдэг асуудлыг тухайн улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллага, агентлаг нь нийлж, нэгдэж, шударга сайн шийдэлд хүрэх ёстой. Хамтарч зөв арга замаар ажиллах ёстой. Тэмцэх стратегиа хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Эдгээрийг тууштай, хариуцлагатай хийх нь хамгийн зөв алхам юм.


Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг: “Жи тайм” сүлжээний хохирогчид ирж, хэргийн материалтай танилцах хэрэгтэй байна

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал, хүн амын амжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, залилах аргаар бусдад хохирол учруулах үйлдэл өсөх хандлагатай боллоо. Энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ гэмт хэргийн үйлдлийн арга хувьсан өөрчлөгдөж, харилцан адилгүй өөр өөр байдлаар үйлдэгдэх болсон. 1990–ээд оны үед Хадгаламж зээлийн хоршоо, “Гадаадын улс орнуудад виз найдвартай гаргаж өгнө” гэх зэргээр бусдыг залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байсан. Харин одоо сүлжээний болон цахим мэдээллийн хэрэгслээр харилцагч талуудын мэдээлэлд хөндлөнгөөс гэмт этгээдүүд хууль бусаар нэвтэрдэг. Ингээд мэдээллийн агуулгыг өөрчлөн бусдад их хэмжээний хохирол учруулах зэрэг аргуудыг их ашиглах болсон байна.

-Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын хэрэг тухайн үед шуугиан дэгдээж байсан. Тухайлбал, “Баян-Өндөр сан” , “Бизнес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре¬дит”, “Гэр хорооллын ба¬рилгажилт”, “Европын хөг¬жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ¬дүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэмшигч хохирсон байдаг. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн юм бэ?

-Шүүхээр хэрхэн шийдвэрлэснийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэд хэдэн хэргийг шийдвэрлэж, хэргийг үйлдсэн хүмүүс нь ялаар шийтгүүлсэн.

-Хууль бус сүлжээний бизнес эрхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан этгээд гэмт буруутай болох нь тогтоогдвол ямар хуулийн хариуцлага ногдуулах вэ?

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “… Энэ гэмт хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол…” гэж ерөнхий байдлаар зүйлчлэн шалгаж байсан. 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2-д “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар энэ хэргийг үйлдсэн гэж илүү тодорхой дэлгэрэнгүй болгон хүлээлгэх хариуцлагыг таван жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нь юу юм бэ?

-Мэдээллийн эрин үед иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, олон шатлалт буюу пирамид тогтолцооны шинжтэй үйл ажиллагаа явуулахдаа цахим сүлжээний хэрэгсэл (фэйсбүүк, зарын сайтууд гэх мэт) ашиглан өөрсдийн үйлдлийг халхавчтайгаар идэвхтэй сурталчилдаг. Тэгээд иргэдийг гишүүнээр элссэн тохиолдолд анх оруулсан мөнгөн хөрөнгөө богино хугацаанд өсгөж, их хэмжээний ашиг олох боломжтой мэт сэтгэгдлийг төрүүлчихсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр иргэдээс тухайн мэдээллийн үнэн зөв бодит эсэх, цаашид гарах сөрөг үр дагаврыг тооцоогүй, төсөөлөөгүйгээс эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байна. Ихэвчлэн сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэд нь өөрийн болон бусдын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах, тэтгэвэрийн зээл, үнэт эдлэл, эд зүйлээ ломбардад барьцаалж зээл авах зэргээр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлнэ. Ингэж ашиг олно гэсэн бодит бус мэдээлэлд хөтлөгдөн гишүүнээр элссэнээс өөрөө болон бусдыг хохироож байгаа тохиолдол дийлэнх хувийг эзэлж буй.

-Мөн цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдах тохиолдол сүүлийн үед их гарч байна…

-Иргэн таны и-мэйл, фэйсбүүк хаягт үл таних хэн нэгнээс “Их хэмжээний мөнгөн хөрөнгө өвлүүлэх, бага хүүтэй урт хугацаатай мөнгө зээлүүлнэ, сугалаанд аз таарлаа” эсвэл “хамтран амьдарна” гэх зэрэг бодит амьдрал дээр биелэх боломжгүй саналыг явуулна. Ийнхүү санал ирүүлж байгаад итгэж бодит дүрсээ харахгүй, аль улсын, хэн болох нь тодорхойгүй этгээдтэй харилцаа тогтоож, улмаар тэдний хүссэнээр гаалийн болон татварын, банк хоорондын гүйлгээний шимтгэл, бусад төрлийн хураамжийн төлбөр шаардлагатай гэх мэт хуурамч үйлдэлд итгэж их хэмжээний мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр гуйвуулгаар шилжүүлж залилуулан хохирдог. Тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь аль улсын, хэн болох нь тодорхойгүй, харилцсан фэйсбүүк, и-мэйл, харилцах данс, утасны дугаар зэргийг зөвхөн нэг удаа ашигладаг учраас гэмт этгээдийг тогтоох, нэгэнт Монгол Улсаас гарсан мөнгөн хөрөнгийг эргэж татан төвлөрүүлэх боломж муу. Иймээс иргэд хохирчихдог.

-Үүнээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Иргэд хэн нэгнээс дээр дурдсан саналууд ирсэн тохиолдолд хүлээн авахгүй байх ёстой. Хэрвээ эрсдэл тулгарсан бол хуулийн байгууллагад хандаж өөрт учирч болох аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж сэрэмжлүүлье.

Мөн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс бараа бүтээгдэхүүн захиалахдаа өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг, харилцах дансанд өөрчлөлт орсон талаарх мэдээллийн бодит байдлыг нягтлан үзэж байх хэрэгтэй. Бодит байдлыг сайтар шалгаж, нягтлаагүйн улмаас хуурамч мэдээлэлд итгэж их хэмжээний гадаад валютыг шилжүүлэн хохирох тохиолдол ч бий. Энэ тохиодолд харилцагч компаниас өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг, харилцах данс өөрчлөгдсөн эсэхийг боломжит байдлаараа (утсаар ярих, биечлэн уулзах, дүрст дуудлага хийх гэх мэтээр) нягтлан бататгасаны эцэст төлбөрийг шилжүүлж байх нь зүйтэй юм. Эдгээр залилах гэмт хэргийн шинжтэй тохиолдол бүрт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэж байна.

-“Жи тайм” сүлжээтэй холбоотой асуудлын мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу?

-Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан. Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах ажиллагаа энэ оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэж байгаа юм. Иймээс тус хэргийн хохирогч, иргэний харилцагч нар ирж хэргийн материалтай танилцахыг анхааруулъя.

-Он гарсаар иргэд цахим халдлагад өртсөн тохиолдол хэдэн удаа бүртгэгдсэн бэ?

-Он гарсанаас хойш дээрх байдлаар 300 орчим сая төгрөгийн хохирол учирсан гурван тохиолдол манай хэлтэст бүртгэгдэн шалгагдаж байна. Үйлдлийн аргыг ажиглахад мөн л гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс харилцагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн их хэмжээний гадаад валютыг шилжүүлсэн байна лээ. Гэвч шалгалтын явцад энэ нь хөндлөнгийн этгээдээс өөрчлөн ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаагүйгээс хохирол учирсан нь тогтоогдсон. Иймээс гадаад улс орон руу их хэмжээний мөнгөн шилжүүлэг тогтмол хийдэг, хийхээр төлөвлөж байгаа иргэн, хуулийн этгээдийг ийм эрсдэл учрахаас сэрэмжлэхийг сануулъя.

-Сүлжээний бизнес болон цахим халдлагаас урьдчилан сэргийлж ажиллахад юун дээр илүү анхаарах хэрэгтэй байна..

-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулахад гадаад харилцаа болон эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Мөн гэрээ байгуулаагүй байгаа зарим улс орнуудтай гэрээг байгуулах шаардлага бий боллоо. Учир нь гэрээ байгуулаагүй орнуудтай харилцах, мэдээлэл солилцох боломжгүй байгаа юм. Харин сүлжээний гэмт хэргийн хор уршиг эрсдлийн талаар цагдаагийн байгууллагаас олон нийтийн хэрэгсэл ашиглан сэрэмжлүүлэг мэдээлэл бүхий ярилцлага, богино хэмжээний шторкыг цацаж байгаа. Гол нь иргэдийн өөрсдийн ухамсар чухал. Хор уршиг эрсдлийг огт тооцож үзэхгүй юм. Зөвхөн ашиг хонжоо л гэж хараад байна. Мөн зарим хүмүүс хуулиар хориглосон мэдээлэл бүхий сурталчилгааг цахим орчинг ашиглан богино хугацаанд явуулж олон хүнийг хохироож буй. Иймээс мэргэжлийн байгууллагууд ч гэсэн цахим орчны хяналтыг сайжруулж, анхаарал хандуулах нь зүйтэй юм.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Categories
мэдээ цаг-үе

О.Сэргэлэн: Манай улсын элэг шилжүүлэн суулгасан хагалгаа 95 хувийн амжилттай явж байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Ээлжит элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэгэн эмэгтэйд хийж байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Манай улсад элэг шилжүүлэн суулгаснаас хойш өнөөдөр (өчигдөр) 43 дахь хүний хагалгаа явагдаж байна. Тодруулбал, эмэгтэй 32 настай, А гэх иргэн нь элэгний B, C вирус болон элэгний хатууралтай, улаан хоолойн судас өргөссөний улмаас цус алдсан. Ингээд хагалгаанд орж, уг иргэний 43 настай нагац ах нь донор болж, элэгнийхээ талыг өгч байгаа юм.

-Эмэгтэйн өвчин эрт оношлогдоогүй юм уу?

-Өвчтөн нь өөрийгөө элэгний вирустэй гэдгээ огт мэдээгүй явсан юм билээ. Улаан хоолойны судас нь өргөссөний улмаас цус алдсан гэсэн. Тэгээд эмч дээр ирээд “элэгний хатууралтай” гэдгээ мэдсэн. Жил гаруй болж, нагац ахынх нь элэг тохирно гэсэн нарийн шинжилгээнүүдийн үр дүнд хагалгаанд орж байна. Вирусын халдвараар дамжсан. Гэхдээ ямар замаар, хэрхэн халдсан гэдгээ мэдэхгүй байна лээ.

-Хагалгаа хэдэн цагт эхэлж, хэрхэн үргэлжилж байгаа юм бол?

-Энэ сарын 26-ны шөнө 5:30 цагаас өвчтнөө хүлээн авч, мэс заслын өрөөнд оруулсан. 6:00 цагт мэдээгүйжүүлгийн ажил эхэлсэн. 7:30 цагт арьсны цөслөг гэх ажиллагаа эхэлсэн. 8:30 цагт хэвлийг нь нээж, элгээ чөлөөлөх ажил явагддаг. Элэгний хатууралтай байдлыг чөлөөлдөг юм. Энэ нь хамгийн хэцүү үе шат. Би энэ хэсэгт ажилладаг. Аль болох цус алдуулахгүйн тулд нямбай хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар бид нэг ч цус юүлээгүй явж байгаа. Элэгний үүд хэсгийг чөлөөлөхөд цус алдаагүй. Өвчтэй элгээ аваад оронд нь донорынхоо элгийг тусгай ширээн дээрх мэс заслаар судасыг нь өргөсгөх ажил бий. Дараа нь элэг шилжүүлэн суулгах ажиллагаа явагддаг. Үндсэндээ венийн гурав дөрвөн судас холбож оёсноор дуусдаг юм. Дунджаар элэг шилжүүлэн суулгах хагалгаа 15-16 цаг үргэлжилдэг.

-Донор болж байгаа хүний элэг нь тохирно гэдгийг хэрхэн шинжилдэг вэ?

-Хамгийн эхэнд цусны бүлэг таарах ёстой. Нарийн шинжилгээний үр дүнд тохирно гэж гарсан. Ингээд л хагалгаа хийж байгаа юм. Тодорхой шалгуурууд бий. Тухайлбал, донор нь цусаар дамжих халдваргүй байх ёстой. Элэг нь өөхжилтгүй, анатомын хувьд шилжүүлэн суулгах боломжтой байх ёстой. Хагалгаа болохоос өмнө бид маш олон хуралдаж, дүн шинжилгээ хийдэг. Хэмжилт хийж, “яг болно” гэсэн тохиолдолд хагалгаанд орох шийдвэрийг гаргадаг. Донорын тухай хуулинд хагалгаанд орох гэж буй хүний гэр бүл, төрөл төрөгсөд, ах дүү, хамаатан садан нь эрхтнээ шилжүүлэн суулгах боломжтой гэж заасан байдаг. Үүний дагуу ажилладаг. Ямар нэг холбоотой байх ёстой. Ингэхгүй бол ард нь эрхтний наймаа явж байх магадлал өндөр.

Өнгөрсөн оны сүүлээс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг улсын төсөвт оруулсан. Үүнтэй холбоотойгоор маш олон хүний амь аврагдаж байна.

Өнгөрсөн 11, 12, нэгдүгээр сард найман хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай хувь хүн эмчлүүлэх эрхээ эдлэх бүрэн боломжтой болсон. Даатгалтай холбоотой хэдэн төгрөг төлнө. Бусад нь үнэгүй болсон. Улсын нэгдүгээр эмнэлэгт элгийг үнэгүй шилжүүлэн суулгаж байгаа. Энэ онд 24 хүнд элэг шилжүүлэн суулгах төсөв өгсөн. Одоогийн байдлаар дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгаад байна.

-Элэг шилжүүлэн суулгуулсан хүн, донор хоёр хагалгааны дараа хэрхэн эмчилгээ хийлгэдэг юм бэ?

-Элэг шилжүүлэн суулгуулсан хүн, донор хоёр хоёулаа эмчийн хяналтад байна. Манай эрхтэн шилжүүлэн суулгах тасагт 24 цагийн хяналтад эмчлүүлнэ. Донор бол харьцангуй гайгүй, долоо хоногийн дараа эмнэлгээс гарна. Гэхдээ жилийн турш манай эмнэлгийн хяналтад байна. Элэг шилжүүлэн суулгуулсан хүн маань насан туршдаа эмнэлгийн хяналтад байдаг. Гэхдээ эхний гурван сард нарийн тусгай хяналтад байх ёстой. Жилийн дараа эм уугаад эрүүл хүн болчихно. Ажлын бүтээмж сайтай, үр хүүхэд төрүүлж, эрүүл хүн шиг болдог. Өдөрт нэг эм ууна.

-43 хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-43 хүн ямар өвчлөлийн улмаас хагалгаанд орсон бэ гэдгийг эхлээд хэлье. Дунджаар 38, 39 насныхан хагалгаанд орох болсон. Хамгийн өндөр настай нь 60-тай, хамгийн бага нь нэг ой гурван сартай хүүхэд орсон. Элэгний хавдартай есөн хүн, элэг нь төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа. Мөн элэгний C вирустэй таван хүнд элэг шилжүүлэн суулгасан. Цөсний замын гаралтай элэгний хатууралтай гурван хүнд элэг шилжүүлсэн. Бусад нь B, D вирусын гаралтай байсан. Ихэнх нь одоо эмнэлэг, эмчийн хяналтад сайн байгаа. Хагалгааны дараах нөхцөл байдал их чухал байдаг. Хариуцлага алдаж огт болохгүй. Ер нь бол хүмүүсийн маань биеийн байдал сайн байгаа гэж хэлж болно. Хүүхдүүд хичээлдээ явж, бүгд эмчийнхээ зааврын дагуу хоолны дэглэмээ барьж, эхнээсээ цоо эрүүл гэж хэлж болох тийм хэмнэлд орсон байгаа. Тухайлбал, анхны элэг шилжүүлэн суулгасан есөн хүн маань бусдын адил ажил төрлөө эрхлээд явж байна. Энэ нь эмч хүний хувьд хамгийн сайхан, хүндтэй үйл хэрэг байдаг юм. Жишээ нь, тэд нарын маань зүгээс бид нарт зориулж “Дэлхийд данстай амьдралын эмч, Дэндүү энгүүн авралын бурхан, Даруухан цагаан гоёлтой, Эмч бурхан тандаа мөргөмүү” гэсэн үгтэй дурсамж өгч эрүүл энх болсон гэдгээ илэрхийлсэн нь эмч бид нарт маш их баяр хөөрийг бэлэглэсэн. Эмч хүний хамгийн том бахархал энэ л байдаг. Шөнө өвчтөнөө зүүдлэн, хичээн чармайж зүтгэсний хүчинд хөл дээрээ босож, эрүүл саруул алхаж явахыг нь харах шиг сайхан юм хаа байхав дээ.

-Манай улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж буй нь юутай холбоотой вэ?

-Манай улсын нэгдүгээр төвийн элэг шилжүүлэн суулгах баг бие дааж ажиллаж байгаа. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төв амьд донороос элэг шилжүүлэн суулгачихсан эмчилгээгээр дэлхийд нэг номерт ордог. Мөн дэлхийд хүндрэл, нас баралт хамгийн бага. Тус анагаах ухааны төвтэй 2010 оноос хойш гэрээтэй ажиллаж, манай баг хамт олон, бүх эмч нар, сувилагч маань суралцаад явж байна. Одоо ч сургалт үргэлжилж байгаа. Солонгосын багийнхан жилд хоёр удаа ирж, бид нартай хамтарч мэс засал хийнэ. Бид жилд нэг удаа очиж, дадлагаждаг. Тус төвийн бүхий л удирдамжийн дагуу мэс заслын ажиллагаа явагддаг. Тэнд байдаг бүхий л эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж манайд бий. Элэг шилжүүлэн суулгаж эхэлж байгаа орон 50 хувь нь үр дүнтэй байвал тухайн орныг амжилттай байна гэж үздэг. Тэгвэл манай улсын элэг шилжүүлэн суулгасан амжилт бол 95 хувьтай гэж гарсан. Сайн зааж зөвлөх багш нар, тус төвийн удирдамжийн дагуу хичээж байгаа учраас амжилттай яваа юм. “Асан” анагаах ухааны төвийн элэг шилжүүлэн суулгасны нэг болон таван жилийн, гурван сарын үзүүлэлт монголд хийсэн үзүүлэлттэй яг адилхан явж байдаг. Иймээс манай улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болж бүртгэгдсэн. Хөгжиж буй орнуудаас элэг шилжүүлэн суулгадаг хоёрхон орны нэг болсон байна. Монголын анагаах ухаандаа монголчууд минь итгэх цаг болжээ. Энэ дашрамд хэлэхэд монголчууд өөрсдийгөө эмнэлэгт үзүүлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Хяналт муу байдгаас хагалгаанд орох болчихдог. Тиймээс эрүүл мэнддээ алхам бүртээ анхаарч, агаар салхинд гарч байх хэрэгтэй юм. Өөрсдөөс шалтгаалах энгийн алхмыг тогтмол хийж хэвших хэрэгтэй шүү.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Нүглийг нүцгэнээр нь өгүүлсэн “Том дэвтэр”

Швейцарийн зохиолч Агото Кристоф нь уран бүтээлийнхээ замналыг шүлэг, яруу найргаар эхэлж, улмаар жүжгийн зохиол руу оржээ. Түүний “Том Дэвтэр”, “Нотолгоо”, “Гурав дахь худал” гэсэн гурамсан роман нь Франц хэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа өөрийг нь таниулж, алдар нэрийг авчирсан гэдэг. Тэрээр энэ зохиолоороо Францын уран зохиолын хоёр ч том шагнал, Австри, Швейцарь мөн төрөлх Унгарынхаа уран зохиолын тэргүүн шагналуудыг хүртэн, роман, тууж, намтар зэрэг төрлөөр долоон ном гаргаж, Европт алдаршжээ. Тиймээс “Том Дэвтэр” номыг монгол хэлнээ орчуулагдсан тухай сонсоод уншсан юм. Тус номыг уншиж байхад хажуу дахь хүнээсээ нуумаар, нугдаймаар зарим хэсгүүд нь эрээ цээргүй. Заримдаа бүр цочроож орхино. Ямар ч сануулга үгүй, гоёл чимэггүй, өнгөлөн далдлаагүй. Шууд нүүрэн дундуур тасхийтэл үйл явдлууд нь өрнөнө. Энэ зохиол маш энгийн бичвэртэй, ихэнхдээ харилцан яриа, энгийн богино өгүүлбэрүүдээс бүтнэ. Түвэгтэй, нийлмэл өгүүлбэр ер нь таарахгүй. Уншихад ямар ч бүдрэх, дахин харах, эргэлзэх шалтгаан гарахгүй. Гэвч гэмгүй энгийн зүйлийн цаана ээдрээ нуугдаастай. Чухам ийм энгийнээр нүгэл буянг дэнслэн харуулж чадсанд энэ романы олон хэлнээ орчуулагдах амжилтын үндэс оршсон болов уу. Зохиол хэдийгээр дайн, түүнийг дагах гамшгийг харуулсан мэт боловч хүний мөс, мөн чанар, нөхцөл байдал, хүнийг хэрхэн муу зүйл рүү хөтөлж болдгийг, хүн амьд үлдэх, өлсөхгүй байх зөн түүнд ухамсраас ангид ямар чадвар суулгах шидтэйг харуулсан. Үүгээр хувь хүний шинж чанар болон хувь заяаг илүүтэй харуулахыг зорьжээ. Тухайлбал, Дэлхийн II дайны сүүлчийн жил хөдөө гацаанд байдаг эмээ дээрээ ирж амьдарч байгаа хоёр хүүгийн тухай гарна. Номонд нэг ч хүний нэр, улсын болон хотын нэр гарахгүй. Бид хоёр, эмээ, ээж аав, цэрэг, офицер, сэтэрхий уруулт, ламтан, ламтны зарц, гуталчин, байцаагч гэсэн нэртэй. Дэлхийн II дайны үед хоёр хүүгээ том хотоос хөдөө эмээ рүү нь авчирч буй ээж, “шулам” эмээ дээр бохир газар золбинших хоёр ихэр жаал, ах дүүгийн нандин холбоо, сайн муу хамаагүй, ямар мэдрэмж сэтгэгдэл дагуулсан хамаагүй, юу болсон, харсан, сонссон тухай “гагцхүү үнэн”-ийг өчиж байх том дэвтэр байлаа. Хатуужих, гэхдээ бидний ойлгодог сахилга бат, биеийн тамир, хөдөлмөрийн хатуужил бус оюун тархи, өр зүрхээрээ хатуужих, өөрсдөдөө зориуд хат суулгадаг дасгалууд, бэлгийн эрээ цээргүй харьцаанууд, тахиа хэрчиж байсан хөвгүүд хүний аминд ч хүрдэг болж байгаа явдал гэх зэрэг нь ямар ч “найраагүй” гэмгүй байж байгаад л хоорондоо нүглээр сүлэлдэнэ. Кино үзэж буй мэт, тийм нүцгэн үнэнийг харуулсан зохиол болжээ. Муу муухайг үзэн ядаагүй, байгаагаар нь, ер нь муухай мөн ч юм уу, биш ч юм уу, ийм л байна гэсэн өнгө аястай. Зохиогч ямар ч нөхцөл байдлууд гинжин хэлхээгээр хоорондоо холбогдсоноор юунд хүргэж байгааг харуулсан болохоор эхнээсээ сайн муугийн зааг татаагүй. Нүгэл оршин байдаг. Хэн ч нүгэлтэн болж болно гэдгийг илтгэсэн байв. Харин энэ бүгд юунаас эхлэв гэдгийн хариу хайр дутагдснаас тэр. Ялангуяа эхийн хайр. Хайр, анхаарал, халамж гэж агуу их ид шидтэй аж. Эд байхгүй бол “Нүглийн нөхцөл” бүрэлдэнэ гэдгийг ч сайтар шигтэж өгчээ.


Categories
мэдээ цаг-үе

Архичны гэр бүлд төрж өссөн хүүхэд сэтгэхүй, хүмүүжлийн доголдолтой болдог

Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух гурван настай, эрэгтэй Б архи уусан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус суманд оршин суух С гэх иргэн гэртээ зочид ирэхэд архи уусан гэнэ. Ингээд олон хүн бужигнаж, бага насны хүүхдэдээ анхаарал хандуулаагүйгээс болж, гурван настай хүү нь “Нутаг” гэх архины шилэнд байсан үлдэгдлийг уужээ. Гурван настай хүү ухаангүй хэвтэж байхад нь арван настай эгч нь анх харж, эцэг эхдээ дуулгасан байна. Гэвч эцэг эх нь биеэ удирдах чадваргүй болтлоо согтсон байсан ч хүүгээ ухаангүй болсон учраас эмнэлэгт нэн даруй хүргэжээ. Эмч нар яаралтай арга хэмжээ авч, хүүхдийн ходоодыг угааж, холбогдох бусад эмчилгээг хийсэн гэв. Тухайн үед хүүгийн эцэг эх нь “Хүүгээ ухаангүй болчихлоо” гэж их сандарсан гэнэ. Харин бага насны хүүхэд архи уухад шууд унтах хэмжээнд очдог гэдгийг эмч нар сануулжээ. Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн, эмчилгээний үр дүнд сэргэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

ЖИРЭМСЭН ЭХ СОГТУУРУУЛАХ УНДАА УУХ БҮРТ УРАГТ НӨЛӨӨЛЖ, ЭРҮҮЛ БУС ХҮҮХЭД ТӨРДӨГ ГЭВ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагдсан гэнэ. Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлнө. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг. Жирэмсэн эх согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог байна.

Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагддаг гэв. Тухайлбал, явж чадахгүй болох, аливаа зүйл бүдэг харагдах, яриа дультраатах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах зэрэг нь архи тархинд нөлөөлж буйн илрэл юм. Эдгээр шинжийн зарим нь зөвхөн нэгээс хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоовол хурдан засардаг. Гэхдээ удаан хугацаагаар их хэмжээний архи ууж байсан хүн хэдий эрүүлжсэн ч тархины дутагдал шинж нь арилдаггүй байна.

Бага хэмжээгээр архи уусны дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг гэв. Ходоод хоосон үед их хэмжээний архийг нэг дор уух үед “тасрах” буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Сүүлийн үед “тасрах” тохиолдол нийгэмд түгээмэл болсон. Тухайн хүн хамт олонтойгоо ууж буй тохиолдол элбэг байдаг. Энэ үед иргэдийн наснаас үл хамааран архины хамааралтай юу, үгүй юу зэргийг харгалзахгүйгээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Ийм тохиолдолд огцом хордлогод орсноос болж янз бүрийн өвчин эмгэгтэй болж, гэмт хэргийн золиос болох нь ч бий. Тухайлбал, оюутан сурагчид “тасарсан” үедээ аймшигт эрсдлийг дагуулдаг.

Зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас осол гаргадаг. Тэр дундаа монголчууд бага насны хүүхдүүдийн хажууд хараа хяналтгүйгээр архи согтууруулах ундаа хэрэглэж, заримдаа гурав, дөрөв, таван настай хүүхдүүдийг “Амсаад үз” гэдэг. Энэ нь маш буруу гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Бага насны хүүхдийн бие эрхтнүүд нь дөнгөж нөхөн төлжиж буй учраас архи согтууруулах ундаа шууд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймээс шууд унтуулах эсвэл ухаан алдах, их хэмжээгээр уулгавал амь насанд нь аюул учруулдаг байна.

Мөн их, дээд сургууль, коллежийн оюутнууд архийг их хэмжээгээр уудаг, “тасарсан” тохиолдол өндөр байгаа учраас эрсдэл ихтэй байгаа юм. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн хоёр цагийн дотор тав болон түүнээс илүү хундага, эмэгтэй хүн дөрөв болон түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ архи согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагч, оюутнуудад тавих хараа хяналтаа сайжруулахыг санууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батсумъяа: Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Шударга журам” медалийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Г.Эрдэнэбаяр нар хүртсэн билээ. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяатай ярилцсанаа хүргэе.


-“Шударга журам” медалиар шагнуулсанд баяр хүргэе. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан гэсэн үү?

-Сэтгэл өндөр байна. “Шударга журам” медалиар шагнуулна гэж огт бодоогүй. Энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас утсаар ярьсан. “Та Батсумъяа мөн үү. Танд “Шударга журам” медаль гардуулна” гэсэн. Би их гайхсан. Тэгээд энэ сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаярын хамт шагналаа гардан авсан даа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд бороо ширүүн орж байсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байхад “Бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу уулын энгэр давж, Лхагваа гэдэг айлынд очсон. Тус айлынх үерт өртөж болзошгүй газарт буучихсан байсан. Хоёр гэр байсан бөгөөд нэг нь бүр усанд тэр чигтээ автчихсан байсан.

-Хоёр айл нэг гэрт ороод суучихсан байсан юм уу. Очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Тийм. Хоёр өрхийн 12 хүн нэг гэрт орчихсон байсан. Тэнд дөрвөн том хүн, 4-12 насны найман хүүхэд байсан юм. Гэрийнх нь тавилгууд харагдахаа байтал үерт автчихсан, хүүхдүүд унь, хананаасаа зүүгдчихсэн, томчууд нь аль болох аюулгүй байх арга хэмжээ авч байсан. Ингээд бид хурдхан шиг хүүхдүүдийг гаргаж, эмнэлэгт хүргэсэн. Томчууд нь бид нарын амь насыг аварлаа гээд баяртай байсан. Сүүлд хоёр гэр бүлийнхэн баярласан, талархснаа илэрхийлсэн. Цагдаагийн алба хаагчид төрийнхөө сүлдэнд тангараг өргөдөг. Иймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг юм.

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Ихэвчлэн ямар ямар хэргүүд илрүүлж байв?

-Би 2006 онд Нийслэлийн Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж байлаа. 2008 оноос Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын III хэлтсийн эргүүлийн офицер, 2011 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст томилогдон эргүүлийн офицер, 2013 оноос Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 21 дүгээр хороонд хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд их явдаг. Хулгай, дээрэм, булаалт, танхайн хэргүүд гарч байдаг. Овор ихтэй зүйл авч яваа сэжигтэй этгээдийг илрүүлчихнэ. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө Хан-Уул дүүрэгт нэг айлын байшин шатаж байсан. Тухайн үед эзэн нь юу ч мэдээгүй байхад хурдан шуурхай арга хэмжээ авч, унтраасан. Хүний амь нас эрсдээгүй. Мөн шинийн нэгэнд хариуцдаг нутаг дэвсгэр болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Давст тайга” гэх дэлгүүрт хулгай орсон. Иргэн С тамхи болон орлогынх нь мөнгийг нь хулгайлсан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн. Иргэд баяр ёслолын өдрүүдээр сонор сэрэмжээ алдаж, гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдол их бий. Цагдаагийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Ноцтой гэмт хэрэг зөрчил харьцангуй бага байсан.

-Танай хороо ачаалал ихтэй байдаг уу?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо нь Улаанбаатар хотоос 57 километрийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Борнуур, баруун талаараа Төв аймгийн Батсүмбэр, урд талаараа Сүхбаатар дүүргийн Санзай, Чингэлтэй дүүргийн Жигжид зуслан, Баруун, Зүүн салаа гэх зэргээр залгаа. Мөн Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянчандмань сумуудтай хил залгаа юм. Баруун аймгууд явах авто зам болон олон улсын чанартай авто замууд дайран өнгөрдөг. Иймээс ачаалал их. Улаанбаатарт Гачуурт, Жаргалант хэмээх хоёр тосгон байдаг. Үүний нэг болох Жаргалант тосгоны харьяа нутаг дэвсгэр. Эрчимжсэн мал аж ахуй болон сүүний фермтэй. Айл болгон үхэртэй. Тэгэхээр малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Цагдаагийн байгууллага авч болох бүхий л арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг дүгнэх боломжгүй. Харин илрүүлсэн хэргийг дүгнэх боломжтой. Цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, ажилладаг юм шүү. Ийнхүү аюулгүй байдлыг хангаж, хэрэг илрүүлж, эд зүйлийг нь олж өгчихөөд иргэдийнхээ нүд рүү инээмсэглэж харах л хамгийн сайхан байдаг. Хүн хүнээ гэх сэтгэл байхад бүх зүйл бүтнэ шүү дээ. Нэг үеэ бодоход иргэд маань ч гэсэн цагдаагийн байгууллагын ажилд хувь нэмэр оруулж, ухамсартай болсон байна лээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Ганзориг: Малд гэрэл ойдог хүзүүвч зүүснээр орон нутгийн зам дахь осол эрс буурсан

Төв аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзоригтой ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагын 2017 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлж, автомашинаар шагнагдсанд баяр хүргэе.

-Бидний хувьд үндсэн чиг үүргээ л гүйцэтгэсэн. Цагдаагийн байгууллагын ажил бол зөвхөн манай алба хаагчдын хичээл зүтгэлээр хэмжигддэггүй. Иргэд байгууллагуудын хамтын ажиллагаа, зохион байгуулж байгаа ажлуудын үр дүн байдаг. Он оны ажлаа дүгнээд харахад алдаа оноо хоёулаа л байдаг. Энэ бүхнийг бид хуулийн хүрээнд илүү эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулахын төлөө ажиллаж байна.

-Төв аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна?

-Нутаг дэвсгэрийн хувьд нийслэл Улаанбаатар хотыг тойрон байрласан. Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгууд, Улаанбаатар хотын зургаан дүүрэгтэй хил залгаа, олон улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай таван чиглэлийн 960 км зам дайран өнгөрдөг онцлогтой.

Улаанбаатар хот руу чиглэсэн орох, гарах хөдөлгөөн тус аймгийн нутаг дэвсгэрээр дамждаг. Үүнээс шалтгаалан гэмт хэргийн гаралт ихтэй, эрүү хэв журмын нөхцөл байдал хүнд аймгийн нэг. Манайх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байна.

-Өнгөрсөн онд нөхцөл байдал ямар байв. Ноцтой гэмт хэрэг гарав уу?

-2017 онд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 3915 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1938, захиргааны зөрчлийн шинжтэй 1895 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн. 642 холбогдогчтой 810 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр хэргээр буюу 0.2 хувиар гэмт хэргийн гаралт буурсан. Гэмт хэргийн илрүүлэлт 52.3 хувьтай байна гэсэн үг. Харин иргэн аж ахуйн нэгж байгууллагад 3.339.800 төгрөгийн хохирол учирч, 2.211.500 төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүллээ.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулав. Үр дүн нь ямар байсан бэ?

-Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдэгдсэн хойно нь илрүүлэх гэж хөөцөлдөж хүн хүчээ ажиллуулж хөрөнгө зарахаас илүү урьдчилан сэргийлж иргэд, төрийн болон төрийн бус байгууллагыг идэвхжүүлж анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллах ёстой. Одоо иргэд байгууллагууд ухамсартай, хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн холбоо”, “Малчдын бүлэг”-ийг мэргэжлийн удирдлагаар хангах, хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа юм. Тухайлбал, Зуунмод сумын зургаан багийн иргэдийн дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо” 45 хоногийн аяныг зохион явуулсан. Аяны хүрээнд багуудад “Аялах дэвтэр, дарцаг”-ийг аялуулав.

Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрөл бүрийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлсэн үр дүнтэй ажил болсон. Аяны хүрээнд иргэдийн сайн дурын болон урамшуулалтай эргүүлд 54 иргэн хамтран ажиллаж, 22 хөршийн холбоо шинээр байгуулагдаж, хяналт тавьж ажилласан. Ингээд гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 28 нэгжээр буюу 30.8 хувиар буурсан. Үр дүн гарахаар бид илүү их урам зориг авч, илүү их хамтарч ажиллахын төлөө олон ажлуудыг төлөвлөөд байгаа.

-Танай аймгийн хувьд камержуулалтын систем ямар түвшинд байгаа вэ?

-Одоохондоо бүрэн шийдэгдээгүй байна. 2015 онд аймаг, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж аймгийн төвийн 27 цэгт хяналтын камертай болгосон. Гэсэн хэдий ч уг камер нь хүчин чадал, нягтрал муу зэргээс шалтгаалан шаардлагын хэмжээнд ажиллахгүй байгаа. Зуунмод сумыг бүрэн камержуулах чиглэлээр 45 цэгт 60 орчим камер байрлуулахаар ЦЕГ-ын Холбоо мэдээллийн төвөөс эхний шатны судалгааны ажлыг хийсэн. Төв аймгийн Мөнгөнморьт, Борнуур, Угтаалцайдам, Заамар, Жаргалант, Архуст, Дэлгэрхаан, Эрдэнэ, Алтанбулаг зэрэг есөн суманд нийт 47 камерыг орон нутгийн төсөв болон хувийн хэвшил, олон улсын төслийн 49.7 сая төгрөгийн санхүүжилтээр гудамж талбай, албан байгууллагуудад шинээр тавьсан нь гэмт хэрэг илрүүлэхэд үр дүнгээ өгч байна. Тэр дундаа Мөнгөнморьт сумыг бүрэн камержуулж жишигт сум болгон ажиллаж байна.

Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн орчинд хулгайн гэмт хэрэг ихээр гарч эмнэлгээр үйлчлүүлэгч нараас эд зүйл, бэлэн мөнгө алдах тохиолдол цагдаагийн байгууллагад тогтмол бүртгэгдэж байсан. Үүнийг аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулснаар ГХУСАЗЗ-өөс 2017 оны 03 дугаар тогтоолоор 2.500.000 төгрөгийн төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж камерын хяналттай болсон нь тухайн орчинд үйлдэгдэх хулгайн гэмт хэрэг таслан зогсоогдож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгсөн.

Зуунмод, Лүн, Баянчандмань, Эрдэнэ, Баян сум болон Дундговь чиглэлийн авто зам дагуу дугаар, зөрчил илрүүлэгч бүхий сүлжээнд холбогдсон хяналтын телекамер байршуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад буй. Иргэд, олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж албан байгууллага, аж ахуйн нэгж, гудамж талбайгаа камержуулж хамтран ажиллахыг уриалж байгаа.

-Иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн ажиллаж байна вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг 68, эргүүл, хяналт шалгалтыг 81, аймгийн 27 суманд 32 удаагийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан багийн чадавхжуулах сургалтад 27 сумын 172 хамтарсан багийн гишүүдийг хамруулж мэргэжил, арга зүйгээр хангасан. Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд өнгөрсөн онд олон ажлыг хийсэн. Цагдаагийн газрын алба хаагчдаас санаачлан явуулсан “Дээлтэй монгол өдөрлөг”, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Цагдаагийн газрын ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ”, аймаг, орон нутгийн хэмжээнд анх удаа “Хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн” зэрэг арга хэмжээг зохион явууллаа.

-Танай аймагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг гэсэн үү?

-Манай аймгийн Эрдэнэ, Баян, Баяндэлгэр сумдын нутгаар дайран өнгөрдөг улсын чанартай хатуу хучилттай зам дагуу нутагладаг малчдын мал шөнийн цагаар машинд дайрагдаж үхэх тохиолдол их байна. Улмаар жолооч зорчигчид эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал ихээр гарч байсан. Үүн дээр дүгнэлт хийж дээрх сумдын нутагт зам дагуу нутагладаг малчдын бод малд гэрэл ойдог хүзүүвч, өвлийн цагт нэмнээг цацруулагчтай болгосноор мал автомашинд дайрагдах явдал эрс буурсан. Энэ нь зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажил болсон юм.

-Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар томоохон ажлуудыг өрнүүлсэн бэ?

-Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, олон үйлдэл холбогдогчтой хэргүүдийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн онд холбогдох ажлыг зохион явуулсан. Ингээд цагдаагийн газрын даргын тушаалаар зургаан удаа, мөрдөн байцаах албаны даргын тогтоолоор 19, нийт 25 удаа ажлын хэсэг байгуулан тодорхой гэмт хэргүүдийг шалгаж шийдвэрлэсэн. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хил залгаа аймаг сум, дүүргийн цагдаагийн алба хаагчид болон нутгийн удирдлага, иргэд малчдыг оролцуулсан уулзалт зөвлөгөөнийг Баян, Угтаалцайдам сумд болон Нийслэлийн Багануур дүүрэгт тус тус зохион байгуулав.

Мөн мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Оргодол-илрүүлэлт”, “Сар-шинэ”, “Бүс-2017”, “Туслах малчин”, “Тулгалт”, “Сэргээн шийдвэрлэлт-1, 2” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг 23 удаа зохион явууллаа. Хил залгаа аймаг, сум, дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагчидтай мэдээ мэдээлэл солилцон хамтран ажилласан.

Иргэд байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 256 гомдол мэдээлэл ирсэн. Зохих журмын дагуу хүлээн авч 44.9 хувийг нь буюу 115 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, бүртгэгдэх үедээ сэжигтэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 100 хэргийн 39 хэргийг илрүүлсэн. Улмаар мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 39 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 739 мал үүнээс бод 401, бог 338 өртөж иргэдэд 375.4 сая төгрөгийн хохирол учирч 53 этгээдийг холбогдуулан шалгаж 92.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Цагдаагийн газрын алба хаагчдыг дөрвөн бүсэд хуваан ажиллуулж хариуцсан бүсийн сумдад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өргөдөл гомдлыг газар дээр нь шалган шийдвэрлэсэн. Иргэд, малчдаас цагдаагийн байгууллагад аливаа мэдээ мэдээлэл хүргэх боломж олгосон нь ихээхэн ач холбогдолтой ажил болоод байна.

Аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 33.9 хувиар өссөн дүгнэлттэй байсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 27 сумыг хоёр бүсэд хуваан малчдын бүлгийн ахлагч нарын зөвлөгөөнийг зүүн бүсийг Баяндэлгэр, баруун бүсийг Өндөрширээт сумдад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

О.Энхбилгүүн: Залуус хялбар аргаар мөнгө олох гэж буруу замд уруу татагдаж байна

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч цагдаагийн байгууллагад нэмэгдлээр үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр тус сургуулийн Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч О.Энхбилгүүн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьжээ.


-Үүрэг гүйцэтгэх үедээ эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьж, холбогдох газарт нь хүлээлгэж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би баяр амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хэв журмын үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр тус дүүргийнVII хорооны нутаг дэвсгэрт “Сансар” зочид буудлын ойр орчимд үүрэг гүйцэтгэж, зочид буудлыг шалгасан. Тэнд 46 настай, сэжиг бүхийиргэн байсныг олж тогтоосон. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст эрэн сурвалжлагдаж байсан юм билээ. Иймээс барьж, холбогдох газарт шуурхай хүлээлгэж өгсөн.

-Үүрэг гүйцэтгэх үед ихэвчлэн ямар хэрэг зөрчил гарсан бэ?

-Баярын өдрүүдэд манай сургуулиас 700 сонсогч, 27 алба хаагчид нэгдэж ажилласан. Нэг цагдаа хоёр сонсогчтой ажилласан юм. Тухайн үед дээрэм болон орон байрны хулгай түлхүү гардаг нь анзаарагдсан.

-Сүүлийн үед хулгай дээрэм их гарах болсон. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт гэр хороолол түлхүү суурьшсан юм билээ. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж, иргэд гэрээ эзэнгүй орхиж явах хойгуур айлын үнэт эд зүйлийг хулгайлах тохиолдол их байсан. Ер нь аливаа үйлдэл тухайнхүний ухамсараас шалтгаалдаг гэж би боддог. Хүн үнэнчээр хөдөлмөрлөж, аливаа зүйлийг өөрийнхөө хүчээр бүтээж байж сайхан амьдардаг. Гэтэл зарим хүн тэр дундаа залуус энэ бүхэнд өнгөцхөн хандаж, хялбар аргаар мөнгө олох гэж буруу замд уруу татагдаж байгаа нь харамсалтай санагдсан. Энэ нь хулгай дээрмийн нэг шалтгаан болж байна. Ер нь аливаа сайн үйлийг хүн өөрөө бүтээдэг. Үүнийг залуус ухамсарлах хэрэгтэй юм.

-Цагдаа болох хүсэл эрмэлзлэлдээ хэзээнээс хөтлөгдөж эхэлсэн бэ…

-Би наймдугаар ангиасаа л цагдаа болно гэж өөрийгөө бэлдсэн. Тухайн үед аав, ээж зөвшөөрдөггүй байсан л даа. Монгол Улсын их сургуульд сурч байсан. Тэгсэн нэг л болж өгдөггүй. Аав, ээжтэйгээ зөвлөлдөж, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд шалгуулж, тэнцсэн. Ингээдминий мөрөөдөл биелэсэн. Харин одоо аав ээж маань миний эзэмшихээр суралцаж буй мэргэжлээр бахархах болсон. Сар шинийн баяраар үүрэг гүйцэтгэж байхад иргэд сонсогч нарыг “Баярын үеэр амраах хэрэгтэй” гэдгийг үгийг олон удаа хэлж байна лээ. Тэр үед би ирээдүйд Монгол төрийн цагдаа болох учраас Сар шинээр амрах шаардлагагүй. Иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй шүү дээ гэж бодож байсан юм. Ихэнх хүмүүс л биднийг “Амраачих хэрэгтэй шүү дээ. Сайхан шинэлэх хэрэгтэй биз дээ” гэсэн нь тэр үедээ сайхан л сонсогдож байсан. Нэг талаараа энэ нь монголчууд цагдаа нарын ажлыг ойлгож, хүндэтгэдэг болсны илрэл гэж би ойлгосон. Миний сонгосон мэргэжил иргэдийн эрүүл мэнд, амь нас, амар амгаланг хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс би мэргэжлээрээ бахархдаг.

-Цагдаагийн алба хаагчид юун дээр түлхүү анхаарч, хэрхэн ажиллах ёстой гэж боддог вэ?

-Төрийн тусгай хамгаалалттай, төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллахад бэлтгэгдэж буй учраас бид жилд хоёроос гурван удаа дадлага хийдэг. Дөрвөн жил дараалан олонтаа практик байгууллагаддадлагаждаг.Иймээс бид нар ажлын байран дээр гарахад багагүй туршлага хуримтлуулдаг. Энэ нь бидний бусдаас ялгарах онцлог. Учир нь мэдлэгээ илүү их бататгаж, мэргэжилдээ үнэнч байх, олон нийтийн итгэлийг олох зэрэг давуу талыг бий болгодог юм. Нэмэгдлээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа тэвчээртэй байх ёстой, аливаа зүйлд хүлээцтэй хандах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Цагдаагийн алба хаагч болоход хувь хүний төлөвшлийг эзэмшсэн байх хэрэгтэй, үе үеийн удирдлагуудтай уулзалтад орж байхад хүнээс үг сонсож сур, хатуу зовлон бэрхшээлд тэвчээртэй ханд гэдгийг олон удаа зөвлөж байсан. Эдгээрийг хэлж, зааж, сургаж, хэрэг илрүүлэхэд туршлагатай байх хэрэгтэй гэдгийг ухаарч ойлгуулсан. Би дунд сургуулиа төгсөөд зан төрхийн хувьд ихэмсэг байсан. Харин одоо сургууль, практик хоёр маань сайтар хосолж надад маш олон зүйлийг ухааруулсан. Хүмүүстэй нээлттэй харилцаж, хүнийг хүндлэх ёстой гэдгийг сайтар ойлгосон байна. Мөн хэрэг зөрчил гарахад бүлэг болж ажиллах ёстой, нийтийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг ухаарсан.

-Иргэдийн дунд цагдаагийн алба хаагчийг янз бүрээр л ярьдаг. Тухайлбал, цагдаа цагийн найз гэж ярих ч тохиолдол бий. Энэ тал дээр ямар бодолтой байна?

-Цагдаагийн алба хаагч ямар ч баяр болсон амарч, баярладаггүй. Сар шинийн баярын өдрүүдэд хамт ажилласан цагдаагийн алба хаагч ах маань намайг “Ахын дүү энэ албын ажлыг сонгосон л бол үнэнчээр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй шүү” гэсэн. Мөн “Гэр бүлийнхэндээ бага цаг гаргадаг. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажиллана” гэсэн. Үүнийг хэлж өгсөн нь надад сайхан санагдсан. Иргэд үнэн сэтгэлээсээ ажиллаж, хүний төлөө явдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Зарим иргэд цагдаа нар сайн ажиллаж байна гэж ярих болсон байна лээ.

-Ирээдүйд цагдаагийн алба хаагч болох дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-Манай улс амар амгалан орны тоонд багтдаг. Хамтын хүчээр нийслэл хотоо сайхан болгох боломж бидэнд бий. Тухайлбал, гэр хороололд үнс болон бусад хог хаягдлаа хийдэг зориулалтын хэсгийг бий болгох хэрэгтэй. Ингээд тогтмол хаяж хэвшвэл нийслэл маань цэвэр, аюулгүй хот болно. 19-24 насны залуучууд хийж бүтээж, сурч боловсорч байх үедээ хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол олон байна. Залуу хүний хувьд үүнд эмзэглэдэг. Иймээс ирээдүйд гэрэлтэж, эх орноо авч явах ёстой залуучууд цаг заваа зөв боловсон өнгөрүүлж, үр бүтээлтэй, бусдаасаа зөв зүйлийг нь суралцаж, эх оронч байх хэрэгтэй. Мөн Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй.

Манай сургуульд шинээр элсэн суралцаж байгаа сонсогч нартаа амжилт хүсье. Хууль сахиулахын их сургуулийн багш нар маань бидэнд ихийг зааж сургадаг. Сургалтын таатай орчин хэдийнэ бүрдсэн. Сургалтын систем, сургах тусгай тактик сайтай. Хэрэг илрүүлэх арга барил ч улам нарийсч буйг зааж байгаа. Багш нар маань ямар ч хэргийг илрүүлэх боломжтой гэдэг. Үүнийг үүрэг гүйцэтгэх хугацаандаа ойлгож авсан. Манай улсын цаг уур хичнээн хүйтэн байсан ч гэсэн гар хурууны мөрийг хэрхэн яаж сэргээх вэ, хүн амины хэрэг гарлаа гэхэд хэргийн газарт үзлэг хийх үед цус мөн үү, үгүй юу гэдгийг тогтоох нарийн арга тактикт суралцаж байна. Иймээс залуучууд сурч боловсрох цаг заваа битгий харамлаарай, алхам бүртээ гэмт хэрэг зөрчилгүй байхад миний оролцоо чухал гэдгийг санаж, хувь нэмрээ оруулаарай гэдгийг хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхундага: Архи, газтай ундааг хольж хэрэглэвэл шартана

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага зурган илэрцүүдУламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундагаас хоолны хордлогын талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Сар шинийн баяр болох гэж байна. Энэ баярын гол идээ ундаа бол мах, бууз, салат, архи, сүүтэй цай, гаазтай ундаа байгаа. Эдгээр нь хоорондоо хэр зохицдог вэ?

-Монголчууд эрт дээр үеэс хоол хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхдээ, тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний бие махбодид нөлөөлөх нөлөөллийг ихэд тооцоолдог байсан. Ялангуяа нэг дор хэрэглэсэн тохиолдолд үзүүлэх хорт нөлөөг тооцдог. Түүнийхээ тухай эртний эмийн судруудад бичиж үлдээн уламжлалт аргаар эм барьдаг маарамба бүр эмчлүүлэгчдээ зөвлөдөг байжээ. Жишээлбэл, архи хэрэглэсэн үед тостой хоол идвэл шар нэвтэрнэ, тостой хоол идээд хүйтэн ус уувал гэдэс түгжирнэ, мах идээд сүү уувал ходоод гэдэс хямарна, загасны махыг тахиа шувууны махтай хамт хэрэглэж болохгүй. Монгол хүний бие махбодийн болон үйл ажиллагааны онцлогийг нарийн ажиглан судалж хэрэглэж байсан. Гэтэл одоо үед бид үүнийг сайн мэдэхгүйгээсээ л хэрэглэж хэвшүүлж чадахгүй байгаа. Тиймээс сүүлийн үед хоол боловсруулах замын өвчлөл ихэсч байгаа гэж хэлж болно. Ялангуяа цагаан сарын үеэр чанасан мах, бууз, хиам зэрэг махан хүнс их хэмжээгээр хэрэглээд сүүтэй цайгаа уугаад байдаг маань энэ уламжлалт анагаах ухааны онолоор буруу үйлдэл байх нь байна шүү дээ. Мөн архи хэрэглэсэн үедээ газтай ундаа уудаг бол буруу зуршил юм. Яагаад гэвэл газтай ундаануудын найрлагад их хэмжээгээр байдаг сахар орлуулагч нь архийг биеэс гадагшлах хугацааг уртасгадаг. Биеийг хоргүйжүүлэх ажиллагааг сулруулах үйлчилгээтэй байдгаас архи газтай ундаа хоёрыг зэрэг хэрэглэсэн тохиолдолд шарталт илүү явагдаж байдаг.

-Ер нь хольж идэж болохгүй хүнс гэж бий юу. Хольж болохгүй хоолнуудыг хэдэн цагийн зайтай идэх вэ?

-Хоол хүнс бол хүний энергиэ нөхөж авдаг хамгийн гол эх үүсвэр тул хүнсний бүтээгдэхүүнээ тэдний хоорондын зохилдлогоог сайтар анхааран сонгон хэрэглэх шаардлагатай. Сүү махны найрлага дахь шимт бодисууд бие биендээ сөргөөр нөлөөлдөг, хамтад нь хэрэглэсэн тохиолдолд бие махбодь шингээхэд хүнд тул хэрэглэхийг хорьдог байсан. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд ч хоорондоо хамт хэрэглэхэд тохиромжгүй байх нь элбэг. Архи уусан үед газтай ундаа хэрэглэхэд шарталт их үүсдэг, холестрин ихтэй махан бүтээгдэхүүнийг холестрин багатай ч тослог ихтэй ургамлын эсвэл оливын тосонд хуурч шарж хэрэглэвэл биед ашигтай олон төрлийн бодис агуулдаг самрыг яг тэр хэрэгтэй ашигт бодисуудыг нь задлах үйлчилгээтэй шар айрагтай хэрэглэх, витамин С ихээр агуулдаг улаан лоолийг аскорбины хүчил агуулсан өргөст хэмхтэй хамт хэрэглэх зэрэг нь зохилдлогоо муутай хүнсэнд тооцогдоно. Мөн өндөг тахианы мах, загасны мах түрс зэрэг нь хамт хэрэглэхэд зохимжгүй хүнсний бүтээгдэхүүнүүд юм.

-Баяраар хүмүүс хэт их идэх болдог. Энэ үед яаж хоолоо шингээвэл сайн бэ?

-Уламжлалт цагаан сарын баяр хэдий үндэсний маань сайхан баяр ч гэлээ бид өөрсдийн эрүүл мэндийн боловсрол дулимаг, мэдээлэл муу бас хайхрамжгүйгээс шалтгаалан хоорондоо зохимж муутай хоол хүнсний зүйлүүдийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог. Хүнсний зүйлийг нэг дор их идвэл ходоод гэдэсний өвчнөөр өвчлөхөд хүргэдэг нь харамсалтай. Тиймээс сар шинийн баярын үеэр өвдөхгүй байхын тулд хүн бүр хоолоо тохируулан хэрэглэх, зохимж муутай хоол хүнсийг нэг дор хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Их идсэн тохиолдолд хоол шингээхэд тустай эрдэст рашаануудыг хэрэглэх, оройн цагаар хоол идэхгүй байх, эсвэл шингэхэд амархан, хоолны шингээлт сайжруулах, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй ногоо будаа бага зэрэг хэрэглэх, зохистой хөдөлгөөнөөр өөрийн нас биеийн онцлогт тохируулан хичээллэх, явган алхах хэрэгтэй. Аль болох хэтрүүлэн идэхгүй байх нь зөв шүү дээ. Нэг үгээр хэлэхэд өвдөх эсэх чинь өөрийн чинь л дэглэмээс хамаарна гэсэн үг.

-Хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

– Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Хоолноос хордсон бол гэдэс өвдөх,дотор муухайрах, бөөлжиж гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Биеийн халуун 37.5-39 градус болтол нэмэгдэнэ. Бие сульдана. Энэ үед хоёр хувийн хүнсний содын уусмалыг 1.5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжиж ходоодоо угааж болно. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1.5-2 литр шингэн уух хэрэгтэй. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг.