Categories
мэдээ цаг-үе

Физикийн шинжлэх ухааны салбарт цойлж яваа залуу эрдэмтэн

Улс орныг хөгжүүлэхэд Шинжлэх ухааны салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын Шинжлэх ухааны академи холбогдох бүх талын ажлыг бэхжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулж, эрдэмтдийн хүч чармайлтыг үндэсний эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж, академийн хүрээлэнгүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байгаа юм. Мөн Шинжлэх ухааны академи нь 1961 оноос хойш нэрт эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлж, нийт 126 эрдэмтэн академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. Эдүгээ салбар салбарын тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн 59 гишүүн буюу академичтай болжээ. Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа тус академийн Физик технологийн хүрээлэнгийн Аналитик лабораторийн эрхлэгч Э.Уянгыг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн залуу эрдэмтэн юм.

Түүний нээлтийг тодруулбал, уг нэгдлийн бүтэц нь цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй зэрэг шинж чанарыг агуулсан байна. Уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулсан нь шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид олгодог шагналыг авах үндэс нь болжээ. Тэрбээр нөхөртэйгөө хамт Физик технологийн хүрээлэнд ажилладаг юм билээ. Түүний гэр бүлийн хүнийг Н.Жаргалан гэдэг бөгөөд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан. Биднийг тэнд очиход Э.Уянга туршилт хийдэг лабораторио танилцууллаа. Ажил нь өглөөний 08.30-аас эхэлдэг гэнэ. Тэрээр “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа”-ны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэв. Аналитик лабораторид өндөр температурт шатаалт хийж байгаа бөгөөд 27 цагийн турш үргэлжилдэг байна. Одоогоор хүрээлэн дээрээ материалын судалгааны ажлуудаа хийсээр байгаа аж. Түүнийг материал судлаач гэж хэлж болно. Нобелийн шагналыг хүртсэн Графен гэсэн өвөрмөц шинж чанартай материал гэж бий. Үүний адил, тэрхүү материалын шинж чанарыг сайжруулж, хэрэглэх боломжтой гэсэн судалгааг явуулж байна лээ. Наноматериалын лабораторид Лити-ион батарейн анод, катодын материал, түлшний элементийн катализаторын материалыг химийн аргаар гарган авдаг юм. Хамгийн сүүлд Графенийг оксиджуулах туршилт хийсэн гэнэ. Үүний дараа зуухан дээр хатаагаад, шатааж, цэвэршүүлж өндөр цэвэршилттэй материалыг гаргадаг ажээ. Наноматериалын лаборатори нь одоогийн байдлаар дээрх гурван чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг Э.Уянга ярилаа. Түүний оролцон ажиллаж байгаа хэсэг нь катодын материал бөгөөд удирдан ажиллаж байгаа аж. Түлшний элементийн катализатор гэдэг материалын туршилт, судалгааны ажлаар тэрээр докторын зэргийг хамгаалсан байна. Манай улсад батарей үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Гэхдээ тус хүрээлэн дээр батарей үйлдвэрлэх технологийг лабораторид нутагшуулж, товчон батарейг гаргаж авдаг юм байна. Батарейнд хасах, нэмэх гэж цэнэг бий. Үүнийг тус тусад нь химийн туршилтаар гаргаж авдаг гэнэ. Аналитик лаборатори нь тухайн материалын шинж чанарыг судалж, багаж, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийх зэрэг нарийн нандин ажлыг гүйцэтгэдэг юм билээ.

Тус лаборатори шинжлэх ухааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн хийж буй материалуудыг тодорхой үнэ тарифтай хэмжиж өгдөг байна. Тухайлбал, саяхан ШУТИС-ийн докторант усны талаарх шинжилгээг хийлгэхээр иржээ. Увсаас төрөл бүрийн нуур, рашаанаас авчирсан уснуудыг тус бүрт нь шинжлүүлэхээр авчирчээ. Эдний хүрээлэн Их энергийн салбар, Онолын физикийн салбар, Биофизикийн салбар, Техник технологийн салбар, Материал судлалын салбар гэж хуваагдан ажилладаг аж.

Наноматериалын лабораторид

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ НОМЫН САНГААС САЛАХАА БАЙСАН ҮЕЭ ДУРСАВ

Э.Уянга Хэнтийн аймгийн Батширээт суманд 1987 онд төржээ. Батширээт суманд бага насаа ээж, эмээтэйгээ өнгөрүүлсэн байна. Ээжийн амин хайртай ганц охин нь гэнэ. Долдугаар ангиа төгсөөд Өмнөдэлгэр сумын сургуульд шилжин сууж, аравдугаар ангиа төгссөн байна. Ингээд МУИС-ийн Физик-электроникийн ангид 2004 онд элсэн оржээ. Тэрээр дунд сургуульд байхдаа багш, эмч, хуульч болно гээд л янз бүрээр төсөөлөн боддог байж. Есдүгээр ангийн багш нь Физикийн хичээлийг гүнзгийрүүлэн сургаж, хичээлээр шахаж, сонирхлыг нь нээж өгчээ. Оюутан болсон анхны жилдээ хамгийн хатуу, чанга багшийнхаа хичээлд тааруу дүн авдаг байснаа нуусангүй. Үүнээс хойш, хичээлдээ маш сайн чармайж, хичээх ёстой юм байна гэдгийг ойлгож, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаас салахаа больсон гэнэ. Ингээд л тэрээр МУИС-ийн босго ийм өндөр болохыг ойлгож байсан гэнэ. Сүүлдээ Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн ажилчид түүнийг андахаа байж. Ажлын цаг тарах хүртэл суудаг байсан бөгөөд амралтын өдрийг алгасдаггүй байсан аж. МУИС-д суралцаж байх хугацаанд Физикийн тэнхимийн ахмад мундаг профессоруудын номын дууг сонссон азтай нэгэн. Эдний оюутан ангийнхан сурлага, хүмүүжил болон бүхий л зүйлээрээ чадварлаг байж. Э.Уянга 2015 онд ангийнхаа гурав дахь доктор нь болжээ.

Э.Уянга нөхрийн хамт

ОХУ-ЫН ДУБНА ХОТОД ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЖЭЭ

Түүний гэр бүлийн хүн Н.Жаргалан 1987 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төржээ. Дөрөвдүгээр анги хүртлээ аймгийн төв дээр суралцсан байна. Улаанбаатар хот руу шилжиж ирээд Нийслэлийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 77 дугаар сургуульд оржээ. Тэрээр багаасаа математик, физикийн хичээлдээ сайн сурагч байж. Аравдугаар анги төгсөх жилдээ физикийн олимпиадад оролцож, хотод тусгай байр эзэлсэн байна. Ингээд улсын олимпиадад оролцох эрх авчээ. Тиймээс 2004 онд МУИС-ийн Физикийн ангид урилгатай элсэж байсан аж. Дөрвөн жил уйгагүй хичээлээ хийж, бакалаврын дипломын ажлыг Шинжлэх ухааны доктор О.Лхагва багшийн удирдлага дор хамгаалжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд ШУА-ийн Физикийн хүрээлэнд оржээ. Физикийн хүрээлэнд ирж, академич Д.Сангаа багшийн удирдлагаар, чиглэлээрээ үргэлжлүүлээд суралцсан байна. Мөн ШУТИС-ийн Л.Хэнмэдэх профессор багш удирдаж, онолын чиглэлээр жил гаруй ажиллаж байгаад 2009 оноос гурван сараар ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт ажиллахаар томилогджээ. Ийнхүү тэнд ажиллаж байгаа удирдагч нартайгаа тохиролцоод Улаанбаатарт ирж судалгааны ажлаа үргэлжлүүлж, буцаж яваад гурван жилийн хугацаатай Дубна хотод ажиллахаар явжээ. Тус хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт нь 1956 онд байгуулагджээ. Уг институт 17 гишүүн орнуудаас бүрдсэн байна. Үүний нэг гишүүн орон нь манай улс аж. Уг хотод ажиллаж байх хугацаандаа Фуллерен гэдэг молекулын уусмал дахь физикийн шинж чанарын судалгааг хийжээ. Судалгааныхаа дагуу МУИС-ийн магистрт элсэж, 2011 онд амжилттай хамгаалсан байна. Үргэлжлүүлэн Дубнад “горилогч” гэж явдаг байж. Энэ нь ажил хийж явах хугацаандаа тухайн салбар, мэргэжил судалж байгаа сэдвийнхээ хүрээнд “удирдагч” болсон гэж үзвэл “Доктор” хамгаалах эрх авдаг байна. Н.Жаргалан тэрхүү болзол, шалгуур давж гарч чаджээ. Тэнд горилогчийн статустай явж, шалгалтууд өгснөөр эрх нь нээгдсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард докторын зэрэг хамгаалсан гэнэ. Гэр бүлийн хоёр хоёулаа Орос, Англи хэлтэй юм байна. Гэрийн эзэгтэй нэг, хоёрдугаар хоолоор дайлж, аливаа зүйл эрэмбэ дараагаар явах сайхан шүү дээ гэж инээмсэглэн ярина. Харин гэрийн эзэн түрүү жил Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу” шагнал авсан гэнэ. Мөн хүрээлэнгийнхээ шилдэг ажилтнаар тодорчээ. Гадаадад явж байсан зургаа үзүүлж, сонин сайхнаас хуучилсаар байлаа. Өнгөрсөн он эдний гэр бүлд шагналын хур буусан жил байсан гэж онцлов.

Н.Жаргалангийн аав нь Техникийн их сургуулийн Усны геологич мэргэжилтэй, ээж нь химич хүн. Ер нь шинжлэх ухааны чиглэлийн хүмүүс юм байна. 1990 оноос шилжилтийн үе байсан учраас хувиараа бизнес эрхэлж иржээ. Тэрээр хоёр дүүтэй юм байна. Эрэгтэй дүү нь барилгын инженер бол бага дүү Орост хуулийн чиглэлээр хавар суралцаж, одоо төгсөх гэж байгаа аж. Н.Жаргалан өвөө эмээгийнхээ алтан сургааль дунд өсчээ. Соёл, өв уламжлалыг сайтар зааж өгдөг байсан гэнэ.

Аналитик лабораторид

ДУБНА ХОТОД АНХНЫ ХҮҮГЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ

Дубна хот маш тайван, тогтуун гэнэ. Улаанбаатар хотоос тийшээ яваад очиход эхэндээ уйдах хандлагатай байж. Харин таван жил гэр бүлээрээ Дубна хотод байсан учраас Улаанбаатар хотдоо ирэхэд давчуухан санагдсан байна. Тус хот ерөнхийдөө цөмийн эрдэм шинжилгээнийхэнд зориулагдан баригдсан гэнэ. Э.Уянга докторын зэргээ МУИС-ийн Францын Ле Манны их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамгаалсан бөгөөд Франц, ОХУ-д судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байсан аж. Ийш, тийш хоёр өөр газар руу явдаг байсан учраас хамтдаа зугаалах цаг ховор байж. Э.Уянга хот хот дамжин явахдаа жирэмсэн байсан гэнэ. Ингээд хүүгээ ОХУ-ын Дубна хотод төрүүлжээ. Хүүгээ төрүүлсэн өдөр хотын баяр болж, салют буудаж байсан тухай гэгээн сайхан дурсамжаа хуваалцав. Тус газарт тайван, хүүгээ цэцэрлэгт өгчихөөд гадуур алхаж, судалгаа хийх үедээ институт дээр очно. Эсвэл спортоор хичээллэж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Тэдний хүүг нь Тэмүүлэн гэдэг бөгөөд одоо гэрийнхээ хажууд 32 дугаар цэцэрлэгт явж байгаа ажээ. Сониноос, Н.Жаргалан Дубна хотод байхдаа спортын уралдаан, тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль авч байжээ.

ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ГАРНА

Э.Уянга “Манай улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэн олон улсын түвшнээс аль болох хоцрохгүйг хичээж, чармайж, хөдөлмөрлөж яваа гэдгийг ярив. Орчин үеийн олон улсад явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажлыг лабораторид хийж байгаа гэнэ. Мөн олон улсын томоохон физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн сэтгүүлд материалынхаа эрдэм шинжилгээний ажлыг өгүүлэл болгож хэвлүүлсэн байна. Шинжлэх ухаанч хүн сониуч байх ёстой. Тэр дундаас физикч хүн аливаа зүйлийг харж, ажиглаж, тууштай, хариулагатай байх зарчмыг баримталдаг байна. Физикийн шинжлэх ухаан хүний амьдралд холбоотой бүх л зүйлсийг судалдаг өргөн агуулгатай салбар. Инженер хүн улс орныг бүтээдэг. Математик, физик хоёр салшгүй холбоотой. Физикийн шинжлэх ухааны судалгаа одоо дэлхийд орчлон руу хүн орж амьдарч болох уу гэдгийг судалж байгаа гэнэ. Манай Шинжлэх ухааны академийн залуучууд нийлээд шинэ бүтээл, хэв маяг, загвар гаргасаар байгаа ажээ.

Э.Уянгын ээж дизелийн механикийн чиглэлээр Дарханы Политехникийг төгссөн байна. Цахилгаан станцад ажиллаж байсан гэнэ. Э.Уянга эмээ дээрээ өсчээ. Эмээ нь ном унших ёстойг сайн ойлгуулж, соёл уламжлал, аливаа ажлыг хариуцлагатай хийх ёстой гэдгийг ч сургасан аж. Э.Уянга докторын дараахь судалгааны ажлаа илүү чанартай гүйцэтгэж, өөрийгөө давуулж хөгжүүлэх ёстой гэдэг зарчим баримталдаг нэгэн. Тиймээс цаашид өөрийгөө илүү их хөгжүүлж, гадаадад сурах зорилго тэмүүлэлтэй. Залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлж, байр сууриар бэхэлж авах нь чухал гэдгийг санаж, бодож явдаг байна. Улмаар улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэж байлаа. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийнхэн Анагаахын сургуулийн холбогдох эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй нийлж, хавдрын эсийг устгадаг материалыг бий болгох гэж байгаа аж. Судлаад, зургадугаар сард Япон явж ажиллана гэдгийг ч сонирхуулсан юм.

Э.Уянга ээж, эмээгийн хамт

Э.Уянга багаасаа ном унших дуртай хүүхэд байж. Тухайлбал, Александр Дюма Монте Кристо гүн, Арбатын хүүхдүүд зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг дуусгажээ. Түүний номын санд арвин ном өрөөстэй байна лээ. Дунд сургуулийн багш нь “Оролдлого сайт оройд нь гарна” гэдэг зүйр үгийг байнга хэлж, аливаа зүйлийн цаад ухагдахууныг сайтар тайлбарлаж өгдөг байжээ. Тиймээс тэр энэ зарчмаар их сургуулийн босгыг давсан цагаасаа зарчимч, хичээнгүй болж, шантрахгүй хөдөлмөрлөдөг байсан гэнэ. ОХУ-ын Дубна, Франц улсаар явахдаа амьдралын зөв хэвшлийг өөртөө бий болгохыг өдөр бүр суралцсанаар зөв арга барилтай болж, суралцсаар байжээ. Гадаадад гэр бүлээрээ сурахад хүндрэлтэй, шантарчихмаар үе байсан ч бие биедээ урам зоригтой, хичээх хэрэгтэй “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэдэг үгийг байнга сануулж ирсэн гэдгийг ч тэр хоёр дуу нэгтэйгээр хэллээ. Хүн аливаа зүйлийг барьж авсан л бол заавал цаана нь гарч, сэтгэлээсээ, үр дүнтэй сайн хийж, чадна гэдгийг өөртөө байнга сануулж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэцгээж байв. Э.Уянга үйлэнд уран болохыг нөхөр нь хэллээ. Хувцас болон гоё сонирхолтой зургийг кодолсноор оёх сонирхолтой гэнэ. Мөн гэрт нь нэг кодолчихсон ваартай цэцгийн зураг харагдав. Түүнийгээ ажлынхаа зав чөлөөгөөр будаж, зурдаг ажээ.

Хосууд оюутан байхдаа танилцаж, хамт номын санд сууж, хичээлээ давтаж үерхдэг байж. Ингээд хоёр жил гаруй үерхэж, жил хамт амьдраад хөөрхөн хүүтэй болжээ. Аав нь Орост байхдаа хүүгийнхээ зургийг их авдаг, мөн анхны хүүхэд байсан учраас юм бүхэн дурсамжтай санагддаг байсан гэдгийг ч яриад авлаа. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдсэн гэсэн. Залуучууд бие биенийгээ сайтар ойлгож, таньж мэдсэний үндсэн дээр гэр бүл болох ёстой. Мөн аль аль нь бие дааж амьдрах чадвартай болж, боловсрол эзэмшчихээд гэрлэх хэрэгтэй юм болов уу гэдэг талаар ярьсан юм. Энэ үед Э.Уянга нөхрийгөө хариуцлагатай болохыг тодотгов. Учир нь хүүгээ нялх байхад маш сайн асарч, тууштай байсан гэдгийг онцоллоо. Хүүгээ сайн хүмүүжилтэй хүн болгохыг зорьж байгаа гэнэ. Хичээл номыг нь сайн сургаж, төрөл бүрийн дугуйлан секцэнд хамруулж, хөгжим, зураг, баримал гэх зэргээр хичээллүүлж, спортыг ч орхигдуулахгүй гэж байв.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хувь хүний ертөнц рүү өнгийсөн “Нотолгоо”

Швейцарийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч Агота Кристоф 1935 онд Унгарт төржээ. Гэвч 1956 онд Унгарт гарсан улс төрийн үймээний үеэр нөхөр, дөрвөн сартай нялх охины хамт эх орноосоо дүрвэн гарч Швейцарийн Ньюшатель хэмээх франц хэлт хотод ирж суурьшсан байна. Түүний “Том дэвтэр” , “Нотолгоо” , “Гурав дахь худал хэлэлт” гэсэн гурамсан роман нь түүнийг франц хэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа таниулж чаджээ. Иймээс түүний “Нотолгоо” хэмээх номыг уншсан юм. Нэгдүгээр дэвтэр болох “Том дэвтэр” ном тодорхой гарчигуудад хуваагдаж байсан бол “Нотолгоо”-г зүгээр л нэг хоёр… гээд дугаарлаад явчихаж. Бас хүмүүс нэр устай болчихсон байна. “Нотолгоо” Лукасын аавынх нь цогцсыг олсон цэргүүд гэрт нь ирж буйгаар эхэлнэ. “Юу ч мэдэхгүй, хараагүй, сонсоогүй. Би мэдрэл муутай” гэсэн нь түүний баригдахгүй гэсэн жүжиглэлт болов уу. Зохиолын гол баатар болох Клаус, Лукас гээд ижилхэн үсгүүд орсон, тонгорсон нэртэй хоёр ихэр хүү яг үнэндээ оршдоггүй мэт. Ганцаардахаас айсан, ганцаардлыг тэвчишгүй тэр нэг хүү өөрөө өөртөө төсөөллийн ихрийг үүсгэсэн ч юм уу. Зохиолч эмэгтэй дэлхийн хоёрдугаар дайны цаг үед өөрөө яг зэрэгцэн амьдарч байсан юм билээ. Гэхдээ зохиолоо зүүд юм шиг бичсэн нь анхаарал татна. Аль нь бодит, аль нь төсөөлөл болохыг бүрэн мэдрэхэд тун бэрх. Хаанаас үнэн эхэлж, хаана худал дуусч байгааг ч хэлж мэдэх аргагүй. Нэг өгүүлбэрт үнэн гэж бодож явсан зүйл өөр нэг өгүүлбэрт няцаагдана. Бичих хүүрнэх хэлбэр нь шулуун, товч тодорхой хэрнээ их ээдрээтэй, зальжин юм. Мөн дайны үеийн тэр ёс бус аймшигт үхлүүд, хань ижлээ алдаж, уй гунигт живсэн өнчин зүрхнүүд, төсөөлөхөд ч бэрх ээдрээт эр эмийн харилцаанууд, ижил хүйстнүүд, тэмцэж ядан байгаа уран бүтээлчид гэхчилэн дайны үр дагаварт юу болж байсныг маш товчхоноор шулуухан өгүүлжээ. Нэгдүгээр дэвтрээс илүү хувь хүний ертөнц рүү өнгийж, өнөөх л өнө мөнхөд оршсоор байдаг хайрын ай савыг тэмтэрсэн аж. Тухайлбал, Клаус хил давснаар эмээгийн байшинд үлдсэн Лукасын амьдрал үргэлжилнэ. Дайн түүнээс бүхнийг авч оджээ. Тэр хайртай хүмүүсээ алдаж, орь ганцаар уй гунигтай амьдарна. Эцэгтэйгээ ёс бус харьцаатай байсан Ясмин бүсгүйг санаандгүй байдлаар гэртээ амьдруулдаг. Сэтгэл зүрхнийх нь хоосон орон зайг түүний хөгжлийн бэрхшээлтэй хүү Матияас нөхөж байгааг бэлхнээ харж болно. Хүн хүнээрээ, хүн хайраар дутдаг гэдгийг олон үггүй илэрхийлжээ. Хэвийн бус гурван хүн ийнхүү нэг гэрт амьдарна. Харин нэг л өдөр Ясмин тэднийг орхин одно. Дахиад л Матияасын оршихуйн асуудал хөндөгдлөө. Хайраар дутаж өссөн хүний сэтгэл зүй үргэлж “хэзээ хаягдах бол” гэж түгшиж явдаг. Бяцхан Матияас яг л ийм байдалд орно. Тэгээд л тэр амиа хорлохыг илүүд үздэг. Ингэвэл мэдээж хэнд ч хаягдахгүй. Лукасын хөндий зүрхийг нь дүүргэж байсан Матияас ч тэр, Клара ч тэр бүгд үгүй боллоо. Лукас эхийн хайраар дутаж өссөн болохоор өөрөөс хавь эгчмэд Клараг сонгосон биз. Тэд бүгд алга болсноор Лукасын оршихуй дахиад л хөндөгдөв. Ийнхүү хоёрдугаар дэвтрийн төгсгөл ёстой цочир сонин. Эцсийн эцэст Клаус, Лукас гэх хоёр ихэр байсан юм уу, эсвэл ганц Клаус Лукас гэдэг ганц хүн байсан уу. Үүний нэгдүгээр дэвтэр болох “Том дэвтэр” дээр бичиж үлдээсэн зүйлс тэдний үнэн түүх юм уу. Эсвэл… гээд гайхаш барсан олон асуулттай үлдээсэн “Нотолгоо” байлаа. Хариултыг “Гурав дахь худал” номноос авах болов уу. Энэ мэтчилэн уншигчдын сонирхлыг илт татахуйц гурамсан романаараа зохиолч алдаршжээ.


Categories
мэдээ цаг-үе

Хар тамхины наймаа прокурор, хуулийнхны ивээлд байдаг уу?

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ зогсолтгүй өсөн нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал, хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж, ургуулсан хоёр иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Энэ сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёр иргэнийг баривчилж, гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авсан байна. Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн үед нэмэгдсээр байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Тус газрын хар тамхитай тэмцэх газар зөвхөн энэ сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн таслан зогсоожээ.

Манай улсын иргэн Ч, иргэн Б-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явахад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан гэнэ. Иргэн Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хорих ялаар шийтгүүлж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаа нь дууссанаар суллагдсан байсан аж. Ийнхүү дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Мөн 36-41 насны гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баригдсан гэнэ. Дээрх гурван иргэний хоёр нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол нэг нь хар тамхины гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Төрийн тусгай албан хаагч гэдэг утгаар нь энэ гурван иргэний хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Харин бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

ПРОКУРОР, ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН УДАА ДАРАА НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ ЮМ БАЙНА

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсан, бусдаас авлига авсан хэрэгт давхар шалгаж байсан юм. Анх Б.Сүхбаатар тэдэнд хар тамхийг хилээр нэвтрүүлж авчирч өгсөн гэдэг. Гэтэл Б.Сүхбаатар хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн, хорих ял авсан ч ялаа эдлээгүй байгаа юм. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцоод, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсныг нь гэм буруутайд тооцсон байна. Эдгээр хүмүүсийг хар тамхины хэрэгт холбогдоод, ял авах үеэр Өршөөлийн хууль үйлчилж байж таараад, өршөөл үзүүлсэн аж. Ингээд хахууль авсан 15.8 сая төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Шүүгдэгч Д.Жавхлан нь хүний амь бүрэлгэсэн хэрэгт 15 жилийн ялаар шийтгүүлж, тэнсэнгээр суллагдсан нэгэн байна. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан. Гэтэл энэ ослын хэрэг нь Өршөөл үзүүлэх хуульд тооцож, хахууль өгсөн үйлдлийг нь хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хүмүүст ногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.

Х.ТАМИР, АМАРБАЯСГАЛАН НАР ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурор, хууль хүчний байгууллагынхан хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол их байдаг гэв. Тухайлбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь өнгөрсөн баасан гаригт саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагийн үед тэднийг автомашиндаа мансуурчихсан байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Тухайн үед Х.Тамир, Б.Амарбаясгалан нараас шинжилгээ авахад мансууруулах төрлийн “мөс” хэмээх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байгаа юм. Улмаар тэдний автомашин болон орон гэрт нэгжлэг хийж, тэдний биеэс “мөс” хураан авчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Х.Тамирын дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ажилладаг юм байна. Х.Тамир Б.Амарбаясгалантай их сургуульд хамт суралцаж байсан найз нөхөд. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн шүүх шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа гэсэн нэрийн дор прокурор, хууль хүчний алба хаагчид хар тамхи хэрэглэсэн, хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгож, торгож, батлан даалтад гаргаж, тэнсэн болгодог уламжлал тогтсон нэгэнт тогтсон гэж эх сурвалж хэллээ. Ийм арын хаалгатай хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоход хэсэг шуугиан болж, намжсаны дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, хорьж, баривчилдаггүй. Манай улсын телевиз, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичдыг сурталчилж, мэдээ, ярилцлагыг нь гаргасаар байдаг. Энэ ужгирсан асуудлын угсааг хөөвөл хар тамхины хэрэглээ урлаг соёлын оддоос эхлэлтэй. Тухайлбал, “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн, зарим хүнийг удаа дараа ийм үйлдэл гаргасан хэмээн яллах дүгнэлттэй хэргийг 2011 онд анхан шатны шүүхээр шийдвэрлэж байв. Үүний араас урлаг соёлын одод хар тамхийг ихээр хэрэглэж, ял авч, тэнсэн болгож байсан тохиолдлууд цөөнгүй. Мөн хар тамхины хэрэгт Улсын начин Ц.Улаанхүү холбогдож, 2010 онд шүүх хурлаар 11 жилийн хорих ял авч байсан. Ийнхүү спорт, урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогддог ч ихэнх нь хар нүдний шил зүүчихсэн, уран бүтээлээ туурвиж явдаг. Энэ талаар манай сонин хар нүдний шилтэй, урлаг соёлын оддыг тайзан дээр гаргахаа больё, тэднийг өргөмжилж цол өгөхгүй байя гэж удаа дараа бичиж байсан.

Г.САРАНГЭРЭЛИЙГ 461 ДҮГЭЭР АНГИД ХОРЬЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас саяхан хар тамхи хэрэглэсэн “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Кобиг баривчилжээ. Тэрээр 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож байсан билээ. Харин түүнтэй 29 настай дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа хамт шалгагдаж байгаа гэнэ. Тэднийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө баривчилж, буцаан суллан, гадуур байцааж байгаа гэв. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл Улсын хилээр хар тамхи бэлэг эрхтэндээ нуун оруулж ирэх гэж байгаад цагдаагийн байгууллагын алба хаагчдад өнгөрсөн дөрөвдүгээр сард баригдсан байдаг. Улмаар хэргийг бүлэглэлээр үйлдэхийг завдаж байсан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн Г.Сарангэрэлийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний “мөс” гэх мансууруулах бодис гарч ирсэн билээ. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор Г.Сарангэрэлийг 461 дүгээр хорих ангид хорьж байгаа гэнэ. Г.Сарангэрэлийг ч мөн цаашдаа гадуур байцааж хэргийг нь хэрэгсэхгүй болгох байх гэж эх сурвалж хэлж байна. Өмнө нь хэд хэдэн удаа хар тамхины хэрэгт тэрбээр холбогдож байсан ч дорвитой шийтгэл оногдуулж байгаагүй.

Хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлэхийн хэрээр уг хэрэгт өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, тэдний үр хүүхдүүд холбогдох болжээ. Нийслэлийн тээврийн хоёр прокурор, Эрээнд сууж байсан консул А.Мурат, Дэд сайдын хүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хүүхэд гээд олон хүмүүс холбогдсон ч тус хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байдаг. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Ш.Лхагвасүрэн “Монголд хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн, ноцтой асуудал болсон” талаар манай сонинд ярилцлага өгсөн байдаг. Тэрээр сүүлдээ дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглээ болчихсон. Энэ нь их санаа зовоож байгаа гэдгийг ч дурдсан. Нийслэлийн эрүүл мэндийн газраас судалгаа явуулахад 400 гаруй хүүхдийг насанд хүрсэн хүмүүс уруу татаж, хар тамхи хэрэглэж үзэхийг санал болгосон гэжээ. Харин хар тамхи хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхолтой санагдаад, санамсаргүйгээр, саваагүй зан хөдлөөд, бусдыг дуурайж хэрэглэсэн гэсэн хариултыг өгсөн юм байна. Энэ мэт баримт мэдээллээс харахад хар тамхины хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байна. Хүүхэд, залуусын дунд аюулгүй харанга мэт дэгдсэн энэ ноцтой асуудалтай тэмцэх дорвитой арга хэмжээ авах цаг аль нэгэнт болжээ. Гэвч хар тамхины хэрэгт урлаг соёлын одод, томоохон албан тушаалтнуудын хүүхдүүд, прокурор хууль хүчнийхэн холбогдоод, арын хаалгаар хэргээс мултраад байхаар яах болж байна. Хамгийн ноцтой асуудал нь хууль хүчний байгууллагынхан хэрэгт холбогдсон хүмүүст зөөлөн хандаж, өөрсдөө дунд нь орж, хар тамхины бизнес эрхэлж, хилээр оруулж, гаргадаг, худалдан борлуулдаг болох нь эхнээсээ баримттайгаар тогтоогдож эхэллээ. Энэ мэт ажиглалт хийхэд л хар тамхины хэрэглээ зогсолтгүй үргэлжилж байгаа нь хууль хүчний байгууллагынхантай шууд холбоотой байна. Сэтгүүлч бид ингэж бодож, хардаж байгаа юм. Яагаад гэвэл хар тамхины хэрэглээ сүүлийн арван жилд маш хурдтай газар авч, даамжирч байна. Нийгэмд хар тамхины бизнесийг атгаж, залуучуудын хэрэглэх нөхцөл бололцоог нь хангаж өгч байгаа прокурор, шүүгч, цагдаа, хууль хүчнийхнийг хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй. Хууль хүчний алба хаагчид та бүхэн хар тамхи хэрэглэгчдийг өмгөөлөөд, бүр ивээлдээ авч энхрийлээд байгаа юм шиг харагдаад байна. Улс үндэстнийг мөхөөж байгаа энэхүү аюулыг Монголын хууль хүчнийхэн зоригтойгоор таслан зогсоож, хорьж шийтгэж чадахгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гантулга: Донтолтод өртсөн хүний төрөлх зан огцом өөрчлөгддөг

-МАНСУУРУУЛАХ БОДИС ТАРЬЖ ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮСИЙН 50 ХУВЬ НЬ ЭЛЭГНИЙ C ВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ ГЭСЭН СУДАЛГАА БИЙ-

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Сүүлийн үед мансууруулах бодист донтох тохиолдол ихэссээр байгаа гэсэн мэдээлэл хэр ортой вэ. Мансууруулах бодисын хүний биед үзүүлдэг сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгөөч?

-Мансууруулах бодис хүний бүхий л эрхтэн тогтолцоог гэмтээж, хоромхон зуур хэрэглэхэд нь аюултай байдалд аваачдаг. Мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэвэл элэгний архаг үрэвсэл, сүрьеэтэй болно. Зам тээврийн осолд өртөх, осол үйлдэх, тун хэтрүүлснээс болж амиа алдах хүртэл эрсдэлтэй. Мөн мансуурсан үедээ амиа хорлох оролдлого хийх, хүчирхийлэлд өртөх зэрэг маш олон асуудал үүсч эхэлнэ. Цагдаагийн байгууллагын тоон мэдээ, манай төв дээр сэтгэцийн шинжилгээ хийлгэдэг байдлаас үзэхэд мансууруулах бодистой холбогдож, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо өссөн байна лээ. Өсвөр үе, залуучуудын дунд хэрэглээ нь ихэссэн. Тэдэнд анхаарсан үйлчилгээ үзүүлдэг тусгай комисс ажилладаг. Энэ талаар үндэсний хэмжээнд хийгдсэн бодитой статистик судалгаа одоохондоо алга. Мансууруулах бодистой холбоотой бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, хил гаалиар гаргах, хэрэглэх тээвэрлэх, зарж борлуулах зэрэг нь нөхцөл нь нэмэгдсэн.

-Мансууруулах төрлийн бодис төв мэдрэлийн системд илүү хор уршигтай гэл үү?

-Төв мэдрэлийн систем буюу уураг тархийг гэмтээдэг. Ер нь мансуурна гэдэг нь хүн хордлогод орж байна гэсэн үг. Үүнээс гадна тархины эсүүдийг тодорхой хэмжээнд мөхөөж, гэмтээдэг.

Тархины онцлог гэж байна. Хүний идэж уусан, гаднаас орж буй зүйлүүд цусанд шимэгдэж, хүний биеийн бүхий л эд эрхтэнд очдог. Тархинд аюул учруулах уу, үгүй юу гэдгийг хянадаг шүлтүүр гэж байдаг. Тархинд аюул учруулахаар гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалах зохицолдолгоотой. Өөрөөр хэлбэл хориг гэсэн үг. Мансууруулах бодис хоригоос зөвшөөрөл авахгүйгээр шууд тархинд нөлөөлдөг. Байгалиас хүнд заяасан хамгаалах тогтолцоонд захирагддаггүй. Тэгэхээр хар тамхийг хүний уураг тархинд очоод шууд гэмтээх нөлөө үзүүлдэг гэж ойлгож болно. Тухайн хүний нас, хэдий хугацаанд хэрэглэсэн, ямар төрлийн бодис хэрэглэсэн гэдгээс хамаарч, үйлчлэл нь янз бүр байдаг. Хүний бодол санаа, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, биеэ авч яваа байдал зэрэг бүхий л зүйлст сөрөг нөлөөтэй.

-Мансууруулах бодист донтох үзэгдэл голчлон хэдэн насныханд ажиглагдаж байна?

-Мансууруулах бодист донтох эмгэгтэй хүнийг тусгай оношлогооны шалгуураар оношилно. Мансууруулах бодисыг их хэрэглэдэг үү гэдгийг мэргэжлийн эмч үзэж, мэргэжлийн баг ажиллаж байж, тогтооно. ДЭМБ-аас гаргасан олон улсын өвчний аравдугаар ангилал гэдгээр донтсон эсэхийг оношилж болно. Мөн Америкийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан DSN-5 гэдгээр оношилдог. Оношлогоог зайлшгүй мэргэжлийн эмч хийдэг. Сорилт тестүүд ч авдаг. Хэрэглэсэн байгаа эсэхийг үнэлэхийн тулд цус, шээснээс шинжилгээ авна. Мансууруулах бодисын хамааралд орчихсон гэдгийг мэдэх маш энгийн. Тухайн бодисыг хэрэглэхгүй байхаар зовиур илэрдэг. Архи уусны маргааш шарталтын шинж тэмдэг илэрдэг дээ. Шарталтаа тайлах гэж хоёр гурван хоног дараалж, архи уувал донтох тал руугаа орж байна гэсэн үг. Мансууруулах бодисыг хэрэглэхгүй бол ижил хэмжээний мэдрэмж авахын тулд хэмжээгээ нэмэгдүүлэх нь донтолтын нэг хэлбэр. Мөн хэрэглээндээ тавих хяналт нь суларч эхэлдэг. Чичрэх, салганах, хөлс гарах, айдас түгшүүртэй байх, уурлах, бухимдах зэрэг олон шинж бий. Тэдгээр илэрч буй шинжүүд тухайн бодисоо хэрэглэхээр алга болдог. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 16-35 насныхан холбогддог. Олон төрлийн бодис бий. Хар тамхи, тамхи, цавуу, газ, мөн хүмүүсийг тайвшруулж, унтуулдаг, сэргээдэг бодисууд ч байна. Өвдөлт намдаана. Хамгийн наад зах нь арван дэд бүлэгт хуваагдана. Энэ дотроо задарна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг жагсаалтад бодис төрлийн байнгын өөрчлөгдсөн байдаг.

-Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд архины хамааралд орсон хүмүүс их ирдэг үү?

-Сүүлийн үед архины хэрэглээ буурахгүй байгаа. Манай Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиник 30 ортой. Тэнд хүмүүс байнгын тасралтгүй хэвтэн эмчлүүлдэг. Зарим тохиолдолд оочер ихтэй тул хүлээх ч үе байна. Архины хамааралтай, асуудалд орчихсон хүмүүс манай төвд хандагсдын 98 хувийг эзэлж байна. Мансууруулах бодисын хамааралтай хүмүүс ирж байгаа. Гэхдээ олноор биш. Энэ бодисын хамааралд орчихлоо гэх нь харьцангуй бага. Учир нь мансууруулах бодисыг нууц далд хэлбэрээр хэрэглэдэг. Хуулийн асуудал яригддаг шүү дээ. Манай төв албадан эмчилгээ биш, сайн дурын үндсэн дээр хэн нэгэн өөрөө эсвэл гэр бүлийнх нь хүн авчирдаг. Насны хувьд бүх насныхан байна. 20-60 насныхан гэж ойлгож болно.

-Архины хамааралд орсон эмэгтэйчүүд танайд ханддаг уу?

-Манай улс эмэгтэйчүүдийн саатуулах байртай. Тэрхүү байгууллагатай манайх хамтарч ажилладаг. Эмэгтэйчүүд архи согтууруулах ундаа хэрэглээд хэн нэгэнтэй маргасан, зөрчил гаргасан, зодолдсон, хулгай хийсэн байдаг. Үүнийг дагаж архи согтууруулах ундааны хэрэглээ нь ч нэмэгдсэн байна лээ. Архийг хоног дараалж ууна гэдэг өөрөө аюултай. Гурав, түүнээс дээш хоног хэрэглэж байгаа бол эргэлзэхгүйгээр эмчид үзүүлж, эмчлүүлэх ёстой. Тухайн хүн өөрөө өөрийнхөө хэрэглээнд хяналт тавьж, анхаарч эхлэх хэрэгтэй. Тэр хэвээрээ байвал архинд донтох эмгэг рүү ойртож, орж байна гэсэн үг. Хэрвээ өөрөө эргэлзэж байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэж байж оношоо тодорхойлно. Архинд донтчихсон хамааралд орсон хүн зан төрхийн хувьд эрс өөрчлөгдсөн байдаг. Даруухан, үг дуу цөөтэй, нийтэч байсан хүн уурлаж бухимдах, бусадтай таарч тохирохгүй, түрэмгий зантай болчихдог. Төрөлх зан нь өөрчлөгддөг. Зорилго, зорилтоо умартах, гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх хариуцлагаа умартах, гүйцэтгэх үүргээ мартах, хүүхдэдээ цаг гаргахгүй байх гэх мэтээр хэвийн биш болж ирдэг. Хүний амьдралын хэвийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тухайн хүнээс гадна хамт ажилладаг хүн, аав ээж, ах дүүс нь хүртэл зовж, хүнд байдалд ордог.

-Бага насны хүүхэд зурагт үзэж, андройд утсаар тоглох тохиолдол их байна. Эцэг эх нь тухайн хүүхдийг болиулж, утсаа авах гэхэд нь уурлаж, хашхирдаг. Энэ нь утсанд донтох, хамааралд орох хэлбэр мөн үү?

-Бага насны хүүхдэд утас, таблет өгөх шаардлагагүй. Учир нь тухайн хүүхэд утасны хор уршиг, ямар түвшинд хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй. Удаан хугацаагаар тогловол ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэгт цогц нэгдсэн ойлголт байдаггүй. Иймээс 14, 15 нас хүртэлх хүүхдэд ухаалаг утас бариулах, өгөх хэрэггүй. Хэрэв тоглуулаад байвал тоглох гээд байдаг л хүүхэд болно. Дуртай болж, дахин тоглохгүйгээр байж чадахаа болино гэх зэрэг сөрөг талтай. Хичээл номоо хийхээ болино. Яваандаа утсыг нь авахаар уурлана, уйлна. Энэ нь тухайн хүүхэд утасны хамааралтай, хараат болж байна гэсэн үг. Иймээс багаас нь анхаарах хэрэгтэй. Анзаарахгүй явж байгаад асуудал хүндэрсний дараа анзаарахад оройтчихсон байдаг. Аливаа зүйлд донтож, хамааралд орсон үед нь эмчлэхэд хэцүү. Буруу зүйлс, хэвшлийг нь засахад их хугацаа орж, хүч хөдөлмөр зарцуулна. Гэтэл хамааралд ороогүй хүүхэд татаж авахад их амар. Хамааралд орсны дараа анхаарна гэдэг хэцүү асуудал. Донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн төлөө хүн бүр ухаалаг байж, ёс зүйтэй, аливаа зүйлийн хэрэглээндээ хяналт тавих нь чухал. Сүүлийн үед хүмүүс харьцангуй мэддэг болсон байна лээ. Нийт хүмүүсийн ойлголт сайжирсан. Өмнөх шигээ юу ч бодохгүйгээр хүүхдээ хараа хяналтгүй орхих нь багассан юм билээ.

-Кока коланд донтуулах бодис бий юу. Бага насны хүүхдүүд кола уухгүй бол уурлаж, аав ээжээсээ нэхдэг болсон гэх мэдээлэл саяхан сошиалаар цацагдсан. Ийм асуудлаар танайд хандсан тохиолдол байгаа болов уу?

-Тийм тохиолдол гараагүй. Хүмүүсийн дунд коланд татагдах, донтуулах бодис байдаг байх гэсэн яриа гардаг. Ерөнхийдөө кола уухад ямар эрсдэлтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Газтай ундаа нь цусны сахарын хэмжээг нэмэгдүүлдэг, ясны сийрэгжилттэй болгодог. Амьдралын зөв хэв маягтай байвал асуудлаас гарч болно.

Мансууруулах бодисоос ангид байхыг насан туршдаа баримтлах хэрэгтэй. Сонгож болохгүй сонголт гэж байдаг шиг хязгаар, хяналт тавих хэрэгтэй. Эрүүл саруул ухаанаар бодоод аливаа зүйлийг бодож байж шийдвэр гаргах нь чухал. Өнгөцхөн, буруу ойлголттой байвал хэнэггүй зангаасаа болоод асуудалд орчихдог. Дараа нь хүн их зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Асуудлаа шийдэж чадахгүй байвал мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мансууруулах бодисоос иргэн бүр ангид амьдрах боломж байгаа нь сайн мэдээ шүү. Дэлхий нийт, бүхий л улс орон тэмцээд явж байгаа. Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдчихсэн улс орон гэж байхгүй. Гэхдээ сайн менежмэнтээр зохион байгуулаад, урьдчилан сэргийлж, эмчилгээний сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан улс байна. Мансууруулах бодисын хэрэглээг бууруулж чадсан сайн туршлагууд ч бий.

-Мансууруулах бодисын хэрэглээ ямар байгаа талаар дэлхийн хэмжээний судалгаа гэж байна уу?

-Тодорхой жилийн давтамжтайгаар дэлхийн мансууруулах бодисын тайланг гаргадаг. 2012 оны байдлаар 162-324 сая хүн мансууруулах бодисыг хамгийн багадаа нэг удаа хэрэглэсэн гэсэн судалгаа бий. Иймээс мансууруулах бодисын хэрэглээ дэлхий дахины томоохон тулгамдсан асуудал болоод байгаа. Нийт 16-39 сая асуудалтай хэрэглэгч байна гэж үзсэн. Энэ нь мансууруулах бодисын хамааралд орсон хүний тоо юм. Хэрэглээтэй холбоотой олон асуудал гарч ирдэг. Тухайлбал, мансууруулах бодисыг тарьж хэрэглэдэг хүний тоо 2012 оноос хойш 8.9-22.4 сая болсон. Эдгээрийн 13.1 хувь нь ДОХ-ын шинжилгээгүй гэж гарсан. Ойролцоогоор 50 хувь нь элэгний C вирусийн халдвар авсан байдаг гэсэн статистик бий.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цолмон: Шинэ Эрүүгийн хууль хүн бүрт ялгавартай хандах нөхцөлийг бий болгочихсон байна

Хуульч, өмгөөлөгч Ш.Цолмонтой ярилцлаа.


-Та манай сонинд яагаад хандах болов?

-Манай үйлчлүүлэгч Д.Баасандорж нь 2015 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт ажлынхаа хүнийг буудалд байхад нь авах гэж очоод гэмт хэрэгт холбогдсон. Үйлчлүүлэгч маань хэрэг гардаг өдөр ажлынхаа таван ажилчин дээр очсон. Очиход тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хоорондоо ямар нэг байдлаар муудалцаж, нэг нэгнийгээ гэмтээсэн байдалтай байсан гэсэн. Бүгдийнх нь биен тус газар зүссэн, ямар нэг байдлаар гэмтсэн байсан гэсэн. Гэтэл манай үйлчлүүлэгчийг хэрэгт холбож, худал мэдүүлэг өгсөн нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингээд манай үйлчлүүлэгч хүнийг санаатай алах гэсэн үндэслэлээр ял эдэлж байна. Хэргийг үнэн бодитой шийдвэрлэх хэрэгтэй. Шат шатны шүүгчид манай үйлчлүүлэгчийн ялын эдлэх хэмжээг хөнгөрүүлэх гэж оролдсон байна лээ. Гэхдээ ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа нотлох баримт, эд мөрийн баримт цуглах, шинжилгээ хийсэн зэрэг нь алдаатай, асуудалтай байна. Тиймээс бид гомдолтой байгаа. Үндсэн хуулийн Цэц ял дүйцүүлэхийг манай үйлчлүүлэгчийн нөхцөл байдалд хэрэглэхгүй гэж үзсэн байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь тогтоолгох, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа. Үүнтэй холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж дууссан. Анх 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоол гарсан байдаг. Манай үйлчлүүлэгчийг өмнөх Эрүүгийн хуулийн 94.1 дэх хэсгээр зүйлчилсэн. Ингээд хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тухайн үед прокурорын зүгээс эсэргүүцэл гаргасан байдаг.

-Прокурорын зүгээс гомдол гаргахад хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцаасан байсан. Харин зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91.1 болгож өөрчилсөн. Энэ нь “Хүнийг санаатай алах” гэсэн зүйл заалт юм. Тэгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр буюу зургаан жил найман сар, арван хоногийн хорих ял оногдуулсан. Иймээс өмгөөлөгч нар гомдол гаргаж, шат шатны дагуу явсан.

-Ямар шалтгааны улмаас та бүхэн гомдол гаргасан юм бэ?

-Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлал гаргасан нь ялын хэмжээг хэвээр үлдээсэн байна лээ. Сүүлд өнгөрсөн сарын 5-ны өдөр Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол гарсан юм. Уг тогтоолоор хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хүнийг санаатай алсан” гэж үзэж зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн. Энэ хэрэг дээр надаас гадна хэд хэдэн өмгөөлөгч ажиллаж байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Манай үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдэгдсэн. Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйл нь “Хүний санаатай алах” гэдэг одоогийн шинэчилсэн найруулгаар 10.1 дүгээр зүйл болсон. Энд хуулийг буцаан хэрэглэх гэсэн асуудал гарч ирж байгаа юм.

-Таны үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэгт ямар нэг хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?

-Манай үйлчлүүлэгч Эрүүгийн хуулиар хамгийн багадаа 10-15 жилийн ялаар шийтгүүлэх байсан. Харин шинэ Эрүүгийн хуулиар 8-15 болж, багассан юм. Иймээс ял дүйцүүлэх хүсэлтээ гаргах гээд бэлдэж байгаа. Нэг хүндрэлтэй зүйл байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2016 оны тавдугаар сарын 13-нд батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд, шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн гурав дугаар зүйлд, манай үйлчлүүлэгчийн хэрэгт буцаан хэрэглэхгүй байх нөхцөлийг нь хязгаарлаж өгсөн. Ийм заалт оруулсан. 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө ялаар шийтгүүлсэн этгээд нь 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан Эрүүгийн хуулийн зохих хэсгийн заалтад “Оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж хязгаарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгчээс гадна олон хүн хуучин хуулиараа Эрүүгийн хуулийн 91.1-т заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээс нь зүйлчлэхэд тухайн этгээд хэрвээ гэмт хэрэгт учирсан хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг бий болгож, заасан байдаг. Энэ зүйлээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгодог. Арван жилийн ял авсан байлаа гэхэд дүйцүүлж, зургаан жил болдог ч юм уу. Ингэж хуульд заасан. Гэтэл бид ял дүйцүүлэх хүсэлт гаргая гэхээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан нөхцөлөөс болж, хүндрэл бэрхшээл тулгарсан.

-Тодруулбал?

-Хууль буцаан хэрэглэх боломжгүй байдал үүсчихсэн. Бид одоогоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Эрүүгийн хэргийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан байна гэсэн үг. Эрүүгийн хэргийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөрдөхөд анхаарах зүйлс, зарчим гэж бий. Шинээр тогтоосон журам дээр нь нарийвчилж, оруулж өгөх ёстой. Хамгийн ноцтой нь үндсэн зарчмыг нь зөрчсөн байдлаар журмыг нь хуульд оруулчихсан байна. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хууль нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

-Ямар заалтыг зөрчсөн байна вэ?

-Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж тунхагласан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон уг баталгаа нь хууль тогтоогч, хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагын зүгээс эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэгэн ялгаваргүй тогтоох ёстой. Улмаар энэ нь хэрэгжүүлэх агуулга бүхий зарчмын илэрхийлэл юм шүү дээ. Нэг ёсондоо аль нэг хэсэг бүлэг хүмүүст давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх, эсвэл үүргээс чөлөөлөх нөхцөл үүссэн гэсэн үг. Хууль зөрчсөн тохиолдолд хүнд буюу хөнгөн хариуцлага оногдуулах хууль гаргах, хуулийн заалтыг ялгавартай хэрэглэж болохгүй. Иймээс Үндсэн хуулиар иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, эрхийг нь зөрчсөн байна гэж үзэж буй.

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг үү?

-Төр засгаас ялын бодлогыг тодорхойлохдоо ялгавартай биш, эрх тэгш байдлыг зарчмын үндсийг бий болгож, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон ажиллах ёстой. Гэтэл шинэ Эрүүгийн хууль нь хүн болгонд ялгавартай хандах нөхцөлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг бусдаас өөрөөр шийдвэрлэгдээд байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дэх заалт гэж бий. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх талаарх заалтыг зохицуулж өгсөн байгаа юм. Эрүүгийн хуулийн 6.7-гийн нэг дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн, нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан. Гэтэл гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн хүнд 6.7 дугаар заалтыг хэрэглэхийн тулд аливаа нэг хэрэгт сэрдэгдэж байгаа ч юм уу, ялтан нь өөрөө хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл ялаа хөнгөрүүлэхийн тулд өөрөө “гэмт хэрэг үйлдсэн гэдгээ заавал хүлээн зөвшөөрсөн байх ёстой” гэсэн шинэ нөхцөлийг оруулж өгсөн байна. Өмнө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар болон гэмт хэргээс учирсан хохирлыг арилгасан хүнд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байсан. Одоо гэмт хэрэг үйлдсэн, нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялыг хөнгөрүүлэх нөхцөлтэй болгосон. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн.

-Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн байна…

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх эрхтэй, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Ар гэрийнхэн нь ч гэсэн хамгаалах эрхтэй. Энэ заалтыг зөрчсөн. Тодруулбал, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлж болно гэдэг нь өөрөө ял тулгаж буй хэлбэр гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохгүй байх. Мөн хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн байдаг. Төр засаг өөрөө баталсан хуулиа хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн болохыг үндэслэлтэйгээр хуулийн дагуу нотлон тогтоох үүрэг хүлээдэг. Эрүүгийн эрх зүйн нэг онцлог нь гэмт хэрэгт холбогдогч хүн өөрийн гэм буруутай байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй. Үүний баталгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаар баталгаажсан байдаг. Энэ асуудлыг тодруулах хэрэгтэй байна. Манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл заалтыг хэрэглэхгүй гэж үзсэн. Уг асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэсэн төлөвлөгөөтэй байна. Үндсэн Хуулийн цэцэд хандчихсан байгаа, тэд үндэслэлийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Бид Хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана. Үйлчлүүлэгчийн маань холбогдсон хэргийг зөв үнэн шийдэгдэх хүртэл нь эцсээ хүртэл тэмцэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Саруул: Хүүхдээ тарчлаан зовоовол эцэг, эх байх эрхийг нь хуулиар хасна

Баянзүрх дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрт 17 настай А өөрийн төрсөн хүүгээ орхиж явсан хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, иргэн А нэг сар 20 хоногтой хүүгээ орхиод явсан аж. Ингээд тус дүүргийн цагдаагийн газар шуурхай ажиллаж, иргэн А-г барьсан байна. А цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Хүүгээ төрсөн эцэг гэх Э-д өгнө гээд орхиж явсан” гэжээ. Мөн Баянзүрх дүүргийн XXIV хороонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ бие засах газар унагаасан байна. Тэрээр Баян-Өлгий аймгийн харьяат, 26 настай эмэгтэй 52 см урттай, 2.8 кг амьгүй ургийг бие засаж байгаад унагажээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ. Он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан тохиолдол дөрөв бүртгэгдээд байгаа гэв. Иймээс энэ талаар Хуулийн зөвлөх М.Саруулаас зарим зүйлийг тодрууллаа.


-Сүүлийн үед бага насны болон нярай хүүхдээ орхиж, хаяж явах тохиолдол их гарч байна. Иргэн хүн эцэг эх байх үүргээ ухамсарлахгүй байна гэсэн үг үү. Энэ талаарх хуулийн заалт ямар байдаг вэ?

-Он гарснаар бага насны хүүхдийг хогийн саванд хаясан, орхиж явсан гэсэн удаа дараагийн үйлдлүүд бүртгэгдсэн байна лээ. Монгол Улсын хүн бүр Үндсэн хуулиар хүүхдээ асран хамгаалах, үүргийг хүлээсэн байдаг. Эцэг, эх төрсөн хүүхдээ хогийн саванд хаяна гэдэг бол ёс суртахууны хувьд байж боломгүй асуудал. Үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуульд иргэн бүрийн журамт үүрэг гэж бий. Мөн Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд “Хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүрэг” гэж тодорхой заалт бий. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт эцэг, эх дараахь үүргийг хүлээдэг. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсгийн нэгт “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, хоёрдугаар хэсгийн хоёрт “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” , хоёрдугаар хэсгийн гуравт “Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” , хоёрдугаар хэсгийн гуравт, “Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж байна. 26 дугаар зүйлийн гуравдугаар хэсэгт, “Эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэйгээ хэрцгий харилцах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Ийм хуулийн нарийн заалттай. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх нь иргэн хүн бүрийн үүрэг гэсэн үг. Мөн ухамсрын асуудал яригдана. Тухайн хүн өөрөө ухамсартай байж, би юу хийж байгаа билээ гэдгээ сайтар танин мэдэж, аливаа зүйлд ухаалаг хандах нь чухал юм.

-Энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөхөөс илүүтэй хувь хүний сэтгэл зүй, төлөвшил ямар байна вэ гэдгээс хамаарах юм байна…

-Эцэг, эх хүүхдээ хогийн саванд хаяна гэдгийг олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Тухайлбал, тэрхүү хүүхдээ орхиж явж буй эхийн сэтгэл зүй ямар түвшинд байна. Аль эсвэл нөхрөөсөө болж, сэтгэл санааны хямралд орсон уу, нийгмийн нөхцөл байдлаас ч хамааралтай байж болно. Хуульд хүүхдээ орхиж, хаяж явсан тохиолдолд хариуцлага ногдуулахыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Иргэн хүн бүр үүргээ ухамсарлаж, эрхээ эдэлж явах учиртай. Хуулийн мэдлэгээ ч сайжруулах шаардлагатай байна.

Ер нь гэмт хэрэгт холбогдогчид гэр хороололд амьдардаг, амьдралын доогуур түвшинтэй хүмүүс, оюутнууд жирэмсэн болж алдаа гаргах тохиолдол их байна. Тэгэхээр энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн хичээл, бэлгийн харилцаанд орох талын боловсрол, хүмүүжилд анхаарах хэрэгтэй юм. Хуулийг чангатгахаас илүүтэй хувь хүний суурь хүмүүжил чухал. Нийгэмд сэтгэл зүйчид хэрэгтэй байна. Нийгмийн ажилтан, хороо дүүргийн ажилчид айл өрхөөр сайтар явж, судалгаа хийх нь зөв. Тухайн гэр бүлийн ямар гишүүнд илүү сэтгэл зүй талаас нь зөвлөгөө өгөх хэрэгтэй байна вэ гэдгийг гаргаж ирэх ёстой. Боловсролын системийг сайжруулж, бага насны хүүхдийн хүмүүжилд ямагт анхаарал хандуулах, эерэг харилцааг бий болгох ёстой болов уу. Хүүхэд хүмүүжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо, идэвх, зүтгэл хэрэгтэй юм шүү.

-Бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь орхиж явснаас болж, тагтан дээрээсээ үсэрсэн тохиолдол ч гарч байсан…

-Хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж нарийн заалтуудтай байдаг. Тухайлбал, хүүхэд төрсний дараа эх нь хогийн саванд хийж орхичихсон. Ингээд хүүхэд эндвэл эх нь хүүхдээ алсан гээд гэмт хэрэгт холбогдоно. Энэ нь хүнд гэмт хэрэг. Тиймээс ял оноох үндэслэлтэй. Үүнээс гадна хүүхдээ төөрүүлсэн, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх зэрэг нь Гэр бүлийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулиар ч гэсэн хариуцлага хүлээлгэнэ. Хүүхдэд хайхрамжгүй хандах, анхаарахгүй орхиход Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс илүү эцэг эх байх эрхийг нь хязгаарлах, түр хугацаагаар эцэг эх байх эрхийг нь хасах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг.

-Ямар тохиолдолд тухайн иргэний эцэг эх байх эрхийг нь хязгаарлаж, хасдаг юм бэ?

-Тухайн эцэг, эх байх үүргээ ухамсарлахгүй тохиолдолд буюу хүүхдээ асран хамгаалахгүй, хараа хяналтгүй орхивол хуулийн дагуу шийтгэнэ. Ингэхдээ А гэх хүүхдийн ээж нь аавыг нь эцэг байх үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргахад эрхийг нь хязгаарладаг. Өөр хөндлөнгийн хүн ч гэсэн гомдол гаргаж болно. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Эцэг, эх байх эрхийг нь хязгаарлах” гэж байна. Үүний нэгдүгээр хэсэгт “Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар хязгаарлаж болно” гэж заасан байдаг. Хэрвээ тухайн хүүхдийн аав, ээж нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх ёстой. Харин эцэг эх байх эрхээ урвуулан ашиглавал эцэг эх байх эрхийг нь шууд хасдаг. Тодруулбал, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэрэг үйлдэл юм. Мөн хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, хүүхдийг бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг бол эцэг эх байх эрхийг нь хугацаагүйгээр хасна.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Би төрд шургалсан мафийн бүлэглэлийн дарамт шахалтын өмнө толгой бөхийхгүй

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцсон юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Таван толгой” ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн. Ингээд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэл гарсан байдаг. Одоогоор хэргийг шалгаж байна. Мөн Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь “Тэгш хан”, “Өег гурил” ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй гэх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч, эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж, мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон. Сургуулийн ойн арга хэмжээний сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж, бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа юм” гэлээ. Нийт есөн холбогдогчтой 513.000.000 төгрөгийн хохиролтой найман эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалгаж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаалал дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг аж.

З.БААСАННЯМ: С.БАЯР ХҮСЭЛТДЭЭ “БИ ХЭНТЭЙ Ч УУЛЗАХГҮЙ, ХҮН ХҮЛЭЭЖ АВМААРГҮЙ БАЙНА” ГЭСЭН

Мэдээлэл хийсний дараа Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоогийн даргыг “хүний оронд нөхөж орсон” гэж тайлбарлаж байсан. Хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг бид тайлбарлах эрхгүй. Гэхдээ хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нөхөн томилдог.

УИХын гишүүн Ж.Батзандан Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм уу?

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулга, тайлбар авсан. Одоогоор ямар асуудлаар гомдол гаргасан талаар мэдээлэл өгөх боломжгүй юм.

Авлигатай тэмцэх газрынхан С.Баяртай хэнийг ч уулзуулахгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Саяхан С.Баяр Авлигатай тэмцэх газарт бичгээр хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд “Би хэнтэй ч уулзахгүй, хүн хүлээж авмааргүй байна” гэдгээ хэлсэн. Энэ хэргийн явц байдлын талаар прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө.

-Цагдан хоригдож буй хүмүүст эргэлт оруулж байгаа юу?

-Эргэлтийг хориглохгүйгээр ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа.

Ж.БАТЗАНДАН: Б.ХУРЦЫН ГОМДЛЫН ДАГУУ НАДААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВСАН

Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Авлигатай тэмцэх газраас гарч ирж, мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны үеэр УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гаргаж, тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой ирсэн арав гаруй өргөдлийн талаар иргэдийн сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дээр зохион байгуулсан. Өргөдлүүдэд С.Зоригийн хэргийг шалгасантай холбоотой мэдээлэл байсан. Тодруулбал, С.Зоригийн хэргээр холбогдож, одоо хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс ирсэн өргөдөл байсан юм. Хэлсээр залуучуудыг хэлмэгдүүлж байна. Энэ хэргийн шалгахдаа хүн хэлмэгдүүлсэн, хүний эрхийг зөрчсөн” гэсэн өргөдөл байсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотой материалууд нууцаас гарсан. Иймээс хэрэгт холбогдон, хоригдож буй хүмүүсийн гэр бүлийнхэн нь УИХ-ын гишүүд дээр ирж, санал гомдлоо өгсөн. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн асуудал яригддаг. Энэхүү процесст Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк гэсэн бүлэглэл яагаад авсан талаар иргэдээс өргөдөл гомдол их ирж байна. Гуравдугаарт, Д.Энхбат гэдэг хүнийг Тагнуулын ерөнхий газрын гурван ажилтан Герман, Францыг дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр хулгай хийж, авч ирсэн тухай гэр бүлийнхнээс нь УИХ дээр гомдол ирсэн. Мөн арав гаруй хүнийг Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц дарамталж байсан тухай гомдлууд ч ирсэн. Зарим нэг монголын томоохон бизнесмэнүүдэд Б.Хурц дарамт, шахалт үзүүлдэг гэсэн гомдол ч ирсэн. Энэ талаар Нээлттэй хэлэлцүүлэг хийж, ярьсан байдаг. Гэтэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Дамдинсүрэн Улсын Ерөнхий прокурор Энх-Амгалангаас ирсэн бичгийн дагуу Эрдэнэтийн 49 хувь болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ярьж байгаа гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх тухай ярьж байгаа. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авсан. Ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийснийг буруутгаж байна. Би өөрийн зүгээс холбогдох тайлбарыг хийсэн. УИХ гишүүн ард түмнээ сонсох гэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Авлигач түшмэдүүдийн өмнө УИХ-ын гишүүн бөхийж болохгүй ээ. Нээлттэй хэлэлцүүлэг, нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүд өдөр болгон хийх ёстой.

Нээлттэй сонсгол хийх нь хууль зөрчиж байна гэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг зүйл ангиар шалгасан. Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг зүйл нь “Нийтийн албан тушаалтан, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах” юм. Өөрөөр хэлбэл, УИХ дээр нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа УИХ-ын гишүүдэд өнөөдрөөс эхлээд Эрүүгийн хэрэг үүсгэх тал руугаа Прокурор, АТГ шийдэх юм байна. Үүний цаад шалтгаан нь “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг битгий ил тод яриач ээ”. Мөн “Эрдэнэтийн 51 хувь дээр дуугүй байгаач ээ” гэдэг асуудлыг ярилаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар битгий яриач гэсэн шаардлагыг тавьж байна. Ер нь энэ асуудлуудыг ярьж, нээлттэй хэлэлцүүлэг сонсгол хийх юм бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэдэг сануулгыг өглөө. Хууль хяналтын байгууллагын төрд шургалсан мафийн бүлэглэлийн дарамт шахалтын өмнө бөхийхгүй ээ. Төрд шургалсан мафийн бүлэглэлийн айлган сүрдүүлэх үйл ажиллагааны өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. Уржигдар орой УИХ-ын гишүүн Л.Болдыг дуудаж, мэдүүлэг авсан. Одоо энэ нь цаашид үргэлжлэх юм байна. УИХ-ын гишүүдийн амыг нь хаах, дуу хоолойг боох, айлган сүрдүүлэх ажиллагааны өмнө Монголын төр бөхийж болохгүй ээ. УИХ-ын шударга зарчимтай гишүүдийг айлган сүрдүүлэх оролдлого шорон гяндангаар заналхийлэх үйлдэл прокурор, АТГ-ын мөрдөн байцаах албанаас гарч эхэлж байна. Үүний эсрэг УИХ, Монгол төрийн эрх барих дээд байгууллага хатуу зогсох ёстой гэсэн байр суурьтай байна. Нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгээ зохион байгуулна. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө би явна гэдгээ хэлье. Надад айх зүйл алга, ухрахгүй. Нийтийн сонсголын хууль гэж бий. Б.Хурц Авлигатай тэмцэх газрын дарга байсан хүн. АТГ, ТЕГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл болсон хүмүүс албан тушаал хашиж байгаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдыг хувийн компанийнхаа ажилтан мэт захиалга өгч, ажиллуулдаг. Дамдинсүрэн хэлсэн. Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгана гэсэн. Дарга нь захиалга өгөөд шалгадаг юм байна. Гэхдээ манай улсад хууль гэж байдаг юм. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлуудыг Б.Хурцын цэргүүд биш Б.Хурцаас хараат бус байдаг цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийнхэн шалгах ёстой.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийсэн бүлэглэл юм. Тэд хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Энэ хүмүүс дуртай хүмүүсээ, хэлмэгдүүлдэг. Шорон гяндангаар айлгадаг. Үүний эсрэг тэмцэж байна. Б.Хурц намайг “Таныг оронд чинь ална” гэж заналхийлсэн. Би Прокурорт хүсэлт гаргасан боловч огт шалгахгүй байгаа. Б.Хурцын талд буюу мафийн бүлэглэлийн дагуу хууль хяналтын байгууллага ажиллаж байна” гэж ярилаа.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид мөрдөн шалгах ажиллагаанд буй эрүүгийн хэргийн талаар асуусан. Иймээс хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэйгөөр зарим асуултад дараахь хариултыг өглөө.


-Авлигатай тэмцэх газар сүүлийн үед томоохон, дуулиантай баривчилгаа хийсэн. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, ч.сайханбилэг нарт холбогдсон хэрэг юу болж байна. Мөн С.Баяр, Б.Ариунсан нарын биеийн байдал муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн…

-Хэргийн бодит байдлыг тогтоохоор прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Улмаар шүүх хурлаар хэлэлцэж, шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч батлан даалтад гаргаж гадуур шалгах, үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг тухайн үед нь санал гаргаж шийдвэрлүүлнэ. Саналыг прокурор, шүүхээс шийдвэрлэнэ. С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд хоригдоод эмнэлэгт хэвтсэн, одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт байгаа.

-Авлигатай тэмцэх газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зөв бурууг шалгах субъект мөн үү. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн ил, далд тэмцлээс болж Оюутолгойн гэрээг дүгнэх болсон. Энэ тэмцэлд Авлигатай тэмцэх газар татагдан оролцож байна гэсэн мэдээлэл бий. Үүнийг тодруулаач?

-Оюутолгойн гэрээг байгуулсан нь зөв, буруу гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаагүй. Эдгээр гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон. Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа.

-Оюутолгойн гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг нэмж холбогдуулан шалгах уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлийн асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх зэрэг асуудлыг шалгаж байгаа.

-Одоо хоригдож байгаа Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй гэсэн мэдээлэл байна. энэ үнэн үү?

-Б.Бямбасайханаас байцаалт авсан. Мөн яллагдагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүүлэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаад улсаас ирсэн, байцаалт явагдаж байна.

-“Жаст”-ын Ш.Батхүү эмнэлэгт байгаа гэсэн мөртлөө шүүх хуралд оролцсон?

-Бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Ер нь бол эмнэлгийн байгууллагын магадлагаагаар л хэн нэгний өвчний байдал тогтоогддог.

-Ш.Батхүү, Төрийн банк, эдуард сүрэн нарын хоорондох авлага, өглөгийн асуудлыг шалгаж байгаа юу?

-“Жаст” ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр, авлагын асуудлыг нэг бүрчлэн шалгаж байна. Энэхүү асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг яасан юм бол?

-Мөрдөн шалгах ажиллагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна.

-“Эрдэнэт”-ийн Мөнхжаргалын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ цагаатгах нотлох баримт өгсөн гэсэн. Энэ нь хэр ач холбогдолтой юм?

-Хэрэгт урьд нь авагдсан нотлох баримтуудыг өмгөөлөгч нар гаргаж өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.

Элчин сайд М.Энхсайханд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Элчин сайд М.Энхсайханд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг байхгүй. Харин Тавантолгойн ордын гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгож, төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл байгаа эсэхийг шалгаж байна.

-ХААИС-ийн мал аж ахуйн хүрээлэнгийн захирал Батсүх гэгчид холбогдох хэргийг танайх шалгаад бас л удлаа. яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна…

-Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний дүгнэлт гаргуулах зэрэг холбогдох байцаан шийтгэх ажиллагаануудыг явуулж байгаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг ард нийтийн санал асуулгаар тодруулна гэж уржигдар З.Энхболд мэдэгдлээ. Цахимаар санал авч сонгоод томилох хуулийн үндэслэл бий юу?

-Хуулийн үндэслэл байгаа эсэх, санал болгох процедур нь хуульд заасны дагуу явагдсан уу гэдгийг томилох эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлэгч 10 ”Г” ангийнхан

Налайх дүүргийн Алтангадас одонт, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын нэрэмжит 10 жилийн “Голомт” цогцолбор сургуулийг 1988-1998 онд суралцаж төгссөн 10Г ангийг энэ удаагийн “Нэг анги” буландаа онцолж байна. Тус ангийнхан 20 жилийн дараа буюу өнөөдөр төрөлх сургууль дээрээ уулзалдах гэж байгаа юм. Ангийн хүү Ц.Амаржамц “Бид бүхэнд “нэг ангийнхан” гэж дуудагдах эрхэм үнэт зүйл бий. Одоо бид бүгд гэр бүлтэй болж, ажил амьдралын их хөл дунд дор бүрнээ завгүй бужигнаж байгаа ч “Манай ангийн охид, хөвгүүд” гэж нэгнээ дуудах нь сэтгэлд маш дотно өөриймсөг сайхан байдаг. Арван жилийн цэвэр ариун нандин үерхэл нөхөрлөл, дуу хуур, инээд хөөр, нэгнээ бяцхан гомдоож байсан гээд бүх зүйл хүүхэд насны минь гэгээн дурсамж, мартагдахааргүй мөчүүдээ бид үргэлж сэтгэлдээ тээж явдаг” гэж ярьсан юм. 20 жилийн ойн уулзалт болох учраас ангийнхныгаа бүртгэж, хэн маань хаана, юу хийж байна гээд нэгнийхээ сургийг гаргаж эхэлжээ. Эдний ангийнхан 19 охин, 21 хөвгүүдтэй. Ангийн онц сурлагатан Н.Сайнбилэг багын хичээл сурлагадаа хичээмтгий, өндөр, туранхай, цовоо сэргэлэн хүү байж. Тэрээр байгаль орчин, биологийн чиглэлээр өдгөө доктор хамгаалж, БНХАУ-д, таван хүүхэдтэй, гэр бүлээрээ амьдарч ажиллаж байгаа гэнэ. Ангийн хоёр ч хүүхэд АНУ, Шведэд амьдарч байна. Хөдөө орон нутагт буюу “Таван толгой” ХХК, “Оюу толгой” ХХК-д ангийн дөрвөн нөхөд ажиллаж байгаа ба тэд ажлын байдлаас шалтгаалаад энэ удаагийн уулзалтдаа ирж амжихгүй нь гэдгээ уламжилжээ. 10Г ангиас нийт хоёр хос төрөн гарчээ.

Ангийн хүү С.Батнасан ярихдаа “Амьдралын зам алдаа оноогоор дүүрэн байдаг ч манай ангийнхан дунд алдахаасаа онож яваа нь олон. Бүгд л сэтгэл бүтэн жигд сайхан амьдарч байна. Нэгнээ сэтгэл зүрхээрээ хөглөн, аль болох урмын сайхан үгээр дэмжин гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж явна. Тэд маань аав, ээж болсноос хойш төдийлөн нэг дор олуулаа уулзалдаж байгаагүй. Тиймээс одоо нэгэнтэйгээ уулзана гэхээс сэтгэл догдлон, хүүхэд ахуй насны дурсамжид үлдсэн багын тэр л дүр төрхөөрөө нүдэнд тодрон үзэгдэж уулзахын хүслэн болж байна даа” гэж сэтгэл догдлон байв. Ангийнхнийхаа зарим нөхдийнхөө хаана, юу хийж байгааг нь холбоо тогтоож чадаагүй гэх бөгөөд тэдгээр нь С.Сарантуяа, А.Болормаа, С.Батнасан, Бан.Баттулга, Б.Оюунбат нар юм.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ангийн хоёр хүүхэд анд найзуудтайгаа эргэн уулзахааргүйгээр бурхны оронд оджээ.

Тус 10Г анги даасан хоёр багштай. Дөрөвдүгээр ангиас нь дааж авсан Б.Оюунцэцэг хөдөлмөрийн багш юм. Хүүхдүүдийг таних, хэнд ямар ажил даалгахаа сайн мэддэг, зан харилцаан дээр суурилж бүгдийг зохион байгуулдаг чимээгүйхэн алхаатай, дуу цөөнтэй боловч хэлэх гэсэн үгээ шулуухан хэлдэг багш гэж ангийнхан нь дуу нэгтэйгээр хэлж байв. Сурагчид бид багшийнхаа хэлсэн үгийг их сайн сонсч, захиас үгийг нь биелүүлэхийг хичээдэг байсан. Есдүгээр анги төгсгөөд багш маань ар гэрийн хүнээ асран тойлох гээд ахуй амьдралын шалтгаанаас болж аравдугаар ангид бидэнтэй цуг байж чадаагүй. Тиймээс хичээлийн эрхлэгч П.Басанням багш маань биднийг төгсгөсөн гэж дурслаа. П.Басанням багш нь боловсролын байгууллагад 47 жил ажиллахдаа шулуун шударга, нийтэч, зарчимч гэдгээрээ танигдсан, алс холыг харсан байдлаар биднийг хүмүүжүүлдэг байсан гэж байв. Сурагч биднийг эрдэнэс шиг хоёр сайхан багш маань “Та бүхний өмнө ихийг бүтээх холын зам дурайж байна. Үргэлж сурч тэмүүлэх өрнүүн хүсэлтэйгээр улам ихийг сураарай” гэж захиж хэлдэг байсан нь сэтгэлд тод хоногшжээ гэлээ.

Ангийнхан “Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн уриатай. Одоо ч эдний ангийнхан хамт олныхоо өмнө дэвшүүлсэн уриандаа үнэнч, манлайлж яваа гэдэг нь илэрхий. Ангийн сурагчдаас манлайлагч, сурлагаараа тэргүүлэгч байсан Ууганбаяр, Энхсувд, Алтантуяа нарынхаа тухай ам хуурайгүй магтаалын үгс дайсан юм.

10Г ангийнхан тухайн үедээ “Их сахилгагүй сурагчидтай” гэдгээрээ багагүй алдартай байж. Ангийн багш Б.Оюунцэцэгийн ярьж байгаагаар “Хань маань хүнд өвчин тусч чөлөө аваад гэртээ сууж байхад ангиас төлөөлөл болж хүүхдүүд маань эргэж ирж байсан. Тэрхүү үе сэтгэлд маань маш дотно, тодхон үлдсэн байдаг. Зовж шаналах үед сэтгэлээсээ тусалж хандана гэдэг нь амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг юм. Манай ангийнхан сахилгагүй, адтай гэдгээрээ цуутай байсан ч аливаа зүйлд чин сэтгэлээр ханддаг нь ажиглагддаг байсан. Урлаг, спорт, сурлагаараа бусад ангийн сурагчдаас тэргүүнд нь байсан юм шүү. Их сайхан нөхөрсөг хамт олон байлаа” гэж дурссан.

Харин П.Басанням багш “Анхны төгсгөсөн алдрайхан шавь нар минь. Адтай авхаалжтай, дүрсгүй хүүхдүүд байсан. Эрхлэгчийн албыг хашиж байхдаа сурагчдаа тосон авч төгсгөж байлаа. Ангийнхан маань арван жилдээ ардын багш нараа уурлуулж, инээлгэж байсан. Өнөөдөр шавь нар маань бүгд амжилттай, аз од нь гийсэн сайхан амьдарч байгааг хараад өөрийн эрхгүй баярлаж байна. Иймээс ангийнхнаараа бахархахгүй байхын аргагүй. 1998 оны анхны ангиа төгсгөсөн төгсөлтийн баяр мартагдашгүй сайхан болж байсан. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Шавь нараас минь анх Ц.Амаржамц маань Бүгд Найрамдах Турк улсад төр засгийн зардлаар Цагдаагийн академид суралцахаар явсан нь бахархууштай явдал болсон. Амжилттай төгсөж ирээд, цагдаагийн байгууллагад нэр төртэйгөөр ажиллаж байна. Налайхын сургуулиас гадаадад тэтгэлгээр суралцахаар явсан нь бид бүхний бахархал юм” гэж ярилаа.

10Г-ийнхэн ангидаа олуулаа сууж хичээлээ байнга давтдаг. Нэгнийхээ ойлгоогүй зүйлийг нэгэндээ хэлж өгч тусалдаг байсан гэнэ. Спортоос голчлон сагс, теннис тоглож, нэгнийдээ очиж, гэрийн даалгавраа хийх, айлд цөөхөн байсан компьютер дээр ангиараа нийлж кино их үздэг байсан аж. Тэр үед Налайх дүүрэг Улаанбаатараас хол юм шиг санагддаг байсан. Ингээд бид хот руу орж, ангиараа зугаалдаг байсан. Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай дээр очиж патиараа татуулж, тоглолт үзэж, сонин сайхныг ихэд сонирхож явдаг байж. Урлаг, соёлын оддын тоглолт тухайн үед Налайхад болдог байж.

Тоглолт үзэхээр ангиараа бас цуглачихна. Мөн хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд ч тус ангид нэлээн олон суралцдаг байсан аж. Зуны амралтаараа хөдөө орон нутагт байдаг хүүхдүүдийн гэрээр очиж амарч, ангиараа Туул голоор зугаалдаг байжээ. 1990-ээд оны үед зах зээл эхэлчихсэн үе. Талх масло, элсэн чихэр хэнийд байна гэж ярилцаж байгаад нэгнийдээ очиж “хоол бууддаг” байсан гэнэ. Эдний ангид Казах хүүхэд байж. Нэг удаа Наурызын баяраар гэрт нь ангиараа очиж үндсэний баярыг үзэж баярлаж байсан гэнэ. Казах ард түмний үндэсний баяр, баярын ширээ, уламжлалт ёс заншлыг анх удаагаа танин мэдэж их л сонирхолтой санагдаж байлаа гэж дурссан. Тухайн үед урлагийн үзлэг байсхийгээд болно, шөнө оройг хүртэл сургууль дээрээ урлаг, соёлын арга хэмжээндээ бэлдэж гэртээ харих болохоор охидыг хөвгүүд гэрт нь хүргэж өгдөг байжээ.

Ангийн хүү Ц.Амаржамц “Бид ахлах ангид орсон ч гэсэн Б.Оюунцэцэг багштайгаа байнга холбоотой. Аль болох багшийнхаа жаргал зовлон, баяр хөөртэй мөчийг хамтдаа хуваалцахыг хүсдэг байсан. Ингээд багшийнхаа гэрээр аль болох очихыг хичээнэ. Бидэнд хичээл заадаг байсан багш нар маань боловсролын салбарт олон жил тууштай ажилласан туршлагатай хүмүүс байсан. Бид дунд сургуулиа төгсөхөд дор бүрнээ өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго тэмүүлэлтэй болж хүмүүжиж чадсан. Тиймээс эрхэм сайхан багш нараараа үргэлж бахархдаг” хэмээн дурслаа. Ц.Амаржамц “Нэгэн удаа урлагийн үзлэгт бэлдээд оройтож охидыг гэрт нь дөхүүлж өгөх гэж явтал гэнэт нохой дайрчээ. Бүгд тал тал тийш зугтахад нэг мэдсэн чинь ангийнхаа нэгэн охиноо урдаа барьчихсан “Авраач ээ” гээд орилж байсандаа ичиж бантсан” тухайгаа хуучлав. Ангийн охидоос цэвэрч нямбай байдлыг эрхэмлэгч Мөнхцэцэг, олон хөвгүүний харцыг булааж явсан үзэсгэлэнтэй Уянга гэх зэргээрээ ангийнхаа охидын тухай ярьцгаав. Одоо Уянга гадаадад амьдарч байгаа гэнэ. Сурлагаараа тэргүүлэгч, байнгын олимпиадад оролцдог нь Н.Сайнбилэг. Тэрээр тэмцээн уралдаан болгонд оролцдог нийгмийн идэвх сайтай нэгэн байжээ. Тэрээр нэг өдөр ангидаа үсээ тод өнгөөр будуулчихсан орж ирэхэд нь “Үсээ яагаад будсан юм бэ” гэж асуусан чинь “Хотод явж байсан чинь үсний тэмцээн болж байна гээд дуудаад оруулчихлаа” гэж билээ. Тухайн үед ангийн хөвгүүд их шоолж инээж байсан гэдэг. Сахилгагүй хөвгүүд заримдаа охидоосоо хичээлээ нууцхан хуулчихдаг байсан гэдгээ дурсав. Багадаа байрны гадаа сагсны талбайд л цагаа ихээхэн өнгөрөөнө. Хааяадаа ширээний теннис тоглодог гэх. Нэгэн удаа шинэ жил болоход ангийн багш нь “Та бүхэнд ухаан, сэтгэл хоёр хэрэгтэй болохоос биш, мөнгө хэрэггүй. Мөнгө бол амьдралын нэг хэмжүүр, зарцуулах ёстой л зүйл” гэж хэлээд бага мөнгө хурааж нийллэг хийн баярлаж байсан гэнэ. Алим, ундаанаас өөр амтархах зүйлгүй ч нэгнээ харж хөөрчихсөн. Хэмнэлттэй ч хамгийн дурсгалтай шинэ жил болж байсан аж. Тэр үед заримд нь ундаа, алим хүрэлцээгүй юм болов уу яасан юм, бор самбар дээр шохойгоор “Алим, ундаа идье багш аа” гэсэн бичиг бичээстэй байсан талаарх хөгжилтэй дурсамжаа ярьцгаалаа. Хэрвээ нэг нь өөр ангийн, үеийн хэн нэгэнд дээрэлхүүлчих юм бол хамтдаа очоод ёстой нэг үзүүлээд өгдөг байсан гэнэ.

Ангийн дарга М.Баяртогтох, онц сурлагатан С.Батчимэг, Ц.Алтантуяа, Бал.Баттулга нар шалгалтаас ангийнхаа хүүхдүүдийг олон удаа аварч байсан гэнэ. Сагс тоглодог Т.Гантулга, Б.Гантулга, Х.Шинэбаяр нар сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож, байнга медаль зүүж, сургуулийн өсвөр насны шигшээ багт шалгарч тодорхой амжилтуудыг үзүүлж байжээ. Зах зээлд шилжиж, ороо бусгаа үе байсан болохоор ягштал форм хувцсаа өмсөхөөс илүүтэй жинсэн яак, брюкен өмд, ер нь дуртай хувцсаа хөвгүүд нь өмсчихдөг байсан гэнэ. Харин охид нь хуучны цагаан, хар парчикаа нямбай гэгч нь индүүдэж өмсдөг байж.

Өвөл ноосон малгайгаа шовойлгож өмсдөг мода дэлгэрэхэд ангийн хөвгүүд нь охидтойгоо ижилсэж яг нэг ижил стилээр гангарч байсан аж. Арван жилдээ адтай, сахилгагүй байсан Бямбацогт, Шинэбаяр шавь нар маань эрс өөрчлөгдөж, том болохын хэрээр бүр даруухан болж намба сууж амжилт гарган, бусдадаа үлгэр жишээ болохуйц амьдарч байгаад нь бахархаж байгаа талаар багш нар нь дурссан. Ажил амьдралын гараан дунд нандин сайхан андын үерхлээ алдаагүйгээр 20 жилийн дараа алсаас нэгнээ санагалзсаар уулзалдах 10Г ангийнхны баярт өдөр өнөөдөр.


Categories
мэдээ цаг-үе

Д.Чимэддамба: Сүлжээний бизнесийн үйл ажиллагаа зөв, буруу явагдсан ч хуулинд хориотой

Сүүлийн үед сошиалаар “Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олох алтан боломжийг битгий алдаарай” гэсэн утгатай мэдээлэл явах болсон. Ийм сурталчилгаанд итгэдэггүй, тоохгүй өнгөрдөг иргэд цөөхөн болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Учир нь иргэд янз бүрийн сурталчилгаа, хүмүүсийн ярьсанд итгэж, мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн залилуулсаар байгаа гэнэ. Тиймээс үүнтэй холбогдуулан Шууд худалдаа, сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамбатай ярилцлаа.


-Иргэд сүлжээний бизнес гэсэн нэрийн дор залилуулсаар байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Сүлжээний бизнес” гэдэг нэр томьёоноос эхэлж ярих хэрэгтэй. “Сүлжээний бизнес” гэх хэллэг өөрөө хар яриа юм. Харин энэ нэр томьёог хуучин социалист улс орнууд болон манай улсад л хэрэглэж байна. Олон улсын нэр томьёоллоор “Шууд худалдаа” гэж хэлдэг. Шууд худалдааны сүүдэртэй тал нь сүлжээний бизнес буюу пирамид тогтолцоотой Понзын схем юм. Манай улсад 1972 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гадаад, дотоодоос нийтдээ 600 гаруй сүлжээний компаниуд орж ирсэн. Эдгээрээс дампуурах нь дампуураад, алга болох нь алга болж, баригдах нь баригдаад, хариуцлага хүлээх нь хүлээсэн байдаг юм билээ. Харин тус сүлжээний бизнес нь цаанаа цэвэр ашиг хонжоо олох, залилангийн асуудлыг дагуулдаг гэдэг нь энэ төрлийн гарсан бүх хэргээс бэлээхэн харагдаж байна. Өнөөдрийг хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас өөр хяналт тавьж, анхаарч байгаа төр хууль, хяналтын байгууллага байхгүй. Энэ нь өөрөө том асуудал.

-Манай улсад явагдаж буй сүлжээний бизнесийн луйврын арга улам нарийсч байгаа юу?

-Сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай үгээр эхэлж, иргэдийг аль хэдийнээ элсүүлчихсэн байдаг. Үүнийг манайхан ерөнхийд нь сүлжээний бизнес гэж ойлгож байгаа юм. Энэ нь дотроо дараахь заагтай. Бизнес нь бараа бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга бий. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчдэд хүргэх тактикийг барьдаг. Харин нөгөөх нь гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Хоёр дахь аргыг ашиглаж, олон хүнийг хохирогч болгосон залилангийн хэргүүд манайд цөөнгүй гарсан. Одоо ч гарсаар байна. Учир нь монголчуудын гэнэн итгэмтгий зан тэдний хорхойг улам хүргэх болж.

-Иргэд, олон нийт шууд худалдаа, луйврын пирамид тогтолцоо хоёрыг хэрхэн ялгах ёстой вэ?

-Шууд худалдаа нь бодит үйлдвэрлэл, тариалалт, технологи дээр тулгаруулан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүн дээр тулгаруулан зах зээл дээр сүлжээний маркетингийн хэлбэрийг ашиглан үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Ийнхүү шууд худалдаатай адилхан мэт харагдуулж хүмүүст итгэл төрүүлж, итгэлийг олж аваад сүлжээ үүсгэн залилан хийж байгаа нь луйврын пирамидын тогтолцоо юм. Үүний нэг хэлбэр нь одоо яригдаад буй Понзийн схем юм. Энэ нь Чарлз Понзи гэх хүний нэрээр нэрлэгдсэн луйврын бизнес юм. Тухайлбал, АНУ –д 1920 онд хүмүүсээс мөнгийг нь 45 хоногт 30 хувийн хүүтэй өгнө гэж маш олон хүнээс мөнгө аваад өгч чадахгүй баригдаж байсан. Тэгэхээр шинжлэх ухаанаас түрүүлээд пирамид тогтолцооны луйвар нь дэлхий дээр үүссэн байдаг.

АНУ-аас үүсэлтэй хэдий ч дэлхийн ихэнх улс орнуудад бий. АНУ-ын худалдааны комисс, худалдааны мөрдөх товчоо хамтраад сүлжээний бизнесийг тус улсад тодорхой хугацаагүйгээр хааж хориглосон. Ингээд нэг бүрчлэн шалгаж эхэлснээр зургаан жилийн дараа шууд худалдаа, пирамид тогтолцоотой понзын схемийг ялгаж салгаж чадсан байдаг. Саяхан цагдаагийн байгууллагаас анхааруулсан Стэмфорд гэх хөрөнгө оруулалтын пирамид яваад байгаа нь цэвэр понзын луйврын схем юм.

-Манайд сүлжээний бизнес яаж орж ирдэг вэ. Улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлдэг юм?

-Сүлжээний бизнес Монголд хар аргаар орж ирдэг гэж хэлж болно. Тодруулбал, ямар ч аж ахуйн нэгж байгуулахгүй, улсад бүртгүүлсэн бүртгэлгүйгээр орж ирдэг гэсэн үг. Орж ирээд хүмүүсийн сонирхол дээр тулгуурлан ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа тогтож, нэгээс хоёр жил үйл ажиллагаа хараар явуулж эхэлдэг. Харин хүмүүс ихээр орж ирвэл компани байгуулдаг. Тэгээд бараа бүтээгдэхүүний зөвшөөрөл авах, татвараа төлөх процессууд нь дан дараа нь хийгддэг. Шууд хөрөнгө оруулалтаар орж ирдэг сүлжээний бизнес гэж байдаггүй. Ашигтай бол үргэлжлүүлээд компани байгуулаад явдаг. Амжилтгүй бол орхиод дахин нэгийг оруулж ирэх маягаар явдаг юм. Сүлжээний бизнес орж ирсэн 27 жилийн хугацаанд бүхэл бүтэн мэргэшсэн хэд хэдэн бүлэглэл Монголд бий болсон гэж хэлж болно. Тухайлбал, 2006 онд Шууд худалдааны нийгэмлэгийг хэдэн судлаач нар хамтран байгуулсан. Тус нийгэмлэгт нэг ч гишүүн, хувь хүн, компани байдаггүй. Гэтэл 2012 онд Монголын шууд худалдааны нийгэмлэг гэсэн ТББ үүсгэн байгуулагдсан. Уг байгууллага сүлжээний бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг гишүүнчлэлээр оруулж, гэрчилгээ, батламж гардуулсан. 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр сүлжээний бизнес гэх хуулиар хориотой үйл ажиллагааг илчилснээс хойш сүүлдээ уг компани ор сураггүй болсон. Сүлжээний бизнес зөв ч бай, буруу ч бай өнөөдөр хуульд хориотой байдаг. Иймээс ганц ч сүлжээний бизнесийн компанийг албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл өгч, бүртгүүлээгүй байдаг.

Энэ хэрэг эхэндээ нэг их мэдэгдэхгүй. Асуудал үүссэний дараа мэдэгддэг. Үүсгэн байгуулсан хүн нь ихээхэн хэмжээний мөнгөө аваад зугтчихдаг. Ард нь ихээхэн хохирогч үлддэг. Ийнхүү залилангийн хэлбэрээр явдаг. Дан болж өнгөрсний дараа нь мэдэгддэг байсан. Нэг үеэ бодоход одоо болохоос нь өмнө урьдчилан сэргийлж анхааруулдаг нь сайшаалтай.

-Иргэд залилуулахгүйн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Манайх шиг хүн ам багатай улсад шууд худалдааны чиглэлээр олон улсын компани шууд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед хөдөө, орон нутаг руу сүлжээний бизнес их тархах болсон. Учир нь нийслэлд хяналт сайжраад, иргэд нь мэдлэг, мэдээлэлтэй болж ирэхээр нөгөө бизнес чинь хөдөө орон нутаг руу, малчдад тулгаруулах болсон. Иймээс анхаарал хяналтаа улам сайжруулах хэрэгтэй. Иргэдийг мэдээлэл, мэдлэгтэй болгох нь зөв. Мөн соён гэгээрүүлэх ажлыг улс даяар хийж, хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, энэ чиглэлийн гэмт хэргийг үйлдвэл бүх насаар нь хорих, эд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох, өндөр торгуультай болгох хэрэгтэй юм. Хятад улс Пирамид тогтолцоотой Понзын схемийг бүрэн хориглож, буруутай этгээдийг цаазын ялаар шийтгэдэг. Харин Шууд худалдааны компанид маш өндөр шалгуур тавьж, тусгай зөвшөөрөл өгдөг юм билээ. Хойд хөрш болох ОХУ мөн л адил пирамид тогтолцоог бүх насаар нь хорьж, өндөр торгууль тавьдаг. Шууд худалдааг зөвшөөрдөг ч тусгай зөвшөөрлийг өндөр шалгуурын дагуу олгодог гэсэн. Тэр ч бүү хэл Москва хотын мерийн дэргэд сүлжээний маркетингийн асуудал эрхэлсэн хууль хяналтын бүх байгууллагуудаас нэгдсэн комисс байдаг юм. Монголд хуулиараа шууд худалдаа, пирамид хоёрыг хоёуланг нь хориглочихсон гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.

Шинэчилсэн Эрүүгийн хуулиар олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох юм бол залилангийн гэмт хэрэг гэж үзнэ. Ингээд 5-15 жилийн ялыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр тодорхой зааж өгсөн.

Дүгнэж хэлэхэд “Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олох алтан боломжийг битгий алдаарай”. Мөн “ямар ч өвчин болон хорт хавдрыг эдгээнэ” гэсэн сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн ер нь цөөхөн болов уу. Тиймээс иргэд маань өөрсдөө бас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны хурандаа гэр бүлд зочиллоо

Энэ удаагийн “Танайд өнжье”- булангаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд нарыг уншигчидтайгаа уулзуулж байна. Зочид маань мөрдэс нэгтэй алба хаагчдынхаа дунд анхны гэр бүлээрээ цагдаагийн хурандаа гэдгээрээ онцлогтой юм. Тэр дундаа бусад мөрдэс зүүдэг хууль хяналтын байгууллагад ч одоохондоо нэг салбарын гэр бүлийн хурандаа ажиллаж байгаагүй нь бидний анхаарлыг татсан юм.

Гэрийн эзэн, цагдаагийн хурандаа С.Буянжаргал даргатай холбогдож энэ тухайгаа хэлэхэд “Ажлын онцлогоосоо шалтгаалаад тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ч энэ сайхан албаныхаа тухай, алба хаагчдынхаа тухай цөөн хором ярилцахад болохгүй нь юу байхав. Манай албаны байр шинээр баригдах гээд түр байрандаа ороод жаахан нүүдэл суудалтай л байна. Гэхдээ бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, иргэдийнхээ төдийгүй алба хаагчдынхаа тав тухтай байдлыг хангах, хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хичээж л байна” гээд энгийн эелдэг сайхан угтлаа.

Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хоёр бол энэ том байгууллагын зүрх, тархи нь юм гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Энэхүү чухал албаны бодлогыг улсын хэмжээнд барих, төлөвлөх амаргүй ажил нь өглөө 8.30 цагт эхэлдэг. Долоо хоног, сар, жилээр хэдийнээ төлөвлөгдсөн байдаг ажлынхаа шинэ өглөөг угтдаг юм байна.

Гэмт хэрэг гэдэг бол төлөвлсөнөөс ондоо, төсөөлснөөс өөр, санаснаас зөрүү юм. Ямар хэрэг гарахыг хэн ч таашгүй. Тиймээс өглөө бүрийн шуурхайгаар амар тайван, хэрэг төвөг бага байгаасай гэж алба хаагч бүхэн боддог. Хурандаа ч тэдний нэг. Шинэ өглөө бүрийг гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ сонсож эхлүүлэн, ажил тарсан гэж амсхийж болдоггүй амаргүй давааг цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэг, тангараг хоёртойгоо үүрч яваа нь хэлж байгаа үг болгоноос нь харагдаж байлаа.

Улсын хэмжээнд нэг хоногт ямар ямар хэрэг зөрчил гарсан, нийслэлийн хэмжээнд эрүү хэв журмын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг байнга хянадаг гэнэ. Даваа, Баасан гаригт нэгдсэн шуурхайгаар гол гол бодлогын ажлуудаа цэгцэлж, ярилцан чиг чигтээ үүрэг авч гардаг ийм л онцлогтой хүмүүс юм билээ.

Бусад өдрүүдэд албаны зохион байгуулалтуудын дагуу нөхцөл байдлын мэдээг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр орж танилцан, орон нутгийн мэдээнүүдийг тухай бүрт нь үзэж, төв орон нутагт гарсан бүх хэрэгтэй холбогдуулж, мөрдөн байцаах албаны нэгж, алба ажилтнуудтай холбогддог. Өдөр тутмын мэдээнүүдтэй танилцсаны дараа албаны дарга нарт тухайн нөхцөл байдлыг танилцуулан, ЦЕГ-ын удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах гэсэн зарчмаар л үргэлжилнэ дээ гэдгийг хурандаа хэлж байв.

Дараа нь нэгжүүдийн гарсан хэрэг, илрүүлж буй хэргийн баримт, мөрдөж байгаа тоон мэдээг өдөр бүр хөдөлгөөн шийдвэрлэлтийн дор хянадаг. Энэ жил Мөрдөн байцаах алба “хүрвэл зохих түвшин шалгуур үзүүлэлт”-ээ шинэчлэн баталсан нь бид ийм хэмжээнд хүрч ажиллана гэсэн төлөвлөгөөг гаргасан гэсэн үг. Шинэ хуультай уялдуулж, нэг мөрдөгчийн ажлын шалгуур үзүүлэлтийг өдөр бүр дүгнэнэ. Эхний улирлаар хэн гэдэг мөрдөн байцаагч ажлын үзүүлэлтээрээ бусдаасаа түрүүлж явна вэ гэдэг нь тодорхой гардаг. Үүний үр дүнд манай алба хаагчид тавигдах шаардлага, үзүүлэлтийг ханган ажиллахын тулд илүү эрч хүчтэй болсон. Мөн сахилга ёс зүйн асуудал чухал тул тухайн нэгж, хэлтэс бүрт нь анхаарал хандуулж, алба хаагч бүрийг хэрхэн яаж ажиллаж байна вэ гэдгийг дүгнэдэг гэнэ. Албаны дотоод аюулгүй байдал, цагдаагийн байгууллагын эрсдэлээс хамгаалах чиглэл дээр анхаарах, Нийслэлийн прокурорын байгууллагатай харилцах, чиглэлийнхээ хүрээнд прокуророос ямар зүйл шаардаж байна, хуулийн хүрээнд болон мөрдөн байцаалт дээр ямар алдаа дутагдал байна вэ гэдэг дээр прокурорын байгууллагатай хамтарч ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлдэг гэнэ.

Дараа нь иргэдээс өдөр тутам цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй холбоотой санал хүсэлт юу байна вэ гэдгийг тодруулна. Иргэдийн санал хүсэлт, ажлын чанар үр дүнгийн талаар, иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байна вэ гэх зэрэг асуудлыг авч үзнэ. Эдгээр ажлууд тодорхой болоод ирэхээр Шуурхай хуралдаан зохион байгуулж, дүүргийн болон орон нутгийн дарга нарыг цуглуулж, онлайн хурал явуулдаг. Энэ долоо хоногийн үйл ажиллагаа ингэж явагдсан байна. Анхаарах асуудал “энэ байна шүү” гэсэн ажлын үүрэг чиглэл өгдөг гээд бидэнтэй ажил албаныхаа талаар илэн далангүй ярилцсан юм.

МӨРДӨН БАЙЦААГЧИЙН АЖИЛ МАШ НАРИЙН, ЧИМХЛҮҮР ЮМ

Мөрдөн байцаах алба, мөрдөгч хүн хуулийг ягштал сахих үүрэгтэй. Хурандаа С.Буянжаргал “Бидний шалгасан мөрдсөн хэрэг эцсийн дүндээ прокурор, шүүхэд шилждэг. Хэргийг үйлдсэн, хохирсон зэрэг бүх хүн бид нарын гараар дамждаг. Мөрдөн байцаагчийн ажил маш нарийн чимхлүүр. Үүнийг буруу хийвэл хүний эрх ашиг хохирно. Амьдралын өргөн талын мэдлэг ч шаарддаг мэргэжил. Одоо бид бүх мөрдөн байцаагч нараас онлайнаар хууль эрх зүйн мэдлэгийн сорилт тестээр авч байгаа. Байнга давтамжтай явуулна. Хуулийг ягштал мэдэж байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хуулийн хэрэглээг сайжруулах ёстой. Мөрдөн байцаагч хүн хуулийн өгүүлбэр, үг, цэг таслал бүрийг мэдэж байх ёстой гэсэн шаардлагын дагуу ажиллаж байна” гэж хэллээ. Ажлын цаг хамгийн эртдээ 20.00 цагт дуусдаг ч гэнэтийн хурал, гэмт хэрэг зөрчлөөс шалтгаалаад оройтох нь олонтаа. Ингээд яриад байвал Мөрдөн байцаах алба хэмээх энэ том айлын бодлого чиглэл, нэг өдрийн үйл явдлыг яриад дуусамгүй. Бид яриагаа үргэлжлүүлж, гэрт нь өнжих цагаа товлосон юм.

Бид товлосон цагтаа гэрт нь очлоо. Амралтын өдөр байсан учраас цагдаагийн хурандаа С.Буянжаргал, түүний гэргий, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд, охин Б.Жаргалсүрэн нар үдийн хоолоо идэхээр тухалж, бид ч бас зочиллоо.

Ажлын өдрүүдэд манайх өглөө 06.00 цагт босоод өглөөний цайгаа заавал уугаад ажил, сургуульдаа яардаг. Орой харьж ирэх цаг янз бүр. Харин амралтын өдөр бол гурвуулаа хамт сууж, амттай хоол идэж ярилцаж суух дуртай гэж хуучиллаа. Хурандаа С.Буянжаргал “Ээж маань одоо 70 гарч яваа сайхан буурал бий. Бага дүүгийнд маань амьдардаг болохоор амралтын өдөр урьж тухлах дуртай. Харин том хүү Б.Нямбаяр маань тусдаа амьдардаг болохоор хааяа “урилга”-аар л ирэх юм даа. Программист мэргэжилтэй. Охин минь Орос 14 дүгээр сургуульд суралцдаг, энэ жил дунд сургуулиа төгсөнө. Хэд хоногийн өмнө Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд тэнцсэн сайхан бэлэг ээж аавдаа барьж, баярлууллаа гэж баяртайгаар дуулгалаа.

Бид хоёрт охиныг бага байхад Оросын холбооны улсад суралцах сайхан боломж олдсон юм. Салбартаа бол анх удаа гэр бүлээрээ Орост суралцсан даа. Үүгээр бид бахархдаг. Тэр үед энэ их итгэл хариуцлага болсон томилолтыг бид хоёулаа онц хамгаалж ирсэн. С.Буянжаргал “Би 2009 онд Оросын Холбооны улсын Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж, эхнэр маань хүүхэд гэмт хэргээс болж хохирсон талаас нь судалж, докторын зэрэг хамгаалж, гурван жил болоод амжилттай төгсөж ирсэн. Ирээд бид хоёр чиглэл чиглэлээрээ ажиллаж, охиноо харин орос хэлний сургалттай сургуульд сургасан. Үүний үр дүнд охин маань өөрийн хичээл зүтгэлээр Москвад сурах болсон нь манай гэр бүлийн хувьд үнэхээр сайхан баяртай өдрүүд тохиож байна. Ийм өдрүүдэд л та нар зочиллоо доо” гэж хэллээ.

ТЭМДЭГЛЭЛТ БАЯР ЁСЛОЛООР ГЭРТЭЭ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ

Харин түүний гэргий Ю.Бадамханд ОХУ-ын Эрхүүгийн Улсын багшийн дээд сургуулийг онц төгсөж байж. Гэсэн хэдий ч тухайн үед цагдаагийн байгууллагын Хүүхдийн албанд сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй хүнийг авч ажиллуулдаг болсныг дуулаад материалаа өгч тэнцэж, Нийслэлийн цагдаагийн газарт Эрүүгийн албаны хүүхдийн төлөөлөгчөөр томилогдон, дэслэгч цолоо гардан авч байсан нь мартахын аргагүй сайхан дурсамж гэдгийг тэрээр онцолж байв. Харин дараа нь тухайн үеийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдон, 10 гаруй жил хүүхдийн байцаагч, төлөөлөгчөөр тууштай ажиллажээ. Энэ байгууллагад томилогдон ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болж, үр хүүхэдтэй болж, ажил амьдрал нэгтэй өдий хүртэл амьдарч, хоёулаа хурандаа болсон сайхан хувь тавиландаа их л бэлгэшээж явдгаа ярьж байв.

Хуучны хүмүүс мэдэх байх. Хурандаа Ю.Бадамхандын аав НАХЯ-ны Намын хорооны дарга, хурандаа Л.Юндэндорж гэж хүн байжээ. Ю.Бадамханд докторын ажлаа “Монгол Улсад насанд хүрээгүй хүнийг гэмт халдлагаас хамгаалах криминологийн асуудал” сэдвээр бичиж байжээ. Сэдвээ судлах хугацаанд түүний аавынх нь “Хүүхдийн тасаг байгуулаад ажиллаж байсан” гэсэн нь санаанд нь орсон гэнэ. Тэгээд архив шүүлгэж. Тэгсэн 1947 онд аавыг нь Эрүүгийн эрэн сурвалжлах албаны Хүүхдийг тасгийн даргаар томилж байсан тушаал олж үзсэн, хүүхдийн байцаагч байсан. Үүнд охин нь баяртай байдгаа дуулгасан юм.

ТӨРИЙН СҮЛДЭЭ МАГНАЙ ДЭЭРЭЭ ЗАЛДАГ САЙХАН АЛБААРАА БАХАРХДАГ

Хоёулаа цагдаагийн алба хаагч болохоор аливаа тэмдэглэлт баяр ёслолоор гэртээ хамт байж үзээгүй. Нэгдсэн арга хэмжээ, зочин гийчний хамгаалалт гээд бүхий л үйл ажиллагаануудад нэг үүрэг чиглэлтэй, тушаал авч, үүрэг гүйцэтгэдэг болохоор хамт ажилтай л байдаг гэж байлаа. Арга ч үгүй юм даа. Цагдаагийн албаны онцлог ерөөсөө л энэ аж. Харин ачааллыг дааж, бие биедээ түшиг, дэм болж, явсаар амьдралыг туулж яваа хурандаагийн гэргий Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо Хууль сахиулахын Удирдлагын академийн дэд профессороор ажиллаж байна. Нөхөр нь түүнийг ер нь хүүхдийн чиглэлээр ажиллах л хүн юм. Гавьяаны амралтдаа суух үеэрээ Хүүхдийн чиглэлээ барьж авч, ажил үйлс хийгээрэй гэж хэлдэг гэдгийг нь чухалчилсан юм.

Харин Хурандаа С.Буянжаргал бага ангидаа сурлагаараа манлайлдаг, ангийн болон бүлгийн дарга байжээ. Тухайн үед зохион байгууллагддаг байсан цэрэг эх орны жагсаалын үзлэг, одоогийнхоор бол ногоон гэрэл, цагаан шугам тэмцээний жагсаалыг командалдаг байж. Цэцэрлэгт байхдаа баруун ташаандаа сэлэм зүүж, эх орны цэрэг цагдаа гэж тоглодог байсан гэнэ. Дунд сургуулиа төгсөх үеэр зах зээл эхэлчихсэн байсан. 1990-ээд оны эхээр хүүхдүүд цэргийн болон цагдаагийн сургууль руу шуурдаг байсан үе. Хурандаа С.Буянжаргал “Манай сургуулийн хөвгүүдийн 80 хувь нь цэрэг цагдаагийн сургуульд шалгалт өгч байсан. Би МУИС-ийн түүхийн ангийг сонирхож байсан ч энэ чиглэлээр сурч, ажиллахаар эр хүн биш болчих юм шиг санагдсан. (инээв) Багаасаа цэрэг, цагдаагийн жагсаал командлагчийн тэмцээнд оролцож байсан болохоор цагдаагийн сургуульд шалгалт өгсөн. Тэр үед цагдаагийн сургууль хоёр зарчмаар элсүүлдэг байв. Түргэвчилсэн хоёр жилээр төгсгөх, тусгай дунд сургалттай байхад шалгалт өгч тэнцсэн. Дээд сургуульд нь орж чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байсан ч миний зарчимч зан цагдаагийн албатайгаа хувь тавилангаа холбох сэжүүр болсон доо. Төрийн сүлдээ магнай дээрээ залдаг сайхан албаараа бахархдаг. Би албаныхаа зарчмын асуудлуудыг хүндрэл бэрхшээл гэж огт хардаггүй. Зарим хүмүүс албаны хууль дүрэм хэрэгжүүлэх, ажлын шаардлага тавихыг буруугаар ойлгож, ханддаг. Үүнийг би харин хуулийн дагуу гүйцэтгэж, дасан зохицож, зөв бодолтой ажиллах ёстой гэж боддог” гэв.

Хурандаа С.Буянжаргалын аав, ээж хоёр нь барилгачин. Эгэл жирийн ажилчдын дунд хүү. Удамд нь цэрэг, цагдаагийн алба хаагч байгаагүй. Иймээс өөртөө маш их хариуцлагыг даах ёстой гэх зарчмыг оногдуулжээ. Нэгэнт энэ замыг туулах ёстой, шударга ажиллах хэрэгтэй гэж бодож, зорьсон бол амьдралаа авч явж, эх орныхоо төлөө зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэх хэрэгтэй гэж боддог байжээ. Тэрээр “Надад цагдаагийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтүүд дарамттай байгаагүй. Хүнд өдрүүд байсан ч ялан дийлж, давж гарч чадсан. Манай хошууч генерал Б.Пүрэв гуай “Цагдаагийн ажил амьдрал дан сүүдэртэй талд нь явдаг. Эр хүн хийвэл хийсэн шиг хийдэг хийморьтой алба шүү” гэж байсан. Энэ үнэн үг. Хүн өөрөө хийнэ гэсэн зорилготой, сэтгэлтэй байвал болно. Анх ажлын гараагаа эхэлсэн Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хотын зүрх нь шүү дээ. Тэнд Сүхбаатар жанжны хөшөө байна. Мөн төр засгийн бүхий л үйл ажиллагаа явуулдаг газар нутаг. Тухайн үед уламжлагдаж байсан яриа бол “суръя гэвэл Сүхбаатарт оч” гэдэг байсан. Учир нь ажил их өрнөдөг газар. Маш их ажил өрнөсөн газар хүн их юм сурдаг онцлогтой. Анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар томилогдсон. Зах зээлийн нийгэмд шилжчихсэн үед бага насны хүүхдүүдийн гэмт хэрэг ихэсч, бид уйгагүй тэмцэж, үр дүнг нь үзэж байсан. Сайхан ханьтай учирсан, цагдаагийн албаны анхны томилолтоо авсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэстээ эрүү, мөрдөн, хэв журам, хэрэг бүртгэх алба, төв орон нутгийн нэгжид ажиллаж байгаад 20 гаруй жилийн дараа даргаар нь томилогдон гурван жил гаруй хугацаанд ажилласандаа маш их бэлгэшээдэг. Тэндээс би Мөрдөн байцаах албаныхаа дэд даргаар томилогдож ирсэн дээ” гэж хуучиллаа.

Тэрээр 1995-2002 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагч, жижүүрийн шуурхай албаны мөрдөн байцаагч, эрүүгийн жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 2002-2008 онд Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2008-2009 онд мөн газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2009 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2009-2011 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид сонсогч, 2012-2013 онд Улсын мөрдөн байцаах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, 2013-2014 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байж. 2014-2015 онд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, 2015-2018 онд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар тус тус ажиллажээ.

С.Буянжаргал: ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙХАД ТУШААЛ ГАРЧ, ДЭД ХУРАНДАА ЦОЛОО АВЧ БАЙСАН

Цол гэдэг бол цагдаагийн байгууллагын алба хаагчдын бахархал. Урам зориг, эрч хүч авдаг. Хурандаа С.Буянжаргал “Цагдаагийн байгууллагын алба хаагчийн цол авах хугацаа нь болчихвол сүүлийн гурав, дөрвөн жилийн ажлын үр дүнг анхаарч үздэг, заавар журамтай. Сургууль төгсөөд дэслэгч цолыг авч байхдаа баярлаж байсан. Бүх цолоо хугацаанд нь авсан. Хамгийн их догдолж авсан цол бол дэд хурандаа цол юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Удирдлагын академид сурч байхдаа тушаал гараад авч байсан. Тухайн үед аавыгаа бодож, баярын нулимстай гуниглаж сууж байсан. 2002 онд аав маань бурхан болсон юм. Би 2002 онд ахмад цолтой байсан. Удирдлагын академид сурч байхдаа гэнэт “аав маань намайг ийм амжилттай явна” гэж бодож байсан болов уу. Хүү нь ОХУ-д сурч, дэд хурандаа цол авчихлаа шүү дээ гэж бодогдсон юм. Намайг дэслэгч болоход л том цэргийн хүн болчихлоо гэж ярьдаг байсан. Алс хүний нутагт байгаа хүн улам зөөлөн элгэмсүү болдог юм билээ” гэж байлаа.

Харин түүний гэргий “Миний хувьд дэслэгч цол авч байсан минь санаанаас огт гардаггүй. Цагдаагийн байгууллагын Эрүүгийн албанд хүүхдийн төлөөлөгчөөр томилогдоно гэдэг хэр баргийн хүнд тохиох хувь биш байх. НАХЯ-ны сайдаас дэслэгч цол гардаж авч байсан. Цол болгон сайхан. Дараа нь хошууч цолыг олон жил зүүсэн. Ингээд дэд хурандаа цолыг зэрэг дэв дээгүүр авсандаа маш их баярлаж байсан. Хурандаа цолыг авахад маш их сайхан санагдаж байсан. Аав маань хурандаа, хурандаагийн гэргий байна гэдэг том аз завшаан. Манай нөхөр эхэлж хурандаа цолоо авсан. Дараа нь би авсан. Хоёулаа хурандаа цол авсан учраас ярилцаад хамтдаа тэмдэглэсэн. Хамт олноос маань Монголын анхны хурандаа гэр бүл гээд олон сайхан урмын үг хэлсэн. Эрхэлж байгаа ажилдаа дуртай, зөв сэтгэлтэй, төрийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, шантрахгүй, унтрахгүй байвал бүх зүйл аяндаа сайхан бүтнэ гэж бодож, үүнийгээ зарчим болгон ажилладаг нэг гэр бүлийн хоёр хурандаа маань гэр бүлийн үнэ цэнэ гэдэг бол бие биенийгээ сайн ойлгох гэдгийг нэгэн зэрэг хэлсэн юм.

Ямар ч тохиолдолд хүлээцтэй хандаж, гэр бүлийн хүмүүжил, боловсролыг дээдлэн, амьдарвал буцаад таны үр хүүхэд зөв хүмүүжлээр өсөн торниж, ирээдүйд үнэ цэнэтэй сайхан амьдарна. Өвөг дээдэс, удам судар ээж ааваараа бахархаж хүндлэх ёстой гэж боддог. Хоёр талын аав, ээжүүд минь шударга, зарчимч хүмүүс. Хийвэл хийсэн шиг хий гэдэг байсан. Харин цагдаагийн байгууллагын удирдагч хүн ямар байх ёстой вэ гэсэн асуултад Хурандаа С.Буянжаргал “Бид нийгэм, цаг үеэсээ ч байнга суралцаж, хөгжиж байх ёстой. Би ОХУ-д Удирдлагын академийн чиглэлээр суралцах хугацаандаа энэ олон сая хүн амтай газар яаж дэг журмыг сахиулж байна вэ гэдгийг ажигласан. Гол зохион байгуулалт нь ерөөсөө л сахилга бат юм билээ. Удирдах албан тушаалтан муу зуршлаасаа салж, өөрийгөө хөгжүүлэх үе шатнаас огтхон ч хоцорч болохгүй. Мэдэхийн төлөө явж, ажлаа сайн мэддэг байх ёстой. Манлайллыг өөрөөсөө эхлүүлж, ажилдаа чин сэтгэл гаргахыг хичээдэг дээ” гэж хариуллаа.

Жирийн сайхан монгол хоол цайгаараа хооллож, аль болох амьдралын зөв хэмнэлийг эрхэмлэн, цаг зав гарвал амралтын өдрөөр ойрхон ч болов салхинд гарч, ил задгай гал дээр өөрийн гарын хоол зоог, мах шарж, гэр бүл найз нөхдөө дайлах дуртай энгийн нэг аав, эгэл жирийн эр хүн бол хурандаа С.Буянжаргал. Тэрээр хэдийгээр цаг зав бага, ажил ихтэй байдаг ч аль болох эхнэр хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт сайхан үйл явдалд нь баяр хүргэж, баярлуулахыг хичээдэг гэнэ. Харин гэргий Ю.Бадамханд “Гэр бүлээрээ байх л хамгийн сайхан. Амралтын өдрөөр хамтдаа хооллоод, салхинд гарах сайхан даа” гэж хуучилсан юм.

Нийгэмд шуугиан тарьж байсан олон хэргүүд дээр хамтарч ажиллаж байсан ажлын хэсгийнхэн, цагдаагийн байгууллагын үе үеийн сайн удирдлага, хамт олон, удирдлагынхаа алба хаагчдадаа талархаж явдаг тухайгаа ч ярилаа. Аргагүй л оюун билгийн орд цагаан өргөөгөө сүндэрлүүлж, олон түмнийхээ бахархал болсон хос хурандаа маань ард иргэдийнхээ амар амгаланг сахиулах ариун үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм билгийг дээдлэн, эцэг эхээ хүндлэн, үр хүүхдээ эх орныхоо тулах багана болгон өсгөн хүмүүжүүлсэн эрхэм хүмүүс байлаа.