Categories
мэдээ цаг-үе

Г.Бөхчулуун: Малын хулгайчид бүлэглэж гэмт хэрэг үйлдэхээс гадна махны ченжүүдтэй хамтарч ажилладаг

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуунтай ярилцлаа.


-Малын хулгайн нөхцөл байдал ямар байна вэ?

-Мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 1137 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүлээн авсан гомдол мэдээллийн 981 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нийт хүлээж авсан гомдол мэдээллийн 84.4 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг. 311 хэргийг илрүүлсэн.

-Аль аймагт малын хулгай их байна?

-Хүн ам ихээр суурьшсан газар малын хулгайн гэмт хэрэг гарах гээд байдаг. Тухайлбал, Төв аймаг, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Архангай зэрэг газруудад түлхүү малын хулгай гарах нь ажиглагддаг.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хэсгийн төлөөлөгчид гар бие оролцон хийж байна. Цагдаагийн байгууллагаас 2014 оны эхээр нөхцөл байдал хүнд аймгуудад илүү анхаарал хандуулсан. Дээр дурдсанаас гадна Увс, Баян-Өлгий аймагт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг. Хэнтий, Төв, Увс, Баян-Өлгий гэсэн аймгуудад мал хулгайлах гэмт хэргийн чиглэлээр бие даасан бүтэц байгуулсан. Тэнд дагнасан хэсэг алба хаагчдыг томилж өгсөн. Есөн аймагт малын хулгайн гэмт хэргийг хариуцсан алба хаагч ажиллаж байгаа.

-Хулгайчид ямар аргаар мал тууж байна?

-Ихэвчлэн бэлчээр дээрээс нь тууж явна, машинд ачна, жижиг оврын автомашинтай бол газар дээр нь нядалж, эвдэх тохиолдол ч байдаг. Малын хулгайн гэмт хэргийн гол үйлдлийн арга нь бэлчээрээс шөнө оройн цагаар хариулга муутай малыг авч, хулгайлдаг юм. Энэ төрлийн гэмт хэргийг 15-40 орчим насны хүмүүс үйлддэг. Ихэвчлэн малчид өөрсдөө үйлдэх нь бий. Тухайлбал, малтай байж байгаад, малгүй болчихсон ч юм уу, эсвэл тухайн үедээ өр зээлд орчихсон хүмүүс гэмт хэрэгт холбогддог. Нэлээд хэсэг нь дахин давтаж гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэмэгдсэн. Мөн хулгайчид бүлэглэж үйлдэхээс гадна махны ченжүүдтэй хамтарч гэмт хэрэгт холбогдоод байна.

-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Шинэ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл ангиар шийтгэдэг. Иргэдийн малыг хулгайлсан бол тодорхой хэмжээний ялын асуудал яригдана. Хүндрүүлэх нөхцөл гэж бий. Үүнд олон тооны мал оролцуулж, гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ болгосон бол Эрүүгийн хуулийн дагуу 2-8 жил хүртэлх ялаар шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт таван жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл торгох шийтгэлтэй байдаг. Өмнөх хуулиар иргэдийн малыг хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч юмуу, тодорхой хэмжээний хохирол оногдуулдаг байсан. Одоо таван хошуу мал хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг болсон.

-Малаа алдсан хүнд хэрхэн нөхөн төлбөр олгодог юм бол?

-Энэ төрлийн гэмт хэргийг олон дахин үйлдэж, цайчихсан этгээдүүд нөхөн төлбөр өгнө гэж байдаггүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийнхэн нь боломжийн амьдралтай бол нөхөн төлбөр төлөх асуудал бий. Эцэст нь шүүхийн шийдвэр гардаг ч хохирол нөхөн төлөгдөх боломж бага байдаг.

-Өнгөрсөн сард малын хулгайн ноцтой гэмт хэрэг бүртгэгдсэн үү?

-Төв аймагт ноцтой хэрэг гарсан. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хэсэг залуу холбогдсон. Малын хулгайн гэмт хэрэг өмнө нь улирлын шинж чанартай үйлдэгддэг байсан. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны сүүл, 2000 оны дунд үеэр өвөл голдуу энэ төрлийн гэмт хэргийн ажиллагаа идэвхждэг байв. Нэг ёсондоо идэш гаргаж,бэлдэх цагаар их гардаг байсан. Энэ нь зах зээлтэй холбоотой. Одоо нийслэлийг тойрч хориод махны үйлдвэр ажиллаж байна. Тэдгээр нь дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээл рүү мах нийлүүлэх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах гэх зэргээр олон төрлийн ажиллагаа явуулдаг. Иймээс малын хулгайн гэмт хэргийг ямар улиралд их, бага гарч байна вэ гэдгийг тодорхойлох нь харьцангуй ойлголт болсон. Одоогоор махны үнэ ханш өндөр байна. Энэ нь гэмт хэрэг идэвхжих гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллага болон бусад байгууллагууд хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй. Удахгүй сар шинийн баяр болно. Ингэхээр махны хэрэгцээ өснө. Цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллага ч гэсэн махны гарал үүсэл дээр хяналт тавьж ажиллана байх. Гэхдээ энэ нь зөвхөн төрийн байгууллагын дунд яригдах асуудал биш. Ялангуяа малчид өөрсдөө илүү анхааралдаа авах нь чухал юм.

-Ер нь хулгайн мал хаана очсон байдаг вэ?

-Нийт алдагдаж буй малын 90 гаруй хувийг нядалсан байдаг. Махыг нь хүнсэнд хэрэглэж, мөнгө хүүлэх зорилгоор хулгай хийсэн нь ажиглагддаг. Энэ нь маш богино хугацаанд үйлдэгддэг юм билээ. Тухайлбал, Улаанбаатар хотоос 200 километр яваад хөдөө малтай тааралдаж, хурдан нядалж, аваад явдаг. Ингээд “Дэнжийн 1000” зах дээр очиж, наймаачидтай тохиролцдог юм билээ. Нэг ёсондоо захын цайны газар хулгайн махаар хоолоо бэлтгэдэг гэсэн үг. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад асуудал, бэрхшээл их тулгардаг. Тиймээс малчдыг бүлгээрээ нийлж ажиллаач гэсэн шаардлагыг удирдлагууд тавьдаг. Хамтын ажиллагаа чухал байна. Ингэхгүй бол асуудал хүндэрч байна гэж үзсэн. Малчид өөрсдөө хамтран ажиллах нөхцөл хэрэгтэй байна гэсэн үг.

-Энэ онд малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд ямар ажил төлөвлөж байна?

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол ажил байнгын явагддаг. Энэ оны нэг онцлог бий. 2017 оны арванхоёрдугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик, нөөцийн тухай хууль тус тус батлагдсан. Үүгээр дамжуулж малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн, малын махны шилжилт, тээвэрлэх, арилжих ажиллагаанд тодорхой хэмжээний баримт бичигтэй болохоор болсон. Харин Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар махны гарал үүслийн гэрчилгээг ашиглаж, хулгайчид хууль бус ажиллагаа явуулдаг болсон байна лээ. Эдгээрийг цэгцлэх чиглэлээр эрчимтэй ажиллана. Мөн иргэд өөрсдөө анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуунтамир: Хулгайлсан эд зүйлсийг барьцаанд авсан ломбардын ажилтан мөнгө угаасан хэрэгт орно

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.


-Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг их гарах болсон гэх мэдээлэл хэр бодитой вэ?

-Сүүлийн үед халаасны хулгайн гэмт хэрэг их гарах болсон. Тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Халаасны хулгайн гэмт хэргийн эд зүйлийн 80 хувь нь гар утас байдаг. Иргэдийн халааснаас хулгайлсан утсыг “Монител” , “Тэди”-гийн ченжүүд худалдан авдаг. Мөн орон байрны, мал хулгайлах гэмт хэрэг их гарах болсон. Эдгээр гурван төрлийн гэмт хэргийн гаралт өсөлттэй байгаа. Жилд манай улсад 10-12 мянган хулгайн гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Хохирлын хэмжээ 14 тэрбум төгрөг байдаг юм. Тэрхүү хулгайн эд зүйлийн 80 хувь нь ломбардаар дамжиж, энгийн иргэдэд очдог. Харин үлдсэн нь ченжүүдээр дамжиж алга болно. Хулгайн эд зүйл ийм хоёр замаар дамжиж, борлогддог гэсэн үг.

-Хулгайн гэмт хэргийн гол шалтгаан нь юу юм бол?

-Хамгийн гол нь монгол хүний суурь хүмүүжил нөлөөлж байна. Тухайн хүний эд зүйлийг түр хэрэглэх гэж байгаа бол зөвшөөрөл авч, хэрэглэчихээд “баярлалаа” хэмээгээд буцааж өгч сурах хэрэгтэй. Хувь хүн бүр ийм энгийн зүйлсээс эхэлж хэвшвэл зөв хандлага тогтоно. Манай улс гэмт хэргийн гаралтаар 150 орноос 142 дугаарт бичигдсэн байна лээ. Гэмт хэргийн гаралт хамгийн багатай орон бол Япон. Учир нь япончууд хувь хүний ухамсар, соёл гэдгийг асар өндөрт буюу нэгдүгээрт авч үздэг. Хувь хүний соёл, төлөвшил сайн болоод ирвэл гэмт хэргийн гаралт буурна. Манай улсыг хамгийн муухай харагдуулдаг зүйл бол хулгайн гэмт хэрэг. Зүүн Азийн орнуудад хулгайн гэмт хэрэг бага гардаг нь хувь хүний ухамсартай холбоотой байдаг.

-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд төр засгаас юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хулгайлах гэмт хэргийг бууруулахад төрийн бодлого үгүйлэгдэж байгаа. Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, “батлаад өгнө үү” гэсэн саналыг сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд тавьж байна. Цагдаагийн байгууллага хөтөлбөрийг боловсруулсан, төслөө гаргасан. Холбогдох яам руу хүргүүлсэн боловч хариу ирээгүй. Ер нь хулгайн гэмт хэргийн гаралтад анхаарах хэрэгтэй. Бүх байгуулллагын оролцоо чухал. Иргэд ломбард, ченж хоёртой холбогдвол мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож болзошгүй. Тиймээс иргэд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Хулгайлах гэмт хэргийг ихэнхдээ 15-35 насныхан үйлддэг. Эдгээрийн 80 хувь нь эрэгтэйчүүд. Хулгайлах гэмт хэрэг гарахад монголчуудын залхуу зан нөлөөлдөг. Барилгын туслах ажилтан өдөрт 50, 60 мянган төгрөгийн цалинтай ажиллуулъя гэхэд хүн олдохгүй болсон гэсэн. Тэгсэн хэрнээ залуус айлын хаалга хулгайгаар онгойлгож, мөнгөн аяга болон үнэт эд зүйлийг нь тоох ч үгүй хулгайлаад гараад ирдэг. Нэг ёсондоо залхуу, хойрго, гэр бүлийн хүмүүжилгүй залуус айлын хаалга өшиглөдөг.

-Ченжүүдийн хууль бус ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн байгууллага ажилласан. Үр дүн гарсан уу?

-Ченжүүдийн хууль бус ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн байгууллагаас ажилласан. Цагдаа нар “Монител”, “Тэди” хоёрын үүдэнд буй хүмүүсийг хөөж, шаардлага тавьсан. Тэднийг нэг өдөр явуулахад, маргааш нь буцаад хүрээд ирдэг. Байнга зогсож байхгүй бол нэмэргүй юм билээ. Тиймээс “Монител”, “Тэди”-гийн удирдлагуудад “Та бүхэн өөрсдөө хамгаалалтын албаараа шаардлага хүргүүлж, хууль бус ажиллагаа явуулж буй ченж нарыг явуулна уу” гэсэн юм. Тэгсэн ченжүүд хамгаалалтын албыг тоохгүй байна лээ. Үр дүн гараагүй. Сая бид дахин төлөвлөгөө шинэчилж, ломбардынхан, ченжүүдтэй өөр аргаар тэмцэхээр болсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан. Тодруулбал, цагдаагийн хүчээр ченжүүдийг тарааж, орчныг тодорхой хугацаанд хүнгүй болгоё гэсэн. Тэр хугацаанд “Монител” , “Тэди”-гийнхэн өөрсдөө орчиндоо шаардлага тавьж, эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ тэд чадахгүй бол Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, “Монител”, “Тэди” хоёрыг нүүлгэх арга хэмжээ авах юм уу, эсвэл тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах эрх бидэнд бий. Энэ нь эцсийн арга хэмжээ юм.

-Манай улсад хууль бус үйл ажиллагаа явуулдаг ломбард их байдаг гэсэн үү?

-Улсын хэмжээнд барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн 8200 хуулийн этгээд байгаагаас нийслэлд 6800, орон нутагт 1400 хуулийн этгээд бүртгэлтэй байна. Гэвч одоогийн байдлаар хэдэн байгууллага нь үйл ажиллагаагаа явуулдаг вэ гэсэн статистик тоо мэдээ гараагүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдснээр 580 ломбард үйл ажиллагаагаа явуулдаг. Ломбард зөвшөөрөл авч, барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулахдаа НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны долдугаар тогтоолоор баталсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын дагуу гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг. Манайд үйл ажиллагаа явуулж буй ломбардуудад ямар нэг цагийн хуваарийг цаанаас нь тогтоож өгөөгүй байдаг. Тэд Монгол Улсын стандарт MNS:5274 2017 хэмээн заасны дагуу өдөр тутам үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэхүү стандарт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Гэвч ломбард ажиллуулдаг хүмүүс мэдлэггүй, зарим нь стандарт, дүрэм журмыг мэддэг мөртлөө хэрэгжүүлэх сонирхолгүй байдаг юм билээ.

-Цагдаагийн байгууллагаас ломбардын үйл ажиллагаанд хяналт, шалгалт тавьж байгаа юу?

-Ломбардууд хууль бус үйл ажиллагаа явуулж, мөнгө угааж буй нь ил харагддаг. Хулгайн эд зүйл ломбарданд тавьж, хулгайч нь буцааж авахгүйгээр, өөр хүний гар дээр очдог байдал дэлгэрээд удчихаж. Тухайлбал, дээрэмдэж авсан компьютер, гутал, хувцас бусад төрлийн гэмт хэргийн замаар олсон ээмэг, бөгж, хүнээс булааж авсан гар утас зэргийн 90 орчим хувь нь ломбардаар дамжиж, мэдэгдэхгүй дараагийн хүнд зарагддаг юм билээ. Энэ тогтолцоо сүүлийн 26 жилийн турш хэвшмэл болчихсон байна. Үүнийг одоо эвдэхэд хэцүү. Гэхдээ эерэг арга замыг олохын тулд эхний ээлжинд эрх зүйн хувьд стандартыг нь өөрчилж өгсөн. Одоо цагдаагийн байгууллагаас стандартаа хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих ажил явагдаж байна. Ер нь стандартын хэрэгжилтэд Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын байгууллага болон бусад газрууд өөр өөрсдийн чиглэлээр хяналт тавьж байх үүрэгтэй.

-Ломбарданд хулгайн эд зүйл тавьсан байна гэдгийг хэрхэн мэддэг юм бэ?

-Хулгайн эд зүйлийг барьцаалдан зээлдүүлэх журмаар олгосон байна гэдгийг цагдаагийн байгууллага тогтоодог. Хулгайч нар баригдаж, цагдаад мэдүүлэг өгөхдөө “Тэр ломбарданд тийм эд зүйл тавьсан” гээд хэрэг тодорхой болдог юм. Тухайлбал, баригдсан иргэд “Би хорооллын нэг ломбарданд хулгайн замаар олсон эд зүйлээ байнга аваачиж, барьцаалж, мөнгө авдаг” гэх зэргээр мэдүүлдэг. Мэдээллийн мөрөөр ломбарданд очоод асуудлыг хуулийн дагуу шийдэх гэхээр асуудал тулгардаг. Хуулийн дагуу хариуцлага оногдуулах шаардлагатай байдаг.

-Ломбардын мэргэжилтэн хулгайн эд зүйлийг авч, барьцаалан зээл олгосон бол хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдоно. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хулгайн гэмт хэргийн замаар эд зүйл олдсон гэдгийг мэдсээр байж, тухайн хүн өөрөө авсан, ашигласан, зарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага оногдуулна. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэж бий. Үүний нэгдүгээр хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эззэмшигч, эд хөрөнгийн эрхийн нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг. Энэ гэмт хэргийг тогтвортой, бүлэглэж, албан тушаалтан албаны чиг үүргээ ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Элсэлтийн ерөнхий шалгалтыг анх тестээр авахад “Туршилтын туулай” болсон 10в ангийнхан

Цэцэглэж уясан туузаа аваад

Цагаахан хормогчоо тайлж эвхээд

Алаг хорвоогийн аяны нугачаанд

Алдаж оносоор 20 өвлийг угтаж байгаа “Ховд аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийн 10 в ангийг 1998 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буланд онцолж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сард Ховд аймагтаа төгсөлтийн 20 жилийн ойн баяраа хийжээ. Ангийнхныг төгсөлтийн баяраа хийсний дараа хүмүүс зургийг нь үзэж, сонирхож “Төгсөлтийнхөө 20 жилийн уулзалт юм уу. Үнэхээр үү. 25-туудын уулзалт шиг л харагдаж байна” хэмээн уулга алдаж байсан гэдгийг тус ангийн охин Ц.Мөнхцэцэг ярилаа. Тэрбээр багадаа сэргэлэн цовоо, хувийн ариун цэврийг сахихдаа сайн охин байж. Одоо Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй юм байна. Тэрээр “Манай үеийнхэн дэндүү олуулаа, хатуу ширүүн нийгмийн нүүр үзсэн. Нэг ёсондоо шилжилтийн нийгмийн “Туршилтын туулайнууд” юм шүү дээ” гэдгийг онцлов. Тэд олон янзын байгалийн шалгарлыг амжилттай давж, өдий зэрэгт хүрсэн нэг цаг үеийнхэн аж. Бүгд социалист нийгэмд төрж, өсөж, зах зээлийн нийгэмд сурч, боловсорчээ. Капиталист нийгэмд ажиллаж амьдарч яваа гурван нийгэм дамжсан нэгэн үеийнхэн юм байна. Тэдний хүүхэд насны түүхийг сонирхоход ангийнхан нэгэн дуугаар “Бидний хүүхэд насны түүхийг биднээс өөр хэн ч үл мэднэ. Өсвөр насны жаргал зовлон бүхэн дурсамжтай өнгөрсөн. Бид хүмүүжилтэй, цэгцтэй, аливаа зүйлд хариуцлагатай хандах ёстой гэдгийг сайтар суралцсан. Тиймээс одоо цагийн амьдралд тэмцэх ёстой гэдгээ ухаардаг” гэж байв. Арван жилд байхдаа л бие биедээ элгэмсүү, дотно, нийтэч, нөхөрсөг хамт олон байжээ. Иймээс одоог хүртэл бүгд нутагтаа, эх орондоо хэрэгтэй зүйлийг хийж, бүтээж яваа аж.

Тухайн үед пеонерт элсдэг цаг үе дуусаж, хамгийн анх гуравдугаар ангийн хүүхдүүдийг нэг үе алгасуулсан тавдугаар анги руу оруулж байжээ. Тиймээс тэр үед 1980, 1981 оныхон нэг цаг үед суралцах болжээ. Хамгийн анх монгол бичгийн хичээл эдний ангийн үеэс нэмэлт хичээл болон орсон байна. Мөн англи хэлний хичээлийг туршиж, анх нэвтрүүлсэн гэнэ. 10в ангийнхныг элсэн орохоос өмнөх үед орос хэлний хичээл ордог байсан. Тиймээс орос хэлний багш нарыг Улаанбаатар хотод 45 хоногийн түргэвчилсэн сургалтад бэлтгэж, англи хэлний хичээлийг заалгаж байсан талаар сонирхууллаа. Хамгийн анх тестээр элсэлтийн ерөнхий шалгалт авдаг болсон үед 10в ангийнхан арван жил заалгасан хичээлээ бататгах гэж биш, яаж тест бөглөж сурах тухай заалгаж байсан гэдгээ Ц.Мөнхцэцэг хуучиллаа.

Ангийн Б.Ганбат “Ер нь инээдтэй, хөгжилтэй цаг үеийг өнгөрөөсөн дөө. Нүдээ аньж тоолж байгаад тестээ дугуйлах нь бараг л тухайн үедээ онож байсан гэхэд хилсдэхгүй. Бидний үеэс эхлэн “Онц, сайн, дунд, муу” гэж нэрлэдэг байсан нь “Тав, дөрөв, гурав, хоёр” гэсэн тоонуудаар солигдож халаагаа өгсөн. Одоогийн сурагчдын сурлагыг үнэлдэг “100, 90, 80, 70, 60” гээд баахан өндөр тоонууд орон зайгаа эзэлсэн юм. Бид арван жилийн турш өнөө “Онц, сайн, дунд, муу” хэмээх дүндээ дасчихсан. Конкурсын шалгалтыг оноогоор үнэлэхэд, хэд аваад байгаагаа ч тухайн үедээ мэдээгүй өнгөрч байсан сан. Ийнхүү боловсролын тогтолцооны эмх, цэгч, уялдаа холбоогүй шийдвэрийн хамгийн том золиос бидний үеэр эхэлж, дуусах болтугай” гэж залбирахад хүргэж байсан даа хөөрхий” гэж инээмсэглэн ярив.

Эдний үеийнхнийг төгсөхөд олон хувийн сургууль байгуулагдсан аж. 10в ангийнхан бүгд их авсаархан, намхан, жижгэвтэр жигд размертай, өндөр 150-160 сантиметр орчимд хэлбэлздэг байж. Ганц нэг 165-170 сантиметр өндөртэй залуус хэвийнд тооцогдоно. 175-180 сантиметр өндөртэй хүмүүс үеийнхэн дундаа “Гозон тэмээ”, “Тэмээн хяруул” гэх хочоор дуудуулдаг байжээ.

10в ангийнхан 20 жилийн турш бие биеэсээ холдож, алсраагүй, амьдралын далай дунд гар гараасаа барилцаад, нэг нэгнээ дэмжиж, хоорондоо байнга харилцаа холбоотой байдаг гэнэ. Ингэж ангийнхан хоорондоо инээж, эрч хүчээ хуваалцдаг учраас 25-тууд шиг л харагддаг аж.

Ховд нутгийнхаа спортын их наадамд анх удаагаа оролцож эхэлсэн, цагаасаа л 10 в-гийнхэн “Шилдэг дэмжигч”-ээр шалгарчээ. Орсон төрөл бүрийн тэмцээндээ ангийн охид, хөвгүүд амжилт дагуулсан байна. Сагсан бөмбөгийн төрөлд спортын мастер Э.Болор-Эрдэнэ, Б.Цоморлиг, Б.Ганбат, гар бөмбөгийн төрөлд Спортын мастер Б.Батбаяр зэрэг мастерууд байдаг ажээ. Мөн сагсны спортын Отгонжаргал, Тогтохбаяр, Ганзориг хэмээх залуус ч бий. Эдний ангиас шатрын спортын түвшинд олон улсын зэрэглэлд амжилттай өрсөлдөж яваа Ц.Алтансүх, төр нийгэмдээ амжилттай хүчин зүтгэж яваа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Нямдаваа, Б.Ганзориг, Н.Цэжиддулам нар байдаг аж. Сэтгүүлч Б.Түвшинтөгс, барилгын салбарт Цэрэндорж, хэвлэлийн салбарт “Бүтэн бүрмэл” ХХК-ийн захирал Н.Идэрзаяа, “Урбан Женс” үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа Д.Соронзонболд, шүдний эмнэлгийн салбарт амжилттай ажиллаж яваа Цоодол, Модон тавилгын салбарт ажиллаж яваа “Ур ундрах” ХХК-ийн захирал Б.Алтаншоо зэрэг авьяастнууд салбар бүртээ амжилттай шижигнэж явна. Үсчин гоо сайхны салбарт амжилттай ажиллаж буй Б.Ганзул, Э.Гэрлээ, банк санхүү, татварын салбарт Ц.Байгальмаа, О.Цэнд-Аюуш, Ц.Түвшинжаргал, Б.Пүрэвдорж, Л.Нанзаддорж, Басан, Должинсүрэн, У.Цэцэгжаргал, Бямбахорлоо, Э.Энхзаяа, уул уурхайн салбарт “Сод-Ирээдүй” компанийн Түвшинжаргал, Д.Эрдэнэбат, Э.Уянга, С.Алтантунгалаг, Б.Оюунгэрэл, Ж.Түмэнжаргал, хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа Б.Батчулуун, М.Гэрэлтуяа, Б.Оюундулам, Г.Оюунбилэг, Цэнд-Аюуш, Б.Содномжамц, Ш.Амарбаяр, А.Авирмэд, Т. Жавзандулам, Д.Тунгалаг, М.Алтанхишиг нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байгаа юм. Цэрэг, армийн салбарт Г.Амгаланбаатар, Баатархүү, Цагаанцоож, улс төрийн салбарт Ариунтуяа, Б.Батсувд, сургалт судалгааны салбарт тэргүүлж яваа М.Алтансүх, Боловсролын салбарт Л.Мэндбаяр, Т.Бадамсүрэн, Дархан-Нэхий ХК-ийн эсгэгч мэргэжлээр амжилттай ажиллаж яваа Т.Туул нар эдний ангийнх. Тээврийн үйлчилгээний салбарт Г.Даваадорж, Х.Гантулга, Ганбат, Чимэд, П.Баясгалан, бүтээн байгуулалтын салбарт тэргүүлж яваа Н.Энхболд, орчуулгын салбарт амжилттай ажиллаж яваа “Морьт-Халиун”ХХК-ийн Ц.Мөнхцэцэг, Ц.Оюунтогтох, орон нутагтаа амжилттай ажиллаж байгаа Ш.Банзрагч, Цогтчимэг, Ц.Лувсанлхам гээд олон төгсөлтийн төлөөллийг нэрлэж болохоор байна.

10в ангийнхан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” 1998 оны төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс мод тарих их үйлсийг эхлүүлжээ. Төгсөлтийн 20 жилийн ойдоо зориулж Ховд нутагт амьдарч байгаа нөхөд нь 98 мод тарьж, арчилж тордон, харж хамгаалж, эргэж тойрч байгаагаа сонирхууллаа.

Нэгэн цаг үед амьдарч, бие биеэ хурцалж хөглөж байдаг үе тэнгийнхэн магадгүй 30, 40 жилийн уулзалтуудаа хийж, он жилийн түүхээ дурсамжтайгаар өнгөрүүлэх биз ээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Уранбат: Нэг эгч надтай утсаар холбогдож, хоёр сая төгрөг өгсөн. Би сая төгрөгийг нь ангийнхаа О.Ундралд өгч байгаа

Б.Уранбат хэмээх хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, түрийвчийг нь олж өгсөн тухай пост цахим ертөнцөд шуугиан болсон билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Түрийвч олоод эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Яг хаанаас олсон бэ?

-Бэлтгэлдээ нэг хүүхэдтэй хамт явж байсан юм. Гэтэл КТМС-ийн тэр хавийн нэгэн байрны урдаас түрийвч олсон. Тухайн үед “Эзэнд нь заавал буцааж өгөх ёстой” гэж бодсон. Ойролцоох дэлгүүрүүд рүү орж “Түрийвчээ хаячихлаа гэсэн хүн орж ирсэн үү” гэж асуусан. Дэлгүүрийн худалдагч нар “Бүгд мэдэхгүй, ямар нэг хүн орж ирээгүй” гэж хэлсэн.

-Аав руугаа залгасан уу?

-“Яах вэ, эзнийг нь олж өгмөөр байх юм” гэж бодоод аав руугаа залгасан. Тэгсэн “Аав нь олоод өгье. Миний хүү аваад, хүрээд ир” гэсэн юм. Ингээд очтол аав түрийвчинд байсан цахилгааны төлбөр төлсөн баримтыг харчихаад нэг утас руу залгасан. Утсаар ярихдаа “Энэ гэрийн хаяг дээр оршин суудаг хүний утасны дугаар хэрэгтэй байна. Өгч тусална уу” гэсэн юм. Тэгээд бид хоёр эзэнтэй нь холбогдоод, аав “Миний хүү, таны түрийвчийг олчихлоо. Ирж авах уу” гэсэн. Тэгсэн нэг эмээ бид хоёр дээр ирсэн.

-Эмээд түрийвчийг нь өгөхөд юу гэж хэлсэн бэ?

-Эмээ ирээд “Маш их баярлалаа. Яасан сайн хүү вэ” гэж хэлсэн. Намайг үнсэж, арван мянган төгрөгөөр шагнасан. Миний хүсэл биелж байгаа юм шиг санагдсан. Тухайн үед маш гоё байсан.

-Түрийвчинд нь яг юу байсан юм бэ?

-Гурван ширхэг монетон гинж, бөгж, мөнгө. Мөн хуян бууруулах эм, уруулын будаг байсан.

-одоо хэддүгээр анги вэ. Ямар хичээлээ илүү сайн хийе гэж боддог вэ?

-33 дугаар сургуулийн 7е ангид сурдаг. Математикийн хичээлд дуртай. Ихэнх хичээлийнхээ гэрийн даалгаврыг тогтмол хийхийг хичээдэг. Математикийн даалгавраа заавал бүрэн хийдэг. Чөлөөт цагаараа би таэквондагаар хичээллэдэг. Гурван жил таэквондагаар хичээллэж байгаа. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Гэртээ долуулаа амьдардаг.

-Ирээдүйд ямар хүн болъё гэж бодож байна?

-Цагдаа юм уу, цэргийн хүн болно. Учир нь тушаал сайн биелүүлдэг, аливаа зүйлд үнэнч хандана. Мөн би тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг хүн болно гэж боддог. Аав, ээж маань надад “Сайн хүн болоорой” гэж захидаг. Мөн аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандана гэдэг аз жаргал юм болов уу. Хүнд туслах үйл бүтээхэд надад маш сайхан санагддаг.

-Чи өмнө нь туслах үйлс бүтээж байсан уу?

-Хоёр жилийн өмнө хичээлээ тараад явж байгаад нэг хүүхдэд гар утсыг нь олж өгч байсан. Тухайн үед “Баярлалаа” гэж хэлсэн. Манай ангийн О.Ундрал гэдэг охин өмнө нь зургаан удаа хүнд хагалгаанд орж байсан. Одоо хамгийн сүүлийн хагалгаандаа орох бэлтгэлээ хийж байгаа. Түүнд туслахаар манай ангийнхан хандив цуглуулж байгаа юм. Тухайлбал, бид урлагийн тоглолт хийж, сургуулийн бүх хүүхдүүдийг “Тусламжийн гараа сунгацгаая” гээд уриална. Манай ангийнхан сэтгэлээрээ чадах бүхий л зүйлээ хийж, туслах гэж байгаа.

-Чам руу нэг хүн залгаад “Чи яасан мундаг хүү вэ, хөөрхөн санагдчихлаа. Эгч нь чамайг шагнамаар байна” гэж хэлсэн гэв үү?

-Тийм. Нэг эгч утсаар ярьж, “Яасан хөөрхөн, мундаг хүү вэ. Эгч нь чамайг шагнамаар байна. Хүрээд ирээрэй” гэсэн. Би ээжтэйгээ хамт очсон. Надад хоёр сая төгрөг өгч, намайг үнссэн. Ээж бид хоёр магнайгаа тэнийтэл их баярласан. Тэр эгч бизнес эрхэлдэг юм билээ. Намайг хараад “Хүний түрийвчийг олоод өгчихдөг, мундаг хүү вэ” гэж хэлээд инээмсэглэсэн. Би тэрхүү мөнгөө сайн үйлсэд зарцуулна. Тодруулбал, ангийнхаа О.Ундралд хагалгаагаа амжилттай хийлгээрэй гээд 500 мянгыг нь өгнө. Түүний эмээ нь элэгний хорт хавдрын улмаас нас барсан. Тиймээс би түүний эмээгийн буяны ажилд 500 мянгыг нь өгөх гэж байгаа. Түрийвч олоход хамт явж байсан н.Билгүүнтамир гэдэг хүүд үлдсэн мөнгөнөөсөө өгнө. Бид хоёр хамт бэлтгэлд явж байсан юм.

Г.Пүрэвбаяр: Манай АнгийнХАн АЯн Өрнүүлж бАйгАА

Түүний ангийн багш болох Г.Пүрэвбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

-Б.Уранбат хүү сайн үйлс бүтээжээ. гэр бүлийн хүмүүжил сайтай хүү юу?

-Б.Уранбат энгийн, даруухан хүү. Тусч, аливаа зүйлд их нээлттэй, илэн далангүй, шударга ханддаг хүүхэд юм. Ангийнхандаа их сайхан зүйлээр үлгэр жишээ үзүүллээ. Аав ээж нь хүүхдэдээ их сайн анхаарал хандуулж, зөв хүмүүжүүлэх арга барилыг эзэмшүүлсэн. Б.Уранбат хүүгээр бахархаж байна. Манай ангийнхан аль болох их нийтэч, тусч байхыг эрмэлздэг. Мөн бүгд хичээлээ сайн хийнэ. Бүх сурагчдын эцэг, эхчүүд нь ч гэсэн идэвхтэй, аливаа зохион байгуулсан ажилд санаачилга сайтай оролцдог. Манай анги 48 сурагчтай.

-Танай анги аян өрнүүлж байгаа гэсэн үү?

-Манай ангийнхан өнгөрсөн есдүгээр сараас хойш аян өрнүүлж байгаа. Ангийн О.Ундрал гэдэг охин нурууны хагалгаанд олон удаа орсон. Одоо долоо дахь удаагаа хагалгаанд орох гэж байгаа. Түүнд зориулаад бид сэтгэлийн дэм барих зорилгоор сурагчид өөрсдийнхөө чаддаг, мэддэг зүйлийг бүтээж, сургууль дотроо борлуулах, мөн урлагийн тоглолт зохион байгуулах гэж байгаа юм. Энэ талаарх хүсэлтийг сургуулийн захиргаанд гаргасан байгаа. Сургуулийнхандаа урлагийн тоглолт үзүүлж, хандив мөнгө цуглуулах гэсэн зорилготой. Урлагийн тоглолтдоо ирэх долоо хоногоос бэлдэж эхэлнэ. Эцэг эхчүүд хуваарь гаргаж, бэлдэнэ гэдгийг ярьсан. Багахан хэмжээний үнийн дүнтэй тасалбар олгогдоно. Тэрхүү тасалбарын мөнгө хандив болно гэсэн үг.

-О.ундралын ээж нь төрөхийн хүндрэлийн улмаас нас барсан гэж сонслоо?

-Төрөхийн хүндрэлээс болж, ээж нь нас барсан. Тухайн үед эмч нар охинд хиймэл амьсгал буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ. Тэрээр одоо аавынхаа эгчтэй амьдардаг. Цээжний цөмөрхийг нь татаж гарган, төмөр суулгах хагалгааг таван настайдаа хийлгэснээсээ хойш маш олон удаагийн хүнд хагалгааны ард гарсан. Одоо сүүлийн хагалгаагаа хийлгэх гэж байгаа. Монголд арай хямд зардлаар хагалгаа хийх боломжтой. Гэвч О.Ундралын зүрх нь муу болохоор эрсдэлтэй гээд эмч нар шийдтэй хариу өгөхгүй байгаа юм билээ. Харин Солонгост хагалгаа хийлгэвэл зардал нь бараг 100 сая болно гэсэн. Тиймээс Б.Уранбат болон манай ангийнхан бүгдээрээ туслахыг хүсч, охидууд нь үсний даруулга болон гар урлалын зүйл хийж, хөвгүүд нь модоор тоглоом хийж борлуулахаар бэлдэж байгаа. Ер нь манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Нэгдүгээр ангид байх үеэс нь хойш сургуулийн коридороор явахдаа голдоо оруулаад л хүүхдүүдээс хамгаалж явдаг байсан. Мөн гутлыг нь өмсүүлж, цүнхийг нь үүрч өнөөдрийг хүрсэн. Бүгдээрээ “Хагалгаа нь амжилттай болоосой. Хурдан эдгээсэй” гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм гэв.

О.Ундрал үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан үзгээ тонгойгоод авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнхныхаа дэмээр өнөөдрийг хүртэл амжилттай суралцаж байгаа гэнэ. Тэрээр дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан чадварлаг дизайнер болох мөрөөдөлтэй аж. Эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх хүсэлтэй. Мөн бүх тусалсан хүмүүсийнхээ ачийг ирээдүйд хариулна гэдгээ тэрээр хэлж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Туяа: Ховд аймагт хүчтэй салхи шуурганы улмаас гурван иргэн гэмтэж, нэг хүний биеийн байдал хүнд байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цасан болон шороон шуурганы улмаас зарим аймаг, суманд нөхцөл байдал хүндэрсэн. Тухайлбал, энэ сарын 25-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи 40-42 метр секунд хүрч, шороон шуурга шуурсны улмаас 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, цахилгааны шон унаж цахилгаан халаалт бүрэн тасарсан байна. Мөн цахилгааны шон унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн тав, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт дөрвөн аймгийн 52 суманд цахилгаан тасарсан юм. Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Туяагаас энэ талаар тодрууллаа.


-Өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар аймаг, сумдад нөхцөл байдал илүү хүндэрсэн бэ?

-Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл цацаж орон нутгуудад үүрэг чиглэл өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болсон юм.

-Хүчтэй цасан, шороон шуурганы улмаас ямар эрсдэлүүд үүссэн бэ?

-Говь-Алтай аймгийн зарим нэг суманд салхи 36-40 метр секунд хүрч ширүүссэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Үүний улмаас цахилгаан дамжуулах агаарын шугмуудад гэмтэл гарсан. Дээрх дөрвөн аймгийн 52 суманд цахилгааны тасалдал үүссэн. Одоо Эрчим хүчний яам болон бусад холбогдох харьяа нэгж байгууллагууд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Салхи шуурганы үеэр Баян-Өлгий, Увс аймагт нийт есөн иргэн малтайгаа шуурганд уруудаж, сураггүй болсон. Энэ талаарх дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон нутгийн захиргааны байгууллагууд хамтарч ажиллаа. Есөн иргэн эсэн мэнд олдсон. Шуурганд уруудсан 1600 гаруй толгой малыг эрэн хайх ажиллагааг явуулж, эсэн мэнд олж, эздэд нь хүлээлгэж өгөөд байна.

-Хүчтэй салхины улмаас гэр нурсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүчтэй салхи, шуурганы улмаас олон гэр нурсан. Өвлийн дулаалгатай, даруулгатай гэр хүчтэй салхи шуургатай үед тоононоос эхэлж дотогшоогоо цөмөрдөг юм билээ. Тэдгээрийг буцаж ашиглахад хүндрэлтэй болдог. Засвар хийгээд болохоор хэвийн байдалд орох гэрүүд бий. Дээрх дөрвөн аймагт 230 гаруй гэр нурсан гэсэн мэдээлэл бий. Үүнд дахин үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутгуудад ажиллаж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, холбогдох байгууллагуудтай хамтарч хяналт хийж байна. Тухайлбал, хэдэн айлд гэр олгох шаардлагатай вэ гэдгийг тогтоно. Тодруулж хэлбэл нөхцөл байдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, судалгаа гаргана. Энэ сарын 26-нд Улсын онцгой комисс яаралтай хуралдсан. Хүнд нөхцөл байдал үүрэг чиглэл өгч, орон гэргүй болсон иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг яаралтай хүргэх, иргэд гэртэй болох хүртэл хаана байх гэх зэрэг ажлуудад нэлээд анхаарал хандуулж байгаа юм.

-Шуурганы улмаас иргэд гэмтэж, бэртсэн үү?

-Ховд аймагт салхи шуурганы үеэр гурван иргэн гэмтэж, бэртсэн. Тэд тодорхой нэг цэгт байрлаж, зам засварын ажил хийж байсан юм билээ. Тэнд байгаа сэндвичэн барилгын дээвэр нь хийссэн. Дээвэр нь хүчтэй салхины улмаас гурван гэрийн дээр унаж, улмаар гурван хүн гэмтэж бэртсэн байна. Барилгын дээврийн бэхэлгээ муу байсан байж болзошгүй. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Гурван эрэгтэйн хоёр нь эмнэлгээс гарсан. Нэг хүний биеийн байдал хүнд, одоо эмчлүүлж байна.

-Зарим аймаг сумдын гэрлийн тулгуур багана, шон унасан. Тэдгээрийн бэхэлгээ, хийц нь стандартын дагуу байсан уу?

-Эрчим хүчний яам, Улсын онцгой комиссын хамтарсан хурал дээр энэ талаар ярьсан. Манай улсын нөхцөлд тохирсон байна уу, тулгуур баганын бэхэлгээ нь ямар байх ёстой вэ гэдгийг судалж, холбогдох газруудад чиглэл өгсөн. Цахилгааны тасалдалтай газруудад Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг томилж, шуурхай ажилласан. Орон нутгийн онцгой байдлын газрынхан хамтран ажиллаж байгаа. Том гэмтэл учраас хэсэгчилж цахилгаанаар хангах, гурав хоногийн дотор хэвийн байдалд оруулах гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Цаашид байгалийн аюулт үзэгдэл тохиолдвол иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, өөрсдийн нөөц бололцоогоор аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Онцгой байдлын газраас иргэдийн гар утсанд урьдчилан сэргийлэх чиглэлээр мессеж явуулж байна. Цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс мессеж уншиж, анхааралтай байгаарай гэдгийг сануулъя. Мөн бага насны хүүхдүүд салхи шуургатай өдөр малаа хариулж явж байгаад осолд өртсөн тохиолдлууд бий. Осгох, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байдаг. Мэдээллийг сайтар авч байж, ажлаа зөв зохицуулах хэрэгтэй. Ирэх арванхоёрдугаар сарын нөхцөл таагүй байж болзошгүй гэсэн таамаг бий. Орон нутгийн замын нөхцөл хүндэрдэг. Улсын болон орон нутгийн чанартай зам даваануудад хүндрэл үүснэ. Иймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мөнхмандах: Зөрчлийн тухай хуулийн талаар мэргэжлийн хүмүүс сайтар судалсан гэдэг нь эргэлзээтэй байна

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар сэтгүүлч, хуульчдын уулзалт өчигдөр болов. Энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.


-Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш сэтгүүлчид төдийгүй иргэд ч их мөнгөн торгуулиар шийтгүүлэх боллоо. Үүнээс сэргийлэх ямар арга зам байна?

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-т “Гүтгэх” гэх заалт оруулж өгсөн. Тодруулбал, “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Сүүлийн үед үүний дагуу сэтгүүлчид цагдаагийн байгууллагад шалгагдаж, торгуулах асуудал их гарч байна. Мөн иргэн ч гэсэн тодорхой нэг зөрчил гаргаж, улмаар торгуулах тохиолдол их болсон. Нэгэнт тухайн иргэний холбогдсон зөрчлийн хэрэгт цагдаагийн байгууллагаас торгууль оногдуулах гэвэл шүүхийн байгууллагад хандах хэрэгтэй. Торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандахаас өөр аргагүй. Үүнд, тулгамдаж буй асуудал бол Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан” гэх зүйл заалтыг цагдаа нар нарийн үндэслэж, авч үзэхгүй байгаа ч юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох л ёстой гэсэн үзэл хандлага яваад байна уу. Цагдаа нар сэтгүүлчийг торгох уу гэдэг нь үзэмжийн асуудал болчихоод байна.

Мөн төрийн албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгодог. Үүгээр маш их далайлгаж, сүрдүүлж, аливаа зүйлийг нугалах гэж оролдож байна. Ер нь үгэнд орохгүй л бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно гэсэн нугалаа гарч байгаа. Үүнийг маш олон хүн ярьдаг. Тэгэхээр хуулийг бүхэлд нь авч үзэх, хэрэгжилт нь ямар байна гэдэгт дүгнэлт хийх цаг болсон.

-Сэтгүүлчдэд цагдаагийн байгууллагаас Та хүн гүтгэж, доромжилсон байна гээд шууд торгуулийн хуудас бичээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх юм бэ?

-Ер нь уг асуудлыг Иргэний хуулиар шийдвэрлэх ёстой. Иргэний хуульд тодорхой заалт бий. Тиймээс Зөрчлийн тухай хуульд ижил утга, агуулгатай зүйл заалт оруулах нь илүүц юм. Зөрчлийн тухай хуулийг шүүмжлэхээр буцаж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна гэх яриа гарсан. Энэ талаар ардчилсан улс оронд олон улсын хүний эрхийн байгууллагууд, шинжээчид, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах байгууллагууд юу гэж зөвлөдөг вэ гэдгийг тодруулъя. “Гүтгэх, доромжлох” асуудлыг Иргэний хуулиар шийдэх ёстой гэж үздэг. Учир нь хүнийг гүтгэж, доромжлоход огт хариуцлага тооцохгүй байж болохгүй. Хүнийг гүтгэж, доромжилж болохгүй шүү дээ. Гэхдээ үүгээр сэтгүүлчид мэргэжлийн ажиллагаа явуулж байхад нь дарамтлах, айлган сүрдүүлэх арга хэрэгсэл болгож, ашиглах байдлаар биш, шударга ёсыг тогтоох зорилгоор Иргэний хуулиар шийдвэрлэх ёстой гэж үздэг юм. Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчид дарамтад орох, эдийн засгийн хохиролд унаж, ашиглуулах арга хэрэгсэл нь болж байгаа нь буруу юм. Мөн хүнийг гүтгэж, доромжлох асуудлыг тус тусад авч үздэг юм билээ.

-Үүнийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудад давуу тал бий. Тухайлбал, сэтгүүлчид уг асуудлыг ил болгож, нийгмийн анхаарлыг хандуулах, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх зэрэг боломж байдаг. Тэрхүү боломжоо ашиглах хэрэгтэй. Тулгараад байгаа асуудал юунаас болов, олон улсын практик, хэм хэмжээ нь ямар байдаг вэ гэх зэргийг судалж, хэвлэл мэдээллийнхэн нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Сэтгүүлчид өөрсдөө хууль тогтоохгүй. Гэхдээ хууль тогтоох үйл явцыг төлөөлөх бүрэн боломжтой.

-Зөрчлийн тухай хуулийг өөрчлөхийн тулд бусад уялдах хуулиудад өөрчлөлт оруулна гэсэн үг үү?

-Мэдээж ямар нэг хуульд нэмэлт, өөрчлөлт орох бүрт бусад дагалдах хуулиудад өөрчлөлтүүд ордог. Тиймээс Зөрчлийн тухай хуулийг авч үзвэл бусад хуулиудыг давхар хөндөж, нүсэр байдлыг хамарна гэсэн үг. Бас нэг арга зам байж болох юм. Ёс зүй гэдэг нь мэргэжлийн байгууллагын дотоод зохицуулалт. Тухайн салбарын дотоод зохицуулалтаар тогоон дотроо мэргэжлийн алдаа гаргасан уу гэдгээ олж тогтоож болно. Хэрвээ хүн гүтгэж, алдаа гаргасан бол залруулга хийж, уучлалт гуйх гэсэн алхмыг хэрэгжүүлж болох юм. Энэ нь хуулийн байгууллагад очиж, шийдвэрлэгдсэнээс илүү хялбар арга зам байж магадгүй. Ёс зүй аливаа маргааныг зохицуулдаг арга механизм мөн үү гэвэл “мөн”. Нэг ёсондоо нийгмийн хүмүүс хоорондын харилцааг зохицуулдаг арга хэрэгсэл. Гэхдээ хууль үйлчилдэг тогтолцоо бий. Иймээс хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг ярих нь зөв. Иргэн бүр хуульд захирагдах ёстой. Эхний алхам ёс зүйн хэм хэмжээ, шийдвэр юм. Харин ёс зүйтэй байдлаар ярилцаж үзээд болохгүй бол хуулиар шийдвэрлэх хэрэгтэй болдог. Мөн нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг тухайн хүн өөрөө юм уу, эсвэл сэтгүүлчээр дамжуулж илчилж буй нь нийгмийн сайн сайхны төлөө, нийгэм эрүүл байхын төлөө, авлига хээл хахууль байхгүйн төлөө үйлдэл юм. Тиймээс олон талаас нь бодох шаардлага тулгарч байна.

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш, алдаа дутагдлыг олон удаа ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эцэст нь ямар үр дүн гарах бол?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг мэргэжлийн хүмүүс судалгаан дээр үндэслэж, гаргасан байх. Тэгсэн хэрнээ “Гүтгэх” хэмээх заалтыг яагаад Зөрчлийн тухай хуульд оруулчихсан юм бол. Энэ нь ямар ч үндэслэлгүй, судалгаагүй алхам болжээ гэдэг нь ил тод харагдаж байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс сайтар судалж ажилласан гэхэд хэцүү л байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн талаар мэргэжлийн хүмүүс сайтар судалсан гэж үзвэл эргэлзээтэй байна. Тиймээс сэтгүүлчид хуульч, прокурортой хамтарч ажиллах, тэдний зөвлөгөөнөөс гадна өөрсдөө бие дааж судалгаа хийх хэрэгтэй. Мөн өөр бусад улс орнуудад асуудлыг ямар хуулиар, ямар зохицуулалт, ямар зүйл заалтаар авч үздэг вэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн зэргээс хэд хэдэн удаа Зөрчлийн тухай хуультай холбоотой хэлэлцүүлгүүд явагдлаа. Эхний ээлжинд тус хэлэлцүүлгээр сэтгүүлчид асуудлаа ойлгох үндэс суурь нь тавигдсан байх гэж бодож байна. Зогсоо зайгүй жил тойроод хэлэлцүүлэг хийгээд байх үр дүнгүй. Сэтгүүлчид яах ёстой юм бол, манай салбарын юу нь болохгүй байна, бид яагаад хохирсон юм бол гэдгийг сайтар ойлгож авсны дараа тодорхой бодитой алхмууд хийж, шийдэл гаргах хэрэгтэй. Хэлэлцүүлэг дээр өнөөдөр сэтгүүлчид бүгдээрээ нэгдээд, “Ажлын хэсэг байгуулъя” гэж ярилаа. Энэ нь шинэ алхам юм шүү. Хэсэг хүмүүс нийлж, бүгдээрээ хүчээ нэгтгээд ажиллах нь зөв.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баасандорж: Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээ ирэх оны наймдугаар сараас бүрэн цахимжина

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржтой ярилцлаа.

-Улсын бүртгэлийн ерөнхий хууль шинэчлэгдэж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд яагаад шинэчлэл хийх болсон юм бэ?

-2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль анх батлагдаж иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн гэсэн гурван бүртгэлийг нэгтгэж, Улсын бүртгэлтийн ерөнхий газрыг байгуулсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байсан дөрвөн хууль өөр өөр хугацаанд батлагдсан байдаг. Тиймээс хуулиуд хоорондын зөрчлүүд, бүртгэлийн талаарх мэдээллээр иргэн бусад этгээдийг хэрхэн яаж хангах, ямар мэдээлэл нь зуун хувь нээлттэй байх вэ, ямар мэдээлэл нь хаалттай, эсвэл хязгаартайгаар мэдээлж болох зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс нэлээн асуудал үүсдэг байсан. Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар , хүртээмжийг сайжруулах, цахим бүртгэлийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг шаардлагын үүднээс дөрвөн хуулийг шинэчлэх болсон.

-Бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдтэй салшгүй холбоотой. Тиймээс төрийн үйлчилгээний голлох суурь гэж ойлгох нь зөв үү?

-Тийм. Улсын бүртгэлийн байгууллага бол төрийн үйлчилгээний байгууллага. Иргэн төрснөөсөө эхлээд нас эцэслэх хүртлээ бүртгэлийн бүхий л төрлийн үйлчилгээг иргэний үүрэг, нийгмийн хэрэгцээ шаардлагынхаа хүрээнд өдөр тутам зайлшгүй авч байдаг. Бүртгэлийн байгууллага 81 төрлийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, 48 төрлийн лавлагаа мэдээллээр иргэдийг ханган ажилладаг. Төрийн үйлчилгээний 70 хувь нь эдгээр бүртгэлийн мэдээлэл дээр үндэслэж иргэдэд үйлчилдэг. Жишээлбэл, бид жилдээ 1.2 сая лавлагааг цаасаар, гадаад паспортыг л гэхэд 350 мянга орчим иргэнд олгож ажиллаж байна. Шинэ хуульд бүртгэлийг суурь бүртгэл буюу улсын бүртгэл, мөн төрөлжсөн бүртгэл гэж хоёр ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр хуульчилж өгсөн. Суурь гурван бүртгэлээс б у с а д н ь т ө р ө л ж с ө н д хамаарна. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим нь төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд адил үйлчлэхээр зохицуулж өгсөн байгаа. Ингэснээр улсын бүртгэл үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Гол ач холбогдол нь иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, нээлттэй, ил тод болгосноор иргэд цахим хэлбэрээр түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Мөн улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг гэмт хэрэг гарах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.

-100 айл дээр байрладаг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ачаалал их байдаг байсан. Энэ нь шинэчилсэн хуулиар зохицуулагдаж, иргэдэд учирдаг хүндрэл чирэгдэл багасна биз дээ?

-Багц хуулийн ерөнхий агуулга, хуулийг шинэчлэх шаардлага ерөөсөө л бүртгэлтэй холбоотой иргэдийн өмнө тулгардаг чирэгдэл, хүндрэлийг арилгах явдал юм. Ер нь бүртгэлийн байгууллага ерөнхий газар, зуун айлд бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх гээд иргэдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэн бухимдуулаад байж болохгүй. Тиймээс бид эхний ээлжинд Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний нэлээд хувийг анхан шатны байгууллага, нэгж рүүгээ шилжүүллээ. Цаашид аль болох анхан шат руугаа буюу нийслэлийн есөн дүүрэг, хороо, 21 аймаг, 330 суманд бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай явуулахаар болсон. Иргэдийн үйлчилгээ авах олон төрлийн сонголтыг бий болгож, хүрч ажиллахыг зорьж байна. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бид төвлөрлийг сааруулж, ачааллыг багасгах зорилгоор www.burtgel.mn гэсэн хаягтай цахим үйлчилгээний системийг ажиллуулж эхлээд байна.

-Уг цахим хаягаас иргэд одоогийн байдлаар ямар төрлийн үйлчилгээг авч болох вэ?

-Иргэд www.burtgel. mn хаягаас арван төрлийн лавлагааг авах боломжтой. Тодруулбал, иргэн төрсний, гэрлэсний, гэрлэсэн эсэх, гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай, оршин суугаа газрын хаягийн, цахим үнэмлэхийн, хуулийн этгээд бүртгэлтэй болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаануудыг цахимаар авч болно гэсэн үг. Уг цахим үйлчилгээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дөрвөн төрлийн нээлттэй мэдээллүүдийг байршуулсан байгаа. Тухайлбал, хуулийн этгээдийн мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн этгээдийн нэр хаяг, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр зэрэг мэдээллүүд нээлттэй болсон. Түүнчлэн нэрийн сан, хаягийн сан, эд хөрөнгийн зарим мэдээллүүд нээлттэй болсон. Burtgel.mn хаягаас өнөөдрийн байдлаар G-mobile, Skytel-н хэрэглэгчид хандалт хийж, нэг удаагийн нууц дугаар авч, дээр дурдсан лавлагаануудаас сонголтоо хийн авах бүрэн боломжтой.

-Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллүүдийн талаар тодруулахгүй юу?

-Бүртгэлийн багц хуулиар мэдээллийг нээлттэй , хаалттай, хязгаартай гэсэн гурван төрөлд хуваасан. Хууль хэрэгжиж эхэлснээр нээлттэй мэдээллийг хэвлэлийнхэн нийтэд мэдээлнэ . Хязгаартай болон хаалттай мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээлэхгүй гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн.

-Хуулийн шинэ зохицуулалтаар цахимаар лавлагаа, мэдээлэл олгохоос гадна иргэдэд үзүүлэх үйлчилгээний хувьд ямар өөрлөлт орсон бэ?

-Нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн төв, 108 хороо, 21 аймагт иргэний улсын бүртгэлийн арван бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр хийнэ. Тодруулбал, төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, эцэг, (эх) тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээ)-ийн, үндэсний гадаад паспортын бүртгэлийг харьяалал харгалзахгүй хийнэ. Харьяалал харгалзах таван бүртгэл бий. Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэл, хүйс өөрчлөгдсөний бүртгэлийг зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт буюу Зуун айлын төв дээр хийнэ. Харин дүүргүүд дэх Улсын бүртгэлийн байгууллага оршин суугаа газрын харьяаллаар овог, эцэг, эхийн нэр өөрчилсний, шилжилт хөдөлгөөний, үрчилсний бүртгэлийг харьяалал харгалзаж хийх юм. Мөн шинэ хуулиар бүртгэлийн байгууллага ө ө р т б у й мэдээллийг иргэнээс шаардаж, авахгүй байхаар зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, иргэн аль ч шатны улсын бүртгэлийн байгууллагад очсон , тухайн иргэний мэдээллийг бүртгэлийн байгууллага шаардахгүйгээр улсын бүртгэлийн үйл ажиллагааг хийнэ гэсэн үг. Ямар мэдээллийг иргэнээс шаардахгүй вэ гэхээр төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, эцэг, эх тогтоосны, үрчилсний овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, нас барсны, иргэний үнэмлэхийн, оршин суугаа газрын хаягийн лавлагаа гэх зэрэг арав гаруй лавлагааг тодорхой төрлийн бүртгэл дээр иргэдээс шаардахгүй болсон.

-Гадаад паспортын хугацаанд өөрчлөлт орсон байсан?

-Шинэчлэн найруулсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар энгийн гадаад паспортыг арван жилийн хугацаатай олгохоор болсон байгаа. Хэрэгцээ шаардлагын хувьд бид нэлээн тооцоо, судалгаа хийсэн. 2016 оныг хүртэл нэг эсвэл таван жилийн хугацаагаар олгодог, хугацаа нь дуусахад иргэд дахин 1-5 жилээр сунгалт хийлгүүлдэг байсан. Ихэнх иргэд нэг жилийн хугацаатай авдаг байсан. Тухайн үед иргэд жилийн дараа эргээд бүртгэлийн байгууллагад ханддаг, тэр хэрээрээ оочер дараалал, бухимдал үүсгэдэг. Үүнээс болж энгийн гадаад паспортын бэлдэцийн нөөц хүрэлцдэггүй. Улмаар иргэд захиалсан паспортаа хугацаандаа авч чадахгүй зэрэг асуудлууд үүсдэг байсан. Уг асуудалд Засгийн газрын зүгээс арга хэмжээ авч 2016 онд холбогдох журамд өөрчлөлт оруулан энгийн гадаад паспортыг таван жилийн хугацаагаар олгодог болсон. Ингэхдээ огт сунгалт хийхгүй байхаар зохицуулсан байдаг. Гэвч таван жил хангалттай урт хугацаа биш, иргэд гадаад улсад зорчих явдал их байгаатай холбоотойгоор паспортын хуудас дуусах асуудал гарч ирсэн. Мөн Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллага болох ИКАО нь паспортыг арван жилийн хугацаагаар олгох, сунгадаггүй байхаар өөрийн гишүүн улсуудад зөвлөдөг. Жишээ нь, АНУ-ын виз нь арван жилийн хугацаатай байхад, манай паспорт таван жилийн хугацаатай, дахиж сунгах боломжгүй байсан. Тэгвэл шинэчлэн баталсан хууль хэрэгжсэнээр иргэд энгийн гадаад паспортыг арван жилийн хугацаатай авдаг болохоос гадна паспортын хуудасны тоог өөрөө захиалах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, одоо таван жилийн хугацаагаар энгийн гадаад паспорт авчихсан байгаа иргэд уг паспортын хугацаагаа дуусахаар арван жилийн хугацаатай шинэ паспорт дахин авна гэсэн үг. Хууль тогтоогчид хуулийг батлахдаа иргэдийн өмнө тулгардаг, бухимдуулдаг, дугаарлуулж зогсоодог асуудлуудыг аль болох олж харж, шийдэх зорилгоор ажилласны нэг нь гадаад паспортын хугацааг сунгасан явдал гэж ойлгож болно. Паспортын хуудас одоохондоо 32 хуудастай байна. Үнийн хувьд өөрчлөлт ороогүй. Харин шинэ чиптэй гадаад паспорттай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл орсон ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх оны дунд үеэс шинэ чиптэй гадаад паспортыг олгохоор зорьж байна.

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын бусад лавлагааг хэзээ цахим хэлбэрт оруулахаар төлөвлөж байна?

– Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлийн үйлчилгээ, түүнтэй холбоотой лавлагаа мэдээллийг иргэдэд өгдөг чиг үүрэгтэй. Burtgel. mn хаягаас авах арван төрлийн лавлагааг тодорхой хугацаанд үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Нэг ёсондоо иргэдэд бүртгэлийн цахим шинэ үйлчилгээг таниулах ойлгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс юм. Бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдахад хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан. Авах арга хэмжээний тухай тогтоол гарсан. Хууль тогтоогчид бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах асуудлыг тодорхой үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой цахимжилтын асуудлыг шийдвэрлэх, ирэх оны наймдугаар сарын 1-н гэхэд цахимжуулах үүрэг өгсөн байгаа. Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар ирэх оны наймдугаар сарын 1 гэхэд бүрэн цахимжсан байна. Нийслэлийн хэмжээнд 1 5 2 хороо байгаагаас одоогийн байдлаар 108 хороо шилэн кабелийн сүлжээнд холбогдсон байгаа. Эдгээр хороодоос иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар шуурхай авах бүрэн боломжтой. Бид энэ оны эцсээр үлдсэн 44 хороог онлайн сүлжээнд холбочихвол 152 хороог бүрэн цахимжуулчихна гэсэн үг. Орон нутгийн 30 сум сүлжээнд холбогдсон байгаа. Цаашид бид нэмж 39 сумыг сүлжээнд холбохоор ажиллаж байна.

-Иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал нэлээд гардаг шүү дээ. Шинэчилсэн хуулиар үүнийг хэрхэн зохицуулсан юм бол?

-Манай улсад одоогийн байдлаар ямар нэг хаяггүй 71 мянга орчим насанд хүрсэн иргэн, насанд хүрээгүй, тодорхой хаяггүй иргэн 300 гаруй мянга бий гэсэн статистик байна. Шинэ хууль хэрэгжсэнээр уг асуудал шийдвэрлэгдэнэ гэж харж байгаа. 16 нас хүртэлх хүүхдийг тухайн эцэг эхийнх нь оршин суугаа газрын хаягаар бүртгэхээр хуульчилсан. Хаягийн бүртгэлгүй иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой хаяггүй байгаа насанд хүрсэн 71 мянган иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжгүй юм. Иймээс иргэд заавал бүртгүүлэх шаардлагатай, үндсэн хаягтай болох ёстой. Үндсэндээ хаяггүй иргэд болон хаягийн давхцалын асуудал нэг мөр шийдэгдэж, цэгцэрнэ. Мөн иргэд хоорондоо эд хөрөнгөө солилцох, түүний дотор байраа зарах тохиолдол бий. Ингэхдээ байраа зарсан иргэн хаяг дээрээ байгаад байдаг. Тухайн байрыг худалдаж авсан хүний нэр дээр шилжүүлээгүй байх, эсвэл давхар бүртгэлтэй байх тохиолдол гардаг. Хуульд үүнтэй холбоотой зохицуулалт орсон. Тухайн байрыг худалдан авсан хүн манай хаяг дээр “Ийм хүний бүртгэл байна” гэсэн хүсэлтийг манайд гаргана. Ингээд хаяг давхацсан байдал илэрвэл манайхаас шалгалт хийнэ. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч, тухайн давхцаж буй иргэний хаягийг түдгэлзүүлнэ. Зөрчилтэй иргэнд мэдэгдэж, асуудлыг шийднэ. Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсэрт иргэн шилжин суурьших хөөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг баталсан. Иргэний шилжилт хөдөлгөөнийг заавал бүртгэнэ гэсэн үг. Өмнө нь иргэн шилжин явахдаа хоёр газар очиж, бүртгэл хийлгэдэг байсан. Явж байгаа сум, хороон дээрээ очиж хасалт хийлгээд, мөн очих гэж байгаа сум, хороон дээрээ шинээр ирснээ бүртгүүлдэг. Тэгвэл шинэ хуулиар зөвхөн шилжин очиж байгаа сум, хороон дээрээ очоод нэг бүртгэл хийлгээд болохоор болсон.

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар голлон ямар өөрчлөлт орсон бэ?

-Хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт орсон. Үүнд, газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд заавал бүртгүүлэх зохицуулалтыг хэлж болно. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллага харьяа засаг захиргааны нэгж дэх газрын асуудал эрхэлсэн байгууллага , ажилтнаас газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг авахад манай бүртгэлд аль хэдийнэ эрх нь бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулж дундын мэдээллийн санг үүсгэн мэдээллээ харилцан солилцож, хамтарч ажиллах юм. Зөвхөн газрын асуудал дээр ч биш статистик, эрүүл мэнд гэх мэт бусад олон салбарт төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох асуудал чухал байгаа. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэж, газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчлөх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга, байгууламжийг түүний доорх газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон. Томоохон өөрчлөлт бол иргэд орон сууц бусад үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч эсэх, эсвэл тухайн орон сууц барьцаанд байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг. Энэ нь заавал лавлагаа мэдээлэл авахад хүргэж бүртгэлийн байгууллагад ачаалал үүсгэн, иргэдийг бухимдуулдаг байсан. Тэгвэл шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд хоёр иргэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа тохиолдолд нотариатчид хандан тухайн орон сууцны талаарх бүх мэдээллийг түргэн шуурхай авах, ингэснээргэрээ байгуулахын өмнөх шатанд аливаа эрсэдлээс сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.

– Цаашид улсын бүртгэлийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

-Бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр улсын бүртгэлийн үйлчилгээнүүдэд дижитал шилжилт үе шаттайгаар хийгдсэн. Иргэн гэрээсээ, ажлаасаа, тухайн орон зайнаас үл хамааран бүртгэлийн цахим үйлчилгээ авах нөхцөл боломжийг хөгжүүлэх тал дээр бид түлхүү анхаарч ажиллана. Улсын бүртгэлийн үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулахын тулд мэдээллийн баазаа өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд төрийн байгууллагуудыг цахим сүлжээ, цахим кабельд холбох, цахим үйлчилгээг иргэдэд хүргэх суурь баазыг бэлтгэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв зэрэг бүх төрийн байгууллагууд өөр өөрсдийн нөөц бололцоогоороо улсын бүртгэлийн суурь мэдээллийг авч, чиглэлийн үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бүрдүүлж байна. Уг асуудлаар УИХ-ын Цахим бодлогын түр хороонд Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг төрийн үйлчилгээг цаашид цахимаар төрийн цахим ой санамжийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой асуудал, хүндрэл бэрхшээлүүд юу байна, асуудлыг хэрхэн шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцэнэ. Хуулийн шинэ онцлог зохицуулалтаар нь төрийн үйлчилгээг аль болох иргэд, анхан шатны нэгж рүү илүү ойртуулж, аль ч салбар нэгж дээр очсон иргэнд харьяалал харгалзахгүйгээр түргэн шуурхай үйлчлэх явдал юм. Иймээс цаашид burtgel.mn цахим хаягт улсын бүртгэлтэй холбоотой 40 гаруй төрлийн лавлагаа, мэдээлэл, 80 гаруй бүртгэлийн үйлчилгээг түлхүү цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

П.Цагаан: Хуудуутай дүгнэлтдээ залруулга хийхгүй бол шүүхэд хандана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаантай ярилцлаа.


-Таныг АСЕМ-аас мөнгө завшсан хүмүүсийн нэг гэх утгатай мэдээлэл яваад эхэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн үед эрх мэдэлтэй хүмүүс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зохион байгуулалттай бүлэглэж, мөнгө хулгайлж, завшсан тухай мэдээлэл олон түмнийг бухимдуулж байна. энэ хулгайн тухай мэдээ маш хүчтэй гарч ирлээ. Гэтэл урьд өмнө хэзээ ч байгаагүй энэ булай хэргээ өөр нэг дуулианаар дарах гэсэн зорилготой ч юм уу, ямар зорилго агуулж буй нь мэдэгдэхгүй Асем-ын үеэр их хэмжээний мөнгө завшсан юм шиг утгатай, зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Уг гүтгэлэгтэй холбогдуулж, зөвхөн өөрт холбоотой гэх зүйлээ баталгаатай хэлье. тодруулбал, намайг 321 сая төгрөг завшсан, шамшигдуулсан гээд байгаа. Энэ бол ичгүүр сонжуургүй хардлага, гүтгэлэг. Үүний үндэслэл гээч нь Аудитын газрын дүгнэлт гэх хуудуутай, ямар ч баталгаа нотолгоогүй цаас. Үүнд бүр их дургүй хүрч байна. Би Асем-ыг зохион байгуулахад хурлын байр, таван удаагийн хуралд ирэх 5000 гаруй гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээж авах зочид буудлын асуудлыг хариуцаж ажилласан. Асем-д ажилласан хүмүүс хулгайчид биш, цалин хөлсгүй, эх оронч сэтгэлээр зүтгэсэн гэдэгт итгэдэг.

-Тэрхүү зочид буудлуудыг хариуцаж ажиллахдаа таныг мөнгө завшсан гэсэн нь гүтгэлэг юм уу?

-Зуун хувь гүтгэлэг. Залруулга хийхгүй бол шүүхэд өгнө. “нэр хугарахаар яс хугар” гэдэг. Би хулгай хийхийг үнэн голоосоо үзэн яддаг. Асем-ын олон мянган зочдыг хүлээн авах төрийн буудал гэж байна уу?

Байхгүй. Тэр ачааг хувийн зочид буудлууд үүрсэн. Нэр төртэй үүрч ард нь гарсан. Тэдэнд гүнээ талархах ёстой. Тэдгээр зочид буудлын ажил эрхэлдэг хүмүүсийн зарим нь зээл авч, буудлаа зассан. Зарим нь гадны тусламжаар цагаан хэрэгсэл, ор дэрээ шинэчилсэн. Гэвч нийт зочид буудлуудад зочдыг хүлээж авах, тав тухтай байрлуулах, үдэж гаргах, баталгаатай хоол хоол хүнсээр хангах, унаа тэрэг, газарчин, аюулгүй байдал гээд хэд хэдэн чиглэлээр нэгдсэн нэг стандартын сургалт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнийг шийдэж өгөөч гэсэн утгатай Санамж бичгийг Хөдөлмөрийн сайдтай байгуулсан. Сайд ч дэмжсэн. Үр дүнтэй ажил болсон. Гадаадын зочдыг ч сайхан хүлээж авсан, ард нь манай улсын аялал жуулчлалын бааз, хүний нөөц, үйлчилгээ ч сайжирсан. Нэг сумаар хоёр туулай намнасан гэсэн үг.

Уг сургалтыг Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Гадаад хэргийн яам, Зочид буудлын холбоо, мэргэжлийн байгууллагууд хууль журмын дагуу гадаад, дотоодын багш нартай хамтарч, зохион байгуулсан байгаа. Баримт бичиг нь ч байна. Өөрөөр хэлбэл, миний шууд оролцоогүй, миний гарын үсэггүйгээр явсан ажил.

-Тодруулбал…?

-Жишээ нь, энэ Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар нь байна. Хариуцлагатай хандсан ч байна лээ. Энд, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг нарын гарын үсэг баталгаажуулалттай байгаа. Гэрээ байгуулсан гүйцэтгэгч, АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан, Хянасан АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Амарсанаа нар юм. Захиалагч нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Хянасан Санхүү, эдийн засгийн газрын Сангийн зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбажав, Танилцсан санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн гэсэн хүмүүсийн гарын үсэг, тамга тэмдэг нь дурайтал харагдаж байна.

-Дээрх хүмүүс таныг мөнгө шамшигдуулаагүй гэдгийг батлах юм уу?

-Аудит нь очоод асууж лавлаг л дээ. АСЕМ-ыг өнгөрөн өнгөртөл мөнгө шамшигдуулах тухай биш, яаж мөнгө олох тухай л өдөр бүр хэлэлцдэг байсныг сайн санаж байна.

Ямар ч баталгаа нотолгоогүй хуудуутай дүгнэлт гаргаж буй Аудитын газрын үйл ажиллагааг их гайхаж байна. Хуудуутай мэдээлэл түгээж төрийг самууруулж, нийгмийг бухимдуулах ажил л хийж байх шиг байна.

АСЕМ-ын үеэр ажилласан бүх хүмүүс хулгайч, луйварчид юм байна гэсэн мэдээлэл дэлхий даяар цацагдчихлаа. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг шалан дээр унагаж байна. Төрийн эрх ашгийн эсрэг гэмт үйлдэл. Хүн ч, улс ч нэрээ бодох хэрэгтэй. Алтаар бичигдэх түүхэн үйл явдлаа ингэж гутааж болохгүй. АСЕМ-ыг бүтээсэн, оролцсон олон мянган хүмүүсийн бүтээсэн үйл хэрэг, бүтээлийг нурааж болохгүй.

-Та уг асуудлаар хаана хандсан бэ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Аудитын газар залруулга хийх хэрэгтэй. Уучлалт гуйх ёстой. Хуулийн байгууллагуудад хэргийг бидэнд мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн юм байна лээ. Хуулийн байгууллагаар чулуу хөөлгөчихөөд төрийн мөнгөнөөс хулгайлсан шившигт явдлаа нуун дарагдуулах бохир, заль мэх гаргаж, төрийн нэр хүндийг унагаж байна шүү дээ. Энэ асуудал нь иргэдийг бухимдуулж байна. Аудитын газрынхан зөв мэдээлэл өгвөл УИХ-ын гишүүд төөрөлдөж, хариуцлагагүй мэдэгдэл ч хийхгүй шүү дээ. Сая Их Хурал дээр АСЕМ хэдэн зуун тэрбумаар гар угаасан гэж Ө.Энхтүвшин сайд ярьсан байна лээ. Гэтэл Ө.Энхтүвшин сайд над руу АСЕМ дууссаны маргааш утасдаж, их өндөр сэтгэгдэлтэйгээр “Баяр хүргэе. Би танай даргыг шүүмжилдэг байсан. Нэг удаа чин сэтгэлээсээ дахин баяр хүргэе” гэж хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогдож байна. Гэтэл тэр хүний бодол зуун хувь хувирсан нь буруу мэдээллийн балаг гэж бодож байна.

-Тэгээд яах ёстой вэ?

-За би санаагаа гүйцээгээд хэлчихье. Хууль хяналтын аливаа байгууллага буруу зүйлийг засч залруулах, бас шударга, үнэн зөв зүйлийг хамгаалах хоёр үүрэгтэй. Зөвхөн хүнийг ялладаг, буруутгадаг байж болохгүй. Улс төрийн захиалгаар бусдыг хэлмэгдүүлж огт болохгүй. Хууль хяналтын байгууллага шударга биш болохоор л төрийн нэр хүнд унаад, итгэх итгэл нь алдраад байна ш дээ. Үүнийг л засах хэрэгтэй. Сая сэтгүүлч та бүхэн Хэвлэлийн бага хурлын үеэр тэр уран бүтээлч ямар бухимдал, гомдолтой байгааг харлаа шүү дээ. Тэрээр “Манай өвөө 1937 онд хэлмэгдсэн шиг зүйл надад давтагдах гэж байна. Ямар ч мөнгөний ашиггүйгээр, АСЕМ-д зориулж уран бүтээл хийсэн, дарга нар ирж нээлт хийчихээд, одоо болохоор намайг хотын хүнд сурталтай, хариуцлагагүй нөхөр түүнийг бүртгээгүйн төлөө элдэв янз бүрээр бичиж байна” гэсэн. Бид бие биеэ хайрлая. АСЕМ-ыг хамгийн түрүүнд сэтгүүлчид дэмжиж, бодит байдлыг сурвалжилж байсан. Ингээд үл бүтэх хулгайчийн муу хэлснээр, эсвэл гадны гар хөл болж, Монголын нэр хүндийг унагах гэсэн зүйлд битгий автаач гэж хэлье. Миний нэр ч, мөр ч цагаан юм шүү. Би хулгай хийх битгий хэл худал хэлсэн хүнд дургүй. Би хаана ч ажилласан төсвөө хэмнэж, буцааж өгдөг. Энэ бол түүхэн баримт.

Аудитын байгууллагыг залруулга хийж, уучлал гуйхыг шаардаж байна. Бас даргыг нь үйлдвэрлэл эрхлэгчдээс хулгайлсан мөнгөө ЖДҮДС-д нэн даруй буцааж өгөхийг шаардаж байна. Эс тэгвэл хуулийн байгууллага, шүүхэд хандана.

Эцэст нь хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа хүний нэр төр, алдар хүндийг гутаах нь хуулийн хариуцлага хүлээдэг, ёс бус үйлдэл учраас аливаа мэдээллийг эх сурвалжаас нь нягталж, тодруулж байж мэдээлж байгаарай гэдгийг хэлье.


Categories
мэдээ нийгэм

Өвлийн улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ

Өвлийн улирлын хүйтэн температур, хүчтэй салхи, хуурай агаар зэрэг нь хүний арьс болон үсийг гэмтээдэг. Ялангуяа нүүрний арьс их эмзэг болж, хуурайшиж, улайж, хөлдөх тохиолдол бий. Агаарын хэт хүйтэн байдал арьсны уян хатан чанарыг алдагдуулж, хуурайшуулдагтай холбоотой. Энэ нь хавар илүү мэдрэгддэг. Хүмүүс үүнийг анзаарахгүй хавар арьс их хуурайшаад байна гэдэг. Үүнээс сэргийлэх хэд хэдэн арга бий. Нүүрээ буцалсан ус болон цэвэршүүлсэн бүлээн усаар угааж занших хэрэгтэй. Мөн тухайн арьсанд тохируулан тос хэрэглэх нь чухал. Тэр дундаа монгол тосыг өвөл түрхвэл зохимжтой. Учир нь монгол тосны найрлага нь тослог ихтэй, хүйтэн температураас хамгаалах сайн бүрхүүл болдгоороо онцлогтой гэнэ. Хэрэв нүүрний арьсны аль нэг хэсэг хөлдсөн, эсвэл цайрсан бол ургамлын тосыг хөвөнд шингээн болгоомжтой, зөөлөн үрэх маягаар арчина. Чийгшил нь багассан арьс хуурайшин барзайж, улайж загатнан, цаашлаад батга гарах нөхцөл болдог. Тиймээс арьсны чийглэг байдлыг огт алдаж болохгүй. Зарим чийгшүүлэгч керосины агууламж өндөртэй байдаг тул өвлийн улиралд таны арьсыг цочроодог. Иймээс байгалийн гаралтай (зуун наст, өргөст хэмх) био-энергитэй усан суурьтай чийгшүүлэгч сонгоорой. Өвлийн нар зуны нарнаас ч илүү арьсанд нөлөөлдөг тул суурь тос түрхсэнийхээ дараа нарны хамгаалалттай тос заавал түрхээрэй. Шөнийн цагаар хүний бие чийгшил хурдан шингээдэг тул орой унтахдаа нүүрэндээ чийгшүүлэгч түрхэж, түүнчлэн гар, хөмсөг, тохой, хөл, өвдөг зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ тос түрхэж унтаж байгаарай.

Та арьсаа долоо хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхгүй бол хуучин арьс арьсны нүх сүвийг бөглөж, бохирдол үүсгэн, чийг тосны тэнцвэрийг алдагдуулдаг байна. Үүнээс үүдэж батга гарах, будаг шингэхгүй байх зэрэг асуудлууд үүсдэг. Өвлийн улиралд усны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Тухайлбал, лууван, улаан лооль болон бусад бүх төрлийн жимс жимсгэнийг дангаар нь жүүс болгон хэрэглэх боломжтой. Зөгийн бал, өргөст хэмх, тараг, гадил, зуун наст зэрэг нь чийгшил өгөх хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог байна. Тиймээс эдгээрийг ашиглан өөрийн гараар маск бэлдэж, нүүрэндээ долоо хоногт 2-4 удаа тавьж байгаарай.


Categories
мэдээ цаг-үе

Л.Ганбаатар: Хар тамхи, мансууруулах бодист хэт залуугаараа уруу татагдаж, хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байна

– ХАР ТАМХИЙГ ТЭЭВЭРЛЭХ, ЗӨӨВӨРЛӨХ, ДАМЛАН ХУДАЛДАХ, БУСДАД ТҮГЭЭСЭН ТОХИОЛДОЛД ӨНДӨР ЯЛААР ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ –


ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатартай ярилцлаа.


Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга, аргачлал гэсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс болон Канад улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны хатан хааны “Морьт” цагдаагийн албатай хамтран уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил, гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хууль сахиулахын их сургуулийн төлөөллүүд оролцож байгаа юм. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар дээрх байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзсэн.

-Манай улсад хил, гааль дээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг нууж оруулж ирэх тохиолдол их гарч байна уу?

-Хил, гааль дээр хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг оруулж ирэхийг завдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Үйлдлийн арга улам нарийсч байгаа юм. Тухайлбал, энэ төрлийн бодисыг далд нууцлаг хэлбэрээр хүний санаанд багтамгүй байдлаар өөрчилсөн тохиолдлоор оруулж ирэхийг завддаг. Үүнийг гаалийн байгууллага, эрэлч нохой, цагдаагийн байгууллагын тандалт судалгааны үр дүнгээр хамтран илрүүлж ажилладаг.

-Иргэд ихэвчлэн ямар байдлаар энэ төрлийн бодисыг нууж оруулж ирэхийг завддаг юм бол?

-Хар тамхи, мансууруулах бодисыг санаатай үйлдлээр хэрэглэж заншсан, дамлан худалдаалах, ашиг орлого олох зорилгоор олон сар, жил судалж, дахин давтан үйлддэг этгээд судалгаа, тооцоон дээр үндэслэж, оруулж ирэхийг завдах тохиолдол гардаг. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр 1-2 удаа зарж, борлуулсан бүлэг бөөгнөрлүүд илрэх тохиолдол ч бий. Ихэвчлэн 22-35 насныхан нууж оруулж ирэхийг завддаг. Ер нь энэ төрлийн бодист хэт залуугаараа уруу татагдаж, хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байна.

-Энэ төрлийн бодисыг хил гаалиар нэвтрүүлэхийг завдахад ямар төхөөрөмж ашиглан, илрүүлж байна?

-Гаалийн байгууллага хамгийн сүүлийн үеийн хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Цагдаагийн байгууллага Хөшигтийн хөндийд ашиглалтад орох шинэ олон улсын нисэх буудалд тоног төхөөрөмж байрлуулж, гаалийн байгууллагатай хамтран давхардсан үзлэг хийхээр шийдвэрлэсэн. Цагдаагийн хэлтэст энэ онд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлэх чиглэлээр ямар бодис байна вэ гэдгийг таньж, мэдэх аппаратыг олон улсын нисэх буудал дээр ашиглаж байна.

-Ямар улсаас ирж байгаа хүмүүс ихэвчлэн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг нууж оруулж ирдэг вэ?

-Хятад, Хонконгт хар тамхи, мансууруулах төрлийн бодист хамаарах хуулийн заалт, бодлого чанга байдаг. Тиймээс эдгээр орноос бодисыг нууж оруулж ирэхийг завдах тохиолдол бага. Харин ОХУ-д хууль хяналт тийм ч чанга биш учраас хүмүүс оруулж ирэхийг завддаг.

-Олон улсын туршлагыг судлахад манай улсад хил, гааль, цагдаагийн байгууллагад дутагдалтай зүйл юу ажиглагдсан бэ?

-Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр Хятад улстай манайх байнгын харилцаа холбоотой ажилладаг. Тухайлбал, сургалт уулзалт зохион байгуулна. энэхүү зөвлөгөөн нь олон улсын нисэх буудал, миаТ дээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Цагдаагийн байгууллагад Хар тамхитай тэмцэх газар гэж байгуулагдсан. энэ нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үйлдлийг бүрмөсөн таслан зогсоох зорилготой. Иймээс урьдчилан сэргийлэх ажил, тэмцлийг байнгын шат дараатай зохион явуулж байна.

Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудал дээр ажиллах хүч хүрэлцээ хэвийн хэмжээнд байгаа. Цаашид олон улсын Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орж, нислэгийн тоо нэмэгдээд ирэхээр алба хаагчдын хүрэлцээг нэмэх шаардлага тулгарна. Холбогдох яамдуудад энэ талаар бичиг, тоот хүргүүлсэн.

-Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хил гаалиар оруулж ирэхийг завдахад хуулийн дагуу ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Олон улсын нисэх буудал дээр иргэний ачааг рентген аппаратаар шалгаж, зөрчилтэй болон онцгой сэжигтэй зүйл илрэхэд цагдаагийн алба хаагч очиж үзэж, портокол хөтөлж, таслан зогсоодог. Цааш нь ямар бодис байна вэ гэдэгт шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. илэрсэн эд зүйлээс шалтгаалж, ноцтой болон тун их, багыг шалгаж илрүүлээд тухайн хүнийг цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрөлтэйгөөр цагдан хорих, шалгалтыг үргэлжлүүлж, шүүхийн шатанд хэрэг эцэслэн шийдвэрлэгддэг.

Гадаадад сурч, эсвэл ажиллаж байсан хүмүүс хар тамхи, мансууруулах бодистой холбогдох тохиолдол их бий. анУ болон алслагдмал Европын орноор гурав, дөрвөн жил суралцаад ирсэн тэнд ямар нэг байдлаар байсан хүмүүс хил гаалиар оруулж ирэхийг завддаггүй. Гэхдээ тэд ирсэн хойноо хар тамхийг тархаах, бусдад түгээх хэлбэрүүд их ажиглагдсан. Шүүхийн шийдвэрээр дахин давтан хар тамхи татсан, худалдан борлуулсан этгээдүүдийн тоо энэ онд өссөн үзүүлэлттэй гарсан байгаа. Энэ төрлийн бодисыг тээвэрлэх, зөөвөрлөх, дамлан худалдах, цааш нь түгээж буйд өндөр ялаар шийтгэх чиглэл бодлого барих шаардлагатай. хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оноож байгаа. бнХаУ-д энэ төрлийн бодисыг 100 граммаас дээш авч явсан бол цаазын ял оноодог. 50 граммаас дээш бол насаар нь хорих гэх зэргээр хатуу ялаар шийтгэдэг юм билээ. Олон улсын жишгийг дагаж, хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна.

-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд юу хийх шаардлагатай байна?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хил гаалиар нууж оруулж ирэхийг бууруулахын тулд иргэдэд ямар хор уршигтай, нийгэмд ямар хортой үр дагавар авчирдаг вэ гэдгийг ойлгуулж, урьдчилан сэргийлж, танин мэдүүлэх чиглэлээр санамж, зөвлөмжийн ажиллагааг явуулж байгаа юм. Таслан зогсоох чиглэлээр үзлэг шалгалтыг өндөр түвшинд хийж, камерын үзлэг шалгалтыг тогтмол хяналттай байлгаж, сургалт семинарыг зохион байгуулж, алба хаагчдаа илүү мэргэшүүлэн сургах, хэвлэл мэдээллээр нийтэд тараах гэх зэрэг ажлыг хийж байна.