Categories
гадаад мэдээ

Орост хүүхдийн зуслан шатаж дөрвөн хүүхэд амиа алджээ

Өнгөрөгч мягмар гарагийн өглөө ОХУ-ын алс Дорнод дахь хүүхдийн зуслан шатаж, дөрвөн хүүхэд амь үрэгджээ.

Москва хотоос зүүншээ 6000 км-ийн зайтай Хабаровск мужид байрлах энэхүү хувийн зуслан нь асар хэлбэрийн сууцуудтай. Тухайн үед зусланд 189 хүүхэд амарч байснаас гал гарах үед 61 нь асар дотор байжээ. Уг гал түймрийн улмаас гурван охин, нэг эрэгтэй хүүхэд амь үрэгдэж, 20 асар шатсан байна. Амиа алдсан хүүхдүүд 11-13 насныхан байсан бөгөөд газар дээрээ нас барсан охин тэр өдөр 11 нас хүрж байжээ. Бусад гурван хүүхэд нь эмнэлэгт очоод шархаа даалгүй өнгөрсөн байна. Гал гарах үеэр 11 настай Александр хэмээх хүү өөрөө түлэгдэж, гэмтэн байж олон хүүхдийг галаас аварч, чирч гаргаж байсан гэнэ. Харамсалтай нь, хүү эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа дийлэлгүй нас баржээ.


Зуслангийн захирлыг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Бүс нутгийн захирагч Сергей Фурал нь энэ хэргийн талаар нэлээн сүүлд мэдсэн бөгөөд үүнийг нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев буруушаасан байна. Харин захирагч “Хувийн зуслан байсан болохоор тэнд үйл ажиллагаа явуулдаг ийм зуслан байдаг гэдгийг нь хэн ч мэдээгүй” хэмээн тайлбар хийжээ. Уг харамсалтай хэргийн улмаас Хабаровск муж даяар гурав хоногийн гашуудал зарлаад байгаа аж.

children camp fired in Russia зурган илэрцүүд

children camp fired in Russia зурган илэрцүүд

А.МӨНХЗУЛ

Categories
гадаад мэдээ

Назарбаевын зээ хүүг Лондонд саатуулжээ

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултаныг Лондонд саатуулаад байна хэмээн Metro UK хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Айсултан нь өнгөрсөн зургаадугаар сарын 5-ны өдөр цагдаагийн ажилтанг хазаж, хүндээр гэмтээсэн байна. Скотленд-Ярд буюу Их Британийн цагдаагийн албаны зүгээс түүнийг амиа хорлохыг завдсан, цагдаагийн ажилтан болиулах гэж оролдоход нь ийнхүү хазаж гэмтээсэн хэмээн мэдэгджээ.

Энэ хэрэг Ковент-Гарден дүүрэг дэх Айсултаны танил эмэгтэйн гэрт болжээ. Айсултаны найз Азамат гэгч харин цагдаа нараас огт өөр тайлбар өгчээ. Тэрээр “Цагдаа нар гэнэт орж ирэн шууд л хэсэг дээр аваачин байцаахыг оролдсон. Тэд ямар ч тайлбар сонсохыг хүсээгүй, ази царайтай хүмүүст гаргадаг таагүй хандлагыг бидэнд үзүүлсэн. Айсултан гэрийн эзэгтэйд өрөөнөөс гарахад нь туслахыг л хүссэн болохоос амиа хорлох гэж оролдоогүй” хэмээн ярьсан байна. Ерөнхийлөгч асны зээ хүүд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Лондон хотод болох аж.

Айсултан нь Н.Назарбаевын том охин Дарига Назарбаевын хүү юм. Түүний эцэг Рахат Алиев 2015 онд Австрийн шоронд амиа алдсан байдаг. Айсултаны хувьд Их Британийн цэргийн академийг дүүргээд Казахстаны Батлан хамгаалах яаманд дээгүүр албан тушаал хашсан. Мөн хөлбөмбөгийн ”Челси” клубын идэрчүүдийн багт тоглож чамгүй амжилттай явж байсан. Харамсалтай нь архи, мансууруулах бодист донтож улмаар өвөө нь ач хүүгээ “тоохгүй орхисон” гэгддэг.

айсултан назарбаев зурган илэрцүүд

А.МӨНХЗУЛ

Categories
гадаад мэдээ

Грекийн иргэд үзэсгэлэнт арал дээр амьдарсныхаа төлөө тэтгэмж авна

Үзэсгэлэнт далайн эрэг дээр амьдарсныхаа төлөө сар бүр 565 долларын тэтгэмж авна гэвэл та итгэх үү. Тэгвэл Грекийн Антикитера арал дээр оршин суух хүсэлтэй иргэдийг ийнхүү урамшуулахаар болсон байна. Үүгээр ч зогсохгүй амьдрах байшин, газраар хангана гэж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөр нь зөвхөн Грекийн иргэншилтэй хүмүүст л хамааралтай аж.

Хэдийгээр цэв цэнхэр тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт тогтоцтой, зөөлөн дулаан уур амьсгалтай боловч энэхүү арлын оршин суугчид сүүлийн жилүүдэд 300-гаас 24 болтлоо цөөрчээ. Тиймээс арлын удирдлагууд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү арга хэмжээ авахаар болжээ. “Lonely planet” хэмээх сайтын мэдэгдсэнээр уг зардлыг Грекийн Ортодокс сүмээс гаргах гэнэ.

Оршин суугчид нэмэгдсэнээр хүмүүс загас агнаж, барилга барьж, талх нарийн боов хийж борлуулснаар арлын эдийн засагт хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа арлын удирдлага хэлсэн байна.

antikithira greece зурган илэрцүүд

antikithira greece зурган илэрцүүд

Энэхүү өвөрмөц арал нь Крета, Киттира хоёрын хооронд оршдог бөгөөд Афинаас 45 минутын зайд нисэж хүрдэг. Хэдий үзэсгэлэнтэй байгальтай боловч ийшээ очиход нэлээд бэрхшээлтэй, усан завь тогтмол явдаггүй. Гэхдээ өөрийн гэсэн цахилгааны эх үүсгэвэр, цэвэр усны нөөцтэй бөгөөд утасны шугам, интернетэд холбогдсон нь уг арал дээр амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Зам харилцаа муу учраас жуулчид Антикитера арал руу очих нь ховор боловч геологичид болон цаг уурын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийхээр тус арлыг зорих нь элбэг байдаг аж.

Your new home? Antikythera is inviting families to live and work on this Greek paradise isle. Photo / Getty Images

Арлын удирдагчийн ээж дурсахдаа “Хуучин цагт энд 70 орчим хүүхэд сургуульд явдаг, 800 гаад оршин суугчтай байлаа. Одоо бараг хүүхэд алга даа” хэмээжээ. Мөн Антикитерагийн оршин суугчдыг гурав болон түүнээс дээш хүүхэдтэй болохыг удирдлагын зүгээс ихээхэн дэмжиж, уриалдаг гэнэ. Ямартай ч ийм шийдвэр гарснаас хойш 15 гэр бүл уг арал дээр амьдрах хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна. Арал руу нүүх шийдвэр гаргахаасаа өмнө очиж танилцахыг хүссэн хүн бүрийг арлын оршин суугчид тун найрсгаар хүлээж авч гэртээ байрлуулдаг гэсэн.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: Долоо дахь анч нохой


Хятадын хүүхдийн зохиолч Шэнь Шисигийн “Долоо дахь анч нохой” өгүүллэгийн түүврийг уншсанаа тоймлон ярьж өгье. Энэхүү ном нь чоно, нохой, цөөврийн тухай найман өгүүллэгтэй. Эдгээр өгүүллэгүүд нь Хятад, Тайванийн хүүхдийн шилдэг бүтээлээр удаа дараа шалгарч байжээ. Зохиолч Шэнь Шиси байгаль, ан амьтанд бүх зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн. Тийм ч болохоор бүх зохиол бүтээлийнх нь гол дүр ямар нэгэн амьтан байдаг.

Номын эхний хэсгээс чонын тухай гурван өгүүллэгийг уншихад чоно гэж чухам ямар амьтан болох, хаагуур нутагладаг, хоол тэжээл нь ямар вэ гэх зэрэг баримтуудыг оруулж өгчээ. Энэ нь зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой санагдсан. Ялангуяа чонын тухай түүхүүд нэн сонирхол татна. Чоно цадаад хэвлийгээ долоодог, нохойн төрлийн амьтан хэвтээд өгсөн бол дайрахгүй нь тодорхой, чоно сүүлээ өргөх нь хазахын дохио гэх зэрэг баримтуудыг мэдүүштэй. Азарган чоно ямар ч үед хээлтэй эмэгчнээ хаяж явдаггүй, хажууд нь тэжээн тэтгэсээр төрүүлдгээрээ бусад араатан амьтдаас ялгардаг. Үүний нууцыг амьтан судлаачид одоог хүртэл тайлж чадаагүй байгаа гэх юм билээ.

Цаашлаад хүн төрөлхтний үнэнч анд болох нохойны тухай гурван өгүүллэг бий. Нохой гэдэг амьтан хэзээнээсээ л хүнд ээлтэй байж, хүнтэй хамгийн ойр амьдарч ирсэн. Үнэнч, аюул ослыг урьдчилан мэдэж сэргийлж чаддаг, эзнийхээ эд хөрөнгийг сахин хамгаалахдаа гаргууд учир нохойг хүмүүс тэжээдэг. Нохой бол хүмүүсийн хамгийн анх гаршуулсан амьтан төдийгүй одоо үед анч, цагдаа, хоньч гээд олон төрлөөр сурган, өдөр тутмын амьдрал ахуйдаа оролцуулж байна. Ялангуяа нүүдэлчин монголчуудын амьдралыг хоточ нохойгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эл амьтан хэдий ач тустай ч гэлээ хүмүүс тэр бүр саймшраад байдаггүй. Хараахдаа хүртэл “муу нохой” гэдэг шүү дээ. Тэгвэл ийм ойлголт ганц манай Монголд ч биш, Хятадад бас байдаг байх нь.

Нохойны тухай мэдэж авсны дараа цөөвөр чонын тухай хоёр өгүүллэгийг уншихад мөн л энэ амьтны талаарх сонирхолтой баримтууд төгсгөлд нь бий. Цөөврүүд хамгийн багадаа арав, ихдээ зуугаараа нийлж сүрэглэн амьдардаг. Чоно өлсөж үхэхийн даваан дээр дорд орсон нэгийгээ барьж идэх тохиолдол байдаг бол цөөврүүд ийм үйлдэл гаргавал сүргээсээ хөөгдөнө. Сүрэггүй болно гэдэг нь ганцаараа амьд оршин тогтнох боломж тун хомс болж байна гэсэн үг. Түүнчлэн нэгнээ барьж идэх нь гутамшигтай зүйл гэж үздэг бололтой. Энэ мэт олон сонирхолтой баримтуудыг мэдэж авахаас гадна таны хүүхэд байгаль дэлхийгээ сүйтгэх биш хайрлах, ан амьтдыг агнах биш хамгаалах нь зүйтэй гэдгийг ухамсарлах болов уу. Хүн төрөлхтөн энэ дэлхийг ганцаараа эзэгнэх гэж ирээгүй, байгаль эхийн өгсөн бүгдийг амьтай бүхэн хуваан хүртэх хуультай гэдгийг ойлгох цаг хэдийнэ болсон санагддаг.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр А.С.Пушкины мэндэлсний 220 жилийн той тохиож байна

Холбоотой Зураг

Өнөөдөр Оросын агуу зохиолч, яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөр тохиож байна.

Тэрээр 1799 оны энэ өдөр сурвалжит газрын эзний хүү болон Москва хотод мэндэлжээ. Царское Село тосгонд байрлах эзэн хааны лицейд сурж байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон “Царское Селогийн дурсамж” хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгсэн байдаг. Хамгийн анх “Вестник Европы” сэтгүүлд “Шүлэгч андаа” шүлгээ хэвлүүлж байсан ба 1820 онд “Руслан, Людмила хоёр” гэдэг романтик найраглалаа бичжээ.

Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Тухайлбал, Михайл Глинкагийн “Руслан Людмила хоёр” (1842 он), Пётр Чайковскийн “Евгений Онегин (1879), “Гилбэрийн хатан” (1890), Николай Римский-Корсаковын “Салтан хааны үлгэр” (1900) зэрэг нь хамгийн алдартай.

Холбоотой Зураг

1837 оны нэгдүгээр сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч Жорж Дантестай дуэль хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй хоёр хоногийн дараа амьсгал хураажээ. Түүний оршуулга нууц түвшинд болж өнгөрсөн байдаг.

ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОЛОО
Харь Александрын сүлд баганаас өндөрт
Халдашгүй тэргүүнт хөшөөгөө босголоо
Эгэл гар бүтээшгүй эрхэм дурсгалыг минь
Эгээрэн зорих ардын зам эдгэхүй ээ!
Үгүй ээ, би бүр үхэхгүй!
Хүслэнт найрагтаа шингэж
Үгүйрэх замыг цуцлана, үхдэл биеэ элээнээ!
Ялгуун саран дор ядаж ганц найрагч үлдэхэд л
Яруу алдрын суу миний нэрийг дагана!
Зах хярхаггүй Оросоор зар цуу минь түгнэ.
Зам гудсаар хэлтэн бүрт нэр минь хүрнэ.
Омогт славян үр сад, сами, талын анд халимаг,
Ойд аглаг суугаа хамнигад хүртэл нэрлэнэ
Энэрэлгүй хахир цагт эрх чөлөөг алдаршуулж
Элэг нинжин сэтгэл аялгуут найргаар сэрээж
Эрхшээлд сөгдөн дордост өршөөл нэхсэнээрээ
Эрин эринд би ард түмэндээ дурсагдана..!
Эгшиг минь! Тэнгэрийн тааллыг л дага даа!

А.МӨНХЗУЛ

Categories
гадаад мэдээ

Д.Трамп Их Британийн хунтайжид зориулж хүндэтгэлийн зоог барьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл тэрээр айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу мягмар гаригт Элчин сайдын яамандаа хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулсан байна.

Хүндэтгэлийн оройн зоогт нийтдээ 16 зочин уригдсан бөгөөд хунтайж Чарльз болон түүний гэргий Камилла, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нөхөр Филипийн хамт хүндэт зочны хувиар хүрэлцэн иржээ.

Айлчлалын сүүлийн өдөр буюу лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамтаар Портсмут хотод Нормандад холбоотны цэрэг буусны ойд зориулсан үйл ажиллагаанд оролцох юм байна. Их Британи дахь айлчлалаа дуусгаад тэндээсээ Ирландыг зорих бөгөөд тус улсын Ерөнхий сайд Лео Варадкартай хэлэлцээ хийх юм.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ид, залбир, хайрла”

Америкийн сэтгүүлч,
зохиолч, аялагч, уран илтгэгч
Элизабет Гилбертийн “Ид,
залбир, хайрла” нэртэй нэгэн
гайхалтай номыг энэ удаагийн
“Ном ярьж өгье” буландаа
онцолж байна.
“Нэгэн бүсгүй амьдралын
утга учрыг эрэлхийлэн Итали,
Энэтхэг, Индонезээр аялсан
нь” гэсэн тодотголтой энэхүү
номоо зохиолч эмэгтэй 2006
онд бичсэн бөгөөд бараг
дөрвөн жилийн турш “New
York Times”-ийн бестселлер
номоор шалгарсан төдийгүй
эмэгтэй хүн бүрийн заавал
унших номын тоонд нэрлэгдсэн
байдаг. Тус зохиолоор 2010
онд Холливудын кино хийгдэж,
Элизабет Гилбертийн дүрд
жүжигчин Жулиа Робертс
тоглосныг уншигчид сайн
мэдэх байх. Зеролекс
хэвлэлийн газраас 2018 онд
монгол хэлнээ хөрвүүлж
уншигчдын гарт хүргэсэн.
Энэ ном нь гурван
бүлэгтэй. Нэг бүлэгт 36 дэд
хэсэг бий. Бүх бүлгийн тоо
нийлээд 108 болох ба эрхийг
бэлгэдэж номоо ийнхүү
зохиомжилжээ. Эхний “Ид”
нэртэй бүлэгт Гилбертийн
дэлхийд хоолны урлагаараа
гайхагддаг Итали орноор
аялсан түүх гардаг. Зохиолч
эмэгтэй өөрөө сэтгэл санааны
гүн хямралд орж, турж эцэн,
цаашид хэрхэн амьдрахаа
ч мэдэхгүй хэцүү байдалд
орсон үедээ бүхнийг мартаж
сэргэлт авахаар Италийг
зорьдог. Бас итали хэл сурах
мөрөөдөл нь ч нөлөөлдөг.
Энэ бүлэгт амьдралын баяр
баяслыг идэх хоолноосоо
хэрхэн мэдрэх тухай голчлон
өгүүлэх боловч цаагуураа
хүмүүсийн өдөр тутмын
амьдралд байнга тохиолдож
байдаг ч тэр бүр анзаардаггүй
олон сайхан мэдрэмжийг
уншигчдад мэдрүүлж, ойлгуулдаг. Жишээ нь, зүсэм
пицца идсэн ч тэр пиццанд
орсон орцуудыг тултал мэдэрч
амтлах, түүнээсээ таашаал
авах, бороотой өдөр гэртээ
аяга халуун цай ууж байхдаа
амар амгаланг мэдрэх,
өглөө бүр кофены сайхан
үнэр түгсэн өрөөнд сонин
гарчиглан суухаас авах тэр
мэдрэмжүүд. Энгийн боловч
энэ бүгдээс сайн сайхныг
мэдэрч, одоо байгаадаа
сэтгэл хангалуун байж чадвал
аз жаргалтай амьдарна гэсэн
санааг ойлгуулах болно.
“Залбир” хэмээх
хоёрдугаар бүлэгт Энэтхэгт
очиж хэрхэн их багшаа олсон,
бясалгал хийж сурсан тухай
гардаг. Хүмүүс бид завгүй,
бухимдал ихтэй, замбараагүй
ертөнцөд амьдарч байна.
Үүнийг засч өөрчлөх боломж
нэгэнт байхгүйгээс хойш,
бас амьдрахаа больж
болохгүй болохоор энэ их
дарамт, стрессээс өөрийгөө
чөлөөлж, уужуу амьсгал
авч, өдөр бүрийг хэрхэн аз
жаргалтай өнгөрүүлэх вэ.
Өөрийнхөө мөн чанарыг
нээх нь амьдралын жинхэнэ
утга учир юм байна гэдгийг,
нүгэл биш буян үйлдэх нь,
бусдыг шүүмжлэхээсээ илүү
хайрлаж ойлгох нь эргээд танд сэтгэлийн амар амгаланг
бэлэглэх болно гэдгийг
зохиолч энэхүү аяллаараа
олж нээсэн байдаг.
Энэ бүлгээс “Мөргөл гэдэг
нь бурхантай ярилцахыг,
харин бясалгал гэж бурханыг
сонсохыг хэлнэ” гэдэг
эшлэлийг онцолъё.
“Хайрла” хэмээх
гуравдугаар бүлэгт
Гилбертийн жинхэнэ
хайртайгаа учирч буй тухай
гардаг. Хүн сэтгэл зүрхтэй,
хайрлаж дурладгаараа бусад
амьтдаас ялгаатай. Хайр
олон төрөл байх боловч
мэдрэмж нь ижил, ундарга
нь ганц л газраас үүсэлтэй.
Хүн зүрхээрээ дурладаг гэдэг,
тархиараа бодож хайрладаг
гэлцдэг. Гэхдээ сэтгэл гэгч
хүнийг хүн байлгаж чаддаг
мөнхийн, хэзээ ч дундаршгүй,
бүх зүйлсийн анхдагч болсон
тэр л газраас хайр оргилон
ундарч байдаг. Хайр бол хүний
мэдэрч болох хамгийн сайхан
мэдрэмжүүдийн цуглуулга,
хүнээс гарч болох хамгийн
дулаан энергийн бөөгнөрөл.
Таны дотор үргэлжид оршин
байдаг “жинхэнэ өөрийн” тань
илэрхийлэл.
Жирийн нэг сэтгүүлч,
аялагч эмэгтэй аяллынхаа
түүхийг ярьж өгч байгаа мэт
боловч хүний амьдралд
тохиолдож болох, угаасаа ч
тохиолдож байдаг баяртай,
гунигтай зүйлсийг энгийнээр
бичсэн болохоор энэ
номыг уншсаны дараа танд
найзтайгаа ярилцсан юм шиг
дотно мэдрэмж төрүүлэх нь
дамжиггүй.
“Эрт урьдын цагт
санамсаргүй тохиолдлоор чи
өөрөө өөрийгөө, өөрийнхөө
найз болгосон гэдгээ хэзээ
ч бүү мартаарай” Элизабет
Гилберт.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Филиппинд хүүхдүүд сургуулиа төгсөхийн тулд 10 мод тарина

Саяхан Филиппиний Засгийн газар байгаль орчинд ээлтэй нэгэн сонирхолтой хуулийг хэлэлцжээ. Энэ нь төгсөх ангийн хүүхдүүд 10,10 ширхэг мод тарь байж сургуулиа төгсөх эрхтэй болох хууль юм. Энэхүү хууль нь бага, дунд, ахлах ангийболон их дээд сургуулиудад ч үйлчлэх аж.

Хуулийг санаачлагч нь Филиппиний Конгрессын гишүүн Гари Алехано. Тэрбээр хүүхэд залуусыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үүргээ ухамсарлаж байгаасай хэмээн хүсдэг гэнэ.


Түүний хэлж буйгаар 175 сая мод ургамлыг хүүхдүүд тарих юм байна. Тарьсан бүх модны ердөө 10 хувь нь цааш тэсч үлдээд ургалаа гэхэд л 525 сая мод ургамалтай болж үлдэнэ хэмээн тооцоолжээ.

А.МӨНХЗУЛ

Categories
гадаад мэдээ

Пакистанд эмчийн буруугаас үүдэн 494 хүүхэд ДОХ-ын халдвар авчээ

Pakistan 494 children зурган илэрцүүд

Пакистаны нэгэн жижиг тосгонд 1400 орчим хүн дохын халдвараар бүртгэгдсэний 494 нь нэг сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд байна гэж “www.npr.org” сайт мэдээллээ.

Өмнөд Пакистаны Ларкана хоттой хөршлөн оршдог ядуу буурай Рато-Деро тосгоны Мүцэфэр Гэнхаро эмчээр эмчлүүлж байсан хүүхдүүдийн халуун буурахгүй байсанд санаа нь зовсон эцэг эхчүүд өөр эмнэлэгт хандсан байна.

Ларкана хотод байрлах эмнэлгийн Эмч Имран Арбани өндөр халуурсан хүүхдүүдэд цусны шинжилгээ хийж үзэхэд гарсан хариу нь эмчийг болон эцэг, эхчүүдийг шоконд оруулжээ. Учир нь тэдгээр хүүхдүүд бүгд ДОХ-ын халдвар авсан байжээ.

Pakistan 494 children зурган илэрцүүд

Хачирхалтай нь халдвар авсан хүүхдүүдийн аав, ээжийн цуснаас ДОХ-ын халдвар илрээгүй байна. Ингээд хүүхдүүдийг эмчилж байсан эмчээс шижилгээ авахад ДОХ-оор өвчилсөн болох нь тогтоогджээ.

Түүнийг дөрөвдүгээр сарын 30-нд баривчилсан ба шоронд байхдаа өгсөн мэдүүлэгтээ “Энэ бүхэнд би буруутай. Гэхдээ би өөрийгөө ДОХ-ын халдвартай гэдгээ огт мэдээгүй. Би өөрөө мэргэжлийн эмч хүн шүү дээ. Гэтэл надад энэ өвчний ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй. Би маш эрч хүчтэй байсан. Тэгээд ч эдгээр гэм зэмгүй хүүхдүүдэд яалаа гэж албаар энэ өвчнийг тараах билээ дээ” хэмээн ярьжээ.

Цагдаа нар харин Гэнхарог хэдэн жилийн өмнө автын осолд орж цус сэлбүүлэхдээ энэ халдварыг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

А.МӨНХЗУЛ

Categories
гадаад мэдээ

Япончууд “HUAWEI”-гийн шинэ загварын утсыг худалдаалахаа хойшлуулав

Хятадын “HUAWEI” компанийн шинэ загвар болох Р30 гар утсыг Японы зах зээл дээр худалдаалахыг түр хойшлуулсан талаар тус улсын үүрэн холбооны хоёр компани өнөөдөр зарлажээ.

Softbank болон KDDI компаниуд баасан гарагаас эхлэн уг загварын утсыг худалдаалах гэж байсан юм.

Softbank компанийн зүгээс P30 загварыг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж чадах эсэхийг шалгаж, нягтлах хэрэгтэй болсон тул хойшлуулсан хэмээн байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ “Google”-ийн Андроид систем шинэ гар утсанд цаашдаа ажиллах эсэх нь эргэлзээтэй болсноос үүдэн хойшлуулахад хүрсэн байх магадлалтай аж.

Тэгвэл Японы хоёр дахь том үүрэн холбооны оператор KDDI ийнхүү хойшлуулах болсон шалтгаанаа мөн л АНУ-ын зүгээс “HUAWEI” компанид тавьсан хоригтой холбон тайлбарлажээ.

“HUAWEI” компани P30 загварын утсаа баасан гарагаас эхлэн Японы зах зээлд борлуулах болсноо мөн тус улсад одоо байгаа нэрийн долоон дэлгүүр дээрээ нэмж 20 үйлчилгээний цэг байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр зарлаад байсан билээ.

А.МӨНХЗУЛ